Categories
редакцийн-нийтлэл

Украинд санаа нь зовж, валютын ханш сурагласан ОРХОНЫХОН

Нар уулын оройгоос тохой өндөрт мандаж байхад Булган аймгийн Орхон
суманд ирлээ. Ногоон, улаан дээвэртэй хэдхэн байшин бүхий сумын төвийг хараад “Сумын
төвд амьдардаг хүмүүс ганцаардал гэдгийг мэддэггүй байх даа. Танихгүй хүн байхгүй
юм чинь” гэсэн бодол тээн явав. Сумын төв рүү орж хавь ойроор хараа бэлчээн явахад
нэг ч хүн харагдсангүй. Нөгөө “Гамингийн хөлөөс дүрвэжээ” гэгчээр хүн ам нь тэр
чигтээ гэр бараагаа хаяад зугтаачихсан ч юм шиг. Бүр гайхаж хоцров. Сумын төвдөө
орж ирүүт хүн битгий хэл нохой харагдсангүйд айх гайхах зэрэгцэв. Ирэх замдаа “Сумын
Засаг даргын тамгын газар нь хаана юм бол. Эмнэлэг, цагдаа нь хаагуур байдаг бол”
гэж бодож байсан. Гэтэл ганц ч хүн харагдахгүй байгаад нь ингэж гайхлаа.  Ашгүй нэг сүүлээ цагираглан наранд ээн хэвтэх
дөрвөн нүдтэй банхар дэлгүүрийн үүдэнд залхуутайяа эвшээж байна. Нохой байгаа юм
чинь эзнээ дагаж яваа байлгүй гэж бодон дэлгүүр рүү орлоо. Худалдагчаас гадна гурван
хүүхэн хошуу нийлүүлчихсэн зогсож байна. Украины бослогоос үүдэн өчнөөн хүн амь
үрэгдэж байгаа талаар мөн улаан Долгорын хүү Батхуяг эхнэрээсээ сал­чих­сан талаар.
Бас Сүхээ өчигдөр орой гэртээ агсан тавьж авгайдаа мартын бэлэг барьсан юм байх
гэхчлэн хавь ойрын хов базаж байлаа. Тэд­ний яриаг чагнангаа шилэн лангууны цаадах
бараа руу нүд бэлчээлээ. “Алпен голд”, “Гоё” ундаа, “Юбилейное” жигнэмэг, чупа чупс,
чоко пай гээд хүнсний дэлгүүрт байдаг юм юм л байна. Ундаа 1200, шоколад 1700 төгрөгийн
үнэтэй юм.

Хотын дэлгүүрээс
200-300 төгрөгөөр илүү үнэтэй ажээ. Харин барааны саван, шампунь, вокныхоо үнийг
нэг их нэмэлгүй зардаг юм болов уу даа. Худалдагч эмэгтэй хэсэг харж байснаа “Та
нар хотоос яваа юм уу” гэж байна. “Тийм ээ” л гэлээ. “Хаа хүрэх юм, хотод долларын
үнэ тэгж их өсөөд байгаа юм уу. Юмны үнэ нэмэгдээд болохоо байж байгаа сонсогдох
юм” гэв. Тэгтэл Украины бослого, сумын төвийнхний хов живийг ярьж дуусаад өмнөх
орой нь сумын соёлын ордонд болсон тоглолт тийш яриагаа хандуулан лангуу түшин зогсох
өнөөх эмэгтэйчүүдийн анхаарал бидний зүг чиглэж орхив. “Манай сумынхан бүжиг наадмаар
цангасан байна лээ шүү. Тоглолтын дараа шууд тарчих юм байх гэж бодсон чинь сандал
холдуулаад тэр бүжиглэж байгааг харав уу” гэж ярьж байснаа “За дүү нар хаа хүрэх
нь вэ” гээд сониучирхаж байна. Сониноос яваагаа дуулгатал “Пээ базарваань, “Өдрийн
сонин”-ы сурвалжлагчид юм уу.

За хэдэн эгч нь ам халаад юу ч ярьчихаж мэднэ. Бушуухан шиг гаръя”
гээд ум хумгүй шуртхийн одов. Бүр хүүе гэхийн завдалгүй гараад явчихлаа. Худалдагч
эгч санаа зовсон бололтой “Яаж байгаа хогнууд вэ. Хөг­шин авгай нар байж год­гоносон
охид шиг гарч гүйлдээд” гэсээр хоцорлоо. Тэгснээ “Та хоёр сурвалжлага, ярилцлагаа
дарга нараас авах юм байгаа биз дээ. Мань мэт юугаа ярихав. Харин хотын хүүхдүүд
байна даа, эгчийнхээ утсыг интернэтэд холбоод өг. Манай суманд вай пи холбогдсон”
гэсээр гар утсаа гаргаад ирэв. “Samsung S-II” утсыг хотод байдаг том охин нь барьж
байгаад ээж рүүгээ явуулжээ. Охиноосоо ирсэн утсаар интернэтэд орж орифлэймээс бараа
захиалдаг болмоор байгаа гэнэ. Эндхийн хүүхнүүд бараг бүгд орифлэймийн хэрэглэгч
гэсэн. Тиймээс түүнд хам­гийн гүйлгээтэй бараагаа интернэтээр захиалах тун чухал
хэрэгцээ байна гэж тайлбарлаж гарав. Орхон сум тэр чигээрээ утасгүй интер­нэтэд
холбогдоод долоо хонож байгаа юм байна. Сумын иргэд хөгшин залуугүй вай пидах тухай
ярьж байгаа ажээ. Вай пи гэдэг нь “Wi Fi” буюу утасгүй интернэтийг хэлж байгаа хэрэг.
Интернэтэд холбогдоход хурд нь тун болом­жийн ажээ. Интернэт ярьж тав арван минут
хэртэй болоход гаднаас хүн орж ирсэнгүй. Ер нь орлого тийм ч сайн биш гэсэн. Мэдээж
хэрэг өдөр бүрийн орлого харилцан адилгүй ч гэлээ өдөрт 20-30 мянгын орлоготой буудаг
гэж байлаа. Сумын хэмжээнд хэд хэдэн дэлгүүр бий бөгөөд архи, согтууруулах ундааны
тусгай зөвшөөрөлтэй гурван дэлгүүр байдаг юм байна. 

Дэлгүүрээс гартал хоёр хүүхэн сугадалцаад алхаж явна. Араар нь мотоцикль
дээр сундалдсан хоёр залуу өнгөрч байв. Хотын түм түжиг­нэсэн олон хүн харж дассан
болохоор хүнгүй байна гэж айгаад байсан юм байна. Түүнээс сумын төвийн амьд­рал
үргэлжилсээр л бай­гаа ажээ. Хүн амьдарч л бай­гаа юм байна гэж инээлд­сээр дэлгүүрийн
араар тойрч гудмаар хэсэг алхлаа. Лав л нүдэнд тусах хог харагд­сангүй. Жигтэйхэн
цэмцгэр юм гээч. Урдаа хуцны хөшөө­тэй нэг давхар тоосгон байр цаг­даагийн хэсэг
ажээ. Жижигхэн тоосгон байшингийн үүдэн хэсэгт самбар хадчихаж. Өнгөр­сөн зун хулгайд
алдсан малыг эрэн сурвалжилж бай­гаа, малын хулгайгаас бол­гоомжлох тухай зар байна.
Дотроо ганцхан байх өрөөгөөр шагай­вал ширээний ард хоёр цагдаа, наана нь нэг эмэгтэй
сууж байна. “Хүнтэй байна. Цаанаа хүлээж бай” гэж ахлах дэслэгч хэлэв. Хүлээлээ.
Нэг их удсангүй өнөөх эмэгтэйг гарч явахаар нь орлоо. Орхон сумын Засаг даргын Тамгын
газрын дэргэдэх Цагдаагийн алба гурван алба хаагчтай юм байна. Хэсгийн төлөөлөгч,
ахлах дэслэгч Г.Жамсранжав, ахлагч Э.Оргил-Эрдэнэ хоёр энд гурав дахь жилдээ ажиллаж
байгаа ажээ. Уг нь хоёулхнаа байсан цагдаагийн алба саяхнаас дэд ахлагч Б.Нямбаяр
гэж замын цаг­даа­тай болжээ. Замын цаг­даа нь урьд шөнө ээлжтэй хоносон учраас
эзгүй байв. Нөгөө хоёр нь ширээнийхээ ард “Dell”-ийн нөөтбүүк тавь­чихаж. Мессэнжердэж
байсан бололтой байсгээд л “BUZZ!” ирж байгаа нь яриан дундуур сонсогдож байв. Ахлах
дэслэгч Г.Жамсранжав бидний бичиг баримттай танилцсаныхаа дараа “Хотод утаа гамшиг
болсон гээ биз дээ. Тэгвэл орон нутагт малын хулгай гамшгийн хэм­жээнд хүрчихээд
байна” гэж байна. Тус сумын хоёр, дөрөвдүгээр баг Эрдэнэт, Заамартай залгаа учраас
малын хулгай газар авчээ. Энэ хоёр том зах зээл байгаа учраас шөнө алга болсон мал
өглөө нь гэхэд мах болчихсон байдаг гэнэ. Ченжүүд хулгайн мал гэдгийг мэдсээр байж
авчихдаг. Тэгээд ч малын хулгайн ял зөөлдөөд байгаа болохоор улам бүр гаараад байна
гэлээ. Мөн модны хул­гай цагдаа нарын шүдний өвчин болжээ. Хот руу тэр бүр зөөхгүй
ч аймгийн төв, Эрдэнэт рүү хулгайн модны цуваа тасардаггүй гэнэ. Дээрх хоёр асуудалд
гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тухайгаа дуулгав. Харин гэр бүлийн маргаан,
зодоон цохион, хулгай дээрмийн асуу­дал анхаарал татах хэмжээнд хүртлээ гарахгүй
ч гэлээ ер нь л тасардаггүй ажээ. Түрүүхэн бидэнтэй зөрөн гарч явсан эмэгтэй л гэхэд
ажил дээрээ сууж байгаад хамт ажилладаг залуудаа зодуулсан байгаа юм. Суман дээр
гардаг иймэр­хүү хэргүүд голдуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байдаг учраас тэгсгээд
л хаагддаг бололтой юм. Харин орон байрны буюу айл тонодог хулгай нэг хэсэг их гардаг
байсан гэнэ. Айл ухахдаа гаршсан Г.Ганболд гэж алдартай хулгайч ч байж. Шүүхээс
хорих ял сонсож шоронд ял үүрч байгаа боло­хоор Орхон сумынхан нэг хэсэгтээ л тайван
байсан гэнэ. Гэлээ ч сумандаа нэр­тэй хулгайч өнөө хэр бас л хэд хэд байгаа ажээ.
Үйл­дэл дээр нь барих, эсвэл нүдээр харснаа гэрчлэх хүн байхгүй болохоор өнөө хэдэн
хулгайч айл хунар тоноод яваад л байгаа юм байна. Орхон сум өнгөрсөн долдугаар сараас
замын цагдаатай бол­жээ. Замын цагдаа мэдээж хэрэг гудманд зогсож хөдөл­гөөн зохицуулахгүй
ч гэлээ Орхоны гүүрэн дээр шинээр баригдсан постон дээрээ гар­даг ажээ. Мөн долоо
хоногт нэг удаа Булган аймгийн замын цагдаагийн хяналтын цэг дээр гарах хуваарьтай
гэсэн. “Автозамын осол гарахгүй, түгжрэл үүсч хөдөлгөөн удааш­рахгүй болохоор хийх
юмгүй байдаг байх даа” гэж бодогдоод явчихав. Гэтэл хэдий техник хэрэгслийн хөдөлгөөн
бага байдаг ч гэлээ автын осол гардаг гэнэ. Гурван жилийн өмнө л гэхэд сумын эмнэлгийн
машин гудманд явж байгаад өөр машинтай мөргөлдөж байсан юм байна. Яг л 1900-гаад
оны эхэн үед Монголд байсан хоёр машин хоорондоо мөргөлдсөнтэй адил сонсдлоо. Мөн
өнгөрөгч зун дугуйтай явж байсан хүүх­дийг суудлын машин мөргөж осол гаргасан байгаа
юм. Хэдий хүн ам сийрэг ч гэлээ авто машины осол мэр сэр гардаг ажээ. Харин сумын
төвд нэг ч баар, караоке байх­гүй учраас үдэш оройн цагаар харьцангуй тайван байдаг
гэсэн. Хоёр цагдаа ийн ам нь нэлээн халах янз­тай ярьж байснаа “Манай суманд хөрөнгө
оруулалт овоо л хийгдэж байна. Өнгөр­сөн долдугаар сард 10 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар Орхоны гүүрэн дээр замын цагдаагийн пост­той болсон. Удахгүй манай хэлтэст
машин авч өгөх байх” хэмээн ярилаа.  

Тэндээс гарч сумын төвөөр жаал алхав. Яваад байх ч газар байхгүй
юм. Төрийн банк, Хаан банк, соёлын төв, эмнэлэг, цэцэрлэг, есөн жилийн сургууль
байна. Сумын хамгийн өндөр буюу ганцхан байх хоёр давхар байшинд захиргаа байдаг
ажээ. Ортол Засаг дарга, Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын дарга, Там­гын газрын дарга
нь эзгүй байв. Захиргаанд ажилладаг нэгэн талийгаач болж, ажил явдалд нь оролцохоор
явжээ. Үдээс хойш 14 цагт ирнэ гэнэ. Үдээс хойш харин мартын найм­ны хүлээн авалттай
гэж байв. Биднийг Орхон суманд очсон өдөр мартын наймны өмнөх өдөр байсан болохоор
захиргааны эрчүүд хүүхнүүдээ хүлээж авах гээд тэрүүхэн тэндээ хөл болж байлаа. Захиргааны
байрнаас сургууль руу халуун савтай цай, нийслэл салат зөөж гүйлдээд байх юм. Сургууль
ардхан талд нь учраас хүлээн авалтаа сургуулийн зааланд хийхээр болжээ. Гэхдээ эх­лээд
бүсгүйчүүдийнхээ дунд гар бөмбөгийн тэмцээн зохиож аваргаа шалгаруулах юм гэсэн.
Үргэлжлүүлээд сүүтэй цай, нийслэл салат, буузаар дайлах хөтөлбөр боловсруулжээ.
Биднийг хараад баярын зоогондоо урьж байна. “Эмэгтэй л хүн юм чинь хаанаас ирсэн
нь бас сурвалжлагч байх нь хамаа юу байна. Манайхантай хамт марталчих. Сумын залуус
тэнд л цуглана ш дээ” гэв. Урилгыг нь хүлээж аваад 14 цагт эргэж ирэхээр болоод
захиргаанаас гарлаа. Суманд ганцхан байх есөн жилийн сургуулиар оров. Хичээл тарчихсан,
жижүүр хүүхдүүд ангийнхаа шалыг угааж байна. Анги бүр ганцхан бүлэгтэй гэнэ. Сумын
хоёр, дөрөвдүгээр баг Эрдэнэттэй ойрхон болохоор сургуулийн насны хүүхдүүдээ Эрдэнэт
рүү алдчихаад байдаг ажээ. 1980-аад оны үед 600 хол давсан сурагчтай байсан сургууль
өдгөө 100 гаруйхан сурагчтай хичээллэдэг болжээ. Ардын боловсролын тэргүүний ажилтан
С.Пагма багшийн дааж авсан нэгдүгээр ангид л гэхэд 13 хүүхэд байгаа юм байна. Ангидаа
зурагттай, гар угаах угаалтууртай, ус буцалгагчтай, танин мэдэхүйн самбаруудтай
юм. Хувцас солих өрөөндөө хивс дэвссэн. Тэндээ хүүхдүүд гутлаа солин гэрийн шаахай
өмсөж анги руугаа ордог ажээ. Сургууль тэр чигтээ дулаахан гэж жигтэйхэн юм. Үүдээр
ороход л пүн хийгээд явчих юм билээ. Сургуулийн дотуур байр ч дулаа­хан сайхан ажээ.
Дотуур байранд 20-иод хүүхэд суудаг гэсэн. Өрөөндөө дөрөв дөрвөөрөө байдаг тэд өдрийн
хоолоо идэхээр гал тогоо руу явсан байв. Араас нь ортол гоймонтой шөл, буузтай идэж
байна. Хоолны дараа байр руугаа орж гэрийн даалгавраа хийнэ гэлцэж байсан юм.

Орхон сум төвийн халаал­тад холбогдож өнгөр­сөн намраас бүх албан
бай­гуул­лагаа нэг шугамаар халааж байгаа ажээ. Сумандаа уурын зуухтай учраас шугам
хөлдөх зэрэг асуудлаас айх хэрэггүй болж. Уурын зуухны хажууханд байх халуун усны
газраар шагайв. Бүтэн сайнд халуун ус дараалал ихтэй болохоос бусад өдөр нам гүмхэн
байх ажээ. Дотроо үсчинтэй юм. Үсчнээр нь толгойгоо угаалгалаа. Хотын төвийн гайгүйхэн
үсчдийн хэрэглэдэг “Dove” шампуниар угааж байна. Хатаасныхаа дараа “Хэлбэр гаргаж
сэнсдүүлэх үү, индүүдэх үү” гэхээр нь сэнсдчихээ л гэлээ. “За энэ үсийг халуун сэнсээр
сэнсдэх үед гэмтэхээс хамгаалдаг цацлага шүү” гээд “Londa”-гийн шүршигч хэрэглэв.
“Энэ буйдхан газарт яасан нандин зүйлс хэрэглэдэг юм бэ” гэхэд “Сайндаа ч биш ээ,
хотод байдаг дүүдээ хэрэгтэй зүйлээ захитал хамгийн үнэтэйг нь явуулчихаж. Уг нь
хэрэглэхэд гоё л юм” гэв. Бас өртөг нь өндөр болоод сүйд болж байгаа биз ээ. Толгойгоо
угаалгаж, үсээ сэнсдүүлсэн ганган амьтан халуун уснаас гарч эмнэлэг рүү явлаа. Хажуу­гаар
мотоцикльтой зөрөх хүмүүс эргэн эргэн харна. Зургийн аппарат барьж, дэвтэр сугавчилсан
бид сумын төвийнхний нүдэнд содон харагдаад байгаа бололтой. Эмнэлэг дээр иртэл
их эмч талийгаачийн ажил явдалд явжээ. Бага эмч ганцаараа байна. Нэгдүгээр баг руу
дуудлагад явахаар зэхэж байв. Гарахын алдад өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүүдээ
хоёр сартайд нь хийлгэх ёстой халдварт саагийн эсрэг вакцин хийл­гэхээр ирлээ. Вакцин
хийхдээ ээжид нь он сарыг нь харуулж шалгуулав. Хүү бага зэрэг уйлсан ч гар утасны
дуунд саатуулагдаж байснаа унтаад өглөө. Сумын эмнэлгийн байр жижигхэн ч гэлээ дот­роо
амбулатори, хэвтэн эмч­лүү­лэх тасаг, эмийн сан, тарианы өрөө гээд юм юмтай. Тасагт
арваад өвчтөн сувилуулж байгаа ажээ. Хавар болоод хөгшин голдуу хүмүүс тамир­даж
байгаагаас ор дүүрээд байгаа гэнэ. Бусад үед хэвтэн эмчлүүлэх тасаг өвчтөн цөөтэй
ажин түжин байдаг гэсэн.

Сумын төв ерөнхийдөө л анир чимээ багатай, нам гүмхэн юм. Хаа нэгтээ
мотоциклийн дуу сонсогдохоос өөр аниргүй. Ямар сайндаа л унаж яваа машиныхаа дохиоллыг
дуу­га­рахад үхтэлээ цочиж байхав. 

Сумаар хэсэж явсаар нар нэлээн хэвийсэн байв. Гэдэс ч өлсөж байна.
Сурагласаар суманд ганцхан байх гуанз бараадав. Гаднаа ямар ч хаяггүй тэр газрыг
Орхон сумаар дайрдаг тээврийн жолооч нар андахгүй мэд­дэг болжээ. Арваад хүн эгнээд
суучихаж болмоор уртаа модон сандалтай, өнгө нь гандсан хулдаасан бүтээлэгтэй модон
ширээнээс өөр тохижилт гэхээр юм алга. Заал, гал тогоо хоёрыг холбосон жижигхэн
цонхоор бүдүүн улаан авгай шагайж жигнэсэн гурилтай шөл, цуйван хоёр л байна даа
гэв. Жигнэсэн гурилтай шөл 3200, цуйван 3500 төгрөг ажээ. Өнөөдрийн сүү ирээгүй
байгаа болохоор хар цайтай л байна. Хоол захиалбал цай оочлоод сууж бай, удахгүй
гэлээ. “Танай сумын залуусын цуглаж суудаг кафе, паб бий юу” гэхэд “Яаж тийм юм
бай­хав дээ. Цуглаж суухаар бол­вол хойд уулын энгэр өөд л гардаг байх даа” гэлээ.
Хар цай уун сууж байтал нээрээ л удаан хүлээлгэлгүй хоол бэлэн болжээ. Янз бүрийн
амтлагч холиогүй, хонины махтай жинхэнэ монгол хоолыг амтархан идчихээд сумын захиргаа
руу гарлаа.

Үргэлжлэл бий.

С.АЛТАНЦЭЦЭГ

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Монголын эдийн засаг сэргэнэ гэв

Монголбанкнаас өчиг­дөр сэтгүүлчдэд
мэ­дээ­лэл өгсөн юм. Энэ үеэр Төв банкныхан эдийн засаг сэргэнэ гэсэн өөдрөг үг
хэлж байв.

ГАДААД ХУДАЛДААНЫ АЛДАГДАЛ БУУРЧЭЭ

Өнгөрсөн нэгдүгээр сард  гадаад худалдааны алдагдал 16 сая ам.дол­лар болж
эрс буурчээ. Тодруулбал 2011 оны нэгдүгээр сард гадаад худалдааны алдагдал 140 сая
ам.доллар, 2012 оны нэгдүгээр сард 255 сая ам.доллар байсан бол өнгөрсөн оны мөн
үед 217 сая ам.доллар байж. Өөрөөр хэлбэл, га­даад худалдааны төл­бөрийн алдагдал
өмнөх жилийн мөн үетэй харь­цуулахад 200 сая ам.доллараар буурсан гэсэн үг. Хэрэв
нүүрсний экспорт төлөвлөсөн хэм­жээнд байсан бол гадаад худалдаа ашигтай гарах байсан
гэнэ. Төлбөрийн тэнцлийн голлох үзүүлэлт болох урсгал данс нь алдагдалтай явсаар
ирсэн аж. Гэсэн хэдий ч  алдагдлаа гадаадын
хө­рөнгө оруулалтаар нөх­дөг байсан учраас валю­тын ханш тогтвортой бай­жээ. Харин
өнгөрөгч онд урсгал дансны алдагдал буураагүй хэрнээ  гадаа­дын шууд хөрөнгө оруу­лалт 52 орчим хувиар
буурсан нь ам.долларын ханш чангарахад голлон нөлөөлжээ.

ЭКСПОРТ ДӨЧӨӨД САЯ АМ.ДОЛЛАРААР
НЭМЭГДСЭН БАЙНА

Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуу­лахад
40-өөд сая ам.дол­лараар нэмэгджээ. Оюу­толгойн ордоос экспорт­лох зэсийн баяжмалаас
25 сая ам.доллар, бо­ловсруулаагүй нефтийн экспортоос 14 сая ам.доллар олжээ.  Харин импортын хэмжээ 30 гаруй хувиар буурсан
байна. Мөнгөн дүнгээр илэр­хийлбэл 161 сая ам.доллар гэнэ. Үйлд­вэрлэлийн орц тэр
дун­даа уул уурхайн салба­рын идэвхижил буур­сан­тай холбоотойгоор неф­тийн импорт
67 хувь буюу 132 сая ам.доллараар буурсан импортын хэм­жээ багасахад голлон нө­лөөлжээ.
Энэ онд Оюу­толгойгоос төлөвлөсөн хэмжээндээ буюу 800 мян­ган тонн зэс экспор­толно
гэвэл улсын төсөвт 1.6 тэрбум ам.доллар орох аж. Ингэснээр га­даад худалдааны тэнцэл
сайжрах төлөвтэй байна. Өнгөрсөн сар гаруйн хуга­цаанд зэсийн баяж­малын экспорт
өнгөрсөн онтой харьцуулахад бараг гурав дахин өсчээ.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОН ГАРСААР
52 САЯ АМ.ДОЛЛАРААР ӨСӨВ

Он гарсаар гадаадын шууд хөрөнгө оруулалт
52 сая ам.дол­лараар нэ­мэгдсэн нь долларын хан­шийг тогтворжуула­хад зохих үр дүнгээ
өгнө хэмээн эдийн засагчид үзэж байна. Дээр нь Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт,
өөрч­лөлт орсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгд­сэн зэрэг
эерэг үзүүлэлтүүд энэ оны нэг­дүгээр сард ажиглагджээ.

ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН
ТУЛД СВОТ ХЭЛЦЭЛ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Монголбанкнаас арил­жааны банкуудтай
урт хугацааны свот хэлц­лийг байгуулахаар бол­жээ. Ингэснээр Төв банк арилжааны
банкуудаас валютыг тухайн өдрийн ханшаар худалдан авч худалдаж, ирээдүйд тохиролцсон
ханшаар худалдах (худалдан авах) аж. Өөрөөр
хэлбэл, Монголбанк арилжааны банкуудаас ам.доллар худалдан авч, оронд нь төгрөг
нийлүүлэх юм. Тодорхой хуга­цааны дараа  Монголбанк
төгрөгөө буцаан татаад ам.долларыг нь эргүүлэн өгөх гэнэ. Төв банк хоёр жилийн өмнөөс
нэг жил хүртэлх хугацааны буюу богино хугацаат свот хэлцэл байгуулан ажилласан нь
үр дүнгээ өгсөн юм байна. Ийм учраас урт хугацаат свот хэлцэл  байгуулахаар болж. Одоогоор байнгын идэвхтэй свотын
хэмжээ нь 300-аас 400 сая ам.доллар юм байна.

 Монголбанктай свотын хэлцэл байгуулахын тулд арилжааны
банкууд гадаад зах зээлээс зээл, бонд хэлбэрээр нэгээс дээш жилийн хугацаатай хөрөнгө
босгох хэрэгтэй аж.

Ингэж босгосон гадаад валютаа свот
хэлцлийн дагуу тухайн өдрийн ханшаар нь Монголбанкинд худалдаалах юм. Ингэснээр
Монголын эдийн засагт орох гадаад валютын урсгал нэмэгдэх гэнэ. Тэр хэмжээгээрээ
валютын нөөц нэмэгдээд явах бололтой. 

Энэ нь Монголбанкны гадаад зах зээл
дээрх хөрөнгө босгох явцад томоохон дэмжлэг үзүүлж буй хэлбэр аж. Арилжааны банкууд
босгосон хөрөнгөө шууд ам.доллар хэлбэрээр нийлүүлэхгүй.  Төв банктай свот хэлцэл байгуулсны үндсэн дээр
төгрөгтэй болоод, түүнийгээ зээл болговол валютын зээлийн үлдэгдэл нэмэгдэхгүйгээс
гадна валютын зээлийн чанарт эерэгээр нөлөөлөх аж. Иргэдэд зээлийг валютаар бус
төгрөгөөр олгосноор ханшийн эрсдэлд орохгүй байх давуу талтай юм байна.

Төгрөгийн зээлийн хүү буурах боломжтой
гэдгийг эдийн засагчид онцолж байна. Одоогоор арилжааны банкуудын төгрөгийн татан
төвлөрүүлсэн эх үүсвэрийн хугацаа жил орчим байгаа бол свот хэлцлийн дүнд  банкууд урт хугацаат төгрөгөөр зээл олгох боломж
нь бүрдэнэ гэж Монголбанкныхан хэллээ. Хугацаа нь урт учраас зээлийн хүү буурах
боломжтой гэнэ.

Дашрамд дуулгахад банкны системийн
нийт активын 27 орчим хувь нь гадаад валют хэлбэрээр бусад нь төгрөг хэлбэрээр байгаа
юм байна.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Дампуу оюутны нэг өдрийн амьдрал

Амралтын
өдрүүд, тэр дундаа баасан гаригт оюутан залуус энд тэндэхийн баар, караоке, рестораныг
хөл гишгэх зайгүй болтол нь дүүргэдэг. Харин ажлын өдрүүдэд тэдгээр газрууд хэр
их хөл хөдөлгөөнтэй байдгаас гадна түүгээр үйлчлүүлдэг оюутан залуус хэр байдаг
талаар сурвалжиллаа.

 
ЭЦЭГ ЭХДЭЭ ТӨЛБӨРӨӨ ИЛҮҮ ХЭЛЖ,  АРХИНЫ МӨНГӨӨ ОЛЖ АВЧЭЭ
 

Уржигдар
орой буюу өнгөрөгч мягмар гаригийн 22 цагийн орчимд МИУС-ийн Эдийн засгийн их сургууль
буюу бидний нэрлэж заншсанаар “МУИС-ийн тав”-ын өмнөх “Tse”-д орлоо. Хэдэн сарын
өмнө дотоод тохижилтоо шинэчилж, сандал ширээгээ ч хүртэл сольжээ. Зай талбайгаа
ч өмнөхөөсөө цэлгэр болгож. Үүдээр нь оруут цэсээ барьсаар зөөгч залуу бидэн дээр
ирж “Хэдүүлээ яваа билээ” хэмээн асуухад нь “Хоёулаа” гэвэл тэрээр “Намайг дагаад
яваарай. Би та нарт суух газрыг чинь зааж өгье” гэв.

Танхимын дунд
хэсэгт байрлуулсан дөрвөн хүний ширээнүүдээс ганц хоёрхон нь үйлчлүүлэгчгүй байлаа.
“Энэ хажуугийн буйдан дээр сууж болох уу” гэвэл зөөгч “Энэ ширээнд зургаагаас дээш
хүн орж ирвэл суулгадаг юм. Хоёрхон хүнийг арай л суулгаж болохгүй нь” гэсэн юм.
Тэрээр биднээс захиалгаа аваад удаагүй байтал өөр нэгэн зөөгч ирснээ “Уучлаарай,
энэ ширээ захиалгатай юм байна. Та хоёрыг булан­гийн ширээнд шил­жүү­лээд суулгачихъя”
гэхээр нь “Анх орж ирээд суусан газраасаа хөдлөхгүй” гээд жаахан гөжүүдлэх гэвэл
“Энд суух гэж байгаа хүмүүс манай байнгын үйлчлүүлэгчид байгаа юм. Орж ирээд дандаа
энд суудаг юм. Та хоёрт бол хаана ч суусан ялгаагүй биз дээ. Хэрэв та хоёр дургүйцэхгүй
бол тэр гуравтай хамт энэ ширээн дээрээ суучих юм уу” гэх нь тэр. Булангийн, бүдэг
гэрэлтэй ширээнээс энд суух нь илүү таатай байсан тул тэдэнтэй хамт суухаар болов.

Төд удалгүй
бидний хажууд гурван залуу ирээд суув. “Орж ирнэ гэдгээ урьдчилаад хэлсэн нь болсон
байна шүү. Ажлын өдрүүдэд хэдийд ч орж ирээд хүссэн газраа сууж болдог үе өнгөрөх
гээд байна шүү дээ. Бүр даваа, мягмар гаригт ч хүртэл шүү дээ. Гэрээс чинь хэдэн
төгрөг ирсэн юм. Төлбөрийн чинь үлдэгдэл гэл үү” гэцгээж ярилцах аж. Нуруулаг бор
залуу нь “Өчигдөр гэрээс мөнгө шилжүүлээд ээ. Ээж аав хоёрт төлбөрийн үлдэгдлээ
150 мянгаар илүү хэлчихсэн юм. Одоо үрсээр байгаад 70 мянга үлдчихэж” гэв. Нэг нь
“Пөөх ганц хоногийн дотор талыг нь үрчихсэн юм уу. Битгий худлаа яриад  бай л даа” гэтэл “Өчигдөр зах гарч 50 мянгаар
нь ноосон цамд авчихсан. Тэгээд бас гурвуулаа хоол хамт идсэн  биз дээ” хэмээн их л уцаарлангуй хэлэв. “За маргалдаад
яахав. Бас ч гэж гурвуулаа мөнгөтэй л юм байна ш дээ. Захиалгаа өгье” гэв.

 
АЖИЛ ХИЙДЭГГҮЙ МӨРТЛӨӨ ШОУНД ЗАРЦУУЛАХ МӨНГӨӨ ХААНААС
Ч ОЛДОГ ОЮУТНУУД

Эхний захиалсан
зүйлээ дуусгачихаад багагүй халамцсан залуус бидэнд хандан “Адилхан эр хүмүүс юм
чинь юунд нь нэрэлхэх вэ. Тус тусдаа юм захиалж байхаар нийлээд ганц хатуухан юм
л авчихъя. Нэг ширээнд л сууж байгаа юм чинь. Бид гурвын мөнгө хүрдэггүй ээ. Оюутан
хүмүүс гэдэг чинь хэцүү шүү дээ” гэсэн юм. Бид ч цааргалах юмгүй зөвшөөрч, харин
тэдэнтэй ярилцах боломж олдсон юм. Тэднээс аль сургуулийн хэддүгээр дамжааны оюутан
болохыг асуувал өнөөх өндөр бор залуу нь хоёр найзынхаа нэг  рүү нь зааснаа “Энэ бид хоёр нэг анги. Харин нөгөөхтэй
нь би оюутны байранд хамт амьдардаг юм. Бид гурав … дээд сургуулийн оюутнууд.
Ойрд гадуур гараагүй сайхан байх чинь” гэсэн юм. Гурав дөрөвхөн хоногийн өмнө дотуур
байрандаа согтуу ороод багагүй хэл ам таталсан тэд ийн “Ойрд гарсангүй” гэсэн нь
их л хачирхалтай санагдаж байлаа. Нэгэндээ архи хундагалах бүртээ  хэлдэг ганц үг нь “За төлөө, ёроолыг нь харна
шүү”.

“Хагас
цагийн дараа хаах гэж байна. Сүүлийн захиалга өгөх үү” гээд зөөгч ирвэл оюутан залуус
юу ч дуугарсангүй. Бид мөнгөгүй ч хэрэв нэмж захиалга өгвөл дургүйцэхгүй нь харцнаас
нь илт байсан юм. Тэгтэл нэг нь “Найз охиноосоо салаад сэтгэл санаа тавгүй байхад
та хоёр найзыгаа эндээс гараад л орхиод явчихгүй  биз дээ” гэвэл нөгөө нь “Ингээд л харина гэхээр
хэнд ч утгагүй санагдаж байгаа биз дээ. Өнгөрсөн улиралд бараг бүх хичээл дээрээ
муу гарчихсан миний сэтгэл санаа чамаас дутахааргүй хэцүү байна. Сайхан “орцодчихоод”
бааранд ормоор л байна” гэснээ гурвуул утсаа гаргаж ирлээ. Хоёрынх нь товчлууртай
жижигхэн утас байсан бол нэгнийх нь мэдрэгчтэй овоо томхон утас харагдав. Мэдрэгчтэй
утас барьсан залуу “Намар аавын авч өгдөг “Iphone 4″ утсыг ломбарданд тавьж, яван
явсаар ломбард битгий хэл халаасны хулгайч ч тоох авахааргүй энэ хужаа утас л болсон
шүү дээ. Харин зөөврийн компьютерээ түр ломбардахаас. Долоо хонуулаад л авахгүй
бол найз нь бие даалтуудаа хийх ёстой” гэвэл хоёр найз нь “Тэгье ээ. Миний найз
ч жинхэнэ эр хүн шүү” гээд мөрөн дээр нь алгадан бахдалтай нь аргагүй хэлэв. “Харин
өмнөх шигээ тав хоногийн дараа гэхэд л авчихна гэж ломбарданд тавиулчихаад хоёр
сар болгож байсан шиг зүйл ахиад болохгүй биз дээ. Тэгвэл ч найз нь баларна шүү
дээ” гэж хэлэхийг нь  гадуур хувцсаа өмсөх
найзууд нь ер тоосонгүй. Бид ч тэдэнтэй хамт “орцодчихоод” бааранд орох сонирхолтой
байгаагаа илэрхийлэхэд тэд цааргалсангүй.

 
ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЭЭ ЛОМБАРДАНД ТАВЬЖ
“ОРЦОДСОН НЬ”

Зөөврийн
компьютерээ авахаар дотуур байр луугаа орсон залуу нэгэндээ хандан “Цонхон доор
хүрээд ир” гэх мессэж ирүүлжээ. Яваад очтол цонхоороо компьютерээ шидчихээд “Найз
нь одоохон гараад очъё” гэв. Түүний эцэг эх нь үдэш орой байрнаасаа компьютер,
“Play station” тоглоом, “Ipad” зэрэг үнэ цэнэтэй зүйлсээ авч гарах гэвэл битгий
гаргаарай гэж оюутны байрны жижүүрээс аминчлан гуйжээ. Учир нь өөрт байсан үнэ цэнэтэй
гэх зүйлсээ бүгдийг нь ломбарданд тавиад, хэд хэдэн ч удаа эцэг эхээрээ авахуулж
байсан аж. “Би чамайг энэ харанхуй болсон байхад гаргахгүй. Аль хэдийн хаалгаа барьчихаад
байна” гэх байрны жижүүр эмэгтэйн дуу хадахтай зэрэгцэн өнөөх залуу гараад ирэв.
“За чамайг ээж аав чинь орой үдэш битгий гараарай гэж хэлсэн биз дээ. Тэднийгээ
боддоггүй яасан сонин хүн бэ, чи. Болдогсон бол хөлийг чинь хуга цохиод өрөөнд чинь
оруулж хэвтүүлэх юмсан” гэж үглэсээр  жижүүр
эмэгтэй хоцорсон юм. Тэрээр “Арай хийж л гарч ирлээ шүү. Ядаж байхад ээж аав хоёрт
ядаргаа авгай чинь хэлчихэж. Одоо өнгөрсөөн” гэсээр хэлээ гаргав. Компьютерээ
160 мянган төгрөгөөр ломбарданд тавив. Уг нь тэд 250 мянга хүргэх гэсэн боловч бүтсэнгүй. 

Шөнө дундын
00 цагаас хойш архи нууцаар зардаг хэд хэдэн дэлгүүрээс тавдугаар сургуулийн ойролцоо
баруун урагшаа зам дагуу байдаг руу нь очихоор болов. Аль хэдийн шөнийн 01 цаг болсон
хэдий ч дэлгүүрийн гадаа такси, хүмүүс овооролдон байсан. Худалдагч залуу хоёр гурваар
нь дотогш оруулж байлаа. Бидний өмнө зургаа долоон хүн байсан хэдий ч арав ч хүрэхгүй
минутын дараа бидний дотогш орох ээлж болсон юм. Архиа авчихаад “орцдохоор” хажуугийн  таван давхар байр луу орлоо. Тэр хавийн байрнуудын
орцнуудын ихэнх нь кодоор дотогш нэвтэрдэг түгжээтэй аж. Гэсэн хэдий ч тэд хаана
түгжээгүй орц байдгийг андахгүй байснаас харвал энд өмнө нь ирж “орцдож” байсан
нь илт. Дээд давхарт нь гарснаа гурвуул архиа сурмаг гэгч нь нэгэндээ аягалж, нөгөөдүүл
нь ч өгсөн даруйд нь хөнтөрч харагдав. Ийн орцонд архи уухыгаа тэд “орцдох” гэдэг
юм байна. Бааранд орохдоо зориуд ингэж нилээн халамцаж байж ордог гэнэ. Учир нь
эрүүл шахуу шөнийн цэнгээний газарт орчихоор шар айргандаа их мөнгө зарцуулдаг байна.
Тэд орцонд нэг их тухалсангүй, яаруу сандруу нэг нэгэндээ аягалж байлаа. Энэ зуур
тэд өөр хоорондоо ямар бааранд орохоо ярилцана. Хөөрхөн охид ордог, орчин нь цэвэрхэн,
зодоон нүдээн болоод байдаггүй гэх тэдний шалгуурт хэд хэдэн шөнийн цэнгээний газар
тунаж үлдсэн ч “UB palace”-ийн хажуугийн “MAX” шөнийн клубт  орохоор болов. Өнөөх компьютерээ ломбарданд тавьдаг
өндөр бор залуу нэлээд согтсон тул өрөөний найз нь хажуунаас нь түшсээр орцноос
гарав. Түүнд “Би үнэхээр согтчихлоо. Цааш явж чадахгүй нь” гээд дээд сургуулийнх
нь найз явах гэтэл “Чи миний мөнгийг үрэлцчихээд, одоо мөнгөгүй болчихоор нь явах
гэж байгаа юм уу. Ямар хөгийн новш вэ. Би өчнөөн олон чамайг уулгаж, идүүлж, байхад
чи намайг ашиглачихаад хаяж байгаа юм уу” гэснээ толгой руу нь хүчтэй дэлсчихэв.
Тэгтэл “Харилаа” хэмээн хэлж байсан найз нь үг дуугүй зөрүүлээд цохичихов. Нэг нь
салгах гэж хичээсэн болов ч хагас галзуу болтлоо уурласан согтуу залуус дийлдсэнгүй.
“Хоёул эр хүмүүс шиг үзчихье. Чи муу юу гэнэ ээ” гэсээр гадуур хувцсаа тайлчихав.
Өнөөх өндөр бор залуу бүр цамцаа хүртэл тайлчихаад, дан ганц нимгэн футбалкаа ураад
“За тэгээд алив л дээ. Би чамайг алаад өгье” гэлцсээр зодолдож эхэллээ. Хөл дээрээ
чадан ядан тогтож байгаа нэг найз нь тэднийг салгаж хүчрэлгүй, гарынх нь аясаар
ийш тийш өнхөрч унаж байгаа харагдав. Төд удалгүй цагдаа нар ирж тэднийг салгасан
юм. Харин тэд цагдаа нарыг үл анзааран, өөр хоорондоо элдэв бусын хараалын үгийг
шидэлцсээр л байсан юм.
 

ШОУДСАНЫ МАРГААШ ХИЧЭЭЛДЭЭ ЯВАЛГҮЙ
ТАСАЛЖЭЭ

Зөөврийн
компьютерээ ломбарданд тавьдаг залуутай уулзахаар дотуур байранд нь 11 цагийн үед
очтол “Чи найз нь юм байж өмгөөлж хамгаалахгүй яасан юм. Эсвэл чи нийлээд зодчихсон
юм уу. Нүүр ам нь авах юмгүй болтлоо зодуулчихсан амьтан хүнээр түшүүлж орж ирсэн.
Босч чадахгүй өрөөндөө хэвтэж байна. Бас өрөөнийх нь нэг таарсан таар шуудай байна.
“Боль,  битгий”  гэхийн оронд нийлээд л архидаж байдаг. Хачин царайтай
хоёр амьтан унтаж л байна” гээд жижүүр эгч тачигнаж гарав. Удтал загнуулсны  эцэст  өрөөнд
нь орох эрх олж авлаа. Өрөөгөөр нь шагайтал архины үнэр сэнхийв. Халаасан дахь бүх
мөнгөө сэгсэрчихсэн амьтад надаас ганц бэлэн гоймон авчраад өгөхийг аминчлан гуйж
байлаа. Эхний хоёр  цагийн хичээлээ тасалчихсан
гэнэ. Дотор нь гайгүй болохгүй бол тэр өдрийнхөө гурван цагийн хичээлийг тасална
гэдгээ нуусангүй.

 М.УУГАН-ЭРДЭНЭ

  Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Сүүлийн өдрүүдэд найман хүн гэртээ угаартан нас баржээ

ТАНХАЙН ХЭРЭГ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ
БАЙНА

Цагаан сараас хойш хэв журмын нөхцөл байдал харьцан­гуй
тайван байна хэмээн холбог­дох албаны­хан хэлж байна. Хоногтоо 30-35 гэмт хэргийн
шинжтэй мэдээлэл ирснийг хуулийн хүрээнд шийдвэр­лэжээ. Сүүлийн үед архи согтууруулах
ундаанаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт ихсэх хандла­га­тай болжээ. Өнгөрсөн онд
цаг­даа­гийн байгууллагад 25200 гаруй хэрэг бүртгэгдсэнээс арван хэрэг тутмын гурав
нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Өнгөрсөн долоо хоногийн хувьд танхайрах төрлийн
гэмт хэрэг хоногтоо наймаас 10 гарах болсон бөгөөд өсвөр насныхан энэ төрлийн гэмт
хэрэгт холбогдох нь ихэсчээ. Энэ сарын 13-нд Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд
“Пет­ро­вис” шатахуун түгээх газрын ойролцоо зодоон болоод байна гэх иргэдийн мэдээллийн
дагуу цагдаагийн байгууллага газар дээр нь шалгахад тус дүүргийн есдүгээр хороонд
оршин суух 22 настай А гэгчийг Баянгол дүүргийн тавдугаар хороонд оршин суух 32
настай Б гэгч нь үл ялих шалтгаанаар боож унагаан, зодож танхайрч байсныг таслан
зогсоосон байна. Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шархад орчимд 34 настай Ш нь
согтуурсан үедээ мэс, мэсний чанартай зүйл хэрэглэн 28 настай Э-гийн баруун гарын
сарвууг гэмтээжээ. Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн
эцсийн автобусны буу­дал дээр үл таних залууст зодуул­сан гэх иргэн Б-ийн гомдлыг
цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

ТӨРСӨН ЭЦГИЙНХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ
Эцгийгээ агсам тави­лаа гэх шалтгаанаар төрсөн
хүү нь биед нь мэсээр хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон хэрэг Чингэлтэй
дүүргийн дол­дугаар хороонд уржигдар гарчээ. Тус хороонд оршин суух 44 настай Б
гэгч эрэгтэйг 18 настай хүү Б гэгч нь цээжин тус газар хутгалж, амь насыг нь хохироосон
хэргийг цаг­даа­гийн байгууллага шалгаж бай­на. Мөн 35 настай А нь согтууруу­лах
ундаа хэрэглэсэн үедээ Баян­гол дүүргийн арваннаймдугаар хороон дахь “Эко” хорооллын
байрны 11 давхраас унаж амь насаа алджээ.

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан галын
аюулгүй байд­лыг зөрчсөний улмаас гэр орон нь шатах, угаартах улмаар амь насаа­раа
хохирох тохиолдол цагдаа­гийн байгууллагад ихээхэн бүртгэг­дэх болжээ. Өнгөрсөн
бямба гаригт л гэхэд Дархан-Уул аймгийн Дар­хан сумын зургадугаар багт нэг гэрийн
дөрвөн хүн угаартан нас барсан. Тодруулбал тус аймгийн зургадугаар багт оршин суух
эрэг­тэй 42 настай иргэн А, 18 настай эмэгтэй Х, 13 настай эмэгтэй Ц, есөн настай
эрэгтэй Ү нар угаартан нас баржээ. Одоогоор энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн,
мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Мөн хоёрдугаар сарын 13-нд Хан-Уул дүүргийн
арванхоёрдугаар хороонд айлын гэр шатаж, дотор нь байсан 40 настай эрэгтэй Б,
43 настай эмэгтэй Н, 30 настай эмэгтэй Ч, 14 настай эмэгтэй Б нар амиа алдсан харамсалтай
хэрэг гарчээ. Тиймээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэр дундаа гэр хорооллын
айлууд яндан болон зуухны оч үсрэх хэсгээр нь хамгаалалт хийх, галд өртөмтгий зүйлийг
зуухнаас хол байлгах, зориулалтын цахилгааны утас, уртасгагчаа шалгах хэрэгтэйг
Нийслэлийн онцгой байдлын алба болон Цагдаагийн газраас анхаарууллаа.

 ЛЮМИНО” ХАМТЛАГИЙН ДУУЧИН
БАЖИ БУЮУ Б.БАТХИШИГИЙГ ДАРАМТАЛСАН ГЭВ

“Люмино” хамтлагийн дуучин  Бажи буюу Б.Батхишиг
өөрийн твиттер хуудаснаа “Гэрт ирж хэсэг залуус дарамталлаа” хэмээн бичсэн нь энэ
долоо хоногийн шуугиант мэдээлэл байлаа. Тэрээр залуус юуны учраас гэрийнх нь хаалгыг
удтал нүдсэн, онгойлго хэмээн сүрдүүлсэн эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй
ч эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Батхишигийг дарамталж АПУ компаниас мөнгө гаргаж
өгөхийг шаардсан аж. Учир нь хэдэн сарын өмнө манай улсад гадаа­дын шилдэг “DJ”
ирж тоглоно хэмээн шуугиж байсан. Түүнийг урьж авчирч тоглолтыг нь зохион бай­гуу­лахад
багагүй хөрөнгө зарцуулсан аж. Энэ зардлын 50 хувийг АПУ компани гаргах болж, бусад
зохион байгуулагчид нь 20,20 мянган ам.долларыг тухайн үед гаргасан аж. Гэтэл тооцоолж
байсан орлогоо олж чадаагүйгээр барах­гүй алдагдалд орсон байна. Иймд Б.Батхишигээс
АПУ компа­нийн гаргана гэсэн мөнгийг хурдан гаргуулж өгөхийг дээрх залуус шаардаж
сүрдүүлсэн нь энэ болол­той. Дуучин Б.Батхишиг нь АПУ компанийн дэд захирал Д.Батжавын
хүү юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Махаа зардаг малчин, түүнийг нь авдаг хүнгүй “Хүчит шонхор” зах эль хуль байна

Цагаан сарын да­раа­хан
иргэд мах худалдан авах нь багасч, түүнийгээ дагаад мах зарахаар хот зүглэх малчид
тэр бүр байдаггүй гэх яриа бий. Үүнийг хэр ортой болохыг сурвалжлахаар “Хүчит шонхор”
захыг зорилоо. Өчигдөр өглөөний до­лоон цагт очиход захын хашааны үүдэнд махны ченжүүд
хэд гурваараа бөөгнөрөн зогсож хараг­дав. Тэд өөр хоорондоо “Мах ачсан машиныг эн­дээс
л барьж авахгүй бол дотогш орчихоороо олдохгүй юм. Зарим нь олон ченж харахаараа
махныхаа үнийг өсгөчих юм. Уг нь ч саяхан мах ачсан Булган аймгийн улсын дугаартай
пор­терийн жолооч хэдэн төг­рөгөөр авч байгаа юм гэж асуучихаад өгсөөд яв­чих­сан.
Бодвол “Нарантуул-2″ дээрх ханшийг харах гэж байгаа байх. Тэнд эндэхээс өндөр үнээр
худалдаж авна гэж юу байх вэ. Удалгүй уруу­даад ирэх биз. Тэгэхэд нь гайгүйхэн үнэ
хэлээд ху­далдаад авчихъя” хэмээн ярилцана. Тэдний хэлс­нээр Цагаан сарын да­раахь
арав гаруй хоног мах худалдаалахаар хөдөө орон нутгаас ирэх малчид бараг байдаггүй
учраас ченжүүд нэгнээсээ өрсөн мах худалдаж авахаар байдаг л арга чаргаа хэрэглэдэг
аж. Гэхдээ тэд хэзээ ч үнэ цохиж худалдаж авдаггүй гэцгээж  байлаа. Төд удал­гүй үнэ асуучихаад яваад өгсөн
портер эргээд ирэв. Захын хашаа руу орохоор жолооч нь дохиогоо өгөөд эргэтэл ченжүүд
тосон уулзаад “Дотор шинэхэн үхрийн мах килограмм нь 7500 төгрөг байгаа. Харин наад
мах чинь гурав,  дөрөв хоночихсон. Тэгсэн
ч гэсэн шинэ махны үнээр худалдаж авъя” гэвэл жолооч залуу “Тэр холоос зардал чирэгдэл
болгож авчирчихаад хямд өгмөөр­гүй байна. Гурван үхэр, таван ямааны мах л байгаа.
Доод тал нь 7800 төгрөгөөр өгчихмөөр бай­на. Тэгж байж ганц шуудай тэжээл ч гэсэн
аваад харина шүү дээ” гэв. Харин ченжүүд хэлсэн үнэд нь авахаас татгалз­сан учраас
жолооч залуу зах руу оров.

  
МУУЛСАН МАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН БОЛОН МАЛ ЭМНЭЛГИЙН БИЧГИЙГ
НАРИЙВЧЛАН ШАЛГАЖ БАЙВ

Ачааны машин орж ирээд зог­суут тийш ченжүүд хошууралдан, “Ямар
малын  мах байгаа юм. Үхрийн тарган, шинэхэн
мах байвал ханшаар нь авъя” гэцгээж байв. Жолооч залуу “Үхэр,  ямаа байна. Ямаа нь тийм ч тарган биш. 4500-аар
өгчихнө. Харин үхрийн мах нь тарган. Өвөлжин тэжээл идсэн үхрийнх. 7800 төгрөг”
гэвэл “Тас хөлдүү, дээр нь хэд хонуулчихсан байж ямар үнэтэй юм. Дээд ханшаар нь,
нойтон шинэ махны үнэ болох 7500 төгрөгөөр авъя” гэсэнд залуу толгой сэгсрэв. Түүний
хажууханд тэвш дүүрэн ямааны мах ачсан дунд оврын ачааны машин ирж зогсов. Харин
энэ удаад өмнөх залуу шиг өөрөө үнээ хатуу тогтоолгүй “Эндэхийн ханшаар нь өгчихнө
дөө” гэсэн учраас ченжүүд “Ямааны туранхайвтар мах кг нь 4000-тай байгаа. Би 20
гулууз авъя” гэвэл хажуугаас нь “Томхоноос нь шилээд 15-ыг авъя” гэв. Гурав, дөрвөн
тэрэгчин ирээд нэгнээсээ өрсөн ачиж эхлэв. Хагас цаг гаруйхны хугацаанд тэвш дүүрэн
ямааны мах нь нилээд  дундарсан харагдав.
Харин өнөөх үхрийн махаа кг-ыг нь 7800-аар бөөндөнө гэсэн залуугийн зарахаар ирсэн  махнаас ер авах хүн байсангүй. Хэнтий аймгаас
дөрөв, таван бодын мах ачсан микро автобус иржээ. Захын эрүүл ахуйн байцаагч  нядалсан малынх нь гарал үүслийн болон эрүүл ахуйн
бичгийг нь сайтар нягталж харагдав. Учир нь уржигдрын байдлаар Сүхбаатар аймгийн
Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээт сумдад гарсан малын гоц халдварт
шүлхий өвчин Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх
сумдад тархжээ. Түүнчлэн “Хүчит шонхор” захын удирдлагуудын зүгээс малын гарал үүсэл,
шинжилгээний бичгийг сайтар шалгасны эцэст борлуулах эрх олгох үүргийг олгож байгаа
болон энэ өвчний тархалтыг хумих зорилгоор Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар,
Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн
байдалд ажиллаж байгаа тухай чанга яригчаар арван минут тутам нийтэд  сонордуулан анхааруулж байв. Тэмээ, хонины мах
бөөндөж зарж буй хүнтэй таарсангүй. Ихэнх нь ямаа, үхрийн мах зарж харагдав. Нар
нилээн өндөрт хөөрсөн хойно өнөөх “Кг-ыг нь 7800 төгрөгөар  зарна” гээд гэдийгээд байсан нөхөр ченжүүд дээр
очиж байгаа харагдаж. Сая нэг юм үнэ тохиролцсон бололтой, машинаас махыг нь буулгасан
юм.  

ШИНИЙН 1-НЭЭС 15-НЫ ХООРОНД МАЛЧИД ТЭР БҮР МАЛ МУУЛДАГГҮЙ
БАЙНА

Мах зарахаар хөдөөнөөс ирсэн бололтой ногоон хамбан дээлтэй залуу
утсаар хэн нэгэнтэй уцаарлангуй ярьж байна аа. “Тэр шинийн 10 байх эсэх нь надад
хамаагүй. Банкны зээлээ төлөх хугацаа өнөө маргаашгүй болчихоод байхад шинийн
15-ныг хүртэл мал муулахаа хүлээнэ гэж юу байх вэ дээ. Банкны мөнгөө гурав хоногоор
хэтрүүлж төлөхөд хэдий хэр мөнгө төлж байснаа та санаж байгаа шүү дээ. Нэгэнт л
амийг нь тасдаж байгаагаас шинийн 17-нд байна уу, шинийн 10-нд байна уу, хэдхэн
хоногийн наана цаана ямар ч ялгаа байхгүй. 
Түүнээс шинийн 15-наас хойш мал гаргавал зүгээр, шинийн 15 дотор бол нүгэл
байна гэж юу байх вэ дээ. Буяны өдөр мал гаргаж нүгэл үйлдлээ гэж санаа чинь зовоод
байгаа юм бол намайг нүгэл үйлдлээ гэж загнахын оронд зул өргөчихөөч” хэмээгээд
утсаа салгаснаа “Хар өглөөгүүр нүгэл хийлээ барилаа гэж утсаар хэрүүл хийгээд байх
даа яахав дээ” хэмээн амандаа бувтнав. Энэ залуу шиг эцэг эхийнхээ үгээс зөрөөд,
эсвэл шүтлэггүйдээ цагаан сарын дараахан малаа муулж зардаг малчин ховор гэдгийг
ченжүүд хэлж байлаа. Шарын шашинд билгийн тооллын шинийн 1-нээс 15-ны хооронд мал
амьтныг муулахыг цээрлэдэг нь махны нийлүүлэлт багасахад бас нэгэн нөлөө үзүүлдэг
аж. 

Ийнхүү ямагт хөл хөдөлгөөн ихтэй, ялангуяа баяр ёслол дөхөхөөр
хөл гишгэх зайгүй болж, ёстой нэг бужигнадаг байсан “Хүчит шонхор” зах эль хуль
байлаа. Мах зарахаар хөдөө орон нутгаас ирсэн хэдэн малчид, ченжүүдийг эс тооцвол
өөр хүн амьтан алга. Битүү зах дотор хоёр лангуу тутмын нэг нь эзэнгүйгээс гадна
мах зарж буй лангуун дээр нь шулж багцалсан хонины махаа 10-аас 15 кг-аар нь тавьчихсан
харагдаж байлаа. Жижиглэнгээр ихэвчлэн ямааны мах зарагдаж байсан бөгөөд
4800-5100 төгрөгийн үнэтэй аж. Харин үхрийн мах кг нь 8400-9200 төгрөг бол адууны
мах дунджаар кг нь 5500 төгрөг. Худалдаачдын хувьд  энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хаданд
гарчихсан үнэ биш хэдий ч ойрын хэдэн өдөр борлуулалт нь бараг зогссон гэнэ. Тэд
“Ядаж энэ тэрүүгээр ганц хоёр хүн холхиод, авахгүй ч гэсэн махны үнэ ханш асуудаг
байсан чинь уржигдраас хөл хөдөлгөөн эрс татарсан” хэмээн ярьж байсан юм. Тиймээс
Цагаан сарын баярыг тэмдэглэсний дараахь хоёр долоо хоногийн хугацаанд махны борлуулалт
эрс багасдаг учраас ченжүүд болон жижиглэн худалдаач нар “Хямралын хагас сар” хэмээдэг
аж. Хэдий махны нийлүүлэлт ховордсон ч таван цул, хэл толгойн мах урьдынх шигээ
элбэг байлаа. Ямааны хэл кг нь 4000 төгрөг бол үхрийн толгойн мах кг нь 3000 төгрөг.
Харин хонины нэг гэдэс 2500 бол үхэр адууных хэмжээнээсээ хамаарч 20-30 мянган төгрөгийн
хооронд хэлбэлзэж байв.

МАЛЫН МАХАН ДАХЬ ШҮЛХИЙН ВИРУС ТАВАН МИНУТ ХҮРТЭЛ БУЦАЛГАХАД
УСТДАГ

Махны үнэ нэмэгдэж магадгүй гэх яриа аль хэдийн гарчээ. Сүхбаатар
аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хил залгаа Хэнтий, Дорноговь аймгуудад
илэрч, өвчний голомт газарзүйн байрлалын хувьд нийслэлд улам ойртжээ. Өнөөдрийн
байдлаар хамгийн бага тээвэрлэлтийн зардлаар нийслэлд мах нийлүүлдэг зүүн гурван
аймгаас мах нийлүүлэхийг хоригловол махны үнэ хөөрөгдөж болзошгүй аж. Хөл хорио
тогтооно гэдэг нь энэ өвчин хүнд халдварлахаас бус тархалтын цар хүрээг нь нэмэгдүүлэхгүй
гэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болохыг холбогдох албаныхан онцгойлон
анхааруулсан юм. Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Б.Цолмон “Мал амьтан, тэр
тусмаа хонь ямаа, үхэр, гахай зэрэг салаа туурайтай амьтдыг богино хугацаанд олноор
нь өвчлүүлэх шүлхий өвчний вирус нь хүнд халдварлах тохиолдол нь тун ховор. Хүн
шүлхийгээр өвчилсөн ч дорхноо дархлаа тогтдог. Хамгийн гол нь хүн уг өвчний вирусийг
тээгч болдог. Өвчин дэгдсэн газраас ирсэн машин тэрэг, хүний хувцас хунар, эдлэл
хэрэглэл тэр чигтээ вирус тараагч болдог. Шүлхийн вирус гадаад орчин тэр дундаа
хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар амьдарч, малыг өвчлүүлдэг. Иргэд шүлхийгээр өвчилсөн
малын махыг хүнсэндээ хэрэглэсэн тохиолдолд хүн үүгээр өвчлөхгүй. Мах, сүүн дэх
шүлхийн вирус таван минут буцалгахад устдаг аж. Харин шүлхийгээр өвчилсөн малын
түүхий махыг зөөх, жижиглэн савлах зэрэг үйлдэл хийх үед тухайн орчинд вирус тархдаг.
Хүн вирусийг зөөвөрлөгч болдог” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Дөрөв хоногийн дотор авто ослоор 16 хүн амиа алджээ

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ОСГОЖ НАС БАРАХ ТОХИОЛДОЛ БУУРАХГҮЙ
БАЙНА

Нэгдүгээр сарын сүүлээр Увс аймгийн
Цагаанхайрхан сумын Хунт багт бага насны эгч дүү хоёр осгож, эгч нь болох долоон
настай охин осгож нас барсан бол таван настай дүүгийнх нь хөл гар хөлдсөн харамсалтай
хэрэг гарсан билээ. Хэрэг гарах үед охидын эцэг, эх нь сар шинийн буузыг нь бэлдэлцэ­хээр
өвөөгийнх рүү явсан аж. Охид эцэг эхийнхээ араас гарсан бөгөөд тэд төөрч улмаар
нэг нь осгож амь насаа алджээ. Охид гэрээсээ гарахдаа өв­лийн гутал, мал­гай ороолтоо
зүүн, дээлтэй­гээ гарцгаасан хэдий ч дүүдээ өөрийн өмс­сөн дээлээ давхарлуулж өмс­гө­өд
өөрөө өөд болжээ. Харин өнгөрсөн долоо хоногт осгож амь насаа алдах тохиолдол нийслэлд
бүртгэгдээгүй бол хөдөө орон нутагт арав гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Уржигдар
л гэхэд Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын төвөөс баруун урагш 42 км-т 45 настай
Д гэгч нь осгож нас баржээ.

САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ХУЛГАЙ, ДЭЭРМИЙН ХЭРГҮҮД ЗОНХИЛОН
ГАРЧЭЭ

 
Нэгдүгээр сарын 30 буюу битүүний
өдөр Сонгино­хайр­хан дүүргийн 18 дугаар хо­роон дахь Сансар худалдаа­ны төвийн
үүдэн дэх авто­ма­шинаас иргэн Ц булган малгай, дунд гарын мөнгөн аяга, гэрэл зургийн
аппаратаа алджээ. Шинийн нэгэнд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны айлаас 20 ширхэг
мөнгөн аяга, бөгж, алтан гинж, гурван сая 200 мянга төгрөг хул­гайл­сан бол Багануур
дүүрэгт 70 настай хөгшнийг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээ­рэмд­сэн байна. Сэжигт­нүү­дийг
хугацаа алдалгүй барив­чил­жээ. Шинийн хоёронд Сонгинохайрхан дүүрэгт дунд гарын
мөнгөн аяга, хивc зэр­гийг хулгайлсан зэрэг хэрэг гарчээ. Харин шинийн гур­ванд
Сонгино­хайр­хан дүүр­гийн есдүгээр хороон дахь “Энх суварга” хүнсний дэл­гүү­рээс
Мобико­мын нэгжийн кар­туудыг 35 настай М гэгч нь хул­гайл­сан болохыг тогтоо­жээ.
Мөн тус дүүрэгт айлын өвлийн сууц­наас нэг сая төгрөг хулгайл­сан хэрэг тус тус  гарчээ.

“КАПИТАЛ” БАНКНЫ ТЕЛЛЕРТ 10.1 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

“Капитал” банкны гүйцэт­гэх захирал
А.Ариунболд, Сан­хүү удирдлын газрын дарга З.Мөнхсүрэн, теллер Х.Ман­дах нарт холбогдох
хэргийн шүүх хурал энэ сарын 4-нд Баянзүрх дүүр­гийн шүүхэд болсон билээ. Шүүх хурлаар
“Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, Сан­хүү удирд­лын газрын дарга З.Мөнх­сүрэн
нарыг гэм буруу­гүйд тооцсон бол теллер Х.Ман­дахад 10.1 жилийн ял оноож, 900 сая
төгрөгийн хохирол төлүүлэх шийдвэ­рийг гарга­жээ. Түүнийг “Капи­тал” бан­кинд ажиллах
хуга­цаан­даа 2010 мянган ам.дол­лар арилж­хаар 329 сая 970 мянга төгрөгийг Капитал
банк­ны дансанд шилжүүлэн авч, алтны “маржин” арил­жаанд оруулсныг шүүхээс тогтоожээ.

ЗУРГААН ЖИЛ ОР СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮ ГЭРТЭЭ ИРЖЭЭ

 
“Өдрийн сонин”-ы эрэн сурвалжлах
сэтгүүлчид оны өмнөхөн сураггүй алга бол­сон гэх хүү гэртээ эсэн мэнд ирсэн талаар
цуврал сур­валж­лагыг уншигчдадаа хүр­гэ­сэн билээ. 2008 оны найм­дугаар сарын
12-ны өдөр хүүг гэрээсээ холгүйхэн явж байхад нь үл таних этгээдүүд хулгайлж, хоёр
хоног хог түүлгэжээ. Төд удалгүй хүүг Төв аймаг дахь Б.Самъяа гэх малчин айлд хүргэж
өгсөн гэдэг. Хүү зургаан жил тэдний малыг хариулсны эцэст, өнгөр­сөн арванхоёрдугаар
сарын 30-нд гэрийн эзэнтэй хотод орж ирэхдээ Гандан­гийн дэнж дэх хамаатныдаа ирснээр
олон жил уулзаагүй аав, ээж, дүүтэйгээ хүү уулзсан юм.

САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ
ЗӨРЧЛҮҮД ИХЭСЧЭЭ

Өнгөрөгч долоо хоногт сар шинийн
баярын өдрүүд тохиосонтой холбоотойгоор хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэх,
тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, болон архи согтууруулах ундаа
хэрэг­лэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрч­лүүд бусад үетэй харьцуу­ла­хад
нэмэгдсэн байна. Үүнээс үүдэн нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд
буюу шинийн 1-нээс 4-ний хооронд авто ослын улмаас 16 хүн амь насаа алджээ. Тухайлбал,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт 45 настай эрэгтэй осгож амиа алдсан
бол тус аймгийн Мандал сумын нутагт Хюндай Элент­ра маркийн автомашины жолооч зам
тээврийн ослоор амь эрсэдсэн байна. Мөн Дорноговь аймгийн Хатан­булаг сумын нутаг
дэвсгэрт 48 настай эрэгтэй мориноо­соо унаж, Өвөрхангай аймагт 33 настай эрэгтэй
мотоцик­лиосоо унаж нас барсан бол Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт зам
тээврийн ослын улмаас найман нас­тай хүүхэд амь насаа алдсан золгүй хэрэг гарчээ.

ХУУЛЬ БУСААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАГАС АГНАЖЭЭ

Ховд аймгийн Мэргэж­лийн хяналтын
газар, Бай­галь орчны газар, Жаргалант сумын ЗДТГ хамтарсан шал­гал­таар нэгдүгээр
сарын 29-нд Буянт сумын Нарийн гол багийн иргэн С нь Хар-Ус нуурын улсын тусгай
хамгаа­лалт­тай газрын Халх бухат хэмээх газраас хууль бусаар загас барьж түүнийгээ
авто машинаар тээвэрлэж явсныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид илрүүл­лээ.
Түүний энэ үйлдэл нь Монгол Улсын “Тусгай хам­гаа­лалттай газар нутгийн тухай” хуулийг
зөрчсөн бөгөөд хууль бусаар агнасан 450 ширхэг Алтайн сугас загасыг хурааж, зөрчил
гар­гагч­дад холбогдох хууль тог­тоомжийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулжээ.

Дашрамд дуулгахад өнгө­рөгч
баярын өдрүүдэд онцгой байдал, цагдаа зэрэг холбогдох газрууд албаны бэлэн байдалд
шилжин ажил­­ласны бөгөөд нийслэ­лийн хэмжээнд өдөрт дунд­жаар 10-15 гэмт хэргийн
шинжтэй дуудлага бүрт­гэгд­сэн нь жирийн өдрүү­дийнх­тэй ижил үзүүлэлт аж. Эдгээрийн
дийлэнх нь авто осол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчлүүд байжээ
.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Алдарт эмэгтэй реппер Никки Минаж

Никки Минаж.
Одоогоос хэдхэн жилийн өмнө Нью-Йорк хотын Бронкс дүүргийн “Red Lobster” хэ­мээх
Америкийн сүлжээ рес­тораны жи­рийн нэгэн зөөгч байв. Түүний нэрийг ойр дотныхноос
нь өөр хэн ч мэдэхгүй бас танихгүй. Захиалсан хоолоо идчих­сэн мөнгөө төлөлгүй гараад
зуг­таачихсан залуусын төлбөр болох 38 доллар 75 центийг төлж чадаагүй болохоороо
ажлаасаа халагдан Нью-Йорк хотын ажилгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн эмэгтэй. Жүжигчин
болохын төлөө бүхнээ зориулж, чадлаараа хичээсэн хэдий ч бүтээгүй учраас зөвхөн
амь зуухын эрхэнд зөөгчөөс авахуулаад зочид буудлын цэвэрлэгч хүртэл хийж явсан
зорил­гогүй, хүсэл мөрөөдөлгүй нэгэн болсон байж. 100 долларын дэвсгэртийг 20 насандаа
л анх гартаа атгаж үзсэн, тарчиг­дуухан амьдралтай, Испаниас Аме­рикийг зорин ирсэн
сая сая цагаач­дын нэг байсан. Тэгвэл тэр өнөөдөр Амери­кийн Биллбоард буюу шилдэг
100 дууны жагсаалтанд долоон уран бүтээл нь багтсан анхны эмэгтэй реппер. Түүнийг
The New York Times сонин “Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэй реп­пер”,
“MTV” телевиз 2011 оны онцлох уран бүтээлчээр шалгаруулсан. Мөн долоон  BET Awards, дөрвөн American Music Awards, хоёр
MTV Music Awards, болон MTV Europe Music Award, таван удаагийн Bill­board Music
Awards-ийн шагналтан.

Түүний
гаргасан цомгууд дэлхий даяар сая сая хувиар борлуулагдаж, тэр чинээгээрээ дэлхийн
өнцөг бу­лан бүрт өөрийн шүтэн бишрэгчтэй. Никки Минаж гайхалтай амжилтын эзэн болсон.
Никки Минаж хэмээх тайзны нэрээрээ дэлхийд алдарш­сан Оника Танъя Маражийн бага
нас хүчирхийлэл, гуйланчлал, гадуурхал дунд өнгөрчээ. Тэрээр Сант Жеймс хэмээх Испанийн
нэгэн жижиг боом­тын хотод 1982 оны арванхоёр­дугаар сард төржээ. Түүний эцэг Карол
Роберт Мараж нь мөрийтэй тоглохоос гадна хар тамхинд донт­сон нэгэн байж. Америкийн
тээврийн компанид ажилладаг байсан хэдий ч цалингаа хар тамхи, зугаа цэнгэлд зарцуулчихдаг
байсан талаар хожим нь Никки “Үргэлж согтуу, эсвэл мансуурчихсан байдалтай л аавыгаа
хардаг байсан. Бусдад халуун ам бүлээрээ, аав ээж, ах дүү нартайгаа халуун ам бүлээрээ
амьдарсан мөчүүд бол хамгийн гэгээлэг, бодох тусам хайрын амтыг мэдрүүлж, гэгээлэг
сайхныг харуулсан мөч байдаг. Тэгвэл миний хувьд таван нас хүртлээ аав, ээжтэйгээ
хамт амь­дарсан тэр мөчүүд хар дарсан зүүд шиг байсан. Хэдий би жаахан байсан ч
зарим зүйлийг тод санадаг. Бүр таван настай байхад аав мансуурч ирээд, мөнгө өгөхгүй
бол гэрт чинь шатааж ална гэж ээжийг сүрдүүлж байсныг хүртэл санадаг. Тэр хэлсэндээ
хүр­сэн. Гэрт гал тавьчихаад хаалгаа гаднаас нь түгжээд хэнэг ч үгүй гараад явчихсан.
Хөршүүд хаалга эвдэж, биднийг гаргаагүй бол… Бодохоос ч аймаар санагддаг” хэмээн
нэгэн ярилц­лагадаа дурдсан байдаг. Никкигийн ээж нь амьдралын хүнд ачааг ганцаар
үүрч, өдөрт хоёроос гурван ажил давхар хийдэг байсан ч амьдралд нь хүрэлцдэггүй
байж. Тэгээд ч эмээ, ээж хоёр нь хоорондоо таарамж муутай байсан учраас эмээ нь
Никкитэй хамт Америкт цагаачлах замыг сонгожээ. Ингэж таван настай Никки эмээтэйгээ
Америкийн Нью-Йорк хотод анх хөл тавьсан юм. Байрны хөлс хамгийн хямд учраас Күйнс
дүүргийн борчуудын хороо­лолд амьдрах болжээ. Аль ч хот, дүүргийн захын хорооллын
адилаар харанхуй гудам, үймээн самуунтай айдас түгшүүр дүүрэн орчин болох Күйнс
дүүрэгт амьдрах болсон юм. Ирсэн даруйдаа ажил хайж, багагүй хугацаа хугацаа зарцуулсан
түүний эмээд хямд түрээстэй захын хороо­лолд амьдрахаас өөр сонголт байсангүй. 

Эмээ нь
дэлгүүрт худалдагчаар ажилд орсон даруйдаа Никкиг сур­гуульд оруулав. Ингэж Никкид
сурч боловсрох, шинэ нөхөдтэй болох боломж бүрдсэн юм. Хэнтэй ч найр­саг, эелдэг
харьцдаг учраас түүнд найз нөхөдтэй болох нь тийм ч хүндрэлтэй байсангүй. Тэрээр
ахлах сургуульд байхаасаа Кларнет хөг­жим тоглодог бай­сан бөгөөд LaGuardia-ийн
ахлах сур­гуульд  байхаасаа урлагт шим­тэн
дурлажээ. Тэрээр драмын тог­лолтонд оролцож дуулж эх­лэхээр шийдсэн хэ­дий ч сонгон
шал­гаруулалтанд нь тэнцээгүй юм. Гэ­сэн хэдий ч тэрээр бууж өгсөнгүй.
“Broadway” театрын сонгон шал­гаруулал­танд тэнцэж, “Чамайг мартахын тулд” хэмээх
жүжигт хүр­тэл тог­ложээ. Энэ үедээ тэрээр амьдралаа урлаг, тэр дундаа алдартай
жүжигчин болохын төлөө бүхнээ зориулна хэмээн өөр­төө андгайлсан гэдэг. Гэсэн хэдий
ч түүний жүжиглэлт сайжрахгүй байна гэх шалтгаанаар найруулагч нь жүжигтээ үргэлжлүүлэн
тоглуулахаас татгалзжээ. Үүний дараагаар хэд хэдэн театрт шалгалт өгсөн боловч тэнцээгүй
юм. Энэ үеэр түүнд өдөр бүр халаасны мөнгө өгдөг, байр­ныхаа түрээсийг өгдөг эмээ
нь хөг­ширч, худалдааны байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болжээ. Энэ
цаг үед жүжигчин болж, театрт ажиллах хүсэл мөрөөдлөө түр хойш тавьж, өнөө маргаашийн
хэрэг­лээнийхээ мөнгийг олохын тулд хүссэн хүсээгүй ажил хийх ёстойгоо Никки ухаарсан
юм. Эмээ нь ч нас биед хүрсэн зээ охиныхоо хамаг юмыг бэлдэж өгөөд, муу зан сургаж
байна гэдгээ ухаарсан учраас түү­нийг ажил хийх хэрэгтэй гэдгийг байнга сануулдаг
болов. Ийнхүү тэрээр  гол зогоохын тулд ямар
ч хамаагүй ажил хийж эхэлжээ. Бронкс дүүргийн “Red Lobster” хэ­мээх Америкийн нэгэн
сүлжээ ресторанд зөөгчөөр ажиллах болов. Төлбөрөө төлөөгүй залуу­сын 38 доллар
75 центийг төлж чадаагүй учраас аж­лаасаа нэг өдөр халагдав. Үүний дараа дахин өөр
нэгэн ресторанд зөөгчөөр ажиллаж эхэлжээ. Үйлчлүүлэгчтэй маргалд­саны улмаас мөн
л ажлаас нь халчихжээ. Энэ тухайгаа тэрээр “Би Нью-Йоркийн бараг бүх ресторанд ажилласан
байх аа. Одоо бодоход нэг газартаа хэдхэн сараас илүү удаан хугацаагаар тогтвортой
ажиллаж байгаагүй юм байна” хэмээн хошигнон өгүүлсэн байдаг.

Багаасаа
дуулах авьяастай түүнд Брүүклен дүүрэг дэх “Hoodstars,” хэмээх группийн ахлагч хамтарч
уран бүтээл туурвих санал тавьжээ. Хэсэг хугацаанд хамтран уран бүтээл туурвисан
хэдий ч хамтлагаа орхиж, бие даасан уран бүтээл туурвихаар болжээ. Минаж өөрийн
бие даасан хэд хэдэн уран бүтээл туурвисан бөгөөд зарим нь дуу бич­лэгийн студи
руу илгээсэн байна. Ийнхүү тэрээр “Mizay” энтертайн­ментийн үүсгэн байгуулагч Дебра
Антнитай холбоо тогтоосон байна.  Фенди бол
“Dirty Money” энтер­тайнментийн эзэн Минажтай холбоо тогтоосон нь түүний амжилтын
гарааны эхлэл болсон юм. Никкигийн “Young Money Entertain­ment”-тай хамтран гаргасан
Pink Friday хэмээх анхны цомог нь 2010 онд ху­далдаанд гарсан даруй­даа бор­луулалтаараа
тэргүүлж, Америкийн дуу бичлэгийн студийн холбооны олгодог сая хувь борлогд­сон
цомогт олгодог “Платинум” өргөмжлөл хүртжээ. 
Түүнч­лэн цомогт багтсан уран бүтээлүүд нь Америкийн шилдэг 200 дууны жагсаалтыг
тэргүүлсэн юм. 2010 оноос өдийг хүртэл хугацаа түүний хувьд амжилтаар дүүрэн он
жилүүд байлаа. Тухайлбал “Super Bass” дууг нь онлайнаар найман сая гаруй хүн татан
авч, сонсож, Америкийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон хувиар борлуулагдсан
дуугаар шалгарч байжээ. Мөн Америкийн хит 100 дууны жагсаалтад долоон дуу нь нэгэн
зэрэг бичигдсэн анхны эмэгтэй реппер болсон юм. Түүний “Pink Friday: Roman
Reloaded” хэмээх хоёр дахь цомог 2012 онд гарсан бөгөөд жилийн туршид борлуулал­таараа
тэргүүлсэн юм. Уг цомгийн дуунууд дотроос “Starships” Бил­лбоард жагсаалтын тавд
орж, 2012 оны хамгийн олон хувиар татаж авсан уран бүтээл болсон юм. 2013 онд Минажийн
цомог дэлхий даяар таван сая гаруй хувиар борлогдсон байна. Өнгөрсөн дөрөвдүгээр
сард Билл­боард чартын хамгийн олон удаа уран бүтээл нь бичигдсэн эмэгтэй реппер
болсон юм. Мөн “Adidas”, “MAC Cosmetics”, “Pepsi” зэрэг брэндийн нүүр царай билээ.
Тэрээр ” Ice Age: Continental Drift” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан нь “The
Other Woman” хэмээх анхны кинонд нь тоглох эхлэлийг тавьжээ. Тэр өнөөдөр
үглээд зогсох­гүй, чадварлаг дуулдаг. Өөрөөр хэлбэл хип хоп үглэдэг, басхүү поп
дуу ч дуулчихдаг чадварлаг нэгэн юм. Тиймээс тэрээр хэн нэгэнтэй хамтарч уран бүтээл
туурвихаас илүү ган­цаарчилж дуулахыг илүүд үздэг байна. Никки дууны өргөлт болон
дахилтыг хоолойныхоо онцлогт тохируулан өвөрмөц гаргаж чаддагаас гадна дууныхаа
райм хар ярианы хэллэгийг ашиг­лаж бичдэгээрээ бусад уран бү­тээлчдээс ялгардаг
юм. Тэрээр харийн гэмээр олон өнгийн пиджак, хиймэл үс болон хувцаслалтаараа өөрийн
имиджийг бүрдүүлээд зогсох­гүй бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн уран бүтээлч. Никки
Минаж “Амьдралын туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү бүхнээс аль ч сургууль, ямар ч багш
заадаггүй амьдралын ухааныг олж авсан. Тэр нь өнөөдрийн алдар хүндэд хүрэ­хийн хөдөлшгүй
бат суурь нь болж өгсөн юм” хэмээжээ.  Тэрээр
“VIBE” сэтгүүлд өгсөн ярилц­лагадаа “Эмэгтэй репперүүд дандаа л хайрын тухай дуулдаг.
Поп, рок, альтернатив гээд урлагийн бүхий л төрөл хайрын тухай залхтал дуулж байхад
хажуунаас репперүүд үглээд эхэлбэл хэнд ч таатай санагдахгүй. Магадгүй хайр дуулж
олны анхаа­ралд өртөж, амжилтанд хүрнэ гэж эндүүрдэг. Харин репперүүд хайр сэтгэл,
үзэн ядалт, өшөө хорсол, баяр баяс­галангаас авахуулаад бурхан чөт­гөрийн тухай
үглэн дуулдаг” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

МУИС-ийн багш нар шаардлагынх нь хариуг өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв

-МУИС-ИЙН ЗАХИРАЛ А.ГАЛТБАЯРТ ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГЫНХАА ХАРИУГ
ӨНӨӨДӨР АВАХ ГЭНЭ-

Өчигдөр
“МУИС-д Ард­чиллыг сэргээх” түр хорооноос МУИС-ийн захирал А.Галтбаярт шаард­лага
хүргүүлэн тай­ван цуглаан хийсэн юм. Тэд их сургуулийн нэгдүгээр байрны өмнөх
талбайд цуглан, шаард­лага хүргүү­лэх болсон шалтгаан хий­гээд тус шаардлага­даа
ямар заал­туудыг тус­гаснаа нэг­бүрчлэн уншиж танил­цуулсан юм. Түр хорооны
гишүүд МУИС-ийн бүт­цийн өөрчлөл­тийн хү­рээнд байгуу­лаг­дах гэж байгаа дөрвөн
салбар сургуулийг байгуу­лах үн­дэслэл, тооцоо, судалгаа, үр дүнг тодор­хой бол­гохыг
шаардаж ийн цуг­ла­сан юм. Түүнч­лэн МУИС-ийн шинэч­лэл­тэй холбоотой нууц
тогтоо­лын төслийг багш ажилт­нуудаар хэлэл­цүүлж та­нилцуулалгүй шууд Удир­дах
зөвлөлөөр батлуула­хыг оролдсон нь сургуу­лийн дотоод дүрэм жур­мыг зөрчсөн
үйлдэл хэ­мээн “МУИС-д ардчил­лыг сэргээх” түр хороонд нэгдсэн багш нар үзжээ.
Тиймээс тэд өнөөдөр 11-15 ца­гийн хооронд МУИС-ийн захир­гаа, түр хорооны
төлөөллийн орол­­­цоо­тойгоор захирал А.Галтбаяр, түүний удирд­лагын багт итгэл
үзүүлэх эсэх талаар са­нал асуулга авах хүсэл­тэй байгаа юм байна. Ийнхүү
үүссэн нөхцөл байдлын талаар МУИС-д Ардчиллыг сэргээх” түр хорооны тэргүүн
Б.Болд-Эрдэнээс тодруул­лаа.

-Бүтцийн
өөрчлөл­тийн төслийг Их сур­гуулийн Удирдах зөвлө­лөөр нууцаар оруулсан гэдэг
үнэн үү?

-Журам ёсоор
бол их сургуулийн бүтцийг өөрч­лөхтэй холбоотой энэ мэт төслийг багш, ажилчдад
бүрэн танилцуулж, тэд­ний санаа бодлыг тусгах ёстой. Гэтэл багш ажилч­дынхаа
саналыг харгал­зах­гүйгээр тулгах маягаар бүтцийн хэмээх өөрч­лөл­тийг хийхээр
өнгөрсөн сарын 8-нд МУИС-ийн гадаад харилцаа, хам­тын ажиллагаа хариуц­сан дэд
захирал Л.Мөнх-Эрдэ­нэ Удирдах зөв­лөлөөр батлуулахыг оролд­сон. Үүнийг нь бид
эсэргүүцэж байгаа юм. Энэ нь акаде­мик эрх чө­лөөг үгүй хий­сэн хэрэг юм.
Өөрөөр хэлбэл захи­рал хүссэн бүхнээ Удир­дах зөвлө­лөөр бат­луулж, тэр
шийдвэрт нь дор нь ажилладаг багш ажилч­дынх нь санал санаа­чилга тусгагдаагүй
байж болохгүй шүү дээ. Наад зах нь бүт­цийн өөрч­лөл­тийг ямар судал­гаан дээр
үндэслэн хийж байгаа болон энэ нь сур­галтын шинэчлэлийн стан­дарт­тай хэрхэн
уял­даж бай­гааг тайлбарлах ёстой.

-Төсөлд санхүүгийн эрх мэд­лийг нэг дор төвлөрүүлэхээр
тусгасан гэл үү?

-Тэнхимийн
эрхлэгч, декануу­дын эрх мэдлийг захирал өөр дээрээ төвлөрүүлэхээр төсөлд
тусгасан байсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмээр бол тэнхмийн
эрхлэгч, деканаар хэнийг томилохоо багш нарын санал асуул­гаар шийддэг. Гэтэл
төсөлд өөрийн үзэмжээр хүссэн хүнээ дурын албан тушаалд тавьж, түү­гээр
дамжуулан хүссэн зүйлээ хийх, бусдад тулгадаг болохыг санаархаж байна. Түүнчлэн
МУИС салбар сургууль бүр санхүүгээ мэдэн зарцуулж, түүнийг нь төв удирдлагаас
хянадаг бол төсөл ёсоор санхүүгийн эрх мэдэл захи­рал, санхүүгийн албанд шилжих
юм. Жилдээ 34-35 тэрбум төгрөг эргэл­дэхээс гадна олон төсөл хөтөлбөр хэрэгждэг
болохоор энэ их хөрөнгө мөнгийг хяналтгүй зарцуулах сонир­хол байж боло­хыг ч
үгүйсгэхгүй.

-Та бүхэн
шаардлагадаа их сургуулийн удирдлагууд хууль бус мэдэгдэлдээ залруулга хийх
ёстой гэсэн байсан. Үүнийгээ тодруулаач?

-Их
сургуулийн хоёр докторын нэг нь, дөрвөн багшийн нэг нь дарга болсон ийм нүсэр
бүтэц зо­хион байгуулалттай байна. Энэ нь их сургуулийн уруудан дорой­тож бай­гаагийн
гол шалтгаан нь мэтээр олон нийтийн мэдээллийн хэ­рэгслээр мэдэгдсэн. Үүгээрээ
ний­гэмд их сургуульд олон дарга нар “үүрлэчихсэн”, тэдний эсрэг шинэч­лэл хийж
байгаа мэтээр ойл­гуула­хыг хичээсэн. Энэ нь бодит байдал­тай огтхон ч нийцэх­гүй
байгаа учраас залруулахыг шаардсан. Ойрын хэд хоног зарим удирд­лагууд оюут­нуудад
хичээ­лийнх нь дараа ухуул­га хийх болсон. Элдэв зурагт хуу­дас үзүүлж, “Бид
ийм сайхан зүйл хийх гэж байгаа. Их сургуульд ардчилал хэрэггүй, та бүхний
сонголт чухал” гэх зэргээр хэлж ярих болсон.

-Удирдах
зөвлөлийн хэд нь багш нарын төлөөллөөс бүрддэг вэ?

-Нийт 21
гишүүн байдгаас 13 нь төрийн төлөөлөл. Үлдсэн наймын тав нь багш, гурав нь
төгсөгчдийн төлөөлөл байдаг. Ингэхээр багш нар Удирдах зөвлөлд цөөнх гэсэн үг.
Гэтэл тэдгээр таван багшийн нэг нь болох академич Нарангэрэл тэтгэвэрт гарсан
учраас зөв­лөлийн хуралд оролцохгүй. Нэг нь сар гаруйхны өмнө төгсөлтийн дараах
сургалтын захирал болоод дэвш­чихсэн бол нөгөө нь биднийг тө­лөөлж гарчихаад
“Багш нарын эрх ашиг гэж байдаггүй. Ха­риуц­лага хүлээдэггүй хүн шийдвэр
гаргахад оролцох ёсгүй гэх зэргээр буруу ташаа яриад явж байгаа учраас Удирдах
зөвлөлд багш нарын тө­лөөлөл үндсэндээ байх­гүй гэж ойл­гож болно” гэсэн. Ин­гэхээр
багш нарын төлөөлөл Удир­дах зөвлөлд байх­гүй гэхэд болно. 

-Бүтцийн
өөрчлөлтөөр зөв­хөн сургуулиудыг татан буул­гаж нэг­тэх асуудал яригдахаас бус
ямар тэнхимийг хэрхэн зохион байгуулах талаар огт яриг­дахгүй юм?

-Тийм ээ.
Бидний бухимдаад, жагсаад байгаагийн гол шалт­гаан нь энэ шүү дээ. Хүний
нөөцийн хуваарилалт, төлөвлөгөө, судалгаа зэргийг нь ил тод болгохыг шаардаж
байгаа юм. Төсөв хэмнэх гэсэн төлөвлөгөө бол сургалтын чанарыг сайжруулах,
судалгааг шинэ ша­танд гаргах гэсэн бүтцийн өөрч­лөлтийн үндэс биш. Тэд
гадаадын их сур­гуульд л ийм байдаг гэснээс монгол хөрсөнд, бидэнд ямархуу энэ
мэт ши­нэчлэл, өөрчлөлт нь нөлөөлөх, эерэг сөрөг тал нь юу байх гэдгийг огт
тооцох­гүй байна. Адаглаад багшлах бо­ловсон хүч­нээ бэлтгээгүй байж л
Стэнфордын их сургуулийн бүт­цийг нэвтрүүлж байна гээд л бай­даг. Юм бүхэн нь
нууцлагдмал, багш нарын хэн нь мэдээгүй бай­тал ирэх сарын 15-ны дотор төслийг
хэлэлцэн асууд­лыг нэг тийш болгоно гээд одоогийн удирд­лагууд шахаад байж
болох­гүй биз дээ.  Ер нь их сургуульд ши­нэчлэл
хийгдсээр ирсэн. Үндэсний магад­лан итгэмжлэл болон гадаад хэл­ний
хөтөлбөрүүдийг тухай бүрт нь итгэмж­лүүлсээр ирсэн.

“МУИС-д
Ардчиллыг сэргээх” түр хороонд долоон салбар сур­гуулийн багш нар нэгджээ.
Өмнөх захир­луудыг нээлттэй сонгон шал­гаруу­лалтаар томилдог байсан бол А.Галт­баярыг
яамнаас шууд томилсон гэнэ. Түх хорооныхон шаард­лагынхаа хариуг өнөөдөр 10
цагт албан бичгээр авахаа илэр­хийлсэн бөгөөд асуудлыг хамтын орол­цоотойгоор
нааштайгаар шийдвэр­лэхгүй бол тэмцлийн да­раагийн хэлбэрт шилжихэд бэлэн
байгаагаа илэрхийлсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Зундаа сэрүүн, өвөл нь дулаан автобусны буудал Багануурт байна

Багануур дүүрэгт ба­ригдсан жишиг авто­бус­ны
буудлыг сурвалжил­лаа. Жишиг гэдгийн учир нь энд зундаа сэрүүн, өвөл нь дулаан битүү
автобусны буудал юм байна. Нийслэлээс 120 гаруй км алслагдсан тус
дүүргийн хувьд албан ёсоор 27 мянга гаруй хүн амтай ч 30-аад мян­ган иргэн байнга
оршин суудаг гэх тооцоо бий. Бусад дүүргүүдтэй харь­цуу­лахад цөөн хүнтэй ч нэг
газраа бөөг­нөрөлгүй,  таруу суурьш­сан нь
Бага­нуурын онц­лог. Тиймээс дүүргийнхээ төв хэсгээс таваас 17 км алслагдсан Нугын
талын толгой, Хилчин замчин, Үйлдвэ­рийн хэ­сэг болон Ра­шаант зэрэг дөрвөн чиг­лэлд
нийтийн тээврийн дунд оврын ав­тобусаар иргэддээ үйл­чилдэг бай­на. Ингэхдээ дүүргийнхээ
тээвэр зохи­цуулалтын албаны дар­гын баталсан хуваарийг баримталдаг аж.

Өөрөөр хэлбэл бүх чиглэл дэх автобуснууд өглөөний долоон цаг 20 минутад
нийтийн тээв­рийн үйлчилгээнд явж эхэлдэг бөгөөд 10 цаг хүртэл тухайн чиглэлийн
хол ойроос хамааран дөрвөөс зургаан удаа тойрдог байна. Хэрэв ир­гэд автобуснаасаа
хо­цор­вол 20-оос 40 минут хүлээдэг гэсэн үг. Харин 10 цагаас 17 цаг 30 минут хүртэл
зорчигч урсгал харьцангуй сийрэг болдог учраас нэгээс хоёр цаг тутамд автобус иргэдэд
үйлчилдэг байна. Үдээс хойш 17 цаг 30 минутаас
хичээл сургууль, ажил тарж, зорчигч урсгал нэмэгддэг учраас өмнөхийн адилаар
20-40 минут тутамд автобус явдаг байна. Улаанбаатарт ажлын өдрүүдэд нийтийн тээврийн
автобус 22 цаг хүртэл явдаг бол Багануурт 19 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг юм байна.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН
САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЖИШИГ АВТОБУСНЫ БУУДАЛ БАРЬЖЭЭ

Энэ жил Багануур дүүрэгт орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум 27 сая төгрөг төсөвлөгджээ. Тус хөрөнгөөр
төв гудамжуудаа камержуулж, тог­лоо­мын талбай шинээр байгуулж, цамхган гэрэлтүүлэг
байгуулжээ. Мөн дүүргийн алслагдсан хороо­дод амьдарч байгаа иргэд зуны халуун,
өвлийн хүйтэнд 20 мину­таас хоёр цагийн хугацаанд ний­тийн тээврийн автобусыг хүлээж
гадаа зогсдог учраас хороо бүрийн эцсийн зогсоолын автобусны бууд­лыг шинэчилжээ.
Ингэхдээ Үйлдвэ­рийн хэсэг, Рашаант болон хоёр­дугаар хороонд задгай шилэн буудал
барьсан бол гуравдугаар хороо буюу Талын толгой, Нугын талд битүү шилэн буудал бариу­ла­хаар
болжээ. Учир нь дүүргийн төвөөс таваас зургаан км алслагд­сан тус хороо нь тал газар
байрла­даг учраас өвөл хавартаа хүчтэй салхилдаг аж. Тиймээс дүүргийн удирдлагууд
Цахилгаан механи­кийн үйлдвэрийн эзэдтэй тохи­ролц­соны үндсэн дээр ийн битүү автобусны
буудлыг барьжээ.

Багануурын Цахилгаан меха­ни­кийн үйлдвэрт нийтдээ
дөрвөн автобусны буудлыг 32 сая төгрө­гөөр захиалан хийлгүүлсэн бөгөөд тэдгээрийн
нэгийг нь ийн битүү хийлгүүлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 11-ээс аравдугаар сарын
7-ны хооронд дээрх буудлуудыг хийж, өнгөрсөн сард багтаан бүрэн суурилуулсан юм
байна. Бараг­цаа­гаар 20-30 хүн элбэг багтчихаар зайтай энэхүү битүү автобусны буудлын
хаалганы дээхнэ халуу­наар төөнөдөг, эсрэг талд нь сэрүү­нээр үлээдэг төхөөрөмжүүдийг
суурилуулсан нь нэн ая тухтай нөхцөлийг бүрдүүлжээ. Зүүн талд нь гурваас дөрвөн
хүн зэрэгцээд суучихмаар урт модон сандалтай юм байна. Буудал дотор нь удирд­ла­гын
самбарыг нь байрлуулж өгсөн учраас дотроос нь хэдэн хэмийн халуун, сэрүүнээр хэр
удаан үлээлгэх эсвэл доторх дулаа­ныг тэдэн градуст тогтмол байлгах зэргээ тохируулах
боломж­той. Гэхдээ энэ нь хэн дуртай нь удирдлагын самбарыг оролдоод байна гэсэн
үг хараахан биш. Өмчлөлийн асуудал нь тодорхой болмогц тодорхой хэн нэгэнд хариуцуулж
өгөх гэнэ.  Дөрвөн хана нь тэр чигтээ шилэн
учраас өдөртөө нарны гэрэл буу­дал доторхийг цэлийтэл гэрэл­түү­лэх учраас эрчим
хүчинд хэм­нэлт­тэйгээс гадна харагдах талаасаа ч үзэмжтэй байхыг нь бодолцож хийсэн
гэдгээ Багануурын Цахил­гаан механикийн үйлдвэрийн инже­нер Сайханбилэг онцолж байсан
юм.

ӨГЛӨӨД ГАЛЛАЖ АМЖААГҮЙ
ХҮЙТЭН ГЭРЭЭС ГАРСАН СУРАГЧИД АВТОБУСНЫ БУУДАЛ ДОТРОО ОРЖ ДУЛААЦДАГ

Буудлын гадна талд хоёроос гурван хүн зэрэгцэж
суувал элбэг­хэн багтчихаар хоёр ч сандал суурилуулжээ. Мөн зориулалтын хогийн сав
ч ардхан талд нь байна. Биднийг очиход ажлаа тараад харихаар автобус хүлээж байгаа
хоёр уурхайчинтай тааралдсан юм. Тэд “Манай хавьд чинь өвөлдөө бас л тачигнана шүү
дээ. Их сал­хил­­на. Хар өглөөгүүр сургууль, цэцэрлэгтээ явах гээд автобус унаа
хүлээгээд зогсч байгаа хүүхдүүд л хөөрхий даарч хөрнө. Толгой нүц­гэн, нимгэн хувцасласан
нэг нь хацраа хайрах, чихээ хөлдөөх бол энүүхэнд шүү дээ. Харин дулаан, тохитой,
тухтай автобусны буудал­тай болсонд энэ хавийнхан бүгд сэтгэл хангалуун байгаа.
Ядаж л эцэг эхчүүд бид хүүхдээ өглөөд сургуульдаа явах гээд гарахад нь сэтгэл амар
гэртээ үлдэнэ. Өглөө галлаж амжаагүй хүйтэн гэрээс гарсан хүүхдүүд энд ирж нэг дулаа­цаж
байгаа юм. Зарим сүйхээтэй нэг нь эртлэн ирж багшдаа асууг­дах хичээлээ ч сэргээгээд
нэг уншчихдаг гэсэн шүү. Харин ийм гоё буудлаа нүдний цөцгий мэт л хайрлаж, хамгаалах
нь чухал даа” гэв. Биднийг ийн ярилцах зуур “Хьюндай Айсо” маркийн 21 хүний суудалтай
дунд оврын автобус буудалд дээр ирж зогсов. Арваад хүн бууснаа, долоо найман хүн
зөрөөд суусан юм.

ОРОН НУТГИЙН ӨМЧИД ШИЛЖҮҮЛСЭН
ТОХИОЛДОЛД АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫГ НЬ БҮРЭН ХАРИУЦААД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ГЭНЭ

Багануур дүүргийн дэд бүтэц, тохижилт, зам тээвэр
хариуцсан мэргэжилтэн М.Дэлгэрцэцэг “Энэ автобусны буудлын өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр
Нийс­лэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт илгээсэн. Хэрэв орон нут­гийн өмчид
шилжүүлбэл дүүргийн зүгээс ашиглалт, хамгаалалтыг нь хажууханд нь байрлах “Нарны
зам” хүнсний дэлгүүрийн эзэнд хариуцуулж өгөх саналтай байгаа­гаа хэлэв. Ингэсэн
тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсвэл түүнээс илүү цалинг “Нарны зам”
дэлгүүрийн худалдагч, эсвэл манаачид өгч ашиглалт, хамгаа­лал­тыг нь хариуцуулах
гэнэ. Иргэ­дийг нийтийн тээврээр үйлчлүү­лэ­хээр ирэхээс өмнөхөн буудлыг нээж, халаагчийг
нь ажиллуул­чих­даг болохоор өглөөний жавар гадаа ид тачигнаж байхад иргэд дулаан
буудал дотроо ном уншиж, эсвэл утсаараа оролдсон шиг ээ автобусаа хүлээдэг. Автобус
нь ч яг тогтсон цагтаа буюу долоон цаг 20 минутдаа ирж, төд удалгүй буудлаасаа хөдөлнө.
Энэ бол угийн цаг баримтлахдаа маруу, ихэвчлэн үдээс хойш, өмнө эсвэл их л сайндаа
тэдэн цагийн орчимд гэж ерөнхийлөн цаг тохирдог, товлодог манайханд бол шинэ үзэгдэл.
Долоон цаг 20 минут бол яг л долоон цаг 20 минутдаа” гэсэн юм. Гадаа жавар тачигнаж
байхад дулаан буудалдаа нийтийн тэврээ хүлээн зогсох…  Энэ бол гадаадын аль нэг хот биш Улаанбаатарын
алслагдсан нэгэн дүүргийн дүр төрх гэхэд хэн бүхэнд таатай санагдах биз ээ. Цагийн
хуваарийн дагуу иргэддээ үйлчилж буй эсэ­хийг давхар диспетчер нь шалгадаг гэнэ.
Хэрэв нийтийн тээвэр цагтаа үйлчлэхгүй, тасалбар түгээгч зүй бус харьцсан зэрэг
шүүмжлэлтэй асуудал тулгарвал мэдээлэл өгдөг тусгай дугаар хүртэл байдаг аж. Тэр
нь 70214444. Ийнхүү иргэдийн санал гомдлыг хүлээн авч, газар дээр нь арга хэмжээ
авдаг болс­ноор нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд цэгцэрсэн болохыг дүүр­­гийн
олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Гэрэлтуяа онцолж байлаа. 

Өнгөрсөн намраас эхлэн дүүр­гийн төвөөс 20-оод
км алслагдсан гуравдугаар хороо буюу Талын толгой, Нугын талаас сурагч болон цэцэрлэгийн
багачуудыг үнэ төл­бөр­гүйгээр тээвэрлэдэг болсон байна. Эндээс 50 гаруй хүүхэд
багачууд сургууль, цэцэрлэгтээ явдаг аж.

 М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Ази Европыг холбосон авто замтай боллоо

“Аглут” ХХК-ийн захирал А.Дөл удахгүй ашиглалтад орох 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн ажлаа Ерөнхий сайдад танилцуулж байгаа нь

-АЛТАНБУЛАГ ЗАМЫН-ҮҮДТЭЙ 1100 ГАРУЙ КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДЛОО-

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг
хөгжлийн сайд Н.Батбаяр, Сан­гийн сайд Ч.Улаан, Зам тээврийн дэд сайд Х.Ержан тэргүүтэй
алба­ны­­хан Дорно­говь аймгийн Замын-Үүд, Сайншанд зэрэг сумдын бүтээн байгуу­лалттай
танилц­сан юм.

ОХУ-ААС ГАДНА ХЯТАД, СИНГАПУР,
СОЛОН­ГО­СООС ШАТА­­ХУУ­­НАА ИМПОРТОЛНО

Замын-Үүдэд шингэн түлш шил­жү­ү­лэн
ачих байгуу­ламжийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үнд­сэн­дээ дуусчээ. Өмнө
нь сар­даа 15 мянга хүрэхтэй үгүйтэй шингэн түлшийг шилжүүлэн ачдаг байсан бол ийн
өргөт­гө­снөөр 40 гаруй мянган тонн болтол нэмэг­дүүлэх боломж бүрджээ. Хэрэв энэ
хүчин чадалдаа хүрч ажил­ла­вал дотоодын шатахууны хэрэг­цээ­­ний­ тэн хагас нь
тус шил­жүү­лэн ачих төвөөр дамжих гэнэ. Шингэн түлшнийхээ 90 гаруй хувийг дан ганц
ОХУ-аас биш Хятад, Сингапур, Солонгос зэрэг бусад улсаас импортлох боломж­той болж
байгаа аж.

Ингэс­нээр “Рос­неф­ьт”-ээс импор­­тол­дог
шатахууны хэмжээ 25 хувь хүр­тэл буурах боломжтой боло­хыг албаны­хан онцолж бай­лаа.
Ерөнхий сайд Н.Алтан­хуяг “Газрын тосоо түүхий чигээр нь Хятад руу гаргаж, тэнд
нь боловс­руулан түлш болгоод эргүү­лээд татаж бай­гаа. Тиймээс бидэнд зайлш­гүй
шингэн түлш шилжүүлэн ачих байгуу­лам­жийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ
тул­гар­­сан. Үүнийг хугацаанд нь чанар­тай хийж гүйцэтгэсэнд сэтгэл хангалуун байна”
хэмээн ярьж байв.

ЗАМЫН-ҮҮДЭД БҮТЭЭН БАЙ­­­­­ГУУЛАЛТ
ИД ӨРНӨЖ БАЙНА

Замын-Үүдэд бүтээн бай­гуу­лалт ид
өрнөж байна. Тод­руул­бал 960 хүүхдийн сур­гууль, 150 хүүх­дийн цэцэрлэг, 100 ортой
эмнэл­гийн бари­л­га, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн ажил ид үргэлжилж
байна. Ус цэвэршүүлэх байгуу­лам­жийн ажил дуусах шатан­даа орсон бол чөлөөт худалдааны
бүс байгуулах төсөл эхлээд удаагүй байгаа юм. 
Сургууль, цэцэр­лэг, эмнэ­лэг, дулааны цахил­гаан станцын байгууламжуу­дыг
ирэх хавар ашиг­лалтанд хүлээлгэж өгөх гэнэ. Барилгын ажил хуваарийн дагуу хэвийн
үргэлжилж бай­гаа хэмээн гүйцэтгэгч компа­нийн удирд­лагууд уламжил­сан юм. Гүйцэтгэлээ
хянуулж, да­раагийн шатны санхүүжилтээ авахаар олон дарга нарын үүд сахиж, бага­гүй
хугацаа алддаг гэж компанийнхан ярьж байсан. Засгийн газрын тэргүүн ч энэ асууд­лыг
нааштайгаар шийд­вэ­р­­лэн, хүнд суртлыг халахын төлөө ажиллана гэдгээ мэдэг­дэв.
Хятадаас Монголын Зас­гийн газар 300 сая ам.дол­ла­рын хөнгөлөлт­тэй зээл авс­наас
58 сая ам.доллар буюу 90 гаруй тэрбум төгрөг нь Замын-Үүдийн энэ бүтээн байгуу­лалтад
“шингэж” байгаа аж. 

Н.АЛТАНХУЯГ: ГААЛИЙНХАНД ҮҮГЭЭР
МАШИН ГАРГАХ СОНИРХОЛ АЛГА

Замын-Үүдэд 2011 онд улсын төсвийн
хөрөнгө оруу­лал­таар том оврын автома­шиныг шалган нэвт­рүү­лэх тоног төхөөрөмжийг
суури­луул­сан хэдий ч одоогоор нэг ч ашиглагдаагүй байна. Учир нь тухайн үед хилийн
зурвас хоорон­дох 11 км хүнд даа­цын автома­шины зам бариг­даагүй байсан аж. Харин
энэ жил тус замыг барьж дуус­гаад суурилуулсан тоног төхөө­рөм­жөө ажиллагаанд оруу­лах
гэтэл ашиглаагүй удсан учраас зарим тохиргоо нь алдагджээ. Түүнчлэн арваад сая төгрөгийн
тохи­жил­тын ажил дутуу байгаа аж. Суурилуулж өгсөн компани нь Бээжинд төвтэй Хятадын
ком­па­ни бөгөөд мэргэжилтнээ ирүүлэх хүсэлт өгчихөөд бай­гаа гэнэ. Ерөн­хий сайд
Н.Алтанхуяг энэ байдалд ихэд сэтгэл дундуур байгаа­гаа нуусангүй. Тэрээр “Хонх нь
бай­хаар дамар нь таг, дамар нь дуу­гарахаар хонх нь таг гэдэг л болж байх шив дээ.
Үүнийг бари­хад гурван тэрбум төгрөг зарцуулсан. Ажил­лах­гүй, ашиг­лахгүй болохоор
ямар хэрэг байх вэ. Өнгөр­сөн хавар ирэ­хэд “Бид ачаа­ны автомашины тэвшин дэх зүйлсийг
явуут дунд нь хардаг рентген аппарат суурилуу­лчи­хаад авто замтай болохыг хүлээж
байна. Замыг нь тавиад өгчихвөл Замын-Үүд дээрх автомашин урсга­л түгжрэл энэ тэр
арилах гээд байна” гэсэн. Замтай болгоод өгсөн чинь суури­луул­сан тоног төхөөрөмж
нь ажиллахгүй болчихдог. Ерөө­сөө гаалийнханд үүгээр машин гаргах сонирхол алга.
Дээр нь ийм ч ажил нь дутуу, түүнийгээ ч хийгээгүй гээд шалтаг тавина. Гурван тэрбум
төгрөгөөр бүтээн байгуулалт хийчихээд ашиг­лах гэхэд 10 сая төгрөгийн тохи­жил­тын
ажил нь дутуу гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгж яривал орон нутгийн чинь төсөвт зөвхөн
хилээр гарч орох иргэдээс авдаг 1000 төгрө­гийн хураамж сардаа 50-60 сая төгрөг
болдог шүү дээ. Тэр мөнгийг захиран зарцуулах эрх нь орон нутагт бий. Мөн­гөгүй
гээд шалтаг тоочихын­хоо оронд болгоё, хийе, бүтээе гэсэн эерэг сэтгэлгээ­тэй баймаар
байна” гэсэн юм. Ирэх сарын 1 гэхэд тус тоног төхөөрөмжийн тохиргоог нь хийл­гэн
ашиглаж өгнө хэмээн холбог­дох албаныхан Ерөн­хий сайдад амлалаа. Ерөн­хий сайд
ч тухайн үед нь амлалтандаа хүрсэн эсэхийг шалгахаа сануулав.

ЗАМЫН-ҮҮД САЙНШАНД, САЙНШАНД ХАМРЫН
ХИЙД ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМЫГ НЭЭЛЭЭ

Ерөнхий сайдыг Дорно­говь аймагт ажиллах
үеэр хоёр ч чиглэлийн авто замын албан ёсны нээлт болсон юм. Үүнд Замын-Үүд Сайншанд
чиглэлийн 116 км, Сайншанд Хамрын хийд хоорон­д 42 км хатуу хучилттай авто за­мыг
тус тус албан ёсоор нээсэн юм. Замын-Үүд Сайншандыг хатуу хучилттай авто замаар
хол­босноор Замын-Үүдээс Алтан­булаг боомт хоорон­дын 1100 гаруй км авто зам бүрэн
хатуу хучилттай болж байна. Энэ нь Европ Азийг холбосон Азийн авто замын сүл­жээний
хам­гийн дөт зам болж байгаа­гаараа давуу юм. Энэ 116 км авто замын нийт өртөг нь
35 сая ам.доллар.  Азийн хөгжлийн банк­ны
буцалт­гүй тусламж болон зээлийн санхүү­жилтээр China machinery industry
construction компани ийн барьж ашиглалтад оруулжээ.

Харин Сайншандыг Хам­рын хийдтэй
42 км хатуу хучилт­тай авто замаар холбо­сон нь аялал жуулчлалын чухал ач холбогдол­той
аж. Нийт 16.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус замын гүйцэт­гэгчээр нь ӨМӨЗО-ы
“Хинчан” барилга угсралтын компани, “За­мын битум” компа­нитай хамтран ажил­ла­жээ.
Аялал жуулчлалыг хөгжүү­лэхээс гадна байгаль орчинд чухал ач холбогдол­той гэдгийг
Зам тээврийн  дэд сайд Х.Ержан онцолж байсан
юм. Тэрээр экологийн тэр дундаа хөрс­ний эмзэг бүтэцтэй говийн хувьд Хамрын хийдийг
үзэж сонир­хохоор жуулчин, сүсэг­тэн олон шороон замаар тоос татуулан давхицгаа­даг
асан “хэцүү” цаг ард хоцор­сонд талархаж байгаагаа уламжилсан юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ