Categories
мэдээ нийгэм

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хөнөөлтэй тахлууд

Антионины тахал

Хятадын Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сард анх илэрсэн амьсгалын замаар халдварладаг SARS-CoV-2 коронавирус асар богино хугацаанд дэлхий даяар түгж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны гуравдугаар сарын 11-нд онц аюултай “Ковид-19” цар тахал дэгдсэнийг зарлахад хүрсэн билээ. “Ковид-19”-ийн улмаас одоогийн байдлаар 250 сая шахам хүн өвчилж, таван сая хүн нас бараад буй. Иймээс ч “Ковид-19” нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хөнөөлтэй цар тахлуудын нэг болоод байна.

Тэгвэл түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн хамгийн анхны тахал Эртний Ромд Марк Аврелий Антонины хаанчлалын үед МЭ 165-180 онуудад дэгдэж, халдварлагчдын дөрөвний нэг нь буюу нийт таван сая орчим хүн амь насаа алджээ. Антонины гэх нэр авсан энэ тахлыг Эртний Ромын цэргүүд дорно зүгт хийсэн аян дайнаас буцаж ирэхдээ тархаажээ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар, энэ нь салхин цэцэг өвчин байх магадлал их аж.

Антонины тахал Газрын дундад тэнгис (Эртний Ром) болон Энэтхэгийн соёл иргэншил хоорондын анхны харилцаанаас үүдэлтэй гэж үздэг байна. Мөн үед Энэтхэгтэй холбогдож эхэлсэн Хятадад ч ижил төрлийн тахал дэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Эртний Ромд ч, Хятадын Хань гүрэнд ч энэ нь цоо шинэ өвчин тул ард иргэдэд нь үүний эсрэг дархлаа байсангүй.

Антонины тахлаар Эртний Ромын зарим мужийн хүн амын гуравны нэг нь нас барснаар хөдөлмөрлөх хүч дутагдан эдийн засаг уналтад орж, армийн бие бүрэлдэхүүн хорогдсоноор хойд зүгээс довтлох варваруудыг тогтоон барих нь улам хүндрэлтэй болжээ. Хэнийг ч хамаагүй хайр найргүй ниргэх тахлаас айж цочирдсон, үймж самгардсан хүмүүс уламжлалт бурхаддаа итгэх нь эрс багасав. Энэ үед тахлаар үхэхээс үл айх христийн шашинтнууд нигүүлсэнгүй үйлс хийж өвчлөгсдийг халамжлан асарч, эмнэлгүүд барьж эхэлжээ.

Иймээс ч “авралын” гэгдэх болсон христийн шашин төд удалгүй Эртний Ромын албан ёсны шашнаар өргөмжлөгдсөн юм. Хятадад ч мөн ижил шалтгааны улмаас буддын шашин ихэд түгэн дэлгэрчээ. Ер нь энэхүү тахлын дараа өрнөдийн төдийгүй дорнын ертөнцөд шашин шүтлэг бэхжин ёс суртахуунд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарсан байна. Антонины тахалд нэрвэгдсэн Эртний Ром, мөн Хятадын Хань гүрэн өмнөх сүр хүчээ сэргээж чадалгүй бутран задрахад хүрсэн түүхтэй.

Харин анхны булчирхайн тахал Эртний Ромыг хоёр хуваагдсаны дараа зүүн хэсэгт нь үүссэн Византийн гүрний хаан ширээнд I Юстиниан заларч байхад МЭ 541 онд дэгджээ. Тэр үеийн зарим эх сурвалжид тахал Египетийн Пелусий хотоос эхэлсэн гэж тэмдэглэсэн учир ихэнх түүхч, судлаачид Юстинианы тахлыг Африкаас гаралтай гэж саяхан хүртэл үздэг байв. Гэвч 2017 онд хийсэн филогенетикийн шинжилгээ Юстинианы тахлыг үүсгэгч нь Хятад дахь мэрэгч амьтдын байгалийн голомтоос гаралтай гэх онолыг баталжээ.

Тэр үед Византийн гүрэн Персийн Сасанидын хаант улстай байсхийгээд дайтан нэг нэгнийхээ хүчийг ихээхэн сулруулдаг байв. Үүнийг ашиглан аль аль руу нь монголчуудын өвөг хүннү нар хойд зүгээс уулгалан довтолсон нь цөөнгүй. Иймд хүннү нараар дамжин Юстинианы тахлыг үүсгэгч нь Хятадаас Газрын дундад тэнгисийн зүүн эрэгт хүрсэн байж тун ч болзошгүй.

Юутай ч, Юстинианы тахалд Византийн гүрэн ба Сасанидын хаант улс хоёул нэрвэгдэж, Газрын дундад тэнгисийн зүүн эрэг, Бага Ази, Хойд Африкийн асар уудам газар нутаг хүн амгүй шахам болжээ. Хоёр зууны турш дахин дахин дэгдсэн булчирхайн тахлаар энэхүү бүс нутагт 66 сая хүн амь үрэгдэж, үүссэн улс төр, хүн ам зүйн хоосон орон зайг арабууд ба лалын шашин эзэлсэн юм. Юстинианы тахлын түүхэн үр дагавар гэвэл тус бүс нутагт Арабын улс үүсч хүчирхэгжин Византийн гүрний газар нутгаас үлэмж булаан авч, Сасанидын хаант улсыг бүрэн эзэлж, лалын шашныг зүг бүрт түгээн дэлгэрүүлж эхэлсэн явдал байв.

Хар тахал, Лондон

Үүнээс найман зууны дараа Хар үхэл (латинаар Atra mors) нэр авсан булчирхайн аймшигт тахал янз бүрийн тооцоогоор Европын хүн амын гучаас жаран хувийг хиаруулжээ. Оргил үе нь Европт 1346-1353 онуудад тохиосон энэ тахал олон сэжмээр Монголтой холбоотой.

Юуны түрүүнд Хар үхэл Монголын говь дахь байгалийн голомтоос эхэлсэн гэж үзэх нь бий. Говьд 1320-иод онуудад ган гачиг үргэлжлэн уур амьсгал эрс хуурайшихад хоол хүнсний хомсдолд орсон тарвага, зурам гээд мэрэгч, туулайн бүлгийн олон амьтан олноор нүүдэллэн малчдын аж төрөх газар руу ойртож багшралдахаас өөр аргагүйд хүрчээ. Тэд тахал үүсгэгч Yersinia pes­tis савханцрыг нэг нэгэндээ болон хүмүүст анх халдаасан гэх таамгийг судлаач эрдэмтэд дэвшүүлсээр ирсэн байна.

Хятадын эх сурвалжид, 1331 онд говиос зүүн өмнөд зүгт орших Хэбэйн хүн амын 90 хувь нь хачирхалтай өвчнөөр нас барсан тухай дурджээ. Тэгвэл XIV зууны Арабын түүхч, газар зүйч Али Аль-Макризи, “Их хаан зургаан хүүхдийнхээ хамт үл мэдэгдэх өвчин тусч нас баржээ. Мөн хааны удмын 16 хүн өөд болсон байна. Хятадад үй олон хүн гэнэт өвчнөөр үхэж, харин Энэтхэг хавьгүй бага хохирол амсчээ” гэж тэр үеийн тухай бичсэн аж. Али Аль-Макризи “их хаан” гэж Монголын Юань гүрний Төвтөмөр Заяат хааныг хэлсэн байж болох юм.

Юу гэвэл, Төвтөмөр Заяат хаан 1332 оны есдүгээр сард 28 насандаа нийслэл Дайду (одоогийн Бээжин) хот дахь Их амгалан харшдаа учир битүүлгээр нас баржээ. Үүнээс жилийн өмнө түүний том хүү, хаан ширээг залгамжлагч хунтайж Алтандара мөн л үл мэдэгдэх өвчнөөр нас барсан билээ. 1332 оны аравдугаар сарын 23-нд Юань гүрний хаанаар өргөмжлөгдсөн долоон настай Ринчибал хоёр сар ч хүрэлгүй мөн л өвчнөөр өөд болсон байдаг. Төвтөмөрөөс өмнө 1328 оны наймдугаар сарын 15-нд Есөнтөмөр хаан Юань гүрний зуны нийслэл Шанд хотод 51 насандаа мөн л өвчний улмаас цаг бусаар таалал төгссөн бөгөөд гадаадын зарим түүхч түүнийг Хар үхэлд анхлан өртөгсдийн нэг байж болзошгүй гэж таамагладаг аж.

Тив дамнасан Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны дараа өрнө, дорныг холбосон Торгоны зэрэг худалдааны олон замыг төрийн хамгаалалтад авч шуурхай холбоо харилцааны морин өртөөнүүдийг байгуулснаар асар уудам нутагт бараа таваар, соёл, шашин, технологийн гээд бүх төрлийн солилцоо эрс идэвхжжээ. Үүний сацуу халдварт өвчнүүд ч хурдацтай тархаж эхэлсэн байна. 1497 онд үйлдсэн Оросын он цагийн бичигт дэлхийг бүтээснээс хойших 6854 он буюу 1346 онд аюулт тахал Дон, Ижил мөрөнд хүрч Алтан ордын нийслэл Сарай болон ойр зуурын хотуудын хүн амыг олноор хөнөөсөн тухай тэмдэглэжээ.

Тэр үед Алтан ордыг захирч байсан Чингис хааны удмын Жанибек хаан Крымийн хойг дахь Италийн Венецийн Тана, Генуйн Каффа боомт хотуудын эсрэг дайн зарласан ба тэдгээр хотуудаас Хар үхэл хөлөг онгоцуудаар Европт хүрсэн гэж үздэг.

Харх, нохой бөөсөөр дамжин эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй томоохон хотуудад бөөгнөрөн амьдрах явдал ихэссэн, байнгын дайн дажинд нэрвэгдсэн Европт Хар үхэл маш хурдан тархжээ. Говиос гаралтай булчирхайн, манайхаар бол тарваган тахал Европын түүхэнд асар том ул мөр үлдээж, эдийн засаг, сэтгэл зүй, соёл, амьдралын хэв маяг, тэр байтугай хүн амынх нь удамшлын генийн бүтцэд маш ихээр нөлөөлсөн төдийгүй нийгмийн тогтолцоо, шинжлэх ухаан, урлаг, техникийн үсрэнгүй хөгжлийн угтвар нөхцөл болсон гэж үздэг билээ. 1492 онд Испанийн далайчин Христофор Колумб шинэ тивийг нээснээр Европоос эд баялаг, үржил шимт газар эзэмшихийг эрмэлзэгчид Америкийг үй олноор зорихдоо салхин цэцэг, улаан бурхан, хумхаа гээд олон халдварт өвчнийг тээн уугуул иргэдийн дунд тархаажээ. Тэдгээр өвчнөөс дархлаагүй уугуул хүн амын бараг 95 хувь нь ихэвчлэн салхин цэцгийн тахалд нэрвэгдэн устсан гэх тооцоо байдаг аж. Үүний улмаас л ацтек, инкийн соёл иргэншил үгүй болжээ.

Америкийн хоёр тивийн уугуул иргэдийг салхин цэцгийн тахал хиаруулснаар Европынхон богино хугацаанд эзлэн авч эд баялгийг нь зөөж капитализмын хөгжлийг хурдасган даяар худалдаа, Европын колоничлол үүсэхэд хүргэсэн аж. Хойд Америкт салхин цэцгийн тахлаар индианууд үй олноороо үхэж үрэгдэх болсны дараа Европоос, гол төлөв Их Британиас ирэгсэд суурьшиж эхлэн хожим АНУ-ыг байгуулжээ.

ХХ зууны эхэн гэхэд хөгжингүй орнуудад үндэсний эрүүл мэндийн тогтолцоо бий болж, эмнэлгийн ажилтнуудын нэр хүнд ч өссөн байв. Олон төрлийн вакцин боловсруулж салхин цэцэг, холер (булчин урвах тахал), улаан бурхан, хумхаа гээд аюултай халдварт өвчнүүдийг хурдан устгаж эхэлжээ. Ард иргэдийнх нь материаллаг байдал сайжирч, эрүүл ахуйн шаардлага чангарч, хувийн ариун цэвэр сахих явдал ч хэвийн үзэгдэл болсон байв.

Хэдий тийм ч энэ бүхэн 550 саяас доошгүй хүн (дэлхийн хүн амын 30 орчим хувь) өвчилсөн цар тахлаас сэргийлж чадаагүй юм. 1914 онд дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээр байлдааны ажиллагаа өрнөх бүх газар нутагт хижиг, улаан бурхан, тэр ч бүү хэл булчирхайн тахал дэгдэвч эмч нар тэмцэх аргаа мэддэг болсон тул цаг тухайд нь хурдан дарж чадаж байлаа. Гэвч дайн дууссаны дараа 1918 онд амьсгалын замаар дамждаг H1N1 ханиадны вирус дэлхий даяар тархаж эхэлжээ. Цар тахлын голомтыг одоо хэр тогтоогоогүй бөгөөд дайны үеийн эрүүл ахуйн хангалтгүй байдал, хоол хүнсний дутагдал, цэргийн ба дүрвэгсдийн хуарангууд дахь хүмүүсийн хэт бөөгнөрөл өвчин маш хурдан газар авахад хүргэсэн аж.

Дайнд оролцогч орнууд арми ба ард иргэдийн дунд дэгдсэн тахлын талаар мэдээлэхийг хориглон цензур тогтоосон тул энэ тухай хамгийн түрүүнд төвийг сахисан Испани улс албан ёсоор зарлажээ. Ийм ч учир энэ цар тахлыг испани ханиад гэж нэрлэх болсон байна. 1918 оны тавдугаар сар гэхэд Испанийн хүн амын 39 хувь буюу найман сая хүн халдвар авчээ. Хүндээр өвчлөгсдөд амьсгал давчдах уушгины хатгаа, биеэр улаан толбо туурах шинж тэмдэг илэрч байв.Өвчний сүүлийн үе шатанд вирус нь уушгины доторх цус алдалт үүсгэж, үүний үр дүнд өвчтөн өөрийн цусандаа хахдаг байсан аж.

Өвчлөгсдийн дунд нас баралтын үзүүлэлт өндөр байсан нь H1N1 вирусийн омог уушгины үрэвссэн эдийг хурдан устгаж уушгийг шингэнээр дүүрэхэд хүргэдэг онцлогтой холбоотой ажээ. Иймээс ч ялангуяа дархлаа сайтай залуу хүмүүсийн дунд нас баралт илүү тохиолдсон байна.

Испани ханиад

Испани ханиадны эхний давлагаа 1918 оны хавар, намар тохиож нас баралт харьцангуй бага байсан ба мөн оны наймдугаар сар гэхэд өвчлөгсдийн тоо эрс багасахад цар тахал өндөрлөх нь хэмээн эндүүрчээ. Гэвч 1918 оны намраас нас баралт маш ихтэй хоёрдугаар давлагаа, 1919 оны нэгдүгээр сард нас баралтын хэмжээ мөн л өндөр гуравдугаар давлагаа эхэлжээ. Энэ нь вирус мутацид орон өөрчлөгдөж байсантай холбоотой гэнэ. Испанийн ханиадны цар тахал 1918-1920 онуудад үргэлжлэн 17.4 саяас доошгүй хүний аминд хүрчээ.

Ер нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хөнөөлтэй тахлуудын дараа хөгжлийн шинэ мөчлөг эхэлж хуучин юм ул болж, шинэ юм зул болж байсан нь ажиглагдана.

Өнөөгийн “Ковид-19” цар тахал бараг хоёр жил үргэлжилж буй ч хэзээ бүрмөсөн арилах нь одоо хэр тодорхойгүй. Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар даяарчлагдсан дэлхийд цаашид ч янз бүрийн цар тахал дэгдэх ба тэдгээрт бэлэн байж тэр бүрийд амьдралын хэв маягаа өөрчлөн дасан зохицохоос өөр аргагүй гэдэг ч бараг ортой юм уу даа. Тэгэхээр, хүмүүсийн амьд харилцаа улам бүр багасч, зайнаас буюу интернэт зэргээр харилцах нь улам бүр нэмэгдэх төлөвтэй байх шиг…

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цусан дахь ферритин уургаа тодорхойлуулснаар төмрийн илүүдэлтэйгээ мэдэж болно

Хоол хүнсний органик бус найрлага бүхий эрдэс бодис нь бие махбодын өсөлт ба бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие махбодод агуулагдах хэмжээгээр нь тэдгээрийг макро, микро эрдэс гэж хоёр ангилна. Макро эрдсүүдэд кальци, фосфор, кали, натри, магни ордог бол микро буюу бичил эрдсүүд нь зэс, төмөр, иод, манган, цайр, молибден, селен, хром, фтор аж. Энэ удаад бичил элементүүдийн нэг болох төмөр ба түүний хүний биед үзүүлэх нөлөө, илүүдэл, дутагдал нь ямар эмгэг үүсгэх, тэр дундаа төмрийн илүүдэл юунд хүргэж болох талаар хүргэе.

Төмөр нь хоол ундаар дамжин хүний биед нэвтэрч, элгэнд шүүгддэг байна. Цусанд төмөр тодорхой хэмжээтэй байж, цусны улаан эс, гемийг бүрэлдүүлэхэд оролцдог. Төмөр нь мөн биеийн арьсны хэвийн байдлыг хангах, бамбай булчирхайн хэвийн ажиллагааг нөхцөлдүүлэх, цус төлжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн мэдрэлийн ширхэгээр сэрэл дамжих үйл явцыг зохицуулж, тархины үйл ажиллагаанд чухал нөлөөтэй юм. Түүнээс гадна маш олон төрлийн биологийн идэвхит нэгдлийн хэвийн үйлчилгээг хангаж өгдөг байна. Насанд хүрсэн эрэгтэй хүний төмрийн хоногийн хэрэгцээ дунджаар 10 мг, эмэгтэй хүнд 15-20 мг, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйд 18 мг төмөр шаардлагатай. Бид хоногт хамгийн дээд талдаа 45 мг төмөр зарцуулдаг. Харин жирэмсэн үед төмөр зарцуулалт ердийнхөөс нэмэгдэнэ. Тиймээс эмч нар жирэмсний сүүлийн хагас болон төрсний дараах эхний 2-3 сард төмрийг нөхөх эмчилгээ санал болгодог юм.

Төмөр дутагдвал эд эрхтний цусны хангамж хомсдож, цус багадалт үүсдэг. Энэ нь толгой эргэх, толгой өвдөх, амтлах мэдрэмжид өөрчлөлт орж, хэл хуурайших шинж тэмдгээр илэрнэ. Учир нь төмөр дутагдсанаас хэлний амт мэдрэх үүрэгтэй эсүүд хатингаршиж, амтлах мэдрэхүй буурдаг ажээ. Түүнээс гадна хоолны дуршил багасч, бие сульдан булчин суларна. Мөн анхаарал муудаж, хүүхдийн биеийн ба оюуны хөгжил зогсоход хүрдэг байна. Дархлаа муудсанаас өвчинд өртөмтгий болно. Түүнчлэн хумсны хэлбэр өөрчлөгдөж, биеийн халуун хэвийн хэмжээнээс буурдаг. Үүнээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагддаг байна.

Тэгвэл хүний биед төмөр илүүдэх нь дутагдсанаас ялгаагүй аюултай аж. Хоногт 200-мг аас дээш төмөр биед хуралдсан тохиолдлыг төмрийн илүүдэл гэж үздэг.

Илүүдэлд хүргэх гол шалтгаан нь нойр булчирхай, элэг, дэлүүний өвчин, архаг архидалт, төмрийн солилцоо алдагдах явдал юм. Илүүдсэн төмөр цусан дахь ферритин гэдэг уурагт очиж хуримтлагддаг байна. Ферритин хэмээх уургийг төмрийн агуулах гэж ойлгож болох юм.

Төмөр илүүдвэл цус өтгөрч, бусад эд, эрхтнийг гэмтээнэ. Улмаар арьс амархан харлаж, хар толбо үүсдэг. Төмрийн илүүдэл элгийг ноцтой гэмтээснээр энэхүү эрхтэн хэвийн ажиллахаа болино. Төмөр нь цусаар чөлөөтэй урсаж, хүний биеийг хурдан зэврүүлдэг. Энэ нь төмрийн исэлдэмтгий чанартай нь холбоотой. Үүнээс гадна төмрийн илүүдэл нь үе мөч өвдөх, ядарч сульдах, юу ч хиймээргүй санагдах, хэвлийгээр өвдөх, бэлгийн сонирхолгүй болох, зүрх өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.

Тиймээс юуны өмнө цусан дахь ферритин уургийн хэмжээг үзүүлж шалгуулах нь хамгийн зөв арга. Төмрийн илүүдлийг арилгах ердийн арга нь төмөр орсон мах, архи зэрэг бүтээгдэхүүнийг багасгах явдал. Эрт дээр үеэс ийм төрлийн өвчнийг эмчлэхдээ монголчууд хануур, самнуур заслыг өргөн ашигладаг байжээ. Эдгээр эмчилгээг хийлгэснээр элэгний үрэвсэл, зүрхний булчингийн сулрал, уушгины өвчин, амьсгалын дутагдалд хүргэдэг эмгэгүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлж чадах юм.

Дашрамд хэлэхэд, төмрөөр баялаг хүнсийг дурдвал, махан бүтээгдэхүүнээс төмрийг 40-50 хувь, загасан төрлийн хоолноос 10 хувь авах боломжтой. Үүнээс гадна тахиа, гахайн элэг, үхрийн бөөр, зүрх, элэг, өндөгний шар, самар, төмс, өнгөт болон цэцэгт байцаа, яншуй, вандуй, хатаасан цагаан мөөг, тоор, чангаанз, алим, чавга, үзмийг нэрлэж болно.Эдгээрийг төмрийн дутагдал буюу цус багадалтын үед түлхүү хэрэглэхийг зөвлөдөг байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд нойр булчирхайн толгойн хэсгийг тайрах мэс заслыг нээлттэй хийдэг байсныг дурангийн хүрцээр анх удаа амжилттай гүйцэтгэжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, резидент эмч Х.Мөнхжаргал нар фатеровын хөхлөгийн хортой хавдартай өвчтөнд пилорус хадгалах хувилбараар панкреатодуаденоэктоми мэс заслыг дурангийн хүрцээр манай улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэжээ. Хагалгааг гардан хийсэн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван нартай ярилцлаа.


-Манай улсад сүүлийн үед нойр булчирхайн өвчлөл нэлээд газар авч байх шиг. Хүмүүс ихэвчлэн мөнгө төгрөг цуглуулаад гадаадад эмчилгээ хийлгэхийг эрмэлздэг ч өртөг өндөртэй тул тэр бүр чаддаггүй. Нойр булчирхайн энэ төрлийн хагалгааг Монголд хийж эхэлснээр иргэд заавал гадаадыг зорих шаардлагагүй болж байна гэж үзэж болох уу?

Б.Ган-Эрдэнэ: -Бас ч яг 100 хувь тийм биш ээ. Нойр булчирхайн хавдар, нойр булчирхайн үрэвсэл гээд өвчин өвчнөөсөө шалтгаалаад өөр өөр юм. Ер нь энэ хагалгааг нээлттэй аргаар улсын хэмжээнд хийдэг байсан. Харин дурангийн аргаар хийснээр нэг ёсондоо олон улсын түвшинд хүрч байна гэсэн үг. Учир нь хөгжингүй орнуудад нойр булчирхайн дурангийн хагалгааг түлхүү хийдэг болсон. Энэ хагалгаа нь хэвлийн хөндийн хамгийн том хагалгаа. Ер нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаатай ойролцоо. Маш олон эрхтнийг хамарч хагалгаа хийдэг л дээ. Жишээ нь, ходоодны гарах хэсэг, 12 хуруу гэдэс бүхлээрээ, цөсний зам, цөсний хүүдий, ойр орчмын бүх булчирхайнууд, дээрээс нь 12 хуруу гэдсийг аваад нойр булчирхайн толгойн хэсэг тайрч авдаг нэлээд ярвигтай хагалгаа юм.

-Ийм төрлийн хагалгаа хэр удаан хугацаанд үргэлжилдэг вэ?

Б.Ган-Эрдэнэ: -Дунджаар 4-8 цаг орчим үргэлжилдэг. Дурангийн аргаар олон тоотой ороод ирвэл хугацаа нь харьцангуй богиносох байх.

-Үүнээс өмнө та хоёр нойр булчирхайтай холбоотой хагалгаанд орж байв уу, эсвэл анхных нь энэ байв уу?

Б.Ган-Эрдэнэ: -Ийм хагалгааг шууд хийх боломжгүй л дээ. Ийм төрлийн мэс ажилбарыг нээлттэй аргаар Н.Тайван эмч бид хоёр 2019 оноос хойш хийж байгаа. 2015 оноос Хоёрдугаар төв эмнэлэгт Ж.Чинбүрэн манай зөвлөх эмч байсан.

-Нойр булчирхай нь ямар онцлогтой эрхтэн бэ. Хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол?

Б.Ган-Эрдэнэ: -Нойр булчирхай бүтцийн хувьд хатуу, дотоод болон гадаад шүүрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нойр булчирхайтай байж л бидний бие хоолыг боловсруулдаг, хоолоо шингээж чаддаг гэсэн үг. Хоёрдугаарт, нойр булчирхай инсулин гэдэг бодис ялгаруулан сахарын хэмжээг тогтвортой байлгаж байдгаараа онцлогтой эрхтэн юм. Ийм онцлог үүрэгтэй эрхтэн тул сүүлийн үед нойр булчирхайн архаг үрэвсэл дэлхий дахинд маш ихээр нэмэгдэх болжээ. Монголд энэ тал дээр хийгдсэн судалгаа одоогоор харьцангуй бага. Гэхдээ ер нь дийлэнх эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн 40-өөс дээш насныхан нойр булчирхайн архаг үрэвслийн ямар нэг зовуурьтай болж. Энэ нь олон шалтгаантай. Ихэвчлэн архи, хоол ундны зүй бус хэрэглээ, хэт таргалалт зэрэг шалтгаанаас үүддэг.

-Нойр булчирхай өвдлөө гэхэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Б.Ган-Эрдэнэ: -Нойр булчирхайн олон төрлийн эмгэг бий. Нойр булчирхайн архаг үрэвслийн үед хэвлийгээр өвдөх, өвдөлт ар нуруу руугаа дамжих, хоолны дуршил буурах, бөөлжих, байнгын өвдөлттэй явах, хоол унд, жаахан эвгүй юм идчихээр л өвдөх, гүйлгэх зэрэг зовууриуд илэрдэг. Нойр булчирхайн хавдрын үед шарлалт, ногооролт ажиглагдана. Биеэр тууралт заримдаа гардаг. Дээр нь хэвлийгээр өвддөг.

Нойр булчирхайн толгойн хэсгийн хавдар нь ийм төрлийн хавдрын 70 орчим хувийг эзэлж байна. Их бие, сүүл хэсгийн хавдар нь үлдсэн 20-30 хувийг эзэлж байна. Нойр булчирхайн хавдрын онцлог нь, шинж тэмдэггүй байж байгаад дандаа хожуу шатандаа ихэвчлэн оношлогддог. Энэ нь юугаар илрэх вэ гэхээр ихэвчлэн ногоорч шарласныхаа дараа судас руу хавдар нэвчсэн байх, дээрээс нь цөсний зам, бусад эрхтэн рүү үсэрхийлсэн байдаг. Нойр булчирхайн хавдрын өвчлөл нь дэлхий дээр хамгийн насжилт муутай өвчин юм. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хавдар туссан хүн удаан амьдардаггүй. Энэ үзүүлэлтээр бусад хавдартай харьцуулахад нэгдүгээрт жагсаж байдаг.

-Урьдчилан сэргийлэх арга бий юү?

Б.Ган-Эрдэнэ: -Гол нь амьдралын хэв маяг болон хоол ундны цэсээ өөрчлөх хэрэгтэй. Мөн идэвхтэй болон дан тамхидалтаас зайлсхийх нь чухал.

-Анзаараад байхад голдуу бичгийн ажилтай зохиолч, судлаач гээд сэхээтэн хүмүүс энэ өвчнөөр өвдөж нас бараад байгаа юм шиг санагддаг. Гэтэл малчин, барилгачид мөн л ялгаагүй хоолны дэглэм барьдаггүй, архи дарс хэрэглэдэг хэрнээ өртөх магадлал бага юм шиг. Мөн хүйсийн ялгаатай ч юмуу, эрэгтэй хүн түлхүү өвчлөөд байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Ер нь энд хот хөдөөгийн амьдралын хэв маяг, онцлог хамааралтай юм болов уу. Энэ талаар судалгаа бий юү?

Б.Ган-Эрдэнэ: -Нойр булчирхайн үрэвслээр эрэгтэйчүүд өвдөөд байгаа гол шалтгаан нь хоол ундны хэрэглээ, амьдралын хэв маягтай нь шууд холбоотой. Юуны өмнө, тамхины хэрэглээ байна. Нойр булчирхайн хавдар үүсэхэд тамхины хэрэглээ 30 хувьд нь гол шалтгаан болдог гэсэн судалгаа бий. Мөн архины хэрэглээ байна. Дээр нь өвчтөнүүдийн 5-10 хувь нь удамшлын шалтгаантай гэсэн тооцоо бий. Түүнчлэн жингийн илүүдэл, чихрийн шижин ч үүнд нөлөөлдөг. Эдгээр нь нойр булчирхайн хавдар үүсэх үндсэн хүчин зүйлс нь болдог юм. Генийн болон мутацийн өөрчлөлтүүд үүнд мөн нөлөөлдөг боловч харьцангуйгаар цөөн тохиолддог. Хавдрын энэ төрөл бусад оронд ч өнөөг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүйг хэлэх хэрэгтэй. Юутай ч одоогийн байдлаар нас, архи, тамхины хэрэглээ, жингийн илүүдэл, буруу хооллолт, чихрийн шижин зэрэг шалтгаануудын улмаас нойр булчирхайн хавдар үүсэх магадлал өндөр гэж үзэж байгаа юм.

-Эргээд хагалгаатай холбоотой яриандаа оръё. Энэ мэс ажилбарын онцлог нь юу байв?

Б.Ган-Эрдэнэ: -Дэлхий дахин дурангаар хийх буюу бага хөнөөлт мэс засал (minimal invasive surgery) руу шилжиж байгаа. Саяхныг хүртэл цөсний хүүдийг нээлттэй авдаг байсан. Одоо улсын хэмжээнд ихэнх эмнэлгүүд дурангаар аваад эхэлчихсэн. Гэвч энэ талаарх ард иргэдийн ойлголт бага байдаг. Ийм төрлийн хагалгааг нээлттэй орсон өвчтөн 5-7 хоногийн дараа эмнэлгээс гардаг. Тэгвэл дурангаар орсон тохиолдолд маргаашдаа гарч байна. Өөрөөр хэлбэл, ор хоног эрс багасч нэг хоногт багтах болж байгаа юм. Дээрээс нь өвчтөндөө зовуурь шаналгаагүй, хагалгааны дараа өвдөлт бага, шарх сорви бараг үгүй тул гоо сайханд ч тустай.

Энийг өөрөөр минимиль инвазив буюу хүний амьдралын чанарыг алдагдуулахгүйгээр хийдэг мэс засал гэж ойлгож болох юм. Дотор хийгдэж байгаа мэс ажилбарын хувьд ч дурангийн хагалгаа нь нээлттэй ордогтой ижил хэлбэрээр явагдана. Тухайлбал, цөсний замыг бүгдийг нь авдаг. Эрхтнээр яривал ходоодны гарах хэсэг, 12 хуруу гэдэс, цөсний зам, цөсний хүүдийг тайрч авна. Нойр булчирхайн толгойг тайрна. Үүний дараа нарийн гэдсийг толгойн хэсэгтэй, нарийн гэдсийг нойр булчирхайтай, нарийн гэдсийг цөсний замтай, нарийн гэдсийг нарийн гэдэстэй залгадаг. Тухайлбал, хамгийн олон залгалт хийдэг, хамгийн олон эрхтнийг авдаг хагалгаа юм.

-Хагалгаа хийхэд ямар хүндрэл байв?

Б.Ган-Эрдэнэ: -Хагалгааны үед ямар нэгэн хүндрэл гараагүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь Монголд дурангийн хагалгаагаар хамгийн сайн нь гэж боддог. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хагалгааг хийх суурь сайн байсан гэсэн үг.

-Дэлхий дээр ийм төрлийн хагалгааг олон оронд хийдэг үү. Энэ тал дээр тэргүүлдэг орон гэвэл?

Б.Ган-Эрдэнэ: -Хөгжингүй бүх оронд л хийж байгаа. Тэргүүлэгч орнууд нь угаасаа Япон, Солонгос, ХБНГУ, Франц.

-Манайх гол төлөв аль орны жишгээр хийж байна?

Б.Ган-Эрдэнэ: -Бид ихэвчлэн БНСУ, Тайвань, Япон зэрэг Азийн орнуудад мэргэжил дээшлүүлдэг.

-Энэхүү хагалгааг гадаад оронд хийхэд ямар үнэ өртөгтэй байдаг бол?

Н.Тайван: -Солонгост нээлттэй хагалгаа хийхэд 30 сая вон байдаг. Дурангаар, роботоор хийх нь илүү үнэтэй болоод явчихдаг. Яг манай эмнэлгийн хувьд би өөрөө эмчлэгч эмч байсан тул өвчний түүх дээрээс бүх балансыг хянахад зөвхөн хагалгааны багаж нь гэхэд манай эмнэлэгт есөн сая 700 мянган төгрөгийн өртөгтэй. Эмийн эмчилгээнд нь 12 сая гарсан гэхлээр нийт өртөг 21 сая төгрөгөөр хийгдсэн хагалгаа юм. Манай эмч нарын цалин хөлс, эмнэлгийн тог цахилгаан, усны мөнгө орохгүйгээр цэвэр эмийн зардал, багажны зардал, ариутгал зэрэг зардал нь ороод 21 сая төгрөг болсон. Гэтэл үүнийг даатгалаас таван сая 900 мянган төгрөгөөр санхүүжүүлдэг. Тэгэхээр ийм төрлийн хагалгааг Монгол Улсад хийхийн тулд даатгалаас дэмжсэн тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна. Ийм хагалгааг хийх болгонд эмнэлэг өөрөө алдагдал хүлээж байна шүү дээ. Эмч нар ч мөн ялгаагүй. Шинэ хуулиар бол 100 хувь даатгалаас авсан мөнгөөрөө эмнэлэг өөрөө санхүүжээд эмч нартаа цалин хөлс өгөхөд хүрч байна. Үүнээс үүдээд эмч нар өөрийнхөө төдийгүй сувилагч нарынхаа цалинг тавьж чаддахгүй хэмжээнд байгааг анхаарах хэрэгтэй болов уу. Түүнээс биш манай эмч нарын мэдлэг чадвар хаана ч гологдохгүй.

-Ийм хагалгаанд орох ёстой гэсэн өвчтөний талаарх статистик судалгаа, тоо баримт манайд байна уу?

Б.Ган-Эрдэнэ: -Яг нарийн судалгаа байхгүй ч жилдээ өвчлөл нийт хавдруудын тохиолдлын гурав хүрэхгүй хувийг нойр булчирхайн хавдар эзэлдэг. Энэ өөрөө маш богино хугацаанд арга хэмжээ авахгүй бол хүлээгдэл гэдэг юм үүсгэвэл угаасаа тавилан муутай болдог хавдруудын нэг гэсэн үг. Ихэвчлэн дандаа хожуу шатандаа оношлогддог учраас төвөгтэй байдаг.

-Манайд иймэрхүү хагалгааг хийх мэргэшсэн мэргэжилтэн, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт хэр байдаг гэж боддог вэ?

Н.Тайван: -Манай улсад энэ тал дээр үндсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар маань Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг юм. Тэнд жилдээ 800 гаруй хагалгаа хийж байна. Элэг шилжүүлэн суулгах, элэгний хавдар, цөсний хавдар, нойр булчирхайн хавдрыг эмчлэх тал дээр тус төв эмчилгээ үйлчилгээг маш сайн үзүүлж байгаа. Манай эмнэлгийн хувьд тэр эмнэлгийн дараагаар хоёрт ордог. Манайд элэгний, нойр булчирхай гээд бүх төрлийн хавдрын хагалгааг хийдэг. Дээрээс нь ходоодны дурантай холбоотой, элэг, нойр булчирхайн, элэгний судас боох, түлэх гээд ангиографийн ажиллагаа бүгдээрээ хийгддэг. Зөвхөн элэг, нойр булчирхайн цөсний мэс засал гэхэд жилдээ 200 ордог.

-Хагалгаанд орсон иргэн эргээд дахиж хагалгаанд орох уу, цааш үргэлжлүүлэх эмчилгээ байгаа юү?

Н.Тайван: -Хими эмчилгээ бий, үүнийг улсаас дааж байгаа.

-Нойр булчирхайн хавдрын эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрнэ гэсэн баталгаа бий юу?

Н.Тайван: -Байхгүй. Таван жил амьдрах магадлал 100 хүн тутмын 10 хэдэд л бий. 90 хүн нь нас барна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр нойр булчирхайн хавдар нь нас баралтаар тэргүүлдэг өвчин юм. Таван жилийн дараа 10-12 хувь нь амьд байна. Хагалгаанд орохгүй бол бүр хагас жил амьдарч, зарим хүн бүр сар хүрэхгүй хугацаанд нас бардаг. Хүндэрвэл тэр дороо нас барна. Их хэцүү өвчин шүү. Ихэвчлэн маш их ядарч сульдсан туниа муутай хүмүүс хагалгаанд ордог тул давтан хагалгааны ая даадаггүй. Нойр булчирхай өөрөө шүүрэл ялгаруулдаг тул бүх эд эрхтнээ түлдэг бөгөөд тэдгээрийг эргээд засах боломжгүй болгочихдог юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөлийн хуруугаа хөдөлгөж, ходоодоо сайжруулаарай

Хөлийн хурууг байнга хөдөлгөх нь ходоодыг сайжруулдаг гэнэ. Өдөр болгон зав чөлөө гаргаж хөлийн хуруугаараа юм хавчих дасгал хийх нь ходоодны чадавхыг сайжруулах аж.

Учир нь хөлийн уланд байх олон цэг нь дотор эрхтэн, тархи мэдрэлтэй нягт холбогдож, биеийн бүх газарт хүрдэг. Тухайлбал, хөлийн эрхий хуруу нь элэг дэлүүний судасны нэвтрэх зам болдог тул эрхий хурууг сайн хөдөлгөвөл элэг дэлүүний үйл ажиллагааг сайжруулан, хоолны дуршлыг нэмэгдүүлж, элэг дэлүүний хаванг анагаах увдистай.

Хөлийн ядам хуруу нь цөстэй холбоотой учраас сайн илж хөдөлгөвөөс өтгөн хатах, шилбэ өвдөхөд тустай гэнэ. Хөлийн чигчий хуруу нь давсагтай холбоотой тул иллэг массаж нь эмэгтэйчүүдийн савны хий ба сав хазайсныг анагаадаг байна.

Мөн хөлийн улыг тогтмол илснээр хөлөнд байрлах цэгүүдээр дамжуулан үе мөч, хөл нуруу, хэвлий өвдөх, нойр алдах, бэлгийн чадавх муудах, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, толгой өвдөх, бөөрний үйл ажиллагааг сайжруулна.

Энэ нь зөвхөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхээс гадна ядаргааг тайлдаг байна. Тиймээс Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад хөлийн улны бариа ихэд дэлгэрчээ. Түүнчлэн хөл нүцгэн явах нь биед тустайг эмч нар онцолж байна.

Зөвхөн байгальд гэлтгүй гэртээ ч хөл нүцгэн хэсэг хугацаанд алхах нь чухал аж.

Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхтуул: “Сardital” эмийг холбогдох журмын дагуу манай улсад бүртгүүлэх эрх нь нээлттэй

Манай сонинд “Сardital” эмийн талаар нийтлэл гарсан билээ. Энэхүү нийтлэлийн дагуу уншигчдаас “Сardital” эм олдохгүй байна, Монголд байдаг уу гэсэн асуултууд маш их ирж байгаа тул дараахь тодруулгыг бэлтгэлээ. Ингээд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Мөнхтуултай ярилцсанаа хүргэж байна.


-Германы эрдэмтдийн бүтээсэн даралт ихсэх эмгэгийг түр зуур бууруулдаг бус, энэхүү өвчний эх үүсвэрийг шууд илрүүлэн анагаадаг “Сardital” эм маш сайн гэж монголчууд сүүлийн үед ихэд сураглах боллоо. Энэ эмийг манай улсад оруулж ирэх боломжтой юу?

-Кардиталь эм нь манай улсад бүртгэлгүй, мөн дээр дурдсан эмчилгээ оношилгооны удирдамжид ороогүй байна. Уг эмийн талаарх мэдээллийг интернэтээс харахад нохойн хошуу, гинко билоба зэрэг ургамлын найрлагатай, зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх ургамлын гаралтай эм байна. Судлагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Эм бүртгүүлэх эрх бүхий байгууллагууд тухайн эмийг холбогдох журмын дагуу манай улсад бүртгүүлэх эрх нь нээлттэй.

Гэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/295 дугаар тушаалаар батлагдсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ын дагуу Эм ханган нийлүүлэх байгууллага, үндэсний эмийн үйлдвэр, гадаадын үйлдвэрлэгчийг Монгол Улсад төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийн газар эм бүртгүүлэх эрхтэй. Үндэсний эмийн үйлдвэрийн тухайд өөрийн үйлдвэрлэсэн эмийг бүртгүүлдэг. Бүртгэлийн гол зорилго нь хэрэглэгчид аюулгүй, үр дүнтэй, өндөр чанартай эмийг авах боломжийг бүрдүүлэх явдал юм.

Бүртгэлийн үйл ажиллагаа нь эмчилгээ, оношилгооны стандарттай уялдсан, хэрэгцээ шаардлагыг хангасан, нотолгоонд суурилсан байх зарчмыг баримталдаг. Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/286, А/442, 2020 оны А/380 дугаар тушаалуудаар “Насанд хүрэгчдийн артерийн гипертензийн эмнэл зүйн заавар”, “Липидын хямралын эфферент эмчилгээний заавар”, “Зүрхний дутагдлын оношилгоо эмчилгээний заавар”-ыг тус тус баталсан байдаг.

Одоогоор манай улсад энэ эм байхгүй ч гэсэн тухайн эмийг оруулж ирэхдээ ямар нэг шаардлага хангах ёстой юу. Эм оруулж ирэх үйл явц хэр удаан үргэлжлэх вэ?

-Эмийг хэрэглэхдээ эмчийн зааврын дагуу зохистой хэрэглэх ёстой. Уг эмийг хэрэглэх шийдвэрийг тухайн өвчний явц, хувь хүний онцлог байдал зэрэг олон хүчин зүйлийг үнэлсний үндсэн дээр эмч зөвлөдөг. Эмчилгээ оношилгоонд нэн шаардлагатай, манай улсад бүртгэлгүй эмийг бүртгүүлэх үйл ажиллагааг нь бодлогоор дэмжиж жил бүр бодлогоор бүртгэх эмийн жагсаалтыг гаргадаг. Тэрхүү жагсаалтыг гаргахад төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, холбогдох мэргэжлийн зөвлөлийн санал дүгнэлтэд үндэслэн Хүний эмийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэгдэг.

Манай улсад бүртгэлтэй эмүүдийг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407 дугаар тушаалын хүрээнд импортлох болгонд импортын лиценз олгодог. Импортын лиценз олгох үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч коронавируст (КОВИД-19) халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнууд хөл хорио тогтоосны улмаас тээвэрлэлтээс хамааралтай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид хүндрэл үүсч байна.

-Импортлохыг зөвшөөрсөн жагсаалтад энэ эм ороогүй тохиолдолд хувь хүмүүс гадагшаа эмийн компани руу нь хандаад өөрсдөө оруулж ирэх боломжтой юу. Ийм тохиолдолд ямар нэгэн хориг байх уу?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан зорчигчийн хувийн хэрэглээний эмээс бусад тохиолдолд иргэд гадаадаас шууд эм авчирч болохгүй. Эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага, Монгол Улсад бүртгэгдсэн эмийг импортын лиценз авсны үндсэн дээр импортолдог. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5-д “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн тавдугаар зүйлд заасан эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно” гэж заасан байдаг. Гэхдээ эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хүрээнд аль болох бүртгүүлж хэрэглэх бодлогыг барьдаг.

-Эмийн импортын жагсаалтыг хэр хурдан шинэчилдэг вэ. Энэхүү жагсаалтыг шинэчлэх гэж манайд хэр уддаг юм бол?

-Эмийн импортын жагсаалт гэж байдаггүй. Тухайн эм Монгол Улсын эмийн бүртгэлд таван жилийн хугацаатайгаар бүртгэгддэг, таван жилийн дараа холбогдох бүртгэлийн сунгалтын материал, чанар, аюулгүй байдлын мэдээлэл, лабораторийн шинжилгээний дүгнэлтэд үндэслэн таван жилээр сунгаад явдаг. Бүртгэлтэй эмийг импортлох бүртээ импортын лиценз олгодог.

-Тэгвэл энэ олон тендер, гэрээ зэргийг хүлээх нь одоогийн нөхцөлд иргэдэд төвөгтэй, цаг алдсан явдал. Тиймээс иргэд захиалгаа өгөөд өөрсдөө гадаадаас шууд авчихвал нэгд түргэн шуурхай, нэгдсэн байдлаар захиалга өгөхөд үнэ нь арай хямдрах байлгүй дээ. Энэ тал дээр ямар зохицуулалт байдаг вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгүүд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендерээр авдаг. Мөн зарим нэрийн эмийн улсын хэмжээний хэрэгцээг нэгтгэн ерөнхий гэрээгээр авдаг. Зах зээлд бүртгэлтэй эмийг эмийн сангаас иргэдэд олгодог. Жороор олгох эмийг зөвхөн эмчийн бичсэн жорыг үндэслэн эмийн сангаас олгоно. Жоргүй эмийн тухайд шууд эмийн сангаас авч болно гэж хариулахаас өөр боломж алга.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Батчулуун: Манай улсад бөөр, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 550 гаруй хүн хүлээх жагсаалтад байна

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч П.Батчулуунтай эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаатай холбоотой сүүлийн үеийн мэдээллийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үед дэлхийн анагаах ухаанд нэг том нээлт гарсан гэх мэдээ тархлаа. Юу гэхээр, хүний ген ашиглан гахайн биед ургуулсан бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийсэн тухай мэдээлэл байна. Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Лангон эрүүл мэндийн төвд ийм төрлийн мэс засал амжилттай болжээ. Та энэ талаар юу хэлэхсэн бол?

-Миний одоо хийж буй ажил үүнтэй их холбоотой учраас энэ төрлийн мэдээллийг байнга сонирхож уншдаг. Уншигчдад илүү ойлгомжтой болгох үүднээс бага зэрэг түүх сөхөж ярья. Анх 1954 онд АНУ-ын Бостон хотод Харвардын их сургуулийн эмнэлэгт мэс засалч Жозеф Мюррей ихэр ах дүү хоёрын ахынх нь бөөрийг дүүд нь шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Үүний дараа ийм төрлийн эмчилгээнд хамрагдах гэсэн хүний тоо эрс нэмэгдсэн юм. Тэр үеэс амьд донороос гадна амьгүй хүний эрхтнийг шилжүүлэн суулгах талаар маш их туршилт, судалгаанууд хийгдэж эхэлсэн билээ. Ингээд 1962 онд Бостоны эмнэлэгт амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг мөн л Жозеф Мюррей амжилттай хийсэн юм. Дэлхийн анагаах ухаанд цоо шинэ эрин үеийг нээсэн хэмээн түүнд 1990 онд Нобелийн шагнал олгосон байдаг. Гэсэн хэдий ч маш олон хүн бөөр болон бусад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох гэж хүлээсээр нас барсаар байна. Харвардын Их сургуулийн эрдэмтэд 1967 онд тархины үхэл бол жинхэнэ үхэл мөн гэдгийг тодорхойлж тархины үхлийг хэрхэн оношлох шалгуур үзүүлэлтийг гаргасан юм. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрч улс орнууд мөрдөж эхэлсэн билээ.

Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг буюу The Transplantation Society (TTS) байгууллагын гишүүн болох International Xeno transplanta­tion Association нийгэмлэгийг 1998 онд байгуулсан. Энэ нийгэмлэг нь амьтны эс,эд, эрхтэнийг хүний эрүүл мэнд, амь насыг нь аврах зорилготой ашиглах талаар олон орны эрдэмтэн мэргэд хамтран ажиллаж судалгаа, шинжилгээ, туршилтуудыг хийдэг юм. Мэдээж, энэ нь хүний эрх, ёс зүй, шашин шүтлэг зэрэг маш нарийн асуудлуудын хэм хэмжээнд тохируулан зохицуулж ажилладаг. Харин одоо таны асуултад хариулъя. Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Лангоны эрүүл мэндийн төвд хийсэн мэс засал нь бас л туршилтын ажил юм байна лээ. Гахайны бөөрийг хүнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийх туршилтын ажлын хүрээнд энэ мэс заслыг хийсэн. Хүний биед гадны ямар нэгэн бие эс, эд, эрхтэн оруулахад тэрхүү гадны бие дасан зохицож чадалгүй ховхрох буюу ондоошилт (Rejec­tion) болдог. Энэ байдлаас сэргийлэхийн тулд гахайны ген (удамшлын мэдээлэл)-д генийн инженерийн аргаар өөрчлөлт, засвар хийж хүний удамшлын мэдээлэлтэй төстэй болгож ховхролт буюу ондооших үйл явцыг багасгах, ховхролтыг өдөөгч эсийг сулруулж бэлэн болгосон гахайны бөөрийг суулгасан юм байна лээ. Ингэж суулгахдаа тархины үхэлд хүрсэн хүний ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авч шилжүүлэн суулгалт хийжээ. Нийт 54 цаг бөөрийг ажиллуулахад шээсний гаралт хэвийн байсан байна. Мөн ховхролтын шинж тэмдэг илрээгүй ажээ. Энэ нь уг туршилтын бас нэг сайн үр дүн. Ийм туршилтууд цаашид ч үргэлжлэх нь дамжиггүй. Ойрын хэдэн жилийн дотор ийм төрлийн эмчилгээ сайн үр дүнд хүрч, маш олон хүний амь нас, эрүүл мэндийг аварна гэдэгт эргэлзэх зүйлгүй.

No description available.

-Хүний бөөрийг ургуулж биед суулгахад ямар нэгэн гаж нөлөө илрээгүй гэнэ. Тэгэхээр ямар ч эд эрхтнийг шилжүүлэн суулгахад хүний биед аюулгүй болж байна гэсэн үг үү. Эрхтэн ургуулж суулгахад үүдэл эсийг ашигладаг уу?

-Үүдэл эсийг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглах зорилгоор маш их судалгаа туршилтууд хийгдсээр байгаа. 2018 онд Испани улсад болсон Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн хуралд оролцох завшаан надад олдсон билээ. Тэр үед үүдэл эснээс ургуулж хийсэн зүрхний талаар танилцуулж байлаа. Дараагийн 10 жилд ингэж ургуулсан зүрхийг шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах сайхан ирээдүй байна гэж онцолсон юм. Бөөр, элгийг ч ийм аргаар хийх туршилтууд эхэлсэн талаар хөндөж байв.

Гэхдээ бөөр, элэг нь маш түвэгтэй нарийн бүтэц зохион байгуулалттай тул зүрх шиг тийм амар биш ээ. Цаг хугацаа илүү орно гэдэг талаар ч бас ярьж байлаа. Харин 2021 онд АНУ, Израиль, Япон улсад үүдэл эсийг (Stem cell) ашиглан 3D программтай хослуулан зүрх ургуулах туршилтуудыг амжилттай хийсэн тухай мэдээ өргөн тархсан. Зүрх нь цохилж байгааг ч үзүүлсэн. Тэгэхээр эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ирээдүй гэрэл гэгээтэй гэж ойлгож болно. Энэ бол ердөө л цаг хугацааны асуудал. Үүдэл эсийг анх нээж тогтоож хүний эрүүл мэнд, амь насыг аврах үйл ажиллагаанд ашиглаж болно гэдэг ухагдахууныг баталж гаргаж ирсэн хүмүүс ч зохих үнэлэмжээ авсан. Жишээлбэл, Харвардын их сургуулийн профессор Доннал Томас 1990 онд Нобелийн шагнал хүртэж байв. Тэрээр ясны чөмөгнөөс үүдэл эс ялган авч цусны хавдар эмчлэх аргыг нэвтрүүлсэн юм. Гэхдээ эмчилгээгээ бүр 1956 онд эхэлсэн байдаг. Харин Японы Киодогийн их сургуулийн Шинья Яманака болон Английн Кэмбрижийн их сургуулийн Жон Гурдон нар 2012 онд үүдэл эсийг дифференцацид оруулан шинэ үүрэг даалгавар өгч өвчтэй эс, эдийг эмчилж болох юм гэдгийг баталсан тул мөн Нобелийн шагналыг хүртэж байлаа.

-Манай улсад ийм төрлийн шилжүүлэн суулгалт хийдэг газар бий юү. Энэ тал дээр Монголд бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар хэр олон байдаг бол?

-Сүүлийн жилүүдэд Япон болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад манай залуу үеийн төлөөлөл хэдэн арваараа эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, тэрхүү ажлынхаа үр дүнгээр докторын зэрэг цол хамгаалж байна. Тэдний дунд эс, эд, эрхтний чиглэлээр доктор хамгаалсан залуучууд үүдэл эсийг эмнэл зүйн практик үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Түүгээр ч зогсохгүй АШУҮИС-д Үүдэл эс, удам судлалын чиглэлээр шинээр судалгааны төв байгуулж, залуу эмч, эрдэмтэд энэ чиглэлээр илүү их судалгаа шинжилгээ хийх болж байгааг сонсоод их баярлаж байгаа. Бүх нөхцөл бололцоог сургуулийн захиргаа бүрдүүлж өгөх нь ойлгомжтой.

Түүнээс гадна манай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас үүдэл эсийг эс, эд нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах удирдамж, журмыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон мэргэжлийн хүмүүстэй хамтран бэлдэж, Эрүүл мэндийн яаманд өргөн барьсан юм. Энэ ажлыг бид эмчилгээ, судалгааны чиглэлээр хийхээр Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүдтэй тохироод эхлүүлж, урагшлуулж байгаа. Тухайлбал, үүдэл эсийг эдгэрэхгүй байгаа болон эмчлэхэд төвөгтэй шарх, шархлаа, үений архаг эмгэг, шөрмөс холбоос эдийн гэмтэл, чихрийн шижин зэрэг эмгэг өвчнийг эмчлэхэд бидний судалгаа чиглэгдэж байгаа юм.

-АНУ-д өнөөдөр 90 мянга гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр ээлжээ хүлээж байгаа гэнэ. Тэгвэл манай улсад ийм өвчлөлтэй хүн цөөнгүй шүү дээ. Энэ талаар тодорхой судалгаа манайд бий юү?

-Манай улсад ч тийм иргэд цөөнгүй. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бөөр, элэг, зүрхний эмгэгтэй хүн бүр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд заавал хамрагдах ёстой гэж ойлгож болохгүй. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийх нарийн заалт, шалгуурууд бий. Тэдгээрийг тухайн мэргэжлийн эмч нар үзэж шалгаад тогтоодог. Одоогоор манайд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг багууд энэ төрлийн эмчилгээнд орох хүмүүсийг үзэж Хүлээх жагсаалт (Wait­ing List)-д бүртгэж, тийм хүмүүсийн мэдээллийг манай албанд өгч улс даяар нэгдсэн хүлээх жагсаалт үүсгээд байна. Бөөр, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 550 гаруй хүн энэ жагсаалтад байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай. Гол нь амьгүй донорын хүртээмж, олдоц тааруу байна. Манай алба байгуулагдсанаасаа хойш донорын үйл хэргийг таниулах олон ажил зохион байгуулж ирсэн. Телевиз, сонин хэвлэлд ч ярилцлага өгсөн. Оюутан залуучуудад лекц уншсаар байгаа. Донорын талаар шторк хийж телевизүүдээр гаргасаар байна. Манай алба байгуулагдсанаасаа хойш 2900 гаруй удаа донор илрүүлэх үйл ажиллагаа хийж, 170 боломжит донорыг илрүүлсэн. Мөн 50 гаруй гэр бүлтэй уулзаж, донор болгох санал тавьсан бөгөөд тэдгээрээс 24 гэр бүл зөвшөөрсний дагуу 27 хүнд бөөр, 19 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийжээ. Энэ тал дээр манай улсын донорын эмнэлгүүд болох УГТЭ, ГССҮТ маш сайн ажиллаж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдсээр байгаа. Тухайлбал, УНТЭ-д бөөр, элэг, харин ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна.

-Коронавирусийн халдвар авсан өвчтөнд үүдэл эсийн эмчилгээ хийж байгаа сураг байсан?

-Коронавирусийн халдвар дэлхий даяр асуудал үүсгэж байна. Энэ нь ч цаашид тодорхой бус хугацаагаар үргэлжлэх төлөвтэй. Сүүлийн жил хагасын хугацаанд л гэхэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ болон донорын үйл ажиллагаа манай улсын хувьд маш цөөрсөн. Учир нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орсон хүмүүс маань дархлаа дарангуйлах эм уудаг тул халдварт маш их өртдөг. 2021 онд гэхэд л эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орсон эмчлүүлэгчдээс маань халдвар авч бие нь хүндэрсэн тохиолдол цөөнгүй. Нас барсан тохиолдол ч гарсан. Мөн эмч нар маань ч бас халдвар авсаар байна.

Бид 6-10 сарын хооронд үйл ажиллагаагаа зогсооход хүрч байв. Гэхдээ эмчилгээ хийж эхлэхгүй удвал олон хүн амь насаа алдах эрсдэл нэмэгдсээр байна. Энэ жил гэхэд бид найман амьгүй донороос есөн хүнд бөөр, долоон хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, 16 хүний амийг аварлаа. Түүнчлэн золгүй байдлаар тархиндаа гэмтэл авсан, эсвэл цус харваж амь нас эрсэдсэн доноруудын гэр бүлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд донорын тухай ойлголт авч, цаашид улс орныхоо иргэдийн амь насыг аврах үйлсэд сайхан сэтгэл, сайн санааны үүднээс донор болохоор зөвшөөрч, олон хүний амь насыг аварч байгаа юм. Бүх донорууддаа, тэдний гэр бүл, ойр дотны хүмүүст эмчлүүлэгч болон эмч нарынхаа нэрийн өмнөөс мэхийн ёсолъё. Үүдэл эсийг ашиглан олон төрлийн өвчин эмгэгийг эмчлэх сайхан цаг айсуй гэдэгт ер эргэлзэхгүй байна. Баярлалаа.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
энтертаймент-ертөнц

​Анагаахын сонирхолтой баримтууд

Дэлхийд хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн зүрхний зогсолтыг даван гарсан хүн бол Норвегийн иргэн Ян Ревсдал юм. Арванхоёрдугаар сард загасчилж явахдаа завиныхаа тавцангаас унажээ. Түүний биеийн халуун дөнгөж 24 хэмд хүрэхэд зүрх нь дийлэхээ больж бүтэн дөрвөн цаг зогссон байна. Гэсэн хэдий ч цусны эргэлтийн аппарат залгаснаар засал авчээ.

****************

2015 оны сүүлээр Техас муж улсын оршин суугч Жорж Пикеринг эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ. Эмч нар түүнд тархины үхжил хэмээх онош тавин, аппаратыг салгах шийдвэр гаргаснаа дуулгаж. Хүүгийн эцэг үүнийг эсэргүүцэн буу тулгаж, эмч нарыг сүрдүүлжээ. Цагдаа нар гурван цаг хэлэлцэж байж, буулгаж авсан байдаг. Энэ үед хүү ухаан орсон юм байна. Уг хэргийн дараа шүүхээс хүүгийн эцэгт нэг жил хорих ял оноожээ. Харин хүү эмчилгээнд хамрагдаж эрүүл саруул болсон байна.

****************

Хүний биеийн хамгийн өндөр халууныг 1980 онд хэмжжээ. Вашингтон муж улсын Атланта хотын оршин суугч Уилли Жонсыг эмнэлэгт хүргэгдэн ирэхэд нь биеийнх нь халуун 46.5 хэмд хүрсэн гэнэ. Тэрбээр 24 хоноод эмнэлгээс гарч байжээ.

****************

1977 оны Формула-1 уралдааны үеэр Их Британийн тамирчин Дэвид Перли гэмтэж, 29 яс нь хугарч, гурван мөч нь мултарсан байдаг. Эмнэлэгт байх хугацаанд нь нийт зургаан удаа зүрх нь зогсож байж. Бие нь хэвийн байдалд орсны дараа тэрээр дахин уралдаж эхэлсэн байна. Гэвч 1985 онд онгоцны ослоор нас баржээ.

****************

2000 онд Мексикийн тариачин Инес Рамирес гэгч эмэгтэй анагаахын боловсролгүй авч өөртөө кесарево хагалгаа хийж хүүгээ төрүүлжээ. Дуншилт эхлэх үед нөхөр нь согтуу байсан гэнэ. Хамгийн ойрхон эх баригчид үзүүлэхэд наад зах нь 80 км зам туулах байж. Харин тосгонд нь ердөө ганц утас байсан нь гэрээс нь хол учраас 12 цаг дуншиж өвдсөн эмэгтэй зориг гарган мэдээ алдуулах зорилгоор архи ууж, гал тогооны хутга ашиглан хэвлийдээ зүслэг хийж, хүүхдээ төрүүлжээ.

****************

Хамгийн урт удаан гэж бүртгэгдсэн мэс ажилбар 96 цаг үргэлжилжээ. Өндгөвчний уйланхай гэж оношлогдсон эмэгтэй хагалгаанд орохдоо 280 кг жинтэй байсан бол хагалгааны дараа 140 кг болжээ.

Categories
мэдээ нийгэм

Кардиталь эм артерийн даралт ихсэлтийг бүрэн эмчилнэ

Өнгөрсөн зургадугаар сард Израилийн нэрт эрдэмтэн, Ассута зүрх судасны төвийн дарга Амир Кремер Беларусийн телевизэд өгсөн ярилцлагадаа кардиталь эмийн тухай хөндсөн байдаг. Тэрбээр “Эмч нарын даралт бууруулахад санал болгож буй андипал, валосердин, атенолол, энап, арифон болон бусад ижил төстэй эм нь зөвхөн даралт бууруулахаас өвчний шалтгааныг арилгахгүй” гэж онцолжээ. Тэрээр цааш нь “Дээрх эмүүдийг уухад даралт буурдаг ч эмийн үйлчилгээ дуусахад даралт дахин нэмэгддэг. Цусны даралт бууруулах эмийг бид зөвхөн ховор тохиолдолд л хэрэглэдэг. Өдөр бүр хэрэглэдэггүй. Зөвхөн эмчийн жороор л олгодог. Учир нь тэдгээр нь даралт бууруулах боловч цусны судсыг гэмтээж, зүрхний шигдээс, тархины цус харвалтад хүргэдэг” гэжээ.

Амирын ярьснаар даралт ихсэх шалтгааныг арилгах нь уг өвчнийг бүрэн, хурдан, аюулгүй эмчлэх түлхүүр болох юм гээд артерийн гипертензи гэдэг нь судасны бохирдол гэж ойлгож болох ажээ. Насжилттай холбоотой артерийн гипертензи нь бүх тохиолдлын 96 хувийг эзэлдэг аж. Орчин үед Израилийн анагаах ухаан яг ийм төрлийн гипертензийг амжилттай эмчилсээр байгаа аж. Амирийн санал болгож буй кардиталь эм нь альфа-токоферол агуулдгаараа онцлог юм байна. Германы эрдэмтдийн боловсруулан гаргасан ургамлын гаралтай уг бэлдмэлийн давуу тал нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулахаас гадна амин дэм, амин хүчил, эрдэс бодис зэрэг макро болон микро элементүүдээр баялаг аж.

Энд тэмдэглэхэд, Артерийн судаснууд нь цусыг зүрхнээс эд эрхтэн рүү зөөвөрлөх үүрэгтэй. Судасны хананы дотор үүсч буй цусны даралтыг артерийн даралт гэдэг. Үүнийг систолын ба диастолын даралтаар тодорхойлдог. Систолын даралт гэдэг нь зүрх агших үед, диастолынх зүрх суларч амрах үед судсанд үүсч буй даралт юм. Хэвийн даралт 120/80 буюу түүнээс бага байдаг. Харин энэхүү үзүүлэлт 130/80 буюу түүнээс их байвал ихэссэн гэж үзнэ. Артерийн даралт хэт өндөр байх нь зүрх болон судсанд ачаалал өгөх юм. Улмаар зүрх, тархи, бөөр, нүд, захын судас зэрэг бай эрхтэний гэмтэлд хүргэдэг аж. Систолын даралт 20 ммМУБ-аар, диастолын даралт 10 ммМУБ-аар нэмэгдэхэд зүрхний өвчин, тархинд харвалт өвчнөөр нас барах эрсдэл хоёр дахин ихэсдэг байна. Хэрэв артерийн даралт ихсэлтээ эмчлэхгүй, хянахгүй байвал эцэстээ зүрхний шигдээс, тархины харвалт, зүрх болон бөөрний дутагдал болох эрсдэлд өртөх юм.

КАРДИТАЛЬ ЭМ

Ургамлын түүхий эдээс гаргаж авсан өндөр чанарын бүтээгдэхүүн. Артерийн даралт ихсэлтээс сэргийлж, цусны судасны үйл ажиллагааг хэвийн болгож, бусад төрлийн өвчнүүдийн үед бие махбодыг сэргээх зорилготой. Ягаан манжин, нохойн хошуу, чацаргана, нэрс, хусны холтос, манго, хушга, амарант, долоогоно, зөгийн бал, цэцгийн тоос, хясаа зэрэг олон ургамлаас бүрдсэн тус эмийг өдгөө олон оронд үйлдвэрлэж буйн нэг нь ОХУ-ын “Восток Фармация” ХХК аж. Шахмал хэлбэрээр, нэг хайрцгандаа 10 ширхэгээр савласан. Гол үйлдэл нь судасны бохирдлыг цэвэрлэх, судсыг тэлэх, чөлөөтэй амьсгалах, цусны артерийн даралтыг бууруулдаг бөгөөд нойргүйдэлд сайн. Мөн чих шуугих, цээж орчмоор өвдөхийг арилгана, бие сульдах, ядрах, огиудас хүрэх, хөлрөх, толгой

эргэх зэрэг шинж тэмдгийг арилгаж, бие махбодыг хүчилтөрөгчөөр хангаж, цусны зуурамтгай чанарт нөлөөлдөг байна. Судасны лугшилт болон цусан дахь холестерины түвшинг хэвийн болгож, тархины цусны эргэлтийг сайжруулах үйлдэлтэй.

Толгой эргэх, толгой өвдөх, судасны хатуурал болон зүрх судасны бусад эмгэгээс сэргийлэхээс гадна хоёрдогч, анхдагч гипертензи өвчний үед, цусны бүлэн, судасны үйл ажиллагааны гэмтэл, цусны эмгэг, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, цусан дахь холестерины хэмжээ ихэссэн, нүдний өмнө юм торох зэрэгт тустай.

Хэрэглэх арга: Хоол идсэнээс хойш 20 минутын дараа уух, эсвэл хэлэн доороо тавьж бүрэн шимэгдтэл байлгана. Нэг курс нь дөрвөн долоо хоног. Урьдчилан сэргийлэх зорилгоор бол хоногийн тунг нэг шахмал гэж үзэн хоолны дараа хэрэглэх агаад 21 хоног нь нэг курс болно.

Жилд дөрвөн удаа курс эмчилгээнд хамрагдсанаар артерийн даралт буурах эрсдэлийг бүрэн арилгана. Наснаас үл хамааран, архаг хууч өвчтэй хүн ч хэрэглэх боломжтой. 100 хувь ургамлын гаралтай гэдгээрээ онцлог. Эмийн гаж нөлөө болон тунг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэх эрсдэл одоогоор бүртгэгдээгүй. Жоргүй олгодог агаад цахимаар захиалж авах боломжтой аж.

Categories
гадаад мэдээ

​Хүн халуун, хүйтнийг хэрхэн мэдэрдгийг тогтоосон эрдэмтэд Нобелийн анагаах ухаан ба физиологийн шагнал хүртжээ

Энэ жилийн Нобелийн шагналтнууд салбар салбаруудаар эхнээсээ тодорч байна. Шведийн нийслэл Стокгольм дахь Нобелийн хороо анагаах ухаан ба физиологийн салбарын шагналыг хүн халуун хүйтнийг, аль эсвэл биед нь хүрэхийг хэрхэн мэдэрдгийг нарийвчлан тогтоосон АНУ-ын эрдэмтэн Дэвид Жулиус, Ардем Патапутян нарт олгохоор болсныг онлайн горимоор зарлажээ. Энэхүү нээлт анагаах ухаан төдийгүй хамгийн сүүлийн үеийн виртуал ертөнцийн технологи, робот бүтээх аж үйлдвэрт хүртэл цоо шинэ боломж олгон хүн төрөлхтний хөгжилд маш чухал дэвшил авчрах аж. Нобелийн анагаах ухааны ассамблейн профессор Жулин Зират хэлэхдээ “Энэ жилийн хоёр шагналтан маань халуун хүйтэн хэм, механик хүч хүмүүс бидний мэдрэлийн импульсэд хэрхэн нөлөөлж, орчин тойрноо хэрхэн хүлээн авч дасан зохицдог үйл явцыг ойлгуулж тайлбарлалаа. Энэ тал дээр цоо шинэ нээлт хийсэн эрдэмтдэд маш их талархаж байна” гэжээ.

Бид жишээ нь, өглөө өвсөн дээр гишгэхдээ тэр нь хүйтэн шүүдрээр бүрхэгдсэнийг яаж мэдэрдэг талаар тэр бүр боддоггүй. Соматосенсорик буюу хүйтнийг халуунаас, хатууг зөөлнөөс бид нүдээ аньсан ч мэдэрдэг шүү дээ. Харин чухам яагаад гэдгийг нь хэдэн мянганы турш тайлбарлаж чадалгүй өнөөг хүрчээ. Францын философич Рене Декарт бүр XVII зуунд арьсанд цог хүрэхэд хүн түлэгдэлт мэдэрдэг нь энэ тухай ямар нэгэн аргаар тархинд мэдээ очсоноос үүдэлтэй байж болзошгүй гэж таамаглаж байв. XIX зууны сүүлээр дэлхийн тэргүүлэх эрдэмтэд хүний арьсан дээр ямар нэг гадны нөлөөг мэдэрдэг цэгүүд байдгийг нээсэн ч чухам яаж гэдэг нь оньсого хэвээр байжээ.

Тэгвэл АНУ-ын Калифорнийн их сургуулийн Дэвид Жулиус, мөн муж дахь Ховард Хьюзийн анагаах ухааны дээд сургуулийн Ардем Патапутян нар үүнийг шинжлэх ухааны үүднээс нотлон тайлбарлаж чадсан байна. Дэвид Жулиус олон мянган хувилбарыг ягштал шинжилсний эцэст хүний ДНХ дэх TRPV1 гэх уураг халуун мэдрэхэд нөлөөлдгийг илрүүлсэн бол Ардем Патапутян хүний биед ямар нэг зүйл хүрэхийг мэдэрдэг протеиныг нээж, Piezo нэр өгчээ. Түүнчлэн хоёр эрдэмтэн бараг нэг дор хүйтнийг мэдэрдэг хүний бие дэх эд эсийг лабораторийн аргаар тогтоожээ. Ийнхүү эдгээр хоёр эрдэмтэн хүний соматосенсорын гэх тогтолцоо халуун хүйтэн, биед хүрэх төдийгүй өвдөлт, тэр ч бүү хэл хүн биеийнхээ хөдөлгөөнийг хэрхэн мэдэрдгийг илрүүлжээ. Иймээс ч Нобелийн хороо мэдэгдэлдээ “Эдгээр эрдэмтэн байгалийн дахин нэг оньсогод хариулт өгч, молекул, эд эсийн түвшинд хүмүүс бид орчин тойрноо хэрхэн мэдэрч хүлээн авдгийг нээж өглөө” гэжээ. Салбар тус бүрт шагнал гардуулах албан ёсны арга хэмжээ уламжлал ёсоор Шведийн нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Алфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотноо болох юм байна.

Энд сонирхуулахад, Алфред Нобель анагаах ухааныг ихэд сонирхдог байсан агаад хүн төрөлхтөнд хамгийн ач тустай гурван шинжлэх ухааны нэг гэж үздэг байжээ. Анагаах ухаан ба физиологийн салбарт түүний нэрэмжит анхны шагналыг сахуугийн эсрэг ийлдсийг гаргаж авсан Германы нэрт эрдэмтэн Эмиль Адольф фон Беринг гардаж байсныг мөн дурдууштай. Ер нь анагаах ухаан ба физиологийн салбар дахь Нобелийн шагналыг хэнд гардуулахыг Шведийн Стокгольм дахь эзэн хааны нэрэмжит Каролингийн их сургуулийн ассамблей шийддэг байна. Түүнд анагаах ухааны дэлхийн шилдэг 50 эрдэмтэн профессор багтдаг бөгөөд тэднийг гурван жилд нэг удаа сонгодог журамтай ажээ.

Нобелийн шагналыг анагаах ухаан ба физиологийн салбарт хүн төрөлхтнийг олон халдварт өвчнөөс сэргийлсэн пенициллинийг нээсэн Александр Флеминг, компьютерийн томографи оношилгоог зохион бүтээсэн эрдэмтэд хүртэж байсныг мөн дурдууштай. Энэ шагналыг хамгийн их буюу 50 удаа генетикийн эрдэмтэд, үүний дотор Жеймс Вотсон, Фрэнсис Крик, Морис Вилкинс нар ДНХ-ийн бүтцийг нээснийхээ төлөө авч байжээ. Нобелийн шагналыг энэ салбарт эмэгтэй эрдэмтдээс хамгийн анх 1947 онд Герти Кори гардаж байсан. Тэр цагаас хойш 12 эмэгтэй энэхүү нэр хүнд бүхий шагналыг авчээ.

Хамгийн хачирхалтай нь, Австрийн алдарт нейрологич, психоанализыг үүсгэн байгуулагч Зигмунд Фрейд энэ шагналд хамгийн их буюу 32 удаа нэр дэвшсэн боловч нэг ч удаа аваагүй аж. 1929 онд Нобелийн хороо анагаах ухааны нэр хүнд бүхий шинжээчийг урьж авчран Зигмунд Фрейдийн судалгааны ажлуудад дүгнэлт өгөхийг хүсчээ. Тэрхүү шинжээч, “Зигмунд Фрейдийн судалгаануудын нэг нь ч шинжлэх ухаанч байдлаар нотлогдоогүй, анагаах ухаанд ямар нэг үнэтэй хувь нэмэр оруулаагүй тул цаашид авч үзэх шаардлагагүй” гэсэн дүгнэлт хийсэн нь саяхан ил болсон байна. Гэхдээ Нобелийн хороо тэрхүү шинжээчийн нэрийг өнөөг хүртэл олон нийтэд зарлаагүй билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөлдүү мөр гэж юу вэ?

40-өөс дээш насныханд элбэг тохиолддог энэхүү эмгэг нь мөрний үеийн зөөлөн эдийн урвуу өөрчлөлтөөс үүдэн өвдөх, уян чанар нь буурч, хөдөлгөөн хязгаарлагддаг байна. Ихэнх тохиолдолд ямар нэгэн тодорхой шалтгаангүй үүсдэг. Гэхдээ ижил хөдөлгөөн олон дахин хийснээр мөрний үе ачаалал авах, эсвэл эсрэгээрээ хөдөлгөөн дутагдсанаас үүсэх магадлалтай. Насны онцлогоос хамаарч Японд 40 настны мөр, 50 настны мөр гэж ангилж үздэг байна.

Мөрний үений хөдлөх хүрээ нь өргөн тул тогтвор муутай бүтэцтэй. Энэ дутагдлаа нөхөхийн тулд зөөлөн эд нь хөгжил сайтай байдаг. Мөн олон төрлийн булчин, шөрмөсөөр хамгаалагддаг байна. Тийм учраас зөөлөн эд нь гэмтэж үрэвсэх талтай. Үрэвсэл цааш бусад зөөлөн эд рүүгээ даамжирч, мөрний үе бүхэлдээ өвдөж, хөдөлгөөний хязгаарлалт үүсдэг гэж үздэг. Хөлдүү мөр нь зөвхөн нэг талын мөрөнд үүсэх тохиолдол цөөнгүй. Эмчилгээний гол онцлог нь эм, хөдөлгөөн засал, сэргээн заслаас гадна өвчтөн өөрөө хөдөлгөөн заслын эмчилгээ дасгалыг хэдэн сарын турш тууштай хийх шаардлагатай. Мөн даарч хөрөх, цусны эргэлт сайжруулах, өвдөлтийг хурдан намдаах, булчингийн хатахыг багасгах зорилгоор халуун жин төөнүүр, физик эмчилгээ, хэт авиан долгионы эмчилгээг хослуулах нь үр дүнтэй юм.

Хөлдүү мөр нь өдөр тутмын амьдралд ихээхэн саад бэрхшээл учруулахаас гадна илааршихдаа удаан. Мөн гам барих шаардлагатай. Тиймээс хэрэв мөр нь өвддөг бол цаг алдалгүй эмнэлгийн туслалцаа авахыг эмч нар зөвлөж байна.