Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч О.Батхүү: Галд эд хөрөнгө нь хохирсон оршин суугчид хохирлын үнэлгээгээ яаралтай хийлгэх хэрэгтэй DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газтай машин дэлбэрснээс үүдэж “Эдү апарт”- 207 байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Оршин суугчдын хохирлыг хэрхэн барагдуулах талаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.

-Галд өртсөн байрны оршин суугчдын нөхцөл байдал, эд хөрөнгийн асуудал юу болж байгааг тодруулж өгөхгүй юу?

-Дүнжингаравын уулзварын ард Эдү апарт 207, 208 гэсэн хоёр орон сууц байдаг. Энэ хоёр байр дундуураа гаражаар холбогддог юм билээ. Гал гарах үед Эдү апарт 207 байр нь өртсөн. Тухайн байшинд 63 айл амьдардаг. Ялангуяа байрны хойшоо харсан хэсэгт гал нийтэд нь тархсан учраас хохирол хамгийн их. Харин урагшаа харсан хэсгийн зарим айл бага хохиролтой байх жишээтэй.

Гал гарсны дараа айлуудыг нүүлгэн шилжүүлж буудалд байрлуулсан шүү дээ. Түүнээс хойш долоо хоног өнгөрсөн. Айлуудын хувьд нөхцөл байдал тодорхойгүй болж эхэлсэн. Ямар байдлаар хохирлоо нэхэмжлэх вэ, хаанаас юунаас эхлэх талаар ойлголтгүй. Тиймээс нэгдээд хуульчид хандсан. Үүний дагуу миний бие нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллаж эхлээд байна.

Оршин суугчдын нөхцөл байдлыг үнэлээд хоёр хуваасан. Нэг хэсэг нь ипотекийн зээлтэй буюу даатгалтай, нөгөө хэсэг нь төлбөрөө бэлнээр төлөөд байраа нэр дээрээ авчихсан буюу даатгалгүй байсан. Дээр нь оршин суугчдын 20 гаруй машин галд өртсөн. Үүнээс бүрэн даатгалтай байсан хоёр машины хохирлыг Мандал даатгал бүрэн төлчихсөн. Мөн “Дашваанжил” ХХК-ийн дэлбэрсэн машин даатгалтай байсан. Даатгалаас 135 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан гэж дуулсан.

-Иргэд байрныхаа хохирлыг даатгалаас төлүүлэх явц ямар шатанд байна вэ?

-Гал гарснаас хойш хоёр айлтай л даатгалын компаниас холбогдож хохирлыг барагдуулсан байсан. Гэхдээ тухайн хохирол нь их хэмжээтэй биш. Харин хохирол өндөртэй айлуудтай холбогдоогүй. Тиймээс өнгөрсөн баасан гаригт оршин суугчдын төлөөлөлтэй Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагатай уулзсан. Тус газраас даатгалын 10 компанийн төлөөллийг дуудан ирүүлж, нөхцөл байдлыг тодруулж ярилцлаа.

Даатгалын компаниудын хувьд хохирлыг төлж барагдуулахад асуудалгүй гэдэг байр суурьтай байсан. Харин эхлээд заавал хохирлын үнэлгээг гаргуулах шаардлагатай. Тиймээс оршин суугчдыг “Хохирлоо үнэлүүлээд хүрээд ир. Нэгэнт онцгой нөхцөл байдал байгаа учраас бид галын дүгнэлт, цагдаагийн бичиг зэрэг олон зүйл шаардахгүй. Хохирлыг богино хугацаанд барагдуулна” гэдэг байр суурийг илэрхийлсэн.

-Гэхдээ оршин суугчдын хувьд даатгалын компаниудад нэлээд ам муутай, гомдолтой байгаагаа илэрхийлж байсан. Чухам ямар асуудлаас ийм зүйл үүсэв ээ?

-Санхүүгийн зохицуулах хороо болон даатгалын компаниуд нэг зүйл дээр алдаа гаргасан. Осол болсны маргааш айлуудыг шууд нүүлгэн шилжүүлсэн дээ. Тэр үед л даатгалын компаниуд иргэдтэй уулзах ёстой байсан юм. Иргэд хаана яаж хандахаа мэдэхгүй. Ганц нэгээрээ даатгалын компани руу ярихаар утсаа авахгүй зэргээр тоймтой хариу байгаагүй учраас айлууд байраа суллачихсан. Шатсан тавилга, эд хогшлоо гаргачихсан. Гэтэл эргээд тэдгээр зүйлийнхээ хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй болчихож байгаа юм. Онлайн шоп ажиллуулдаг иргэн хүртэл байсан.

-Хохирлын хэмжээ дунджаар хэр гарч байгаа вэ?

-Янз бүр. Хоёр янзын үнэлгээ байгаа. Тухайн байшинг дахиж ашиглаж болох эсэхийг. Засгийн газар, Хотын захиргаанаас үнэлж, нэгдсэн шийдвэр гаргана гэж мэдэгдсэн. Хэрэв ашиглаж болно гэвэл байрны гадна пасад болон дундын өмчлөлийн хэсгүүдийг улсаас засварлаж өгнө. Харин иргэд байр доторх хохирлоо даатгалын компаниудаараа төлүүлэх боломжтой. Даатгалын компаниуд иргэдтэйгээ уулзаад зураг хөргийг авч баталгаажуулах зэрэг ажлууд өрнөж байгаа. Яг тодорхой гарсан үнэлгээ одоогоор байхгүй.

-Галд 30 гаруй машин өртсөн байсан. Машины хохирол барагдсан уу?

-Хоёр машин л бүрэн даатгалтай байсан учраас хохирлоо төлүүлсэн. Бусад машинууд нь одоо хүртэл журмын хашаанд байна. Хятадын цоо шинэ машин оруулж ирээд хоёр сар л унаж байсан хүн хүртэл байсан. Тиймээс одоо бол хамгийн гол нь үнэлгээгээ гаргуулах чухал. Даатгалгүй бол уг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжихэд буруутай этгээдээр гаргуулах боломжтой. Үүний тулд орон сууц ч, машин нь ч галд өртсөн айл хохирлын үнэлгээгээ гаргуулчих ёстой.

Эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг шийдэхдээ хохирлын асуудлыг давхар авч үздэг.

-Даатгалгүй айлууд буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Энэ осол хэн нэгний буруутай үйлдлээс болж гарсан. Тиймээс бүруутай этгээдээс гаргуулна.

-Орон сууц, машин аль аль нь даатгалтай байсан бол хохирлоо эрт барагдуулах боломжтой байжээ?

-Даатгалын ач тус тэр шүү дээ. Тиймээс хуульчийн хувьд даатгалын компаниудад давхар хэлж байгаа. “Та нар энэ ослын хохирогчдын хохирлыг хурдан шуурхай шийдээд өгчих. Тэгвэл даатгал ямар хэрэгтэй вэ гэдэг мессеж нийгэмд очно. Илүү олон хүн даатгалд хамрагдана” гэж хэлж байгаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Пэлжид: Дүү маань аврагч болно гэсэн мөрөөдлөөрөө амьдарсан эрэлхэг хүү байлаа DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвар дээр газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэнээс үүдэж үүргээ гүйцэтгэж явсан гурван сайхан залуу гал сөнөөгч амиа алдаж олон гэр бүлд хагацал, өнчрөл ирэв. Галд энгийн иргэд ч өртөж, эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэн өөд болоод байна. Таван хүний амь насыг авч одсон, өөр олон хүний эрүүл мэндийг хохироосон энэ аюулт ослын талаар, шалтгаан нөхцөлийг одоо ч нийгэмд ярилцсаар байна. Үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваад амь эрсэдсэн аврагчдыг өнгөрсөн долоо хоногт хөдөөлүүлсэн. Тэдний нэг, аврагч Д.Барсүрэнгийн эгч, сэтгүүлч Д.Пэлжидтэй ярилцлаа.


-Дүүгээ цаг бусаар алдсан явдалд эмгэнэл илэрхийлье. осол гарснаас хойш өнөөдрийг хүртэл байгалийн хий буюу газтай холбоотой ослын үед онцгой байдлын байгууллага яаж ажиллах ёстой юм бэ гэдэг асуултыг олон нийт хамгийн их тавьж ирлээ. Ар гэрийнхний хувьд ч тодруулахыг хүссэн олон асуултын нэг энэ болов уу?

-Хэцүү, хүнд өдрүүд үргэлжилж байна аа.

-Ар гэрийнхний хувьд ч тодруулахыг хүссэн олон асуултын нэг энэ болов уу?

-Хэцүү, хүнд өдрүүд үргэлжилж байна аа. Юм бүхэнд дуудагддаг онцгойгийнхон. Гэхдээ тэр том айлд зүтгэж буй аавын хөвгүүдийн амь нас ийм баталгаагүй байдаг юм байна. Энэ харамсалтай үйл явдлаас хойш манай онцгой байдлын байгууллага болон гаднын улсын энэ төрлийн байгууллагад ямар дүрэм журам, стандарт байдаг болохыг тодруулахыг хүсч, мэдээ мэдээлэл судалж үзлээ. Уг нь энэ бол нууцын зэрэглэлтэй мэдээлэл биш шүү дээ. Ил тод нээлттэй байх ёстой.

Нөгөө талаар өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гэтэл манайд аль дээр үеийн ЗХУ-ын үеийн нэг стандарт Стандарчлал хэмжилзүйн төвийн вэб сайтад байна. Гэхдээ түүнийг үзэхийн тулд мөнгө төлөх ёстой юм байна. Уг нь манай Онцгой байдлын байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүү дээ. Тусдаа дүрэм, журам, стандарт боловсруулж хэрэгжүүлж байх ёстой газар. Гэвч Онцгой байдлын байгууллагын цахим сайтаас, монгол хэл дээр энэ талаар мэдээлэл олж чадсангүй.

Гэр бүл дотроо ярилцаж үзлээ. Бэрийн маань хэлж байгаагаар талийгаач дүү маань байнга сургалтад хамрагддаг. Туркэд болсон газар хөдлөлттэй холбоотойгоор сүүлийн нэг жилийн хугацаанд газар хөдлөлтийн сургалтад суусан гэдгийг хэлж байсан. Тиймээс албаны хүмүүсээс асуусан. “Газ, хийтэй холбоотой ослын үед яаж ажиллах талаар сургалт ордог байсан уу” гэхэд “Газар хөдлөлтийн сургалтын үеэр тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой яаж ажиллах талаар сургалт бий” гэдгээс өөр зүйл яриагүй.

-Бас л тодорхой бус хариулт байна шүү дээ. Энэ осол бол амиа алдсан гурван аврагчийн ар гэрээр тогтохгүй улс орны хэмжээний том асуудал болж байна. Нийтээрээ айдастай байна?

-Гурван сайхан хүүгээ энэ ослоор алдлаа. Энэ бол гурван өрх айлын асуудал биш. Монгол Улс түүгээр зогсохгүй дэлхий нийтийн анхаарал татсан шүү. Метрополис том хот дотор 60 тоннын газ ямар ч хамгаалалтгүйгээр ачиж явдаг. Гэтэл манайд АТМ цэнэглэх мөнгөтэй машиныг ард, урдгүй хамгаалж явдаг. Бид мөнгөндөө маш өндөр хамгаалалттай явдаг хэрнээ хүн ардынхаа амь насанд халтай зүйлийг огт хамгаалдаггүй ард түмэн юм байна. Нэг байр байтугай хэдэн арван байрны оршин суугчдыг хөнөөж болохуйц аюултай ачааг хотын төвөөрөө ямар ч хамгаалалтгүй зорчуулж байсан байна.

Яах вэ, бидний уй гашууг хуваалцаж Төрийн өндөрлөгүүд, онцгой байдлын байгууллагын удирдлагууд гээд олон хүмүүс ирлээ. Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар ирэх үед “Маш аюултай дэлбэрэлт рүү, улаан гал руу гал сөнөөгчид яагаад тийм ойрхон зайд явж очив. Тэднийг яаж ажиллах заавар, үнэлэлт дүгнэлтийг тухайн үед хэн өгөх ёстой байсан бэ” гэж асуусан. Мэдээж бидний уй гашууг хуваалцаж ирж байгаа хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Гэвч тэд миний тэр асуултад тодорхой хариулт өгөөгүй. Шадар сайд С.Амарсайхан “Хэдэн стандарт, дүрэм зөрчигдсөн бэ. Стандартаа дагаж мөрдье” гэдэг шаардлагыг хэлж байсан. Г.Ариунбуян генерал толгой дохиж байсан. Нээрээ л бид ямар стандарт, дүрмийг зөрчив. Дахиад нэг аврагчаа алдахгүйн тулд хэн нэгэн рүү чичлэхээс илүү алдаа мадагаа засч, дүрэм журмаа мөрдөх цаг болсон байна.

-Гаднын улсад энэ төрлийн ослын үед яаж ажилладаг талаар та судалж үзсэн гэлээ. Жишээ нь, хийн дэлбэрэлт рүү ус цацаж болдог, болдоггүй гээд л талцаж байна. Танд тодорхой хариулт олдов уу?

-Ослын эхний өдөр нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй ар гэрийнхэнд маш хүнд байсан. Хоёр дахь өдрөөсөө шөнө нойр ч хүрэхгүй, үйл явдлыг анзаарч “Ийм юм болчихлоо, юу болчихов” гээд бодож эхэлсэн. Энэ төрлийн осол гадаадад болдог эсэхийг интернэтээр судалж үзлээ. Ахуйн зориулалттай хэрэглэгддэг газ дэлбэрсэн ослууд дийлэнх байдаг юм байна. Яг зам дээр, тэр дундаа дөрвөн замын уулзвар дээр газ тээвэрлэж яваад дэлбэрсэн тохиолдол тун ховор. 1920-иод онд л АНУ-д болж байсан ганц нэг тохиолдол байна. Гэх дээ зарим оронд санаатайгаар буюу зохион байгуулалттайгаар дэлбэлсэн кейс ч  байдаг аж. Харин өндөр хөгжилтэй орнуудад бол осол гардаггүй. Ядуу буурай, дайн байлдаантай оронд л энэ төрлийн осол гардаг юм байна. Бид аль ангилал руу орж байгаа нь ойлгомжтой.

Олон улсад галыг class A, class B, class C гэж ангилдаг. Газаар үүсгэгдсэн гал нь class B  ангилалд ордог. Энэ төрлийн галыг унтраахдаа зөвхөн хуурай төрлийн powder ашигладаг. Хэзээ ч ус ашигладаггүй. Хөөс ч ашигладаггүй. Тухайн үед манай аврагчид осол дээр ус, хөөстэй очсон гэж бидэнд хариулсан.

Түүнээс гадна бас нэг ноцтой зүйл бол тээвэрлэж явсан газны хэмжээ. Олон нийтэд мэдээлж байгаагаар 60 тоннын машин л гэж яриад байгаа. Дотроо хэчнээн хэмжээний газ тээвэрлэж явсан нь дүгнэлтээр тодорхой болох байх.  Олон улс дахь мэдээллээр бол газны хэмжээнээс шалтгаалж гал авалцах хэмжээ өөр өөр. 10 тонн газ дэлбэрвэл өөр нэг хэмжээтэй бүсийг хамарна. 30, 40 тонн бол хэмжээ нь томроод явчихна. Ингээд дэлбэрэлт болж дуусаад галын хүч саарсны дараа гал унтраах ажиллагаа эхлэх ёстой юм байна.

-Энэ осол дээр аврагчид шуурхай ч ирсэн. Шууд л гал руу яваад орчихсон харагддаг?

-Тэгсэн. Газ тэсэрч дэлбэрч дуусаагүй байхад эхний есөн аврагч явж очсон. Салааг ахалж явсан хүн нь гурван аврагчид усан хөшиг татах үүрэг өгсөн. Ингээд талийгаач гурав усан хөшиг татахаасаа өмнө галын орчимд хүн байгаа эсэхийг харж орчноо анзаарах гэж явсан гэсэн. Ингээд л осолдсон. “Усан хөшиг татна гэж юу гэсэн үг вэ” гэхэд “Агаарт дэгдсэн хийг газарт буулгах гэж байгаа юм” гэж албаныхан хариулсан. Эндээс алдаа хаана гарав гэдэг нь харагдаж байгаа байх аа.

Олон улсын хэвлэлүүд ослыг мэдээлснийг та бүхэн анзаарсан байх. Маш сонин өнцгүүд харагддаг.

-Тодруулахгүй юу?

-Washington post, BBC, Al Jazeera, South China Morning Post зэрэг дэлхийн том хэвлэлүүд ослыг мэдээлсэн. Тэр дундаас BBC-гийн мэдээлэл нэлээд анхаарал татсан. Мэдээллийн төгсгөлд “…Энэ ослын байж болшгүй нэг зүйл нь маш олон сургууль, олон оршин суугчтай бүс дотор 60 тонн газ тээвэрлээд аялж явсан байна. Нэг асуулт байна. Хэрэв ийм их хэмжээний газтай машин өдрийн цагаар түгжрэлтэй үед, эсвэл оройн ажил тарах цагаар явж байгаад осолдсон бол яах вэ” гээд дүгнээд дуусгасан байдаг.

-Аврагчид ямар зайд ойртож очих ёстой вэ, энгийн иргэд яах ёстой байсан бэ гэх зэрэг асуултыг албаныхнаас тодруулж ирсэн ч яг таг хариулт авч чадаагүй. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бидэнд 30-50 метрийн зайд ойртох ёстой байдаг гэж хэлсэн. Камерын бичлэгт аврагчид маш ойрхон, 10 хүрэхгүй метрт явж байгаа нь харагддаг. Галын дүгнэлтээс тодорхой болох байх. Дээр хэлснээр газны хэмжээнээс хамаарч аюулгүйн бүс тодорхой болдог. Ер нь шатах дэлбэрэх ослын үед 100-150 метрт аюулгүй бүсийг тогтоож дотогшоо хэнийг ч нэвтрүүлэхгүй байх ёстой юм билээ.

60 тонны машин гурван удаа дэлбэрсэн. Гурав дахь буюу хамгийн хүчтэй дэлбэрэлт гал сөнөөгчид амиа алдах гол хүчин зүйл болсон. Тиймээс бид “Та нар яагаад тэсэрч дэлбэрсэн осол руу 30 ч хүрээгүй залуучуудыг ус ачуулаад явуулчихав аа” гэж асуусан. Тэгэхэд “Гал гарлаа гэсэн дуудлага ирдэг. Бид ямар нөхцөл байдал дээр очиж байгаагаа мэддэггүй. Мэдэх ч боломжгүй” гэж байна лээ. Нэг талаар тийм. Гэхдээ яг дүрэм журмаараа бол галын дуудлага ирлээ гэхэд гал сөнөөгчид замдаа гарлаа. Ард нь шуурхай алба гэж байх ёстой. Тэд мэдээлэл өгсөн хүн рүү дахиж залгаад асуумж авах ёстой юм байна. “Танд юу үнэртэж байна, галын хэмжээ их үү, бага уу, тусламж эрж байгаа хүн харагдаж байна уу” гэх зэргээр тогтсон асуумжийг асуух ёстой. Тэр асуумжаа аваад гал сөнөөгчид рүүгээ мэдээллээр хангадаг. Тэр зуур тагнуул, цагдаагийн байгууллага нь шуурхай ажиллаад “Дашваанжил” ХХК руу холбогдмоор юм. Тэгэхэд “Манай жолооч тийм хэмжээтэй газ тээвэрлэж, тэр зам дээр явж байгаа” гэх мэдээллийг аваад дахиад гал сөнөөгчид рүүгээ мэдээлнэ. “60 тоннын газтай машин явж байгаа юм байна. Хамгаалалтаа тийм байдлаар аваарай” гэх нөхцөл байдлын үнэлгээ хийгдэх ёстой байж. Тэр ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй. Тухайн үед салааг Тамир гэж залуу ахалж явсан. Сонсох нь ээ, бас л олон хүүхэдтэй аав юм билээ. Тэр хүнийг амьд үлдлээ гээд буруутгаад шийтгээд байж болохгүй. Нүдэн дээр нь аврагчид нь амиа алдсан. Сэтгэл санаа  хүнд байгаа нь мэдээж. Гол нь тэр хүнийг мэдээллээр хангах ёстой байсан.

-Энэ өдрүүдэд гал сөнөөгчид, аврагчдын нийгмийн байдал, ажлын техник хэрэгслийн асуудлыг ярьцгааж байна. Хүнд л нөхцөл байдал дуулдах юм?

-Гал сөнөөгчид маш бага цалинтай. Дүү маань нойтон гуталтай гэртээ ирэх тохиолдол байсхийгээд л гардаг байсан. Гутал нойтон, даарч байна гээд л орж ирдэг. Сэлгэдэг хувцас хэрэглэл муу. Шижигнэсэн сайхан залуусаар баг бүрдүүлж байгаагийн хувьд тэднийгээ хайрламаар байна. Нийгмийн хангамж сайтай, удирдлагын сайн чиглүүлэгтэй, техник тоног төхөөрөмж сайн байх ёстой. Амиа алдсан аврагчид бүгд хүүхэдтэй, айлын сайхан эзэд байлаа. Дахиж хүүхдүүд бүү өнчрөөсэй.

-Дүүгийнхээ талаар дурсахгүй юу. Айлын ганц хүү байсан гэв үү?

-Дүү маань 1995 оных цэл залуухан хүү байсан. Бага байхын гөл сөнөөгч болно гэж мөрөөдөж ярьдаг хүүхэд байлаа. Яг л тэр мөрөөдлөөрөө амьдарч явсан хүү. Ээж нь ганц хүүгээ мэргэжилтэй, сайхан амьдралтай болгохын төлөө өөрийгөө зориулж ирсэн баатарлаг эмэгтэй байдаг. Сайхан аав, ээжийн эрэлхэг хүү байжээ. Нэг харахад шүдээ хугалчихсан байна, эсвэл толгой нь хавдчихсан байдаг. Яасан бэ гэхээр “Гал унтрааж яваад утаан дундаас угаартаж гарч ирээд ухаан алдаад уначихаж. Унахдаа юм мөргөчихөж” гээд тоох ч үгүй явдаг хүү байсан. Тиймээс дүүдээ “Хэцүү ажил хийдэг юм бэ. Өөр ажил хий, ар амьдралаа бод” гэж үе үе зэмлэдэг. Гэвч нэгч удаа гундаж үзээгүй “Манай ажил сайхан шүү дээ” гээд л өнгөрөөнө. Дүү маань бусдад туслахын төлөө л явдаг, ажилсаг, зөөлөн зантай, ээжийн сайн хүү байлаа.

Ийм сайхан эрэлхэг залуус ажиллаж байсан болохоор ажил явдалд олон ч хүн ирлээ. Төрийн төлөө ажиллаж байсан болохоор төрийнх нь хүмүүс бүчиж бүх зүйлийг хариуцаж дуусгадаг юм байна. Хэдий тийм ч хүний сайхан охины амьдрал тал болж, хоёр хүүхэд аавыгаа алдаж, нэг ээж амьдрахад маш хүнд нөхцөл байдалд орлоо шүү дээ. Маш том сургамж боллоо. Аврагчид өглөө ажилдаа гарсан бол орой харьдаг байгаасай. Ийм осол дахиж битгий давтагдаасай. Дахин өөр нэг аавын хүү улаан гал руу орж, амиа өргөхгүйн тулд бие биенээ чичлэхгүйгээр, стандарт, дүрэм, журмаа өмнөө гаргаж ирээд  ажил хэрэгчээр бүх зүйлээ яриасай билээ. Бид ийм л зүйлийг хүсч байна. Бидний уй гашууг хуваалцсан бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хошууч генерал Б.Эрдэнэбат: “НҮБ-ын хүчний командлагчид монгол генерал тэнцэх үү” гэж Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орноос эхлээд бүх алба, газруудаас санал авч зөвшөөрүүлдэг юм билээ DNN.mn

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хошууч генерал Б.Эрдэнэбаттай ярилцлаа. Генерал Б.Эрдэнэбат НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдсон анхны монгол генерал болоод буй. Тэрбээр Бүгд найрамдах Кипр улс дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдон, багийнхаа хамт маргааш эх орноосоо мордож байгаа билээ.


-НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдсон анхны монгол генерал болсон танд баяр хүргэе?

-Баярлалаа. Монголын өдөр тутмын, хамгийн олон уншигчтай Өдрийн сонины хамт олон та бүхэн намайг урьж ярилцлага хийж байгаад баярлалаа.

-Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй оролцож ирсэн түүх үргэлжилсээр хүчний командлагч болтлоо өсч дэвжинэ гэдэг Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг юм?

-Генерал Б.Эрдэнэбат ажиллагаанд оролцсон өөрийнхөө туршлагаар явж байна гэхээс илүү Монгол Улсын төр засгийн оролцоо үүнд маш өндөр байсан. Та мэдэж байгаа байх, 2022 онд Монгол Улс НҮБ-ын зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болсон. Энэ хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулсан. Энэ үеэр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын дарга айлчилж байлаа. Дараа нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан. Энэ нь Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог үндэстэн гэдгийг хангалттай илэрхийлж чадсан хүчин чармайлт. Түүнээс гадна өнгөрсөн 20 жил 20 мянга гаруй цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ олон хүчин зүйлийн үр дүнд анх удаа хүчний командлагчаар монгол генерал сонгогдсонд баяртай байна.

-Хүчний командлагчаар сонгогдох зам ямар байв. Ямар шалгуур шаардлага тавьдаг юм бэ?

-Урт удаан хугацаанд үргэлжилдэг, нарийн шалгуур шаардлагатай шалгаруулалт юм билээ. Эхлээд НҮБ цэрэг илгээгч орнууд руу урилга явуулдаг.

“Энэ ажиллагаанд танайх хүчний командлагч явуулах уу” гэнэ. Урилга хүлээж авсан улс орон тухайн шаардлагад нийцсэн хүнээ санал болгож материалыг нь илгээдэг. Миний материал өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ руу илгээгдсэн. Надтай хамт 12 орны генералын нэрс очсон байсан.

Эхний шалгаруулалтаар таван улсын генерал үлдээд цахим ярилцлагад оролцсон. Удирдах манлайлах, мэргэжлийн ур чадвар, шийдвэр гаргах чадвар, аливаа ажлыг төлөвлөх, зохион байгуулах зэрэг асуудлаар цахимаар ярилцсан. 11 дүгээр сарын сарын 1-нд өгсөн ярилцлагын хариу 23-нд гарч, тэнцсэн тухай мэдээ сонссон. Ингээд монгол генерал тэнцлээ гэдэг мэдээ материалыг НҮБ-ын холбогдох алба, газруудад танилцуулж санал авдаг юм байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн таван гишүүн орноос ч санал хэлдэг. Энэ санал хураалт 12 дугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн.

Хамгийн сүүлийн баталгаажуулах шийдвэрийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гаргаж, НҮБ-ын цахим хуудаст “Монгол генерал Кипр дэх ажиллагаанд хүчний командлагчаар томилогдлоо” гэдэг мэдээллийг өнгөрсөн сарын 2-нд тавигдсан.

-Энх тайван улс үндэстний хувьд энхийг сахиулах тухай тийм ч наалдацтай сонсогддоггүй. Нэг ёсондоо нарийн сайн мэдээлэлгүй гэсэн үг. Харин та бол маш олон ажиллагаанд оролцсон түүхтэй хүн. Энэ талаар товч ойлголт эхлээд өгөөч?

-Дэлхийн II дайны үеэр маш олон хүн амь үрэгдсэн. Үүнээс улбаалж “Хүн төрөлхтөнд дайн хэрэггүй. Энхийг эрхэмлэх ёстой” гэдэг зорилгоор НҮБ байгуулагдсан. Ингээд 1948 оноос хойш дэлхий даяар 70 гаруй энхийг сахиулах ажиллагааг явуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр НҮБ-ын 12 ажиллагаа явагдаж байна. Ихэнх нь Африк тивд байна. Монгол Улсын хамгийн анхны хоёр ажиглагч Бүгд найрамдах Конго улс руу 2002 онд явж байсан түүхтэй. Монгол Улсын анхны энхийг сахиулах цэргийн баг 2005 онд Сьерра-Леон улсад 250 хүний бүрэлдэхүүнтэйгээр зорьж байсан. Үүний дараа Төв Африкийн бүгд найрамдах Чад улсад хоёр ээлж үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь Суданы Дарфурт эмнэлгийн II шатны баг явсан. Хамгийн олон цэргийн хүчин буюу мото буудлагын батальон бол 850 хүнтэй баг Бүгд найрамдах Өмнөд Судан улсад 2012 онд үүрэг гүйцэтгэж эхэлснээр одоогоор 13 дахь ээлж үүрэг гүйцэтгэж байна. Энхийг сахиулах ажиллагаа бол цэргийн ажиглагч, штабын офицер, цэргийн баг гэсэн гурван ангилалд үүрэг гүйцэтгэдэг.

-Энэ удаагийн томилолт таны ес дэх ажиллагаа гэв үү?

-Миний хувьд анх 2004 онд Иракийн эрх чөлөө ажиллагааны II ээлжид үүрэг гүйцэтгэж байлаа. АНУ Ирак руу терроризмын эсрэг ажиллагаа явуулж байсан. Та бүхэн санадаг бол, манай ээлж халдлагад өртөж, Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарын залуучууд тухайн халдлагыг зогсоож байсан түүхтэй. Дараа нь 2005 онд Сьерра-Леоны I ээлжид явсан. Мөн НАТО-гийн тэргүүлсэн Косово дахь ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байлаа. Өмнөд Судан тусгаар улс болоогүй, нэг Судан байх үед цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж явсан. 2013 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад III ээлжийн батальоны захирагчаар, дараа нь мөн тус улсад секторын штабын даргаар ажилласан. Хамгийн сүүлд 2021 онд Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагааны секторын командлагчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаагийн ажиллагаа бол миний ес дэх ажиллагаа. Энэ 20 жилийн хугацаанд олон сайхан мөрдэс нэгт офицер, ахлагч нартай НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны түүхийг бичилцээд явж байна.

-Мөргөлдөөнтэй, үймээн самуунтай бүс нутаг руу энхийг сахиулна гэдэг хүнд алба. Нэг ёсондоо эрүүл мэнд, амь нас баталгаагүй томилолт. Олон удаагийн ажиллагаанд оролцоод ирэхээр сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, хэвийн зүйл болчихдог уу. Эсвэл сандарч байна уу?

-Миний анхны ажиллагаа Иракийн II ээлж гэсэн дээ. Бид I ээлжээсээ үүрэг хүлээж авахад баазад нэг л тайван амгалан юм шиг байсан. Хоёр долоо хоногийн дараа халдлага болсон. Өглөө үүрээр биднийг унтаж байхад эхний дэлбэрэлт болсон. Хувцсаа өмсөөд гүйсэн. Хоёр дахь дэлбэрэлт болсон. Түүнээс хойш дугуй хагарах, хаалга хүчтэй савах гэх мэт тохиолдолд цочих рефлекс тогтчихсон. Дэлбэрэлтийн чимээ гарахад байнга дэвхийсэн байдалтай болчихдог юм байна. Энэ байдал манай багийнхнаас арилаагүй гэж боддог. Надад одоо ч бий.

Өмнөд Суданд 850 хүнтэй батальон удирдаж байхад иргэний дайн эхэлсэн. 2013 оны 12 дугаар сар байх. Тухайн үед хамгийн хүнд үүрэг энгийн иргэдийг хамгаалах явдал байсан. Анх баазад хамгаалалт зохион байгуулж байхад эхний өдөр 1000 хүн, дараагийн өдөр 2000 гэж нэмэгдсээр биднийг буцахад 47 мянган хүн баазын дэргэд байрласан байсан. Одоо бол тэр тоо 100 мянга гарсан. Тэр олон мянган иргэний аюулгүй байдлыг хамгаалахаас гадна өөрийн 850 хүнийг ажиллагааны газар орноос эсэн мэнд авчрах гэдэг багийн захирагчийн хувьд маш том толгойны өвчин. Айлын хүүхдийг эрүүл саруул авчрах ёстой. Багийн захирагчаар явсан хүн бүрийн л үүрэг. Ажиллагааны газар орноос хөдлөөд хамгийн сүүлийн цэрэгтэй онгоц Буянт-Ухаад газардахад бүрэн амьсгаа авдаг. “За залуусаа эсэн мэнд авчирлаа даа” гэж уужирдаг юм. Ер нь аливаа ажиллагааны үндэс бол сахилга бат байдаг. Дээр нь сэтгэл зүйн бэлтгэлтэй цэрэг ямар ч үед үүрэг гүйцэтгэнэ.

-Сүүлийн томилолт секторын командлагч байсан гэлээ. Олон орны цэрэг удирдана. Хүндрэл бэрхшээл байв уу?

-Тухайн үед миний удирдлагад 15 орны 4000 цэрэг үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн томхон багууд гэвэл Хятад, Энэтхэг гээд том батальонууд байлаа. Тэр олон үндэстний цэргийг удирдлагаар хангана гэдэг төвөгтэй л дөө. Мэдээж НҮБ-ын тогтсон дүрэм журам байна. Цэргийн ажиллагаа гэдэг хамтын, харилцан ажиллагаа байдаг. Бие биеэ ойлгож сайхан баг болж хамтрах ёстой. Сектор командлагчаар үүрэг гүйцэтгэхэд надад нэлээд том туршлага болсон.

-НҮБ-ын тогтсон дүрэм журамд та ч удирдагдана, цэргүүд ч тэр. Гэхдээ тэр дунд хүн ёсны харилцаа үүснэ, тийм үү. Та ямар арга барил барьж байв?

-Сектор командлагчаар ажиллах үед хүчний командлагч Энэтхэгийн генерал байлаа. Энэ хоёр албан тушаалтан маш ойрхон ажилладаг. Аливаа тулгамдсан асуудлыг шууд харилцаад шийднэ. Би ч мөн адил өөрийнхөө удирдлагад байгаа бусад орны удирдлага дарга нартай харилцана. Мэдээж НҮБ-ын дүрэм журам тодорхой. Гэхдээ таны асуусанчлан хүн ёсны харилцаа үүсэлгүй яах вэ. Цэргийн багууд нэгнийгээ хоолонд урина. Жишээ нь, Хятадын батальон дээр очно. Яг л нөгөө хятад заншлаараа ширээгээ засаад л угтана. Сайхан цагаар дайлна. Тэр үед л хүн хоорондын харилцаа, нөхөрлөл үүсч байдаг. Энэтхэгийн батальон дээр очлоо гэхэд карригаа хийгээд л угтана. Непал гэхэд үндсэн хоол ирэхээс өмнө амны зугаа гээд бөөн юм ирнэ. Удалгүй үндсэн хоол гээд нүсэр хоол ирэх жишээтэй. Тэр улсынх нь ёс заншил, уламжлалыг хүндэтгэж харилцах ёстой. Ингэж л нөхөрлөл, харилцаа үүсдэг. НҮБ-ын нэг чухал үнэт зүйл бий. Тэр бол олон үндэстнийг хүндлэх явдал.

-Манайх бас монгол хоолоороо дайлна биз?

-Манай 850-тай батальон дээр гадны хэн ч ирсэн монгол хуушуур, буузаараа дайлна. Гаднын цэргүүд Монголын цэргийн баг дээр ирж хоол идэх дуртай. Баазад медаль парад болоход орон орны цэргүүд бие биеэ урина. Хүлээн авалт болно. Тэр үеэр цэргийн захирагчид сууж байгаад “юм”-аа ярина даа.

-Хүнд хэцүү дурсамжтай томилолт ч бий байх?

-Монгол Улсын зэвсэгт хүчин Ирак, Афганистан, Сьерра-Леон гээд нэлээд олон оронд үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд амар байгаагүй. Эрүүл мэндийн шалтгаанаар хэд хэдэн цэргийн албан хаагч амь насаа алдсан. Багийн захирагч хүртэл амьсгал хурааж байсан тохиолдол бий. Сүүлд сектор командлагчаар ажиллаж байх үед манай секторын цэрэг шууд зүрх нь хаагдаад нас барсан тохиолдол гарсан. Мэдээж ийм тохиолдолд НҮБ маш хүндэтгэлтэй ханддаг. Мөн тэр ажиллагааны үеэр монгол эмэгтэй ажиглагч манай байршлаас урагшаа холын эргүүлд явах болсон юм. Тухайн үед өөр ажлын шаардлага гарч цэргийн баг руу татаад оронд нь Бангладешийн офицерыг эргүүлд явуулсан юм. Гэтэл тухайн цэргийг эргүүлд гарах үеэр буудуулж амь үрэгдсэн. Дараа нь сонсоход хоёр хүүхэдтэй, ажиллагаанд ирээд удаагүй байсан цэрэг байдаг. Харамсалтай санагдсан. Ер нь монгол цэргүүдийн хувьд НҮБ-ын ажиллагаанд явахдаа ар гэрийн баталгаа гаргаж, эрсдэлээ өөрөө хариуцна гэж л явж байгаа шүү дээ. Цэргийн алба тийм л байдаг. Амар ажил биш.

-Монгол цэргүүдийн алдар суу, гавьяат үйлс үе үе хилийн чанадаас дуулддаг. Таны томилолтын үеэр ч бишгүй олон гарч байв уу?

-Өмнөд Суданд манай батальон үүрэг гүйцэтгэж байх үед 2014 оны дөрөвдүгээр сарын нэг өдөр хүчний командлагч Ганын генерал над руу утас цохисон. Манай баазаас хойш 20 км-т байдаг Оросын нефтийн үйлдвэрийн 10 орчим ажилчин халдлагад өртлөө. Тэднийг татан гаргаж ирж чадах уу гэж байна. “Та үүрэг өгвөл цэргүүдээ явуулахад бэлэн” гэлээ. Ингээд манай цэргүүд явсан. Тухайн үед Засгийн газрын эсрэг хүчин нефтийн үйлдвэрийн орчим хориглолтод суучихсан байсан. Цэргүүд маань тэр хүнд нөхцөл байдал дундуур халдлагад өртсөн энгийн ажилчдыг гаргаж ирж байлаа. Тэр мэдээг сонссон хүчний командлагч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчид маш их баярлаж байсан. Уганда Улсад байдаг ОХУ-ын Элчин сайдын яамнаас манай багийнханд талархал илэрхийлж байсан удаатай.

Энхбаатар хурандаагийн ээлж байдаг юм. Долдугаар ээлж байх. Бааз дотор орой харанхуйд зэвсэгтэй нөхөд энгийн хүмүүс рүү халдсан. Манай монгол цэргүүд тэр нөхдийг аюулгүй болгож байсан удаатай. Тэр бол НҮБ-аас асар том өндөр үнэлгээ авсан ажиллагаа. Ер нь монгол цэргүүд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх бүрэн чадвартай. Хүндрэл юу байдаг вэ гэлээ. Хэлний л асуудал байдаг даа. Гэхдээ бусад улсын цэргүүдэд ч бий.

-Монгол Улс бол амгалан, энх тайван орон. Бид дайны тухай мэдэхгүй. Харин та, таны цэргүүд энх тайван, дайн хоёрын ялгааг нүдээрээ харсан, биеэрээ мэдэрсэн хүмүүс. Энх тайван, амар амгалан байхын учир шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Монголоос энхийг сахиулах ажиллагаанд явсан бүх цэрэг эх орны үнэ цэнэ, тусгаар тогтнол, Монгол Улсын бүрэн бүтэн байдлын тухай мэдрэмжийг тухайн улсад онгоцны буудал дээр буухад л авдаг. Хэдий өнөөдөр бид утаатай ч гэсэн Буянт-Ухаа дээр буухад сэрүүн сайхан агаар амьсгалах агуу сайхан.

Ажиллагаа явагдаж байгаа газар нүд халтирам зүйл их байдаг. Жишээ нь, Өмнөд Суданы захын нэг тосгонд очвол тэнд дүүрэн овоохой л байна. Гэр орон, тог цахилгаан гэж байхгүй. Хоол ундаа гадаа чулуун дээр гал асаагаад хийж иднэ. Хүүхдүүд хувцасгүй нүцгэн гүйлдэнэ. Том хүмүүс ч тэр. Хувцас байхгүй. Түүнтэй бид харьцуулшгүй. Эх орны үнэ цэнэ, тусгаар тогтнол гэдгийг энхийг сахиулах ажиллагаанд явсан хүн бүр сэтгэл зүрхнээсээ мэдрээд ирдэг дээ.

-Одоо таны зорих Бүгд найрамдах Кипр улсын нөхцөл байдал ямар байгаа вэ. Тэнд та бүхэн ямар ажиллагаа гүйцэтгэх вэ?

-Аливаа ажиллагаа бол НҮБ-ын мандатаар заагдсан үүрэгтэй. Өмнөд Суданд гэхэд энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, хүний эрх зөрчигдсөн тохиолдолд мэдээлэл цуглуулах үүрэгтэй бол Бүгд найрамдах Кипр улсад бид өмнө хийж байгаагүй онцгой ажиллагааг гүйцэтгэнэ.

Киприйн арал дээр хойд хэсэг нь Туркийн Кипр, өмнөд нь Грекийн Кипр гэж явдаг. Энэ хоёрын голоор тусгаарлах бүс буюу Buffer zone татчихсан. Заагдсан мандатаар энэ хоёр газрын хооронд зөрчилдөөн үүсгэхгүй байх, хэвийн байдалд нь оруулах үүрэгтэй. Цэргийн зөрчилдөөн байхгүй ч гэсэн улс төрийнх нь хувьд зөрчилдөөнтэй бүс нутаг. Үүнийг л мэдэрч ажиллах үүрэгтэй. Бидний хувьд тусгаарлах зааг дээр үүрэг гүйцэтгэж байсан туршлага байхгүй. Тиймээс бас нэг туршлага, сургамж болох ажиллагаа гэж харж байна.

Тэнд Англи, Словак, Аргентины цэргүүд, НҮБ-ын цагдаа, 25 орны ажиглагч гээд 850 гаруй хүн бий. 180 км үргэлжилсэн зааг дээр гурван сектор болж аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

-Хүчний командлагч баг бүрэлдэхүүнтэйгээ очих эрхтэй гэв үү?

-НҮБ-ын шаардлагын дагуу цэргийн зөвлөх хэмээн нэг дэд хурандаа, туслах гэж нэг хошуучийн хамт явна. Залуучууд маань өмнө нь олон ажиллагаанд явсан туршлагатай. Нэг нь АНУ-ын команд штабын коллеж, нөгөө нь АНУ-д магистр хийгээд ирсэн залуус бий. Жолооч цуг явна. Дөрвүүлээ Монголоос баг болоод очно доо.

-Та цэргийн албанд хэзээнээс зүтгэв?

-Би 1992 онд хуучин Найрамдал төв буюу Сансарын 48 дугаар сургуулийг төгссөн. 1992-1996 онд Цэргийн их сургуулийн ерөнхий цэргийн ангийг төгсөж, Зүүнбаянд хоёр жил алба хаасан. Офицерын амьдралын гараа Зүүнбаянгаас эхэлсэн гэх үү дээ. Дараа нь Зэвсэгт хүчний 032, 150, 026 330, 350 дугаар ангиудад штабын дарга хүртэл албан тушаал хашиж байлаа. Үргэлжлээд Зэвсэгт хүчний жанжин штабт Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн даргаар хоёр удаа ажилласан. 2020 оноос Зэвсэгт хүчний агаарын цэргийн штабын даргаар саяхныг хүртэл ажиллаад томилолтоор явах болсон тул албаа хүлээлгэж өгөөд байна.

Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангана гэдэг том гадаад бодлого бий. Үүнийг хэрэгжүүлдэг нэг хэсэг нь энхийг сахиулах ажиллагаа. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. Гишүүн орныхоо хувьд дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж улс орнуудад энхийг сахиулаад явж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж байгаа үйл явдал гэж хардаг. Үе үеийн энхийг сахиулах ажиллагаанд өөрсдийнхөө зам мөрийг гаргасан энхийг сахиулагчдадаа талархаж явдаг аа.

-Таны багийн энхийг сахиулах ажиллагаанд амжилт хүсье.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаач хүүгийн ээж: Өнөөдөр л бид хүүгийнхээ ажил явдлыг дуусгаж гашуудлаа тайлж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар дээр газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин “Ниссан патрол” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, онц ноцтой хохирол учруулсан. Ослын улмаас амиа алдагсдын тоо тав болоод байна.Тодруулбал, ослын үеэр гурван гал сөнөөгч нас барсан. Галд өртөж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс өнгөрсөн сарын 27-нд 19 настай С, өчигдөр 40 настай Б нар эмчилгээний явцад нас барсан харамсалтай явдал болов. Тэд 80-95 хувийн түлэгдэлтэй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсныг Улсын онцгой комиссоос мэдээлсэн.

ГССҮТ-ийн Түлэнхийн төвд одоогоор эмчлүүлж байгаа найман иргэний биеийн байдал тогтвортой байгаа аж. Уг хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг анхаарал татаж буй.

Тэрбээр ослын буруутай этгээдийг нэн даруй тогтоохыг үүрэг болгохоос гадна уг хэрэгтэй холбоотой улстөрчдийн асуудлыг хөндсөн нь сонирхолтой. Тодруулбал, хэрэг гарах үеэр тэр орчимд ямар машин хөдөлгөөнд оролцсон, тэдгээр нь улстөрчдийн хамаарал бүхий байсан эсэх, мөн дээр нь хуулийн байгууллагын хүмүүс явсан эсэхийг ч давхар шалгахыг үүрэгджээ. Нэг ёсондоо уг хэрэг санамсаргүй явдал байсан уу, зохион байгуулалттай юу гэдэг эргэлзээг нийгэмд бий болгож орхилоо.

Үүний дараа буюу энэ сарын 29-нд Улсын ерөнхий прокурорын газраас ослыг шалгах Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсэгт нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгчийг нэгтгэж, шалгалтын ажиллагааг явуулж эхлэхээр болсныг мэдээлэв.

Б.Батзориг: Хохирогч бүрээс мэдүүлэг авах учраас олон мөрдөгч ажиллах шаардлагатай

Ерөнхий сайдын мэдэгдэл, Ажлын хэсэгт олон мөрдөгчийг нэгтгэсэн явдал таван хүний амийг авч одсон энэ галын осол юутай холбоотой байв гэдэг асуулт урган гараад байна. Энэ хүрээнд Монголын Криминологичдын холбооны дарга, доктор профессор Б.Батзоригоос зарим зүйлийг тодруулав.


-Криминологич хүний хувьд та газтай машин дэлбэрсэн ослыг ажиглаж байгаа байх. Ерөнхий сайд уг хэргийг зохион байгуулалттай байсан эсэхийг тодруул гэдэг үүргийг холбогдох албадад өгсөн. Прокурорын байгууллагаас 115 мөрдөгчийг хамарсан ажлын хэсэг байгууллаа. Энэ явдал юуг харуулаад байна вэ?

-Энэ хэрэг өөрөө олон хохирогчтой байгааг бид харж байна шүү дээ. Нэг байр тэр чигээрээ шатаж, оршин суугчид нь хохироод байна. Хүмүүс нас барлаа. Тиймээс богино хугацаанд хэргийг шалгаж дуусахын тулд Ажлын хэсэг байгуулж байгаа хэрэг.

Мөрдөгчид хохирсон бүх хүнээс мэдүүлэг авч таарна шүү дээ. Орц орцоор нь үнэлгээ тогтооно. Маш өргөн ажиллагаа явагдана.

-Ерөнхий сайдын мэдэгдлийг та анзаарсан байх?

-Олон хохирогчтой хэргийн хувьд маш олон талаар, олон сэжиг таамгаар шалгана. Тэр бүрийг мухарлах болно. Хохирогчдоос ослын талаар өөр өөр зүйл ярьж байгаа. “Дашваанжил” ХХК ч бас нэг зүйл ярьж таарна. Гарсан сэжиг таамаг бүрийг шалгаж мухарлах ёстой. Тэр дунд таны хэлсэн таамаглал ч байх боломжтой. Түүнээс биш гал гарсан, хүмүүс хохирсон байна гээд орхичихгүй.

Бөмбөгөрийн хэргийг санаж байгаа байх. Олон хохирогчтой галын хэрэг шүү дээ. Хүн бүр харилцан адилгүй мэдүүлэг, хохирлын тухай ярьдаг. Тэр бүрд үнэлгээ хийгээд явах болно.

-Хэргийн талаар таны дүгнэлт ямар байна вэ?

-Криминологичийн хувьд хэргийг шалгаж дууссаны дараа дүн шинжилгээ хийдэг. Тиймээс одоогоор хэрэг үүнээс болсон, ийм учир шалтгаантай гэж хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхийд нь дүгнэхэд зохион байгуулалттай гэж хэлэх боломжгүй болов уу гэв.

Дэлбэрэлтээс үүдэж анх 14 хүн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Дөрвөн хүн анхан шатны тусламж үйлчилгээ аваад эмнэлгээс гарсан бол 10 хүн үргэлжлүүлэн эмчлүүлсэн. Тэдний дундаас нь зургаа нь маш хүнд буюу 80-90 хувийн түлэгдэлтэй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг албаныхан хэлж байлаа. Харамсалтай нь эмчлүүлж байсан иргэдээс 19 настай С, 40 настай Б нар дөрөв хоногийн зайтай нас барав.

Замын хөдөлгөөнд оролцож явсан гэмгүй иргэд осолд өртөж амиа алдсан явдал олон нийтийн дунд ихээхэн эмзэглэл төрүүлж буй. Тэдний талаар өнөөдөр хэн ч дурсаж, эмгэнэж, цаашлаад нөхөн төлбөрийн асуудал яригдахгүй байгаа билээ. Талийгаач 19 настай С нь ослын үеэр автомашин дотор байсан бөгөөд газ алдагдаж, дэлбэрэлт болох үеэр машин нь шатжээ. Тухайн үед машинаасаа бууж амжсан байна. Гэвч түлэгдэлт их байсан учраас гудамжинд явж байсан хоёр залуу тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.


Талийгаач хүүгийн ээж: Хариуцлага алдсан хүмүүст хууль шүүхийн байгууллага зохих ял шийтгэлийг нь хүлээлгэх байх

Талийгаач С-ийн ээж Б-тэй холбогдоход “Өнөөдөр л бид хүүгийнхээ ажил явдлыг дуусгаж гашуудлаа тайлж байна. Хүүгийнхээ нэрийг хөндөж, осолтой холбоотой ямар нэгэн мэдээлэл гаргахгүй байхаар тохиролцсон. Хариуцлага алдсан хүмүүст хууль шүүхийн байгууллага зохих ял шийтгэлийг нь хүлээлгэх биз. Бид нэгэнт болоод өнгөрсөн ослын дараа хэн нэгэнд гомдол гаргаж, хэн нэгнийг буруутан болгож яримааргүй байна” гэсэн юм.

Галын осолд өртөж найман хүн одоогоор эмчлүүлж байгаа. Хийтэй холбоотой осол, түлэгдлийн талаар ГССҮТ-ийн эмчээс тодруулахад “Түлэгдлийн хувь 90 битгий хэл 60, 70 хувьтай байхад нэгэнт оройтчихдог доо. 80-90 хувийн түлэгдэл гэдэг найдваргүй, нэмэргүй. Анхнаасаа тавилан тодорхой байдаг. Учир нь амьсгалын зам түлэгдчихдэг. Тэр л хэцүү. Гал, газ, бензин, уксус гээд түлэгдэлт өөр өөр. Харин эмчилгээний зарчмын хувьд ерөнхийдөө адилхан байдаг” гэж байв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мөнхжаргал: Нүүрс баяжуулах үйлдвэрийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХКийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Нүүрс угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах талаар 2023 оны эхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат болон бусад албаны хүмүүс олон нийтэд мэдээлэл өгч байсан. Энэ үйлдвэрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2012 онд жилд 20 сая.тн нүүрс хүлээн авах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг батлуулж, EPC гэрээгээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан боловч тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч төслийг зогсоож байсан. Улмаар 2018 оноос Олон улсын нүүрсний зах зээл сэргэж эхэлсэнтэй холбоотойгоорТаван толгой ордын нүүрсийг сорчлохгүй ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг дахин сэргээж уурхайн дунд болон урт хугацааны төлөвлөлттэй уялдуулан жилд 10 сая.тн, нийт 30 сая.тн нүүрс хүлээн авах хүчин чадал бүхий Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын тухай” 113 дугаар тогтоолд нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оны III улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахыг даалгасны дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны наймдугаар сараас хойш гурван удаа зарлаж, найман сарын дараа 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэгч компани шалгарч гэрээ байгуулан, ажлыг эхлүүлсэн байдаг.

-Бүтээн байгуулалтын ажил одоогоор ямар үе шаттай явж байна вэ?

-Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хувьд барилга байгууламжийн бетон болон метал хийцүүд 80 гаруй хувьтай, гадна ханын угсралтууд явагдаж байна. Үндсэн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд төслийн талбайд ирсэн, суурилуулалт хийгдэж байгаа. Иргэний барилгууд үндсэндээ дууссан, гадна дотор заслын ажил хийгдэж байна. Үйлдвэрт шаардлагатай усны эх үүсвэрийг ойролцоогоор 70км байрлах Загийн усны хоолойгоос татах төслийн шугам хоолой, барилга угсралт дууссан нийт 90.4 хувийн гүйцэтгэлтэй, цахилгаан эрчим хүчээр хангах 14 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х25МВдэд станц барих төслийн гүйцэтгэл 95 хувьтай хэрэгжиж байна. Ирэх дөрөвдүгээр сард багтаан ус болон цахилгааны эх үүсвэртэй холбох ажлуудыг бүрэн дуусгаж, тавдугаар сард үйлдвэрийн туршилт тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ. Үр дүн, ач холбогдлын талаар тайлбарлахгүй юу?

-Энэ оны тавдугаар сард багтаан үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 500 орчим шууд ажлын байрыг шинээр бий болгож, жилд дунджаар 185.8 сая ам.долларыг улс орон нутгийн төсөвт оруулахаар тооцоо хийгдсэн.

Цаашид кокс, химийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох коксжих нүүрсний баяжмал үйлдвэрлэж эхэлснээр дотооддоо кокс, химийн үйлдвэртэй болох үндэс суурийг тавьж байгаа хэлж болно. Нүүрс баяжуулах үйлдвэр нь бүрэн автомат битүү агуулахтай, тоосгүйжүүлэх системтэй учир байгаль орчинд ээлтэй, нэг дор найман өөр чанарын нүүрсийг хольж баяжуулах хүчин чадалтай, усыг 96 хувь хүртэл дахин ашигладаг зэрэг олон давуу талтай.

Categories
мэдээ нийгэм

Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны урд зам дээр хий тээвэрлэж явсан машин дэлбэрсэн осол энэ сарын 24-нд гарсан. Энэ осолтой холбоотойгоор “Дашваанжил” ХХК-иас өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл өгөв.

Мэдээллийн эхэнд компанийн зүгээс амиа алдсан аврагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Үргэлжлүүлэн тус компанийн захирал Н.Баатаржав “Манай компанийн жолооч Н.Рэнцэндорж 1984 оноос эхэлж том тэрэг, хүнд машин механизм барьсан. “Онц тээвэрчин” тэмдэгтэй. Архи, тамхи хэрэглэдэггүй 2019 оноос хойш манай компанид ажиллаж байгаа сайн жолооч. Уг осолтой холбоотойгоор хүмүүсийн зовлон дээр дөрөөлж элдэв худал мэдээлэл тарааж байгаа тул иргэд мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсч байна. Манай компанийн хувьд Монголдоо анх удаа олон улсын жишигт нийцсэн хийн хангамжийн сүлжээг байгуулж 21 аймаг 30 гаруй суманд хий хадгалах байгууламжийг байгуулсан. Одоогоор манай компанийн 20 гаруй тээврийн хэрэгсэл орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулж тээвэрлэлт хийж байгаа.Хэдий амжилттай үйл ажиллагаа явуулж байсан ч уг осол бидэнд том цочрол өглөө. Маш их харамсаж байна. Бид Монгол Улс болон олон улсын стандартын шаардлага хангасан хамгийн сайн тээврийн хэрэгслийг худалдан авч ашигладаг. Манай компанийн жолооч 2019 онд Шадар сайдын баталсан аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу стандартын шаардлага хангасан машинаар тээвэрлэлт хийж байсан. Хот дотор тээвэр хийхэд зөвшөөрөл авдаг. Ингэхдээ хуулийн дагуу буюу тодорхой заасан чиглэл, маршрутын дагуу тээвэрлэлт хийдэг. Харин шөнийн цагаар тээвэр хийхдээ дүрмийн дагуу аюултай тээвэрлэлтийг заавал 22:00 цагаас хойш хийх ёстой гэдэг. Үүний дагуу шөнийн цагаар тээвэрлэлт хийж байсан. Мөн осолдсон машин 15.7 тонн хий тээвэрлэж явсан. Жолоочийн хувьд аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй, бүх стандарт бичиг баримттай байсан. Бид аюулгүй байдлаа сар бүр хянаж, зөвшөөрөл авч тээвэрлэлт хийдэг.

Мөн жолооч нарын дунд хяналт шалгалтын ажиллагааг тогтмол явуулдаг. Хий тархсан тохиолдолд ямар нэг газраас оч үсэрч байж гал гарна гэсэн үг. Галын шалтгаан нөхцөлийг тогтоох шалгалтын ажиллагаа яг одоо явж байгаа тул ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Мөн энэ үеэр тус байгууллагын удирдлагууд болсон асуудалтай холбоотойгоор иргэдээс уучлал хүсч, амь эрсэдсэн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэв.

Уг осолтой холбогдуулж хоёр хүнийг 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Тодруулбал, хий тээвэрлэж явсан машины жолооч Н.Рэнцэндорж болон уг машинтай шүргэлцсэн “Ниссан потрал” машины жолооч Э.Мөнхнаран нарыг 24-ний 23:00 цагийн орчимд хуулийнхан саатуулсан юм. Жолооч нарт Эрүүгийн хуулийн 27.10-ын 4.2 буюу Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан зүйл ангиар буруутгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар жолооч Э.Мөнхнаранг хориогүй гэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 24-ний 22:00 цагийн орчимд жолооч Н.Рэнцэндоржийг 48 цагийн хугацаатай саатуулах прокурорын тогтоол шүүхэд ирж, шийдвэрлэжээ. Харин Э.Мөнхнарантай холбоотой саналыг прокурорын байгууллагаас гаргаагүй бололтой.

Зарим хуульчдын зүгээс жолоочийг уг хэрэгт шууд буруутган цагдан хорьсон нь үндэслэлгүй гэж үзэж байв. Тиймээс 48 цагийн хугацаа дууссаны дараа чөлөөлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Архитектор Ц.Мэндбаяр: Газраа буруу олгосноос хот төлөвлөлт алдагдаж эхэлдэг DNN.mn

Хот төлөвлөлтийн зөвлөх архитектор Ц.Мэндбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед нийслэл хотод үүсч байгаа асуудал, осол аваар, иргэдийн эрх зөрчигдөж байгаа бүхэн хот төлөвлөлт рүү чиглэдэг болчихлоо. Тиймээс бид хот төлөвлөлт гэж юу вэ, яаж хийгдэх ёстойг анхаарах хэрэгтэй болжээ. Энэ тухай та товч тайлбарлаж өгвөл ямар вэ?

-Хот төлөвлөлт бол улс орон цаашид яаж хөгжих вэ гэдэг үндсэн гол стратеги төлөвлөгөөг боловсруулсны үндсэн дээр аймгуудыг бүсүүд болгоод хуваачихсан. Баруун, төвийн, зүүн бүс гэх мэтчилэн бий. Бүсүүдээс гадна аймгууд өөрсдөө тав, арван жилээр хөгжих стратеги төлөвлөгөө гарчихсан байдаг. Ер нь хүн амын хөгжил, тухайн орон нутгийн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай гэх мэт аль чиглэлээр хөгжиж байна вэ гэдэг бүх судалгаан дээр үндэслээд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгддэг юм. Аймгийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийн прогнозыг гаргана. Түүн дээрээ тулгуурласан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийдэг. Сумууд ч гэсэн тус тусдаа ийм байдлаар бэлддэг.

Ерөнхий төлөвлөгөө мэргэжлийн өндөр түвшинд хийгдэхээс гадна олон шат дамжлагаар орж батлагддаг эд. Тухайн орон нутгийн ИТХ, засаг захиргааны нэгжүүдээр орно, мэргэжлийн байгууллагуудын болон ард иргэдийн саналыг авна. Дээр нь мэргэжлийн болон хот төлөвлөлтийн норм нормативыг үндэслээд хот төлөвлөлтийн чиглэлээ гаргадаг. Цаашлаад мэргэжлийн зөвлөл, шинжлэх ухааны зөвлөл гэх мэт мэргэжлийн дээд байгууллагуудаар орж хянагдаж, маш олон шалгуураар дамжин гарч батлагддаг. Ингээд баталчихсан зүйлийг хэрэгжүүлэх процесс дээр манай засаг захиргааны нэгжүүд, бусад албад маш хангалтгүй ажилладаг.

Ерөөсөө газар олголтоос бүх алдаа эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ерөнхий төлөвлөгөөг баримтлалгүйгээр газар олголт хийгддэг. Уг нь ерөнхий төлөвлөгөөнд 1000 хүний суурьшлын бүс байгуулагдлаа гэж бодъё. Тэр хүмүүсийн цахилгааны болон дулааны даац, холбоо, цэвэр бохир ус бүх тооцоог хийгээд түүндээ тохирсон ногоон байгууламж, үер усны хамгаалалт зэрэг бүх арга хэмжээг ерөнхий төлөвлөгөөн дээр тусгаж төлөвлөнө. Угаасаа тэгж төлөвлөхгүй бол хяналт шалгалтуудаар давж батлагдана гэж байхгүй. Ингээд гараад ирчихсэн ерөнхий төлөвлөгөөг хамгийн эхлээд газар олголт дээр зөрчиж эхэлнэ. Манайхаас бусад оронд ерөнхий төлөвлөгөө батлагдлаа бол хууль. Үүнийг үндэслэж жижүүрийн ерөнхий төлөвлөгөө гэж хийгдэж явдаг.

-Жижүүрийн ерөнхий төлөвлөгөө гэдэг нь юу вэ?

-Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг, хоёрдугаар үе шат гэж бий. Үүний дагуу хөрөнгө оруулалт, газар олголтууд, барилгажилт бүгд түүн дээрээ тусгагддаг. Ингэхдээ яг тухайн үед заагдсан даац хэмжээ, нэг ёсондоо 1000 айл бол тэр тоогоороо л явах ёстой. Дээр нь гудамж замын өргөн, даацыг бодно. Замын улаан шугам гэж бий. Энэ нь замын тэнхлэгээсээ хоёр тийш барилга аль хүртэл баригдаж болох зай хэмжээг заах ёстой. Түүнээс дотогш барилга баривал дэд бүтэц татах зайгүй болно. Гэрэлтүүлэг, ногоон байгууламж байхгүй болж таарна. Тиймээс улаан шугамаа баримталж явах ёстой. Гэтэл манайхан газар олголт дээр улаан шугамаа зөрчдөг. Барилгажилтын даацаа зөрчдөг. Төлөвлөгдсөн хэм хэмжээг зөрчөөд, замбараагүй газар олгож явсаар ерөнхий төлөвлөгөөг үгүй хийчихдэг юм. Ийм зүйлээс болж л дараа дараагийн үр дагавар гарч ирдэг.

Хүмүүс бодохдоо ерөнхий төлөвлөгөө муу хийгдсэн гэж хараад байдаг. Үнэндээ ерөнхий төлөвлөгөө муу хийгдэх ямар ч боломжгүй. Муу төлөвлөгөө батлагддаггүй юм. Буцаад л байдаг. Тэгж тэгж “Энэ болох юм байна” гэсэн хэм хэмжээнд хүрч байж батлагддаг.

Бусад оронд жижүүрийн ерөнхий төлөвлөгөөг яс баримталдаг. Түүнийг ямар ч засаг захиргааны нэгж зөрчих эрхгүй. Жишээ нь, үйлчилгээний төв, эсвэл сургууль цэцэрлэг барихаар газар хүсээд ирлээ гэж үзье. Тэгэхэд “За чи энэ хүснэгтийг бөглө” гээд ерөнхий төлөвлөгөөнд заагдсан бүх зай хэмжээ, барилгын давхар, өнгө будаг, хүчин чадал тэр бүгдийг заасан хүснэгт өгчихдөг. Тэр хүснэгийг бөглөөд ирэхээр харахад ерөнхий төлөвлөгөөнөөс гажсан бүх зүйл тэнд зөвшөөрөгдөхгүй. Нэг л юм зөрчигдвөл “Зас. Таны газар олголт зөвшөөрөгдөхгүй” гээд буцаадаг. Гэтэл манайх мөнгөтэй компани, эсвэл танил талаараа, одоогийнхоор бол авлига хээл хахуулиар газар олгоод л, ерөнхий төлөвлөгөө, хэм хэмжээг алдагдуулж, улаан шугамаа зөрчөөд барилга байшин барьчихна. Дараа нь дулааны даац зөрнө. Цахилгаан, цэвэр, бохир ус бүгд зөрнө. Ингээд ирэхээр дахин төлөвлөлт гэж юм хийнэ. Ингэж эцэс төгсгөлгүй зангууны үлгэр шиг зөрчил гарч ирж байгаа юм.

-Хий тээвэрлэж явсан машин дэлбэрч, гал алдлаа. Галыг унтраах явцаас эхлээд стандарт, норм норматив зөрчигдсөн байгааг бүх нийтээрээ хэлэлцэж байна. Энэ зөв үү?

-Барилгын норм дүрэм зөрчсөнөөс гадна хот төлөвлөлтийн нормоо баримтлаагүйтэй холбоотой осол шүү дээ. Барилгаа улаан шугамын ард барих ёстой байтал зам руугаа шахаад барьчихсан байх жишээтэй. Тийм том хэмжээний урсгалтай зам дээр наанадаж 30-40 метрийн зайд барилгажилт явах ёстой шүү дээ. Газраа буруу олгохоос эхлээд даацаа хэтрүүлсэн харагдаж байна. Ийм зүйлсээс болж хатуу үр дагаврууд гарч ирж байгаа юм. Нэг ёсондоо энэ чинь маш том шийтгэл гэсэн үг.

-Хот цаашдаа өргөжин тэлнэ. Том хотод төлөвлөлт ямар байх ёстой вэ. Тэр дундаа онцгой байдал, эмнэлэг, цагдаа зэрэг хүн амын аюулгүй байдлыг хамгаалах онцгой албад ямар байх ёстой вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Энэ талын төлөвлөлт ямар байх ёстой вэ?

-Хот их, бага гэж ярих хэрэггүй. Ерөөсөө нягтрал гэж бий. Хүн амын нягтрал гэж хамгийн чухал анхаарах ёстой норм дүрэм бий. Үүнийг дэлхий нийтээрээ баримталдаг. Нягтрал хэтэрсэн тохиолдолд түгжрэл үүснэ, түүнээс үүдсэн бухимдал бий болно. Дээр нь бүх юмны даац хэтэрнэ гэсэн үг. Нягтралын норм дүрмийг баримталж хийгдсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу л хот өргөжин тэлж байх ёстой. Хотын төвдөө шаваад байх биш. Хэрэв нэмж барилга барих юм бол хотоосоо гадагшаа барина. Нягтралаараа хөөгдөөд гадагшаа дагуул хотууд болж хөгжих ёстой. Түүнээс биш хотынхоо төвд шаваад байна гэсэн үг биш.

Мөн авто замын даац, нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт бүгд ерөнхий төлөвлөгөөнд байх ёстой. Тэр хэмжээ алдагдсан учраас түгжрэл үүсээд, дараа дараагийн үр дагаврууд гарч ирээд байна. Тэр битгий хэл, хот төлөвлөхөд утаатай хэсэг нь салхиныхаа аль талд байх вэ. Утаагүй хэсэг нь яаж төлөвлөгдөх вэ гээд тусгагдчихсан байдаг. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд энэ бүхэн тусгагдсан гэсэн үг.

-Онцгой байдлын албад яаж төлөвлөгдөх талаар…?

-Замынхаа даац, орц, гарц бүхэн дээр бүгд бодогдох ёстой. Галын норм дүрэм гэж байгаа. Түүнийг сахиулж байж тэр хороолол галын газраас галын виз авна. Ерөнхий төлөвлөгөө хийгдлээ. Галын газраар орлоо. Тэнд төлөвлөгдсөн бүх зүйлийг шалгаад “За энэ болж байна” гэсэн нөхцөлд галынхан виз өгнө. Тэгтэл сая Дүнжингаравын орчимд гарсан галын үед гал команд очиход барилга нь намхан хүзүүвчтэй. Машин орж чадахгүй байсаар барилга нь шатлаа. Энэ бүхэн бүгд норм дүрмээ зөрчөөд барьчихсан байна. Газар олголтоос эхлээд барилга барьж байх явцдаа манайх дээрээсээ доошоо бүх зүйл нь буруу. Барилга байшин нь пундаметээсээ зөв байх юм бол дээшээ нурахгүй баригдана аа даа. Тэгтэл пундаметээсээ буруу баривал тэр байшин нурах нь тодорхой. Хот төлөвлөлт дээр суурь асуудлаа буруу шийдээд явчихсны үр дагавар.

-Шийдлийн тухайд та юу хэлэх вэ. Өнөөдөр нэгэнт нөхцөл байдал тодорхой болчихлоо. Засч залруулах боломж байна уу?

-Жишээ нь, галын цэг дээр онцгой байдлынхан очоод нэгд, газ тээвэрлэж явж байна гэдгийг мэддэг байх ёстой. Хоёрт, энэ тохиолдолд галынхан шууд халуун цэг рүү яваад орчихож болохгүй. Барилга нь хүзүүвчтэй, газ алдсан үед хүн очдоггүй. Дроноор гал унтраадаг болчихлоо шүү дээ. Хэрэв дронтой байсан бол түгжрэлд ч орохгүй. Хүзүүвчид ч баригдахгүй. Хүн ч эрсдэхгүй, даван туулах боломжтой байлаа. Дрон бараг нэг жийпний үнэ ч хүрэхгүй дээ. Тэгэхэд манайх жийп, автобус өчнөөнөөр нь авч төсөв завшиж байна шүү дээ. Ер нь толгой, төр засаг гэж байдаг бол ард түмнээ хуураад байх биш, хүнийхээ төлөө засаглах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөвшөөрөлгүй жолооч хотын төвөөр 60 тн газ тээвэрлэснээс дэлбэрэлт үүсч, гурван аврагч эрсэдлээ DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар дээр өчигдөр (2024.01.24) 01:05 цагийн үед их хэмжээний газ буюу шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан автомашинтай “Ниссан патрол” маркийн автомашин шүргэлцсэнээс хүчтэй дэлбэрэлт боллоо. Энэ үеэр онцгой байдлын гурван албан хаагч амь насаа алдаж, 14 иргэн эмнэлэгт хүргэгдсэнээс тав нь 80-90 хувийн түлэгдэлтэй, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Дэлбэрэлтийн улмаас Дүнжингарав худалдааны төвийн чанх урд байрлах “Эдү апартмент” хотхон руу гал тархаж, 11 айлын 43 иргэнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн, галд иргэдийн 28 машин өртсөнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.

01:00 цагийн орчимд газ тээвэрлэгч машин зам дээр баруун эргэх үйлдэл хийхэд суудлын авто машин давхар эргэж шүргэлцэж байгаа хяналтын камерт дүрс бичигджээ. Ингээд газ тээвэрлэгч машин хөдөлгөөнөө зогсоож, “Ниссан патрол” машин чигээрээ явсан харагдана. Үүнээс тав орчим минутын дараа дэлбэрэлт болжээ. Онцгой байдлын байгууллагад 01:07 цагийн үед дуудлага ирж, гал сөнөөх ангиуд хөдөлж эхэлсэн байна. Нийслэлийн гал унтраах ангийн нийт бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийг гурван цаг орчмын дараа бүрэн унтраасан байв.

Хий тээвэрлэж явсан машин дэлбэрсэн энэ нөхцөл байдал улс орон даяар түгшүүртэй нөхцөл байдлыг бий болгов. Онцгой байдлын албан хаагчид амиа алдсан, олон арван хүн гэр орон, машин тэрэггүй болсон, хамгийн гол нь тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэж явсан машин дэлбэрэх нөхцөл байдал яагаад бий болов, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн үү, хотын төв хэсэгт зорчиж явсан нь хууль журам стандартаар зөвшөөрөгдөх үү гэх зэрэг олон асуулт бий болоод байна.

Хамгийн ноцтой нь үүрэг гүйцэтгэж явсан гурван албан хаагч амь эрсэдсэн нь хамгийн том гарз хохирол байв. Тэд бол гал унтраах 63 дугаар ангийн албан хаагчид болох 36 настай А, 28 настай Б, 27 настай Т нар байлаа. Аврагчид амиа алдсан ослын тухай ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тайлбарлахдаа “Гал унтраахдаа тактикийн болон ажиллагааны алдаа гаргаагүй. Монгол Улсад үйлчилж байгаа гал унтраах дүрмийн дагуу гал унтраах удирдагч тухайн нөхцөл байдлын үнэлгээг хийх зорилгоор ажиллаж байх явцад 40 метрийн алслалтай ёмькост хүчтэй дэлбэрэлт бий болж шидэгдсэнээр манай гурван алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. Галаас 40-100 метрт байна гэсэн хэмжээ дүрэмд байхгүй” гэлээ. Нэг ёсондоо манай улсад шатдаг хийтэй ажиллах, ялангуяа гэнэтийн ослын үед аврагчид ямар зайнаас ажиллах, энгийн иргэд ямар зайтай байх зэрэг стандарт дүрэм байдаггүй гэсэн үг аж.

Нас барсан аврагчдын ар гэрийнхний зүгээс энэ харамсалт үйл явдалд гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа. Осол шөнийн 01:30 цагийн үед болж, аврагчид амиа алдсан байхад өдөр 12:00 цаг гэхэд ар гэрийнхэнд нь албан ёсоор мэдэгдээгүй гэж байв. Энэ тухай талийгаач Б-гийн эхнэр “Нөхөр маань амь эрсэдсэн талаар өглөө босоод мэдлээ. Өглөө ажилдаа явах гэж байтал аврагчдын ар гэрийнхний нэг нь чат бичсэн. Үнэмшээгүй. Удалгүй нөхрийн маань найз эмгэнэл илэрхийлсэн чат бичсэн байлаа. Ингээд хадам ээжийгээ аваад 06:00 цагийн үед 63 дугаар ангид ирлээ. Хэн ч байгаагүй, хоёр гурван цаг уйлж сууцгаалаа. Бидэнд хүн ёсоор хандаад анги хамт олны зүгээс албан ёсоор хэлж болно оо доо. Албаны хүмүүс аврагчдыг галаас хол зайд зогсоосон гэж тайлбарлаж байна. Бичлэгийг үзсэн. Маш ойрхон зогссон байна шүү дээ. Маш харамсалтай байна. Бид хоёр жаахан хүүхэдтэй залуу гэр бүл. Хан-Уул дүүрэгт саяхан аврагч нас барсан. Ер нь тэр хэргээс хойш хоёулаа ярилцаж байгаад ажлаас гаръя гэж байсан. Гэтэл ийм явдал болчихлоо, хэлэх үг алга” гэж байв. ГССҮТ-ийн Түлэнхийн төвд 80-90 хувийн түлэгдэлтэй таван иргэн эрчимт эмчилгээнй тасагт эмчлүүлж байгаа юм. Эмч нарын хэлж буйгаар гурван иргэний биеийн байдал маш хүнд байгааг онцолсон. Тэд осол гарах үед ойролцоо байсан иргэд аж. Тэдний дунд ойролцоох байранд сантехникийн дуудлагаар очсон нэг иргэн болон гэртээ харихаар алхаж явсан өөр нэг иргэн байжээ. Түлэгдэлтийн зэрэг гурав болон дөрөв буюу маш хүнд зэрэгт орж байгаа аж. Эрчимт эмчилгээнд байгаа хоёр иргэн бүрэн хараагүй болсон гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлж байна.

Ослын үед алдагдсан хий ойролцоох “Эдү апартмент” хотхон руу тархаж, гал гарсан. Онцгой байдлын аврагчид болон иргэд шуурхай арга хэмжээ авч, богино хугацаанд байрнаас гарсан байдаг. Гэвч галыг унтраахаар ирсэн гал унтраах машин байранд ойртох боломжгүй, орц гарцыг нь хааж барилга барьсан байв. Ингэснээр галыг унтраах хугацаа улам хойшилсон болохыг иргэд болон онцгой байдлын байгууллага мэдэгдэж байсан юм. Тухайн үед юу болсон талаар тус хотхоны иргэн “Хүчтэй дэлбэрэлтийн дуунаар манайхан сэрцгээсэн. Юу болж байгааг огт ойлгоогүй. Газар хөдөлж байгаа юм шиг л яг цонхон доор хүчтэй дэлбэрсэн. Удалгүй байрныхан шуугилдаад орилж эхэлсэн. Ингээд ухасхийгээд цонхоороо харахад тэр чигээрээ гал болж байсан. Тэрхэн зуурт юу хийхээ мэддэггүй юм билээ. Гарах ёстойгоо, аюулгүй газарт очих ёстойгоо ухаардаггүй юм байна. Хүүхдүүд маань орилоод, нэлээд сандарсан. Хаалганы гадна хүмүүс гүйж байгаа нь сонсогдсон учраас гарах ёстой юм байна гэж бодсон. Ингээд л бараг нүцгэн шахам гарт таарсан хувцсаа шүүрээд гэрийнхнийгээ аваад гарцгаасан. Цахилгаан шатаар, явган хүний шатаар аль алинаар нь хүмүүс явж таарсан. Манайх дөрөвдүгээр давхрын айл. Дээд давхрын хүмүүс бөөн шуугиан болсон айсан сандарсан байдалтай бууж ирсэн. Тэрхэн зуурт шахцалдаад, бас л амь тэмцдэг юм билээ. Гэхдээ аюулгүй бууж, аюулгүй газарт хүрч чадсан” гэсэн юм.

Осолтой холбоотойгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдууд эмгэнэл илэрхийлсэн байв. Мөн Тэнгэр даатгал, Мандал даатгал ХХК-иуд эд хөрөнгө нь галд өртсөн иргэдэд нөхөн төлбөр олгохоо мэдэгдлээ. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүд хий тээвэрлэсэн жолооч болон бусад иргэдэд хууль зүйн тусламж үзүүлэхээ амлав.

Хийтэй холбоотой ослын үед аврах ажиллагааг хэрхэн явуулах талаар инженер Д.Жаргалсайхан “Мэргэжлийн маш том алдаа гаргаж, газаас үүдэлтэй галын аюултай бүс рүү гал сөнөөгчдийг оруулсан байна! Учир нь газаас үүдэлтэй галыг унтраах боломжгүй. Шатаж дуустал нь эргэн тойрны аюулгүй байдлыг ханган, аюулгүй бүсэд байж ажиллах ёстой. Монголчуудын хувьд газтай харьцах, аюулгүй ашиглах мэдлэг, туршлага дутмаг байна” гэж байв.

Ослын нөхцөл байдлын талаар УОК хуралдаж, өчигдөр 15:00 цагийн үед Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрбээр “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлж, шаардлагатай асуудлуудыг нь шийдвэрлэнэ. Орон сууц нь шатсан 60 айлыг цаг алдахгүйгээр ажлын хэсэг байгуулж нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан түрээсийн байранд оруулж, төлбөрийг нь төр хариуцна. Үүний хажуугаар бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, хэвийн амьдралыг үргэлжлүүлэхийн тулд түрээсийн байрыг тухайн орчинд нь зохион байгуулна. Мөн барилгыг цаашид ашиглах боломжтой гэвэл шаардлагатай бүх засвар үйлчилгээг хийж ашиглалтад оруулна” гэв.

Мөн үргэлжлүүлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Стандарт, норм төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хэр зэрэг баталгаатай байна вэ гэдэг асуудлаас үүдэж яригдаж байна. Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг Улаанбаатарын нутаг дэвсгэрт тээвэрлэх, зарж борлуулахтай холбоотой төрөөс тавьсан стандартыг хангаж байна уу гэдгийг шалгана. Дэлхийн хамгийн хөгжилтэй улсад 60,000 гаруй стандартыг тогтоосон. Иргэд түүндээ нийцэж амьдардаг. Харамсалтай нь манай улсад өнөөдөр 6.500 орчим төрлийн стандарт бий. Яг бодитоор 3.000 гаруй төрлийн стандарт хэрэгждэг. Буруутай этгээдийг тогтоож, учирсан хохирлын хэмжээг гаргана. Учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод маргааш өглөөний Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ” гэв.

Түүнчлэн УОК-ын хурлын үеэр гурван аврагчийн дунд тусгай хэрэглэлийн ганц хувцас байдаг. Олон давхар барилгад гал гарахад есөөс дээш давхрын галыг унтраах шат байхгүй гэдгийг онцгой байдлын байгууллага дуулгаж байв.

Ослын шалтгаан нөхцөлийн талаар иргэд олон нийт, мэргэжлийн хүмүүс олон талын байр суурийг илэрхийлж байв. Осол гарах үед газ тээвэрлэж явсан машины жолооч бууж амжсан байдаг. Тэрбээр ослын талаар тайлбарлахдаа “Замын-Үүд рүү газ тээвэрлэж явсан. Уулзвар гарахад хажуунаас машин ороод ирсэн. Хажуунаас машин ирж мөргөнгүүт газны хошууг сэтэлчихсэн. Тиймээс “Энэ аюултай юм болж мэднэ” гээд машинаасаа гараад гүйсэн” гэж тайлбарлаж байгаа юм.

Ослын талаар Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав

“Газ тээвэрлэж явсан автомашин тухайн замаар явах зөвшөөрөлтэй байсан. Уулын замаар явж болдоггүй юм. Мөн үе үеийн хотын дарга нарын зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөн сийрсэн үед газ тээвэрлэх боломжтой байдаг” гэсэн тайлбарыг өгсөн бол цагдаагийн байгууллагаас өөр мэдэгдэл хийсэн юм.

Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан “2167УЕ улсын дугаартай “Дашваанжил” ХХК-ийн автомашин НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцох түр зөвшөөрөл олгох журам”-ын 2.2 дахь заалтын дагуу С, Е ангиллын зөвшөөрлийг нийтийн тээврийн газраас авсан эсэхийг шалгаж үзсэн. Ингэхэд зөвшөөрөл авсан эсэх мэдээлэл байхгүй байна. Осол гардаг тухайн уулзварт шөнийн 01.00 цагийн үед хөдөлгөөн сийрэгжсэн байсан тул биет зохицуулалт хийгдээгүй. Гэрлэн дохиогоор зохицуулагдах боломжтой байсан” гэв.

Цагдаагийн байгууллагаас осолтой холбоотойгоор “Дашваанжил” ХХК-ийн жолооч болон “Ниссан патрол” машины жолоочийг олж тогтоон мэдүүлэг авч эхэлсэн байв. “Ниссан патрол” машиныг Батлан хамгаалах яамны харьяа Барилга захиалагчийн албаны газрын дарга Э.Мөнхнаран жолоодож явжээ.

Б.Баттүвшин: 03:00 цагийн үед хэмжихэд агаар тпропан илэрч байсан

Энэ осолтой холбоотойгоор газ буюу шингэрүүлсэн хийг тээвэрлэх, энэ төрлийн ослын үед хэрхэн ажиллах асуудал хөндөгдөж байлаа. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгийн тайлбарласнаар энэ төрлийн ослын үед ажиллах тусгайлсан дүрэм заавар байхгүй гэсэн. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшингээс тодруулав.


-Шингэрүүлсэн хий алдагдсан ослын үед иргэд, онцгой байдлын аврагчид яаж ажиллах талаар норм стандарт байдаг уу?

-Хийг бүрдүүлдэг гол элемент бол пропан. Дэгдэмхий бодис учраас агшин зуурт л гал авалцдаг. Ийм ослын үед тийм зайд ажиллана гэсэн тусгай норм стандарт байхгүй. Ослын газарт ажиллаж байгаа хүмүүс тухайн нөхцөл байдлаа үнэлэх ёстой.

-Агаарт их хэмжээний хий алдагдсан. Иргэдийн эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх вэ. Та бүхэн хяналт шинжилгээ хийж байна уу?

-Шөнө 03:00 цагийн үед хэмжилт хийхэд пропан илэрч байсан. Харин 08:00 цагийн үед дахин хэмжихэд агаарт бүрэн дэгдчихсэн, нэг ёсондоо иргэдийн эрүүл мэндэд аюул үүсгэхгүй хэмжээнд хүрчихсэн байсан. Харин дотоод орчинд ямар байгаа талаар бид шинжлэх боломжгүй. Барилгын пасад болон бусад эд материал шатсан учраас хуулийн байгууллага шалгаж байгаа.

Иргэдэд толгой эргэх, салгалах, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа бол эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Органик хийнд хордсон тохиолдолд хордлогыг тайлж цус шингэрүүлэх үүднээс халуун бүлээн ус уухыг зөвлөдөг гэв.

Шингэрүүлсэн хийг хадгалах, зөөвөрлөх талаар Газрын тосны салбарын зөвлөх инженер Л.Орхон тайлбарлахдаа “Барилга хот байгуулалтын сайдын 2014 онд баталсан БНбД 21-07-14 “Шатахуун түгээх станц. Галын аюулгүй норм”-д зааснаар автомашинд хий түгээх станц нь шингэрүүлсэн хий хадгалах нөөцийн сав нь газар доор далд байрлалтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 100 метр, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 50 метр, нөөцийн сав нь ил буюу газар дээр байрлалтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 300 метр, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 100 метр зайд галын аюулгүйн зай хэмжээг тооцно гэж нормчилсон байдаг. Замын цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, мэргэжлийн хяналтын байгууллагууд болон хийн аж ахуй эрхлэгч байгууллагын дотоод хяналт шалгалтын алба нь байнга шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ёстой. Саяны ослын нөхцөл байдлыг бичлэгээс харахад авто замын төлөвлөлт нь том оврын тээврийн хэрэгсэл эргэлт хийхэд эргэлтийн радиус нь стандарт хэмжээнд хийгдсэн үү гэдэг асуудал гарна. Том оврын ачааны тээврийн хэрэгсэл эргэхэд толгой, чирэгдэгч торх хоёр нэг эгнээнд биш, мөн том машины сохор бүс буюу толинд харагдахгүй хэсэгт суудлын машин давхар эргэж орсон, шүргэлцсэн байдал харагдаж байна. Мөн тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх зөвшөөрөл олгох шаардлагад автомашины жолооч нь тээвэрлэлтийн батлагдсан замнал буюу маршрутыг зөрчих, батлагдаагүй замаар явах, зориулалтын бус газар зогсох, хурд хэтрүүлэх, гэнэт хурдан хөдөлгөөн хийх огцом, тоормозлох, тусгай тоноглолгүй тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх зэргийг хориглосон байдаг” гэж байлаа.

З.Ганбат: Галын аюулгүй байдал хангаагүй орц гарц хааж төлөвлөсөн орон сууцыг ОБЕГ-ын төлөөлөл зөвшөөрч болохгүй

Ослын улмаас орон сууцны барилга галд автаж иргэдэд их хэмжээний хохирол учирсан явдал нь барилга хоорондын зай талбайн норм стандарт алдагдсантай холбоотой. Үүнээс үүдэж онцгой байдлын машин ойртож очих боломжгүй байсныг иргэд онцолж байсан юм. Үүнтэй холбоотой норм стандартын талаар Хотын стандарт хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч З.Ганбатаас тодруулав.


-Барилга хоорондын зай талбайд ямар стандарт тавьдаг талаар?

-Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн нормыг мөрддөг. Барилгын өндрөөс хамаарч барилга хоорондын зайг тооцоолдог. 2-4 давхар бол 10 метр хүртэлх, 5-10 давхар бол 12 метр, 11-16 давхар бол 45 метр байх ёстой. Гэхдээ энэ зай талбай нь барилгуудынхаа байрлалаас шалтгаална. Яг дээрх тохиолдол нь хоёр барилга параллель байгаа тохиолдолд мөрдөх жишээтэй.

-Цагдаа, эмнэлэг, онцгой байдлын тусламж үйлчилгээг үзүүлэх зам талбайг барилгын зураг төсөлд яаж гаргах ёстой вэ?

-Энэ бол Галын аюулгүй байдлын нормоор зохицуулагддаг. Бас л барилгын зай талбай, өндрөөс хамаарч 6-20 метрийн зайтай зам талбай гаргах ёстой. Мөн дээр нь галд тэсвэрлэлтийн зэрэг маш чухал. Барилгыг галд тэсвэртэй эсэхээр 1-4 зэрэгт ангилдаг. Дөрөвдүгээр зэрэгт амины сууц, ахуйн аргаар барьсан галд тэсвэрлэх чадвар муутай барилга ордог. Харин цутгамал, тоосгон хийцлэлтэй бол хоёрдугаар зэрэг, нэлээд чанартай бүрэн цутгамал барилга нэгдүгээр зэрэг гэж тооцдог. Ингээд 1-2 дугаар зэрэгтэй барилга хооронд зургаан метр, 3-4 дүгээр зэрэгтэй барилга 15 метрийн зайтай байх ёстой.

Түүнээс гадна цонхгүй, дүлий ханатай барилгууд хоорондын зай хамгийн багадаа 4.8 метр байх ёстой. Энэ нь галын машин чөлөөтэй орж гарах тооцоолол. Түүгээр зогсохгүй галын машин бүрэн орж гарч, барилгыг бүрэн тойрох, аль нэг талдаа мухар байх ёсгүй гэж үздэг.

-Тэгвэл өнөөдөр ийм стандартгүй барилгууд ашиглалтад орчихлоо. Танай байгууллагын удирддаг Улсын комисс ажиллаад хүлээгээд авчихсан байна шүү дээ?

-Процедурыг зөв ойлгох хэрэгтэй. Барилга барьж дууссаны дараа 16 байгууллагын төлөөлөл орсон Улсын комисс ажилладаг. Хүмүүс буруу ойлгодог. Улсын комисс хүлээгээд авчихлаа, буруу гэж. Манайх тэр 16 байгууллагын төлөөлөл оролцсон Улсын комиссын хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага. Дээрх 16 байгууллага чиглэл бүрээрээ хяналт шалгалтаа тавьж оролцдог. Жишээ нь өнөөдрийн тохиолдолд галын аюулгүй байдал дээр гэхэд ОБЕГ-ын төлөөлөл орж ажилладаг байх жишээтэй. Хэрэв дүрэм норм зөрчигдсөн байвал саналаа хэлж засч залруулах үүрэгтэй.

-Галын аюулгүй байдал хангагдаагүй, барилга хоорондын зай талбайн норм алдагдсан байвал ОБЕГ зогсоох эрхтэй гэж үү?

-Тийм. Ерөөсөө барилга байгууламж анх барих зөвшөөрөл олгохоос эхлээд л энэ норм стандарт яригдах ёстой шүү дээ. Анх газар олгох, барилгын зөвшөөрөл олгохдоо л хангуулах ёстой. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлаад хэрэгжүүлж байгаа. Холбогдох хуулиуд ч бий. Тэр хууль, төлөвлөгөөгөөр бол эхлээд зам талбай, инженерийн шугам сүлжээ, харилцаа холбоог шийдсэний дараа барилго байгууламжийг төлөвлөнө гэдэг. Харин манайд эсрэгээрээ явж байгаа. Барилгаа барьчихаад үлдсэн зайд нь төлөвлөлтөө хийдэг.

-Одоо тэгвэл нэгэнт ингээд баригдчихсан барилга орон сууцыг засч сайжруулах, иргэдэд аюулгүй болгох боломжтой юу?

-Ихэнх барилга орон сууцууд Улсын комисс хүлээгээд авчихсан, барьсан компани хариуцах хугацаа дуусчихсан. Тэгэхээр өмчлөгч, эзэмшигчдийн асуудал болоод хувирчихаж байгаа юм. Хэрэв иргэд, эзэмшигчид тухайн барилга орон сууцанд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байгаа бол холбогдох үнэлгээ дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаад явах боломжтой. Иргэний өмчлөлөөс бусад нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц зэргийг төрөөс нэг удаа засч тохижуулах хуультай. Тэгэхээр иргэд өөрсдөө хэрсүү, хянамгай байж, эрхээ хамгаалж энэ талаар судлах, ажил хэрэг болгох хэрэгтэй. Өмнөх болж өнгөрсөн алдаа дутагдал ярихаас илүү ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх ёстой болов уу.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярхүү: Ковидын үеэр 50 машин нүүрс гардаг байхад байгуулсан терминал дээр бүх нүүрсийг шилжүүлэх гэж үйлээ үзэж байна DNN.mn

“Баянзам” тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Баярхүүтэй ярилцлаа.


-Хилийн боомтын сэргэлтийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярилаа. Бодит байдал дээрээ боомтууд сэргэж байна уу, асуудал бэрхшээл юу байна?

-БНХАУ-тай хиллэсэн найман боомт байна гэж Хилийн боомтын захиргаа мэдэгдэж байна. Энэ найман боомтын нийт дүнгээр 65 сая тонн нүүрс өнгөрсөн онд гарсан. Үүний 80 хувийг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор гаргажээ.

Гэхдээ бид олон боомтоо зэрэг хөгжүүлээд ашиг олоод өгье гэхэд харьцангуй ойлголт юм билээ. Гол нь БНХАУ аль боомт руугаа буюу зах зээл худалдан авалт нь аль боомт дээр төвлөрөөд байгаа юм, аль боомт дээрээс татах нь худалдан авагчдад ашигтай байна вэ гэдэг чухал асуудал байдаг. Ханги-Мандалын боомтоор цаашаа гол терминал нь ойрхон байх жишээтэй. Дотоодын тээвэр нь бага зардлаар нүүрсээ цааш хүргэж гол худалдан авагчдадаа өгчихөж байна. Гашуунсухайт нь тэндээ нэг дүрэмтэй, Шивээхүрэн нь ч тэр адилхан.

Жижиг гэж яриад байгаа боомтуудаас Бичигт боомтыг ярья л даа. Манай долоо, найман зуун тээвэрчин тийшээ ажил хайгаад явсан. Орон нутагт маш олон уурхай байдаг. Цаанаа хэн нь эзэн нь мэдэгддэггүй, уул уурхайн бодлого нь сул тийм газрууд олон бий. Хоёрт, тэнд хилийн боомтын хөгжил байхгүй. Яг 10 жилийн өмнөх Цагаанхад шиг, танил тал, орон нутгийн давуу байдал үүсчихсэн. Хэн нь хятад эзэн сайн танина, түүний машиныг оруулж ирээд нүүрс ачаад гаргадаг.

Энд Тулга сайд цаасан дээр маш гоё зураг яриад яваад байдаг. Буцаад засч болшгүй муу хөрс тэнд аль хэдийнэ бий болчихсон. Одоо гоё төлөвлөгөө бариад очихоор нэг хүн хашаа бариад өөрийнхөө өмч болгочихсон, эсвэл өөр хэн нэг нь гуанз бариад “Минийх” гээд суучихсан, бөөн хэрүүл байдаг. Бичигт, Хавиргын боомт орчимд бичил уурхай ихтэй боловч боомтынхоо аман дээр их инээдтэй. Ямар ч дэд бүтийн хөгжил байхгүй. Монгол Улсын дархан хилийн нэг манаач, нэг путик л байдаг. Уг нь Бичигтийг жишиг боомтоор хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Замын-Үүд, Гашуунсухайтаас өөр шинэ боомтыг хөгжүүлж, экспорт, импортын том гарц бий болгомоор байгаа юм. Замын-Үүдийг 24 цагийн ажиллагаатай болгосон гээд үр дүн байгаа л даа?

-БНХАУ-ын тал “Бичигт дээр зам тавиад өгье. Ийм дэд бүтэц, тийм ажил хийгээд өгье” гээд байдаг манай талаас харахаар бахь байдгаараа л байгаа юм билээ. Боомтын сэргэлтийн бодлогын ганц авах зүйл бол энэ салбар өмнө нь эзэнгүй, Сангийн сайд сугандаа хавчаад явдаг байсныг бодвол одоо эзэнтэй болсон. Ядаж Замын-Үүд 24 цагаар ажилладаг боллоо. Одоо Гашуунсухайтыг дараагийн ээлжид ажиллах цагийг нь сунгах ёстой. Долоо хоногийн гурван өдөрт 24 цагаар эргэдэг болоход ямар их тээврийн эргэлт хийх вэ, ямар их экспорт хийгдэх вэ.

Өөр нэг асуудал гэвэл терминал буюу тээврийн шинэ шилжүүлэн ачих төрөл бий боллоо. Энэ бол БНХАУ-ын амбицад их таалагддаг. Нүүрсийг дахин буулгаж шороо манаргаж асгахгүй, эко байна. Чингэлгээр ирлээ, шилжүүлж тавиад хил гаргалаа. Болж байна гэдэг. Гэтэл манай хилийн боомтынхны бахархаад байгаа шилжүүлэн ачих терминал нь 30 гаруйхан га талбайтай. Байгуулагдсан түүх нь инээдтэй. Ковидын үед ямар ч нүүрс гарахгүй, өдөрт 50 машин гаргадаг болоод балраад ирэх үед гурван уурхай мөнгөө нийлүүлээд дундаа нэг жижиг талбай гаргаж цутгаад шилжүүлэн ачих терминал байгуулсан. Ковидын үед яаралтай байгуулсан түр тасаг л гэсэн үг. Өнөөдөр тэр нь Монголын экспортын бүх нүүрсийг шилжүүлэн ачдаг ганц талбай болчихсон. Гурван уурхай оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр “миний талбай, чи цаашаа, би цаашаа” гэдэг. Тэгэхээр терминалыг заавал нэмэх хэрэгтэй. Тэгэхэд БНХАУ-ын талд “Цагаа сунгаад авъя” гэхийг үгүйсгэхгүй. Бид бахь байдгаараа л “Биднийг сунгаад өгөөч, өдөрт 2000 машин оруулъя” гэсэн ч манай даацыг харахаар чүү, чай 1000 машиныг алалцуулж гаргаж ирдэг нөхцөл байдалтай л байна шүү дээ.

-Нүүрс тээврийн С зөвшөөрлийг уурхайнууд өөрөө олгож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Авлига, бизнес болдог байсан асуудал цэгцэрсэн үү?

-Ковидын дараа экспортыг сэргээх зорилгоор Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолоор уул уурхайн олборлогчид өөрийнхөө экспортод нийцүүлж улс хоорондын С зөвшөөрлийг олгох хуваарилах зохицуулалтыг хийж өгсөн. Энэ маягаар нэг жил явж үзлээ. Бүх хүнд нэг л хүлээлт байсан. С зөвшөөрөл олголт ил тод болж байгаа юм чинь АТҮТ дээр завшдаг явдал алга боллоо гэж ойлгогдсон. Нэг талаасаа тийм, нээлттэй шилэн боллоо. Гэхдээ мэргэжлийн байгууллагын хийсэн ажил гэдэг долоо, найман жил алдаж оносон ч АТҮТ-т туршлага байсан. Энэ туршлагаа муу солилцсон юм уу даа гэж харсан. Уурхай “Гурван машин нэг С зөвшөөрөл л олгоё. Бидэнд байгаа нь 7000 С байна. Жолооч нар 20 мянга юм байна” гэж гасалж байгаад хуваасан. Ингэхдээ нэг үр дагаврыг тооцоогүй. Олборлогч тээврээ хийдэг боллоо. “Эрдэнэс Тавантолгой”-д цоо шинэ бүхэл бүтэн бүтэц бөөрөнд нь ороод ирлээ. Энэ үед бид “Та нар квотлох юм бол хөдөлгөөнөө анхаараарай” гэж анхааруулж байсан. Гэтэл квотоор олгож эхлээд л машинаа үржүүлдэг уралдаан болж хувирсан. А гэх нөхөр банкны зээлээр авсан таван машинтай. Энэ таваа бүрэн хөдөлгөх ганц л арга байна. Явдаг явдаггүй ямбий 30 машин цуглуулах хэрэгтэй болсон. Тэгж байж таваа хөдөлгөх нь байна. Нөгөө талд хүний машиныг бүртгээд С-д өгөх үү, Д-д өгөх үү, шоо хаях уу, авлига авах уу гэж С зөвшөөрлийг уурхайгаас орж авсныгаа цааш дамладаг хар зах бий болсон.

-АТҮТ дээр авлига үүсээд байна гэж үзээд байсан, ялгаагүй бизнес болчихсон хэрэг үү?

-АТҮТ дээр авлига өгдөг гээд байсан бол уурхай аваад квотоор шийдэх болоход дотроо хар зах үүссэн. “Би танай компанид байгаа юм чинь чамд би одоо таван сая төгрөг өгчихье. Чи надад С зөвшөөрлөө өгчихөөр өгдөг дээрээ нэмээд 20 хувь өгье”. Өрөө дарахын тулд компани, эзэн хоёр хоорондоо ярьж эхэлсэн. Энд их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа шүү. 2023 оны II улирлаас ийм асуудал үүсч эхэлсэн. Ингээд зүүн баруун хил дээр явдаг явдаггүй, Баянхошуу, Толгойтод хэвтэж байгаа шалаанз толгойтой машин бүрийг яаж ийгээд үзлэгт тэнцүүлж, бүртгэх уралдаан явагдсан. Ингээд эцсийн зорилго болж байсан, нэг боомт дээр төвлөрсөн 12 мянган машины ачааллыг бууруулахын төлөө дөрөв таван жил зүтгэж ирсэн хөшүүрэг шууд ухарч, бүх машин Гашуунсухайтын боомтод бүртгэлтэй болж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ачааллыг бууруулах бодлогын эсрэг үр дагавар үүсээд байгаа. Нөгөө талд олборлогч уурхай буюу төрийн өмчит уурхай “Эрдэнэс Тавантолгой”-гоос тээврийн компаниудын 80 хувь нь хоолоо олж идэж байна. Тэд Биржээр зарсан нүүрсний машиндаа өгөхөөр 1500 С зөвшөөрлийг аваад үлдчихсэн. Түүнийгээ сонгон шалгаруулалтад ороод тендерээр өрсөлдөж доод үнэ өгсөн компанид өгнө гэсэн. Энэ нь С зөвшөөрлийг авах бас нэг арга зам, бизнес болж хувирсан.

-Засгийн газар өнгөрсөн жил 65 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил бүр 70 сая тонныг гаргах амбицтай байгаагаа зарлаж байна. Гэтэл дотроо арилжаа наймаа хэвээрээ байгаа юм байна. Тэгвэл энд ямар хувилбар боломжит, амьдралд дөхөх юм бол оо?

-Төрийн байгууллага оролцоохоор авлига болоод байна гэж үзээд уурхай нь авч үзлээ. Бас болсонгүй, арилжаа наймаа явагдаад байна. Энэ бол Монгол дангаараа шийдээд байдаг асуудал мөн үү гэж үзэхэд хүргэж байна. С зөвшөөрөл бол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бий болсон эд шүү дээ. Нэг тал нь дураараа өөрчлөөд байвал нөгөө тал нь зөвшөөрөхгүй эрсдэл үүснэ. Хэрэв ингэвэл манай экспорт, тээвэр бүгд эрсдэлд орно.

Сая хоёр улсын тээврийн байгууллага уулзсан. С зөвшөөрлийг гурван сараар олгодгийг дөрвөн сар болгоё гэсэн асуудал яригдсан юм билээ. Бидний зүгээс харж байгаагаар 7000 С зөвшөөрлөөр 30 сая тонн нүүрс зөөдөг байсан. Сая 60 сая тонныг зөөлөө. Одоо 75 сая тонныг зөөнө гэвэл Гашуунсухайтаар 50 саяыг гаргаж таарна. Хэрэв ингэвэл С зөвшөөрлийг тоог нэмж, хилийн гарцаа нэмэгдүүлэхгүй бол хаагуураа чихэлдэх вэ гэдэг дэд бүтцийн асуудал үүснэ. Тиймээс хоёр тээврийн байгууллага хэлэлцээ хийж, С зөвшөөрлийн тоогоо нэмэх л шийдэл байна. Хэн ер нь С зөвшөөрөл 6000 байх ёстой гээд тогтоочихсон юм бэ. “Манай хил боомт хөгжиж байна. Манай экспорт ингэж нэмэгдэж байна. Зайлшгүй хэрэглээ бол бид 10 жилийн өмнө тогтоосон 6000 С зөвшөөрлөөр явахаа байлаа. Үүнийг нэмье” гэдэг хэлцэл хийхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Энэ бол хөндөж болохгүй асуудал биш.

-С зөвшөөрлийн олголт АТҮТ хийхээ болиод уурхайнууд хийж эхэлсэн. Энэ хэлэлцээрийг хэн хийх болж байна?

-Одоогийн Уул уурхайн яам оролцохгүй, уурхай оролцохгүй. БНХАУ манай улсын Зам тээврийн хөгжлийн яам, АТҮТ-тэй хэлцэл хийсэн шүү дээ. Тиймээс эд нартайгаа л ярина. 362 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй болно. Биржээр худалдсан нүүрсний захиалгад нийцэхээс бусад С зөвшөөрлийг чөлөөт зах зээл буюу мэргэжлийн байгууллага олгоно гэж өөрчлөлт хийхгүй бол одоо мухардалд орж байна.

Саяхан болсон хоёр улсын тээврийн байгууллагын уулзалт дээр БНХАУ-ын тал “С зөвшөөрлийг уурхай олгож байгааг эргэж харах хэрэгтэй. Бидний анхны хэлцэл зөрчигдөж байна” гэдэг агуулга хөндсөн байдаг. Хамгийн боломжит гарц бол манайх боомтынхоо экспортыг шууд өндөр үнэ, ам.долларт үржүүлэхийн хажуугаар экспорт хийдэг дэд бүтэц, терминалаа яаж хийх вэ, хилийн хоёрхон гарцаа яаж нэмэгдүүлэх вэ, дээр нь нэгэнт 15, 20 мянган машин бодитой парк шинэчлэл хийчихсэн байгаа хойно С зөвшөөрлийг нэмэгдүүлэх дипломат ажил яаж явуулах тухайд бодлоготой, бодитой хандмаар байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Булгамаа: Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг халамжлах “Асралт гэр бүл”-ийг бий болгоно DNN.mn

Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.


-Хүүхдийн эрх хамгааллын хууль өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Хүүхдийн эрхийн хамгааллын хуулийн өөрчлөлтүүд юу байв гэдгийг тодруулж ярилцъя?

-Монгол Улсын хүн амын 36.3 хувийг 18 нас хүртэлх хүүхэд эзэлдэг. Эдгээрээс 36363 хүүхэд хагас өнчин, 2911 хүүхэд бүтэн өнчин, га даадад болон дотоодод үрчлэгдсэн 1478 хүүхэд бий. Мөн хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76063, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэр бүлд өсч байгаа 460344 хүүхэд байна.

Дээр нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14207, жилдээ дунджаар түр хамгаалах байр буюу нэг цэгийн үйлчилгээний төвөөр байнгын үйлчлүүлдэг 3000 гаруй хүүхэд байдаг. Монгол Улсад байгаа 30 гаруй асрамжийн төвд 1000 гаруй хүүхэд өсөн торниж байна. Энэ бүх тоон мэдээллийг нэгтгээд харахад нийт хүүхдийн 50 хувь нь тодорхой хэмжээгээр асуу дал дунд өсөн торниж байна гэж харагдаж байгаа юм. Хүүхдийн эрх хамгааллын шинэчилсэн найруулга буюу хуулийн төсөлд дээр дурдсан хүүхдүүдээс гадна бүтэн гэр бүлд өсч байгаа хүүхдүүдэд ч хараа хяналт, хайр халамж, хууль зүйн хамгаалалт хэрэгтэй учраас эрх зүйн тодорхой дэвшилттэй зохицуулалтыг нийгэм даяараа хүлээж байгаа юм. Ер нь хүүхдийн эрх хамгааллын халуун цэг хаана өрнөдөг вэ гэхээр гэр бүлийн орчинд. Гэвч гэр бүл дэх хүүхдийн эрх хамгааллын асуудал өнөөдөр маш эмзэг түвшинд очсон. Жишээ нь, ЦЕГаас гаргасан оны төгсгөлийн тоон мэдээллээс 2023 оны байдлаар гэмт хэрэгт өртсөн хүүхэд 1540, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо 2014, гэмт хэргийн улмаас нас барсан 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 177, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 358 хүүхэд байна гэж мэдээлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг химийн тариагаар хөнгөвчлөх шийтгэл оногдуулдаг хуультай болтол тэмцэнэ

Ингээд харахаар хүүхдүүд мянга мянгаар гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоход аав ээжийн анхаарал халамж, хараа хяналт хаана орхигдов гэдэг асуудал үүснэ.

-Суурь нөхцөл байдал үнэхээр хүнд сонсогдож байна. Бидний асуулт Хүүхдийн эрх хамгааллын хуулийн талаар байсан ч түүнийг тодруулахаас өмнө онцолж асуух нэг асуулт байна. Хүүхдүүд ямар төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал их байна вэ?

-Энэ талаар хүүхдийн эрхийн судлаачийн хувьд анализ хийж үзсэн. Эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдол нийт гэмт хэргийн 30 гурй хувийг эзэлж байна. Үүний тодорхой жишээ, сая хэд хоногийн өмнө сошиал орчинд бага насны хүүхдийг “Нохойтой гарлаа” гээд нас биед хүрсэн, тохьтой томоотой байрын насны хүн өшиглөсөн бичлэг түглээ. Томчууд хүүхдийг яаж дорд үзэж дээрэнгүй хандаж байгаагийн тод жишээ бол тэр.

Үүний дараа жин дарж орж ирсэн хэрэг бол хүүхэд авто тээвэр ашиглалтын журам зорчих гэмт хэргийн хохирогч болдог байдал 20 орчим хувийг эзэлсэн. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 50 гаруй хүүхэд амь насаа алдаж, 700 гаруй хүүхэд мөргүүлж, шүргүүлж бэртэж гэмтдэг. Гуравт, бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг хохирогч болж байгаа хохирогчид 19 хувь байна. Дээр нь эрүүл мэндийн шалтгаанаар осол гэмтлээр нас барж байгаа хүүхдийн тоог нэмбэл хязгаараа алдана. Ингээд харахаар бид ямар нөхцөл байдалд хүүхдүүдээ амьдруулж байна вэ. Украин Орос хоёрын дайнд ийм олон хүүхэд өртөж байгаа болов уу. Энэ аюулыг л шийдэх гэж хүүхэд хамгааллын хууль тодорхой эрх зүйн дэвшлийг авчирч, нийгэмд хүлээгдэж байгаа олон асуудлыг шийдэх учиртай.

-Өнгөрсөн намар хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр хүүхэд хамгааллын төсөв гишүүдийн хурал цуглаанаар уудаг кофеноос ч хямдхан байна гэсэн шүүмжлэл өрнөж байсан. Үүнийг хуулиар хэрхэн хамгаалж өгөв?

-Миний бие Хүүхэд хамгааллын хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэ нь өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр тууштай ажилласан хөдөлмөр зүтгэлийг минь үнэлсэн, нийгмийн дунд ямар асуудал байгааг хууль тогтоогчид, ажлын хэсгийнхэн сонсъё гэсэн эрмэлзэл байсан болов уу гэж талархсан. Ажлын хэсэгт нэлээд санал санаачилгатай ажилласан. Амьдрал дунд байсан маш тодорхой зарчмын асуудлыг дэвшүүлсэн нь хуульд тусгалаа олсон гэдгийг онцолмоор байна.

Хүүхэд хамгааллын төсөв бол олон жил ярьж ирсэн эмзэг сэдэв. Хүүхэд хамгааллын төсөв 2017 онд 900 орчим сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг болж нэмэгдэж байсан түүхтэй. Тухайн үед миний бие УИХын гишүүн З.Нарантуяа болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийн хамт Төрийн ордонд энэ талаар акц хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Ингэж өсөхөд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга том үүрэг гүйцэтгэсэн. Ирэх жил хүүхэд хамгааллын төсөвд 14.3 тэрбум төгрөг тавьж байгаа гэж дуулсан.

Зөвхөн улсын төсвөөс гадна орон нутаг, байгууллага бүр хүүхэд хамгааллын тодорхой төсөвтэй байна гэж хуульд тодорхой тусгасан. “Дээрээс мөнгө ирвэл хүүхэд хамгаална” гэдэг хандлага үгүй болно гэсэн үг. Манай улсад сум хороонд хүүхдийн асуудал хариуцсан нэг ч ажилтан байгаагүй. Одоо шинээр гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан ажилтантай болно. Хүүхдийн асуудал хариуцсан бие даасан төрийн албан хаагчтай болж байна гэдэг том дэвшил.

Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх хамгаалал маш их тулгамддаг. Хэрэгт холбогдсон хүүхдийг яаж шалгах вэ. Хүүхдийг чи гэмт хэрэг үйлдсэн байна, үеийнхнийгээ дээрэлхсэн байна, хулгай хийсэн байна гэж чичлээд байж болохгүй. Тэр хүүхдийг дахиж гэмт хэрэгт холбогдохгүй байх, нийгэмшүүлэх, алдаагаа ойлгох, нийгмийн эрүүл хариуцлагатай иргэн болгохын тулд ямар бодлого хэрэгтэй вэ гэдэг маш нарийн зүйл. Бас хохирогч болсон хүүхдийг яах вэ. Нэр төр алдар хүндийг нь гутааж, нийгэм даяар зарладаг. Ялангуяа эмэгтэй хүүхдийг “Яах гэж ийм хувцас өмссөн юм, яах гэж баар савны үүдэнд явав, яах гэж гудамж талбайд алхаж явав, яах гэж такси барьсан юм” гэх мэтээр бөөрөлхөнө. Хохирогчийн талаарх мэдээллийг нь нууцлах тухай ойлголт маш хүнд. Ингээд хүүхэд сургууль руугаа алхах жим хаалттай болчихдог. Амьд явахын аргагүй хүнд дарамттай учирдаг. Тиймээс аль болох хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг субъектүүд шуурхай ажилладаг байх хэрэгтэй. Тухайлбал, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг хүүхдийн сэтгэлзүйчтэй холбогдож сэтгэл заслын болон учирсан нөхцөл байдлыг даван туулах сургалтад хамруулах ёстой. Сүүлийн тав зургаан жил Сэтгэлзүйч багш нарын холбоо, түүний дэргэдэх “Мөрөөдлийн кактус” сэтгэл судлалын урлантай хамтран ажиллаж ирлээ. Миний гараар  дамжсан 120 гаруй хүүхдийг эмнэж өгсөн шүү. Энэ хүрээнд хуульд хохирогч хүүхдийн эрхийг хамгаалахаас гадна сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх “Кейс менежмент”-ийг хуульчилж өглөө. Анх ямар цэг дээрээс эхэлсэн, ямар үе шаттайгаар үйлчилгээг үзүүлэх вэ, төрийн байгууллагаас аль нь яаж оролцох вэ гэдэг тодорхой болсон.

-Үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим гадуурхалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгасан гэв үү?

-Монгол Улс сонгууль болохоор сонгогчдынхоо тоог захын УИХ-ын гишүүн мэддэг. Бүр өнгө зүсээр нь нэрлэдэг. Тэгвэл хүүхдийн тоо төрийн захиргааны байгууллагад өөр байдаг. Үүнээс үүдэж төрийн ямар нэгэн хараа хяналтад, мэдээллийн санд бүртгэгдээгүй хүүхдүүд олон байдаг. Гэмт хэрэгт өртсөн болон хохирсон хүүхдийг төр хүүхэд хамгааллын байранд авчихвал болчихдог гэж үздэг. Тэнд байгаа 30 хүүхдийг өглөө бүхэн 30 машин 30 сургууль руу зөөх үү гэхээс асуудал эхэлдэг. Хохирогч хүүхэд дараагийн сургуульд хамрагдах, гэртээ ойр сургуульд шилжин суралцах давуу эрх боломжийг хуулиар зохицуулж өгөх ёстой. Гэтэл хамран сургах тойргийн хүүхэд биш байна, авахгүй гэдэг. Би бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон есхөн настай хүүхдийг шилжүүлэн сургах асуудлаар Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн захирал гэх эрэгтэйтэй уулзахад “Манай хамран суралцах тойргийн хүүхэд биш, та хүүхдээ аваад гар” гэсэн үг сонсож байсан. Үүнийг нэг өмгөөлөгч биш төрийн байгууллагынхан хийх ёстой. Тийм учраас хүүхдийн мэдээллийн сан хэрэгтэй. Энэ асуудлыг хуульд тусгаж өгснөөрөө сайшаалтай зүйл болсон.

Хүүхдүүдийн дунд үе тэнгийнхний дээрэлхэлт газар авсан. Манай улсын насанд хүрсэн иргэдийн цахим хэрэглээний соёлгүй хандлагын үр дагавар хүүхэд дээр бууж байгаагийн илрэл үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим гадуурхалт шүү дээ. Бид хүүхдийн өмнө толь болон амьдарч байгаагаа ухамсарлахгүй байна. Энэ тухай шинэ хуульд үе тэнгийн дээрэлхэлтийг үүсгэсэн болон хохирсон хүүхдүүдтэй уулзаж энэ асуудлыг таслан зогсоож, гаргахгүй байх ямар алхамуудыг хийх ёстой вэ гэдгийг нарийн тусгаж өгсөн. Шууд хүүхдийг буруутгахаас илүү урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудын талаар хуульд тусгасан. Мөн дээр нь интернет үйлдвэрлэл, эрхлэгчдийн үүрэг хариуцлага хуулиар тодорхой болж байна.

-Гэмт хэрэг зөрчилд өртсөн, хохирогч болсон хүүхдийг яаж хамгаалах талаар тодруулж ярихгүй юу?

-Хуульд орсон дэвшилттэй зүйлүүдээс хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр юм. Өмнө нь манайд энэ асуудал ойлгомжгүй явж ирсэн. Шуурхай тусламж, хүүхэд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ гэж юу вэ, хүүхдийн эрх хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэж юу вэ гэх зэргийг тодорхой болгосон. Тодруулбал, хүүхдийг гэр бүлээс нь тусдаа орчинд яаж хамгаалах явдал их ярвигтай явж ирсэн. Бодит амьдрал дээр хүүхдүүд гэр бүлээс тусгаарлагдсан тэр орон зайд орхигддог. Аав ээж нь Солонгост ажил хийх гээд явахад хүүхдүүд нь айлд үлддэг. Гэр бүл цуцаллаа, хүүхэд хэн нэгний асрамжид үлдэнэ.  Орхиод явсан эцэг, эх нь ямар асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх вэ. Одоогийн Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэмж төлчихөд болчих юм шиг байдлаар зохицуулагдаж байгаа нь нийгмийн харилцаанд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа. Эцэг эх нь нас барсан хүүхэд яах вэ, эцэг эх байх эрхээ хасуулсан, шүүхийн шийдвэрээр сураггүй алга болсон, хорих ял авсан, эсвэл эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон бол хүүхдийг хэн яаж асран хамгаалж, хүмүүжүүлэх вэ. Аав ээжийн хэн нэг нь урт хугацаагаар эмчлүүлж байгаа үед, цагдан хоригдож байгаа, ял эдэлж байгаа гэдэг шалтгаанаар хүүхдээ тэжээж тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа бол яах вэ. Эцэг эх нь хоёулаа хүүхдээ зодож хүчирхийлдэг, архидан согтуурдаг зэрэг тохиолдлуудад хүүхэд хохирогч болж үлддэг. Жишээ нь, сүүлийн жишээ гэхэд Зариг.мн цахим хуудасны захирал Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод явахдаа өөрөө ч хэлж байсан. “Ард байгаа бага насны хоёр хүүхдэдээ сэтгэл зовниж байна. Хоёр хүүхдийг асран халамжлах хүн байхгүй” гэсэн. Яг л энэ. Тэр хүүхдүүдийг хэн асарч хамгаалах вэ. Ээж нь, аав нь байхгүй орон зайд хүүхэд эрсдэлд өртвөл яах вэ. Хэнийг буруутгах вэ гэдгийг тодорхой зааж өгөх ёстой юм. Хуулийн хүрээнд үүнийг зааж өгснөөрөө ач холбогдолтой.

-Ямар байдлаар хуульчлав?

-Асралт гэр бүлийн зохицуулалт гэж орж ирж байна. Гэр бүлийн хайр халамжаас хол, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг тодорхой хугацаанд гэр бүлдээ авч асран халамжилж байгаа гэр бүлийг бий болгоно. Үр хүүхэд цөөтэй, үр хүүхэд авч хажуудаа байлгах сонирхолтой бүтэн гэр бүлүүд хороо дүүрэгтээ бүртгүүлнэ. Ингээд тодорхой шаардлага хангасан тохиолдолд тодорхой хугацаанд тухайн хүүхдийг асрамжилна гэсэн үг. Асралт гэр бүлүүд ингэж бий болбол дээрх хайр халамж хэрэгтэй хүүхдүүдийн асуудлыг шийдэхэд үр дүнтэй гэж ажлын хэсэг үзсэн.  Мөн гамшиг онцгой байдлын үед хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг Монгол Улсын хуулиар зохицуулаагүй явж ирсэн байсан. Ковид цар тахлын үед хүүхдийн эрх яаж зөрчигдсөнийг бид харсан шүү дээ. Энэ үед салбар дундын бодлого хэрэгжүүлэх субъектүүдийг хуульчилж өгч байна. Энэ мэтчилэн дэвшлүүдтэй хууль батлагдлаа.

Гэхдээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлагыг ямар байдлаар оногдуулах вэ гэдгийг орхигдуулсан нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй субъектүүдийг хэрхэх талаар Зөрчлийн болон Эрүүгийн хуульд зайлшгүй тусгах ёстой. Гэтэл энэ зохицуулалт орхигдсон. Үүнийг дараагийн УИХ-ын чуулганаар засч залруулна гэж найдаж байна.

-Сүүлд таныг Дорнод аймагт бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, шүүх хурал дээр ялсан тухай сонслоо. Энэ тухай тодруулж болох уу?

-Миний хувьд сүүлийн зургаан жилийн хугацаанд хуульч хүний нийгмийн хариуцлагын хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлнэ гэдэг байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээр бодитой ажил хийж ирсэн. Өнгөрсөн жилийн хувьд 6-16 нас хүртэлх 20 гаруй охидод, мөн энэ төрлийн хохирогч болсон дөрвөн хүүг үнэ төлбөргүй өмгөөллөө.

Нэг зүйл онцолж хэлэхэд, бэлгийн хүчирхийллийн хохирогч болж амиа алдсан 12 настай охины хэргээс үүдэж нийгэм даяараа хуулийн хариуцлагыг чангатгая гэж шуугьсан. Түүнийг ч хийсэн. Ингэснээр энэ гэмт хэргийн тоо багасч байна уу гэвэл үгүй. Би ганц жишээ хэлье. Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн ес, аравдугаар сард гэхэд нэг хороон дээр бэлгийн хүчирхийллийн долоо, найман хэрэг гарлаа гэж хүүхэд хариуцсан мэргэжилтэн халаглаад сууж байна. Саяхан төрсөн охиноо, дээр нь дүүгийнхээ охин хүүхдийг бүтэн жилийн турш хүчирхийлж байсан эцгийн шүүх хуралд орлоо. Би төрсөн охиноо хүчирхийлсэн аав болон өвөөгийн 10 орчим хэрэг дээр ажилласан байна. Ойр тойрны таньдаг мэддэг хүмүүс битгий хэл төрсөн эцэг нь, өвөө нь үр хүүхдэдээ халдаж байгаа явдлыг ухамсарт хүний хийх үйлдэл биш гэж би үздэг. Эдгээр этгээдүүд болон хүчингийн гэмт хэргийг давтан үйлдээд байгаа хэрэгтнүүдэд эрүүгийн хариуцлагын ялын хэмжээг нэмэгдүүлэх нь чихний хажуугаар нь өнгөрчихөж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг химийн тарианы аргаар хөнгөвчлөх замаар ял шийтгэл оногдуулъя гэж сүүлийн таван жил ярьж байна. Үүнийг УИХ-д хууль болтол нь тэмцэнэ. Намайг юу гэж хэлж доромжлох нь хамаагүй. Энэ тухай миний хувьд цоо шинээр яриад дэвшүүлж байгаа шийдэл зүйл биш, дэлхийн улс орнууд хэрэгжүүлж байна. Сүүлд БНСУ энэ төрлийн гэмт хэрэгт ялаа нэмээд үр дүнд хүрэхгүй юм байна гээд химийн тариагаар хөнгөлөх аргыг сүүлийн дөрвөн жил туршиж гэмт хэрэг 40 хувиар буурлаа хэмээн хуулийн байгууллага нь танилцуулж байна. Европын орнуудад ч хэрэгжүүлж байна.

Бага насны хүүхдээс гадна өсвөр насны, нас биед хүрсэн эмэгтэйчүүдийн бэлгийн эрх чөлөөнд халдах, тэднийг доромжлох, үл хүндэтгэлтэй хандах явдал манай улсад байсаар байгаа. Ялангуяа бэлгийн дарамт учруулах асуудлыг Эрүүгийн хуулиас хассан нь ял завших нөхцөлийг бүрдүүлсэн. Тэр бүү хэл хүчиндэх гэмт хэргийг үйлдчихээд “Би гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэлзэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад янз бүрийн арга саамаар нөлөөлөхийг оролддог явдал байсаар байдаг.

Үүний нэг жишээ нь Дорнод аймгийн жишээ. Сэтгүүлч таныг асуусан болохоор товч хариулъя. Энэ хэрэг гараад хоёр жил болсон. Эрүүгийн хэрэг үүсгэхгүй нэлээд хугацаа өнгөрч, дараа нь хохирогчийн харьяаллын дагуу Налайх дүүрэг рүү шилжүүлж, буцаад гэмт хэрэг гарсан газар Дорнод аймаг руу шилжүүлсэн, хэд хэдэн удаа хаах саналыг цагдаагаас прокурорт хүргүүлж, хэргийн өнгө зүсийг өөрчилсөн гэж хохирогчийн хувьд “Хэлмэгдэж доромжлолын туйлыг амсаж байна” гэж хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан юм билээ. Цахиур.мн мэдээллийн сайтаас над руу холбогдож “Энэ хэрэг дээр ажиллаж өгөөч” гэж хандсан. Бүтэн жил жим гартлаа явлаа. Явсаар ямартаа ч “Би гэм буруугүй, хэрэгсэхгүй болгуулна” гэж бардам байсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт буруутайг шүүх тогтоож шийдсэн. Хариуцлагын хурал дээр “Уучлаарай би согтуу байжээ, согтуудаа ийм зүйл үйлджээ” гэдгээ илэрхийлсэн. Хохирогч охин “Уучлаарай гэдэг үгийг хоёр жилийн турш хүлээж байсан. Энэ үг надад амьдрах итгэл өглөө” хэмээн сэтгэлийн үгээ хэлж байсан.

Ер нь хохирогчид сэтгэл зүйн болон өмгөөлөл хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ гэдэг цогц ажил байдаг. Ер нь хүнд гомдолтой сэтгэл дундуур байна гэдэг хэцүү. Түүнийг даван туулж байж амьдрах итгэлийг олж авдаг.

Тиймээс хохирогчийг хамгаалах сэтгэл зүйг нь илааршуулах бодлого зайлшгүй хэрэгтэй. Тийм ч учраас миний олон жил ярьсан зүйл хуульд тусгалаа олсон. Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг тооцож олгодог олон улсын жишгийг бий болгооч гэж удаан ярьж ирсэн. Шүүх шинжилгээний хуульд энэ асуудал тусгалаа орж, бодитой дэвшилт бий болж байгаа.