“Avatar: The Way of Water” кино дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн гурав дахь долоо хоногтоо “Maverick” киноны 2022 онд тогтоосон амжилтыг эвдэж, дэлхийн зах зээлээс 1.51 тэрбум ам.долларын орлого олоод байгааг “Box Office Mojo” цахим хуудасны мэдээлэл харуулжээ. Ингэснээр “Avatar 2” 2022 оны хамгийн их ашиг орлоготой кино болж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтын эхний 10-т бичигдэж эхэлжээ. Харин 2015 онд үзэгчдийн хүртээл болсон “Furious 7” уран сайхны кино 11 дүгээр байр луу ухарсан байна.
Соёл урлагийн салбарын шинжээчид, “Avatar”-ын шинэ ангийг ойрын хугацаанд эрчээ алдахгүй гэж таамаглаж байгаа бөгөөд ирэх сард “Ant-Man and the Wasp: Quantumania” киног нээлтээ хийх хүртэл тасалбарын борлуулалтаараа тэргүүлсэн хэвээр байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа ажээ.
Энэхүү киноныхоо нээлтийг хийхийн өмнөхөн өгсөн ярилцлагадаа “зардлаа нөхөхийн тулд наад зах нь хоёр тэрбум ам.долларын орлого олох шаардлагатай” гэж хэлж байсан Ж.Камероны хувьд энэ нь таатай мэдээ юм.
Г.АМАРСАНАА