Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөхийн оронд төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэж харах хэрэгтэй

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улсын эдийн засаг хямарсан талаар нэлээд ярилаа. Цар тахлыг боломж болгосон улс орон байна уу?

-Цар тахалтай холбоотой дэлхийн бүх улс хүнд байдалд байгаа гэдэг өгүүлбэрийг эх баригчид их ярьж байна. Бодит байдал эсрэгээрээ байгаа. Цар тахлын хүнд үед эдийн засгаа өсгөж буй улсууд зөндөө бий. Жишээ нь, Ирланд улс 2021 онд эдийн засгаа 13 хувиар өсгөж чадсан. Өмнөд хөрш маань найм орчим хувийн, Энэтхэг 9.4-9.6 хувийн өсөлттэй байх урьдчилсан дүн гарсан. Өмнөд Америкийн Чили 11 хувь, Перу улсын эдийн засаг 10 хувийн өсөлттэй байна. Энэ жагсаалтыг цааш нь ч үргэлжлүүлж болно. Тэгэхээр улс орон бүр манайх шиг мунгинаж суусангүй, ямар ч байсан зөв зүйтэй шийдвэр гаргаж байгааг анзаарч болохоор байна.

Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрс гэсэн хоёр уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамаардаг. Манай экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 70 орчим хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг. Өнгөрсөн жил зэс, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр асар өндөр үнэ хүрлээ. 2020 оны хагас жилээс эхлэн зэсийн үнэ тн тутамдаа таван мянган ам.доллараас 10 мянган доллар давж өссөн юм. Өөрөөр хэлбэл, зэсийн экспорт хийдэг улс оронд эдийн засгаа өсгөх сайхан боломж гарч ирсэн гэсэн үг. Өмнөд Америкийн хоёр улсыг онцолсон нь учиртай. Манайхтай ижил зэс экспортлогчид. Тэд манай хаяанд байгаа өмнөд хөрш рүү тив дамнан зэсийн экспорт хийж эдийн засгаа өсгөж чадлаа.

-Тэгвэл нүүрсний экспорт ямар байв?

-Нүүрсний хувьд ч ялгаагүй. Бид нүүрсний үнийн супер циклийг огт ашиглаж чадсангүй. Коксжих нүүрсний үнэ өмнөд хөршид 600 ам.доллар давсан ч манай төрийн өмчит компаниуд хэд дахин хямдаар борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь нэн харамсалтай. Энэ нь цар тахлаас бус харин Засгийн газар төмөр замаа тавьж чадаагүй, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэх асуудлаар хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, зохион байгуулж чадаагүйтэй холбон үзэхээс өөр аргагүй. Хэрэв Засгийн газар экспортын бүс нутгаа ковидгүй байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх байлаа. Харамсалтай нь, бид ийм сайхан алтан боломжоо алджээ.

-Цар тахлын эсрэг Засгийн газраас хоёр ч томоохон хөтөлбөр хэрэгжүүллээ. Хэр оновчтой шийдлүүд болж чадсан бэ?

-Цар тахал дэлхий нийтэд тархахтай зэрэгцэн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Манайх ч ялгаагүй, 2020 оны дөрөвдүгээр сарын эхнээс авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалах”-д чиглэсэн гэх тодотголтой, 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэвч өнөөг хүртэл тайлангаа тавиагүй. Өнгөрсөн жилийн эхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Өмнөх хөтөлбөрт хаягдсан зарим чухал арга хэмжээг нөхөн оруулж хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, репо санхүүжилт, гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээл, ипотекийн хөтөлбөрүүд багтсаныг онцолмоор байна. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулж хол хориог үе шаттай сулруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа сэргэх хандлага анзаарагдсан.

Энэ хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэмээд донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байна. Эрдэнэт үйлдвэрээс 650 тэрбум, Оюутолгой компанийн арбитрын шүүхийн барьцаанд байсан нэг их наяд төгрөг гэх мэтээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан. Энэ дүнг ДНБ-д харьцуулсан хэмжээ нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр хувь эзэлнэ. Харамсалтай нь асар их хэмжээний хөрөнгө зарцуулаад гарсан үр дүн дэндүү чамлалттай байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын их наядаар хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд “бай”-гаа оноогүй эсвэл хугацаа хожимдож хэрэгжүүлсэн нь эдийн засагтаа сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлт хийж болно.

-Сар шинийн баяр дөхөөд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци хоёр оронтой тоонд хүрсэн талаар мэдээлж байна. Инфляц ингэж өсөхөд юу нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын Үндэсний статистикийн газрын мэдээллээр улсын хэмжээнд инфляцийн түвшин 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрчээ. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс хоёр дахин давсан үзүүлэлт юм. Эрх баригчид үнийн өсөлт буюу инфляцийн шалтгааныг тээвэр ложистикийн гацалт, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Гэвч аливаа инфляцийн суурь шалтгаан нь төсөв, мөнгөний бодлогын алдаанд оршдог. Иймээс ч дэлхий нийтэд инфляцийг төрийн “үл үзэгдэх татвар” гэж нэрлэдэг юм. Инфляцийн үндсэн шалтгаан нь Засгийн газрын тооцоо судалгаагүй тав, арван их наядын хөтөлбөр. жижиг зах зээлд олон их наядаар хэмжигдэх хэмжээний мөнгө цутгаж болохгүй. Буруу бодлогынх нь үр дүн ийнхүү жилийн дараа инфляциар илэрч байгаа хэрэг.

-Инфляцийн өсөлт зөвхөн тээвэрлэлтээс хамаарчихав?

-Цар тахлаас улбаатай дэлхийн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй арга хэмжээнүүд, мөнгөний зөөлөн бодлого авч хэрэгжүүлсэн нь инфляци өсөх үндсэн шалтгаан болсон юм. Эрх баригчид инфляцийн өсөлтийг нийлүүлэлтийн шалтгаантай гэж тайлбарладаг. Инфляци ийнхүү өсөхөд БНХАУ-ын хилээр нэвтрэх ачаа тээврийн хязгаарлалттай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүний өртөг өссөн нь үнэн.

Нөгөө талаас дотоодын шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний бүлгийн барааны үнийг нэмэгдүүлсэн. Гэвч нийлүүлэлтийн гаралтай, түр зуурын шинжтэй хүчин зүйлс инфляцид нөлөөлж байна гэж тайвшрах нь ноцтой байдалд хүргэж болзошгүй. Монголбанкныхан мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлж ирсэн нь инфляци нэмэгдэх үндсэн шалтгаан юм. Mөнгөний нийлүүлэлт 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өсчээ. Засгийн газраас нийгмийн халамжид зориулж 2020 онд хоёр их наяд 550 тэрбум төгрөг, өнгөрсөн жил мөн ийм хэмжээний бэлэн мөнгө тараасан. Мөн Төвбанктай хамтран цар тахлын эсрэг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа нь зээл олголтыг нэмэгдүүлж байгаа мэт харагдавч зах зээлд бэлэн мөнгө ихээр нийлүүлж байна.

Сүүлийн жилүүдэд хэт өндөр зардалтай төсөв баталж байгааг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Төсвийн хөрөнгө оруулалтууд ч их наядаар хэмжигдэх болсон. Энэ бүгд нийлээд мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлсэн. Мөнгөний нийлүүлэлтийг ингэж гаргууд нь хаях аваас инфляци гэрлийн хурдаар өснө. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлого буруу явж байгааг “хэт хөөсөрсөн” мөнгөний зах зээл инфляцийн дүнгээр дамжуулан анхааруулж байна гэж ойлгож болно.

-Хилийн боомилолтын асуудал манайд ихээхэн хүндрэл учруулсаар байна. Үнийн өсөлтийг шийдэх гарцыг та юу гэж харж байна вэ?

-Инфляци буюу үнийн өсөлтийг тийм ч хурдан шийдэх боломжгүй. Урд байгаа чингэлгүүдээ татаад авчихаар өргөн хэрэглээний бараа эргээд хэвэндээ орчих нь юу л бол. Төрийн зүгээс иргэдийнхээ орлогыг үүсэж бий болсон инфляцийн дүнгээс өндөр орлоготой болгох алхмуудыг л хийх үлдсэн. Гэвч манай эдийн засагт ийм хэмжээний асуудлыг шийдвэрлэх санхүүгийн нөөц үлдээгүй. Иймээс инфляци ойрын жилдээ өнөөгийн Засгийн газрын толгойн өвчин байх болов уу.

2020 оны статистикийн дүнгээр манай улсын нийт иргэдийн гуравны нэг нь ядуу ангилалд багтаж байгаа. Өнгөрсөн жил энэ тоо өссөн гэдэгт би бат итгэлтэй байна. Одоо хоёр иргэний нэг нь ядуу ангилалд орсон. Дэлхийн банкны тооцооллоор дэлхийн нийт хүн амыг орлогын түвшингээр нь таван бүлэгт хуваадаг. 2011 оны худалдан авах чадварын үнэлгээгээр өдрийн орлого нь хоёр ам.доллараас бага бол ядуу ангилалд ордог. Дунджаас доогуур ангилалд 2-10 ам.долларын орлоготой иргэдийг оруулдаг. Эндээс дүгнэж үзвэл манай улсын нийт иргэдийн 90 хувь нь дунджаас доогуур ангилалд орохоор байна.

-УИХ-аас хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлого хэр оновчтой байв?

-Монголбанк Засгийн газарт дөрлүүлсэн учраас бие даасан бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Засгийн газрын дохио зангаагаар үргэлжлүүлэн ажиллах аваас инфляци улам бүр өсөх магадлалтай. Сүүлийн жилүүдэд төсвийн бодлого тун тааруу байгаа гэж хэлж болно. Сүүлийн хэдхэн жилд төсвийн зарлага хэт данхайлаа. Гэвч манайулсын эдийн засагт ийм хэмжээний өсөлт харагдахгүй байна. Төсвийн зардлыг сүүлийн жилүүдэд гурав дахин нэмсэн ч манай улсын ДНБ ердөө 12-13 тэрбум ам.долларт эргэлдэж, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4000 ам.долларт уяастай арван жил өнгөрчээ. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, энэ оных бараг гурван их наяд төгрөгт хүрч, ирэх жил 2.4 их наяд төгрөг байхаар УИХ хуульчлан батлаад байгаа. Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10 орчим их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргалаа. Энэ нь цаашид үнэ өсөх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавар дагуулна. Эхнээсээ үнэ өсөх буюу инфляцаар дамжин илэрч байна.

-Цар тахал энэ онд ч үргэлжлэх нь. Цар тахалтай үеийн манай улсын эдийн засаг ямар байх төлвийг та хэрхэн харж байна?

-Энэ жил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг багагүй хүндрэл хүлээж байна. Дэлхийн зах зээл дээрх уул, уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ өсч, эрэлт нэмэгдсэн. Гэхдээ “Ковид 19” цар тахлын элдэв хувилбарууд тархсантай холбоотой хилийн боомтууд дээр хүндрэл үүснэ. Түүхий эдийн экспорт үргэлжлэн гацах нь эдийн засгийн өсөлтийн хурдцыг сааруулж, жилийн эцсээр ДНБ хэмжээнд нөлөөлөх нь тодорхой байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн төсвийн алдагдал долоон их наяд 400 орчим тэрбум төгрөг болсон. Энэ онд ч төлөвлөснөөс их алдагдал гарах шинжтэй байна. Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөх бус хямралын суурь болоод байгаа төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэн харах, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг 2021 оны эдийн засгийн нөхцөл байдал маш тодорхой илтгэн харуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

П.Цагаан: Аймгуудын хөгжлийн хэмжүүрийг гаргаад өгчихлөө, ашиглаад үр дүнд хүрэх нь чухал


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021”-ийг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Тус судалгаагаар Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг тэргүүлсэн бол Булган, Завхан, Дундговь аймгууд сүүл мушгисан байв.Судалгааны тухай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга, менежмэнтийн ухааны докто р П.Цагаантай ярилцлаа.


-Аймгуудын өрсөлдөх чадварын 2021 оны тайлан өмнөх жилүүдээс онцлогтой харагдаж байна. Судалгааны зорилго, үр дүнгийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Ер нь өрсөлдөх чадвар гэдэг хөгжих чадвар шүү дээ. Түүх ярихад, улс орныхоо хөгжил дэвшилд санаа зовнидог үндэсний компаниуд, хувь хүмүүс нэгдэн хараат бус судалгааны төв байгуулсан нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв юм. Дэлхийн улс орнууд хөгжлөө, хийсэн ажил, явуулсан бодлого үйл ажиллагааныхаа үр дүнг хэмждэг, түүн дээр суурилж алдаа оноогоо харж, оношилж шийдлийн сэдэл олж цаашаа хөгжиж явдаг. Тиймээс амжилттай хөгжиж байгаа орнуудын сайн жишиг, хөгжлийн хэмжүүрийг Монголд нутагшуулах зорилготой энэ ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ бид Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны онолыг үүсгэн байгуулсан, нэрт эрдэмтэн, загалмайлсан эцэг нь болох Проф Стефан Гаррелли гуайг, тухайн үед Монголд урьж, Сү.Батболд Ерөнхий сайд байх үед уулзуулж байсан. Нэг ёсондоо, олон улсын хөгжлийн аргачлалыг Монголд нутагшуулах зорилготой байгуулаад тасралтгүй 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Мөн дээр нь бид Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй хамтран Монгол Улсыг дэлхийн өрсөлдөх чадварын тайланд оруулж үнэлгээг гаргаж байна. Тэгэхээр манай төв аргачлалын хувьд олон улсын, улс төрөөс хараат бус, мэргэжлийн, тогтвортой ажиллаж ирсэн гэсэн үг. Бусад улс оронд ийм ажлыг Засаг нь мөнгө төлж хийлгэдэг. Манайд бол хувь хүн хийгээд, төр засгаа ашиглаач гэж гуйдаг гэх үү дээ. Яах вэ, тайлан гаргаж эхлэхэд хүмүүс гайхдаг байсан, одоо бол аймгууд ашигладаг болсон шүү.

-Өрсөлдөх чадварыг яаж үнэлдэг юм бэ?

-Эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, бизнесийн үр ашиг, засаглал гэдэг дөрвөн багц асуудлаар 180 орчим үзүүлэлтээр дүгнэдэг. Тоо худлаа хэлдэггүй, хүүхэд худлаа өвддөггүй гэдэг шүү дээ. Бид Үндэсний стастикийн хороо, Монголбанк, Гаалийн ерөнхий газар гээд албан ёсны эх сурвалжаас стастистик мэдээлэл авч хэрэглэдэг. Дээр нь бид нар амжилттай явж байгаа бизнесмэнүүдээс олон улсын аргачлалаар санал асуулга авдаг. Судалгааны гуравны нэг нь санал асуулгаар явдаг. Учир нь авлигыг гэхэд шууд дүгнэхэд хэцүү шүү дээ, судалгаа хийж байж гаргана.

Өрсөлдөх чадвараар тухайн аймгийг бусад аймагтай харьцуулахаас гадна өөрийг нь өмнөх онтой нь харьцуулдгаараа сонирхолтой. Хүн хөгжье, аймаг хөгжье гэвэл өөрөө өөртэйгөө тэмцдэг, өөрийгөө ялж байж хөгждөг. Тиймээс өрсөлдөх чадварын тайлан бол олон үзүүлэлтээр өөрийгөө сайжруулах агуулгыг цогцоор нь гаргаж ирдэг.

Монгол Улс явж, явж аймгуудаас бүрдэж байгаа. Нэг аймаг, нэг айлын амьдрал сайжирч байвал Монгол Улсын хөгжил сайжирна, муудаж байвал улсаараа л муудна.

-Судалгааны тайлан руу оръё. Ерөнхий үнэлгээгээр олон жил Орхон аймаг тэргүүлж байснаа өнгөрсөн онд Дорноговь аймагт байраа тавьж өгчээ. Дорноговь аймгийн хөгжил тэр хэрээр сайжирсан гэж ойлгож болох уу?

-Энэ жилийн судалгаанаас харахад олзуурхууштай нэг зүйл бол аймгуудын 10 жилийн судалгааны дүнгийн динамик өөрчлөгдөж байгаа. Дорноговийн хувьд аажмаар сайжирсаар байгаад энэ жил 21 аймгийг тэргүүллээ. Өмнөх жилүүдэд Орхон аймаг тэргүүн байранд явдаг байсан. Гэхдээ энэ жагсаалт бол тэргүүлсэн аймгийн бүх үзүүлэлт сайн, сүүл мушгисан аймгуудынх муу гэсэн үг биш. Харилцан адилгүй.

Өрсөлдөх чадварыг дөрвөн багц асуудлаар гаргадаг гэж хэлсэн шүү дээ. Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг нэгд, бизнесийн үр ашгаараа Дархан-Уул, засаглалаар Сүхбаатар, дэд бүтцээр Дорноговь аймаг тэргүүлсэн.

Судалгааны тайланд бид аймгуудад гарын авлага болгох үүднээс тухайн аймгийн давуу болон сул талыг нь жагсаагаад биччихдэг. Тангадын Галсан гуайн хэлдгээр энэ судалгааны тайлан маань багаж ном гэсэн үг.

Улс гэдэг бол айл. Айлын хүмүүс ажил хийдэг нь олон байвал амьдрал дээшилдэг. Яг үүнтэй адил улс хөгжье гэвэл хөрөнгө оруулалт, бизнес хийж байгаа хүмүүсийг сайн татах хэрэгтэй. Түүнд нь бага саад хий, хүнд суртал битгий үзүүл, төсвөө зөв зарцуул. Мэдээж улсын хувьд шийдэх зүйл байна. Төр засаг нь ажил хийдэг хүмүүсийг дарамталдаг, дарангуйлдаг биш урам өгдөг, шударга бус өрсөлдөөнөөс хамгаалдаг байх юм бол хурдан хөгждөг. Сонирхуулахад, 1980-аад онд Хятадын удирдагч Зян Зминь яаж хөрөнгө оруулалт, технологийг улсдаа татсан жишээ бий. Тэрээр гадаад орнуудын төрийн тэргүүнийг, АНУ-ын ерөнхийлөгчийг ч ирэхэд Тяньаньмэний талбайд угтаж авдаг байсан, одоо ч мөн адил. Харин дэлхийд Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс ид мандаж байх үед Хятадад айлчилсан. Тэгэхэд нь Зян зминь төрийн протоколоос гадуур Билл Гейтсийг онгоцны буудал дээр өөрийн биеэр очиж угтаж авсан. Өөрөөр хэлбэл, АНУ-ын ерөнхийлөгчид үзүүлдэггүй хүндэтгэлээ Билл Гейтст үзүүлсэн. Хариуд нь Билл Гейтс баярласан, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд Хятад улсыг компьютержуулах том аяныг эхлүүлсэн. Одоо эргээд харахад 40 жилийн дараа Хятад мэдээллийн технологиор АНУ-тай өөртэй нь өрсөлдөж байна.

Улс орны хөгжил гэдэг энгийнээс эхэлдэг. Мэдээж энэ бол ганц мөнгөөр биш удирдлага, менежер, засаглал гээд олон зүйлээр урагшилна. Нийтлэг зүйлийг харахад дэд бүтэц маш чухал гэдэг нь харагдаж байна. Сая гэхэд манайд хилийн боомт хаагдаж, бүх зүйл зогссон. Бараа үнэд орж, тээврийн зардал өсөв. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам хаагдахад агаарын тээвэр хэрэгтэй юм байна гэдгээ ойлгоод агаарын тээврийг либералчилъя, хөгжүүлье гэж бодож эхлэх ёстой. Ингэж сул талаа нөхөөд тууштай яваад байвал Монгол Улс хөгжих боломжтой.

-Хамгийн сайн өсөлтийг үзүүлсэн аймгаар Говь-Алтай, Архангай нэрлэгдсэн байсан. Эдгээр аймгууд аль салбартаа анхаарч, үр дүн гаргаж чадав?

-Оноогоо сайн ахиулсан аймгууд гэвэл Говь-Алтай, Архангайгаас гадна Дундговь, Сэлэнгэ бас бий. Жишээ нь, Говь-Алтайн хувьд хойгуур байр эзэлсэн ч авууштай сайн талууд бий. Эмч, сувилагч, багш сурагчдын харьцааны үзүүлэт гээд олон сайн үзүүлэлт бий. Гэхдээ амжилтаа улам ахиулъя гэвэл боломж байж л байдаг. Тухайлбал, жилд 400 орчим тонн ноос ноолуур бэлтгэдгээрээ Говь-Алтай аймаг улсдаа хоёрт жагсдаг. Тэгсэн хэрнээ ноос ноолуураа боловсруулдаггүй. Уг нь нэмүү өртөг шингээх талд ажиллаж болмоор санагддаг.

Улс орны хөгжлийг харахаар боловсруулалтаа л гүнзгийгүүрлэх, нэмэгдүүлэх шаардлагатай. Ямаагаа бүрэн самнах, самнасан ноолуураа угаах, дараа нь ээрэх, ээрснийхээ дараа сүлжих гээд явж болно. Ингэхдээ хөрш зэргэлдээ аймагтайгаа хоршиж болно. Нэмүү өртөг бүтээгдсэнээр л улс хөгждөг. Манайх бол уул уурхай, эрдэс баялгаар баян мөртлөө шууд ухаад түүхийгээр нь экспортолдог. Сайндаа л хагас боловсруулаад баяжмал гаргаж байна шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэл ажилламаар байгаа юм. Үүний үр дүнд олон хүн ажлын байраар хангагдана. Техник технологийн түвшин ч нэмэгдэнэ. Товчдоо, түүхий эдийн хавсрага байхгүйг л хаа хаанаа хичээмээр байгаа юм.

-Ер нь бүс нутгийн онцлог өрсөлдөх чадварт их нөлөөлнө биз. Тухайлбал, таны сая ярьсан уул уурхайтай аймаг илүү чадвартай гэх мэт?

-Хилд ойр, дэд бүтэц хөгжсөн, том төсөл хэрэгжиж байгаа гэх мэт хүчин зүйлс мэдээж нөлөөлнө. Гэхдээ манай ямар ч аймагт хөгжих боломж байгаа. Засаглалаа сайжруулахад хол ойр нь ямар хамаа байна. Авлигыг бууруулахад хол ойр, байгалийн баялагтай, баялаггүй хамаагүй шүү дээ. Жишээ нь, засаглалын хувьд Сэлэнгэ аймаг жил бүр сайжраад явж байгаа. Учир нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт ISO стандарт нэвтрүүлж байна.

Нэг зүйл онцолж хэлэхэд, Монголд хөрөнгө оруулалтын үр ашиг их муу байгаа юм. Тухайлбал, Монголд суурилагдсан гурилын үйлдвэрийн хүчин чадлын 20 хүрэхгүй хувь нь ажилладаг. 80 хувь нь сул зогсдог. Гэтэл тэр 80 хувиар хэчнээн их юм хийж болох вэ. Нэг л салбар дээр уралдаад байж болохгүй юм. Нэлээд хэдэн жилийн өмнө Орхон аймгийн Жаргалант суманд нэг иргэн талхны цех байгуулаад ашигтай ажиллаж байтал өөр дөрвөн хүн нэмээд яг ижил барьчихсан. Ингээд зах зээл нь хуваагдаад тавуулаа дампуурсан тохиолдол бий. Нөгөөтэйгүүр нэг газарт мах боловсруулдаг, нөгөө аймагт ширээ боловсруулдаг, өөр нэг аймагт боловсруулсан ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр аймгууд хамтарч хоршиж ажиллах нь зүйтэй. Үүнийг төр засгаас зохицуулж өгдөг болмоор санагддаг.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн цар тахал аймгуудын эдийн засгийн бодлогод сайнгүй нөлөөлсөн болов уу. Судалгаагаар ажиглагдав уу?

-Цар тахлын үед хамгийн их хэлмэгдсэн хэсэг бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид. Бидний энэ статистик бол 2020 оных шүү дээ. Бүх аймгуудад аж ахуй эрхлэгчдийн тоо буурсан гэсэн дүн гарсан. Нэг ёсондоо цар тахал бүх хүнд жигд нөлөөлсөн гэж харагдаж байгаа. Өртөөгүй ганц ч нэгж байхгүй. Ингэснээр орлого буурна, ядуурал, ажилгүйдэл нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. 2021 оны статистик дээр бүр илүү хүндэрсэн болов уу.

Цар тахлаар бол хил хаагдахад үндэсний үйлдэрлэл ямар хэрэгтэйг харлаа. Дэд бүтэц, экспорт ямар хэрэгтэйг улсаараа ойлгосон. Нөгөөтэйгүүр энэ цар тахлын үед дэлхий даяараа хосолсон бодлого явууллаа. Мэдээж нийгмийн халамжийн бодлого явуулсан. Бизнес эрхлэгчдээ дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгож, татварыг нь багасгах бодлого үргэлжилж байна. Манай улсад ч ялгаагүй. Саяхан нийслэлийн Засаг дарга олон бизнесийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцаллаа. Энэ бол сайн. Гэхдээ хэт ингэж туйлширч болохгүй санагдсан. Түүний оронд зөвшөөрлийн системийг нийтэд нь бүртгэлийн тогтолцоотой болгож хувиргавал илүү өгөөжтэй болмоор. Улсад бүртгэл хэрэгтэй шүү дээ. Иргэн онлайнаар аппликэйшн бөглөлөө, зөвшөөрөл авах хэрэггүй. Нэг зөвшөөрөл авдаг болоод нэг болих байдлаар савлагаатай биш, ухаалаг байдлаар шийдэх нь уг нь цаашид нэмэртэй.

Хямрал цар тахал гэдэг хятад ханзаар бол аюул занал, боломж гэсэн хоёр үеэс бүтдэг үг юм. Манайд маш их эрсдэл учирлаа, гэхдээ нөгөө талаар бодох, сэтгэх, ухаан бодлоо уралдуулах, хамтран ажиллах шаардлага, боломж бий боллоо. Эрсдэлийг яаж давж гарах вэ гэж толгойгоо ажиллуулаад хоорондоо яриад арга зам, шийдлээ олж байгаа нь хөгжлийн гарц, хөгжих боломж юм шүү дээ.

-Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлдэг болоод 10 жил өнгөрч байгаа юм байна. Энэ бол багагүй хугацаа. Энэ хугацаанд аймгуудын хөгжил, өрсөлдөх чадварт ямар өөрчлөлт, онцлог харагдах юм бэ?

-Ямартаа ч бид хөгжлийн хэмжүүртэй болчихсон нь маш чухал дэвшил. Даралтын аппараттай болох нэг асуудал. Түүнийг хэрэглэж сурахтай адилхан шүү дээ.

Нэг жишээ хэлье л дээ. Одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үед Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь анх манай тайлан гарахад авч үзээд учрыг нь олсон хүмүүсийн нэг. Тайланг хамгийн сайн ашиглаж, засаглалаа сайжруулж чадсан. Явж, явж хөгжил гэдэг хүний тухай асуудал байдаг. Тайланг 180 үзүүлэлтээр гаргадаг, тэдгээр дотор олон хүчин зүйл орно. Боловсрол, эрүүл мэнд гэх мэт. Тухайн үед Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулийнх нь сургалтын чанар муу гэж гарсан байгаа юм. Тиймээс Ж.Батсуурь дарга Улаанбаатар хотоос чадвартай багш нарыг аймагтаа уриад багш нартаа хичээл заалгасан. Ингээд аймгийн багш нь нар шинэ арга барил, мэдлэг чадвартай болоод ирэхээр дараагийн жилээс сургалт нь шал ондоо болоод эхэлсэн. Түүнээс гадна Монголын том компаниудын захирлуудтай танилцаад аймагтаа урьсан, том худалдааны компаниудын удирдлагуудыг аваачсан байдаг. Үнэхээр л Сүхбаатар аймаг нүдэн дээр өөрчлөгдсөн.

Мөн Ховдын Засаг дарга Д.Цэвээнравдан банкны захирлыг хотоос аваачаад “Манайд салбараа нээ. Аймгийнхаа төвд сайн газар өгье” гэж тохироод банкны шинэ салбар нээлгэж байсан түүх бий. Ингээд банкууд салбараа шинээр нээгээд эхлэхээр тэнд ажлын байр бий болно, хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ, өрсөлдөөн бий болж, хөгжих боломж нэмэгдэж байгаа юм. Хөгжил орон нутагт хүрэхгүй бол нийслэл рүү чиглэсэн нүүдэл зогсохгүй нь ойлгомжтой.

Миний хэлээд байгаа санаа бол энэ л юм. Өрсөлдөх чадварын тайлан маань хөгжлийн хэмжүүр,багаж гэсэн үг. Аймгийн хөгжил, байгаа байдлыг нь 180 үзүүлэлтээр хэмжээд гаргачихлаа, бүр бусад аймагтай харьцууллаа, өөрийнх нь өмнөх жилүүдийн амжилтыг нь ч харьцуулаад өглөө. Энэ судалгаа, хөгжлийн хэмжүүр, багажийг ашиглаж чадсан аймаг тууштай хөгжинө, хөгжөөд явна.

Манай бүх аймгийн Засаг дарга нар тайланг захиалдаг, ашигладаг болчихсон. Тав зургаан жилийн өмнө байх, Дундговь аймаг тухайн үед сүүл мушгиж байсан санагдаж байна. Тайлангийн дараахан Дундговийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ говийн бүсийн зөвлөгөөн санаачлан зохион байгуулаад ажиллаж эхэлсэн. Өрсөлдөх чадварын хувьд Дундговь сүүлийн жилүүдэд сайжирч байгаа нь тайлангаас харагдаж байна.

-Сүүлийн байрт орсон аймгууд хөгжлийн хувьд хамгийн муу гэсэн ойлголт олон нийтийн дунд байх шиг байна. 2021 оны хувьд эдгээр аймгууд юун дээр алдав, засч сайжруулах ямар зүйлс байна вэ?

-Булган гэхэд сүүл мушгилаа гээд муу аймаг гэсэн үг биш. Булган аймаг тариалсан талбайгаараа улсад гуравт ордог байх жишээтэй. Сул талыг нь л хэлж өгч байгаа юм. Бодит байдлаа хараад сайжруулах хэрэгтэй.

Судалгааны тайлангаас харахад аймгууд засаглалаа сайжруул, төсвөө ил тод үр ашигтай зарцуул, авлигагүй, хүнд сурталгүй ажилла. Ажил хийх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүл. Битгий шалгалтаар дар, битгий дарамтал. Түүний оронд зовлон бэрхшээлийг сонс, шийдэхийг хичээ. Энэ бол маш энгийн мөртлөө зарчмын асуудал шүү дээ.

Ер нь хөгжил гэдэг зөвхөн Засаг даргын ажил биш. Бас нэг жишээ хэлье. Олон жилийн өмнө Булган аймагт яагаад бизнес хөгждөггүй нэг шалтгаан нь замын цагдаа нь дайран өнгөрч байгаа жолооч нарыг торгох зэргээр их шоглодог. Түүнээс болж жолооч нар болж л өгвөл Булганаар хурдан л дайраад өнгөрчихье, зам тавиагүй байхад бол тойруу замаар шөнийн цагаар нэвтрээд гарчихъя гэдэг байсан. Торгуулахаас айгаад шүү дээ.

Уг нь аймгийн төвөөр нь дайрвал дэлгүүр хоршоо орно, бензин шатахуун авна, буудалд нь буух зэргээр мөнгө үрнэ, нутгийн хүмүүс орлоготой болно. Тэгэхээр хөрөнгө оруулалт татна гэдэг аймгийн удирдлага, эмнэлэг, шүүх цагдаа, сургууль, нутгийн иргэд нь бүгд баг болж байж татдаг.

Өөр нэг жишээ хэлье л дээ. Орос, Монгол, Хятадаар тээвэр хийдэг байсан орос жолооч “Би анх удаа амьдралдаа “Баярлалаа” гэж хэлдэг замын цагдаатай таарсан. Тэр бол Монгол Улсад, Ховд аймагт явж байхдаа таарсан тохиолдол” гэж ярьж явдаг юм байна. Ховдод явж байхад нь замын цагдаа зогсоогоод бичиг баримтыг нь шалгачихаад “Спасибо” гэж хэлээд өгсөн юм байна л даа. Түүнийг л тэр орос нөхөр явсан газар болгондоо ярьж явдаг юм байна. Хөгжил гэдэг ийм жижиг, нарийн соёлоос, нарийн хэмжүүрээс эхэлдэг. Хэдий чинээ нарийсч жижигсэх тусам хөгжил ирнэ. Бид хөгжлийг холоос биш өөрөөсөө, сумаасаа, аймгаасаа эхлэх хэрэгтэй.

-Сонирхолтой жишээнүүд та хэллээ. Та төрийн сайд байсан хүн. Хөгжье, өрсөлдөх чадвартай болъё гэвэл засаглалыг сайжруулах ёстойг тайлангаас харж болж байна шүү дээ?

-Орчин цагт хэмжиж болохгүй зүйл гэж үгүй. Тэгэх тусмаа засаглалын чадавхи, үр ашгийг хэмжихэд амар. Засаглал гэдэгт шүүх цагдаа бүгд хамаарна. Өнөөдөр Монгол Улсын хөгжил, хөрөнгө оруулалтад саад болж байгаа нэг хүчин зүйл бол манай шүүх, хуулийн салбар. Маш энгийн жишээ хэлье. Мөрдөн байцаагч прокурорын бичиг үзүүлээд л өөрөөр хэлбэл, хувийг нь өөрт нь өгөхгүйгээр байгууллага,айл өрхийг нэгжиж, өмч хөрөнгийг хурааж, тэр бүү хэл саатуулдаг. Э.Бат-Үүл баатрыг гэхэд шүүхийн шийдвэрийг өөрт нь өгөхгүйгээр 45 хоног хорьж байна гэж ярьж байна шүү дээ. Та бод доо, яг ийм нөхцөл байдал гадны хөрөнгө оруулагчдад ч таарна. Монголын цагдаа “Баярлалаа” гэж хэллээ гэдэгтэй адилхан “Монгол чинь аюултай. шүүхийн шийдвэргүйгээр аваачаад хорьчихдог” гэсэн яриа гадаадад түймэр шиг л тархана.

Арваад жилийн өмнө манайхан гадныхныг нэлээд хорьж цагдаж байсан. Хөрөнгө оруулагчдад, ямар ч хүнд мөнгө гэхээс илүү амь нас, эрүүл мэнд нь хамгийн чухал биз дээ. Хүний халдашгүй эрх Habeas Corpus-ыг бүдүүлгээр зөрчигддөг улсаас бушуухан зугтаахыг л бодно. Тэд Монголоос яваад таарсан хүндээ юу гэж хэлэх вэ, ойлгомжтой.

Хөрөнгө оруулалт татах, улсаа хөгжүүлэх асуудал зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засаг дарга нарын ажил биш. Хуулийн салбарт ажиллаж байгаа хүн, эмнэлэг, боловсрол гээд бүх салбарынхны, хувь хүн бүр бодох ёстой асуудал. Мексик улсад нэг нөхөр халаасны хулгай хийж. Гэтэл хохирогч нь гадаад хүн байж таарсан. Дээрэм хийсэн нөхөр уучлалт гуйгаад хулгайлсан зүйлээ буцааж өгсөн гэдэг. Үүнтэй адил иргэн хүн бүр улсаа бодох ёстой. Монгол хүн бүр улсаа, “Монгол” гэдэг айлаа бодож, би авлига өгч авч болохгүй, би юм бүтээнэ, уусан архиа литрээр биш, ургуулсан мод жимсээ, уншсан номоо ярьдаг, бусдыг муулдаг биш магтдаг эрүүл сэтгэхүйтэй болох ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид ба дампуурлын сураг

-Р.Даваадорж: Улс төрчид удирдаж ирсэн учраас Хөгжлийн банк дампуурахад хүрч байна


Хөгжлийн банкнаас чанаргүй 25 зээлдэгчийн мэдээллийг энэ сарын 20-нд зарлалаа. Олон нийтэд ил болсон 25 компанийн нийт зээлийн хэмжээ 841 тэрбум. Энэ нь зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан компаниудын нийт өр төлбөр. Үүнээс гадна шүүхэд хандах болоогүй чанаргүй зээлдэгчид мөн ийм хэмжээний өр төлбөртэй байгааг улс төрийн хүрээнд зарлаж байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Энэ тоо нь нийт активын талаас илүү хувийг эзэлж байгаа нь өнөөдөр ийнхүү улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд анхаарал татаж эхлээд байна.

Чанаргүй зээлдэгчдийн ард хэн байгаа, чанаргүй зээл олгосон захирлууд юу ярьдаг, өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн шалтгаан юу байсан зэрэг асуудлыг тоймлон хүргэе.

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг зарлахтай зэрэгцэн “Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна” гэсэн юм.

Тус банкийг үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулсан. Эдүгээ зээл авсан компани болон opendata.burtgel.gov.mn цахим хуудаст бүртгэгдсэн компанийн жинхэнэ эздийн нэрс, зээлийн хэмжээ, эргэн төлөлт, хуримтлагдсан төлбөр зэргийн жагсаалтай танилцана уу.

1. “Монгол драй милк” ХХК /Хувьцаа эзэмшигч Лувсангийн Ганцэцэг/ -хөдөө орон нутагт 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр. 2017.05.16-нд зээл авсан. 42.6 тэрбумаас 2.49 тэрбум төлөгдөж, хуримтлагдсан дүн 50.4 тэрбум.

2. “Монгема” ХХК /Хувьцаа эзэмшигч Дамбалын Лхагвадорж/-муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад улсад экспортлох. 2017.10.31-нд 10.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.58 тэрбум, хуримтлагдсан дүн 12.6 тэрбум

3. “Эрэл” ХХК /хувьцаа эзэмшигч Даваахүүгийн Сэргэлэн/ -угсармал орон сууц. 2013.08.20-нд 65.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 19.31 тэрбум, хуримтлагдсан дүн 106 тэрбум. Нэмж 2014.07.17-нд 39.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 7.98 тэрбум, хуримтлагдсан дүн 57.1 тэрбум.

4. “Инжир” ХХК /хувьцаа эзэмшигч Баточирын Батбаатар, Гүүгэрийн Бямбажав, Баатаржавын Золбаяр, Чулуундоржийн Өлзий/ – экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилгын төсөл. 2018.01.09-нд 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 7.6 тэрбум.

5. Чингис хаан банк / Ньюстандарт Финанс ХХК хувьцаа эзэмшигчид Дашцэрэнгийн Батаа, Шүхэртийн Бүтэд, Цэдэн-Ишийн Баярсайхан/ -мөнгөн хадгаламж. 2019.12.19-нд 25 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 37.5 тэрбум.

6. Чингис хаан банк-арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дамжуулсан зээл. 2014.08.26-нд 13 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 12.67 тэрбум, хуримтлагдсан дүн 1.1 тэрбум.

7. ТОСК ТӨХХК / Юнайтэдпрожектс групп хувьцаа эзэмшигч Цогтжаргалын Ууганбаяр/ -Шинэ Яармаг орон сууцны хороолол барих төсөл. 2015.05.28-нд 142.44 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 59.44 тэрбум, хуримтлагдсан дүн 117.9 тэрбум.

8. ТОСК ТӨХХК-хөдөлгөөнт цогцолбор төсөл. 2016.02.05-нд 19.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 25.6 тэрбум.

9. “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК / хувьцаа эзэмшигч Батбаярын Болормаа, Бишрэлт Групп-Ариунболдын Чинсанаа, Ариунболдын Чинбишрэлт/ -хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл. 2018.03.09-нд 7.27 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 5.55 тэрбум, хуримтлагдсан дүн 4.9 тэрбум.

10. “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК /хувьцаа эзэмшигч Ариунболдын Чинбишрэлт/ -мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл. 2017.12.13-нд 31.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 8.4 тэрбум, хуримтлагдсан дүн 38.6 тэрбум.

11. “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК /хувьцаа эзэмшигчид Сэр-Одын Дуламжав, Дашдоржийн Оюунбилэг/ -Алт-2 үндэсний хөтөлбөр. 2017.12.28-нд 17.31 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.21 тэрбум, хуримтлагдсан дүн 19.7 тэрбум.

12. “Зэст-Өндөр” ХХК /Начу ХХК, хувьцаа эзэмшигч Долгормаагийн Тамир, Долгормаагийн Тана, “Сутайресурс” ХХК, Балхүүгийн Ганзориг/ -Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл. 2018.08.10-нд 10.87 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.63 тэрбум, хуримтлагдсан дүн 11.8 тэрбум.

13. “Кью Эс Си” ХХК / Куалитистийл Корпорэйшн (Британийн виржини арлууд – Quality Steel Corp)/ -33.4 км төмөр зам барих ажилд шаардагдах санхүүжилт. 2014.12.03-нд 203.12 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 112.95 тэрбум, хуримтлагдсан дүн 212.4 тэрбум.

14. “Енсада истерн” ХХК /хувьцаа эзэмшигч Өсөхийн Болдсайхан/ -экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрийн төсөл. 2015.05.28-нд 142.44 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 59.44 тэрбум, хуримтлагдсан дүн 117.9 тэрбум.

15. “Болор шүр” ХХК /хувьцаа эзэмшигч Цогбаатарын Содхүү/ -Алт-2 үндэсний хөтөлбөр. 2017.08.30-нд 2.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 2.4 тэрбум.

16. “Эрд хул” ХХК /хувьцаа эзэмшигч Доржсүрэнхорлоогийн Мөнхбаатар/-Алт-2 үндэсний хөтөлбөр. 2017.08.30-нд 0.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.3 тэрбум, хуримтлагдсан дүн 0.6 тэрбум.

17. “Монлаа” ХХК /хувьцаа эзэмшигчид Нанзадын Болдхүү, Хишигжаргалын Энхсайхан, Мөнхжаргалын Ганбагана/ -төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих төсөл. 2014.08.11-нд 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.88 тэрбум, хуримтлагдсан дүн 7.6 тэрбум.

18. “Ган хүдэр орд” ХХК /хувьцаа эзэмшигчид Должинсүрэнгийн Мандахбаяр/-хорголжин төмрийн хүдрийн үйлдвэр барих төсөл. 2017.07.06-нд 5.90 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 1.2 тэрбум, хуримтлагдсан дүн 5.6 тэрбум.

19. “Дэд бүтэц инженеринг” ХХК /хувьцаа эзэмшигчид Мягмарын Одончимэг, Цэвээн-Очирын Насанбат/ -дэд бүтэц-ухаалаг шийдэл төсөл. 2018.10.24-нд 2.10 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.1 тэрбум, хуримтлагдсан дүн 2.8 тэрбум.

20. “Бэрэн” ХХК /хувьцаа эзэмшигчид Бэрэнбаралын Мөнхтөр, Цэдэнсодномын Батболд, Ганзоригийн Баттулга, Ганзоригийн Энхболд, Цэдэнсодномын Бат-Эрдэнэ, Цэдэнсодномын Батбаяр, Бэрэнбаралын Сономсүрэн, Бэрэнбаралын Сарангэрэл, Бэрэнбаралын Чимгээ, Бэрэнбаралын Мөнхдалай, Бэрэнбаралын Ганбат/ -Улаанбаатар хот СБД-ийн долдугаар хорооллын 720 болон 120 айлын Ё блок орон сууцны хороолол барих төсөл. 2017.10.30-нд 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 3.22 тэрбум, хуримтлагдсан дүн 43.7 тэрбум.

21. “Мондулаан” ХХК /Нүүдэлчин групп, хувьцаа эзэмшигчид Шийрэвийн Мөнхнаст, Миеэжавын Нямбаатар, Цэдэн-Ишийн Баярсайхан/ -Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл. 2018.10.22-нд 13.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 3.37 тэрбум, хуримтлагдсан дүн 17.7 тэрбум.

22. “Пирамид орд” ХХК / Гомбын Цолмон /-“Буман залуус 296 айлын орон сууцны төсөл. 2018.06.19-нд 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.52 тэрбум, хуримтлагдсан дүн 23.1 тэрбум.

23. “МБҮ трейд” ХХК /Базарын Эрдэнэбаяр, “Хотол Түмэн” ХХК, Сэнгээгийн Бямбасүрэн, Лхагвасүрэнгийн Одхүү, Чойжилсүрэнгийн Хүрэл-Олдох/ -мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр, малын худалдааны төвлөрсөн зах төсөл. 2018.02.13-нд 11.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 16.7 тэрбум.

24. Сэлэнгийн герефорд ХХК /хувьцаа эзэмшигч Лханаажавын Баянбаатар/-мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл. 2018.11.01-нд 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.33 тэрбум, хуримтлагдсан дүн 5.4 тэрбум.

25. “Бармон” ХХК /хувьцаа эзэмшигчид Шагдаррагчаагийн Үнэнбат, Ариунбат, Төгсбат, Эрдэнэбат, Батцэцэг, Банзрагчийн Бурмаа, Ламжавын Шагдаррагчаа / -гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын дөрвөн блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төсөл. 2019.12.23-нд 13.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.9 тэрбум, хуримтлагдсан дүн 17 тэрбум.


Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат: Чанаргүй зээлгүй, арилжааны банкуудаас чилүү санхүүгийн чадвартай банкийг би хүлээлгэж өгсөн


Чанаргүй 841 тэрбум төгрөгийн зээлийг олгосон огноороор нь ангилбал 2012-2016 онд захирал Н.Мөнхбатын үед 489 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн өр төлбөр 495 тэрбум төгрөг. Түүний дараа захирал Б.Батбаярын үед буюу 2016.12-2019.05 дугаар сарын хооронд 215.5 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн өр төлбөр нь 251 тэрбум төгрөг. Захирал Г.Амартүвшингийн үед буюу 2019.05-2019.12 сар хүртэл 66 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн өр төлбөр нь 88 тэрбум төгрөг болсон ажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн их хэмжээтэй зээл, өр төлбөр Н.Мөнхбатын үед үүссэн нь харагдаж байна.


Энэ асуудлаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.


-Чанаргүй зээлдэгчдийн өр төлбөрийн тал хувь нь таныг удирдаж байх үед олгосон зээлүүд байна. Энэ талаар тайлбар хэлэхгүй юү?

-Намайг 2016 онд ажлаа өгөхөд энэ зээлүүд хэвийн төлөлттэй байсан. Зээл чанаргүй болно гэдэг зээлдэгч тал зээлээ төлөхөө больж, төлбөрийн асуудал гарч ирж байж чанаргүй болдог. Тиймээс намайг ажиллаж байх хугацаанд Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд чанаргүй болсон тохиолдол байгаагүй. Миний дараа ажилласан хүмүүс ямар бодлого барьж ажилласныг мэдэхгүй юм.

Миний гарын үсэг зурагдаж, гарсан зээлийн хэмжээ дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байдаг. Том, жижиг 1600 гаруй төслийг санхүүжүүлсэн. Тэдгээр зээл дотор эргэн төлөлтгүй, чанаргүй зээл байгаагүй. Энэ бол тархи угаалт л явж байна гэж харж байна.

-Чанаргүй зээлдэгчдийн жагсаалт дотор таны үед олгосон зээлүүд байна. Хамгийн том мөнгөн дүнтэй нь төмөр замын зээл байсан…

-“Кью Эс Си” ХХК гэх компани төмөр зам барихаар 200 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан. Төмөр зам баригдсан. Тухайн үед хоёр тал маргасан байдаг. Компани зээлээ төлөхгүй гэж, банк зээлээ төл гэж. Ингээд шүүхдэлцсэн, гурван шатны шүүхээр орсон. Хөгжлийн банк барьцаа хөрөнгийг сайн авч, сайн гэрээ хийдэг байсны хүчээр нэхэмжлэлээ авч чадсан. Улсын дээд шүүхээс “Кью Эс Си” ХХК-ийг зээлээ бүрэн төлөхийг даалгасан. Зээл төлөгдөж байгаа гэж ойлгож байгаа.

Хоёр дахь том зээл нь ТОСК-ийнх. ТОСК бол Буянт-Ухаа 1, 2 орон сууцны хорооллыг барьж ашиглалтад оруулсан төрийн компани шүү дээ. Төрийн банк төрийн компанидаа олгосон зээл. Хувийн хэвшилд биш. Төсөл нь газрыг нь аваад орон сууц бариад борлуулсан орлогоороо зээлээ төлөх үүрэгтэй байсан. Буянт-Ухаа 1, 2-ыг бариад борлуулаад зээлээ төлөөд явж байсан. Харин сүүлд Буянт-Ухаа 2-ыг түрээсийнх болгоод л зээлийн эргэн төлөлт муудсан гэж харж байгаа. Түрээсийн орлого бол борлуулалтыг гүйцэхгүй. Тиймээс барьсан орон сууцыг нь Хөгжлийн банкийг аваач гэхээр авдаггүй гэсэн. Уг нь бол авсан зээл нь орон сууц буюу хөрөнгө болчихсон байгаа шүү дээ.

-“Эрэл” групп хоёр удаагийн зээлээр 160 гаруй тэрбум төгрөг авсан. Чанаргүй зээлдэгч болсон шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-“Эрэл” компани бол үйлдвэрээ барьчихсан. Тухайн үед Ерөнхийлөгч, бүх сайд дарга нар нээлтэд нь оролцоод явж байсныг санаж байна. Үйлдвэр барина гэсэн, барьсан. Зээлийг нь муутгахгүйгээр аваад явчихаж болоогүйг гайхаж байна. “Монлаа” компанийн хувьд ч адилхан. Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих төсөл байсан. Өнгөрсөн жил Дорноговь аймагт үйлдвэр нь ашиглалтад орсон. Бас л сайд дарга нар нээлтэд нь оччихсон байсан шүү дээ. Уг нь мөнгө хөрөнгө нь алга болоогүй, үйлдвэр нь босчихсон байхад төр засгаас дэмжээд ажиллуулаад явчих боломжтой.

-Энэ хоёр компани тэр үедээ зээлийн төлөлт муу байсан гэж дуулсан?

-Яахав, тухайн үед зээлийн хүүгийн төлөлт удааширч байсан нь үнэн. Тийм учраас банкны зүгээс эрсдэлийн сан үүсгэж, дараагийн багт хүлээлгэж өгч байсан. Өөрөөр хэлбэл, зээлээ төлөх чадвартай хүлээлгэж өгсөн гэсэн үг.

-Чингис хаан банкны зээл олны анхаарлыг татсаар байгаа. Энэ тухайд?

-Чингис хаан банкны хувьд дамжуулан зээлдэгч. Тухайн үед маш олон арилжааны банк дамжуулан зээл олгож байсан. Арилжааны банк тухайн төслийн өмнөөс хариуцлага хүлээж, баталгаа өгч зээл гаргуулж байсан. Зээл муудсан, муудаагүй ямар ч үед дамжуулж зээл авсан банк өөрөө төлөх ёстой.

Нэг зүйлийг тодруулж хэлье. Намайг ажилласан гурван жилийн хугацаанд Хөгжлийн банк жил бүр ашигтай ажилладаг, хөрөнгө ихтэй, арилжааны олон банкинд хадгаламжтай, үйл ажиллагаа нь өндөр түвшинд жигдэрсэн, арилжааны банкуудаас ч илүү санхүүгийн чадвартай Монголын хамгийн том банк байсан. Нийт актив нь зургаан их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн байдаг.

Яахав, түүнээс хойш улс орон эдийн засгийн таагүй нөхцөл байдалд явж ирлээ. Гэхдээ арилжааны нэг л банк дампуурсныг эс тооцвол бусад нь хэвийн ажиллаж байна. Гэтэл яагаад арилжааны банкуудаас ч том, чадвартай байсан Хөгжлийн банк ийм нөхцөлд хүрсэнд гайхаж байна гэв.


Эдийн засагч Р.Даваадорж: Банкны Активын 55 хувь нь чанаргүй зээл эзэлнэ гэдэг дэлхийд байхгүй тохиолдол


Хөгжлийн банкны чанаргүй зээлийн энэ асуудал тус банк дампуурлын ирмэгт ирсэн гэх маргааныг олон талд өрнүүлж байна. Бид энэ талаар эдийн засагч, судлаач Р.Даваадоржийн байр суурийг сонирхсон юм.


-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?

-Банкийг мэргэжлийн эдийн засагчид удирддаг. Харамсалтай нь Хөгжлийн банкийг улстөрчид, улс төрийн томилгоогоор удирдаж ирсний гор өнөөдөр ингэж гарч байна. Банк бол уг нь тодорхой шүү дээ. Та нэг сая төгрөгийн зээл авъя гэхэд багадаа 1.5 сая төгрөгийн хөрөнгө барьцаалах ёстой. Гэтэл Хөгжлийн банк ямар ч барьцаагүйгээр асар их хэмжээний мөнгийг дурын хүмүүстээ цацсан нь харагдаж байна.

-Бүтээн байгуулалт, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой учраас зээлээ барьцаагүй олгосон гэдэг шүү дээ?

-Банк байгуулсан зорилго бол тийм. Тийм ч учраас 2012-2016 оны Засгийн газрын үед тэр зорилгоо биелүүлж, том том бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжсэн нь харагддаг. 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох, хотын гудамжуудыг холбох, цахилгаан дулааны станцуудыг өргөтгөх, Улаанбаатар хотын дэд бүтцийг шинэчлэх гээд том төслүүд хэрэгжсэнийг санаж байна. Уг нь ингэж л ажиллах зорилготой банк байсан.

Гэтэл 2016 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт нэг ширхэг ч байхгүй. Чанаргүй зээл нь 1.6 их наяд гэж байна. Энэ бол банкны нийт активийн 55 хувь нь чанаргүй зээл байна гэсэн үг. Энэ бол банкны түүхэнд битгий хэл дэлхийн түүхэнд байхгүй тохиолдол. Чанаргүй зээл нэг өдөр үүсдэггүй, урт хугацаанд явж ирсэн байгаа. Яагаад өнөөдрийг хүртэл дуугарахгүй явсаар гэнэт болохоо байчихлаа гэж зарлаж байгааг гайхаж байна. 2017 оноос л асуудал хүндэрсэн харагдаж байна. Тэр үед л ил болгож зарлаад засаад явах боломжтой байсан.

-Энэ байдлаараа дампуурах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна?

-Дампуурах нь ойлгомжтой. Төр засгийн зүгээс банкны нэрийг солиод ажиллуулах тухай ярьж байгаа гэнэ. Яасан ч болохгүй, шууд татан буулгах ёстой. Тэгээд хариуцлагын асуудал яригдах ёстой. Ер нь төрд банк байна гэдэг но-той. Төрийн банк ч гэсэн асуудалтай. Хувьд гаргаж байж л энэ асуудал цэгцэрнэ.

2018 оны 12 дугаар сард МАН гадаадаас 500 сая ам.долларын бонд босгосон гээд сүр дуулиантай юм болж байсныг санаж байгаа байх. Бараг өнөөдөр ил болоод байгаа чанаргүй зээлийн хэмжээтэй хөрөнгө босгосон байна.

Гэтэл ийм хэмжээний бүтээн байгуулалт Монгол Улсад бий болоогүй. Зүгээр л Хөгжлийн банкны мөнгийг эрх баригчид сонгуульдаа зориулсан нь харагдаж байна. Үүний горыг татвар төлөгчид л амсана. Тэр том бондын хөрөнгийн хүүг төсвөөс төлдөг. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Өнөөдөр хүртэл нууцалж ирсэн шалтгаан бол үүний ард авлига, эрх мэдлийн том систем ажилладгийг л харуулж байна. Хэрэв хадгаламж эзэмшигчид байсан бол аль эрт ил болох байсан. Төрийн мөнгө учраас хэн ч араас нь хашгирахгүй, дуртай үедээ дуртай хүмүүстээ цацаж ирсний л үр дагавар өнөөдөр гарч ирж байгаа юм гэлээ.

Хөгжлийн банкны ил болсон чанаргүй зээлдэгчдийн дунд олон нийтийн танил цөөн хэдэн компани байгаа юм. Дийлэнх компани, хувьцаа эзэмшигчид нь танил бус хэдий ч тэдний ард нэр бүхий улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс байгаа нь эхнээсээ ил болж буй. Тэр үүднээс 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг АТГ-т шилжүүлэн шалгуулах чиглэлийг Ерөнхий сайд гаргаж байгаа гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Оюунцэцэг: Үндэслэлгүй хөрөнгөжсөн субьектээ тодорхойлоход алдаа гардгаас үүдэж ял оноож чадахгүй байна

Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн талаар хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг хуульд хэрхэн авч үзэж байна вэ?

-Манай улсын хувьд энэ гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол…” гэж үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг тодорхойлсноос үзэхэд уг гэмт хэргийн субьект нь зөвхөн нийтийн албан тушаалтан юм.

Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-4.1.9-д тус тус заасан этгээдүүдийг хамааруулан үзнэ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгө нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эзэмшил, ашиглалд бус өмчлөлд байсан нь тогтоогдсон бөгөөд өмчлөгч нь нийтийн албан тушаалтан байх хуулийн шаардлага нь уг гэмт хэргийн субьектийг тодорхойлохоос гадна зөвхөн түүний үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан хууль ёсны зарчмын нэг хэсэг болох “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмын нэг хэсэг болох “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн ойлголт, агуулгад нийцэх ёстой байдаг.

Харин нийтийн албан тушаалтан өөрийн гэмт үйлдэлдээ төрөл садан, найз нөхөд болон бусад хүнийг ашигласан тохиолдол нь түүний гэмт хэрэг үйлдэх, түүнийгээ нуун далдлах арга тул нийтийн албан тушаалтны гэмт үйлдлийн хариуцлагыг бусад хүмүүст халдаан хэрэглэж болохгүй юм.

-Орлогоосоо давсан хөрөнгөтэй, зарлагатай төрийн албан хаагчид, дарга нарын тухай баримт мэдээллүүд гардаг. Яагаад тэд хариуцлага хүлээхгүй байна вэ?

-Нийгэмд энэ талаар ихээхэн яригддаг боловч энэ мөн л хууль эрх зүйн орчноосоо шалтгаалж байгаа юм. Учир нь манай улс зах зээлийн чөлөөт эдийн засагтай улс. Энэ утгаараа иргэн хүн хэдий хэмжээний орлого олж байгааг төрөөс зохицуулах болон хөрөнгө орлого олох нөхцөлийг хязгаарлах боломжгүй. Ярьж байгаа сэдвийн хүрээнд бол эрүүгийн хуульд энэ гэмт хэрэгт шалгагдах субьектийг тодорхой зааж өгсөн байна.

Нийтийн албан тушаалтны хууль бус орлогын цаана буй үйлдэл, эс үйлдэхүйг нотолж чадахгүй боловч хууль бус орлого олох гэмт явдлыг таслан зогсоох эрүүгийн эрх зүйн энэхүү хэм хэмжээ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тусгагдсан бөгөөд манай улс 2005 онд уг гэрээнд нэгдэж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” тохиолдлыг гэмт хэрэгт тооцож 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлд анх хуульчлан тодорхойлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлээр үргэлжлүүлэн эрүүжүүлсэн.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны албаны эрх мэдлээ урвуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн боловч түүний хөрөнгө хууль ёсных нь орлогоос давсан бол энэ талаараа үндэслэл бүхий тайлбараа нийтийн албан тушаалтан өөрөө гаргах үүрэгтэй.

-Шалгаад хариуцлага хүлээлгэсэн тохиолдол ховор юм биш үү. Энэ асуудал хуулиндаа байна уу?

-Энэ гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдал цөөхөн байгаа. Энэ талд дээр нарийн дүгнэлт хэлэх боломжгүй юм. Жишээ нь, өмгөөлөгч бидний хувьд ихэвчлэн яллагдаг, шүүгдэгч талын эрх ашгийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ордог тул илүү хүний эрх, мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим талаас нь тайлбарладаг юм.

Нэгэнт манай улс дээр ярьснаар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тохиолдлыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэчихсэн. Манайх дотоодын хуульдаа ч бас энэ тухай хуульчилчихсан. Харин тухайн хүний хамаарал бүхий хүмүүс эд хөрөнгө, өмчлөх эрхтэй.

Энэ эрхэд нь хууль бусаар халдаж, нийтийн албан тушаалтны хувийн байдалд хамаатуулан ойлгож болохгүй гэж үзэж байна.

Энэ нь Олон улсын хүний эрхийн зарчмууд, шударга шүүхээр шүүлгэх, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх гэсэнд нийцэх нь чухал юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар нийтийн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй. Гол нь субьектээ зөв тогтоож, үйл баримтандаа эрх зүйн зөв дүгнэлт хийх нь чухал байх.

Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа цөөн тохиолдол нь мөрдөн байцаалтад буцах, цагаатгах тогтоол гарсан байгаагаас харахад тухайн хэргийг бүрэн эргэлзээгүйгээр нотолж тогтоож чадаагүй, тухайн гэмт хэргийн субьектийг зөв тодорхойлж чадахгүй байгаа юм болов уу гэж үзэхээр байна.

Тиймээс хуулийн талаас боловсронгуй болгох асуудлыг цагдаа, прокурорын байгууллага энэ тал дээр байр сууриа илэрхийлэх нь зөв болов уу.

-Улсын бүртгэлээр нэг иргэн хувьдаа 60 орчим орон сууц эзэмшиж байгаа мэдээлэл нийгэмд ихээхэн анхаарал татаж байсан. Тухайлбал, ийм тохиолдлын цаана үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах боломж байдаг уу?

-Авлигын эсрэг хуулиараа нийтийн албан тушаалтан жил бүр өөрийн хөрөнгө орлогыг мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу мэдүүлсэн хөрөнгө орлогод Авлигатай тэмцэх газраас дотоод хяналт шалгалтыг явуулж байгаа. Энэ шалгалтаар дээрх гэмт хэрэг илэрдэг гэж хэлж болох юм.

Өөр байдлаар иргэний хөрөнгө орлогыг энэ зүйл заалтаар шалгах боломжгүй юм. Харин иргэн олох ёсгүй орлого олсон бол Иргэний хуульд заасан үндэслэлээр тогтоолгож болдог.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн хулгайч гэж түүхэнд нэрээ үлдээх гээгүй бол Цэцийн гишүүд давхар дээлийн маргааныг буцаах байлгүй дээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Давхар дээлийг тайлах тухай асуудлыг удаан ярьж байж сая нэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хязгаартай оруулж ирсэн. Гэтэл буцаад болохоо байчихлаа. Бүр давхар дээлийг эсэргүүцэж байсан гишүүд “Давхар дээл хэрэгтэй юм байна” гээд явж байгаа энэ процессыг та юу гэж харж байна вэ?

-Давхар, дан дээлийн маргаан юунаас эхтэй байсныг эхлээд харах ёстой. Усны эхийг биш урсгалын төгсгөлийг, тунаж тогтсон үлдэгдлийг нь яриад эхэлбэл ул суурьтай яриа болж чадахгүй.

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар парламентын засаглал бүхий улс төрийн байгуулал сонгосон хэдий ч ард түмний төлөөллийг цөөхөн, УИХ-ыг давжаа, шийдвэр гаргалтанд нэг гишүүний дарах жин өндөр байдлаар хуульчилсан. Дээр нь УИХ-ын нөлөө бүхий 15, 16 гишүүн Засгийн газарт давхар ажиллахад УИХ нь Засгийн газраа хянах чадваргүй, Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гараад суучих байдал ажиглагдаж эхэлсэн. УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс шиг, Засгийн газрыг юу хийнэ, юу хүснэ түүнийг нь баталж өгдөг. Эргээд Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр авлигадаж байдаг буруу зүйл бараг албан ёсны тогтолцоо шахуу юм болж хувирсан.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн харилцан хяналт тэнцэлтэй байх эрх мэдэл хуваарилалтын зарчим бодит байдал дээр үгүй болсон гэсэн үг л дээ. Эндээс гарах хоёр зам байсан. Нэг нь парламентынхаа давжаа байдлыг засч гишүүдийн тоог нэмэх, нөгөө нь Засгийн газарт давхар ажил эрхлэх УИХ-ын гишүүдийн тоог хязгаарлах.

Харамсалтай нь улстөрчид, тэр дундаа 2012-2016 онд УИХ-д байсан МАН-ынхан өрсөлдөгчийнхөө Засгийн газрыг унагах шалтаг болгож “Давхар дээл байх ёсгүй, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхээ больё” гэж улс төр хийж, хэт пи-ардсан. Сүхбаатарын талбай дээр дээл өмсөөд жагсаж хүртэл сүржигнээд, бүр өөрсдийнхөө тэмцлийн уриа болгосон шүү дээ. Тэрэндээ өөрсдөө ороогдоод явж өгсөн л дөө.

-Тэгвэл таныхаар давхар дээлтэй байх нь хэр зохистой юм бэ?

-Хууль зүйн шинжлэх ухаанд давхар дээл гэдэг ойлголт байхгүй. Уран цэцэн ярьдаг улстөрчийн л үг байх. Монгол Улс парламентын засаглалтай юм бол давхар дээл гэж шоудаж байхаар парламентаа чадавхжуулах, давжаа байдлаас нь гаргах, Засгийн газрыг сонирхлын зөрчилгүй хянаж, мэргэжлийн түвшинд хууль тогтоох тал руу нь алхуулж хөгжүүлэх ёстой. Монголын парламент сул, давжаа байвал хоёр том хөршийн болон тэдний гадна байгаа янз бүрийн зөрчлийн шахалт хүндэрч, тэр сул жижиг цэг дээр илүү жинтэй л дарна.

АН энэ бүгдийг тооцож 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр пропорциональ сонгуулийн тогтолцоо оруулж ирэх, парламентын давжаа байдлыг засах санал тавьж байсан. Харамсалтай нь саналыг үл хэрэгсээд, өөрсдөө бараг л хамгийн ариун гэгээн, үнэн зөв шийдвэр гаргачихлаа гэж зарлаж байгаад өнөөдрийн өөрчлөлтийг оруулсан. Тэр хүмүүс нь өнөөдөр буцаад давхар дээлээ өмсөхгүй бол болохгүй байна. Засгийн газар чадавхгүй, сул дорой байна гэж байгаа харагдана лээ. Засгийн газрын энэ гишүүд эрх барьж буй намын өөрсдийнх нь байж байгаа царай, олж томилсон боловсон хүчнийх нь нөөц шүү дээ. Монголын ард түмний асуудал биш, МАН-ын өөрсдийнх нь дотроо багталцахгүй шахцалдаж, эрх мэдлээ булаацалдаж байгаа, би биш бол чи биш гэсэн тамын тогооны үлгэрийн л нэг эмгэнэлт хувилбар.

Ичсэн хүн хүн ална гэгчээр өөрсдийн хийснээ буцаах аргаа олж ядаад хүний гараар могой бариулах санаатай Цэцэд мэдээлэл гаргаж байгаад шийдчих гээд амьдаад яваа харагдана. Могой баригчаар “тендер зарлаж” байгаад аль нэг намын мөнгөнд дуртай, гар хөлийн үзүүрт зарагдчих авлигачдыг худалдаж аваад гүйлгэчихлээ.


-Цэц гомдлыг хүлээж аваад маргаан үүсгэхээр болчихсон нь асуудлыг улам хурцдуулчих шиг боллоо, тийм үү?

-Үндсэн хуулийн Цэцээс сонин ааш аяг цөөнгүй гарч байгаа. Тухайлбал, Үндсэн хуулин дээр маш тодорхой заагаад, цагаан дээр хараар биччихсэн байгаа. Иргэний үндсэн эрхийг шууд үйлчилдэг эрх зүй гэдэг утгаар нь хамгаалаад хэрэгжилтэд нь хяналт тавиад өгөөч ээ гэхээр “Энэ бол Цэцийн хяналтын обьектод байхгүй, манай Цэцэд энэ эрх мэдлийг Үндсэн хуулиар олгоогүй байна” гэх мэт юм ярьдаг.

Тэгсэн атлаа Үндсэн хуулин дээр огт байхгүй, Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэд шилжүүлж өгөөгүй асуудлаар гомдлыг хээв нэг хүлээгээд авчихаж байна. Улс төрийн үүрэг даалгавар эздээс нь ирвэл нүдээ аньж байгаад юуг ч хийж болдгийг харуулж байна.

-Захиалгатай хөдөлж байна гэж та хэлэх гээд байна уу?

-Хэн ч харсан ил тод өрнөж байгаа тоглоом. Нуугаад байх юм байхгүй. Хүсч байгаа хүмүүс нь эрх баригчид. Буцаад хатгачих гээд байгаа учраас могойгоо хүнээр бариулах гэж байна.

Эцэст нь тэд, бид биш Үндсэн хуулийн Цэц шийдсэн учраас давхар дээл өмсөхөөс өөр аргагүй байдалд орлоо гэж хэлэх гэж байгаа юм. Яг сонгуулийн холимог тогтолцоог Цэцээр дамжуулж унагасан шигээ ажиллах гэж байгаа нь тэр. Ийм ил цагаан тоглоомын зам дээр Цэц өөрөө тоглоом болж Үндсэн хуулийг хулгайлахад нь туслах гэж байна.

-Зарим улстөрчид Цэцэд захиалга өгөөд давхар дээлийн заалтыг хөндөх саналыг гаргуулж аваад түүн дээрээ дөрөөлөөд Үндсэн хуулиа хөндөх гэж байж болзошгүй гэж Цэцийн дарга асан Н.Жанцан гуай саяхан ярьсан. Таны байр суурь ч үүнийг л хэлээд байна уу даа?

-Яг өнөөдөр бол УИХ-ын гишүүд маш их ууртай байна. Тэд Засгийн газрын ажилд оролцож мөнгө шийддэг, хүн томилдог, ажил хийсэн болж харагддаг байсан, Тэрийгээ хийж чадахаа байчихаж. Зарим нь үүнийгээ ил цагаан хэлж байна лээ. Мөнгө төгрөгөө үрээд бөөн юм болж сонгогдчихоод хэн ч биш болж байна. Гэтэл хэн ч биш нөхөр сайд болоод толгой дээр гараад суучихлаа, бид нар хэн юм бэ гэж ирээд уурлаж байна лээ.

Ялсан баатрууд хоолондоо орох гэтэл Үндсэн хууль саад болохоор бүр ч их уурлаад байх шиг байна. Сонгуулийн өмнө дан дээлтэй байх нь шударга ёсонд нийцнэ гэсэн нөхөд одоо юун шударга ёс, больё, баталсан Үндсэн хуулиа өөрчилье гэж хэлэх гэхээр ичгэвтэр санагдаад байгаа. Тэгээд нөгөө намаасаа жаахан юманд дуртай, эрх баригчдад тал засаад, бөхөлзөөд гүйчихдэг, амьдралынхаа туршид авлига хээл хахуулийн асуудалд холбогдсон, ёстой нөгөө “мөнгө улаан нүд цагаан” гэж явдаг зарим нөхдийг уургалж аваад, тохироод, өөрсдийнхөө бичсэн цаасаа бариулаад Цэц рүү гүйлгэчихсэн юм уу даа.

Цэц дээр эрх мэдэлтэй хүчтэй хүмүүсийн улан дор сөхөрч явдаг, алх цохиход бэлэн зарим нэг гишүүн түүнийг нь “Та хэд минь тушаал буулгаж байгаа бол би бүгдийг нь биелүүлье” гээд хүлээгээд авхуулчихаж байгаа юм уу. Нэг ийм ил цагаан процесс явж байна. Түүхэнд Үндсэн хуулийн хулгайч гэж нэрээ үлдээх гээгүй бол Цэцийн гишүүд ичих байлгүй дээ.

-Хэрэв энэ шийдвэр гарвал төр хямарч, намууд талцахаас эхлээд Үндсэн хуулийн хямралт байдал үүсэх эрсдэлтэй гэх юм?

-Энэ процессын үр дүнд ямар аюултай хаалга нээгдэж байна вэ гэдгийг зарим туршлагатай хүмүүс хэлээд байгаа. Хэрвээ ингэх юм бол Үндсэн хууль чинь Үндсэн хууль биш болно шүү. Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө байх ёстой байтал одоо Үндсэн хуулийнхаа дээр Цэц нь гараад суучихлаа. Манах ёстой юмныхаа дээр гарч суучихаад бусдад хулгайлахад нь туслаад эхлэхээр Үндсэн хуулийн шүүх жинхэнэ утгаараа алга болох нь ээ гэж. Яг үнэндээ тэд Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг хийж байна шүү дээ.

-Үнэхээр тийм бол УИХ-ын гишүүний ёс суртахууны хувьд ч тэр таагүй явдал болж таарах нь?

-Сонгуулиар сонгогчид руугаа очиж санал авахдаа Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт орууллаа, Монгол Улсыг хөгжүүлэх алтан түлхүүрийг атгаад авлаа гэх шахуу юм ярьсан байгаа, тэд. Дараа нь идэж уухад нь садаа болоод эхлэхээр хийснээ устгая, буцаая гэх утгатай юм ойр зуураа шивнэлдэж, ханцуй дотроо хуулийн хулгай хийх гэж оролдож байна. Энэ ч ёс зүйтэй хүмүүсийн үйлдэл биш л дээ.

Эрх баригчид ямар худалч, богино хараатай, хувийнх нь ашиг сонирхол хоолой дээр нь тулаад ирэхээр Монгол Улсын улс төрийн байгуулалтын суурь Үндсэн хуулийн хүч чадлыг хэмлэж, иргэний эрх чөлөөний хэрэм цайз болж байгаа хуулийн тогтолцоог хэдэн авлигач хархнуудаар мэрүүлэхэд бэлэн байгаа нь харагдаж байна. У.Хүрэлсүхийн хэлсэн “Хүн биш хууль засагладаг болно” гэсэн нь хаана байна. Хуулиа болиг, бүр хүн биш хулгайчид нь засаглах гэж байна.

-Давхар дээлтэй холбоотой заалт найман жилийн хугацаанд хөндөгдөхгүй гэсэн ч Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Боломжтой гэж үү?

-Ер нь дагаж мөрдөх журмын тухай хууль бол хууль. Тэр хуулийг өөрчилж болно. УИХ-д эрх нь байгаа. Үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа бол Дагаж мөрдөх журмынхаа тухай хуулийг өөрчилнө үү, олонхоороо гарын үсэг зураад нэмэлт, өөрчлөлт хийх санаачилга гаргана уу эрх баригчдын эрх мэдлийн асуудал.

Гэтэл өөрсдөдөө байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй, тойрч зугтаагаад, муу хэлүүлнэ гэж болгоомжлоод буруу замаар будаа зөөх гэж байгаад л аюул байна. Үнэхээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хиймээр байна. Энэ буруу байна гэж үзэж байгаа бол 62 суудалтай олонх хуулийг санаачлаад, ил цагаан ярилцаад юу нь зөв бурууг олон нийтэд ил тодоор хэлээд явах ёстой. Харин арын хаалгаараа авлигачид хөлслөөд, гүйлгээд байж болохгүй. Асуудлаа ил яриад хууль тогтоогч шиг хийх ёстой ажлыг хулгайч шиг хийж байгаад л хүмүүс таагүй хандаж байна.

Хоёрт, тусгаар тогтнол, иргэний үндсэн эрх, эрх чөлөө, бүгд найрамдах төр, парламентын засаг, хараат бус шүүх гэх мэт 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс болсон гол үзэл санаа, зарчмуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нэрийн дор устгахаас хамгаалахын тулд механизмаа зөв олох ёстой. Түүнийг Үндсэн хуулин дээр бичиж, хамгаалах ёстой болохоос даргын заавраар ажилладаг, ард түмнээс сонгогддоггүй есөн хүнд сайхан сэтгэлээр найдаж орхиж болохгүй.

2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үед ч ярьж байсан. Ер нь 1992 оны Үндсэн хуулиас хойш олон судлаачдын судалгааны үр дүнгээс гарсан нэг зүйл бол Үндсэн хууль өөрөө дархлаатай байх тухай асуудал юм.

-Яаж дархлаажуулах ёстой юм бол?

-Үндсэн хууль бол огт өөрчлөгддөггүй зүйл биш. Нийгмээ дагаад хөгжиж байх ёстой. Гэхдээ үндсэн бүтэц, суурь зарчим, үнэт зүйлүүд нь мөнхийн заалт байх ёстой. Тийм учраас мөнхийн заалтуудаа Үндсэн хууль дээр тодорхой бичээд энэ, энэ заалтуудыг УИХ өөрчлөх эрхгүй. Үүнийг өөрчилсөн бол Үндсэн хуулийн хяналтад орно, Үндсэн хуулийн бус гэж үзнэ гэдэг болох ёстой. Ийм өөрчлөлтийг хийе гэж байгаа бол хамаа алга. Санал нэг байна.

Үндсэн хуулиа ердийн хуулиар хамгаалаад сууж байдаг ч гэж юу байх вэ. Үндсэн хуулийг журмын хуулиар хамгаалж чадахгүй. Үндсэн хуулийг Үндсэн хуулиар өөрөөр нь л хамгаална. Тийм учраас ердийн хуулийн зарим нэг зохицуулалтаа Үндсэн хуулийн зохицуулалт болгож аваад, ямар ч эрх баригчид хэдий олонх болсон ч, бүх эрх мэдлийг толгой дээрээ овоолж авсан ч, Монголын ард түмэн тэднийг алга ташаад дэмжиж байсан ч Үндсэн хуулийн энэ хэсэгт өөрчлөлт хийхгүй гэж ойлгох ёстой.

Гэхдээ энэ нөхөд энэ тухай огт ярихгүй байгаа. Зөвхөн давхар дээлээ буцааж өмсөх тухай, давхар дээлээ өмсөхийн тулд Үндсэн хууль Үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг тэнэг шийдвэрийг Цэцээр гаргуулах гэж оролдож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхний үр дүн гараагүй байхад дахин өөрчлөлт ярих нь зохисгүй гэсэн байр суурийг хуульчид хэлж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл буруу болсон. Тэгэхээр түүнийг ил тод хэлэхээс өөр аргагүй. Буруу байгаа зүйлийг засахаас өөр аргагүй. Үүний нэг жишээ бол улс төрийн намын босго сонгогчдын нэг хувь гэсэн нь бараг 30 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулсан намыг улс төрийн нам гэж үзнэ гэж Үндсэн хууль дээр бичлээ. Энэ чинь иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг маш бүдүүлгээр хязгаарлаж байгаа явдал. Дэлхий нийтээрээ гишүүнчлэлгүй намын тухай ярьж байхад Монгол Улс буцаад яг социализмын үеийн, үлэг гүрвэл шиг нүсэр бүтэцтэй гишүүнчлэлд дулдуйдсан, тэд нараа төсвийн мөнгөөр авлигадаж, сонгуулийг сонгуульчлагдсан дарангуйлал болгож байдаг намын бүтцийг Үндсэн хуулинд биччихлээ. Тэгээд ичсэндээ 2028 оноос үйлчилнэ гэж бичиж байгаа. Энэ алдааг засах ёстой. Энэ бол ил тод алдаа.

Үндсэн хуулийн 6.2 дээр төрийн нийтийн өмч гэдэг үг байна. Нэр томъёоны маш бүдүүлэг, болхи алдаа болсон. Түүнээс гадна маргасаар байгаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийж чадаагүй асуудал бол сонгуулийн холимог тогтолцоо.

Алдаа нь тодорхой байгаа зүйлүүдийг засъя гэж байгаа бол болно. Үүнийг цаг нь болоогүй гэж хойшоо тавих нь мунхаг бөгөөд тэнэг үйлдэл. Гол нь ил тод яриад, юу хийх гэж байгаагаа үндэслэл, судалгаатай хэлэлцүүлэг өрнүүлж хийх ёстой болохоос биш далдуур хэдэн хүний тохироон дээр Цэц гэх мэт механизмуудыг Үндсэн хуулийн эсрэг ашиглах байдлаар хийж болохгүй.

-Цэцэд гомдол гаргасан гишүүд бол ХҮН-ын Т.Доржханд болон танай намын Ш.Адьшаа нарын гишүүд байгаа. Тэд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө явж байна гэж өөрийгөө зөвтгөж байгаа. Энэ үндэслэлтай тайлбар болж чадах уу?

-ХҮН-ын гишүүний хувьд хэлэх үг алга. Хүний хүн бол хүний л байх.

Харин АН-ын хоёроос бол ичиж байна. 1992 оны Үндсэн хууль, хүний эрх, ардчиллын суурийг эрх баригчдын даалгавраар нураалцаж байгаа харх болж байгаад нь гутаж байгаа.

Яагаад гэвэл энэ өөрөө ил цагаан авлига. Маш олон хүн хардаж байна. Ямар мөнгөн дүнтэй, ямар бизнес дээр, улс төрийн ямар тохироо хийсэн болохоороо эрх баригч МАН-ын багталцахгүй, эрх мэдлээ булаалдаж байгаа тэр шуналыг нь гүйцэлдүүлж яваа юм бэ гэж.

Ш.Адьшаа гэдэг хүнийг эртнээс мэднэ. Өдрийн сонины сэтгүүлч Г.Дашрэнцэн гуайг “Гаалиас төрсөн тэрбумтан” гэдэг нийтлэл бичсэнийх нь төлөө шүүхдэж, 100.000 төгрөгөөр торгуулах шийдвэр гаргуулж байсан. Шүүхийн шийдвэр гараад удаагүй өөрөө авлигын хэргээр баривчлагдаж шалгуулаад Өршөөлийн хуулиар суллагдсан нөхөр. Г.Дашрэнцэн гуай шүүх дээр очоод ёгтлоод хэлж байсан удаатай. “Гаалиас төрсөн тэрбумтан авлигын хэргээрээ явчихлаа. Шүүхээс гүтгэсэн гэдэг шийдвэртэй би 100.000 төгрөгөө хаана тушаах вэ” гэж байсан. Монгол Улсын түүхэнд авлига авсан, өгсөн гэж хоёулангаар нь хэрэг үүсгэгдэж, хоёулаа Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болж байсан ганц тохиолдлын эзэн энэ хүн байдаг.

Ийм авлигач АН-ын нэрээр орж ирчихээд эрх баригчдаас дахиад авлигын үнэртэй захиалга авч, ардчилсан Үндсэн хуулийг мэрэлцэж хулгайлах гээд Цэц рүү гүйж байгаад ой гутаж байна. Ийм гутамшигтай эрх баригчдын тоглоомон дотор дахиад нэг шинэ гишүүн, залуу улстөрч сүүдэрт нь гүйж яваад харамсаж байна. “Би Ерөнхий сайдын эрх мэдлийг хүчтэй болгохын тулд явж байна” гэж байна лээ. Эрх мэдэл нь хангалттай хүчтэй байгаа МАН-ын даргын эрх мэдэлд санаа зовж, даргад албан тушаал овоолох гэж гүйхийн оронд гудамжинд байгаа иргэдийнхээ эрхийг нэмэх гэж, аюулгүй байдлыг нь баталгаажуулах гэж, айдас хүйдсийг нь багасгах гэж хууль санаачилж явах нь залуу хууль тогтоогчид уг нь хэрэгтэй юм даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Батсугар: Монголоос явъя, гадагшаа л гаръя гэсэн хандлага давамгайлж байгаа бол нийгмийн сэтгэл зүй хүнд талдаа орж байна гэсэн үг

Нийгмийн сэтгэл зүйн асуудлаар судлаач Ц.Батсугартай ярилцлаа.


-Ковид үргэлжилсэн хүнд нөхцөл байдал дээр утааны асуудал хөндөгдөж, олон нийтийн бухимдал нэмэгдсээр байна. Энэ үеийн нийгмийн сэтгэл зүй ямар болоод байна вэ?

-Манай улсын хувьд нийгмийн бухимдлын түвшин харьцангуй өндөр байсаар ирсэн. Учир нь манайх улс төрийн болон нийгэм, эдийн засгийн шилжилт үргэлжилж байгаа улс шүү дээ. Түүнээс хамаарсан асуудлуудаас үүдсэн нийгмийн сэтгэл зүйн суурь онцлогууд байна. Нэгдүгээрт, мэдээллийн технологи, хотжилт, шилжилттэй уялдан нийгэмд үзэл санаа үнэт зүйлийн хувьд ялгарлууд бий болж эхэлсэн. Хоёрдугаарт, бидний ялгаатай санаа бодлууд хоорондоо зөрчилдөх асуудлууд байдаг. Ялангуяа пост социалист орнуудад ажиглагддаг нэг асуудал бол улс төрийн эрх нь бэхжээгүйгээс болоод төрийн хариуцлага сул байдаг. Төрийн байгууллагууд чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чаддаггүйгээс хамаарсан асуудлүүд үүсдэг. Мөн эдийн засгийн шилжилтийн явцад тэгш бус байдалд ихэнх пост социалист орнуудад байна. Манайд ч ялгаагүй, эдийн засгийн шилжилтээс улбаатай нийгмийн ялгарлууд бий.

Энэ ялгаатай байдал, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд, дээрээс нь төр засгийн үйл ажиллагааны хариуцлагагүй байдал, үр дүн гэх мэт асуудлууд нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа үндсэн хүчин зүйлүүд юм. Өнгөрсөн 10, 15 жилийн судалгаануудад иргэдийн хамгийн сэтгэл дундуур байдаг асуудлуудын нэгдүгээрт өрхийн болон хувь хүний эдийн засгийн байдал байсан. Үүний дараа улс төрийн асуудал орж ирдэг. Олон нийтийн төрд итгэх итгэл муу, авлига, шударга ёс хангалтгүй байна гэсэн хандлага. Тухайлбал, 2016 онд иргэдийн 70 орчим хувь нь нийгмийн нөхцөл байдалд бухимдалтай байна гэдэг байр суурьтай байсан.

-Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдалд?

-Сүүлийн үед гарч байгаа цар тахалтай холбоотой эдийн засаг, олон улсын худалдааны тээвэр, ложистик, дэд бүтцийн хүндрэлээс хамаарсан хэрэглээний үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч байгаа. Энэ нь эргээд өрхийн амьжиргаанд нөлөөлж байдаг. Үүнээс гадна цар тахалтай холбоотой ажлын байрууд маш олноор хумигдаж байгаа. Энэ бол өрхийн тогтмол орлогод нөлөөлнө. Мэдээж эрүүл мэндийн асуудал байна. Ялангуяа өндөр настай, нялх хүүхэдтэй, эсвэл суурь өвчтэй хүмүүстэй гэр бүлд эрүүл мэндийн хүндрэлүүд нэмэгдээд сэтгэл санааны дарамтыг бий болгож байна. Үүнээс гадна улирлын шинж чанартай боловч сүүлийн 20 орчим жил тасралтгүй яригдаж ирсэн агаар, орчны бохирдлын асуудал бий. Үүн дээр түгжрэл нэмэгдэнэ. Ийм асуудлууд олон нийтийн бухимдал дарамтыг улам л нэмэгдүүлж байна гэсэн үг.

-Зургаан жилийн өмнөх судалгаа гэхэд нийгмийн сэтгэл зүй багагүй хугацаанд бухимдал өндөр байсан юм болох нь. Өнөөдөр хүндэрч үү, эсвэл өөр нөхцөл байдалтай байна уу?

-Зургаан жилийн өмнө тухайн үед улс төрийн тогтворгүй байдалтай байсан. Түүнтэй холбоотой нийгмийн бухимдал нэмэгдсэн байх талтай байж болно. Одоо бол улс төр харьцангуй тогтвортой байгаа. Ийм үед бухимдлыг дэвэргэж байгаа хүчин зүйл буурах боломжтой. Яг өнөөдрийн байдлаар бухимдлын түвшин нэмэгдсэн, буурсан талаарх тодорхой тооцоо судалгаа байхгүй. Гэхдээ цар тахлын энэ асуудлууд эдийн засгийн хүндрэлүүд болон утаатай холбогдож байгаа асуудлууд суурь хүчин зүйлүүдийг илүү өсгөх, нийгэмд байгаа суурь бухимдлын асуудлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Ялангуяа ялгаварлал, эдийн засгийн ялгаатай байдал, баян хоосны ялгаа нийгэмд бухимдлыг нэмж байгаа. Нийгмийн хэт ялгарал тэгш бус байдлын илэрхийлэл болж байдаг. Нийгмийн ялгаврлал нэмэгдэх тусам зөрчил тэмцэл нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үг. Жишээ нь, үндэсний үзэлтэй хүмүүс байж болно, ардчилал хүний эрх, хүн төрөлхтний нийтлэг ололт амжилтын чиг баримжаатай хүмүүс байж болно. Магадгүй шашны зөрчил ч байж болно. Үүнд л хэтэрхий ялгаа зааг гараад ирэхээр л зөрчилд орох эрсдэл байна гэж үзээд байгаа юм.

-Тэгвэл утааны эсрэг олон жил тэмцсэн ч үр дүнгүй байгаа болохоор төр, олон нийтийн дундах зөрчил нэмэгдэж байна гэж ойлгогдох нь ээ?

-Утаа бол байнгын бухимдал дагуулж ирсэн асуудал. Утаатай байсаар байна, өчнөөн олон тэрбум төгрөг зараад шийдэгдсэнгүй гэдэг нь төр засаг ажлаа хийхгүй байна гэдэг сэтгэгдлийг төрүүлж байгаа. Энэ эргээд төрд итгэх итгэлд нөлөөлнө. Тийм учраас болж бүтэхгүй байгаа юм чинь төрийн буруу гэж бухимдлыг төр рүү чиглүүлэх, нэмэгдүүлэх шалтгаан болчихож байгаа юм. Дээр нь саяхан айлд явж ороод ороолт түлж байна гэж олон нийтэд зарлалаа шүү дээ. Түүний өмнөхөн иргэд хямд түлшийг илүү түлээд байна, зуухаа хянаж чадахгүй байна гэсэн албаны зүгээс хийж байгаа тайлбар иргэдийг буруутгасан хандлагатай байсан. Харин иргэд өөрсдөө бол төр ажлаа хийж чадахгүй байгаа учраас утаа буурахгүй байна. Өчнөөн хөрөнгө зарцууллаа, авлига шударга бус асуудал байна гэж бодоод байдаг. Төрийн зүгээс нийгмийн хэлцлийн орон зай үлдээхгүй, шууд мөргөлдсөн нөхцөл байдал үүсгэж байгаа нь бухимдлыг улам дэвэргэсэн.

-Сүүлийн үед Монголоос явмаар байна, гадаадад л гарч амьдаръя гэсэн хандлага нэмэгдэж байна. Эх орноосоо явах замыг сонгох хүртэлх нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж байна гэж үзэж болох уу?

-Үүн дээр хоёр зүйлийг тодотгож ярья. Нэгдүгээрт, сошиал медиа цахим орчин гэдэг харьцангуй параллель маягийн ертөнц болчихсон. Тэнд иргэд өөрийгөө илэрхийлэх, бухимдлаа гаргах, сонирхож байгаа зүйлээ үзэж хардаг, чөлөөт цагаа өнгөрөөх нэг том талбар болчихлоо. Гадагшаа явмаар байна, Монголд амьдрах арга алга гэж байгаа нь магадгүй бухимдлаа илэрхийлж байгаа нэг хэлбэр.

Хоёрдугаарт, иргэдийн ирээдүйд итгэх итгэл, ирээдүйн талаарх төсөөлөл буурч байна гэсэн үг. Өмнөх судалгаануудаас харахад монголчууд уг нь ирээдүйдээ илүү өөдрөг ханддаг. “Амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг шүү дээ. Тэр утгаараа ирээдүйд итгэх итгэл нь харьцангуй өөдрөг байдаг онцлогтой ард түмэн. Тодруулбал, хувь хүний түвшинд ирээдүй маш сайн байх байх аа гэсэн итгэл үнэмшил өндөр байдаг. Яг бодит хүрээлэн буй орчин буюу нийгэм, улс төр, эдийн засаг, байгаль орчны асуудал дээр сөрөг. Энэ нь хүрээлэн буй орчинд итгэх итгэл нь буурч байгаа гэсэн үг. Эдийн засаг, санхүү, улс төр, нийгмийн хувьд Монгол Улс хүнд байна. Тэгэхээр өөртөө гэхээс илүү амьдарч байгаа орчиндоо сэтгэл дундуур байдал нэмэгдэж байна. Түүнийгээ илэрхийлж, илүү сайн орчинд ажиллаж амьдрах сонирхолтой болж байна гэсэн үг. Хэрэв хоёр дахь байдал нь давамгайлж байгаа бол нийгмийн сэтгэл зүй нэлээд хүнд талдаа орж байна гэсэн үг.

Ер нь ямар газраас хүмүүс дүрвэдэг гэхээр байнгын тогтворгүй байдалтай, дайн тулаантай, эсвэл байнгын хавчлага, дарамттай газраас хүмүүс дүрвэдэг. Тэр бол хэрэгцээн дээр гэхээс илүү сэтгэл зүй дээр тулгуурласан шийдвэр байдаг.

-Бидний өдөр тутамд авч байгаа мэдээллүүд сөрөг, бараан талдаа дийлэнх байна. Шалтгаан нь юу байна. Үр дагаврын хувьд та хэлээч?

-Мэдээж нийгмийн давамгайлах харилцаа ямар байна, тэр нь тухайн хүний зан үйл, бие хүний хувьд нөлөөлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, байнга сөрөг харилцаанд ороод байвал эерэг байхад хэцүү. Байнга сөрөг мэдээлэлд автаад байх нь сөрөг санаа бодлыг бий болгоод байна. Ер нь болохгүй байна, асуудалтай байна гэсэн санаа бодлыг бататгана. Нөгөө талаасаа сөрөг мэдээлэл илүү хүчтэй тархаад байна гэдэг олон нийтийн сэтгэл санааны тогтворгүй байдлын илэрхийлэл.

Хэрэв бүх юм нь болж бүтээд байвал сөрөг мэдээлэлд ач холбогдол өгөхгүй шүү дээ. Гэтэл иргэд өөрсдөө бухимдалтай байх тусам сөрөг мэдээлэлд илүү их ач холбогдол өгдөг. Тэр нь эргээд өргөн хүрээнд цацагдаад байгаа юм. Сөрөг мэдээлэл илүү их түгээгдэж, хэлэлцүүлэгдэж, олон нийтэд хүрээд байна гэдэг тэр асуудалд бухимдаж байгаа хүмүүсийн тоо их байна гэсэн үг.

-Тэгвэл нийгмийн сэтгэл зүйд эерэг зүйл юу байна вэ?

-Мэдээж хүмүүс шүүмжлэх ёстой гэж бодож байгаагаа шүүмжлэх эрхтэй. Гэхдээ хэдий бухимдалтай байгаа ч манай нийгэм харьцангуй тогтвортой нийгэм. Хэт олон янзын хагарлууд байдаггүй, шашин хоорондын зөрчилдөөн байхгүй. Эдийн засгийн өсөлтийн хувьд ч харьцангуй тогтвортой. Яах вэ, хүчтэй донсолгоо нийгэмд үүсвэл нөхцөл байдал эргэж магадгүй.

Түүнээс манай нийгэм харьцангуй нээлттэй. Олон талын мэдээллийг авах боломжтой, хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй байна. Ийм байдалд иргэд бухимдлаа илэрхийлэх, гаргах, нөгөө талаас хэрхэн яаж шийдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдэх боломжийг нээлттэй орхиж байна гэсэн үг.

Гуравдугаарт, нийгмийн санаа бодол, хүний эрхийг хүндлэх, хүн өөрөө нэр төртэй байх, үнэт чанарыг дээдлэх, хүндлэх чиглэл рүү явж байгаа. Залуус өөрчлөгдөж, дэвшингүй нийгмээс суралцаж байгаа хандлагууд ч байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л “Ланд 300”-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай ярилцлаа.


-Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг вагоны оочер дайруулж авлига авсан байж болзошгүй гэж АТГ-аас саатуулсан гэсэн мэдээлэл гараад байна. Та яг энэ асуудлаар хэдхэн сарын өмнө мэдээлэл хийж байсан хүн. Улаанбаатар төмөр замд юу болоод байна вэ?

-Урд шөнө цахим сайтуудаар “Ж.Пунцагийг баривчиллаа” гэх мэдээлэл яваад байна лээ. Яг барьсан, бариагүйг мэдэхгүй. АТГ бол хэнд ч тайлагнадаггүй ажлаа явуулдаг газар. Би Ж.Пунцагт хувийн өш хонзон байхгүй. Би АТГ-т энэ талаар гомдол гаргасан. Би зөвхөн Ж.Пунцаг ч гэдэггүй, төмөр зам дээр болоод байгаа бусармаг асуудлын талаар цагдаа, АТГ гээд бүхий л газар ханддаг. Хэн нэг хүнтэй тооцоо бодох гэхээс илүү нийгэм эрүүлжээсэй, ядаж төмөр зам нь эрүүл саруул оршин тогтноосой гэдэг үүднээс асуудалд ханддаг. Энэ нийгэмд аль болох дуу хоолойгоо хүргэж байж цэвэрлэхгүй бол бохирдуу нийгэм тогтчихсон. Академич С.Нарангэрэл гуай өчигдөр нэгэн ярилцлагандаа дурдсан байна лээ.

“Ингээд ирэхээр хэн нэгэн хөдөлж байж асуудлыг ил гаргаж байж нийгмийг цэвэршүүлнэ, үр удамдаа бид нар зөв цэгцтэй, цэвэр нийгэм үлдээх үүрэг хүлээх ёстой” гэж.

Одоо бол хэт эдийн засаг гэдэг агуулга нь Засгаасаа халиад яах аргагүй хувь хүн дээр тогтоод хөнгөн аргаар, хөдөлмөр бага зарцуулж мөнгө төгрөг хураахыг эрхэм зорилго болгоод ирэхээр айхтар юмнууд нь гарч эхэлдэг. Энэ нь сүүлдээ намын дэмжлэг, улс төрийн тогтолцоотой болж хувирч байгаа нь энэ нийгмийн гамшиг. Ж.Пунцаг бол намын томилгоотой шахуу, дээр нь найз нөхдийн буянгаар төмөр замд анх орж ирж байсан хүн.

-Танайд хэзээ томилогдсон юм бэ?

-Томилогдоод зургаан жил болох гэж байна. Орж ирсэн цагаасаа л хүний эрхийг зөрчсөн, хөдөлмөрлөх эрхэнд халдсан эвгүй үйлдлүүд хийгээд явчихсан хүн л дээ. Өөрөө бол цагдаа, хууль хүчний байгууллагаар мэргэшчихсэн. Тэр утгаараа асуудалд ханддаг. Тэгээд эхлэхээр юмыг арай өөр өнцгөөр хардаг юм билээ. Ялтан, гэмт хэрэгтэнтэй хүн ажиллаад ирэхээр хүнийг тэр өнцгөөс хараад сурчихдаг. Ингээд л хүйтэн, уур амьсгалыг хөдөлмөрийн харьцаа руу оруулаад ирсэн. Энэ үеэс нь эхлээд би эсэргүүцсэн. “Чиний уулзаж байгаа хүн бүр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Албан тушаалаар ажил хийдэг хүмүүс биш” гээд л асуудал эхэлж байсан.

Гэтэл дараа нь хийж байгаа үйлдлүүд нь хэт нэг талыг бариад, бохироор хэлэхэд хулгай хийж, хууль дүрэм зөрчөөд байгаа үйлдлүүдийг хамгаалах байдлаар ажилласан. Тэр том бохирын хамгаалалтыг хийхдээ эгэл ажилчдыг хэлмэгдүүлдэг.

-Жишээ, кейсээр яривал илүү бодитой болов уу?

-Ж.Пунцагийг судлаад эхлэхээр мөнгө олох ажлыг түлхүү хийгээд байгаа нь анзаарагдсан. 2018 оны 12 дугаар сард мөн л би АТГ-т түүнийг шалгуулахаар хандаж байсан. Төмөр замын вагон засварын депо Зүүн хараад байдаг. Тэнд хаягдал төмрийг гурван вагоноор нь тушааж байсан.

-Ж.Пунцаг уу?

-Тийм. Ж.Пунцаг өөрөө зохион байгуулсан. Үүнийг нь би өөрт нь ч хэлж байсан. Тэгэхэд “Би Замын даргаас зөвшөөрөл аваад хийсэн ш дээ. Гурав биш ээ, нэг вагон л худалдсан” гэж өөрөө ам алдсан. Гэтэл надад, гурван вагон зарсан зураг хөрөгтэйгөө баталгаатай мэдээлэл ирж байсан. Тэр мөнгө нь нэр бүхий хүмүүсийн халаас руу ороод л дууссан.

Харин сая юу болсон бэ гэхээр хил хаагдахаас өмнө вагоны дугаарлалт дайруулдаг, тэндээс ашиг олдог асуудал төмөр замд эрчээ авсан. Энэ үнэн. Түүнийг ярьдаг хүмүүс маш цөөн. Бизнесийнхэн өөрсдөө ярьчихаар дараа нь эрх ашиг нь зөрчигдчихнө. Тийм учраас айгаад ил гаргахгүй. Тэгсэн хэрнээ үүнийг нийгмээрээ мэддэг болсон. УИХ-ын гишүүд яриад эхэлсэн. Хил хаагдсанаас хойш тэр асуудал ерөнхийдөө зогслоо.

Гэтэл нөгөө хүний амьдралыг би бүрнээ мэднэ. Зургаан жил төмөр замд ажиллахдаа завсарт нь нэг удаа АТГ-т шалгуулаад явсан. Гэхдээ тухайн үеийн төмөр замын удирдаж байсан хүмүүсийн санаатай, санамсаргүй нь мэдэхгүй алдаатай шийдвэрээс болж шүүхдэж байгаад буцаад ороод ирсэн.

Ингээд л нөгөө бохир технологи нь үргэлжилсэн. Түүний үр дүнд саяны асуудал үүссэн. АТГ-т өгсөн асуудалд хэрэг үүсгээд явж байна гэсэн. Харин зарим нэг хүмүүсийг ажлаас халж, арга хэмжээ авч байгаа байдал харагдаж байна лээ. Ямартаа ч энэ асуудал нэг талдаа гарах болов уу гэж харж байна. Гарахгүй бол би дахиад л үргэлжлүүлээд явна.

-Цар тахалтай үед төмөр замын ачаа тээвэр яаж явж ирэв?

-Цар тахал үүссэнээс хойш тээврийн бүх хэрэгсэл бараг зогссон доо. Ийм хүнд үед төмөр замын ачаа тээвэр зогсоогүй юм. Их сайн явж байсан. Сүүлдээ нуранги ачааг хятадууд хүлээж авахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, пол вагон гээд манай нүүрс ачдаг вагон шүү дээ. Энэ вагонд нүүрс, төмрийн хүдэр гаргаж байсан. Гэтэл хятадууд нуранги ачааг пол вагоноор биш чингэлгээр явуулна гээд хилээ хаачихсан. Ер нь энэ бол дэлхий нийтийн стандарт л даа.

Ингээд чингэлэг явахтай холбоотой хүндрэлтэй асуудлууд үүсээд гацаанд орчихсон. Яах вэ, одоо бол өдөрт 10 хүрэхгүй, найм есөн галт тэрэг гараад байх шиг байна. Гэхдээ энэ бол төмөр замын бүрэн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. ажил бол 60, 70 хувиар буурчихсан гэсэн үг. Ийм хүнд хэцүү үед төмөр замчдаа тэжээнэ гэдэг том асуудал л даа.

-Хятадын талаас цар тахлын үед ингэж шаардсан нь ямар нэг шалтгаан байна уу?

-Яах вэ, дэлхийн стандарт гэж дээр хэллээ шүү дээ. Нөгөө талд магадгүй ийм хардлага бий. Төмөр замд бүх юм тарифаар явдаг. Гэтэл нүүрсийг гэхэд 50 вагон тавиулаад л нэг хүн 500-600 сая төгрөг авлигад аваад эхэлдэг бохир тогтолцоо тогтоод эхлэхээр төмөр замчид маань авлигатай ачаа тээгээд эхэлж байгаа юм. Магадгүй том гүрнүүд Монгол тарифын алдагдалд оруулаад эхэлбэл дэмий юм байна гээд хүчээр ч юм уу хийж байгаа технологи байхыг үгүйсгэхгүй.

Нүүрсийг шууд вагоноор нь ачаад эхлэхээр энэ дотор хэдэн вагон тавиулахын тулд тэнд очоод ашгаа олчих учраас нэг оочер дайруулсан тохиолдолд 500 сая төгрөг юу ч биш санагдаж байна шүү дээ. Энэ чинь л тарифын зөв тогтолцоог алж байгаа явдал шүү дээ.

-Цар тахлаас үүдэлтэй ачаа тээвэр их гацлаа. Авто тээврээс илүү төмөр замаар хийвэл өртөг багатай гэдэг. Гэтэл төмөр зам дээр ийм авлигын асуудлууд дэгдэж байж. Энэ явдал ачаа тээвэрт нөлөөлсөн үү?

-Магадгүй ийм асуудал үүсээд эхэлсэн учраас өнөөдрийн нөхцөл байдал бий болж байгаа байх. Одоо бол засч залруулах ажил явж байна гэж ойлгож байна. Хоёрдугаарт, Хятадын ачаа тээврээр дамжуулах чадвар их нөлөөлсөн. Тяньжинь боомт дээр манайхны ачаа нэг хэсэг бөөгнөрөөд далайн тээвэр нь хүртэл гацаанд орсон. Одоо бол хилийн “0” цэг дээр цаанаасаа контейнеруудаа татаж авчраад машинаар нааш нь оруулж ирж байгаа. Тэндээсээ төмөр замаар шилжүүлж ачаагаа татаад эхэлчихлээ.

Аль ч улс орны төмөр замын ачаа тээвэр аюулгүй, хурдан шуурхай тээж байгаа боломж. Цар тахлын үед ч маш тодорхой харагдлаа. Онгоц, авто нь зогсчихсон байхад төмөр замаар л ачаагаа тээж байсан.

Урд зах зээл дээр нүүрс үнэд ороод тэгээд л энэ асуудал оволзоод эхэлсэн. Тэр үед хүмүүс ч над руу ярьсан. Ажилчид бас ярина шүү дээ. Яахав би бас сураглаж үзсэн, танил талаасаа асуусан. Хариуд нь “Үнэндээ танай төмөр зам хэцүү ш дээ. Нэг вагон ачуулахад тэдэн төгрөг гэдэг” гээд л ярина. Нотлоод өгөөч гэхээр “Үгүй. Миний хоол, миний амьдрал ш дээ” гэдэг.

-Тэгвэл ажилчид юу гэж ярих уу?

-Энд тэдэн вагон тавиулчихлаа, эд нар хоорондоо тохиролцоонд хүрсэн байх гэх нь бий. Мөн “Тэр рүү тэр утсаар ярьсан байх магадлалтай. Түүнээс хойш ийм асуудал гарлаа. Тэр компани ингээд тавиулчихлаа, тэр компанийн тэдэн вагон оочер дайраад ороод ирлээ. Энэ бол оочерт байгаагүй компани” гээд над руу ярина.

-Нэг вагоны оочер дайруулахад 200 сая төгрөгийн авлига яригддаг гэх юм. Гэтэл бүр 500 сая төгрөг байх нь ээ?

-Зарим нэг нь сүүлдээ 500 сая хүрлээ гэж ярьж байсан. Урд нь 150, 200 байлаа гээд л яригдаж байсан. Бүр хоёр гурван жилийн өмнө ч нэг вагон үнэ тогтчихсон дуулдаж байлаа. Би ч бас энэ асуудлыг хөндөөд хэлэхээр намайг хариуд нь гүжирдлээ гээд цагдаад өгч байсан тохиолдол бий. Гэтэл өнөөдөр энэ нь ил болоод л явж байна.

-Өдөрт 10 гаруй вагон явж байсан гэлээ. Оочер дайруулах тохиолдол хэр их байх магадлалтай вэ?

-Хэдий оочероор явж байсан ч вагон бүрт тийм байх боломжтой. Танай вагонд тавьж өгч чадахгүй нь гэж хэлэхэд л хүн ажлаа явуулахын тулд ярих асуудал үүсчихээд байгаа юм. Түүнийг зохицуулахын тулд вагон бүрт ийм асуудал гарах магадлалтай. Их үү, бага уу гэдэг нь янз бүр байх.

Ухаандаа төмөр зам цахимжихын хувьд цахимжсан. Оочер дугаар нь ил болсон уу, болсон. Миний явуулах ачаа 10 хүний дараа байна гэж харж болдог. Гэтэл мөнгөтэй, чадалтай, эрх мэдэлтэй хүмүүс миний хүлээж байгаа дарааллын урдуур дайруулж оруулаад 50 вагоныг нь тавиулаад нүүрсээ ачуулчихна. Нүүрс урд хөршид үнэтэй байгаа энэ үед 500 сая юу ч биш байх магадлалтай. Ингээд нэг вагон ачуулахад л 500 сая төгрөг ороод ирнэ гэхээр Ж.Пунцаг 300 сая төгрөгийн “Ланд-300” машиныг нэг л хулгай хийхэд авчих боломж нээгдчихэж байгаа юм. Тэгээд л Ж.Пунцагийг хардсан хардлага маань тэр.

-Тийм өндөр үнээр вагон дайруулж байгаа нь урд хөршид нүүрс, төмрийн хүдрийг өндөр үнээр авдагтай холбоотой гэсэн үү?

-Ер нь зэсийн үнэ өсч байна. Төмрийн хүдэр өсч байна. Манай төмрийн хүдэр гаргадаг хүмүүс урагшаа л гаргадаг шүү дээ. Цаанаа ямар үнэ ханштай, ямар наймаа явдаг нь бизнесийн нууц байх. Төмөр замчин бидэнд тэр нь хамаагүй. Харин төмөр замчид авлигатай ачаа тээх албагүй, үүрэггүй.

-Та бол энэ асуудлыг эрт ярьж хэлж байсан хүн. Ж.Пунцагийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж та мэдэгдэж байсан?

-Дээр ярьсан асуудлаар энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж харагдаад байна, шалгаач гэж АТГ-т хандсан. Энэ хүний төмөр замд байсан амьдрал, орж ирснээс хойш яаж ажилласныг би мэднэ. Авдаг цалин нь ийм машин авах хэмжээнд хүрэх үү, үгүй юү гэдгийг хүн юм чинь шинжинэ. Манайд хамгийн өндөр цалин авдаг машинч нар гэхэд л насаараа хөдөлмөрлөөд ийм машин чадахгүй л байхгүй юу. Өрхийн төсөв, цаанаа зарцуулах зардал зөндөө шүү дээ. Ж.Пунцагт бол ирээд зургаахан сар ажиллахад ингэж авахаар хүнд хардах өнцөг төрнө шүү дээ.

Өөрөө тайлбарлахдаа “Би урд нь “Ланд-200”-тай байсан” гэсэн. Тийм л дээ, түүнийгээ ч ямар зарчмаар авсныг мэдэхгүй. Түүнийгээ зарж байгаад, хүнээс мөнгө нэмж зээлээд “Ланд 300”-гаа авсан гэдэг юм. Мэдээж тийм асуудал хүнд байх ёстой байх. Гэхдээ Ж.Пунцаг шиг хүний цалингаар, цаанаа дэмжлэг болох компанигүй бол үүнийг авах хэцүү.

Би дээр хэлсэн, Ж.Пунцагтай хувийн өс хонзон байдаггүй. Ганцхан гаргаад байгаа технологийн алдаа, хүнтэй харьцаж байгаа ёс зүй, хийж байгаа үйлдлүүдээс нь бохир юмнууд харагдаад байдаг. Шантаалжилж байж хүнийг ажилд авах асуудал зөндөө. Эсвэл нэг өө сэвэн дээр нь барьж аваад өөрийнхөө хэрэгцээг хангаад явдаг. Энэ бол бохир тогтолцоо.

Аль ч байгууллагад дотоод аудит байдаг. Энэ нь голдуу санхүү дээр суурилсан. Тухайн дотоод аудит нь санхүүгийн зөрчил, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлуудыг ил гаргаж ирээд бүр болохгүйг нь хуулийн байгууллагад өгч шалгуулаад шийддэг тогтолцоотой. Гэтэл манай төмөр замын дотоод аудит нь хажуудаа хяналтын гэж нэр өгч байгаад Ж.Пунцагийг ажилтай болгосон юм шүү дээ.

-Тодруулж хэлэхгүй юү?

-Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл гэдэг гэдэг хүн томилогдсон. Тэр томилгооны эзэн шууд “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн ерөнхий хорооны Монголын талын ахлагч болдог юм. Б.Цогтгэрэл ингэж томилогдоод өөрөө Ж.Пунцагийг хөтлөөд орж ирээд танилцуулж байсан хүн. “Төмөр замд миний оруулж ирж байгаа хоёр хүн бий. Түүний нэг нь Ж.Пунцаг шүү” гэж танилцуулж байв.

-Сонгон шалгаруулалт явагдсан уу?

-Явагдаагүй. Уг нь байх ёстой. Миний яриад, шаардаад байгаа юм чинь л энэ. Дотоод хяналт, аудитын алба гэдгийг Ж.Пунцагт зориулж нээгээд албан тушаал өгч байгаад цагдаа, тагнуулд ажиллаж байсан хүмүүсийг татаад хяналт хийдэг албыг бий болгосон юм шүү дээ.

Шударга, үнэнийг тогтоодог хүмүүс уг нь хууль, шүүхийнхэн. Ийм тогтолцоо байсаар байтал дотор нь өөрсдөө шалгаад, бүр тогтоогдсон тул, халсугай гэж оруулж ирдэг алба болсон. Харин өөрсдийнхөө хамгаалах хүмүүсээ хамгаалж, өөрсдийнхөө хүсэл зорилгыг гүйцэлдүүлээд байгаа нь ч харагддаг. Улаанбаатар төмөр зам бол хүчний байгууллага биш, зүгээр тээврийн компани шүү дээ. Ялангуяа дэргэдээ тээврийн цагдаатай байгууллага дотор хүчний байгууллага шиг ажиллуулж байгаа нь буруу бүтэц. Яахав, олон улсын жишгийг харахад ийм том компани дотроо дотоод хяналтын нэгжтэй байхыг зөвшөөрдөг. Гэхдээ ингэж 10 гаруй хүнтэй хэлтэс ажиллуулдаг, тэр нь хүний эрхийг зөрчдөг байж болохгүй.

-Та АТГ-т өмнө өөр ч асуудлаар хандаж байсан гэсэн. Бас л их мөнгөн дүнтэй хэрэг сонсогддог?

-Төмөр замд чинь том том мөнгөн дүнтэй асуудлууд болдог юм. Тэр бүрийг би ярьдаг, яриад дийлэхгүй нь ч байна. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Хятадад хэдэн вагоныг их өндөр өртгөөр засуулсан байдаг. Өртөг нь 15.2 тэрбум төгрөг болсон. Ажлын процессын, хяналтын маш том алдаанууд үүн дээр гарсан. Жишээ нь, хүлээлгэж өгөхдөө бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүй. Засвараас хүлээж авахдаа хүлээлцсэн акт үйлдээгүй, шууд авчихсан. Энэ асуудлаар талийгаач Ж.Жигжиднямаа дарга шалга гэж үүрэг даалгавар өгсөн байдаг.

Ж.Пунцаг ч өөрөө үүрэг даалгавар албандаа өгөөд тэр асуудлыг шалгуулсан. Байцаагч нар нь зөрчлийг илрүүлсэн. Гэтэл Ж.Пунцаг дараа нь таг болчихсон. Би бол түүнийг энэ том хэргийг нуун дарагдуулсан, хамтарч оролцсон гэж үздэг.

-Өмнө нь нэг бус удаа хууль шүүхэд дуудагдаж, саатуулагдаж байсан хүн юм байна. АТГ-аас ажиллуулахгүй гэсэн бичиг ирж байсан гэв үү?

-АТГ-аас нэг бус удаа наад хүн чинь албаны дарга хийж болохгүй юм байна шүү, урд нь авлигын хэрэгт холбогдож ял авч байсан. Тиймээс энэ ажлыг хийж болохгүй гэсэн шаардлагыг УБТЗ руу өгч байсан. Тэгэхээр нь албаны дарга байсан Ж.Пунцагийг орлогч дарга болгочихсон. АТГ-аас дахиад бичиг ирсэн. Наад хүн чинь ажилласан хэвээр байна, та нар ажиллуулаад байна гэхээр халсан байдаг. Тэгэхээр нь Ж.Пунцаг би албаны дарга биш, орлогч дарга байсан. Тэгэхээр би ХОМ өгдөг албан тушаалтан биш байтал халчихлаа гээд шүүхдсэн.

Ингээд нэхэмжлэлээ хангуулаад жилийн дараа төмөр замд ороод ирсэн. Тэр хугацаандаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан. Гэтэл төмөр замд орж ирээд нөхөн олговор авчихаж байгаа юм. Би хэлж байсан, тэгэхэд “Хуулинд харшлах зүйл байхгүй” гэх жишээний. Ингээд л нэг газар ажиллаад цалин аваад, нөгөө газраас нөхөн олговор яваад явж байгаа нь ерөөсөө төмөр замын албан тушаалыг хөрөнгөжих бохир газраа гээд бодчихсон хүн гэж би харддаг. Одоо шалгаж байна л гэнэ. Дахиад ч хэрэгсэхгүй болоод гараад ирэх магадлал тун өндөр.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвсүрэн: Ороолтоо түлсэн иргэнийг зарласан төрийн ажилтан, сэтгүүлчид эрүүгийн ч, зөрчлийн ч хариуцлага хүлээх ёстой

“Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Гал алдахгүйн тулд ороолтоо түлсэн иргэний гэрт утаа их гаргаж байгаа шалтгаанаар төрийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн орж бичлэг хийж, олон нийтэд цацсан явдал анхаарлын төвд байна. Энэ үйлдэл хүний эрхийн зөрчил мөн үү?

-Бид бүхэнд Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал байдаг. Энэ эрхийг Үндсэн хуулийн 13 дугаар зүйл дээр иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч дур мэдэн нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан байгаа. Мөн иргэний хувийн ба гэр бүлийн захидал, харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж байгаа. Орон байрны халдашгүй байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалдаг. Эрүүгийн хууль дээр олон зуун гэмт хэргийг гэмт хэрэгт тооцдог. Үүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Энгийнээр хэлэхэд Үндсэн хуульд заасан иргэний эдлэх эрхүүдийг зөрчсөн зүйл заалт бүрээр Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Энэ агуулгын ойлголтыг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад анх удаа оруулж өгсөн. Холбогдох заалт нь 13.6 дугаар зүйл буюу бусдын орон гэрт хууль бусаар халдах явдлыг хуульчилж, хариуцлагад татдаг болсон гэсэн үг. Энэ үндэслэлээр шүүхээс цөөнгүй шийдвэр гарсан. Бусдыг зодохдоо орон байранд нь нэвтэрсэн, орон байрны хулгай хийсэн гэх мэтээр шүүхээс ял оногдуулж шийдвэрлэсэн тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орохыг шууд идэвхтэй үйлдэлд тооцчихож байгаа юм.

-Хууль бус үйлдэл гэсэн үг үү?

-Тийм. Энэ кейс дээр магадгүй тухайн иргэн орон гэртээ оруулах зөвшөөрөл өгөөгүй. Гол үйл явдал утааны асуудал байсан. Энэ асуудлыг хөндөхдөө бусдын орон гэрт зөвшөөрөлгүй орсон. Ингээд зогсохгүй дүрс бичлэг хийсэн. Угтаа бол иргэний дүрсний эрх хамгаалагдах ёстой. Германд гэхэд хувь хүний гадаад дүрсний хувьд эдлэх эрхийг хуульчилсан байдаг. Монголд энэ эрх төдийлөн хөгжөөгүй.

Гэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд гэм хор учирсан гэж үзэх юм бол шаардах эрхтэй. Тиймдээ ч телевизүүд дүрсийг бүрэлзүүлдэг шүү дээ. Гэмт хэрэгтний ч дүрсийг бүрэлзүүлдэг биз дээ. Гэтэл энэ иргэн гэмт хэрэгтэн биш.

-Тэгээд дуу, дүрсийг нь тэр чигээр нь олон нийтэд дамжуулчихсан…?

-Дээр нь хүний жам ёсны эрх буюу дулаан байх, амьд явах эрх хөндөгдөнө. Амьд явахын тулд гэртээ гал түлнэ. Магадгүй Үндсэн хуулиас өөр нийтлэг шаардлага байна. Утаагүй түлш түлэх стандартыг зөрчсөн байж болно. Гэхдээ тэдгээрийг зөрчлөө гэж үзээд энэ хүнийг олон нийтэд мэдээлж, нүүр царайг нь ил гаргаж Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдах ёсгүй. Түүгээр зогсохгүй Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд зааснаар орон байрт нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрч гэмт хэргийн шинжтэй үйлдэл учруулсан бол энэ нь ял шийтгэл байж болно гэж байгаа юм. Нэг ёсондоо тухайн иргэний ийм олон эрх зөрчигдөж байна.

Орон байрны асуудал дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Орон байрны тодорхойлолтыг Эрүүгийн хуульд анх удаа оруулж тайлбарлаж өгсөн. Орон байр гэдэг хүний байнгын болон түр амьдарч байгаа майхан, амралтын газрууд, зочид буудал хүртэл орж байгаа. Харин манайд ийм соёл байдаггүй. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаар болон гүйцэтгэх ажиллагаагаар зочид буудалд давхиад орчихдог, сурвалжилга хийчихдэг. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө, хууль сахиулж байгаа үйл ажиллагаа биш. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйл.

Нэгэнт Эрүүгийн хуулийг зөрчсөн тохиолдолд хүний эрхийн зөрчлийг өөгшүүлж болохгүй. Үүн дээр сануулга байж болохгүй. Ямар хариуцлага байх нь Эрүүгийн хуулинд тодорхой заачихсан. Торгох ялын шийтгэл байна, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах шийтгэлүүд байна.

Дахиад энэ хууль дээр сонирхолтой нь хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зааж өгсөн байгаа.

-Тодруулахгүй юу?

-Албан тушаалтан үйлдсэн бол гэж байгаа юм. Ингэхдээ таван жил хүртэлх хугацаагаар хорих ялын шийтгэлтэй. Тэгэхээр энэ нь өөрөө яалт ч үгүй гэмт хэрэг болчихож байгаа юм.

-Сэтгүүлчдийн хувьд ч хувь хүний нууцтай холбоотой сэдвийг хөндөхдөө ёс зүйн зарчмаа зөрчив үү?

-2015 онд хэвлэл мэдээллийн ёс зүйн 10 зарчим батлагдсан байдаг. Тус зарчмын зургадугаар зүйлд хүний хувийн нууцад хүндэтгэлтэй хандана гэдэг. Ялангуяа 6.1-д хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана. Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг борн бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгож болно гэсэн байгаа юм. Нийтийн тусын тулд гэдэгт ЦЕГ дээр эрэн сурвалжилж байгаа хулгайн гэмт хэргэг үйлдсэн этгээдийг таниулах, болгоомжлуулах, сэрэмжлүүлэх зорилгоор нэр ус, зургийг ил болгодог. Энэ кейс бол мэдээж энэ тохиолдолд биш. Тэгэхээр тухайн кейс дээр сэтгүүлчид ёс зүйн зарчмынхаа хувьд 6.1-ийг зөрчсөн байх үндэслэлтэй. Тухайн иргэн Хэвлэл мэдээллийн зөвлөлд тухайн редакц, хэвлэл мэдээллийн байгууллагын нэрээр гомдол гаргах боломжтой. Хэрэв алдаа гаргасан нь батлагдвал залруулах, уучлалт гуйхыг даалгана.

Дээр нь тухайн иргэний гэрт нь зөвшөөрөлгүй орсон нь бас гэмт хэргийн шинжтэй болчихож байна. Иргэн, сэтгүүлч хэн байхаас үл хамааран зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд орж болохгүй. Мөн Эрүүгийн хуулийн 13.8-д орон байрны дотор болон гадна орчны зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглодог. Үүнийг зөрчих юм бол зөрчлийн ч хариуцлага байна, гэмт хэргийн ч хариуцлага хүлээх хэрэгтэй болно.

-Төр иргэнийнхээ өмнө олон үүрэг хүлээдэг. Гэтэл тэр үүргээ биелүүлээгүй мөртлөө эрхэд нь давхар давхар халдаад явчихав уу?

-Иргэнийхээ эрхийг хэрхэн зөрчсөн, ямар хариуцлага хүлээх талаар дээр ярьсан. Үнэндээ манайд хүний эрхийн мэдлэг, мэдрэмж алга.

Хоёрдугаарт, хүний хөндөгдсөн эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа тохиолдолд гомдол мэдээлэл ирэхийг хүлээхээс гадна ХЭҮК өөрөө бие дааж шалгах ажиллагаа явуулах бололцоог Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар шинээр оруулж өгсөн. Хаана хүний эрх зөрчигдөж байна, түүн дээр өөрийн санаачилгаар шалгалт явуулах, тухайн шалгалтаар гарсан үр дүнг мэдээлэх, шаардлагатай бол шаардлага, зөвлөмж хүргүүлэх эрх нь нээлттэй. Комиссын шаардлагыг хүлээж авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Өмнөх хуулиар бол зөвхөн зөвлөмжийн шинжтэй өгдөг байсан бол одоо биелүүлэх үүрэгтэй, биелүүлээгүй албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулиар, Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас нь халах, сахилгын шийтгэл оногдуулах боломжууд бүрдчихсэн. Тэгэхээр хүний эрх хаана зөрчигдөж байна, түүн дээр орж ажиллах ёстой. Комиссын уриа нь “Хүний эрх, эрх чөлөөг улс орон даяар” гэж байгаа шүү дээ.

Бид бүхэн хүний эрхийг дээдэлнэ гэж яриад байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэхдээ нэг анхаармаар зүйл байгаа юм. Олон нийтийн эрх нэрийдлээр утаа, ковид гэдгээр хаацайлж бусдын эрх рүү гар дүрж болохгүй. Үүний гашуун сургамж байна. Тухайлбал, иргэн Д-гийн асуудал байна. 2020 оны 11 дүгээр сард болсон үйл явдал. Өөрөөр хэлбэл, ковидын халдвартай гэх асуудал. Иргэн Д-гийн нэр төр, алдар хүндэд халдчихсан. Гэр бүлийн мэдээлэл, хувь хүний нууц руу халдчихсан. Явсан маршрут нь тусдаа асуудал байж болно, гэхдээ олон нийтэд дэлгээд тавьчихсан. Энэ эрх 1995 оны Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдах ёстой. Мөн дээр нь дүрс зураг, гэр бүлийнх нь зураг бүгдийг дэлгэчихсэн. Үүний улмаас миний мэдэхээр иргэн Д-гийн энэ олон эрх халдлаа гэсэн мэргэжлийн байгууллагын шаардлага гарсныг санахгүй байна.

-Ковидтой холбоотой хүний эрхийн зөрчил замбараагаа алдсан биз дээ?

-ХЭҮК хуулийн хүрээнд өнгөрсөн жил УИХ-д өргөн мэдүүлсэн 20 дахь илтгэлдээ дурдсан байж болно. Харин энэ хүний эрхийг зөрчсөний төлөө шүүх хүртэл яваагүй. Яагаад гэвэл энэ хүн учирсан хохирлоо мөнгөн дүнгээр нэхэмжлэх, гэм хор шаардах эрх нь Иргэний хуулиар нээлттэй байгаа. Энэ хүний эрхийг хууль бус үндэслэлээр хязгаарласан захиргааны байгууллага бас хариуцлага хүлээх ёстой. Энэ олон эрхийн төлөөх ажиллагаа механизмыг бид нар явуулж чадахгүй байгаад байна.

Мөн төрөөс эрхийг нь зөрчсөн үндэслэл гарах бүр дээр иргэдийн хуулийн мэдлэг, мөнгө санхүүгийн асуудлаас болж хуульч авч чаддаггүй, эрхээ хамгаалахын төлөө тэмцдэггүй. Ингэж хэлмэгддэг байдал харагдаад байгаа юм.

Одоо хүртэл үргэлжилж байгаа ковидын балаг дуусаагүй байна шүү дээ. Энэ хуулиар хүний эрхийг асар их зөрчсөн. Зөрчлийн хуулийн нэг л жишээ хэлье. Зөрчлийн хуулийн 5.13.13 дугаар зүйл буюу гамшгийн хууль тогтоомжийг зөрчих гэдэг үндэслэлээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ бэлтгэсэн иргэдийг торгосон. 2020 онд 1480 иргэн, хуулийн этгээдийг 500.000-5.000.000 төгрөгөөр торгосон. Ганц хуулийн ганц зүйлийн ганцхан заалтаар 2020 онд гэхэд төр өөртөө багаар нь тооцоход 740 сая төгрөг өөртөө төвлөрүүлсэн байна. 2021 онд бол бүр илүү байсан нь ойлгомжтой.

Гэтэл Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж байгаа юм.

-Хүн орон гэртээ л халдашгүй дархан эрхтэй байдаг. Ороолтоо түлнэ үү, юугаа хийнэ үү тэр хүний эрх мөн биз?

-Тэр хүн гэртээ хүн алаад, хүчирхийлж байсан ч олон нийтэд мэдээлж, дүрсийг нь ил болгох эрхгүй. Манайх үүн дээр бас л алддаг. Улс төрийн зорилгоор, ашиг хонжооны зорилгоор, эсвэл олон нийтийн эрх ашиг нэрээр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийг задруулдаг.

2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан. Хувь хүний мэдээллийг хамгаална гэдэг орон байрных ч юмуу, тухайн хүнийг таних боломжтой, ялангуяа дата өгөгдөл болох биеметр, хурууны хээ, нүүр царай, нүдний өнгө энэ бүгдийг хамгаалахаар батлагдсан хууль. Энэ хуулийн хэрэгжилт 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлнэ. Гэхдээ бид ганц хуулиар нийгэмд байгаа олон асуудлыг шийдэж чадахгүй. Бусад хууль тогтоомж уялдаатай байх ёстой. Дахиад хууль хэрэгждэг байх ёстой. Тэр хуулийг зөрчдөг биш, биелүүлдэг албан тушаалтантай байх ёстой. Мөн хууль биелүүлэхийг шаарддаг олон нийттэй байх ёстой. Олон нийт “Энэ хүн ороолтоо түлчихсэн. Согтуу байсан” гэж хаацайлж дэвэргэх биш. Хүний эрхийн зөрчил хаана гарч байна түүн дээр хүчтэй л дуугардаг байх ёстой. Үүнийг л олон нийтийн оролцоо гээд байгаа юм.

-Өнөөдөр иргэний гэрт дайрч ороод байцаалт авч байна, маргааш үүнээс ч дор байдлаар хүний эрхэд халдах юм биз гэсэн эмзэглэл олон нийтэд байх шиг байна. Хуульч хүний хувьд та үүн дээр юу хэлэх вэ?

-Маргааш таны гэрт ч орж болно. Таны гэрт гал түлсэн үндэслэлээр биш, таныг суултуураа бөглөрүүлсэн, түүнээс болж тухайн орон сууцны айлууд усан хангамжаа авч чадахгүйд хүрлээ гэж дайран орж болно. Төр байх албагүй. Төрийг төлөөлж байгаа эрчим хүчний газар байгууллага, эсвэл хорооны ажилтан байж болно. Ямар ч үндэслэлээр яаж ч дайрч орж ирж магадгүй болж байна. Өөрөөр хэлбэл, одоо хүртэл энэ асуудлаар холбогдох хүмүүс дуугарахгүй байна гэдэг маргааш өөр нэг иргэн рүү дайрч орох магадлалтай. Тэгэхээр иргэн гэртээ амар амгалан байх, халдашгүй байх, хувийн орон зайтай байх эрх маш хүнд нөхцөлд байна гэсэн үг.

-Ороолт түлсэн гэх энэ богинохон бичлэгээр хүний эрхийг сахин хамгаалах ёстой субьектүүдийн байр байдал харагдлаа. Манайд ер нь хүний эрхийн нөхцөл байдал ямар болчихов оо?

-Утаа, цар тахал нэрийн дор хуулиар хориглоогүй иргэний гал түлээд амьдрахын тулд хийж байгаа идэвхтэй үйлдэл рүү дайрч ороод шүүмжилнэ гэдэг бол бид эрх ашгийн эрэмбээ буруу харж байгаатай холбоотой.

Хүн амьд явах эрхтэй. Амьд явахын тулд идэвхтэй үйлдэл хийх ёстой. Түүнийг нь төр баталгаажуулж өгсөн үү гэдэг нь эргэлзээтэй. Яагаад цаашаа ухахгүй байгаа юм бэ. Тэр хүн түлээ авах мөнгөтэй байсан уу, байхгүй болоод л ороолтоо түлж байгаа шүү дээ.

Хамгийн гол нь бидэнд хүний эрх, эрх чөлөөг нэгдүгээрт тавихад асар урт хугацаа хэрэгтэй. Үүнийг тунхаглаад лоозон болгоод, аль нэг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож, эсвэл бодлогын баримт бичиг болгоод урагш явахгүй. Хүний эрхийг баталгаатай эдлүүлдэг төртэй болох ёстой, хүний эрхийг зөрчдөггүй хууль сахиулагч албан тушаалтантай байх ёстой. Хүний эрхийн мэдлэг, мэдрэмж өндөр ард түмэнтэй байх ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Эрдэнэбат: Хууль, шүүхийн гол шийдвэр гаргагчид шинэчлэлээ мэддэг ч албан тушаалтайгаа үлдэх гэж хуучин тогтолцоог хамгаалсаар байна

УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Хоёр жилийн өмнө оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр маргаан дэгдээж эхэллээ. Нэмэлт, өөрчлөлтийг та ажигласаар ирсэн байх. Байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхээсээ засаглалын тэнцвэр алдагдсаны хямрал үргэлжилж, эрх мэдлээ өөртөө төвлөрүүлэх гэсэн засаглалын институци хоорондын тэмцэл үргэлжилж байна л гэж харж байна. Үндсэн хуулийн эрх зүйд байдаг нэг чухал зарчим бий. “Checks and Balance” буюу хяналт болон тэнцвэр гэх зарчим.

Эрх мэдэл өгвөл нөгөөгөөр хянуулж хязгаарлуулдаг. Тэр зарчмаар хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, хуулийг хамгаалж хууль ёсны юу, хууль бус уу гэдгийг шүүх эрх мэдэлд хуваахаас энэ зарчим эхэлдэг. Энэ хүрээнд нь манайх эрх мэдэл хуваарилах зарчим гэж мэддэг.

Цаашлаад зөвхөн энэ зарчмын хүрээнд биш бүх эрх мэдэл хэрэгжүүлэгчийн хүрээнд яригдах ёстой дүрэм юм. Жишээлбэл, хэн нэгэн хууль сахиулах эрх мэдэл авсан бол түүнийгээ зөв хэрэгжүүлж байна уу гэдгийг хянах, хүчээ иргэнд гаргах уу, үгүй юү гэдгийг зөвшөөрөх эрх мэдлийг өөр хэн нэгэнд өгдөг. Цагдаа хууль сахиулах ажлаа гардан хийх эрх мэдэлтэй бол прокурор хянаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх зөвшөөрөл өгч байгааг хэлж байна гэсэн үг.

Жамаараа ямар нэгэн эрх мэдэл авсан этгээд заавал тэрийг хяналтгүй, бүрэн утгаар нь эдлэхийг л хүсдэг. Тэр л зарчмаар гүйцэтгэх эрх мэдлийг авсан хүн хяналтгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх эрхээ авсан. Ингэхдээ өөрт нь хяналт тавих эрх мэдэлтэй УИХ-аас бүрэн тусгаарлах зорилгоор давхар дээлээ тайлсан.

Тэгэхгүй бол давхар дээлтэй сайд гишүүнээрээ дамжуулаад УИХ-ынхаа хяналтад байх биш УИХ-аа хянаад байсан. Одоо харин дөрвөн сайдаас бусад нь үндсэндээ УИХ-д хүртээлгүй нөхөд учраас УИХ-аа хянаад, шүүмжлээд унахаар нэг тогоонд багтаж хянуулахгүй баймаар байгаа байх л даа. Хэдхэн жилийн өмнө давхар дээлээс болж Монгол Улс муу муухай боллоо гээд талбай дээр дээл давхарлаад зогсож байсан улс ингэх нь даажинтай л юм даа.

-Т.Доржханд нарын гишүүд давхар дээлийг эсэргүүцэж саяхан л жагсаж байсан. Өнөөдөр харин эсрэг байр суурьтайгаар Цэцэд хандаад байна?

-Одоо бүр давхар дээлийг хөндөж буй үйл явц нь хуулийн маргаан дагуулчихлаа. Бодвол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дахин барьж авсан буруутан болохгүйн тулд ингэж Цэцээр гал бариулж байх шиг байна. Үндсэн хуулийнхаа заалтыг зөрчсөн эсэхийг дүгнэх ёстой Үндсэн хуулийн Цэцэд жинхэнэ Үндсэн хуулиа зөрчих үйл ажиллагаа ирж байх шиг байна даа.

-Цэц бол маргаан үүсгэхээр болчихлоо. Хуулиар зөрчөөд эхэлчихэв үү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4-д “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гээд заачихсан. Тэгэхээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт маань бусад заалтынхаа нэгэн адил хүчинтэй байна.

Гэтэл нөгөө Үндсэн хуулийн маань 66 дугаар зүйлд Цэц ямар ямар эрх зүйн актаар Үндсэн хууль зөрчсөн үгүйг хянаж шийдвэрлэх талаар заасан. Тэр нь хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн шийдвэр гэхчлэн тун тодорхой нэр заачихсан шийдвэр үйл ажиллагаа байдаг. Гэхдээ энэ жагсаалт дотор Үндсэн хууль өөрөө байхгүй.

-ЦЕГ-ын даргын 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өнөө үед хэрэглэх нь зохистой байна гэсэн яриа хууль, шүүхийнхний дунд өнөөдрийг хүртэл яригдаж байгаа. ЦЕГ-ын даргын энэ байр суурь хүний эрхийг хамгаалах зарчмаас ухарсан алхам боллоо гэж тэд үзэж байна. Тэр үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гол үзэл баримтлал нь юу байсан юм бэ?

-Цагдаажсан төр гэж ойлголт бий. Нийгмийн аливаа асуудлыг цагдаагийн хүчээр, цагдаагийн ажилладаг арга хэрэгслээр шийддэг дэглэмтэй улс орныг цагдаажсан төр, цагдаагийн дэглэмтэй улс гэж нэрийддэг. 1990 оныг хүртэл манайд төдий олон хууль байсангүй. Аливаа асуудлыг нам бодлогоор шийддэг, тодорхой асуудал бэрхшээл үүсэхээр нэг бол намын хороогоор, нөгөө бол эрүүгийн журмаар шийддэг дэглэмтэй байсан. Энэ үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль шүү дээ. Асуудал үндсэндээ цагдаагийн түвшинд шийдэгдчихдэг, цагдаагийн байгууллага, албан тушаалтан дээр гол эрх мэдэл төвлөрчихсөн тийм л эрх зүйн орчин байсан.

1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зорилт нь л гэхэд “Социалист хууль ёсыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг гарах үндсийг таслан зогсоох, иргэдээс БНМАУ-ын хуулийг хэлбэрэлтгүй биелүүлэх, хамтын аж байдлын социалист хэв журмыг хүндэтгэн үзэх үзлээр хүмүүжүүлэх явдал” шүү дээ.

Энэ үзэл хандлагадаа зориулж л байцааж мөрдөх, хэлбэр төдий өмгөөлөгч оролцуулж байгаад социализмын үзэл санаандаа нийцүүлж хэргийг шийддэг тогтолцоог хүсэмжилнэ гэдэг юу болж таарах вэ?

-Өнөөдөр бол хүний эрхийг дээдэлдэг ардчилсан оронд бид амьдарч байна. Гэтэл өмнөх нийгмийн үеийн сэтгэлгээ манай хууль, шүүхийнхнээс салахгүй байна уу даа. Жишээ нь, хэрэг шүүх дээрээс буцдаг явдал хавтгайрчихлаа?

-Шүүхээс хэрэг буцдаг асуудлыг болиулах талаар бид удаа дараагийн оролдлого хийж байна. Ер нь манай шүүх эрх мэдлийн салбарт шинэчлэл хамгийн удаан явагдаж, амьдарч байгаа нийгэм орчноосоо хоцрогдсон хуульчтай, хууль сахиулагчтай нажидаа эдэлсээр удлаа даа.

Хуулийг уншиж ойлгох, тайлбарлаж хэрэгжүүлэх гэхээр ерөөсөө эрх зүй, шударга ёсны талаарх сургуульд сурч байх үеийнх нь социалист гэх үү, хоцрогдсон гэх үү хуучин ойлголт, хандлага нөлөөлөх нь ч байна. Хууль ямар зорилготой зохицуулалт хийснийг мэдэж буй атлаа хувийн ашиг сонирхол, даргын хүсэл таашаалд нийцүүлж хууль завхруулдаг ёс зүйн завхрал ч байна. Хуулиа шинэчлээд байхад л гуйвуулж завхруулж тайлбарлаж байгаад, заримдаа гөрдөж гөлийж байгаад шинэчлэлийг үзэл санааг ч, бүр хуульчилчихсан шаардлагыг уландаа гишгэж, хууль завхруулсаар байгаад шүүхийн шинэчлэлийг үгүйсгэхчихлээ шүү дээ.

-Уг нь шүүхийн орчин нөхцөл, нийгмийн хангамжаас эхлээд сайжраад байгаа гэж харж байгаа. Гэвч хуулийн завхрал байсаар байна гэдэг улс төрийн нөлөөлөл тасрахгүй байна гэсэн үг үү?

-Улс төрийн нөлөө ч байна, шинэчлэлийн дутуу ч байна. Хүний хөгжлийн асуудал ч байна.

-Тэгвэл шийдэл нь юу байх ёстой юм бэ. Шинэчлэл гэж олон жил ярьж ирсний үр дүн энэ л гэж үү?

-Гүйцэд хийх ёстой биз дээ. Бид шүүх эрх мэдлийн тогтолцооны шинэчлэл хийнэ гэчихээд шүүхтэйгээ л ноцолдоод байдаг. Гэтэл энэ тогтолцооныхоо бусад хэсгийг хаячихаад байна. Прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр, өмгөөлөл бүгд шинэчлэгдээгүй байгаа шүү дээ.

Прокурор, өмгөөлөгч, шүүгч гурвын ажиллах эрх зүйн орчин болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиа боловсруулж байхаас л авахуулаад баахан эсэргүүцэгчид гарч ирсэн. Тэд хуучин ойлголт хандлагаараа шүүмжилж, урагшаа хоёр алхсаныг буцааж хойш нэг алхам ухраагаад хагас дутуу болгоод хаячихсан. Одоо тэгээд нөгөө тахир дутуу тогтолцоонд арай чүү ажиллаж байгаа шүүгч прокурор мөрдөгчөө зүхээд, өмгөөлөгчөө хэнд ч хэрэггүй амьтнаар цоллоод л суугаа шүү дээ. Шүүх эрх мэдлийн салбарын шинэчлэл гэдэг зөвхөн шүүгч солихын нэр биш.

Шүүхэд хэрэг аваачдаг прокурорыг, прокурорт хэрэг боож өгдөг мөрдөгчийг шинэчлэхийг бас хэлнэ. Иргэн, захиргааны хэрэгт ч тэр, эрүүгийн шүүн таслах ажиллагаанд ч тэр амин чухал оролцогч болсон өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож иргэний төлөө ажилладаг өмгөөлөгчийг эрх мэдэлжүүлэхгүй ч хяналт тэнцвэр гээч юмны чухал тоглогч болгож байж л бид шүүх эрх мэдлийн салбараа шинэчилсэн гэж ярих ёстой.

Бид шинэчлэл гэж олон жил ярьсан нь үнэн. Шийдэл гарцаа ч ярьсан нь үнэн. Тэгэхдээ тэрийгээ 100 хувь хийчихээд буруудаад байгаа гэвэл үгүй шүү. Бүгдийг нь хийгээгүй, хийлгээгүй

-Зөв зөв. Жишээ нь, та бол прокурор байсан хүн. Прокурорын цалин хангамж шүүгчтэй зэрэгцэж ирэх ёстой гэсэн хүлээлт байдаг. Нөгөө талаар прокурорууд тангарагаа мөрдөж байна уу гэж эргэлзэхэд хүргэх явдал бишгүй л яригддаг. Энэ салбар яаж шинэчлэгдэх ёстой юм бэ?

-Прокурор эн тэргүүнд даргаасаа хараат бус болох ёстой. Прокурорын шийдвэр, үйл ажиллагаа шүүхэд хянагддаг байх ёстой. Ийм болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийг түмэн янзаар өөлж гоочилсоор хийлгээгүй.

-Шинэчлэл хүсдэггүй нэг хэсэг байсаар байна, тийм үү. Тэр гацаагчдад ямар сонирхол байгаад байна вэ?

-Зарим хүнийг ойлгоно. Сурсан мэдсэн, ажлын туршлагаар бат итгэл үнэмшил болгочихсон тогтолцоог нь өөрчилж буйг эсэргүүцэж байгааг нь. Зарим нь яахав дээ гэж хүлээн зөвшөөрдөг, өөрчлөлтийг ойлгож байгаа ч хуучин уламжлалт юмаараа байвал өөрт нь амар ойлгомжтой. Сэлж сурсан цөөрөм нь учир түүгээрээ үлдээх сонирхолтой.

Харин заримыг нь буруутгаж үздэг. Одоо байгаа албан тушаал эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь энэ хаалттай тогтолцоо, хяналтгүй эрх мэдэл ашигтай учраас хуучнаар нь байлгая гээд гүйгээд байгааг. Хамгийн сүүлийн хэсэг хамгийн хортой нь. Тэд бол шинэчлэл, шударга ёс ярьж байгаад дундуур нь яг эсрэг зүйл хийгээд өөртөө ашиг хонжоо олж байгаа хэсэг. Эхний бүлэгт ахмад гэлтгүй хуучны школтой анхан шатны хуульчид, хууль сахиулагчид орж байхад дараагийн хэсэгт голдуу дунд түвшний шийдвэр гаргагчид байх шиг. Харин буруутгагдах ёстой хэсэг бол манай хууль, шүүхийн гол шийдвэр гаргагчид болчихоод байна. Тэд шинэчлэлийн утга зорилгыг мэдэхийн дээдээр мэднэ, тэр шинэчлэл зайлшгүйг ч мэднэ. Гэхдээ өөрөө албан тушаалдаа байхын тулд, тэгэхэд нь нөгөө хуучны хаалттай тогтолцоо ашигтай учир хамгаалаад байгаа хэсэг юм.

-Та УИХ-ын дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж эхлээд байгаа. АН-ын хагарал хуваагдал, тэмцэл өнөөдөр ч үргэлжилж байна. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл дор нэлээд удлаа. Нэр хүндтэй прокурор байсан хүн яагаад АН-д зөвлөхөөр болов?

-Нэгдүгээрт, би одоо прокурор биш. Хоёрдугаарт, надад басчиг гэж чамгүй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарсан шүүх эрх мэдлийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэх боломжийг ашиглах нь өөрөө нэр хүндийн асуудал. УИХ дахь АН бүлэг гэдэг бол улс төрийн нам биш. Энд хууль тогтоох үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах төрийн үйл ажиллагаа явагдаж байна.

Гуравдугаарт, илүү ч байж магад, нэг үг хэлчихье. АН-ын хагарал, тэмцэл гээд байгаа зүйл нь энэ намын шинэчлэлийн процесс л шүү дээ. Өмнө нь энэ намыг авч явж байсан, энэ намын төлөө сэтгэл чилээж явсан хүмүүс одоо ардчиллын төлөө, АН-ыг хөгжүүлэхийн төлөө яваа хүмүүс хооронд зөрчил гарч байх шиг байна.

Энэ нь яагаад найр хурим шиг байх ёстой гэж. Харин үзэл бодол үнэт зүйлийнхээ төлөө л байгаа юм бол, ер нь бодож байгаа зүйлдээ бат итгэлтэй байгаа л юм бол зөрчилдөхгүй л яав гэж. Хатиг хагаравч тогоондоо гэж үг бий. Тогоондоо хагарсан хатиг буглаа л болно биз дээ. Нэг мөсөн сайн муугаа ярилцаад, салж ховхрох нь үлдээд шинэчлэгдээд авсан нь дээр байх.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрээнээс дундын зуучлагчгүйгээр ачаа бараагаа татан авах боломжтой юу?

– БНХАУ-ЫН ТАЛ ДУНДЫН ЗУУЧЛАГЧИД ҮНЭ ХӨӨРӨГДӨЖ БАЙГАА ГЭЖ ҮЗЖЭЭ-

Эрээний боомтоос Монголын талд өчигдрөөс чингэлэг тээвэр хийж эхлэв. Эхний өдөр 24 чингэлэг ачааг оруулж ирсэн байна. Одоогоос яг гурван сарын өмнө гацсан хилийн тээвэр хөдөлж эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас Эрээний боомтын нөцхөл байдлын талаарх Илтгэх хуудас нэртэй гурван хуудас материалыг ирүүлсэн нь анхаарал татаж эхэллээ.

Гурван сарын турш гацсан Эрээн-Замын-Үүдийн боомтод нөхцөл байдал ямар байгаа, тээврийн үнэ тэнгэрт хадах болсон шалтгаан, түүнийг яаж шийдвэрлэх, цаашид ачаа барааг хямд өртгөөр Монголд нийлүүлэх боломжийн талаар илтгэх хуудаст дурджээ. Түүнээс гадна ачаа барааны тээврийн үнэ 250 юаниас 1500-2000 юань болж нэмэгдсэн гол шалтгааныг хоёр талын дундын зуучлагчтай холбоотой гэж БНХАУ-ын тал үзжээ.

Энэ тухай Илтгэх хуудаст дурдахдаа “…Эрээн боомтоос Монголын талд нийлүүлж байгаа ачааны 60 гаруй хувийг барилгын материал эзэлдэг бөгөөд төмөр замаар тээвэрлэхэд вагон олдоггүйд зарим ААН, хувь хүнээс нэмэлт өртөг шингэсэн 65-75 мянган юанийн үнэтэй вагон худалдан авах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл, вагон дамлан худалдах байдал их байгаагаас тээврийн зардал нэмэгдсэн, тээвэрлэлтэд хүндрэл учирч байгаа…Барилгын материалыг төмөр замын өргөн нарийн царигаар тээвэрлэх зөвшөөрөл авахад Монголын талыг дэмжлэг үзүүлэхийг хүсч, дундын зуучлагчгүй, үнийн хөөрөгдөлгүй, хэрэглэгчдэд шууд нийлүүлэх боломжтойг илэрхийлэв” гэжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал Монгол Улсыг тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа идэвх санаачилгатай ажиллаач гэсэн үг.

Зөвхөн барилгын материалаар зогсохгүй бусад ачаа барааны хувьд ч дундын зуучлагчгүйгээр нийлүүлэх боломжтойг урд тал онцолсон байна. Энэ тухай үргэлжлүүлэн “…Эрээний карго эрхлэгчдийн төлөөлөл “Дун Тэн” ХХК-ийнхан хэлэхдээ Эрээн хотод 500 гаруй ААН байгууллага карго үйл ажиллагаа эрхэлж байна. Чингэлэг тээвэрлэлтэд зориулж нэг чингэлгийг 45-60 мянган юаниар худалдан авч, Улаанбаатар хүртэл нэг куб метр ачааг 1800-2500 юанийн үнэтэй тээвэрлэхээр төлөвлөж, бүрдүүлэлт хийж байна.

Одоогоор нутгийн гүнээс 1000 орчим чингэлгийг гаалийн баталгаат талбайд төвлөрүүлжээ. Чингэлгийн ердийн үед 8-12 мянган юаниар худалдаалдаг байсан аж. Энэ нь Монголын талаас чингэлгээ хэрхэн буцаан авах асуудал тодорхойгүй байсаар ирсэн тул карго ачааны үнэд чингэлгийн үнийг шингээсэн нь тээврийн үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн байна” гэжээ. Түүгээр зогсохгүй сүүлийн үед үүссэн тээвэрлэлтийн үнийн хөөрөгдлийн тухайд чингэлэгт тээвэр хийх сургаар ашиг хонжоо олох гэсэн хоёр талын зарим иргэд, ААН бараа бүтээгдэхүүнээ түргэн шуурхай татан авах гэсэн сэтгэлгээн дээр тоглолт хийж үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг анхааралдаа авахыг Эрээний карго эрхлэгчдийн төлөөлөл хүссэн байна.

Цар тахлын нөхцөл байдал намжуу байх үед ачаа тээвэр хэвийн үргэлжилж, дундын зуучлагч гэж ерөөс байсангүй. Гэвч Монголын талын халдвар хамгааллын дэглэм сул, хариуцлагагүй байдлаас болж Эрээн хот боомтоо хаасан. Бүтэн улирлын турш бөөгнөрсөн ачаа тээврийг нэвтрүүлэх сургаар л дундын зуучлагчид гарч ирсэн байдаг. Үүний нэг том төлөөлөл нь саяхныг хүртэл дуулиан тарьсан “Үндэсний тээврийн корпораци”. Ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй шууд хил дээр томилогдож, салбарын сайдын хамаарал бүхий гэх баримтууд дэлгэгдсэн тус корпораци ямар нэгэн тээвэрлэлт хийхгүйгээр жолооч нараас зуучлалын хөлс гэж чингэлэг тутмаас 220.000 төгрөгийн хураамж авахаар зэхсэнээ дуулгаж баахан маргаан дэгдээсэн. Энэ ханшаар бол нэг сард 11 сая төгрөг, жилд 300 гаруй сая төгрөг жолооч нараас авах тооцоо ч олон нийтийн анхаарлыг татаж байв. Жолооч нараас авч байгаа энэ хураамж ард түмний нуруун дээр ачаа болж нэмэгдэнэ.

Эрээн-Замын-Үүдийн боомт дээр дундын зуучлагчид Үндэсний тээврийн корпорациар тогтохгүй олон байдаг аж. Ачаа тээвэр хэвийн үргэлжилж байх үед нэг куб метр ачаа 250 юань байсан бол халдвартай холбоотой тээвэрлэлт багассанаар 800 юань болж нэмэгдсэн байдаг. Энд дунд дундын зуучлагчид нэмэгдсэн гэсэн үг.

Түүгээр зогсохгүй хил хаагдсан гурван сарын хугацаанд гурав дахин нэмэгдэж 2200 юань хүрээд байна. Дундын зуучлагчид БНХАУ-ын талын чингэлэг тээвэр хариуцдаг “Синотранс” компанийн чингэлгүүдийг бүгдийг нь түрээсэлчихдэг. Тэгээд л наймаа эрхлэгчдэд дамласан үнээ хэлдэг. Угтаа худалдаа эрхлэгч “Синотранс” компаниас үндсэн үнээр нь чингэлгээ захиалдаг байсан. Үүнийг Илтгэх хуудаст ч тодорхой бичжээ. Өөрөөр хэлбэл, эдүгээ 45-60 мянган юань хүрчихээд байгаа чингэлэг ердийн үед 8-12 мянган юань байсан гэж.


Тэгвэл БНХАУ-ын талаас тавьж буй дундын зуучлагчдыг зогсоох шаардлагатай юу. Энэ талаар эх сурвалжуудын байр суурийг сонирхлоо.


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин: Чингэлэг тээвэр жигдэрсний дараа дундын зуучлалын асуудлыг харах ёстой

-Засгийн газар инфляцид нөлөөлөөд байгаа импортын бараа бүтээгдэхүүнийг яаж хамгийн бага өртгөөр Монгол Улс руу оруулж ирж болох тал дээр анхаарч байгаа. Дундын зуучлагч гэдэг бас л бизнес эрхэлж байгаа хүн. Тэднийг яг одоо харлуулах нь өрөөсгөл байх. Гэхдээ үндэслэлгүйгээр үнийг хэт их хөөрөгдөж, иргэдээс, бизнесийнхнээс зуучлалын хөлс авна гэдэг дээр анхаарч байгаа. Холбогдох талууд ажиллаж байна. Өнөөдрөөс /өчигдөр/ чингэлэг тээвэр эхэлж байгаа учраас жигдрэх хугацаа хэрэгтэй. Тэгж байж хэн хаана үнэ өсгөөд байгаа бодит зураг харагдана.

Хаана нь үнэ өсгөөд байгааг тодорхой болгох ёстой. Гэхдээ хүмүүсийн ам дамжиж яриад байгаа шиг бүх ачаан дээр хэт өндөр үнэ яваад байгаа юм биш. Эрээн талд бүтэн чингэлэг авчихаад хувь хүмүүсээс жижиг ачаа авахдаа үнэтэй дүн хэлсэн мэдээллүүдийг бид авсан. Нийтээрээ яриад байгаа шиг нөхцөл байдал гайгүй.


Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаа хариуцсан ажилтан Д.Нацагдорж: Тээвэр зуучлагчид дур мэдэж үнэ нэмдэггүй

-Тээвэр зуучлагчид өөрсдөө дур мэдэж үнэ нэмээд байгаа асуудал биш. Бид өмнөх үнээрээ тээврээ хийгээд явж байгаа.

Автын тээвэр зогссон учраас төмөр замаар ачаа бараа хэвийн явж байна. Үнэ өсч байгаа шалтгаан дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой. Энэ Монголд маш их нөлөөлж байна. Хил гааль хаалттай байгаа учраас тээвэр хийх чингэлэг, автомашины олдоц муу байгаа шүү дээ. Тиймээс үүнийг тээвэр зуучлагчтай холбож, дундын зуучлагчийг үгүй хийнэ гэдэг байж болохгүй асуудал.

Тээвэр зуучлагчид бол барааны гаалийн бүрдүүлэлт, ачаа барааны даатгал зэрэг гол зүйлийг хариуцдаг. Хэрэв байхгүй болчихвол бараа бүтээгдэхүүний импорт замбараагаа алдаж, ачаа бараа алга болох, эвдэрч гэмтэх зэргээр олон асуудал үүсэх байх.


Худалдаа эрхлэгч Г.Ганбат: Халдвар хамгааллаа сахиж, дундын зуучлагчдыг үгүй хийх ёстой

-Дундын зуучлагч манайд байх шаардлагагүй. Манай тал халдвар хамгааллын дэглэмээ барьж чадахгүй байгаагаас эхэлсэн асуудал шүү дээ. Манай лабораториуд халдварыг үнэн зөв шинжилж чаддаггүй, жолооч нар нөгөө талд гараад эерэг болчихдог. Ингээд хил гааль хаагдаж, урт хугацаагаар ачаа бараа бөөгнөрч эхэлсэн.

Ингэх тусам ачаа барааны тээврийн үнэ өсч, дунд нь зуучлагчид гарч ирсэн. Л.Халтар сайдын хамааралтай “Үндэсний тээврийн корпораци” гэгч ямар ч шалгаруулалтгүйгээр гарч ирээд БНХАУ-ын төрийн өмчит компанитай гэрээ хэлэлцээр хийж байна. Тэд чинь дундын зуучлагчид. Дээр нь Хятад талаас чингэлэг түрээсэлж, монголчуудын барааг ачих нэрээр үнэ өсгөж байгаа зуучлагчид бас бий.

Тэгэхээр ерөөсөө л хил гаалийнхаа халдвар хамгааллыг өндөр сахиж, дундын зуучлагчдыг үгүй хийж, чингэлэг тээвэр гэгчээ болиулан өмнөх жишгээрээ тээврээ хийгээд явах хэрэгтэй гэв.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас ирсэн Илтгэх хуудаст дээрх дундын зуучлалын асуудлыг хөндсөнөөс гадна “Хуа Гүнсян өргөн царигийн ачилтын терминал”-ыг өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-ын тал ашиглалтад оруулсан бөгөөд манайхтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тус терминал нь өргөн царигаар жилд гурван сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай. Автозамын тээврээс хоёр дахин хямд өртөгтэй, үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон зэрэг ачаа бараа тээвэрлэх ажлыг шуурхай хийж болох бусад саналуудыг ч дурдсан байлаа.