Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Чулуунцэцэг: УИХ-ын гишүүд 300 хүүхдийн эрхийг хамгаалах мөнгөөр кофе уунгаа зовлон ярьсаар гарч ирсэн дээ DNN.mn

Төрийн ордонд өнгөрсөн лхагва гаригт болсон хүүхэд хамгааллын сонсголын үеэр Боловсролын судалгаа арга зүйн чадвар төвийн тэргүүн Ч.Чулуунцэцэг “Зочдод зориулсан кофены нийт үнэ 300 хүүхдийг бүтэн жил хамгаалах төсөвтэй тэнцэж байна” хэмээн шүүмжилсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Түүнтэй хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлаа.


-Төрийн ордонд хэлсэн таны үг товчхон хэрнээ нэлээд юм бодогдуулсан. Олон нийт ч ингэж харж байгаа нь нийтийн сүлжээнд бичигдэж байна. Ерөөсөө бид хүүхэд хамгаалал, хүний эрхийн асуудлыг ярихдаа мэдрэмжтэй байхаас л эхлэх ёстой юм биш үү гэж бодогдсон?

-Өчигдөр (лхагва гаригт) хүүхэд хамгааллын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол Төрийн ордонд болсон. 12 настай охины амиа алдсан хэрэг болон сүүлд хүүхдийн эрх зөрчигдсөн хүнд кейсүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ дээр Хүүхэд хамгааллын хуулийг хэлэлцүүлж батлуулахаар ард нийтээс сонсгол явуулсан нь тэр. Тэнд би байгууллагынхаа өмнөөс оролцогчоор бүртгүүлээд орсон. Миний хүлээлт өөр байсан. Ер нь хуулиа чангатгах юм байна, хүүхэд хамгааллын асуудлаар дорвитой хөдлөх нь. Сонгууль ойртож байгаа учраас эмзэг сэдэв рүү орж байгаа ч далимдуулаад хүүхэд хамгааллын хууль батлагдаад авбал болж байна гэж харсан. Тэртээ тэргүй улстөрчдийн арга барил ийм шүү дээ. Гэвч үнэндээ үр дүнд хүрэх ямар ч зорилгогүй сонсгол байсан. Зүгээр л зовлон яриад кофе уугаад, зовлон яриад кофе уугаад суусан. Үүнийг зүгээр хоёр эмэгтэй гэртээ суугаад хонины мах татаад бууз хийж идэнгээ “Яана аа, энэ хүүхдийн хүчирхийлэл хэцүү байна тэ” гээд ярьж болно. Гэвч ийм яриа Төрийн ордонд өрнөлөө. Болохгүй шүү дээ.

2017 онд хүүхэд хамгааллын зардал 2.5 тэрбум байсан. 2018 онд З.Нарантуяа гишүүн Ажлын хэсгийг ахалж байгаад найман тэрбумд хүргэсэн байдаг юм. Гэтэл өнөөдөр 2023 онд энэ төсөв хэвээрээ л байна. Таван жилийн өмнө талхны үнэ 720 төгрөг байсан. Өнөөдөр хэд хүрсэн билээ. Гэтэл хүүхэд хамгааллын зардал нэг ч төгрөгөөр өсөөгүй. Уг нь хоёр сая хүүхдийг хамгаалах тухай асуудал ярьж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүүхэд хамгаалалд мөнгө нэмээд л байна. Гэтэл үр дүнд хүрсэн юм байхгүй. Би одоо хяналтын карт бөглүүлдэг юм бил үү” гэж байсан нь маш цочирдмоор сонсогдсон.

-Юу гэсэн үг вэ?

-Хүн өвчнийхөө картыг алдахад хүртэл осолтой болсон нийгэм. Энэ нь өөрөө хүний эрхийн асуудал. Гэтэл хүүхэд өөрөө хүчирхийллийн карт хөтлөөд биедээ аваад явах юм гэнэ. Ийм юм ярьж болох уу. Би өөр ч олон зүйл яримаар байсан. Гэтэл үг хэлэх хугацааг гурван минутаар хязгаарлачихсан. УИХ-ын гишүүд өөрсдөө болохоор 20 минут ярих эрхтэй, нэмэлт цаг нь 10 минут. Ингээд 30 минут нэг гишүүний ярихыг сонсож бид өдөржин суусан. Өглөө 09:30 цагт очоод 16:00 цагт гарч ирсэн. Гэвч ямар ч үр дүн байхгүй. Хүүхэд хамгаалалд найман тэрбум төгрөг төсөвлөснөө уулга алдаад байгаа хэрнээ сонсголд оролцсон 100 гаруй хүнд кофе тавьчихсан. Дундаж үнэ нь 8900 төгрөг гэхээр 300 хүүхдийн нэг бүтэн жилийн хамгааллын зардал. Ийм том зардлыг нэг удаагийн сонсголоор уучхаж байна. Ийм арга хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд тав дахь удаагаа болж байгаа. Тэгэхээр 1500 хүүхдийн эрхийг хамгаалах төсвийг уучихсан хэрэг.

-Хүүхэд хамгаалалд асуудал нь тодорхой байна. Ноцтой кейсүүд гарсан. Тодорхой шийдэл, гарц л хүлээгдэж байгаа. Энэ тухай яригдсан уу?

-УИХ-ын гишүүд ерөөсөө “Маш их мөнгө зарцуулж байна, яагаад хүүхэд хамгаалж чадахгүй байна вэ. Энэ цагдаа нар яагаад ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Яагаад, яагаад вэ гэдэг асуулт л тавьж суусан. Уг нь бид энэ асуултыг тавьж, хариулт авах гэж очсон шүү дээ. Хууль тогтоогч, төсөв баталж байгаа хүмүүс “Яагаад чадахгүй байгаа нь ийм шалтгаантай байна” гэж хэлэх юм байх гэтэл биднээс асуугаад л сууцгааж байсан. Уг нь түүний оронд “Энэ асуудлыг ингэж шийдмээр байна. Барилгын салбарт хүүхэд хамгааллыг ингэмээр байна. Та нарт ямар санал байна. Уул уурхай дээр ингэж хиймээр байна, эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын ийм ажлыг үр дүнд хүргэмээр байна. Дунд шатны агентлагууд бодлогын хувьд ингэж ажиллах ёстой. Иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл та ямар санал хэлэх вэ” гэж асууж, ярилцах юм байх гэж очсон. Үгүй, чадаагүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь “Яагаад хүүхдийг хамгаалж болохгүй байна вэ” гэж асуугаад суухаар гудамжинд байгаа би юу гэж хариулах вэ.

Тэгээд л хурал тарчихсан. Сүүлийн хүмүүсийг үг хэлүүлээгүй. Олон хүн үг хэлэх байсан. Гэвч асуудал эвгүй тийшээ эргэхээр хаачихсан байх. Хүмүүс ярих болохоор “Тарах цаг боллоо” гээд сануулаад байсан. Миний дараа ганц нэг хүн яриад л хаачихсан. Ер нь төрийн түшээд шүүмжлэл хүлээж авахаас асар их эмзэг ханддагийн л илрэл. Айлын гурван настай охин хүүхэд хүчиндүүлээд нас барахад эмзэглээгүй мөртлөө иргэд өөрсдийг нь шүүмжлээд эхлэхэд маш эгдүүцэж байсан. Ер нь энэ байдлыг бид олон жил харлаа шүү дээ.

-Нэг удаагийн кофены зардалд 300 хүүхдийг хамгаалах төсөв байна гэдэг харьцуулалт олон зүйлийг хэлж байна л даа. Бид хүүхдэдээ хайргүй, элэггүй юм?

-Төрд байгаа хүмүүс хүүхдийн асуудалд эмзэглэдэггүй. Гал хэвээр нь үлдээчихдэг. Жаахан юмаар дараад л газар авахуулдаггүй. Өөрсдийнх нь талаар том асуудал босоод ирэхээр дарахын тулд хүүхдийн асуудлыг сөхөөд гаргаад ирдэг технологитой болчихсон. Сая бол сайд нараа томилохын тулд 12 настай охины асуудлыг сөхөж гаргаж ирлээ. Дараа нь дөрвөн хүүхэд алга боллоо. Олон нийтийн анхааралд орохгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс хүүхэд хамгааллыг хүсэхгүй байна гэж хардахаас аргагүй.

Үнэндээ хүүхэд хамгаалалд найман тэрбум төгрөг их мөнгө биш шүү дээ. Энэ мөнгө чинь АТҮТ-ийн нэг ажилтны оймсон дотроос гарч ирдэг л мөнгө. Гаалийн ажилтан Цэцгээгийн хоёрхон үл хөдлөх хөрөнгийн үнэ. Цаана нь гаруй үл хөдлөхтэй гэж хэвлэлээр баримтууд нь гарна лээ. Ингээд харахаар хүүхдийг төрийн хамгаалалтад оруулах ёстой, бодлогыг зангидаж байх ёстой хүмүүст бидний хүүхэд сонин биш. Улныхны хүүхэд олуулаа ч байх шаардлагагүй гэж тэд үздэг. Ядарсан ард түмний хүүхэд үхэх, хорт хавдартай болох хэнд ч хамаагүй. Харин тэд өөрсдийнхөө хүүхдийг төрийн мөнгөөр хамгаалчихдаг. Гэрийн үйлчлэгчтэй, хичээлийг нь бэлдүүлдэг багштай, хоолыг нь хийдэг тогоочтой. Зөвхөн сургуульд нь зөөдөг тусгай жолоочтой. Баянхошуунд байгаа айлын охин машинд дайруулж үхэх, Дарь-Эхэд байдаг айлын охин гудамжинд явж байгаад гэмт этгээдэд хүчиндүүлээд жорлонд хаягдах аймшигт хэргүүд сонин биш. Б.Баярсайхан гишүүн гишүүн Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүн биз дээ. Гэтэл саяны сонсгол дээр “Эцэг эхчүүд утсаа ухаад хүүхдээ харж хандахгүй байна шүү дээ” гэж маш мэдрэмжгүй зүйл ярина лээ. Өнөөдрийн нийгэмд эцэг эхчүүд утсаа ухах завтай байна уу. Яаж хүүхдээ хоолтой хонуулах вэ гэж хөлсөө урсгаж яваа. Харин тэд өөрсдөө чуулган дээрээ утсаа ухаад суудаг биз дээ. Ядарсан ард түмэн утсаа ухаад гурван минут суухад ард нь 500 төгрөг олох боломж алдагдана. Гишүүн хүн улны хэдэн боловсрол мэдлэггүй ядуу хоосон нөхөд утсаа ухаад, эсвэл архи ууж сууж байтал хүүхэд нь үхээд байна гэж тавлаж байна шүү дээ.

-Бусад гишүүд ямар байр суурь илэрхийлэв. Гарц гаргалгаа ярьсан гишүүн байна уу?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын Х.Булгантуяа сайд “Би хүүхэд хамгааллын сайд, карт авч явж хөтөлдөг юм бил үү гэж бодож байна” гэх жишээтэй. П.Анужин “Энэ хурлыг бид байнга хийдэг. Үр дүн байхгүй. Үр дүнтэй болгомоор байна. Та юу хийгээд суугаад байгаа юм бэ. Ажиллаж чадахгүй” гэж хэлээд гараад явчихсан. Үнэндээ ажиллаж чадахгүй байгаа хүмүүсийн нэг нь өөрөө. Хэнд ялархаад байгааг ойлгоогүй. П.Анужин өөрөө лобби бүлэгтэй. Нам нь 65-уулаа, хууль батлах боломжтой. Өөрөө нөлөөллийн ажил хийж байсан, контент үйлдвэрлэгч. Түүнд маш их боломж бий. Б.Баярсайхан “Найман тэрбум төгрөг бол хангалттай мөнгө. Очих ёстой газартаа очихгүй, дээрээ идчихээд байна” гэж байсан. Дээрээ гэхээр парламентаараа идээд байгаа юм байна гэж ойлгосон. Хурал 10:00 цагт эхлэх ёстой байтал 11:37 цагт эхэлсэн. Нэг цаг 37 минут хоцорсон. Учир нь гишүүд ирж өгөөгүй. Б.Жаргалмаа “Хүүхдийн асуудлыг бүх зүйлээс нэгд тавьдаг байя” гэдгийг сонсголд нэг цаг 40 минут хоцорч орж ирчихээд ярьсан. Хоцорч ирж байгаа хугацаандаа нэг, хоёр, гуравдугаар асуудлаа зохицуулсаар байгаад бараг хоёр цагийн дараа ирээд ингэж ярина лээ.

Харин Цахим хөгжлийн сайд Н.Учрал бүтэн суусан байх. Хүүхдийн байршил тогтоодог “E-kids” аппликэйшн хийснээ танилцуулж байсан. 10 мянган хүн бүртгүүлээд байгаа гэсэн. Ийм байдлаар бүтээлч ажил хийж болмоор юм. Мөн дээр нь хүүхдийн хоолны төсөв яригдсан. Хүүхдийн хоолны төсөв өнөөдөр 1500 төгрөг. Нэг телевизээр гарч байсан. Сурвалжлагч захын гэр хорооллын сургуулийн нэг сурагчаас “Сургуульд сурах гоё уу” гэхэд “Гоё”. “Юу нь гоё байна” гэхэд “Хоол өгдөг” гэж хариулсныг хүмүүс харсан байх. Маш эмзэглэмээр зүйл шүү дээ.

-Гэтэл өнөөдөр 1500 төгрөгөөр талх ч авч чадахгүй байгаа. Ийм төсвөөр хүүхэд хооллож чадаж байгаа юу?

-Бодож үзье л дээ. УБТЗ-ын нэг орлогчийн гэрээс долоон тэрбум төгрөг олдсон. Тэр мөнгөөр нэг хүүхдэд 5000 төгрөгөөр чанартай хоол өглөө гэхэд 1.4 сая хүүхдийг хооллох төсөв. Энэ бол 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд чанартай үдийн хоол өгчих мөнгө. Тэгвэл нэг жилийн хугацаанд хүүхэд хичээлд явах өдрийг тооцоод үдийн хоол өгье гэвэл нэг хүүхдэд 990 мянган төгрөг л зарцуулах нь. Нэг сая хүүхэд гэвэл 990 тэрбум төгрөг болно. Авлигын хэргээр их наядаар нь идсэн хэрэг зөндөө байгаа. Монголын нийт сурагчдад бүтэн жил чанартай хоол өгье гэхэд 141 төрийн албан хаагчийн авлигаар авдаг мөнгө л зарцуулагдахаар байна. Өнөөдөр төрийн албан хаагчид үнэтэй машин унадаг болсон. Дундаас дээд албан тушаалтнууд цайны газарт ороод хоёр ширхэг мантуун бууз идэхгүй. Өдөр бүр том ресторанд хооллодог. Гэтэл цалин нь сая гаруй л төгрөг. Үүний цаана юу байх вэ.

-Нэгэнт хүүхэд хамгааллын асуудал ярьсных таны харж байгаагаар ямар ажил хийх шаардлагатай байна вэ. Энэ талаар гарц шийдэл санал болгох уу?

-Засгийн газраас хүүхэд хамгааллын асуудлыг ганц агентлагт хариуцуулаад хаячихсан. Мал төрийн хамгаалалтад байдаг. Хүүхэд байдаггүй. Уг нь эсрэгээрээ хүүхэд төрийн хамгаалалтад байх ёстой. Яагаад гэвэл тэд ирээдүйн Монголын эзэд. Хүүхэд ээжээс төрлөө. 18 жилийн дараа энэ улсын эзэд, энэ улсын хувь заяаг шийдэх иргэн болно. Энэ утгаараа төрийн хамгаалалтад байх ёстой.

Хэрэв би Ерөнхий сайд байсан бол 15 чиглэлийн яамдад, доошоо бүх агентлагт нь чиглэл өгнө. Жилийн нийт төсвийн тодорхой хувийг хүүхэд хамгаалалд зарцуул гэж. Жишээ нь, барилгын салбарт нэг хотхон барихад эхлээд хүүхдийн тоглоомын талбайг байгуул. Хэрэв үүнийг байгуулаагүй бол Улсын комисс хүлээж авахгүй. Уул уурхайн салбар нөхөн сэргээлт хийхээс гадна хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруул. Байгалийн баялгийг ашиглаж байгаа бол ирээдүйн хүүхдүүдийн хүртэх ёстой баялгийн өгөөжийн хуримтлал үүсгэх ёстой. Эрүүл мэндийн салбар бол маш чухал салбар. Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөлийн жагсаалт гэж байдаг. Тэнд хүүхдийн өвчлөлийг оруулчихсан. Миний охин зүрхний цоорхойтой байлаа гэж бодъё. Монголд хангалттай эмчилнэ гээд гадагшаа явахыг зөвшөөрдөггүй. Хоёр настай хүүхэд Монголд эмчлэхдээ цээжийг нь ярж нээлттэй хагалгаа хийдэг. Үүний оронд 0-18 насны хүүхэд гадаадад эмчлүүлж болно, төлбөрийг нь төрөөс бүрэн хариуцна гэвэл би охиноо Япон руу аваачаад чанартай эмчилгээ хийлгэчихнэ биз дээ. Цавь руу нь дуран оруулаад л ангиогоор эмчлүүлэх боломжтой. Тэгвэл миний охин цээжээ яруулахгүй, эрсдэлгүй, насжилт нь уртасна. Гэтэл манай төр ийм зэрлэг харгис. Гадаадад эмчлүүлэх жагсаалтад нь ховор төрлийн хэдхэн өвчин багтдаг. Түүгээр бол Монгол Улс анагаах ухаанаар дэлхийд бараг цойлж байгаа юм байна гэж харахаар. Бусдыг нь Монголд эмчилнэ гээд байдаг. Яагаад эдгээрийг хийх сонирхолгүй байна гэхээр сайд гишүүдийн хүүхэд өвдвөл дурын улс руугаа аваад явчихдаг. Учир нь төрөөс мөнгө нь гаргана. Эцэг эхийнхээ ядуу хоосны бурууг хүүхэд үүрэх ёсгүй шүү дээ. Энэ мэтчилэн Хууль зүйн яам, Боловсролын яам, Соёлын яам ажиллах ёстой. Ингээд харвал хүүхэд хамгааллын асуудал ярихгүй салбар гэж байхгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Мөнхбаатар: Сургууль, цэцэрлэг шинээр барих битгий хэл өргөтгөл хийх боломжгүй болтол газрыг нь авлигадаж, наймаалцаж дууссан DNN.mn

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа.


Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нийслэл хотод хурцаар тавигддаг. Сургууль, цэцэрлэг ойрхон биш учраас хүүхдээ зөөдөг. Энэ байдал нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж эцэг эхчүүд бухимддаг шүү дээ. Бодит нөхцөл байдал ямар байдаг юм бол?

-Улаанбаатар бол 1.5 сая хүн амтай том хот. Хамгийн тулгамдсан асуудал түгжрэл. Түгжрэлийг үүсгэж байгаа шалтгааны нэг нь сургууль, цэцэрлэг рүү явах урсгал байдаг. Энэ нь нэг ёсондоо манай сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг харуулж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн зөв зохион байгуулалт байхгүй. Ерөөсөө л өндөр өндөр хороолол, үйлчилгээний газруудаар л дүүрэн хот болчихсон. Хот төлөвлөлт аль дээр алдагдчихсан. Зөөлөн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй. Одоо шинээр барья гэсэн ч барих газаргүй болчихсон. Сургууль, цэцэрлэгүүд өргөтгөл ч барих сөөм газар алга. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэхээр Улаанбаатар хотын газар наймаачид, авлигачдын гараар ороод дууссан. Тийм болохоор хүн амынхөө өсөлтөд уялдуулж сургууль, цэцэрлэг барьж чадахгүй байна шүү дээ. Газрыг нь авлигаар аваад хувьдаа өндөр байшин барилга болгоод авчихсан ийм л дүр зураг нийслэл хотод байгаа юм. Тэгсэн хэрнээ шаардлагагүй газарт орон нутагт маш олон сургууль барьдаг. Хоосон зай талбай ихтэй, хүүхэд дүүргэлт байхгүй.

Энэ нь өөрөө улс төрийн сонирхолтой, тойргоо усалсан л төсвийн илүү зарцуулалт болоод байгаа юм. Яг хэрэгцээтэй төв суурин газартаа барьдаггүй. Тийм сэтгэл байхгүй. Зөвхөн өөрсдийн ашиг хонжооны төлөө улсын мөнгийг иддэг, авлигаддаг болоод дуусч байна. Бүр бөөн сүр дуулиан болж, нэхэл хатуутай ганц сургууль, цэцэрлэгийн барилга эхлүүлдэг. Дуусгаж өгдөггүй. Барих нэрээр улсаас мөнгө идээд байдаг жишээ ч байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилга 4-5 жил дамнаж байна. Жил бүр төсөв дээр мөнгө тавигддаг. Жилийн дараа тийм ч үнэ өссөн гээд төсөв нь нэмэгддэг. Анх таван тэрбум төгрөгөөр барихаар эхэлж байсан барилгын нийт төсөв 20 тэрбум дөхөж байгаа байх.

-Хүүхдүүд нь суралцах орчин нөхцөлгүй болчихдог?

– Маш хүнд болдог. Зарим нь цахимаар, зарим нь гурван ээлжээр ч хичээллэдэг. Зориулалтын бус хичээлийн байр түрээслэдэг тохиолдол ч байна.

Хүүхдээ зөөж байгаа эцэг эхчүүдийг буруутгах аргагүй. Гэрийнх нь ойролцоо сургууль, цэцэрлэг хүртээмжгүй байна уу?

-Хүүхдээ зөөнө гэдэг Улаанбаатар хотод зовлон болчихсон. Мэдээж гэрийнх нь ойрхон сургууль байхгүй. Байлаа ч даац хэтэрчихсэн гээд багтдаггүй. Нөгөө талаар хотын захын сургуулиудын чанар муу. Эцэг эхчүүд хүүхдээ гайгүй сайн сургуульд сургачих хүсэлтэй. Буруутгах аргагүй. Ингээд л хотын төвийн сургууль руу зөөж эхэлдэг. Өглөө төв рүүгээ 2-3 цаг түгжирч, шөнөдөө хотын зах руугаа дахиад түгжирдэг. Энд ямар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдаж байх вэ. Жишээ нь, Шархадны хүүхэд 23 дугаар сургуульд сурахаар дамжиж ирдэг. Нисэхийн хүүхэд хаа байсан Бөмбөгөр рүү 24 дүгээр сургууль руу ирж байна. Үүнийг дагаад хүүхдэд ямар олон эрсдэл үүсэх вэ. Уг нь төр эдгээр хүүхдүүдийг гэрийнх нь ойр цэцэрлэг, сургууль барьчихаад чанартай үйлчилгээ үзүүлчихээд оруулах ёстой юм. Даанч өнөөдөр хүүхдээ бодсон бодлого манайд алга.

Хичээл эхлэхэд сургууль бүр багш нарын орон тооны дутагдалтай байсан. Одоо нөхөгдсөн үү?

-Нөхөгдөж чадаагүй. Урсгалаараа жаахан буурч л байх шиг байна. Гэхдээ л багш авна гэсэн зар тасрахгүй байна шүү дээ. Уг нь нэг улирал өнгөрчихлөө. Гэтэл жигдрээгүй, орон тоо дутуу хэвээр л байна гэдэг үндсэн багш нар олон цагаар хичээллэх, ялангуяа бага ангийн багш нар хоёр ээлжинд явах нөхцөл үүсч байна. Тэгж хичээллэж ч байгаа. Ингэж ажиллалаа гээд хоёр багшийн цалинг нь өгөхгүй. Нөгөө талаар боловсролын хүртээмж ямар байх вэ. Төрийн авлига, хээл хахууль тасрахгүй л гарах юм. Төсвийг тоносон мөнгөн дүн нь хэдэн их наядаар яригдаад хэвшчихлээ. Гэтэл багш нарынхаа цалинг анхаарч чадахгүй байна шүү дээ. Багш нарын цалин сүүлийн 30 жил 300 доллараас хэтрээгүй. Дандаа үнэ ханшийн өсөлтөд идэгдэж явдаг. Явсаар өнөөдөр нийгмийн дундаж цалингаас ч бага цалинтай болчихоод байгаа юм. Тиймээс Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэл багшийн цалинг ам.долларын ханштай дүйцүүлж 1000 ам.долларт хүргэх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ингэж байж энэ салбар руу шинэ залуу боловсон хүчин орж ирнэ. У ИХ-аас цахим өргөдлийн флатформ бий болгоод байна. Үндсэн хуульд заасан ард түмний төр барих эрх хэрэгжиж эхэлж байна. Түрүүчээсээ саналууд 100 мянгын босгыг даваад эхэллээ. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлээс багшийн цалинг 1000 доллартай тэнцэхүйц болгоё гэсэн санаагаа төсөл болгон оруулсан байгаа. Энэ саналыг маань 100 мянган хүн дэмжвэл хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж, багшийн цалингийн асуудлыг УИХын түвшинд авч хэлэлцэх боломжтой. Тиймээс боловсролын салбарынхан, эцэг эхчүүд, олон нийт маань энэ саналыг дэмжиж өгөөрэй гэж уриалж байна.

Гэвч багш нарын цалинг ингэж нэмэх боломжгүй гэж мэдэгдэж байсан. Та бүхэн ямар тооцоолол гаргасан юм бэ?

-Бид шууд нэг өдөр нэм гэж шаардаагүй шүү дээ. Төр энэ талаар бодлого гаргаж, шат дараатайгаар нэмээд өгөөч гэж уриалж байгаа юм. Мэдээж улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж мэдэрч байна. Боловсролын салбарын төсөв 2023 онд 3.2 их наяд байсан. 2024 оных 4.2 их наяд болж ирж байгаа. Гэвч багшийн цалинг 10 хувиар л нэмнэ гэж байгаа. Багш нарын цалин урамшууллын сан нийт 1.5 их наяд байдаг. Уг нь нийт төсөв маань нэг их наядаар нэмэгдэж байхад тал хувь болох 500 тэрбумыг цалингийн сандаа зарцуулахад болохгүй юм байхгүй шүү дээ. Цалин хангалттай 30 хувиар нэмэгдэх боломжтой. Гэвч энэ нэг их наядын нэмэгдэл сонгууль дөхсөн шоунд л зарцуулагдана даа гэж харж байна. Нөгөө л хөдөө орон нутагт тойргоо усалсан байдлаар шинэ сургууль цэцэрлэг эхлүүлнэ. Тэнд нь ямар ч хэрэгцээ байхгүй. Түүгээр зогсохгүй боловс ролын салбар үндсэн хэрэгцээгээ хангаж чадаагүй хэрнээ том том поп зориултууд дэвшүүлдэг. Орон даяар бүх сургуулийг компьютертэй болгоно, ухаалаг анги танхим байгуулна гэж ирээд л ярьцгааж байна. Үзүүлэнгийн шинжтэй л хийх байх. Гол нь хүүхэд бүрийн сурах орчин стандартдаа нийцэж байна уу. Ширээ сандал нь бүрэн байна уу, анги танхимдаа стандарт 30-аараа сууж байна уу гэдгээ эхэлж анхаарч шийдмээр байгаа юм. Гэвч энэ асуудал чухал биш, попрох, олон нийтээс оноо авах өнгөц ажил руу хошуурдгаараа л явж байна. Ерөөсөө л манай улсын сүүлийн олон жилийн дүр төрх ийм шүү дээ. Гол нийгмийн салбарынхаа хөгжлийг хаяж, амин хувиа хичээсэн, ашиг хонжоо хай сан, авлигын схем л хамгийн сайн ажиллаж ирлээ.

Categories
мэдээ нийгэм

Р.Онончимэг: Хялбар ажиллагааны болон гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхүүдийг шинээр байгуулна DNN.mn

Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого зэрэг шүүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар ШЕЗ-ийн дарга Р.Онончимэгтэй ярилцлаа.


-“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслөөр хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Монголын шүүхийн хэтийн төлөв, 10 жилийн дараах дүр зураг энэхүү бодлогоос шууд шалтгаалах байх?

-Шүүхийн тухай хуулийн 5.11-д шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байна, бодлогыг ШЕЗ хуульд нийцүүлэн боловсруулж, Засгийн газар, УДШ-тэй зөвшилцөн УИХ-д

уламжлахаар зохицуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг боловсруулж УИХ-ын даргад уламжлаад байна. Бодлогын төслийг боловсруулахаар Н.Отгончимэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн оны сүүлээс ажиллаж эхэлсэн. Ажлын хэсэгт Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, УЕПГ, ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөлөл багтсан. Төслийг боловсруулахдаа шүүхийн нөхцөл байдлыг бодитой тогтоох зорилгоор хөндлөнгийн байгууллагуудаар болон дотоод нөөц боломжоороо хэд хэдэн судалгааг хийлгэсэн байгаа.

Мөн бодлогын төслөө ШЕЗ-ийн цахим хуудаст байршуулж санал авах ажлыг зохион байгуулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналуудыг тусгалаа. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө

2031-2040 онд иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно гэсэн зорилго тавьсан. Шүүх эрх мэдлийн бодлого 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ үр дүнгийн суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

-Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Хуулийн төсөл бүхлээрээ шүүхийн шинэчлэл юм болов уу гэж харагдаж байна. Ямар шүүхүүд яаж байгуулах талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Үндсэн хуульд 2019 онд хоёр том зарчмын өөрчлөлт орсон. Нэг нь, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх, нөгөө нь шүүхийг тойргийн зарчмаар байгуулах тухай юм. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулах ажил өмнө нь хийгдэж байсан ч Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг агуулгаар хүчингүй болж байсан. Харин Үндсэн хуульд өөрчлөлт орсноор тойргийн шүүх байгуулах боломжтой болсон.

Өнгөрсөн зургадугаар сард ШЕЗ-өөс УДШ-тэй зөвшилцсөн Шүүх байгуулах хуулийн саналын төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Хуулийн саналын төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яам өөрийн саналыг тусган цахим хуудастаа байршуулан санал авсан. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн УДШ-тэй зөвшилцсөн саналд тодорхой өөрчлөлт орсон байсан гэсэн үг. Харин шинэ сайд ажлаа аваад ШЕЗ-ийн УДШ-тэй зөвшилцсөн саналыг Засгийн газарт танилцуулан УИХ-д өргөн барихаар болсон байгаа.

ШЕЗ-өөс Шүүх байгуулах тухай хуулийн саналын төслийг боловсруулахдаа шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгын дор хүн амын төвлөрөл, шүүх, шүүгчийн ажлын ачаалал, зохион байгуулалт, “Цахим Монгол” болох зорилго зэрэг олон хүчин зүйлийг харгалзсан. Нийслэлд төвийн зургаан дүүргийн шүүхүүдээ хоёр том тойрог болгож, холын дүүрэг болох Багануурыг тусад нь, Налайх, Багахангайг нэг тойрог болгож байгуулахаар тусгасан. Монгол Улсын хот төлөвлөлт, дэд бүтцийн ирээдүйн бодлогоор нийслэлийн төвлөрлийг сааруулахаар зорьж байгаатай уялдуулж холын дүүргүүд тусдаа шүүхтэй байхаар тойроглох нь зүйтэй юм гэж үзсэн. Мөн цоо шинээр хялбар ажиллагааны шүүх, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх байгуулахаар хуулийн төсөлд тусгасан.

-Орон нутгийн хувьд?

-Тухайлбал, Дархан-Уул гэхэд нэг шүүхийн байранд захиргаа, эрүү, иргэний анхан шатны шүүх, мөн давж заалдах шатны шүүх байрладаг. Иргэд үүнийг шүүх л гэдэг статусаар хүлээж авдаг. Захиргаа, эрүү, иргэний шүүх гэсэн ялгаа заагийг төдийлөн ойлгоход хүндрэлтэй, ойлгох ч шаардлага байхгүй. Шүүхээс орж үйлчилгээгээ авахад хялбар байх учиртай. Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг бусад оронд ердийн шүүх гэж үздэг юм байна. Манайд дагнасан шүүх гэхээр захиргааны шүүх байдаг. Тэгэхээр ердийн буюу эрүү, иргэний шүүхийг нэг шүүхээр байлгая. Дотроо танхимын зохион байгуулалттай байж болно. Харин захиргааны шүүх бол онцлогтой учраас дагнасан байя гэдэг байдлаар хуулийн төсөлд саналаа оруулсан.

-Анхан шатны шүүхүүдийн хувьд ийм өөрчлөлт орох нь. Давж заалдах шатны шүүхийг тойроглох уу?

-Давж заалдах шатны шүүхийг орон нутагт дөрвөн бүсэд тойроглон байгуулах бол нийслэлд нэг тойрог байхаар тусгасан. Баруун бүс нь Ховдод, төвийн бүс нь Төв аймаг, хангайн бүс Орхонд, зүүн бүс Хэнтийд байна. Нэг ёсондоо зам харилцаа сайтай, нийслэл рүү ойрхон аймгууд руу зохион байгуулалт хийсэн. Учир нь шүүх байгуулахтай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж байгаа гол субъект бол шүүгчид. Тэдний санал бол олонх нь нийслэлд нэг том тойргоор давж заалдах шатны шүүх байгуулах нь зөв гэсэн саналыг дэмжсэн байсан. Гэхдээ улсын хэмжээнд нэг тойроглолт хийхэд холын аймгуудын хувьд арай хүндрэлтэй байна гэж үзсэн учраас бүсээр тойроглох саналын төслийг боловсруулсан.

Нийт хэргийн статистикийг харвал анхан шатны шүүхийн шийдвэрийн 91 хувь нь давж заалдахгүйгээр хэвээр үлддэг. Давж заалдах шатны шүүхийн тухайд орон нутагт иргэний хэрэг дээр зургаа, эрүүгийн хэргийн 13 хувь нь давж заалддаг гэсэн судалгаа бий. ШЕЗ-ийн барьсан бодлого бол төрийн цахимжилтыг дэмжихэд чиглэж, шүүх байгуулах төсөл дээр анхаарсан. Монгол Улс “Цахим Монгол” үндэстэн болно гэсэн зорилготой. Шүүхийн цахимжилтын түүхийг харвал 30 жилээр ярих боломжтой. Гэтэл яг цахимжилт гэдгээ юу гэж ойлгохоос эхэлнэ. Одоогийн байдлаар шүүхэд 20 гаруй программ, хангамж цахим систем ашигладаг. Тооны хувьд олон мэт боловч эдгээр системүүд хоорондоо болон бусад байгууллагын цахим системтэй уялдаа холбоо сайн биш, интеграци хийгдээгүй. Энэ нь иргэн талаас үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа юм. Тиймээс шүүхийн цахимжилтад анхаарал хандуулж, системүүдийн уялдаа холбоог сайжруулахад анхаарч байна.

-Шинэ шүүхүүд байгуулагдах юм байна. Хялбар ажиллагааны шүүхээс эхэлье. Энэ шүүхээр ямар хэргийг шийдвэрлэх вэ?

-Та бүхэн санаж байгаа байх. “Баривчлах, түр саатуулах ажиллагаа хүний эрхийг зөрчиж байна” гэсэн дүгнэлтүүд хүний эрхийн байгууллагуудаас гардаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор Улсын Дээд шүүхээс оруулж ирсэн санал. Товчхондоо, 24 цагаар жижүүрийн шүүх ажиллаж, зөвшөөрөл өгөх ёстой. Мөн зөрчлийн хэрэг маргаануудыг шуурхай шийддэг байх гэсэн саналууд орж ирсэн. Үүн дээр ШЕЗ-ийн зүгээс бага үнийн дүнтэй иргэний хэрэг маргаануудыг нэгтгээд хялбар шуурхай шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Хялбар ажиллагааны шүүх зөвхөн нийслэлд байна. Учир нь шүүхийн хамгийн их ачаалал нийслэлд байдаг. Харин орон нутагт үүнийг шүүх дотроо зохион байгуулалтаараа шийдэх бүрэн боломжтой гэж үзсэн.

-Тэгвэл Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг байгуулснаар ямар үр дүн хүлээж байна вэ?

-Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны дагнасан шүүх гэж тус тус байгуулахаар төсөлд тусгасан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэж байгаа хэргийн 10-12 хувийг Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг эзэлсэн байдаг. Эдгээр хэргийн 60 орчим хувийг гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалсан хэрэг, маргаан эзэлж байна. Харин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэж буй хэргийн 1.3 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, өсвөр насны хүн холбогдож хянан шийдвэрлэсэн хэрэг нийт хянан шийдвэрлэсэн хэргийн 1.2 хувийг тус тус эзэлсэн. Өсвөр насны хүн хохирсон хэрэг нийт хохирогчийн 4.3 хувийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэрэг нийт хянан шийдвэрлэж буй зөрчлийн хэргийн дөрөв орчим хувийг тус тус эзэлж байна. Эндээс Монголд гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулах хэрэгцээ шаардлага бий болжээ гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа юм. Гэр бүлийн шүүх байгуулагдсанаар гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний нас, бие, сэтгэл зүйн онцлогт тохирсон шүүхийн тусгай процесс, орчин бүрдэнэ. Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахад нөлөөлнө гэж харж байгаа. Тус шүүх байгуулагдсанаар шүүхийн ачааллыг 22 хувиар бууруулна гэсэн тооцоолол гаргаад байна.

-Хуулийг батлахаас гадна түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв гэж чухал зүйл. Шүүх байгуулах тухай хуулиар шинэ бүтцүүд бий болж, түүнийг дагасан зардал гарахаар харагдаж байна. Тэгэхээр төсөв ч багагүй гарах байх?

-Яах вэ, бид шүүх байгуулахыг аль ч хувилбараар ярьж болно. Гол нь хууль өөрөө хэрэгжих ёстой. Хэрэгжих нөхцөл бололцоо, эдийн засгийн үндэслэлийг Засгийн газар судалж УИХ руу оруулах байх.

Бидний тооцоолсноор энэ бүхнийг хэрэгжүүлэхэд 602 тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий. Жишээ нь, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх нэг байранд байрлаж байна. Хуульд шүүх өөрийн байртай байна гэдэг. Дундаа байртай байна гэх зохицуулалт байхгүй. Гурван шүүх гурван байртай байх атал 2015 оны шүүх байгуулалтаар нэгтгэчихсэн. Хууль хэрэгжих ёстой болохоос биш боломжгүй бол тэгээрэй гэсэн зохицуулалт байхгүй. Хуульд шүүх төсвөөс санхүүжинэ, бие даасан төсөвтэй байна, ажиллах боломжийг төр хангана гэсэн зохицуулалттай учраас бодитоор хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаасай гэж хүсч байгаа. Ер нь хууль хэрэгжих эдийн засгийн тооцоолол, үндэслэлийг хангахгүйгээр хууль батлаад орхих нь буруу. Энэ талаас нь анхаараасай гэж хүсч байна.

Шүүх байгуулах асуудал бол шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой. Хоёр дахь том асуудал бол төсөв. Шууд төсөв гэж ярихаас илүү шүүхийн төсөв ямар явж ирсэн, яагаад төсөв чухал вэ гэдгийг бид хэлэх ёстой. Шүүгчид өндөр цалинтай гэж яриад л байдаг. Яг үнэндээ цалин хамгийн сүүлд тогтоосноос хойш найман жил өнгөрчихсөн, цалин багатай, хүндрэлтэй нөхцөлд орчихсон юм билээ. Тиймээс бид нэг хэргийг шийдэхэд ямар зардал гаргадаг талаар өртгийн судалгаа хийж үзсэн.

-Сонирхолтой үр дүн гарсан гэж дуулсан?

-Тийм ээ. Судалгаагаар нэг хэргийг шийддэг зардлаар 4-5 хэрэг шийдэж байна гэсэн үр дүн гарсан. Үүнд бид байшин барилгын асуудлыг оруулаагүй. Зөвхөн урсгал зардал, цалин урамшуулал зэрэг процессыг тооцож гаргахад ийм нөхцөл байдалтай ажиллаж байна. ШЕЗ-өөс шүүхийн 2024 оны төсвийг 2023 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж өргөн барьсан. Судалгаанаас харахад ингэхээс ч өөр аргагүй юм билээ. Хуучин төсөөллөөр 30 жил явж ирлээ. Ингэснээр өнөөдрийн шүүхийн нөхцөл байдал ямар байдалд орсныг бүгд л мэдэж байгаа. Өөр илүү бодитой байх тал руу, өөрчлөлт хийж менежментээ сайжруулахгүй бол нөхцөл байдал маш хүнд байна. Ерөөсөө иргэн төвтэй шүүхийн үйлчилгээ бий болох орчин нөхцөлийг Шүүх байгуулах хуулиар шийднэ гэсэн өндөр хүлээлттэй байна.

-Сангийн яамнаас шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг нэлээд танасан харагдсан. Ийм байдал шүүхэд хэр нөлөөлдөг юм бэ?

-Шүүхийн тухай хуулиар Засгийн газар шүүхийн төсвийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хянагдсан хэмжээнээс бууруулахгүйгээр УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Энэ нь шүүх эдийн засгийн хувьд бие даасан байх эрх зүйн баталгаа юм. Сангийн яам засаглалын бие даасан эрх мэдлийн эдийн засгийн баталгааг хангах санхүүгийн эх үүсвэрийг л шийдвэрлэх ёстой. Гэтэл сүүлийн 10 гаруй жил хөрөнгө оруулалтын төсвийг байнга хассаар ирсэн. Энэ нь шүүхийн ажиллах, орчин, нөхцөлийг маш хүнд нөхцөлд аваачсан. Иргэд шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шүүхээс чирэгдэлгүй үйлчилгээ авахад хүнд байдалтай байгаа нь эдийн засгийн хүндрэлээс шууд шалтгаалж байгаа юм.

-Өмнө нь тантай ярилцахад шүүгчийн сонгон шалгаруулалтыг чухалчлан ярьж байсан. Өнөөдөр ч энэ сэдэв чухал хэвээр байгаа. Шүүгчид хэр нэмэгдэж байна вэ?

-ШЕЗ-ийн үндсэн чиг үүрэг шүүгчийн сонгон шалгаруулалт. Бид 10 гишүүний бүрэлдэхүүнтэй болж ажилласнаас хойш тав дахь удаагийн сонгон шалгаруулалтаа зарлаад байна. Өмнөх дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтаас сонгогдсон нэр дэвшигчдийг шүүгчээр өргөн мэдүүлэх процесс дуусч байна. Гэвч бид орон тоогоо нөхөж чадахгүй байна. Тиймээс шилдэг хуульчид шүүгч болох гэж өрсөлдөж байна уу гэж өөрсдөөсөө асуухад хүрч байна.

-Хангалттай мэдлэг, чадвартай хүн шүүгчид өрсөлдөхгүй байгаа хэрэг үү?

-Бүртгүүлж байгаа хүмүүсийг шилдэг биш гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ шалгаруулалтад орж байгаа хүмүүсийн 13-15 хувь нь л тэнцэж байна. Дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь тэнцэж чаддаггүй. Мэдээж шүүгч бол хариуцлагатай албан тушаал. Насан туршдаа томилогддог, бие даасан хараат бус байдлаар ажилладаг хүмүүс учраас босго өндөр, шалгуур сайн байх ёстой. Харин яагаад шилдэг хуульчид нэр дэвшиж орж ирэхгүй байна вэ гэхээр одоогийн нөхцөл байдалтай шууд холбоотой.

Үндсэн гурван шалтгаан нь шүүгчийн цалин, шүүхийн орчин нөхцөл, ачаалал. Шүүгчдийн цалинг хамгийн сүүлд 2014 онд үндсэн цалин 2.7-3.3 сая байхаар УИХ-аар тогтоосон. Тухайн үедээ бол шүүгчийн цалин өндөртөө тооцогддог байсан. Түүнээс хойш инфляци яаж нэмэгдэв. Валютын ханш хэрхэн өсөв. Худалдан авах чадвар макро эдийн засгийн түвшинд хүнд байна. Гэтэл шүүгчдийн цалин хэвээрээ л байж ирлээ. Сүүлийн найман жилийн турш огт нэмээгүй. Эрхбиш одоо ажиллаж байгаа шүүгчид маань юм хэлэхгүй байна. Харин шинээр орж ирэх хүмүүс цалинг нь голоод байна. Аргагүй шүү дээ. Гэтэл нэг өмгөөлөгч олон сараар үргэлжилсэн хүнд биш, дундаж нэг хэрэг дээр ажиллалаа гэхэд 10 сая төгрөг авч байна. Тэгэхээр шүүгч хийх үү, өмгөөлөгч эсвэл олон улсын фирмд консалтинг хийгээд суух уу. Тэнд ахуй хангамж, орчин, ажиллах нөөц, цагийн менежмент зэрэг бүх юм чөлөөтэй. Хүмүүс шүүгчдийг гоё байранд сууж яах гээд байгаа юм гэж зэмлэдэг. Яг үнэндээ шүүгч гэхээсээ илүү хэргийн оролцогчид, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн тав тухтай орчинд, аливаа саад бэрхшээлгүйгээр хэрэг маргаанаа зүй зохистой шийдүүлэх боломжийг хангаж буй явдал. Нөгөө талаар шүүгч анхаарлаа зөвхөн ажилдаа хандуулах боломжийг олгох нь иргэнд хэрэгтэй. Тиймээс бид тал талаас баланстай харж ярих ёстой юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ыг жинхэнэдээ Б.Жавхлан биш парламент мэднэ дээ DNN.mn

УИХ-аас нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, буцаан олголтыг таван хувиас доошгүй байхаар тогтоох саналыг энэ сарын 17-ны өдөр байршуулсан. Долоо хүрэхгүй хоногийн хугацаанд дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 100 мянга хүрч, УИХ-ын босгыг давчих шиг боллоо. Харин энэ явдалд Сангийн сайд Б.Жавхлан дургүй байгаа. Тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтын хувь дээр шулуухан хэлэхэд ямар ч боломжгүй асуудал. Сонгууль дөхсөн хийрхэл болж таарах байх” гэж УИХ-ын чуулган дээр хэлчихсэн. Энэ байр сууриа хамгаалах гэж шаралхаж яваад золтой л төсвөө унагаачихсангүй. Гэвч тэрбээр бууж өгөхгүй л байгаа бололтой. Таарсан сайд, гишүүн болгонд НӨАТ-ын хувийг тав болгох саналыг бүтэхгүй болохыг учирлаж нэг, уурлаж нэг хэлж яваа сурагтай.

Монгол Улсыг, монголчуудыг парламент мэддэг. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан. Олон нийтийн шүүмжлэдгээр парламентад мэдлэгтэй, мэдлэггүй, ёс зүйгүй, тэнэг мангар, ичмээр хэн ч сонгогдсон тэд бол бүх ард түмнийг төлөөлсөн жижиг ард түмэн. УИХ өөрийн гэсэн бүрэн эрхтэй. Сангийн сайд Б.Жавхлан яаж ч дэвхэцсэн парламент юуг хэрхэн шийдэхээ мэднэ.

Зөвхөн энэ удаагийн НӨАТ ч биш Путин, хийн хоолой, уран, Ерөнхийлөгчийн айлчлал, үйлдэл, стратегийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээ гээд зарим нь шүүмжлэгдэж, зарим нь магтагдаж байна. Эцсийн дүндээ эдгээрийг хэрэгжүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм. Дараа нь үүсэх гайг нь ч, гавьяаг нь ч парламент өөрөө даана. Ийм байх үүргийг Үндсэн хуулиараа 1992 онд олгочихсон юм. Тэгэхээр дээр хэлснээр НАӨТ-ын хувийг нэмэх эсэхийг Сангийн сайдын санал бодолтой, бодолгүй УИХ шийдвэрээ хараат бусаар гаргана.

Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэхээс гадна өөр ч агуулгуудаар санал асуулга үргэлжилж буй. Энэ үйл явдлыг шүүмжлэх бүлэг ч байна. Олон нийтээс хүссэн асуудлаар нь санал асуулга аваад хууль өөрчилж батлаад байвал үндэсний аюулгүй байдалд халтай, өөр улс орныг дагаар орчих юм биш үү гэж ирээд УИХ-ын зарим гишүүд ярьж байх шиг байна. Олон нийтээс сонгогдсон парламентын засаглал үндсэн үүргээ л биелүүлж байна. Тэд ард түмний санал бодол, байр суурийг технологийн дэвшлийг ашиглан шууд сонсох боломжийг бий болгочихлоо. Харин тухайн саналыг хуульд оруулах, оруулахгүйг УИХ л мэднэ. Хууль журамд өөрчлөлт оруулж ч болно, үгүй ч байж болно. Энэ нь өнөөдрийн парламентын бүрэн эрхийн асуудал. Нэг ёсондоо УИХ-д хэн ч хөндлөнгөөс нөлөөлж болдоггүй бүрэн эрх нь юм.

Гэтэл сүүлийн Засгийн газрын гишүүд, сайд нар УИХ-ыг үл тоодог, томордог байдал ажиглагдах болсон. УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Монгол Улсын 2024 төсвийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын өрийн талаар тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан “Өрийн асуудлыг ярих юм бол нэлээн удаан ярьж болно. Та бүхний тавьсан Чингис бондын өрийг арайхийж төлж дууслаа, Та баярлах хэрэгтэй шүү дээ. Монголын ард түмний тавьсан татвараар төлсөн” хэмээн нэлээд өндөр дуугаар хариулна лээ. Тэрбээр бас НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэх УИХ-ын санал асуулгыг “Сонгууль дөхсөн хийрхэл…” гэж ирээд УИХ-ын хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлж байгаа үйлдлийг шүүмжилж буйгаас л харагдана. Парламентын засаглалаа тоншдог Засгийн газрын

өөр ч гишүүд бий. 2024 оны төсөвтэй холбоотойгоор өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр халамжийн бодлогын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Халамж 2016 онд 285 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.4 их наядын халамж тараах нь. Баялаг бүтээгчид махаа зулгааж татвар төлдөг. Ирэх оны төсөвт хувийн хэвшлийг дэмжсэн зүйл байна уу” гэсэн асуухад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Халамжийн ихэнх нь хүүхдийн мөнгө. 2020 оноос хүүхдийн мөнгө тав дахин өссөн. Та ч хүүхдийн мөнгийг хасах ёсгүй гэж ярьдаг хүний нэг…” гэж ирээд л чимхэж суусан.

Үнэндээ сүүлийн жилүүдэд Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдээс илүү эрх мэдэлтэй гэж эндүүрдэг болчихсон. Үүнийгээ ч ийнхүү үе, үе чуулганы нэгдсэн хуралдаанаар илэрхийлж, бүдүүн хүзүү гаргадаг болоод удлаа. Учир нь өөрсдийг нь УИХ-ын гишүүд биш Ерөнхий сайд томилдог, сайдын албан тушаал нь хязгааргүй үргэлжлэх юм шиг эндүүрч явдаг бололтой. Ерөнхий сайд ч үе, үе парламентын эрх рүү халдсан агуулгатай мэдэгдлийг хийдэг болоод удаж байгаа.Үнэндээ сайд нарыг ч, Ерөнхий сайдыг ч огцруулж чадах эрх мэдэл зөвхөн УИХ-ын гишүүдэд, парламентад бий шүү дээ. Энэ зарчмаа манай зарим улстөрчид, сайд нар мартчихдаг юм байна. Ийм нөхдийг УИХ нэг л өглөө хууль сануулаад явуулчихаж чадна.

Ерөөсөө монголчуудын 30 жилийн өмнөх ардчилал, хүний эрхийг тунхагласан Үндсэн хуулийн амин сүнс нь парламентын тогтолцоо байсан юм. Парламент бол ардчиллын үндэс. Парламент гэдэг улс төрд бий болсон идээ бээр, хууль бус зүйлийг тогтолцоогоороо шахаж гаргадаг. Хэдхэн сарын дараа болох УИХ-ын сонгуулиар Монгол Улсын парламент 128 гишүүнтэй болно. Олон ургальч үзэл, төсвийн төрийн хяналт улам батажна. Өнөөдөр УИХ-ын цөөн хэдэн гишүүнийг лоббидож, авлигадаж зорилгоо гүйцэлдүүлэхийг оролддог байсан бол 128 гишүүнтэй болоод ирэхэд тэд зогсохоос аргагүй. Энэ л Монгол Улсын, монголчуудын сонгосон парламентын тогтолцооны үр нөлөө юм. Тиймээс Засгийн газрын гишүүд УИХ-ын бүрэн эрхэд халдсан үг, үйлдэл гаргадаг явдлаа эргэж харахгүй бол кабинетаараа огцрох асуудалд холбогдож ч мэдэх юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Булгамаа: Талийгаач охины ар гэр зөвшөөрвөл дуртай тоглоом, нэрээр нь нэрлэсэн хүүхэд хамгааллын шинэ бодлого бий болгох боломжтой DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай хүүхдийн эрхийн талаар ярилцлаа.


– Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийг таслан зогсоох талаар ярихын тулд энэ төрлийн хэргийн кейс баримтууд сөхөгдөж таардаг. Та бол хохирогчидтой тулж ажилладаг өмгөөлөгч хүн. Өнөөдөр ер нь нөхцөл байдал ямар байна вэ?

– ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гаргасан тоон судалгаанаас харахад сүүлийн 10 жилд хүүхэд хохирсон 16,544 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийслэлд 10,601 буюу 64 хувь, орон нутагт 6,436 буюу 36 хувь нь бүртгэгдсэн байдаг.

Насанд хүрээгүй хүн өртөж. хохирсон, холбогдсон хэргийн дийлэнх хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд эзэлдэг. Ялангуяа хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо жилээс жилд өссөөр байна. Тодруулбал энэ төрлийн гэмт хэрэг 2014 онд 125, 2015 онд 139 бүртгэгдэж байсан бол 2018 оноос эрс өсөж 238, 2019 онд 253, 2021 онд 278, 2022 онд 362 болсон байдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 2,000 гаруй хүн дээр судалгаа хийхэд 23 хувь нь үл таних, 78 орчим хувь нь зүс таних хүн байсан гэсэн дүгнэлт гарсан. Зүс таних гэдэгт гэр бүлийн хамаарал буюу хойд эцэг, өвөө. төрсөн эцэг, нагац авга ах нар хамаардаг.

– Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол шалтгаан нь юу байгаад байна вэ?

– Хүүхэд гэмт хэрэгт өртөөд байгаа гол шалтгаан нөхцөл бол эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдээ үл хайхрах явдал хавтгайрсантай шууд холбоотой.

Хүүхдийг хараа хяналтгүй орхидог, гэр бүлийн гишүүдийн хоорондын зөрчил, архидан согтуурч үүргээ ухамсарладаггүй байдал гол суурь шалтгаан болоод байгаа юм. Нөгөөтээгүүр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хүүхдийн бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж халдаад байгаа этгээдүүдийн зан байдалд мэргэжлийн болон төрийн байгууллага тусгайлан судалгаа явуулж дүгнэлт хийх хэрэгтэй.

Яагаад хүчиндэх гэмт хэрэг үйлдэж ял эдэлсэн этгээдүүдийн 30 хувь нь давтан үйлдээд байна вэ. Энэ тооны цаана нэг учиг байгаа даа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ төрлийн гэмт хэргийн материалтай танилцаж байхад гэмт этгээдийн зан үйл, хувийн байдлыг тогтоох ажиллагаа тун учир дутагдалтай байдаг. Гэмт хэрэгтнүүдийн дотор педопил хэв шинж бүхий сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй, бага насны хүүхэд шохоорхдог гэдгээ илэрхийлж мэдүүлэг өгсөн этгээдүүд ч байдаг.

– Криминологийн судалгааг орхигдуулаад байна гэж судлаачид онцолж байгаа. Яг л энэ байх нь ээ дээ?

– Өнөөдөр Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж дахин шинэчлэн боловсруулах ажлыг нэн даруй хийх түвшинд хүрсэн байгаа. Яагаад гэвэл хүүхдэд халдаад байгаа этгээдүүд ямар нэгэн эмгэг өөрчлөлтөд орсон байна. Ийм хүмүүс бидэнд мэдэгдэхгүйгээр гудамжаар дүүрэн явж байхыг үгүйсгэхгүй. Энэ төрлийн гэмт этгээдүүдийн арга нарийсаж цахим орчин ашиглаж, охидын сэтгэлийг хөдөлгөсөн гоё сайхан уран цэцэн үг, шүлэг, зураг илгээх зэрэг байдлаар хүүхдийн ертөнцөд хууран мэхлэх аргаар нэвтэрдэг.

Сүүлдээ танилын харилцаа үүсгэж байгаад гэмт үйлдлээ үйлдэж байна. Ийм учраас хүүхэд гэмт хэрэгт өртөөд байгаа болон холбогдоод байгаа нөхцөл байдалд тусгайлан судалгаа хийж бодитой хандах хэрэгцээ шаардлага байгааг онцгой анхаарах хэрэгтэй.

– Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай бяцхан охин энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, харамсалтайгаар амиа алдлаа. Охиныг эрэн хайсан гурав хоногийн хугацаанд, түүнээс хойш ч манай улсад хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлсэн нийгмийн тогтолцоо хангалтгүй байгааг нийтээрээ харлаа. Та эдгээрээс юуг онцолж харав?

– 12 настай бяцхан охин гэмт хэргийн хохирогч болсонд үнэхээр их харамсаж байгаа. Олон мянган охидын хүүхдийн эрхийн хамгаалал, эрх зүйн зохицуулалт өөр шинэ түвшинд байх шаардлагатай болсныг нотлон илэрхийлсэн үйл явдал байлаа. Энэ утгаараа гэмт хэргийн хохирогч болсон тэр сахиусан тэнгэрт бид хүндэтгэлтэй хандах учиртай. Хамгийн гол зүйл бол Монгол Улсад хууль нь байдаг хэдий ч хэрэгждэггүй. Түүний араас төр, эрх бүхий албан тушаалтан. эцэг эх, олон нийт бид бүгдээрээ үүргээ ухамсарлаж хуулиа хэрэгжүүлдэггүй гэдгийг тод томруунаар харууллаа.

Тухайлбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох хуулийн зохицуулалттай. Гэтэл бодит амьдрал дээр гэмт хэрэг үйлдээд хорихоос суллагдсан этгээдүүдэд эрх бүхий хуулийн байгууллагууд огтхон ч анхаарал тавьдаггүй. Анхаарал хяналт тавих систем тогтолцоог шинэ шатанд гаргаагүй, урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан этгээд дахин гэмт хэрэг үйлдэх нээлттэй нөхцөл. нийгмийг бүрдүүлж байсныг л илтгэж байна.

Зарим улсад талийгаач охидын нэрээр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, охидод зориулсан хүний эрх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх төв байгуулсан зэрэг туршлагууд ч байдаг

Эрүүгийн хуулийн 6.12, 6.13, 6.14 дүгээр зүйлд заасны дагуу хорих ялаас хугацааны өмнө суллагдсан иргэн цагдаагийн хяналт болон олон нийтийн хяналтыг чангатгаж, тухайн иргэнийг нийгэмшүүлэхэд, хаана ямар үйлдэл эс үйлдэхүйг хийж байгааг хүртэл хянах төрийн хараа хяналтыг тодорхой болгож цахимжуулах шаардлагатай байгаагийн илрэл. Олон улсын зарим нэг тэргүүн туршлага байдаг. Тухайлбал, урьд өмнө нь хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ялаа эдэлсэн ч гэсэн ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан хэмээн цахим санд нээлттэй бүртгэдэг.

Цагдаагийн тодорхойлолт авахад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан гэдэг тодотголтойгоор гарч ирдэг юм билээ. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэр бүлийн гишүүдийнх нь хамт зураг хөрөгтэй нь байрлуулах ёстой гэсэн туйлширсан мэдээллүүд цахим орчинд түгж байсан. Нэг этгээдийн гэм буруутай үйлдлийн цаана байгаа хүүхэд. эсвэл эцэг эх, гэр бүл нь давхар яллагдах учиргүй. Үүнийг ялгаа заагтай харах хэрэгтэй.

– Гадны улс оронд нийгмийг цочроосон гэмт хэргийн дараа хууль эрх зүйн өөрчлөлт болон нийгмийн өөрчлөлт хийгдсэн жишээ баримтууд олон байдаг. Хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, дараа дахин ийм гэмт хэргийг гаргахгүйн тулд хохирогчдын нэрээр нэрлэсэн өөрчлөлтүүд байдаг. Манайд гэхэд дээрх хохирогчийг эрэн хайх явцад камерын хяналтын системээс эхлээд хуулийн орчноо эргэж дүгнэх шаардлагатай олон өнцөг яригдсан шүү дээ?

– Ер нь олон улсад олон туршлага жишээ баримтууд байдаг. Хэрэв талийгаач охины гэр бүл зөвшөөрвөл олон зуун охидын эрхийн хамгааллын үүднээс тодорхой санал санаачилга. бүтээн байгуулалт. бодлогын эрх зүйн баримт бичгийг гаргаж болно.

Миний харж байгаагаар гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд, охидод хууль зүйн болон сэтгэл заслын эрүүл мэндийн иж бүрэн цогц үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулбал маш үр дүнтэй дээ гэж хардаг. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж сэтгэл зүйн том гэмтэл авсан олон зуун охидод амьдрах итгэлийг өгч, тэдэнд шаардлагатай үйлчилгээг нэг цэг дээрээс өгөх эерэг ач холбогдолтой.

Магадгүй ар гэр нь зөвшөөрвөл талийгаач охины гэгээн дурсгалд зориулж түүний дуртай зүйл. тоглодог бамбаруушны нэр. эсвэл өөрийнх нь нэрээр ч байж болно. Нэрээр нь нэрлэгдсэн хүүхэд хамгааллын шинэ бодлогыг ч бий болгож болох юм. Зарим улсад талийгаач охидын нэрээр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, охидод зориулсан хүний эрх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх төв байгуулсан зэрэг туршлагууд ч байдаг.

Энд нэг зүйлийг онцлох ёстой. Талийгаач охиныг хичээлдээ ирээгүй тухай хоёр цагийн дотор ар гэрийнхэнд нь мэдэгдсэн багш бий шүү дээ. Энэ бол маш сайн тэргүүн туршлага. Багшийн энэ үйлдлийг бид онцлон тэмдэглэх учиртай. Дунд сургуульд хүүхэд хоёр цаг битгий хэл хоёр хоног хичээлдээ ирээгүй байхад анхаараагүй тохиолдол байж л байдаг. Дээрх тохиолдолд багшийн ар гэрийнхэнд хандсан нь хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо маш чухал гэдгийг харуулсан.

Ялангуяа боловсролын орчинд хүүхэд хамгааллын харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг маш сайн мөрдөн хэрэгжүүлж. шуурхай мэдэгдсэн. Энэ явдал олон багш, сурган хүмүүжүүлэгчдэд үлгэр жишээ болж. ажилдаа хэрэгжүүлээсэй гэж харж байна.

– Хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт бий болгож болох вэ?

– Хүүхэд эрх хамгааллын хуулийг яаралтай горимоор УИХ-д хэлэлцэх боллоо шүү дээ. Мэдээж сайшаалтай явдал. Энэ бол энэ харамсалтай явдлаас үүдэлтэй үйл явц гэж харж байна. Гэхдээ бид энэ асуудалд тун нухацтай хандаж, хүүхдийн эрх хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг. өдөр тутамдаа хэрэглэдэг. Хүүхдийн эрхийн төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг алба хаагчид, хуулийн байгууллагын ажилтнууд, хороо болон хамтарсан багийн гишүүд, хүүхдийн эрхийн байцаагч. боловсролын байгууллагынхан. нийгмийн ажилтнуудын байр суурь, санал дүгнэлтийг илүү их анхаараасай гэж хүсэж байна.

Хүүхдийн эрх, эрхийн зөрчлийг дийлэнх хувь нь гэр бүлийн түвшинд үүсэж байгаа учраас гэр бүлд төвтэй хөгжлийн бодлогыг хүүхэд хамгааллын хуульд илүү тусгаж өгөх шаардлагатай байгаа юм. Тиймээс Монголын хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо болон Хүүхдийн эрхийн дэд хорооноос “Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт ХНХЯ, прокурор, цагдаагийн байгууллага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хууль зүйн туслалцааны төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МЭХ, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санаачилсан Хүүхдийн хуульчдын клуб гэсэн төлөөлөлтэйгөөр зохион байгууллаа. Оролцогчид ажил амьдрал дээрээ тулгамдаад байгаа асуудлууд, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд төр. олон нийтийн хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал дүгнэлтийг дэвшүүлсэн.

Ингээд эдгээр санал дүгнэлтүүдийг нэгтгэн хууль тогтоогчдод бид хүргүүлэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь хууль бодит амьдралд нийцсэн, хүүхдийн төлөө хүн бүрийн хариуцлагыг тодорхой зохицуулсан амьд хууль байх ёстой. Тиймдээ ч хүүхэд хамгааллын гардан тулаанд анхан шатан дээр ажилладаг алба хаагчдын санал дүгнэлтүүд, тодорхой шийдэл эрэлхийлсэн зөвлөмжүүд хуулийн төсөлд үнэтэй байр суурь эзлэх болов уу гэж харж байна. Мэдээж энэ үйл явц ч хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон ноцтой кейсээс үүдэлтэйгээр өрнөж байгаа өөрчлөлтүүд гэж хэлж болно.

– Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог асуудал ч өнөөдөр тулгамдаж байгаа. Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү харамсалтайгаар амиа алдлаа. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах тодорхой гарц шийдэл нь юу юм бэ?

– Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн 75 орчим хувь нь 26-45 насны хооронд байна гэсэн статистик бий.

Хүчирхийлэл үйлдэгчдийн талаас дээш хувь нь ажилгүй иргэд. Тэдний 80 гаруй хувь нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар үр хүүхдээ зодох, харгис хэрцгий хандах зэрэг авир үйлдлийг удаа дараа гаргаж хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байдаг. Улсын Ерөнхий прокуророос хийсэн судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан хүүхдүүдийн 51.7 хувийн эрх зөрчигдсөн тоон мэдээлэл байгаа юм. Тэдний дийлэнх нь сэтгэл санааны мөн бие махбодын хүчирхийлэлд өртдөг.

Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн гол шалтгаан нь архидан согтуурал гэдэг нь энэ судалгаагаар тогтоогдсон. Тиймээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг тодорхой хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээ авч хэвших нь зүйтэй юм.

Бодит амьдрал дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх үед хүүхэд дам байдлаар хохирсон байдалд хуулийн байгууллага төдийлөн дүгнэлт хийдэггүй, хүүхдээс мэдүүлэг ч авахгүй орхигдуулдаг нийтлэг дүр төрхтэй байна.

Эндээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох, энэ талаарх мэдээллийг авч хэвших нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эсэхийг тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулах, хохирогч хүүхдүүдэд сэтгэлзүйч томилж сэтгэл заслын эмчилгээнд хамруулж хэвших тал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Хүүхдийн эрүүл мэндэд хохирол учраагүй байсан ч сэтгэл санааны хохирол учирсаар байдаг. Энэ байдал ужгирал эмгэг үүсгэх сөрөг үр дагавартай. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох нь нэн чухал юм.

Сэтгэл зүйн эмчийн онош. дүгнэлт нь гэмт хэргийн үйл баримтыг давхар нотлох. сэтгэл заслын эмчилгээний хэлбэр. хугацаа. төлбөр зардлыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтой.

– Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлах шийтгэл авсан этгээд гарч ирээд гэр бүлдээ улам бүр дарамталдаг, байнгын сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг тухай ярьдаг. Ингээд гэр бүлийн хүчирхийлэл улам хүнд нөхцөл рүү ордог гэдэг шүү дээ?

– Яг тийм. Энэ талаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон олон бүсгүй ханддаг. Хүчирхийлэл үйлдсэн нөхөр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад баривчлах шийтгэлээ эдлээд ирэхдээ танигдахын аргагүй уур уцаартай, хэрцгий догшин болоод ирлээ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүр байхгүй болж, хамт байхаас эмээдэг боллоо гэсээр ханддаг. Энэ бол нуух зүйл биш. Олон хүчин зүйл харагддаг. Эхлээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хариуцлагын асуудлыг эргэж харъя.

Амьдралын чухал үе дээрээ алдаа гаргасан залуучууд гэмт хэрэгт дахин холбогдохгүй байх, алдаагаа ухамсарлах улмаар нийгэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд төр анхаарах цаг болсон

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.4-д зааснаар албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалттай. Сануулах. торгох. алдаагаа ухамсарлан уучлал гуйж буруу зан үйлээ засах хугацаа өгөх зохицуулал т байхгүй. Шууд императив арга хэмжээ нь зөрчил гаргагчийн сэтгэл зүйд өөрийнхөө үйлдлийг ухамсарлахаас илүү өөрийгөө хаацайлах хандлагыг төрүүлж, улмаар шийтгэлээ хүлээж гарч ирээд улам бүр хүчирхийлэл үүсгээд байна уу гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Нөгөөтээгүүр баривчлах шийтгэлээ эдэлж байх үед буруу зан үйлдлээ ухамсарлах, засах талаарх сургалт нөлөөллийн ажил үр дүн муутай байна. Энэ сургалтынх нь хөтөлбөр төлөвлөгөөг анхаарч үзэх хэрэгтэй.

– Хүүхдийн эрх хамгааллын өнөөгийн хуульд зайлшгүй зохицуулах шаардлагатай ямар харилцааг та нэмж хэлэх вэ?

– Хууль бол нийгмийн амьдралыг зохицуулдаг луужин. Энэ утгаараа хүүхдийн эрх. хамгааллын асуудлын хүрээнд хамаарал бүхий бүх төрлийн харилцаанууд ямар нэгэн байдлаар хуулийн зохицуулалтад орсон, хамаарсан байх ёстой. Тухайлбал хүүхэд өнөөдөр гэр бүлийн харилцан адилгүй орчинд өсөж торниж байна. Асрамжийн газарт ч хүүхэд өсөж байна. Тэгвэл хуулиараа асрамжийн газар гэр бүл гэдэг ойлголтод хамаарч байна уу гэхээр нэлээд эргэлзээтэй, ойлгомжгүй.

Үүнийг хуулийн зохицуулалттай уялдуулан тайлбарлая л даа. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “2.2-т асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн” гэж тусгасан боловч асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага нь “гэр бүл” гэсэн ойлголтод хамаарахгүй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн гуравдугаар зүйлд “3.1.2. “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг 3.1.4.”гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн. дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг” ойлгоно гэж тодорхойлсон байна.

– Асрамжийн газарт байгаа хүүхдийн эрх нэлээд ноцтойгоор хөндөгдөх нь ээ?

– Тийм. Гэр бүл гэсэн орчныг бүрдүүлсэн газар буюу хүүхэд асрах байгууллагын статусыг ямар ч хуульд тодорхой тодорхойлоогүй байдаг. Мөн өвөө, эмээ, ах дүү, хамаатныхаа асрамжид байгаа, албан ёсоор үрчлэгдээгүй хүүхдийн амьдарч байгаа орчин нь гэр бүл гэсэн ойлголтод бас хамаарахгүй. Тиймээс шинэ хуульд энэ харилцааг тодорхой оруулж өгөх хэрэгтэй.

Түүнчлэн хүүхэд асрамжийн Олон улсын байгууллага болон Гандан хийд зэрэг зарим тусгай байгууллага, хуулийн этгээдэд сурч хүмүүжиж байгаа хүүхдийн хараа хяналт. сурч боловсрох эрхийн хэрэгжилт зэргийг мөн л нарийвчлан зохицуулах хэрэгтэйг олон жишээ баримт илтгэж байна. Дараагийн нэг санал бол өнөөдөр Хүүхдийн эрхийн хуулийн шинэчлэл яригдаж байгаа энэ үед 18 насанд хүрээд гудамжинд шууд гарч байгаа хүүхдийн нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгээ хуульд тусгамаар байна.

Гэр бүл гэсэн орчныг бүрдүүлсэн газар буюу хүүхэд асрах байгууллагын статусыг ямар ч хуульд тодорхой тодорхойлоогүй байдаг

Мөн өсвөр насны хүүхдийн асуудлыг хөндөхгүй орхиж болмооргүй. 18 насны төрсөн өдрөөрөө гэмт хэрэгт холбогдож гэмт хэрэгтэн болж байгаа хүүхдүүд ч байна. Төр насны хязгаарыг тодорхой зохицуулж өгөхгүй бол хууль болгон дээр харилцан адилгүй зохицуулалт бий. Тухайлбал Согтууруулах ундааны тухай хуульд 21 нас гэж заасан мөртлөө Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насаа 18 хүрснээр тооцож хариуцлага хүлээлгэж байгаа нь өөрөө заавал авч үзэх асуудлын нэг болоод байна.

18-21 насны хүүхэд залуучууд гэнэн томоогүй байдлаасаа гэмт хэргийн ертөнцөд хальтран орж цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүсийн тодорхой хувийг эзлэх боллоо. Тэд эрүүгийн элементүүдтэй нэг өрөөнд байхаас өөр сонголт алга. Олон улсын стандартыг дагаад 19 магадгүй 20 нас болгох боломжтой. Амьдралын чухал үе дээрээ алдаа гаргасан залуучууд гэмт хэрэгт дахин холбогдохгүй байх, алдаагаа ухамсарлах улмаар нийгэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд төр анхаарах цаг болсон.

– Хүүхдийн эрхийн зөрчлүүд бүх түвшинд байгааг таны ярианаас харж байна. Хариуцлагын тогтолцоог өөрчлөх ёстой юм биш үү гэж харагдаж байна, зөв үү?

– Маш олон асуудал байна. Хүүхдийн 108 утасны дуудлагаас дүгнэлт хийхэд архидан согтуурсан. үр хүүхдээ хаяж гээсэн эцэг эхчүүд бүр тоогоо алдлаа. Хөөе. төр өө энэ хүүхдээ ирж ав гээд байж байгаа согтуучуудтай төр ямар хариуцлага тооцох юм бэ. Үүнийг л хуульд сайтар оруулж өгөх хэрэгтэй. Тэдгээр нөхдийг зан үйлийн сургалтад сургах, ажил хөдөлмөр хийлгэх. албадан ажил хийлгэх байдлаар нийгэмшүүлсний дараа үүрэг хариуцлагын асуудлыг хөндөх ёстой.

Мөн насанд хүрээгүй хүүхэд хохирсон, холбогдсон бол түүнийг зохицуулах холбогдох тусгай журам байхгүй. Энэ харилцааг шинэ хуульд тусгах хэрэгтэй. Мөн хүүхэд хамгааллын тухай хуульд тухайн хүүхдийн хэрэг шалгагдаж дууссаны дараа хохирогч болон холбогдогч хүүхдийг хараа хяналтгүй хаяхгүйгээр цаашид 3-6 cap хяналт тавьж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.

Зөрчлийн тухай хуулийн 6.20.7 хуулийн 300,000 төгрөгөөр торгох санкцыг болиулж албадан сургалт. албадан ажил хийлгэх болгож өөрчлөх шаардлагатай. Өсвөр насны хохирогч, холбогдогч хүүхдүүдийг ял авснаас хойш, ял эдэлж дууссаны дараа нийгэмшүүлэх тодорхой ажиллагаа заавал хийх хэрэгтэй байна. Хариуцлагын тогтолцоонд торгох, хорих гэхээсээ илүү албадлагын арга хэмжээнүүдийг эцэг эхэд авдаг байх.

Албадан хөдөлмөрлүүлэх, албадан сургалтад хамруулах гэх мэт. Түүнээс гадна хүүхэд үрчлүүлж, асруулж байгаа хүүхдийг эргэж хамгаалах, эргэх холбоотой байх асуудал орхигдож байна. Энэ нь хүүхэд алга болох, худалдагдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хүүхдийг дотоод болон гадаадад үрчлүүлсэн бол үрчлэгдсэн хүүхдийн өсөлт, бойжилт, эрүүл байгаа эсэхэд 16 нас хүртэл хяналт тавих зохицуулалтгүй байна. Хүүхдээ үл хайхрах. гэмтэл учруулаагүй бага зөрчилд албадан хөдөлмөр эрхлүүлэх, тохирсон шийтгэл оногдуулах нь зүйтэй. Эсрэгээрээ гэр бүлээ анхаарч, хөгжиж байгаа гэр бүлийг дэмждэг, урамшуулдаг, шагнадаг тогтолцоог бий болгомоор байна. Өөрөөр хэлбэл гэр бүлээс хүүхдийг салгах. хариуцлага хүлээлгэх асуудлаас илүү “гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого” дутагдаж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Ч.Сосормаа: Татварын дарамтаа багасгая гэж байгаа бол НӨАТ-ыг шууд таван хувь болгоод бууруулчих DNN.mn

Судлаач Ч.Сосормаатай ярилцлаа.


-УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэх санаачилга гаргаж, D.Parliament хуудсанд цахим санал асуулга эхлүүлээд байна. Нэлээд эрчимтэй ч дэмжигдэж байх шиг байна. Харин та өөр саналтай байгаа гэв үү?

-УИХ-ын даргын санаачилгыг олон хүн дэмжиж байх шиг байна. Харин миний хувьд эсэргүүцэж байна. Зарчмын асуудлаас эхэлье.

Улсын Их хурлын тухай хуулийн 39.1 зүйлд зааснаар хуулийн төслийн саналыг иргэн гаргах эрхтэй. Энэ бол Үндсэн хуульд заасан Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, мөн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасны дагуу УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд иргэдэд зориулсан платформ шүү дээ.

Харин УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхтэй. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрсдөд нь зориулсан бүхэл бүтэн хууль байсаар байтал яагаад иргэнд зориулсан орон зайг булааж аваад байна вэ. Тэгэхээр УИХ-ын даргын энэ үйлдэл бол хууль зөрчсөн үйлдэл.

-Харин эсрэгээрээ юм биш үү. УИХ-ын чуулганы саяхны хуралдаанаар Сангийн сайд Жавхлангийн зүгээс төсөв өргөн барьсны дараа гэнэт тооцоо судалгаагүй санаачилга гаргаж ирлээ. НӨАТ-ын таван хувийг буцаан олгох боломжгүй гэсэн үг хэлсэн. Харин УИХ-ын даргын зүгээс УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдах ёсгүй гэх агуулгатай тайлбар хийнэ лээ?

-Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар “Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана” гээд заасан байгаа.

 

УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхийг хэн ч булааж аваагүй байна. Харин УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хуулийн санаачилга гаргах иргэний эрхийг УИХ-ын дарга өөрөө булааж аваад буруу тийш нь залуурдаж байна. Энэ нь нэгд, УИХ-ын гишүүд D.Parliament цахим хуудсыг ашиглаж попорч болдог юм шүү гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байна. Гишүүддээ, ялангуяа сонгуулийн өмнө иргэдийн саналыг татах поп саналуудыг ар араас нь гаргах боломжтой шүү гэдгийг харуулчихлаа. Бусад улс оронд төсөв, татвар, цалин, халамжийн асуудлаар хуулийн төслийн санаачилга гаргах иргэдийн эрхийг хязгаарладаг жишиг бий. Манайх шиг судалгаа шинжилгээгээр биш сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдуулдаг улс оронд үүнийг бодолцох учиртай.

Хоёрт, иргэний оролцооны нэр хүндийг унагаж байна. Аливаа санаачилга гаргахдаа тооцоо судалгаатай байх, улс төрөөс ангид, нийтийн эрх ашгийг хамгаалсан байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн зарчмуудыг зөрчиж байна. D.Parliament цахим хуудас бол иргэдийн оролцооны үндсэн талбар байх атал улс төрийн нөлөө, ашиг сонирхлын зөрчлийн талбар болгож хувиргалаа.

-НӨАТ-ын татварын хувьд?

-НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудал ч гэсэн эргэлзээтэй. Үнэхээр иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье, татварын дарамтаа буулгая гэж байгаа бол НӨАТ-ын таван хувийг буцаан өгөх бус харин НӨАТ-ыг шууд таван хувь болгоод бууруулчих л даа. Ийм хувилбар байж болно биз дээ. Гэтэл ямар ч бодлогын хувилбар гаргахгүй, мэргэжлийн хүмүүсийг ч сонсохгүй, тэр тусмаа Засгийн газрынхаа саналыг ч авахгүй, нэг шөнө бодож хоноод шууд иргэдийн санаа сэтгэлийг үймүүлээд сууж байж болохгүй.

-Нэг ёсондоо иргэдийн цахим санал асуулга нэрээр иргэдийн оролцоог гуйвуулаад байна гэж хэлээд байна уу?

-Г.Занданшатар дарга иргэдийн оролцооны утга учир, мөн чанарыг огт ойлгодоггүй хүн. Үүний тод жишээ нь Зөвлөлдөх ардчилал гэсэн дэлхийд танигдаагүй туршилтын загварыг авчраад хууль болгон баталсан. Үүнийхээ шагналд ч УИХ-ын даргын албан тушаалд очсон байх. Зөвлөлдөх санал асуулга нэрээр түрий барьж иргэдийн саналыг хутган үймүүлээд Үндсэн хуульд гурван удаагийн өөрчлөлт дараалан оруулсан. Үр дүнд нь дарга нарын эрх мэдэл хэтийдсэн харин иргэдийн эрх мэдэл хуруун чинээ ч нэмэгдээгүй.

УИХ-ын гишүүдийн тоо 126 болсон. Бүгд давхар дээл нөмрөх эрхтэй болсон. Үр дагаварт нь хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэртэй байдал алдагдаж, Засгийн газраа ч хянаж чадахаа больсон. Харин одоо иргэдийн хууль санаачлах эрхийг хүртэл булааж аваад сууж байна. Эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөө иргэдийн нэрийг барьж, эрхийг нь зөрчихдөө мэргэшиж байна гэж л харагдаж байна.

 

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Гал-Очир: Манайд чанарын лабораториуд хөгжөөгүй, бизнесийн зорилготой тоон шинжилгээнүүд л сайн хийгдэж байгаа DNN.mn

Нийслэлд тодорхойлох боломжгүй үнэр гарч, үргэлжлүүлээд дунд сургуулийн нэг ангийн сурагчид дахин дахин хордож байгаа тохиолдлыг холбогдох байгууллагууд шалтгааныг нь тодорхойлж, шинжилж чадахгүй байна. Энэ нь манай улсын лабораторийн хүчин чадалтай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм. Энэ талаар хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцлаа.

– Баян зүрх дүүрэг т учир битүүлэг үнэр гарч, онцгой байдал, цагдаа, тагнуул ч хариулт гаргаж чадсангүй. Араас нь дунд ангийн сурагчид хордож, шалтгааныг тодорхойлж чадахгүй цаг алдаж байна. Энэ нь лабораторийн хүчин чадалтай холбоотой гэдэг үнэн үү?

-Лаборатори гэдэг бол химийн шинжлэх ухааныг ашиглад тухайн гарч байгаа хий байна уу, хортой шингэн байна уу, хорт бодис байна уу, үүний найрлагыг тодорхойлж байх ёстой. Химийн шинжилгээг чанарын болон тоон шинжилгээ гэж ангилдаг. Чанарынх нь химийн арга зүйг ашиглаад үл мэдэгдэх бодис байлаа гэхэд ямар бодис болохыг яг таг тодорхойлж байдаг. Харин тооны шинжилгээ нь ямар нэгэн бодис байлаа гэхэд хэр хэмжээтэй байгааг гаргаж ирдэг . Манайд байгаа лабораторийн хүчин чадал тоон шинжилгээн дээр суурилчихсан гэж хэлж болно. Ялангуяа уул уурхай, хүнсний лабораториуд энэ талаар нэлээд хөгжсөн. Хүнсний лаборатори гэхэд бүтээгдэхүүнд байгаа илчлэг, чанар, уураг нь хэд байна. Тос нь, нүүрс ус нь хэд байна гэж гаргачихдаг. Харин чанарын шинжилгээний лаборатор их өгжөөгүй . Тиймээс өнөөдөр ямар үнэр гарсныг тодорхойлж чадахгүй байгаа юм.

Эсвэл өөр газар үл мэдэгдэх бодис асгарсан байлаа гэхэд яг ямар бодис вэ гэдгийг тодорхойлж чадахгүй суугаад байна. Тэгэхээр чанарын шинжилгээний лаборатори Монголд байхгүй, хөгжөөгүй гэсэн үг.  Энэ байдал хуванцар хэрэглээн дээр илүү тодорхой харагддаг. Хуванцар бүтээгдэхүүнээс хор ялгараад тэр нь хүнсийг хордуулж байна гэж нийтээрээ ярьцгаадаг даа. Гэтэл хуванцар гэдэг нийтлэг нэр. Хуванцар дотроо олон төрлийн найрлагатай байдаг. Бид чанарын лабораторитой бол үүнийгээ тодорхойлчих байсан юм. Хорт бодис ялгарч байгааг нь ялгаад л хүнсэнд хэрэглэхийг  тухайлсан саван дээр хориглох ёстой. Гэвч өнөөдөр аль ч төрлийн хуванцраас ямар бодис ялгараад байгааг тодорхойлж, шинжилж чадахгүй байгаа болохоор хуванцар л бол хортой гэсэн нийтлэг ойлголтоор явж байна.

Лабораторитой байх ёстой. Тэр нь бүр маш сайн чанартай байх ёстой болов уу?

-Тухайн лабораторийн өөрийнх нь шинжилгээний хамрах хүрээ гэж байдаг. Манайд сайн чанарын лаборатори Стандарт хэмжил зүйн төвд ч байхгүй, өөр бусад газарт ч байхгүй.

Геологийн төв лаборатори, SGS гэх мэт лаб байгаа шүү дээ. Эдгээр нь уул уурхайн бүтээгдэхүүн, жишээ нь хүдэрт тооны шинжилгээ хийдэг. Нэг ёсондоо зорилго нь илүү бизнесийн болоод явчихсан. Ингээд харахаар манай улсад бизнес, ашиг олох зорилготой лаборатори хүчин чадал илүү хөгжсөн гэж харагдаж байгаа юм.

-Энэ нь нийгмийн эрүүл мэндийн төлөө, ашгийн бус лаборатори, судалгаа шинжилгээ хангалтгүй гэсэн үг?

-Тийм. Маш өндөр чанартай лаборатори авах хэрэгтэй. Үүний тулд маш өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх шаардлагатай. Гэтэл өнөөдрийн байгаа байдал бол нууцгүй хэлэхэд манай улс химийн багшгүй болж байна. МУБИС-ийг 2023 онд улсын хэмжээнд долоон хүүхэд л төгсч байна. Нэг ёсондоо химийн салбар уналтад орчихсон байна.

Лабораторийн тоног төхөөрөмж аваад байгуулчих шиг амархан юм байхгүй. Гол нь лаборатори сайн ажиллагаатай байх нь боловсон хүчнээс хамаарна. Тиймээс эхний ээлжинд боловсон хүчний асуудалд маш том бодлого хэрэгтэй.

-Ойрын хоёр тохиолдол дээр ийм нөхцөл байдалтай байгаа юм чинь цаашид яах вэ. Нийтийг хамарсан том асуудал үүсэхэд үүнээс ч хүндрэх юм биш үү?

-Агаарын бохирдол гэдэг маш том асуудал байна. Нүүрс гэдэг олон органик нэгдлээс тогтдог. Нүүрсний шаталт олон янзын хийг ялгаруулна. Энэ болгоныг гаргаж ирж шинжилж чаддаг лаборатори хэрэгтэй. Гэвч манайд алга. Одоо бид агаарын чанарын хяналт гэдэг хэдэн детекторуудаар л үзэж байгаа шүү дээ. Уг нь үүнийг химийн шинжилгээгээр хянах ёстой.

Үүний араас нь хөрсний бохирдол орно. Улаанбаатар хотод 1.7 сая хүн ам амьдарч байна. Монгол Улсын хүн амын тал нь нэг цэг дээр байгаа нь хөрсний бохирдол үүсгэхээс аргагүй. Үүнийг ч ямар хор хөнөөлтэй байгааг хянаж чадахгүй байна. Сүүлийн үед барилгын материалаас формальдагид гэх хорт бодис ялгардаг талаар яригдаж байна. Формальдагид барилгын материалын хавтангуудад байдаг. Өөр ч материалуудад бий. Үүнийг лабораторид л хянах ёстой. Ингэж байж нийгэмд гараад буй өвчлөлүүдийн үндсэн шалтгааныг олж тогтооно. Агаарт юу байгааг, гэрт дотоод орчинд юу байдгийг, хөрсөндөө ямар байгааг мэдэхгүйгээр ямар ч асуудалд ул суурьтай хандаж чадахгүй.

-Нүүрсэнд угаартсан хүмүүс өөрсдийнх нь буруу болж хоцордог. Гэхдээ нүүрсэнд яг юу байгаад ингэж хордуулаад байгаа талаар нарийн мэргэжлийн тайлбар байдаггүй байх аа?

-Угаар гэдэг химийн нэгдлийн хувьд яривал нүүрстөрөгчийн дутуу исэл. Үүнийг хүн бүр маш сайн ойлгочих хэрэгтэй. Энэ нь нүүрсийг, шатдаг материалыг дутуу шатаасан гэсэн үг. Дөл үүсэхгүйгээр уугисаар байгаад нүүрстөрөгчийн дутуу исэл үүсч байгаа. Энэ нь физикийн шинж чанарын хувьд мэдрэхүйн эрхтний үнэлгээгээр амтгүй, үнэргүй, өнгөгүй байдаг. Амтгүй, өнгөгүй, үнэргүй гэхээр дутуу исэл үнэртэж мэдэгдэхгүй. Ингээд л хорддог. Иргэд угаартай холбоотой мэдлэг мэдээллээ маш сайн дээшлүүлэх нь эрсдэл  үүсэхээс сэргийлж чадна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганхуяг: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор зөрчил буурч байна DNN.mn

 Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягтай ярилцлаа.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой ял шийтгэлийг чангаруулах хуулийн төсөл яригдаж эхлээд олон нийтийн анхаарлыг татлаа. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн зөрчил сүүлийн үед буурсан тухай дууллаа. Тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд буюу 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 мянган зөрчлийг илрүүлж таслан зогсоосон. Энэ оны эхний есөн сарын байдлаар 33164 зөрчлийг замын хяналтаар илрүүлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэдийн авсан мэдээ, мэдээлэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд нөлөөлж байх боломжтой. Сүүлийн үед хоногт илэрч байгаа энэ төрлийн зөрчил бага зэргийн бууралттай байгаа. Өмнө нь хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80-120 зөрчил илэрдэг байсан бол сүүлийн үед 80 болон буурсан байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор “Уусан бол бүү жолоод” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсаар байгаа.

-Зөрчил буурч байна гэдэг таатай мэдээлэл байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны үр дагавар бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлдэг нь гол аюул шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол он гарснаар өнөөдрийг хүртэл 615 бүртгэдсэнээс 74 хүн амь насаа алдсан. Өнгөрсөн жил гэхэд зам тээврийн ослоор 300 гаруй хүн амь насаа алдсан. Үүнээс 38 нь бага насны хүүхэд байсан.

-Согтуугаар жолоо барьсан үед оноодог одоогийн ял шийтгэл ямар байна. Ер нь ямар байх ёстой юм бэ?

-Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.1.3 буюу 400 мянган төгрөгөөр торгож, нэг жилээр эрх хасдаг. Хуулийн санкцийн тохиромжтой эсэхийг бид хэлэхгүй. Ер нь гадаадын улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын энэ хуулийн санкц чангадаа ордоггүй. Мэдээж хуулийн шинэчлэлийг хууль батлах эрх бүхий субъектууд батална. Манай байгууллагаас бусад улс орны нөхцөл байдалтай харьцуулсан судалгааг хийн саналаа хүргүүлсэн.

-Шинэ хуулийн төслөөр ял шийтгэл санкц нэлээд чангарч байгаа. Зарим хэсэг нь үүнийг цагдаажих нь, шоронжих нь гэх зэргээр шүүмжилж байгаа. Заавал ингэж чангаруулах хэрэг байсан уу?

-Хуулийг чанга байна гэж бухимдах нь “Бид зөрчмөөр байна” гэж байгаатай адилхан. Тэгэхээр та зөрчихгүй байхад л хууль чанга, сул байх эсэх асуудал хамааралгүй шүү дээ. Манайд жилд 500 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амиа алддаг. Үүний 200 орчим нь согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осолтой холбогддог. Нэг ёсондоо 40 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол эзлээд байгаа. Тиймээс хяналт шалгалтыг яагаад ч сулруулж болохгүй зөрчлийн нэг. Тийм ч учраас цагдаагийн байгууллага долоо хоногийн 24 цагт шалгалтын ажиллагааг зохион байгуулан ажилладаг.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй л бол 200 орчим хүн эрүүл саруул, амьд сэрүүн байх боломжтой байж. Жолооч нарт энэ талаар ямар зүйлийг сэрэмжлүүлэх вэ?

-Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодохгүй байх олон сонголт, боломж бий. Мэдээж согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэж бид хэлэх эрхгүй. Гэхдээ хэрэглэсэн тохиолдолд автомашинаа камерын хяналттай зогсоолд байршуулах, найз нөхдөө, гэр бүлийн хүмүүсээ дуудаж хүргүүлэх зэрэг олон сонголт байгаа. Энэ нь өөрөө жолоочид ч, бусдад ч аюулгүй байх боломж юм.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нарансүх: Бензиний найрлагад өөрчлөлт орсноос хурц үнэртэй хий дэгдсэн байх магадлалтай DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт хий газ мэт үнэр тархаж томоохон асуудал дэгдсэн. Өнөөдөр хүртэл мэргэжлийн байгууллагууд энэ талаар албан ёсны тайлбар мэдээлэл хийгээгүй байна. Энэ асуудлын хүрээнд Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа.


-Нийслэлийн зүүн хэсгийн оршин суугчид энэ сарын 11-ний өглөө хий газ мэт хурц үнэр гарч байгаа талаар мэдээлж эхэлсэн. Гэвч өнөөдөр хүртэл юу болсон нь тодорхойгүй байна. Мэргэжлийн хүний хувьд та үүнийг анхаарсан байх?

-Авто зам дагуу хурц хүчиллэг хий үнэртсэн. Өглөө, орой ажилдаа ирж очих замдаа мэдэрсэн. Улаанбаатар хот бол химийн хүчил шүлт шингэн хуурай хэлбэрээр химийн үйлдвэр байхгүй. Дээр нь янз бүрийн химийн бодис дамжуулдаг, түгээдэг сүлжээ, хийн хоолой ч алга. Тэгэхээр энэ бол химийн бодис алдагдсан, энэ том орон зайд хүмүүст үнэртэхээр хэмжээний бодис цацагдах эх үүсвэр байгаагүй гэсэн үг. Харин өөр хоёр том эх үүсвэр байгаа. Нэг нь нүүрсэн галлагаатай зуухнаас гарч байгаа утаа болон үйлдвэрийн яндангаас гарч байгаа бохирдол. Хоёр дахь нь авто машинаас ялгарч байгаа утаа.

Энэ хоёр хий харьцангуй том талбай эзэлсэн учраас энэ асуудалтай холбоотой байх магадлалтай. Хэрэв энэ хоёр том агаарын бохирдлын эх үүсвэрээс шалтгаалсан гэж үзвэл түлшинд ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг харах ёстой. Тухайлбал, шахмал түлшний найрлага яаж өөрчлөгдөв гэдгийг мэргэжлийн байгууллагууд харах хэрэгтэй байх. Түүнээс гадна Улаанбаатар хотод ашиглаж байгаа бензин нефтийн бүтээгдэхүүнүүдэд ямар найрлага байна вэ, өмнө нь магадгүй хэрэглэж байсан бензинээс өөр найрлагатай бензин орж ирсэн байж магадгүй. Эсвэл тухайн бензин шатахуун үйлдвэрлэл дээр нэмэлт орц хольц хийж үйлдвэрлэдэг болсон байж болох уу. Бензиний найрлага ямар байна гэдгийг үзэх хэрэгтэй болов уу. Тэгж байж энэ түлшнээс болсон уу, бензинээс болсон уу, эсвэл зарим хүмүүсийн яриад байгаа шиг бохирын шугам руу тосолгооны материал асгаснаас болсон уу гэдэг нь нэг талд гарна.

-Нэгэн компани 10 тонн техникийн тосыг бохир усны шугам руу нийлүүлсэн хэргийг цагдаа нар хамгийн сүүлд барьж авсан. Нэг ёсондоо эндээс л үүдсэн гэж Онцгой байдлынхан мэдэгдчихсэн. 10 тонн гэдэг багагүй хэмжээ биз дээ?

-10 тонн гэдэг бага биш л дээ. Гэхдээ бохирын хоолойгоор дамжиж байгаа бохир усны хэмжээ хэдэн зуун тонн, магадгүй хэдэн мянган ч тонн байх. Тэгэхээр асгасан тос ийм хэмжээтэй бохир усанд ороод шингээд явна. Хоёрт, асгасан материал нь тос. Тос бол тийм айхтар хортой хий ялгаруулдаггүй. Тухайн бодисын төлөв бол тосорхог материал учраас хүчтэй химийн бодистой урвалд ороогүй л бол бохирын ус руу орсон техникийн тос тийм хурц үнэр ялгаруулахгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд үнэртсэн гэж яригдаж байна. Хэрэв тийм бол бохирын ус руу нийлүүлсэн техникийн тос ийм том талбайтай газар руу тархаж үнэртэхгүй.

Тэгэхээр миний таамаглал бол магадгүй авто машины утаанаас үүдсэн бохирдолтой холбоотой. Улаанбаатар хотын авто зам өглөө оройны оргил ачааллын үеэр түгжрээд зогсчихдог. Тэнд хэдэн мянган машины хөдөлгүүрээс шатсан, дутуу шатсан бензиний хаягдал агаарт гарч байгаа. Тэр нь салхиар дамжаад орон сууц, ойр хавийн барилга байгууламжид байгаа хүмүүст үнэртсэн байж болно.

-Анхааралд өртөхгүй л таамаглал юм…?

-Боломжит нэг магадлал. Бензин шатахад автомашины хөдөлгүүр дотор өндөр температурын шаталт үүсдэг. Ингэхэд азот агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдээд азотын исэл үүсгэнэ. Энэ нь хүний амьсгалын замыг цочроодог хурц үнэртэй бодис. Улаанбаатар хотод өвлийн улиралд агаар дахь азотын исэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байдаг шүү дээ. Хүмүүс хоолой хорсоод байна гэдэг бол азот болон хүхрийн давхар ислийн хийтэй холбоотой. Энэ бол боломжит таамаглал. Үүнийг л мэргэжлийн хүмүүс үгүйсгэх, эсвэл батлах ёстой.

Түлшинд өөрчлөлт орсон эсэхийг анхаарах хэрэгтэй гэсэн. Гэр хороололд кокс нүүрсний туршилт эхэлсэн гэгдэж байгаа. Энэ байж болох уу?

-Шахмал түлшин дээр үгүй гэж бодож байна. Хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд оруулсан эсэх мэдээлэл алга. Хэрэв нүүрснээс бохирдол гарч байгаа бол хүхэрлэг хий их хэмжээгээр гарна. Хүхэрлэг хий бол жаахан өмхийдүү үнэртэй хий. Өнгөрсөн хугацаанд гарсан хий бол азотын давхар ислийн хий болов уу. Азотын давхар исэл хурц үнэртэй, хүчиллэг. Агаарт 70 хувь нь азот байдаг. 20 гаруй хувь нь хүчилтөрөгч. Өндөр температурын нөлөөгөөр азот хүчилтөрөгчтэй нэгдээд азотын исэл үүсгэдэг. Азотын исэл өөрөө хүчиллэг хурц үнэртэй хий. Ийм хий авто машины яндангаас гардаг. Тиймээс ийм таамаглал хэлээд байгаа юм. Гэхдээ үүнийг мөн үү, биш үү гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь хэмжих хэрэгтэй. Хэмжихдээ нарийн мэргэжлийн түвшний сайн багажаар лабораторид шинжлүүлж баталгаажуулах ёстой.

-Онцгой байдлын байгууллагаас өөр ямар ч газар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс олон нийтийн хувьд маш эргэлзээтэй, эмзэг сэдэв хэвээр байна?

-Улаанбаатар хотын агаарын чанарын суурин станц гээд хэдэн станц бий. Энэ бол энд тэнд байршилтай учраас энэ шалтгааныг тодорхойлоход хангалтгүй. Нөгөө талдаа онцгой байдлын байгууллага ямар нэгэн байдлаар хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлын эсрэг осол аваар гарахад хамгийн түрүүнд очдог. Гэтэл тэд өөрөө химийн хортой бодисын алдагдал, осол гарсан тохиолдолд тодорхойлох шинжилгээ чадавх нь ямар байна вэ гэдэг асуудалтай.

Түүнээс гадна хуучин МХЕГ байгаад одоо байгаль орчны Салбарын хяналтын газар нь БОАЖЯ руу явчихсан. Эрүүл ахуйн хяналтууд нь ЭМЯ-нд оччихсон. Энэ хоёр хяналтын газар ямар ч лаборатори, багаж хэрэгсэлгүй. Уг нь Байгаль орчны хэмжил шинжилгээний лаборатори гэж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв ч бий. Энэ байгууллагууд ажлаа хиймээр байна. Тэнд хэмжилт хийдэг багаж хэрэгсэл, лаборатори нь шаардлага хангасан түвшинд байна уу. Мэргэжилтнүүд нь багажаа ашиглаад хэмжилт дүгнэлт хийх чадвартай хүмүүс байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн чадамжгүй байгаагаас болж энэ асуудалд хариулж чадахгүй, сүүлдээ цагдаа, тагнуулынхан явж шалгадаг сонин зүй тогтол бий болоод байна. Уг нь мэргэжлийн хүмүүс нь хэмжилтээ хийгээд сорьцоо цуглуулаад эх үүсвэр нь хаана байсныг тодорхойлж юунаас шалтгаалсан бэ гэдгийг тогтоон, түүн дээрээ үндэслээд дараа дахин ийм осол аваар гарахаас сэргийлэх арга хэмжээг төлөвлөж байх ёстой.

-Энэ асуудлаар “Очир дагинас” гээд хиамны үйлдвэр дээр цагдаа, тагнуулынхан өнжсөн. Уг нь мэргэжлийн хүмүүс эхэлж ажиллах ёстой байж шүү дээ?

-Хүнсний үйлдвэр дээр их хэмжээний хурц үнэртэй хий, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр хүний мэдрэхүйн эрхтнийг цочроох хэмжээний хортой бодис хэрэглэх тохиолдол бараг байхгүй. Тиймээс анхнаасаа үндэслэлгүй байсан. Хамгийн гол нь энэ асуудлыг цагдаа, тагнуул биш мэргэжлийн байгууллагууд нь байршил дээр нь маш яаралтай очиж сорьц цуглуулаад хэмжилт хийгээд тодорхойлоод явчих ёстой. Түүний хойноос хэн хэрэглэсэн, хэн оруулж ирсэн бэ гэдэг дээр цагдаа тагнуул орж ирж болно. Хэн нэгэн өвчлөхөд эмч онош тавихын оронд цагдаа тагнуулынхан ирээд “Чи хаанаас юу идээд өвчилчихөв” гээд байвал инээдтэй биз дээ. Манайд ийм л юм болоод байгаа юм.

Налайхад газны үйлдвэр дэлбэрсэн мэдээлэл энэ үеэр гарсан. Зарим хүмүүс эндээс үүдэлтэй гэсэн таамаглал дэвшүүлж байсан?

-Налайхаас Улаанбаатар хүртэл 40 км зайтай. Дэлбэрлээ гэхэд шатаад дуусна. Тэндээс газ шингэн хэлбэрээр агаарт цацагдсан бол үнэртэнэ. Дэлбэрнэ гэдэг шатаад алга болчихно гэсэн үг. Тэгээд 30 40 км-ийн зайд салхиар ирэхээсээ өмнө задгай орон зайд дэгдэж алга болно. Бас л үндэслэлгүй.

-Энэ тохиолдлоос харахад нийтийг хамарсан аваар осол, хордлого болоход бид ер нь бэлэн байна уу?

-Шийдвэр гаргах түвшний Ерөнхий сайд, Шадар сайд, асуудал хариуцсан Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайд, Стандарт, хэмжил зүйн газар гэсэн байгууллагуудыг удирдаж ахалж ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн уялдаа холбоотой, ийм үед яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Яг үнэндээ уялдаа холбоогүй, сул зохицуулалттай, зохицуулалтууд нь хүнд сурталтай, маш удаан хэрэгждэг. Амьдрал дээр хэрэгждэггүй. Нөгөө талдаа мэргэжлийн байгууллагуудынхаа гар хөлийг дарга нар нь өөрсдөө тасалдаг. Тухайлбал, МХЕГ-ыг өөрчлөхөд хяналтад хэрэглэдэг лабораториудыг Стандартчлал хэмжил зүйн газрын харьяа болгочихсон. Гэтэл ийм хордлого гарсан үед ашиглая гэхээр эрүүл ахуйн байцаагч нар нь ямар ч хэмжилтийн багаж, лабораторигүй. Тэдэнд Стандарт, хэмжил зүйн газрын Үндэсний лавлагаа лабораторийг ашиглуулдаггүй. Дээр нь төсөв байхгүй. Найдвартай нарийн хэмжилтийн багаж худалдаж авдаггүй. Түүнийгээ жил бүр баталгаажуулж найдвартай ажиллагааг нь хангадаггүй, хүмүүсээ сургадаггүй. Ийм асуудлууд байгаа учраас энэ хордлогын шалтгааныг тодорхойлж чадахгүй байна.

-Нийслэлийн 18 дугаар сургуулийн сурагчид дахин дахин хордоод байгаа асуудал анхаарал татаж байна. Юунаас үүдэлтэй байх магадлалтай вэ?

-Өмнө нь ийм асуудал гарсан шалтгаан нь тодорхой болоогүй. Орчны шалтгаантай юу, эсвэл магадгүй санаатайгаар хий цацсан уу, санамсаргүй байдлаар хий алдагдсан уу. Ямартаа ч үүнийг хянадаг байх ёстой. Нэг сургууль дээр ийм асуудал давтагдахаас сэргийлэх ёстой. Сэргийлж чадахгүй байна гэдэг дээрх л хяналтын байгууллага, хордлогоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тогтолцоо сул байгаагийн илрэл.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Шаарийбуу: Мартаж болохгүй зүйл гэж байдаг юм аа DNN.mn

Одоогоос 18 жилийн өмнө Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хар өдөр энэ сарын 19-н юм. Талийгаачийн аав С.Шаарийбуу охиндоо зориулан мод тарьж байхад нь уулзлаа. Тэрбээр “Маргааш галав юүлэхийг мэдэж байсан ч өнөөдөр алимны мод тарь” гэсэн ухаант үг байдаг юм аа гэснээр бидний яриа эхэллээ.

– Малайзын шүүх 16 жилийн дараа улс төрийн захиалгат хэргийнхээ бурууг хүлээж, таны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээ жил орчмын өмнө мэдэгдсэн. Өнөөдөр хүртэл юу болж өнгөрөв?

– Малайзын шүүх 15 жилийн дараа иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдэж, 2020 онд шийдвэрээ танилцуулсан юм. Олон ч хүн надад “Болж дээ, үр дүнд хүрлээ дээ” гэх зэргээр санаа бодлоо илэрхийлсэн. Би ч хүмүүст талархалтай байдаг.

Гэсэн ч тэр өдрөөс хойш юу ч шийдэгдээгүй өнөөдрийг хүрч байна. Харин ч Малайзын Засгийн газар иргэн надтай давж заалдсан. Давж заалдах хурлаа хийдэггүй, товлодоггүй явсаар хоёр жил өнгөрч байна.

Охиныг минь аймшигтайгаар энэ хорвоогоос холдуулсан өдөр энэ сарын 19-н. Би энэ өдрийг мартаж болохгүй асуудал гэж байдаг юм аа гэж өөртөө болон олон хүнд дахин нэг хэлэхийн тулд чамтай уулзаж байгаа юм.

– Малайз улс давж заалдсан үндэслэлээ юу гэж тайлбарлах юм бэ?

– Тодорхойгүй. Манай Засгийн газар ийм шалтгаанаар давж заалдаж байна, өмнөх шүүхийн шийдвэр ингэж гарлаа гэж албан ёсоор ямар ч тайлбар, мэдээлэл ирүүлдэггүй. Таг болсон. Надаас өөр хөөцөлдөх, хэлэх хүн байхгүй.

– Манай талаас Хууль зүй, дотоод хэргийн яам зэргээр дамжуулаад хөөцөлдөж болдоггүй хэрэг үү?

– Монгол, Малайз хоёр орны хооронд эрх зүйн гэрээгүй болохоор боломжгүй гэж Хууль зүйн яамнаас албан бичиг ирүүллээ. Гадаад харилцааны сайд саяхан намайг хүлээж авсан. Гадаад яам дипломат үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн үйл ажиллагаа явуулж, хэн нэгэн хүний хэрэгт орооцолдоод байх боломжгүй. Юуг бичих, ярих нь тусдаа. Тодорхой цензуртэй байдаг болохоор яах вэ, хүлээж авсан нь сайн хэрэг.

Малайзад манайхаас ямар ч төлөөлөл байхгүй. Сүүлийн 13 жил Малайз улсын тал Монгол Улсад итгэмжлэх жуух бичгээ бариагүй. Малайзыг хариуцсан Монголын Элчин сайдад ч итгэмжлэх жуух бичгийг нь бариулаагүй. Ингэхээр хоёр талаасаа ямар ч үйл ажиллагаа явуулах эрх нээгддэггүй. Монгол, Малайз хоёр визгүй зорчдог. Ер нь Малайз хамгийн хариуцлагагүй орон. Би ганцхан өөрийнхөө хүүхдийн тухай яриагүй. Олон монголчууд тэнд амь насаа алдсан. Бүр дайн болж байгаа юм шиг буудуулсан, захын үүдэн дээр дүүжлүүлсэн, сураггүй алга болсон нь ч цөөнгүй бий.

Хүний наймаанд маш олон монгол эмэгтэй очиж хэлмэгдсэн. Би хэдэн арав гэж яриагүй шүү, түүнээс олон тоогоор хэлж байна. Тэр хүмүүс надад ханддаг юм. Манай хүүхэд ингэчихлээ, би ингэж зүдэрч зовж явна гээд. Хүний эрхийн төрийн бус байгууллагуудтай хамтарч эх оронд нь авчирч байсан удаатай.

– Хүний наймаа одоо ч бий гэгддэг…?

– Өчнөөн жил, одоо ч үргэлжилж байгаа. Хүний наймаанд орсон хүн юунд хэрэглэгдээд, эцэст нь яаж хаягддагийг мэднэ. Ингэж баригдсан монголчууд Малайзын шоронд өдөрт өвдгөөрөө сөхөрч суугаад тэдний шүтдэг шашны мөргөлийн үг, төрийн дуулал хоёрыг малайз хэл дээр өдөрт гурван удаа өвдөглөж байгаад дууддаг. Тэгээд өвдөг нь цус нөж болж, ялаа шумуулд баригдаад сүүлдээ хатуурчихсан байдаг.

Би энэ хэргийн төлөө 18 жил явж байна. Чамгүй хугацаа. Өнөөдөр хүртэл үр дүнд хүрээгүй байна. Малайз Монголын харилцааны тухай хамгийн сайн мэдэх хүн нь би. Өөр хүн төдийлөн мэдэхгүй. Тэгэхээр ийм хариуцлагагүй юм бол энэ оронтой ядаж визгүй зорчдогоо болиоч. Бүрмөсөн биш юм гэхэд тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд үз гэж төр засаг. Гадаад яаманд санал хүргүүлж байна.

– Болох юм уу?

– Тийм улсыг ямар нэгэн байдлаар доргиох хэрэгтэй. Улс төрийн болон дипломат ямар нэгэн уулзалт өнгөрсөн 18 жилийн хугацаанд нэг ч болоогүй. Төрийн айлчлал гэж хоёр талаас хийж байгаагүй. Ийм харилцаа гэж байх уу. Ийм хөлдүү царцуу харилцаа байхгүй байсан нь дээр. Ямар ч гэсэн бид тоншоод үзэх хэрэгтэй. Ингээд хүлцэнгүй гөлийгөөд, бид хэрэг хийчихсэн биш, хоёр гараа өргөөд сууж байх ямар албатай юм бэ.

– Гадаад харилцааны сайдтай уулзсан гэлээ. Энэ хэргийн талаар нааштай зүйл яригдав уу?

– Нэг ч гэсэн улс оронтой бид эв зүйтэй байх зорилго байдаг гэж хариулна лээ. Гэхдээ бид хэнтэй хэрхэн нөхөрлөх, ямар байдлаар түүнтэй найзлах вэ гэдэг нь асуудал шүү дээ. Монгол хүнд төрөхөд нь төрсний гэрчилгээ өгөөд, 16 нас хүрэхэд нь иргэний үнэмлэх олгодог. Энэ бол таныг төрснөөс энэ хорвоогоос явах хүртэл чинь энэ улсын иргэн бөгөөд хамгийн үнэт зүйл гэдгийг баталгаажуулж буй хэрэг.

Бид таны боловсрол, эрүүл мэнд, амьд явах эрхийн бүхий л зүйлийг хариуцна гэж өгч байгаа баталгаа. Би хүн. Монгол төр давхар иргэнээ алдсан хохирогч мөн. Энэ утгаараа надтай адил байдлаар Малайзад хандах ёстой. Үүрэгтэй бас эрхтэй. Тэгэхгүй байгаа нь харамсалтай. Яах вэ захидал явуулдаг юм. Малайзын тал хэзээ ч хариуг нь өгддөггүй. Тийм муухай аргатай. Аль юм болгон бид Малайзад өртэй юм шиг, найрсаг найзын сэтгэлээр хандах вэ дээ. Үнэхээр хангалтгүй байна гэж би харамсаж байгаа юм. Түүнээс биш би төрөө шүүмжлээд яах вэ дээ.

– Бараг хорь орчим жил гэдэг маш урт хугацаа. Ийм урт хугацаанд явсан таны зам ямар байсныг төсөөлөх хүн үгүй биз. Үгчлээд яривал ямар дүр зураг буух бол?

– Малайзын Засгийн газар 2006 онд миний охиныг цааш нь харуулахдаа Монгол Улсыг төрийнхөө түвшинд “дайсан” гэж үзсэн байдаг. Манай орны аюулгүй байдалд онц ноцтой аюул учруулахаар Монгол Улсын иргэн тэр хүнийг маш хурдан ул мөргүйгээр устгах ёстой гээд тэр үүргийг Ерөнхий сайд нь цагдаа нараа дуудаад өгсөн байдаг. Бүр тодруулбал Ерөнхий сайдын зөвлөх Багиндагийн захиалгаар Батлан хамгаалах яамандаа даалгавар өгч зэвсэг гаргуулан үйлдсэн. Тэгэхээр бид дайсан нь байж таарсан бололтой.

Хүн ер нь бүх хүнтэй сайн байх албагүй. Тийм бололцоо ч байдаггүй. Хүнд таалах таалагдахгүй, болох болохгүй юм зөндөө л байдаг. Бүх хүнийг надад өрөвч сэтгэлээр хандаасай гэж би хүсдэггүй. Намайг, охиныг минь ч элдвээр бичиж, хүүг нь ч зүгээр байлгаагүй. Өчнөөн жил сошиал ертөнцөөр хайр найргүй балбууллаа. Бичиж л байг л дээ. Гэхдээ хэн хүнд ямар нэгэн асуудал хэзээ нэгэн цагт заавал таарна. Эрт үү орой юу гэдэг цаг хугацааны асуудал болохоос биш хүн амьдралын өмнө асуудалтай тулах, шууд хэлэх юм бол зовлон жаргал хоёрыг эдлэх гэдэг хэмжээтэй юм шүү дээ. Хэн бүхэнд таарна. Надад л эрт тааралдаж, олон жил зүдэрч яваа ч хүмүүст сургамж болдог байх аа гэж боддог юм. Сэтгэл зүйн хувьд маш дарамттай. Сүхээр цохисноос дор эд шүү дээ. Явж явж хэвлэл мэдээлэл л тус болж ирлээ.

– Шүүх хурлууд ч олон улсын анхаарлын төвд болж ирсэн байх аа?

– Би юунд эмзэглэдэг вэ гэхээр 2008 онд анх шүүх хуралд очсон юм. Азийн жижигхэн хөгжил муутай орон социализмыг хэчнээн ч жил дагаж навсганасан. Одоо ардчиллыг юу нь ч мэдэхгүй байж гүйж ирцгээсэн ийм улстай яаж ч хандсан яадаг юм гэсэн байдлаар хандаж байгаа нь харагдаж байсан.

Кинон дээр гардаг шиг том биетэй хар арьстай нөхдийг шүүхийн гадна жагсаагаад зогсоочихсон. Тэдгээр нь цаанаа биеэ тоочихсон. Би тамхи татдаггүй л дээ. Гэхдээ би зориуд тамхи асаагаад хөлнийх нь завсраар нясалж билээ. Би монгол хүн гэж хэн байдгийг харуулъя гэж бодсон юм. Удалгүй шүүх хурлын үеэр зодоон болж байж тэдний хүмүүс тусдаа, манай тал тусдаа суудаг болгосон юм.

АНУ-аас “Манай иргэн та эх орноосоо яваад таван cap боллоо. Танд ямар нэгэн юм тохиолдсон уу, асуудал гарсан бол хэлээрэй, эх орондоо эргэж ирээрэй” гэсэн агуулгатай мессэж байна лээ. Иргэн гэдэг ийм үнэтэй байдаг юм байна шүүдээ

Тэнд хийсэн хэвлэлийн хурал дээр би “Монголчуудыг дэлхий мэднэ. Монгол хүнээр оролдож болдоггүй юм шүү гэдгийг би мэдрүүлнэ. Битгий доромжлоорой” гэж ярилцлага өгч байсан юм. Дараа нь нэг очиход сэтгүүлч надаас “Та амьдралдаа инээж үзсэн үү” гэж байна. Би хариуд нь “Би танай нутагт онгоцны буудал дээр буугаад л миний инээд алга болчихдог юм. Гэхдээ байнга уурлаж явдаг хүн биш шүү. Би хорвоод инээдэг, уурладаг, баярладаг цусан зүрхтэй, усан нүдтэй хүн. Гэхдээ танай энд надад инээх шалтгаан алга” гэдгээ хэлсэн.

– Эцэст нь энэ бүхэн явж явж хүний эрхийн асуудал болж хөндөгдөж байгаа юм биш үү?

– Би саяхан Америкийн иргэн болчихсон монгол найзтайгаа тааралдаж жаахан хамт суусан. Биднийг ярьж суух зуурт гар утсанд нь мессэж ирж байна. Тэр нөхөр маань Монголд ирээд таван cap болж байгаа юм байна. Гэтэл АНУ-аас “Манай иргэн та эх орноосоо яваад таван cap боллоо. Танд ямар нэгэн юм тохиолдсон уу, асуудал гарсан бол хэлээрэй, эх орондоо эргэж ирээрэй” гэсэн агуулгатай мессэж байна лээ. Иргэн гэдэг ийм үнэтэй байдаг юм байна шүүдээ.

Гэтэл манай хэдэн зуун мянгаар тоологдох иргэн гадагшаа гараад 20, 30 жил бор зүрхээрээ ажиллаж амьдраад явж байна. Тэдэнд анхаарал тавьж байна уу. Тийм эзэнгүй байж болох уу. Монгол хүн өдөрт ямартаа ч нэг удаа уулан дээр гарч бодоо дурандаад, богоо хариулаад орой хотонд нь авчирч хэвтүүлдэг билээ. Гэтэл хүнээ ингээд мартчихаж болох уу.

Ийм нөхцөлд хүний эрх гэж ярихад ч хэцүү санагдана… Дөрвөн жил болоход “Та минь биднийг сонгоод өг” гээд өнгө өнгийн туг барьж, харайж ирээд хошхируулж гуйгаад л сонгогдож аваад алга болдог. Тэр үед таны эрхийг хангана, гайхалтай болгоно, бүхнийг шийднэ гэсэн уриа лоозон нь тэр л байдаг биз дээ.

Ер нь гадаадад амьдарч байгаа иргэдэд ямар нэгэн асуудал болоход надтай холбогдох нь олон. Гадаадад амьдарч байгаа монголчуудын эрх зүйг хамгаалах албан ёсны бичиг баримт байдаггүй. Тиймээс гадаадад амьдрагсдын эрхийг хамгаалах хуультай болох юм сан гэж боддог юм бэ. Амьдрал, эрүүл мэнд, иргэншил, үр хүүхэд нь үүх түүх, хэл соёлоо сурахад нь хэрэгтэй. Яг амьдрал дээр очоод өмгөөлөгч аваад ажиллах гэхээр “Танайх иргэнээ хамгаалах тухай ямар нэгэн эрх зүйн акт байна уу” гэж асуудаг гэсэн.

Ингэж бид гадаадад хэлмэгдэж явах харамсалтай. Тиймээс болдогсон бол гадаадад амьдарч байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс босдог, ноёны бөх гэдэг шиг УИХ-ын гишүүн та болооч гэсэн санал ирж л байдаг юм. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгтэй, хэрэггүй олон хуульд оролцож яах юм. Гадаадад амьдарч байгаа монголчуудын эрхийг хамгаалах ганц чухал хууль батлуулчихад болно оо гэцгээдэг.

– Малайзын талтай та хувиараа холбогдож байна уу. Таны өмгөөлөгч байдаг байх аа?

– Саяхан Малайзад байгаа миний өмгөөлөгчөөс Сангитаас захидал ирсэн. Тэрбээр “Би ганцаардаж хүчин мөхөстөж байна. Монголын төр засгаас жаахан ч гэсэн нөлөөлөл маш чухал байна” гэсэн агуулгатай захидал байсан. Түүний аав дэлхийд нэртэй шударга хуульч Карпалл Синх анх миний хэргийг өмгөөлж байсан ч 2012 онд “машины осол” гэдгээр амиа алдсан.

Гэмт хэргийг үйлдсэн хоёр этгээдийн нэг нь Австрали руу зугтаачихсан. Үүнд хамгийн гол буруутан нь монгол хүн байдаг. Олон улсын хурал дээр Малайз хүн монгол хүний амь насыг егүүтгэсэн байвал түүнд цаазын ял оноож болохгүй, тэр ч битгий хэл хүнд ял оноохгүй байхыг хүссэн илтгэл тавьсан нь олон улсын хэвлэлүүдээр гарсан шүү дээ. Бөөн асуудал болсон. Тэгээд л цаазын ял авчихсан байсан хэрэгтнүүдийг чөлөөлчихсөн.

Малайзын өнөөгийн ерөнхий сайд Анвар Ибрахим шударга үнэний төлөө тэмцэгч бөгөөд шоронгоос гарч ирээд 2012 онд надтай уулзаж, “Шантарвал тэмцэх хэрэггүй, үнэн хэзээ нэгэн цагт ялдаг. Тэмцэнэ ээ, хоёулаа” гэж байсан юм. Би түүнд захидал бичсэн. Хүлээж авсан тухайгаа хариу ирүүлсэн. Гэхдээ аливаа асуудалд цаг хугацаа, хэмжээ, тэсвэр гэж байх ёстой. Би цөхөртлөө явлаа. Заримдаа “Хариуг хариугаар л авахаас өөр гарцгүй юм байна” гэж бодогддог үе бий. Зэрлэг асуудал л даа…

“Та ер нь яажшуухан амьдрав даа” гэхэд “Би бригадын бага сургуулиас МУИС хүртэл 50 жил багшилсан хүн. Сүүлийн 20 жилд Монголын бүх алдарт академичдын 100 жилд зориулсан баримтат кинонууд бүтээж амжлаа. Түүнээс гадна төрийн есөн хөлт цагаан сүлдийг шинэчлэн бүтээхэд голлон оролцсон болохоор хэн бүхэнд тохиохгүй хувь шүү гэж бэлгэшээж явдаг” хэмээн дурсав. Төр таныг ивээх болтугай.