Categories
редакцийн-нийтлэл

Шаамараас хулгайлагдсан гэх Т.Хишигбат хүү Улаан-Үдэд энх тунх амьдарч байна

Баруун гар талаас Гончиг, Цэрэнханд, Раднаа

Манай сонины
№079 (4719) дугаарт Сэ­лэнгэ аймгаас бэлт­гэсэн “Шаамараас хул­гайлагдсан гэж
шуугиан тарьсан хүүг аав нь Орос руу үрчлүүлжээ” сурвалжлага нийтлэгдсэн билээ.
Алга болсон гэх Т.Хишигбат хүүгийн эмээ Л.Цэрэнханд зээ хүүгээ амьд эсэхийг нь
мэдэхгүй байгаа тухай ярьж хүргэний талынхнаа энэ бүхэнд буруутай хэмээсэн. Уг
нийтлэлийн мөрөөр цагдаа, тагнуу­лын байгууллага Т.Хи­­шиг­батын аав
Х.Төгсжаргал, Х.Төгсжаргалын том ах Х.Жаргалсайхан, ээж М.Нина нарыг саатуулж
шалгасан байна.

Т.Хишигбат
хүүгийн талаар тодруулахаар Дар­хан хотыг зорьж, Х.Төгс­жаргалын ах дүүс,
ээжтэй нь уулзсан юм. Д.Цэрэнханд сүүлийн арван жилийн хугацаанд зээ хүүгийнхээ
талаар ганц ч сураг сонсоогүй, түүнийг үрчилж авсан гэх буриадууд алтны
уурхайтай баян улсууд болохоор худынханд нь алтан ээмэг, бөгж, бэлэг сэлт
байнга илгээдэг та­лаар ярьж “Хүүг хул­гайгаар харь хүмүүст өгсөн” гэж ярьсан.

Гэтэл түүний
ярьсныг Х.Төгсжаргалын ар гэрийнхэн няцаалаа.

М.Нина гуай 76
нас­тай. Арван хүү, гур­ван охинтой бөгөөд Х.Төгс­жаргал отгон нь юм бай­на.
М.Нина гуай ач хүүгээ харь хүмүүст өргүү­лээгүй. Ээжийнхээ дүүгийн охинд
өргүүлсэн гэлээ. М.Нина гуайн ээжийг бас Цэрэнханд гэдэг. Тэрээр эхээс
гур­вуу­лаа байж. Гончиг, Рад­наа, Цэрэнханд гээд. Хил зааглах үеэр Цэрэнханд
Монголын нутагт үлдсэн бол нөгөө хоёр нь Улаан-Үдэд хо­цор­чээ. Эднийхнийг
зэдийн буриад гэдэг аж. Гавьяат нисгэгч, хурандаа Раднаа гуайг монголчууд мэдэх
байх. Тэрээр хоёр хүүхэдтэй. Харин Гончиг нь гурван хүүхэдтэй. Цэрэнханд нь нэг
хүүхэдтэй. Тэр нь М.Нина гуай юм байна.

М.Нина гуай Гончигийн охин Светланад ач хүүгээ өргүүлжээ. М.Нина “Отгон
хүү маань эхнэр, хоёр хүүхэдтэйгээ манайд амьдардаг байсан юм. Би Сэлэнгэ рүү
хамаатныхаа ажил явдалд оролцчихоод ирсэн чинь хүү маань хоёр хүүхэдтэйгээ байж
байлаа. Бага нь (Т.Хишигбат) байдгаараа уйлчихсан байна. Манай бэр архи их
ууна. Согтуу ирэхээр нь хүү маань аашилж дээ, тэгээд явчихаж гэж бодоод учрыг
нь асуутал “Хадам ээж үүрийн суудлаар ирээд аваад явчихсан” гэлээ. Бид их л
гайхсан. “Төрөөд арван хоногтой хүүхдээ орхиод хаашаа явчихдаг байна аа” гээд.
Хүү нь гэнэт хөхнөөсөө гарсан болохоор уйлна гэж жигтэйхэн. “Нана” сүүгээр
хооллохоор чяц алдана. Сүүл­дээ эмнэлэгт хэвт­лээ. Томоос том толгой­той, том
гэдэстэй, тураал­тай амьтан болчихсон. Би бэрийнхээ сургийг гар­гах гээд вокзал
руу очлоо. Таньдаг хүнээс сураглавал “Сайханааг (Т.Хишигбатын ээж
Н.Цэцэгсайхан) хоёр цаг­даа ирээд аваад явсан шүү дээ” гэдэг юм байна. Тэгтэл
бэрийг маань залилан, хулгайн хэргээр баривчилчихсан байсан. Манай бэр чинь
баривчлагдсан ч тэнсэн харгалзах ял авсан билээ. Цагдаагаас гарч ирчихээд
дахиад хоёр гурван хэрэгт холбогдоод сүүлдээ хүүгээ зургаа, долоон сартай байх
үед 2.5 жилийн ял аваад явсан нь тэр л дээ” гэлээ. Энэ үеэр Х.Төгсжаргалын эгч,
ах, бэрүүд нь Н.Цэцэгсайханы тухай ярьцгааж ямар хэрэгт холбогдож байсныг нь
хуруу даран тоолов. Айлын гэр ухаж богино долгионы зуух авчраад бэр эгчдээ
гучин мянган төгрөгөөр зарж байсан гэнэ. Мөн бэр эгч нарынхаа үнэт эдлэлийг
хулгайлж, ломбарданд тавьж байсан удаатай аж. Түүгээр ч барахгүй гэртээ
үзэгддэггүй, орой үдшээр гараад өглөөгүүр ирчихээд өдөр хоёр, гурван цаг хүртэл
унтаж байгаад орой нь гоёж гоодоод гараад явчихдаг байж. Х.Төгсжаргал архи дарс
уудаггүй томоотой нэгэн учир эхнэрийнхээ энэ үйлдлийг ах дүүсээсээ нуудаг байж.
Нэг удаа гэрт нь ороход Х.Төгсжаргал хүүхдэдээ хөхөө хөхүүлээд зогсч байсныг
харсан тухайгаа ах дүүс нь сэтгэл эмзэглэн өгүүлсэн юм. Н.Цэцэгсайхан биеэ
үнэлдэг байсан бөгөөд хамт байсан эрчүүдийнхээ халаасыг суйлдаг нэгэн байсан
гэнэ. Н.Цэцэгсайханыг эдний бэр болж ирсэн цагаас хойш цагдаа сэргийлэхийнхэн
тасраагүй бөгөөд үргэлж хэл ам таталдаг байжээ. Х.Төгсжаргал эхнэрийнхээ үйлдэл
бүрийг нууцлахыг хичээдэг байсан бол М.Нина гуай бэрдээ хир халдаадаггүй байсан
аж. “Ми­ний бэр тэгэх хүн биш” гээд их өмөөрдөг байсан гэнэ. М.Нина гуай бэр
Н.Цэцэгсайханыгаа “Миний бэр чинь их сэргэлэн. Даанч муу тал нь дийлчихсэн
болохоос уг нь сэргэлэн хүүхэн байхгүй юу” гэх. Н.Цэцэгсайханыг ялаа эдлээд
гарч ирэхэд нь байшин сав бэлдэж хүүгээ тусдаа гаргасан ч эхний өдөр нь бэр нь
зурагтаа аваачиж зарчихаад хот руу яваад өгчихсөн удаатай юм байна. М.Нина
“Светлана чинь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байхгүй юу. Бид гэр бүлийн
хурал хийгээд ерөөсөө түүнд ач хүүгээ өгье гэж ярилцсан. Светлана, Баяр хоёр
суугаад дөчин хэд хүртлээ хүүхэд төрүүлээгүй. Нэгдүгээрт амьдрал нь зүгээр, хоёрдугаарт
бидний мах цусны тасархай. Асрамжийн газарт өгснөөс энэ хоёрт өгье. Хүүгээ өгч
хүн болгоод өгөөч гэж гуйя. Хилийн наана цаана байгаа ч ах дүүсийн харилцаа
холбоо тасрахгүй. Бид энэ хүүхдийг үнэхээр сайхан авч явж чадахгүй нь
ойлгомжтой юм чинь өргүүлье гээд тэдэнтэй утсаар ярьж болсон явдлыг
тайлбарлалаа. Тэгээд та нар энэ хүүхдийг үрчилж авахаар болбол ОХУ-ын талаас
бүрдүүлэх бүх материалаа бүрдүүлээд өгөөрэй гэсэн. Бид Монголын талаас
бүрдүүлэх ёстой бүх материал бүрдүүлсэн. Аав, ээж хоёр нь өөрсдөө өргөдлөө
бичээд гарын үсгээ зурсан” хэмээв.

Н.Цэцэгсайхан өөрөө хү­сэлт гаргаж хүүгээ өргүүлэх бичиг баримтад гарын
үсэг зурсан байтал ээж Д.Цэрэнханд нь яагаад хууль бусаар, хулгайгаар хүүг нь
ОХУ руу үрчлүүлсэн гэж ярьж, өөрсдийнх нь нэр төрд халдаад бай­гаад гайхашралаа
барж байгаагаа илэр­хийлж байлаа. Т.Хишигбатыг ОХУ руу үрчлүүлэхэд голлон
ажилласан гэгдсэн Х.Жаргалсайхан болсон явдлын талаар ийн ярилаа. “Аав, ээж
маань нутаг усандаа нэр төртэй, хийсэн бүтээсэн юмтай улс. Аав минь Шаамар сумыг
байгуулалцахад тулгын гурван чулууг нь тавилцаж байсан хүн. Миний хувьд 1992
оноос эхлэн ганзагын наймаа хийж хөл дээрээ боссон бизнес эрхлэгч. Үүнийг маань
ойлгож ард иргэд 1990-2008 он хүртэл ИТХ-д тасралтгүй сонгосон. Төр засаг маань
ч хөдөлмөрийг минь үнэлж одон медалиар шагнасан. Гэтэл Шаамар сумын иргэн Д.Цэ­рэнханд
гэгч эмэгтэй хүүхэд ху­далддаг гэж ор үндэсгүй гүтгэн доромжилсонд үнэхээр
гомдолтой байна. Н.Цэцэгсайхан миний отгон дүүтэй сууж байсан эмэгтэй. Энэ
хүнийг анх манай бэр болоход дүү нар маань дурамжхан байсан ч дүүгийнхээ
сонголтыг хүндэтгээд зөвшөөрсөн нь алдаа байжээ гэдгийг тун удалгүй
мэдэцгээсэн. Аавын минь үе дамжин ирсэн хөөргийг хулгайлаад үхрээр сольж ээждээ
өгсөн, дүү нарын минь үнэт эдлэлийг хулгайлж зарж үрсэн, хулгайн эд зүйлсээ дүү
нарт минь зарсан гээд хэлбэл олон баримт бий. Сүүлдээ хулгай, залилан гээд
бусад ёс бус үйлдлээсээ болж удаа дараалан шоронд орж хоригдож байсан ч ээж
маань нэгэнт үр хүүхэдтэй болсон энэ хоёрыг салгаагүйгээс хоёр дахь хүүхэд
Т.Хишигбат нь төрсөн юм. Энэ хүүхдийг төрөөд сар хүрээгүй байхад нь Д.Цэрэнханд
манай ээж дээр авчирч хаясан. Энэ үеэс эхлэн ээж болон манай нэг бэр тэр
хүүхдийг хөхүүлж хүн болгох гэж их л зовлон туулсан юм. Тэр үед би ойрхон
бай­гаагүй, ажил амьдрал маань өөр газар байсан бо­ло­хоор нарийн ширийн зүйл­сийг
сайн мэддэггүй юм. Гэтэл ээж маань Х.Төгсжаргал, Н.Цэцэгсайхан болон дүү нартай
минь зөвшилцөөд Т.Хишигбатыг ээжийнхээ төрсөн дүүгийн хүүхдэд өргүүлэхээр болж
холбогдох бичиг баримтуудыг хөөцөлдөж эрх бүхий байгууллагуудад нь хандсан. Би
төрсөн ахын хувьд хүсэлт, өргөдөлд нь гэрчээр оролцож, нотариатын газарт гарын
үсэг зурсан. Энэ нь гүтгэлгийн ярианд нэр хавчуулагдах үндэс болжээ.
Харамсалтай байна. Ах, дүү төрөл төрөгсөд хүмүүс хоорондоо үр хүүхдээ үрчлүүлж,
өсгөж өндийлгөдөг заншил монголчуудад бий. Тэгээд ч энэ хүүхэд сайн гэр бүлд
сайхан боловсролтой, сайн хүн болбол алдаж эндэж яваа эх, төрсөн эгчдээ ч
хожмын нэг өдөр хэрэг болох биз ээ гэж бодож явсан маань эндүүрэл болжээ. Манай
гэр бүлийнхэн хэзээ ч ийм юм хийхгүй. Д.Цэрэнхандын машин тэрэг, техник оруулж
ирсэн, алт эрдэнэс авч, доллар банкаар солиулсан гэж ярьсан нь ор үндэсгүй
гэдгийг хууль хяналтынхан шалгаад тогтоосон. Би ОХУ-д сүүлийн есөн жилийн
хугацаанд гурван удаа зорчсон. Хоёр удаа албан ёсны айлчлалаар, нэг удаа хувийн
хэргээр. Ер нь хүн удаа дараа шорон оронгоор орж, гэмт хэрэгт холбогдохоороо
хүнээ байдаг юм байна. Ийм хүмүүс элдэв янзын цуврал кино үзэж гол дүрд нь
тоглож, нийгмийг булингартуулж, ёс бус үйлдэл хийхээ болиосой гэж бодож байна”
гэсэн юм. 

Тухайн үед Н.Цэцэгсайхан үрчлүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурж,
өргөдөл бичсэн мөртлөө арван жилийн дараа ингэж гэнэт бүхнийг үгүйсгээд байгааг
нь мөнгө шантаажлах гэсэн арга байж болох талтай гэлээ.  Т.Хишигбат одоо Улаан-Үдэд амьдарч байгаа юм
байна. Т.Хишигбатыг тэднийд очсоны дараа Светлана, Баяр нар охинтой болсон
бөгөөд Т.Хишигбатыг дүү дагуулсан хэмээн ихэд бэлгэшээдэг гэнэ. Светлана, Баяр
хоёр их найрсаг хүмүүс юм байна. Ах дүүсийнхээ хүүхдүүдийг гэртээ байлгаж, олон
хүүхдийн их, дээд сургуулийг төгсгөсөн буянтнууд гэнэ. Хүүхдэд их хайртай
хүмүүс болохоор хоёр хүүхэд түүнийг дагаад сайхан сэтгэлтэй, эелдэг өхөөрдөм
болон өсч байгаа аж. Саяхан Баярын тавин насны ойн баяр болж нижгэр найрласан
гэнэ. Т.Хишигбат аавдаа зориулж баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэн
хүмүүсийн хайрыг татжээ. Эдний гэр бүлийнхэн чөлөөт цаг, амралтын өдрүүдийг
жинхэнэ утгаар нь өнгөрүүлдэг айл гэнэ. Олон төрлийн спортоор хичээллэцгээдэг
аж.  Светлана уул уурхайн компанийн ерөнхий
нягтлан юм байна. Компани нь жил бүр ажилчдаа гадагшаа амраадаг бөгөөд энэ
дагуу Т.Хишигбат хүү аав, ээжийгээ дагаад одоогоор Тайланд, Сингапур, Солонгос
гээд найман оронд очиж амарчихаад байгаа гэнэ. Т.Хишигбат хичээл номдоо мундаг
саяхан Москвад очиж уран илтгэлийн уралдаанд оролцож түрүүлжээ. Монголд түүнтэй
холбоотой ийм хэл ам, шуугиан дэгдсэнийг Светлана, Баяр нар дуулбал гомдоно доо
хэмээн М.Нина гуай ярилаа. Энэ хэргийг шалгасан тагнуул, цагдаагийнхан
Д.Цэрэнханд, Н.Цэцэгсайхан нарыг буруушаагаад “Хайран хүүхдийн амьдралаар
тоглож байгаа юм байна даа” хэмээн толгой сэгсэрчээ. Т.Хишигбатыг үрчилж авсан
Свеат­лана нь М.Нина гуайн ойрын ха­маатан учир байнгын харилцаатай байж,
зовлон жаргалаа хуваалцдаг юм. Үүнийг Д.Цэрэнханд буруугаар ойлгож атаархсанаас
л ийм яриа гаргаад байгаа хэмээцгээгээд хэрвээ асуудал хүндэрвэл Т.Хишигбатын
төрсөн эх Н.Цэцэгсайхан, өргөж авсан ээж Светлана хоёрынхоо хэнтэй нь амьдрах
вэ гэдэг саналыг нь харгалзах л үлдэж байх шиг байна гэсэн юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хөрш захиалга бол хотод амьдрах стандартыг захиалж байгаа хэрэг

Хаваржаанд хамт буух айл, ямар айлтай саахалт байхаа ярилцаж,
хэлэлцдэг уламжлал монголчуудад бий. Энэ уламжлал одоо ч хөдөөд байсаар байна. Аль
болох ахан дүүс, аав ээжийнхтэйгээ эсвэл ажил төрөлтэй айлтай хаяа залгана. Зуны
дэлгэр цаг, өвлийн урд өдрүүдийг хамтдаа туулахад саахалт айлын ач тус их. Үр хүүхдүүд
нь ижилсэн өсч, эхнэрүүд нь сааль сүүндээ хамт гарна.

Харин хот суурин газрынханд ингэх боломж бага л даа. Худалдаж
авсан байшин, байрандаа нүүгээд орчихно. Хөршүүд нь хэдийнэ эндээ суурьшчихсан улс.
Ааш зан нь ямар байх нь хамаагүй. Хаалгаа хаагаад л боллоо. Ингээд хөршилж амьдарна.
Олон жил хөрш байсан айлууд хэн хэнийхээ занг гадарладаг болчихдог. Зарим айлууд
сүрхий хөршилж, хөдөө гадаанаас ирсэн идээ будааны дээжээсээ хуваалцаж, хонь гаргавал
шинэ шөлнөөсөө хувь хүртээнэ.

Гэтэл хоорондоо таарамж муутай хөршүүд орж гарахдаа таарвал
мэндлэхгүй, цахилгаан шатанд ч юм дуугардаггүй. Хөршийнхөн нь гэртээ түжигнэж, хүүхдүүд
нь гүйлдэн, хөгжим чанга дуугаргавал паараа нүдэж дүргүйцлээ илэрхийлнэ. Шинэ байрт
айлуудыг дээрээс зохицуулаад хуваариалаад оруулчихдаг байсан учир хөршөө сонгоно
гэх ойлголт бараг байсангүй.

Харин одооны айлууд шинэ байрт орохдоо ямар айлтай хөршлөхөө
захиалдаг болчихож. Байрны урьдчилгаагаа өгөхдөө “Хөдөөний малчин айлтай хөршлөхгүй
шүү. Орцны хаалгыг хааж байгаа нь хүртэл түвэгтэй. Чанга шидлээд хэцүү байдаг юм.
Тохь тухтай, боловсон айлтай хамт байлгаж үзээрэй” гэж захих аж. Бас “Гадаадад амьдарч
байсан айл байвал зүгээр байдаг юм. Лефтины товчлуурыг дарж байгаа нь өөриймсөг”
хэмээн хөршөө захиалах.

Барилгын компаниудад ийм захиалга их ирдэг гэнэ. Тийм болохоор
хөршийн зэрэглэл гэх шинэ нэр томъёо гаргаад “Та ямар зэрэглэлийн айлуудтай хөрш
амьдрах вэ” гэж асууж байна. “Захын нэг малчин мал, ноолуураа зараад л нэг өрөө
байр авчихдаг болчихсон. Тийм болохоор хөдөөнөөс ирсэн хүмүүстэй хөршлөхгүй шүү.
Тэд хотод усанд орох гэж ирдэг” гэж хэлсэн нь содон сонсогдож байлаа.  Малчин айлтай хөршлөхгүй шүү хэмээсэн тэр хүнийг
буруутгах аргагүй юм. Тэр хүн тав тухтай орчин, амгалан байдлыг л эрхэмлэсэн хэрэг.
Өглөө, үдэш амрах цагаар орцны төмөр хаалгыг доргитол шидэлж, цонхны доогуур өнгөрөхдөө
хээр гадаа явж байгаа мэт утсаар чанга ярих хүмүүс байж л байдаг. Бас хөдөө ширгэн
дээр гудсаа гөвж байгаа мэт болкон дээрээ шороотой хивсээ тохчихоод балбаж өгдөг
дүр зураг хааяа нэг харагддаг.

Хөрш захиалах болсон нь хэн нэгнийг хот, хөдөөгөөр нь ялгах
гэсэндээ биш боловсон соёлтой байлгах гэсэн захиалга гэж ойлгож болох юм. Ямар айлтай
айлсахаа бодолцдог хуучны уламжлал сэргэж байна уу даа гэж харж ч болох талтай.
Цаашид хөрш захиалга, хөршийн зэрэглэл гэх энэ томъёолол хүчтэй гарч ирвэл хот хөдөөнийх
гэлтгүй бүгдэд маань хаалга зөөлхөн хааж сурах шаардлага гарах нь. Хэрэв тэгэхгүй
бол шинэ байрт орвол хаалгаа савдаг айлуудтай нэг орцонд амьдарна гэсэн үг.

Эсвэл шинэ байр худалдаж авах гэж байгаа айлуудыг хөдөө гадаагаар
нь ялгахгүйгээр бүгдэд нь “Орон сууцанд амьдрах оршин суугчдын гарын авлага” өгч,
зөвлөгөө, санамж өгдөг болох хэрэгтэй юм. Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй, цаас чичихээс
нааш цоордоггүй гэдэг. Түүнээс биш малчин хүн хотод, орон сууцанд амьдарч болохгүй
гэсэн ойлголт байж болохгүй. Гэхдээ нөгөө талаар хөдөөнийхөн маань хотод орж ирэхдээ
хотын соёл гээчийг мартах болохгүй. Зах зухаас нь мэддэг байх нь энэ нийгмийн нэг
эд эс гэдгээ ойлгох үндэс болно.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Шаамараас хулгайлагдсан гэж шуугиан тарьсан хүүг аав нь Орос руу үрчлүүлжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас арван сартай хүү алга болсон
хэрэг 2005 онд гарчээ. Хулгайлагдсан гэх хүүгээ ОХУ-д нэгэн айлд амьдарч байгаа
тухай мэдээллийг ар гэрийнхэн нь олж сонссон байна.

Шаамар сумынхан “Тийм нэг хэрэг дуулдсан шүү. Хичнээн ч жилийн
өмнө юм бэ дээ, хүүхэд алга болсон тухай манай сумынхан ярьдаг байсан” хэ­мээц­гээнэ.
Алга болсон хүү Д.Цэрэнханд гэ­дэг эмэгтэйн зээ бай­сан тухай дуулаад тэд­нийхийг
хайж оллоо. Д.Цэрэнханд “Та нар энэ тухай мэдээллийг хаанаас дуулав. Таг­нуулынхан
хэнд ч бит­гий хэлээрэй гэсэнсэн. Хотынхон бүгд мэдээ юу” гэсээр угтлаа.

Д.Цэрэнханд дөр­вөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэг­тэй. Алга
болсон хүүг Төгсжаргалын Хи­шигбат гэдэг бө­гөөд ууган охин Н.Цэцэг­сайханых нь
хоёр дахь хүүхэд нь байжээ.

Т.Хишигбат 2004 оны аравдугаар сард мэндэлжээ. Арван сар­тайдаа
буюу 2005 оны наймдугаар сарын 13-14-ний үеэр хулгайлагдсан гэж үздэг юм байна.
Д.Цэрэнханд гуай “Хэр­­вээ хүү минь амьд байгаа бол одоо арван нас хүрч
байгаа” хэмээсээр болсон хэрэг явдлын талаар ийн ярьсан юм.

  

-Хэрэг болох үед ээж нь хаана байсан юм бэ?

-Тэр
үед миний охин Н.Цэцэгсайхан Дарханы мөрдөнд саатуулагдаад байсан юм.

-Ямар хэргээр?

-Залилангийн.

-Т.Хишигбат хүү яаж алга болсон юм?

-Хүүг
маань төрсөн эцэг нь, ээж, том ахтайгаа нийлээд хулгайгаар орос хүмүүст өгсөн. Манай
худ хөгшин хүүг минь өгсөн хүмүүсийг “Миний төрсөн дүү” гэж ойр хавийнхандаа ярьдаг
юм билээ. Гэхдээ чухам яг ямар хүмүүст өгснийг нь мэдэхгүй бай­на. Улаан-Үдийнх
ч юм уу, цаашаагаа өөр улсуудад ч өгсөн юм уу бүү мэд. Худындаа очоод хүүгээ авах
гэтэл тэд хүүг минь өөр хүмүүст өгчихсөн байсан. “Та нар ядуу зүдүү. Хүүхэд маллаж
чадахгүй. Чадал чинь хүрвэл хүүгээ олж аваарай. Яваад зар­галдаарай” гэсэн. Тэр
үед миний амьдрал хэцүү байсан л даа. Дөрвөн хүүхэдтэй, далан хэдэн настай, хэвтэрт
байдаг аавыгаа асардаг байсан. Хэрэг болсны дараа Дарханы цагдаагийн газарт хоёр
удаа хандсан. Т.Хишигбат одоо хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар суманд бүртгэлтэй шүү
дээ. Хүүг минь чухам яаж Монгол Улсын хилээр гаргасныг мэдэхгүй байна. Төрсөн эхийг
нь байсаар байтал өөр хүмүүст үрчлүүлж болдог юм байх даа.

  
-Н.Цэцэгсайханы холбогдсон хэрэг яаж шийдэгдсэн юм бэ?

-Хуулийн
дагуу 2.5 жил аваад явсан. Ял авах үеэр л энэ бүхэн болсон. Би охиноо батлан даалтад
гаргах гэж их гүйсээн. Охин минь тэр үед хоёр хүүхэдтэй Т.Хишигбат отгон нь. Би
том охиныг нь асардаг байсан. Охин минь хүүгийнхээ араас байнга уйлж, унжиж сэтгэлээр
унана. Тэгэх бүрт нь би өөрийгөө зэмлэж, байх суух газраа олдоггүй юм. Тэр үед хоёр
хүүхдийг нь хоёуланг нь дэргэдээ байлгах минь яав даа гэж толгойгоо шаадаг. Би үргэлж
харамсдаг. Тийм юм болно гэж яаж зүүдлэх юм. Тийм биз дээ. Төрсөн эцэг, эмээ хоёр
нь хүүг минь зарчихсан гэж яаж төсөөлөх юм.

Тэр
үед миний амьд­рал ч гэлтгүй, бүх хүний амьдрал хүнд л байсан. Монголын ард түмэн
мэд­нэ. Одоо харин амьдрал минь жигдэрч, гурван бага маань гурвуулаа их сургуульд
сурч байна.

Охиноо
гарч ирснийх нь дараа Иргэний бүртгэлийн байцаагчид Н.Цэцэг­сайхан, Х.Төгс­жар­гал
хоёрын Гэрлэл­тийн гэрчилгээг аваад очсон. Байцаагч манай хүргэн рүү утсаар ярьсан
чинь “Би наад хүнтэй чинь гэрлээгүй. Сууж байгаагүй. Хүүхэд гаргаагүй” гэж хариулсан.

-Та Т.Хишигбатыг алга болсон, хулгай­лагдсан гэдгийг хэд хоногийн
дараа мэдсэн юм бэ?

-Охиноо
батлан даал­тад гаргах гээд хөөцөлдөж байлаа, баасан гариг байсан юм. Таслагдахаас
нь өмнө хоёр, гурван хоног гэрт нь байлгая гэж бодоод охиныхоо хадам ахынх нь эхнэртэй
хамт явсан. Бичиг баримтыг нь хөөцөлдөж явсаар байтал ажлын цаг дууссан. Тэгтэл
байцаагч нь “16 цагаас хойш батлан даалтад гаргахгүй. Та даваа гаригт ир” гэсэн.

Даваа
гаригт нь вокзал дээр тасалбараа авчихаад вагондоо суух гэж байтал охины маань бас
нэг бэргэн нь таараад “Нэг их гоё машинтай хүмүүс ирээд Сайханаагийн (Н.Цэцэгсайханы)
хүүг авах гээд орж ирсэн. Хадам ээжийн “Миний дүү нар” гээд байдаг буриадуудад зээг
тань өгч явуулах юм яриад байна. Таныг вокзал руу явахаар гарангуут утсаар тэднийг
дуудсан” гэсэн юм ярихаар нь би итгээгүй. Юу гэж дээ, тийм юм гэж юу байдаг юм гэж
бодоод л вагонд суучихсан. Хэрвээ би тэр үед вагонд суухгүй, шууд худындаа очсон
бол хүүгээ алдахгүй байсан ч юм билүү гэж байнга өөрийгөө буруутгадаг. Хүн, тэр
тусмаа эх хүн тийм үгэнд итгэдэггүй юм билээ. Тийм юм болно гэж би яаж төсөөлөх
юм бэ.

Хүүг
минь хулгайгаар хүмүүст өгснийг мэдээд хүргэн дээрээ очиход намайг барьж аваад зодохоо
дөхсөн. Би бу­химдаад орилж хашгираад уйлаад бөөн юм болсон. Хүргэний маань эгч
нар, худ хөгшин маань над руу дайрч “Та нар яаж хүүхэд өсгөж чаддаг юм. Чадалтай,
чансаатай баян хүмүүст хүүхдийг чинь өгчихсөн. Чаддаг юм бол яваад заргалд. Харъя”
гэсэн. Отгон хүүг нь ингэж хулгайлчихаад томыг нь ч гэсэн бас авах гэж оролдсон.

-Хэзээ тэр вэ?

-Хоёр
жилийн дараа. Зээ охин минь гурван настай байсан. Цэцэрлэгт явдаг байсан юм. Манай
худ хөгшин Шаамарт ирээд захиргаан дээр ороод “Хүүгийнхээ охиныг авах гээд ирлээ”
гэсэн байна лээ. Тэгэхээр нь “Нэг хүүхдийг нь авсан. Одоо ганц үлдсэнийг нь булаагаад
авч явж болохгүй. Ээж нь эзгүй ч эмээтэйгээ энх тунх байгаа хүүхдийг аваад явж болохгүй.
Тийм бол та Цэрэнханд гуайг аваад ир” гэсэн юм билээ. Тэгсэн чинь худ маань байцаагч
руу дайрч “Чамайг ажлаас чинь халуулна” гээд хэл амаар баахан доромжилсон гэсэн.
Тэрийг нь хүн дуулаад надад ирж хэлсэн. Зээ охиныг минь авах гээд аймгийн захиргаагаар
хүртэл хөөцөлдсөн. Тэр бүү хэл, охин, хүргэн хоёрын маань гэрлэлтийг нь хууль бусаар
цуцлуулчихсан байсан.

Худын­хан
маань “Энхүүшийг (Т.Хишиг­батын эгч) дүүтэй нь хамт тэр буриадууд иж­лээр нь аваачаад
өсгүүлчихвэл яасан юм. Ерөөсөө охиноо авна аа. Хойш нь өгч явуулна аа” гэж хэлсэн
хэмээн хүмүүс надад анхааруулж байсан. Түүнээс хойш би л охиноо цэцэрлэгээс нь очиж
авдаг байлаа. Нэг ёсондоо манай энд чинь онцгой байдал зарлах хэмжээний юм болж
цэцэрлэгийн багш нар нь зөвхөн надад охиныг минь өгдөг болсон. Одоо зээ охин минь
11 настай. Муу сайн ч төрсөн эцэг юм хойно гээд холбоог нь таслахыг боддоггүй. Зуны
амралтаар нь хэд хоног аав руу нь явуулдаг юм. Би хүргэндээ үхэн үхтэлээ гомдож
явна. Түүнийг бодохоор л гол зураад өөрийн эрхгүй гомдол төрдөг. Хүүхдээ зарна гэж
юу байдаг юм. Хүүгээ байсан бол яаж ийгээд л хүн болгочихсон л байгаа. Хичнээн ядуу
ч надад эхийн сэтгэл, эмээгийн хайр халамж байгаа. Эхийн сэтгэл, аавын хайрыг гүйцэх
зүйл байдаг гэж үү. Би энэ хүүхдийг маллаж чадахгүй та нар ав гээд өгчихсөн бол
өөр хэрэг. Тэгтэл ашиг хонжоо харж цаашаа зарна гэдэг байх уу. Би хүргэнийхээ ээж,
ах, эгч нарт буруу өгч чадахгүй. Хамгийн гол буруутан нь миний хүүгийн эцэг. Би
энэ хүнд үнэхээр гомдолтой гээд цагдаад өгвөл ял авчихвал яана. Муу ч гэсэн энд
нэг хүүхэд нь байна. Тэр хүнээр муу муухай юмны хаалга татуулаад яахав. Үр хүүхдээ
олоод авчихвал бусад нь яахав гэж боддог.

-Танай хүргэний талынхан ямар ажил төрөлтэй, ямархуу улсууд
байдаг юм бэ?

-Дарханы
модны захад хувиараа юм хийдэг улсууд. Бүгд тэнд ажилладаг. Хамгийн том ах Х.Жаргалсайханыг
нь их л баян тарган хүн байдаг гэж дуулсан. Хүн ямар нэг бизнес эрхлээд амьдрал
нь дээшилсэн байж болно. Яг үнэндээ Х.Жаргалсайхан эрхэлсэн тодорхой ажилгүй гэдгийг
нь мэднэ. Миний зээ хүүг буриадуудад өгсөн гол хүн бол энэ хүн. Тэр хүн олз омог,
ашиг хонжоо харж л хүүг минь баян хүмүүст зарсан гэж бодож байгаа.

-Т.Хишигбат ямар айлд очсон юм шиг байна?

-Мэдэхгүй.
Үнэндээ хүүд минь чухам юу тохиолдсоныг мэдэхгүй. Миний дуулсан зүйлс бол сураг
төдий, таамгууд. Хүүхдээ авъя гэхээр худ маань “Хүүг чинь дүүдээ өгчихсөн. Баян
тарган хүнд өгчихсөн. Тэд нар хүн болгочихно” гэж хэлсэн болохоос биш миний хүүхэд
өнөөдөр амьд байгаа ч юм уу, хүний наймаанд өртчихсөн ч юм уу, үнэхээр тийм айлд
өсч байгаа юм уу, үхчихсэн ч юм уу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Охины маань бэр эгч
нар тэр хүмүүс нь хувьдаа алтны уурхайтай тухай ярьж байсан.

-Үүнийгээ тодруу­лахгүй юу?

-Дөч
гартлаа хүүхэд гар­гаагүй, эхнэр, нө­хөр хоёр юм гэсэн. Би хэдэн жилийн өмнө Х.Төгсжаргалынд
ороод охи­ныхоо зургийг авъя гээд тэр буриад хүмүүсийнх нь зургийг олж авсан юм.
Тэр зургийг энэ хэргийг мөрдөж байгаа ахмадад өгчихсөн.

Зургийг
нь харахад их л сайхан, нүдэнд дулаахан хүмүүс санагдсан. Тийм сайхан хүмүүс юм
бол энэ хүүхдийн ээж нь гэж хүн байдаг болов уу гэж яагаад ганц ч удаа сонирхоогүй
юм бол оо гэж гайхдаг юм.

-Хүргэнтэйгээ энэ талаар ярилцаж үзсэн үү. Хүүгийнхээ талаар
юу гэх юм?

-Ямар
нь ч мэдэгдэх­гүй, дуугүй хүн байдаг юм. Охиноос минь салаад өөр хүнтэй суугаад
дөрвөн жил болж байна. Одоогоос хоёр жилийн өмнө сүүлд суу­сан авгайгийнх нь дүүгийнх
нь хүүхэд бас тэдний гэрээс алга болсон. Найман настай хүүхэд байсан юм. Улсын хэмжээнд
эрэн хайгаад бөөн юм болж байсан даа. Гэр орноос нь хүүхэд алга болдог, аягүй сонин
айл байгаа биз.

Хүү
минь наймдугаар сард алга болсон. Тэгтэл шинэ жилээр нь хүүг минь авсан хүмүүс ирээд
манай худ хөгшин, охины минь хадам эгчид алтан ээмэг, бөгжнүүд бэлэглэж, манай хүргэн
Х.Төгсжаргалд доллар өгсөн юм билээ. Хүргэн маань доллараа банкинд солиулаад захаас
баа­хан хувцас худалдаж авч гангарчихсан яваа талаар сонссон. Дараа нь цагаан сараар
нөгөө хүмүүс нь их хэмжээний дол­лар явуулсан гэ­сэн. Хүргэнийг маань ээжтэйгээ
хамт доллар солиулж явсныг харсан хүмүүс бий. Гурван сарын өмнө Х.Жаргалсайхан олон
арван сая төгрөгийн үнэтэй чингэлэгтэй хоёр машиныг буриадаас оруулж ирсэн гэж дуулдсан.

-Н.Цэцэгсайхан одоо хаана юу хийж байгаа вэ?

-Манай
дүү нар хотоос ирж ногоо тарих гэж байгаа юм. Тэдэнтэй уулзах гээд явчихсан байна.
Охин маань хүүгээ байнга ярина. Үргэлж уйлж унжиж байдаг ш дээ. Хүүгээ яриад уйлна.
Тэгэх тоолонд нь “Хүүхдийг нь олж өгчихөөд сэтгэл амар үхэхсэн” гэж л боддог. Болж
өгвөл бодмооргүй санагддаг. Бодохоор л сэтгэл өмөрдөг (уйлав). Би чинь охиндоо амьдын
хагацал үзүүлчихсэн хүн. Ямар олиг байх вэ дээ.

-Та Х.Жаргалсайхан болон худтайгаа уулзаж, энэ талаар нүүр
тулж ярьж үзсэн үү?

-Хүүхдээ
алга болс­ны дараа худ хөгшин, хүргэнийхээ ах, эгч нартай нь уулзаж, зөндөө л хэл
ам хийсэн. Ер тоодоггүй. “Тэгээд яваад олоод аваач дээ, чаддаг юм бол” гэдэг ийм
л үг хэлдэг.

Тийм
болохоор ээжийг нь ирэхийг хүлээсэн. Гарч ирснийх дараа өөрсдийнхөө хэмжээнд хөөцөлдсөөр
л явсаар өнөөдөртэй золголоо. Бидэнд хүнд өгчих таван цаас байх биш. Хуулийнхаа
хүрээнд л хандах ёстой газарт нь хандаад явж байна. Шаардлагатай бичиг баримтыг
нь бүрдүүлээд л явж байна.

Мөнгөгүй
хүнд хууль үйлчилдэггүй юм байна. Тэрэнд нь л гомддог юм. Хэрвээ би мөнгөтэй байсан
бол ийм зүйл болохгүй байсан даа. Цаас барьж гүйгээд л, уйлж, гуйж гувшаад л. Өөр
бид яах юм.

-Та Шаамарын уугуул уу?

-Би
эндхийн унаган иргэн. Ногоо тарьж амьдардаг. Гурван оюутантай. Тэд маань амарч ирээд
ногоогоо тарина. Намар нь ургацаа хураагаад сургалтын төлбөрөө өгнө. Үлдсэнийг нь
би амьжиргаандаа зарцуулдаг.

-Н.Цэцэгсайхан, Х.Төгс­жаргал хоёр одоо ямар харилцаатай байдаг
вэ?

-Охиныг
минь гарч ирсний дараа энэ хоёр эргээд нийлэх юм болсон. Салаагүй байсан юм. Хүргэн
маань охинтой минь нийлэх гээд зөндөө хөөцөлдөхөөр нь би тас зөрөөд суулгаагүй.
Эзгүй хойгуур нь хүүхдээ зарчихаад нэг гэрт амьдарна гэж юу байх вэ. Охин маань
түүнээс хойш хүнтэй нийлэхгүй явж байгаад ноднин ханьтай болсон.

-Н.Цэцэгсайхан хүүгийн­хээ тухай ямар нэг зүйл олж сонссон
болов уу?

-Надтай
л адилхан. Юугаа ч мэдэхгүй. Гарч ирээд хүүхдээ олж авах гэж хадмуудтайгаа олон
уулзсан. “Миний хүүг та нар хүнд өгсөн, тэгээд үнэхээр амьд байгаа юм бол надтай
ганц удаа ч болов уулзуулаад өгөөч” гэж цөхрөнгөө баран Х.Жаргалсайханаас гуйсан
чинь “Тэгнэ ээ, тэгнэ. Уулзуулна” гэж хэлсэн байгаа юм. Охин минь тэр үгэнд нь итгээд
хэдэн жил шаналсан гэж санана.

-Хүүг авсан гэх хү­мүүс дөч гарсан настай хүмүүс байсан гэхээр
амьдрал нь тогтворжсон тохитой байрын хүмүүс байх магадлалтай юм?

-Тэр
үед дөч гарсан хүмүүс гэхээр одоо бол тавь эргэм насныхан болж таарч байна. Худ
хөгшин маань буриад дүү нартай гэж ярьдаг байсан. Магадгүй манай худ чинь буриад
талын хүн шүү дээ. Тэр хүмүүс Буриадад нь юм уу, Улаан-Үдэд нь юм уу хаана амьдардгийг
мэдэхгүй.

-Төрсний гэрчилгээ нь хэнд байсан юм?

-Миний
хүүгийн энэ гэрт үлдсэн юм нь гэвэл Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг, эхийнх
нь гэрлэлтийн батлах, гэрэл зураг нь.

-Ээж нь ял авч, өсч торних орчин нөхцөлд нь хэцүү байвал ямар
ч эцэг хүн хүүхдээ өөр дээрээ авахыг л бодно. Гэвч танай хүргэн хүүгээ үрчлүүлчихсэн
юм биш үү?

-Угаасаа
л ойлгомж­той. Миний хүүхдийг зараад идчихлээ гэж хэлж болох ч би бусдыг тэгж доромжилж
болохгүй. Нэгдүгээрт, надад баттай баримт алга. Хоёрдугаарт ийм асуудлаас үүдээд
хэн нэгнийг гүтгэж болохгүй. Гэхдээ л яалт ч үгүй ашиг нь хонжоо хайсан нь тодорхой.
Хүүг минь алга болсноос хойш тэдний амьдрал эрс дээшилж, баяр ёслол болгоноор Оросоос
бэлэг сэлт, доллар ирдэг.

Охины
минь бас нэг бэрийн хүүг буриадад өгнө гэж бөөн юм болж, тэвдүүлж байсан удаатай
юм билээ.

Тагнуул,
цагдаа, хууль хяналтынхан миний зээ хүүг олж өгч чадахгүй юм бол би эцсийн найдвар
болсон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандах болно. Энэ бол миний сүүлчийн арга. Хүү
минь зүүдэнд байнга орж ирдэг. Эгч нь одоо тавдугаар ангид сурч байна. Хүү минь
гэртээ байсан бол дөрөвдүгээр ангид сурч байх байлаа гэсэн юм.

Д.Цэрэнханд
“Би Ерөнхийлөгчдөө хандана. Та нар юу гэж бодож байна. Миний хүүг олдоно гэж бодож
байна уу” хэмээн асуугаад “Охиндоо хүүг нь олж өгчихөөд нүд анихыг хүсч байна” гэсээр
биднийг үдсэн юм.

Д.ГАНСАРУУЛ
 
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Робо-сэтгүүлзүй

Лос Анжелест. Даваа гаригийн өглөө 06 цаг 25 минутад “Los
Angeles Times” цахим хуудаснаа газар хөдлөлтийн мэдээ гарчээ. Газар хөдлөлтийн шуурхай
мэдээг хэн нэгэн сэтгүүлч, сурвалжлагч биш робот бичсэн нь ол­ны гайхлыг төрүүлж
байна.

Сэтгүүлч, програмист Кен Швенке газар хөдлөлт мэдрэгдэх үед
автомат үйлдлээр богино өгүүллэг үүсгэдэг алгоритмыг бү­тээсэн нь энэ.

Вествудэд таван ми­лийн гүнд 4.7 магнитудын газар хөдлөлт
болсныг газар хөдлөлтийг хэмж­дэг төхөөрөмж мэдэрч дохио өгөхөд “Quakebot” холбогдох
мэдээллийг гарган авч, урьдчилан бич­сэн бэлэн загварт өгөгд­лүүдийг оруулж мэ­дээ
би­чи­хээр прог­раммчилсан байна.

Хичнээн километрийн зайд ямар талбайг ха­марсан, хэдий хэрийн
хүчтэй газар хөдлөлт болс­­ныг он, сар, өдөр, цаг, минуттай нь гаргаад мэдээний
бэлэн загварыг нөхнө гэсэн үг л дээ. Сэт­­гүүлзүйд мэдээ нь пирамид хэлбэртэй заг­­варт
бичлэг. Хэн, юу, хэзээ, хаана, яаж гэсэн асуултуудад ха­риулагдахаар. Үүн дээр нь
Кен тоглож бэлэн шаб­­лоныг ашиглан прог­­раммчилсан робо-сэтгүүлч бий болгочихоод
байна.

“Los Angeles Times”-ийнхан робо-сэтгүүлзүйг ашиглахдаа гаргууд
бө­гөөд АНУ-ын Геологийн судалгааны төв гэсэн албаны эх сурвалж, найд­вартай мэдээлэгчээс
мэдээ хүлээн авч түүнийг нь робо-сэтгүүлч нь урьд­чилан бэлтгэсэн загварт оруулдаг
юм бай­на. Түү­нээс биш өгүүлбэрийн ги­шүүдийн байрлал болоод утга, найруулгын тал
дээр боловсруулалт хийж чадахгүй юм. Кен Швенке “Робо-сэтгүүлч цаг хэмнэх давуу
талтайгаас биш сэтгүүлчийг орлох ямар ч боломжгүй” хэмээсэн нь үүнийг нотолно. Газар
хөдлөлтийн мэдээлэл төхөөрөмжид мэдрэгдэж тэмдэг­лэгдсэний да­раа гуравхан минут
өн­гөрөхөд робот-сэтгүүлч мэдээгээ цахим хуудас руу илгээсэн байна. Энэ нь сонины
сэтгүүлчийн хурдтай харьцуулбал хурдан боловч бэлэн загварт хоосон зайнуудыг бөглөх
маягаар хэдэн тоо, байршлыг бичихэд туршлагатай сэтгүүлчид үүнээс ч бага цаг зар­цуулах
боломжтой гэж барууны томоохон сонины эрхлэгчид үзэж, робо-сэтгүүлчийг эсэргүүцэж
байна. Хэрвээ ингэж бэ­лэн загварыг бөглөх маягаар сонины редакциуд ажиллавал Пулицерийн
шагналыг хэн хүртэх юм бэ гэх асуултуудыг АНУ-ын зарим мэдээллийн хэрэгсэл хүчтэй
гаргаж тавьж байгаа юм.

Америкийн нэр хүндтэй зарим хэвлэлийнхэн ийм маягаар ажиллаад
удаж байна. Тэд хурдаараа бусад өрсөлдөгчөөсөө
ялгарахыг хүсдэг учир цаг хожихын тулд ингэж ажилладаг. Улсынх нь тэргүүн гэнэт
нас барах юм уу, өвчнөөр таалал төгсч магадгүй гэсэн үүд­нээс мэдээний загварыг
урьдчилаад гаргачихдаг. Тэгээд тухайн үйл явдал нь болбол нас барсан өдөр, үхлийн
шалтгаан зэргийг нь бичиж, бүр оршуулгын ажлыг нь зохион байгуу­лах комиссынх нь
дар­гын нэрийг бөглөөд оруул­чихна. Японд бол энэ энгийн үзэгдэл. Ялангуяа байнга газар хөдлөлт
мэдрэгддэг учир мөн л робо-сэт­гүүлзүйн зарчмаар газар хөдлөлтийн шуурхай мэдээ
дамжуулдаг.

Тэртээ 1400-гаад оны дунд үед Леонардо да Винчи хүн дүрстэй
роботын загварыг анх гаргаж бай­сан гэдэг. Үүний дараа хүзүүгээ өргөн, далавчаа
дэвж, хоол залгилдаг ро­бот нугас гарч байсан бол Японд хамгийн анхны жин­хэнэ роботон
тог­лоом үйлдвэрлэгдсэн түүхтэй. “Лилипүт” гэх уг робот баадуун ажиллагаатай байсан
ч хүн төрөлхтөнд робот гэх нэр томьёог илүүтэй ойлгуулсан бай­даг. Түүнээс хойш
дэлхийн электроникийн салбарт төрөл бүрийн үйлдэлтэй, янз бүрийн өгөгдөл дам­­жуулдаг
роботууд үйлд­вэрлэгдсээр байна. Гэрийн асрагч, өвчтөн асрагч, зөөгч, машин угаагч,
тоос сорогч, бү­жиглэдэг, зураглаачийн үүрэгтэй гээд элдэв үйл­дэл, зорилготой бү­тээгдсэн
роботууд дэлхий даяар байна.

Робо-сэтгүүлч бий болсон гэж үзэж болох ч энэ бол асар хурдтай,
цаг минут, секунд алдалгүй ажилладаг зангарагтай сонинуудын редакцийн цаг хэмнэх
нэг арга гэдэг­тэй олон ажиглагч санал нэгдэж байгаа юм.

Робо-сэтгүүлч гарч ирснээр сэтгүүлзүй, сэтгүүлчдийн нэр хүнд
унахгүй. Харин ч тус дэм болох сайн талтай. Ийм болсон нь дэлхийн сонины гал тогоонд
сэтгүүлчид өндгөө халбагаар хутгахаа болиод цахилгаанд залгадаг автомат зуу­рагчтай
болсон хэмээн үзэж болох үйл явдал л даа. Гэвч энэ бүхний нөгөө талд сэтгүүлзүй
хэмээх энэ том талбар, салбарын хариуцлагын асуудал хөндөгдөх учиртай. Нэг үсэг
андуурсныхаа төлөө тухайн бичигч уншигчдаасаа хичнээн зэмлэл хүртдэг билээ дээ.
Үүгээрээ л сонин хариуцлагатай. Уг нь алдах эрхгүй.

Гэтэл дэлхий бүхэлдээ цахимжиж, хүн бүр тэр фэйсбүүк, блог,
сайтдаа үзэл бодлоо илэрхийлэн, өөрөө өөртөө сэтгүүлч болчихсон. Сэтгүүлчгүй юм
ч гэж байхаа ч болилоо. Нэг үйл явдлыг бүгд бичнэ. Хамгийн гол нь аль өнцгөөс нь,
хэр зөв гаргалгаагаар бичиж харж байгаагаараа л ялгагдах юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Их Майдар бурхныг 108 метр өндөр суваргынх нь хамт энэ онд цогцлооно

“Их Майдар” цогцол­бор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт сүндэрлэж
байна. Төв аймгийн Зуун­мод сумаас Налайх руу очсон шинэ замаар 13 км явахад замын
хойно, Богд хан уулын өвөр, Өгөө­мөрийн аманд уг цог­­цолбор баригдаж бай­на. Их
Майдар бурхны суурийг цутгаад, өвдөг хүртэл нь угсарчихаж. Суурийн ойролцоо, ба­руун
урдхан талд нь гар, мөр гээд биеийн бусад хэсгүүдийг нь тавьчихсан байлаа. Гар болоод
бусад хэс­гүүдийг нь аравнайлсан бололтой есөн тахилтай цагаан хадаг уяж, шар тос,
цагаан идээгээр ху­райлсан нь харагдаж байлаа. Бурхныг босгох барилгын ажлын явц
нь 35 хувьтай байгаа бө­гөөд энэ сарын сүүлээр барилгын ажил эхэлнэ. Бүтээцүүд бэлэн
болсон учир шууд угсрах аж. Ин­гээд энэ ондоо багтааж Их Майдар бурхны бодь дүрийг,
108 метр өндөр зарлиг увдисын суваргын хамт цогцлоох юм байна. Үүний дараа “Их Майдар”
төслийн төлөвлөгөөний дагуу бусад бүтээн бай­гуулалтууд өрнөх юм.

Их Майдар бурхны өлмий залах ёслол 2012 оны долдугаар сард болж байсан
бол наймдугаар сарын 8-ны бэлгэшээлт өдөр шавыг нь тавьж байсан билээ. Харин өнгөрсөн
оны наймдугаар сард бурхны толгойг нь авчирсан юм.

Уг цогцолборыг хэн нэгэн, эсвэл нэг компанийн хандиваар босгож байгаа
биш гэдгийг албаны хүмүүс ярьж байлаа. Сүсэгтэн олны хандив бишрэлээр хөрөнгө оруулалтыг
нь шийдэж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Их Майдар” цогцолбортой холбогдуулан
зарлиг гаргаж “Эв нэгдэл, энэрэл нигүүслийн ёсыг эрхэмлэгч Их Майдар бурхны цогцолбор
төслийг үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болгосугай” хэмээж төр улс, түмэн олныхоо
цог золбоог бататгах, монголчуудын уламжлалт ёс заншил, гүн ухааныг хөгжүүлэх “Их
Майдар” цогцолборын бүтээн байгуулалтыг дэмжиж оролцохыг төрийн болон төрийн бус
байгууллага, аж ахуйн нэгж, айл, өрх иргэн бүрт уриалсугай гэсэн нь ард олонд их
хүрсэн гэнэ. Хандив цугларахад Ерөнхийлөгчийн энэ зарлиг, уриалга их сайн нөлөө
үзүүлсэн санж. 500 мянган төгрөг болон түүнтэй тэнцэхүйц хэмжээний валютын хандив
өргөсөн хүний гэр бүлд нь зориулж 27 см өндөртэй Майдар бурхан хоёрыг, батламжийн
хамт өгөх бөгөөд нэг хувийг нь гэрт нь, нөгөөг нь суваргад залах аж.

Нийт 108 мянган ийм бурхныг залах гэнэ. Одоогоор найман мянган хүн
хандив өгөхөөр бүртгүүлээд байгаа гэнэ. Бүртгүүлчихээд 500 мянган төгрөгөө шууд
бэлнээр гаргаж өгөх боломжгүй бол цувуулан өгч болох юм байна. Яагаад гэвэл энэ
бүхэн буяны ажил учир сэтгэлээсээ өгсөн бүхэн буян болно гэж үзэж байгаа юм билээ. 

Аймаг бүрээс хүмүүс хандив өргөж байгаа бөгөөд Улаанбаатар, Өвөрхангай
аймгаас хамгийн олон хүн хандив өгч, гэр бүлийн Майдар бурхнаа цогцолборт залах
батламжаа авчихаад байгаа аж. Өвөрхангай аймгаас 500 орчим хүн бүртгүүлчихээд байгаа
гэсэн. Гадаадад суугаа монголчууд Элчин сайдын яам, консулаараа дамжуулан хандив
өргөж байгаа юм байна.

Төслийн ажилд Монгол, Англи, Герман, Чех, Хятад, Канад зэрэг улсуудын
инженер техникийн байгууллагууд нэгдээд байна. Мөн Монголдоо шилдэгт тооцогддог
барилгачин, барималчин гээд барилгын мундаг улсууд зөвлөгөө өгч хамтран ажиллаж
байгаа гэсэн.

Төслийнхөн анх хандив цуглуулах ажлаа эхлүүлэхдээ сүсэгтэн олныг
түлхүү оролцох болов уу гэж таамаглаж байжээ. Гэтэл хандив өргөж байгаа хүмүүсийн
60 гаруй хувь нь залуус. Тэр дундаа 25-35 насныхан байгаа нь сэтгэлийг нь хөдөлгөж
байгаа аж. Залуус аав ээж, эмээ өвөөдөө зориулан Майдар бурхныг суваргад залахаас
гадна үр хүүхдэдээ өвлүүлэхийн тулд ийн буяны ажилд идэвхтэй оролцож байна гэж
“Их Майдар” төслийн Маркетинг, Олон нийттэй харилцах албаны дарга Д.Өнөржаргал ярилаа.

“Их Майдар” бурхан 54 метр өндөртэй бүтээгдэнэ. Энэ нь одоогоор дэлхий
дээр байгаа хөшөөнүүдээс хамгийн өндөрт тооцогдоно гэсэн үг. Рио де Жанейрогийн
Христийн хөшөө 39 метр бол Цонжин болдог дахь Чингэс хааны морьт хөшөө 40 метр.
Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөө 46 метрийн өндөртэй. Ингэхээр Сэргэлэн суманд сүндэрлэж
буй Майдар бурхан өндрийн хэмжээгээрээ дэлхийд нэрээ дуурсгах нь. Нөгөө талаар
108 метр өндөр суварга нь ч дээд амжилт тогтоох нь дамжиггүй.

Майдар бурхан бол Бурхан багшийн дараа замбуутивд залран өөрийн сургаал
номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхдын тав дахь бурхан нь гэдэг. Бурхны шашны
номлол ёсоор энэ ертөнцөд сайн цагийн мянган бурхан ирэхээс эдүгээ бидний амьдран
байгаа энэ цагийн бурхан нь Будда бөгөөд дараачийн эрин үеийн бурхан бол Майдар
бурхан юм. Майдар бурхан нь сайн сайхныг авчрахыг бэлгэддэгээр сүсэгтэн олны чин
сэтгэлд төв байр суурь эзэлдэг билээ.

Монголчууд Майдар бурхныг ирээдүйн бурхан хэмээн шүтэж тахиж, ирээдүй
хойч үеэ түүнд даатган залбирч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.

Их Майдар бурхны өндөр сүрлэг дүр төрх боссоны дараа бусад бүтээн
байгуулалтууд эхэлнэ. Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал баригдаж
байгаа. Гаднаас ирсэн зочид гийчид, жуулчдын хамгийн түрүүлж зорьж очих газар нь
Их Майдар цогцолбор байхаар бодож зураг төслийг нь гаргажээ.

Их Майдар төслийн хүрээнд шашин соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан,
хүүхэд залуучууд чөлөөт цагаа байгальд ээлтэй, эрүүл орчинд зөв боловсон өнгөрүүлэх,
соён гэгээрэх, амралт чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэн бүхий нийт 108 барилга байгууламж
байгуулагдах бөгөөд бүтээн байгуулалт нь 108 га газрыг хамрах юм байна.

Цогцолборт ирсэн хүмүүс Майдар бурхны өлмийд гороолоод дээш гарч
зүүн мутрын бумбанаас ертөнцийг тэтгэгч чандмань эрдэнэ болох рашаан уснаас хүртээд
аравдугаар давхарт гарч 108 мянган Майдар бурхны ерөөл сонсоно. Гадагш гарч өндрөөс
орчны байгаль, нийт цогцолборыг харж Гаадангийн гончиг суваргын 54 метрийн өндөрт
гарч гороолсоноор сүрлэг мэдрэмж төрөхөөр бүхнийг тооцоолжээ.

Энэхүү төслийг санаачлан эхлүүлсэн УИХ-ын гишүүн, сайд Х.Баттулгад
сүсэгтэн олон гэлтгүй эх орныхоо эв нэгдэл, ирээдүйд санаа зовнидог хэн бүхэн талархсаар
байгааг төслийн санаачлагчид дуулгаж байлаа. Ирээдүйд энэ цогцолборыг дагаж 200
мянган хүн амтай “Майдар” хот бий болох аж.

“Их Майдар” цогцолбор шашин, соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан
боловсорч гэгээрэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн амралт чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэнтэй
байхын зэрэгцээ “Майдарын ногоон морь” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголд үүсээд буй
цөлжилтийн эсрэг хамгийн том далайцтай алхмуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Тус цогцолборт задгай театраас эхлээд спорт амралт зугаалгын газар,
усан парк, амьтны хүрээлэн, бясалгалын ордон, лам ажилчдын байр, таван одтой зочид
буудал гээд 38 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулах бөгөөд жилийн дөрвөн улирлын
турш олны хөл тасрахгүй буян хурах газар байх юм байна.

 Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Баяр уу, тэмцэл үү?

Мартын наймны
тухай яриа, эмэгтэйчүүдийн эрх, тэд хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээ мэдээлэл
хоёрдугаар сарын сүүлээс эхлэв. Бүхий л мэдээллийн хэрэгсэл охид, эмэгтэйчүүдээр
“амьсгалж” эрчүүд шиг муу хүн байхгүй болж харагдлаа. Нэгэн телевизээр хаягдал шил
лааз түүдэг эмээ, тамхи ширхэглэн зарж байгаа эмэгтэй, хотын гудмыг цэвэрлэн зогсоо
ТҮК-ийн ажилтан бүсгүйг харуулаад “Тэд үүнийг хүсээгүй” хэмээсэн утгатай сурталчилгаа
харуулав. Үнэн л дээ, тэд үүнийг хүсээгүй байж болно. Тэд хүсэхгүй бол эрчүүд энэ
ажлыг хүсэх ёстой гэж үү. Эрчүүд ч гэсэн хүн шүү дээ. Эрх тэгш атлаа эсрэг тэсрэг
эр, эм гэх хүйстэн байхад нэгийг нь ингэж титэм мэт үзэж, нөгөөхийг нь ул мэт харах
нь өнөөгийн ардчилсан, хүнлэг энэрэнгүй нийгэмд хэр зохистой вэ. “Бид ч хүчирхийлэлд
байнга өртдөг” гэж ярих эрчүүд Мартын наймны үеэр байсан шүү.

Жендерийн
харьцааг 50, 50 хувьд байлгах ёстойгоос биш аль нэгийг нь сул дорой, эмзэг гээд
хэт дөвийлгөж туйлшруулах нь буруу. Эрчүүд эмэгтэйчүүд шиг зовлонгоо тоочоод байдаггүй
дотогшоогоо хүмүүс. Ялангуяа монгол эрчүүд баргийн юманд хошуу нэмэрлээд, үг унагаад
байдаггүй гүндүүгүй зантай.

Монгол эрчүүд
өглөө сэрэхээсээ орой унтах хүртлээ гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд өртдөг тухай
судалгаа байдаг. Хоолны дээж гээд шөлний тостой, өөхтэйг нь аягалан өгдөг нь хүчирхийллийн
нэг хэлбэр буюу эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулсан үйлдэл болдог тухай Японы нэгэн
судлаач өгүүлсэн байдаг. Эмэгтэйчүүдийн эмнэлэг нийслэлийн байшин барилгын булан
тохой бүрт байхад эрчүүдийн эмнэлэг гэж бараг байдаггүй байлаа. Хэдэн хүмүүс энэ
талаар тэмцлийн үгсээ илэрхийлж одоо эрэгтэйчүүдийн гэх тодотголтой эмнэлгүүдтэй
болоод байгаа. Эмчлүүлэх эмнэлэггүй байсан болохоор манай эрчүүд хүчирхийлүүлж л
байсан гэсэн үг.

Гуравдугаар
сарын 18-нд “Монгол цэргийн өдөр” тохиодог ч энэ өдрийг бид “Эрэгтэйчүүдийн баяр”
гэдэг утгаар нь тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр аав, ах, өвөө, нөхөр, эрэгтэй дүүгээ
эмэгтэйчүүд нь баярлуулдаг.

Эрчүүд маань
эмэгтэйчүүдтэйгээ барьцаад энэ өдрийг угтаад мөн л “Бид хүчирхийлүүлж байна” гээд
эхэлбэл утга алдана. Гэхдээ манай эрчүүд тэгдэггүй нь сайхан. Баяр баяраараа байх
сайхан. Эрчүүд энэ өдрөөр хүчирхийлэл ярьдаггүй. Цэргийн алба хамт хаасан онжавуудтайгаа
уулзалдан өнгөрсөн ч бахархалтай он жилүүдийнхээ тухай ярьцгааж, партизанууд цуглан
хөөр баяр болцгоодог. Залуус нөхөдтэйгээ нийлнэ. Иймэрхүү л өнгө төрхтэй өнгөрдөг,
гуравдугаар сарын 18.

Мартын
8 буюу гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхий даяар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг. Үнэхээр эрх чөлөө ярих гэж байгаа бол энэ өдрийг
эмэгтэйчүүдийн баяр гэхгүйгээр тэмцлийн өдөр болгох хэрэгтэй. Ер нь тэгээд нэг өдөр
жагсаал цуглаан, баяр ёслол хорших нь зохимжгүй. Ээжүүд Алдарт эхийн одонгоо гардаад
үр хүүхдээрээ бахархан баярлан нулимстай нүдтэй зогсч байхад гадаа нь эмэгтэйчүүд
лоозон барьж хүчирхийлэл ярьж жагсах нь хоёр өөр уур амьсгалыг төрүүлнэ.

Хүчирхийллийн
тухай яриаг хэн ч хорьдоггүй. Жилийн дөрвөн улирал, 365 хоногийн турш ярьцгаадаг.
Өнөөдөр л гэхэд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаар ярилцлага,
хэлэлцүүлэг болж л байна.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Эргэж ирсэн Д.Банди багш

Боксын Д.Банди багш спортдоо эргэн ирсэн нь олон олон спорт сонирхогчийг
баярлуулсан үйл явдал болов. 2008 оны Бээжингийн олимпод манай боксынхон гялалз­сан
амжилт гаргаж, 2009 оны Миланы дэлхийн аваргаас 17-хон настай Н.Төгсцогт гэх хүү
мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээ, амжилт, баяруудыг бүгдийг нь энэ хүнтэй холбодог
юм, хүмүүс. Монго­лын боксчид амжилтаараа Азидаа тэргүүлж, У.Мөнх-Эрдэнэ, Э.Бадар-Ууган,
П.Сэрдамба, Н.Төгсцогт дэлхийн чансаанд дээ­гүүрт давхиж, олон улсын тавцанд Монголын
сонирхогчдын боксын нэр алдар түгсэн он жилүүд бий. Угтаа энэ үеийг Монголын боксын
сэргэлтийн үе гэцгээдэг билээ.

Гэтэл 2010 онд Д.Банди багшийн бие муудаж, тал цус харва­сан гэх
таагүй мэдээ Мон­голын ард түмэнд хүнд туссан. “Одоо тэгээд хэн дасгалжуулагч хийх
юм. Олимп, дэлхийн тавцан­гаас медаль авах тамирчид маань яах болж байна” хэмээн
сандрал­даж, багшийн биеийн байдалд анхаарал хандуулцгааж байлаа. Юутай ч тамираар
олон жил явсан, залуудаа боксчин явсан болохоор Д.Банди багш өвчнөө ялан дийлээд
гараад ирсэн юм. Ажилдаа даруй орж тамирчдаа дасгалжуулж эхэлсэнд дургүйлхэх хандлагатай
хүн мэр сэр гарсан нь өнөө л монголчуудын тамын тогооны үлгэрийн нэг хэсэг байсан
шүү. Д.Банди багшийн орыг залгах гэсэн, хүний бэлдчихсэн бэлэн зүйл дээр ирж алдар
горилох гэсэн залуус байсныг мэдэх юм. Түүнийг эмнэлэгт ухаангүй байгаа гэсэн харамсалтай
мэдээний хажуугаар “Би шигшээгийн ахлах дасгалжуу­лагч болчих юм шиг байна” хэмээн
ярьж явсан дасгалжуулагчид байсан нь жаахан жудаггүй л санагдаж байв.

Боксчид нь гар, сэтгэл нийлж аавынх нь оронд аав болж ирсэн сахалтай
багшийгаа үгүйлж, шүлэг хүртэл зохиож байсан даг. Д.Банди багш ажилдаа эргэн орж,
Улаан­баатарт болох оюутны ДАШТ-д өрсөлдөх баг тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэж байх
үед нь уулзахад “Бие муудаад, ер нь л унаад бослоо шүү” хэмээн инээм­сэглээд “Тамирчид,
дасгалжуу­лагчид маань “Хүч шаардах хүнд ажлыг нь чаддаггүй юмаа гэхэд зүгээр хажууд
явж байхад л нэмэр болоод байна” гэцгээж байгаа шүү” гэсэнсэн. Энэ үед түүнд олон
орон, бүр Иракаас дасгалжуулагчаар ажиллах урилга ирүүлж байсан. Энэ тухайгаа “Өө,
их мөнгө амал­сан. Би зүгээр “Дасгалжуулагч явуулъя л” гэдэг юм. Өөрөө явъя гэж
боддоггүй. Нэгэнт эхлүүлсэн ажлаа ямар ч байсан чадал тэнхээгүй болтлоо үргэлжлүүлье
дээ л гэсэн бодолтой байдаг юм” гэж чин сэтгэ­лээсээ өгүүлснийг нь бодохоор энэ
хүн яалтгүй спортод зориулагдсан хүн гэдэг сэтгэгдэл төрж билээ.

Гэтэл түүнийг ахлах дасгалжуу­лагчийн ажлаас нь чөлөөлж, зөв­лөх
болгосон нь олон хүнийг гайхашруулсан юм. Монголын боксчид Д.Банди багшгүйгээр Лондонгийн
олимпод орж ямар харамсалтай байдлаар ялагдал хүлээснийг медалийн тавцанд мөнгөн
медаль зүүсэн мөртлөө харамсан уйлж зогссон Н.Төгс­цогтын нулимснаас харж болохоор
байв. Н.Төгсцогт хэр баргийн үйл явдалд сэтгэл хөдлөл гаргаад байдаггүй, угийн авьяастай
тамир­чин. Гэтэл медалийн тавцан дээр баярлаад биш харамсаад уйлж байсныг нь Д.Банди
багш хараад гол нь зурагдах шиг болсон биз. Монголын боксчдод дасгалжуулаг­чийн
сэтгэл дутсаныг спортод тэр бүр шимтээд байдаггүй жирийн иргэн ч тэр мөчид хэлж
байлаа. Монголын боксчид Лондонгийн олимпод дасгалжуулагчгүй өрсөлд­лөө гэж хатуухан
бичиж, хэлсэн хүмүүс олон байсансан.

Нар дахин манддаг шиг Н.Банди багшийг зөвлөхийн нь орон тоонд
жинхэнэ утгаар нь авч ажиллуулахаар болж. Тэрээр эрэгтэй, эмэгтэй 70 хүний өргөн
бүрэлдэхүүнтэй шигшээ багаа дагуулаад Орхон аймгийн “Олимп” баазыг зорилоо. Тэнд
40 хоног бэлтгэл хийх юм.

Ямартай ч боксын холбооны­хон өөрсдөдөө дүгнэлт хийв болол­той.
Тоогоогүй Д.Банди багшийн тол­гойг ашиглахаар дахин ажиллуулж эхэлснийг зүйтэй хэрэг
боллоо хэмээн магтах хүн тун чиг олон таарч байна. Эрдэнэсийг тоосонд даруулбал
зэвэрсэн гэж үз гэдэг шиг Монголын боскын спор­тын арван арван үеийн түүхийн нууцыг
сэтгэл, зүрх, тархиндаа тээж явсан Д.Банди багшийн эрдмийг манай боксчид дахин хүртэж,
уртаас урт амжилтын он жилүү­дийнхээ нэгэн шинэ хуудсыг нээв. Гавьяат дасгал­жуулагч,
ардын багш Д.Банди багш эргэж ирлээ, босктоо.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Уулчин Л.Болдбаатарын цогцос олдлоо

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин
Л.Болд­баатар энэ сарын 13-нд Таван Богдын Мал­чин ууланд авиралт хий­гээд бууж
явахдаа осолд­сон билээ. Өчигдөр Мон­голын уулчдын үндэсний холбооны тэргүүлэгчид
түүний гэр бүлийнхэнтэй уулзаж, албан ёсоор эмгэ­нэл илэрхийлсэн юм. Тэд “Бид өнгөрсөн
өдрүү­дэд хэвлэл мэдээллийн­хэнд ямар ч мэдээ өгөө­гүй. Яагаад гэвэл Л.Болд­баатарыг
амьд байгаа болов уу гэж горьдлого тээж байлаа. Нөхцөл байд­лыг хараад тэр горьд­лого
маань бага ба­гаар тасарлаа” хэмээц­гээж байлаа.

Монголын уулчдын үндэсний холбооны
за­рим тэргүүлэгч гишүүдтэй уулзаж ярилцсан юм. 
Мон­гол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Ган­гаа­маа, уулын спортын ОУХМ
Д.Батжаргал нар тус холбооны тэргүүлэг­чид. 

Б.Гангаамаа: Чухам ямар үйл явдал болсон талаарх нарийн мэдээ­лэл байхгүй.
Түүн­тэй хамт явсан охин нь л бүхнийг хэлнэ шүү дээ. Бид, МУҮХ-ныхон МУҮХ-ны тэргүүлэгч
гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин Лувсандашийн Болдбаатар Таван Бог­дод өвлийн
авиралт хийгээд Малчин оргилоос бууж явахдаа халтирч хадан хясаа руу ниссэн гэсэн
мэдээллийг л утсаар авсан. Авсан энэ мэдээллээ л хэлэхээс өөр ярих мэдээ алга. Өнөөд­рийг
хүртэл тав хоногийн хугацаанд манай холбоо яагаад дуугүй байсан бэ гэхээр бид түүнийг
амьд байгаа эсэхийг нь мэдэх хүртлээ албан ёсны мэдээлэл өгөхгүй гэсэн байр суурь­тай
байсан юм. Бид тав хоног хүлээлээ.
Ингээд өнөөдөр бидний “Амьд байгаа
даа” гэсэн эцсийн горьдлого тасарлаа гэсэн үг л дээ. Туршла­гатай тамирчин учир
хаа нэгтээ амьд байгаа болов уу гэсэн горьд­лого тавиад байсан. Горьдлого маань
үндсэндээ байхгүй болсон болохоор ар гэрийнхэнтэй нь уулзаж, ярилцлаа.

-Л.Болдбаатарыг ийм ави­ралт хийснийг
буруутгах хүмүүс байна?

Б.Гангаамаа: -Ер нь уулчин хүн олон шинэ амжилтын төлөө явдаг шүү дээ.
Хүн гараагүй оргилд гарах, шинэ зам гаргах, өвөл, зуны авиралт хийх гээд уулын спорт
чинь өөрөө экстрим спорт. Тийм учраас аль болох шинэ соргог амжилтын төлөө явдаг.
Тэр амжилтын төлөө явж байгаад л энэ хүн ийм эрсдэлд орлоо. Энэ хүнийг буруутгах
ямар ч үндэслэл байхгүй. Тэр турш­ла­гатай уулчин, гавьяат тамирчин.

-Болсон явдлын талаар Б.Үүр­цайх
л бүхнийг хэлнэ. Гэх­дээ та бүхэн болсон хэрэг явд­лыг мэргэжлийн талаас нь харвал
юу анзаарагдаж байна вэ. Л.Болдбаатар охинтойгоо олсоор холбоотой явж байсан юм
болов уу. Тэгээд халтираад унахдаа олсоо тасалсан гэх хувилбарыг спортын хүрээний­хэн
их ярьж байна?

Б.Гангаамаа: -Бид үүнийг хийс­вэрээр, урлагаар ч юм уу, үзсэн харсан
киногоороо төсөөлөн ярьж болохгүй шүү дээ. Аливаа юмыг бодит байдал дээр тулгуурлаж,
барьж үзэж, харсан юмаа ярих ёстой. Энэ сарын 15-нд Б.Үүрцайх хамгийн эхний мэдээгээ
ээждээ дуулгасан. Ээждээ “Аав бид хоёр Малчин оргилд гарчихаад буцаж явсан. Аав
маш их баяртай байсан. Буцаж явахдаа халтирч унаад нисчихлээ” гэж хэлээд “Баян-Өлгий
аймгийн Онцгой байдлын хэлтэс рүү ослын талаар мэдэгдээрэй” гэсэн мэдээ өгөөд л
утас нь тасар­сан гэж байгаа юм. Бид энэ л мэдээг хэлнэ. Түүнээс биш хэн нь урдаа
хэн нь хойноо явсан, яаж явсныг бид хараагүй. Хараагүй учраас илүү мэдээлэл өгөх
боломжгүй.

-Ийм авиралт хийх тухайгаа та бүхэнд
хэдийд мэдэгдсэн юм бэ. Туршлагатай уулчин учир цаг агаарын байдлаас эхлүүлээд бүхнийг
урьдчилан судалсан л байж таарна.

Д.Батжаргал: -Энэ авиралтын­хаа талаар надад нэгдүгээр сарын 25-нд гэртээ
дуудаж хэлсэн. Надад цуг явах санал тавих гэж байсан болов уу гэхдээ тэрийг сайн
мэдэх­гүй байна. “Ийм өвлийн авиралт хийх гэж байгаа. Охин маань өчиг­дөр уржигдархан
л ирсэн. Би охин­тойгоо өвлийн авиралт хийхээр төлөвлөж байгаа. Үүнийгээ хэлэх гэсэн
юм” гэсэн. Ингээд бид хол­бооныхоо тухай ярилцаад тэдний­хээс гарсан. “Та тэгвэл
явахдаа хэлээрэй. Дутуу, хэрэгтэй юм бай­вал хэлээрэй” гэсэн чинь “Өө, юу байх вэ.
Цагаан сар өнгөрөөгөөд л явна. Дөхүүлж байгаад хэлнэ ээ” гээд дахиж надтай холбогдоогүй
юм. Энэ сарын 15-нд тэмцээн зохион байгуулаад зогсч байхад бидэнд осол болсон гэх
мэдээ ирсэн.

Бид их горьдож байсан. Тав хоног хүлээлээ.
Манай холбоог мэдээ мэдээлэл хийхгүй байсныг хүмүүс янз бүрээр л ярьсан байх. Бид
амьд байх болов уу гэж горьдож байсан. Горьдлого маань аргагүйн эрхэнд тасарсан
болохоор өнөөдөр гэр орныхонтой нь уулзлаа.

Б.Гангаамаа: -Сая гэрийнхэн­тэй нь уулзахад энэ авиралтаа гурван сарын
өмнөөс төлөвлөөд бэлдсэн байсан гэдгийг нь мэдлээ. Охин нь хоёр жил гэртээ ирээгүй,
Польшид амьдарч байгаад ирсэн юм билээ. Охинтойгоо авиралтын талаар эртнээс ярилцаж
төлөвлө­сөн юм билээ. Энэ бол төлөвлөгөөт авиралт байсан. Түүнээс биш гэнэ­тийн
сэтгэл хөдлөлөөр явсан юм биш. Гурван сарын өмнөөс бэлтгэлээ хангасан. Авиралтынхаа
тухай МУҮХ-нд хэлсэн. Манай холбооны ерөнхий нарийн бич­гийн даргад өвлийн авиралтынхаа
тухай албан ёсоор хэлсэн юм билээ. Тэр хүний хувьд өвлийн авиралт хийх нь бас нэг
амжилт нь байсан.

-Малчин оргил ямар онцлог­той юм
бэ. Тийм айхавтар цас мөстэй хэцүү уул уу?

Д.Батжаргал: -Зуны цагт ави­ра­хад их сайхан дүнхийсэн хар уул. Баруун,
зүүн хойд талаараа бага зэрэг цас, мөстэй. Хярлаад гараад явчихдаг. Урдаас нь доод
талын сул хадаараа гараад явчихдаг. Тийм замуудтай. Харин одоо бол цастай байгаа.
Хүнд, аваар осолтой уул биш. Хянгаар явж байгаад нурсан гэхээр хөвсгөр цас ч юм
уу, ямар нэгэн байдлаар осол гарах нөхцөл бүрдчихсэн байсан байх гэж бодож байна.

-Аль талаас нь дайрсан юм бол?

Д.Батжаргал: -Гардаг зүүн талаар нь явсан юм шиг байгаа юм. Тийм болохоор
бид тэр рүү л унасан болов уу гэж таамаглаж байгаа. Яг юу болсныг мэдэхгүй бусадтай
л адил таагаад сууж байна. Охиныг нь ирсний дараа л бодит зүйлийг мэдэж болно.

Б.Гангаамаа: -Таван Богд уулын хувьд өвлийн авиралт хийхэд ангал гэж
зүйл байхгүй. Би авирч үзсэн учраас мэднэ. Цас, мөс нь хатуурчихсан байгаа. Ангал
нь цасаар шуураад цас нь хатуураад хөлдчихсөн байдаг. Харин Хүйтний оргилын хувьд
зарим салхитай жилд мөстэй болчихдог. Малчин оргилын хувьд манайхан хяр, хөмсөг
гэж ярьдаг. Хөмсөг дамжиж явдаг. Тэр хөмсөг маш нарийхан. Хөмсөг дээгүүр дамжиж
явдаг. Зуны цагт тэр хөмсөг нь маш нарийхан байдаг. Өвөл цас орчихоор мэдэг­дэхгүй
бүр нарийхан болчихдог. Их осолтой. Тэр хөмсөг дээр л явж байгаад хальт үсэрчих­сэн
болов уу гэсэн таамаг л бидэнд байгаа. Харсан юм шиг ярих боломжгүй. Хальт үсрээд
унахдаа хясаа руу унасан гэж ярьж байгаа юм чинь мөсөн гол талынхаа хад асгатай
хясаа руу ниссэн болов уу гэсэн ийм л таамагтай байгаа. Оргилын хойд тал нь тэр
чигээрээ цас, мөстэй байдаг. Зун хойд талаараа цас, мөсөөр хучигдсан, урд талаараа
хад асгатай уул. Одоо бол битүү цастай байгаа.

-Уулчин Л.Болдбаатарыг хүмүүс
“Уулын” Болдбаатар гэдэг. Түүнийг уулын спортын аль ч төрөлд туршлага арвинтай гэцгээдэг?

Б.Гангаамаа: -Л.Болдбаатар гавьяатын хувьд туршлагатай гэвэл туршлагатай.
Өндөр уулын ч бай, хадны ч бай арвин их туршлага хуримтлуулсан уулчин шүү дээ. Бид
өнөөдөр ингэж ярьж байгаа байхгүй юу, “Хэр баргийн юманд явчихаар хүн биш. Тийм
ч амархан өнгөрчихдөг хүн биш” гэж. Бид ингэж үзсэн учраас тав хоногийн турш горьдож
байгаа нь тэр шүү дээ. Ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээд нэг хэсэг ухаан алдаад
босч ирээд яаж ийгээд амиа аргалаад байж байгаа ч юм билүү гэсэн горьдлогыг зөндөө
тээлээ. Таван Богдод цаг агаар маш хүйтэн гэсэн болохоор ингээд горьдлого тасарлаа
гэж үзэж байгаа юм.

Д.Батжаргал: -Намайг 1984 онд хаданд авиралтаар хичээллэх гээд очиход
л Болдоо ах авирдаг байсан. Миний дээд үеийн уулчин гэсэн үг л дээ. Ид шижигнэсэн,
туршлагатай мундаг тамирчин. Тэмцээн уралдаанд дандаа эхний байруудыг эзэлнэ. Тийм
л хүн байсан. Түүнээс хойш тэр хүнтэй хамт олон авиралтад хамт явж байсан. Олон
амжилтыг нь мэднэ. Гадаад дотоодын олон ууланд амжилттай авирсан уулчин. Хамгийн
сүүлд өнгөрсөн аравду­гаар сарын 15-нд Отгонтэнгэрт хамт авирсан юм.

Өөрийнхөө төлөвлөсөн ажлаа гүйцээх
гээд явсан. Оргилд гарчихаад баяртай явж байгаад осолдчихлоо. Уулчдын түүхэнд ууланд
гарч байгаад биш бууж явахдаа осолдсон тохиолдол их байдаг. Буух үед хүний бие сульдчихсан,
ядарчихсан бүх юм давхцсан байдаг. Дээр нь сэтгэл нь хөөрчихсөн байдаг. Туршлагатай
уулчид бол тэр бүхнээ дарж чаддаг.

-Л.Болдбаатар гавьяатыг мэдэх хүмүүс
их өвөрмөц сэтгэлгээтэй, аливаад үргэлж мэргэжлийн талаас ханддаг гэдэг юм билээ?

Д.Батжаргал: -Чадварлаг, ур чадвартай. Хийх гэснээ хийчихдэг зантай
хүн байсан.

Б.Гангаамаа: -Юмыг хийх гэж оролддог. Оролдлоготой, хичээл зүтгэл ихтэй.
Хөдөлмөрлөдөг тийм хүн байсан.

Д.Батжаргал: -Тийм ч учраас амжилт дагуулдаг. Их өвөрмөц хүн. Цөөхөн
хүнтэй багаар дайралт хийдэг онцлогтой байсан. Арав, хориулаа авиралт хийхийг үздэггүй.

Б.Гангаамаа: -Амжилт, эрсдлийг маш сайн тооцдог. Уулын мэргэжлийн хүмүүсийн
зан л даа. Сонирхогч биш мэргэжлийн түвшний хүмүүс цөөн хүнтэй хамт авирдаг гэсэн
юм.

Л.Болдбаатар гавьяатын ойр дотнын
хүмүүсийн нэг, МУҮХ-ны тэргүүлэгч, уулын спортын ОУХМ Г.Бат-Оронготой утсаар холбогд­сон
юм. Тэрээр “Л.Болдбаатар маань хүнийхээ хувьд сайхан хүн. Хэнтэй ч найртай. Үеийнхэнтэйгээ
ах аа, эгчээ болно. Залууст зааж сургаж зөвлөнө. Ёстой нэг уулчин хүн л ийм байдаг
болов уу гэмээр сайхан, жинхэнэ гүндүүгүй монгол эр хүн. Бид хар нялх байхаасаа
хамт тоглож өссөн. Уулчин болц­гоогоод ч хамт байлаа. Үнэндээ би түүнийг амиа алдсан
гэдэгт нэг л итгэж өгөхгүй байгаа. Ингэж яримааргүй байна. Итгэхгүй байна. Байгальд
яасан их хайртай, бай­галь­тайгаа ямар сайхан харьцдаг хүн гээч. Тийм болохоор байгаль
нь ивээгээд амьд байгаа даа гэж итгэсээр л байгаа” хэмээсэн юм.

Л.Болдбаатар 1960 онд Улаан­баатар
хотод төрсөн юм байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын
хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Энхжаргалтай өчигдөр 16 цагийн үед утсаар холбогдож
дараахь мэдээллийг авсан юм.

-Эрлийн багийнхнаас хамгийн сүүлд
ямар мэдээ хүлээж аваад байна вэ?

-12 цагийн үеийн эрлийн багийг ахалж
буй онцгой байдлын хошууч Бауржаны өгсөн мэдээгээр уулын спортын мастер Х.Агваанданзан,
Б.Баасанжав, Онцгой байдлын хэлтсийн салаан захирагч дэслэгч З.Азат, Хилийн цэргийн
ахлах ахлагч Д.Болд, Л.Болдбаатарын охин Б.Үүрцайх гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй
баг уулчдын отогт хүрчихээд байна гэсэн мэдээ ирүүлсэн.

-Цаг агаарын байдал хэр байгаа
гэнэ вэ?

-Цаг агаар гайгүй, цаг уураас хүйтний
эрч бага зэрэг суларч байна гэсэн мэдээ өгсөн. Одоогоор салхи, шуургагүй тогтуун
байна гэсэн.

Болж буй үйл явдалтай холбог­дуулан
зарим мэдээллийн хэрэг­сэл ташаа зүйл бичиж байна. Бодит зүйлийг ард түмэнд хүргээ­рэй
гэж энэ дашрамд хэлье. Мэ­дээл­лийн хэрэгслийнхэн тав арван ми­нутын зайтай залгаад
“Одоо яаж бай­на” гэж асууж лав­лаж байна. Бид эрлийн багийнх­наас цаг тутам мэ­дээ
хүлээж авч чадахгүй байгаа учир сэтгүүлчдэд хандан ажилд маань хүндрэл учруулахгүй
байхыг хүсч байна.

Өчигдөр салхи шуургатай, цаг агаарын
байдал хүнд байсан учир ажиллагаа эхлүүлэх боломжгүй байсан. Өмнөх өдрүүдэд Малчин
ууланд байрлах боломжгүй маш хүйтэн байсан. Ингээд өнөөдөр цаг агаарын байдал гайгүй
байгаа учир эрлийн багийнхан эрэн хайх ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэдгийг л зөвөөр
ойлгуулах хэрэгтэй юм.

-Нийтдээ 44 хүний бүрэлдэ­хүүнтэй
баг ажиллаж байгаа гэсэн. Нутгийн иргэд хүртэл туслахаар очоод байгаа юм уу?

-Нутгийн иргэдийг аврагч, уулч­дад
туслуулж, газарчлуулахаар гаргаад байна. 44 хүнээс тав нь дээш гараад үлдсэн бүрэлдэхүүн
нь бэлэн байдалд ажиллаж байгаа. Эхэлж гарсан багийнхан ууланд хүрээд холбоо бариад
нэмж хүч хэрэгтэй гэвэл гарахад бэлэн хүлээж байгаа гэсэн үг.  Эхний багийнхан хичнээн хүн хэрэгтэй, ямар багаж
хэрэгсэл шаардлагатай байгаагаа дуулгавал шууд гарахад бэлэн. Үүнийг хүмүүс буруу
ташаа ойлгоод байх шиг байна. Эрлийн баг цаг агаарын нөхцөл байдалд тулгуурлан төлөвлөгөө
боловсруу­лан ажиллаж байгаа ба аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар шийдвэр авч
ажиллаж байна.

-Б.Үүрцайхын биеийн байдал ямархуу
байгаа вэ?

-Эрлийн багийн бүрэлдэхүүнд хоёр эмч
ажиллаж байгаа. Эрлийн багийн өгсөн мэдээгээр Б.Үүр­цайхын биеийн байдал сайн байгаа.

-Нисдэг тэрэг гаргах талаар яригджээ.
Цаг агаар тааруу, салхитай байгаа учир харзнаж байгаа гэсэн үү?

-Нисдэг тэрэг гаргах талаар одоогоор
яриагүй. Эхний ээлжинд охиноор нь авиралт хийсэн газрыг заалгаж  аврагч, уулчид эрлийн ажил явуулахаар ажиллаж
байна гэсэн юм.

Манай сонины дугаар шилжих мөчид
дэд хурандаа Б.Энхжар­галтай дахин холбог­доход тэрээр эрлийн багийнхан Л.Болдбаа­тарын
цогцсыг олсон тухай дуул­гаад цогцсыг зөөвөр­лө­хөөр ослын газар руу нэмэлт хүч
гаргахаар болсон гэлээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Алтай Таван богдод осолдсон уулчин Л.Болдбаатарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Монголын уулын спор­тын ууган
гавьяа­туудын нэг, уулчин Л.Болд­баатар Алтай Та­ван богд ууланд авиралт хийж байгаад
осолдсон харамсалтай хэрэг гар­лаа. Тэрээр энэ сарын эхээр Баян-Өлгий айм­гийг охин
Б.Үүрцайхын­хаа хамт зорьжээ. Тэд тус аймгийн Цэнгэл, Улаан­хус сумын заагт орших
Алтай Таван богдын Мал­чин оргилоос уруудах үед Л.Болдбаатар осолдож сураггүй болжээ.
Ослын цорын ганц гэрч болох Б.Үүрцайх сэтгэлзүйн хувьд хүнд, цочролын байдалд байгаа
гэнэ. Тэ­рээр болсон хэрэг явдлын талаар чухам юу болсныг мэдүүлэхдээ хоорондоо
зөрүүтэй хэд хэдэн зүйл яриад байгаа юм байна. “Бид ангал руу унасан. Ухаан ороод
хартал аав байхгүй байсан”, “Аав миний урд явж байснаа гэнэт алга болчихсон”, “Би
ухаан алдаад сэртэл аав байхгүй, хаачсаныг нь мэдээгүй” хэмээн ярьжээ.

 
Б.Үүрцайхын мэдүүлж байгаагаар тэд энэ сарын 13-нд авиралтаа хийчихээд
буух үед аав нь ангал руу унасан бололтой. Юу болоод буйг тэрхэн агшинд гүйцэд ухаа­раагүй
бөгөөд аавдаа тус­ламж дуудахын тулд осол болсон газарт тэмдэг тавь­чихаад уулын
бэлд өвөлжиж байсан айлд хүрч ирэн тус­ламж дуудсан юм байна. Б.Үүрцайх болсон явдлын
талаар ар гэрийнхэндээ дуулгаж, тус аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдээлжээ.

Баян-Өлгий аймгийн Онц­гой байдлын албан хаагчид, Цагдаагийн хэлтсийнхэн,
нут­гийн иргэдээс бүрдсэн нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг өнгөрсөн хоно­гуудад
эрэн хайх ажиллагаа явуулжээ. Аврах бүрэлдэхүүн тэдний байрлаж байсан май­ханд хүрч,
тэндээ хоногло­хоор болтол хасах тавин хэ­мийн хүйтэн, цасан шуур­гатай байсан учир
ажилла­гаагаа үргэлжлүүлж чадалгүй буцаж ирсэн юм байна. Цаг агаар хүйтэн, салхи
шуур­гатай байгаагаас Б.Үүр­цай­хын тэмдэг тавьж үлдээсэн газрыг олоход хүндрэлтэй
байгаа аж.

Ингээд цаг агаарын хүнд нөхцөлд өндөр уулын бэрх­шээлүүдтэй тулгарч
үзсэн мэргэжлийн уулчдад анд нөхрөө хайх ажил оногджээ. ОУХМ Х.Агваанданзан, А.Жанарбек,
спортын мастер н.Баасансүрэн тэргүүтэй Баян-Өлгий аймгийн уулчид өндөр уулын багаж
хэрэгслээ авч, Онцгой байдлын хэлт­сийн аврагчдын хамт уржиг­дар Таван богдын хормойд
очжээ. Тэдэнд туслахаар Хи­лийн цэргийн дугаар ангийн Тусгай томилгоот хэсгийн найман
албан хаагч цасны мотоцикльтой Цэнгэл сумаас нийлээд байгаа аж. Хайх ажилд аймгуудын
уулчид оролцох боломжтой, бэлэн байдалтай байгаагаа илэр­хийлээд байгаа юм байна.
Хэрвээ аврах бүрэлдэхүүний хүчин мөхөсдөж Л.Болдбаа­тарыг олж чадахгүй бол Улаан­баатар
хотоос Мон­голын шилдэг уулчид болон мэргэжлийн хүмүүсээс бүрд­сэн баг Баян-Өлгий
аймгийг зорихоор зэхээд байна.

Аврагчид төлөвлөснөөр өчигдөр орой Малчин уулын бэлд хүрсэн бөгөөд
өнөөд­рөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлэх юм.

Алтай Таван богд уул нь Монголын хамгийн өндөр хайрхан. Монгол
орны дээвэр хэмээгд­дэг эл уул нь төрийн тахил­гатай. Уг хайрхны оргилд уулчид
1956 оноос эхлэн хөл тавьсан бөгөөд албан ёсны тоо баримтаар 700 гаруй уулчин авираад
байгаа гэсэн.

Алтай Таван Богд нь таван оргилтой. Хүйтэн оргил 4374 метр, Найрамдал
оргил 4192 метр, Бүргэд оргил 4068 метр, Малчин оргил 4051, Өлгий оргил 4050 метрийн
өндөрт оршдог. Алтай Таван Богд уулын Хүйтэн оргилд авирахад нэн сонир­холтой шилдэг
арван уулын жагсаал­тад багтсан юм. Эл ууланд жилийн аль ч улиралд авиралт хийж
болдгоороо онцлогтой ч хамгийн тохи­ромжтой нь 7-9 дүгээр сар юм байна. Энэ үед
цаг агаар нь хамгийн тогтвортой байдаг гэсэн. Гэхдээ Алтай Таван богд уулын орчимд
цаг агаар нэн тогтворгүй, хайрхан аашаа өдөрт хэд хэд хувир­гадаг хэмээн уулчид
ярьдаг юм.

Яагаад уулчин Л.Болд­баатар салхи шуургатай, цаг хүнд үед энэ
уулыг зорьсон нь хүмүүсийн анхаарлыг татах байх. Л.Болдбаатар бол Монголын уулын
спортын дунд үеийнхний төлөөлөгч­дийн нэг бөгөөд спортынхон дундаа “Уулын” Болдбаатар
хэмээн нэрлэгддэг шилдэг уулчдын нэг байсан юм. Уулын спортын бүхий л төр­лийг хөгжихөд
хувь нэмрээ оруулсан нэгэн. Хаданд ави­ралтаар ур чадвараа гайхуулж байсан авирагч,
энэ төрөлд олон сайн тамирчдыг бэлтгэн гаргасан дасгалжуу­лагч юм.

Тэрээр Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгчийн сон­гуульт
ажилтай нэгэн. Энэ авиралтад явахынхаа өмнө холбооныхон, уулчидтайгаа халуун дотно
яриа өрнүүлж “Би охинтойгоо өвлийн ави­ралт хийчихээд ирье. Хэдүү­лээ одоо шинээр
ажиллана аа. Холбооны ажлыг зах зухаас нь эмхэлж, авиралтын спортоо хөгжүүлэх болно.
Бүгдээрээ зүтгэнэ” хэмээн ярьж байжээ. Анд нөхөд нь “Л.Болдбаатартай хамгийн сүүлд
уулзахад их олон зүйл ярьж, хийж бүтээнэ ээ гэж зоригтой өгүүлж байсан. Бид хоёр
цаг гаруй ярилцсан. Ийм харамсалтай зүйл тохиол­доно чинээ хэн ч зүүдлээгүй. Ууланд
авирна гэдэг тоглоом биш. Ууланд хэн ч ам гардаг­гүй. Л.Болдбаатар бол манай хамгийн
шилдэг уулчдын нэг байсан” хэмээн хоолой зангируулан харамсч байна.

Л.Болдбаатар “Охин маань Таван богдод авирна гээд байгаа. Охиноо
ирэхээр Баян-Өлгий аймгийг зорино” хэмээн шинэ жилийн дараах­наас ярьж байж. Охин
Б.Үүр­цайх нь одоо 28 настай. Поль­шид ажиллаж амьдар­даг юм байна. Аавтайгаа хамт
уг ууланд авирах талаар саяхнаас төлөвлөжээ. Тэрээр аав руугаа, Монгол руу утас
цохиж “Аав аа, хоёулаа Таван Богдод авиръя. Та зөвшөөрөх үү. Би удахгүй очно” хэмээ­жээ.
Ингээд тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын хорьдоор эх орондоо ирсэн юм байна. Уулчдын
ярьж буйгаар Л.Болд­баатар авиралтад олон сарын өмнөөс бэлтгэдэг байсан гэнэ. Гэтэл
энэ удаад нэг л яаруу санд мэнд явсанд харамсан “Бид хамт, хань болог гээд нэг уулчныг
санал болгож авч явахыг зөвлөсөн. Уг нь зөвшөөрч байсан ч охинтойгоо хоёулаа явчихсан
байна билээ” гэж байна. Хамт авиралт хийх байсан залуу уулчин цуг явж чадаагүй харамсан
“Надад маш хүнд байна. Энэ авиралтад би оролцох ёстой байсан ч то­дор­хой шалтгаанаар
чадаа­гүй. Би явсан бол…за, ёстой хэлэх ч үг олдохгүй хэцүү байна. Аймшигтай харамсч
байна” хэмээн фэйсбүүктээ сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Б.Үүрцайх аавыгаа даган гадаад дотоодод хэд хэдэн удаа авиралт
хийж байсан манай өсч яваа залуу та­мирчдын нэг юм байна. Тэрээр Казбек ууланд ави­ралт
хийсэн Монголын анхны эмэгтэй уулчин.

Баян-Өлгий аймгийн Онц­гой байдлын хэлтэстэй хол­богдоход “Бид
аврах бүрэл­дэхүүнтэй өчигдөр (хоёр­дугаар сарын 17-нд) 22 цагийн үед утсаар хол­богд­сон.
Замын нөхцөл бай­дал хүнд байгаа юм билээ. Олон арван км цастай, замыг туулж зорьж
очсон газартаа очно. Дахиж тэдэнтэй холбоо бариагүй. Мэдээ хүлээж бай­на” гэсэн
бол Онцгой байд­лын ерөнхий газар “Эрлийн ажиллагаа үргэлжилж байна” гэсэн хариу
өгсөн юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Баян-Өлгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн улсын буцалтгүй тусламжийн мөнгөнөөс завшжээ

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж,
үйл­чилгээний хэлт­сийн­хэн улсын төсвийн мөн­гө­нөөс завшиж байсан нь илэр­чээ.
Эх сурвалжийн хэлснээр энэ хэрэгт хол­богдуулан тус хэлтсийн дарга, мэргэ­жилтнүүд
бо­лон “ХААН” банкны дөр­вөн теллерийг шал­гаж цагдан хорьсон байжээ. Тэднийг өнгөрсөн
ням гаригт Улаанбаатар руу авчирч шалгахаар бол­тол багагүй эсэргүүцэл­тэй тулгарсан
байна. Хэ­рэгт холбогдсон хүмүү­сийн ар гэрийнхэн хот руу ачуу­лахгүй, орон нутагт
хэр­гийг нь шалгуулна хэ­мээн эсэр­гүүцэж, уриа лоозон барьж аймгийн проку­рорын
гадна жагсч цуглаан хийсэн бай­на. Энэ хэрэгт шалгаг­даж буй аймгийн нийг­мийн ха­лам­жийн
газ­рын одоо­гийн дарга С маши­наар явахгүй онго­цоор явна гэсэн сурагтай. Гэх­дээ
зарим эх сурвал­жийн мэ­дээлснээр энэ хэрэгт нийт­дээ 17 хүнийг холбог­дуулаад байгаа
аж. Хэр­гийг УМБГ-ын дө­рөв­­дү­гээр та­сагт шил­жүүлж, эрүү үүс­гээд бай­гаа юм
бай­на. Улсад хэдий хэм­жээ­ний хохи­рол учруу­лаад бай­гаа нь одоогоор бү­рэн тогтоог­доо­гүй
бай­на.

Монгол Улсын иргэ­ний харь­яал­лаас
гараад Казахстан улсын иргэн болохоор хүсэлтээ гар­гаж, иргэншлээ сольдог казах
иргэд Баян-Өлгий аймагт олон бий. Монгол Улсын Засгийн газраас иргэншлээ сольж буй
ир­гэ­дэд нэг удаа 700 мянган төгрөгийг буцалт­гүй тус­ламжаар олгодог аж. Энэ мөнгийг
олгох асуудлыг Нийгмийн халамж, үйл­чилгээний хэлт­сийн­хэн зохицуулж, банкуу­дад
бичиг баримтыг нь бүр­дүүлж өгдөг юм байна. Мон­гол Улсын харьяа­таас хэн гэдэг
хүн гарга­хаар хүсэлт гаргаж, бу­цалтгүй тусламж олго­хоор болж байгааг тус хэлтсийнхэн
бүртгэж, жаг­саалтыг нь банкууд руу хүргүүлж, түүнийг нь үн­дэс­лээд банкууд мөнгийг
нь гаргадаг дараалалтай.

Гэтэл халамжийн асууд­лыг хариуц­даг
бай­сан төрийн ажилтан тө­рийн мөнгөнөөс хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулж
байс­ныг “ХААН” банк дотоод аудитын шалгалтаараа ил­рүүлсэн байна.

Тус банкныхан ху­ваа­рийн дагуу Баян-Өлгий аймаг дахь сал­бар­таа
Дотоод аудитын шалгалт явуулжээ. Гэтэл сэжиг бү­хий итгэмж­лэхээр ол­го­сон улсын
буцалт­гүй тус­ламжийн мөнгөний гүйл­гээ анхаарлыг нь та­таж, үүнийг шалгахыг зо­хих
газруудад нь мэдэгд­сэ­нээр эл хэрэг ил бол­сон аж. 

Нийгмийн халамжийн хэлтсийн дээрх
ажилтнууд хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, итгэмжлэхээр мөнгө авдаг байсан санж.
Банкны теллерүүд итгэмжлэхийг үндэслээд мөнгө олгодог байсан гэнэ. Нийгмийн халамжийн
хэлт­сийн ажилтан энэ мэтээр олон удаа хуурамчаар мөнгө гаргуулсан нь тогтоогдсон
бөгөөд аймагт үйл ажиллагаа явуулдаг бусад банкуу­дад ч ийм маягаар олон гүйлгээ
хийсэн байх магадлалтай гэнэ.

“ХААН” банк тус аймгийн хоёр хороонд халамжийн үйлчилгээний мөнгө
олгодог юм байна. Тус банк хариуц­лага алдаж, банкны ажилтны ёс зүйг ноцтой зөрчсөн
таван теллерээ ажлаас нь халаад оронд хүмүүс авчээ.

Нийгмийн халамжийн үйлчил­гээ­ний
ажилтнууд өөр банкныхныг уг ажиллагаандаа татан оруулж сүлжээ маягаар ажиллаж байсан
бололтой. Эх сурвалж Төрийн банкинд ч ийм зөрчил илэрсэн байх гэлээ. Учир нь тус
банк Баян-Өлгий аймгийн ихэнх хороодод халамжийн мөнгө олгодог аж.

Төрийн мөнгөнөөс хумслах асуудал Баян-Өлгийд
бараг хэвийн үзэгдэл болсныг энгийн иргэд нь ярьж байна. Баян-Өлгий аймаг улсаас
хамгийн их татаас, халамж авдаг гэгддэг. Үүнийгээ дагаад халамжийн мөнгийг дагасан
элдэв асуудал их байдаг байна. Жишээ нь, өндөр настнуудын хийлгэх хиймэл  шүдний мөнгийг нь халамжийн төсөвт суулгачихсан
байдаг. Хиймэл шүд хийлгэх гээд очиход нь “Та өчигдөрхөн шүд хийлгэсэн байна” гээд
халгаагаа­гүй тохиолдол олон бий гэнэ. Учир байдлыг нь лавлахаар халамжийн асуудлыг
нь хариуцдаг хүмүүс хэн нэгний өмнөөс хиймэл шүд хийлгэх хүсэлт гаргаж мөнгийг нь
хувьдаа авах тохиолдол Өлгийн төв гэлтгүй, сумдад ч байдаг гэлцдэг.

Улсын буцалтгүй тусламжийн мөнгөнөөс
завшсан энэ хэрэг Баян-Өлгий аймгийнхны анхаарлыг татаж байна. Өмнө нь Нийгмийн
халамжийн газрын дарга мөн улсын мөнгөнөөс хууль бусаар идэж байсан нь шалгагдаж
байжээ. Гэвч тэрээр өөрөө хуульч мэргэжилтэй нэгэн байсан учир ял авалгүй үлдэж
байсан гэдэг. Гэсэн ч хэрэг хуучирдаггүй учир түүнийг бас шалгаж байгаа аж. Энэ
удаагийн хэрэг олон зүйлийг сөхөж шалгахад хүргэх бололтой.

Хэргийн талаар Баян-Өлгий аймгийн
Цагдаагийн газраас тод­руу­лахад “Шалгагдаж байгаа хэр­гийн талаар мэдээлэл өгөх
боломж­гүй” гэсэн хариулт өглөө.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн
үйлчилгээний газрын удирдлагууд хууль бусаар мөнгө завшихдаа банкинд шинээр орсон
залуу бүсгүйчүүдийг уруу татаж, хам хэрэг үйлдэж байсан гэнэ.

Д.САРУУЛ