Categories
мэдээ улс-төр

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Миний үйлчлүүлэгч З.Энхболд нүүрсний гэх хэрэгт ямар ч хамааралгүй DNN.mn

Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Баатарсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод холбогдох хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

-Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийг Ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзсан гэсэн. Уулзалтаар ямар асуудал ярилцав?

-Монгол Улсын Төрийн тэргүүн өмгөөлөгчдийг хүлээн авч уулзсанд талархалтай байна. Ерөнхийлөгчийн барьж буй зарчим, мөрийн хөтөлбөртэй уялдуулан нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигаас ангид байх, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь сайшаалтай.

2019 оны аравдугаар сарын 18-нд Өмгөөллийн тухай хууль батлагдаж, өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг дээшлүүлэх том ахиц болсон. Ерөнхийлөгчийн зүгээс өмгөөлөгчдийг нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах, соён гэгээрүүлэх асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлээч гэдэг асуудлыг ярьж байна. Өмгөөлөгчид маань нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиглэлд тууштай ажиллаж ирсэн гэдгийг хэлье. Гэвч сүүлийн үед нийгэмд тулгамдаад байгаа нэг асуудал бол Үндсэн хуулиар баталгаажсан хүний өмгөөлүүлэх эрхийн зөрчил болчихоод байна. НҮБ-ын шинжээч Монгол Улсын Засгийн газрын урилгаар манайд ажиллаад буцахдаа сэжигтэн яллагдагчийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах явдал нэлээд өндөр хувьтай байна гэж дүгнэсэн. Өмгөөлөгчид нэг талаас нийгэмд шударга ёсыг тогтоож, авлигаас ангид байлгах, ард иргэд сайхан амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлэх үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талд авлигатай тэмцэж байгаа нэрийн дор хэлмэгдүүлэлт гарч эхэлж байна гэж өмгөөлөгчид үзэх болсон.

-Үндэслэлийг нь тайлбарлахгүй юу?

-Авлигын гэмт хэрэгт хүлээх хариуцлагыг чангатгах тухай төрийн бодлого зөв боловч нөгөө талдаа иргэдийг хэлмэгдүүлж болохгүй. Тухайлбал, авлигын хэрэгт буруутгасан хүн шүүхээр цагаатгагдаад, хэрэг хийгээгүй нь тогтоогдсон тохиолдолд хууль хяналтын хариуцсан мөрдөгч, прокурорт хариуцлага тооцох асуудлыг давхар ярих ёстой. Авлигын гэмт хэрэгт хүнийг 3-4 жил шалгаж байгаа нэрээр хорьж цагдаж, саатуулан ар амьдрал, ажил төрлийг нь сүйрүүлдэг. Үүнд хамгийн хүнд өртдөг нь ар гэр, үр хүүхэд нь байдаг. Тиймээс хэрэв цагаадаж, хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд мөрдөгч прокурорт хуулийн хатуу хариуцлага тооцож байх ёстой гэдэг зарчмыг хэлэх нь зүйтэй.

-Таны хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Чухам ямар хэрэг үүсээд байгаа юм бэ?

-Нүүрсний гэх тодотголтой, бүр тодруулбал 20220200721 дугаартай хэрэг бий. Миний үйлчлүүлэгч З.Энхболдыг нүүрсний гэх энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд анх мэдээлсэн. ЭХХШТХ-д хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн нэрийг зарлахыг хориглодог хуулийн заалттай. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч З.Энхболд гэдэг хүн нүүрсний гэх тодотголтой дээрх хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин түүнийг ЕТГ-ын даргын албан тушаалыг хашиж байх үедээ Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланг гэмт хэрэг хийхэд нь хамжигчаар оролцсон гэх хэрэг тулгаж, Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан зүйл ангиар шалгаж байгаа. Нэгд, миний үйлчлүүлэгч З.Энхболд уг хэрэгт хамжигчаар оролцсон аливаа нэг үйлдэл байхгүй. Хоёрт, Эрүүгийн хуулийн 22.1.3-т улс төрд нөлөө бүхий албан тушаалтныг авч үздэг. Тэгвэл З.Энхболдын ЕТГ-ын даргын албан тушаал нь улс төрд нөлөө бүхий албан тушаал биш. Энэ бол нэг төрлийн гүтгэлэг, хэлмэгдүүлэлт явагдаж байна гэж хардах том үндэслэл юм.

-Таны үйлчлүүлэгч З.Энхболдод хилийн хориг тавьсан талаар мэдээлэл гараад байгаа. Үнэн үү?

-Нэгэнт прокурорын зүгээс үндэслэлгүйгээр хэрэг тулгаж, үүнтэйгээ холбогдуулан дараагийн шатны арга хэмжээ болох хилийн хориг тавигдсан. Миний үйлчлүүлэгчид өөрт нь огт хамаарлагүй асуудлаар хэрэг тулгаж байгаа учраас бид шүүхээр нэг мөр үнэн мөнийг нь тогтоолгоно гэдгийг албан ёсоор хэлье. Хэрэв энэ хэрэг цагаадаж хэрэгсэхгүй болбол бид мөрдөгч, прокурор зэрэг хуулийн байгууллагын албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардах болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Энхболд: Баривчилгаа бүрийг шүүх мэдэж байх ёстой. Гэвч баривчилгааны 73 хувийг шүүх мэдэхгүй өнгөрч байна DNN.mn

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой ярилцлаа.


-ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэлээс хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал анхаарал татаж байгаа. Тэр дундаа сэжигтэн, яллагдагчийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг явдал маш өндөр хувьтай байна. Гэхдээ үүнийг ярихын өмнө сэжигтэн, яллагдагч ямар эрхтэй байдаг юм бэ, тэдний эрхийг яагаад чухалчлах ёстой талаар тодруулахгүй юу?

-Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудлаар дөрвөн ойлголтыг хөндөж оруулсан. Тодруулбал, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих болон ганцаарчлан хорих ял эдлүүлж байгаа практик, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ гэсэн хүний эрх чөлөөг хязгаарладаг онцгой арга хэмжээний талаар энэ удаагийн илтгэлд онцолсон.

Ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрх, ялангуяа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг хангах асуудал Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүрэг байдаг.

Хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харахад гэмт хэргийг нотлохын тулд эрүүдэн шүүдэг, үүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирдог бүдүүлэг хүний эрхийн зөрчлийн дунд хэдэн зуун жил явж ирсэн байдаг. Үүнээс татгалзаж, гэмт хэрэгт холбогдсон хүнийг ямар ч тохиолдолд төр гарцаагүй нотолдог байх ёстой, ингэхдээ эрүүдэн шүүж биш мөрдөн шалгах ажиллагааны тактик арга зүйгээр гарцаагүй нотолдог байх ёстой гэдэг зарчмыг хэрэглээд хэвшсэн. Энэ зарчмын агуулга нь нэгдүгээрт, гэм буруугүйд тооцох, хоёрт, мэтгэлцэх, гуравт, хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэсэн хүний эрхийн үндсэн зарчмууд бөгөөд эдгээрийг Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудууддаа зааж өгсөн.Нөгөө талаас гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэг талд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч буюу нэг хүн, нөгөө талд мөрдөх байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэсэн дөрвөн том тогтолцоо ажиллаж байдаг. Тийм учраас энэ том тогтолцооны өмнө тухайн хүнд бүхий л арга хэрэгслээр өөрийнхөө эрх, ашиг сонирхлоо хамгаалах бололцоог олгох ёстой. Энэ үүднээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг хуулиар тодорхойлж, хангах зайлшгүй шаардлага тавигддаг.

-За, илтгэл рүү оръё. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа нийт баривчилгааны 99 хувийг эзэлж байгаа нь тогтоогдсон байна. Үүний ард хүний эрхийн зөрчил байна гэж хардаж байгаа. Зөв үү?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ЭХХШТХ-д сэжигтнийг баривчлах хоёр төрлийг хуульчилсан. Нэгд, шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах, хоёрт, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах гэсэн хоёр төрөл. Эндээс сүүлийн үед анхаарал татаад байгаа асуудал нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа маш их байна. Энэ нь бараг 98-99 хувьтай байна гэдэг шүүмжлэл гарч байгаа. ХЭҮК-ын судалгааны дүгнэлтээс үзэхэд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагааг яах аргагүй 98-99 хувьтай хэрэглэсэн болох нь харагдсан.

Гэхдээ 99 хувийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах гэдэг ойлголт нь ямар ч хүний эрхийн хяналтгүйгээр хэрэгжиж өнгөрдөг процесс гэсэн үг биш юм. ЭХХШТХ-д хэрэв сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж байгаа бол баривчилсан даруйд прокурорт мэдэгдэж, прокурор тухайн мөрдөгчийн тогтоолыг шүүхэд хүргүүлэн, шүүх 24 цагийн дотор энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр ямар ч хяналтгүйгээр явагдаж байна гэж үзэх нь учир дутагдалтай. Учир нь гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс тухайн үед нь гарцаагүй тохиолдолд баривчлаад, баривчилсан тогтоолыг нөхөж прокурорт мэдэгддэг тогтолцоо явж байгаа юм. Эндээс харахад шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах гэдэг нэр томъёо нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн олон улсын пакт, Үндсэн хуулийнхаа зарчимтай нийцэж байна уу, үгүй юу гэдгийг эргэж харах шаардлагатай. Дээр нь шууд харахад хууль зөрчсөн шинжтэй томъёоллыг тусгасан байна гэж ХЭҮК дүгнэж байгаа.

-НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг шүүхийн шийдвэргүй баривчилдаг явдал 99 хувьтай байна гэж нийтэд зарласан. Комиссын шалгалтын үр дүн ч үүнийг баталсан байсан шүү дээ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг ажиллаад 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр хавтгайруулан баривчилж байна гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Комиссоос энэ удаагийн судалгааны үр дүнгээр үнэхээр бодитой хавтгайруулан баривчилж байгаа асуудал байна уу, үгүй юу гэдгийг тогтоох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр цагдан хорих төвд сүүлийн гурван жилд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаад суллагдсан 864 кейс дээр нэгбүрчлэн дүн шинжилгээ хийж үзсэн. Ингэхдээ шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан тохиолдол бүрийг хууль бус гэж дүгнэх боломжгүй. Харин үүн дотор хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, процессын ажиллагааг хуулийн дагуу явуулахгүйгээр баривчлах ажиллагааг явуулсан тохиолдол 60 орчим хувьтай байна гэж тогтоогдсон.

-Мөрдөгчид яагаад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагааг илүү сонгоод байдаг юм бол. Нийт баривчилгааны 99 хувь нь бүгд оргон зайлахыг завдсан, баримт нотолгоогоо устгах эрсдэлтэй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдалтай байна гэж харагдаад байна. Гэхдээ амьдрал дээр арай тийм биш биз дээ?

-Монгол Улсад жилд 71 мянга орчим хүн гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдож шалгагдаж байна. Эдгээрээс 2020 онд 798 хүнийг баривчилсан. 2021 онд 821 хүнийг баривчилсан. 2022 онд 1075 хүнийг баривчилсан. 2020 онд баривчилсан 798 хүнээс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан нь 793 буюу 99 хувь нь болчихоод байгаа юм. Гэхдээ энэ нь нийт гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хавтгайруулан баривчлаад байна гэсэн үг биш шүү дээ. Олон нийт энэ талаас нь хараад байж болзошгүй. 71 мянган хүний 99 хувийг баривчилна гэвэл зах замбараагүй юм болно. Энэ баривчилгаа нь Монгол Улсад жилд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нийт хүний 1-1.5 хувийг эзэлж байгаа юм.

Комиссын хийсэн судалгаанаас тэд эрхийн эсрэг гэмт хэрэг дээр 46.3 хувь, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт 16.1 хувь нь баривчлагдсан байна. Эндээс харахад Монгол Улсад хамгийн түгээмэл үйлдэгддэг гэмт хэргүүд дээр баривчилгааг хийж байна дүгнэж болно. Яг кейсүүдийг уншаад үзэхээр баривчлахаас аргагүй нөхцөл байдалтай хэргүүд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан ажиллагааны 80 орчим хувийг эзэлж байгаа юм. Харин 20 орчим хувь нь магадгүй шаардлагагүй үед баривчилчихсан юм биш биз, эсвэл нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, сэжиг таамгаар, хэн нэгэн хүний нэрлэн зааснаар баривчилсан байхыг үгүйсгэхгүй байдал илэрч байгаа. Үүн дээр ХЭҮК баривчлах ажиллагааны дөрвөн үндэслэлийг нарийвчлаач гэдэг шаардлагыг тавьж байгаа юм

-Хойшлуулшгүй ажиллагаа гэх үндэслэлээр ихэнхдээ баривчилдаг юм байна. Энэ нь хэт ерөнхий байгаагаас хүний эрх зөрчигдөх байдал гарч болзошгүй гэж та бүхэн дүгнэсэн байсан уу?

-Жишээ нь, хойшлуулшгүй тохиолдол гэдэг бол хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол сэжигтнийг баривчилж болно гэж үздэг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад зааснаар баривчлах үндэслэл нь хэт ерөнхий байж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, дураараа тайлбарлаж хэрэглэх бололцоог олгохгүйгээр хуульчилсан байх ёстой. Бидний судалгаагаар хойшлуулшгүй тохиолдол хэт ерөнхий шинжтэй байна, энэ нь хүнийг шаардлагагүй тохиолдолд баривчлах хандлага байж болзошгүй байна. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч шууд заасан гэдэг үндэслэл нь өргөн хүрээнд байж болзошгүй. Учир нь тэр хүн тэр гэмт хэргийг үйлдсэн гэж хэлэхээр шууд баривчлах үндэслэл бүрдээд байгаа учраас үүн дээр тодорхой хязгаарлалтыг тогтоож өгөөч гэдэг шаардлагыг тавьж байгаа.

-Илтгэлд ажлын бус цагаар болон оройн цагаар баривчилдаг явдал нэлээд өндөр хувьтай дурдагдсан байсан. Бас л хүний эрхийн зөрчлийн нэг хэлбэр гэж харж болох юм?

-Ажлын бус, шөнийн цагаар баривчилсан статистик өндөр харагдаж байгаа нь үнэн. Энэ нь магадгүй үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шинж чанар, онцлогтой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Учир нь нийт баривчилсан тохиолдлын 46 хувь нь хулгайлах гэмт хэрэг, 16 хувь нь хүний амь нас эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, найман хувь нь хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг, 12 хувь нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Судалгаанаас харахад шөнө оройн цагаар үйлдэгдсэн байдаг. Энгийнээр ярихад баар ресторанд согтууруулах ундаа хэрэглэдэг, гараад зодолддог, нэгнийхээ эрүүл мэндэд хутга мэс хэрэглэж гэмтэл учруулдаг. Хууль сахиулагчид тэр үед нь таслан зогсоож баривчилж таарна. Хулгайлах гэмт хэрэг гэхэд аль болох хүнийг унтаж амарч байх үед, эзгүй байхад удаа дараагийн хулгай хийх нөхцөл үүсдэг учраас баривчилж байгаа цаг хугацаа нь тэгж таарч байж болзошгүй. Түүнээс гадна ХЭҮК-т хүний нэр, хаяг, ажлын газар, оршин суугаа газар нь тодорхой байгаа, дуудсан цагт асуудалгүй хүрэлцэн очих боломжтой хэргийн холбогдогч нарыг заавал ажлын бус цагаар, гэр орноос нь, эсвэл өөр газарт байхад нь баривчлах хандлага гараад байна гэдэг гомдлыг ирүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид мөрдөх байгууллагуудаас тайлбар дүгнэлтүүдийг гаргуулж авсан. Ямар төрлийн гэмт хэрэг вэ гэдгээс хамаарч мөрдөн шалгах байгууллагуудын нарийн тактикийн асуудал байдаг юм билээ. ХЭҮК кейс бүр дээр ингэж болохгүй гэж зөвлөх нь хуулиар хязгаарлагдмал.

Харин бид олон улсын гэрээ конвенци, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг дээдэлдэг дэлхийн улс орнуудын сайн туршлага, практикуудыг нэвтрүүлэх талаар зөвлөмж өгч байгаа. ХБНГУ, Франц, Япон зэрэг улс орнуудад тодорхой хязгаарлалтуудыг зааж өгсөн байдаг. Хэрэв сэжигтэн оршин суугаа хаяг нь тодорхой, оргон зайлах бодит үндэслэл байхгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг байвал аль болох ажлын бус цагаар баривчлахгүй байх, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс хамаарал бүхий хүмүүст сэтгэл зүйн болон бусад дарамтыг учруулахгүй байхаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах зохицуулалтуудыг хуульчилж өгсөн. Үүнийг бид судалж ЭХХШТХ-д хязгаарлалттайгаар оруулж өгөх нь хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцнэ гэж дүгнэж байгаа.

-48 цагийн баривчилгааны талаар тодруулахгүй юу. Баривчилсны дараа 24 цагийн дотор үргэлжлүүлэх эсэхийг шийдэх ёстой гэдэг. Гэвч олон нийтэд ил болсон кейсүүд дээр 48 цаг баривчилна гэдэг ойлголт хэвшмэл харагддаг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?

-2017 оны ЭХХШТХ-ийн нэг дэвшилтэт заалт бол сэжигтнийг баривчлах дээд талын хугацаа 48 цаг гэсэн нь өмнөх хуультай харьцуулахад хугацааг богиносгосон зохицуулалт болсон. Гэтэл судалгааны явцаас харахад 50 орчим хувь нь заавал 48 цаг тулгаж асуудлыг шийдвэрлэдэг, эсвэл сэжигтнийг сулладаг хандлага байна. Гэтэл ЭХХШТХ-ийн үзэл баримтлал нь аль болох богино хугацаанд, хамгийн цаад тал нь 48 цаг шүү гэдэг үзэл санаагаар бичигдсэн. Бүр сэжигтнийг баривчилсан даруйд үндэслэл нь хууль ёсны эсэхийг шүүх 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Бүр тодруулбал, 24 цагийн дотор шүүхийн хяналтанд энэ үйл ажиллагаа орсон байх ёстой, шүүх суллах, эсвэл 48 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргаж байх хуультай.

Гэтэл энэ хуулийн заалт практик дээр төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Үүнтэй холбоотойгоор магадгүй 48 цаг хүртэл байх ёстой гэдэг хандлагууд гараад байхыг үгүйсгэхгүй. Цаашид баривчлах ажиллагааны 48 цаг гэдэг бол туйлын заавал байх ёстой цаг биш, аль болох богино хугацаанд үргэлжлүүлж цааш нь цагдан хорих уу, эсвэл өөр таслан сэргийлэх арга хэмжээ авах уу гэдгийг шүүх нэн даруй шийдэж байх ёстой. Ийм үзэл санааг ЭХХШТХ-д хуульчилчихсан. Энэ нь хүний эрхийн зарчмын хэм хэмжээндээ нийцсэн нэлээд дэвшилттэй зохицуулалт. Харин хэрэгжилт хангалтгүй байна гэж Комисс дүгнэж байгаа.

-Хууль хүчний байгууллагуудын хүний эрхийн мэдрэмж, хандлагын асуудал сүүлийн үед ихээр хөндөгдөж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хэд, хэдэн асуудал гарч ирж байгаа юм. Нэгд, хуулийнхаа үзэл санааг бүрэн ойлгож, хэрэгжүүлэхгүй байна. Хоёрт, хүн хүчний нөөц дутагдал, ажлын зохион байгулалттай холбоотойгоор хуулийг тэр бүр дагаж мөрдөхгүй байна. Ялангуяа шүүх ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд ажиллахгүй байгаатай холбогдуулаад мөрдөх байгууллагууд, прокуророос нэн даруй шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн энэ шийдвэрүүдийг хянаж шийдвэр гаргах ажиллагаа удаашралтай байгааг засах шаардлагатай.

Түүнээс гадна мөрдөх, хяналт тавих, шүүх эрх мэдлийн албан хаагчдын хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, ялангуяа хүний эрхийг хязгаарлаж байгаа энэ арга хэмжээ маш онцгой төрөл. Баривчилгааг эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх ёстой юм. Хэрэглэсэн тохиолдолд аль болох шуурхай шийдвэрлэх ёстой гэдэг хандлага дутмаг байна уу гэж харагдаж байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй, мөн алба хаагчдын энэ талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх нь зүйтэй. Дээр нь иргэд өөрсдийнхөө эрхийг хамгаалах чиглэлээр, хэрэв өөрийг нь хууль зөрчиж баривчилсан гэж үзэж байгаа бол энэ талаар гомдол мэдээллээ гаргадаг соёл хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай.

-Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж та хэллээ. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ. Эцсийн дүндээ энэ нь монгол хүний эрх, эрх чөлөөний чухал асуудалтай холбогдож байгаа шүү дээ?

-Баривчилсан тогтоолыг прокурор нэн даруй шүүхэд хүргүүлнэ. Шүүх тухайн асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Эндээс үзэхэд сэжигтнийг баривчилж байгаа тохиолдол бүрийг шүүх мэдэж байх ёстой болно. Ингэж байж шүүхийн хяналт бүрэн тогтоно. Гэтэл өнөөдөр манай практикаар шүүх баривчилгааны 73 орчим хувийг мэдэхгүй өнгөрч байна. Үүнийг арилгах ёстой. Яагаад мэдэгдэхгүй байна вэ гэхээр сэжигтнийг баривчилсан тогтоол шийдвэрийг шүүхэд хүргүүлэхгүй байх тохиолдол түгээмэл байна. Угтаа хуулиараа заавал хүргүүлж шүүх шийдвэрээ гаргаж байх ёстой.

Түүнчлэн 48 цагийн хугацаа дуусаад дараа нь суллах тухай асуудал яригддаг. Комиссын хийсэн судалгаанаас үзэхэд нийт сэжигтний 864 кейсийн 231-ийг шүүгч сулласан. 529 нь прокурор тогтоолоор сулласан, 102-ыг нь хорих ангийн дарга сулласан, байна. Эндээс харахад баривчлагдсан хүмүүсийн 73 орчим хувийг шүүхээс бусад субьектууд сулласан гэсэн үг. Нэг ёсондоо ийм тооны кейс шүүхэд хянагдахгүй байна гэсэн утга. Уг нь бүх суллах ажиллагааг шүүх шийдвэрлэсэн байх ёстой шүү дээ.

ХЭҮК-оос Иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, гадаадын сайн туршлагуудыг судалж үзэхэд ийм тохиолдол дэлхийн улс орнуудад гардаг. Үүнийг яаж зохицуулдаг вэ гэхээр хэрэв шүүгчид мэдэгдээгүй бол яагаад мэдэгдээгүй тухай шалтгаанаа үндэслэл бүхий тайлбартайгаа тухайн арга хэмжээг хэн, ямар албан тушаалтан, хэзээ хэрэгжүүлсэн бэ гэдгийг 30 хоногийн дотор шүүхэд нөхөж мэдүүлдэг процесс явагддаг юм байна. Ийм эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгөх нь хүний эрхийг хангаж хамгаалахад ач холбогдолтой гэж дүгнэж байгаа юм.

-Сүүлд нь нэг зүйл тодруулахад баривчлагдсан иргэд өөрийг нь ямар хэрэгт холбогдуулж шалгаж, баривчилж байгааг мэддэггүй. Зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс өөрийнхөө мэдээллийг авдаг гэж ярьсан байсан. Сэжигтэн яллагдагчийн эдлэх эрх баривчлагдах үеэс эхлээд зөрчигддөг юм биш биз?

-Иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуульд сэжигтнийг баривчлах үед нь ямар хэрэгт холбогдсон болон баривчилж байгаа шалтгаан үндэслэлийг заавал тайлбарлана гэдэг. Ингэснээр тухайн хүн ямар хэрэгт холбогдсоноо мэдэх, мэдсэнээр баривчилгаа нь хууль ёсны болон хууль бус гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч шүүхэд гомдол гаргах эрхийг нь баталгаажуулдаг. Тодруулбал, баривчлах ажиллагааны явц ил тод бөгөөд таныг ийм хэрэгт холбогдуулж, ийм үндэслэл байгаа учраас баривчилж байна гэдгийг маш тодорхой, мэддэг хэлээр нь баривчлах ажиллагааны явцад тайлбарлана гэдэг олон улсын зарчим бий. Үүнийг ЭХХШТХ-д тусгачихсан. Энэ эрхийн хэрэгжилт хэр зэрэг байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Зарим тохиолдолд ямар хэрэгт холбогдсон талаар танилцуулга, мэдэгдэх ажиллагаа учир дутагдалтай байна гэдэг нь тодорхой болсон. Энэ нь хүний эрхийг хангах соёл, хандлагатай шууд холбоотой.

АНУ-д маш алдартай кейс байдаг. Мирандагийн зарчим гэж. Баривчлах үед нь ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг өөрт нь өгөөгүйгээс ганцхан тэр процессын алдаанаас болж хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан алдартай түүх. Тухайн хэрэгт баривчлагдсан шалтгаан нөхцөлийг нь тайлбарлаагүй учраас тухайн хүнд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж шүүх дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ бол дэлхий нийтэд хүний эрхийг хангах зарчимд том хувьсал авчирсан тохиолдол юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл зүйч Т.Мөнхнаран: Эрчүүд хөгшрөхөөр гэр бүлийн, төрийн ямар ч халамжийг хүртэж чаддаггүй DNN.mn


Ахмадын хөгжлийг дэмжих “Ач арта” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Т.Мөнхнарантай ярилцлаа.


-ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн илтгэлд ахмад настнууд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг тухай хөндөгдсөн байна. Ахмадууд дундаа эрэгтэйчүүд бүх төрлийн үйлчилгээ, төрийн халамж, гэр бүлийн халамжаас ангид байдаг юм байна. Энэ тухайд сэтгэл зүйчийн байр суурийг сонсмоор байна?

-Эхлээд ахмад настан гэж хэнийг хэлдгийг дурдъя. Маш олон онол, тайлбар байдаг. Арай дөхөж очих нь 45-60 хүртэлх насыг хижээл нас, 65-80 хүртэл өтөл нас, 80-аас дээшхийг өндөр нас гэж явдаг. Монголчууд аав ээжээ ачилж энэрдэгээрээ бусад үндэстнээс ялгарч ирсэн ард түмэн. Гэтэл өнөөдөр амьдрал дээр үнэхээр бид аав ээжээ ачилж дэмжиж чадаж байна уу гэж харахаар өөр дүр зураг харагддаг болсон. Өөр өөрсдийн амьдрал зохиож, үр хүүхдүүд асарч өдөр тутмын завгүй амьдралдаа түүртээд аав ээжээ ачилж энэрдэг монгол ёс заншил мартагдах, хаягдах тал руугаа явж байна.

Манай улсад ахмад настныг хөгжүүлэх, нийгэмшүүлэх байгууллага хэд байдаг билээ. Ингээд харахаар энэ нь бидний анхаарал хандуулах асуудлын нэг зайлшгүй болчихоод байгаа юм. Тэр дундаа эрэгтэй ахмад настны асуудал таны хэлснээр хүндрэхээс цаагуур болсон.

Яахав одоо л ярьж эхэлж байна. Монгол эрэгтэй хүний насжилт, эрүүл мэндийн талаар. Монгол эрчүүд 60 хүрэхтэй үгүйтэй нас барж байгаа тухай ярих болсон. Энэ нь юунаас болж байгааг судлаад үзэхээр эрүүл мэндтэй холбоотой. Тэгвэл үүнд сэтгэл зүй нөлөөлдөг. Сэтгэл зүйгээр эрүүл байвал хүн өвдөхгүй байх боломжтой.

-Эрэгтэй хүн хөгшрөхөөрөө сэтгэл зүйн хувьд яаж өөрчлөгддөг юм бэ. Амьдралд нь ямар өөрчлөлт гардаг юм бэ?

-Монгол эрчүүдийг хүүхэд байхаас нь чимээгүй бай, битгий уйл гэх мэтээр хүмүүжүүлдэг. Энэ нь мэдээж нөлөөлнө. Хоёрт, нийгэм маш ихээр нөлөөлдөг. Ерөөсөө ахмад настан гэлтгүй ямар ч хүний бие физиологийн эрүүл мэнд нийгэмтэй салшгүй холбоотой. Нийгмийн хөгжил, бухимдал, ачаалал, дарамт, улсаас дэмжлэг туслалцаа байгаа юу, үгүй юу энэ бүхэн шууд нөлөөлнө. Дээрээс нь бид ээждээ илүү анхаардаг нь үнэн. Ээж минь гээд л гүйдэг. Аав хаягддаг.

Манай монгол эрчүүд илүү дотогшоо, бухимдал стрессийг цаг тухайд нь зөв гаргахад суралцаагүй. Ярилцах тал дээр маш муу. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн өвддөг. Үүнийг гаргах ёстой, нээх ёстой. Өөрийнхөө мэдрэмжийг ойлгож, таних ёстой. Энэ тал дээр ахмадуудтай ярилтгүй.

Залуучууд харьцангуй гайгүй болж байгаа. Галзуу хүмүүс, сэтгэцийн өвчтэй хүмүүс л сэтгэл зүйчид ханддаг гэдэг ойлголт саяхныг хүртэл байлаа. Нийгэмд хүн амьдарч л байгаа бол стресс байдаг л асуудал. Гаж буруу зүйл биш. Би өөрийгөө таних ёстой юм байна, стресс гэдэг зүйлийг ойлгох ёстой. Тэгэхийн тулд надад туслах мэргэжлийн хүн хэрэгтэй, би сэтгэл зүйч дээр очих ёстой гэдгийг залуус ойлгодог болсон.

Гэтэл бидний аав ээжүүд ямар байна вэ. Эд нарын үед сэтгэл зүйч байтугай энэ талаарх мэдлэг мэдээлэл байхгүй үеийг тэд даван туулаад ирсэн хүмүүс. Өтөл болчихсон хүмүүст бид хэлээд ч хүлээж авахгүй. Болоод л ирсэн, болох байлгүй, юу яриад байгаа юм бэ гэж л хүлээж авна. Гэтэл хүн гэдэг амьтан нас болгондоо дараагийнхаа үе рүү шилжихдээ зөрчил хямралыг даван туулж явдаг. Зөрчил хямралыг зөв даван туулахын тулд үе давдаг тоглоом шиг эхний үе чинь сайн байвал дараагийнхаа үеийг амжилттай давах нь. Гэтэл манай ахмадуудад ямар ч тийм хандлага ойлголт байхгүй. Үүнээс үүдэж ахмад настны, тэр дотроо хөгшчүүлийн эрх хурцаар хөндөгдөж, хүчирхийлэлд өртөх, эрт нас барах тоон үзүүлэлтээр олон нийтийн анхаарлыг татахуйц хэмжээнд хүрчихээд байгаа юм.

-Үнэхээр бид ээждээ л илүү анхаардаг. Ээждээ хувцас авч өгнө, сэтгэл зүйг нь өөд нь татах гэж хичээнэ. Аав ч яахав гэдэг хандлага бий. Гэхдээ энэ байдал хөгшчүүл залуудаа архи ууж агсам согтуу тавьдаг, үр хүүхдээ, эхнэрээ зовоодог. Тэр байдал нь өнөөдрийн үр хүүхдүүдэд үл хайхрах хандлагыг үүсгэдэг. Залуудаа юу тарина түүнийгээ хөгшрөөд хүртэж байгаа явдал юм уу?

-Мэргэжлийн нүдээр харвал тэр хүн залуудаа яагаад архи уудаг байв, яагаад гэр бүлтэйгээ зөрчилдөж ирсэн юм бэ. Гэмт хэрэгтэн хүртэл эрхтэй байдаг шиг тэр хүний өөрийнх нь асуудал руу өнгийгөөд харвал сэтгэл зүй нь шархалчихсан, ямар нэгэн асуудал байсан байж таараа. Сэтгэл өвддөг гэж хэлсэн шүү дээ. Эмчлэхгүй бол хүндэрнэ. Нийгэм нөлөөлсөн үү, архи уух шалтгаан юу байв, гэр бүлдээ стрессээ гаргах шалтгаан юу байсан бэ. Нэг хүний буруу гэж байдаггүй гэж ярьдаг. Гэх мэтчилэн одоо насанд хүрчихсэн үр хүүхэд нь зөв өнцгөөс харж үзэх зайлшгүй шаардлагатай. Тэр үед маш хүнд сэтгэл гутралтай ч явсан юм бил үү.

Сошиал хөгжсөн энэ үед дуртай мэдээллээ хайгаад авч болохоор учир залуус маань төсөөлөөд, бодоод үзээрэй. Хөөрхий аав минь тэр үед өвдчихсөн байсан байна, сэтгэл зүйн асуудлаас болж түүнийгээ илэрхийлж гаргаж чадахгүйгээс болж архины хамааралтай болчихсон юм биш үү гэж шинжлэх ухаанч талаас нь бодож үзэхэд буруудахгүй. Мэдээж дуртайдаа архи ууж гэр бүлээ зовоогоод байхгүй шүү дээ.

-Гадны улсад нас харгалзахгүй сэтгэл зүйчийн хэрэгцээг ойлгодог болчихсон. Манайд үүнийг ахмадуудад нэвтрүүлэхэд хүнд гэдгийг ойлголоо. Тэгвэл монгол хөрсөн дээр ахмадуудад яаж хүрч ажиллах ёстой юм бэ. Жишээ нь, манайд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалдаг төвүүд л бий. Эрчүүдийг хамгаалах үйлчилгээ алга, тийм үү?

-Үнэндээ монгол эрчүүд хаягдсан. Яагаад эрчүүд өтөл насан дээр ирээд ийм айхавтар зөрчил хямралд ороод байна вэ гэхээр олон талын асуудлаас үүдэж байгаа юм. Хань ижлээ алдаж байгаа, үр хүүхэд нь яваад өгөхөөр ганцаардаж байгаа. Тэр үед миний амьдралын төгсгөл иржээ гээд ой тойндоо буулгачихдаг. Юу ч сонин сайхан биш болчихсон. Өөрийгөө нийгмээс тусгаарлачихсан байдаг. Энэ үед ихэнхдээ тэтгэвэртээ гарчихсан байдаг учраас санхүүгийн асуудал дээрээс нь нэмэгдээд бүр их гуниг ганцаардал, цөхрөл түгшүүр, айдас бүх юм нэг дор ирчихдэг. Энэ ирэх ёстой юу гэвэл тийм. Учир нь насны зөрчил хямрал байдаг асуудал. Үүнийг хамгийн гол нь гадны хөгжилтэй орнуудад тэтгэвэрт гарах гэж байгаа ахмадуудаа бүр тав, арван жилийн өмнөөс бэлддэг. Сэтгэл зүйгээр нь бэлдэнэ. Тэтгэвэрт гарсан хойно нь бас тодорхой хугацаанд зөвлөх, залуу үеэ сургахаар бага цагаар ч болов ажиллуулдаг. Манайх бол гэнэт нэг л өдөр “Таны нас болсон, баяртай” гээд л явуулчихдаг. Угаасаа сэтгэл зүйн боловсрол муутай, сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан хүнийг манайхан шууд түлхэж хаядаг. Дээрээс нь үр хүүхэд нь ойлгохгүй. Энэ нөхцөлд ахмадууд ямар болох нь ойлгомжтой.

Ялангуяа эрэгтэй хүмүүст бүр хүнд тусдаг. Янз бүрийн асрамжийн газарт хэвтрийн асаргаатай хүмүүст бүр хэцүү. Эрэгтэй хүнийг дийлэхгүй байна гэдгээс эхлээд түвэгшээдэг, асарч арчлах хүн олддоггүй. Асруулъя гэсэн ч өндөр төлбөртэй. Монголчуудад өөр нэг сонин хандлага бий.

-Ямар?

-Бид хүүхдээ гэхээр юу байдгаа бариад гүйчихдэг. Хүүхдийн сэтгэл зүйгээс эхлээд бүх зүйлд яаж анхаардаг билээ. Хамгийн үнэтэй гоё цэцэрлэгт явуулах гэнэ, хамгийн үнэтэйг хэрэглүүлэх гэнэ, хамгийн сайн эмийг сонгож гүйдэг хэрнээ таныг өдий болтол хайрлаж өсгөсөн аав, ээжээ үл хайхардаг. Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр болоод байгаа юм. Жишээ ярья л даа. Нэг ахмад 10 хүүхэдтэй. Гэтэл асрах харах хүн олдохгүй байна. Хараагүй болчихсон, ойр зуурын юмаа хийж чадахгүй аав нь амьдрах газар олдохгүй байх жишээтэй. Хүүхдүүдийнхээрээ амьдаръя гэхээр бэр нь, хүргэн нь ад үздэг, түвэгшээдэг. Тиймээс нийтийн байр хөлслүүлээд хаячихсан. Гэтэл тийшээ ч зуух руугаа толгойгоороо унаж, ийшээ ч гар хөлөө гэмтээж амьдардаг хүнийг нүдээрээ харсан. Өрөвдмөөр шүү дээ. Наад зах нь тэдэнд ярих хэрэгцээ байдаг. Утсаар хэн нэгэнтэй яримаар байдаг. Хүүхдүүд нь завгүй байна, дараа ярья гэдэг. Эсвэл дугаарыг нь блоколчихдог гэх мэт маш өрөвдмөөр жишээ бий. Айл бүрд байдаг жишээ шүү. Хүүхэд гэхээр байдгаа барьдаг хэрнээ хөөрхий муу аав, ээжийгээ үл тоодог. Энэ бол нэлээд өтөл насны хүмүүст тулгарч байгаа хүндрэл.

Тэгвэл яг хижээл буюу дөнгөж тэтгэвэрт гарч байгаа 50 гаруй насны хүмүүс хямралын үүдэн дээр ирчихсэн, сэтгэл зүйн хувьд биологийн өөрчлөлт, цэвэршилтийн өөрчлөлтүүд, эмзэг мэдрэмжүүд гараад эхэлчихсэн, яахаа мэдэхгүй, айдас түгшүүр нь дээд цэгтээ хүрчихсэн үе, мэдрэмжээ илэрхийлэх сэтгэл зүй байхгүй учраас хүүхдүүд нь ч ойлгодоггүй. Өөрсдөө ч мэдэхгүй хүнд үетэйгээ нүүр тулж дараагийнхаа өтөл үе рүү явж байдаг. Энэ дундаас эрчүүд дааж чадахгүй өвчлөх, эрт нас барах асуудал гарч байгаа юм.

-Гарц ярья л даа. Ахмадуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх төвүүд олноор байх ёстой юм шиг?

-Тийм төвүүд хэрэгтэй. Би ийм л хүсэл мөрөөдөлтэй төрийн бус байгууллагаа байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Хөгшчүүлээ бид хөтлөөд сэтгэл зүйч дээр очиж чадахгүй. Хөтлөөд очлоо ч сэтгэл зүйн зөвлөгөө засал нэг хоёр уулзаад болчихдог эд биш. Ялангуяа ахмад настай хүмүүст хуримтлагдсан асуудлыг хоёр гурав уулзаад эдгээчихдэггүй. Хамгийн зөв гарц бол ахмад настны хөгжлийг дэмждэг төвүүдийг олноор байгуулах шаардлагатай байна. Асрамжийн газар биш шүү.

Өдрөөр хүссэн үедээ хүссэн цагтаа очдог. Гадны хөгжилтэй бүх улсуудад ийм төвүүд байдаг. Цогц үйлчилгээтэй. Өөрийгөө нийгмээс тусгаарлах шаардлагагүй, би бусадтай л адилхан юм байна гэдэг мэдрэмжийг ахмадууд тэр төвөөс авч, амьдрах хүсэл зорилготой болох ёстой.

Гэвч манай өнөөдрийн нөхцөлд хувь иргэд ахмадын төв байгуулаад ажиллуулахад тун бэрхшээлтэй. Биед шимтэй хоол унд гаргая гэхэд төрийн хүнд суртал олон зөвшөөрөл шаарддаг. Ингээд ирэхээр жаахан халширдаг юм билээ. Яахав үр хүүхэд нь мөнгө өгчих боломжтой бүлэг ахмадууд бий. Гэхдээ мөнгөтэй, мөнгөгүй хамаагүй бүх ахмадуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэх хэрэгцээтэй байдаг. Зөвхөн мөнгөтэй боломжтой Зайсангийн арван хүнд үйлчлээд сууж болохгүй шүү дээ. Тиймээс дүүрэг бүрд, хороо бүрд ахмадын хөгжлийн төв байгуулах ёстой.

Төр засгаас ахмадын чиглэлээр явуулж байгаа нь Геронтологийн төв бий. Яахав, ахмадуудын тусгай хэрэгсэл таяг тэрэг мэтхэнийг хөнгөлөлттэй өгдөг. Жилд нэг удаа амралт сувилалд хөнгөлөлттэй амраадаг. Улсаас ердөө хийж байгаа нь энэ юм. Үүнийг хийгээд ямар ч чанартай нөлөө үзүүлэхгүй байна. Асуудалд ул суурьтай хандаж чадахгүй байна. Хэрэв улсаас хариуцаж хийж хүч хүрэхгүй байгаа бол хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлбэл монгол ахмадуудыг чанартай наслуулах, нийгэмшүүлэх, хөгжүүлэх бүрэн боломжтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар: Ц.Хулангийн хэрэг дээр хүний эрх, процессын маш олон алдаа гарч байна DNN.mn

Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Та бол хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн цөөхөн хуульчдын нэг. Сүүлийн үед хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөх явдал гарсаар байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Би сүүлийн 30 гаруй жил хүний эрхийн чиглэлээр ажилласан. Монголын хуульчдаас ОХУ-д суралцахдаа анх хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн. Прокурорын ажлыг 20 жил хийхдээ нэг ч хүний эрхийг зөрчөөгүй. Би хуулиар сурч байхдаа зэрэгцүүлж улс төрийг сонирхсон. Төр бол нэг ангиас нөгөө ангиа дарангуйлдаг машин гэж үздэг байлаа. Өнөөгийн төрийг хүмүүс хоорондын харьцаа, улстөрчдийн, бизнесийн бүлэглэлийн зөрчил, түүний илрэл, шийдвэрлэж байгаа байдал Монголын нийгмийн өнгө төрхийг тодорхойлж байна.

Монголд хүний эрх зөрчигдөхгүй байх, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөхгүй байх чиглэлээр олон жил идэвхтэй ажиллаж байгаа. Улс төрийн болон хүний эрхийн асуудалтай холбогдсон хэрэгт өмгөөлөгчөөр ховорхон ажилладаг. Х.Баттулгаас эхлээд хоёр, гурван Ерөнхийлөгч асан хүмүүсийг өмгөөлж байсан.

Хүний эрхийн судалгаа, эрдэм шинжилгээний ажилд ач холбогдолтой хэрэг дээр ажиллахыг зорьдог. 2003 онд ХЭҮК-ын анхны хуулийг ахалж боловсруулж өргөн барьж байлаа. Түүнээс гадна авлигын эсрэг анхны хууль, Үндэсний хөтөлбөрийг Б.Чимид багштай хамт боловсруулж байсан үеэс хойш 20 гаруй жил энэ чиглэлээр судалгаа хийж байна. Шинжлэх ухааны үндэстэй авлигатай тэмцэх хөтөлбөр хэрэгтэй болохоос авлигын эсрэг тэмцэх жил зарлаад нэг их үр дүнд хүрэхгүй. Миний хувьд хүний эрхийг хамгаалах чиглэлээр “Хүний эрх шударга ёс төв”-ийг байгуулаад 10 дахь жилдээ ажиллаж байна. Иргэний нийгмийн олон арван байгууллага манайх руу ханддаг. Өнөөдрийн Монголын нөхцөл байдлыг хар даа. Монгол Улс тэр чигээрээ гэмт хэргийн ертөнц болчихсон. Дэлхий дээр Латин Америкийн хар тамхи, мафитай цөөхөн орон манай өмнө гишгэж байгаа байх. Харин Монгол Улс тэр чигээрээ албан тушаалын гэмт хэрэгт живж, төрийн алба төсвийн мөнгийг завших хэрэгсэл болчихоод байна.

-Улсаа, төсвөө тоносон дуулиант хэргүүдэд албан тушаалтнууд олноороо татагдаж байгааг та хэлж байна уу?

-Нүүрсний хэрэг, ЖДҮ, тендерийн хулгай гэж байгаа. Хөгжлийн банк гэхэд үе, үеийн ТУЗ-ийн гишүүд удирдлагууд, ажилтнууд гээд 200 хүн татагдаж, шоронд хоригдсон. Манайд баахан шорон барих хэрэгтэй боллоо. Уучлаарай, төр гэдэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, хүний нөөцийн бодлоготой байх ёстой. Баахан цүнх баригч, гадаад дотоодод сургууль, курс төгсөж ирсэн хүмүүст төрийн албаар мөнгө хийдэг сэтгэл зүйг бий болгож өглөө. Хаана төрийн алба байна тийшээ орж тэрбумтан, саятан болдог бүх нийтийн компанит ажил болгочихлоо. Энэ бол боловсон хүчин, хүний нөөцийн буруу бодлоготой шууд холбоотой. Гадаадад төгссөн өндөр мэргэжилтэй хүн ахмад туршлагатай хосолж амжилтад хүрдэг, ажил сурдаг.

Шударга бус зүйлийг шүүмжилсэн хүмүүсийг элдэв шалтаг шалтгаан заагаад хууль хяналтын байгууллагад үүрэг өгөөд суулгадаг байж болохгүй.

-Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү гэсэн залуус албан тушаалтнуудын хууль зөрчдөг явдлыг шүүмжилснийхээ төлөө шоронд хоригдож байна гэж үзэх хүмүүс байгаа. Та юу гэж харсан бол?

-Д.Мөнх-Эрдэнийн асуудал хоёр талтай гэж хардаг. Шударга ёсны төлөө хэлж, лайвдаж байгаа нь зөв боловч нийгмийн хэв журам зөрчсөн үйлдлийг дэмжихгүй. 10 орчим жилийн өмнө Консул байхдаа өмчийн асуудал гаргасан байж болно. Түүнээс хойшхи хэдэн тэрбумын хэргүүд дээр яагаад хууль үйлчлэхгүй байна вэ. Тэрбум тэрбумаар яригдах хэрэгт гэм буруугаа тохирсон гээд 40 саяар торгуулаад хэргийг хаагаад явж байна. Ингэж таарахгүй. Монгол хүндээ хоёр янзын нүүр гаргадаг шүүх, төртэй байж болохгүй. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль шүүхийн өмнө бүгд эрх, тэгш байх эрхтэй. Манай шүүх ч тэр, яаж савлаж байгааг харж байгаа биз дээ. Манай нийгэм нэг ёсондоо албан тушаалын гэмт хэргийн ертөнц болчихсон шүү дээ. Степан Сигелийн “Преступнаятолпа” буюу манай Даш-Ёндон гуайн орчуулсан “Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг” гэдэг номын бодит байдал Монголд бий болчихлоо. Дээд хэсэг нь идэж уухын дон шүглэсэн улс орон дэлхийд толгой цохиж байна. Бас хорт хавдраар тэргүүлж байна. Ийм байдал хэзээ ч урд гарч байгаагүй. Үүнийг өнгөрөн 30 жил рүү зааж болохгүй. Өнөөгийн төр гарцаа олохгүй байна. Туршлагагүй, мэдлэггүй бас мэргэжлийн бус байна.

Хоёрдугаарт, нийгмийн доод түвшинд эдийн засгийн хямрал, ажилгүйдэл ядуурал тэр чигээрээ гэмт хэргийн суурь болж байна. Залилан гэж замаа алдсан. Залилангийн гэмт хэрэгтнүүдийг прокурор цагдаа дээр огт шалгадаггүй, шийддэггүй. Зарим нь хэрэгтэнтэй хуйвалдаж мөнгөөр ажилладаг гэж нотолгоотой ярьж байгаа хүн байна. Бүх нийтээрээ авах, идэх залилахын дон бий болчихсон. Хулгай ч тэр замаа алдсан. Монгол шиг дэлхийд хосгүй баян улс ядуурлын туйлд хүрч хямрал руу явсаар тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлаа алдах эрсдэлтэй байна.

-Та сая яриандаа улс төр, хүний эрхийн цөөхөн хэрэгт өмгөөлөл хийдэг гэлээ. Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгааг тань дууллаа. Түүнийг тагнуулын, тэр тусмаа эх орноосоо урвасан гэх хэрэгт нэр холбогдсонд монгол түмэн одоо ч итгэхгүй байгаа. Чухам ямар асуудал үүсчихэв. Та боломжтой хүрээнд тодруулахгүй юу?

-Олон нийтэд нэр хүндтэй

ардын уран зохиолч, яруу найрагч хоёр гурван хүн над руу хандсан юм. Туршлагатай, хүний эрхийн салбарт олон жил ажилласан хүний хувьд энэ хүнийг өмгөөлж өгөөч гэсэн. Судалж үзээд зөвшөөрсөн. Надаас гадна өөр өмгөөлөгчид бий л дээ. Энэ бол тагнуул хийсэн 8-15 жил хүртэлх ялтай хүнд гэмт хэрэгт холбогдсон эмэгтэй. Би Ц.Хулантай урдын сайн танилууд. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Ц.Хулантай бүтэн өдөржин хөөрөлдөж байсан түүх байдаг юм.

Энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллахад олон бэрхшээл гарч байгаа. Ер нь прокурор, мөрдөн байцаагч хэргийн талаар яллах, цагаатгах баримтыг адил цуглуулах, үүргээ биелүүлдэггүй, өмгөөлөгчид хэргийн талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Зөвхөн байцаалтад суулгаж байгаа нь үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах боломжгүй болгож байна.

-Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ талаар бүх мэдээллийг авах эрхтэй шүү дээ?

-Зохих мэдээллээ авч л ажиллах ёстой. Гэвч тагнуулын ажилтнууд энэ эрхийг хангахгүй байна. Тагнуулын байгууллагаас “Энэ бол тагнуулын хэрэг, улсын нууцад хамаарна. Та нууцын баталгаа гаргаж өг” гэж шаарддаг. Тэгэхэд миний бие “Энэ хуулийг, энэ байтугай олон хуулийг батлалцсан хүнийхээ хувьд гэмт хэргийг мөрдөх явцад процессын зөрчил гарсан асуудлаар, хүний эрхийн асуудлаар чөлөөтэй дуугарна” гэж бичээд өгсөн. Энэ бол хуулийн байгууллагын түүхэнд байгаагүй нууцын баталгаа шүү.

Түүнээс хойш бүтэн хоёр сарын хугацаа өнгөрлөө. Ц.Хуланд холбогдох асуудал хэрэг мөн биш, уран бүтээлийг хэрхэн үнэлэх гээд маргаантай асуудлууд бий. Гэхдээ Ц.Хулангийн хувьд эрүүл мэнд нь маш хүнд байна. Урд нь бараг үхээд боссон. Мөрдөн байцаалтын явцад бие нь маш хүндэрсэн. Бүр байцаалт явагдаж байхад ухаан алдаж унасан. Энэ бол хүний эрхийн онц ноцтой зөрчил.

-Захидалдаа энэ талаар бичсэн байсан шүү?

-Нэг бус удаа ухаан алдаж унасан. Ухаан ороход нь эмч, мөрдөн байцаагч баахан хүмүүс тойрчихсон зогсож байсан гэж байгаа. Ийм бие муутай хүнийг заавал хорих ямар шаардлага байна вэ. Батлан даалтад гаргачихаач гэхэд гаргадаггүй. Хүнлэг энэрэнгүй, ардчилсан Монгол төр хаана байна аа?

Сэтгүүлч та нар хаанаас ч мэдээлэл авчихдаг юм. Би нийгэмд зарлаагүй, хэдэн сар таг дуугай явсан, миний араас олон сэтгүүлч хөөцөлдөж байсан. Тэгж тэгж өөрт чинь баригдчихлаа. Ц.Хулангийн хэргийн талаар би ярихгүй. Гэхдээ нийгэмд гарсан, өөрийнх нь захианд дурдагдсан зүйлүүд дээр хүний эрхийн талаас жаахан тодруулга өгнө өө.

Ц.Хулан захиан дээрээ бичсэнчлэн улсын нууцын ямарваа баримт бичгийг тэр харж байгаагүй. Ерөнхийлөгчийн Шашин соёлын бодлогын зөвлөх байхдаа ч улсын нууцтай харьцаж байгаагүй. Хоёрт, улсын нууцын ямар нэгэн баримт бичгийг гадаадын байгууллага, хүмүүст дамжуулаагүй. Харин уран бүтээлүүд хийсэн. X богдын талаарх байр сууриа илэрхийлж байсан, шүүмжилж байсан. Ялангуяа Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгсний дараа сонгуулийн сурталчилгаа хэлбэрээр “Төрд нүүрлэсэн зэтгэр”, “X богдын наймаа” гэх мэт бүтээлүүд гаргасан. Энэ бүтээлүүд дээр гадны хүмүүстэй хамтарч ажилласан, мөнгө төгрөг авсан гэж үзээд байгаа юм билээ. Энэ байдалд зөв дүгнэлт хийх байх.

-Анх иргэний шүүх дээр л нэр төрд халдсан гэх асуудал явж дуулдсан. Шууд тагнуулын хэрэг болчихно гэж байх уу?

-Эхлээд бусдын нэр төрд халдсан асуудлаар иргэний хэргүүд явж байсан нь үнэн. Тэгж явснаа гэнэт л тагнуулын хэрэг болчихож байна. Бусад уран бүтээлчидтэй хамтраад хийсэн, дангаараа хийсэн бүтээл нь Монгол Улсын нууцад хамаарах уу, үгүй юу гэдэг дээр мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, байцаан шийтгэх ажиллагааны алдаа, зөрчил шүү дээ. Олон нийтэд гаргасан бүтээлүүд нь Монгол Улсын нууцад хамаарах эсэх талаарх эрдэмтэн, хуулийн, хэл бичгийн хараат бус экспертүүдийн гаргах дүгнэлт гаргах ёстой. Тэр дүгнэлтийг гаргахгүйгээр шууд улсын нууцыг задруулсан гэж үзэх боломжгүй.

Ерөөс X богдыг залах асуудлыг шүүмжилсэн хувь хүний байр сууриа уран бүтээлээрээ, өөрийнхөө дуу хоолойгоор илэрхийлсэн асуудлыг улс төрийн тагнуулын хэрэг үү. Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан хэрэг үү. Ингэж дуулиан дэгдээж, улс хоорондын харилцааг хүндрүүлж байхын оронд дотооддоо хэл амаа олоод шийдээд явах асуудал гэж мэргэжлийн хуульчийн хувьд, олон жил прокурор, мөрдөн байцаалтын ажил хийж явсан хүний хувьд хэлж байна.

-Энэ хэргийг тагнуулынхан урт хугацаанд мөрдөж илрүүлсэн гэж яригдаад байгаа?

-Таван жил мөрдсөн гэж байгаа юм. Уучлаарай. Монгол төрийн үүрэг бол иргэнээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах аливаа эрсдэлээс таслан зогсоох үүрэгтэй. Нэг жишээ ярья л даа. Далаад онд Монголын нэг оюутан эмэгтэй Болгарт сурч байгаад Австри руу оргож гарсан. Тэнд очоод баригдаж шоронд суусан, Монгол руу шилжүүлж авсан. Тэр үед “Зүрхэнд шивсэн зүү” гэсэн өгүүлэл “Үнэн” сонинд гарч бөөн дуулиан болж байсан юм. Тэр хэргийг шийдэхдээ монгол оюутанд ял өгөөгүй. Уг нь тэр үед чинь жинхэнэ хаалттай нийгэм, хүний эрхийн талаар ойлголтгүй байсан үе. Тэр үед өмгөөлөгч нь Монгол Улсын Болгарт сууж байсан дипломатууд юу хийж байсан бэ, яагаад хяналт тавиагүй юм бэ гэсэн асуудлыг хөндөж гаргаж ирснээр монгол оюутныг ялаас чөлөөлж байлаа.

Ц.Хулангийн асуудлаар ярина гэдэг хэцүү л дээ. Өөрөө ч захидалдаа бичсэн байсан. Ямар ч байсан Монгол Улсын нууцыг задалсан явдал байхгүй. Далай ламд захидал бичсэн асуудал яригддаг. Цэвэр хувь хүний асуудал. Тэр тусмаа түүгээр яллах ямар ч боломжгүй. Энэтхэгт явж байгаад тохиолдлоор Далай ламтай уулзах боломж гарсан. Тэгэхэд захидал бичсэн. Ийм хэдэн юмаар буруутгаад байгаа юм. Учир нь олдоно биз дээ.

-Та Ц.Хулантай уулзаж байгаа байх. Юу ярих юм бэ?

-Ц.Хулан өөрөө захиандаа бичсэн. Шилний цаанаас зайрмаг долоолгоно гэдэг шиг шилний хоёр талаас утсаар ярина, түүнийг нь камераар хянана. Тийм нөхцөлд өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ юу ярьж чадах вэ. Биеийн нөхцөл байдлыг асууна.

Ер нь Ц.Хулан зоригтой бүсгүй шүү. Эх оронч, дайчин бүсгүй юм билээ. Жаахан задгай, билэг танхай хүн. Асар хүнд өвчтэй биеэ бод, өлсгөлөнд орж болохгүй, төр хүний эрхийг хангах үүрэгтэй. Гэртээ гараад тайван сууж асуудлаа шийдвэрлүүл гэж зөвлөж байна. Гурван сар шоронд суулаа.

Сүүлийн сард ямар ч байцаалт, ажиллагаа хийгээгүй. Хүмүүнлэг энэрэнгүй төр чинь хаана байна вэ. Гэртээ гараад чимээгүй сууя гэж байгаа. Гэвч одоогоор зөвшөөрөхгүй байна. Тиймээс дахиад шүүхэд хандана даа.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Монголын шүүх нөхрийг минь гурван өдөр хоол ундгүй тамлаж ял оноолоо DNN.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхэд гурван өдөр үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, гурван жил 10 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтох “Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Бид дараагийн шатанд гомдол гаргана” гэсэн байр суурийг илэрхийлэв.


Д.МөнхЭрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүх хурал гурван өдөр үргэлжилж, хорих ял оноох шийдвэрийг гаргалаа. Ар гэрийнхний хувьд хүнд туссан байх…?

-Монголын шүүх нөхрийг минь бүхэл бүтэн гурван өдрийн турш хоол ундгүй тамлаж, ял оноолоо. Үнэхээр муухай санагдаж байна, харамсаж байна. Хүүхдүүд маань маш их хямарч байна. Тэднийгээ улам хямраачих вий гэж айгаад хажууд нь нулимсаа залгиад уйлж ч чадахгүй сууна.

-Өмгөөлөгчдийн зүгээс Д.Мөнх-Эрдэнийг буруугүй гэж үзэж байсан. Тиймээс ял авна гэж төсөөлөөгүй байх?

-Ямар муухай шударга бус байгааг нь Монголын ард түмэн бүгд харлаа, мэдэрлээ. Төрийн том албан хаагчид, дарга сайд нар авилгад авсан мөнгө нь гарч ирэхийг ард түмэн нийтээрээ харж байсан ч 40 сая төгрөгөөр торгуулаад л эрх чөлөөтэй явж байна.

Тэгэхэд төсөвлөсөн зардлыг нь авах ёстой хүмүүст нь олгосны төлөө нөхөр маань дөрвөн жил шоронд хоригдоно гэдэг үнэхээр доромжилж даапаалж байгаа хэрэг боллоо. Зарим нь бүр 17 тэрбум төгрөгийг улсад хохирол учруулчихаад “Төлж чадахгүй” гэж пээдийж байдаг. Үнэхээр Монгол Улсад дабл стандарт гэж утгаараа хэрэгждэг юм байна.

-Хорих ялаас гадна нэлээд их хэмжээний торгууль төлөхөөр болох шиг боллоо?

-82 сая төгрөгийн төлбөр төл гэнэ. Хөх хотод ажиллаж байсан ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөр, нутаг буцсан хүмүүсийн авсан замын зардал, орчуулгын 3000 юань, байрны зардлыг бид хоёр төлөх нь. Хорон муу санаатай хүмүүсийн увайгүй явуулгаар ял авч байгаа нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй. Хов живээр ажлаа явуулдаг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, Үндэсний аудитын газрын н.Оюунбилэг гэх эмэгтэйгээр хуурамч дүгнэлт гаргуулаад яллаж байгаа нь шударга ёс биш.

-Үзэл бодлоо илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа асуудалд шүгэл үлээсэн хүн гэж Д.Мөнх-Эрдэнийг үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийг олон ч хүн эсэргүүцэж байх шиг байна?

-Тэгэлгүй яахав дээ. Миний хань хичнээн лайв хийж орилж, хашгачиж үнэнийг хэлж байсан ч цаанаа их өрөвч, цайлган хар буруу санадаггүй хүн.

Өөрийн толгой байхгүй, эрхтэн ямбатангуудын харцаар хөдөлж ажлаа явуулсан прокурор, шүүгч нарт харамсаж байна. Тэд даалгавраа маш сайн биелүүллээ. Харамсалтай байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Даваасүрэн: Төрөөс үндэсний үйлдвэрүүдээ хөгжүүлэх хүчтэй бодлого дутагдаж байна DNN.mn

“Ган хийц” ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Үндэсний үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл, бухимдал нэлээд байдаг. Ковидын үеэр үндэсний үйлдвэрлэгч ямар чухлыг нийтээрээ харсан. Тиймээс энэ талын төрийн бодлого нэлээд чамбайрч байгаа болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Сайжирч байна уу?

-Засгийн газраас сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжих, шинэ бүтээн байгуулалтын “Алсын хараа – 2050” хөтөлбөр зэрэг Монгол Улсыг хөгжүүлэх асуудлаар зоригтой шийдвэр гаргаад явж байна. Гол нь Засгийн газар, төр хувийн хэвшлийнхээ дотоод хэрэгт оролцохгүй, боломжтой бол хувийн хэвшилдээ дэмжлэг үзүүлээд явах ёстой юм. Төр хувийн хэвшилдээ итгэ. Үйл ажиллагааг нь дэмж. Тэр цагт улсын хөгжлийн гарц илүү тодорхой болж ирнэ. Гэтэл өнөөдөр төрийн дунд шатны байгууллага, яам Тамгын газар, хэлтэс тасгууд төрийн өмчийн компаниуд Монголын хөгжилд маш их садаа болж байна. Энэ тухай бизнес эрхлэгчид иргэд бүгд хэлдэг, ярьдаг болсон. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг ирэх зургадугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Гэтэл холбогдох хууль дүрмүүд шинэчлэгдсэн байх ёстой, шинэчлэгдээгүй.

Угтаа төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг нэрнээсээ эхлээд гоё шүү дээ. Төр хувийн хэвшилтэйгээ түншилж бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах нь. “Ган хийц” компанийн хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад шаардлагатай үндэсний үйлдвэрлэлүүдийг бий болгох тал дээр түлхүү анхаарч бодлогоо төвлөрүүлж ажилласан. Түүний хүчинд улсад есөн үйлдвэр байгуулсан.

Агаарын бохирдлыг бууруулах асуудал олон жил яригдлаа. Хувийн хэвшил энэ талаарх цогц судалгааг хийсэн. Шахмал түлш маш сайн чийггүй, хөлддөггүй байх хэрэгтэй юм байна. Хоёрт, зуух нь сайн байх ёстой. Гуравт, яндан сайн байх ёстой. Энэ гурвыг цогцоор нь шийдэж байж агаарын бохирдлыг бууруулж чадна. Монголд зуух, яндангаа хийх үйлдвэр байгаагүй. Тиймээс бид тэр үйлдвэрийг нь байгуулаад өгчихсөн. Гэтэл төр түүнийг авч хэрэглэх, үр өгөөжтэй ажил хэрэг болгоход тун хойрго байна. Эсрэгээрээ аль нэг УИХ-ын гишүүний, дунд шатны хүмүүсийн хамааралтай шахааны, чанаргүй барааг нь авч ямар ч үр ашиггүй зарцуулж байна. Төр засаг хувийн үйлдвэрлэлээ дэмжих тухай ярихгүй байна шүү дээ.

-Үндэсний үйлдвэр ажиллахад тийм ч таатай орчин бүрдэхгүй л байгаа бололтой?

-Би хувьдаа бизнес эрхлэгчийн хувьд монгол хүн эрүүл байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Монгол хүн боловсролтой мэдлэгтэй байх ёстой. Үүнд ч төр анхаардаг байх ёстой. Хүн бүрт боловсролыг үнэгүй чанартай олгоё. Дэлхийн ямар ч оронд үнэлэгдэх боловсролыг эх орондоо эзэмшүүлдэг болох ёстой. Үүнийг төр хийх ёстой гэж үздэг.

Нөгөө талд Монгол Улсыг хөгжүүлнэ гэвэл үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр энэ тухай ярилтгүй. Хөгжлийн банкны зээл гэхэд хувийн хэвшлүүд нь өрөө төлөөд дуусч байна. Гэтэл төрийн өмчийн компаниуд бүгд өртэй. Төлүүлэх ёстой шүү дээ.

-Цар тахлаар улсын хил хаагдаж дотооддоо нэлээд сандарлаа. Үндэсний үйлдвэрүүд яасан бол. Танайх ямар нөхцөлтэй ажиллав?

-Ковид гарахад манайх хүндрээгүй. Би эх орондоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас гадаадаас хог зөөх хэрэггүй байсан. Гадаадаас янз бүрийн бараа оруулж ирэн ченж хийдэг, хил дээр гацчихлаа гэж үнэ өсгөдөг байж болохгүй. Бид эх орондоо үйлдвэрлэдэг байсан бол үнэ өсөхгүй.

Тэр ч утгаараа 2019 оны арваннэгдүгээр сард корона гарахад манай компани үйл ажиллагаагаа зогсоогоогүй. 2021 оны хоёрдугаар сарын 25 хүртэл манайх бүрэн бүрэлдэхүүнээрээ үйлдвэр дотроо халдвар хамгааллаа сахиад төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Ковидын үеэр бид Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүх дэр бетоныг үйлдвэрлэж нийлүүлсэн. Манай компанийн үйл ажиллагаа огт зогсоогүй. Ийм л үед үндэсний үйлдвэрлэлүүд явдаг юм.

Тиймээс төр үндэсний үйлдвэрлэлээ богино хугацаанд бүх төрлийн барааг эх орондоо үйлдвэрлэх боломжийг бий болгох хуулиа батлаад өгөх хэрэгтэй. Тэр цагт Монгол Улс Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд чөлөөтэй амьдарна. Экспортод бараагаа гаргахын тулд, дээд зэргийн чанартай юм хийж сурахын тулд бүгд хөдөлнө. Одоо бол гадаадын чанаргүй барааг төрийн дунд шатныхан тендер шалгаруулах нэрээр луйварчдад өгдөг байхгүй юу. Тэд хамгийн мууг л нийлүүлдэг. Түүнийг нь төр худалдаж аваад бүтээн байгуулалт хийдэг. Тэр нь цаашлаад шаардлага хангахгүй улс орныг хорлодог. Ганц жишээ хэлье. Эрчим хүчний тулгуур уналаа л гэнэ. Яагаад унав гэдгийг төрийн дунд шатныхан боддоггүй юм. Тэдний ах дүү, хамаатан садан нь чанаргүй юм оруулж ирж нийлүүлээд салхинд уначихдаг. Бурууг нь салхи руу чихэхээс биш гангийн маркер зэрэг нь шаардлага хангасан уу гэдгийг тодорхойлж үздэггүй. Хэрэв үндэсний үйлдвэрүүд нийлүүлсэн бол буцах эзэнтэй, хариуцлагаа хүлээнэ.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дээр төмөр бетон дэрийг гаднаас авбал 270 тэрбум төгрөгийн мөнгийг гадаад руу урсгах байсан. Үүнийг “Монголын гурван компани” үйлдвэрлэж ханган нгийлүүлсэн. Ямар ч асуудал гараагүй. Гэтэл төрийн дунд шатны төрийн өмчийн Монголын төмөр зам компани гэхэд үндэсний компаниудынхаа төлбөр мөнгийг өнөөдөр хүртэл өгч чадахгүй байгаа. Дунд шатны хүмүүс хувийн хэлшлээ самраад байгаа нэг жишээ энэ.

-Түүхий эдээ гадаадаас авдаг үйлдвэрүүд бий. Цар тахал тэдэнд ч бас нэлээд нөлөөлсөн болов уу?

-Төлөвлөж сурах л ёстой шүү дээ. Төр, хувийн хэвшил ялгаагүй. Маргааш Хятадаас майноз оруулж ирнэ гэж байтал хилээ хаачихлаа гэж бодъё. Ер нь хэн ч хэзээ ч хилээ хаах эрхтэй. Түүний оронд майнозаа эх орондоо хийгээд сурчих л даа. Улсаа хангадаг болъё. Коронагийн үеэр нарийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй яаж арчаагүй царайлцгаав даа. Үндэсний үйлдвэрүүдээ төр нь дэмжээд татварыг нь чөлөөлөөд өгчихвөл хүн бүр үйлдвэр байгуулах гэж явна. Энд төрийн бодлого алдаатай байгаагийн илрэл шүү дээ.

-Хадаасаа үйлдвэрлэж чадахгүй байгаа. Хаана очоод гацчихаад байдаг юм бэ?

-Манайх хадаасны үйлдвэртэй. Хадаасаар Монголын хэрэгцээг нэг сарын дотор хангачихна. Хадаас хийдэг төмөр утсыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт даалгавар өгөөд хийлгээд үндэсний үйлдвэрүүдээ хангах ёстой байтал тэгдэггүй. Хятадаас төмөр утас авах гэхээр чанаргүй юм нийлүүлээд байна. Их хэмжээний арматур хийдэг байсан үйлдвэрийг зогсоогоод Эрдэнэтийн ГОК-ын баяжмалыг буталдаг шаариг хийлгэдэг болгочихсон. Уг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 250 мянган тонн арматур хийх хүчин чадалтай. Булан төмөр, лист төмөр ч хийчихнэ. Гэтэл тэр үйлдвэрийг менежментийн хувьчлалаар өгөөд дөрвөн жил болоод буцаагаад авлаа. Хувьчилж аваад ажил хийгээгүй хүмүүстэйгээ хариуцлага тооцоогүй. Тооцох ёстой.

-Үйлдвэрлэл явуулах нөөц боломж үндэсний компаниудад байна гэдэг. Төр дэмжих нэрээр өөрсдөө хулгайлаад тоноод байна. ЖДҮ, Хөгжлийн банк гээд л?

-Эцсийн эцэст төрийн түшээд, УИХ гишүүд ЖДҮ-ийг яаж хөгжүүлдгийг ойлгодоггүй юм. ЖДҮ хөгжүүлнэ гэдэг том гегант үйлдвэрүүдээ хүчтэй дэмжээд өгөхөөр тэд ЖДҮ-ээсээ жижиг бараа материалаа худалдан авч дэмждэг. Япон, Сингапур, Солонгосын ЖДҮ ингэж л хөгжсөн. “Ланд крузер” машины бүх эд ангийг япончууд хийдэггүй юм. Дээд зэргийн чанартай эд ангийг бусад улсуудаас авч, тухайн улсын ЖДҮ-г хөгжүүлдэг.

Би гэхэд жижиг боолтоо ганц машинтай боолт хийдэг залуутэй гэрээ хийгээд авч ирсэн. Чи надад чанартай 10.000 ширхэг боолт нийлүүл гэхэд хийж чадаж байна. Ямар ч асуудал гарахгүй. Тэр залуу маань Баянхошуунд үйлдвэрээ өргөтгөөд явж байгаа. Үүнийг л төр, төрд байгаа УИХ гишүүд ойлгодоггүй.

Ахмад үеэ сонс, суралц, асуу гэж хуучны өвгөчүүл сургаж ирсэн. Манайд тийм зүйл алга. Төрийн түшээд нь, УИХ-ын гишүүн сайд болоод яам, яам хэсээд л явдаг болж. Ингэж УИХ гишүүн, сайд болж энд тэнд үсчиж явахын оронд нэг чиглэлийнхээ ажлыг дээд зэргийн чанартай хийж гаргаж ирдэг байгаасай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Тэгшбаяр: Оргон зайлсан этгээд тухайн улсын иргэншилтэй эсвэл орогнол хүсээгүй бол авчрах бүрэн боломжтой DNN.mn

– Иргэншил, орогнол хүссэн тохиолдолд тухайн улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулах шаардлага үүснэ –

Санхүүгийн гэмт хэргийн шинжээч, судлаач Д.Тэгшбаяртай ярилцлаа.


-Энэ цаг үед авлигын эсрэг томоохон акцууд өрнөж байна. Засгийн газраас авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг танилцуулсан. АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. Үндэсний хөтөлбөр юунд зорьж байна вэ?

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 онд батлагдсан. Хэрэгжилтийн хоёрдугаар шатны хугацаа энэ онд дуусч, хөтөлбөрийг шинээр боловсруулах хэрэгцээ гарч байгаа. Үүнийг нэгд, Монгол Улсын “Алсын хараа” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, хоёрдугаарт, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдтэй зэрэгцэн, хуульд заасан үндэслэлээр бие даасан хөтөлбөр болгож боловсруулж байна. Төслийг 2023 оны УИХ-ын хаврын чуулганаар Авлигатай тэмцэх багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх байх гэж харж байна.

-Нэг зүйл сонирхож асуухад энэ үндэсний хөтөлбөрийг “5Ш” ажиллагааны хүрээнд боловсруулсан гэж яригдаж байгаа?

-Үндэсний хөтөлбөрийг ФАТФ-ын өгсөн зөвлөмжийн хүрээнд Үндэсний авлигатай тэмцэх стратеги болгож батлах нь зүйтэй. Гэхдээ “5Ш” ажиллагааны хүрээнд үйл ажиллагааг хязгаарлаж боловсруулаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь авлигатай тэмцэх үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд зөвхөн нэг Засгийн газрын санаачилгыг барих боломжгүй. Энэ бол үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр буюу авлигатай тэмцэх дунд хугацааны бодлогын баримт бичиг. Засгийн газрын санаачилгыг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа байлгүй яахав. Гэхдээ илүү өргөн цар хүрээтэй, урт хугацаатай хөтөлбөр болно.

Өмнөх төсөл болох “5Ш” ажиллагааны хүрээнд боловсруулагдсан байсан үндэсний хөтөлбөрийн төсөл ихээхэн шинэчлэгдэж өөрчлөгдсөн. Илүү алсыг харсан, АТГ-ын үйл ажиллагааг чанаржуулах, үндэсний тогтолцоог бий болгох, мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглах, эрсдэлээс хамгаалах чиглэлтэй, иргэдэд ялгамжтай байдлыг бууруулж, оролцоог нэмэх, олон улсын авлигатай тэмцэх туршлага, чиг хандлагыг нэвтрүүлэх мөн иргэдийн хүсээд байгаа олон асуудлыг оруулж ирж байна. Жишээ нь гамшиг, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авлигын асуудал сөхөгдөж ирлээ, одоо ч шийдэгдээгүй, ил тод болоогүй хөрөнгө мөнгөний асуудал байна шүү дээ. Зөвхөн төсөв биш олон улсын зээл тусламж, санхүүжилтын зарцуулалт, төсвийн ил тод байдал хангалтгүй байлаа. Дайн, хөл хорио, хил хаах гээд гэнэтийн төлөвлөгдөөгүй нөхцөл байдал бидэнд үүсэхгүй гэх баталгаа алга.

Гэнэтийн цаг үед худалдан авалт хийхэд авлигаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх гэдгээс эхлээд саарал эдийн засгаа хумих, төрийн албан тушаал дагаж бий болох хулгай, хамаатан садны нэр дээрээ үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг шийдэх олон өөрчлөлтийг нэмж тусгасан. Энэ шинэчлэгдсэн үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг цаашид үргэлжилнэ.

-Өмнөх хөтөлбөрийн үр дүнг сонирхож болох уу?

-2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдахад Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо 38 байсан. Гэтэл сая долоон жил хэрэгжсэн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 75 хувьтай байна гэж гарлаа. 75 хувь гэдэг бол онцгой сайн хэрэгжилт. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ингэж хэрэгжээд байхад авлига буурч, авлигын төсөөллийн оноо өссөн байх ёстой биз дээ. Гэтэл энэ жилийн байдлаар авлигын индексийн оноо таваар буурч, 33 оноотой, 16 байр ухарсан дүр зурагтай байна. Дүгнэхэд өмнөх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн арга хэмжээ огт оновчгүй байсныг харуулаад байна. Тийм учраас одоогийн үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг эрсдэлд суурилсан, ирээдүйг харсан, тав, арван жилийн дараа авлигатай тэмцэх тогтолцоо хаана очсон байх вэ гэдэгт чиглэсэн шинэлэг байдлаар боловсруулж байна.

-Засгийн газрын “5Ш” ажиллагаанаас “Шувуу” ажиллагаа олны анхаарлыг татаж байгаа. Гэмт хэргийг шалгах явцад гадаад руу оргон зайлсан иргэдийг буцаан авчирна. Ийм жишгийг гадны улсууд ч хэрэгжүүлдэг. Тухайлбал, БНХАУ гэхэд “Үнэгний ав” гэх ажиллагааг хэрэгжүүлж, авлига авсан олон арван иргэдээ бөөн бөөнөөр нь авчирч байсныг олон улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Бидний хувьд гаднаас иргэдээ авчрах боломж ямар байна вэ?

-“Шувуу” ажиллагааны хүрээнд авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, мэдүүлэг өгөөгүй, эх орноосоо зугтаасан иргэдээ олж авчрахаар байна. Энэ хүрээнд олон улс орны жишээ байдаг. Жишээ нь, Филиппин, Малайзын Засгийн газраас хэрэгжүүлсэн тусгайлсан бодлогууд байна.

Манай хувьд өмнө нь ч хийгдэж байсан л ажил. Гэхдээ одоогийн онцлог нь нэлээд далайцтай, тусгайлсан ажил болгож, зохион байгуулалттайгаар хийж байгаа нь ололттой тал гэж харж байна. Энэ хүрээнд хүний эрхийн өмнө гарч байсан зөрчил давтагдахгүй байх гэж найдаж байна. Хүн өөр улсаас буцааж авч ирнэ гэдэг бол зүгээр хоёр хүн хоорондоо хэлэлцэж байгаад аваад ирдэг ажиллагаа байхаа больсон. Өмнө нь хяналт дутуу, мэдээлэл технологи ингэж их хөгжөөгүй байсан. Тэр үед алдаа дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй. Одоо бол тэгэх ямар ч боломжгүй.

Одоогийн байдлаар манай улс бусад оронтой 23 орчим харилцан туслалцаа үзүүлэх хүчин төгөлдөр гэрээг байгуулсан байна. Гэхдээ яллагдагч шилжүүлэн авч ирэх хэрэгтэн шилжүүлэхтэй адил биш учраас одоогийн хүчинтэй эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг шинэчлэх, зарим зүйл, заалтыг өөрчлөх, тодотгох, гэрээний тоог нэмэгдүүлэх хэрэгцээ бол бий. Үүний зэрэгцээ НҮБ-ын авлигын эсрэг конвенцид дэлхийн 197 орон нэгдсэн. Үүний нэг нь манайх. Конвенцид нэгдсэн 197 орон хоорондоо харилцан бие биедээ туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр аливаа иргэн тухайн улсын иргэний харьяалалтай болчихоогүй эсхүл орогнол хүсээгүй л бол энэ гэрээ конвенцийн хүрээнд хүнээ авчрах бүрэн боломжтой.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг иргэншил хүссэн гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд манай тал ямар алхам хийх вэ?

-Тухайн улсын иргэн болсон, эсвэл хүсэлт гаргасан, ногоон карттай, орогнол хүссэн түүнийг нь шийдвэрлэх процесс явагдаж байгаа зэрэг таны хэлдгээр жишээ нь манай улсын Ерөнхий сайд байсан хүн АНУ-д иргэншил хүссэн нөхцөл байдалтай тохиолдол байгаа. Энэ тохиолдлын хувьд харилцан туслалцаа үзүүлэх бие даасан хоёр улсын хооронд гэрээ байх шаардлагатай. Бусад тохиолдолд иргэдээ аль ч улсаас заавал бие даасан харилцан туслалцаа үзүүлэх гэрээ шаардлагагүйгээр авчирч болно. Процессийн хувьд түвэг багатай байхад харилцан туслалцаа үзүүлэх гэрээ нэмэр болдог.

-Харилцан туслалцаа үзүүлэх гэрээний үйл явц удааширдаг гэв үү?

-Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ бол урт хугацааны процесс байдаг. Дунджаар гурван жил орчим шаардагддаг. Манай талд гэхэд Засгийн газар, УИХ-аар орж батлагдаад явах бол нөгөө талд, жишээ нь АНУ гэхэд конгресс, сенатаар орж, ерөнхийлөгчөөр нь баталгаажна. Үүнээс өмнө хоёр талын Гадаад харилцааны яам хоорондоо мэдээллээ солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний нөхцөлийг тодорхойлох гээд хугацаа их шаардагдана.

Ер нь иргэний, эрүүгийн, хөрөнгө буцаахтай холбоотой, хэрэгтэн солилцохтой холбоотой чиглэлээр тус тусад нь гэрээ байгуулах боломж байдаг. Авлигатай тэмцэх үндэсний стратегидаа бид аль болох олон улстай, олон чиглэлээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах асуудлыг тусгаж өгөх ёстой.

-Тэгвэл НҮБ-ын авлигын эсрэг конвенциор иргэнээ авчрах хугацаа хэр удаан үргэлжлэх вэ?

-Процессын хувьд манай талаас тухайн улсын ЭСЯ-аар дамжуулж хүсэлт гарган ихэвчлэн Хууль зүйн яамтай нь холбогдож, яамны процесс, манай процесс бүрэн шийдэгдээд дуустал хэдэн сарын хугацаа шаардагдах байх.

-Иргэдээ авчирлаа гэхэд гадаад улс руу оргон зугтаасан гэдгээр хүндрүүлэх нөхцөл байдал нэмэгдэх үү. Эсвэл өмнө нь шалгаж байсан хэргээ үргэлжлүүлээд шалгаад явах уу?

-Яллагдагчаар татагдаад мэдүүлэг өгөөгүй оргон зайлсан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага нэмэгдэж орж ирнэ. Сая Эрүүгийн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг орууллаа. Гэхдээ энэ өөрчлөлт бүрэн хийгдэж чадсангүй. Ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээд яллагдагчаар татагдсан хугацаандаа оргон зайлсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нь түр зогсоох концепци орж ирсэн боловч Эрүүгийн хуульд заасан бусад заалтууддаа өөрчлөлт оруулаагүй учраас хэрэгжилт дээрээ гацахаар нөхцөл байдалтай байна. Ялын бодлого гэдэг өөрөө маш чанартай дагалдах судалгаатай, бодитой хэрэгжихүйц байх ёстой. Сая Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтийг 48 цагийн дотор боловсруулаад батлуулахдаа олон талын санал аваагүй, судалгаа дутуу оруулж ирсэнээр гадаад руу оргон зайлсан улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд бодит байдалд хүндрэл гарахаар байна.

-Хүний эрхийн зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үү?

-Хүний эрх талаасаа харвал Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн гишүүн орны хувьд конвенцийн дагуу зарим төрлийн тусгай нөхцөл үйлчилж болох нөхцлүүд байдаг. Тэр нь нийтийн алба хашиж байгаа этгээд татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдэг утгаар нь бусад иргэдээс арай өөр нөхцөлтэйгөөр хариуцлага хүлээлгэх нөхцөл тусгаж, тусгайлсан хориг тавих, ялыг дотоодын хууль тогтоомжид ялгамжтай байдлаар томьёолж, тусгасныг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үздэг. Харин тэр боломжийг бид дотоодын хууль тогтоомжид суулгаж өгөхдөө хэрэгжихүйц байлгах ёстой. Гэтэл одоо бол хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал үүсэхээр харагдаад байгаа юм.

-Авлигатай тэмцэх хөтөлбөрийг олон улс хэрэгжүүлдэг. Ярианы эхэнд та Малайз, Филиппинийг дурдсан. Яг тэнд ямар хөтөлбөр хэрэгждэг талаар жишээ болгож ярихгүй юу?

-Өнөөдөр та бид хоёр ярилцаж байхад “Summit for Democracy” гээд бүсийн хурал дөрвөн газар зэрэг болж байна. БНСУ-д зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалтад манай улсаас ХЗДХ-ийн сайд оролцож, үг хэлж байна. Энэ хурал ардчиллыг дэлхий нийтээрээ байж л байсан, байх л ёстой, бид юу ч хийхгүй байсан ч ардчилал байдаг зүйл гэдэг ойлголтоор явж ирсэн нь эрсдэл үүсгэснийг онцолж, ардчилалд заналхийлэл учруулж байгаа асуудлыг хөндсөн хурал юм. Өөрөөр хэлбэл, хүний аюулгүй байдал, үндсэн эрхэд халдсан нөхцөл байдал дэлхий нийтэд үүсч байгааг авч хэлэлцэж байгаа гэсэн үг.

Мөн энэ үед Малайзын Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг “5А зарчим” хөтөлбөрийн үр дүн, цаашдын бодлогыг тусгайлан танилцуулж байна. Малайзын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2019-2023 оны хооронд хэрэгжсэн эхний гурван жилийн хугацаанд Малайз улс авлигын индексийн оноогоо дөрвөөр ахиулж, авлигын төсөөллийн индексээ 10 гаруй байраар урагшлуулж чадсан байна. Гурван жилийн хугацаанд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа сайн туршлага бол Малайз гэдгийг харуулж байна. Малайз олон зүйлээрээ бидний туршлага судалж болохоор орон. Өндөр хөгжилтэй орны тоонд ордоггүй, авлигын асуудалд нь манайд тулгамдаж байгаа зарим ижил төстэй асуудлууд харагддаг. Ялангуяа төрийн өмчийн авлига, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн шахаа, хэсэг бүлэг хүнд давуу байдал үүсгэсэн, цөөн хэдэн хүн тусгай зөвшөөрөл хэт төвлөрүүлж монополчилсон гэх мэтээр ижил төстэй тал бий. Тэгэхээр сайн туршлагыг судалж, үндэсний хөтөлбөрөө бид авлигатай тэмцэх үндэсний стратегийн хэмжээнд авч үзэн, асуудлаа оновчтой харж, тодорхойлох, гол нь хэрэгжилтийг бодитоор гүйцэтгэхэд анхаарах нь чухал байна. Түүнээс тунхаг бичиг үйлдвэрлэдгээрээ бол манайх амжилттай л явж байх шиг санагддаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батсүх: Ипотекийн зээл зогссоноор шинэ орон сууцны үнэ буурах хандлагатай байна DNN.mn

Барилга МН-ийн үүсгэн байгуулагч Г.Батсүхтэй орон сууц болон барилгын материалын үнэ ханшийн талаар ярилцлаа.


-Барилга орон сууц, барилгын материалын үнэ ханшны судалгааг гаргадаг цөөн байгууллагын нэг бол танайх. Тиймээс ковидын дараах барилгын салбарын зах зээлийн үнэ ханш яаж хөдөлж байгаа талаар дорвитой мэдээлэл өгөхгүй юу?

-Манай байгууллагын хувьд 2010 оноос эхлэн барилгын салбарын үнэ ханшийн судалгаануудыг гаргаж эхэлсэн. Ингэхдээ барилгын материал болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээг голчлон гаргадаг. Мөн шинэ орон сууцны мэдээлэл, үнэ ханшийн судалгааг гаргаж олон нийтийг мэдээллээр хангаж байна. Шинэ орон сууцны хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд буюу ковидын үед эрэлт хэрэгцээ нэлээд нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж үнэ ч нэлээд өссөн. Энэ үед эдийн засгийг сэргээх Засгийн газрын шийдвэр болон ипотекийн зээлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд орон сууцны үнэ огцом өссөн тал бий.

Харин өнөөдөр бол орон сууцны эрэлт бууралттай болж байна. Учир нь ипотекийн зургаан хувийн зээлийн олголт эрс багассантай холбоотой. Үүнийг дагаад шинэ орон сууцны үнэ ханш ч буурах хандлагатай байна.

-Шинэ орон сууцны үнэ ханш хэд байна вэ?

-Үнэ ханшийн мэдээлэл дотроо олон янз. Орон сууцны зэрэглэл, байршлаас шалтгаална. Энгийн стандарт, тансаг зэрэглэл, бизнес зэрэглэл гэх мэт өөр өөр үнэтэй.

Нэг байрлалд байгаа энгийн стандарт орон сууцны м.кв 2.2 сая байхад яг тэр байршилд байгаа тансаг зэрэглэлийнх 10 сая төгрөгөөр үнэлэгдэж байх жишээтэй.

Энгийн стандарт орон сууцны үнэ ханшийг хэлж өгөхгүй юу?

-Энгийн стандарт орон сууц байршлаасаа шалтгаалж өөр өөр үнэтэй. Хотын төвд дунджаар 3.2 сая төгрөг байна, харин хотын зах буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 сая төгрөгийн үнэтэй байна.

Сүүлийн үед иргэд амины орон сууцыг нэлээд сонирхдог болоод байна. Ялангуяа ковидын үед иргэдийг тусгаарлах шаардлага нэлээд байснаас үүдэлтэйгээр амины орон сууцны эрэлт огцом нэмэгдсэн. Түүнийг дагаад Улаанбаатарыг тойрсон байршлуудад амины орон сууцны 120 гаруй төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг.

-Сонирхолтой дүр зураг юм…?

-Гэвч ковид дуусаад иргэд энгийн амьдралдаа шилжиж, үр хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэхээс эхлээд амьдралын шаардлагаар амины орон сууцанд амьдрах хэрэгцээ буурч эхэлсэн. Үүнээс улбаалж дээр дурдсан 120 төслөөс 70 гаруй хувь нь зогсонги байдалтай болсон байна. Үүнээс харахад аливаа зах зээлд болгоомжтой хандаж оролцох ёстой гэсэн байдал харагдаж байгаа юм.

-Барилгын материалын үнэ ханш буурч байна уу. Хил гааль хэвийн болж байна гэсэн өөдрөг мэдээллийг иргэд хүлээж байгаа?

-Ковидын үед барилгын материалын тээвэрлэлтээс шалтгаалсан хомсдол үүссэн шүү дээ. Тухайн үед тээвэрлэлтийн зардал 5-8 дахин нэмэгдсэн гэдэг судалгаа гарч байсан. Энэ нь түүхий эдийн хомсдол болон үнийн өсөлтөөс шалтгаалсан нөхцөл байдал. Үүнээс болж барилгын материалын үнэ дунджаар 85 хувиар өссөн гэж үздэг. Зарим материалын хувьд 2-3 дахин өссөн нь ч бий.

Харин өнөөгийн нөхцөлд тээвэр харьцангуй хурдан шуурхай болж, тээвэрлэлтийн үнэ ханш ч буурсан. Гэхдээ барилгын материалын хувьд эргээд ковидын өмнөх үнэ ханшдаа очих боломжгүй. Яахав, ковидын үед өсч байсныг бодвол харьцангуй бууралттай л байна. Өмнөх онтой харьцуулбал дунджаар 20 хувиар буурсан дүр зураг харагдаж байгаа.

-Жишээ нь, цемент, арматурын үнэ хэр буурав?

-Арматурыг гэхэд манай улс зуун хувь импортоор авдаг. Үнэ ханшийн хувьд дунджаар 10 хувийн бууралттай байна. Зах зээл дээр тонн тутам нь 2.9 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Ковидын үед 3.2 сая төгрөгт хүрч байсан шүү дээ. Цементийн хувьд ч 10 орчим хувиар буурсан.

Харин импортын бусад жижиг материалын үнэ маш сайн буурч байгаа. Гипсэн, хавтан, паниар зэрэг бусад материалын үнэ 20 хувиар буурсан. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эдийн үнэ ч буурах байх гэдэгт итгэлтэй байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд барилгын материалын үнэ буурахаар орон сууцны үнэ буурах ёстой гэдэг хандлага ажиглагддаг. Тийм зүйл байхгүй. Энэ бол хоёр өөр салбар. Материал бол өртгийг тодорхойлдог болохоос орон сууцны үнэ ханшийг тодорхойлдоггүй. Орон сууцны үнэ тухайн үл хөдлөх хөрөнгийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж байдаг. Дэлхийн зах зээл дээр ч сая ковидын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ адилхан өссөн. Өнөөдөр ч яг л манай улсын нөхцөл байдалтай ижилхэн байгаа.

-Оффисын түрээсийн үнэ ханшийн мэдээлэл танайд бий юу?

-Энэ чиглэлээр манайх төдийлөн том судалгаа хийдэггүй. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентуудад энэ талаарх мэдээлэл түлхүү байгаа болов уу.

-Тэгвэл орон нутгийн барилгын салбарын үнэ ханшийн талаар сонирхмоор байна. Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийг дэмжиж бага хүүтэй ипотекийн зээлийг гаргаж байна. Энэ нь орон нутгийн барилгын салбарт хэрхэн нөлөөлөх бол?

-Орон нутгийн хувьд эрэлт харьцангуй бага. Аймгуудын өрсөлдөх чадвар гэж гардаг шүү дээ. Өрсөлдөх чадвар өндөр аймгуудад эрэлт, худалдан авах чадвар байдаг гэж үздэг. Харин тэнд орон сууцны нийлүүлэлт хангалттай биш байгаа. Жишээ нь, Өмнөговь аймаг гэхэд орон сууцны эрэлт өндөр байдаг. Гэтэл нийлүүлэлт бага байх жишээтэй.

Нөгөө талаар орон нутагт баригдаж байгаа барилгын материалын өртөг Улаанбаатараас өндөр гардаг. Дийлэнх түүхий эдээ Улаанбаатараас зөөдөг учир тээврийн зардал өндөр гарна. Дээр нь ажиллах хүчний хомсдол ихтэй. Хэрэв гурван хувийн ипотекийн зээлийг ахиу өгвөл эрэлт бий болж, үүнийг дагаад барилгын компаниудад боломж нээгдэнэ.

-Ипотекийн зээл зогссоноор орон сууцны эрэлт буурч байна гэж та хэллээ. Энэ нь барилгын салбарт тийм ч сайн үзэгдэл биш болов уу?

-Ковидын дараах хүндрэлээс болж олон аж ахуйн нэгж хаалгаа барилаа. 2022 онд Монголбанк мөнгөний хумих бодлого явуулсан. Үүний уршгаар арилжааны банкууд зээлээ зогсоолоо. Энэ нь олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн. Энэ нь эдийн засаг дахь мөнгөний урсгал буурах гол шалтгаан шүү дээ. Ингээд ирэхээр барилгын салбар руу орж байгаа мөнгөний урсгал ч буурч барилгын компаниуд болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа доголдоно. Тухайн салбарт ажиллаж байгаа ажилчид ажлын байргүй болж, орлого тасарсан. Энэ явдал улс орны эдийн засагт муу нөлөөтэй.

Орон сууцны үнэ буурах нь төдийлөн эдийн засагтаа болон орон сууцтай хүнд таатай зүйл биш. Таны амьдарч байгаа орон сууцны үнэ буураад байвал эдийн засаг хямарч байгаагийн илрэл. Эдийн засаг өсөлттэй байгаа орнуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ бага зэргийн өсөлттэй явдаг. Ялангуяа хөрөнгөтэй орнууд, БНСУ-д гэхэд сонгуульд нэр дэвшигчид нь “Таны үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөнө” гэж амлалт өгдөг. Ийм л зүй тогтолтой салбар юм. Мэдээллийн чанартай зар хэлж болох уу.

-Бололгүй яахав…?

-Бид бүхэн барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулганыг ирэх сарын 4-6-ны хооронд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ үеэр барилгын салбарт баримталж байгаа бодлого, олон улсын туршлага, зах зээлийн нөхцөл байдлын талаар ханган нийлүүлэгчдэд танилцуулна. Мөн тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсож, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаар төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлэлцэнэ. Ингэснээр тодорхой шийдэл гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх журмаар хамтран ажиллах зорилготой байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө хяналтгүй зарцуулагдсаар байна DNN.mn

Ковидын үеэр коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх нэрээр хувийн эмнэлгүүд нэлээд их хэмжээний мөнгө угаасан. Хөнгөн өвчтөнийг хүндэвтэр болгож өвчний түүх бичиж, тав болон долоо хоноод эмнэлгээс гарсан өвчтөнийг заавал 10 хоногоор тулгаж бичээд Эрүүл мэндийн даатгалын сангаас төсвийг нь авдаг. Ковидын жилүүдэд нэг өвчтөнд дунджаар 200.000 төгрөгийн эмчилгээ хийгээд улсаас 2.1 сая төгрөг болгон нэмж авсан эмнэлэг ч байгаа юм. Ийм луйврыг эмнэлэг дангаар хийдэггүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхантай үгсдэг гэж байгаа. Энэ маягаар цар тахлын үед ямар их хэмжээний хөрөнгө бусдын халаас руу хяналтгүй орсныг тооцох боломжгүй юм.

Өнөөдөр ч Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой гомдол мэдээлэл тасрахгүй байна. Байсхийгээд иргэдийн гар утсанд “Та эрүүл мэндийн даатгалаар тэдэн төгрөгийн үйлчилгээ авлаа. Таны эрүүл мэндийн даатгалаас суутгалаа” гэх мессэж ирдэг болоод удлаа. Гэтэл тухайн иргэн эмнэлэгт очоогүй байдаг. Иргэн Д.Сайханцэцэг ийм баримтыг ярьж байна. Тэрбээр “Өнгөрсөн сард миний гар утсанд 133103 дугаараас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 456.450 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Таны эрүүл мэндийн даатгалаас суутгаж авлаа” гэсэн мессэж ирсэн. Би бараг сүүлийн нэг жилийн хугацаанд эмнэлэгт хандаагүй. Гэтэл яагаад даатгалаас маань ийм их хэмжээний мөнгийг суутгаж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар тодруулах гэсэн боловч дорвитой хариулт олж авч чадаагүй байна” гэлээ. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Уранбилэг “Надад ч бас ийм явдал тохиолдсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур Эрүүл мэндийн даатгалын газраас 219.000 төгрөгийн үйлчилгээ авсан байна, баталгаажуулна уу гэсэн мессэж ирсэн. Би одоо жирэмсэн ч гэлээ ойрын үед эмнэлэгт очоогүй. Энэ талаар лавлахаар ЭМДЕГ-тай холбогдохоор мэдэх хүн олдохгүй юм” гэж байв. Энэ тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар “Иргэдийн өвчний түүх дээр утасны дугаарыг нь тэмдэглэж авдаг. Тэр дугаарыг л бид ашигладаг. Гэтэл түүн дээр өөрийнхөө дугаарыг хүмүүс бичихгүй хамт яваа хүн, хамаатан садан, дүү, найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийн утасны дугаарыг биччихдэг. Магадгүй эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад нь мессэж ирж байгаа бол миний ойрын ямар хүн эмнэлэгт хэвтлээ, эмнэлэгт үзүүллээ, тусламж үйлчилгээ авлаа гэдгээ бодох хэрэгтэй” гэсэн тайлбарыг өгдөг. Цахим үндэстэн, Цахим Монгол гэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа Засгийн газрын үед ийм тайлбар хэтэрхий бойтог юм.

Түүгээр зогсохгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалаас мөнгө үрэгддэг асуудал зөвхөн гар утсанд мессэж ирснээр зогсохгүй. Эмнэлгийн үйлчилгээ авахаар очсон иргэд үйлчилгээгээ авч чадахгүй буцах тохиолдол байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Б.Цэцгээ ээжийгээ БНСУ-д эмчлүүлээд иржээ. Монголд ирээд улсын эмнэлэгт үзүүлэхээр хандахад “Дөлгөөн амьдрал” гэх эмнэлэгт битүүмж үүссэн байна гээд эмнэлгийн тусламж үзүүлээгүй тухай ярьж байна. Тэрбээр “Ээж маань улсын эмнэлэгт үзүүлж чадахгүй байгаа. Бас дээр нь өрхийн эмнэлгээсээ хөнгөлөлттэй эм бичүүлж авсан гэж гарч ирээд байгаа. Үнэхээр гайхаж байна. Солонгост багагүй хугацаанд эмчлүүлсэн. Монгол Улсад ойрын хугацаанд байгаагүй. Гэтэл тэр хооронд нь ээжийн маань эрүүл мэндийн даатгалын мөнгийг ашиглаж байгаад гомдолтой байна” гэж байв.

Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой гомдол тасардаггүй юм байна. Рашаан сувиллууд ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр хэвтүүлэн эмчлээд улсаас өндөр мөнгө татдаг нөхцөл байдал ч байдаг юм байна. Энэ тухай иргэн Г.Доржсүрэн “Би Оргил рашаан сувилалд эмчлүүлэхээр хэвтсэн. Гэвч сувиллаас гарахад тав хоног дутуу байхад хувийн шалтгаанаар гарсан. Гэтэл эрүүл мэндийн даатгалыг маань хааж өгөхгүй байсаар тав хоногийг нь гүйцээгээд хааж байна. Нэг ёсондоо эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад авсан болгож тооцдог юм байна. Уг нь тухайн хүний авсан үйлчилгээний төлбөрийг л Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг баймаар юм. Ийм байдлаар улсыг маш их хохироодог бололтой” гэсэн юм. Нэрээ нуусан бас нэгэн иргэн өөрт тохиолдсон жишээг дуулгасан билээ. Тэрбээр “Би “Натур мед” эмнэлэгт ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амрааж байгааг дуулаад хэвтсэн юм. Анх хэвтэхэд надаас ор хоногийн мөнгө гэж 280.000 төгрөг, нэмээд шинжилгээний төлбөр гэж 100.000 төгрөг авсан. Ингээд эмчлүүлээд гарахад баримтаа автал “1.624.000 төгрөгийг ЭМДЕГ-аас авав” гэсэн байсан. Нэг хүн долоо хоног хэвтэхэд ийм өндөр төлбөртэй үйлчилгээ авах боломжгүй шүү дээ. Иргэдийн авсан үйлчилгээг хэд дахин нэмэгдүүлж даатгалын сангаас авч байна гэж хардахаас аргагүй” гэлээ.

Энэ мэтчилэн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө үр ашиггүй, хяналтгүй зарцуулагдсаар байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Сандуйжав: Хэдэн их наядын хохиролтой нүүрсний хэргийг яриагүй гаалийнхан иргэдийнхээ өвчиндөө хэрэглэх эм бэлдмэлийг хориглохоо зарлаж сууна DNN.mn

Монгол Улсын хилээр иргэд эм бэлдмэл, витамин оруулж ирэх эрхгүй. Гадаадад олон жил ажиллаж амьдарсан иргэд тэндээ хэрэглэж дассан эм бэлдмэлээ Монголд ирэхдээ авчрах, захиалах боломжгүй. Монголд амьдарч буй ээж аавдаа гадаадаас хүүхдүүд нь хэрэгтэй эм тариа, чанартай эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлж чадахгүй байна. Монголын эмийн салбарын бүтээгдэхүүний чанар стандарт, үнийн асуудал маш ноцтой хэмжээнд хүрчихснээс иргэд баталгаатайг нь хэрэглэхийг хүсэх нь аргагүй. Гэвч үүнийг манай гаалийн байгууллага зөвшөөрдөггүй.

Байсхийгээд л гаалийн байцаагчтай холбоотой иргэдийн гомдол сошиал орчинд хөвөрдөг. Хилээр оруулж буй бараа таваар, илгээмжийг нь хайр найргүй задалж ухаж төнхөх энүүхэнд. Цаашлаад ихэнхийг нь хориглосон нэрээр оруулахыг зөвшөөрөхгүй, хурааж авдаг. Бөөн ажил явдал үүсгэж байж авсан барааг минь тоночихлоо гэх зэрэг бухимдсан иргэд олон бий. Эм бэлдмэл, витамин оруулж ирэх гээд чадахгүй байгаа иргэдийн цаана эрүүл мэндийн асуудал л яригдаж байдаг.

Саяхан Канадаас ханиадны эм бүхий бага оврын бараа захиалсан ахмад Б.Сандуйжав гааль дээрээс бараагаа хүлээж авах гэж бөөн бужигнаан болжээ. Энэ тухай түүнтэй ярилцлаа.


-Охиныхоо явуулсан эмийг хүлээж авах гэж гурав хоногийн ажил болсон гэв үү. Юу болсон талаар ярьж өгөхгүй юу?

-Хөгшин бид хоёр Канадад охин дээрээ нэлээд олон удаа ирж очсон. Ковидоос хойш явж чадаагүй. Канадад байхдаа эмнэлэгт үзүүлж, эм бичүүлж авч байсан. Аптекаар жоргүй зардаг эм ч байдаг. Түүнийг ч авч хэрэглэдэг байлаа. Д витаминаас эхлээд нэмэлт бүтээгдэхүүн ч чөлөөтэй. Гэтэл манайд тэр бүтээгдэхүүн байна уу үгүй юу, байлаа гэхэд баталгаатай юу, үнэ ханш нь ямар билээ. Хэд ч нугалж зардаг юм бэ. Үнэхээр хэцүү. Тэтгэврийн хөгшчүүл бид үр хүүхдээ бараадаж, жаахан эм захисан юм. “Теленол” гэж зунд уудаг, өвлийн хүйтний ханиаданд уудаг хоёр төрөлтэй эм бий. Шөнө, өдөр ч ууна. Маш сайн эм. Ийш тийшээ явдаг монголчууд маш сайн мэддэг юм билээ. Ердөө тэрнээс өвлийнхөөс нэг хайрцаг, зуныхаас нэг хайрцаг, нэмэлт витамин хоёр гурав, эрүүл мэндийн цай захисан. Хааш хаашаа 20 см хайрцагтай л бараа.

Ингээд Монгол руу илгээлээ гэсэн. Өмнө нь хоёр долоо хоноод ирдэг байтал хоёр гурван сар болоод ирсэн гэлээ. Баярлаад шуудан дээр очоод авах юм боллоо. Тэгсэн чинь гаалийн байцаагчид “Хориотой бараа ирсэн байна. Хураана” гэж байна. Би хэлсэн. “Ямар ч хориотой юм байхгүй. Хүний хэрэглэдэг эм л бий. Канадад байхдаа уудаг байсан, биед маш сайн таардаг эм” гэтэл “Эмчийн бичгээ үзүүл” гэж байна. Юу гэж канад эмчийн бичсэн резивтийг энд авч явах вэ дээ. Түүнийг гаалийнхан шалгах ямар ч эрхтэй юм бүү мэд. Тэгээд “Үүнийг зарж борлуулахгүй. Хөгшин бид хоёр л хэрэглэнэ. Үхвэл бид хоёр л хордож үхнэ. Хаяг нь тодорхой, охин маань явуулсан. Ээж аавдаа хор явуулах улс байхгүй” гээд ядлаа.

-Тэгээд авч чадаагүй байх нь?

-Тийм ээ. Ядаж эмийг маань өгчих. Нэмэлт бүтээгдэхүүнийг нь больё, хураалгая ч гэж хэлж үзлээ. Гаалийн тэр хүүхнүүд “Бүгдийг буцаана” гэлээ. Хөгшин бид хоёр нэлээд бухимдсан. Өгсөн ч үгүй. Буцаж таарлаа. Ингээд охиныхоо танил хил гаалиар бараа таваар оруулдаг хүмүүсээс лавлалаа. Тэгсэн “Гаалийнхан бараа буцаадаггүй юм аа. Тэр улс руу нь явуулах ч үгүй. Та ахиад хөөцөлд” гэсэн. Тэгэхээр нь маргааш нь өөр ээлж дээр нь явж очлоо. Учир явдлаа хэлсэн. Нөгөө ээлж рүүгээ ярьж байна. Өнөө хэд нь дургүйцсэн бололтой. Ахиад л өгөх шинжгүй болсон. “Та хэд маргааш ир. Өчигдрийн ээлжийн хүмүүс маргааш гарна. Тэр хүмүүстэйгээ учраа ол” гэнэ. Арга буюу маргааш нь ахиад явж очлоо. Хэдхэн эмээ авах гэж гурван өдрийн ажил болсон шүү дээ.

-Яг ямар үндэслэлээр өгөхгүй байсан хэрэг вэ. Гаалийн байцаагчид юу гэх юм?

-Хөгшин бид хоёр хэдхэн эмнийхээ төлөө ахиад явж очоод бүр загнуулсан шүү дээ. Хоёр гурван өдөр асуудал үүсгэж байна гэж их л дургүй байгаа бололтой. Ээлжийн ахлагч нь бололтой хүүхэн сэлбэлзээд “Та нар гаалийнхныг хооронд нь хагаралдууллаа, яс хаялаа” гэх зэрэг үг хаяж байна. Ашгүй хяналтын албаны нэг хүү эмийг маань нэлээд эргүүлж тойруулж харж байгаад “Гайгүй л юм байна. Ямар ч ноцтой юм алга. Хүний хэрэглэдэг цөөхөн тоотой юм байна” гэсэн бололтой өгөхөөр болсон. Өнөө хайрцгийг маань дөрөв задалж, дөрөв нааж бөөн юм болж байж арай гэж салгаж авсан даа.

Эндээс нэгдүгээрт, гаалийн байгууллагын ажилтнуудын харьцаа хандлагын асуудал яригдана. Хоёрт, хуулиа хэрэглэж сураагүйн илрэл шүү дээ. Хууль хэрэглэнэ гэж чухал юм байдаг. Би бол 1992 оны анхны Үндсэн хууль батлалцаж явсан, хууль эрх зүйн талаас гадарлахтайгаа хүн. Хуулийг зөв хэрэглэх ёстой байдаг. Ямар хүнд хаанаас ямар хүн юуг явуулсныг цаанатай наанатай бодох ёстой. Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнодын Афганистан ч юм уу, эсвэл Латин Америкийн Колумбаас ирсэн бол хардах нь зөв. Канад бол өндөр хөгжилтэй улс, хилээрээ хамаагүй эд бараа гаргадаг улс биш.

Манайд бол хуульд тийм тийм барааг хувь хүн оруулж ирэхийг хориглоно гэдэг юм байна. Гэхдээ зарж борлуулахыг хориглодог. Харин угтаа бол тав арваар хэрэглээнд оруулж ирж байгааг ингэж хамруулж болохгүй. Ингэж хуулиа хэрэглэж мэддэггүй нөхөд байна. Манай улс өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн эм бэлдмэл гаргаж хэвшээгүй. Тэгсэн хэрнээ хуулиа түрүүлээд гаргачихсан. Хил гаалийн байцаагчид бидний хэдэн хөгшдийн эмийг онгичиж ухаж байхаар вагон вагон ачаагаа шалгаж, тэр нүүрсэн доор гаргаж байгаа Монголын үнэтэй зүйлсийг илрүүлж баймаар юм.

-Нүүрс гэснээс нүүрс тээврийн олон мянган машин гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан хэрэг мандаж байгаа шүү дээ. Гаалийнхны л хийх ажил байсан?

-Тэр шүү дээ. Нүүрсний хэрэг гэж ямар лут хортой хэрэг мандаад байна. Улс орноо тоносон, хэдэн их наядаар хохироосон хэрэг гэж шуугиад байна. Монгол Улсын хилээр гарч байгаа тэр олон мянган машиныг гаалийн байгууллага шалгах ёстой байсан. Гэвч тэгээгүй. Тэр ноцтой хэргээ ярихгүй, чих нь дүлий, нүд нь балай өнгөрдөг хэрнээ хэдэн муу иргэдийнхээ эм тариаг хурааж аваад аархаж суух гэж дээ. Хуулийн хүмүүс ярина лээ. Олон мянган машины мэдээлэл алга боллоо, олон мянган машиныг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байна гэж ирээд зарлаад байгаа. Түүнийг нь сонсч л сууна. Гэтэл гаалийн байгууллага сая юу ярив даа, эм бэлдмэл оруулж ирвэл хураана шүү гэж сууна шүү дээ. Маш харамсалтай юм гэлээ.

Монгол Улсын гаалийн байгууллага өвчин зовлонтой иргэддээ ингэж л аархдаг. Үүнийг батлах хэвлэлийн хурлыг сая гурав хоногийн өмнө Гаалийн ерөнхий газраас зарлалаа. ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа “Гаалийн байгууллага биологийн идэвхит бүтээгдэхүүн буюу витаминыг оруулахгүй байна гэх асуудал яригдаж байна… Иргэд хувийн хэрэглээнд витаминыг захиалж авч болох уу гэдэг асуудал үүсдэг ба хил дээр энэ төрлийн асуудал их гардаг…Хэрэв бүртгэлгүй эм, витамин, биологийн идэвхит бүтээгдэхүүн оруулж ирснээс үүдэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон байх эрсдэлтэй тул Гаалийн байгууллагаас үүнд хяналт тавих үүрэгтэй, хар тамхи мансууруулах бодисын найрлагатай байх вий, иргэдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж ирээд иргэдийг буруутгалаа.

Гэтэл нүүрсний хэрэг мандахтай зэрэгцэн гаалийн байцаагчид хууль зөрчсөн ноцтой үйлдлүүдийг зарласан. Энэ тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-нд нүүрсний хэргийг шалгах ажлын хэсэгт багтсан ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх газрын дарга Б.Сүхбаатар дараах мэдээллийг өгсөн нь анхаарал татна. Тэрбээр “Нүүрсний экспорттой холбоотойгоор Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг дөрвөн удаагийн шалгалт хийсэн. Эхний шалгалтын үр дүнд нийтдээ 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсэнд экспортын гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдүүлэг Гаалийн мэдээллийн автоматжуулсан системд байгаагүй. Өөрөөр хэлбэл, бүртгэгдээгүй гэсэн үг. Энэ нь дээрх хэмжээний нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр экспортод гаргасан байж болзошгүй байгаа тул тухайн үеийн ажлын хэсгээс цаашид эрх бүхий байгууллагад шилжүүлж, шалгуулах саналтай байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа.

Хоёр дахь шалгалт, 2018 оны зургадугаар сарын 5-наас 31-ний өдрүүдэд явсан. 2013-2017 онд Гашуунсухайт боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг хамруулсан. Шалгалтын явцад зарим аж ахуйн нэгжүүд Таван толгой ХК-иас худалдаж авсан нүүрснээсээ илүү тоо хэмжээтэй нүүрс гаргачихдаг. Зарим нь үлдэгдэлтэй байж байдаг гэх мэт эргэлзээтэй олон асуудал гарч ирсэн. Дээр дурдсан 2013-2017 оны хооронд нийтдээ 2527 машин 17 мянган удаагийн давтамжтайгаар хоосон гэсэн бүртгэлтэйгээр хилээр гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарч ирсэн….” гэж мэдээлсэн байдаг. Үргэлжлүүлэн хоёр удаагийн шалгалт хийгдэж мөн л ноцтой үйлдлүүд илэрсэн байгаа юм.

Нүүрс тээврийн олон мянган машин гаалийн бүрдүүлэлтгүй хилээр орж гарна гэдэг бол гаалийн байцаагчийн эрх хэмжээний асуудал яригдсан гэсэн үг. Нэг ёсондоо олон мянган машин гаалийн бүрдүүлэлтгүй явахыг гаалийн байцаагч зөвшөөрсөн.

Өнөөдөр нүүрсний хэргийн хохирол хэдэн арван их наядаар яригдаж байгаа. Нүүрсний хэрэг ч хэдэн жилийн өмнөөс эхтэй. Тэр үеэс өнөөдрийг хүртэл гаалийн байгууллага улс эх орны төсөв, газрын доорх баялгийн хулгай явагдаж байгааг, түүнийг ажилтнууд нь хамжиж үйлдэж байгааг илрүүлж, зарлаж, үг дуугараагүй хэрнээ ард түмний өвчин зовлон дээр зоолж, эм бэлдмэл, витаминыг нь хамж хураах үйлдэл маш ёс зүйгүй харагдаж байгаа юм.

Б.ЭНХЗАЯА