ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.
-Япон улсад хэдхэн хоногийн өмнө газар хөдлөлт болж, цөөнгүй хүн амиа алдлаа. Түүгээр зогсохгүй онгоцны томоохон осол болж, олон улсыг цочирдууллаа. Тэмдэглүүштэй нь энэ аюултай нөхцөл байдлыг хохирол багатай даван туулж байна. Ялангуяа онгоцны ослын үед 90 секундэд 300 гаруй зорчигчийг аварсан ажиллагаа гайхамшигтай байлаа. Манайх ч дотооддоо шагшиж л байна. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагыг удирдаж байгаа гол хүмүүсийн нэг та энэ нөхцөл байдлыг арай өөрөөр харсан байх?
-Японы хоёр онгоц мөргөлдөөд маш богино хугацаанд зорчигчдоо гаргаж чадсан нь дэлхий даяар гайхширал төрүүллээ. Ослын үед хариу арга хэмжээ авах талаар онгоцны багийн бүрэлдэхүүн сургагдаж бэлтгэгддэг. Олон улсын хэмжээнд ч тэр, Монгол Улсын хэмжээнд ч тэр ялгаагүй. Хэрэвзээ тийм осол тохиолдвол онгоцны үйлчлэгчээс эхлээд нисэх багийн бүрэлдэхүүн хэрхэн ажиллах тухай аюулгүй ажиллагааны журам гэж байдаг. Түүний дагуу л нисэх бүрэлдэхүүн ажиллана. Монголд ийм том осол тохиолдож байгаагүй.
Японы энэ осол дэлхийн улсуудад өндөр хэмжээний сахилга бат, зохион байгуулалт, ур чадвар, бэлэн байдал зэргийг харууллаа. Эндээс манай үндэсний нисэх бүрэлдэхүүн олон зүйлийг олж харж цаашид аюулгүй байдлаа хангах тал дээр том сургамжит үйл явдал боллоо гэж харсан.
Эндээс харин цаашаа өргөн цар хүрээтэй харвал гамшгийн соёл гэдэг ойлголтыг сүүлийн үед их ярьдаг боллоо. Гамшгийн соёлын хамгийн тод үлгэр жишээ улс бол Япон. Японы ард түмэн маш дэг журамтай, зохион байгуулалттай, эх оронч. Ямар ч хүндрэл бэрхшээл тохиолдсон үед бид гэдэг, гэр бүлээрээ амьдарч, улс үндэстнээрээ зүтгэдэг онцлогтой улс. Тэр нь ч энэ аюулт ослын үеэр харагдлаа.
-Гамшгийн соёл гэдгийг задлаад хэлбэл юуг онцлох бол. Япончууд гамшгийг хохирол багатай даван туулдаг гол чанар нь юу юм бэ?
-Аливаа гамшиг, осол тохиолдсон үед түүнийг хохирол багатай даван туулах ганц арга зам бол зохицуулалт, зохион байгуулалт байдаг. Хэрэвзээ зохицуулалт алдагдах юм бол хор хохирол асар их хэмжээгээр нэмэгддэг. Харин зохицуулалтын үндсийн үндэс ерөөсөө л ард түмэн. Ард түмэн хэр бэлтгэгдсэн, сургагдсан, сахилга дэг журамтай, зохион байгуулалттай, хариуцлагатай, эх оронч байна, тэр хэмжээгээр хохирол бага даван туулах боломж бүрддэг. Япончууд гамшгийн соёл өндөртэй. Дэг журамтай, бусдадаа тусалдаг. Олон ч газар хөдлөлт, цунами гээд гамшигт өртөж хүний амь нас эрсдэж, их ч сургамж авсан, яаж амьд үлдэх вэ гэсэн арга ухаанд суралцсан байх. Гамшгийн соёл нь өөрийн амь насыг хамгаалахаас гадна бусдын амь насыг хамгаалах, эх орноо хамгаалах, хүндрэл бэрхшээл, зовлонгийн өмнө сөхрөхгүй тэмцэх зан заншил, ёс суртахуун, эх оронч үзлийг хэлээд байх шиг.
-Онгоцны энэ ослоос үүдэж тэгвэл бид ямар байгаа вэ гэдэг асуултыг олон нийт нэлээд өргөн хүрээнд тавьж харагдана лээ. Тэр асуултыг танд уламжилъя?
-Монгол орны хувьд ард иргэдээ сургаж бэлтгэх тал дээр Онцгой байдлын байгууллага бусад байгууллагатай хамтраад өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулж ирсэн. Гэхдээ энэ сургалт, заавар зөвлөмжийг дагаж мөрдөнө гэдэг өөр ойлголт. Өнгөрсөн хугацаанд, ялангуяа ковидын хоёр жил миний бие хүний мөс чанарын бэрхшээлтэй тулсан. Ний нуугүй хэлэхэд тэр үед монгол хүний зан чанарыг таньсан. Монгол хүн гэдэг “Би болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үндсэн том философиор амьдардаг хүмүүс юм билээ. Өчнөөн удаа хэлж сануулаад байхад л амиа л хичээгээд дайраад байдаг. Нийтийн өмнө хүлээх хариуцлага байдаггүй. Хэрэв яг ийм үзэл хандлагатай, ийм сахилга, дэг журам, боловсролтойгоор цаашаа Монгол Улсаа хөгжүүлнэ гэвэл мухар гудамж шиг л болно.
-Судлаачид, философичид яг таны энэ үгийг хэлдэг болсон. Одоо Онц гой байдлын байгууллагын бригадын генералын амнаас дахин сонсож байгаад гайхаж бас айдас төрж байна?
-Улс үндэстэнд гамшиг, ослоос гадна дахиад ч өөр хүндрэл бэрхшээл тохиолдоно. Та бүхэн дэлхий нийтэд болж байгаа бүх зүйлийг харж байгаа. Цэрэг дайны ажиллагаа өрнөж байна шүү дээ.
Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах баталгаа бол ард түмэн. Ямар ард түмэн байна тийм л улс үндэстэн байна гэдэг үг байдаг даа. Улс үндэстний аюулгүй байдлын том баталгаа, шалгуур бол ард түмэн өөрөө байхгүй юу. Бидний өмнөөс ирж зовж зүдрэх, хот хүрээ байгуулж, хийж бүтээж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгөх ямар ч улс дэлхий дээр байхгүй. Монгол Улсын газар нутаг дээр болж байгаа хүндрэл бэрхшээлийг бид хамтдаа л давна. Хөгжил цэцэглэлтэд бид хамт л хүрнэ. Одоо Бигээс Бид гэдэг зарчим руу ормоор байна.
-Ковидын хоёр жилийн карентин манайдаа л онцгой нөхцөл байдал байлаа шүү дээ. Тэр үеийг нэг бүрчлэн тэмтэрч хэлэх гол хүн нь та. Монгол хүн довоо л шарлуулдаг тийм аминч үзэлтэй гэж танд бүр бат нот суужээ?
-Монгол хүний мөс чанар муудсан юм билээ. Бидэнд үндэсний дархлаа гэж байхгүй болсон. Шулуухан л хэлье. Дэлхий нийтэд хамгийн муу үлгэр жишээг монголчуудаар зүйрлэдэг болчихоод байна. Би үүнийг олон хүний амнаас олон газарт очоод сонсож байгаа шүү. Гаднынхан бидэнд итгэхээ больсон. Монгол хүнтэй ажил ярьж болохгүй, зарчим дээрээ байдаггүй, эргэж буцдаг, худалч, цаг барьдаггүй, хулгайч гэгдэж байна. Үүний төлөө сэтгэл минь их шаналж байна.
Ковидын хоёр жилд монгол хүний мөс чанар яагаад ингэж тартагтаа тултал муудаад улс үндэстнээ, хүй элэгтнээ, бусдыгаа, тусгаар тогтнолоо боддоггүй юм бол оо гэж бодогдох олон тохиолдолтой тулгарсан. Зах зухаас жишээ болгож хэлье л дээ. Зөвхөн тусгаарлах байрныхаа мөнгийг төлөөгүй өчнөөн хүн үлдсэн шүү дээ. Бусад нь төлөөд байхад ганцаараа төлөхгүй гүрийсээр үлдэх хүмүүс олон байлаа. Хижээл насны хоёр эмэгтэй бүр хэрэлдээд дийлдээгүй. Хууль хяналтын байгууллага тийм хүмүүсийн өөдөөс шаардлага тавьж чаддаггүй юм билээ. Аргаа бараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өр барагдуулах хүн хүртэл авчирч байлаа. Өө тэр, хоол ундаа голох юу ч биш.
-Хилийн чанадад цар тахал хяналтаа алдаж байхад эх орондоо ирнэ гэдэг амь аврагдлаа л гэсэн үг байсан биз дээ?
-Зочид буудалд буугаад л бэлтгэсэн цагаан хэрэглэл, цахилгаан эд хэрэгслийг бүгдийг нь ухаж төнхөөд л. “Гар нь өтчихсөн юм шиг” гэдэг шиг бүгдийг нураагаад эвдлээд, зурагтыг нь хагалаад, цагаан хэрэглэлтэй орон дээр гуталтайгаа гарч хэвтээд, дээр нь хүүхдүүдээ шээлгээд матрасыг нь норгоод л. Хоол унд голно шилнэ гэж юу ч биш.
Цагаан хэрэгсэл солихгүй байна гээд гомдол гаргаад байхаар нь судлаад үзтэл өөрийнх нь гэрт цагаан хэрэглэл байгаагүй тохиолдол байсан. Хүний амьдрал их сонин юм билээ. Хэл ам хийгээд байгаа хүн болгоны ард өөрсдөө маш их асуудалтай хүмүүс байдаг. Бусдыг шүүмжлээд байдаг мөртлөө ардаа яг тийм асуудалтай. Үүнийг би бүр гайхсан. За тэгээд гаднаас цэвэр усны саванд архи оруулах, тортон дотор, варианы шилэнд архи дарс хийх юу ч биш.
Тэгээд зогсохгүй хамгийн их хүний эрх гэж ярьдаг. Би нэг тохиолдлыг бүр тод санаж байна. АНУ-аас нэг залуухан гэр бүл ирж тусгаарлах байранд байрласан юм. Хүүхдүүд нь АНУ-д төрсөн болохоор тэндхийн иргэншилтэй байсан байх. Монголд ирчихээд “Хүний эрх зөрчигдөөд байна, ийм байранд байхгүй, АНУын Элчин сайдын яам руу мэдэгдэнэ” гээд лайв хийгээд байна гэж манай хүмүүс орж ирлээ. Миний уур маш их хүрсэн. Чадан ядан байр бэлтгээд, эх оронд нь авчирчих юмсан гэж сэтгэл зовж байхад. Хариуд нь “Хэртэйхэн байгаарай, маргааш тэр АНУ руу чинь онгоцоор буцаагаад өгье. Тэндээ очоод хүний эрх яриарай. Би туурга тусгаар улсын төрийн албан хаагч, түшмэл байна. Би энэ улсад хууль дүрэм сахиулж байна. Намайг тэгж байна гэж хэлээрэй” гэж хэлүүлсэн. Хэн нэгэн захын хүн ирчихээд биднийг дайрч доромжлоод байдаг ямар учиртай юм бэ. 80 настай хөгшин хүртэл худлаа яриад л, “Хүүхэд өвчтэй” гээд уйлаад суугаад байхаар хүүхдийг нь татаад иртэл эв эрүүл залуу давхиад л орж ирдэг юм билээ. Хэн нэгэнд эх орноо дэвслүүлж чадахгүй.
Өнөөдөр социализмын үеийг шүүмжлээд л, эрх чөлөөт нийгэм байгуулаад хөгжил цэцэглэлтэд хүрэх гээд байна гэж дур зоргоороо яриад байх шиг байна. Тэр үед чинь харин монголчууд мөс чанартай байсан шүү. Хүн хүнээ хайрладаг, хүн хүндээ тусалдаг байсан. Өнөөдрийнх шиг араатан болоогүй. Өнөөдөр хүний мөс чанар гэдэг араатан шиг болчихсон. Тэр тусмаа гарч ирж байгаа залуу үе бүр илүү араатанлаг зан чанартай болчихсон. Намайг ингэж хэллээ гээд шүүмжилнэ үү, гомдоно уу хамаагүй.
-Таны хөндөж ярьдаг үндэсний сөрөн тэсвэрлэх даван туулах чадавхын тухай манай сонин өмнө нь ярилцаж байсан. Дахиад ч энэ тухай яримаар байна. Сөрөн тэсвэрлэх чадварыг бид яаж нийтээрээ бий болгох вэ?
-Аливаа бэрхшээл, гамшиг, осол бусад үед оршин тогтнох нэг том үндэс бол үндэсний сөрөн тэсвэрлэх даван туулах чадавх. Энэ чадавхын гол үндэс нь ард түмэн байдаг. Хэрэвзээ өнөөдөр бүгдээрээ хоорондоо хэрүүл уруултай, хот айлаараа, гэр бүл дотроо, уул амаараа бүгд хуваагдчихсан байгаа үед хүндрэл тохиолдвол бид нэгдэж байгаад давж чадах уу. Саяын Японы жишээг та хар даа. Онгоцны цонхоор гал дүрэлзэж байхад үйлчлэгчийн зааврыг хараад сууж байгаа япончуудыг. Манайх бол аль хэдийнэ ухасхийгээд нэгнийгээ түлхэж унагаад нэгэн дээрээ овоороод 300 гаруй хүн бүгд шатаж дуусна. Дараа нь хэн нэг хүн рүү дайраад л суух байсан. Тэгэхэд тэнд ямар том сахилга дэг журам, эх оронч хүний мөн чанар гэдгийг харуулав аа.Үүнийг л гамшгийн соёл гэж яриад байгаа юм.
Бид ард түмэнд гамшгийн соёлыг эзэмшүүлэх гэж хичээгээд байгаа. Ярьж байгаа яриаг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргана гэгчээр тоохгүй юм аа. Бид газар хөдлөлтийн аюул заналаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах сургалтууд их л хийх юм. Сүүлийн үед Монгол Улсын газар хөдлөлтийн тоо давтамж нэмэгдэж байгаа. Сая Японд болсон газар хөдлөлт 7.6 магнитуд гэдэг ес орчим балл. Улаанбаатар хот газар хөдлөлийн мужлалаар найм, долоон баллын дотор л байгаа. Түүнээс дээш бол бид бүгд сүйрнэ. Тийм аюул тохиолдсон үед бүгд хоорондоо хэрэлдээд, уйлж хашгираад, энд тэндгүй хулгай зэлгий хийгээд, дээрэмдээд, учир зүг нь олдохгүй, удирдлагад орж өгөхгүй, хэлснийг ойлгохгүй, хүмүүнлэгийн тусламжийг булаацалдаад. Энд тэндгүй хашгиралдаад, амиа бодоод байвал яаж улс үндэстэн оршин тогтнож үлдэх юм бэ. Хэчнээн ядуу зүдүү байж болно. Туурга тусгаар улс минь байна, төр минь байна. Ядуу зүдүү ч гэсэн ард түмэн байна. Одоо бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол хүний мөс чанар. Яг энэ янзаараа удах юм бол бид мөхөл рүүгээ мөлхөж байна л гэсэн үг шүү.
Хүүхэд багачуудаас эхлээд эх оронч хүмүүжил олгох, соён гэгээрүүлэх хувьсгал хийх хэрэгтэй.
-Хүн ардын хувьд гамшгийн соёлын тухай нэлээд түүхий мэдлэгтэй гэж ойлгогдлоо. Онцгой байдлын байгууллагын хувьд хэр сайн чадавхжиж байна вэ?
-Миний зүгээс нэг зүйлийг баттай хэлнэ. Ямар ч хүндрэл бэрхшээл тохиолдоход онцгой байдлын байгууллагын хэдэн албан хаагчид бид ажилладгаараа л ажиллана. Гэхдээ өнөөдрийн Япон, АНУ, ОХУ, БНХАУ-ынх шиг тийм өндөр түвшинд хүрчихсэн, олон хүнтэй, хүчин чадавхтай биш. Зохих түвшний багаж хэрэгсэл байгаа. Багаж хэрэгсэл, машин техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 20 жилийн өмнөх Онцгой байдлын байгууллагатай харьцуулахад эрс өөрчлөгдсөн. Хүний нөөцийг иж бүрнээр бэлтгэхэд анхаарч байна. Багаж хэрэгсэл байлаа гээд хүмүүсээ сургаж бэлдээгүй бол ажиллаж чадахгүй. Тийм учраас онцгой байдлын байгууллагаас хүний нөөцөө чадавхжуулах бодлого барьж байгаа. Үүнээс гадна Монгол Улсын ард иргэд өөрсдөө чадавхжих нь өргөн цар хүрээтэй асуудал болчихоод байна.
Бид сүүлийн 10 жил дэлхийн улс орнуудад нэвтрүүлж байгаа ослын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр олон чиглэлээр үзэж байна. Энэ чиглэлээр АНУ-ын Ойн албатай хамтарч байгаа. Сая өнгөрсөн оны зургадугаар сард Ерөнхийлөгч үүрэг өгсний дагуу Стратегийн команд штабын сургууль гэж том сургууль хийсэн. Тэр сургуулиар ослын удирдлагын тогтолцоо, онцгой байдлын ажлын удирдлагын төвийг туршиж үзсэн юм. Энэ бол цаашид их боломжтой юм билээ. Тийм учраас энэ тогтолцоог нэвтрүүлнэ. Байгууллагууд хоорондын уялдааг хангах, бүх шатанд хийх ажил тодорхой болно.Цааш яривал их зүйл байгаа.
-Та өнгөрсөн жил Туркэд болсон газар хөдлөлтийн дараах эрэн хайх ажиллагаанд багаараа үүрэг гүйцэтгэсэн. Ковидын хугацаанд штабыг удирдлаа. Өмнө нь ч олон осол гамшгийн үед ажилласан байж таарна. Ослын удирдлагын тогтол цоог манайх хэрэгжүүлэхэд бэлэн гэж ойлгож болох уу?
-Ковидын үед Шуурхай штаб ослын удирдлагын тогтолцоогоор ажилласан юм. Би хувь хүний зүгээс сургалт хийж судалсаар байгаад жаахан дөртэй болчихгүй юу. Түүнийгээ ашиглаад ажилласан. Яг болсон. Олон байгууллага цугларсан үед тэр олон хүмүүсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах гэдэг хамгийн эхний ажил байдаг. Туркэд үүрэг гүйцэтгэхээр очиход эхний гурав, дөрвөн өдөр миний ажигласнаар тэнд учраа олохгүй байсан. Хаана нь удирдлага яваа нь мэдэгдэхгүй бужигнаад байсан. Тав, зургаа дахь хоногоос эхлээд Батлан хамгаалахын сайд, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг хүмүүс ирээд удирдлагыг бий болгож аажмаар бүх зүйл хяналтад орж эхэлсэн. Үүнийг хөндлөнгөөс ажиглаж л явлаа. Яг үзсэн номон дээр байдаг зохицуулалт гэдэг хамгийн чухал юм аа гэдгийг Туркэд очоод өөрийн биеэр харсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын байгууллага бол ямар ч гамшиг, осол тохиолдсон үед үндэсний хэмжээнд зохицуулалтаар хангана гэдэг үүрэгтэй. Зохицуулалт ямар чухал юм бэ гэдгийг энэ хоёр том кейс дээр мэдэрсэн учраас албан хаагчдаа сургаж бэлтгэх нь их чухал байгаа юм. Ерөөсөө хяналтгүй хаячихаж болохгүй. Маш хурдан хяналтад аваад ард иргэдтэй ойлголцоод урагшаа явах тактик байхгүй юу.
-Сөрөн тэсвэрлэх чадавхыг яаж бий болгох тухай та дурдсангүй?
-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх бүхэл систем. Ард иргэдээ тулгуурласан нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуур баганатай, эх оронч үзэл, эв нэгдэл, соёл, ёс суртахуун, нөөц, хууль эрх, тогтолцоо, стандарт, хариу үзүүлэх хүсэл эрмэлзэл юм. Нэг жишээ хэлье. Японд нэг удаа газар хөдлөлт болсны дараа хүмүүнлэгийн тусламж ирээд ус тараасан байгаа юм. Япончууд бүгд нэг шугамд жагсаад ус авч байсан. Дунд нь ус нь дуусчихсан. Ус авах гэж ирсэн хүн “Уучлаарай, би танд төвөг болчихлоо” гэсэн. Тэгсэн нөгөө ус түгээж байсан хүн нь ч “Би бас танд төвөг удчихлаа. Маргааш ирээд ус аваарай” гэхэд “За” гээд л яваад өгсөн. Үүнийг л товчхондоо үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх гэх юм уу даа. Гэтэл манайд эсрэгээрээ.
-Монгол сэтгэхүйд буулгахад хэцүү юм…?
-Ямар ялгаа байгаа юм бэ. Адилхан толгойтой, гартай хүн шүү дээ. Ямар өндөр түвшний хариуцлага соёл ухамсар тэгж төлөвшдөг байна аа.
“Мандал даатгал” ХХК-иас надад гурван ном явуулсан байсан. Тэдгээрээс би “Менежментийн психилоги” номыг уншаад дуусч байна. Түүн дотор яг миний ажил төрөлтэй ойр, тэр зарчмыг хэрэгжүүлж явж байгаа том асуудал байна лээ. Тэр бол нөхцөл байдлын анализ, баримтлах бодлого, хэрэгжүүлэлт гэсэн гурван араа байгаа юм. Гамшгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд энэ зарчмаар ажилладаг юм.
Ер нь Монгол Улс хэрэв цаашид оршин тогтноё гэвэл өнгөрсөн 30 жилийнхээ амьдралд маш сайн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Харин та иргэдэд яаж сөрөн тэсвэрлэх чадавх суулгах вэ гэж том систем дотроос жижиг зүйлийг асуугаад байна. Би жижиг зүйлд хариулт өгөхөөр өчүүхэн зүйл сэтгэх гээд байна. Бүхэлд нь дүн шинжилгээг бүх шатандаа, салбарт хийх хэрэгтэй. Үүнийг улс төрийн ямар нам хүчин байсан хамаагүй хийх ёстой. Цаашдаа нөхцөл байдлын анализыг бодитоор хийгээд, ямар бодлого баримтлах, үүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг гурван зүйлийг ярих цаг нь болчихсон. Гагцхүү үнэнийг ярих хэрэгтэй.
Бид бол өчнөөн сургалт хийж байна. Одоо тоож байгаа ч амьтан алга. Хамгийн сүүлийн жишээ гэхэд цаг агаарын мэдээг бид бүх мэдээллийн хэрэгслээр анхааруулж, таны гарт хүртэл мессэжээр очиж байгаа. Хэлсээр байхад зориуд, санаатай юм шиг цасан шуурганаар гараад явчихдаг. Өдөр бүр манайд хүн төөрч осгоод нас барчихлаа гэдэг мэдээлэл ирж байгаа. Дайн байлдаан болоогүй энхийн цагт өдөр бүр нэг эрдэнэт хүний амь нас үрэгдэж байна. Яагаад монгол хүний үнэ цэнэ шалдаа уначихсан, хэнд ч хэрэггүй болчихсон юм бэ. Бид ер нь яг юу болчихоод байгаа юм бэ. Үүнийг л асууж байж урагшилна.
-Нэг зүйл сонирхол татаж байна. Үндэсний дархлааг бууруулах, ард иргэдийн сөрөн тэсвэрлэх чадварыг алдагдуулахад олон нийтийн сүлжээ хамаатай юу?
-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх дотор нэг анхаарал хандуулах асуудал бол олон нийтийн сүлжээгээр дамжуулж тухайн улс үндэстний ард иргэдийн тархийг угаах ажил явагддаг. Чадавхгүй болгох олон тактикийн нэг нь энэ. Миний хамгийн их шаналж байгаа зүйл бол энэ улсын ирээдүй. Бид ямар ч хэрэггүй хов живээр хөөцөлдөөд, нэг гэр бүлийн хоёр саллаа гэхэд улсаараа хоёр хуваагдаж байгаад хэрэлдэж байна. Тэгсэн хэрнээ яг үнэ цэнэтэй, газар шороо тусгаар тогтнол дээр юу ч дуугардаггүй.
Монгол Улсыг зориуд ингэж хэврэгшүүлж, тархай бутархай байлгаж, хөөсрүүлж амьдруулах гаднын том эрх ашиг яваад байна уу гэж сүүлийн үед бодоод байгаа. Энэ нийгмийн амьдрал, улс үндэстэн, аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой дуугарсан бүхнийг дэвсэлж байна. Одоо бол хяналтаа алдчихсан. Сүүлийн үед эх оронч үзэл, үндэсний дархлаа ярихаас зугтаад байгаа юм шиг. Улс үндэстэн мөхөхгүй байх үндэс Японы энэ онгоцны осол байлаа. Япон хүн ингэж л эх орныхоо төлөө зүтгэдэг юм байна. Саяхан нэг хүн надад сонирхуулж сонин жишээ ярьсан. Японы газар нутаг далайд живж байгаа. “Хэрэв улс маань живээд газар нутаггүй болчихвол та нар өөр улс орон руу нүүх үү” гэсэн санал асуулга Японд явуулж л дээ. Тэгэхэд санал асуулгад оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь “Улстайгаа хамт живж дуусна” гэсэн байдаг. Ийм жишээгээр яриагаа өндөрлөе дөө. Монголчууд маань нэгийг тунгаана биз ээ.