Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Австралид үер болохыг хүлээснээс …

“Австралид үер болж гэнэ” гэсэн мэдээ сүүлийн үед бидэнд хамгийн сайхан мэдээ болж сонстох болов. “Юун наадам, юун цагаан сар, цаана чинь Австралид үер болж байна” гэвэл ихээхэн олон хүн баярлахаар байна. Нэгэнт тогтсон сэтгэл зүй дээр тоглож жиргээ, фэйсбүүкээр ийм мэдээ үе, үе үзэгдэх боллоо. Сүүлийн өдрүүдэд ч Австралийн зүүн эргээр үер болж байна гэлцэх болов. Үнэндээ Австрали бол маш хуурай уур амьсгалтай газар. Хавар, зуны цагтаа ихээхэн хуурайшиж, үе үе ойн түймэр дэгддэг. Хүмүүс нь ойдоо тансаг сайхан хаусаа бариад амьдардаг болохоор ойн түймэр бол ихээхэн гамшиг болдог. Сүхбаатарын Түмэнцогт сум түймрийн аюулд өртөх үед манайд байдал ямар байлаа даа. Тэнд бүр ч аюултай үйл явдал өрнөнө. Яг модон дотроо, хэд алхаад л айлын байшин.

Бас хэт хуурай уур амьсгалтай учраас бороо ороход ган болж хуурайшсан газруудад ус хальж үер болчих тал бий. Гэхдээ Австрали бол дэлхий дээр Антарктидын дараа орох хамгийн бага хур тунадас ордог тив юм. Тэгэхээр бидний хүссэнээр л тэнд үер болчихно гээд хүлээгээд байвал жинхэнэ “Бухын доодохыг харж турж үхсэн үнэг”-ний үлгэр болох вий. Австралийн хувьд өвөлдөө зунаасаа илүү хур тунадас ордог хэмээдэг юм. Бас одоо намар цаашилж, өвөл ойртож байгаа үе нь. Гэхдээ тэнд үер болоод, биднийг баясгаад байгаа зүйл ховор аж. “Саяхан Сидней хавиар жаал бороо орсноос биш үер болтол нь бороошиж байгаа зүйл алга. Ойрд нартай, дулаахан л байхаар байна шүү” гэж Австралид байгаа танил маань мэдэгдлээ. Үнэндээ үер болж байгаа сураг дуулаад “баярласандаа” асуухад маань ингэж хариулсан хэрэг л дээ. Ичмээр ч юмаа даа. Одоо бид асуудлаа шийдэж, урагшилж чадахаа байхаараа Австралид үер болох нь гэнэ үү хэмээн нэг нэгнээсээ асууж мөрөөдөж суудаг болж дээ. Ёстой л хургүй тэнгэрээс бороо цаашлаад үер хүлээж суугаа өрөвдмөөр амьтас болж. Энэ янзаараа Австралид цунами болгож, ногоон тивийг тэр чигээр нь усанд автуулчих санаа байгаа даг шүү.

Манайхан ингэж амтших болсон нь учиртай. 2005 он хүртэл харьцангуй тогтвортой буюу тонн нь 50 ам.долларт хэлбэлздэг байсан коксжих нүүрс гол экспортлогч Австралид байгалийн гамшиг нүүрлэснээс нийлүүлэлт эрс багасч үнэ нь тэнгэрт хадсан байдаг. Австралийн Куэнсланд мужид 2008 онд үер болсноос нэг тонн нь 96 ам.доллар байсан коксжих нүүрс бүр гурав дахин өсч, 300 ам.долларт хүрч байсан үе бий. Нөгөө талаас коксжих нүүрсний гол худалдан авагч БНХАУ импортоо нэмэгдүүлсэн нь шууд нөлөөлсөн байдаг. 2008 онд 6.8 сая тонныг импортолж байсан улс дараа жил нь 34.5 сая тонн болгочихоор эрэлт шууд ихэсч таарна. Тухайн үед Австрали коксжих нүүрсний гол худалдан авагч Хятад, Япон, Солонгосын талтай жилээр тохирдог байсан үнээ улирлаар тохирох болсон нь нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулдаг. Хуучны 50 ам.долларын үнэ мартагдаж байсан тухайн үед буюу 2011 онд дахин Куэнсланд мужид үер болсноор тонн нь бүр 330 ам.долларт хүрч байсан билээ. Тэр жил Монгол Улсын ДНБ-ий өсөлт 17.4 хувьд хүрч, дэлхийд нэгдүгээрт бичигдэж байсан нь гол импортлогч орнуудад байгалийн гамшиг гарч, эрэлт ихэссэн болон томоохон төслийн хөрөнгө оруулалттай л холбоотой байсан байдаг. Гэвч бид үүлэн чөлөөний наран мэт гарч ирсэн энэ боломжийг ерөөсөө ч ашиглаж чадаагүй. Харин эдийн засгаа улам тэлж, зардлаа өсгөж, халамжаа хавтгайруулсан. Гэтэл ашигтай орон зайг харсан шинэ олборлогч нар ч гарч ирсэн, бас австраличууд ч дахин байгалийн гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн алдагдал хүлээхгүйн тулд ажиллаж эхэлсэн юм. Тэд үнэхээр шавраар дүүрсэн уурхайгаа цэвэрлэх гэж тэгтлээ цаг алдсан гэвэл худлаа юм. Харин дараа, дараагийн үерүүдэд хөл алдахгүйн тулд удаан нарийн нягт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, бид энд хэчнээн мөрөөдсөн ч, тэнд аюултай үер боллоо ч гал алдахааргүй болж авсан гэж болно.2011 оноос хойш нүүрсний үнэ тасралтгүй бууж ирлээ. Австралийн оронд гол нийлүүлэгчийн байр суурин дээр түр залраад авчихсан байсан бид эргээд байраа дор нь алдсан. Учир нь бидэнд өрсөлдөх чадвар байсангүй. Өрсөлдөх чадвар гэдэг бол чанар, үнэ л байдаг. Гэтэл дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний гол хэрэглэгчид БНХАУ, Япон, БНСУ байх жишээтэй. Металлургийн нүүрсгэж нэрлэгддэг коксжих нүүрснээс ган хийх гол орцын нэг коксыг гаргаж авдаг. Агаар мандлын бага даралттай зууханд хайлуулах замаар нүүрснээс кокс гаргаж авдаг ажээ. Мэдээж сайн кокс гаргаж авахын тулд нүүрсний зэрэглэл, бүтэц, эрдсийн агууламж, бас халах үедээ зөөлрөх байдал, уян хатан чанар, зөв дараалалтайгаар өтгөрч байгаа эсэх нь хамааралтай. Бас нүүрсний өөрийн амьд чийг, технологийн бус чийг авсан зэрэг нөлөөлж таарна. Угаасаа шатаадаг бодис учраас чийгтэй байх муу, нүүрсний чийглэг байдал үнэд шууд нөлөөлдөг. Хятадын зүүн хойд эрэг орчмоор гол гангийн үйлдвэрүүд нь байгаа. Хамгийн ойрдоо Өвөр Монголын Бугат. Гэвч бид тэр зах зээлд Австралийг давж өрсөлдөж чадахгүй л байгаа юм. Тиймээс дэмий л тэнд үер болоосой, тэгвэл биднээс нүүрсээ авна гэж хүлээж суухав дээ. Австралийн уурхайнууд усанд автах үед хятадууд ч тэр, япон, солонгосчууд ч гэсэн дараагийн боломжуудыг хайж байлаа.

Угаасаа зах зээлийн зарчмаараа тэд биднийг сонирхсон хэрэг. Харин бид өрсөлдөх чадвартаа анхаараагүйгээс өнөөдөр эквадороос урагшаа бороо орж, үер болохыг хүлээж суух болжээ. Австралийн нүүрс бол угааж баяжуулсан сайн чанарын нүүрс. Ийм нүүрс Австралийн зүүн эргийн хил дээрээ тонн нь 98-103 ам.доллар байна. Хятадын боомтууд руу ороод ирвэл 110-112 ам.долларт хүрч байна. Харин манай хил дээр угаасан нь 70 ам.доллараас хэтрэхгүй, түүхий нүүрс 30 ам.доллараас дээшээ явахааргүй үнэтэй байна. Дээрээс нь Хятад импортын хэмжээгээ байнга бууруулсаар ирлээ. 2013 онд коксжих нүүрс 75 сая тонн, 2014 онд 54 сая тонныг худалдан авсан бол энэ онд 50-52 сая тонн болж буухаар байгааг ажиглагчид хэлж буй. Коксжих нүүрсний төлөв байдал иймэрхүү л байна. Хуучин цагийнх шигээ үнэ тэнгэрт хадахаа байсан болоод ч тэр үү, Австралийн Куэнсландэд долоо, Шинэ Өмнөд Уэльст хоёр уурхайтай “Пибоди” компани уурхайнуудаа “Шиньхуа”-д зарах хүсэлтэй, харин тэд манай “Таван толгой”-г сонирхож байв. Харин одоо байдал юу ч болж байгаа юм, бүү мэд. Бидний хувьд олон улсын стандартаар нь хэмжүүлдэггүй болохоор нүүрсээр тэдэд өрсөлдөж байна гэж хэлэх боломжгүй юм. Өөрсдөө дээгүүр байгаа мэт цээжээ дэлддэг ч нүүрсний нөөцөөр хэдэд байгаагаа харах гэхээр олон улсын хэмжээний жагсаалтад Монгол Улс орж ирээгүй байдаг. Гэхдээ манай мэргэжилтнүүдийн гаргаснаар нөөцөөрөө аравдугаарт байхаар дүн байдал харагддаг ийм л орон. Бид өнөөдөр арвангуравдугаар зуунд их гүрнийг байгуулж явсан бахархалт үндэстэн гэж өөрсдийгөө баясгадаг. Үнэндээ дэлхийн ихэнх газарт Монгол гэж хаана байдгийг, монгол үндэстний тухай нарийн сайн мэддэггүй учраас өөрсдөөрөө тэгж бахархаж байгаа нь хэр юм даа. Түүн шигээ бид Австралид үер болж байхад нүүрсээ тэдээр зарж байлаа гэх дурсамжаараа баясч суух нь их болжээ. Бас тэрхүү түүх нь хэдэн зуун алгасаагүй юм болохоор, дахиад үер болоосой хэмээн мөрөөдөх нь их. Тэгээд л болж өгвөл “Австралид үер болж гэнэ” гэсээр хэдэн жилийн өмнөх зургийг шэйрлэж бусдыгаа баярлуулдаг болж дээ.

Гэхдээ Австралид үер болж, уурхайнууд нь хаагдаж нүүрс үнэд орохыг хүлээж сууснаас арай өөрөөр гар хөлөө хөдөлгөж, бодол ухаанаа уралдуулж, хэмлэлдэж хэрэлдэж суулгүй хамтдаа сэтгэж, нэгдэхийг бодвол дээр л байх даа.

Э.ЭНЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *