Categories
редакцийн-нийтлэл

Хүүхдүүд хүүхдүүддээ сэтгэлийн дэм өглөө

“Оюунлаг үр сад” төрийн бус байгууллагын санаачилгаар Ата­тур­кийн нэрэмжит тавдугаар сур­гуулийн авьяаслаг сурагч Ц.Ухаан­заяа, хүүхдийн эстрад дууны “Инээм­­сэглэл” болон бүжгийн “Яргуй” хамтлагийнхан Нийслэ­лийн Засаг даргын дэргэдэх хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн Амгалан дахь тусгай цогцол­борын хүүхдүүдэд өөрсдийн уран бүтээ­лийн дээжээс сонирхуулахын сацуу хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж нэгэн өдрийг хамтдаа инээдээр бялхаж, аз жаргалтай өнгөрүүлсэн юм.

Тус газар нь үйл ажил­лагааны­хаа цар хүрээг өргөсгөн, насанд хүрч, асрамжийн газраа орхиж буй залуусыг нийгэмд хөлөө олоход нь тус дэм болох зорилгоор залуусын сургалт, хүмүүжлийн цогцолбор болж байгаа ажээ. Гарын бэлэг, тоглолтын хувцас, хэрэглэл тэргүүт­нээ хамтлагийн охид арайхийн өргөсөөр дотогш ортол үүдэнд тааралдсан хоёр хүү “Эгч ээ, би өргөлцье”, “Ах аа, би туслах уу” гэсээр тусаллаа. Биднийг ирэхийг цаг гаруй томоотой сууж хүлээсэн хүүхдүүд арга буюу өглөөнийхөө унданд орохоор явсан, удахгүй ороод ирнэ гэдгийг Хүүхдийн төвийн эрхлэгч Б.Туул дуулгасан юм. Жаахан хүүхдүүдийг чилтэл хүлээлгэсэндээ санаа зовсон бид ажлаа амжуулах гэсээр байгаад оройтсон шалтгаанаа замын түгжрэл рүү “чихэхээс” өөр арга олдсонгүй. Хамтлагийн охид тоглолтын бэлтгэлээ хангах хагас цаг гаруйхан хугацаанд заал хүүхдүүдээр пиг дүүрчихэв. Тэдний дунд багачууд нь өнгө өнгийн платье, шинэ гутал хувцас өмсөж, үс гэзгэндээ янз бүрийн өнгө, хэлбэр дүрстэй даруулга зүүж гангалсан нь содон харагдаж байлаа. “Инээмсэглэл” хамтлагийн охид “Anemone”-ийн “Надад мө­рөө­дөл бий” хэмээх дууг дуулсны дараагаар тэдэнтэй мөрөөдлийн талаар ярилцсан юм. Бүгд л өөрс­дийнхөө мөрөөдлийн талаар нэгнээсээ ам өрсөн шаагилдана. “Би эмч болохыг мөрөөддөг” гэн­гүүт хажуугаас нь “Би энэ дэлхийн хамгийн алдартай эмч. Би өвчтэй хүн хүрэнгүүт эдгэрдэг тийм алдар­тай эмч болно” гэх зэргээр нэгний­хээ хэлснийг “давслан”, “хачирла­саар” жинхэнэ мөрөөдлийнхөө хязгаарыг үзэв бололтой. 

Тэдэнд мөрөөдлөө зургаар дүрсэлж, үгээр илэрхийлэх боломж олгох үүднээс гар зургийн болон шүлгийн уралдаан зохион бай­гуул­сан. Тэдний зураг бүхэн нар­тай, нар болгон нь инээмсэг­лэснээс гадна гэр, байшингийн дэргэд хоёр гозгор хүний дунд намхан бас жижигхэн ганц, хоёр, зарим нь бүр тав зургаан ч хүн зурсан харагдав. Бүгд л захын хоёр өндөр гозгор хүнээ “Энэ бол аав, энэ ээж” гэснээ намхан жижгүү­дийг нь “Энэ би, хажуудах нь манай ах” гэх зэргээр тайлбарлаж байсан юм. Мөн өөрсдийн мөрөөдлөө шүлэглэн бичихдээ ч хүртэл нэрийнх нь эхний үсгийг нь л мэдэх аав, зүсийг нь үл мэдэх ээжийгээ магтаж мөнхлөхөө мартаагүй байсан юм.

Дэргэд маань А.Итгэлтбаатар хэмээх 10 настай хэрсүү хөвгүүн ирж сууснаа элдэв асуултаар “булж” гарлаа. “Та хаанаас ирсэн юм, таныг хэн гэдэг юм, та дахиж ирэх үү, манай өрөөнд орж үзэх үү” гэх зэргээр асуух завсраа намайг налж, гар хуруугаар минь оролдож суулаа. Тэгснээ “Ах аа би таны өвөр дээр суучих уу” гэхээр нь толгой дохитол жигтэйхэн баярлаад л гараад суучихав. Тэрээр төрсөн өдрөө өнгөрсөн долоо хоногт тэмдэглэжээ. “Төрсөн өдрөөр минь хоёр багш бас ах маань” гээд л бэлэг өгсөн хүмүүсийнхээ нэрийг нэг нэгээр нь хэлэх бүртээ чигчий хуруунаасаа эхлээд хуруугаа нэг нэгээр нь гозойлготол гурав болов. Гуравхан хуруу гозойлгочихоод “Надад ийм олон хүн мөнгө, дэвтэр, бал, харандаа, чихэр бэлэглэсэн” хэмээн таатай нь аргагүй маадайн сууна. Тэрээр ирэх жилийн төрсөн өдрөөрөө заавал ирээрэй гэж надаас хүссэн билээ.

“Яргуй” хамтлагийн ардын болон хип хоп урсгалын бүжгээр хүүхдүүдэд бэлэг барьсан юм. Түүнчлэн хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцол­борын сурагчид ч өөрсдийн бэлт­гэсэн монгол ардын шүлэг дуу, бүжгээ бидэнд сонирхуулсан. Төгс­гөлд нь маргааш Улаанбаатар чуул­гын концертын их танхимд уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо хийх гэж буй Ц.Ухаан­заяа охин өөрийн тоглолтын та­сал­бараа “Огторгуйд дүүлэн одох мо­торт дугуй” хүүхдийн номын хамтаар хүүхэд бүрт бэлэглэсэн юм. 

Хамтдаа дуулж, бүжиглэн инээ­дээр цалгисан бүтэн өдрийг өнгө­рүүлсэнд талархсанаа илэр­хий­лэн тус цогцолборын хүүхэд, залуус

Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд

 Хүж дэлхийд би хүслийн дуугаа дуулмаар байна

 Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг

Ялгуун сарны дор үгээр хэлэ­хийн аргагүй хэмээн дуулсаар биднийг үдсэн билээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Оросын гэх байрны оршин суугчид шүүхэд ханджээ

Баянзүрх дүүргийн 4-р хорооны
14-р байр, хуучнаар Оросын гэгдэх байрны оршин суугчдын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд
мэдээлэл хийлээ. Уг орон сууцанд 125 айл амьдардаг бөгөөд тэдний нэг хэсэг нь ОХУ-ын
худалдааны төлөөлөгчийн газарт, нөгөө хэсэг нь  “Эдельвайс” ХХК-д, үлдэх хэсэг нь ОХУ-ын РЦНК(Шинжлэх
ухаан, соёлын төв )-д төлбөр төлдөг байна. Эдгээр гурван байгууллага оршин суугчдаас
авах төлбөрийн хэмжээ харилцан адилгүй, мөн төлбөрийг ам.доллараар тооцож авдаг
гэнэ. Ус, цахилгаан, дулааны төлбөр нь бусад байртай харьцуулахад 2-3 дахин
өндөр, монгол иргэдтэй түрээсийн гэрээ хийдэггүй учраас гадаад хүний нэрээр
оршин суудаг, тодорхой эзэн өмчлөгчгүй тул огт засвар үйлчилгээ хийдэггүй зэрэг
хэрэглэгчийн эрхийг олон хэлбэрээр зөрчиж байна гэлээ. Тиймээс оршин суугчид Нийслэлийн
захиргааны хэргийн шүүх болон ШӨХТГ-т гомдол гаргаад байгаа аж.

Уг байрыг ОХУ-ын өмч хэмээн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон өмнөх нийгмийн
баримт бичгийг өнөөг хүртэл хүчингүй болгоогүйн улмаас оршин суугчид ийнхүү олон
жил байраа өмчлөх, холбогдох үйлчилгээ авах зэрэг эрхээ эдэлж чадахгүй байгаагаа
мэдээллээ. Мөн тус байрны автомашины ил зогсоол байсан нийтийн эзэмшлийн талбай
дээр “Эдельвайс” ХХК 16 давхар 96 айлын орон сууц барьсан, хүүхдийн тоглоомын
талбай болон ногоон байгууламжийг сүйтгэж автомашины ил зогсоол барьснаас
хүүхэд багачууд тоглоомын талбайгүй болсон гэв.

Хуучин “Оросын мэргэжилтнүүдийн”
гэгдэж байсан 14-р байрны оршин суугчид зөрчигдөж буй хууль ёсны эрх ашгаа
хамгаалуулах, оршин суугчдаас олон жилийн турш хураан авч буй “Эделвайс” ХХК-ий
зүй бус давхар түрээсийг хүчингүй болгох, уг байрыг одоо оршин сууж байгаа
иргэдэд нь хувьчлах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг хүсч Нийслэлийн Захиргааны
хэргийн шүүх, ШӨХТГ-т тус тус хандаад байгаа аж.