Австралид өчигдөр бүх нийтийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Тэгвэл уг сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Скотт Моррисоны “Либераль” нам ялалт байгуулаад буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Сонгуулийн хороо “Өнөөдөр 10.00 цагийн байдлаар эрх баригчид Доод танхимын 151 суудлын 74-д, сөрөг хүчин “Хөдөлмөр”-ийн нам 66 суудал, бусад намууд 6 суудал авлаа” гэж мэдээлсэн байна.
Сонгуулийн дүнг нийтэд зарласны дараахан Ерөнхий сайд ард түмэндээ хандан “Маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдлахгүйн тулд бүхий л хүчээ дайчлах болно. Би үргэлж гайхамшигт итгэсээр ирсэн. Хамгийн түрүүнд хийх алхам бол улсынхаа эдийн засгийг хүчирхэгжүүлэх” гэж хэлжээ.
Ялагдал хүлээгээд буй сөрөг хүчний тэргүүн эрх баригчидтай хамтарсан Засгийн газар бүрдүүлэх боломжгүйгээ дуулгахаас гадна өөрөө намын даргаас огцорч буйгаа зарлалаа.