Атаман. Энэ үг уг нь хуучирсан л даа. Бараг хэрэглэхээ больчихсон. Гэтэл саяхнаас энэ үг эргэн моодонд орж, охид энэ “гуншин”-г өөртөө зүүх гэж зодолдох болж. Дээхнэ үед сумын сургууль ч юм уу, хотын аль нэг сургуульд атаман гэгддэг ганц нэг хөвгүүн л байдаг байлаа. Тэднийг одоогийн зодоон хийгээд байгаа охидтой харьцуулахад юу ч биш байж шүү.
Өчигдөр нийслэлийн 54, 13, 28, 113, 40 гээд хэд хэдэн сургуулиар орж атаман гэгддэг охид байгаа эсэхийг нь сурвалжилсан юм. Сургууль, сурагчдын нэр хүндийг хүндэтгээд нэрийг нууцаллаа.
А сургуулийн гадна хэсэг охид сууж байлаа. Тэд гартаа хуйлсан цагаан цаас, шалгалтад бэлтгэх ном энэ тэр барьчихаж. Давтлага, хичээл ярьж байлаа. Охидтой мэндлээд “Саяхан 54 дүгээр сургуулийн охидын зодолдож байгаа бичлэг фэйсбүүкээр тарж бөөн юм болж байгаа. Үзсэн үү. Танай сургуульд тиймэрхүү охид байдаг уу” гэж асуув. Тэд “Аан, тийм. Тийм бичлэг үзсэн. Аймаар зодолдож байна лээ. Манай сургуульд тийм охид ганц ч байхгүй. Хэрвээ хэн нэгэн сурагч эвгүй үйлдэл гаргавал манай нийгмийн ажилтан дуудаж уулздаг байхгүй юу. Ер нь манай сургуульд тийм юм болж байсныг мэдэхгүй. Бид нар их эвтэй. Манай дээд ангийн эгч нар маань хамт сагс тоглох уу гээд л асуудаг ш дээ” хэмээцгээлээ.
Нэг нь “Юун зодолдох вэ, шалгалт, шүүлэг эхэлж байхад” гэв. Тэгснээ “Та бидний үгэнд итгэхгүй байвал манай захирал, нийгмийн ажилтан, менежертэй уулзаад үз” гээд хаана, хэдэн давхарт, ямар тоот өрөөнд суудгийг нь уралдан тайлбарлана.
Охидод шалгалтаа амжилттай өгөхийг ерөөхөд “Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа” хэмээн инээмсэглэн үлдсэн юм.
Дараагийн сургууль дээр очлоо. Охид ваартай цэцэг, тасалгааны ургамал барьсаар сургууль руугаа орж байна. Найз бололтой хоёр охин гар гараасаа барилцан гангар гунгар гэнэ. “Найз нь гэртээ очоод ярья. Мартахгүйг хичээнэ ээ”, “Тэгээрэй. Тэр даруулга чинь ёстой гоё. Миний бэлтгэлийн ягаан цамцтай их сайхан зохино, тийм үү”, “Харин нөгөөдөр найз нь юу өмсөх үү”, “Би л лав шар алаг пүүзээ өмсөнө өө” гэцгээнэ.
Савтай цэцэг тэвэрч яваа охинтой уулзлаа. Энэ сургуулийн есдүгээр ангийн сурагч аж. Тэрээр “Би тэр зодоон модооноос чинь ёстой хол. Яагаад гэвэл манай сургууль дээр тийм юм гардаггүй юм. Миний бодлоор охид яагаад зодолдоод байна вэ гэхээр тэр хүний өөрийнх нь л хүмүүжилтэй холбоотой байх. Аав, ээжийнхээ үгэнд ордоггүй охид л зодоонч болдог гэж боддог шүү” гэсээр сургууль руугаа гүйгээд орчихов.
В сургуулийн гадна хэдэн хөвгүүд байна. Хичээл тарчихсан. Сагс тоглох санаатай бусад найзыгаа хүлээж байгаа гэнэ. Тэд “Охид зодолддог болсон гээд л их ярих болж. Охид зодолдоно гэдэг чинь хамгийн муухай. Хэрвээ миний таньдаг охин зодолдвол би үзэн ядна аа. Ээжийнхээ үгийг тоодоггүй муу хүүхдүүд л зодолддог. Атаман охид гэж хэлэхээс л аймаар байгаа биз дээ. Тийм хүүхэдтэй л би лав нийлэхгүй” гэж ярьцгаагаад сургуулийнхаа охидыг даруу гэж тодотголоо.
Харин Г сургуулийн гадна хичээл нь тарчихсан хүүхдүүд тоглоцгооно. Савлуур, гулсуураар наадаж, сагсан бөмбөг тоглоно. Нэгэн сурагч хөвгүүнээс атаман охид сургуульд нь байдаг эсэхийг сонирхвол “Эмэгтэй хүүхдийг зодолдохыг буруу гэж үзэж байна. Яагаад гэвэл эмэгтэй хүмүүс зодолдож болохгүй. Манай сургуулийн наймын К-ын охид харин зодоонч шүү. Хоорондоо ч гэл үү, бусдыг ч гэлүү аймаар зоддог” гэлээ.
Ингээд сургууль руу нь орж холбогдох хүмүүстэй нь уулзаж атаман гэгдэх охид байдаг эсэхийг лавлах гэсэн боловч хариулт өгөх хүн байсангүй. Бүгд семинарт явсан гэнэ. Харин жижүүр эмэгтэй “Өнгөрсөн өвөл тийм юм болсон. Ангийн багш нь жирэмсний амралтаа аваад явчихсан тэр үеэр болсон юм. Тэдний ангийн охид хоорондоо зодолдсон гэсэн. Эцэг, эхчүүд нь ирээд хэл амаа ололцоод, тэгэсхийгээд л намжсан. Түүнээс биш манай сургуульд сахилгагүй, хэрэг төвөг хийдэг охин ганц ч байхгүй. Манай нийгмийн ажилтан сурагчидтайгаа тулж ажилладаг” гэлээ.
Сагсны талбайд тоглож байсан дунд ангийн сурагчдад явдал учраа хэлбэл бүгд тоглохоо болиод гүйж ирэн “Ямар ч л байсан манай сургуульд тийм зодоонч хүүхэд байдаггүй юм. Ер нь охид зодолдох чинь муухай. Гэхдээ зодоон хийх гээд байдаг охид бий гэсэн” гээд өөр өөрсдийнхөө бодол саналыг ярьцгаав. Тэдний бодлоор зодолдоно гэдэг хүмүүжилгүй хүүхдийн шинж гэнэ.
“Эрдмийн ундраа” цогцолборын 54 дүгээр сургуульд очлоо. Энэ сургуулийн долдугаар ангийн сурагч охид зодолдож, нэг охин нөгөө ангийнхаа охиныг үсдээд чирч, гулдарч зодож байгаа бичлэг цахим ертөнцөөр тархсан. Эл үйл явдал олон түмний анхаарлыг татаж, холбогдох байгууллагууд нь ч арга хэмжээ аваад буй.
Сургуулийн жижүүр нь захирал, менежер гээд мэдээлэл өгчихөөр хүмүүс семинарт явсныг дуулгалаа.
Гэтэл сургуулийнх нь нийгмийн ажилтантай таарлаа. Тэрээр “Сурагчдын зодоонтой холбоотойгоор манай сургуулийн удирдлагууд дуудагдах газар нь дуудагдаад явж байгаа” гэсэн юм.
Зодоон болж байхад бичлэг хийсэн, хашгирч турхирсан, инээлдсэн, харж зогссон гээд бүхий л сурагчийг цагдаагийн газраас шалгаж байгаа гэнэ.
Жижүүрээс “Долдугаар ангийн сурагчидтай уулзаж болох уу” гэвэл “Хичээл нь тарчихсан. Дотогш орж болохгүй. Бага ангийнхан шалгалт шүүлэгтэй. Гаднын хүн оруулахгүй” гэж хэллээ. Зодоонд оролцсон охидыг эцэг эхчүүд нь хичээлийг нь тарангуут л хүрч ирж авч байгаа гэнэ. Тийм болохоор тэдэнтэй уулзах боломжгүй аж.
Сургуулийн гадна бага ангийн сурагчид шарсан төмс, жигнэмэг, пирошки идэнгээ хөөцөлдөн тоглоно. Зарим нь гар утсаараа гэрийнхэнтэйгээ ярина. “Тарах болж байна уу гэж үү. Тарах болоогүй байна аа, ээжээ. Одоо нэг цаг дутуу” гэвэл хажууд нь зогссон найз нь хоёр хуруугаа гозойлгов. Тэгтэл өнөө охин “Ээж ээ, хоёр цаг дутуу юм байна” гэж үргэлжлүүлэн ярив.
Дунд ангид суралцдаг болов уу гэмээр нэгэн охин утсаар “Хичээл тарчихсан. Ирж ав. Утасны цэнэг дуусч байна” гэж ярина. Тэр охин энэ сургуулийн наймдугаар ангийн сурагч юм байна. Мэнд ус мэдэлцээд ярилцах санаатай дөхвөл хойш ухарчихлаа. Тэгснээ “Би юу ч мэдэхгүй” гээд толгойгоо сэгсрээд уурсангуй хэлэв.
Гурван охин тойрч зогсоно. Долдугаар ангийн сурагчид гэнэ. Тэдэнд сонины газраас явж байгаа тухайгаа хэлтэл бүгдийнх нь царай хувьсхийлээ. Нэг нь ам нээх гэтэл дэргэд нь зогссон охин түүнийг ёворно. Тэгснээ зэрэг зэрэг л “Бид мэдэхгүй ээ” гэснээ “Алив явцгаая, багш дуудаад байна” гээд гүйгээд явчихлаа. Тэдний нэгийг нь арай гэж үлдээчихлээ. Тэр охин “Тэр зодоон чинь хөвгүүдээс болсон юм шиг байна лээ ш дээ. Тэгээд л охид нь зодолдсон гэсэн” гээд ярих гэтэл нэгэн охин гүйж ирээд өнөө охиныг чирлээ. Хүнтэй ярьж байхад нь яагаад энэ хүүхдийг чирээд байгааг нь асуувал “Бид нарыг хүн хүлээгээд байна ш дээ гээд байхад, яагаад байгаа юм” гэсээр сургуулийн цаагуур орчихлоо.
Гаднах сандал дээр хэсэг суув. Гэтэл сургуулийн цаагуур орсон өнөө охид ес арвуулаа болчихсон бөөнөөрөө гарч ирлээ. Сургуулийнхаа үүдэнд зогсоцгооно. Тэгтэл жижүүр залуу гарч ирээд “Охид оо, тарсан бол харьцгаа, явцгаа” гэж тэднийг тараах гэж үзлээ. Тоосон шинжгүй хэсэг хэсгээрээ бутарснаа буцаад л нийлчихнэ. Тэдэнтэй ярих гээд дөхтөл ам амандаа “За, явъя даа. Харья даа” гээд холдоцгоов.
Сургуулийн хашаанаас гарах гээд булан тойртол өнөө гэр рүүгээ харихаар болоод салсан охид бөөнөөрөө зогсч байна. Биднийг харчихаад дахиад л “За за харьцгаая” гэсээр холдох гэхээр нь хэддүгээр ангийн сурагчид болохыг нь лавлавал “Дөрөв, гурав, хоёр, нэг” гээд инээлдлээ.
Сургуулийн дэргэдэх машины зогсоол, дэлгүүрийн ойр орчимд тус сургуулийн долоо, найм, есдүгээр ангийн охид хоёр, гурав, дөрвөөрөө зогсоно. Зарим нь хармаандаа гараа хийчихсэн, цамцныхаа юүдэнг өмсчихсөн, хүмүүс харвал сурагч гэхээргүй. Машинуудын дэргэд зогсч байсан, өөрсдийгөө есдүгээр ангийн сурагчид гэж танилцуулсан охид “Юун зодоон ерөөсөө сонсоогүй юм байна. Манай сургууль дээр тийм юм болсон юм уу. Гайхалтай л юм”, “Фэйсбүүк ий?. Би фэйсбүүк хаяггүй юм чинь тийм бичлэг яаж үзэх вэ дээ. Фэйсбүүк байтугай зурагт үздэггүй. Мэдээллээс хол амьдардаг ш дээ” гэлээ.
Охидын зодоон ойрд олны анхаарлын төвд байж, хэвлэл мэдээллийнхэн энэ үйл явдлыг хөндөж, тус сургуулиар олон ирж очиж байгаа болохоор сурагчид нь ийм хашир болчихсон юм уу, эсвэл угаас ийм хүмүүжил, ийм орчинд хүмүүжээд байгаа юм болов уу гэсэн эргэлзээтэй бодол төрж, юу тэднийг эвдээд байгаа юм бол гэсэн асуулт толгойд эргэлдсэн юм.
Нийслэлийн III, IV хорооллын зарим сургуулиар явахад л ийм эрс тэс, янз бүрийн дүр ажиглагдлаа. “Эрдмийн ундраа” цогцолборын сурагч охидын бичлэг интернэтэд тавигдахад олон эцэг эхчүүд “Солонгосын “Нархан бүлэг” гэдэг киног телевизүүд бараг бүгд гаргаад байгаа. Энэ кино охидод их буруу үлгэр дуурайлал үзүүлээд байх шиг байна” гэсэн сэтгэгдэл бичсэн байсныг энд нэмье.
Д.САРУУЛ