Categories
мэдээ цаг-үе

Аваргуудын жинд аваргалсан Г.ОДБАЯР

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын жудо бөхийн улсын аварга шалга­руулах тэмцээн болсон. Улсын аваргын хамгийн сонирхолтой жин яах аргагүй 73 кг-ынх байлаа. Энэ жинд “Женко” клубийн тамирчин Ганбаатарын Одбаяр аваргалж 2015 оны улсын аварга болсон юм. 73 кг-ын жин бол Монголын жудочдын “тулааны талбар”. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын аваргуудын дундаас онцгойрч гарч ирнэ гэдэг баргийн аавын хүүгийн чадах зүйл биш. Харин Г.Одбаяр чадсан юм. Түүнийг жудогийнхон 73 кг жингийн унаган бөх гэдэг юм билээ. Ихэнх тамирчин жин өгсөж, эсвэл уруудаж барилддаг бол өөрийнхөө жинд хамгийн олон жил тогтвортой барилдаж байгаа нь Г.Одбаяр. Тэрээр нийслэлийн унаган хүүхэд. Анх арван хэдтэй хүүхэд байхдаа өсвөрийн жудочдын тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс оролцож байсан. Өсвөрийн тамирчдын дунд тэмцээн болохоор үеийнхэн нь “Сонгинохайрханы өндөр залуу” гэж нэрлэн, түүнээс бэргэдэг байсан гэдэг. Сүүлд насанд хүрэгчдийн барилдаанд барилдаж эхэлсэн цагаасаа 73 кг-д хүч үзэх болсон бөгөөд С.Ням-Очиртой ана мана үзэлцэх болжээ. Жудогийнхон түүний тухай “Манай Г.Одбаяр бол угаасаа л 73 кг-ын бөх. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нараас хол илүү амжилт үзүүлэхээр тамирчин” гэж ярих юм билээ.

Түүний анхны багшийг н.Хаштогтох гэдэг. Жудо бөх гэж юу байдгаас авахуулаад энэ спорттой холбоотой бүхий л зүйлийг анхныхаа багшаас сурч авсан гэж ярьсан. Түүнээс хойш олон амжилт гаргасан. Хамгийн сүүлд л гэхэд Инчёоны Азийн наадмаас мөнгөн медаль авсан. Бас Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авч байлаа. Олон улсын жудогийн холбооноос шалгаруулдаг дэлхийн чансааны хорин хоёрдугаарт бичигдсэн. Харин шинэ оныг улсын аваргын алтан медальтайгаар эхлүүлж байгаа юм.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *