Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ч.Өнөрбаяр: Нүүрсний сонсголоор МАН дотроо ямар их ялзарсан, мөнгөний сүлжээ үүссэнийг нийтээрээ харлаа DNN.mn

АН-ын дэд дарга, хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Нүүрсний сонсгол өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Сөрөг хүчний мөн хуульч хүний хувьд энэ сонсголыг хэрхэн дүгнэв?

-Нэгдүгээрт, энэ сонсгол бол АН руу чиглүүлэх гэж үзээд олигтой үр дүн бий болгоогүй. Хоёрдугаарт, МАН ялангуяа, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нүүрсний хамгийн том наймаачин байсан юм байна гэж ойлголоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн дарга Б.Энхбаярын гаргаж ирсэн баримтуудыг харахаар барагцаалбал 30 сая ам.долларын асуудал ярилаа шүү дээ. Юу гэсэн үг вэ. 30 сая ам.долларыг Д.Амарбаясгалан өөртөө авч идсэн юм уу, намынхаа санхүүжилтэд өгчихсөн юм уу, мэдэхгүй. Үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Нөгөө талаасаа нүүрсний сонсгол бол өмнөх Хөгжлийн банкны сонсгол шиг сүр дуулиан болсноо мартагнадаг байж болохгүй.

Энэ нь хаа нэг газарт эцэслэгдээд ард түмэнд эцсийн хариултыг өгөх ёстой гэж харж байгаа. үнэхээр буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой. Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр үүн дээр хариуцлагагүй байдлаар явахгүй байх гэж найдаж байна. Намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг гаргаад тавьчихлаа шүү дээ. Баримттай, судалгаатай гаргаж ирлээ.

Тэгэхээр энэ бол МАН, эрх баригч дотроо ямар их ялзарсан, ямар их мөнгөний сүлжээ энэ нам дотор үүссэн байсны тод илрэл. Монголын ард түмэнд 1072 хувьцааны ашиг болж очих байсан хөрөнгө явж явж эрх баригч нам, тэр дотроо генсекийнх нь халаас руу орчихсон байна гэдэг ойлголттой үлдэж байна. Үүн дээр Монголын төр хариуцлага тооцож чадахгүй бол цаашдаа Монголд шударга нийгэм тогтохгүй. Монголын улс төрд орж байгаа хүн бүр хулгай хийе л гэж орж ирнэ. Хулгай хийж болдог юм байна, хулгай хийгээд хариуцлага хүлээхгүй зугтаачихаж болдог юм байна. Тэр мөнгөөрөө хэвлэл мэдээлэл, хуулийн байгууллагыг худалдаад авчихаж болдог юм байна гэдэг зүйл рүү Монгол Улс явж болохгүй. Энэ бол маш буруу жишиг.

Үүн дээр ялангуяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч намаасаа түдгэлзэж, зарчмын хатуу байр суурь баримтлах байх гэж найдаж байна. Тэгж байж зөв жишиг тогтоож, Монголын төр бүтэн болж үлдэх ёстой болохоос назгайрч хаях юм бол хулгайчид төрөө барьж гараад сүүлдээ хэн ч хулгайчтай юм ярьж чаддаггүй буруу улсыг бид дараа үедээ хүлээлгэж өгөх болчихоод байна.

-Сонсголын эхний хэсэгт орон нутгийн “Таван толгой” ХК-ийн баримтыг шинжилсэн. Ер нь сонсголын явцад гэрчээр дуудагдсан хүмүүс сөрөг хүчин талдаа байсныг олон нийт шүүмжилсэн. Эрх баригч намын гол гэрчүүд дуудагдаагүй, ирээгүй нь анхаарал татлаа?

-Жижиг “Таван толгой” ХК Таван толгойн бүлэг ордын 0.4 хувь л шүү дээ. Дээрээс нь энэ компанийн хувьцаа нь Хөрөнгийн биржээр ил арилжаалагддаг. Хувьцаа эзэмшигчид нь тодорхой. Ногдол ашиг нь хэн рүү, хаашаа явж байгаа нь тодорхой компани. Нэг ёсондоо зах зээлийнхээ зарчмаар ажиллаж ирсэн компани. Ийм газарт авлигал үүсэх боломж байдаггүй.

Харин төрийн өмчит компани буюу Таван толгойн бүлэг ордын 95.5 хувийг эзэмшиж байгаа “Эрдэнэс Таван толгой” ХК дээр л хулгай луйвар гарч байгаа. Та бүхэн анзаарсан байх. Эрх баригч намын гол гэрч сайд нарыг дуудахаар ирсэнгүй. Генсек Д.Амарбаясгалан сонсголд ирсэнгүй. Иймэрхүү маягаар хамгийн гол тайлбараа тавих ёстой том хүмүүс янз бүрийн шалтаг тоочоод алга болчихсон.

Гэтэл АН-ынхан бол, жишээ нь С.Баярцогт гэхэд “Надад ямар ч хамаа байхгүй. Гэхдээ би төрөө, төрийн байгууллагуудыг, хуулиа хүндэтгээд ирлээ” гэж байсан. Тэгэхээр эрх баригч нам дотор хуулийг хүндэтгэдэг хүн байхгүй болсон. Хуулиа өшиглөж байгаа улстөрчдөд бол Монгол Улсын эрх ашиг цаашаа асуудал болж байгаа хэрэг. Тиймээс эхлээд нүүрсний луйвар хулгайг АН сөрөг хүчин рүү чиглүүлэх гэж үзээд амжилт олохгүй болонгуут иймэрхүү байдлаар бултуулсан. Хамгийн гол нь шинэ жил гээд баярын уур амьсгал оруулаад мартагнуулах, тархи угаах улс төр явах болов уу гэсэн болгоомжлол төрж байна. Үүн дээр сөрөг хүчин ч, хэвлэл мэдээллийн салбарынхан ч анхаарлаа сулруулж болохгүй.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг сонсголд оролцохыг хүссэн ч оролцуулсангүй. Тэгэхээр үр дүнтэй сонсгол болж чадав уу?

-Б.Ганхуягийг сонсголд оролцуулаагүйгээс сонсгол үүргээ 30 хувьтай л гүйцэтгэсэн гэж харж байна. Хэрэв Б.Ганхуяг оролцсон бол маш үр дүнтэй болох байсан. Учир нь тэр хүний гарын үсгээр бүх гэрээ хийгддэг байсан. Тэр хүн хэн дээрээс улс төрийн дарамт үзүүлж байсан, хэн шахаа хийснийг бүгдийг мэдэж байгаа. Хэн намын санхүүжилт, хэн сонгуулийн санхүүжилт авсныг ярих ганц хүн. Тиймээс тэр хүнийг оролцуулж байж сонсгол үр дүнтэй болох байсан.

Гэтэл Б.Ганхуяг өөрөө оролцмоор байна гэж байхад оролцуулаагүй нь явж явж эрх баригчид түүнээс айж байгаа юм байна. Болж өгвөл шоронд үхээсэй гэж хүсч байж ч магадгүй. Харин ч Б.Ганхуягийг цаашдаа бараг гэрчийн хамгаалалтад авч, тайлбар мэдээллийг нь заавал авах ёстой.

Нэг сонин нь, Б.Ганхуяг шүүхийн танхимд “Би яахаараа ганцаараа олон сар хоригддог юм бэ. Гэтэл үүнд хамгийн их өрмийг нь авч идсэн хүмүүс тамгатайгаа, засагтайгаа үлдэж байгаа нь шударга бус байна” гэж байсан даа. Энэ бол олон зүйлийг хэлж байгаа явдал. Хулгайч нар Засгийн газар дотор чинь байна. Тэр хулгайч нар эрх мэдэлтэй үлдчихээд байна. Би түүнийг чинь яриад өгье гэсэн. Мэдээж Засгийн газар дотор олон хүн айж байгаа юм байна гэж харж байна.

-Хууль талаасаа харахад ч сонин юм. Гол гэрчийг оролцуулах бүх боломж нь байсан. Салбарын сайд нь сонсголыг ахалж байсан шүү дээ?

-Үүнийг Б.Энхбаяр сайдаас тодруулах хэрэгтэй. Миний харснаар олон нийтэд хүссэн мэдээллээ ил тод болгож, нуух гэсэн зүйлээ нууж байна. Өөрөөр хэлбэл, зарим зүйлээр сенсааци тариад зарим зүйлээ нууж, халхавчин дор нуух ёстой хүмүүс байгаа юм байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Д.Нямдорж: Б.Ганхуягийг сонсголд биеэр оролцуулж болохгүй юм гэхэд онлайнаар оролцуулах хууль зүйн боломж байсан ч хэрэгжүүлсэнгүй DNN.mn

Нүүрсний сонсголын хоёрдугаар хэсэг өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг уг сонсголд өнгөрсөн мягмаг гаригаас эхлээд дөрвөн өдрийн турш гэрчээр оролцохоор дуудагдсан байв. Тэрбээр өөрөө ч сонсголд оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Гэвч Б.Ганхуяг сонсголд үгээ хэлж чадсангүй. Энэ тухай түүний өмгөөлөгч Д.Нямдоржтой ярилцлаа.


-Нүүрсний сонсголд таны үйлчлүүлэгч оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Ер нь энэ хүн сонсголд оролцсоноор ямар үр дагавартай байв?

-“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцсоноор иргэнийхээ хувьд ч, өндөр албан тушаал хашиж байсныхаа хувьд ч Монголын ард түмэнд нүүрсний сонсгол буюу нүүрсний хулгай гээд байгаатай холбоотой асуудлыг гэрчийн мэдүүлгээр тайлбарлах хүсэлтийг Хууль зүй дотоод хэргийн сайд, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаярт өмгөөлөгчөөрөө болон шүүх хуралдааны явцад хэлж байсныг та бүхэн харсан байх.

Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсголд хөндөгдөж буй оффтейк гэрээ хэлэлцээрийнхээ талаар болон бусад асуудлаар гэрчийн мэдүүлгийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд өгье гэсэн байр суурьтай байсан. Ийм гэрчийн мэдүүлэг энэ сонсголд ач холбогдолтой эсэхийг тухайн хүн өөрөө мэдэж байгаа. Монголын ард түмэн ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байсан хүний үгийг сонсохыг хүсч байсан нь мэдээж. УИХ-ын нэр бүхий гишүүд Т.Доржханд, С.Ганбаатар, АН-ын зүгээс ч Б.Ганхуягийг сонсголд оролцуулах нь маш зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж байсан. Чухал гэрч гэдэг нь ойлгогдож байгаа байх.

-Гэвч сонсголд оролцуулсангүй. Юу болов?

-2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө нүүрсний сонсголыг зохион байгуулж байгаа Түр хорооноос тус хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын гарын үсэгтэй есөн хуудас мэдэгдэх хуудас өмгөөлөгч надад гардуулсан. Хуулийн дагуу өөрийнхөө үйлчлүүлэгчид хүлээлгэж өгсөн. Тус мэдэгдээх хуудаст бол Б.Ганхуягийг 19, 20, 21, 22-ны сонсголд дуудаж байна гэсэн агуулгатай байсан

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд гэрчээр дуудсан тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд заавал ирэх үүрэгтэй гэсэн байдаг. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу дөрвөн газарт хүсэлт хүргүүлсэн. Нэгт, Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хаяглан, гэрчээр дуудсан мэдэгдэх хуудсыг хүлээж авлаа. Сонсголд Б.Ганхуяг нь оролцох хүсэлтэй байна. Түүнээс гадна ШШГЕГ-ын дарга, бригадын генерал О.Амарсанаад хүсэлтийг явуулсан. Мэдэгдэх хуудсыг хүлээж авсан. Сонсголд оролцох бүх нөхцөл байдлыг хууль дээдлэх зарчмын хүрээнд хангаж өгөөч ээ гэж хүссэн. Мөн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн даргад мөн хаяглаж энэ хүсэлтээ өгсөн. Нийслэлийн прокурорын ерөнхий прокурор Ц.Ариунболд руу ч энэ хүсэлтээ илгээсэн байдаг.

-Шүүхээс Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах тухайд татгалзах зүйлгүй гэсэн гэв үү?

-2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааны явцад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн “Энэ бол прокурорын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өөрийнх нь эрх хэмжээнхий асуудал болохоос шүүхийн эрх мэдлийн асуудал биш” гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан бид дээрх хүсэлтүүдийг тухайн байгууллагуудад шуурхай хүргүүлсэн.

-Б.Ганхуягийг оролцуулаагүйг харахад боломжгүй гэсэн тайлбарууд ирсэн үү?

-Гэрчээр зайлшгүй оролцох шаардлагыг хүндэтгэх шалтгаантай гэж үзвэл онлайнаар буюу цахим сүлжээгээр оролцох шүүхийн практикт бий. Хэчнээн оролцуулах боломжгүй байлаа ч онлайнаар оролцуулах боломж ШШГЕГ-т бүрэн байгаа. Харин Прокурорын эрх мэдлийн хүрээнээс энэ асуудал хальсан. Учир нь эрүүгийн хэрэг шүүхэд шилжчихсэн. Хууль сахиулах байгууллагууд, тэр дундаа ШШГЕГ, Цагдан хорих 461 дүгээр ангиуд Хууль зүй дотоод хэргийн яамны харьяанд байдаг. Харьяалах сайдад нь хүсэлт тавьчихлаа. Онлайнаар гэрчийн мэдүүлэг авах боломж хууль зүйн талаас нь бүрэн байна. Гэвч энэ нөхцөл байдлыг хууль зүйн талаас нь ч хангасангүй, гэрчээр оролцуулсангүй.

Уг нь УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төр захиргааны байгууллага түр хорооны мэдэгдэх хуудсыг биелүүлэхэд заавал туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж зохицуулсан байгаа. Ийм хууль зүйн боломж байсан уу гэвэл байсан. Одоо ч байгаа. Гэтэл түүнийг хэн ч ашиглахыг хүсэхгүй байна. Боломжгүй байна гэдэг хариулт л өгөөд байгаа болохоос тэр иргэний эрхийг хүндэтгэж тэр боломжийг эрэлхийлэхгүй байгаад гайхаж байна.

-Хууль зүйн талаас нь боломжтой байж гэж та хэллээ. Тэгэхээр улстөрчдийн сонирхол, нөлөөлөл байна гэж хардаж болох уу?

-Би хууль талаас нь тайлбарлана. Хууль зүйн бүхий боломж байхад яагаад оролцуулахгүй байна, яагаад оролцуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэдэг бол эрх бүхий албан тушаалтнуудын гаргаж байгаа эс үйлдэхүй гэж харж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Бямбадолгор: Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ дуусаагүй байгаа учир сайдын ирэх хугацаа хойшилсон DNN.mn

Монгол, Францын Засгийн газрын хооронд Дорноговь аймагт хэрэгжиж буй ураны томоохон төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхээр хүлээгдэж буй. Тэгвэл Францын талын төлөөллүүд Монгол Улсыг зорин ирсэн ч манай тал хүлээж аваагүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд өчигдөр тархав.

Энэ талаар “Бадрах Энержи ” ХХК ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Бямбадолгортой холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ирсэн Францын талын зочдыг хүлээж аваагүй гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулаач?

-Энэ бол худлаа мэдээлэл. Угтаа 12 дугаар сарын 20- нд гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байсан тул Францын Засгийн газар Гадаад худалдааны сайдаа байлцуулах төлөвлөгөөтэй байсан нь үнэн. Гэхдээ гэрээний яриа хэлэлцээ хараахан дуусаагүй байгаа тул сайдын ирэх асуудал хойшилсон. Өнөөдөр (өчигдөр) ажлын хэсэг яриа хэлэлцээгээ үргэлжлүүлээд явж байна.

-Францаас Монгол руу өчигдөр төлөөлөгчид нислэг үйлдээгүй гэж ойлгож болох уу?

– Өчигдөр / уржигдар / манай Уул уурхайн группийн удирдлага ирсэн. Ажлын хэсэгтэй уулзаад яриа хэлэлцээндээ ороод явж байна. Ажил хэвийн л явж байна. Яагаад ийм мэдээлэл гарсныг ойлгохгүй л байна.

– Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээ хэзээ товлогдох төлөвтэй байна вэ?

-Ураны салбарт хийгдэж байгаа анхны хөрөнгө оруулалтын гэрээ, шинэ салбар, шинэ технологи учир хоёр тал шаардлагатай хугацаандаа ярьж ойлголцох нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн зарчим протоколоор тохирсон байгаа. Олон арван жил үргэлжлэх төслийн тогтвортой байдлыг хангах нь нэн чухал.

Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн дагуу, хоёр талд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Нэмж хэлэхэд, яриа хэлэлцээнд орж байгаа Монголын Засгийн газрын төлөөлөл ойрын хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэл эрмэлзлээ илэрхийлэн ажиллаж байгаа. Хамтарсан төслийн хөрөнгө оруулалтын гэрээ олон нийтэд ил байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гал сөнөөгчийн хүчилтөрөгчийн баллоны цэнэг дууссанаас амиа алдсан байх магадлалтай” DNN.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилгад өнгөрсөн даваа гаригт гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Тэдний дунд бага насны хүүхдүүд болон онцгой байдлын аврагч байсан юм. Гал түймрийн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг тус тус ажиллаж, иргэдийг аврах ажлыг зохион байгуулсан юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгч нь Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э байв. Гал сөнөөгч амиа алдсан талаар ОБЕГ- ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өчигдөр олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Гал сөнөөгч ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй. Тухайн орон сууц хоёр орцтой. Нийт 100 гаруй айл амьдардаг. Цагдаагийн байгууллага, шинжээчид гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Тухайн байранд амьдарч байсан гэрийн эзний яриагаар бол тухайн үед гацуур мод шатаж, маш их утаа гарч байсан учраас өөрийн эрхгүй гарсан гэх тайлбарыг өгсөн байсан.

Гал сөнөөгчид хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан. Холбогдох хуулийн дагуу мөнгөн тэтгэмж болон амь насны даатгалын мөнгийг нь олгоно” гэсэн юм. Гадаад улсад мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн гал сөнөөгч яагаад амиа алдав гэдэг асуулт олон нийтийн дунд байгаа юм.

Энэ талаар талийгаачтай хамт ажиллаж байсан онцгой байдлын алба хаагчтай ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


-Гал сөнөөгч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай явдал боллоо. Баг, хамгаалалтын хувцас бүрэн байсан уу гэх зэргээр олон асуудал хөндөгдөж байна л даа. Та энэ албанд ажиллаж байсан хүний хувьд энэ талаар үнэн бодит байдлыг хэлж болох уу?

-Баг бол хүн бүрд байгаа. Дэлхийн стандартын багийг оруулж ирж ашигладаг шүү дээ. Яахав, хүчилтөрөгчийн баллоны цэнэг ямар байсан бэ гэдэг асуудал яригдах байх.

-Хүчилтөрөгч дутагдсан гэж үү?

-Баллонтой хүчилтөрөгч нь дууссан болов уу. Тухайн алба хаагч тооцооллоо буруу хийгээд ажилласан байх магадлалтай. Би тэдэн минут яваад тэд дээр гарах ёстой гэсэн тооцооллоо буруу хийсэн байх боломжтой. Салааны захирагч хүн уг нь өөрөө хүмүүсийнхээ тооцооллыг хийгээд орох үүрэгтэй шүү дээ.

-Саяхан БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн гэсэн. Илүү мэргэшсэн байх боломжтой хүн ийм зүйл дээр алдана гэж үү?

-Олон зүйлээс шалтгаална. Залуу хүн учраас ийм аваар осол дээр гардаж ажиллаж байгаагүй байж магадгүй.

-Хүчилтөрөгчийн баллонтой үед хэр хугацаанд ажиллах боломжтой байдаг юм бол?

-40-50 минут амьсгалах боломжтой. 50 минут ажиллаад өөрөө гараад дахиад цэнэглэх ёстой.

-Хүчилтөрөгч дуусахаас өөр шалтгаан байж болох уу. Баг хамгаалалтгүй болох ч юм уу?

-Хүнээ хайж яваад өндөр даралтын хоолойгоо хэрчих ч юм уу, түүнийгээ алдсаныг мэдэхгүй явсан байж болно.

-Таныхаар энэ хэрэг юунаас үүдэлтэй гэж харж байна?

-Талийгаач ганцаараа явчихсан нөхцөл байдал харагдсан. Багийн ажиллагаа явагдаагүй. Гал сөнөөгчидтэйгөө хамт явж байх ёстой. Тэгээд баллоных нь цэнэг хугацаа дууссаныг анзаараагүй байх магадлалтай.

-Талийгаач тантай хамт ажиллаж байсан гэсэн. Зан байдал, ажил үүргийн хувьд ямар хүн байв?

-Илүү байлгүй яахав. Өөрийнхөөрөө ажилладаг. Үүнийг суръя мэдье, хөгжье дэвшье гэдэг эрмэлзэлтэй сайхан залуу байсан. Гал сөнөөгчөөс эхлээд л дээшээ дэвшиж ирсэн.

-Энэ гал дээр гал сөнөөгч, бага насны хүүхдүүд гээд амиа алдсан хүмүүсийн хувьд маш харамсалтай. Дахиж ийм гэнэтийн осол гаргахгүйн тулд аль аль талдаа анхаарах ёстой болчихлоо?

-Маш харамсалтай. Объектын гал түймэр дээр гал сөнөөгч амиа алдсан тохиолдол анхных. Ой хээрийн түймэр дээр амиа алдаж байсан тохиолдол олон. “Ми-8”-аас эхлээд бий.

Ер нь цэцэрлэг, сургуулийн наснаас хичээлийн хөтөлбөрт галын аюулгүй байдлаас хамгаалах талаар хичээл орох хэрэгтэй. Дээр нь аваарын дохио байр болгонд байх ёстой. Дуугарсан тохиолдолд тэнд байгаа хүмүүс бүгд гарах ёстой. Иргэд өөрсдийнхөө амийг өөрсдөө хамгаалах үүрэгтэй. Гал сөнөөгчид очихоос өмнө хамгаалах ёстой гэсэн үг. Усан аваарын дохио дугарангуут усан бойлуур нээгдэж тодорхой хэмжээний гал унтраах ёстой байдаг. Гэтэл байруудад аль аль нь байдаггүй. Нэр төдий нэг юм тавьчихдаг, тэр нь ажилладаггүй.

-Хүмүүс галын аюулаас хамгаалах мэдлэгтэй болох гэдэг чухал шүү?

-Соёлтой орнуудад дохио дуугарангуут шууд гарцгаадаг шүү дээ. Манайх харин хэвшээгүй. Дохиолол дуугараад аюул болж байхад гэр орондоо амраад хэвтэж байдаг хүмүүс бий. Тэднийг аврагчид очиж босгоно, гаргана гэдэг хүндрэл учирдаг.

Гал бол секунд милээр хэмжигдэнэ. Нэг тоолоход л нэг куб метр гээд явчихдаг. Таван ханатай гэр гэхэд зуны улиралд гуравхан минутад нурам болчихдог. Өнөөдрийн байшин барилгын материал юу билээ. Дандаа шатах материалаар хийгдсэн. Тиймээс гал бүр хурдан тархана гэсэн үг.

-Онцгой байдлын байгууллагад хөрөнгө оруулалт хангалттай байдаг юм уу. Гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл, баг бүрэн бус, хангалтгүй гэсэн шүүмжлэл их байдаг?

-2003 оноос хойш тендер явагдаад бүх анги хэлтсийн машин төхөөрөмж шинэчлэгдсэн. Машинууд багтайгаа, хүчилтөрөгчтэйгөө, хүчилтөрөгч цэнэглэх аппараттай хамт ирдэг. Дуусангуут өөрсдөө цэнэглэх ёстой. Аврагчид өглөө ажилд гарахдаа өөрийн багаа үзэж шалгадаг. Байнга сургуулилалт хийдэг. Хувцас хэрэглэл, макс зэргээ өөртөө тааруулж өмсөх ёстой шүү дээ. Тэгж байж аюулгүй аврах ажиллагаа явуулна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал: Хотын захиргаа түгжрэлд 411.8 тэрбум төгрөг зарцуулснаар ямар үр дүн гарахыг тооцоолоогүй байсан DNN.mn

Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргалтай ярилцлаа.


-Танай газраас Нийслэлийн 2022 оны хөрөнгө оруулалтад аудит хийсэн дүгнэлттэй танилцсан. Түгжрэлийн эсрэг зарцуулсан 420 тэрбум, 240 автобус зэрэг олны анхаарлыг татсан асуудал дээр аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтээс онцолж хэлэх хэсгүүд юу байв?

-Ер нь өмнөх жилүүдэд нийслэлийн хөрөнгө оруулалт 200 тэрбум хүрдэггүй байсан. Харин Засгийн газрын 2021 тавдугаар сарын 146 дугаар тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын талаар авах арга хэмжээний тухай батлахдаа түгжрэлийг бууруулахад зориулж жил бүр нийслэл хотод 420 тэрбумаас доошгүй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ гэж оруулсан байдаг.

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нийт төсөл 2022-2024 оны хугацаанд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байсан. Үүнээс 2022 онд 411.8 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн байв. Ингэхдээ НИТХ төсөвтөө хоёр удаа тодотгол хийж гарсан дүн энэ.

-Түгжрэлийг бууруулах 411.8 тэрбум төгрөгийн эх үүсвэр улсын төсвөөс гарсан уу?

-Улаанбаатар хот улсын төсөвт жил бүр орлого төвлөрүүлдэг байсан. Харин түгжрэлийн шийдэл яригдаж эхэлсэн жилээс “Хотоос орлого авахаа больё. Харин наад хөрөнгөө түгжрэлдээ зарцуулаарай” гэдэг байдлаар улсад төвлөрүүлэх орлогыг бууруулж өгснөөр 411.8 тэрбумын эх үүсвэр гарч ирсэн юм билээ. Бид 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхлээд хянаж үзсэн. Ингэхэд тухайн жил арга хэмжээний гуравны нэг нь хэрэгжинэ гэсэн байсан. Тэгэхээр түгжрэлийг бууруулах арга хэмжээний зөвхөн 2022 оны хөрөнгө оруулалтыг үзсэнээр бүрэн дүгнэж болохгүй байсан. Хоёрт, бидэнд тулгарсан нэг асуудал нийслэл 420 тэрбум төгрөг зарцуулаад түгжрэл яг ямар түвшинээс ямар түвшинд хүрэх юм бэ гэдэг үр дүнгээ өөрсдөө тооцоогүй байсан. Энэ хөрөнгийг зарцуулснаар ийм үр дүнд хүрнэ, түгжрэл тэдэн хувиар буурах юм гэсэн тооцоо анхнаасаа байгаагүй.

-Энэ нь өөрөө зөрчил болчихож байна уу?

-Тэгнэ. Үүнээс гадна төсөл арга хэмжээгээ ерөнхий нэршлээр явчихдаг. Төсөв нь цаашдаа юунд зарцуулагдах нь тодорхойгүй. Янз бүрийн ажилд зарцуулагдаж болох эрсдэлтэй. Энэ бол хууль тогтоомжийг зөрчиж байна гэж бидний хувьд үзсэн. Ерөнхий нэршил дотор Яармаг дахь Нутгийн захиргааны ордонд 25 тэрбум төгрөг өгчихсөн байх жишээтэй. Үүнийг төсөвт тусгаагүй байна гэж хэлж болдоггүй их зовлонтой. Бид жил бүр л НИТХ-д уламжилдаг, хариу арга хэмжээ авах нь тун бага.

Мөн зураг төсөвгүй 104 төсөл, арга хэмжээ байсан. Тэгсэн хэрнээ мөнгө нь төсөвт суучихсан. Газрын зөвшөөрөлгүй 47 төсөл арга хэмжээ гэх мэт төлөвлөлтөөсөө эхлээд учир дутагдалтай. Үүний дараа худалдан авах ажиллагааг шалгасан. Хэд хэдэн чиглэлээр зөрчил дутагдал илэрсэн. Шууд гэрээ байгуулдаг, харьцуулалтын аргаар гэрээ байгуулдаг явдал олон гарсан. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4 дэх заалт буюу нууцад 118 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 43 төсөл арга хэмжээг хамруулж, ямар нэгэн сонгон шалгаруулалт тендергүйгээр зохион байгуулсан.

-Үндэслэл нь хууль ёсных байсан уу?

-Бидэнд үзүүлж байгаа нь ТЕГ-ын албан бичиг л байгаа юм.

-Ямар чиглэлийн ажлууд голдуу нууцад авагдсан байна вэ?

-Янз бүр. Сургууль, цэцэрлэгийн барилга, дотор тохижилт зэрэг ч бий. Сургууль, цэцэрлэг ажиллуулахаар орон сууцны нэгдүгээр давхар, хувь хүмүүсийн объект зэргийг худалдаад авчихсан. Тэдгээр нь стандарт шаардлагаа хангаагүй. Сургууль, цэцэрлэгийн сандал ширээ анх захиалсан стандарт нормоороо байгаагүй зэрэг Нийслэлийн боловсролын газартай холбоотой асуудлууд олон гарсан.

-224 улаан автобусыг 2022 оны нийслэлийн төсвөөс худалдаж авсан. Бүгд ирсэн ч үйлчилгээнд гараагүй. Ямар асуудал байсан юм бэ?

-Яах вэ, тоо ёсоороо бүгд байгаа. Тэр дотроо зарим нэг нь автобус гэхэд техникийн шаардлага хангаагүй. Хөдөлгүүрийн эзлэхүүн 9000сс байх ёстой атал 8400сс байх жишээтэй. Өгсүүр замд явж чадахгүй байна гэдэг үүнтэй холбоотой. Хурдны хайрцаг автомат гэж заасан байхад механик авчихсан. Тоног төхөөрөмж нь дутуу, зөрүүтэй ирсэн олон зүйл байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Хотын дарга асан Д.Сумъяабазарт гурван удаагийн албан шаардлага хүргүүлж байсан. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхлээд маш их зөрчил байна. Хариу нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд ирсэн. Маш хангалтгүй хэрэгжилттэй хариу тайлбар ирсэн. Түүнээс гадна бид энэ асуудлаар өнгөрсөн зургадугаар сард хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн шүү дээ. Үүний цаана хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэдэг утгаар хандсан.

-Ногоон автобусны худалдан авалтыг аудит хийх үү?

-Ногоон автобус бол 2023 оны асуудал шүү дээ. Бид ирэх хавар аудит хийх болов уу.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын даргад мэдэгддэг, бидэнд мэдэгддэггүй “хорлогч”-оо зарлана уу DNN.mn

Монгол Улсад өнөөдөр юу болж байна вэ. Дизель түлш орон даяар тасарч, алслагдмал сум, багийнхан хөл хумигдаад удаж байна. Саяын цасан шуурганаар уруудсан малаа олж авъя, өвс тэжээл дөхүүлье гэхэд түлшгүй таг гацсан малчид баруун, зүүнгүй л гасалцгааж сууна. Улсын нийслэл Улаанбаатар хотдоо бүр аюул. АИ-92 бензин аль өнгөрсөн сард тасарсан. АИ-95, АИ-98 нүдний гэм болж, олдсоноо авах гэсэн жолооч нарын дараалал км, км-ээр үргэлжилж байна. Салбарын сайд “Жолооч нарын дараалал гурван км байснаа нэг км болсон. Одоо хоёр хоног л тэсчих. Жолооч нар бензинтэй мөртлөө банкаа дүүргэх гэж дараалал үүсгэж байна” гэх зэргээр илт түмний дургүйг хүргэсэн амьдралгүй мэдэгдэл үе үе хийж, нийгмийн бухимдлыг улам өрдөхөөс өөрийг хийж гийгүүлэхгүй байна.

Удалгүй араас нь эрчим хүчний хязгаарлалт яригдаж эхэллээ. Эрчим хүч нийлүүлэгч ОХУ-ын нэг станцад эвдрэл гарснаар Монгол Улс даяар цахилгаан хязгаарлах аргагүй нөхцөл байдалд хүрснийг өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэв. Одоо хэзээ ч хэдэн цагт ч улс даяараа тоггүй болох эрсдэлтэй тулчихлаа. Шатахуун, эрчим хүчний хүнд асуудалтай нүүр тулаад буй нийслэлчүүдэд өөр нэг том зовлон нь замын түгжрэл. Түгжрэлд тэрбум тэрбумаараа зарцуулаад ч ганц ч шийдэлгүй Хотын захиргааны “ач тус”-аар улаанбаатарчууд зам дээр өдрийн талыг барж, шөнө хагаслаж гэрийнхээ барааг харж байна. Нийтийн тээвэр гэдэг салбар бүр навс уналаа. Буудал болгон дээр арав хориор биш зуу, зуугаар хүмүүс автобус хүлээн хэдэн цагаар мөсөн гудамжинд жиндэн зогсож байна. Түгжрэл дундаас арайхийж гарч ирсэн автобус цааш жаахан мацаад л хөлдөөд зогсчихож байна. Агаарын бохирдол, ханиад томууны дэгдэлтийг ярих шаардлагагүй.

Ерөөсөө өнөөдөр Монгол Улс маш хүнд нөхцөл байдалтай байна. Гялтайх ганц салбар, нийгмийг тайвшруулах ганц ажил гэж алга. Уг нь ард түмний ахуй амьдралыг дээшлүүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хөгжил өөд зүтгэ гэж УИХ-ыг байгуулдаг. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэж хатуу заасан. Ингэж сонгогдсон УИХ 76 гишүүн, нэг даргатай. Тэндээс Засгын газрыг байгуулдаг.

Сонгогч олон нь, нийт ард түмэн нь өнөөдөр хүнд хэцүү сорилтод бүдэрч, хотын зам дээрээ хэдэн цагаар түгжирч, буудал дээр даарч бээрч, ШТС-ууд дээр түлшний төлөө зодолдож байхад УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулган дээр учир битүүлэг мэдэгдэл хийлээ.

Тэрээр “…Үл үзэгдэгч л хамаг юмыг зогсоож байдаг. Цахилгаан станц ч тэр, газрын тосны үйлдвэр ч тэр. Үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг байгаа бид мэдэж байгаа ш дээ, өнөөдөр” гэсэн үгс УИХ-ын Чуулганы индэр дээрээс ууртайхан шидлэв. Ямар учиртай, юун хорлогч болоод явчихав аа. Ийм зүйлийг төрийн эрх барих дээд байгууллагыг тэргүүлж байгаа хүн хээв нэг яриад сууж болох уу. Өнөөдөр монголчуудын амьдрал, нийгэм бүх зүйл тэг зааж таг зогссоны шалтгаан найман жил дангаар эрх барьсан МАН-ын хийсэн ажил биш үү. Буруутан нь эрх баригчид биш гэж үү. Хариуцагч хайя гэвэл ард түмэн, сонгогчдын ашиг сонирхлыг илэрхийлж шийдэж шийдвэрлэн үүрэгтэй УИХ-ын 76 гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хамгийн түрүүнд цохогдох ёстой юм. Гэтэл бүх зүйл буруудаж, асуудал хүндрээд ирэх үед бусад руу буруугаа чихдэг эрх баригчдын арга заль бүр төгсрөөд, “үл үзэгдэгч”-тэй болчихож байгаа хэрэг үү. Г.Занданшатарын санаагаар түүний хэлсэн үл үзэгдэгч хорлогчийг бид бас даган баясаад хамт зүхэж, үзэн ядах болж байна уу. Одоо тэр үл үзэгдэгч “хорлогчоо” зарлах хэрэгтэй байна. Хэнийг нь ч мэдэхгүй хий боорлож байхаар ядахдаа нэр усаар нь мэддэг болоё хэдүүлээ.

УИХ-д бүрэн эрх бий. Тэд энэ улс оронд болох, болохгүй байгаа, гадна дотноос заналхийлж байгаа аюул, бүр нарийндаа ирээдүйд учирч болзошгүй хор хохирол зэргийг мэргэжлийн өндөр түвшинд мэдээлэл цуглуулах, хариу арга хэмжээ авах бүрэн боломж, эрх мэдэл байгаа. Түүнийг хэрэгжүүлээч, хийгээч гэж улсаас тусгайлан машин тэрэг, харуул хамгаалалт, ажиллах орчин нөхцөл, зардал тэргүүтнийг тэрбум тэрбумаар нь зарлагадан хангадаг юм шүү дээ. Хариуд нь харин “Та нарыг хорлож байгаа хорлогч байна. Би мэдэж байна” гэдэг бол маш хариуцлагагүй, эмгэнэлтэй дүр зураг байлаа.

Хорлогч байгааг мэдсэн бол арга хэмжээ авах нь та нарын үүрэг шүү дээ. Харин мэдээгүй найман жил засагласан бол эсрэгээрээ хариуцлагын асуудал яригдах ёстой болж таарна. Бүх эрх мэдлийг олонхоороо атгаж ирсэн энэ хугацаанд улс орны хөгжлийг гацааж байгаа хүмүүс байсан бол та нарын л буруу. Түүнийг мэдээгүй өдийг хүрсэн бол бас л та нарын буруутай ажиллагаа. Монголын нийгмийн нүүр царай ямар байна тухайн үеийн төр засгийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр дүн. Нийгмийн хөгжил сайн байсан бол та нарын гавьяа. Болоогүй, хөгжөөгүй, асуудалтай, бүр тартагтаа тулах нь ч та нартай холбоотой. Шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалт, түгжрэл, агаарын бохирдол энэ бүхний шийдэл тухайн цаг үед эрх барьж байгаа төр засгаас л гарна шүү дээ. Гэтэл энэ үр дагавраа өөрсдөөсөө, гишүүдээсээ засгаасаа эрэхийн оронд үл үзэгдэгч хорлогч гэж эзэн биегүй, хариуцах хүнгүй чиг рүү зааж, бултах гэж үзэж байна уу. МАН 2016 онд дангаар засаглах үедээ өмнөх АН-ын Засгийн газар, гишүүд рүү энэ улс орны хамаг булхай луйвар, болохгүй зүйлийг бухах гэж оролддог байв. Өнөөдөр хүртэл өр дангийн асуудал ярих гишүүн, сайд нар байж л байдаг. 16, долоон оны үед бол АН ын хулгайчууд л баллаад хаячиж дээ гэж үнэмшээд ирсэн. 20 оноос хойш яалаа гэж ийм юм ярьсаар байгаа юм бэ. Яг үнэндээ хамгийн их бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн ажлууд АН ын үед хийгдсэн гэдэгтэй улс нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болоод удлаа.

Одоо харин буруутан хайя гэтэл АН-ын Засгийн үе хэтэрхий алсарч, өөрсдийнх нь эрх барьсан бүтэн хоёр Засгийн газрын үед ажиллаж хийж бүтээж чадаагүйнхээ буруутныг ингэж зарлахдаа тулаа юу. Ерөөсөө товчхондоо УИХ Үндсэн хуулиар хүлээсэн бүрэн эрх, үүргээ энэ найман жил хэрэгжүүлж чадаагүй гэдгээ хэн нэгэн хорлогчоос болсон гэдгээрээ Г.Занданшатар дарга өөрөө хүлээчих вүү.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Доктор Л.Сарантуяа: Приусын хаягдал батарейг сэргээж өрхийн цахилгаан эрчим хүчийг хангах төсөл амжилттай болсон DNN.mn

Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарейн станцыг ашиглалтанд оруулснаа мэдэгдээд байгаа. ОХУ-ын цахилгаан эрчим хүчний хангамж зогсох болсонтой холбоотойгоор дотоодын нөөц бололцоог бий болгох шаардлагатай болж байгаа юм. Энэ талаар ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн энергийн лабораторийн эрхлэгч, доктор Л.Сарантуяатай ярилцлаа.


-Танай хүрээлэн батарейнаас цахилгаан эрчим хүч гаргах судалгааг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Эрчим хүчний хараат улсын хувьд энэ бол сайн мэдээ юм. Судалгааны үр дүн юу болж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай хүрээлэнгийн хувьд батарейтай холбоотой судалгааг 2013 оноос хийж эхэлсэн байдаг. Одоогийн манай судалгааны багийн хийж байгаа төсөл бол “Батарейн технологийг зүгшрүүлэх, хаягдал батарейг сэргээн ашиглах туршилт судалгаа” юм. Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжилттэй энэ төсөл маань 2022 оноос хэрэгжиж эхэлсэн.

Энэ төслийн хүрээнд бид хоёр төрлийн судалгааг хийж байна. Эхнийх нь батарейн технологийг зүгшрүүлэх. Энэ ажлын хүрээнд бид лабораторийнхоо түвшинд литийн дахин цэнэглэгддэг батарейн электродуудыг гаргаж аваад дахин цэнэглэж болдог товчон батарейг угсарч бэлэн болгосон. Мөн гаргаж авч байгаа электродынхоо материалыг цахилгаан дамжуулах шинж чанар ч юм уу, хүчдэл ч юм уу эдгээрийг яаж сайжруулж болох судалгааны ажлуудыг үргэлжлүүлж байна.

Хоёр дахь хэсэг бол маш чухал хэсэг гэж үзэж байгаа. Өнөөдөр манай улсад хамгийн тулгамдаж байгаа асуудал бол цахилгаан эрчим хүчний эх үүсвэр. Бидний сайн мэдэх приус автомашин бол никл металл гидритийн батарейгаар ажилладаг. Эдгээр автомашинаас гарч байгаа хаягдал никл металл гидритийн батарейг бид лабораторидоо авчраад сэргээх ажлыг хийж эхэлсэн. Сэргээнэ гэдэг нь энгийнээр, ажиллагаагүй, нурсан батарейг туршилтын аргаар буцааж нурсан багтаамжийг өсгөх юм.

-Үр дүн хэр сайн байгаа вэ?

-Туршилтын үр дүнд багтаамж 5-13 хувьтай, бүр бага багтаамжтай байгаа хэсэг нь 100 хувь сэргэх үр дүн гарсан. Яг ингэж сэргээсэн батарейгаар 24 вольт, 48 вольтын бие даасан систем угсарч байна. Өөрөөр хэлбэл, малчдын өрхийн хэрэглээнд хэрэглэж байгаа хар тугалга хүчлийн аккумлятор шиг хүчин чадалтай, хаягдал батарейг сэргээсэн системийг угсарсан гэсэн үг. Ингээд угсарсан системээ нарны энергиэс цэнэглэх боломжтой систем болгосон. Энэ батарейгаараа өрхийн цахилгаан хэрэгсэл, жижиг оврын гэрэл асаах, телевизор, хөргөгч ажиллуулах туршилтуудыг хийж гүйцэтгэж байна.

Одоо бол эрчим хүчний салбар оргил ачааллын үед хүнд нөхцөл байдалтай байна. Ийм үед бие даасан батарейн систем, энергийн эрчим хүчний эх үүсвэр маш чухал асуудлуудыг нэг.

-Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүч нөөцлөх батарейн станц ашиглалтанд оруулаад байгаа. Мэргэжлийн хүний хувьд энэ станцын ач холбогдлын талаар тодруулбал?

-Ийм хүнд үед батарейн бие даасан станц ашиглалтанд орууллаа гэдэг мэдээ бол судлаач хүний хувьд ойрын үед сонссон хамгийн гэрэлтэй гэгээлэг мэдээ байлаа. Ийм нөхцөл байдалтай байгаа үед бие даасан системийг ашиглалтанд оруулсанд Эрчим хүчний яамныханд талархаж байна. Ингэж ашиглаж байгаа тохиолдол гадны улс оронд элбэг байдаг.

Бидний энэ судалгааны үр дүн ч нийгэмд, эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулах боломжтой. Приус машин өнөөдөр Улаанбаатар хотод ямар хэрэглээтэй байгаа билээ. Тэр хэрээр хаягдал батарей гарч байгаа. Учир нь манайхан Японоос голдуу хуучин машин оруулж ирдэг. Ойролцоогоор 10 хүртэл жил уначихсан машиныг оруулж ирдэг гэсэн үг. Гибрид автомашины өөрийнх нь никл металл гидридын батарейг солих хугацаа нь 10 жил байдаг. Бид приус машиныг авч оруулж ирээд хоёр, гурван жил, сайн явлаа гэхэд таван жил унаад батарейг нь сольдог. Үүнийг дагаад хог хаягдал маш их нэмэгддэг. Энгийн нүдэнд харагдахгүй ч улс орны хувьд маш их хэмжээний хаягдал гарч байдаг. Тэгвэл тэр хог хаягдлыг сэргээж чадаж болж байна шүү дээ. Одоогоор жижиг систем дээр явж байна. Цаашлаад энэ хаягдал батарейг ашиглаад батарейн дэд станц буюу энерги нөөцлөх, хуримтлуулах, батарейнаас үйлдвэрлэх зэрэг асуудлуудыг хийх шаардлагатай.

-Хаягдал батарейн эх үүсвэрийн судалгааг хийсэн байх?

-2023 оны байдлаар Монгол Улсад гибрид автомашины тоо 362814 байсан. 2023 оны байдлаар Японоос импортоор оруулж ирсэн хуучин автомашины тоо 60 мянга байгаа. Магадгүй 2020, 2021, 2022 оны стастистикийг харвал өсөн нэмэгдсэн байх магадлалтай.

Орж ирж байгаа энэ автомашины ашиглалтын хугацааг дунджаар харахад дээр хэлснээр 10 жил хүртэл уначихсан машин байдаг. Мэдээж он залуу, шинэ машин авч байгаа хүмүүс байгаа ч цөөхөн хувь нь. Цаашлаад гибрид автомашины хэрэглээ өссөөр байна. Тэгэхээр хаягдал тэр хэмжээндээ гарна гэсэн үг. Эх үүсвэрийн хангалттай гэж хэлж болно.

-Автомашин засварын газрууд батарей сэргээнэ гэдэг. Тэр хэр үр дүнтэй ажил вэ?

-Аюулгүй ажиллагааны хувьд анхаарах шаардлагатай. Мэдээж тэнд судалгаа шинжилгээний үндэслэлтэй ажиллагаа хийгдэхгүй. Ерөөсөө бүх 28 элементийг үзээд дундаас нь багтаамж багыг сугалж аваад арай өндөр багтаамжтайгаар нь сольчихдог. Ийм байдлаар сольчихоор өөр өөр багтаамжтай болчихно. Түүнийг тэнцвэржүүлэхгүйгээр жолоочийг явуулчихдаг. Жаахан яваад буцаад хүрээд ирнэ. Аргагүй шүү дээ. Приус автомашин батарей 28-уулаа цуваагаар холбогддог. Тавдугаар элемент багтаамжгүй боллоо гэхэд түүнээс цаашхи элементүүд нь хязгаарлагдана гэсэн үг. Нэг ёсондоо шинжлэх ухааны үндэслэлтэй сэргээх процесс, буцаад өрхийн хэрэглээнд цахилгаан үүсгэвэр болгох асуудал бол заавал мэргэжлийн судалгаагаар тодорхойлж гаргах шаардлагатай.

-Мэргэжлийн хүмүүс та бүхэн туршилт судалгаа хийгээд үр дүн гаргачихлаа. Үүнийг хэрэглээнд, зах зээлд нэвтрүүлэх ажил чухал. Хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд үйлдвэрлээд худалдаад байх боломжгүй биз дээ?

-Яг зөв. Энэ бол туршилт судалгааны ажил шүү дээ. Батарейн технологийг зүгшрүүлэлтийн төсөл. Өмнө нь хийгдэж байсан бааз суурь, судалгаан дээрээ үндэслээд технологийг зүгшрүүлэх гэсэн утгатай. Энэ төслийн хүрээнд хаягдал батарейг хэрхэн сэргээх вэ, яаж бие даасан систем угсрах уу зэргээр зүгшрүүлчихлээ. Бид хүрээлэнгийн жижиг лабораторид зогсоо зайгүй үйлдвэрлээд байж чадахгүй. Хүн хүч, байр савны асуудал гарч ирнэ. Батарей овор хэмжээ ихтэй. 28 элементээс бүрдэж байгаа, жин нь 30 гаруй кг. Багаж тоног төхөөрөмжийн асуудал ч байна.

-Зах зээлд нийлүүлэх боломжийн талаар илүү тодруулаач?

-Одоогоор үйлдвэр болох юм бол өдөрт бид тэчнээн хэмжээний батарейг сэргээж чадна гэдэг судалгаа гаргаагүй. Харин бидний хийж байгаа судалгааг сонирхоод инноваци болгоё, хэрэглээнд нэвтрүүлье гэх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд байвал хурдтай явах байх. Суурь, зүгшрүүлэх судалгаа, туршилт хийгдчихэж байгаа учраас цаашид мэдээж үйлдвэрлэлд нэвтрэх бүрэн боломжтой.

-Дотоодын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг үүнээс өөрөөр яаж нэмэх вэ. Судлаач хүний хувьд энэ тал дээр байр суурийг тань сонсмоор байна?

-Бид одоо зөвхөн нүүрсний цахилгаан станцаасаа эрчим хүчээ авч байна. Гадны улс орнууд энэ асуудлаа цөмийн цахилгаан станцаар шийдэж байна. Хамгийн чухал эх үүсвэр бол энэ.

Мөн батарейн бие даасан системүүдээр шийдэж байна. Түүнээс гадна нарны эрчим хүч, салхи, усан цахилгаан станц гэх мэт маш олон төрлийн эрчим хүчийг шийдвэрлэх эх үүсвэрүүд байгаа. Яг энэ батарейн станц, эрчим хүчний бие даасан систем бол хамгийн хэрэгтэй, эвтэйхэн, боломжтой хувилбар.

Манайх цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай, байнга дулаахан байхгүй. Нарны эрчим хүчээр шийдье гэхээр ашигт коэффициент багатай. Мэдээж цөмийн цахилгаан станцыг заавал барих шаардлагатай. Агаарын бохирдол ямар хүнд байгаа билээ. Одоогийн байгаа нүүрсэн цахилгаан станц ачааллаа дийлэхээ больж байна. Гаднаас бид цахилгаан эрчим хүч авч байна. Тэгэхээр судлаачийн хувьд цөмийн цахилгаан станц болон батарейн бие даасан станцыг ашиглалтанд оруулах шаардлагатай гэж хэлмээр байна. Ингэснээр бид цахилгаан эрчим хүчээрээ хараат бус болох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, манайд цөмийн ганц цахилгаан станц байхад л хангалттай. Мэдээж дагаад аюулгүй ажиллагаа, түлшээ хэрхэн зохицуулах, түлшнээс гарч байгаа цацраг идэвхт хог хаягдлыг хэрхэх вэ гэдэг хариуцлагатай асуудал яригддаг. Түүнийг шийдээд явж болно.

Бидний одоо цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг хангаж байгаа нүүрс шавхагддаг нөөц. Цөмийн цахилгаан станцын түлш шавхагдах нөөц ч гэлээ хүчин чадлын хувьд хэд дахин өндөр. Тэгэхээр эрчим хүчний салбарт заавал шинэчлэлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улсаараа лаагаа асаагаад суух байдал руу орох эрсдэлтэй болчихоод байна шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Инженер Б.Цэвэгмид: Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн тэмдэг тэмдэглэгээг зөв болгох хүртэл торгуулиа зогсоосон гэсэн DNN.mn

Төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт зөрчлийн арга хэмжээ авч торгодог систем хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Инженер Б.Цэвэгмидийн хувьд энэ тогтолцоо нь хууль бус, жолооч нарын эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн шүүхэд хандаж, ялж байсан удаатай. Тэрээр Төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт зөрчлийн арга хэмжээ авахыг зогсоосон талаар өчигдөр олон нийтийн сүлжээнд мэдээлсэн юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт зөрчлийн арга хэмжээ авах нь яагаад хууль бус болох талаар тодруулмаар байна?

-Үүнийг анх 2016 оны наймдугаар сарын 24-нд НИТХ дээр автобусанд зориулж нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь зөв байсан байх. Би эгнээ чөлөөлсөн асуудлыг эсэргүүцдэггүй. Харин эгнээ чөлөөлөхдөө зөв тэмдэг тэмдэглэгээ тавьсан, нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулж чөлөөлсөн шүү гэдгийг манай улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм, замын хөдөлгөөний дүрмийн дагуу замын тэмдэг, тэмдэглэгээг тавих ёстой байсан юм. Тэгээгүйгээс буруу болоод байна. Жолоочийг торгох үндэслэл байхгүй гэдгийг би анх хөндөж тавьж байсан.

Одоо дахиад авто замын дөрөв, таван уулзвар дээр эгнээ чөлөөлөх асуудал яригдаж байгааг мэдээллийн хэрэгслээс сонслоо. Энэ ажил бол зөвхөн Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар сууж байгаад “Нэгдүгээр эгнээг чөлөөлөөд автобус явуулчих” гэж шийдэх асуудал биш юм. Энэ бол тодорхой хэмжээгээр техникийн нөхцөл шаарддаг, техникийн баримт бичиг үйлдэж байж, болох уу болохгүй юу судалж байж тогтоодог инженерийн шийдэл. Ийм инженерийн шийдлийг манай нэг дарга шууд амаараа шийдчихдэг учраас энэ журам амьдрал дээр хэрэгжиж өгөхгүй байгаа юм.

-Тэгвэл одоо нэгдүгээр эгнээгээр явсан жолооч нарыг торгохгүй болсон гэдэг үнэн үү?

-Энэ асуудал дээр Тээврийн прокуророос анхаарал хандуулж, шалгаж үзсэн юм байна. Түүний дагуу Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс торгууль бичихийг зогсоосон мэдээлэл би аваад байна. Тодруулбал, торгууль зогсоогоод долоо хонож байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн тэмдэг тэмдэглэгээг зөв болгох хүртэл торгуулиа зогсоосон шүү гэдгийг албаны хүмүүсээс сонслоо гэсэн юм.

Энэ талаар Прокурорын байгууллагаас тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Эрдэнэчимэг: Зургаа, долоон жилээр тэтгэврээ бодуулсан иргэдийн тэтгэврийг таван жилийн цалингаар өөрчлөн тогтоож байна DNN.mn

Ирэх оноос Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд тэтгэвэр авагчдын хувьд тэтгэвэр тогтоолгосон дундаж жилийг өөрчлөх зохицуулалт ороод байгаа юм. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Ч.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


-Он гараад Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн онцлог юу байгаа талаар тодруулъя?

-Нийгмийн даатгалын багц хууль 30 дахь жилийнхээ нүүрэн дээр шинээр шинэчлэн найруулга хийгдэж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна.

Өмнө нь нийгмийн даатгалын асуудлыг салбар салбарын 50, 60 хуулийн заалтыг нэгтгэж нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлж ирсэн. даатгалын асуудлыг багц хуулиар шийдвэрлэх зарчмаар хийгдэж байгаагаараа онцлог. Мэдээж цоо шинэ хууль биш. 30 жилийн түүхэнд амьдрал, практик дээр шийдвэрлэгдэж болохгүй, хуулинд тусгагдаагүй байсан асуудлуудыг тусгаж өгсөн. Мөн дээр нь нийгмийн даатгалын хуримтлал үүсгэх, эв санааны нэгдлээс хуримтлалын зарчимд шилжих зэрэг үзэл санааны хувьд шинэ түвшинд гарч байгаа юм.

Шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хууль гэж шинээр батлагдсан. Үүнд нийгмийн даатгалын орлого бүрдүүлэлттэй холбоотой, нийгмийн даатгалын байгууллагын тогтолцооны асуудал, хариуцлага тооцох, Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэмжийн тухай хууль гэж төрөлжүүлээд багцалж өгснөөрөө онцлогтой. Дээр нь хамрах хүрээний хувьд Засгийн газрын тогтоол журмаар зохицуулагдаж байсан, чиглэл, зөвлөмжөөр хэрэгжүүлж байсан ажлуудыг ерөнхий хууль руугаа тусгаж өгсөн.

-Тэтгэвэр авагчдын хувьд ямар өөрчлөлт орчихов?

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн гуравдугаар заалтыг хэрэгжүүлэхийн тулд 2019-2023 оны хооронд зургаа, долоон жилийн дундаж цалингаар тэтгэврээ бодуулсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг таван жилийн цалингаар өөрчлөн тогтоох ажил хийгдэж байна.

Учир нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс олгох тэтгэврийг 2023 оны арванхоёрдугаар сард бэлтгэж явуулдаг. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчдын гар дээр тухайн сарын 1-ний өдөр тэтгэвэр нь байхын тулд өмнөх сард бэлтгэж явуулдаг. Тиймээс хугацаа алдахгүй, иргэдийг чирэгдүүлэхгүй, хуулийг шууд хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу иргэдийн дундаж цалинг 2019-2023 онд тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн дундаж цалинг таван жилээр өөрчлөн тогтоолт хийж, иргэдэд мэдээлэл өгөөд шуурхай ажиллаад явж байна.

-Таван жил болсноор иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Бодолт хийлгэснээр тэтгэвэр нь нэмэгдэхгүй буурах ч хүмүүс бий. Нэмэгдэх ч хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн ажилласан жил, дундаж цалин, асуудлууд өөр байгаа шүү дээ. Дундаж цалин сонгоогүй, эсвэл дундаж цалин бага хүмүүсийнх нэмэгдэхгүй. Нөгөө талаар долоон жил дотроосоо эхний цалин нь өндөр, эсвэл сүүлийн оных нь цалин өндөр, дундаа доод хэмжээгээр төлсөн хүмүүсийнх буурах хандлагатай байгаа. Энэ бодолтыг хийхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс шууд программаар автоматаар бодогдож байгаа дүн. Иргэдэд ч гэсэн мэдээллийг хурдан өгөх, өөрчлөн тогтоолтыг шуурхай мэдээлэхийн тулд бид аль болох цахимаар үйлчилгээ үзүүлж байна. тэгэхээр иргэд программаас аль нь өндөр вэ гэдгийг сонгох боломжтой.

Долоон жил дотроо өссөн, буурсан цалинтай хүмүүст буурах хандлагатай байгаа. энэ тохиолдолд тэтгэврийг хуучин олгож байснаар нь олгоно.

-Ямар хүмүүсийнх нэмэгдэх вэ?

-Жигд өсөлттэй авсан цалинтай хүмүүсийн тэтгэвэр өснө. Ялангуяа төрийн албан хаагчид. Засгийн газрын тогтоолоор цалин нэмэгддэг хүмүүс шүү дээ. Цалин нь жигд өсөөд явж байсан хүмүүсийнх нэмэгдэнэ.

Энэ өөрчлөлтийг хоёр янзаар хийж байгаа. Эхний бүлэг хүмүүс өөрийнхөө сонгосон нь зургаа, долоон жилийн цалин дотроосоо аль өндөр таван жилийг сонгох боломжтой. Үүнийг нь бид шууд газар дээр нь бодолтыг хийгээд өгчихөж байна. Үүнээс гадна тэтгэвэр тогтоолгочихсон байгаа зургаа, долоо жилээ болиод өөр үеийн таван жилийг сонгох сонирхолтой хүмүүс бий. Ийм хүмүүс хэлтэс дээр биечлэн ирж хүсэлтээ өгнө. Өгөхдөө өөр сонгох таван жилээ тодорхойлоод И-монголиа юм уу бар кодтой QR лавлагааг И-монголиас авч сонголтоо хийгээд өөрчлүүлэх боломжтой. Энэ сонголт бол 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хийгдэнэ.

-Иргэд бодолтоо хийлгэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ?

-Тэтгэврийн материалыг бид цахимаар болон цаасан хэлбэрээр хүлээж авч байна.

Харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр биеэр хүрээд ирж байгаа хүмүүст тэр дор нь өргөдлийн маягт бөглүүлээд үйлчилгээгээ үзүүлж байна. Цахимаар бол daatguulagch.ndaatgal.mn сайтаар ороод хүсэлтээ өгч болно.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Цогтбилгүүндарь: В.Зеленский ерөнхийлөгч “Монгол Улс өөрсдийн гэсэн мэдээллийн орон зайтай болох хэрэгтэй” гэсэн нь санаанд үлджээ DNN.mn

Unnu.news медиа компанийн продюсер Х.Цогтбилгүүндарьтай ярилцлаа.

Тэрээр Япон, БНСУ, Сингапур зэрэг олон орны сэтгүүлчидтэй Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзалт ярилцлага хийгээд эх орондоо ирээд байгаа юм.


-Дэлхий нийт энх тайвныг эрхэмлэж байгаа 21 дүгээр зуунд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдөөсөн явдал Украин-Оросын дайн байлаа. Манай сонин энэ дайныг анхнаас нь эсэргүүцэж, нийтлэлийн бодлогоо барьж ирсэн. Харин өөрөө тэрхалуун цэг дээр очсон анхны монгол сэтгүүлч байлаа. Тэр утгаараа хэвлэлийнхэн бидний хувьд сонин содон зочин юм. Дайны талбарыг зорих болсон шалтгаан, түүнийг бий болгосон боломжийн талаар сонирхуулаач?

-Манай Unnu.news бол 18-35 насны шинэ үеийн залууст зориулсан дижитал суурьтай тайлбарт хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Өнгөрсөн жилийн долдугаар сараас нэг найзтайгаа хамтарч үүсгэн байгуулсан. Би өөрөө АНУ-д олон улсын харилцаа, хөгжлийн аргазүй гэсэн төрийн бодлогын чиглэлээр бакалавр, магистраа хамгаалсан. Тиймээс 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу довтолсон үйл явдал, шалтгааныг тайлбарласан бичлэг хийж сошиал сүлжээнд тавьсан. Мөн 2022 оны есдүгээр сард ОХУ-д нэлээн том цэрэг татлага явагдаж, маш олон оросууд, Оросын бага ястнууд болох буриад, халимагууд Монголд орж ирсэн. Үүнээс улбаалж, яагаад ийм нөхцөл байдал үүсэв, ОХУ-ын бага ястан үндэсний цөөнх нь яагаад энэ дайнд илүү олноор үрэгдэж байна вэ гэдгийг харуулсан видео контент бэлтгэсэн юм. Украиныг зорьсон нэг том шалтгаан маань ч энэ юм.

Украин бол ЗХУ-ын нэг хэсэг байсан. 1991 онд Украин тусгаар тогтнож, манай улс 1992 онд ардчилсан улс болж тогтолцоогоо өөрчилсөн. Нэг ёсондоо түүх нь адилхан. Хоёулаа монгол хүн гэж хэн бэ, Монголын түүх юу вэ, украин хүн гэж хэн бэ, Украины түүх юу вэ гэж аль, аль нь өөрсдийгөө дахиж таньж мэдэх аялалд 30 гаруй жил гарчихсан. Ийм хоёр сэдвээр илүү сонирхож байлаа.

-Ажил хэрэг болгоно гэдэг тийм ч амар байгаагүй болов уу?

-Украины Нийтийн эрх ашгийн сэтгүүлзүйн лаборатори гэдэг байгууллага байдаг.

Украин хоёр сэтгүүлч Украины сэтгүүлзүйг дараагийн шатанд гаргахад юу хийх талаар ажилладаг байсан. Ингээд дайн эхлэхэд дайны гэмт хэргийг эрэн сурвалжлах чиглэлээр мэргэших чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Энэ хүрээнд тивүүдийг холбох буюу дайны нөхцөл байдлыг дэлхийн улс орнуудад харуулах, ойлгуулах төслийг эхлүүлсэн байсан. Үүнийг нь ерөнхийлөгч В.Зеленский нь дэмжсэн. Ингээд биднээс өмнө Африк, Латин Америкийн сэтгүүлчид очсон байсан. Хамгийн сүүлд Азийн долоон орны сэтгүүлчид очиж байгаа нь тэр. Япон, БНСУ, Сингапур улс бол хөгжлөөрөө Азийн том улсуудын нэг шүү дээ. Эдгээр улсууд дайн эхэлснээс хойш ОХУ-д янз бүрийн эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж ирсэн учраас Украины талаас зүй ёсоор уригдсан байдаг. Харин Зүүн өмнөд Азийн Индонез, Тайланд, Камбож улсын сэтгүүлчид өөр шалтгаанаар уригдсан байлаа. Индонез гэхэд дэлхийн хамгийн олон муслим шашинтай иргэдтэй улс. Гэтэл дайн эхэлснээс хойш сүүлийн нэг жил гэхэд ОХУ-ын тал муслим хүмүүст “Бид мулсимчуудыг хамгаалагч” гэж сурталчилж ирсэн. Бодит нөхцөл байдал дээр өөр байгаа учраас хамгийн олон муслим иргэдтэй улсад түүнийг нь ойлгуулъя гэж Индонезын сэтгүүлчдийг урьсан. Тайландад олон тооны ОХУ-ын жуулчид очдог. Меню нь англи, орос, тайланд хэл дээр байдаг. Тиймээс оросуудын хамгийн их очдог оронд ОХУ-ыг ойлгуулах зорилгоор урьсан байсан. Камбож бол маш том геноцидын түүхтэй гэгддэг. ОХУ-ын Украинд хийж байгаа дайныг украинчуудын талаас геноцид буюу үндэстэнг устгах оролдлого гэж үзэж байгаа учраас түүхээрээ холбогдсон хэмээн урьсан.

-Тэгвэл Монголыг?

-Энэ маш сонирхолтой асуулт байсан гэсэн. Монголчуудыг урьсан хамгийн том шалтгаан нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дайн эхэлж байх үед Украиныг дэмжиж сошиал сүлжээнд мэдэгдэл хийснийг та бид мэднэ. Түүнийг анх Украины ард түмэн сонсоод шоконд орсон гэсэн. Учир нь Азиудыг тэр дундаа монголчуудыг татарууд, зэрлэгүүд, харанхуй бүдүүлэг гэж боддог байсан. Барууны Өрнөдийн орнуудад байдаг түгээмэл ойлголт энэ л дээ. Ийм нэршилтэй, Хятад Орос хоёрын хооронд байдаг жижиг улс орны Ерөнхийлөгч нь Украиныг дэмжиж мэдэгдэл хийсэн нь онцгой явдал болсон. Хэдийгээр Монгол Улсын албан ёсны байр суурь бол төвийг сахисан, энх тайвныг эрхэмлэж байгаа ч гэсэн өмнөх Ерөнхийлөгч, иргэний нийгэм нь энх тайвны төлөө зоригтой дуугарч байгаа гэдэг утгаар Монгол Улсыг урьсан гэсэн. Өөрөөр хэлбэл, манай байгууллага уригдсанаас илүү Монгол Улс яагаад тэнд уригдсан бэ гэдэг нь тийм учир шалтгаантай юм билээ.

-За ингээд Украиныг зорьсон. Та бүхний хөтөлбөр ямар байв?

-Тивүүдийг холбох хөтөлбөр Украинд есөн хоног үргэлжилсэн. Долоо хоногийн хугацаанд 50 гаруй ярилцлага хийсэн. Амьдралдаа хамгийн богино хугацаанд асар их ярилцлага хийсэн байх аа /инээв/. Сүүлдээ их ядарсан. Украинчууд дайны нөхцөл байдалд байгаа учраас амралтын өдөр гэж байхгүй. Цаг наргүй, хоол ундгүй ажиллаж байсан. Түүнийгээ өөрсдөө ч анзаарахаа больчихсон. Тиймээс бид ч түүнд нь чирэгдээд явсан. Гомдоллох ч боломжгүй. Асар их мэдээллээр бөмбөгдүүлсэн. Яахав, хүмүүсийн дунд барууны санхүүжилттэй явсан гэх мэтээр хардалт үүссэн байж магадгүй. Бид Украины ерөнхийлөгч, тэргүүн хатагтайтай уулзахаас гадна Эдийн засгийн яам, Дэд бүтцийн яам, Цахим шилжилтийн яам, ерөнхий прокурор, парламентынх нь гишүүд, сөрөг хүчин зэрэг өөр өөр ажлын албадуудтай уулзсан. Түүнээс гадна иргэний нийгмийн төлөөллүүд, хөндлөнгөөс ажиглагчид, активист буюу тэмцэгчид, мөн цэргүүдтэй ч уулзсан. Эд эрхтнээ алдсан, дайнд хохирсон хүмүүстэй ч тэр. Маш олон бүлгийн хүмүүстэй уулзсан учраас маш сайн, олон талт мэдээллээр хангагдаж чадсан гэж бодож байгаа.

-Долоон орны сэтгүүлчид тал бүрээс уулзсан байх нь. Тэд бүгд өөр өөрийн өнцөг, сэдвийг өвөртөлж очсон байх. Тэд голчлон ямар асуудлыг хөндөж байв даа?

-Надаас гадна зургаан орны сэтгүүлчид байсан болохоор бүгд өөр өөрсдийн гэсэн зорилготой, амбицтай байсан. Жишээ нь, БНСУ-ын сэтгүүлчийн асуусан гол асуулт бол Хойд Солонгосоос ОХУ зэр зэвсэг авсан нь Украинд нөхцөл байдлыг хэр хүндрүүлж байна вэ. Умард Солонгосын цэргүүд ОХУ-д байлдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа, үнэн үү гэх жишээтэй. Японы талаас Украинд маш их мөнгөн тусламж үзүүлж байгаа учраас дайн хэзээ дуусах вэ, Украин энэ дайнд ялах уу, танай ард түмэн удаан тэмцэж чадах уу гэх мэтийг сонирхож, буцаад ард түмэндээ мэдээлэл өгөхийг хүсч байсан.

Сингапураас гэхэд Азийн бүс нутагт Хятадын нөлөөг судалдаг сэтгүүлч ирсэн байна лээ. Тиймээс Хятадтай холбоотой асуулт тавьсан. Миний хувьд Монгол Улсын хувьд хэрхэн өөрсдийнхөө тусгаар тогтнолыг хамгаалах вэ. Мэдээж ОХУ-тай ямар нэгэн сөргөлдөөн байхгүй ч гэсэн ирээдүйд бид тусгаар тогтнолоо яаж баталгаажуулах вэ гэдэг талаас голчлон асуусан. Мөн мэдээллийн дайн, пропоганда буюу суртал ухуулга, тархи угаалт хэрхэн илэрдэг вэ, үүнтэй хэрхэн тэмцдэг вэ гэх зэргийг онцолсон.

Монгол Улсын иргэн хүний хувьд би сэтгэл эмэглэдэг нэг зүйл бол нийгмийн талцал. Үе хоорондын талцал, үзэл санааны хувьд талцдаг байдал манайд маш их бий. Энэ талцал нь цаагуураа бид байгалиасаа талцаад байна уу, эсвэл гадны нөлөөгөөр хоорондоо талцаад байна уу гэдгийг ухаж ойлгохыг хүсдэг.

-Украины тэргүүний хариултаас онцлох агуулга юу байв?

-Сэтгүүлчид бид долуулаа байсан. В.Зеленский ерөнхийлөгч их дэлгэрэнгүй хариулт өгдөг юм билээ. Нэг асуулт аваад дунджаар 5-10 минут зогсолтгүй хариулж байсан. Долоон сэтгүүлч нэг, нэг асуулт асуугаад олгогдсон нэг цагийн хугацаандаа бараг таарсан. Сонирхолтой байж магадгүй, тэр үеийн нөхцөл байдлыг хэлье л дээ. Тэнд Азийн хамгийн том редакциуд ирсэн байсан. CNN, Японы “Никкэй” сонин гэх зэрэг. Сүүлд нэмэгдээд Ерөнхийлөгчийн Тамгын газартай удаан харилцаж байгаа Японы “Киодо” гэдэг редакц орж ирээд Японы хэвлэлүүд хоорондоо өрсөлдөж байсныг харах сонин л байлаа. В.Зеленский ерөнхийлөгчтэй уулзахын өмнөх өдөр Тэргүүн хатагтайтай уулзах тов байсан. Нөгөө том хэвлэлүүд маань хоорондоо өрсөлдөөд болдоггүй. Тэгэхээр нь би “Манайхаан би асуултуудын жагсаалт гаргая” гээд хөндөх гэж байгаа бүх сэдвийг нь яриулаад хамгийн өргөн асуултаас эхлээд хамгийн нарийн асуултууд хүртэл жагсаая гэсэн. Тэд ч зөвшөөрсөн. Нэг ёсондоо ярилцлагын продюссер хийсэн шүү. /инээв/ Тэр ажлаа би сайн хийсэн учраас сэтгүүлчид маань маргааш нь Ерөнхийлөгчийн ярилцлагыг ч зохицуулж өгөөрэй гэх зэргээр сайхан харилцаа үүсгэж чадсан. Залуу сэтгүүлч, Монголыг төлөөлж яваа хүний хувьд амттай гоё аялал байлаа.

-Тэргүүн хатагтай юу ярих юм бэ?

-Надад хамгийн сонирхолтой байсан нь тэргүүн хатагтайн уулзалт. “Би Монголоос ирсэн сэтгүүлч байна аа” гэхэд миний асуултанд хариулахдаа “Манай нөхөр Монголын тухай маш их ярьдаг. Дөрвөн жил Монголд амьдарч байсан. Аав нь Монголд 20 орчим жил багшилсан. Одоо хүртэл Политехникийн коллежид онлайнаар багшилдаг” гэсэн нь сонирхолтой байсан.

Ерөнхийлөгч тэргүүн хатагтай хоёр хамт амьдардаггүй юм билээ. Дайнаас болж долоо хоногт нэг, заримдаа сард нэг удаа уулздаг. Тэргүүн хатагтай “Би та нарт гоё мэдээ хэлэхэд өнөөдөр нөхөртэйгөө уулзсан. Нөхөртэйгөө уулзаад миний хувьд гоё өдөр болж байна. Би хэнээс ч түрүүлээд мэдээ авахыг хүсдэг. Заримдаа яг үнэндээ бид дайнд ялчихсан, Зеленский надад хэлэхгүй нуугаад байгаа юу гэж хүртэл асуудаг. Бид хоёр өнөөдөр уулзаад хүүхдүүддээ зул сарын баяраар ямар бэлэг авах уу гэдгээ ярилцсан” гэсэн тэр хариулт надад хүнлэг санагдсан.

-Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах агшин ямар байв?

-В.Зеленский ерөнхийлөгчийн хувьд маш их стресстэй байгаа нь шууд ажиглагдсан. Харин сэтгүүлчдийн асуултад маш дэлгэрэнгүй хариулсан. Тэр дундаа миний асуултын хариултыг тухайн үед орчуулж байсан хүмүүс “Ерөнхиийлөгчийн хариулт маш дэлгэрэнгүй, мэдээлэл сайтай байлаа” гэж хэлж байна лээ. Тэр ярилцлагаас хэлэх гол агуулга бол “Монгол өөрсдийн гэсэн мэдээллийн орон зай хэрэгтэй” гэсэн нь маш чухал санагдсан. Нэг ёсондоо өөрсдийн гэсэн бие даасан, улстөрчдийн хараат бус, нөлөөнд автаагүй хэвлэлтэй байх. Заавал монгол, англи хэлээр байх нь чухал биш, Улаанбаатарт ийм зүйл болж байна, Монгол ийм байр суурьтай байна, монголчууд ингэж үзэж байна гэж Монголын нэрээ олон улсын түвшинд байнга гаргаж байгаарай гэсэн мессэжийг нь онцолмоор байна.

-Дайнд өртсөн улс орон, хот суурин ямар байсан нь ойлгомжтой. Бид бол энх тайван улсад амьдарч байгаа иргэд. Таны харсан шиг төсөөлөл харамсалтай нь байхгүй. Тиймээс нөхцөл байдал ямар байсныг эргэн санавал?

-Украинд бид төмөр замаар очсон. Агаарын зам хаалттай. Гудамжаар нь явж байхад Улаанбаатарт ч яваад байгаа юм шиг. Гэхдээ Киев үзэсгэлэнтэй хот юм билээ. Улаанбаатар хот маань суурин соёлд шилжиж эхэлсэн цаг үе нь ЗХУ-ын үе учраас социалист улс байхдаа хотожсон. Тэрнээс өмнө баригдсан байшин барилга асар цөөн. Харин Киевийн хувьд бүр X зууны үеийн, “Монголчууд ирээд сүйрүүлсэн байшин барилга хүртэл энэ байна” гэж онигоо болгоод хэлж байсан. Чернихив хотод явж байхад “Энэ манай Украинд байдаг хамгийн дээр үеийн христийн сүм” гэхээр нь би “Ашгүй дээ, монгочууд устгаагүй дурсгал байгаа юм байна” гэтэл “Үгүй шүү, та нар устгасан. Бид нар дахиж сэргээсэн” гэж байсан.

Дэд бүтцийнх нь дэд сайдтай уулзаад ярилцаж байхад “Хамгийн эхний сум Украин руу орж ирэхээс эхлээд бид сэргээн босголтыг тэр дор нь эхэлсэн” гэж байсан. Тэр утгаараа Киев хотод очиход ер нь дайн болоод байгаа нь мэдэгдэхгүй. Гэхдээ хүмүүстэй нь уулзах хүртлээ шүү. Харин хүмүүстэй нь уулзахад травматсан, гэр бүл найз нөхдөө алдаагүй

байгаагүй. Биднийг яг очдог өдөр ОХУ-ын Украинд хийсэн хамгийн том дроны дайралт болсон. Киев хот руу 75 дрон ирж, 74-ийг нь устгаж амжсан байсан.

Өдөрт 2-3 удаа агаарын довтолгоо байнга болж байсан. Тэр тоогоор шөнийн хэдэн цагт ч хамаагүй бид зочид буудлынхаа хонгил руу орж нуугдаж байлаа. Украин жилийн өмнөхтэйгөө харьцуулахад агаарын хамгаалалт маш сайжирсан юм билээ. Янз бүрийн дроны дайралт, бөмбөгдөлтөөс маш сайн хамгаалж чадаж байгаа. Харин Украинчууд бүгд сэтгэлийн бэлтгэлтэй байгаа нэг зүйл нь хүйтрээд ОХУ-ын арми дулаан цахилгааныг нь таслах оролдлого хийх довтолгоог идэвхжүүлж байгааг онцолж байлаа.

-Киевээс өөр хотод очиж амжсан уу?

-Өөр хотууд руу явсан. Ялангуяа Бүча хотод ОХУ-ын армийг хөөж гаргасны дараа украинчууд хотоо буцааж авахад олон зуун хүнийг гудамжинд хөнөөж, масс оршуулга хүртэл хийж хаясан нь олдсон. Үүнийг яагаад ч юм Монголд байгаа бид гаднаас ажиглаж байгаа хүний довтолгоон хил дээр нь болж байгаа юм байна, хол юм байна гэж бодож байгаа. Би ч тэгж бодож байсан. Киевт очоод байхад “Өнөөдөр хэдүүлээ Бүча явна” гэхэд нэлээд удаан явах байх гэтэл 15 минутын дараа ирчихлээ гэсэн. Улаанбаатар хотоор төсөөлж ярихад ерөөсөө Налайх, Багануурт л Оросын цэргүүд ороод ирчихсэнтэй адил юм билээ.

-Дайнд өртсөн хүмүүсийн сэтгэлзүй, төрх байдал төсөөлөхөд ч хэцүү байв уу?

-Оросын тэр хүчтэй арми орж ирэхэд юу тэднийг зогсоож барьж байсан бэ гэхээр ард түмэн нь. Украины ард түмэн өөрсдөө тэмцэгч ард түмэн гэдгийг маш сайн мэдэрсэн. Засгийн газар маань сайн ажиллаж байна гэхээс илүү манай ардчилал хүчтэй болсон гэж үздэг юм билээ. Ерөнхийлөгч В.Зеленский дайн эхлэхэд зугтаад явчихаагүй, тэмцээд үлдсэнд нь баярладаг. Тэр утгаараа ерөнхийлөгчөө хүндэлдэг гэсэн. Ард түмэн нь тавих ёстой шаардлагаа дээд түвшинд тавьж байгаа. Украинчууд сөрөн тэсвэрлэх чадвар маш сайтай гэж үнэлж байсан.

Гэхдээ тэд байнга ийм байгаагүй. Ялангуяа Украин улс дайнаас өмнө авлигаараа асар өндөр түвшинд байсан. Украины бодлогын хүрээлэнгийн ажиглагчид, судлаачдын хэлж байгаагаар авлига аливаа улсыг хөнөөдөг, авлига алаг гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл энэ улс орон авлигын асуудлаа эрт шийдсэн, авлигад автсан улстөрчдөө эртхэн зайлуулсан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нөлөөнд автаагүй байсан бол өнөөдөр Украин ийм нөхцөл байдалд орохгүй байсан гэж дүгнэдэг юм билээ. Тэр утгаараа авлигыг одоо бол хүлцэж тэвчихгүй гэдгийг онцолж байсан.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Тодруулж хэлэх зүйл үлдсэн үү?

-Сансрын сонсогдож магадгүй. Өнөөдөр манай улсад түлш тасарлаа, хомсдлоо гэж эмзэглэх, Оросууд юмаа хаалаа гэж айх хандлага багагүй байна. Гэхдээ монголчууд бидэнд Оросууд гэрлээ унтраачих вий, харанхуй хүйтэн болчих вий гэж айхаасаа илүү бидний доторх гэрэл унтрах вий гэхээс л эмээх ёстой болов уу. Монгол хүн ирээдүйдээ итгэхээ больчих вий. Таарсан хүн бүр бараг гадагшаа явахыг мөрөөдөж байна. Монгол хүний мөрөөдөл гадагшаа л явах болчихоод байгаа нь жинэхэн эмзэглэх ёстой, унтрахаас айх ёстой гэрэл болов уу.

Б.ЭНХЗАЯА