Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ном, сонин унших моод дэлгэрчихжээ

“Аз хур” номын дэлгүүр өнгөрсөн амралтын өдөр бүх номондоо 30-80 хувийн хямдрал зарласан нь залуусын дунд шуугиан тарилаа. Facebook, twitter хуудаст тус дэлгүүрийн хаягийг бие, биенээсээ сурагласан хүн маш олон байв. “Аз хур” номын дэлгүүрийн үүдэнд өглөөнөөс үдэш хүртэл залуучууд дугаарлахдаа огтхон ч бухимдсангүй. “Эх орны хишиг” 21 мянган төгрөгтөө дугаарладаг байсан шиг номонд дугаарладаг болсон нь сайхан харагдаж байв. Дугаарлаж, дугаарлаж дэлгүүрт орсон хүмүүс номыг хайрцаг, хайрцгаар, боть ботиор нь тэврээд гарч ирж байв. Олонхи нь түүхийн ном авснаа гайхуулж байв. Зарим нь авч амжаагүй номынхоо араас харамсч сонсогдов. Энэ бол залуусын дунд ном унших моод дэлгэрсний илрэл. “Өдрийн сонин” одоогоос хоёр жилийн өмнө “Ном унших моод дэлгэрүүлье” уриа гаргасан билээ. Энэ ажлынхаа хүрээнд ном уншуулах аян өрнүүлж, залуусыг гэрэл гэгээ рүү хөтөлж буй сайн үйлтнүүдийг алдаршуулсан. “Өдрийн сонин”-д “Ном бариагүй гар лонх л барьдагсан даа” нийтлэл гарсан нь олон хүнд юм бодогдуулсан. Одоо залуус ном барьдаг болж. Ном уншсан залуус юм боддог бол мэдээллийг олон талаас нь дүгнэж, өөртөө ургуулдаг болж. Тэр хэрээрээ олноороо сонин уншдаг болжээ. “Танай сонинд гарсан нийтлэлийн талаар хүмүүс шуугиад байна. Хаанаас унших вэ” гэж асуудаг болсон байна. Цахим ертөнцөд “Номонд дурлагсдын клуб” групп-т хэдэн зуун залуус уншсан номоо ярьж, хоорондоо үзэл бодлоо солилцдог болж. Бид ийм л моод дэлгэрүүлэхийг хүссэн юм. Ном, сонин унших моод дэлгэрсэн нь ирээдүйг минь сайхан харагдуулж байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгаалалтгүй хамгаалагч

АТГ-т шалгагдаж байгаад ял сонссон олны танил нэгэн хүний өмгөөлөгчөөс ярилцлага авахыг хүсэхэд “Уг нь ярих, хэлэх юм их байна. Даанч өөрийнх нь алдааг хэлчихээр АТГ-ын байцаагчид биднийг заначихдаг юм. Прокурор, шүүхийнхэн ч “Чи сонин хэвлэлээр олон юм ярьсан билүү. Түүний чинь хариуг өгнө” гэсэн байдлаар ханддаг. Ингээд л намайг төдийгүй үйлчлүүлэгчийн минь эрх зүйн байдлыг дордуулдаг. Дараа дараагийн үйлчлүүлэгчид минь ч сөрөг хандлага үзүүлээд эхэлнэ. Тагнаж, чагнана. Тийм учраас хэлэх үг байсан ч дуугүй байсан нь өлзийтэй” гэж учирласан юм. Бас олны анхаарал татсан хэрэг дээр ажиллаж байгаа цөөнгүй өмгөөлөгч “Миний утсыг чагнаад байгаа”, “Намайг дагадаг болсон” гэж ярихыг сонссон. Энэ мэт бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, эрхийг нь хамгаалахаар ажиллаж байгаа өмгөөлөгчид өөрөө эмээсэн, болгоомжилсон, яахаа мэдэхээ больсон, бусдын ая талыг харсан хандлагатай болж байгаа нь нийгэмд айдас төрүүлэх боллоо. Хүн бүр хуульч биш. Иргэн бүр хууль мэдэх шаардлагагүй. Шаардлага гарвал эрхээ хамгаалуулахын тулд өмгөөлөгчид ханддаг. Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ хууль эрх зүйн тусламж үзүүлж, эрхийг нь хамгаалдаг. Аливаа хэрэгт өмгөөлөгч мөрдөн байцаагч, яллагч, шүүгчийн нэгэн адил оролцоотой байх учиртай. Гэтэл манай өмгөөлөгчид “Шүүх хуралдаанд өм­гөөлөгчийн өмгөөллийг авч хэлэлцсэнгүй. Өмгөөлөл хийж байхад шүүгч өөр зүйлд анхаарал хандуулсан” гэж гомдоллох нь бий. Өөрийнхөө болоод үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалаад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хандсан нэгнийг нь цагдан хорино, торгоно гэж айлгадаг буруу тогтолцоо манайд байгааг үгүйсгэх аргагүй. Ойрын жишээ гэвэл, “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт шалгагдаж байгаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг цагдаагийн байгууллагад шалгуулах болсноо АТГ-аас мэдээлсэн билээ. Үйлчлүүлэгчдээ бичсэн гэх захидлыг нь олон нийтэд дэлгэж “Төрийн өндөр албан тушаалтнаар дамжуулж мөрдөн байцаалтад саад хийх гэж байна” гэж зарласан. Тэр захидал дээр юу бичсэн нь чухал биш. Гагцхүү хоёр хүний хоорондох, тэр дундаа өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёрын дундах захидал харилцааны нууцыг задалж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Арваннэгдүгээр сарын эхээр болсон эл үйл явдлын хүрээнд олон хүн үзэл бодлоо илэрхийлэхдээ “Монголд хүний эрхийг хамгаалах, өмгөөлөгч хийх нь өөртөө эрсдэл үүрч байгаагийн жишээ болж. АТГ өмгөөлөгчийг шалгуулна гэснээрээ хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд нь саад учруулж байна. Харин захидлыг нь дэлгэснийхээ хариуд тэр байгууллага өөрөө хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ тухай “Хорь гаруй жилийн хугацаанд бий болгосон ардчиллаасаа ухарсан үйлдэл боллоо. Өмгөөлөгчийнх нь эсрэг эрүүгийн хэрэг санаачилж байгаа нь хүний эрхийг уландаа гишгэсэн үйлдэл мөн” гэж мэдэгдсэн билээ. Л.Гансүхийн гэх хэрэг улс төртэй холбоотой, холбоогүйдээ биш. Харин иргэн хүн өмгөөлүүлэх эрхээр хэрхэн хангаж байна, өмгөөлөгчийн үйлчилгээний баталгаа нь хэр байна гэдэгтээ хүний эрхийн хамгаалагчдын анхаарлыг татаж буй юм.

“Долдугаар сарын 1”-ний гэх хэргээр цагдаагийн хурандаа нарыг шүүх үеэр хоёр өмгөөлөгчийг нь шүүхийн танхимын гадна хоёр цаг гаруй саатуулсан. Дараа нь тэднийг шүүх хуралдааныг орхин гарлаа гэж 14 хоног баривчилсан юм. Шүүхэд удаа дараа хүсэлт гаргасныг нь хүлээж аваагүй, Үндсэн хуулийн Цэцэд хандсан байхад асуудлыг хэлэлцлээ гэх үндэслэлээр хоёр өмгөөлөгч шүүх хуралдааны танхимаас гарсан нь хоригдох үндэслэл болсон талаар өмгөөлөгчид хэвлэл, мэдээллийн хэрэгс­лээр мэдээлсэн. Тухайн үед Монголын өмгөөлөгчийн хол­боо “Үндсэн хуульд заасан хүний эрхийн язгуур, дээд үзэл санаа амьгүй болж, түү­­ний баталгааг хангах, мэр­гэж­лийн туслалцаа үзүүлэх ажиллагаанд ноцтой аюул занал учрахад хүрсэний но­толгоо боллоо” гэж мэдэгдэл гаргаснаас өөр өмгөөлөгчийн эрхийг хангах талаар яригдалгүй өнгөрсөн билээ.

Энэ мэт өмгөөлөгчийн эрхийг ямар нэгэн байдлаар хөндсөн жишээ олон. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Өмгөөлөгчид хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх буюу хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулах, заналхийлэхийг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.5-д “Хуульчдын холбоогоор уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан үндэслэлгүйгээр мөрдөх, эрхийг нь хязгаарлахаас хамгаалах арга хэмжээ авна” гэж заасан байдаг. Гэвч өмгөөлөгчид тэр бүр гомдол гаргаад, эрхээ хамгаалуулах гэж хөөцөлддөггүй. Үйлчлүүлэгчийнх нь эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлнө гэдэг болгоомжлолоос үүдэж хэл ам хийдэггүй.

Хүний эрхийг хамгаалахын төлөө ажилласнаараа чичлүүлж, нийгмийн дуу хоолой болж, эрх мэдэлтнийг шүүмжилсний хариуд эрүүгийн хэрэгтэн болоход ойрхон хүмүүс бол сэтгүүлчид. Сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, бие болоод эрүүл мэндэд нь халдах, хууль эрх зүйн сул байдлыг ашиглан үндэслэлгүй мөрдөн мөшгих зэргээр мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол 2005 оны аравдугаар сараас 2013 оны аравдугаар сарыг дуусах хугацаанд “Глоб интернэшнл” төвд нийт 300 бүртгэгдсэн байна. Энэ бол бодит тоо биш. Цаана нь дарамтнаас айсан, нэг удаа юм байна хэл ам хийгээд яахав гээд өнгөрсөн олон тохиолдол бий. Дарамт, шахалт үзүүлэхээс гадна сэтгүүлчийг ихэвчлэн бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх үндэслэлээр эрүүгийн хуулиар хэдэн сар, жилээр шалгаж хэргийг нь шүүхэд шилжүүлдэг. 2011-2014 онд шүүхээр бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэсэн үндэслэлээр иргэний 37 хэрэг, эрүүгийн найман хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Үүнээс эрүүгийн зургаан хэрэгт сэтгүүлчийг буруутгаж, ял оноосон бол хоёр тохиолдолд цагаатгасан. Эсрэгээрээ сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан, дарамталсан гэх хэрэг шүүхээр шийдэгдсэн талаар мэдээлэгдээгүй.

Хүний эрх, эрх чөлөөний төлөө ажилладаг өөр нэг салбарынхан бол иргэний нийгмийн байгууллагууд. Монгол хүний эрхийн төлөө ажилладаг 30 гаруй төрийн бус байгууллага бий гэсэн албан бус тоо бий. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдаж, Тахарын алба байгуулагдахаас өмнө хүчирхийлэлд өртөгчдийн эрх тэдгээр байгууллагуудын нуруун дээр байсан гэхэд хилсдэхгүй. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн ажилт­нууд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хамгаалалтандаа авсны төлөө өөрсдөө дарамтлуулсан тохиолдол нэг биш удаа гарч байсан. Төрийн бус байгууллагууд манай улсад хүний эрх хэрхэн хангагдаж байгаа талаар судалж, олон улсын байгууллагуудад илтгэл, мэдээлэл хүргүүлдэг. Гэтэл төрийн байгууллагууд нууцад хамааралгүй мэдээллээ гаргаж өгөхөөс цааргалдаг, хүлээж авдаггүй гэх зэрэг саад их бий.

Энэ мэт хүний эрхийг хам­гаа­лагчид өөрсдөө хамгаалалтгүйгээсээ болж эрсдэлд орж байгаа нь нийгэмд айдас төрүүлж байгаа юм. Ардчилсан улсуудад хүний эрхийг хамгаалагчдын эрхийг онцгойлон үздэг. Хууль эрх зүйн хувьд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах асуудлыг тусгайлан зааснаас гадна олон улсад мөрдөгддөг тунхаглалыг баримталдаг юм байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1998 онд “Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглал” батлан гаргасан. Уг тунхаглалд”Хүн бүр бие даан дангаар буюу бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэн биелүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих, түүний төлөө тэмцэх эрхтэй” гэж заажээ. Энэ тунхаг нь хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс ямар нэгэн хөндлөнгийн оролцоо, саад бартаа, айлган сүрдүүлэг, заналхийлэлгүйгээр ажиллах боломжтой болсон үед л биелэгдэх боломжтой гэдгийг НҮБ-ын гишүүн орнууд хүлээн зөвшөөрсний илрэл аж. Уг тунхаг нь төрөөс хүний эрхийн хамгаалагчдын ажилд шаардлагатай эрхүүдийг хамгаалахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчноороо хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалалтандаа авахыг шаарддаг гэсэн үг. Манай улс НҮБ-ын гишүүний хувьд энэ тунхаглалыг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэлхүний эрхийг хамгаалагчийг хамгаалах нь шинэ зүйл, дадал болоогүй гэх хандлага байсаар байна. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хууль эрх зүйн орчинд энэ асуудлыг тусгах саналыг хэлсээр байгаа. Жишээлбэл, Гэмт хэргийн тухай хуульд хүний эрхийг хамгаалж ажилласных нь төлөө хохирогч болгосон бол гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгайлан зааж өгөх санал оруулжээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд ч ийм үзэл санааг тусгахыг зорьсон аж. Хуульд тусгахаас гадна хүний эрхийг хамгаалагч өөрөө хамгаалалттай байх ёстой гэсэн хандлагыг хэвшүүлэх нь чухал байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Facebook-ээр түгдэг албан бус мэдээлэл өсвөр насныханд хор болж байна уу

-FACEBOOK-ИЙН НАЙЗЫНХАА ЯТГАЛГА, ДАРАМТАД АВТАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ-

Интернэтээр насанд хүрээгүй охидтой танилцан, гэмт хэргийн хохирогч болгох нь ихэссэн талаар “Өдрийн сонин”-нд “Facebook хуудастаа амьдралаа дэлгэчихдэг охидыг гэмт этгээдүүд ангуучилж байна” сурвалжлага гаргасан. Энэ нийтлэлийн дагуу нэгэн охин манай сонинд хандсан юм. Тэрбээр 15 настай, дунд сургуулийн сурагч. Facebook хуудсаараа дамжуулан танилцсан залуугийн дарамтад байгаагаа ярьсан юм. Цагдаагийн байгууллагад ч цахимаар секс сүрдүүлэг хийх, дарамтад оруулсан гэх цөөнгүй хэргийг шалгаж байгааг мэдээлсэн. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хуурамч facebook хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцан, садар самуун үйлдэлд уруу татсан Ч гэгчийг шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн өсвөр насныхан гэнэ. Тиймээс эцэг эхчүүд, өсвөр насынханд сэрэмжлүүлэг болгох үүднээс манай сонинд хандсан охины ярьсныг хүргэе.

“ЧИ ҮЕИЙНХНЭЭСЭЭ ХОЦОРЧ БАЙГААГАА МЭДДЭГ ҮҮ ГЭХЭД ИЧСЭНДЭЭ Л…”

-Танай ангийнхан бүгдээрээ facebook хэрэглэгч үү. Facebook-ийн найзуудтайгаа юу ярилцдаг вэ?

-Бидний үеийнхний ихэнх нь цахим ертөнцөд зөвхөн facebook ашигладаг байх. Би ч тэдний нэг. Гар утсан дээр facebook, мессенжер татчихсан. Огт таньддаггүй олон хүнтэй facebook-т найз болчихсон байдаг. Нэг л мэдэхэд янз бүрийн группт бүртгүүлчихсэн, тэр группт бичсэн янз бүрийн зүйлийг уншдаг болчихсон. Facebook-т хэн юу бичиж байгаа нь тэр бүр мэдэгддэггүй учраас бидний үеийнхэн айж ичилгүй янз бүрийн сэдвээр бичдэг юм шиг санагдсан. Харамсалтай нь тэр яриа бүр үнэн биш гэдгийг ойлголоо.

-Яагаад?

-Бидний үеийнхэн жаахан хүүхэд шиг харагдахыг хүсдэггүй. Бас аав ээжтэйгээ тийм ч дотно байж чаддаггүй. Тиймээс интернэтээр том хүмүүсийн сэдвээр ярилцахад илүү сонирхож, тэдний яриан дундаас янз бүрийн мэдээлэл авдаг гэдгийг ангийнхнаасаа анзаарсан. Гэтэл бидний үеийнхнийг том хүний амьдралд уруу татдаг, уриалдаг хүмүүс нь хуурамч хаягтай, буруу санаатай хүмүүс байдгийг мэдэрлээ. Би тийм хүнтэй facebook-ийн найз болсон. “Хөөрхөн охид” гэдэг групп миний facebook хаяг дээрх зургийг минь аваад тавьчихсан юм билээ. Тэндээс зургийг минь хараад найзлах хүсэлт явуулсныг нь би хүлээгээд авчихсан. Тэгээд интернэтээр намайг халамжилж, орой үдэш янз бүрийн сэдвээр ярилцаад эхэндээ их зугаатай байсан. Найзуудаасаа асуухад бүгд шахам ийм найзтай, түүнээсээ юугаа ч нуудаггүй гэсэн. Бусдын адил интернэтээр үерхдэг найзтай байгаа нь надад бахархалтай санагддаг байлаа. Интернэтийн найз маань шалгалтаа сайн өгсөн гэж чихэр явуулдаг болсон нь бүр сайхан байсан. Бас ганцаардсан үед юу ч хамаагүй ярьж өгнө. Ингэж явсаар бид хоёр нүцгэн зургаа бие биедээ харуулдаг, том хүмүүсийн сэдвээр ярилцдаг болчихсон.

Тэр үеэс интернэт найзын маань хандлага өөр болж янз бүрийн шаардлага тавьж эхэлсэн. Сүүлдээ том хүний бүх асуудлыг надад заадаг болчихсон. Тавьсан шаардлагыг нь биелүүлэхээс татгалзвал миний нүүр номон дахь найзууд руу нүцгэн зургийг минь явуулна гэж дарамтална. Бас “Чи үеийнхнээсээ хоцорч байгаагаа мэддэг үү” гээд чиний үеийнхэн ийм байна гэж янз бүрийн нүцгэн зураг явуулна. Ингээд байхаар сүүлдээ нээрээ ч үеийнхнээсээ хоцорч яваа юм болов уу гэж ичдэг юм билээ. Тиймээс л одоо харамсах алхам хийчихсэн.

-Интернэт найзынхаа дарамтад орсон гэсэн үг биз?

-Яаж ч чадахаа больчихдог юм билээ. Үеийнхэндээ захихад амьдрал дээр найз л биш бол facebook, мессенжер орчинд танихгүй хүнтэй битгий найзлаарай. Анхаарал тавьж, соёлтой хандаж байгаа танихгүй хүмүүс цаанаа огт өөр бодол агуулдаг юм байна. Одоо би цагдаагийн байгууллагад хандаж чадахгүй. Яагаад гэвэл би өөрөө шаардлагыг нь зөвшөөрсөн. Бас аав, ээждээ хэлж чадахгүй. Янз бүрийн өвчин аваагүй байгаасай л гэж залбирч байна. Интернэтээс энэ талын мэдээлэл авах гэхээр гэрт аав ээж харчих вий, интернэт кафед хажууд суугаа хүүхдүүд анзаарчих вий гэж болгоомжилдог гэв.

ИНТЕРНЭТ ДЭХ

НАЙЗДАА БИШ БОЛ ХЭНД ИТГЭХ ВЭ

Манай сонинд хандсан охин шиг дарамт, ятгалгад орсон өсвөр насны олон хүүхэд байдгийг сэтгэлзүйч хэлсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар 10-19 насныхныг өсвөр насныхан гэж үздэг. Энэ насныхан сэтгэл санаа нь тогтворгүй, бусдыгаа даган дуурайх хандлагатай, итгэмтгий байдаг онцлогтой гэнэ. Энэ онцлог нь бусдын ярианд итгэх, даган дуурайх улмаар хохирогч болох эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг сэтгэлзүйч ярилаа. Өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээлэлтэй байх нь онлайн дарамтад өртөхгүй, ятгалгад автахгүй байхын үндэс суурь. Энэ мэдээлэл, мэдлэгийг ам дамжсан яриа, facebook-ийн элдэв группээр дамжиж түгдэг албан бус мэдээллээс бус аав ээж, мэргэжлийн хүмүүсээс авч байх нь эрсдэлгүй гэдгийг сэтгэлзүйчид зөвлөсөн.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Өсвөр үеийн комбинатын ажилтан Л.Чимгээ “Өсвөр үеийнхэн өөрсдийгөө том хүн мэт харагдуулахыг хүсдэг. Тиймээс ч нэгэндээ өөрийгөө том хүн болсон мэтээр төсөөлж ярих, ятгах хандлагатай. Гэхдээ ингэж ятгаж байгаа хүүхэд нь өөрөө ярьж байгаа зүйлсээ үзээгүй байдаг юм. Бас сүүлийн үед интернэтээр элдэв бичлэг үздэг. Түүнд татагддаг хандлага бий болсон. Бид өсвөр насныханд үеийнхнийхээ ярианд итгэж, эсвэл интернэтээр тэнүүчилж яваа бичлэг, ятгалгад автаж болчимгүй алхам хийхгүй байхыг зөвлөдөг” гэсэн юм. Өсвөр насныхан аав ээждээ нууцаа хэлж чаддаггүй гэж ярих нь их. Тэгвэл тэдний үгийг сонсдог, тэдэнд зөв хандлага төлөвшүүлэхээр ажилладаг цөөнгүй хүмүүс бий. Хэрвээ цахим орчинд дарамтад орсон, халдлагад өртсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Тус албанаас “Секс сүрдүүлэг буюу онлайн дарамт нь хуурамч фэйсбүүкээр танилцана, үүний дараа Skype мессенжэрээр онлайн секс хийж, хийж байгаа бичлэгээ Youtube хуудсанд байршуулснаар эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны нүцгэн бичлэгийг интернэтэд байршуулж найз нөхөд, гэр бүлд тань тараана гэх байдлаар дарамталж их хэмжээний мөнгө нэхдэг. Ийм хандлага илэрвэл cybercrime@police.gov.mn цахим хаягаар захидал бичиж холбогдох боломжтой” гэж мэдээлсэн юм.

Цагдаагийн байгууллагаас гадна аймаг, дүүргүүдийн эмнэлэг бүрт өсвөр үе, залууст үйлчилдэг клиник, кабинет бий. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өнгөрсөн долоо хоногт Өсвөр үе, залууст ээлтэй клиник нээгдсэн. Эмнэлгээсээ тусдаа хаалгаар ордог учраас тэнд үйлчлүүлэхэд бусдаас ичих, болгоомжлох зүйл байхгүйг Өсвөр үе, залууст ээлтэй клиникийнхэн хэлсэн юм. Өсвөр үе, залууст ээлтэй клиник нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээс гадна сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд өсвөр насныханд тулгамдаад буй асуудлыг хамтран зөвлөлдөж, шийддэг аж. Тодруулбал, хүсээгүй жирэмслэлт, эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлж, эмчилнэ. Мөн шилжилтийн насныхны өсөлт хөгжил, бэлгийн бойжилт, хоол тэжээл, нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэнд, архи тамхи, хорт бодисын уршиг, хүчирхийлэлд өртсөн үед хүртэл тусламж, үйлчилгээ үзүүлэхээр тоног төхөөрөмж, үзлэг, ярилцах өрөө зэхжээ. Түүнчлэн эл клиникт өсвөр насныхныг хүлээн авч үерхэл нөхөрлөл, бие махбодид нь гарах өөрчлөлт, стресс, сэтгэл гутрал зэрэг эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм байна. Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн дэвтэр шаардахгүй үйлчилдэг юм байна. Өсвөр насныхан өөрсдийнхөө асуудлыг ярихаас ичдэг. Тиймээс нэр, хаягийг нь асуудаггүй үйлчилдэг гэж тус клиникийнхэн ярьсан юм.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Өсвөр үеийн комбинатын ажилтан Л.Чимгээ “Бид дүүргийнхээ хэмжээнд 50 гаруй дунд сургуульд сургалт явуулдаг. Сургуульд нь очоод зөвлөгөө өгөөд, урилгаа тараахаар маргааш нь тэр сургуулийн хоёроос дээш хүүхэд заавал ирдэг. Тэднийхээ нэрийг асуулгүй ярилцаад нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд, шаардлагатай бол үзлэгт хамруулдаг. Бид үйлчлүүлэгчийнхээ нууцыг чандлан хадгалдаг учраас ичиж зоволгүй хандаач гэж хүсмээр байна. Гэтэл хүүхдүүд эмнэлгээс, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахгүй нэгнийхээ ярианд автаж өөрийгөө эрсдэлд оруулах нь буурахгүй байна. Сүүлийн үед дунд сургуулиудад БЗХӨ ихэссэн нь мөн л мэдлэг дутуу байгаагаас үүлдэлтэй. Тиймээс асуудал гарсны дараа биш өөрт нь мэдээлэл хэрэгтэй байвал ажлын цагаар ирээд эмчтэй уулзахад таатай хүлээж авдаг. Эцэг, эхчүүд ч хүүхэдтэй ярилцахад мэдлэг, мэдээлэлтэй байхын тулд бидэнд хандах боломжтой” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Ц.Очирбат: Монгол хүнийг Тувад шатаасан хэргийг ОХУ илрүүлэх сонирхолгүй байх шиг

-ТУВАД МОНГОЛ БҮСГҮЙГ ШАТААСАН ХЭРГИЙН МӨРӨӨР…-

ОХУ-ын нутагт өнгөрсөн долдугаар сард монгол эмэгтэй сураггүй алга болсон юм. Сураггүй болсноос нь хойш 14 хоногийн дараа хохирогчийг машинд нь шатаасан байхыг олсон. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч энэ хэргийн мөрөөр Тува, Хакасын нутгаар явж “Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр…” цуврал сурвалжлага бэлтгэн уншигчдад хүргэсэн билээ. Хохирогч Ц.Оюунгэрэл өнгөрсөн долдугаар сарын 7-нд бараа авахаар Хакасын нийслэл Абакан руу яваад сураггүй болсон. Ганцаараа наймаа хийхээр 20 орчим сая төгрөгтэй, шинэ “Toyota-Crown” автомашинтай явсан түүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байсан ч сураг гаргаагүй. Харин эргүүлийн цагдаа нар Ак-Довурак хотоос 20 км орчим яваад төв замаас 300 метрийн зайд шатсан машин байхыг олсон нь монгол бүсгүйнх болж таарсан. Жолооны ард эмэгтэй хүн сууж байсан гэдгийг ОХУ-ын цагдаагийн байгууллага тогтоосон гэдэг. Тиймээс монгол эмэгтэйг Тувагийн нутаг дэвсгэр Ак-Довурак хотын ойролцоо хөнөөсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг хэргийн газарт очиход төв замаас салсан бүдэг шороон замаас 20-иод метрийн зайд шатсан машины үлдэгдэл болох төмөр, дугуйны тросс, хаймар зэргээс өөр зүйл байгаагүй. Мөн хэргийн газарт тосны бололтой толбо үлдсэн байсан. Бидэнтэй хамт явсан хүмүүс тэр тосыг машины бензин биш шатахуун гэж таамаглаж байсан юм. Мөн машин дэлбэрээгүй, шатсан байсан.

Тиймээс л шатахуун ачсан машинтай хүмүүс хамтран явсан, хохирогчийг машинтай нь шатаасан байж магадгүй гэх таамгийг цагдаагийнхан гаргасан бололтой байсан. Гэхдээ мөрдөн байцаалтын нууц учраас Тувагийн цагдаагийн байгууллагаас бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Харин машинд шатсан хүний цогцосноос үлдсэн чөмөгний ясыг хохирогчийн ээж, дүүгээс авсан дээжтэй харьцуулж шинжилнэ гэсэн мэдээллийг л өгсөн. Өөрөөр хэлбэл, машинд шатсан хүн яг Монголоос гараад сураггүй болсон Ц.Оюунгэрэл мөн эсэхийг генийн шинжилгээгээр тогтоосны дараа бусдын гарт амиа алдсан уу, золгүй байдал байсан уу гэдгээр нарийвчлан шалгана гэж байсан юм. Биднийг наймдугаар сарын дундуур Тувад очиход Монголыг төлөөлж байгаа Ерөнхий консул Д.Ганболд “Мөрдөн байцаагч шинжилгээний хариу удаан хугацаанд гарна гэдгийг хэлсэн. Шинжилгээг зөвхөн Москвад хийдэг юм байна. Бэлдэцийг Кызылээс Москва руу явуулахад шуудангийнхаа хуваарийг хүлээдэг юм байна. Мөрдөн байцаагч өнгөрсөн долоо хоногт (Наймдугаар сарын 14-ний үеэр) шуудангаа хүлээж байна гэсэн. Тэгэхээр ямар ч байсан бэлдэцийг явуулсан гэж найдаж байна” гэсэн хариуг өгсөн. Хохирогчийн ар гэрийнхэн тухайн үед ярилцлага өгөхдөө “Түүнийгээ амиа алдсан гэдэгт одоо ч итгэхгүй байгаа. Барьцаалагдсан байгаасай гэж залбирч байна” гэж байсан билээ.

ОХУ-аас генийн шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр иржээ. Шинжилгээгээр машинд шатсан хүн нь Монголоос сураггүй болсон Ц.Оюунгэрэл мөн гэдэг нь тогтоогдсон аж. ОХУ-аас генийн шинжилгээний хариуг дөрвөн сарын дараа өгсөн ч дахиад өөр шинжилгээ хийх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн гэнэ.

Талийгаачийн дүү Ц.Очирбат манай сонинд хандаж ярилцлага өгөхийг хүссэн юм.

-ОХУ-аас генийн шинжилгээний хариу ирсэн байна. Тэгэхээр одоо талийгаачийг хэн хөнөөснийг шалгаж эхэлнэ гэсэн үг үү?

-Эгчийн минь машиныг олсны дараа ээж, бага дүү хоёрыг минь Тувад аваачиж генийн шинжилгээ хийсэн. Тэр шинжилгээний хариу дөрвөн сарын дараа л гарч байна. Тэр том гүрний шинжлэх ухаан хөгжсөн байдаг байх. Гэтэл талийгаачийг мөн эсэхийг тогтоохын тулд дөрвөн сарын хугацаа зарцуулсан нь сонин. Генийн шинжилгээгээр талийгаач манай эгч мөн болох нь 99.9 хувийн магадлалаар тогтоогдсон байна. Энэ тухай албан бичгийг Тувад суугаа Ерөнхий консулаар дамжуулж авсны дараа бид талийгаачийнхаа үлдсэн эд зүйлийг авах хүсэлт гаргасан. Шатсан машинаас талийгаачийн дунд чөмөгний яс төдий зүйл л үлдсэн гэж анхнаасаа бидэнд хэлсэн. Түүнийг нь ч гэсэн нутагт нь ёс төртэйгээр оршуулъя гэсэн юм. Гэтэл гэнэт дахиад гавлын ясны тухай яриад эхэлсэн. Гавлын ясыг нь шинжилж гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоох юм байх.

-Гавлын яс нь байгаа. Түүнийг нь шинжилнэ гэж танайханд мэдэгдээгүй байсан юм уу?

-Долдугаар сарын 21-нд талийгаачийн машиныг олсон гэж мэдэгдсэнээс хойш өдийг хүртэл ямар ч гавлын яс яригдаагүй. Манай ээж, дүү хоёр Тувад очиж шинжилгээ өгөхдөө нэг мэдүүлэг өгсөн. Дараа нь Тувагаас дөрвөн хүн ирж мэдүүлэг аваад гэр орных нь зургийг аваад явсан. Тэгж байхдаа ч гавлын яс гэж яриагүй. Үлдсэн эд зүйлийг нь нутагт нь авчирч оршуулъя гэтэл ийм шалтгаан хэлээд боломжгүй гэж байгаа нь хар төрүүлж байна.

-Анхнаасаа энэ хэргийг гадны нөлөөтэй гэж шалгаж эхэлсэн биз дээ?

-Бид ч тэгж л ойлгосон. Тувагаас мөрдөн байцаагчид ирэхдээ нэг нүдний шил харуулсан. Хэргийн газраас 50 метрийн зайд тэр шил байсан гэсэн. Тэр шилийг талийгаач Улаанбаатар хотоос худалдаж авч байсан юм. Тэгэхээр талийгаач машинаасаа буугаад зугтаж яваад шилээ унагаасан байх магадлалтай. Бас талийгаачийг тухайн үед нэг эмэгтэйтэй хамт явж байсныг гэрчүүд мэдүүлсэн. Энэ бүхнээс харахад гадны нөлөөтэй гэдэг нь баараггүй байгаа. Гэтэл ОХУ-ын хуулийн байгууллага өнөөг хүртэл хэргийг дорвитой шалгахгүй байгаа нь гавлын яс гэдэг шинэ зүйл гаргаж ирснээс харагдаж байна.

-Хамт явж байсан эмэгтэйг нь байцааж байгаа юм болов уу?

-Тэр эмэгтэй Улаангомд хоёр хоноод буцсан байдаг. Ямар зорилготой хэнийд ирснийг мэдэхгүй. Улаангомоос талийгаачтай хамт хилээр гарсан яриа ч бий. Тэр эмэгтэйг байцаасан байх гэж итгэж байна. Өөр улсын хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор үнэндээ бидэнд мэдэх зүйл алга.

-Танайх өмгөөлөгчтэй юү?

-Өмгөөлөгч авах шаардлагагүй гэсэн.

-Танайхнаас өөр Монгол Улсыг төлөөлж энэ хэргийн араас хэн хөөцөлдөж байгаа юм бол?

-Танай сонинд цуврал нийтлэл гарсны дараа Ерөнхий прокурор Д.Дорлигжав ээжтэй уулзахдаа прокурор гаргаж өгнө. Тэр хүн танайханд тусална гэж амласан. Тэр дагуу Увс аймгийн прокурор Т.Мөнхбаяр энэ хэрэг дээр анхаарал хандуулж байгаа гэж ойлгосон. Тувагаас мөрдөн байцаагчид ирэхэд тэр хүн уулзсан. Т.Мөнхбаяр прокурортой уулзахад “Манай байгууллага босоо удирдлагатай учраас Ерөнхий прокурор л ОХУ-ын Мөрдөн байцаах газрын даргад албан бичиг өгөх ёстой. Бид тэр дагуу Ерөнхий прокурорт хандсан” гэдэг. Увс аймгийн Засаг дарга бас Тувагийн Ерөнхийлөгчид захидал бичиж хэргийг хурдан хугацаанд шийдэхэд анхаарал хандуулахыг хүссэн гэсэн. Тувагийн Ерөнхийлөгчөөс “Энэ хэргийн мөрдөн байцаалтыг шамдуулж байгаа” гэсэн бичиг ирсэн байна лээ. Өнөөдөр би Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргатай уулзлаа. Бас л хил залгаа, харилцаатай байдгийн хувьд албан бичиг явуулъя гэсэн.

-Гадаад харилцааны яаманд хандсан уу?

-Хэрхэн яаж хандах учир зүйгээ үнэндээ мэдэхгүй байна. Тувад суугаа Ерөнхий консултай л холбогдож байгаа. Тэр хүн хуулийн байгууллагын бичгийг дамжуулах л үүрэгтэй бололтой юм. Түүнээс улсаа төлөөлөөд шаардлага тавих эрхтэй эсэхийг мэдэхгүй юм. Энэ хэрэг гараад дөрвөн сар өнгөрлөө. Гэтэл бид талийгаачтай салах ёс ч хийж чадаагүй байна. Монгол хүн байна оршуулаад салах ёс хийчихвэл ядаж тайван нойрсох байх гэж итгэх юм. Гэтэл өнөөдөр бидэнд оршуулах эд зүйл ч алга. Бидний хардаж байгаагаар ОХУ-ын хуулийн байгууллага энэ хэргийг шийдэх сонирхолгүй байх шиг байна. Тиймээс Монголын эрх бүхий байгууллагууд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.

-Танай ээж “Охиныг минь барьцаалсан байгаасай” гэж байсан. Шинжилгээний хариу иртэл ийм найдвар тээж байсан байх.

-Хүний найдвар эцсийн мөч хүртэл байдаг юм байна. Аав минь хөгжлийн бэрхшээлтэй. Хоёр хөгшний даралт ихдэж айлгаад тун хэцүү байгаа. Хэрэг гарсны дараа хотоос ах дүү нь очсон ч салах ёс хийж чадаагүй. Сая шинжилгээний хариу гарлаа гэхээр нь ах дүү нь цуглаад Увсад ирчихсэн байна. Гэтэл Оросын тал эд зүйлийг нь өгөхгүй гэнэ. Одоо яахаа мэдэхээ байчихаад хүлээж л байна. Ерөнхий консулын мэдэгдсэнээр арванхоёрдугаар сарын 1-н гэхэд хариу өгнө л гэсэн.

Талийгаач маань айлын том охин. Доороо дөрвөн эрэгтэй дүүтэй. Нэг дүү нь хотод хэвтэрт байдаг юм. Өөрөө Увсад бизнес эрхэлдэг, банкинд сар бүр 15 сая төгрөг төлдөг байсан. Компанийнх нь бүх бичиг баримт өөрийнх нь нэр дээр. Ядаж нас барсныг нь батлах баримт бичиг байхгүй болохоор ажлыг нь ч үргэлжлүүлэх боломжгүй болчихсон. Алдсан хүн арван тамтай гэдгээр яриад байвал зовлон их байна гэв.

Бид Увс аймгийн прокурор, Хууль цаазын зөвлөх Т.Мөнхбаяртай холбогдоход “Өөр улсад шалгаж байгаа учраас мөрдөн байцаалтад оролцох боломж байхгүй. Бид зохих ёсны дагуу шаардлага тавьж л байгаа” гэлээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Малын эмийг амьд ус хэмээн хөөрцөглөж эрүүл мэнд, үр удмаа хөнөөж байна

-“САЙН” ГЭХ АМ ДАМЖСАН ЯРИАГААР МАЛЫН АСД ГЭХ ЭМИЙГ ХҮМҮҮС ИХЭЭР ХЭРЭГЛЭХ БОЛЖЭЭ-

Хүн эрүүл мэнддээ хамгийн хариуцлагатай байх ёстой. Гэтэл иргэд “сайн” гэх аман ярианы үнэн эсэхийг өөр дээрээ туршиж байгаа нь харамсалтай. “Бүх төрлийн өвчинд сайн. Төгс эдгээнэ” гэх ам дамжсан аман яриагаар “АСД” хэмээх малд зориулсан эмийг ихээр хэрэглэх болжээ. Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлсэн ч хүмүүс авч хэрэглэсээр байгаа аж. Тиймээс энэ эмийн талаар, хэрхэн яаж борлуулагддаг талаар сурвалжиллаа.

ҮР ХҮҮХЭД ЗАЯАЛГАДАГ ЭМ ГЭВ ҮҮ

Зар түгээдэг вэб сайтуудаас хайхад “АСД эм зарна. Монгол заавартайгаа. Үйлдвэрийн оргинал нь” гэх зар хэдэн янзаараа гарч ирнэ. Зарын дагуу холбогдоход бүгд сайн, сайхан гэж магтах аж. Тэдэнтэй ярихад анхаарал татаж байсан зүйл нь бүгд хувиараа ганц, хоёр ширхгийг л оруулж ирж байгаагаа хэлсэн юм. Үнэхээр эм бол Монголын Улсын хилээр тусгай зөвшөөрлийн дагуу орж ирж, хүнд зориулагдсан гэдгээр бүртгэгдэх учиртай. Гэтэл хүмүүс нууцаар оруулж ирээд нууцаар зараад байгаа нь анхаарал татав. 9918-тай утасны дугаараар зар өгсөн эмэгтэй “Манай өвөө хавдартай хүн байсан юм. Уугаад амьдрах хугацаа нь уртассан. Бурханы оронд очтол ухаан санааг нь эрүүл байлгадаг юм. Одоо манайхан бүгд хэрэглэж байгаа. Би гэр бүлийнхэнтэйгээ хэрэглэх гэж хоёр ширхгийг авчирснаа хямд зарах юм. Хүсвэл хүргээд өгнө” гэв. “Танай гэрийнхэн бүгд хавдартай болоод АСД хэрэглээд байгаа юм уу” гэж асуутал ихэд уурлаж “Зөвхөн хавдартай хүн хэрэглэдэггүй. Дархлаагаа дэмжих зорилгоор хүн бүр хэрэглэж болно. Бүр турах зорилгоор ч уудаг хүн олон бий. Үр хүүхэдтэй болж чаддаггүй хүмүүс уугаад үр хүүхэдтэй болсон гэдэг яриа байгаа. Хүүхэд заяахгүй байх чинь дархлаатай холбоотой юм байна. Дархлааг нь дэмжээд өгөхөөр аяндаа хүүхэд заяадаг. Харин тэр дархлааг нь АСД дэмждэг” гэв. Яг ямар өвчинд хэрэглэдэг талаар дахин лавлахад “Би эмч хүн биш яаж мэддэг юм. Оросууд тэр чигээрээ хэрэглээд сайхан байгааг хүмүүсээс асуугаач” гэж бухимдангуй хариулав. Ер нь малд зориулсан АСД эмийг зарж байгаа хүмүүс эрүүл мэндийн ямар ч мэдлэггүй, ам дамжсан яриаг эх сурвалж болгон бүтээгдэхүүнээ борлуулдаг нь ажиглагдаж байв. Ядаж тэр эмийнхээ найрлагыг хэлж мэдэхгүй үүх, түүх ярих хүн олон байлаа.

АСД-ИЙН ТАЛААР ТҮҮХ ХҮРТЭЛ ЗОХИОЧИХОЖ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үүдэнд малын “АСД” эм нууцаар зардаг хүн олон юм. Ойр дотнынх нь хүн өвчиндөө шаналж байгааг харсан хүн хэд хоног ч гэсэн зовлонгүй байлгахын тулд юуг ч хамаагүй худалдаад авчихаж мэдэхээр байдаг юм байна. Энэ зовлон дээр нь тоглож малын эмийг амьд ус гэж нэрлэн зарж байгаа нь харамсалтай санагдав. Өвчтэй хүмүүст малын эмээ “Амьд ус” гэж нэрлэн зарахдаа түүх хүртэл зохиочихож. Тэр түүхийг нь уншихад их нь нууцлаг эм бололтой юм. АСД эмийн түүх “Михайл Иванович эмнэлэгт хэвтэж байхдаа эмнэлгийн цонхны тавцан дээрээс шарлаж, урагдсан сонингийн тасархай олсон нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Иванович энэ сонингийн тасархай түүний гарт ирсэн нь тохиолдол биш бурхны явуулсан гайхамшиг гэж үздэг” гэж эхэлнэ. Улмаар тэр өвчтөн АСД хэмээх гайхамшигт эмийн талаарх мэдээллийг сонины тасархайнаас уншиж, эхнэр нь эрэл сурал болж олсны хүчинд эрүүл болж байгаагаар түүх үргэлжлэх юм. Бас “1943 онд Засгийн газар олон арван янз бүрийн шинжлэх ухааны академийн лабораторид хүн болон амьтныг цацраг идэвхит бодисоос хамгаалах, хүний биеийн эсэргүүцлийг өндөржүүлэх эм гаргаж авах нууц даалгавартай байлаа. Зөвхөн Дорогов АСД-г байгуулсан холбоот улсын мал эмнэлгийн туршилтын лабораторид амжилт олсон юм” гээд “Ихэнх эмч нар малын эмчийг хоёрдугаар сортын буюу өөрсдөөсөө дорд үзсээр ирсэн явдал байлаа. Тиймээс эмийг анх нээсэн Дорговыг АСД гэсэн эмнээс Д-г хасаж анагаах ухаанд хэрэглэх саналыг тавихад өөрийг нь устгах боломжтой гэж үзээд зөвшөөрөөгүй” гэжээ. АСД-г тойрсон энэ мэт зохиомол яриа олон юм. Мэлхийний арьс, өндөгний уурагнаас гаргаж авсан л гэнэ, шоронд цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүмүүст туршиж байсан л гэнэ. Орост цэргийн өндөр албан тушаалтнууд нууцаар хэрэглэдэг байсан, зохиогчийнх нь амийг бүрэлгэсэн гэх мэт аман яриа их байх юм билээ. Оросын сайтуудаас хайхад ч албан ёсны бус сэтгэгдэл, аман яриа хэлбэрээр энэ эмний тухай их бичжээ. Харин албан ёсны сайтууд, албан байгууллагын мэдээлэлд АСД-г зөвхөн малд хэрэглэдэг гэдэг мэдээлэл тавьсан байсныг онцолъё.

АМЬД УС” ГЭВ ҮҮ

Монгол заавар гээд байгаа гурван хуудас цаасан дээрх түүх мэт зүйлийг бичсэнээс гадна хэрэглэх заавар, ямар өвчний үед яаж хэрэглэхийг заажээ. Дур мэдэн заавар гаргахдаа бүр хүүхдэд хэрэглэж болно гэж онцолжээ. Тодруулбал, “АСД нь маш хурц тааламжгүй үнэртэй тул бүх тохиолдолд буцалсан хүйтэн ус хэрэглэнэ. Хүүхдэд сүүтэй хэрэглэж болно” гэжээ. Таван дуслаар таван өдөр уухаас эхлээд 20 дусал хүртэл уух гэнэ. Дараа нь бууруулаад буцаад таван дусал дээрээ барих юм байна. Танилцуулгад дурдсанаар ямар ч өвчинг цааш нь явуулахгүйгээр бүрэн зогсоож чаддаг гэнэ. Уушгины сүрьеэ, бөөр, бэлгийн замын өвчин, арьсны өвчин, нүдний эмгэг, чихний үрэвсэл гээд ер нь бүх төрлийн өвчинг анагаах шидтэй мэтээр бичжээ. Хачирхалтай нь эмийн найрлагын талаар ганц үг тавиагүй байв. “Шидтэй эм мэтээр тайлбарлаж, бүх өвчинд сайн гэж ухуулж, нууц жортой мэтээр ярих нь хуурамч бараа бүтээгдэхүүнийг зарах нэг арга. Ийм учир битүүлэг зүйлийг хэрэглэх нь өөрөө маш том эрсдэл дагуулдаг” гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байв.

Зарж байгаа хүмүүс нь малын АСД эмийг “Амьд ус” хэмээн зарахдаа ихэвчлэн өөрөө хэрэглэж байсан, ойр дотнынх нь хавдартай хүн хэрэглээд эрүүл болсон мэтээр ятгадаг юм байна. Гэвч АСД хэмээх эм нь зөвхөн малд өгөхөөр зориулагдсан бөгөөд Орост ч, Монголд ч малын эм гэдгээрээ л борлуулагддаг юм байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Сүүлийн үед иргэд “Хүний аливаа өвчинд сайн байна” гэсэн ам дамжсан яриагаар АСД-3Ф, АСД-2Ф гэсэн малын эмийг өөрсдөө дур мэдэн малын эмийн сангаас авч хэрэглэх явдал гарсаар байна. Эдгээр эмүүдийг Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжилгээнд хамруулан ҮХААЯ-ны “Малын эмийн салбар зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж ОХУ-ын Агроветзащита, Армавирская биофабрика гэсэн үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн хэлбэрээр “Монгол Улсын малын эмийн бүртгэл”-д бүртгэсэн бөгөөд мал эмнэлгийн практикт хэрэглэдэг.

Аливаа эмийг шинээр бүтээхдээ эм зүй, хор судлал, эм судлалын буюу эмийн кинетик, динамикийн чиглэлээр судалгаа хийж аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй гэж тогтоосон нөхцөлд шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан аргачлалаар эмнэл зүйн буюу практикт туршилтыг явуулдаг. Туршилтын үр дүн сайн, зохимжтой гарсан тохиолдолд зохих журмын дагуу эмийг хэрэглээнд гаргадаг.

АСД-3Ф, АСД-2Ф эмүүдийг энэ дагуу судалж, шинжлээд хүн эмнэлгийн бус мал эмнэлгийн хэрэглээнд зориулан гаргасан байна.

Иймд АСД-3Ф, АСД-2Ф эмийг хүнд дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Аливаа эм, бэлдмэлүүд өөрийн үзүүлдэг гаж, дагалдах сөрөг нөлөөтэй. Энэ нь эмийг хэрэглэсэн үед эсвэл хэсэг хугацааны дараа хүний биед сөрөг нөлөө илэрч болох талтайг анхаарна уу” гэдэг сэрэмжлүүлгийг дайсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-аас Л.Гансүх нарын үйлдсэн гэх хэргийг дэлгэрэнгүй тайлбарлав

-Л.ГАНСҮХ НАРЫН ӨМГӨӨЛӨГЧИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛНА ГЭЛЭЭ-

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ш.Баярбилэг нар өчигдөр “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнтэй хамт шалгагдаж байгаа хүмүүсийн эрхийг зөрчөөгүй гэдгийг тодотгосон юм.

Л.Гансүх нарын 10 холбогдогчтой “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн талаар Э.Амарбат “АТГ уг хэргийг 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогийн байдлаар 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Үүнээс зургаад нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэднээс гурвыг нь батлан даалтад гаргасан байгаа.

Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Багануур” ХХК, “Эм Жи Эл Эс Би” компаниудын хооронд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Үүний өмнөх өдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанид менежерээр ажиллаж байсан М.Тулганар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байсан. Энэ санхүүжилтийг 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан. Ингээд “Багануур” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу нүүрс авахаар болсон. Нүүрс тээвэрлэх асуудлаар 2012 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Л.Эрдэнэбулган “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй гэрээ байгуулсан байна. Нүүрс тээвэрлэснийхээ төлбөрийг төлөхдөө “Багануур” ХХК-аас 27500 төгрөгөөр авсан нүүрсээ “Улаанбаатар төмөр зам”-д 40 мянган төгрөгөөр худалдаад тээврийн хөлснийхөө талыг төлсөн байдаг. Үлдсэн 820 сая төгрөгийн төлбөрийг бэлнээр төлсөн.

Нүүрсээ шигшүүлэх, ангилуулах ажлыг Багануур ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохирсон байсан. Энэ ажилтай холбогдох зардлыг “Багануур” ХХК-д олгоогүй. Өөрөөр хэлбэл, “Багануур” ХХК нүүрс шигшиж, ангилсны шатахуунд 399.3 сая төгрөг, тоног төхөөрөмж түрээслэхэд 63.9 сая төгрөгийн хохирол хүлээсэн. Эхний гэрээний дагуу нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Энэ гэрээний дагуу ажил явагдсан.

Э.Амарбат “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компанийн тухайд ярихдаа “Л.Гансүхийн найз 2010 онд “Эм Жи Эл Эс Би” компанийг гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Компани байгуулахдаа Л.Гансүхийн том охинтой хамтарсан байдаг. Улмаар 2012 оны аравдугаар сард нүүрсний жижиглэн худалдаа явуулахаар үйл ажиллагааныхаа чиглэлд нэмэлт оруулсан. Тэр үеэс Л.Эрдэнэбулган гэдэг хүнийг компанийнхаа захирлаар томилуулсан. Л.Эрдэнэбулган бол Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан нэгэн. Явцын дунд “Эм Жи Эл Эс Би” компанийг анх байгуулсан захирал нь Л.Гансүхтэйгээ санхүүгийн асуудлаас болж цаашид үйл ажиллагаа явуулахад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна. Ингээд 2013 оны есдүгээр сарын 19-ний өдөр “Эм Жи Эл Эс Би Ди” компанийг шинээр байгуулсан. Энэ компанийнхаа захирлаар Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан Н.Даваахүүг томилсон. Улмаар “Эм Жи Эл Эс Би Ди” компани “Багануур” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Ингэхдээ нэг тонн нүүрсийг өмнөхтэйгээ адил 27500 төгрөгөөр авахаар болсон байна. Гэтэл үүнээс өмнө буюу 2013 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Багануур” ХХК-ийн ТУЗ хуралдаад нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах нь ашиггүй байна, тиймээс үнээ 39000 төгрөг болгоё гэдэг шийдвэрийг гаргасан. Ийм шийдвэр байсаар байтал Л.Гансүх нар “Багануур” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга нарт нөлөөлж дахин ТУЗ-ийг хуралдуулж өмнөх шийдвэрийг нь өөрчлүүлсэн. “Эм Жи Эл Эс” болон “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөх М.Тулга ажиллаж байсан. Санхүүг нь хариуцсан ерөнхий нягтлангаар Л.Гансүхийн хадам дүүгийн охин ажиллаж байж. “Багануур” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012, 2013 онд нийт 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна. Эргүүлээд 2012-2014 онд иргэдэд 80 мянган төгрөгөөр зарахдаа 19.9 тэрбум төгрөг олсон байдаг” гэв.

4.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН АТЛАА ЗАСГИЙН ГАЗРААС 854 САЯ ТӨГРӨГ ГАРГУУЛСАН ГЭВ

Э.Амарбат цааш нь ярихдаа, “Эм Жи Эл Эс Би” компани анхнаасаа төлбөрийн чадваргүй байсан учраас “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас авсан 1.5 тэрбум төгрөгөөр ажлаа эхэлсэн байна. Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор “Нүүрс” хөтөлбөрийг дэмжих ажилтнуудын цалин хөлс, бусад зардалд зориулж нөөц сангаас 854 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ энэ мөнгө гараагүй байхад буюу 2013 оны наймдугаар сарын 15-ны өдөр “Эм Жи Эл Эс Би” компаниас Л.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар Л.Гансүхийн гарын үсэгтэй хуурамч тайлан гаргаж ЗГХЭГ, Эрчим хүчний яам болон холбогдох газруудад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласны улмаас компани алдагдал хүлээж байна. Тиймээс тусламж үзүүлээч гэж хандсан байна. Ингэж хуурамч тайлан гаргаж, хандсанаар 2013 оны ес, арваннэгдүгээр сард нийт 854 сая төгрөгийг гаргуулж авсан. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр уг мөнгийг зориулалтын бус, шаардлагагүй зүйлд зарцуулсан. “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” компаниуд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд 4.915 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан нь тогтоогдсон. Ашгийг нь ангилж үзвэл “Эм Жи Эл Эс Би” компани 3.2 тэрбум, “Эм Жи Эл Эс Би Ди” компани 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг Үндэсний аудитын газар болон шинжээчид тогтоосон. Харин “Багануур” ХХК шигших ангилах ажлын зардал болон нүүрсний жингийн зөрүүнээс алдагдал хүлээсэн. Одоогоор 2.8 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн гэдэг дүгнэлт гарчээ. Хэрэгт холбогдсон хүмүүс дээрх аж ахуйн нэгжүүдийн касс, харилцах данснаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан байх үндэслэл шалгалтын явцад тогтоогдож байна. Одоогоор хэн, хэдэн төгрөг авч ашигласныг хэлэх боломжгүй” гэв.

ӨМГӨӨЛӨГЧИЙГ ШАЛГУУЛНА ГЭВ

“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн зургаан холбогдогчийг цагдан хорихдоо хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжилсэн гэж АТГ-аас мэдээллээ. Цагдан хорих хугацаанд эргэлт, уулзалт оруулж байсан гэлээ. Мөн цагдан хоригдсон хүмүүсийг тухай бүрт нь эмчлүүлж байсан гэдгийг тодотгосон юм.

“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн мөрдөн шалгалтыг хуулийн дагуу хийж байгаа гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр тодотгоод Л.Гансүх нарын зарим өмгөөлөгчийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандсан гэдгийг мэдээллээ. Мөрдөн байцаагчийг хууль бус ажиллагаа явуулж байгаа мэтээр нийтэд ойлгуулсан гэх үндэслэлээр өмгөөлөгчийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ хэллээ. Тодруулбал, 2014 оны аравдугаар сарын 15-ны өдөр Төв аймаг дахь Урьдчилан хорих байранд Л.Гансүхийн өмгөөлөгчийн үлдээсэн баримтыг үндэслээд төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж цагдаад хандсан байна. Ө.Энхтөр энэ талаар “Л.Гансүхэд “Тулга өчигдөр эмнэлэгт гарсан. А-тай уулзсан. Өлсгөлөн зарласан нь дээр гэж байгаа. Өлсгөлөн зарлаад хэд хонуулаад эмнэлэгт гаргана гэж ярьсан. Миний хувьд нэлээд удах байх”, “Нэг дэх өдрийн орой Е.сайдтай уулзана. Өлсгөлөн зарлуулж байгаад эмнэлэгт гаргуулж авъя гэж яригдсан. Өчигдөр, өнөөдөр хоёр маш их мэдээлэл цацагдсан. Өнөөдөр өлсгөлөн зарлаж байгаа юу” гэсэн бичиг орсон. Цаасны ар талд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн албан бичиг байсан. Е.Сайд нь ямар сайд гэдгийг мэдэхгүй. Сайд гэдэг нь Төрийн өндөр албан тушаал учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад болох юм биш биз гэдэг үүднээс цагдаагийн байгууллагад хандсан” гэв.

*** *** ***

АТГ-аас ийм мэдээлэл хийсний дараа өчигдөр олон нийтийн сүлжээгээр багагүй хэлэлцүүлэг өрнөлөө. Үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн олонхи нь АТГ-ыг хүний эрхийг зөрчиж байгааг онцолж, шүүх хэргийг шийдээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд мэдээлж байгаа нь буруу гэж байсан юм. Мөн “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчийг цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж байгаа нь арга ядсан хэрэг гэцгээж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл twitter хуудастаа “АТГ сэжигтнийхээ эсрэг нотлох баримт олохгүй болохоор өмгөөлөгчийнх нь эсрэг эрүүгийн хэрэг санаачилж яваа нь энэ байгууллага хүний эрхийг нэгмөсөн уландаа гишгэсний гутамшигт тохиолдол боллоо” гэж жиргэсэн байв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аавууд гэрсэг байгаасай

“Суудаг цаг богиносч, уудаг хэмжээ багассан. Уулзах найз цөөдөж, учрах тоо хасагдсан. Шалтгаан нь энэ хоёр. Гэхдээ уулзаагүй найз, уугаагүй пиво, наргиагүй наргиандаа харамсахгүй байна. Харин, ойлгохгүй ч гэсэн хүүгийнхээ шулганан ярихыг сонсож баясаагүй бол харамсах байсан байх. Түүртмээр олон ажлынхаа дундуур сэтгэлээ гаргаж хийсэн ханийнхаа хоолыг халуун дээр нь идээгүй бол харамсах байсан байх. Ухаан сууж засарсан гэж худлаа ярих гээгүй юм аа. Аз жаргал харин хаана байгааг мэддэг болсон гэх гэсэн юм. Хөхөндөө сүүгүй ч гартаа угжтай, хүйгээр холбоогүй ч сэтгэлээрээ уяатай. Аав нь харьж явна, миний хүү…”. Хэн нэгэн ингэж бичсэн нь facebook-т хагас мянган like авчээ. Зарим нь машин дүүрэн like дарж байгаагаа зургаар илэрхийлсэн байна. Уншсан хүмүүс мундаг аав гэж магтаж, “Эр хүнийг эгшээх ийм л нэг мэдрэмж сайхан” гэж шуугижээ. Хоёр зуу гаруй хүн цааш түгээсний ихэнх нь эмэгтэйчүүд байв. Эндээс харахад аавуудыг үрсэг, гэрсэг байгаасай гэж хүсдэг хүн олон юм. Нөгөө талдаа олон хүн ийм мэдрэмжийг хүсч байна гэдэг нь аавууд гэр бүл, үр хүүхдээсээ холдож байгаагийн илрэл болов уу. Тиймдээ чолон аав үлгэр аваасай гэсэндээ тараасан биз ээ. Аав ороод ирэхэд гэр дүүрч, халуун дулаан болдог. Аавынхаа хайранд өлгийдүүлсэн хүүхэд зоригтой өсдөг гэдэг. Аав гэдэг ганцхан үг таныг хувь нэгэн биш гэр бүлийнхээ төлөө амьдар гэдгийг хэлээд өгч байгаа юм шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гансүх: Надад ярих ч тэнхэл алга. Эмнэлэг л бараадъя

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өчигдөр батлан даалтад гаргалаа. Түүнийг Төв аймаг дахь цагдан хорих ангиас нийслэлд Цагдан хорих 461 дүгээр ангид авчирсан байв. Л.Гансүхийг өнгөрсөн долдугаар сарын 29-нд баривчилж Төв аймаг дахь цагдан хорих ангид хорьсон билээ. Улмаар өнгөрсөн сарын 26-нд цагдан хорих хугацааг сунгасан. Ингэхдээ түүнийг хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэж дахин нэг сараар цагдан хорихоор болсон. “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийг АТГ-ын 12 байцаагч шалгаж байгаа. Гэтэл гурван сар шахам хорьж шалгахдаа байцаагчид хоёр, гуравхан удаа ёс төдий мэдүүлэг авсан талаар өмгөөлөгч нь ярьсан. Ингэж олон сараар хорьж, “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэрэгт холбогдуулан олон залуусыг эрүүдэн шүүж байгааг Л.Гансүх эсэргүүцэн энэ сарын 20-ны 15.00 цагаас өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ.

Түүнийг өлсгөлөн зарлаж байхад буюу уржигдар цагдан хорих хугацааг нь сунгах, эсэх шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Баярбилэг “Л.Гансүх онц хүнд гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах саналтай байна”гэжээ.

Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгах санал гаргасан байна. Харин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Л.Гансүхийн эрүүл мэндийн байдал муу байгааг харгалзан прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Л.Гансүхийг батлан даалтад, гадуур шалгуулах шийдвэрийг шүүх уржигдар гаргасан юм. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн энэ шийдвэрийг аваад уржигдар 18.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид очиход хорих ангийн удирдлагууд “Шүүхийн өмнөх шийдвэрээр цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан. Тэр хугацаа нь 29-ний өдрөөр дуусгавар болох учир нэг өдрийн өмнө гаргахгүй” гэдэг үндэслэлээр гаргаагүй. Харин өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь хуанлийн хоногоор тоолоход 30 хоног цагдан хорих хугацаа аравдугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болж байна гэцгээж байсан. Мөн шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргачихаад байхад хүнийг хууль бусаар илүү хоног хорьж байна гэсэн гомдлыг ШШГЕГ-ын удирдлагуудад тавьсан юм. Цагдан хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэгч болон дарга нар нь хуралдаж 29-ний өдөр гаргах шийдвэрээ хэвээр үлдээсэн. Тиймээс ар гэрийнхэн нь болон өмгөөлөгчид шөнийн 00.00 цаг өнгөрөхөөр хүнээ авна гэж Цагдан хорих 461 дүгээр ангийн үүдэнд шөнөжин хүлээсэн ч Л.Гансүхийг гаргаагүй. Түүний бие маш муу байна гэсэн эмч нарын дүгнэлт гарсан учраас ар гэрийнхэнд нь нэг цагийн өмнө ч гэсэн шоронгоос гаргах нь чухал байна гэж байсан. Гэвч ШШГЕГ шийдвэрээ өөрчлөөгүйгээр барахгүй аравдугаар сарын 29-ний 17.00 цагаас хойш л гаргана гэсэн юм.

Ингээд өчигдөр 17.00 цагт хорих ангийн үүдэнд Л.Гансүхийн эхнэр, охин хоёр нь очсон байлаа. Мөн хоёр өмгөөлөгч нь, Дарханаас түүнийг дэмжихээр ирсэн иргэдийн төлөөлөл хорих ангийн үүдэнд цугласан юм. Гэрийнхэн нь цаг гаруй хүлээсний дараа 18.23 цагт Л.Гансүх өмгөөлөгчөөрөө түшүүлэн Цагдан хорих 461 дүгээр ангийн хаалгаар гарч ирэв. Өмгөөлөгч нь ариун цэврийн хэрэглэл, ойр зуурын хувцсыг хийсэн торыг нэг гартаа барьж, нөгөө гараараа Л.Гансүхийг түшиж байв. Тэрбээр ганцаараа ч явж чадахааргүй тэнхээ алдарсан харагдав. Хүрэм, өмд нь томдсоноос харахад багагүй туржээ. Сахал нь ургаж, царай нь харласан байв. Түүнийг харсан эхнэр, охин нь тэсгэлгүй уйлж угтлаа. Дарханаас ирсэн сонгогчид нь “Гишүүн ямар айхавтар тураа вэ. Шорон гэдэг чинь хүнийг ийм болгодог газар юм уу” гэж уулга алдав. Л.Гансүх гэрийнхнийгээ хараад инээмсэглэх аядав. Эхнэр, охин хоёр нь түүнийг машинд суулгахаар яаравчилж, өмгөөлөгч нь алхаагаа хурдасгасан ч Л.Гансүх хурдан алхаж чадахгүй байгаа нь анзаарагдсан юм.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхээс цөөн асуултад хариулт авлаа.

Таны бие гайгүй юу?

-Миний бие муу байна.

Шууд эмнэлэгт хэвтэх үү?

-Эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэхээс өөр аргагүй гэсэн. Эмнэлэг л бараадъя. Чухам ямар эмнэлэгт очихоо мэдэхгүй байна. Гэр бүлийнхэн өмгөөлөгчтэйгээ ярилцана.

Та арав хоног өлсгөлөн зарлалаа. АТГ-ын мөрдөн шалгаж байгаа ажиллагааг эсэргүүцэв үү?

-Ахад нь үнэхээр ярих тэнхэл алга. Эмнэлэг л бараадъя. Хоригдож байх хугацаанд сэтгэлээрээ дэмжиж, тусалж байсан хүмүүстээ баярлалаа. Бас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна гэв. Тэрбээр ингэж хэлээд эхнэрийнхээ машинд суугаад явсан юм.

УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд, АН-ын Зөвлөлийн дарга асан энэ эрхэм авлигын хэрэгт шалгагдан гурван сар хоригдоод, батлан даалтад гарсан нь энэ. Түүнийг батлан даалтад гарахад намынх нь нөхөд харагдсангүй. Өмгөөлөгчөөс нь намынхныг сураглавал “Өнөөдөр суллагдана гэдгийг танай сониноос уншсан л баймаар юм. Бидний хувьд гэрийнхнээс нь бусад хүмүүст хэлээгүй. Дарханаас ирсэн дэмжигчид нь мэдээд ирсэн байна. Намынх нь хүмүүс ирсэнгүй. Л.Гансүх өөрөө энэ талаар ярих тэнхээ ч алга. Ямар ч байсан хүнээ суллаад авлаа. Одоо эмчилгээ хийлгэж биеийг нь тэнхрүүлэхээс өөр бодох юм алга” гэлээ.

Л.Гансүх энэ сарын 20-ноос өлсгөлөн зарласнаас бөөрний тэнцвэрийн үрэвсэл сэдэрч, артерийн даралт нь тогтворгүй болсон гэдэг дүгнэлтийг Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар гаргажээ. Мөн уургийн дутагдалд орсон, цаашид бөөрний архаг дутагдалд орж болзошгүй гэдэг дүгнэлтийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмч нар гаргасан байна.

Л.Гансүх нь “Эм Жи Эл Эс Би” компанийн гүйцэтгэх захирал Н.Даваахүү, ерөнхий нягтлан бодогч Л.Мөнхтуяа нартай үгсэн тохиролцож төсвийн хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаа билээ.

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан

Хорих ангид арав гаруй жил хоригдсон залууг түр чөлөөгөөр гарах үед хамт байж таарлаа. Харгалзагчийн хараа хяналтад гэр рүүгээ явж байгаа тэр залуу “Хот маань ямар сайхан болчихоо вэ. Энэ олон өндөр байшин, бүтээн байгуулалт, хөгжлийг хараач. Замаа яасан сайхан өргөн болгоо вэ. Машинуудыг харахад л хүмүүсийн амьдрал дээшилжээ. Тэр хүүхдүүдийг хараач. Инээлдээд жаргалтай гэдэг нь. Өө, тэр хүү формоо тайлаад хашлага дээр тавьчихлаа. Мартаад аав ээждээ загнуулна даа. Сайхан загнуулах ч сайхан шүү” гэх зэргээр ам хуурайгүй баясна. Тэгснээ “Гудамжаар алхаж байгаа хүмүүс яасан ч өнгөлөг, жавхаатай юм бэ. Арван хэдэн жилийн өмнөхөөс шал өөр, бүр сайхан болжээ” гээд бүсгүйчүүдэд харц унагана. Тэр залууд эрх чөлөөтэй хүн бүр жаргалтай, нийслэлийн минь зам талбай, байшин барилга, түгжирсэн машин, шарласан мод, бүр хөглөрсөн навчис хүртэл сайхан харагдаж байгаа нь мэдрэгдэв. Бүр биширч, атаархаж байгаа нь нүднээс нь харагдав. Харин хажууд нь суугаа харгалзагч залуу машиныхаа цонхоор ч хараагүйгээр үл барам “Байдаг л юм” гэх янзтай тоомжиргүй гар утсаараа оролдох аж. Хавь ойрдоо шунан дурлах, орчноо мэдрэхийг ч хүсэхгүй суугаа хоёр залууг хараад “Бид сайхан бүхний дунд дэндүү эрх чөлөөтэй яваагаа анзаарахгүй юм даа” хэмээн жаахан харамсав. Тэгснээ “Энэ залуу эрх чөлөөтэй байхдаа одоо ярьж байгаа бүхнээ анзаараагүйгээр барахгүй, амьдралдаа сэтгэл дундуур байсан биз” гэж харгалзагч залуу болон өөрийгөө өмөөрөх аядав. Зам түгжрэлтэй, гудамж шороотой, хүмүүс нь уур уцаартай ер нь Улаанбаатарт болж бүтэж байгаа юм алга гэж ярих хүн олон. Хөмсгөө зангидчихсан яваа нөхдүүдийн нэг нь өөрөө гэдгээ ч анзаардаггүй. Заавал хол, өөр газар байж сайхан байснаа мэдрэх гэж үү. Олныхоо дунд, эрх чөлөөтэй амьдарч байгаа нь өөрөө сайхан. Сайхаан, сайхан.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Багын багштай багачуудын талаар хөөрөлдөж өнжлөө

Багачуудыг ном эрдэм сургаж, зөв хүн болгож төлөв­шүүлэхэд багшаас багагүй сэтгэл, мэдлэг, ур чадвар, авьяас билэг шаардагдах нь гарцаагүй. Өөрт байгаа бүхнээ хүний бяцхан үрсийг сургахад зориулж чадаж байж “Багын багш” хэмээн өргөмжлөгддөг биз ээ. Ийм өргөмжлөлийг хэдийнэ хүртэж, сурагч, эцэг эхчүүдийн хүндлэлийг дааж яваа Х.Нарантуяа багштай багачуудын эв дүйг олж сургах арга барилынх нь талаар ярилцаж өнжлөө. Түүнийг багш нар “Багын Нараа” гэдгээр нь анддаггүй юм билээ. 93 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Х.Нарантуяаг “Өдрийн сонин”-ы хоймор дахь “Танайд өнжье” буландаа урьсан нь Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөртэй холбоотой.

Нараа багш баасан гаригийн 13.30 цагт нийслэлийн удирдлагуудаас шагнал гардаж авах учраас өглөө эрт гэрт нь зочиллоо. Гэрийн эзэн Ч.Батцогт ханийнхаа баярт зориулж бялуу, чихэр, жимс тэргүүтнээр ширээ засчээ. Нараа багш цай аягалангаа “Үдээс хойш баярын арга хэмжээтэй гээд та нарыгаа арай эрт дуудчихав уу даа” гэж зовонгуй асууна. Гэргийнх нь баярын өдөр учраас Ч.Батцогт гуай гал тогоонд эзэн суусан бололтой, зууш бэлтгээд завгүй. Эзэгтэй бид хоёрын яриа багш нарын баярын тухай дурсамжаас эхлэв. “20 настай үе. Багш болсон жилээ энэ баярыг энгийн л өдөр гэж боддог байлаа. Тэгтэл шат дагаад сурагчид зогсчихсон баяр хүргээд л, тэднийхээ дундуур нь алхахад маш их айж, Төрийн ордны Ёслолын танхимд алхаж байгаа мэт сүрдмээр санагдаж билээ. Тэр өдрөөс хойш 35 жил багш нарын баярын өдөр хүүхдүүдтэйгээ баярлаж, хамт олонтойгоо догдолж байна” гээд социализмын үед сүртэй тэмдэглэдэг байснаа, зах зээл эхэлсний дараахь хэдэн жилд хүмүүс боловсролыг биш наймааг чухалчилдаг болж, багш гэдэг мэргэжил үнэ цэнгүй байх үед энэ баяр хамт олны хүрээнд л өрнөдөг байсан. Сүүлийн хэдэн жилд багшийг хүндэлдэг болсон талаар ярилаа. “Баярын хурал дээр эцэг эхийн зөвлөлийнхөн орж ирээд талархал илэрхийлэхэд л багш нар цэлмээд явчихдаг юм шүү дээ” гэж ярихад л догдолж байгаа нь мэдрэгдэх юм. Баярын хуралдаа өмсөх гоёлын даашинз, үсээ яаж янзлуулах гээд эмэгтэйчүүдийн дотно шивнээгээ ч бид хоёр алгассангүй.

СУРАГЧТАЙГАА ДЭЭС ТОГЛОЖ БАЙГААД НАМЫН ДАРГАД ТООГДОВ

Нараа багшийг мэргэжлээ сонгоход аав нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Түүний аав Б.Хоролтогоо хуульч, эдийн засагч, багш мэргэжилтэй хүн байжээ. Тэднийх 13 хүүхэдтэй өнөр айл учраас хүүхдүүдээ өсгөх үүрэг ээжид, харин гэрийн төсөв санхүүг зохицуулах үүрэг аавд ноогддог байж. Тиймээс ч аав нь багшлахынхаа хажуугаар давхар ажил хийдэг байсныг мэргэжлийг нь өвлөсөн охин дурсана. Ажлынхаа талаар хүүхдүүдтэйгээ ярилцдаг, тэднийгээ гэрийн ажилд сургахдаа өөрөө үлгэр үзүүлдэг гэх мэтчилэнгээр Нараа багш аавыгаа дурсахдаа нүд нь гэрэлтээд л явчих юм билээ. Тэрбээр айлын дунд охин. Эгч, дүү хоёр нь өөртэй нь тэрсхэн учраас гэрийнхээ ажил хийхдээ нэгэнтэйгээ барьцдаг байсан юм уу даа. Нэг өдөр аав нь цаасан дээр гурвуулангийнх нь нэрийг бичиж, униндаа өлгөөд өдөрт хэн, ямар ажил хийснээр нь дүн тавьж, сарын эцэст урамшуулал олгох болсны дараа охид гэрийн ажилд мундаг сайн болсон гэдэг. Нэг өдөр аав нь “Ангийн маань хүүхэд намайг түшиж зогсож байгаад унтчихсан. Аав ээж нь ирж автал хоёр цаг өвөр дээрээ унтууллаа” гэж ярихыг сонсоод бяцхан охин нь “Хүний хүүхэд өвөр дээрээ унтуулаад байхдаа яахав дээ” гэж харамлаж, бас ойлгоогүй өнгөрсөн гэдэг. Хожим 16 настайдаа аавынхаа ярьсныг захидал болгож бичээд багш нарын баяраар уншихад сургуулийн захирал нь “Энэ хүүхэд багш болох сэтгэлтэй нөхөр байна” гэж үнэлжээ. Түүнээс хойш л аав шигээ багш болно гэдэг бодол салахаа больж. Багшийн сургуулийн ганц хуваарийг багш нарынхаа “Энэ багш болох чин хүсэлтэй нөхөр” гэсэн дэмжлэгийн хүчээр авч Багшийн сургуульд орсон Х.Нарантуяа ажлын гараагаа V сургуульд түр ажиллах болзолтойгоор эхэлсэн гэдэг. 20 настай залуу багш гуравдугаар ангийг дааж авсан эхний өдрөө сурагчидтайгаа дээс тоглож байгаад МАХН-ын даргын хараанд өртөж “Хүүхдийн төлөөх сэтгэлтэй” гэж үнэлэгдэж байсныгаа дурсаж ярихдаа “Ямар юмных нь сэтгэл байх билээ. Өөрөө адилхан хүүхэд байсан учраас л цаг нөхцөөж байсан нь тэр биз” гэж үгүйсгэх янзтай. Дааж авсан ангиа амжилттай төгсгөөд сургуульдаа үлдэх эрхтэй болж V сургуульдаа 17 жил ажиллахдаа ажлын үзүүлэлтээр ч, эцэг эхчүүдийн үнэлгээгээр ч сайнд тооцогддог байж. Дараа нь урилгаар Гоц авьяастнуудын буюу 93 дугаар сургуульд багшлахаар очиж байжээ. Тэр үед Гоц авьяастнуудын сургуулийн багш нэр хүндтэйгээс гадна, цалингийн нэмэгдэл авдаг байсан үе.

“Мэргэжилдээ дурласан л бол ажлыг аяндаа сайн хийдэг юм билээ” гэхэд нь зөрүүлээд “Хүний олон хүүхдийн төлөө сэтгэл гаргах ч яггүй байх шүү” гэчихлээ. Тэгэхэд Нараа багш инээж байснаа “Нарийн яривал, эхний арван жилд түүн шиг худлаа юм байхгүй. Эргээд харахад хүүхэд дотор орно гэдэг огт өөр юм билээ. Хүүхэд дотор ороод, тэднийхээ төлөө ажиллах сэтгэлтэй болсны дараа хүүхэд харахаар л өөрийн эрхгүй хайр хүрээд байдаг. Эхний арван жилд ангидаа орсон хүүхдийг бүртгээд л явуулдаг байсан бол одоо “Энэ хүүхэд надтай холбогдож байгаа юм шүү” гэж чин сэтгэлээсээ хайрлаж, хардаг болчихсон. Тийм хандлагатай байхад аяндаа тэр хүүхдийн төлөө өөрийнхөө зориулж чадах бүхнийг зориулдаг болчихдог” гэв. Зөөврийн компьютерээс Нараа багшийн хичээл зааж байгаа хэд, хэдэн бичлэгийг сонирхож үзлээ. Бичлэг үзэж суухад нэг л дулаан, хүүхэд бүр ээж аав руугаа харж байгаа мэт багшдаа дотно байгаа нь мэдрэгдэх юм. Бусад багш нарт үлгэр болгож үзүүлэхийн тулд Нараа багшийн хичээлийг дүрсжүүлдэг юм байна. “Залуу байхад ийм бичлэг хийсэн бол бэлтгэж бэлтгэж, жүжиглээд өнгөрөөх байсан биз. Харин одоо өдөр бүр хүүхэдтэйгээ яаж ажилладаг түүнийгээ л хийж байгаа нь энэ” гэж тайлбарлаад “Эхний жилүүдэд дурсамж хичээлээ бэлтгэж байгаад автоматаар заачихдаг байсан, харин одоо хүүхдүүдтэйгээ уйлан хайлан бага ангийнхныхаа дурсамжаа ярилцдаг болсон байна лээ” гэж нэмэрлэв. Хүүхдүүдээ хэдхэн хором шуугилдахад бид “Толгой эргэлээ сүйд боллоо” гэцгээдэг дээ. Тэгвэл Нараа багш эсрэгээрээ чимээгүй оргиод байвал толгой нь өвддөг болчихсон нь мэргэжлийн онцлог гэлтэй.

ХҮНИЙГ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХИЙН УЧИР

Нараа багштай ярилцаж суухад “Сайн анги” гэдэг үг давтагдаад байхаар нь “Та бага ангийнхныг юугаар нь сайн гэж дүгнэж байна вэ” гэхэд “Сайн хамт олон л бүрдүүлвэл аяндаа болчихдог юм. Хоёрдугаар ангиасаа эхлээд л хүүхдүүд нэгийгээ ховлох, муулах гээд эхлэнэ. Ингээд задарч эхлэх үед ховыг нь хүлээж авахгүй, болохгүй байгаа хүүхэдтэй тусад нь уулзаж ярилцаад эхлэхээр нэгийнхээ мууг үзэх шаардлагагүй болчихдог. Нэгнийхээ мууг анзаарч, түүнийгээ бусдад ярих шаардлагагүй болчихоор аяндаа хичээлдээ анхаарлаа хандуулаад явчихдаг юм” гээд өөрийнхөө арга барилыг ярилаа. Зарим багш нар сурагчийнхаа сурлагад анхаараад хүмүүжлийг нь орхигдуулснаас болж амьдралд хөл тавиад алдах, эндэх тохиолдол гардаг гэнэ. Онц авахын төлөө бүхнээ зориулсан хүүхэд бусад хүмүүжлээ орхигдуулах тал байдгийг ч бодолцох шаардлагатайг ярилаа. Багаасаа л хамт олон гэдгийг мэдэрсэн, бусаддаа атаархаж, жөтөөрхөж өсөөгүй хүүхдүүд насан туршдаа тийм л байдаг гээд “Номин талст” хамтлагийн Хаазааг жишээ болгов. Хаазаа Нараа багшийн шавь. Тэдний ангийнхан жил бүрийн цагаан сараар багшдаа золгодог гэсэн. Багштайгаа уулзах бүрдээ “Загасны мах яалаа багшаа” гээд инээдэм болдог гэнэ. Тэр нь ийм учиртай. Хаазаа дунд ангид орсныхоо дараа хичээл орж байхад хөвгүүдтэйгээ нууцаар загасны дарсан мах багагүй идэж. Загасны мах нууцаар иднэ гэж юу байх билээ. Үнэр нь ангиар нэг тарахгүй юу. Анги даасан багш нь дөнгөж төгссөн залуу бүсгүй байсныг ч хэлэх үү. Гомдож, уйлаад сүйд болж. “Хангэрэл (Хаазаа) чи яв. Бага ангийнхаа багшийг дуудаад ир” гэж. Хаазаа эмээж, эмээж Нараа багшийгаа дуудсан юм уу даа. Тэгээд Хаазаагийн ангийнхан багынхаа багштай зогсож байгаад залуу багшаар нэг их загнуулсан гэдэг.

Хүүхдийг зөвхөн онц сургахын төлөө биш харин хүн болгож төлөвшүүлэхийн тулд тулж ажиллах, авъяасыг нь хөгжүүлэх арга барил 93 дугаар сургуулиас гаралтайг олон багш ярьдаг. Одоо боловсролын салбарт үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа шинэчлэл л дээ. Тиймээс ч багш бид хоёрын яриа хүүхдийг хөгжүүлэх арга барил руу шилжээд нарийн ширийн рүү нь орчих нь тэр. Хүн болж төлөвших гэж байгаа амьтдыг онц сайнаар нь үнэлээд уралдуулаад байх нь сайн арга биш. Тэнгэр, газар шиг зөрүүтэй хүүхдүүдийг хооронд нь харьцуулж, үнэлэх боломж ч байхгүй. Харин зөв хүн болгож төлөвшүүлэх нь багшийн гол үүрэг гэдгийг ярианаас нь ойлголоо. Багш гэдэг хичээл заах биш, хүнтэй ажиллах хүн гэдгийг л ойлгоод дараа нь ажлаа хийх ёстойг Нараа багш чухалчлав. Нэг ангийн 40 хүүхэд, түүний цаана 80 эцэг, эх нийлээд 120 хүнтэй ажиллаж байж сая хүнээр хүн хийдэг гэдгийг өөрийнхөө арга барилыг жишээ болгож ярихыг сонсоод багшийн ажил яггүй юм даа гэж бодож суув. “Аав ээжүүд “Манай хүүхэд сурлагадаа хэр байна” гэж хамгийн түрүүнд асуудаг. Миний арга барил бол сурлагынх нь талаар биш яаж хамтрах талаар ярилцаж ойлголцдог. Тиймээс ч долоо хоног бүр эцэг, эхчүүдийн цуглаан хийхэд хүүхэдтэйгээ харилцах арга барилаа хүртэл нэгтгээд авчихдаг” гэлээ. Бага ангийнхан аав, ээждээ ярьдаггүй нууцаа багштайгаа хуваалцдаг, бас гэртээ болсон үйл явдлыг багшдаа “ховлодог” гэдгийг бид мэддэг. Нараа багш нь ч хүүхдүүдтэйгээ олон нууцтай. Нэг удаа гэрийнхээ даалгаврыг хийгээгүй сурагч “Аав согтуу ирээд. Бид айгаад” гэж ярихдаа уйлчихаж. Нараа багш тэр сурагчийнхаа ээжтэй ярилцаж байгаад эцэг эхийн хуралд аавыг нь суулгаж дөнгөжээ. Тэр хурал дээр архи хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар багагүй ярьж. Дараа нь аавтай нь тусгайлан уулзахдаа хүүг нь магтаж, өөрийг нь дуурайсан учраас мундаг байгаа юм гэх мэтчилэн ярилцжээ. Түүнээс хойш аав хүүдээ илүү анхаарал хандуулж, архинаас хөндийрсөн гэнэ.

Х.Нарантуяа багш бол найм, долоо, зургаан настнуудыг нэгдүгээр ангид хүлээж авсан боловсролын бодлогын хэд, хэдэн үеийг өнгөрөөсөн гэдгээрээ арвин их туршлагатай. Тиймээс ч найман настай нэгдүгээр ангийнхан, зургаан настай жаалуудын ялгааг асуув. Бие, бялдрын хувьд ялгаа маш их мэдрэгддэг гэнэ. Үүнээс гадна нийгмээ дагасан ялгаа маш их анзаарагдаж байгааг багш ярилаа. Социализмын үед бүх зүйлийг нэг л өнцгөөс хардаг. Мэдээлэл бага, хүн бүр мэдээллээр цангачихсан байдаг учраас багшийн хэлснийг л тэр чигээр нь хүлээж авдаг байж. Хүүхэд том хүний ярианд оролцож болохгүй гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлэхийг нь хүртэл хаачихдаг байсан учраас тэр үеийн хүүхдүүд ичимхий, дорой байсныг ч нуусангүй. Харин одоогийн зургаан настнуудыг нүдний цангаа тайлагдчихсан. Мэдээллийн хэрэгсэл, интернэтээс мэдээллээ аваад ханачихсан хүүхдүүд багшаас нарийн учрыг нь асуух, тайлбарлуулах сонирхолтой байдаг аж. Тиймээс ч зургаан настай жаалууд хорин хэдэн жилийн өмнөх найман настнуудаас сэтгэхүй талдаа хамаагүй илүү гэнэ. Харин биологийн онцлогийн хувьд социализмын үеийн олон хүүхэдтэй, ясли цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд борогдуу одоогийн тав, зургадугаар ангийнхан шиг байсан бол одоогийн зургаан настнууд хэтэрхий нялхамсуу, бүхнийг аав ээжээрээ хийлгээд сурчихсан байгаа нь анзаарагддаг болжээ. Хүүхдийнхээ гутлыг тайлж, нүүрийг нь угааж өгч эрхлүүлсээр байгаад хэтэрхий нялхамсуу болгосон нь сэтгэлгээ, бие даах чадварт нь сөргөөр нөлөөлж байгааг нь ярианыхаа дундуур эцэг, эхчүүдэд анхаарууллаа.

Нараа багш энэ хичээлийн жилд зургаан настнуудыг хүлээж авсан. УИХ-ын гишүүн Г.Уянгын хүүхэд тэдний анги гэнэ лээ. “Зургаан настнууд ямар хөөрхөн гээч. Анхаарал нь ердөө хэдхэн минут төвлөрнө. Тэр үед нь л хичээлээ ойлгуулах ёстой. Зарим нь ангидаа ирээд уйлна, хичээлээ хийж байгаад унтчихна. Хөгжилтэй зүйл өдөрт хэдээрээ тохиолдоно. Тийм сайхан энерги дунд байгаа хүн хөгширдөггүй юм билээ” гээд бяцхан сурагчдынхаа хөгжилтэй явдлыг ярьж өглөө. Багш ангийнхандаа “А” үсэг зааж өгчихөөд нэг сурагчаас “Энэ ямар үсэг билээ” гэж асуутал гайхаж, гайхаж “Та мартчихсан юм уу. А шүү дээ” гэж хариулсан гэдэг. Анзаараад байхад Нараа багш хүүхдүүдээ ярихдаа илт сэргээд явчих юм. Тэгснээ үе, үе нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. “Хүүхдүүдээрээ захидал, зохион бичлэг хийлгэх их дуртай. Захидлыг нь цуглуулж байгаад бага ангиа төгсгөхөд нь ном болгож дурсгадаг. Тэр захидлуудыг нь уншихад ямар сайхан мэдрэмж төрдөг гээч” гэж ярихдаа нулимсаа арчих аж.

НАЙМААНД ДӨРГҮЙ, БИЗНЕС СЭТГЭЛГЭЭГҮЙ ЭЗЭГТЭЙ

Нараа багш ажлынхаа талаар, шавь нарынхаа тухай яриад байвал нэг өдөр хангалтгүй санагдав. 35 жил багшилж, зургаан зуу гаруй хүүхдэд “А” үсэг заасан багшид арвин их туршлага, ярьж хөөрөх зүйл их байлгүй яах билээ. Хань нь “Манай хүн их яриа. Хүүхдүүдийнх нь тухай яриад байвал нүд нь сэргээд л явчихна” гэх юм. Ч.Батцогт гуай жолооч мэргэжилтэй. Контенинтал зочид буудалд ажилладаг аж. Танилцаж, дотноссон үе рүү яриа хандуулбал, бүр бага нас руу нь яваад оччихно. Учир нь тэр хоёр нэг гудамжинд тоглож өссөн хоёр. Хожим нэг нь цэргээс, нөгөө нь Багшийн сургууль төгсөж ирээд дотносож гэр бүл болсон гэдэг. Тэднийх дэрсхэн өссөн гурван хүүтэй. “Манай хадмууд Говь-Алтайн хүмүүс. Намайг дархан бэр гээд хир халдаахгүй. Манай хүн ч их тайван. Гэртээ дөрвөн эр хүний дунд, ажил дээрээ түмний олон хүүхдийн дунд жаргаж яваа эмэгтэй гэж өөрийгөө боддог доо” гэх далимдаа ханиа магтаад авав. Долоон жилийн өмнө том хүү нь банкнаас 150 сая төгрөг зээлж дэлгүүр ажиллуулъя гэхэд “Тийм их мөнгийг яаж төлдөг юм бэ” гэж уулга алдаад хоцрогдсоноороо дуудуулж байсан гэдэг. Одоо том хүү нь өөрийн гэсэн бизнесээ босгочихсоныг ярихдаа “Бид хоёр ч өртэй л бол дууссан гэдэг сэтгэхүйтэй хоцрогдсон хүмүүс юм билээ” гээд инээв. Дунд хүү нь эхнэр, хүүхэдтэйгээ Канадад, бага нь эндээ бизнес эрхэлдэг гэнэ. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарчихсан болохоор хоёулхнаа нам гүм байдаг янзтай. Ширээн дээр нь “Хаан төрийн нууц”, “Ногоон нүдэн лам”, “Хөх судар”, “Онцгой эрх”, “Манан будан”, “Тавилан” романууд өрөөстэй. Хоёр том хүү нь нэг, нэг охинтой. Том ач нь хааяа ирж нар гаргадаг. Бага ачийгаа санаад сүйд болж байгаагаа ярина. Ач нарынхаа зургийг ширээн дээрээ өржээ. Нөхөр нь зураг даруулах дургүй болохоор гэр бүлийн зураг байхгүй гэж учирлах юм. “Зах зээл эхэлсний дараа дэрсхэн өсч яваа гурван хүүхэдтэй. Өмсөж зүүх, идэж уух нь хэцүү. Төрийн алба цалин багатай хэцүү л байлаа. Наймаа хийе ч гэж бодож үзсэн” гээд 500 мянган төгрөгийн зээл аваад Эрээн рүү явахдаа “Еэвэнгийн сар”-ыг мэдэлгүй очоод шатсан тухайгаа инээдэм болгож ярив. “Бид хоёр шиг хүн наймаанд дөргүй юм билээ. Олон эцэг, эхтэй харьцаж байсан наймаа хийж чадна гэж бодсон ч бараагаа сурталчлахаар худлаа яриад байгаа юм шиг санагдаад болдоггүй юм билээ” гэв. Зусландаа байшин барьж, хүүхдүүдэд давтлага өгдөг болсноо “Зуны амралтаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ давтлага авъя гэдэг. Тэднийгээ гэртээ суулгаад давтлага өгдөг байлаа. Тэгтэл нэг сурагчийн маань ээж “Зуслангаас хүүхдээ зөөхөд хэцүү байна. Та зуслан дээр өдөр өнжүүлэх ажиллуулаач” гэхээр нь зээл авч байгаад зуслан дээрээ байшин барьж авлаа. Одоо зээлээ төлчихсөн. Зуны улиралд хүүхдүүдэд давтлага өгөөд овоо хэдэн төгрөг олчихдог болсон. Бизнес сэтгэлгээгүй хүн хүний хэлснээс л санаа авах юм байна” гэлээ.

Энэ мэтчилэн ярилцаад сууж байтал Нараа багшийн шагнал авах цаг боллоо. Тэрбээр заах арга барилаараа нийслэлд тэргүүлжээ. Тиймээс Бөхийн өргөөнд очиж Нийслэлийн удирдлагуудаас өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Дараа нь хамт олонтойгоо баяраа тэмдэглэхээр явсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР