Өнгөрсөн долдугаар сарын 5-нд
Эрхүү хотын Горькийн төв гудамжнаа орших есөн давхар барилгаас Монголын иргэн
48 настай Н унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүний үхлийг ОХУ-ын
мэдээллийн хэрэгслүүд амиа хорлолт байсан хэмээн мэдээлж, амиа алдахаас нь өмнө
хэлэлцээ хийж байсан сэтгэлзүйчид түүнийг орос хэлний мэдлэггүй, хэл нэвтрэлцэхэд
бэрхшээлтэй байсан хэмээн мэдэгдэж байсан.
Гэтэл талийгаач Н нь ОХУ-д мэргэжил
эзэмшин хорь гаруй жил амьдарч, ажиллаж байсан нэгэн байжээ. Болсон хэрэг явдлын
талаар түүний эхнэр З.Түмэндэлгэртэй ярилцлаа.
-Долдугаар сарын 5-нд чухам юу
болсон бэ. Тантай тэр өдөр утсаар холбогдсон уу?
-Долдугаар сарын 4-нд нөхөр маань над руу залгасан. Дуу хоолой,
ярианых нь өнгө байдгаараа, хэвийн байсан. “Би Эрхүүгийн консулын газраас ярьж
байна. Нөгөө хэдэн хүн намайг дарамталсан хэвээрээ л байна. Ламаар уншуулсан ном
чинь нэг л хүчгүйдээд байх шиг. Чи хатуухан шиг ном уншуулаач” гэсэн.
Түүнийг
ярьсны дараахан Эрхүүгийн Консулын газраас над руу залгаж “Танай нөхрийг хүмүүс
дарамтлаад байгаа юм байна” гэхээр нь би “Тийм ээ, нөхрийг минь хүмүүс дарамтлаад
байгаа гэсэн. Одоо ганцаараа байгаа болохоор ганцаардаж байгаа байх. Шөнө орой хүртэл
тэр хүмүүс нь утасдаж дарамталж байгаа болохоор сэтгэл зүйн хувьд хүнд яваа” гэж
хэлсэн. Тэгтэл консулын хүн намайг хүрээд ирэх боломж байна уу гэсэн. Би хараар
амьдарч байсан болохоор очих боломж байгаагүй.
Тэр өдөр
нөхөртэйгээ дахиж холбогдох гэсэн чинь утсаа аваагүй. Маргааш нь 15 цагийн үед
хадам ах над руу залгаад нөхрийг минь өнгөрчихлөө гэж дуулгасан.
-Чухам
ямар хүмүүс дарамталсан юм бол. Юунаас болж дарамтад орсон юм бэ. Мафийнхан мөнгө
төгрөг нэхэж, паспорт бичиг баримтыг нь барьцаалсан юм уу?
-Нөхөр
минь оросуудтай, Оросын цагдаа нартай харьцаад сурчихсан. Хэнд ч дээрэлхүүлдэггүй,
цагдаа нарын өөдөөс хууль яриад л загнаад явуулчихдаг тийм хүн байсан.
Юунаас
болж дарамтад өртөв өө гэхээр би өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр хүүхдээ аваад эх
орондоо ирсэн юм. Биднийг явсны дараа нөхөр минь өдөрт хэд хэд залгаж ярина. Би
нөхрөө гал тогооны асуудалд оролцуулдаггүй. Хоол ундаа бүгдийг нь хийдэг байсан
болохоор нөхөр маань утсаар яаж хоол хийх талаар хүртэл асууж, яаж будаа агшаахаа
асуудаг байлаа. Гэтэл тавдугаар сарын хорьдоос эхлээд л ярианых нь өнгө өөрчлөгдөөд
ирсэн. Цоглог, хөгжилтэй эрч хүчтэй ярьдаг хүн чинь дуугаа хураагаад нэг л учир
битүүлэг болчихсон.
Биднийг
энд ирсний дараа талийгаач маань эхлээд арван хэдэн мянган рубль явуулсан. Нөхөр
маань тэр рублийг явуулах гэж зүдэрсэн л дээ. Мөнгөө дайгаад явуулчих хүн олдохгүй.
Онгоцны буудал дээр хонон өнжин байж нэг хүн олоод явуулсан юм. Бид хамтдаа байхдаа
хэзээ ч ийш тийш мөнгө төгрөг шилжүүлэх ажил гарч байгаагүй. Анх удаа л мөнгө явуулж
үзэж байгаа нь тэр. Дараа нь галт тэрэгний таньдаг үйлчлэгчээр дамжуулж хэдэн рубль
явуулсан.
Нөхөр маань
“Хүн амьтан гуйж ингэж мөнгө явуулах чинь хэцүү юм. Банкны дансаар шууд мөнгө дамжуулдаг
гэж сонслоо” гээд бид данс нээгээд дансаар мөнгө гуйвуулж авсан. Тэгтэл маргааш
нь “Энэ дансаар мөнгө явуулах чинь бас явдалтай юм аа. Маш их шимтгэл авч байна.
Би банкуудаар явж шимтгэл багатайг нь хайя” гэсэн юм яриад өнгөрсөн. Гэтэл хэд хоногийн
дараа дуу хоолой нь өөрчлөгдөөд сонин болчихсон байсан. Би бодохдоо манай хүн банкуудаар
явж мөнгө төгрөг гуйвуулах талаар асууж яваад хүмүүсийн анхааралд өртчихсөн юм болов
уу гэж таамагласан.
Утасдах
нь цөөрсөөр байгаад хориод хоног ямар ч сураггүй таг болчихсон. Тэгж байгаад нэг
ярихаар нь шалсаар байгаад юу тохиолдоод байгаа талаар нь зах зухаас нь сонссон
юм. “Намайг хүмүүс дарамтлаад байна. Чи надтай хамаагүй битгий ярь. Ялангуяа банк,
рубль гэж битгий яриарай. Эдэн дотор монгол хэл мэддэг хүмүүс байдаг юм байна” гэсэн.
Ингээд хэд хонолоо. Зургадугаар сарын 17-нд хүүгийн маань төрсөн өдөр. Хүүхдийнхээ
төрсөн өдрөөр ч утасдсангүй. Хэзээ ч тийм зүйл болж байгаагүй. Би маш их сандарсан.
Хамгийн
сүүлд утсаар ярихдаа чухам ямар хүмүүс өөрийг нь дарамталж, сүрдүүлээд байгаа талаараа
ярьсан.
-Юу
гэж ярьсан юм бэ. Тодорхой зүйл ярьж, ямар нэг зүйл сахисан уу?
-Шууд л
“Одоо миний ярих зүйлийг бичээд аваарай гэсэн. Намайг 18-20 настай, монхор хамартай
орос залуу, том биетэй, баруун гарын шуун дээрээ шивээстэй халимаг юм уу, буриад
зүстэй, дөч эргэм насны эр ээлжилж дагаад байна. Өдөр шөнөгүй утасдаж ална гэж
сүрдүүлдэг. Бас хөршүүдэд минь намайг ал гээд рубль өгсөн гэсэн” гэж ярьсан. Нөхөр
маань нааш рубль явуулахдаа хүүхдүүдийнхээ ном, дэвтрийг хамт явуулсан юм. Охины
минь унших дуртай нэг номын аравдугаар хуудсан дээр өөрийгөө дарамтлаад байгаа
хүний нэрийг бичээд явуулчихсан шүү гэж хэлсэн.
-Хэн
гэж хүний нэрийг бичсэн байж вэ?
-Козырева
Ольга Николаевна Т.Д гэж эмэгтэй хүний нэр бичсэн байсан. Энэ хүн манай архичин
хөршүүдтэй хамт архи ууж байгаад 30 мянган рубль өгч манай нөхрийг сүрдүүлж, болохгүй
бол ал гэж захиалсан юм билээ.
Тэгээд
нөхөр маань “Энэ хэдэн номерыг тэмдэглээд ав” гээд хэдэн хаяг, хаалганы дугаар бичүүлсэн.
-Танайх
Эрхүүгийн хаана амьдардаг байсан юм бэ?
-Эрхүүгийн
цаана нэг хотод амьдардаг байсан. Хөршүүдээ би сайн мэднэ. Архи уудаг хүмүүс байдаг.
Архидаад энд тэнд бөөгнөрөөд сууж байдаг юм.
Би утсаар
ярьж байхдаа “Энэ ямар учиртай дугаар, хаягууд юм бэ” гэсэн чинь “Дуугүй зүгээр
л бичээд ав” гэсэн.
-Юунаас
болж дарамтлуулаад байгаагаа хэлээгүй юм уу?
-Тэрийгээ
хэлээгүй. Манай хүн “Өөр хүний хийсэн гэмт хэргийг намайг үйлдсэн гэж хүлээ гэж
хүчлээд байна” гэсэн. Би тэгэхээр нь “Чи хүрээд ирээч. Эсвэл өөр хот руу явж болдоггүй
юм уу” гэтэл “Тэгвэл намайг хүмүүс хэрэг хийчихээд зугтсан гээд буруугаар ойлгочихно
шүү дээ” гэсэн.
-Танай
нөхөр яагаад тэр өндөр барилга дээр гарах болсон юм бол?
-Манай
нөхөр чинь оюутан байхдаа үүнээс ч өндөр барилга дээр найзуудтайгаа гарч сууж, зураг
авахуулдаг сахилгагүй байсан юм. Тэр тухайгаа надад ярьдаг байсан. Их эрэмгий зоригтой
хүн л дээ. Өндрөөс айдаггүй байсан юм.
Хүний анхаарлыг
татах гэж л тийм үйлдэл хийсэн болов уу. Өөрт тохиолдоод байгаа хэрэгт нь консулынхан
удаан хандаад байсан ч юм уу, эсвэл өөрт нь итгээгүй болохоор тийм алхам хийсэн
байх.
Алтан хайрцгийг
нь нээлгэхэд сүүлийн есөн хоног юм идэж уугаагүй, ерөөсөө унтаагүй. Сэтгэл санааны
түгшүүртэй байдалд олон хоног тарчилж гэр орондоо маш их айдастай байсан гэж гарсан.
Талийгаач маань утсаар ярихдаа нарийн ширийн юмаа ерөөсөө яриагүй, нуудаг байж
(уйлав).
-Танайх
ОХУ-д хорин жил амьдарсан гэв үү?
-Бид
1993 онд гэрлэсэн юм. Охин минь зүрхний өвчтэй төрсөн. Ховдол нь гурван цоорхойтой
болохоор Монголд эмчилдэггүй байсан. Москвагийн эмнэлэгт очиж эмчлүүлдэг байсан
юм. Бид 2003 он хүртэл жил бүр орж ирж бичиг баримтаа сунгуулдаг байв. Сүүлдээ хүний
газарт олон жил амьдраад ирэхээр “Манайхан бичиг баримтгүй амьдраад болоод байдаг
юм байна” гэж бодоод бас хэдэн төгрөгөө хэмнэх гээд 2003 оноос хойш эх орондоо ирээгүй
юм. Охины маань эмчилгээ 2008 онд дуусаад тэнд амьдрах шаардлагагүй болоод бид өөр
хотуудаар амьдрах болсон. Би эх орон руугаа зүтгэдэг. Харин нөхөр маань хэдэн төгрөгтэй
болж байгаад нутагтаа очно гэдэг байлаа.
Манай хүн
чинь Эрхүүгийн Политехникийн сургуулийг барилгын инженерээр төгссөн юм. Нөхөр
маань нисэхэд ажиллаж байсан, Монголд танил ихтэй, нэр хүндтэй хүн байсан юм.
ОХУ-д наймаа
хийж мөнгө олж байгаа хүмүүс чинь ер нь ганц биеэр л явдаг. Ар гэр нь Монголдоо.
Манай хүн шиг эхнэр, хоёр хүүхдээ дагуулаад, тэжээгээд явдаг хүн байхгүй. Би наймаа
хийж мэдэхгүй. Хааяа барааг нь харж суудаг байсан. Гэртээ л голдуу суудаг байсан
юм.
-Эрхүү
дэх Консулын газрынхан талийгаачийг анхааралдаа авахгүй, бичиг баримтыг нь цэгцэлж
өгөхгүй байсан юм биш үү?
-Нөхөр
маань тэр үед ямар ч мөнгөгүй байсан. Бидэн рүү хамаг мөнгөө явуулчихсан байсан.
Мөнгө төгрөггүй хүн консул дээр ороод ирэхээр гайхсан байх. Та бүхэн бод доо, есөн
хоног хоол, ундгүй байсан хүний царай нь дорой, дуу хоолой нь сул байсан байж таараа.
Хэрвээ айж дагжсан бол ийш тийш хулгайч шиг хулбалзсан байж мэднэ. Тийм хүн ороод
ирэхээр консулынхан итгээгүй байх гэж бодож байна. Тэгээд өөрт нь итгээгүй болохоор
тэр барилга дээр гарч хүмүүсийн анхаарлыг татаж ажлаа бүтээх гэсэн байх.
Яагаад
надаас тусламж гуйгаагүй юм бэ гэхээр аргагүй шүү дээ. Би тэр хүнээс мөнгө авч
амьдарч байгаа, ирээд удаагүй болохоор олигтой ажил төрөл ч үгүй байсан болохоор
мэдээж санааг минь зовоохгүй гэсэндээ бүхнээ нуудаг байсан байх. Өөрт нь туслах
хүн өөр байхгүй болохоор ингээд л зүтгэе гээд шийдсэн байх даа. Консулдаа чухам
ямар асуудал тавьсныг би мэдэхгүй байна. Тийм асуудалд орсон хүн консулаасаа тусламж
гуйхгүй өөр хаачих ч юм бэ.
-Энэ
хэргийг Оросын тал хаачихсан гэсэн үү?
-Энэ хэргийг
хэрэгсэхгүй болгочихсон. Ажил явдал нь болоод дууссаны дараа талийгаачийнхаа нутаг
руу очсон. Архангай аймгийн хүн байсан юм. Нутагт нь очоод чандрыг нь ёсоор болгосон.
Зайлуул нутагтаа очихыг их хүсдэг байсан юм. Одоо миний сэтгэл жаахан ч гэсэн уужирч
байна. Гэхдээ сэтгэлийг минь нэг зүйл зовоогоод байна. Манай хүнийг юу ч мэддэггүй,
орос хэл мэддэггүй будилсан хүн явж байгаад л өнгөрчихлөө гэсэн ойлголтыг манай
монголчууд авчихсан.
Миний энэ
ярилцлагыг уншиж байгаа хүмүүст хэлэхэд миний нөхөр бол харийнхны дарамтад өртсөн,
монголчуудын л нэгэн адил гэр бүлээ гэсэн сэтгэлтэй жирийн нэг эр хүн байсан юм
шүү. Гадаадад архи уугаад энд тэнд хэвтдэг монголчууд байдаг. Харин манай нөхөр
хэзээ ч тийм яваагүй. Эрхүүгийн монголчууд манай нөхрийг мэднэ. Нөхөр маань архи
уудаггүй. Дөчин нас хүрээд л тамхи татаж эхэлсэн.
-Нас
барахын өмнө тэр барилга дээр сууж байхдаа өөртөө их итгэлтэй, хөлөө доош унжуулаад
ер нь айсан шинжгүй байгаа нь бичлэгээс харагддаг?
-Би тэр
бичлэгийг үзээгүй. Үзмээргүй байна. Манай хүн чинь их бардам. Өөртөө итгэлтэй.
Ярианы маш их авьяастай. Ямар ч ажлыг хөөцөлдөөд бүтээчихдэг сэргэлэн, хүний эвийг
олдог хүн байсан. Би үлдсэн амьдралаа түүнгүйгээр яаж төсөөлөхөө мэдэхгүй байна.
Тэр минь амьдралын бүхий л зүйлийг зохицуулдаг байсан. Би Оросын дэлгүүр хоршоогоор
ороод хувцас хунараа авч чадахгүй. Тэгэхэд нөхөр маань захын л нэг худалдагчаас
надад хувцас авч өгөхдөө үнийг нь хэд дахин буулгачихдаг байлаа.
Миний хань
чинь маш сайхан залуу байсан. Гудамжаар хамт явахад зөрсөн хүмүүс бүгд л эргэж хардаг
юм. Сууж байгаа нь, хүнтэй харьцаж байгаа нь яг л ноён хүн шиг. Настай хүнийг, ялангуяа
өндөр настай эмэгтэйчүүд, хүүхдийг маш хүндэлдэг байсан.
-Ямар
наймаа хийдэг байсан юм бэ. Үл бүтэх хүмүүстэй нийлдэг байсан юм болов уу?
-Ерөөсөө
тийм зүйл байхгүй. Эрхүүгийн захаас бараагаа аваад хотуудаар явж зарна. Өвөл нь
үстэй захтэй куртик, бээлий зарна. Зун, намартаа наймааны гүйлгээ муудна. Өвөлдөө
олсон жаахан мөнгөө зун зарцуулна. Тиймэрхүү л наймаа хийдэг байсан. Гутал зардаггүй
байсан юм. Хааяа Монголын арьсан цүнх зарна. Оросоор яг л орос хүн шиг ярьдаг
байсан.
Би тэр
ингэлээ, энэ ингэлээ гээд гомдоллоод явсан юм алга. Хамгийн гол нь хүмүүс нөхрийг
минь зөвөөр ойлгоосой гэж бодож байна. Би яах вэ, үеэ өнгөрөөчихсөн. Энэ хүний
үр хүүхэд нь үлдэж байна. Хэзээ нэгэн цагт хаанаас ч юм. Аавынхаа тухай буруу мэдээлэл
олоод уншчихвал яах вэ. Хүүхдүүд маань аавыгаа дарамтад байсан гэдгийг мэднэ. Харин
бусад зүйлийг нь мэдэхгүй. Би яриагүй байгаа. Хүнийг үзэн ядаж, гомдчих вий, зүрх
нь хатуурчих вий гэж эмзэглэж байна.
-Та
хэргийн талаар ОХУ, Эрхүүгийн холбогдох газруудаас тодруулж, нөхрийг тань дарамталсан
этгээдүүдийг илрүүлэх талаар хөөцөлдөв үү?
-Энэ хэрэг
наадмын үеэр болсон болохоор холбогдох албан газрууд, мэдэх хүмүүс нь амралт, баяр
ёслол гээд анзаарсангүй. Тэгэсхийгээд мартагдчих шиг боллоо. Би Эрхүүгийн Мөрдөн
байцаах газарт хоёр ч удаа өргөдөл бичсэн. Хоёуланг нь анхаарч үзсэнгүй. Хэргийг
нь хаачихлаа. Хэрвээ би ингэж нас бараад нөхөр минь амьд байсан бол манай хүн над
шиг ингээд сууж байхгүй л байсан. Чадалтай, мэдлэгтэй, сэргэлэн хүн байсан болохоор
бүхнийг зохицуулаад энэ асуудлыг шийдүүлээд буруутай хүмүүсийг нь олчих байсан.
Гэтэл надад хүч, танил тал дутаж байгаа байхгүй юу (уйлав). Би авхаалж самбаа, хөөцөлдлөгөө
л муутай байгаа байхгүй юу. Би энэ хэргийн араас явж чадсангүй. Би нөхрөөсөө уучлалт
гуйсан. Талийгаачийнхаа чандрыг хийсгэж байхдаа “Чамайг дарамталж байсан хүмүүсийг
олж, хэргийг чинь шийдүүлж чадсангүй ээ. Намайг уучлаарай” гээд уучлалт гуйсан.
Би тийм
их хүчтэй, амьдралыг минь аваад явж байсан авхаалж самбаатай сэргэлэн ханиа хүнд
дарамтлуулаад ийм юм болчихсон гэхэд одоо ч итгэхгүй байна. Итгэж ядаад л байна.
Хүнийг нугалчихдаг л юм байна. Нөхөр минь ганцаараа байсан болохоор л нугалуулчихлаа.
Тэр минь
сүүлд утсаар ярихдаа “Путинд захидал бичээрэй” гэж байсан. Би өмгөөлөгч хайсан.
Надад олдох өмгөөлөгч байхгүй юм байна. Хэрвээ олдвол энэ хэргийг хөөцөлдмөөр байна.
-Аврагч
олсоор цаламдах яг тэр агшинд талийгаач цочоод уначихаж байгаа нь бичлэгээс харагддаг?
-Есөн давхраас
эгц доош унаад гурван давхрын тавцан дээр унасан юм билээ. Хэрвээ аврах алба сайн
ажиллаад гуравдугаар давхрын тэр тавцан дээр тоссон бол өөр хэрэг. Аврах боломж
байсан. Тэд буруу, муу ажилласан. Олон хоног нойр, хоолгүй явсан хүн сульдалгүй
яахав. Цочоод унахдаа олсноос гараараа зүүгдсэн ч биеэ дийлээгүй. Үнэхээр амиа
хорлоё гээд шийдчихсэн хүн тэр агшинд олсноос барьж аврагдахыг хүсэх үү. Гэтэл
олсноос зуураад алдсан.
Д.САРУУЛ