Categories
мэдээ цаг-үе

Б.Сангидорж: Улиасны молцгийг тайрснаар энэ жил тоосжилт үүсч, хөвөн хийсээгүй

Жил жилийн дулааны улиралд улиас мод хөвөн, тоосоо агаарт цацсаны
улмаас харшлын өвчин нэмэгддэг. Тэгвэн энэ жилээс улиасыг цэцэглэх тухай бүрт нь
залуужуулах тайралтаас гадна молцогт мөчрүүдийг нь тайрдаг болсон учраас улиасны
хөвөн, тоос агаарт дэгдээгүй аж. Энэ талаар Биологийн шинжлэх ухааны доктор, профессор
Б.Сангидоржтой ярилцлаа.
 

-Улиасны
хөвөн, тоос чухам яагаад харшил үүсгээд байдаг юм бэ?

-Энэ асуудлыг бид сүүлийн 30 гаруй жил судалж байна. Нийгмийн хөгжилтэй
холбогдож бий болсон өвчлөл буюу хотжилтын өвчин ч гэх нь бий. Халдвартай, халдваргүй
гээд харшил дотроо олон төрөл. Харшил үүсгэх маш олон хүчин зүйл бий. Одоогоор
20 гаруй харшил үүсгэгч илрээд байна. Сүүлийн үед хамгийн их өвчлөл үүсгэдэг олон
төрлийн ургамал илрүүлсэн. Цэцэгт ургамлын дохиурын тоос агаарт тархсанаар харшил
үүсдэг. Ерөнхийд нь мод сөөг, үет ургамал, хөл газрын ургамал буюу шарилжны гээд
ангилсан байдаг. Манай орны ургамлын 200 гаруй зүйл нь харшлын шалтгаантай гэж тогтоогдсон.
Үүний 40 орчим нь онцгой харшил үүсгэдэг бөгөөд шарилжны төрлийн ургамал хамгийн
аюултай харшил үүсгэгч нь. Эдгээр ургамлыг ургах явцад нь хадах зэргээр дохиурын
тоосоо тархуулахгүй байх арга хэмжээг авч байвал ургамлын харшлаас айх зүйлгүй.

-Шарилжнаас
гадна зарим модлог ургамал тэр дундаа улиасыг харшил үүсгэдэг гэдгээр нь бид сайн
мэднэ?

-Тийм шүү. Нийслэлийн ногоон байгууламжийн ихэнх хувь буюу дөрвөн
навчист мод тутмын гурав нь улиас. Хотын төв хэсэгтээ дөрвөн мянга гаруй улиас ургадаг
гэх тооцоо бий. Улиас эр, эм гэсэн хоёр төрлийн цэцэгтэй. Эр цэцэг нь тавдугаар
сарын эхээр цэцэглэдэг. Улаан хүрэн өнгөтэй, анхилуун үнэртэй. 10 орчим хоног дэлгэрсэн
улиасны эр цэцэгний дохиурны тоосовч задарч, нэгээс гурав хоногийн дотор агаарт
тоосоо цацдаг. Энэ үед гарсан тоос агаарт их тархаж, харшил үүсэх нөхцөл болдог
юм. Улиасны тоосны харшлаар дэлхийн томоохон хотуудын иргэд ч гэсэн өвддөг. Гэхдээ
үет ургамал, хөл газрын ургамал буюу шарилж, луулийн цэцэг улиасынхыг бодвол илүү
хортой.

-Тэгвэл
улиасны хөвөн нь биш дохиурын тоос  харшил
үүсгэдэг байх нь. Гэсэн хэдий ч хөвөн нь агаарт тархан хийсээд эхлэхээрээ хүмүүст
таагүй байдаг?

-Хүмүүс эм улиасны цэцгийн үр буюу хөвөнг нүдэнд харагдаж байгаа
болохоор нь л буруутгадаг. Гэтэл нүдэнд харагдахгүй агаарт тархах тоосноос нь харшил
үүсдэгийг мэддэггүй. Гэхдээ улиасны хөвөн ямар ч аюулгүй гэсэн үг биш. Хөвөн яаж
үүсдэг вэ гэхээр улиасны нахиа задрах хооронд эм цэцэг боловсорч байдаг. Эм цэцэг
нь жижигхэн ногоон өнгөтэй, молцог хэлбэртэй. Тэр нь зургадугаар сарын эхнээс долдугаар
сарын эхний 10 хоног хүртэл боловсорч мяндаслаг хөвөн болоод салхинд хийсдэг. Ингэж
хөвөн үүсдэг. Энэхүү хөвөн нүдний болон арьсны салст өвчин үүсгэдэг. Их хэмжээний
хөвөн цугларвал орчныг бохирдуулахаас гадна галын аюултай.

Гэхдээ улиас харшил үүсгэгч, хөвөн, тоос агаарт цацаад байна гээд
тайрч, устгана гэж болохгүй. Улиас олон талын ач холбогдолтой. Тоос шороонд маш
тэсвэртэй, өөрөөсөө анхилуун үнэр ялгаруулж, орчин тойрныхоо агаарыг цэвэршүүлдэг,
хурдан өсдөг, олон жил насалдаг. Улиас их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулахаас
гадна тоос шороо багасгана, дуу чимээ өөртөө шингээж нарны хэт ягаан туяаны төөнөлтийг
саармагжуулдаг зэрэг олон талын ач холбогдолтой . Тийм ч учраас манайхан улиас мод
их тарих болсон. Тиймээс Нийслэлийн захирагчийн ажлын албанаас харшил үүсгэдэг мод
сөөг, ургамал, навчист моддыг арчлах тал дээр энэ жилээс онцгойлон анхаарч ажиллахаар
болсон.

-Тухайлбал?

-Өмнө нь зөвхөн залуужуулах огтлолт хийдэг байсан бол энэ жилээс
молцогт тайралтыг давхар хийдэг болсон. Залуужуулах огтлол гэдэг нь ямар ч өндөртэй
байсан хамаагүй өндрөөс нь зургаагаас арван метр болгож огтолно гэсэн үг. Харин
тав, зургадугаар сард навчлаад ирэнгүүт нь ногоон молцогт мөчрүүдийг нь давхар тайрна.
Ингэсэн тохиолдолд улиас хөвөн хаяхгүй. Ийнхүү тайрах, багасгах зэргээр улиасны
тоос, хөвөнг багасгаж байгаа хэрэг.

 -Молцог, мөчрийг нь тайрах, залуужуулах огтлол
хийхээс өөрөөр тоосоо хаяхаас сэргийлэх арга байдаг уу?

 -Дээрх механик аргаас гадна
химийн бодис хэрэглэх санал зарим хүмүүс гаргасан.  Үүнтэй бид санал нийлэхгүй байгаа. Химийн бодис
нь бидэнд эргээд асар хортой. Бидний өнөөдрийн улиасыг навчлаад ирэнгүүт молцогт
мөчрүүдийг тайрах, өндрөөс нь тайралт хийх зэрэг арга нь энгийн, зардал бага хэрнээ
маш үр дүнтэй арга. Харшил үүсгээд байна, тайрч устгая, тарилтыг нь багасгая гэх
зэргээр олон хүн ярьдаг. Гэхдээ манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд улиас
шиг ургалт сайтай, хотын өнгө үзэмжийг сайжруулдаг, ургалт сайн ургамал байхгүй.
Бид улиасны хөвөн, тоосжилтыг дээрх механик аргаар хязгаарлая гэдэг байр суурьтай
байна. Хөвөн, тоосоо агаарт цацахаас нь урьтаж жилдээ ганц тайралт, огтлолыг хийчих
юм бол болох нь тэр. Түүнээс улиас жилд хоёр гурван удаа тоос, хөвөнгөө хаяад, арчлалт
шаардаад байдаг мод биш шүү дээ.

-Улиаснаас
өөр харшил үүсгэгч модлог ургамал бий юу?

-Нийслэлд хамгийн их таригдсан учраас түүний биологийн үйл явц бүхний
өмнө ил байдаг. Бусад орны судлаачид хус улиаснаас илүү харшил үүсгэх нөхцөл бүрдүүлдэг
болохыг нь тогтоосон байдаг. Гэхдээ манай орны хувьд энэ нь эсрэгээрээ байдаг юм.
Улиаснаас гадна зарим зүйлийн бургас, улиангарууд харшил үүсгэдэг.

-Зарим
хүн ургамлын харшилтай гэхээс өөр нарийн зүйл мэддэггүй учраас буруу эм тариа хэрэглэх
нь элбэг. Манайд ямар ургамлаас харшилж байгааг нь тогтоох оношилгоо хэр нарийн
хийдэг вэ?

– Танд харшил үүсгэдэг зүйл надад харшил үүсгэдэггүй. Гэтэл манайхан
таамгаараа миний харшил бол шарилжных. Хэн нэгний ургамлын харшилдаа хэрэглэсэн
эм надад ч таарна гэсэн маягаар дураараа өөртөө эмчилгээ хийснээс өвчнөө хүндрүүлдэг.
Хэрэв харшлын шинж тэмдэг илэрвэл дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдлийн харшлын эмчид
хандах хэрэгтэй. Манайд ургамлын зүйлийн түвшинд оношлох 11 төрлийн оношлуур бэлтгэгдсэн
байгаа. Тийм учраас мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв.

-Улиасыг
залуужуулах тайралт, огтлол хийхэд техник, тоног төхөөрөмжийн хувьд хүрэлцээтэй
байж чадаж байна уу?

-Хотын захирагчийн алба, хот тохижуулах хэлтэс бүх дүүргүүдэд залуужуулах
огтлол хийж эхэлсэн. Хөдөл­мөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс кран түрээслэх
бодолтой байна. Ингэвэл залуужуулах тайралтыг бүрэн хийх боломжтой. Үүнийг хоёроос
гурван жилдээ нэг хийдэг бол молцог тайралтыг жил бүр хийнэ.

 Хамгийн гол нь тайралтыг зөв
хийх ёстой. Ингэсэн тохиолдолд залуужуулах огтлол хийлгэсэн улиас хэлбэржиж, зөв
хэлбэрээр дахин ургадаг.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Холын холд алдар нь түгсэн Хоргын 10-ын “А”-гийнхан


Архангайн аймгийн тэшүүрийн баг улсын аваргад оролцохоор Улаанбаатарт бэлтгэлээ базааж байх үеийн зураг. 1969 он. Арын эгнээнд баруун гар талаас хоёр дахь нь Б.Энхтүвшин гурав дахь нь Алтангэрэл, өвөр эгнээнд баруун гар талаас Я.Сумъяа.


Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдоржийн нэрэмжит Архангай аймгийн Тариат сумын Бүрэн дунд сургуулийнхан Хорго нутагтаа саяхан сургуулийнхаа 90 жилийн ойг ёслол, хүндэтгэл дүүрэн тэмдэглэлээ. Улс орныхоо салбар бүрийн торгон жолоог атгалцаж, томоохон ажлын голыг нугалалцдаг чанартай, шийртэй шавь нар төрүүлдгээрээ Хоргын 10 жилийн бүрэн дунд сургууль хол ойрт зартай. Тэр дундаа Даринчулуун, Д.Доржоо багштай нэг ангийнхан, Б.Доржготов пионерийн ахлах удирдагчтай бүлгэмийнхэн, Жимээхүү багштай түүх судлаачид, Мавган, Адьяасүрэн  багштай орос хэл, Пэрэнлиймаа, Мижиддорж багштай “Залуу байгальч”  дугуйлан, Дашдорж багштай “Хоргын цуурай” урлагийнхан, Далантай багштай аймаг улсад нэрээ гаргасан  тэшүүрийн шигшээ багийнхан гээд дурсан санах хамт олон нэгээр тогтохгүй.  

Тэдэн дундаас Тариат сумын арван жилийг Доржоо багшийн удирдлаган дор 1973 онд төгссөн 10-ын “А” ангийнхныг онцолж байна. Учир нь тус ангийнхан конкурсээр аймагтаа тэргүүн байр эзэлж, хэд хэдэн сурагч алтан медальтай төгссөн сайчуудын “цуглуулга”. Тэд дан ганц сурлагандаа гаргуун байгаад зогсохгүй урлаг спортоороо ч манлайлагчид нь байж. 

Эдний ангийнхан өөрсдөд нь төдийгүй Тариат сумын сурагчдад зөв сайхны үлгэр дуурайлал болсон пионерийн удирдагч багш Дорготовоороо бахархдаг юм билээ. Өөрсдийнхөө талаар ярихаас илүү багш нараа ам булаалдан сайшаана. Сайн сайхан амьдарч яваагаа багш нарынхаа зүтгэлтэй холбоотой гэцгээнэ. “Пионерийн идэвхтэн, бүлгэмийн зөвлөлийн дарга гээд бүрээ бөмбөрийн дунд гүйж явсан минь илүү тодхон. Сурагч бид  ихэнх цагаа пионерийн танхим, шугам жагсаалын талбай дээр Доржготов багшийнхаа дэргэд өнгөрүүлдэгсэн.  Багш минь сургуулийнхаа түлшинд явж  байгаад модонд цохиулж ид 25 насандаа нэг хөлнөөсөө хагацсан. Гэвч хэзээ ч хэнд ч ялархахгүй,  “Хөл муутай хүн” гэх өчүүхэн төдий ч бодол төрүүлэлгүй  бага ангийн багш, Пионерийн ахлах удирдагч, монгол хэлний багш, албан бус боловсрол хариуцсан багш… гээд  хөдөөгийн сургуулийн хамгийн ярвигтай, хүнд хүчирт түүртэлгүй зүтгээд гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа домог мэт намтартай эгэлгүй хүн.

Хажуугаар нь нам, эвлэл, сум орон нутгийн хэчнээн ч олон хариуцлагатай ажил албаны ард нь гараа бол. Сурагч бидний хэрхэн сурч хөдөлмөрлөхийн жинхэнэ амьд үлгэрлэл байсан даа. Сэтгэл байвал алхах хөл  бүү хэл  нисэх жигүүр байдгийн биет үлгэр, амьд гэрч, Хоргын 10 жилийн алтан үеийнхний нэг Б.Доржготов багшаараа бахархаад баршгүй” хэмээн хуучилна. 1963 онд Тариат сумын нэгдүгээр ангид элсэн ороход нь “А” зааж, ацаг татуулж гарыг нь зүгшрүүлсэн багш нь Намдалсүрэн аж. Намдалсүрэн багшийн нөхөр Сономдэндэв Хоргын 10 жилийн дунд сургуулийг олон жил удирдсан захирал байж. Хоёулаа боловсролын байгууллагад ажилладаг  байж. 

Эдний ангийнхан өдгөө бүгд л эрхэлсэн ажлаа гаргуун хийцгээж, амжилт бүтээл дүүрэн явна. Сумынхаа засаг захиргааг удирдах амаргүй албанд сүүлийн 20 гаруй жил зүтгэсэн, өдгөө Тариат сумын Иргэдийн хурлын дарга Г.Бямбадагва, Ц.Намсрайн нэрэмжит шагналт сэтгүүлч Я.Сумъяа, Төв, Хөвсгөл, Булган аймгийн цагдаагийн газрыг удирдаж явсан хурандаа Ж.Нарангэрэл, Ардын боловсролын тэргүүний ажилтан Наташ, Аюулаас хамгаалахын эмнэлэгт олон жил амжилттай ажилласан Я.Оюунбилэг гээд бахархах сайчууд олонтой аж. 

“Хоргын цуурай”. Тэд сургуулийн концертоо ийн нэрлэнэ. Монгол хэлний  Ванданбат, биеийн тамирын Лхүмбэ, дуу хөгжмийн Дашдорж гээд заадаг хичээлээрээ овоглуулсан авьяаслаг олон багштай. Тэд дуу хөгжмийн багш Дашдоржоороо дугуйланд гитар, мандолин, баян хуур заалгаж, басхүү концертонд хүртэл бэлдүүлнэ. Энэ дугуйланд Доржоо багштай 10-ын “А”-гийнхан идэвхтэй явна. Тэгээд ч гол цөмийг нь тэд бүрдүүлж байсан гэдэг.  Нэргүй, Сүрэнжав, Аюушрагчаа гээд гуулин хөгжмийн “оркестрт”-той. Тэд сум дотроо Дээд төв, Мөрөн бригад, аймгийн төв, Завханы Их-Уул, Тосонцэнгэлд мөн ч олон удаа сургуулийнхаа ЗИЛ-130 машиныг хөлөглөн очиж байж. Нэг удаа Тосонцэнгэлээс гараад  Дээд төв дээр  шөнө дунд иртэл  тосож авах хүнгүй айлууд цөм унтсан байсанд багш нар гуулин хөгжмөө тоглуулсан гэдэг. Тэгтэл айлуудын гэрэл нэг хоёроороо асан “Хөгжим дуугараад юу вэ” гэсээр хүмүүс хүрч ирж хоол, байртай залгаж байжээ. Бас тоглолтын үеэр нэгнийх нь шагшуур барьдаг үзүүлбэр дээр нэг шагшуур нь ишнээсээ мултарч унаад бөөн инээдэм болсон гэдэг. Харин шагшуураа алдсан Наташ нүүрээ дараад хөшигний араар орсныг их л хөгжилдөн ярьцгаана.  

Тухайн үед Гэгээрлийн яамны дарга нар тэдний бэлтгэсэн “Хоргын цуурай” концертыг үзээд “Танайд яах аргагүй хоолойгоороо хоолоо олж идэх нэг хүүхэд  байна” хэмээн өндрөөр үнэлсэн гэдэг. УИХ-ын гишүүн Б.Гончигдорж гоцлон дуулаачаар орж байсныг хэлсэн хэрэг.  

Одоо ч 1960-1970 оны үеийн Хоргын арван жилийнхнийг “Алтан үеийнхэн” гэж тодотгодог нь учиртай. Чухам энэ л үед Суман голын мөсөн дээрээс Б.Цээсүрэн, Б.Энхтүвшин, Алтангэрэл гээд мөн ч олон сайн тэшүүрчин төрсөн. 1969 оны улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс охидын 1500 м-ийн зайд мөнгөн медаль хүртсэн Я.Сумъяа чухамдаа 1973 оны 10-ын “А”-гийн сурагч. Нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн нь Архангайнхны хувьд анхны тохиолдол нь байсан аж. Мөн тухайн үед ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин 500, 1000 м-ийн ойрын зайд хэдэн жил дараалан аймагтаа аваргалсан удаатай.

“Нутгархаад сүйд болохгүй ч хүнийг их бага гэж ялгахгүй   хүндэтгэл дүүрэн ханддаг тахимдуу зөөлөн зангаараа Хоргынхон ялгардаг. Наад зах нь академич Б.Чадраа гуай л гэхэд хаана ч явсан хүү минь, дүү минь гэх,  хүний  жаахан амжилтыг ч бол магтан өөрийнх юм шиг баярлах нь хэнд ч үлгэр дуурайлтай” хэмээн тэд дурсав.   

М.УУГАН-ЭРДЭНЭ

Я.СУМЪЯА

Categories
мэдээ цаг-үе

Л.Сандагдорж: Нуруу урт, хөл майга, тэсвэр, тэвчээртэй учраас монгол хүн хөлбөмбөг гаргуун тоглож чадна

Үндэсний баяр наадмын өмнөхөн гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан Монголын хөлбөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Л.Сандагдоржтой ярилцлаа. Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөөх түүний хагас зуун жилийн хөдөлмөрийг ийн төр засаг үнэлсэн юм. 

-Та хаана төрсөн, аль нутаг усны хүн билээ?

-Би Улаанбаатарын унаган иргэн. 1937 онд төрсөн. Миний аав Лувсандорж гал командын жолооч байв. 1939 онд Халх голд холбооны шугам тавьж яваад бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдсан. Миний ээж Дулам хүнсний дөрөвдүгээр дэлгүүрт худалдагч хийдэг байлаа. Эцгийгээ өнгөрсний дараахан ээжтэйгээ Төв аймгийн Лүн сумын долдугаар багт очиж гурван жил хэртэй амьдарсан. 1943 оны намар сургуульд орох болсон чинь миний талийгч эцгийг лам байсан, дээр нь эсэргүүний хамаатан гээд сургуульд бүртгээгүй юм даг. Эсэргүүний хамаатан гэдэг нь авга ах Найданжав маань уурын тэрэгний хэлтсийн анхны даргаар ажиллаж байгаад 1938 оны арванхоёрдугаар сард эсэргүү хэмээн буруутгагдаж буудуулсантай л холбож байгаа хэрэг. 1944 оны намраас оёдлын гуравдугаар артелийн харьяа цэрэг хувцасны тасаг нээгдэхэд Бавуудорж гэдэг хүн дарга нь болсон. Тэднийх манай хөрш байсан юм. Бавуудорж гуайн эхнэр нь гэртээ цэрэг хувцас хийдэг уйгагүй хөдөлмөрч хүн байв. Тэр хүний дэргэд хувцасны бүч, зарим шулуун оёдол хийж сурсан. Энэ мэт ажлыг хар бор гэж гололгүй хийж өссөн дөө. 

 -Хөлбөмбөгт хэдийнээс шимтэн хорхойсох болов?

-Анх 1944 онд Нисэхийн засварын газар ажилладаг хоёр орос хүн хөлбөмбөг тоглож байхыг нь харсан. Хоёр шонгийн завсраар бөмбөг оруулдаг болохоор нь хөлбөмбөгийг тухайн үедээ “хаалга гаргах” гэж нэрлэдэг байсан. Тэр хавийн хүүхдүүд ч тэр хоёрыг дуурайж атгын чинээ жижигхэн резинэн бөмбөгөөр хаалга гаргаж тоглоно. Харин 1945 оны намар Халх голын дайн дуусч, цэрэг эрс халагдаж ирээд Нисэхийн хөлбөмбөгийн шигшээ багийг дахин байгуулсан. Ухаандаа дайнаас өмнө хөлбөмбөг тоглодог байсан юм билээ. Тухайн үед хөлбөмбөг мундаг тоглодог Дамдинжав гэдэг хүн байлаа. Хөлбөмбөгийн хаалганы торыг нь үүрээд хаана л тоглоно тэр газар нь дагаад явна. Тоглолт бүрийг нь шимтэн үзсээр нэг мэдэхэд хөлбөмбөгчин болсон. 

Хөлбөмбөг тоглож эхлэхээс өмнө хоккей тоглодог байлаа. 1952 онд хоккейн Улаанбаатар хотын аварга болдог жилд сургуулийн аваргын тэмцээний үеэр Соёл нийгэмлэгийн дарга Намдагсүрэн бидний тоглохыг харчихаад заримынх нь нэр сургуулийг бичиж аваад явсан. Тухайн үедээ эсэргүү энэ тэр гээд шалгаж барих гэж байгаа юм байх даа гэсэн шүү юм бодогдоод эмээж л байлаа. Хэд хоногийн дараа сургуулийн захирал Отгон, Сэдэд бид гурвыг дуудаад “Соёл нийгэмлэг дээр очиж Намдагсүрэн даргатай уулз” гэсэн. Яваад очтол өнөөх бидний нэрийг бичээд явдаг хүн маань “Та нар Соёл нийгэмлэгийн хөлбөмбөгийн хоёрдугаар шигшээ багт тогло. Бэлтгэл хийж байгаад наадмын тэмцээнд орно шүү” гээд бөмбөг өгсөн. Бид ч хоёр багт хуваагдаад л тоглодог байлаа. Тэрхэн үедээ амихандаа бэлтгэл хийгээд л байгаа хэрэг шүү дээ. Одоо бодоход буруу зөвгүй хаалга руугаа өшиглөж, хөлсөө гартал тоглодог байж. Одоогийнх шиг системтэй, дэс дараалалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хийдэггүй байсан. Тухайн үед тийм орчин нь ч бүрдээгүй байсан цаг. Тэмцээндээ “Хилчин” нийгэмлэгийн багийг хожчихоод “Ард” хоршооны багт хожигдоод хасагдаж байлаа. Харин дараа жил нь хоёрдугаар байрт шалгарсан. 1954 оны есдүгээр спартакатад ороод мөнгөн медаль хүртэж, 1955 онд улсын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээний аварга болсон. 1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор Алдар нийгэмлэгийн багт тоглож хоёрдугаар байрт орлоо. 

-Уг нь таныг конкурсдээд Их сургуулийн физикийн ангийн хуваарийг авсан хэрнээ сургууль биш хөлбөмбөгөө сонгосон гэх юм билээ?

  -Тэр үнээн. Багш дасгалжуулагч нар ч намайг их ятгасан. Тэгээд ч задгай талбай, зуслан, спорт заалны алинд ч хөлбөмбөгөө л тоглож байвал надад түүн шиг аз жаргал байгаагүй. Хамаатан садан найз нөхөд маань гудамжинд бөмбөг өшиглөхөө дээд боловсролтой сэхээтэн болохоос дээгүүрт тавилаа гээд дургүйлхэж л байсан. Гэсэн ч би хүсэл мөрөөдлөө дагаж Оюутан залуучуудын хөлбөмбөгийн дугуйланд шалгалт өгч тэнцээд орсон. Харин 1956 оны өвөл Лхагвасүрэн жанжны тушаалаар Биеийн тамирын хорооны дэргэд 15 хүний бүрэлдэхүүнтэй хөлбөмбөгийн шигшээ баг байгуулахаар болсон. Тэрхүү шигшээд би хагас хамгаалагчаар тоглож, намраас нь цалин авч эхэлсэн. Ухаандаа мэргэжлийн хөлбөмбөгчин болж байгаа юм уу даа. Ингээд л 1956 1968 он хүртэл улсын болон армийн шигшээ багт тоглосон. 1959 оноос улсын шигшээг арми руу шилжүүлж армийн шигшээ баг болгосон юм. Энэ үед хөлбөмбөгийн аварга шалгаруулах хот, бүс, улсын чанартай тэмцээнд дандаа л түрүүлдэг байлаа. 

-Улс хотын чанартай тэмцээнд шигшээ баг нь илт давуу хожих нь тодорхой. Өөр орны шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх эсвэл олон улсын тэмцээнд оролцож байж ур чадвараа ахиулна. Танай шигшээ баг олон улсын чанартай тэмцээн уралдаанд ямар амжилттай оролцдог байв?

-1959 оноос 1973 оны хооронд Зөвлөлтийн Өвөр байгалийн цэргийн тойргийн багтай харилцан зочилж нөхөрсөг тоглолт хийдэг байв. Тэдний талбай дээр хожигдлоо гэхэд өөрсдийнхөө талбайд буулгаж авдаг байлаа. 1993 онд Зүүн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд орох хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн багийн дасгалжуулагчаар ажилласан. Тэмцээнд орох хүмүүс маань бэлтгэлдээ ирдэггүй. Ажил төрөлтэй хүмүүст амралт чөлөө олдоход бэрх. Бэлтгэлээ олигтой хийгээгүй юм чинь тэр тэмцээнд яаж ч амжилттай оролцох билээ дээ. Эхний тоглолтдоо Хятадын шигшээ багт зургаа нэгээр хожигдсон. Харин Макаогийн багийг дөрөв гурваар хожоод зургаан орноос тавдугаар байрт шалгарсан. Дараахан нь Тайландад болох Зүүн Азийн арвангуравдугаар тоглолтод оролцох багийг бэлтгэх үүрэг надад өгсөн. Тухайн үед нь би “Хонь хариулдаг мориор уралдаанд сойсон хүлэгтэй уралдахтай л адил юм болно доо” гэж хүртэл хэлж байсан. Байнгын бэлтгэлтэй багтай тэмцээн дөхөхөөр л ажил төрлөөсөө чөлөө аваад ганц сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд бэлтгэл хийгээд тоглоход хожил хэний талд байх нь мэдээж шүү дээ. Гэхдээ ингэж гадны багтай тоглох болсноор бидний ур чадвар сайжирсан шүү. 

-Хөлбөмбөгийн төрөлд тив дэлхий, олон улсад амжилт гаргаагүй учраас энэ спортоор монгол хүн угаас амжилт гаргаж дөнгөхгүй, бидэнд тохирохгүй спорт хэмээн санах хүмүүс цөөнгүй байдаг шиг санагддаг? Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Монгол хүн хөлбөмбөгийг гайхамшигтай уран чавдарлаг тоглох боломж бүрэн бий. Бүр 1973 онд ЗХУ-ын сурган хүмүүжүүлэх ухааны доктор энэ чиглэлээр судалгаа хүртэл хийсэн байдаг юм шүү. Нуруу урт, хөл майга, тогтвор сайтайгаас гадна тэсвэртэй, хүчтэй учраас монгол хүн хөлбөмбөг тоглохдоо гаргуун болж болно. Гагцхүү ойрын зайн хурд, техникээ сайжруулах хэрэгтэй хэмээн судалгааны дүн гарсан байдаг. 1958 онд ардчилсан Солонгосын шигшээ баг манай багтай тоглоход эхний тоглолтод нэг нэгээр тэнцээд, дараагийн тоглолтдоо нэг тэгээр хожигдсон. Тэгсэн өнөөх шигшээ баг чинь 1966 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд эхний наймд шалгарч байсан. Хятадын шигшээ багтай өгөө аваатай тоглодог байлаа. Бэлтгэл сургуулилтийг сайн хийвэл хөлбөмбөгөөр амжилт гаргах бүрэн бололцоотой. Бид хэсэгхэн хугацаанд тогтмол бэлтгэл хийгээд л дээрх амжилтанд хүрсэн. 

-Монголын хөлбөм­бөгийн спортын түүхэнд хүүхдийн дасгалжуулагчаар удаан хугацаанд ажилласан тань шиг туршлагатай дасгалжуулагч байхгүй. Таны хувьд хөлбөмбөг тэр дундаа хүүхдийн хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэхэд чөдөр тушаа болж байгаа ямар асуудлууд байна гэж боддог вэ? 

-1962 оноос өнөөг хүртэл хагас зуун жил дасгалжуулагчаар ажилласны хувьд сэтгэл эмзэглэдэг зүйл байлгүй яах вэ. Одоо бол хөлбөмбөгийн талбай хүрэлцээтэй, орчин нөхцөл нь сайжирч байгаа ч дасгалжуулагч багш нарын ур чадвар л дутмаг юм уу даа гэж харагдах болсон. Тэдэн дунд улс хотын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, хөлсөө дуслуулж явсан тамирчин тун цөөн. Ихэнх нь хэдхэн долоо хоногийн давтан сургалтаар багшлах үнэмлэхээ авсан байх жишээтэй. Багш дасгалжуулагч нар л ур чадвараа сайжруулбал хөлбөмбөгийн төрөл хөгжихөд маш том түлхэц болно.  

-Та нас сүүдэр 80 дөхөж яваа ч таны хөл хөнгөн, хараа хурц, сонсгол сайн юм. Ийм эрүүл чийрэг байгаагийн нууц нь хөлбөмбөгийн спортоор хичээллэсний ач тус байх тийм үү?

-Уг нь бол би аль 1987 онд тэтгэвэртээ гарсан юм шүү дээ. Ганц хоёр жил “Алдар” нийгэмлэгт цагийн дасгалжуулагч хийж байгаад 1989 оноос Биеийн тамирын хорооны дэргэдэх Спорт сургалтын төвд хүүхдийн хөлбөмбөгийн дугуйлан ажиллуулах болсон. Бүртгүүлэхээр хүүхдүүд ирэх болов уу гэж санаа зовж байтал 200 гаруй хүүхэд цугласан юм. Тэндээсээ шигшиж байгаад гурван насны ангиллаар 45 хүүхэд бүртгэж аваад тав зургаан жил хичээллүүлсэн дээ. 1995 онд “МонСол” хэмээх клубээ ажиллуулж байгаад 1998 оноос Монголын хөлбөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагчаар албан ёсоор ажиллах болсон. Энэ мэтчилэн хөл дээрээ явж, нүдээрээ харж байгаа цагт энэ спортоо хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсээр ирсэн, хийх ч болно. Үүний төлөөс нь эрүүл чийрэг бие бялдар юм даа. 

-Хөлбөмбөгийн ДАШТ-д аль улсын шигшээ багийг дэмжиж байв?

-Нидерландын багийг түрүүлчихээсэй гэж бодож байсан. Хөлбөмбөгийн ДАШТ-ээс гурван ч удаа мөнгөн медаль хүртсэн баг түрүүлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь төсөөлж байсан хэмжээнд хүртэл тоглож чадаагүй. Бразилийн шигшээ баг аваргын төлөө маш хариуцлагагүй тоглосон. 1958 оны дэлхийн аваргаар Бразилийн шигшээ баг дөрвөн довтлогч, дөрвөн хамгаалагч, хоёр хагас хамгаалагч гэсэн шинэ системээр амжилттай тоглосон. Урдаа дөрөв нь довтолно гэдэг сиймхий л гарвал эсрэг багийн хаалганд бөмбөг оруулдаг “босоо” байлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүн нь ч сайн байсан. Гаренчи, Пеле, Бава, Лагала, Диди нар багийн бүрэлдэхүүнд байсан. Энэ жилийнх шиг ганцхан хүн дээр довтолгоогоо төвлөрүүлж тоглодоггүй байсан. Тэр нь (Нэймар) бэртчихээр тэгээд л тоглолт нь унах жишээтэй. 

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Арьс ширний үйлдвэрлэгч нарт олгох 140 тэрбумын хөнгөлөлттэй зээл энэ салбарыг хөл дээр нь босгоно

– Ирэх есдүгээр сард жилдээ 150 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадал бүхий гутлын үйлдвэр ашиглалтад орно –

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа. 

-Эдийн засаг сайнгүй байгаа өнөө үед Засгийн газраас 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд олгохоор болсныг нүдээ олсон хөрөнгө оруулалт боллоо хэмээн эрх баригчид ам сайтай байна л даа. 

-“Чингэс” бондоос 30 тэрбум төгрөгийг арьс шир боловсруулах тоног төхөөрөмж, технологио сайжруулахад зориулж аж ахуйн нэгжид зээлүүлэхээр болсон. Бусад эх үүсвэрээс гаргах 110.4 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөр арьс шир боловсруулах үйлдвэрүүд эргэлтийн мөнгөө босгоно. Өнөөдөр жилдээ Монголоос 150-160 тэрбум төгрөгийн түүхий эд бэлтгэгддэгээс 30 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчид худалдаж авдаг. Харин үлдсэн 120 гаруй тэрбум төгрөгийн түүхий эдийг хагас боловсруулаад экспортолдог. Өөрөөр хэлбэл таван кг түүхий эд тутмын нэгийг нь л боловсруулдаг үндэсний үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотооддоо бүгдийг нь боловсруулахын тулд дээрх хөрөнгө оруулалт хийгдэж байна. Өнөөдөр хятад ченжүүд манайхаас арьс ширээ худалдаж аваад, дотоодын үйлдвэрүүдэд маш бага өртгөөр хагас боловсруулалт хийлгэдэг. Бүр өөрсдөө химийн бодис, технологичоо авчирч байгаад шүү. Арьс ширээ дэвтээж гандаад, идээлэхийг л хагас боловсруулна гээд байгаа юм шүү дээ. Харин ингэж хагас боловсруулсан арьсаа хатааж, элдэж зөөлрүүлэн, суурь будаг хийж, сунгаад эмульс зэрэг тусгай зориулалтын бодис түрхээд лакдаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд болгож хувиргахыг гүн боловсруулалт хийх гээд байгаа юм.

Дотоодын үйлдвэрүүдэд жилдээ 22 сая ширхэг арьс хагас боловсруулах хүчин чадал суурилагдчихсан байдаг. Харин түүхий эдийн нийлүүлэлт 8-10 сая. Тэгэхээр бидэнд өнөөдөр түүхий эдийн нийлүүлэлтээсээ хоёроос гурав дахин их хагас боловсруулалт хийх хүчин чадал байна гэсэн үг. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшрууллаа гэхэд хагас боловсруулалтын шатанд ямар ч асуудалгүй. Гагцхүү гүн боловсруулалтын түвшингээ сайжруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмж гаднаас авч байна. 

-Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд дээрх зээлийг арилжааны ямар банкаар олгох нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газрын тогтоол ёсоор Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй зээл авах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан. Аж ахуйн нэгжүүдээс 90 гаруй төсөл ирснээс 86-г нь ҮХААЯ-ны төсөл шалгаруулах комисст хүлээлгэж өгсөн. Харин санхүүжилтийг нь олгох арилжааны банкаа сонгох гэж багагүй хугацаа алдсан. Төрийн банканд санал тавьсан ч судалж үзээд болохгүй юм байна гэх хариу өгсөн. Голомт банкаар олгуулах гэсэн боловч УИХ-ын байнгын хороо зөвшөөрөөгүй. Ийнхүү Эдийн засаг хөгжлийн яам, ҮХААЯ, УИХ-ын байнгын хороотой хэлэлцэн аж ахуйн нэгж бүрийн харилцдаг банкаар дамжуулан зээл олгохоор тогтсон. Ийнхүү шалгарсан төслүүдийг арилжааны банкууд дээр хянаж үзээд зээл олгохоор болбол ҮХААЯ дээр бодлогын гэрээ хийнэ. Гэрээ ёсоор Хөгжлийн банк тухайн арилжааны банк руу санхүүжилтийг нь шилжүүлэх юм. Ингэж хөрөнгө оруулалтыг чирэгдэлгүй шуурхай шийдэхээр болсон. 

-Төслийн хүрээнд дотоодын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээ нь нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Хамгийн эхлээд дотоодынхоо гутлын хэрэглээг хангах нь салбарынхны нэн тэргүүний зорилт болоод байна. Жилдээ зургаан сая гутал Хятадаас импортолдог гэх тооцоо бий. Шууд л Итали, Испани, Туркийн өндөр үнэтэй гутлыг үйлдвэрлээд эхлэхгүй нь тодорхой. Эхний ээлжинд малчид, хүүхдийн болон залуучуудын гутлыг хийхээр төлөвлөж байна. Үнэ ханшийн хувьд ч дундаж давхрагынхан худалдаад авчихаар боломжийн байх нь мэдээж. Өнөөдөр бол цэрэг цагдаагийнхны гутлыг дотооддоо бүрэн хийж байгаа. Орос руу савхин хувцас гаргах боломжтой. Хамгийн гол нь ҮХААЯ-тай байгуулсан бодлогын гэрээний хүрээнд бид 2018 он гэхэд нийт түүхий эдийнхээ 80 хувьд гүн боловсруулалт хийдэг болох зорилт тавиад ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд арьс ширний үйлдвэрүүд шууд эсгээд оёход бэлэн түүхий эдээр хангана гэсэн үг. 

Төслийн хөрөнгө оруулалт шийдэгдэх хүртэлх сүүлийн хоёр жилийн хугацаанд бид мөнгөгүй гээд гараа хумхиад суусангүй. Голландын химийн бодис үйлдвэрлэгчидтэй удаа дараа уулзалдаж зөвлөлдсөнөөс гадна Арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төвийнхөнтэй хамтарч салбарынхныхаа дунд давтан сургалт зохион байгуулсан. Дэлхийд арьс ширний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятад, Турк, Италид зохиогддог үзэсгэлэнгүүдийг алгасалгүй үзэж сонирхож, Монголдоо нэвтрүүлж болохуйц шинэлэг технологи, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай химийн бодис зэргийг судалсаар ирлээ. Ирэх есдүгээр сард жилдээ 150 мянган хос гутал хийх хүчин чадалтай гутлын үйлдвэр ашиглалтанд оруулах гэж байна. Энэ бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зээлээ хүлээж гар хумхиж суугаагүйн нэг томоохон жишээ. 

-Байгалийн гаралтай буюу арьс, ширэн эдлэлийн эрэлт нэмэгдэх хандлагатай болсон өнөө үед бидэнд дэлхийн зах зээлд дээрх томоохон тоглогч болох боломж бий юу?

-Энэ боломж бидэнд бүрэн бий. Өнөөдөр дэлхий даяар байгалийн цэвэр түүхий эдээр хийсэн бараа материалыг хэрэглэхийг эрхэмлэдэг болж. Жишээ нь Япончууд номын арьсан хавтас манайхаас импортолдог бол ОХУ руу экспортлох савхин бээлий жилээс жилд нэмэгдэж байна. Түүнчлэн гаалийн мэдүүлэг дээр албан ёсоор тэмдэглэгддэггүй л болохоос Эрхүү, Чита, Тува зэрэг хил дагуух захын хотуудыг өвлийн гутлаар хангадаг. Өндөр татвартай учраас ганзагын наймаачид нууцаар хил давуулдаг. Энэ мэтчилэн цэвэр ширээр хийсэн, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дэлхийд танигдах боломж бидэнд бүрэн бий.  

-Одоогоос найман жилийн өмнө арьс ширний 30-аад аж ахуй нэгжид шалгалт хийхэд хангалтгүй гэх үнэлгээ авсан байна. Энэ байдал өнөөдөр дээрдсэн болов уу?

 -Мэргэжлийн хяналт, Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтраад тухайн үед олон талт шалгалт хийсэн байдаг. Энэ нь шалгалт гэхээсээ илүү маш сайн зөвлөгөө өгсөн байдаг учраас маш үр дүнтэй болсон. Өнөөдөр энэ байдал харьцангуй дээрдсэн гэдгийг ам бардам хэлнэ. 

-Засгийн газраас үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн нийлүүлсэн малчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон талаар дэлгэрэнгүй яриач?

-Монголын арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийг манай холбооны зүгээс боловсруулсан. Бог малын нэг ширхэг арьсанд 3000, харин бодод 15 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Энэ бол хятад ченжүүд Монголоос түүхий арьс худалдаж аваад хагас боловсруулж хил давуулж зарахад олдог ашиг. Тэгэхээр үндэсний арьс ширний үйлдвэрлэгчид түүхий эд бэлтгэхдээ хятад ченжүүдтэй өрсөлдөхийн тулд тэр ашгийг нь малчдад өгье л гэж байгаа хэрэг. Ямааны арьс 20 мянган төгрөгийн ханштай бол хятад ченж, дотоодын үйлдвэрлэгчдийн аль аль нь тэр ханшаар нь л худалдаж авна. Харин үндэснийхээ үйлдвэрт ямааны арьсаа тушаавал 3000 төгрөг нэмээд 23 мянгаар худалдаж авна. 

Энэхүү урамшууллаар дамжуулж далд эдийн засгийг ил болгоно. Хятад ченжүүд жил бүр 110 гаруй тэрбум төгрөгийн түүхий эд худалдаж авдаг хэрнээ ямар ч татвар төлөлгүй хил гаргадаг. Монголын талаас түүхий эдээ худалдан авахад зуучлагч ченжүүд ч татвар төлдөггүй. Энэ бол далд эдийн засгийн хамгийн том жишээ. Малчин Доржийн тушаасан ямааны арьсных нь урамшууллыг олгохын тулд тухайн сум багт ажиллаж буй манай холбооны итгэмжит төлөөлөгч албан ёсны тооцооны хуудсандаа зайлшгүй тусгах ёстой. Энэхүү хуудсаа Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоонд авчирч тушаана. Манай холбоо тэрхүү тооцооны хуудсыг нь мал хамгаалах сан руу илгээнэ. Ингэж тооцооны хуудас бичигдэнэ гэдэг санхүүгийн анхан шатны бүртгэлд орсноор бүх тооцоо ил болно. Бүр арьс ширний үйлдвэрлэгчид нэг ширхэг арьс боловсруулахад орсон ус, химийн бодис, ажилчдын цалин зэрэг нь хүртэл тодорхой болно. Ингэснээр улсад 200 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрнө. Өмнө нь энэ хэмжээний татварыг авч чаддагүй байсан гэсэн үг. Энгийнээр бол урамшууллаар дамжуулж далд эдийн засгийг ил гаргаж, санхүүгийн орчноо эрүүлжүүлж байна гэсэн үг. Малчид маань давхар малаа хугацаанд нь тарилга, угаалгад хамруулдаг болох юм. Учир нь мал хамгаалах сангаар дамжиж урамшуулал олгогдох учраас тарилгад хамруулаагүй, угаалгад хугацаанд нь хамруулаагүй бол эхний удаад сануулна. Энэ байдал давтагдвал мэдээж урамшууллыг нь олгохгүй. Өмнө нь малчдын арьсыг сумын ченж, аймаг руу аваачиж бас нэгэн ченжид өгнө. Аймгийн ченж Эмээлт рүү зөөдөг нэгэндээ зарахад нөгөөх нь хотод ирээд агуулах руу ченжүүдэд өгөөд тэндээсээ хятадуудад өгдөг жишээтэй. Ингэж зургаагаас долоон ченжийн гар дамжиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн гар дээр ирдэг бол одоо малчид арьс ширээ түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчөөр дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлэх боломж бүрдэж байна. Дондог гуайн бярууны арьсыг 15 мянгаар худалдаж аваад үйлдвэрт 25 мянгаар өгөх гэсэн чинь эсгэчихсэн, урагдчихсан эсвэл муудчихсан байвал хямд үнээр үйлдвэрт өгнө. Харин дараа нь Дондог гуайд “Таны алаг бярууны арьс муудсан, урагдсан байсан учраас зах зээлийн ханшаар үйлдвэрт өгч чадаагүй. Дараагийн удаа тэгвэл 10 биш найман мянган төгрөгөөр худалдаж авна шүү” гэж хэлнэ. Ингэж зах зээлийн жам ёсоор чанараасаа хамаардаг үнийн тогтолцоо руу шилжиж байна. 

-Арьсыг хагас боловсруулаад зарах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёрын ханшийн зөрүү мэдээж хэд дахин гэдгээр яригдах байх тийм үү?

-Таван мянган төгрөгийн ямааны арьсыг 25 мянган төгрөг болгож болно. 50 мянган төгрөгийн арьсыг 250 мянган төгрөг болтол нь өсгөж болно. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд өөрөө эцсийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд түүхий эд болдог. Энд нэг сонирхолтой дүр зураг харагддаг л даа. Малчин хамгийн муу малаасаа зардаг мөртлөө мал аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнээ хамгийн сайнаасаа шилүүлж борлуулдаг. Малчин хамгийн муу арван хонио гаргаад, арьс ширийг нь зардаг бол түүгээр хийсэн 100 түрийвчнээс худалдан авагч өөрөө шилж байгаад авдаг. Энэ өнцгөөс нь харвал шинэлэг техник технологи суурилуулчихвал үйлдвэрлэгчдэдээ ч малч­дадаа ч ашигтай. 

-Гүн боловсруулалт хийдэг болсноор ажлын байр хэр нэмэгдэх бол?

-Манай салбарт дөрвөн мянга орчим ажлын байр бий. Үүнд бэлтгэн нийлүүлэгчид орж байгаа хэрэг шүү дээ. Үйлдвэрүүд гүн боловсруулалт хийдэг болсноор ажлын байр 20-иод мянгаар нэмэгдэнэ. 

-Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахыг холбооны тэргүүн хэрхэн хүлээж авч байна?  

-Олон улсын жишиг тийм л байдаг. Арьс шир боловсруулах үйлдвэр нь хотынхоо захад л байдаг. Улсаас дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийг нь шийдээд өгчихвөл Эмээлтийн цаахна ч байна уу, Налайхын тийш ч байна уу хамаагүй нүүхэд аж ахуйн нэгжүүд эсэргүүцэх зүйлгүй. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд 2010 оноос цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлтэд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Өнгөрөгч наймдугаар сард Харгиа цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгосноор үйл ажиллагаа эрс сайжирсан. 

Манай арьс шир боловсруулах үйлдвэрээс гарах бохир нь ч стандартын хэмжээнд байгаа учраас цэвэрлэх байгууламжийн тал дээр ямар нэгэн асуудалгүй.   

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Баруун хязгаарыг тохинуулж, хилийн зурвасыг тогтооход гар бие оролцсон Монголын анхны армийн генерал

Монголын анхны бөгөөд цорын ганц армийн генерал болох Монгол Улсын баатар Батын Дорж 1914 онд Сайн ноён хан аймгийн хошууч Мэргэн бэйсийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төржээ. Тэрээр 15 настайгаасаа сумандаа адуу маллаж, тариа ногоо тарихаас авахуулаад сумынхаа захиргаанд зарлага хүртэл хийж байжээ. Цэргийн албанд 1935 онд татагдан, Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдсанаар түүний Монгол Улсын батлан хамгаалах, дархан хилийн бүрэн бүтэн байдлыг хангах их үйлсийн гараа эхэлжээ. 

Морьт дивизийн Бага даргын сургуульд элсэн суралцсанаасаа хойш дөрөвхөн жилийн дотор нэгдүгээр морьт хороонд сумангийн дарга болжээ. Харин 1939 оноос буюу 25 настайгаасаа Ардын цэргийн нэгдүгээр морьт дивизийн дарга бөгөөд Улаанбаатар гарнизоны даргын хариуцлагатай албанд дэвшин томилогджээ. Энэ үед Халх голын дайны хүндхэн сар өдрүүд тохиож байсан учраас тус дивиз цэрэгт шинээр татагдагсдыг богино хугацаанд цэргийн эрдэмд дадлагажуулахын сацуу Халхын голд байлдаж буй анги, салбаруудын бие бүрэлдэхүүнийг шинэчлэх үүрэг байлаа. 1940-1941 онд Дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга, 1941-1948 онд Дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн хэргийг эрхэлсэн дэд сайд, орлогч сайд, 1952-1953 онд МАХЦ-ийн тавдугаар тусгай морьт бригадын дарга, 1953-1956 онд Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч даргаар ажиллаж байжээ. 1956-1959 онд БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайд, 1959-1961 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, 1961-1963 онд БНАСАУ-д, 1963-1966 онд БНАГУ-д, 1966-1968 онд ХБНСЮУ-д онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын албыг хашиж байжээ. Эх орондоо буцаж ирүүтээ 1978 оныг хүртэл Батлан хамгаалах яамны сайд, 1978 оноос Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар насан өөд болтлоо ажилласан билээ. Эдгээр албан тушаалыг хаших хугацаанд түүнд БНМАУ-ын баатар цол, Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Лениний одон, Эх орны дайны хоёрдугаар зэргийн одон,  Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор хоёр ч удаа тус тус шагнуулж байжээ. Хашсан албан тушаал, гавьяа шагналууд нь төр улсдаа хэр үр бүтээлтэй ажилласныг гэрчилнэ. 

Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа ЗХУ-тай хамтарч, орчин үеийн мото буудлагын хэд хэдэн тусгай анги нэгтгэлүүдийг байгуулж, орчин үеийн техник хэрэгслээр хангах, анги нэгтгэлүүдийг байгуулан, олон улсын жишигт хүргэх нүсэр ажлыг Армийн генерал, Монгол Улсын баатар Б.Дорж агсан гардан зохион байгуулж байжээ. Армийн генерал Б.Дорж Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байх хугацаандаа баруун хязгаарыг тохинуулж, Оспаны хасгийн дээрэмчдийн удаа дараалсан дайралтуудыг няцаан, улсынхаа дархан хилийг тэр хэвээр нь хадгалж үлдсэн гэдгээрээ баатар цолоор шагнагдсан. 

Армийн генерал, хөдөлмөрийн баатар Б.Дорж агсны мэндэлсний 95 жилийн ой 2009 онд тохиосон бөгөөд энэ үеэр түүний дурсамж үзэсгэлэнг олонд танилцуулсан юм. Тус үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, дүрэмт хувцас, гэрэл зургуудыг олны хүртээл болгож байсан. Энэ үеэр цэргийн шинжлэх ухааны доктор, дэслэгч генерал Ш.Арвай “1940 онд Монголын цэргийн даргаар томилогдон, Монгол, Орос, Япон, Манж дөрвөн улсын хилийн маргааныг шийдвэрлэхэд толгойлон оролцсон билээ. Тодруулбал улсын хил тогтоох хамтарсан комиссын Монголын талын хэсгийн даргаар Б.Дорж гуайг томилсон гэдэг. 1940 оны хавраас жил дамнан Буйр нуурын умард эргийн Улаан ганга хэмээх газраас Нөмрөг голын өмнө орших амралтын уул хүртлэх 215 км газарт улсын хилийг тогтоож, 132 хилийн багана босгосон түүхтэй. Энэхүү тогтоосон хилийн шугам нь 300-аад жилийн өмнө буюу 1734 онд тогтоосон хилийн зурвастай үндсэндээ нийцсэн. Энэ нь хожим 1962-1964 онд Улсын хилийн шугамыг газар дээр нь дахин тогтоох эрх зүйн суурь болж өгсөн. 1940-1949 оны хооронд 1800-аад удаагийн хилийн зөрчил халдлага гарч байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ үед хил хамгаалах бодлогыг зайлшгүй шинэчлэн сайжруулах шаардлагын дагуу 1943 онд шинэ журам, дүрэм батлан гаргасан. Үүний дагуу хилийн цэргийн байгуулалтыг шинэчилж, хилийн манаа, пост, застав, бэлтгэл хүч, отряд хэмээх тогтолцоог бий болгож, шинэ техник хэрэгслийг нэвтрүүлсэн. Б.Дорж сайдын хэрэгжүүлж, армийн түүхэнд ул мөрөө тод үлдээсэн, цэргийнхний дунд одоо ч сайнаар дурсан яригддаг нэг гол зүйл бол анги, салбарт ажиллаж бай­гаа офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ алхмуудыг хийсэн явдал. Үүнийг дараах үеийн сайд нар үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн билээ. Чухамдаа Б.Дорж генералын үед цэргийн албаны нэр хүнд эргэн сэргэж, офицер, ахлагч нарт  удаан жилийн нэмэгдэл олгох, одон, медалиар шагнах журам боловсронгуй тодорхой болж, цалин хангамж мэдэгдэхүйц сайжран, цэргийнхэнд зориулсан орон сууцны хорооллууд хот, хөдөөд баригдаж эхлэн, олон зуун офицер, ахлагч нар өөрийн гэсэн тохилог орон сууцтай болж эхэлсний дээр анги, салбар болгон хугацаат албаны цэргийн амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх, түүний дотор тохилог гал зуух, соёлын төв гэх мэт цэрэг дайчдын ахуйг сайжруулахад чиглэсэн олон зүйл хийгджээ. Б.Дорж генерал дадлага, туршлагатай сайн зохион байгуулагч, жинхэнэ цэргийн жанжин байсны зэрэгцээ хүний төлөө ихээхэн анхаарал халамж тавьдаг, залуу хүмүүсийг ахиж дэвших, амьдрах ухаан, туршлага суухад нь бүх бололцоогоор тусалдаг хүн байсан нь цэргийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд хүчтэй түлхэц болсон юм.” гэсэн юм.  

Армийн генерал, Монгол Улсын баатар Б.Дорж агсны ач хүү Б.Баяраа “Миний өвөө үймээн самуун, дайн дажинтай түүхийн эгзэгтэй цаг мөчид Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрхэт байдлыг хамгаалахын төлөө их хувь нэмэр оруулсан цэргийн гарамгай жанжин гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм ч учраас Монгол Улсын түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц армийн генерал хэмээх хүндэт цолыг олгосон гэж боддог. Баруун хязгаарын хилийн зурвасыг шинэчлэн тогтооход монголын талын төлөөлөгчдийг ахалж байснаас гадна хасаг, гоминданчуудаас эх орноо хамгаалах үйлсэд гарамгай амжилт гаргасан гэж би бахархдаг. Халхын голын дайнтай зэрэгцээд Гоминданы түрэмгийлэгч, Хасагийн дээрэмчид Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн хилийг удаа дараа зөрчин хилийн анги салбарууд руу довтолж, тэр хавийн иргэдийн мал хуй, эд хогшил зэргийг дээрэмдэн зарим тохиолдолд бүр амь насанд нь хүрдэг байсан гэдэг. Чухам энэ үед зүүн өмнө зүгт Японы эсрэг, баруун, баруун өмнөд чиглэлд гоминдан хасгийн дээрэмчдийн эсрэг нэгэн зэрэг тулалдаж, хүч тарамдах аюул нүүрлэжээ. Миний өвөө баруун хязгаарын асуудлыг шийдвэрлэхдээ улс төр дипломат аргыг, цэргийн ажиллагаатай амжилттай хослуулж чадсаны үр дүнд 1943 оны намар “Хасгуудтай  БНМАУ-ын эсрэг дээрэм тонуул хийгүй байх” амлалт авснаас гадна гоминданы түрэмгийлэгчдийн эсрэг хүч хавсран тэмцэх хэлэлцээрт хүрсэн гэдэг. Гэсэн хэдий ч гурав дөрөвхөн жилийн дараанаас хасгууд дахин гоминдантай нэгдэн дахин хил орчим халдан довтлох нь нэмэгдэж эхэлж. Гэсэн ч нөхцөл байдлыг зөв дүгнэж, халдлага бүрт нь хариу цохилт өгч, баруун хил орчмын газруудад сайтар бэлтгэгдсэн цэргүүдээр хамгаалуулсны үр дүнд хилийн зөрчлийг дайн болгочихолгүй намжаасан гэдэг. Өвөө маань үр ач бидэндээ “Чин үнэнээр байвал үхэр тэргээр туулай гүйцнэ. Эгэл үнэн, энгийн даруу амьдарвал аз жаргал чамд өөрөө ирнэ” гэж сургадаг байсан. Өөрөө зөв сайхны оргил, үлгэр жишээ байж дээ. Хэлэсэн үг, хийсэн үйлдэл бүр нь амьд домог болон үлдэж дээ” хэмээн өвөөгийнхөө тухай хүүрнэсэн юм.  

Батлан хамгаалах яамны сайд Л.Болд “Харийн түрэмгийлэгчид, тэд­ний гар хөл болсон Оспаны дээрэмчидтэй хий­сэн цус асгаруулсан олон тулалдааныг гардан зохион байгуулж, домог болсон дуун¬даа гардагчлан цагийг товчлон тэнгэрээр ирж, техник хүрэхгүй бэрх газарт тэнгэрээр ч одож, цэрэг дайчдаа ялалт өөд удирдан залж, баруун хязгаарыг төвшитгөн бэхжүүлснээрээ 1930-1940 оны хүнд¬хэн сорилын жилүүдэд түүхэн гавьяа байгуулсныг нь төр засгаас өндрөөр үнэлж, “Улсын баатар” цолоор шагна­жээ. Тийм ч учраар тэрээр Монголын зэвсэгт хүчний түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц армийн генерал байх бүрэн эрхтэй цэргийн нэрт зүтгэлтэн” хэмээн тодотгон хэлж байсан удаатай. 

Түүний Монгол орны бүрэн эрхэт тусгаар тогт¬ноход оруулсан хувь нэм­рийг нь хойч үеийнхэнд үлгэрлэн сануулах үүднээс Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Ховд аймгийн Үенч сумдад хөшөө дурсгалыг нь босгон мөнхжүүлсэн гэдэг. Мөн нийслэлийн арван­гуравдугаар хорооллоос Цайз зах хүртэлх өргөн чөлөөг түүний нэрэмжит болгосноос гадна “Монгол Улсын баатар хилчид” цогцолборт хөргийг нь гантиг чулуун дээр урлаж, байршуулсан нь хүртэл бий. 

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Ган төмрийн уран оёдолчин

Монголын гагнуурчид мэр­гэжлийн ур чадвараараа дэлхийд хоёрдугаар байрт шалгарсан гайхалтай амжил­тын эзэд болсон билээ. Тод­­руул­бал БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 4–8-ны хооронд олон улсын гагнуурчдын ур чадварын “ARC Cup-2014” тэмцээнд Монголын долоон гагнуурчин оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр багаараа хоёрдугаар байрт шалгарчээ. Энэ удаагийн тэм­цээнд Англи, Герман, Австри, Украйн, Болгар, Румын, Чех, Өмнөд Солонгос, Хятад Индо­нез, Сингапур, Монгол зэрэг 13 орны багийн 300 гаруй гагнуурчин цахилгаан, хий, хагас автомат, аргон, робот болон загвар  бүтээгдэхүүн өгөгдлийн дагуу гагнах зэрэг төрөлд өрсөлджээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагдах бөгөөд жилээс жилд оролцогч орон болоод гагнуурчдын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа гэх утгаараа “ARC Cup-2014” тэмцээнийг гагнуурчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж хэлж болно. 

Тус тэмцээнд Монголын долоон гагнуурчин оролцсо­ноос ДЦС-4 ХК-ийн гагнуурчин Ч. Агваандэмбэрэл аргон гагнуурын төрөлд мөнгө, “Зэт Эм Стийл” ХХК-ийн гагнуур­чин Э.Одгэрэл хүрэл медаль, Хасумегаватт ХХК -ийн гаг­нуур­чин Л.Анхбаяр загвар бүтээгдэхүүний гагнуурын төрөлд мөнгөн медаль, “МЭЗ” ХХК-ийн гагнуурчин Б.Баттулга цахилгаан гагнуурын төрөлд хүрэл медаль хүртсэн амжил­таар ийн багаараа хоёрдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээнд аргон гагнуу­рын төрөлд хүрэл медаль хүртсэн “Зэт Эм Стийл” ХХК-ийн гагнуурчин Э.Одгэрэлийг энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буландаа урилаа. Тэрээр 1979 онд Улаан­баатарт төрсөн бөгөөд дунд сургуулиа төгсөөд МСҮТ-д суралцан гагнуурчин болжээ. Тэрээр Эрчим хүчний нэгдсэн засварын төвөөс ажлын­­хаа гарааг эхэлж байсан. Өмнөговийн ДЦС, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уурын станцын засвар өргөтгөлийн төслөөс авахуулаад Солонгосын “Кам­бот Боле” компанид мэргэж­лээрээ гурван жилийн хугацаанд ажиллаж баялаг туршлага хуримтлуулжээ. Эх орондоо 2009 онд эргэн ирж “Зэт Эм Стийл”-д ажиллах болжээ. 

Бээжин хотноо зохиогдсон “ARC Cup-2014” тэмцээнд оролцсон тухайгаа тэрээр “Ажиллах нь бүү хэл барааг нь ч хараагүй тоног төхөөрөмжөөр гагнуур хийнэ гэдэг амаргүй. Тэмцээн эхлэхийн өмнөхөн тус аппарат дээр ажиллах англи хэл дээрх зааврыг тарааж өгсөн. Англи хэлийг нэвтэрхий мэддэг байлаа ч аливаа ажил, тэр дундаа гагнуурын төрөлд аппараттайгаа ажиллаж сурсан байх шаардлагатай. Наад зах нь аппаратныхаа гүйдлийг зөв тохируулгаа тухайн орчин, нөхцөл, гагнах бэлдцээсээ хамааруулаад өөрчилдөг. Эхний тэмцээн болох хагас автомат гагнуурын төрөлд оролцсон Тэнүүн гэдэг тоног төхөөрөмжтэйгээ танилцаж, ажиллах хугацаа олдоогүй учраас амжилттай оролцож чадаагүй. Бэлдэцээ шууд гаг­наад эхлэх ёстой байтал аппа­ратаа тохируулах гээд нэлээд ноцолдсон. Тиймээс бидэнд зайлшгүй гагнуурын аппараттайгаа танилцах зүй ёсны шаардлага гарсан учраас шүүгчдээс нь гуйсан л даа. Энэ аппарат дээр чинь дадлага ажил хийе гэж. Долоо хоногийн өмнө хүлээн авсан удирдамж дээр гагнуур хийлгэх аппаратын төрөл, маркийг тодорхой бичсэн байсан ч бид түүнийг нь олж ажиллах нь бүү хэл интернэтээс хайгаад зураг нь ч олдоогүй гээд бод доо. Гэхдээ манайхнаас өөр орныхон тэгж гуйж огт харагдаагүй шүү. Шүүгч нар нь азаар зөвшөөрсөн. Гагнуурын электрод нь хүртэл тэс ондоо байсан. Тэгээд л маргаашийн  тэмцээндээ өмнөх өдөр нь бэлтгэж байлаа. Хэдхэн цаг аппарат дээрээ ажиллаад л тэмцээндээ орно. Гэхдээ эхний гурван гагнуурчид амжилт­­гүй оролцсон ч сүү­лийн дөрвөн төрөлд бүгд медаль хүртсэн. Бидэнд аппа­рат­тайгаа ажиллаж, турш­ла­гажих илүү цаг хугацаа, боломж байсан бол бүгд медаль хүртэж, аваргын цом өргөхөд ойрхон байлаа. Энэ тэмцээнд 35 хүртэлх насны залуус оролцдог учраас  миний хувьд энэ удаагийнх эхний бөгөөд сүүлийн боломж байсан. Түүнийгээ бүрэн ашиг­лаж чадсандаа сэтгэл хангалуун байна” гэсэн юм. 

Тэмцээнийг зохион бай­гуулагчдын зүгээс хэрэглэгдэх бүх тоног төхөөрөмжөөр ханга­на гэсэн хэдий ч зарим хэрэглэлүүд нь дутагдалтай байжээ. Тухайлбал аргон, цахилгаан гагнуур хийсний дараа өнгөлдөг зүлгүүрийн машин, гагнуурын оёдлыг хэмжих хэрэгслүүд дутаг­далтай байж. Тэмцээний эхний өдрөөс тэдгээр дутуу хэрэгслүүдээ дэлгүүрээс хайж гарчээ. “Зэт Эм Стийл” ХХК-ийн гагнуурчин Э.Одгэрэл “Энэ мэт олон хүндрэл бэрхшээл тулгарсан ч үүнийг давж амжилт гаргасан нь монгол хүний аливааг амархан сурдаг, уйгагүй хөдөлмөрч, сэргэлэн зан чанартай холбоотой байлаа.Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна” гэсэн юм. 

 М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

С.Энхтуяа: Монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох эрхээ авч буй хэрэг


Энэ сарын 14-нд улс орон даяар Элсэлтийн ерөн­­хий шалгалт эхлэх гэж бай­гаа­тай хол­бог­дуулан Боловс­ролын үнэлгээний төвийн элсэлтийн бүрт­гэл, улсын шалгалт хариуц­сан хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяа­гаас энэ талаар тодруулав. 

-Энэ хичээлийн жилээс ЭЕШ-нд орол­цогсод хам­гийн түрүүнд монгол хэл бич­гийн шалгалт өгс­нөөр ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ гэл үү?

-Тийм ээ. Энэ жилийн ЭЕШ-д оролцох эрхээ монгол хэл бичгийн шал­галт өгснөөр авч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл энэ шал­галт маань ЭЕШ-ийн монгол хэлний урал­даант шал­галтаас тусдаа гэсэн үг. Тийм ч учраас энэхүү шалгалтыг ЭЕШ-аас өмнө буюу зургадугаар сарын 14-ний 12:00 цагт орон даяар нийт төгсөгчдөөс авах бөгөөд шалгалтын дүн ЭЕШ-нд ямар нэгэн байдлаар нөлөө­лөхгүй. Цаашид энэхүү шал­гал­тын дүн дараагийн их дээд сур­гуу­лиудад элсэхэд нөлөөл­дөг болгох чигийг барим­талж байгаа. Хам­гийн гол нь эх хэлээ бүрэн төгс эзэмшсэн хүн дараа дараагийн шатны боловсролыг эзэм­шиж чадна гэх зар­чим дэлхийн аль ч оронд баримталдаг гэдгийг энд хэлэх нь зүй­тэй болов уу. Монгол хэл бичгийн жишиг даал­гаврыг монгол хэл, уран зохиол хичээлийн агуулгын хүрээнд, мон­гол бичгийн унших чад­варыг сорьсноос гадна тест багтаасан жишиг даал­гавруудыг БҮТ өөрийн цахим хуудаснаа өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр байр­шуул­сан. Татаж аваад ажиллах бүрэн боломж­той. Тиймээс тус шалгал­тыг анх удаа авч байгаа хэдий ч шалгуулагчид энэ талаар аль хэдийн төсөөлөлтэй болчихсон байгаа. Тест бөглөх, эх зохиох, богино хариул­таар нөхөх гэх мэт даал­гав­руудаас бүрдэнэ. Шал­галт нэг цаг 40 минут үргэлжилнэ. 

-Энэ жилийн ЭЕШ-ын дүрэм, журамд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Монгол хэл бич­гийн шалгалтыг бүх элсэг­ч­дээс авахаар болс­ноос гадна шалгалтын х­ур­аамж 5800 төгрөг бо­лж нэмэгдсэнээс өөр өөрчлөгдсөн зүйлгүй. 

-­Өнгөрсөн жилийн ЭЕШ-тай холбоотой ямар санал гомдол зон­хилон ирсэн бэ?

-ЭЕШ-тай холбоотой гомд­ол саналд тул­гуурлан өөрс­дийн үйл ажиллагаа үргэлж сайжруулж, засч зал­руу­­лах ажлыг цаг алдал­­гүй, тухай бүрт нь хийж ирсний дүнд жил ирэх тусам ЭЕШ-тай холбоотой санал гомдол харь­цангуй багассан. Тухайл­бал өнгөрсөн жил авсан оноогоо шал­галтын материал­тайгаа тулгаж үзэхийг хүссэн хэдхэн санал ирсэн. Шалгуулагчид маань шалгалтын журамтай­гаа н­эг бүрчлэн сайн танил­цаа­гүйн улмаас өөрийн дугуйл­сан хариултаа баллаж, өөр хариулт давхардаж дугуй­лах нь элбэг байдаг. Гэтэл гараар биш машинаар засдаг учраас буруу гэж бодоод дугуйлсан хариултаа баллаж эсвэл дээрээс нь дарсан ч машин хариулсанд тооцоод уншчихна. Ингээд л өөрийн зөв гэж бодоод дугуйлсан хариулттай нь нийлээд хоёр хариулт болж таарах учраас тус даалгаврын хариуг хүчингүйд тооцдог. Ер нь шалгалтын материалыг засахад хүний гар оролцолгүй, машинаар засч байгаа учраас алдаа мадаг гардаггүй. 

-ЭЕШ-ын үеэр улс орон даяар бүх ангийг камержуулах боломжтой юу?

-Өнгөрсөн жил таван аймгийн төвийг камер­жуул­сан. Хотод нилээн хэдэн шалгалтын цэгт камер байр­шуулсан. Хөрөн­гө санхүүг нь ший­дээд өгчихвөл улс орон даяар ЭЕШ явагддаг бүх анги тан­химийг камержуулах бүрэн боломж­той. Гэхдээ камер байрлуулаагүйн улмаас ингэчихлээ гэх гомдол санал одоогоор ирээгүй байгаа нь өнөө маргаашгүй яаралтай хэрэгцээтэй эд биш гэсэн үг. 

-Энэ жилээс дол­дугаар сарын 1-нээс өмнө ЭЕШ-ын нэгдсэн дүнг гаргах боломжтой гэж байсан үнэн үү?

-Жил бүрийн элсэл­тийн шалгалтыг зохион байгуулж байгаа гэх утгаараа мэргэ­жилтнүүд маань ажилдаа гаршихын хажуу­гаар бид­ний хэрэг­лэдэг техник, прог­рамм хангамж сайжирч бай­­гаа. Тиймээс цаашид дол­­дугаар сарын 1-нээс өмнө нэгдсэн дүнгээ бүрэн гаргах боломжтой гэж үзэж байна. Дүнгээ гарсан даруйд нь шал­гуулагчийнхаа гар утас, имэйл хаягаар дүнг нь явуулна. 

-Энэ жилийн шалгуу­лагч­дад юуг онцгойлон анхаа­руул­маар байна вэ?

-Монгол хэл бичгийн шал­галтаа өгсөн бол бүртгэлийн хуудас дээр нь галограмм буюу тусгай тэмдэгтийг наалгах ёстой. Ингэснээр ЭЕШ-таа орох эрхээ авч байна гэсэн үг. Бүх шалгуулагчид өгөх ёстой шалгалтыг өгөөгүй тохиолдолд ЭЕШ-д орох эрхгүй болно гэсэн үг. Энэ жил 38332 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. 

-Кем­брижийн хөтөл­бөрөөр сургалтаа явуул­даг дунд, ахлах сургуулиудын элсэл­тийн ерөнхий шалгалтын бүртгэлийг БҮТ зохион байгуулж байгаа гэл үү?

-Кембрижийн хөтөл­бөрөөр сургалтаа явуул­даг “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн дунд ахлах сургуулиудад элсүү­лэх шалгал­тын бүрт­гэлийг энэ жилээс БҮТ-өөс зохион бай­гуу­лахаар болсон. Бүртгэл уржигдраас эхэлсэн бөгөөд 6-ныг хүртэл БҮТ-ийн байранд тав хоног үргэл­жилнэ. “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиуд дунд ангийн сурагчдыг элсүүл­дэг бол “Монгол тэмүү­лэл” нь ахлах ангид элсэлт авдаг. Өмнө нь дээрх сургуулиудын элсэл­тийн шалгалт найм­дугаар сард болдог байсан бол энэ жил зургадугаар сарын 7-нд болгож урагш­луулсан. Сурагчид бүртгүүлэхдээ дүнгээ хувийн хэрэг дээрээ бүрэн тавиулж, дүнгийнхээ дунд­жийг бодуул­сан сургуу­лийн захиргааны тодорхой­лолт, төрсний гэр­чил­гээгээ хуулбарын хамт өөрийн биеэр авчрах шаардлагатай. Мөн үр хүүх­дээ энэ шалгалтанд оруулж өгөхийг хүссэн эцэг, эхийн өргөдөл байх ёстой. “Монгол тэмүүлэл” сургуу­лийн есдүгээр ангид элсэгчдийн найм­дугаар ангийн дүн нь 80 буюу түүнээс дээш, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуульд элсэ­хийг хүссэн сурагчдын дөрөвдүгээр ангийн дун­даж үнэлгээ 90 буюу түүнээс дээш хувьтай байх ёстой.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

NHK телевиз “MCS”-ийн Ж.Оджаргалыг онцолжээ

Азид шинээр төрөн гарч буй бизнесменүүд дотроос “Эм Си Эс” группын
захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг нөөцөөрөө дэлхийд толгой цохих Таван толгойн
нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд гадаадаас хөрөнгө оруулалт
амжилттай босгож, бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй эхлүүлж чадсан гэдгээр нь Японы
“NHK” телевиз онцолж, тусгай нэвтрүүлэг бэлтгэжээ. Өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан
тус нэвтрүүлгийн агуулгыг тоймлон хүргэж байна.

 Таван толгойн ордын нүүрс нь коксжих буюу өндөр илчлэгтэй учраас
гангийн үйлдвэрлэл болон автомашины шатахууны үйлдвэрлэлийн гол түүхий эд билээ.
Энэ ч утгаараа дэлхийн зах зээлд эрэлт ихтэйгээс гадна өндөр үнэтэй. Энэхүү уурхайн
нүүрсийг дэлхийн зах зээлд борлуулах бодлогыг амжилттай хэрэгжүүлж яваа эрхэм бол
Ж.Оджаргал. Тэрээр хэдийнээс барууны эдийн засаг, бизнесийг ихэд сонирхож, тэдэнтэй
хамтарч ажиллахыг сонирхож байсан ч хоёр хөрштэйгөө эдийн засгийн салбарт түншлэхийг
орхигдуулаагүй юм. Энэ тухайд тэрээр “Байгалийн асар их баялагтай манай орон газар
зүйн байршлын хувьд Орос, Хятад хэмээх хоёр их гүрний дунд оршиж байгаа нь эдийн
засгийн талаас авч үзвэл маш том зах зээлтэй хиллэж байна гэсэн үг. Үүнийг бид давуу
тал болгох хэрэгтэй. Бас ашигт малтмалаа экспортлох гуравдагч хөршийг эрэлхийлэх
нь зүйтэй” гэсэн юм.

2008 оноос уул уурхайд оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсэн
нь Монголын эдийн засаг хурдацтай хөгжихөд нөлөөлжээ. 2012 онд Монгол Улсын эдийн
засгийн өсөлт 12.3 хувьтай байсан нь дэлхийд гуравдугаарт орох үзүүлэлт байсан юм.
Фүкүшимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт болон 2001 оны газар хөдлөлтийн
дараахнаас Японы эрчим хүчний импорт эрс нэмэгдсэн. Энэ цагаас эхлэн Япон эрчим
хүчний найдвартай эх үүсвэрийг нүүрс хэмээн анзаарах болсон юм. Бидний Монголоос
нүүрс импортлох сонирхол үүнээс эхтэй. Гэсэн хэдий ч нүүрсээ зардал багатайгаар
экспортлох нь томоохон асуудалтай. Далайд гарцгүйгээс гадна агаараар тээвэрлэх боломжгүй.
Тиймээс монголчууд хөрш орнуудаар дамжин өнгөрүүлэх аргыг сүвэгчлэх болсон юм.

Ойролцоогоор зургаан их наяд нүүрсний нөөцтэй хэмээн дэлхийд данслагдсан
Таван толгойгоос нүүрс экспортлох дэд бүтцийг хөгжүүлэхэд 800 сая ам.долларыг
2013 оны байдлаар зарцуулчихаад байна. “Эм Си Эс” компани 2012 онд 8.2 сая тонн,
2013 онд 13 сая тонн нүүрс экспортолсон нь 2009-2013 оны хооронд Монголоос экспортолсон
гурван кг нүүрс тутмын нэг кг Тавантолгойнх гэсэн статистик байна. “Эм Си Эс” группын
захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Нүүрс бол улаан буудайтай л адил. Буудайгаа
тээрэмдээд, гурил болгочихвол талхны цех, гуанзанд ч нийлүүлж болно. Буудайгаараа
байвал түүнийг ганц гурилын үйлдвэр л авна. Үүнтэй адилаар нүүрсээ угааж борлуулах
сувгаа нэмэгдүүлж, үнээ ч мөн өсгөж байна. Коксжих нүүрс нь гадаад валютын урсгалыг
бүрдүүлэгч уул уурхайн голлох түүхий эд учраас эдийн засгийн голлох хөдөлгүүр. Хятад
500 сая тонн коксжих нүүрс хэрэглэдгээс 40-50 сая тонныг нь импортолдог. Энэ хэрэгцээг
нь бид хангах зорилт тавьж ажиллана” хэмээжээ.Тавантолгойн нүүрсний ордын дэргэд
угаах үйлдвэр байгуулахаас өмнө дэлхийн зах зээл нэг тонн нүүрс 192 ам.доллар байсан
юм. Энэ үед Хятад руу түүхий нүүрсний тонн тутмыг нь 20 ам.доллараар экспортолдог
байж. Хятадын үйлдвэрүүд Монголоос хямд авсан түүхий нүүрсээ коксжуулаад өндөр үнэ
хүргэн цааш нь зардаг байсан цаг саяхан. Харин нүүрс угаах үйлдвэрийг Таван толгойн
уурхайн хажууд байгуулж нүүрсээ коксжуулж эхэлснээр нэмүү өртөг шингэсэн нүүрс гаргадаг
болсон юм.

Хятад хэзээнээс нүүрс экспортлогч гүрэн байсан хэдий ч 2007 онд буюу
Бээжингийн олимпийн өмнөхөн эрчимтэй хөгжиж буй эдийн засгаасаа шалтгаалаад нүүрс
импортлогч болон хувирчээ. Энэ үед Ж.Оджаргал нүүрс борлуулах хэлэлцээр хийж, нүүрсний
тонн тутмын 20 ам.долларын үнийг өсгөхөөр Хятадыг зорьсон юм. Тухайн үед Хятадад
нүүрс нийлүүлэгч Австралид үерийн гамшиг нүүрлэж, нүүрсний экспортоо эрс багасгаад
байсан учраас Хятадууд өмнөхөөсөө өндөр үнэтэй коксжих нүүрс Тавантолгойгоос импортлохоор
болсон гэдэг. Нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох ч хэн хүний сонорт хүрч амжаагүй ордод
гаднаас 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгоно гэдэг амаргүй. Гэсэн ч үүнийг
Ж.Оджаргал хийж чадсан. Тонн тутамд нь 20 ам.долларын тээвэрлэлтийн өртөг шингэсэн
үнээр Хятад руу тээвэрлэж байсан учраас хоёр орны Засгийн газар төмөр зам тавихаар
хэлэлцэж эхэлсэн. Одоогийн монголчуудын хэрэглэж байгаа төмөр зам өргөн царигтай
учраас Оросод эсвэл Оросоор дамжуулан гуравдагч улсад экспортлох боломжтой. Гэсэн
ч энэ нь хэтэрхий өндөр өртөгтэй учраас Хятадаар дайруулан далайн боомт руу нарийн
царигтай төмөр зам тавих нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй юм.

2013 онд нэг тонн нь 160 ам.доллар байсан нүүрс 100 болтлоо унасан
нь дан ганц Хятадын зах зээлээс хараат байх эрсдэлтэйг анхааруулсан дохио байлаа.
Тиймээс хоёр дахь экспортлогч орны эрэлд Ж.Оджаргал гарсан юм. Тэрээр “Монголын
хувьд нүүрс экспортлогч хамгийн том зах зээл нь Хятад. Түүний дараагаар жилдээ
70-80 сая тонн коксжих нүүрс импортлогч Япон орно. Хятад, Оросоор дамжуулан Хойд
болон Өмнөд Солонгос, Тайвань, Энэтхэг рүү ч экспортлох боломжтой. Хамгийн гол нь
тээвэрлэлтийн өртөг хямд байх ёстой. Орос Хятадаар дамжин өнгөрөх төмөр замыг ашиглан
гуравдагч оронд нүүрсээ борлуулна гэдэг амаргүй. Засгийн газраас Таван толгойн ордоос
Хятад руу чиглэсэн төмөр зам тавих эсвэл Орос руу өргөн царигт төмөр зам тавих зэрэг
дээр Засгийн газар удтал хэлэлцсэний эцэст өнгөрсөн оноос Хятад руу чиглэсэн нарийн
царигт төмөр замыг барьж эхэлсэн. Эцсийн хэрэглэгчдэдээ хүрэх зардал бага, чанарын
алдагдал багатай учраас “Эм Си Эс”-ийн зүгээс эхний ээлжинд Хятад руу чиглэсэн төмөр
зам барих нь давуу болохыг анхааруулсаар байжээ. Монголын төр Орос руу чиглэсэн
төмөр замын судалгааг давхар эхлүүлсэн. 2020 он гэхэд Тавантолгойн ордоос экспортлох
нүүрсний арван кг тутмын есийг Хятадаар дамжуулан, үлдсэн нэг кг-ийг нь хойд хөршөөр
дамжуулан гуравдагч оронд экспортлохоор төлөвлөжээ.

“Эм Си Эс” корпораци Солонгосын Поско групптэй хамтарч нүүрс шингэрүүлж,
нефть гаргах төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа хэдийн оржээ. Экспортлох боломжгүй
чанар муутай хүрэн нүүрсийг шингэрүүлэх нь энэхүү төслийн гол зорилго. 2020 он гэхэд
450 мянган тонн шингэн шатахуун боловсруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь дотоодын
түлшний хэрэглээнийхээ арван литр тутмын долоог хангах боломжтой юм байна. Өнгөрсөн
оны байдлаар “Эм Си Эс” групп гадны хөрөнгө оруулагчтай хамтран энэхүү төсөлд
200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

 М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
булангууд мэдээ цаг-үе

Б.Болдбаатар: Хангайн дүр монгол маягийн Жеймс Бонд, комиссар Катани юм уу даа

-АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨГЧ ХАНГАЙН ТҮҮХ-

Авлигын гэмт хэргүүд илрүүлж буй мөрдөгч нарын багийн ажиллагааны талаар үзүүлэх телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүр, мөрдөгч Хангайд тоглосон “Line action” продакшны захи¬рал, жүжигчин Б.Болд­баатартай ярилцлаа.

-Таны гол дүрд нь тогло­сон “Ус дээшээ урсдаг” телевизийн олон ангит уран сайхны кино орой бүр “NTV” сувгаар гарч байна. Энэ киногоор дамжуулан авлигын хор уршгийг олон нийтэд ойлгуулах зорилготой гэсэн. Зорилгоо хэр биелүүлсэн бүтээл болсон гэж бодож байна вэ?

-Найз Д.Цогт маань “Ус дээшээ урсдаг” киноны Хан¬гайн дүрийг санал болгосон юм. Би ч уриалгахан хүлээн авсан. Зохиолтой танилцах явцад авлигын хор уршгийн тухай эргэцүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байлаа. Энэ кино бидний эргэн тойронд болж байдаг жижиг сажиг гэмт хэргүүдийн тухай биш. Өнгөц харахад тааж мэдэхийн аргагүй тийм нарийн төвөгтэй, өөрөөр хэлбэл цагаан захтнуудын гэмт хэргийн тухай өгүүлдэг. Нэг улсын төдийгүй олон улсын хэмжээнд хүртэл сөхөгдөх магадлалтай тийм том хэргүүд. Хангайн баг тэр хэргүүдийг мөрдөж илрүүлэх хэмжээний ур чадвар, мэдлэг­тэй хүмүүс. Миний хувьд, ийм л мөрдөг­чийн дүрийг бүтээх гэж зорь¬сон. Үүргээ хэрхэн гүйцэтгэснийг үзэгчид маань одоо шүүж байгаа болов уу.

-Авлига хээл хахуультай холбоотой бодит түүхүүд гардаг гэсэн, үнэн үү?

– Энэ цувралын зохиол дээр бүхэл бүтэн зохиолчдын баг ажилласан. Зохиолч, хуульч, сэтгүүлч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс. Тэд хэрэг нь шийдэгдсэн хийгээд одоо мөрдөгдөж байгаа олон хэргүүдтэй танилцаж маш их судалгаа хийсэн юм билээ. Тэндээс төрсөн санаануудаа уран сайхны хэлбэрт оруулж баяжуулан бичсэн зохиол. Тэгэхээр бодит хэргийн тухай гэхээсээ илүү тэдгээрээс санаа авч түүнийгээ уран сайхны хэлбэрт оруулсан гэвэл онох байх. Үзэгчид анзаарсан бол анги бүрийн эхэнд “Энэ цувралд гарч буй баатрууд, тэдэнд тохиолдсон явдал, хууль сахиулах байгууллагын бүтэц, мэргэжлийн ангилал, эрхэлсэн ажлын хуваарь бүгд зохиомол болно” гэсэн бичиг гарч байгаа.

-Киноны туршид Хан¬гайгийнхан хичнээн хэрэг илрүүлдэг вэ?

-Нийт 28 ангитай цувралд долоон өөр гэмт хэргийг илрүүлдэг. Тэгэхээр дөрвөн анги тутам нэг шинэ хэрэг гарна гэсэн үг. “Ухаантан ч алддаг”, “Нигүүлсэл”, “Гэмшил”, “Тангараг”, “Ариун шүтээний харц”, “Нар шин­гэхгүй”, “Урвагч” нэртэй нийт долоон зохиол уншсан даа.

-Зохиолын хувьд аль нь хамгийн сонирхолтой байсан бэ?

-Ер нь бүгд л авлига, хээл хахуулийн хэрэгтэй холбогдох сонирхолтой түүхүүд байсан. “Ухаантан ч алддаг” хэмээх эхний хэрэг Югославт сурч байхдаа танилцсан найзуудын тухай. Югославт иргэний дайн дэгдэж оюутнуудыг нутаг буцаадаг. Тэр үед нэг нь тэнд үлдэн үндэстэн дамнасан зэвсгийн наймаа эрхэлдэг гэмт бүлэгт гишүүнээр элсэнэ. Нөгөөх нь Орост сургуулиа үргэлжлүүлэн төгсч хожмоо цагдаагийн хурандаа бол­дог. Зэвсгийн наймааны хэрэгт орж явсан Золбаяр нутагтаа ирж суурьшсан ч буяны сан байгуулсан нэрээр үндэстэн дамнасан гэмт бүлэглэлийнхээ мөнгийг угаах ажлыг үргэлжлүүлсээр байдаг. Хэрэг бишидсэн үед цаг­даа­гийн хурандаа найзаа¬раа туслуулна. Урлаг судлаачаар сурч байсан ч цагдаагийн хурандаа болох хувь тавилантай Эрдэнэ найзынхаа “жижиг сажиг” асуудлыг зохицуулж өгдгөө нөхөрлөлийн төлөө хэмээн итгэдэг. Тэрээр найзыгаа зэвсгийн хууль бус наймаа эрхэлдэг гэдгийг мэдэх нь бүү хэл гадарлаа ч үгүйд хэргийн гол нь оршдог. Гэмт бүлэглэлийн гишүүн найз нь уран зураг цуглуулах хоббитой дээр нь дөрөөлөн үндэстэн дамнасан гэмт бүлэглэлийн үйл хэрэгт зүтгүүлж байсныг тэр нэг л өдөр ухаардаг.

Аргалж зохицуулсан тус бүрийнхээ тө¬лөө най­заа­саа ав¬даг бай­сан уран зургууд нь сүүлдээ авлига, хээл хахууль байс¬¬ныг ойл­¬¬гоод амиа хор­ло¬дог юм.

-“Ариун шү¬¬тээний харц” гэхээр гэмт хэрэг гэхээсээ уран зохиол санаанд бууж байна?

-“Ариун шүтээний харц” болохоор Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Ногоон дарь эх бурхан алдагдаж буй тухай хэрэг л дээ. Мөн л үндэстэн дамнасан соёлын өвийн гэмт хэргийн бүлгийн гар хөл болсон гаалийн ажилтан гардаг. Алдагдсан Ногоон дарь эхийн гарвал түүхийг өөрчлөн Парис хотноо дуудлага худалдаанд оруулах гэж байхад нь Хангайн баг олж авч улмаар буцаан авчрахаар хөөцөлдөж буйгаар үйл явдал өрнөдөг.

-Мөрдөгч Хангайн дүр танд таа­лагд¬сан учраас тоглохоор шийдсэн үү?

-Сайн эрийн тухай өгүүлсэн үлгэр домог, ном зохиолын дүр манай ард түмний дунд эртнээс түгээмэл байж. Эрийн сайн Хан Харангуйгаас эхлээд Юндэн гөөгөө, Цахиур Төмөр ч гэдэг юм уу. Хангай ч ялгаагүй ард түмний хүсэмжит монгол эр хүн, сайн эрийн нэг дүр. Энэ цувралын зохиолчид орчин үеийн монгол комиссарын дүрийг зуржээ гэж би ойлгосон. Харин киногоо зурагтаар гарч эхэлснээс хойш өөрийгөө харлаа. Миний бүтээсэн Хангай нилээн уриалгахан, эелдэг, инээмсэглэсэн Хангай болчихож. Энэ магад зохиолчдын зурах гэсэн Хан¬гайгаас арай өөр болчихоо юу даа гэж бодож байна.

-Хангай гэж гоё нэр юмаа. Ямар нэг учиртай өгсөн нэр үү?

– Нэр бас учиртай юм билээ. Уг нь анх Төмөр гэж нэрлэж байж. Энэ киноны ажлын нэр нь “Төмөр ба түүний нөхөд” гэсэн. Орос түүх санаанд орж байгаа биз. Тэгээд зохиолчид өөр өөрсдийн нэрийг дэвшүүлээд үндэслэлээ бусдадаа тайл¬бар­лаж хамгаалсан юм билээ. Эцэст нь санал хураалт явуулахад С.Энхцэцэгийн Хангай гэдэг нэрийг бүгд дэмжсэн гэсэн. Бас Домог гэж хочтой байхаар тохирч байсныг зохиолчид ярьсан. Харин зохиолд энэ хочийг хэрэглээгүй. Хожим Хангайн түүх үргэлжилбэл Домог Хангай болчихсон гарч ирж ч магадгүй юм. Ажил үйлс, туулсан замнал нь түүнийг ийм хочтой болгох нь байна шүү дээ.

-Монгол маягийн Катани эсвэл Бондийн дүрийг гаргах суурийг тавилаа гэж ойлгож болох уу?

-Магадгүй л юм. Энэ дүр цаашаа улам хөгжих бүрэн магадлалтай.

-Та “Х-ТҮЦ” хамтлагийн “Сэргээш” цувралд Юндэн­гийн дүрийг бүтээсэн. Олон нийтэд ч их таалагдсан дүр. Хангайд тоглох болсон нь Юндэнгийн дүртэй холбоотой гэж дуулсан. Үнэн үү?

-Юндэнг бүтээсэн маань Хангайд тоглохоор сонгогдоход нөлөөлсөн тал бий. Хангай, Юндэн хоёрын аль аль нь ард түмний хүсэл сэтгэлийг шингээсэн дүрүүд гэдгээрээ ижил төстэй. Ялгаа нь гэвэл, Хангай бол орчин үеийн хүн. Мэргэжлийн ур чадварын хувьд дэлхийн энд хүрсэн, харин хүнийхээ хувьд тийм ч нээлттэй биш. Юндэн бол илүү романтик дүр. Хайр дурлалд зүрх сэтгэлээ зориулсан, шударга, цайлган бас гадаад үзэмж сайтай.

-Киноныхоо дууг өөрөө дуулсан нь үзэгчдийг бас их татсан байна билээ…

-Юндэнд тоглохдоо дуулж байсан. Түүнээс хойш арав гаруй жилийн дараа дахин дуулж гарч ирж байгаа нь энэ. Би 53 дугаар сургууль төгссөн юм. Орцны гитарчдын нэг явлаа. Орцны акустик ямар гайхалтай гэж санана.

-Та үе үе гарч ирснээ нуугдчихдаг жүжигчин шиг санагддаг…

-Тэр үнээн. Учир нь би хоёр удаа амьдралын эрхээр жүжигчний ажлаа орхиж байсан хүн. Эхлээд Орост ВГИК-д сурч байгаад наймаа хийх гэж хаяж байлаа. Дараа нь “Х-ТҮЦ”-д гэрээт жүжигчин байснаа Солонгост хар ажил хийхээр хаяж байсан. Эцэст нь юу ойлгосон гээч… Төөрсөөр төрөлдөөн гэдэг шиг, урлаг л миний амьдрал юм байна гэдгийг ойлгосон. Төөрч будилж явсны эцэст урлагаар амьдрах учиртайгаа ой тойндоо ортол ухаарч ав¬лаа. Урлагийн тэнгэр үнэнч зүтгэсэн хүмүүсээ харж үздэг гэдэгт би одоо бүрэн итгэсэн. Дахин урлагаа орхихгүй.

-Таны суралцсан Оросын Бүх ард түмний кино урла¬гийн дээд сургууль ч алдар­тай сургууль шүү?

-Тиймээ, тэнд сурсан зүйлс өнөө хэр намайг чиглүүлж яваа. Эхлээд В.Г.Чумак гэж алдартай хүний шавь болж зураглаачийн мэргэжилд суралцсан. Дараа жил нь Сергей Юсов, Алексей Бата­лов нараар жүжигчний ур чадварын хичээл заалгасан. Царцаа Намжилын үлгэрийг санаж байна уу. Лам багш нь “Чи одоо харь даа, зам зууртаа харин харсан үзсэнээ сайн тогтоогоод яваарай” гэж. ВГИК-д хоёрхон жил суралцсан минь миний жү¬жигчний мэргэжлийн суурь болсон юм билээ. Тэр мэргэ¬жилдээ л би тууштай байх ёстой байж гэж одоо боддог.

-Таны дотор уран бүтээлийн санаа, төслүүд буцалж байх шиг байна?

-Тийм ээ, өөрийн уран бүтээлийн замыг тодотгон зурах санаатай л гүйж явна. Хэд хэдэн төслийн санаа бий… Удахгүй хэрэгжүүлж эхэлнэ ээ…

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн хөрөнгийн захынхан “Оюу толгой”-н хувьцаа руу хошуурч эхэлжээ

Торонтогийн хөрөнгийн бирж дээрх “Оюу толгой”-н хувьцааны ханш сүүлийн жил гаруйн хугацаанд тасралтгүй уруудсаар өнгөрсөн сард бүр хоёрхон ам.долларт хүрсэн.  25 ам.доллар байсан нэгж хувьцааны ханш ийн шалдаа буутал унасан нь Монголын Засгийн газар “Рио тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суусан, “Рио” далд уурхайн бүтээн байгуулалтаа түр хугацаанд зогсоосон, Монголын хөрөнгө оруулал­тын орчин буурсан гээд олон шалтгаантай.
Сүүлийн үед Оюу толгойн дэлхийн зах дээрх хувьцаа аажмаар өсч эхэлжээ. Цаашдаа ч тасралтгүй өснө гэсэн прогнозыг шинжээчид хэлж байна. Оюу толгойн баяжмалын үйлдвэрлэл хэвийн хэмжээнд хүрч, цаашид тогтмолжих хандлагатай байгаа. Борлуулалтын хэмжээ өсч байгаа гэх таатай мэдээг ч төслийн зүгээс өгч буй. Өнгөрсөн сард 68 мянга орчим тонн баяжмал борлуулсан бол  энэ онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүний 94 хувь, ирэх онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүний 91 хувийг зарахаар урт хугацааны борлуулалтын гэрээ хийжээ. Ирэх жилийг дуустал Оюу тол­гой­гоос гарах  баяжмал худалдан авах эзэн­тэй болсон гэсэн үг. Ингэснээр  борлуулалтын эрсдлийг хааж, Мон­голын эдийн засагт орж ирэх гадаад валютын тогтмол урсгалыг бий болгох давуу талтай гэж эдийн засагчид хэлж байна.  “Оюу толгой” компанийн хүдрийн олборлолт 2013 оны гуравдугаар улиралд 12 мянга гаруй тонн байсан бол сүүлийн хоёр улирал дараалан тогтмол 21 мянга гаруй тоннд хүрчээ. Баяжуулах үйлдвэр ч бүрэн хүчин чадлаараа аль хэдийн ажиллаад эхэлжээ.
Хоёр ам.доллар руу уруудаж байсан  “Оюу толгой”-н хувьцааны ханш уржигдрын байдлаар 4.27 ам.дол­лар болж өсөөд байна. Тав­дугаар сарын 7-ноос хойш аажмаар тасралтгүй өссөн статистик байна. Үүнтэй холбоотойгоор тус компанийн хувьцааг худалдан авах сонирхолтой хүмүүс ч эрс нэмэгдэж эхэллээ гэж хөрөнгийн захын шинжээчид онцолж  байна.

М.Ууган-Эрдэнэ