-ДОРНОГОВИЙН СУМД ТӨВИЙН ШУГАМАНД ХОЛБОГДОЖ, БҮХ ХАШАА НЭГДСЭН ДЭД БҮТЭЦТЭЙ БОЛСОН-
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай ярилцлаа.
-Дорноговь аймгийн төсвийн орлого, хөрөнгө оруулалтуудын талаар ярилцахаар таныг урилаа. Төсвөө өөрөө бүрдүүлдэг цөөхөн аймгийн нэг бол Дорноговь аймаг шүү дээ?
-Дорноговь аймаг бол Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг цөөхөн аймгийн нэг. Төсвөө өөрсдөө бүрдүүлээд зогсохгүй, манай аймаг 2021 оны төсвийн тухай хуулиар Улсын төсөвт 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байгаа. Төсвийн орлогын гүйцэтгэлийн сүүлийн дөрвөн жил тогтмол нэмэгдэж, 2017 онд 18.4 тэрбум, 2018 онд 28.2 тэрбум, 2019 онд 32.7 тэрбум, 2020 онд (хүлээгдэж буй гүйцэтгэл) 33.4 тэрбум төгрөг болж 2016 онтой харьцуулахад даруй 66.2 хувиар өссөн амжилт харагдаж байна.
Аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтууд ч сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн байгаа.
Тухайлбал, сүүлийн хоёр жилд нийтдээ 214 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
-Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр нийгэм, эдийн засагт нэлээдгүй өөрчлөлтүүд гарсан байх. Мөн аймгийн хэмжээнд олон сургууль, цэцэрлэг, бүтээн байгуулалтууд ашиглалтад орсон байсан?
-Аймгийн эдийн засаг, нийгмийн өсөлтөд сүүлийн жилүүдэд багагүй өөрчлөлт гарч, хөгжин цэцэглэж байна. Хүн бүр нутагтаа сайхан амьдрах тэмүүлэлтэй болж, нийслэлийг зорьдог байсан хүн амын шилжилт хөдөлгөөн мэдэгдэхүйц багасч, орон нутагтаа суурьшиж, ажиллаж амьдрах хүсэлтэй иргэдийн тоо жилээс жилд өссөөр байна.
2019 оны жилийн эцэст 2.4 сая толгой мал тоологдсон нь сүүлийн дөрвөн жилд манай малчин түмэн малаа 651.2 мянган толгойгоор өссгөсөн, төрийн бодлогоор малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр малчидтайгаа хамтран ажиллаж, малын зүй бус хорогдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнг юм. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт нэлээд хөрөнгө оруулалтууд хийгдэж, үр дүн нь эхнээсээ гарч эхэлсэн. Боловсролын салбарт шинээр 12 цэцэрлэг ашиглалтад орж, 960 хүүхдийн сургууль, 320 хүүхдийн бага сургууль, хоёр дотуур байр шинээр ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 98 хувь болсон нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт. Мөн боловсролын чанарт анхаарах чиглэлд хөрөнгө оруулалтууд хийсэн нь үр дүнгээ өгч нийт төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2020 онд манай аймаг улсын хэмжээнд гуравдугаар байранд эрэмбэлэгдэж сурагчдын сурлагын чанар жилээс жилд ахисан үзүүлэлттэй байна.
Эрүүл мэндийн салбарын хувьд 2020 онд гэхэд Замын-Үүд суманд 100 ортой эмнэлэг, Сайншанд суманд 50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орууллаа гээд дурдаад байвал цөөнгүй ажил, бүтээн байгуулалтууд өнгөрсөн хугацаанд хийгджээ.
-Төсвөө өөрсдөө бүрдүүлдэг аймаг орон нутгийн ихэнх нь уул уурхайтай холбоотой хөгжиж байна. Дорноговь аймгийн уул уурхай, ашигт малтмалын орд газрууд, тэдгээрийн ашиглалт, орон нутагт ашиг шимээ хэрхэн өгч байна вэ?
-Дорноговь аймаг байгалийн баялгаараа нөөц ихтэй аймгуудын нэг юм. Аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх гурван чиглэлийн нэгээр уул уурхайн салбарыг онцолсон. Сүүлийн жилүүдэд Дорноговь аймгийн орон нутгийн төсөвт уул уурхайгаас орж ирэх орлого тогтмол өсч байна. Өнөөдрийн байдлаар ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 68 компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын чадавх нэмэгдэхээс гадна уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд шинээр ашиглалтад орж, бас баригдаж эхлээд байгаа юм.
Уул уурхайн компаниудаас 2017 онд 8.1 тэрбум, 2018 онд 11.3 тэрбум, 2019 онд 9.8 тэрбум төгрөг, 2020 оны 10 сарын байдлаар 4.1 тэрбум төгрөгийн татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирлээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд боловсруулах, баяжуулах нийт 13 үйлдвэр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй уул уурхайн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүд болох Газрын тос боловсруулах үйлдвэр, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам мөн л Дорноговь аймагт хэрэгжиж буй.Уул уурхайг дагасан олон асуудал байдаг. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хэрхэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгох вэ, орон нутгийн эдийн засагт түлхэц өгөх салбаруудыг яаж уул уурхайг дагуулан төрөлжүүлэх вэ гэдэгт цаашдаа ч анхаарч ажиллах юм. Уул уурхайн салбарын компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оноос орон нутгаас “Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг төрийн байгууллага, уул уурхайн компани, иргэд, ТББ-ын төлөөлөл зэрэг тал бүрийн оролцоог ханган зохион байгуулж, энэ ч үр дүнгээ өгч, гарц, шийдэл, хөжглийн боломжийг хайдаг болоод даруй дөрвөн жил болжээ.
-Уул уурхайгаас гадна хилийн боомтууд, хойд, урд хоёр улсыг холбосон төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг төмөр зам дайран өнгөрдөг онцлогтой бүс нутаг. Энэ онцлог давуу талууд аймгийн эдийн засагт авчирч байгаа үр нөлөөний тухай?
-Орон нутгийн төсвийн орлогын гол эх үүсвэр нь Монгол Улс, БНХАУ-ын хил хоорондын зорчигч болон ачаа тээвэрийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуйн нэгжийн төлсөн татвараас бүрддэг. Замын-Үүд, Ханги хилийн боомт нь аймгийн төсвийн орлогын 13,96 хувийг бүрдүүлж жил бүр орон нутгийн төсөвт 2-4 тэрбум төгрөгийн зарлагаас давсан орлогыг төвлөрүүлж бусад 13 суманд санхүүгийн дэмжлэг хэлбэрээр дахин хуваарилалт хийдгээрээ онцлогтой.
Мөн Азийн хөгжлийн банкны 75,0 сая долларын хөрөнгөөр Замын-Үүд суманд логистик терминал байгуулах ажил хийгдэж, ашиглалтад оруулсан нь том дэвшил юм.Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 6200 чингэлэг ачаа, 155 галт тэргийг шилжүүлэн ачих ажил хийгдсэн байна.
-Аж үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэлийн өсөлтийн талаар?
-Манай аймгийн аж үйлдвэрийн салбар оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар нийт 174 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 263 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлууллаа.
Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 7,6 хувиар буурсан байна. Энэ нь коронавируст нөхцөл байдал уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэлт нөлөөлж, өмнөх оноос 19 тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой. Ер нь цар тахал гарсантай холбоотойгоор сүүлийн үед хилийн боомтуудын бараа эргэлт зогссон буурсан байгаа шүү дээ. Бусад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өнгөрсөн оноос өссөн. Тухайлбал, дулаан, ус түгээлт, сувагжуулалт өссөнөөс гадна, талх, нарийн боов, хиам, хэрчсэн гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдэрлэл нэмэгджээ. Мөн барилгын салбарын цемент шохой зэргийн үйлдвэрлэл нэлээдгүй хувиар өссөн дүнтэй байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 4.5 хувийг төрийн, 95.5 хувийг хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн статистик мэдээлэл байна.
-Цаашид аймаг орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт болон бусад салбаруудад оруулахаар төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөөч?
-Олон ажлууд байна. Онцлоод дурдахад, өнгөрсөн хугацаанд сумандаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр Эрдэнэ, Алтанширээ, Хатанбулаг, Даланжаргалан сумдыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон. Энэ ажил 2021 онд ч үргэлжилж, нэмж дөрвөн сумыг нэгдсэн шугам сүлжээнд холбоно.Энэ ажил Улаанбадрах 75 хувь, Хөвсгөл 50 хувь, Дэлгэрэх 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Мөн ирэх онд Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. 640 хүүхдийн сургууль, халдвартын эмнэлэг, шинэ театрын барилга зэрэг бусад хөрөнгө оруулалтыг хийнэ.
-Ажлын байр, ард иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Аймгийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар 2020 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж ажилгүй иргэдийн судалгаа гаргаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр найман хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж 444 иргэнийг хамруулснаар өрхийн орлого нь 805.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн хөгжлийн төвд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг Швейцарийн хөгжлийн агентлагаас 20.0 сая төгрөгийн тохижилтын санхүүжилтийг олгож, орон нутгаас хүний нөөцийг шийдвэрлэлээ. Мөн ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлж буй ажил олгогчдыг урамшуулж ажилласан. 2020 онд ажлын байрны захиалга өнгөрсөн оны мөн үеэс 21 хувь, ажилд зуучлал 3 хувь, өссөн байна. Ажилгүйдлийн түвшин 3.9 хувь байгаа нь өмнөх онтой адил түвшинд байна.
-Эцэст нь дүгнээд хэлэхэд, Дорноговь аймгийн хөгжлийн хэтийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?
-2016-2020 он нь аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлт сайжирсан, их бүтээн байгуулалт, хүний хөгжил, гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд байлаа. Төсвийн орлого, хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр өсч аймаг, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд хийгдлээ.
• 2018, 2019 онд Монгол Улсын “Шилдэг аймаг”
• Аймгуудын Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 2018 онд 4 дүгээр, 2019 онд 3 дугаар байранд орсон.
• 2018, 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсын хэмжээнд 3 дугаар байранд орсон
• 2019 онд Шударга байдлын үнэлгээгээр 5 дугаар байранд орсон амжилт дүүрэн он жилүүд байсан.
Дээрх үзүүлэлтүүдийг бууруулахгүй дээшлүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлж ажиллах болно. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэх томоохон бүтээн байгуулалтууд болох газрын тос боловсруулах үйлдвэр, Зүүнбаян-Ханги, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг дагасан уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд, бүс нутгийн логистикийн төв, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс гэх мэт томоохон мега төслүүд манай аймагт хэрэгжсэнээр олон зуун ажлын байр бий болж хүн ам ихээр төвлөрч орон нутагт минь илүү их хөгжил дэвшил ирж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт өргөжин дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.