“Өдрийн сонин”-ы 2017.08.15-ны мягмар гаригийн №173 (5740) дугаараас авч нийтлэв.
Улсын баяр наадамд барилдалгүйгээр бууж өгч, тахимаа өгсөн бөхчүүдийг албан ёсоор зодог тайллаа гэж үзэхээс өөр аргагүй юм. Учир нь монгол үндэсний бөхийн уламжлал, ёс жаяг нь өөрөө тийм юм билээ. Үндэсний бөхийн дүрмэндээ ч тодорхой заасан байдгийг бөхийн барилдааны хөлийн цэцээр ажилласан, улсын харцага Д.Сэрээтэр гуай тодорхой ярьсан байна лээ. Манай сонины ойрхны дугаарт ярилцлага нь гарсан байгаа.
Монгол бөхийн талаарх хамгийн дорвитой бүтээл болох “Гарьд магнай” кинонд даншигийн их аварга Намхай долоон хошуу даншиг наадмын зааны даваанд /даншиг нь тэр үеийн төрийн наадам/ залуу хүчтэн Далайцэрэнг амлан авч тахимаа өгдөг. Дараа нь Далайцэрэнгийн майханд очиж зодог шуудгаа бэлэглэн “Энд цугласан олон түмнийг харж байгаа биз, энэ олон хүн бүгдээрээ бидний үнэн хүчит барилдааныг үзэн баясах гэж ирдэг юм, за миний дүү шударга сайхан барилдаж олон түмнээ баясгаж яваарай” гэж хэлдэг. Үүгээр юуг харуулсан гэхээр эртнээсээ монгол бөхөд том цолтнууд нь харих насан дээрээ залуу бөхийг дэмжиж дээш нь гаргаад, захиас юугаа хэлж, зодог шуудгаа залгамжлуулж, барилдахаа больж байгаагаа илэрхийлж буй уламжлалыг харуулсан. Монгол бөхийн ёс жаяг эртнээс ийм л жудаг намбатай байж. Үүнийг нь монголчууд эртнээсээ мэддэг, өнөөдөр ч тэгж харж, ойлгож байгаа байх. Анх өрсөлдөгч бөхдөө барилдалгүйгээр элэг бүсээ тайлсан бөх бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр улсын наадмын наймын даваанд залуу хүчтэн Б.Гантогтохыг амлан авч барилдалгүйгээр тахимаа өгсөн нь тухайн үедээ шуугиан болсон. Тэр наадмаас хойш Б.Бат-Эрдэнэ аварга идэвхтэй барилдаан хийхээ больсон. Одоо бүр зодог тайлсантай адил болж дээ. Тэр үедээ Б.Бат-Эрдэнэ аварга бууж өгснөө хэрхэн тайлбарласан нь өнөөдрийн бөхчүүдийнхээс огт өөр. “Намайг залуу бөх байхад Гантогтохын аав Баянмөнх аварга тунаанаас гарган амлан авч тахимаа өгч байлаа. Тэгэсгээд Баянмөнх аварга маань зодоглохоо больсон. Энэ бол уламжлал. Баянаа аваргыг залуу бөх байхад харимал насан дээрээ очсон улсын арслан Гялдангийн Цоодол гуай залуу бөх Баянмөнхийг амлан, тунаанаас гаргаж байсан юм билээ. Би уламжлалаа дагаж залуу хүчтэнийг дэмжлээ” гэж. Г.Цоодол арслан бол Өвөрхангайн хүн. Баянаа аварга Увсынх. Б.Бат-Эрдэнэ бол Хэнтийн хүн. Б.Гантогтох Увсынх. Энд ямар нэг жалга довны үзэл байгаагүй. Монголын бөхийн ёсонд дээшээ цойлж барилдах нь гарцаагүй залуу бөхөд зодог тайлах нас намбандаа очсон том цолтнууд тахимаа өгдөг байж. Тэрнээс тэдэнд жалга дов, нутаг нугийн үзэл гэж байсангүй. Монгол бөхөд барилдалгүйгээр тахимаа өгч байсан уламжлал, ёс жудаг ийм л хүндэтгэх шалтгаантай байжээ.
Гэтэл энэ жилийн улсын наадмаар залуу аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар барилдалгүйгээр шууд л бууж өглөө. Энэ уламжлал мөн үү. Үе мултраагүй залуу бөхөд, үе насны бөхчүүддээ зүгээр л элэг бүсээ тайлсан нь ард түмэнд огтхон ч таалагдсангүй. Энэ хоёр залуу аварга ард түмний нүдэн дээр барилдалгүйгээр бууж өгсөн үйлдэл нь уламжлалаа, бөхийн ёс жаягаа дагаж зодог тайлж байгаа юм байна гэсэн сэтгэгдлийг монголчуудад төрүүллээ. Хэдэн насандаа аварга цол авчихаад, хэдэн жил барилдчихаад элэг бүсээ тайлж байгаа хүмүүс юм бол. Уг нь бол дор хаяж 15 жил баруун, зүүний магнайд гарах насны бөхчүүд шүү дээ. Дахиж барилдахгүй гэж бодохоор бөхийн хорхойтнуудад харамсалтай л байгаа байх. Дахиж барилдуулах ч боломжгүй гэдгийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ удахгүй мэдэгдэх биз. Хариуцлагыг нь үндэсний бөхийн дүрэмдээ тодорхой заачихсан байдаг юм билээ. МҮБХ-ны дүрэм бол бөхчүүдийн хууль. Ардчилсан нийгэмд ямарч хүн нэг л зарчмаас гажих эрхгүй. Тэр бол баталсан хууль, хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй дүрэм, журмыг зөрчиж болохгүй гэсэн. Тэгэхээр хуулиараа бол аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар энэ жилийн наадмаар бөхийн карьераа дуусгавар болгов бололтой.
Үндэсний бөхийн барилдааны дүрэмд барилдахгүй бууж өгсөн бөх ямар хариуцлага хүлээх талаар хэрхэн заасныг МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, улсын харцага Д.Сэрээтэр гуай ингэж хэлсэн байгаа. Энэ ярилцлага бол наадмаас хойш МҮБХ-ноос анх удаа, албан ёсоор өгч буй тайлбар ярилцлага. Тэрбээр, “Энэ жилийн наадмаар улсын үнэн хүчит аваргууд учраа бөхдөө элэг бүсээ шууд тайлж өглөө. Тухайлбал долоогийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар нутгийн бөхчүүддээ шууд л элэг бүсээ тайлж, тахимаа өгсөн. Уг нь бол өвдөг газар хүрч байж элэг бүсээ тайлах ёстой юм. Ийм үйлдэл цаашид олшрох юм бол наадам наадам биш болно. Олон түмнийгээ хүндэтгэн, төрт ёсоо дээдэлж, үнэн хүчийг үздэг наадмаараа барилдахгүй бууж өгнө гэдэг муухай харагдаж байна лээ. Энэ нь дүрмэндээ бий. Үндэсний бөхийн дүрмэнд “тухайн бөх учраа бөхтэйгээ барилдахгүй, элэг бүсээ тайлж, бууж өгвөл хоёр бөхийг барилдаанаас шууд хасна” гээд заачихсан байдаг. Энэхүү дүрмийг манай бөхчүүд мөрдөхгүй байна. Иймэрхүү нарийн зүйлсийг ард түмэн бас ойлгох хэрэгтэй. Хэрэвзээ дүрмээрээ хасчвал наадамчид их дургүйцнэ. Тэгэхээр МҮБХ олон түмэнд бөхийн дүрмээ илүү тодорхой сайн тайлбарлах хэрэгтэй болж байна. Дүрмээ ягштал баримталмаар байна” гэж. Энэ ярилцлагаас харвал энэ жилийн наадмын бөхийн хамгийн дуулиант барилдаан болох аварга Санжаадамба, аймгийн арслан Ганжад хоёрын барилдааны бичлэгийг үзэж эцсийн шийдвэр гаргахыг хүмүүс хөлийн цэцүүдээс шаардсан. Гэвч үндэсний бөхийн дүрмэнд хоёр бөхийн барилдааныг камерийн бичлэгээр шүүхгүй гэж заасан гээд хөдлөөгүй. Энэ барилдаан дээр МҮБХ дүрмээ яс тас баримталлаа. Тэгвэл Д.Сэрээтэр харцагийн ярьж байгаа шиг барилдалгүй бууж өгвөл бөхийн барилдаанаас хасдаг дүрмийн заалтаа бас хэрэгжүүлэхгүй яасан юм бол. С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр хоёрыг дүрмийн дагуу барилдах эрхийг нь хасч, бөхийн барилдаанаас хөөх хууль дүрэмтэй л байсан юм байна шүү дээ. Нэг дэвжээн дээр адилхан барилдаж байгаа бөхчүүдийн нэг хэсэгт нь дүрэм үйлчилдэг, нөгөө хэсэгт нь огт үйлчилдэггүй нь шударга ёс мөн үү.
Монголын ард түмэн наадмаараа зөвхөн үнэн хүчийг үзсэн бөхийн барилдаан харж баясах гэж талбай дээр очдог, зурагтынхаа өмнө тухалцгаадаг. Тэрнээс барилдах гэж гарч ирээд барилдалгүй буугаад өгчихдөг, тэгээд тэврэлдэж, маяглахыг нь харах гэж наадмын талбай руу мянга мянгаараа очдоггүй юм. Бөхчүүдийн хийх гол ажил бол уран хурц барилдаан үзүүлж ард түмнээ баясгах, сэтгэлийг нь сэргээх явдал. Монгол үндэсний бөхийн барилдааны үндсэн философи ч энэ.
Тахимаа өгөхдөө хүрвэл жаахан ч гэсэн ухаалаг, мэдрэмжтэй баймаар байна. Хүний амьдрал болохоор гарцаагүй бууж өгөхөөс өөр аргагүй байдалд ордгийг үгүйсгэхгүй. Шууд нутаг нуга, найз нөхөд, ах дүүгээ битгий амла. 2001 оны 80 жилийн ойн их баяр наадмаар Д.Цэрэнтогтох аваргын тавын даваанд гаргасан нэгэн залийг миний бие дэргэдээс нь харж байсан юм. Аваргын том охинтой суусан аймгийн арслан Рагчаа /одоо улсын гарьд/ тавын давааны босгонд очлоо. Д.Цэрэнтогтох аварга эрэмбээрээ хамгийн эхэнд ам авна. Хүн бүхэн хүргэн хүүгээ амлаж цолонд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байв. Тэгсэн аварга Говь-Алтай аймгийн арслан Гансүх гэж залууг амлалаа. Тэрүүхэн зуурт бөх сонирхогчдын толгойг эргүүлчихэж байгаа юм. Гансүхийг амлах ёстой өөр нэг том цолтой бөхтэй амаа сольчихсон л байхгүй юу. Ядаж нэг иймэрхүү ил цагаан бус баймаар байна. Бууж өгөх барилдаанаа эвтэйхэн өрнүүлээд унаад өгч байгаа том цолтнууд байдаг. Харьж яваа бөхийн хөл, үе суларсан байдаг. Ийм бөхчүүд гишгэлт, зогсолт сайтай залуу бөхчүүдийн хөлд нь ороод суначихаж байгаа харагддаг. Сөхрөхгүй шүү гэж хичнээн чармайгаад ч жүдо, самбо бөхөөр давхар хичээллэдэг залуу бөхчүүдийн төмөр гадас шиг хөлийг дээш гаргахгүй нь тодорхой. Нүүр ам нь минчийж хамаг хүчээрээ хөлтэй нь ноцолдсоор унаж байгаа том цолтонг хэн худлаа барилдсан гэх юм. Ядаж ийм барилдаан үзүүл л дээ. Бууж өгөхдөө хамгийн уран гоёор бууж өгсөн нэгэн барилдааныг санаж байна. Улсын гарьд Д.Баяраа, Дорнод аймгийн арслан Чимэддорж /одоо улсын начин/ хоёрын барилдаан юм. Тэр үед ийм барилдааныг бөхийн тайлбарлагчид гайхамшигтайгаар дээш нь гаргаж тайлбарладаг байлаа. Чимэддорж начин, Баяраа гарьдын баруун хөлд нь явсан юм. Бөх тайлбарлагч, улсын начин А.Ганбаатар ёстой нөгөө гайхамшигтай хурдтай тайлбар хийсэндээ. “За, Чимэддорж начин, Баяраа зааны баруун хөлд нь явлаа, дутуудлаа… тойгдлоо, тойрч ард нь гарлаа, хоёр хөлийг нь хамлаа…” гээд л явж өгсөн. Үзэгчид нирхийтэл босч орилоод л. Барилдаан, тайлбар хоёр яг зэрэгцээд явж байгаа. Чөлөөт бөхөөр олон жил сайн барилдсан Баяраа гарьд хөлдөө оруулчихаад тэгж орооцолдуулан, унах байх хоёр дунд цаг авч үзэгчдийг хэсэгтээ өндөлзүүлж байгаад унаад өгсөн. Үнэндээ худлаа барилдаан л байхгүй юу. Одоо тийм юм алга болчихож. Энэ бүхэн өнөөдрийн бууж өгч буй аваргуудад, том цолтой бөхчүүдэд зориулсан аргаа барсан үгс гэж ойлгоорой. Та нарыг л, үндэсний бөхийг л аврахын тулд бичиж байна. Энэ жилийн наадмаар энэ цаг үеийн өнгө болсон залуу аваргууд барилдахгүй бууж өгч үлгэрлэлээ. Ирэх жилээс улсын арслангууд элэг бүсээ тайлцгаах биз. Залгуулаад гарьдууд ингэнэ. Ийм байдлаар дээрээсээ доошоо явсаар аймаг, сумын наадамд хүрнэ биз. Ингээд л таван жилийн дараа гэхэд үндэсний бөх үзэгчгүй болж сөнөвөл яана. Хүн гэдэг амьтан худал хуурмагт хэзээнээсээ дургүй. Үүнд цэг тавих эцсийн зогсоол бол энэ жилийн наадмаар барилдалгүйгээр бууж өгсөн улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар дахиж барилдахгүйгээр одоо зодог тайлж, уламжлалаа, монгол бөхийн ёс жудгаа, бөхийн барилдааны дүрмээ дагах явдал. Ер нь энэ жилийн наадмаар энэ хоёр аваргыг зодог тайлж байгаа хүмүүс юм байна гэж олон хүн ойлгосон. Дараагийн аваргууд нь хэн байх бол гэдгийг ярьж эхэлсэн байна лээ. Ирэх жилийн наадмаар шимтэн харцгааж дээ. Зодог тайлж буй хоёр залуу аваргын орон зай өсч яваа хүчтэнүүдэд том боломж гэсэн үг. Үнэн хүчийг үзэн барилдах л үлдлээ дээ, дороос гарч байгаа хүчтэнүүдэд.
Б.НЯМАА