ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Хүний эрхийн олон улсын өдөр тохиолоо. Хүний эрхийн хүндэтгэлийн чуулган, форум зэрэг олон арга хэмжээ сая үргэлжилсэн. Хүндэтгэлийн чуулганаас ярилцлагаа эхэлье. УИХ 2024 онд хэрэгжүүлэх амлалтууд өгсөн нь сонирхол татлаа?
-Одоогоос 75 жилийн өмнө буюу 1948 оны арванхоёрдугаар сарын 10- нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал гээд 30 зүйлтэй баримт бичгийг дэлхийн 50 гаруй улс баталсан. Энэ өдрийг бид хүний эрхийн өдөр гэж онцлон тэмдэглэдэг. Энэ өдөр хүний эрхийн нөхцөл байдлыг дүгнэж, ахиц дэвшил, сургамж, бэрхшээл и й г эргэцүүлдэг, цаашдын чиг хандлагыг тодорхойлдог.
Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсан түүхийг товч сөхвөл, Дэлхийн II дайны үед олон сая хүн амь насаа алдсан. Тэр үед арьс өнгөний үзэлтэй, хаана, ямар гаралтай гэдгээр ангилж болно. Нэг хэсэг нь нөгөө хэсгийнхээ аж амьдрал, амь насыг нь шийдэх эрхтэй гэж үзсэнээс болж дайн гарч, хил залгаа гэхгүйгээр бүхий л улс орон татагдан орсон байдаг. Тэнд ялагч байгаагүй. Тиймээс дайн дууссаны дараа дэлхий нийтээрээ хүнлэг байх ёстой юм байна, хүн болгоныг тэгш эрхтэй, заяагдмал нэр төртэй гэдгийг хүлээн зөвшөөрье гэсэн үзэл санаа буюу хүн төрөлхтөний өөрийнх нь туулсан зовлон, сургамж дээр бий болсон Тунхаглал юм.Түгээмэл Тунхаглалыг хүний эрхийн активист, АНУ- ын Ерөнхийлөгчийн эхнэр Элеанор Рузвельт ахалсан байдаг. Түүний хэлсэн алдартай нэг үг бий. “Хүний эрх бол танаас, биднээс эхэлдэг. Бид заавал глобал түвшинд ярих албагүй, яг таны хажуу дахь хөрш айл, сурч байгаа сургууль, таны ажилладаг газар, дэлхийн газрын зураг дээрээс заа гэхэд шууд заах боломжгүй жижиг цэг дээр амьдарч байгаа хүнээс эхэлдэг” гэсэн утгатай үг. Энэ үг надад их таалагддаг.
– 75 жилийн өмнө тулгамдаж байсан хүний эрхийн асуудлууд өнөөдөр ч хөндөгдсөөр байх шиг байна?
-Өнгөрсөн 75 жилийн хугацаанд дэлхий ертөнцийн ололт амжилт, ахиц дэвшил юу байв, эргээд өнөөдөр яагаад чухал болчихов гэхээр геополитикийн нөхцөл байдалтай холбоотой. Дэлхийн зарим бүсэд өнөөдөр ч зөрчил, дайн болж байна. Олон хүний амь нас үрэгдэж байна. Хүний эрхийн ноцтой зөрчил гарсан хэвээр байна.
Геополитикийн нөхцөл байдлыг дагаад нийгэм, эдийн засгийн бүх л харилцаанд дагалдах нөлөөлөл үүсч байна, хүний эрхийн асуудал чухал хэвээр байна. Тиймээс ч 75 жилийн өмнөх асуултыг дэлхий дахин ахиад санах ёстой хэвээр байна. Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын гол үзэл санааны луужин бол хүн болгоны нэр төр, эрхэм чанарыг хүндэлье, энх тайвнаар зэрэгцэн оршъё гэсэн үзэл баримтлал юм. Үзэл санаа өөрөө их чухал шүү дээ. Үүнийг өнөөдөр дахиад санах ёстой болж байна. Тиймээс УИХ-аас Хүний эрхийн олон улсын өдөрт зориулж хүндэтгэлийн чуулган зарласан. Женев хотноо удахгүй зохион байгуулагдах “Хүний эрх-75” дээд түвшний арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах хөтөлбөрийг батлах талаар амлалт авахаар төлөвлөснийг мэдээлж байна.
-Хүний эрхийн асуудлууд бүх түвшинд байгааг нийгэм ярьж байна. Хууль эрхзүйн хүрээнд хүний эрхийн мэдрэмжтэй байх агуулгыг УИХ батлах үүрэгтэй. Тэд ямар амлалт өгөв?
-Хүний эрхийн боловсролын талаар хэд, хэдэн амлалт өгсөн. Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, ялангуяа албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулан хүний эрхийн боловсролыг системтэйгээр түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа орсон байна. Та, бид мэднэ. Бусдыг хүний эрхийн мэдрэмжтэй бай гэдэг. Тэгвэл энэ хүний эрхийн мэдрэмж, мэдлэг, боловсролыг хэн, хэрхэн, ямар байдлаар түгээх тухай асуудал чухал болно. Бүх л түвшинд албан болон албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулж хүний эрхийн мэдлэг, ойлголтыг олгох ёстой. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүний эрх, жендерийн асуудлыг заавал үзэх сэдэв болгон оруулсан нь сайшаалтай. Албан боловсролд ингэж тусгааад, сургалтын хөтөлбөрт системтэйгээр ороод явах юм байна. Харин албан бус боловсролын уялдаа холбоог хангаж, бодлоготой төлөвлөгөөтөй хэрэгжүүлэх хэрэг байна гэдгийг өнгөрсөн сард Комиссоос зохион байгуулсан Хүний эрхийн боловсролын симпозиумаар мөн хэлэлцэж, санал зөвлөмж гаргасан асуудлын нэг юм. УИХ-аас хүний эрхийн боловсролыг дэмжих, түүнчлэн төрийн албан хаагчдад хүний эрхийн талаарх ойлголтыг олгох тухай асуудлыг ирэх жилд дэмжихээр амлалаа. Түүнээс гадна Монгол улсад НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн Сургалт, судалгааны төв байгуулна гэдгийг мэдэгдлээ. Ингэснээр бүс нутгийн хүрээнд, олон улсын түвшинд Монгол Улсын байр суурь бэхжинэ. Мөн хүний эрхийн сургалт, судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө.
-Хүндэтгэлийн чуулганы өмнөхөн Хүний эрхийн форум-2023 зохион байгуулагдаж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдалд тулгамдаж байгаа асуудлуудыг шинжлэн судалсныг харлаа л даа. Их сонин дүр зураг харагдана лээ. Шийдэл, гарц дээр мэргэжлийн байгууллагууд ямар санал гаргасан бэ?
-Монгол Улсад хүний эрхийн талаар ямар төлөв байдал байна вэ гэж харахаар ихэнхдээ бид асуудлаас эхлэх гээд л байдаг хандлагатай. Энэ удаагийн хүний эрхийн форумаар бид үзэл санаагаа эргэж харъя. Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдаад 75 жил болж байна. Монгол Улсад Үндсэн хууль батлагдаад 31 жил болчихлоо. Бид энэ хугацаанд. ахисан зүйл юу байна, ухарсан зүйл юу байна, дороо эргэлдээд байгаа зүйл юу байна гэдгийг эргэцүүлж харъя гэдэг зорилт тавьсан. Форумын хүрээнд дэлхий нийтэд ч, Монгол Улсад ч хэлэлцвэл зохих гурван үндсэн сэдвийг сонгосон. Нэгдүгээрт, Хүний эрх ба цахим хөгжил. Цахим технологи хөгжих нь ажил амьдралыг хурдавчилж өгч байгаа, цаг хэмнэж байгаа нь сайн хэрэг. Жишээлбэл, жолооны үнэмлэхээ гээгээд цахимаар захиалаад авах хурдан болсон байна.Гэтэл үүний сүүдэртэй тал нь иргэний хувийн нууцын хамгааллын асуудал, кибер аюулгүй байдлын асуудал яригддаг. Хувийн мэдээлэл, бизнесийн мэдээллийг өөр зорилгоор ашиглах асуудал байна. Мөн хиймэл оюун ухааны хэрэглээнд ороод эхэлсэнтэй холбоотой худал мэдээлэл түгээх асуудал байна. Тиймээс ялангуяа сонгуулийн жил ойртож байгаа энэ үед цахим хэрэглээнд маш болгоомжтой хандах хэрэгтэй болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр технологийн компаниудыг төлөөлж “UBcab”-ийн үүсгэн байгуулагч захирал Эрдэм “Бид дэвшилтэт технологитой ажилладаг мэргэжлийн хүмүүс. Тиймээс бид ёс зүйтэй байх ёстой. Бүх зүйлийг хатуу дүрэм, журмаар зохицуулах нь амаргүй. Манай салбарын онцлог нь маш хурдан сэтгэх, магадлалын онолд тулгуурлаж, хурдан хугацаанд шийдвэр гаргахыг шаарддаг. Гэтэл төрийн байгууллагаас баталсан дүрэм, журмын зохицуулалт нь ихэнхдээ хоцордог. Тэгэхээр төрийн хувийн хэвшлийн ойлголцол, цаашлаад бизнесийн ёсзүй хэрэгтэй” гэж илэрхийлж байсан. Түүнээс гадна Комиссоос ирэх 2024 оныг бүхэлд нь “Хүний эрх ба цахим технологи” сэдвийн дор үндэсний хэмжээний нээлттэй хяналт шалгалт, энэ салбарын нөхцөл байдалд цогц дүгнэлт өгөхөөр төлөвлөөд байна.
-Хэлэлцүүлгийн хоёр дахь сэдэв нь “Хүний эрх ба Тэгш байдал”байсан. Өнөөдөр бидний алхам тутамд яригдаж, хөндөгдөж байгаа сэдэв гэхэд болно. Манай зарим иргэд дабль стандарт гэж ярьж, эсэргүүцэж байна. Энэ тал дээр онцлох зүйл юу вэ?
-Одоогоос 31 жилийн өмнө иргэн төвтэй, хүмүүнлэг, иргэний ардчилсан Үндсэн хуулийг баталсан. Одоо бид үүнийг хэвийн зүйл шиг яриад байгаа ч тэр үед шилжилт, өөрчлөлт мөн байсан. Төр, нам төвтэй явж байгаад хүндийн төв нь иргэн дээрээ хүрч ирсэн. Үндсэн хуулийнхаа бичилтийг харахад ч үүнийг баталгаажуулж өгснийг харж болно. Өнөөдөр хүний эрхийн индексийг харахад дэлхийд дунджаас дээгүүр, бүс нутгийн хэмжээнд дээгүүрт эрэмбэлэгддэг иргэний болон улс төрийн эрхүүд бий. Энэ нь сонгох, сонгогдох, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшилтэй байх зэрэг.
Гэтэл коронавируст цар тахал гарлаа. Үүний дараахан Комиссоос 21 дэх илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрхийг нэг бүлэг болгож дүгнэсэн. Үүндээ Ковид-19 цар тахлын дараа дээрх эрхүүдийг хязгаарлах, хориглох талын эрсдэл гарч ирсэн учраас хүрсэн түвшнээ алдахгүйгээр, танин мэдсэн асуудлыг хууль тогтоомжийн арга замаар шийдэх, хэрэгжилтийг нэгдмэлээр хангах, оролцогч бүх талууд нэгдмэл ойлголттой байх ёстой гэдэг саналыг уламжилсан. Харин таны асуусан тэгш бус байдлын асуудал тулгамдаад байна. Манайд эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийн хэрэгжилт хангалтгүй байна. Энэ бол сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хөдөлмөрлөх зэрэг эрхүүд юм. НҮБ-аас 2021 онд Монгол Улсын хөгжлийн дүн шинжилгээ хийгээд хөгжлийн үр шимээс гадуур орхигдож байгаа 10 бүлгийг тодорхойлсон байна.
-Ямар 10 бүлэг вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бэлгийн цөөнх, өсвөр насныхан, хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөдөө болон хотод амьжиргааны түвшин бага хүмүүс, дотоодын шилжин суурьшигсад, ахмад настан, үндэстний цөөнх нарыг нэрлэсэн. НҮБ-ын уриа бол хэнийг ч хөгжлийн гадна орхихгүй гэдэг уриатай шүү дээ. Гэтэл Монгол Улсын хувьд энэ 10 бүлгийг хөгжлийн үр шимээс орхигдуулж байна гэжээ. Хүний эрхийн үндэсний форумаар энэ асуудалд чиглэж ярилцлаа. Үндэсний статистикийн хороо, МҮХАҮТ, МУИС, Эмнести интернэйшнл зэрэг байгууллагууд судалгаа мэдээллээ танилцуулсан. Панелистаар оролцсон судлаачаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдэх эрхийг хангах хамгийн чухал байна. Эхлээд мэдээлэлтэй байж, бусад эрхээ эдлэх боломжтой болдог.Тэгэхгүй бол хаалгаа нээж өгөөгүй хэрнээ орох чинь нээлттэй гээд байгаатай адил гэсэн чухал сэдвийг танилцуулсан.
Форумын гурав дахь сэдэв “Хүний эрх ба Уур амьсгалын өөрчлөлт” гэсэн асуудал байлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий нийтийн асуудал болж байна. Энэ хүрээнд бэлчээр, ус, агаарын бохирдол, байгалийн гамшгийн асуудлыг хөндлөө. Сэтгэл түгшээсэн тоо баримт,судалгааны үр дүн яригдлаа. Усны газрын дарга З.Батбаяр ус, байгаль орчны асуудал ярихаар их хол хүлээж авч байна, гэтэл энэ бол хүний оршихуйн суурь асуудал шүү гэж анхааруулж байна.Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаж дасан зохицож, хариу арга хэмжээ авах вэ, яаралтайгаар цогц бодлого гаргаж явахгүй бол маш аюултай хэмжээнд хүрсэн гэдгийг илэрхийлж байна.Нүүрсхүчлийн хийг бууруулахгүй, усны нөөцийг хамгаалахгүй, бэлчээр, хөрсний доройтлын эсрэг, утааг багасгахын төлөө дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авахгүй явсаар байвал 2050 он гэхэд газрын гүний ус шавхагдана гэдгийг дуулгасан. Эдгээр асуудал зөвхөн ганц манай улсын асуудал биш, дэлхий нийтэд тулгамдаж байна.
-Өнөөдрийн нийгэмд хүний эрхийн зөрчил байсаар байна. Тэр бүрт ХЭҮК дуудагддаг, нэр цохогдож харагддаг. ХЭҮК ажиллахгүй байна, ажлаа хийгээч ээ гэж. Нэг ёсондоо олон нийт танай байгууллагаас их зүйлийг хүлээж байгаагийн илрэл. Тиймээс тэр бүхэнд хүрч ажиллах зорилтыг та юу гэж харж байна?
-ХЭҮК-оос хүлээлттэй байгаа нь нэг талаараа сайн хэрэг. Нөгөө талаар хүний эрх гэдэг бол хүн болгонд хамаатай. Хүний эрх гурван талтай. Эрх, үүрэг, хариуцлага хамтдаа байж нийгэмд амьдардаг. Хүнийг бага наснаас нь хүний эрх гэж юу вэ, миний эрх гэж юу вэ, бусадтай бид ямар харилцаанд ороход хэмжээ хязгаар нь болохгүй болох вэ гэхчлэн ойлголттой байх чухал болоод байна.
Манай улсад хүний эрхийн мэдрэмж, мэдлэг ямар түвшинд байна вэ гэдэгт “Стратеги” академиас 2021 онд үндэсний хэмжээний судалгаа хийсэн байдаг.Хүний эрх чухал уу гэхэд бүгд “тийм” гэж хариулсан. Харин бататгах асуултан дээр бүдэрсэн гэхүү дээ.
Хүний эрхийн боловсролыг бүх нийтийн болгож түгээн дэлгэрүүлэх ёстой юм байна гэдгийг эндээс харсан байх. Энэ талаар бүх түвшинд хамтын ажиллагааг сайжруулна. Ирэх жилээс эхлэн албан боловсролын сургалтаар дамжуулж, хүний эрхийн мэдлэг, ойлголт олгох асуудлыг манлайлж уялдаа холбоог хангана. Албан боловсролын тогтолцоог БШУЯ ахалж ажиллана. Харин албан бус секторт ХЭҮК манлайлах үүрэгтэй оролцоно. Хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гээд хүний эрхийг хамгаалах ажлыг бүх нийтэд хүргэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой юм байна. Эрхээ мэдсэн, үүргээ ойлгочихсон, хариуцлагаа ухамсарладаг иргэн бол манай нийгмийн үнэт зүйл шүү дээ. Тухайлбал, цахим мэдээлэлд хүртэл шүүлтүүртэй, тунгааж хандана. Нэг хүн үг хэлэхээр үнэн юм байна гэж шууд итгэхгүй , өөрөө бодож эргэцүүлж, ийм мэдээлэл байх боломжтой юу, үгүй юү гэдэгт үнэлэлт, дүгнэлт хийж ханддаг болно. Ийм шаардлага өнөөгийн нийгэмд үүсээд байна..
–Лавлаад асууя. Хүний эрхийн зөрчил гардаг. Тэр бүрт ХЭҮК очоод газар дээр нь шуурхай ажиллаад хүний эрхийг сэргээгээд өгчих ёстой гэж олон нийт хүлээдэг. Танай эрх мэдэл ямар хүрээнд байдаг талаар дэлгэрүүлээч?
-Тогтолцооны хувьд нөлөөлөх хамгийн том ажлыг л хийх ёстой. Манай байгууллагын гол үүрэг бол асуудал байвал оношлох үүрэгтэй. Төсөв хүрэлцээгүй байна, хуулийн зохицуулалт хийдэлтэй байна, тогтолцоо чинь ажиллахгүйбайна гэж оношилж өгнө. Харин алдааг залруулах байгууллага нь төрийн бусад байгууллагууд юм.
–Ярилцлагын төгсгөлд хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг тодруулъя. Хуулийн байгууллагаас редакцийг хааж, сэтгүүлчийг баривчилсан үйл явдал болсон. ХЭҮК энэ үйл явдлыг хэрхэн харав?
-Тухайн хэргийн талаар ЦЕГ-аас нийтэд тайлбарласан. Комиссоос лавлагаа авахаар хүсэлт өгсөн. Одоогоор хариу ирээгүй байна. Олон нийтэд өгсөн тайлбараас үзэхэд,тухайн сэтгүүлч нь эрүүгийн хэд хэдэн хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа юм байна гэж ойлгогдсон. ХЭҮК-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхгүй. Харин хэвлэлийн редакцийн хандалтыг яагаад бүхэлд нь хязгаарласан талаар, энэ шийдвэр нь үндэслэл бүхий эсэхийг магадлана.
Ардчиллын баталгаа үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх шүү дээ. Олон үзэл бодол зэргэцэн оршиж байж ардчилал оршин тогнодог. Ардчиллын нэг багана хэвлэлийн эрх чөлөө. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний асуудал дээр няхуур хандах ёстой.
Б.ЭНХЗАЯА