Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Өнгөрсөн найман жилийн хугацаанд улс орны эдийн засаг ямар нөхцөл байдалтай болов?

-Иргэд сонгогчид МАН-ыг үнэмлэхүй олонхоор хоёр парламент дараалан сонголоо. Энэ нь аливаа улс төрийн хүчний хувьд улс орноо зөв чиглэлд чиглүүлэх сайхан боломж, итгэлээр иргэд сонгогчид шагнасан гэсэн үг. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд улс орон хөгжлийн зөв гарц дээр очих, гадаад өрийн дарамтыг огцом бууруулах, аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж хөл дээрээ баттай зогсох, эдийн засгаа солонгоруулах, дундаж давхарга улам бүр тэлэх сайхан боломж бүрдсэн он жилүүд байсан.

Манай улсын эдийн засгийг тэтгэгч зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн ханш 2015 оныхтой харьцуулбал 2-10 дахин нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байна. 2015 онд Монгол Улсын нийт экспортын дүн ердөө 4.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 15 тэрбум ам.долларт хүрчээ. Үүлэн чөлөөний нар мэт ийм ховорхон боломж зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн түүхэнд тохиож байгаагүй гэдгийг онцлох ёстой. Харамсалтай нь, эдгээр сайхан боломжуудыг ашиглах нь бүү хэл эсрэгээрээ улс орны эдийн засгийг нүүрснээс хараат болгож, улсаа гадаад өрийн хавханд оруулж, аж ахуйнн нэгжүүд мянга мянгаараа хаалгаа хаасан, иргэдийн орлого, ахмадын өдөр хоногийнхоо хоолонд дөнгөн данган хүрч буй тэтгэврийг үнийн өсөлт, инфляциар хуу хамсан “хар дарсан зүүд” шиг аймшигт он жилүүдийг бид үдэж байна.

-“Хар дарсан зүүд” гэдгээ та баримтаар тайлбарлаач?

-Сүүлийн хоёр сонгууль дамнан хэт олонх болсон эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуульд монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдох болсон талаар халаглаж засаж залруулахаа амлаж байсан. Гэвч энэ үзүүлэлт одоо 35 сая төгрөгтэй тэнцжээ. Ийнхүү бид “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдэж гадаад өр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан. Монгол Улсын гадаад өрийн хэмжээг хүссэн иргэн бүр Монголбанкны болон Үндэсний статистикийн хорооны сайтаас харах боломжтой. Яагаад гэвэл Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар манай улсын гадаад өрийн хэмжээг улирал болгон Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран гаргаж нийтэд нээлттэй өөр өөрсдийн сайтаар дам жуулан ил тавих ёстой юм. Тиймээс өрийн асуудлаар заавал хэн нэгэн эрх мэдэлтний ам харах шаардлага ер байхгүй. Монгол Улсын нийт өр 2023 оны эцсийн байдлаар 34 тэрбум ам.доллар давсан.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд ганц тоо хэлье. Оны өмнөхөн УИХ дээр “Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт түүний нөлөө” гэсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хэлэлцсэн. 2022 оны эцсээр Татварын ерөнхий газарт ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн талаар гаргасан статистикаас харвал, ирүүлбэл зохих 218 мянган аж ахуйн нэгжээс ердөө 155 мянга нь тайлангаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, 63 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон тул ТЕГ тайлангаа ирүүлээгүй байгаа юм. Тайлангаа ирүүлсэн компаниудаас 70 гаруй мянга нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварыг тайлангаа гаргаагүй “Х” тайлан ирүүлжээ. Дээрх хоёр тоог нэмбэл, нийт 133 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Аймшигтай тоо шүү, энэ. Энэ олон аж ахуйн нэгжийн цаана хэчнээн мянган хүн ажилгүй, орлогогүй болсныг төсөөлөхөөс аймшигтай. Эцэст нь хэлэхэд, Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос 2022 оны Монгол Улсын ядуурлын түвшний судалгаа гаргахад 938 мянган иргэн нэн ядуу гэж гарсан. Одоо энэ тоо нэг сая хол давсан. Арилжааны банкуудын нийт зээл 26 их наяд төгрөг үүнээс 26 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл байна. Манай улсын нийт өрхийн тоо нэг сая орчим. Үүнээс гадаадад амьдарч буй 150 гаруй өрхийг хасаад үлдсэн өрхөд дээрх зээлийг хуваавал монгол өрх бүр 20 сая төгрөгийн зээлтэй. Улсын гадаад өрөөс гадна шүү. Би банк бус, хоршоод, ломбардын албан ёсны статистик байхгүй учраас оруулалгүй тооцоход шүү дээ. Улс нь, аж ахуйн нэгжүүд нь, өрх бүр, иргэн бүр өртэй.

Зөвхөн энэ хэдэн тоо манай эдийн засаг ямар их хүндэрснийг батлах  бодит статистик. Би санаанаасаа нэг ч тоо хэлсэнгүй. Монгол банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан баталгаатай тоо, үзүүлэлтүүд ийм байна.

-Сүүлийн үед төр хувийн хэвшил рүүгээ халдах явдал гаарлаа. Анх УИХ-ын дарга Г.Занданшатар тагнуулын байгууллагыг агсаж байгаад Салхитын мөнгөний орд дээр очиж төрд хурааж байсан. Өнөөдөр ч энэ уур амьсгал байгаа төдийгүй бүр хурцаар илэрч байгааг олон нийт шүүмжилж байна шүү дээ?

-Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн дийлэнх төрөөс хамаарч байна. Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж эхэллээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авлига хээл хахуулийг гааруулж байгаа гэдэгтэй хэн ч санал нэгдэх биз ээ. Дээр дурдсан жишээ бол ердөө ганц л кейс шүү дээ.

Энэ балмад үйлдлээ тэтгэврийн өрийг тэглэсэн гавяа гэж цоллож байсан. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс ө өр ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Ахмадуудын амьдралд ч бодитоор наалдсангүй. Үнэ өссөнөөр нийт иргэдийн ядуурлын түвшин нэмэгдсэнийг би дээр хэлсэн. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан дүн 2024 онд 10.1 их наяд төгрөг болж тав дахин өслөө. 2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж ес дахин нэмэгдлээ. Халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд  байхгүй гэдгийг онцолмоор байна. Үүнийг өнгөрсөн жилүүдийн манай төрийн бодлого иргэдийн амьдрал дээрээс бодитоор харж байна шүү дээ.

-Саяхан гэхэд төр, хуулийнхан нэгдэж байгаад хувийн хэвшил рүүгээ халдаж, үйл ажиллагааг нь зогсоож байна шүү дээ. Улс орны эдийн засаг, хөгжил хувийн хэвшил дээр тогтдог шүү дээ?

-Эрх баригчид уг нь өнгөрсөн сонгуулиар, “Цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.Өрийн дарамтыг бууруулж эдийн засгаа сэргээн босгоно.Аймаг бүрт үйлдвэр байгуулна.150000  ажлын шинэ байр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин шатахууны үнийг 20-30 хувиар хямдруулна” гэж уран гоё донгодсон.    Харамсалтай нь, эдгээр сайхан амлалтуудаас нэг нь ч 2016 оноос хойш гурван Засгийн газар дамжин биеллээ олоогүй байна. Тийм болохоор иргэдийн анхаарлыг өөр тийш хандуулж “Ачит ихт”, “Алтайн хүдэр” компаниудын муу муухай байсан үлгэр ярьж, иргэд сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна. Хувийн хэвшлийг дээрэмдэх ч юу ч биш, төсвөөс, нүүрснээс, зэсээс, алтнаас, төмрийн хүдрээс, ногон автобуснаас, сургуулийн автобуснаас, Хөгжлийн банкнаас, Төрийн банкнаас, төмөр замаас гээд л хулгай дээрэм хийсэн мөнгө нь их наядаар яригдах хэмжээнд хүрч, авлигын индексээр дэлхийд хомоол хамж байна.

-Стратегийн ордоо хувийн хэвшлээс хурааж авахаар сүүлийн үед эрчтэй яригдаж байгаа. Гэтэл  стратегийн орд гэж юуг хэлэхээс эхлээд нэгдсэн ойлголт байдаггүй талаар салбарынхан шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын  2007 оны 27 дугаар тогтоолоор нийт 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж тооцсон. Хожим долоон орд нэмсэн. Стратегийн орд гэгчийн тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар  бодлого, чиглэл байхгүй.

“Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүй ч гэж зарим судлаачид ярьдаг. Дэлхий дээр уул уурхайн стратегийн орд бус стратегийн түүхий эд гэсэн ойлголт бий. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. Харин орчин үед зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэх олон улсын ойлголт бий. Харин манай улстөрчид гадны хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхээсээ эхлээд ийм зүйл ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, шууд бусаар хэдийг надад өгөх вэ гэх дарамтуудын нэг нь юм л даа.

-Сонгуулийн санал авах амлалтыг эрх баригч нам өгсөөр байна. Энэ нь эдийн засагт маш сөрөг нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Жишээ нь, малчдад зориулсан Шинэ хоршоо хөдөлгөөн байгуулахаар боллоо?

-Сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нээс 225 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин, 498 мянган ахмадын тэтгэврийн хэмжээг арав орчим хувиар нэмсэн. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж түүнийхээ үр дүнг нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад МАА-д таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөрөнгийн баталгааг Монголбанк гаргаж байгаа гэсэн. Төв банкныхаа хуулиар хориотой заалт. Монголбанк Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд санхүүжүүлэх ёстой юм л даа. Одоо ч хууль яриад сонсдог хүнгүй болсон.

Монголбанк, Хятадын Ардын Банкнаас 2011 онд своп хэлэлцээрийн гэрээг байгуулж 15 тэрбум юань зээлсэн. Гэрээний хугацаа 2014 онд дуусгавар болохоор байсан ч сунгаж, 2017, 2020, 2023 онд тус бүр гурван жилээр сунгасан. Үнэхээр 5 их наяд төгрөг байгаа юм бол олон жил луу унжсан өрөө төлөөч, Монголбанкныхаан. Энэ ХАА-д зориулсан хөтөлбөр хэрэгжүүлснээр Монголбанкны удирдлага хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой болсон. Өнөөдөр залуучуудын ипотекийг шийдэхэд 1.2 их наядыг гаргаж 10 мянган өрхийг ипотект хамруулах тухай бас ярьж байна. Уул нь МАН ипотекийг 2016 онд УИХ-д үнэмлэхүй болмогцоо зогсоосон. 8 жил бодож байж яг сонгуулийн өмнө үнэнд гүйцэгдэж байгаа царай нь юм болов уу. Энэ нь УИХ-ын санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв DNN.mn

Ноолуурын ханш унаж байгаа талаар малчид ярьж эхэллээ. Энэ нь ноолуурын худалдаанд нийтээр нь НӨАТ оногдуулдаг болсонтой холбоотой гэдэг мэдээлэл ч гараад байна. Хэрэв энэ нь үнэн бол гамшгийн хэмжээнд зудын дараа малчдын хувьд ноолуурын ханш унана гэдэг шууд тухайн айл өрх тэг заана гэсэн үг. Бараг зарим нь өнгөрсөн өвлийн зуданд хотоо харлуулаад самнах таван ямаагүй болсон нь ч бий. Энэ асуудлыг тодруулахаар сурвалжиллаа.

Өнгөрсөн сард ноолуур гарч эхлэх үеэр баруун  аймагт кг тутам нь 150-165 мянгатай, зүүн аймгуудад 140 орчим мянгатай байсан юм. Тэгвэл өчигдөр баруун аймгуудад кг тутам нь 130-140 мянгатай, зүүн буюу Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгуудад дунджаар 120 мянга бол Улаанбаатарт аль аймгаас ирснээс шалтгаалж  130-140 мянган төгрөгөөр авахаар ченжүүд ярьж байлаа.

Малчин Г.Дамдин: Зуданд малаа алдсан малчдад ноолуурын ханш унах нь бүр хүнд байна. Сүхбаатар, Дорноговь аймгийн хүндрэлийг бодвол Дундговь аймаг малын хорогдол багатай өнгөрсөн өвлийг давсан. Өнгөрсөн сарын мэдээгээр 270 орчим мянган мал хорогдсоныг мэдээлж байсан. Нийт нутгийн дүнгээр малын хорогдол бага дүнтэй ч малчдын хувьд харилцан адилгүй байгаа юм. Тэдний нэг бол Сайнцагаан сумын малчин Г.Дамдин юм. Түүнтэй ноолуурын үнэ ханшийн талаар цөөн хором ярилцлаа.

– Танай нутгаар ноолуурын үнэ ханш ямар байна вэ?

-Өнгөрсөн сарын дундуур кг ноолуур 135 мянга гэж байсан юм. Өчигдөр манай багийн хүн ноолуур тушаасан. Нэг кг-ыг нь 120 мянгаар аймгаас хүмүүс ирж авсан гэнэ лээ. Үнэ энэ хавьцаа гэж ойлгоход болно.

-Хэдхэн хоногийн дотор үнэ унаж байгаа шалтгаан юу юм бол?

-Олон талын юм нөлөөлж байгаа байлгүй. Гэхдээ ноолуур гэдэг малчид бидний хувьд орлогын хамгийн том эх үүсвэр. Хаварт л бид ноолуураар бүтэн жилийнхээ өр зээлийг багасгаж, хоол хүнс, намрын өвс тэжээлдээ цаашаа хэдэн төгрөг дүрдэг хүмүүс. Энэ жилийн хувьд маш хүнд өвөл боллоо. Малаа зуу зуугаар нь алдчихсан малчдад ноолуурын үр шим хүртэх төдий байгаа даа. Гэтэл дээрээс нь ханш унаад байдаг. Ханш унаж байгаа хэд хэдэн шалтгаантай байх.

-Танайх өвлийн зудыг ямаршуу давав?

– Хотоо харлуулсан айлуудыг бодоход эрхбиш цөөн хэдэн малтайгаа үлдсэн. Сайнцагаан сумаар тогтохгүй аймгийн хэмжээнд өвөлжилт маш хүнд болсон. Манайх 400 орчим богтой, 30 гаруй үхэртэй өвлийг угтсан. Намар өвс тэжээлээ боломжийн хэрээр бэлдсэн ч өвлийн эхний саруудад л хамаг байдгаа дуусчихсан. Бараг 200 орчим бог малаа зуданд алдлаа. Бод малын хувьд арай ч тал хувийг нь алдчихсангүй авч үлдэж чадсан. 80 гаруй ямаатай үлдсэн. Дөрөвдүгээр сарын сүүлчээр самнаад ноолуураа тушаачихсан, ах нь.

-Ноолуурын ханш унаад байгааг малчид юу гэж байх юм бэ. НӨАТ авдаг болсонтой холбоотой гэв үү. Уг нь малчдыг НӨАТаас чөлөөлсөн шүү дээ?

-Яахав, төр засгаас эрвийх дэрвийхээрээ дэмжиж л байна. Татвар чөлөөлөгдсөн. Тэгэхээр малчид бид НӨАТ шивэх барих ажил чирэгдэлгүй хаврыг авсан. Гэхдээ ноолуур авч байгаа ченжүүд энэ тухай нэлээд ярьж байгаа гэнэ лээ. Дээр нь энэ жилийн ноолуурын гарц, чанар муу байгаатай холбоотой гэж ч дуулдсан хэмээв. Ноолуурын ченж: НӨАТ ноолуурын үнэд нөлөөлж байгаа Өмнөговь аймгийн ченж бүсгүйтэй холбогдож, ноолуурын үнэ ханш буугаад байгаа шалтгааны талаар тодрууллаа. Тэрээр ийн ярив. “Хар, улаан ямааны ноолуур кг нь 137 мянган төгрөгөөр авч байна. Цагаан ямааны ялгасан ноолуур 147 мянгатай байгаа. Ялгаагүй бол 137 мянгаар авна. Ноолуурын чанар муудсан учраас ханш унаад байна. Дээр нь НӨАТ мэдээж нөлөөлж байгаа. Бид авсан ноолуураа үйлдвэрт тушаахдаа НӨАТ төлдөг. Үйлдвэрүүд биднийг заавал НӨАТ шив гэдэг. Тэгж байж мөнгө шилждэг. Хоршоо руугаа шивүүлнэ. Хоршоод малчид руугаа шивүүлнэ. Энэ хооронд 1.5 хувийн зарлага гардаг. Зөрүүгээ бодохоор ханшид нөлөөлж таардаг. Сүүлийн үед хятад үйлдвэрүүд ч ялгаагүй НӨАТ шивэхийг шаарддаг болсон юм билээ” гэв. Ноолуурын зах зээлийн ханшийн мэдээлэл Хөдөө аж ахуйн биржийн цахим хуудаст мэдээлэгддэг юм байна. Боловсруулаагүй цайвар ноолуур кг нь 200 мянга, боловсруулаагүй цагаан ноолуур кг нь 250 мянга гэж байна. Харин боловсруулаагүй бараан буюу малчдын самнасан ноолуур кг нь 120 мянгаар арилжаалагдаж байна гэж мэдээлжээ. Хөдөө аж ахуйн бирж: Ченжүүд НӨАТ төлөгч болсноор үнэд нөлөөлөх гэж оролдож байгаа болов уу Тэгвэл ноолуурын үнэ ханш, түүнийг буурахад нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар Хөдөө аж ахуйн биржийн ажилтнаас тодрууллаа.

-Ноолуурын ханш анх гарч байсан цагаасаа Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв бодвол нэлээд буурчихсан байна. Зуднаар малаа алдсан малчдын хувьд энэ нь нэлээд муу мэдээ юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ноолуурын үнэ ханш өнгөрсөн жилийг бодоход дунджаар 10-20 мянган төгрөгөөр илүү үнээр зарагдаж байгаа. Энэ жил баруун аймгуудад кг тутам нь 165 мянга, зүүн аймгуудад 185 мянгаар гарсан шүү дээ. Өнгөрсөн жил зүүн аймагт 160 мянгаар гарсан. Баруун болон төвийн аймгуудад бүр 90 мянга руу ч ороод 110 мянга дээр тогтсон. Одоо бол дундаж үнэ кг нь 120 мянгатай байна. Сайн чанартай нь 130-140 мянга гэж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд харьцангуй үнэ боломжийн байгаа гэж харж байна. Учир нь сая зуднаар нийт нутгаар ямааны 20 орчим хувь хорогдсон. Тэгэхээр нийлүүлэлтийн хэмжээ тодорхой хувиар багассан гэсэн үг. Олон улсын зах зээлийн хувьд ч ноолуурын үнэ тогтвортой байна.

-Гэхдээ бодит байдал дээр НӨАТ-аас шалтгаалж ноолуурын үнэ ханш буурч байгаа гэдэг мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

– НӨАТ -ын хувьд дотоодын худалдан авагчид бүх төрлийн татвар төлж байгаа. Малчнаас аваад экспортлох бүх шатанд гэсэн үг. Харин хятад ченжүүд НӨАТ төлөхгүй байна гэдэг асуудал яригдаж ирсэн. Та бүхэн ч мэдэх байх. Тиймээс татварын шударга, тэгш системийг бүрдүүлэх үүднээс татварын байгууллагаас гадны хөрөнгө оруулалттай компаниудад шалгалтууд орсон. Дотоод, гадаад аль ч компани үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль дүрмийг мөрдөх учиртай. Нэг ёсондоо ченжүүд татвар төлөх асуудал яригдаж эхэлсэн. Хуучин бол тэд ямар ч татвар шимтгэл төлдөггүй байсан шүү дээ. Ингээд НӨАТ төлөх тухай яригдаад эхлэхээр ханшийн тухай хөндөгдөж байгаа болов уу. Гэхдээ гадаад зах зээл тогтвортой байгаа болохоор ханшид нөлөөлөхгүй . Малчдын хувьд бол НӨАТаас чөлөөлөгдсөн учраас айх зүйлгүй гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ипотект орон сууцны талбай 80 м.кв, зээлийн хэмжээ 100 сая дотор хамрагдах боломжтой DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан. Баялгийн сан нь гурван сангаас бүрдэнэ. Ирээдүйн өв сан нь Баялгийн сангийн ирээдүйдээ зориулж хадгалан арвижуулж, баяжуулах бол Хөгжлийн сан нь дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт орсон төслүүдийг санхүүжүүлнэ. Хуримтлалын сангаас өнөө үед зарцуулах боломжтой сан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр ашиглана гэж Засгийн газрын гишүүд мэдэгдсэн

Тэгвэл Хуримтлалын сангаас иргэдийн ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр болсон. Цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор ипотекийн зээл удааширч, улмаар зогссон гэж хэлэхэд болно. Тиймээс санхүүжилтийг нь шийдсэнээр иргэдийн орон сууцны худалдан авалтыг дэмжих боломжтой гэж үзжээ. Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд “Эрдэнэс Монгол” компани дээр байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг буюу 2023 оны 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэнэ. Үүн дээр Төв банкны эх үүсвэрээр 500 тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг орж ирэх аж. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөгт хүрэх юм байна.

Энэхүү эх үүсвэр нь 10 мянган айл өрхийг орон сууцаар хангах тооцоолол болохыг албаны хүмүүс мэдэгдсэн. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өмнө нь 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдаж байсан. Эх үүсвэр хангалтгүй байсан учраас ипотекийн зээл квоттой олгогдож ирсэн. Тэгвэл Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноор ипотекийн зээлийн квот арилж байна. Зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл авах шаардлага хангаж байгаа иргэн бүр орон сууцтай болох боломжтой, квот тавигдахгүй гэсэн үг аж.

Тэгвэл ипотекийн зээлд хамрагдах шаардлагад юуг чухалчилдаг вэ. Монголын ипотекийн корпорациас хамгийн сүүлд гаргасан ипотекийн зээлд тавигдах шаардлагыг танилцуулж байна.

Зээлд тавигдах шалгуур:

  • Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэлх сар;
  • Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 6 хувь;
  • Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
  • Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй, зээл үнэлгээний харьцаа (ЗҮХ) 70 хувиас дээшгүй;
  • Өрхийн өр, орлогын харьцаа (ӨОХ) татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй;
  • Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80мк-аас ихгүй;
  • Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
  • Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй;
  • Барьцааны зүйл нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.6-д заасан шаардлагыг хангасан;
  • Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байх.

Зээлдэгчид тавих шалгуур:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх (Хүүхдийн тэтгэмжийн өр төлбөрөөс бусад байдлаар);
  • Зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах;
  • Барьцаалбар үйлдэх;

Барьцаа хөрөнгөд тавих шалгуур:

  • Монгол Улсад байршилтай нийтийн зориулалттай болон амины орон сууц;
  • Шинээр ашиглалтад оруулсан орон сууцны хувьд инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан орон сууц;
  • Ашиглагдаж байгаа орон сууцны хувьд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
  • Амины орон сууц нь аймаг, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан, орон сууцны бүх хэсэг нь бие даасан ханаар хүрээлэгдсэн, тусдаа газарт баригдсан, орон сууцны зориулалттай сууц байх;
  • Амины орон сууцны хувьд дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад шинээр оруулсан, эсхүл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй ашиглалтад байгаа орон сууц байх;
  • Амины орон сууцны газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас богиногүй байх;
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байхыг шаарддаг ажээ.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ DNN.mn

Гадаадад ажил хийхээр явсан монголчуудаа манайхан нийтээрээ өрөвдөх юм. Төр засаг нь бүр тэднийг хүчээр эх оронд нь авчрах бодлого хүртэл сая ярьж баалууллаа. Иргэдийн дунд бол “Гадаадад ажиллаж байгаа хүн бүхэн боолын хөдөлмөр эрхэлдэг” гэдэг ойлголттой болчихсон. Саяхан УИХ-ын чуулган дээр яг ингэж хэлцгээж байлаа. Үнэндээ энэ бол явцуу хандлага, нэг талдаа шал худлаа суртал ухуулга юм. Тэгвэл боолын хөдөлмөр хаана байгааг хэдүүлээ нэг тогтож бодоод үзье.

Боолын хөдөлмөрийг гадаадад гарсан монголчууд биш дотоодод байгаа нь эрхлээд байгаа юм биш үү. Манай авч байгаа цалин хөлсийг хараад хэн ч ингэж хэлнэ. Монголд өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүний дундаж цалин 300 ам.доллар. Монгол мөнгөөр нэг сая орчим төгрөг. Үүнээс ч бага цалинтай иргэд олон бий. Харин гадаадад байгаа монголчуудын дундаж цалин 3000 ам.доллар. Ингээд харахад хэн боол юм шиг санагдаж байна. Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газраас гадаадад амьдарч буй монголчуудын дундаж орлогыг танилцуулахад АНУ-д монголчууд дунджаар 14 сая төгрөгийн орлоготой, Австралид 10 сая, Швейцарт найман сая, ХБГНУ-д найман сая, Шведэд долоон сая, БНСУ-д зургаан сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Монголд ажиллаж байгаагаас даруй 10 дахин өндөр үнэлэмжтэй. Тэгэхээр боолын хөдөлмөрийг хэн нь эрхлээд байгааг эрх биш энэ тоо харуулсан байх.

Өргөн хэрэглээний барааны үнэ нь тэнгэрт хадчихсан, төр засаг нь халамжийн бодлогыг хавтгайруулчихсан, хаана ч байхгүй өндөр хувьтай татвар, нийгмийн даатгалаар мөлждөг, улстөрч түшээд нь төсвийн мөнгийг халаасладаг, авлига албан тушаалын хэргүүд замхардаг ороо бусгаа нийгэмд аж ахуйн нэгжүүд нь өндийж чадахгүй. Ажилчид, албан хаагчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж, дэлхийн жишигт хүргэж хүчрэхгүй байгаа юм. Ийм нийгэмд сарын 300 доллараар цаг наргүй хөдөлмөрөө үнэлүүлж байгаа монголчууд л жинхэнэ боолын хөдөлмөр эрхэлж байна гэж хэлнэ. Чөлөөт зах зээл хөгжсөн, ардчилсан дэлхийн ихэнх улс оронд ийм үзэгдэл ерөөсөө байхгүй. Байх ч боломжгүй. Хатуу дэглэмтэй, эсвэл төр засаг нь босогчдын гарт орсон цөөн хэдэн улсад л яг манайх шиг хөдөлмөрийн мөлжлөг байдаг юм.

Ийм үнэлэмжээр амь амьдрал, ар гэрээ авч явах боломжгүй, эх орондоо боолын хөдөлмөр эрхэлж байгаагаа ухаарсан хүмүүс харийг зорьж байгаа хэрэг. Гадаадад байгаа монголчууд жил бүр 260 сая ам.долларыг Монгол руу шилжүүлдэг юм байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж, валютын нөөц бүрдүүлэх нэг эх үүсвэр болж байгаа тухай мэргэжлийн хүмүүс онцолдог юм билээ. Тэгэхээр гадаадад гарсан монголчууд боолын хөдөлмөр эрхэлдэг гэдэг дэмий яриаг одоо болих хэрэгтэй. Солонгост ажиллаж байгаа нь ингэж солиороод л энд байгаа эрх баригчид нь ч тэгж солиороод байдгаа одоо больё оо. Зургаан сая төгрөг сар бүр авчихаад ингэж хэлж байгаа тэдэнд мөнгөний заяа гомдох байлгүй. Харин эх орондоо бид хөдөлмөрийн мөлжлөгт хэдийнэ орсон шүү гэдгийг хүлээн зөвшөөрч үнэн мөнийг зоригтой хэлдэг болъё.

Гадагшаа гарах монголчуудын урсгал жил бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн 10 жил тэд бүр хурдтайдайжиж буйг судалгааны байгууллагууд үе үе танилцуулдаг. Үндэсний стастистикийн хорооны судалгаагаар 2022 оны байдлаар 90 хоногоос дээш хугацаагаар гадаад руу явж байгаа иргэдийн тоо ковидын өмнөх үеэс гураваас дөрөв дахин нэмэгдсэн. Тодруулбал, 2019 онд 47 мянган иргэн гадагшаа явсан бол 2022 онд 123 мянга болж нэмэгдсэн гэж байгаа юм. Амьдрал дээр ч энэ дүрвэлт ажиглагддаг. Багш нар зуны амралтаар БНСУ руу бөөн бөөнөөрөө виз мэдүүлдэг. Бүр нэг сумын бүх багш виз мэдүүлсэн тохиолдол хүртэл бий шүү. Дээр нь эмч нар, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэжилтнүүд, инженерүүд олноор явах болсон. Учир нь улс оронд хэрэгтэй чухал мэргэжлийн хүмүүсийн цалин хөлсний үнэлэмж гадаадынхаас 10 дахин доогуур байгаатай холбоотой юм.

2011 онд Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулагчдын цуваа үүсчихсэн өнөөдрийнхөөр бол гайхамшиг гэж хэлж болох цаг үе байв. Хэдхэн жилийн дараа Монгол бол Азийн бар болно гэж гадны шинжээчид ам уралдан зарлаж, дэлхийн том брэндүүд Улаанбаатарт оффис, байрны эрэлд гарцгааж байлаа.

Тэр үед дотоодод ажил хөдөлмөрийн үнэлэмж ч огцом өссөн. 2010 онд хөдөлмөрийн зах зээл дээрх эрэгтэйчүүд 370 мянган төгрөгийн цалинтай байсан бол хоёр жил гаруйн дараа 2013 онд 860 мянга болсон байлаа. Эмэгтэйчүүд ч ялгаагүй. 314 мянгаас 688 мянга руу буюу цалин хөлс 2-3 дахин өссөн үзүүлэлт байдаг. Тухайн үед ам.доллар 1200 төгрөгтэй тэнцэж байв. Үүгээр тооцвол 716 ам.долларын цалин авч байжээ. Тэгвэл одоо 300 ам.доллар хавьцаа л цалинтай байна. Тэр үед гадаадад ажиллаж амьдарч байсан монголчууд эх орноо олноор зорин ирсэн байдаг. Гэвч уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг төр засаг, ард нийтээрээ орилсоор хөгжлийн гэрэл цухуйж эхэлсэн тэр цаг үе дорхноо өөрчлөгдсөн. Эдийн засаг ч тэр дороо уруудсан. Гадаадынхан гарч, валютын нөөц ч хомсдсон. Дагаад төгрөгийн ханш суларч , төр засаг нь халамжийн бодлогоо хавтгайруулсан. Төгрөг цаас болсноор хөдөлмөрийн үнэлэмж шууд дордсон. Эх орондоо сайхан ажиллаж амьдрахаар ирсэн монголчууд буцаад л гарсан.

Төр засаг буруу бодлого явуулах, нийгмээ буруу оношлох, ард түмнээ үл тоож, эрх мэдлийн төлөө дайтах ийм л хор хөнөөлтэй. 13 жилийн өмнөх 17 хувийн эдийн засгийн өсөлт уруудсан тэр цаг үеэс өнөөдөр хүртэл гялтайх өөрчлөлт гарсангүй. Тодорхой нэг үр дагавар нь монголчууд гадаадыг зорих тоо жил бүр өссөөр байгаа нь юм шүү дээ. Тэд дотоодод боолын хөдөлмөр эрхлэхээс халширч, үнэлэмж сайтай гадаадын улс орнуудыг зорьж байгаа юм. Үүнийг төр засаг, эрх баригчид нь санаатай юм шиг буруугаар тайлбарлаж, гадагшаа гарчихсан хүмүүс нь араас ирээд ажил булаачихна гэж боддог ч юм уу гэлтэй “Боол болоод байна” гэж орилолдон ард түмнээ хуурсаар байдаг нэг муу явуургуй үнэгэн залиа хаана хаанаа татах хэрэгтэй байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Профессор Я.Долгоржав: Төрийн захиргаанд ажиллаж байгаа улс мэргэшсэн байх ёстой DNN.mn

 Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн суурь судалгааны секторын эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, профессор Я.Долгоржавтай цөөн хором ярилцлаа. Конрад аденауэр сангийн дэмжлэгтэйгээр Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудын эрдэмтдийн баг “Захиргааны шинжлэх ухрааны нэр томьёоны тайлбар толь” хоёр дахь хэвлэлийг саяхан олон нийтийн гар дээр хүргээд байгаа билээ. профессор Я.Долгоржав тус бүтээлийн зөвлөх, редактораар ажилласан юм.


-“Захиргааны шинжлэх ухрааны нэр томьёоны тайлбар толь”-ийн хоёр дахь хэвлэл бэлэн болжээ. Энэ бүтээл гарснаар ямар ач холбогдолтой болохыг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Аливаа улс орон, олон түмэнд төрийн албыг залгуулахын тулд түшмэдийг ашиглахаас өөр арга байдаггүй. Түшмэд байхгүй бол улс гэж байхгүй. Төрийн захиргааны түшмэд гэдэг зүгээр нэг сайн дураараа сонгогдчихдог улс биш. Яг л нөгөө Анагаахын сургууль төгссөн хүн эмч хийнэ гэдэгтэй адилхан төрийн захиргаагаар мэргэшсэн хүн түшмэд болж ажилладаг. Түшмэдүүдэд зайлшгүй хэрэгтэй мэдлэг бол төрийн захиргааны шинжлэх ухаан юм.

Харин манайд энэ салбар, өөрөөр хэлбэл засаг хуваарилах онол үнэн хэрэг дээрээ 1992 оноос Үндсэн хуулиар шинэчлэгдэж гарч ирж байна гэсэн үг. Тийм учраас төрийн захиргааны шинжлэх ухаан үүсч хөгжөөд 30 гаруйхан жил болж байна. Төрийн албаны шинэ тогтолцоог барууны шинэ үзэл бармимтлалын хүрээнд хөгжүүлэхийн тулд төрийн захиргааны шинжлэх ухаанд хэрэглэгддэг нэр томьёонуудыг хамгийн ойлгомжтой энгийн байдлаар тайлбарлаж хүргэх явдал зайлшгүй чухал байгаа юм.

-Энэ удаагийн хэвлэл өмнөхөөс илүү сайжирсан, баяжсан гэв үү?

-2022 онд төрийн захиргааны шинжлэх ухааны тайлбар толийн анхны хэвлэлийг гаргасан. Эрэлт хэрэгцээтэй байсан учраас хэвлэгдсэн ном дууссан байна. Нөгөө талаас аливаа зүйлс баяжиж хөгжиж байдаг учраас хоёр жилийн хугацаанд шаардлагатай шинэ нэр томьёог оруулах, баяжуулах чиглэлээр ажиллаж, хоёр дахь хэвлэл ийнхүү бэлэн боллоо.

Хоёр дахь хэвлэлд Шинжлэх ухааны академийн байгууллагууд, их дээд сургуулиудын багш эрдэмтдийн хамтарсан 30 орчим хүн баг болж ажилласан. Тэр багийн хийсэн ажилд зөвлөх редакторлох үүргийг МУИС-ийн Бурмаа доктор, Батсүх бид гурав хариуцлаа. Өмнөх хэвлэл дээр ч ингэж ажилласан. Яагаад энэ ном хэрэгтэй юм бэ гэхээр аливаа шинэ зүйл үүсч хөгжихөд нэр томьёо их чухал. Нэг зүйлийн тухай ярьж байгаа боловч өөр өөр нэр томьёо хэрэглэх асуудал их гардаг учраас тэр бүхнийг энэ бүтээлээр цэгцлэх зорилготой. Ингээд энэ толь бичигт 1260 үг орсон. Авлига гэдгээс эхлээд л төрийн удирдлагатай холбоотой бүхий л үгийн тайлбар орсон.

Шинжлэх ухаанд эцсийн цэг тавьсан бүтээл хаана ч байдаггүй. “Энд хүрээд орхилоо” гэж л үздэг. Тиймээс шинжлэх ухаан байнга засвартай байдаг, байнга ажиллаж байдаг.

Төрийн захиргааны шинжлэх ухаан Герман, Францад хөгжлийн эх сууриа тавьсан. Тэгэхээр энэ хоёр улсын төрийн захиргааны удирдлагын тогтолцооноос манай улс суралцаж болох шинэ санаа, мэдлэг таныхаар юу байв?

-Төрийн захиргааны шинжлэх ухаан улс төрөөс хамаардаг. Зүй тогтлын хувьд төрийн захиргаа, түшмэдийн тогтолцоо улс төрөөсөө хамаардаг нэг зүй тогтол байна. Үл хамаардаг өөр нэг зүй тогтол байна. Хамаардаг нь гүйцэтгэх удирдлагын байгууллага, Засгийн газар, бүх шатны Засаг дарга улс төрийн сонголт, шийдвэр яаж гарахаас түүний бодлогыг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх байгууллага. Тиймээс хүссэн хүсээгүй тэндээс хамаарна. Гэтэл захиргаа гэдэг тусдаа ертөнц байдаг учраас улс төрд нөлөөлдөггүй. Төсөв хөрөнгөө зарцуулдаг, хүний нөөцөө бэлддэгээрээ улс төрийг оруулахгүйгээр явдаг тогтолцоо Герман, Францад түрүүлээд хөгжчихсөн.

Түшмэд гэдэг тусдаа ертөнц. Хаа хүрэхийг дарга мэддэг, хаагуур явахаа жолооч мэддэг гэдэгтэй адил улстөрчид юу хийх бодлогыг тодорхойлж, яаж хийхийг түшмэдүүд, төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид хариуцдаг. Үүнийг дэлхийд алдартай таван эрдэмтний тоонд ордог Макс Вебер бюрократ онолоороо тайлбарлачихсан. Түшмэлийн тогтолцоо яавал хүслэнгийн тогтолцоо байж болох вэ. Хамгийн түрүүнд ажил үүргээ давхардал, хийдэл байхгүй, яг таг хуваагаад авчихсан байх хэрэгтэй юм байна. Энд ажиллаж байгаа хүмүүс хууль дүрмийн дагуу ажлаа хийдэг. Хууль, дүрэм, журмаар зохицуулдаг болохоос субьектив үйл ажиллагаагаар зохицуулагддаггүй. Түшмэдийн тогтолцоонд ажиллаж байгаа хүмүүст эх зах, эрэмбэ дэв гэдэг зүйл байна. Захирах, захирагдах ёс гэж байна. Шатлан захирах ёс буюу хэн нь дарга, хэн нь цэрэг вэ гэдгээ мэдээд явна гээд цэгцлээд өгчихсөн эд. Төрийн захиргаанд ажиллаж байгаа улс гэдэг мэргэшсэн байх ёстой. Улс төрийнхөнтэй адилхан сонгогдохгүй. Өөрт байгаа ур чадвар мэдлэг дээрээ тулгуурлаж томилогддог. Томилогдох хугацаандаа карьерын тоггтолцоогоор ажиллаад, насны эцэст улсаас тэтгэвэр авч гарна. Дээр нь ёс суртахуун гэж айхтар юм бий. Ийм зургаа, долоон зарчимд баригдчихсан бюрократ онолын удирдлага гарч ирсэн. Түүнийг л бид өөрийн орны нөхцөлд хэрэгжүүлж байгаа. Энэ бүх зүйлүүдтэй холбоотой нэр томьёог цэгцэлж энэхүү толь бичигт тусгасан байгаа.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа хүн бүр эрхээ сэргээлгэх боломжтой боллоо DNN.mn

НҮБ-ын байгууллагын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажиллаж, гаргасан дүгнэлтдээ сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ мэтгэлцээнгүй явагдаж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан юм. Тус хуулийг ирэх наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон цагдан хорих, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгааны асуудлаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд “НҮБ-ын байгууллагын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажилласан. Улмаар хэд хэдэн дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ мэтгэлцээнгүй явагдаж байгаа талаар дурдсан.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэлдээ шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний явцад хүний эрх зөрчигдөж буй байдлыг тодорхой дурдаж, эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим хэм хэмжээнд нийцүүлэх талаар 19 саналыг УИХ-д илтгэн танилцуулсан. Улмаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 35 дугаар тогтоолыг батлан гаргасан. Комиссоос УИХ-д танилцуулсан зарим онцлог саналыг авч үзвэл, бүх гэмт хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэдэг явдлаас татгалзаж, зөвхөн хорих ял оногдуулж болох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих арга хэмжээ авдаг байх. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, цагдан хорих үндэслэлийг нарийвчлан хуульчлах, “хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий зохицуулалтыг хасах.

Ямар хэрэгт, яагаад баривчилж байгаа шалтгаан нөхцөлийг баривчлах үед нь өөрт нь болон өмгөөлөгчид нь тодорхой мэдэгдэж байх. Баривчлах ажиллагааг шүүх бүрэн хяналтдаа авах, хамгийн богино хугацаанд, ойр байгаа шүүхдээ хүнийг баривчилсан талаар мэдэгдэх байх, цагдан хорих үндэслэлийг талуудад нээлттэй танилцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх. Хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа бол харьяалах шүүхэд гомдол гаргах эрхийг нээх, өөрийг нь баривчилсантай холбоотой баримт материалтай танилцах, хуулбарлан авах. Ажлын бус цагаар, амралтын өдөр баривчилдаг гэх асуудлыг шийдэх үүднээс шүүхийг тасралтгүй, шуурхай ажилладаг болгох, таслан сэргийлэх арга хэмжээний дагнасан шүүхийг байгуулах. Комиссоос шинээр батлагдсан хуулийн үзэл баримтлал, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл ажлын талаар хийсэн хяналт шинжилгээ, холбогдох байгууллагаас авсан мэдээлэл, иргэд, олон нийтээс ирүүлж байгаа гомдол, мэдээлэлд дүгнэлт хийж үзсэн.

Ингэхэд одоогоор шүүх эрх мэдлийн болон мөрдөх чиг үүргийн байгууллагын алба хаагчдын дунд нэгдсэн болон дотоод сургалт зохион явуулаагүй, энэ талаарх алба хаагчдын мэдлэг ойлголт хангалтгүй байна гэж гарсан. Түүнчлэн хууль хэрэгжиж эхлэхээр практик тогтоно гэсэн хүлээлттэй байгаа нь харагдаж байгаа. Иймд Улсын их хурлын сонгууль, Үндэсний Их баяр наадам, амралтын улирал таарч байгаа зэргээс шалтгаалан хуулийг сурталчлан таниулах хугацаа хязгаарлагдмал байгааг анхаарах нь зүйтэй. Тиймээс тухайн шүүх бүр сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах журмыг урьдчилсан байдлаар боловсруулж, гарч болзошгүй хүндрэлийг шийдвэрлэх хүний нөөц, зохион байгуулалтын арга хэмжээг авах шаардлагатай. Түүнчлэн хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг бүх шатандаа авч хэрэгжүүлэх шаардлага байна. Ингэснээр хүний эрхийг хамгаалах бодит нөхцөлүүд бүрдэнэ” гэлээ.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой энэ талаар дэлгэрүүлж ярилцлаа.


-Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үйл ажиллагаа шүүхийн хяналтад байна уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд баривчилгааг хоёр төрлөөр хуульчилсан. Нэгдүгээрт шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах. Хоёрдугаарт, хойшлуулашгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах. Мэдээ судалгаанаас харахаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүй тохиолдолд баривчлах арга хэмжээг нийт баривчилгааны 97-98 хувь нь эзэлж байна. Эдгээр нь бүгдээрээ хууль зөрчсөн баривчилгаа биш. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох ёстой. Энэхүү хэт өндөр үзүүлэлтээс үзэхэд хавтгайгаар нь энэхүү хуулийн заалтыг удирдлага болгоод баривчлах ажиллагаа явагдаад байгаа юм биш биз гэдэг асуулт тавигддаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шүүх бүх баривчлах ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянаж байх ёстой байдаг. Гэвч өнгөрсөн жилүүдэд шүүхэд хянагдах байдал туйлын хангалтгүй байсан. Шүүхээс хяналтгүй байна гэдэг бол хууль бус байх магадлал өндөр байна гэж Олон улсын байгууллагууд болон ХЭҮК дүгнэсэн. Тиймээс шүүхийн шийдвэргүйгээр баривчлах үйл ажиллагааг шүүхийн хяналтад бүрэн оруулах ёстой. Тиймээс энэхүү асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орлоо.

-Ямар хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс шүүхийн шийдвэргүйгээр дур зоргоор баривчлагдаж байна вэ. Оргон зайлах, амиа хорлох эрсдэлтэй сэжигтэнүүд үү?

-Хүний амь нас хохироосон, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хохирол учруулах, мансууруулах бодистой холбоотой хэргүүд дээр энэ төрлийн баривчилгаа хэрэглэгдэж байна.

-Иргэн өөрийгөө хууль бусаар баривчлагдсан гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрх нээгдсэн үү?

-Гэмт хэрэг хэзээ ч, хаана ч, ямар ч тохиолдолд гардаг. Үүнийг үйлдэл дээр нь таслан зогсоож баривчлахгүй бол дараагийн хохирол учрах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, хохирогчын эрхийг сэргээхэд саад болдог учраас хэрэгтэнг хойшлуулашгүйгээр шууд баривчлах үйл ажиллагаа дэлхийн бүх улс оронд байна. Гагцхүү шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан талаар маш богино хугацаанд шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үйл ажиллагааг хийсэн бол богино хугацаанд шүүхэд мэдэгдэх ёстой. Энэ зарчим одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд бүрэн эрх зүйн зохицуулалт нь тусгагдаагүй байсан. Тиймээс УИХ үүнд анхаарч сэжигтэнг баривчлах ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өглөө. Энэхүү хууль хүний эрхтэй холбоотой, маш нарийн хүний эрхийн эмзэг асуудлуудыг хуульчилсан учраас үүнийг хэрхэн ойлгох, яаж хэрэглэх, эдгээрийн ач холбогдлыг хууль хэрэгжүүлэгч албан тушаалтнууд нэг мөр ойлгож байх ёстой.

-Иргэдэд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг таниулах ажил хангалттай явагдаж байна уу?

-Наймдугаар сарын нэгэн хүртэл шинээр мөрдөгдөж эхлэх хуулийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, нэгдсэн ойлголттой болгох хэрэгтэй. Мөн хуулийг үзэл баримтлалаас нь гажуудсан байдлаар тайлбарлаж хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй. Харин сургалтуудыг хангалттай сайн зохион байгуулахгүй байна гэж ХЭҮК дүгнэсэн.

-Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж байгаа иргэд өөрсдийн эрхээ мэдэж байна уу?

-Хүн бүр эрүүгийн хэрэгт холбогдож магад гэж бодоод өөрсдөө хууль судлахгүй байх. Гэхдээ иргэн эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд мэдээлэл авах бүрэн боломжтой, нээлттэй байх ёстой. Тйимээс хууль зүйн туслалцаа үзүүлдэг байгууллагууд иргэд олон нийт рүү чиглэсэн энэхүү хуулийг сурталчлах, таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

-Нэмэлт өөрчлөлтүүдээс энд дурдагдаагүй онцлох өөрчлөлт юу байна вэ?

-Хамгийн том өөрчлөлт нь хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа хүн шүүхэд гомдол гаргах эрхийг энэхүү хуулиар нээж өглөө. Иргэн өөрийгөө хууль бусаар баривчлагдсан гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрх нээгдэж байна гэсэн үг. Өмнө нь зохицуулалт тодорхой бус байсан. Сэжигтэнг баривчлах ажиллагаа 48 цагийн хооронд явагдаж байдаг. Хууль эрх зүйн мэдлэгээс хамаарч 48 цагийн хугацаанд хоригдонгоо өөрийнх нь хувийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй байх тохиолдол байдаг.

Өмнө нь миний эрх зөрчигдсөн гээд шүүхэд гомдол гаргах гэхээр үүнийг хэрхэн хянаж шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхой байгаагүй. Наймдугаар сараас хэрэгжиж эхлэх хуулиар баривчилгаатай холбоотой гомдлыг арав хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй. Ямар хэрэгт холбогдсон, яагаад баривчлагдаж байгаа гэдгээ тайлбарлуулах эрхтэй. Өөрийг нь баривчилж байгаа үндэслэл, холбогдох материалуудаа гаргуулан авч танилцах эрхтэй болж байгаа юм. Хүний эрх талаасаа маш дэвшилттэй зохицуулалтууд орлоо. Хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын жишигт нийцсэн хууль. Одоо бид тэдгээрт нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Балжинням: Эмийн байгууллагууд үнийг шударгаар тогтоож байгаа DNN.mn

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнгөрсөн сарын дундуур болж дууссан. Үүнтэй холбоотойгоор эмийн үнэ болон чанарын асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй юм. Энэ хүрээнд Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжиннямтай ярилцлаа.


-Эмийн сонсголоор олон төрлийн мэдээлэл ил боллоо. Эмийн үнэ хөөрөгддөг, ковидын үед төсвийг хяналтгүй з арцуулсан, эрүүл мэндийн даатгалын системийн асуудал гээд өргөн хүрээнд яригдлаа. Харин танай холбооны зүгээс сонсголыг хэрхэн дүгнэж байна вэ?

Эмийн чанар үнэ, эмчилгээний чанар үр дүнтэй холбоотой асуудал бараг дөрөв, таван жилийн өмнөөс нийгэмд яригдаж эхэлсэн сэдэв.

Энэ удаагийн сонсголоор нэлээд цэгцтэй мэдээлэл өгөх байх, үр дүнтэй болоосой гэж бид хүсч байсан. Бидний хүссэн үр дүнд хүрч чадсангүй. Бодитой үнэн зөв мэдээлэл өгөх талаас, дээр нь шинжээчдийн зарим дүгнэлт өнгөц байдалтай явчихлаа. Нэг тийм алаг  цоогтой сонсгол болоод өнгөрлөө. Хамгийн гол нь сонсголын үр дүнд ямар зөвлөмж, дүгнэлт гарах вэ гэдгийг хүлээж байна.

-Тэгвэл эмийн үнийн асуудлаас эхэлье. Сонсгол дээр нэлээд ноцтой тоонууд яригдсан. Ер нь үнэ яаж тогтдог талаар та бодитой тайлбарлаж өгөөч?

-Эрүүл мэндийн салбар өөрөө эмзэг салбар. Шинжлэх ухаанч байхыг шаарддаг, баримт нотолгоон дээр суурилж байж дүгнэлт гаргадаг. Хүний сэтгэхүйд нөлөөлдөг шийдвэрүүд гарах юм бол сөрөг үр дагавар ихтэй. Түүнийг засч залруулахад төвөгтэй, цаг хугацаа их хүч хөдөлмөр зардаг. Энэ үүднээс шинжээчдийн тайлбар мэдээлэл зарим зүйл дээр учир дутагдалтай санагдсан. Угтаа энэ сонсгол бол эмийн үнэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох хянан шалгах хороо байсан биз дээ. Тэр тал руугаа айхтар чиглэж чадсангүй. Чанар, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, төрийн бодлого, ковидын үе зэрэг өргөн хүрээнд ярьсан учраас анхны зорилгоо фокусалж чадаагүй бололтой. Бидний зүгээс эмийн үнэ бүрдэхэд ямар хүчин зүйлүүд нөлөөлдгийг бодитоор гаргаж тавиасай. Түүнийг хүмүүст сайн ойлгуулж өгөөсэй гэж хүссэн.

Зөвхөн эм гэлтгүй Монголд явагдаж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ бүрддэг зарчим адилхан. Эмийн 80 хувийг импортоор авч байна. Үнэд нөлөөлдөг гол зүйл бол гадаад валютаар авдаг учраас ханшийн өөрчлөлт гэж том зүйл байгаа. Дээр нь Монгол Улсын санхүү, татварын тогтолцоо нөлөөлдөг. Бид 17, 18 төрлийн татвар, татаас төлдөг шүү дээ. Нийт өртгийн 35 орчим хувь нь татвар болдог. Энэ бол бүх бараа бүтээгдэхүүн үйлчилгээн дээр байгаа. Дээр нь манай орны хүн амын тоо, зах зээлийн багтаамж ихээхэн нөлөөлнө. Эм үйлдвэрлэгч орон болох 120 сая хүн амтай Орос авах нэг өөр, тэрбум гаруй хүнтэй Хятад авахад бас нэг өөр үнэ санал болгодог. Дээр нь цаад үйлдвэрлэгчийн тавьж байгаа хамгийн доод хэмжээ гэж байдаг. Нэг удаадаа тийм тоо хэмжээтэй ав гэдэг. Тэр шаардлагад хүрэх нь ч байна, хүрэхгүй ч юм байна. НӨАТ гэхэд гааль дээр ирсэн үнээс эцсийн хэрэглэгчид 15 орчим хувь болоод очиж байгаа.

-Өртгийн зардал, татварын дарамт их гэж та хэлэх гээд байна уу?

-Эрүүл мэндийн салбараас дангаараа хувьчлагдсан нь эм хангамжийн салбар юм шүү дээ. 1990 онд хувьчлагдаад бүрэн хувийн хэвшилд ирчихсэн. Ер нь энэ салбар гудамжинд гарч ТҮЦ-нээс эхлээд орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн эм хангамжийн байгууллага, эмийн үйлдвэрүүд, эмийн сангуудтай болтлоо хөгжиж байна. Төрийн оролцоогүйгээр босоод ирсэн салбар.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төрийн зүгээс эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан, хэрэгжүүлсэн. 1998 онд Эмийн хуультай болсон. Эрүүл мэндийн салбарт 84, 85 хууль эрх зүйн баримт бичиг, журам стандарт мөрдөгддөг. Ийм олон стандарт журам хууль мөрдөгддөг салбар байдаг эсэхийг мэдэхгүй юм. Стандартууд тавигдаад байх тусам түүнийг хангахын тулд хөрөнгө мөнгө гарч байдаг. Эм хангамжийн байгууллагуудад чанарын баталгаажилтын тогтолцоо ажилладаг шүү дээ. Тэр бол нийт өртгийн 2030 хувийг бүрдүүлнэ. Дээр нь энэ салбар 1990 оноос хойш санхүүгийн хөшүүрэг дэмжлэггүй явж ирсэн. Хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл гэж байгаагүй. Эмийн ү й лдвэрийн тоног төхөөрөмж гааль, НӨАТ-аас чөлөөлөгддөггүй. Тэгэхээр энэ бүх санхүүгийн хэрэгцээ шаардлагыг арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр хангаж, эм хангамжийн байгууллагууд эрсдэлээ үүрч ирсэн. Харин хяналт шалгалт сайтай байсан шүү.

-Сонсгол руугаа эргээд оръё. Вьетнамаас 300 төгрөгөөр худалдаж авсан эмийг Монголд 10 мянган төгрөгөөр худалдаалдаг гэх жишээнүүд хөндөгдсөн. Нэгэнт тоо болоод гараад ирсэн учраас олон нийт үүнийг шууд хүлээгээд авчихаж байгаа. Үүн дээр тайлбар өгөөч?

-Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа эмийн 7-10 орчим хувьд үнэ хэт нугарчихсан асуудал бий. Энд хоёр гурван хүчин зүйл нөлөөлж байгаа болов уу. Нэгд, тухайн компанийн оруулж ирж байгаа эмнүүдээс ганц эмийг сугалж авч үзэх нь өрөөсгөл. Манайх жигнэсэн дундаж өртгөөр өртгөө бүрдүүлж үнийг тооцож явдаг. Гэтэл тухайн компани хэд, хэдэн нэр төрлийн эм нь алдагдалтай зарагддаг эмүүд байж болно. Тэр эмийг Монгол Улсын зах зээл дээр зайлшгүй байлгаж байх шаардлагатай байдаг. Тэгэхээр түүний алдагдал нөгөө эмэндээ үүрэгддэг ч байх нөхцөл бий. Тухайн компанийн оруулж ирж байгаа нэг эмэн дээр биш нийт массаар нь авч үзэж ярих асуудал. Хоёрт, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор олгодог эмийн дээд хязгаарыг Засаг тогтоодог. Тэр аргачлал дээр алдаа байдаг. Алдаатай аргачлал яваад байгаа учраас зарим эмийнх нь босго үнэ эрүүл мэндийн даатгалынхаа үнийн дээд хязгаараар тавигдчихаар тэр нь жишиг үнэ болоод тогтчихож байгаа юм. Тэр аргачлалыг засаач гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн. Гуравт, зарим импортоор оруулж ирж байгаа эмүүд заримдаа 70-80 хувь нь устгагддаг. Баталгаат хугацаа нь дуусаад устгадаг. Тэр эрсдэлийг үүрүүлдэг жишгүүд бий.

-Тэгвэл таныхаар эм хангамжийн байгууллагууд энэ зах зээл дээр шударгаар ажиллаж, эмийн үнийг шударгаар тогтоож байна уу?

-Үнийг шударга тогтоож байгаа.

-Сонсголоор Ж.Чинбүрэн гишүүн олон улсад эмийн ашиг 8-10 хувь байх ёстой гэж ярьсан шүү дээ?

-Үгүй. Олон улсын бизнесийн жишиг 15-20 орчим хувьтай байхад энэ бол хэвийн. 8-10 хувь дээр ямар ч ААН тогтож чадахгүй. Манайхан яг олон улсынхаа барьж байгаа дундаж түвшин дээрээ явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Монгол эм хэрэглэхээр өвчин удаан илааршдаг. Гадаадын аль нэг улсын эм дорхноо өвчин намдаачихдаг, ханиад томуу дарчихдаг тухай иргэдийн дунд яриа бий. Зарим эмч нар ч гадаад эм авахыг зөвлөдөг. Тэгэхээр чанарын тухайд та юу хэлэх вэ?

-Бидний яриад байгаа зүйлийн нэг хэсэг нь л чанар. Чанар бол тухайн бүтээгдэхүүний тодорхой стандарт нормативын дагуу үйлдвэрлэж, түүнийгээ хангаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг хардаг. Тусгай зөвшөөрөлтэй, хуулийн дагуу импортоо хийж байгаа, Монгол Улсад бүртгүүлчихсэн компаниудын эм чанарын шаардлага хангаад орж ирж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Дотоодод үйлдвэрлэгдэж байгаа нь ч ялгаагүй. 1994 оноос хойш хэрэгжиж байгаа Эмийн бүртгэлийн тогтолцоо гэж том зүйл манайд хэрэгжиж байна. Үүн дээр тухайн эмийг бүртгэхийн тулд чанарын хяналт, клиник судалгаанууд, мөн эмнэл зүйн судалгаанууд дээр шинжээчид ажиллаж байж хэд хэдэн үе шаттайгаар 20 гаруй нэр төрлийн бичиг баримтыг боловсруулсны үндсэн дээр бүртгэдэг.

Харин бидний  гол ярих асуудал эмчилгээний үр дүн яаж гараад байна вэ гэдэг тухай. Эмчилгээний үр дүн гэдэг бол бид эквивалент чанарын тухай юм. Үүнд, био эквивалент чанар, эмчилгээний эквивалент чанар, эм зүйн эквивалент чанар гэж байдаг. Энэ гурван чанарыг харгалзаж байж эмчилгээний идэвх үр дүнгийн асуудлыг ярих ёстой. Ерөнхийдөө олон улсад эмчилгээний эквивалент чанар +/-20 хувьтай байх юм бол энэ эм шаардлага хангаж байна гэж үздэг.

-Манайд эквивалент чанарыг үздэг үү?

-Манай улсын хувьд хараахан үүнийг тогтоож чаддаггүй. Учир нь лабораторийн асуудал яригдана. Байгаа лаборатори нь эм зүйн чанараа л үзнэ. Био эквивалент чанарыг үзэх боломжгүй. Гэхдээ зөвхөн үүгээр эмчилгээний идэвхийг бүрэн дүүрэн тодорхойлохгүй гэдгийг санах ёстой.

Манай улсад эмчилгээний үр дүнд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол зохистой хэрэглээнйи асуудал. Манайханд энэ талаарх ойлголт тун тааруу. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж чадвал эрүүл мэндийн зардлыг 10 хувиар бууруулна, хэвтэж эмчлүүлэх байдлыг 20-30 хувиар бууруулах судалгаа байдаг. Энэ нь эмийг хэрхэн хэрэглэх, эмийг сонгох асуудал, эмийн эмчилгээний үед мөрдөх дэглэм, хоол хүнс гээд өргөн хүрээтэй. Манайхан гадаадад очоод эм уугаад эдгэчихлээ гэдэг. Монголчууд гадаад явахаар хэчнээн соёлтой болдог билээ, магадгүй яг цагаа мөрдөөд уусан байж болно. Хоёрт, Улаанбаатар х отын хувьд эмийн эмчилгээнд олон хүчин зүйл нөлөөлдгийн нэг хүчин зүйл нь орчны бохирдол. Ханиад хүрчихсэн хүн агаарт гарч ирээд нэг хоноод зүгээр боллоо гэх жишээтэй.

-“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны зөвлөмжид юуг тусгах ёстой гэж та үзэж байна?

-Нэгд, Эмийн хууль ойрын үед хэлэлцэгдэх гэж байна. 1998 онд батлагдсан энэ хуулинд 2005, 2010 онд шинэчилсэн найруулга орсон. Тухайн үед үүргээ гүйцэтгэсэн. Одоо Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гээд зохицуулалтын байгууллагатай болчихлоо. Орчин үеийн хөгжил дэвшил, эм зүйн салбарын ололт амжилт дэлхийд хол түрүүлчихлээ. Манайд ч эхнээсээ орж ирж байна.  Технологи дамжуулалт, био үйлдвэрийн бэлдмэл, вакцины үйлдвэр зэрэг тавигдаад эхэлчихсэн. Үндэсний үйлдвэрүүд экспортод бүтээгдэхүүнээ гаргах хэмжээнд хүрчихсэн. Хэд хэдэн үйлдвэр гадаадад бүтээгдэхүүнээ бүртгүүлчихсэн. Гэтэл экспортын зохицуулалт байдаггүй. Тиймээс хуулийг шинэчлэх, хөрсөн дээр буусан сайн хуулийг баталж мөрдөх шаардлага байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Түүнээс гадна эрүүл мэндийн салбараас ганцаараа НӨАТ төлөгч нь эм хангамжийн салбар. НӨАТ-ын дарамт ААН-үүдээс илүүтэй иргэдэд очдог. Тиймээс зайлшгүй шаардлагатай эмүүд, түүний түүхий эд тоног төхөөрөмжийг НӨАТ татвараас чөлөөлөх. Чанарын лабораторийг байгуулах шаардлагатай. Энэ тал дээр төр засагтай хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллахад бэлэн. Хамгийн чухал нь төр хувийн хэвшил ялгаагүй боловсон хүчнээ чадавхжуулах асуудал хурцаар тавигдаж байгаа. Энэ бүхнийг зөвлөмждөө тусгаж өгөөсэй.

Categories
мэдээ нийгэм

Д.Бадрал: “Үнэт” санхүүгийн нэгдлээрээ бид өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг бизнесийн соёлыг түгээнэ DNN.mn

“Үнэт” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч Д.Бадралтай ярилцлаа. Тэрээр банкны салбартаа төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон төслүүдэд гар бие оролцож явсан чадварлаг удирдагчдын нэг. Тэгвэл Д.Бадрал одоо санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж, “Үнэт” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулжээ. Түүнтэй шинэ бизнесийнх нь талаар болон ажлын туршлага, хувь хүний карьер, цаг үеийн асуудлаар өргөн хүрээнд ярилцлаа.


-Та Голомт банкны албан тушаалаа хүлээлгэн өгсөн тухай саяхан цахим хуудастаа мэдээлсэн. Бүтэн 20 жил банкны салбарт мэргэшиж, өөрийгөө харуулж чадсан Д.Бадралыг энэхүү хаалгаа хааж байгаа нь анхаарал татлаа. Тэгэхээр хоёулаа энэ талаар ярьж эхэлбэл ямар вэ?

-Ямар ч хүн амьдралдаа зорилготой, тэмүүлэлтэй оршин тогтнодог. Миний хувьд эхний 20 жил “Дандарын Бадрал” буюу эцэг эхийн үүрэг захиасыг биелүүлж, сайн хүү, сайн сурагч, сайн оюутан байхыг хичээж ирсэн. Үүний дараагийн 20 жил Голомт банктай холбогддог. Энд хувь хүнийхээ болон байгууллагын үнэт зүйл, итгэл үнэмшил, алсын харааг ажил хэрэг болгоход энэ хугацааг зарцуулсан байна. Мөн банкны системээс гадна Монголын аж ахуйн нэгж байгууллагын том үсрэнгүй хөгжлийн өөрчлөлтийн цаг үе хамт явсан.Хүний 20-30 нас сурдаг, мэддэг, баг хамт олон дотроо хэн байх, түүнийг ойлгодог нас юм байна. Харин 30-40 нас сурсан мэдсэн, баг хамт олондоо өөрийгөө ойлгуулсан зүйлээ эргүүлээд гаргах, түүгээрээ дамжуулаад бусдад илүү их боломж бололцоог олгох, үнэ цэнийг бүтээх ёстой цаг хугацаа юм болов уу. Ингээд Д.Бадрал дараагийнхаа 20 жилийн зорилгыг тавьсан хэрэг. “Дөч гарсан эр, дөрөв дарсан ат” гэдэгтэй адилхан би юу бүтээв, ямар үнэт зүйлтэй байв, юу хийж явсан бэ гэдгийг бодсон. Эхний 20 жил Дандарын Бадрал, сүүлийн 20 жил Голомтын Бадрал, сүүлийн хоёр жил Шарк Бадрал, жижиг дундыг дэмжигч Бадрал байлаа. Үүнээс цааш нийгэмд илүү идэвхтэй, оролцоотой байх, бусдад өөрийнхөө мэдлэг туршлагыг хуваалцдаг байх, өнгөрсөн 20 жилийнхээ сурсан зүйлийг гаргах ёстой цаг хугацаа юм байна гэж үзсэн учраас дараагийн аян замдаа гарч байгаа юм. Тэр маань бидний үүсгэн байгуулсан компани гэсэн үг.

-Улс төр рүү орох нь гэдэг яриа дуулдсан. Хий “хардлага” байжээ?

-Улс төрд өнөөдрийн хувьд орохгүй. Мэдээж хүн өөрийгөө тодорхой хэмжээнд бэлдэх ёстой. Үнэ цэнэтэй, мэдлэг туршлагатай болж, түүнийгээ бусдад хуваалцах чадвартай байх ёстой гэж би боддог. Тиймээс өнөөдрийн цаг хугацаанд улс эх орондоо эдийн засаг, нийгмийн амьдралд өөрийнхөө үүсгэсэн компани, аж ахуйн нэгжээрээ хувь нэмэр оруулах нь чухал гэж үзсэн. Тиймээс улс төрд орох зорилго одоогоор байхгүй.

-Манай улсын хувьд эдийн засаг жижиг, санхүүгийн салбар банкин дээр түлхүү хөгжсөн гэж шинжээчид үздэг. Тэр ч үүднээс санхүүгийн нэгдлүүд тийм ч олон биш. Харин та ямар нөхцөл боломжийг олж харж, “Үнэт” санхүүгийн нэгдлийг байгуулах болов?

-Энэ бизнест маань ямар нэгэн гадны, томоохон компанийн хөрөнгө оруулалт байхгүй. Цэвэр банк, санхүүгийнхээ салбарт 10-20 жил ажилласан, олон улсад мэргэшсэн, олон улсын санхүүгийн корпорацид ажиллаж байсан, Оксфорд, Лондонд төгссөн таван залуу итгэл үнэмшлээрээ нэгдсэн.

Хүн энэ хорвоод ирэхээс авахуулаад утга учиртай байдаг. Аж ахуйн нэгж байгууллага ч анх үүсгэн байгуулахдаа зорилго, үнэт зүйлтэй байх ёстой. Тиймээс бидний хувьд бид үнэт зүйлдээ их хайртай. Үнэт зүйлийг баримталж, хичээж ажиллаж ирсэн залуусын нэгдэл. Тиймээс энэ аж ахуйн нэгж үнэт зүйлтэй байснаар илүү урт хугацаанд оршин тогтноно гэж үзсэн. Энэ үүднээс “Үнэт” гэдэг нэршлийг авсан. Нэг ёсондоо компанийн маань эрхэм зорилго дээр үүссэн нэр. Нөгөө талаар мэдээж танд ч туршлага байгаа, надад ч бий. Бид хоёр жижигхэн ч гэсэн үнэ цэнэ бий болгоно. Тэгвэл танд, надад байгаа боломжийг нийлүүлээд хоёр биендээ үнэ цэнэ бүтээвэл улс эх орондоо өөрсдийнхөө амьдралд сайн сайхан зүйлийг цогцлоож чадна гэдэг үндсэн дээр “Үнэт” гэдэг нэрийг сонгосон. Эцэст нь дэлхий дахинд аливаа аж ахуйн нэгж олон нийтийн байх нь чухал гэж харж байгаа учраас санхүүгийн нэгдэл гэдэг утгаараа хүний хөрөнгийг үнэ цэнэтэй байлгах, удирдах гэдэг утгаар энэ нэрийг сонгосон.

Мэдээж санхүүгийн нэгдэл маш олон функц, үйлчилгээнээс бүрддэг. Санхүүгийн салбарт банк, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг багтана. Түүнээс гадна жижиг дундуудыг дэмжих, тэдэнтэй хамтраад дараагийн түвшинд гаргах үйлчилгээ, зорилгуудыг аж ахуйн нэгжүүд, санхүүгийн компаниуд тээж явдаг. Гэтэл үүнийг хөрөнгийн зах зээлд холбож өгдөг. Өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөж, магадгүй шинэ шийдлүүдийг хийж өгдөг. Мэдээж эхний байдлаар хүрэхэд шаардлагатай санхүүжилтийг дотоод болон олон улсаас босгож өгдөг баг хамт олны хувьд харьцангуй ховор байдаг. Тиймээс санхүүгийн ийм цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор компаниудаа угсраад бэлдэж эхэлж байна.

Санхүүгийн нэгдлийн хувьд СЗХ зөвшөөрөл авах ажиллагаа, хүний нөөцийн бүрдүүлэлт явж байна. Бид бие биендээ үнэ цэнэ бүтээх ёстой. Манай компанийн эрхэм зорилго бол өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг үнэт бизнесийн соёлыг түгээхийг зорино. Нөгөө талд бидний хувьд тодорхой хэмжээний хязгаарлагдмал нөөцтэй. Хувь хүний, мэдлэг чадвар, санхүүгийн хувьд ч. Тэгэхээр бидний зорилго энэ компанийг ганцаараа биш олуулаа эзэмшье. Харилцагч тухайн компанитайгаа хамт үнэ цэнэ нь явах ёстой. Нийгмийн хамгийн том шаардлага энэ. Дараагийн зүйл бол ажилтан хамт явах ёстой, хамтрагчид хамт явах ёстой. Ганцхан баялгийн эзэн, ганцхан компанийн эзэн гэж суух зарчмын өөрчлөлтийг хийхгүй бол томорч, тэлэх, ажиллах хүчин, харилцагчаа хадгалахад хэцүү. Тиймээс миний хувьд өөрийн энэ үзэл бодлоо, улсдаа хийсэн бүтээсэн зүйлтэй байх хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө энэ компанийг үүсгэн байгуулсан юм.

Үүнийг би ганцаараа эзэмшихгүй. Би маш бага хувьцаа эзэмшигч байсан ч болно. Хамгийн гол нь миний хамтрагч, ажилчид надад итгэж, бизнестээ хамтрал үүсгэж байгаа хүмүүс маань илүү их томрох, хамтрах бололцоог олгоно гэж үзсэн. Тиймээс хувьцаа эзэмшлийн хувьд энэ бол эхлэл. Цаашид бид бүх компанийг эзэмшихгүй. Өөр өөрсдийн чадвартай бүх хүмүүст компаниудыг нэгтгэж, хамтарч байгуулна. Үүнийхээ төлөө бид ёс зүйтэй, энэ багийг авч явах хамтралуудыг хийнэ. Буцаад эцсийн өмчлөгч бид бүгд шүү гэдгийг л харуулна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг та онцоллоо. Банк, даатгал, хөрөнгийн зах зээлийг санхүүгийн салбар гэж олон нийт, салбарынхан хардаг. Үүн дээр таныхаар жижиг дундыг татаж оролцуулах нь зөв гэж үзжээ. Яагаад?

-Улс орны ажиллах хүчний гол цөм жижиг дунд дээр төвлөрч байдаг. Эргээд энэ нь эдийн засгийг солонгоруулах, импортыг бууруулахад хамгийн чухал анхан шатны хэрэгцээ, үйлчилгээ эндээс л гардаг. Яахав, жижиг дунд хай технологи, өргөн массын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, том бүтээн байгуулалт хийдэггүй. Өрхийн амьдралд, дэлгүүрт ороод, гудамжинд гараад анхан шатны үйлчилгээг авах том суурийг хийж байгаа юм. Энэ утгаараа энэ нь улс эх орны хамгийн том суурь. Мэдээж бидний хувьд Самсунг, Apple шиг энэ улсыг авч явах том брэнд компаниуд маш чухал. Энэ компаниуд улс орныг авч явдаг. Үүнээс гадна энэ олон иргэдийг дараагийн шатанд дээшээ гаргах холбож өгөх зүйлийг жижиг дунд хийдэг. Томоохон ААН-үүд жижиг дундыг дэмжих гэж оролдож байна. Банкууд ч, олон улсын хөгжлийн хөтөлбөрүүд ч тэр. Гэхдээ энэ салбарт харахад сонин зүйлүүд олон бий. 10 хүнтэй жижиг үйлдвэр байлаа гэхэд тэнд хэд нь технологийн IT, хэд нь мэргэшсэн санхүүч байх вэ. Хэд нь үйлдвэрлэлийн бүтээмжийн инноваци нөү-хау гаргадаг хүмүүс байх вэ гээд бодохоор хүртээмжийн хувьд боломжгүй. Гэтэл өрсөлдөөн бол үүнийг зайлшгүй шаардаж байдаг. Өнөөдөр яг үнэндээ Рио Тинто шиг томоохон компаниуд орж ирээд уул уурхайн төслүүд дээр л ажиллана. Тэд жижиг дундад орж ирж, энэ бизнест оролцдоггүй. Харин жижиг дунд үйлдвэрлэлд олон улсын хөгжлийн агентлагууд, санхүүгийн компаниуд дэлхийн байгаль цаг уурын нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор орж ирж байдаг. Гол нь манай жижиг дундуудад олон улсын байгууллагын шаардлага, стандарт, бичиг цаасыг боловсруулж өгөх, санхүүгийнх нь хэллэгээр моделийг нь хийж өгөх тал дээр мэдлэг, туршлага дээр дутмаг. Энэ нь тэдний буруу биш. Мэргэшсэн хүмүүс ховор байгаатай л холбоотой. Тиймээс тэд хөгжлийн дараагийн шатанд гарахад удаад байна уу гэж хардаг.

Нөгөө талаар манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 34 жил болж байна. Энэ хугацаанд том жижиг маш олон компани бий болсон. Томууд нь томорч, улсынхаа гол ачааг үүрч байгаа. Дунд шатанд аль хэдийнэ тодорхой хэмжээний хуримтлалтай болчихсон, бизнес нь тогтчихсон компани олон байдаг. Тэдний хувьд удирдлагын, хувьцаа эзэмшигчдийн түвшинд гэр бүлийн компаниас дараагийн томоохон корпорейт засаглалтай болоход, дараагийнхаа өөрчлөлтийг хийж чадахгүй гацсан ч бий. Нэг ёсондоо нэгдүгээр үеийнхэн хийдгээ хийж, бүтээдгээ бүтээчихсэн. Гэхдээ өнөөдрийн энэ инерциэрээ байх уу, орчин үеийн технологийн өөрчлөлтүүдийг мэдрээд, илүү урт хугацаанд олон жил амьдрах компани бий болгох уу гэдэг дээр асуудал үүсчихээд байгаа юм. Тиймээс эдгээр компаниудыг дараагийн шатанд гаргах, өөрчлөхөд, хувь нэмэртэй болгоход чухал шаардлагатай үе ирж байгаа гэж харж байна.

-Тэгвэл санхүүгийн салбарын нөхцөл байдлыг товчхон шинжье л дээ. Хөрөнгийн зах зээл, даатгалын салбар өнөөдөр ямар байна, танай нэгдэл энэ салбарт ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

-Олон улсыг харахад санхүүгийн салбар бол ДНБ-ээсээ хэд дахин том байж болдог. Жишээ нь, Хятадын банкуудын актив удирдлага улсынхаа эдийн засгаас гурав дахин том байх жишээтэй. Монгол Улсын хувьд харахад санхүүгийн салбарын 80 гаруй, өмнө нь 90 гаруй хувийг эзэлдэг байсан нь банкны салбар. Өнгөрсөн онд Монгол Улсад 67 их наяд төгрөгийн ДНБ байв. Гэтэл банкуудын удирдаж байгаа нийт актив бол 57 их наяд. Энэ утгаараа банкны салбар үнэхээр том орон зайг нөхөж, бусад санхүүгийн салбарыг тэтгэх суурийг бий болгож ирсэн.

Хөрөнгийн зах зээл, даатгалын салбар хөгжихгүй байна. Энэ нь банкны буруу, том орон зай эзэлчихсэн байна гэж тодорхой хэмжээнд ойлгодог. Яагаад хөгжихгүй өнөөдрийг хүртэл явав гэдгийг харах ёстой. Нэгд, хөрөнгийн зах зээл. Нэршлээс нь бодоход хөрөнгийн тухай яригдана. Хөрөнгийн зах зээл дээр сайн бүтээгдэхүүн, эрх зүйн орчин, улс төрийн тодорхой хууль дүрэм журмын өөрчлөлтүүд байж энэ салбар хөгжинө. Санхүүгийн салбарт ажиллаж байсан хүний хувьд харахад мэдээж 90 онд цэнхэр ягаан тасалбараар эхэлсэн. Эргэлтэнд оруулахад худалдаж авах хүн байхгүй, зүгээр л цаас болоод дууссан. Эхний давлагаа энэ. Хоёр дахь давлагаа 2008 онд явагдсан. Энэ үед компаниуд бирж дээр гарсан. Ингээд жаахан сэргэх болов уу гэж харж байтал 2011 оны эдийн засгийн хямралыг дагаад буцаад хөрөнгийн зах зээл зогссон. 2017 он хүртэл гадаадын хөрөнгийн оруулалт ч тэр, дэлхий дахинд хямралтай байсан цаг үе учраас манай улсын эдийн засагт хөрөнгийн зах зээл уруудсан.

-Энэ үед банкууд хөрөнгө оруулалт босгох санаачилгыг эхлүүлсэн байх аа?

-Бид тухайн үед “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүй бол банкин дээр энэ салбар дан ганц тулгуур, бүх эрсдэлийг үүрч чадахгүй. Хөрөнгө оруулагч нарт хөрөнгө хайж байгаа хүмүүст урт хугацаатай томоохон компанийн бага хүүтэй гэдэг шиг урт хугацаатай хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна” гэж ярилцаад 2016 оноос хоёр жилийн хугацаатай төслүүдийг эхлүүлсэн. Монголын томоохон банкинд 16 жил ажилласан, хөрөнгө оруулалтын банкны хэсэг дээр буюу том санхүүжилт хийж байсан хүний хувьд том, ёс зүйтэй компани гаргая гэдэг зорилго тавиад MCS-ээс эхлээд томоохон компаниуд дээр очиж уулзсан. Тэд дэмжсэн, оролцмоор байна гэсэн. Ганцхан зүйл л асуудал байсан. 100 тэрбум босгох уу, 10 тэрбум босгох уу. Том компаниуд 50, 100 тэрбумыг хөрөнгийн зах зээлээс босгож өгөөч гэдэг эрэлт гарч ирсэн. Гэтэл хөрөнгийн зах зээл дээр тавхан тэрбум төгрөгийн Лэнд.мн гарч ирсэн байсан. Ийм цаг үед 50, 100 тэрбумыг босгох хэцүү гэдгийг ойлгосон. Харин үүний оронд сайн компани буюу олон нийтийн бидний мэдэх брэнд, ёс зүйтэй өргөн хэрэглээний компанийг олох ёстой юм байна гэж харсан. Ингээд “Түмэн шувуут” бидний саналыг хүлээж авсан. “Монос” ХХК “Монос хүнс” охин компаниа гаргая гэсэн. Ингээд ажиллаж эхэлсэн. Үр дүнд нь хөрөнгийн зах зээл дээр 2019 онд хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй буюу 4000 гаруй хөрөнгө оруулагчаас 10 тэрбум төгрөг татаж байсан. Энэ цаг үеэс тэр компаниуд хөрөнгө оруулалтаа татаж, ёс зүйтэй ажиллаад өнөөдөр үйлдвэрийн бүтээмжээ 4-5 дахин өсгөчихсөн, ногдол ашиг тарааж байгаа нь тухайн үед хөрөнгийн зах зээл дээр дараа дараагийн компани гарч ирэх суурийг сайн тавьсан болов уу гэж хувь хүнийхээ хувьд харж баярлаж явдаг. Үргэлжлээд банкууд IPO гаргах боломж олдлоо. Ингээд хөрөнгийн зах зээл одоогийн түвшиндээ буюу 11 их наяд төгрөгт хүрчихээд байгаа юм.

-Даатгалын салбарын хувьд?

-Даатгалын салбар бол бас л банктай адилхан. Мэдээж чөлөөт зах зээлд орсноос хойш адилхан хөгжиж ирсэн. Даатгалын хувьд албан журмын даатгал гарч ирснээр энэ салбарт тэсрэлт болсон. Өмнө нь томоохон ААН, байгууллагууд л даатгалын системийг ашигладаг байсан. Даатгал эрсдэлээс хамгаалахаас гадна дүрэм журамтай байх суурийг тавьдаг гэсэн ойлголтыг маш чухал. Даатгалын салбарын тоог харахад жилээс жилд 10 гаруй хувиас өсч байгаа. Энэ хурдаараа тодорхой хугацааны дараа илүү их тэлэх байх. Энэ бүхнийг том тогоо суурь эргээд л банктай холбогддог. Банкуудад өнөөдөр 57 их наядын удирдлага явж байна. Энэ дотроо хадгаламж өнгөрсөн жилийн тоогоор 21 их наяд, харилцах хадгаламжинд 13 их наяд, нийт 34 их наяд төгрөг банкны салбарт хуримтлал хэлбэрээр эргэлтэнд орж байна. Энэ нь эргээд бусад салбарт шилжих боломжуудыг бий болгож байгаагаараа хүчний тэнцвэр гэхээс илүү санхүүгийн хуваарилалтууд зөв болж байдаг гэж хардаг.

-Банкаар бодоход л санхүүгийн салбар маш хурдан өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Шийдвэр гаргалт, хөрвөх чадварууд энэ салбарт хамгийн хурднаар хийгдэж байдаг гэж харагддаг. Тиймээс үүнийг дагаад хууль эрх зүйн орчны асуудал хөндөгдөнө?

-Санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайн шүү. Учир нь олон нийтийн итгэл дэр явдаг, маш богино хугацаанд хурдтай шийдвэр гаргалтууд, өөрчлөлтүүд дээр тулгуурлаж байдаг салбар. Магадгүй уул уурхайн салбарт нэг хууль, журам гаргаад хэдэн жил мөрдөж болдог бол санхүүгийн салбар богино хугацаанд хурдан өөрчлөхгүй бол олон сөрөг үр дагавар гардаг. Сүүлийн 20 жил банкинд ажилласны хүний хувьд Монголбанкны дүрэм журам цаг үетэйгээ, олон улсын шаардлагатайгаа өдрөөс өдөрт уялдаж, сайжирч хатуу болж байгаа нь сайшаалтай. Төр засгаас хараат бус, олон улсын стандарт шаардлагуудад нийцүүлж ажилладаг болсон.

Хөрөнгийн зах зээл ч тэр. Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн дөрөв таван жил маш сайн ажиллаж байна. Өмнө нь тэнд хэдэн банк бус, үнэт цаасны компани л харьяалагддаг байлаа. Одоо банкууд, үүсмэл хэрэгслүүд харьяалагдаж байна. Нэмэгдээд сангууд бий болж байна. Технологид суурилсан компаниуд гэх мэт хүний амьдралын хэрэгцээнд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болсоор байгаа учир хамгийн хурднаар харж эрсдэлийг бууруулах алхмуудыг хийж байгаа зохицуулагч байгууллага.

-Тантай ярилцсаных Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар байр суурь, мэргэжлийн хүний үг өнцөгийг тодруулах нь зүй. Монгол төдийгүй дэлхий нийтээр ковид цар тахлыг даван тууллаа. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл гэдэг үгийг гээж эхэлж байгаа харж байгаа. Харин таныхаар өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, гарч болзошгүй эрсдэлийг юу гэж харж байна?

-Бидний хувьд ковидын өмнөх ба, ковидын үе, ковидын дараах үе гурван цаг үе дээр байгаа. Монгол Улсын хувьд 2019 он буюу ковидын өмнө 36.5 сая тонн нүүрс экспортолсон. Мэдээж хил гааль хаагдаад 2022 оноос нээгдэж 31 сая тонныг гаргасан. Өнгөрсөн жил түүхэндээ хамгийн өндөр дүнтэй буюу 66.7 сая тонн нүүрсний экспорт хийлээ. Энд юу нөлөөлөв гэхээр Хятад өөрөө 4.5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг, дэлхийн гангийн 55 хувийг үйлдвэрлэдэг том улс. Өөрсдөө нүүрсний асар том нөөцтэй, үйлдвэрлэлтэй орон. Монгол Улсын гаргаж байгаа нүүрсний суурь коксжих нүүрс. Тэгвэл Хятад өнгөрсөн жил нүүрсний хэрэглээний 10 орчим хувийг гаднаас авсан. Энэ нь 470 орчим сая тонн нүүрс гэсэн үг. Үүний 371 нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс байлаа. Харин үлдсэн 103 сая тонн нь кокс нүүрс. Үүний 69 хувийг буюу 67 сая тонныг Монгол Улс нийлүүлсэн. 26 сая тонныг нь ОХУ нийлүүлсэн. Австрали том тоглогч байсан ч худалдааны дайны хоригтой холбоотойгоор бага хэмжээгээр нийлүүлсэн. Бид ийм өндөр хэмжээгээр нийлүүлсэн бас нэг шалтгаан Хятадын дотоодын үйлдвэрлэлтэй манайх өрсөлдөхүйц байж чадлаа. Нөгөө талаар Оросоос 20 хувиар хямд нүүрсээ зарсан. Австрали тээвэрлэлтээсээ хамаараад үнийн хувьд бүр өндөр.

Энэ бол өнгөрсөн жилийн манай эдийн засгийн хамгийн том суурийг бий болгож өгсөн хэрэг. Үүний үр дүнд Монгол Улс долоон хувийн эдийн засгийн өсөлтийг гаргаж чадлаа. Угтаа найман хувийн өсөлттэй байсан. Эдийн засгийн өсөлтийг хойш татсан салбар нь газар тариалан мал аж ахуй. Улсын төсвөө эргээд харвал сонирхолтой тоо харагдаж байгаа. Манайд төсвийн орлого байнгын алдагдалтай гардаг, Төсвийн тухй хуулиа зөрчиж явдаг. Гэтэл 2023 онд төсөв маань анх удаа ашигтай гарсан. Зардлаасаа орлого нь давсан. Хоёр жилийн дотор манай эдийн засгийн өсөлт бараг нэг дахин өссөн. 2022 онд 18 их наядын орлоготой байсан бол одоо 27 их наяд хүрчихлээ. Үүнийг дагаад төсөв данхайсан. Ажиллах хүчинд цалин нэмж байна. Гол үйлчилгээний салбарт 20 хувь, Засгийн газрын ажилтнуудад 10 хувь, тэтгэвэр тэтгэмж дээр 100 мянган төгрөг нэмлээ. Энэ бол инфляцаа дагаад байх ёстой үзэгдэл. Гэхдээ байнга энэ хэрэгцээг дааж чадах уу гэвэл асуудалтай.

-Тэгвэл энэ онд яах бол. Сонгуулийн жил, гадаад ертөнцөд геополитикийн олон асуудал өрнөж байна. Аль салбарт юуг анхаарах ёстой вэ?

-2022 онд долларын ханш өсч байсан. Тэр үед дөрвөн тэрбум ам.долларын нөөцийг ханш тогтоох гээд алдаж байсан бол одоо нөөц таван тэрбум долларт хүрчихлээ. Манай улсын сарын экспортоор бодоход бид бараг 10-аад сарын импортын валютын урсгалыг даах чадамж байна. Үүнийг дагаад долларын урсгал уул уурхайн салбар дээр суурилж орж ирж байгаа учраас харьцангуй ханшны дарамт бууж байна. Гэвч энэ жилийн хувьд ханш яг энэ чигээрээ байх уу гэдэгт эргэлзээтэй. Өнгөрсөн дөөрвдүгээр сараас эхлээд мөнгөний нийлүүлэлт, арилжааны банкны эх үүсвэрийн чадамж, иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлээс хамаарч инфляцад тодорхой хэмжээний дарамт өгөхөөр байна. Гэхдээ Монголбанкны зорилтот түвшин 6+/-2 барих байх. Инфляц долоон хувьтай байгаа бол ханшны эрэлт нийлүүлэлтээс хамаараад дээшээ өслөө гэхэд найм дотроо барих болов уу гэж харж байна.

Image

Эдийн засгийн хувьд Хятадын нүүрсний хэрэглээ өндөр байна. Уг нь бодит хэрэглээг нь харахад Хятад өөрийгөө хангачих бүрэн бололцоотой. Ханш бас урд талд унаад эхэллээ. Хятад эдийн засгийн өсөлтөө таван хувь руу дөхүүлнэ гэдэг зорилт тавьж байна. Тиймдээ ч урд хөрш дотооддоо бужигнаантай сайн өсөлттэй байгаа. Гэхдээ Хятад өөрийнхөө эдийн засгаар тогтдог улс биш. Дэлхийн гол хэрэглээг хангадаг улсын хувьд өөрөөр харагдана. Европын холбоо бодлогын хүүгээ бууруулах болов уу гэж харж байтал ёсоор болсонгүй. АНУ харин энэ жил бодлогын хүүгээ гурван удаа бууруулна гэж байгаа. Ингэхдээ тэд Монгол шиг нэг хоёр пунктээр буулгадаг улс биш. 0.25-иар буюу 5.75-аас буулгасаар тав руу л хүргэх байх. Энэ нь дэлхий дахинд инфляц дахиад байна аа л гэсэн үг. Тиймээс иргэдийн худалдан авах чадвар сул байна гэсэн үг. Хятадын дэлхийд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрэлт сул байгаа үед нүүрсний хэрэглээ төдийлөн дэмжигдэхгүй байх суурь болчихно. Монголоос 70 сая тонн нүүрс гаргаж чадах ч гэсэн өнөөдөр шиг бид төсвийн орлогын хувьд 27 их наяд төгрөгтэй байж чадах уу. Өрхийн хэрэглээ тэлчихсэн улс танах л хэцүү. Төсвөө танахад хэцүү. Тэгэхээр төсөв дээр тодорхой хэмжээний тасалдлууд гарах магадлалтай. Үүнийг дагаад хүндрэлүүд үүсэх болов уу.

-Дэлхийн банк манай эдийн засгийн өсөлтийг бууруулаад зарлачихлаа. Энэ нь өнгөрсөн өвлийн зудтай холбоотой гэж үзсэн. Энэ тухай?

-Дэлхийн банк зургаан хувь байсныг тав болгосон. Монголбанк ч сая гурав гаруй хувь руу буулгаж байх шиг байна. Миний хувьд 3.5-4.5 дээр барих болов уу гэж харж байна. Мэдээж зуд нөлөөлнө. Зуд инфляц дээр дарамт болж орж ирдэг. Бидний инфляцын сагсан дотор мах гурилан бүтээгдэхүүн өндөр нөлөө үзүүлж байгаа. Гэтэл энэ инфляц бол өнөөдрийн өрхийн хэрэглээний инфляц дээр айхтар нөлөөлөхгүй. Учир нь малчид олон тооны малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан. Тэгэхээр одоо нөөцийн мах гарч эхэлнэ. Гэхдээ мал аж ахуйн салбар урлаг соёл, түүх шиг биш. Эдийн засгийн маш том салбар. Тэр утгаараа олон малчин малгүй болж байна. Зээлтэй иргэд гарч ирнэ. Эдийн засгийн өсөлтийг хойш татах хамгийн гол суурь энэ болно.

Бас нэг зүйл манайх эрчим хүчний асуудал гарч болзошгүй. ОХУ дайнтай байна. Израиль, Ираны дайн үргэлжилж байна. Цаашлаад Жо Байдены Засаг унаад дараагийн Трампын Засаг гарвал Орос Украины дайн дээр өөр тоглолт орж ирнэ. Оросын хувьд сонин байдалтай байна. Бид шатахууныхаа хувьд Оросоос зуун хувь хамааралтай. Яахав, өөр газраас авах тухай бодож болно. Хятадаас авлаа гэхэд Оросоос 30 гаруй хувиар илүү үнэтэй нийлүүлнэ. Казахстан 60 гаруй хувиар өндөр үнэтэй өгнө. Арабын орнуудаас хоёр дахин үнэтэй нийлүүлнэ. Нөгөө талд Орос дайны нөхцөл байдлаас болж шатахууны үйлдвэрлэлийнхээ 12 хувийг дроны халдлагад алдчихсан. Ингэхээр манайд шатахууны үнэ өсөх магадлал өндөр. Хоёрт, үүнийг дагаад экспортын орлого буюу түүхий эд гаргах бололцоонд асуудал үүсэх магадлалтай.

Геополитикийн хувьд АНУ-д Трампын засгийн газар гарч ирэх, Оросын дайнд өөр байдал үүсэх юм бол Хятад үүнийг анхаарч байна. Хятадын дараагийн алхам бол Тайвань руу орох явдал шүү дээ. Тайвань бол дэлхийн хамгийн том чийпний үйлдвэрлэлтэй. Энэ нь эргээд маш олон технологиудын суурь болдог. Энэ технологиудын үнэ өсөх, хомсдол бий болбол яах вэ гэдэг асуудал бий болно. Сая АНУ-аас Хятадад очоод мэдэгдэл хийчихээд явлаа. “Та нар Оросыг санхүүжүүлээд байна. Хэрэв та нар дахин ийм алдаа гаргавал хориг тавина” гэсэн. Хятад эргээд “Бид хууль дүрмийн дагуу дайны худалдаагаа хийж байгаа. Бид аль нэг талыг баримтлаагүй” гэж байна. Эндээс хамаараад Хятадын банкууд санкцид орвол төлбөр тооцооны асуудал яригдана. Орос санкцид ороход бид шатахуун, наранцэцэгийн тосны төлбөрийг хийж чадахгүй хэсэг сандарсан шүү дээ. Түүнтэй адил Хятад орвол бид том асуудалд орно. Иймэрхүү геополитикийн нөхцөл байдал эргээд манай эдийн засагт нөлөө үзүүлнэ. Бид өөрөө хоёр гүрний дунд байгаа жижиг улс. Эдийн засгийн хувьд их сонирхолтой жил болох болов уу. Бид хэт их дэврүүн байж болохгүй.

-Дэлхийн улс орнууд цар тахлын дараагаас бүх салбараа эрчимтэй хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ нь хүн төрөлхтөнд дахиад өөр нэг сорилт бэрхшээл тулгарвал бэлэн байх, эрсдэл багатай даван туулах технологи гэж зарлаж байна. Тэгвэл дотооддоо бид ч үүнд анхаарах хэрэгтэй. Та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ковидын үед улс бэлэн байгаагүй. Аж ахуйн нэгжүүд ч тэр. Харин хамгийн бэлэн байсан нь, магадгүй бэлэн биш ч гэлээ хамгийн хурдан дасан зохицож чадсан салбар нь банк. Хамгийн чухал нь технологийг хүчтэй эзэмшиж байсан учраас бидний хувьд нэг өглөө гэрээсээ гарч чадахгүй гацахад л маш богино хугацаанд төлбөрийн системүүдээ асаах. Тэдгээрийн үйл ажиллагааг зайнаас хийх, ажилтнуудаа компьютерээр хангах гэх мэт аюулгүй байдлаа хангаад хурдтай дасан зохицсон. Банкинд эрсдлийн бодлого гэдэг маш том хатуу бичиг баримт байдаг. Үүнийгээ олон улсын дүрэм журмаар хийж явдаг.

Үүнтэй адил ААН байгууллага том жижиг нь хамаагүй, бидэнд ямар өөрчлөлт, ямар хүндрэлүүд гарах юм бэ гэдгийг тооцох ёстой гэж би хардаг. Түүхий эдийн хомсдол гарахад ямар зүйлээр тооцох вэ, дотоодын үйл ажиллагаанд эрсдэл гарвал яах вэ. Геополитик байгаль цаг уурын өөрчлөлтийн давлагааг яаж давах гэх мэт том жижиг нь хамаагүй бид бүгд эрсдэлийн бодлоготой байх ёстой. Дүрэм журам лоозон, цаас байж болохгүй. Бодитой хэрэгжүүлж, пайникт орохгүйгээр даван гарах ёстой. Банк энэ зүйлийг маш олон жил хийж явсан учраас бодитой хэрэгжүүлсэн. Миний хувьд системийн шинэчлэлүүд дээр ажиллаж байсан учраас заавал том жижиг гэлтгүй иргэд ААН улс ч гэсэн үүнийг хийх ёстой. Өрх гэр ч тэр. Манай гэрт ямар санхүүгийн хүндрэл, ямар эрүүл мэндийн асуудал учрахад юугаар яаж даван туулах вэ гэдэг нөөц төлөвлөгөөтэй байх ёстой.

-Ярилцлагын төгсгөлд таны Голомт банкинд ажиллаж байсан 20 жил рүү цухас өнгиймөөр байна. Энэ хэмжээний хугацаанд танд Голомт юу өгөв, та банкиндаа юуг өгөв гээд харахаар сонин байх. Нэг ёсондоо энэ 20 жилийг та товчхоноор юу гэж дүгнэдэг вэ?

-Бид шилжилтийн үеийн хүүхдүүд. Өсвөр нас маань ардчиллын цаг үед картын бараан үед өнгөрсөн. Дараагийн үе буюу чөлөөт зах зээл бий болсон. Энэ үед манай аав ээж хоёр төсвийн албан хаагч. Манайх ах дүү дөрвүүлээ. Би айлын дундах хүүхэд. Дундах хүүхэд хамгийн их зүйл хийдэг гэдэгт би итгэдэг. Өглөө гэрээ цэвэрлээд л үлдэнэ. Дүү нараа сургуульд нь хүргэж өгнө. Орой ээж аав ирэхэд хоол хийчихсэн байх ёстой гээд их үүргийг гүйцэтгэсэн болов уу/инээв/. Энэ маань намайг хөдөлмөрт сургасан. Хоёрдугаар ангиасаа би найзынхаа гэр бүлд туслахаас эхлээд тамхи ширхэглэн зарах, тавдугаар ангидаа Говь, Гоёо үйлдвэрт ундаа зарж анхныхаа дугуйг өөртөө тохирсон хувийн бизнес хийх гэж оролдсон. Энэ бол намайг ажлын гараан дээр очих бэлтгэл, суурийг сайн тавьж өгсөн эхлэл байсан. Нэг ёсондоо би хөдөлмөрийн зах зээл дээр гарахаас өмнө хөдөлмөрийн үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг ойлгож авсан.

Голомт банкиндаа оюутан байхаас ажиллаж эхэлсэн. Сургууль төгсөхөд банк маань дуудсан. Тухайн үед банкинд анхны картын төлбөрийн систем дээр ажиллаж байлаа. Анх карт гэдэг пластикны ард мөнгө байгаа шүү, цалингаа та үүгээр авч болно шүү гэдгийг ажил хэрэг болгосон. Намайг ажилд ороод удаагүй байтал өөр нэг банкнаас хоёр дахин өндөр цалинтай ажлын байр амладаг юм. Үүнийгээ ээждээ хэлтэл “Миний хүү чамайг хэн байхад тоосныг хэзээ ч битгий март. Эхлээд чи банкиндаа хийх ёстой зүйлээ хийчих. Хүний итгэлийг хариулсан гэж бодсон цагтаа яваарай” гэсэн юм. Ингээд л би үлдсэн. Аав минь ч бас хэлдэг. “Төр түмэндээ үнэнч яваарай. Эх орондоо хайртай байгаарай” гэдэг байсан.

Үнэхээр ч би том эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед банкиндаа ажиллаж, олон шинэ түүх бүтээсэн. Том байгууллагуудыг дэмжих корпорет санхүүжилтийн хэсэг дээр менежереер орж ажилласан. Тэр үед анхны Тавантолгойн нүүрсний уурхай олборлолтоо эхэлж байсан. Эдийн засгийн салбарт хэн ч мэдэхгүй байхад манай банк түүний санхүүжилтиийг өгч байлаа. Монгол Улс анхныхаа онгоцыг авахад санхүүжүүлж байлаа. Шангрилла зочид буудлын бүтээн байгуулалтын санхүүжилт гэх мэт тухайн үеийн нийгэм эдийн засгийн салбарт өөрчлөлтүүдийг авчрах том төслүүдийг хийх бололцоо гарсан. Тэр үед л би “Аан, аав ээж, эмээ өвөө маань би 40 мянгатыг барьж байсан, миний үед хийж байсан гэдэг нь эх орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй байж, түүнийгээ үр хүүхдэдээ дурсах түүхтэй амьдрах ёстой юм байна” гэдгийг ойлгосон.

Тиймээс өнөөдрийг хүртэл би Голомтын Бадрал гэдэг нэршлийг автлаа хүмүүсийнхээ итгэл үнэмшлийг алдахгүйн төлөө, өөрийнхөө түүхийг байгууллагынхаа түүхтэй хамт бүтээлцэхийн төлөө 20 жил ажиллажээ. Ингээд өнөөдрийн цэг дээр ирээд “Бадрал аа одоо чи харилцагч хамт олон, улсдаа тодорхой хэмжээний зүйл бүтээсэн. Одоо шинэ нэг өөрчлөлт хийж үзээч” гэж өөртөө хэлсэн. Өнөөдрийн энэ сайхан цаг үед эх орондоо ажиллах суурь бололцоо залууст байна. Энэ үед л юу сурсан мэдсэн, чаддагаа харуулах ёстой гэж үзсэн.

-Тэр дунд энэ том системийг удирдах арга барил, чадвар гэдэг хувь хүнээс маш их зүйл шаардсан нь лавтай. Удирдагч, манлайлагч байх гол онцлог, хэмжүүр таныхаар юу байв?

-Удирдагч хүн бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой гэдгийг ойлгосон. Энэ бол миний удирдах албан дээр очоод авсан хамгийн анхны мэдрэмж. Бусдын өмнөөс хариуцлага хүлээж, бусдын ажил бүтээмжийг сайжруулж ахуй амьдрал карьерт нь нөлөө үзүүлэх ёстой. Тиймээс би эндээс эхлээд удирдагч хүн бол бусдын төлөө явах сэтгэл зүрхтэй, тэдний өмнөөс хариуцлага хүлээх нь удирдагч хүний эхний шаардлага юм байна гэж харсан.

Мэдээж өдөр тутмын үйл ажиллагаанаас илүү стартегич алсын хараатай, хоёр алхмын цаанахыг харах, байнгын мэдрэг соргог, тархи оюунаа дайчилж, магадгүй миний нөөц бололцоо сул ч гэсэн нөхөх сайжруулах чиглэлээр хөгжүүлж байх ёстой гэж үздэг. Тиймээс би дотроо ямар нэгэн зүйлийг нуудаггүй. Чадахгүй, мэдэхгүй байхаас санаа зовдоггүй. Харин би өөрийнхөө дутаад байгаа зүйл дээр мэддэг залуустай суугаад тэдний оролцоог үр бүтээлтэй, өөр өөрсдийнхөө хөгжих суурин дээр байж хамт хөгжихийг хичээдэг. Энэ бүхний эцэст, ний нуугүй хэлэхэд хүн сэтгэл зүрх, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, дур сонирхол байхад ямар ч даваа нугачааг давдаг. Бизнес хийхэд ч тийм л байдаг. Мэдэхгүй, мөнгөгүй гэдэг бол зүгээр л шалтаг. Хүсэл байвал ямар ч том уул нурж ирсэн давж гарч чаддаг.

Би өглөө болгон ажилдаа явахдаа дуртай байсан. Өглөө бүр хослолоо өмсөөд гарах мэдрэмж сайхан. Нийгэмд залуустайгаа нэгдээд оролцоотой байх, хүсэл мөрөөдлөөрөө өөрийгөө жигүүрлэж явсан нь олон жил банкинд туслах ажилтнаас удирдах албан тушаалд хүрсэн жигүүр болсон байх гэж хардаг.

-“Шарк Бадрал”-аар бас багагүй хугацаанд нийгэмд танигдсан. Магадгүй жижиг дунд үйлдвэрлэлийн талаарх таны үзэл бодол, хандлага өөрчлөгдсөн үү?

-Би өөрөө банк буюу бусдын мөнгийг зээлээр олгож, санхүүжилт хийдэг энэ том институтэд ажиллаж байсан. Энд маш их хэмжээний туршлага хуримтлуулсан. Зээл яаж олгодог, ААН яаж судалдаг, бизнест ямар хүндрэл бэрхшээл гардгийг гадарлана. Энэ үед Монгол HD олон улсын нэр хүндтэй шоуг оруулж ирсэн. Энд оролцох боломжийг олгосон. Хувь хүний хувьд сурсан мэдсэнээ гаргаад үзье. Олон нийтэд таниулах гээд үзье. Хоёрт, алсаас оффисоос зээл олгохдоо үнэлгээ дүгнэлт өгч байсан шиг тэр зүйл маань бодит амьдрал дээр ямар байна вэ. Өөрөө хувьцаа эзэмшигчийн түвшинд очиж, тэр зовлон жаргал, өдөр тутмын асуудлыг бодитоор үзье гэж хүссэн. Ингээд их зүйл сурлаа. Зарим хүндрэлүүдийг тууллаа. Заримд нь ч бууж өглөө. Энэ бол маш том сургамж. Үүнийгээ мэргэжлийн, зөвхөн “Шарк танк” Бадралаар биш олон итгэмжит залуучуудаараа оролцоотой байгаад явбал их боломж байна гэж харж байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Хандармаа: Цагдаа хүүхдийн бичлэгийг түгээснээр олон нийтийн дундах нэр хүндээ улам алдсан үйлдэл боллоо DNN.mn

Өсвөр насны гурван хүү нийтийн тээврийн автобусны сандлыг зүсч гэмтээсэн бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн долоо хоногт түгсэн. Удалгүй цагдаагийн байгууллага хөвгүүдийг олж тогтоон, сэрэмжлүүлэг нэрээр бас дахин бичлэг хийж түгээсэн. Уг бичлэгт хөвгүүдийн дуу хоолой, өмссөн хувцас, биеийн пропорц зэрэг чухал мэдээллүүд шууд дүрслэгдсэн. Ингэснээр олон нйитийн сүлжээнд өсвөр насны хөвгүүд шүүмжлэлийн бай болсон нь хүүхдийн эрхийг зөрчсөн явдал гэж харж болохоор байгаа юм. Энэ талаар өмгөөлөгч М.Хандармаа, хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянга нартай ярилцлаа.


Өмгөөлөгч М.Хандармаа: Эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдийн зураг, бичлэгийг сошиалд түгээх хориотой

-Мэдээж тухайн хүүхдүүдийн үйлдэл ёс суртахууны хувьд буруу. Хүүхэд аливаа сайн сайхан байгаа зүйлийг муу муухай болгож байгаа нь үе тэнгийнхэндээ буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэрэг. Түүн дээр зөвтгөх боломжгүй.

Харин хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавих нь ноцтой асуудал. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.2-т өөрийнх нь болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуудүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашиглахыг хориглодог. Түүнээс гадна зөрчлийн хэрэгт ч, эрүүгийн хэрэгт ч бай албан ёсоор гэм буруутайд тооцоогүй байхад гэм буруутай гэж үзэн хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах, сошиалд түгээх нь хууль бус.

-Тэр тусмаа хүүхэд өөрөө эрх зүйн чадамжгүй субьект гэдэг байх аа?

-Хүүхдийн онцлог бол өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй. Гэтэл өөрийнх нь дүрс бичлэг сошиалд түгсэнээр нийгэмд гадуурхагдах, найз нөхдийнхөө дунд элэг доог болох, олон хүмүүс тэднийг чичлэх сөрөг үр дагавартай. Ингэснээр хүүхдэд хамгийн түрүүнд алга болох, амиа хорлох сэдэл төрдөг гэж үздэг. Тиймээс ийм байдлаар шууд дүрс бичлэгийг түгээх маш эрсдэлтэй. Дүрс бичлэг хийхгүйгээр эцэг эх, асран хамгаалагч, харгалзах хүмүүсээр хохирлыг барагдуулж, сануулаад өнгөрөх ёстой.

-Эхний бичлэгийг автобус компаниас түгээсэн бололтой юм билээ. Нэг ёсондоо томчууд, иргэд гэсэн үг шүү дээ. Насанд хүрэгчид өөрсдөө хүүхдийн эрхийн мэдлэг, мэдрэмжгүй үйлдэл хийчихлээ гэж үзэж болох уу?

-Манайд нийтээрээ, нийгмээрээ хүний эрхийн мэдлэг, хандлага муу байна шүү дээ. Хүүхдийн талаарх сайн муу ямар ч зүйлийг олон нийтийн сүлжээнд байршуулахдаа эцэг эх, асран хамгаалагчаас нь заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Хэдийгээр хүүхэд хөөрхөн харагдаж байгаа ч, эсвэл буруу зүйл хийсэн ч түүний дүрс бичлэг, зургийг тавих эрх хэнд ч байхгүй. Энэ талаар иргэд огт мэдлэггүй байна.

-Гэтэл хууль сахиулагч цагдаагийн байгууллага дахин ийм хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргалаа. Цагдаа өөрсдөө хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг, хамгийн их ярьдаг хүмүүс шүү дээ?

-Уг нь цагдаа насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авсан бол эцэг эх, асран хамгаалагч, өмгөөлөгч оролцуулах хуультай. Энэ нөхцөл байдлаас харахад өмгөөлөгч байгаагүй бололтой. Хэрэв байсан бол хэзээ ч ийм бичлэг хийлгэхгүй. Энэ бол хүүхдийн эрхийг зөрчсөн явдал.

Ялангуяа цагдаа нартай холбоотой ноцтой хэрэг шалгагдаж байгаа. Энэ тухай иргэд олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжилсэн харагдсан. Тэгэхээс ч аргагүй. Цагдаагийн байгууллага өөрсдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа зөрччихлөө. Эрх үүрэг хамгийн их ярьдаг хүмүүс өөрсдөө шударга, тэгш үйлчлэхгүй байна.

-Хууль сахиулах байгууллага ийм шударга бус, тэгш бус хандах нь нийгэмд ямар нөлөөллийг үзүүлдэг юм бол?

-Иргэд олон нийт цагдаагийн байгууллагад итгэдэггүй. Энэ байдлыг у лам нэмэгдүүлэх үйлдэл л болж байна. Хууль хүчнийхэн танил талтай, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг гэдэг ойлголт олон нийтэд өндөр байдаг. Үүнийг улам бэхжүүлж өгч байна. Хэрвээ үнэхээр цагдаа хууль журмаа баримталдаг бол хүүхдийн бичлэгийг олон нийтэд түгээхгүй. Сэрэмжлүүлэг болгож, мэдээлэл бэлтгээд өнгөрөх боломжтой. Мэдээж хохирлыг эцэг эх асран хамгаалагчдаас нь гаргуулж таарна.

Хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянга: Хүүхдийн буруу үйлдлийг сошиалд шууд мэдээлсэн нь хөгжих боломжийг хаана

-Автобусны суудлын бүрээсийг урж гэмтээсэн хөвгүүдийн бичлэгийг та харсан байх. Энэ өдрүүдэд тэдгээр хүүхдүүд хамгийн муу муухай, хүмүүжилгүй нэрийг зүүж байх шиг байна. Хөвгүүдийн сэтгэл зүйд яаж тусч байгаа бол?

-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Мэдээж цагдаагийн байгууллага ажлаа хийсэн байх. Дараа нь дахин ийм асуудал гарах вий, хүүхдүүд ийм үйлдэл хийх вий гэдгээс сэрэмжлүүлэхийг хүссэн байх. Харин хүүхдийн сэтгэл зүй талаас авч үзвэл тэдгээр хөвгүүд маш том сургамж авна. Шууд хэлбэл, олон нийтийн дунд ичгэвтэр байдалд орно. “Нөгөө гурав чинь байна, наад гурваасаа болгоомжил, эд зүйлс гэмтээчихнэ” гэх байдлаар хандана.

Хөвгүүд “Хүмүүс бидэн рүү юу гэж хандах бол, яаж уурлах бол. Одоо яасан ч итгэхгүй байх” гэсэн сэтгэлгээний айдас түгшүүртэй эхэлнэ. Ингэснээр дараа нь ямар нэгэн зүйлийг сонирхохоо болино. Шинэ зүйл нээж үзэх, өөрийгөө хөгжүүлэх гэхээс илүү айдаст авна. Яагаад гэвэл “Би ийм зүйл хийж болохгүй” гэдэг хаалтыг ингээд тавьчихлаа. Олон нийтийн сүлжээгээр тэднийг ийм байдалтай мэдээлж, шүүмжилж байгаа нь хүүхэд хөгжих боломжийг шууд хаасан явдал болно.

-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог бас өөр биз?

-Бичлэгт гарч буй хөвгүүд 11, 12-той л харагдаж байна. Ийм насан дээр хүүхдүүдэд юм бүхэн сонин санагдана. Магадгүй автобусны суудлын бүрээс яаж бүтсэн юм бол, яаж хийдэг юм бол гээд хуулж үзсэн. Хуулагдаад байхаар сэдэл төрөөд улам хуулсан. Харин ч шинээр авсан автобус нь, эд материал нь чанаргүй юм байна гэдгийг гаргаж ирлээ. Нөгөө талаар үүнээс илүү сайнаар яаж хийж болох вэ гэж сэтгэсэн ч байж болно. Ийм нөхцөл байдал байж болзошгүй гэдгийг харгалзахгүйгээр гурван бяцхан хүүг буруутгаж байгаа нь томчуудын ухамсаргүй үйлдэл. Ахархан бодолтой л байна. Хүүхдүүдийг дэндүү их буруутгах гэж оролдсон байна.

Гэр бүлийнх нь хүрээнд сануулаад өнгөрч болно. Хэдийгээр бичлэгт нүүрэн хэсгийг нь бүдгэрүүлсэн ч биеийнх нь ерөнхий пропорцоор нь анги хамт олон, найзууд нь таньчихсан. Үүнийг томчууд огт авч хэлэлцээгүй, ойлгоогүй байна.

-Тэр тусмаа хүүхдийн эрх хамгаалдаг хууль сахиулагч цагдаа нар хөвгүүдээр бичлэг хийж түгээж болох юм уу?

-Юм бүхэн шалтгаантай байдаг. Тухайн байгууллага ямар сэтгэлгээ, ямар өнцгөөр ойлгуулах, мессэж өгөх гэснийг тодорхой мэдэхгүй юм. Гэхдээ хүүхдийн дүрс бичлэгийг ингэж гаргана гэдэг хүүхдийн сэтгэхүй, ээж аав, найз нөхдийнх нь тухайн хүүхдүүдийг үнэлэх үнэлэмжийг шууд бууруулсан үйлдэл болсон. Хүүхэд эргэн тойрондоо үнэлэгдэх, хүндэтгэл хүлээхийг, дэмжүүлэхийг хүсдэг. Энэ байдлаас болоод өөрийнхөө хийж чадах зүйлийг хийхгүй болох вий гэдэг энэ тохиолдлын сөрөг үр дагавар.

-Томчуудын дунд “би багадаа, сурагч байхад нэг удаа багш маань, эсвэл хэн нэгэн намайг ингэж хэлсэн. Намайг ингэж загнаж, гомдоосноос болж би сурахаа больсон. би хичээхээ больсон” гэх яриа үе үе сонсогддог. магадгүй хүүхдэд томчууд, багш сурган хүмүүжүүлэгчид юуг яаж хэлэхээ маш сайн бодох ёстой юм шиг санагддаг. Зөв үү?

-Хүүхэд үргэлж суралцаж явдаг. Томчууд бол ухамсраараа амьдарч байгаа. Нэг ёсондоо ухамсрын түвшин арай өндөр гэсэн үг. Гэтэл томчууд хүүхдэд ойлгуулах гэхээс шууд дарж авахыг боддог. Буулгаж авахын тулд уурладаг, орилдог. Чимээгүй бай, багшийн өөдөөс юм хэллээ. Чам шиг юмны сурах гэж юу байх юм гэх нь ч бий. Ийм үгнүүд зарим хүүхдүүдэд “Би үнэхээр олиггүй гэж үү” гэж бодогдуулдаг. Заримд нь “Би яахаараа олиггүй гэж” гээд улам асдаг, хичээдэг, амжилттай явах нь ч бий. Гол нь хүүхэд бүрийн онцлог өөр өөр.

Хүүхдийг шийтгэх олон төрлийн арга байдаг. Зэмлэж шийтгэх, магтаж шийтгэх, зүйрлэж шийтгэх, урамшуулж шийтгэх, гайхаж шийтгэх гэх мэт. “Чи яагаад ингэв ээ, би чамайг ингэсэн гэж итгэхгүй байна” гэх мэтээр. Гэтэл эдгээрийг биш, шууд л дарж авахын тулд, хүүхдээс хүчтэй гэдгээ нотлохын тулд дайраад байдаг. Илүү сайн аав ээж байхын тулд хичээж байгаа шигээ л харилц. Хүүхэд томчуудын үг, үйлдлээс суралцдаг. Хэчнээн орилж уурлаад баахан үг урсгаад нэмэргүй.

Эх сурвалж: “Өдрийн сони

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гүнбилэг: Хүний эрхийн тухай мэдлэг боловсрол холдоод байвал сэтгэлтэй баймаар байна DNN.mn

Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Та бол хуулийн салбарт олон жил ажилласан хүн. Монголын хуульчдын холбоог толгойлж явсан. Нэг ёсондоо таныг ярьдаг хууль гэж үзэж болохоор. Гэтэл саяхан та “Монголд хууль хэрэгжихгүй байгаа” тухай нэлээд ноцтой мэдэгдсэн. Юу болсон талаар ярьж өгөхгүй юу?

-Ерөнхийдөө тэвчээр барагдаад гэх үү дээ. Шөнө барилгын ажил хийгээд байхаар тухайн хүмүүст хууль сануулсан юм. Төв усан бассейны орчмын газрыг “Этүгэн”-ий С.Нямзагд гуай авчихсан. Аавын маань бие чилээрхүү байгаа болохоор Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй ойр гээд гэртээ аваад ирчихсэн ухаантай. Гэтэл С.Нямзагд гуай барилгын ажлаа шөнийн цагаар явуулаад болдоггүй. Өөрөөс нь гуйсан. “Та миний аав, ээжтэй бага залуудаа найз нөхөд байсан. Аав минь ийм учиртай байгаа” гэж хэлсэн. Уг нь хүлээж авсан ч барилгын ажлаа зогсоогоогүй. Тиймээс цагдаад дуудлага өгсөн. Эхний өдөр цагдаагийн ажилтнууд ирээд, тухайн б арилгын компани зөвшөөрөлгүй техник ажиллуулж байсан гээд торгоод арга хэмжээ аваад явсан. Шөнийн цагаар ажиллахаа больсон гэж ойлгосон.

Гэтэл удалгүй дахиад л ажиллаад эхэлсэн. Арга буюу аав, ээж хоёр маань гэрээс холдож чадахгүй, хүнд дуу чимээн дунд байхаас аргагүй болсон.  Гэр бүлийн бусад гишүүд дуу чимээ, тоосноос зугтаад зуслан дээр амьдарч байна. Энэ байдал анх удаагийнх биш. Хэдэн жил болж байна.

-Дахиад цагдаад хандсан уу. Зөрчлийн хэрэг биш гэж үзсэн гэв үү?

-Дахиад ажиллаад байхаар нь цагдаа дуудсан. Ирээд барилгын ажлыг зогсоосон. Гэхдээ зөрчил биш байна гэж үзсэн. Ийм байдалтай үргэлжилсээр л байна. Сүүлдээ цагдаа тоохоо больсон. Тэгэхээр нь арга буюу байгаа байдлыг нь олон нийтийн сүлжээнд тайлбарлаж хэлсэн хэрэг.

Зөвхөн “Этүгэн” биш. Саяхныг болтол төрөөс барилга барих гэж байгаа газар гээд Төв бассейн, Сэлбэ гол хоёрын хооронд байсан газар дээр асар том цементен цамхаг босгочихсон. Нэг ч стандарт, норм мөрдөгдөөгүй. “Этүгэн” бол бассейныг аваад зогсоол болон хүүхдүүд тоглодог байсан дөрвөн сагсны шийт, тоглоомын талбайг устгаад 20 гаруй давхар барилга босгож байна. Дэргэд нь голын усан сангаас буюу голоос 50 метрт барилга барихгүй хуулийн заалтыг зөрчсөн бас өөр барилгууд босгочихсон. 20 гаруй метрт хоёр том цамхаг барьж байна. Машины зогсоол, тоглоомын талбай, ногоон байгууламж байхгүй. Доороо худалдааны төв, дээрээ орон сууц босох юм гэсэн. Энэ бүгд ерөөсөө сүүлийн хоёр, гурван жилд болж байгаа процесс. Шөнө том оврын машин явуулдаггүй юм байна. Энийгээ барилгын компаниуд шийдүүлэх хэрэгтэй. Хүний эрх нэгд учир төр ч хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй. Заавал том миксер орилуулах ёстой юу. Өдөр бага оврын тэргүүд явуулах уу, эсхүл шөнө дуу багатай ямар техникүүд байна вэ, барих боломжгүй бол барихгүй л байх хэрэгтэй.

Цагдаагийн байгууллага дараа нь хэрэг үүсгэж, шөнийн цагаар ажилласныг зөрчилд тооцож, нэг сая төгрөгөөр торгосон байна лээ. Хөршийн эрх, хүүхдийн эрх, усны болон барилга, газрын хуулиуд, төв бассейныг авчихаад талбай дээр нь хувийн эмнэлэг барих гээд байгаа тендерийн будлиан гээд энэ олон сэдвийг төр засаг солигдвол АТГ энэ тэр гээд байгууллагууд шалгаад ажиллаж эхлэх биз. Одоо бол Монгол Улсад хууль хэрэгжихгүй, хэрэгжүүлдэггүй бүтэн систем ажиллаж байна. Тэрнийгээ өмнөх 30 жилийн балаг гээд сурталчлаад л байгаа. Өмнөх 30 жилийн балаг байгаа дээр нэмээд энэ хөгцнүүдийн сүүлийн тав, зургаан жилийн балгийг, бүр өнгөрсөн жилийн балгийг бид өнөөдөр, яг хамар дороо амсаад сууж байна.

-Алхам тутамд стандарт, хэм хэмжээ зөрчигддөг байдал манай улсад бий. Иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг төр бий болгоно гэж Үндсэн хуулиар үүрэг хүлээсэн. Гэвч үүний эсрэг шийдвэр, үйл ажиллагааг явуулдаг. Үүний нэг жишээ бол стандартгүй барилга байгууламжууд. Та энэ талаар олон нийтийн сүлжээнд нийтэлж, хууль ёсных нь дагуу нэхэмжлэл үүсгээд явна гэж ойлгосон?

-Миний хамгийн их гайхсан зүйл бол эдгээр барилгуудын талаар гомдол гаргахад 1111, 1800-1200 гээд хоёр утсаар авч байна. Гомдол нь шилжээд нэг мэргэжилтэнд очдог. Тэр нь “Манай асуудал биш” гээд өөр утас өгнө. Нөгөө нь бас “Манай асуудал биш” гээд өөрөөсөө зайлуулна. Би бодохдоо мандан бадрагчид маань мэргэжлийн хяналтаа алга болгож байгаад хуулиа дураараа зөрчиж, найрлаж байгаа юм байна. Одоо болтол хэн хариуцаж надад хариу өгөх нь тодорхойгүй байна. Мэргэжлийн хяналтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төсвийн хууль дагуулж хуулийг нь оруулж алга хийх мэргэн арга сэдэж, энийг нь орчин цагийн гол сүлжээн дээр суугч Г.Занданшатар хүлээн авч, УИХ-аар батлуулсан байдаг. Энэ бол Үндсэн хууль, хууль тогтоомжийн х уулиудаа зөрчсөн үйлдлүүд. Өөрсдөө маш сайн, инээмсэглээд мэдэж байгаа. Ийм бие даасан хуулийг, ийм салбарыг төсөв дагуулж батлуулж болдоггүй. Ийм юм болоод байна гээд тухайн үед яг хариуцаж байсан хүмүүст нь хэлсэн, тоогоогүй. Г.Занданшатар руу бүр вайбердаж байсан. Уншсан эсэхийг нь мэдэхгүй. Одоо яамдаа дагасан мэргэжлийн хяналт сайдынхаа бодлогыг хэрэгжүүлээд л шогшиж яваа. Сайд нь нөгөө системийн нэг оролцогч байгаад байдаг.

-Өнөөдөр Монгол Улс эрх зүйт нийгмийг байгуулсан гэж зарлан тунхагладаг. Үндсэн хуульдаа иргэнийхээ эрх, эрх чөлөөг заагаад өгчихсөн. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр монголчууд эрхээ эдэлж чадаж байна уу?

-Би юугаа хариулах вэ. Чи өөрөө асуултынхаа хариултыг, энийг уншиж байгаа уншигч бид бүгдээрээ мэдэж байгаа.

-Ер нь өнөөдөр бид яагаад ийм нөхцөл байдалд хүрчихэв. Та бол хууль эрх зүйн орчноо ба бэгүй мэдэх хүн. Яагаад бид эрх зүйт төртэй мөртлөө иргэд нь хохирдог нийгэмтэй болчихов?

-Өнгөрсөн тогтолцооноос үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна. МАХН гэдэг нэрээ дагасан оюун санааны гажиграл өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Төр засаг гэдэг нь миний өөрийн юм, төсөв гэдэг нь миний халааснаас гарсан мөнгө юм гэж ойлгохгүй нам засагтаа талархаж ирсэн сэтгэхүйн үр хөврөл амь бөх оршиж байгаад зүсээ хувирган хулгайч нарыг бэлддэг сургууль, авлигын их сургууль болсон байна. Энэ нь нөгөө намуудад ч хүчтэй өвчин болж наалдсан асуудал.

-Иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар сүүлийн жилүүдэд маш идэвхтэй яригдаж байна. Эрх зүйт зарчимд гэж үзэх үү, иргэний эрх, эрх чөлөө болон төрийн эрх баланстай, 50/50 хувьтайгаар хэрэгжих нь нийгэм тогтвортой, зөв явдаг тухай мэргэжлийн хүмүүс ярьж байна. Гэтэл манайд иргэний эдлэх эрх 20 хувь, төрийн эрх 80 хувьд хүрсэн гэж мэдээлж эхэллээ. Төр эрх мэдэлтэй байхын сөрөг тал юу вэ. Иргэний эрх, эрх чөлөө хумигдахын эрсдэл юу байж болох вэ?

-Төр гэж олон зуун тайлбар, онол бий. Энэ бүхнийг өөр өөрийн онцлогоор улс үндэстнүүд тайлбарлаж байна. Харин монгол үндэстэн бол өөрийгөө хайрлахаа байсан, өөртөө итгэхээ байсан. Төрд байгаа хэддээ бүр итгэхээ байсан итгэлгүй ард түмэн болчихоод байна. Иргэн эрхээ эдэлж чадахгүй байгаа нь тодорхой биз дээ. Амьд явах эрх бол хамгийн түрүүнд бичигддэг эрх.

Амьд явахын тулд амьсгалах ёстой биз дээ. Амьсгалах эрхээ хангаж чадаж байна уу. Өвөл болохоор хүйтэн болно. Хүйтэн болохоор дулаан хэрэг болно. Дулаан гаргахад агаар бохирдуулахгүй юу хэрэгтэй юм бэ. Юунаас гаргаж авах юм бэ. Сонгуулиар ийм л юмнуудаа иргэд ярьж мэтгэлцмээр байна. Соёлын төвийн байшин, замын гэрэл, чийдэн энэ бүгд дараагийн асуудал. Эрхээ хэрэгжүүлэхийн тулд эрхийн тухай мэдлэгтэй, бага зэрэг боловсролтой баймаар байна. Мэдлэг боловсрол холдоод байвал бага зэрэг сэтгэлтэй баймаар байна.