Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аврагчийн дүрээр ирсэн ОУВС ер нь яах гээд байна?

Тээр жилийн цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс маань Төв банк, арилжааны банкууд гэсэн банкны хоёр шатлалт тогтолцоотой болсон билээ. Эхнийх нь бодлого боловсруулан хэрэгжүүлэх зохицуулагчийн чиг үүрэгтэй, сүүлийнх нь иргэдийн итгэлийг нь татсаны үндсэн дээр тэднээс мөнгөн хуримтлал буюу хадгаламжийг нь татаж, түүнээсээ эдийн засаг дахь санхүүгийн хэрэгцээтэй хэсэгт нь зээл өгч, дундаас нь ашиг олдог ашгийн төлөө хуулийн этгээд болсноос хойш олон ч жил өнгөрч.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 30 дахин, гадаад худалдааны нийт эргэлт 10 дахин, улсын төсвийн орлого 40 дахин томорчээ. Ийнхүү аж ахуйн нэгжүүдийн бизнесийг санхүүжүүлж, иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж, улсын төсвийн орлогыг өсгөж, эдийн засгийг томруулахад арилжааны банкууд “эдийн засгийн амин судас нь”, “судсаар гүйгч цусны эргэлтийг тасралтгүй хангагч нь” гэдэг утгаараа хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байгууллага гэдэг нь маргашгүй үнэн юм.

Монголын банкууд энэ хугацаанд олон ч хямралын нүүр үзсэн юм. Банк санхүүгийн системийг бүхэлд нь хамарсан анхны хямрал 1997-1998 оны Азийн хямралтай давхацдаг бөгөөд 1996-2000 оны нэн хүнд бэрх цаг үед олон ч банк дампуурлаа зарлаж үүд хаалгаа барьсан байдаг. Дараа нь 2009 оны эдийн засгийн хямралаар Анод, Зоос гэх хоёр банк татан буугдаж, тэр нь банкны систем бүхэлдээ тогтворгүй байдалд ороход нөлөөлж байлаа. Тухайн үед банкуудын өөрийн хөрөнгө нь Монголбанкнаас тавьдаг шаардлагад ч хүрэхгүй болж, салбар бүхэлдээ хямралд өртөж байв. Хамгийн сүүлд 2012-2016 онд эдийн засгийн асар удааширсан, гүнзгий хүндрэл болоход харин ч банкны систем элдэв янзын эрсдэлд нэрвэгдэлгүй харьцангуй тогтвортой үлдэж чадав. Монголын бүх иргэн, аж ахуйн нэгжүүдийн мөнгө найдвартай хадгалагдсан хэвээр байв. Үүнд нэг талаас зохицуулагч байгууллагын хэрэгжүүлсэн бодлого нөлөөлсөн байх. Нөгөө талаас өмнө нь олон ч хямралын нүүр үзэж хатуужсан, “ухаан сууж” туршлагажсан банкууд өмнөх алдаагаа давтаагүй, эрсдэлээ сайн удирдаж ажилласан нь нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Ямар ч гэсэн сүүлийн 4-5 жилийн асар хэцүү цаг үеийг банкууд, тэдэнд мөнгөө хадгалуулсан иргэд, аж ахуйн нэгжүүд, банкнаас зээл авсан айл өрх, компаниуд маань давж гарчээ. Үүнийг банкуудын өөрийн хөрөнгө хүрэлцээтэй, иргэдийн анхны шаардлагаар мөнгийг нь гаргах, төлбөр гүйцэтгэх чадвар өндөртэй, чанаргүй зээл нь өссөн ч, тэрнийгээ тогтоон барьж удирдаж, цаашилбал чанаргүй зээлээ бууруулж чадаж байгаа, банкуудын олгож байгаа зээл өсч байгаагаас нь харж болно. Юутай ч 2009 оны хямралаас хойшхи хугацаанд Монголын банкуудын олгосон зээл тав дахин, нөөц хөрөнгө найм дахин, нийт хөрөнгө долоо дахин, банкуудад дотоодын иргэн, аж ахуйн нэгжийн хадгалуулсан мөнгө долоо дахин өсчээ. Эдийн засгийн өсөлт 17 хувиас нэг хувь болсон онцгой нөхцөлд ч банк тогтвортой үйл ажиллагаатай, боломжийн сайн үзүүлэлттэй ажиллаж ирлээ. Үүнийг мэргэжлийн хүмүүс эрсдэл даах чадвартай гэж нэрлэдэг. Мэдээж үүнд хямралын үед банкны системээ бүхэлд нь аварч авч гарах Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Төв банкны бодлого, шийдвэрүүд чухал нөлөөтэй байсныг хэлэх хэрэгтэй. Одоо бас юм бүхнийг үгүйсгэн харлуулж, цөөхөн монголчууд бие биенийхээ хийснийг муулж суух нь утгагүй юм. Хийсэн ажлыг хийснээр нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Юу ч гэлээ хэдэн банкууд маань өнгөрсөн дөрвөн жилийн турш эдийн засагт тохиолдсон хар шуурганд нэрвэгдэж үхэж үрэгдсэнгүй, амиа аваад эсэн мэнд гараад л ирж. Амиа аварч гараад зогсохгүй Монголын эдийн засгийг цаашид улам томруулах их үйлсийг санхүүжүүлэхэд бүрэн бэлтгэлтэй, итгэлтэй, найдвартай харагдана.

Гэтэл 2016 оны сонгуульд ялалт байгуулсан, түүндээ хахаж цацсан, дангаараа эрх баригч МАН өнгөрсөн хугацааг үнэн зөвөөр үнэлж цэгнэхийн оронд, хямралын хүнд бэрх цаг үед олсон ололт, хүрсэн үр дүнг бататган үргэлжлүүлэхийн оронд, хийж чадаагүйг нь хийхийн төлөө зүтгэхийн оронд яг юу хийчвээ? Тэд өнгөрсөн бүхнийг буруутган яллах хийрхэл, солио өвчинд автаж, сүүлдээ жил хүрэхгүй хугацаанд бие биеэ албан тушаалын төлөө хөнөөх ажилд ханцуй шамлан орсоор бүтэн жилийн нүүр үзэв.

Тэд хямралын шалтгаан, үр дагавар, хямралын үеийн бодлогыг ойлгож мэдэх чадваргүй, ямар ч мэдлэггүйгээс болж жинхэнэ бодлогын алдаануудыг шат дараатай гаргаж эхэллээ. Үүний нэг нь эдийн засгийн хямралаас гаргагч аврагч бурхнаар Олон улсын валютын санг өргөмжилж, хэрвээ валютын сантай тохирсон үүрэг амлалтаасаа одоо буцвал дэлхийд, олон улсын хөрөнгө оруулагчдад, донор орнуудын Засгийн газарт, Монголтой эдийн засгийн харилцаанд ордог бусад орнуудад хамгийн муухай харагдах эрсдэлтэй байдалд Монгол Улсыг оруулж орхив. Олон улсын валютын сангаас мөнгө л авч байвал юуг ч байсан хамаагүй зөвшөөрөв. Эдгээрийн нэг нь татвар нэмэх бодлого байсан. Бүтэн 4-5 жил зовж зүдэрч, арай гэж амиа авч гарсан, орлого нь өсөөгүй ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ татвараар дарамтлаад, эрх баригчид өөрсдөө харин зардлаа багасгав уу гэтэл үгүй. Төсвөөс санхүүжүүлдэг хөрөнгө оруулалтуудыг царцааж, хүүхдүүдийг алагчлан үзэж, ахмадуудын тэтгэврийн насыг нэмж доромжлов. Гаргасан шийдвэрүүд нь ямар ч насгүй, эргэж буцсан шинжтэй байгаагаас олон нийтийн дургүйцэл, уур бухимдлыг төрүүлэв. Төрийн гэх шийдвэр бүр шүүх дээр очоод унадаг болов. Төр гэж байгаа юмуу гэдэгт хүртэл эргэлзээ үүсч тэр нь дэврэв.

Олон улсын валютын сангаас мөнгө л авч байвал банкны систем яах ийх нь хамаагүй гэж МАН үзэв. Эрх баригчдын сонгон шалгаруулсан Чехийн PWC гэх аудитын компани Монголын банкуудын зээлийг гадаадын стандартаар үнэлэх ажлаа нэгэнт эхлүүлжээ. Бүх зээлээ америк, европ стандартаар гаргадаг Монголын арилжааны банк гэж байхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ шалгалт бүх банкинд бага зэрэг сөрөг, эсвэл сөрөг, эсвэл дэндүү сөрөг гэсэн нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Мэдээж энэ шалгалтын мөрөөр банк болгонд өөр өөр үр дүн гарах байх. Гэхдээ л энэ шалгалтын дараа ашиг нь, өөрийн хөрөнгө нь, олгох зээл нь нүд ирмэх зуур шууд өсч, зээлийн хүү нь шууд буурчих нэг ч банк байхгүй. Зарим банкны хийсэн гэх ашиг нь тэглэгдэж алдагдалд орох биз. Зарим банкны өөрийн хөрөнгө буюу эздийн мөнгө дутагдаж, банкаа цааш оршин тогтнуулахын тулд хаанаас ч юм шинээр мөнгө олох шаардлага ч тавигдах байх. Зарим банк шууд татан буугдах ч биз. Ер нь олон улсын туршлагаас үзэхэд нэг иймэрхүү л юм болсон байдаг юм билээ. Юутай ч энэ үнэлгээ Монголын банкны системд эерэг нөлөө үзүүлэх гэхээсээ системийг бүхэлд нь муухай харагдуулах, системийн нэр хүндийг доройтуулах, банкууддаа шалгалт хийдэг Төв банкны нэр хүнд, түүнд итгэх итгэлийг бууруулах, бүр цаашилбал банкны системийг задалж нураах үр дагавар үүсгэх ч нигууртай байж болзошгүй. Бусад оронд ч бас ийм зүйл тохиолдож байжээ. Гэхдээ мөнгөтэй, хуримтлалтай оронд тэрнийг нь тэсвэрлээд даваад гардаг, шалгалтаас тэсч үлдсэн банкууд нь цаашлаад банк чигээрээ өсч хөгжөөд явдаг л юм байна. Харин мөнгөгүй, хуримтлалгүй Монгол шиг жижиг оронд банкууд, тэдний харилцагчид голдуу хохироод үлдэх вий дээ. Бүхнээ гадныхнаар заалгаж, бүх бодлогоо гадныханд өгчихсөн МАН үндэсний эрх ашгаа хамгаалж үлдэх үү? Эргэлзэж л байна.

Одоо нэгэнт галт тэрэг хөдөлсөн тул банкуудад хийж буй шалгалтыг аль болох хохирол багатай даван туулах ёстой болж байна. Эс бөгөөс энэ нь системийг тэр чигт нь нурааж ч мэдэх юм. Үеийн үед Төв банкууд өөрийн санхүүгийн салбарын тогтвортой байдлаа эрхэмлэн өмгөөлж хамгаалж ирсэн байдаг. Монголд 1996-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр таван өөр хүн ажиллажээ. Тэд банкны системийн тогтвортой байдал буюу эдийн засгийн амин судсыг хамгаалан бэхжүүлэх, тэр судсаар гүйх мөнгөн урсгалыг тасалдуулалгүй тасралтгүй явуулах хуулиар олгогдсон өөрсдийн үүргээ ухамсарлан ажиллаж ирсэн байлтай. Харин энэ удаад хэрхэхийг харах л үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *