Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Г.Цолмонгэрэл: Яллагдагчийг 30 хоногоор хорьдог. 29 дэх хоног дээр нь тулгаж мэдүүлэг авч, хүний эрхийг зөрчдөг DNN.mn

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй ярилцлаа.

-Олон нийтийн дунд хууль шүүхийн байгууллагад шалгуулж байгаа, баривчлагдсан хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа талаар сүүлийн үед нэлээд хөнддөг боллоо. Үнэхээр тэнд хүний эрх зөрчигдөөд байна уу. Хуульч хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Хууль хүчний байгууллагынхан бусдыг үндэслэлгүй хорих, эрхийг нь зөрчих, хууль зөрчиж мэдүүлэг тайлбар авах, дарамтлан сүрдүүлж хэргийг нь хүлээлгэсэн гэх гомдол санал нэлээд байдаг.

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийг яллагдагчаар татмагц цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой. Тэр дундаа тус хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан нэг, оргон зайлахыг завдсан, оргосон хоёрт, шүүгч прокурор, мөрдөгч, хохирогч гэрч шинжээч, хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дарамталсан, сүрдүүлсэн эсхүл өөрийн амь нас эрүүл мэнддээ хохирол учруулахаар байгаа, гуравт, гэмт хэрэг үйлдэж болзошгүй мэдээ баримт байгаа, дөрөвт, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, мэдэгдэх хуудсаар дуудахад ирээгүй гэсэн үндсэн үндэслэлээр цагдан хорьдог. Энэ нь хөнгөн гэмт хэрэг байсан ч хамаагүй дээрх нөхцөл байдал үүсэхэд цагдан хорих саналыг прокуророос гарган шүүхийн журмаар шийдэж байна. Мөн мөрдөгч прокурорын зөвшөөрлөөр 48 цаг хүртэл баривчилж байгаа. Хуучин хуулиар 72 цаг хүртэл баривчилдаг байсан. Харин хөнгөн гэмт хэрэгт цагдан хорих арга хэмжээ авдаггүй байсан.

Тэгвэл дээр дурдсан үндэслэлүүдээс “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй мэдээ баримт байгаа” гэдгээр цагдан хорьж, мөрдөх хугацааг сунгаж байгаа байдал түгээмэл байгаа юм.

-Яг ийм үндэслэл сүүлийн үеийн хэргүүдэд нэлээд сонсогддог болжээ?

-Чухам ямар мэдээ баримтаар гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзээд байгаа юм бэ гэхээр прокурор “Энэ нь гүйцэтгэх ажлын мэдээ баримтаар тогтоогдсон” гэсэн тайлбарыг өгдөг.

Ингээд нууц мөрдөн шалгах ажиллагаа гээд хоригдогчийн өмгөөлөгчид үзүүлдэггүй, үйлчлүүлэгчээ хамгаалах боломжгүйгээр цагдан хорих хурал үргэлжлэн яллагдагчийг хорьдог.

хоногийн хугацаанд тодорхой мөрдөн шалгах ажиллагаа огт явуулдаггүй, эсвэл 29 дэх хоног дээр тулгаж ямар нэгэн гэрчээс, яллагдагчаас мэдүүлэг авдаг. Уг нь эхний 28 хоногт мэдүүлэг авах ажиллагааг явуулж хэргийг мухарлаж шийдвэрлэх боломжтой шүү дээ. Аль болох шуурхай мөрдөх ажиллагааг явуулж, хүнийг үндэслэлгүй олон хоног хорьж эрхийг нь зөрчихгүй байхыг зорих ёстой. Ийм байдлаар хорьж мөрдөж байгаа нь яллагдагчийг залхаан цээрлүүлэх, хэргийг өөрөөр нь хүлээлгэх, магадгүй мөрдөгч прокурорын ажлын ачаалал, ур чадвар дутмаг байдлаас хүний эрхийн зөрчил гаргаж байна.

Шүүх анх ЭХХШТХ-ийн 14.9-д заасан тодорхой үндэслэлээр цагдан хорьсон, харин сунгахдаа “Хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдлаас сунгалаа” гээд хэд хэдэн удаа сунгадаг. Энэ нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

-Тодруулахгүй юу?

-Цагдан хорих хугацааг сунгана гэдэг нь тухайн хүнийг цагдан хорьж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, анх цагдан хорьсон үндэслэл заавал байхыг шаардана. Анх цагдан хорьсон үндэслэл арилаагүй, үргэлжилж байгаа тохиолдолд цагдан хорих хугацааг сунгаж болно гэсэн үг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад анх цагдан хорьсон үндэслэл арилсан, асуудал тодорхой болсон байхад тухайн хэрэг ээдрээ төвөгтэй гэдэг үндэслэлээр цагдан хориог сунгаж байгаа нь хууль бус. Гэтэл шүүхийн ийм практик манайд тогтчихоод байна.

Үндсэн хуулиар хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэр бүлийн гишүүн нь мөн энэ эрхийг эдэлдэг. Тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөтөлбөргүй шуурхай тогтоох үүрэг төрд байна. Гэтэл энэ байдал алдагдсан гэдгийг олон улсын байгууллагаас сүүлд хийсэн үнэлгээ болон практик хуульчдын дунд шүүмжлэлт байр суурь харуулсаар байна.

-Ялангуяа олон сар, жилээр хоригдоод хэрэг нь хэрэгсэхгүй болдог, цагааддаг тохиолдол байна. Цаана нь тухайн хүн урт хугацаагаар хоригдсон нөхцөл байдал байдаг. Тэр эрх чөлөөгөө хасуулсан сэтгэл санаа болон эрүүл мэндийн хохирлыг Монголын шүүх, төр барагдуулдаг уу?

-Мөрдөгч прокурор, эрх бүхий албан тушаалтан хүний эрхийг үндэслэлгүй хууль бусаар зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна, учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Энэ талаар ЭХХШтХ-ийн 45.1-р зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй”, 45.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана” гэж тус тус зохицуулсан.

Хууль бусаар цагдан хорьсон, хууль бусаар ял сонсгоод цагаадсан, эрх чөлөөг нь хууль бусаар хохироосон болохыг тус хэрэгт гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нотолно. Хүний эрхэд хууль бусаар халдсанаар хохирол учирна. Тодруулбал “Сэтгэл санаа (өөрт нь болон гэр бүлд нь)-ны хохирол, алдар нэр хүнд нь доройтох, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үеийн хохирол, ашиг орлого олох боломжоо алдах” гэх мэт хохирлоос хор уршиг учирна. Энэ хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй.

-Хуульд заасан ч практикт хэрэгжиж байна уу?

-Энэ төрлийн хохирлыг шүүхээр буруутай этгээдээс, төрөөс нэхэмжилсэн хэргүүд хэд хэд байдаг. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар нийт нэхэмжлэлийн үнийн дүнгийн 30-40 хувийг хангаж сэтгэл санаа болон олох ёстой байсан орлого ашгийг гаргуулж шийдвэрлэсэн гэсэн судалгаа байдаг. Жишээ нь, баримт бичиг хулгайлсан хэргээр шалгагдаад хэрэгсэхгүй болсон тул 10 сая төгрөг нэхэмжлээд түүнээс хоёр сая төгрөгийг гаргуулахаар болсон 2021 оны Иргэний хэргийн шүүхийн шийдвэр байна.

Мөн Хүний эрхийн үндэсний комисс нь төр хууль хүчний байгууллага хүний эрх зөрчсөн асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргадаг. 2002 оноос өнөөдрийг хүртэл нийт 40 удаагийн төлөөлөн нэхэмжлэл гаргасан байдаг юм билээ. Үүнээс 33 нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Нийт нэхэмжилсэн хохирлын хэмжээ 4.8 тэрбум төгрөг байснаас 3.3 тэрбум төгрөг нь сэтгэл санааны хохирол байсан. Үүнээс 550 орчим сая төгрөгийн нэхэмжлэлийг хангасан байна. Энэ дунд сэтгэл санааны 19 нэхэмжлэлийн 247 сая төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

-Дээрхтэй холбож асуухад хэн нэгнийг цагдан хориод шалгах явцдаа хуулийнхан нотлох баримтыг янз бүрээр олж авдаг. Энэ бол хүний эрх зөрчсөн явдал гэсэн шүүмжлэл гомдол байдаг. Тухайлбал, нотлох баримтыг хуурамчаар олж авах гэх мэт. Гэвч ял авдаг. Уг нь ийм тохиолдолд цагаадаж хэрэгсэхгүй болдог уу?

-ЭХХШтХ-ийн 41.1 дэх хэсэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх, улмаар цагаатгах талаар зохицуулсан. Хуурамч баримт үйлдсэн, худал мэдүүлэг өгсөн, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж хилсээр шийтгэсэн зэрэг үндэслэл байвал түүнийг шүүхээр тогтоолгон цагаатгуулах, эсвэл эсрэгээрээ цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож алдааг залруулах боломж байгаа. Харин цаазын ялын үед энэ алдааг залруулах боломжгүй байдаг тул ардчилсан улс бүр энэ төрлийн ялаас татгалдаг.

-Нэг кэйс сонирхож асууя. Койны хэрэгт холбогдуулан О.Мөнхжинг удаан хугацаанд үндэслэлгүй цагдан хорьж байна гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөөд байгаа. Нөгөө талаар түүнийг өмгөөлөх багтаа өндөр өртөгтэй, олон хүмүүсийг ажиллуулж байна. Үүнд прокурор дургүй байгаа тухай зарим хуульчид ярьж байна. Хэн нэгэн өмгөөлөх эрхээ яаж эдлэх нь прокурорт хамаарах уу?

-Хүн хэдэн ч өмгөөлөгчтэй байж болно. Өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж болно. Өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёр хэдэн төгрөгөөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах нь талуудын чөлөөт байдал, эрх чөлөөний асуудал. Хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цаг хугацаа, үйлчлүүлэгчийн боломж бололцоог харгалзаж хөлсөө тохиролцдог. Олон өмгөөлөгчтэй байгаа талаар прокурор эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа эрх бүхий албан тушаалтан шүүмжлэлтэй хандах нь ёс зүйн зөрчил. Улмаар хүний эрхийн зөрчилд тооцогдоно шүү дээ. Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг.

Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээллэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Нөхөр маань гэмт хэрэг хийгээгүй. Прокурор, шүүгчид захиалгаар яллах гэж улайрч байна DNN.mn

Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс цагдан хориод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй. Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалтай ярилцлаа.

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдоод хойшлогдлоо. Өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлт өгсөн ч хэрэгсээгүй юм байна, тийм үү?

-Шүүгч, прокурор захиалгатай ажиллаж байгаа нь надад битгий хэл Монголын ард түмэнд мэдрэгдсэн байх. Ямар хэргээр энэ хүнийг үргэлжлүүлэн хорих гээд байна вэ гээд шүүгчээс асуухаар хууль зүйн үндэслэлтэй тайлбар байхгүй, хариулж чадаагүй. Прокурор нь “Ээдрээтэй хэрэг учраас хорьж байгаа” гэсэн. Миний нөхөр хүн алж, террорист халдлага хийх гээд байгаа биш эсвэл эрх мэдлээрээ бусдад саад болох гээд байгаа биш ээдрээтэй гээд байгааг нь ойлгохгүй байгаа. Шүүх хурал дээр хадам аав маань маш хүнд байдалтайгаар явж очсон. Элэгний хүнд хагалгаанд ороод удаагүй, дотуур цус алдсан хөдөлж ч чадахгүй хөдөлгөөний гам барьж байгаа хүн. Хүүгийнхээ барааг нэг удаа харчихмаар байна гэж гуйсан ч хүлээж авсангүй. Тэр шүүгч эмэгтэй, прокурорууд эцэг, эхээс төрсөн л байлгүй дээ. Тийм харгис байна гэж бодсонгүй. Хар нөмрөг нөмөрсөн эрлэгийн элч нар шиг л байлаа.

-Ар гэрийнхэнд нь хүнд л тусч байгаа байх?

-Бидний амьдрал маш хүнд байна. Манайх шилжилтийн насны хоёр хүүтэй. Том хүү маань энэ асуудлыг маш хүндээр хүлээж авч байна. “Аавыг яагаад хориод байгаа юм бэ” гэж үе үе асууна. Дунд хүү ах нь уурлаад байгаа болохоор эмээгээд байна уу “Аав уг нь зүгээр байсан биз дээ” гэх юм. Бага охин бол эхлээд нэг их тоохгүй байснаа саяхнаас гэнэт сэтгэлээр унаад эхэллээ. “Аав 70 хоног гэртээ байсангүй, ээж ээ” гээд л. Багш нь хүртэл охиныг маань хямарч байгааг хэлдэг болсон. Хүүхдийн сэтгэл зүйд ингэж нөлөөлдөг юм байна. Ийм зүйлийг харж байгаа надад ямар байгааг илэрхийлэхэд хэцүү байна.

бүлийнх нь аюулгүй тайван орчинд аж төрөх эрхэнд халдаад байна. Мэдээж нөхөр маань хэрэг хийсэн бол бид ингэж хэн нэгнээс гомдол эрж явахгүй л дээ. Миний нөхөр гэмт хэрэг хийгээгүй. Хөххотод ажиллаж байх үеийн өчүүхэн инээдтэй зардлаар боомилж, ял өгч явуулах гээд шүүгч, прокурорууд улайрч байна. Энэ хүнийг суллаад гадуур байцааж болох байх. Хилийн хориг тавиулчихсан, гэр орон, үр хүүхэд, эцэг эхийгээ гэдэг хүн хаашаа ч оргон зайлахгүй. Энэ бол захиалгатай хэрэг гэдэг нь маш ойлгомжтой харагдаж байгаа.

-Хэн захиалсан гэж үзэж байгаа хэрэг вэ?

-Насаараа хуулийн дээр ахалж суусан Ц.Нямдорж гэдэг хүний хүүхэд Анхбаярын талаар манай нөхөр маш их баримтыг хэлж байсан. Би бол захиалагч нь Н.Анхбаяр гэж хардаж байна. Хардах эрх нь надад бий. Нэг лайв дээр нь чи шоронд байх ёстой хүн гээд байсныг нь санаж байна. Хэлж байгаад шоронд хийдэг хунтайж нарын үе эхэлсэн гэж бодогдоод байна, аймаар байна. Манай нөхөр энэ хүнийг сургалтын төлбөр хичнээн мянган ам.доллар улсаас төлүүлсэн тэрийгээ улсад төлөөгүй, аав хүү, бэр бүгд төрд өндөр дээд албан тушаал хашиж байгааг нь ил хэлсэн нь буруудсан юм болов уу даа. Ц.Нямдорж гуай чинь өөрөө хүүхдээ ГОК руу шахаа хийлгэж байсан талаараа ч ярьдаг ийм л хүмүүс биз дээ. Үүнийг нь би биш бүгд зурагтаар харсан байх.

-Нөхөртэйгөө сүүлд хэзээ уулзав. Юу ярьж байх юм?

-Шүүх дээр хэрэг нь байгаа учраас уулзахын тулд шүүгчээс зөвшөөрөл авдаг юм байна. Гэтэл шүүх маш их хүнд суртал гаргаж байна. “14 хоногт нэг уулзахад л болоо юм биш үү, бид ажил ихтэй байна” гэх маягаар харьцдаг юм байна. Би ажлын ачааллыг нь ойлгож байна. Гэхдээ амьдралаа хамт туулах ханийнх нь хувьд уулзмаар, ярилцмаар их олон асуудал байна биз дээ. Бид ямар улсад шахаа хийж, авлига хээл хахууль авч амьдарч байсан биш, амьдрал баян, айл гэрийн асуудал мундахгүй. Ярианы эхэнд хэлсэн бага насны гурван хүүхэдтэй айл. Биеийн байдлыг нь мэдмээр байна шүү дээ. Уг нь долоо хоногт хоёр удаа уулзуулдаг журамтай юм билээ.

Яахав бүх шүүгч тийм хүнд сурталтай биш байх. Гэтэл бидэнд 14 хоногт уулзахад болоо ш дээ гэж байгаа юм. Тэр шүүгч эмэгтэй өөрөө нөхөр нь үндэслэлгүй хоригдоод ингэж удсан бол гэж тал талын байр суурийг бодож үзсэн болов уу. Энэ бол хүнийг залхаан цээрлүүлэлт гэж би бодож байна. Дахиад хэлье хоригдож байгаа хүнээр зогсохгүй гэр бүлийг нь хамт залхааж байна. Сая шүүх хурлын үеэр нөхрийгөө хараад нүд хальтирмаар байлаа. Хараад л нулимс урсчихсан. Ингэж ч явах гэж дээ гэж хүртэл бодогдлоо. Сахал үсэндээ баригдаад турчихсан, царай нь цонхийчихсон байна лээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатарт нэг зүйл хэлмээр санагдаж байна. Тэр хүн бүхэл бүтэн хуулийн салбарыг толгойлж байгаа хүн. Гэтэл дор нь байгаа прокурор Ганхөлөг, мөрдөгч магадгүй шүүгч Отгонцэцэг нар захиалгаар ажиллаж, салбарыг чинь маш муухай харагдуулж байна. Өөрийг чинь ямар ч толгойгүй мэт харагдуулж байна. Хуулийн хонгил гэж ярьдаг байсан, одоо гэтэл энэ мэт нийгэмд ил байгаа хэрэгт ингэж хууль бус шийдвэр гаргаад байгаа хүмүүстээ арга хэмжээ авч, та бүхний яриад байгаа хүн биш хууль засагладаг гэдгийг одоо хармаар байна.

-Биечилж уулзахаар юу ярих юм бэ?

-“Би хэрэг хийгээгүй шүү, миний хань итгэж байгаа биз дээ” гэдгийг л хэлдэг. Мэдээж би мэдэлгүй яахав. Хүүхдүүдээ сайн харахыг захидаг. Өсвөр насны хүүхдүүд цахим ертөнцөөс янз бүрийн мэдээлэл харж байгаа учраас хөвгүүддээ маш их санаа нь зовж байгаа.

-Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллага дөрвөн төрлийн хэрэгт буруутгаж байгаагаа дурдсан. Бусдын биед халдсан, албан тушаалаа урвуулж ашигласан гэх мэт. Та энэ үйлдлүүдэд нь юу хэлэх вэ?

-Н.Анхбаярын биед халдсан гэж би үзэхгүй байна. Яахав, тухайн үед сэтгэл хөөрлөөрөө гар хуруугаараа янз бүрийн үйлдэл хийсэн байх. Мэдээж бүдүүлэг үйлдэл үү гэвэл тийм. Гэхдээ эрүүгийн гэмт хэрэг болгож цагдан хорих үндэслэл болохгүй болов уу.

-Консул байхдаа машин борлуулсан гэх хэрэг эртнээс яригдаж байгаа. Шалгаж байгаа хэргүүд дунд ч дурдагдсан байсан…?

-Венийн конвенцоор гадны оронд эх орноо төлөөлөн алба хашихаар очиж байгаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд тухайн орондоо автомашин оруулах эрхтэй байдаг юм билээ. Элчин сайд, ерөнхий консул, дэд консул, атташе бүгд машин оруулж хэрэглэдэг. Үүний дагуу л үе, үеийн тэнд ажиллаж байсан хүмүүс тэгж л ирсэн. Гэтэл манай нөхрийг анх удаа автомашины гэх хэрэгт холбогдуулаад байгаа юм.Миний мэдэхээр энэ нь БНХАУлсдаа ч хэрэг гэж үзээгүй хаагдсан. Манай хуулийнхан л хэрэг болгох гэж их оролдоод бараагүй байх.

Өөр бас хэдэн зардлын асуудал дээр буруутгасан байх шиг байгаа юм. Гадаад харилцааны яамнаас тухайн жилийн Консулын газрын төсвийг батлаад явуулдаг. Түүн дээр хүүхдийн сургалтын зардал, алба хаагчдын байрны түрээсийн зардал, тухайн жилд хэдэн хүн нутаг буцах вэ, түүнд замын зардал хэд байх вэ гэдгийг тусгадаг. Түүнийх нь дагуу тогтмол зардлууд гардаг. Нөхөр маань албан ажлаа хийж түүн дээрээ гарын үсэг л зурсан хүн. Ерөөсөө толгой мэдэж хэтрүүлж гаргасан зардал байхгүй. Өөр нэг инээдтэй зардал байгаад байх шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл дураараа орчуулга хийлгэж 3000 юань завшсан тухай. Тухайн үед нэг юань 380 төгрөг байсан гэхээр 900.000 гаруй төгрөгийг улсаас завшсан гэж буруутгаад байх шиг байгаа юм.

-Ийм асуудал хавтаст хэрэгт байгаа гэж үү?

-Байгаа байх, надаас АТГ тухайн үед эдгээр зардлуудыг л асуугаад байсан. Тухайн үед Консулын газарт хятад хэлтэй ганцхан хүн байсан. Боомтын асуудал, тэнд ажиллаж амьдарч байгаа болон хоригдож байгаа монгол иргэдийн асуудал маш их. Ганц орчуулагч хүрэлцэхгүй юм билээ. Д.Мөнх-Эрдэнэ хятад хэлтэй ажилчин томилооч гэдэг хүсэлт Гадаад хэргийн яам руу их явуулдаг байсан. Огт авч хэлэлцээгүй. Тиймээс өвөрмонгол хүнийг хөлсөлж орчуулга хийлгээд 3000 юанийн цалин өгөөд ажиллуулсан. Тэр нь тайлантай. Түүнийг нь хавтаст хэрэгт том хэрэг болгочихсон болов уу.

-Эхлээд нэг хоригдоод гарч ирсэн. Удалгүй буцаад саатуулагдсан. Ямар үндэслэлээр буцаад орчихов?

-Эхлээд хоригдоод гарч ирэхдээ монгол хүн болсон хойно тийм муу нэртэй газар ороод гарч ирж байгаа учраас хол очиж хувцас хунараа солъё, ус цасанд оръё гээд дүүтэйгээ яваад ирсэн юм. Гэтэл тэр үйлдэл нь зорчих эрхээ зөрчсөн болж таараад дахиад хорьчих шиг болсон.

-Намын хуралд очсоноос болсон гээгүй юу?

-Тийм асуудал хөндөгдсөн. Гэхдээ намын үйл ажиллагаа бол Д.Мөнх-Эрдэнийн хувьд ажил амьдрал шүү дээ. Тэр хүн АН-ын гишүүн, бүлгийн дарга Д.Ганбатын албан ёсны зөвлөх. Үйл ажиллагаа, хуралд нь очих эрхтэй байдаг байх. Энэ асуудлыг өмгөөлөгч хөндөж тавихад шүүгч хүлээж авсан. Гэхдээ л өмнөх үйлдэл нь зорчих эрхийг зөрчсөн байна гээд зүтгэсэн дээ. Энэ зүгээр л шалтаг байсан. Хорьж амыг нь барих гэсэн шалтаг.

-АН гэснээс намын нөхөд нь эргэж тойрч байна уу, тантай холбогдов уу?

-АН-ынхан нөхрийг маань суллахыг шаардаж дуугарсанд баярласан. Д.Мөнх-Эрдэнэ өөрөө намдаа их үнэнч хүн. “Манай нам хоорондоо эв эеэ олчихвол хүчтэй сөрөг хүчин болно” гэж их ярьдаг. Сүүлд Э.Бат-Үүл гуай бас нөхрийн маань талаар дуугарсан байна лээ. Маш их баярлаж байгаа.

Нөхөр маань энэ нийгэмд болохгүй байгаа асуудлыг хөндөж л үзэл бодлоо илэрхийлж байсан хүн шүү дээ. Угаасаа манайх ардчилсан тогтолцоотой нийгэм биз дээ. Эхэндээ би за яахав, хэлж ярих нь зүйтэй болов уу гэж боддог байсан.

Гэхдээ сүүлийн үед хэтэрхий их сэтгэлийн хөөрөлдөө автаад, үг хэллэг нь хүртэл хурцдаад ирэхэд хориглож үзсэн. “Тэртээ тэргүй дээгүүрээ аалзны тор шиг хэрчихсэн нийгэмд чи мянга орилоод нэмэр байна уу, наад үг хэллэг, лайваа боль” гэж удаа дараа хэлж байсан. Тэгэхээр хариуд нь надад “Үгүй ээ, Баянаа. Бидний үр хүүхэд ийм нийгэмд үлдэж болохгүй. Үүнийг орилж хашхичаад ч болов засч залруулмаар байна” гэж хэлдэг байсан. Тиймдээ ч их ч олон дайсантай болсон байх.

-Д.Мөнх-Эрдэнийг хорьсон нь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэорхийлэх эрхийг боомилсон үйлдэл боллоо гэж хүний эрхийн хуульчид онцолж байсан?

-Монгол Улс ардчилсан тогтолцоотой орон. Хүн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй гээд Үндсэн хуульд заагаад өгчихсөн. Тэр эрхийг нь боогдуулаад хорьчихоор хүмүүст үгүйлэгддэг юм байна. “Гарч ирээд лайваа хийгээч, энэ хүн яачихав аа” гэж над руу их бичиж байна. Иргэдийнхээ үндсэн эрхийг боогдуулж байгаа нь энэ хэргийг захиалагчид, эрх баригчид өөрсдийгөө маш муухай, ичгэвтэр харагдуулж байна шүү дээ.

-Сонирхож асуухад нөхөр тань энэ нийгэмд их сонин дүр. Магадгүй нийгмийн болохгүй байгаа асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд тийм сэтгэл хөдлөл, үг үйлдэл гаргадаг болов уу гэмээр…?

-Хань маань гэртээ сайн аав. Маш намуухан, гэртээ үг дуугарах нь ховор. Хоёр хүүдээ юмыг учирлаж тайлбарлаж их хэлдэг. “Та хоёрын ирээдүй бол та нараас шалтгаална. Ээж аав хоёр нь мөнгө төгрөг өвлүүлж өгөхгүй, чадах ч үгүй. Та хоёр л эрдэм мэдлэгээ олж аваад амьдарна шүү” гэдэг. Харин нийгмийн асуудлыг хөндөөд лайв хийгээд ирэхээр тэр догшин араншин, үг үйлдэл гаргачихдаг. Дараа нь өөрөө “Би лайв хийгээд асуудал хөндөөд ирэхээр л муухай үг үйлдэл гаргачихаад байна” гэдэг цагаахан хүн. Олон ч хүнд тус болж явсан. Түүнийгээ ил гаргах дургүй.

Гэтэл өнөөдөр Монголын мөрдөгч, прокурор, шүүх гэмт хэрэг хийгээгүй хүнийг захиалгаар яллах гээд улайрч байна. Ядаж л батлан даалтад гаргаад гадуур байцаагаад шалгаж болно шүү дээ. Алх бариад яллах гээд улайрч байгаа хууль, шүүхийн хүмүүсийг харах үнэхээр цочирдмоор юм байна. Үнэн гэж байдаг байх, үйлийн үр ч гэж байдаг байх. Хуулийнхан бүгд нүд нь эрх мэдэлд харанхуйлагдсан гэж бодохгүй байна. Шударга хүмүүс хуулийнхан дунд хонгилынхноос илүү олон гэж л найдаж байна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар: Мөрдөх байгууллагууд олон нийтэд хэтэрхий хүлээлт үүсгэдэг буруу технологи явуулж, шүүхийн нэр хүндэд халдаж байна DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатартай ярилцлаа.


-Шүүхийн зарим шийдвэр олон нийтийн дунд хэлэлцүүлэг, маргаан өрнүүлдэг болоод удлаа. Нэг ёсондоо шударга шийдэгдсэнгүй, яллагдагч талд ашигтай шийдвэр гарсан гэх агуулга яригддаг болсон. Олон нийтийн энэ байр суурийг буруутгах аргагүй. Тухайн хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар ноцтой баримт нотолгоонууд ил болдог. Шүүх яаж ажиллаад байгаа талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Асуудлыг хоёр талтай авч үзэж болно л доо. Сайн талаас нь харвал шүүх, хууль хяналтын байгууллага олон нийтийн хараанд орж, хяналтан дор, олон нийтийн итгэлийг дааж үйл ажиллагаагаа нээлттэй шударга явуулж байна. Үнэхээр хуулиар шалгагдаад цагаадаад, эсвэл ял шийтгэж байгаа бол тэр нь ямар нэг хэлмэгдүүлэлт, улс төр орохгүй шударгаар шийдэгдэх нь нэг талдаа зөв.

Гэхдээ шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх л хэрэгжүүлдэг. Олон нийт юу ч болоогүй байхад, дөнгөж асуудал эхэлж байхад, нотлогдоогүй байхад аль хэзээний яллаад, цаазаар авчихсан сууж байдаг. Тэгэхээр болохгүй юм. Энэ бол нийгмийн сэтгэл зүй гажуудаж байгаагийн хэлбэр. Үүнийгээ олон нийт бодит үнэн юм шиг хүлээгээд байдаг. Шүүх эцэст нь хөнгөн ял шийтгэдэг ч юм уу, гэм бурууг нь нотлогдоогүй бол цагаадаад өөрийнх нь хүлээлт зөрдөг. Тэгэхээр л үүгээрээ шүүхийг үнэлж, дүгнээд хараагаад байгаа юм. Энэ бол үнэхээр харамсалтай. Шүүх эрх мэдлийг шүүх л хэрэгжүүлэх ёстой. Олон нийтийн сэтгэл зүйд таалагдаж шүүх хэргийг шийдэх ёс байхгүй.

-Нөгөө талаар АТГ, цагдаа, прокурор олон нийтэд маш сүр дуулиантай мэдээлэл ил болголоо гэдэг, өөрсдөө сайн ажиллаж байна гэж сурталчилдаг. Гэтэл тэр баримтаа шүүх дээр нотолж чаддаггүй гэж Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан хэвлэлээр ярьсан. Хэр зөв үндэслэл вэ?

-Үндсэн хуульд зааснаар ШЕЗ шүүхийн дотоод асуудалд орохгүй.

Мөн дээр нь мөрдөх байгууллагын үйл ажиллагааг бас сайн муу гэж хөндлөнгөөс дүгнэх бас хэцүү. Бидний гол чиг үүрэг бол шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах үүрэгтэй.

Олон түмний дунд хэтэрхий их хүлээлт үүсгээд, үнэхээр том гэмт хэрэгтнийг илрүүлчихсэн мэт сэтгэхүй түгээх нь буруу юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад үеэс л түүнийг буруутгаж, янз бүрийн баримтыг ил болгоод явчихсан практик. Энэ технологи арилж өгөхгүй байна. Урьдчилаад нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байгаа нь яаж ч бодсон хүлээж авах боломжгүй зүйл. Харин ч тэгж байгаагаараа нийгмийн эсрэг гэмт хэрэг хийгээд байгаа юм болов уу гэж харамсч байна.

-Гэхдээ шүүхийн шийдвэр ил тод байж чадахгүй хэрэг наймаалцах үндэслэл болохгүй юу?

-Шүүхийн ил тод байдлын тухайд Монгол Улсын шүүх бол дэлхийд нэлээн дээгүүрт орно. Жишээ нь, Герман улсад гэхэд Л.Гансүхийн хэрэг шиг, Н.Энхбаяр гуайн хэрэг шиг олон хоногоор дамжуулна гэдэг ойлголт байхгүй. Манайх энэ тал дээр шүүхийн шийдвэрээ цахим хуудсанд байршуулж байна. Сонгомол шийдвэрийн эмхэтгэл хэвлүүлж байна. Сүүлийн үед шүүхийн шийдвэрийн тоймыг хэвлэн нийтэлж байгаа. Аль ч шүүхээс хэргийн дотоод нууцад хамаарахгүй асуудлыг харах нээлттэй болсон.

Урьд өмнө нь нууцаар яваад, нууцаар хэрэгсэхгүй болоод байсан гэдгийг би мэдэхгүй. Би шүүгчдэдээ, шүүхдээ бүрэн итгэдэг. Харин тэр хүмүүсийн хэлээд байгаа, зарим улстөрчдийн сенсаацилаад байгаа хэрэг жилдээ шийдэж байгаа хэргийн нэг, хоёр хувьд ч хүрэхгүй. Зөвхөн гарын 10 хуруунд багтах цөөн тооны тохиолдлыг яриад байгаа. Жишээ нь, С.Батдөл, Ч.Маралмаа гэх мэт цөөхөн хэргийг яриад байгаа. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй байх аа.

-Шүүгчидтэй холбоотой авлига албан тушаалын хэргүүд яригдсаар байгаа. Шүүхийг хараат бус байх ёстой гэж олон нийт итгэж, та бүхэн хянаж ажиллаад байна гэдэг. Тэгвэл яагаад ийм хэрэг гараад байгаа юм бэ?

-Шүүгчид байх зан төлвийн хамгийн гол үзүүлэлт бол ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй байх, түүнчлэн авлига, албан тушаалын хэргээс ангид байх нь хамгийн чухал. Үүнийгээ сайн хангаж ажиллаж чадахгүй байна гэдэгтэй зарим талаараа санал нийлнэ. Монгол Улсад 500 гаруй шүүгч ажиллаж байна. Үүнээс цөөн тооны, 2-3 хүн байх шиг байна. Энэ жишээг аваад Монголын шүүх нийтдээ ийм болсон мэтээр харлуулах нь зохимжтой биш. Үүгээрээ би шүүхийг өмөөрч байгаа юм биш. Нэг үхрийн эвэл доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Нэг л хүнээс болж бид бүхний үйл ажиллагаа, системийг ингэж харлуулж байгаа нь харамсалтай.

-Ерөнхий сайд МҮОНТВ-ээр өгсөн ярилцлагадаа томоохон хэргүүдийг яаж шийдвэрлэхийг нүд цавчилгүй харж байна гэж мэдэгдсэн. Хуульчид үүнийг шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж тайлбарлаж байгаа. Олон нийт мэдээж том хэргүүдийг шударгаар цаг алдалгүй шийдээсэй гэж хүсч буй…?

-Саяхан манай улсад Канад улсын Альберто мужийн Хааны дээд шүүхийн ерөнхий шүүгч хатагтай Мери Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч ноён Марк Ричард тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан. Энэ үед иймэрхүү асуудал бас хөндөгдсөн. Канадын ерөнхий сайд нь шүүхийнхээ тухай мэдэгдэл хийсэн. Хариуд нь ерөнхий шүүгч нь мэдэгдэл хийсэн гэж байгаа. Харин олон нийт шүүхийнхээ талд байсан гэж байгаа. Энэ жишээг онцолмоор байна.

Ерөнхий сайдын хувьд удаа дараа ингэж мэдэгддэг. Яахав, хувь хүний хувьд өөрийнх нь үйлдэл. Засгийн газрын тогтоол шийдвэр гараад албажсан зүйл биш. Улстөрч хүнд тухайн үеийн нөхцөл байдалдаа зохицуулаад олон түмэнд таалагдахын тулд ч юм уу хэлэх, хийх, мэдэгдэх зүйлүүд байдаг. Үүнийх нь нэг хэсэг байх. Түүнээс Засгийн газрын тогтоол шийдвэрээр албажсан байр суурь биш болов уу гэж бодож байна.

-Хөгжлийн банкны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийх шүүх байр олдоогүй. Шүүхийн байр сав, ачаалал ямар байх юм бэ?

-ШЕЗ-өөс эрдэмтэн судлаачдынхаа хүрээнд зохист ачааллын судалгаа хийсэн. Ингэхэд дүүргийн шүүгчид өдөрт 12-14 цаг ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан. Нэг ёсондоо ажлын ачаалал нь 50-70 хувь хэтэрсэн гэсэн үг. Бүх ажлын өдрөөр илүү цаг ажиллана, дээрээс амралтын өдрүүдэд заавал ажиллах болно. Үүнээс улбаалж, хэд хэдэн шүүгч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Дөнгөж томилоод зургаан сар болсон шүүгч “Би больё” гэдэг хүсэлт өгч байна. Энэ их ачааллыг дааж ажиллаж байгаа шүүгчдээрээ бахархана. ШЕЗ энэ байдлыг хараад зүгээр сууж болохгүй. Тиймээс 63 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаад байна. Наадмаас өмнө нөхөж чадна гэдэгт итгэж байна. Түүнээс гадна шүүхийн гадаад хамтын харилцааны асуудлыг судалдаг хүний хувьд “Шүүхийн тайлан” номын бүх дугаарыг шүүж үзэхэд тэр шүүх дээр өргөтгөлийн байшин барив, энэ шүүхэд ингэж давхар нэмэв гэсэн мэдээллүүд дийлэнх байдаг. Гэхдээ бүгд Дэлхийн банкны төслөөр, түүний тусламжаар гэсэн байдаг. Улсын төсвөөр шүүхийн барилга хамгийн сүүлд хэзээ баригдсаныг санахгүй байна. Хамгийн сүүлд Хан-Уул дүүрэгт шүүхийн цогцолбор барина гээд Х.Тэмүүжин сайдын хувьд шав тавиад одоо болтол ашиглалтанд ороогүй. Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж тойргийнхоо мөнгөнөөс 800 сая төгрөгийг шүүхийн байранд зарцуулсан байна лээ. Түүнээс бусдаар санахгүй байна.

-Шүүхэд маш их мөнгө төсөвлөгддөг, цалин хангамж өндөр болсон гээд саяхан л бөөн шуугиан болж байсан шүү дээ?

-ШЕЗ-ийн даргаар Н.Лүндэндорж ажиллаж байх хугацаандаа шүүгчдийн цалин хөлсийг нэмэгдүүлж байсан. Тухайн үедээ өндөр гэдэгтээ орж байсан нь үнэн. Одоо бол бусад байгууллага, УИХ-ын Тамгын газар гэх мэт байгууллагатай харьцуулахад үлэмж доогуур шүү дээ. Дунджаас үл ялиг дээгүүр байгаа байх.

-Хөгжлийн банкны хэрэг олон оролцогчтой гэдгээр байр савны хүрэлцээ шийдэгдсэн үү?

-Хөгжлийн банкны хэргийг хэрхэн яаж эцэслэн шийдэхийг би хэлж мэдэхгүй. Манай зөвлөлийн чиг үүрэгт байхгүй. Харин шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах ажлыг хэвийн тасралтгүй явах нөхцлийг хангах үүрэгтэй. Бид энэ чиг үүргийнхээ хүрээнд байр саваар хангахаар зохих байгууллагуудад хандаад явж байгаа. Хөгжлийн банкны хэргээс улбаалж шүүхийн заал танхим өнөөгийн бодит байдал ямар байгаа вэ гэдэгт олон нийт бодит мэдээлэл авсан байх гэж найдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Баян-Алтай: Зудын хөтөлбөрөөр 1,800 хүүхэд, 1,200 малчин өрхөд тусламж үзүүлнэ DNN.mn

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтайтай ярилцлаа. Тус байгууллагаас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин өрх, хүүхдүүдэд зориулсан тусламжийн аяныг өрнүүлж байгаа юм.


-Ярилцлагын эхэнд Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхдийг Ивээх Сан нь дэлхийн 100 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага. Ма­най улсад 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний жилүүдэд орон гэргүй хүүхдүүдийг хам­гаалах зорилгоор хүүхэд хам­­гааллын төвүүдийг гэр хорооллын дунд нээн ажил­луулж байсан түүхтэй. Үүнээс эхлээд өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд үйл ажиллагааны 4-5 чиглэлийг бий болгон ажиллаж байна. Тодруулбал, хүүхэд хам­гаалал, хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсрол гэх мэт. Хүүхдийн талаар ярихад боловс­ролыг ярихгүй байж болохгүй чухал салбар. Дээр нь хүүхдийн ядуурал гэж том сэдэв байдаг. Хүүхэд аюулгүй, идэххоолтой,өмсөх хувцастай орчинд өсөхийн тулд эцэг, эх нь зайлшгүй орлоготой байх ёстой. Тиймээс энэ асуудлыг бид анхаардаг. Сүүлийн чиглэл бол хүмүүнлэгийн үйл ажиллагаа, байгаль цаг уурын бэрхшээл, гамшиг болоход тэнд өртөж байгаа өрх гэр, хүүхэд багачуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн. Энэ жилийн хувьд хөдөө орон нутгаар өвөлжилт нэлээд хүндэрсэн учраас зудын төслийг хэрэгжүүлж байна.

-Зудын төслийг ямар байд­лаар хэрэгжүүлж байна вэ. Санхүүжилтийг яаж хэрхэн босгов?

-Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сардолонулсынбайгууллагууд руу хандаж хүсэлт гаргасан. Өвөлжилтийн хувьд 13-14 аймаг зудын эрсдэлтэй байна. Тиймээс бидний хувьд эдгээр аймгуудадхүрчажиллая гэсэн зорилго тавьж олон улсын сүлжээнийхээшугамаар санхүүжилт босгох ажилд орсон. Өнөөдөр тэр ажил маань амжилттай болж, олон улсын гурван байгууллагаас 321,000 ам.долларын төсөв босгоод байна. Тусламж маань эхнээсээ орж ирсэн. Тиймээс Хүүхдийг Ивээх Сан малчид руу, хүүхдүүд рүү чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой боллоо.

-Тусламжийн хөтөл­бөрийг ямар хэлбэрээр явуулах вэ?

– Бид ОБЕГ-аас гаргасан үнэлгээг харсан. Өөрсдөө ч зарим аймгаар явж үнэлгээ хийсэн. Ингээд нэлээд өндөр эрсдэлтэй Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв гэсэн таван аймгийг сонгож авлаа. Эдгээр дотроо өндөр эрсдэлтэй сумдад ажиллана. Цас ихтэй, хүйтэн байгаа сумдад малын тэжээл маш их хэрэгтэй байна. Тиймээс юуны өмнө малчин өрхүүдэд малын тэжээлийг буцалтгүй тусламж байдлаар олгоно. Зуд болохоор малчид санхүү мөнгөний бэрхшээлд ордог. Тиймээс бэлэн мөн­гө­ний туслалцаа үзүүлэх төлөв­лөгөөтэй байна. Өрх бүрд 250,000 төгрөг болон малын тэжээл өгөхөөр төлөвлөж байна. Нийтдээ 5 аймгийн 1,200малчин өрхөд тус­ламжаа үзүүлнэ.

-Хүүхдүүдэдхэрхэн хүрч ажиллах юм бол?

-Дээр ярьснаар зудын үед малчид маань санхүүгийн бүх эх үүсвэрээ малдаа зарцуулдаг. Ийм үед орон гэрээсээ хол дотуур байранд байгаа хүүхдүүд хоол хүнс, өмсөх хувцас нэлээд дутаг­далтай болж ирдэг. Тиймээс тэдгээр хүүхдүүд рүү бид анхаар­на. Ороннутгаарявахад хүүх­дүүд байрандаа ахуйн хэрэг­лээний бүтээгдэхүүний хомсдолтой болдог нь ажиг­лагдсан. Саван, оо сойз, ариун цэврийн хэрэгсэл, алчуур гээд. Тиймээс эрүүл ахуйн бүтээгдэхүүний багц гаргаж хүүхдүүдэд өгөх юм. Нийт 22 сумын дотуур байрны хүүхдүүдэд энэ тусламжаа хүргэнэ.Дээрээс нь зайлшгүй туслалцаа авах шаардлагатай хүүхдүүд ч бий. Өвлийн хүй­тэнд пүүзтэй явж байгаа хүүхдүүд ч таардаг. Тиймээс багц тусламжаас гадна зорил­­­­тот бүлгийн хүүхдүүдэд өвлийн дулаан гутал, дулаан хөнжилзэргийг бэлтгэж байна. Тус хөтөлбөр маань дотуур байранд амьдарч буй 1,800 орчим хүүхд ийг хамруулах тооцоотой байна.

-Тусламжийн эд мате­риал хэзээ эздэдээ хүрэх вэ?

-Нэгдүгээр сард Засгийн газраас хүсэлт хүлээж аваад, гадагшаа чиглэж ажил­ласан гэхэд бид нэлээд богино хуга­цаанд боломжийн санхүү­жилт босгож чадлаа. Бэлтгэл ажлуудаа хангдаа ирэх гурав­дугаар сарын эхний хагаст багтаан малчид, хүүхдүүдэд тусламжаа хүргэнэ.

-Манай улсын хувьд хүү­хэд хамгааллын асуудал нэлээд чухлаар тавигддаг. Та бүхэн энэ асуудлыг хэр­хэн харж ажиллаж байна вэ?

-Манай байгууллагаас хэрэгжүүлдэг гол чиглэл бол хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал. Бидний хийсэн судалгаа, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн байдлаас харахад сайн зүй­лүүд ч байгаа, засах ёстой асуудлууд ч нийгэмд нэлээд байна. Ялангуяа хүүхдийн хүчирхийллийн талаар нэлээд ярьдаг. Хүүхдийн хүчирхийлэл олон янзын нөхцөлд үүсэж байна. Гэр бүлийн хүрээнд, сур­гуулийн орчинд, үе тэн­гийн­­хэн хооронд, цахим орчинд гэх мэт. Мэдээж үүн дээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Хүүхдийг Ивээх Сангийн хувьд ч гэ­сэн энэ тал дээр ажиллаж ирсэн. Манай ажлын нэг гол арга барил бол хүүхэдтэй ажил­­ладаг хүмүүсийн ча­давхыг бэхжүүлэх тал дээр анхаардаг. Сургуулийн орчинд багш, нийгмийн ажил­тан хүчирхийлэлд автсан хүүхдийг яаж таних вэ, дараа нь ямар тусламж үзүүлэх вэ гэх мэт арга барилыг суулгаж өгдөг. Дээрээс нь сошиал медиаг ашиглан хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах, хүүхдийг зодож шийтгэхгүй байх талаарх кампанит ажлыг жил бүр зохион байгуулдаг. Монголчуудын дунд хүүхдэдээ “таван салаа боов” өгч, хүн болгоно гэсэн ойлголт, яриа их байдаг. Харамсалтай нь хүүхдээ зодож, шийтгэж хүмүүжүүлдэг эцэг эхчүүд ч байна. Орчин үеийн шинжлэх ухааны судалгааг харахад зодуулж, хүчирхийлэлд автаж өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, аливааг даван туулах чад­вар муутай, бусдыг мөн хүчирхийлэх магадлалтай хүн болж төлөвшдөг. Үүнийг эцэг эхчүүдэд ойлгуулах хамгийн чухал болоод байна. Хүмүүжлийн эерэг арга зүйг бид хүмүүст хүргэхийг хичээн ажиллаж ирлээ.

-Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж ирсэн арвин туршлага танайд бий. Хамгийн сүүлд хэрэгжүүлж бай­гаатөсөлхөтөлбөрөөсөө танилцуулаач?

-Одоогоор бидний төвлөрч ажиллахыг зорьж байгаа салбар бол хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй. Судалгаа хийж үзэхэд манай орны 330 сумын дийлэнх нь шүдний эмчгүй байна. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд хоёр аймгийн алслагдсан суманд шүдний кабинет байгуулсан. Хамгийн сүүлд Улаанбаатар хотоос 1,000 орчим км зайтай Говь-Алтай аймгийн Чанд­мань суманд шүдний кабинет байгууллаа. Ингээд хүүх­дүүдэд шүдний үзлэг хийхэд 98 хувь нь шүдний ямар нэг өвчлөлтэй гэж гарч байсан. Тэр шүдний эм­­нэлэгт зөвхөн Чандмань сумынхан үйлчлүүлээд зог­сох­гүй эргэн тойрны 4-5 сумын иргэд ирж эмчилгээ үйлчилгээ авдаг болсон. Сонир­хуулаадярихад, шүд­ний эмчтэй нь ярилцаж суухад саяхан 35 настай мал­чин залуу хөдөөгөөс ирж үзүүлж л дээ. Тэгэхдээ “Анх удаа хүнд шүдээ үзүүлж бай­на” гэсэн байгаа юм. Ийм зүйлийг бид анхаарах ёстой. Энэ төсөл дээр бид дандаа гадаадын донор байгуул­лагатай хамтранажиллаж бай­гаа. Цаашидэнэчиглэлээр хамтрах сонир­холтой хүүх­дийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруу­лах бай­гуул­лага, хувь хү­мүүсийн хувьд манай хаалга нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна.

-Хүмүүнлэгийн бусад хө­төлбөрийн талаар сонир­хоод ярилцлагаа өндөрлөе?

-2021 онд Монгол орны нэлээд олон аймгийг хамар­сан шороон шуурга бол­сон. Дундговь, Өмнөговь, Говьсүмбэрээс Архангай хүр­тэл үргэлжилсэн их шуур­ганаар олон айл өрх орон гэрээ алдсан шүү дээ. Энэ үеэр бид нэлээд томоохон тус­ламжийн хөтөлбөр хэрэг­жүүлж, 60 орчим айлыг орон гэртэй болгож, мянга гаруй малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байсан. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймагт болсон үерийг санаж байгаа байх. Тэнд ч бид ажилласан. Ер нь хаана ямар гамшиг, бэрхшээл ард түмэнд үүснэ, түүн дээр чадахаараа очиж ажиллахыг хичээдэг. Учирнь аливаа өрх бай­галийн гамшигт өртөхөд хүүх­дэд нөлөө нь очдог. Тиймээс хүүх­дийгхамгаалах нь бид­ний эрхэм зорилго.


Categories
мэдээ нийгэм

С.Баясгалан: X Богд Монголоос тодрох нь төвөдүүдийн хувьд таатай ч БНХАУ сайнаар хүлээж авахгүй DNN.mn

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Энэтхэгийн Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн ёслолын үеэр X Богдыг Монголоос тодорсныг сүсэгтэн олонд зарлаад байна. Монгол Улсаас IХ Богдын хойд дүр тодрох нь геополитикийн хувьд ямар өөрчлөлт авчирч болох талаар сошиал сүлжээ, олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалангаас тодрууллаа.


-Монгол Улсаас X Богд тодрох нь геополитикийн хувьд бидэнд ямар өөрчлөлт авчрах магадлалтай вэ. Ялангуяа хойд, урд хөршийн хувьд та юу гэж харж байна вэ?

-Шашин бол миний хувьд нэлээд хол сэдэв байна. БНХАУ-ын хувьд Далай Ламын хойд дүрийг тодруулсан гэж яригддаг.

Харин төвөдүүдийн хувьд Монголыг Буддын шашны төв болгох санаа, бодол байгаа болов уу гэж бодож байна. Шашны хувьд хамгийн ойр гэдэг утгаараа. БНХАУ бол бусад орноос бурхны шашны Богдын хойд дүр ч юм уу, Далай Ламыг тодруулахгүй байх сонирхолтой. Тиймээс энэ асуудлыг өөрсдийн геополитикийн зорилгодоо ашиглахыг оролдож байгаа. Далай Лам Монголд айлчлахад Монгол талаас үүнийг шашны зорилготой гэж мэдэгдэж байсан ч урд хөрш бол улс төрийн зорилготой гэж үзэж манайд шахалт үзүүлдэг.

-Манай улсын хувьд геополитик талаас эерэг үйл явдал гэж тодотгож болох нь ээ?

-Манайхаас Богдын хойд дүрийг тодруулах нь нэг талаар зөв л дөө. Бид 1911 оноос Засгийн газар байгуулаад явахдаа монголчуудыг тархай, бутархай бус эв нэгдэлтэй байлгахын тулд VIII Богд Жавзундамбыг тодруулж байсан. Монголчуудын хувьд хамгийн чухал асуудал бол эв нэгдэл байдаг. Энэ утгаараа Богдын хойд дүрийг Монголд тодруулж байгаа нь чухал. БНХАУ-ын талаас бол энэ үйл явдалд дурамжхан хандах болов уу.

-Тэгвэл ОХУ-ын хувьд?

-Шашин талаас нэг их ач холбогдол өгөхгүй болов уу. Хятадын талаасаа л ач холбогдол өгөх өндөр магадлалтай.

-Буддын шашинтай бусад орнуудын хувьд Монголд X Богд тодрох нь ямар нөлөөг бий болгох бол?

-Богдын асуудал бол Монголын түүхтэй холбоотой. Өндөр гэгээн Занабазараас эхлээд Монголд Богдууд тодорч ирсэн. Дээр хэлснээр энэ бол монголчуудын эв санааны нэгдэлтэй л холбоотой. Тиймээс буддын шашинтай бусад улс орнуудад Богд гэхээс илүү Далай Ламыг чухалчлах болов уу. Яахав, Монгол бол буддын соёлтой орон гэдгээрээ талархан хүлээн авч байгаа. Эв санааны нэгдэл, үзэл бодол, шашин шүтлэгээрээ нэгдэлтэй гэж харах байх.

-Шашны аялал жуулчлал хөгжих нь гэж үзэж болох уу?

-Евро-Азийн төвд бурхны шашин байр сууриа эзэлж байна гэж болох юм. Тэр утгаараа манайд буддистуудын хурал, цуглаан гэх мэт үйл ажиллагаа явж болох байх. Гэхдээ үүнийг Төвөд л ашиглах байх. Энэ нь цаашлаад Хятадын дургүйг л хүргэх болов уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч, өмгөөлөгч А.Базар: Хөгжлийн банкны хэргийн оролцогчид олон учраас шүүх хурал удаашрах магадлалтай DNN.mn

Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 80 иргэн, дөрвөн аж ахуйн нэгжид холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг саяхан болж, ирэх дөрөвдүгээр сард гэм буруугийн хурлыг товлоод байгаа юм. Уг хэргийн шүүх хурлын талаар “Хэруга Партнерс” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч А.Базартай ярилцлаа.


-Хөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хуульч, өмгөөлөгчдийн дунд нэлээн маргаан өрнүүллээ. Шүүх процессыг хуульчийн хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид Хөгжлийн банкны хэрэг гэж яриад байгаа болохоос үүн дотор маш олон төрлийн хэрэг байгаа шүү дээ.

Уг нь хэн, хэнд холбогдуулсан хэрэг вэ гэдгийг нарийн авч үзэх ёстой. Гэтэл Хөгжлийн банкны хэрэг гэж бөөрөнхийлөөд байгаа учраас асуудалд нухацтай хандахгүй байна. Жишээ нь, энэ хэрэг дотор гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж буруудсан хүн ч бий. Тэр хүн бол хэрэгт хамааралгүй. Энэ мэтчилэн хоорондоо хамааралгүй олон хэргийг нэгтгэж, замбараагүй болгочихлоо гэж харж байна.

-Гэм буруугийн шүүх хурлыг ирэх сард товлосон. Замбараагүй, олон төрлийн хэргийг нэгтгэсэн оролцогч олонтой хэргийн шүүх хурал ямар явцтай болох бол оо?

-Нэгэнт хурдан шийдэгдэхгүй нөхцөл байдал бий болчихлоо. Оролцогчдын тоо олон. Тэгэхээр хавтаст хэргийн тоо олон болчихож байгаа юм. Тэр хэрээр өмгөөлөгч, оролцогч талаас хүсэлтүүд олноор ирнэ. Нэг өмгөөлөгчийн хурал давхцана, өвдөнө, гадаад дотоод явна. Ямар ч шалтгаан гарч болно. Ер нь бол гэм буруугийн хурал эхлэхэд тун хэцүү.

-Тэгвэл ямар хэлбэрээр хийсэн бол шүүх процесс удаашрахгүй байв?

-Хамааралтай хэргүүдээ нэгтгэх боломжтой байсан болов уу. Тэгснээр аль болох тусад нь шүүх хурлаа хийх боломжтой. Жишээ нь, нэг эд хөрөнгийг хоёр хүн нийлж хулгайлсан бол хамтад нь хурлыг хийнэ гэнэ. Гэтэл энэ Хөгжлийн банкны гэх хэрэг дээр дотроо маш олон төрөл, тусгаарлах боломжтой олон холбогдогч бий.

-Хамгийн олон оролцогчтой шүүх хурал товлогдож байна. Шүүхийн практикт ийм хурал болж байв уу?

-Яахав, нотлох баримтууд хамааралтай, холбогдолтой хэргүүдийг нэгтгэж шалгаад нэг дор дүгнэлт өгөх гэх мэт арга хэлбэрүүд бий. Гэхдээ ингэж 80 гаруй хүний хэргийг нэгтгэж байсан түүх Монголын шүүхийн практикт байгаагүй болов уу. Ялангуяа ийм холбогдолгүй хэргүүдийг нэгтгэж, оролцогчдыг нэмэгдүүлж байсан түүх үгүй.

-Олон мянган хуудастай хэрэгтэй богино хугацаанд танилцаж, гэм буруугийн хурлыг товлох боломжгүй байсан гэж хуульчид маргаж байгаа. Үнэхээр тийм нөхцөл байдал байгаа гэж үү?

-Түүнээс болж олон асуудал яригдана. Шүүхийн шийдвэр хуульдаа нийцсэн байх ёстой буюу хуулиа зөв тайлбарлах ёстой. Бодит нөхцөл байдлыг зөв дүгнэх ёстой. Яг юу болов, гэмт хэрэг мөн үү биш үү гэдгийг шүүгч нарийн тогтоох ёстой. Гэтэл хавтаст хэрэг нэмэгдэж, олон хуудастай болох тусам хэргийг нарийн шийдэхэд түвэгтэй болно. Нэг хавтаст хэрэг гэхэд 250 хуудастай. Гэтэл Хөгжлийн банкны хэрэг 400 гаруй хавтастай гэж байгаа. Нэг хавтаст хэрэг 250 хуудастай гэвэл хэдэн арван мянган хуудастай хэрэг болж таарна. Үүнийг нэг шүүгч уншаад алдаа мадаггүй шийдвэр гаргаж чадна гэдэг эргэлзээтэй.

Хоёрт, манайд өнөөдөр тогтсон ойлголт болоогүй нэг зүйл бий. Олон улсад хэргээ боломжит хурдан хугацаанд шийдэх эрх гэж яригддаг. Эрүүгийн процесс удаан үргэлжлэх хэцүү. Хурдан шийдвэрлүүлэх гэдэг шударгаар шүүлгэх эрхийн нэг элемент. Бодож үзье. Батаа гэж хүний хэрэг байлаа. Тэр хүн хэргээ хурдан шийдвэрлүүлэх сонирхолтой. Бусдаас шалтгаалж хэрэг нь удааширвал эрх нь зөрчигдөнө. Тиймээс ийм хэргүүдийг урьдчилсан хэлэлцүүлгээр тусгаарлаад шийдэх ёстой байсан болов уу.

-Гэм буруугийн хурлаар тусгаарлах боломжтой юу?

-Урьдчилсан хэлэлцүүлгээр шийдээгүй бол боломжгүй.

Өөр нэг сонин зүйл бол урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хүсэлтүүд гарсан л байх. Түүнийг шийдэхгүйгээр гэм буруугийн хурлыг товлочихож байгаа нь дутуу ажиллагаа болж харагдаад байгаа. Үүнийг яаж шийлдэх вэ гэдэг асуудал болно. Одоо бол гэм буруугийн хурлаар мөрдөн байцаалтад буцаахгүй гэж үзээд байгаа шүү дээ.

Өөрөөр хэлбэл, сая болж өнгөрсөн урьдчилсан хэлэлцүүлэг хэлбэр төдий л шүүх хурал боллоо. Ямар ч асуудлыг шийдэхгүйгээр гэм буруугийн хурлаар шийднэ гэж байна.

-Шүүх хурал эхэллээ гэхэд хэр хугацаанд үргэлжлэх боломжтой вэ. Олон оролцогчтой учраас сараас дээш хугацаа орно гэж хуульчид онцолж байна?

-Өмгөөлөгчдийн гаргаж байгаа хүсэлт бодит байвал шүүх хурал хэдэн ч удаа хойшилж болно. Харин нэг эхэлчихвэл тасралтгүй үргэлжлэх зарчмын дагуу явна. Нэг сар, хоёр сар ч үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Хүний хувь заяаг шийдэж байгаа учраас хугацаа үүнд хамаагүй. Харин оролцогчид бэлэн байх ёстой.

Нэг зүйлийг онцлоход шүүх хурал ажлын 40 хоногт үргэлжиллээ гэхэд иргэн Батаагийн асуудлыг нэг өдөр л хэлэлцэхэд хангалттай байвал үлдсэн 39 хоногт тэр иргэнд эрүүдэн шүүлт болно. Өөрийнхөө огт хамааралгүй асуудлыг 39 хоног сонсох хэрэг гарна шүү дээ.

-Энэ хэргийг олон нийтийн зүгээс яаралтай шийдвэрлүүлэхийг шаардаж байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс шүүхээс хэргийг хурдан хугацаанд товлож байгаа нь хүний эрх зөрчигдөх нөхцөл болж болзошгүй гэж мэдэгдэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг нэг мөр болгохын тулд шүүх процессыг шударгаар явуулахыг олон нийт шаардах ёстой. Шүүх хурлыг ил тод нээлттэй явуулах ёстой. Олон нийтэд ил тод мэдээлэл өгч явах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа: Ч.Маралмаагийн хэрэгт хохирогч охины ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг хөндөх ёстой DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны хойд зам дээр “Toyota Land­cruiser 200” машин жолоодож явсан иргэн Ч.Маралмаа өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд урсгал сөрж, 12 настай С, Э нарыг дайран гэмтээж, долоон машин мөргөсөн ноцтой осол гаргасан юм.

Уг хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн мягмар гаригт болж, Ч.Маралмаад гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хоёр жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, 1.7 сая төгрөгийн торгууль ноогдуулсан юм. Шүүхийн энэ шийдвэрийг олон нийт янз бүрээр хүлээн авч, олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлж байна.

Шүүхийн шийдвэрийн талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа.

-Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад оногдуулсан ял шийтгэл хөнгөдчихлөө гэсэн шүүмжлэл өрнөж байна. Хуульчийн зүгээс шүүхийн шийдвэрт байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Бид гомдол саналгүй” гэж хэлж болох ч шүүх өөрөө хэргийн бодит байдалд бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийх боломжтой байсан.

Учир нь тэнд бэртэж гэмтсэн хүүхдийн эрх талаас, мөн хүүхдийн ирээдүйд учирч

Энэ нь жолоодох эрхгүй субъект гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулбал эргээд хуулийн хариуцлага хүлээдэг юм шүү гэсэн шүүхийн жишгийг тогтоох ач холбогдолтой байлаа. Шүүхийн шийдвэрийг хууль тогтоогч, УИХ-тай холбож тайлбарлах хүмүүс байсан. Шууд ингэж хандах нь учир дутагдалтай. Нөгөө талаар нэг удаа шуугиад өнгөрөх сэдэв биш юм. Гагцхүү энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хуулийн зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэх нь зүйд нийцэх болов уу.

-Шүүхийн энэ шийдвэр зарим иргэдэд зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан ч хүнд ял шийтгэл авдаггүй юм байна гэсэн ойлголт төрүүлэх магадлалтай ч гэж яригдаж байна. Хэр үндэслэлтэй тайлбар вэ?

-Хуулийн зохицуулалтыг нарийн мэдэхгүй, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах ёстой гэсэн ойлголт аваагүй иргэд ингэж болох юм уу гэдэг сэдэл төрөх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.

-Хохирогч охины ар гэр “Ч.Маралмаад хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан гэж байгаа. Магадгүй хохирогч талаас гаргах шийдвэр мөн эсэхэд эргэлзэж байгаа хүмүүс ч байна?

-Энэ бол хохирогчийн бүрэн эрхийн асуудал. Ямар байр суурь илэрхийлэх нь чөлөөтэй.

Гагцхүү хэргийн нөхцөл байдал, нийгэмд учруулж байгаа хор уршиг, гэмт хэргийн үр дагавар зэргийг шүүх эрх мэдлийн байгууллага анхаарах ёстой.

-Энэ хэргийн тухайд хохирогч охины эрх ирээдүйд хөндөгдөх эрсдэл бий юу?

-Шүүхийн шийдвэртэй нэг бүрчлэн танилцаагүй учраас шууд дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ хэн нэгэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод ирээдүйд эрүүл мэндэд үүсэх үр дагавар, хор уршгийг хэрхэн тооцох, мөн сэтгэл санааны хохирлыг яаж тооцож үнэлэх тухай асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Алсран одож буй ардчилал DNN.mn

Олон улсын судлаач шинжээчдийн “Varienties of democracy” байгууллага олон улсын 2022 оны ардчиллын индексийн тайланг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Олон улсын энэ тайлан нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа ардчилал Монгол Улсад хэр батжиж байна вэ гэдгийг хэдэн зуун жилээр ардчилсан нийгэм нь хөгжчихсөн улс орнуудтай харьцуулан харж болдог том боломж. Харамсалтай нь муу мэдээтэй. Бүр нэлээд муу мэдээ шүү.

Монгол Улс сүүлийн таван жилийн тайланд бүх индексээр нь жил дараалан байр ухарчээ. “Ардчиллын тайлан-2023”-ыг зургаан үзүүлэлтээр хэмждэг бөгөөд Монгол Улс либерал ардчиллын индексээр 2017 онд олон улсад 64 дүгээр байрт жагсч байсан бол 2023 онд 77-д, сонгуулийн ардчиллын индекс 62-оос 81 дүгээр байрт, либерал индекс 72-оос 74 рүү, тэгш эрхийн индекс 46-аас 88 руу, оролцооны индекс 92-оос 124 рүү, зөвлөлдөх индекс 36-аас 73 дугаар байр руу ухарчээ. Олон улсын байгууллага биднийг ингэж үнэлж байна. Энэ бол Монгол Улсад ардчилал үнэ цэнээ алдаж байгаагийн илэрхийлэл.

Үнэндээ монголчууд дотооддоо ч ардчиллаа алдаж байгааг ухаарч, мэдэрдэг болсон. Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх өнгөрсөн 2022 онд хамгийн их зөрчигдлөө. Эрх баригч МАН, Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаал хийсэн иргэд хэдэн арваараа цагдаад баривчлагдаж, эрүүгийн хэрэгт татагдах болсон. Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх тас хаагдсан гэхэд болно. Сайд дарга нарыг шүүмжилсэн хэнбугай ч Зөрчлийн хуулиар торгуулах энүүхэнд боллоо.

НҮБ-ын тусгай шинжээч Монгол Улсад ажиллаад буцахдаа хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг баривчлахдаа 99.8 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар цагдан хорьж байна гэж зарлалаа. Хүний эрхийн хамгийн ноцтой том зөрчил бол энэ юм.

Ардчиллын бас нэг чухал хэмжүүр болох хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хууль сахиулах байгууллага цагдаа, прокурорууд санаатайгаар саад хийсэн нэг бус тохиолдол гарлаа. Хууль сахиулагчид сэтгүүлчийн үйл ажиллагаанд халдана гэдэг олон нийтийн мэдэх эрх хумигдах ноцтой үйлдэл юм.

Эрх чөлөөт, шударга ёс өнөөдрийн нийгмээс бүр алсарч байна. Эрх баригч, сайд дарга нар эрх мэдэл албан тушаалаа ашиглаж нийтийн баялгаа цөлмөдөг, түүнийгээ бүр олон нийтийн нүдэн дээр ил хийдэг болсон. Үүний жишээ, Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хэрэг гээд хөвөрнө. Зөвхөн нүүрснээс гэхэд 40 их наядтай тэнцэх хохирлыг эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс улсдаа, ард түмэндээ учруулчихаад өнөөдөр хээв нэг төрийн сэнтийдээ заларч суугаа. Тэдэнд шударга ёс тогтоож хариуцлага үүрүүлж чадах хууль шүүх үгүй болсон. Хууль, шүүхийнхэн өөрсдөө хууль бус, шударга бус зүйлд гар дүрж, эх орон, ард түмнээсээ урваж байгаа.

Ардчилал ийнхүү алсарч байгаа нь өнөөдрийн эрх баригч МАН-тай шууд холбоотой. Сүүлийн таван жил ардчиллын индексүүд жил дараалан буух хугацаанд энэ нам дангаар удирдаж ирсэн. МАН-ын өнгөн дээр Монголын ардчилал мөхөж байна.

Нөгөөтэйгүүр ардчилал үнэ цэнээ алдаж, ганхах болсонд өнөөдрийн АН-ынхан ч буруутай.

Ардчиллыг тэд л өмчилдөг. Ардчиллын алтан хараацай, партизанууд гэж цээжээ дэлддэг. Түүнийг нь монголчууд буруутгадаггүй. Гэтэл тэд ардчиллыг өмчилдөг шигээ хайрлаж, арчилж чадсангүй. Ардчиллаа хаяад тэд 10-аад жил зөвхөн сандал суудал, тамга тэмдгийн маргаан өрнүүлж Дээд шүүхийн үүдийг сахиж ирлээ. Эрх баригчидтай үгсэж сайд даргын суудал горилж, төрөөс хулгай луйвар хийхэд л тэд гар бие оролцдог болсон гэхэд буруудахгүй.

Ардчилал АН-ынх гээд эрх баригчид орхиж болохгүй юм. Ардчиллын ач буянаар ажил амьдралаа босгосон залуус л өнөөдөр МАН-ыг авч яваа. Өнөөдөр тэр төрийн эрхийг барьж байна. Тиймээс тэд ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой анхаарах ёстой. Ардчиллыг өмчилдөг АН ч үүнд онцгой хувь нэмэр оруулах ёстой юм.

Ардчилалгүй бол бид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй, зөвхөн эрх баригчдын заасан мөрөөр хатуу чанга дэглэмд явах замд орно. Ийм замаа, ийм нийгмээ дэлхийн соёлт хүн төрөлхтөн аль хэдийнэ халж, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг уралдан цогцлоож байна. Тиймээс ардчиллыг хүн бүр арчилж байх ёстой юм. Ардчилал бол хүн бүхэнд ус, агаар мэт хэрэгтэй зүйл билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цэнгүүн: Хэцүү үед бизнесмэнүүдээ торгохоор хэрэглэгчдэд яаж тусдагийг харуулах гэж гурилынхаа үнийг нэмсэн DNN.mn

“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнтэй цөөн хором ярилцлаа. ШӨХТГ-аас тус компанид торгууль тавьсантай холбоотойгоор “Алтан тариа” гурилын үнийг нэмэгдүүлнэ гэж тэрбээр мэдэгдээд байгаа юм.


-ШӨХТГ-аас “Алтан тариа” ХХК-ийг торгосныг тодруулахгүй юу?

-ШӨХТГ-аас манайхыг гурилын үнийг нэмсэн гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хойш шалгаж байгаа. Шалгалтанд шаардлагатай баримт материалыг цаг тухайд нь бид гаргаж өгөөд явсан. Саяхан шийдвэр нь гарлаа. Тэр шийдвэр нь биднийг гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн, хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж торгосон. ШӨХТГ-ын энэ торгууль нь Монгол Улсын хуульд огт нийцэхгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа.

Торгуультай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ гэсэн таны байр суурь олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. ШӨХТГ-ын үйлдэл яагаад гурилын үнэ нэмэхэд хүргэчихэв?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмээр бол аливаа хувийн хэвшил, компани бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг хориглодоггүй. Нэмсэн тохиолдолд компани тэр үндэслэлээ тайлбарлах шаардлага ч байдаггүй. Хэрэв тэр компани зах зээл дээр давамгай байдалтай биш бол. Манайх давамгай байдалтай компани биш. Тиймээс бид тэр үндэслэлийг тайлбарлах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс ШӨХТГ-ын торгууль бол хууль бус шийдвэр. Нөгөө талаас хэрэглэгчийг хохироосон хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж юу яриад байгааг ч ойлгохгүй байна.

-Тэгээд та гурилынхаа үнийг яг нэмчихсэн үү?

-Яахав, бага хэмжээгээр дохио болгож нэмсэн. Нэгдүгээр гурилын үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бол “Та нарын үйлдэл чинь хууль бус” гэдгийг харуулсан дохио. Цаашдаа ч дураараа дургиж, хуульд байдаггүй үйлдлийг төрийн байгууллагууд хийж болдоггүй юм шүү гэдгийг ойлгуулах үүднээс үнээ нэмсэн.

-Мэдээж үнийн асуудал манай улсад олон жил яригдаж байгаа сэдэв. Аливаа салбарыг чөлөөт зах зээлээр нь хөгжүүлэх ёстой гэж ярьдаг. Гэхдээ гурил бол стратегийн бүтээгдэхүүнд орно. Тиймээс үнийн асуудал олон нийтийн эрх ашиг болоод явчихна шүү дээ…?

-Энэ асуудлаар олон нийтийн дунд өрнөсөн, хүмүүсийн талцаж хуваагдсан асуудал их сонирхолтой зүйлийг давхар харууллаа. Манай нийгэм өөрөө хуучин сэтгэлгээтэй, хуучны үзэл барилтай, социалист үеэрээ сэтгэдэг хүмүүс их байна. Нэг ёсондоо төр бүхий л зүйлд оролцож байна. Гэтэл өнөөдөр бид зах зээлийн эдийн засагтай улс. Үнэ гэдэг бол зөвхөн зах зээлийн эрэлт нийлүүлэлт дээр явагдана гэдгийг ойлгох цаг нь болсон байх.

-Гол нь энэ явдалд хэрэглэгч буруугүй биш үү. Үнийн нэмэгдэл хэрэглэгчийн нуруун дээр л ирнэ?

-Өмнө нь хэлсэн. Ямар ч татвар, НӨАТ, нийгмийн даатгал, онцгой албан татвар, хураамж, ер нь төрөөс хурааж байгаа бүх төрлийн мөнгийг бизнесмэнүүд барааныхаа үнэ өртөгт шингээж явдаг. Тиймээс энэ хэцүү, хямралтай байгаа үед бизнесмэнүүдийг ингэж торгоно гэдэг бол эцсийн дүнд хэрэглэгчдэд ч хүнд тусдаг, давхар торгууль ногдож байгааг ойлгоосой гэдэг үүднээс энэ асуудлыг хөндсөн.

-Та шүүхэд хандана гэв үү?

-Шүүхэд хандана. Шүүхэд хандаад яаж тайлбарлахыг харъя. Монгол Улс хууль дүрэмтэй. Түүнийхээ дагуу шийдэх байх. Ер нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг хамгаалах ёстой байгууллага нь огт эсрэг, тэсрэг юм хийгээд байгаа юм. Хэрэглэгчийг хамгаална гэчихээд өрсөлдөөнийг маш ихээр боомилдог. Хэрэглэгч бол байнга хямд үнийг сонгож авдаг. Гэтэл хямд үнэтэй байх ёстой гээд үнэ бууруулаад хуйвалдаад байвал зах зээл дээр өрсөлдөөн байхгүй болно. Шинэ санаачилга, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлдвэрлэгч, шинэ хэрэглэгч, шинэ нийлүүлэгч огт гарч ирэхгүй. ШӨХТГ өөрөө өрсөлдөөнийг хааж боомилсон, эсрэг байгууллага болж хувирчихаад байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ сайд С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг нэрлэчих шиг боллоо DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МҮОНТВ-д Сар шинийн өмнөхөн өгсөн бүрэн хэмжээний ярилцлага олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлгийг өрнүүлсээр байна. Тэрбээр нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэрэг нийгэмд анхаарал татсан хэргүүдийн явц, энэ нь цаашлаад Монголын улс төр, шүүх засаглалд авлигын сүлжээг хэрхэн үргэлжлүүлж байгаа талаар гээд ноцтой баримтуудыг дэлгэв. Тэр дундаас Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хэсэг нэлээд анхаарал татлаа.

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярихдаа “…С.Зоригийн хэрэг ч Эрдэнэттэй холбоотой асуудал. Гайхахаар байгаа биз. 1998 онд би оюутан болж байсан жил. Буцаад тэр үеийн нөхцөл байдлыг бодоод, баримт бичгүүдийг хараад үзэхээр тэр үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоочихсон байсан. 1998 он, С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. Эрдэнэтийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Мэдээж би мөрдөн байцаагч биш, Ерөнхий сайд байгаа хүний хувьд логик дарааллаар нь хөөвөл нөгөө л баялгийн тэмцэл. Мэдээж энэ хэрэг нэг асуудал. Гэхдээ олон жил ээдрээтэй явж байна. Одоо бидний яриад байгаа авлигын систем үүсэх эхлэл нь бараг тэнд тавигдаж байсан юм биш үү гэж боддог. С.Зориг алагдсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бол шинэ тогтолцооноос гараад өөр тогтолцоо руу орж, харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдсөн. Түүнээс хойш системийн авлига илүү явсан юм биш үү гэж боддог” гэв.
С.Зоригийг хөнөөснөөс хойшхи өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэргийн талаар хэдэн зуун таамаг, хувилбар яригдаж ирсэн байдаг. Түүний нэг бол Ерөнхий сайдын ярьсан энэ өнцөг. Бүр хамгийн анх гарсан таамаг ч гэж хэлж болно.
1998 он бол Дэд бүтцийн сайд С.Зориг Ерөнхий сайдад ид яригдаж, зам нь нэлээд шулуудчихсан үе байв. Түүнтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэр нэлээд адармаатай, олон нийтийн анхаарал татаж өрнөсөн. Тухайн үед Засаг барьж байсан Ардчилсан холбоо эвслийн төр барьсан дөрвөн жилийн тэмдэглэлд “…1998 оны наймдугаар сарын 8-нд Засгийн газрын хуралдаанаас гарсан Ш.Отгонбилэг агсныг ерөнхий захирлын ажлаас нь түдгэлзүүлж, Д.Дорлигжавыг үүрэг гүйцэтгэгчээр томилохоор ЗГХЭГ-ын дарга Т.Лхагва, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нар очиход тус үйлдвэрийн удирдлагууд өмнөх өдөр нь зугтсан хэмээн хэвлэлийн хуудаснаа тэмдэглэн үлджээ” гэсэн нь бий.
Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг
үйлдвэрийн эд хөрөнгийг шамшигдуулж байна гэх мэдээлэл олон нийтийн хэвлэлээр ид шуугьж байлаа. Засгийн газрын хуралдаанаар эл асуудал орж, Ш.Отгонбилэгийг захирлын суудлаас буулгах шийдвэр гаргав. Ардчилсан холбоо эвслийн байгуулсан Засгийн газрын энэ шийдвэрийн мөрөөр олон зүйл ил болсон байдаг. Ш.Отгонбилэг агсны байр суурь ганхах нь Оросын талд сайн мэдээ биш. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Оросын талд шилжүүлэх асуудал яригдаад эхэлчихсэн, үүнийг гүйцээх хүн нь тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан нь нэлээд тодорхой болчихсон үе юм. Харин энэ үед Дэд бүтцийн сайд С.Зориг өөрийн улсын үйлдвэрийн хувь заяаг Монголын төр шийднэ хэмээснээр талууд нэлээд зөрчилдөж эхэлсэн билээ. Гэтэл хэдхэн сарын дараа С.Зориг бусдын гарт амиа алдсан нь энэ зөрчлөөс үүдэлтэй гэж улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын явцад ч энэ агуулгын мөрөөр мөрдлөг явагдаж байсан тухай тулхтай хуульчид ярих юм билээ. Гэвч энэ таамаг нотлогдоогүй, нотлоогүй ч байж болох.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлагаа үргэлжлүүлэхдээ “…Ингээд тэр өдрөөс хойш зэс гэдэг том гэнэ лээ гэдэг нь өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч эх суурь” гэсэн нь ноцтой сонсогдож байгаа юм.
Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нарыг шууд нэрлэчих шиг боллоо. Энэ хоёр эрхэм бол Монголын улс төрийн асар том “амтат бялуу” Эрдэнэт үйлдвэртэй нэн эртнээс нягт уялдаатай ажиллаж ирсэн. Ерөнхийлөгч асан гэхэд Засгийн газраас 1998 онд захирал Ш.Отгонбилэгийг сольж, Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтооход ОХУ-ын талд эсэргүүцлийн захидал бичиж, Монголын ардчилсан холбооноос Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Да.Ганболдыг долоон удаа буцааж байсан түүхүүд бий. Энэ тухай Да.Ганболд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “…Тухайн үед манай намынхан “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулсан юм. Түүний оронд Д.Дорлигжавыг тавьсан. Гэтэл Ш.Отгонбилэгийг зургаахан сараар ч болов буцаагаад “Эрдэнэт”-ийн захирлаар тавих шаардлагыг Ерөнхийлөгч Багабанди манай намаас нэр дэвшигчдэд тавьдаг байсан. Бид намаараа ярилцаад энэ саналыг хүлээж авахгүй байхаар тохирсон” гэсэн нь бий.
Нэг ёсондоо Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг солигдох нь тухай үеийн Ерөнхийлөгчид таалагдаагүй. Тиймдээ ч зургаан сар ч болов захирлаар нь үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг Засгийн эрх баригч эвсэлд тулгаж байна гэдэг ард нь асар том сонирхол, эрх ашгийн зөрчил, бүлэглэл, хүч байгаагийн илрэл болж харагдаж байна. Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр “Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл хүчтэй. Тиймээс Эрдэнэтийн удирдлагуудын төлөөх үе, үеийн том тэмцлүүд явсан” гэсний баталгаа нь экс Ерөнхийлөгч Н.Багабандийн дээрх үйлдлүүд болж мэдэх.
Нэг зүйл тодорхой байгаа нь С.Зориг бусдын гарт амиа алдсан 1998 онд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон сонирхлын томоохон үйлдлүүд тухайн үеийн Засгийн эрхийг баригч Монголын ардчилсан холбоо эвсэл буюу өнөөдрийн АН-д ямар ч падлийгүй, харин эрх баригч МАН-ынхны эрх ашгийн төлөөх дайн байсныг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батлан ярилаа.
Гагцхүү С.Зоригийг хөнөөсөн хэрэг Эрдэнэт үйлдвэр, зэсийг хянасан улс төрийн бүлэглэлтэй холбоотой гэдгийг мэдээлэлд хамгийн ойр, цагдаа, прокурорыг томилдог, гүйцэтгэх засаглалын номер нэг хүн өнөөдөр ингэж ярьж байна гэдэг энэ хэргийн захиалагч хэн бэ гэдгийг илчилсэн нэг төрлийн нотолгоо юм аа. Ухаж хэлбэл, тухайн үеийн Ерөнхийлөгч, олон жил Хууль зүйн сайд байсан хүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэрлэчих шиг боллоо.