Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна DNN.mn

Сонгуулийн сурталчилгаа эхлээд ес хонож байна. Улс төрийн намууд, нэр дэвшигчид бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байна. Улс төрийн сонгуулийг дагасан олон шүүмжлэлт тогтолцоо албан бусаар бий болчихсон. Үүний нэг нь аливаа улс төрийн намууд иргэдэд мөнгө тарааж санал авдаг явдал үе үеийн сонгуулиар гардаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үед энэ нөхцөл байдал ямар байгаа талаар бид нийслэлийн зарим дүүргээр явж сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн хувьд нийслэлийн хамгийн олон хүн амтай хоёр дүүргийн нэг. Нийт 400 орчим мянган хүн амтайгаас 275 мянган сонгогчтой. Баянзүрх дүүргийг наймдугаар тойрог болгосон бөгөөд энэ тойрогт 20 нам эвслийн 83 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Энэ удаагийн сонгуульд зурган самбар байрлуулах, тараах материалын тоо ширхгийг хязгаарлаж өгсөн. Гэвч яг дүүргийн нутаг дэвсгэрт нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарууд алаг эрээн хэвээрээ байна. Зурагт хуудсууд, сэтгүүлүүд ч энд тэнд гудамжны мухарт овоороостой, айлуудын хашааны завсар хавчуулаастай байна. Улаан, цэнхэр, ягаан хувцсаар жигдэрч сурталчилгааны материал тарааж буй иргэд ч мэр сэр харагдлаа. Харин иргэд сонгуулийн талаар ямар байр суурьтай байгаа, ялангуяа мөнгө тарааж байгаа эсэх талаар ярилцлаа.

Иргэдийн хувьд энэ удаагийн сонгуулийн тогтолцооны талаар нарийн ойлголт тун муу аж. Томсгосон тойрогтой, анх удаа 126 гишүүнтэй болох, тойрогт нэр дэвшиж болон жагсаалтаар гарч ирэх тухай нарийн ширийн мэдээлэл тааруу байлаа. “МАН сүүлийн найман жил төр барилаа. Хүнсний барааны үнэ тэнгэрт хадлаа. Амьдрах арга алга. Ажил хийх боломжгүй байна” гэх нь байхад өөр нэг хэсэг нь “Сонгууль болгон л ингэж явдаг шүү дээ. Ард иргэдийн төлөө гээд хүмүүс гардаг. Эргээд амьдралд хувь нэмэр оруулж ажилладаг нь байхгүй” гэж хэлэх хүмүүс ч таарлаа. Харин санал худалдан авалт, мөнгө тараадаг явдлын тухай шууд ярихгүй байв.

Тойруу замаар, өөр танил талууд нь мөнгө авсан талаар, хороон дээр мөнгө тараах сураг гарсан талаар цухуйлгах аж. Өөрийгөө 26 дугаар хорооны харьяат гэж танилцуулсан 40 гаруй насны эрэгтэй “20 оны сонгуулиар мөнгө тараасан. Санал авахаас хоёр хоногийн өмнө хэсгийн ахлагч дүү оройхон манай хашааны гадна ирээд эхнэр бид хоёрт зуу, зуу мянган төгрөг өгөөд МАН-ыг дэмжихийг хүсээд явж байсан. Тэр хүслээр нь санал өгсөн. Би хувиараа юм хийж амьдрал залгуулдаг. Манайх гурван хүүхэдтэй. Эхнэр маань хөгжлийн бэрхшээлтэй” гэж ярив. Харин энэ удаагийн сонгуулиар мөнгө авсан тухай лавшруулж асуувал “Одоогоор сураг гарсан юм алга. Мөнгө өгвөл авч л таарна даа. Ард түмэн бидний амьдрал ийм л байна шүү дээ. Дээгүүрээ дарга нар нь улсаа идээд баяжиж байхад ядарсан ард түмэнд ирж байгаа мөнгөнөөс татгалзаж яаж чадах вэ дээ” гэлээ.

Баянзүрх дүүргийн нэгэн хороонд ажиллаж байсан иргэн “Энэ жилийн сонгуулиар өөрчилье гэсэн хүмүүсийг сонгоно гэж бодож байгаа. Гэхдээ манай энэ хавиар сурталчилгаа төдийлөн явагдахгүй болохоор нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл дутмаг байна. Иргэдийн саналыг худалдаж авдаг тухайд бол сонгууль дөхөхөөр биш аль өмнө зунаас эхлээд явагдсан ажил шүү дээ. Автобус автобусаар нь хүмүүсийг зөөж, идэж уух хэрэглээг нь дааж аялуулсан. Мөнгөө зүгээр энгийн иргэдэд тараахгүй. Намын эрх мэдэлтэй хүн байхад ах дүү, найз нөхдийн хүмүүстээ л тараадаг. Хэсгийн ахлагч нар гэж бас хүмүүс байна. Тэр хүмүүс нь аялал зугаалга, сурталчилгаа тэр бүхнийгээ ахалж явдаг. Ихэнх нь хөдөө очиж хөдөөний хүмүүсийн толгойг эргүүлдэг. Тэгээд хоёр нам чинь хоорондоо тэрсэлдээд сая хүн амины хэрэг гарлаа шүү дээ. Хэдэн жилийн өмнө бас ийм юм сонсогдож л байсан. Ер нь ингэн байж гарах нь бүх эрх мэдлийг гартаа авах учраас үхэн хатан зүтгэж байна. Манайхан чинь авах дуртай. Өвөл ямар асуудлууд байдаг билээ. Утаа, түгжрэл, амьдрал дээшлэхгүй л байна” гэж онцоллоо. “Өнгөрсөн өвөл л гэхэд манай ажлынхныг Эрээн хот руу долоо хоног үнэ төлбөргүй аялуулсан. Бусад урсгал зардлыг цаанаас нь даасан. Тухайн үедээ байгууллагын зүгээс гэж бодсон боловч одоо харах нь ээ намын сурталчилгааны нэг хэлбэр байсан юм байна лээ. Манай хамаатны хүн саяхан нэр дэвшигчдийн уулзалт дууссаны дараа зарим хүмүүсийн данс, утасны дугаарыг нь авсан гэж ярина лээ. Сонгуулийн өмнөх орой нь тухайн данс руу мөнгө хийнэ. Аль намыг нь мэдэхгүй юм, нэг хүнд 150 мянган төгрөг төлөвлөсөн гэсэн яриа байсан” гэж хорооны нэгэн албан хаагч нэрээ нууцалж хэллээ. Иргэдэд тараахаар зэхсэн мөнгөний хэмжээ янз бүр байгаа гэнэ. Зарим хороонд 100 мянган төгрөг тарааж эхэлсэн бол санал хураалтаас гурав хоногийн өмнөөс 200 мянга тараана гэсэн яриа түгжээ.

Сонирхолтой нэг зүйл нь гэр хороололд иргэдийн саналыг ийм маягаар авахаас гадна иргэдийг төлөөлж болох хүмүүстэй намууд тулж ажилладаг гэнэ. Тэрний том төлөөлөл гэр хороолол дунд байдаг хүнсний дэлгүүр юм байна. Ялангуяа амьдралын түвшин тааруу, хөгжил муу, захын гэр хороолол дунд байдаг хүнсний дэлгүүрүүд нэлээд нөлөөтэй байдаг талаар нэг бус иргэн дуулгалаа. Тэр хаягаар нь 22 дугаар хорооны нэгэн дэлгүүрийг заалгаж очлоо. Дэлгүүрийн эзэн дунд эргэм насны эрэгтэй эхлээд мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Нэрийг нь нууцалж ярилцъя гэж нэлээд ятгасны эцэст нь дараахь мэдээллийг өглөө.

-Сонгууль болохоор нэр дэвшигчид дэлгүүрүүдийн өрийг тэглэж санал авдаг гэсэн үнэн үү?

-Нийтээрээ тийм биш ч, ганц нэг нэр дэвшигч бий. Аль намыг нь хэлмээргүй байна. Өнгөрсөн сонгуулиар манай дэлгүүрийн долоон сая төгрөгийг хааж өгсөн. Манай энэ орчимд өр зээл тавьдаг олон айл байдаг. Амьдрал нь янз бүр, архи дарс хэрэглэдэг хүмүүс ч олон. Яахав, амьдралыг нь ойлгоод хоол хүнс зээлдэг болохоор эргээд тэдэнтэй сонгууль ярихад амар байдаг.

-Саналыг яаж өгдөг юм бэ. Иргэд таны хэлснээр өөрсдөө очоод өгчих үү?

-Тэгэх шаардлагагүй. Регистрийн дугаарыг нь аваад өгчихөд болдог. Цаашаа яаж санал болгодог нарийн учрыг би мэдэхгүй. Регистрийн дугаар л хэрэгтэй гэдэг юм.

-Та хэдэн регистрийн дугаар өгч байсан бэ?

-Нэлээд олон шүү. Нэг айл гэхэд л багадаа хоёроос дээш насанд хүрсэн байгаа шүү дээ. Зарим нь бүр тав зургаа ч байна. Тэгэхээр регистрийн дугаар цуглуулах тийм хэцүү биш.

-Энэ удаагийн сонгуулиар ингэж ажиллаж байна уу?

-Өмнө нь ажилласан хүн холбогдсон. Одоогоор яг цуглуулж эхлээгүй байна. Удахгүй ирж уулзана гэсэн. Тэрний сураг дуулсан манай энэ хавийн зарим хүмүүс нэмж зээл авъя гэж даварч байгаа шүү (инээв). “Мөнгө тарааж байгаа гэсэн, мөнгө авмаар байна” гэх нь гарч ирж байгаа. Манайд гэхэд нэг айл 50-иас дээш мянган төгрөгийн өртэй байх жишээтэй. Хамгийн их нь 700 мянга гаруй төгрөгийн өртэй байна. Ядаж энэ өрийг хагаслахад нэмэртэй байдаг. Мэдээж ингэх ёсгүй байх л даа. Амьдрал ийм байна шүү дээ хэмээв.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Цогтбаяр: Талийгаач залуу хүүхдүүдийг уснаас авраад өөрөө хөл алдчихсан юм билээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт Ерөө голд орсон хоёр хүүхдийг 19 настай Б гэх залуу авраад өөрөө эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарлаа. Хүүг эрэн хайх ажиллагаанд оролцсон Дулаанхаан тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ө.Цогтбаяртай ярилцлаа.


-Танай нутагт 19-хөн настай хүү хоёр хүүхдийн амийг авраад өөрөө энджээ. Ослын дуудлага хэзээ ирэв?

-Маш харамсалтай явдал боллоо. Өнгөрсөн ням гаригийн өглөө 09:00 цагийн үед Өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож ийм осол болсныг дуулгасан. Үүний дагуу цагдаа, төлөөлөгч хоёроо явуулсан юм. Ерөө гол манай тосгоны урдуур өнгөрдөг. Манайхаас 3, 4 км-т осол болсон юм билээ. Ингээд аймаг руу цагдаа, онцгой руу дууддлага өгсөн. Дорхноо хүрээд ирцгээсэн. Би ч явж очсон.

-Нөхцөл байдал ямар байв?

-Амиа алддаг хүү есүүлээ явсан байсан. 16-19 насны хүүхдүүд Улаанбаатараас амарч явцгаасан. Сайханы хөтөл орчихоод буцах замдаа Ерөөгийн эрэг дээр цай унд ууцгаая гээд зогссон. Дөрөв нь дэлгүүр яваад тав нь үлдээд байсан.

-Яг тэр үед осол гарчээ?

-Тийм. Хөвгүүдээс дээшээ ерөөсөө 20-30 метрт амрагчид байсан. Нэг харахад хоёр хүүхэд хөтлөлцөөд ус руу орж яваад хөл алдсан. Хөвгүүд урсгалын дор байсан учраас бүгд ухасхийсэн гэж байгаа. Талийгаач хүү футболкоо тайлаад өмдтэйгөө яваад орсон. Ингээд хоёуланг нь бариад авсан.

Нөгөө хөвгүүд нь модны мөчир хугалаад хүүхдүүд рүү сарвайж бариулж чадсан гэсэн. Харамсалтай нь залуу тэр дороо хөл алдчихсан гэж хүүхдүүд ярина лээ. Талийгаач осолдсон хэсэг гурван метр гүнтэй хэсэг. Тэгээд л гарч чадаагүй хөл алдчихсан бололтой, хөөрхий. Ерөө гол бол дээрээ намуухан юм шиг мөртлөө ширүүн урсгалтай шүү дээ.

-Аврагдсан хүүхдүүд хэдэн настай хүүхдүүд юм бол. Ар гэр нь юу гэж байх юм бэ. Та ярилцаж үзэв үү?

-Нүүр тулж уулзах боломж байгаагүй. Цагдаа хэргийн газрыг хамгаалалтад аваад мэдүүлэг авч байгаа учраас Бүгд л Улаанбаатарын хүмүүс юм билээ. Тухайн хүүхдүүд зургаа болон 13 насных гэж сонссон. Харгалзаж явсан хүмүүс нь эцэг эх, нэг настай хүн байсан.

-Хүүхдүүдийг нь авраад өөр нэг цэл залуу хүү явчихсанд гэмшиж байсан байх даа?

-Сүрхий тийм зүйл ажиглаг даагүй. Ер нь манайхан хэнэггүй шүү дээ. Тоодоггүй. Өөрсдийнх нь төлөө явж байгаа хүмүүсийг ад үзэх янзтай. Бид аялал зугаалгын үеэр Ерөө голоор байнга явж анхааруулга эрэмжлүүлэг хийдэг. Түүнд амрагчид тун дургүй. Төрийн албан хаагчдыг элдэв янзаар доромжилно, хэл ам хийнэ.

-Усанд осолдсон хүүгийн цогцсыг маргааш нь олсон гэсэн үү?

-Онцгой байдлын эрэн хайх ангийн таван хүн, манай албанаас зургаан залуу эрэн хайх ажиллагааг тухайн өдрөө эхлүүлсэн. Ингээд өчигдөр (уржигдар) 15:30 цагийн үед ослын газраас 80-аад метрээс цогцсыг гаргаж авсан.

-Ар гэр нь ямар хүмүүс байх юм?

-Осол гараад хоёр цаг өнгөрсний дараа цагдаа, онцгойгийнхон хамт явсан хүүхдүүдээр нь дамжуулаад ар гэрт нь мэдэгдсэн. Тэр орой 21:00 цагийн үед ээж нь гээд настай эмэгтэй, ах эгчийнх нь хамт ирсэн. Ээж нь нэлээд л биеэ барьж харагдсан. Залуус бидэнд хүнд байхад тэр хүнд ямар байсан нь ойлгомжтой. Ер нь ийм осол манайд жилийн жилд гардаг. Одоо яг оргил үе нь. Амрагчид болгоомжтой яваач, хүүхдүүддээ хяналт тавиач гэж л дахин дахин захимаар байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Ихтамир: Хөдөө амарч байгаа хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж болзошгүй учраас аюулгүй орчинг бүрдүүлэх ёстой DNN.mn

Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамиртай ярилцлаа.


-Сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлж байна. Хүүхдүүд энэ үед эрсдэлд орох нь элбэг байдаг. Энэ тал дээр танай байгууллагаас хэр анхаарч байна вэ?

-Аймаг нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга нарт яг энэ талаар чиглэл хүргүүлээд байна. Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл урлагийн газрын даргын хамтарсан 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан тушаалаар соёл спорт олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын хэрэгжилтийг ханган ажиллах, хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг даалгаад байна.

Мөн эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч нар бага насны хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь орхихгүй байх, үл хайхрах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгоод байгаа.

-Уртын амралтаар хүүхэд янз бүрийн осол гэмтлэл, цаашлаад хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгддэг үү?

-Тэгэлгүй яахав. Энэ үүднээс орон нутагт зорчихдоо авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хүүхдийг зориулалтын суудалд суулгах, хурд хэтрүүлэхгүй байх, гол уснаас хол байлгах, хүүхдийг гол мөрөн цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх талаар анхааруулга урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх талаар орон нутагт даалгаад байна.

Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тоглоомын талбайд хараа хяналтгүй тоглуулахтай холбоотой гарч болзошгүй эрсдэл, мөн мотоцикл, унадаг дугуй, моторт дугуй, скүтер, ролик зэргээс унаж бэртэхээс сэргийлэх зөвлөгөөг ч давхар хүргэж байна. Дээр нь “Эйбл” цахим системийн эрсдэлийн программд бүртгэлтэй хүүхдүүдэд анхаарал хандуулж эргэн хяналт тавих, шаардлагатай тохиололд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг төлөвлөн хүргэх боломжтой.

-Урт амралтын үед хүүхдийн эрх зөрчигддөг нөхцөл байдал ямар болдог вэ?

-Хүүхдийн 108 төвийн утсанд өнгөрсөн тавдугаар сарын 31ний байдлаар 46 мянган дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс зорилтот дуудлага, мэдээлэл 27 мянга гаруй байна. Ихэнх дуудлага, мэдээллийн агуулга нь зөвлөгөө, мэдээлэл хүссэн. Үе тэнгийн болон гэр бүлийн харилцаа, хууль эрх зүйн зөвлөгөө авах зэрэг дуудлага, мэдээлэл эзэлж байна. Сэтгэл зүйн зөвлөгөө дуудлагын таван хувийг эзэлж байна. Өнгөрсөн жил сурагчдын амралттай үед ахуйн хүрээнд гэмтэж бэртэх, тоглоомын талбайд унаж бэртэх дуудлага, мэдээлэл ихэнх хувийг эзэлдэг бол баяр ёслолын үеэр хүүхэд алга болсон дуудлага их байдаг.

-Зуны амралтаар хүүхдүүдээ хөдөө явуулах тохиолдол их байдаг. Гэвч хөдөө орон нутагт нь хариуцаж байгаа хүмүүс анхаарал халамж муу байхаас шалтгаалж хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог. Бүр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүнд кейсүүд байдаг байх аа?

-Тийм. Хүүхдүүд олноор орон нутаг руу зорчих, зусланд амрах, найз нөхөдтэйгөө гадаа удаан хугацаагаар тоглох үе эхэлж байна. Мэдээж эцэг эхчүүд үр хүүхдээ агаарт амраах зорилгоор хөдөө эмээ өвөө рүү нь ихэнхдээ явуулдаг. Гэтэл хүүхэд орон нутаг руу зорчихоос эхлээд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тухайн айлдаа очоод асран халамжлах чадамжтай хүн байхаас эхлээд асуудал үүсдэг. Дээр нь хараа хяналтгүйгээс болж үл хайхрах хүчирхийлэл буюу хоол хүнсээр дутагдах, эрсдэлт нөхцөлд орох, гэмт хэргийн, зөрчлийн хохирогч болдог. Магадгүй хүчирхийллийн хохирогч болох эрсдэл ч байна. Тэр нь тухайн хүүхдийн байгаа айл өрх, ураг төрлийн холбоотой хүмүүс холбогддог судалгаа байдаг. Энэ төрлийн кейсүүд бий. Ийм аюултай эрсдэлд орж болзошгүй учраас тухайн айлд насанд хүрсэн, анхаарал хадамж тавих хүнтэй байх, аюулгүй орчинд байх ёстой. Нөгөө талаар бид хүүхдийн амралт эхэлж байгаатай холбоотой “Гэртээ эрт харья” аяныг Хүүхдийн баярыг угтаж зохион байгуулсан. Энэ бол их чухал аян. Эцэг эхчүүд гэртээ эрт харьснаар хүүхдэдээ чанартай цаг гаргах боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид ажилтныхаа хүүхдэд ээлтэй уян хатан бодлогыг дотоод журамдаа оруулах үүрэгтэй.

-Хүүхдүүд амралтаар очсон айл өрхүүдээс гадна зусланд амрахаар очоод хохирогч болсон тохиолдол гардаг. Зуслангуудад хяналт хэрхэн тавих вэ?

-Улсын хэмжээнд одоогоор 53 зуслан бий. Энэ жилээс Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт Хөдөлмөр зуслан шинээр нэмэгдэж, 55 зуслан үйл ажиллагаа явуулахаар байна. Төрөөс баримталж байгаа бодлого бол хувийн болон төрийн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дэмжлэг үзүүлэх чиглэлийг барьж байна. Зусланд хүүхдэд тавих анхаарал халамж суларч болохгүй. Учир нь хүүхэд тэнд олноороо цуглана. Ар гэр, амьдрал ахуй, өссөн орчин өөр өөр хүүхдүүд ирж байгаа. Нэг нэгнээсээ үлгэр дуурайл авах учраас маш сайн анхаарах учиртай.

Зуслангийн үйл ажиллагааны стандарт гэж бий. Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон цагдаа, онцгой байдал, тамгын газрууд гээд холбогдох бүхий л эрх бүхий байгууллагуудын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдаж, тухайн зуслан стандартад нийцэж буй эсэх дээр хяналт шалгалт хийж, зөвшөөрлийг нь олгож байгаа.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Өмгөөлөгч Г.Жалбуу: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг сурталчилдаг хэвлэлийг торгох заалтыг зөрчлийн хуульд оруулах ёстой DNN.mn

“Legal service center” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуутай ярилцлаа.


-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг олны анхаарлыг татсаар байна. Манай улсын хувьд хэрэглэгч орны тоонд зүй ёсоор ордог. Хар тамхийг хилээр хууль бусаар оруулж ирж байгаа арга улам бүр нарийсч байгаа гэв үү?

-Сүүлийн үед хар тамхитай холбогдолтой мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш ихээр явах болсон. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихэсч, түүнийг хэрэглэх хүмүүсийн нас залуужиж, хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсад хар тамхийг хил дамнуулан оруулж ирэх, хэрэглэх арга нь улам нарийсч залуучуудын ирээдүйд аюулын харанга дэлдэж байгаа нь харамсалтай санагддаг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдож байгаа насны байдлыг харахад залуужиж, хэрэглэж байгаа бодис нь олон төрөл болон нарийсч, бүр л хүнд төрлийн мансууруулах бодис, ургамлыг олж авч мансуурч, хадгалж, хэрэглэж байна.

Урьд нь Монгол Улсын зарим нэг аймгуудад ургадаг өвсийг түүж ирээд хатаагаад, тамхи шиг сорж хэрэглэдэг, хадгалдаг, нэгэндээ өгдөг, зардаг байсан бол одоо улсын хилээр бараа бүтээгдэхүүн, шууданд нууж, хэн нэгний ачаа бараанд нууцаар хийж оруулж ирж байна. Урьд нь хар тамхийг хатуу төлөвтэйгөөр оруулж ирдэг байсан бол сүүлийн үед шингэн төрөл рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл, гоо сайхандаа хэрэглэнэ, залуужуулна, үрчлээ арилгана, өөх хайлуулна гэсэн шошго хаягтайгаар гоо сайхны бүтээгдэхүүний нэр, сав, баглаа боодлоор халхавчилж хилээр оруулж ирдэг болсон. Манай улсын хууль хяналтын байгууллага хэн нэгний мэдээлэл дээр, мөн өөрсдийн дотоод нөөц бололцоо, туршлагаараа дээрх төрлийн хэргийг илрүүлэн шалгаж байна. Шингэн төрлөөр нь оруулж ирсэн мансууруулах бодисыг цахилгаан тамхинд хийж хэрэглэдэг болсон. Хар тамхи хэрэглэгчдийн арга улам нарийссан, нас залуужиж байгааг дээр хэллээ шүү дээ. Нэг хэрэглэхдээ олуулаа хэрэглэж байна, тэрэндээ донтож байна. Мансууруулах бодист донтсоноор бүхий л амьдралаа, тэр хүүхэд өөрийгөө, оюун ухаанаа бүгдийг л алдана. Мансууруулах төрлийн бодисоос хараат болно гэсэн үг. Энэ нь нэг хүний амьдралыг сүйтгээд зогсохгүй түүний гэр бүлийн бүх гишүүд ямар нэг байдлаар сэтгэл санааны хямрал, эд материалын хохирол амсаж байдаг.

Хар тамхи, мансууруулах, энэ төрлийн бодис, бэлдмэл нь хүний хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх. Хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байдаг учир нэг хэрэглэчихвэл донтдог, эргээд хэрэглэхгүй байх боломжгүй маш хүнд сэдэв. Энэ төрлийн бодис, ургамлыг манай залуучууд хэрэглээд байгаад, улсын

хилээр дамжуулан оруулж ирээд байгаа асуудлыг таслан зогсоох тал дээр дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авах шаардагатай.

-Хар тамхины хэрэгт урлаг соёлын одод, олны танил хүмүүс холбогдох нь олон байна. Энэ төрлийн хэрэгт холбогдсон олны танил хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд урьж ярилцлага хийдэг, уран бүтээлийг нь нийтэд түгээж, сурталчилсаар байдаг. Харин гадны улсад бол эсрэгээрээ хэвлэл нь буллидэж карьерыг нь унагаадаг. Хэвлэлүүдийг ёс зүй, соён гэгээрүүлэх үүрэг талаас харвал энэ буруу жишиг мөн үү?

-Манай улсад олны танил хүмүүсийг иргэд юу хийх, яаж амьдрахыг нь даган дуурайх, тэдний цахим хаягтаа байршуулсан мэдээ, мэдээллийг харж тэдний гаргаж буй үйлдлийг үздэг хардаг болсон цаг. Мэдээ, мэдээлэл, сошиал хөгжөөд олны танил хүмүүс гэртээ, зуслан дээрээ, ажил дээрээ, найзуудтайгаа энд ийм ч гоё хоолтой газар байна гээд лайв хийх, эсхүл рийл хийдэг болсон. Тэр болгоныг тухайн олны танил хүнийг хайрладаг, шүтдэг, хүндэлдэг фэнүүд нь гэх үү хүмүүс байнга хардаг, үздэг, заримыг нь даган дуурайдаг, бусдад зарим хүмүүс үнэхээр үлгэр дуурайл нь болдог.

Гэтэл тэр хүмүүсийн зарим нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан, ийм гэмт хэрэгт холбогдсон, ийм ял оногдууллаа гээд олон нийтийн сүлжээ цахим хэрэгсэл, зурагтаар зураг хөрөгтэй нь гаргадаг. Хэсэг хугацаанд таг чиг болсны дараа нөгөө хүнээ зурагтны эсхүл радионы шууд болон төлбөртэй, эсхүл бусад төрлийн ярилцлага, нэвтрүүлэгтээ урьж оролцуулдаг. Ингэхдээ өөрийнх нь болон уран бүтээл, цаашлаад хар тамхи, бусад асуудлын талаар нь асуудаг. Тэгэхэд магадгүй хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн ч гэдэг юм уу, холбогдсон маргаан, асуудал, шүүхээр ял шийтгүүлсэн талаар бахархалтайгаар яриулдаг. Энэ нь залуучуудыг хар тамхи битгий хэрэглээсэй, ийм хортой шүү, ийм аюултай шүү гэж сэрэмжлүүлэг биш эсрэгээр муу үр дагавар бий болгодог. Тиймээс ийм төрлийн ял шийтгэл авсан олны танил хүмүүсийг зурагт, олон нийтийн цахим хэрэгсэл, бусад байдлаар олонд түгээхгүй байх ёстой. Ингэснээр залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж чадна. Телевизийн нэвтрүүлэгтээ оролцуулах нь битгий хэл, бусад байгууллага, албан газрууд рекламандаа ч тоглуулах нь ёс зүйгүй үйлдэл. Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьж ярилцлага хийдэг нь буруу. Ингэж сурталчилж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хариуцлага хүлээлгэх ёстой.

-Хариуцлага хүлээлгэх хуулийн ямар зохицуулалт байна вэ. Хэрэв байхгүй бол ямар зохицуулалт бий болгох ёстой вэ?

-Нэг талдаа энэ бол ёс зүйн зөрчил гэж үзнэ. Нөгөө талаар зөрчил гаргасан гэж үзэж болох юм. Зөрчил гаргасан гэвэл Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдах асуудал яригдана. Энэ төрлийн зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага тооцуулахаар Зөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн санаачилгыг УИХ-д өргөн барих, мэдүүлэх хэрэгтэй.

Ингэхийн тулд хэзээ хаана, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар үйл явдлыг сурвалжлав гээд судалгаа болон шаардлагатай асуудлыг судлах, хуульд өөрчлөлт орсноор ямар үр дүнд хүрэх зэрэг өргөн хүрээтэйгээр авч үзэх нэн шаардлагатай болсон.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөхөнцөр вирусийн эсрэг вакцин тариулаагүй охид халдвар авах эрсдэл 10 дахин өндөр гарчээ DNN.mn

“Оном” сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар өөрийнх нь 31 настай дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өөд болсон талаар сошиал сүлжээнд хуваалцав. Ингэхдээ тэрээр монгол эмэгтэйчүүд энэ төрлийн хорт хавдраар цагаасаа эрт нас барж байгаа гол шалтгаан бол 2010-2012 онд хэрэгжүүлж чадаагүй хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг зогсоосонтой холбон тайлбарласан нь анхаарал татлаа.

ХСҮТ-өөс гаргасан судалгаагаар 2023 онд буюу өнгөрсөн онд нийт 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалт дэлхийд 12 хувьтай байдаг бол манай улсын 35-аас дээш хувь нь энэ хавдрын тээгч болдог нь дэлхийн хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт гэдгийг тодотгосон байв. Нэг ёсондоо умайн хүзүүний хавдар монгол эмэгтэйчүүдийн дунд маш өндөр хувьтай байгаа төдийгүй аюулын том дохио болон дуугарч байна гэсэн үг аж. Үүнийг батлах гашуун түүхүүд бидний амьдралын дунд олон бий. Үүний нэг нь доктор Д.Наранбаатар эмчийн дүү болсныг ч тэрээр ийнхүү зарлажээ. Энэ аюулт хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл нь хөхөнцөр вирус буюу папиллома вирус. Энэ вирус нь 100 гаруй хэв шинжтэйгээс 40 гаруй хэв шинж нь бэлгийн замаар дамждаг дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархсан халдварын тоонд ордог юм байна. Ихэнх хүмүүс амьдралынхаа хугацаанд папиллома вирусийн халдвар авсан байдаг ч тэдний 90 орчим хувийг дархлааны систем нь хамгаалан өвчлүүлдэггүй, хоёр жилийн дараа вирус халдварлах чадваргүй болдог. Үлдсэн 10 хувь нь өвчилдөг. Энэ вирус олон жилийн хугацаанд биед хуримтлагдан устаагүй тохиолдолд хавдар болон өвчлүүлнэ. Тэр дотроо папиллома вирусийн 16, 18 дугаар хэв шинж нь умайн хүзүүний хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг.

Дэлхий нийт энэ аюулт өвчнийг үүсгэгч вирусийг 1970 онд Германы эрдэмтэн нээж, 1990 онд Австралийн эрдэмтэд вакцин зохион бүтээж 2006 онд патент авсан түүхтэй аж. Ингээд 2007 оноос дэлхий нийтээр дархлаажуулалтын хөтөлбөртөө умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг оруулжээ. Өнөөдөр хүртэл дэлхийн 120 орчим улс орон энэ вакциныг хэрэглэж хэвшжээ. “Австрали улс 2007 онд папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрөө эхэлснээс хойш өдгөө 16 дахь жилдээ вакцин хийж, умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээг хүний папиллома вирусийн шинжилгээ рүү шилжүүлжээ. Ингэснээр 2030 онд умайн хүзүүний хавдаргүй улс болох зорилт тавиад ажиллаж байна” гэж Хавдрын үндэсний төвийн тэргүүн, доктор Б.Цэцэгсайхан ярьж байна.

Тэгвэл Монгол Улсын хувьд 2012 онд “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилттэй ЭМЯ, ХӨСҮТ хамтран төслийн хүрээнд 9-15 насны охидод папиллома вирусийн эсрэг “Гардасил” вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлж байлаа. Энэ үед хавдрын тархалтын нөхцөл байдал 2008 онд хийгдсэн “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдрын тархалтыг тогтоох судалгаа”-аар нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд тус вирусийн тархалт 35 хувь, 25-аас дээш насны эмэгтэйчүүдэд 48,5 хувь хүртэл, 45-49 насны эмэгтэйчүүдийн дунд 26 хувьтай гарч байжээ. Тиймээс “Гардасил” вакциныг нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 11-15 насныханд хийж эхэлсэн юм. Тодруулбал, “Гардасил” вакцины нэг дэх тунг 10757 охинд тарьж 76.4 хувь, хоёрдугаар тунд 10537 охиныг хамруулж, өмнөхөөсөө буурсан буюу 74.9 хувийн үзүүлэлттэй байсан аж. Харин вакцины сүүлийн тун буюу гурав дахь тунг 2012 оны есдүгээр сард хийж эхлэх байжээ. Гэтэл энэ үеэр вакциныг эсэргүүцэгчид гарч ирэн нийгэмд, “Гардасил” вакцин мөнгөн ус агуулсан, хорт бодистой гэх ухуулга хүчтэй гарчээ. Мөн охидыг үргүйдэлд хүргэдэг зэрэг олон төрлийн таамаг гарч байв.

Хамгийн ноцтой нь үүнийг хавдрын мэргэжлийн эмч нарын зүгээс эсэргүүцэж байсан нь анхаарал татна. Тэр бол “Даффодил” эмэгтэйчүүдийн хавдрын клиникийн захирал, эмэгтэйчүүдийн хавдрын их эмч Л.Баярсайхан байв. Тэрээр тухайн үед “Энэ вакциныг 2006 онд АНУ-д зөвшөөрсний дараа үйлдвэрлэгч “Мерк” компаниас “Охиныхоо амь насыг хамгаалахыг хүсвэл “Гардасил” вакцин хийлгэ” гэсэн уриа, сурталчилгааг хүчтэй явуулсан. Мөн лоббидож болох бүхнийг хийсэн тул 2007 он гэхэд “Мерк”-ийн мэдээлснээр 80 орон тус вакциныг хийхийг зөвшөөрсөн гэдэг. “Мерк” бол хувийн компани. Удалгүй энэ вакцинаас гаж нөлөө илэрч охид, бүсгүйчүүд нас барсан тохиолдол гарч янз бүрийн байгууллага, хохирогч эх эцэг, олон нийтийн зүгээс вакцины эсрэг мэдээ баримтуудыг цуглуулсан. Эдгээр баримт мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар болон Өвчний хяналтын газраас мэдээлснээр 2011 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Америкт 40 гаруй сая тун “Гардасил” тараасан ба дээрх бүртгэлийн системд 20096 хүнд гаж нөлөө илэрснийг тэмдэглэсэн байдаг. Ихэнх хүнд хөнгөн, дунд ба хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн.Мөн ”Гардасил” хийлгэсэн 71 хүн нас барсан гэж мэдээлсэн байна. Нас барсан хүмүүсийн 34 нь уг вакциныг хийлгэсэн. Манайх шиг эдийн засгийн хязгаарлагдмал боломжтой, хүн ам цөөтэй улс дэлхийд хамгийн үнэтэй гэх ”Гардасил” вакциныг ийм зөрчилтэй мэдээллийн орчинд охиддоо хийж эхлэх нь эртэдсэн хэрэг. Дор хаяж 10 жилийн дараа бусад орны үр дүнг ажиглаад шийдэх асуудал. “Гардасил” нь хүний папиллом вирусийн хоёрхон төрлийн эсрэг, дээд тал нь дөрвөөс таван жилийн түр зуурын дархлаа тогтоодог” гэж олон нийтэд зарласан байдаг.

Энэ мэдээлэлд автсан иргэд холбогдох багууллагад гомдол гаргаж хүртэл үзжээ. Тухайлбал, Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвд эцэг, эхчүүд хандаж гомдол гаргажээ. Энэ талаар тус төвийн тэргүүн Б.Цэрэндорж “Манай төвд есдүгээр сарын 4-ний (2012 он) өдөр иргэн Э.Мөнгөнчимэгээс “Би 12 настай охиноо уг вакцинд хамруулсан. Гэтэл Европ дахь “Гал үндэстэн холбоо”-ноос хийсэн мэдэгдэлд “Гардасил” нэртэй энэ вакцинаас мөнгөн ус, химийн хорт бодис илэрсэн гэж мэдээлсэн. Иймд уг вакцинаас ийм төрлийн хорт бодис илэрсэн үгүйг тогтоон, хууль хяналтын байгууллагад хандаж өгнө үү” гэсэн хүсэлт ирсэн. Иргэдээс ирсэн гомдлыг уншихаар охидын биед мөнгөн ус орчихсон юм байна гэсэн хандлага байгаа юм. Манай улсад энэ вакциныг хийгээд хоёр шат нь явчихсан, одоо гурав дахь шат нь эхэлж байна. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол, ажил албан тушаалын сонирхол, халаа сэлгээтэй холбоотой юм болов уу гэж бодоход хүрээд байна. ДЭМБ-ын суурин төлөөлөгч нь ямар нэг бодисгүй, хор нөлөөгүй гэж байр сууриа илэрхийлээд байхад ийм асуудлууд гараад байгаа нь нэг талаар эрүүл мэндийг улстөржүүлээд байгаа юм болов уу гэж ойлгогдож эхэллээ” хэмээн мэдэгдэж байжээ.

Ийнхүү нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулсан эрүүл мэндийн энэ чухал төсөл 2012 онд зогссон байдаг. Энэ хугацаанд тоолж баршгүй олон гэр бүл охид эмэгтэйчүүдээ энэ аюулт өвчнөөр алдаж, амьдын хагацал үзсэн нь тодорхой. Хэрэв тус вакциныг 2012 оноос товлолт вакциндаа оруулах дэлхийн улс орнуудын адилаар явсан бол өнөөдөр бид Австралийн жишгээр явах боломж байжээ гэх дүр зураг, судалгаа гарчээ.

Хавдрын үндэсний зөвлөлөөс “Гардасил” вакциныг тухайн үед хийлгэсэн болон хийлгээгүй охидын судалгааг хийжээ. Энэ тухай Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан “Судалгаагаар охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдсон. Жирэмслэлт, төрөлт хэвийн. Хамгийн гол үр дүн нь вакцин хийлгэсэн охидын дунд папиллома вирусийн халдварын тархалт 10 дахин буурсан үр дүн гарсан. Гэтэл вакцин хийлгээгүй охидын дунд халдвар 10 дахин өндөр байгаа ба энэ охид 10-15 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг. Монголд эмэгтэйчүүдийн байрлалын хавдраар нас барж буй 13 хүний нэг нь умайн хүзүүний хорт хавдраар хорвоог орхидог. Энэ хавдраар оношлогдсоны дараа таван жил амьдрах магадлал 51 хувь, бусад нь нас барах эрсдэлтэй” гэж байгаа юм.

Дэлхий нийтээрээ охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах вакцинжуулалтыг хийж байхад Монгол Улс түүнээс ухарч, 2012 онд “Гардасил” вакциныг зогсоож байжээ. Тухайн үед Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нар байлаа.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Цаг уурын мэдээний сүржигнэл арай хэтэрхий юм DNN.mn

Орчин үед цаг уурын мэдээллийг хүмүүс их сонсдог болжээ. Ерөөсөө сонсохгүй, анхаарахгүй байхын аргагүйгээр цаг агаарын мэдээллээр бөмбөгддөг болчихлоо. Цаг агаарын мэдээ гол хөтөлбөрийнх нь нэг болтол “хөгжсөн” байгаа телевиз ч байна. Телевизийн мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч, сэтгүүлчид үзэгчийн анхаарлыг татаж хувцаслах хориотой байдаг. Тэгвэл цаг агаарын мэдээллийн хөтлөгчид үүний эсрэг болсон. Үзэгчдийг дэлгэцийн өмнө уяхын тулд гоё, гоё охид бүсгүйчүүд, залуус мэргэжил харгалзахгүй бас дээр нь бараг шалдан ажиллуулах нь ч бий.

Радио фм, сонин, сайтуудад ч цаг агаарын мэдээ гол байр суурь эзэлж байна. Дээр нь иргэдийн гар утсан дээр мэдээлэл нь ирдэг. Тэр мэдээллүүд нь маш нарийвчлалтай. Тэр тэр газраар тийм хүчтэй салхилж, шороон шуурга шуурна гэх мэт хэтэрхий детальчилж зарладаг болж байгаа. Ингээд харвал бид хэтэрхий сүржигнэдэг болжээ. Цаг агаарын мэдээг хүний үзэх, харах, унших бүх мэдрэхүйд өдөр бүр давтамжтай мэдээлдэг, тэр нь бүгд сөрөг буюу салхи шуурга шуурна, цас бороо орно, тэнгэр муухайрна гэсэн муу мэдээ байхаар хүнд нэг төрлийн айдас бий болгодог юм байна. Улаанбаатарчууд одоо хөдөө явж чадахаа больж байна. Цаг агаар харахад л долоо хоногт таатай өдөр гэж бараг үгүй. Өглөө нар гарах ч өдөр тийш салхи шуургатай, эсвэл бороо цастай гэх агуулга заавал байж таардаг.

Хөдөөнийхөн ч ялгаагүй. Хэд хоног үзэгдээгүй адуундаа мордохын тулд заавал цаг агаарт уягддаг. Тэдэн метр секундын хүчтэй салхитай, түүний дараа аадар бороотой гэж ирээд л зуны турш мэдээлнэ. Борооны түрүүнд шороо гэдэг.

Бороо орохын өмнөх тэнгэр муухайрч шуурдаг эрт үеэс л байж ирсэн шүү дээ. Байгаль ийм л байж ирсэн. Өнөөдөр ийм л байна. Гэтэл одоо бол мэдээ хараад л ухаан алдах нь холгүй байна. Ингэтэл нь хүмүүсийг цаг агаарын мэдээтэй хамаатай болгочихжээ. Нэг талдаа энэ бол бидний мэдээлэлтэй харьцаж сураагүйн илрэл. Бүх сувгаар мэдээллээр бөмбөгдүүлдэг. Тэр мэдээндээ живчихсэн, харсан уншсан болгондоо итгэж, үнэмшдэг. Сүжирдэг, сүржигнэдэг байдал монголчуудын дунд бий. Үүнийг мэдээллийн боловсролгүй иргэд гэдэг. Үүний нэг илрэл нь энэ цаг агаарын мэдээлэлд хэт автдаг явдал. Бүр тодорхой хэлбэл, цаг агаарын синдром ч гэж нэрлэж болохоор хэмжээнд бид нийтээрээ оччихоод байх шиг байна.

Жилийн жилд хавар гол мөрөн гэснэ, намар усных нь түвшин нэмэгдэнэ, үер ус болно. Дэлхий үүсээд дөрвөн тэрбум жил өнгөрсөн нь хол юм гэхэд наанадаж сүүлийн 200, 300 сая жилийн хугацаанд байгаль цаг уур ийм л байсан. Цас бороо ордог, үер буудаг, тэнгэр муухайрдаг, салхи шуурга тавьдаг. Энэ хугацаанд байгалийн энэ үзэгдлүүдэд юу ч нэмэгдээгүй, юу ч хасагдаагүй. Эль-нино гэх Номхон далайн гадаргууны усны температур ялимгүй халах үзэгдлээс улбаалж энэ бөмбөрцгийн цаг агаарт нөлөөлдөг. Энэ жил бүр болдог үзэгдэл. Түүнээс биш дэлхий сөнөх гээд байгаа явдал биш юм. Гэтэл манайхны ярьж хэлж байгааг сонсоод зүрх алдам, энэ жилийн эцсийн жил, үүнээс цааш эль нино нь байхгүй болж эль няна нь эхлэх гэж байна гэж ирээд сүржигнэх. Ямар нэгэн галавь юүлэх ч юм шиг.

Хоёр хоногийн өмнө гэхэд Улаанбаатарт бараг аюулын дохио зарлах нь холгүй боллоо. Үер бууж, энд тэндгүй аюул учрах эрсдэлтэй гэж урьд өдөржин анхаарууллаа. Үүнээс айсан иргэд ажил амьдралаа зохицуулах гэж багагүй будилжээ. Зарим айлууд хүүхдээ сургуульд нь явуулаагүй талаар сошиал сүлжээнд хуваалцсан байв. Гэтэл товлосон өдөр нь юмнаас гэмгүй, бороо багахан орж, салхилаад л өнгөрчихлөө. Өдөржин аадар бууж үер болох вий гэсэн айдаснаас болж хүмүүс эдийн засаг, цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр хохирчихож байгаа юм. Мэдээж аливаа эрсдэлийг сэрэмжлүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ аливаа зүйл хэмжээ хязгаартай, цаг нартай байхгүй бол саяны борооны үлгэр шиг л болсоор байна.

Өвлийн улирал бол өөр л дөө. Цас,жавар, цасан шуурганд сүржигнэхээс аргагүй. Харин дулааны улиралд бид арай л ажил хэрэгч баймаар байна. Монголд ажил явуулах гуравхан сар байдаг нь зуны улирал. Өдөр бүрийн цаг агаарын мэдээллээс эмээж зуслангийн байшин барихаа эхлүүлж чадахгүй намар болгох нь байна.

Ядаж зуны улирлын цаг агаарын мэдээллийг багасгах хэрэгтэй. Мэдээллээ гэхэд нарлаг дулаан өдөр болох тухай түлхүү мэдээлдэг болъё. Өнөөдрийг хүртэл гэгээлэг цаг уурын мэдээ маш ховор. Өдрийн аль нэг хэсэгт заавал тэнгэр муухайрч, салхи шуурга, бороо цастай гэж мэдээлэх юм. Цаг уур өнөөдөр нарлаг дулаахан өдөр болох нь ээ гэж хэлж байгааг би лав дуулаагүй өдий хүрлээ. Тэнгэр хангайн үзэгдэл ямар ч үед байсаар ирсэн. Хөдөөний хөгшчүүд “Байгаль цаг уур өөрчлөгдөөгүй ээ. Хэвээрээ байна аа” гэлцдэг. Тиймээс цаг агаарын синдромоосоо салж, зуны дэлгэр цагт тайван амгалан ажиллаж амьдрахаа бодъё.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… DNN.mn

Архинд нэгэнт орчихсон иргэд гэртээ тогтдоггүй. Ялангуяа эмэгтэйчүүд нэгэнт хамааралтай болчихвол үр хүүхэд, гэр орон сонин биш. Тэдэнд архи авах мөнгө бэлэн. Сар бүр хүүхдийн мөнгө авч байна. Багадаа нэг, цаашлаад хоёр, гурав, таван хүүхэдтэй бол тэр тоогоор мөнгө авна. Дээр нь халамжийн мөнгө, тэжээгчээ алдсаны мөнгө зэрэг нэмэлт “орлогууд” тасрахгүй. Б.Батмөнхийн таван хүү сар бүр хүүхдийн 500 мянган төгрөг авах ёстой. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүгийн халамжийн мөнгө нэмэгддэг. Сарын нэг сая гаруй төгрөг хүүхдийн нэрээр ээжийнх нь дансанд ордог. Гэвч ээж нь архины хамааралтай болчихсон, хүүхдийн мөнгө буухтай зэрэгцээд гэрээ орхиод хүмүүстэй нийлээд архи уугаад явчихдаг. Хүүхдүүд нь хоолтой, хоолгүй, гэр нь зутруу. Эрх биш аав нь байгаа тулдаа хоногийн хоолоо арай ядан залгуулдаг. Хоолгүй үе олон. Тэр үед хөгжлийн бэрхшээлтэй том хүү нь дүү нараа дагуулаад гадуур явчихдаг. Хүмүүс өрөвдөөд хооллоно гэсэндээ тэр гэж аав нь ярьж байв.

Гэр хороололд ийм амьдрал захаас аваад байна. Зөвхөн Баруун салаа гэлтгүй баруун, зүүн зах, тэр битгий хэл хотын төвийн дүүргүүдэд ч архины хамаарлаас бий болсон ядуу зүдүү амьдралтай, хүүхдүүд өлсөж цангасан, өвдөж шаналсан. Ялангуяа охидын эрх хамгийн ихээр зөрчигддөг. Тэднийг хайрлаж хамгаалах ёстой ээжүүд, эмэгтэйчүүд өөрсдөө архинд орчихсон. Архи уудаггүй ч хүүхдээ хамгаалж мэддэггүй, хэрсүү биш эмэгтэйчүүд үй олон юм. Нөхөртөө, хамтран амьдрагчдаа найдсан итгэсэн, эсвэл тэднээс айж амьдрахдаа охин хүүхдээ давхар золиосолж, ирээдүйн амьдралаар нь тоглож байдаг явдал байдаг л үзэгдэл болчихож. Баруун салааны нэлээд гүн рүү хүчингийн яг ийм хэрэг гарч байжээ. Гурван охинтой эмэгтэй хамтран амьдрагчтай болжээ. Удаагүй хамтран амьдрагч нь найзаа авчран гэртээ архидаж, согтуу найз нь 14 настай дагавар охиныг нь хүчиндсэн хэрэг гарсан байна. Охин сэтгэл зүйн ноцтой асуудалд орж, амиа хорлохыг завдаж байсан тухай тэр айлын хамар хашаанд амьдарч байсан хижээл насны эмэгтэй толгой сэгсрэн ярьсан юм. Эл хэргээс хойш тэр айл хоёр тийш салж, эмэгтэй хүүхдүүдээ аван өөр тийш нүүсэн гэнэ. Ноцтой нь удаа дараа үйлдэгдсэн тус хэргийн талаар охины ээж мэдээгүй, анзаараагүй. Хойд аав нь арай ч тийм муухай хэрэг хийхгүй гэж итгэж байсан тухай шүүхэд мэдүүлснийг гудамжныхан нь ярьдаг юм байна. Охид гэртээ байхдаа эрсдэлд орохоос эхлээд хичээл сургуульдаа явахад ч эрсдэлтэй. Харьяалалгүй айлууд олон, хүүхдүүд нь автобус дамжиж сургуульдаа очдог. Өвлийн цагт өглөө хичээлд явахад харанхуй, орой тараад ирэхэд ч бас харуй бүрий байдаг учир ялангуяа охидод ихээхэн эрсдэлтэй.

Согтуу хөлчүү хүмүүс айлгах, ичээх явдал элбэг гэнэ. Гэр хороололд архидалт хэвээрээ, ядуурлын түвшин дээрдээгүй байгаа явдал саяхных биш. 10, 15 жилийн өмнө яг л өнөөдрийн Баруунсалаа, Зүүнсалаа, Улаанчулуут, Дарь-Эх шиг амьдрал ядуу, жил хийдэггүй, архины хамааралтай. Хүүхдүүд өнчирсөн, өлсөж цангасан, өвдөж зовсон. Тэр хэрээр буруу зүйлд уруу татагддаг явдал дийлэнх. Үүнд ээжүүд, эмэгтэйчүүд нэлээд “үүрэгтэй” байдаг нь гэр хорооллын амьдралаас бэлхэнээ харагдана. Үүний нэг гашуун жишээ гэмээр айлаар сурвалжилгын үеэр орж таарсан юм.

Баруун салааны нэгдүгээр буудалд гэр хороолол дунд торон хашаанд баригдаад олон жил болсон, засвар хийгдээгүй үзэмж муутайхан байшинд эгч дүү найман хүүхэд амьдардаг юм байна. Тэднийг том эгч Б.Маралмаа нь харж ханддаг.

Эгч дүүс долоон жилийн өмнөөс ийнхүү амьдарч эхэлжээ. Ээж нь хамгийн бага ихэр дүүг нь төрүүлээд хоёр нас гарантай байхад нь том охинтойгоо чацуу гэмээр залуутай амьдрал зохиогоод явж оджээ. Аав нь ч хүүхдүүдээ орхисон байна. Тэр үед Б.Маралмаа охин 17-хон настай байж. 2-15 насны долоон дүү нь хоол ундгүй, харж хандах хүнгүй болсон учир тэрээр дүү нараа өөрөө авч, асрахаар болжээ. Б.Маралмаатай ярилцахаар хандахад уриалгахан зөвшөөрч, гэртээ урив. Хашаанд хоёр хэцүү нохой уяатай, бас нэг муур гэрээс гараад гүйж харагдав. Б.Маралмаа “Манайхаас нохой, муур салдаггүй юм. Энэ хоёр жижигхэн гөлөг байхдаа манайд ирээд дүү нараас салаагүй. Одоо ийм том болоод хүн оруулахын эцэсгүй болчихсон. Муур ч бас тэжээдэг” гэж гэрт орох зуур ярина. Байшинд орвол хойморт нь нэг том матрас тавьж, дэргэд нь авдар байрлуулсан байна. Хаалганы хавьцаа хоёр хүн суучихаар зөөлөн сандал, нэг том ширээнээс өөр гойд тавилга үгүй.

Байшингийн доторх хана сааралтаж, зарим газраараа шохой нь унажээ. Матрас дээр үеийн гэмээр хоёр хүү, нэг охин шомбойж сууна. Нэг нь ухасхийж босоод цай аягалж өгөв. Том эгч нь “Хоёр гараараа өгөөч” гэж зэмлэх аядав. Долоон настай хамгийн бага ихэр хоёр, түүний дээд талын ах гурвуулаа байгаа нь тэр аж.

-Ихрүүд том болжээ. Хоёр настайд нь чи авч байсан гэсэн байх аа?

-Манай ихрүүд ээжээс төрөөд мөөмөө ганц удаа л амласан. Түүнээс хойш байнгын угжаар хүн болсон. Энэ хоёр маань том эгч ах хоёрын өвөрт хүн болсон. Ихэр хүүхдүүд хэцүү гэлцдэг. Манайх олуулаа болоод тэр үү тийм байгаагүй. Харин ч багад нь юу ч мэдрэгдэж байгаагүй. Одоо ч юм юм мэдрэгдэх гээд байна. Олуулаа учраас нэг дор юмаа хангаж чадахгүй, ээлжилнэ. Гэтэл ихрүүдэд зэрэг л юм авч өгөхгүй бол болдоггүй. Нэгэнд нь өгөхөд нөгөөхийнх нь нүд цаанаа л горьдоод үлддэг.

-17 настай охин долоон дүүгээ асарч хамгаална гэдэг шийдвэр амар байгаагүй байх аа?

-Тэгж шийдэхээс өөр арга байгаагүй. Эхний нэг жил чанга байсан. Эвээ олохгүй. Би багаасаа л энэ хэдийг асарч өссөн. 17 нас хүрэх үед ээжийн дүү “Аль юм болгон хүүхэд харах юм. Ажил хий” гээд өөрийнхөө ажилладаг гар урлалын дэлгүүрт ажилд оруулсан. Тэгж л анх удаа цалинтай ажил хийж үзсэн. Энэ үед би гэрээсээ яваад эмээ дээрээ хэсэг байсан юм. Дүү нар аав, ээжтэй хамт байсан учраас би юм бодоогүй. Гэтэл 2017 оны наадмаар цалингаа аваад дүү нартаа хоёр тор хүнс аваад гэртээ иртэл аав байхгүй. Ээж гадагшаа гарах гээд хамаг байдгаараа гоёж гоодчихсон, харин дүү нар халтайчихсан, баярлах битгий хэл хоол унд ч байхгүй нүд халтирмаар угтсан. Хэд хоногийн дараа оройн цагаар очиж үзье, ээж дүү нарт анхаарч байна уу гэдгийг харъя гээд шөнө иртэл манайд том хүн байхгүй. Дүү нар л хонож байсан. Ингээд л эмээ, эгчтэйгээ ярилцаж байгаад би эдэндээ толгой болж явахаар шийдсэн.

-Ээж чинь хүнтэй суугаад яваад өгчээ?

-Ээж одоо 50 нас хүрч байгаа. Бараг надтай чацуу залуу. Би хүнээс юм гуйдаг төрлийн хүн биш. Өөрөө болгоно, чадна гэж үздэг. Гэхдээ би ээжтэй нэг зүйл дээр байнга маргалддаг. Ээж хүүхдийн мөнгийг өөрөө авдаг. Сая хувьцааны мөнгө тараахад бас авсан. Ингэхээр цаанаа л зэвүү хүрээд байдаг. Тэр хүнтэйгээ миний хэдэн дүү нарын мөнгийг аваад үрээд сууж байна гэж бодохоор дургүй хүрмээр. Хороогоор явж үзсэн. Бүтэхгүй юм билээ. Тэгээд л орхисон доо.

Дүү нартайгаа одоо хэдийнэ амьдрах учраа олсон. Одоо манайх хоосон хоноод хэцүү тартагтаа тулсан уу гэхээр ер нь бид баян айл байгаа байхгүй юу. Идэх юмтай, үзэх зурагттай, тог цахилгаантай, уух устай байна гэдэг манайх баян. Манайх юнивишнтэй. Юүтүб ороод хүссэн юмаа үзэж байна.

Надад амьдрал тухгүй байсан зүйл бол аав ээж хоёрын хэрүүл дунд оршоод байгаа нь. Тэр хоёр бурууг өөрсдөөсөө биш надаас хайдаг. Аав уурлахаараа “Чи гэрээс явснаас болж манай гэр бүл ийм болсон” гэдэг. Ээж ч тэр.

-Дүү нар чинь сургуульд явдаг уу?

-Би таван хүү, хоёр охин дүүтэй. Миний доод талын дүү энэ жил 18 нас хүрсэн. Намар цэрэг татлагад явна. Түүний дараагийн 16, 13-тай хоёр хүү сургуульд явдаггүй. Анх нэгдүгээр ангид улсын сургуульд орсон. Гэтэл ээж хүмүүнлэгийн нэг сургуульд оруулчихсан. Тэр нь 3-10 дугаар ангийг нэг анги болгоод нэг л багш хичээл заадаг. Шал өөр түвшний хүүхдүүд нэг хичээл үзнэ гэж байж болохгүй. Тиймээс гаргаад авчихсан. Улсын сургуульд оруул гэж хүмүүс хэлдэг. Нэгэнт үеийнхнээсээ хоцорчихсон хүүхдүүд хэцүү байдалд орно. Сургуультай сургуульгүй зөв л хүн болж байвал амьдрал нь болно гэж боддог.

-Аав чинь холбоотой байдаг уу?

-Аав өнгөрсөн жилийн аравдугаар сараас бидэнтэй холбогдож, хамт амьдарч эхэлсэн. Түүнээс өмнөх зургаан жил бид наймуулаа л амьдарсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар долоон жил ажилласан гар урлалын дэлгүүрээсээ гарсан. Аав ажил хийж хоол хүнсэнд нэмэрлэж байгаа. Миний стрессээ гаргадаг нэг зүйл бол зураг. Би үүрээр босоод ч хамаагүй зурах дуртай.

-Та нар юу мөрөөддөг вэ?

-Нэг зорилгоо огт биелүүлж чадахгүй байна. Машин авах гэж сүүлийн хоёр гурван жил мөнгө цуглуулж үзсэн. Зундаа овоо хоёр, гурван сая болдог ч өвөлдөө яалт ч үгүй нүүрс түлээ, хоол унданд хэрэглэгдчихдэг. Машинтай болчихвол дүү нараа суулгаад агаарт гарахыг хүсдэг. Бид олуулаа нэг дор машинд сууж үзээгүй. Наймуулаа багтана гэхээр приус 41 л болох юм билээ.

Миний бас нэг том мөрөөдөл байдаг. Би Монголд байхгүй зургийн дэлгүүр нээх мөрөөдөлтэй. Багаасаа зураг зурсан. Аним төрлийн зураг зурдаг. Зургаа зурахдаа нүд, уруул хоёрыг гоё гаргахыг хичээдэг гээд хоёр хавтас дүүрэн гараар зурсан зураг гаргаж ирлээ. Нээгээд үзвэл мэргэжлийн зураач зурсан гэмээр анимийн дүрүүд байна. Эмэгтэй голдуу дүрүүдийг зурдаг аж. Нүд нь хурц, уруул нь ялдам, тийм нэг хараад л баймаар мэргэжлийн зурдаг юм байна. Ийм буйдхан орчинд, хүндхэн амьдрал дунд ийм гайхалтай бүтээл туурвиж суудаг, яг л нөгөө суут хүмүүсийн амьдралыг өөрийн эрхгүй санагдуулав.

Томчуудын ухамсаргүй, эцэг эх байх үүргээ ухамсарлаагүй, түүнээс болж хүүхэд хохирсон хүнд жишээ энэ найман хүүхэд мөнөөсөө мөн. Тэд өнөөдөр инээж буй сэтгэлийнх нь гүнд ямар гуниг зовлон, бэтгэрэл байхыг хэн ч тааж мэдэхгүй. Б.Маралмаа жаахнаасаа дүү нараа асарч, аав ээжийн хайрыг мэдрээгүй учраас өөрөө амьдрал зохиохгүй гэж шууд хэлнэ лээ. Түүний зөвхөн энэ үг л амьдрал ямар хэцүүг, томчууд тэнэг байхын үр дагавар юунд хүргэдгийг товчхон хариулчих шиг болсон юм.

Төр нь ядарсан гэх иргэдээ халамжаар угжихын үр дагавар эцэс төгсгөлгүй архидалтыг бий болгосон. Архины хамааралд орсон хүмүүс ар амьдралаа тоодоггүй. Гэр бүлийн төлөвлөлтийн тухай ухаарах сөхөөгүй, хүүхэд төрүүлдэг. Тэднээ хайхардаггүй. Тэд ажил хийж орлоготой амьдрах тухай мэддэггүй, ойшоодоггүй. Төр нь ажил хийгээд олохоос илүү мөнгийг цацчихаж байгаа нь хамгийн том хүчин зүйл. Нэгэнт үнэ цэнэгүй цацаж байгаа мөнгө ямар ч айлд үнэ цэнэ, баялаг бүтээхгүй. Дийлэнх нь гэр бүлийн хэн нэгний архины мөнгөнд урсаж байна. Ийм амьдрал үргэлжилсээр л байдаг. Ядуурал үргэлжилдэг. Дараа дараагийн үе нь тэр л амьдралын замналаар амьдардаг. Улаанбаатар хотын гэр хороололд хаана нь ч ийм бүлгүүд бий болчихсон. Удчихсан. Ийм нийгмийн бүлэг байх нь улстөрчдөд хэрэгтэй. Тэд ямар ч ухамсаргүйгээр санал өгөх автомат машин л гэсэн үг. Улаанбаатарын аль ч дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд үүнтэй холбоотой. Сонгогчид ядуу байх нь ашигтай. Тэдэнд халамж өгч архины хамааралд байсаар байх нь хэрэгтэй. Ийм л бодит дүр зураг өнөөдрийн гэр хорооллын гүнд оршиж байна.

Ядуурал үе дамжин үргэлжлэх хортой. Тэр дундаас өндийж босч ирэх боломж бараг үгүй. Ерөөсөө удамшчихдаг болохыг дэлхийн судлаачид тогтоочихсон. АНУ-ын хэсэг эрдэмтэд Макс Жек гэх гудамжны нэгэн эрийн удмын 840 хүнийг судлахад 100 жилийн дотор маш олон хүний амьдралынх нь түүх бүтэлгүй байсан бол Америкийн сэргэн мандуулагч Жонатан Эдвардын гэр бүл 100 жилийн дотор 1394 хүнээс их сургуулийн захирал 13, пастор 100, цэргийн жанжин 75, бичгийн хүн 60, хуулийн мэргэжилтэн 180, дээдсийн давхаргын 80, сенат гурав, Америкийн ерөнхийлөгч нэг төрсөн байдаг.

Түүгээр зогсохгүй Google-ийн “medium.com” хаяг дээр байгаа “Is poverty inherited?” буюу “Ядуурал удамшдаг уу?” нийтлэл дээр Бээжингийн багшийн их сургуулийн профессор Дай Жианье шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн түүх ярьсан тухай нийтлэл байна. Уг нийтлэлд нэгэн дарга мөнгө олохын тулд хот руу нүүж ирсэн тариаланчдыг хямд хөлсөөр ажиллуудаг байв. Нэлээд хэдэн жилийн дараа тусгай төсөлд шалгаран тэнцэж уг төслийг бие даан хэрэгжүүлэхээр болсон бөгөөд түүнд барилгын ажилчид бус материал ялгах, бичиг хэргийн ажилтнууд хэрэгтэй болсон байна. Дарга зардлаа бууруулахын тулд коллежийн оюутнуудыг маш бага цалингаар ажилд авчээ. Дарга санамсаргүйгээр эдгээр оюутнуудын эцэг эх нь өөрт нь ажиллаж байсан цагаач ажилчид байсныг олж мэдэв. Үүнээс болж Дай Жиане дарга ядуурал удамшдаг юм байна гэж бодох болжээ гэсэн байна. Ядуучуудын хүүхдийн 90 хувь нь ядуу байдалтайгаа эвлэрдэг бол 10 хувь нь сэтгэх чадвараа дайчлан энэ байдлаа өөрчилж сайхан амьдралд орж чаддаг байна. Тухайлбал, Америкийн боловсролын байгууллагын статистик мэдээнд “Эдийн засгийн өндөр орлоготой гэр бүлд хүүхдүүд цагт эдийн засаг, уран зохиол, улс төр болон бусад чиглэлээр эцэг эхээс дунджаар 2000 үг сонсож сэтгэх чадвар нь сайжирч байдаг бол дундаж орлоготой өрхийн хувьд энэ тоо 1200, ядуу өрхийн хувьд 600 болж буурдаг. Чинээлэг гэр бүл нь амьдралын чанарыг дээшлүүлж зогсохгүй хүүхдүүдэд илүү өргөн ертөнцтэй харьцаж, илүү өргөн хүрээтэй харах боломжийг олгодог. Ядуу гэр бүлд эцэг эхчүүд хоол унд, хувцас хунараа олж авахын тулд шаргуу хөдөлмөрлөж, хүүхдүүд нь сэтгэх нөөц бололцоо муутай өссөнөөс болж амьдралд нь бэрхшээл үүсдэг” гэсэн байна.

Энэ бол ядуурлын тухай шинжлэх ухааны тайлбар юм. Маш харамсалтай нь шинжлэх ухаан ядуурлын нэг гол шалтгаан сэтгэцийн өвчин байдгийг нэгэнт тогтоочихсон. Учир нь сэтгэцийн өвчлөл нь үе дамжин удамшдаг аюултай аж. Сүүлийн үед манай улсад цус ойртолт маш их байгаа бөгөөд үүний уршгаар төрөлхийн гажигтай, оюуны хомсдолтой хүүхдүүд ихээр төрөх болсон. Хөгжингүй улсад сэтгэцийн өвчтэй хүмүүсийн төрөлтийг хязгаарлах арга хэмжээ авдаг байна. Манайд тэгж чаддаггүй. Чаддаггүй ч гэж дээ. Төр, засаг нь тоодоггүй гэвэл илүү үнэнд ойртоно.

Судалгаагаар манай улсын нийт хүн амын 23 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарсан нь 600.000 гаруй иргэн сэтгэцийн асуудалтай гэсэн үг юм. Харин сэтгэцийн тулгамдсан асуудалтай болдог үндсэн шалтгаан нь ядуурал, архидалт, ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд юм гэж манай эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Амиа алдсан цэрэг Дотоодын цэргийн ангийн биш, хувийн компанийн хашаа барьж байжээ DNN.mn

Төв аймгийн Цээл сумын нутагт хугацаат цэргийн албан хаагч машины ослоор өнгөрсөн сарын 30-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн талаар ЦЕГ-аас тайлбар өгөхдөө “Төв аймгийн Цээл суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан 05 дугаар ангийн алба хаагч зам тээврийн осолд өртөн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Зам тээврийн ослын гэмт хэрэгт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодын цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалтыг хийж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийг тусгай ажилд томилуулан ажиллуулдаг. Энэ хүрээнд л явагдсан” гэсэн билээ.

Амиа алдсан цэрэг өнгөрсөн оны аравдугаар сард Булган аймгийн Дашинчилэн сумаас татагдсан 18 настай Б гэх хүү байжээ.

Ослыг харсан нутгийн иргэнтэй тухайн үед юу болсон талаар ярилцлаа. (Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.)


-Хугацаат цэргийн албан хаагч машины ослоор нас баржээ. Осол юунаас болж гарсан талаар ярьж өгөхгүй юү?

-Цээл сумын нутагт “Чандмань баян бүрд” гэх компанийн тариалангийн талбайн хашааг цэргүүдээр бариулж байсан. Осол оройн 22:00 цагийн орчимд болсон. Найман тоннын даацтай ачааны машиныг уулын уруу асаахаар өнхрүүлсэн юм билээ

Талийгаач цэргийг буугаад машины дугуйнд ивээс хий гэсэн. Ингээд ивээсийг нь хийж байгаад дугуйн дор орчихсон. Найман тоннын машин гэдэг хүнд шүү дээ. Цэрэг газар дээрээ нас барсан.

-Ивээс хийдэг нь ямар учиртай юм бол оо?

-Бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан гэж хүмүүс ярина лээ. Өөрөө асдаггүй, өнхрүүлж байж асдаг. Дээр нь тоормосгүй. Тиймээс уруу газар өнхрүүлсэн. Тоормосны оронд цэргээр ивээс хийлгэж байсан болж таарч байгаа. Тэр хүү машиныхаа гадна талд биш, дотор талд нь зогсож байгаад ивээсээ хийгээд өндийж амжилгүй машин нь өнхөрчихсөн гэсэн. Ингээд дугуйн дор нь орчихгүй юу.

-Цагдаагийн байгууллагаас дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор томилолтоор ажиллуулж байсан гэж мэдээлсэн. Таны хэлснээр бол хувийн компани юм уу даа?

-Тийм. Хувийн компани шүү дээ. Цээл сумын Засаг даргаар олон жил ажилласан хүний хүүхдийн эзэмшлийн тариалан эрхэлдэг компани. Дотоодын цэрэгтэй ямар ч хамаагүй. Тэгээд ч цэргүүд өдийд ажилд дайчлагдахгүй. Дайчилбал намар л ажиллуулдаг шүү дээ. Тиймээс энэ бол хувийн ажилд дайчилж байсан гэсэн үг.

Гол нь бүрэн бус тээврийн хэрэгсэл ашигласан нь хүний амь хохироох гол шалтгаан болсныг нутгийнхан шүүмжилж байгаа. Хугацаат цэргийн албан хаагчдыг ажиллуулж байсан хэрнээ техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь ноцтой асуудал шүү дээ. Ер нь энэ компани, эзэд нь нутаг усандаа нэр хүнд муутай хүмүүс байдаг даа. Бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглаад зогсохгүй цэргүүдийг 22:00 цагийн үед ажиллуулж байна гэдэг ажлын бус цаг болж таарна.

-Ажил явдал нь маргааш (өнөөдөр) болно гэв үү. Ар гэр нь ямар хүмүүс юм бол?

-Тийм юм билээ. Ар гэрийнхнийх нь хувьд аав нь харвачихсан, гэртээ байдаг ядруухан айл бололтой. Талийгаач хүү эмээ дээрээ өсч хүн болсон. Эмээ нь нэлээд эртхэн өөд болсон юм билээ. Ах дүү нарт нь хэргийн талаар бодитой зөв мэдээлэл өгөөгүй. Хэргийн талаар гадагшаа битгий ярь гэж цагдаагийн байгууллагаас үүрэг өгсөн гэж дуулсан гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… DNN.mn

Өмнөх сурвалжлагыг ЭНД дарж уншина уу…

Дэлгүүрийн эзэн бид хоёрын яриа үргэлжилсээр л байлаа. 30 гаруй ам метр гэмээр талбайтай дэлгүүрт хүний хэрэгцээтэй бүхий л зүйлс байна. Өглөө, үдээс өмнө бага насны хүүхдүүд 300-гийн торхтой зайрмаг авч гүйлдэх нь олон байсан бол нар жаргаж, харуй бүрий болох үеэс 100, 300, 500 грамттай “Ерөө” нэлээд гүйдэг юм байна. Дундуур нь талх, боорцог, зайдас эрэлттэй, хаа нэг өндөг авч харагдана. Бүр нэг тартагтаа тулж, тос граммалдаг, талх хуваадаггүй бололтой. Худалдагч эгч маань үе үе өрийн дэвтрээ нээж, бичилт хийх аж. Бараг гуйгаагүй байхад л дэвтрээ нээчихэж байна. Нөгөө хүн нь “Өнөөдөр мөнгөөрөө авна шүү” гэх. Өр нь 1.2 сая хүрчихсэн зээлдэгчийн тухай асуухад “Олон жилийн өмнөөс л зээл тавьдаг, буцаад төлчихдөг хоёр юм. Нөхөр нь Таван толгойд ажилладаг, олон хүүхэдтэй гэр бүл. Ажил нь дампуурчихсан уу яасан, сүүлийн нэг жил энэ тоон дээрээ гозойчихлоо. Саяхан манайхаар орж ирэхээр нь “Эгчдээ өрөө төлөх арга байна уу” гэсэн чинь “төлнө өө эгчээ” гээд гарна лээ. Хүн тэгэхээр юу хэлэх вэ дээ. Эхнэр нь архи уугаад явчихдаг (таван хүүтэй Б.Батмөнхийнх) айлын нөхөр өчигдөр манайд орж ирээд хоолны мах, гоймон аваад гарсан.

Сүүлийн хоёр өдөр хүүхдүүд нь ямар ч хоолгүй байсан юм шүү дээ. Яаж нялх амьтад тэснэ ээ. Өрөвдөөд нэг уут боорцог нэмээд өгөөд явуулсан” гээд л ерөөсөө энэ хүний амнаас гарсан үг бүр нь бусдад туслахыг хүсч явдаг нь илэрхий. Таван охинтой Б.Отгонжаргалыг үе, үе дуудаж дэлгүүртээ туслуулж, хүнсний юм илүүчилдэг гэнэ. Ингэхдээ бас л “Олон охидтой хүн шүү чи. Эр хүн л битгий гэртээ оруулаарай. Тэд яаж ч мэднэ” гэж Б.Отгонжаргалд захидаг. Яг л өндөр ээж шиг хүний амьдралын сонин дүр гэр хорооллын нэгэн буйдхан хэсэгт оршдог юм байна. Уг нь хороо дүүргийнхэн л энэ хүн шиг сэтгэл гаргаж, хэн нь ямар амьдралтай байдаг, яаж дэмжиж туслах вэ ба, бэ-гүй мэддэг баймаар.

Дэлгүүрээс гарч гудамжуудаар явлаа. Баруун салаа орчим уг нь сүүлд шинээр үүссэн гэр хороолол. Хэдий тийм ч архины хамааралтай болчихсон, ар гэр нь салж сарнисан, амьдрал тааруу хүмүүс амьдардаг нь илт. Хашааных нь хаалга үүд навсайчихсан, хаалганы хажууд модон жорлонтой айлууд олон. Хашааны дэргэдүүр өнгөрөхөд бохирын үнэр хамар сэтлэх нь холгүй. Тогтоод харвал жорлон нь яажийчихсан, хажуугаар нүх нь онгорхой, өтгөн шингэн харагдах айлууд ч байна. Бүрээс нь нар салхинд гандаж урагдсан муухан гэрүүд ч харагдана. Хүүхдүүд үе үе гүйлдэнэ. Бүр жаахан, хөлд ороод удаагүй гэмээр амьтад ч чулуун дээр хөл нүцгэн паацганана. Тэднийг ер хэн анхаарч байгаа бол гэх бодол төрөхөөр. Араас нь хүүе хаая гэж гарч ирэх ээж, аавууд алга.

Архины хамааралд орсон маш олон өрх гэр, иргэд байгааг дэлгүүрийн худалдагч тодорхой ярьсан. Тэд ихэнх нь эндхийн харьяалалгүй. Хаа холын Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уулд хаягтай иргэд ч байна. Орон нутгийнхан ч бий. Тэд айлын хашаа харах нэрээр, зарим нь түрээс төлөөд амьдардаг. Зарим нэг хэсэг нь ах дүү, таньдаг найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлж явдаг нь ч байна. “Би энд 10 гаруй жил амьдарч байна. Чи архины үүр уурхай ямар аймшигтай байдгийг мэдэхгүй байна. Архи гэдэг чинь хэцүү. Нэг л хамааралтай болчихвол огт гарч чадахгүй” гэх дэлгүүрийн худалдагчийн яриа яг л хороолол дунд байна. Бүрх малгайтай, 70 гаруй настай болов уу гэмээр, чихэндээ аппарат зүүсэн өвөө нэлээд согтуурсан янзтай гудамжны захад сууж байна. Хажууд нь өөрөөс нь нэлээд олон дүү бололтой идэр насны эртэй найзархаг гэдэг жигтэйхэн.

Яриад суувал чихний аппараттай өвөө эмнэлэгт хэвтээд гарсан гэнэ. Архи ууж байгаад зүрх нь өвдөж ухаан алджээ. Охин нь Налайхад амьдардаг. Эмнэлэгт хэвтэж гараад л дахиад л нөгөөхөө ууж эхэлсэн нь тодорхой. “Охин Налайх авч явна гэнэ. Би явахгүй гэсэн. Яах юм, гай л байна. Би өөрөө өөрийгөө мэднэ ш дээ. Хаа үхэхээ би өөрөө мэднэ, ха ха ха ха” гэж өвгөн хөхөрнө. Найз нь хажуунаас нь “Эмч дахиж архи ууж болохгүй гэсэн ш дээ” гэж орилоод сонссон шинж алга. Найз нь “Хашир гар сонсож байгаа. Хэргээр худлаа жүжиглэж байгаа юм. Охиныдоо очихгүй ээ, энэ” гэж тодруулж өглөө. Тэр хоёр Баруун салаанд өөрийн гэсэн гэр орон байхгүй. Танилындаа хоног төөрүүлдэг аж. Цаг дулаарчихсан болохоор нэлээд согтсон үедээ хашаа бараадаад унтчихдаг гэнэ. Ийм хүмүүс захаас аваад бий. Бараг хорооллоороо ч архи дарс хэрэглэчихдэг, зарим нь бүр хамааралтай болчихсон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, амьдрал хэцүү хүмүүс байдаг тухай тэр эр ярина лээ.

Цаашлаад нэг их холдохгүй бас нэгэн залуутай таарлаа. Гартаа гялгар ууттай пүүз барьчихсан, нөгөө гартаа 100 граммтай “Ерөө” атгачихсан үе үе залгилж явна. Араас нь гүйцэж очоод жаахан ярилцлаа. Төв аймгийн Баянчандмань суманд мал малладаг. Нутгийнхан түүнийг Шомбооноо гэж хочилдог гэнэ. Эгчийндээ ирж байгаа нь энэ аж.

-Нас хэдтэй вэ. Гэр бүлтэй юу?

-Ах нь 42-той. Авгай аваагүй ээ.

-Үе үе уугаад байна уу?

-Хааяа л уудаг юм. Хөдөөнөөс орж ирээд л ууж байгаа нь энэ. Сард нэг л удаа юм уу даа. Уухдаа агсам согтуу байхгүй ээ ах нь. Би хөдөө хэдэн адуу, үхэртэй.

-Хүүхэдтэй юу?

-Нэг хүүхэд байгаа. Гэхдээ уулздаггүй.

-Амьдрал ямар байх юм?

-Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг дээ.

-Тэгвэл эхнэр аваач. Нутагтаа харж явдаг эмэгтэй байна уу?

-Би тоодоггүй юм. Нутгаасаа авгай авахгүй. Яах юм. Намайг угаасаа Төв аймаг руу ороод захын цагдаа андахгүй. Би өөрөө хүнийг их хүндэлдэг байхгүй юу. Хүнд тустай байдаг гээд хөлчүүрхсэн хүний яриа үргэлжлэх шинжтэй болохоор нь холдож одлоо.

Баруун салааны замаар нэлээд явж эцэс хүрэхийн наахна нь зам дагуу хороо байдаг юм байна. Хороо руу ороод хэсгийн ахлагчдын өрөөний хаалгыг татвал зургаан бүсгүй ямар нэгэн юм ярьж сууна. “Төрийн үйлчилгээ авч чаддаггүй, эсвэл авсан ч түүнийгээ зөв захиран зарцуулж чаддаггүй айл өрхүүд байна уу. Тийм амьдралыг бодит байдлаас нь сурвалжилж явна аа. Туслаач” гэхэд нэг их анхаарсан шинжгүй. Харин тэдний дундаас нэг бүсгүй “Нийгмийн ажилтантай уулз даа” гэж гадагшаа заав. Нийгмийн ажилтан гэх хижээл насны эр дээр явж очлоо. Учир байдлаа хэлбэл, “Би хүний хувийн мэдээллийг өгч болохгүй. Чи өөрөө л явж олох хэрэг гарах нь дээ. Би яахав чамд чиглүүлье. Энэ дор намагтай гудамжаар явах хэрэгтэй. Намагтай газар худалдаж аваад хүмүүст хулхидуулчихсан айл олон байгаа. Тэднийг олж уулз” гээд явж одов. Бодвол хүмүүст хулхидуулж, хороо хориноор явж шаналгасан айл өрхүүд байгаа бололтой. Бидний зорилго тэр биш учраас дараагийн хороог зорив. Зүүнсалааны эцэс орчимд зам дагуу бас нэг хороо байлаа.

Хүүхдийн баярын урьд өдөр байсныг тэр үү хорооны ажилчид баярын уур амьсгалтай угтав. Засаг даргынхаа өрөөнд цуглацгаажээ. Явж ороод зорилгоо хэлбэл, Засаг дарга бүсгүй “Хэвлэлийнхэн ингэж ирдэг юм. Гэхдээ та харсан байх. Манай хороо өнгөтэй зүстэй, архины хамааралтай, амьдрал тааруу өрх бараг байхгүй. Яахав, олон хүүхэдтэй өрх гэрүүд бол бий. Тэд яадгаа алдчихсан зүйлгүй. Харин та Баянзүрх дүүрэг рүү явбал хүмүүс олох байх” гэж байна. Гэвч бодит амьдрал дээр халамжийн мөнгө архины мөнгө болчихсон, архинд живчихсэн айл өрх захаас аваад байхад зарим хороо дүүрэг ийм байдлаар ажилладаг, ханддаг болж таарч байна.

Нийгэм ямар байгаа, ард түмний амьдралын түвшин хэр болсон, халамж хавтгайрсан уу, архидалт ядуурал байдаг юм уу гэх бодит байдлыг дээшээ уламжилдаг хүмүүс нь иргэд биш хороо дүүрэг. Тэдний үгээр л шийдвэр гаргагчид, харьяа яам, төлөөлж гарсан УИХ-ын гишүүд сонсож, нөхцөл байдлыг үнэлж байгаа. Амьдрал сайхан байгаа, манай хороо асуудалгүй, архины хамааралтай хүмүүс ховор, амьдралын түвшин тааруу хүмүүс байхгүй дээ гэсэн энэ байр суурь бодлогын түвшинд яаж буух нь тодорхой. Ядаж л ядуурлын түвшин, архины хамааралтай иргэдийн тоо бодит байдлаас доогуур гардаг болж таарч байна. Ерөөс гэр хорооллын иргэд тодорхой хэсэг нь ингэж халамжиндаа хавтгайрч, архиндаа живж амьдралдаа, ар гэртээ, үр хүүхдэдээ, нийгэмд анхаарахгүй байх нь улстөрчдөд ашигтай бололтой.

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… DNN.mn

Баруун салаа нэлээд өгсөөд автобусны буудлын харалдаа хүнсний нэгэн дэлгүүр байх. Ажиллаж эхлээд 10 гаруй жил болсон учраас энэ орчимд юу болдог, ямар амьдрал өрнөдөг, шинэ айл нүүж ирсэн, хууччуулын ахуй яаж байгаа тухай бүхий л зүйлс дэлгүүрийн эзний “хяналтад” байдаг. Гэхдээ хаа газрын дэлгүүр Баруун салааны энэ дэлгүүрийн эзэн шиг эргэн тойрны айл өрхүүд, хүмүүсийн амьдрал, ахуй ямар байдагт анхаардаг уу гэвэл үгүй байх. Бидний зорьж очсон дэлгүүрийн эзэн гэх хижээл насны эмэгтэй хөөрөлдөх тусам муухан хорооноос ч дээр ажилладаг юм байна.


-Дэлгүүр ажиллуулаад хэр удаж байна вэ?

-10 гаруй жил хүнсний дэлгүүр ажиллуулж байна. Маш хүнд. Эмзэглүүлсэн зүйлс олон байна. Миний хар дансыг хараач. Дээд талын хүн 1.256.520 төгрөгийн өртэй. Ийм өртэй хүмүүс зөндөө. 100 гаруй хүн өртэй, бэлхэнээ 15 сая төгрөгт хүрнэ.

-Төлөх юм уу тэгээд?

-Төлөх нь төлнө. Төлөхгүй алга болох нь зөндөө. 10 гаруй жил нүүр нүүрээ харчихсан хүмүүс хэн нь хоолтой, хоолгүй байгааг шууд мэднэ. Өлбөрч үхлээ гэж байгаа хүмүүсийг харсаар байж үгүй гэх боломжгүй. “Та нар хаашаа юм бэ, би та нарын хоолыг бэлдэгч юм уу” гэж загнаж байгаад л өгнө. Өрөө өгөхгүй хүмүүст гомдох сэтгэл төрнө. “За яахав урьд насандаа би энэ хүнд өртэй л байж” гэж аргаддаг гээч.

-Танай энэ хавиар амьдрал ямар байна вэ?

-Маш хүнд. Хэлэх ч үг байхгүй. Архины хамааралтай маш олон хүн байдаг. Үр хүүхдээ хаяад архидаад явчихдаг эцэг, эхчүүд байна. Хэдэн хүүхдийг нь харахаар өрөвдмөөр. Эцэг эх нь эрүүлдээ манайд орж ирэхээр “цагдаад өгнө” гэж хүртэл загнадаг юм. Тоохгүй дээ, намайг.

Архинд орчихсон хүмүүст ар гэр, үр хүүхэд ер хамаагүй. Хүүхдийнхээ мөнгө, халамжийн мөнгөөр л архидаад байдаг. Тийм хүмүүс архинаас өөрсдийгөө татаж гаргаж чаддаггүй юм билээ.

-Хороо хорины хүмүүс бол тийм айл өрхөө нуудаг юм билээ?

-Маш хүнд шүү дээ. Таван хүүхэдтэй, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй. Ээж нь архи уугаад явчихдаг. Аав нь тэднийгээ харж ханддаг айл манай хажууханд байна. Залуу нь овоо ухаантай юм. Ер нь ийм хүмүүс бүгд энд харьяалалгүй, айлын хашаанд ирээд буучихдаг. Энэ олон жил юу эсэхийг үзэхэв. Хажууханд бас нэг эхнэр, нөхөр хоёр бий. Уг нь архи уудаггүй ч ажил төрөл хийхгүй. Яаж амьдардаг юм гэмээр. Нөхөр нь гэртээ сууж, эхнэр нь саяхнаас хорооноос хог хаягдал түүдэг ажилд орсон сурагтай. Тэдний нэг хүү нэг сайхан эмэгтэй дагуулаад ирсэн юм. Удалгүй хүүхэдтэй боллоо гэсэн. Хүүхэд нь төрөөд овоо томорсны дараа авч үлдээд нөгөө эмэгтэйгээ зодоод хөөгөөд явуулчихсан. Өөрсдийн амьдралаа яая гэж байж нялх амьтныг ээжээс нь салгачихдаг сонин хүмүүс байх юм.

-Бас танайтай ойрхон хүчингийн гэмт хэрэг гарч байсан гэв үү?

-Хот тохижилтод ажилладаг нөхөр дагавар охиноо хүчиндсэн хэрэг гарсан шүү дээ. 18 жил яваад явсан. Ганц дагавар охиноо ч биш өөрийн төрсөн охиноо ч хүчинддэг байсан юм билээ. Манай дэлгүүрт тэр охидтойгоо орж ирдэг байсан. Дагавар охинтойгоо орж ирэхдээ левчикийг нь татаад л их сонин. Удалгүй тэр охин Ховд руу ээжийнхээ ах дүү рүү явсан байсан. Тийм асуудал гараад л явсан байж. Дараа нь дүү нь гээд хөөрхөн гал цогтой охин манайд орж ирээд гарахад маш их гайхсан. Бодлогоширсон, нүднийх нь гал унтарчихсан байсан. Хүн анзаардаггүй юм билээ. Гэтэл нөгөө муу эцэг шиг юм нь “Миний охин дуртай юмаа ав” гээд л явж харагдсан. Тийм муухай хэрэг хийчихээд яваад байсан юм билээ. Хамгийн гайхмаар нь эхнэр нь тэр тухай ер мэдэхгүй. Шүүх хурал болсны дараа “Манай хоёр охин аавыгаа шоронд явуулчихсан шүү дээ” гэж ярьж байсан. Ер нь эмэгтэйчүүдэд их асуудал бий. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. Хүүхдүүдээ тийм байдалд орж байхад анхаардаггүй. Үнэхээр мэддэггүй юм уу, эсвэл их дарамтад байдаг юм уу, ойлгодоггүй.

-Гэр хороололд ийм амьдрал өрнөөд байгаад юу нөлөөлдөг юм бол. Та юу гэж анзаардаг вэ?

-Манай монголчуудын ухамсар маш дорой юм. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө үүрэг хариуцлага хүлээхээ байсан. Маш тэнэг болчихсон. Архичид бол архиа уухаас биш цаана хүүхэд яах нь хамаагүй гэв.

Бид ийн ярилцах зуур гадна эмэгтэй хүний орилох чимээ дуулдлаа. Гараад харвал автобусны буудал дээр залуухан эр нэг эмэгтэйг үсдчихсэн зогсож байна. Хоёулаа согтуу байгаа нь илт. Эмэгтэй нь дэлгүүрийн худалдагчийг нэрээр нь дуудан тусламж эрэх аж. Гэвч яах ийхийн зуургүй нөгөө эр эмэгтэйн хамар руу цохин цус гаргачихлаа. Эмэгтэй ч хэлэх хэлэхгүй үгээр харааж байгаад автобусанд амжаад суулаа. Нөхөр нь зүгээр үлдсэнгүй, дараагийн ирсэн автобусанд суугаад явж одлоо. Согтуу эрийг эхнэрээ олж аваад дахиад гар хүрэх вий гэхээс дотор арзайж үлдэв.

Худалдагч эгч энэ хоёрыг эчнээ таньдаг юм байна. Нөхөр нь хорих ангиас суллагдаад удаагүй. Эхнэр нь бичиг баримтаа авч зугтаах гэж оролдоод дийлэхгүй, хэд хэдэн удаа согтуу эрийнхээ гарын шүүс болж байсан удаатай. Тэд энд тогтсон хаяггүй ч хоноглодог газартай гэнэ.

Архины хамааралтай болж таван хүүхдээ хаяад явчихсан эмэгтэйн гэрийг заалгаад явж очлоо. Баруун салааны гэр хорооллын дунд энгийн л цэвэрхэн хашаа руу явж орлоо. Хашаанд хоёр гэр байна. Нэг нь хашааны эзний гэр, нөгөөх нь бидний зорьж очсон айлынх. Гэрийн эзэн Б.Батмөнх угтаж авлаа. Цаг нэлээд орой болсон учраас хүүхдүүд унтжээ. Орон дээр гурав, тавтай хоёр хүү, хойморт долоо, 14-тэй хоёр хүү нь унтаж байна. Харин нэг хүү нь телевиз үзэж байв. Хүү гэрээсээ ганцаараа сургуульд сурдаг юм байна. Долоо, 14-тэй хоёр хүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Бага нь гурван нас хүрсэн ч хэл, хөлд ороогүй гэнэ. Ээж нь гэрээсээ яваад 11 хоножээ. Эр хүн толгойлсон гэр хойно ундуй сундуй.

-Та аль нутгийнх вэ?

-Дарханд төрсөн. Хань маань Хөвсгөлийн гаралтай. Ханьтайгаа нийлээд 15 жил болж байна. Насаараа мал дээр байсан. Манай хүн малаа больё, хот бараадъя гээд ирсэн юм. Хотод идээшихгүй шинжтэй.

-Ажил хийдэг үү?

-Говьд харуул хамгаалалтад гардаг. Томилолтоор явбал цалин гайгүй байх гэж бодтол хотоос дор юм байна. Халуун нөхцөлд би даралт унаад байж чаддаггүй. Хотоо бараадах санаатай. Хотод нэг гараа нь 80, 100 мянга байхад говьд 45, 50 мянга байна. Хүүхдүүд маань алга болоод хүчээр бууж ирлээ.

-Танай хүн яваад удаж байна уу?

-10 гаруй хоногийн өмнө том хүү маань таван настыгаа дагуулаад автобусанд суугаад явчихсан байсан. Эхнэр бид хоёр хайж байгаад Гандан дээрээс олсон юм. Тэр өдөр Дарханд нэг гол дээр өссөн найз маань манайд ирээд бид нэг шил юм хувааж уулаа. Би ч хямдхан нөхөр дөө. Хагас шил уугаад л тасарчихдаг. Манай хүн найзыг гаргаж өгөөд ирье гээд л гараад явсан. Тэр чигээрээ байхгүй. Саяхан хүний утсаар холбогдлоо. “Хүүхдүүд гайгүй юу, би хаана яваагаа хэлэхгүй. Чи өөрөө олж аваарай” гээд тасална лээ. Юу ч гэсэн үг юм. Өчигдөр Тахилтад явааг нь хүүгийн найз харсан байна лээ.

-Архи уугаад л яваад байгаа хэрэг үү?

-Тийм л байгаа. Ганц мэддэгээр нь аав руугаа яриад 41 чулуу татуулсан. Битүү саванд байна л гэсэн. Тахилтад уруу татдаг хэдэн найз нь байдаг. Тэдэнтэй л нийлж яваа байх. Би яахав, тэд нартай нийлээд явдаг л даа. Ганц юм гаргаад ирэхээр баярлаад хоёр татаад тасарчихдаг. Намайг хаячихаад явчихдаг юм. Гэхдээ би бол хүүхэд, гэр амьтай. Гэртээ яваад ирчихдэг. Миний хажууд хоолтой хоосон таван хүү маань байвал бол оо.

-Та хоёр яаж нийлж байв?

-Би одоо 50-тай. Би 32-той, манай хүн 18-тай байхад сууж байсан. Ээж маань бие муу, өнгөрөхөөс өмнө гэр бүлтэй бол гээд. Ханийгаа авчраад их л маадгар байсан. Өглөө босоод гал түл гээд ээжээрээ анх удаа алгадуулж үзсэн. “Чи юу болчихоод айлын жаахан охин авчраад томроод байгаа юм, галзуураад бай” гэж билээ. Тэгж би ээжийгээ бурхан болтол өглөө болгон босч цай хоолыг нь бэлддэг, хань маань унтаж л байдаг байсан.

-Одоо эхнэр тань архи уугаад янз бүрийн хүмүүстэй нийлээд явж байгаа гэлээ. Эр хүний хувьд юм юм л бодогдож байна уу?

-Тэгж л байгаа. Тэрийг мэдэлгүй яахав. Гутрах битгий хэл байна. Галзуурахад ганц хуруу дутчихаад байна. Гэхдээ би ханьдаа уурлаж чаддаггүй. Нэг явахаараа 10 хэд хононо, заримдаа 20 хоноод ирдэг. Хүрээд ирэхэд тэвэрч уйлаад л, “Миний хань амар” гээд хоол хийж өгнө. Авч гараад усанд оруулж хувцсыг нь солино. Гэтэл сүүлийн үед гудамжны янз бүрийн юмнууд авчирч хоноглодог болсон байна. Бүр сүүлдээ хүүгийн найз нь “танай аав аль нь вэ” гэж саяхан асуусан гэнэ лээ.

Уг нь манай хүн асрахад байсан. Асрамжийн газраасаа гараад Нарантуул дээр юм жаахан хусчихдаг байснаа сүүлд надад хэлсэн. “Чиний ачаар би засарсан шүү” гэдэг.

-Та бас уудаг уу?

-Би уувал гэрээс гарна гэж байхгүй. Миний ганц авах юм тэр.

-Хүүхдүүд тань бие нь гайгүй юу. Эмнэлэгт үзүүлж байна уу?

-Хоёр хүү маань халамж авдаг. Хоёулаа адилхан оноштой. Нарийн сайн мэдэхгүй байна. Манайх Сэлэнгэд харьяалалтай учраас эмнэлэгт хандахад хэцүү. Том хүү маань ярьж хэлэхдээ муу. Нэг хэцүү нь үе үе гараад явчихдаг. Сүүлдээ дүү нараа дагуулж явдаг болчихлоо. Би бодохдоо намайг байхгүй хойгуур ээж нь хайхрахгүй, хоол ундгүй болоод явдаг болж дээ. Гадуур явахаар хүмүүс хоол унд өгчихдөг. Тиймээс л өлсөхөөр ингээд явчихаж болох юм байна гэж боддог юм байна гэж хараад байгаа.

-Хоол ундаа яаж болгож байна. Хүүхдийн мөнгө авч байна уу?

-Сая би тав хоноход үнэхээр хэцүүдлээ. Авгайгийн эгч, ах хоёроос 10 цаас зээлээч гэтэл өгсөнгүй. Хоёр кг будаа, хоёр кг гурилтай байж таарлаа. Амтлагчаар зодож байж хоёр гурав хоног тэслээ. Гурав дахь хоногтоо юу ч үгүй болоод хүүхдүүдээ ямартаа ч сатааруулж тоглоомын талбай дээр тоглуулж байтал миний муу “Нокио” дон гээд дуугарлаа. Ашгүй, тавдугаар сарын цалин 350 мянган төгрөг ороод ирсэн. Тэгэнгүүт ухаан жолоогүй хүүхдүүдээ аваад дэлгүүр орж боорцог авч өгнө биз дээ. Цаашаа яваад 25 кг гурил, таван кг будаа, таван литр тос авлаа. Одоо хэсэгтээ миний хүүхдүүд гайгүй.

Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Хоёр хүүхдийн халамж, хүүхдийн мөнгө бүгд байхгүй эхнэр авдаг. Хамгийн сүүлд дунд хүүгийн халамж 600 мянган төгрөг 23-нд тэр хүний дансанд орсон. Одоо тэр чигтээ дуусч байгаа биз. Дүү маань Дарханд машин засвар ажиллуулдаг. Намайг хүүхдүүдээ аваад хүрээд ир, энд төвхнө гэдэг юм.

-Хүн л юм чинь сайхан амьдрах, сайхан байр орон сууцтай болох тухай та боддог уу?

-Бодолгүй яахав. Ямартаа ч эхнэр хүрээд ирвэл бол оо. Би ханьдаа итгэдэг. Хоёр биендээ итгээд 15 жил болсон. Намайг хүмүүс энэ хүүхдүүдээ асрамжийн газарт өгөөд өөрөө амар амьдар гэдэг. Хүмүүст л тэнэг мангар харагдаж байгаа ч надад бол таван бакалтайгаа байх нь аз жаргал. Б.Батмөнх ийн яриад унтаж буй хөвгүүдээ үе, үе гараараа зөөлөн цохиж онгирно. Эхнэр нь нэгэнт архины хамааралд орж ар гэрээ анзаарах сөхөөгүй яваа цагт энэ эр гэр бүлдээ эзэн байгаа нь аштай юм.

Хүний амьдралын тохиол их сонин аж. Замын цаана таван хүү ийм нэгэн амьдралыг туулж байхад замын наана өөр нэгэн таван охин ээжтэйгээ амьдралын төлөө тэмцэж байна. Б.Отгонжаргал нөхрөө жил орчмын өмнө алджээ. Ес, долоо, дөрөв, хоёрдугаар ангийн охидтой. Хамгийн бага нь хоёр нас гарантай. Бас л энэ газрын харьяат биш. Хаа хол, 21 дүгээр хороолол СХД-ийн 23 дугаар хорооны харьяат гэнэ. Айлын хашаа манадаг. Таван жилийн өмнө хорооноос таван ханатай гэр олгожээ. Хашааны хаалгаар оруут цав цагаан бүрээстэй цэмцгэр гэр угтлаа. Тавилга хуучныг эс тооцвол бүгд эмэгтэйчүүд байдаг гэсэн шиг цэмцийсэн гэр байна.

Б.Отгонжаргалтай яг яриад суух болоход хоолой нь зангирч “Нөхрөө алдчихаад л хэцүү байна. Манай хүн сайн хүн байсан. Хэн ч хэлнэ. Бидний төлөө явсаар байгаад биегүй болсон. Энэ л хэцүү байна. Түүнээс ч өөр хэцүү зүйл байхгүй ээ” хэмээн нулимс дуслуулав.

-Та хоёр яаж танилцаж байв?

-Би есөн настайгаасаа Асрамжийн газарт очиж 18 хүртлээ амьдарсан. Асрамжийн газарт хамт байсан танил эгч дээрээ гарч байрны байруудад жижүүр хийдэг байсан. Удалгүй манай хүний ээж хажуу орцонд жижүүрээр орсон. Манай СӨХ-ны дарга хадам ээжид намайг танилцуулж, харж хандахыг хүссэн. 2007 оны үе юм. Манай хүн Цагаан сараар ээж дээрээ ирж золгосноор бид хоёр анх танилцаж байлаа.

Бид том хоёртойгоо нийтийн байранд найм есөн жил амьдарсан. Хорооныхон “Энэ хэдийг гэртэй болгочих юмсан” гэдэг байлаа. Нэг өдөр Засаг дарга “Баяртай мэдээ” гээд дууддаг юм. Очсон чинь “Та хоёрт баяр хүргэе, та хоёр гэртэй боллоо” гээд энэ гэрийг өгч байсан.

-Танай хүн ямар ажил хийдэг байв?

-Хархорин зах дээр грүүшик хийдэг байсан. Манай хүний уушги өвддөг. Хархорин дээр уруу татдаг хүмүүс байдаг. Уудаг болгочихсон гэсэн үг. Өвчнөө дарах гэж уугаад байдаг нь буруудчихсан.

-Ганцаараа болоод хатуужиж байна уу?

-Хатуужил байна. Гэхдээ юмыг эмзэг хүлээж авдаг болчихдог юм билээ. Нөхөртэйгөө жаргалтай, санаа зовох, айх ичих юмгүй дураараа л байсан байна. Хадмын тал ч надад сайн. Одоо ч тэр. Муу дүүгийн маань таван хүүхдийг төрүүлсэн гээд. Өөр хүн байсан бол бараг миний дүүгийн толгойг залгисан гэх биз. Нөхрөө алдаад эхлээд нэг хэсэг яах учраа олохгүй хэцүү байлаа. Найз нөхдөө дуудаад пиво уучих үе байсан. Арай ч хүүхдийнхээ хажууд уухгүй, гарна. Хадам эгч хүртэл намайг дуудна. “Гаръя, сэтгэлээ онгойлгоё миний дүү” гэнэ. Хэсэг тэгж байгаад хүн чинь ухаардаг ш дээ. Юу билээ, миний ард тавын таван хүүхэд байгаа. Надаас өөр хүн байхгүй гэж бодно.

-Хүүхдийн мөнгө хэр нэмэртэй байна вэ?

-Хүүхдийн мөнгө 500 мянга, бага маань цалинтай ээжийн 50 мянга. Тэжээгчээ алдсаны 500 мянга гаруй. Ингээд нэг сая нэг зуун мянга болдог. Түүгээрээ нэг шуудай гурил, таван литр тос, 70 мянгад мах авдаг. Будаагаа таван кг-тай хоёрыг авчихдаг. Хүүхдүүд маань гамбир, будаа хоёрт дуртай. Нэмээд мушгиа гоймон авдаг. Охид учраас ариун цэврийн хэрэглэл авч таарна. Шампунь саван гээд хэрэглээ их.

-Юу мөрөөдөж байна. Хүүхдүүд энэ тухай юу ярих юм?

-Тэгж их зүйл боддоггүй ээ. Гэрт амьдрах сайхан. Гэрээ л гоё тохижуулах юмсан. Хүүхдүүд орж ирэхэд маш гоё орчинтой болчих юмсан гэж л хүсдэг дээ. Ямартаа ч ажил олж хийнэ. Мэргэжилгүй болохоор үйлчлэгч цэвэрлэгч угаагч л хийнэ. Нээрээ би “Өдрийн сонин” дээр хүүхэд байхдаа гарч байсан. Асрамжийн газарт байхдаа циркэд уран нугараач хийдэг байлаа. Дөрвөн жил нугарсан. Даанч халшраад хаячихсан. Түүндээ одоо ч харамсдаг юм.

-Танай аав ээж ямар хүмүүс байв?

-Аавыгаа бол мэдэхгүй. Ээж орцонд жижүүр хийдэг байсан. Гурван хүүхдээ яаж тэжээх вэ гээд асрамжийн газар өгсөн юм билээ. Циркэд тоглолт болдог, би нугардаг. Ээж ирж үзнэ. Анх удаа улсын циркэд тоглож үзсэн. Найрамдал зуслан, Баянгол зочид буудалд хүлээн авалтад орно. Ямар гоё байсан гээч.

Манай төв бас намайг үсчин гоо сайханчаар сургасан. Миний буруу маш их. Тэнэг толгой, түүнийгээ сурч төгссөн бол гэж их боддог. Үсчин гоо сайханч байсан бол би ажилтай байхгүй юу.

 

үргэлжлэл бий…