Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Хорлоогийн Цэвлээ: Сэтгүүлчийн мэргэжил одоо цагт үнэгүйдсэн гэдэгтэй би санал нийлэхгүй DNN.mn

Хөдөлмөрийн баатрын цол тэмдгээ Ерөнхийлөгчөөсөө гардаж авсан ахмад сэтгүүлч Х.Цэвлээ гуайтай наадмын өмнөхөн хууч хөөрснөө хүргэж байна. Энд дурдахад, сэтгүүлч бүхний хайрлан хүндэтгэдэг буурай маань саяхан 90 насныхаа ойг тэмдэглэсэн билээ.


-Монгол түмэн тэр аяараа жил тойрон хүлээдэг их баяр наадмын босгон дээр хөдөлмөрийн баатрын тэмдгээр энгэрээ мялаасан ахмад сэтгүүлч танд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Улсынхаа эрхэм дээд шагналыг авсны дараах анхны сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа, буурал миний сэтгэл мэдээж ихэд хөдөлж байна. Монголын төр үй олон хүний дотроос өндөр настай нэгэн хүнийг олж харж өндөр цол хэргэмээр мялаасанд мөхөс миний бие баяртай байлгүй яах вэ. Сэтгүүлч болон нийгэм, улс төрийн зүтгэлтэн гэсэн хавсарсан ангиллаар гэх үү, энэ шагналыг надад өгөх шиг болно лээ. Монголын ард түмнийг хөтөлж явсаар өнөөг хүрсэн сэтгүүлчдийн гавьяа их шүү дээ. Тэр гавьяаных нь хамаг оргил шагналыг над дээр тохчих шиг боллоо. Иймд би Монголынхоо зургаан мянган сэтгүүлч нөхдөдөө талархал дэвшүүлье гэж бодож байна. Миний энгэр дээрх энэ шагнал та бүгдийнх шүү. Монголын ард түмний өмнө байгуулсан үе үеийн сэтгүүлчдийн гавьяа төрийн хэмжээнд ийн үнэлэгдлээ гэж л дүгнэх юм. Тэгэхээр, манай төр нүдтэй л юм байна гэж бодож сууна даа.

-Та анх яаж сэтгүүлч болсон түүхээсээ дурсахгүй юу?

-Сэтгүүлч болсон миний түүх хоёр үе шаттай гэх үү дээ. Анхных нь бол 1956 оны гуравдугаар сард аймгийн сонины хянагч редактороор батлагдаад, улмаар хариуцлагатай нарийн бичгийн дарга болж дэвшин таван жил ажилласан байгаа юм. Тэгж анх сэтгүүл зүйд хөл тавьжээ. Дараагийн шат гэвэл, үүнээс хавьгүй хойно, 1980 оны нэгдүгээр сард улсынхаа төв хэвлэл “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр томилогдсон явдал. Үүнээс хоёр жилийн дараагаар “Тоншуул” сонины ерөнхий эрхлэгчээр хавсран томилогдож байлаа. Ингээд бодохоор, өнөөг хүртэл 66 жилийн турш үзэг цаастай ноцолдсоор иржээ гэж.

-Та социализм, түүнийг түүчээлсэн ардчилсан хувьсгал, мөн өнөө цаг гээд түүхэн гурван үед сэтгүүлчээр ажиллажээ. Тэрхүү гурван үеийг хэрхэн дүгнэж үздэг вэ?

-Гурван үеийг адилтган үзнэ ээ. Аль нь ч ялгаагүй Монголын ард түмний шилж сонгон хүлээж авсан нийгмийн байгуулал учраас. Социализмын ч, ардчиллын анхны он жилүүдийн ч, одоогийн шинэ сэргэж байгаа гэх түүхэн гурван үе тэр утгаараа ижил шүү дээ. Тийм ч учраас би, “Ард түмэн минь, эх орон минь, төр минь” гэсэн гурван үндсэн зарчмыг баримтлан аль ч үед нь бичиж л явсан. Одоо ч бичсээр.

Тэгвэл Монголын сэтгүүл зүйн түүхийг та хэрхэн дүгнэх вэ?

-Монголын сэтгүүлчид ямар ч үед ардынх байсан. Юу гэхээр сэтгүүлч хүн олон нийтийг соён гэгээрүүлж, нийгмийн амьдралын аливаа асуудлыг сэтгүүл зүйн нүдээр харан ард түмэнд ойлгуулж, үнэнийг хэлж, хаашаа явах ёстой вэ гэдгийг заан чиглүүлж, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг дүгнэн харуулах тийм л үүргийг биелүүлсээр ирсэн. Жамсрангийн Цэвээн эрхлэгчтэй 1915 оны “Нийслэл хүрээний сонин бичиг”, 1920 оны арваннэгдүгээр сарын 20-нд Оросын Эрхүү хотноо анхны дугаараа гаргасан “Үнэн” сониноос эхлүүлээд 1950-иад оны сүүл хүртэл сэтгүүл зүй үндсэндээ жинхэнэ ардын сэтгүүлчдийн хүчээр явсан. Тэр хүртэл мэргэжлийн сэтгүүлчдийг бэлтгэдэггүй байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, унаган авьяас, төрөлх чанар, хүсэл тэмүүллээрээ л сэтгүүлчийн ажлыг хийдэг байж. Ингэхдээ зүйрлэн адилтгах, дүрслэн бичих гээд ардын аман зохиол, ерөнхийдөө уран зохиолын арга барилыг ихээхэн хэрэглэдэг байсан нь ажиглагддаг. Угаасаа мэргэжлийн гэх боловсон хүчин гарч ирэхээс өмнө сэтгүүл зүй одоогийн ярьдгаар бол сайн дурын уран сайханчдын хүчээр явж байсан гэлтэй. Энд гэж хэлэхэд, Монголын нууц товчоо бол манай үндэсний сэтгүүл зүйн бүхий л төрөл жанрыг багтаасан сонгодог толь бичиг юм шүү дээ. Энэхүү түүхэн бүтээлээс улбаалан бид өөрийн гэсэн өнгө аястай, өрнөдийнхөөс ялгаатай сэтгүүл зүйг бий болгосон болов уу. Угаасаа л сэтгүүлчид бид ардын аман зохиол, үлгэр туульс, ялангуяа зүйр цэцэн үгс, оньсого зэрэг ард түмнийхээ түгээмэл сэтгэлгээний онцлогийг найруулан бичиж хэрэглэсээр өнөөг хүрлээ.

-Таны хувьд сэтгүүл зүйн хамгийн адармаатай, хамгийн чухал салбар аль нь вэ. Зохиогч, бичигч нь олон түмний танил болох нь тэр бүр байдаггүй “далд” хэмээх сонин хэвлэлийг тэгж хэлэх нь бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлэлгүй яах вэ. Аман сэтгүүл зүй гэж нэг юм байна аа. Латин хэлтнүүдийн улс оронд нэлээд түгж байсан гэлтэй. Тэгвэл манай зүйр цэцэн үгс гэдэг үндсэндээ аман сэтгүүл зүй шүү дээ. Тэр нь уран зохиол гэхээсээ илүүтэй сэтгүүл зүйд хамаарах биз ээ. Монголд хориод мянган зүйр үг байдаг гэсэн. Энэ чинь аман сэтгүүл зүйн үндсэн эх сурвалж биш гэж үү. Дээр миний хэлсэн ардын гэх сэтгүүл зүйн үндэс болсоор ирсэн зүйр цэцэн үгс адилтгал, зүйрлэл хоёр дээр л тулгуурладаг. Аливааг тайлбарлахдаа байгааг байхгүй юмтай адилтгаж, ойлгогдохгүй зүйлсийг ойлгогдохтой нь зүйрлэн ярьж ард түмэндээ хүргэдэг байж. Түүнийгээ бие биедээ хүргэж, бүр үе дамжуулан уламжилсаар уран цэцэн зүйр үгийн хэлбэрээр хөгжүүлж иржээ. Үүгээрээ Монголын сэтгүүл зүй өвөрмөц түүхэн онцлогтой гэж боддог юм аа, би. Товчдоо бол, би таны хэлсэнчлэн “далд” гэх сонин хэвлэлийг сэтгүүл зүйн үндэс гэж үздэг ээ.

-Аливаа мэргэжил өөр өөрийн онцлогтой. Тэгвэл сэтгүүлчийн мэргэжлийн онцлог нь яг юу вэ. Ярвигтай энэхүү мэргэжилд гологдохгүй байх гол нөхцөл нь юу бол?

-Сэтгүүл зүйд нэг өвөрмөц онцлог бий. Мэдээ, мэдээлэл бүр заавал ч үгүй ямар нэг онцлогтой байж сонин хэвлэл юм уу, радио телевизээр цацагддаг байхгүй юу. Түүнээс биш өдөр тутмын амьдралын байдаг л нэг зүйлийг байнга нуршвал хэний ч сонирхлыг татахаа больдог. Тийм юмнаас хүн аяндаа уйдчихдаг. Иймээс л өнөөх шар хэвлэл, Фёрстын гэх сэтгүүл зүй гарч ирсэн биз ээ. Сэтгүүл зүйд юуны түрүүнд үнэн мэдээлэл түгээх нь чухал. Энэ бол ойлгомжтой. Тэрхүү мэдээллээ өвөрмөцөөр, онцлог байдлаар хүргэх шаардлагатай. Гэхдээ онцлогийг нь улам бүр тодруулах гэсээр байгаад шар сэтгүүл зүй рүү хэлбийчих аюултай. Нөгөөтэйгүүр байдаг л нэг үлбэгэр мэдээ, мэдээллийг олон түмэн уншихгүй, сонирхохгүй, хүлээн авахгүй. Хүн хүлээж авахгүй учраас тиймэрхүү зүйл сэтгүүл зүйн үүргийг биелүүлж чадахгүй л дээ. Иймд нийгмийн хамгийн чухал, тулгамдсан асуудлыг ер бусаар, бүр хүний санаанд оромгүйгээр гарган ирж тавьж чадна гэдэг л сэтгүүлч хүн мэргэжилдээ гологдолгүй явах гол нөхцөл байж болох. Тэр зүйр цэцэн үг, инээдмийн зохиол, хошин урлагийг хүмүүс яагаад илүүтэй сонирхоод байна вэ гэхээр анхаарлыг нь эрхгүй татдагт л байгаа юм. Хэн хүний оюуны анхааралд өртөн сонирхлыг нь татна гэдэг чинь л сэтгүүлчийн чадвар чансааг илэрхийлэх үндсэн шалгуурын нэг яалт ч үгүй мөн.

-Сэтгүүлчийн мэргэжил сүүлийн үед нэр хүндгүй болоод байна гэх. Энэ талаар таны бодол гэвэл?

-Сэтгүүлчийн мэргэжил одоо цагт үнэгүйдсэн гэдэгтэй би санал нийлэхгүй. Үнэтэй хэвээр байгаа. Сошиал ертөнц, гар утсаар урсах зүйл олон түмний мэдээллийн хэрэгцээг зарим талаараа хангаж буйг энд үгүйсгэх гэсэнгүй ээ. Гэхдээ тэр нь сэтгүүл зүйн бүтээгдэхүүн биш л дээ. Яахав хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин, телевиз, радиогоос түгээх материалын чанар чансаа дордож, хүнд үнэлэгдэх байдал нь зарим талаараа суларсан байж магадгүй. Гэхдээ үүний үндсэн шалтгаан нь гэвэл, мэдэх мэдэхгүй цөөн хэдэн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшин хувийн зорилгодоо явцуугаар ашиглаж үзэл бодлоо тулгах болсон явдал болов уу.

-Олон нийтийн сүлжээгээр өөрсдийнхөө үзэл бодлыг тулгах явдал газар авч байх шиг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Байх л асуудал. Өмнө нь хүмүүс амаараа л чалчдаг байсан бол технологийн дэвшлийг дагаад харин одоо олон нийтийн сүлжээгээр хэн дуртай нь юу дуртайгаа бурдаг болж. Үүнд эмзэглээд яах вэ дээ. Чухал мэдээлэл мөнхөд хадгалагдах ёстой гэсэн нэг бичигдээгүй хууль байдаг даа. Хүн чулуу гэдэг чинь өөрөө мэдээлэл агуулдаг байхгүй юу. Тэгвэл энэ олон нийтийн сүлжээгээр цацагддаг мэдээлэл зуу биш юм аа гэхэд арван жилийн дараа байх уу. Үнэ цэнээрээ хадгалагдан үлдэж чадахгүй шүү дээ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээгдэхүүн цаг үеэ дүрсэлснээрээ хадгалагдан үлддэг үнэт зүйл юм. Ер нь сэтгүүл зүйн гол онцлог гэвэл хадгалагдах шинж нь байх шүү.

-Саяхан Монголын сэтгүүлчдийн их хурал боллоо. Үр дүн нь танд ямар санагдав?

-Энэ талаар надад хэлэх юм алга. Яагаад гэвэл би өөрөө сууж чадаагүй. Сонсож дуулсан юм дулимаг. Яахав удирдлага нь солигдсон байна. Жинхэнэ сонгосон удирдлага нь байхгүй болчихсон байсан шүү дээ. Сүүлийн үед сэтгүүлчдийн байгууллага тогтвортой удирдагчгүй яваад байлаа. Одоогийн сонгогдсон Отгонбаатар бол жинхэнэ мэргэжлийн, гэхдээ телевизийн сэтгүүлч. Энэ хүн энэ байгууллагыг удирдах болсон нь бас муу биш болов уу. Мэргэжлийн сэтгүүлч учир сайн удирдах байх гэж найдаж байна. Хэл аманд ороод явдаг ч хүн биш. Нэг тал руу явцуурахгүй, ер нь үнэний төлөө явдаг хүн мөн байж магадгүй. Би гэхдээ сайн мэдэхгүй байна. Сэтгүүл зүйн удирдагчид ерөөсөө хүний төлөө явдаг л ганцхан зарчимтай байх ёстой. Хуучны монгол хэллэгээр, “Нэгэн биеийн эрх ашиг болон нэгэн байгууллагын эрх ашгийг голчилдоггүй хүн” л байх хэрэгтэй. Энэ зарчим л Монголын сэтгүүл зүйн удирдагчийг ухаалаг байлгах гол зүйл дээ.

-Сэтгүүлч гэдэг үнэхээр буянтай сайхан мэргэжил гэж ярьдаг даа. Олны танил болох нь ч амархан, нийгэмд нөлөөлөх нь ч хүчтэй гэдэг, энэ тухайд?

-Тэр үнэн. Гэхдээ чалчсан бүхэн сайн сэтгүүлч болчихгүй. Сараачсан бүхэн сайн нийтлэл бичиж чадахгүй шүү дээ. Тийм учраас унаган авьяасын өгөгдөл гэж юм ямар нэг хэмжээгээр заавал байх ёстой биз ээ. Ард түмний нийтийн эрх ашгийг яаж тусгаж, аль өнцгөөс нь гаргаж, сонирхолтой хэлбэрээр нийгмийн анхаарлын төвд тавих вэ гэдэг нь хамгаас чухал. Тэгж тавьж чадсан сэтгүүлч л нэрд гарна.

-Улс орны удирдлага, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд бүгд сэтгүүл зүйн хүчээр л олонд танигдан суудал сэнтийдээ залардаг гэвэл буруудахгүй биз ээ. Энэ тухай таны бодлыг сонирхьё?

-Ерөөсөө нийгмийг бүхэлд нь сэтгүүл зүй л дүрсэлж олон түмэнд хүргэдэг. Энд нэг асуудал бий. Байхгүй хүний тухай асуудал. Монголоор дүүрэн “байхгүй” хүн бий болчихсон. Тийм “байхгүй” хүний ярьсан бүхнийг нээрээ үнэн юм байх гээд Их хурлын гишүүнээр сонгоод тавьчихдаг. Дараа нь анзаарахнээ “байхгүй” хүнийг л сонгочихсон байдаг байхгүй юу. “Байхгүй” хүнийг бүр Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр залаад л. Өөрөөр хэлбэл, “байхгүй” хүний сайхан үгэнд хууртаж молигодуулах нь элбэг. Молигодох гэдэг юм сэтгүүл зүйг ерөөсөө ганц алж байгаа, нэр хүндийг нь унагаж байгаа юм шүү. Тийм учраас “байхгүй” хүнийг жинхэнэ хүнээс яаж ялгаж харуулах вэ гэдэг сэтгүүл зүйд маш чухал.

-1980-аад оны сүүлээр Зүүн Европын социалист орнуудад ардчиллын төлөөх хөдөлгөөн өрнөхөд Азид зөвхөн Монголд л мөн тийм хувьсгал гарсан. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Хэт баруун тийшээ гүйсэн дээ. Зүй нь бол шударга ардчилсан хүнлэг зах зээлийн нийгэм байгуулах ёстой байсан. Үндсэн хуульдаа ч тэгээд заасан, уг нь. Гэтэл хүнлэг бус зэрлэг ардчилал руу орсон. Тийм учраас тэрнийг томоохон алдаа болсон гэж үздэг. Одоо л алдаагаа засах гэж үзэж байна. Гэхдээ засахад түвэгтэй. Учир нь “Би үхэхээр чи үх” гэсэн хувиа бодсон явцуу үзэл нийгэмд маш ихээр түгжээ. Энэ л үзэл хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна.

-Манай сэтгүүл зүйн ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Сэтгүүл зүй өөрийгөө цэвэрлэдэг хуультай гэх үү дээ. Алдвал цэвэршээд явдаг ерөнхий зүй тогтолтой. Манай сэтгүүл зүй ч тэр дагуу явна. Үүнд санаа зовох юм ер үгүй.

-Та одоо яг ямар бүтээл туурвиж сууна вэ?

-Би дээр “байхгүй” хүний тухай баахан ярьсан даа. Тийм хүний үгийг үнэн гэж бодчихоод явж байхад ард нь тэс өөр хүн байдаг. Тэгвэл тийм хүнийг яаж таних вэ. Энэ талаар л бодолд дарагдан цаас сараачиж сууна. Ленин хэлсэн байдаг юм. Хүнийг өөрийгөө нууж байг гэж хүн төрөлхтнийг хэлтэй болгосон гэж. Хүн үг яриагаараа өөрийгөө далдалдаг гэсэн үг. Угаасаа л тийм шүү дээ.

-Залуу сэтгүүлчдэд хандан та юу хэлж зөвлөмөөр байна вэ?

-Сэтгүүлч хүнд боловсрол, мэргэжил, сэтгэл, хүн чанар гээд дөрвөн хаалга бий. Тийм учраас сайхан сэтгэлтэй, хүн чанартай хүн л сэтгүүлч байх ёстой. Хорон санаатай хүн сэтгүүлч болоод олигтой юм хийхгүй шүү дээ. Тийм хүмүүсийн харгайгаар л энэ сэтгүүл зүйн нэр хүнд унаж буй. Гэхдээ би Монголын сэтгүүлчид тэр аяараа хорон санаатай болчихсон гэж бодохгүй байна. Тийм хүн ганц хоёр байж болно. Гэхдээ хор уршиг нь их юм даа. Иймд, “Мухар үхэрт хутга бүү үзүүл, муу хүнд сэтгүүлчийн мэргэжил бүү эзэмшүүл” гэж хэлмээр байна. Ер нь дэлгэн тавьж байгаа асуудлаа нийгэмд зөвөөр оруулж ирэх ёстой юм шүү. Түүнээс биш хүнийг хорлохын тулд сэтгүүл зүйд зүтгэсний хэрэггүй. Хүнийг соён гэгээрүүлэхийн оргил нь сэтгүүл зүй мөн гэж цаг ямагт санаж явах нь зүйтэй болов уу.

-Монгол түмний баяр наадам цар тахлын уяанаас гарч, дэлгэр болох нь ээ, энэ жил. Үүнтэй холбогдуулан таны ерөөл, сургамжийг сонсох хүн олон байгаа нь лавтай?

-Саявтархан би Монголын ард түмэн мянган жилийн уламжлалтай эрийн гурван наадмаа хийж чадахаа байлаа гэж нэг юм бичсэн. Бөхчүүд нь допингдоод л. За овоо бяртай бөх гарч ирээд түрүүлчихлээ дээ гэсэн чинь биеэс нь сэргээш илрэх юм. За овоо хурдан ажнай гарч ирлээ дээ гэтэл эрлийз байх жишээний. Тэгээд тэрнээсээ болоод монголчууд хоорондоо хэрэлдэж маргаад, бүр нийгмээрээ хэдэн хэсэг болж хуваагдаж талцахад хүрсэн шүү дээ. “Ухаантайн зовлон” гэдэг Оросын Грибоедовын хуучны зохиол бий. Түүн лүгээ монголчууд дэлхийн хамгийн ухаантай ард түмэн ажээ. Ухаантайгаасаа болоод л хамгийн ихээр зовж байгаа ард түмэн болж дээ. Ухаантайгаараа дэлхийн толгой хавьцаа байх ёстой атал ухаантайгаасаа болоод дэлхийн нүхэнд, хөгжлийн ёроол руу уначихаад байгаа байхгүй юу. Ухаантайн зовлонгийн хамгийн наад захын жишээ гэвэл бие биеэ хүндэтгэхээ байчихсан, нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй болчихсон явдал. Дандаа би, би, би гэж явсаар байгаад нэг мэдэхнээ тэргүүний хүн биш хамгийн адгийн амьтан болчих нь энүүхэнд. Тиймээс энэ удаагийн наадмыг бие биеэ хүндэтгэсэн баяр болоосой гэж хүсэж байна. Монгол түмний наадам маань жинхэнэ эв нэгдлийн илэрхийлэл болон өргөн дэлгэр өрнөхийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хавдрын туяа эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулсан IMRT, VMAT технологиудыг нэгэн зэрэг нэвтрүүлэв DNN.mn

Хорт хавдрын эмчилгээний чанар, хүртээмжийг сайруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам бодлогын хүрээнд анхаарч, хорт хавдрын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор 2011 оноос Хавдар судлалын үндэсний төвд “Хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” төслийг эхлүүлсэн. Санхүүжилтийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэснээр хорт хавдрын туяа эмчилгээнд АНУ-ын “Varian Medical systems” үйлдвэрийн “Clinac iX” болон “Unique” гэсэн хоёр шугаман хурдасгуурт төхөөрөмжийг ХСҮТ-д суурилуулж, 2019 онд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Улмаар гурван хэмжээст конформал туяа эмчилгээг анх удаа эхлүүлсэн баяртай үйл явдал болсон талаар мэдээлж байв. Тэр үеэс хойш манай улсад хавдрын туяа эмчилгээ нэг алхам урагшилж, 20 жилийн хоцрогдлоо арилгаж чадсан байна.

Түүнчлэн шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дараагийн дэвшилтэт технологи болох IMRT болон VMAT технологийг нэгэн зэрэг нэвтрүүлжээ. Ингэснээр манай улс туяа эмчилгээний хөгжлийн хоёр дахь том алхмаа хийж хорт хавдрын туяа эмчилгээнд дахин 20 жилийн дэвшлийг авчиржээ. Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Бид хожуу эхэлсэн ч чармайн ажилласны дүнд гурван жилийн хугацаанд туяа эмчилгээг дэлхийн түвшинтэй хөл нийлүүлэн хөгжүүлэх боломж бүрдлээ” гэж онцолсон юм.

IMRT (intensity modulat­ed radiotherapy) нь эрчмийг тохируулсан гурван хэмжээст конформал туяа эмчилгээг хийхэд зорилсан төхөөрөмж юм. Энэ нь цацрагийг хавдрын байн хэлбэр дүрсээр хэлбэржүүлэн 2-7 чиглэлээр тусган эмчилдэг аж. Улмаар хавдрын байг илүү нарийвчлалтай тодорхойлж, хэлбэржүүлсэн цацрагаа өөр өөр эрчмээр 9-19 чиглэлээр тусгаж, хавдрын байд өгөх цацрагийн тунг 10 Грэй хүртэл нэмэгдүүлснээр эмчилгээний чанар сайжирч, эдгэрэлт түргэсэхээс гадна хүндрэл, зовуурь, гаж нөлөө эрс багасдаг давуу талтай юм байна.

Тэгвэл VMAT (Volumet­ric modulated arc therapy) буюу эзэлхүүнт нуман туяа эмчилгээ нь мөн л шугаман хурдасгуур аппарат дээрээ түшиглэнэ. IMRT-ийн дараагийн шатны дэвшилтэт технологи VMAT нь эзэлхүүнт нум хэлбэрийн эргэлдэх хөдөлгөөнөөр эмчилгээг хийдэг тул эмчилгээний хугацаа IMRT эмчилгээнээс гурав дахин бага байх давуу талтай. Цацрагийг 200-600 өнцгөөр тусган эмчилдэг тул өндөр үр дүнтэй.

Цөмийн технологид суурилсан туяа эмчилгээ хийх гэдэг нь туяа эмчилгээний эмч,техникч, дозиметрист, эмнэлгийн физикч зэрэг олон мэргэжлийн багийн жигд, уялдаатай үйл ажиллагаагаар зохицууллагддаг нарийн, чимхлүүр, хариуцлагатай үйл ажиллагаа бөгөөд энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сурган чадавхжуулах ажлууд тасралтгүй хийгдсээр ирсэн юм.

Хорт хавдраар өвдсөн шаналсан хүмүүс эх орондоо дэлхийн хөгжилтэй орнуудад хийгддэг туяа эмчилгээнүүдийг хийлгэдэг болох боломжууд алхам алхмаар ийнхүү нэмэгдэж байна.


Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.


-20 жил урагшлуулж наашлуулж байгаа энэ технологийг нэвтрүүлснээр хавдрын нөхцөл байдал сайжрах нь ээ?

-Хүн бүхэн баярлах учиртай үйл явдал тохиож байна. Учир юу гэвэл, туяа эмчилгээний хувьд манайх 40 жилээр хоцорсон байсан. 2019 онд шугаман хурдасгуур төхөөрөмжийг АНУ-аас оруулж ирсэн.Засгийн газар,Цөмийн энергийн агентлагийн тусламжтайгаар хоёр аппарат оруулж ирж байлаа. Тэгээд цахилгаанаас туяа эрчмийг үүсгэдэг уг аппаратын тусламжтайгаар ЗD конформалтуяа эмчилгээг хийж байв.Энэ нь туяа эмчилгээний хөгжлийн дөнгөж хоёр дахь үе л дээ.

Харин сүүлийн гурван жилийн хугацаанд бид дахиад 20 жилийн хоцрогдлыг ийн нөхөж байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь шатнаас дөрөвдүгээр шатанд хүрсэн гэсэн үг. Тэрний цаана дахиад арван жилийн асуудал бий. Тэгвэл шугаман хурдасгуур дээр хэрэглэдэг аргачлал бүхий IMRTгэх төхөөрөмж нь эрчмийг тохируулдаг болнуман буюу VMAT нь ямар ч хавдрыг зай алдахгүйгээр эмчлэх юм. Урьд нь бид 3D-ээр бууддаг байлаа. Одоо 300 орчим өнцгөөс , тухайн хавдрын эсийг нэг ч шат алдахгүйгээр буудах юм. Ингэхдээ хажуу эрхтнийг гэмтээхгүйгээр буудах түвшинд хүрч байгаа билээ.

Туяаны өндөр тун өгөх бололцоотой болж байгаа юм. Учир нь хажуугийн эд эрхтнийг гэмтээчихвий гэж болгоомжлох шаардлагагүй. Тухайлбал, 10, 20 Грэй өгөх зэрэг өндөр тунгаар эмчлэх боломжтой юм. Одоогоор бид 1.8 Грэй өгдөг. Харин өндөр тунгаар буудсан тохиолдолд хажуу эрхтнээ гэмтээхгүй гэдэгтээ өндөр итгэлтэй болж байна аа гэсэн үг. Гэхдээ энэ үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд физикч, дозиметристууд, техникч эмч нарын төлөвлөлт болон цаг зарцуулалт маш чухал болж байгаа юм.

-Дээрх технологийг ашиглаад эмчилгээнд 11 хүн орсон гэлээ. Тэр хүмүүсийн биеийн байдал хэр байна?

-Үр дүн их сайн байгаа тул өнөөдөр бид итгэлтэйгээр нээлтээ хийж байна. Манай олон эмчлүүлэгч их баяртай байгаа. Ийм зүйлийг амьд дээрээ үзэх гэж хэлэх хүн цөөнгүй. Хамгийн гол нь ийм туяа эмчилгээг Монголд ойлгодог хүмүүс их ховор. Шинэ технологийг нэвтрүүлснээр улам боловсронгуй болж буйн илрэл юм. Өндөр тун өгөх бололцоотой болсон гэдэг нь их дэвшил юм. Учир нь урьд нь маш олон удаа туяа эмчилгээнд орж байдаг болсон бол энэхүү хугацааг багасгаж, цөөн удаа орж, эмчилгээ үр дүнтэй болох юм.

-Энэхүү технологийг дэлхийд хэдэн улс нэвтрүүлсэн байдаг вэ?

-Цөмийн энерги, туяа эмчилгээг Франц, АНУ, Япон, БНСУ олон оронд сайн хийгдэж байгаа. Хөгжиж буй улс орнуудын хувьд, манай Монгол Улс ч дээгүүрт орно. Дээрх технологийг ийнхүү нэвтрүүлснээр дэлхийд дээгүүр түвшинд хүрчихэж байгаа юм. Дараагийн алхам бол эдгээр төхөөрөмжүүдийг даатгалд бүртгүүлэх. Учир нь Монгол Улсад хавдрын эмчилгээ 100 хувь үнэ төлбөргүй иргэддээ хүргэдэг хуультай. Даатгалд хамруулчихвал эмчилгээний хүртээмж ч ихэсчихнэ. Урьд нь өвчтөнийг курс эмчилгээ хийлгэсний дараа л хяналтад оруулдаг байв. Одоо бол туяа эмчилгээнд орсон даруйд үр дүн өгсөн эсэхийг шууд үзэх боломжтой болж байгаа юм.

Боловсон хүчний тухайд?

-Монгол Улсад туяа эмчилгээ хөгжөөд 61 жил болж байна. Манай хавдар судлалын туяа эмчилгээний эмч нар Япон, ХБНГУ, БНСУ-д доктор, магистрын зэрэг хамгаалсан. Үүнээс гадна манай физикч инженерүүд, техникчид маань ч хилийн чанадад жил бүр сургалтад хамрагддаг. Хирошимагийн их сургуульд гэхэд удахгүй зургаан эмч мэргэжлээ дээшлүүлэхээр явна.

-Багаж хэрэгслийн хангамж хэр вэ?

-Туяаны тасаг нь техникч, физикч, дозиметрист зэрэг 40 гаруй ажилтантай. Туяаны тунг төлөвлөх, ямар эрхтнийг ямар хэлбэр дүрс, хэмжээгээр шарах, өвчтөний биеийн онцлог, эмчилгээг төлөвлөх зэрэг маш нарийн ажиллагаа шаардагддаг.

-Хошин урлагийн жүжигчид 200 гаруй сая төгрөгийн үнэтэй шинэ эхо аппарат Хавдар судлалын үндэсний төвд хандивласан. Монголд ийм төрлийн ганц аппараттай. Энэ нь хоёр дахь гэж мэдэгдсэний дараа олон нийтийн сүлжээгээр нэлээн шуугилаа. Гэтэл та сая удахгүй таван аппараттай болно гэж хэллээ. Энэ талаараа тодруулна уу?

-Энэ бол манай эмнэлгийн хувьд л даа. Улсын хэмжээнд хэд байдгийг сайн мэдэхгүй байна. Хошин урлагийн жүжигчдийн хандивласан төхөөрөмж бол хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж л дөө. Тэрнээс эхоны аппаратын өмнөх үеийн загварууд гэхэд ХСҮТ-д дөрөв, нийт 20 төхөөрөмж бий. Харин дээрх загварууд бол iPhone-аар харьцуулбал iPhone 14 л гэсэн үг л дээ. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар элэг, нойр булчирхай, хэвлийн эрхтнүүд, хөх зэрэг эрхтнүүдэд эрт илрүүлэг хийх, эмчлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Гансүх: Иргэд баталгаагүй зам, гарцаар гол гатлахгүй байвал зохилтой

Он гарсаар арван аймгийн 17 сум, нийслэлийн таван дүүрэгт 33 хүн усанд осолдож, амь насаа алдсан бөгөөд ихэнх нь амралт зугаалгаар явж байх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос шалтгаалжээ. Иймд Онцгой байдлын ерөнхий газар гол, мөрөн, нуурын эрэг дагуу нутаглаж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, зам товчлох, цаг хожих зорилгоор гүүр гарамгүй газраар гол, ус гатлахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Гансүхтэй ярилцлаа.


-Усанд живэхгүйн тулд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?

-Сэлж чаддаг ч гэсэн ус ихтэй томоохон гол, нууранд орж сэлэхээс сэрэмжлэх хэрэгтэй. Нэн ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ.

-Нэгэнт хөл алдаж живээд эхэлбэл яавал зохилтой бол?

-Тийм тохиолдолд сандарч тэвдэлгүй тайван байж, биеэ сул тавин амьсгаагаа түгжиж өөрийгөө мэдрэн усыг зөөлөн татан гаргах нь чухал.

-Усанд живсэн хүнд үзүүлэх нэн яаралтай анхны тусламж гэвэл?

-Ходоод болон уушгинд орсон усыг яаралтай гаргахын тулд хэвлий хэсгээр шахаж, хэрэв амьсгалгүй болж зүрх зогссон бол зүрхний иллэг, хиймэл амьсгалыг цаг алдалгүй тасралтгүй хийх нь зүйтэй.

-Он гарсаар 33 хүн усанд живж осолджээ. Тэдгээрийн дийлэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж амь насаа алдсан гэнэ. Үүнээс үзвэл согтуу хүн усанд живж осолдох эрсдэлийг дутуу үнэлж хайхрамжгүй болдог хэрэг үү?

-Ер нь тэгж үзэж болно. Угаасаа согтууруулах ундаа хэрэглэсэн үед ус руу ороход хүний анхаарал сэрэмж сарниж, биеэ хянах явдал алдагддагаас гадна хөл гарын шөрмөс татах, ус залгих нь элбэг тохиолддог. Тэр бүгдээс болж хөл алдаж живэх аюултай. Энд тэмдэглэхэд, хөдөө гадаа явахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сонордуулгыг тогтмол хүлээн авч байхад илүүдэхгүй.

-Амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос усанд живсэн тохиолдол ч нэлээд гарчээ. Балчир хүүхдүүд усны аюулыг мэдэрч эмээдэггүй хэрэг үү. Ер нь хүүхдэд усанд живэх аюултайг хэрхэн ойлгуулж тайлбарлах нь зохилтой вэ?

-Иргэд гол мөрөн, нуур цөөрмийн ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлэх нь маш чухал. Хүүхэд усанд живэх аюулыг мэдэрдэггүй тул үүнийг сайтар ойлгуулан байнга сэрэмжлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь байнгын хараа хяналттай байлгах нь зөв.

-Мөн зам товчлох, цаг хожих гээд гүүр гарамгүй газраар гол мөрөн гаталж машинтайгаа живж харамсалтайгаар амь насаа алдсан байх юм. Гүн усанд машин осолдвол хамгийн түрүүнд хэрхэн арга хэмжээ авах нь зөв бэ?

-Сүүлийн өдрүүдэд бороо хур их орсонтой холбогдуулан анхааруулахад иргэд баталгаагүй зам гарцаар гол гатлахгүй байвал зохилтой. Урьд нь усны түвшин бага байхад машинтай гаталж байсан ч гэнэт ихэссэн байх нь цөөнгүй. Иймд иргэд эд хөрөнгө болон амь насаа алдах аюултайг анхааруулж байна. Баталгаатай зам гарцаар л гарч байх хэрэгтэй.

Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Отгонтуяа: Бага үдийн нар хамгийн хортой DNN.mn

Ойрын өдрүүдэд хэт халах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Үүнтэй холбогдуулан наршилт гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дотор, мэдрэлийн тасгийн эрхлэгч М.Отгонтуяагаас тодрууллаа.


-Хэдэн цагийн нар хамгийн хортой, нарших эрсдэл ихтэй байдаг бол?

-Бага үд буюу өдрийн 11 цагаас хойших нар хамгийн хортой, нарших эрсдэл илүүтэй. Ер нь наршилт гэж агаарын температурын нөлөөгөөр хүний биеийн дулаан нэмэгдэхийг хэлдэг. Иймд наранд удаан байхаас гадна хэт бүгчим газар, тухайлбал, машин дотор хүүхдээ унтуулах зэрэг нь нарших аюул дагуулдгийг анхаарах хэрэгтэй.

-Наршсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Наршихад дотор муухай оргих, огиулах, бөөлжих, нүд харанхуйлах, толгой өвдөх, толгой эргэх, хэвлийгээр өвдөх, суулгах, халуурах, бие нозойрох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Энэ өвчинд ямар насныхан илүү өртөмтгий вэ?

-Ямар ч насны хүн наршиж болно. Гэхдээ бага насны хүүхэд, ахмад настан, гадаа удаан хугацаагаар ажиллагсад, жирэмсэн эмэгтэйчүүд, цусны даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртдөг.

-Наршихаас урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

-Онцын шаардлагагүй бол хэт халуунд гадуур наранд аль болох бага явбал зохино. Мөн нарны шил, малгай зэргийг тогтмол хэрэглэж хэвшвэл зүгээр. Үүнээс гадна гар, хөл, хүзүү зэргийг наранд аль болох ил гаргахгүй байх нь чухал. Учир нь зөвхөн толгойноос халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц бус, урт ханцуйтай нимгэн цамц өмсөх нь наршихаас илүүтэй урьдчилан сэргийлдэг юм. Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу, нойтон алчуур, малгай хэрэглэх шаардлагатай. Нярай хүүхдийг гадаа салхилуулахдаа сүүдрэвчинд, чийглэг сэрүүн нөхцөлд байлгахыг мөн анхаарах хэрэгтэй. Элсэн шарлага, массажийг хэт халах үеийн нарнаас өмнө 9:00-11:00 цагт, мөн 16:00 цагаас хойш нойтон малгай өмсөж хийх нь зүйтэй. Түүнчлэн орчноо чийгшүүлэх шаардлагатай.

-Нэгэнт наршсан хүнд анхны ямар тусламж үзүүлж болох талаар зөвлөнө үү.

-Наршсан хүнийг сэрүүн газар оруулаад хувцсыг нь тайлж нэн ялангуяа суга, цавь, гүрээний артери гэх мэт том том судастай хэсэгт хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн шингэн зүйл уулгана. Насанд хүрсэн хүнд 30 минут тутам 200 мл шингэн уулгах шаардлагатай. Мэдээж хэт хүйтэн ундаа, жүүс, хоолой өвтгөх эрсдэлтэй тул уулгаж болохгүй. Түүнчлэн хөлдөөсөн зайрмаг идэхээс татгалзах хэрэгтэй.

-Наршилтаас болж ямар эрсдэл гарах аюултай вэ?

-Цусны даралт ихсэх, харвалт өгөх эрсдэлтэй. Мөн гэдэсний хямрал үүсч болзошгүй.

-Монголчууд наршсан тохиолдолд наранд бүлээсгэсэн ус өгвөл зүгээр болдог гэдэг. Энэ нь зөв эмчилгээ мөн үү?

-Зөвхөн буцалсан ус бүлээсгэж өгөхөөс гадна шингэнийг аль болох олон хэлбэрээр, жишээ нь, хөргөсөн буцалсан, ширгээсэн ус, хярам, цай, жимсний шүүс зэргийг уулгах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Онон: Ходоод булчинлаг эрхтэн учир амархан урагдаж, цоордоггүй DNN.mn

Ходоодны бүтэц, онцлог, эмгэгүүдийн талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч Б.Ононтой ярилцлаа.


-Ходоод ямар бүтэц, онцлогтой эрхтэн бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Тэгъе. Ходоод гэдэг хоол боловсруулах дээд замын эрхтэнүүдийн нэг л дээ. Дээд замын хамгийн чухал эрхтэн ч гэж хэлж болно. Учир нь цусан хангамж хамгийн сайн нь. Ходоодыг “буруу харсан сав” ч гэж ярьдаг. Юу гэвэл ёроол хэсэг нь дээд талдаа байрладаг. Бүтцийн хувьд орох хэсэг, их махиа, бага махиа, гаралт гэсэн хэсгүүдтэй. Ходоод нь 2.5 литр орчим багтаамжтай, бортгон хэлбэртэй сав бөгөөд булчинлаг эрхтэн юм.

Хоол боловсруулах Вамин дэмийг хамгийн сайн шимэгдүүлдэг нь чухам ходоод. Мөн хоолны агууламж гэж байна. Хоол нь ходоодонд тодорхой хугацаанд шингэж цааш арванхоёр хуруу гэдэс рүү ордог. Үүнээс гадна архи үүсгэгч алкогольдегидрогеназ ферментийг шүүдэг цорын ганц эрхтэн юм.

Ходоодыг хүмүүс ихэвчлэн бат бэх эрхтэн гэж боддог. Энэ бол буруу, дэндүү өрөөсгөл ойлголт шүү. Харин ч ходоод эсрэгээр, хүний нэлээд эмзэг эрхтэний тоонд ордог. Угаасаа ходоод гэдэг дотроо атираа нугалаа ихтэй эрхтэн. Тэдгээр нь шимэгдүүлэх, шүүрэл ялгаруулах, хамгаалах гэсэн олон үүрэгтэй. Манайхан сүүлийн үед хеликобактери гэж их ярьдаг болжээ. Тэр нь ходоодонд байдаг энгийн бактери. Хэмжээ нь ихсэхээр өвчин болдог.

Тийм нөхцөл байдал үүсвэл хамгийн түрүүнд ходоодны салстын бүрэн бүтэн байдал алдагдана. Цаашлаад ходоодонд шархлаа үүснэ. Ходоодны шархлаа монголчуудын дунд түгээмэл бөгөөд ихэвчлэн буруу хооллолтоос үүдэлтэй.

-Буруу хооллолт гэж яг юуг хэлээд байна вэ?

-Ийм юм л даа. Ходоод гэдэг хоолыг буталж, шингэн хэлбэрт оруулж цааш дамжуулах үүрэгтэй эрхтэн. Амны хөндийд зажлах рефлекс гэж байдаг.

Хүүхдийг бага байхад эцэг

эх нь хоолыг нь хөргөх гэж амаараа халбагадаж өгдөг дөө. Тэгэнгүүт том хүний амны хөндий дэх бактери хүүхдэд дамждаг. Мөн эхийн сүүгээр хооллох явдал байна. Хүүхдийг бүр нярай үеэс нь авахуулаад хоёр нас хүртэл, заримдаа дөрөв, таван нас хүртэл хөхүүлсээр байдаг. Тэгэх тусам хүүхдийн зажлах рефлекс муудна. Хүүхэд хөхөө хөхнө гэдэг нь хэл тагнай хоёрын завсар хөхний толгойг олж шимнэ гэсэн үг шүү дээ.

Дөрөв таван нас хүртэл хүүхдийг хөхүүлэх нь дархлаанд сайн гэх нь бий. Гэвч энэ нь угтаа зажлах рефлекст сөргөөр нөлөөлдөг. Шүдний булчингууд муудаж, шүд суларна. Тэр ч бүү хэл шүд орсгоо, мурий болох нь элбэг. Үүнээс гадна шүд нь хорхойдсон хүүхэд хоолоо зажилсан болоод залгичихдаг. Сайтар боловсруулдаггүй гэсэн үг.

Монголчууд бид хонины мах их хэрэглэдэг дээ. Гадаадын ном зохиолуудад үүнийг “улаан өнгийн мах” гэж тодотгосон байдаг. Тэгвэл тэр “улаан өнгийн мах” чинь ходоодонд гурван цаг болоод цааш арванхоёр хуруу гэдэс рүү ордог. Дөчөөс дөчин таван удаа зажилж залгисан, маш сайн тэрхүү “бүтээгдэхүүн”-ийг ходоод гурван цагийн турш дуустал нь боловсруулдаг юм шүү дээ.

Энд хэлэхэд, манай монголчууд зун цагтаа голдуу цагаан идээ, тэр дундаа ааруул их иддэг байж. Энэ нь амны хөндий дэх шүлс ялгаруулах үйл явцыг сайжруулж, хоёрдугаарт, шүдний булчин бэхжихэд тустай. Гэтэл өнөөдөр ааруул зэрэг хатуу зүйл идэхээ больчихсон. Чихэр, жимс идэх нь их. Улмаар хоол боловсруулалтын анхан шат болох амны хөндий дэх бутлах үйл явц дутуу явагдсанаас хоол бүхэл бүхлээрээ ходоод руу ордог болжээ. Улмаар боловсруулалт удааширч, шүүрэл их ялгаруулдаг гэсэн үг.

-Ходоодны ямар төрлийн эмгэгүүд байдаг вэ. Манайд аль нь давамгайлдаг бол?

-Ходоодонд шархлаа, сөргөө, хавдар гээд бүхий л эмгэг бий. Монголчуудын дунд хамгийн түгээмэл нь сөргөө өвчин. Хоолны урсгал ходоодонд доошоо нэг чигийн байх ёстой атал сөрж ороод байдгийг ийн хэлдэг. Эмнэлгийн хэллэгээр сөргөөг рефлюкс гэнэ. Манай монголчуудын нэг дутагдал нь өлөн явснаа гэнэт их идэх явдал. Жишээлбэл, энэ өвчин бид өглөө цайгаа уулгүй гардагтай холбоотой ч байж болно.

Ходоод нь өөрийн гэсэн хэмжээс,бэхэлгээнүүдтэй. Бэхэлгээнүүд нь сунаад ирэхээр ходоодны их махиа хэсэг нь доош унжина. Манайхан үүнийг “цээж хорслоо” гээд ойлгочихдог. Ер нь монголчуудад улаан хоолой, залгиурын сөргөө элбэг. Илрэх шинж тэмдэг нь ханиалгах. Орой унтах гээд хэвтэнгүүт хоолой сэрвэгнээд, ханиалгаад цээж хорсдог доо. Энэ чинь ходоодны сөргөө өвчний шинж тэмдэг юм.

Тэгэнгүүт энэ зовуураа арилгах гээд гаа юм уу, ус уугаад хэвтчихдэг шүү дээ. Ходоодны өвчнөө ийн улам нэмэгдүүлээд хүндрүүлдэг. Эм ууна. Таван салааны ханд ууна. Зарим нь сода ууна. Энэ нь маш аюултай. Дээрээс нь сүүлийн үед турахын тулд алимны цуу их ууж байна. Концентрацийг нь бууруулж амандаа хийнэ үү гэхээс шууд халбага халбагаар уугаад байж болохгүй. Үүнээс болж л ходоод, мөн нарийн, бүдүүн гэдэс нь цоорч хүндэрсэн хүн ирдэг юм шүү.

-Ходоод өөр ямар шалтгаанаас болж цоордог бол?

-Үүнд хүргэдэг гол шалтгааны нэг бол тамхи. Тамхины дотор агуулагдах хортой бодис нь маш их шүлс ялгаруулдаг. Амны хөндийгөөр дамжин ходоодыг цочроодог юм. Энд гэж хэлэхэд, бид эрүүл мэнддээ хайнга хандаж байгаа шүү. Ажил төрлийнхөө зай завсраар л эмчид үзүүлдэг. Эмчийн бичсэн нэг эмийг хэлсэн ёсоор нь ууна. Тэгээд л болно гэж үздэг. Тэр эмийг уугаад маргааш нь зүгээр болчихно гэсэн ойлголттой. Угтаа бол шарх, шархлаа гэдэг ганцхан өдрийн дотор үүсдэг юм биш. Амьдралын туршид буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ зэрэг нь ходоодны шархлаа үүсэхэд хүргэдэг. Тэр бүхнээ эмчлэхгүй удсаар хүндрүүлдэг билээ.

-Ходоод цоорох, урагдах гэдгийн хооронд ойлголтын ялгаа байна уу. Ер нь ходоод юунаас болж урагддаг юм бол?

-Намайг эмчилгээ хийж эхэлснээс хойш ходоод урагдсан гэх тохиолдол гарч байсангүй. Ходоод гэдэг угаасаа маш сайн булчинтай эрхтэн л дээ. Шархлааг эмчлэхгүй явсаар ходоодны хана нимгэрч цоордог. Ходоод яз татагдаад урагдах бол том хэмжээний авто осол ч юм уу хутгаар хатгах гэдгээс байж болно. Гэмтлийн эмч биш учир над дээр тийм хүн ирж байсангүй. Ходоод зүв зүгээр байж байгаад цоорно гэж ерөөсөө байхгүй. Ямар нэгэн шарх, шархлаа байж байгаад тэр суурин дээр л үүснэ. Ходоод бол маш сайн булчинтай учраас нарийн гэдэс шиг тийм амар урагдах, цоорно гэж байхгүй.

-Ходоод урагдах, цоорох гэж байдаг юм байна. Харин хагарах гэж байх уу?

-Байхгүй байх аа. Урагдахын тухайд бол архи их уудаг хүн бөөлждөг. Бөөлжихөд хоёр эсрэг даралт үйлчилдэг. Ходоод өргөн бол улаан хоолой нарийхан. Ходоод, улаан хоолойн нийлдэг амсар хэсэг гэж бий. Эмнэлгийн хэллэгээр кардийн хэсэг. Энэ хэсэг дээр даралтын зөрүүтэй үйлчлэл явагдахаар дотор талын салстууд цуурах үед цус их гардаг юм.

-Тэгвэл энэ нь архи, тамхи хэрэглэдэггүй энгийн хүнд тохиолдож болох уу?

-Болно. Бага насны хүүхдэд ч тохиолдож болно. Энгийн хүн бөөлжихдөө өөрийгөө хянаад удирдаад байдаг. Хүүхэд бол өөрийгөө удирдаж чадахгүй шүү дээ. Бөөлжихөөр хүн өөрийн эрхгүй байдгаа амаараа гаргачихдаг. Тэр үед ходоодны дотор салстын урагдал ажиглагддаг л даа. Цус ч их гарна. Гэхдээ үүнийг эмчлэх бүрэн бололцоотой. Дурангийн аргаар хавчаар тавиад эмчилж болдог. Угаасаа архи хэрэглэдэггүй энгийн хүн ч ихээр бөөлжих тохиолдол бий. Тухайлбал, хоолны хордлого, эсвэл зогисуулах огих зэрэгцэх тохиолдол, эсвэл ханиаж найтаах үедээ эвгүй хөдөлгөөн хийснээс зарим үед улаан хоолойгоо зад татсан, голтын хөндий рүү нь хоолны үлдэгдэл орчихсон тохиолдол байсан.

-Тийм тохиолдол хэр их вэ?

-Ер нь ховор, гэхдээ байдаг. Тухайн хүн ходоодондоо шархтай байсан эсэхийг харуулах шинжилгээ, жил тоолонд ходоодоо дурандуулсан эсэхийг харуулсан бичлэг зэргийг үндэслэн оношилдог юм. Энд хэлэхэд, сүүлийн үед монголчуудын дунд сөргөө, улаан хоолой, өрцний нүхний эвэрхий гээд өвчин цөөнгүй тохиолдох боллоо.

-Ер нь ходоодны үндсэн хэмжээ ямар байдаг вэ?

-Хэмжээсийн хувьд харьцангуй, тоон утгаар илэрхийлэхэд хэцүү л дээ.

-Хүний ходоод урагдсан байлаа гэхэд илрэх шинж тэмдэг нь юу бол?

-Маш хүчтэй өвдөлт ажиглагдана, бүр ухаан алдаж унана. Ийм юм л даа. Ходоод цоороход хэвлийн хөндий дотор агаар үгүй болдог. Гэтэл ходоодонд хий байдаг. Ходоод цоороход хутгаар чичих мэт өвдөлт өгнө гэж ярьдаг. Анагаах ухаанд “кинжальная боль” ч гэж нэрлэдэг. Хутгаар чичсэн юм шиг өвдөлт өгнө.

-Ходоодоо хамгаалах урьдчилан сэргийлэх арга бий юү?

-Хамгийн гол нь зөв хооллолт. Усыг бага, шингэнийг их уух хэрэгтэй. Мөн сайн хөдлөх хэрэгтэй.

-Шингэн гэхээр?

-Шингэн гэхээр хүмүүс ихэвчлэн ус уухыг ойлгодог. Гэтэл тийм биш. Байхуу цай, хярам, тараг, сүү, жимсний сүү, цийдэм байж болно. Эсвэл ургамлын цай, таван салаа, аньсны навч гэх зэрэг монголчуудын зөндөө хэрэглэдэг ханд байна. Өөрөөр хэлбэл, шингэн гээч нь усыг аливаа нэг юмтай хольсон юмыг л хэлнэ. Зөв хооллолтын үед 800 мл-ээс нэг литр орчим цэвэр ус байх ёстой. Дахиад 2.5-3.5 литр шингэн уух хэрэгтэй. Ийм шингэнийг мэдээж нэг дор уухайн тас залгин ууж болохгүй л дээ. Аль болохоор бага багаар шимэх нь зүйтэй. Ер нь хоолны хамгийн зөв зарчим гэвэл өлсөхгүй ч цадахгүй байх, чанасан жигнэсэн юм сайн идэж байх явдал. Өөрөөр хэлбэл, ходоодонд юм удахгүй гэдэг нь тэр л дээ. Аливаа зүйл ходоодонд удахаар эмгэг үүснэ.

Хэдий тийм ч зөв хооллох гээд ямар ч гурил будаа хэрэглэхгүй байж болохгүй. Энэ бол маш буруу. Витамин В эргэн шимэгдэлт байхгүй болно. Гурил будаанд эдгээр нь ихээр байдаг. Гол нь хүн өдөр болгон идэхдээ биш, тун хэмжээгээ л тохируулаад явахад болно. Цадталаа идсэн бол илүү хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Тэрнээс ямар нэгэн эм, алимны цуу уугаад ч юм уу, эсвэл кето зэрэг элдэв янзын дэглэм бариад турна гэж байхгүй ээ. Хүний баримтлах гол зарчим нь бага идэх, их хөдлөх. Энэхүү зарчмыг л баримтлах явдал. Гэхдээ бүх юм өөрийн гэсэн тун хэмжээтэй. Хэт их, хэт бага байж болохгүй. Өөртөө л тохируулах хэрэгтэй гэсэн үг л дээ.

Categories
мэдээ нийгэм

Р.Ганбаатар: Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж байна DNN.mn

Тархины судас дотуурх мэс заслыг манай улсад 2014 оноос эхлэн амжилттай хийж байгаа билээ.

Энэ талаар П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын их эмч, анагаах ухааны докторант Р.Ганбаатартай ярилцлаа.


-Юуны өмнө тархины судас дотуурх хагалгаа гэж яг юу болох талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Энэ нь тархины төрөлхийн болон олдмол гажгийг эмчлэх мэс ажилбар юм. Цус харвах, цаашилбал тархины эдийг гэмтээх эрсдэлийг зогсоодог эмчилгээний нэг арга гэж бас хэлж болно. Орчин үеийн анагаах ухааны ойлголтоор нээж ордог мэс засал биш. Өөрөөр хэлбэл, гавлын ясыг нээж хийдэггүй гэсэн үг. Гуяны, шууны том буюу өнгөц артерид гуурс оруулж зүрхний гол судсаар өгсөөд тархи руу орж дотор нь хийдэг бичил мэс засал л даа.

-Хамгийн түгээмэл тохиолддог тархины судасны эмгэг гэвэл?

-Тархины судасны аливаа эмгэгийн эцсийн үр дүн бол цус харваж нас барах явдал. Эсвэл насан туршийн тахир дутуу болгодог аюултай. Ер нь тархины судасны эмгэг үндсэн хоёр хэлбэртэй. Эхнийх нь гэвэл эмгэгээс үүдэн судас нимгэрч хагараад тархины эд рүү харвалт өгдөг. Нөгөөх нь судсанд тромб буюу бүлэн үүсч тархины судас бөглөрснөөр хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг. Ерөөсөө л судас хагарах, эс бөгөөс бөглөрөхөөс л тархины судасны эмгэг үүсдэг.

Манайд төдийгүй дэлхийн аль ч оронд хамгийн түгээмэл нь тархины судасны цүлхэн гэдэг өвчин. Энэ нь тархины судасны хаана ч илэрч болдог. Гэхдээ ихэвчлэн судасны салаалах хэсэгт тохиолддог юм. Нөгөөтэйгүүр, тархины артери, венийн судасны эмгэг сүлжээрэл гэж бий. Энэ нь төрөлхийн шинжтэй агаад тараагуур, хураагуур судаснуудын хооронд эмгэг холбоос үүссэнээс үүдэлтэй.

-Манай улсад тархины судасны цүлхэн өвчинтэй хүн хэр их байдаг бол?

-Энэ өвчний талаарх судалгаа олон улсад цөөнгүй хийгддэг. Дундаж статистик тооцоогоор бол манай улсад 60 мянга орчим хүн цүлхэн тээгч боловч түүнийгээ мэдэхгүй явж байх магадлалтай. Тэдгээрийн 10 орчим хувь нь тархины судас хагарч хүндэрсэн шатандаа эмнэлэгт ирдэг. Ер нь Монголд жилд 500 орчим хүн тархины судасны цүлхэн өвчний улмаас цус харвадаг гэж тооцоолж болох биз ээ.

-Энэ өвчний шалтгаан нь юу вэ?

-Тархины судсаар цус маш хүчтэй даралттайгаар урсдаг л даа. Тэгээд судасны ханыг дарж шахсаар нимгэрүүлж, эцэст нь үлээдэг агаарын бөмбөлөг шиг сунасаар байгаад хагардаг гэж зүйрлэн хэлж болно. Монголд жилд тархины судасны зөвхөн цүлхэнгийн нээлттэй мэс заслыг 300 орчим, үүнээс судсан дотроос 200 орчим хийж байна. Тэгвэл цаана нь 100 гаруй хүн эмч дээр ирэлгүй, хагалгаанд орж чадалгүй нас бардаг байж болох юм.

-Сүүлийн үед ковидын улмаас хүмүүсийн цус их өтгөрч харвалт өгдөг болсон гэх юм. Залуус цус харвах нь ихэссэн гэх юм?

-Ковид цусны бүлэгнэлтийг ихэсгэдэг нь тогтоогдсон. Бүлэгнэнэ гэдэг чинь цусны гүйдэл зогсоно гэсэн үг. Коронавирус түүнчлэн судасны ханыг гэмтээдэг. Иймээс ч чихрийн шижинтэй, даралт өндөр, цус харвах эрсдэлтэй хүмүүсийг цусан хураа үүсгэдэг эмгэгтэй болгоод байгаа юм. Ковидоос үүдэн голдуу судас бөглөрөх эмгэг ажиглагдах болсон.

-Цусны бүлэгнэлтийг ямар аргаар анагааж байна вэ?

-Бид тархины судсыг бөглөсөн бүлэнг судсан дотроос нь мэс засал хийгээд авдаг. Сүүлийн үед цус тархмал хэлбэрээр бөглөрөөд байгаа. Ганц бус нэлээд хэдэн судсыг зэрэг бөглөх явдал их тохиолдох болжээ. Иймд тухайн өвчтөнд нэн даруй арга хэмжээ авахгүй бол амь насыг нь алдах магадлал их. Учир нь бүлэн хайлуулах эмчилгээг 4-6 цагийн дотор хийх ёстой. Бүлэн авах эмчилгээ зургаан цаг, цаашлаад бүр 12 цаг ч үргэлжлэх нь бий. Захын судас бөглөрсөн, эмч бидний ярьдгаар коллатераль судаст бөглөрөл үүссэн бол 24 цагийн дотор тархи үхжээгүй бол бүлэнг авах боломжтой. Харин нэгэнт тархи үхжээд тархинд өөрчлөлт орсон бол найдвар бага. Учир нь бүлэнг авлаа ч тархи сэргэхгүй, үхэжсэн байдаг.

-Тархины судас дотуурх мэс заслын заалт нь юу байдаг бол?

-Амь насны заалт гэж бий. Өөрөөр хэлбэл, хүний амь насанд эрсдэл учирсан байх явдал. Судас нь хагарах, бөглөрөх гээд нарийссан хүмүүст мэс засал хийх шийдвэр гаргадаг.

-Ийм төрлийн хагалгааг өдөрт дунджаар хэдийг хийдэг вэ?

-Дэлхийд мэдрэлийн мэс заслын эмчилгээ хийдэг олон төв бий. Тэд өвчтөнүүдээ хуваагаад авчихдаг. Цус харваад юм уу, судас нь бөглөрөөд ирсэн бол хурц хэлбэр гэж үзээд хүний амь насыг аврах заалтаар мэс ажилбар хийдэг. Тиймэрхүү томоохон төвүүдэд өдөрт 5-6, харин жижиг эмнэлгүүдэд 2-3 хагалгаа хийдэг юм билээ.

-Харин манайд ямар бол?

-Манайд тархины судас дотуурх хагалгааг өдөрт 2-3 ч биш, түүнээс ч ихийг хийхэд хүрдэг юм. Учир нь манай улс ганцхан тийм төвтэй шүү дээ. Ийм төрлийн мэс ажилбар гүйцэтгэдэг гуравхан эмчтэй. Хүний нөөц хангалтгүй. Судас доторх бусад төрлийн хагалгааг бодвол тархины судас доторх мэс ажилбар хамгийн хүнд хэцүү нь. Маш олон өртөг өндөртэй багаж хэрэгсэл, материал шаардагддаг юм. Дээр нь ийм төрлийн мэс заслыг хийж сурахын тулд эмч нарыг дор хаяж 3-5 жил дагалдаж байж бие даан гүйцэтгэх боломжтой болдог. Миний хувьд энэ төрлийн мэс заслыг 10-аад жил хийж байна. Гэтэл цаашид сурах юм бишгүй. Тэгээд ч энэ салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжин дэвших болсныг хэлэх үү.

Нэмж хэлэхэд, ийм хагалгааг ганц хоёр хүн хийчихдэг юм биш. Бүхэл бүтэн баг ажилладаг. Унтуулгаар мэргэшсэн, сэхээн амьдруулахаар мэргэшсэн гээд олон эмч гар нийлэн ажиллаж байж мэс ажилбар амжилтад хүрдэг.

-Та ноднин жил Монголын тархины судас дотуурх мэс заслын нийгэмлэг санаачилж үүсгэн байгуулжээ. Нийгэмлэгийнхээ зорилгын талаар тодруулна уу?

-Ийм төрлийн мэс заслыг Монголд хэрхэн нутагшуулах, эмчилгээнийхээ үр дүнг иргэдэд яаж хүргэх, дэлхийн хөгжингүй цөөхөн хэдэн оронд хийдэг мэс ажилбарыг бид Монголдоо хэдийнэ амжилттай хийдэг болсноо энэхүү нийгэмлэгийг үүсгэн байгуулж таниулан мэдүүлэхийг хүссэн юм. Угаасаа манай улс энэ төрлийн мэс заслаараа хөгжингүй орнуудаас дутахгүй болсон шүү дээ. Тархины судас дотуурх мэс засал хийлгэхийн тулд гадаад явах шаардлагагүй болсныг мөн иргэддээ хүргэх гэсэн хэрэг. Одоогоор манай төв олон улсын судалгаанд оролцдог нэг төв нь болсон байгаа. Цаашид олон улсын сургалтын төв болгохоор ярьж ажиллаж байна.

-Тархины судас дотуурх хагалгаа нь дотроо олон аргатай. Тэдгээрийн нэг болох урсгал өөрчлөгдөх стент тавих хагалгааг шинээр нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Урсгал өөрчлөгдөх стент тавих хагалгаа улам бүр төгөлдөржин шинэчлэгдсээр байна. Эхэндээ энгийн хэлбэртэй байсан бол мэс заслын үед гарах эрсдэлийг багасган боловсронгуй болсоор бөглөрлөөс сэргийлэх бүрхүүлтэй болсон гээд улам нарийссан. Тархины судас дотуурх хагалгааг зарим оронд дөнгөж хийж эхэлж байгаа шүү дээ. Гэтэл бид зарим мэс заслуудыг Азидаа анх хийж байгаа. ОХУ, Германы тэргүүний мэргэжилтнүүд манайд ирж сургалт явуулсаар байна.

-Ийм нарийн мэс ажилбар мэдээж аль ч улсад өртөг өндөртэй. Манайд харин 100 хувь үнэ төлбөргүй болсон гэл үү?

-Тийм ээ. Төрөөс хамгийн сүүлийн үеийн үнэтэй тоног төхөөрөмжөөр хангадаг болчихлоо. Иймээс ч эхлээд тархины судас дотуурх хагалгааны 75 хувийг улс, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлдөг байсан бол өнгөрсөн гуравдугаар сараас 100 хувь төр даадаг болсон. Өмнө нь өвчтөний төлдөг тэр 25 хувь гэдэг чинь 15-20 сая төгрөг байлаа шүү дээ. Энэ бол маш том ололт.

-Тоног төхөөрөмж, аппаратын хувьд ч хангамж сайжирсан гэсэн?

-Анх АНУ-ын Мянганы сорилын сангийн санхүүжилтээр нэг аппарат авч байв. Харин одоо хамгийн сүүлийн үеийн гурван аппараттай болж, хангамж хүртээмж үнэхээр сайжирлаа.

-Аавыг тань мэс заслын эмч байсан гэж сонслоо?

-Аав маань бас мэс заслын эмч байсан л даа. Маш их ачаалалтай, амралтын өдөргүй ажилласаар 49 насандаа харвасан юм. Онош нь тархины судасны цүлхэн гэж гарсан. Тэр үед манай улсад шаардлагатай хагалгааг хийдэггүй байсан учир Москва явахаас өөр аргагүйд хүрсэн. Тэгэхэд би жаахан хүүхэд байлаа.

-Тэгээд хагалгаа амжилттай болсон уу?

-Тийм ээ. Тэгээд л би аавынхаа мэргэжлийг уламжилсан юм.

-Тархины судас дотуурх хагалгаа хийхэд хэр хүндрэлтэй вэ. Үйл явцыг нь товч боловч тайлбарлавал?

-Тархины хагалгаа хоёр төрөлтэй. Нээлттэй хагалгааг микроскопоор харж хийдэг. Харин судас дотуурх хагалгааг рентген гэрлээр нэвт гэрэлтүүлэх чадвартай тусгай аппаратын тусламжтайгаар хийдэг. Өнгөц харвал амархан мэт санагдах байх л даа. Мэдээж тийм биш. Наад зах нь гэхэд багаж хэрэгслээ зөв сонгохгүй бол тархины судсыг урна, гэмтээнэ.

Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж буйг дахин онцолмоор байна.

Д.Цэрэндолгор

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батбаяр: Ковидын шинэ хувилбарууд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд илүү уршигтай DNN.mn


Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай коронавируст халдвар манай оронд ямар түвшинд байгаа талаар тодруулж ярилцлаа.


-Сүүлийн үед коронавируст халдвар ихэсч байна. Цаашид манай улсад ба дэлхий дахинд нэмэгдэх хандлага бий юү?

-Өнгөрсөн долоо хоногт манай улсад нийт 1235 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 215 тохиолдлоор өслөө. Халдвар авагсдын дийлэнх нь вакцины бүүстэр буюу гурав дахь тундаа хамрагдаагүй хүмүүс байна. Цаашдаа ч вакцины нэмэлт бүүстэр тунд хамрагдаагүй хүмүүсийн дунд халдварын тоо нэмэгдэнэ. Ковидын омикроны БА2 хувилбар манайд тохиолдлын 98 хувийг эзэлж байна. Коронавирус тасралтгүй мутацид орж хувьсан өөрчлөгдөж буй тул вакцины дараа, мөн өвдсөний дараа тогтсон дархлаанаас зайлсхийх чадвар нь нэмэгдэж буйг бид ойлгох хэрэгтэй. Цаашдаа ч энэ мутаци үргэлжилнэ гэдгийг эрдэмтэд онцолж байгаа. Гэхдээ ДЭМБ ковидын нэн шинэ хувилбаруудад нэр оноохгүй байгаагийн учир гэвэл тэдгээрээс үүдсэн хүндрэл, нас баралт ноцтой нэмэгдээгүйтэй холбоотой.

-Ирэх намар цар тахлын шинэ давлагаа үүснэ гэж урьдчилан таамаглах болжээ. Түүнд хүүхдүүд илүү өртөх магадлалтай гэх юм?

-Ирэх намраас коронавирусийн халдварлах чадвар өндөр, хүндрэл, нас баралтын түвшин дээгүүр хувилбар гарч ирэх магадлал их гэдгийг олон орны эрдэмтэд сэрэмжлүүлэх болов. Тийм ч учраас Их Британи, АНУ, Европын Холбоо ирэх наймдугаар сараас 60-аас дээш настай иргэдээ нэмэлт тунд хамруулах төлөвлөгөө боловсруулжээ. Үүнээс гадна шинэ давлагаанд вакцин хийлгэж хараахан амжаагүй хүүхдүүд өртөх эрсдэл үүсч болзошгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковакс” хөтөлбөрийн голлох санхүүжүүлэгчид хүсэлт тавьснаар тус хөтөлбөрийн хүрээнд 5-12 насны хүүхдэд тарих нэг сая гаруй тун вакцин ойрын үед манай улсад ирэх гэж байна. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн вакцин хүлээж авч буй анхны орнуудын нэг нь манай улс юм. Ковидын шинэ хувилбарууд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд илүү уршигтай гэж ойлгож болно. Дэлхийн томоохон вакцин үйлдвэрлэгч АНУ-ын “Новакс” компани жил бүрийн намар дахин давлагаалах болсон томуу ба коронавируст вирусийн эсрэг хавсарсан вакциныг амжилттай туршин урьдчилсан тарилгад амжилттай нэвтрүүлсээр байна. Цаашдаа манай улсын иргэд ийм вакцинд хамрагдах боломжтой.

-Олон хүн цугларсан газарт амны хаалт зүүх зөвлөмжийг холбогдох газруудад тогтмол хүргүүлж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд саяхан онцолж байсан. Эмч нарын зүгээс ч иргэдийг маскаа зүү гэж зөвлөвч иргэд зүүхээсээ зүүхгүй нь их болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ковидын шинэ хувилбарууд ар араасаа гарч ирж байгаа учраас амны хаалтаа зүүсээр байх нь чухал. Хүн бүр нас, хүйсээсээ хамаарч дархлааны түвшин өөр өөр байдаг. Гэхдээ 60 наснаас дээш хүмүүс төдийгүй дархлаа муутай залуучуудын дунд ч эрсдэл байсаар буй. Амны хаалт ковидоос гадна томуугаас ч сайн хамгаалдгийг онцлох хэрэгтэй. Дэлхийн улс орнуудад 5-6 сард томуу маш их тархсаны шалтгааныг коронавируст цар тахлын эсрэг дэглэмийг зөөлрүүлсний дараа хүмүүс хувийн хамгааллаа сулруулсантай холбоотой гэж эрдэмтэд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, амны хаалтаа авч гараа угаахаа больсон нь үүнд нөлөөлсөн гэсэн үг. Тэгээд бага насны хүүхдүүддээ томуугийн халдвар тараасан гэж үзэж байгаа юм. Тэгэхээр амны хаалтаа зүүх, гараа байнга угаах ямар чухал нь харагдаж байгаа болов уу.

-Ковид хүний биед ямар эмгэгүүд үлдээж байна вэ. Энэ талаар судалгаа бий юү. Ковид тархинд цус харвалт өгөөд байгаа гэсэн. Юуны учраас тэр юм бол?

-Коронавирус хүний цусны бүлэгнэлтийн үйл явцыг идэвхжүүлдгээс шалтгаалж халдвар авсан хүмүүсийн элэг төдийгүй бүх эрхтэнд жижиг хялгасан судасны бөглөрөл үүсч, улмаар бүх л эрхтэнд үхжил бий болгодог. Үүнээс шалтгаалж бөөрний, элэгний хурц дутагдал, зүрхний булчингийн, мөн тархины эсүүдийн үхжил үүсч, хамгийн ноцтой нь уушгинд хатгаанаас болж сорвижилт бий болгон амьсгалын багтаамжийг багасдаг байна. Иймээс ковидын аль ч хувилбараар хүндээр өвдөгсөд амархан ядарч цуцдаг нь дээрх эрхтэн системийн үйл ажиллагааны дутагдалд орсонтой холбоотой. Хүүхдүүд ковидын цар тахлын урьд урьдын давлагаанаар хүндээр тусахдаа мөн л олон эрхтэн системийн дутагдалд орж байсан. Нэн ялангуяа дельта давлагааны үед. Түүнчлэн коронавирус өөхний эсүүдийг довтолдог нь илүүдэл жинтэй хүмүүс ковидоор хүнд өвдөж буйн үндсэн шалтгаан болж байгаа юм. Тодруулбал, тарган хүмүүсийн өөхний эсэнд коронавирус удаан хугацаанд оршин халдварын голомт болж дархлаа буурмагц идэвхжиж байна гэж үзэж буй эрдэмтэд ч цөөнгүй. Ер нь коронавирусээс болж олон хүн насан туршдаа архаг өвчтэй болж үлдэх эрсдэл их. Тийм ч учраас вакцинаа хийлгэж өвчлөхгүй байх нь л чухал.

Хөнгөн өвдсөн залуучуудын дунд хүртэл тархины эд эсийг гэмтээх, сэтгэцийн өөрчлөлттэй болгох, дараагийн шатандаа бүр Альцхаймерийн өвчний суурийг тавьж байна гэсэн судалгаа хүртэл саяхан гарсан. Коронавирусийн халдварын хурц үед тархины судасны харвалт, орчноо мэдрэхгүй болох, мэдрэл булчингийн үйл ажиллагааны хямрал зэрэг ажиглагддаг бол ковидоор өвчилсний дараа үед толгой өвдөх, депресс буюу сэтгэл гутралд автах, психоз буюу сэтгэцийн эмгэг зэрэг тархины эд эсийн гэмтлээс үүдэлтэй шинж тэмдгүүд илрэх болсон.

Зүрхний хувьд коронавирус хүний энэ чухал эрхтний эд эсэд нэвтэрдэг. Хүний дархлааны систем халдвар авсан зүрхний булчингийн эсийг устгахдаа эрүүлийг нь ч давхар устгадгаас зүрх гэмтэж байна. Улмаар зүрхний шигдээс хоёр аргаар үүсэх болжээ. Нэгдүгээрт, цус өтгөрсөн, хоёрдугаарт, хамгийн элбэг нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноос үүдэн шигдээс болж буйг АНУ Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид онцолсон юм. Ер нь ковид туссан үед хүний цусанд тропонин бодис ихэсч, энэ нь зүрхний булчин гэмтэж үхэж байгааг илэрхийлдэг. Харин коронавируст халдвар авч эдгэрсний дараа амьсгалахад хүндрэлтэй болох, ихээр шээх, хөл хавагнах шинж тэмдэг илэрвэл таны зүрх ковидын үед гэмтсэн гэсэн үг. Германы эрдэмтэд саяхан ковидоор өвдөж эдгэрсэн 100 хүний зүрхний булчинд судалгаа хийхэд 70 гаруйд нь зүрхний булчингийн үхжил, сорвижил илэрчээ. Хүндээр өвдсөн хүмүүсийн дунд энэ тоо илүү их байгааг ч тогтоосон.

Бөөрний хувьд ч ялгаагүй. Коронавирус бөөрний эд эсэд нэвтрэн орж гэмтээдэг ба цусны бүлэгнэлээс шалтгаалж бөөрний түүдгэнцэр гэмтэж шээсээр уургаа их алддаг. Хэрэв хүндээр өвдсөн бол насан туршдаа бөөрний архаг үлдэцтэй болох ч эрсдэл бий. Харин хөнгөн өвдсөн хүмүүсийн зүрх ба бөөрний гэмтлийг эмчлэн нөхөн сэргээх боломжтой.

-Сүүлийн үед сармагчны цэцэг өвчинтэй холбоотой мэдээлэл их гарах болсон. Энэ өвчний гол шинж тэмдэг юу вэ. Ковидын вакцин энэхүү өвчнөөс сэргийлэх үү?

Сармагчны цэцэг өвчний эхэн үед халуурна, улмаар хүзүү ба суганы булчирхайнууд цочирч дараагийн шатанд хөл гарын арьсан дээр цэврүүт тууралт гардаг. Энэхүү цэврүүнд вирус агуулагддаг ба тэр нь хагарснаас үүдэн цуг амьдардаг хүмүүс халдвар авдаг байна. ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, уг өвчнөөр 56 гаруй орны 1400 орчим хүн халдварласан ба үүнээс 29 оронд анх удаа бүртгэгдээд буй. Цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй. Сармагчны цэцэг өвчнөөр халдварлагсдын 2-3 хувь нас барах эрсдэлтэй, нэн ялангуяа 17-оос доош насны хүүхэд ба жирэмсэн эмэгтэйчүүд өвчилбөл нас барах эрсдэл илүү өндөр юм. Энэ өвчин эхэн үедээ эрэгтэй ижил хүйстнүүдийн дунд ихээр тархаж, тийм хүмүүс цугладаг баар цэнгээний газруудаар голомтолсон байсан бол өдгөө бэлгийн энгийн харилцаатай хүмүүсийн дунд ч тархалт нэмэгдэж байна. Иймд хүмүүс олноор цуглардаг баяр цэнгүүнд халдвар авах эрсдэл нэмэгдэнэ гэдгийг анхааруулах хэрэгтэй. Сармагчны цэцэг өвчин нь салхинцэцэг зэрэг өвчинтэй адил вирусээр үүсгэгддэг тул салхинцэцгийн эсрэг вакциныг ойрын хавьтлуудад хийх зөвлөмж гараад байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл тодруулах гэсэн юм. Таны төгссөн Лондонгийн Халуун орны өвчин судлалын сургуулийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Хебресиус, мөн тус байгууллагын “Ковид-19”-ийн техникийн багийн ахлагч Марко Ван Керкхов нар мөн төгссөн гэл үү?

-Тийм ээ. Миний бие 2004 онд мастерын зэргээ хамгаалсан Лондонгийн Халуун орны өвчин судлалын сургуулийг дээрх эрхмүүд мөн дүүргэсэн. Би одоо ч гэсэн сургуулийнхаа багш, судлаач, төгсөгчидтэй холбоотой байдаг. Дашрамд дурдахад, манай сургууль 2020 онд “Ковид-19”-ийн цар тахалтай тэмцэхэд оруулсан хувь нэмрээрээ Их Британийн хатан хааны шагнал хүртсэн билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Аксель Никэйз: Монгол Улсад 139 сая еврогийн санхүүжилт хийгээд байна DNN.mn

Европын холбоо анх 1957 онд Европын эдийн засгийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдахдаа зургаан гишүүн оронтой байсан бол өдгөө эгнээндээ 27 улсыг нэгтгэсэн улс төр, эдийн засгийн томоохон байгууллага болон хувирчээ. Манай улсад Европын холбооны ХБНГУ, Франц, Унгар зэрэг долоон гишүүн улс Элчин сайдын яамтайгаас гадна хэд хэдэн орны өргөмжит консулууд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд Европын өдөрлөг болж, 70 асарт 12 улс танилцуулгаа хийснээс гадна Германы эрдмийн солилцооны алба, Монгол дахь Францын сургууль, Франц-Монголын соёлын төв зэрэг соёл, боловсролын байгууллагууд, Европын холбооны бараа, бүтээгдэхүүн борлуулдаг байгууллага, жишээ нь “Урбанек” Польшийн, “Оргил” супермаркет Францын “Казино” зэрэг брэндийг төлөөлж оролцжээ. Өдөрлөгийн үеэр түүнчлэн Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй бүх төслийн үйл ажиллагааг сурталчилж, олон нийтэд танилцуулсан юм. Тус холбоо манай улсад ойжуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гээд 2027 он хүртэлх олон төсөл бүхий хөтөлбөрөө саяхан баталсан юм.


Европын холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзтэй өдөрлөгийн үеэр уулзаж ярилцлаа.


-Европын өдөрлөг бороотой өдөр тохиолоо. Та өдөрлөгийг нээж үг хэлэхдээ монголчууд “Хувьтай хүн хур борооноор” гээд ихэд бэлгэшээдгийг дурдсан. Улаанбаатарын төв талбайд болж буй энэ өдөрлөг бороо авчирсан нь мэдээж бэлгэ дэмбэрэлтэй зүйл боллоо. Тэгвэл Европын холбоо манай улсад юу авчирсан гэж та боддог вэ. Ер нь Европын холбоо Монголтой хэрхэн харьцаж, ямар бодлого явуулж байна вэ?

-2019 онд зохион байгуулсан анхны өдөрлөгөөс хойш цар тахлын улмаас хоёр жил өнжсөний эцэст Европын өдөрлөг дахин болж байна. Иймд хэдийгээр сэрүүхэн, бороотой өдөр тохиосон ч бид өдөрлөгөө зарласан хугацаанд явуулах нь зүйтэй гэж үзсэн. Өдөрлөг амжилттай өрнөж, монголчууд ихээр ирж сонирхож буйд баяртай байна. Тэгээд ч монголчууд “Хувьтай хүн хур борооноор” гэж хэлдэг дээ. Иймд Европын өдөрлөг Улаанбаатарт хур бороо дагуулсанд ихэд бэлгэшээж байна. Европын холбоо Монголд юу авчирч, ямар бодлого явуулж байгаагийн хувьд бид хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон ажиллаж байна. Тэдгээр нь цаг агаарын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой эдийн засгийг дэмжих. Танай улсын Гадаад харилцааны яамтай хэлэлцээ хийж, Монголын ойн нөөцийг хамгаалахын сацуу нэмж мод тарих ажлыг зохион байгуулж, шинэ ажлын байр бий болгох төслөө танилцуулсан. Үүнээс гадна Монголын эдийн засгийг төрөлжүүлэн ганц хоёрхон бус, олон салбарыг зэрэг хөгжүүлэн Европын холбоо руу гаргах экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Ингэхдээ тээвэрлэлт, логистикийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч байгаа билээ. Европын холбоо үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамтай хэлэлцээ хийж, эдийн засгийн тунгалаг, ил тод байдлыг ханган авлига, хээл хахуультай тэмцэх арга замуудыг тодорхойлоход чухал ач холбогдол өгөн хамтран ажиллаж байгаа юм.

-Өнөөдөр дэлхий нийт манай хойд их хөрш ОХУ Украин руу түрэмгийлэн довтолсныг эрс буруушааж, Украинд тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж, ОХУ-ын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авч байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн “Украины эсрэг түрэмгийлэл” нэртэй тогтоолыг дийлэнх буюу 141 гишүүн орон дэмжиж, ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Сири, Эритрей гэх тавхан улс эсэргүүцэн 35 улс түдгэлзсэн билээ. Түдгэлзсэн санал өгсөн орны нэг нь Монгол Улс. Төв Азийн ардчиллын голомт гэж хэлж болох манай улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр аварга гүрний дунд хавчуулагдан оршиж, хойд хөршөөсөө бензин шатахуун, эрчим хүчний хэт их хамааралтай тул дээрх санал хураалтад түдгэлзэхээс өөр аргагүйг Европын холбоо ойлгож хүлээн авсан гэдэгт найдаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улс хоёр их хөрштэйгөө харилцахдаа тэнцвэртэй хандах нарийн адармаатай зорилттой гэж би боддог. Танай улс туулж өнгөрүүлсэн түүхээ, мөн газар зүйн байрлалаа солих боломжгүй шүү дээ. Иймд маш мэдрэмжтэй ухаалаг гадаад бодлого явуулахаас өөр аргагүй. НҮБ-ын Ерөнхий ассамблейд ОХУ Украиныг түрэмгийлэн довтолсныг буруушаасан тогтоолыг батлахад Монгол Улс түдгэлзсэн санал өгснийг бид ойлгож байгаа. Европын холбоо танай улсын чухал гуравдагч хөрш болдгоороо бахархдаг билээ. Хэдийгээр газар зүйн хувьд алслагдсан ч бидэнд ардчилсан нийгмийн үнэт зүйлс гээд ижил төстэй зүйл их.

-Энэ удаагийн өдөрлөг өмнөхөөсөө юугаараа ялгаатай, ямар онцлогтой вэ?

-Эхнийхтэй харьцуулахад ямар байсныг би сайн хэлж мэдэхгүй байна. Учир нь би тэр өдөрлөг зохион байгуулснаас хойш Монголд ирсэн. Ямартаа ч энэ удаагийн Европын өдөрлөгт 17 улс оролцож, манай холбооноос Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулж буйдаа баяртай байна.

-Манай иргэд Шенгений визийн талаар их сонирхдог. Виз олгох нэг цэгийн үйлчилгээ байдаг уу?

-“VFS Global” гэсэн компани бий. Зөвхөн Монголд ч биш, Бээжинд ч, ер нь дэлхийн олон оронд визийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компани энэхүү өдөрлөгт оролцон үйл ажиллагаагаа танилцуулсан байгаа. Харин манай төлөөлөгчийн газар виз гаргадаггүй тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг ойлгоно биз ээ.

-Европын холбоо Монголд хичнээн төсөлд хэдий хэмжээний санхүүжилт хийгээд байна. Хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийн явц ямар байна вэ?

-Одоогийн байдлаар Европын холбооноос Монгол Улсад нийт 32 төслийг хэрэгжүүлж, тэдгээрт 139 сая еврогийн санхүүжилт хийгээд байгаа. Тэр нь зээл биш, буцалтгүй тусламж гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Ер нь Европын холбооноос Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг гурван үндсэн чиглэлд хуваан авч үзэх боломжтой. Эхнийх нь ногоон хөгжлийн төслүүд. Хоёрдугаарт, сайн засаглал, шүүх эрх зүйн орчныг сайжруулахад зориулсан төслүүд юм. Харин манай санхүүжилтийн хамгийн чухал хэсэг нь, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх буюу солонгоруулахад холбоотой юм.

-Европын холбооны гишүүн орнууд манай улсын залуу үе, оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах зэргээр боловсролын салбарыг хэзээнээс дэмжсээр ирсэн. Энэ талаар тодруулна уу?

-Европын холбоо Монголын боловсролын салбарт Erasmus plus гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, нэлээд хэдэн их сургуультай хамтран ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө боловсролын салбарт ойрын ирээдүйд явуулах төслүүдийн тухай дэлгэрэнгүй төлөвлөгөө гарсан. Удахгүй бид энэ талаар мэдээлэх болно. Боловсролын хөтөлбөрийн хүрээнд бид монгол оюутнуудыг Европт суралцуулахаас гадна судлаачид, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан их, дээд сургуулиудын чадвар, чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагааг ч мөн хэрэгжүүлдэг юм. Eras­mus plus-аас гадна дэлхийн, Европын улс орнууд төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгодог билээ. Мөн мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв буюу МСҮТ-ийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай холбоо ирэх намар боловсролын үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй ажиллаж буйг дуулгахад таатай байна.

-Хоёр талын соёлын хамтын ажиллагааг дурдалгүй өнгөрч болохгүй нь мэдээж?

-Энэ өдөрлөг бол соёлын арга хэмжээний нэг хэсэг шүү дээ. Монголын олон нийтэд Европын холбооны гишүүн орнуудын соёлыг түгээн бүтэн өдрийн турш соёл, урлагийн арга хэмжээг зохион байгууллаа. Манай холбооны гишүүн орнууд өөр өөрсдийн онцлогийг харуулсан урлаг, соёлын үзүүлбэрийг дэлгэн харуулсан. Европын холбооноос Монголд соёлын салбарт сүүлийн үед хэрэгжүүлэх гэж буй томоохон төсөл гэвэл бид Чойжин ламын сүмийн музейтэй хамтраад виртуал буюу цахим 3D хэлбэрээр үзүүлэнгүүдийг нь байршуулах явдал юм. Санхүүжилтийг нь шийдчихвэл энэ нь зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий дахинд Чойжин ламын музейн яруу сайхан бүтээлүүдийг дэлгэн хүргэх том завшаан болно гэж үзэж байна. Ер нь “Ковид-19” цар тахал гарч хөл хориход хүрснээр дэлхийн олон музей, урлагийн галерей виртуал хэлбэрт шилжсэн билээ.

-Европын холбоо манай улс дахь төлөөлөгчийн газраа хэзээнээс нээсэн бэ. Дэлхийн хэдэн оронд төлөөлөгчийн газартай бол?

-Монголд Европын холбооны 27 орны долоо нь Элчин сайдын яамтай. Европын холбоо Монгол Улсад Төлөөлөгчийн газраа байгуулах шийдвэрийг 2017 оны арваннэгдүгээр сард гаргаж, дараа жил нь Улаанбаатарт нээсэн гэж бодохоор ердөө таван жилийн л нүүр үзээд байна. Гэхдээ Монгол Улс бүр 1989 онд Европын холбоотой дипломат харилцаа тогтоогоод хэдийнэ 33 жил болж, урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн билээ. Европын холбооны төлөөлөгчийн газрууд өдгөө дэлхийн 140 гаруй улс оронд ажиллаж байна.

-Одоо хувь хүний тань талаар хэдэн асуулт тавихыг зөвшөөрнө үү. Та Европын яг аль улсын иргэн бэ. Манай улсад ирэхэд юу нь хамгийн түрүүнд нүдэнд туссан бол. Монголчуудтай харилцахад, Монголд ажиллаж амьдрахад ямар байна вэ?

-Би бельги хүн л дээ. Сүүлийн найман жил гадаадад амьдарч байна. Монголд ирэхээсээ өмнө халуун дулаан Вьетнам, Энэтхэг зэрэг улсад найман жил ажилласан л даа. Үргэлж сандаалтай, нимгэхэн даавуун хувцас өмсдөг байсан. Харин Монгол Улс маш эрс тэс уур амьсгалтай тул олон давхар, зузаан хувцас өмсөх болсон. Ажиллаж амьдрахад миний хувьд ийм л өөрчлөлт гарсан юм. Танай сайхан оронд ажиллахад маш таатай байна. Монголчууд бүх шатандаа нийцтэй тул ямар нэг хүндрэл, үл ойлголцол гардаггүй. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ зэрэг нь эрх чөлөөтэй, оюутан залуус, төрийн албан хаагчид, багш профессорууд гээд хэнтэй ч харьцсан нээлттэй хүмүүс байдаг нь таалагддаг. Дээр нь монголчууд сэтгэлгээний хувьд бидэнтэй маш олон зүйл дээр адилхан юм. Монголчууд хамтарч ажиллахад маш их идэвх зүтгэлтэй, динамик эрч хүчтэй хүмүүс гэж боддог шүү. Тэгээд ч Европын холбоо ч, Монгол Улс ч ялгаагүй ардчилал, хүний эрхийг дээдэлдэг ижил үнэт зүйлстэй тул хамтран ажиллахад ямар нэг хүндрэл гардаггүй юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Наранбаяр: Багшийн цалинг хоёр сая төгрөгөөс дээш болговол боловсролын салбарт чадварлаг боловсон хүчин орж ирнэ DNN.mn

“Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн, Олон улс судлалын доктор П.Наранбаяртай боловсролын салбарын хөгжлийн талаар ярилцлаа.


-Та саяхан боловсролын салбарт сайн багштай болохын тулд либералчилъя гэж жиргэсэн байна лээ. Энэ талаараа тодруулна уу?

-Багш бэлдэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх процессыг харьцангуй чөлөөтэй болгоё гэсэн санаа юм.

-Ер нь яаж сайн багштай болох вэ. Ямар арга зам байна?

-Багшийн цалинг хоёр сая төгрөгөөс дээш болгож байж энэ салбарт чадварлаг боловсон хүчин орж ирнэ. Үндсэн арга зам бол энэ. Түүний зэрэгцээ чадварлаг оюутантай болох, тэднийг боловсролын салбарт тогтвортой уях тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Төв суурин газартаа сайн багш чигжүү, хөдөө, зах руугаа сайн багш дутуу байгааг засах нэг арга бол сэлгүүлэн ажиллуулах явдал. Багшийн мэргэжлийн зэргийг олгохдоо хотын захын сургууль, хөдөө нутагт ажилласан байдлыг харгалзаж, багшийн “Зөвлөх” зэргийг олгох нь зүйтэй. Нэг сургуульд нэг багш таваас дээш жил ажиллаагүй заавал сэлгээнд ордог байх нь чухал. Энэ бол хөгжингүй орнуудад байдаг л тогтолцоо.

-2030 онд багшийн ноцтой дутагдалд орно гэсэн байсан. Энэ хаанаас гаргасан судалгаа вэ. Одоо манайд багш нарын хүрэлцээ хэр байдаг вэ? Дутагдалтай байгаа гэдгийн шалтгаан нь юу вэ?

-“Алсын хараа-2050” хөтөлбөрт төрөлт нэмэгдэж, сургуульд элсэн орж буй хүүхдийн тоо эрчимтэй нэмэгдсээр байгаа өнөөгийн нөхцөлд 2030 он гэхэд 23 мянган багш дутагдахаар байгаа тухай дурджээ. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудын 11 хувь 41-70 хүүхэдтэй хичээллэж байна гэсэн тоо баримт бий. Энэ тооноос багш, сургуулийн орчны хүрэлцээг та багцаалдаж болно. Дутагдалтай байгаагийн шалтгаан нь багш бэлдэж гаргах тогтолцоо хэт хөшингө, багш болох хүсэлтэй залуу үе хомс, чанартай багш бэлдэх сургуулиуд хангалтгүй байгаатай холбоотой.

-Гадаадад сургууль төгссөн залууст хялбар журмаар багшлах эрх олгоё гэж та жиргээндээ онцолсон. 2021 оны тавдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд багшлах эрх олгох, хасах журмыг шинэчлэн баталсан байдаг. Та санал болгоод буй хялбар журмынхаа талаар дэлгэрүүлнэ үү?

-Багшлах эрх олгох журам өнөөгийн Боловсролын тухай хуульд нийцүүлэн гарсан гэж ойлгож байгаа. Урьд нь багшаар ажиллах эрх, багшлах эрхийг салгаж хоёр дахин олгодог түвэгтэй тогтолцоо байсныг нэг болгосон нь сайшаалтай. Миний саналын тухайд тайлбарлая. Гадаадад их сургууль төгссөн залуус чадвар харьцангуй өндөр, нэн ялангуяа байгалийн ухаан, гадаад хэлийг сайн эзэмшсэн байдаг. Боловсролд яг л ийм чадвартай хүн маш их дутагдаж байна. Тиймээс багшлах дур сонирхол, авьяас чадал, мэдлэгтэй залуусыг уг салбарт олноор нь татан оруулахад зоримог шийдвэр хэрэгтэйг хэлсэн хэрэг л дээ.

-Уг асуудлыг шийдэхэд хэр хугацаа шаардагдах бол. Хэр ач холбогдолтой вэ. Үр дүн нь ямар байх бол?

-Энэ бол ердөө л яам тамгын газруудын харилцан уялдаа холбоо, шийдвэртэй л холбоотой асуудал. Сар хүрэхгүй хугацаанд дээрх тогтолцоог бий болгох боломжтой гэж харж байна. Ач холбогдол нь алсдаа том шүү дээ. Чадвартай залуус багш болоод ирвэл сайн багш таны дэргэд ирж, сайн боловсрол, сайн сургууль гэрийн чинь дэргэд ороод ирлээ л гэсэн үг. Сайн багшаас сайн шавь. Энэ бол гол үр дүн.

-Мөн та жиргээндээ багшийн сургуулиудад богино хэмжээний дидактикийн сургалтыг зохион байгуулах тухай онцолсон байсан. Энэ нь багшлах эрх олгох сургалтыг хэлээд байна уу. 2021 онд гаргасан дээрх журамд сургалтын хөтөлбөрийг танхимын, танхимын бус зайн, цахим болон хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэсэн байсан. Энэ тухайд?

-Боловсрол өндөр, чадвар сайн, мэдлэг гүнзгий шинэ үеийн залуус багш болохоор хүсвэл мэргэжлийн хичээл гэх мэтийг давхцуулан заагаад байлгүй заах арга зүй буюу дидактикийн сургалтыг МУБИС гэх мэт багш бэлддэг сургуулиудад гурван сард багтаан заагаад багшлах эрхийн үнэмлэх олгочих хэрэгтэй. Одоо бол богиносгосон сургалт нэртэй ч нэг жил хагасаас хоёр жилийн сургалт явж байна шүү дээ. Өнөөгийн өртөг өндөр, амьжиргааны зардал ихтэй нийгэмд хэн хоёр жил дахин сурах вэ дээ.

Нэг жишээ хэлье. Ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багш маш их дутагдаж байгаа. Хөгжимчин залуу байя гэж бодъё. Хөгжмийн багшийг хөгжмийн боловсролтой л хүн заана шүү дээ. Тийм хүн багшилъя гэхээр хоёр жилийн сургалтад төлбөр төлж суух хэрэгтэй болдог. Тэгэхийн оронд зуны гурван сард заах арга зүйн сургалтад хамруулчихад хангалттай юм. Дашрамд хэлэхэд, МУБИС зөвхөн багш, боловсролын ажилтнуудыг бэлддэг болмоор байна. Өөр мэргэжлээр хүн бэлдэх шаардлагагүй. Угаас багшийн дутагдалд ороод байна шүү дээ.

-Та боловсролын салбарт чамгүй хугацаанд ажилласан арвин туршлагатай хүн. Боловсролын салбарт чанартай сургалтын шинэ жишиг, стандартыг тогтооход томоохон хувь нэмэр оруулсан хүн билээ. Та нэгэн ярилцлагадаа боловсролын хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахаа онцолсон байна лээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?

-Баярлалаа. “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-аараа дамжуулан энэ зорилгынхоо төлөө зүтгэж байна. Хотын төвийн сургуулийн сайн багшийн интерактив хичээлийг бид Архангай аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийнхээ зүүн захын сургуулиудад онлайнаар хүргэж байна. Сайн сургууль гэдгийг тодорхойл гэвэл сайн багшаар дүүрэн сургуулийг л хэлнэ гэж би хариулна. Сайн багш байгаа цагт боловсрол аяндаа хөгжинө. Мөн сайн хичээлийн агуулгыг бий болгох тал дээр “ICT Group”-тэй хамтран ажиллаж байна. Энэ нь дэлхийн 160 гаруй оронд өөрийн хичээлээ хүргэдэг Хан академийнх шиг өндөр боловсруулалт, чанартай хичээлийг монгол хэлээрээ өөрсдөө бий болгоно гэсэн үг юм. Ийм хичээлүүдийг хүүхэд орон зай, цаг хугацааны дарангуйлалд орохгүйгээр үзнэ. Түүний зэрэгцээ, А.Энхбаяр багшийн “Дижитал солюшнс” компанийн Guyuk мета ертөнцтэй хамтран виртуал сургуулиа нээх зорилт тавин ажиллаж байна. Түүний зэрэгцээ голдуу залуу уншигчид зориулсан “Зүймэл” номоо хэвлүүллээ. Хаанаас нь ч уншиж болдог өвөрмөц ном. Уншигчийн оюуны ертөнцийг тэлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болоосой гэж хүсэж байна.

-Таны ойрын төлөвлөгөө юу вэ?

-“Сайн сургуулийг таны дэргэд” ТББ, Гүүдскүүл сайт, Дэкирү сургалтын төвөөрөө дамжуулан боловсролын үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувиар сонгогчдынхоо дуу хоолой болж, хүний амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд нийслэлийнхэнтэйгээ хамтдаа алхаж явахыг эрхэмлэж явна даа.

Categories
гадаад мэдээ

Юн Сук Ёл: Өнөө цагт улс орны аюулгүй байдлыг хангагч гол хүчин зүйл нь эдийн засаг болж байна DNN.mn

Өнгөрсөн гуравдугаар сард болсон БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд “Ард түмний хүч” консерватив намаас нэр дэвшигч Юн Сук Ёл эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мёноос урьд өмнө байгаагүй бага, ердөө 250 мянган сонгогч буюу 0.8 хувийн саналын зөрүүгээр ялалт байгуулсан билээ. Юн Сук Ёл энэ сарын 10-нд тангараг өргөснөөр тус улсын 13 дахь ерөнхийлөгч болсон юм.

Эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд аравт эрэмбэлэгддэг БНСУ-ыг ойрын таван жилд удирдах тэрээр “Ерөнхийлөгчдийг яллагч” гэдгээрээ хамгийн ихээр алдаршсан нэгэн. Тэрээр Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа тус улсын ерөнхийлөгч асан И Мён-Бак, Пак Гын Хэ нараас гадна Тагнуулын газрын гурван дарга, нэг Ерөнхий шүүгч, 100 гаруй төрийн өндөр албан тушаалтан, “Samsung” болон “Hyundai” корпорацийн удирдлагуудыг авлигын болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт яллаж байжээ. Иймээс ч ерөнхийлөгчөөр сонгогдоод улс орноо бохир улс төрөөс цэвэрлэнэ гэж мэдэгдсэнд гайхах зүйлгүй биз ээ.

БНСУ-ын өмнөх ерөнхийлөгч Мун Жэ Ин АНУ-аас бага зэрэг хөндийрч, БНАСАУ-тай аядуу харьцан хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ-тай илүү ойртохыг эрмэлзэж байсан бол консерватив намаас нэр дэвшсэний хувьд Юн Сук Ёл үүнээс тэс өөр гадаад бодлого баримтлах нь тодорхой. Үүнийг БНСУ-ын ерөнхийлөгч болсноос хойш тус улсад айлчилсан гадаад орны анхны төрийн тэргүүн нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден байсан илэрхийлэв үү гэлтэй.

Тэрээр БНСУ нь олон улсын тавцанд АНУ-ын итгэлтэй түнш байна гэдгийг баталсан бөгөөд БНАСАУ-тай илүү хатуу байр сууринаас харьцан БНСУ-АНУ-ын хамтарсан хээрийн сургуулийг сэргээж, улс орондоо АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг улсдаа байрлуулах төлөвлөгөөтэй байна. Хэдий тийм ч Юн Сук Ёл “Ковид-19”-ийн цар тахалд ихэд нэрвэгдэх болсон хойд хөршдөө вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг ихээхэн хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн юм.

Юн Сук Ёл түүнчлэн БНСУ ОХУ-ын Украин руу түрэмгийлэн халдсаныг буруушааж, дэлхийн хамтын нийгэмлэгийн ОХУ-ын эсрэг бүхий л хориг арга хэмжээг тууштай дагана гэдгийг мөн илэрхийлсэн билээ. Үүнээс гадна дэвшилтэт технологийг АНУ-тай хамтран хөгжүүлэхдээ БНХАУ-д алдахгүй байх аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх юм байна. Үүнээс гадна Өмнөд Хятадын тэнгист хөлөг онгоцуудыг чөлөөтэй зорчуулах, Тайванийн буланг энх тайван, тогтвортой байдлын бүс байлгахыг дэмжин Бээжин эвгүйхэн “чимхээд” авчих шиг болов.

Харин дотоод бодлогодоо эдийн засгийн өсөлтийг өдөөж, ажлын байрыг нэмэгдүүлэн орон сууцны үнийн өсөлтийг хазаарлах чиглэлд илүүтэй анхаарч ажиллах юм байна. Үүний тулд үл хөдлөх хөрөнгийн татварыг бууруулж, 20-30 насныханд зориулсан хямд төсөр өртөгтэй 2.5 сая шинэ байшин барих зорилт тавьжээ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцлан криптовалютын орлогоос авах татварын босгыг намсгаж, цар тахалд нэрвэгдсэн хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд туслахын тулд 50 их наяд вон (40 тэрбум доллар)-ын санхүүжилт гаргах ойрын бодолтой.

Тэрээр мөн Хөх ордон гэдэг ерөнхийлөгчийн өргөөнд ажиллаж амьдрахаас татгалзаж, оронд нь Сөүл хотын төвд байрлах Батлан хамгаалах яамны хуучин барилга доторх оффисыг сонгосон тус улсын анхны удирдагч болсон билээ. Өөрийгөө “ардын ерөнхийлөгч” хэмээн өргөмжилсөн Юн Сук Ёл илүү нээлттэй, ардчилсан ерөнхийлөгчийн засаглалыг хэрэгжүүлэх амлалтынхаа дагуу Хөх ордныг олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөжээ.

Ён Сук Ёл тангараг өргөхдөө, “Өнөө цагт улс орны аюулгүй байдлыг хангагч гол хүчин зүйл нь эдийн засаг болж байна” гэж хэлсэн нь эдийн засгийн хөгжилд түлхүү анхаарал хандуулна гэдгийг тодотгосон гэлтэй.

Монголын маш чухал гуравдагч хөрш БНСУ-ын шинэ ерөнхийлөгчийн явуулж эхэлсэн гадаад, дотоод бодлогыг цухас дурдахад ийм байна.

Юн Сук Ёл нь 1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Сөүл хотод төрсөн бөгөөд эцэг эх нь хоёул өндөр боловсролтой хүмүүс байжээ. Ээж нь Ихуа Эмэгтэйчүүдийн их сургуульд багшаар ажилладаг байсан бол аав нь Солонгосын Статистикийн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан аж.

Юн Сук Ёл Сөүлийн үндэсний их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Гэвч төгсөлтийн шалгалтдаа есөн жил дараалан унаж байжээ. Учир нь үндэсний1980 оны Кванжу хот дахь ардчиллын төлөөх оюутны бослогыг дэмжин их сургуулийнхаа хэсэг оюутны хамт шүүх хурлын театрчилсан тоглолт үзүүлэхдээ тухайн үеийн ерөнхийлөгч Чо Ду Хваныг цаазлахыг шаарддаг прокурорын дүрд тогложээ. Үүний дараа Канвондо муж руу зугтан хэсэг зуур бүгсэн аж.

Юн Сок Ёл нь 1982 онд анизометропи гэх хоёр нүдний хугарлын тэгш бус байдлаас болж үүсдэг өвчнөөс улбаалан цэргийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд өнөөг хүртэл жолооны үнэмлэх аваагүй ажээ. Тэрээр 1994 онд Тэгүгийн Прокурорын газарт ажлын карьераа эхэлсэн байна. Тэр цагаас хойш Юн Сок Ёл улс төрийн дарамт шахалтад автдаггүй цэгц шударга прокурор хэмээн алдаршсаар ирсэн ба 2017 онд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүнийг Сөүл хотын прокурорын газрын даргаар, 2019 онд БНСУ-ын Ерөнхий прокуророор томилсон билээ.

Энд тэмдэглэхэд, авлигын хэргээр 22 жилийн ял сонсоод дөрвөн жил, есөн сар хоригдсоны эцэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тусгай өршөөлөөр суллагдсан Пак Гын Хэ ерөнхийлөгч болсон Юн Сок Ёлын талаар юу гэж хэлэх нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Гэвч Пак Гын Хэ энэ талаар өнөөг хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.