Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн: Гадны орнуудад алдаа гаргасан хүмүүстэй үл харьцах зарчим баримталдаг. Манайд нийгмийн шүүлтүүр буруу ажиллаж, тэднийг дэмждэг DNN.mn

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэнтэй нийгмийн шүүлтүүрийн талаар ярилцлаа.


-Нийгмийн шүүлтүүр гадны хөгжсөн улс оронд эрүүл, ёс зүйтэй үйлчилдгийг бид хардаг. БНСУ гэхэд нэр алдартай, төрийн өндөр албан тушаалтан байлаа гэхэд ёс зүй, шударга ёсны асуудал хөндөгдөхөд нийгэм нь эрүүлээр шүүгээд хариуцлага хүлээлгэдэг. Тэгвэл өнөөдөр манай улсын нийгэмд ийм шүүлтүүр хэрэгтэй гэж бид харцгаадаг. Ер нь нийгмийн шүүлтүүр гэдэгт бид юуг ойлгох ёстой юм бэ?

-Нийгмийн шүүлтүүр гэдгийг философийн үүднээс харахад оюун санааны болон ёс суртахууны цэвэр тунгалаг байдал гэдгийг илүү өргөнөөр ярьж таарна. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ч тэр нийгмийн амьдралыг, оюун санааны амьдралыг философийн үүднээс авч үзэхдээ шүүн шинжлэхүй буюу критика гэдгийг түгээмэл хэрэглэсээр ирсэн. Үүнийг тунгаан бодохуй ч гэж хэлж болно. Нөгөө талаас шүүлтүүр буюу филтер гэдэг талаас нь авч үзвэл тунгаах, цэвэрлэх, ариусгах гэсэн үүднээс ярьж болно.

Үүнийг жишээ болгоод тодорхой яривал Германы сонгодог философич Иммануэл Кант “Би юу хийх ёстой вэ, би юуг танин мэдэж болох вэ, би юунд найдаж болох вэ” гэж асуусан байдаг. Кантын энэ сонгодог асуултыг нэгтгэвэл “Төр засаг юу хийх ёстойгоо мэдэж байгаа гэдэгт ард түмэн найдаж байгаа болов уу гэсэн асуулт урган гардаг. Өөрөөр хэлбэл, нийгмийг ариун тунгалаг байлгах үйл функцийг төр хийж гүйцэтгэж чадаж байна уу гэсэн асуулт болгож болох юм. Яахав итгэл найдвар гэдэг үеийн үед байсаар ирсэн. Одоо ч байх хэрэгтэй. Харин итгэл найдвар хий хоосон байж болохгүй. Тиймээс нийгмийн шүүлтүүрийн ариун тунгалаг байдалд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгох ёстой.

Учир нь монголчуудын хувьд “Чи хийчих юм чинь би яахав дээ” гэх мэт үгс, зарим зүйр үгний буруу хэрэглээ, утга шилжилтүүд ч өнөө цагт байж болох талтай. Жишээ нь, бурууд нүд аниад өнгөрөөд байдаг тал бидэнд байх шиг байна. “Чадаж байгаа юманд аргагүй шүү дээ, яадаг юм тэгж л байг”. “Дээдсүүд нь идэж ууж байхад би яагаад болохгүй гэж” гэх янз бүрийн хандлагууд түгээмэл гаргаад байгаа нь харагдаад байна. “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэдэг ч юм уу, хэн нэгэн хүн юмыг шүүмжлэх, ярих болохоор энэ дандаа л түрүүлж дуугарч байдаг гэж тэр хүнийг илүү тусгаарлах, ялгаварлах хандлага манай нийгэмд нэлээд байна. Ийм байгаа тохиолдолд хүн өөрөө амьдарч буй орон зайдаа зөв явах боломжийг хязгаарладаг гэж хэлж болно.

-Сошиалаар жишээ авъя л даа. Тэнд жинхэнэ хатуу шүүлтүүр явж байгаа юм уу гэж харагддаг. Хэн нэгэн хүнийг ажил, амьдралтай нь шүүж, үгүй хийх ч тохиолдол бий. Бас сошиал дээр төр засгийн ажил явагддаг, тэндэх уур амьсгалаас шалтгаалж төрийн шийдвэр гарах тохиолдлыг бид хардаг. Нийгмийн шүүлтүүр буруу талаараа хэрэгжээд байна уу?

-Нийгмийн сүлжээний төрөл хэлбэрүүдийг би түгээмэл ашигладаг хүний нэг л дээ. Түүн дээр голдуу анализ хийдэг. Түүнээс харвал нийгмийн тодорхой бүлэг, харьцангуй сайнаар яривал идэвхтэй хэсэг нь тэнд санаа бодлоо илэрхийлж байгаа нь харагддаг. Гэвч ихэнх нь өөр өөр, хувийн зорилготой, бас зарим нь нам бүлэглэлийн зорилготой хүмүүс үзэл бодлоо илэрхийлдэг. Тэд нийгмийг ариусгах шүүх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нийгмийн сүлжээгээр явагдаж буй хэлэлцүүлэгт үндэслэж төр засгийн шийдвэр гаргадаг байж хэзээ ч болохгүй.

Төр засгийн шийдвэр гэдэг бодлогод, шинжлэх ухаанд суурилсан, маш их рациональ буюу оюунлаг, практик иш үндэс бүхий амьдралаас урган гарах нийтлэг зохицуулалт бүхий шийдвэр байх ёстой шүү дээ.

Гэтэл нэг сайдын хэлсэн үгнээс юм уу, түүний шүүмжилсэн шүүмжлэлд үндэслээд төр засаг гаргасан шийдвэрээ эргэж хардаг. Эсвэл зөвхөн төр засгийн шийдвэр гал унтраах маягтай явдаг шинж төлөв сүүлийн үед ажиглагдаж байгаа. Угтаа төр засгийн шийдвэр тухайн намын ч шийдвэр, Засгийн газрын ч шийдвэр төдийгүй ирээдүйг харсан стратегийн шинжтэй, нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулсан, дэг журамд нь оруулсан шийдвэрүүд байх ёстой. Түүнээс биш өнөө маргаашийг аргацаасан байж болохгүй. Тиймээс нийгмийн шүүлтүүрт наад зах нь гурван янзын шүүлтүүр байх ёстой гэж би хэлмээр байна.

-Тодруулахгүй юу?

-Нэгд, шинжлэх ухааны шүүлтүүр байх ёстой. Хоёрт, ёс зүйн шүүлтүүр. Гуравт, оюун санааны шүүлтүүр байх ёстой. Их сэтгэгч Кантын хэлснээр цэвэр оюун ухааны шүүлтүүр буюу тунгаан бодохуйн шүүлтүүр. Философийн хэлээр эпистемологи буюу шинжлэх ухааны танин мэдэхүйн онолын шүүлтүүр гэж хэлж болно. Хоёр дахь нь ёс зүйн шүүлтүүр гэж хэлсэн. Кантынхаар практик оюун ухааныг шүүн шинжлэхүй байх ёстой. Практик шүүлтүүр гэдгийн цаана ёс зүй, эрх зүй, төрийн бодлогын шүүлтүүр байна гэсэн үг.

-Амьдралд ойрхноор тайлбарлабал?

-Тухайлбал, шинжлэх ухааны шүүлтүүр гэдэг аливаа төрийн бодлого, шийдвэр шинжлэх ухааны суурь судалгаа болон хавсарга судалгааны үр дүн, бодлогын зөвлөмж дээр суурилж шийдвэр нь гарах юм бол нийгмийг зохицуулах үйл хэрэгт шүүмжлэл багатай, үр дүнтэй, оновчтой, эргэлзээгүй, урт настай шийдвэр гарна гэсэн үг.

-Тэгж чадаж байна уу. Төр засаг шинжлэх ухааны салбарын та бүхнийг хэр их ашиглаж байна вэ?

-Ойрын үед Боловсролын ерөнхий хуулийн тухай хэлэлцүүлэг нэлээд яригдаж байна. Гэтэл энэ бол наад зах нь боловсрол судлал, боловсролын философийн судалгааны үр дүн, дэлхийн чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлог энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэн дээр энэ хууль гарах байх гэж найдаж байна. Энд шинжлэх ухаанаас гадна практик шүүлтүүр байх ёстой. Гэтэл манайх гадны тийм улсад ийм байдаг, одоо тэгэх ёстой гэсэн ерөнхий шүүлтүүрээр буюу заримдаа хувь хүний шүүлтүүрээр гэмээр асуудалд хандах явдал түгээмэл ажиглагдаж байгаа. Нэг ёсондоо зарим нь практик шүүлтүүргүй байна гэсэн үг. Хүмүүс практик гэхээр хуучин үг хэллэг ашиглаад байна, Марсксист философийн зүйл яриад байна гэж ойлгож магадгүй. Үүний цаана эрх зүй, ёс суртахуун, төрийн шүүлтүүр гэсэн утгаар энэ үгийг хэрэглэж байна.

Гурав дахь шалгуур бол оюун санааны шүүлтүүр. Үүнийг зарим талаараа эргэцүүлэх шүүлтүүр, үнэлэмжийн шүүлтүүр ч гэж хэлж болно. Энэ бол сайн муу, сайхан муухайн талаарх шүүлтүүр байх боломжтой.

-Эхний асуулт руугаа эргээд оръё. Япон, Солонгос зэрэг орны иргэд, нийгэм нь маш өндөр ёс суртахуунтай, ёс зүйтэй учраас шударга бус зүйлийн эсрэг эрүүлээр тэмцдэг, нийгмийн зөв шүүлтүүр ажиллаж байна. Ингэж чадсанаар тэнд хөгжил цэцэглэлт явагдаж байна гэж үзэх гээд байна л даа?

-Хөгжил гэдэг бол дандаа дээшээ цойлсон, дандаа гайхамшгийг бүтээсэн зүйл биш юм. Нийгмийн хөгжил гэдэг явж, явж алдаа онооны л нийлбэр байдаг. Алдахгүйгээр урагшилсан хувь хүн, улс орон ч гэж байхгүй. Тийм учраас аль алинд нь алдахаас онох нь илүү байж тэр хөгжил урагшилж байдаг гэж энгийнээр хэлж болно.

Шүүлтүүр гэдгийн цаана хүнийг хүн ёсных нь үүднээс ялгаварлан гадуурхах, тусгаарлах хандлага байж болохгүй юм. Ер нь сайнтай муутайгаа сав дүүрнэ гэж Монголын философи бий. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг өөрөөр хэлбэл хорвоогийн үзэгдэл, үйл явц алаг цоог л байдаг гэсэн санаа.

Харин нийгмийн шүүлтүүр гэдэгт та бид хоёр илүү оюун санааны цэвэр тунгалаг байдал, нийгмийн ариусал, нийгмээ зөв оношлох функцүүд рүү илүү төвлөрөх нь зүйтэй болов уу. Түүнээс хэн нэгэн хувь хүнийг хүний өөрийнх нь эрхэм чанарыг үл харгалзаад тусгаарлах үйл явц байж болохгүй. Хүн болгон өөрийн гэсэн эрхэм чанар, орон зайтай. Өөрийн гэсэн эрхтэй. Шүүж байгаа нь энэ гээд л жишээ нь хүнийг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөөд байх нь хэр зөв бэ. Танай сонины саяхны дугаар дээр нийтлэгдсэн байсан. Маш олон хүн өөрийн саналаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байна гэсэн мэдээлэл олж харлаа. Энэ бол практик шүүлтүүр ажиллаж байна гэсэн үг. Гэтэл энэ шүүлтүүр өөрөө буруу шүүвэл яах вэ. Жишээ нь, тэр олон хүн ажлаас чөлөөлөгдөж байгаагийн цаана төрийн албанд он удаан жилийн туршлагатай, мэдлэгтэй, ажилдаа сэтгэлтэй хүмүүс чөлөөлөгдөж байвал яах вэ. Энэ бол бодит жишээ. Шүүж байгаа нь энэ гээд усанд байгаа хамаг эрдэс баялгаа шүүчихвэл тэр ус мөн үү, чандмань эрдэнэ байж чадах уу гэдэг ойлголттой агаар нэг. Тэгэхээр хүн гэдэг эрдэнийг, хүний нөөц гэдэг баялгийг хэтэрхий зүй бус арга технологиор шүүлтүүрдэх вий гэдэг болгоомжлол үүсч таарна.

-Яг үүнийг л сошиал орчин руу хөрвүүлбэл өнөөдрийн бидний төрх ажиглагдаад байна уу даа. Угтаа бол бид хэрсүү үндэстэн байх ёстой биз?

-Аль ч улс үндэстний хүн хэрсүү байхыг хичээдэг. Монгол хүн гэхээр бусдаас илүү ухаалаг, хэрсүү гэсэн концепци өрөөсгөл. Хүн угаасаа нэг л төрлийн биологийн амьтан. Амь бол амьтай зүйлийн гол шинж гэж ярьдаг. Аристотелийн томьёолсноор хүн ч гэсэн нийгмийн амьтан. Тийм болохоор монголчууд өөрсдөө илүү ухаалаг, бодол суурьтай, алсын хараатай байгаа гэсэн санаагаар хэрсүү байх тухай хөндөж байгаа байх.

Бид үнэндээ гадны соёл, мэдээ мэдээлэлд шүүлтүүр багатай хандаж байгаа нь үнэн. Элдэв соёлын давлагаанд, шашны урсгалд шүүлтүүр багатай хандаж байгаа. Энэ нь яваандаа улс үндэстний нэгдмэл үнэт зүйлтэй байна гэсэн алсын хараанд тийм ч нийцтэй зүйл биш. Тиймээс юмыг заавал томоос эхэлнэ гэхээс илүү жижгээс эхлээсэй гэж боддог. Та гадны жишээг дурдаж байна. Азийн орнуудад янз, янз л байдаг. Гол нь манайд ёс суртахууны алдаа дутагдал гаргасан тохиолдолд тэр хүн нь өөрөө ажил албан тушаалаас чөлөөлөгдөх соёлтой болох хэрэгтэй. Одоо бол би буруугүй гээд өөрийнхөө буруугүйг нотлохын төлөө явж байна шүү дээ.

Хоёрт, тийм алдаа дутагдал гаргасан хүнийг “За яахав дээ, эр хүн нэг алдаа л биз, эрэг нэг нураа л биз” гэх мэтээр дандаа зөвтгөлийн философи үйлчилж байдаг. Энэ л өөрөө нийгмийн шүүлтүүр ажиллахгүй байхын нэг үндэс. Энэ нь цаагуураа шударга ёс буюу зүй ёс хэрэгжихгүй байна гэсэн үг.

Тэр хүн үнэхээр алдаа дутагдал гарсан тохиолдолд заавал хамтарч ажиллах, тэр хүнийг өрөвдөх, “Би ер нь хүний унасан талд нь байх дуртай” гэж ярьдаг хүмүүс бий. Үүнийгээ нэг их чухал аргументыг олоод гаргаад ирчихсэн юм шиг ярьж сурталчилдагаа монголчууд одоо болих хэрэгтэй. Ёс зүйн сахилга хариуцлага өндөртэй орнуудад тийм алдаа дутагдал гаргасан хүмүүстэй эхнээсээ чимээгүй, үл харьцах зарчмыг баримтлаад эхэлчихдэг. Тэр хүнтэй харьцаад л, “дайныг санхүүжүүлнэ” гэдэг шиг тухайн хүнийг дэмжээд байна гэдэг та өөрөө шударга бус байдалтай эвлэрээд байна, түүнийг бүр хөхиүлэн дэмжээд байна гэдэгтэй агаар нэг юм.

-Оюун санааны шүүлтүүр гэдэгт та сайн муу, сайхан муухайн тухай хөндсөн. Ингээд харахаар өнөөдрийн нийгэмд муу, муухай гэж ер нь юу юм бэ. Түүнийг яаж тогтоох вэ. Магадгүй үүнийг мэдэхгүй байгаа хүмүүст хэн хэлж ойлгуулж сэхээрүүлэх ёстой юм бэ?

-Сайн муу философийн ойлголт бол ёс зүйн үндсэн ойлголт юм. Ёс зүй ерөөсөө явж явж сайн гэж юу вэ, муу гэж юу гэдгийг л судалдаг. Түүнийг л ёс зүйн шинжлэх ухаан гэж байгаа. Үүнийг нэг жишээгээр тайлбарлая л даа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл яригдаж байна. Ёс зүй гэдэг бол нэгд шинжлэх ухааных нь нэр. Ёс суртахуун гэдэг нийгмийн харилцааны сайн мууг илэрхийлж байгаа зүйл. Тийм учраас ёс зүйн зарчим, хэм хэмжээ нийгмийн хөгжлийнхөө явцад эрх зүй болон хувирдаг болохоос биш ёс суртахууны харилцааг шууд хуульчилж болохгүй. Ингэвэл энэ нь өөрөө ёс суртахууны хэм хэмжээ биш болно.

Сайн муу гэдэг үнэлэмжийн шалгууртай байдаг. Үнэлэмж гэдэг нийгэмд тогтсон, зонхилох хэм хэмжээнээс хамаарч байдаг зүйл. Үүнийг соёл судлалын хэлээр зонхилох соёл гэж байгаа юм. Түүнд нийцэж оршин тогтнож байгаа бусад хэлбэрүүдийг дэд соёл, бүр түүнд үл нийцэж байвал сөрөг соёл гэж нэрлэнэ. Тиймээс муу, муухай, гаж гэж байгаа зүйл бол сөрөг соёлын хэлбэрт харьяалагдана.

Үнэлэмжийн шалгуур өөрөө харьцангуй бөгөөд тухайн орон зай, хүрээ, бүлэг, үндэстэн угсаатныхаа хүрээнд тодорхойлогдож байдаг. Түүнээс биш нийгмийн шалгуураар дэлхий даяараа сайн муу гэж хэлэх юм бол ховор. Гэхдээ аливаа зүйлд түгээмэл шинж гэж байна. Мэдээж хүн алах муу, дайн буруу юу буруу. Сайн муу хүн гэж хэн байх вэ гэвэл тодорхой хэмжээгээр боловсролтой л холбоотой. Ер нь улс орны хөгжил бол хүнийхээ хөгжлөөс л шууд хамаарна. Хүний хөгжил бол боловсролын чанар хүртээмжээс хамааралтай. Боловсрол сайн муу байх нь боловсролын зорилго зөв буруу байхаас эхэлнэ. Мөн түүний хэрэгжилт хэр байхаас ч хамаарна.

-Тэгвэл өнөөдрийн нийгэмд монгол хүн ямар байх ёстой болж байна вэ?

-Ямар ч орны ард иргэд тухайн улс орныхоо Үндсэн хуулийн эрхэм зорилгод ямар нийгмийг бүтээнэ гэж заасан байна, тэр нийгмийнхээ төлөө ажилладаг, амьдардаг, зүтгэдэг хүн байх ёстой. Манай Үндсэн хуульд хүмүүнлэг, ардчилсан, энэрэнгүй иргэний нийгмийг байгуулна гэж заасан байгаа биз. Тэгвэл монгол хүн ёс суртахуунтай, мэргэжил боловсролтой, бүтээлч, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, эх оронч хариуцлагатай л иргэн байх ёстой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар: Ерөнхий сайдын тухай хэлэлцсэн нь хууль зүйн асуудал байсан ч улстөржөөд буруугаар эргэчихлээ DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий сайдыг огцруулахаар хуралдсан тухай мэдээлэл саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч, олны анхаарлыг татсан. Уг саналыг ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар гаргаж, гишүүдээрээ хэлэлцүүлсэн тухай ч дурдагдаж байв. Энэ дуулианы эзэн, ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатартай ярилцлаа.


-Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг анх гаргаж бужигнуулсан хэргийн эзэн та болоод байгаа. Ер нь энэ байгууллага ийм асуудал хэлэлцэж болох уу, болохгүй юу гэдэг маргаан л нэлээд өрнөх шиг боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөр ч нэлээд бужигнав уу даа?

-Сонгууль болгоны дараа олонх болсон нам нь Засгийн газраа байгуулдаг. Үүнийг нь УИХ хэлэлцдэг. Ерөнхий сайдыг томилох огцруулах асуудлыг УИХ хэлэлцдэг. Үүнийг олон нийт сайн мэднэ. Үндсэн хуульд ч ингэж заасан байдаг. Тэгэхээр ШЕЗ Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Харин Улсын дээд шүүхэд санал гаргах асуудлыг л хэлэлцсэн. Үүнийг ялгаж салгаж ойлгох нь зөв байх.

Тэр дунд намайг санал гаргаж, өрөө дамжиж явсан, удалгүй Д.Зүмбэрэллхам гишүүн саналыг нь танилцуулах хэлбэртэй болгоод хуралдаанд авч орсон гэдэг мэдээлэл түгсэн байна лээ. Энэ бол үндэслэлгүй зүйл.

ШЕЗ хуульд зааснаар үндсэн таван чиг үүргийг л хэрэгжүүлдэг. Үүний нэг томоохон чиг үүрэг нь шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал. Дагнаж энэ чиг үүргийг хариуцдаг хороо ч манайд ажилладаг. Асуудал танилцуулах гишүүн нь цагаан толгойн үсгийн дарааллаар явагдаад тухайн үедээ Д.Зүмбэрэллхам гишүүн танилцуулсан юм билээ. Миний тухайд энэ хороонд өмнө нь ч, одоо ч харьяалагддаггүй. Бусад гишүүдийн адил хуралдаан дээр Д.Зүмбэрэллхам гишүүний танилцуулгыг анх удаа сонссон.

Аливаа төрийн байгууллага хуралдаанаа урьдчилан товлон зарладаг жишгээр ШЕЗ-ийн хуралдааныг дарга нь товлон зарлаад тушаал гаргадаг. Уг тушаалд хэлэлцэх асуудал, түүний дарааллыг нэг бүрчлэн тогтоож өгдөг. Түүнээс биш хэн нэг гишүүн ямар нэгэн юм ярьж байснаа гэв гэнэт хуралдаан дээр аваад орчихдог асуудал биш юм. Үндсэндээ бол хуульд заасан олон процесстой.

Нөгөө талаар Д.Зүмбэрэллхам гишүүнийг хувь хүн талаас нь харахад Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Элчин сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга, ШЕЗ-ийн дарга албыг хашсан, насаараа төрд ажилласан туршлагатай төрийн хар хүн. Захын хүний хатгаас нөлөөнд автаад явдаг “хөнгөн жингийн тамирчин” биш.

-Дээд шүүхэд санал гаргах асуудлыг хэлэлцсэн гэлээ. Ямар санал яригдсан юм бэ?

-Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг дарга нь төлөөлдөг. Энэ ярилцлага бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр суурь биш шүү. Надад хандаж асуусан тул асуултад хариулъя.

Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Улсын Дээд шүүх хуралдаад санал гаргах эсэх нь тэдний эрх хэмжээний асуудал. Тодруулбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ даруй хуралдаж Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу бид санал хүргүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

-Та нэг л бүрхэг хариулаад байна. Юуг санал болгож ямар хүсэлт илгээх гэсэн хэрэг вэ?

-Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрхтэй хэд хэдэн субъект байдаг. Үүнд ШЕЗ ордоггүй. Улсын Дээд шүүх орно. Тиймээс үүний дагуу та бүхэн Үндсэн хуулийн цэцэд хандаж өгнө үү л гэсэн саналыг Улсын дээд шүүхэд гаргах эсэх асуудал байсан.

-Өнөөдрийн нөхцөл байдал үүсэх вий дээ гэж үү?

-Тийм. Энэ нөхцөл байдлыг урьдчилж хэлж байсан юм. Түүнээс биш өөрөөр үл ойлголцсон асуудал байгаагүй.

-Гишүүд шүүгч, шүүгч бишээрээ хуваагдаж байгаа. Шүүгч гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр төвлөрсөн гэх юм билээ?

-Бас үндэслэлгүй юм ярьж байна. Тухайн санал гаргах эсэх асуудлыг хэлэлцэхэд шүүгч, шүүгч бусаараа ялгарсан асуудал огт байгаагүй. Хэвлэлийн мэдээгээр шүүгч таван гишүүн дээр Зүмбэрэллхам нэмэгдлээ гэж гарч байгаа нь шүүгчид Засгийн газрын эсрэг байна, “5Ш” ажиллагааг эсэргүүцээд байна гэсэн үндэслэлгүй ойлголтыг олон нийтэд түгээхэд нөлөөлсөн байж магадгүй гэж хувьдаа харамсч байна.

Засгийн газрын “5Ш” ажиллагаа гэдэг “Шувуу”, “Шилэн” гэх мэт тус тусдаа ажиллагаа гэж бид ойлгож байгаа. Засгийн газрын гишүүд хариуцаад ажиллаж байгаа. Жишээ нь, “Шилэн” ажиллагааг Н.Учрал

сайд, “Шувуу” ажиллагааг Х.Нямбаатар сайд хариуцсан гэж харж байгаа. ШЕЗ-өөс энэ ажиллагаанд саад болсон, оролцсон, саармагжуулсан үйлдэл огт байхгүй.

Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд “Авлигатай тэмцэх ажил амар хялбар биш” гэж хэлж байсан. Үүнтэй санал нэг байна. Олон саад бэрхшээл байгааг ч ойлгож байна. Гэхдээ тэрхүү саад бэрхшээлийн нэг нь ШЕЗ мэтээр бодож болохгүй. Учир нь, хоёр жилийн өмнө Монгол Улсын Шүүхийн тухай хуулиа баталж, нэг жил зургаан сарын өмнө ШЕЗ гэдэг байгууллагын бүрэлдэхүүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шинэчлэн байгуулчихаад одоо болохоор нүүрсчидийн, 49 хувийн гэх мэт ямар нэг бүлэглэлийг төлөөлөөд, хаацайлж байгаа мэтээр төсөөлөх нь үндэслэлгүй.

-Та Д.Зүмбэрэллхам гишүүний саналыг дэмжсэн үү?

-Тухайн үед оруулсан саналыг дэмжсэн. ШЕЗ ер нь улс төртэй хамааралгүй. Бидний хэлэлцсэн асуудал уг нь хууль зүйн л асуудал байсан юм. Улс төржсөн, ямар нэгэн явцуу бүлэглэлийг дэмжсэн, улс төрийн гал өрдсөн асуудал ШЕЗ-ийн тухайд ч, хувь гишүүний тухайд ч байхгүй. Энэ бол зөвхөн эрх зүйн л асуудал байсан гэдгийг дахин хэлье.

-ШЕЗ өмнө нь ч ийм асуудлыг хөндөж байсан гэж дууллаа. Үнэн үү?

-Өмнө нь нэр бүхий УИХ-ын гишүүн, бас нэг сайдын асуудал хөндөгдөж, энэ талаар бид УИХ-д хандаж байсан тохиолдол байгаа. Тодорхой хариулт ч ирж байсан.

-Ямар хариулт ирсэн юм бол?

-УИХ-ын гишүүн, сайддаа зөвлөлөө, хэлж анхаарууллаа гэсэн хариу байсан.

-Хууль зүйн хүрээнд өрнөсөн асуудал улс төржчихлөө гэж хэллээ. Тэгэхээр нэг ёсондоо шүүх тогтолцоонд нэлээд сөрөг үр дагавар бий болох эрсдэл дагуулчихав уу, яав?

-Шүүхэд итгэх иргэдийн итгэл харилцан адилгүй байдаг. Ялангуяа эрх барьж байгаа нам, гишүүдийн тухайд Шүүхийг шүүмжлэх өнгө аяс байнга давамгайлж байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээрээ тийм. Гэхдээ манай Монгол Улсын шүүх байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд, баталсан хуулийнх нь хүрээнд хэргийг хэлэлцээд явж байгаа. Жишээ нь, нэг сонгуулийн маргаан дээр 16 өмгөөлөгч авч байсныг санаж байна. Зарим нь ирдэг, зарим нь ирдэггүй. Хуулиар тийм боломж олгочихсон юм чинь. Маш олон удаа өмгөөлөгчөө солих, төлөөлөгчийг солих, эсвэл өмгөөлөгчид ээлжилж өвдөх тохиолдол бий. Баталсан хуулиар нь үйл ажиллагаа явуулахаар удаашрууллаа, гацаалаа гэж харддаг. Баталсан хуулиар нь Шүүхийн үйл ажиллагаа явж байгаа гэж би ойлгодог. Шүүх хэргээ шударгаар шийдэж чадна гэдэгт итгэдэг.

-Гэхдээ шүүгчид авлига авсан, томоохон хэргүүд дарагдсан явдал баримт нотолгоотойгоо олонд ил болсон шүү дээ. Өмгөөлөгч Б.Баасанцогтын гэх хэрэг дээр гэхэд хичнээн өмгөөлөгчийн нэр гарч, мөнгө авсан баримтууд яригдав. Ингэж харахаар л шүүх улс төрждөг, бүлэглэлд үйлчилдэг гэх хардлага арилдаггүй юм биш үү?

-Та зөв асуулаа. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүргийг ШЕЗ хүлээж байгаа. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэгчээр зарим шүүгчид маань ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа нь үнэхээр харамсалтай. Үүн дээр хүлээн зөвшөөрч байна. Ийм явдал болсон, харамсалтай байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ШЕЗ 10 гишүүнтэй болж бүл нэмсэн. Шүүгч бус, нэг ёсондоо УИХ-аас таван гишүүн томилогдож байгаа. Бүтэц томроод үр дүн гарч байх юм уу?

-Бидний тухайд 10 гишүүн дотор шүүгч гишүүн, шүүгч бус гишүүд гэж ярьдаггүй юм. Эхний үр дүн гараад явж байгаа. Жишээ нь, дүүргийн шүүхүүд маш их ачаалалтай ажилладаг. Гэтэл орон нутгийн зарим шүүхэд сул орон тоо байгаад байдаг. Үүнийг УИХ-аар тогтоол гаргуулаад сул орон тоог хотод шилжүүлж авчирсан. Улмаар тавдугаар сарын 22-нд сонгон шалгаруулалт эхэлнэ. Нийт 65 шүүгчийн сул орон тоо зарласан. Өмнө нь 40 гаруй орон тоон дээр шүүгчид сонгон шалгаруулж авсан. Энэ бол шүүхийн үйлчилгээ хүртээмж дээшлэх, иргэд шуурхай асуудлаа шийдвэрлүүлэх, хуулийн хугацаа хэтрэхгүй байх маш том гарц юм. Энэ үүднээс УИХ, Засгийн газраар төсөв мөнгө, орон тоотой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ШЕЗ-ийн гишүүд үнэхээр тус дэмтэй байгаа.

-ШЕЗ-ийн даргын сунгаа олны анхаарлыг нэлээд татдаг. Жил бүр шинэ дарга томилох процесс практик дээр зөв үү?

-Хувь гишүүний хувьд жил бүр дарга сонгохын эсрэг бодолтой байдаг. Миний харж байгаагаар шүүгч бус гишүүдээсээ нэг хүн хоёр жилээр, шүүгч гишүүдээс нэг хүн хоёр жилээр гэдэг байдлаар зохицуулалт хийх боломжтой гэж хардаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг агсны эхнэр Б.Булган: Би юу ч яримааргүй байна DNN.mn

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 20-25 жилийн ял сонсоод байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар өнгөрсөн сард олон нийтэд зарласан юм.

Ингэснээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг задарч, хуулийн байгууллага шалгалтын ажиллагааг дахин шинээр эхлүүлэхэд хүрч байгаа юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон орлогч прокурор Г.Эрдэнэбат энэ талаар манай сонинд байр сууриа илэрхийлэхдээ “Бодвол, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй хүн байсан гэж зарлаж байгаа хүмүүс тухайн хүмүүсийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй дээ” гэсэн нь анхаарал татаж буй.

Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол гэрч гэгддэг Б.Булган нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг хэрхэн хүлээж авч буй нь сонин. Бид энэ тухай Б.Булгантай ярилцахаар холбогдоход “Би одоо юу ч яримааргүй байна” гэсэн хариулт өглөө.

Б.Булганы хувьд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт анх яллагдагчаар татагдаж, сүүлд хохирогчоор шүүх хуралд оролцож байсан юм. Түүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүү шүүлтийн хэргийн шүүх хурал 2019 оны наймдугаар сарын 18-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн сум дундын шүүхэд болоход Б.Булган оролцож байлаа. Энэ үеэр түүнтэй Өдрийн сонин ярилцаж байсан юм. Тус ярианы хэсгийг эргэн сануулъя.


Б.Булган: Миний тэвчээр үнэхээр алдагдаж байна

-Танаас ганц зүйлийг л тодруулах гэсэн юм. Та одоо ер нь энэ хэрэгт гэрч болоод байна уу, эсвэл хохирогч уу, яллагдагч уу?

-Анх яллагдагч байсан. Одоо хохирогчоор орж байна. Гэхдээ одоо ч яллагдагч хэвээрээ байгаа шүү. Ер нь явж, явж өөрөө ч хэн болчихоод байгаагаа мэдэхгүй байна. Нарийн зүйлийг манай өмгөөлөгчөөс асуусан нь дээр.

Яллагдагчаар татсан учир нь захиалагчтай холбоотой хэрэгт татсан, хуралд оруулахгүйгээр. Энд бол хохирогчоор явж байна.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн болохоор уу?

-Би ч бас шүүгдчихсэн байна шүү дээ.

-Таны бие зүгээр үү? (гараа гипсдчихсэн байв)

-Муу, муу. Надад сайн юм байхгүй. Би баахан гарын үсэг зурчихсан байгаа юм. Амаа нээгээд л хэрэгт орчих гээд байдаг.

-Тийм ээ, мэдэж байна…

-Гэхдээ миний тэвчээр үнэхээр алдагдаж байна. Тэвчиж л байна. Ямартай ч энэ асуудал дуусаг.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн шинэ нөхцөл байдал үүслээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль зөрчсөн асуудал байгаа… гэснээр бидний ярилцлага өндөрлөж байв.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

13 настай охиныг хүчиндэж, хөнөөсөн этгээдийг мотоциклийнх нь мөрөөр туршилт хийн илрүүлжээ DNN.mn

-Хэрэгтэн хүчингийн хэргээр хоёр удаа ял эдэлж гарч ирээд долоо ч хонолгүй талийгаач охиныг онилжээ –

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Товго уул гэх газраас хонио хариулж явсан 13 настай М охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр сураггүй алга болсон байдаг. Охиныг тухайн үед аймаг, сумын цагдаа, онцгой, захиргааны ажилтнууд, нутгийн иргэд нэгдэж хайсан ч олж чадаагүй юм.

Тэгвэл энэ хэргээс хойш таван жилийн дараа цагдаагийн байгууллага охины цогцсыг олж, хэрэгтэн байж болзошгүй этгээдийг баривчилснаа өнгөрсөн долоо хоногт зарлав.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газартай холбогдоход “Сэжигтнийг баривчилж ирсэн. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр таван жилийн хугацаанд ажилласан. Мөн Улаанбаатар хотоос Эрүүгийн цагдаагийн албанаас дэмжлэг авдаг байсан. Бид ямар нэгэн хэрэг гарлаа гэхэд илрэхгүй байна гээд орхидоггүй. Байнгын хяналт шалгалт үргэлжилж байдаг. Үүний үр дүнд 13 настай охин сураггүй алга болсон хэргийг илрүүлэн шалгаж байна” гэсэн юм.

Энэ тухай Ренчинлхүмбэ сумын нэгэн иргэнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Ноцтой хэрэг таван жилийн дараа илэрлээ. Охин харамсалтайгаар нас барсан нь тодорхой боллоо. Нутгийнхан юу ярьж байх юм бэ?

-Ямартай ч цагдаагийн байгууллагад л ихээхэн баярлацгааж буйгаа байна. Өнгөрсөн хугацаанд ар гэр нь лам, бөөгөөр их явсан. Удахгүй олдоно л гэж ярьдаг хэлдэг юм билээ. Гэвч худлаа байж гэдэг нь тодорхой боллоо.

-Хэрэгт сэжиглэж баривчилсан хүнийг та таних уу?

-Танилгүй яахав. Нэг нутаг усны хүмүүс. Өмнө нь бас хүчингийн гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаад гарч ирсэн нөхөр.

-Тийм мэдээллийг цагдаагийн байгууллага бас өгсөн л дөө. Хохирогч нь бас бага насны хүүхэд гэв үү?

-Тийм ээ. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэгт орооцолдсон. Дөрөв таван жил шоронд суугаад гарч ирсэн байх. Яг суллагдаж гарч ирсэн жил нь энэ 13 настай талийгаач охин алга болсон байдаг.

-Сэжигтэн этгээд юу хийдэг хүн бэ. Гэр бүлтэй байсан уу?

-Мал маллаж, айл амьтан хэсч явдаг л нөхөр байсан даа. Уг нь гэр бүлтэй байсан. Өмнө нь хүчингийн хэрэгт холбогдоод салсан юм шиг байна лээ гэв.

Мөн энэ талаар Ренчинлхүмбэ сумын ЗДТГ-ын нэгэн ажилтантай ярилцлаа. Тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй юм.


-Охин алга болоход томоохон эрлийн баг гарсан байдаг. Тэр үед ямар нэгэн сэжүүр олдоогүй хэрэг үү?

-Талийгаач охин алга болох үед 30-50 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг 14 хоног тасралтгүй эрэн хайсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Түүнээс хойш жил бүр аймгийн Цагдаагийн газраас хүмүүс хэргийн газарт ирж үзлэг хийдэг байсан. Орон нутгийн зүгээс охины ар гэрт сэтгэл санааны болон зарим эд материалын тусламж үзүүлдэг байлаа.

-Ар гэрийнхэн нь хэрэг илэрснийг дуулаад юу гэж байх юм бэ?

-Ээж нь угийн үг дуу цөөтэй хүн байдаг. Охин нь сураггүй болсноос хойш бүр ч сэтгэл санааны хямралд орж, дуугаа хураах болсон. Мэдээж охин хүүхэд нь нэг л өдөр алга болчиход эх хүнд ямар байх вэ дээ. Бид ч охиныг тань хайж байгаа, цагдаа нар хэргийг хаагаагүй гэж хэлж ярьж тайлбарлаж ирсэн. Гэхдээ бас хүн л юм хойно горьдлого тээгээд, амьд олдох байх гэж хардаг, нэг ёсондоо амьдын хагацал үзсэн дээ. Хэрэг илэрсэн талаар дуулаад ямартай ч тайвширсан болов уу.

-Сэжигтэн өмнө нь ч давтан хэрэгтэй байсан гэж байна. Ийм явдалтай хүн сум орон нутгийнханд хэцүү байсан байх?

-Өмнө нь бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт ял эдэлж байгаад гарч ирээд дахиад мөн тийм хэрэг хийхийг завдсан гэдгээр шоронд орсон санагдаж байна. Суллагдаж гарч ирээд долоо ч хоноогүй энэ хэргийг үйлдсэн байгаа юм.

-Сэтгэцийн хувьд эрүүл хүн үү?

-Илт харагдах сэтгэцийн өөрчлөлтгүй. Гэхдээ давтан давтан ийм аймшигт хэрэг үйлдэж, эцэст нь хүн хөнөөнө гэдэг яавч эрүүл хүний сэтгэхүй биш байх. Хэлэх ч үг алга.

-Хэргийг яаж илрүүлэв ээ?

-Энэ хэрэг цагдаа нарын сэтгэл зүтгэл, авьяас чадвараар илэрсэн гэж хэлнэ. Цагдаа нар үе үе ирж охин алга болсон газар, түүний ойр орчимд үзлэг, туршилт хийдэг байсан. Ингээд тэр туршилтынхаа үр дүнд хэрэгтнийг олж чадсан гэж сонссон. Нарийн мэдээллийг бидэнд хэлэхгүй шүү дээ.

-Яг ямар туршилт хийсэн юм бол?

-Сэжигтнийг анх хэрэг гарах үед ч сэжиглэсэн юм шүү дээ. Ер нь хамгийн гол сэжиглэх хүн байсан. Дээр хэлсэн. Хүчингийн хэргээр ял эдэлж байгаад дөнгөж гарч ирсэн нөхөр байсан гэж. Тиймээс охин алга болоход түүнийг хамгийн гол сэжигтэн гэж харж байсан. Тиймээс түүнийг мөрдөж шалгаж байсан. 2018 оны тэр өдөр охин алга болдог газраас чанх хойшоо мотоциклийн сэжигтэй мөр явсаар эрэг давж, мод руу орсон байдаг. Нэлээд бартаатай хад чулуутай хэсэг рүү ороод мөр баларчихсан. Бид ч тэр мөрөөр эрлийг хийсэн. Гэхдээ мөр баларсан учраас мухардсан.

-Охины цогцсыг модонд өлгөсөн байсан гэсэн үнэн үү?

-Тийм нарийн зүйлийг хэлж мэдэхгүй. Ямартай ч яг тэр мөр баларсан, бидний эрэл хийж байсан газраас охины цогцос олдсон гэнэ лээ.

-Дахиад асууя, хэрэгтнийг яаж илрүүлсэн юм бол?

-2018 онд цагдаа нар сэжигтнээс байцаалт авсан. Тэр нөхөр мотоциклиор тийшээ, ийшээ явсан, бензин авсан гэж маршрутаа зааж ярьж байсан. Тиймээс цагдаа нар яг тэр маршрутаар нь мотоциклийг нь унаад өөрийнх нь хэлж байснаар бензинийг нь хийж яваад туршилт хийж үзсэн гэж ойлгосон. Түүний үр дүнд л хэрэгтэн энэ нөхөр мөн болж таарсан бололтой. Цагдаа нар туршилт, үзлэг шалгалт хийж байхад тэр нөхөр говь руу ажилд явлаа гээд л явж байсан.

-Сэжигтний ар гэрийн байдал ямархуу юм бэ?

-Аав ээж нь амьд сэрүүн хүмүүс бий. Талийгаач бүгд л нэг багийн хүмүүс шүү дээ. Гурван ч хүүхэдтэй байх. Энэ хэрэг бол манай суманд маш том кейс болж үлдлээ. Бид өнгөрсөн хугацаанд энэ хэргээс улбаалж ард иргэдэд байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахыг, олон талт үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Эцэст нь хэрэг нэг тийш шийдэгдэж байна даа гэсэн юм.

13-хан настай жаахан охин зэрлэг балмад этгээдийн гарт цаг бусаар ийнхүү хорвоог орхижээ. Охин алга болоод таван жилийн дараа ийнхүү хэрэгтэн илэрч, хэргийн учиг зангилаа тайлагдаж эхэллээ. Талийгаач охины адилаар сураггүй болсон охид нийслэл болон бусад орон нутагт олон бий. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 онд найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон. Охины хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй ч хэзээ нэгэн өдөр охины сураг гарч, хэрэг илэрнэ. Хэн нэгэн буруутай этгээд ийм хэргийн ард байгаа бол хэрэг хуучирдаггүй, хэрэгтэн олдоно. Хариуцлагаа хүлээж л таарна гэдгийг хуулийн байгууллага хэлсээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Малчин О.Одгэрэл: Хилийн цэргийнхэн хил зөрчигчийг зодож хөнөөсөн хэргийн төлөөсөнд нутагтаа ханаа тойруулах газаргүй боллоо DNN.mn


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум дахь Хилийн цэргийн 0258 дугаар ангийн нэгдүгээр заставт 2020оны нэгдүгээр сард хил зөрчигч амиа алдсан хэрэг гарчээ.

Амиа алдсан иргэнийг хил хамгаалах байгууллагад матсан хэмээн малчин О.Одгэрэлийг нутгийнхан нь буруутгах болжээ. Тэрбээр энэ хэргээс улбаалж хэдэнтээ нутаг сэлгэж, хүүхдүүд нь сургууль соёлгүй үлдэн, хэдэн мал нь ч үрэгдэж дуусахдаа тулжээ. Энэ тухай малчин О.Одгэрэлтэй ярилцлаа.


-Малчин хүн гэр бүлээрээ нутаг орноосоо хөөгдөх ямар хэрэг мандав?

-Манайх үе удмаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хаснагтын Улаан хад гэдэг газарт малаа маллаж амьдарч ирсэн айл юм.

Нутаг ус, айл саахалтууд ямар байдаг тэр л малчин ухаанаар малаа өсгөж, нутаг орондоо сайхан амьдарч байлаа. Тэр газар маань хилтэй ойрхон. Хилийн цэргийн 0257 дугаар ангийн нэгдүгээр застав байдаг. Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр Хилийн застав дээр хил зөрчигч нас барсан хэрэг гарсан. Бид энэ талаар сүүлд л дуулсан. Нутгийн найман хүн хил зөрчсөн, тэднийг хилийн цэргийнхэн саатуулсан.

Гэтэл Застав дээр тэдгээр хүмүүсээс нэг нь нас барсан юм байна. Хавар нь би сумын төв орж машин тэргээ засуулж байтал таарсан хүн болгон “Чи нутгийнхаа хүнийг Цэргийн ангид матаж бариулсан гэсэн. Шанд нь олон сая төгрөг авсан гэнэ лээ. Хэдийг авав”, “Чи хил зөрчсөн хүнийг цэргийн ангид матсанаас болж амиа алдлаа” гээд санаанд буухгүй зүйлс хүмүүс ярьж, гадуурхаж хэлэх хэлэхгүйгээр доромжилсон. Ингээд л ерөөсөө ийм яриа сумын төвөөр нэг тарчихсан. Айл саахалтууд ч ингэж яриад л, нөгөө Застав дээр амиа алдсан хүний ар гэрийнхэн ч үзэхээ байсан.

Гэтэл бид чинь тэр талаар ямар ч мэдээлэлгүй, хэзээ хойно нь хил зөрчигчдийн талаар хүмүүсийн амнаас сонссон хүмүүс.

Нутгийн хүмүүсийг матаад явах ёс зүй, хүмүүжил байхгүй. Өмнөхөө л хийж ирсэн. хэдэн хүүхэд хэдэн малаа л гэж явсан айл.

Гэнэт л тогоо хөмөрсөн юм шиг хүний амь нас хохироосон хэрэгт холбогдчихсон. Өнөөдөр хүртэл гурван жилийн хугацаанд манайх гэдэг айл хийгээгүй, хэлж яриагүй хэрэгтээ гүтгэгдэж, очиж буугаагүй сум нутаг гэж үгүй болсон. Хэдэн хүүхэд маань сургууль, сургууль дамжиж сурч мэдсэн зүйл байхгүй, хэдэн мал маань хорогдсоор ямар ч хөрөнгө мөнгөгүй хоосорч үлдчихээд байна. Энгийн мөрөөрөө малчин айлыг ийм ноцтой хэрэгт холбосон газар бол Хилийн цэргийн 0257 дугаар ангийн нэгдүгээр застав гэж бид үзэж байгаа.

-Ямар учраас вэ. Тодорхой баримттай ярих уу?

-Хилийн цэргийнхэн застав дээр нь хүн нас барсан хэргийн мөрийг баллах гэж манайхыг гүтгэсэн. Хэрэг гарсны дараахан Заставын дарга Мөнхтөр манайхаар ороод гарсан юм.

Тэр үеэр “Энэ асуудал дээр та бид хоёрын нэр л их гарч байна даа” гэж битүүлэг зүйлс ярьсан. Би ч “Юу яриад байна вэ, ахын дүү. Мөрөөрөө яваа хүнийг юунд хутгаад байна вэ” гэхэд дорвитой юм ярихгүй яваад өгсөн. Ингээд л удалгүй манайх хүн матсан хэрэгтэн болж, нутгаар нэг ярьж эхэлсэн.

Биднийг арга буюу нутгаасаа нүүхэд Цэргийн ангийн дарга Төмөрчөдөр манай нутгийн залууст “Манай үнэнч мэдээлэгч нүүж байгаа юм байна” гэж хэлсэн байдаг. Энэ бол баримттай. Цэргийн ангийнхан өөрсдөө ингэж ярьж байхад ард олон үнэмшихгүй яах вэ дээ. Бид Застав дээр олон удаа очиж, учир байдлаа ярьсан.

“Би энэ хэрэгт хамаагүй” гэхэд тэд “Тийм ээ” гэдэг. Тэгээд бүр надад “Энэ хүн энэ гэмт хэрэгт хамаагүй” гэж албан бичиг хүртэл бичиж өгсөн, энэ байна (албан бичиг харуулав). Тэгсэн хэрнээ тэр тухайгаа ард түмэнд хэлээд өгөөч, багийн хурал дээр танилцуулаад өгөөч гэхээр “Бид олон түмнээс айж байна” гэдэг. Өмнө нь малчид, хилийн цэргийнхэн, Засаг дарга гэсэн гуравласан хурал жил бүр болж, хилийн цэргийнхэн үйл ажиллагаагаа танилцуулдаг байсан. Гэтэл тэр хэргээс хойш тэд ард иргэдтэй уулзахаа больсон.

-Хилийн цэргийн ангийнхан яагаад заавал танайхыг гүтгэнэ гэж?

-Нас барсан хил зөрчигчийг өөрийгөө боомилж золгүй байдлаар нас барсан гэж хилийн цэргийнхэн ар гэрт нь хэлсэн гэдэг. Үнэн хэрэгтээ зодуулж нас барсан гэж нутгийнхан ярьдаг юм билээ. Тухайн үед талийгаачтай хамт саатуулагдаж байсан Дашрэнчин гээд залуу “Тэр өдөр хилийн цэргийнхэн биднийг хээр аваачаад нэг, нэгээр нь зодсон. Хэн зодож байгааг мэдэгдүүлэхгүйн тулд нүдийг маань боож байгаад зодож байсан” гэж надад хэлж байсан.

Мөн хэрэг гарах үед багийн эмч дуудлагаар цэргийн анги дээр явж очиход талийгаачтай хамт саатуулагдсан хүмүүс бүгд халуун паарнаас хүлээстэй, уйлж орилсон нүд халтирмаар угтсан гэсэн. Эмч цэргийн ангийн хүмүүсийг уурлаж загнаж байж тэр хүмүүсийн хүлээсийг нь тайлуулсан байдаг. Тэдний дунд байсан хөл муутай залуутай дараа нь эмнэлэг дээр таарсан. Зодуулаад хөл нь бүр дордчихсон явсныг харсан.

Талийгаачийг боомилж нас барсан гэх шрүпп хүн даах битгий хэл гарын аясаар унаад ирж байна гэж хүмүүс ярьдаг. Тиймээс хил зөрчигч цэргийн анги дээр амиа хорлоогүй, зодуулж нас барсан байх магадлалтай. Ийм ноцтой хэргийг дээдэл байгууллага Хил хамгаалах ерөнхий газар нь мэдэхгүй өнгөрсөн болов уу.

Хилийн цэргийн 0257 дугаар анги дээр хил зөрчигчийг зодож танхайрсан тохиолдол өмнө нь гарч байсан. Бүр энэ тухай цэргийн ангийн ахлагч надад ярихдаа “Хил зөрчигчийг хуулийн дагуу барьж авсан. Цэргийн анги дээр авчраад хүлээлгэж өгсний дараа дарга нар тэднийг зодсон. Тэр хэрэг эргээд дарга нарыг ороож, хил зөрчигчдийг асуудал гаргах вий гээд ямар ч хариуцлага хүлээлгэхгүйгээр суллачихлаа” гэж ярьж байлаа.

Хил зөрчигч цэргийн анги дээр нас барснаас болж ард иргэд жагсаал зохион байгуулж эсэргүүцэл илэрхийлж байсан. Тиймээс тэд нэрээ цэвэрлэж хариуцлагаас бултахын тулд гэмгүй номхон ард руу буруугаа тохож, ард олны уур бухимдлыг өөр тийш эргүүллээ гэж хардаж байна. Ингэхээс аргагүй бодит нөхцөл байдал өнгөрсөн гурван жилийн хугацаанд өрнөж, таван нялх хүүхэд ядарсан малчин айл очих нутаглах нутаггүй болж явна шүү дээ. Хил хамгаалах байгууллагад маш их гомдолтой байна. Бид чинь хүн матах битгий хэл хил рүү ойртох эрхгүй. Тэнд хэн яаж юу хийж явааг хэн мэдэх билээ.

-Талийгаач ямар хүн байв. Ар гэр нь юу гэх юм бэ?

-Б гэдэг, 50 гаруй насны хүн байсан. Бид энгийн л гэмгүй харьцаатай нутгийн хүмүүс байлаа. Бидэнд өш хонзон байхгүй. айл саахалт амьдарч ирсэн хүмүүс. Ар гэрийнхэн нь мэдээж хүнээ алдсан хүмүүс ямар л сайн байх вэ.

Ялангуяа манайхыг матсан гэдэг худал гүтгэлгийг дуулаад дагаад л биднийг буруутгаж байсан. Үнэхээр тэд ч бас хүнийхээ амийг хил хамгаалах байгууллагаас нэхэх хэрэгтэй.

-Олон газраар нүүж суудалласан гэлээ. Үнэхээр хэрэг хийгээгүй л бол нутагтаа амьдарч болоогүй хэрэг үү?

-Хийгээгүй хэргийн төлөө амтай бүхэн ярьж хэлж, “Зайлаач та нар, матаачид” гэж байнга дарамтлуулах хэзээ ч хүлээн зөвшөөрч тогтох боломжгүй болдог юм байна. Мэдээж бид нутагтаа төрж өсөж үе дамжин амьдарч ирсэн. Тэндээ л идээшсэн хүмүүс холдохыг хүсэхгүй шүү дээ.

Байнгын хүмүүсийн дарамт, шахалт, хүүхдүүдийг маань ч үг хэлээр доромжлох газар нутагт амьдарч болохгүй намар нь Бүрэнтогтох сум руу аавынхаа нутаг руу нүүж очсон. Ах дүү нар маань ч хүлээж авдаггүй. “Миний аав мөрөөрөө хүн байсан. Гэтэл чи эцэг эхийнхээ нэрийг гаргалаа. Тэр нутагт олон жил амьдарчхаад бүхэл бүтэн айл сүйрүүлчхээд чи ирдэг” гээд нөгөө яриа ахиад л эхэлсэн.

Тэгэхээр нь Арбулаг сум руу нүүж үзлээ. Тэндээ очоод 4-5 cap боломжийн гайгүй амьдарч байтал нөгөө яриа ахиад л тараад “Зайл нүдний, булайнууд. Орох байх газраа олж яваа юм билээ. Мөнгөө багтааж ядаж яваа гээ биз дээ. Ядарч биш задарч яваа улсууд гэсэн байх аа” гэсэн яриа гарч эхэлсэн. Арга буюу буцаад өөрийн нутагтаа очлоо. Өвөлжөөг маань худалдаж авсан айл ээжийн маань өвөлжөөг харж үлдсэн юм. “Болохгүй бол буцаад эндээ ирээрэй” гэж байсан хүмүүс эргээд очтол нөгөө л ярианд автчихсан хөөж тууж эхэлсэн.

Ингэж явах чинь айл гэрт их л хор хохиролтой юм байна. Хэдэн мал маань хорогдож малчин хүнд үнэхээр хэцүү болдог юм байна. Бүр нутагтаа ханаа тойруулах газар ч олдохгүй явна.

-Таван хүүхэдтэй гэв үү. Хүүхдүүдийн хичээл сургууль ч нэлээд завсарджээ?

-Тэр ч бүр аюултай. Нэг сумаас нөгөө сум руу яваад сургуульд оруулдаг. Хэдэн cap ч болохгүй дахиад өөр сум руу явдаг. Ингэж явсаар багш нар нь ч хүлээж авахаа больдог юм байна. Хүүхэд ч сурсан зүйл байхгүй, хичээлийн дүн нь гарахгүй.

Эхнэр маань айлын өргөмөл ганц хүүхэд. Хадам ээж маань бие муутай, биднийг дагаад л настай хүн нүүдэллэсээр ирлээ. Өвчтэй настай хүнд маш хэцүү байдаг бололтой. Уйлаад л суух юм. Эхнэр маань энэ хүнд нөхцөл байдалд байнгын сэтгэлийн хямралд байсаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхдээ туллаа. Эмчлүүлж гарч ирээд ч нэмэргүй, хүний хэлж ярихыг ч ойлгохгүй амьдралаараа тоглуулж явна, ах нь.

-Заавал нутагтаа гэхгүйгээр өөр газар нутагт сайхан идээшээд амьдарч болохгүй хэрэг үү?

-Арга буюу Улаанбаатар хотыг бараадаж, Төв аймгийн Эрдэнэ суманд нүүж ирсэн. Үлдсэн хэдэн малаа нутагтаа айлд гуйгаад л үлдээсэн дээ. Авч ирэх зардал мөнгө, авчраад өвөлжөө бууц гэж байхгүй. Хүүхдүүдээ Улаанхуарангийн сургуульд оруулсан боллоо. Ингээд хийж чадах зүйл бидэнд чинь мал маллах л учраас ажил хайж үзлээ. Манай нутгийн нэгэн компанийн захиралтай овоо сайн ойлголцоод малыг нь маллахаар болтол гэнэт л больчихлоо. Сураг дуулах нь ээ, манай сумын Засаг дарга биднийг “Сайн хүмүүс биш” гэсэн бололтой. Хил хамгаалах байгууллагаас улбаатай ийм нэгэн аюултай гүтгэлэг явсаар биднийг хаана ч ажил хөдөлмөр эрхлэх, амьдрах эрхгүй болгочхоод танай сонинд хандаж байна.

Энэ нөхцөл байдлыг маань Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар анхааралдаа авч, шийдвэрлэж өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид хилийн цэрэгт хил зөрчигчийг матаагүй. Үүнийг албан ёсоор нутгийн хүмүүст маань хэлж ярьж өгөхийг л хүсэж байна. Өмнөх шигээ гэр бүлээрээ малаа маллаад нутагтаа л сайхан амьдармаар байна даа. Өөр хүсэх зүйл алга, ахад нь.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хуульч Ч.Өнөржаргал: Гишүүдийн тоог нэмэх үндэслэлтэй хуулийн процессын ажиллагаа явагдаагүй DNN.mn

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар хуульч Ч.Өнөржаргалтай ярилцлаа.


-Засгийн газраас ҮХНӨ-д оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, санал авах ажиллагаа явагдаж байна. Хуульчийн хувьд энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Аливаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан суурь судалгаануудыг хийсэн байхыг шаарддаг бөгөөд энэ судалгааны хүрээнд иргэдийн санал, мэргэжлийн байгууллагуудын саналыг авсан байхыг шаарддаг. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг мөрддөг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн дагуу л ҮХНӨ-ийн процесс явагдаж байж гэмээнэ тэр нэмэлт өөрчлөлт хууль ёсны дагуу болох учиртай. Харамсалтай нь энэ удаагийн ҮХНӨ оруулах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн харагдаж байгаа. Өнгөрсөн 2022 оны УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолын төслийг баталсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат томилогдсон. Одоо Ж.Мөнхбат нь УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгөөд алга болсон. Ж.Мөнхбат нь Ажлын хэсгийн даргаар ажиллахдаа хэрхэн ажилласан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, энэ Ажлын хэсэг хэлбэрийн хувьд л байгуулагдсан болохоос ҮХНӨ оруулах ямар зайлшгүй шалтгааны улмаас ч байгуулагдсан нь ойлгомжгүй харагддаг. Үүний дараа УИХ-ын Цэцийн шийдвэрийг урдаа барьж байгаад 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр 2019 оны ҮХНӨ-өөр оруулсан хамгийн дэвшилтэт заалтад өөрчлөлт оруулан УИХ Засгийн харилцан тэнцлийг алдагдуулах өөрчлөлтөө хийсэн.

Үүний үр дүнд одоогоор УИХ-ын 76 гишүүнээс 18 нь давхар дээлтэй болоод авсан. Засгийн газарт эрх мэдэл дутаад байна гээд УИХ-аас баахан сайд кабинетдаа оруулснаас хойш иргэдийн амьдрал сайжирсан уу гэвэл үгүй. Иргэдийн болон бизнесийн байгууллагуудынхаа саналыг сонгож хуульдаа өөрчлөлт оруулж байна уу гэвэл үгүй л байгаа.

-2019 оны ҮХНӨ-ийн үр дүнг бүрэн хараагүй гэж та хэлэх гээд байна уу?

-2019 оны ҮХНӨ-ийн хүрээнд УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаартай Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тогтоолоо бүрэн хэрэгжүүлээгүй. 2019 оны ҮХНӨ-ийг бүрэн хэрэгжих нөхцөл болох хууль тогтоомжуудаа бүрэн нийцүүлээгүй атлаа ҮХНӨ-ийн төсөл өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хууль батлах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байна. Засгийн газар энэ нөхцөлд УИХ-ын шахалт буюу дарамтанд ороод хийх ёсгүй үйлдлээ хийгээд байна уу гэдгээ бас бодмоор санагдах юм.

-Хуулийн төслийн санал авах ажиллагаа эхэлсэн учраас хуульчийн хувьд ямар саналтай байгаагаа үндэслэлтэй дурдахгүй юу?

-Одоо Үндсэн хуулийн 66.1-д “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Харин одоо энэхүү заалтыг хоёр хэсэг болгоод оруулж ирж байгаа. Үүнд, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гаргана. Үндсэн хуулийн цэц нь УИХ, түүний нийт гишүүний 1/10-ээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УДШ, ХЭҮК, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна гэсэн заалт төсөлд бий.

Иргэд, хуульчид Цэцийн шийдвэр үйл ажиллагаанд янз бүрийн байр сууринаас л ханддаг, бас шүүмжилдэг. Монгол Улсын Цэцийн тухай хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуультай л холбоотой шүү дээ. Дээрх хоёр хуулийг сайжруулах үүрэг нь УИХ-д өгөгдсөн. Гэтэл дээрхи хуулиа сайжруулах талаар ямар ч санаачилгагүй ажиллаж ирчихээд одоо иргэний үндсэн эрхийг ҮХЦ-ээр шийдвэрлүүлдэг болох гэж байгаа гэх юм. Гэтэл одоогоор тэрхүү Үндсэн эрхийг хамгаалдаг тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх талаар ямар ч бэлтгэл ажил хийгдээгүй байна. Хууль нь алга байна. Захиргааны хэргийн шүүх байгуулагдахын өмнө маш их бэлтгэл ажил хийгдэж байсныг санаж байна. Харин Цэцээр иргэний үндсэн эрхийг шийдвэрлүүлэх боллоо гэхэд түүнээс илүү бэлтгэл ажил хийгдэхийг шаардах нь ойлгомжтой. Учир нь гурван шатны шүүхээр яваад эрх нь сэргээгдээгүй иргэд л Цэцэд хандаж таарна. Цэц энэ тохиолдолд гурван шатны шүүхийн шийдвэрийг ямар нөхцөлд, ямар хүрээнд гомдлыг шийдвэрлэх вэ гээд маш нарийн процесс байж таарна. Нөгөө талаас шүүх эрх мэдлийн хүчийг тарамдах бий гэх болгоомжлол их байна. Ийм нөхцөлд гоё үгээр малгай хийн иргэдээ төөрөгдүүлэх хэрэг байна уу даа гэж харж байна. Энэхүү заалтыг орууллаа гэхэд хэрэгжих боломжгүй нь нийтэд илэрхий тул хэрэгжилтийн хугацааг хойш нь тавьж таарна. Тэгэхээр хэрэгжих боломжгүй зохицуулатыг Журмын тухай хууль зөрчин байж оруулах ямар ч шаардлага байхгүй.

-Одоогийн хуулийн хүрээ нь ямар үр дагавартай байгаа юм бэ, практик дээр?

-Одоогийн хуулийн хүрээнд иргэн хүн Цэцэд мэдээлэл гаргадаг нь иргэдэд байгаа том эрх юм. Бидний сайн мэдэх иргэн Ламжав гуай иргэнийхээ хувьд Цэцэд олон удаа мэдээлэл гаргасан. Энэ бол иргэдийн УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа манай улсад бий болсон сайн жишиг. Харин одоогийн оруулж ирж байгаа хуулийн төслөөр иргэний Цэцэд мэдээлэл гаргадаг эрхийг нь хассан байна. Энэ бол УИХ-аас иргэний хяналтыг холдуулсан буюу УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд иргэд бус зөвхөн төрийн байгууллагууд л ханддаг байх зохицуулалт юм. Манай улсын түүхэнд УИХ-аас гаргасан хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл гаргадаг соёл тогтсон. Энэ соёлыг улстөрчдөөс хамааралтай Цэцийн шийдвэртэй холбож тайлбарлах эрх хэнд ч байхгүй. Харин Цэцийн гишүүн хэн байх вэ гэдэг хуулиа л УИХ батлах хэрэгтэй байх. Иргэний гаргасан мэдээллээс айх бус, Цэцийн гишүүдээ л зөв, шударгаар томилох тогтолцоог бий болгох хэрэгтэй.

-УИХ-ын гишүүдийн тоон дээр нэлээд анхаарал татаж байгаа. Нэг ёсондоо өнөөдрийн 76 гишүүнийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдлаар хуулийн төсөлд тусгасан. Энэ нь зөв үү?

-Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “УИХ нь нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж заасан бөгөөд энэхүү заалтыг “УИХ нь нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн далан зургааг можаритор, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” гэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хуульд тусгаж байгаагүй бөгөөд Үндсэн хуульд заавал тусгаад байх шаардлага байхгүй. МАН болон АН-аас өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр ч пропорциональ тогтолцоог оруулсан байдаг. Улс төрийн намууд төдийгүй, сонгогчид пропорциональ тогтолцоогоор Сонгуулийн хууль батлахыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ оруулахгүйгээр одоогийн түвшинд органик хуулиар шийдвэрлэгдсэн асуудал. Харин УИХ-ын тооны хувьд өмнө нь огт яригдаж байгаагүй асуудал биш юм. Яригдаж байсан боловч 2019 оны ҮХНӨ-ийн үед ч өөрчлөлт оруулаагүй болно. Өөрөөр хэлбэл, 152 гэдэг тоотой байх тухай бол бүр яригдаж байгаагүй асуудлыг Зөвлөлдөх санал асуулгын 1538 иргэн шийдчихлээ гэж болохгүй л дээ.

УИХ-ын гишүүний нэг хүнд ногдох нөлөөлөл их байна гэх зүйл их ярьж бичих болж. Үгүйсгэхгүй ч бодитой факт байна уу. Одоогийн нөхцөл байдалд УИХ, Засгийн газраас эрдэмтэд, иргэдээ сонсож байгаа бодит байдал харагдахгүй л байна. Наад зах нь хүний эрхийн зөрчил дагуулаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа өөрчлөлт оруулмаар байна. Энэ талаар нь Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүртэл яриад эхэлсэн. Авлига болон ардчилал, хүний эрхийн индексээрээ жил бүр л байр ухарч байна. Хуулийн салбарын хувьд тогтолцоогоо сайжруулъя гэвэл хамгийн түрүүн ХЗДХЯ-аа Дотоод хэргийн асуудал хариуцсан яам, Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан яам болгон салгамаар байгаа юм. Тэгэхгүйгээр наад зах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэзээ ч хүний эрхийг хамгаалах чиглэлд дорвитой өөрчлөлт орохгүй гэдэг нь тодорхой байна.

-Хууль шүүхийн байгууллагад ямар өөрчлөлт хэрэгтэй вэ?

-Прокурорын байгууллагын хэт төвлөрсөн тогтолцоог халмаар байна. Шүүгчийн тусгай санал бичих эрхийг нээж өгмөөр байна. Улсын дээд шүүхэд гомдол хэлэлцүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулмаар байна. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал, хүний нөөцийн бодлогоо улсын төсөвтэй хүний эрхийн мэдрэмжтэйгээр уяж өгмөөр байгаа юм. УИХ-ын хувьд ядаж л УИХ-ын Ёс зүйн дүрмээ батлаад, гишүүддээ хариуцлага тооцож сурмаар байна. Улс төрийн намууд гишүүддээ хариуцлага тооцож сурмаар байна.

Дүгнэж хэлэхэд эрх баригчид УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох гэсэн үндэслэлгүй санаархлынхаа хажуугаар иргэдэд таалагдах хэдэн зүйл заалт хавчуулан оруулж ирж л гэж харж байна. Үндсэн хуулиа уландаа гишгэн байж ийм зохицуулалт оруулж ирмээргүй байна. Хуулиа нэг мөр ойлгоод, мөрдөөд явахад УИХ, Засгийн газар өөрөө үлгэр болооч гэмээр байна. УИХ гишүүдэд хангалттай эрх мэдэл байгаа. Өөрсдийн Ёс зүйн дүрмээ батлаад амь оруулаад, Дэгийн тухай хуулиа батлаад Байнгын хорооны хуралдааны чанараа сайжруулаад явах боломж байж л байгаа шүү дээ. Тэгвэл чанартай хууль гарч л таарна. Өөрсдөө хуралдаа ирэхгүй, ирэхгүй байгаа гишүүндээ олигтойхон хариуцлага тооцож чадахгүй байгаагаа Үндсэн хууль руу чихмээргүй байна. Парламентын гишүүдээ төлөвшүүлж чадаагүй, иргэдийн итгэлийг улам алдсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон ч сонгогчдоосоо уучлал хүсдэггүй, задарсан парламентын гишүүдийн тоог шууд 152 болгох үндэслэл бүхий Хуулийн процессын ажиллагаа явагдаагүй тул хуульчийн хувьд боломжгүй байна гэж үзэж байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Даваадорж: Ил болгоогүй оффтэйк гэрээнүүдийн ард жинхэнэ хулгай нуугдаж байгаа DNN.mn

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой нүүрсний асуудлаар яригдлаа.


-Нүүрсний салбар манайд бол нэлээд хөдөлгөөнтэй, үйл явдал өрнүүн байна. Олон улсын зах зээл дээр үнэ ханшийн мэдээлэл ямар прогнозтой байгаа талаар та товч мэдээлэл сонирхуулаач?

-Монгол уул уурхайн орон. Манай эдийн засгийг зэс ба нүүрс гэсэн бүтээгдэхүүн тодорхойлдог гэж хэлж болно. Нүүрс манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэртээ 2000 онд хэн ч төсөөлж байгаагүй биз. Хэрэв 2000 оны статистикийг сөхөж үзвэл манай улс зэсийн баяжмал 160 сая ам.доллар, харин нүүрсний 4200-хан ам.долларын экспорт хийж байж. Тэр үед төсвийн нийт орлого ердөө 343 тэрбум төгрөг байлаа. Тэгвэл 2007 онд зэсийн баяжмалаа 811 сая ам.доллараар, 2010 онд нүүрсээ 849 сая ам.доллараар борлуулж эхэлсэн тэр үеэс манай улсын эдийн засгийг энэ хоёр эрдэс бүтээгдэхүүн тодорхойлж эхэлсэн.

Өнөөдөр бидний гаднаас олдог 10 ам.доллар тутмын есөн ам.долларыг түүхий эдээс, тэр дотроо бараг найман ам.долларыг зөвхөн зэс, нүүрснээс олж байна. Хэрэв зэс, нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдвэл манай уул уурхайн салбар сэргэж улмаар тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбаруудаа тэтгэж сэргээнэ. Харин ханш унаад эхэлбэл эдийн засаг нь тэр даруйдаа хямардаг эмзэг эдийн засагтай орон юм.

Олон арван жилийн турш нүүрс нь дэлхийн олон улсад найдвартай эрчим хүчний эх үүсвэр болж ирсэн. Нүүрс нь олборлоход харьцангуй хямд, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд үр ашигтай, дэлхийн өнцөг булан бүрд олборлох боломжтой зэрэг олон давуу талтай. Дэлхий дээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт өсч байна.

Урьдчилан таамаглаж байгаагаар 20 жилийн дараа дэлхийн эрчим хүчний хэрэглээ өнөөдрийнхөөс бараг 60 хувиар өсч, нүүрс нь түүний гол эх үүсвэр хэвээр байх болно. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 30 жилийн дараа олон улсын нүүрсний худалдааны хэмжээ өнөөдрийнхөөс бараг 1.5 дахин нэмэгдэж, худалдааны урсгал Ази руу шилжинэ. Тэгэхээр ойрын жилүүдэд нүүрсний худалдаа огцом буурахгүй. Ковидтой жилүүдэд 600 ам.доллар хүрсэн нүүрсний үнэ одоо буурч байгаа.

-Манай хоёр хөршийн хоорондын нүүрсний экспорт нэлээд эрчимжиж байгаа гэв үү?

-ОХУ-аас БНХАУ-д хийсэн нүүрсний экспорт өнгөрсөн 2022 онд 2021 онтой харьцуулахад 11.2 хувиар нэмэгдэж, 59.52 сая тоннд хүрчээ. ОХУ 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нүүрсний экспортоо 1.5-2 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2023 оны эхний хоёр сард ОХУ-ын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг есөн хувиар нэмэгдэж, 33.7 сая тоннд хүрчээ. Бээжин 2020 онд Австралиас нүүрс импортлох албан бус хоригоо зөөлрүүлж байгааг “China Energy Invest­ment” Corp. Австралийн нүүрс импортлох захиалга өгсөн мэдээллээс анзаарч болно. Өөрөөр хэлбэл, нүүрсний худалдааны өрсөлдөөн ширүүсэх хандлага ажиглагдаж байна.

-Тэгвэл манай дотоодын нүүрсний экспорт хэр явж байна вэ?

-Дотоодын экспорт маш сайн байгаа мэдээ байна. Эхний улирлын статистик үзүүлэлтээр 14 сая тн нүүрс экспортолсон нь 2021 оны нийт дүнд ойртохоор байна. Борлуулалтын үнийн дүн нь 2.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хурдаараа явбал энэ жил нүүрсний экспортоос түүхэн өндөр орлого олох нь. Нүүрсийг биржээр худалдаалж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Мөн нүүрсний хулгайн асуудал сөхөгдөж илэрсэн нь нүүрсний экспортын орлого нэмэгдэх бас нэг шалтгаан болсон байх. Гэхдээ оффтэйк гэрээнүүдэд төлөх данхар үнийн дүн хэвээрээ л байгаа шүү дээ. Нүүрсний хулгайн хэрэг гарсантай холбоотой энэ төлбөрүүдээ түр хойш тавьсан байх.

-Нүүрсийг биржээр худалдаалах шинэ зохицуулалтыг туршиж эхэлсэн. Нэлээд үр дүнтэй байгаа талаар албаныхан тэмдэглэж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би дэмжиж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр эдийн засагт ч эерэг үзүүлэлтүүд бий болоод байна. Одоогоор нийт гаргаж буй нүүрснийхээ 10-15 хувийг л биржээр арилжиж байгаа. Энэ хэмжээ цаашид өсөх нь гарцаагүй. Аливаа шинээр эхлүүлж буй ажилд эерэг сөрөг үр дагавар гарах нь дамжиггүй. Уул уурхайн бирж нь худалдагч, худалдан авагчийг цуглуулаад нээлттэй дуудлага худалдаагаар бараа бүтээгдэхүүнээ арилжих л явдал шүү дээ.

-Нүүрсний уурхайн аман дээрх үнэ 100 ам.доллар гэж байгаа. Биржийн худалдаа 170-180 ам.доллараар нүүрсийг зарж байгаа гэх. Гэвч биржийн үнэ нь уурхайн аман дээрээс авах үнэ үү, Хятад руу хил рүү оруулах үнэ үү. Хэрэв Хятад руу оруулах үнэ юм бол зардалтайгаа аман дээрх үнээс дээрдэхгүй биш үү?

-Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 10 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрчихлээ. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-70 ам.доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засаг тодорхой хэмжээнд ил болж байгаа хэрэг. Үүнийг элдвээр эсэргүүцэж буруу зөрүүтэй тайлбарлах хүмүүс ч байгаа байх. Мэдээж өмнө нь хараа хяналтгүй урсаж байсан байгалийн баялаг ядахдаа бүртгэлтэй болж байгаа нь том амжилт. Нөгөө талдаа, АМНАТ, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх эерэг үр дүн гарна. Хамгийн гол нь биржийн худалдаанд үйлдвэрлэгчид ба эцсийн хэрэглэгчид оролцдогоороо онцлог. Бид уурхайн амнаас худалдаа хийх нэрээр олон жил алдагдалтай ажилласан. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн хоёр жил коксжих нүүрс 400-600 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Гэвч бид аман дээрээс нь 60 ам.доллараар зарж байсан. Эдийн засгаа сэргээж ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх сайхан боломжоо алдсан нь харамсалтай.

-Эрдэнэс Таван толгойн ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ногдол ашиг тараах асуудал яригдаад хойшлогдлоо. Олон нийт нэлээд бухимдалтай байх шиг байна. Хэр зөв алхам болчихов оо?

-Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан. Гэвч одоогоор Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр энэ хувьцааны бичилт хийсэн төдий байна. Эдгээр хувьцаа дотоодын зах зээл дээр хараахан арилжаалагдаж эхлээгүй байгаа учир өвлөх, шилжүүлэх, бэлэглэх, зарах, болон худалдан авах эрхүүд хаалттай байгаа нь иргэдийг хувьцаа эзэмшигч гэж ойлгох боломжгүй байдалд хүргэж байгаа юм.

2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газар иргэдийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүчнүүд санал авах зорилгоор бэлэн мөнгөөр хувьцааг нь эргүүлэн худалдаж авч байв. Одоо тус компанийн нийт хувьцааны 14.7 хувь нь иргэдийн мэдэлд, 85.5 хувь нь Засгийн газрын, 0.05 хувь нь аж ахуйн нэгжүүдэд оногдож байна. 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авсан иргэдийн хувьцаа 750 ширхэг болсон. Ер нь Засгийн газар иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан тооцоо байна. Үе үеийн эрх баригч хүчин УИХ-ын сонгуулийн өмнө иргэдийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлье гэж бодож байвал “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хуулийн дагуу хүртээх л ёстой.

-Нүүрсний хулгайн хэрэг гэж том хэрэг мандсан. Улстөрчдөөс эхлээд төрийн бүхий л шатны хүмүүс холбогдож, хуулийнхан шалгаж байна. Нүүрсний сонсгол нэг бус удаа хойшиллоо. Нүүрсний сонсголоор нэлээд зүйл тодорхой болох байх. Яагаад ингэж хойшлогдоод байна вэ?

-Яаж хэрхэн мандсан түүхийг нь хэлж өгье. Өнгөрсөн оны 10 сарын статистик үзүүлэлтээр нүүрсний борлуулалтаас таван тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийсэн мэдээ ҮСХ гаргасан. Гэвч 2022 оны есдүгээр сард манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбумаас 2.6 тэрбум болтол буурч, валютын олдоц эрс багаслаа. Бүтэн жилийн хугацаанд ам.долларын ханш 20 хувиар чангарчихсан. Гэтэл 2019 оны нийт нүүрсний борлуулалт гурван тэрбум ам.доллар байхад ханш хэвийн байсан төдийгүй валютын нөөц дөрвөн тэрбумд дөхөж байсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн есдүгээр сар хүртэл манай зах зээлд их хэмжээний валют орж ирсэн нь үнэн үү гэдэг асуудал сөхөгдсөн хэрэг. Үүнд ОУВС анх хариу өгсөн байдаг.

2022 оны есдүгээр сард ОУВС-ын гаргасан тайланд “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан тул Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай” гэж анхны албан ёсны “шүгэл” үлээсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын нүүрсний борлуулалтын хэмжээтэй дүйцэхүйц валют манай зах зээлд орж ирээгүй учраас гадаад валютын ханш өсч, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний үнэ “тэнгэрт” хадсан учир шалтгааныг цүл пал хийтэл нь шууд хэлчихсэн юм. Иймээс эрх баригчид хүссэн ч эс хүссэн ч “нүүрсний хулгай”-н асуудлыг сөхөхөөс өөр арга байсангүй. Гадаад валютын ханшийн савалгаа, бүтэн жилийн өндөр инфляцид нэрвэгдэж олон компани хаалгаа барьж, иргэдийн амьдрал хүндэрсэн үед асар их хэмжээний мөнгөн дүнтэй ноцтой асуудлыг хав дараад өнгөрөх боломж үнэндээ байсангүй.

Тэгэхээр эндээс харвал, нүүрсний хулгайг эрх баригчид сөхсөн юм биш. Харин энэ олон оффтэйк гэрээний ард жинхэнэ хулгай нуугдаж байгаа. Өнөө хүртэл зарим гэрээ хав дараастай байна. Үүнийг эрх баригчдаас хараат хууль хяналтынхан илрүүлж чадахгүй. ЖДҮ санг дээрэмдсэн загвараар цөөн хэдэн хүнд ял оноосон болоод өнгөрнө. “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал” гэж нэг ухаантан хэлсэн байдаг. Гэхдээ Монголын ард түмний сонорт хүрсэн энэ хэрэг түүхэн тодорхой хугацааны дараа шийдэгдэх нь гарцаагүй.

-Нүүрсний сонсголыг хойшлуулах шалтгаан АТГ-аас үүдэлтэй гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ улс төртэй холбоотой гэж хардах хэсэг байгаа?

-Өнөөдөр Монгол Улсыг тамирдуулж, ард иргэдийн амьдралыг туйлдуулж байгаа гамшиг бол төрийн өмч дээр суурилсан авлигал, хулгай, луйвар юм. Энэ нь ЖДҮ зээлийг эрх баригчид хуваан хүртэхээс эхтэй, Газрын, Концессын, Хөгжлийн банкны, Төсвийн, Эрдэнэтийн, Нүүрсний, Төмөр замын, Тээврийн гэх мэт дуулиант хэргүүдээс харж болно. Сөрөг хүчингүй шахам, хэвлэл мэдээллийн бүх сувгуудыг “хулгайн” мөнгөөрөө угжсан эрх баригчид гэмт үйлдэл хийхдээ хэнээс ч, юунаас ч айхаа больсон нь өнөөгийн бодит гашуун төрх. Олон нийт төрийн оролцоотой дээрх гэмт хэргүүдийн шийдлийг нэн анхааралтай ажиглаж байна. Засгийн газар хийх ёстой ажлаа хийхгүй хууль хүчний байгууллагын дүрд тоглож байгааг ч хүн бүр харж байгаа байх. Засгийн хийх ёстой үнийн өсөлтийг хазаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах зэрэг өөрсдийн хийх ёстой ажилдаа хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Г.Эрдэнэбат: Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яаж шийдсэн шиг нүүрсний хэрэг тэгж л явна DNN.mn


C.Зоригийг хөнөөсөн хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй байсан гэж зарлаж байгаа хүмүүс тэднийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй


Хуульч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Засгийн газраас авлигын эсрэг томоохон акц болох “5Ш” ажиллагааг эхлүүлээд байна. Шувуу, шилжүүлэн авах зэрэг нь олны анхаарлыг татаж байгаа. Энэ ажиллагаануудын үр дүнг та хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-НҮБ-ын Авлигын эсрэг конвенциор хүлээсэн үүргийн хүрээнд маш олон ажиллагааг Засгийн газар хийх ёстой байдаг. “5Ш” гэх нэр томьёо нь үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэхийн тулд хийж байгаа пи-арын шинжтэй байх л даа. Гэхдээ үүний цаана хийж байгаа Шүгэл, Шүүр, Шувуу, Шилэн гэх мэт ажиллагаа бол дээрх конвенцийн хүрээнд улс гүрнүүдийн хийхийг шаарддаг л ажил. Монголын нийгэмд тулгамдчихсан, тартагтаа тулчихсан авлигын нөхцөл байдлыг засахын тулд эдгээр ажлыг хийх ёстой. Энэ талаасаа сайшаалтай. Ялангуяа хүмүүсийн анхаарлыг татаад байгаа гадаадад гарч, оргон зайлсан, зугтаасан хүмүүсийг илрүүлж тогтоогоод, шилжүүлж авчрах нь зөв зүйтэй ажил. “Шүүр” ажиллагаагаар гэхэд төрийн байгууллагуудад хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй байгаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь мөн л олон улсын конвенциор хүлээсэн үүрэг.

Эдгээр ажлыг тодорхой хэмжээгээр өмнө нь хийж ирсэн. Манайхан зовлонтой нь, ямарваа нэгэн үйл явдлыг “Бид өнөөдөр л хамгийн анх хийж байна” гэж ялангуяа улстөрчид яриад байдаг, түүнийг олон нийт ч “Хамгийн анх хийж байгаа юм байна” гэж бодоод байдаг нь харамсалтай.

Хууль ёсны орлогоосоо давсан хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээлгэдгийг 2015 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаад хэрэгжээд явж ирсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ангиар цөөнгүй тооны хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн удаатай. Харин энэ хүрээнд төрийн албанд шургалчихсан илүү орон тоотой албан тушаалтнуудыг цөөлж, чөлөөлж байгаа нь шинэ ажил байж магадгүй.

Ингээд харвал агуулгын хувьд зөв санаачилга ч жаахан гажуудал харагдаж байгаа л даа. Хууль зүйн сайд нь хууль сахиулагчийн ажил хийгээд, гадаадад гэмт хэрэгт шалгагдаж сэрдэгдэж байгаа хүнийг яриад байдаг албан харилцааны дүрэм журам, хууль байхгүй. Засгийн газраас хийж байгаа ажлаа олны анхааралд өртүүлэхийн тулд олон нийтэд таалагдах гэсэн зорилготой байж болно. Гэвч нөгөө талаас төрийн албаныхаа дэг жаяг, ёс журмыг зөрчиж, үүнээсээ дараа нь хортой үр дагавар үүсгэж болзошгүй.

-Т.Бадамжунайг гадаадаас сүр дуулиантай шилжүүлэн авлаа. н.Удаанжаргалыг авчрах гэж байна, тэнд энд байна хэмээн нэг бус зарлаж байгаа. Энэ нь хэр зөв үйлдэл юм бэ. Хуулийнхан ингэж ажиллаж болдог хэрэг үү?

-Гэмт этгээдийг шилжүүлэн авах гэж нэрлэдэг хуулийн ажил бий. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд шийддэг, нэг улс нөгөөд нь шилжүүлж өгдөг нарийн зохицуулалттай ажиллагаа байдаг. Jurisdiction гэж нэрлэдэг. Аливаа улсын нутаг дэвсгэр дээр өөр нэг улс хуулийн ажиллагаа хийгээд байж болдоггүй. Нэг улсын нутаг дэвсгэр дээр өөр нэг улсын төр засаг эрх мэдлээ хэрэгжүүлж болохгүй. Тэнд тусгаар тогтносон бүрэн эрхэт улс байгаа. АНУ-ын нутаг дэвсгэр дээр Монголын цагдаа буу шийдэм тачигнуулаад, хүн гавлаад яваад байж болохгүй биз дээ. Тэр улс өөрийн гэсэн хуультай, цагдаатай. Энэ процессыг зөрчихийг хууль ёс нь тогтчихсон улс орон хэзээ ч зөвшөөрдөггүй.

Та санаж байгаа бол манайд холгүй, хэдэн жилийн өмнө манай хуулийн нэг ажилтан гадаад улсаас хүн аваад ирлээ гээд л шуугьсан. Тэр улсынх нь хуулийг зөрчсөн, тэр гэмт хэрэгтэн хууль сахиулагчийг буруу зүйл хийлээ гэж буруутгасан. Нэг ёсондоо манай улсыг бүхэлд нь буруутгасан. Тэр хүн ч бас чамгүй хугацаагаар гадаад улсын шоронд хоригдож байгаад ирсэн тохиолдол байгаа. Ийм байтал сая бас л түүхээ давтаж байгаа юм шиг Хууль зүйн сайд гадаад улсад хуулийн ажил хийж байгаад хүн бариад аваад ирсэн юм шиг л яриад яваад байна. Өмнөх алдааг дахиж давтаагүй байлгүй дээ. Олон нийтэд таалагдах зорилгоор ойлголт төрүүлсэн байх гэж залбирч байна.

Яахав, хүндрэл маш их байдаг. Нөгөө улс нэгд, манай хоёр улс хоорондоо гэмт этгээдээ шилжүүлж өгье. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлье гэж гэрээ байгуулчихсан бол нэг хэрэг. Гэрээ байгуулаагүй газарт Авлигын эсрэг конвенциор заачихсан ч гэсэн нөгөө улс нь үүн дээр маш болгоомжтой ханддаг. Тэгэхээр гэмт этгээдийг шилжүүлэн авах ажиллагаанд хүндрэл учирч байгаа байх. Учирдаг ч байсан. Харин хэн нэгэн хүнийг одоо тэр улсад байна, тэндээс очоод бариад аваад ирэх гэтэл яваад өглөө, өөр улс руу зугтаачихлаа гэж олон нийтэд зарлаад байдаг бол арай дэндүү инээдэмтэй, эмгэнэлтэй. Энгийнээр хэлэхэд, хүн мөрдөж байгаа бол “Би чамайг энэ өрөөнд хайлаа шүү”, “За чи энэ өрөөнд алга, одоо би тэр өрөө рүү орж хайлаа шүү” гээд нуугдаж тоглобол хэн олдох вэ дээ. Арай манай хууль сахиулах байгууллага энэ бүгдийг хийгээгүй байлгүй дээ гэж дотроо горьдож сууна.

-Авлигын хэргийн ял шийтгэлийн асуудал урт хугацаанд хөндөгдөж байгаа. Засгийн газрын энэ ажиллагааны хүрээнд ч яригддаг. Авлига хээл хахуулийн хэрэгт хатуу ял оноох ёстой гэдэгтэй та санал нийлдэг үү?

-Би энэ салбарын хүний хувьд, бүх хүн намайг буруутгасан ч хамаагүй үнэн бөгөөд бодит байдлыг хэлэх ёстой гэж бодож байна. Мэргэжлийн үүрэг ч юм. Бид авлигатай тэмцэх нь чухал, авлигын гэмт хэрэгт хатуу хариуцлага хүлээлгэх ёстой хэдий ч арай дэндүү туйлширч, байна. Хэтэрхий хөөрцөглөж, сүржигнэж байна.

Хамаагүй ээ, авлигын гэмт хэргийг хатуу ял шийтгэлээ гэж бодъё. Тэглээ гээд авлига буурахгүй. Хүн хатуу ял шийтгэлээс айдаг байсан бол хүн төрөлхтний түүхийн хамгийн зэрлэг үе гэж яригддаг дундад зууны үед бараг худалч хүнд бүх гэмт хэрэг цаазаар авах ялтай байсан юм шүү. Тэглээ гээд гэмт хэрэг буураагүй, улам л галзуурсан. Үүнээс нэгд, аливаа зүйл өөрт нь тохирсон ял шийтгэлтэй байх хэрэгтэй юм байна гэж хүн төрөлхтөн ойлгосон. Хоёрт, ял шийтгэлээр айлгаад гэмт хэргийг таслан зогсоодоггүй юм байна. Харин тэр гэмт хэрэг гарах учир шалтгааныг арилгах ёстой юм байна гэдгийг ойлгоод, хүлээн зөвшөөрчихсөн.

Бид өнөөдөр авлигын гэмт хэрэг үйлдсэн хүнийг хатуу ширүүн шийтгэх гэхээс илүү авлигад автах, авлига хээл хахууль авах, өөртөө давуу байдал олгох боломжгүй эрх зүйн орчин, тийм л нийгмийн хяналттай орчныг бүрдүүлэх ёстой юм. Үүнийгээ хийхгүй, бүх юмыг зөнд нь хаячихаад төгсгөлд нь авлига авсан хүнийг маш хатуу шийтгээд байя гэдэг бол олон нийтийн уур хилэнгээр наадаж байгаа л хэрэг. Олон нийтийг бухимдуулж байгаа нь үнэн. Хаа сайгүй өчнөөн олон тэрбумаар нь идчихсэн, уучихсан, ашиглачихсан. Төгрөг байтугай долларыг сая, тэрбумаар тоологдох хэмжээнд идэж уучихсан байгаа учраас иргэд бухимдалгүй яахав дээ. Ерөөсөө энэ муу хүн юм чинь гайхалтай хатуу шийтгээд өгье, тэгэхээр л шударга ёс тогтчихож байгаа юм гэж ард түмнээс худлаа оноо авч, тэднийг зориуд хуурч болохгүй. Ингэлээ гээд нөгөө хэрэгтэн нь “Би айхтар шийтгүүлэх нь, больё” гэхээс илүү ямар ч хүн их, бага ямар ч гэмт хэрэг дээр “Баригдахгүй дээ” гэж л үйлддэг. Тэгээд өөрт нь боломж байхаар хийчихдэг.

-Ямар боломж?

-Бид өнөөдөр бараг Монгол Улсын баялгийнхаа 90 гаруй хувийг төр нь захиран зарцуулна. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж байна, төрийн өмчит компани гэж байна. Тэр нь ажил хэрэг, бизнес, баялгийг захиран зарцуулна гээд шийдвэр гаргаад, хууль баталчихсан. Монгол Улсын уул уурхайн баялгийн 90 хувийг төрийн өмчит газар эзэмшээд, хамгийн ашигтай, унацтай бизнесийг төрийн өмчит компани хийж байгаа энэ тохиолдолд авлига буурахгүй. Жишээ нь, төмөр замд томилгоог төр хийдэг л бол тэнд байгаа хүн албан тушаалаа ашиглаж, бусдыг хясан боогдуулж төмөр замын үйлчилгээгээ авлигаар л борлуулна. Тэгэхээр бид худлаа олон нийтийн уур хилэнд зориулж, “Аа, үүнийг хийсэн хүнийг хатуу шийтгэнэ” гэдэг. Тэгээд хэнийг шийтгэсэн юм бэ. Үзүүрт нь баригдсан нэг, хоёрхон хүнийг шийтгэж байгаа болохоос цаад хэргийн эзэн хаана байна. Тэд баригдахгүй. Тэгэхээр энэ бол зүгээр жүжиг. Ингэж олон түмний уур хилэнгээр хамаагүй наадаж болохгүй. Галаар тоглож байгаа хэрэг шүү.

-Шүүх эрх мэдэл, шүүх засаглал хүчгүй байх нь улстөрчдөд ашигтай. Өнөөдөр тийм л нөхцөл байдал өрнөж байна. Бүр “Шүүхийг нүд цавчилгүй харж байна” гэж улстөрчид удаа дараа мэдэгддэг боллоо. Энэ эрүүл үзэгдэл үү?

-Энэ бол хамгийн айхтар тулгамдсан асуудал болчихлоо. Эрээ цээргүйгээр, шүүх ингэж л шийдвэл шударга, үүнээс өөрөөр шийдвэл шударга бус гэдэг захиалга өгдөг улс төрийн нөлөө гээч юмыг үүсгэж эхэлж байна. Би ч үүнийг өөрийн биеэр туулсан. Шүүхийн гадна жагсдаг. Хэвлэл мэдээллээр тодорхой хүний эсрэг зохион байгуулалттай акц явуулаад тэр мэдээнийх нь агуулга зорилгоос өөрөөр хэрэг шийдэгдвэл шүүгч шударга бусад тооцогддог хандлага хэзээ ч байж болохгүй. Үүнд нэг талаар манай шүүхийн өөрсдийнх нь алдаа бий. Шударгаар шийдэж чадахгүй, нөлөөнд автаж шийддэг явдал байснаас болоод хүмүүс шүүхэд итгэхээ больчихсон. Одоо шүүхийн шийдвэрт хүмүүс эргэлзэж хүлээж аваад эхлэнгүүт улс төрийн нөлөө түүн дээр нь дөрөөлж, шүүх энэ хэргийг шударгаар шийдэхгүй бол бид хариуцлага тооцно. Таны сая хэлдэгчлэн “Нүд цавчихгүй ажиглана” гэх байдлаар сүрдүүлж байгаад хүссэн шийдвэрээ гаргуулах гээд байдаг болчихлоо. Бид үүнийг даруй зогсоох хэрэгтэй. Хамгийн гол шударга ёсны шалгуур бол шүүх. Шүүх шийдсэний дараа шүүхийг шүүж болохгүй.

-Шүүх, шүүгчид зоригтой байх хэрэгтэй юм биш үү. Сүүлд энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдлаа гэсэн. Дараа нь үгүйсгээд уналаа?

-Энэ нь хувь хүний хүчин зүйлээс хамаарах ёсгүй. Шүүгч ямар ч хүн байж болно. Гол нь шүүхийн тогтолцоо нь хараат бус байх ёстой. Шүүх эрх мэдэл, шүүх засаглал таны хэлдгээр айхгүй байх ёстой буюу хараат бус байх ёстой. Өнөөдөр хэн нэгэн шүүгч “Би үүнийг ингээд шийдчихээр намайг ажлаас халчих болов уу, намайг буруутгах болов уу” гэдэг айдасгүй байх ёстой.

-Тийм айдас байна уу?

-Яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүд цавчилгүй, анхааралтай ажиглаж байна гээд байгаа юм бэ. Өмнө нь шүүхийг анхааралтай, нүд цавчилгүй харсаар хүссэн шийдвэрээ гаргуулчихсан учраас, амжилттай болсон мэх байвал түүнийгээ дахиад хийж үзнэ биз дээ.

Нөгөө талаар тэр шүүх шийдвэрээ гаргахаар шүүхийг өөрчлөх, ялангуяа шүүхийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх боломж хуулиараа, бодит байдлаараа байгаа юм. Шүүхэд хараат бус эрх зүйн орчин нөхцөл нь дутмаг байна. Ашгүй үнэн юм бол, ШЕЗ үнэхээр Ерөнхий сайд шүүхийн хараат бус байдалд халдаж байна гэж санал дүгнэлт гаргаж, холбогдох албан тушаалтан руу хандаж байгаа бол маш сайн хэрэг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг.

-Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Анхаарал татаж байгаа асуудлууд гэвэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг шүүх шүүж байгаа нь буруу тогтолцоо гэж шүүгдэгчид хэлсээр байх юм. Тэглээ гээд бас шүүхгүй гэсэн үг биш биз дээ?

-Хөгжлийн банкны нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. Хөндлөнгийн байр сууринаас харахад анхаармаар хоёр асуудал харагдаж байгаа. Нэгд, та сая хэллээ. Хөгжлийн банкин дээр Засгийн газрын шийдвэр буруу, зөв гарсан гэж ярьж байгаа тухай. Гэмт хэрэг гэдэг бол тодорхой хүний үйлдэл байдаг. Засгийн газар гэдэг хүн биш, хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Засгийн газрын юм уу, эсвэл Ерөнхий сайд юм уу тодорхой албан тушаалтныг шүүж болох уу гэвэл болно. Гэхдээ хэн нэгэн хүнд давуу байдал олгоод, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж гаргуулаад энэ хүн, энэ компанид зээл олго, зээлийн баталгаа гаргаж өг гэж шийдвэр гаргасан бол ярих юм алга. Гэтэл Хөгжлийн банкны зээлийн асуудлаар хэнд ч байсан зээл гаргахдаа ингэж ажиллаарай гэж шийдвэр гаргасан бол, тэр нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд явсан бол ийм хамтын шийдвэрийн төлөө, бүх хүнд хамаатай асуудлаар гаргасан шийдвэрээр хэн нэгнийг буруутгана гэдэг бол утгагүй зүйл. Би дутуу бөгөөд буруу ойлгосон байж болно. Засгийн газрын тодорхой албан тушаалтныг буруутгахдаа нийтэд нь асуудлыг шийдсэн шийдвэрийг л яриад байх шиг харагдсан. Ийм гэмт хэргийн тухай ойлголт байхгүй.

-Хоёр дахь нь?

-Яагаад ингэж сүр дуулиан болж театрчилсан үзүүлбэр үзүүлээд байгааг ойлгохгүй байгаа. Өмнө нь шүүхийн практикт олон холбогдогчтой хэргийг шийдэж л байсан. Ойрын жишээ гэвэл 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг байна. Хадгаламж зээлийн зарим том хоршооны хохирогчдын асуудлыг шийдсэн хэрэг байна. Ийм олон оролцогчийг нэг дор бөөгнүүлээд, телевиз радиогоор шууд нэвтрүүлээд, тэндээс хүнийг тайзан дээр микрофоны өмнө зогсоож байгаад л хэргийг шүүж байна шүү дээ. Ийм жүжигчилсэн тоглолт хэнд хэрэгтэй юм бэ. Ингэхгүй бол шударга ёс тогтохгүй гэж үзээд байгаа юм уу. Би үүнийг хардаж байгаа. Яагаад шүүн таслах ажиллагааг тогтсон журмынх нь дагуу явуулж болохгүй. Ерөөсөө Хөгжлийн банкнаас зээл авсан бүх хүнийг бөөнд нь хэрэг үүсгээд, олноор нь хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зарлаад цувуулаад л олон нийтэд сүр дуулиан болгож үзүүлж байна. Ингэснээр хэн ч үүнийг сонирхохоо болихыг хүлээж байгаа юм уу. Эсвэл зээлийн талаар гэж бүх хүнд сөрөг эсвэл эерэг ойлголт төрүүлэхийг хүсээд байгаа юм уу. Маш ойлгомжгүй.

-Магадгүй дараагийн Хөгжлийн банк шиг олон холбогдогчтой хэрэг шүүх дээр ирж болзошгүй. Тэр бол нүүрсний хэрэг. Бас л дуулиан шуугиан дагуулсан. Гэтэл нүүрсний сонсгол хойшлогдоод л сүүл рүүгээ нэлээд сураг алдарч, удааширч байна уу даа?

-Үнэнийг хэлэхэд нүүрсний хэрэг гээд яриад байгааг би цэвэр зохион байгуулалттай улс төрийн акц гэж харж байгаа. Анх төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн нүүрсийг борлуулсан, тээвэрлэсэн асуудал дээр хууль бус үйлдлүүд явагдлаа гэж зарлаад, хянан шалгах ажиллагаа эхэлсэн биз дээ. Өнөөдөр сүр дуулианы гол баатар нь нөгөө “Эрдэнэс Таван толгой” биш орон нутгийн “Таван толгой” компанийн асуудал болоод хувирчихлаа. Тодорхой тооны хүмүүс нь буруутгагдаад явж байна. Хоёуланд нь асуудал байсан юм байна гэж үзвэл нөгөө том “Таван толгой” компанийн асуудал хаачсан бэ. Нөгөө төрийн өмч хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн албан тушаалтнууд хаана байна вэ. Ерөнхий сайдын зарлаад байсан асуудал хаачив.

Та санаж байвал, гурав дөрөвхөн жилийн өмнө шүүхэд айхтар нөлөөлдөг өмгөөлөгч Баасанцогт гээд залуу байна. Энэ хүн Монголын шүүхийг атгачихаж. Баахан схем зураад, Номтойбаярыг ингэж хэлмэгдүүлнэ, С.Баяр нарыг ингэж шийдүүлнэ, Хурц нарын хэргийг ингэж шийднэ гээд долоо, найман хэргийн схем зурчихсан байж гэж хэрэг шүүхэд шилжих нь байтугай мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй үед ингэж зарласан шүү дээ. Явсаар нөгөө Баасанцогт “Биеэ үнэлэхийг зуучилсан” хэргээр ял авлаа. Нөгөө айхтар схем юу болсон бэ. Яг үүн шиг эрх бүхий албан тушаалтан “Манай Эрдэнэс Таван толгойн нүүрсийг гадаад руу зараад тэр мөнгийг завшсан айхтар ноцтой хэрэг илрүүллээ” гэж зарласан. Одоо нөгөөх маань орон нутгийн жижиг “Таван толгой” компанийн нүүрсээ дутаасан, хулгайлсан асуудал болоод хувирчихлаа. Ингэхээр би энэ хэргийг ерөөсөө эрүүгийн хэрэг гэдэг утгаар биш улсын акц гэдэг нүдээр л харж байгаа.

-Тантай ярилцсаных С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг асуухгүй өнгөрч болохгүй. Энэ хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь өнөөдөр ч дуулиан хэвээр байна. Тэднийг эрх чөлөөтэй болгоход нөлөөлсөн эрүү шүүлтийн хэргийн оролцогч гэж буруутгагдсан хүний хувьд та үүн дээр юу хэлэх вэ?

-Бодвол, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй байсан гэж зарлаж байгаа хүмүүс тэднийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй дээ.Хуульч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Засгийн газраас авлигын эсрэг томоохон акц болох “5Ш” ажиллагааг эхлүүлээд байна. Шувуу, шилжүүлэн авах зэрэг нь олны анхаарлыг татаж байгаа. Энэ ажиллагаануудын үр дүнг та хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-НҮБ-ын Авлигын эсрэг конвенциор хүлээсэн үүргийн хүрээнд маш олон ажиллагааг Засгийн газар хийх ёстой байдаг. “5Ш” гэх нэр томьёо нь үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэхийн тулд хийж байгаа пи-арын шинжтэй байх л даа. Гэхдээ үүний цаана хийж байгаа Шүгэл, Шүүр, Шувуу, Шилэн гэх мэт ажиллагаа бол дээрх конвенцийн хүрээнд улс гүрнүүдийн хийхийг шаарддаг л ажил. Монголын нийгэмд тулгамдчихсан, тартагтаа тулчихсан авлигын нөхцөл байдлыг засахын тулд эдгээр ажлыг хийх ёстой. Энэ талаасаа сайшаалтай. Ялангуяа хүмүүсийн анхаарлыг татаад байгаа гадаадад гарч, оргон зайлсан, зугтаасан хүмүүсийг илрүүлж тогтоогоод, шилжүүлж авчрах нь зөв зүйтэй ажил. “Шүүр” ажиллагаагаар гэхэд төрийн байгууллагуудад хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй байгаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь мөн л олон улсын конвенциор хүлээсэн үүрэг.

Эдгээр ажлыг тодорхой хэмжээгээр өмнө нь хийж ирсэн. Манайхан зовлонтой нь, ямарваа нэгэн үйл явдлыг “Бид өнөөдөр л хамгийн анх хийж байна” гэж ялангуяа улстөрчид яриад байдаг, түүнийг олон нийт ч “Хамгийн анх хийж байгаа юм байна” гэж бодоод байдаг нь харамсалтай.

Хууль ёсны орлогоосоо давсан хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээлгэдгийг 2015 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаад хэрэгжээд явж ирсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ангиар цөөнгүй тооны хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн удаатай. Харин энэ хүрээнд төрийн албанд шургалчихсан илүү орон тоотой албан тушаалтнуудыг цөөлж, чөлөөлж байгаа нь шинэ ажил байж магадгүй.

Ингээд харвал агуулгын хувьд зөв санаачилга ч жаахан гажуудал харагдаж байгаа л даа. Хууль зүйн сайд нь хууль сахиулагчийн ажил хийгээд, гадаадад гэмт хэрэгт шалгагдаж сэрдэгдэж байгаа хүнийг яриад байдаг албан харилцааны дүрэм журам, хууль байхгүй. Засгийн газраас хийж байгаа ажлаа олны анхааралд өртүүлэхийн тулд олон нийтэд таалагдах гэсэн зорилготой байж болно. Гэвч нөгөө талаас төрийн албаныхаа дэг жаяг, ёс журмыг зөрчиж, үүнээсээ дараа нь хортой үр дагавар үүсгэж болзошгүй.

-Т.Бадамжунайг гадаадаас сүр дуулиантай шилжүүлэн авлаа. н.Удаанжаргалыг авчрах гэж байна, тэнд энд байна хэмээн нэг бус зарлаж байгаа. Энэ нь хэр зөв үйлдэл юм бэ. Хуулийнхан ингэж ажиллаж болдог хэрэг үү?

-Гэмт этгээдийг шилжүүлэн авах гэж нэрлэдэг хуулийн ажил бий. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд шийддэг, нэг улс нөгөөд нь шилжүүлж өгдөг нарийн зохицуулалттай ажиллагаа байдаг. Jurisdiction гэж нэрлэдэг. Аливаа улсын нутаг дэвсгэр дээр өөр нэг улс хуулийн ажиллагаа хийгээд байж болдоггүй. Нэг улсын нутаг дэвсгэр дээр өөр нэг улсын төр засаг эрх мэдлээ хэрэгжүүлж болохгүй. Тэнд тусгаар тогтносон бүрэн эрхэт улс байгаа. АНУ-ын нутаг дэвсгэр дээр Монголын цагдаа буу шийдэм тачигнуулаад, хүн гавлаад яваад байж болохгүй биз дээ. Тэр улс өөрийн гэсэн хуультай, цагдаатай. Энэ процессыг зөрчихийг хууль ёс нь тогтчихсон улс орон хэзээ ч зөвшөөрдөггүй.

Та санаж байгаа бол манайд холгүй, хэдэн жилийн өмнө манай хуулийн нэг ажилтан гадаад улсаас хүн аваад ирлээ гээд л шуугьсан. Тэр улсынх нь хуулийг зөрчсөн, тэр гэмт хэрэгтэн хууль сахиулагчийг буруу зүйл хийлээ гэж буруутгасан. Нэг ёсондоо манай улсыг бүхэлд нь буруутгасан. Тэр хүн ч бас чамгүй хугацаагаар гадаад улсын шоронд хоригдож байгаад ирсэн тохиолдол байгаа. Ийм байтал сая бас л түүхээ давтаж байгаа юм шиг Хууль зүйн сайд гадаад улсад хуулийн ажил хийж байгаад хүн бариад аваад ирсэн юм шиг л яриад яваад байна. Өмнөх алдааг дахиж давтаагүй байлгүй дээ. Олон нийтэд таалагдах зорилгоор ойлголт төрүүлсэн байх гэж залбирч байна.

Яахав, хүндрэл маш их байдаг. Нөгөө улс нэгд, манай хоёр улс хоорондоо гэмт этгээдээ шилжүүлж өгье. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлье гэж гэрээ байгуулчихсан бол нэг хэрэг. Гэрээ байгуулаагүй газарт Авлигын эсрэг конвенциор заачихсан ч гэсэн нөгөө улс нь үүн дээр маш болгоомжтой ханддаг. Тэгэхээр гэмт этгээдийг шилжүүлэн авах ажиллагаанд хүндрэл учирч байгаа байх. Учирдаг ч байсан. Харин хэн нэгэн хүнийг одоо тэр улсад байна, тэндээс очоод бариад аваад ирэх гэтэл яваад өглөө, өөр улс руу зугтаачихлаа гэж олон нийтэд зарлаад байдаг бол арай дэндүү инээдэмтэй, эмгэнэлтэй. Энгийнээр хэлэхэд, хүн мөрдөж байгаа бол “Би чамайг энэ өрөөнд хайлаа шүү”, “За чи энэ өрөөнд алга, одоо би тэр өрөө рүү орж хайлаа шүү” гээд нуугдаж тоглобол хэн олдох вэ дээ. Арай манай хууль сахиулах байгууллага энэ бүгдийг хийгээгүй байлгүй дээ гэж дотроо горьдож сууна.

-Авлигын хэргийн ял шийтгэлийн асуудал урт хугацаанд хөндөгдөж байгаа. Засгийн газрын энэ ажиллагааны хүрээнд ч яригддаг. Авлига хээл хахуулийн хэрэгт хатуу ял оноох ёстой гэдэгтэй та санал нийлдэг үү?

-Би энэ салбарын хүний хувьд, бүх хүн намайг буруутгасан ч хамаагүй үнэн бөгөөд бодит байдлыг хэлэх ёстой гэж бодож байна. Мэргэжлийн үүрэг ч юм. Бид авлигатай тэмцэх нь чухал, авлигын гэмт хэрэгт хатуу хариуцлага хүлээлгэх ёстой хэдий ч арай дэндүү туйлширч, байна. Хэтэрхий хөөрцөглөж, сүржигнэж байна.

Хамаагүй ээ, авлигын гэмт хэргийг хатуу ял шийтгэлээ гэж бодъё. Тэглээ гээд авлига буурахгүй. Хүн хатуу ял шийтгэлээс айдаг байсан бол хүн төрөлхтний түүхийн хамгийн зэрлэг үе гэж яригддаг дундад зууны үед бараг худалч хүнд бүх гэмт хэрэг цаазаар авах ялтай байсан юм шүү. Тэглээ гээд гэмт хэрэг буураагүй, улам л галзуурсан. Үүнээс нэгд, аливаа зүйл өөрт нь тохирсон ял шийтгэлтэй байх хэрэгтэй юм байна гэж хүн төрөлхтөн ойлгосон. Хоёрт, ял шийтгэлээр айлгаад гэмт хэргийг таслан зогсоодоггүй юм байна. Харин тэр гэмт хэрэг гарах учир шалтгааныг арилгах ёстой юм байна гэдгийг ойлгоод, хүлээн зөвшөөрчихсөн.

Бид өнөөдөр авлигын гэмт хэрэг үйлдсэн хүнийг хатуу ширүүн шийтгэх гэхээс илүү авлигад автах, авлига хээл хахууль авах, өөртөө давуу байдал олгох боломжгүй эрх зүйн орчин, тийм л нийгмийн хяналттай орчныг бүрдүүлэх ёстой юм. Үүнийгээ хийхгүй, бүх юмыг зөнд нь хаячихаад төгсгөлд нь авлига авсан хүнийг маш хатуу шийтгээд байя гэдэг бол олон нийтийн уур хилэнгээр наадаж байгаа л хэрэг. Олон нийтийг бухимдуулж байгаа нь үнэн. Хаа сайгүй өчнөөн олон тэрбумаар нь идчихсэн, уучихсан, ашиглачихсан. Төгрөг байтугай долларыг сая, тэрбумаар тоологдох хэмжээнд идэж уучихсан байгаа учраас иргэд бухимдалгүй яахав дээ. Ерөөсөө энэ муу хүн юм чинь гайхалтай хатуу шийтгээд өгье, тэгэхээр л шударга ёс тогтчихож байгаа юм гэж ард түмнээс худлаа оноо авч, тэднийг зориуд хуурч болохгүй. Ингэлээ гээд нөгөө хэрэгтэн нь “Би айхтар шийтгүүлэх нь, больё” гэхээс илүү ямар ч хүн их, бага ямар ч гэмт хэрэг дээр “Баригдахгүй дээ” гэж л үйлддэг. Тэгээд өөрт нь боломж байхаар хийчихдэг.

-Ямар боломж?

-Бид өнөөдөр бараг Монгол Улсын баялгийнхаа 90 гаруй хувийг төр нь захиран зарцуулна. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж байна, төрийн өмчит компани гэж байна. Тэр нь ажил хэрэг, бизнес, баялгийг захиран зарцуулна гээд шийдвэр гаргаад, хууль баталчихсан. Монгол Улсын уул уурхайн баялгийн 90 хувийг төрийн өмчит газар эзэмшээд, хамгийн ашигтай, унацтай бизнесийг төрийн өмчит компани хийж байгаа энэ тохиолдолд авлига буурахгүй. Жишээ нь, төмөр замд томилгоог төр хийдэг л бол тэнд байгаа хүн албан тушаалаа ашиглаж, бусдыг хясан боогдуулж төмөр замын үйлчилгээгээ авлигаар л борлуулна. Тэгэхээр бид худлаа олон нийтийн уур хилэнд зориулж, “Аа, үүнийг хийсэн хүнийг хатуу шийтгэнэ” гэдэг. Тэгээд хэнийг шийтгэсэн юм бэ. Үзүүрт нь баригдсан нэг, хоёрхон хүнийг шийтгэж байгаа болохоос цаад хэргийн эзэн хаана байна. Тэд баригдахгүй. Тэгэхээр энэ бол зүгээр жүжиг. Ингэж олон түмний уур хилэнгээр хамаагүй наадаж болохгүй. Галаар тоглож байгаа хэрэг шүү.

-Шүүх эрх мэдэл, шүүх засаглал хүчгүй байх нь улстөрчдөд ашигтай. Өнөөдөр тийм л нөхцөл байдал өрнөж байна. Бүр “Шүүхийг нүд цавчилгүй харж байна” гэж улстөрчид удаа дараа мэдэгддэг боллоо. Энэ эрүүл үзэгдэл үү?

-Энэ бол хамгийн айхтар тулгамдсан асуудал болчихлоо. Эрээ цээргүйгээр, шүүх ингэж л шийдвэл шударга, үүнээс өөрөөр шийдвэл шударга бус гэдэг захиалга өгдөг улс төрийн нөлөө гээч юмыг үүсгэж эхэлж байна. Би ч үүнийг өөрийн биеэр туулсан. Шүүхийн гадна жагсдаг. Хэвлэл мэдээллээр тодорхой хүний эсрэг зохион байгуулалттай акц явуулаад тэр мэдээнийх нь агуулга зорилгоос өөрөөр хэрэг шийдэгдвэл шүүгч шударга бусад тооцогддог хандлага хэзээ ч байж болохгүй. Үүнд нэг талаар манай шүүхийн өөрсдийнх нь алдаа бий. Шударгаар шийдэж чадахгүй, нөлөөнд автаж шийддэг явдал байснаас болоод хүмүүс шүүхэд итгэхээ больчихсон. Одоо шүүхийн шийдвэрт хүмүүс эргэлзэж хүлээж аваад эхлэнгүүт улс төрийн нөлөө түүн дээр нь дөрөөлж, шүүх энэ хэргийг шударгаар шийдэхгүй бол бид хариуцлага тооцно. Таны сая хэлдэгчлэн “Нүд цавчихгүй ажиглана” гэх байдлаар сүрдүүлж байгаад хүссэн шийдвэрээ гаргуулах гээд байдаг болчихлоо. Бид үүнийг даруй зогсоох хэрэгтэй. Хамгийн гол шударга ёсны шалгуур бол шүүх. Шүүх шийдсэний дараа шүүхийг шүүж болохгүй.

-Шүүх, шүүгчид зоригтой байх хэрэгтэй юм биш үү. Сүүлд энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдлаа гэсэн. Дараа нь үгүйсгээд уналаа?

-Энэ нь хувь хүний хүчин зүйлээс хамаарах ёсгүй. Шүүгч ямар ч хүн байж болно. Гол нь шүүхийн тогтолцоо нь хараат бус байх ёстой. Шүүх эрх мэдэл, шүүх засаглал таны хэлдгээр айхгүй байх ёстой буюу хараат бус байх ёстой. Өнөөдөр хэн нэгэн шүүгч “Би үүнийг ингээд шийдчихээр намайг ажлаас халчих болов уу, намайг буруутгах болов уу” гэдэг айдасгүй байх ёстой.

-Тийм айдас байна уу?

-Яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүд цавчилгүй, анхааралтай ажиглаж байна гээд байгаа юм бэ. Өмнө нь шүүхийг анхааралтай, нүд цавчилгүй харсаар хүссэн шийдвэрээ гаргуулчихсан учраас, амжилттай болсон мэх байвал түүнийгээ дахиад хийж үзнэ биз дээ.

Нөгөө талаар тэр шүүх шийдвэрээ гаргахаар шүүхийг өөрчлөх, ялангуяа шүүхийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх боломж хуулиараа, бодит байдлаараа байгаа юм. Шүүхэд хараат бус эрх зүйн орчин нөхцөл нь дутмаг байна. Ашгүй үнэн юм бол, ШЕЗ үнэхээр Ерөнхий сайд шүүхийн хараат бус байдалд халдаж байна гэж санал дүгнэлт гаргаж, холбогдох албан тушаалтан руу хандаж байгаа бол маш сайн хэрэг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг.

-Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Анхаарал татаж байгаа асуудлууд гэвэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг шүүх шүүж байгаа нь буруу тогтолцоо гэж шүүгдэгчид хэлсээр байх юм. Тэглээ гээд бас шүүхгүй гэсэн үг биш биз дээ?

-Хөгжлийн банкны нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. Хөндлөнгийн байр сууринаас харахад анхаармаар хоёр асуудал харагдаж байгаа. Нэгд, та сая хэллээ. Хөгжлийн банкин дээр Засгийн газрын шийдвэр буруу, зөв гарсан гэж ярьж байгаа тухай. Гэмт хэрэг гэдэг бол тодорхой хүний үйлдэл байдаг. Засгийн газар гэдэг хүн биш, хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Засгийн газрын юм уу, эсвэл Ерөнхий сайд юм уу тодорхой албан тушаалтныг шүүж болох уу гэвэл болно. Гэхдээ хэн нэгэн хүнд давуу байдал олгоод, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж гаргуулаад энэ хүн, энэ компанид зээл олго, зээлийн баталгаа гаргаж өг гэж шийдвэр гаргасан бол ярих юм алга. Гэтэл Хөгжлийн банкны зээлийн асуудлаар хэнд ч байсан зээл гаргахдаа ингэж ажиллаарай гэж шийдвэр гаргасан бол, тэр нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд явсан бол ийм хамтын шийдвэрийн төлөө, бүх хүнд хамаатай асуудлаар гаргасан шийдвэрээр хэн нэгнийг буруутгана гэдэг бол утгагүй зүйл. Би дутуу бөгөөд буруу ойлгосон байж болно. Засгийн газрын тодорхой албан тушаалтныг буруутгахдаа нийтэд нь асуудлыг шийдсэн шийдвэрийг л яриад байх шиг харагдсан. Ийм гэмт хэргийн тухай ойлголт байхгүй.

-Хоёр дахь нь?

-Яагаад ингэж сүр дуулиан болж театрчилсан үзүүлбэр үзүүлээд байгааг ойлгохгүй байгаа. Өмнө нь шүүхийн практикт олон холбогдогчтой хэргийг шийдэж л байсан. Ойрын жишээ гэвэл 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг байна. Хадгаламж зээлийн зарим том хоршооны хохирогчдын асуудлыг шийдсэн хэрэг байна. Ийм олон оролцогчийг нэг дор бөөгнүүлээд, телевиз радиогоор шууд нэвтрүүлээд, тэндээс хүнийг тайзан дээр микрофоны өмнө зогсоож байгаад л хэргийг шүүж байна шүү дээ. Ийм жүжигчилсэн тоглолт хэнд хэрэгтэй юм бэ. Ингэхгүй бол шударга ёс тогтохгүй гэж үзээд байгаа юм уу. Би үүнийг хардаж байгаа. Яагаад шүүн таслах ажиллагааг тогтсон журмынх нь дагуу явуулж болохгүй. Ерөөсөө Хөгжлийн банкнаас зээл авсан бүх хүнийг бөөнд нь хэрэг үүсгээд, олноор нь хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зарлаад цувуулаад л олон нийтэд сүр дуулиан болгож үзүүлж байна. Ингэснээр хэн ч үүнийг сонирхохоо болихыг хүлээж байгаа юм уу. Эсвэл зээлийн талаар гэж бүх хүнд сөрөг эсвэл эерэг ойлголт төрүүлэхийг хүсээд байгаа юм уу. Маш ойлгомжгүй.

-Магадгүй дараагийн Хөгжлийн банк шиг олон холбогдогчтой хэрэг шүүх дээр ирж болзошгүй. Тэр бол нүүрсний хэрэг. Бас л дуулиан шуугиан дагуулсан. Гэтэл нүүрсний сонсгол хойшлогдоод л сүүл рүүгээ нэлээд сураг алдарч, удааширч байна уу даа?

-Үнэнийг хэлэхэд нүүрсний хэрэг гээд яриад байгааг би цэвэр зохион байгуулалттай улс төрийн акц гэж харж байгаа. Анх төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн нүүрсийг борлуулсан, тээвэрлэсэн асуудал дээр хууль бус үйлдлүүд явагдлаа гэж зарлаад, хянан шалгах ажиллагаа эхэлсэн биз дээ. Өнөөдөр сүр дуулианы гол баатар нь нөгөө “Эрдэнэс Таван толгой” биш орон нутгийн “Таван толгой” компанийн асуудал болоод хувирчихлаа. Тодорхой тооны хүмүүс нь буруутгагдаад явж байна. Хоёуланд нь асуудал байсан юм байна гэж үзвэл нөгөө том “Таван толгой” компанийн асуудал хаачсан бэ. Нөгөө төрийн өмч хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн албан тушаалтнууд хаана байна вэ. Ерөнхий сайдын зарлаад байсан асуудал хаачив.

Та санаж байвал, гурав дөрөвхөн жилийн өмнө шүүхэд айхтар нөлөөлдөг өмгөөлөгч Баасанцогт гээд залуу байна. Энэ хүн Монголын шүүхийг атгачихаж. Баахан схем зураад, Номтойбаярыг ингэж хэлмэгдүүлнэ, С.Баяр нарыг ингэж шийдүүлнэ, Хурц нарын хэргийг ингэж шийднэ гээд долоо, найман хэргийн схем зурчихсан байж гэж хэрэг шүүхэд шилжих нь байтугай мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй үед ингэж зарласан шүү дээ. Явсаар нөгөө Баасанцогт “Биеэ үнэлэхийг зуучилсан” хэргээр ял авлаа. Нөгөө айхтар схем юу болсон бэ. Яг үүн шиг эрх бүхий албан тушаалтан “Манай Эрдэнэс Таван толгойн нүүрсийг гадаад руу зараад тэр мөнгийг завшсан айхтар ноцтой хэрэг илрүүллээ” гэж зарласан. Одоо нөгөөх маань орон нутгийн жижиг “Таван толгой” компанийн нүүрсээ дутаасан, хулгайлсан асуудал болоод хувирчихлаа. Ингэхээр би энэ хэргийг ерөөсөө эрүүгийн хэрэг гэдэг утгаар биш улсын акц гэдэг нүдээр л харж байгаа.

-Тантай ярилцсаных С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг асуухгүй өнгөрч болохгүй. Энэ хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь өнөөдөр ч дуулиан хэвээр байна. Тэднийг эрх чөлөөтэй болгоход нөлөөлсөн эрүү шүүлтийн хэргийн оролцогч гэж буруутгагдсан хүний хувьд та үүн дээр юу хэлэх вэ?

-Бодвол, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй байсан гэж зарлаж байгаа хүмүүс тэднийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Г.Батбаяр: Б.Хурц, Г.Эрдэнэбат нар прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргавал хэргийг сэргээн шалгах боломжтой DNN.mn

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Ялангуяа гурван шатны шүүхээр ял сонссон хүмүүс цагаадаж байгаа нь шүүхийн практикт байгаагүй, ээдрээтэй нөхцөл байдал болж харагдаж байгаа юм.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрх чөлөөтэй болгосон гэх эрүү шүүлтийн хэрэгт буруутгагдсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын өмгөөлөгч, хуульч Г.Батбаяртай ярилцлаа.


-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн учраас тэдний ялыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг прокурорын байгууллага танилцуулаад удаагүй байна. Эрүү шүүлтийн хэрэг дээр нь ажиллаж байсны хувьд танаас энэ процессыг хэрхэн дүгнэж байгааг сонирхъё?

-Ер нь шүүх зөвхөн хүнийг цагаатгах тогтоол гаргана. Ингэснээр тухайн этгээд цагаадсан буюу хэлмэгдсэн юм байна гэдэг итгэл үнэмшил бий болно. Харин Д.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар цагаадаагүй. Зүгээр холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болсон.

Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гээд байгаа юм уу эсвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв үү. Хөөн хэлэлцэх хугацаа ярьж байгаа учир нь энэ хэрэг 1986 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн гэмт хэрэг. Тэгэхээр 2002 оны Эрүүгийн хууль үйлчлээд 2017 онд үйлчлэл нь зогсож байсан. Түүний дараа дахин шинэ Эрүүгийн хууль, ЭХХШТХ үйлчилж байх үед хэрэгсэхгүй болж байгаагаараа онцлогтой. Энэ хуулиуд тус бүрдээ өөр, өөрийн онцлогтой. Хөөн хэлэлцэх хугацааг өөр, өөрөөр тоолно. Мөрдөн шалгах ажиллагааны арга барилуудыг өөр, өөрөөр тодорхойлно. Түүнээс хамаарч энд улс төр маш их орсон хэрэг. Үнэн бодитоор шийдэгдэхгүй байх магадлал маш өндөр. Хохирогч өөрөө улс төрийн нэрт зүтгэлтэн байсан гэдэгтэй холбогдуулаад улстөрчид орж ирээд байдаг. Ингэж 20 гаруй жилийн хугацаанд тархи угаасаар “Тэртээ тэргүй хүн хэлмэгдэж байгаа юм байна” гэдэг итгэл үнэмшлийг нийгэмд бий болгосон. Худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэгчээр худлаа таамаглал яриад байхаар жинхэнэ алуурчин илэрчихсэн байсан ч худлаа даа гэдэг итгэл үнэмшилтэй болгоод хаячихсан. Тийм учраас энэ нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгож байхад иргэд шүүхээр цагаадчихсан юм шиг ойлгоод байна.

-Та хавтаст хэргийг бүтэн уншсан уу?

-Уншсан. Уншаад “Энэ хэргийг энэ гурав үйлдчихжээ” гэсэн итгэл үнэмшил төрж байсан. Гурван шатны шүүхээр ч шийдэгдчихсэн. Гурван шатны шүүх зөвхөн баримтан дээр тулгуурласан.

Яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлдэггүй. Худлаа ярьж болно. Ер нь хэргээ хүлээдэг хулгайч гэж хаана ч байхгүй. Шүүгдэгчдийн мэдүүлгүүд нь ил болсон шүү дээ. Д.Амгаланбаатар гэхэд Б.Булганы биеийн онцлог, шинж тэмдгийг яг таг хэлж байсан гэх мэт. Энэ бүхнийг тэр яаж мэдсэн байх вэ, түүнд хэн хэлж өгөх вэ. Зам шалгалтаар орц руу ороод “Мөн үү, биш үү” гэхэд “Биш ээ, тэр орц шүү дээ, энэ хаалга мөн шүү дээ” гэх жишээтэй. Гэрчүүд байна. Тэд бүгд худал мэдүүлэг өгөх үү. Гэрчүүд шууд таньдаг. Дээр нь үүн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашигласан. Г.Эрдэнэбат прокурор ч хэлдэг шүү дээ. Шүүгдэгчийн мэдүүлгээр яваагүй. Ялтны мэдүүлгээр энэ хэргийг шийдээгүй гэж. Угаасаа шүүх хурал дээр та ярьж ч болно, ярихгүй байж ч болно гэж шүүгч хэлдэг. Энэ нь та худлаа ярих эрхтэй. Худлаа ярьснаар гэрч шиг хууль сануулдаггүй. Энд мэдээж нотлох баримтуудаар хэргийг тогтоочихсон байгаа. Шүүгч уншаад танилцчихсан. Мэтгэлцээний явцад тэр итгэл үнэмшлээ бататгах гэж шүүх хурлыг хийдэг. Ингээд л шийдсэн хэрэг.

-Гэтэл хэрэг хэрэгсэхгүй болж байгаа нь шүүхийн шийдвэр юу болчихов оо гэдэг асуулт өнөөдөр хүртэл хариултгүй байгаа л даа. Нөгөө талаар цагаадсан хүмүүс эрүүдэн шүүгдсэн гэж ноцтой зүйлс ярьсаар байгаа?

-Шүүх тухайн нотлох баримтыг эргэлзээгүй байдлаар хянаад шалгасны эцэст хөдөлбөргүй гэж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Эргэлзээтэй байвал буцаана. Ингээд энэ хэрэг шийдэгдсэн. Тухайн үед зарим хэсгүүд шүүгдэгчид хэргээ хүлээчихсэн байдаг. Тэгчихээд одоо болохоор “Тэр үед надад хар тамхи татуулчихсан юм шиг байна лээ” гэдэг.

Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгасны улмаас шүүх хуралд ороод хэргээ хүлээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэв үнэхээр мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаад түүний улмаас аргагүй хэргээ хүлээж байсан бол өмгөөлөгчид нь юу хийж байсан хэрэг вэ. Өмгөөлөгчид нь шүүх хурал дээр “Манай үйлчлүүлэгчид эрүү шүүлт тулгаад түүний улмаас аргагүйн эрхэнд хүлээж байгаа юм” гэж яагаад хэлээгүй юм бэ. Тиймээс тухайн үед хөдөлбөргүй нотлогдоод шүүхээр шийдэгдсэний дараа гэнэт төр засаг солигдоод МАН гарч ирсний дараа энэ хэрэг гэнэт задарч, эрүү шүүлт гэдгээс болж буцсан.

-Хорих ангид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд Д.Амгаланбаатар орж айлган сүрдүүлснээс эхлээд л эрүү шүүлтийн үйлдлүүд байдаг юм биш үү?

-Тэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн л буруутай. Тухайн шийдвэр гүйцэтгэлийн байранд болоод байгаа, хоригдлууд нэг нэгнийгээ дарамтлаад байгаа үйлдэл шүүхийн шийдвэртэй л холбоотой. Түүнээс биш тагнуул, байцаагч нар буруугүй. Тийм байхад баахан байцаагчдыг эрүү шүүлт тулгасан гэж оруулж ял өгөөд дараа нь шинээр илэрсэн нөхцөл гэж хэргийг буцааж байгаад хэргийг мэдүүлэг нотлох баримтан дээр дүгнэлт гаргаж байгаад хэрэгсэхгүй болгож байгаа юм. Тэгж байж С.Зоригийг хэн хөнөөснийг тогтоож нэгэнт шийдвэрдэгдсэн хүчин төгөлдөр тогтоолоор үйлчилж байсан хэргийг мөрдөн байцаалтад авчирч байгаад л хэрэгсэхгүй болголоо.

-Одоо энэ шийдвэрийн үр дагавар юу болох вэ. Логикоор харахад эрүү шүүлт тулгаж ял оноосон хүмүүсийг хариуцлагад татах нөхцөл байдал үүсэв үү?

-Эрүү шүүлт тулгаснаас үл хамаараад тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан шүүгч нар, прокурорууд, мөрдөн байцаагч, тагнуулынхан, гүйцэтгэх ажиллагааны ажилтнууд бүгд ял авах нөхцөл бүрдчихлээ. Хортой үр дагавар нь энэ шүү дээ. Гэтэл энэ чинь тухайн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тус бүрээр нь бий болгосон баримтуудыг яаж үгүйсгэж, яаж няцааж байна вэ. Шүүх шууд нотлох баримтуудыг үзсэн, хоёрдугаар зэргийн нотлох баримтуудыг ч харсан. Тэгээд л шийдвэрээ гаргасан. Гэтэл тэр олон баримтуудыг яаж няцаасан юм бол. 19 жилийн турш цуглуулсан баримтыг яаж няцаагаад байгаа юм бэ. Хэрэгтнүүд шүүх хурал дээр хэргээ хүлээж байсан зарим мэдүүлгүүдийг яах вэ.

Ингээд хэргээсээ шал өөр зүйл рүү орчихож байгаа юм. ЭХХШТХ-ийн 1.1-д заасан зөрчигдсөн эрхийг сэргээдэг, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалдаг, гэмт хэрэгтэнд ял үл завшуулах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зарчмаас хазайчихлаа. Энэ нь хэсэг бүлэг хүний үйлдсэн гэмт хэрэг гэхээс илүүтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт биелүүлэлтийн замбараагүй байдалд оруулаад ард түмний төрд, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байгаа юм.

Д.Амгаланбаатар бол алуурчин шүү дээ. 2006 онд таксины жолоочийг хөнөөгөөд “жиргээд” цаазын ял сонсоод амь хэлтэрсэн хүн. Гэртэйгээ шатаж үхсэн зургаан хүнийг яах вэ. Шинжээчийн дүгнэлт цахилгаанаас болсон гэж нэг гараад л, дараа нь гадна нь шүдэнз зурсан байна гэж гардаг. Энэ хэрэг цагаадаагүй. Сэргээхэд амархан. Учир нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол Нийслэлийн хяналтын прокуророос гарсан. Энэ тогтоолд хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүд болох Хурц, Эрдэнэбат, Баяр гэд хүмүүс гомдол гаргаснаар дахин хэргийг сэргээх боломжтой. Тэр үед хэлмэгдүүлсэн үү, үгүй юу гэдгийг зэрэгцүүлэн шалгах ёстой юм.

-Цагдаагаас энэ хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн саналыг прокурорт таван удаа ирүүлсэн гэж байгаа. Эцэст нь прокурор хүлээж авлаа гэж олон нийтэд зарласан. Хуулийн хүрээнд зөв үү?

-Олон удаа хэрэгсэхгүй болгох санал хүргэх тусам прокурорын байгууллага хүлээгээд авчихдаг хэрэг үү. Тэр нь учир дутагдалтай. Прокурор “Би мөрдөн шалгах ажиллагаанд оролцож чадахгүй юм чинь…” гэдэг байдлаар хандаад байгаа юм уу. Үүнийг тодорхой болгоё гэвэл бүгд адилхан шалгуулах хэрэгтэй. Тэр ажлын хэсэгт орсон хүмүүсийг бас шалга. Илрүүлсэн, хэрэгсэхгүй болсон хүмүүсийг ч шалга.

-Шүүгдэгчдийн мэдүүлгийг нотлох баримтад үнэлдэггүй гэлээ. Тэгвэл тэднийг яг нотолсон ямар баримтууд байдаг юм бэ. Ярих боломжтой хэсгээс нь дурдаж болох уу?

-Ерөөсөө Д.Амгаланбаатар гянданд байхдаа энэ хэргийг нүдэнд харагдтал ярьдаг. Бүр нарийн, хэргийн шалтгаант холбоо, үйл явдлын дэс дарааллаар ярьж байгаа нь энэ гэмт хэргийг туйлын сайн мэдэх хүн гэж шууд харагддаг. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр Д.Амгаланбаатарын яриаг няцааж чаддаггүй. Тэд одоо л бид гэмт хэрэг хийгээгүй гэж ярьж байгаа болохоос хэрэгт татах үед хэзээ ч ийм зүйл ярьж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад илрээд байгаа нотлох баримтуудыг ч тэд няцааж чадаагүй. Зам шалгалтаар явахдаа мөрдөгчдийн мэдээгүй байсан маш олон зүйлийг ил болгож өгсөн. Ойлгомжгүй байсан, ээдрээтэй байсан зүйлийг тайлж өгөөд байсан. Хөнгөн ял авахын тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим талаараа тусалдаг ч байсан нөхцөл байдал харагддаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл: Долдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг буудсан хэрэгт татагдсан 14 цагдааг цагаатгасан тогтоолыг таван жил дарсныг сая олж мэдсэн DNN.mn

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр дөрвөн хүн буудуулж, нэг хүн угаартаж нас барсан дуулиант хэрэг мандсан. Олон зуун залуус баривчлагдаж ял сонссон нь ч бий. Энэ хэргээс улбаалж Цагдаагийн байгууллагыг тухайн үед удирдаж байсан дөрвөн хурандаа ял сонсож, цагдаагийн 14 албан хаагч хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг. Тэгвэл мартагдах дөхсөн энэ хэргийг сэргээж шалгаж эхэлсэн талаар мэдээллүүд гарч эхлээд байна. Энэ дуулиант хэргийг дахин шалгаж эхэлнэ гэдэг бол шинэ нөхцөл байдал, шинэ нотлох баримт илэрсэн гэсэн үг. Энэ хүрээнд Цагдаагийн ажилтны ар гэрийн холбооны гүйцэтгэх захирал, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Долдугаар сарын 1-ний хэргээс хойш 15 жил болжээ. Та бол тэр үймээний үеэр бэртэж гэмтсэн цагдаагийн албан хаагчид болон хэрэгт буруутгагдсан цагдаа нарын эрхийг хамгаалж олон жил дуугарсан хүн. Өнөөдөр тэдгээр цагдаа нарын нөхцөл байдал ямар байгаа талаар та л бодит зүйл ярина даа…?

-Долдугаар сарын 1-ний хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн аж амьдралд юу болов гэхээр эмгэнэлтэй зураг л харагддаг. Тухайн үед цагдаагийн газрыг удирдаж байсан дарга нар хорих ялаар шийтгүүлсэн. Үүрэг гүйцэтгээд явж байсан цагдаагийн 14 алба хаагч сэжигтэн яллагдагч нэртэйгээр 15 жил орчим явлаа.

Хүний нэр төр цэвэр тунгалаг байх, ар гэрийн аж амьдрал, сэтгэл санаа амар амгалан, төвшин байх, ижий аав нь үр хүүхдийнхээ үйл ажлаар бахаддаг, үр хүүхэд нь аав ээжийнхээ алба ажлаар эрэлхдэг, эрэмшдэг явдал өнгөрсөн 15 жилд энэ хэдэн цагдаагийн алба хаагчдад байгаагүй. Тэдний эдлэх ёстой эрх зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, хэлмэгдсэн. Тухайлбал, дөрвөн даргыг шийтгээд ял эдлүүлсэн.

Зарим нь нас барсан даа. Энэ бол тийм дурсаад, тийм ч таатай биш байна. Гэхдээ яг одоо бодит байдал ийм л байгаа.

Яагаад цагдаагийн дарга нарыг хилсээр шийтгэчихсэн гэж хэлж байгаа юм бэ гэж чи асуух байх. Ерөөсөө яллагдагч сэжигтнээр татагдсан 14 алба хаагчийг нас барсан дөрвөн хүнийг буудсан гэдгийг тогтоогоогүй. Тийм мөртлөө чиний удирдлагад байсан цагдаа нар хүн буудаж алсан байна гээд дөрвөн даргыг шийтгэчихэж байгаа юм. Ингэж болдог юм уу. Бүр сонин зүйл болсон. 2017 оны долдугаар сард дээрх нэр бүхий цагдаагийн 14 алба хаагчийн үйлдэл холбогдлыг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байдаг юм байна. Үүнийг бид саяхан, өнгөрсөн арванхоёрдугаар сард олж мэдлээ.

-Таван жилийн дараа гэсэн үг үү?

-Тийм.

-Яагаад?

-Бид ч үүнийг асуумаар байна. Яагаад тухайн үед нь, 2017 оны долдугаар сард хүмүүст нь тогтоолыг танилцуулсангүй вэ. Яагаад ЦЕГ-ын удирдлага, дарга нарт мэдэгдээгүй юм бэ. Ёстой нөгөө ариун явдал уу гэдэг юм болсон. Бид энэ асуудлаа хөндөж, тавьж, ярьж байгаа.

-Таван жил дарах ямар сонирхол байна вэ?

-Мэдэхгүй. Хэлэхээсээ айсан юм уу. Одоо их сонин байдал үүсч байна. Долдугаар сарын 1-ний хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан 14 хүнийг “Чи гэмт хэрэг үйлдээгүй байна” гээд чөлөөлснөө хэлэхээр нөгөө дөрвөн даргыг яах вэ гэдэг асуудал үүсч байгаа юм. Тэд ял эдэлчихсэн шүү дээ, бүр. Хүн хэлмэгдүүлсэн бодит факт мөн биз дээ.

Энэ хэргийг прокурор, Прокурорын мөрдөн байцаах алба өөрөө л хийсэн ажил. Дотроо бүтэц байгуулж байгаад энэ хэргийг мөрдөөд прокурор нь яллаад шүүх дээр шүүн таслах ажиллагааг явуулчихсан шүү дээ.

-Хэргийн гол буруутан гэж үзэж байсан цагдаа нарын эрх сэргэлээ гэхэд амиа алдсан дөрвөн хүнийг хэн буудсан бэ гэдэг асуудал сөхөгдөх нь?

-Түүнийг олох ёстой. Би мөрдөгч биш л дээ. Ерөнхийд нь тойм ойлголтоор харахад яг долдугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлиг шийдвэр гарсан үетэй давхцуулаад дөрвөн хүнийг хэн буудаж алсан бэ гэдгийг шалгах субъектууд нь цагдаа, тагнуул байсан бол өөр байх байсан болов уу. Прокурорын дэргэдэх мөрдөн долдугаар сарын 2-ноос нь энэ хэргийг шалгаж эхэлсэн. Прокурорын мөрдөнг муу, чадваргүй гэж хэлэх гэж байгаа юм биш. Тэд цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, прокурор гэх мэт тусгай хүчний байгууллагын ажилтнуудын дундаас үйлдсэн гэмт үйлдлүүдийг шалгадаг субъект. Түүнээс биш эрүүгийн гэмт хэрэгтэн, гадаадынхныг шалгах эрх байхгүй. Хуулиараа тийм. Нэг ёсондоо цагдаагийн эргүүл хамгаалалтын газрын тухайн үед тэнд үүрэг гүйцэтгэсэн хэдэн албан хаагчдыг л шалгаад байсан. Манай хэдийг л тойруулж мөлжсөн. Гадагшаа хальж чадаагүй. Гадагшаа гарч шалгах эрх ч байхгүй, боломж байхгүй.

Нийгэмд ойлгуулахдаа цагдаа л энэ хэргийг үйлдсэн гэдэг. Х.Тэмүүжин гэдэг сайд сум, хонгио хоёр харуулж байгаад “Цагдаа буудсан” гэж яриад байсан биз дээ. Ингэж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, цагдаа л буудсан юм байна гэдэг тархи угаалт хийсэн. Тэгж цагдаагийн албан хаагчдыг шийтгүүлсэн. 14 албан хаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгочихоод таван жил дарсан. Энэ өвөл л олж мэдлээ шүү дээ. Ийм л зүйл болоод байгаа юм. Яривал зөндөө юм ярина. Гэхдээ ярих цаг нь арай болоогүй байна. Улс төрийн нөхцөл байдал, чин үнэнийг хэлэхэд Шүүх, Прокурор ямархуу ёозтой байгаа вэ гэдгийг нийгэм даяараа мэдэж байгаа шүү дээ.

-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж шалгаж эхэлсэн гэж байгаа. Цагдаа нарын хэрэг хэрэгсэхгүй болж, шинэ нөхцөл байдал илэрчээ дээ, янз нь?

-Гэмт хэрэг үйлдсэн, үйлдэгдсэн нөхцөл байдал дээр уялдуулаад сэжигээ зөв гаргаад шалгалтаа хийх ёстой. Даанч олон жил боллоо. Сэжиг, тухайн үед авагдаж байсан мэдээ, мэдээлэл гэж юу байдаг юм бол. Прокурорын мөрдөн байцаах алба юу шалгасан байдаг, тэр хэрэг дотор сонирхол татахуйцаар ямар баримт авагдсан байдгийг үзэх шаардлагатай болж байна. Улстөржихөөрөө л хүний амь насны хэрэг илрэхээ байчихаад байгаа шүү дээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг байж л байна.

-Хэрэгт татагдсан цагдаа нараас гадна үймээний үеэр үүрэг гүйцэтгэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон алба хаагчид олон байдаг. Тэд ажил үүргээ гүйцэтгэж байгаа юу?

-Долдугаар сарын 1-нд 532 алба хаагч ямар нэгэн хэмжээгээр бэртэж гэмтлээ гэсэн тоо гарсан. Үүнээс 397 нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хохирогчоор тогтоогдсон байдаг. Ер нь ойлгомжтой нь, хатуу биетийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байдаг. Чулуунд оногдсон, модоор, төмөр трубагаар цохиулсан, сүлбүүлсэн, хатгуулсан. Нүүр нүд, толгой тархиндаа цохиулсан хүнд зэрэгтэй гэмтлүүд олон гарсан. Нүдний хараа, өрөөсөн бөөрөө авахуулсан, өрөөсөн төмсөгөө авхуулсан, тахир дутуу болсон, нурууны хугарлаас болж сэртэн яснууд хугарсан, группэд орсон алба хаагчид олон бий. Миний санаж байгаагаар найман хүн хөдөлмөрийн чадвараа алдаж группэд орсон. 10 орчим хүн тухайн үед ажлаа хийж чадахгүй болж чөлөөлөгдөж байсан.

-Цагдаагийн байгууллага энэ хүмүүстээ анхаарал тавьж байв уу?

-Амралт сувиллын газарт явуулсан, асарсан. Хэрэг гарснаас хойш нэг жилийн дараа Ламбаа гуайг Эрүүл мэндийн сайд байхад хамтарсан Ажлын хэсэг гаргаад долдугаар сарын 1-нд бэртэж гэмтсэн 397 албан хаагчаас 245 хүнийг дахин эмчилгээ шинжилгээнд хамруулсан юм. Үүнээс 140 хүн эдгэрч илааршсан байна, ажил үүргээ гүйцэтгэж болно гэсэн бол үлдсэн 100 гаруй хүн үргэлжлүүлж эмчлүүлэх шаардлагатай болж таарсан. Эмчилгээ сувилгаанд зориулж тодорхой хэмжээний мөнгөн тусламж өгсөн удаа ч бий.

-Буудуулж амиа алдсан иргэдийн ар гэрт улсаас нөхөн олговор олгосон. Цагдаагийн ар гэрийг улсаас харж үзсэн зүйл байдаг уу?

-Манайханд өгөөгүй. Долдугаар сарын 1-ний үймээнээр авсан гэмтэл нь даамжирсаар нас барсан дөрвөн алба хаагч бий. Хамгийн сүүлд Эрдэнэ-Очир нас барсан. Тархины хүнд гэмтэлтэй. Унаж тусдаг болоод ажлаа хийж чадахгүй болсон доо, хөөрхий. Тиймээс группэд гарч, өвчин нь даамжирсаар өөд боллоо. Мөн П.Баясгалан гэж залуухан цагдаа бас яг ийм тархины гэмтэлтэй. Ажлаа хийж явж байгаад нэг л орой “Толгой өвдөөд байна” гэж хэвтээд л нас барсан байдаг. Үүнээс өмнө хоёр ч алба хаагч өөд болсон юм. Эдгээр дөрвөн хүн долдугаар сарын 1-ний үймээний үеэр олсон гэмтлээсээ болж л нас барсан гэж үздэг. Талийгаачдын ар гэрт ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж, нөхөн олговор олдоогүй.

Харин буудуулж нас барсан, угаартаж нас барсан, бууны сумны шарх олоод тахир дутуу болсон иргэдэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 50 сая ч бил үү, 80 сая бил үү төгрөг өгсөн. Би бас энэ хүмүүстээ олж өгье гэж хөөцөлдөж үзсэн. Бүтээгүй.

-Юу гэх юм бэ?

-Цагдаа гэхээр тэгдэг юм уу, өгөх сонирхолгүй юм билээ. Тухайн үеийн төр нь аль талдаа үйлчилдэг байсан бол доо гэж би одоо боддог юм. Үймээн дэгдээсэн хүмүүст үйлчилдэг төр байсан юм биш биз дээ гэж. Монголын цагдаа бол төрийн гар хөл байх аа. Хуулийг сахиулах л гэж ажиллаж байгаад эрэмдэг, зэрэмдэг болсон хүмүүс. Яахав, 2009 оны долдугаар сарын 9-нд батлагдсан Нөхөн олговрын хуулиар тэтгэмж авсан хүмүүс бий. Гэмтлийн зэргээсээ хамаараад 700 мянгаас долоон сая төгрөгийн нөхөн олговор өгсөн байдаг юм. Түүгээр болчихлоо гэж үздэг юм болов уу даа.

-Цагдаагийн дөрвөн албан хаагч гэмтлээ даалгүй нас барсан гэлээ. Ар амьдрал нь ямаршуу үлдсэн бол доо?

-Ажлаа хийж байгаа ард иргэд яажшуу амьдардаг билээ дээ. Гэтэл ажилгүй болсон айл өрхийн аж амьдрал ямар байх нь ойлгомжтой. Дээрээс нь тархи, нуруу нугасны гэмтэл өвдөлт ихтэй байдаг. Хэрэглэдэг эм тан нь ховор, үнэтэй. Гавьтай сайхан амьдраад байгаа юм алга.

Жишээлбэл, талийгаач Эрдэнэ-Очир гэдэг цагдаа гэр бүлээрээ хөлсний байранд амьдардаг байлаа. Өндөр настай ээжтэйгээ, эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байсан. Хүүхэд нь оюутан болсон гэж дуулддаг. Оюутны сургалтын төлбөр, орон байрны түрээсийн мөнгө, ээжийнх нь асаргаа зэрэг их л зардалтай. Гэтэл тэр гэрийг тэжээж байсан хүн нь гэмтлээр өөд болчихсон.

П.Баясгалан гэдэг цагдаа байлаа. 32-хон настайдаа тархины гэмтлээр нас барлаа. Гэтэл удалгүй эхнэр нь бас өөд болсон. Тэгээд өнчин нэг охин үлдсэн. Уг нь хөөрхөн товхийсэн айл Зурагтад амьдарч байсан юм билээ. Гэвч нөхөр нь үүрэг гүйцэтгэж байгаад гэмтэл авч өөд боллоо. Аж амьдрал нь доройтоод эхнэр нь сэтгэл санааны хямралтай явсаар нас барчихсан. Өнчин үлдсэн охиныг талийгаач цагдаагийн аав Пүрэвдорж асардаг. “Өнчин охиноо сургуулийг нь төгсгөөд мэргэжилтэй болгочих юмсан даа” гэж Пүрэвдорж ярьдаг. Хэдэн муу цагдаа нарын маань нөхцөл байдал иймэрхүү л байгаа юм.

Энэ хэргийг сэргээгээд шалгаж байгаа нь сайн. Гэмт хэрэгтнийг олох хэрэгтэй. Нөхцөл байдлыг зөвөөр тогтоох ёстой. Бас нэг сайн юм нь 14 цагдааг хүн буудсан, хүний амь нас бүрэлгэсэн, зохион байгуулалттай бүлэг гэдэг ангиллаас амьдад нь нэрийг нь салгасанд баяртай байгаа. Энэ хэргээс улбаатай олон ч хүнд, хэцүү зовлон бэрхшээлийг тэд маань үзэж дээ.

-Харамсалтай нь Ш.Батсүх хурандаа ялаа эдэлж гарч ирээд удалгүй өөд болов уу даа?

-Ш.Батсүх хурандаа сахартай байсан хүн л дээ. Сахар бол сэтгэл санаанаас шалтгаалдаг хэцүү өвчин. Сахар нь эцсийн шатандаа орчихсон. Тийм байдлаас болж өөд болсон. Долдугаар сарын 1-ний хэрэгт шалгуулж, хоригдож байх хугацаанд нь ээж, хоёр ч дүү нь өөд болсон байдаг шүү.

Нөгөө 14 цагдаагийн алба хаагчдын нэг Мягмаржав хурандаа нас барсан. Даржаа дэд хурандаагийн эхнэр өөд болсон, хөөрхий. Хажуудах хань ижил нь хэрэг төвөгт шалгуулж шаналгаатай байхаар эргэн тойрны хүмүүст хүнд нөлөөлнө шүү дээ. Ариунболд цагдаагийн аав өөд болж, Батцэрэнгийн эхнэр салж хүүхэд нь өнчрөөд, аав нь нас барсан гээд яривал их л хүнд зүйлс болсон доо. Хүний амьдрал тоглоом болж байна шүү дээ. Ядаж л энэ хүмүүст олон жил хилийн хориг тавьчихсан. Төмөр замын цагдаа байлаа гэхэд галт тэргэнд үүргээ гүйцэтгээд хойшоо хил гарах гэхээр хоригтой гээд хил дээрээс буцаадаг. Цагаан сар болж байна, ижийдээ оймс тэрүүхэн олоод ирье гээд урагшаа явахаар буцаад л ирнэ. Энэ чинь хүнийг хөөрхөн шоглож байгаа юм.

-Тангараг өргөсөн цагдаа нар өөрсдөө онц хүнд гэмт хэрэгт татагдаж, нийгэмд адлагдаж удаан хугацаанд явах тийм ч хүсэх зүйл биш шүү…?

-Хүнд, хүнд. Монголын төрд тангараг өргөдөг субъектууд бий л дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдээс эхлээд эмч, сувилагч, прокурорууд тангараг өргөдөг. Гэхдээ шаардлага гарсан тохиолдолд амь биеэ үл хайрлахаа батлан тангараглаж байгаа ганцхан субъект байгаа. Тэр нь цагдаа. УИХ-ын гишүүд эх орноосоо урвах юм бол амь насаа өгнө гэдэггүй биз дээ. Тэгчихээд улс орноо тоноод, ард түмнээ ядууруулаад л явж байна. Харин Монголын цагдаа шаардлагатай тохиолдолд амь насаа үл хайрлахаа батлан тангараглаж байгаа. Тиймдээ ч долдугаар сарын 1-ний хэрэг дээр нэг ч цагдаа дуулга, бамбайгаа тайлж шидчихээд зугтаагаагүй юм шүү. Ямар ч байсан чулуун мөндөрт хавтгай болтлоо нүдүүлээд ард нь гарсан юм. Гэтэл яллагдагч болсон, дарга нар нь шоронд орсон. Том доромжлол шүү.

1930-аад оны үед цагдаагийн дарга нар хэлмэгдсэн байдаг юм. Гүрсэд, Дугаржав нарын дөрвөн хүнийг тухайн үед ЗХУ-д аваачиж цаазлуулсан. Гэтэл XXI зуунд Монголын төр цагдаагаа дахин хэлмэгдүүлсэн. Энэ явдал түүхэнд үлдэх байлгүй, бичигдэх байлгүй. Ямар нэгэн хэмжээгээр хойчийн хойч үед сургамж болж үлдэх л ёстой асуудал.