Categories
мэдээ цаг-үе

Б.Индра: Зам засварын ажлыг хамгийн их хөдөлгөөнтэй, хамгийн их ус тогтож байгаа газраас эхэлж хийдэг

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индратай ярилцлаа.


-Энэ зун хийгдэх зам засварын ажлуудын талаар мэдээлэл авч болох уу?

-Энэ жил нийтдээ авто замын үйлчилгээний газар дээр Улаанбаатар хотын авто замын засварын ажил, арчлалтын ажлууд бол ерөнхийдөө хийгдээд явж байгаа. Одоогийн байдлаар 60 гаруй хувьтай явагдаж байгаа. Нөхөөс, заадас, тэмдэг, тэмдэглэгээ гэх зэрэг бусад арчлалтын ажлууд ерөнхийдөө үе шаттай хийгдээд явж байна. Гол нь бидэнд хүндрэлтэй асуудал юу байна вэ гэвэл арчлалтын ажил хийхэд усархаг бороо өдөр дараалан орж байгаа учраас энэ нь технологийн горим алдагдуулж, татвар төлөгчдийн мөнгийг үнэгүй зардал болгохгүйн тулд бид яалт ч үгүй нүхэн эвдрэлүүдийг хатааж, чийгийг нь гаргаж байж хөрөнгө тавин, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийгээд явж байна. Өдөр тутам орж байгаа бороонд авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг нь хангах үүднээс ямар ч байсан гар хумхиж суугаагүй. Томоохон хэмжээний нүхэн эвдрэлүүдийг бид дайрга, хайргаар дүүргээд хөдөлгөөний эрчмийг тасалдуулалгүй, хэвийн явуулах үүднээс 24 цагийн хоёр ээлжээр манай инженерүүд ажиллаж байна. -Ямар ямар томоохон ажлууд төлөвлөгдсөн байгаа вэ?

-Энэ жил төлөвлөсөн ажлуудаас Тасганы овоог сая хийгээд хөдөлгөөнөө нээчихлээ. Шинэчлэлтийн ажлын хүрээнд. ТЭЦ4 дээр маш их өргөдөл гомдол ирдэг байсан бол мөн ТЭЦ4-ийн замыг бид шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд явж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт нөхөөс, тэмдэг тэмдэглэгээний ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Засвар шинэчлэлтийн ажлын хувьд бол энэ. Шинээр зам тавьж байгаа тухайд бид түлхүү гэр хороолол руу зам тавьж байгаа. Ерөнхийдөө Улаанбаатар хотын төвийн замууд бол хангалттай сүлжээ бий болчихсон байгаа учраас бид бүхэн дандаа гэр хороолол руу түлхүү зам тавьж байгаа. Улаанбаатар хотын төвийн зам дээр бид ямар авто замууд тавьж байна вэ гэвэл нэгдүгээрт түгжрэлийн бууруулахын тулд, хоёрдугаарт орон сууц гэр хорооллыг ийм локерын системд оруулахын тулд холбоос замуудыг хийх төсөл гаргаад явж байгаа. Үүн дээр бид бүхэн хашаагаа кадастраасаа хэтрүүлж байрьсан, орц гарцыг хаасан, хууль зөрчсөн ААН-үүдийн албадан буулгалтуудыг хийж, холбоос замуудыг хийх төсөл арга хэмжээг аваад явж байгаа. Ерөнхийдөө бидэнд энэ бороо, устай холбоотой иргэдээс, ХМХ-ээс сошиал медиагаар ус зайлуулах шугам сүлжээ, хоолойтой хийдэггүй юм уу гэсэн асуулт нэлээд их ирдэг. Бид бол үүнийг зураг төсөлдөө тусгахдаа сүүлийн жилүүдэд хийж байгаа бүх авто замууд бол ус зайлуулах шугам сүлжээ хоолойтой нь иж бүрдлээр нь зохицуулж шийдэж байгаа. Гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн замтай хэсэг нь дугуйн замтай гээд, борооны ус зайлуулах шугам сүлжээ, төвийнхтэй холбогдож байгаа бол төвийнхтэй нь холбоод хийгээд явж байгаа.

-Зам, зам засварын ажлыг хийхдээ ус зайлуулах шугам сүлжээний тал дээр дутуу хийгдлээ гэсэн асуудал яригддаг. Энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?

-Ерөнхийдөө гэр хороолол руу тавьж байгаа авто замууд болохоор тэр болгон борооны ус зайлуулах, төвийн шугам тэнд байхгүй учраас бид авто замыг гадаргуугаар нь усаа зайлаад хажуугаар нь үерийн жалга суваг руу зайлахуйц нөхцөлөөр хийгээд явж байгаа. Үүн дээр ганц үүсч байгаа хүндрэлтэй нөхцөл байдал нь авто зам маань өөрөө гадаргуугаараа усаа зайлаад жалга суваг руу орох ёстой байтал одоо айл өрх, зарим нэг ААН-үүд дүрэм журмаа зөрчиж, тэнд жалга дээр шороогоо буулгаад, барилгын сууриа хийж буулгаад дээр нь нягтаршуулаад гэр, үйлчилгээний төвүүдийг барих жишээний. Ийм хууль зөрчсөн асуудал байгаа. Үүн дээр хотын даргатай хамтран бид бүхэн газар дээр нь очиж ажиллаад, хоёр өдөр холбогдох байгууллагуудтай нь албадан буулгах ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнтэй холбоотойгоор засаг даргын захирамж гарна. Энэ дээр ажлын хэсэг байгуулагдаад, буруутай этгээдүүдийг бид албадан буулгаад, тэр буруутай этгээдээс үүссэн авто замын эвдрэл гэмтлийг бол тэр этгээдийг олж тогтоож байгаад нөхөн төлбөрийг тэндээс гаргана гэсэн байр суурьтай байгаа.

-Тэгвэл хотын төв гэлтгүй ус ихтэй бороо орохоор л усаар дүүрчихдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Төвийн Улаанбаатар хотын орон сууц хорооллын доторх замууд бол нэлээд их усаар дүүрсэн байгаа. Энэ дээр бас яалт ч үгүй гуч, дөчин жил болчихсон замууд, хорь гучин жил болчихсон замууд байна. Энэ замууд маань тухайн үед төлөвлөхдөө төвийн бүсүүдээр ингэж их орон сууц барилга баригдана гэдгийг төлөвлөж тооцогдоогүй хийсэн тул энд ямар ч ус зайлуулах шугам сүлжээгүй газрууд байна. Зарим байгаа нь болохоор хүчин чадал нь хүрэхгүй, лаг шавраар дүүрчихсэн гэх мэт ийм хүндрэлтэй асуудлууд байгаа. Үүнд бидэнд байгаа замын сангийн хөрөнгө маань өөрөө хаанаа ч хүрдэггүй маш бага байдаг. Тэгээд энэ байгаа батлагдсан хөрөнгөө бид эрэмбэлж байгаа. Эрэмбэлээд хамгийн их хөдөлгөөний эрчимтэй газар хаана байна, хамгийн их ус тогтож байгаа газар хаана байна. Энэ батлагдсан төсвөө эхний ээлжинд эрэмбэлж байгаад хамгийн их ус тогтож байгаа газрууддаа л бид шүүрт худгуудыг нэмэх, хоолой нэмж, өргөтгөх барих гэх мэт төсөл арга хэмжээнүүдийг хийгээд явж байгаа. Ер нь бол бид өмнө нь замын хураамжийн асуудлыг ярьж байсан. Хэрвээ хураамжуудыг нэмэгдүүлэх юм бол бид саяны ус, борооны асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Үүнийг мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаагаа хийгээд гаргаад ирэхээр нөгөө төсөв хөрөнгөндөө баригдаад энэ асуудлыг бид шийдэж чадахгүй байгаа үе бий.

-Хэр хэмжээний төсвөөр энэ жил зам засварын ажлууд хийгдэж байгаа вэ?

-Зам засварын ажлуудын хувьд бол замийн сангийн хөрөнгө маань өөрөө маш олон задаргаатай байдаг. Автобусны буудал, рамп унах, тэмдэг тэмдэглэгээ, нөхөөс, заадсууд, гэрэл дохио арчлалтын ажлууд, шилэн кабель гэх мэт энэ олон ажлууд ингээд тал тал тийшээ хуваагдчихдаг учраас яг аль нь вэ гэдгийг би хэлээд өгч болж байна. Ерөнхийдөө замын сан бол авто замын тухай хуулиараа 35 тэрбумаас доош батлахыг хориглосон байдаг. Тэгээд 35 тэрбум чинь өөрөө байгаад байгаад сургууль орчмын аюулгүй байдал, саяны ярьдаг орц гарцны асуудал байна, рамп унах асуудал, нөхөөс, заадас, тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага, гэрэл дохионы арчлалтын ажлууд гэх мэтчилэн маш олон төсөл ажлууд байна.

-Энэ жил гэр хорооллын аль хэсгүүдэд зам тавьж байгаа вэ?

-Одоо жишээ нь Баянхошуунд гурван километр авто замууд байж байна. Иргэдээс маш их өргөдөл гомдол ирж байсан Санзайн далайн давлагаа шиг болчихсон, бүтэц эвдрэлд орчихсон байсан замууд, Дарь Эхийн маш их эвдрэлтэй зам байж байна. Дарь-Эхийн замыг бол бид бүхэн бүтнээр нь шинэчлэхээр өнөө маргаашгүй ажил нь эхлэх гээд явж байна. Улаанбаатар хотын зүүн баруун бүсийн авто замын сүлжээг үргэлжлүүлж хийх авто замын мастер төлөвлөгөөтэй уялдуулсан ийм замуудаа хийх ажлууд бас төсөл арга хэмжээ явж байна. Ерөнхийдөө улсын төсөв, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгө, гадны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа гээд орон нутгийн хөгжлийн сантай нийлээд таван эх үүсвэрээр нийтдээ энэ 2020 оны төсөл арга хэмжээнүүд явж байгаа. Тэгээд он дамнасан ажлууд мөн явагдаж байна. Гацаж байгаа хүндрэлтэй асуудлууд нь бол бид нарт гэр хороололд зам тавихад газар чөлөөлөлтийн асуудал нэлээд төвөгтэй байна. Газрын албатай хамтраад энэ газрын чөлөөлөлтийн асуудлыг бид шийдэх гээд газрын алба очдог боловч нөгөө нийслэлийн төсөв маань бага учраас газрын алба газар чөлөөлөх төсөв хөрөнгө нь бас хүрдэггүй. Үүн дээр бас барилгын ажил саатаж байгаа тохиолдлууд бий. Зарим айл өрхүүд бол зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буучихсан. Тэгээд зөвшөөрөл байхгүй учраас албадан буулгалт хийе гэхээр төвөгтэй хүндрэлтэй асуудлууд гарч байгаа. Төр төмөр нүүртэй гэдгийн адил хуулийн дагуу хот нийслэл дүрэм журамтай. Ямар нэгэн дүүрэг нийслэлэээсээ зөвшөөрөл аваагүй тохиолдолд бид бүхэн албадан буулгалт хийгээд очих гэхээр экскаваторынх нь дугуйн доор ороод хэвтчихдэг. Эсвэл шанаган дээр нь очоод суучихдаг. Иймэрхүү бүтээн байгуулалтын ажил бас хэсэг бүлэг иргэнээс болоод жаахан удаашралтай байгаа.

-Зам хаах хуваариудыг тодорхой ярих боломжтой юу?

-Ер нь бид энэ шинээр хийгдэж байгаа болон, шинэчилж байгаа замуудыг аль болох хаахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Аль болох хөдөлгөөнийг эсрэг урсгалд нь шилжүүүлэх, эсвэл засварын ажлууд хийгдэж байгаа тохиолдолд орой хөдөлгөөний эрчим байхгүй буюу иргэд амарсан үед 23 цагаас өглөөний зургаан цаг хүртэл хийж гүйцэтгээд явж байна. Хаах шаардлагатай замууд байвал бид мэдээллээ долоо хоногийн өмнө мэдээлээд явна.

-Саяхан Чингисийн талбайн урд талын усан оргилууртай холбоотойгоор зам дээр ус тогтлоо гэж яригдаад байсан. Энэ тал дээр та тайлбар хэлэхгүй юу?

-Тийм, усан оргилуурын асуудал болохоор хот тохижилт буюу захирагчийн ажлын албаны хариуцсан асуудал болохоор шугам сүлжээний асуудал нь манайд хамааралгүй.

-Зам дээр ус тогтсон асуудал нь?

-За ер нь энэ ус тогтсон хэсгүүд зөвхөн энэ Сүхбаатарын талбай гэлтгүй бусад зургаан дүүргүүдийн гол болон туслах замууд дээр үүссэн, ус их хуримтлагдсан газрууд дээр бид ГУББГ-тай хамтран усыг соруулах, зайлуулах, шүүрт худгуудын лаг шавруудыг буудаж цэвэрлэх ажлыг бол хийгээд явж байна. Би түрүүний хэлдгээр Улаанбаатар хот маань өөрөө хотгор газар байрлаж байгаа. Гэр хорооллын бүс маань өөрөө өндөрлөг газар байдаг. Тэгэхээр тэр өндөрлөг газар хийж байгаа авто замуудаа бидний нөгөө үерийн жалгаар урсаж, дамжаад гарах ус маань нөгөө хэсэг бүлэг айл өрх иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болоод өндөрлөгөөс ирж буй, лаг шавраар дүүрчихсэн хог шороотой ус маань төвийн шугамуудыг бөглөж тагласан асуудлууд бас байгаа. Өнөөдөр бороо ороод бид буудаад цэвэрлэчихсэн байлаа гэхэд маргааш нь дахиад бороо орчихно. Би бас өмнө нь хэвлэл мэдээллээр ингээд яриа өгөөд байхад үндсэндээ иргэд маань зарим нь ойлгохгүй байх шиг байгаа юм. Мэргэжлийн бус хүмүүс байгаа учраас ойлгохгүй байж магадгүй. Гадаргуугийн усаа зайлна гэдэг маань үндсэндээ тэр авто зам дээр ирж байгаа авто зам маань өөрөө үндсэндээ бол үерийн ус зайлуулах зориулалттай бол биш. Үндсэндээ бол гадаргуу дээр ирсэн борооны усыг зайлуулах шүүрт худгууд чинь тийм л үүрэгтэй. Гэтэл саяны тэр үерийн жалга сувгийг хааж бөглөсөн буруутай ААН-ээс болоод авто зам руу маань үерийн ус өөрөө орж ирэхээр шүүрт худгууд маань угаасаа тэр хүчин чадлаа дийлэхгүй ийм асуудлууд бол байгаа. Үүнийг бас зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Бид шинээр зураг төсөл гаргахдаа дандаа иж бүрдлээр нь цогцоор нь хийгээд явж байгаа.

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Улсын онцгой комисс аж ахуйн нэгжүүдийг санаатайгаар дампууруулж байна гэв

BRB компанийн гүйцэтгэх захирал, “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” группийн зохицуулагч Ж.Энхжаргалантай ярилцлаа.


-Хөл хориог долдугаар сарын 15-н хүртэл дахин сунгалаа. Үйл ажиллагаа нь долоон сар тэг зогсолт хийсэн аж ахуйн нэгжүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж цахим орчинд бухимдлаа олноороо илэрхийлж байна. Хичнээн аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсоод байгаа вэ?

-Сонгууль дуусчихлаа. Сонгууль гээд хөл хорио утгаа алдсан. Сонгууль дуусаад долдугаар сарын 1-нээс хөл хорио тавих байлгүй дээ гэж итгэж хүлээж байлаа. Гэтэл тавьсангүй. Долдугаар сарын 15-н хүртэл дахиад хөл хориог сунгачихлаа. УОК-ын дарга Ө.Энхтүвшин ажлаа хийж чадахгүй байна уу даа гэж харж байна. Улсын онцгой комиссын гаргаж байгаа шийдвэрүүд нь ямар ч үндэслэл байхгүй, үндэслэлээ тайлбарладаггүй, ард иргэдээ боддоггүй дураараа дургиж байдаг газар юм байна гэдгийг ойлголоо. Сонгуулийн үеэр яагаад хөл хориогоо зөрчиж байсан тухайгаа тайлбарлахыг шаардаж байна. ААН, бизнесүүдийг тас хумиад байлгаад байгаа нь сонгуулиар бусдад давуу байдал олгох гэсэн арга заль гэж харж байна. Энэ бизнесүүдийг шалд нь буулгаж байгаад дахин өөрсдийн шинэ бизнесүүдээ бий болгож бусдад давуу байдал олгох гэж байна гэж бид хардаж байна. Бид хэвлэлийн бага хурал хийж, талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулж маш олон удаа шаардлага хүргүүлсэн. Дахиад жагсвал зөрчлийн хуулиар гурван сая төгрөгөөр торгоно, хэрэг үүсгэнэ гэж цагдаа нар дарамталсан.

-Аж ахуйн нэгжүүд гарын үсэг цуглуулж байгаа гэсэн үү?

-Залуучуудад ажил хийх боломж олгохгүй, ингэж боомилж байгаа нь үнэхээр шударга бус байна. Бид Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Шүүхийн байгууллагад УОК-ыг “Ковид-19 гэдэг өвчнөөр далимдуулж бусдад санаатай давуу байдал олгох гэж завдсан, ААН-үүдийг санаатай дампууруулсан” гэсэн үндэслэлээр 10 мянган гарын үсэг цуглуулаад, сонгуулийн үеэр болсон хөл хорио зөрчсөн үйлдлүүдийг бүгдийг нэгтгээд өгөх гэж байгаа. Сонгууль хийж дууссан бол одоо ажлаа хийгээч ээ. Бизнес хувийн хэвшлийн ажлын байруудын тал нь чад хийгээд үлдсэн нь өнөө маргаашгүй нүд анилаа.

Дахин хэлье. Юун корона, юун эдийн засгийн хямрал, юун гэр хорооллын дэд бүтэц, юун жижиг дунд бизнесүүдийн дампуурал. Энэ бүгд төр засагт хамаагүй бололтой. Бид боож үхэх гээд мянга хашгираад огт тоохгүй байсаар л байна.

-Хөл хорио тогтоосон энэ үед танай байгууллага хэдий хэмжээний алдагдал хүлээсэн бэ?

-Хөл хорио тогтоосон учраас орлого 100 хувь буурсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд манайх 350 сая төгрөгийн алдагдалд орчихоод явж байна. Энэ дотор зээл, түрээс, цалин, татварууд орж байгаа. Энэ сунгасан 15 хоногт манай компани дахиад 35 сая төгрөгийн алдагдал хүлээнэ.

-Хөл хорио тавигдахад бизнесүүд эргэж хөл дээрээ босоход хэдий хэр хугацаа шаардагдах вэ?

-Одоо бараг хоёр жил бид ямар ч ашиггүйгээр бизнесээ авч үлдэхийн тулд ажиллах байх гэж бодож байна. Бүтэн долоон сар барьчихсан бизнес хөл дээрээ эргэж босно гэдэг маш хэцүү. Гэхдээ мэдээж огт ажиллахгүй байхын оронд цалин, өр ширээ төлөх нь дээр шүү дээ. Хөл хорио тавигдсан ч бид таван шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Төрөөс биднийг дэмжиж өгөхийг тасралтгүй шаардана.

-Хж ахуйн нэгжүүд НДШ-ээс чөлөөлөгдөх шаардлага хүргүүлсэн байсан?

-Хөл хорио анх нэгдүгээр сарын 27-ноос тогтоогдож, нийтээрээ ААН, Бизнесүүдийг чанга дэглэмд оруулсан. Өвчний улмаас маш хэцүү байдалтай байна гэсэн шалтгаанаар нийтээр нь ажиллаж болохгүй, хүн цуглуулж болохгүй гэсэн. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын дундуур “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” гэсэн фэйсбүүк групп байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар энэ групп 8600 гишүүнтэй, 80 орчим хувь нь үйлчилгээний салбарын захирлууд байдаг. Гуравдугаар сараас хойш бид хэвлэлийн бага хурал, жагсаал цуглаан хийсэн, мэдэгдлүүд гаргасан. Үүний гол зорилго нь тэг зогсолт хийсэн ААН, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжээд өгөөч ээ л гэсэн шаардлага тавьсан. Хэвлэл мэдээлэл, телевизүүдээр ААН-үүдэд туслах гэж байгаа мэт мэдээллүүд цацагдсан, төрөөс бидэнд туслах гэж байгаа юм шиг шийдвэрүүд гаргасан. Гэтэл энэ нь амьдрал дээр зохицуулалт нь яаж хэрэгжих нь тодорхойгүй, хоосон амлалтууд л байлаа. Ингээд бид 1000 гаруй бизнес эрхлэгчдээс судалгаа аваад, судалгааныхаа үр дүнг таван шаардлагатай хавсаргаад Засгийн газар, Их хурлын дарга, Ерөнхийлөгч, Тамгын газар, Сангийн яам зэрэг газруудад шаардлага хүргүүлсэн юм. Эхний шаардлага нь жилийн 5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагуудын НӨАТ-ыг 100 сая төгрөгөөр чөлөөлж өгөөч. Хоёр дахь шаардлага нь мөн адил жилийн 5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагуудад НДШ-ийг 50 сая төгрөгөөр чөлөөлөх. Гуравт жилийн 3 хувийн хүүтэй 3-5 жилийн эргэн төлөлтийн хугацаатай НДШ-ээр баталгаажуулсан 500 сая төгрөг хүртэлх барьцаагүй цалин хөлсний зориулалттай шинэ бизнесийн зээл ААН байгууллагуудад олгох. Дөрөвт, 2020 он дуустал нийт ААН байгууллагуудын НДШ, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар болон банк болон банк бус байгууллагуудын зээлийн төлбөрт алданги тооцохгүйн дээр байгууллагын данс хааж битүүмжлэхгүй байх гэсэн шаардлагуудыг дөрөвдүгээр сарын 15-нд тавьсан. Тавдугаар сарын эхний тав хоногт бүх шаардлага хүргүүлсэн газруудаас албан бичгээр хариу ирсэн. Гэхдээ хэвлэл мэдээллээр яриад байсан хий хоосон амлалтуудаа л биччихсэн байна лээ. Бид ажиллаж байна, эдийн засгаа аврах бүх бололцоотой зүйлүүдийг хийж байна, бид арга хэмжээ авсан гэсэн. Тэр авсан арга хэмжээ нь бид нарын тавьсан таван шаардлагад огт дурдагдаагүй, нэг ёсондоо хэрэгцээгүй арга хэмжээнүүд байсан.

Дотооддоо өвчин алдаагүй, үйл ажиллагаагаа бүрэн нээх боломжтой гэж үзээд бид Тавдугаар сарын 1-нээс хөл хориогоо цуцалж өгөөч ээ гэж хүссэн. Гэтэл цуцлаагүй. Сонгууль ойртож байгаа учраас бизнес эрхлэгч залуучуудаа дэмжээд хөл хориогоо Зургадугаар сарын 1-нээс цуцлах байлгүй гэтэл бас л цуцлаагүй. Ингээд Зургадугаар сар гарахад бид энэ хөл хорио гэдэг сонгуульд ашигтай хувилбар байсан юм байна гэдэг хардлага төрсөн. Эрх баригч намын сонгуулийн шоу болчихлоо гэж бодсон. Сонгууль эхэлсэн чинь юун тэр 2 метрийн хоорондын зай, юун корона, амны хаалт юу ч үгүй болсон. Бүх зүйл хавтгайрсан. Хаа сайгүй 2, 3 мянгаараа цуглаж эхэлсэн. Бид групп дотроо ярилцаад сонгуулийн үр дүн гарахаас өмнө дахин шаардлага хүргүүлье гэж шийдсэн. Бидний хийсэн судалгаагаар нийт үйлчилгээний салбарын 85 хувь нь маш хүнд байдалд байгаа. 35 хувь нь дампуурлын ирмэгт байгаа. 100 хувь хөл хорионд орсон, тэг зогсолт хийсэн аялал жуулчлал, манайх шиг арга хэмжээ зохион байгуулдаг байгууллагууд, зочид буудлын заал, баар, караоке гэх мэт газрууд 27 хувь байсан. 170 орчим үйлчилгээний байгууллагууд бүрэн хаалгаа барьчихсан.

-PC тоглоомоос бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг долдугаар сарын 1-нээс нээхээр боллоо гэсэн мэдээлэл цахим орчинд байсан. Ийм чиглэл та бүхэнд өгсөн үү?

-Бидэнд албан ёсны мэдэгдэл, чиглэл ирээгүй. Манай хүмүүс МХЕГ, ОБЕГ руу холбогдоход тийм чиглэл ирээгүй, худлаа мэдээлэл байна гэдэг хариу өгсөн.

Б.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

П.Ундрах-Эрдэнэ: Ж.Эрдэнэбатад шүүхээс ял оноовол Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль болно

-Ж.ЭРДЭНЭБАТЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНД ТООЦЧИХСОН УЧРААС ГИШҮҮН БИШ ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ-

Хуульч, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат хорих ангиас нэр дэвшээд нэгээр ялалт байгуулаад байгаа. Гэхдээ сая тангаргаа өргөж чадсангүй. Одоо энэ хүн УИХ-ын гишүүн мөн үү, биш үү?

-Ж.Эрдэнэбатыг анх цагдан хорих үед УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй, мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувьд давхар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хамгаалалтад байсан. Гэхдээ шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд цагдан хорих шийдвэрээ гаргасан. Хэдийгээр шүүхэд эрх нь байгаа боловч хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрхээ хэрэгжүүлсэн үү гэдэг л анхаарал татаж байгаа юм. Ямар ч байсан сонгууль яваад дууслаа. Үндсэн хуулийн 23.2-т Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор заасан байдаг. Өчигдөр болсон УИХ-ын анхдугаар чуулганаар шинэ сонгогдсон гишүүд тангаргаа өргөчихлөө. Иймээс Ж.Эрдэнэбатын хувьд 2016 оны сонгуулийн дүнд үндэслэж олж авсан УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон.

Харин 2020 оны сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан боловч тангарга өргөөгүй тул бүрэн эрх нь бий болоогүй гэж ойлгож байна. Харин одоо Ж.Эрдэнэбат нь УИХ-ын гишүүн мөн үү, биш үү гэхлээр их сонин ойлголт гарч ирнэ.

СЕХ-ны 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 229 тогтоолоор Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцчихсон, гишүүний үнэмлэх олгох шийдвэр нь гарчихсан учир УИХ-ын гишүүн биш гэж хэлж болохгүй.

Тангараг өргөөгүй тул бүрэн эрх нь үүсээгүй боловч УИХ-ын гишүүн мөн л гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, түүний бүрэн эрх гэсэн хоёр ойлголтыг ялгаж ойлгох хэрэгтэй.

-Хэрвээ шүүхээс Ж.Эрдэнэбатад ял оноовол юу болох вэ. Нөхөн сонгууль хийх үү?

-Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон бол гишүүнийг эргүүлэн татах асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой. Гэхдээ цаг хугацааны хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тийм ч хурдан өрнөхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах болон хяналтын журмаар хянах хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр түдгэлздэг.

Тэгэхлээр нөхөн сонгуулийн асуудал ярихад аль ч талдаа эрт байна. Ж.Эрдэнэбатын хувьд бол СЕХ-ны тогтоолоор УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцчихсон, гишүүний үнэмлэх олгох шийдвэр нь гарчихсан байгаа. Хуулиараа Сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулсан хүнд шүүхээс ял оноосон бол нөхөн сонгууль явуулах ёстой.

-Хэрвээ цагаадвал?

-Хэрэв анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарвал одоо авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө. Ингэснээр тангаргийг нь өргүүлж, бүрэн эрхийг нь эдлүүлэхэд ямар нэг саад гарахгүй.

-Ер нь Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байхад нь, нэр дэвших баталгаа аваад явж байхад нь цагдан хорьсон нь шүүхийн байгууллага өөрөө Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа талаар хуульчид ярьж байсан?

-Миний хувьд, Ж.Эрдэнэбатын өмгөөлөгчөөр ажиллаагүй тул шүүхийн үндэслэл нь юу вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль төдийгүй бусад хуулийг чанд сахих ёстой. Үүнд УИХ-ын сонгуулийн тухай хууль ч багтана. Анхан шатны шүүхээс гаргасан мэдэгдэлд бол УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.2 буюу нэр дэвшигчийн баталгааг тайлбарлахдаа зөвхөн сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудалд хамааралтай гэж тайлбарласан байдаг.

Ямартай ч Хүний эрхийн үндэсний коммисын гишүүнээс УИХ-ын гишүүн, бөгөөд нэр дэвшигчийн хувиар хуулийн хамгаалалтад байсан хүнийг цагдан хорьсон асуудлаар шаардлага хүргүүлсэн байна лээ.Цаашдаа юу болохыг ажиглаад сууж байна. Манай шүүх тогтолцоонд тулгарсан нэг сорилт болж байна гэж харж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Монгол Улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна

Хүний эрхийн комиссын дарга асан Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-УИХ-ын сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нэр дэвшигч Н.Номтойбаяр нарыг барьж хорилоо. Мөн сонгуулийн хугацаанд нэр дэвшигчдийн хэд хэдэн шүүх хурлыг хийхээр товлосон байна. Таны хувьд Хүний эрхийн байгууллагын олон жил удирдан ажиллаж байсан хүний хувьд, бас хуульчийн хувьд энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

-Би хуульч, иргэн хүнийхээ хувиар энэ асуудалд үнэхээр эмзэглэж уур хүрч байна. Боож үхэхэд бор шидэмс олдохгүй гэдэг нь болж байна. Юу гэсэн үг вэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 461 дүгээр хорих ангид түр саатуулсан, мөн бусад нэр дэвшигчдийг шүүхэд дуудаж, барьж хорьж байгаа энэ асуудал бол хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, Монгол Улсын Үндсэн хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс би иргэн хүнийхээ хувьд Улсын Дээд шүүхийн шүүгч болон Хууль зүйн сайд нарт шаардлага хүргүүлсэн байгаа. Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж, шүүгч, шүүхийн нэр хүндийг гутаасан үйлдэл болж байна гэж харж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шүүхийн байгууллага халдсан анхны тохиолдол энэ боллоо. Шүүхээс өөрийгөө хамгаалсан үндэслэлгүй тайлбар хийж байна л даа. Зарим шүүгчийн энэ хууль бус шийдвэрт Н.Номтойбаяр гээд бусдад нэр дэвшигчдийг хамрууллаа. Шүүхээс Эрүүгийн хуульд заасан торгох ялаас хэдэн арав дахин их барьцааны мөнгө нэхэж байна. Шүүх хууль бус ажиллагаагаа хамгаалж, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж мэдэгдлээ. Ээлжит сонгуулиар нэр дэвшигчид маш давчуу хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийдэг. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй тэгээд яах юм бэ. Нэр дэвшигчдийг зориудаар хорлосон үйлдэл хийж байна гэж бодож байна. Ж.Эрдэнэбат болон бусад нэр дэвшигчдийг нэн даруй суллаж, уучлалт гуйх ёстой гэж бодож байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог цахимаар хуралдуулж дүгнэлт гаргах ёстой.

-Хуулийн ямар заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэх вэ?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хэн нэг шүүгч дур мэдэн шийдвэр гаргаж УИХ-ын гишүүнийг барьж хорьж байсан тохиолдол нэг ч гарч байгаагүй. Түүхэнд байгаагүй үзэгдэл. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хаа байна. УИХ дээр хэлэлцэж тогтоодог болохоос шүүх тогтоодог юм уу. Шүүх хууль хэрэглэдэг байгууллага болохоос хууль тогтоодог байгууллага биш. Хуулиараа бол эхлээд Улсын Ерөнхий прокуророос түдгэлзүүлэх санал тавьж, үүнийг УИХ дээр ярьж байж, дараачийн шүүхэд дуудах асуудал яригдах ёстой. Өнгөрсөн хугацаанд тэгж л ирсэн. УИХ-ын гишүүд энэ маягаар хэргээ шийдүүлж ирсэн. Бас сонгуульд нэр дэвшгичдийг барьж хорьсон асуудал ч гэсэн хуулийн хүрээнд л явах ёстой асуудал. Юуны тулд нэр дэвшигчдийн баталгаа гэж байдаг билээ дээ.

Шүүхийн байгууллага өөрөө хууль зөрчиж болохгүй шүү дээ. Хүний эрхийг хамгаалдаг эцсийн шийдвэрийг гаргадаг байгууллага. Аливаа хэрэг маргааныг зөвхөн шүүх шийднэ гээд үндсэн хуульд заасан байгаа. Гэтэл шүүх нь өөрөө хуулиа зөрчөөд байж болдог юм уу. Эрүүгийн хуульд торгуулийн ял гэж байдаг. Ж.Эрдэнэбат гишүүнд 10 тэрбум төгрөгийн барьцаа нэхсэн шийдвэр хуулиас давсан их хэмжээний мөнгө нэхсэн ноцтой зөрчил.

-Шүүгчид улстөрчдийн гар хөл болж ийм шийдвэр гаргаж байна гэж иргэд олон нийт хардаж байна…

-Шүүгчдийн нэр хүндийг гутааж байгаа асуудал шүү. Маш олон шүүгч ярьж байна лээ. Арай ч дээ. Ийм шийдвэр гаргаж байдаг. Биднийг ингэж гутаах гэж гээд өөрсдөө ярьж байна. Монголын шүүхийн байгууллагын түүхэнд хар толбо үлдээсэн хэрэг болж байна. Ийм шийдвэр гаргасан шүүгчдэд улс төрийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Хэн ч харсан тэгж л хардахаар харагдаж байна. Хэргийн цаад учрыг нарийн мэдэж байгаа юм бол алга. Ямар ч байсан хуульч, иргэн хүнийхээ хувьд энэ асуудалд их бухимдаж байна. Сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн намууд нэр дэвшигч өрсөлдөгчдөө ийм муухай арга хэрэглэж замаасаа холдуулж байвал их л харамсалтай байна. Энэ янзаараа байвал дурын нэг шүүгч УИХ-ыг тараах юм байна л даа. Ямар ч байсан эрүүл үзэгдэл биш.

-Шүүхийн Ерөнхий зөвлөл яагаад дуугарахгүй байна гэж бодож байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёсзүйн хороо онцгой анхаарах ёстой. Хүний эрхийн комисс энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан байна лээ. Хөгийн хариулт өгсөн байна. Удахгүй тодорхой мэдээллүүд ил болох байх. Үндсэн хуульд 1990 онд анх өөрчлөлт оруулахад гар бие оролцож байсан хүний хувьд үнэхээр их харамсалтай байна. Хуулийн дагуу хэрэг хийсэн бол шийтгэлээ хүлээх ёстой. Гэхдээ хуулийнхаа процедурыг алдаж болохгүй шүү дээ.

-Хүний эрхийн комисс даргагүй болоод удаж байна. Хүний эрхийн төлөө дуугардаг хүн алга. Ийм үед хүний эрхийг зөрчиж байгаа тус хэргүүд ар араасаа гарч байгаад та юу хэлэх вэ?

-Даргагүй байгаа асуудал бол миний асуудал биш. УИХ-ын шийдэх асуудал. Хүний эрхийн комиссыг хүчгүй болгож байгаад сонгуулийг өөрсдөдөө ашигтайгаар хийхийг завдаж байж магадгүй ээ гэж харж байна. Миний хувьд ажлаа өгөхийн өмнө хүний эрхийн маш ноцтой асуудлуудыг шийдэхээр хүргүүлсэн. Тэрийг хэлэлцээгүй л байна. Цаашдаа ч хэлэлцэхгүй байх. Малчдын асуудал, тэр дундаа малчин эмэгтэйчүүдийг эрхийн асуудал ямар хүнд нөхцөлд байгааг гаргаж тавилаа. Энэ яах вэ. Би хийдэг юмаа хийгээд өгсөн. Мэддэг газар нь мэдэж байгаа биз дээ. Хүний эрхийн байгууллагыг толгойлон ажиллаж байсан хүний хувьд дуугүй байж чадахгүй байна. Хамгийн чухал нь шүүхийн хууль бус үйлдлээс болж Монгол Улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна.

-Хэрвээ манай улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирвэл маш ноцтой асуудал үүснэ биз дээ?

-Хэрвээ манайд хориг тавиул сүйрнэ. Хар жагсаалт, саарал жагсаалтаас том асуудал. Ер нь миний хувьд Хүний эрхийн байгууллагад ажиллаж байхдаа хүний эрхийн асуудлаас болоод манай улсад хориг ирэх вий гэдгээс их айж, энэ тал дээр анхаарч ажиллаж байсан. Өмнө нь хүний эрхийн асуудлаар хориг ирэх сигнал зөндөө л байсан. Тухайлбал, манайд өмнө нь унаач хүүхдийн асуудлаар хориг ирэх урьдчилсан сигнал ирж байсан. Манай Засгийн газар, холбогдох байгууллагууд нэлээд арга хэмжээ авч ажиллаж байж хориг тавихаас урьдчилан гарч байсан шүү дээ. Бас хүний наймааны асуудлаар АНУ-ын жагсаалтад манайх нэг л шат урагшилсан бол манайд үзүүлэх тэр янз бүрийн зүйлээ зогсоох талын юм яригдаж байсан.

Эрх баригчид энэ сонгуулийн үеэр УИХ-ын гишүүнийг барьж хорьж байгаа энэ асуудал дэлхий дахины хоригт орох магадлалтай ноцтой асуудал гэдгийг маш сайн мэдэж байгаа. Хэрвээ хориг ирлээ гэхэд тэр буруутай шүүгч албан тушаалтан их л удаж хариуцлага хүлээж ажлаа өгнө. Үр дагавар нь Монголын ард түмэн, Монголын төрд гай болох байхгүй юу. Тэр утгаар нь айж байна. Дэлхийн томоохон орнуудын бие биедээ тавьж байгаа эдийн засгийн хоригуудыг харж байгаа биз дээ. Жижиг орнууд чинь хориг тавичих вий гээд айгаад ямар ч юм хийдэггүй байхгүй юу. Улс төрийн хориг бүр ч их хор уршигтай. Тод жишээ нь Хойд солонгос улсыг харж байгаа биздээ. Эдийн засгийн хувьд, экспорт, импорт хориг тавьсан, улс төрийн хувьд, улс төрийн өндөр албан тушаалтанг аль ч улс орон хүлээж авахгүй байх зэргээр хориглодог. Дэлхий дахинд хүний эрхийн асуудалд хамгийн том байр суурьтай, хориг тавих үндэслэл болж байдаг. Миний ганц айдаг зүйл энэ л байсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна

-НӨӨЦИЙН МАХ ЧАНАР МУУ БАЙГАА НЬ МАХНЫ ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭВ-

Хүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг сарын дотор огцом өсчээ. Өчигдрийн байдлаар “Шонхор” зах дээр үхрийн цул мах кг нь 17000, хонины цул 12500, адуу 9000, ямаа 9500, тэмээ 8500 төгрөгийн үнэтэй борлуулж байв. Махны үнийн өсөлт нь орон нутгаас мах ховор ирж байгаатай холбоотой хэмээн худалдаачид тайлбарлаж байна.


-Ямар шалтгаанаар махны үнэ өсч байна вэ?

-Нийлүүлэлт муу учраас үнэтэй байна. Өнөө өглөө хөдөөнөөс орж ирсэн хонины махыг кг тутмыг нь 9500 төгрөгөөр бөөндөж авсан. Ховор байгаа учраас үнэ нь өсөөд байна гэж харж байна. Худалдаачид бид бөөндөж авсан махаа жижиглэж зарахдаа хаягдлаа хасаад нэг кг тутамд нэг хоёр мянган төгрөг нэмж борлуулдаг.

-Жил жилийн өдийд махны үнэ нэмэгддэг байх аа?

-Хаврын улиралд бага зэрэг өсдөг. гэхдээ энэ жил ховор байгаа болоод тэр үү арай дэндүү үнэтэй байна гэлээ.

Мах худалдан аваад зогсож байгаа иргэн Н.батмөнх “Монголчууд махаа авч идэж дийлэхгүй боллоо. Хонины хоёр гуя тавиулахад 140,000 төгрөг болж байна шүү дээ. Манайх шиг олуулаа айл арав хоног л идэх хоол. гэтэл цалин хөлс ямар байгаа билээ. уг нь нөөцийн мах арай хямд байгаа. Манай байрны хажуугийн дэлгүүрээс хоёр хоногийн өмнө нөөцийн мах авсан чинь идэх юм гарахгүй ихэнх нь яс байна. Нэг уутандаа гурав, дөрвөн кг жин татаж байсан. дааж идэхээргүй хатуу юм билээ. Тэрийг авсанаас үнэтэй ч гэсэн худалдааны махаа аваад идсэн нь арай арвитай гэж бодож байна” хэмээн халаглалаа.

Махны худалдаачин Наранбаатар махны үнэ хэзээ буурах талаар ийн тайлбарлалаа. “Мах туранхайдуу байхаар орж ирэх нь багасдаг. Ногоо гараад мал таргалаад ирэхээр малчид малаа төхөөрч, хотод нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ нь бага багаар хямдардаг. Наадам өнгөрөөд махны үнэ сайн хямдардаг шүү дээ. Зам хаасан учраас мах орж ирэхгүй үнэ нь өсөөд байна уу гэж иргэд асуугаад байгаа. Тийм зүйл байхгүй. Нийслэл рүү мах оруулж ирэхийг хориглоогүй учраас үүнтэй холбоогүй. Малчид л малаа төхөөрөхгүй байна. Ноднин өдийд арай ч ингэж өсөөгүй шүү. Үхрийн цул мах 12000-аас дээш гараагүй. Хүмүүс үнэтэй байна гээд худалдан авалт муу байна. Авах хэцүү, авахгүй байх хэцүү юм даа гээд бага багаар л авч байна даа. Хэзээ байхдаа мах 17000 хүрч байлаа даа. Энэ хямралын үед хүнсний гол хэрэглээ махны үнэ өссөн нь иргэдэд хүндээр тус ч байгаа нь мэдээж шүү дээ” гэв.


НӨӨЦИЙН МАХАНД ИРГЭД АМ МУУТАЙ БАЙНА

Өнөө жилийн хувьд нөөцийн махны нийлүүлэлт сайн байгаа хэдий ч чанаргүй муу мах байна гэсэн шүүмжлэлийг иргэд хэлж байгаа юм. Улаанбаатар хот болон төв суурин газруудад жил бүрийн хаврын улиралд махны нийлүүлэлт багасч, үнэ нь өсдөг тул махны үнийг тэнцвэржүүлэх зорилгоор улсаас нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг билээ. Энэ жилийн хувьд нөөцийн махны чанар муу байгаа нь махны үнийг тогтворжуулах үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн бололтой. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны худалдан авалт сайн байсан бол махны үнэ огцом өсөхгүй хэвийн хэмжээндээ байх байлаа хэмээн худалдаачид хэлж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн маханд дугаарлаж зогсдог байсан иргэд энэ жилийн хувьд тоож авахгүй шахуу байдал ажиглагдаж байна. Нөөцийн мах худалдаж байгаа хэд хэдэн хүнсний дэлгүүрт ороход мах авахаар дугаарлаж байгаа хүн харагдсангүй. Иргэд хөлдөөгчинд байгаа махыг ухаж ухаж, эргүүлж тойруулж харж байгаад буцаагаад тавьчихаж байгаа байдал хэд хэд харагдлаа. Үхрийн мах 7700, хонины мах 6700, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байв. Дэлгүүрийн худалдагч бүсгүй ийн ярилаа. “Нөөцийн махны эрэлт анх худалдаанд гарахдаа маш сайн байсан. Өглөө дэлгүүр нээхэд дугаарлаад зогсчихдог байсан. Гэвч удаагүй худалдан авалт буурсан. Зарим хүмүүс амттай сайн мах байна гэдэг бол ихэнхдээ муу, хатуу, яс ихтэй мах байна гэж шүүмжилж байгаа” хэмээв.

Улсын хэмжээнд ХХААХҮЯ-наас гаргасан мэдээгээр 2020 онд махны нөөцийн тоо хэмжээ нэмсэн байна. Өнгөрсөн жил 4 мянган тонн мах нөөцөлж бэлтгэсэн бол энэ жил 12 мянган тонн мах зах зээлд нийлүүлээд байгаа аж. Өдөрт 100 тонн, сард 3000 тонн нөөцийн мах нийлүүлэхэд Нийслэлийн энэ хаврын хэрэгцээ хангагдана гэж тооцоолсон байна. Худалдаачдын хэлснээр махны үнэ буурах нь тэдний орлогод ашигтай, өсвөл махаа зарж чадахгүй байдалд хүрдэг учир мах ховор байгаа өдийд нөөцийн мах чанартай байвал махны үнэ өсөхгүй байсан хэмээв. Түүнчлэн нөөцийн мах чанаргүй байгаа болоод эрэлт нь нийлүүлэлтээ хангахгүй үнэ огцом өслөө хэмээн тайлбарлаж байна. Энэ жилийн хувьд нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны 413 дэлгүүрээр дамжуулан худалдаж байгаа аж.

О.ЦЭГМИД

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлсэн


“Талита ази” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Б.Цэрэнчунттай ярилцлаа.


-Цагдаагийн байгууллагаас саяхан охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлэн ажиллаж байгаа гэсэн. Нэг хохирогч хүүхэд танай хамгаалах байранд байгаа тухай мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сүүлийн нэг сараас хойш нэлээд ийм төрлийн хэрэг илэрсэн гэж дуулсан.

Цагдаагийн байгууллага охидын биеийг хүчээр үнэлүүлдэг нэг томоохон бүлэглэлийг илрүүлээд ажиллаж байгаа нь үнэн. Цаад эздийг нь илрүүлэхээр маш нууц ажиллагаа явуулж байгаа учраас миний хувьд, энд дур мэдэн хамаагүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Энэ хэргийн хохирогч нэг охин манайд ирсэн. Тэр охины хувьд 17 настай. Хүчээр биеийг нь удаан хугацаагаар үнэлүүлсэн байсан. Аав, ээж нь салсан учир хоёр гэрийн дунд явж байгаад бусдын нөлөөнд автаад ийм хэргийн хохирогч болсон гэж ярьж байна. Ер нь гэр бүл салалт, эцэг, эхийн анхаарал халамж муугаас хүүхэд буруу зам руу уруу татагддаг.

Манайд ирсэн одоо байгаа охидууд бүгд ийм шалтгаанаар хохирсон байдаг. Дээр нь манайд ирж байсан хүүхдүүд бүгд өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан. Энэ охины хувьд мөн амиа хорлох оролдлого хийж байсан. Байнга хар дарж зүүдэлдэг.

Айдастай, сэтгэл түгшүүр маш өндөр байна. Охины хувьд, өөрөө зугтаад цагдаагаас тусламж хүсэж очсон.

Ер нь он гарсаар охид, хөвгүүдийн биеийг хүчээр үнэлүүлсэн маш олон хэрэг ил болж байгаа. Манайх байгууллагынхаа нөөц боломжоор л ажилладаг тул зарим охидуудыг байрандаа авч чадахгүй байна. Энэ чиглэлээр ажилладаг байгууллага олон болоосой, төрөөс энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудаа дэмжээд, анхаарал хандуулаасай л гэж хардаг.

-Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл ө.гөхгүй юү. Үйл ажиллагаагаа явуулаад хэчнээн жил болж байгаа вэ?

-Манай байгууллага 2014 онд байгуулагдсан. Бэлгийн мөлжлөгөөр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, биеэ үнэлж байгаа охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Энэ төрлийн хохирогчдод удаан хугацааны цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Манайх одоогоор хамгаалах гурван байртай үйл ажиллагаагаа явуулж байна.

Охид эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх хоёр байр, хөвгүүдэд буюу эрэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх нэг байртай. Удаан хугацааны цогц үйлчилгээ гэдэгт орчны сэтгэл зүйн засал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусгай сэтгэл заслын эмчилгээ хийх, хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдийг заах, амьдралын дасгалжуулалт, цаашид бие даан амьдрахад яаж өөрөө өөрийгөө бэлтгэх вэ гэдэг хөтөлбөрүүд багтдаг.

Удаан хугацаа гэдэгт 12 cap ба түүнээс дээш хугацаанд манайхаас үйлчилгээ үзүүлдэг.

-Одоо танайд ямар хохирогчид байгаа вэ?

-Манайх байгуулагдсан цагаасаа эхлэн эхний гурван жил гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүүхэдтэй эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлсэн. Сүүлийн гурван жил хүний наймааны хохирогч болсон охид эмэгтэйчүүд, эмэгтэй хүүхдүүдэд тусалж байна.

Яг одоо манай хамгаалах байранд хүчээр биеийг нь үнэлүүлж хохирогч болгосон дөрвөн охин, хүний наймааны хохирогч хоёр охин, нэг хүү байна. Нийтдээ долоон үйлчлүүлэгч байгаагаас дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байна.

-Насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийн бэлгийн мөлжлөгийн тухай асуудал анхаарал татаж байна.Танайд байгаа хохирогч хүүгийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай дээр байгаа энэ хүүхэд нь нийгэмд байгаа маш олон хохирогч болсон эрэгтэй хүүхдүүдийн төлөөлөл гэж харж байна. Энэ хүү нь очих газаргүй, ээж нь архины хамааралтай байж байгаад нас барсан.

Аавыгаа мэдэхгүй. Төрсөн эгч нь байдаг ч биеэ үнэлэх зам руу орчихсон. Одоогоор манайхаас эгчид нь үйлчилгээ үзүүлж эхлээгүй байна. Хүүгийн тухайд газ, будаг шингэлэгч үнэрлэж, мансуурдаг. 14, 15 настай байхаасаа эхлэн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон.

Өөрөөс нь ах хүмүүс бэлэг эрхтнээ үмхүүлэх, дур тавих зэргээр хүчирхийлж байсан байдаг. Энэ нь эргээд хүүгийн сэтгэл зүйд нөлөөлсөн. Ер нь бүх төрлийн хүчирхийллийн хохирогч болж байсан хүү байгаа.

Бэлгийн чиг хандлага нь буруу, ижил хүйстэн хүмүүсийг буруутгах аргагүй. Ихэнхдээ бага насандаа эцэг, эхийн анхаарал халамж дутуу байдлаас болж бэлгийн хүчирхийлэлд өртсөн ийм хүмүүс байдаг. Хүчирхийлэлд өртсөнөө нууж, өөрөө өөртөө хадгалснаас болоод нэг ёсондоо сэтгэл зүйн гэмтэл нь буцаагаад өөрт нь ижил хүйстнээ сонирхох бэлгийн буруу чиг хандлагыг бий болгоход хүргэдэг.

Ялангуяа, нэг зүйл дээр эмзэглэж байна. Одоо манай нийгэмд их байгаа нэг эмгэнэлтэй зүйл нь, 40-өөс дээш насны өрх толгойлсон эмэгтэйчүүд маш их байдаг юм байна. Эдгээр өрх толгойлсон, санхүүгийн хувьд боломжтой эмэгтэйчүүд насанд хүрээгүй эрэгтэй хүүхдүүдэд санхүүгийн тусламж үзүүлж биеийг нь худалдаж авдаг жишээ их байна. Яг цагдаагийн байгууллагад эмэгтэй хүн насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн, биеийг нь худалдаж авсан хэрэг шалгагдаж байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Ихэнхдээ ийм хэрэг нийгэмд далд хэлбэрээр их байгааг манайхаар үйлчлүүлсэн хүүхдүүдийн ярианаас мэдэж авч байна. Маш их байна гэж хэлмээр байна. Тэгэхээр, аав, ээж нь хүүхдээ хаана юу хийж яваад анхаарал тавимаар байна. За хөвгүүд юм чинь яавал гэж, учраа олчихно гээд охидуудаа илүү халамжилдаг.

Гэтэл яг 14, 15 настай өсвөр насны хөвгүүд юу хийгээд явж байна, хэнтэй найзалдаж байна, яаж мөнгө олж байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Магадгүй зарим хөвгүүд ажил хийгээд мөнгө олж байна гэж хэлж байгаа байх. Яг ямар ажил хийж байна гэдгийг нь анхаарч мэдэх хэрэгтэй байна.

Жишээ нь, нэг гоё пүүз авмаар байдаг, мөнгө байдаггүй, энэ хэрэгцээнээсээ болоод эргэн тойронд байгаа найз нөхдийн нөлөөнд автаж эгч эмэгтэйчүүдтэй холбогдох явдал их байгаад байна.

Эцэг, эхийн хараа хяналт муу гэдэгт, жишээлбэл, гэр бүл салалт их нөлөөлж байна. Ялангуяа эрэгтэй хүүхдийг хойд ээж нь хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан ийм хохирогч хүүхдүүд байдаг. Ийм хохирогч хүүхдүүд биеэ үнэлэх зам руу ихээр уруу татагдан орж байгаа.

Жишээлбэл, эрэгтэй хүүхэд нэг найзындаа тоглох гээд очдог, тэнд байсан том хүмүүс бэлэг эрхтнийг нь оролдоод гар хангалга хийгээд гаргачихдаг. Хүүхэд юугаа ч мэдэхгүй л нуугаад өнгөрдөг. Гэтэл цаагуураа энэ нь сэтгэл зүйн гэмтэл болоод үлдчихдэг.

Хүүхдийг хүчирхийлсэн насанд хүрсэн хүн хүүхдийн буруу болгоод ойлгуулчихдаг. Чи энд орж ирээгүй бол би чамайг яах ч үгүй байсан, охидууд дээр чи богино хувцас өмсөөгүй бол ийм байдалд оруулчихлаа гээд ойлгуулчихдаг, Хүүхэд өөр дээрээ бүх бурууг авч, энийгээ нууж явсаар байгаад сэтгэл зүйн гэмтэл болоод өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэ цэнэгүй болж төлөвшиж, биеэ үнэлэх зам руу ордог.

Дэлхийн бусад улс оронд бэлгийн мөлжлөгт өртөж сэтгэл зүйн гэмтэл авсан хүнийг дайнтай улс орны ард иргэдийн сэтгэл зүйн гэмтэлтэй адилтгаж, хямралын үеийн сэтгэл зүйн гэмтэл гэж хардаг шүү дээ.

-Танайхаас сэтгэл зүйн эмчилгээ аваад буцаад хэвийн амьдралд орсон хүүхдүүд байдаг уу?

-Өнөөдөр манайд 14 настай байхдаа ирээд гурван жил үйлчилгээ авч байгаа хүүхэд байна. Бага байхад нь хоёр хүнд хүчирхийлүүлсэн. Төрсөн аав, ээж дээрээ амьдардаг байсан хэр нь хүргэн ах нь дүүтэйгээ нийлээд хүчирхийлсэн байдаг.

Ээждээ тухайн үедээ хэлэхэд, ээж нь үнэмшээгүй. Чи яахаараа ийм худлаа юм зохиогоод яриад байдаг юм гээд тоогоогүй. Энэ охин манай дээр гурван жил эмчилгээнд явж байгаа. Бага насандаа хүчирхийлэлд өртөх тусам сэтгэл зүйн гэмтэл нь хүчтэй илэрдэг.

Гурван жилийн турш манайхаас үйлчилгээ аваад өнөөдрийн байдлаар энэ охинд өөрийгөө хамгаалах чадвар сууж эхэлж байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурч байна.

Манайд анх ирэхдээ сэтгэл хөдлөлийн ямар ч мэдрэмж илэрхийлдэггүй. Юу ч ярьж байсан гөлийсөн байдалтай байсан. Хүн инээхээр юм ярьж байхад инээдэггүй, уурлахаар юм ярьсан ч уурладаггүй ийм болсон байсан. Амьд үхдэл гэдэг шиг л уурлаж, инээж чадахаа больсон. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй болчихсон байдаг.

Анх найман настай, арван настай байхдаа хүчирхийлэлд өртсөн. Тэгээд 14 настай байхдаа гэрээсээ дайжаад гудамжинд явж байгаад охидын биеийг үнэл үүлдэг газар очоод аяга хоол өгч хуураад биеийг нь үнэлүүлдэг байсан нь тогтоогдсон. Өнөөдөр 17 настай энэ охин маань биеэ даах гэж үзэж байна. Бага цагаар ажил хийж байна, уурлавал би яаж уураа илэрхийлэх үү гэдэгт суралцаж байна.

Харин биеэ үнэлэх зам руу өөрийн мэдэлгүй өртөж эхэлж буй хохирогч хүүхдүүдийн тухайд 12 сарын эмчилгээ хангалттай. Бага насандаа удаан хугацаагаар хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хувьд гурван жилийн эмчилгээ ч багадахаар байна. Нэлээд урт хугацааны эмчилгээ хийх шаардлагатай байдаг.

-Гадаад улс оронд хүний наймааны хохирогч болж байсан хүүхэд танайд байгаа гэсэн. Охид, бүсгүйчүүд энэ төрлийн хохирогч болохоос хэрхэн сэргийлэх ёстой талаар зөвлөгөө өгөөч?

-Хүний наймааны хохирогч болоод Хятад улс руу зарагдаж байсан нэг хохирогч охин байна. Монголд хүчээр биеийг нь үнэлүүлж байгаад Хятад руу авч яваад тэндээ найман cap болоод ирсэн ийм охин эмчилгээ авч байна. Аав нь нас барсан, ээж ах нар нь байдаг ч хангалттай асарч, хамгаалж чадаагүй хүүхэд байсан.

Наашаа ирэхэд нь хятад хүн тус болсон байсан. Чи үнэхээр энд хэцүү байх шиг байна. Хэрвээ хүсвэл би чамд тусалъя гээд Бээжин дэх Монголын элчин сайдын яамтай холбож өгөөд, Эрээний консулаар дамжаад Монголдоо ирсэн охин байдаг. Ирээд гэртээ амьдрах гэж үзсэн. Гэрийнхэн нь бүх асуудлыг мэддэг. Ах нар нь яв чи. Биеэ үнэлж мөнгө олж ир гээд хөөж доромжилдог. Тэр охинд маань биеэ үнэлэх гэдэг үг маш хүнд үг.

Гэртээ амьдарч болохгүй байна, биеэ дааж амьдармаар байна гээд манай дээр ирсэн. Анх эндээс гурвуулаа явсан. Буудлын нэг цоожтой өрөөнд байлгадаг. Гаргаж ирж биеийг нь үнэлүүлээд буцаагаад хорьчихдог байсан тухай ярьдаг.

-Танайд хандсан хохирогчид өөрсдөө ханддаг уу, та бүхэн эрж хайж олдог юм уу?

-Янз бүр байдаг л даа. Ихэнх тохиолдолд манайх цагдаагийн газартай хамтарч ажилладаг. Бас Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтарч ажилладаг. Тэднийхээс үйлчлүүлэгчдийг санал болгодог.

Манайхаас шууд хүүхдүүдийг авчирдаггүй. Хүүхэдтэйгээ танилцах удаа дараагийн уулзалт хийгээд, байгууллагаа танилцуулаад, хүүхэд бидэнд итгэх илтгэлээ олсных нь дараа байгууллагынхаа үйл ажиллагааг санал болгодог.

-Ер нь цагдаагийн байгууллага охид эмэгтэйчүүдийг зохион байгуулалттайгаар хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа энэ төрлийн хэргийг үйлдэгч цаад эздийг илрүүлэх ажил хэр сайн явж байна гэж та боддог вэ?

-Цагдаагийн байгууллагын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс сайн ажиллаж байна гэж хардаг. Миний хувьд гэмт хэргүүдийн тухай баримттай мэдээлэл өгч чадахгүй. Гэхдээ хохирогч болсон хүүхэд залуучуудын манайд өгсөн мэдээллээр мафижсан, өндөр зохион байгуулалтад орсон нь харагддаг.

Яагаад гэвэл энэ бол маш том мөнгө олдог бизнес шүү дээ. Жишээ нь, нэг дэвтэр зараад ашиг нь 500 төгрөг байхад, хүний наймаа бэлгийн мөлждөг гэдэг бол нэг дэвтрийг хэдэн ч удаа дахин зарж болно гэсэн үг. Хүнийг бараа гэж харах юм бол нэг бараанаас хэдэн ч удаа ашиг олж, зарж болно.

Хамгийн ашигтай бизнест тооцогддог учраас маш нууц, далд хэлбэрээр явдаг гэмт хэрэгт тооцогддог, дэлхий дахинд. Манайд байгаа охидуудын яриагаар бол, цаад эздийгээ мэдэхгүй. Хоёр дүртэй хүн байдаг тухай ярьдаг.Цагдаа нар очоод бариад авах гэхээр амьдралын боломжгүй, ядарсан царайтай, өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Нөгөө дүр нь заримдаа том том хар жийп унасан, шал өөр хувцастай, гар хөл ихтэй хүмүүс болчихдог гээд ярьдаг.

-Олон улсад биеэ үнэлэгч худалдаж авч байгаа иргэдэд ял шийтгэл оногдуулдаг гэсэн. Энэ хууль нь энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд үр дүнгээ егдөг үү?

-Швед улсын хуулиар биеэ үнэлэгч худалдаж авч байгаа хүмүүсийг шийтгэдэг. Хүний биеийг худалдаж авч байна гэдэг бол эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж байгаа хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг.

Сая манай Эрүүгийн хуулинд зохион байгуулалтаар биеийг нь үнэлүүлсэн саун, массажны газрыг торгох заалт оруулсан. Гэхдээ худалдаж аваад байгаа хүмүүст ял шийтгэл байдаггүй.

Манайд биеэ үнэлэгчдийн худалдаж авч байгаа хүмүүсийн хувьд янз бүрийн давхаргынхан байна. Томоохон зочид буудлуудад нэг цагийн сая төгрөгөөр үнэлүүлж байна. Саппора дээр бас янз бүр байна. Ер нь манай нийгэмд бүх түвшинд биеэ үнэлэлт байна гэж мэргэжлийн байгууллагын хувьд хардаг.

-Одоо нэг ийм яриа байна. Нэг сайхан залуутай танилцчихлаа гээд бодож байтал гомо байх юм хэмээн бүсгүйчүүд их ярьж байна. Энэ тухайд?

-Эрэгтэй хүнтэй ч харилцаатай, эмэгтэй хүнтэй ч харилцаатай байдаг ийм хүмүүс олон болжээ гэж харж байна. Энэ тал дээр Монголд сүүлийн үед нэлээд нээлттэй болж байна. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд л хүрсэн гэж хардаг. Олон хэргүүд илэрдэг ч дарагдаад л өнгөрдөг шүү дээ.

-Сошиал орчинд Осоржамаа гэдэг хүний лайв хандалт ихтэй байгаад байдаг. Нэг дүүргийн цагдаагийн газрын дарга хүртэл үзэгч нь гэж хэлж байсныг сонсож байсан. Тэгэхээр манайд бэлгийн чиг хандлага өөр ийм хүмүүс нийгэмд ямар нөлөө үзүүлээд байна гэж хардаг вэ?

-Энэ хүний бичлэгийг үзэж байгаагүй. Хүмүүсийн ярианаас сонсож байсан. Энэ бол сэтгэцийн эмгэг. Тэр хүний бага насны сэтгэл зүйн хямрал нь өдий түвшинд хүрсэн гэж би боддог.

Тэр хүний ярьж хэлж байгаа байдал бусдад нөлөө үзүүлж байна, лайк дарж дэмжиж байна, зарим нь магадгүй элэг доог хийх гэж үзэж байгаа бол нийгмээрээ л сэтгэцийн эмгэгтэй байна л гэсэн үг. Тэр хүний бичлэг лайвыг үзээд инээгээд сууж байна гэдэг бол өөрөө хамаарал бүхий сэтгэл зүйн эмгэг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хог дээр ажиллах эцэг эхээ хүлээн хоосон өнждөг ч гудиггүй тоглон хөөцөлдөх хүүхдүүд

– ОЙ ГАРАНТАЙ ХҮҮ АРХАГ ТУРААЛД ОРСНООС УЛСЫН АСРАМЖИНД ШИЛЖЖЭЭ-

Уулын өөдөө мацсаар Т-гийн гэрийн гадаа очлоо. Бөмбөг, дугуй байтугай ер нь юу ч байсан доошоо дунгуйлдахаар эгц газарт тэднийх гэрээ барьжээ. Гэрийнх нь ойролцоох жалга хог хаягдлаар дүүрсэн бол хойхно талд нь айлын шатсан туурь байх аж. Т-гийн хүүхдүүд гаднаа тоглон хөөцөлдөнө. Тэд хэрэндээ л шуугилдан хүүхдийн шингэн дуу тэр хавиар дуулдах нь аргагүй л урин цаг иржээ. Биднийг очих үед хүүхдүүд гайхан харах бөгөөд тортой хүнсний зүйл рүү нүд салгахгүй харцгаана. Хүүхдүүдтэй мэндлээд гэрт нь орлоо. Гялгар тор шажигнан дуугарах бүрт хүүхдүүд нүдээ том болгон шүлсээ гүдхийн залгина. Асуусан асуултад хариулахаас илүү тороо хурдан задлаасай гэсэн мэт. Ингээд хүүхдүүдэд тараг, боорцог, сүү, хиам гаргаж өглөө. Хүүхдүүд “Бид хиам идээгүй их удсан, анай”, “Таны торонд өөр юу байна” гэх. Томчууд нь жимстэй боов, хиам идэж байх үед хоёр ой гарантай хүү амандаа боорцог зуусан мөртлөө ах, эгч нарынхаа идэж буй хиам руу гараа зангаж нэхнэ. Хүүхдүүдийн хувьд гаднаас хүн ирсэн, сурвалжлагч явж байгаа талаар огт сонирхохгүй, харин идэх юм л тэдний хувьд хамгийн сонин байгаа нь илт. Есөн настай Б охин саяхан даахиа үргээлгэжээ. Багад нь үсийг нь хусаагүй учир саяхан ийн ёслол үйлдэж үсийг нь энд тэндээс нь хайчилж, алаг цоог болгосон байлаа. Б охин “Миний үсийг авсан. Толгойд сүү дусаагаад” хэмээн боорцог идэх зуураа ярилаа.

Б-гийнх Баянзүрх дүүргийн 17 хороо, Шар хадны эцсээс нэлээд зайдуу, энэхүү өндөрлөг газарт ийнхүү амьдардаг. Эднийх найман хүүхэдтэй. Отгон хүүхэд нь ой найман сартай бол ууган хүүхэд нь 26 настай. Гурван охин, таван хүүтэй айл. “Хоёр агаа, анай маань ажил хийхээр гэрээсээ явсан. Гэртээ ирэхгүй байгаа” гэж багачууд ярилаа. Эндхийнхэн Цагаан давааны хогийн цэг дээрээс хог түүж, тэндээс амьжиргаагаа залгуулдаг айлууд. Хүүхдүүд ах, эгч нараа “Ажилд явсан” гэдэг нь хог түүхээр явсныг хэлээд байна уу гэж бодлоо. Харин 14 хүртэлх насны таван хүүхэд нь аав, ээжтэйгээ гэртээ амьдардаг юм байна.

Бага дүү нь эмнэлэгт байгаа учир гурав, долоо, ес, 14 настай дөрвөн хүүхэд гэрээ сахиад үлджээ. Аав, ээж нь өглөө үүрээр 05, 06 цагийн үед гарч яваад, гэгээ тасрахад сая нэг гэрийн бараа харна. Хүүхдүүд өдөржин эзэнгүй, өлөн зэлмүүн өнждөг бололтой. Өөрсдөө хоол ундаа хийж идэцгээнэ. Өчигдрөөс хойш хоол идээгүй гэцгээв. “Махгүй учраас хоол хийж идэж чадаагүй” гэлээ. Гэтэл хоолны шүүгээ нь хов хоосон. Будаа, гоймонгийн үртэс байтугай давс байна уу гэлтэй. “Хэр их өлсдөг вэ” гэхэд толгой сэгсрээд “Үгүй” гэж хариулах ч харц нь гунигтай.

Б: ААВ ШИЛ АРХИ, ТАМХИ, УНДАА, ЗАЙРМАГ АВЧИРДАГ

Хүүхдүүд тараг, сүү ууж, боов боорцог идэж, гэдэс гарч хацар нь ягаараад ирлээ. Энэ үеэр есөн настай Б охинтой ийн ярилцлаа.


-Аав, ээж нь орой хэдэн цагт ирдэг вэ?

-Орой зургаа, долоогийн үед ирдэг.

-Юу авчирдаг вэ?

-Аав шил архи, тамхи, ундаа, зайрмаг авчирдаг. Ээж, гурил мах авчирдаг.

-Та нар өдөр хоолоо яаж хийж иддэг юм бэ?

-Би өөрөө хоолоо хийдэг. Гал түлээд л хийчихдэг.

-Ямар хоол хийх үү?

-Ямар ч хамаагүй.

-Өнөөдөр ямар хоол хийсэн бэ?

-Өнөөдөр хоол хийгээгүй.

-Яагаад?

-Мах байхгүй.

-Гурил, будаа байгаа юу?

-Гоймон байгаа, амтлагч байгаа. Төмс байхгүй.

-Өлсөж байна уу?

-Үгүй. Заримдаа л өлсдөг.

-Өглөөнөөс хойш юм идсэн үү?

-Юм идээгүй. Одоо ээж ирж байгаа. Өнөөдөр манайх хорооноос хүнсээ авдаг өдөр. Ээж дүүг маань эмнэлгээс аваад замаараа хороон дээр очиж хүнсээ аваад ирнэ.

-Ямар хоолонд дуртай вэ?

-Цуйван, будаатай хуурга, хуушуур.

-Аав, ээжийнхээ ажил дээр очиж үзсэн үү?

-Би очдог. Манай энэ хоёр дүү очиж үзээгүй. Сүүлийн үед аав, ээжийн ажил муу байгаа гэсэн. Өдөртөө 20 мянган төгрөгөөс буухгүй байдаг байсан чинь сүүлийн үед корона гараад юмны үнэ унаад хэцүү байгаа гэж ээж хэлсэн.

-Аав, ээжийнхээ ажилд туслахад хэцүү байдаг уу?

-Зүгээр ш дээ. Би очиж тусалж байгаад л хүрээд ирдэг юм. Цагаан даваан дээр зөндөө хүүхдүүд ажилладаг ш дээ.

-Танайх тог цахилгаанаа хаанаас авдаг бэ?

-Хажуу талын цагаан байшинтай айлаас авдаг. 20 мянган төгрөг сардаа төлдөг. Энэ тэнд нүүхдээ дандаа л 20 мянган төгрөгөөр л авдаг байсан гэлээ.

Охин ийн ярих зуураа хоёр дүүгээ байн байн гараараа нударч “Боль” гэнэ. Гадны хүн байхад томоотой бай гэж сануулаад байгаа бололтой.


НАР, САР ГЭРЭЛТСЭН…

Дөрвөн ханатай гэр нь дан дээвэртэй. Дээвэр нь цоорхой. Өнөө “Нар, сар гэрэлтсэн” гэдэг шиг. Шалгүй учир уулын хөрс шороо, чулуу, хад гэр дотор нь хаа сайгүй. Гэрийн хана, унь, хаалга гээд моднууд нь хуучирч муудсан гэхээсээ илүүтэй эвдэрсэн байлаа. Ор алга. Банзаар наар хийжээ.

Зурагт байдаг ч гардаггүй. Антен байхгүй. Харин DVD тоглуулагчтай. Хүүхэлдэйн ганцхан DVD-тэй, түүнийгээ өдөржингөө асаалттай орхидог аж. Б охин “Зурагт гардаггүй болохоор хичээлээ хийхгүй байгаа” гэж ярилаа. Гэрийнхээ хаяанд баахан хог новш овоолжээ. Хажуу талын байшингаас айлаас тог татсан цахилгааны утас нь газраар хөглөрч, хэзээ мөдгүй гал гармаар энд тэндээ шалбарсан харагдав. Хүүхдүүд тоглож байгаад хүрвэл аюул болж мэдэхээр юм.

Дан дээвэр, туургатай энэ гэрт хүүхдүүд олон жил амьдарчээ. Олон балчир хүүхэдтэй айл ийм гэрт жавар тачигнасан өвлийн хүйтэн өдрүүдийг яажшуу өнгөрөөсөн бол гэхээс айдастай санагдана. Есөн настай Б охин л хүнтэй ийнхүү нүүрэмгий ярьдаг бол бусад нь юм дуугарахгүй, толгой сэгсрэх, мөрөө хавчих зэргээр хариулж “Үгүй” гэдэг л үг хэлж байлаа. Эднийх өмнө нь Шар хадны 24 дүгээр хороонд хоёр жил амьдраад наашаа нүүж ирсэн гэнэ.

ЭЭЖ НЬ ХОРООНООС ХҮНСЭЭ АВЧИРЛАА

Охин Б-г нэгэн эмэгтэй тээр доороос нэрээр нь дуудлаа. Хүүхдүүд ухасхийн босоод “Ээж ирлээ” гээд гараад гүйлдэв. “Ээж ээ, хар даа боов, хиам” гэсээр ээжийгээ тосоцгоов. Ээж нь “За ,алив энийг барь” гэлээ. Хүүхдүүд гурил, будаа бололтой ууттай хүнсний зүйлүүдээ дамжлаад гэртээ оруулав.

Хүүхдүүдийн ээж Э “За, та хэд маань ирчихсэн үү. Сонгууль дөхөөд сүүлийн үед манайхаар хүмүүс их орж гарч байна даа. Танайх аль нам бэ” гэж асууж байна. Хэрэг зоригоо дуулгавал “Манай хороо биднийг их харж үзэж байна. Өнөөдөр хүнс авдаг өдөр. Гурил, будаа, сүү, тараг өгч байна шүү. Амьдрал болоод л байна даа” гэсээр гэрийн эзэгтэй яриа дэлгэлээ.

-Та хичнээн жил Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж байна вэ?

-Арав гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Өглөө гараад шөнийн бор хоногт хэдэн хүүхдүүддээ хоол хүнснийг нь базаагаад л ирдэг юм. Манай энэ хэдэн хүүхдүүд өөрсдөө хоолоо хийж идээд гэрээ сахиад л үлддэг. Сүүлийн үед корона гараад эдийн засаг эрс муудсан байна. Өдөрт хоёр шуудай хуванцар түүдэг байсан. Сүүлийн үед олдохгүй ховордоод байна. Өдөржин түүгээд нэг л шуудай олддог боллоо. Хүмүүс ажилгүй болоод ундаа авч уухгүй байгаа юм шиг байна шүү дээ. Яадаг юм бол бүр гайхаад л байж байна.

-Тэнд хичнээн хүн ажиллаж байна вэ. Та өдөрт хэдэн төгрөг олдог вэ?

-200, 300 хүн зэрэг уралдаад л хог ухдаг шүү дээ. Та хэд тэр хогийн цэг дээр очоод бодит байдлыг үзэж болно ш дээ. Нэг кг хуванцар 150 төгрөг, нэг кг төмөр 100 төгрөг ханштай байна. Уг нь хуванцар 250 төгрөг байсан сүүлийн үед үнэ нь унаад 150 төгрөг болчихоор өдөрт 20 мянган төгрөг олдог байсан бол 10 мянган төгрөг арай гэж олж байна. Манай хоёр ченж их сайн хүмүүс байдаг юм. Намар хүүхдийн хичээл сургууль орохоор мөнгө зээлээд их тус болно оо. Мохдой, Бөөбэй гээд хоёр ченжээс очиж яриа аваарай. Энэ муу жижиг гэрээ би ченжээс арваад жилийн өмнө 250 мянган төгрөгөөр авч байсан юм. Одоо энэ тэнд хөөгдөж нүүсээр байгаад унь, хана нь хугараад хэцүү болчихлоо. Хүчтэй салхинд нурчих дөхөх юм. Гэхдээ яах вэ гэргүй айлууд зөндөө л байна ш дээ. Манайх чинь харин ч гэртэй байгаа нь их юм даа. Сая манай хойд айл шатчихлаа. Одоо энэ хэд маань яана даа. Нөхөр нь Цагаан давааны хог дээр ажилладаг юм. Хоёр хүүхэдтэй айл. Манай энэ хавийн ихэнх айл тэнд цуг ажилладаг хүмүүс байдаг юм шүү дээ. Энэ урд нэг хөгшнийх байна. Ганц зээ охинтойгоо амьдардаг хэвтрийн хүн байдаг. Ээж нь Цагаан даваан дээр ажилладаг байсан юм. Одоо ирэхгүй удаж байна. Тэгээд хоол унднаасаа илүүчлээд өгчихдөг юм. Энэ хойно хоёр ч айл байна. Хажуугийн цагаан байшинтай айлынхан бас надтай цуг ажилладаг.

-Харин хороо хориноос танайхыг харж үздэг бололтой?

-Сүүлийн үед манай 17 дугаар хороо их анхаарч байна. Ойр ойрхон ирээд манай амьдралтай танилцаад байдаг болсон. Манайх саяхнаас хүнсний талон авдаг болсон ш дээ. Намайг чинь Ландтай, хоёр өрөө байртай, хоёр хүүхэдтэй гээд хасчихсан байсан (инээв). Үлдсэн зургаан хүүхэд нь хаашаа орсон юм байгаа юм. Тэгээд хөөцөлдөж байгаад дахиад хүнс авдаг болсон хэмээн ярилаа.

Гэрийн эзэгтэй Э болон хүүхдүүд нь өөрсдийгөө өлсөж байна, зовж байна, ядарч байна, хэцүү байна гэж огт ярихгүй аж.

Ээжээс нь “Өвөл та нар яажшуухан өвөлжив дөө. Шалгүй, дан гэрт олон нялх нойтон хүүхэдтэй хэцүү л байсан байх даа” хэмээн асуувал ”Манай хүүхдүүд даардаггүй юм аа. Өвөл, зунгүй л хөл нүцгэн гүйж байдаг. Ханиад томуу тусдаг ч үгүй. Бүр сурчихсан ш дээ. Тэгээд манайх чинь өвөл нүүрс түлчихдэг юм. Дулаахан байдаг ш дээ” гээд хээвнэг тоосон шинжгүй өгүүлэх. Гэрийн эзэгтэй Э харин өөрийнхөө амьдралыг боломжийн гэж дүгнэдэг бөгөөд “Манайхаас ч дор хэцүү айлууд энүүгээр дүүрэн байна. Олсон хэдээрээ архи уудаг хүмүүс байхад нөхөр биед хоёр хүүхдүүдээ хоолтой хонуулах гээд хичээж байна. Хөдөлмөрлөхгүй, улсаас үнэгүй хоол авч идчихээд, архидаад байж байдаг хүмүүс зөндөө. Миний хувьд зовж байна, хэцүү байна гэж хэлэх дургүй. Болж байна аа. Төр минь харж үзэж байна. Сайхан ажилтай л гэж боддог. Бодит амьдрал нэг иймэрхүү л байна даа” гээд инээмсэглэв.


ОЙ ГАРАНТАЙ ХҮҮХЭД НЬ ХҮНД ШАТНЫ ТУРААЛД ОРСНООС УЛСЫН АСРАМЖИД ОРЖЭЭ

Ээж нь амьдралаа болж байна, бүтэж байна гэж ярьж байгаа ч дэргэд нь зогссон хүүхдүүдийг нь харахад ерөөсөө тэгж бодогдсонгүй. Хүүхдүүдийнх нь гар хөл нь хир даахиндаа баригдаж, хоол хүнснээсээ аминдэм авах нь бүү хэл хоногтоо бор ходоодондоо хоол хийдэг эсэх нь эргэлзээтэй, үс гэзэг нь сэгсийж, нурах шахсан гэр нь дотор, гаднагүй хог новшиндоо дарагдаж, хүүхэд амьдрах, өсөж торних ямар ч боломжгүйг та бүхэн гэрэл зургуудаас харж байгаа байх.

Б охин “Манай бага дүү удахгүй хоёр нас хүрнэ. Ээж дүүг минь удахгүй авчирна гэсэн. Бид дүүгээ хараагүй зургаан сар болж байна. Одоо хөөрхөн болсон байх даа” хэмээн баярлан ярив. Отгон дүү Бондоолой нь зургаан сарын өмнө эмнэлэгт хэвтжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард бие нь гэнэт муудаж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад тэндээсээ Хүүхдийн төв сувилал руу шилжжээ. Хоол тэжээлийн дутагдалд орсноос арван кг шахам жинтэй манцгар бор хүү нь дөрөвхөн кг болтлоо турж, тураалд орсноос ийнхүү улс асрамждаа авчээ. Б охин аав, ээжийгээ орой ирэхэд нь “Ээж ээ, дүү нэг л биш байна. Хоолоо идэхгүй байна” гэж хэлж дүүгийнхээ амийг аварчээ. Дүү нь тэгэхэд ой гарантай хэрнээ өдөржингөө орон дээрээ хэвтдэг байсан бөгөөд сүүлдээ толгойгоо даахгүй болжээ. Та бид кино, интернэт орчноос Африкийн ядуу, тураалтай хүүхдүүдийн сэтгэл эмзэглэм дүр зургийг олж хардаг. Гэтэл Т-гийн бага хүүхэд яг л Африкийн тураалтай хүүхдүүд шиг дэрс шиг нарийн мөчтэй, хийлсэн мэт том гэдэстэй, нүд нь ухархай руугаа ширгэсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэнээр ачит хүмүүсийн гарт очоод байгаа нь тэр ажээ. Дүүгээ турж эцээд аймар болсныг эгч нь нүдэнд харагдтал хэлж байв.

Ээж нь хүүгээ тэвэртэл цаас шиг хөнгөн болсон мэт санагдсан гэнэ. Босч өндийж чадахгүй, тамир тэнхээгүй болсныг гэнэт анзаарснаа ярьж байлаа. Эмч “Архаг рахиттай, хүнд шатны тураалтай” гэж оношилж яаралтай хэвтүүлсэн байна.

Ээж нь “Тэрэн дээр бол миний жинхэнэ буруу болсон шүү. Би ажил ажил гээд өдөр шөнөгүй яваад анзаарсангүй. Энэ хэдийг өлсгөхгүй, гэдэс цатгалан байлгах гээд их л ажиллах юм. Гэхдээ одоо санаа зоволтгүй. Миний хүү жин нэмээд хөөрхөн болсон байна лээ. Өнөөдөр хүүгээ авах гээд очсон. Эмч өгсөнгүй. Хорооны ажилтан залуу “Хүүгээ есдүгээр сард ав” гэсэн. Дахиад хоол ундгүй байлгаж байгаад тураалд нь оруулчихна гээд өгсөнгүй шүү. Одоо хүү минь хэлд, хөлд ороод гүйж явна гэсэн. Уг нь би өөрөө лхагва гариг бүр эргэж очдог юм. Тэгсэн одоо корона гараад эргэлт оруулахгүй байгаа. Өмнө нь бас эргэх гэсэн салхин цэцэг гараад оруулаагүй” хэмээлээ.

ХҮҮХДИЙН 500 МЯНГАН ТӨГРӨГ АВААД 250 МЯНГААР НЬ ХҮҮХДҮҮДДЭЭ УНАДАГ ДУГУЙ АВЧ ӨГЧЭЭ

Хүүхдийн мөнгө нэмэгдсэнд үнэхээр баяртай байгаа гэдгээ Э дахин дахин илэрхийлж байлаа. Өнгөрсөн сард эднийх таван хүүхдийнхээ 500 мянган төгрөг авчээ. Аав, ээж нь хүүхдүүдээ баярлуулах гээд Хүүхдийн мөнгөнийх нь талаар нь унадаг дугуй авч өгсөнөө хэллээ. Үлдсэнээр нь хоол хүнсээ базаагаад дууссан гэж байлаа. Э “Нөөцийн мах авсан, яс ихтэй юм. Ясыг нь чанаад шөлөнд нь бантан хийж өгөөд байгаа” гэв. Эднийх сардаа хүүхдийн мөнгө 500 мянган төгрөг авахын сацуу хороо хориноосоо хүнсний талоноор хүнсээ базааж, хажуугаар нь Цагаан давааны хогийн цэг дээрээс өдөрт 10-20 мянган төгрөг олдог гэвэл эднийх нэг сарын хугацаанд нэг сая гаран төгрөгийн бэлэн мөнгөний орлоготой болж таарч байна. Дээрээс нь цахилгаантай, бас зурагттай гээд бодоход бараг 250 ам.долларын орлоготой болоод явчихаж байна. Гэтэл Э-гийн ярьж байгаа нь түүний бодит амьдрал, үр хүүхдийнх нь байгаа төрх, эрүүл мэнд, ахуй амьдралаас нь зөрж байгаа нь илт. Хэрвээ тэр бүгдийг хүүхдүүдийнхээ төлөө зарцуулдаг бол яалаа гэж хүүхэд нь хүнд шатны тураалд орох билээ. Хороо хориныхны ярианаас анзаарахад энэ хавьд хог түүж амьдардаг иймэрхүү амьдралтай айлуудын эцэг эхчүүд бараг бүгд шахуу архины хамааралтай ажээ. Эцэг эх нь мөнгө олох нэрийдлээр хогийн цэг рүү явж, олсон хэдхэн төгрөгөөрөө уух архиа бариад ирнэ. Үр хүүхдийнхээ өдрийн турш юу хийж, юу идэж ууж, яаж амьдарч байгаад анхаарал тавьж чадаж байгаа гэхэд хэцүү харагдлаа. Яаж энэ байдлыг өөрчлөх вэ гэсэн бодол байнга төрж байлаа. Энэ хүмүүсийг иргэншүүлэх, ажилтай байлгах, боловсролтой болгох, дээрээс нь хариуцлагатай байж сургах л хамгийн гол ядуурлаас гарах хэлбэр юм болов уу. Ингэхийн тулд тэднийг даргалах хэрэгтэй. Даргалах төр засгийн гар тэдэнд өдөр бүр хүрч байх хэрэгтэй юм болов уу даа.


ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД ОРЖ ЯСАНДАА ТУЛТАЛ ТУРСАН ӨСВӨР НАСНЫХАН

Т-гийнхээс гараад уруудаж явахдаа бас нэгэн айлаар орж хүнсний хэрэгцээний зүйл, ундаа, сүү, тараг зэргийг өглөө. Өсвөр насны 14, 17 настай хоёр хүү хоймрын орон дээрээ сууж байна. Нуруулаг ч юм уу гэмээр харагдсан ч үнэндээ хэтэрхий туранхай, эцэнхийгээсээ болж ийн харагджээ. Нүдний гал нь буусан, хөдөлгөөн нь удаан. Цамцаа сөхвөл хэрзийсэн хавирга, нуруу харагдаж, тохой, өвдөгнийх нь яс товойж, гарын шуу, хөлийн шилбэ нь нарийхан харагдана. Гэхдээ эдний эцэг эх нь хоёулаа хэрэндээ л ажил эрхэлнэ. Аав нь ТҮК-д ажилладаг бол ээж нь Хархорин зах дээр ногоо ялгадаг ажил хийж хоолоо залгуулдаг юм байна. Гэр орных нь тавилга бүрэн бүтэн харагдана. Эцэг эхийнх нь олж ирсэн мөнгө хоол хүнсэндээ л арай гэж хүрдэг болов уу гэлтэй. Биднийг ороход хөвгүүд хоолоо хийж байлаа. Газар шалан дээр халуун тогоо залгаад цэлийсэн дүүрэн ус хийгээд хэдэн ширхэг гэдэс хөвүүлчихэж. Хоёр том ах нь дүү нараа хараад гэртээ ийн сууж байгаа аж. Дөрөвтэй, хоёртой, долоон сартай гурван жаахан хүү торойгоод сууж байв.

Долоон сартай жаахан нь бас л нэлээд жин багатай нь харагдана. Ах нарынхаа өвөр дээрээс буудаггүй, байнга тэврүүлдэг гэнэ. Хоёр том ах нь сургуульд сурдаг учраас зургаа авахуулахыг хүссэнгүй. Найзууд шоолно гэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын захын хорооллуудын нэг болох Шар хадны хойгуур байх уул, толгод дээр амьдардаг нэн ядуу айл өрхүүдээр орж бодит байдлыг ийнхүү сурвалжиллаа. Төр засаг, хүүхдийн байгууллагууд нь хүүхдийн төлөө, хүүхдийн сайн сайхны төлөө олон зүйл хийж байгаа гэдэг ч жинхэнэ бодит амьдрал дээрээ ийм л байна. Тэнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох нөхцөлийн тухай ярихаас илүүтэй өдөртөө хоёр удаа хооллодог хүүхэд алга. Таарсан хүүхэд бүр өлссөн харцаар харж, идэх юм горьдож зуны урт өдрүүдийг гэрийнхээ гадаа гунигтай өнгөрүүлж байна. Алс холын Африк тивийн хүүхдүүдийн зураг, бичлэгийг хараад харамсал илэрхийлээд “Туслах юмсан, эх орондоо авчраад тэжээх юмсан” гэж шогширцгоодог. Тэгвэл яг тэр тивд амьдардаг ядуу айлуудын, тураалдаа орсон хүүхдүүд шиг хүүхдүүд хэдэн зуугаараа энэ нийслэл хотод бидэнтэй цуг ингэж л амьдарч байна. Уулын цаана, уулын орой дээр байгаа болохоор л харахгүй байгаа бололтой. Очоод хар. Одоо хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Түүнд зориулсан хүүхдийн баярын сурвалжлага ийнхүү өндөрлөж байна…

Categories
мэдээ цаг-үе

О.Чинзориг: Нийслэлд хүний нүүр царайгаар таньдаг 2000 камер суурилуулна

Нийслэлд хүний нүүр царайгаар таньдаг ухаалаг камеруудыг суурилуулахаар болжээ. Ирэх аравдугаар сар гэхэд эхний 2000 камерыг суурилуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.


-Улаанбаатар хотыг камераар бүрэн хянадаг болно гэсэн. Энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хэчнээн камер суурилуулах вэ?

-Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишигт нийцсэн орчин үеийн камерын системтэй болох гэж байна. Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийслэлээс “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болно. Энэ ажил нь гурван үе шаттай хэрэгжинэ. Энэ жил 2000-аад камерыг суурилуулах төлөвлөгөө гараад байна. 2000 камераас 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь одоогоор замын хөдөлгөөний таван хувийг камераар хянаж байна. Харин 600 камер нэмж суурилуулахад 28 хувийг хянаж чаддаг болно. Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм. Одоо ажиллаж байгаа камераар нийтийн эзэмшлийн зам талбайн 10 хувийг хянаж байгаа бол энэ жилдээ багтаад 20 хувийг хяналтдаа авах юм.

Цаашдаа 2021 онд хотын сууршлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзэж байгаа.

-Одоогоор хэчнээн камер ажиллаж байна?

-Улаанбаатар хотод 311 км/кв сууршлын бүс байдаг. Сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 3600 камерийг нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр суурилуулсан байна. Эдгээрээс одоогоор 40 гаруй хувь нь эвдэрч, ажиллагаагүй болсныг шалгаж тогтоолоо. Технологийн хувьд хуучирсан, техникийн хугацаа дууссан гээд янз бүрийн шалтгаантай. Очоод үзэхээр камер байдаг боловч дүрс байдаггүй, дүрс байсан ч чанарын шаардлага хангадаггүй болсон байна. Уг нь бүгд ажиллаж байсан бол 3600 камер нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 10-аад хувийг хянах байсан гэсэн үг л дээ.

-Ухаалаг камер нь нүүр царайгаар таних боломжтой гэсэн. Технологийн давуу талуудыг танилцуулахгүй юу?

-Хүний царай таних, царай нь харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг олон талын давуу талтай ухаалаг систем юм. Дэлхийн хотуудад ашиглаж байгаа, туршигдаж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камеруудыг суурилуулна. Саяхны жишээ хэлэхэд, Хятадад эрэн сурвалжлагдаж байсан этгээд нуугдаад яваад байхад л камераар шүүгээд 30 минутын дотор барьсан тухай мэдээ CNN-ий мэдээгээр гарч байсан. Улаанбаатар хотын сууршлын бүсийн 80 хувийг хянадаг болоход мөн гэмт хэргийн илрүүлэлт ийм хэмжээнд хүрэх юм. Одоо манайх 20-30 сая төгрөгийн тендер зарлаад таван камер тавиад, хорооны буланд нэг дэлгэц угсраад камержуулчихлаа гээд яриад байгаа. Энэ байдал хоцрогдож байна. Ухаалаг камерын мэдээллийн систем нь улаан өнгийн машин хаагуур өнгөрсөн байна гээд хайхад бүх дүрсээ авчраад хайлтаа хийгээд, хоёр гурав хувилж хадгалж хамгаалдаг ийм систем байгаа.

-Одоо бэлтгэл ажил нь ямар шатандаа явж байна вэ?

-Одоо энэ ажил дээр хамтарч ажиллах байгууллагууд судалгаагаа хийж дууслаа. Цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагууд мөн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагууд хамтраад аль цэгт ямар камер байршуулбал тохиромжтой вэ, алслагдсан гэр хороололд ямар төрлийн камер байршуулах вэ, хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд ямар төрлийн камер хэрэгтэй вэ гэдэг ерөнхий судалгаагаа гаргаад бэлэн болгосон. Одоо үндсэн ухаалаг систем болох камераа сонгох ажлууд ид явагдаж байна. Камер сонголт хийх ажлын хэсэг гарчихсан байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас гадна манай Шинжлэх ухааны академи, мэдээллийн технологийн салбар, гадны эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон мэргэжлийн баг хамтран үндсэн системээ сонгох ажил явагдаж байна.

Төлөвлөгөөгөөр энэ сардаа багтаад камер суурилуулалт угсралтын ажил хийж эхэлнэ. Үндсэндээ ирэх аравдугаар сарын нэгэн гэхэд төслийн маань нэгдүгээр үе шат дуусч үр дүнгээ өгнө гэсэн тооцоотой ажиллаж байна.

-Камерын хяналтыг яаж хийх вэ. Одоогоор байгууллагууд тусдаа камерын хяналтын системтэй байгаа юу?

-Камерын ухаалаг систем дээр суурилсан Нэгдсэн удирдлагын төв шинээр байгуулна. Энэ төвд камер эвдрэх, гэмт хэрэг гарах бүхий л асуудлыг цогцоор нь хянаж ажиллана. Гэхдээ тагнуул, цагдаа, онцгой байдлын газар дээр давхар камераа хянаад одоо байгаа удирдлагын төвүүд нь хуучнаараа ажиллана.

-Хувийн хэвшлийн байгууллага болгон орчноо хянадаг камертай байгаа. Энэ камерын системийг нэгтгэх үү?

-Шинэ журмаар, нэг объект ашиглалтад орлоо гэхэд тухайн байгууллагын камерыг цагдаагийн байгууллагаар дамжуулан шинэ удирдлагын төвтэй холбож хяналт тавина. Өөрөөр хэлбэл, одоо ашиглаж байгаа болон шинээр ашиглалтад орж байгаа хувийн байгууллагуудын хяналтын камерыг улс авч дүрсийг нь ашиглаж, хянадаг нэг системтэй болно. Манай байгууллагаас мэдээллийг нь боловсруулах, ухаалаг системийн технологиудыг нь нэвтрүүлэх, тооцоолол хийх, засвар үйлчилгээ, хүний нөөцийн бүрдүүлж ажиллаж байна. Камерын системийг ашиглагч байгууллага нь хүчний байгууллагууд юм.


Categories
мэдээ цаг-үе

Н.Түмэнбаяр: Би гурван сар хоригдохдоо өдөр болгон уйлсан

-ЭРГЭЛТ АВЧ БАЙСАН НАДАД ТИЙМ ХЭЦҮҮ БАЙХАД БУЛГАН ЯАЖ ТЭСЧ БАЙГААГ МЭДЭХГҮЙ БАЙНА-

Үхэр дайрч алсан хэргээр төв аймгийн цагдан хорих төвд гурван сар гаруй хоригдож байгаад гарч ирсэн эмэгтэй Н.Түмэнбаяртай ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн цагдан хорих төвд О.Зориг агсны эхнэр Булганы хажуугийн камерт хоригдож байсан аж.

-Автозам дээр үхэр шүргээд ял эдлээд гарч ирсэн гэж сонслоо. Юу болсон юм бэ?

-“Тийм ээ. Үхэр дайрч алсан хэргээр шүүхээс 97 хоног баривчлах ял оноосон. Гурван сар Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байгаад наадмын өмнө Эмэгтэйчүүдийн хорих ангид тав хоног хоригдоод гарч ирлээ. Наадам болж байна, бас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 95 жилийн ой болж байна гээд долоо хоногийн өмнө өршөөлөөр суллагдсан. Тэгээд Улсын дээд шүүхэд давж заалдах гээд өргөдлөө өгчихөөд явж байна.

-Юу болсныг тодорхой ярихгүй юу?

-Би 2015 оны наймдугаар сарын 12-ны орой 22:00 цаг өнгөрөөд Улаанбаатар хотоос Өмнөговь орохоор гарсан. Төв аймгийн зам Довын гуанз гэдгийн наад талд Дөлгөөн гэдэг газар явж байсан юм. Ширүүн бороо асгарч байсан. Гэнэт баруун гар талаас үхэр гарч ирээд шүргүүлсэн. Үхэр газар унаагүй тэр чигээрээ зам хөндлөн гараад яваад өгсөн. Би ч цаашаа хөдлөөд явсан. 200 метр хиртэй явж байтал машины гэрэл унтарчихлаа. Зогсоод гэрлээ тогшиж үзэхэд асч унтраад байсан. Хойшоо урагшаа олон машин цувж байлаа. Гурван аймаг холбосон гол зам шүү дээ. Баруун гар талд айл харагдаж байсан. Айл нь ойрхон байхад үхэр явж байх юм гэж бодоод л өнгөрсөн. Гэрлээ оролдож хэсэг зогсоод Довын гуанзан дээр очоод том тэрэгнээс баруун гар талын гэрэл маслаад байна. Гэрэл өгөөч гэж гуйсан чинь, миний гэрэл таарахгүй гэхээр нь цаашаа замдаа гарсан. Явсаар байгаад маргааш өглөө нь ажилдаа очсон. Өмнөговийн цагаан хад гэдэг газарт 750 км газар яваад очсон юм. Тэгээд наймдугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байтал Төв аймгийн цагдаагийн газраас ярьсан. Яаралтай ир гэж дуудлаа. Яагаад цагдаад дуудагдаж байгаа юм бэ, би эмэгтэй хүн шүү дээ хүн андуураад байгаа юм уу гэж лавлахад “Автын осол хийгээд хэргийн газраас зугтаасан. Эрүү үүсгэнэ. Хурдан ир” гэсэн.

Хичээл сургууль орох гээд байна, цалин мөнгөө аваад наймдугаар сарын 30-н гээд очиж болох уу гэхэд тэгж болохгүй, хурдан ир гэсэн. Би машинаа унаад 25-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газар ирлээ. Машинд маань шинжээчийн дүгнэлт хийсэн. Миний машины урд дугуйны дээд талын халхавч зам дээр унаад үлдчихсэн байсан байна лээ. Тэр хаалт нь хоёр боолтоор л тогтдог юм байна. Үхэр шүргэх үед уначихсан байж. Ингээд наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн байцаагдаж эхэлсэн. Ажлаасаа чөлөө аваад Өмнөговиос ирж очоод байцаагдаад яваад байсан. Өмгөөлөгч авсан. Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр надад холбогдох хэрэг прокурор дээрээс шүүх рүү шилжсэн. Яллагдагчаар татагдаад Эрүүгийн хуулийн 216.2 дугаар зүйл ангиар эрүү үүссэн байсан. Энэ нь осол гаргачихаад хэргийн газраас зугтаасан гэсэн зүйл анги юм билээ. Айлын гурван үхрийг дайрч алаад ослын газраас зугтаасан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүссэн.

-Та үхэр шүргэсэн гэж ярьсан. Гэтэл яагаад гурван үхэр дайрч алсан болж таарсан юм бэ?

-Хохирогчийн тал гурван үхэр үхсэн гэж гомдол гаргасан юм байна. Тэгээд намайг дайрч алсан гэж буруутгалаа. Хэрвээ би гурван үхэр зам дээр дайрч алсан бол миний машин цаашаа явах нь байтугай болно биз дээ. Нэг үхэр дайрсан байхад ч машин явахын аргагүй эвдрэх байсан байх. Машин ямаа мөргөж байхыг би харж байсан л даа. Тэр машины урд тал нь чихэгдээд эвдэрчихсэн байхыг харж байсан шүү. Тухайн үед миний машинд 15 настай охин минь, эмэгтэй дүү хоёр хамт явж байсан юм. Ширүүн бороо орж байсан учраас 20-30 км цагийн хурдтай явж байлаа. Шил арчигч зогсоо зайгүй ажиллаж байсан учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй байсан. Тийм бага хурдтай явж байсан машин үхэр дайрч алахгүй шүү дээ. Тэгээд ч хэргийн газрын үзлэгээр үхэр миний эсрэг урсгалын замд үхсэн болж таарсан. Миний дайрч алаагүй үхрийг намайг алсан болгоод шүүхээс ял оноосон. Энэ хэрэгт ганцхан би буруутай биш. Малчин хүн малаа хариулж зам гаргах ёстой биз дээ. Замын ойролцоо мал гардаг тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Хариулгагүй малаа явуулсан малчны буруу байсан. Би улсад татвараа төлөөд зөвшөөрөлтэй замаар зорчиж явсан болохоос айлын бэлчээрт давхиж очоод үхрийг нь шүргэчихсэн юм биш. Харин ч малчин малаа хариулаагүйгээс болоод гэнэтийн осол гарч миний машинд сэв суусан учир төлбөр төлөх ёстой юм билээ. Би тухайн үед үхэр шүргээд өнгөрлөө л гэж бодоод цаашаа явсан болохоос ийм айхтар хэрэг болно гэж бодсонгүй. Хохирогчийн тал гурван үхэр машинд дайруулж үхсэн мэтээр ярьсан нь шүүх хурал дээр худлаа болсон. Шүүгч нэг үхэр үхсэн гэж үзсэн.

– Үхэр мөргөснийг харсан гэрч байхгүй гэсэн үү?

-Хавтаст хэрэгтэй танилцаад ирж очин явах зуур гэрч гэх гурван хүн гарч ирсэн. Тэдний мэдүүлэг гурав, дөрвөн удаа солигдсон.

“Довын гуанзан дээр “Террано” маркийн машин зогссон байсан. Машинаа тойроод гурав, дөрвөн хүн тойроод яваад байсан. Нэлээд эвдрэл ихтэй машин байсан байх гэж мэдүүлсэн байсан. Бороо ороод байсан учраас машинаас охин, дүү хоёр минь огт буугаагүй. Би ганцаараа буугаад том тэргэн дээр гүйж очиж юм асуучихаад машиндаа суусан болохоос машинаа тойрч яваагүй шүү дээ. Энэ гэрч худлаа яриад байна гэж цагдаад хэлсэн. Хэд хоногийн дараа хавтаст хэрэг прокурор руу шилжлээ гээд тэр мэдүүлэг нь өөрчлөгдсөн байсан. Гэрч нь худлаа мэдүүлэг өгсөн, хэргийн газрын үзлэг ч дутуу байсан. Хамгийн гол нь үхэр ямар шалтгаанаар үхсэнийг тогтоогоогүй. Төв аймагт мал эмнэлэг байхгүй гэх шалтгаанаар малыг ямар шалтгаанаар үхсэнийг тогтоохгүйгээр надад ял оноосон. Малын эмчийн дүгнэлт гаргаагүй байж үхрийг машинд дайруулж үхсэнийг яаж нотлоод байгаа юм бүү мэд.

-Хэдэн төгрөг нэхэмжилсэн юм бэ?

-Тэр айл таван сая төгрөг нэхэмжилсэн. Гурван үхэр үхсэн гээд. Харин манай өмгөөлөгч Төв аймгийн Прокурорын дарга Алимаад хүсэлт бичээд “Зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнэ байна. Үнэлгээ тогтоолгож өгөөч гээд бичсэний дараа 2.3 сая төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Миний ч буруу байгаа. Малчны ч буруу байгаа учир хоёр сая 300 мянган төгрөгөө хуваагаад төлчихье гэсэн. Надад энэ хэрэг үнэхээр хүндрэлтэй байна. Хувийн компанид ажилладаг учраас байнга ажлаасаа чөлөө аваад байх хэцүү байна гэж хэлсэн. Гэтэл прокурор тийм юм байдаггүй юм аа. Хоёр сая 300 мянгаа төлөхгүй гэвэл шүүхдээ оч гэсэн. Тухайн үед надад 2,3 сая төгрөг байгаагүй. Шүүх дээр очихоор үнэн мөн нь олдоно гэж өмгөөлөгч хэлсэн учраас би итгэж хүлээж байлаа. Гэтэл намайг шүүх хурлаас хөөж гаргасан.

-Яагаад тэр вэ?

-Прокурорын үг сөрлөө, халаасандаа гараа хийлээ гээд хөөж гаргасан. Гэрчийн мэдүүлгийг надад сонсгоогүй. Өөрийгөө хамгаалах, үгээ хэлэх боломж олдоогүй. Өмгөөлөгч маань намайг шүүх хуралд оролцуулаач гэж гуйсны дараа намайг буцаагаад хуралд оролцуулсан. Тэгэхэд гэрчүүд мэдүүлгээ өгөөд дуусчихсан байсан. Надад ганцхан ял л оноосон.

Прокурорын үгийг би сөрөөгүй л дээ. Прокурор надаас “Тэр үхэр зам хөндлөн гарчаад буцаж ирээд чамд мөргүүлсэн байх боломж байна уу” гэж асуухаар нь би “Техникийн хурд малын хөлийн хурд хоёр тэнцэхгүй ээ. Тэр үхэр буцаж эргээд миний машинд мөргүүлэх боломж байхгүй. Тэгээд ч үхэр гэдэг амьтан чинь зүтгэдэг амьтан. Дохио өгөөд сигнаалдаад байхад эргэдэггүй байж, буцаж ирээд надад мөргүүлнэ гэж байхгүй“ гэж тайлбарласан. Тэгсэн шүүгч намайг прокурорын үг сөрлөө, гараа халаасандаа хийлээ гээд хөөсөн. Би өөрийнхөө л тайлбарыг хэлсэн төдий. Сандарч байсан учраас гар маань хөлрөөд би халаасандаа хийгээд хөлсөө арчиж байлаа. Тухайн үед өөрийнхөө үйлдлийг ч анзаарсангүй. Улсын яллагч болохоор өөдөөс ирсэн үхэр гэрэлд цохиулаад буцаж эргээд надад мөргүүлсэн гэж яллаад байгаа юм, намайг. Тийм боломж байхгүй л дээ. Тэгээд намайг шууд Төв аймгийн цагдан хориход хорьсон. Өмгөөлөгч маань давж заалдах шүүхэд өргөдөл өгсөн. Давж заалдах шүүх хурал болох гэсээр байтал Төв аймгийн мөрдөнд би 85 хоносон. Давж заалдах шүүхээс миний хэргийг хэвээр нь баталсан. Гурван үхэр биш нэг үхэр дайрч алсан байна гээд сая төгрөгийн хохирол гарсан гэж үзсэн. Тэгээд хэргийг хэвээр нь баталсан. Давж заалдах шүүх хурлын ялын тогтоолтойгоо танилцахад “Миний ярьж хэлээгүй, мэдүүлээгүй үгийг хавтаст хэрэгт нэмж оруулсан байна лээ. Цагдаа дээр ч байгаагүй, прокурор дээр ч байгаагүй мэдүүлэг шүүх дээр ирсэн байсан. “Би энэ үхрийг мөргөсөн. Үхэр газар унасан байсан” гээд нэмээд бичсэн байсан. Ингээд гурван сар 15 хоногийн баривчилгааг хэвээр нь баталсан. Дээд шүүхэд өмгөөлөгч маань өргөдөл өгсөн байгаа. Төв аймгийн мөрдөнд 97 хоног хоригдоод эмэгтэйчүүдийн хорих анги руу ачигдсан.

-Төв аймгийн цагдан хорих төвийн нөхцөл байдал маш хүнд хэцүү, тэнд хүмүүсийг тарчлааж байна гэх мэдээлэл байдаг. Та тэнд гурван сар байсан хүний хувьд, нөхцөл байдал ямар байдаг талаар ярьж өгөхгүй юу?

-Аймшигтай газар гэж хэлнэ. Би Халдвартын эмнэлгийн эмчийн хяналтад байдаг хүн. Элэгний вирустэй. Тэнд би гурван сар байхдаа өдөр болгон өвчин намдаах, үрэвслийн эм ууж байсан. Эмнэлэгт үзүүлье гээд өмгөөлөгч хүсэлт тавьсны дагуу аймгийн эмнэлэгт дөрвөн хянагчаар харгалзуулаад намайг гавлаад авч явсан. Өдрийн цагаар эмэгтэй хүнийг гавлаад эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Төв аймгийн эмч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, эм уу гэсэн. Тэгэхээр нь би халдвартын хяналтынхаа эмч рүү шинжилгээний хариуг өгч явуулахад, тариа хийх шаардлагатай гэхээр нь тариа оруулъя гэхэд цагдан хорихын эмч нь ямбатай авгай минь тариа оруулах шаардлага байхгүй гэж намайг доромжилсон. Чи залуу хүн байна даа. Эмэгтэй хүнийг ингэж доромжилж болохгүй шүү дээ гээд гуйж үзсэн. Тариа оруулаагүй. 50, 60 эрэгтэй хүний дунд ганцхан эмэгтэй хүн сар гаруй болсон. Төлөөлөгч нь Хоролсүрэн гэж хүн, маш бүдүүлэг харьцаатай. Тэнд хоригдож байгаа хүмүүс бухимдах янз бүрийн л байдалд ордог байх. Камер хооронд ярих юм уу жаахан юм болоход л хоригдож байгаа хүмүүсийг гаргаж ирээд зоддог. Би хамгийн захын камерт. Хажууд өдөр болгон хүн гаргаж ирээд зодоод байхаар надад асар их дарамттай байсан. Тэнд жил гаран хоригдож байгаа хүн ч байдаг юм билээ. Тэгээд хоол давсгүй байна гэж хэлсний төлөө гаргаж ирээд пид пид гээд зодоод байсан. Зодуурын чимээ аймшигтай сонсогддог байлаа. Аймгийн прокурор нь ирсэн юм. Тэгээд би хэллээ. Албан хаагчид маш ёсзүйгүй байна. Ялангуяа Хоролсүрэн гээд төлөөлөгч хүмүүсийг гаргаж ирээд зодоод, хараал хэлээд, байнга хулгайч нар дуугүй бай гэж хашгираад, үнэхээр хэцүү байна” гээд хэллээ. Тэгсэн намайг дараа нь бүр их дарамталсан. Нарлагаанд гаргахдаа намайг байнга гавладаг болсон. Намайг битгий гавлаач ээ. Миний бие өвдөөд зүрх чичрээд байна гэхэд “Журмаараа явж байна. Илүү хоншоорлосон авгай минь, хохь чинь” гэж доромжилж байсан. Би тэр цагдан хорих байранд 97 хонохдоо өдөр бүр уйлдаг байсан. Сэтгэл гутралд орж, айж ичиж уйлсан. Нийгмийн ажилтан Мөнхдолгор гэж хүн долоо хоног бүр камеруудаар явж үзлэг хийж, камеруудыг шалгадаг. Төв аймгийн цагдан хорих их чанга дэглэмтэй юм билээ. Гаднаас эргэлт ирэхэд оруулсан бүх зүйлд нэгжлэг хийгээд оруулдаг. Би ганцаараа хоригдож байгаа эмэгтэй хүн. Тэр нийгмийн ажилтан долоо хоногийн нэг дэх өдөр болгон миний байгаа камерыг шалгана. Бүх хувцас, ном, цаас гаргаад сэгсрээд газар буулгаад хаячихна. Дараа нь тэр ажилтан эмчийн өрөөнд намайг оруулаад үзлэг хийнэ. Шулуун гэдэс татаж үздэг. Сарын тэмдэг ирчихсэн байхад хариун цэврийн хэрэгслээ хуулж үзүүл гэдэг. Тэр хүн юу хийгээд байгаа юм бэ. Зүгээр надаар доог тохуу хийж доромжилж байгаа байхгүй юу. Би хүн амины хэрэг хийгээд ороод ирсэн хүн биш шүү дээ. Намайг яана гэж бодоод байгаа юм. Чи надаар тоглоом хийгээд доромжлоод байгаа юм уу гэж би хэлсэн. “Би мэдэж байна. Чи шорондоо яваарай авгай минь” гэж доромжилсон. Ийм аймаар их дарамт байдаг. Арай дэндүү.

-Та сар гаран тэнд ганцаараа эрчүүдийн дунд байсан гэсэн. Таныг тэнд байхад с.Зориг агсны эхнэр Б.Булган орж ирсэн гэсэн үү?

-Б.Булган бол үнэхээр зовж байна, тэнд. Эргэлт оруулахгүй. Хүнтэй уулзуулахгүй. Ном хэвлэл өгөхгүй. Би эргэлт аваад гэрийнхэнтэйгээ уулзсан хэр нь сэтгэл гутралд орж, галзуурахад ганц хуруу дутуу байхад тэр эмэгтэй яаж тэсч байгааг мэдэхгүй байна. Намайг бодоход бясалгал хийдэг юм билээ. Булган болохоор хойд талын камерт, 23 номерт байсан. Бас нэг эмэгтэй орж ирээд ганцаараа камерт хоригдсон. Эмэгтэй хүмүүс чинь өглөө босоод сайхан амарсан уу, сайхан амарлаа гээд мэнд мэдэхэд Булганыг дуудаж уулзаад “Чи юу яриад байгаа юм. Хэнтэй ч юу ч битгий ярь. Битгий миний ажилд хүндрэл учруулаад бай” гэж байнга загнаж дарамталдаг юм билээ. Булганы хам хэрэгтэн гэсэн бас нэг эмэгтэй хүн байсан. Урд талын камерт гурван номерын өрөөнд ганцаараа хоригдож байсан. Тэр эмэгтэй хажуу талын өрөөнийхөө хүний сайхан амарсан уу гэж асуултанд хариулсных нь төлөө төлөөлөгч маш ихээр дарамталж уйлуулдаг. Тэр гурван номерт хоригдож байгаа эмэгтэй өдөр болгон уйлдаг. Прокурорын шатанд хэрэг нь яваа гэсэн. Булганы хам хэрэгтэн гэж хүмүүс ярих юм билээ. Тэрнээс биш би тэр хүнтэй юм ярьж үзсэнгүй. Тэр хоёр эмэгтэйг ганцааранг нь өрөөнд хориод хүмүүстэй нэг ч үг солиулахгүй, хэнтэй ч уулзуулахгүй байна гэдэг үнэхээр аймшигтай. Би өөрөө тэнд гурван сар болсон учраас ямар хэцүү байгааг ойлгож байна л даа.

-Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төв аймгийн цагдан хорих төвд очиж, Б.Булгантай уулзсан. Та тэгэхэд байсан биз дээ. Бие засах газар, гэрэлтүүлэг гээд олон асуудлыг УИХ-ын гишүүд ярьж байсан л даа?

-УИХ-ын гишүүн Оюунгэрэлийг орж ирэхэд би байсан. Оюунгэрэл гэж гишүүн Булгантай уулзана маргалдсаар байгаад орж уулзсан. Тэгэхэд би уйлаад зогсож байсан. Тэгээд би надтай уулзчихдаггүй юм байх даа гээд хараад зогсож байсан. Дараа нь би төлөөлөгчид нь хэлж байсан юм. Оюунгэрэл гишүүнтэй уулзсан бол яах бол гэж асуухад “Чи УИХ-ын гишүүнийг дуудаж уулздаг хэн бэ. Тэгвэл би сахилгад орох байсан” гэж хэлсэн. Бие засах өрөө үнэхээр асуудалтай байсан. Тэнд очоод эхний 27 хоног 00 бөглөрчихсөн. Баасан дотор л амьдарч байсан. УИХ-ын гишүүдийг ирээд явснаас хойш бие засах өрөөнд хаалт хийж өгсөн. Өдөр, шөнөгүй гэрэлтэй өрөөнд байна. Ядаж өдөр унтраачихаж болно доо. Булганы өрөөний гэрлийг нь коридорт гаргасан. Гэхдээ л хаалгагүй, торны цаанаас гэрэлт нэвт л тусч байгаа юм л даа. Хорихын эмч үнэхээр хатуу сэтгэлтэй. Миний хажуугийн өрөөнд 78 настай Маам гээд хөгшин байсан. Бас л автын ослоор гурван сарын баривчилгаатай орж ирсэн. Тэр хөгшин дунд чөмгөө сольсон. Бие муутай, настай хүн байсан. Эмчдээ үзүүлье гээд өдөр болгон хүсэлт бичээд байна, бичээд байна, эмч нь үзэхгүй. Хүнийг өрөвдөнө, хайрлана гэж байдаггүй юм байна лээ. 78 настай өвгөнд баривчлах ял өгөөд яах юм бэ. Тэнсэн ял өгчихгүй дээ гэж би бодож байсан. Миний хажууд давж заалдах шатны шүүх хурлаа хүлээсээр байгаад хурал нь ч болоогүй яг гурван сар суугаад сонгуулийн маргааш нь гарсан даа тэр хөгшин. Өглөө болгон тоо авна. Тоо авахдаа заавал овог нэрээ бүтнээр нь хэлээд тийм ялтай гээд зүйл ангиа хэлнэ. Би аавынхаа нэрийг хэлмээргүй байна. Надаас битгий тэгж асуугаач. Би баривчилгааны ялтай хүн гэж гуйж өдөр болгон уйлдаг байсан. Манай удамд хэрэгт холбогдож байсан хүн байгаагүй. Тэнд байгаа хүмүүс бүгдээрээ л ядарсан хүмүүс байсан даа. Зодоон хийгээд хам хэрэгтэн болсон залуучууд ч байсан. Хоёр, гурван жил тэнд хоригдож байгаа хүмүүс ч байсан. Нэг залуу “Би ядуу учраас шоронд сууж байгаа юм. Хам хэрэгтэн болоод орж ирсэн. Хэрэг хийсэн хүмүүс нь цагдаад, шүүгчид нь мөнгө өгөөд хэргээс мултарсан гэж ярьж байхыг хүртэл сонссон. Тэндээс гараад Эмэгтэйчүүдийн хорих ангид очиход шүүхийн шийдвэрийн ажилтнууд үхэр дайраад шоронд орж байсан тохиолдол сонсоогүй юм байна гэж байсан Манай өмгөөлөгч олон удаа өргөдөл бичиж өгсөн. Энэ хэрэг эрүүгийн хэрэг биш ээ. Малчин зам дэрлээд буучихсан байна. Хоёрдугаарт, хариулгагүй малаа явуулсан малчны буруу гээд замын цагдаагаас дүгнэлт гарчихсан байхад ганцхан жолоочийн буруу гээд ялласан. Би Эмэгтэйчүүдийн хориход тав хоног хоригдоод гарсан. Эмэгтэйчүүдийн хорих үнэхээр өөр байсан даа. Тэнд албан хаагчид нь хүнийг хүндэлдэг, хүнтэй муухай харьцдаггүй. Нэгэнт л ял авсан юм чинь эртхэн энд ирсэн бол гэж бодож байсан.

Х.Цэнд-Аюуш

Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн хурандаа С.ОТГОНБААТАР: Цэргийн алба хаахаар очоод цагдаагийн сэргийлэгч болж байлаа

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулаад Улаанбаатар хотын цагдаагийн ахмадын хорооны дарга, хурандаа С.Отгонбаатартай ярилцлаа.

-Цагдаагийн ажлыг нэгжээс эхлэн хийж байсан хүний хувьд, цагдаагийн амьдралын хамгийн сайн ярих байх гэж бодож байна. Та хэдэн онд цагдаагийн байгууллагад хөл тавьж байсан бэ?

– Би чинь Архангай аймгийн Их тамир суманд зоотехникч хийж байсан хүн. Тэгээд 1980 онд цэргийн алба хаахаар болов. Тэр үед Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар цэргийн анги гэж байгуулагдаж байлаа. Тэр ангид цэргийн алба хаахаар татагдан очлоо. Цэргийн ангид алба хааж байна гэж бодож байтал ард иргэдийн дунд эргүүл хийх, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд оролцох ийм давхар үүрэгтэй болчихов. Удалгүй намайг шинэ цэрэг дотроос бага дарга болгож, нэг тасаг хариуцууллаа. Ингээд жил гаруй хугацаанд алба хааж байтал хөдөө орон нутагт хэсгийн төлөөлөгчийн орон тоо цөөн байсан уу, яасан манай ангийн захирагч хурандаа Мөнхдалай гэж хүн тусгай, дунд боловсролоос дээш боловсролтой цэргүүдийг Цагдаагийн байгууллагад шилж сонгон ажиллуулах шийдвэр гаргаж билээ. Тэгээд би 1981 оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Цээл сумын Залуучуудын сангийн аж ахуйн хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллах боломж олдсон юм. Зоо техникч хийж байсан хүн цэрэгт яваад цагдаагийн сэргийлэгч болсон түүх энэ дээ. Энэ ажилд томилогдоод их баярлаж байлаа. Угаас миний багын мөрөөдөл сэргийлэгч болох байв. Цагдаагийн байгууллагын ажлын амтыг цэргээсээ болон хэсгийн төлөөлөгчийн ажлаас ийнхүү мэдэрч эхэлсэн дээ.

-Тэгээд та хэрхэн хуулийн мэргэжил эзэмшсэн юм бэ?

-Цагдаагийн сэргийлэгчээр нэлээд хэдэн жил Төв аймагт ажиллалаа. 1987 онд ЗХУ-ын Москва хот дахь Дотоод явдлын яамны дээд сургуульд намайг явуулах талаар яриа гардаг юм байна. Мэдээж надад хуульзүйн сургуульд сурч мэдлэг боловсрол эзэмших хүсэл тун их байлаа. Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Дорж гэж хурандаа хүн байсан. Энэ хүн намайг дэмжиж “Ер нь чи хойшоо сургуульд яваад ир. Хуулийн боловсролтой бол” гээд явуулсан юм. Амьдралын маань том сургууль болсон доо. Хойно таван жил сурахдаа би их юм сурсан. Ингээд төгсч ирээд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас намайг Багануурын цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр томиллоо. Тэнд дөрвөн жил ажиллахдаа гурван жил дараалан Цагдаагийн ерөнхий газрын хөдөлмөрийн аварга, эдийн засгийн төлөөлөгчөөр шалгарсан юм. Хийсэн ажлыг нь үнэлж байна гэж их урам авч зүтгээд байв. Багануурт очсон тэр жил чинь 1992 он байсан. Оросууд буцсан, өмч задарсан ийм үед надад хийх ажил тун их.

-Та Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Тэр үед орон нутагт ноцтой гэмт хэрэг зөрчил гарч байв уу?

-1996 онд Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдоод дөрвөн жил ажилласан. Тэр үед нэг ноцтой хэрэг гарч байсан юм. 1997 оны арваннэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотоос настай эмэгтэй Чулуут суманд очихоор автобусанд суугаад аймгийн төв дээр буусан байдаг. Аймгийн төвд буугаад ор сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь алга болсон хүнийхээ тухай мэдээллийг сарын дараа цагдаад мэдэгдсэн. Хэргийг шалгахад яах аргагүй арваннэгдүгээр сарын 3-нд настай эмэгтэй аймгийн төвд буусан байдаг. Хаачсан нь мэдэгддэггүй. Тэгээд энэ өдөр ямар зөрчил, сэжигтэй зүйл юу гарсан бэ гээд эргээд бүх юмаа асууж лавлахад, тэр өдөр 69 машинтай нэг хүнийг манай замын цагдаа зогсоогоод шалгасан байдаг. Гэтэл жолооч нь үнэмлэх, бүх бичиг баримтаа хаячихаад зугтаачихсан байгаа юм. Энэ хүн сэжигтэй байна гээд эрэн сурвалжиллаа. Орон даяар эрэл болсон. Баянхонгор аймагт нэг сэжигтэй хүн байна гэсэн мэдээлэл ирж, Алтангэрэл гэдэг хүнийг баривчилж авчирлаа. Тэр хүнийг сар гаруй хугацаанд байцаагаад эхлээд юм хэлэхгүй байснаа сүүлдээ өөрөө цогцсыг хаана байгааг хэлсэн. Архангайн Хотонт сумын нутаг Хархорин хоёрын зааг, модон дотроос олсон юм. Боолгож нас барсан эмэгтэй хүний цогцос байсан. Алтангэрэл гэх гэмт этгээд нь хорих байгууллагаас оргоод Баянхонгор аймагт орогнож байсан юм билээ. Ингэхдээ Улаанбаатар хотоос шинэ 69 машин хулгай хийгээд тэр машинаараа говийн аймгуудаар хүн тээвэрлэж байсан байдаг. Миний үеийн хүмүүс дуулсан байдаг даа. Садист Алтангэрэл гэж алдаршсан гэмт этгээд байсан юм. Сүүлд манай хоёр сэргийлэгчийг Чулуут голын гарман дээр буудаж гэмтэл учруулсан хүн. Бас өмнө нь олон эмэгтэйг боомилж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байдаг. Ноцтой хэрэг гэвэл энэ хэргийг маш сайн санадаг юм. Архангай аймагт гэмт хэргийн нөхцөл байдал ер нь тайвандуу байсан даа. Модны хулгай ихсэх хандлагатай байсан байх, миний үед.

-Тэр үед ууланд оргодол, хоригдол бүгсэн тухай иргэд ам дамжин ярьдаг байж билээ. Хулгайч нар ихэнхдээ ууланд бүгж зугтаадаг байсан юм уу даа?

-Тэр үеийн малын хулгайч нар ер нь ууланд их бүгдэг байсан. Ууланд өдөр нь өнждөг морио уядаг. Тийм хулгайч тэнд байна, гэр орноо цоожлоорой, сэрэмжтэй байгаарай гээд мэдээлэл өгдөг байсан. Ноцтой хэрэг бага гардаг байсан учраас ганц нэг хэрэг гарахаар сонин содон сонсогдож хүмүүсийн сэтгэмжид нөлөөлдөг байсан байх. Тэр үед нэг хүнийг хутгалсан гэдэг мэдээ аймаар санагддаг байлаа шүү дээ. Одоо бол нэг хүн хутгалсан, үхээгүй байх юм бол сонин биш. Тэдэн удаа хутгалж алжээ гэсэн ч сонин биш, байдаг л хэрэг мэтээр хүлээж авдаг болсон байна даа.

– Та Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Энэ үед 2008 оны долдугаар сарын 1-нд нийтийг хамарсан эмх замбараагүй үймээн гарсан шүү дээ?

-Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байх үед 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн гарсан. Монголын цагдаа өмнө нь тохиолдож байгаагүй хүнд үетэй учирсан. Яагаад гэвэл, 365 цагдаа хүнд хөнгөн байдлаар бэртсэн. Бэртлийнхээ улмаас дараа нь гурван албан хаагч амиа алдсан. Хууль зүйн яамны эмнэлэг тухайн үед хөл гишгэх зайгүй болтлоо дүүрч, бусад эмнэлгүүдэд хүмүүсээ хэвтүүлж байлаа. Монголын цагдаа өмнө нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдалтай нүүр тулж байсангүй л дээ. Жагсаал цуглаан болдог байсан уу гэвэл байсан. Ордныг гурав тойрно буюу гороолно гэж ярьдаг байсан даа. Тэгээд л тарна. Тэрнээс биш өмнө нь тийм айхтар зүйл болж байсангүй учраас туршлага дутсан нь үнэн. Үймээний үеэр цагдаагийн алба хаагчдад зэвсэг, техник хэрэгсэл байхгүй байсан шүү дээ. Станц хүрэлцээгүй, цахилгаан бороохой, гав, нулимс асгаруулагч, хийн буу гээд тусгай хэрэгслээр хангачихсан байсан бол өөр байх байсан даа гэж боддог. Яг үймээний үеэр үнэндээ цагдаагийн удирдлага хяналтаа алдсан. Намын байрны урд олон хүн цугласан байхад тэднийг давж ярих хүчин чадалтай ганц ч чанга яригч байгаагүй. Алба хаагчидтай холбогдож чадахгүй, утас шүрмэс байхгүй. Ийм л зүйл болсон. Тэгэхэд бусад орны цагдаагийн байгууллагын туршлагыг харахад 5 -10 км-т сонсогдох чанга яригчтай байдаг юм байна. Түүгээрээ урьдчилан сэргийлэх юмаа хэлдэг анхааруулдаг дараа нь тусгай юмаа хэрэглэх ийм арга руу ордог. Гэхдээ одоо нэг үеэ бодвол манай алба хаагчид тусгай хэрэгслээр бүрэн хангагдчихаж. Нисдэг камер хүртэл ашиглаж байна. Энэ бол дэвшил юм. Алба хаагчид байнга сургуулилт хийдэг болсон. Одоо магадагүй тийм үймээн гарлаа гэхэд алба хаагчид бэлтгэл хангагдсан гэж боддог.

-Цагдаагийн ахмадын хорооны даргаар ажиллаж байгаа. Ахмадууд ойгоо угтаад ямар ажлыг хийж байна?

-Ойн хүрээнд олон ажлыг төлөвлөн хийж байна. Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага, дүүргүүдтэйгээ хамтраад том том ажлыг төлөвлөж ажиллаж байна. Ахмадуудын хувьд залуучуудтайгаа эргэх холбоогоо сайжруулах, бие биендээ харамгүй туслалцаа үзүүлэх ялангуяа иргэдийн хурлын сонгууль, УИХ-ын сонгууль, наадам, АСЕМ, цагдаагийн ой гээд энэ жил олон баяр, чухал үйл явдал давхцаж байна. Энэ үйл ажиллагаанд ахмад цагдаа нар биеэрээ оролцлоо. Эргүүлд гарахаас эхлээд олон санаа санаачилга гарган ажиллаж байна. Манай цагдаагийн байгуулага ахмадуудаа их харж үздэг. Жилд 1-2 удаа хүлээгээд авчихдаг. Ахмадуудаа янз бүрийн үйл ажиллагаанд явуулж байгаа. Их өндөр сэтгэгдэлтэй байдаг даа, бид.

Э.Ариунсанаа