Монгол улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол усын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан амжилттай, өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчтэнүүд зодоглосон юм. Бөхийн өргөөний хойморт МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Г.Өсөхбаяр, дархан аварга А.Сүхбат, улсын залуу аварга С.Мөнхбат нар болон ИНЕГ-ын удирдлагууд тухалжээ.
Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд нар шалгарлаа.
Улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн бэлтгэл тун сайн байгаагаа харуулж, дунд шөвөгт шалгарсан агаад тэрээр хоёрын даваанд а.н М.Нямбаатар, гурвын даваанд а.а Т.Сүрэнжавыг, дөрөвт у.н Ч.Цогбаярыг, тавд у.г Д.Рагчааг тус тус давж зургаагийн даваанд у.г Б.Гончигдамбад өвдөг шороодсон юм. Зургаагийн даваанд заан Соронзонболд харцага Пүрэвсайханыг амалж, холоос тун даацтай тохож давсан нь үзэгчдийг ёстой л уулга алдуулсан барилдаан байв. Соронзонболд зааны аймгийн арслан байх үеийнх нь сайхан барилдаан дахин давтагдах шиг л санагдав.
Гурвын даваанд у.х Ө.Бат-Орших у.х Б.Пүрэвсайханыг амалсан нь тун чиг аатай амлалт байлаа. Наадмаар тав, зургаагийн даваанд тунан таарч мэдэх залуу харцагатай дөмөгхөн барилдаад үзье гэж Бат-Орших харцага бодсон болов уу. Бат-Орших хөөж, Пүрэвсайхан зугтаж тун ширүүн эхэлсэн барилдаан тэгсгээд тогтож, бүр даваа дуустал тэд хаялцсангүй. Хэн хэн нь хүч шавхан, шавхан үзсэний эцэст Пүрэвсайхан давхар шуудагнаас түрж хөөн давсан юм. Мөн энэ даваанд заан Ч.Санжаадамба а.а А.Саруулсайханаас даагаа амжилттай нэхэв. Заан саяхны нэг барилдаан дээр А.Саруулсайханд унасан байсан юм. Харин дөрвийн даваанд Санжаадамба а.а О.Хангайтай оноолт таарч 2-3 удаа барьц сонголцсоны эцэст Хангай давсан билээ.
Хөвсгөлийн а.н Б.Даваа-Очир хоёрын даваанд у.х Т.Өсөх-Ирээдүйг “залчихав”. Бүр өөрийнх нь мэхээр хутгаад шүү. Дараагийн даваанд Б.Даваа-Очир у.н Д.Цогзолдоржийг бас л урамтай хаяна лээ. Мөн Таван-Ханы Ширчинхүү хоёрын даваанд гарьд Рагчаатай бүр барьц сонголцох хүртлээ тун сайн үзсэн дээ.
Энэ өдөр зодоглосон бөхчүүдийн хамгийн ахмад нь И.Доржсамбуу гарьд байв. 40 аль хэдийн гарсан насандаа олон дүү залуустай сайхан барилдаж гурав даваад дөрвийн даваанд а.з Л.Батзоригт хөмрүүлэн өвдөг шороодсон юм. 10 жилийн өмнө болсон Нисэх хүчний түүхт 80 жилийн ойн барилдаанд И.Доржсамбуу гарьд заан цолтойдоо түрүүлж, гарьд Д.Рагчаа харцага цолтойдоо үзүүрлэж байжээ.
ИНЕГ-ын хамт олон барилдаанд хүрэлцэн ирсэн аварга цолтнууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулсан бол мөн нутаг усныхан, шавь нар нь, дэвжээний бөхчүүд нь, ах дүү, найз нөхөд нь гээд олон хүн аварга цолтнууддад хүндэтгэл үзүүлж байв.
Мөн ИНЕГ -аас олон жил нисэх хүчинд алба хаахын зэрэгцээ үндэсний бөхөөр амжиллтай барилдаж, төрийнхөө их баяр наадамд 5 удаа үзүүрлэсэн хурц арслан Д.Мөнх-Эрдэнэдээ хүндэтгэл үзүүллээ.
Жил бүрийн аварга цолтны барилдааныг тохиолдуулан даян аварга Н.Жамъянгийн охин Ж.Насантогтох, хүргэн Ц.Гэлэгжамц нар аавынхаа нэрэмжит шагналыг сайн барилдсан залуу хүчтэн гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн тус шагналын эзнээр Булган аймгийн харъяат а.н Д.Пүрэвдорж тодров. Тэрээр гурвын даваанд у.н Ш.Уламбаярыг, дөрөвт у.а Н.Батсуурийг өвдөг шороодуулан тавын даваанд заан Соронзонболдод унасан юм.
Харин уоан барилдаан аварга Ц.Бээжингийн нэрэмжит шагналыг у.г Б.Гончигдамбад аваргын хүү, охин хоёр гардуулав.
С.Бадам
Гурвын даваа
1.Г.Эрхэмбаяр у.а –Т.Занданбат а.а
2.Н.Батсуурь у.а –Ч.Энхзаяа а.з
3.Д.Рагчаа у.г–Ц.Эрхэмбаяр а.х
4.И.Доржсамбуу у.г–Б.Батхуяг а.а
5.Б.Гончигдамба у.г–П.Батсүх а.н.н
6.Ч.Санжаадамба у.з–А.Саруулсайхан а.а
7.Б.Соронзонболд у.з–Б.Ганболд а.а
8.Ө.Бат-Орших у.х –Б.Пүрэвсайхан у.х
9.Д.Батболд у.х–Б.Мижидсүрэн а.а
10.Ц.Содномдорж у.х–Д.Тангад а.а
11.А.Бямбажав у.х–Ж.Алтаншагай а.а
12.Ц.Лхагвасүрэн у.н–Т.Сүрэнжав а.а
13.Ш.Уламбаяр у.н –Д.Пүрэвдорж а.н
14.Р.Пүрэвдагва у.н–Д.Бат-Эрдэнэ а.х
15.Д.Цогзолдорж у.н –Б.Даваа-Очир а.н
16.Л.Гантулга у.н–С.Ерөөлт а.а
17.Н.Батзаяа у.н –Н.Баярбаатар а.н
18.Б.Заяамандах у.н –Д.Буянт а.з
19.Б.Амарзаяа у.н–Л.Цэрэнтогтох у.н
20.Ч.Цогбаяр у.н–Ш.Шинэбаяр а.х.а
21.Т.Баасанхүү у.н–М.Эркебулан а.а
22.Ч.Батчулуун у.н–Н.Эрдэнэчулуун а.а
23.Л.Лха-Очир у.н–Э.Ванданцэрэн а.а
24.Н.Жаргалбаяр а.х.а –Л.Батзориг а.з
25.Б.Одгэрэл а.х.а–Б.Чимэдвандан а.а
26.О.Гантулга а.х.а–Б.Ганхуяг а.а
27.М.Бадарч а.а –Б.Эрдэнэхүү а.а
28.Б.Баатарцол а.а –О.Хангай а.а
Дөрвийн даваа
1.Г.Эрхэмбаяр у.а–Б.Даваа-Очир а.н
2.Н.Батсуурь у.а –Д.Пүрэвдорж а.н
3.Д.Рагчаа у.г–Д.Буянт а.з
4.И.Доржсамбуу у.г –Л.Батзориг а.з
5.Б.Гончигдамба у.г–Б.Эрдэнэхүү а.а
6.Ч.Санжаадамба у.з –О.Хангай а.а
7.Б.Соронзонболд у.з–О.Гантулга а.х.а
8.Д.Батболд у.х –Б.Одгэрэл а.х.а
9.Ц.Содномдорж у.х–Л.Лха-Очир а.а
10.Б.Пүрэвсайхан у.х –Ч.Батчулуун у.н
11.А.Бямбажав у.х –Т.Баасанхүү у.н
12.Ц.Лхагвасүрэн у.н–Ч.Цогбаяр у.н
13.Р.Пүрэвдагва у.н–Б.Амарзаяа у.н
14.Л.Гантулга у.н –Н.Батзаяа у.н
Тавын даваа
1.Г.Эрхэмбаяр у.а–Б.Одгэрэл а.х.а
2.Д.Рагчаа у.г –Ц.Лхагвасүрэн у.н
3.Б.Гончигдамба у.г–Л.Батзориг а.з
4.Б.Соронзонболд у.з–Д.Пүрэвдорж а.н
5.Ц.Содномдорж у.х –О.Хангай а.а
6.Б.Пүрэвсайхан у.х–Н.Батзаяа у.н
7.Р.Пүрэвдагва у.н–Т.Баасанхүү у.н
Зургаагийн даваа
1.Г.Эрхэмбаяр у.а–гоц мөргөв
2.Б.Гончигдамба у.г–Ц.Лхагвасүрэн у.н
3.Б.Соронзонболд у.з–Б.Пүрэвсайхан у.х
4.Ц.Содномдорж у.х–Р.Пүрэвдагва у.н
Долоогийн даваа
1.Г.Эрхэмбаяр у.а–Б.Соронзонболд у.з
2.Б.Гончигдамба у.г –Ц.Содномдорж у.х
Наймын даваа
1.Г.Эрхэмбаяр у.а–Ц.Содномдорж у.х
/түрүүлсэн/ /үзүүрлэсэн/