Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугч М.Төрбаяр: Шатсан байрыг маань гудамжны хүмүүс тонож, хоног төөрүүлдэг боллоо DNN.mn

Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан машин дэлбэрч “Edu apart” хотхоны 207 дугаар байр галд өртсөн. Үүнээс үүдэж 63 айлын 220 гаруй оршин суугч амьдрах гэр оронгүй болсон билээ. Осол болсноос хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр оршин суугчид болон галд өртсөн орон сууцыг хэрхэх болсон талаар 207 дугаар байрны оршин суугчдын төлөөлөгчдийн зөвлөлийн тэргүүн М.Төрбаяртай ярилцлаа.


-Өнгөрсөн тавдугаар сард тантай ярилцахад галд өртсөн 207 дугаар байрыг хүчитгэж засварлахаар Хотын захиргаа шийдсэн болохыг дуулгаж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Хосбаяр тухайн үед оршин суугчдыг байлцуулаад нөхцөл байдлыг сонсоод 207 дугаар байрыг засварлах нь зүйтэй юм байна. Засварлах компанийг сонгон шалгаруулах тендер зарлая гэж шийдсэн болохыг ярьж байсан. Бараг баяр наадмын өмнө засаад оршин суугчдыг байранд нь оруулчихна гэж Хосбаяр дарга мэдэгдэж, бид ч баярлаж байлаа. Гэвч баяр наадмын сар таараад тэгсэн үү, тендерт ямар ч компани санал ирүүлээгүй гэсэн. Тиймээс байрыг хүчитгэж засварлах ажлыг больсон. Барилгыг буулгаад шинээр барих болсон талаар оршин суугчид бидэнд Хотын захиргаанаас мэдээлсэн.

-Тэгээд хэзээ буулгаж, барилгын ажил эхлэх юм бол оо?

-Бас л тодорхойгүй байна. Өмнө нь бидэнтэй холбогдож мэдээлэл өгч байсан дарга нь албан тушаалаа өгчихсөн, өөр хүн ирсэн юм билээ. Ямартаа ч бас тендер зарлаад нураах компани сонгох бололтой. Одоогоор барилгын ажил эхэлсэн зүйл алга.

-Оршин суугчид ямар байдалтай байна вэ. Энэ есдүгээр сард түр байрных нь түрээсийн хугацаа дуусна гэж байв уу?

-Оршин суугчдын хувьд хүнд нөхцөл байдалтай байна. Яг хичээл сургуулийн үе эхэлж байна. Түрээсийн байрны хугацаа дуусч байна. Энэ байдлаараа түрээсийн байр, өөрийн байр ч үгүй болчих вий гэсэн айдастай айлууд олон байна. Үүнийгээ ч хэлж байгаа. Сургууль цэцэрлэг орох гэж байдаг. Хохирсон иргэдийг цаашид хэрхэх талаар Хотын захиргаа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй л байна. Бидэнд ч бас хэцүү байх юм. Татвар төлөгчдийн мөнгөөр түрээс төлүүлээд амьдраад байх. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байна. Ядаж манай барилгын улирал ямар хугацаатай билээ. Намар болж байхад барилгыг нурааж эхлээ ч үгүй байна. Хэзээ нурааж, хэзээ барилгын суурь тавих нь эргэлзээтэй. Арга ядаад оршин суугчид даавуун дээр эсэргүүцлийн үг бичээд шатсан барилга дээр татчихсан байх вэ дээ. Бид чинь гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан шүү дээ. Ихэнх айл хамаг байдгаа алдсан.

-Шатсан байр цагдаагийн хамгаалалтад байсан. Одоо ямар ч эзэнгүй байгаа юу?

-Тийм ээ. Эхлээд цагдаагийн хамгаалалтад байсан. Сүүлдээ цагдаа нар яваад өгсөн. Одоо бол байр маань тэнүүлчдийн орогнодог газар л болж гүйцлээ. Уг нь гал ороогүй хэсэгт айлууд эд тавилгаа авч чадаагүй шүү дээ. Авах ч боломжгүй. Тог цахилгаан байхгүй учир өндөр давхраас эд зүйлсээ буулгаж авч чадахгүй байгаа. Дээр нь ямар ч хамгаалалтгүй болчихоор янз бүрийн хүмүүс цонх хаалгыг нь эвдэж ороод хулгайлж тоноод, зарим нь хоног төөрүүлдэг газар болгож байна. Маш харамсалтай. Арга ядаад оршин суугчид ээлжлээд байраа манаж хонож байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Эдийн засагч А.Мөнхболд: Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа учраас нүүрсний үнэ ханш унаж эхэлсэн DNN.mn

-Худалдааны хууль батлахгүйгээр уул уурхайн бүтээгдэхүүний үр шимээ Монгол Улс хүртэж чадахгүй-

Эдийн засагч А.Мөнхболдтой нүүрсний экспортын талаар ярилцлаа.


-Манай улс нүүрсний экспортыг энэ жил нэлээд өөдрөгөөр төсөөлж төлөвлөсөн. Гэвч өнөөдөр экспорт удааширсан, зарим боомтод бүр гацсан гэдэг мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар тодруулмаар байна?

-Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байгаа. Харин ханш унах төлөвтэй байна. Энэ нь Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаатай холбоотойгоор дотоодынх нь нүүрсний үнэ унаж эхэлсэн. Тэгэхээр манайд нүүрсний экспортын биет хэмжээ хэвийн ч үнэ буурах хандлагатай гэсэн үг. Энэ нь манай талд худалдааны баланс сөрөг үр дүн харуулах юм.

Нөхцөл байдлын хувьд урд хөршид жижиг худалдан авагч нарын борлуулалт зүгээр. Харин Хятадын томоохон аж ахуйн нэгжийн худалдан авалт саарсан байдалтай байгаа. Энэ нь нэг талаараа геополитик болон манай хоёр улсын хоорондын бусад асуудалтай хамааралтай.

-Бусад асуудал гэж та юуг хэлэв?

-Миний харж байгаагаар геополитикийн асуудлууд нөлөөлөөд байх шиг байна. Тухайлбал, Аравдугаар богд байна. Энэ чиглэлийн тусгал экспортод ороод ирэв үү гэдэг хардлага байна. Манай улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх нь чухал. Бид ухаалаг байх хэрэгтэй. Хөрш оронтойгоо яаж зөв харьцах вэ. Манай бодлогууд заримдаа өөрсдийнхөө худалдааны эсрэг нөлөөлөл үзүүлээд байдаг. Бид өөрсдөө ухаажих ёстой болов уу.

Өнөөдрийг хүртэл манай улс маш их хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон. Жишээ нь, Эрдэнэт 700 орчим мянган тонн зэсийн баяжмал, Оюу толгой 750 мянга байснаа хоёр дахин нэмэгдээд 1.5 сая тонн болж байна. Нүүрс гэхэд өнгөрсөн жил 70 сая тонн экспортолсны 57.9 хувь нь коксжих нүүрс гээд тооцоод үзэхээр 30 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлоод байна. Эндээс Монголд үлдэж байгаа нь юу байна, юу ч байхгүй.

-Таныхаар үүнийг хэрхэн зохицуулах ёстой гэж үзэж байгаа хэрэг вэ?

-Худалдааны хуулиар л зохицуулах ёстой юм шүү дээ. Гэтэл манай зарим улстөрчид үүнийг шууд эсэргүүцдэг. Энэ бол яалт ч үгүй гадны гар хөл гэсэн үг. 2023 онд гэхэд л манайх 17 орчим тэрбум ам.долларын худалдаа хийсэн гээд байгаа. Эндээс манайд үлдсэн нь маш бага. Бид нэгд, уул уурхайн экспорт, гадаад худалдааны асуудлаа зохицуулах хууль гаргах хэрэгтэй юм.

Олон улсын жишгээр мөнгөн урсгал Монголбанкаар дамжих зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, би ОХУ-аас бараа худалдаж авлаа гэхэд 100 хувь төлбөрөө төлж байж бараа маань төмөр замаар ирдэг. Хятадаас ч тэр. Төлбөр тооцоо хийгдэж байж ачаа наашаа хөдөлдөг. Гэтэл Монголын ачаа ямар ч төлбөр тооцоогүй хил гараад явчихдаг. Энэ л хамгийн том алдаа.

Бид өөрсдөөсөө шалтгаалсан зүйлүүдийг цэгцлэх хэрэгтэй. Аливаа улс мөнгөн урсгал, худалдаа, тээвэр логистик гэсэн гурван зүйл дээр төвлөрдөг. Худалдааны экспорт хангагдаагүй байхад ямар ч нэмэргүй. Гадаад зах зээл дээр байгаа үнэ, эрэлт нийлүүлэлт гэхээс өмнө гадаад худалдааны эрх зүйн орчноо цэгцлэхгүйгээр хөгжихгүй. Гэтэл манайх үүний төлөө юу ч хийхгүй байгаа нь харамсалтай. Сая сонгууль болж, бүх улс төрийн намын мөрийн хөтөлбөрт “Худалдааны хуультай болно” гэсэн заалттай байсан. Харамсалтай нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг уншихаар энэ тухай үг, өгүүлбэр ч байхгүй. Ер нь Худалдааны хуульгүй байх нь ОХУ-д ашигтай. ОХУ-ын Монголын талаар баримтлах бодлогын гуравт, Монгол Улсыг хүнсээр хангана гэсэн заалттай байдаг. Энэ нь ч биелсээр, манай импортын хүнсний 70 хувийг ОХУ-аас оруулж ирж байна. Хятад ойлгомжтой. Уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээс хамгийн хямдаар авах сонирхолтой. Тиймээс худалдааны хуулийг л нэн тэргүүнд батлах шаардлагатай болоод байгаа юм.

-Нүүрсний экспортын сэдэв рүүгээ оръё. Биржийн худалдаа амжилттай байгаа юу. Экспорт зогссон гэсэн мэдээгээр биржийн худалдаа ч хөндөгдөх шиг болсон?

-Биржийн худалдаа бас хэвийн үргэлжилж байгаа мэдээллийг авсан. Гэхдээ биржийн худалдааны хувьд бид нэг зүйлийг анхаарах ёстой. Нэгэнт манайх Худалдааны хуульгүй учраас биржийн худалдаа бас л худлаа. Үнэндээ энэ бол классик худалдаа биш. Хэлбэртсэн л ажил. Мэдээж манай улсад биржийн худалдаа хэрэгтэй. Гэхдээ олон улсад байдаг хэв загвар энэ биш. Манайх бол зүгээр үнэ хаялцуулаад л сууж байгаа. Ар талд нь тээвэр логистик байхгүй.

Биржийн худалдаан дээр нүүрсний үнэ унахаар манай Таван толгойн удирдлагууд нүүрс тээврээ худалдан авагч талд хамт өгчихдөг. Уг нь энэ чинь тусдаа явах асуудал. Өөрөөр хэлбэл, А цэгээс Б цэг хүртэл ачаа тээвэрлэхэд ачааны үнэ ханш унах ямар ч хамаагүй зүйл. Үнэ бол бензин шатахуун, ажиллах хүчин зэрэг өөр хүчин зүйлээс шалтгаалдаг. Худалдаа, тээвэр логистикийн асуудлыг биржийн худалдаан дээр цогцоор нь шийдэхгүйгээр явахгүй. Хоёрт, Таван толгой компани өнөөдөр олборлогч юм уу, нүүрс худалдаалагч, эсвэл нүүр тээвэрлэгч үү. Бүгдийг хийж байна. Төр бүгдийг өөрөө авах шаардлагагүй. Олборлоод тээвэр худалдаагаа хувийн хэвшлээр хийлгэж болно.

-Нүүрсний худалдаанаас манай улс хангалттай ашиг хүртэх тухай асуудал хөндөгддөг. Та бол экспорт дээр татвар тавих ёстой гэж үздэг хүн. Үнэхээр тийм боломж байдаг уу?

-2014 оны үед болсон явдал. Нүүрс экспорт дээр Баяннуур аймаг татвар аваад эхэлсэн. Харин Монголын тал аваагүй. Уг нь айл ямар арга хэмжээ авна адилхан аваад явах ёстой. Хэрэв тухайн үед манай тал татвар авч эхэлсэн бол Гашуунсухайт боомт Баяннуур, Ганцмодын хэмжээнд хүрчих байсан. Замын-Үүдийг л хар л даа. Дөнгөж хагас жилийн байдлаар 2.9 тэрбум ам.долларын худалдаа хийсэн. Эрээн тэндээс татвар авдаг. Замын-Үүд авдаггүй. Тэгэхээр яаж хөгжих юм бэ. Орон нутагт эрх өгөх ёстой. Замын-Үүдийг орон нутгийн чанартай хот болгож, татвар авах эрхээр хангаад бие даасан байдлаар явуулахад Эрээнтэй адилхан хөгжөөд л эхэлнэ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.Лакшми: Япон бодлогын хүүгээ нэмж, йенийн ханш чангарснаар олон улсад хөрөнгийн зах зээл савлаж байна DNN.mn

Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


-Сүүлийн долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээл огцом савлаж эхэллээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Эдийн засагчийн хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Дэлхийн томоохон зах зээл болох АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн бирж сүүлийн долоо хоног нэлээд савлагаатай байлаа. Мөн Японы хөрөнгийн бирж бууралттай байв. Түүхэнд хар баасан гариг гэж байдагтай адил Японы хувьд хар даваа гариг гэж хэлж болохоор харагдсан. Үүнийг хоёр талаас харах хэрэгтэй. Савлах гол шалтгаан нь Япон бодлогын хүүгээ нэмсэн нь том нөлөө үзүүллээ гэж харж байна. Японы йенийн ханш олон сар сулралттай байсан. Суларч байсан ханш гэнэт чангарахад ийм нөхцөл байдал тулгарсан. Яагаад гэвэл ханшийн зөрүү нь АНУ-ын ам.доллартай харьцуулахад хүү багатай. Бодлогын хүү доогуур зээл авахад бага хүүтэй, мөн ханш нь илүү сул байдаг учир хүмүүс зээл аваад АНУ-ын хувьцаа авчихдаг тохиолдол элбэг болсон. Тэр хувьцаа нь сүүлийн жилүүдэд 20-30 хувь өссөн. Авсан зээл, хувьцаа хоёрын зөрүү дээрээс ашиг олдог.

Гэтэл сүүлийн долоо хоног йен бодлогын хүүгээ нэмснээр зөрүү нь багасч хүмүүс хувьцаагаа хурдтай зарж эхэлсэн. Их хэмжээгээр зараад эхлэхээр огцом уналтад тодорхой нөлөө үзүүлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Би хувьдаа хөрөнгийн бирж маш эмзэг салбар учир бага зэргийн сөрөг мэдээлэл гарахад л нөлөө үзүүлдэг. Энэ жилийн хувьд томоохон онцлогууд байна гэж харж байна.

Нэгдүгээрт, АНУ-ын сонгууль, хоёрт дэлхий дахины геополитикийн асуудал, гуравдугаарт Орос, Украины дайн байна. Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд нэлээд хурцадмал болж байгаа Иран Израиль руу дайрах нөхцөл байдал зэрэг нь улс орнуудын эдийн засагт нөлөөлнө. Ингэснээр эдийн засгийн өсөлт буурч, хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол буурах юм.

-АНУ-ын хөрөнгийн биржид том, том компаниудын хувьцаанууд байдаг. Жишээ нь Аpple бууралттай байна. Эргэж сэргээх үйл ажиллагаа юу байж болох вэ?

-Хөрөнгийн биржийн хувьцаа компаниудынхаа үйл ажиллагаатай холбоотой байдаг. Аpple дээр бол сүүлийн хоногт Warren Buf­fett’s хэсэг хувьцаагаа зарсан гэх мэдээ гарч байгаа. Ихэнхдээ хүмүүс томчуудыг зараад эхэлбэл ямар нэгэн юм болох нь гээд дагаад зардаг. Apple компани сүүлийн үед бүтээгдэхүүний шинэчлэлтийн бодлогууд сул байв уу гэж харагдаж байгаа. Нөгөө талаар хоёр гурван үйлдвэр нь Хятадад байсан ч цар тахлын дараа Вьетнам руу шилжүүлэн томоохон үйлдвэрүүдээ бариад эхэлсэн. Үүнтэй холбоотой илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай учир инновацийн бодлого тал руугаа анхаарч чадахгүй байгаа болов уу гэж таамаглаж байна. Яагаад гэхээр технологийн зах зээл маш хурдацтай хөгжиж байгаа учраас хоцорч болохгүй.

-Хонгконгийн бирж болон бусад биржүүд ямар хөдөлгөөнтэй байна вэ?

-Хонгконгийн бирж сүүлийн үед идэвх муутай байгаа. Хонгконг Хятадтай нэгдсэнтэй холбоотой ихэнх хөрөнгө оруулагч нь гараад явчихсан. Тэгэхлээр үүнтэй холбоотойгоор Хонконг ийн зах зээл болон хөрөнгийн бирж дээр томоохон нөлөө үзүүлэх нь бага. Мөн АНУ, Японы бирж зэрэг том зах зээлүүдийг бодвол харьцангуй бага гэж бодож байна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд яг ийм үйл ажиллагаа нэлээд хумигдсан.

-Тэгвэл манай улсын хөрөнгийн зах зээл ямар байна. Олон улсад буурч байхад манайд яаж нөлөөлөх бол?

-Монголын хөрөнгийн бирж бол өөрөө олон улсын зах зээлтэй холбоотой үйл ажиллагаа ихэнхдээ явуулдаггүй. Жишээ нь олон улсын томоохон хувьцаа манайд худалдаалагддаггүй. Дотоодын л хувьцаанууд гаргадаг. Тэгэхлээр олон улсын томоохон доргилтууд гарахад харьцангуй гайгүй. 2007, 2008 онд дэлхийд санхүүгийн том хямрал болоход Lehman Brothers-оос гарсан хямрал үүсэхэд Монгол Улс харьцангуй гайгүй байсан. Яагаад гэвэл бас хамаарал, харилцаа холбоо нь арай бага байгаад болов уу. Давуу тал болж байгаа ч олон улсын зах зээл дээр хэчнээн харилцаа холбоо шууд холбоотой биш ч гэсэн тодорхой хэмжээгээр бас нөлөөтэй. Шууд олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж авах боломжгүй байгаа ч тодорхой брокер диллерүүдын компаниудаар дамжуулан хүмүүс хувьцаа худалдаж авдаг. Олон улсын түвшинд Монгол Улсаас худалдаж авсан хувьцааны тоо хэмжээ тодорхой байдаггүй, би тийм тоо хэмжээг харж байгаагүй.

-Манай улсын дотоодын үйл ажиллагаа, хөрөнгийн бирж хэвийн байна уу. Улирлаасаа хамаарч идэвхждэг үү?

-Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхждэг ч харьцангуй бага үе гэж байдаг. Мэдээж хүмүүс сүүлийн жилүүдэд хувьцаанд хөрөнгө оруулж байгаа. Ялангуяа биткойн түүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулна гэдгээрээ хувьцаа худалдаж авах сонирхол өссөн. Гэхдээ шууд утгаараа аваад үзэхэд бид хувьцааны зах зээл дээр томоохон өөрчлөлтүүд гаргаагүй гэдэг нь нэг их харагддаггүй. Хавар томоохон нөлөө үзүүлсэн нь арилжааны том таван банк өөрсдийнхөө хувьцааг гаргасан. Энэ нь тодорхой хэмжээний нөлөөг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхжихэд, түүнээс өөр томоохон нөлөө байгаагүй юм. Цаашдаа Монгол Улсынхаа хөрөнгийн биржийг өөр илүү эргэлтэд оруулах шаардлагатай гэж харж байгаа. Ялангуяа “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг хөрөнгийн бирж рүү худалдаалах боломжгүй. Тэгэхээр ямар ч амьгүй, өгч байгаа ногдол ашиг тухайн үедээ АПУ-тай харьцуулахад хоёр дахин өндөр ногдол ашиг өгч байх жишээтэй. Хувьцаа эзэмшигч бид мэдээлэл авах боломжгүй. Зарим хүмүүс 2012, 2013 онуудад өөрсдийнхөө сургалтын төлбөрийг төлүүлчихсэн байдаг. Хоёр дахин бага хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс нь өөрсдийнхөө хувьцааг өсгөмөөр байж болно. Тэгэхэд мэдээллүүд нь бүгдээрээ хаалттай байдаг.

-Яагаад манайх ингэж түгжээд байдаг юм бэ?

-Улс төрийн ашиг сонирхол байна гэж хардаг. Яагаад гэвэл улс төрийн үйл ажиллагаатайгаа холбоотой ашигтай ажиллахад дараагийн жилд нь шууд ногдол ашгаа өгөх ёстой. Тэгэхэд 2023 онд ногдол ашиг аваагүй 2024 онд 2022, 2023 он гээд хоёр жилийн ногдол ашгаа авсан. Тогтмол олгох процесс их чухал гэж харж байна.

-Японы Ерөнхий сайд манайд айлчлах гэж байгаа. Түүнтэй холбоотойгоор Япон, Монгол хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжруулах, худалдааны гэрээ зэрэг хөндөгддөг асуудлууд байдаг?

-Монгол Улс Японтой эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ, стратегийн түншлэлд гарын үсэг зурсан байдаг. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Тэдгээр нь амь орох ёстой. Японоос манай улс руу нэлээд их бараа бүтээгдэхүүн импортлогдож байгаа харагдаад байдаг ч эргээд Монголоос экспортлох тал дээр илүү чухал санаа тавих хэрэгтэй.

Ялангуяа томоохон үйлдвэр, хувийн хэвшил зэрэгт хамтарч ажиллах, цаашид үүнийгээ яаж илүү үр дүнтэй хэрэгжүүлэх вэ, хамтарсан үйлдвэр барих уу, хөрөнгө оруулалт авах зэргийг хэлэлцэх хэрэгтэй байх. Ажлын байр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэх мэт экспорт руу чиглэсэн үйл ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Р.Даваадорж: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хөрөнгө цацсанаас үүдэж гацсан DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талаар ярилцлаа.


-Киргиз улс газрын тос боловсруулах үйлдвэрийг нэг жилийн дотор барьж ашиглалтад оруулж байгаа тухай сүүлийн үед эдийн засагчид энэ чиглэлийн мэргэжилтнүүд онцлох боллоо. Манай газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл өнөөдөр хэд дэх жилдээ үргэлжилж байна вэ гээд харахаар анхаарал татдаг. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?

-Киргиз улс газрын тосны үйлдвэр боловсруулах үйлдвэрийг яг манайхтай ойролцоо хугацаанд барьж эхлүүлсэн. Гэхдээ арай түрүүлж бариад нийт хэрэглээнийхээ 20 хувийг үйлдвэрлэж байсан. Харин одоо жил хагасын хугацаанд энэ үйлдвэрээ шинэчлээд жилд 850 мянган тн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болсон мэдээлэл явж байсан.

Ямар ч байсан бидний өмнө алхаж байгаа нь үнэн. Хятадын хөрөнгө оруулалтаар энэ үйлдвэрээ шинэчлэх болсон байна лээ. Санхүүжилтийн хувьд ч маш бага тоо харагдаж байсан. Харин манай улсын хувьд Энэтхэг улсын Засгийн газрын 1 тэрбум 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2017 оноос хэрэгжүүлж байна. Газрын тосны үйлдвэртэй болно гэж дэврүүн мөрөөдөлтэй, үйлдвэрийнхээ шавыг тавиад олон жил өнгөрчээ. Тухайн үед үйлдвэрийг хоёр гуравхан жилд бариулна гэж зарлаж байв. Дараа нь 2024 онд ашиглалтад оруулна гэж байсан ч ковидын улмаас хойшлогдож, 2026 он болсон.

Тэгвэл одоо хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болчхоод байна, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийнхэн асар их хэмжээний санхүүжилт хэрэгтэй, одоогоор өрөнд орчихоод байна гэж УИХ дээр хээвнэг ярьж суусан. Нэмэлт хөрөнгөө энэ оны төсөв дээр суулгахаар ярилцаж байсан. Гэхдээ энэ оны төсөв дээр тийм их хөрөнгө мөнгө тавигдаагүй.

-Төслийн багийн зүгээс санхүүжилт дутсан тухай мэдэгддэг. Санхүүжилт үе үе дутаж төсөл гацаад байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди анх удаа манайд айлчлахдаа Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо мэдэгдлээ. Энэ зээлийг манай улс дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж улмаар нефть боловсруулах үйлдвэр барихаар болсон. Харин төсөл хэрэгжүүлэх санхүүгийн нарийн тооцооллыг гаргахад 1.236 тэрбум ам.доллар шаардлагатай болсон. Нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг мөн Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах хэлбэрээр 2019 онд шийдвэрлэж байв. 2023 онд УИХ дээр нэмэлтээр 437 сая ам.долларын асуудал яригдсан. Ний нуугүй ярихад, би энэ төслийг гадныхнаар хийлгэх ёстой байж дээ гэж харамсаж байсан. Яагаад гэвэл энэ нөхдүүд дахиад олон зуун сая ам.доллар нэхээд хошуугаа унжуулаад ороод ирэх нь цаг хугацааны асуудал юм байна гэж ойлгосон. Төсөл гацсан гол шалтгаан бол тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хэмжээний хөрөнгийг энэ төсөл рүү хийснээс үүдэлтэй. Улаанбаатар- Дарханы замын томоохон хувилбар гэж хэлж болно.

-Нөгөө талаар нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. Нөөц хангалттай юу манайх?

-Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр 1960-аад оны үед ажиллаж, дотоодын зах зээлийнхээ багагүй хувийг хангаж байгаад 1970-аад оноос зогсчээ. Хаалгаа барьсан шалтгаан нь газрын тосны нөөцтэй холбоотой. Зүүнбаянгийн үйлдвэр “түүхий эдийн нөөцийн асуудалд орсон” тул зогссон байдаг. Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 33 талбай байгаагаас өнөөдрийн байдлаар 28 талбайд 31 гэрээлэгч Засгийн газрын баталсан “Бүтээгдэхүүн хуваах” гэрээний дагуу ажиллаж байна. Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд нийт 333.789 сая тонн газрын тос бүртгэгдсэнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4 сая тонн газрын тос байна гэж Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлэл бий. Гэтэл одоо барьж буй тосны үйлдвэрт 1.5-2 сая тн жилд шаардлагатай. Тэгэхээр нөөцийн хувьд том асуултын тэмдэг байгаа гэж ойлгож болно.

-Энэ төслийг Энэтхэгийн Засгийн газрын зээлээр барьж эхэлсэн. Эргээд маш их өрөнд орж байгаа гэсэн үг биз дээ?

-2017 онд зээлээ авч байхад эхний 7 жил зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлөх заалт байсан. Тэгэхээр энэ оноос үйлдвэрээ бариагүй мөртлөө үндсэн зээлийн төлбөрөө төлж эхэлсэн байх ёстой. Манай улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй 1 тэрбум 236 сая ам.доллар, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл авсан. Өнгөрсөн жилийн зургадугаар сард УИХ дээр энэ бүтээн байгуулалт яагаад зогссон талаар асуудал орж ирэхэд нэмэлтээр 437 сая ам.доллар шаардлагатай хэмээн яригдаж байсан. Зөвхөн 2022 онд гэхэд л “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн урсгал зардал, ажилчдын цалин гээд Хөгжлийн банкнаас 166 тэрбум төгрөг авч, хүү нь гэхэд л 64 тэрбум төгрөг болсон тухай ярьж байсан. Өөрөөр хэлбэл, огт хэрэгжээгүй төсөлд асар их хэмжээний мөнгө нэмэлтээр хэрэгтэй байгаа талаар яригдаж байсан. Хийж бүтээсэн нь тун маруухан мөртөө өр үйлдвэрлэж байсан нь эндээс тод харагдана. Гоё сайхан бүтээн байгуулалтын нэр зүүчихээд ийм хариуцлагагүй байж яавч болохгүй.

-Мэдээж Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Чухам яагаад ажил хэрэг болж өгөхгүй байна вэ. ТЭЗҮ, зохион байгуулалт, менежмэнтийн дутагдал байна уу, эсвэл ерөөсөө манай улсад аж үйлдвэрлэлийн ийм төслүүд хэрэгжих боломжгүй юм уу?

-Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн гурван багц ажлаас гурван ажлын гэрээг байгуулсан төдий байгаа. IV багцын ажлыг хийхэд 448 сая ам.доллар хэрэгтэй байгаа нь төслийн нийт зардлыг 1.6 тэрбум ам.доллар болгож өсгөсөн. Хөгжлийн банкны санхүүжилт зогссон. Тус төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар Засгийн газраас 182 дугаар тогтоол гаргасан ч тогтоолын зарим заалт тодорхой бус, шат дамжлага нэмсэн байдлаас болж, үйлдвэрийн санхүүжилт, татвараас чөлөөлөх, хил гаалиар нэвтрүүлэх асуудлууд хойш саатаж, цаг хугацааны ихээхэн хохирол бий болж, гэрээлэгч байгууллагууд нөхөн төлбөр нэхэж байгаа гээд тоочвол “зуун зовлон, жаран хагархай ажил” бий. Манайд ийм том төсөл хэрэгжүүлэх туршлага байхгүй. Ер нь улстөрчдийн шахаасны хүмүүс ийм төсөл хөдөлгөж чадахгүй гэдэг нь өнгөрсөн найман жилд маш тодорхой харагдлаа. Аливаа төсөлд тооцоо судалгаа чухал байдаг. Бид заавал 1.5-2 сая тонн нефть боловсруулах үйлдвэр биш, 700-800 мянган тонн хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад оруулаад тодорхой хугацаанд ажиллуулж үр дүнг нь үзээд цаашид хүчин чадлыг нь нэмэх эсэхээ шийдэх ёстой байсан юм. Нүсэр үйлдвэр барина гэж зүтгээд асар их хэмжээний өрөнд орох юм биш биз гэдэг томоохон эмзэглэл бий болчихоод байгааг эрх баригчид анхаарах ёстой. Төслийн багаа солихоос энэ ажил эхлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу DNN.mn

Орогнолын Засгийн газар гэдэг ойлголт энд, тэнд бий. Жишээ нь, Төвөдөд 1959 онд орогнолын засгийн газар байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Товчхондоо, Төвөд БНХАУ хоорондын харилцаанаас үүдэж, төвөдүүд Энэтхэгийн Дарамсала хот руу олноор дүрвэсэн. Тэндээ төр захиргааны байгууллага байгуулан төвхнөснөөр орогнолын Засгийн газар, парламент гэж нэрийддэг болсон хэрэг.

Үүн шиг манайд бас орогнолын Засгийн газар бий болчихоод байна. Төвөд шиг улс төрийн харилцаанаас үүдэлтэй биш ч байрлах орон байргүй болж, энд тэндхийн байгууллага, албан газрын хатавчинд шилжихдээ тулаад байгаа юм. Нэг ёсондоо Төрийн ордноос хөөгдсөн гэсэн үг. Тиймээс орогнолын гэж нэрийдээд байгаа хэрэг.

Орогнолын Засгийн газрыг маань эхлээд Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах яриа тавдугаар сард хүчтэй яригдаж байлаа. Тагнуулынхныг Хөшигийн хөндий дэх Шинэ зуун мод гэх хот руу шилжүүлнэ гэж байв.

Одоо бол Тагнуулын байрыг нь болиод Кувейтын ам руу нүүлгэх тухай ярьж эхэлжээ. Ийнхүү улс төрийн тулгуур гурван засаглалын нэг гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч буюу Засгийн газар нь Төрийн ордноос жийгдэж, тагнуулын жижигхэн байранд хоргодох болоод эцэст нь Кувейтын ам руу шилжих болж байх шиг байна. Нэг бодлын Засгийн газар хаана байрлах нь тийм чухал биш, юу хийх нь чухал гэж харж болох ч нөгөө талаар энэ бол асар утга учиртай зүйл. Ер нь Монголын төр засгийн гол байгууллагуудыг ийм маягаар оролддог нь монголчуудыг, энэ улс орныг дэмий зүйлд бэлдэж байгаа явдал ч гэж харж болохоор юм.

Учир нь Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл гэдэг статустай. Үүнийг бүр Үндсэн хуулиараа хуульчлаад өгчихсөн. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан.

Гэтэл сүүлийн жилүүдэд амтай болгон нь “Улсын нийслэлийг нүүлгэнэ” гэж ярьж, Үндсэн хуулийг зөрчдөг болж байгаа. Үндсэн хуулийг хэн ч зөрчих эрхгүй. Энэ бол нийтээрээ дагаж мөрдөх монголчуудын эцэг хууль. Энэ хуульд тодорхой хатуу заачихсан агуулгыг илт зөрчиж, улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах тухай ярьж байгаа нь азарганы дэлийг нь авахтай адилхан явдал болно. Улаанбаатар хот бол нүүдэлчин монголчуудын бүх цаг үеийн түүхэнд нэг сая хүн ам хол давсан анхны хот. Энд эдийн засгийн маш том хүч, бааз суурь, тогтолцоо урт удаан хугацаанд бий болчихсон. Өнөөдөр дэлхийн улс орнуудтай хөл зэрэгцэж алхах, хөгжил ярих бол аль ч улс эдийн засаг л ярьдаг. Эдийн засаг ярихгүйгээр өнөөдрийн цаг үед хөгжил ярих боломжгүй. Нөгөө талаар эдийн засгийн энэ тогтолцоо улсын нийслэл Улаанбаатартай шууд холбогдоно.

Монголын бүхий л том аварга аж ахуйн нэгжүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компани, сангууд гээд эдийн засаг, бизнесийн эрэг шураг, бүхий л хөдөлгөгч хүч нь Улаанбаатарт төвхнөчихсөн. Улаанбаатараас нийслэлийн статусыг авахдаа тулбал эдийн засгийн энэ том хүчин чадал, нөөц бааз үгүй болно.

1.5 сая хүн амын өмч хөрөнгө салхинд хийснэ. Монгол Улсыг хөдөлгөж явдаг аж ахуйн нэгжүүд дампуурна. Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал шууд хөндөгдөж таарна.

Гэтэл ийм хорлонтой зүйлийг сүүлийн жилүүдэд маш эрчтэй ярих боллоо. Монгол үндэстэн өөрөө өөрийгөө ингэж хорлож сүйтгэхгүй. Тэгэхээр гадны даалгавар юм уу гэмээр гайхтал ярьж хэлэх хүмүүс хүртэл бий. Ялангуяа энэ тухай эрх баригч МАН-ынхан байнга ярьдаг болсон. Бүр нарийн харвал Төрийн тэргүүний зүгээс идэвхтэй санаачилга ажиглагддаг болоод удаж байна. Улсын нийслэлийг Хархорумд байгуулах тухай шийдвэр тогтоол хүртэл гаргуулаад амжсан. Хэрэв энэ чигээрээ явахдаа тулбал Үндсэн хуулийн зөрчил болно. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах болж таарна. Нэгэнт улс орны тусгаар тогтнол хөндөгдөж, хүн амын Үндсэн хуулиар олгосон хаана хэрхэн амьдрах, өмчтэй байх зэрэг үндсэн гол эрхүүд зөрчигдсөн. Дээр нь Үндсэн хуулиндаа “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэсэн заалтаа зөрчиж байгаа учраас Цэцэд өгч УИХ-аар хэлэлцүүлэх ажил эхэлж таарах нь.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Засаг хамтрах нь Үндсэн хуулийн заалтыг зөрчих үү DNN.mn

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж, холимог тогтолцоогоор парламентад анх удаа 126 гишүүн сонгогдсон. Сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтайгаар шинэ парламентыг бүрдүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа шуурхай томиллоо. Одоо үргэлжлүүлэн Засгийн газрыг бүрдүүлэх тохироо яригдаж байна. Албажиж алх цохиогүй байгаа ч хамтарсан Засгийн газар байгуулагдахаар болж байх шиг байна. Өнгөрсөн баасан гаригт болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг тус намын дарга Л.Гантөмөр танилцуулахдаа Засагт хамтрах шийдвэрийг гаргаснаа дуулгасан. Нэг ёсондоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хамтрах санал ирсэн, түүнийг дэмжсэн гэдэг мэдэгдлийг хийгээд байна. Сөрөг хүчний хамгийн олон суудал авсан намын энэ шийдвэрээр бол Засгийг хамтарч барихаар болж байна гэсэн үг.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг,аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлийн 10.1-д Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх гэж заасан.

Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАН 68 суудал буюу Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар олонх болсон. Төр засаг хуульд юу гэж тусгасныг ёсчлон дагах үүрэгтэй. Хуулийг мөрдөх нь хууль тогтоох дээд байгууллагын үндсэн үүргийн нэг ч гэж болно. Тэд хуулиа сахиулах нь нийт ард иргэд, төрийн болон хувийн хэвшил зэрэг бүхий л субьектэд үлгэрлэл болж байдаг. Гэтэл олонх болсон МАН хамтарсан Засгийн газар байгуулахаар бусад намуудад хүсэлт хүргүүлсэн, түүнийг хүлээж авч байгаа сөрөг хүчний үйлдлүүд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Аль ч нам улс төрийн сонгуульд төр засгийн эрх барих эрхийг авахаар оролцдог. Энэ утгаараа АН-ын үйлдлийг зөв гэж үзэх талууд байгаа. Харин нөгөө талд эрх баригч нам сүүлийн найман жил улс орны бүхий л чухал салбаруудыг уналтад хүргэсэн, үүнийг шүүмжилж байсан сөрөг хүчин тэдэнтэй хамтрахаар болсон нь буруу гэх байр суурь ч хүчтэй хэвээр байна. Ямартаа ч олонх болсон

нам сөрөг хүчинтэй хамтрах санаачилгыг гаргаж байгаа үйлдэл нь хуулиа зөрчсөн явдал болчихоод байна. Үндсэн хууль болон бусад  хуулийг зөрчиж байгаа энэ үйлдэлд Үндсэн хуулийн Цэц ямар тайлбар хэлэх бол? Үүнээс гадна сонгууль хэмээн сар орчим шууруулж

ард түмнийг талцуулсан. Ялсан, ялагдсан шок бүрэн арилаагүй байхад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг нэг амьсгаагаар сонгочихож  байгаа үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Манайх улс орны хөгжлийн хувь заяаг шийдэх улс төрийн гол үйл ажиллагааг үндэсний баяр наадамтай.

давхцуулчихдаг сонин тогтолцоотой. Сонгууль дуусаад л баяр наадмын уур амьсгал орчихсон байхад улс төрийн том томилгоонуудыг шууруулдаг. Өмнө нь ч ингэж ирсэн.

Маш өндөр ач холбогдол өгч, хамгийн ажил хэрэгчээр хандах улс орны амин чухал асуудлыг түмний анхаарлаас холуур зохион байгуулдаг нь нэг талдаа санаатай үйлдэл. Үнэндээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн УИХ-ын гишүүдийн тангараг өргөхөөс эхлээд анхны нэгдсэн чуулган, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын томилгоо олон нийтийн анхаарлаас холуур, чимээгүйхэн болоод өнгөрчихлөө. Шинэхэн гишүүдээс цөөнх нь ажил хэрэгчээр хандсанаас бусдаар Монгол Улсын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хувь заяа нэг намын урьдчилан бичсэнээр өрнөж байна. Ийм үзэгдэл улс төрийн соёлдоо ч, улс орны хувь заяанд ч хэрэгтэй юм биш. Тиймээс улс төрийн сонгуулийг үндэсний баяр наадамтай давхцуулж зохион байгуулдгийг больё.

Хавар гурав, дөрөвдүгээр сард, эсвэл намар наймдугаар сард явуулаад есдүгээр сараас шинэ сонгуулиа хийе. Ингээд шинэ парламент, шинэ Засгийн газар бүрэлдээд ажилдаа ороод явчихдаг болоход болохгүй зүйлгүй. Угаас цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах ангийн хүүхэд багачууд, төрийн албадаа есдүгээр сараас хичээллүүлж, ажиллуулдаг. Энэ цаг хугацаанаас төрийн бүхий л үйл ажиллагаанууд ажил хэрэгч өрнөдөг байхад сонгууль, парламент, Засгийн газар ч хамт ажиллаад эхлэхэд болох биш үү.

 

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт багш 1.8 сая, Улаанбаатарт 1.1 сая төгрөгийн цалин авч байна DNN.mn

Нийслэл болон орон нутгийн багш нарын цалин харилцан адилгүй талаар яригддаг. Багш нарын цалин нийгмийн хөгжил, цаг үеэ дагаад тохирох хэмжээнд хүрч чадаагүй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Улаанбаатар болон орон нутгийн багш нарын цалин хангамжийн талаар ярилцлаа.


Говь-Алтай аймгийн багш Б.Өлзийсайхан:

-Орон нутгийн багш нарт тулгамддаг асуудал юу байна вэ?

-Би боловсролын байгууллагад 28 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллахдаа орон нутагт, тэр дундаа нийслэлээс 1000 км алслагдсан Говь-Алтай аймагт ажиллаж ирсэн. Орон нутагт үнийн өсөлт өндөр. Улаанбаатараас нэг оймс 1000 км тээвэрлэх, эсвэл хотдоо юм уу хотын ойролцоо газрууд руу тээвэрлэх зардал хэд гарах вэ, ойлгомжтой. Ингээд харахаар орон нутаг, нийслэлийн багш нарын амьдралын түвшинд огт өөр байдаг. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, орон байрны нөхцөл гээд яривал олон асуудал бий дээ, орон нутагт.

-Цалин хөлс харин сүүлийн жилүүдэд орон нутагт нэмэгдэх хандлагатай байна уу даа?

-Монголын багш нарын холбоо 2017 оноос багш нарын цалин хангамжийн талаар анх удаа дуу хоолой болж энэ сэдвийг гаргаж ирсэн. Олон удаагийн тэмцэл, албан тушаалтны тамганы өмнө энэ байгууллагын удирдлагууд золиос болж явсны үр дүнд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.

-Жишээ нь, таны хувьд сард дунджаар хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Ямар ямар нэмэгдэл авч байна?

-Үндсэн цалин 1.5 сая. Олон жил ажилласан багш нарт орон нутагт ажилласны нэмэгдэл сумд 40 хувь, аймгийн төвд 20 хувь олгогддог. Ур чадварын нэмэгдэл гэж туршлага өндөртэй, улсын олимпиадад оролцсон эсэх шалгуур болж байж авдаг. Гэхдээ нийт багш нар авч чаддаггүй, 50 хүрэхгүй хувь нь авдаг. Дээр нь анги удирдсан багшид 10 хувь, заах арга зүйч бол 10 хувь, тэргүүлэх зэрэгтэй бол 20 хувь, зөвлөх бол үүнээс нэмэгдээд явна. Кабинет хариуцвал таван хувь. Илүү цаг ажиллавал нэмэгдэнэ. Миний хувьд илүү цагийн хөлс авдаггүй, зөвлөх багш биш. Тиймээс нийгмийн даатгал, татвар хураамжаа төлөөд гар дээр 1.8 сая төгрөг ирдэг. Зарим үед хоёр сая төгрөг хүрэх үе бий. Гол нь татвар хураамж манайд маш өндөр.

-Орон нутагт ажилладаг багш нар гурван жил тутамд тэтгэлэг авдаг болсон байх аа?

-Ерөнхий боловсролын сургуулийн багш цалингийн зургаан сартай тэнцэх, МСҮТ-ийнх 10 сартай тэнцэх тэтгэлэг авдаг.

Нийслэлийн 47 дугаар сургуулийн багш Ш.Баатармаа:

-Нийслэлд багш нарын ачаалал ямар байдаг вэ?

-Нийслэлийн анги дүүргэлт стандартаас давчихсан. Хоёр болон гурван ээлжээр хичээллэдэг. Манай сургууль хоёр ээлжтэй. Анги дүүргэлт багадаа 40-өөс дээш. 60 хүүхэдтэй анги ч бий. Стандартаа нугалаад давчихсан учраас үр дүнтэй хичээл заах боломжгүй. Айлын хүүхдүүдийг аюулгүй харж байгаа болж таардаг шүү.

-Цалин хөлс ямар байна вэ?

-Үндсэн цалин 1.2 сая төгрөг. Сая дөрөвдүгээр сарын 1-нээс 1.4 сая болсон. Залуу багш нар нэмэгдэл байхгүй шүү дээ. Миний хувьд анги даалтын 10 хувь, арга зүйч багшийн 10 хувь, олон жил ажилласны есөн хувь гээд даатгал, татвараа төлөөд гар дээрээ 1.1 сая төгрөг авдаг. Өмнө нь 900 мянган төгрөг авдаг байсныг бодоход нэмэгдчихлээ гэж баярлаад байгаа шүү дээ.

Гэтэл зээлгүй багш гэж байхгүй. Зээлээ нэг удаа тэглэж байгаагүй, амьдралын шаардлагаар нэмээд л авч таардаг. Гэтэл орон нутгийн багш сумын төвд ажиллавал 40 хувь, аймагт 20 хувийн нэмэгдэлтэй. Анги дүүргэлт 20 хүрэхгүй хүүхэдтэй. Багш стрессгүй. Цалин өндөр учраас амралтын мөнгө нь ч өндөр бодогдоно. Ингээд харьцуулаад харахаар хот хөдөөгийн ялгааг байхгүй болгомоор санагддаг. Хотын багш нар гурван жил тутам битгий хэл таван жил тутамд ажилласны тэтгэлэг гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ Улаанбаатарт ажиллаж байгаа багш нарын ачааллыг харгалзаж, тэтгэмжийг өгдөг баймаар юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Увсын цэнхэр хязгаар Мянган, Хөхий уулсынхаа хормойд тухалсан “Мөнх Хархираа” бөхийн гал дээр өнжлөө DNN.mn

Завханы Сонгино сум өнгөрөөд л Хяргас нуурын зах алсаас мэлтэлзэн угтана. Зах хязгаар үгүй мэт, хараа үл барах. Тэртээ алсад, тэнгэрийн зах хязгаар гэмээр булангаас Хархираан сүрлэг уулс хөхөрч, нуураа даран сүндэрлэнэ. Өтгөн үүлс уулсын оройгоор суунаглаад, ёстой л байгалийн тансаг зураглал нүд баясгах аж. Их хотын нүргээн, амьсгаа авах завдалгүй амьдрал дундаас сугарч гарсан надад Хархираан уулс, Хяргас нуурын энэ сайхан өнгө, үзэмжийн зохицлыг харах сэтгэлд үгээр илэрхийлэхээргүй тийм нэг амттай бахдал төрөв. Яг л тэр Хархираан уулсын дунд ижий, аав шиг хослон сүндэрлэх Мянган, Хөхөө уулсын хормойд төрөлх сум маань оршдог доо гэж өмнөх бодлоо улам баясгана.

Сонгино Улаангомыг холбосон хар зам торго шиг дардан. Хоёр цаг гаруй давхиад л аймгийн төв дээр ирчихлээ. Увс аймгийн төв Улаангом хотоосоо Тариалан сум маань 30 гаруй км алслагдсан билээ.

Тариаланд хүний хөл хөдөлгөөн нэлээд сийрэг үе таарлаа. Увсын Арвайн гурилын өлгий нутаг учраас айл бүр газар тариалантай холбоотой гэхэд хилсдэхгүй. Эрчүүд тариалангийн газраа усалж, манана. Давхар тэд Увс нуурын хөвөө, Тээлийн боомд хаваржсан айлууд зусландаа гарах их нүүдлийн цаг таарч байгаа учраас шинэ соёолсон тариан түрүү, өвсний үндсээ малаас хамгаалах ид ажилтай байцгаана.

Харин тариаланчуудын ээж, аав хоёр шигээ сүслэн залбирдаг Мянган, Хөхий уулсын хормойд, сүрлэг Хархираа голын хөвөөнд “Мөнх Хархираа” бөхийн галынхан баяр наадмын бэлтгэлдээ гарчээ. Мөдхөн улсын аатай аварга, арслангууд Төв цэнгэлдэхэд, аймаг сумдын хүчтэнгүүд наадмын талбайдаа уран мэхээ уралдуулж үзэгч олноо баясгана. Тэр дундаас сумын наадам гэдэг үзүүштэй. Хэний хүү түрүүлж, хэний морь айрагдахыг сумаараа харж, хөгжинө. Хүчтэний өлгий Увс нутгийн хувьд Тариалан суманд улсын цолтой бөх одоохондоо төрж амжаагүй яваа. Тийм ч учраас жил жилийн баяр наадам, бөхийн бэлтгэл дундаас хэний хүү өсч бойжин, эр бяраа гайхуулж аймаг, улс руу мацахыг бараг сумаараа харуулддаг түмэн билээ. Ийм нэгэн хүсэл эрмэлзэл, хүлээлт дунд бэлтгэлд гарсан “Мөнх Хархираа” өсвөрийн бөхийн гал дээр энэ удаа өнжлөө.

Өнгөрсөн өвөл Тариалангийн нийт нутгаар цас их унажээ. Дэлгэр цаг ирж өвлийн их цас хөрсөнд чийг сайн өгч, зуншлага сайхан болж байна. “Мөнх Хархираа” бөхийн галынхан сумаасаа баруун хойд зүгт Мянган, Хөхий уулын хормой Хархираа голын хөвөөнд тухалжээ. Голдоо том шар асар татаж, хоёр талд нь гэр барьжээ. Голын эрэг дээр Монгол Улсынхаа далбааг намируулчихаж. Тугаа тойроод зодог шуудаг бүхий 30 гаруй бөхчүүд бэлтгэл хийж харагдана. Өсвөрийн бөхчүүд гэх ч хэдийнэ бөхийн шинжиндээ орсон залуус гэмээр сүрдэм харагдах аж. Галын ахлагч аймгийн начин Г.Алтангэрэл мэнд мэдэн тосон авлаа. Түүний дэргэд зодог шуудаг өмссөн хоёр настай болов уу гэмээр булцгар хүү дагалдан явна. Бяцхан хүү ухасхийж босоод нөхдийнхөө бэлтгэлийг харж зогссон 13, 14-тэй болов уу гэмээр хүүгийн хөлийг тун эвлэгхэн авч, томчуудыг баясгалаа. Г.Алтангэрэл багш Түргэн сумын харьяат. Энэ тухай галын ахлагч “Би үндэсний бөх, жүдо, чөлөөтийн дасгалжуулагч хийдэг. Үндэсний бөхөөр 18 жил бэлтгэл хийж байна. Намайг үндэсний бөхөд Түргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Сумын заан Пүрэвсангиа хөтөлж оруулсан. Манай Дэглий Цагаан уул, Дэлгэрмөрөний голын хөвөөнөөс олон сайхан хүчтэнүүд төрсөн нутаг. Манайх ах дүүсээрээ бөхөд хорхойтой, их бага барилддаг хүмүүс” гэв. Тэрээр Гурван жилийн өмнө Тариаланд хүргэн болж иржээ. Бөхийн спортод хорхойтой тэрээр ирээд удалгүй энэ бөхийн дэвжээгээ байгуулсан гэнэ.

Анхны шавь нар нь Хадбаатар, Ариунзаяа нарын хүүхдүүд гэв. Гурван жилийн хугацаанд шавь нар нь арвин амжилт гаргажээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд баруун бүсийн чанартай тэмцээнээс 27 медаль авсан. А зэрэглэлийн нэг тэмцээнээс 13 медаль, МУ-ын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээнээс нэг медаль хүртсэн хэмээн бахархан ярив. “Мөнх Хархираа” галынх хүүхдүүд дунд үндэсний бөхөөс гадна жүдо, чөлөөт бөхөөр хичээллэдэг юм байна.

Галын ахлагч Г.Алтангэрэл “Хүүхдүүд маань таван насны ангиллаар барилддаг. Энэ жил манай аймгийн таван том сум ойтой. Тэнд хүүхдүүдээ бүгдийг нь оролцуулна гэсэн зорилготой байгаа. Гурван сайхан залуу бий. Сумын хурц арслан Түмэн-Өлзийгийн Хадбаатар, Шинэхүүгийн Батзул, Дорждагвын Хулансамбуу нарыгаа энэ жил сум, аймгийн цолонд хүрчих байх гэсэн өндөр хүлээлттэй байна. Миний хувьд ойрын 10 жилийн дотор Монгол Улсын цолтой бөх гаргах зорилготой” хэмээн хэтийн том амбицаа задаллаа. Үнэхээр ч ийм сэтгэл зүтгэл, байнгын бэлтгэл дундаас ээж аав шиг энэ хоёр сайхан уулынхаа бэл, Хархираа голынхоо хөвөөнөөс улсын цолтон төрөх нь дамжиггүй биз ээ.

Хүүхдүүдийн хувьд хамгийн гол зүйл нь хүсэл зорилго. Тухайн спортод сонирхолтой, маш үнэнч, хүсэл мөрөөдөлтэй байвал том хүч болдог. Мэдээж ар гэрийн дэмжлэг маш хэрэгтэй. Эцэг эх, багш, шавь гэсэн гурван зүйл уялдах ёстой байдаг тухай ч багш онцоллоо.

Галын нэг өдөр өглөө 5:30 цагт эхэлж бөхчүүд Хархираа голоо дагаад 10 гаруй км гүйдэг. 08:00 цагийн алдад хоолондоо орж, залгаад хүчний бэлтгэлд орно. Үүний дараа тамирчид амардаг. 12:00 цагт үдийн хоолондоо ороод барилдааны бэлтгэлдээ гарна. Ингээд 15:00 цагийн үед бэлтгал дуусч, оройн 19:00 цагийн үед булраа гаргах сэргэлтийн бэлтгэл хийгээд амардаг аж. Оройн тоон дээр нутгийнхаа сүлд дуу “Увс нуур”, “Халуун элгэн нутаг”, Тариалан сумынхаа сүлд дууг дуулж жаргаадаг байна.

Тариалан сум алдартай бөхтэй байсан тухай хууч яриа бий. Гэвч насан эцэслэсний дараа шарилыг нь алдсан. Үүнээс үүдэж улсын цолтой бөх төрөөгүй гэдэг. Харин сүүлд аймгийн хурц арслан Нямаа хэмээх сайхан бөх саяхныг хүртэл байсан. “Увсын ихэнх сумууд улсын цолтонтой. Цолгүй цөөхөн сум байгаагийн нэг нь манай сум. Сум орон нутгийн удирдлагууд үүнийг ойлгож дэмжих, хамтарч ажиллах хэрэгтэй. Ямар ч спортод дэмжлэг л чухал байдаг” хэмээн аймгийн начин А.Болдбаяр онцолж байв. Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсад хоёр давж, гурвын даваанд Улсын харцага Арслангийн Бямбажавт өвдөг шороодож байв.

Тэгвэл энэ жилийн баяр наадмын хувьд “Мөнх хархираа” галаас Жаргалсайхан, Бямбацогт, Хадбаатар, Хулансамбуу, Батзул нарын хурц барилдаантай бөхчүүддээ нэлээд итгэл найдвар тавьж буй ажээ. Тэд бол Увс аймагтаа хүлээн зөвшөөрөгдсөн сумын харцагууд гэдгийг галын ахлагч бардам хэлнэ лээ.

Бөхчүүдийнх нь онцлог, мэхний талаар аймгийн начин Г. Алтангэрэл багш “Мэхний хувьд унаган мэх гэж ярьдаг. Хүүхдэд бага наснаас нь тэр мэх нь мэдрэмж болж суудаг. Мушгидаг байсан бол тэр мушгиаг мушгина гэж бодохгүйгээр хүний үйлдэл дээр мэдэрч хийдэг. Тэр нь хүнд бага наснаас нь сууж эхэлдэг. Манай залуучууд хутгадаг, мушгидаг, гаргачихдаг, дунгуйлддаг, шуудган дээрээс морддог, голлодог, шуудган дээрээс бяралхаж барилддаг гээд тус бүрдээ дархан мэхтэй” гэж байна. Хоёр жилийн өмнө Увсын Өндөрхангайн Ханхөхийн тахилгад сумын харцага Т.Хадбаатар түрүүлжээ. Тэр наадамд улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүүхдүүд ирж барилдаж гэнэ. Улсын хэмжээний гэж нэрлэж болох наадамд шавь нь түрүүлж “Тариалан сумын харьяат” хэмээн цоллуулахад наадамчин шуугилдаж байсан нь багшийн хувьд аархал бахархал зэрэг төрсөн сайхан дурсамж байсныг галын ахлагч ярьсан юм.

Т.Хадбаатарын хувьд унаган мэх нь дунгуйлдах гэнэ. Энэ цаг үеэс шавь нар нь амжилтаараа аархаж эхэлжээ. Гэхдээ спорт гэдэг дэмжлэгээр амжилт гаргадгийг дээр онцолсон. Галын ахлагч ч үүнийг тэмдэглэн хэлсэн билээ. Тэрээр “Монгол Улсын хэмжээнд олимп, дэлхийн аваргад оролцоод амжилт гаргаж байгаа хүмүүс бүгд клуб, академитай болсон. Нэг клуб гэхэд л дөрвөн багштай байна шүү дээ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд сайн л бэлтгэл хийхгүй бол улсын чанартай тэмцээн маш хатуу. Олимп, дэлхийн аваргад амжилт гаргаж байсан хүмүүс Цагаанбаатар, Уранцэцэг нарын том алдартнууд бүгд багш дасгалжуулагчийн эгнээ рүү шилжсэн. Тэд тус бүрдээ нэг клуб, академитай, хоорондоо өрсөлдөж байна. Манай аймгийн хувьд политехник коллежийн дэргэд аймгийн арслан Батмагнай дасгалжуулагчтай “Улаан гуталт” бөхийн клуб байдаг. Манай “Мөнх хархираа”-тай нийлээд хоёр л өсвөрийн хүүхдийн бөхийн клуб аймгийн хэмжээнд бэлтгэл сургуулилт хийж байна” гэсэн билээ. Анхны амжилтын эзэн Т.Хадбаатар “Би 2020 оноос хойш барилдах хүсэл тэмүүлэлтэй болж, Алтангэрэл багш дээрээ ирж бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. 2022 онд Тариалан сумынхаа наадамд үзүүрлэж начин болоод, Хяргас сумын 100 жилийн наадам, Өндөрхангайн наадамд түрүүлээд ирсэн. 2023 онд бага зэрэг бэртэл аваад барилдаанаа алгасаж байгаад одоо бэлтгэлдээ гарчихсан явж байна. Аав маань залуудаа Өмнөговь сумын наадамд үзүүрлэж начин цол авч байсан. Аавынхаа хүрээгүйд хүрч баярлуулахыг хүсдэг. Улсын гарьд Бадарчийг харж, үлгэр дуурайл авдаг. Сугадаа аваад илүүрхэж байгаа нь гоё санагддаг. Миний дархан мэхүүд гэвэл дунгуйлдаа, хавираа, гар ачаа гэх мэт. Бүх мэхээ сайжруулаад уран барилдааны ховор чадваруудыг эзэмшинэ гэж бодож байгаа” гэж байна. “Мөнх хархираа” галд сумын харцага Ш.Баттуул бэлтгэл хийдэг. Тэрээр МУБИС-ийн биеийн тамирын багшийн хоёрдугаар курсийн оюутан. “Сумын харцага Г.Алтангэрэл ахтай 2019 оноос хойш бэлтгэл хийж эхэлсэн. 2022 оноос гал дээр бэлтгэл хийж эхэлсэн. Наадамд барилдахаар бэлтгэлээ чамбайруулж байна. Манай ээжийн талд хурц бадрангуй арслан Э.Буянтогтох гэж Багануур дүүргийн наадамд гурван жил дараалан түрүүлсэн хүн бий. Аавын талд Баруунтуруун сумын харьяат Улсын арслан Ганбат бий. Хүн хичээвэл амжилтад хүрдэг. Нас залуу байгаа учраас дүү нараас сайхан ирээдүй харагдаж байна” гэж байв.

 

Хамгийн сүүлд галынхан дундаас хэдхэн хоногийн өмнө жүдо бөхийн улсын аваргын тэмцээнээс Увс аймаг хоёр хүрэл медаль хүртсэний нэг нь өсвөрийн бөх Д.Гүррагчаа байв. Тэрээр “Золгоон дээрээс барилддаг. Шахаж татаал мордоно. Золгоо дээрээс хонгодно. Тохой татаж, хонгодохыг дархан мэхээ болгохыг боддог. Содномдорж, Орхонбаяр арслан шиг болохыг мөрөөддөг” гэлээ.

“Мөнх хархираа” галын анхны шавь сургуулиа дүүргэж ирэх намраас Улаанбаатарыг зорьж эхлэх гэнэ. Г.Алтангэрэл багш шавь нараа Увс нуур гал, Аварга дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль бусад клубүүд руу холбож чаджээ. Сумын харцага Т.Хадбаатар Увс нуур дэвжээ рүү, Хулансамбуу улсын Харцага Чулуунбаатарын “Нэгдэл” бөхийн клубт бэлтгэл хийхээр болсон баярт мэдээг багш нь дуулгаж “Улсын цолтой, нутаг орныхоо нэрийг гаргасан бөх болоорой” гэдэг өндөр үүрэг хариуцлагыг өвөрлүүлж явуулна даа хэмээсэн юм.

Увсын цэнхэр хязгаараас хэзээ нэгэн өдөр улсад цойлох бөх болохоор бэлтгэгдэж байгаа залууст багш нь монгол бөхийн жудагийн тухай ихэд зааж зөвлөдөг ажээ. Энэ тухай галын ахлагч “Би хүүхдүүддээ ёс зүйтэй байхыг эхэлж заадаг. Биеэ авч явах байдал, нутаг ус ах дүүсээ хүндлэх, ахмад цолтой бөхчүүдээ хүндлэх тухай л хамгийн түрүүнд сургахыг хичээдэг. Тэр бүхнийг жудаг гэж ойлгодог. Жудаг гэдэг ямар нэг санаа өвөрлөхгүй нутаг ус, аав ээж, ахан дүүсээ дээдлэхээс эхэлнэ. Нэг нь барилдаж байгаад унагаахад хүртэл бөх хүний жудаг оршдог юм болов уу. Нэгнийгээ бэртээхгүй байх, унахад нь түшээд босгодог үйлдлээс эхэлдэг гэж хардаг аа” гэсэн билээ. Залуухан багшийн энэ сэтгэл зүтгэл, зорилго, бас жудагийг хүүхдүүд бөхчүүд ихэд хүндэтгэдэг нь илт. Багшаасаа биерхүү залуус багшийн ганц үгэнд огло үсрэн босч ёсчлон гүйцэлдүүлж харагдана. Монгол бөхийн ёсон ийм л байдаг даа.

Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай.

Б.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сонгохдоо багаар нь сонго гээд байгаа юм чинь, буулгахдаа багаар нь байсан нь дээр DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байна. Сурталчилгаа эхлээд удаагүй байхад МАН –ын сонгуульд ажиллаж байсан этгээд Ардчилсан намын үүрийн даргын аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 15-нд Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б-г тухайн тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Сайханбаярын ухуулагч О хөнөөсөн хэрэг гарч, олон нийтийг цочирдуулав. Хэргийн шалтгаан намын уулзалтад оролцсонгүй гэх маргаанаас үүдэлтэй гэдгийг талууд тайлбарлаж байгаа. Энэ ноцтой хэргээс улбаалж МАН-ын сонгуулийн штабаас нэр дэвшигч Б.Сайханбаярыг буцаан татахаа мэдэгдсэн. Харин СЕХ нэрийг татах үндэслэлгүй гээд хариулаадахлаа. Нэр дэвшигч Б.Сайханбаяр ч нэрээ татах хүсэлгүй байгаагаа олон нийтэд зарлаад зогсохгүй АН-ын дарга, гишүүн хоёрыг нэмээд цагдаад өгч шалгуулах юм ярив. Гэвч МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигчийг татна гэж мэдэгдсээр байна. Сонгуулийн тухай хуулиар нэгэнт нэр дэвшээд мандатаа авчихсан тохиолдолд эргүүлэн татах боломжгүй бололтой.

Сонгуулийн сурталчилгааны үеэр хүний амь нас эрсэднэ гэдэг ноцтой зүйл. Тэр тусмаа санамсаргүй биш, санаатайгаар.

Сонгууль, намын үзэл суртлаас үүдэлтэйгээр нэгнийгээ хөнөөсөн явдал нүдээ аниад өнгөрөх хэрэг биш юм. Энэ ч үүднээс сурталчилгаатай холбоотой хүний амь нас эрсдээд байгаа үе тухайн тойрогт ганц Б.Сайханбаяраар тогтохгүй бүх нэр дэвшигчдийг багаар нь эргүүлэн татах нь шударга ёс, хүнлэг байдалд нийцнэ. Хүний амь насны үнэтэй төрийн суудалд суух нь наанадаж хүн ёсонд хүнддэхээр, цаанадаж парламентын засаглалд хортон суух үзэгдэл юм даа. Төрийн эрхийг хүчээр булаан авах тохиолдолд л хүний амь үрэгддэг. Харин өнөөдөр энх тайван, парламент тогтолцоотой Монгол Улсад үүнийг хүлээн зөвшөөрч байдаг л юм гэж үзвэл буруу жишиг тогтож төр засгаа тогтворгүй болгоно. Мэтгэлцэж сонгуульд ялахын оронд мэс бариад ялсан нь төрд гарах болбол яана. Тэр үүднээс УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшсэн МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь эргүүлэн татъя.

Эрх баригч нам улс орны өнцөг булан бүрт сурталчилгаа явуулахдаа “Багаар нь сонгоё” гэж ард түмэнд тулгаж байгаа. Багаар нь сонгож болох юм бол бас багаар нь татан буулгаж ч болно гэсэн үг. Ямбыг нь олноороо хүртчихээд ялыг нь аль нэг нь, эсвэл хэн ч үүрэхгүй байх нь шударга бус. Гэтэл гурван жаахан хүүхэд, эхтэйгээ өнчирч үлдэж байхад тэр хэргийг өдөөсөн хүнийг цалинжуулж, улстөржүүлж, сэдэлжүүлж ажиллаж байсан нэр дэвшигч тодорхой хэмжээний хариуцлага хүлээмээр. Сонгуулийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаа төв байгууллага нь үүнийг зүгээр, хүний амь хохирсон нь нэр дэвшигчид хамаагүй гэж тайлбарлаж болохгүй. Б.Сайханбаяр ч тэр, хүний аминаас илүү нэр төр, албан тушаалд шунах хэрэг байна уу.

Ер нь үе үеийн сонгууль хуулиас гадуур, но-той, хүний эрүүл мэнд, амь насанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг явдал байж л ирсэн. Тэр бүрт тохирсон хариуцлага хүлээлгэж чаддаггүй, нэр дэвшигч нь, нам нь хаацайлж ирснээс болж өнөөдөр хүний аминд хүрч байна . Тиймээс ийм хариуцлагагүй улс төрийн намын нэр дэвшигчдийг багаар нь татан буулгаж, нийгэмд шударга ёсыг сахиулах нь зүйтэй гэж өрсөлдөгч намууд шаардаж байна.

Үе үеийн сонгуулийг хууль ёсны дагуу, ил тод, шударга, сонгогч иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, санал гээгдэхгүй, намууд үзэл баримтлалаараа цэврээр өрсөлдөж хийе гэж ярьж шаардаж, тогтолцоог нь бүрдүүлэх гэж улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулж ирсэн. Сонгогчийн боловсролыг дээшлүүлье гэж үргэлж ярьдаг. Нөгөө талд улс төрд явж буй, хүчин зүтгэж байгаа хүмүүсээ улс төрийн намууд хүмүүжүүлэх, төлөвшүүлэх шаардлагатай болж байна. Ингэж чадаагүйгээс хөдөө сумын төвд гэгээн цагаан өдрөөр “Чи манай намын хуралд суусангүй” гээд аминд нь хүрчихдэг балмад үйлдэл гарч байгаа юм шүү дээ. Энэ бол манай улс төрийн намуудын өөрсдийн төлөвшил, гишүүд дэмжигчдэдээ чиглэсэн соёл, ёс суртахууныг заахаас илүү “Манай нам, танай нам” гэсэн талцал, үзэн ядалтыг л бий болгож ирсний уршиг юм. Энэ эмгэнэлт явдал хөдөө суманд намаараа талцах нь хэрээс хэтэрчээ гэдгийг харуулав. Үүнээс үүдэн суманд нам байх хэрэг байна уу гэсэн асуулт гарч байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр: Г.Түмэндэмбэрэл гуай “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг дуулчихаад “Үг, ая нь дуулахад их эвтэйхэн байдаг шүү” гэж билээ DNN.mn

Туулын урсгал шөнөдөө сайхансан

Торгон долгио хаялан мяралзагдсан

Хоёр ангир дандаа хөвдөгсөн

Холын анир авангаа дуугардагсан… хэмээн аманд шууд л аялагдах торгон аялгуу бидний дунд хэдийнэ ардын дуу болтлоо “амьдарчээ”. Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн амилуулсан энэ сайхан бү-тээл ХХ зууны манлай яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөрийн аялгуу билээ. “Миний нутгийн бараа”, “Дуу минь, дуу минь”, “Есөн эрдэнийн орон”, “Бодлын цагаан хун”, “Намуун үдэш”, “Нутгийн хөөрхөн бүсгүй”, “Би хаана төрөө вэ”, “Дуу шиг сайхан бүсгүй”, “Цэцэгт цэнхэр алчуур”, “Нүд хөмсгийг чинь харъя” гээд л үргэлжлэх жар, дал, наяад оны нийтийн дууны ноён оргил болсон олон сайхан дууны аялгууг авторласан эрхэм бол Дашдаваагийн Баттөмөр гуай юм. “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” булангийн энэ удаагийн зочноор “Алтан намар-1986”, “Морин хуур-1991” наадмын тэргүүн байрын шагналт, Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийг урьж оролцууллаа.

Д.Баттөмөр гуайн зааж өгснөөр хотын төвийн хуучны есөн давхар байруудын нэгийг амралтын өдөр зорьж очиход түүний хань Ц.Халтар гуай угтаж авлаа. Хаалганы дэргэд хуучны цагаан радио чимээ багатайхан эгшиглэх ч нүдэнд шууд туслаа. Гэрийн эзэн зочны өрөөндөө угтаж авлаа. Том өрөөний баруун жигүүрт ноттой ном бүхий төгөлдөр хуур залаастай байна. Дэргэд нь олон уралдаан наадмын шагналууд тавиастай байх аж. Гэр бүлийн нэлээд олон зургийг гэрийн хананд өлгөжээ.

Бид зүүн жигүүрийн ширээн дээр тухлаад өвгөн зохиолчийн сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярианыхаа салхийг хагаллаа. Дууны нэрийг нь сонсоход л уулга алдмаар, сэтгэлд хэдийнэ хоногшчихсон, тэр аялгууг бүтээж байх агшинд энэ зохиолчийн оюун тархинд юу бодогдож байсан бол, ямар сонин нууц түүх байгаа бол гэхээс хүлээж үл тэвчинэ. Д.Баттөмөр гуай “Зүгээр байхгүй шүү дээ. Зүгээр байх ч ёсгүй” гэж сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар товчхон тодорхойлчихов. Хамгийн сүүлд тэрээр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны бүтээл “Мянган уулын цэцэг” жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Эл жүжиг энэ сарын 2-нд Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт нээлтээ хийсэн билээ. Тэгвэл одоо өөрийн сурч төгссөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынхаа сургуулийн 100 жилийн ойн концертын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа гэнэ. “Сонгууль дуусангуут нутаг руугаа явж, ажилдаа орно доо” хэмээн нүүрэндээ баясал тодруулах аж.

Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул. Сумандаа 1960 онд долдугаар ангиа төгсөөд Улаанбаатарыг зорьжээ. Уг нь техниккумд орох хуваарь атгачихсан ч сэтгэл зүрх нь өөр тийш татагдаж, урлаг соёлын байгууллага руу чиглэжээ. Яг тэр үед Улсын ардын дуу бүжгийн чуулгад “Хөгжимчин, дуучин, бүжигчин болох хүнийг шалгаруулж авна” гэх зарыг олж уншаад шалгалт өгөхөөр шийджээ. Д.Баттөмөр гуайн аав н.Доржхорол уртын дууг сайхан дуулчихдаг. Айлын найр, шагайн наадамд ая дуугаараа хөгжөөж, бяцхан хүү Д.Баттөмөр гадна нь тоглож өсөхдөө уртын тэр сайхан дууны шуранхай аялгуу өөрийн мэдэлгүй чихэнд нь орж, сэтгэлд нь хадагдчихсан байж л дээ. Өөрөө ч хурдан морь унаж гийнгоо эгшиглүүлж явсан нь хөгжмийн аялгууг мэдрэх торгон мэдрэмж, авьяас хөвөрч байсных биз ээ.

Долдугаар ангийн боловсролтой хүү Улсын ардын дуу бүжгийн чуулгын шалгалтад ороод тэнцэж орхижээ. Тухайн үед танихгүй ч шалгалт авсан багт нь Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нарын Монголын урлаг соёлын тархи болсон эрхмүүд багтсан байжээ. Хүүд “Тэнцсэн” гэдэг бичиг хийж өгөөд аравдугаар сарын 1-нд ирж ажилдаа ороорой гэжээ. Нутагтаа ч баяртай буцсан гэнэ. Гэтэл аав ээж, ар гэрийнхэн нь “Сургуульдаа орохгүй ирлээ” гэж багахан зэмлэсэн байна. Гэсэн ч сэтгэл зүрхний гүн дэх жижигхэн мөрөөдлөө гүйцэлдүүлчихсэн түүнд тэр яриа хаалт болоогүй. “Ингэж би хөгжимчнөөр анх орсон. Их хуур хөгжим дээр намайг авсан. Надад анхны нотыг Чулуунбаатар багш маань заасан. Надтай хамт Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, н.Пүрэв гээд залуу бид гурав анх орж байлаа. Эхний жил дагалдан хөгжимчнөөр ажиллаад дараа жил нь Соёлын яамны шалгалтаар орон мэргэжлийн үнэмлэхээ авч билээ” гэж тэрээр хуучилж байв.

1965 он. Улсын ардын дуу бүжгийн чуулгынхан говийн дуу, хангайн дуу, алтайн дуу гэсэн цуврал концерт хийж байсан үе гэнэ. Чуулгын удирдлагууд “Хангайн дуу” концертод бүгд идэвхтэй оролцохыг уриалсан тул залуу хөгжимчин маань ая зохиохоор шийджээ. Тэр үед “Залуучуудын үнэн” сонинд яруу найрагч Ш.Сүрэнжавын “Хээр морь минь” шүлэг хэвлэгдсэн байхыг олж уншаад зохиогчтой нь уулзахаар зорьжээ. “Тэр хүн Монголын радиод ажилладаг гэдгийг дуулаад явж очлоо. Шоволзсон шар хүн угтаж аваад цай цүй боллоо. Ингээд шууд л

“Цэцгийн сайхан үнэрт нь

Цэнхэр униарт хангай минь

Цэнгэлийн салхи үлээсэн

Цээж тэнэгэр нутаг минь” гээд л “Баян хангай” дууны шүлгийг хэлээд өгчихсөн юмдаг” хэмээн зочин маань онцлов. Энэ бол түүний хамгийн анхны уран бүтээл. Нэг их удалгүй Ш.Сүрэнжав гуай “Намуун үдэш” дууны үгийг өгсөн байгаа юм.

“Намуухан үдэш гадаа налайж

Найрсагхан чи минь гараа өглөө

Уяранхан дуулмаар оройн тогтуунд

Уужимхан хорвоо онцгой сайхан… Үг, ая нь нэгнийгээ илэрхийлэх, салгаж болшгүй мөнхийн бүтээл гэдэг энэ л байх. Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав залуухан хөгжмийн зохиолчид ийм сайхан хоёр шүлгээ өгч, ирээдүйн нэрт уран бүтээлч болох гүүрийг урамтайяа тавьж өгчээ. Д.Баттөмөр гуай “Ш.Сүрэнжав гуай надаас олон мундаг зохиолчидтой ажиллачихсан, олон арван дуу бүтээчихсэн байсан үе. Дууны шүлгэнд гаршсан хүн дээ. Дээрээс нь цэцэн цэлмэг, яруу тод гэж жигтэйхэн. Үнэмшилтэй сайхан шүлэг хийдэг хүнтэй анх танилцсандаа их баярлаж, сэтгэл зүрхэндээ талархаж явдаг” гэлээ.

Энэ хоёр эрхмийн гар нийлсэн бас нэг алдартай бүтээл бол “Миний нутгийн бараа” хэмээх аялгуут сайхан бүтээл билээ. Энэ дууны аяыг зочин маань Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн оюутан байхдаа биччихсэн байсан гэнэ. Монголд буцаж ирээд Ш.Сүрэнжав найрагчид өгчээ. Гайхамшигтай нь маргааш өглөө нь л

…..Газрын холоос цайвалзсан

Ганган цагаан гэр байна хө

Ганцхан насанд заяасан

Миний нутгийн бараа юу даа хэмээн тэрлээд аваад ирсэн байна. Хүний нутагт эх нутгаа, ээж ааваа, дурлалт бүсгүйгээ санан мөрөөдсөн сэтгэлийг гярхай ажиглаж, яг л тэр аялгууг амилуулсан мөртүүд тэрлэнэ гэдэг агуу яруу найрагчийн л чадвар. Энэ сайхан бүтээл хоёр уран бүтээлчийн нутагт хоёуланд нь хөшөө болон сүндэрлэжээ.

Долдугаар ангиасаа шууд ажлын гараагаа эхэлчихсэн түүнд мэргэжлээрээ суралцах шаардлагатай болжээ. Үүний тулд оройн ангид суралцаж, аравдугаар ангийн боловсролтой болоод авчээ. Залуухан хөгжимчний оройн ангийн найзууд хөгжимчин Мэнд-Амар, Самбалхүндэв, Бавуугийн Лхагвасүрэн нар байсан гэнэ. Арван жилийн боловсролтой болоод авчихсан Д.Баттөмөр хөгжмийн чиглэлээрээ гадаадад сурахаар шийджээ. Тиймээс 1968 онд Соёлын яаманд шалгалт өгч тэнцээд хуваариа хүлээсэн байна. Гэтэл ирдэггүй гэлээ. Соёлын яамны боловсон хүчний эрхлэгч нь “Чи Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуульд ардын найрал дуу, хөгжмийн удирдаачаар төгсчих. Тийм л хуваарь байна. Дараа жил хүлээвэл мөдгүй, маш их өргөдөл байна шүү” гэж ятгажээ. Хөгжмийн ямар нэгэн мэргэжлийн суурьгүй учраас өөрт нь ахадна гэж эхэндээ бишүүрхсэн ч тэнцсэн мөртлөө тэнцээгүй гээд гэртээ харилтай биш гээд зөвшөөрчээ. “Тэр нь ч аз болсон юм. Дэлхийн сонгодгууд дунд өдөр шөнөгүй сууж байж дөрвөн жилийг барсан даа” хэмээн тэмдэглэнэ лээ.

Ингээд хөгжмийн удирдаачаар төгсөж ирээд Соёлын яамны хуваарилалтаар Сүхбаатар аймгийн Соёлын ордон хөгжмийн багшаар ажиллахаар болжээ. Дараа нь Ховд аймгийн Хөгжимт драмын театр, Эрдэнэтийн театр гээд л орон нутгийн соёлын байгууллагуудад томилогдон ажиллажээ. Д.Баттөмөр гуай Хөгжим бүжгийн сургуульд хөгжмийн удирдаач, нэлээд олон жил ажилласан түүхтэй хүн.

Тэрээр Ховдод ажиллаж байхдаа Ш.Жамлийхаатай “Нутгийн хөөрхөн бүсгүй” дууг бүтээжээ. Эрдэнэтэд Тангадын Галсантай “Эрдэнэтийн цагаан шөнө” дууг амилуулснаа ч хуучиллаа. Өвгөн зохиолчийн нэрээр нэрд гарсан дараагийн нэг уран бүтээл Пунцагийн Бадарчийн шүлэг Есөн эрдэнийн орон дуу билээ. Энэ дуу хэрхэн бүтсэн тухай лавшруулан асуухад тэрээр “Эрдэнэтийн соёлын ордонд гурван жил гаруй хөгжмийн багшаар ажиллаж амьдарч байхдаа яруу найргийн түүвэр их үздэг байлаа. Түүн дээр П.Бадарчийн есөн эрдэнийн базсан шүлгийг хараад үүнд нь ая хийгээд “Эх орон минь есөн эрдэнэ” гэдгийг хоёр дахиулж таарууллаа. Ингээд Улаанбаатарт ирээд Үйлдвэрчний эвлэлийн ойн концертод ажиллаж байхдаа П.Бадарч гуайтай таараад шүлгэнд нь ая хийснээ сонсгоход “Ийм дуу байдаг юм уу. Ийм шүлгэнд ийм ая хийхдээ яадаг юм” гэж голох шинжтэй. Гэсэн ч өөрт минь болчихсон юм шиг болдогдоод байв. Тиймээс Улс тунхагласны 60 жилийн ойн уралдаанд энэ дуугаа өгөхөд гуравдугаар байр эзлээдэхлээ. Дуучин Нансалмаа энэ дууг маань зорьж дуулсан. Сүүлд П.Бадарч гуай “Уучлаарай, ийм дуу байсныг мэдсэнгүй” хэмээн хүлцэл өчиж билээ” хэмээн хуучлах нь сонин аж.

Алдарт яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн хэд хэдэн бүтээл эдүгээ нийтийн дунд аялгуу болон түгсэн нь бий. Түүний нэг бол “Би хаана төрөө вэ” хэмээх агуу бүтээл. Энэ дууг хөгжмийн зохиолч маань аавдаа зориулж дуун хөшөө босгосныг сонсох сайхан санагдав. “Зун цаг байсан юм. Багадаа үерхэж явсан найз Зулын хүү жолооч болчихоод машинтайгаа ирээд “Баттөмөр ахыгаа нутаг руу явж явна” гэв. Ингээд явахаар болж хүү нь ч машиндаа бага сага засвар хийхээр явав. Хоёр ч хоног хүлээж гэрийнхэн зусланд гарсан тул ганцаараа уйдаад хийх юмаа олохгүй яруу найргийн түүвэр уншиж байтал “Би хаана төрөө вэ” шүлгийг уншаад ая хийж болмоор санагдав. Тэгэх тэгэхдээ аавдаа зориулж нэг сайхан ая бичмээр байдаг. Ингээд хийсэн. Энэ дууг ганцхан өдрийн дотор хийсэндээ баярлаж билээ. Дуурийн дуучин Гантөмөр анх дуулсан түүх бий” гэж ярилаа.

Дуу бүхэн өөрийн түүхтэй. Сайхан муухай, гунигтай, баяр жаргалтай түүхийг агуулах нь сайхан.

Сарны туяанд цэцэг ургана

Салхины сэвшээнд үлгэр урсана

Саруул хар нүдийг чинь санана

Салалтгүй хамтдаа суугаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа хэмээн уянгалах энэ сайхан аялгуу хэрхэн бүтсэн түүхийг зохиолчоос асуухад “Сургууль дээрээ хүүхдүүдтэй бужигнаж шуугилдаж байтал “Таныг үүдэн дээр хоёр хүн дуудаж байна” гэв. Очтол Д.Норов нэг нөхөртэйгөө ирчихсэн хүлээж байв. Би танд нэг үг авчирлаа гэхээр нь үзтэл ая хийж болмоор санагдав. Энэ дуун дээр ажиллаж байхад хэдэн жилийн өмнө сурталчилгааны бригадаар явж байхад яруу найрагч Лувсандоржтой их дотно танилцсан мөч сэтгэлд эргэн ирэв. Майхны гадаа сартай шөнө дуулсан дуу, ярьсан яриа, бүжсэн бүжиг тэр хэвээрээ. Бас хоёулаа хөгжимт драм хийхээр санаа оноогоо ярилцаж байсан сан. Удалгүй тэр хүн ертөнцийг орхиж одсон ч тэр л учрал энэ дуунд шингэж байж. Энэ дууг маань хөгжмийн зохиолч Шарав “Чиний энэ дуу нэлээн явна шүү. Чи харж л байгаарай” гэсэн нь баярлуулж билээ” хэмээлээ. Д.Норовын үг “Дорнын цагаан саран” дууны түүх ийм аж.

Монголын хөгжмийн урлагт нэгэн жарныг элээж, жар дал, наяад оны залуусын зүрх сэтгэлийг уянгалуулж, бас эх нутаг элгэн саднаа гэх баяр бахархал төрүүлэх сайхан бүтээлүүдийг туурвисан нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл бүрийг энд дурдаад баршгүй. Монголын яруу найргийн сор болсон уран бүтээлчидтэй хамтран ажилласнаа ч зочин маань бахархан ярьдаг юм байна. “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дуу минь, дуу минь” хэмээх хоёр ч уран бүтээлийг амилуулсан ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуай Д.Баттөмөр зохиолчид “Үг ая нь дуулахад их эвтэйхэн байдаг шүү” гэж товчхон хийгээд тодорхой дүгнэж хэлжээ. Залуу байсан болоод ч тэр үү, тэр үгэнд баярлаад сүйд болж билээ. Би чуулгад хөгжимчин. Түмээ эгч алдартай хүн. Зориг гаргаж л аялгуугаа өгсөн, сайхан дуулж өгсөн дөө” хэмээн талархан ярьдаг юм байна.

Ардын жүжигчин А.Долгор “Өөрийг минь “Бодлын цагаан хун” дуу олон түмэнд таниулсан” хэмээн одоо ч бахархан ярьдаг билээ. Тэгвэл энэ бүтээлийн шүлгийг Д.Амгалан, аялгууг Д.Баттөмөр гуай бичжээ. Энэ бүтээл 1991 оны Морин хуур наадмын тэргүүн байрыг эзэлж байжээ.Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч маань эдгээр уран бүтээлүүдээрээ “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дорнын цагаан саран”, “Дуу минь дуу минь” гэсэн дууны гурван түүврийг бүтээсэн байна. Бидний яриа уран бүтээлийн сайхан түүхүүдээр хөвөрсөөр нэлээд хугацааг үдсэн байв. Сайн уран бүтээл олон түмний дунд хэдэн арван жил ч амьдардаг учир уран бүтээлийн яриа ирээдүйд ч үргэлжилсээр л байх нь гарцаагүй.

Д.Баттөмөр гуай ээж Дашдаваагаар овоглож иржээ. Энэ тухай тэрээр “Би сургуульд орохдоо ээжээрээ овоглосноос өнөөг хүрсэн. Аав маань гүндүүгүй хүн байлаа. Овог солиулъя ч гээгүй. Аав маань Дундговийн Дэрэн, ээж Дэлгэрцогтын хүн” гэж хуучлав. Харин гэр бүлийн хүнийг нь Ц.Халтар гэдэг. Тэдний хайрын түүх арван жилийн сургуулиас эхтэй. Тэд нэг сургуулийн төгсөгчид бөгөөд дунд ангиасаа нэгэндээ татагдан үерхэж иржээ. Ц.Халтар гуай насаараа худалдааны салбарт ажилласан, худалдааны гавьяат ажилтан хүн. Тэд дөрвөн охинтой. Том охин Б.Солонго нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Тэрээр Уралын Хөгжмийн сургуулийг төгсөж ирээд УДБЭТ-т концертмейстер, Монгол Улсын консер-ваторид багшаар ажилласан. Түүнчлэн Монголын олон шилдэг дуучдыг дэлхийн түвшинд хүрэхэд нь зааж, чиглүүлж, сургасан гавьяаг нь Монголын төр үнэлж, 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг олгосон билээ. Аав нь охиноо “Охин маань өсч дэвжсээр байгаад надаас том боллоо. Би аавынхаа талаасаа том ухаантай. Охин маань жинхэнэ урлагийн нарийн мэргэжлийг нэгдүгээр ангиасаа сурсан хүүхэд. Эхнэр маань худалдааны гавьяат ажилтан. Бас надаас том” хэмээн инээд алдлаа. Гурван охин нь өөр өөрсдийн сонирхлоор мэргэжил эзэмшжээ.

Яруу найрагчид үгэнд амь, сүнс байдаг гэж зүйрлэх. Тэгвэл хөгжмийн зохиолчдын амин сүнс хаана оршдгийг сонирхоход Д.Баттөмөр гуай “Хөгжмийг агуу гэж зүйрлэсэнд баярлалаа. Миний бүтээл олон жил амьдардаг нь шүлгийг л амь оруулчихсан болов уу гэж боддог. Надад олон сайхан шүлэг оногдсон. Би шүлгээ гайгүй ойлгоод хийчихсэн бол цаг хугацаа урт байна, дуулагдана гэж бодож явдаг” хэмээн даруухнаар өгүүлэх нь сүрдмээр юм билээ.

Урлаг соёлынхон, уран бүтээлчид, хөгжимчид, яруу найрагчид эх орончид юм. Тэд уран бүтээлээрээ ард түмний эх оронч сэтгэлгээг нь бадрааж явдаг “эх орончид” юм даа.

Б.ЭНХЗАЯА