Categories
мэдээ цаг-үе

П.Амаржаргал: Хотын дарга бол төсөв захиран зарцуулалтаараа УИХ-ын гишүүнээс илүү эрх мэдэлтэй

Хууль зүйн ухааны доктор, дэд пропессор П.Амаржаргалтай ярилцлаа.


-УИХ-ын гишүүний эрх мэдлийн цар хүрээг хуулинд хэрхэн тусгаж зааж өгсөн байдаг вэ. УИХ-ын гишүүн ямар эрх мэдэлтэй байдаг юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулинд УИХ-ын гишүүний эрх мэдэл, үүргийг заасан байдаг. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж тодорхойлсон байдаг. Үүнээс харахад, УИХ-ын гишүүний гол чиг үүрэг бол ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлнө гэж ойлгогдоно. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм л байдаг. Та бүхэн анзаарсан бол УИХ-ын гишүүн болоход тавигдах шаардлага бага байдаг. 25 нас хүрсэн байх, татварын өргүй байх гэсэн цөөхөн хэдэн шаардлага бий. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар УИХ-ын гишүүнийг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн гэж заасан. УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх бүхий 18 заалт бий. Гол томоохон эрх мэдэл нь хууль санаачлах, хууль батлах эрхтэй. Мөн засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийн хуваарьт оруулбал засгийн газрын гишүүнийг томилох, Ерөнхий сайдад асуух асуулга тавих, мөн хянан шалгах бүрэн эрхтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх ямар байдлаар хумигдсан бэ?

-Тийм. Хуучин бол УИХ-ын гишүүн өөрөө Засгийн газрын гишүүнээс нэг бүрчлэн асуулт асууж томилдог байсан. Шинэ Үндсэн хуулиар энэ эрх Ерөнхий сайдад шилжсэн. Ерөнхий сайд өөрөө засгийн газрын гишүүдийг сонгоод, УИХ-д оруулж баталдаг болсон. Өөрөөр хэлбэл, гишүүний эрх засгийн газрын хүрээнд нэлээд хумигдсан. Мөн төсөв сангийн эрх мэдлийн хувьд нэлээд хумигдсан. Хуучин хуулиар УИХ-ын гишүүн төсөв санхүүг хэлэлцэж байгаад өөрийн дурын саналаа оруулдаг байсан бол одоо зөвхөн засгийн газраас оруулж ирсэн санал дээр нэмж зарлага гаргах тухай санал оруулдаг болсон. Өөрөөр хэлбэл, шинэ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнийг төлөөлдөг ийм шинж рүү ойртож байна. Өмнө нь УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд бйгууллага гэдэг өргөн цар хүрээнд ажилладаг байсан бол одоо ард түмнийг төлөөлөх мэргэжлийн байгууллага руу ойртож байна гэсэн үг. УИХ-ын гишүүн төсөв мөнгөний эрх мэдлийн хувьд хууль санаачлахад тодорхой төсөв мөнгө байдаг.

-УИХ-ын гишүүний эрх мэдлийн цар хүрээ хумигдсан нь гишүүдэд ямар нөлөө үзүүлж байгаа бол?

-Гишүүдэд нөлөөлөлгүй яахав. Одоогийн шинээр сонгогдсон ихэнх гишүүдийн зарим нь үүнийг мэдэхгүй явж байгаа ч байж магад. Өмнө нь УИХ-ын гишүүд дурын Засгийн газрын гишүүнийг дуудаад тойрог дээрээ төсөв тавиулаад явдаг байсан бол энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн. Манай парламент илүү мэргэжлийн чиг хандлага руугаа явж байна гэж хуульч хүний хувьд харж байгаа. Өмнө нь бүх юм руу ордог байсан бол одоо орох хүрээ хязгаарыг хумиад өгчихлөө. Олон улсад ч мөн УИХ-ын гишүүдийн эрх ийм л байдаг. герман, Япон, англи, Франц, Солонгос улсын жишгээс харахад УИХ-ын гишүүн бол ард түмнийг л төлөөлж, хууль баталдаг болохоос төрийн өндөр албан тушаалтан биш. Иргэдийн төлөөлөгчийн ажил байдаг. Манайд бол төрийн эрх барих дээд байгууллага гэж нэрлээд яваад байгаа болохоос. Дэлхийн ихэнх орны үндсэн хуулинд парламент бол төлөөллийн дээд байгууллага гэж тодорхойлсон байдаг. Харин шинэ Үндсэн хуулиар гишүүний эрх үүргийг гадны жишиг рүү ойртууллаа гэж харж байна.

-УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар хотын даргаар томилогдсоныхоо дараа сэтгүүлчдийн асуултад “Биеийн амрыг бодвол би УИХ-ын гишүүн баймаар байна” гэж хариулсан. Энэ тухайд?

-УИХ-ын гишүүн гэдэг бол тийм амар ажил биш. Жишээлбэл, тойргийнхоо иргэдтэй уулзаж, намын бүлгийн хуралдаа сууна, байнгын хорооны хуралд сууна, чуулганы нэгдсэн хуралдаанд сууна гээд ажлын таван өдөр өдөр бүр завгүй хуралд суух ёстой. Даваа гаригт намын бүлгийн хуралтай, мягмар, лхагва гаригт байнгын хороо, дэд, ажлын хэсгийн хуралдаанд сууна. Пүрэв, баасан гаригт чуулганд суудаг. Ихэнхдээ хуралд суудаг ажилтай. Чуулганы хуралдаанд суухгүй өдөр тойрогтоо очиж ажиллана. Мөн тойргийнхоо сонгогчиддоо ажлаа тайлагнах гээд завгүй ажилтай байх ёстой. Шинэ хотын дарга Д.Сумъяабазар ямар учраас ингэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Биеийн амрыг бодвол гишүүнээ хийж баймаар байна гэдэг үгийн цаана улс төрийн өнцөг байгаа байх гэж хуульч хүний хувьд харж байна. Улс төрийн өнгө, намын үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа болов уу. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нийслэлээ удирдаж орох ёстой гэдэг ийм олон хүчин зүйлээс шалтгаалж хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш УИХ-ын гишүүн байх нь хийх ажил ихтэй. УИХ-ын гишүүн байх уу, хотын дарга хийх үү гэдэг бол тэр хүний сонголт юм. Хуулинд сонголт хийх эрх нээлттэй байгаа.

-УИХ-ын гишүүн, Хотын дарга хоёрын аль нь илүү эрх мэдэлтэй, өндөр албан тушаал юм бэ. Энэ тухай хуулинд хэрхэн зааж өгсөн байдаг вэ?

-Улс төрийн өндөр албан тушаал гэдгийг аль өнцгөөс харахаасаа шалтгаална. Мэдээж төрийн өндөр албан тушаалтны ангилал зэрэглэл гэж бий. Үүгээр авч үзвэл, УИХ-ын гишүүн нь өндөр албан тушаал. Гэхдээ хийж байгаа ажил, төсөв санхүү зарцуулах зэргээс харах юм бол Нийслэлийн Засаг даргын эрх мэдэл их. Жишээлбэл, нийт улсын төсвийн 10 хувийг нийслэлийн төсөв эзэлж байна. Иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлагдсан тэр төсвийг захиран зарцуулах эрх нь Засаг даргад байдаг. Энэ хүрээнд авч үзвэл, нийслэлийн оршин суугч 1,5 сая хүний татварын мөнгө, төсвийг хамаарсан тушаал шийдвэр заавар гаргах эрх бүхий албан тушаал юм. Монгол Улсын төсөв дунджаар 12 их наяд төгрөг байлаа гэхэд хотын дарга нэг их наяд төгрөгийн төсвийг зарцуулах эрхтэй гэсэн үг.

-Хотын даргын эрх, үүргийн тухайд хуулинд юу гэж заасан байдаг вэ?

-Нийслэлийн Засаг даргатай холбоотой Монгол Улсын 170 –аад хууль байна. Засаг даргын гол ажил нь аж ахуйн ажил байдаг. Тухайн нутаг дэвсгэрийнхээ төлөвлөлт, эдийн засаг, газар, байгалийн баялаг, нийгмийн хамгаалал, хууль ёс, дэг журам, аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөөг хамгаалах өргөн хүрээний бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой.Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулинд төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төлөөлөгчийг Засаг дарга гэж тодорхойлдог. Тэгэхээр Засаг даргын үүрэг бол төрийн удирдлагыг хэрэгжүүлэх юм. Харин УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөллийг хэрэгжүүлнэ. Хоёр чиг үүргийн өөр албан тушаал юм. УИХ-ын гишүүн бодлого тодорхойлно, хотын дарга аж ахуйн ажил, өдөр тутмын гал тогооны ажил ихтэй.

-Хотын даргын ажилд иргэд хэрхэн хяналтаа тавих боломжтой вэ?

-Хотын даргын ажилд иргэд Иргэдийн хурлаараа дамжуулж хяналт тавина. ИТХ нь хотын даргыг огцруулах бүрэн эрхтэй. Хоёрдугаарт, иргэд дөрвөн жилийн сонгуулийн жилээр хяналтаа тавина. гуравдугаарт, нийслэлчүүд хотын даргыг огцруулах хөдөлгөөн өрнүүлж болно.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Төр нь хэзээ ч тагнуулчдаа илчилдэггүй юм, дэлхийн түүхэнд тагнуулын даргаар ажилласан хүн шоронд суусан гэж би сонсоогүй

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Та улстөрчийнхөө хувьд энэ сонгуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Юуны өмнө надаас орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаарх байр суурийг минь сонирхон асууж байгаад баярлалаа. Би найман жил УИХ-д сонгогдон ажиллаж байсны хувьд улстөрч гэж хэлүүлж болох ч одоо би улс төрийн аливаа нэгэн идэвхтэй үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Цаашид ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах эсэхээ хэлж мэдэхгүй байна. Тиймээс таны асуултад улстөрч гэхээсээ илүү иргэн хүний хувьд, хуульч хүний хувьд хариулсан нь зөв байх гэж бодож байна. Сонгуулийн үеэр АН-ын зүгээс ноцтой бичлэг болон гомдол саналуудыг хуулийн байгууллагад олноор гаргаж өгсөн. Гэвч нэг намын хатуу хяналтад байдаг хууль шүүхийн байгууллага нь шийдвэрлэж чадахгүй удаашруулж байгаад сонгуулийг дуусгах шив дээ.

-Гэхдээ та улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч АН-ын аль нэг даргатай ойр байгаа биз дээ?

-Би 1994 онд АН-д элсэж намын гишүүн болсон. 2011 онд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр тэргүүтэй хүмүүстэй нийлж МАХН-ыг үүсгэн байгуулахаар сэтгэл шулуудан зүтгэж, тухайн намыг нэг хүний, гэр бүлийн нам байлгахгүйн төлөө ардчилсан үзэлд суурилсан цоо шинэ гуравдагч хүчнийг үүсгэн байгуулах гэж зүтгээд чадаагүй. Тиймээс Ардчилсан намынхаа гишүүнчлэлээ дахиж сэргээсэн. Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа сөрөг хүчний байр суурин дээр ажиллаж байсан гэдэг утгаараа АН-ын аль нэг дарга гэлтгүй бүх гишүүдтэй ойлголцоод зарим нэг хүмүүстэй нягт харилцаа холбоотой байгаа.

-АН дотроо олон шинэчлэлийн ажил хийсэн гэж байгаа ч нийслэлд томоохон ялагдал хүлээлээ. Одоо АН сэргэн мандахад юу хэрэгтэй вэ?

-Ялагдсан нам учраас хэн дуртай нь юу дуртайгаа ярих бололцоог өөрсдийгөө улстөрч гэж ярьж байгаа тэдгээр хүмүүст олгож байгаа байх.

Би1997 оныг санадаг юм. МАХН сонгуульд ялагдсан. Намын байр нь эзэнгүй. Өөрийгөө МАХН гэж хэлэхээс ичдэг хүмүүс байсан. Нам гэдэг мэдээж үзэл санаанд тулгуурлах нь зөв. Гэхдээ шууд бус боловч зайлшгүй нөлөөлдөг таван хүчин зүйлээс нам оршин тогтнох эсэх нь цаашид хамаардаг. Хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага, санхүү, ард түмний сэтгэлд хоногшсон нэр, лидер буюу удирдлага. Энэ таван зүйлээс хамаарна. МАХН хэцүү байдлаас гарахад М.Энхболд, Н.Энхбаяр тэргүүтэй 40 залуу ахмад үетэйгээ ойлголцон гарч ирсэн. 2016 онд дахин цус сэлбэсэн. Харин АН-ын хувьд өнөөг хүртэл ийм алхам шинэчлэл хийж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө ялалтыг дахин баталгаажуулахын тулд АН-ыг бүрэн хяналтандаа байлгаж, гишүүдийн хэлэх үг, хийх ажлыг заах нь холгүй байгаа энэ үед шинэчлэл ярих зоригтой хүн ер нь байгаа гэж үү.

-Та эхний асуултад цаашид улстөрч байх эсэхээ одоогоор мэдэхгүй байна гэж хариулсан. Таны хувьд харьцангуй залуу хүн. Цаашид улс төрийн карьераа үргэлжлүүлэх байх гэж олон хүн харж байгаа байх?

-Би улс төрд ороод найман жил явлаа. Одоо ард түмэн О.Баасанхүү хэрэггүй гэж байна шүү дээ. Сонголтоо хийлээ. Хэрэггүй гэж байгаа юм бол би хувийнхаа юмыг хийгээд л явна шүү дээ. Хэрэгтэй гэвэл тэгээд цаашаа үргэлжлүүлээд л явна. Бүх сонголтыг ард түмэн л хийнэ. Ард түмэнд өнөөдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сумъяабазар нар хэрэгтэй байна. Дэлхий даяар өвчин тараасан гэж Хятадаас нөхөн төлбөр авах ёстой гээд нэгдээд явж байна. Австралиас эхлээд нүүрсээ зарах яах вэ гэж Хятадын өөдөөс дуугарч байхад ганцхан бид л оччихсон 700 саяыг чинь авъя аа, танай дагавар улс шиг байя аа, нүүрсийг минь аваарай, дэлхий ямар хамаатай юм, бид л болж байвал болоо гэсэн маягтай байна. Манай гадаад бодлого ингэж л явж байна. Ийм бодлоготой хүмүүсийг ард түмэн дэмжээд хүсээд байна шүү дээ. Бид нар 300 жил Манжийн дарлалд байсан. Тухайн үед ганц нэгээрээ тэмцэж байсан ч нийт ард түмнээрээ бол тэмцэх сонирхол байгаагүй шүү дээ. Харин Богдыг аваачаад хийчихсэн чинь нийт ард түмнээрээ тэмцсэн. Тэрэн шиг манай монголчууд амьдрал ямархуу байна гэхээр, амьдрал болж байна аа, болж байна гэдэг. Муусайн ардчиллынхан хогийн хүмүүс. Хуучин гоё байж шүү гэж захын хүмүүс ярьж байна. Юу нь гоё байсан юм гэхээр, ажилтай байсан гэдэг. Тэр гоё байсан амьдралыг яаж мэддэг юм гэж асуухаар, би 1980 оных гэдэг. 10-хан настай бацаан байж өмнөх амьдралыг мэдээд байгаарай. Тийм биз. 1970, 1980 оныхон чинь ер нь галзуурчихсан байна лээ ш дээ. Хуучин нийгмийг хүсээд байна гэдэг бол тэжээлгэх сонирхолтой байна гэсэн үг. Ийм байгаа үед улс төр хийх нь утгагүй байхгүй юу. Үүнийг өөрчлөх нэг л алхам байна. Тэр нь юу гэхээр, нэг хүн юу ч хийж чадахгүй. Харин хийж чадах массыг цуглуулж чадна. Тийм учраас би цаашдаа хийж чадах массыг цуглуулъя гээд зориод явж байна. Халтмаагийн Баттулгын хэлсэн үгийг дандаа бодож байна. Мөнгөгүй бол чи эрх мэдэлгүй, эрх чөлөөтэй гэж. Би энэ үгнээс юуг ойлгож авч байгаа вэ гэвэл, мөнгөгүй байсан учраас хурд хүчээ гаргаж чадаагүй. Тухайн үед нэр нь муу байсан хүмүүстэй уулзаж, мөнгө төгрөг олж өгөөч, намын хурал хиймээр байна гэж явсан. Ард түмэн тэр хоёр минутын бичлэгийг сонсоод огиудас нь хүрсэн байх. Би дахиад хэлье. Битгий санаа зов. Бид маш том баг, хүч гаргахаар ажиллана. Тэрийг цаг хугацаа харуулна. Хэрвээ чи ухаантай бол чамаас олон тэнэг хүн байсан ч хамаагүй, ухаантай гэдгээ л батал. Энэ зарчмаар л явах хэрэгтэй. Цаашдын миний карьер гэдэг ойлголт бол би тэр багийг бүрдүүлж чадах уу, тэр яриад байгаа санхүүгийн асуудлаа шийдэж чадах уу, яриад байгаа олон улсын хэмжээнд гаргасан бодлогыг тодорхойлж чадах уу гэдгээс хамаарч явна уу гэхээс хоёр удаа парламентад сонгогдоод ажиллаад үзсэн над шиг хүн Төрийн ордонд орох гээд л гишүүн болох гээд явах миний нэгдүгээр зорилго биш байхгүй юу.

-Одоо асуултаа арай өөр тийш нь чиглүүлье. Танаас хуульч хүний тань хувьд асуух асуултууд байна. Та сүүлийн үеийн олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ. Жишээлбэл, саяхан Жастын Батхүүгийн гэх хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хурал 13 хоног үргэлжлээд дүнгээ гаргасан. Хуульч хүнийхээ хувьд юу гэж харсан бэ?

-Миний санаж байгаагаар Жастын Батхүүгийн гэх хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Харин Батхүү нь Төрийн банкинд тодорхой бичиг баримт хуурамчаар үйлдэн Г.Алтан гэдэг хүнтэй нийлж мөнгө төгрөг залилсан гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг нь үргэлжлүүлэн шалгасан гэж би ойлгож байгаа. Хавтаст хэргийг нь нарийн уншаагүй учраас хэргийн талаар нарийн хэлж чадахгүй байна. Одоо Шүүхийн шийдвэрийг хөндлөнгөөс харах юм бол, хэрвээ Г.Алтан гэж хүн цагаадах нь үнэн бол нэгдүгээрт, Төрийн банкнаас мөнгө залилсан гэдэг нь худлаа болно. Тэгэхээр Төрийн банк Г.Алтанд мөнгө өгөх юм шиг байна. Хоёрдугаарт, Ш.Батхүү гэдэг хүний хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ойлгож болно. Тэгэхээр цаашдаа энэ хэрэг хэрэг биш болох байх. Би баталгаатай нэг зүйл яриад байгаа нь хэн нэгнийг шоронд хийх нь гол нь биш, хохирлыг төлүүлэх нь чухал шүү дээ. Харин Ш.Батхүүд хохирол төлүүлэх хөрөнгө мөнгө байхгүй. Мөнгөгүй байсан учир мөнгөтэй болж өрөө төлөхийн тулд Стандарт банкнаас зээл авсан гэж харсан. Өнөөдөр Ш.Батхүүгээс авах юу ч байхгүй байхад хөрөнгийг нь зарна, худалдана гээд яриад байгаа. Жишээ нь, Хадгаламж банкийг зарах юм уу, Төрийн банк болчихсон шүү дээ. Шатахуун түгээгүүрийн газрыг нь зарах юм уу, тэрийг нь аль хэзээний Оросын банк авчихсан шүү дээ. Одоо өөр ямар өмч байгаа юм. Мах маркет нь өчүүхэн, хэдхэн тэрбум төгрөг ч хүрэхгүй. Тэрийг нь бас өөр хүнд зарчихсан гэсэн биз дээ. Ганц хоёр орон сууц, байр байдаг юм уу мэдэхгүй байна. Хэдэн орон сууцны барилга байлаа гэхэд тэр нь зарагдчихсан, одоо хүмүүс нь амьдарч байгаа байлгүй дээ. Уг нь энэ хэргийг нарийн судлах ёстой. Харамсалтай нь шүүх ийм шийдвэр гаргаж байна. Дараа дараагийн шийдвэрийг харъя даа.

-ЖДҮ-ийн гэх хэрэг дээр ганц нэг нь ял аваад, ихэнх нь хариуцлагагаас мултарчихлаа шүү дээ. Таныг гишүүн байхдаа ЖДҮ-ийн хэрэгт байр сууриа илэрхийлж, араас нь хөөцөлддөг байсныг санаж байна?

-Би УИХ-ын гишүүн байхдаа авлига албан тушаалын хэрэг, ялангуяа тодорхой улс орныг сөхрүүлсэн хэргүүдийн асуудлаар байр сууриа илэрхийлэх, Авлигатай тэмцэх газар гомдол санал өгөх, ажлын хэсэг байгуулахыг шаардаж, ажлын хэсэг байгуулуулж байсан. Үүний нэг жишээ нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудаар зээл авсан хэрэг юм. Мөн Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудал байна. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн тухайд, тухайн үеийн УИХ-ын 49 гишүүн ЖДҮ-ийн сангаас албан тушаалын байдлаа ашиглан зээл авсан. Албан тушаалын гэмт хэргийг хоёр үндэслэлээр тогтоодог. Өөртөө давуу байдал олгосон уу, бусдад давуу байдал олгож өгсөн үү гэж. Б.Ундармаад торгох ял өглөө. Тэр хүнд ЖДҮ-ийн хэргээр ял өглөө. Хорих ял аваагүй, торгох ял авсан. Гэтэл бусад гишүүд нь хаана байна. Хууль хүн бүрт тэгш бөгөөд шударга үйлчлэх ёстой. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүс төрийн эрх мэдэлд орж болохгүй. Парламентад байгаа тодорхой гишүүд нь Авлигатай тэмцэх газарт нэр нь бүртгэлтэй, хавтаст хэргүүд нь шалгагдсан байдалтай байгаа ч Авлигатай тэмцэх газрынхан энэ хүмүүсийн хэргийг цааш явуулдаггүй, хэрэг бүртгэлтэй хэрэг гэсэн нэр зүүчихээд яллагчаар татдаггүй ийм л байдалтай байгаа ш дээ. Хэрэг нь цааш явахгүй байгаа нь хэнд ашигтай вэ гэвэл нөгөө эрх мэдлээ өөрийнхөөрөө шийдэх сонирхолтой төрийн өндөрлөгүүдэд ашигтай. Барьцаанд байгаа хүмүүс чинь төрийн өндөрлөгүүдийн өөрсдийнх нь хүссэнээр л ажиллана биз дээ. Аливаа хэргийг нэгэнт нотолгоо баримт нь байгаа үед прокурор, Авлигатай тэмцэх газрынхан нь шалгаад хэн ч байлаа гэсэн хэргийг эцэслэн шийдэх ёстой. Энэ чинь шударга ёс болохоос биш хүнд, хөнгөн ял авах нь чухал биш. Эцэслэн шийдвэрлэдэг байх нь чухал. Би тэгж үздэг. Өнөөдөр шударга ёс ярья гэвэл хуулийг сонголттой хэрэглэдгээ больчих хэрэгтэй. Монголд хууль үйлчилдэг бол бүх хэрэг шийдвэрлэгддэг болно. Бид чинь гуравхан саяулаа учраас хэн ямар юм хийснийг бүгд мэдэж байгаа. Баасанхүү хаана юу хийж байгааг мэдэж байгаа, Х.Баттулга хаана юу хийж явааг мэдэж байгаа, Ц.Нямбаатар юу хийж байгааг бүгд мэдэж байгаа. Хэргийг шийдвэрлэхгүй байдалд нийгмийн нэг хэсэг иргэд бухимдаад, нөгөө нэг хэсэг иргэд нь тоохгүй байдал ажиглагдаж байна л даа. Яагаад зарим иргэд тоохгүй байна гэхээр, за бүгдээрээ л адилхан хулгайч шүү дээ гэж яриад байгаа.

-Тухайн үед салбарын сайд нь байсан Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөнд маш олон хүн шүүмжлэлтэй хандсан…

-Хуульд байгаа боломж гэж байдаг. Тэр хүн гэм буруугаа зөвшөөрөөд харилцан тохиролцоод бүх ЖДҮ-чидээ илчлээд явж байгаа хүн. Тэр хүн олон гэмт хэргийг илчилж өгсөн гэдгээрээ шоронд заавал суухгүй байж болно. Одоо ЖДҮ яахав. Энэ Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Эрдэнэтийн шахаа, олон тендерүүдээ яах юм. Тэр бүү хэл улайм цайм нүдэн дээр мөнгөний хахууль өгч гардуулчихаад өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй л явж байна. Ард түмэн шударга ёсыг хүснэ гэдэг хуулийг сонголттой хэрэглэдэггүй болгоод, би хулгай хийвэл шоронд ордог, тэр хулгай хийвэл шоронд ордог ийм л ёсыг хүсээд байна. Шударга бус байдал зөвхөн хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байдаг.

-УИХ-ын сонгуулийн өмнө улстөрчдийг бөөнөөр нь барьж хорих ажиллагаа үргэлжиллээ. Энэ асуудлын цаана юу болоод өнгөрөв гэж та харсан бэ?

-Гол нь энэ улстөрчдийг шалгасан хэрэг нь өөр, ялласан байдал нь өөр байгаад гайхаад байна. Тэгэхээр энэ хэргүүд эргэлзээтэй гэсэн үг. Санжийн Баяр, С.Баярцогт нарыг Оюу толгойн асуудлаар шалгалаа гэж байсан. Хэрвээ Оюу толгойн асуудлаар шалгаад ял өгсөн бол Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай асуудал яригдана. Гэтэл Оюу толгойн асуудлаар биш өөртөө давуу байдал тогтоосон, мэдээлэлд ойроо ашиглаж хувьцаанаас ашиг олсон гэж огт өөр юмаар яллачихлаа. Жаргалтулгын Эрдэнэбатын хэргийн тухайд мөн надад хэвлэлд байгаа мэдээлэл л байна. Би хавтаст хэргүүдийг нь үзээгүй учраас нарийн ярих боломжгүй байгаад байна. Түүнд “нөхөн төлбөрийг олгохын тулд тодорхой лицензүүдийг шилжүүлсэн” гэдгээр ял өгчихлөө. Бас л түүний хэрэг дээр шалгасан асуудал, ялласан байдал хоёр нь өөр байна. Тэгэхээр л энэ хэргүүд нөгөө хонгил юм шиг л санагдаад явчихаж байна л даа.

-Удахгүй Санжаасүрэнгийн Зориг агсны хэргийн шийдвэрлэлт явагдах гэж байгаа. Та энэ хэрэг дээр байр сууриа илэрхийлэх боломжтой юу?

-Би 2016-2020 онд алуурчин гэж нэрлэгдэж байгаа Содномдаржаа, Чимгээ нарын амьдарч байсан газраас нь УИХ-ын гишүүнээр сонгогдож гарсан. Тэр үед чинь жижигрүүлсэн тойрог байсан учраас би яг тэр Их залуу гэдэг багаас нь гарсан. Тэгэхээр надад энэ хэргийг анхаарах шалтгаан байгаа биз. Би Ц.Хурц гэж хүнд хэлж байсан юм. Та бол жинхэнэ генерал юм даа гэж. Яагаад би энэ хүнийг жинхэнэ генерал юм даа гэж хэлсэн гэвэл Чимгээ, Содномдаржаа нарыг гэмт хэрэг хийсэн гэдэгт эргэлздэггүй. Гагцхүү гэмт хэргийг илрүүлэхдээ хууль зөрчих, эрхээ хэтрүүлсэн байна гэж боддог. Би нэг юмыг гайхаад байдаг юм. Энэ хэргийг яагаад ил болгодоггүй юм бол гэж. Нөгөө талынхан нь ганц л юм хэлдэг шүү дээ. Энэ хэрэг илэрсэн юм бол одоо олон нийтэд ил болгочихооч ээ гэж. Тэр үед Булган юу гэж ярьсан юм, Чимгээ, Содномдаржаа юу ярьсан юм бол. Шинжээч, гэрч нь бас юу ярьсан юм бол гээд бүгд энэ тухай мэдмээр байна. Гэтэл гэмт хэрэгтнүүдийг шоронд зургаа хоног хорьсон тухай асуудлыг хараад л бид ёстой аймшигтай гээд л яриад байгаа. Нэг талынхны тайлбараар насанд хүрээгүй хүн хэрэг хийдэггүй, малчин жолооч хэрэг хийдэггүй гээд л яриад байдаг. Малчин байсан ч юм уу, үгүй ч юм билүү хэн ч мэдэхгүй ш дээ. Тухайн үеийн 1998 оны мөрдөгч нарыг гайхалтай сайн мөрдөгч нар байсан гэж яриад байдаг. Би гайхалтай сайн байсан гэж бодохгүй байна. Тэр үеийн мөрдөгчдийг одоогийн мөрдөгч нарын хажууд бол хурууны хээгээсээ дээшээ ахихаар технологи байгаагүй шүү дээ. Гадаад, дотоодод сургууль төгсөөгүй. Оросын школоос өөр юм байхгүй. Юугаараа гайхалтай байгаад байгаа юм. Үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. Анхны шинэ Эрүүгийн хуулийн хуульч нар чинь бид нар. Би 1993 онд Их сургуульд орсон. 1995 онд намайг оюутан байхад анхны шинэ Эрүүгийн хууль гарсан. Би 1997 оны өмгөөлөгч гэдэг чинь анхны шинэ Эрүүгийн хуулийн өмгөөлөгч. Ер нь энэ хэрэг хэзээ нэгэн цагт нарийн илрэх нь ойлгомжтой. Өвөө нар тэтгэвэртээ гарч, нөлөөлөл нь зайлж байж л энэ хэрэг тодорхой болно гэж боддог.

-Ер нь энэ хэргийн үр дүнг юу гэж харж байна?

-Энэ хэрэг шүүхээр яаж ч шийдэгдэж болно. Чимгээ, Содномдаржаа нарыг суллаж болно. Нэг л үнэн бий. 2000 онд ҮАБЗ-ийн гурван гишүүн МАН-д байсан. 2009 он хүртэл ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа бас л МАН-ынх байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нар байхдаа энэ хэргийг илрүүлэхгүй яасан юм. Одоо 2016 онд Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гээд гурван хүн төрсөн ах дүү шигээ хамтдаа ойлголцоод явж байна. Тэгвэл энэ хэргийг яагаад илрүүлэхгүй байгаа юм. Хэн алсан юм гэдгийг яагаад гаргахгүй, яагаад ил тод ярихгүй байгаа юм. Би бол Хурц тэргүүтэй тагнуулын ажилтнуудыг өмгөөлсөндөө ярьж байгаа юм биш. Тэгээд ч эрүүгийн хуулийн 251-ээр бол хэрэг бүртгэгч, мөрдөгч ял авах ёстой. Мөрдөх албаны дарга нь цагаадсан юм чинь энэ зүйл ангиар ял өгөх нь угаасаа утгагүй. Уг нь аливаа Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаа нь илрэх ёсгүй байдаг. Гэтэл тухайн үеийн Тагнуулын байгууллагад байсан хэн нэгэн үүнийг зохион байгуулалтайгаар илчилсэн. Нэг ёсондоо Ц.Хурц нар бол илэрсэн тагнуулууд л болчихлоо шүү дээ. Ер нь аль нэг улсад тагнуулын даргаа шоронд хийж байсан түүхийг би санахгүй юм байна. Тэр дундаа үе үеийн Тагнуулын дарга нар бол түүхэндээ үх, эвсэл амьдар гэдэг ийм зарчмаар явж ирсэн. Төрийн маш нууц, хар хайрцгийг авч явдаг байгууллага шүү дээ. Төр нь тагнуулчдаа уг нь хамгаалдаггүй юм аа гэхэд илчилдэггүй байх ёстой.

-Санжаасүрэнгийн Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй гэж таны хэлдэг үнэн л дээ. Маш олон хүн энэ хэргийг мэдмээр байгаа…

-Би Намбарын Энхбаяр гэдэг хүний өмгөөлөгч байсан. Дараа нь нүүрсний гэгдэх Л.Гансүхийн хэргийг би хөөцөлдөж хэвлэл мэдээллээр гаргуулж олны анхааралд оруулж байсан. Сая “Жи-Тайм”-ын хэрэг дээр стратегийн өмгөөлөл хийгээд хэвлэлээр гаргууллаа. “Жи- Тайм”-ын хэрэг бол маш ноцтой хэрэг байсан. Эрдэнэтийн нөлөө бүхий хууль, шүүх, тагнуулд ажилладаг гарууд нийлж байгаад Эрдэнэтийн 4000, Монгол Улсын 11 мянган хүнийг залилан мэхэлж 20, 30 тэрбум төгрөгийг авсан асуудал. Тэд нар зохион байгуулалттайгаар Казахстан улсын иргэн Ж.Маратыг хилээр зугтаалгасан. Энэ хэрэг гацсан байсныг би хөөцөлдөж байж шийдвэрлүүлсэн. Олон ч дайсантай болсон доо. Магадгүй миний ялагдлын нэг шалтгаан энэ хэргийг хөөцөлдөж, араас нь явснаас болсон ч байж магадгүй. Ер нь олны дуулиантай хэргүүдийг хэвлэл мэдээллээр цацдаг баймаар байна. Жишээлбэл, энэ яриад байгаа С.Зоригийн хэрэг, Жастын Батхүү, ЖДҮ, Санжийн Баяр, С.Баярцогтын хэргүүдийг юуг нь нууцалдаг юм бэ. Олон нийт энэ хүмүүсийг танина. Шүүх хурлыг хаалттай хийж юу нуугаад байгаа юм. Энэ шүүгдэж байгаа хүмүүст ч гомдол байгаад байна. Ард нийтээрээ шүүе л дээ. Дэлхийн чиг хандлагаар олон нийтийн анхааралд байгаа ийм хэргүүдийг ард түмэн шүүдэг байхгүй юу. Хуулийн заалт хэрэглэх эрхийг л хуульч буюу шүүгч эдэлдэг. Гэм буруутай гэвэл хуулийн заалтыг нь хараад тохирох ялыг нь оноодог. Харин манайд шүүх гэмт буруутайг нь баталчихсан, маргааш өглөө яваад очихоор нь чамайг гэмт буруутай гэсэн юм чинь гээд ялладаг. Ийм хошин байж болохгүй. Гэм буруутай эсэхийг хөндлөнгийн хүмүүс мэдэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

П.Нүрзэд: ХҮН бол МАН-аас бойжиж гарсан нам

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй ярилцлаа.


-Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс яриагаа эхэлье. Ан энэ удаагийн сонгуульд ямар бэлтгэлтэй оролцсон бэ, сонгууль ямархуу болж өнгөрөв?

-АН багаараа өрсөлдөж, хууль дүрмийнхээ дагуу бэлтгэл ажлаа хангаад оролцлоо. АН-ыг дэмжиж саналаа өгсөн нийт сонгогчдодоо баярлалаа. Ардчиллын үнэ цэнийг нотолж өгсөн сонгууль боллоо гэж харж байна. АН орон нутагт найман аймагт ялалт байгууллаа. Нөгөө талаас хүч тэнцвэргүй сонгууль болж өнгөрлөө. Хууль хүчний байгууллагууд эрх баригч намын талд үйлчилсэн сонгууль боллоо. Тэр дундаа нийслэлд хамгийн хүнд хэцүү сонгууль болсон. Мөнгийг хавтгайруулан тараалаа. Нийслэлийн сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг урьдчилан мэдэж хууль бус шийдвэрийг гарган, нэг намын талд илт үйлчиллээ. Мөн Өмнөговь аймагт хүн амины хэрэг гарлаа. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр дэвших эрхгүй хүмүүс нэр дэвшиж өрсөлдсөн зэрэг хүч тэнцвэргүй, будлиантай сонгууль боллоо. Орон нутагт Увс, Архангай, Баянхонгор аймгуудад хуулийн зөрчилтэй хүмүүс нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тухайлбал, гэмт хэрэгт шалгагдаж байсан, хуурамчаар гарын үсэг зурсан этгээд Архангай аймагт сонгогдсон. Мөн Увс аймагт шүүхийн шийдвэрээр өртэй нь нотлогдсон атал нэр дэвшиж, ялсан. Энэ мэтчилэн зөрчлүүд олноор гарлаа. Байж боломгүй асуудал хэвийн юм шиг оршин тогтнож байгаад залуу хүнийхээ хувьд үүнтэй эвлэрмээргүй байна. Сонгуулиа бид нар хийж чадахгүй байдалд оржээ.

эрх баригч намын удирдлагууд шударга бус зүйлтэй тэмцэнэ гэж өнгөрсөн хугацаанд байнга мэдэгдэж байсан ч сонгуулийн үеэр харин ч эсрэгээрээ хууль бус үйлдэл улам газар авч, өнгөрсөн дөрвөн жилд хуулийг гууль болгох энэ чиглэл рүү явж ирсэн нь газар дээр нь очиж ажилласан бид бүхэнд ил харагдлаа. Шударга сонгууль болж чадсан гэдэгт итгэлгүй байна.

-АН-ыг орон нутгийн сонгуульд сайн оролцлоо. ХҮН нам санал хуваагаагүй бол бүр ч сайн байх байсан гэж ард түмэн ярьж дүгнэж байна л даа?

-АН нам бол үндэсний хэмжээний том нам. Ардчилал Монголд үүсч хөгжөөд ардчиллын бүхэл бүтэн том системийг бий болгосон. Тиймээс Ардчилал бол Монголын ард түмний итгэл дунд оршиж байдаг. Байсаар ч байх болно. Одоо цаашдаа ард иргэдийнхээ итгэл үнэмшлийг даахын тулд бид илүү их хичээх ёстой. Ардчилсан намаа дэмжсэн иргэдийнхээ итгэлийг зүтгэлээрээ хариулна. АН нам ард түмнийхээ төлөө хийж чаддаг, бүтээж чаддаг гэдгээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд харуулсан шүү дээ. 2012-2016 онд АН эрх барьж байхдаа өнөөдрийн энэ Улаанбаатар хотын бүх өөрчлөлт шинэчлэлт бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, хийсэн юм. Бидэнд алдаа оноо байдаг. Гэхдээ АН –ын алдаа оноо ард түмэнд ил байдаг. ил тод байдагт маань ард түмэн дуртай байдаг юм. Цаашдаа ч ил байх болно. Одоо хамгийн чухал зүйл бол нам гэж талцахаасаа илүүтэй нэг л эрх ашиг бид бүхэнд байна. Монгол хүний эрх ашгийг нэгт тавих ёстой. Тийм ч учраас монгол хүний хөгжлийн төлөө, монгол эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө тодорхой зорилго чиглэлтэй ажиллаж байна. Бодит амьдрал руу хандсан ажлуудыг хийхийн тулд бид бүхэн хичээж ажиллана. Дугаар хороон дээр байгаа амьдрах орчин нөхцөлөөр бүрэн хангагдаж чадахгүй байгаа ард иргэд рүүгээ хандаж, үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Ялангуяа гэр хороололд амьдрах орчин нөхцөл муу, ажилгүйдэл, ядуурал гээд асуудал их байна. Нэг хэсэг иргэд маань төрийн бодлогын гадна үлджээ. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд АН нийслэлд “Бүхнийг гэр хороололд” гэдэг уриатай оролцсон. Гэр хороололд гэхээр байшин хорооллыг орхиж байгаа хэрэг биш. Монгол хүн бүрийн төлөө, хэн нэгнийг ялгахгүй тэгш байдлаар ажиллана гэсэн санаа юм. Бүхнийг гэр хороололд гэдэг уриа маань “Бүхнийг гэр хороололд” гэдэг хөтөлбөр болж, томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллана.

Өнгөрсөн хугацаанд эрх барьж байгаа нам төсвийн мөнгөний ихэнх хувийг хотын төвд чиглүүлж ирсэн. харин гэр хороолол нөгөө л гэрэлтүүлэггүй, дэд бүтэцгүй, сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу гээд маш олон асуудал байсаар байна. Бүр алслагдсан захын дүүргийн гэр хороололд гудамжиндаа битгий хэл гэртээ тоггүй лаа асаагаад сууж байгаа айлууд байна. хэддүгээр зуунд бид бүхэн амьдарч байгаа билээ. хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх яг үнэндээ зайсангийн хэдэн байранд л байна.

-Та залуу хүн. АН -ын удирдлагад ажиллаж байгаа. Ардчилсан намд ямар шинэчлэл хийгдэж байгаа вэ. Залуучуудаа гаргаж ирэхийг шинэчлэл гэж хэлээд байна уу?

-Намын төлөөлөлд байдаг, нам удирдаж яваа хүмүүс ухамсартай, үлгэр жишээ байх ёстой. залуучуудаа үлгэрлэдэг, цээжээ дэлдэж ярьдаг биш, хийж бүтээдэг, тодорхой зорилго тавьж ажилладаг, түүнийхээ төлөө тэмцэж чаддаг байх ёстой. Ардчилсан намын ирээдүй өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан, ажлыг хийдэг, бүтээдэг ийм нам байх болно. Шинэчлэлийг гурван үеийн хэлхээн дээр тулгуурлан хийж байна. залуу, дунд, ахмад гээд гурван үеэ оролцуулж дотроо хурлаа хийж, алдаа оноогоо ярьж өнгөрсөн хугацаанд өөрсдийгөө маш олон талаас нь харж өөрсдөдөө дүн тавилаа. Аливаа зүйл тодорхой цаг хугацааг туулдаг. Одоо АН нам Монгол Улсын хөгжил дэвшил, томоохон бүтээн байгуулалттай холбогдсон өргөн цар хүрээтэй томоохон хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна. Цэвэр ус, бэлчээрийн даац, цөлжилт, мал ахуй, хөдөө аж ахуйн салбар дээр тулгуурласан, Монгол орныхоо онцлогт тохирсон, хөгжлийн шинэ хөтөлбөрийг дэвшүүлэн ажиллаж байна.

-АН-ын дотоод хагарал, тэмцэл байхгүй болсон гэсэн үг үү?

-Бидэнд нэг нэгэнтэйгээ жийлцэж, муудалцах цаг алга. Одоогоор манай намынхан дотроо хагарч бутарчихаад байгаа юм байхгүй. Өмнө нь яахав, үзэл бодлын зөрүү байдаг байсан. Одоо тийм жижиг сажиг зүйлд цаг алдахгүй. Бодлогын хэмжээнд зангидаад ажиллана. Мэдээж саналын зөрүүтэй асуудалд олонхын шийдвэрийг цөөнх нь дагана гэсэн энэ зарчмаар ажиллана. Нэг зүйл хэлэхэд, ер нь АН тэмцэгч нам. Цаашдаа ч тэмцэгчээрээ л байна. Ард түмнийхээ төлөө гудамжинд гарч жагсдаг, зоригтой алхмадуудыг хийдэг ийм нам хэвээрээ байгаа. Бид хүмүүст таалагдахын тулд хуурамч байхыг хүсдэггүй. хийвэл хийсэн шиг хийчихдэг, түс тас ийм л нам.

Одоо удахгүй АН их хурлаа хийнэ. Шинэчлэгдсэн дүрмийн төслөө танилцуулж, намын үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ. Ардчилалд хайртай монголчууддаа хандаж хэлэхэд, манай нам ард түмнийхээ итгэлийг алдахгүй, цаашаа яван чангарна. Дээр нь, нэг зүйлийг онцолж хэлэхэд, Ардчилсан намын үүд хаалга нээлттэй байгаа. Улс орныхоо эрх ашгийг нэгт тавьж, хувийн эрх ашгаа сүүлд тавьж, олонхынхоо шийдвэрийг хүндэтгээд ажиллах ийм залуучууд, монгол хүн бүрийг АН-д элсэж, хамтарч ажиллахыг урьж байна. Монгол орондоо хөгжил дэвшлийг авчрахын төлөө хичээж ажиллах хүн бүрийг манай нам дэмжиж хамтарч ажиллана. Манай намын үүд хаалгаа томоос том нээлттэй байгаа шүү. АН засаглаж байсан, төр барьж байсан нам. Боловсон хүчний нөөц хангалттай. Удахгүй гишүүнчлэлээ нээлттэй ил тод зарлана.

-ХҮН сая орон нутгийн сонгуулийн үеэр АН руу дайрч, үг шидэж байсан. Ер нь жижиг намууд АН –ыг гол өрсөлдөгчөө гэж харж байгааг та бүхэн юу гэж дүгнэж байна вэ?

-Улс төрийн намуудын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх өнөөдрийн энэ эрх чөлөөг Ардчилал авчирсан. Ардчиллын үнэ цэнэ үүнд л оршиж байгаа юм. Олон намын тогтолцоотой байх, олон ургалч үзэл санаатай байхыг Ардчилсан нам өөрөө дэмждэг. Ардчилсан намаас төрж гарч байсан. харин энэ удаад МАН-аас хүН нам төрж гарах шиг боллоо. Бид нар бусад жижиг намын асуудалд оролцдоггүй учраас хөндлөнгөөс ажиглахад цэвэр МАН-аас төрж гарч байгаа нам юм байна гэж харсан. Яахав, АН өнөөдрийн энэ үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ боломжийг тэмцэж байж авчирсан учраас олон ургалч үзэл санааг дэмждэг. МАН-ын сүүдэр доороос бойжиж байгаа нам бол хүН.

Одоо төр барьж байгаа МАН буруугаа АН руу чихсээр л байгааг ойлгодоггүй юм. Түүхэндээ хэлмэгдүүлэлтийг хийж явсан нам бол тэр зангаа тавьдаггүй юм байна. хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гэрэлзаяа: ЖДҮ-ийн зээл авч чадахгүй бол үйлдвэрээ хаахаас аргагүй боллоо гэсэн гомдол санал их ирж байна

ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэлзаяатай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд энэ жил улсын төсвөөс мөнгө суулгаагүй учраас аж ахуйн нэгжид зээл өгөх боломжгүй байдал үүссэн гэсэн. Ямар нөхцөл байдал бий болоод байна вэ?

-Энэ жилийн хувьд ЖДҮ-ийг дэмжих санд улсын төсвөөс мөнгө тавигдаагүй. Тиймээс одоогоор ЖДҮ дэмжих сангаас гарсан зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хэмжээний санхүүжилтээ аваад явж байна. Энэ оны хувьд “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр эргэн төлөлт тасарсан байдалтай байна. Тодруулбал, оны эцэс гэхэд 50,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг ЖДҮ хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн боловч, одоогийн байдлаар 16 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн гүйцэтгэлтэй явж байна. Тэгэхээр яг одоогооор 30 гаруй тэрбум төгрөг дутсан байдалтай байна. Тиймээс манайхаас Сангийн яаманд хүсэлт хүргүүлсэн. ЖДҮ санд дутаад байгаа мөнгийг шийдэж өгөөч ээ гэдэг саналаа хүргүүлсэн боловч төсвийн тодотголоор шийдэж өгсөнгүй. Манайхаас 2021 оны төсөвт 90 тэрбум төгрөгийг ЖДҮ санд суулгах хэрэгтэй гэдэг саналыг хүргүүлсэн байгаа. Цаашдаа ямар шийд гарахыг мэдэхгүй, хүлээлтийн байдалтай байна.

-Одоогоор хичнээн аж ахуйн нэгж зээл авах хүсэлт өгөөд байгаа вэ?

-Энэ оны хувьд аж ахуйн нэгжүүдээс 1200 гаруй төсөл хүлээж авсан. Энэ нь нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн төслүүд байж байгаа. Бид нар энэ төслүүдээс сонгон шалгаруулалт хийгээд 50,4 тэрбум төгрөгийн төслийг санхүүжүүлэх боломжтой гэж үзэн материалыг нь хүлээж авч тооцсон. Гэвч одоо төвлөрсөн эргэн төлөлт нь ердөө 16 тэрбум төгрөг л болчихоод эдгээр аж ахуйн нэгжүүддээ зээл өгөх боломжгүй байдал үүсээд байна.

-Хэрвээ сангийн яамнаас нааштай хариу өгөхгүй бол зээл хүсч материалаа өгсөн аж ахуйн нэгжүүдэд ямар хариу өгөх вэ?

-Төсөв мөнгө хүрэлцэхгүй боллоо гэдгээ аж ахуйн нэгжүүддээ хариу болгож хэлнэ дээ, өөр арга байхгүй.

-“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хямралтай энэ үед ЖДҮ дэмжих санд улсын төсвөөс мөнгө суулгахгүй байгаа нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Мэдээж оновчгүй шийдвэр. Дэлхийн бусад улс орнуудад ковидын үед гаргаж байгаа шийдвэрүүдийг харахад харин ч жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж, санхүүгийн эх үүсвэрүүдийг нь нэмэгдүүлж байхад манайх эсрэгээрээ хасч байгааг зөв шийдвэр гэж хэлэхэд хэцүү байна. Ажлын байрыг бий болгохоосоо илүү хадгалах зарчмыг олон улсад баримталж байна. Байгаа ажлын байрыг устгалгүй тэнд нь тодорхой нөхцөлийг нь хангаад хадгалж үлдэх нь чухал гэдэг чиглэлийг дэлхий дахин барьж ажиллаж байна. Үүнийгээ жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх арга замаар хийж байна. Гэтэл манайд нэмэх нь битгий хэл хасаад байгаа нь өнөөгийн эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалд зохицохгүй шийдвэр болоод байна.

-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ЖДҮ сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүд эргэн төлөлтийг нэмэгдүүлэх боломж байхгүй байгаа юу?

-Тийм. Борлуулалт зогссон, гадагшаа гаргадаг экспорт нь зогссон, эсвэл түүхий эдийнх нь нийлүүлэлт тасалдсан ийм байдалтай байгаа аж ахуйн нэгжүүд олон байна.

Тийм учраас эргэн төлөлтөө хийх бололцоогүй болчихоод байна л даа. Дээр нь ХХАХҮ-ийн сайдын болон Засгийн газраас гаргасан шийдвэр бий. Энэ шийдвэр нь “Үндсэн зээлийн төлбөрөөс зургаан сарын хугацаагаар чөлөөлөх” тухай юм. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлтөд тасалдал үүсчихээд байна. Иргэдийн дунд ЖДҮ сангийн зээлийг улсын төсвөөс мөнгө гаргаж иргэдэд зээл өгдөг гэдэг ойлголт түгээмэл байдаг. Ер нь бол 2018 оноос хойш манай сан улсын төсвөөс санхүүжээгүй. Энэ хугацаанд эргэн төлөлтөөр санхүүжүүлэлтээ хийж байсан.

-Зээлээ авч чадахгүй байдалд орсон аж ахуйн нэгжүүдээс гомдол санал ирж байна уу?

-Эхнээсээ гомдол саналууд ирж байна. Хэрвээ зээлээ авч чадахгүй бол үйлдвэрээ татан буулгахаас өөр аргагүй боллоо, ажилчдаа цөөлж халах, мөн гэрээтэй нийлүүлдэг байсан түүхий эдүүдийн гэрээ нь тасалдах, борлуулалт тасарч байна гэдэг гомдол санал ирж байна. Эдийн засагт нэлээд хохирол учрахаар ийм байдал үүсч болзошгүй байна.

-Одоо танайд 16 тэрбум төгрөгийн эргэн төлөлт төвлөрсөн гэсэн. Энэ нөөцөө ашиглаад ямар арга хэмжээ авах вэ?

-Одоо яах вэ гэхээр, хэрвээ Сангийн яамнаас нааштай хариу өгөхөөргүй бол байгаа нөөцөө ашиглаад одоогоор төвлөрсөн эргэн төлөлтөөрөө бичил хэмжээний зээлээ санхүүжүүлэхээр байна. Харин жижиг, дунд шатлалын зээлүүдээсээ заримыг нь Жайка олон улсын санхүүгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тохиролцоод эхний ээлжийн санхүүжилт буюу 12 төслийн эх үүсвэрийг шийдүүлээд байна. Энэхүү 12 төсөл дээр нийтдээ 6,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдүүлсэн байж байна. Харин бичил хэмжээний зээлэндээ нарийвчилсан шатлалын судалгаа хийгдээд энэ долоо хоногт дуусна. Энэ судалгааны дараа үнэлгээ хийгдээд төслүүдээ санхүүжүүлэх боломжтой.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээс УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудын авсан зээлийг бүрэн төлүүлж хаалгаж дууссан уу?

-Энэ асуудал мөн маргаан дагуулаад байна. Тухайн үед УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудын авсан зээлийг тэр дор нь төлүүлж хаалгасан. 2018 онд авсан зээлүүдийг 2019 онд төвлөрүүлэхээр, тэр оны эргэн төлөлт өндөр дүнтэй гарсан л даа. Сангийн яам тэр үеэс хойш ерөөсөө ЖДҮ-ийг дэмжих санд жилдээ 50 тэрбум төгрөг төвлөрөхийн байна гэж дүгнэж харсан. Уг нь тэр компаниудыг шахаагүй, хуваарийнхаа дагуу төлсөн бол жилдээ 20-30 тэрбум төгрөг төвлөрөх байсан.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд хуваарийнхаа дагуу биш зээлээ бүтнээр нь нэг дор хийчихээр төлөлт өндөр харагдаж, жил бүр 50 орчим тэрбум төгрөгийн төлөлт хийгддэг юм байна гэсэн тооцоолол Сангийн яамд үүссэн байна. Тэгэхээр, Сангийн яам юу гэж хараад байна гэхээр, ЖДҮ-ийн сан дээр жилдээ 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөр төвлөрөхөөс гадна нийтдээ энэ санд 230 тэрбум төгрөгийн эх үүсвэр байдаг юм байна. Үүгээрээ санхүүжүүл гээд байгаа. Үнэндээ энэ мөнгө аль хэзээний зээлэнд гараад явчихсан мөнгө. Сар болгон хуваарийнхаа дагуу төлөлт нь хийгдэж байгаа. Энэ жилийн хувьд ковидын нөлөөгөөр эргэн төлөлт тасалдсан. Ийм л зүйл болоод байна. Яг одоогоор манай сан дээр 16 орчим тэрбум төгрөг байна. Энэ нь энэ жилийн хүлээн авсан төслүүдээ санхүүжүүлж хүрэлцэхээргүй. Дээр нь Сангийн яам ямар чиглэл өгсөн гэхээр, ирэх онд Засгийн газрын бондын төлбөр болох 41.2 тэрбум төгрөгийг манайхыг төлөх ёстой гэж байна. Хэрвээ төсвөөс манай санд мөнгө өгөхгүй бол эргэн төлөлтөөр орж ирсэн мөнгийг бондын төлбөрт өгөх болж байна. Тэгэхээр бүр их хэцүү байдал бий болно гэсэн үг.

-УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад мөнгө өгөхийг хориглосон ийм шийдвэр гарангуут ЖДҮ санд улсаас мөнгө төвлөрүүлэхээ больчихлоо. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд энэ зээлийг авах нөхцөл бүрдэнгүүт улс нүүрээ буруулж эх үүсвэрээ өгөхгүй болж байна гэж ярьж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Нөхцөл байдлыг хараад иргэд ингэж харж байхыг үгүйсгэхгүй. Арай ч бас тийм биш байлгүй дээ. Яг ийм зүйл болж байна гэдгийг тогтоогоогүй учраас би энд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

-Ер нь ЖДҮ-ийн сангийн зээл зорилтот бүлэгтээ очдоггүй, танил талаараа дээгүүрээ хувааж иддэг энэ байдалд ямар хяналт шалгалт хийж байна вэ?

-УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд олноороо жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авсан энэ асуудалтай холбоотойгоор манайхаас журамдаа өөрчлөлт оруулж, Засгийн газрын сангуудыг нээлттэй ил тод болгох, авлига ашиг сонирхлоос ангид байлгах ийм шаардлага тавигдсан. Хоёрдугаарт, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль 2019 онд шинэчлэгдсэн. Хууль гарсантай холбоотойгоор журамд өөрчлөлт ороод 2020 онд шинэ журмын дагуу төслүүдээ хүлээж авсан. Журам шинэчлэгдсэнээр ЖДҮ-ийн зээл ил тод нээлттэй болсон. Үнэлэх процессоо тодорхой болгож, дээр нь сонгон шалгаруулалтаа ил тод нээлттэй болгож өгсөн. Тавигдах шаардлагаа мөн тодорхой болголоо. Эцэст нь та төслөө олон нийтэд нээлттэйгээр танилцуулж өгвөл таны төслийг хүлээж авна гэдэг ийм шалгуур байна. Үүн дээр сонгон шалгаруулах хороо үнэлгээ хийгээд зээл авдаг. Дээр нь хуулийн дагуу нэг зээлдэгчдэд олгох зээлийн хэмжээг бичил зээлд 300 сая төгрөг хүртэл, жижиг байвал тэрбум хүртэл, дунд хэмжээнд 2.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор хуулиндаа заасан байгаа. Хэрвээ таны жилийн борлуулалтын орлого 300 сая төгрөг байвал 300 саядаа багтааж зээлийн төсөл ирүүлэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Сангийн зээлийг цөөн том төсөлд өгөлгүйгээр жижиг олон төсөлд өгөх ийм шинэ нөхцөл бүрдээд байна. Хэрвээ төсөв мөнгө хүрэлцээтэй байсан бол ийм боломж бүрдсэн байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баярбат: Найман хувийн зээлээ дуусгаад зургаан хувийн зээл авах бүрэн боломжтой

-АМИНЫ ОРО Н СУУЦЫГ ИПОТЕКИ ЙН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО-

Аравдугаар сараас эхэлж ипотекийн жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлж байгаа талаар зарласан. Энэ асуудлаар Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбаттай ярилцлаа.

-Ипотекийн зургаан хувийн зээлийг банкууд олгож эхэлсэн талаар хэд хоногийн өмнө БХХ-ын сайд мэдээлсэн. Яг хэзээнээс олгож эхэлсэн гэсэн үг вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020-2024 оны оны үйл ажиллагааны хөтөлбөрт ипотекийн зээлийг 4-6 хувь болгож нийгмийн даатгал төлдөг иргэдийг орон сууцжуулах бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заагдсан. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас Монголбанктай хамтраад ипотекийн хүүг зургаан хувь болгож шинэ зээлийг гаргаж байна. Одоо УИХ-ын 2020 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд зургаан хувийн зээлийг олгож эхэлсэн гэдгийг анх зарлаж мэдэгдсэн. Иргэдэд арилжааны банкуудаар дамжуулаад ипотекийн зургаан хувийн зээлийг энэ аравдугаар сараас эхэлж олгож эхэллээ.

-Хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдсэн бэ?

-Монголбанкнаас холбогдох зээлийн журам, арилжааны банкуудтай холбогдох зээлийн ерөнхий гэрээнүүдээ хийсэн. Ипотекийн зургаан хувийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг Монголбанк, арилжааны банкууд хамтарч гаргаж байна. Эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг арилжааны банкууд гаргаж байгаа. Яг одоогоор Монголбанк эхний ээлжинд 58 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкууд руу олгож байна. Энэ бол эхний ээлжийн санхүүжилт. Дараа нь үргэлжлээд эх үүсвэрийн санхүүжилт олгогдоно. Арилжааны банкууд мөн 30 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргана. Нийтдээ 90 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байна.

-Ямар иргэд энэ зээлд хамрагдах нөхцөлийг хангаж байгаа вэ. Ипотекийн зургаан хувийн зээл олгож эхлэхтэй холбоотойгоор зээлийн ерөнхий журамд өөрчлөлт орсон уу?

-Ипотекийн зургаан хувийн орон сууцны зээл олгож эхэлнэ гэдэг нь Засгийн газраас бага дунд орлоготой иргэд рүүгээ чиглэсэн ийм ажлын нэг хэсэг юм. Найман хувьтай зээл авч байгаа үетэй харьцуулж үзэх юм бол, найман хувийн зээлийн шалгуурт иргэний орлогын доод талын түвшин 1.1 сая төгрөг гэж заадаг байсан. Одоо зургаан хувь болж буурснаар иргэдийн орлогын доод түвшин 900.000 төгрөг рүү орж ирж байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан ипотекийн зээлийн 2016 оны журамд заасны дагуу зээлээ олгоно. Энэ журамд өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна гэдэг шалгуур байдаг. Тэр нь 1.1 сая төгрөг байдаг бол одоо 900.000 төгрөг рүү орж байна. Найман хувийн хүүтэй дунджаар 68 сая төгрөгийн зээл авсан иргэн сард 500.000 төгрөг төлдөг байсан бол зургаан хувийн зээл гарч эхэлснээр 68 сая төгрөгийн зээл авсан хүн сард 400.000 төгрөг төлнө гэсэн үг. Иргэд дээр ирж байгаа зээлийн дарамт буурах ийм ач холбогдолтой.

Мөн ипотекийн зээл хэрэгжиж эхлэхдээ амины орон сууц, нийтийн орон сууц гэсэн хоёр зориулалтын зээл олгож байсан. гэхдээ амины орон сууцны зориулалттай зээлийг 21 аймгийн хэмжээнд олгодог байсан. Цаашдаа нийслэл, 21 аймаг гээд улсын хэмжээнд амины орон сууцны зээл авах боломжтой болж байна. Мөн хуучин болон шинээр ашиглалтад орсон орон сууцыг зээлэнд хамруулахаар байгаа. Гэхдээ инженерийн шугам сүлжээнд холбогдсон байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүд хангасан байх шаардлагатай.


-Урьдчилгаа 30 хувь өгөх журам хэвээрээ мөрдөгдөх үү. Зээлийн хугацаанд өөрчлөлт орсон уу?

-Тэгнэ. Урьдчилгаанд ямар нэг өөрчлөлт ороогүй. Ипотекийн зээлийн хамгийн дээд талын хугацаа 360 сар буюу 30 жил байгаа. Тэрнээс наана ч авч болно. Үүнийг иргэд банкуудтай тохирно. Өнгөрсөн оны судалгааг харахад дунджаар 14, 15 жилийн хугацаатай ипотекийн зээлийг иргэд их авсан байдаг юм байна. Худалдан авах нийтийн зориулалттай талбай хэмжээ нь 80 метр квадратаас ихгүй байна гэдэг шалгуур үзүүлэлт нь хэвээрээ явж байна. Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад өгсөн чиглэлээр 100 сая төгрөгнөөс ихгүй ийм төгрөгийн зээлийг иргэнд олгоно. Ийм нөхцөл шаардлагуудтай журам явж байна. Нийт зээлийн хөрөнгийн эх үүсвэрийн 25 хувийг орон нутагт, 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албанд олгодог. Энэ журмыг үргэлжлүүлээд мөрдөөд явах юм байна.

-Зургаан хувийн зээл хэсэгхэн хугацаанд хэрэгжээд дуусах магадлалтай учир энэ хугацаанд багтаж зээлээ авах хэрэгтэй гэсэн яриа, таамаглал иргэдийн дунд явж байна. Зургаан хувийн зээл цаашдаа найдвартай байнга үргэлжлэх үү?

-Дэлхий дахинд тархсан “Ковид-19” цар тахлын үед дэлхийн улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Монгол Улс мөн ковидын хууль баталж гаргасан. Энэ хуулийнхаа дагуу 2020 оныг дуустал ипотекийн зээл зургаан хувиар олгогдоод явна. Энэ жилийн төгсгөл хүртэл 2000 орчим иргэнд ипотекийн зээлийг олгоно гэсэн тооцоотой байна. Найман хувийн ипотекийн зээл дуусаад зургаан хувийн импотекийн шинэ зээл гарч байна. Зургаан хувийг найман хувь руу буцаагаад өсгөнө гэсэн тооцоо байхгүй.

Цаашдаа ч зургаан хувийн зээл олгогдоно. Үүнийг тооцож үзсэн. Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанкнаас ажлын хэсгүүд гарч ажилласан тооцоолол юм. Цар тахлын нөхцөл байдал цаашдаа ямар байх вэ гэдгээс шалтгаална. Ямар ч байсан ирэх 2021 онд зургаан хувийн ипотекийн зээл үргэлжлээд явна гэсэн тооцоололтой яваа. Түүнээс гадна Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөр дотор хуримтлалын сан бий болгохоор заасан. Энэ сан нь нийгмийн даатгалын сангийн тогтолцоотой уялдаатай хэрэгжих ажил юм. Засгийн газраас хуримтлалын санг байгуулах ажил хийгдээд явж байна. Энэ санг байгуулах тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тавигдсанаар ипотекийн зээлийн урьдчилгааг шийдвэрлэх, цаашлаад ипотекийн зээлийн хүүг дахиад буулгах ийм боломжууд бий. Тийм учраас Засгийн газраас тодорхой зорилтуудыг тавиад арга хэмжээнүүдийг аваад явж байна. Тиймээс зургаан хувийн зээл цаашдаа үргэлжлээд явах бүрэн боломжтой.

-Өмнө нь найман хувийн зээл авч байсан иргэд зургаан хувийн зээлд хамрагдах боломжтой юу?

-Найман хувийн ипотекийн зээл дуусч байна гэж ойлгох ёстой. Цаашдаа найман хувь хэрэгжихгүй. Найман хувийн зээл авсан иргэд зээлээ төлөөд үлдэгдэлгүй хаасан тохиолдолд зургаан хувийн зээл авах бүрэн боломжтой. Монголбанкнаас өмнөх ипотекийн зээлээ хаасан иргэдэд болон анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэд зургаан хувийн зээлийг шийдвэрлэнэ гэдгээ арилжааны банкуудад мэдэгдээд байгаа.

Ипотекийн зээлийн хувьд авч үзэхэд найдваргүй зээлдэгч маш бага байгаа. Найдваргүй зээлдэгч 2,3 хувьтай, 90 гаруй хувь нь эргэн төлөлт сайн байгаа.

-Зах зээлд бэлэн байгаа болон шинээр ашиглалтад орох хичнээн орон сууц байгаа вэ. Зээл гарахтай холбоотойгоор орон сууц худалдан авах эрэлт ихсэх байх?

-Борлогдоогүй байгаа орон сууцны тоог хараахан гаргаагүй байна. Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн тухайд харьцангуй тэнцвэртэй байна гэж харж байна. 2013 онд анх ипотекийн зээлийг гаргах үед гэнэт хүмүүст их зээл олгоод эхлэнгүүт орон сууц авах иргэд огцом өсч, орон суунцы үнэ өссөн ийм зүйл болсон. Тухайн үед орон сууцны зах зээл бага байсан. Эрэлт ихсэнгүүт үнэ өссөн. Одоо эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй тогтвортой үе байна. Тиймээс орон сууцны үнэ өсөхгүй гэж харж байна. Тооцооллоор одоо 12 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор байна. 2013 оноос анх ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн. Үүнээс хойш 100 гаруй мянган хүн ипотекийн зээлд хамрагдсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Жил бүр уулзалддаг ангийн нөхөд

Тэртээ 43 жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумын найман жилийн сургуулийг Чойжилсүрэн багштай төгссөн 8Б ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна. Сургуулиа 1977 онд төгссөн энэ ангийнхан өнөөдрийг хүртэл жил алгасахгүй уулзан, дотно нөхөрлөж иржээ. Өнгөрсөн жил тэд Дарханы “Жонон” амралтад ангиараа амарцгаасан бол энэ жил Батсүмбэрийн “Тарнийн” амралтад зугаалаад ирцгээжээ. Өнгөрсөн хугацаанд бас Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт олон газруудаар анги хамт олноороо аялсан гэнэ.

Ангийн дарга Б.Мөнхжаргал бүх санаачилгыг гартаа авч хамт олноо уриалан жил бүр болох уулзалтуудыг зохион байгуулна. Амралтад очоод тэд дуулж хуурдан, бүжиглэж, ууланд алхаж, гэрэл зургаа даруулж, багынхаа дурсамжуудыг ярилцан цагийг зугаатай өнгөрүүлж, ёстой л арван насаар залуужиж, эрч хүч авдаг байна. Бага ангид байхаасаа л эдний ангийнхан нэлээд даруухан сурагчид байжээ. Хичээл номондоо шамдан суралцах хамгийн чухал гэдгийг багш нь байнга сануулдаг учраас сургуулиа тараад өдөр бүр ангиараа багшийндаа очиж хичээлээ хийнэ. Чойжилсүрэн багшийнх сумын төвд багш нарын байранд байдаг. Тэр үедээ л хамгийн гоё байшин байж. Ихэнх айлууд монгол гэрт амьдардаг байсан учраас багш нарын орон сууц хамгийн тухтай тохилог байшинд тооцогддог байсан аж. Тиймээс ч ангиараа багшийндаа очих тун дуртай. Бөөнөөрөө хоёр өрөө байранд багтахгүй шахуу. Охидууд сандал, орон дээр сууцгаагаад хөвгүүд газраар эгнэж суугаад хичээлээ бэлддэг байж. Өдөр бүр багшийндаа очдог ч багш маань хажиглаж байгаагүй хэмээн тэд хөөрөлдлөө. Чойжилсүрэн багш намхан нуруутай, махлаг, үсээ хойшоо самнадаг, хар хослол, цагаан цамцтай даруухан багш байж. Хөгжилтэй, хөгтэй олон зүйл болно. Нэгдүгээр ангид байхдаа ангийн охин Даваадулам, Нямсүрэн хоёр адилхан цүнх үүрдэг байсан. Нэг өдөр цүнхээ булаацалдаад хоорондоо муудалцахад багш маань их тайван хүн, цүнхнээс дэвтэр номыг нь гаргаж өгөөд хэн хэнийнх нь цүнх болохыг ялгаж өгч байсан юмдаг хэмээн дурслаа. Тэр үед бүгд ижил дүрэмт хувцастай. Гэхдээ л ангид ганган охид олон. Цагаан өнгийн парчикаар гоёж захаар нь тор хадаж өмсдөг охид олон байжээ. Ангийн хамгийн царайлаг ганган охид бол Ж.Гарамгай, Д.Баярцогзол нар. Ангиараа улаан өнгийн гастук зүүнэ. Салаан дарга, ангийн дарга нар гастук дээрээ цэнхэр тууз хадаж ялгарна. Баяр ёслолоор цагаан парчик, бусад үед нь хар парчикаа өмсөнө. Гэрээсээ гарахдаа парчикаа эвхэж индүүдээд цүнхэндээ хийгээд сургууль дээрээ ирээд өмсөнө. Учир нь гэрээсээ гарахдаа өмчихвөл гадуур нь хувцас өмсөөд цүнх үүрээд үрчийчихнэ гээд цүнхлээд ирдэг байж. Охидууд наймдугаар анги төгстлөө үсээ хоёр салаа сүлжиж, өнгө өнгийн тууз зүүнэ. Туузгүй бол хичээлд оруулдаггүй, үсээ задгай тавихыг бүр ч хатуу хориглоно. Тийм чанга дэгтэй байж. Хөвгүүд долдугаар анги төгстлөө үсээ хусуулж халзан толгойтой хичээлдээ явдаг байж. Уг нь бол ангийн охид хөвгүүд тухайн үеийнхээ моодыг дагах их дуртай байсан гэдэг.

Эрэгтэй хүүхдүүд өргөн өмд хааяа өмсөж ирээд багш нарт зэмлүүлнэ ээ. Нэг өдөр өргөн хар өмд өмсөөд ирэхээр нь багш нар нийлж байгаад өргөн өмднийх нь хоёр хажуу талынх нь оёог задлаад явуулчихдаг байж. Тухайн үедээ өргөн өмд моодонд их орж байжээ. Нэг шуумгаар нь бараг охидын юбка оёод өмсчихмөөр тийм өргөн өмд өмсдөг байсан гэдэг. Харин наймдугаар ангид орох жил хотоос Мөнхбаатар гэдэг залуухан багш иржээ. Нийгэм судлалын хичээл заадаг тэр багш “Хөвгүүдийн үсийг одооноос эхэлж хусуулахаа болимоор байна. Лам биш дээ. Халимаг тавиулах хэрэгтэй” гэдэг санал гаргаснаар хөвгүүд найм төгсөх жилээ халимагтай төгссөн гэдэг. Голдуу настай багш нар байсан учраас ийнхүү хөвгүүдийн үсийг хусахыг шаарддаг байсан байх гэж ангийн найзууд ийнхүү хөөрөлдөж байв. Ангийн хүүхдүүд Б.Мөнхжаргал, Д.Баярцогзол, Ж.Гарамгай, Д.Оюунсүрэн, Л.Наранцэцэг, Б.Нямсүрэн К.Батийхаан, Д.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, А.Оюунцэцэг, Хишигтогоо, Шүрэнцэцэг, Пүрэвжав, Д.Өлзийхишиг, Л.Жаргалсайхан, Д.Батбилэг, Ж.Дэлгэрцогт, А.Батцэцэг, Н.Түвшинбаяр, Х.Оюунцэцэг, Г.Доосмаа, Н.Загдхорлоо, Д.Сүхээ, Нямсүрэн, Касияа, Отгонбаяр, Ганхуяг, Наймт, Ганбаатар, Гансүх, Зоригт Сарантуяа, Нарантуяа, Долгорсүрэн, Баянцэцэг, Солонгосайхан, Батдорж, Д.Оюунцэцэг, Оюунчимэг, Батийхаан, Бурам,Рэгзэдмаа, Сайнсанаа, Наран, Очирбат нар найм төгссөн. Эдний ангиас нэгээс наймдугаар анги хүртлээ нэг ч хүүхэд улирч сурч байгаагүй гэнэ. Тэр үед хичээл хийгээгүй муу авсан хүүхдэд хатуу хариуцлага тооцдог чанга үе байжээ. Шалгалтандаа муу дүн авсан хүүхэд улирч сурна. Анги болгонд улирсан хүүхдүүд олон байсан бол харин эдний ангийн багш сайн сурдаг хүүхдийг дунд сурдаг хүүхэдтэй хамт суулгаж, тэд нэг нэгийгээ чирч явсаар улирч сурсан хүүхэдгүй, бүгд төгссөн байна. Ангийн багш хүүхэд ялгаж байгаагүй, бүх сурагчдыг өөрийн хүүхэд шиг халамжилж хүмүүжүүлсэн учир тэд багшийнхаа тухай дурсан ярих дуртай. Сургуулийн байр нэлээд зайтай, Батсүмбэрийн Сангийн аж ахуйн нэгдүгээр Фермийн хажууд байдаг. Хол гэртээ олон хүүхэд байдаг байж. Өглөө 08 цагт хичээлтэй. Сурагчид үүрийн 05 цагт босоод зургаан цагт гэрээсээ гарч гүйсээр 08 цагтаа уралдаж сургуульдаа ирнэ. Бараг дөрөв таван киллометр газар алхаж очдог байсан гэнэ. Даарсан хүүхдүүд сургууль дээрээ цан цохиулаад орж ирэхэд ангийн багш угтаж аваад хүүхдүүдийн ороолт, малгайг тайлан пийшингийн хажууд дулаацуулаад дараа нь хичээлээ заана. За тэгээд хол гэртээ хүүхдүүдэд хааяа нэг трактор, морин тэрэг олдвол бөөн баяр болно доо. Унаа олдохгүй үе олон учраас явган гүйсээр хичээлдээ ирж очдог байсан тухайгаа хуучиллаа.

Монгол хэл, математикийн олимпиадад тэд ангиараа орно. Ихэнхдээ сайн дүн авдаг. Хичээлээ тараад заримдаа 30 минут гадаа тоглоно. Ангийн охидууд Сарангэрэл, А.Оюунцэцэг, Нямсүрэн нар сайн найзууд. Хичээлээ тараад охидууд голдуу дээс, черта тоглоно. Хөвгүүд тэвэгдэнэ. Тэд хааяа сумын төвийн клубт кино үздэг аж. Гэхдээ тэр үед хаа нэг сумын төвд кино гарна. Киноны тасалбар 300 төгрөгийн үнэтэй байдаг ч яаж ийж байгаад мөнгө олоод үзчихдэг байснаа дурслаа. Мөнгө хатуу байх үед киноны тасалбар 300 төгрөг гэдэг нэлээд үнэтэй үзвэрийн нэг байжээ. Бас амралтын өдрүүдээр чаргаар гулгах дуртай. Мандал толгойд гарч гулгана. Хамгийн зугаатай зүйл бол намрын ургац хураалтад явах байжээ.Ургац хураалтад хоёр гурван өдрөөр явна. Ногоогоо хураагаад шуудайлаад машинд ачуулна. Байцаа хураах хамгийн сонирхолтой байжээ. Эгнэж зогсоод нэг нэгэн рүүгээ шилжүүлж шидээд шуудайлна. Түүнчлэн хөвгүүд хамаг ажлыг нугалдаг байж. Угаас газар тариалангийн өлгий нутаг учраас ногоочин айлын хүүхдүүд олон байж.

Энэхүү ангиас нэг гэр бүл болж ханилан суусан хосууд бол Ганхуяг, Бурам хоёр. Нэгдүгээр ангиасаа тохой нийлүүлэн нэг ширээнд сууж, улмаар ханилан суугаад өдгөө өнөр өтгөн сайхан айл болжээ. Тэд Дарханд аж төрж байгаа ч ангийн уулзалтыг алгасахгүй зорьж ирнэ. Ирэх жилийн уулзалтыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Одонхүү: Тариа цасанд дарагдсанаас гурилын үйлдвэрт нийлүүлэх буудайн чанар асуудал дагуулж мэдэхээр байна


Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах шинжээч Б.Одонхүүтэй ярилцлаа.


-Ургац хураалтын дүн мэдээллийг танилцуулахгүй юу. Одоо хэдэн хувьтай явж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тариан таримал дээр 60 хувьтай, төмс, хүнсний ногоо 90 хувьтай байна гэдэг ургац хураалтын дүн мэдээ нэгтгэгдэж ирлээ.

Үндсэндээ хүнсний ногооны талбайн ажил дуусаж, тэжээлийн таримлын хувьд мөн ялгаагүй 90 орчим хувьтай дуусах шатандаа байна. Харин тосны ургамал 40 хүрэхтэй үгүйтэй хураалт байна. Улаанбуудайн хураалт, тосны ургамал хоёрын хураалтын ажил ид өрнөж байна.

Хураалтын хэмжээг тонноор нь авч үзвэл, улсын хэмжээнд үр тариа, улаанбуудайн хураалт 60 хувьтай явж байна гэдэг нь 276 мянган тонн хурааж аваад байна гэсэн үг. Хүнсний ногооны хувьд 223 мянган тонн төмс, 98.5 мянган тонн хүнсний ногоо, 100 орчим тонн малын тэжээл, 10 мянган тонн орчим тосны ургамал хурааж авсан ийм явцтай байна.

Хүнсний ногооны хураалт дууссан, борлуулалт ч нэлээд шавхарсан байдалтай байна.

-Цаг агаарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Есдүгээр сард яг ургац хураалтын ид үед цаг агаарын байдал нэлээд хүнд байлаа. Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл болж, хүйтэн бороо, нойтон цас, шамарга шуурганы улмаас улсын хэмжээнд нийтдээ 40 мянга орчим га тариан талбай ямар нэг байдлаар гамшигт өртөж, цаасанд даруулсан хүндрэл үүслээ.

Яг одоогоор аймаг орон нутгаас авсан мэдээллээр цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж 18.8 мянган га буудайн талбай цасанд дарагдаж, болц нь дутуу байсан болсон учир буудайн чиглэлээр хураах боломжгүй болж, таримал ногоон тэжээлд хураагдахаар боллоо гэдэг мэдээ ирлээ.

Өөрөөр хэлбэл, 267 мянган тонн хурааж авсан буудайн 18.8 га талбай нь буудай биш, таримал ургамал болж хураагдлаа. Нийтдээ нэг га-гаас 12.4 центр буудай хурааж авсан ажлын явцтай явж байна.

-Үлдсэн 40 хувийг хэзээ хурааж дуусах төлөвтэй байна вэ. Тариаланчдын нөхцөл байдал нэлээд хүнд байна гэсэн?

-Тариалангийн талбайн ургац хураалт өнгөрсөн жилүүдээс нэлээд хүнд нөхцөлтэй явж байна. Эрчимтэй ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас хойш цаг агаар тогтуун дулаахан байлаа. Энэ долоо хоногт мөн тогтуун байх төлөвтэй байна. Т иймээс үлдсэн 40 хувийг энэ долоо хоногтоо багтаагаад шуурхай хураана гэж тооцож байна. Энэ хугацаанд л амжиж хураах хэрэгтэй.

-Цаг агаарын мэдээг урьдчилж авч байсан байх. Есдүгээр сард эрс хүйтэрч, цас орохыг урьдчилан мэдээд тариалангийн бүс нутгуудад эрсдлийг тооцож урьдчилан арга хэмжээ авах боломж байгаагүй юу?

-Цаг агаарын мэдээг тогтмол авч явж байгаа. Урьд жилүүдтэй харьцуулахад энэ жилийн есдүгээр cap ажил хийх боломж муутай cap болж өнгөрлөө.

Нэг өнжөөд л бороотой. Арван хоёр хоног л бороогүй өдөр байлаа. Уг нь жил жилийн есдүгээр сард дулаахан байж байгаад болц гүйцчихдэг байлаа. Гэтэл энэ жил бороо ороод сунжраад ирэхээр болц оройтож, хяруунд цохигдож буудай болж чадахааргүй болоод нэлээд хувь нь ногоон тэжээл рүү хураагдчихлаа.

Нөгөө талаас цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор аж ахуйн нэгж болгон хярууны хамгаалалт хийх, бүр найдваргүй, болц гүйцэхгүй болсон нь тодорхой болсон талбайг эртхэн хурааж, малын тэжээл бэлтгэх гэсэн чиглэлүүдийг яамнаас өгч байсан. Энэ ажлууд явж байна. Боломж олдохгүй байсаар байгаад 40 хувь дээрээ сууж байгаа нь энэ.

-Аль аймагт нөхцөл байдал хүндрээд байгаа вэ. Хурааж авсан тарианы чанар ямар байгаа бол?

-Ихэнх аймагт л цастай хүнд байдалд хураалт явагдаж байна. Дорнодын бүс ч цастай байна, Увсын бүс ч адилхан. Цастай, бороотой хүнд нөхцөлд хураалт явагдаж байна. Үлдсэн 40 хувийг болц гайгүй байгаасай л гэж харж байна. Шөнөдөө хүйтэн хонож байна. Өдөртөө хэсэгхэн хугацаанд дулаараад үдээс хойш 15, 16 цагаас эхлээд хүйтэрчихээд байна.

Богино хугацаанд өдрийн голд л хурааж байна. Нэлээд чийгтэй тариа хурааж байна гэдэг мэдээ ирж байна. Хураах хоног маань маш бага, дээр нь өдөрт талбайд ажиллах цаг маань маш богино байна. Ийм нөхцөлд тариаланчид маань ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд улаанбуудайгаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэж мэдээлж байсан. Энэ хэмжээнд хүрч чадахгүй байдал үүсэж болзошгүй байна уу?

-Яг одоогоор тэгж таамаглахад хэцүү. Энэ жилийн ургацын балансыг 20 орчим хувиар бууруулж тооцож байсан. Өөрөөр хэлбэл, ийм эрсдэл есдүгээр сард ирэх нь гэж тооцож дүн мэдээгээ гаргасан. Одоо ч гэсэн ерөнхий массаар нь харвал 400 мянган тонн буудай авах боломж байгаа гэж харагдаж байна.

Гагцхүү хурааж авч байгаа ургацын маань чанар нь гурилын үйлдвэрт нийлүүлэх шаардлагыг хангахад хэцүү болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, масс ургацын хэмжээ хүрлээ гэхэд гурил үйлдвэрлэхэд нийлүүлэх буудай нь хэр их гарах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.

-Нийтдээ гурилын үйлдвэрүүд энэ жил хэдэн мянган тонн буудай авах шаардлагатай гэж тооцоолсон бэ?

-Одоо гурилын үйлдвэрүүд буудайгаа аваад явж байна. Үйлдвэрүүд бололцоотой бүх л аргаараа тариаланчидтай уулзаад авч байгаа. Аравдугаар сарын 25 гэхэд талбайн ажил ч шингэрнэ, гурилын үйлдвэрүүд ямар хэмжээний буудай авч чадсан тухай тоо баримт тодорхой гараад ирнэ.

Одоо бидэнд хаана хэний буудай чанартай байна, тэрийг нь гурилын үйлдвэр яаж авч байгаа талаарх мэдээлэл ирээгүй байна. Тэгж дутна, ингэж хангана гэж хэлэхэд эрт байна. Ер нь хүндэрсэн байна.

Гурилын үйлдвэрүүд энэ жил 300 мянган тонн буудай авах хэрэгцээтэй гэж байсан. Яг одоогоор шинэ ургацаас гурилын үйлдвэрүүдэд 130 мянган тонн орчим буудай нийлүүлэгдсэн гэсэн мэдээ ирсэн.

-Алдагдал хүлээсэн тариаланчид хэр олон байна?

-Ер нь бүхэлдээ л байдал хэцүү байна. Саяны цас Төв аймгийн хойд нутаг, Архангай, Булган аймгийн урд талыг бүхэлд нь хамарсан хоёр удаагийн цас орсон. Сүүлийн цас Сэлэнгэ аймгийн зарим бүс нутаг, Булган, Увс, Хөвсгөлтэй нийлээд орчихлоо.

Ерөнхийдөө тариалангийн бүх бүс нутаг хоёроос, гурван удаа цас орсон. Алдагдал хүлээсэн тариаланчид тэгэхээр олон байна л гэсэн үг. Хэчнээн аж ахуйн нэгж, тариаланч хэдий хэмжээний хохирол амсаж байгаа тухай мэдээ ирээгүй байна.

Мэдээж тариаланчдын хувьд тодорхой хэмжээгээр өөрсдийнх нь төлөвлөж байсан хэмжээнээс ургацын хэмжээ нэлээд буурсан Одоо нэг ч тариа хурааж авч чадахгүй үлдэх нь ээ гэсэн газар бол Төв аймгийн Эрдэнэсант суманд ийм асуудал гарах магадлалтай Эрдэнэсантад 8,600 мянган га талбай зуун хувь цасанд даруулсан.

Шагайгаар татсан, 30 см зузаан цас орсон. Одооноос цас нь хайлж хэсэг хэсэг газраа цоохортоод боломжтой аж ахуйн нэгжүүд нь талбайд орж эхэлж байна. Тэндээс ургац хураахгүй байх магадлалтай байна.

-Тариалангийн бүс нутагт иргэдийг суурьшуулахгүй гэдгээс болж малчид, тариаланчдын дунд маргаан үүсдэг. Энэ асуудлыг цэгцлэх талаар яамнаас ямар бодлого баримталж байгаа вэ?

-Энэ үнэн. Тариалангийн бүс нутагт тэр чигээрээ мал орсон. Гамшгийн хэмжээнд хүрлээ. Малчдыг буруутгах бас хэцүү. Цас орсон хүйтэрсэн үед зуслан дээр, намаржаа дээрээ байж байх боломжгүй. Тэгэхээр тариалангийн бүс нутаг руу малтай хүнтэйгээ дайраад ороод ирсэн.

Бүр хүндэрсэн газрууд нь манай тариалангийн 30 хувь малд идэгдлээ гэж ярьж байна. Цаснаасаа дөнгөж салаад хураалт руугаа орох гэж байхад хашаатай ч, хашаагүй ч байсан мал ороод дийлдэхээ байлаа гэж байна. Өөрөөр хэлбэл, зуншлага муутай малын тарга тэвээрэг муу, малчдын бэлчээр хомсодсонтой холбоотойгоор тариалангийн бүсэд ургац хураалт дуусаагүй байхад маш их мал орж тариалан идчихлээ. Энэ асуудлыг яаралтай цэгцлэх асуудал тулгамдаж байна

Засгийн газрын тогтоолоор тариалангийн бүс нутгуудаар бэлчээрийн мал оруулахгүй гэдгийг зарласан. Тэр бүс нутгуудад зөвхөн эрчимжсэн мал аж ахуй байхаар заасан байгаа.

Тийм учраас бэлчээрийн буюу уламжлалт мал аж ахуй тариалангийн бүс нутагт яагаад ч байж болохгүй гэдэг Засгийн газрын тогтоол гарсан, хууль нь гарсан энэ асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Энэ ажил явж өгөхгүй байна.

Малын асуудлаас болоод тариаланчид хурааж чадаагүй байгаа үлдсэн талбайн 40 хувийн талбайнхаа бараг 20, 30 хувь нь малд идүүлсэн байна гэж мэдээлсэн. Энэ бол маш хүндрэлтэй асуудал болж байна.

-Өнгөрсөн жилүүдэд ийм хэмжээний хүндрэл учирч байв уу?

-Өнгөрсөн жилүүдэд ийм намар үзээгүй. 2015, 2017 онд ган болоод ургацаа алдаж л байсан. 370 мянган га тариалаад 200 орчим мянган га хурааж байсан тохиолдол бий. Энэ жил ургац алдагдаагүй. Ургац боломжийн байсан. Харин ургасан ургацаа алдаж байгаа нь харамсалтай.

-Гурилын үйлдвэрүүдэд хангалттай хэмжээний улаанбуудайгаар хангаж чадахгүй байдалд хүрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Буудайн ургац хураалтын дүн ямар ч байсан гаргана. Тэр дүн мэдээн дээр балансын тодотгол хийнэ. Хэдий хэмжээний буудай дутна тэр саналаа Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, импортоор авах буудайн хэмжээг тогтоож өгнө.

Гурилын үйлдвэрүүд зөвшөөрлөө аваад эртхэн импортоо хөөцөлдөх болдог. Мэдээж эрс тэс уур амьсгалтай, эрсдэлтэй бүсэд тариалан эрхэлдэг манай орны хувьд алдаж оноод нэг жил хангаад нөгөө жил хангаж чадахгүй болоод явчихдаг. Үүнтэй уялдсан шуурхай арга хэмжээг арваннэгдүгээр сард авах байх гэж үзэж байна.

-Импортын улаанбуудайн үнэ ямар байгаа бол. Хэрвээ импортоор нэлээд хэмжээний буудай авбал одоогийн байдлаас тооцоход гурилын үнэд өөрчлөлт орох магадлалтай юу?

-Манай дотоодын нийлүүлж байгаа буудай, Оросоос авдаг буудайн үнэ ойролцоо байдаг. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалаад нөхцөл байдал өөрчлөгдөж магад. Т иймээс аль болох эрт хөдлөх нь чухал.

Хураалтаа эрт дуусаад тооцоогоо гаргаад эртхэн импортоор авах буудайн хэмжээг тогтоовол гурилын үнэ өсөхгүй байхад ач холбогдолтой. Манайхаас ургацын дүнг гаргаад тодотгол хийгээд танилцуулна. Засгийн газраас шийдвэрээ гаргана.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярцэнгэл: Монголчууд сонгуульд оролцох дургүй байгаа нь баттай эх сурвалжаас мэдээлэл авч чаддаггүйтэй холбоотой

Сэтгэл зүйн сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэлзүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр ажиглагдсан зүйл нь нэр дэвшигчид айлуудаар явж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тараах үед ихэнх айлууд хаалгаа тайлж өгөхгүй, дургүйцлээ илэрхийлсэн байна.Сэтгэл зүйн үүднээс энэ байдлыг юу гэж тайлбарлах вэ?

-Иргэдийн сонгогчийн боловсролтой ихээхэн хамааралтай. Нөгөө талаас улс төрийн намууд, нэр дэвшигчид өрсөлдөгчөө муулсан, гүтгэсэн хар пиар шинжтэй мэдээ мэдээллүүд, элдэв бичлэг нэвтрүүлэг ихээр цацаж байгаа нь нөлөөлж байна. Хар пиар мэдээ, мэдээлэл нь иргэд, сонгогчдыг хэнд итгэхээ мэдэхгүй, аль мэдээлэл нь үнэн, аль нь худлаа эсэхийг ялгаж салгах аргагүй болгож байна.Нэг өглөө сэрэхэд л сайн гэж итгэж найдаж дэмжиж байсан хүнийх нь тухай нууц бичлэг, янз бүрийн эвлүүлэг, гүтгэлгийн чанартай сөрөг мэдээллүүд цацагдсан байдаг. Өнгөрсөн 2012 оны сонгуулиас хойш хар пиарыг улс төрийн намууд, нэр дэвшигчид бие бие рүүгээ хүчтэй шидэлцэж байгаа. Энэ байдал даамжирсаар эргээд иргэд сонгогчид сонгуульдаа идэвхгүй оролцох, ямар ч нам, улс төрийн хүчин гарсан бүгд л адилхан, дээгүүрээ идэж уугаад дуусдаг, иргэд бидэнд нэмэр тус болохгүй гэх мэт ийм хандлага сэтгэлгээ иргэдэд давамгайлж байна. Улстөрчид хамгийн бүтэхгүй муу хүмүүс байдаг гэдэг ийм бодолтой болсон хүмүүс эргээд сонголт хийхдээ маш дургүй болдог гэсэн үг. Хэн нэг нэр дэвшигч хаалга тогшоод мөрийн хөтөлбөрөө өгөх гэхээр уурладаг, өөдөөс нь шидэж хүртэл бухимдлаа илэрхийлж байна. Улстөрчид гэж хамгийн муу хүмүүс байдаг, энэ хүмүүсээс болж улс орон хөгжихгүй байна гэдэг мэдээ мэдээллээр өдөр бүр цэнэглэгдсэн учраас иргэд сонгуульдаа идэвхгүй, сонгууль өгөх дургүй, хэн ч гарсан хамаагүй гэдэг байдлаар хандаж байна. Тийм учраас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг судалдаггүй, уншиж мэдэхийг хүсэхгүй, хаалгаа тайлж өгөхгүй уурлаж байна. Манайхаас бусад улс орны иргэд сонгуульдаа оролцохдоо амар тайван байж, сонгох эрхээ эдэлж байгаадаа баяртай байдаг. Ирэх дөрвөн жилийн улс орны хөгжил, өөрсдийн төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэр гэдгийг мэддэг учраас ач холбогдол өгч оролцдог.

Харин монголчууд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхдээ их дургүй байгаа нь баттай эх сурвалжаас мэдээлэл авч чадахгүй байгаатай ихээхэн холбоотой.

-Иргэд сонгуульдаа оролцох дургүй байгаад нийгмийн өөр ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Сонгогчийн боловсрол дээшлэхэд иргэдийн амьжиргааны түвшин, орлого чухал. Иргэд хэдий хэмжээний сайн орлоготой, амьдралын түвшин сайн байна, авч байгаа цалин нь амьдралд хангалттай хүрч байна, тэр хэмжээгээр чанартай боловсрол эзэмшиж, илүү сайхан амьдрах, өдрийнхөө хоолыг яаж олох вэ гэдэгт биш нийгмээрээ яаж эрүүл байх уу, яаж илүү сайхан нийгмийг бүтээх үү гэдэгт нь санаа тавьж чадна. Яг үнэндээ ядуурал их, стресс ихтэй нийгэмд өөрөөсөө бусдыг бодох, улс орон хөгжих эсэх нь иргэдэд хамаагүй байна. Хоногийн хоолтой байна уу, гал алдахгүй байх уу, өмнөх ажлаа яаж зохицуулах уу гэдгээс өөрийг бодох сөхөөгүй иргэд олон байгаа нь үнэн.

-Сонгуулиа өгч байгаа иргэдийн багагүй хувь нь сонгууль болох өдрөө хэнд өгөх эсэхээ шийддэг тухай судалгаа байсан?

-Олон судалгаа байдаг. Иргэдийн дийлэнх нь саналаа хэнд өгөх эсэхээ сонгуулийн сүүлийн өдрүүдэд шийддэг гэсэн судалгаа бий. Нийт сонгогчдын арав гаруй хувь нь сонгуулийн өдөр хэнд өгөхөө шийддэг гэсэн баримт ч байна. Нэгэнт нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаагүй, хэн хэн гэдэг ямар боловсролтой хүмүүс манай тойргоос нэр дэвшиж байна вэ гэдгийг судалж мэдээгүй хүмүүсий хувьд хэнийг ч сонгосон ялгаагүй гэдэг байдлаар хандаж, сонгуульдаа ач холбогдол өгөхгүй, сонголтоо нэг өдрийн өмнө хийх, сонгууль өгөх өдрөө хэдхэн цагийн өмнө хэнд саналаа өгөх эсэхээ шийдэх, бусдаас хэнд саналаа өгвөл зүгээр вэ гэж асуудаг, эсвэл аль аятайхан харагдсан хүнээ дугуйлах зэрэг үйлдлүүд гаргах нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцохдоо дуртай хүн ховор байна. Энэ хоёр нам өрсөлдөөд л байна, хэн нь гарах юм бол доо л гэж бодоод байгаа болохоос цаана нь бидний амьдалд чухал том шийдвэр гарах гэж байгааг бодохгүй байгаа нь сонгогчдын боловсрол ямар түвшинд байгааг харуулж байна. Төрийн байгууллага, хороо дүүргийн ажилтнуудын ихэнх нь улстөржсөн. Улс төрийн нам эвсэлд ажиллаж, бусдад ухуулга сурталчилгаа хийдэг. Ялангуяа хороо, нийгмийн ажилтнууд айлуудаар явж өөрсдийн нэр дэвшигчдийг ухуулж сурталчилж, сөрөг пиар хийдэг. Өрхийн эмнэлэг, хорооны ажилтнуудтай иргэд байнга харилцаа холбоотой ажилладаг. Энэ хүмүүс улстөржиж, ухуулга сурталчилгаа хийх, хов живийн шинжтэй төлбөртэй захиалгатай мэдээллийг замбараагүй ярих нь иргэдэд нөлөөлж байна. Тэгэхээр мэдээлэл авахдаа цензуртай байх хэрэгтэй. Ямар эх сурвалжаас үнэн зөв мэдээлэл авах боломжтой вэ гэдгээ сонгож чаддаг, аль эх сурвалж найдвартай вэ гэдгээ мэддэг боловсрол маш чухал байна. Ялангуяа дэлгүүрийн худалдагч, хорооны ажилтнууд, өрхийн эмч нартай иргэд байнга уулзаж таарч байдаг. Энэ хүмүүсийн нөлөө маш их. Тиймээс намууд сонгуулийн ажилдаа энэ хүмүүсийг дайчилдаг болсон. Нөлөөлөх чадвартай ийм хүмүүсийг сонгуулийн ажилд дайчилж ойр ойрхон сануулж, аман сурталчилгаа хийлгэдэг. Үүнд нь итгэж сонголтоо хийдэг олон хүмүүс байгаа нь сонгогчийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Цогтбаатар: Халамжаа зогсоохгүй бол ажил хийх хүн олдохгүй байна гэж гомдол ирдэг

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатартай ярилцлаа.


-Халамж хавтгайрч байгаа тухай асуудал Засгийн газрын хэмжээнд хүрч яригдаж байна. Жишээ нь, саяхан Авлигатай тэмцэх газраас ноцтой зөрчил илрүүлсэн тухайгаа зарлалаа. Баян-Өлгий аймагт хийсэн шалгалтаар группт байдаг 400 гаруй иргэнийг шалгахад тал нь цоо эрүүл байна гэсэн. Яамнаас халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйл явцад ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Баян-Өлгий аймагт болсон тэр зөрчил нь эмзэг бүлгийн магадлах комиссоор групп тогтоолгож, нийгмийн даатгалаас тэтгэмж завшсан асуудал гарсан. Тэнд эмч нар хуйвалдсан, эрүүл хүнийг өвчтэй болгож бичиг баримт хуурамчаар үйлдсэн ноцтой зөрчил илэрсэн. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа учраас хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхээр хэн хэний буруутай үйл ажиллагаа байсан бэ гэдэг нь тодорхой болох байх. Хөдөлмөрийн чадвар алдагдалтыг тогтоож байгаа комисс байгаа. Энэ комиссоос тогтоосон актын дагуу Нийгмийн даатгалын сангаас группийн тэтгэмж олгож байгаа процесс юм. Энэ үйл ажиллагааг явуулж байгаа байгууллага болгон дээр хяналтын ажилтнууд байдаг.

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд хичнээн иргэн нийгмийн халамжид хамрагдаж улсаас тэтгэвэр тэтгэмж авч байна вэ?

-Ер нь Нийгмийн халамжийн хүрээнд авч үзэх юм бол нийгмийн хамгаалал дотроо нийгмийн даатгал, нийгмийн халамж гэсэн хоёр төрөл байгаа. Хүн ажил хөдөлмөр эрхлээд юмуу сайн дураараа нийгмийн даатгал төлөөд явж байсан иргэн маань хөдөлмөрийн чадвараа алдах юм уу янз бүрийн эрсдэл учрахад нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж тусламжаа аваад явдаг. Хэрвээ хүн нийгмийн даатгалд шимтгэл төлж яваагүй бол нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй.

Хүмүүс энэ хоёрыг хольж ойлгоод байдаг. Нийгмийн халамжаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, харж хандах хүнгүй ахмад настан, хүчирхийлэлд өртсөн гэр бүл гэх мэт эмзэг байдлыг шалгуур болгож нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Үүнд давхардсан тоогоор 800 мянган хүн нийгмийн халамжийн сангаас ямар нэг байдлаар тэтгэмж авч байна. Давхарсан тоогоор гэдэг нь жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэвэр авна, дээр нь байнгын асаргаатай бол байнгын асаргааны тэтгэмж авна, эм тарианы мөнгө гэж улиралдаа нэг авч байна, амралт сувилалд үйлчлүүлж байна. Дээр нь тусгай хэрэгсэл буюу таяг, өвдгөвч, сонсголын аппарат гэх мэт тусгай хэрэгслүүдийг авдаг. Энэ бүхнийг нийлүүлэхээр нэг хүн дээр таваас зургаан тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх нь бий. Үүнийг давхардсан тоогоор авч байгаа гэж хэлээд байгаа юм. Жишээ нь, ахмад настан гэхэд ахмад настны тэтгэвэр тэтгэмжээс гадна насны хишиг, тусгай хэрэгсэл авах хөнгөлөлт, хиймэл шүд гэх мэт үйлчилгээ нэмэгдэхээр 800 мянга гаруй хүн болчихож байна. Харин нэг төрлийн халамжийн үйлчилгээ авсан 600 мянга гаруй иргэн байна гэсэн судалгаа байна.

-Нийгмийн халамжийн санд 2020 онд хичнээн төгрөгийн төсөв батлагдсан бэ. Жилд хичнээн төгрөгийг иргэдэд халамж, тэтгэмж хэлбэрээр олгодог юм бэ. Өнөө жил бас энэ тоо нэлээд өссөн байх?

-Нийгмийн халамжийн сангийн 2020 оны батлагдсан төсөв 1.343.0 тэрбум төгрөг. Үүнээс батлагдсан төсөв 750.3 тэрбум төгрөг. Цар тахлын арга хэмжээ авах шаардлагаар 592.8 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид нэмж олгогдохоор төсөвлөгдсөн. Нийтдээ Халамжийн 10 нэр төрлийн багц үйлчилгээний тэтгэвэр тэтгэмж байдаг. Үүнийг дотор нь задалбал 72 нэр төрлийн тэтгэмж болдог. Жишээ нь, нийгмийн халамжийн тэтгэвэр нь дотроо таван төрөл болж ангилагддаг. Ерөнхийдөө төсвийн хувьд нийгмийн халамжид жилдээ дунджаар 640 орчим тэрбум төгрөг төсөвлөөд зарцуулаад явдаг. Халамжийн тэтгэвэрт энэ жил 55 мянга 800 гаруй хүнд 92 тэрбум, 57 мянга 324 хүнд асаргааны 35 тэрбум, хүнсний толанд 242 мянга 992 хүнд 32.47 тэрбум, ахмад настаны хөнгөлт 20.29 тэрбум төгрөг гэх мэтээр төсөвлөгдсөн. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэг сая 169000 иргэнд 497.63 тэрбум, жирэмсэн эхийн тэтгэмжинд 89.42 тэрбум төгрөг олгож байна. Мөн алдар цолтой ахмад настанд олгох тэтгэмж 2430 хүнд 3.92 тэрбум төгрөг, насны хишигт, 22.88 тэрбум төгрөг төсөвлөн олгож байна. Эдгээрээс хамгийн их мөнгөн дүнтэй нь хүүхдийн мөнгөн тэтгэмж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол улсын нийт хүүхдийн 96 хувь нь авч байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид жил болгон 240 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил цар тахалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тав дахин нэмэгдүүлсэн. Нэг хүүхэд 100 мянган төгрөг авч байна. Тэгэхээр зардал нь дагаад өссөн байгаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, хүнсний эрхийн бичгийг мөнгөн дүнг 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг бас 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Эдгээр нь нийтдээ Улсын төсвөөс 592,8 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар төсөвлөсөн байгаа.

-Халамжийн мөнгө олгох үйл ажилагаанд жил бүр ноцтой зөрчлүүд илэрдэг тухай мэдээлэл гардаг. Баян-Өлгий аймгийн хэргээс гадна хамгийн сүүлд ямар зөрчлүүд гарсан бэ?

-Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа том арга хэмжээ учраас тодорхой хэмжээний зөрчил байдаг. Хувь хүний оролцоо орсон уу үгүй юү гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар дээр улсын байцаагч нар ажилладаг. Тэндээс хяналт шалгалтаа төлөвлөгөөтэй хийж байна. Иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлж ирэх, мөн таяг, сонсголын аппарат, өвдгөвч, суултуур гэх мэт тусгай хэрэгсэл нийлүүлж байгаа төрийн бус байгууллагууд иргэнд чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ноцтой гэвэл зарим нэг эмч, хяналтын комиссоос эмчийн үзлэгээр буруу дүгнэлт гаргаж иргэнд өгсөн иймэрхүү зөрчлүүд байдаг. Еhalamj.mn ХНХЯ-аас зохион байгуулж байгаа ажлын хүрээнд халамжийн сангийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй байлгахаар төлөвлөөд ажиллаж байна. Хичнээн хүн хэдэн төрлийн халамж авч байна, нэг хүн дээд тал нь хэдэн төрлийн халамж хүртээд байгаа юм, хэдэн төгрөгийн хөнгөлөлт авч байгаа юм, нийт улсын хэмжээнд халамж авч байгаа хүмүүсийн тоо баримтыг шинэ системийн шинэчлэлийн хүрээнд олон нийтэд ил тод нээлттэй тавихаар ажиллаж байна.

-Халамжийн үйлчилгээ хавтгайрлаа гэдэг энэ сэдэв дээр яамны зүгээс цаашдаа ямар бодлого баримталж ажиллах вэ. Халамжийн бодлогыг хэт хавтгайруулан олгох нь ажил хөдөлмөр хийх хүн олдохгүй, ард иргэд бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог тухай олон орны жишээ байдаг?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр манай яам халамжаас хөдөлмөр эрхлэлт гэсэн зорилтын хүрээнд бүх бодлого үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Судалгаагаа хийчихсэн, батлуулах гээд явж байна. Давхардсан хөтөлбөрүүдийг нэгтгэх, заримыг нь хугацаатай болгох, зарим халамжийг олгохдоо хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгох гэх мэт өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна. Жишээ нь, дөрөв таван жил хүнсний талон авсан айлын амьжиргаа дээшлэхгүй хэвэндээ байгаад байна. Тиймээс хүнсний талон өгөхдөө хугацаатай болгох, хэрвээ хоёр гурван жил өгөөд зогсоодог, ажил хийж хөдөлмөр эрхлэх тэр нөхцөлтэй холбож өгөх хэрэгтэй.

-Халамж хавтайрлаа гэдэгтэй таны хувьд санал нийлэх үү. Энэ салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд нийгмээрээ шүүмжилж байгаа энэ асуудлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Цар тахлын үед хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн нь нөлөөлж байна гэж харж байна. Таван хүүхэдтэй айл байлаа гэхэд 500.000 төгрөг сар бүр авч байхаар нэмэгдсэн. Энэ бол тодорой хэмжээний мөнгөний орлого. Орлого гэнэт өссөнтэй холбогдуулаад халамж хавтгайрлаа гэдэг яриа их гарч байна. Дээр нь дэлхийн улс орнууд аль ч нийгмийн үед зорилтот бүлэг буюу нийгмийн эмзэг давхаргынхандаа хүрч үйлчилдэг. Хамгийн наад захын хэрэгцээ шаардлагыг нь хангаж, тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг. Энэ үйл ажиллагаа аль ч улс оронд байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг халамжид зарцуулж байна гэдгээс хамаарч халамж хавтгайрсан уу үгүй юү гэдгийг харж болдог. Дэлхий нийтийн жишгээр хөгжингүй орнууд 1.6 хувийг нийгмийн халамжиндаа зарцуулдаг. Энэ тоо Монгол Улсын хувьд 1.9 хавьцаа байна. Тэгэхээр дэлхийн орнуудын дунджаас манайх арай илүү явж байна. Нөгөө талаас нийгмийн халамж хүртээд түүгээрээ амьдраад залхуурлыг бий болгож, бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байна гэдэг шүүмжлэл гардаг. Манайд хүнсний эрхийн бичгийн талон өгдөг халамжийн үйлчилгээ байдаг. Халамжийн үйлчилгээгээ зогсоогооч ээ. Цалин аваад хийх хүн олдохгүй байна, улсаас үнэгүй хүнсээ авч идчихээд ажил хийхгүй хэвтээд байна гэдэг шүүмжлэл, гомдол санал манай яамд ирдэг. Тухайлбал, туслах малчин ажилд авна гэж санал болгохоор залуу туслах малчин олдоход бэрхшээлтэй байгаа гэсэн гомдлууд ирсээр байна. Яагаад гэвэл, хүнсний эрхийн бичиг, бусад нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө аваад амьдралд нь хүрч байгаа учраас хөдөлмөр эрхлэхгүй байна гэсэн санал гомдол ирдэг. Энэ мэт асуудлууд байгаа ч бас нөгөө талаасаа хүнсний эрхийн талон олгохгүй болчихвол өрх толгойлсон эхчүүд тухайн нөхцөл байдалд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүс яаж амьжиргаагаа залгуулах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс манай яамнаас хүнсний эрхийн бичиг өгөх энэ халамж дээр хязгааралт хийх, хөдөлмөр эрхлэлтэй холбох тал дээр судалгаа хийгээд ажиллаж байна. 2018 оноос хойш хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой нөхцөл тавиад ажиллаж байна. Илүү нарийн нөхцөлтэй болгоё. Одоо тухайн шалгуурт нийцсэн л бол хэдэн жил хамаагүй хүнсний талон аваад явж байгаа. Дөрвөн таван жил хүнсний талон авч байгаа айлууд байна. Энэ хугацаанд нь тэр айлын иргэд хөдөлмөр эрхлэхгүй, ажил хийхгүй, амьдрал нь дээшлэхгүй яг хэвэндээ байгаад байгаа айлууд байгаа нь ажигдах нь бий.

-Хүнсний талоны мөнгөн дүн нь хэд байдаг вэ?

-Насанд хүрсэн хүн 16000 төгрөг, хүүхэд 8000 төгрөгийн хүнсний талон авдаг. Энэ маань цар тахалтай холбогдуулаад насанд хүрсэн хүний авч байгаа хэрэглээг 32000 төгрөг, хүүхдийнх нь 100.000 мянган төгрөг авч байгаа учраас нэмэгдүүлээгүй. Ер нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаагаар оноогоороо хамгийн доод түвшний өрхүүдэд хамгийн их хүрч байгаа нийгмийн халамжийн үйлчилгээ гэж тогтоосон байдаг.

Гэхдээ ерөнхий нөхцөл байдлын судалгаа хийж байна. Ямар нөхцөл дээр ямар өрхийг нийгмийн ямар халамжид хамруулахгүй байх вэ гэдэг дээр ялангуяа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай хүнийг хүнсний эрхийн бичигт хамруулахгүй байя гэдэг бодлогыг хэлэлцэж байгаа. Халамж их олгосноор ажилгүйдэлд хэрхэн нөлөөлж байгаа асуудал өрх болгон дээр өөр өөр байдлаар гарч ирнэ. Хүүхдэд сарын хүнсэнд 8000 төгрөг гэдэг бол зах зээлийн ханшаар бодвол бага дүн. Зарим өрхөд амьдралд нь маш их дэмжлэг болж байна. Хүүхдээ хооллож чадаж байна, энүүгээр л амьдарч байна гээд эндээсээ өөрсдөө санаачлаад ажил хөдөлмөр цаашдаа эрхлээд явж байгаа өрх олон байна. Хувь хүний л хүмүүжил, хандлага, боловсролоос шалтгаалж байна. Халамж их олгосноор ажилгүйдэл нэмэгдүүлж, залхуурлыг бий болгож байна гэдэг сэдвийг ярих биш, судалж үзэх ёстой асуудал.

-Нийгмийн халамж авдаггүй хүн ам хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Авдаггүй хүн байлгүй яахав. Гэхдээ хүүхэдтэй айл болгон хүүхдийн мөнгө авч байна. Хүүхдийн мөнгө нийгмийн халамжаас л гарч байгаа болохоос анх зориулалт нь нийгмийн баялгийг тэгш хүртээх гэдэг ийм зориулалтаар олгож эхэлсэн. Хүүхдийн мөнгийг хасаад, 600 .000 хүн нийгмийн халамжийн ямар нэг төрлийн үйлчилгээг авч байна. Хэрвээ хүүхдийн мөнгийг халамж гэж үзвэл нэг сая 160 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Тэгэхээр хүүхэдтэй айл болгон халамж авч байна гэж хэлэх байх.

-Энэ олон халамжуудыг нэмээд нэг өрх дунджаар Халамжаас 1,5 сая төгрөгийг сардаа авч байна гэдэг мэдээлэл гадуур гарсан. Энэ мэдээлэл бараг үнэн болж байгаа юм биш үү?

-Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болсноор иргэдийн авч байгаа халамжийн хэмжээ нэмэгдсэн. Гэхдээ амьдрал дээр таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Нийгмийн халамжаас ямар тэтгэвэр, тэтгэмж авч болох вэ гээд үзэхээр, хүүхдийн мөнгө одоогоор 500,000төгрөг авна. Гэхдээ энэ мөнгийг Монгол Улс удаан хугацаагаар өгөх боломж байхгүй. Тэгэхээр нэг хүүхэд 20 мянга гэж тооцвол таван хүүхдийн 100.000 төгрөг, хүнсний эрхийн бичгийн 60 мянган төгрөг, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж гэж улиралдаа 400.000 төгрөг, сардаа хуваахаар 100.000 гаруй мянган төгрөг, цалингтай ээжийн 50 мянган төгрөг, одонтой эхийн мөнгө жилдээ 100.000 төгрөг гэхээр сардаа хуваахаар бага мөнгө гарна. Ингэхээр сардаа 400-гаад мянган төгрөгийг нийгмийн халамжаас авч байна гэсэн үг. Хүүхдийн мөнгөн нэмэгдсэнээр 800 мянга орчим төгрөгийг одоогоор авч байгаа юм байна. Хэрвээ нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй гэж үзвэл 200.000 төгрөг нэмэгдэхээр байгаа. Гэхдээ амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаанд гарах зардал маш өндөр байдаг. Тэгэхээр энэ нь бас харьцангуй ойлголт.

Categories
мэдээ цаг-үе

Даруу төлөв зантай Үндэсний хөгжмийн ангийнхан

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг уурхай билээ. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа тэр үедээ Хөгжим бүжгийн дунд сургууль нэртэй байсан тус сургуулийн Үндэсний хөгжмийн ангийн 1983 оны төгсөгчдийг урьж оролцууллаа. Хуучир, морин хуур, шанз, их хуур гэх зэрэг үндэсний хөгжмүүдийг гаргууд эзэмшсэн тэд зургадугаар ангидаа буюу 1976 онд нэг ангийн андууд болжээ.

Тухайн үед “Үндэсний хөгжмийн анги”-ийн элсэгчдийг бүртгэж авахдаа зургадугаар ангид орох хүүхдүүдийг шалгаруулан авсан байна. Нийслэл, аймгуудаас авьяас чадвараар шигшигдэн ирсэн хүүхдүүд нэг ангид орж, хурдан ижилдэн дасч, сайхан хамт олон болжээ. Энэ ангид Ц.Ариунаа, М.Ариунболд, Н.Болд, Б.Батжаргал, Д.Ганболд, Ш.Даваа, Ц.Од, Д.Олзон, С.Отгонжаргал, Л.Оюунгэрэл, Пүрэвдорж, Р.Туул, Р.Туяа, С.Тогосгэрэл, Хишигжаргал, Б.Энхбилэг, Н.Энхжаргал, Б.Эрдэнэцэцэг, Х.Эрдэнэчимэг гээд 26 хүүхэд элсэн орж, 17-уулаа төгссөн байна.

Дорнод аймгаас ирсэн Болдбаатар эдний ангид нэг жил суралцаад гарч байжээ. Тэрбээр хичээлээ их тасалдаг байсан учир багш нарын зөвлөгөөнөөр оруулж, хичээл тасалдаг шалтгааныг нь тодруултал “Би хотод анх удаа ирж байна. Улаанбаатар хоттой танилцах төлөвлөгөө зохиосон байгаа. Улаанбаатар хотын бүх автобусны буудал дээр бууж үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байна” гэж хариулж, тухайн үедээ бөөн инээдэм болж байжээ. Ангийн хүүхдүүд хичээлийнхээ чөлөөт цагаар хотыг тойрсон зуслангуудаар аялал хийж, зугаалах дуртай, тэрэндээ зориулж төлөвлөгөө гаргадаг байсан талаараа дурслаа. Ялангуяа зуныхаа амралтаар ангийнхаа хүүхдүүдийн зуслангаар их зочилдог байжээ.

Найм, есдүгээр ангиасаа ангийн хөвгүүд дугуйгаар хотоо тойрон аялдаг болсон байна. Тухайн үед дугуйн аялал хийдэг хүүхэд, залуучууд ховор байсан үед энэ ангийнхан олуулаа дугуй унаж байсан түүх бас сонирхолтой. Хөгжим бүжгийн дунд сургууль наймдугаар ангиа төгсөх жилээс нь эхлэн Техникум статустай болдог учраас суралцагчдад улсаас 180 төгрөгийн стипент өгдөг байж. Ангийн хүүхдүүд хоёр гурван сарын стипентээ цуглуулаад Улсын их дэлгүүрээс цоо шинэ дугуй худалдан авцгаажээ. Ингээд дугуйгаа жийгээд хотыг 30 км радиуст хаа сайгүй аялдаг болсон аж. Баянзүрх, Чингэлтэй, Богдхан гээд Улаанбаатар хотыг тойрсон хайрхануудын ам, хөндий болгоноор дугуйн аялал хийдэг байсан үе нь тэдэнд насан туршдаа мартагдахгүй нандин дурсамж үлдээжээ.

Чингэлтэй дүүрэгт ангийн найз Б.Энхбилэгийнх байдаг байж. Тэднийхээр зочилцгоох их дуртай. Учир нь Б.Энхбилэгийнх хашаандаа цэцэг, ногоо төрөл төрлөөр нь тарина. Байшин, хашаа хороо нь цэвэр цэмцгэр, гэртээ талх барьж, янз бүрийн салат, нухаш, цөцгийгөөр дайлдаг байсан ангийн хүүхдүүдэд нь их таалагддаг байж. Өвөлдөө тэднийд оччихоод, тэндээсээ гараад Чингэлтэй ууланд цана чаргаар гулгаж анги хамт олноороо хөгжилтэй өнгөрүүлдэг байжээ. Тэдэнд ятга, шанз, ёочин, морин хуур, их хуур зэрэг үндэсний хөгжмийн хичээлүүд орохоос гадна ангиас гурван хүүхэд европ хөгжмийн хичээлийг гүнзгийрүүлэн суралцсан аж. Долдугаар ангид морин хуурын ангийн М.Ариунболд Куба улсын нийслэл Гавана хотод болсон Дэлхийн Залуучууд оюутны их наадамд оролцсон нь тухайн үедээ шуугиан болж, хүн бүрийн анхаарлыг татаж байжээ. Эдний ангийнхан сургуулиа төгсөөд Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Дорнод аймгийн театр, Хилийн цэргийн чуулга, Ардын армийн ансамбльд хуваарилагдан ажиллацгаажээ. Ихэнх нь анх томилогдон очсон газартаа ажилласаар тэндээсээ тэтгэвэртээ гарсан байна. Ц.Ариунаа, С.Тогосгэрэл нар Хилийн цэргийн чуулгад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бол Даваа Улсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байгаад тэндээсээ гавьяаны амралтдаа суужээ.

Б.Батжаргал, Б.Энхжаргал, Пүрэвдорж, Н.Болд нар Зөвлөлтийн социалист орнуудад дээд боловсрол эзэмшиж ирээд хөгжим урлагийн салбартаа олон жил ажиллаж, сурсан мэдлэг, боловсролоо эх орондоо зориулж ажилласан байна. Б.Батжаргал ЗХУ-д суралцаж ирээд Хөгжим бүжгийн коллежид Хөгжим, бүжгийн онолын багшаар ажиллаж байхдаа “Дэлхийн хөгжмийн түүх”, “Хөгжмийн онол” хичээлийг одоогийн рок, попын алдартнуудад зааж байсан тухайгаа дурслаа. “Камертон”, “Sweetymotion” хамтлаг, “Никитон”-ы Бачка, Чинбат, Оюунтүлхүүр нар Б.Батжаргал багшийн шавь нар аж. Тэрбээр 1995- 2000 онд Москвагийн Их сургуульд суралцан “Монголын хөгжмийн түүхийн үечлэл” гэсэн сэдвээр доктор хамгаалж ирээд мөн Хөгжим бүжгийн коллежид сургалт эрхэлсэн захирлын албыг хашиж байгаад, нэг хэсэг АНУ-д амьдарч байгаад саяхан эх орондоо иржээ. Мөн Хөгжмийн зохиолч Н.Болд хөгжим зохиохоос гадна, олон сайхан дууны шүлэг бичсэнийг олон түмэн мэднэ. Энэ цагийн нэртэй бүх дуучин түүний дууг дуулсан байдаг. Дуучин Л.Болдбаатарын дуулсан “Хайраар нийлсэн хань”, С.Жавхлангийн дуулсан “Цаг цагийн аяс”, дуучин С.Ганзоригийн дуулсан “Алтан сартай буудай”, “Сэлэнгийн намар” зэрэг дуунуудыг нэрлэж болох юм.

Энэ ангийг дааж авсан анхны багшийг нь Д.Дарьзав гэдэг. Тэрбээр 1937 онд Монгол Улсын анхны урлагийн сургууль болох “Уран сайхны сургууль”-ийн төгсөгчдийн анхдагч нь. Монгол Улсын анхны хийл хөгжмийн багш гэдгээрээ урлагийн салбарт түүхэн хүн билээ. Манай улсад 1940-1970-аад онд хийл хөгжмийн хичээлийг ЗХУ-аас мэргэжилтэн багш нар ирж заадаг байжээ. Улмаар монгол хүн хийл хөгжмийг заах анхны боломж нь 1950-иад онд нээгдэж байжээ. Тодруулбал, тэр үед Зөвлөлтийн багш нар монгол хүн хийл хөгжим заах боломжгүй гэж явсаар хамгийн анх Д.Дарьзав багшид хийл хөгжим заах эрхийг нь өгч байж шүү. Ийм л түүхэн хүн энэ ангийн анхны багшаар ажиллажээ. “Багшийнхаа анхны анги нь бид юм” гэж тэд бахархан ярих дуртай. Анги даасан удаах багшийг Цэнджавын Энхтуяа гэдэг. Ц.Энхтуяа багшийнхаа талаар тэд маш олон сонирхолтой түүхүүдийг ярьж байлаа. Орос хэлний багш Ц.Энхтуяа үнэхээр үзэсгэлэнтэй, гоо сайхан эмэгтэй байсан талаар ангийн хүүхдүүд шагшин магтаж, сурагчид нь хүртэл нүд алддаг, тийм сайхан биеэ авч явдаг багш байжээ. Гадаадын олон орноор явсан, өөр соёлтой, маш ганган хээнцэр, хүнтэй харилцах харилцаа, биеэ авч яваа байдал нь хүртэл онцгой бүсгүй байсан талаар тэд дурслаа. Ангийнхан Д.Дарьзав багшаасаа урлагт хандах хандлага, урлагт үнэнч байх, урлагийн төлөө өөрийгөө зориулах чин сэтгэлийг сурсан бол, Ц.Энхтуяа багшаасаа нийгэмд өөрийгөө яаж авч явах, урлагийн хүн хамгийн сайхан харагдаж, бусдыгаа хошуучилж гоё харагдах ёстой гэх мэт гоо зүйн соёлд суралцсан хэмээн ярилаа. Эдний ангийнхан саяхан уулзахдаа “Бид их даруухан, үнэнч, элдэв буруу зуршилгүй сайхан анги хамт олон юм” хэмээн ярилцацгаажээ. Ер нь ангиараа ойр ойрхон уулзалдана, ялангуяа бүсгүйчүүд нь байнга харилцаа холбоотой байдаг аж. Нэгнийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт ойн баярыг хамт тэмдэглэцгээнэ. Сүүлд ангийн хөвгүүн Б.Батжаргалыг АНУ-аас ирэхэд угтаж, ангиараа уулзан, бөөн баяр хөөр болцгоожээ.

1976 оноос хойш нэг ангийнхан хэмээн цоллогдож, өнөөдөр ч нэг ангийнхан хэвээр байгаа Үндэсний хөгжмийн ангийнханд аз жаргал хүсье.