Categories
мэдээ нийгэм

Ю.Цэдэнбалыг огцруулах хувилбаруудыг ЗХУКН-ын Төв хороо арван жил хэлэлцсэний эцэст эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн

Түүхийн ухааны док­тор Н.Цэ­рэн­тэй хөө­рөлд­лөө. Тэрбээр Улс тө­рийн товчооны гишүүн Ц.Дүгэрсүрэнгийн тусла­хаар ажиллаж байсан юм. Төв хорооны аппаратад 20 гаруй жил байж, Ю.Цэдэн­бал агсныг гэрийн хорионд очиход нь Москвад Монго­лын Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргаар ажиллаж байсны хувьд түүхийн ил, далд баримтын гэрч болсон эрхэм билээ.

Та цагаан сарын өм­нө манай сонинд илгээ­сэн нийт­лэлдээ “Ю.Цэдэнбал агс­ныг огцруулсан хуйвал­дагчдыг нэрлэнэ” гэсэн. Тиймээс тэр талаар тантай хөөрөлдөхөөр ирлээ.

-Танайх ч нэхэл хатуутай сонин л доо. Тиймдээ, бие организмын тэжээл болсон өглөөний цайны араас мэдлэг, оюуны тэжээл болж “Өдрийн сонин” эрэмбэлэгдэх эрхээ аваад удаж байна. Монгол, Зөвлөлтийн хуйвалдагчдын алинаас нь яриагаа эхэлбэл танай уншигчдад ойлгомжтой байх бол.

Ю.Цэдэнбал агсны эсрэг Зөвлөлтийн тал хуйвалдаанд оролцсон гэдгээс эхэлмээр байна?

-Төр эргүүлэх салхи Москвагаас эхэлж сүүлдээ Монголын төрийг нураах шуурга болтлоо ширүүссэн баримт бий шүү дээ.

Аливаа юмс, үзэгдлийн цаад утга учир, үнэн худлыг баримт илчилдэг болохоор түүхэн баримтыг нэр эзэнтэй, цаг хугацаатай нь өгүүлэх болно. Ю.Цэдэнбалыг МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халах асуудлаар ЗХУКН-ын Төв хорооны аппарат, тасаг хэлтсүүдэд янз бүрийн хувилбар боловсруулсан. Улмаар далаад оны дунд үеэс Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөн, Улс төрийн товчооны хурлуудаар олон удаа хэлэлцэж байжээ.

Заримыг нь жишээ болгооч?

-ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев социалист орнуудын удирдагч нэг бүрийн тухай судалгааны материал Улс төрийн товчооныгишүүдэд тарааж танилцуулсны дотор Ю.Цэдэнбал нэгэнт нэр хүндгүй болж, хүн бүхнийг залхааж байгаа тухай тааруухан дүгнэлт оржээ. Уг асуудлыг Улс төрийн товчооны хурлаар 1976 оны хоёрдугаар сард хэлэлцэхэд Улс төрийн товчооны гишүүн, БХЯ-ны сайд Устынов Улаанбаатар дахь өөрийн төлөөлөгчийн газрын мэдээллийг нэмж танилцуулаад “Цэдэнбалыг солих хэрэгтэй. Тэр удирдаж чадахгүй байна. Байдлыг гартаа барьж чадахгүй байна” гэсэн боловч бусад дарга нар дэмжээгүй өнгөрөөж.

Монгол дахь ЗХУ-ын төлөөлөгчийн газруудын нэг үндсэн ажил нь Ю.Цэдэнбал, түүний гэргий Филатоваг мөрдөн, мөшгиж төвдөө мэдээлэхэд чиглэж байж. Тэд төвдөө ямар их мэдээлэл өгч байсныг Д.Шинкаров, Ш.Г.Надиров нарын ном уншсан манайхан сайн мэдэж байгаа.

1983 оны арваннэгдүгээр сард А.А.Громыко нарын дөрвөн гишүүн гарын үсэг зурсан Монголын удирдлагын байдлын тухай албан бичгийг Улс төрийн товчооны хуралд оруулан хэлэлцүүлжээ. Тэр бичигт “МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын тухай асуудлыг шийдвэрлэхгүйгээр, өөрөөр хэлбэл Ю.Цэдэнбалыг энэ албан тушаалаас зайлуулахгүйгээр МАХН, Монголын удирдлагын байдал жинхэнэ ёсоор сайжрахгүй. Тиймээс Цэдэнбалаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт Төв хороонднь гардуулах шаардлага бий болж байна. Түүнд Ардын их хурлын дарга ч юмуу, ямар нэгэн хүндэт албан тушаал санал болгоё” гэжээ. Улс төрийн товчоо энэ асуудлыг хэлэлцээд дахин судлан үзэж, энэ ажилд Зөвлөлтийн Монгол дахь төлөөлөгчдийг татан оролцуулж эцсийн шийдвэр гаргах санал оруулж ирэхийг А.А.Громыко болон бичиг зохиогч бусад хүмүүст даалгасан байдаг. Гэхдээ тодорхой юу хийхэв үүнийг хэрхэн хийхэв гэж К.В.Русаков өөрөөсөө болон хуралдаанд оролцогчдоос асуусан ч уг хурал нэгдсэн шийдвэр гаргаж амжаагүй байна. Гэхдээ “Бидний оролцоотойгоор, гэхдээ мэдэгдэхгүйгээр” гэж ярилцсан байдаг.

Цааш нь юу болсон бол?

-Төв хорооны Улс төрийн товчооны олон улсын асуудал эрхэлсэн комиссын удирдагчаар хавсран ажиллаж байсан А.А.Громыко 1984 оны хоёрдугаар сарын 3-нд Төв хорооны Зөвлөгөөнийг удирдаж, Монголын асуудлыг хэлэлцсэн байна. Монгол дахь Элчин сайд Павлов УАХХ-ны төлөөлөгч Радченко нар “Ю.Цэдэнбалыг яаралтай өөрчлөх хэрэгтэй” гэсэн. Харин Улс төрийн товчооны гишүүн В.М.Чебриков асуудлыг илүү гүнзгий судалж, Улс төрийн товчоонд нь Лувсангомбо, Намсрай нарыг оруулж, Майдарыг өөрчилсний дараа улс тунхагласны 60 жилийн ойг өнгөрүүлж байж шийдвэрлэх санал тавьжээ. А.А.Громыко “Ямар нэг эрс яаруу, сандруу арга хэмжээ авах хэрэггүй. Ирэх нэг, хоёр сарын дотор, юуны өмнө нөхөр Павлов, Радченко нар тодорхой, идэвхтэй мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийж, шаардлагатай материалыг нягтлан бэлтгэх хэрэгтэй. Улс төрийн товчоог эрүүл саруул хүчээр (Лувсангомбо, Намсрай) сэлбэж, Майдарыг товчооноос гаргах боломжийг судлах хэрэгтэй гэжээ.

А.А.Громыко нарын өнөөх дөрвөн гишүүн БНМАУ-ын байдлын тухай хоёр дахь бичгээ 1984 оны дөрөвдүгээр сарын 28-нд Улс төрийн товчоонд оруулжээ. Тэр бичигт Ю.Цэдэнбал ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг эрүүл мэндийн шалтгаанаар сайн дураар орхих нь зүйтэй гэсэн түрүү­чийн саналаа илүү дэлгэ­рэн­гүй үндэслэлтэй нотолсон байна. Ю.Цэдэнбалыг огцруулах янз бүрийн хувилбарыг ЗХУКН-ын Төв хороо арав шахам жил хэлэлцсэний эцэст анх удаа эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн байна. Улс төрийн товчооны тогтоолд зохиогчдын саналыг сайшааж, хэрэгжүүлэх практик арга хэмжээ авахыг тэдэнд даалгажээ.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхэд Төв хороо, ГЯЯ, УАХХ-ны цөөн тооны хариуцлагатай ажилтныг татан оролцуулсан байдаг.

ЗӨВЛӨЛТӨӨС БҮХ ТАЛААР ХАРААТ, ХАМАГ ЮМАА ТЭДНЭЭС ГУЙДАГ ОРНЫ УДИРДАГЧ ДОТРОО ХИЧНЭЭН БУХИМДАВЧ ИЛЭРХИЙ ЭСЭРГҮҮЦЭЖ, ДУРГҮЙЦЭЖ ЯАЖ ЧАДАХАВ

Өрнөж байгаа дээрх асуудлуудын талаар Ю.Цэдэнбал агсан ажиг сэжиг авч байсан болов уу. Хэрвээ мэдэж байсан бол дургүйцлээ илэрхийлэх ч юмуу, ямар нэг эсрэг үйлдэл хийж байв уу?

-Зөвлөлтийн зарим удирдагчийн ийм хандлагад манай дарга бухимдаж явдгийг гэрчлэх баримт байна аа. Гэхдээ Зөвлөлтөөс бүх талаар хараат, хамаг юмаа тэднээс гуйдаг орны удирдагч дотроо хичнээн бухимдавч илэрхий эсэргүүцэж, дургүйцэж яаж чадахав.

Цэдэнбал дарга нэгэн удаа Крымд амарч байх үедээ, чухам юунаас болсныг бүү мэд оройн хоолон дээр хоёр хундага тогтоогоод өөртэй нь итгэлтэй дотно байсан ЗХУКН-ын Төв хорооны Монголыг хариуцсан тасгийн ажилтан Ш.Г.Надировт “Та нар Монголыг мэдэхгүй шүү дээ, монголчуудыг мэдэхгүй. Маш өнгөцхөн хардаг хүмүүс. Та нар яахаараа ийм ихэмсэг байдаг юм бэ. Та нар монголчуудыг хоцрогдсон ард түмэн мэтээр үздэг” гэжээ. Ямаагаа тоглоомын орос резинен ямаанаас хямд худалддаг гэх мэт шүүмжлэл байнга дагуулдаг Зөвлөлт, Монголын хилийн худалдааны тэнцвэргүй байдлыг өөрчлөх асуудлаар 1983 оны аравдугаар сард болсон хоёр орны үнийн хорооны хэлэлцээр дээр Цэдэнбал дарга Зөвлөлтийн Үнийн хорооны даргад хандаж “Танайхыг юм бүхэн дээр дуурайж чадахгүй. Манай нөхцөл байдал өөр” гэж хатуу үг хэлсний ачаар хэлэлцээр манай талд маш их ашигтай туссан тухай манай Үнийн хорооны дарга байсан Д.Бямбасүрэн бичиж байсан.

Ю.Цэдэнбал агсны энэ мэт дургүйцэл Зөвлөлтийн удирдлагын сонорт хүрсэн л байж таараа.

Зөвлөлтийн тал дургүйцлээ бас л илэрхийлсэн байх даа?

-1977 онд Т.Живковын урилгаар манай дарга Болгарт амрахаар очих замдаа Крымд саатаж, Брежневтэй уулзахаар тохиролцсон юм байна. Гэтэл Ю.Цэдэнбал агсныг Крымд бүтэн 10 хоног хүлээлгэсний эцэст Брежнев арайхийж уулзсан байдаг. 1974 онд манайд хоёр дахь удаагаа айлчлахдаа монголчуудыг найрсаг дотно харьцаа, дөлгөөн сайхан төрхөөрөө баясгаж, өгөөмөр их бэлгээрээ баярлуулж байсан Брежнев дарга ийнхүү зангаа хувиргасан нь араасаа асуулт дагуулсан билээ.

Бас нэг жишээ хэлье. Брежневийг залгамжилсан Зөвлөлтийн нэгдүгээр хүн Ю.В.Андропов “Цэдэнбал гаднаа ЗХУ-д үнэнч юм шиг хэрнээ, цаагуураа биднийг сайн фермийн саалийн үнээ л гэж үздэг байсан. Бүхий л асуудлыг ямагт өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж оролдоно. Тэр ч байтугай Империалист хэмээн ад үздэг. Тэр биднийг сайн саадаг байсан. Брежнев ч үүнийг гадарладаг хэрнээ юу ч хийж чадаагүй” гэж хэлсэн байдаг.

Брежневийн хийж чадаагүйг тэдний залгамжлагч М.Горбачев чадаж Цэдэнбалыг огцруулсан байх нь ээ?

-Логик утгаараа тийм.

Монгол-Зөвлөлтийн найрамдлыг бэхжүүлэх үйлсэд ам хэлээрээ биш ажил үйлсээрээ хагас зуун жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсан гэгддэг Ю.Цэдэнбалд Зөвлөлтийн зарим удирдагч хүйтэн хандах болсны цаад учир нь юу бол?

-Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэж Зөвлөлтийн удирдагчид нэг бус удаа шахалт үзүүлсэн юм билээ. 1973 онд Брежнев, Цэдэнбал хоёр Крымийн хойгийн урд эрэгт амралтын газар уулзаж ярилцжээ. Брежнев “Цагийн өмнө Т.Живковтой сайхан ярилцлаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд ХБНУ-ын эрхтэйгээр Болгарыг оруулах болсон тухай БКН-ын Төв хороо шийдвэрлэснийг надад мэдэгдлээ” гээд Ю.Цэдэнбалд ямар сэтгэгдэл төрүүлснээ мэдэхийг хичээсэн бололтой харцаа тогтоон ажиглажээ. Төв хорооны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев нарын зэрэг хамт байлцсан олон хүний сэтгэл маш өндөр, бүүр догдолж хөөрсөн байдалтай харагдаж гэнэ. Гэтэл Ю.Цэдэнбал огт өөр зүйл ярьж, Брежневийн мэдэгдэлд огтхон ч хариу бариагүй гэдэг.

Мөн Москва орчмын Барвихид амарч, эмчлүүлж байсан Ю.Цэдэнбалд социалист орнууд бүх талаар ойртон нягтрахад зориулж авах зарим арга хэмжээний тухай Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолыг 1975 онд Ш.Г.Надиров гардуулжээ. Таван хуудас тэр тогтоолыг Ю.Цэдэнбал дарга хоёр дахин уншаад уг баримт бичгийн дээд булан дээр “БНМАУ-ын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалсан нөхцөлд” гэж бичсэнийг Ш.Г.Надиров номондоо дурсчээ.

Манай нам үүнээс өмнө ЗХУ-тай ойртон нягтрах зорилго дэвшүүлсэн юм. 1976 онд намын 17 дугаар их хуралд тавьсан илтгэлдээ Ю.Цэдэнбал ЗХУ-тай бүх талаар, эдийн засгаар, хэл, соёлоор ойртон нягтрах тод томруун зорилт дэвшүүлэхэд “Хүргэн хүү Монголыг хадамдаа бэлэглэх нь. Тусгаар тогтнол дуусаа” гэж манай саарал ордны шивнээ явж байв.

Ойртон нягтрах зорилт монголчуудыг айлгаж байхад Москва баярлаж байлаа. 1976 оны наймдугаар сарын 24-ний оройн зоог дээр Төв хорооны хэлтсийн орлогч О.Л.Чуканов, Элчин сайд Павловский нар “Танай намын 17 дугаар их хурал дээр Зөвлөлттэй бүх талаар ойртон нягтрах тухай таны дэвшүүлсэн зорилт олны анхаарлыг их татаж байна. Хамгийн ач холбогдолтой нь ойртон нягтрах тодорхой замыг зааж өгсөн явдал мөн” хэмээн талархаж байжээ. Ю.Цэдэнбал даргын энэ мэт тактик Монголыг өөртөө нэгтгэх их гүрний дээрэнгүй санаархлыг тогтоон барьж харин өөртөө лай хураасаар байв.

Манайд өнгөлздөг байсан Мао нэгэн удаа “Цэдэнбал Орост хайртай хэмээн донгодохын хэрээр Монгол хоногийн хоолтой золгодог” гэж шоглосон тухай яриа байдаг. Хоёр их гүрний дунд эв зүйгээ олох гэж Ю.Цэдэнбал үйлээ үзэж байхад хажуудах авгай нь хүртэл хатгаж зовоодог байсан.

1978 оны зун Цэдэнбал Югославд амраад буцах замдаа Крымд хоногложээ. Хамт салхилж явсан Ш.Г.Надиров Цэдэнбал Филатова хоёрын нэгэн ярианы гэрч болсноо номондоо тэмдэглэж үлдээсэн байдаг. “Тито ёстой эр хүн, хэний ч гар хардаггүй, хэнээс ч хараат бус, өөрийнхөө замаар явж байна. Тийм болохоор түүнийг тоож, хаа сайгүй Москва ч хүндэлж байна. Хэрвээ чи Тито шиг байсан бол чамд өөрөөр хандах байсан даа. Элэг бариад байхгүй л байсан байх” гэж Филатова хэлэхэд Цэдэнбал ундууцсан янзтай “Чи ингэж яах нь вэ дээ” гэсэн нь номонд нь бий.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Амьдралдаа үлгэрлэх Н.Цэвэгням философи

Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням өдгөө 40 гаруй настай. Тэрбээр сумод 20 жил мятаршгүй зүтгэсний үр дүнд 38 настайдаа дээд зиндааны барилдаанд анх удаа түрүүлсэн. Ер нь Кёкүтэнхо Н.Цэвэгням тухайн башёдаа тавин хувийн амжилтаа бууруулалгүй, алтан дунджийг барьж ирсэн. Халихгүй, жижгэрэхгүй нэр хүндтэй, сайхан л амьдарч байна. Үүнийг ”Амьдралдаа үлгэрлэж болох Н.Цэвэгням философи” гээд байгаа юм.

Сумогийн ертөнцөд дээд цол Ёкозуна хүртсэн л бол цолоо хадгалах шаардлага гардаг. Муу барилдвал сумогийн холбооны шахалтад орж, үзэгчид дургүйцлээ илэрхийлж эхэлдэг. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж цагтаа яаж мандаж байлаа. Дээд амжилтыг тогтоогоод сумогийн холбооны шахалтаар шахуу зодог тайлж нутагтаа ирсэн. Одоо Монголын төр хувьчилсан циркээ түүнээс буцааж авах ухааны юм ярьж байна. Энэ хэрээр түүнийг үнэлэх үнэлэмж буурсан гэсэн үг. Түүнтэй харьцуулахад Кёкүтэнхо Н.Цэвэгням тавин хувийн амжилтаа баталчихаад л өндөр цалин аваад, сайхан л амьдарч байгаа. Голыг нь олоод сэтгэл ханамжтай амьдрах энэ Н.Цэвэгнямынфилософийг хүмүүс амьдралдаа хэрэгжүүлмээр санагддаг. Гоц авьяастай л биш бол ердийн хүнд хэрэгтэй философи. Күнз “Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм” гэж сургасан байдаг. Алтан дундаж байна гэдэг нөгөө талаараа өөрийгөө хянаж ухаантай амьдарна гэсэн үг ч байж болох.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дашдорж: Төр үүргээ гүйцэтгэсэн бол эрдэнэт хүний амь үрэгдэхгүй, хүүхэд гэмт хэрэгт холбогдохгүй байсан

Шинэ оны эхний амралтын өдөр Хандгайтад чаргаар гулгаж байсан хүү 60 орчим настай иргэнийг дайрсан харамсалтай хэрэг гарсан. Чаргаар гулгаж явсан хүүд дайруулсан иргэн амиа алдсан. Цагдаагийн байгууллагаас хүүг хүний аминд хүрсэн хэргээр шалгаж байсан юм. Хүүгийн өмгөөлөгч Б.Дашдоржтой ярилцлаа.

-Танай үйлчлүүлэгчийг санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Хэрэг аль шатанд байгаа вэ?

-2015 оны нэгдүгээр сарын хоёрны өдөр энэ харамсалтай хэрэг гарсан шүү дээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийг өчигдөр прокурор руу шилжүүлсэн. Хүүг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар буюу бусдыг болгоомжгүй алсан гэдэг үндэслэлээр шалгаж прокурорын байгууллагад шилжүүлсэн.

-Тухайн үед амралтын өдөр байсан. Хандгайт руу маш олон хүн очсон. Ямар ч хамгаалалт, хашаагүй уулын аманд тэр олон хүн нэгнийхээ завсар зайгаар л гулгаж байсан шүү дээ. Хүний аминд хүрсэн гэгдээд байгаа хүү ч тэдний нэг.

-Дулаахан ч өдөр байсан. Хохирогч ч, холбогдогч ч баярын өдрүүдэд цэвэр агаарт гарч чөлөөт цагаа өнгөрөөхөөр л очсон. Хэн ч атгаг санаа агуулаагүй. Тэр хүү тоглож яваад ийм асуудалд орсон. Хохирогч ч үр хүүхдүүдтэйгээ агаарт гарахаар очсон хүн. Өнөөдөр таны ч, миний ч хүүхэд тоглож наадахыг хүсдэг. Хэн ч үр хүүхдээ дагуулаад агаарт гарахыг боддог. Үнэхээр алийг нь ч буруутгах аргагүй. Өндөр уулын орой дээрээс гулгасан хүүхэд хөөрчихсөн л байсан. Хэн ч л тэгдэг шүү дээ. Тэр хүү өөрөө ярьдаг юм. “Дээрээс гулгаад явж байтал гэнэт чарга довон дээр үсрэх шиг болсон. Цас үсэрч, юу ч харагдахгүй унах шиг л болсон. Босоод иртэл тийм зүйл болчихсон байсан” гэж ярьдаг юм. Өглөө хоёр найзтайгаа “Цанын бааз дээр тоглочихоод ирье” гээд инээгээд гарсан хүү орой тийм аймшигтай зүйл болчихсон. Тэр хүү ч биш өөр хэн нэгний хүүхэд тоглож яваад гэмт хэрэгтэн болох нөхцөл бүрдсэнийг л энэ хэрэг харууллаа шүү дээ.

-Хүмүүс олноороо цугласан газар цагдаа ч, эмч ч оччихсон байх үүрэгтэй. Олон хүнтэй газар төр өөрөө зохицуулалт хийх ёстой. Гэтэл тэр олон хүнийг зохицуулахыг оролдсон ч хүн байгаагүй. Энэ бас нэг нөхцөл болов уу?

-Хэргийн газрын зургийг харахад өөрийн тань асуугаад байгаа дүр зураг харагддаг. Буруутан нь хэн бэ гэдгийг шүүх тогтооно. Хуулийн хариуцлагаар яривал холбогдсон хүүхэд буруутан болох гээд байдаг. Гэтэл хэрэг гарах болсон нөхцөл, шалтгааныг нь авч үзвэл Хандгайтад үйл ажиллагаа явуулж байгаа, зохион байгуулах үүрэг хүлээсэн байгууллагын гэм буруугийн асуудал яригдана. Нөгөө талаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүүхэд аюулгүй газар тоглох ёстой гэх зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хангахгүй байгаагаас энэ хэрэг гарсан. Төр засаг, түүний үйлчилгээг үзүүлэх ёстой байгууллага, хяналт тавьдаг газруудын хоорондын уялдаа холбоо байхгүйгээс энэ хэрэг үүссэн. Аюулгүй ажиллагааны журмыг хангаагүй байгууллага үйл ажиллагаа явуулаад байхад төр яагаад хяналт тавиагүй юм бэ. Стандарт, заавар журмыг яг таг баримтлуулаад төр ажлаа хийсэн бол бол эрдэнэт хүний амь үрэгдэхгүй, хүүхэд гэмт хэрэгт холбогдохгүй байсан.

-Хандгайтыг ажиллуулж байсан байгууллага нь чарга түрээслэх л үйлчилгээ үзүүлдэг байсан юм биш үү. Тэднийг хянадаг байгууллага гэж байсан юм болов уу?

-Түрээсээр хувь хүн ажиллуулж байсан юм билээ. Өдөр тутмын үйл ажиллагааг нь хянаж байх ёстой төрийн байгууллага ажлаа хийгээгүй. Үнэхээр болохгүй байсан бол хаах байсан. Ядаж олон хүн цугласан тэр өдөр зурвасаа зааж өгөөд, хамгаалалт гаргаж, өндрийн цэгийг тогтоочихсон бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Тэнд хүмүүс очоод иргэний үнэмлэхээ тавиад чарга түрээслэж хаа, хамаагүй л гулгаж байгаа.

-90 гаруй жилийн түүхтэй тусгаар улсын нийслэл ганц цанын бааз тохижуулж чадаагүй. Өвөлжөөний хажуудах уулын энгэр шиг газар хамгаалалтгүй олон хүн цуглаж, завсар зайгаар тоглодог. Төр иргэндээ хүрч үйлчилдэггүйн жишээ нь энэ биз?

-Ядаж малгай өмсүүлээд, амарч байгаа хүмүүсийг замын зоноос холдуулах зэргээр заавар зааварчилгаа өгсөн хүн нэг ч байхгүй. Эмч ч, цагдаа ч бэлэн л байх ёстой. Хэрэг гарах үед цагдаа байсан эсэхийг мэдэхгүй. Дуудлагаар эмч очсон. Анхан шатны тусламж үзүүлэхэд цаг алдсан. Төр хүндээ хандсан ямар ч ажил хийдэггүйг энэ золгүй явдал харуулсан нь үнэн.

-Аюулгүй орчинг нь төр хангаагүйгээс болж хүний амь эрсдэж, хүүхэд хүн амины хэргээр шалгагдаж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Тэр хүү хэрэгтэн болоод өнгөрөх үү?

-Гэмт хэргийн бүрэлдэ­хүү­ний тухайд миний үйлчлүүлэгч 16 нас хүрээгүй учраас гэмт хэргийн субьект биш. Гэхдээ эрүүгийн хариуцлагаас мултрах тухай ярих гээгүй. Тэр хүүхдийн бие махбодь, сэтгэл санаа нь гүн цочролд орсон. Нөгөө талд эрдэнэт хүний амийг хэн хариуцах вэ гэдэг асуудал яригдана. Хайртай ааваа, ахаа алдсан ар гэрийнхэнд нь маш хүнд байгааг ойлгож байна. Эрүүгийн гэмт хэрэгт хохирогчийг гомдолгүй болгох асуудал тэргүүнд тавих ёстой. Тиймээс ч хохирогчийн тооцож өгсөн хохирлыг хамгийн түрүүнд барагдуулахаар ар гэрийнхэн нь зүтгэж байна.

-Хүүгийн аав, ээжид боломж хэр байна вэ?

-15 сая төгрөг нэхсэн. Хүүгийн аав, ээж группт байдаг. Тэр мөнгийг өгөхөд үнэхээр хүнд юм. Бүтэн жилийнхээ группийн мөнгийг авахад дөнгөж хоёр сая төгрөг болох юм. Тэр мөнгийг аваад хохирогчийн ар гэрийнхэнд өгсөн. Одоо аав, ээж нь мөнгө хайж байгаа. Танай сонинд бодит байдлыг ярьж байгаагийн хувьд харьяа дүүргийн хүүхдийн байгууллага, сайн дурын байгууллагууд, сайхан сэтгэлтэй хүмүүс хүүд туслаач гэж хүсмээр байна. 15 сая төгрөг аваад хохирогчийн гомдол арилчихгүйг ойлгож байна. Ядаж эд материалын хохирлыг төлчих юмсан. Сайн, сайхан үйлсийн төлөө нэгдсэн хүмүүс хүүгийн эцэг, эхтэй холбогдож туслаасай. Яагаад ингэж хүсээд байна гэхээр нэг талаас хүүхдийн эрх, нөгөө талаас эрдэнэт хүний амь яригдаж байгаа. Хохирогч тал хохирлоо нэхэмжилж байгаа нь зөв. Хүү үйлдсэн хэргээ ухамсарлаж манай тал хохирлыг бүрэн төлье гэж хичээж, зүтгэж байгаа. Даанч тэр айл хоёр сая төгрөгөөс илүүг олж чадсангүй. Насанд хүрээгүй хүүхдийн онцлог, хэрэг гарсан нөхцөл шалтгааныг тооцоод тэр хүүхдэд туслаасай гэж бодох юм.

Аав нь хохирогч талтай уулзсан, уучлал гуйсан. Талийгаачийг босгоод ирж чадахгүйгээс хойш ажил явдалд гарсан мөнгийг өгье гэсэн. Хохирогч тал энэ хэрэг юунаас болов гэдгийг бас тунгааж байгаа байх.

-Хүүхдийн байгууллагад хандсан уу. Манай сонин хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас энэ хэрэг дээр хэр анхаарч байгааг асуухад нэг нь нөгөө рүүгээ түлхсэн хариулт өгч байна лээ.

-Баянгол дүүргийн хүүхдийн байгууллагаас хүмүүс ирж уулзсан. Сэтгэл санааны чиглэлээр тусалъя гэсэн учраас аав, ээжтэй нь холбосон. Хүүхдийн төлөө байгууллагын төсөв хүрдэггүй байх. Ерөөсөө л төрийн бодлогын хэмжээнд хүүхдийн төлөөх ажил орхигдчихсон. Хүүхэд гэмт хэрэгт холбогдоход хүүхдийн төлөө байгууллагаас “Асран хамгаалж, харгалзан дэмжинэ” гэдэг бичгийг шүүхэд өгдөг. Дараа нь тэр хүүхдэд хандсан үйл ажиллагаа явуулж байгаа нь харагддаггүй. Төр үнэхээр хариуцлагагүй байснаас өнөөдөр насанд хүрээгүй хүүхдэд гэм буруугийн асуудал яригдаж байна. Тэр хүү гулгасан нь буруу юу, тоглоё гэж гэрээсээ гарсан нь буруу юу. Машин жолоодож явсан бол арга хэмжээ авсангүй гэж болно. Чарга бол чарга, хүүхэд бол хүүхэд шүү дээ. Хөөрчихсөн хүүхдэд “Ингэвэл ингэнэ шүү дээ” гэх ухамсар байдаг бил үү. Олон хүн харж хөөрсөн, чарган дээр салхи татуулан яваа тэр хүү тийм аймшигтай зүйлийг төсөөлөө ч үгүй. Хэний санаанд орох юм бэ.

-Тэр ослоос хойш Хандгайтад юу өөрчлөгдсөн бол?

-Өөрчлөгдсөн юм байхгүйг иргэд мэдэж байгаа. Ийм байдалд хүүхдээ оруулахгүйн тулд хүүхдээ гэрээс гаргахгүй, таг цоожлох л арга байна. Нэгэнт төр ажил хийхгүй байна, өөр яах юм. Уг нь хүүхэд эрүүл агаарт тоглох нь хамгийн зөв гэж дэлхий нийт зөвлөж байгаа. Одоо төрийн эрх барьж байгаа хүмүүсийг багад нь цоожлоод үлдээж байсан гэж төсөөл дөө. Хүүхдэд том шийтгэл биз. Гэтэл тоглож, наадаж яваадгэмт хэрэгтэн болбол яах билээ. Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь жил ирэх тутам өсч байна. Ерөөсөө л төр муу ажиллаж, хүүхдийн төлөө юу ч хийдэггүйнь эндээс харагдаж байгаа.

-Хүүхдэдээ анхаарал тавьсангүй. Хамт явсангүй гэж эцэг, эхийг нь шүүмжилдэг юм болов уу?

-15 настай хүүхэд найзуудтайгаа цанын баазад тоглоно гэхээр дагах хүн олон уу. Тэр хүү байрны хонгилд сууж компьютер тоглоогүй. Манайд хүүхэд чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг газар байдаг уу. Хэдэн кино театрыг л нэрлэх байх. Тэгэхээр цанын баазад очиж тоглосон хүүхдэд буруу өгч чадахгүй.

Сурлага сайтай, даруухан хүү байна лээ. Аав ээж нь хүүдээ маш сайн анхаарал тавьдаг. Аав нь өдөр бүр надтай утсаар ярьж, яах вэ гэж асуудаг. Гэр бүлээрээ хямарчихсан. Маш хүнд байдалтай байгаа.

-Төр буруутай гэж үзэж байгаа бол хохирогчийн хохирлын мөнгийг төрөөс гаргуулахаар гомдол гаргаж болдоггүй юм уу?

-Их сонин асуулт байна. Хууль хяналтын байгууллага үүнийг шалгаж, хянах ёстой. Төрийн буруутай үйл ажиллагаанаас боллоо гэвэл тэнд хүний амь хохирчихоод байхад бид буруугаа бусдад нялзааж байгаа мэт харагдана биз дээ. Шүүх хүүг шүүхдээ гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдлыг харгалзаж хөнгөрүүлэх болов уу.

-Шилжилтийн насны хүү­хэд тоглож яваад тийм хэрэг үйлдчихлээ гэж бодоход л сэтгэлийн хямралд орох байх. Хүүгийн сэтгэл санаа ямар байна вэ?

-Чаргатай хүн унадаг. Унаад босоод иртэл тийм үйл явдал болсныг, өөрөө дайрсныг мэдэхэд хүүхдэд ямар байх нь ойлгомжтой. Шөнө бүр хар дарж, орилж босдог байсныг аав ээж нь ярьсан. Тухайн үед болсон үйл явдал байнга нүдэнд нь харагддаг болсныг гэрийнхэндээ хэлдэг байсан. Нэг сар сургуульдаа яваагүй. Аав, ээж нь сэтгэлзүйчтэй хамтарч ажилласан юм билээ. Түүний хүчинд арай гайгүй болсон. Өөрийгөө буруутай гээд нэг их дуугардаггүй. Өмгөөлөгчийн хувьд ч олон юм асуух хэцүү байдаг. Хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг. Насан туршдаа гэмшиж явах вий гэж айх юм. Олон хүн цугладаг газар очихоо болино, үйлдэл бүрээ цэгнэдэг болно, зожгирно гэх зэргээр эрсдэл их байгаа.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сарын дотор 500 мянган дээл урласан ээжүүд сурагчдыг дүрэмт хувцсаар хангачих боломжтойг харуулав

-ТӨР ДОЛООН КОМПАНИД 23 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛСЭН Ч ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 500 МЯНГАН СУРАГЧИЙГ ДҮРЭМТ ХУВЦСААР БҮРЭН ХАНГААГҮЙ БАЙНА-

Долоон компанид тендэр зарлалгүйгээр эрх олгосон гэдэг асуудлыг өрсөлдөгчид нь гаргаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж байсан юм. Дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг төрөөс авахын тулд хэдэн том компаниуд хоорондоо “дайтаж”, дунд нь төр төлөөлсөн нөхдүүд байж суух газаргүй болсон. Өнөөх эх орондоо даавуу үйлдвэрлэх ч талаар өнгөрч Солонгосоос даавуу захиалж хувцсаа үйлдвэрлэхээр болсон юм. Гурав хоногийн дотор нийслэл, 21 аймгийн бүх сургуулийг дүрэмт хувцсаар хангана гэж гэрээ байгуулсан долоон компани гурван жилийн дотор гэрээний үүргээ биелүүлж дөнгөөгүй л байна. Үр дүн гэвэл жил бүрийн намар эцэг эхчүүд дүрэмт хувцас зардаг цэгт өдөржин дугаарладаг болов.

Сурагчийн дүрэмт хувцсаар хангах журам гарснаас хойш жил бүрийн намар эцэг эхчүүд гэрээт борлуулагчдын үүдэнд өдөржин дугаарладаг болсон. Сургуулийн захирал, багш нар эцэг эхчүүдэд “Тэнд очвол хувцас олдож магадгүй байна шүү” гэж зар тараадаг болсон талаараа түвэгшээнгүй ярьсан. 2013 онд “Шилмэл загвар”, “Төмөр трейд”,“Өэлүн мэнч”, “Шүтэн Уул”, “Эрд сүлж”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” компаниуд Боловсролын яамтай гэрээ байгуулахдаа гурав хоногийн дотор бүх сургуулийг дүрэмт хувцсаар хангахаа амласан. Энэ ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ажиллаж, долоо хоногт гурав дөрвөн удаа мэдээлэл хийдэг байв. Аймаг, сумдаас сургуулиудын захирлыг нийслэлд дуудаж өнөөх нийлүүлэгч компанитай гурвалсан гэрээ хүртэл байгуулж зунжин, намаржин “ажилласан”. Гэвч хичээлийн жил эхлэхэд сурагчдын талаас илүү хувь нь хувцасгүй урвайж үлдсэн билээ.

Төрөөс 23 тэрбум төгрөгийн зээл авсан долоон компанийг товч танилцуулахад “Шилмэл загвар” компани анх 1972 онд монгол хувцсыг захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн. “Гоёл” наадам зэрэг загварын шоуны хувцсыг бэлтгэдгээрээ алдартай билээ. Харин “Төмөр трейд” 1992 онд байгуулагдсан 11-50 ажилтантай гэж танилцуулгадаа бичсэнээс өөр мэдээлэл олдсонгүй. Өнгөрсөн онд 150 ажилтантай үйлдвэрийнхээ нээлтийг хийх талаар мэдээлж байсан ч одоогоор ажлаа эхлээгүй аж. “Өэлүн менч” компани дээрх долоо дотроо томд тооцогддог юм билээ. Дүрэмт хувцасны срочкон цамцыг дангаараа үйлдвэрлэж байгаа. Иж бүрдэл хувцас оёхоор нэг тэрбум, дан цамц оёход мөн нэг тэрбум төгрөгийн зээл авсан тухай эх сурвалж хэлсэн. “Шүтэн Уул” компанийн тухайд 1997 оноос хойш үйлдвэрлэл, хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэж байгаа юм билээ. “Эрд сүлж” компани Эрдэнэт үйлдвэрийн дэргэд ажилладаг юм байна. “Торгон хийц” компани мөн л ажлын хувцас үйлдвэрлэдэг.

Одоо дүрэмт хувцас үйлдвэрлэх явц ямар шатанд байгааг “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэгээс тодруулахад “Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа. Одоо худалдаж авах боломжгүй хүүхдүүд л хувцасгүй байгаа. Бондоос зээлсэн мөнгөө зургаан жилийн дотор төлнө шүү дээ. Энэ бол зургаан жил хэрэгжих төсөл. Даавуугаа Солонгосоос авч байгаа” гэсэн юм.

ДҮРЭМТ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭХ НЭРЭЭР МӨНГӨ УГААЖ БАЙНА

Төрөөс дэмжсэн дээрх хөтөлбөрт багтаагүй оёдлын үйлдвэрийн захирал манай сонинд хандаж дараахь ярилцлагыг өгсөн юм.

Танай үйлдвэр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр хөөцөлдөж үзсэн үү?

-Хөөцөлдөлгүй яах вэ. Ажилтай байхын тулд хөлөө эргэтэл явсан. Манай үйлдвэрт 100 гаруй хүн ажилладаг. Гэтэл төр гэр бүлийн шахуу долоон компанитай гэрээ байгуулж бусад үйлдвэрлэгчдийг нүдэндээ орсон хог шиг хаясан шүү дээ. Үр дүнд нь хэрэглэгчид хохирсон. Гурван жил өнгөрчихөөд байхад сурагчид бүгд дүрэмт хувцастай болж чадсангүй. Толгой гээд байгаа долоон компани бондын мөнгийг зээлчихээд туслан гүйцэтгэгчээр маш хямд өртгөөр дүрэмт хувцас үйлдвэрлүүлж байгаа. Бид туслан гүйцэтгэгчээр орох санал хэлтэл толгой гээд байгаа компаниудын нэг нь ямар ч ашиггүй санал хэлсэн. Ийм учраас ажил нь бүтэлгүйтээд байгаа хэрэг.

Төрөөс 23 тэрбум төгрөг зээлсэн. Тэр мөнгө үр дүнгээ өгөөгүй гэж үү?

-Толгой гээд байгаа долоон компани л тэр мөнгийг угаасан шүү дээ. Үйлдвэрлэгч бүрт боломж олгосон бол өнөөдөр маш олон хүн ажлын байртай, өрсөлдөөн дунд хэрэглэгч хожчихсон байх байсан. Гэтэл хэдхэн компани өндөр үнээр хувцас тулгах байдлаар зарж байна. Чанар нь ямар байгааг эцэг эхчүүд ярьж л байгаа биз дээ.

Эцэг эхчүүдхувиараа дүрэмт хувцас оёдог хүмүүст хүүхдийнхээ хувцсыг захиалж хийлгэдэг юм билээ. Гэхдээ даавуу нь олддоггүй гэсэн. Тийм ховор даавуугаар оёдог юм болов уу?

-40 хувийн ноостой, 60 хувийн полистр агууламжтай стандартын даавуугаар хийнэ гэсэн шийдвэр гарсан байсан. Ийм нэг метр даавууг 15-16 мянган төгрөгийн өртөгтэйгөөр бүтээгдэхүүнийхээ үнэнд шингээсэн байгаа юм. Үүнийг албаны хүмүүс“ Сурагчийн дүрэмт хувцсыгдотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар хийнэ гээд чадаагүй. Тийм болохоор Монгол ноосоо Солонгос руу гаргаад, тэнд даавуугаа үйлдвэрлээд авчирсан.Тэгээд энэ даавуундаа хоёр талынхаа замын зардлыг шингээгээд ийм өртөгтэй болчихсон” гэж ярьж байсан шүү дээ. Гэтэл яг тийм материалтай даавуу зах дээр 5-8 мянган төгрөг, бөөндвөл 3500-5000 төгрөг байгаа. Орос даавуу шүү.

Долоон компанийн ашиглаж байгаа даавуу, загвар нь байвал ээжүүд гэртээ оёод зарах бүрэн боломжтой гэж байсан. Тийм үү?

-Салбарын яам загвараа гаргаж өгөөд бусдыг нь зах зээлийн жамаар орхичих л доо. Бид ч, гэртээ суугаа ээжүүд ч үйлдвэрлээд зараг. Хүмүүс аль сайныг нь очоод аваг. Гэтэл одоо хүссэн хүсээгүй хуваарилж өгсөн компанийнхаа хувцсыг авч байна шүү дээ. Эцэг, эхчүүд өөрсдөө сонголт хийгээд эхлэхээр өрсөлдөөн бий болно. Үүнийг дагаж чанар нь ч сайжирна. Эцэг, эхчүүд хүүхдээ хүнээс дор явуулахыг хүсэхгүй. Тийм учраас хамгийн сайн чанартайг нь худалдаж авна. Адилхан загвар, ижил материал байхад аль болох хийц сайтай, чанартайг нь сонгоод авна биз дээ. Бараа нь зарагдахгүй бол хариуцлагаа оёдолчид бид өөрсдөө хүлээе. Энэ өөрөө зах зээлийн жам. Гэтэл төр дунд нь ороод л хэдхэн монополь компанийг дэмжиж тэрбум, тэрбум төгрөг тараагаад хамаг ажил гацаачихсан.

Бусад улсад яаж зохицуулдаг юм бол?

-Сургууль бүр өөрийн гэсэн загвартай. Тэгээд л ийм загварын тэдэн хувцас хэрэгтэй гээд зарлачихдаг. Үүнийх нь дагуу оёдолчид хувцсаа үйлдвэрлээд, эцэг эхчүүд түүнийг нь авдаг. Үүнд сургуулийн захирал, эсвэл яамны албан тушаалтан оролцдоггүй.

Сар шинийн баяраар ээжүүд гэртээ 500 мянган дээл оёод зарсан гэдэг албан бус баримт байгаа. Үүнийг сурагчийн дүрэмт хувцастай харьцуулахад нэг сарын дотор бүх хүүхдийг дүрэмт хувцсаар хангах хүч гэртээ сууж байна шүү дээ.

-Гэрт ч тэр, үйлдвэрт ч тэр хийгээд л зараад баймаар байна шүү дээ. Хямралын үед үйлдвэрүүд хаалгаа барихад ойрхон байна. Гэтэл хэдхэн үйлдвэр бага хүүтэй, их хэмжээний зээл аваад түүгээрээ хийж гавьсан ч зүйлгүй тарвалзаж байдаг. Төр тэр мөнгөө өөр зүйлд зарцуулсан бол үр дүнтэй байсан. Өндөр үнээр төрийн дэмжсэн компанийн хувцас авах уу, хямд үнээр гэртээ оёсон хүрэм авах уу гэдгээ эцэг, эхчүүд сонгох эрхийг нь өгчихөөч гэсэн юм.

Сурвалжлагын эхэнд монголчууд сар шинийн баяраар 500 мянган дээл худалдаж авсан тухай өгүүлсэн. Нэг дээлийг 100-150 мянган төгрөгөөр тооцоход 50-75 тэрбум төгрөгийн дээл худалдаж авчээ. Нэг дээл оёсны ашиг нь 25-30 мянган төгрөг гэж тооцвол 12.5-15 тэрбум төгрөг оёдолчдын тодруулбал ээжүүдэд очсон байна. Манай сонинд ярилцлага өгсөн оёдолчин С.Туул сурагчийн дүрэмт хувцсыг 50-60 мянган төгрөгөөр зараад багаар тооцоход 10-15 мянган төгрөгийн ашиг хүртэнэ гэж ярьсан. Энэ хичээлийн жилд 60 мянган сурагч нэгдүгээр ангид орж сурагч болсон. Зөвхөн нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцсыг ээжүүд гэртээ оёвол 600-900 сая төгрөг олж болох нь. Хүүхэд гэдэг тоглож, хувцас хунараа урж байдаг. Жилд гурваас дөрвөн өмд солино. Нэг өмд оёход арван мянган төгрөгийн ашигтай ажиллахаар тооцсон ээжийн орлого тэр хэрээр өснө. Ийм боломжийг нь олгоод өгчихвөл л өрхийн үйлдвэрлэл хөгжиж, иргэн бүр орлоготой болно шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Сарын дотор 500 мянган дээл урласан ээжүүд сурагчдыг дүрэмт хувцсаар хангачих боломжтойг харууллаа

-ТӨР ДОЛООН КОМПАНИД 23 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛСЭН Ч ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 500 МЯНГАН СУРАГЧИЙГ ДҮРЭМТ ХУВЦСААР БҮРЭН ХАНГААГҮЙ БАЙНА-

Сар шинийн баяраар нийслэлд ээжүүд гэртээ 400-500 мянган дээл оёсон албан бус мэдээлэл байна. Хүүхэд, хөгшидгүй шинэ дээлээр гоёсныг харахад энэ тоо баримжаатай болов уу. Монголчууд сар шинийн баярын бэлтгэлээ сар орчмын өмнөөс л хийж эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө сарын дотор ээжүүд гэртээ 400 мянган дээл оёчихож. Дээл оёх завгүй зарим нь үзэсгэлэн худалдаа гараад эсвэл захын оёдолчинд захиалаад авчихсан. Зах зээлийн жамаараа 400-500 мянган хүн дээлтэй, түүнийг оёсон ээжүүд орлоготой үлдлээ. Энэ бол ээжүүд гэртээ суугаад мөнгө олох боломжтойг, бэлээхэн ажлын байр байгааг харуулж байгаа хэрэг юм. Хэрэглэгч, худалдан авагч нь байвал ээжүүд гэр, гэртээ үйлдвэрлэл эрхэлчихэж байна. Энэ бол эрэлт дагаж нийлүүлэлт ихэсдэг зах зээлийн жам. Гэтэл зах зээлийн жамаар бус төр оролцсон ажил бүтэл муутай байдгийг сурагчдыг дүрэмт хувцсаар хангах “кампанит” ажил харууллаа. Монголд 2014-2015 оны хичээлийн жилд 510 мянга 100 орчим сурагч суралцаж байгаа. Жилд нэгдүгээр ангид 60 орчим мянган сурагч элсэн суралцдаг. Тэгэхээр 500 мянган хүүхдийг дүрэмт хувцсаар хангах гэж төрийн дэмжлэгтэй долоон компани 2013 оноос хойш ажиллаад барсангүй.

Төрийн дэмжлэгтэй гэх учир нь Чингис бондын мөнгөнөөс 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх авсан долоон компанид хувааж зээлсэн юм. Долоон компани хоёр жилийн турш 500 мянга гаруй дүрэмт хувцсыг оёж чадахгүй мухардалд орчихоод байхад ээжүүд гэртээ тийм тооны дээлийг сарын дотор урлачихлаа. Энд нэг зүйлийг онцлоход монгол дээл урлахад 30 шахам дамжлагатай, европ загварын дүрэмт хувцас оёход арав хүрэхгүй дамжлагатай юм билээ. Энэ нь загвар нь байвал ээжүүд дүрэмт хувцсыг дээлнээс хурдан хугацаанд оёно гэсэн юм. Төр зохицуулж байгаа нэрийдлээр тусгай зөвшөөрөл энэ тэрээр хааж боогоогүй бол ээжүүд сурагчдыг арав хоногийн дотор дүрэмт хувцастай болгочих байжээ. Тэр хэрээр оёж буй ээжүүд орлоготой болж, өрсөлдөөн дунд эцэг эхчүүд хямд үнэтэй, чанартай хувцас авах боломж бүрдэх байлаа. Зах зээлийн жамаар ээжүүдийн гэртээ оёж, зарсан 500 мянган дээл, төр оролцож бүтэлгүйтсэн 500 мянган дүрэмт хувцасыг үйлдвэрлэлийг харьцуулан сурвалжиллаа.

С.ТУУЛ: ӨДӨРТ ГУРВАН ХҮҮХДИЙН ДЭЭЛ ОЁХОД Л САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ БАЙЛАА

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн С.Туултай ярилцлаа. Тэрбээр сар шинийн өмнө ажлынхаа завсар зайгаар дээл оёод нэг сая гаруй төгрөг олжээ. Гэрийн ажлаа хойш тавиад ажилласан бол үүнээс ч их мөнгө олох боломж байсныг ярьсан юм.

Сар шинийн баярын өмнө ачаалалтай ажиллав уу?

-Сүүлийн арав хоногийн дотор захиалгад дарагдлаа. Сарын өмнөөс оёдлоо эхэлсэн дээ. Гэхдээ хүүхдээ сургуульд зөөх, гэрийн ажлаа амжуулах завсраараа дээл оёсон. Өөртэй чинь ярилцахын өмнө дэвтрээ харж байхад нэг сая гаруй төгрөгийн орлоготой байжээ. Яг суугаад ажилласан бол үүнээс ч илүү мөнгө олох боломж байлаа. Захиалга ч их байлаа. Гэхдээ би зөвхөн хамаатан садан, найз нөхөд, танилуудаасаа захиалга авсан. Тиймээс зах зээлийн ханшаас хямд үнээр оёсон гэсэн үг.

Хүүхдийн дээлийг гэхэд хэдэн төгрөгөөр оёсон бэ?

-Монгол дээлийг 25 мянган төгрөгөөр, хүннү загварынхыг 30 мянган төгрөгөөр л оёсон. Үүн дээр мэдээж материалын үнэ нэмэгдэнэ. Зах, үзэсгэлэнгүүдээр зарж байгаа дээлний оёдлын үнэ нь 30, 50, 80 мянга байна лээ. Би харьцангүй хямд оёсон ч хөөрхөн ашигтай байлаа. Даанч цагаан сар, хонхоны баяраар л ийм ажилтай байдаг. Бусад үед бараг захиалгагүй байдаг юм. Энэ мөнгөөрөө хонхны баяртай залгана гэсэн үг.

Хүүхдийн нэг дээл оёход хэр хугацаа зарцуулж байна вэ?

-Таван цагийн дотор нэг дээл хангалттай оёчихно. Өдөрт гурван дээл оёчихдог юм. Хөвөнтэй дээл бол жаахан цаг зарцуулна.

Монгол дээл нарийн ажиллагаатай, оёдол ихтэй байдаг. Та хурдан оёдог юм байна.

-Монгол дээл ажил ихтэй. Эхлээд дээлээ эсгэнэ. Дараа нь наалт наана. Эмжээрээ зүсч, нэг дэх оёогоор оёод өөлж, цавуу түрхээд эргүүлж индүүднэ. Үүнийхээ дараа хажлагыг нь барьж оёно. Дахиад нааж индүүднэ. Дараа нь хажлагаа барьж оёодар гол, энгэр гол, ханцуйгаа залгаж оёдог. Оёо бүрээ хоёр тийш салгаж индүүднэ. Үүнийхээ дараа дотроо эсгэж, эх биетэйгээ нийлүүлж оёод дээлээ битүүлнэ. Захаа залгаж, дээлээ хавсаныхаа дараа шилбэ, сампингаа бэлтгэнэ. Бэлтгэсэн сампин, шилбээ дээлэн дээрээ оёод бэлэн болгоход 30 шахам дамжлага оёдол хийдэг. Оёод хэвшчихсэн болохоор хугацаа бага зарцуулдаг байх.

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ОЁВОЛ 50-60 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРНА

Тэгвэл та европ загварын костюм оёдог уу. Тодруулбал, сурагчийн дүрэмт хувцас оёж үзсэн үү?

-Европ загварын хувцас хийлгүй яах вэ. Загвар нь байвал монгол дээлнээс хамаагүй хялбар шүү дээ. Хүмүүс “Яг үүн шигийг оёулъя” гээд хувцсаа аваад ирдэг. Харж байгаад яг тэр байдлаар нь оёж өгөөд явуулдаг юм. Сурагчийн дүрэмт хувцсыг хүүдээ оёж өгсөн. Үйлдвэрийнхээс ямар ч ялгаагүй болж байна лээ.

Хэр хугацаанд, ямар өртгөөр оёсон бэ?

-Хагас өдөр суугаад л хоёр өмд, нэг хүрэм оёчихсон. Ажиллагаа багатай шүү дээ. Бүгд далд оёдолтой. Эсгээд наалтыг нь наачихвал оёход хялбар. Харин материал нь олддоггүй юм билээ. Үйлдвэрүүд нь дүрэмт хувцасныхаа материалыг зарахгүй байсан. Тэгэхээр нь захаас орос даавуу авч оёсон. Бүрзийхгүй, гялаахгүй их сайн материал л даа. Метр нь 8000 төгрөгийн үнэтэй даавуунаас гурван метр, хоёр мянган төгрөгийн наалтнаас нэг метр, 600 төгрөгийн долоон ширхэг товч, 1200 төгрөгийн хоёр метр резин, 1000 төгрөгийн хоёр ширхэг цахилгаан авсан. Дээр нь өмдний дээд хэсгийн дотор хийх гэж 4000 төгрөгийн үнэтэй дотроос хоёр метрийг авсан. Ингээд тооцохоор 42600 төгрөгөөр хоёр өмд, нэг хүрэмний материал авсан. Материал нь илүү гардаг юм билээ. Хүү минь тэр хувцсаа одоо ч өмсч байгаа. Өнгө нь үл ялиг зөрснөөс өөр ямар ч ялгаа байхгүй.

Тэгэхээр та сурагчийн дүрэмт хувцсыг гэртээ оёчих бүрэн боломжтой гэсэн үг үү?

-Загвар нь байвал оёчихно. Одоо бол би хүүхдийн хувцсыг харж байгаад дуурайлгаж хийж байгаа шүү дээ. Хүүгийн минь ангийн таван хүүхэд надаар дүрэмт хувцасныхаа өмдийг оёулсан. Нэг өмд 10 мянган төгрөгөөр л оёж өгсөн. Материалных нь тооцоог дээр ярьсан шүү дээ.

Бага ангийн сурагчийн дүрэмт хувцас 79860 төгрөгөөр зарагдаж байсан. Та гэртээ үйлдвэрлэвэл хэдэн төгрөгөөр зарах боломжтой бол?

-Олныг хийгээд эхэлбэл, 50-60 мянган төгрөгөөр зараад хөөрхөн ашиг олчихмоор юм билээ. Мэдээж ноосон майкийг нь үйлдвэрээс нь худалдаад аваг. Гэхдээ гэртээ ноосон хувцас нэхдэг, оёдог эмэгтэйчүүд олон байна лээ.

Танд хэдэн оёдлын машин байна вэ. Гэртээ оёчихож байгаа болохоор байр сууцны мөнгө гэхгүй хэмнэлттэй байх.

-Гэрийнхээ зүүн хаяанд л суугаад оёчихдог шүү дээ. Оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад 220 мянган төгрөгөөр худалдаж авсан цахилгаан машин байна. Цахилгаан тасарвал оёдог орос машин бас байна. Гурван утастай хэрээсний машинтай. Мөн Чехээс авсан 22 төрлийн оёдол хийдэг машин байгаа. Ингээд л дөрвөн машинтайгаа гэртээ ажиллачихдаг.

Та өөртөө таарсан хангалттай тоног төхөөрөмжтэй юм байна. Дүрэмт хувцас оёх эрх өгчихвөл байнгын ажлын байртай болох нь ээ.

-Тэгэлгүй яах вэ. Боловсролын яамнаас баталсан дүрэмт хувцасны загвараа ил гаргаад, нийтэд хүртээлтэй болгочихмоор байна. Тэгвэл би дээл оёдог шигээ ах дүү, найз нөхөддөө тохирсон үнээр нь оёод зарчихмаар байна. Хэрэглэгчдийг татахын тулд мэдээж би чанартай материалаар сайн хувцас оёно. Эргэлтийнхээ мөнгөөр материал аваад хийсэн хувцсаа зарж мөнгө олоод байх болохоор төрөөс мөнгө төгрөг зээл, өг гэж шаардахгүй. Бас зөвхөн цагаан сар, хонхны баярыг хүлээхгүй байнга ажилтай болно гэсэн үг. Хүүхдүүд дүрэм хувцсныхаа өмдийг урчихдаг. Эцэг, эх нь хайгаад олдохгүй сүйд болдог юм билээ. Бид оёчихдог бол эцэг, эхчүүд ч хүүхэддээ хувцас хайхгүй амар болно шүү дээ.

ТӨР 23 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГСӨН ЧСУРАГЧИД ХООСОН ҮЛДЭВ

Төрөөс дэмжлэг авч, Чингис бондын мөнгөнөөс 23 тэрбум төгрөгийг зээлсэн долоон компани 2013 оноос хойш 500 мянган гаруй сурагчийг дүрэмт хувцсаар хангачихаж чадахгүй байгаа. Тэгвэл ээжүүд нэг сарын дотор 500 мянган дээл оёчихлоо. Тэдэнд дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг нь өгчихвөл төрөөс нэг ч төгрөг гарахгүй, сурагчид жигд хувцастай хичээлдээ явах боломж бүрдэх юм.

Хичээлийн шинэ жилийн эхэнд Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр 510 мянга 100 орчим сурагч дунд сургуульд сурч байгаа. 2013-2014 оны хичээлийн жилд нийт сурагчдын 38 хувь болох 189 мянган хүүхэд дүрэмт хувцастай болсон. 2014-2015 оны хичээлийн жилд 186 мянган сурагч шинээр захиалга өгсөн. Өөрөөр хэлбэл, нийт сурагчдын 73.5 хувь бюу 375 мянган сурагч дүрэмт хувцсаар хангагджээ. Дахиад 135 мянган хүүхэд хувцасгүй байгаа гэсэн үг.

Гэтэл төр бүх хүүхдийг хувцастай болгохын тулд 23 тэрбум төгрөгийг долоон компанид хуваагаад өгчихсөн байдаг. “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас”-ны үлгэр хэрхэн өрнөсөн, одоо юу болж байгааг нэхэн сануулъя.

Салбарын яамнаас 2012 онд журам гарч, сурагчид жигд дүрэмт хувцас өмсөхөөр болсон. Тэр хувцас нь эх орондоо үйлдвэрлэсэн даавуугаар хийсэн, дээд зэргийн чанартай байх тухай ҮХААЯ-ныхан ам уралдан ярьсан. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрүүд сэргэж, хөл дээрээ тогтох сайхан мэдээг ч дуулгасан юм. Тэгтэл төд удалгүй долоон толгой компанид сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх олгож, 40 шахам тэрбум төгрөгийн зээл олгох дуулиан дэгдсэн. “Монголын оёдлын нэгдсэн холбоо” гэдэг малгай дор “Шилмэл загвар”, “Төмөр трейд”,“Өэлүн мэнч”, “Шүтэн Уул”, “Эрд сүлж”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” компаниуд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх авч, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зориулж “Чингис бонд”-оос 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм. Энэ долоон компанийн дор 100 гаруй жижиг үйлдвэр байгааг тухайн үед мэдээлж байсан.23 тэрбум төгрөгөөс 12-ыг нь давууныханд, есөн тэрбумыг оёдлынхонд, хоёр тэрбумыг нь сүлжмэлийн үйлдвэрүүдэд зээлсэн аж. Энэ мөнгө одоо ч эргэн төлөгдөөгүй байгаа.

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жолоочийг дадлагажуулъя

Сар шинийн баярын бэлтгэлээ хийхээр хөдөөнөөс ирсэн ах маань шөнө дөлөөр утас цохиж “Эмээлтэд айлын хашаанд машинаа орхилоо. Ирж ав” гэдэг үүрэг өглөө. Ах маань арван жилийн туршлагатай “хөдөөний” жолооч. Хөдөөний гэж тодотгох учир нь аймагтаа жолооны курс төгсч тэндээ л машин жолоодсон. Хотын замын хөдөлгөөнд оролцож чадахгүй, гэрэл дохионы учрыг олж чадахгүй гээд машинаа захдуу тавьчихаж байгаа нь тэр. Хөдөө жолооны курс төгсч, жолооны үнэмлэх авсан ах шиг маань олон жолооч бий. Тэдний заримыг хотын замын хөдөлгөөнд оролцож, будилж явахад нь “Дүрмээ бариач”, “Гэрлээ хараач” гэж загнах хүн олон. Түгжрэлийн зарим шалтгаан нь хөдөөний жолооч болчихдог ч тал бий. Бас зам тээврийн ослын дийлэнх нь хотын хөдөлгөөнд машин жолоодож чадаагүйгээс болсон байдаг. Тэгэхээр зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд хөдөө жолооны курс төгссөн жолоочийг хотын хөдөлгөөнд дадлагажуулмаар байна. Замын цагдаагийн газар нь шалтгалтаа аваад жолооч гэсэн үнэмлэх олгочихсон учраас өөрийнхөө зардлаар дадлагажуулдаг болох хэрэгтэй. Ингэвэл зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил болно.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Долоон настай эгчийнхээ ачаар амьд үлдсэн охиныг бүрэн эдгээчих юмсан (II)

С.Хонгорзул

-ӨНГӨРСӨН САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨ ДОЛООН НАСТАЙ ОХИН ДҮҮГЭЭ АВРААДӨӨРӨӨ АМЬ ЭРСЭДСЭН ЮМ-

Билгийн тооллоор өдийд юм даа. Сар шинийн өмнө гэсэн үг. “Хоёр жаахан охин гэрээсээ төөрч, нэг нь амиа алджээ” гэдэг харамсалтай мэдээ манай сонины редакцид ирсэн. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан юм. Саахалтынхаа айлд сар шинийн буузыг нь чимхэлцэхээр явсан аав, ээжийнхээ араас бэдэрсэн долоо, таван настай хоёр охин гэрээсээ гурван км-ийн зайд төөрч, цасан шуурганд осгосон. Эгч нь малгайгаа тайлж дүүгийнх дээрээ давхарлан, дараа нь хүзүүнийхээ ороолтоор давхар ороосон байсан. Сүүлд нь хөвөнтэй майк, дотортой өмд, дээл гээд өмсөж явсан бүх хувцсаа дүүдээ давхарлаж өгөөд салхин талд нь бондойтол сууж байгаад бурхан болсон байсан юм. Эгчийнхээ хувцсыг давхарлаж өмссөн дүү нь яг хэвтүүлсэн газарт, талийгаачийн нөмөрт ухаан алдсан байсныг эрлийн баг олсон.

З.Сансарбаярынх

Эгч нь дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцсэн нь цасан шуурган дунд ганц дан нимгэн цамцтай үлдсэнээс нь илэрхий байсан. Дүү нь ч эгчийнхээ төлөө дээлийг нь сарвайж байгаад жаварт алгадуулж ухаан алдсан бололтой хоёр охины дунд жижигхэн дээл цасан дээр хэвтэж байсныг эрлийн багийнхан нулимс дуслуулан ярьж байв. Талийгаач охины баатарлаг үйлсийн талаар “Өдрийн сонин” өнгөрсөн оны гуравдугаар сард “Долоон настай охин дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцжээ” цуврал нийтлэл хүргэж байсан билээ. Уг нийтлэлийн мөрөөр эгчийнхээ ачаар амьд үлдсэн охинд олон хүн тусалсан. УГЖ С.Жавхлан хандивын тоглолт хийж орлогоо охины эмчилгээнд хандивлаж байлаа. “Нэг ардчилал клуб”-ийн залуус, “Төрийн тусгай хамгаалалтын газар”-ын албан хаагчдаас эхлээд дунд сургуулийн нэг ангийнхан хүртэл сэтгэлийн дэм өргөж, охины эмчилгээнд мөнгөн тусламж үзүүлснийг манай сонин тухай бүрт нь мэдээлж байсан. Олон түмний дэмээр, эмч нарын буянаар охин дөрвөн удаа мэс засалд орж хөл дээрээ босч чадсан. Одоо сургуулийн сурагч болсон. Гэхдээ охины баруун хөлийн тавхай, баруун гарын хурууг тайрахаас аргагүй байсан юм. Мэс засал хийж байхад нөхөгдөх магадлалтай гэж байсан ч охины гар, хөл нь мухар болжээ. Өнгөрсөн зун Солонгосын эмч нар ирээд “Нөхөн сэргээх мэс засал хийх боломжтой, хиймэл хуруу хийдэг. Хүүхэд битгий хэл том хүний гар хөлийг бүтэн болгосон туршлага бий” гээд буцжээ. Нөхөн сэргээх мэс заслын өртөг нэлээд өндөр гэдгийг ч учирласан байна. Охинд туслахаар БНСУ-ын Хүмүүнлэгийн Сарангбат хэмээх байгууллага солонгос иргэдээс хандив цуглуулж эхэлжээ. Ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл хандиваа өргөж болох юм байна. Одоогоор таван сая шахам вон цугласан байгаа мэдээ ирлээ. Монгол охины төлөөх солонгосчуудын сайхан сэтгэлийг дурьдалгүй өнгөрч болохгүй. Долоон настай эгчийнхээ ачаар амьд үлдсэн охиныг бүрэн эдгээчих юмсан гэсэн сэтгэл монголчуудад ч бий. Тиймээс бид охины аав ээжтэй холбоо барилаа.

ХЭДЭН МАЛАА ТУУЖ ИРЭЭД ХОТЫН ЗАХАД ТӨВХНӨЧИХӨЖ

С.Хонгорзулыг өнгөрсөн жил эмнэлэгт хоёр сар гаруй эмчлүүлж байхад холбоотой байсны хувьд аавынх нь утас руу залгалаа. Аав З.Сансарбаяр нь “Охиноо эмнэлэг, сургуультай ойр байлгая гээд хотод нүүгээд ирчихсэн. Манайхыг олох болов уу даа, Баянзүрх уулын энгэрт өвөлжиж байна. Айлын хашаанд байгаа болохоор хаягийг нь мэдэхгүй юм. Баянзүрхийн товчоогоор гараад “Ногоон зоорь”-ны ойролцоо ирээд яриарай” гэлээ. Заасан газарт нь очоод утас руу нь хэд, хэд залгалаа. Гэрийнх нь тэнд утасны сүлжээ сайн барьдаггүй болохоор салж, нийлээд сандаргалаа. Хайсаар очвол юуных нь хашаа байх вэ, Баянзүрх хайрханы энгэрт гурван айл өвөлжөөнд байгаа юм шиг буучихаж. Харин малын хашаа зассан байна лээ. З.Сансарбаярынх том гэрээ төлөг, борлонгийн “пин” болгожээ. Бог малаа хашаанд хашдаг гэнэ. Гэрийнхээ гадна жаахан мод овоолчихож. Хэдэн борлон гэр нөмөрлөнө. Тээр хол хотны нохойгоо уячихаж.

Гэрийн эзэнтэй мэнд мэдэлцэж ойр зуурын яриа өрнүүллээ. Тэр зуурт С.Хонгорзул охин зүүн орон дээрээ цомцойн сууна. Зүүн гараараа баруун гараа тас атгачихаж. Ер тавихгүй юм. Ээж нь “Миний охин аяга аваад өг” гэхтэй зэрэгцэн ухасхийж хоёр аяга угаагаад өглөө. Аягыг мухар гараараа эвлэгхэн барьж байгаад угаачих юм. Аав нь “Охин бид хоёр өнгөрсөн цагаан сараас хойш хотод, эмнэлэгт хаваржсан шүү дээ. Олныхоо дэмээр охиноо хөл дээр нь босгоод тавдугаар сард харьсан. Хариад хэдэн ямаагаа самнаж аваад хот руу дөхье гэж шийдсэн хэрэг. Хөдөө байхаар талийгаач охиндоо харамсаад барахгүй юм билээ. Үлдсэн муу охиноо, түүнийхээ ах эгчийг хот газар бараадуулъя гээд хэдэн малаа туугаад ирсэн. Малтай айл хотод амьдрах хэцүү юм. Хамаатныхыгаа бараадаад хүүхдийн сургуульд ойр гээд энд төвхнөсөн. Ирснийхээ дараа гурван үхрээ хулгайд алдчихсан. Одоо хэдэн богоо хариулаад болж л байна” гэж ярилаа.

Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь 18 настай. Коллеж төгссөнийхөө дараа цэцэрлэгийн туслах багшийн сургалтад суусан гэнэ. “Ядаж энийгээ ажилд оруулчихвал нэмэртэй юм. Гэтэл цэцэрлэгийн туслах багшийн ажил олддоггүй. Бид гурав, гурвуулаа ажилгүй. Яваандаа хотод дасах биз ээ” гэж гэрийн эзэгтэй ярианд оролцов. Удаах хүү нь долоон настай. Өнгөрсөн жил сургуульд оруулсан ч С.Хонгорзулыг олон сар эмчлүүлэхэд бүлгүйдээд гаргачихсан гэнэ. Тиймээс одоо С.Хонгорзултай хамт нэгдүгээр ангид сурч байгаа. Тэр хоёр “Баянзүрх цогцолбор бага сургууль”-д сурдаг юм байна. Гэрээсээ хоёр, гурван км алхаж байж сургуульдаа хүрдэг бололтой юм.

С.Хонгорзул: БАРУУН ГАРААРАА БИЧМЭЭР САНАГДДАГ

С.Хонгорзул тун дуу цөөнтэй юм. Ээж нь “Олон хүн ирэхээр дуугаа хураачихдаг юм. Гэрийнхэн дундаа бол сэргэлэн, яриа хөөрөө сайтай” гэлээ. С.Хонгорзул бид хоёрын дунд ийм яриа өрнөлөө.

-Сургуулийн сурагч болчихож ээ. Хамгийн сүүлд ямар үсэг үзсэн бэ. Их гоё бичдэг юм байна.

-Шаазгай гэдэг үгэнд ордог Ш үсэг үзсэн. Багш намайг зүүн гараараа бичиж сур гээд байгаа. Би зүүн гараараа бичиж сурч л байгаа. Гэхдээ баруун гараараа бичмээр санагдаад байдаг юм. Балаа эрхий хуруу, гар хоёрынхоо дунд хавчуулаад бичиж чадна. Танд бичиж үзүүлэх үү (Ингэж хэлээд мухар гараараа эвлэгхэн гэдэг нь Ш үсэг бичиж үзүүллээ).

-Мундаг охин байна. Миний дүү ямар мэргэжилтэй болох вэ?

-Эмч болно. Гэхдээ хүүхдийн эмч.

-Яагаад?

-Намайг эмчилсэн Эрболд, Бат-Эрдэнэ хоёр ах шигээ мундаг эмч болно (Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн их эмч). Тэгээд тэр хоёр шиг олон хүүхдийг эмчилнэ. Бас Эрболд, Бат-Эрдэнэ хоёр эмчдээ баярлалаа гэв. Ингэж ярьсныхаа дараа Хонгороо бидэнд сургуульд сурсан дуугаа дуулж, шүлгээ уншиж өглөө.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уурлаагүй байхад бүтээгүй ажил уурлахад юу гэж бүтэхэв дээ

Ажил хөөцөлдөж явтал бүтэхгүй хандлагатай болоод ирэхээр уур хүрчихдэг. Бусадтай ярилцаж байхдаа ч хүсээгүй хариулт сонсоход бухимдаж, түүнийгээ илэрхийлчихдэг тал бий. Хамгийн ойрын жишээ гэвэл, баримт, бичиг цуглуулж явахад нэг мэргэжилтний үүд татаад нөгөө рүү хөөгдөнө. Гурав, дөрөв дэхийг нь хүлээж, хаалга үүдийг нь сахисаар уур хүрч, өнөөх хүмүүст уураа гаргачихдаг. Уурлаж, хэрүүл шуугиан тарьснаасаа нөгөө нөхрийн дургүйг хүргэж дахиад эхнээс нь хөөцөлдөхөөс аргагүйд хүрдэг. Уурласнаас болж байдал улам бүр дордож, эцэст нь өөрөө л зовж хоцордог. Өнөөх уураа гаргасан хүнтэйгээ дахин уулзах нүүргүй болж төгссөн нь ч бий. Энэ талаар Чой.Лувсанжав багш “Уурлаагүй байхад бүтээгүй ажил уурлахад юу гэж бүтэхэв дээ” гэж онож хэлжээ. Уур бухимдал нь хүний оюун санааны гол хэсэг болох сэтгэлийг хямраадаг. Уурласан хүн аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь л хардаг. Ууртай хүнд хэзээ ч гарц харагдахгүй, хайх ч үгүй. Тэгэхээр уурлаад эхлэхээр бүтэхгүй тийшээ хандаж байгаа ажлыг улам бүр бүтэхгүй болгоно гэсэн үг. Нэгэнт л бүтэхгүй, болохгүй байгаа зүйлд уурлаж өөрийгөө зовоож, бусдад таагүй сэтгэгдэл үлдээхийн оронд эерэг тал руу залж, эсвэл огт тоолгүй орхичихож болно. Учир нь сэтгэлийн амар амгалан байдал нэг удаагийн бүтээгүй ажлаас хувь илүү үнэтэй шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдээ хамгаалдаггүй төрийн буруугаас хүүхэд гэмт хэрэгтэн болох ёсгүй

-ӨВӨЛЖӨӨНИЙ ХАЖУУ ДАХ УУЛЫН БЭЛ ШИГ ХАМГААЛАЛТГҮЙ ГАЗАРТ ХҮМҮҮС ЦУГЛАСАН БАЙХАД ТООДОГГҮЙ ТӨРИЙН АЛБАНЫХАН БУРУУТАЙ-

Хандгайтад чаргаар гулгаж байгаад хүн дайрсан хүүгийн өмгөөлөгч ингэж ярьсан юм. Шинэ оны дараа амралтын өдөр Хандгайтад чаргаар гулгаж байсан хүү 60 орчим настай иргэнийг дайрсан харамсалтай хэрэг гарсан билээ. Чаргатай хүүд дайруулсан иргэн амиа алдсан. Цагдаагийн байгууллагаас хүүд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, бусдын амийг санамсар болгоомжгүй хөнөөсөн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Бусдын амийг санамсар болгоомжгүй хөнөөвөл тав хүртэлх жил хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.Гэмт хэрэгт холбогдсон хүү 15 настай. Сайн сурлагатай, даруухан хүүхэд гэдгийг сургуулийнхан нь ярьж байсан.

ТОГЛОХ Л ГЭЖ ОЧСОН ЮМ ШҮҮ ДЭЭ. ДААНЧ ОРЧИН НЬ ТЭР

Хүүгийн гэрийнхэнтэй холбогдоход “Бид одоо ч шокноос гараагүй байна. Хүүгийн минь сэтгэл санаа тун хүнд байдалд байгаа. Эрүүгийн айхавтар хэрэг үүсгэсэн гэж сонссон. Уг нь хүү минь тоглох л гэж очсон юм шүү дээ. Даанч орчин нь тэр. Тэр өдөр Хандгайтын аманд ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байсан гэсэн. Хүүхэд л юм болохоор тоглох хүсэлтэй байлгүй яахав. Томчууд ч хүүхэд ахуйдаа дугуй чирээд уулын энгэр рүү гүйчихдэг байсан шүү дээ. Бид хүүхдийнхээ хүүхэд насыг буруутгаж чадахгүй. Тоглох л гэж очсон юм шүү дээ. Даанч орчных нь байж байгаа байдал тэр. Үнэндээ хөл толгой нь олдохгүй л байсан гэж тэнд байсан хүмүүс ярьж байна лээ. Чарга зарж мөнгө олдог нөхдүүд нь чаргаа зараад бусдыг анзаарах сөхөө байхгүй. Эмч, цагдаа гээд иргэдэд үйлчлэх учиртай нэг ч хүн тэнд байгаагүй. Хүмүүс “холдоорой” гэж өөрсдөө орилолдож гулгахаас өөр зохицуулалт байгаагүй юм билээ. Хүний алтан амь хохирчихоод байхад бид одоо олон юм ярьж чадахгүй. Аль аль талдаа тун хэцүү байгаа” гэсэн юм.

ТЭР ХҮҮГИЙН НҮДЭНД НУЛИМС ЦИЙЛЭГНЭЭД Л БАЙСАН”

Осол гарах үед Хандгайтад байсан хүмүүсийн нэг “Дулаахан бас амралтын өдөр байсан болохоор маш олон хүн цугласан байсан. Түрээслэж байсан чарга хүрэлцэхгүй байсан болохоор хүмүүс урт дараалал үүсгэчихсэн. Бага насны хүүхэд, хөгшчүүлд дайрагдчих гээд үнэхээр замбараагүй байсан. Тэнд хэн ч зохицуулалт хийгээгүй. Чаргаар гулгах ёстой зурвас нь ч мэдэгдэхгүй. Гэнэт л хүмүүс бөөгнөрөөд орилолдоод эхэлсэн. Очтол хүүгийн хажууд нэг настай хүн уначихсан байлаа. Тэр хүү болсон явдалд итгэж чадахгүй байгаа бололтой нулимс нь цийлэгнээд дуугарч ч чадахгүй байсан. Түргэн тусламж ойр байсан бол хохирогчийг аврах боломж байсан болов уу. Гэтэл түргэн тусламж хугацаа алдаж ирсэн. Цагдаагийн дараа түргэн тусламж ирсэн юм. Болсон явдалд итгэхгүй, бүлтэлзээд зогсч байсан хүүг цагдаа нар аваад явахад хүүхдээс минь ялгаагүй санагдаж өрөвдөж үлдсэн. Талийгаачийн охин ч гэсэн түргэн тусламж иртэл яаж ч чадахгүй орилоод тун өрөвдөлтэй байсан. Эмч нар хугацаа алдаж ирсэн гэдгийг онцолмоор байна” гэж ярилаа.

Б.ДАШДОРЖ: АЮУЛГҮЙ ОРЧИНД БАЙХ ЭРХ АЛГА

Сэжигтэн хүүгийн өмгөөлөгч Б.Дашдоржоос дараахь тодруулгыг авлаа.

Хүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мэдүүлэг өгсөн үү?

-Одоогоор хэрэг бүрдүүлэлт хийж байгаа болов уу. Насанд хүрээгүй хүүхэд учраас асран хамгаалагч, өмгөөлөгчтэй нь хамт мэдүүлэг авах ёстой. Бид хоёр одоогоор мэдүүлэг өгөөгүй байгаа. Ер нь хүүгийн сэтгэл санаа тун хүнд байдалд байгаа. Ар гэрийнхэн нь шокноос гараагүй.

Хохирогчийн талтай уулзсан уу?

-Хүүгийн аав, ээж уулзсан байх. Шинэ жилийн баярын дараа бүгд амраад, цэвэр агаарт гарч явсан үе шүү дээ. Тун харамсалтай, золгүй явдал болсон.

Золгүй явдал боловч хүнийг болгоомжгүйгээр хөнөөсөн гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэгэхээр хүү тав хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй гэсэн үг үү?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэргийн цаана хүний аюулгүй орчинд амьдрах эрх яригдана. Төр энэ эрхийг хангах учиртай. Тэр цанын баазын хамгаалалт ямар байсан бэ, иргэдэд үйлчлэх ёстой хүмүүс юу хийж байсан бэ гэх зэрэг асуудал яригдана. Гэхдээ одоо мэдээлэл өгөх боломж алга гэв.

Хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байгаа гэсэн ч…

Хүүд холбогдох хэрэгт хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас тодруулахад “Энэ хэрэгт манайх анхаарлаа хандуулж байна. Харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст судалгаа, дүн шинжилгээ хийж байгаа” гэсэн юм. Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга П.Мягмарсүрэн “Хэрэг гарсны дараа дүүрэг дээр шуурхай хуралдаж, үнэлгээ судалгаа хийх үүргийг манай хэлтэст өгсөн. Хэрэг гарсан газарт очиход үнэндээ ямар ч зохион байгуулалтгүй байсан юм билээ. Олон хүн маш замбараагүй байсан. Хүүхэд гулгах зурвас дотор байсан гэж дүгнэсэн. Гэхдээ хэрэгт холбогдсон хүүхэд өөрөө Баянгол дүүргийнх. Тиймээс Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст шилжүүлсэн” гэв. Харин Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс харин энэ хэргийг огт мэдэхгүй, дуулаагүй. Тийм болохоор манайх анхаарлаа хандуулж, ажиллаагүй гэдэг хариуг өглөө.

Тусгаар улс болсноос хойш ганц цанын бааз тохижуулаагүйг юу гэх вэ?

Манайд төрөөс тохижуулсан гэх ганц цанын бааз байхгүй. Тусгаар улс болоод 90 гаруй жил болж байхад өвөлжөөний хажуудах уулын энгэр шиг хамгаалалтгүй орчинд хүмүүс бөөнөөрөө цуглаж байна. Төр иргэнийхээ төлөө ажиллахгүй байгаагийн сонгодог жишээ энэ. Хандгайтын цанын бааз Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэдэлд хэдэн арван жил болоход ганц хамгаалалтын хашаа ч татаагүй. Зах зээлийн өмнөх үед төмөр чаргаар гулгаж байгаад мөргөлдөж хөл, гараа хугалах тохиолдол байнга шахам гардаг байсан. Дараа нь хувьчилсан нэрийдлээр эзэнгүйдүүлчихсэн. Янзага зуслангийнхан өвөлд тэнд чарга түрээслүүлж мөнгө олдог аж. Байгаа байдал нь төрийн мэдэлд байхдаа ямар байсан яг түүн шигээ замбараагүй, хариуцах эзэнгүй. Гэтэл хяналт шалгалт хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн байгууллагынхан “Иргэд өөрсдөө стандартын шаардлага хангаагүй газарт очих ёсгүй. Ямар ч харьяалалгүй уулын бэлд гулгаж байгаад гэмтэж, бэртсэн хариуцлагыг хэн хүлээх билээ. Амралт чөлөөт цагаа агаар салхинд гарч өнгөрөөхдөө хүмүүс амь нас, эрүүл мэнд, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. “Skyresort” л гэхэд стандартын шаардлага хангасан. Иргэдэд стандартын шаардлага, хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам хангасан газар очиж гулгах хэрэгтэй” гэсэн хариултыг өгч байлаа. Олон хүн цугласан газарт эмч, цагдаа нь өөрсдөө очиж ажиллах үүрэгтэй. Тэднийг ингэж ажиллуулахын төлөө иргэд татвар төлж цалинжуулдаг. Энэ үүргээ хүлээгээгүй учраас золгүй явдал болж нэг хүний амь эрсдэж, нөгөө хүү гэмт хэрэгтэн болж магадгүй байдалд байна. Иргэдээ хамгаалдаггүй төрийн буруугаас хүүхэд гэмт хэрэгтэн болох ёсгүй. Харин өвөлжөөний хажуудах уулын бэл шиг хамгаалалтгүй газарт хүмүүс цугласан байхад тоодоггүй төрийн албаныхан буруутай.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхбүрэн: Албан тушаалтнууд шүүмжлэлээс хол, хяналтаас ангид байхын тулд иргэдийг дарамталж байна

-ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХ ЗҮЙЛ АНГИ НЬ ӨНДӨР АЛБАН

ТУШААЛТНУУДЫН ЗЭВСЭГ БОЛЧИХОЖ-

Иргэн Л.Даваапил twitter хуудсаараа дамжуулан Зам тээврийн сайд асан А.Гансүхээс “Самсунгтай нэг км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ, сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумаас чинь хол давна” гэж бичсэнийхээ хариуд анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийн ял сонссон. Үүнээс үүдэж цахим ертөнц дэх өөрийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байна уу, төрийн өндөр албан тушаалтанг хардах эрх иргэдэд үгүй болсон уу гэдэг асуудал үүсээд буй. Энэ талаар “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын хуульч Д.Мөнхбүрэнтэй ярилцлаа.

Зам тээврийн сайд асан А.Гансүхийг гүтгэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүх иргэн Л.Даваапилд 9.7 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Үзэл бодлоо илэрхийлэх, хардах цаашлаад хэвлэлийнэрх чөлөө байна уу?

-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар хамгаалсан шүү дээ. Үндсэн хуулиас гадна манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрүүдээр хамгаалсан. Манай улс нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр нь дотоодын хуулийн адил хэрэгжих ёстойг Үндсэн хуульдаа заачихсан. Гэтэл манай улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хязгаарлаад байна.

Ингэснээрээ хуулийг урвуулан ашиглаж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилдог. Олон улсад ч ийм практик бий. Тиймээс “Эрүүгийн хууль дахь гүтгэлэг, доромжлол гэсэн заалтаа хасаач” гэдэг уриалгыг дэлхий нийтээрээ гаргаад байгаа. Цөөнгүй улс дээрх хоёр заалтыг Эрүүгийн хуулиасаа хассан. Манай улс ч гэсэн Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хэрэг биш, иргэн хоорондын маргаан гэж тусгасан. Энэ хууль батлагдвал иргэний журмаар маргаанаа шийдвэрлээд үзэл бодлоо илэрхийлсэн хуулийн этгээд эрүүгийн гэмт хэрэгтэн болохгүй байх боломж бүрдэх юм.

-Twitter, facebook хуудас бол бусдын үзэл бодлоо илэрхийлэх хувийн орон зай гэж олон улсад үздэг. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн, өндөр албан тушаалтанг хардсан иргэдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гүтгэсэн гэж яллаад байх юм.

-Twitter зэрэг олон нийтийн сүлжээг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мөн эсэх маргаан олон улс орнуудад өрнөж байгаа. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн бол…” гэдэг заалт байсныг 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэдэг үгийг нь хасчихсан. Харин хоёр ба түүнээс дээш хүнд түгээсэн бол гэдэг үндэслэлээр ялладаг болсон. Ингэхээр twitter эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгээс үл хамаараад хоёр ба түүнээс дээш хүмүүст хүргэсэн л бол олон нийтэд түгээсэн гэдэг гэмт хэргийн бүрэлдэхүүн үүсчихэж байгаа юм.

Иргэд хардах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж та ярьсан. Дугаар хорооны иргэн өндөр албан тушаалтанд “Таныг ийм үндэслэлээр хардаж байна. Та тайлбар өгөөч” гэж өөртэй нь уулзах боломж тэр бүр байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулж тэр хүнд хандаж асууж, үзэл бодлоо илэрхийлэх л боломж бий. Тэгэхээр гүтгэсэн, доромжилсон болчих гээд байгааг юу гэх вэ?

-Үнэхээр иргэн төрийн өндөр албан тушаалтантай уулзаад эргэлзэж байгаа асуудлаараа мэдээлэл авч, эсвэл үзэл бодлоо илэрхийлэх боломж байхгүй. Өөрт байгаа боломжоо ашиглаж үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхээ эдэлснийх нь төлөө яллаж байгаа нь өөрөө утгагүй. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн байнга бусдын хараа хяналтад байж, тэдний үг үйлдэл бүр хяналтад байдаг. Шүүмжлэлд өртөмтгий байдлыг хүлээн зөвшөөрсөн учраас тэр албан тушаалыг хашиж байгаа гэж олон улсад үздэг. Өөрөөр хэлбэл, тэр хүн улс төрд орохын тулд, урлаг соёлын од байхыг өөрөө хүссэн. Тийм учраас байнгын шүүмжлэл бэлэн байж үйл ажиллагаагаа ил тод байлгах ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэйн хувьд зайлшгүй хараа, хяналтад байх ёстойгоо хүлээн зөвшөөрч байж өндөр албан тушаал хашдаг.Тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж, хардах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хүн бүрт бий. Гэтэл иргэн шүүмжилснийхээ төлөө гэмт хэрэгтэн болох юм уу ажлаас халагдах зэргээр янз бүрийн эрсдэл хүлээж байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд эргэлзээтэй болчихлоо.

Өндөр албан тушаалд байгаагийн хувьд хийж байгаа ажил, биеэ авч яваа байдал нь шилэн дотор байгаа мэт ил байх ёстой. Гэтэл манайд албан тушаалтнууд хяналт тавьсан хүнээ занадаг, шүүх цагдаад өгдөг. Ийм үйлдлээрээ улстөрчид төлөвшөөгүй байгаагаа харуулаад байна уу?

-Улстөрчид, өндөр албан тушаалтнуудын хувьд Эрүүгийн хуульд заасан гүтгэх, доромжлох гэмт хэргийн заалт зэвсэг болчихож. Хоёр иргэн хоорондын маргааныг энэ зүйл ангиар шийдсэн тохиолдол маш цөөн. Харин өнгөрсөн онд гэхэд төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргасны улмаас арваад хүнийг Эрүүгийн хуулийн гүтгэх гэдэг зүйл ангиар шийтгэсэн байна. Энэ тоо жил ирэх тутам өсч байгаа нь харамсалтай. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжих бодлого барих ёстой УИХ-ын гишүүд, сайд дарга нар нь эргээд иргэдийнхээ эрхийг боох бодлого барьж байгаа нь харагдаад байна.

Тэр тоо өсөхийн хэрээр эрх баригчид, өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө дархалж байна гэсэн үг биз?

-Шүүмжлэлээс хол, ангид байхын тулд хуулийн зүйл ангийг дарангуйлал маягаар ашиглаад байна шүү дээ. Өнөөдөр нэг хүний эсрэг гомдол гаргаад яллуулчихлаа. Дараа нь дахиад өөрийг нь шүүмжлэх, хардах хүн цөөднө. Цаашлаад нийт иргэдэд айдас бий болгоно. Хүмүүс өөрөө өөртөө цензур тогтоож эхэлнэ. Сэтгүүлч хэрэгтэн болохоос айгаад үзгээ барихдаа цензуртай болсон бол одоо иргэн үгээ хэлж болохоо больж байгаа нь харамсалтай. Энэ нь өөрөө ардчилалд маш халтай, аюултай. Манай улсын нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 19 дүгээр заалтаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалж өгсөн. Энэ пактын хэрэгжилтийн тайланг манай Засгийн газар энэ онд явуулах ёстой. Гэтэл энэ пактын хэрэгжилт хангалтгүйгээр барахгүй, эсрэгээрээ байна гэж тайлагнах нөхцөл үүсч байна. Тэр хэрээр дэлхий дахинд манай улсын нэр хүнд унана.

Иргэд олон нийтийн сүлжээгээр иргэд ихэвчлэн өндөр албан тушаалтнаас эрх мэдлээ ашиглаж мөнгө шамшигдуулсан эсэхийг лавлаж, хардаж байгаагаа илэрхийлдэг. Түүнд нь албан тушаалтнууд тайлбар хийх, тайлагнах үүрэгтэй баймаар. Гэтэл уурлаад шүүхэд өгчих юм.

-Тийм хандлага бий. Гүтгэсэн, доромжилсон гэдэг зүйл анги үүсгэдэг атлаа тэр хүний хардсан тохиолдол, агуулгыг шалгадаггүй. Олон жилийн өмнө сэтгүүлч “Гаалиас төрсөн тэрбумтнууд” цуврал нийтлэл бичсэнийхээ төлөө ял сонссон. Гэтэл дараа нь өөрийгөө цагаатгаад байсан албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн хардаж бичсэнийг шүүх тогтоосон. Гэтэл сэтгүүлч өөрийгөө цагаатгахаар ч хандаагүй ялтай хэвээр үлдэж байсан жишээ бий. Шүүх, хуулийн байгууллага гүтгэсэн гэх хэргийг шийдэхдээ хэл шинжлэлийн эрдэмтдээс л шинжээчдийн дүгнэлт авдаг. Шинжээчид нь үг бүр дээр нь ажиллаад “авлигачин” гэж бичээд гүтгэсэн, доромж утгатай үг хэрэглэсэн гэх зэргээр дүгнэлт гаргачихдаг. Гүтгэсэн, доромжилсон агуулгыг нь нарийн шалгаж тогтоодоггүй учраас эрх мэдэлтнүүд өөрсдөдөө ашигтай байдлаар дараагийн хяналтаас ангижрахын тулд Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг овжноор ашиглаад байна.

Үндсэн хууль, олон улсын пактуудаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тунхаглаад өгчихсөн. Гэтэл улстөрчид, өндөр албан тушаалтнууд эсэргээрээ иргэдийг айлгах, өөрийнхөө эсрэг дуугаргахгүй байхын тулд хуулийг ашиглаад байна. Жил ирэх тусам энэ нь гаарч байна. Тэгэхээр иргэд эрхээ яаж хамгаалах ёстой юм бол?

-Иргэд өөрсдөө акц хиймээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх баригчдад хандах боломжтой. Мөн стратегийн өмгөөлөл хийх боломж бий. Манай шүүхийн практикт олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэглэх нь маш цөөн. Тиймээс стратегийн өмгөөллөөр олон улсын гэрээ хэлэлцээрийг шүүхийн практикт хэрэглэх хүртэл нь ажиллавал үр дүн бий. Манайхан нэг асуудал дээр 7-10 хоног шуугиад мартчихдаг. Ц.Бат инженерийн хэргийг орхихгүй асуудал болгоод яваад байсан бол Л.Даваапилд холбогдох хэрэг өөрөөр эргэх байсан болов уу.

Ц.Батын гэх хэрэг дээр давж заалдах шатанд сайд асан А.Гансүх гомдоо татаад авчихсан. Үүнийгээ уучилж байна гэж тайлбарласан. Үүнээс үүдэж олон нийт А.Гансүх гэж өгөөмөр хүн, харин Ц.Бат бусдыг доромжилсон буруутай этгээд дүгнэх шиг боллоо. Энэ нь улстөрчдийн бас нэг арга уу?

-Ганц А.Гансүх ч биш өндөр албан тушаалтанд хэн нэгэнд ял хүлээлгэх нь чухал биш байдаг. Хамгийн гол нь хэн нэгний эсрэг гомдол гаргасан хэрэг дээрээ дөрөөлж нэр хүндээ өсгөдөг. Бас олон нийтийн хараа хяналтаас ангижрах арга нь болчихсон. Цаашлаад сонгуулийн сурталчилгаагаа үүгээр хийдэг. “Би уг нь буруугүй юм. Тэр нөхөр намайг гүтгээд байхаар нь би хуулийн байгууллагаар өөрийнхөө буруугүйг нотлууллаа” гэх байдлаар “энхийн цагаан тагтаа” болж хувирдаг.

Ц.ӨРНӨХ