Categories
мэдээ цаг-үе

”Дистрибьютер Монгол-2014” үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусна

“Дистрибьютер Монгол-2014” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд өчигдөр эхэллээ. Цахилгаан бараа, техник, тоног төхөөрөмж, гоо сайхан, бэлэн хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн зэргийг Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд баталгаатай, найдвартайгаар иргэдийн гарт чингэлгээс нь шууд нийлүүлдэг гэдгээрээ онцлог. Үзэсгэлэн худалдаа эхлэхээс өмнө “Мишээл экспо” төвийн үүдэнд иргэд олноороо цугласан байснаас харвал жил бүрийн өдийд тус худалдаа уламжлал болон зохион байгуулагдаад заншчихсан учраас худалдан авагчид ч чих тавин хүлээдэг болсон нь илт байлаа.

Өвлийн улирал хаяанд ирсэн учраас Оросын ноосон малгай, Польшийн нэхий дээл зэргийг иргэд ихээр сонирхож байлаа. Польш нэхий дээл дунджаар нэг сая төгрөг бол ноосон малгай өнгө загвараасаа шалтгаалаад 30-аас 80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв. Өнгө, загварын өргөн сонголттой байсанд хүүхнүүд “Энийг нь ч авдаг юм уу, эсвэл тэр бор нь ч зүгээр юм уу, урт болохоор нэлмэгэр харагдаж байна уу, богино загвартай нь хэтэрхий оодойчих юм болов уу” гэх зэргээр сонголтондоо эргэлзсэн хүүхнүүд толины өмнө эргэлдэнэ. Хужаа бараа гэхээрээ л хямдхан, чанар муутай гэх ойлголт аль хэдийн арилжээ. Иргэд ч аль болох чанартай бас боломжийн үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэх болж. Тийм ч учраас өмнөд хөршийн “Toread”, “Antа” брэндийн өвлийн куртка, чөлөөт болон спорт загварын өвлийн дотортой өмд цамцнууд эрэлт ихтэй байлаа. Дээр нь хавар намрын зарим бараагаа тал үнээр нь борлуулсан юм. Ихэнх худалдан авагчид “Би “Toread”-ийн яг ийм материалтай өвлийн дотортой өмдийг өнгөрсөн жил худалдаж авсан юм. Дулаахан бас чанартай. Хүйтэн сэрүүний улиралд хөдөө гадаа удаан хугацаагаар явдаг над шиг хүнд ийм сэлгээний өмдтэй байхад илүүдэхгүй болов уу гэж бодоод л дахиад хоёр өмд авдаг юм билүү”, ” Antа брэндийн пүүз чийг татахгүй, бас хөнгөн. Би хоёр жил хөлдөө чирээд лав элээсэнгүй. Тэгээд ч боломжийн үнэтэй. Өнөөдөр (өчигдөр) хавар намрын пүүзээ тал үнээр нь борлуулж байгаа гэж дуулаад дахиад нэгийг авдаг юм билүү” хэмээн өөр хоорондоо ярилцаж байлаа. Солонгосын “Nain girl” брэндийн бэлэн хувцас нь дунджаар 70-аас 200 мянган төгрөгийн үнэтэйгээс гадна хээнцэр, дэгжин загвартай учраас охидын анхаарлыг эрхгүй татаж байлаа.

Хөлд эвтэйхэн, эдэлгээ даах чанартай гэдгээрээ “Ecco”, “Tomaris” брэндийн өвлийн гутал худалдан авагч ихтэй харагдав. Үйлчлүүлэгч нар нь “Түрүү жилийн хагас түрийтэй, шөвгөр хоншоортой, чөлөөт загварын “Tomaris”-ийн эмэгтэй өвлийн гуталнаас чинь бий юу”, “Манай хүүхдүүд ихэр. Саяхан ахад нь дагуулж яваад “Метромалл” дэлгүүр дэх “Ecco”-ийн салбараас гутал аваад өгчихсөн чинь дүү нь яг ижилхэнг авахуулна гэнэ ээ. Илгэндүү материалтай, хүүхдийн гуталнаас чинь 20 размер бий юу” гэсээр орж ирцгээж байлаа. “Ecco” брэнд өвлийн гутал өнгө загвараасаа хамаараад 250-аас 700 мянган төгрөг бол “Tomaris” 300-аас 800 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. “Ecco” брэндийн гутал худалдан авсан иргэд тус брэндийн дагалдах гутал арчилгааны тос, өнгөлөгч, алчуур зэргийг мөн авч харагдлаа. Тэд “Нэгэнт л чамгүй үнээр худалдаж авч байгаа учраас муу тосоор тослоод түлчихвэл, ширүүн үстэй сойтгоор үрээд өнгө алдуулчихвал хайран шүү дээ. Болж өгвөл дагалдах тос, өнгөлөгчийг нь авчихвал гуталны эдэлгээг уртасгадаг юм билээ” гэцгээж байлаа.

Америкт сурч, амьдардаг Ариун загварыг нь гаргаж, хилийн чанадад захиалгаар хийлгүүлсэн өөрийн “Ariuns” брэндийн урт түрийтэй гутлаа дэлгэн тавьжээ. Эмэгтэйчүүдэд зориулсан энэ гуталнууд нь бүгд цайвар шаргал өнгэтэйгөөс гадна намхан ултай бөгөөд зарим хэсэгтээ бор хилэн оруулга шигтгэж өгсөн нь бусад брэндүүдээс ялгарах онцлог нь болж байв. Мөн монгол эмэгтэйчүүдийн биеийн онцлог, эрүүл мэнд талаас нь сайтар бодолцож хийсэн болохыг борлуулагч эмэгтэй онцолж байлаа. “Ariuns” брэндийн урт түрийтэй элгэн гутлыг зөвхөн Монгол гэлтгүй Европын олон оронд нийлүүлдэг ажээ. Америкт захиалгаар хийлгүүлж, тэр холоос тээвэрлэж ирдэг ч 250 мянган төгрөгийн үнэтэй.

Тайвань улсад үйлдвэрлэсэн “Com-Pro” үйлдвэрийн зургаагаас 18 насны сурагчдад зориулсан эргономик ширээ, сандал олны анхаарлыг татаж байлаа. Эргономик ширээг хүүхдийн биеийн онцлогт тохируулан тавцангийн өндөр, налуу, өргөнийг тохируулж болдгоороо давуу. Өөрөөр хэлбэл та хүүхдэдээ сургуульд ороход нь буюу зургаан настайд нь эргономик ширээ худалдаад аваад өгчихсөн байхад 12 дугаар ангиа төгсөн төгөстлөө хэрэглэнэ гэсэн үг. Сандал ширээний хөл, тулгуур зэргийг ган төмрөөр, тавцанг модоор хийж, дээр нь үхрийн арьсаар өнгөлсөн учраас эдэлгээ даана гэдгийг борлуулагч эмэгтэй онцолж байлаа. Эргономик сандал 550-аас 900 мянган бол ширээ нь нэг сая 500 мянгаас хоёр сая 400 мянган төгрөгийн үнэтэй.

Өвлийн улирал хаяанд ирсэн тул ангийн хорхойтой эрчүүд Америкийн “Celestron” брэндийн одон орон болон энгийн зориулалт бүхий дуранг ихээр сонирхож харагдлаа. Одон орны дуранг зориулалтаар нь сар, од эрхсийн, галактикийн гэж хоёр ангилна. Галактикийн дуран нь сар, од эрхсийг хардаг дуранг бодвол бүдүүн бас урт. Үнийн хувьд ч ялгаатай. Галактикийн дуран нь 550 мянга бол нөгөөх нь 350 мянган төгрөг. Харин ангийн зориулалттай дуран нь хүчин чадлаасаа хамаараад 80 мянгаас нэг сая 500 мянган төгрөгөөр зарагдаж байсан юм.

Солонгосын “Aquapick” брэндийн амны хөндийн арчилгааны цогц бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд хүүхдүүддээ худалдан авч өгөхөөр ихээхэн сонирхож байлаа. Энэхүү бүтээгдэхүүн нь сойз бус сойз хэлбэрийн нам даралтаар шахагдан нарийн цоргоор гарах усны тусламжтайгаар амны хөндийгөө цэвэрлэх учраас хүүхдүүд хэрэглэхэд энгийн бөгөөд тохиромжтой гэнэ. Энэхүү бүтээгдэхүүнийг Солонгосын шүдний холбоо албан ёсоор итгэмжилсэн бөгөөд Монголын шүдний холбооноос сайшаагджээ.

“Балт инвест” компанийн импортолдог Бельгийн “Delafaille”, “Starbrook”, “Gumi” цэвэр шоколад, “Свийт рөүд” компанийн оруулж ирдэг “Wawel”, “Farmasi” нэрийн чихэр шоколад, “Алекс” импексийн импортолдог Алейка нэрийн гурил, гоймон, овъёосны няцалбар, ургамлын тос зэргийг үйлдвэрийн үнээр иргэдэд борлуулж байлаа.

Энэ мэтчилэн олон брэндүүдийн чанартай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос албан ёсны гэрээт борлуулагчаас нь авах бололцоог олгосон энэхүү үзэсгэлэн худалдаа маргааш буюу ням гаригт өндөрлөх юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Г.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Дарь-Эхэд канад технологиор баригдсан модон цэцэрлэг нээлтээ хийлээ

Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй”Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд барьсан 130 дугаар цэцэрлэгийн нээлт өчигдөр боллоо. Дарь-Эхийн 33 дугаар автобусны буудлын ойролцоо орших тус цэцэрлэг нь канад технологиор баригдсанаас гадна үндсэн түүхий эд материал нь мод гэдгээрээ онцлог. Түүнчлэн цахилгаан болон гал тогооны хэрэгсэл, хивс, сандал ширээ, зарим тавилга зэргийг давхар бэлтгэж өгсөн байна. Бага, дунд, ахлах болон бэлтгэл зэрэг дөрвөн бүлэгт нийтдээ 100 хүүхэд сургах хүчин чадалтай бөгөөд хамран сургах тойрогт нь Бэлхийн 1-ээс 31 дүгээр гудамж орж байгаа аж.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор манай яамны зүгээс Дэлхийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд улсын хэмжээнд тус бүр 100 хүүхдийн хүчин чадал бүхий канад технологийн 25 модон цэцэрлэг барихаар төлөвлөснөөс 17 нь нийслэлд байх юм. Ингэхдээ мэдээж огт цэцэрлэггүй эсвэл цэцэрлэгийн хүрэлцээ муу сум, дүүрэг, хороодыг сонгосон. Нийслэлийн хувьд өмнө нь Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг хүн амын нягтаршил их, цэцэрлэгийн хүрэлцээ муу дүүргүүдэд модон цэцэрлэгүүдээ барьж байсан бол энэ удаад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороог сонгосон. Тус хороо нь сургуулийн өмнөх насны 1000 гаруй хүүхэдтэй ч ганцхан цэцэрлэгтэй. Өөрөөр хэлбэл таван хүүхэд тутмын гурав нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг гэсэн үг. Удахгүй 130 дугаар цэцэрлэгтээ хоёр бүлэг нэмж бий болгосноор суралцагсдын тоо 180 хүртэл нэмэгдэнэ. Дээр нь багш, тогооч, цэвэрлэгч, манаач зэрэг шинээр бий болж буй 10 гаруй ажлын байранд тухайн хорооны иргэд ажиллах бололцоог нээж өгсөн” гэсэн юм.

Анги бүр 25 хүүхэдтэй байх ёстой ч бага бүлэгт 38, дунд бүлэгт 34, ахлах бүлэгт 34, бэлтгэл ангид 40 хүүхэдтэйгээр сургалтаа эхлүүлж байна. Стандартын дагуу анги бүрт 25 ширээ сандал, ор цагаан хэрэглэл, хувцасны шүүгээ зэргийг урьдчилан бэлтгэсэн нь хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгаа учраас эдгээр хэрэгцээт зүйлсийг эцэг эхчүүдээр нь бэлдүүлж байгаа гэдгийг багш нар нь учирлаж байлаа. Эцэг эхчүүд ч “Хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээж, түлэгдэж бэртчих вий, гэр орноо янз бүр болгочих вий гэж сэтгэл эмзэглэж байснаас ор дэр, сандал ширээг нь ч болов бэлтгэж өгөөд цэцэрлэгт оруулах нь хавьгүй дээр. Тэгээд ч цэцэрлэг нь орчин үеийн, тохилог, сайхан юм байна” гэцгээж байлаа.

Энэхүү хоёр давхар модон цэцэрлэгийг “Ган харш” компани түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр барьж, ашиглалтанд оруулжээ. Барилгын ажил 2013 оны арваннэгдүгээр сараас энэ оны зургаан сарын хооронд үргэлжилжээ. Өөрөөр хэлбэл канад технологийн модон барилгын ажлыг өвлийн хүйтэн зуны халууны алинд нь ч хэвийн үргэлжлүүлж болдгоороо давуу аж. Дээр нь төмөр карказ, бүрэн цутгамал зэрэг уламжлалт барилгыг бодвол зардлын хувьд бага буюу 800 мянган ам.долларын өртөгтэй гэнэ. Наадмаас өмнө гэхэд барилгын ажил бүрэн дууссан бөгөөд есдүгээр сарын сүүлчээр улсын комисс хүлээн авчээ. Цэвэр усаа төвлөрсөн инженерийн шугам сүлжээнээс авч байгаа бол халаалтаа цахилгаан зуухаар шийдвэрлэжээ. Тодруулбал 40 болон 60 квт-ын хоёр цахилгаан зуухтай бөгөөд уурын зуухыг бодвол ашиглалтын зардал өндөр. Байгаль орчинд ээлтэйгээс гадна хүүхдүүдийн ая тухыг бодсон зөв шийдэл байсныг”Ган харш” компанийн захирал Л.Батаа хэлж байлаа.

Модон барилга учраас галд тэсвэртэй байлгах үүднээс хананых нь дотор талд хоёр давхар гибсэн хавтан байрлуулжээ. Дээр нь өөр танхим бүрт гал гарсан тохиолдолд дээрээс нь шүршиж унтраах төхөөрөмжийг суурилуулжээ.

Канад технологиор баригд­сан модон барилга нь тоосго бетон, палка зэрэг барилгын бусад материал барьсан барилгыг бодвол ашиглалтын хугацаа нь уртаас гадна цэвэр агаарыг дотогш нэвтрүүлэх буюу агаарын солилцоог дэмждэг гэх утгаараа хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байлаа. Зориулалтын хөвөнгөөр дулаалсан учраас дулаан хадгалалт маш сайн буюу манай эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон аж. Нийслэлд 17 Канад технологийн цэцэрлэг барих юм. Өдгөө арвыг ньулсын комисс хүлээж аваад байна. Үлдсэн долоог нь энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“UB food & beveraga” хоолны үзэсгэлэн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ

-ХӨВСГӨЛИЙН УТСАН ЗАГАС, УВСЫН ЧАЦАРГАНА, СЭЛЭНГИЙН ЗӨГИЙН БАЛ ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙЛАА-

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын тогооч нарын холбоо, Монголын худал­даа аж үйлд­вэрийн танхим хамтран “UB food & beveraga” хоолны үзэсгэлэн худалдааг Мишээл экспо төвд хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын хоёрны хооронд болох тус үзэсгэлэн худалдаанд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний компани, импорт­логчид, зоогийн газар, ресто­ра­нууд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйл­чилгээг олонд танилцуулж байгаа аж. Мөн төрөл бүрийн хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаат худалдаа, амтат хоол бэлтгэх үнэ төл­бөргүй зөвлөгөө зэргийг өгч байлаа. Мөн энэ үеэр “Улаанбаатарын цом 2014” Монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн болсон юм. Тэм­цээний эхний өдөр тогооч нар загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээр хоол хийхээс гадна жимс чимэглэлийн зэрэг төрлүүдэд шилгүүдээ шалга­руулсан бол өнөөдөр үхрийн гол болон хонины нуруу­ны махаар өөрсдийн нэрийн хоолоо хийж өрсөлдөх аж.

Монголын тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал Ч. Санчир “Монгол туургатны гэх утгаа­раа Буриад, Алтайн хязгаараас тогооч нар ирж оролцож байна. Киргизээс хүртэл ажиглагчийн хувиар тогооч нар ирсэн. Хамгийн гол нь Монгол туургатны шилдэг тогооч нар ур чадвараараа өрсөл­дөхөөр нэгэн дор чуулдаг тус тэмцээнд оролцоно гэдэг өөрөө асар их нэр хүнд. Ийм л нэр хүндтэй тэмцээний шилд­гээр шалгарсан тогооч нарыг мастерийн зэрэглэлийн эхний шатны шалгаруулалтаас чөлөөлнө” гэсэн юм.

Энэхүү арга хэмжээний үеэр Хөвсгөлийн утсан загас, Увсын чацаргана, Сэлэнгийн зөгийн бал эрэлт ихтэй байлаа. Утсан загас хэмжээнээсээ хамаарч таваас 25 мянган төгрөг бол зөгийн бал нэг литр нь 20 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Дэвших бүл” нөхөрлөлийнхөн цэцгийн цэвэр тоосыг худалдаалж байв. Өдөрт хоёроос гурван удаа цайны халбага цэцгийн тоос хэрэглэснээр дархлаа сайжрах, уургийн дутагдлаа нөхөх, ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэм­жих зэрэг эерэг үр дүнтэй аж. Хамгийн гайхалтай нь иодын агууламжаараа далайн гаралтай бүтээгдэхүүний дараа­гаар ордог байна. Мөн шарх сорвинд түрхвэл эдгэрэл­тийг нь түргэсгэдэг гэнэ. “Сод­намнаа” компанийн үйлд­вэрлэсэн давсан чийдэн, Хөвс­гө­лийн “Хөв цаа” бүлгэ­мийн цаа бугын эврээр хий­сэн хутга, хуй, түлхүүрийн оосор олны анхаарлыг татаж байлаа. Албан тасалгаа, гэр орон­доо хэрэг­лэж болохоор тус давсан чийдэн нь цахилгаан хэрэгс­лүүдээс ялгардаг хүний биед сөрөг нөлөөтэй нэмэх ионыг саармагжуулах буюу хоргүйжүүлдгээрээ давуу гэнэ. “Соднамнаа” компани нунтаг жамц давсыг Солонгос, Японд экспортолдог юм байна. Тэн­дхийн хэрэглэгчид нь хүнсэндээ хэрэглэхээс гадна усанд орохдоо хэрэглэж, алжаал ядаргаагаа тайлдаг гэнэ. Цаа бугын эврээр хийсэн жижиг тонгорог 15-30 мянга, ясан иштэй, бугын эврэн гэртэй чинжаал 250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.

“Nomaste”, “Green catering”, “Loving Hut”, “Shashlik house”, “Grand lux”, зэрэг рес­торанууд хямдралтай үнээр хоолоо борлуулснаас гадна үйлчлүүлэгч нартаа сандал ширээг тусгайлан зассан бай­сан нь олны талархлыг хүлээж байв.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Жүжигчин, бүжигчин, реппер, загвар өмсөгчтэй сэтгүүлзүйн нэг ангийнхан

Одоогоос гурав, дөрөвхөн жилийн өмнө сэтгүүлч мэргэжлээр сургуулиа төгссөн хэдий ч сэтгүүлзүйн салбарт өөрсдийн өнгөө олохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж явна, тэд. Олны таашаалд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэж, “босго өндөр” сонин, сэтгүүлд мэргэжлээрээ ажиллаж, гадаад дотоодын алдартай их сургуульд элсэн суралцаж, зарим нь бүр телевиз радиогийн захирал хүртэл болжээ. Гэсэн хэдий ч нэг нь төрж ээж болоход, эсвэл нөгөө нь гутарч сэтгэлээр унахад үргэлж хамтдаа байдаг тэр л энгийн хэрнээ нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүйн ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа.

Тэдэнтэй болзсон газраа уулзах цагаасаа арван минут хоцроод очтол ангийн 20 гаруй хүүхдээс хүндэтгэх шалтгаантай цөөн хэдээс бусад нь цөм ирчихээд, хөгжилтэй дурсамжаа хөөрөлдөн инээлдэн сууж байлаа. Ийм олон хүнийг нэг дор болзсон цагаасаа өмнө цуглачихна хэмээн төсөөлөлгүй цугларах гэж дор хаяж нэг цаг болно доо хэмээн төсөөлсөн би багагүй сандарч “Та нар чинь яг цагтаа цугларчээ” гэвэл “Цагаа ягштал баримтална гэдгийг оюутан байхаасаа л сурлаа даа” гэцгээгээд уриалгахан ширээндээ урилаа.

Нэгдүгээр дамжаанд элсэхдээ тэд өглөөний найман цаг 40 минутанд эхлэх хичээлд ес гэж цуглардаг байж. Бүр хичээл тарахын алдад хаалганы завсраар “Орж болох уу, багш аа” гэж хэлээд багшийнхаа уурыг хүргэдэг байсан удаа бий. Хичээлээс гадуур уулзаж цугларахдаа цаг товлох нь бүү хэл үдээс хойш, өглөөгүүр, оройхон тийш гэх зэргээр цагаа товлодог байж. Тэгтэл англи хэлний хичээлдээ 20 минут хоцортол оруулсангүй гэнэ. Дараагийн удаад нь 10 минут хоцорч ирээд хичээлдээ суух гэтэл бас л оруулсангүй. Бүр ангийн дарга нь хоёрхон минут хоцорчихоод аахилж уухилсаар орох зөвшөөрөл хүсэхэд “Хаалгаа цаанаас нь хаа даа” гэжээ. Ийм маягаар эхний улирал өнгөрөхөд заасан хичээлээрээ шалгалт авч, дүн гаргах нь бүү хэл хичээлдээ суусан нь тун цөөн байж. Тэд “Н.Оюунцэцэг багшийнхаа ачаар л цаг баримталж сурсан даа. Эхэндээ ядаргаатай санагдаж, өөр багшаар хичээл заалгуулмаар байна гэж хүртэл ярилцдаг байсан. Ялангуяа эхний цаг дээр англи хэлний хичээл орох бол хоцрохгүйг л хичээнэ. Тэгсээр байгаад ганцхан англи хэлний хичээл ч гэлтгүй өдөр бүрийн эхний цагийн хичээлдээ хоцрохоо больсон” гэцгээв.

Тэд хамгийн сүүлийн уулзалтынхаа тухай ирээгүй нэгэндээ сонин болгохоос гадна саяхан нярайлсан нэгнийхээ тухай өөр хоорондоо ярилцаж сууснаа нэг нь “Гэртээ бас ангийнхантайгаа уулзахдаа л олон давхар “баг”-аа тайлж, жинхэнэ өөрийнхөөрөө байх юм даа” гэтэл бусад нь “Нээрээ л тийм шүү” хэмээн толгой дохицгоох. Угаас бүгдээр “хүн чанар”-тай, элэгсэг, найрсаг, нэгнээ гэсэн сэтгэлтэй болохоор ам муруйх нь бүү хэл хөгжилтэй түүхээ хүүрнэлдэж, инээлдэж хөхрөлдсөөр цагийг өнгөрөөдөг байжээ. Тэд оюутан байхын л сургуулийнхаа цайны газар, хичээлийн хоёрдугаар байрны номын сандаа тойрч суучихаад онигоо их ярьдаг байж. Одоо ч тэр л хэвээрээ.

Ангийнхнаас нь Сувдаа хэмээх паянгийн эзэн байдаг аж. Нэгдүгээр дамжааны эхний улиралд бараг хоёр сар шахуу өөр ангийнхантай хичээллэчихсэн байж. Ангиа ололгүй будилж явсан түүхээ өнөөг хүртэл ангийнхандаа хууч болгон ярьдаг гэсэн шүү. Бас англи хэлний хичээл дээр өөрийнхөө тухай танилцуулахдаа “Ай эм фром центр аймак” буюу “Би центр аймгаас ирсэн” гэчихэж. Угтаа бол Төв аймгаас ирсэн гэж хэлж байгаа аж. Үүнээс хойш “Центр” хочтой болжээ.

Ангийн төгс гэгээрсэн хүнээр Г.Уужимбаярыгаа тодруулчихжээ. Учир нь ангийнхан нь хичээлийн хоёрдугаар байрны номын сандаа суучихаад, онигоо ярьж суухад Уужмаа ганцаараа нэгдүгээр байрны номын санд хичээлээ хийдэг байв. Тийм болохоор бичгээр авах шалгалтад Уужмаа олон ч хүний “аминд” оржээ. Тэрээр сэтгүүлч мэргэжлийг сонгохоосоо өмнө сэтгэл судлаачийн ангид нэг жил сурчээ. Түүнийг “SBN” телевизийн гадаад мэдээний редактор, хөтлөгч хийдэг гэдгийг хүмүүс андахгүй мэдэх биз ээ. Сүүлийн үед тэрээр фитнессээр эрчимтэй хичээллэж байгаа болохоор “Манай хүн сэтгэл судлаач биш булчин судлаач болсон” гэцгээн хөгжилдөцгөөв.

Эдний анги Тухлан, Чухлан гэсэн хоёр охинтой. Угтаа бол нэр нь Ж.Хулан, Д.Хулан. Ж.Хулан нь ангийн дарга бөгөөд аливаа асуудлыг нухацтай, чухалчилж авч үздэг болохоор нь Чухлан, харин Д.Хулан айвуу тайван, аливаад яарч сандардаггүй болохоор нь Духлан гэж дууддаг болчихжээ. Сүүлдээ тэр хоёр нь “Хөөе, Хулаан” гэхээр эргэж харахаа больчихсон байсан удаатай гэнэ. Ангийнхныгаа хөгжөөж, ам хуурай байдаггүй нь Э.Зоригт, Я.Учрал хоёр аж. Бусдаасаа овор багатай, сургуулиа төгсөөд дөрвөн жил болж байгаа хэдий ч нэгдүгээр дамжаанд орсон үеийнхээ төрхөөр байгаа нь үүнтэй холбоотой гэж ангийнхан нь “оношилсон” юм байх. Э.Зоригт “Ангийнхаа охидоос хамгийн түрүүнд Б.Үүрийнтуяад “зарагдаж” анхлан танилцаж билээ. Шилжиж ирсэн эхний өдөр хамгийн арын ширээнд сууж байсан над руу зааснаа “Хөөе, чи хэн билээ” гэснээ нэрээ ч хэлэх завдал өгөлгүй “Ханын сонингоо тогтоох гэсэн юм, скочинд яваад ир” гэж билээ. Мөнгөгүй болохоор хөвгүүд дээрээ очоод “Та нарт 500 мөнгө байна уу” гэсэн чинь “Чи мөнгөөр яах гээв” гэж байна. Нэрийг нь ч мэдэхгүй болохоороо “Мэдэхгүй ээ нэг ууртай л охин байна” гээд тэд нараасаа мөнгө зээлээд скоч авчирч билээ. Скоч авчирч өгөөд л өөрөө ч мэдэлгүй байж байгаад фото сэтгүүл зүйн хичээлийнхээ бие даалтыг хийчихэж билээ. Ангийн охид нэрийг минь хамгийн томоор дээр нь биччихсэн дээ” хэмээн хуучлав. Эхэндээ ирц бүртгэх бүрт Б.Сансармааг багш нь “Чи 1981 онд төрсөн үү” гэж асууна. Яагаад гэсэн чинь Гүррагчаа 1981 онд сансарт нисч, тухайн үед төрсөн бараг бүх хүүхдэд “Сансар”-тай нэр өгч байжээ. Ингэж асуусан багшийнхаа хариуд Б.Сансармаа “Үгүй ээ, 1989” гэвэл тийм байх учиргүйдээ гэсэн нүдээр хардаг байсан тухай тэд дурсан инээлдэцгээнэ. Ганган чамин хэрнээ, тод өнгийн хувцас өмсдөг түүнийг нэг удаа “Сансрын нисгэгчийн хувцастай ирчихэж” гэж хүртэл багш нь толгой сэгсэрч байсан удаатай гэнэ лээ.

Эдний ангийнхан жигдхэн сурлага сайтай оюутнууд байж. Чөлөөт цагаараа номын сандаа инээлдэж хөхрөлддөг ч гэсэн шалгалт шүүлэгтээ бэлтгэх, бие даалтаа хийх болохоор цагийн зүүний чимээ л сонсогдохоор чив чимээгүй орчинд, дор бүрнээ хичээлээ давтдаг байснаа тэд дурсав. Ямар сайндаа л төгсөлтийн шалгалтдаа бэлтгэхээр Найрамдал зуслан явахав дээ.

Ангийн дарга Ж.Хулан нь төгссөнийхөө дараахан төрөлх сургуульдаа хоёр жил шахам багшилж байгаад Англи руу магистрын зэрэг хамгаалахаар яваад, одоо тэндээ сурч байгаа гэнэ. Тэрээр сурлага сайтайн дээр хичээлээс гадуурх ажилд тун идэвхтэй нэгэн. Урлагийн үзлэгээр бол үсээ сүлжээд тайзан дээр гарахдаа Эминемийн дууг үглэн дуулж, бараг л Эминемийг ажилгүй болгох дөхдөг гэсэн шүү.

Одоо эдний ангийнхнаас гадаадад мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалж байгаа нэгэн байхад хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Америкийн Лос-Анжелос хотод жүжигчний мэргэжлээр суралцаж яваа нэгэн ч бий. Идэвх зүтгэлтэй, сайн оюутнууд байсан учраас зөвхөн тэдний ангийнхан номын санчийн арын өрөөнд орж номоо сонгох “дархан эрх”-тэй байжээ. Бусад нь номынхоо нэрийг номын санчдаа хэлээд л шилэн цонхны наана цаанаас номоо өгч авалцдаг гэдгийг оюутан байсан бүхэн мэдэх биз ээ.

Өнөөдөр тус ангийнхнаас төрсөн дөрвөн сэтгүүлч Монголын эдийн засгийн тэргүүлэгч “Mongolian economic” сэтгүүлд ажиллахаас гадна “Стар” телевизийн ахлах редактор, продюсер, SBN телевизийн гадаад мэдээний редактор, Ховд аймаг телевизийн захирал хүртэл хийж байна.

Ангийнхан дундаас нь Э.Оюунцэцэг, н.Дамцагдорж нар гэр бүл болж, нэг хос төрсөнд тэд их л бэлгэшээж явдгаа нуугаагүй юм. Тэд өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд эх орондоо ирэхдээ заавал ангийнхантайгаа уулздаг гэнэ лээ. Бас ангийнхаа фейсбүүк группээр байнгын холбоотой байдаг гэсэн. Түүнчлэн ангийн дарга нь групп дээрээ хүүхэд нэг бүрийн төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай аж. Тэгэхдээ зүгээр ч нэг мэндчилгээ дэвшүүлэхгүй уран үгтэй хэрнээ ёжтой шүлэг явуулдаг гэж байгаа.

Тэдний зураг интернет ертөнцөөр дамжин аль хэдийнэ олны танил болжээ. Гүүглээс “Оюутан” гээд хайхад сургуулийнхаа үүдэнд гурван жилийн өмнө татуулсан эдний ангийнхны гэрэл зураг гарч ирдэг байна. Тэд “Ангиараа цугласных, тэр зургаа шинэчлээд авахуулчихъя. Сайтууд тэр зургаа шинэчилнэ биз” хэмээн бие биенээ бас л хөгжөөж байна.

Ийнхүү хөгжилтэй хөөртэй, дуу хууртай оюутан ахуй насаа дурссан тэд биднийг гарах үед төрөлх сургуулийнхаа 35 жилийн ойд ямар бэлэг барих тухайгаа ярилцан үлдсэн билээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж авлаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” захад борлуулагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийх шалгалтыг өчигдрөөс албан ёсоор эхлүүллээ. Энд НМХГ-ын дэд дарга М.Баасандоржоор ахлуулсан хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын 100 гаруй улсын байцаагч гурав хоногийн хугацаатай шалгалт хийх юм байна. Өмнө нь тус захад Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс л төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж байснаас бус НМХГ-аас ийм өргөн цар хүрээтэй, нэг дор олон байцаагч дайчилсан шалгалт хийгдэж байгаагүй гэдгийг НМХГ-ын дэд дарга М.Баасандорж тодотгож байсан юм. Тэр ч утгаараа үр дүн, ач холбогдол нь өндөр түвшинд байх болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа тэрээр нэмж хэлсэн юм. 

Улсын байцаагч нар “Нарантуул” захын өргөтгөл дэх хүнсний чингэлгүүдээс шалгалтаа эхлүүлсэн юм. НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Н.Одончимэгийн хэлснээр “Нарантуул” захын өргөтгөл дэх төмөр чингэлгүүдэд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн хадгалалтын горим зөрчигддөг аж. Учир нь өвөлдөө чингэлэгт хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнүүд хөлдөж, зундаа халж байдаг аж. Тиймээс төмөр чингэлэг нь худалдаа эрхлэх шаардлага хангадаггүй байна. Дээрээс нь зай  багтаамж муу тул яаралтай битүү зах барих шаардлагатай гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч нар удаа дараа сануулж, шаардлага хүргүүлсээр өдийг хүрчээ. Битүү зах барьж эхэлсэн хэдий ч тус захын хүнсний худалдаа эрхлэгчид тэнд бүгд багтаж шингэнэ гэдэгт эргэлзэж байгаагаа улсын байцаагч Н.Одончимэг хэлсэн юм. Ер нь “Нарантуул” шиг арван түрээслэгч тутмын найм нь ил задгайгаар наймаа эрхэлдэг худалдааны төв байдаггүй юм байна. Гэхдээ битүү, чанарын шаардлага хангасан, тохилог дулаан ажлын байртай болохыг эсэргүүцдэг түрээслэгч байдаг талаар тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Түвшинбат хэлэв. Учир нь хямд өртөгтэй гэх утгаар нь задгай талбайд худалдаа наймаагаа эрхлэх хүсэлтэй түрээслэгчид ч байдаг бололтой.

Улсын байцаагчид чингэлэг тус бүрт арваад нэр төрлийн хүнсэнд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн холбогдох зүйл заалтыг үндэслэн шалгалтаа хийсэн юм. Шалгалтад хамрагдсан чингэлэг бүрт шошго дээр үйлдвэрлэгчийн нэр, хаяггүй, үйлдвэрлэсэн болон хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, гаж нөлөө, хориглох заалт зэрэг мэдээлэлгүй хүнсний бүтээгдэхүүн байсан юм. Тухайлбал “Хослон дэлгэрэх” компанийн борцтой хийцтэй цай, “Түншлэл трейд”-ийн импортолдог давсалсан самар, “Agreco” компанийн жимсний чанамал болон “Темүка” шоколад зэргийн уутан дээр үйлдвэрлэгчийн хаяг байгаагүй юм. Мөн “Най¬ман тахилтай цай” хэмээх шахмал цайны хадгалах хуга¬цаа хоёр сараар хэтэрсэн зөрчил тус тус илрэв. Байцааг¬чид дээрх зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг хураасан юм. Тэд шаардлага хангахгүй, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгах бол бусдад нь акт үйлдэж, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг устгах орон тооны бус зөвлөлд хүргүүлэх юм байна.

Түүнчлэн түрээслэгч нарын гэрээн дээр худалдагч болон туслах ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстойг тусгасан. Гэвч эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, гэрчилгээ аваагүй хэд хэдэн худалдагч, туслах ажилтнууд шалгалтаар илэрсэн юм. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг ажлын хувцас, багаж, хэрэгсэлтэйгээ хольсон зөрчил ч байлаа. 

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд чанарын шаардлага хангаагүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээс гадна түүнийг худалдан борлуулсан, хугацааг нь өөрчлөн засварласан хуулийн этгээдэд хариуцлага тооцохоор тусгайлан оруулсан нь ийн хүнсний захуудад шалгалт хийх гол шалтгаан болжээ. Тодруулбал ийм зөрчил гаргасан аж ахуй нэгжийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин тав дахин нэмэгдүүлж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгахаар зааж өгчээ. Тус хууль хэрэгжээд хоёр жил шахуу болж байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа нь ийн шалгалтын эхнээс л харагдаж байлаа. Байцаагчид гаднах сав баглаа боодол, хаягжилтаас гадна шаардлагатай тохиолдолд зарим сэжигтэй гэж үзсэн бүтээгдэхүүнээс лабораторийн шинжилгээнд илгээх гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Хархорин, Энхжин, Меркүри зэрэг худалдааны төвүүдэд илэрсэн зөрчлийг арилгахаар 40-өөд сая төгрөгийн торгууль ноогдуулсан болохыг байцаагчид дуулгасан юм. 

НМХГ-ын дэд дарга М.Баасандорж “Хүнсний  бүтээгдэхүүний шошгон дээрх мэдээлэл дутуу, хадгалалтын горим алдагдсан, хугацаа хэтэрсэн зэрэг дутагдлууд ихэвчлэн илэрч байна. Ялангуяа импортын хүнсний бүтээгдэхүүнүүд хаяг шошгын маш их зөрчилтэй. Тиймээс дан ганц мэргэжлийн хяналтын байцаагчид лангуу, чингэлгүүдээр явж шалгалт хийхээс гадна төрийн хяналт буюу хил гаалийн шалгалтыг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулах ёстойг сануулж байна. Иймэрхүү зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнүүдийг улсын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд хурааж, устгаж, хариуцлага тооцохоос гадна хуулийн байгууллагатайгаа хамтарч хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг мөрдөж, ямар шугамаар хэдийд орж ирсэн гэдгийг нь тогтооно. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг цогц байдлаар хамгаална. Ер нь Нарантуулд өнгөрсөн онд гал гарсантай холбогдуулан НМХГ-аас томоохон хэмжээний шалгалт хийж, хэд хэдэн зөрчил дутагдал илрүүлсэн. Нэгдүгээрт шатсан барилгыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй байсан нь илэрсэн. Хоёрдугаарт байгаль орчны үнэлгээний асуудал яригдаж байна. Энэ захын урдхан талд нийслэлийн цэвэр усны нөөцийн бүс байгаа учраас орчны бохирдлыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Гуравдугаарт худалдаа үйлчилгээний стандарт, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зохих түвшинд хангаагүй байсан. Энэ асуудлаа цэгцлэх шаардлага ч хүргүүлсэн. Дээрх асуудлууд бодит байдал дээр өөрчлөгдөж, сайжирсан эсэх нь энэ удаа давхар шалгагдах юм. Гэхдээ шалгалтын дараагаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахын тулд нэн түрүүнд зөвлөн тусалж, хамтарч ажиллахыг НМХГ-аас баримтална. Өөрөөр хэлвэл бид торгож, хурааж, хариуцлага тооцохоо урдаа барихгүй” гэв.

Захын удирдлагууд илэрсэн зөрчил дутагдлаа арилгах тал дээр байнга анхаарч ажилладаг болохоо энэ үеэр албан ёсоор мэдэгдсэн юм. Саяхан мэргэжлийн хяналтын газрын өгсөн чиг үүргийн дагуу хагас жилийн өмнө төв болон зүүн хаалган дээрх жимс, хүнсний бүтээгдэхүүний гар дээрх худалдааг таслан зогсоожээ. Түүнчлэн шинээр баригдаж байгаа худалдааны төвийг энэ жилдээ ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгээ ч дуулгалаа.  

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Төр газар тариалангийн компани, гурил үйлдвэрлэгчдийн дундуур орж үнэ тогтоох ёсгүй

Тариаланчдын холбооны тэргүүн Ч.Пэрэнлэйтэй цаг үеийн асуудлаар
ярилцлаа.

-Тариаланчид
салбарын яамнаас гаргасан мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Үүн дээр Тариаланчдын
холбоо ямар байр суурьтай байна вэ?

-Тариалангийн бүс нутгуудаар сүүлийн хоёр гурван өдөр бороо хур ороод
тариа хураалт саатсан. Энэ үед тариаланчид талбай дээрээ цуглаж санал бодлоо солилцсон.
Ер нь бид цөөн хэдэн зарчмын асуудал л ярьж байгаа. Нэгдүгээрт цаг хугацаа алдалгүй,
хаягдал багатай хураагаад авчихъя. Хоёрдугаарт хураасан тарианы чанар, хэмжээ болон
дэлхийн зах зээл дээрх үнийг харгалзан буудайн үнээ гүрилын үйлдвэрүүдтэйгээ тохиролцож
заръя гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ өнөөдөр тариаланчид нэг ч гурилын үйлдвэртэй
албан ёсоор үнэ тохирч гэрээ хийгээгүй байна.

Тариаланчид эсэргүүцлээ илэрхийлэх болсон гол шалтгаан нөхцөл нь
газар тариалангийн компани, гурил үйлдвэрлэгчдийн дундуур салбарын яам орж, үнэ
тогтоосон явдал. Энэ бол туйлын буруу. Яам бол Засгийн газрын тогтоолын дагуу Тариалан
эрхлэлтийг дэмжих санд авах буудайн үнийг л тогтоохоос бус хэдэн төгрөгөөр гурилын
үйлдвэрт буудай нийлүүлэхийг тогтоох ёсгүй. Энэ бол зах зээлийн зарчмаар л явах
ёстой асуудал. Буудайн чанар, хэмжээнд тулгуурлан гурилын үйлдвэрүүд, тариаланчидтайгаа
үнээ тохирсоор ирсэн, тэгэх ч ёстой. Өмнөх жилүүдэд яамнаас тариалан дэмжих сандаа
хуримтлуулах будааны үнийг л тогтоосноос гурилын үйлдвэрүүдэд зарах буудайн үнийг
өнөөдрийнх шиг тогтоож байгаагүй. Өмнөх жилүүдэд энэ жишгээр буюу зах зээлийнхээ
жишгээр гурилын үйлдвэрлэгчид нь худалдаж аваад үйлдвэрлэлээ хэвийн явуулсаар ирсэн.

Ийнхүү жинхэнэ зах зээлийн гольдрил руугаа дөхөж явтал төр үнэ тогтоодог
бол хамгийн эрүүл бус үзэгдэл. Тодруулбал ҮХААЯ-ны тогтоосон энэ үнээр улаанбуудайгаа
борлуулахгүй бол хүнсний улаанбуудайг элеватор нөхцөлөөр 500 мянгаас дээш төгрөгөөр
борлуулсан тохиолдолд тонн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгохгүй, хямд
үнэтэй импортын улаанбуудай оруулах зөвшөөрөл олгоно гэдэг нь хэн хэндээ маш халтай
хууль зөрчсөн мэдэгдэл. Учир нь Тариалангийн тухай хуулинд үндэсний гурилын үйлдвэрүүд
болон Тариалан эрхлэх санд тушаасан чанарын шаардлага хангасан улаанбуудайн урамшуулал
олгоно гэсэн. Харин урамшууллын хэмжээг УИХ-аас тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл
урамшууллыг олгуулахгүй хасах, багасгах эсэхийг яам дан ганцаар толгой мэдэн шийдчихдэггүй
байх нь.

Хамгийн гол нь тариаланчид улаанбуудайн үнээ хөөрөгдөөд зохиомлоор
өсгөөд байгаа юмгүй. Өнөөдөр ам.долларын ханш хэд болчихоод байгаа билээ. Тэгтэл
газар тариалангийн сэлбэг, ургамал хамгааллын бодис, үр бордоо нь гадаад валютаар
хэмжигдэж байна.

-Тариалан
эрхлэгчид ҮХААЯ-ны дээрх мэдэгдлийг “Улаанбаатар гурил” үйлдвэрийн захирал Ц.Баатарсайханы
хямд үнээр буудай худалдан авах гэсэн явуулга гэж тариаланчид үзэж байсан. Энэ хэр
үндэслэлтэй вэ?

-Миний хувьд өнөөдөр тэр энэ гэж чичилж, бурууг тохохдоо гол нь биш.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд кг гурилыг 730 төгрөгөнд барих гэсэн гэрээ
хийж, хэд хэдэн гурилын үйлдвэрлэгчдэд төрөөс дэмжлэг олгосон. Үүний нэг нь “Улаанбаатар
гурил” компани. Харин энэ хязгаарт үнээ барихад хүндрэлтэй болчихлоо, хөтөлбөрөө
эргээд харвал яасан юм гэдгийг “Улаанбаатар гурил” үйлдвэрийн захирал Ц.Баатарсайхан
яамандаа гаргасан гэсэн. Тиймээс гурил үйлдвэрлэгчдийн буруу биш.Гэхдээ үйлдвэрлэл
эрхлэгч хэн ч гэсэн санал хүсэлтээ энэ мэт харьяа яамандаа гаргах эрхтэй. Үүнийг
нь тариалан эрхлэгчид маань өнгөц, харж ташаа дүгнэсэн байх талтай.  “Алтантариа” компани эх орны дотоодын гурилын
хэрэгцээний таван кг тутмын хоёрыг үйлдвэрлэн нийлүүлдэг. Харин “Улаанбаатар гурил”
үүний дараагаар орох томоохон үйлдвэр. Жилдээ 100 мянган тонн удаанбуудай авдаг.
Өнөөдөр хүний нэр барьж, тэрний буруу гэж дайрч давшлах бус хэн хэндээ ашигтай шийдэлд
хүрэх нь чухал.

Өнөөдрийн байдлаар хэдхэн томоохон үйлдвэрлэл эрхлэгчдэд тариаланчид
талбайгаасаа багахан хэмжээний улаанбуудай нийлүүлсэн. Их хэмжээгээр нийлүүлж эхлээгүй
байна. Нийлүүлэх нь бүү хэл улаанбуудайн хураалт дөнгөж эхлэл шатандаа явж байна.
Энэ асуудлын талаар ҮХААЯ судалгаа шинжилгээ, тодорхой баримт сэлтэнд тулгуурлан
мэдэгдэл хийж, авах арга хэмжээгээ тодорхойлох ёстой. Түүнээс ҮХААЯ-ны тоомжиргүй
мэдэгдэл шиг тариаланчид нь замбараагүй өндөр үнээр буудайгаа борлуулах гээд, нөгөө
талдаа үйлдвэрлэгчид нь хэт бага үнээр худалдан авах гээд байгаа хэрэг биш. Ийм
буруу уур амьсгалыг нийгэмд түгээж байна. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчдийн нэгдүгээр
гурил кг нь 850-900 төгрөг байгаа. 730 төгрөгийн үнэтэй гурил идээд байгаа хэрэглэгчийг
мэдэхгүй юм.

-Улаанбуудайн
тонн тутмыг тариаланчдын санал болгож байгаа шиг 550-600 мянган төгрөгөөр гурил
үйлдвэрлэгчдэд борлууллаа гэхэд яамны санал болгосон үнээс 50-100 мянган төгрөгөөр
нэмүү гэсэн үг. Энэ тохиолдолд гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ хэр нэмэгдэх вэ?

-Эрдэм шинжилгээний байгууллагын судалгаагаар сүүлийн гурав дөрвөн
жил гурилын үйлдвэрүүд л өндөр ашигтай ажилласнаас газар тариаланчид үйл ажиллагаагаа
хэвийн явуулж чадахааргүй хэмжээнд хүртлээ алдагдалтай ажилласан. Наадмын дараа
гурил 1000 төгрөгт хүрэхэд иргэд яагаа ч үгүй. Хэрэв тонн буудайг гурилын үйлдвэрүүд
550-600 мянган төгрөгөөр худалдаад авбал гурилын үнэ нэмэгдлээ гэхэд 850-950 төгрөгийн
хооронд хэлбэлзэхээс 1100, 1200 төгрөгт хүрэхгүй. Гэхдээ бид буудайн үнээ тогтмол
барьж байж гурилын үнээ барина. Ингэж тогтмол байлгаж хэвшмээр байна.

Ийм шалтгаантай учраас газар тариалангийн компаниуд илүү үнэд хүрдэг
гэдэг утгаар нь улаан буудайг биш рапсыг түлхүү тариалах болсон. Үнийг хэт бариад,
нийгэмд сөрөг мэдээлэл цацаад ирэхээр үйлдвэрлэл ингэж доголддог байхгүй юу. Энэ
хооронд Оросоос хямд үнэтэй гурил, улаанбуудай импортоор орж ирвэл дотоодын гурил
үйлдвэрлэгчид ч, тариаланчид ч “цохиулна”. Харин төр улаанбуудайн тонн тутмын үнэтэй
зууралдахын оронд дотоодын буудайн хэрэгцээгээ бүрэн хангасан бодлогоо цаашид доголдуулалгүй
хэрхэн авч явахаа л тодорхойлох ёстой. Төр бодлогоо тодорхойлохоос аж ахуй байгуулаад,
бизнес хийх гэж байгаа биш шүү дээ. Угтаа та нар ийм үнээр улаанбуудайгаа гурил
үйлдвэрлэгчдэд өгөхгүй бол бид хямд үнэтэй буудай импортоор оруулж ирнэ гэхийн оронд
харин ч зах зээлээ хямд үнэтэй буудай, гурилын импортоос хамгаалсан бодлого явуулах
ёстой. Өнөөдөр газар тариалангийн 1000 гаруй аж ахуй нэгж байна. Үүний цаана дор
хаяж дөрвөөс таван мянган ам бүл бий.

-Яамны
холбогдох албан тушаалтнууд газар тариалангийн компаниудыг шатахуун, ургамал хамгааллын
бодисоор  хангаад, хөнгөлттэй нөхцөлөөр хангасаар
ирсэн гэж мэдээлсэн. Үнэхээр тэгсэн бол улаан буудайн тонн тутмыг 500 мянган төгрөгөөр
үнэлсэн нь алдалгүй юм биш үү?

-Энэ бол тун хариуцлагагүй мэдэгдэл. “Газар тариалан эрхлэгчид чинь
төрөөс асар их бараа, материалыг үнэгүй авчихаад, үр тариа, буудайгаа өндөр үнээр
зарах гэлээ” гэсэн сөрөг уур амьсгалыг ий болгочих гээд байна. Угтаа бол дээрх арга
хэмжээ нь арван тариаланч тутмын гуравт нь л хүртээлтэй байдаг. Тэр бүхэнд ийм цөөн
тариаланчид хамрагддагаас бус бүгд хамрагдаж чаддаггүй. Хамрагдах бололцоо ч байдаггүй.
Ийм байж бүх газар тариалан эрхлэгчдэд тав, 30 хувийн урьдчилгаатайгаар шатахуун,
хэрэглэгдэх үр бордоог нь өгч, хөнгөлөлттэй нөхцлөөр тоног төхөөрөмжөөр хангасан
мэтээр ярих нь буруу. Хамрагдаж чадаагүй нь банкнаас журмынх нь дагуу зээлээ аваад,
шатахуунаа зах зээлийн ханшаар худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулж байна.

-ҮХААЯ-ны
өртгийн тооцоогоор нэг тонн улаанбуудайн өөрийн өртөг 395 мянган төгрөг гэсэн. Үүн
дээр тариаланчдын зорилтот ашгийг 18-20 хувь байхаар тооцоход улаанбуудайн тонн
тутмын үнэ 460 мянга болж байна гээд байгаа. Тиймээс 500 мянгаар гурилын үйлдвэрүүдэд
борлуулахад хэн хэндээ ашигтай гэсэн зүйлийг дэд сайд Ц.Туваан хэлсэн л дээ.

-Тооцоог ямар ч аргаар хийж болно. Тариаланч бүр өөр өөр зардлаар
буудайгаа тариалж байна. 100 хувь химийн уриншаар эсвэл бордоогоор тариагаа ургуулж
байна. Нэг нь өндөр бүтээмжтэй сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглаж байхад Оросын
хуучирсан техникээр зүтгүүлж байгаа нь ч бий. Ер нь дундаж аж ахуй нэгжийн зардал
420-430 мянга, бүр зардал нь 500 мянгад хүрсэн аж ахуй нэгж ч байна. Дахиад хэлье.
Угтаа бол яам ингэж өртөг, үнээр хөөцөлдөхийн оронд дэлхийн зах зээл дээрх улаанбуудайн
ханшид уялдуулан улаанбуудайн үнээ тариаланчид, гурил үйлдвэрлэгчид тохиролцож чадсан
эсэхэд хяналт тавих ёстой. Мөн дотоодын хэрэгцээгээ үндэсний үйлдвэрлэгчид нь хангаж
чадах эсэх, хэрэв үгүй бол авах арга хэмжээгээ боловсруулах зэрэг бодлогын түвшний
зүйлдээ л анхаарах хэрэгтэй.

Гурилын үйлдвэрүүд буудайн чанар, худалдан авах хэмжээтэйгээ уялдуулан
хэд хэдэн үнийн саналыг тариаланчдад аль хэдийн хүргүүлчихсэн байсан. Чанартайг
нь өндөр үнээр чанар муутайг нь хямдаар гэж. Мэдээж дэлхийн зах зээл дээрх буудайн
үнэнд харгалзуулсан тоо гаргасан. Энэ бол туйлын зөв. Гурилын үнийг аль ч төр өсгөхгүй
барих ёстой. Гэхдээ ухаалгаар барих ёстойгоос бус үндэсний үйлдвэрлэгчдээ “унагаж”
барьдаггүй юм.

-Уринштай
талбайн 20 хүртэлх хувьд рапс тариалахыг салбарын яамнаас зөвшөөрсөн байдаг. Бодит
байдал дээр хэрхэн биелэлээ олж байна вэ?

– Рапсыг тариан талбайн 20 хүртэлх хувьд тариалах ёстой гэж яамнаас
үүрэг өгсөн ч амьдрал дээр тэс өөр шүү дээ. Тоон мэдээгээр 40-50 мянган га-д рапс
тариалах ёстой ч албан мэдээгээр 70 гаруй мянга га-д тарьсан. Албан мэдээнд ороогүй
асар том талбай бий гэдгийг санах хэрэгтэй. Ингээд л дээрээс нь шахаад, ургац тариалах
хэмжээ, худалдах үнэ зэргийг нь тогтоогоод байвал энэ салбар урагшлахгүй, ургацын
бодит хэмжээ ч гарахгүй.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

ҮХАА-н дэд сайд Ц.Туваан: Улаан буудайн тонн тутмыг нь 500 мянгаар худалдаж авах хэн хэндээ ашигтай

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дархан-Уул аймгийн Хонгор суманд тариаланчид хямд үнээр улаанбуудайг худалдан авахыг эсэргүүцэн жагсаж байна. Үнэхээр ингэж эсэргүүцэж, жагсахаар хэмжээний бага үнийг салбарын яамны зүгээс санал болгосон юм уу?

-Яамны зүгээс Тариалан эрхлэгчдийн холбоотой хэлэлцсэний үндсэн дээр өнгөрөгч хавар өөрийн сандаа худалдан авах улаанбуудайн үнийг тонн тутамд нь 460 мянга байхаар тогтсон. Өртгийн тооцоогоор нэг тонн улаанбуудайн өөрийн өртөг 395 мянган төгрөг. Үүн дээр тариаланчдын зорилтот ашгийг 18-20 хувь байхаар тооцоход улаанбуудайн тонн тутмын үнэ 460 мянга болж байгаа юм. Гэхдээ улаанбуудайн ургацын маш бага хувийг сандаа худалдан авдаг бол үлдсэн хэсгийг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Энэ жил тариаланчдаас гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх буудайн тонн тутмыг 500 мянган төгрөгөөр тогтоосон. Дээр нь бид тонн тутам дахь 100 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Салбарын яамны хувьд улаанбуудайн тариалалтын өртөг, зардлыг мэдэхийн хувьд хэдэн төгрөгөөр улаанбуудайг худалдан авбал зохилтой гэдгийг нарийн тооцсон. Өөрөөр хэлбэл тариаланчдын өндөр үнээр буудайгаа зарах, боломжийн үнээр худалдан авах гэсэн төр болон хувийн хэвшлийнхний алтан огтлолцлыг яамнаас тогтоож өгдөг. Гэтэл тариаланчид хэт өндөр буюу Засгийн газрын тогтоосон үнээс өндөр үнээр худалдаалах сонирхолтой байвал энэ нь маш том асуудал. Улаанбуудайн үнэ өндөр бол гурилын үнэ нэмэгдэнэ. Ингэсэн тохиолдолд бидний хүнсний өргөн нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Гурил өөрөө стратегийн хүнсэнд ордог учраас энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний экспорт импортыг хуулийн дагуу квотоор зохицуулдаг. Тэр бүү хэл ҮХААЯ-наас аймгийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрууд, тариаланчдад уринштай талбайн 15 болон 20 хувьд л рапс тариаллуулахаар зохицуулдаг юм шүү дээ.

ҮХААЯ урамшууллаас гадна төрөл бүрээр газар тариалан эрхлэгч аж ахуй нэгжээ дэмждэг. Тухайлбал Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог хаврын тариалалт, зуны уриншинд олгодог шатахууныг тал хувийн, элит сортын үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар санхүүжилт олгодог. Энэ жил улаанбуудайн тээвэрлэлтийн зардлыг төрөөс гаргахаар болсон. Түүнчлэн хатаалга цэвэрлэгээний машингүй бол хатаалгын зардлыг ч төрөөс хариуцахаар болсон. Мөн сайн чанарын үр болон техник хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох зэргээр яамны зүгээс энэ мэт дэмжлэгийг үзүүлсээр ирсэн, үзүүлсээр ч байх болно. Ийм нөхцөлд газар тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүд яамтайгаа нягт хамтарч ажиллах нь хамгийн чухал.

-Хэрэв тариаланчидтай улаанбуудайн тонн тутмыг 500 мянган төгрөгөөр худалдаж авах дээр зөвшилцөлд хүрч чадахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ тохиолдолд ҮХААЯ-аас ард иргэдийнхээ худалдан авах чадвар, гурилын үнийн хэт өсөлт зэргийг харгалзан эрх зүйн хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргах нь дамжиггүй. Хүнсний улаанбуудайг элеватор нөхцөлөөр 500 мянгаас дээш төгрөгөөр борлуулсан тохиолдолд урамшуулал олгохгүй. Бас хямд үнэтэй импортын улаанбуудай оруулах зөвшөөрөл олгоно. Эдийн засаг сайнгүй, иргэдийн амьжиргаа хэцүүхэн байгаа энэ үед ургадаг, ундардаг ургацынхаа борлуулах үнэн дээр уян хатан хандаач ээ гэдгийг аж ахуй нэгжүүддээ хандан хэлмээр байна.

-Энэ жилийн импортын улаанбуудайн үнэ хямд байгаа гэдэг үнэн үү?

-Энэ жил ОХУ улаанбуудайн 55 орчим сая тонныг хураан авах урьдчилсан тооцоо гарсан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 30-35 хувийн илүү гэсэн үг. Дээр нь ОХУ-аас барууны орнууд руу экспортлох улаанбуудайн хэмжээ багасах төлөв ажиглагдаж байгаа учраас манайд хямд үнэтэй улаанбуудай импортоор орж ирэх магадлал өндөр. ОХУ-ын Эрхүү, Сибирь орчимд гуравдугаар сортын нэг тонн улаанбуудай 180 орчим ам.доллар байна. Монгол руу экспортоллоо гэвэл тээврийн зардал нь нэмэгдээд 500 орчим мянган төгрөгт багтах тооцоолол гарч ирсэн. Тэгэхээр бид дотоодын улаанбуудайн үнээ импортынхоос хамгаалах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа биз. Энэ жил ганц Монгол ч гэлтгүй бусад тариалангийн бус нутгуудад цаг агаар нэн тааламжтай байсан учраас ийн ургац нэмэгджээ.

-Энэ жил хичнээн га талбайгаас хэр их хэмжээний улаанбуудай хураан авах вэ?

-Энэ жил 293 мянган га талбайд улаанбуудай тариалснаас 440 мянган тонн улаанбуудайг үтрэм дээрээ хураан авах юм. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 15-16 мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Ийн хураан авсан улаан буудайгаа тарианы хольцоос салгахад 410 орчим мянган тонн улаанбуудай үлдэнэ. Үүнээс 320 орчим мянган тонныг хүнсний зориулалтаар худалдан авахаар төлөвлөж байна. Энэ жил ургацын баланс сайн тогтоогдсон. Газар дээр нь очиж үзэхэд тариан болц, ургац маш сайн байна. Засгийн газраас Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрт тушаасан улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшууллаа олгодгоороо олгоно. Энэхүү урамшуулалд урьдчилсан байдлаар 30 орчим тэрбум төгрөг зарцуулагдана.

-Яамны зүгээс буудайн сортыг сайжруулах тал дээр хэрхэн анхаарч ирсэн бэ?

-Мэдээж сайн чанарын үр хэрэглэж сайн чанарын буудай ургац хурааж авна. Өнгөрсөн хавар 20 хүртэлх мянган тонн улаанбуудайн элит үрийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ жил үүний дагуу тариаланчид өөрсдөө квотоо аваад найман мянган гаруй тонн элит улаанбуудайн үрийг тариачдад өгсөн. Элит сортыг тарьсан тохиолдолд манай яамны зүгээс энэ үрийн ургацыг бүгдийг тээрэмдээд гурил болгох бус хянан баталгаажилт хийлгүүлээд, сан болон бүсийн аж ахуй нэгжүүддээ тарааж, ингэсэн нөхцөлд ирэх жилийн тариалалтыг бүх газарт сайн чанарын улаанбуудайн үрээр хийлгүүлэх байр суурьтай байгаа. Алтайский, Бурядский зэрэг Монголд нутагшсан сортыг оруулж ирсэн.

-Улаанбуудайг дотоодын хэрэгцээгээ сүүлийн хэдэн жил тогтмол хангасаар ирлээ. Экспортонд гаргах боломжтой юу?

-Ойрын хоёроос гурван жилдээ улаанбуудайг экспортлох боломжгүй. Харин үүнээс цааш, хэтдээ экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Цаг агаар энэ жилийнх шиг үргэлж ийм сайхан дэлгэр байхгүй нь мэдээж. Гадагш гаргаж мөнгө олохоос илүүтэй ган гачигтай, ургац муутай жилийг өлхөн давчихаар нөөцтэй байх шаардлагатай.

Одоогоор орон даяар улаанбуудайн ургац хураалт эхэлжээ. Шууд болон ангилан хадалт эхэлчихэж. Ургац маш сайн чанартай. Га-гаас 3500 кг-аас дээш улаанбуудай хураан авна гэсэн компани ч байна.

                                                                                                                                                                              М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Л.Лха-Очир: Хүлээцгүй, яарч барилдаад, хариу мэхэнд орж өвдөг шорооддог алдаагаа энэ жил давтаагүй

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар улсын начин болон харцага цолны болзол хангасан бөхчүүд

Өнөө жилийн үндэсний их баяр наадмаар тав давж, улсын начин цолны болзол хангасан Завхан аймгийн Алдархаан сумын уугуул,”Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, ”Саруул зам” ХХК-ийн бөх Л.Лха-Очиртой ярилцлаа.  

-Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе. 

-Баярлалаа. Үндэсний их баяр наадамдаа дөрөв дэх жилдээ зодоглож, улсын начин цолны болзол хангасандаа сэтгэл хангалуун байна.  

-Бөхчүүд багаасаа л энэ спортод шимтэн, хичээллэж эхэлсэн байдаг. Харин таны хувьд? 

-Миний хувьд ч мөн ялгаагүй. Би Завхан аймгийн Алдархаан суманд 1986 онд төрсөн. Төрөлх сумандаа дөрөвдүгээр анги хүртэл амьдарсан. Тэр үеийн хөдөөгийн хөвгүүдийн жишгээр нэгэнтэйгээ барилдаж, дээл хувцсаа уралцаж л өссөн дөө. Мөн ч олон дээл, гутал элээсэн дээ. 

Харин дөрөвдүгээр ангиасаа аймгийн төв болох Улиастай хотод шилжин ирж дунд сургуулиа дүүргэсэн. Харин энэ үеэс аймгийн хурц арслан, үндэсний бөхийн дасгалжуулагч, спортын мастер С.Юнрэн агсны удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа базаах болсон. Өдгөө амжилттай сайхан барилдаж, бөхийн хорхойтнуудынхаа мэлмийг баясгаж яваа улсын га­рьд Ц.Цэрэнпунцаг, М.Баяр­жавх­лан, Б.Гончигдамба, Ш.Жар­гал­сайхан, улсын харцага М.Дармаабазар, улсын өсөх идэр начин Б.Сумьяабэйс, Н.Бат-Амгалан, Ю.Алтансүх нар бол түүний унаган шавь. Багшийнхаа удирдлаган дор хичээллэж, 2005 онд Архангай аймагт зохиогдсон өсвөрийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанаас бага насны ангилалд амжилттай барилдаж, мөнгөн медаль хүртсэн маань надад асар их урам зориг өгсөн дөө. Тэгээд ч миний эргэн тойронд бөхөд элэгтэй, үндэсний энэ спортоо дэмждэг олон сайхан хүн байсан. Одоо ч хэвээрээ. Тэдгээр хүмүүсийн тус дэм ч их бий. 

-Дунд сургуулийн сурагч ахуйдаа сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол хүртэж байсан үеэ дурсвал?

-Наймдугаар ангийн сурагч байхдаа сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн. Анхны цол, анхны түрүү, дээрээс нь нутаг усандаа гэх утгаараа эргээд санахад үнэхээр дурсгалтай сайхан санагддаг шүү. Анхны энэхүү амжилт минь надад асар их урам зориг өгч, тэр үеэс л эргэлт буцалтгүйгээр бөх болохоор шийдэж билээ. Дээр нь бага залуу байсан учраас нутаг усныхан маань ч миний урмыг бадрааж, зоригийг хурцалж өгсөн. Дунд сургуулиа дүүргэчихээд Улаанбаатарт ирж, “Аварга” биеийн тамирын дээд сургуульд бэлтгэлээ базаах болсон.

Ийнхүү аймгийн наадам, цаашлаад улсын их баяр наадамдаа зодоглох бэлтгэлдээ гарч байгаа хэрэг шүү дээ. 

-Та хэзээ аймгийн арслан цол хүртсэн билээ?

-Аймгийн наадамд 2008 онд үзүүрлэн аймгийн заан, дараа жил нь түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн. Ингээд л 2010 оноос улсынхаа баяр наадамд зодоглож эхэлсэн.  

-Өмнөх улсын баяр наадмуудад хэрхэн барилдаж байв?

-Хоёр, гурван ч жил дараалан хоёрын даваанд өвдөг шороодсон. 2010 онд хоёрын даваанд улсын начин Ч.Цогбаярт шуудагны барьцнаас түрж хөөж яваад дагуулж тонгоруулан өвдөг шороодсон. Дараа жил нь Ховд аймгийн арслан Батсайханыг харцага цолтой байхад нь мөн хоёрын даваанд таарч хонгодуулан унасан. Өнгөрсөн жил гурвын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын начин Ч.Баянмөнхөд өвдөг шороодож байлаа. Бөх хүн алдаан дээрээсээ суралцаж бэлтгэл сургуулилтаа шургуу хийдэг жишгээр л явж ирлээ. Нэгэнт үндэсний бөхтэй амьдралаа холбосон учраас одоо надад ухрах зам, шантрах эрх байхгүй. Зөвхөн бэлтгэлээ сайн хийж, амжилтаа ахиулж, үзэгч түмнийхээ урмыг сэргээсэн гал гарсан барилдаан үзүүлэх нь миний зорилго. 

-Энэ жилийн баяр наад­маар хоёрын даваанд аймгийн арслан Л.Ши­нэ­баатартай учраа таар­сан барилдаан тань наадамчин олныг яах аргагүй суудлаас нь өндөлзүүлж байсан. Улсын цолонд хүрэх хам­гийн хүндхэн барилдаан тань тэр байсан талаар бөхийн хорхойтнууд хуу­чилцгааж байна лээ?

-Үндэсний их баяр наадмын даваа болгон амаргүй. Тэр ч утгаараа бөхчүүдийн хөлс хүчийг дээд зэргээр шавхдаг. Амжилттай сайн барилдаж чадахгүй бол бүтэн жилийн хөдөлмөр талаар өнгөрлөө л гэсэн үг. Хоёрын даваанд “Алдар” спорт хороо,”Рекимон” компанийн бөх аймгийн арслан Л.Шинэбаатартай барилдсан. Бид хоёр нэгнийхээ барилдааныг андахгүй мэднэ. Нэг нь мэх хийх гэхээр нөгөөх нь хориглочихоод, эсвэл хийсэн мэхээ дутуудуулчихвал өөрөө уначих гээд хэцүүхэн байсан. Барилдааны төгсгөлд хавираан дээр нь тонгорчихсон. Гурвын даваанд намайг Ховд аймгийн уугуул, улсын харцага Г.Алтангэрэл амласан. 

Амлуулж байгаа бөхөөсөө илүү аманд гарч байгаа бөх нь өөрийгөө хурцалдаг юм шиг санагддаг. Тэр жишгээр л гурвын даваанд өөрийгөө хурцалж барилдсан. Шуудагны барьцыг нь халж тавиулангуутаа гишгэдлийг нь тааруулж байгаад зайлчихсан. Өвөрхангай аймгийн уугуул, ”Хилчин” спорт хорооны бөх, улсын заан Т.Санчиртай дөрвийн даваанд оноолтоор таарсан. Золгоон дээрээс хавираад давсан. 

-Улсын начны босгыг давахад ганцхан даваа авах үлдчихээд байхад танд чухам юу бодогдож байв?

-Хэрхэн өөрийнхөө ур чадварыг бүрэн дайчилж барилдъя даа гэхээс өөр зүйл огт бодогдоогүй. Улам хичээж, хийгүй барилдахаар сэтгэл санаагаа төвлөрүүлсэн. Дан ганц үндэсний бөх ч гэлтгүй бусад бүх спортын төрөлд тамирчид биеийн хүч, ур чадварын дасгал хийхээс гадна сэтгэл зүйн бэлтгэлийг давхар хангах хэрэгтэй болдог. Хангалттай ур чадвар, хүч чадалтай хэрнээ сэтгэл зүйн бэлтгэлгүй бол амжилтад хүрэхгүй. Энэ жилийн улсын баяр наадмаар тавын даваанд намайг Өвөрхангай аймгийн уугуул, “АПУ” компани,“Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн бөх улсын арслан До.Ганхуяг амалсан. Бүтэн жилийн хөдөлмөр, гол зорилго минь гэж бодоод л зүтгэсэн. Сэнжигний барьцнаас дунгуйлдаад давсан даа. 

Өмнөх жилийн улсын баяр наадмуудад барилдахдаа өөрөө түрүүлж мэх хийгээд, яарч барилдаад, хариу мэхэнд ороод өвдөг шорооддог байсан алдаагаа энэ жил давтахгүйг хичээж барилдсан. Хүлээцтэй, хийгүй барилдахыг хичээсэн. Энэ маань ч оносон. Улсын цолны босгоор алхах даваа тул өөрт байгаа бүх хүчээ дайчилж барилдсан. Сэнжигний барьцнаас дунгуйлдаад давсан. Ямар нутаг усны хэн гэдэг бөх улсын цолонд хүрэх нь хамаагүй, цэнгэлдэхэд цугларсан наадамчин олон аймгийн цолтой бөхөө үнэн сэтгэлээсээ дэмжин, давахад нь магнайгаа хагартал баярладаг, монгол түмэн минь сайхан юм даа. Наадамчин олны уухай, хүмүүсийн урам хайрласан сайхан үгийг сонсоод нутгийн минь уул ус, зон олон намайг дагаад цэнгэлдэхэд ирчихсэн мэт сайхан санагдаж билээ. 

-Харин зургаагийн даваанд ямар бөхөд өвдөг шороодсон билээ?

-Архангай аймгийн уугуул, улсын гарьд Д.Рагчаад унасан. Шуудагны барьцыг нь халуулах гэж байгаад хойш алхахдаа гишгэдэл алдаад өвдөг шороодсон. Цол даваандаа ханалгүйгээр даваа өгсөнө л гэж барилдсан. Гэхдээ дараа жилийн наадам ойрхон байна шүү дээ. 

-Таны дархан мэх?

-Ихэвчлэн золгоон дээрээс хавирах эсвэл тонгордог. Хав барьцнаас барилдахад ч дөхөм байдаг. 

-Таныг үндэсний бөхөөс гадна самбо, жудо бөхөөр хичээллэдэг гэж сонссон юм байна?

-Жүдо бөхөөр нэг хэсэг хичээллэсэн. Жүдогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн. Самбо бөхөөр насанд хүрэгчдийн улсын аварга болж байлаа. Самбо жудогоор хичээллэх нь үндэсний бөхөөр барилдахад багагүй дөхөм болдог шиг надад санагддаг. 

-Энэ жил улсын начин цолонд хүрсэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Б.Бадамсүрэн та хоёрыг багын найзууд гэх юм билээ?

-Бид хоёр нэг гол дээр тоглож өссөн яах аргагүй хар багын найзууд. Завхан аймаг тэр дундаа Алдархаан сумаас хоёр ч улсын цолтон төрлөө. Энэ бол тэр бүр тохиолдоод байдаггүй ховор завшаан. Завхан аймгийн Идэр сумын уугуул, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан одтой сайхан барилдаж, үзүүрлэн, улсын гарьд цол хүртсэн. Ер нь энэ жил Завхан нутгийн бөхчүүд өнгөтэй сайхан барилдлаа. Сайхан байлаа.  

-Ярилцсанд баярлалаа.

-Монгол бөхийн босоо цагаан хийморь уншигч түмнийг минь ивээх болтугай.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Лос анжелосын алдартнуудын гудамжинд хөл гарын хэвээ үлдээсэн анхны Солонгос жүжигчин Ли Бьюн хун

-Ирэх онд нээлтээ хийх Тернинатор цувралын дараагийн ангид гол дүр бүтээнэ- 


•    Нэр: Ли Бьюн Хун
•    Төрсөн өдөр: 1970 оны долдугаар сарын 12
•    Төрсөн газар: Өмнөд Солонгосын Сөүл хот
•    University:  Солонгосын “Chung-Ang”-ийн ахлах сургууль, “Hanyang” их сургууль  
•    Үндсэн мэргэжил: Францын уран зохиол, Театрын урлаг
•    Өндөр: 1 метр 78 cм
•    Цусны бүлэг: O
“Зочид буудлын эзэн” киноны Ким Инхагийн дүрээр монголчуудын хэзээний танил Солонгостоо төдийгүй дэлхийд хэдийн нэр алдар нь түгсэн алдарт жүжигчин Ли Бьюн Хун чинээлэг бизнесмэнийн гэрт төрж өссөн бөгөөд түүний эцэг нь 2000 онд насан эцэслэтлээ Солонгосын нөлөө бүхий бизнес эрхлэгч байжээ. Харин түүний дүү Юэн 1996 оны Солонгосын Мисс бүсгүйгээр өргөмжлөгдөж байжээ. Тиймээс түүний гэр бүлийг салбар бүрт амжилт гаргасан олны танил гэр бүл гэдгээр нь солонгосчууд хүндэтгэлтэй ханддаг юм.
1991 онд тэрээр KBS телевизийн “Asphalt My Hometown” хэмээх телевизийн олон ангит киноны сонгон шалгаруулалтад оролцон, тэнцсэн нь уран бүтээлч болох эхлэлийг нь тавьсан гэхэд болно. Үүний дараагаар 1992-1997 оны хооронд онд KBS телевизийн “Tomorrow Love”,  Son of Wind, “The Sorrow of the Survivor, “Salanaleun Jaui Seulpeum” “ Tomorrow Love”,  “Naeileun Sarang” “Days of Sunshine” болон  SBS телевизийн   “I Want”, “Flower That Never Wilt”, “Dream Racers”, “Scent of Love”, “Police” зэрэг олон ангит кинонуудад өөрийн дүрийг бүтээсээр ирсэн хөдөлмөр ч жүжигчин юм. харин 1998 онд “The Harmonium in My Memory” хэмээх олон ангит драмд гол дүр бүтээсэн нь үзэгч олон, кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан юм. Энэ үед нуруулаг, чийрэг, басхүү шалмаг хөдөлгөөнтэй тэрээр адал явдалт кино найруулагчдын анхааралд өртсөн юм. Ийнхүү тэрээр хоёр жилийн дараа буюу 2000 онд найруулагч Чан Вүүк Паркын хүйтэн дайны үеийн хоёр Солонгосын хил дээрх цэргүүдийн тэмцлийг харуулсан “Joint Security Area”-д түрүүч Со Хьюк Лигийн дүрийг бүтээв. Энэ нь түүнд олон ангит савангийн дууриас илүүтэй ганц ангит адал явдалт бүрэн хэмжээний уран сайхны кинонд дүр бүтээх сонирхлыг өдөөжээ. Нөгөө талаас Солонгосын кино урлагт утга уянгын киноны олны танил жүжигчин, дайн тулаант, адал явдалт уран сайхны кинонд тоглох зоримог шийдвэр гаргаж байгаагүйгээс гадна бүр амжилт гаргаж байсан удаагүй. Тийм ч учраас үүнийг кино шүүмжлэгчид “Ли Бьюн Хун шиг бусдыг уйлуулж, уяраасан дүрд тоглосон жүжигчин гэнэт гэмт хэрэг, зодоон нүдээнтэй киноны гол дүрд тоглохоор үзэгчид тэр бүр хүлээж авах нь үгүй. Тэгж ч чаддаггүй юм. гэтэл тэр бол үүнийг хийж чадсан. Чадах чадахдаа бүр Холливүүдэд тоогдохоор шүү” хэмээн үнэлжээ.  

“Beautiful Days” and “All In” “Bungee Jumping of Their Own” адал явдалт уран сайхны кинонуудаараа амжилтаа бататгасан гэхэд болно. 2005 онд түүний дараагийн хит уран бүтээл болох найруулагч Жи Вүн Вооны “A Bittersweet Life” хэмээх мафийн гэмт бүлэглэлийн талаарх кино нь Канийн олон улсын кино наадмаас асар өндөр үнэлгээ авсан юм. Үргэлжлүүлэн 2007 онд тоглосон “Hero”, 2008 онд Америкийн жүжигчин Жош Хартнертай хамтран Вьетнамын найруулагч Ан Хун Траны  “I Come with the Rain” зэрэг уран бүтээлүүд нь түүнийг Холливүүд “тоох” эхлэлийг тавьсан юм. Ийнхүү тэрээр 2009 онд “Paramount” кино компанийн бүтээл “G.I. Joe: The Rise of Cobra” –д Shadow Storm дүрийг гайхалтай чадварлагаар бүтээсэн учраас 2012 онд бүтээгдсэн дараагийн цуврал болох “G.I. Joe: Relalition”-д урилгаар тоглосон юм. “G.I. Joe” цувралын найруулагч Стефан Соммер Солонгост өөрийн биеэр очиж, Ли Бьюн Хунтай хамтарч ажиллах санал тавьсан юм. Энэ үеэр тэрээр Стефан Соммертай сонинд ярилцлага өгчээ. Сэтгүүлчтэй “Сайн байна уу” гэж хэрхэн мэндлэхээ түүнээс “Нанэюн Бабода” гэж хэлж өгч. Түүнийг нь сэтгүүлчид хэлтэлинээдээ барьж ядсан гэдэг. “Нанэюн Бабода” гэдэг нь солонгосоор “Би тэнэг” гэсэн үг болохыг найрууглагч маань бүүр сүүлд нь мэджээ. 2010 онд Азидаа шуугиан тарьсан уран бүтээл болох “Iris” буюу тусгай ажилтнуудын нууц даалгаврын талаар өгүүлэх энэхүү уран сайхны кинонд гол дүрд нь амжилттай тоглосон билээ.
Тэрээр “Summit entertainment”, “lionsgate” интертайнментийн уран бүтээл болох “RED 2”  кинонд Холливуудын алдарт жүжигчин Брьюс Виллес, Катерине Кита Жонс, Хелен Миррен нартай мөр зэрэгцэн тоглосон юм. Тийм ч учраас тэрээр  2014 оны гуравдугаар сард  нээлтээ хийх терминатор цувралын дараагийн анги болох “Terminator: Genesis”-ийн гол дүрүүдийн нэгээр сонгогдсон юм. Арнолд Шварцнейгер гол дүрд тоглох бол Сара коннерийн дүрд эмиле Кларк, түүний хүү Жон Коннерийн дүрд Жасон Кларк тоглохоор болсон
Тэрээр жүжигчин Ли Мин өнгөрсөн наймдугаар сард гэрлэсэн  гэрлэсэн гэдгийг кино сонирхогчид андахгүй сайн мэдэх биз ээ. Тэрээр KBS телевиз 1992-1996 онд шилдэг эрэгтэй жүжигчнээр сонгосон бол ээс шаолгарцуулдаг. 2000, 2005 оны Пусаны наадмаас шилдэг эрэгтэй дүр, 2002, 2003, 2006 онд шиллэг эрэгтэй жүжигчинд олгодог Baek-sang” шагнал, 2012 оны “Daejong Fiim” кино наадмаас гилдэг эрэгтэй жүжигчин, хамгийн нэр хүндтэй жүжигчин хэмээх шагалыг авчээ.  Харин өнгөрсөн онд 34 дэхь удаагийн “Blue Dragon” хамгийн алдартай жүжигчнээр өргөмжлөгджээ.
Түүнийг дэлхийд танигдсан солонгосын алдартан гэдгээр нь сологосчууд ихээхэн талархалтай ханддаг.    Дуучин PSY жүжигчин Ли Бьюн Хун тай дотночлон “Red 2” киноны нээлт Лос Анжелос хотод болох үеэр хоёул хамт дурсгалын зураг татуулжээ. Тэрээр Холливуудын алдартнуудпын гудамжинд 2012 оны зургадугаар сард жүжигчин Ан Сүн Кигийн хамтаар гар болон хөлийн хээгээс үлдээсэн Солонгосын анхны жүжигчид юм.

Түүний үүсгэн байгуулсан “BH Entertainment”-аас Хью Со, хан Жим Мин зэрэг олон Солонгосын кино од төрөн гарсан юм.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

З.Пүрэвсүрэн: Богд уулыг нүхэлж, нийслэлийг Төв аймагтай холбосон нүхэн гарц байгуулах цаг нь иржээ

-НИЙСЛЭЛ ХОТОО УТААНААС САЛГАХ ЦОРЫН ГАНЦ АРГА-

Ахмад инженер З.Пүрэвсүрэн Богд уулыг нүхлэн Төв аймгаас Улаанбаатар орох замыг дөтөлж Улаанбаатарын гэр хорооллыг Богд уулын өвөрт гаргах саналыг 1988 онд сэдсэн нэгэн. Тухайн үед энэхүү саналаа өргөн олонд, эрх баригчдад танилцуулж байсан хэдий ч төдийлөн ойшоогоогүйгээр барахгүй дархан цаазтай уулыг хөндөх гэсэн эсэргүү нөхөр гэгдэж явжээ. Харин нийслэлийн хүн ам нэмэгдэж, хот өргөжин тэлэхийн хирээр шинэ суурьшлын бүс байгуулах тухай эрчимтэй яригдах болсон. Дэд бүтцийг нь хамгийн оновчтой, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх ёстой учраас Богд уулын доогуур нүхэн гарц барих нь хамгийн оновчтой санал болох талаар тэрээр онцолж байна.  

-Богд уулыг нүхэлж, нүхэн гарц барих санаа танд хэрхэн төрөв?

-Барилгын инженер мэргэжилтэй хүний хувьд нүхэн гарц, хоолойн барилгыг сонирхдог юм. Өөрийн энэ сонирхлоо эх орондоо хэрэгтэй, бүтээлч байдлаар ажил хэрэг болгохыг хүссэн учраас Богд уулыг нүхлэх санаагаа сэдсэн хэрэг. Өөрийн энэ санаагаа сонин хэвлэлд нийтлүүлж олны хүртээл болгоё гэсэн ч тухайн үедээ ойшоодоггүй байсан. Харин Монгол телевизийн хамт олон миний энэ санаагаар нэвтрүүлэг бэлтгэж анх олны хүртээл болгож байсан. Харин өнөөдөр дэд бүтцээ сайжруулах талаасаа ч улсын хөгжил талаасаа ч зайлшгүй нүхэн гарц барих цаг нь болчихоод байна. 

Нөгөө талаас энэ асуудал сүүлийн хорь гаруй жил огт орхигдолгүй явсаар ирсэн бөгөөд надаас гадна үе үеийн холбогдох албан тушаалтнууд ярьж хэлсээр ирсэн нь шийдвэрлэвэл зохих ямар амин чухал асуудал болохыг бэлхнээ гэрчилнэ. 

Нүхэн гарц баригдсанаар хүн амын хэт төвлөрлийг сааруулна, суурьшлын шинэ дэд төв байгуулагдана, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг нийслэлтэй холбох хамгийн дөт зам болох зэрэг давуу талтай. 

-Таныг энэ саналыг гаргаж байх үед нийгмийн сэтгэлзүй арай өөр байсан. Өөрөөр хэлбэл нүхэн гарц байгуулах чухал шаардлагагүй байсан гэдэгтэй санал нэг байна. Харин өнөөдөр яагаад энэ асуудлыг нэн даруй ажил хэрэг болгох ёстой гэж хотын удирдлагуудад энэ саналаа танилцуулав уу?

-Төсөв мөнгө нь батлагдчихвал улс орны эдийн, засаг хөгжилд асар их хувь нэмрээ оруулна. Хамгийн анх НИТХ-д танилцуулж байсан. Тухайн үед хотын орлогч даргаар ажиллаж байсан Гансүх “Хотын хэтийн ирээдүйд ашигтай ч өнөөгийн төсөв хөрөнгөөс хэт давсан ажил байна” гээд хойш тавьсан. Гэхдээ нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгуулж чадсан. 

Түүний дараа Барилга хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байхдаа У.Уртнасан миний саналыг хэрэгжүүлэх тал дээр ихээхэн анхаардаг байсан. Тэрээр “Ажлын зургаа бэлэн болго. Хэд хэдэн хувилбартайгаар хий” гэснийг нь ёсоор болгосон. Түүний дараахан Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга намайг хүлээж авч уулзсан. Мөн л гадаадын тусламж дэмжлэгтэйгээр ажил хэрэг болгох талаас нь хөөцөлдье гэж байсан. Энэ мэтчилэн эрх баригчид намайг хүлээн авч уулзаж, миний санааг дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Хамгийн сүүлд гэхэд БОНХЯ-ны дэд сайд надтай уулзах үеэрээ “Үүнийг хэрэгжүүлэх цаг нь болсон. Саяхан залуу бизнес эрхлэгчдийн клуб байгуулагдсан. Тэд эх орноо хөгжүүлж, аятай тухтай амьдралыг бий болгох санал санаачлагуудыг жинхэнэ ажил хэрэг болгохоор ажилладаг юм. Клубын гишүүдийн уулзалт дээр таны Богд уулыг нүхлэх санал яригдсан. Ажил хэрэг болгоход бид бэлэн байна” гэсэн. Би түүнд техник эдийн засгийн үнэлгээг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. 

Ерөнхийлөгч П.Очирбатын үед Налайхын уурхайн үйл ажиллагаа зогсонги байдалд орчихсон байх үед тэрээр “Богд уулыг нүхэлдэг арга байна гэнэ. Ажилгүй болсон уурхайчдаа нааш татаад нүхэн замыг ухуулъя” гэж хүртэл байсан. Тухайн үед нь л энэ ажлыг эхлүүлчихсэн бол ажил дуусах шатандаа орчихсон байх байсан даа. 

-Хичнээн эгнээ авто зам бүхий, хэдэн км урт нүхэн гарц байх юм бол? Бас нүхэн гарц байгуулах хоёр ч хувилбар боловсруулсан гэсэн байх аа?

– Аль хувилбараар нь барихаас шалтгаалаад нүхэн гарцын урт харилцан адилгүй байна. Эхний хувилбар нь Зайсангийн ар өврөөс Манзуширын хийд хүртэл 11 км нүхэн гарц.  Нөгөө нь Нүхтийн өмнөх хөндлөн уулыг дөрвөн км нүхэлчих юм бол хуучны Бугын сангийн аж ахуй руу гарах бололцоотой. Энэ замаа цааш нь гуравхан км үргэлжлүүлээд одоогийн баригдаж буй хурдны замтай холбочихно. 

Харин нүхэн гарцын хувьд тус бүр есөн метрийн диаметртэй зэрэгцээ гурван нүхэн гарц байгуулна. Нэг нүхээр нь замаа, нөгөөгөөр нь агааржуулалтаа, гурав дахиар нь инженерийн шугам сүлжээгээ явуулахаар тооцсон. Өрөмдлөгийн аргаар ухах нь байгаль орчинд ямар ч хөнөөлгүй. 

-Энэ ажилд хэдий хэр хөрөнгө зарцуулагдах бол?

-Нэг км, нэг эгнээ газар доогуурх нүхэн гарц барихад 100 мянган ам.доллар хэрэгцээтэй гэсэн жишиг тооцоо бий. Сонирхуулж хэлэхэд 20 гаруй жилийн өмнөх тооцоогоор таван тонн алттай бол Богд уулын нүхийг ухчих юм байна гэсэн тооцоо гарч байсан. Гэхдээ дан ганц эдийн засаг талаас нь л судалсан гэж ойлгож болохгүй. Техник эдийн засаг, улс төр, ёс суртахуун гээд тал талаас нь нарийн судалсан. Баабар улс төр, эдийн засгийн ач холбогдлын талаас нь тайлбарлаж дэлгэрэнгүй нийтлэл бичсэн. Харин би техникийн талаас нь буюу нүхээ ухахад нэг метр тутамд хэдэн төгрөгийн зардал гарах, бусад улс орны уул нүхэлсэн туршлага, манай орны нөхцөлд гарч болох хүндрэл бэрхшээл талаас нь сайтар судалсан. Уулыг нүхлэх байтугай далай тэнгис доогуур 30, 40 км-ийн нүхэн гарц хийчихээд байгаа өнөө үед нүхэн гарц барих технологи улам л боловсронгуй, бага зардал өртөгтэй болоод байна.

-Нүхэн гарц барихад санхүүгийн бэрхшээлээс өөр хүндрэл байна уу?

-Бодит ажил болгохын тулд мэдээж дахин зураг төслөө боловсруулах нь тодорхой. Дотоодын мэргэжилтэн боловсон хүчин энэхүү зураг төслийг бүрэн хийчихэж чадна. Гагцхүү санхүүжилт дээрээ л гацчихаад байна. Ажиллах хүчний хувьд дотоодоосоо бүрэн хангачих бололцоотой. Боломжгүй бол гадаадын ажилчдыг авчрахад нэг их хүндрэлгүй. Улаанбаатарт баригдах метроны төслийн Япон, Солонгосын талын зураг төсөлд хоёуланд нь мэргэжлийн үүднээс оролцсоноос гадна барилгын салбарт маш олон жил ажиллаж багагүй туршлага хүримтлуулсан хүний хувьд энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэх бололцоо надад бүрэн бий.

М.УУГАН-ЭРДЭНЭ