Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний хагас жилд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4910 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 4784-ийг нь хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад зохих хариуг хүргүүлж ажиллав. Урьдчилсан мэдүүлгийн 1725 буюу 35 хувь нь хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна. Аймгаар авч үзвэл нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн мэдүүлгийг Баянхонгор аймгаас 120, Говь-Алтай аймгаас 110, Төв аймаг 96 ирүүлсэн нь хамгийн өндөр дүнтэй байна. Салбараар нь авч үзвэл нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагаас 938, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын эрхлэх асуудлын хүрээний байгууллагаас 350, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагаас 248 албан тушаалтны мэдүүлгийг тус тус хянуулахаар ирүүлжээ.
Хянан шалгасан мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан нийт 271, мөн 38 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ. Ажлын байранд тавигдах шаардлага шалгуур үзүүлэлт болон мэргэжил, ур чадварын шаардлага хангахгүй этгээдийг нийтийн албанд томилж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл тул холбогдох зөрчлийн талаар тухайн байгууллагуудад мэдэгдэж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар Авлигатай тэмцэх газар анхааруулж байна.