Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааг гадаадын хэвлэл мэдээллээр явуулахыг хориглох хэрэгтэй DNN.mn

Ирэх сонгуулийн чимээ хэдийнэ хаалга тогшиж, том жижиг намууд, бие даагч, горилогчид энд тэндгүй ил, далд пи-араа эхлүүлжээ. Сонгуулийн хамгийн чухал хэсэг бол сурталчилгаа байдаг. Сурталчилгааг хэрхэн хийхээс л тухайн нам, эвсэл, нэр дэвшигчдийн хувь заяа шийдэгддэг. Нэг ёсондоо сонгуульд хэн ялахыг сурталчилгаа л шийднэ. Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн сонгуулийн үр дүнг харахад хэн илүү, давж сурталчилгаа хийсэн нь ялалт байгуулж ирснийг бэлхэнээ харчихаж болно.

Ерөөс сонгуулийн сурталчилгаа гэдэг тухайн улсынхаа хувь заяаг шийддэг том хүчин зүйл болчихсон. Гол нь сурталчилгаа ямар байх вэ, хэр эрүүл байна вэ, хуулиа яаж мөрдөж байна, бодлогоо барьж байна уу, эцсийн зорилго болох улс орон, ард түмний хөгжлийн төлөө байж чаддаг уу гэдэг л асуудал.

Үнэндээ монгол төрийн сонгуулийн хувь заяаг сошиал сүлжээ шийдсээр ирлээ. Монголчууд ямар намаар, ямар хүнээр удирдуулахыг сошиалчид л мэддэг болсон байна. Сүүлийн хэд хэдэн сонгууль ч үүнийг батална.

Сошиал гэдэгт твиттер, фэйсбүүк гэсэн хоёр төрлийн платформыг нэрлэж болно. Энэ нь АНУ-д төвтэй, хувийн компанийн мэдлийн сүлжээ. Энэ сүлжээнд хэн олон тролл ажиллуулна, тэр зорилгоо биелүүлнэ, сонгуульд ялна. Тиймээс нам, эвслүүд, нэр дэвшигчид, горилогчид сонгуулийн мөрийн хөтөлбөр, үр дүн гэхээс урьтаж өөрийг нь хамгаалдаг, өрсөлдөгчдийг нь намнадаг сошиал багийг бүрдүүлж, сонгуулиас сонгуулийн хооронд тэднийгээ амьд байлгах гэж улайрдаг болчихсон нь нууц биш.

Гадны улсын энэ сошиал платформ монголчууд бидэнд захирагддаггүй юм. Азийн нэгэн жижиг улсын ард түмний хувь заяа хаашаа эргэх нь тэдэнд огт падлийгүй. Сонгуульд нь хэн ялах, тэр нь сайн, муу хэн байх нь ер хамаагүй. Зөвхөн мөнгө төлсөн хэнд ч хамаагүй үйлчилдэг ашгийн төлөөх л сүлжээ. Тийм ч учраас твиттер, фэйсбүүкт хэн их мөнгө хаяж захиалга өгсөн нь монгол төрийн сонгуульд ялалт байгуулж, монголчуудын хувь заяаг шийдэх эрхтэй болдог. Ийм жишиг манай улсад тогтоод хэд, хэдэн сонгуулийг ардаа үдэж байна.

“Мета” компани энэ оны хоёрдугаар сард нийгмийн асуудал, сонгууль, улс төртэй холбоотой зар сурталчилгааныхаа тайланг ил болгоход Монгол Улсаас өнгөрсөн жилд хамгийн их мөнгө төлсөн улстөрч 28 мянган ам.доллар төлсөн байлаа. Бусад нь түүнээс доош хэр чадлаараа л доллар төлцгөөсөн байв. Энэ мөнгөний дүн нь сонгуульгүй жилийн дүн л гээд бодчих. Харин бот, тролл хаягууд ажиллуулж сурталчилгаагаа хийдэг армитай болчихсон нэр дэвшигчдийн сошиал сурталчилгаандаа зарцуулсан хөрөнгө нь аварга том тоо харагддаг. Ингэж ажиллахаа намчид, сонгуулийн тролл багууд маш сайн мэддэг. Нэг ёсондоо тэд монголчуудыг сошиалаар удирддаг арга барил, тактиктай болчихсон гэсэн үг.

Монгол Улсад 2.4 сая цахим хаяг байдаг тухай статистик судалгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн. Үүнээс нэг сая хаяг нь хуурамч гэсэн. Тэд бол нэг ёсондоо бидний хэлж заншсан эзэн биегүй бот, троллууд. Бүр нарийн задалж харвал 400.000 сошиал хаяг хилийн чанадад, гадаадын улс оронд байрлалтай байдаг талаар мэдээллийн технологийн нэлээд өндөр мэдээлэлтэй хүмүүс ярьдаг. Энэ бол маш ноцтой явдал юм. Нийгмээрээ, улсаараа сошиалд донтчихсон, нэг сенсаци гарахад л даган хуйлардаг, гол агуулгаа умартдаг, хуурамч мэдээлэлд гүнээ итгэдэг гэнэн монголчуудын хувь заяаг хэрхэн, хаашаа чиглүүлэх зохиол харь улсын ашгийн төлөөх сүлжээнд аль эрт бичигдчихсэн, тэр зохиолынх нь дагуу явж байдаг болж таарч байгаа юм.

Ерөөсөө сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаад гаршчихсан, зорилгоо гүйцэлдүүлээд сурчихсан тролл армийнханд монголчууд нунж дорой, ядуу хоосон, чухал, чухал бишийг ялгаж чаддаггүй, юунд ч хамаагүй ханардаг байх нь ашигтай. Ийм байлгахыг ч хүсдэг. Тийм ч учраас сонгуулийн сурталчилгааг сошиалаар явуулж, монголчуудын саналыг шууд удирддаг болсон. Энэ явдал манайд байтугай ардчилал, эрх чөлөөний орон гэгддэг АНУ-ын сонгуулиар ч хөндөгддөг. АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд ОХУ нөлөөлсөн талаарх дуулиан дэлхий дахинаа дэгдэж байсныг уншигчид санаж буй.

“Мета”-д захиалга өгнө гэдэг мөнгө өгч байгаа гэсэн үг. Хэн тэдэнд мөнгө төлнө, тэр хүн сошиал платформ дээр ноёлно. Бот, тролл хаягууд нь, багууд нь ажиллана. Өрсөлдөгч нам эвсэл, нэр дэвшигчдийг харлуулна, цахим хаягуудыг нь хакердаж өөрийн болгоно. Өөрийн хүмүүсийнхээ талаар бүхий л муу муухай мэдээлэл, сэтгэгдэл, постыг устгана. Ерөөсөө сошиалаар дамжуулж Монголын нийгмийг удирдана. Улстөрчид энэ хар технологит ихээхэн гаршсаныг сүүлийн хэдэн сонгууль харуулж байгаа. Сошиалаар сонгуулиа явуулж ирсний гор, үр дагавар өнөөдрийн манай нийгмийн өнгө төрх. Фэйсбүүк, твиттерийн эзэн биегүй бот хаягуудын худал хуурамч мэдээлэлд итгэж, ханарч хуйларч, буруу хүмүүсийг сонгосны хариуд улсаа тоносон хулгайчдаар төр дүүрлээ. Цаашлаад бидний тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдалд ч халтай байж мэдэхээр болж эхэлж байна. Цахимаар давлагаалсаар байгаад аль нэг улсад дагаар орох шийдэлд хүрэхийг ч үгүйсгэх аргагүй байдалд хүрч мэдэх нь.

Энэ бүхэн сошиал сүлжээний хуурамч мэдээлэлд итгэж, түүнийг хэт дураар нь тавьсны, мөн хэрсүү байгаагүй бидний л буруу. Тиймээс бид хязгаарлах юмандаа хязгаарлаж чаддаг өөрийн толгойтой хүмүүс шүү гэдгээ харуулмаар байгаа юм. Ямар тэр чигт нь хааж байгаа биш зөвхөн сонгуулийн сурталчилгааны 14 хоногт л цахим хязгаарлалт чухал байна.

Тиймээс Сонгуулийн хуульд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу твиттер фэйсбүүк, инстаграм зэрэг цахим платформоор сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглох заалт оруулъя. Сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчтэй холбоотой мэдээ, мэдээллийг дээрх платформоор явуулахыг хориглосон, явуулсан тохиолдолд тухайн хаягийг нь шууд хааж өндөр торгууль тавих, өрсөлдөгчөө харлуулсан байвал нэр дэвшигчийн эрхийг нь хязгаарлах, сэтгэгдэл оруулахыг сурталчилгаа эхлэхээр нийтэд нь хаах зэрэг зохицуулалтыг хуульд оруулах хэрэгтэй.

Ирэх сонгуулиас эхлээд улс төрийн нам, эвслүүд, нэр дэвшигчид сурталчилгаа, мэдээ мэдээллээ зөвхөн телевиз радио, сонин, мэдээллийн вэб сайтад л тавьдаг зохицуулалтыг Сонгуулийн тухай хуульд шинээр оруулж өгөхийг монголчуудын эрх ашиг шаардаж байна. Бид ядахдаа төрөө байгуулахдаа гадны хэвлэл мэдээллээр заалгаж тэдний хүссэн төр засгийг нь байгуулж өгмөөргүй байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Д.Сүхбат: Дусал тариаг хэт их ядарсан, ургалт муу модны ургалтыг эрчимжүүлэх зорилгоор залгадаг DNN.mn

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хот тохижилт хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбаттай нийслэлийн ногоон байгууламж, тэр дундаа бордоо арчилгааны талаар ярилцлаа.


-Энэ жилийн хотын ногоон байгууламжийн өсөлт ургалт ямар байна вэ?

-Улаанбаатар хотын хувьд нийтийн эзэмшлийн 135 га газрыг арчилдаг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сонгон шалгаруулалтаар шалгарсан 20 гаруй байгууллагаар ногоон байгууламжийн арчилгааны ажлыг хийлгэж байна. Ер нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын, ялангуяа Монгол орны хувьд жилийн дөрвөн улиралтай учраас тухайн жил болгоны өөрийнх нь онцлог байдаг. Энэ жилийн хувьд байгаль цаг уурын хувьд харьцангуй хүйтэн, мод бутны хувьд нахиа задралт нь удаашралтай байна. Сэрүүхэн байгаа учраас ургамал ургалтын хугацаа хойшилж байна. Жилд байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж ургамал ургалтын хугацаа 14 хоногийн наана, цаана хэлбэлздэг. Энэ жилийн хувьд ургалтын хугацаа хойшилсон, одоо хүртэл нахиа задраагүй модод байна.

-Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигддаг. Энэ чиглэлд та бүхэн ямар бодлого барьж байна вэ?

-Мод тарина гэдэг нэгд, байгаа тарьц суулгацаа авч ирээд суулгахын нэр биш эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт, хүн хүч, боловсон хүчний асуудал яригдана. Хоёрт, төсөв хөрөнгө, санхүүгийн асуудал бий.

Гуравт, мод бут тарьж байгаа хүмүүсийг яаж олноор нь хамруулж, хэрхэн зөв оролцуулах ёстой юм бэ. Дээрээс нь төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаагаа хэрхэн яаж сайжруулах вэ гэсэн үндсэн дөрвөн хүрээнд жил бүр ажлаа тусгаад явдаг. Ногоон байгууламж нэмэгдүүлнэ гэхээр зөвхөн мод биш шүү дээ. Зүлэгжүүлэлт, нэг наст болон олон наст цэцэг гээд бүх төрлөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа.

Энэ жилийн хувьд онцлох ажил бол нэг наст болон олон наст цэцэг, гоёл чимэглэлийн мод бут түлхүү тарина. Дээрээс нь гэр хороолол руу чиглэсэн 18 бичил цэцэрлэгийг байгуулахаар ажиллаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аяны хүрээнд ногоон байгууламж гэлтгүй ойн салбарын ойжуулалт, нөхөн сэргээлтийн талын бодлого нэлээд эрчимтэй явж байгааг дурдах нь зүйтэй. НИТХ-аар 2019 онд батласан ногоон байгууламжийн салбарын дунд хугацааны бодлогын бичиг баримт гэж бий. Энэ нь Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан бодлогын бичиг баримт. Бид үүнийг барьж явдаг. Нөгөө талаар жил бүрийн нийгэм эдийн засгийн зорилтод тухайн ажлыг төлөвлөж явдаг. Тухайн бодлогын баримт бичгээ Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулаад жил болгоны зорилтот түвшингээр зорилгоо тодорхойлоод явж байна.

-2019 оноос мастер төлөвлөгөө эхлүүлсэн гэлээ. Яг тодорхой хувь массаар ногоон байгууламж нэмэгдэж чадсан уу?

-Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишиг суурь үзүүлэлтээр гаргаж явдаг. 2016 оны суурь түвшинээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ манайд 2.4 м.кв гэж байсан. 2022 оны үзүүлэлт 5.5 м.кв болсон. Өөрөөр хэлбэл, хотын ногоон байгууламжийн хэмжээ 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдөр хотод 17 овгийн 34 төрлийн 82 зүйлийн мод ургаж байна. Байгалийн ой нөхөн сэргээх, жимс жимсгэний үржүүлэг гэдгээс гадна тусад нь хот суурины ногоон байгууламж, гоёл чимэглэлийн мод үржүүлэг гэж явдаг. Энэ талын мод үржүүлгийн газрыг бий болгож, хувийн хэвшлийн 15 байгууллагатай ажиллаж байна. Ингэснээр хотод шаардлагатай тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилготой.

Үр дүн гэвэл маш олон зүйл бий. 2017 оноос хойш ногоон байгууламжийн найман чиглэлийн суурь судалгааг хийж чадлаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн тооллого, бүртгэл, модны гоё чимэглэлийн байдал, өвчин хортон, нэг болон олон настад хийгдэж байгаа цэцгийн судалгаа гэх мэтээр өргөн хүрээнд хийгдсэн. Мөн MNS буюу үндэсний хэмжээний есөн стандартыг шинээр гаргасан. Ерөнхий менежерийн дэргэд хотын ногоон байгууламжийн үйл ажиллагаанд олон улсын ISO/9001 чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлсэнтэй холбоотой эрдэмдтийн зөвлөл байгуулагдсан. Нэг ёсондоо ногоон байгууламж нийтийн зээмшлийг сайжруулж байна, айл өрх албан байгууллагын тохижилт ногоон байгууламжийг сайжруулах хүрээнд ажлууд явагдаж байна. Тусгай хэрэгцээний ногоон байгууламж буюу мод үржүүлгийн газар, хамгаалалтын зурвас, оршуулгын газрыг ойжуулах чиглэлээр ч ажиллаж байгаа. Энэ бүхний үр дүнд ногоон байгууламж нэмэгдэж байгаа гэж хэлж болно.

-Олон улсад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн стандарт ямар байдаг юм бэ?

-Том ногоон хотуудад нэг хүнд 20-иос дээш м.кв ногддог. Олон улсын жишгээр өндөр байшин барилга гэдгээр биш хүн амьдрах таааламжтай орчин нөхцөл бүрдүүлсэн хот байх хандлдага руу явж байгаа. Тиймээс олон улсад тухайн хотын өөрийнх нь эдэлбэр газрын 60-аас доошгүй хувьд нь ногоон байгууламжийг төлөвлөдөг болчихсон. Шинээр бий болж байгаа, өргөжин тэлж байгаа хотуудын хувьд ногоон байгууламж нэлээд өндөр болчихсон. Австрали, Канад, Хятадын томоохон хотууд ногоон байгууламжаараа гайхагддаг шүү дээ.

ДЭМБ-аас ядаж нэг хүнд ногдох ногоон байгууламжаа есөн м.кв-аас дээш болго гэдэг зөвлөмжийг өгдөг. Манайх үүнд ойртохын тулд тодорхой хугацаанд хөрөнгө хүч, боловсон хүчин, суурь судалгаа зэрэг олон зүйлд анхаарах шаардлагатай. Хаанаас ч хамаагүй хэдэн саяар нь мод авч ирээд халхын хавтгайд шон татаад тариад байна гэдэг ойлголт биш шүү дээ. Мод тарьж, ургуулах процессыг 100 хувь гэж авч үзвэл тарих нь 30 хувь, арчилж ургуулах нь 70 гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Нэг ёсондоо бий болгоод байгаа ногоон байгууламжаа арчлаад аваад явах тал дээр хот анхаарч байгаа. Тиймээс 2013 оноос хойш хотын ногоон байгууламжийн урсгал зардал тавигдаж эхэлсэн. Үндсэндээ сүүлийн 10 жилд хотын ногоон байгууламж нэмэгдсэн нь харагддаг. Ковидын жил, эдийн засгийн хямралын үед хотын ногоон байгууламжид Хотын удирдлагуудын зүгээс сайн анхаарч байгаа. Манайд 2016, 2017 онд ногоон байгууламж хариуцсан ганц мэргэжилтэн ажиллаж байсан бол өнөөдөр найман хүнтэй хэлтэс болж, биеэ даасан том бүтэц ажиллаж байна. Ингэснээр өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн төвийн гудамж зам талбай ерөнхийдөө эзэнтэй болсон. Сүхбаатарын талбай, Хонхтой цэцэрлэг гээд явахад ямартаа ч тэнд ногоон хантаазтай хүн ажлаа хийгээд байж байдаг болсон. Харин хаана муухай харагдаад байна вэ гэхээр айл өрх, албан байгууллага, сургууль, цэцэрлэг, СӨХ буюу хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжтай хэсэгт асуудал бий. Цаана нь оршуулгын газар, төмөр замын хамгаалалтын зурвас, цэргийн анги нэгтгэл гэх мэт тусгай объектууд орчмын ногоон байгууламж ч бас байна. Төр бодлогоор оршуулгын газрыг ойжуулах ажил руу орчихлоо. Одоо иргэд аж ахуйн нэгж байгууллага, айл өрх СӨХ яаж ногоон байгууламжтай болох вэ гэдэг дээр ажиллах шаардлагатай.

-Хот суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан гэв үү?

-Одоо бол манайд тухайлсан хууль байхгүй. Газрын тухай хуульд 10 хувьд нь ногоон байгууламжтай байх ёстой, Хот байгуулалтын тухай хуульд 30-аас доошгүй хувьд ногоон байгууламж, авто машины зогсоол байна гээд орхичихсон. Хүн амын амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийг бодлогоор дэмжиж явах ёстой. Гэвч өнөөдөр бидэнд барих хууль байхгүй. Тиймээс Хот суурины ногоон байгууламжийн бие даасан хуультай болохоор сүүлийн 10-аад жил ярьсан. Тэрбум модны аяны хүрээнд Барилга хот байгуулалтын яамнаас уг хуулийн төслийг эцэслээд өргөн бариад байгаа. Энэ хууль хэрэв батлагдвал хот суурингийн ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг үүрэг харуицлагыг тодорхой болгож байгаа чухал явдал юм.

-Ногоон байгууламжийн бордооны талаар ярьж өгөхгүй юу. Ялангуяа сүүлийн үед мод бутанд дусал залгадаг болсон байна. Энэ нь ямар ач холбогдолтой бордоо вэ?

-Мод тарина гэдэг тэр чигтээ шинжлэх ухаан. Цаг хугацааны хувьд ч тухайн мод ямар нөхцөл, цаг үед, ямар төрлийн бордоог эхлээд өгөх вэ гэдгээс эхэлдэг. Одоо бол манайд нийтдээ таван төрлийн бордоо ашиглаж байна. Арчилгаанд 22 ажилбар хийгддэг. Хаврын цэнэг усалгаанаас намрын цэнэг усалгаа хүртэл ургамал ургалтын хугацаанд модыг арчилдаг гэсэн үг. Үүн дотор өвчин хортонтой тэмцэх, хэлбэржүүлэх, мод бутыг бордох, зүлэг цэцэг тарих, арчлах зэрэг бүх процесс ордог. Бордоо бол ургамлын хувьд өөрийнх нь идэж байгаа хоол, шим тэжээл нь. 14-21 хоногт бордоотой усалгаа явдаг. Ер нь долоо хоног бүр нэг усалгаа явна. Хоёр өнжөөд нэг удаад нь бордоотой усалгаа явна. Саяхан нэг бордоо явсан, дараагийн бордоог зургадугаар сарын 2, 3-нд хийхээр төлөвлөөд байна. Модыг эхлээд амьд бактерийн бордоогоор борддог. Тухайн ургамлын ургах нөхцөлийг сайжруулах зорилгоор хөрснийх нь бичил биет, бактерийг идэвхжүүлэх ёстой. Дараа нь гүнийн буюу шаардлагатай шим тэжээлийнх нь хоолыг өгөх ёстой.

Дуслын хувьд хэт их стрессэтсэн буюу ядарсан, ургалт муу байгаа модон дээр ургалтыг нь эрчимжүүлэх зорилгоор залгадаг. Ер нь болж өгвөл хавар ид нахиа хөөж байх үед нь бүгдэд нь өгчихмөөр байдаг. Гэвч бидэнд санхүүгийн, нөөцийн асуудал гардаг учраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай модод л дусал залгаж байгаа.

-Дуслыг ямар модонд, ямар давтамжтай хийх вэ?

-Энэ бол гадны улс оронд түгээмэл байдаг. Нэгд, шилжүүлэн суулгасан модонд хийдэг. Тухайн ургамлын үндэсний системийг тодорхой хэмжээгээр тасдаад байхгүй болгоод аваад ирж байгаа учраас үндсэн ногоон массаа тэжээхийн тулд дутагдаад байгаа шим тэжээлийг нь өгч байгаа хэлбэр. Нөгөө талаас хэт их хатсан, хөгширсөн, эсвэл өвчин хортонд нэрвэгдсэн модонд хийдэг.

Манайх ч гэсэн хөгширсөн өвчилсөн гэхээс илүү шилжүүлэн суулгасан модон дээр түлхүү дусал залгадаг. Лагерийн байршилд өсөлт хөгжилт удаашраад байгаа модонд хувь хүмүүс өөрсдөө хийж болно. Харин хүлэмжинд өөрөө ургаж байгаа модонд хийх шаардлагагүй. Гол нь тухайн модны нас буюу диаметрээс нь шалтгаалж нэг зүү хийх үү, хоёр систем хийх үү, эсвэл хоёр дусал залгах уу, дөрвөн дусал залгах уу гэдэг тооцоололтой байдаг.

-Модны төрөл хамаарах уу?

-Хамаарахгүй. Зөв цагт нь зөв хийх тухай л ярьдаг. Манайхан бол анх дусал залгуулж байхад модны тэг голд нь цоолоод өрөмдчихсөн байх жишээтэй. Дуслыг модны үндэсний систем буюу үндэсний хүзүүнээс 20-30 см-ийн дотогш хийх ёстой. Мөн диаметрээс шалтгаалж хэдэн удаа хийх вэ гэдгийг тооцоолно. Цаг хугацааны хувьд бол шүүс хөдөлсөн үед буюу жил бүрийн 4-6 дугаар сарын хооронд хийвэл манайд илүү тохиромжтой. Зун ч юм уу, өөр цаг улиралд хийвэл дусал шингэн нэвчихгүй, өөдөөс нь модны давирхай гоожоод байдаг.

-Дуслыг манайх өөрсдөө үйлдвэрлэдэг үү, гаднаас оруулж ирж байна уу?

-Янз бүр байна. Дотооддоо ч үйлдвэрлэж байна, гадаадаас ч оруулж ирж байна. Компани аж ахуйн нэгжүүдэд бидний зүгээс дусал тариа хий гэдэг чиглэлийг л өгдөг.

-Модны дусал ямар найрлагатай юм бэ?

-Микро давсны уусмал шүү дээ. Модонд бага хэмжээгээр шаардагдах концентрацитай уусмал нь дуслаар явж байна гэсэн үг.

-Зөвхөн дуслаар тогтохгүй бусад бордоогоор бордож байгаа. Тэдгээр нь модонд ямар ач холбогдолтой байдаг талаар мэдээлэл сонирхуулаач?

-Ургамалд шаардлагатай гол таван элемент байдаг. Азот, фосфор, кали, кальци, магни гэсэн үндсэн таван төрлийн бордоог тухайн ургамалд явц болгонд өгдөг. Азот, фосфор, калийн холимог бордоо байдаг. Түүнийг нэг агуулгаар өгчихөж болдог. Кальцийг тусад нь өөр төрлийн бордоогоор өгөх гэх мэт явдаг. Зарим төрлийн мод, жишээ нь жимс жимсгэний мод бутан дээр намар үр жимсийг нь авах гэж байгаа учраас илүү шим тэжээлийн бодис өгөх шаардлагатай. Жирэмсэн эмэгтэйтэй адилхан л гэсэн үг. Өөрөөсөө маш их хэмжээний шим тэжээл шаардаж байж үр жимс гаргадаг учраас тэр үед нь азот фосфор, калийн бордоогоо түлхүү өгдөг.

Мод амьд организм учраас юу дутагдаж байгааг илэрхийлдэг. Жишээ нь, навч хэт их шарлаад байвал азот дутаж байна гэж үзнэ. Эсвэл навчны гол судал улайгаад эхэлбэл кали дутагдаж байна гэж үзнэ. Модлог нь сулраад унжчихсан байвал кальци дутагдаж байна гэж таньж мэднэ. Яг л хүнтэй адилхан. Хүмүүс ургамлыг өөр гариг ертөнцийн юм шиг ойлгодог. Хүн өөрөө амьтан. Ургамал хүртэл амьд организм учраас яг л адилхан. Услахгүй бол, хоол шим тэжээл өгөхгүй бол үхчихнэ. Ид өсч хөгжиж байх үедээ цэцгийн тоо нь олон байна. Хөгшрөөд ирэхээр цөөрнө.

Гадны оронд аливаа хотын насжилтыг илтгэдэг зүйл нь олон жилийн насжилттай мод байдаг. Жишээ нь, манай улсын хувьд хамгийн анхны том хот нь Улиастай, Ховд хот гэж ярьдаг. Ховдын том том хөгшин улиасууд нь унах гэж байгаа юм шиг, юмаар тулж түшсэн нь харагддаг. Нэг талдаа муухай харагдаж байгаа юм шиг боловч Ховд хот хэдэн жилийн насжилттай вэ гэдгийг харуулж байгаа явдал. Бид өнгөрсөн жил Улаанбаатар хотод ургаж байгаа олон настай моддын түүхийг судалж, шинжлэх ухааны байгууллагуудаар насыг нь тодорхойлуулж байсан.

-Хэдэн настай модод байх юм бэ?

-110-116 настай юм билээ. Манай хотын хувьд ногоон байгууламж талдаа түүх гэх юм сүүлийн 100 жил л яригддаг. Хот суурин газар төдийлөн мод бут тарих соёл төлөвшөөгүй. Гадны улс оронд суурин соёл иргэншилтэй учраас тэр талаас түүхийн гэрч болж байдаг. Тиймээс байгаль дэлхийтэйгээ, ногоон байгууламжтай харьцана, ургуулна гэдэг бол нэг талдаа түүх үлдээж байгаа явдал. Нөгөө талдаа бид амьд юмтай харьцаж байгаа гэдэг агуулгыг маш сайн ойлгох хэрэгтэй юм. Төв суурин газрын уушги нь ногоон байгууламж. Тиймээс Улаанбаатар хотын агаар орчны бохирдол тоосонцорыг багасгая гэвэл бид мод л тарих ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Иргэн Ж.Оюунмаа: Сонгогчидтойгоо уулздаггүй, саналыг нь авдаггүй, иргэдээ төлөөлдөггүй гишүүд олон болох шаардлагагүй DNN.mn


ҮХНӨ-ийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, хуулийн төслийн талаар тойргийн иргэддээ танилцуулж эхлээд байгаа юм. ҮХНӨ-ийн төслөөр УИХ-ын гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцоотой холбоотой өөрчлөлтүүд орж буй. Тэгвэл энэхүү өөрчлөлтийг орон нутгийн иргэд хэрхэн үзэж байгаа талаар тодрууллаа.


Хөвсгөл аймгийн иргэн Ж.Оюунмаа: Санал асуулга авах нэрээр хүний эрхийг зөрчиж, дарамт шахалт үзүүлж байна


ХНӨ-ийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 152 гишүүн, намын квотоор сонгууль явуулах тухай хуулийн төсөлд санал авахаар Мөрөн сумын иргэдтэй уулзсан.

Хуралд 300 гаруй хүн оролцсон. Бүгд энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Ингээд иргэд ҮХНӨ-ийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж, холбогдох хүмүүст хүлээлгэж өглөө.

-ҮХНӨ-ийг эсэргүүцэж байгаа үндэслэлээ тайлбарлахгүй юу?

-Сонгогдсон тойргийнхоо иргэдтэйгээ нүүр тулж уулзаж, санал бодлыг нь сонсдоггүй, сонгогчдоо төлөөлдөггүй УИХ-ын гишүүн хэд ч байгаад ялгаагүй. УИХ-ын гишүүний үүрэг бол сонгогчдоо төлөөлөх явдал. Тэд энэ үүргээ биелүүлдэггүй. Ийм хүмүүс олон болох тусмаа сонгогч олонд, Монгол Улсад халтай.

Хамгийн ноцтой нь ҮХНӨ-ийн төслийн талаар манай аймгийн сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагын ажиллагсдаас онлайнаар санал асуулга авч байна. Энэ асуулгыг Монгол Улсын бүрэн эрхт иргэний хувьд эрс эсэргүүцэж, бас дургүйцлээ илэрхийлэхээс өөр арга алга. Учир нь, санал асуулга авах нэрээр хүний эрхийг зөрчиж, дарамт шахалт үзүүлж болохгүй. Нэгд, боловсролын салбарыг нь мэдэж байж, цэцэрлэг, сургуулийн нэр, албан тушаал, өөрийнх нь овог нэрийг нарийвчлан асуусан байгаа юм. Аль ч асуулгад албан байгууллага, албан тушаал, овог нэрийг асуух ёсгүй. Үүнийг социологичид мэдэж байгаа. Тэдний таалалд нийцэхгүй санал өгвөл дарамт шахалт үзүүлэх гэж зориуд айдас төрүүлж байж, өөрсдийн хүссэн саналаа авах зорилго агуулж байна гэж үзэж байгаа.

Хоёрт, УИХ-ын гишүүдийн тоо хэд байвал оновчтой вэ гэж асуугаад, 76-108, 109-125, 129-152, бусад гэж тавьсан байгаа юм. Энэ бол хэт хөтөлсөн, гарцаагүй байдалд оруулсан, хувь хүн санал бодлоо илэрхийлэх боломжийг хаасан асуултууд. Хэрэв 76-108 гэж хариуллаа гэхэд 108-ыг нь сонгосон болгох боломжтой. Үнэхээр иргэдийн саналыг авах гэж байгаа бол “гишүүдийн тоог 76 хэвээр үлдээнэ”, “гишүүдийн тоог цөөрүүлэх саналтай”, “Энэ талаар таны санал…” гээд өөрийгөө илэрхийлэх боломжийг олгосон сонголтууд оруулах ёстой. Үнэндээ МАН санал асуулгад оролцогчдын бүх боломжийг хааж, төрийн эрхийг байнга эзэгнэх гэсэн өөрсдийн хүслээ гүйцээх увайгүй оролдлого хийж байна.

Төрийн бусад албан хаагчдаас ингэж санал авч болохгүй. Дан ганц цэцэрлэг, сургуулийн багш нар Монголыг төлөөлж чадахгүй. Хэрэв санал асуулга авах гээд байгаа юм бол Үндсэн хуульд өөрчлөлт хийх эсэх тухай Бүх ард түмний санал асуулга явуулах ёстой. Үндсэн хуульд бүх ард түмний санал асуулга явуулах тухай заасан байгаа.


Дархан-Уул аймгийн иргэн Б.Нямбаяр: Дархан-Уул аймгаас сонгогдсон гурван гишүүн намынхаа 8700 хүний төлөөл ажиллаж ирсэн


ИХ-ын гишүүд ҮХНӨ-ийн төслийг сонгогч иргэддээ танилцуулж явна. Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт нэлээд ширүүн болох шиг боллоо. Ямар асуудлууд хөндөгдөж байв?

-Уулзалтын уур амьсгалыг та бүхэн харсан байх. УИХ-ын гишүүд ийм түвшинд очсоноо мэдээгүй. Өөрсдөө ч шоконд орох шиг боллоо. Өмнө нь тэд иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаагүй. Зүгээр л өөрсдийн намын гишүүд дэмжигчид, төрийн албан хаагчидтай уулзаж, алга ташуулдаг байсан учраас энэ удаагийн уулзалтаас тэд иргэдийнхээ ямар байр суурьтай байгааг харсан байх.

Манай дарханчууд нэг л зүйлийг хэлж байгаа. УИХ-ын гишүүд нийт ард түмнийг төлөөлж чадахгүй байна. Дархан-Уул аймгаас гурван гишүүн сонгогдсон. 2020 оны сонгуульд манай аймгаас 70.000 сонгогч санал өгсөн байдаг. Ингэхээр нэг гишүүн 23.000 иргэнийг төлөөлж ажиллах болж таарна. Энэ бол хангалттай тоо. Дэлхийн бусад улс оронд БНХАУ, ОХУ-д гэхэд парламентын нэг гишүүн 245-320 мянган хүнийг төлөөлдөг жишиг байдаг юм байна. Харин манай нэг гишүүн 23 мянган хүнийг төлөөлж чадахгүй байна. Ийм байхад гишүүдийн тоог 152 болгож нутаглана гэдэг ямар ч үндэслэлгүй. Үүнийгээ ч тэд үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа.

-Сонгогчдоо төлөөлж чадахгүй байгаа гэдгийг баримттай тайлбарлахгүй юу?

-Жишээ нь, УИХ-ын гишүүд нийт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц гишүүн байж чадахгүй байна. Би Дархан-Уул аймгийн 23 мянган хүнийг төлөөлж ажиллая гэсэн сэтгэл зүйтэй байх ёстой. Гэтэл манайд МАН-аас сонгогдсон гурван гишүүн зөвхөн өөрсдийнхөө намын 8700 хүнийг төлөөлж ажилладаг. Тийм учраас үлдсэн 110 гаруй мянган иргэд гишүүдийн тоо нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа юм. Нэг ёсондоо 90 гаруй хувь нь гэсэн үг.

Дарханчууд бид өнгөрсөн хугацаанд нүүрсний жагсаал, “Бид бухимдаж байна”, “Тэвчээр тасарлаа” гэх мэт нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай, үнийн өсөлт, газрын наймааны талаар үг, үзэл бодлоо илэрхийлж удаа дараа тайван жагсаал зохион байгуулж ирсэн. Манайхаас сонгогдсон гишүүдээс нэг нь ч тэрхүү жагсаал дээр ирж төлөөллийн үүргээ гүйцэтгээгүй. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол төлөөллийн үүрэг байдаг. Хоёрт, 2020 оны сонгуулиас хойш гишүүд дарханчуудтай таван удаа ирж уулзсан гэж ярьж байна. Би дарханчуудаа, залуусаа төлөөлж нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүн. Яг үнэндээ гишүүд ҮХНӨ-өөр л анх удаа иргэдтэйгээ уулзлаа. Бусад уулзалт нь өөрсдийнх нь намын гишүүд, төрийн албан хаагчидтай хийсэн уулзалт л байгаа юм. Түүнийгээ дарханчуудтай уулзлаа гэж худлаа ярьдаг. Ингэж ажиллаж болохгүй.

УИХ-ын гишүүний үндсэн ажил бол хууль батлах, санаачлах. Гэтэл манай гишүүд ямар хууль санаачилсан юм бэ гээд шүүхээр байдаггүй юм. Хамгийн сүүлд Г.Дамдинням гэдэг гишүүн Боловсролын хуулийг санаачлаад I ангиас англи хэл заах ёстой гэж ярьж орж ирж байгаа. Бусад нь ямар ч хууль санаачлаагүй. Би ийм хууль санаачиллаа, энэ бол иргэдэд маш хэрэгтэй гэж орж ирж байсныг санахгүй байна. Гишүүд юу ярьдаг вэ гэхээр орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн өргөтгөл ярьдаг юм. Энэ бол гишүүдийн үүрэг биш. Энэ бол Дархан-Уул аймагт тухайн жил төсвөөс төсөвлөгдсөн, аймгийн ИТХ хуралдаж байгаад шийддэг л ажил. Дархан-Уулаас сонгогдсон гурван гишүүнтэй, гишүүнгүй энэ асуудал шийдэгдээд явдаг. Харин гишүүд Нийгмийн даатгалын тухай хууль санаачиллаа, Тэтгэврийн хууль санаачилчихлаа, тэтгэвэр өвлөгддөг болно гээд ярьж явбал өөр.

-Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Холимог тогтолцоог бол дэмжиж байгаа. Учир нь иргэдийн санал гээгддэггүй байх ёстой. Нийт сонгогчдын 38 хувийн саналыг авсан улс төрийн нам парламентад 70, 80 хувийн суудал авч байгаа шүү дээ. Нөгөө талаар өнгөрсөн 2020 оны сонгуульд нийт залуусын 60 гаруй хувь нь саналаа өгөөгүй байдаг. Тиймээс саналаа өгдөггүй хүмүүст төрийн ямар нэгэн үйлчилгээ, халамжийг олгодоггүй баймаар байна.

Нийт сонгогчдын гурван хувиас дээш хэмжээний саналыг авсан жижиг улс төрийн намууд парламентад нэг суудалтай болох саналыг ч мөн дэмжиж байгаа. Харин гишүүдийн тоог нэмэх асуудал яавч байж болохгүй. Яахав гишүүд иргэдэд хэрэгтэй талыг дөвийлгөж тайлбарлаж байх шиг байна. Гишүүдийн тоог 152 болгож, эгэл жирийн малчин, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирнэ гэж байгаа ч бодит амьдрал дээрээ хэзээ ч хэрэгжихгүй. Үнэхээр үүнийг ажил хэрэг болгоё гэвэл Улс төрийн намын тухай хуульд УИХ, аймаг орон нутгийн сонгуульд оролцож ялалт байгуулсан улс төрийн намууд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө 90 хувийг биелүүлээгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй гэж өөрчлөх ёстой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Одбаяр: Эрх баригчид нүүрсний хулгайн сонсголыг сонгууль өнгөртөл хийхгүй нь тодорхой болчихлоо DNN.mn

“No War” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай нүүрсний хэргийн талаар ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэг мандсан. АТГ-аас байсхийгээд мэдээлэл өгдгөөс өөрөөр энэ хэрэг урагшилсангүй. Иргэний хөдөлгөөнийхөн энэ хэргийг яаралтай шийдвэрлэх ёстой гэж шаардаж байгаа.

-Нүүрсний хулгайтай холбоотойгоор иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлж, жагсах цуглааныг эхний үед зохион байгуулж байсан шүү дээ. Нүүрсний хулгай ил болж байгаа асуудлаар төлөөлүүлэн “Манайд хууль хэрэгжихгүй байна” гэдэг хуримтлагдсан бухимдал ил гарч ирсэн. Ер нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Тэр бүрийг эрх баригчдын зүгээс галыг цурамд оруулна гэдэг шиг ач холбогдлыг нь бууруулж, утга учрыг нь алдагдуулж ирсэн. АТГ-аас өгдөг мэдээлэл бол ирээдүй цаг дээр яригдсаар байгаад өнөөдөр нүүрсний хулгайн хэргийг бүрэн мартаж байна гэж хэлж болно. Өнөөдөр энэ хэрэгтэй холбоотой асуудал хөндөж байгаа хүн байхгүй болсон. Ярилаа гэхэд ач холбогдолтой зүйл ч биш болж байна. Тэр байтугай энэ хэргийн хамгийн том сэжигтэн, зохион байгуулагч гэгдэж байсан ЭТТ-н захирал Б.Ганхуяг эрх чөлөөтэй болчихсон, түүнийг суллагдсаныг зарим нь ч мэдэхгүй явах жишээтэй.

Нэг сонин зүйл бий. Үзэл бодлоо идэвхтэй илэрхийлдэг, жагсаж цугладаг хүмүүсийг хуулийнхан барьж саатуулахдаа юу ярьсан ийснийг нь задлаад тавьчихдаг.

Гэтэл ноцтой гэмт хэрэгт холбогдсон Б.Ганхуяг чухам хуулийнханд юу ярьсан, юуг мэдүүлсэн талаар огт ам нээдэггүй. Гадны улс оронд энэ талаар цагдаа хуулийнхан нь чөлөөтэй мэдээлдэг, ард түмэндээ процессын мэдээллээ өгч явдаг. Манайд эсрэгээрээ ажиллаж байна. Ийм байдлаар явж ирсээр байгаад араас нь хичнээн ч олон янзын дуулиан шуугиан гарав. Үүнийг маш сайн анхаарвал Засгийн газар өөрөө мэдээллийг ил болгож байна. Угаасаа ил байх ёстой мэдээллүүдийг эрх баригчид дарж байгаад, сонгомол байдлаар тодорхой хүмүүс рүү чиглэсэн улс төрийн акци болгож хувиргадаг нь тодорхой боллоо шүү дээ. Шалгаж байна, эрхийг нь түдгэлзүүллээ гэдэг ч өнөөдөр нүүрсний хэрэгт, бусад хэрэгт ч хариуцлага тооцсон үйл явдал нэг ч алга.

-Нүүрсний хэрэгт хэн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна?

-Ойлгомжтой шүү дээ. Тухайн Засгийн газрын эрхийг барьж байгаа, эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Засгийн газрыг дагаж, түүнд удирдагддаг бүтцүүд ч хариуцлага хүлээх ёстой. Манайхаас бусад хууль хэрэгждэг улсад ингэж ажилладаг.

Манайд л хууль зөрчөөд, бүх юм болохгүй байгаа, нийгэм сүйрч байгаа, иргэд ядуурч, хулгай дээрэм гаарч байгаа хэрнээ Засгийн газрынх нь нэр хүнд улам өсөөд байгаа юм шиг технологи хэрэгжүүлээд байдаг улс бол манайх болон ОХУ. Дотоодын асуудал болохоо байгаад ирэхээр гаднаас дайсан хайдаг, өөрсдийнх нь үйл ажиллагаа болохгүй болохоор өөрсдийнхөө хийсэн хулгайг гаргаж ирдэг. Иргэд түүнийг нь эсэргүүцээд жагсах гэхээр төлбөртэй, чиглэлтэй амьд тролл жагсагчидтай болчихлоо. Тэд Засгийн газар огцор гэсэн хүмүүсийг хөөж туудаг. Очихоос нь өмнө эд нартай жагсахгүй гэдэг сэтгэл зүй л төрүүлдэг, утга учрыг алдагдуулах үүрэгтэй болчихсон. Үүнээс залуучууд цэрвэдэг болж байна. Одоо нийгмийн бухимдал үүсэх нь тодорхой болчихсон учраас түрүүлээд баахан хүмүүс талбай дээр аваачаад тавьчихлаа. Ингэж жагсаал цуглааныг хүртэл цурамд оруулж байна. Ерөөсөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм байдлаар нийгмийг хяналтандаа авах гэж оролдож байна. Тийм зүйл болохгүй.

Өнөөдөр Боловсролын зээлийн сан гээд л шуугьж байна. Гэтэл үүний нийт дүнг харахаар 40-60 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Гэтэл нүүрс ямар дүнтэй билээ. Хөгжлийн банк ямар хохиролтой билээ. Тиймээс иргэд маань мэдээлэлд маш цензуртай байх хэрэгтэй байна. Засгийн газраас гаргаж байгаа мэдээллүүдэд хэт автаж, гол зорилгоо алдмааргүй байгаа юм.

-Нүүрсний хэргийн нээлттэй сонсгол товлогдоод байсан. Гэвч хийх эсэх нь бүр эргэлзээтэй, тодорхойгүй болоод мартагдаж байна уу даа?

-Хөгжлийн банкны нээлттэй сонсгол өөрөө сонгомол байдлаар явагдсан шүү дээ. Бүх оролцогчдыг хамруулаагүй. Яахав болсон нь ач холбогдолтой. Тэгвэл нүүрсний хулгайн сонсгол сонгомол байдлаар хийх ч бэрхшээлтэй. Маш олон оролцогчтой. Тэр дунд эрх баригчид буюу МАН, Засгийн газар өөрөө нүүрсний хулгайчид. Тиймээс Засгийн газар нь Засгийн газрынхаа эсрэг сонсгол хийхгүй нь тодорхой. Зөвхөн МАН-аар тогтохгүй Х.Баттулга тэргүүтэй нөхөд хамгийн том оролцогч, тоглогч байсан. Гэвч сонсгол болохгүй гэдэг нь тодорхой боллоо. Сонгууль өнгөртөл хийхгүй нь.

Тиймээс нэг л зүйлийг сайн анзаарах ёстой. Цаашид Засгийн газраас бэлдэж өгсөн өгөгдөл дээр ханарч, бухимддагаа, зохиолынх нь дагуу өрнөдөг зүйлээс татгалзахыг уриалж байна. Хууль хэлбэрэлтгүй хэрэгждэг зүйл рүү л төвлөрөх ёстой. Сангуудыг ил болгоно гэж байна. Угаасаа ил байх ёстой мэдээлэл. Дээрээс нь дарж суучихаад хэрэгтэй үедээ аль нэгийг нь гаргаж ирээд дэлгэдгийг зогсоох ёстой. Тэгж байж Хөгжлийн банк, нүүрсний хулгай шийдэгдэнэ. Хууль хэрэгжихгүй байгаа тохиолдолд яагаад ч шийдэхдэхгүй.

Categories
мэдээ нийгэм

Хоригдол эрхээ эдэлж, ар гэрийнхэнтэйгээ уртын уулзалт хийхэд нэгбүрчлэн хянах боломжгүй гэв DNN.mnm

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь жирийн дэглэмтэй 425 дугаар ангид ял эдэлж байсан М эргэлтийн байранд эхнэрээ хөнөөж, дараа нь өөрийгөө боомилсон онц ноцтой хэрэг энэ сарын 22-23-нд шилжих шөнө гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хүмүүжигч М нь малын хулгайн хэргээр тус хорих ангид ял эдэлж байжээ. Уг хэрэг гэр бүлийн маргааны улмаас үүссэн байх магадлалтай гэдгийг хуулийн байгууллага урьдчилан тогтоогоод байгаа аж. Түүнийг ял эдэлж байх хугацаанд эхнэр нь хэд хэдэн удаа уртын эргэлтээр ирж байжээ.

Хорих ангид хоёр хүний амь нас эрсэдсэн асуудалд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Энэ тухай ШШГЕГ-аас тайлбар хийхдээ “Удаан хугацааны уулзалтын хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байгаа нь нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бөгөөд тухайн тохиолдолд удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй юм. Учир нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4.1.12 болон 9.1 дүгээр зүйлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан байдаг” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Монгол Улсын хорих байгууллагад бусад улс оронд байдаггүй, хүний эрхийг хангасан хоёр зохицуулалт байдаг аж. Энэ бол шагналын хоног болон хоногийн уулзалт. Хоногийн уулзалт гэдэг уртын эргэлт гэсэн үг юм. Уртын эргэлт гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.2-т хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа гурван цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсхүл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна гэж заасан байдаг.

Хорих ангийн дэргэд эргэлт уулзалтын тусгай байрыг гэрийн зориулалттайгаар бэлтгэсэн байх бөгөөд тэнд хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ 72 цаг хүртэл хугацаанд уулздаг гэсэн үг. Нэг ёсондоо тэнд амьдрал өрнөдөг. Ар гэрийнхэн нь хоол хүнс, хүмүүжигчид шаардлагатай эд зүйлс бэлтгэж ирнэ. Гэр болгон тохижуулсан байранд хоол ундаа бэлтгэж яг л гэртээ байгаа юм шиг амьдрал өрнүүлэх эрхийг олгодог юм байна. Энэ нь хоригдлын сэтгэл зүйг өргөх, нийгэмшүүлэх, ар гэрийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зэргээр хүний эрхийг хангахыг зорьдог юм байна. Уртын эргэлтээр уулзаж буй хоригдол, түүний ар гэрийн харилцаанд хорих байгууллагын зүгээс нэгбүрчлэн хяналт тавих нь зохимжгүй гэж үздэг аж. Тиймээс эргэлтийн байрны заал талбайд хяналтын камер, харуул хамгаалалт ажилладаг бол гэр болон тохижуулсан өрөөг хянах боломжгүй ажээ.

Хэрэгтэн уг хэргийг урьдаас төлөвлөсөн байж болзошгүй гэж албаныхан үзэж буй бололтой. Талийгаач эмэгтэй нөхөртэйгөө гурав хоногийн хугацаанд уулзана гэж зөвшөөрөл авчээ. Гэвч хэрэг эргэлтийн эхний хоногт гарсан байна. Уулзалтын үеэр бусдын анхаарал татахуйц маргаан дуу чимээ өрнөөгүй гэдгийг хорих ангийнхан цагдаад мэдүүлж байгаа гэнэ. Хүмүүжигч эр эхнэрээ дэрээр дарж, хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бололтой. Нэг ёсондоо хорих ангийн харуул хамгаалалтын анхаарлыг татахгүйгээр хэргийг урьдаас төлөвлөсөн байсан гэх мэдээлэл яригдаж байгаа аж. Уг хэрэг гэр бүлийн маргаан, хардалтын улмаас үүссэн байх магадлалтайг эх сурвалж хэлж буй. Хохирогч эмэгтэй өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд бага насны хоёр хүүхэдтэй байжээ. Гэвч нөхрөөсөө салаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин өөрийнх нь аминд хүрсэн М-тэй гэр бүлээ батлуулснаа хэлээгүй гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлж байна.

Хуулийнхан энэ тухай тайлбарлахдаа “Энэ ноцтой хэрэгт нийгэм ч буруутай. Тэр гэмт хэрэгтэн бол нийгмийн л нэг гишүүн. Эцэг эхээсээ гэмт хэрэгтэн болж төрөөгүй нь лавтай. Нийгмийн дунд өсч бойжиж төлөвшихдөө гэмт хэрэг үйлдсэн. Ийм хүмүүст ял шийтгэл оноохдоо нийгмээс таслахгүй, ар гэрийн амьд харилцааг нь алдуулахгүй гэсэндээ хүний эрхийг дээдэлж хуулиар зохицуулж өгсөн байдаг. Гэвч тэр эрхээ эдлэх явцдаа дахин ноцтой гэмт хэрэг үйлдэнэ гэдэг бид ийм л нийгэм бүтээж байгаа гэсэн үг. Нийгмийн сэтгэл зүйд анхаарах шаардлагатай болсны илэрхийлэл” гэж тайлбарлах нэгэн ч байгаа юм.

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


Categories
мэдээ нийгэм

Хорих 425 дугаар ангийн эргэлтийн байранд хүмүүжигч эр эхнэрээ хутгалж хөнөөгөөд өөрийгөө боомилжээ DNN.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь жирийн дэглэмтэй 425 дугаар ангийн хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөж, өөрийгөө ч хорлосон онц ноцтой хэрэг өчигдөр гарчээ. Аймгийн Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өчигдөр 09:50 цагт ирсэн байна. Цагдаа нар хэргийн газарт очиход 30 гаруй насны эмэгтэй хутгалуулж, мөн ийм насны эрэгтэй боомилсон байдалтай нас барсан байжээ.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагийн орчимд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн учир прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө” гэв.

Энэ талаар Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын ажилтантай холбогдож тодрууллаа.


-Хэргийн талаар тодруулахгүй юу?

-Ийм хэрэг гарсан нь үнэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар хорих ангийн эргэлт уулзалтын байранд эргэлтээр ирсэн эмэгтэй, түүний нөхөр болох ял эдэлж байсан эрэгтэй нас барсан дуудлага өчигдөр 09:50 цагт ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Ийм ноцтой хэрэг юунаас болж гарав. Урьдчилсан байдлаар тогтоогдсон уу?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Тэгвэл энэ хэрэгт хэн нэгнийг холбогдуулж шалгаж байгаа юу, цагдан хорьсон уу?

-Хэн нэгнийг холбогдуулж, цагдан хорьсон асуудал байхгүй гэв.

Хэргийн талаар орон нутгийн нэрээ нууцалсан нэгэн иргэнээс тодруулж, дараах мэдээллийг авлаа.


-Танай аймгийн Хорих ангийн байранд хоёр хүн нас барсан ноцтой хэрэг гарсан байна. Дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

-Хэрэг 425 дугаар хорих ангийн эргэлтийн байранд болсон юм байна. Хүн нас барсныг өглөө /өчигдөр/ хорих ангийн харуул хамгаалалтынхан мэдсэн юм билээ. Нөхөр нь эргэлтээр ирсэн эхнэрээ хутгалж хөнөөгөөд, өөрөө дараа нь боомилж амиа хорлосон юм байна. Харуул хамгаалалтынхан ороход тэр хүмүүс аль хэдийнэ нас барчихсан байсан учраас Шүүх шинжилгээний газарт хүргэсэн. Тэд 30 гаруй насны залуухан хүмүүс байж.

-Хорих ангийн хяналттай байранд эхнэрээ хөнөөнө гэдэг ямар ноцтой юм бэ. Шалтгаан нөхцөл юу байсан юм бол?

-24 цагийн харуул хамгаалалттай газарт архи согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй. Тиймээс архидан согтуурч нэгнийгээ алсан гэж үзэх боломжгүй. Мэдээж гэр бүлийн маргаан л байсан болов уу.

-24 цагийн харуул хамгаалалтынхан ийм ноцтой хэргийг мэдээгүй байжээ?

-Тийм л бололтой. Хэрэг бол шөнө нэг, хоёр цагийн үед гарсан бололтой. Өглөө ажил эхэлсний дараа харуул хамгаалалтын хүмүүс эргэлтийн байранд орж юу болсныг мэдсэн. Нэг ёсондоо харуул хамгаалалт муу байсан гэсэн үг. Мэдээж хүний амь хөнөөж байхад амь тавьж чарлаж орилж таарна. Түүнийг мэдээгүй, бүхэл бүтэн хоёр хүний амь хорих ангийн хамгаалалттай байранд хохирно гэдэг ноцтой явдал.

-Хэрэгтэн ямар хэргээр ял эдэлж байсан юм бол?

-Хэрэгтэн Говьсүмбэр аймгийн харьяат юм байна. Чухам ямар хэргээр суусан нь тодорхойгүй байна. Хорих 425 дугаар анги бол жирийн дэглэмтэй хорих анги. 300-400 хоригдол хүлээн авах чадалтай. Ер нь чангаас жирийн дэглэм рүү шилжээд, наранд гарахад ойртсон хүмүүс л голдуу байдаг гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Долдугаар сарын 1-ний үймээнд хүүгээ алдсан аав Ц.Энхбаяр: Үүргээ биелүүлсэн 13 цагдааг яллах чухал биш, тэдэнд тушаал өгсөн хүмүүсийг л илрүүлэх ёстой DNN.mn

-Буудуулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон гурван хүүг хөл дээр нь босгочихвол төр надад хүүг минь буцаагаад өгсөнтэй л адил-


2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг хуулийн байгууллага сэргээн шалгаж эхэлсэн талаар мэдээлээд байгаа юм. Одоогоос 15 жилийн өмнөх энэ үймээнээр таван иргэн амиа алдаж, олон зуун залуус хэцүү нэртийн хаалга татсан юм. Амиа алдсан таван хүний дунд хамгийн залуу, 24 настай Э.Доржпүрэв гэх залуу буудуулж, газар дээрээ нас барсан байдаг юм. Талийгаачийн аав Ц.Энхбаяртай ярилцлаа.


-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэргийг шалгаж эхэлсэн гэж байгаа. Та бол өнгөрсөн хугацаанд хохирогчдын төлөөлөл болж тэмцэж ирсэн хүний нэг. Энэ хэрэгт шалгах шаардлагатай ямар асуудал үлдсэн гэж та хардаг бол?

-Энэ хэргийг анх шалгахдаа цагдаагийн албан хаагчдыг сайн шалгаж чадаагүй учраас тэд тушаал өгсөн хүмүүсээ нэрлээгүй юм. Зүгээр л, хариуцлага алдсан гэж л үзсэн. Хүний аминд хүрч хариуцлага алдаж болохгүй биз дээ. Хэрэв цагдаа нарт дарга нар нь галт зэвсэг өгөөгүй гэж байгаа бол тэд өөрсдөө хувиасаа галт зэвсэг гаргаад сайн дураараа таван хүнийг буудсан хэрэг үү. Эсвэл тушаал өгсөн бол хэн өгсөн бэ. Хамгийн гол нь бидэнд цагдаагийн албан хаагчид чухал биш. Бүрлээч маань ч цагдаа байгаад үүрэг авсан бол биелүүлж л таарах байсан. Тиймээс тушаал өгсөн хүмүүсийг тодорхой болгож шалгах ёстой юм .

-Энэ хэрэгт маш олон ээдрээтэй, эргэлзээтэй асуудлууд бий. Энэ хэргийн шалтгаан нөхцөлийг ч янз бүрээр тайлбарладаг. Үнэндээ долдугаар сарын 1-ний үймээн юунаас болж эхэлсэн юм бэ?

-Энэ чинь цаанаасаа өндөр зохион байгуулалттай өрнөсөн хэрэг. Тэр үед, 2008 онд аль нам ялалт байгуулна, тэр нам дөрвөн жил Монголын баялаг дээр эзэн суух байсан. Тийм учраас ямар ч үнээр хамаагүй ялна гэсэн зорилго МАН-д ч, АН-д ч байсан. Мэдээж тэнд булхай луйврууд болсон. Тэртээ тэргүй манайд булхай луйваргүй сонгууль ганц ч байхгүй. Тэд ямар ч үнээр хамаагүй эрх мэдлээ хадгалах гэж улангассан. Шалтгаан бол энэ. Жагсаал зургадугаар сарын 29-нөөс эхэлсэн шүү дээ. 30-ны өдөр тараасан ч долдугаар сарын 1-нд нь бүр өргөн жагсаал болсон.

Би 1-нд нь ирсэн юм. Манай Налайхын автобус 20:00 цагт зогсчихдог учраас яваад өгсөн. Тэгсэн дунд хүү маань ирээд “Нацагдоржийн хөшөөн дээр сум улиад л” гээд ярьсан. Би “Битгий тэнэг юм яриад бай. Юу гэж байлдааны сумаар буудаж байдаг юм” гээд уурлаж үзлээ. Гэтэл хүү маань “Ах (талийгаач) бид хоёр гүйж яваад харсан” гэдэг юм. Хүү маань ахтайгаа таараад хамт явж байтал араас нь хөөхөд хоёр тийш салаад зугтаасан юм билээ.

-Тэгээд талийгаач хүү тань эргэж ирээгүй. Та тийм харамсалтай зүйл болно гэж санаагүй байх?

-Юу гэж дээ. Хэзээ ч төр ард түмэн рүүгээ галт зэвсэг хэрэглэнэ гэж миний ухаанд багтахгүй байсан. Харин одоо бол бид хүүхдүүдээ наашаа цаашаа гэж хэлж болно. Өнөөдрийн төр 2008 оных шиг улангасчихаад байна. Энэ байр сууриа авч үлдэж чадах уу, энэ чигээрээ шоронгийн хаалга татах уу гэдэг дээр байгаа. Тийм учраас ийм эгзэгтэй үед онц байдал зарлавал хүүхдүүдээ хүүе, хаая гэхгүй бол болохгүй.

Долдугаар сарын 2-ны өдөр дүү маань манайх руу залгаад “Дожоо яачихав, ажлаас нь асуугаад байна” гэлээ. Тэгээд л удалгүй телевизээр хүмүүс нас барсан мэдээлэл явж эхэлсэн. Орой нь Нэгдүгээр эмнэлэгт ирж, хүүгээ буудуулсныг мэдсэн. Тэр бас их осолтой юм билээ. Хохирогчдыг Цэргийн госпитал руу зөөсөн байсан. Магадгүй тэр хэргийг нуух ч байсныг үгүйсгэхгүй. Харин Нэгдүгээр эмнэлэг рүү эргэдэг дээр Дорнодын Энхбаатар манай хүү хоёр буудуулсан. Зугтааж явсан залуус тэднийг Нэгдүгээр эмнэлэг рүү зөөж оруулсан. Харамсалтай нь хүү маань газар дээрээ өөд болсон байсан. Сум эрүүгээр нь ороод далыг нэвтлээд гарахдаа амин газрыг нь онож, нас барсан гэж гарсан.

-Харин талийгаач Ц.Энхбаатар мэс засалд ороод даагаагүй гэдэг бил үү?

-Дорнодын Ц.Энхбаатар шөнийн 03:00 цаг хүртэл хагалгаа хийлгээд даалгүй нас барсан байдаг. Хэрвээ бүх хохирогчдыг госпитал руу аваачсан бол энэ хэргийг тэр чигээр нь чимээгүй дарчих боломж эд нарт байгаа. Тиймээс тэр эмнэлэг рүү зөөгөөд байсан болов уу. Уг нь бэртэж гэмтсэн хүмүүсийг Гэмтэл рүү зөөнө өө дөө. Ядаж хажууд нь манай хамгийн анхны, туршлагатай эмч нар зонхилсон төв эмнэлэг байна. Тийшээ ч оруулж, эмнэлгийн тусламж үзүүлж болох байсан.

-Бусад хохирогчид ч бас бий шүү дээ. Гэдсэндээ, хөлөндөө буудуулж тахир дутуу болсон залуус бий. Тэд өнөөдөр ямаршуу аж төрж байдаг юм бол?

-н.Амгаланбаатар гэж залуу Гадаад харилцааны яамны хажуу талын “Миний нутаг” дууны хөшөөний дэргэд гүйж явтал араас нь хүчтэй цохиод авах шиг болсон гэдэг. Цаашаа гүйх гэтэл гүйж чадахгүй болоод, гэдэс рүүгээ буудуулчихсан, цагаан цамцных нь цаанаас цус шүүрч эхэлсэн байгаа юм. Цагдаа нар араас нь гүйцэж ирээд “Наадхаа хая. Шархадсан байна” гээд тоохгүй яваад өгсөн. н.Амгаланбаатар дэргэдүүр өнгөрч байсан хүмүүсээс тусламж гуйж, түргэн дуудсан. Түргэнийхэн ирээд госпитал руу хүргэсэн байгаа юм. Тэгээд амь аврагдтал долоо, найм хоног ар гэртэй нь уулзуулаагүй. Энэ маш ноцтой. Зөвхөн цагдаа нар л орж байцаалт авч байсан. Ар гэрт нь “Танай хүн хүнд байгаа. Бид амийг нь аврахаар тэмцэж байна. Та нар уулзаж сэтгэл санааг нь хямрааж мэднэ” гээд огт уулзуулаагүй байдаг.

Дуурийн театрын урд явж байсан хүү хөлөндөө буудуулсан. Буудсан цагдаа нь араас нь гүйцэж ирэхэд нь “Ах аа би буудуулчихлаа. Туслаач” гэхэд “Хохь чинь” гээд өшиглөчихөөд яваад өгсөн гэдэг. Одоо тэр залуу хөгжлийн бэрхшээлтэй, сард улсаас хэдэн төгрөг авдаг юм уу даа. Дуучин болох гээд их сургуульд орох гэж байсан цэл залуу хүү гээд бод доо, хөөрхий минь. Яаж амьдралд хүрэх вэ дээ. Ийм маягаар гурван залуугийн амьдралыг орвонгоор нь эргүүлээд хаячихсан. Тэнд ч цагдаа үхлээ, энд ч цагдаа үхлээ, босогчид алчихлаа гэсэн цуурхал албаар тарааж, цагдаа нарынхаа зүрхийг хөөргөж байсан юм шүү. Тухайн үед Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж Галдаа гуайгаар ахлуулсан залуус байлаа. Галдаа гуай урд нь хар бараан юмтай зууралдаагүй гайгүй залуусыг шилээд энэ албыг байгуулсан юм байна гэж бодсон. Тэд ч бас муугүй ажилласан. Буудсан цагдаа нарыг 10-аад хоногийн дараа Заамарт сургуулилалт хийж байхад нь баривчилж авч ирээд мөрдөнд суулгаад хэргийг нь хүлээлгэсэн. Бидний хувьд сайн хэрэг болсон. Яг хуулийнхаа хувьд тэр хүмүүсийг шүүхээр яллаагүй байхад Галдаа гуай “Цагдаа буудсан гэдгийг баталгаатай тогтоосон” гээд танай сонин дээр байна уу даа ярилцлага өгсөн байсан. Өөрөө хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байгаа гавьяат хуульч хүн, хуулиа мэдэхгүй байна гэж байхгүй. Ямар нэгэн дарамт шахалт ирж магадгүй гэж олон нийтэд зарласан байх. Тэгэхээс ч аргагүй нөхцөл байдал байсан. Дандаа цагдаагийн хурандаа нар татагдчихсан. Тэдний чинь ард МАН бүтнээрээ зогсож байсан шүү дээ.

-Энэ хэргийн гол хүмүүс таныхаар хэн бэ?

-Үнэндээ жагсагчид МАН-ын хуучин байшингийн нэгдүгээр давхрыг л шатаасан. Харин хоёр, гурав, дөрөвдүгээр давхар байхгүй, тавдугаар давхар ташраараа шатсан. Үүнийг С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин нар л гал тавьсан гэж би боддог. Долдугаар сарын 1-ний хэргийн талаар цагдаа нарын бичсэн ном дээр нэг хүн сэтгэгдлээ бичихдээ “Яанаа дарга нар үлдчихсэн. Гарч ирж чадах болов уу гэж байтал 30, 40 минутын дараа гараад ирсэн” гэсэн байдаг. Тиймээс зохион байгуулалттай хийсэн хэрэг юм байна гэж би хардаг. Хамгийн гол нь ямар ч үнээр хамаагүй сонгуулийн булхай гэдгээс өөр зүг рүү чиглүүлэхийг л тэд хүсч байсан. Тэгэхийн тулд хүний амь эрсдүүлэхээс өөр арга байхгүй. Зүгээр л тараачихвал маргааш нь ахиад л гарч ирээд жагсана гэж айсан хүмүүс энэ хэргийг өдөөсөн. Нэг ёсондоо МАН ялалтаа хамгаалж үлдэхийн тулд нийтийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлж, ахиад талбай дээр хүн гаргахгүй гэсэн санаархал байсан.

Уг нь яг тэр үед МАН-ыг булшинд нь хийх боломж АН-д байсан юм. Ахиж ингэж өндийхөөргүй болтол унагаах боломж байсан. МАН-ыг таван хүн алсныг зарлаж, дахин сонгууль явуулах байв. Даанч АН ч үүнийг хүсээгүй. Миний бодлоор энэ тогтолцоо байхгүй бол тэд ч идэж ууж чадахгүй. Шударга тогтолцоо бүтээнэ гэвэл энэ хоёр намаас хүлээлтгүй.

-Өнөөдөр эргээд харахад энэ хэргээс улбаалж ямар хууль журам, зарчим алдагдав?

-Ерөөсөө бүх хууль зөрчигдсөн. Үндсэн хуулийн 16.1-д хүн амьд явах эрхтэй гээд заачихсан. Амьд явах эрх зөрчигдсөн бол түүний дараагийн 17 эрхийг ярих утгагүй.

-Энэ хэрэг дээр Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хэр сайн ажилласан гэж та үздэг вэ?

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас “Яагаад та нар цаашаа мөрдөхгүй байгаа юм бэ” гэхэд “Хэний буудсан сум хэнийг оносныг тогтоох боломжгүй учраас энэ хэргийг хаахаас өөр замгүй” гэж байсан. Тэгэхээр нь хариуд нь “За болж байна. Яг энэ зарчмаар явъя. Би хэдэн найзыгаа ордон руу дагуулж ороод буугаар шүршчихье. Дараа нь хэний буудсан сум хэнийг оносон нь тогтоогдоогүй гээд та нар миний хэргийг цайруулж өгөх юм уу” гэж хэлж чадаагүй. Үндсэндээ тухайн үед онц байдлыг зарлах үеэр намуудын уулзалт дээр Н.Энхбаярыг С.Баяр шахсан. “Хэрэв та онц байдал зарлахгүй гэвэл үүний дараа гарах хор уршгийг хариуцна шүү” гэсэн. Н.Энхбаяр аргагүй байдалд орж зарласан. Ингээд цагдаагийн газрын дарга, шуурхай штабын дарга нарыг дуудаад “Зэвсэг хэрэглэж болохгүй” гэж сануулсан. МАН-ынхан бол Н.Энхбаярыгаа шахах гэсэн бодолтой л байсан гэж харагддаг. Долдугаар сарын 1-ний хэргийг үүрүүлээд, буулгах гэж үзсэн. Тэгэхэд Н.Энхбаяр Галдаа гуайг дуудаж ирээд “Цагдаа буудсан гэдгийг тогтоо. Өөр юм хэрэггүй” гэсэн яриа өрнөсөн болов уу. Галдаа гуай үүнийг тогтоосон, түүнээс хойш ямар ч мөрдөн байцаалт явуулаагүй. Тэгэхээр эд нарт цагдаа буудсан гэдгийг олох л чухал байсан гэж харагддаг. Бусад нь чухал биш. Тийм л үүрэг байсан.

-Цагдаагийн дарга нар ял авч, тодорхой хугацаанд ял шийтгэлээ эдэлсэн байх аа?

-Дөрвөн дарга зөвхөн хариуцлага алдсан нэрээр яллуулсан. Шоронд ороод буцаад л бүгдээрээ эрүүл мэндийн шалтгаанаар гарч ирсэн. Ялангуяа Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн дарга Ш.Батсүх сахарын өвчтэй гэж чөлөөлөгдөж байлаа. Өнөөдөр Монголд сахарын өвчтэй хүнийг шоронгоос гаргавал тэнд хүн үлдэхгүй л болов уу.

-Хохирогчдын ар гэрт мөнгөн тусламж олгосон гэсэн. Та авсан уу?

-2016 онд АН ялсан юм. Эдний үед л хэрэг илэрнэ гэж бодсон. Ингээд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хотын захиргаа хоёрт сургамжит хөшөө босгоход газар олгож туслаач гэж хүссэн. Ийм хөшөө дэлхийн аль ч улсад байдаг. Үүнээс мартагдашгүй сургамж авах ёстой. Иргэд нь ч тэр, төр нь ч ийм хэрэг хийж болохгүй гэж үздэг. Гэвч хариу өгөөгүй. Үүнээс л МАН ч тэр, АН ч тэр адилхан гэж л харсан даа.

Яахав, 50 сая төгрөг өгсөн юм. МАН шатсан байрныхаа нөхөн төлбөрт 16 тэрбум төгрөгийг Засгийн газраас авсан. Байшингаас дор таван хүн гэж байдаг юм уу. Тэгээд би анх авахгүй гэж гүрийсэн. Ажилгүй хоёр хүн чинь үнэнд гүйцэгдэж авахаас өөр замгүй болсон доо.

-Хүү тань эрх баригчдын эсрэг, төрийг эргүүлэх санаа агуулж үймээнд очоогүй л байлтай, тийм үү?

-Хүү маань Монтанад хоёр жил сурч ирээд Канадын “Камл” компанид орчуулагч, няравын ажил хийж байсан юм. Нярав болохоор хэцүү л дээ. Хамгийн сүүлд ажлаа тарна. Тэр өдөр 22:00 цаг өнгөрч байхад ажлаа тарсан байдаг. Гэр маань Ногоон зоорьт юм чинь, ойрхон гээд III хороололд нагац эгчийндээ хүү амьдарч байсан юм. Мэдээж тэр өдөр өдөржин телевизээр жагсаал дамжуулсан, хүү маань харсан сонссон л байгаа. Орой ажлаа тараад залуу хүүхэд мэдээж хэрэг юу болж байна, яах гэж байна гэж сонирхсон нь лавтай. Гэхдээ төр эргүүлэх гэх нь хаашаа юм. МАН-д тийм элэгтэй байгаагүй. Би өөрөө тухайн үед ардчиллыг дэмждэг, гэр бүлийн хүн маань ч дэмждэг байлаа. Хүү маань тийм орчинд байсан болохоор “Эрх баригчид буруу яваад байна” гэдгийг мэдэрсэн. АНУ-д хүмүүс яаж амьдардгийг очоод үзчихсэн хүүхэд Монголын төр арай л биш яваад байна гэсэн үзэл бодолтой байсан гэхэд гайхаад байх юмгүй. Тиймээс жагсаалыг сонирхоно. Боломж гарвал үзэл бодол ойрхон хүмүүстэйгээ санал бодлоо хуваалцахыг хүссэн байх. Гэвч харамсалтай явдал болсон.

Таван иргэнээ хөнөөсөн МАН ард түмнээс уучлалт гуйгаагүй. “Энэ бол дахиад бид ийм хэрэг хийнэ” гэсэн санаа. Уучлалт гуйна гэдэг “Бид алдаа гаргачихжээ, дахиад ийм алдааг яасан ч давтахгүй” гэсэн санаа. Яахав, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс уучлал гуйсан, сүүлд нь УИХ-ын чуулганы нээлтэн дээр “Би энэ хүмүүсийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйж байна” гэсэн. Хохирогч бидэнд Н.Энхбаяр арван ч удаа уучлал гуйх нь сонин биш. С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёр энэ хэргийг үйлдсэн хүмүүс учраас уучлалт гуйх ёстой. Ц.Мөнх-Оргил Шуурхай штабын дарга байсан. Онц байдлын шуурхай штабын дарга гэдэг онц байдлын үеэр болсон бүхий л асуудлыг хариуцах ёстой. Намын даргын хувьд С.Баяр тухайн үедээ сонгуулийг булхайтай хийгээд тэр булхайгаа дарахын тулд байдлыг эвгүй тийш нь эргүүлсэн. АН жаахан хүлээцтэй хандсаных уу, С.Баяр стандарт бус Засгийн газар байгуулж, МАН алсан хүнийхээ тоогоор таван сайдын суудлыг АН-д өгч байсан.

-Та бүхэн нэлээд удаан хугацаанд тэмцэл өрнүүлж, жагссан. Хохирогчид бүрэн хохирлоо барагдуулж чадсан уу?

-Бид өөрсдийнхөө мэдэх чадахаар, бүх боломжит аргаар тэмцэж байсан. Хэрэв тэр өдөр С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёрыг буудчихвал төр сайхан болох байсан бол би хамгийн түрүүнд буудна. Би тарваганы толгой алддаггүй юм, тэр хоёр данхар толгойг алдана гэж байхгүй. Ер нь энэ төр солигдож, монгол хүнийг хайрладаг, монгол хүний төлөө цохилдог зүрхтэй төр гарч ирж байж л энэ хэрэг илэрнэ. Тэгэхдээ энэ хэрэг илрэхэд тэр 13 цагдааг хэрэгт орчихоосой гэж боддоггүй. Хамгийн гол нь тушаал өгсөн шүү дээ. Тушаалыг Доржид ч өгсөн, Дондогт ч өгсөн, адилхан биелүүлэх байсан.

Гэтэл Өршөөлийн хууль гараад цагдаагийн дарга нар хамрагдсан. Бид өлсгөлөн зарласан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудаж уулзлаа. Бид гурван санал тавьсан. Нэгд, гурван хүнийг эмчилгээнд хамруулаач, хоёрт, хөшөөний газрыг олгож өгөөч, гуравт, оршуулгын зардалд айл гэрээс гарсан бодит хохирлыг нөхөн төлж өгөөч гэж хүссэн. Ингээд буудуулж хөгжлийн бэрхшээлтэй болсон гурван хүүхдийг долоон сар орчим Солонгос руу эмчилгээнд явуулж өгсөн. Би төр засгаас “Би та нараас хүүг минь босгоод ир” гэж хэлэхгүй. Гуйгаад ч та нар чадахгүй. Та нар ядаж амьд байгаа хүмүүсийг эмчлээд босгоод өг” гэж л хүсч ирсэн. Энэ гурван хүүхэд хөл дээрээ босоод явчихвал төр надад миний хүүхдийг буцаагаад өгсөнтэй л адил гэж боддог юм. Тэр тусмаа 200 гаруй залуусыг гэмт хэрэгт татаж, шүүхээр яллуулсан. Тэднийг цагаатгаж, нөхөн олговор олгох ёстой.

-Тэдгээр залуус ямар ял авсан бэ?

-Дээд тал нь есөн жил сонссон шүү. Өмнө нь хэрэг хийж байсан хүмүүс давтан гээд хүндэрчихдэг юм билээ. 240 гаруй залуус үймээний хэргээр шоронд суусан. Одоо ч бүгд гарцгаасан л даа. Гэхдээ ямар олиг байх вэ. 240 гаруй хүний ар гэр, хань ижил, үр хүүхэд бүгд л төрд гомдсон хүмүүс яваа шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

До.Цэнджав: Уран зохиолын хичээлийг байхгүй болгосны балгаар хүүхэд залуус эх хэлээ ойлгохгүйд хүрч байна DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч, зохиолч, сэтгүүл зүйн багш, доктор, профессор До.Цэнджавтай ярилцлаа.


-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас авсан монгол хэл бичгийн шалгалтын дүнд 4000 гаруй сурагч бүдэрсэн. Шалгалтад унасан сурагчид эхийг уншиж ойлгоогүй гэдэг тайлбар хэлж байгаа юм байна. Залуу үеийнхэн эх хэлээрээ бичсэн эхийг ойлгохгүй байна гэдгийг зохиолч, хэл бичгийн хүний хувьд та юу гэж харж байна вэ?

-Монгол хүн монгол хэлээ, утга санааг нь ойлгохгүй байна гэдэг туйлын эмгэнэл. Монгол үндэстний хувьд харанхуй болж байгаагийн шинж. Дээр үеийн уламжлалыг ярья л даа. 1921 оноос өмнө гэрийн сургууль гэж байв. Тэр үеийн бичиг номтой хүн Жамъян гүн дөрөв таван ханатай гэрт сургалт явуулж байсан. Тэндээс Монголын их удирдагч, Монголын том зохиолчид төрж байсан юм шүү дээ. Тэнд юуг анхаарч байв гэхээр нэгд, эх хэлийг чухалчилдаг. Жинхэнэ монгол язгуурын, үндэсний, хөх үндэсний хэл гэж ярьдаг. Монголчууд хөх гэдгээрээ их бэлгэддэг.

Хөх тэнгэр, хөх монгол, хөх толбот гэж. Хөх өвс гэдэг нялх биш, бүгдийг сорчилж ургасан өвсийг хэлдэг. Эх хэл гэдэг эхтэйгээ цуг төрсөн учраас төрөлх хэл, монгол хэл ч гэж ярихгүй. Яг язгуурын хэл гэсэн үг. Эх түүх, эх газар зүй, эх хэл гэж ярина. Энэ их учир утгатай.

Хоёрт, жинхэнэ ардын аман зохиолын сүү амтагдсан хэл гэж бий. Нүүдэлчний хөх монгол хэл гэдэг асар том баялаг. Англиар “go” гээд л явах, хөдлөх гээд л төлөөлөөд хэлчихэж болж байна. Гэтэл манайх энэ үгийг хэдэн төрлөөр хэлэх вэ. Морины явдал гэхэд алхах, хатируулах, шогших гээд л үргэлжилнэ. Манай Лодонгийн Түдэв “Нүд” гэдэг үгийг нүд аних, нүд гүйлгэх, нүд гүйцэмгүй, нүд халтирах гээд 100 гаруй төрлөөр ярьж болж байна гэдэг байлаа. Б.Ренчин гуай монгол хэлийг нэг сая үгтэй гэдэг. Дээр нь өвөрмөц хэллэгүүд байна. Түүнийг нийлүүлбэл бараг гурван сая ч гэдэг юм билээ. Монгол хэл шиг ийм баян хэл ховор. Яагаад ийм баян байна вэ гэхээр нүүдэлчний ахуй, мал дагасан ухаан юм шүү дээ. 5000 од гаригийг монголоор нэрлэж байна. Бэлчээр, өнгө зүс гэж яривал 200, 300 маягаар ярина. Гадаад хэлэнд нэг настай, хоёр настай морь л гэж ярина. Манайд даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас гээд ярина.

-Харин ийм баялаг монгол хэлтнүүд өнөөдөр эх хэл дээрх утга найруулга, эхээ ойлгохгүй болж эхэлж байна шүү дээ. Энэ нь юунаас эхтэй явдал вэ?

-Энэ мэдээг сонсоод би дотор харанхуйллаа. За яахав, Баян-Өлгий аймгийн сурагчид ийм дүн гарсан бол бас наанатай, цаанатай үзэж болно. Гэтэл өнөөдрийн халх аялгуунд тулгуурласан утга зохиолын хэл дээр өссөн хүн эхээ ойлгохгүй байна гэдэг аюултай. Эхээ ойлгохгүй байна гэдэг математик, физикээ ойлгохгүй байна. Өгүүлбэр зүйгээ ойлгохгүй байна гэсэн үг шүү дээ.

Угтаа бол хэлтэй цус нөжөөрөө, үндсэн язгуураараа холбогдсон зүйл бол үндэсний их утга зохиол. Уран зохиолын сургалт 1990-ээд оноос хойш маш их хажиглагдаж, бараг утга зохиол гэдэг биеэ даасан хичээл байхгүй болгочихсон. Монгол хэл дээр эрлийзжүүлээд хавсаргаад хаячихсан. Би өөрөө багш хүн. Хуучин Төв хорооны үзэл суртлын хяналтад байдаг хоёр хичээл байсан юм. Тэр нь уран зохиол, түүхийн хичээл хоёр. Нэг талаасаа уран зохиолоор дамжуулж социализмын эсрэг үзэл орж ирнэ, түүхийг гуйвуулах юм бол болохгүй, хатуу хяналттай байсан. Нөгөө талаараа эх хэлдээ маш их анхаарал тавьж байсны илрэл.

8-10 дугаар ангийн уран зохиолын хичээлийг долоо хоногт дөрвөн цаг үздэг, заримдаа есөн цаг ч үздэг байв. Одоо тийм цаг байхгүй. Тэр үеийн Боловсролын яамны дэргэд Сурах бичгийн зөвлөл ажиллаж байсан. Одоо дуртай нэг нь сурах бичиг хийж байна. Өнөөдөр Боловсролдын яам ялангуяа хэл уран зохиолын хичээлийг гартаа авах ёстой. Сурах бичгийн хамгийн том зохиолчдыг ажиллуулж, хяналт тавих ёстой. Уран зохиолын хичээлийн цагийг өргөжүүлэх хэрэгтэй.

-Д.Нацагдорж, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, Л.Түдэв гээд үргэлжилсэн үгийн мастеруудын алдарт роман, туужууд, өгүүлэл найрууллуудыг өнөөдөр уншихгүй, тоохгүй байгаатай холбоотой юм биш үү?

-Уран зохиолын хичээлд ямар агуулга оруулах вэ, ямар зохиолыг сонгох вэ гэдэг асуудал. Одоо бол тохиолдлын шинж чанартай болсон. Аугаа их Д.Нацагдоржоос эхлээд жинхэнэ монгол хэлийг эзэмшсэн, хамгийн гайхамшигтайгаар илэрхийлдэг, далдын далд нууцыг оноосон тос даасан монгол хэлээр бичдэг байсан зохиолчид бий. Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” роман гэхэд хэл найруулга гайхамшигтай. Лодонгийн Түдэв, Сэнгийн Эрдэнэ, Балжирын Догмид, Дэмбээгийн Мягмар гээд бий. Дээр үеийн зохиолчид хэлийг нэгдүгээрт тавьж байсан юм. Дагестаны их зохиолч Р.Гамзатов хэлж байсан. “Авар хэл маань байхгүй бол би маргааш үхнэ” гэж. Хэлнийхээ төлөө амь тавьж байгаа биз. Р.Гамзатовт өөр нэг зохиолч ингэж ярьсан байгаа юм. “Утга зохиол хэлэнд нэг их үүрэггүй шүү дээ” гэх утгатай үг хэлсэн. Хариуд нь Р.Гамзатов маш их эгдүүцэж “Зохиол бол эцсийн эцэст хэл юм шүү” гэж хэлсэн байдаг.

Гэтэл манайд нэлээд гайгүй залуу судлаач, шүүмжлэгч “Уран зохиол бол хэлийг нэгд тавихгүй, янз бүрийн сэтгэлгээ, модернизм чухал” гэсэн ухааны юм хэлж байсан удаатай. Бас нэг эрдэмтэн “Уран яруу илэрхийлэл гэж би ойлгодоггүй” гэх жишээний. Чамирхал хөөсөн, эрээн ганган үг хөөсөн хэллэг гэж бий. Гэтэл энгийн бөгөөд уран хэллэг бол манай Д.Нацагдоржийн хэл шүү дээ. Ингэж тос даасан, сайхан монгол хэлний найруулгатай зохиолууд уран зохиолоос хасагддаг, хажиглагддаг болсон байна. Зохиолчид өөрсдөө ч үүнд буруутай. Одоо сайхан нүүдэлчний монгол яруу сайхан хэл найруулгатай зохиолч цөөрсөн. Гарын таван хуруунд ч багтахаа больсон. Харин дандаа өрнөдийн чиглэлийн, навч нь унасан хувхай мод шиг нүцгэн, жижүүрийн хэдэн үгээр бичсэн зохиол л элбэг боллоо. Сэтгүүлчдийн үг ч муу болсон гэж ярьдаг. Гэхдээ сэтгүүлчид уран дүрслэлийн хүмүүс биш. Нийтийн аман зохиолын хэлээр бичих ёстой. Харин хэлийг хадгалагч, өв тээгч мөн.

-Ер нь ном зохиол, утга зохиол уншихын гайхамшгийг, үр өгөөжийг та л хэлж ярина. Сурагчид эх найруулгаа ойлгохгүйгээс гадна уншдаггүй болсныг багш нар хэлж байгаа юм л даа. Та нарын залуу үед сонин хэвлэл хамгийн гол унших эх сурвалж байсан байх, тийм үү?

-Нэг өдрийн хэвлэл эс уншвал мянган алхмын цаана хоцорно гэсэн хэлц үг байсан. Лениний үг л дээ. Үүнийг хүмүүс уншаад Марксизм Ленинзм болчих байх. “Чи өөрөө сураад бусдад сурга” гэсэн үг ч байдаг. Хуучин үеийн гол сургалт бол сонин хэвлэлээр л явж байсан. Айл өрх, сургууль ангиуд сонин захиалдаг байлаа. Доод тал нь тав, дээд тал нь 20-ыг захиална. Над мэт нь 300 төгрөгөөр захиалдаг байсан. Одоогийн 300 мянган төгрөгөөр хэвлэл захиалж уншиж байсан гэсэн үг. Тэр үеийн сэхээтнүүд үнэхээр хүчирхэг ч байлаа. Хэлтэй, боловсролтой, уншдаг. Утга зохиол, сонин хэвлэл маш их уншдаг. Уншаад доогуур нь зураад, хажууд нь тэмдэглэл хөтөлдөг. Одоо тийм уншигч ч байхгүй болсон.

-Сониныг бүх нийтээрээ захиалдаг байжээ?

-Тэгэлгүй яахав. 1960-аад онд гэхэд залуус олноор гадаадад мэргэжил эзэмшээд эх орондоо ирж байв. Маш том сэхээтэн анги тэр үед бий болж байсан. Тэд маш их сонин уншдаг соёлтой байсан.

-Өнөөдрийн залуусын хошуурдаг ном бол бестселлер гэгддэг номууд болсон. Яаж хурдан баяжих вэ, яаж ухаалаг болох вэ гэх мэтийн гадаад хэлнээс шууд орчуулсан бүтээлүүд л уншигдах болж. Яагаад Монголын сонгодог зохиолууд бестселлерийн тавцанд тавигддаггүй юм бол?

-Манайд өнөөдөр утга зохиолын тухай ойлголт их буруу явж байгаагийн илрэл бол бестселлер гэх номын тухай ойлголт юм. Яахав манай зохиолчид гарч ирэхийн тулд хэт их шүүмжилж, уламжлалт руугаа дайрч довтолж нэр хүнд олж байж дараа нь төлөвшинө гэдэг асуудал байдаг юм байна. Энэ их төөрөгдөл болсон шүү. Дээр нь бестселлерийг сонгодог зохиолын хэмжээнд ойлгодог маш буруу хандлага байдаг. Тэнд бол зөвхөн сенсаци, адал явдал хөөгөөд, хэлгүй, түргэн борлогддог номыг л хэлдэг. Сонгодог зохиол биш шүү дээ. Д.Нацагдорж, С.Эрдэнээгийн зохиол бестселлер биш. Хачин адал явдал, цус нөж, алаан хядаан л хурдан борлогддог. Тэнд хэлийг онцолж үздэггүй юм. Зүгээр үйл явдлаа л хөөдөг. Харин жинхэнэ сонгодог зохиолын хэл гэдэг өөр. Боол бол боолын хэлээр, гуйлгачин бол гуйлгачин хэлээр бичих ёстой байдаг. Энд л хүмүүс их хууртаж байна. Дээр нь манай монгол хэл, уран зохиолын багш нарын чадвар маш муу байна. Их дээд сургуулиар таван жил яваад энэ мэт номуудад хууртагдаад өөрсдөө ч энэ мэт зохиолыг сурагчдадаа уншуулдаг, бахархдаг байх.

-Тогтож сууж юмыг ойлгох, унших гэдэг бол залуу үеийнхэнд маш дутагдалтай болсон гэдэг. Утга зохиолын хүмүүс хэр их сууж уншдаг байв даа?

-Намайг гуравдугаар ангид байхад манай багийн Шарав гээд айхтар хүүхэд байлаа. Бид хоёр өрсөлдөж уншина. Тэр нөхөр сумын сургуулийн номын сангийн бүх номыг уншчихсан. Тэр үед унших битгий хэл багш нар номын гол үйл явдал, эсрэг дүр, муу дүрийг тодорхойл, эндээс юу сурав гээд тэмдэглэл хөтлүүлдэг байв. Би гэхэд “Жангар”, “Монголын нууц товчоо”-г гуравдугаар ангидаа уншиж байлаа. Одоо “Монголын нууц товчоо”-г уншиж байгаа залуу үеийнхэн байна уу. Монгол хүн “Монголын нууц товчоо”-г мах цуснаасаа уншаад сурчихвал, ер нь гурван удаа хуулаад бичсэн хүн зохиолч болно үзэж болно шүү. “Унага” гэдэг эхийг ойлгохгүй байгаа юм чинь “Монголын нууц товчоо”-г ойлгохгүй юм байна.

Дээр үеийн сургалтад гурван мундаг зүйл байлаа. Нэгд, яриа бичгийн дадлагын хичээл байлаа. Би түүгээр явсан. 1-4 дүгээр ангид үзсэн харсан зүйлээ ярь гэдэг. Амралтаараа юу хийв, тэмээний тухай ярь, орсон буурын тухай ярь, өндгөө бяц даруулсан шувууны тухай ярь гэдэг. Ингэж ярьж байгаад бага ангийн хүүхэд уйлна шүү дээ. Уран зохиолын хичээлээр сэтгэл зүрхний боловсрол олгодог. Одоо модернизм бол сэтгэл зүй биш сэтгэлгээний, тархи толгойных гэдэг. Заавал бясалгаж бодоод байх шаардлагагүй гэдэг. Яахав би хэлдэг юм. Чаддаг л юм бол модернизмаараа бич, манлайл. Гэхдээ тэнд чинь нүүдэлчин Монголын цус байхгүй бол Францын, Германы зохиолоос ялгарахгүй. Хоёрт, зохион бичлэг гэж аугаа хичээл байлаа. Нэг сэдэв өгөөд зохиолгоно. Ээж, аав гээд л бичнэ. Дээр нь найруулан бичих маш том сургалт байсан. Энэ гурван хичээл өнөөдөр маш ховордсон. Тиймээс хүүхдийг бага наснаас сайхан уртын дуу, дуу хөгжим тавьчихаад үлгэр ярих хэрэгтэй. Дээр үеийн гол сургалт бол үлгэр домог, ардын аман зохиол, зүйр цэцэн үг, оньсого байлаа. Энэ бол том сургалт байв. “Цуутын цагаагч гүү”-г уншаад л асгартлаа уйлна. Би оюутан байхдаа 14 дүгээр сургуульд уран зохиолын хичээл заасан юм. Сүүлийн хичээл дээрээ Оросын алдарт зохиолч Тургеневийн “Муму” гэдэг зохиолыг хүүхдүүдэд уншиж өгсөн юм. Өндөр нуруутай дүлий өвгөн “Муму” гэдэг хавыг их эрхлүүлдэг. Гэтэл эзэн нь нохойг цааш нь харуул гэдэг санагдаж байна. Тэгэхэд өвгөн алж чадахгүй, нохойгоо гол руу шидэж байгаа үйл явдал гардаг. Үүнийг сонссон хүүхдүүд ангиараа уйлж байлаа. Энэ чинь нөгөө дотоод зүрх сэтгэлийн хичээл байхгүй юу. Уран зохиолын хичээлд “Цуутын цагаагч гүү”, “Өнчин цагаан ботго”-ыг оруулах хэрэгтэй. Багш нартай таарахаар энэ тухай хэлдэг юм, даанч хүлээж авах шинжгүй юм билээ.

Өнөөдөр монгол хэлний, сэтгэлгээний дайсан бол сошиал ертөнц болсон. Бузар булай юм бүхэн тэнд байна. Энэ бол оюун санааны хар тамхи, хэлний хар тамхи аль хэдийнэ болчихоод байна. Үүнийг УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд ч харахгүй, ойлгохгүй болчихсон.

-Сошиалыг давж гарах тийм зохиол бүтээл ховордсоных уу?

-Сошиал, гар утас гэдэг хар тамхины шорон. Хүүхдүүдээ оюун санааны шоронд оруулж байгаа л хэрэг. Угтаа хүүхдүүдэд ёс суртахуун, зөв адал явдал, зохиол бүтээл хэрэгтэй байгаа юм. Телевизийн хүүхдийн нэг нэвтрүүлэг байна аа. Тав зургаан настай хүүхдийг яриулдаг. Хөтлөгч нь мундаг юм. Гэвч яагаа ч үгүй тав зургаан настай хүүхдэд том хүний асуулт тавиад байх юм. Самуун урлаг хүнийг самууруулна гэж алдарт афоризм байдаг. “Хүүхдэд битгий садар самуун асуулт тавь” гэж захимаар байгаа юм. Нөгөө талаар манайд үг хэлдэг эрдэмтэн байхгүй болжээ. Манайхаар дүүрэн хэл бичгийн эрдэмтэн байна. Нэг чулуу шидэхэд нэг хэл бичгийн ухааны эрдэмтэн дээр хүрнэ. Гэтэл нэг нь ч эх хэлнийхээ тухай хэлж байгаа нь алга. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Чой.Лувсанжав нар шиг эх хэлний баатрууд алга. Өнөөдөр тэдэнтэй дүйцэх эрдэмтэд үгүй болж, үндэсний хэмжээний сэхээтнүүд алга болсон байна.

-Хүүхэд багаас нь эх хэлний боловсрол олгоход өмнө нь их анхаарч байсныг та хэллээ. Өнөөдөр бас хүүхдийн шилдэг зохиол бүтээл туурвих явдал бага болжээ гэж та ярьдаг байх аа?

-Хүүхдийн зохиол уналтад орж байна. Зүрхээ дарж байгаад хэлье. Манай хүүхдийн зохиолчдын хэл найруулга маш сул байна. Би нэг удаа Зохиолчдын эвлэлийн шагналт эмэгтэй зохиолчийн номыг зориуд уншлаа. Маш их сэтгэлээр унасан. Дээр үеийн хүүхдийн зохиолын хэл сайн байлаа. Тэр үед хүүхдийн зохиол сайн байвал хүүхэд сайн хэлтэй болно гэдэг төрийн бодлого явж байсан. Тиймээс том зохиолчдод заавал 1-2 хүүхдийн ном гарга гэдэг хатуу даалгавар өгдөг. Тиймээс Лодонгийн Түдэв гэхэд “Хорвоотой танилцсан түүх” гээд л бичиж өгсөн дөө. Одоо томчууд хүүхдийн зохиол бичихгүй юм. Хүүхдүүд хүүхдийн зохиолоор л хэлд ордог юм. Тиймээс ур чадвар сэтгэлгээний хувьд, адал явдал гаргахын хувьд хэдхэн гайгүй зохиолч бий. Гэтэл дээр үед шахалдсан олон хүүхдийн зохиолч байлаа.

Ер нь хүүхдэд үлгэр ярих, шүлэг цээжлүүлэх хоёр ихээхэн чухал. Манай Норовын Гантулга гэхэд 200, 300 шүлэг цээжээр мэднэ шүү дээ. Ийм яруу найрагч байхгүй болсон. Цээжилнэ гэдэг математикаас илүү. Оюун ухааныг хөгжүүлнэ, дүр дүрслэлээр юмыг ойлгоно, хэлний баялаг сайжирна, гоо сайхны мэдлэг аяндаа бий болно. Би нэг ухаан дэвшүүлээд байгаа юм. Уран зохиолын боловсрол гэдэгт төр түмний бахархалт шүлгийг бий болгоё гэж боддог. Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” гэсэн энэ гурван шүлгийг бахархалт шүлэг болгоод жил бүрийн есдүгээр сарын 1-нд болдог Эх хэлний өдрөөр Сүхбаатарын талбайд хүүхдүүд хоороороо энэ шүлгийг унших ёстой. Ядаж энэ гурван шүлгийг цээжилчих юм бол монгол хүн болно. Энэ бол Монголын яруу найргийн гурван симфони оргил нь. Энэ гурван шүлгийг аймаг, сумдын бага сургуулиуд уншдаг болъё гэж уриалмаар байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч М.Дамбийням: Талийгаач охин цагдаад мэдүүлэг өгч байхдаа сэтгэл зүй нь тогтвортой, хэвийн байсан DNN.mn

-Охин нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болчхоод байхад аав, ээж нь албан ёсоор өмгөөлөгч аваагүй ажээ-

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай Т” гэх охин зургаан давхар орон сууцнаас үсэрч, амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 9-нд гарсан. Энэ тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхдөө “Өвөр- хангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хөлийн шилбэ хэсгээр хугарсан өсвөр насны эмэгтэй хүүхэд хүргэгдэн ирлээ гэх дуудлага энэ сарын 9-ний 21:05 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын албан хаагчид хэргийн газарт ажиллахад ‘Арвайхээр сумын харьяат 15 настай эмэгтэй хүүхэд орон сууцны дээврээс унасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байсан. Эмч нар охинд анхан шатны тусламж үзүүлэх явцад шархаа даалгүй нас барсан” гэсэн юм.

Талийгаач охин Арвайхээр сумын нэгэн сургуулийн аравдугаар ангийн сурагч байжээ. Охины ээж өнгөрсөн хоёрдугаар сард “Охин маань хүчингийн гэмт хэргийн хохирогч болчихлоо” хэмээн аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Гомдлын мөрөөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлжээ. Охины гэр бүлийн байдлыг тодруулбал, ээж нь Өмнөговь аймагт Цагаан хад суурьшлын бүсэд үйлчилгээний ажил хийдэг бол аав нь эрхэлсэн тодорхой ажилгүй аж. Охин цэцэрлэгийн насны болон бага ангид сурдаг хоёр дүүтэй. Сургуулийн захиргаа, ангийн багшийн ярьж буйгаар талийгаач охин дуулах авьяастай, боломжийн сайн сурлагатай ч ар гэрийн хараа хяналт тааруу, охин дүү нарыгаа асран хамгаалдаг байсан. Ар гэрийн энэ нөхцөл байдал нь охин хичээлдээ идэвх чармайлттай суралцахад сөргөөр нөлөөлдөг байсан тухай ч ярьж буй юм.

Т алийгаач охиноос цагдаа нар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хоёр удаа мэдүүлэг авчээ. Гурав дахь удаа мэдүүлэг авахаар өмгөөлөгчөөр нь дамжуулж хэл дуулгасан өдөр охин амиа алдсан байгаа юм. Охинд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж хэрэгтэй байгаа талаар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт албан тоотоор цагдаагийн байгууллагаас хандаж байжээ. Өөрөөр хэлбэл, охин энэ хэргээс улбаатай сэтгэл зүйн хямралд орсон байсан байж болзошгүй гэсэн үг юм. Гэмт хэрэг, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үзүүлэх үүрэгтэй Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, баг хорооны Засаг даргаар ахлуулсан хамтарсан багууд охинд шаардлагатай тусламжийг үзүүлж чадаагүй, энэ нь охины ар гэрийн харилцаа хандлага, тайлбартай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, охины ээж албаны хүмүүст энэ хэргийн талаар мэдээлэл өгөхийг хүсээгүй. тусламж үйлчилгээ авах шаардлагагүй гэж удаа дараа мэдэгдэж байсан гэнэ.

Охин амиа алддаг өдөр цагдаагийн байгууллагаас мэдүүлэг ирж өгөхийг өмгөөлөгчөөр нь дамжуулж дуулгасан талаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас тайлбарлаж буй. Харин уг хэрэгт ямар хүнийг сэжигтнээр татсан талаар цагдаа нар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Тэгвэл охиныг хүчирхийлсэн байж болзошгүй үйлдэлд тус аймгийн Хилийн цэргийн 256 дугаар ангийн 24 настай албан хаагч татагдсан гэгдэж байна. Тэрбээр талийгаач охинтой аймгийн нэгэн зочид буудалд орсон бичлэг байгаа аж.

Охины ээж цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоёрдугаар сард гомдол гаргасан. Энэ хугацаанд хуулийн байгууллага шуурхай ажиллаж, хэргийг шийдвэрлээгүй асуудал охиныг амиа алдах шалтгаан болсон уу гэх хардлага олон нийтийн дунд бий болоод байгаа юм. Мөн уг хэрэгт өмгөөлөгч яагаад хуулийн туслалцаа үзүүлж, охиныг хамгаалж чадсангүй вэ гэх асуулт ч бий болоод буй.

ӨМГӨӨЛӨГЧ М.ДАМБИЙНЯМ: ОХИН ЦАГДААД МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ТУХАЙ СОНСЧ АМЖААГҮЙ

Уг хэрэгт М.Дамбийням хэмээх өмгөөлөгч ажиллажээ. Түүнтэй холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.

– Таны үйлчлүүлэгч охин амиа алдсан харамсалтай хэрэг боллоо. Яагаад ийм хэрэг болчхов. Олон нийтийн дунд янз бүрийн таамаглал байна. Өмгөөлөгч үүргээ биелүүлж чадсангүй гэсэн байр суурь ч байна?

– Охин амиа алдсан хэрэгт эмгэнэл илэрхийлмээр байна. Юуны өмнө нэг зүйлийн учрыг гаргаж хэлмээр байна. Анх охины ар гэр над дээр ирж “Ийм үйл явдал боллоо. Цагдаагийн байгууллагад гомдол бичээд өгөөч” гэж хүссэн юм. Тиймээс талуудыг байлцуулж байгаад гомдол бичиж өгсөн. Тэд *3а болж байна, баярлалаа” гээд гомдлоо аваад явцгаасан. Тэгээд цагдаад хандсан юм билээ. Цагдаагийн байгууллага гомдол мэдээлэл хүлээж аваад охиныг хохирогчоор, ээжийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоод мэдүүлэг авах болсон. Хохирогч насанд хүрээгүй учир ар гэрийнхэн нь дахиад над дээр ирсэн. Та охиныг маань мэдүүлэг өгөхөд хамт байлцаж туслаач гэж хүссэн. Ингээд мэдүүлэгт нь хамт суусан. Үүний дараа ар гэрийнхэн нь “Цаашид өмгөөлөгч хэрэгтэй бол бид тантай холбогдоно оо” гэж хэлээд явцгаасан. Гэтэл ийм харамсалтай хэрэг болсныг дууллаа.

– Тэгвэл та албан ёсны өмгөөлөгч биш гэсэн үг үү?

– Нэг ёсондоо тийм. Энэ хэрэг дээр албан ёсоор гэрээ байгуулж өмгөөлөгчөөр оролцоогүй гэсэн үг. Уг нь төлбөрийн чадваргүй болон эрх зүйн туслалцаа авах шаардлагатай иргэдэд улсаас өмгөөлөгч үнэгүй томилж өгдөг хуультай. Ийм маягаар ч өмгөөлөгч авч болох байсан. Гэвч тэд тэгээгүй.

– Цагдаагаас охиноос мэдүүлэх авахаар өмгөөлөгчөөр нь дамжуулж дуулгасан гэж байгаа. Гэтэл тэр өдөр охин амиа алдсан юм байна. Энэ явдал охинд нөлөөлсөн байж болзошгүй юм?

– Цагдаагаас надад хэл дуулгасан нь үнэн. Хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхэдтэй шууд харилцаж болохгүй. Тиймээс ээжтэй нь холбогдож “Цагдаагаас ирж мэдүүлэг өгөөрэй” гэж байна гэхэд Өмнөговь аймагт явж байна гэсэн. Тиймээс охины аавтай холбогдож хэл дуулгасан. Тэгэхэд аав нь “За ойлголоо. Охиноо аваад очъё” гэсэн.

– Тэгвэл аав нь охиндоо хэлж, түүнээс улбаалж хэрэг өрнөчхөв үү?

– Үгүй. Охин тэр өдөр цагдаагаас мэдүүлэг авна гэдгийг сонсоогүй. Учир нь хэрэг гарсан орой аавтай нь холбогдоход “Охинтойгоо холбогдож чадаагүй. Утсаа авахгүй байсан’ гэдгийг хэлж байсан.

– Та талийгаач охины мэдүүлэгт орж байсан гэсэн. Хэдэн удаа мэдүүлэг өгсөн бэ?

– Хоёроос гурван удаа өгсөн.

-Охины сэтгэл зүй ямар байсан бэ?

– Харьцангуй тайван байсан.

-Энэ хэрэгт хэн нэгнийг хариуцагчаар татсан уу?

– Би энэ хэрэг дээр албан ёсны өмгөөлөгч биш, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир өөр мэдээлэл өгөх боломжгүй.

– Охин ийм ноцтой хэргийн хохирогч болсон талаар гурван сарын өмнө цагдаад хандсан юм байна. Шуурхай шалгаад шийдвэрлэх боломжтой байсан гэх юм?

– Хөндлөнгийн хүмүүс харахад шуурхай шалгачих байсан гэж ойлгогдож байж болзошгүй юм. Хэргийг хянан шалгах ажиллагаа удаашрах олон шалтгаан бий. Ээдрээ төвөгтэй нөхцөл байдал илэрвэл хугацааг сунгаад явдаг. Энэ хэрэг дээр асуудалтай зүйлүүд байсан. Тиймээс удааширсан болов уу гэсэн мэдээллийг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярмаа: Хүн бүрийн хөгжил нийгмийн генератор болж байдаг DNN.mn

Нийгмийн инженерчлэлийн тухай Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч, докторант Б.Баярмаатай ярилцлаа.


-Нийгмийн инженерчлэлийн тухай асуухын тулд нийгмийн хөгжил гэж юуг хэлдэг тухай эхэлж сонирхмоор санагдлаа. Бид яг ямар хэмжүүрийг харж нийгэм хөгжиж байна, зөв зүйл рүүгээ явж байна гэж ойлгож болох юм бэ?

-Нийгмийн хөгжлийг бүрдүүлэгч нь бие хүн байдаг. Хувь хүн биш. Хувь хүн бие хүн болж төлөвших үйл явц маш чухал. Бие хүн нийгмийн бүрэлдэхүүн хэсэг болоод ирэхээрээ нийгэмд тодорхой хэмжээгээр үүрэгтэй, хариуцлагатай, оролцоотой ийм хэсэг болоод явчихдаг. Тэр бие хүмүүсийн бөөгнөрөл нь тухайн нийгмийг бүрдүүлж байгаа гэж үзнэ. Бид ямар нийгмийг бүрдүүлж байгаа вэ гэдгийн цаана ямар хувь хүний хөгжил явагдаж байна вэ гэдгийг харж болно гэсэн үг. Тэр зүйл нь хүмүүс хоорондын харилцаагаар дамжиж илэрнэ. Хувь хүний өөрийнх нь харилцаа хандлага, бие хүн болж төлөвших үйл явц үүн дээр чухлаар яригдах болно. Цаад тулгуур нь тухайн улс үндэстний хөгжилтэй холбоотой болж томорч ирнэ гэсэн үг.

-Бие хүний хөгжлөөс нийгмийн хөгжлийг харж болно гэж ойлголоо. Өнөөдөр монголчууд сошиалд ярьж бичиж, хуйларч байгаа сэдвүүд сайн гэхээсээ илүү сөрөг, асуудалтай тал руу хэлтийсэн. Бас дээр нь байсхийгээд л нэг сэдвээр дуулиан дэгдээх юм. Тэгмэгц тийшээ хуйлраад л. Энэ үйлдэл ер нь зөв юм уу?

-Анхаарал хаана төвлөрнө, тэнд мэдрэлийн эсүүд идэвхжиж байдаг гэж үздэг.

Хувь хүн дээр аваад үзэхэд тухайн хүн өөрийнхөө сайн тал дээр төвлөрч байна уу, муу тал дээр төвлөрч байна уу гэдгээс хамаарч хөгжил нь ч явагдаж байдаг. Сайн талаа илүү хөгжүүлэхийн тулд анхаараад, муу талаа багасгах зорилготой байвал хувь хүнийхээ хөгжилд ч ахиц дэвшилт явагдана.

Улс үндэстний хувьд бид сайн тал дээрээ анхаарч байна уу, муу дээрээ төвлөрч байна уу гэдгийг эндээс ялгаад харчихаж болно. Ихэнх тохиолдолд хүмүүс сенсаци, хэцүү төвөгтэй байдал үүсгэсэн зүйлүүд рүү, асуудлууд руу анхаарал хандуулж байна. Нийгэм өөрөө асуудлууд руу явж байна, нийгмийн сэтгэхүй асуудлын хойноос хөөцөлдөж байна.

Тэр нөхцөлд сайн зүйлийг хүлээж авахгүй. Яваандаа бидний тархи, сэтгэхүй муу зүйлдээ дасал болж, муугийн хойноос хөөцөлддөг, муу зүйлсийг сонсч байж таашаал авдаг болж эхлэх аюултай. Шүүж тунгаах тал дээр ч мууг олж хардаг. Сэтгэхүйн хүрээний зүйл ч зарим тал дээр муу зүг рүү явж өөрчлөгдөж эхэлж байна гэсэн үг.

Анхаараад үзвэл үг хэл гэдэг зэвсэгтэй адил. Сошиал дээр хүнийг өвтгөх, хэцүү болгох, босч ирэхээргүй болтол аюултай үгсийг замбараагүй бичиж байна. Бид хэл сэтгэхүй хоёр холбоотой гэж ярьдаг. Харин өнөөдөр сошиал дээрх үг хэллэгээр бол монгол хүний сэтгэхүйн цар хүрээ хогийн савтай зүйрлэж болохоор болчихоод байна. Уг нь түүний эсрэг сайныг хэлж түгээж байгаа, сайн харилцааг бий болгож бие биедээ хүндэтгэлтэй хандаж байгаа зүйлс өчнөөн бий. Сайн муу хоёрыг ялгаж салгах зүрх сэтгэлтэй, боловсролтой, мэдлэгтэй, төлөвшилтэй болох нь маш чухал болсон цаг ирж байна.

-Тэгвэл нийгмийн инженерчлэл гэж юу юм бэ. Монголчуудын барьж явах гол шугам юу байж болох вэ. Бид тэр шугамаа барьж чадаж байна уу?

-Бид ямар шугам барьж явах, бидний нийгмийн инженерчлэл юу байх вэ гэдгийг мэдэх нь монгол үндэстэн ямар үндэстэн бэ гэдгээ ойлгож таньж мэдэхээс эхэлнэ. Бид үндэстнээ таньж мэдэхийн гол ач холбогдол бол бид бусад үндэстнээс юугаараа давуу талтай, онцлогтой вэ, юугаараа сул талтай вэ гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Монгол хүн өөрөө ямар онцлогтой юм бэ гэдэг зүйл дахиад гарч ирнэ. Түүхэн цаг үеийн хувьсалтай холбоотой, хүний зүрх сэтгэл, сэтгэц бол тодорхой хэмжээнд хувьслын үр дүнд өөрчлөгдөж, шинэчлэгдэж явдаг. Тэгэхээр түүхэн цаг үе рүүгээ өндийх ёстой.

Монгол үндэстэн хаашаа явж байна вэ гэж та асуусан. Англи хэлтэй холбоотой зүйл дээр асуудал үүслээ шүү дээ. Энэ тухайд эцэг эхчүүд хүүхдээ “Чи англи хэлгүй амьдрахгүй”, “Чи англи хэлгүй ирээдүйд хэцүүднэ” гэх мэтээр ярьдаг. Гэтэл монгол хүн 13 хэлээр чөлөөтэй ярих боломжтой. Бямбын Ренчин гуай өрнийн найман хэл, дорнын таван хэлтэй байсан. Чой.Лувсанжав гэдэг хүн бол түүнээс ч олон хэлээр ярьдаг байсан гэдэг. Монгол хүн ийм олон хэлийг эзэмшиж чаддаг юм байна, хэл сурах гэдэг үндэстний чухал соёл юм, тэр дотор эх монгол хэлээ цэвэр сайхан сурах нь чухал юм гэдэг ойлголтыг танин мэдүүлэх явц л буруу явж байгаагийн илрэл өнөөдрөөр харагдаж байна. Тиймдээ ч өнөөдрийн шуугиан, эсэргүүцэл үүсч байгаа юм шүү дээ.

Мөн монгол хүн бол соёлын хувьд хоцрогдсон, монгол үндэстэн сул дорой, хулгайчдаар дүүрч байна гэдэг хандлага их яваад ирэхээр дараагийн үе, шинэ үеийнхэн хүлээн зөвшөөрөхгүй болдог, үзэн яддаг. Эндээс үүдсэн үе хоорондын зөрчлүүд ч гарах эрсдэлтэй. Бидний гол ойлгуулах ёстой зүйл бол сайн мууг ялгаж салгаж сурах. Хэрэв үндэстнийхээ өмнө муу зүйл хийсэн байвал хариуцлага хүлээдэг хууль, дэг, журамтай байх ёстой. Нийгэм өөрөө маш том хүрээлэл байдаг учраас хуулиас илүү нийгмийн хандлага чухал. Өөрөөр хэлбэл, нийгмээрээ хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмээрээ эсэргүүцэх явдал гардаг. Солонгост гэхэд амжилт, ялалттай байсан хүн ямар нэгэн алдаа гаргахад хуулийн шүүлтүүрээс илүү нийгмийн шүүлтүүр хэцүү байх жишээтэй. Монголд тэр зүйл дутагдаж байна. Нийгэмд хэцүү бэрхшээлтэй зүйлүүд байгаад, хариуцлага сул байх тусам сайн муугаа ялгахаа больдог. Энэ нь үндэстэн хөгжихгүй байх, шавар шавхай руугаа шигдэх гол нөхцөл болж байдаг.

-Хариуцлагатай гэдгээс гадна хэрсүү иргэд болох ёстой гэж бид үргэлж хөндөж уриалж бичдэг. Хэрсүү иргэн байхын ач холбогдлыг мэргэжлийн хүний хувьд та юу гэж харж байна?

-Монголчууд үндэстнээрээ хэрсүү, бодлоготой, нухацтай, нарийн шинж чанартай үндэстэн юм, уг нь. Хүний өвийн тэр шинж чанар алга болгоод арилгаад явчихдаг зүйл биш юм. Магадгүй түүхэн цаг үетэй холбовол Манжийн дарлалд байсан 200 жил гэдгээс улбаалж тодорхой хэмжээнд хүний сэтгэцэд үүссэн өөрчлөлттэй холбоотой зүйл үлдчихсэн байж болох. Тэр нь өөрөө хүнийг дагадаг, цаана нь байгаа мөн чанараа гаргаж чадахгүй болсон хэмжээнд хүргэсэн байж болно. Түүнийг бид нарийн судлах хэрэгтэй. Хэрсүү зан чанарыг суулгана гэдэг шүүмжлэлт, бүтээлч сэтгэхүйг суулгах тухай яригдана. Сэтгэхүй яаж төлөвшдөг вэ гэхээр хэл яриа сэтгэхүй хоёр холбоотой гэж үздэг. Сэтгэхүйн гүн зүйл үйлээр дамжиж явагддаг. Ээж, аавууд, өвөө, эмээ нарын үр хүүхэдтэйгээ хамтарч даган дуурайж хийдэг зүйл үйлээр дамжуулан сургах маш том боловсрол явагдаж байсан. Энэ зүйл одоо алсраад алдагдсан учраас тодорхой хэмжээнд хэрсүү байх зүйл алдагдаж байна гэж харагддаг байгаа юм. Монгол хүний хэрсүү чанар алга болчихоогүй, гол нь түүнийг төлөвшүүлэх л хэрэгтэй. Бүхий л зүйл хэлтэй холбоотой учраас эх хэлний асуудлыг хэзээ ч орхигдуулж болохгүй.

-Шийдэл нь юу байж болох вэ?

-Монгол гэдэг нэг үндэстэн учир бид нэг завин дээр суусан. Хүн бүр сайн руу чиглэсэн зүйл рүү явах ёстой. Би хүүхдээ сайн хүмүүжүүллээ, эсрэг талд өөр нэг нь хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй. Гэвч тэд хоорондоо харилцана. Тэгэхээр нийгмийн хариуцлага хүнийг эвддэг. 1990-ээд онд ардчилал, зах зээлтэй холбоотойгоор хүмүүс ганзагын наймаанд явсан. Монголын өнөөгийн том бизнесүүд тэр үед бий болсон. Нөгөө талд тухайн үед сэтгэл зүй бэлтгэгдээгүй гэр бүлийн харилцаатай холбоотой зүйл дээр асуудал гарч ирсэн. Наян хэдэн оны хүүхдүүдэд гэр бүлийн салалт их гарч ирж байгаа шүү дээ. Тэнд явагдсан алдаатай зүйл өнөөдөр үр дагавар нь гарч байна. Тэр үед ээж аав нь хамт байгаагүй, гэр бүл яаж бий болдгийг ойлгоогүй мэдрээгүй бол эргээд гэр бүл бүтээхэд нөлөөлж байдаг.

Тиймээс бид үндэстнийхээ соёлыг ойлгох ёстой, зовлонг ч ойлгох ёстой. Үнэ цэнийг мэдэх ёстой, болж байгаа зүйлийг ойлгох ёстой. Монгол хүн бүр үндэстнийхээ хөгжилд оролцоотой байх ёстой. Энэ нь УИХ-ын 76 гишүүний асуудал биш. Хүн бүрийн хөгжил нь нийгмийн инженерчлэл, генератор болж хөдөлж явахад чухал нөлөөтэй. Өвөг дээдсийн хүчирхэг суурь өгөгдөл бидэнд байсаар байгаа. Чингис хааны үг бий шүү дээ.

Холын зорилго үгүй бол ойрын зовлон эхэлнэ гэж. Өнөөдөр бид ойрын зовлон дундаа л хутгалдаж явна. Холын зорилготой болох асуудал дутмаг байгаагийн илрэл. Монгол хүн ямар байх монгол мөрөөдлийг бий болгож, түүнийг бүтээх хэрэгтэй. Монгол хүн бүр тэр мөрөөдлийн төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Тэр нь өөрөө нийгмийн инженерчлэл юм