Categories
мэдээ нийгэм

Австрали улсын эрдэс баялгийн зөвлөл болон Викториа мужийн төлөөлөгчидтэй уулзав DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан захирал Демус Кингтэй уулзлаа.

ВНР, Ринто Тинто, Янкоул Австрали зэрэг компаниудын гишүүнчлэлээс бүрддэг тус байгууллага нь эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг дэмжих, сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр Австралийн геологи хайгуул, олборлолтын компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах боломж, манай улсын геологийн нөөц, бололцооны талаар талууд санал, мэдээлэл солилцлоо. Геологи хайгуул, олборлолтын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, цаашид геологи хайгуулын чиглэлээр өндөр технологи нэвтрүүлэх шаардлага, Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Австралийн Гео-шинжлэх ухааны байгууллага геологийн хайгуулын ажил гүйцэтгэж, дараагийн шатанд хайгуул хийх компаниудын эрсдэлийг бууруулдаг нь хөрөнгө оруулалт татахад ихээхэн хувь нэмэр оруулдаг тул энэ жишгийг Монгол Улсад нутагшуулах нь чухал болох талаар Демус дурдлаа. Хоёр тал цаашид уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн өдрийн үдээс хойш сайд Ж.Ганбаатар Викториа мужийн Дэд комиссар бөгөөд Ойрхи Дорнод, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Кассем Янестай уулзлаа.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох журам, газрын ховор элемент, критикал минерал, зэсийн хайгуул, олборлолтын асуудлаар санал солилцож, байнгын харилцаатай хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын Австрали Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *