Categories
мэдээ нийгэм

С.Балжинням: Манай хамт олон 3-4 жилийн турш тасралтгүй ажилласны үр дүн гарч байна DNN.mn

Түрүүч нь №194 (7067) дугаарт

“Ховд эко цемент” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэгт гал өгөх ёслолын үеэр албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.


Үйлдвэрийн Ерөнхий инженер Д.Батсүрэн: Чулуунцрын чанар ямар гарна, цементийн чанар түүнээс шууд хамааралтай байдаг

-Цементийн үйлдвэр үндсэн хоёр хэсэгтэй. Нэгдүгээрт, чулуунцар үйлдвэрлэх хэсэг. Хоёрдугаарт цемент үйлдвэрлэх хэсэг гэж бий. Цементийн үйлдвэрийн гол зүрх гэж нэрлэгддэг эргэх зуухыг ашиглалтад оруулж, гал асаах ёслол болж байгаа юм. Чулуунцрыг үйлдвэрлэхийн тулд шохойн чулуу, шавар түүхий эд, төмрийн хүдэр гэх мэтчилэн 3-4 төрлийн түүхий эдийг ашигладаг. Эдгээр түүхий эдийг тус тусад нь бутлаад, нунтаглаад нэг төрлийн найрлагатай болгоод 900 градуст хүртэл халаагаад эргэх зууханд 1500 градуст шатааж гаргаж авсан хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг чулуунцар гэж нэрлэж байгаа юм. Чулуунцрын чанар ямар гарна, цементийн чанар түүнээс шууд хамааралтай байдаг. Гаргаж авсан чулуунцрыг гөлтгөнөтэй хольж тээрэмдээд цемент гаргаж авдаг.

Ийм дараалалтай. Эргэх зуух нь 3.2 метрийн диаметртэй, 50 метрийн урттай төхөөрөмж. Галлаж асаахын тулд эхлээд дизель түлшээр галлана. 24-48 цаг үргэлжилдэг процесс. Зуух болон бусад халаалтын системүүдээ халааж байгаад дараа нь 5500-6000 килкалори илчлэгтэй нүүрсээр шатааж байж эргэх зуухандаа орж ирсэн түүхий хольцыг 1500 градуст шатааж чулуунцраа гаргаж авдаг юм. Эргэх зуух бол ган төмөр. 1500 градусын халууныг энэ төмөр дангаар даах боломжгүй учраас дотор нь галд тэсвэртэй тоосгоор доторлосон байдаг. Галлагааны явцад доторлогооны тоосгоо мөн халуунаас хамгаалахын тулд наалдас үүсгэдэг. Ингэж байж бид зуухныхаа гадна корпусыг өндөр температураас хамгаалдаг. Хэрвээ зуух жигд ажиллаад байвал доторлогооны тоосго, галд тэсвэртэй материалын маань эдэлгээ уртасдаг. Ойр ойрхон зогсоож, дахин дахин асаагаад байвал доторлогооны материалын эдэлгээ богиносдог. Тиймээс энэ зуухаа аль болох тасралтгүй ажиллуулж байвал аль аль талдаа ашигтай.


Нью Прогресс” группийн ерөнхийлөгч, “Вестерн холд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Балжинням: Манай хамт олон 3-4 жилийн турш тасралтгүй ажилласны үр дүн гарч байна

-Өнөөдөр бид үйлдвэрийнхээ чулуунцар үйлдвэрлэх хэсгийг ашиглалтад оруулж нээж байна. Гурав, дөрвөн жилийн хугацаанд бид өдөр болгон, өвөл ч гэлтгүй, зун ч гэлтгүй, хавар ч гэлтгүй тасралтгүй ажиллалаа. Тэрний хүчинд үр дүн маань гарч байна. Ажлын байрны хувьд энд байнгын 320 орчим ажлын байрыг бий болгоно. Цементийн үйлдвэр маань баруун бүс буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн таван аймгийг хангах зорилготой.

Ховд аймагт нэг тонн цемент 700 мянган төгрөг байна. Тэгсэн мөртлөө олдоцгүй байна. Барилга, бүтээн байгуулалтын ажлууд зогсчихсон байна. Манай үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатарын түвшинд цементийн үнийг аваачна гэсэн зорилготой байгаа.


Төслийн удирдагч С.Жавхланбаатар: Бид чадлаа

-Алслагдмал хязгаар нутаг, таван аймгийн ард иргэдийн хувьд дараа жилээс хямд цемент худалдан авах ийм баярт мөч гэж харж байна. Цар тахал хүнд нөлөөлсөн. Бүхий л аж ахуйн нэгжүүдэд нөлөөлсөн байх. Ялангуяа ийм том төсөл хэрэгжүүлж байгаа,

хүч их орсон, техник машин их орсон, маш их масс-тээврийг хилийн гаднаас, Улаанбаатараас тээвэрлэсэн ийм төслийн хувьд хүндээр нөлөөлсөн. Барилгын зарим бараа материал гурав, дөрөв дахин өсчихлөө. Цемент хомсдоод олдохоо байлаа. Ямар ч өндөр үнээр олж авч чадахаа болилоо. Гэх мэт зүйлс сөргөөр нөлөөлсөн ч бид чадлаа гэж бодож байна.


Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа: МонголУлсадүйлдвэржилт явагдаж буйнтоджишээ бол“Ховдэко цемент” үйлдвэрболж байна


-Өнөөдөр Ховд аймагт цементийн үйлдвэрийн зуух галлах ёслол болж байна. Сарын дараа цементийн үйлдвэрлэл эхэлнэ гэсэн тооцоололтой байгаа. “Ховд эко цемент” үйлдвэрийн хувьд шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэржилт Монгол Улсад явагдаж байна гэдгийн тод жишээ болж байна. Ховд аймагт нэг шуудай цемент 30-35 мянган төгрөгийн үнэтэй байна. Хотоос бараг хоёр дахин үнэтэй гэсэн үг. Энэ бол ганц Ховд аймгийн асуудал биш. Баруун таван аймагт ийм асуудал бий. Хөдөө орон нутагт бүтээн байгуулалт явуулахад хамгийн их шаардлагатай, гол орц болох цементийн үнэ буурна гэдэг бол цаашид баруун таван аймгийн хөгжилд нэн чухал хамааралтай юм.


Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Монгол Улс жилд хоёр сая тонн цементийн хэрэглээтэй

-Цемент бол барилгын материал дотроо гол байр суурийг эзэлдэг. Материалын өртөг дотроо 20 орчим хувийг эзэлдэг. Барилгын талх гэж нэрлэдэг. Монгол Улсын хувьд суурилагдсан хүчин чадлаараа 4.1 саяын хүчин чадалтай цементийн дөрвөн том, нэг жижиг үйлдвэр ажиллаж байна. 2018 оны байдлаар сая хүрэхгүй тонн буюу 950 мянга орчим тонны хэрэглээтэй байсан бол 2022 оны эхний байдлаар үзвэл 1.8 сая тонн хэрэглээтэй. Өнөөдрийнхөөр үзвэл хоёр сая тонн энгийн хэрэглээтэй болсон. Тийм учраас цемент үйлдвэрлэл, үйлдвэрийг дэмжих, хямд, найдвартай, тасралтгүй бүтээгдэхүүнээр хангах нь манай барилгын салбарт чухал байна. Баруун бүсийн Ховд эко цемент” үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт заасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас дэмжиж, Хөгжлийн банкнаас багагүй санхүүжилт гаргаж дэмжсэний үр дүнд ийнхүү цементийн үйлдвэр нээлтээ хийж байна. Манай яамнаас жил болгон барилгын материалын үнийн индескийг баталдаг. Цементийн өсөлт хэвийн явж байсан бол өнөө жилийн хувьд огцом өсөлт ойр ойрхон гарлаа. “МАК цемент” үндсэндээ хоёр дахин өсгөчихсөн байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зохих шалгалтын үр дүнд харьцангуй буулгаад 430-450 мянган төгрөг болгосон бол “Евро цемент” тэрнээс харьцангуй бага үнийн дүнтэй.

“Хөтөл цемент” үнээ нэмээгүй, хуучин үнээр боловч бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлж чадахгүй байна. Ийм нөхцөлд баруун бүсийг хямд, найдвар цементээр хангах асуудал их чухал байна. Яг энэ боломж дээр “Ховд эко цемент” үйлдвэр нээгдэж, чулуунцрыг зуухаа галлаж эхэлж байгаа нь 11 дүгээр сар гэхэд түрүүчийн бүтээгдэхүүнээ гаргах бололцоо бүрдэж байна гэж харж байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОМИЛОЛТ: “Ховд эко цемент” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэг ашиглалтад орлоо DNN.mn

Ховд аймгийн төвөөс 18 км-ийн зайд орших “Ховд эко цемент ” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэг албан ёсоор ашиглалтад орлоо. Чулуунцар үйлдвэрлэх хэсэгт гал өгөх ёслол энэ сарын 11-нд болсон юм. Цементийн үйлдвэрийн “зүрх” гэгддэг эргэх зууханд гал өгөх нэхүү үйл явдал бол барилгын салбарынхан, тэр дундаа цементийнхний хувьд маш чухал түүхэн үйл явц байлаа. Уг үйлдвэрийн эргэх зууханд гал өгснөөр цементийн чухал найрлага болох чулуунцар үйлдвэрлэгдэх нарийн шат дамжлага ажиллаж эхэлсэн гэсэн үг. Энэ утгаараа Ховдоор зогсохгүй баруун таван аймаг, цаашлаад Монгол Улсын хөгжлийг түргэтгэх зуух ажиллаж эхэлж байна гэдгийг нээлтэд оролцсон албаны хүмүүс нэгэн дуугаар хэлж байлаа.

Уг үйлдвэр одоогоор 400 гаруй ажилчинтай. Зуух галлах ёслол бол үйлдвэрийн ажилчдын хувьд удаан хүсэн хүлээсэн баяр нь байв. Ажлын хувцас, хамгаалалтын малгайгаараа ижилссэн тэд бөмбөлөг, элдэв туузаар чимэглэсэн 84 метр өндөр силос бүхий эргэх зуухтай том байгууламжаа бахдан харцгааж “Одоо юухан байхав. Зуух асвал тэгээд цементтэй боллоо гэсэн үг” гэж ойр зуураа ярилцана. “Ховд эко цемент” үйлдвэр бол байгальд ээлтэй технологиор тоноглогджээ. Ус хэрэглэдэггүй, ямар ч тоос тортог гаргадаггүй.

Барилгын талбайд нийтдээ 62 тоос шүүгч байрлуулжээ. 2018, 2019 оны үед баруун таван аймагт жилдээ 210-220 мянган тонн цементийн хэрэгцээ бий гэсэн тооцоо байжээ. Харин тэр тоо одоо өссөн нь мэдээж. Энэ үйлдвэр жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр баруун таван аймгаа өлхөн хангаад байх боломжтой. Баруун бүс ийм үйлдвэртэй болж байгаагийн бас нэг үндэс бол баруун аймгийнхан төвийн бүсийнхтэй адил үнэтэй цементээр хангагдах. Баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулах нь улс орны ирээдүй, хөгжилтэй холбоотой чухал бүтээн байгуулалт учир үүнд төр засгийн зүгээс хэд хэдэн тогтоол гаргаж, дараалсан ажлууд хийсний үр дүнд 2019 онд үйлдвэрийн шавыг тавьж байжээ. Цар тахлын хоёр жилд хил хаагдаж, үйлдвэрийн угсралтын ажил саатах, зогсох зэрэг хүндрэлүүдтэй нүүр тулж байсан ч зөв менежментийн үр дүнд ажлаа нэг ч өдөр зогсоогоогүй учир хагас жилийн өмнө ийнхүү зуухаа галлаж, чулуунцраа үйлдвэрлээд эхэлж байна.

No description available.

Үйлдвэрийн нийт талбай 20 га бөгөөд энэ нь 19 хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээ юм. Энэ талбайд хэрхэн бүтээн байгуулалт өрнүүлснээ “Нью Прогресс” группийн ерөнхийлөгч, “Вестерн холд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Балжинням ирсэн зочдод сонирхуулаад “Бид эзгүй зэлүүд байсан газарт бүтээн байгуулалт өрнүүлж, үйлдвэрээ сүндэрлүүллээ. Энэ талбайд 30 гаруй барилга, байгууламж босгоод байна.

Сүүлийн үеийн технологиор цемент гаргах цогцолбор гэж хэлж болно. Өнөөдөр бол үйлдвэрийн үндсэн түүхий эд болох чулуунцар галлах зуухаа асааж буй түүхэн өдөр. Энэ түүхэн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүс, компаниуддаа талархал илэрхийлж байна. Мөн баруун таван аймгаа цементээр хангах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье” хэмээгээд ёслолын ажиллагаа нээгдсэнийг мэдэгдэхэд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, дараа нь салют буудуулж, нэгэн дуугаар хурайлцгаалаа.

No description available.

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Дөрвөн жилийн өмнө цаасан дээр байсан төлөвлөгөө өнөөдөр ийнхүү бодит ажил болж, үйлдвэрийн зүрх болох зуухыг нь асааж байгаа нь бахархахгүй байхын аргагүй түүхэн үйл явдал болж байна. Энэ бол хөгжлийн галыг бадраах үйл явдал. “Үйлдвэрлэгч Ховд” болоход хувь нэмрээ оруулах үйлдвэр болж байна. Ховд, баруун таван аймаг, Монгол Улсын хэмжээнд хувь нэмрээ үзүүлэх бүтээн байгуулалт юм. Нөгөөтэйгүүр энэ үйлдвэр эко гэдэг утгаараа “Ногоон хөгжил”-ийн загварт бүрнээ байна. Аливаа зүйл стандарттай байж гэмээнэ төгс болдог. Энэ үйлдвэр стандартуудыг бүрэн хангаж байгаа нь мөн сайшаалтай. Ховдын 90 гаруй мянган иргэнийхээ өмнөөс энэ том үйлдвэрийг ашиглалтад оруулсан хамт олонд баярлаж байна” хэмээлээ. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголд барилгын материалын 342 үйлдвэр бий. Тэр дундаа цементийн үндэсний хэмжээний таван үйлдвэртэй. Харин “Вестерн холд” компанийн хамт олон бүтээгдэхүүнээ экспортод гаргана гэсэн том зорилготой байгаа. Бид ч дэмжиж гадагшаа гаргах гарцыг нь нээх болно” гэж байлаа. Гүйцэтгэх талын төслийн удирдагч Ван энэ үеэр эргэх зуухаа хагас жилийн өмнө ийнхүү асааж байгаа нь хоёр талын хамтын ажиллагаа нягт, биенээ дээд зэргээр дэмжиж ажиллаж байсны үр дүн гэж тодотгов.

Ингээд энэ ёслолын хамгийн оргил хэсэг болох зууханд гал өгөх ёслол эхлэв. Монголчууд галын дөл өөдөө гэж галыг ихэд дээдэлдэг. Тэр утгаараа ирсэн зочид шууд дамжуулалтаар зуухыг хэрхэн асааж буйг үзэж байлаа. “Вестерн холд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Балжинням, гүйцэтгэх талын төслийн удирдагч Ван, төслийн удирдагч С.Жавхланбаатар нар эргэх зуухны хэсэгт очицгоолоо. Урьдчилсан бэлдсэн жижиг бамбаруудаараа том бамбараа асаав. Дүрэлзсэн улаан галтай бамбараа зуухны жижиг нээлхий рүү хийх агшинд чулуунцар үйлдвэрлэх эргэх зууханд гал очиж, хүнгэнэсэн их дуу чимээ гарлаа. Арваад жилийн турш үе үеийн Засгийн газрыг дамжсаар 2019 онд шаваа амжилттай тавьсан “Ховд эко цемент” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэг ийнхүү ашиглалтад орлоо. Өнгөрсөн хавар Хөгжлийн банкны асуудал сөхөгдөхөд тэр дуулиан шуугиан энэ үйлдвэрийг чиглэж байсан ч цементийн үйлдвэрийн ажил зогсолтгүй, зөв гольдролоор явж байсан учир тов ёсоороо ийнхүү зуухаа галласнаар цемент гаргах үндсэн ажил нь эхэлж байгаа юм.

Том бамбараар зууханд гал өгсний дараа хойд нээлхийний хэсэгт очиход зууханд гал хэрхэн дүрэлзэж буйг харж болохоор байв. Монгол ажилчид гэхээсээ илүүтэй үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эхнээс нь угсарсан, эргэх зуухын угсралтад хөлс хүчээ зориулсан хятад ажилчид баярлаж, хөөрч, бүгд шахуу шаагилдан инээлдэж, гар утсаараа зураг дарж, бичлэг хийж, бүр нэг нэгнээ тэвэрч авч харагдсан шүү. Үүнээс нь үзвэл цементийн үйлдвэрийн эргэх зуухыг асаана гэдэг ямар том үйл явдал, ямар олон хүний хөлс хүч, хөдөлмөрийг шингээсэн бүтээн байгуулалт байдгийг харуулж байлаа. Энэ үйлдвэр хоногт 1200 тонн цемент үйлдвэрлэх бөгөөд ирэх сард эхний бүтээгдэхүүнээ гарган авах юм.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчид төр барьж ирсэн, цаашид ч барих учир ард түмэн гайгүйхэнийг нь сонгоорой DNN.mn

Монгол Улс Ардчилсан чөлөөт сонгуулиар нэг нэгнээ сонгож төрөө удирдуулдаг болоод 30 жил болж байна. Чөлөөт сонгуулиар төрөө эмхэлж ирсэн, өнгөрсөн хугацаанд сэтгүүлчид Монгол төрийг барьж иржээ. 1989 онд Ардчилсан хувьсгал эхэлж, нийгэм өөрчлөлтийн замнал руугаа орсон. Тэгвэл энэ өөрчлөлт, хувьсгалыг хэн анх хийсэн бэ? Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, эрдэмтэн Лодонгийн Түдэв болон “Үнэн” сонин ардчиллыг эхлүүлсэн гэж үздэг. Явж ирсэн тогтолцоог бүхлээр нь өөрчлөхгүй бол цаашид оршин тогтнох үндэслэл алга, нийгэм нэг л биш байна, хувьсгалаар л үүнийг шийдэхгүй бол өөр гарц алга гэдгийг нийтлэлүүдээрээ дохио өгч эхэлсэн. 1980-аад оны сүүл үеийн “Үнэн” сонины нийтлэлүүд Л.Түдэв эрхлэгчийн удирдлага дор ардчилал, шинэчлэлийг дэмжих чиглэлээр бичигдэж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж, цээжинд нь гал бадрааж байсан юм. Нийгмийн уриа дуудлага болж байсан “Үнэн” сонин, тус сонинд ажиллаж байсан Монголын сэтгүүл зүйн акулууд, мөн Л.Түдэв гуайг “Ардчиллын салхич шувуун” гэж тодотгох нь бий. Энэ сонины араас “Улаан од” “Хөдөлмөр”, “Үг” зэрэг сонинууд дуу дуугаа авалцан ардчилалд монголчуудыг уриалж байлаа. Монголд ингэж ардчилсан хувьсгал эхэлсэн, Монголд ардчиллыг сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхан анх суурийг нь тавьжээ. Ардчиллын анхны 13 гэгддэг хүмүүсийн зургаа нь буюу Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, Д.Энхбаатар, Ц.Энхтүвшин, Д.Нинж, С.Амарсанаа нар сэтгүүлч мэргэжилтэй байсан нь аль ч цаг үед нийгмийн тулгамдсан асуудлын өмнө хүчтэй дуу хоолой болж чаддаг түүчээлэгч хүмүүс бол сэтгүүлчид гэдэг нь харагдана. Энэ эрчээрээ сэтгүүлчид ардчилсан хувьсгалд хамгийн их нөлөөтэй, хүч түрэн орж ирсэн нь Улсын бага хурал, Улсын их хурал бүрэлдэхэд харагддаг. УИХ-ын гишүүн асан Т.Ганди ардчилсан өөрчлөлтөд үзгээрээ оролцож явсан сэтгүүлчдийн нэг. 1983-1990 оны хооронд сэтгүүлч, редактор, хөтлөгчөөр ажиллаж байсан С.Баяр бол ардчилсан хувьсгалаас өмнө нийгмийн сэтгэлгээг задраахад, хувьсгалын дараа шинэ төрийг төвхнүүлэхэд оройлж оролцсон сэтгүүлч. Хожмоо Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсон зургаан эрхмийн хоёр нь сэтгүүлч. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар. Ерөнхий сайдуудын дунд ч сэтгүүлчид бий. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлч. Нам төрийн удирдлагууд, нийгмийн зүтгэлтнүүд бүгд шахуу сэтгүүлчид. УИХ-ын гишүүн асан З.Алтай, Г.Уянга, Ө.Энхтүвшин, Т.Ганди гээд нэрлэвэл олуулаа. Сүүлийн парламентыг л хар. Д.Жаргалмаа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, П.Анужин, Л.Энх-Амгалан сайд байна. Ингээд эргээд харахаар сэтгүүлчид голдуу Ардчилсан Монгол Улсын төрийг барьсаар иржээ, барьж ч байна.

Дээшээ дэвшье, амжилттай явъя гэвэл сэтгүүлч мэргэжил эзэмшдэг. Төрд инженер алга, инженер-гишүүн л байхгүйгээс бүх юм болохоо байлаа гэж сошиалаар шуугьцгаадаг. Нэг инженер төрд гарч ирээд нэг механизм л тайлбарлана уу гэхээс биш сэтгүүлч шиг энэ нийгмийг бүхэлд нь ойлгож, анализ хийж, эдийн засгийн асуудлыг хөндөж, ард түмний хүсэл сонирхлыг хамтатгаад энэ бүгдийг нь тархиндаа боловсруулж ярьж чадахгүй л болов уу. Ойлголоо гэхэд бүгдийг уялдуулаад яриад хийж чадах уу. Үгүй л байх. Үүнийг сэтгүүлч л чаддаг. Яагаад гэвэл сэтгүүлч мэргэжил нь нийгмийн өргөн хүрээний асуудалд мэдрэмжтэй, мэдлэгтэй хандахыг шаарддаг. Ийм байхыг ч сургадаг. Сайн сэтгүүлч сайн удирдагч болдог. Сэтгүүлч хүн сайн ярьдаг. Бусад нь харин чаддаггүй юм. Ярина гэдэг өөрийгөө зөв ойлгуулах боломж. Дажгүй гэх үнэлгээ авдаг ганц хоёр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бий. Эд нар сэтгүүлч шиг ярьдаг, эсхүл сэтгүүлч байсан болохоор эдийн засгийг ярьдаг. Дан эдийн засагч мэргэжилтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэж хүн байлаа. Тэр хүн юу ч ярьж чаддаггүй байсан. Ганц л юм ярьсан нь асар их эсэргүүцэл дагуулж байсныг та бүгд санаж байгаа байх. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэх үеэр “Энэ хууль хэрэгжвэл “Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ” гэж байгаа. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юү” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэж ярьсан. Захын нэг жишээ энэ шүү дээ. Сэтгүүлч хүн бол хэзээ ч ингэж ярьдаггүй.

Олон нийт ямар хүмүүсийг сонгуулиар сонгодог вэ гэхээр ярьж, хэлж ойлгуулсан хүнийг сонгодог юм, ардчилсан нийгэмд. Тэгэхээр хэн ярьж чаддаг вэ? Сэтгүүлч л ярьж чадна. Хүссэн хүсээгүй цаашид сэтгүүлчид энэ л хэвээрээ Монгол Улсыг авч явах болно. Харин ард түмэн та нар сайн сэтгүүлчийг нь л сонго. Сэтгүүл зүй бусад салбартай л адил сайнтай, муутай ч сэтгүүлч гэдэг мэргэжил өөрөө уран тансаг, амин чухал мэргэжил гэдэг нь энэ бүгдээс харагдана. Сэтгүүл зүйд явсан хүн дандаа сайн явдаг. Сүүлийн үед сэтгүүл зүйн нэр хүндийг унагах гэсэн, сэтгүүлчдийн нэрийг хорлох гэсэн зориуд гэмээр юм их гарах болов. Яагаад вэ гэвэл сэтгүүлчид өөрсдөө бусадтай нийлээд мундаг чадвартай сайн сэтгүүлчдийгээ муулаад байна. Гэтэл жүжигчин, багш, эмч нарын тухай нэвтрүүлгүүд зурагтаар их явж байгаа харагдах юм. Тэдгээр мэргэжлийнхэн мэргэжил нэгтнүүддээ ямар их хайртай юм, биенээ ямар гайхалтай дэмждэг юм бэ. Бид ч бас тэгэх ёстой. Сэтгүүл зүйдээ хир халдаахгүй байя. Ард түмэн сэтгүүл зүйг сошиал маркетингтай хольж хутгах явдал бий. Ялгаж мэдэхгүй байна л даа. Энэ хоёр чинь тэс өөр юм шүү дээ. Сошиал мэдээлэл гээд хошуураад байгаа баталгаагүй юмнуудын цаана сэтгүүл зүй байдаггүй шүү. Тэнд сэтгүүлч ч байхгүй. Сошиал бол хувь хүмүүсийн орон зай. Хувийн үзэл бодлоо бичээд олон дагагч цуглуулчихсан байгаа тэдгээр хүмүүс сэтгүүлчдийн нэр хүндийг зориуд санаатайгаар болон санамсаргүйгээр байнга гутааж байдаг тийм нэг зүйл ажиглагдах боллоо. Тийм учраас амтай болгон сэтгүүл зүйг элдвээр хэлдэг хандлага бага сага дэврээд байх шиг. Хүний эго гэж юм бий, бас атаархал. Сэтгүүл зүй гэх салбар нийгмийн манлайллын түвшинд, толгой дээгүүр тавигдаад байхаар атаархсан, мөчөөрхсөн санаатай болон санамсаргүй яриа гараад байгаа нь сэтгүүл зүйн нэрийг хугалах гээд байдаг болж. Гэвч сэтгүүлч мэргэжил аль ч цаг үед үнэ хүндээ алдахгүйтэй адил сэтгүүлчид улс төрд гарч ирж, төр барилцах нь маргаангүй үнэн. Тиймээс ард түмэн энэ салбараас гайгүйхэн шигийг нь сонгож байгаарай. Сэтгүүлчид угаасаа л төр, нийгмийн толгойд явж байдаг гэдгийн нэг том жишээ бол Америк. Дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын хамгийн сайн ерөнхийлөгч гэгддэг Роналд Рейган жүжигчин, сэтгүүлч л байсан.

Categories
мэдээ утга-зоxиол

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Н.Пагмын “Үл гүйцэлдэхүйг загварчлах нь” DNN.mn

Сэтгүүлч, яруу найрагч Намсангийн Пагма 2007 онд “Үл гүйцэлдэхүйг загварчлах нь” яруу найргийн номоо хэвлүүлсэн юм. Яруу найраг, утга зохиолын хүрээний томчуул “Н.Пагма энэ номоороо өөрийгөө Монголын яруу найргийн ертөнцөд тамгалсан” гэдэг юм. Эрхэм найрагчийг “Өдрийн сонин”-ы мэргэн уншигчид “Сонгодог урлаг”, “Тайзнаа” зэрэг буланд дэлхийн сонгодгуудыг бичиж, Монголын урлагийн соруудтай цувралаар ярилцдаг байсныг санаж байгаа болов уу.

Зохиогч номынхоо “Өмнөх үг” хэсэгт “Энэ номоо бичсэн үеэ эргэн санахад миний хувьд зарим талаар маш хүнд үе байсан бөгөөд үүгээрээ хосгүй үнэ цэнэтэй тийм үе байв. Учир нь чухамхүү энэ үед би бусдын адилаар, бидний амьдралд тохиолддог бүхий л бэрхшээлийг туулж, ертөнцийн өөрчилж болзошгүй үнэнтэй нүүр тулан учирч түүнийг хүлээн авч, тэвчин өнгөрүүлж чадсан үе билээ. Энэ нь, ялангуяа сэтгэл зүйн талаар өөртөө хүч зоригийг бий болгох амаргүй хөдөлмөрийг надаас шаардсан хэрэг юм…Оюун сэтгэлийн хөгжил дэвшилд хүрэх арга замууд хэлбэрийн хувьд ялгаатай, олон янз авч эдгээр нь эцсийн бүлэгт бүгдээрээ үлэмж ихээр энэрэхүй үзэлд хүрэх үйл явц байдаг. Бүх сэтгэгчдийн нөр их хөдөлмөрөөрөө олсон тэрхүү цорын ганц ололт нь тэднийг энэрэнгүйн үзлийг номлоход хүргэж байсныг харахад наад зах нь сонирхолтой юм…Бидний тийнхүү нэрлэж (ёс суртахуун хэмээн) бусдад тулган хүлээлгэхийг санаархаж байдаг дүрэм журмууд нь ерөөсөө хиймэл, хоосон санаа бөгөөд тэр нь ертөнцийн өөрийнх нь ёс зүйтэй нийцэх бус, түүнийг илэрхийлэх бус харин түүнтэй ямагт эсрэгцэж байдаг. Чухам иймээс л хүний амьдрал гуниг уйтгараар дүүрэн билээ, зовлон жаргал хоёр адилхан билээ, гуниг баяр хоёр ялгаагүй бөгөөд нэгэн цог ажээ. Үүнийг би энэ номыг бичихийн тулд бус, бичиж байхдаа болон бичсэнийхээ дараа л сая анзаарч харсан билээ. Ийм учраас энэхүү ном нь гүн ихээр энэрэхүйн тухай (байгаль ертөнцийн ёс зүйн тухай) өгүүллүүд юм” хэмээжээ.

“Утопи энэрэнгүйд хүрэхэд” гэх тодотголтой шүлгүүдээс нь дээжилье, уншигч танаа.

* * *

...Зүүрмэглэн байхдаа би

Сарны тусгалд хоёронтаа дүрийг олж

Толины тусгалд хоёронтаа хэлбэр биеийг олж

Зүүрмэглэн байхдаа би

Агаарт түмэнтээ биеэр түгэн дэлгэрч

Цаг хугацаанд харин үл хуваагдана

* * *

…Сүмийн эргэн тойронд шувууд мөчрийг сандайлан сууж

Дээврийн шулганах хонхостой нийлэн шулганалдана

Сүмийн хаалгаар гадагшлан сонсдох нь

Бурхадын магтаал! Мөргөлийн дуун!

Бурхадыг цэнгүүлэх сүмийн хөгжим!

Үнэнээ өчин, гэм нүглээсээ айж бултахаар завдан агч хүмүүс!

* * *

…Зүрх сэтгэл минь гоё сайхан ваар шиг

Үнэ цэн бүхнийг дотроо хадгалж

Тийнхүү бүх юмс, дэлхий ертөнц үргэлжийн цэл залуугаараа

Хаврын анхилам шүхрийн доор амсхийнэ

* * *

…Энэ л байшинд хөл тавьснаас хойш

Хоёул хагацан салахгүй болно, хэзээ ч

* * *

…Ай, Don!

Амьдрал, бүх юмс гал цогтойёо гэрэлтэн…

Амьдрал дулаахан, хүчтэй

Шархиран өвдөг

Цурхиран уйлаг

* * *

Гүн цэнхэр тэнгэрийн дор уулсыг түшиж амьдарна

Гүн гүнзгий далайн эргийг диваажингийн суудал гэж итгэнэ

* * *

Үдэш бүрхжээ

Хонгор найз ирж явна

Хонгор найзын догдолсон энхрийлэл

Чиглэн ирж явна

Өглөөхөн чи дэргэдээс минь

Гоо сайхан бүхнийг минь аваад

Олны хөлт гудамж руу яаран одсон билээ

Гар хуруугаа халуун оргихыг чи мэдэрнэ

Гоё сайхан хэлбэр дүрсийг чи мэдэх болж

Өнгөрөгч үдшийн дараа бас дахин дараагийн мөчүүдэд

Чи над руу яарсаар…

* * *

Гоо үзэсгэлэн чинь хүнийх биш

Сахиулсан тэнгэрсийн хүслээр бүтээгдсэн байна

* * *

Шувууд хавраар эргэн ирж

Энд л үр зулзагатай болно

Алс холоос, өвлөөс эргэн ирэхдээ

Үр хүүхэдтэй болох мөрөөдөл хүслээ гүйцээнэ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОМИЛОЛТ: Төмс хураалтад цэрэг, оюутнууд түлхүү ажиллаж байна DNN.mn

Төв аймгийн Баянчандмань сум нийт 3700 орчим га тариалангийн газартай. Өнөө зун бороо ус их байсан учир ургац жигд биш, алаг цоог байна. Хөрс сайтай газраа хоёр га талбайгаас 50 орчим тонн төмс хурааж байгаа бол тааруу хөрстэй газраас хоёр тонн хүрэхтэй үгүйтэйг авч байна. Энэ сумын хувьд газар тариалан сайн хөгжсөн томоохон сумдтай харьцуулбал бригадын төвийн хэмжээний жижигхэн талбайтай. Газар нутгийн хэмжээ ч бага. Онцлог нь нэг төрөл зүйлээр дагнахаас илүүтэй нарийн ногоо, хүлэмж зэргээр өргөн нэр төрлөөр ногоо ургуулах тал дээр анхаарч байгааг тус сумын Засаг дарга Г.Ариунболд ярьж байлаа. Үр тариа, төмс, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, хүрэн манжин, шар манжин, хар манжин, эмийн ургамал, шар лууван, сармис, сонгино, хүлэмжинд өргөст хэмх, лооль, навчит ногоонууд тарьсан байна. Өчигдрийн байдлаар 1530 тонн төмс, 95 тонн хүнсний ногоо хурааж аваад байлаа. Сумын төвийн зүүн хойно байрладаг “Чандмань хүлэмж” компанийн хүлэмжүүд дээр очиж агрономич Д.Гэрэлмаатай уулзлаа. Тэрээр “Дэвшил” САА, ногооны комбинат гэж байх үеэс хүлэмжийн аж ахуйтай холбогдож, дөч гаруй жил энэ салбартаа ажиллаж буй туршлагатай агрономич. Тухайн үеийн хүлэмжүүд нэг товчлуур дараад л хөшгөө нээж хаадаг боловсронгуй, судалгаатай байсан бол сүүлийн үед хятад технологиор барьж буй өвлийн хүлэмжүүд хэт болхи, дутагдал, алдагдал ихтэйг хэлж байлаа. Гэсэн ч тэрээр агааржуулалт, дулаан, гэрэлтүүлэг гээд бүхий л асуудлыг нэг нэгээр нь шийдүүлсээр ажил нь жигдэрч эхэлжээ.

Эднийх одоогоор зуны ес, өвлийн гурван хүлэмжтэй. Эрэлт ихтэйг нь харгалзан өргөст хэмх, навчит ногоо түлхүү тарьж зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд хоёрдугаар сараас хойш өвлийн хоёр хүлэмжнээсээ 19 тонн өргөст хэмх хураан авч, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлээд байна. Зах зээлийн хамгийн бага үнээр “Барс” зах дээр бөөндөөд өгчихнө. Хүнсний томоохон захууд дээр ногоочдодоо зориулсан байнгын лангуу байвал шинэ ногоогоо иргэдэд хямд үнээр өгөх юмсан гэж агрономич Д.Гэрэлмаа яриад “22 цагаас 06 цаг хүртэл цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг ч цахилгааны зардал өндөр гардаг нь аж ахуй эрхлэхэд хүнд тусч байна” гэлээ. Нэг өвлийн хүлэмжнээс 1.2 тонн бууцай, салат навч, сонгино зэрэг навчит ногоо хураагаад байгаа бол зуны хүлэмжнээсээ зургаан тонн өргөст хэмх, 800 кг улаан лооль, 500 кг чинжүү тус тус аваад байна. Өвлийн хүлэмж олон талын ашигтай. Зуны хүлэмжнүүдийн ажил өдийд зогсдог бол өвлийн хүлэмж ургацаа өгсөөр байна. Эдний хамт олон “Улсын аварга” болох том зорилго тавьж ажиллаж байгаа юм билээ. Өвлийн хүлэмжний урт нь 80 метр, өргөн нь 10 метр.

Төв замаас Жаргалант сум руу салангуут л зүүн гар талд иргэд төмс хурааж байлаа. Тал булаг хүртэл, Тал булагаас сумын төв хүртэлх замын хоёр талд төмс хүнсний ногоо хураасан, ачсан хүмүүс намрын шаргал наран дор борви бохисхийлгүй ажиллана. Тариан талбайд комбайн тариагаа ангилж, шуудайтай төмс овоолсон ачааны машинууд хээрийн замаар аахилж уухилан сүлжилдэнэ.

Цэргийн ачааны машин, майхантай талбайд очлоо. Цэргүүд ногоо хурааж байна. “Өрмийн голын бэлчир” компанийн талбай аж. Тус компанийн захирал Д.Эрдэнэцогт сум руу ажлаар явжээ. Гэргий Б.Сувдаатай нь уулзлаа. Эднийх өнөө жил 15 га-д төмс тариалсан байна. Б.Сувдаа “Ургацаа хураагаад долоо хонож байна. Манайх Өвөрхангай аймгаас цэргүүд авсан. Зэвсэгт хүчний 256 дугаар танкны ангийнхан. 25 цэрэг, нэг дэслэгч, нэг тогооч гэсэн бүрэлдэхүүнтэй ирсэн. Хүүхдүүд маань (Цэргүүдийг хэлэв.сурв) өглөө 07 цаг гэхэд талбай дээрээ гарчихдаг. Тушаалаар ажиллана, дуулгавартай. Даргынхаа үгэнд сайн орно. Манай хүүхдүүд сайн ажиллаж байгаа. Хоёр хоноод ургац хураалтын ажил дууслаа даа” гэснээ “Хасах хэмтэй хонож байгаа нь хөрсөндөө байгаа төмснүүдэд нөлөөлөхгүй л дээ, энэ зэргийн хүйтрэл ургац хураалтад саад болдоггүй юм” хэмээн нэмж хэллээ. Ченжүүд талбай дээр ирж нэг шуудай төмсийг 25 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа юм байна. Нэг шуудай нь 40-42 кг гэхээр төмс талбай дээрээ нэг кг нь 600 төгрөгийн ханштай байна гэсэн үг. Байлдагч О.Эрдэнэжаргал “Халагдах дөхчихсөн л дөө. Ямар ч хамаагүй ажил хийхсэн, ангийн хашаанаас гарах юмсан гэж бодож байсан. Ногоо хураалтын ажилд явах болсон гэдгийг дуулаад баярласан. Төмс хураахдаа муудсан, гэмтсэн төмснүүдээ тусад нь ялгах нь чухал юм байна. Би Архангай аймгийн Өгий нуурынх. Манай суманд бараг төмс тарьдаггүй. Жаргалантад очно гэдгийг сонсоод гоё санагдсан. Ургац хураалтад гар бие оролцоод хөдөлмөрлөж байгаадаа баяртай байна. Ар гэрийнхэндээ төмс хураалтад явж байгаа гэдгээ хэлсэн” хэмээлээ.

Жаргалант сумын төвөөр орлоо. Хүний хөл бага, ажин түжин. Төмс ачсан машинууд агуулах, сав бараадаж, зарим нь хотын зүг жирийлгэнэ. Сумын захиргаагаар нь орлоо. Бараг бүх өрөө нь цоожтой, нэгдүгээр давхрын самбарт ажилтнуудын нэр ус, албан тушаалыг гар утасны дугаартай нь ярайтал бичжээ. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн рүү залгавал “Талбай дээр байна. Эргээд ярьж ургацын мэдээ өгье” гэж байна. Сумынхан бараг бүгд шахуу талбай руу, ургац хураалт руугаа явжээ. Сумаас гараад Тал булагт буцан ирэв. Хойд хөндийд тариан талбайд комбайн ажиллана. Хээрийн зөөлөн замаар давхисаар тэнд очлоо. “Хос дэвэлт” компанийн захирал Г.Нэргүй угтаж байна. Эднийх төмс хүнсний ногоо тариалдаг бөгөөд сэлгээнд 50 га талбайд улаанбуудай тариалжээ. Г.Нэргүй “Энэ жил сэлгээнд 50 га-д улаанбуудай тариалсан. Энэ бол том том үрийн чиглэлийн компаниудын дэргэд өчүүхэн шүү дээ. 10, 20 мянган га-д буудай тарьдаг компаниуд бий бий. Өнөөдрийн хувьд тариагаа ангилж байна. Харин төмсний хураалт дуусах шатандаа орлоо. Манайх оюутнуудыг ажиллуулсан. Иргэдийг нэг шуудай төмс 2000 төгрөг гэсэн хөлсөөр ажиллуулж байгаа. Ургацын хувьд дунджаас дээгүүр хэмжээнд л хурааж авч байна” гэв. Оюутнууд өдрийн 45-50 мянган төгрөг, цэргүүд 62 мянган төгрөгөөр ажиллаж байна. Ногоочид, тариаланчдын хувьд цэргүүдийг ажиллуулах сонирхол ихтэй. Учир нь дэг журам сайтай, үр бүтээлтэй ажилладаг бол оюутнууд ч тэднээс дутахааргүй шаргуу, үнэнч гэнэ. Өнгөрсөн жил “талоныхон” гэгддэг халамжаар амьдардаг иргэдийг ургац хураалтад дайчилсан нь ихээхэн хэл ам дагуулсан. Г.Нэргүй захирал ч толгой сэгсэрч “Тэд ёстой бүтэхгүй ээ. Цэрэг, оюутнууд нь хамаагүй дээр шүү” гэж байлаа.

Ийнхүү төмс, үр тарианы “Эх орон” гэж тодотгодог Төв аймгийн тариалангийн бүс нутгийн сумд, тэр дундаа Жаргалант суманд намрын ургац хураалт ид үргэлжилж байна. Сумын төв нь эзгүй шахам, бүгд талбайдаа төмс шуудайлцгааж, монголчуудын бүтэн жил идэх төмсийг бэлдээд тун завгүй. Баянчандмань, Жаргалант гээд зорьж очсон сумдын иргэдтэй уулзахад “Төдөн га-д ийм тийм ногоо, үр тариа тарилаа, тэгж ургууллаа, ингэж ажиллаж байна. Ийм үйлдвэр, цех нээж ажиллуулж байна” гэж ажил, хөдөлмөр мэдрэгдсэн урам зориг өгсөн яриа хөөрөө дэлгэж байсан нь сайхан. Ер нь ийм ажилсаг иргэдтэй сумдаар орж гарч хүмүүстэй нь уулзахад ямар ч хүнд ажил хийхийн сайхан, хөдөлмөрлөхийн амтыг мэдрүүлж, урам зориг өгмөөр санж. Нөгөө талаар ажилсаг хүмүүс л суманд амьдардаг гэлтэй.

Өчигдөр Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулгатай холбогдоход “Аймгийн хэмжээнд нийтдээ 304438 тонн ургац хураан авах төлөв гарсан. Одоогийн байдлаар ургац хураалтад гаднаас 1113 ажиллах хүч ажиллаж, зургаан их, дээд сургуулийн 1250 оюутан, 830 цэрэг ажиллаж байна. Ургац хураалт энэ сарын 19-ний байдлаар үр тариа 3039.4 тонн буюу 3.7 хувь, төмс 50801 тонн буюу 32.5 хувь, хүнсний ногоо 3532.2 тонн буюу 17.8 хувь, таримал тэжээл 1833 тонн буюу 10 хувь, тосны ургамал 539 тонн буюу 0.9-тай явж байна” гэсэн мэдээ өгсөн юм.

Жаргалантаас Баянчандмань руу явах төв зам бол там байгаа нь ургац хураалтын ид ажилтай энэ үед маш том саад болж байгаа нь анзаарагдав. Тэнгэрт тулам цагаан тоосон дундуур шорооны том машинууд давхилдаж, хажуугаар нь гэрлээ хол дээр нь тавьсан жижиг тэрэгтэй иргэд тоосноос нь сугаран гарах гэж хурдална. Том машин тоосон дундаас жижиг тэрэг олж харахгүй дарах, шүргэлцэхийн наагуур ойрхон зөрөх зэрэг хүндрэл бол их тохиолдож байлаа. Замын дэржигнүүр, энхэл донхлыг энд ярилтгүй. Гэгээн цагаан өдрөөр цагаан тоос, шороон дунд машины уралдаан болж байгаа аятай. Ядаж байхад замын тэмдэг тэмдэглэгээ муу. Хаашаа яаж явах нь ойлгомжгүй учир мухар зам руу ороод эргэж байгаа нь хэд хэд харагдлаа. Зам засварын үед түр замын шороог дарахын тулд усалдаг, усаар шүршдэг дүрэм бий. Энэ замууд дээр дусал ус цацаагүй нь илт. Ийм замаар тариа тээвэрлэдэг гэхээр хичнээн нь асгарч, үрэн таран болдог бол.





Гэрэл зургуудыг О.Дашням

Categories
мэдээ нийгэм

Ш.Ариунжаргал: Цус өтгөрсөн үед мах, өтгөн кофе, давс, сахарын хэрэглээг хязгаарлаарай DNN.mn


“Наран М” клиникийн эмч, Монголын уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэрэгтэй эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.


-Монголчуудын дунд даралт ихсэх, харвах, зүрхний шигдээс зэрэг өвчнүүд түгээмэл боллоо. Залуу улсуудын гэнэтийн үхлийн шалтгааны нэг нь цус өтгөрөлт болж байна?

-Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн асуудал боллоо. ДЭМБ-ын мэдээгээр 60 хүртэлх насны эрчүүдийн нас баралтын шалтгааны дөрөвний нэг нь харвалт шигдээс болж байна гэжээ. 1900 онд хүн амын дунд зүрх судасны өвчнөөр нас баралт нэг хувь эзэлдэг байсан бол 2020 оны байдлаар 40-50 хувьд хүрсэн бөгөөд энэ хувьд 2022 онд 60 хувьд хүрэх магадлалтай, энэ тоо цаашид өснө гэсэн тооцоолол гарсан байна лээ.

-Цус өтгөрсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

-Цус өтгөрөлттэй холбоотой эмгэгийг бууруулах үүднээс хоолондоо амьтны гаралтай ханасан өөхний хүчил ихтэй махан бүтээгдэхүүн, өтгөн кофе, давс, сахарыг хязгаарлан биеийн жиндээ тохируулж буцалсан ус, жүүс хэрэглэх нь тохиромжтой.

-Хүн өөрийнхөө цусыг өтгөн байгааг энгийнээр яаж мэдэх боломжтой вэ. Ямар шинж тэмдэг анхлан илэрч байвал “Миний цус өтгөрчээ” гэж үзэж болох вэ?

-Нойргүйднэ, амархан ядарна, хүйтэн хөлс гарна, зүрх дэлсэнэ, даралт ихсэнэ. Зарим хүний царай минчийж улайдаг бол зарим хүнийх цайж, арьс нь хүйтэн болох ийм хоёр шинж царайд илэрдэг. Мөн хүний суурь өвчнүүд сэдэрч толгой, нуруу, бөөр, үе мөч өвдөх нь бий. Цус өтгөн ч биш, хэт шингэн ч биш хэвийн байх ёстой. Цусаа шингэн байлгаарай гэсэн гээд янз бүрийн сүлжээний бүтээгдэхүүн эм тангуудыг замбараагүй хэрэглэж болдоггүй. Зүрх судасны өвчний үед зөвлөдөг цус шингэлэх холестрин бууруулах, даралт буулгах, хаван хөөх эмүүдийг удаан хэрэглэсэн тохиолдолд цусан дахь шээсний хүчил ихэсч тулайтах тохиолдлууд цөөнгүй тул дээрх эмүүдийг ууж байгаа тохиолдолд биохимийн шинжилгээ өгч хянаж байх нь зөв шүү.

-Таны үйлчлүүлэгчид дунд цусны даралт ихсэх өвчинтэй байсан хүмүүс эрүүл болсон тохиолдол их байдаг гэсэн. Тэдгээр хүмүүс даралтаа хэрхэн бууруулсан бэ, туршлагаас нь хуваалцвал?

-Насандаа баймгүй хөнгөн шингэн 94 настай үйлчлүүлэгч маань “Урьд намайг бага байхад цус харвах, зүрх хаагдах гээч өвчин байдаггүй, нутаг болгонд ханадаг хүн байлаа. Одоо залуус мах их иддэг, дээл өмсөхөө болиод гэдэс ихтэй болсноос өвчин тусдаг болж. Өлсөхгүй, цадахгүй явбал болно доо” гэж хэлж билээ.

Германд 83 настай эмээтэй таарч байлаа. Өдөрт цас бороо орж байсан ч хамаагүй нэг цаг дугуй унадаг, өглөө хөнгөн талх, боов өдөр халуун хоол иддэг, оройд нэг хундага улаан вино уудаг. Зүс царай, арьс, булчин, ухаан санаа саруул сайхан эмэгтэй. Ямар ч зүйлийг бичиж тэмдэглэхгүй цээжлэхийг эрмэлздэг гэж ярьсан. Тэгэхээр амьдралын зөв хэвшил, зөв явдал мөртэй байх нь хүний эрүүл мэндэд маш их эерэг нөлөөтэй.

-Цусны даралт ихсэх өвчнийг эдгээх ямар шинэ арга анагаах ухааны салбарт нэвтэрч байгаа вэ?

-Миний хувьд хануур засал гайхамшигтай үр дүнтэй гэж үздэг. Цулын өвчнийг хануураар зас гэсэн үг байдаг. Өвчтэй хүмүүсийн хувьд жилийн аль ч улиралд ямар ч өдөр шууд хануулж болдог. Эрүүл чийрэг байж цусны эргэлтээ сайжруулах зорилгоор хавар дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15, намар наймдугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15 бол хануур хийхэд зохимжтой үе.

Ханах засал нь биеийн хар судасны тодорхой бэлчирт хатгаж өвчний цус буюу муу цус, цусны уурыг гадагшлуулах эмчилгээ. 2500-аад жилийн түүхтэй бөгөөд анх Монголоос үүсч дорнын анагаах ухааны гол заслын нэг болсон. Судлаачдын тодорхойлсноор муу цус нь өөхний хэт исэлдлийн эцсийн бүтээгдэхүүн ихэссэнээр улаан эсийн ханын бүтэц алдагдаж наалдамхай чанар ихэсч эсүүд их хэмжээгээр гэмтэж, үүрэг гүйцэтгэх чадваргүй болсон эсүүд наалдаж судасны хана гэмтээхээс гадна цусан болон өөхөн бөглөрөл үүссэнтэй холбоотой харвалт шигдээс болох нэг хүчин зүйл болдог.

Нөгөө талаар муу цус нь цусны урсгалтай нягт холбоотой. Эрүүл цус судсан дотроо бууны бянт шиг хуйларч эрчилж урсдаг. Цусны зуурамтгай наалдамхай чанар ихэссэнтэй холбоотой цус чөлөөтэй урсаж чадахгүй зүрхний ачааллыг нэмэгдүүлж захын судасны агших чадвар буурч эд эсэд очих хүчилтөрөгч болон хэрэгцээт витамин эрдэс, уураг тэжээлийн дутагдал үүссэнээс өвчлөлийг бий болгодог.

-Ковидын дараах хүндрэл, цус өтгөрөлт, даралт ихсэх өвчний үед уламжлалтын эмчилгээг хүмүүс их сонгох болжээ?

-Бид уламжлалт анаагаах ухаантай цөөхөн үндэстний нэг. Халуун өвчнийг засах хануур, хүйтэн өвчнийг засах төөнүүр засал гэсэн хоёр том эмчилгээний арга Монголоос үүдэлтэй. Зүү, бариа, бумба, хануур, төөнүүр эмчилгээ нь эсийн түвшинд хүрч үйлчилдэг учраас эмчилгээгүй, эм уух заалттай олон өвчинд эерэг үр дүнтэй. Артерийн даралт ихсэх, хавагнах, саажилт, хавдар болон ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг уламжлалтаар хийлгэж болно.

Сүүлийн үед системийн өвчин ихэсч залуужиж байгаа. Эрт үед нь илрүүлж эмчилгээ хийлгэвэл бүрэн эрүүлжих боломжтой. Аливаа асуудалд нухацтай хандаж эрүүл мэндээ тэргүүнд тавьж, өвчний шинж тэмдэг зовуурийг намжаах гэж хүчтэй эм тариа дур мэдэн хэрэглэхээс татгалзаарай. Даралт ихэсдэг, зүрх өвддөг пульс олширдог хүмүүс шаардлагатай эм дусаалга биедээ байнга авч яваарай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардчилал унтран алдаад сэргэж эхлэх нь үү DNN.mn

1990-ээд онд Монголд тайван замаар ардчилсан хувьсал гарч Ази төдийгүй барууныхны анхаарлыг татаж чадсан. Ардчилал дараагийн 10-аад жилдээ бадарсан шиг бадарч 2000 он гартал Монгол Улс ардчилсан орон шиг байлаа. Сонгоё гэсэн хүмүүсээ сонгуулиараа гаргаад ирдэг, хүн бүр гадаад паспорттой болж гадагшаа дотогшоо явж, хүн болгон шахуу хувиараа юм хийнэ гээд ХЭАА, хоршоо байгуулж, компанитай болж, нэг хэсэг төрд ажиллах хүн олдохоо байж билээ. Бизнес нь амжилттай яваа хүмүүс гадаад, барууны түншүүдтэй болж, хөрөнгө оруулалтыг хүчтэй татаж монголчууд ардчиллын үрийг амсаж арваад жил болсоон. Гэтэл нэг мэдсэн чинь сүүлийн 20 жилд нь ямар ч ардчилалгүй болчихож.

Яагаад ардчилалгүй болчихов гэдгийн нэгдүгээрх том шалтгаан бол гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоосон, хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасанд байгаа юм. “…тийм, …ийм юмаа хамгаалах холбоо” гэсэн худал эх оронч шошготой өчнөөн ТББ байгуулж, барууны хөрөнгө оруулагчдын эсрэг зогсоодог байлаа. Эсвэл БНХАУ-ын эсрэг ямар ч хамаагүй юм зохиож дайсагналцуулдаг байв. Гэвч тэдгээр жагсагч, ТББ-ууд яагаад ч юм ОХУ-ын эсрэг ганц нь ч жагсаагүй юм даг. Сүүлийн 20 жилд ардчиллын бүхий л элемент, эд, ширхэг бүрийг хааж, боох хууль дүрэм журмуудыг тоо томшгүй ихээр гаргасан. Жагсаж цуглахдаа хүртэл зөвшөөрөл авахаас эхлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг эрс эсэргүүцсэн элдэв хууль баталж, өөрсдийн тэжээвэр ТББ-уудаа гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг турхирах зэргээр ардчилсан нийгэмд байж боломгүй ичгэвтэр хяналт, ёс бус шаардлагыг тогтоож эхэлсэн. Ардчиллын эсрэг энэ мэт бусармаг ажиллагааг МАН-ыг хэлэлтгүй АН бүр ч ихээр явуулж байсан шүү. 10-17 хувь болж өсч байсан эдийн засаг гэнэт зогсчихсон. 2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд ард түмний амь амьжиргаа дээшилж, монголчууд зовхи нь ямар их өөдөө, амьдрах итгэл дүүрэн байлаа. Тэгтэл гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль баталсан С.Баяр Ерөнхий сайдын суудлаа хаяад АНУ руу зугтаж байлаа, Дубайн гэрээг хөдөлгөсөн Ч.Сайханбилэг одоо ч Монголдоо ирж чадахгүй байна. Цахилгаан станцуудын ажил бүгд зогсчихсон. Төмөр замын ажлаа ч өргөн, нарийн цариг ярьж гацаасан. Том бүтээн байгуулалтын энэ мэт ажлуудыг АН нь ч тэр, МАН нь ч тэр зогсоосон гэдэг нь үнэн. Ийнхүү гацаж, зогссон Монгол Улс улам л зожигорч, олон улсын тавцангаас хойш сууж, ухраад байсан. Баруунаас нүүр буруулж, наймаа хийдэг ганц Хятадаасаа хөндийрөөд байлаа. Гэтэл нөгөө талд Монгол дахь Оросын нөлөө улам бүр томорсоор, нэмэгдсээр иржээ. Станцуудын зогсолт, төмөр замын гацалт энэ бүгд бол зүгээр нэг тохиолдол биш шүү. Бүгд ардаа бодлоготой явж ирж. Ардчилал ингэж л Монголд байхгүй болжээ. Сүүлийн үеийн баривчилгаануудыг хар. Эрдэнэт үйлдвэрийг Оросоос салгаж ирсэн хүнийг шоронд хийлээ, Таван толгойг хөдөлгөх гэсэн хүнээ шоронд хийх зэргээр Монголын эдийн засаг, тусгаар тогтнолын төлөө явсан болгоныг айлгаж, харлуулж, гутааж, доромжлоод байна. Энэ бүхний эцэст яав, ардчилал зогсож, Оросын нөлөөнд орчихсон байна шүү дээ. Цаагуураа ийм нарийн холбоо, сэжмээр явж ирсэн харийн бодлогыг харахаар олон жилийн турш аядуу хийж ирсэн болохоор нь бид мэдээгүйд л хамаг учир байна.

С.Зоригийн хэрэг хүртэл илрээд л алга болчихдог. Ямар учиртай юм гэхээр өнөө л Орос ахын заавар. Монгол Улсыг сүүлийн 20 жил хойноос удирдаж иржээ гэдгийг Украины дайнаас улбаалж саяхан мэдсэн. Украин руу Орос түрэмгийлэн дайрсан. Украин өөдөөс нь тэмцэж одоо бараг ялж эхэлж, Оросын нэр нөлөө дэлхий дахинаа суларч хүчирхэг гүрэн гэх домог нь замхарч байна. Оросын нэр хүнд, хүч ийнхүү суларч эхлэхээр Монголыг атгасан гар нь хүссэн хүсээгүй суларч байгаа нь бидэнд “Юу болоод өнгөрөв” гэдгийг бодитоор харж, анзаарах сөхөө өглөө. Нээрэн юу болчихов? гэдэг асуулт эрүүл тархитай хүн бүрд төрж байна. Орос дэлхийд ямар ааш гаргадаг юм байна, бидэнд ямар ааш гаргаж ирсэн байна вэ, АН, МАН гэсэн хоёр нам төрийн эрхэнд гарангуутаа л ардчиллын эсрэг хийгээд байсан юмнууд нь явж явж Оросын нөлөөнд хэт автсанаас болсон юм биш биз дээ гэж харагдаж байна. Оросууд Украин руу довтолно гэдгээ бараг 10, 20 жилийн өмнөөс бэлтгэж, дайны найдвартай ард тал, бамбай болгох гэж Монголыг эрхшээлдээ байлгаж байжээ. Том гүрэн нэг жижиг улсад асар хүчтэй нөлөөлдөг ч юм байна гэдгийг бид мэдэрлээ. Манай эрх баригчид бүхий л үйл явдалд дольгонож хойшоо гүйж очиж тал засаад байгаагаас нь үүнийг илүү мэдэрч байна.

Оросын нөлөөнд орсон байжээ гэдгээ мэдсэн, Оросын чанга атгааснаас суларч гарч ирж байгаагаа анзаарсан үйл явдал бол Хэлмэгдэгсдийн өдөр байлаа. Анх хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэж байснаас ч илүү сошиалд бужигнацгаалаа. Хэлмэгдэгсдийн өдөр өнөө жил айхавтар ширүүн, нийгэм сэрж байгаа маягтай болж өнгөрсөн нь харанхуйд ассан гэрэл шүү. Хэлмэгдэгсдийн өдрөөр монголчууд “Оросын нөлөөнөөс ангижирна гэж хувьсгал хийж олж авсан ардчилал маань байхгүй болчихсон байна” гэдгийг анзаарч ярилцлаа. Цахилгаан станц, газрын тосны үйлдвэр, зам тээвэр, төмөр замын сүлжээ гээд Монгол Улсын тусгаар улс болох баталгааг илтгэх юм бүхэн, хөгжлийн тулгуур болсон дэд бүтэцтэй холбоотой бүтээн байгуулалт болгонд Оросын оролцоо байжээ гэдгийг монголчууд хожуу ч гэсэн ойлгож авч ярилцаж, үзэл бодлоо солилцоцгоосноос нь үзвэл ардчилал маань унтран алдаад сэргэх нь үү дээ гэсэн найдвар өгөв. Хэлмэгдэгсдийн өдөр Ерөнхийлөгч Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ жил У.Хүрэлсүх Ерөнхийлөгч цэцэг өргөсөнгүй. Дургүйдээ цэцэг өргөөгүй ч биш байх. Урьд өдрүүдэд нь төмөр замын нээлт болж, тэнд өргөн дэлгэр найр цайллага болсон гэж дуулдсан. Тийм болохоор эрүүл мэндийн байдлаасаа болоод цэцэг өргөх ёслолд оролцоогүй байх гэж таамаглаж байна. Түүнээс биш хэлмэгдэгсдийн өдрийг арай ч тоохгүй байна гэж байхгүй л дээ.

АН яагаад сонгуульд удаа дараа ялагдав, энэ нам яагаад сонгуульд ялахгүй байна вэ, АН яагаад хоёр хуваагдав, ардчилал яагаад байхгүй болчихов гэж ард түмэн бүгд орилолдож байна. Энэ бүх эвдрэл, үл ойлголцол, талцлын цаана Оросын нөлөө байсан юм биш үү, цаанаасаа тусгай мэргэжлийн улс орж ирж энэ бүх холион бантанг хийж байсан юм биш биз дээ. Сүүлийн олон удаагийн сонгуульд оросууд нөлөөлсөн юм биш үү гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Оросын нөлөө манайд маш их, бүр тамтаггүй их гэдгийг Орос, Украины дайн эхлэхэд харагдсан. Угтаа Орос нь Оростойгоо дайтаж байхад монголчууд бид нэг нэгнээсээ Оросыг өмөөрч талцах ямар ч шаардлагагүй байхад л хавтгайгаараа орос ах нар минь хэмээн гайхмаар өмөөрч хэрэлдэцгээсэн, хэвлэл мэдээлэл, төр засаг, сошиал сүлжээ тэр чигтээ шүү. Жижиг орон руу том гүрэн хүч түрэмгийлэн дайрна гэдэг буруу үйлдэл гэдгийг хэн ч мэднэ. Гэтэл үүнийг нь мэдэхгүйдээ Оросыг өмөөрч байгаа юм биш л дээ. Цаанаасаа тушаал, заавартайгаар л хөдөлгөж байгаа юм. Хэрвээ Орос Украиныг ялсан бол Монгол руу довтлох нь цаг хугацааны л асуудал байсан. Ямар ч эрүүл хүн үүнийг бодож эргэцүүлнэ.

Ардчилсан хувьсгал 2000 он хүртэл 10 жил бадарчихаад сүүлийн 20 жилд гадны нөлөөгөөр баларч, уугьж уугьчихаад одоо сэргэж эхлэх гэж байгаа юм биш үү гэсэн горьдлого Хэлмэгдэгсдийн өдрөөр буюу геноцид эхэлсэн түүхэн хар бараан өдрийн ойгоор нийгэмд төрлөө. Хэдий бид Оросын нөлөөгөөр ардчиллаа бусниулсан ч оюун санааны түвшиндээ, нийгмийн сэхээлэг хэсэг нь бодит үнэнийг харж дүгнэхтэйгээ л байгаа юм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Албан тасалгааг ардчилал гэж эндүүртлээ доош орох гэж дээ, АН-ынхаан DNN.mn

Ардчилал гэдгийг бид шударга ёс, хариуцлагатай байдал, сайн сайхны туйл гэж итгэж хүлээж авсаар ирсэн. Энэ итгэл үнэмшлээ монголчууд өнөөдөр ч тээсээр явна. Магадгүй “Би ардчилсан улсын иргэн шүү” гэдэг бахархлын гал гэмээр юм монголчуудын цээжинд бадарсаар байдаг нь олон зүйл дээр анзаарагддаг. Тусгаар тогтносон, шударга нийгэмд, элбэг хангалуун амьдарч, хийдэг ажилтай, ажиллаж олсон цалин нь эргээд амьдралд нь хүрэлцдэг ийм тогтолцоог ардчилал гэж ойлгоцгоодог. Тийм ч учраас ардчилсан нийгмийг байгуулж, цогцлоож түүчээлэгчдийг яг ийм шударга, гүндүүгүй, ард түмэн, хүний төлөө зүтгэж өөрсдөө ч, өрөөлийг ч сайхан амьдруулахын тухайд явдаг хүмүүс байх ёстой гэдэг хүлээлттэй байдаг.

Монголд ардчиллыг анх эхлүүлсэн, Ардчилсан хувьсгал хийсэн залуучууд хэр чадлаараа, өөрсдийнхөө хэмжээнд ард түмэнд боломж, бололцоог нь нээж өгсөөн. Бүгд амьдралдаа анх удаа гадаад паспорт гээч баримт бичигтэй болж, хилийн дээсэн дээгүүр алхахаас эхлүүлж, хаа дуртай газраа шилжиж нүүж, юу дуртайгаа санаж сэдэж, үгээ чөлөөтэй хэлж, үзэл бодлоо хаалтгүйгээр илэрхийлж, хөдөлмөрлөх, хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх, туурга тусгаар орны иргэн гэдгээ мэдэрч, аль нэг орны хараанд байхгүй байхын жаргал, эрх чөлөөг мэдрэх… гээд тоочвол тоо томшгүй боломжтой болгоцгоож, ийм боломжуудыг нь олгосоор ирсэн. Иймээс монголчуудын хувьд ардчилал бол оюун санааных нь дээд түвшинд хүлээн зөвшөөрддөг ойлголт л доо. Нэг үгээр монголчууд ардчиллыг мах цусаараа мэдэрч, хүлээж зөвшөөрч, шимийг нь хүртэж ирсэн дээд түвшний ардчилагчид гэж болно. Дэлхийн улс орнууд ч үүнийг толгой дохин зөвшөөрч Монгол Улсыг “Ардчиллын баянбүрд” гэж тодорхойлж, зарим улс орнууд манайхаас “Ардчиллыг хэрхэн хөгжүүлэх вэ”, “Ардчиллын сайн туршлага” гэсэн сэдвүүдээр зөвлөгөө хүртэл авч байсан нь саяхан шүү дээ. Ковидын үеийн хөл хориогоор далимдуулж эрх баригчид ардчиллын үнэт зүйлсийг бүдгэрүүлэх гэж оролдож, дуугарсан болгоныг барьж, цагдаж хяхан боогдуулж байгааг эс тооцвол бид ардчилсан орны иргэд хэвээрээ байгаа.

Гэтэл одооны Ардчилсан нам гээд бөөгнөрөөд талцаад байгаа бүлэг хүмүүсийг харахаар ардчилсан үзэлтэй шударга иргэдийн гэлтгүй, бүх монголчуудын урам хугарч байна. Энэ нам хэд хуваагдчихаад байгаа юм, хэдэн толгой, хэдэн үзэл баримтлал, хичнээн тамгатай юм бэ. Юуны төлөө хоорондоо тэмцэж, олон нийтэд шившиг болж, ардчиллын нэр хүндийг унагаад байгаа юм бол гэдэг дээр бараг өөрсдөө ч дүгнэлт хийж чадахгүй хэмжээнд хямралд орчихоод байгаа юм.

УИХ-ын дахь намын бүлгийн дарга болохын төлөө үгсэн хуйвалдаж Үндсэн хуулиа золин наймаалцчихлаа. Үүнийгээ ардчилал хийж байна, ардчиллын замаар явж байна, ардчиллаа хамгаалж байна гэж боддог юм уу, АН-ынхаан. Байр булаалдахаа ардчиллын амин чухал хэсэг гэж үздэг болчихсон юм уу, та нар. Албан тасалгааг ардчилал гэж эндүүрч доош орох гэж дээ, АН-ынхаан. Өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө улс эх орноо золиослохыгоо ардчилал гэх гээ юу? Ингэж бодоцгоож байгаа бол “Горьдсоны чинь гарз” гэж хэлье.

Ардчилал ийм байдаггүйг Ардчилсан Монгол Улсын иргэд мэддэг юм шүү. Ардчилал гэж ямар юм байдгийг нийтлэлийн эхэнд дурдсан. Та нарыг үнэндээ ямар ардчилагчид гэх юм бэ. Нэг өрөө, нэг албан тасалгаанд суухын төлөө үнэт зүйлээ худалдагчид! Үнэт зүйл гэдэг ойлголт бол Ардчиллын хамгийн гол зарчим. Хувь хүний үнэт зүйл, лидерийн үнэт зүйл, намын үнэт зүйл, байгууллагын үнэт зүйл…ийм олон эрхэм үнэт зүйлээ бүлгийн дарга, намын дарга болох төдийхнөөр наймаалцаж, хоорондоо талцаж, үсдэлцэж байгаа та нарыг хэн ардчилагчид гэх юм бэ. Одоо ардчилагчдын дүр эсгэгчид болон АН-ын нэр хүндийг доош татаж буй та нарын “эрин” дууссаан. АН-ыг албан ёсоор татан буулгаад, шинээр байгуулж эмхлэх цаг нь ирчихлээ. Одоогийн бүтэц, бүрэлдэхүүн, хэрүүл уруултайгаар энэ нам цааш удаан явах боломжгүй болсон учир татан буулгах нь хамгийн зөв шийдэл. Тиймээс намаа шинэчлэхийн өмнө хуучин байсан хүмүүс нь больцгоо. Хөгшчүүл нь намаасаа гарцгаа, одоо та нар болсон гэж нийт ардчилсан үзэлтнүүдийн өмнөөс хэлэхэд нэг их буруудахгүй дээ. АН-ын нэрийг барьж, ардчиллаар түрий барьж та нар өрмийг нь олон жил хамж идэцгээлээ. Үр дүнд нь та нарын үгээр явдаг чадваргүй нөхөд намын толгойд гарах гэж талцаж, зодолдоод эцэст нь ардчилал энэ улсад мөхөж буй мэт буруу ташаа ойлголтыг төрүүлж, ардчиллыг муухай харагдуулаад байна.

Одоо бол АН-ын залуус, залуу үеийн төлөөлөгчид шударга, ёс зүйтэйгээр ялгарч гарч ирж намаа шинээр байгуулах торгон мөч шүү. Энэ бол нийгмийн захиалга гэж ойлгож болно. АН-ыг дахин шинээр бүрэлдэн улс төрийн тавцанд гишгэхийг ард түмэн хүлээж байна. Залуу ардчилагчдын хувь өмнөх үеэсээ ялгарах том зүйл бол үнэт зүйлтэй байх. Хувийн үнэт зүйлтэй хүн юунд ч гуйвдаггүй, ямар ч элдэв санал, наймаанд үнэт зүйлээ хольж хутгадаггүй тэсч гарч ирдэг. Үнэт зүйлээ эрхэмлэдэггүй, хайрладаггүй хуурамч, хямд хүмүүс албан тушаал, албан тасалгааны төлөө яаж амархан худалдагдаж шившиг болж байгааг та нар харлаа. Өмнөх үеийн алдаанаас суралцаж, намаа шинээр байгуулах нь тохиромжтой хугацаа нь бүрдчихлээ гэдгийг улс төр судлаачид онцолсоор байгааг анзаарсан гэж найдаж байна. Сүүлийн үед хэвлэлээр бичээд байгаа шиг Ардчилсан намын залуус намдаа хувьсгал хий. Бүхэл бүтэн тогтолцоог Ардчилсан хувьсгалаар өөрчилж сайн цагийг авчирч чадсан түүх энэ намд байсан юм чинь шинэ үеийн залуус нь одоо нам дотроо хувьсгал хийцгээ. Цаг алдвал одоо байгаа хууччуул, хөгшчүүд чинь ардчиллын үнэт зүйлүүдийг өөр юутай яаж наймаалцаж, ардчиллыг дордуулж, сульдаах гэж үзэхийг үнэндээ таашгүй нь. АН-ын залуус цөөн биш. Ард чинь олон зуун мянган дэмжигчид байна, шинэ үеийн иргэд, залуус ч байна, намаа шинэчил, шинэчил.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Албан байгууллагууд цусны даралт хэмждэг аппараттай болъё DNN.mn

Настай хүмүүс өглөө, оройдоо даралтаа хянаж, эмчийн зөвлөсөн эмээ ууж цусны даралтаа хэвийн хэмжээнд нь бариад байдаг. Бас сахарын өвчтэй хүн өглөө бүр өлөн элгэн дээрээ зориулалтын аппаратаар цусны сахарын хэмжээгээ мэдчихдэг. Гэртээ ийм аппаратууд хэрэглэдэг гишүүнтэй айлын хувьд бусад гишүүн нь цусны даралт, цусан дахь сахарын хэмжээгээ давхар хянаад байх боломжтой байдаг. Харин гэртээ ахмад хүнгүй буюу цусны даралт хэмжих төхөөрөмжгүй залуу гэр бүлүүдийн хувьд даралтаа ихсээд, багасаад байгааг ч мэдэхгүй “Толгой өвдөөд, шилэн хүзүү хөшөөд байна” гэж үглээд таамгаараа эм уучихдаг.

Залуус цусны даралт хэмждэг аппаратыг хөгшин, эсвэл жирэмсэн, өвчтэй хүмүүст л хамаатай мэтээр ташаа ойлгодог. Гэтэл сүүлийн үед 20-45 насныхан цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх нь ихсээд байна. Үүнд нийгмийн байдал, вирусийн гаралтай өвчнүүд, амьдралын буруу хэвшил, эрүүл мэндийн боловсрол сул гэх мэт шалтгааныг хэлж болох ч цусны даралтаа өдөрт нэг удаа хянаад байхад болзошгүй хүндрэлээс бүрэн сэргийлнэ. Зарим эмийн сангууд цусны даралтыг үнэгүй үздэг. Үүнтэй адил албан байгууллагууд ч цусны даралтын аппараттай болох хэрэгтэй. Цусны даралт ихэслээ, багаслаа гэх шинж тэмдэг илрэхэд цайны цагаараа эмнэлэг рүү гүйж очих нь ховор. Харин ажил дээр нь, кофены ширээ, цэвэр усны баллоных нь ойролцоо нэг аппарат байнга байж байхад тийшээ гараа шургуулаад л бол оо. Сүүлдээ энэ үйлдэл нь зуршил мэт хэвшчихнэ.

Ийм эрүүл, зөв зуршилтай болох нь эрүүл мэнд, амь насаа тартагтаа тултал нь дордуулж, түргэний тэргээр ухаантай, ухаангүй эмнэлэг рүү зөөгдөх том эрсдэлээс сэргийлнэ шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажиа гэгээн: Зөв, тэгш сайхан, нинжин сэтгэлтэй бол юу ч хийсэн буян болно DNN.mn

Ажиа гэгээн Лувсантүвдантай ярилцлаа.


-Таныг ахмадын төвөө нээхээр ирсэн гэж дууллаа?

-Тийм тийм. Энэ удаад Монголд хоёр гол зорилготой ирлээ. Нэгдүгээрт, оюутны тэтгэлэг. Өнөө жил дөрөв дэх жилдээ оюутнуудад тэтгэлэг олголоо. Тэтгэлэг авч буй оюутнуудтай анх удаа уулзлаа. Тэр ажил их сайхан боллоо. Бид жилдээ 10 хүүхдэд тэтгэлэг олгодог. Дөрвөн жилд 40 хүүхэд гэсэн үг шүү дээ. Энэ жил нэмэгдээд бараг 60 гаруй хүүхэд болсон. Тэтгэлэгт ямар хүүхдүүдийг авах вэ гэдэг дээр 10 хүнээс бүрдсэн баг ажилласан. Багш, мэргэжлийн, туршлагатай хүмүүс тэр багт орсон. Тэгтэл ийм том буяны ажил болж байгаа гэдгийг дуулсан сайхан сэтгэлтэй хүмүүс “Тэгвэл би ч хандив өгье, өргөе” гэж 12 хүүхдийн хандив бүрдүүлж, нийт 62 хүүхэдтэй боллоо. Энэ ажил их бүтэмжтэй байгаа. Хоёрдугаарт, Яармагт нэг газар байсан. Газар дээр нь юм барих хэрэгтэй гээд анх эмнэлэг барья гэж төсөөлж байсан юм. Гэвч эмнэлэг бариагүй. Эмнэлгээ ЭХЭМҮТ-ийн хашаанд барьчихсан шүү дээ. Тэгээд тэр газартаа сургууль барья гэж бодож байсан. Сургууль барих туршлагагүй, сургуулийн ажил бүр хүнд учир чадахгүй юм байна гэж бодсон. Газар нь хоосон байгаад л байсан. Тэр газарт юу барих вэ гээд Ахмадын төв барья гэж шийдсэн. Хоёр, гурван жилийн өмнөөс барилгын ажил нь эхлээд одоо дуусч л байна. Энэ сарын 27-нд нээлтийг нь хийнэ. Энэ хагас сайн өдөр шүү дээ.

-Асрамжийн төв, Ахмадын хөгжлийн төв, ахмадын сувилал…гэх мэтээр янз бүрээр нэрлэх юм. Яг ямар чигтэй үйл ажиллагаа явуулдаг газар байх юм?

-Настай хүмүүсийн асрамжийн газар байх уу, сувиллын газар байх уу гэж асуудаг. Тийм байж болно. Гэвч тийм биш л дээ. Тэтгэвэрт гарсан 60 настай, 70 арай хүрээгүй хүмүүс гэртээ их ганцаарддаг. Тийм хүмүүсийг цуглуулаад өдөр өнжүүлье. Тоглож наадаад, бүжиглээд өдрийг зүгээр өнжиж өнгөрөөх биш ямар мэргэжилтэй хүн байна. За жишээ нь, эмч мэргэжилтэй хүн байлаа гэхэд эмч нарын баг байгуулна. Урлагийнхнаар нэг баг. Багш нараар нэг бүлэг баг болгоод “Та нар насаараа энэ мэргэжлээр ажиллалаа, туршлага юу байна вэ, юу хиймээр байна, юу хийх дутуу вэ” гээд тэдгээр хүмүүсийн туршлага, эрдмийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд хэлэлцэж, төсөл гаргаад түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэг, зөвлөлддөг, бусдад тус болдог тийм төв болгоё гэж бодсон. Гэхдээ одоогоор яг ийм чиглэлтэй гэж тогтсон зүйл алга. Барууны орнуудад ахмадын ийм төв олон. Японд бий. Монголд байгаа ч олон биш бололтой. Сайн судалж, туршлагатай болж анхнаас нь найдвартай юм хийхгүй бол хүмүүс ойлгохгүй, нөгөө талдаа буруу юм хийчих болов уу гэсэн болгоомжлол байна. Гэхдээ сайхан болж л байна.

-Ахмадын төвд зарим хэрэгтэй юмнууд нь дутуу учраас хандивын зоог барих үйл ажиллагаатай гэсэн. Энэ зоогт оролцсоноор хүмүүст буян хураах боломжийг олгож өгч байна гэж ойлгож болох уу. Энэ ярилцлагыг уншсан нэг ч болтугай хүн тэр хандивын зоогийг баривал буян юм даа?

-Маш их баярлалаа. Их сайхан тус хүргэж байна. 27, 28-нд арга хэмжээнүүдтэй. 27-нд нээлт хийнэ. Нээлтэд хүмүүс ирээд хандив өргөх байх. Төвийн зарим засвар дуусаагүй. Шаардлагатай мөнгөн дүн, тооцоог нь гаргаж байгаа. Үйл ажиллагааг нь яаж тасралтгүй явуулах вэ гэдэг дээр бас л мөнгө яригдана. Дандаа мөнгөний асуудал л даа. Тийм болохоор хандив цуглуулах хэрэгтэй байна. 27-ны орой хандив цуглуулах зоог барья гэж төлөвлөсөн. Япон, Америкт байгаа монголчууд маань энэ хандивт оролцъё, энд байгаа ойр дотны хүмүүс, найз нөхөд, аав ээжийгээ оруулцуулъя гэж байгаа. Энд байгаа монголчууд маань ч уг зоогт оролцож болно. Зоогийн үеэр 300 мянган төгрөгийн хандив цуглуулъя гэж бодож байгаа. Зоогоо энд (ЭХЭМҮТ-ийн хашаан дахь Цусны эмгэг, хавдартай хүүхдийн эмнэлгийн зүүн талын байрыг хэлэв.сурв), энэ төвдөө барина. Анх зоогоо хаана хийх вэ гээд нэг битүү газар сонготол их тансаг, мундаг юм. Гэвч их үнэтэй. Хоол зоог нь их үнэтэй. Тэнд зоог барина гэхээр хандивын мөнгөний талыг нь өгөхөөр юм билээ. Тэгэхээр эндээ жирийн зоог барьж, уртын дуу, морин хуураа сонсоод хандиваа цуглуулж хандивын зоогоо барья аа гэж бодсон. Энэ зоогийг барих хүн байвал их буян болно, сайхан болно оо.

-Монголчуудын мэддэг, таньдаг лам хувраг, гэгээнтнүүд дундаас таныг хамгийн өндөр рейтингтэй нь гэж хэлж болохоор?

-(Инээв).

-Яагаад вэ гэхээр, та дандаа сайн үйлс хийдэг. Хийсэн үйл бүхэн нь бодитоор харагддаг.

-Тийм тийм.

-Нөгөө талдаа монголчууд лам нарыг дагаж, даган баясаж буян үйлдэх сонирхол их байдаг юм шиг ээ. Нэг үгээр лам нарт итгэдэг. Таныг ямар нэгэн сайн үйлс хийхэд сүсэгтнүүд маш ихээр даган баясдаг. Ямарваа сайн үйлсэд даган баясахын ач тус юу вэ?

-Би үүнийг дандаа ярьдаг. Өмнө нь бас хэлсэн шүү дээ. Суварга барих уу, сургууль барих уу гэж. Би ингэж хэлсэн. Суварга барих, сургууль барихын буян адилхаан. Аль нь ч болов буян. Би өөрөө Бурханы шашин шүтдэг хүн. Бурхан шашины сүсэг, сэтгэл байж байж бурхан, суварга босгож болно. Тэр их сайн. Би өөрөө энэ хоёроос алийг нь сонгох вэ гэхээр тухайн үедээ сургуулийг сонгоно оо гэж бодсон. Сургууль барилаа гэхэд хүүхдэд, ард түмэнд тус нь шууд хүрч байдаг. Суварга барилаа гэхэд буян нь хүрнэ. Энэ, хойд нас гэж бий. Энэ насанд буян болдоггүй юм бол хойд насанд буян болно. Урд насанд буян хийснээс ийм завшаан гарсан гэж бас бодож болно. Сургуулийг босгоход их хэцүү. Босгосны дараа олон нийт тэрэн дотор даган баясаад, баярладаг. Суваргыг барьж болно. Аав, ээж нас барлаа. Алтан хайрцгийг нь нээлгэхэд “Нутагт нь суварга барьж буян үйлд” гэдэг. Нутаг нь бүр хол, эзгүй газар. Тэнд нь суварга босгохоор маш их зардал гарна. За яахав суваргаа бариуллаа. Суварга барьсны дараа тэрүүгээр хэн ч явахгүй, үр хүүхдүүд нь ч байнга очиж чадахгүй. Аав, ээжийн дурсгалд зориулж суварга босголоо л гэдэг. Тэр суваргаа байнга арчилж, тордохгүй, харж хамгаалахгүй бол хэдэн жилийн дараа эвдэрч нурж эхэлнэ. Эзэнгүй газарт ингээд орхичихоор харамсалтай байдаг байхгүй юу. Харин сургууль ч юм уу, эмнэлэг барьчихсан байхад нурна, эвдэрнэ гэх юм байхгүй. Сайхан менежмэнтийг нь л хийхгүй бол дампуурах аюултайгаас бус өөр бэрхшээл байхгүй. Цусны хавдартай хүүхдийн энэ эмнэлгийг хар л даа (Гараараа заав.сурв). Би зөндөө баяртай байгаа. Өвчтэй хүүхэд байна гэж хааяа дуудахаар нь очиж ном уншдаг юм. Дутуу төрсөн хүүхдийн инкубатортой. Тэнд жилд 1000 хүүхэд ирдэг. Би бүр их баяртай. Нэг жилд мянган хүүхдэд тус болж байна гэдэг том буян шүү дээ. Юу ч хийсэн адил. Суварга барьсан ч, бурхан барьсан ч, эмнэлэг барьсан ч буян. Суварга, бурхан бариулсан хүмүүсийг би даган баясдаг. Бурханы шашин шүтдэг хүмүүс олон нийт, ард түмэнд тус хүргэх юм их хийж байгаа шүү гэдгийг мэдэх хэрэгтэй.

-Буян үйлдэхийг сургууль, эмнэлэг барихаар л төсөөлж “За даа, би ч буян хийж барамгүй юм байна” гэж эндүүрэх хүн байж магад. Гэтэл бие, хэл, сэтгэлээр буян үйлдэл боломж бий. Өглөө хүнтэй сайхан мэндлэх, хүнд сайхан үг хэлэх хүртэл буян болно гэдэг шүү дээ. Энгийнээр хэрхэн буян хурааж болдог талаар та хүмүүст зөвлөвөл?

-Та сая хэллээ, бие, хэл сэтгэл гурав гэж. Биеэр юу ч юм хийж болно. Барилга барьдаг ч юм уу, ажил хийдэг ч юм уу, эсвэл нэг өдөр сайн дурын ажил хийх ч юм уу.

Хэлээр буян үйлдэж болно. Ном унших ч юм уу, шүлэг унших, хичээл заах ч юм уу. Бие, хэлээр ингэж буян үйлдэхийн гол үндэс нь сэтгэл байдаг. Сэтгэл сайхан тэгш, цагаан сэтгэлтэй, сайн сэтгэлтэй, хайрын нинжин сэтгэлтэй бол юу ч хийсэн буян болно. Өөрийн үр хүүхдээ дандаа магтаад суухгүй шүү дээ. Зарим нь загнана, зарим нь сүр үзүүлнэ шүү дээ. Тэр үед үр хүүхэд нь аав ээждээ уурладаггүй. Хожим нь буяныг нь бодоод “Бид багадаа ингэж өссөн, тэгж өссөн. Би аав ээжийнхээ тэр л хатуу үгээр өдий зэрэгтэй хүн боллоо” гэж дандаа боддог. Яагаад тэгдэг вэ гэхээр сэтгэл нь үр хүүхдэдээ хайртай байсан гэсэн үг байхгүй юу. Хайртай, сайхан, зөв, нинжин сэтгэлтэй байвал юуг ч хийвэл буян болно оо гэж боддог. Буяны ажил хийж байна гэхээр ном уншуулах, эсвэл оршуулга дээр хоол хийж өгөх гэж бодоод байдаг. Тэр гагц буян биш. Буяныг хаана ч, хэзээ ч хийж болно. Сэтгэл сайн байх ёстой. Сэтгэл сайн бол бие, хэл, сэтгэлээрээ буян үйлд. Ном, хичээл заах, хүнд тус хүргэх, зөвлөлдөх тэр бүгдээрээ буян. Биеэр буян үйлдэж ч болно. Тийм бүр чадал байхгүй бол сэтгэлээсээ сайхан бодоод, тайвшраад, хүмүүсийн хийсэн сайн сайхан үйлсийг даган баясаад суувал тэр бас л буян. Даган баясах уу, атаархах уу? Хэн нэгэн хүн юм хийхээр “Аа, тэр үү зүгээр… тэр чадахгүй ээ” гээд муу талаас нь бодохоос тухайн хүнийг “Их зөв юм хийжээ” гэж бодох нь бага. Дотроо хүмүүсийг миний тал, хүний тал гэж бодно. Миний тал гэхээр найз нөхдөө гэнэ, хүний тал гэхээр дайсан мэт үзнэ. Тэр дайсан гэж бодоод байгаа хүнээ сайн юм хийсэн ч сайн юм хийлээ гэж хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийн талын гэж боддог хүн нь буруу юм хийчихээр “Яахав ээ, буруу юм хийсэн. Гэхдээ зүгээр ээ…” гээд байдаг. Энэ бол буруу. Сайн бол сайн. Муу бол муу. Ямар ч хүн сайн, муу юм хийж болно. Сайн юм хийсэн хүнийг ямар ч цагт даган баясах хэрэгтэй. Ингэвэл буян болно. Замын цасыг цэвэрлэчихэд буян, зам дээр яваа настай хүнд туслахад ч буян болно. Сэтгэл байх хэрэгтэй. Буян хураах завшаан их байдаг.