Categories
мэдээ цаг-үе

Д.Баярболд: Нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухааны хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдтой цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-“Алтангадас трейд” компанийн БНСУ-аас оруулж ирсэн таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий “ESSE” тамхийг улсын орлого болгож, битүүмжлээд буй. Юуны учир ийм арга хэмжээ аваад байна вэ?

-Тамхины бизнес эрхлэгчдийн холбооноос МХЕГ-т хаяг, шошгын зөрчилтэй, Монгол Улсын нэгдэж орсон ДЭМБ-гаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенц, Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн хаяг шошго бүхий тамхи худалдаалагдаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Бид мэдээллийн мөрөөр хяналт, шалгалтыг тус компани дээр удирдамжийн дагуу хийсэн. Шалгалтаар “ЕSSE Lights”, “ЕSSE Change” нэрийн тамхинууд дээрх конвенц, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлээд, уг тамхинуудыг худалдан борлуулахыг нь зогсоож, битүүмжилсэн байгаа. Тус компанийн агуулахад байсан хуучин стандартын үед оруулж ирж худалдаж байсан тамхины үлдэгдлүүдийг нийлүүлээд нийт таван тэрбум төгрөгийн тамхи битүүмжилсэн.

Нэг компани таван тэрбумын үнэтэй бараагаа улсын орлого болгуулж, битүүмжлүүлнэ гэдэг маш том цохилт. Үүний нөгөө талд нэг компани ийм их хохирол амсч байгаа нь танай байгууллага энэ чиглэлийн сургалт, сурталчилгаа бага хийж, тухайн компаниудад мэргэжлийн зөвлөгөө өгдөггүй байх гэж ойлгож болох юм?

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаран болчихоод байна. Мөн янжуур тамхины стандартад өөрчлөлт орсон. Хууль хэрэгжиж эхлэх болон шинэ стандартыг мөрдөж эхлэхээс өмнө тамхины бизнес эрхлэгчдэд хугацаа өгсөн нь тэдний бизнесийг хамгаалж, бүтээгдэхүүнийхээ үлдэгдлийг зарж борлуулж дуусгах, энэ хооронд дараагийн бүтээг­дэхүүнээ хэвлүүлэх зэрэг боломжуудыг олгосон. Шинэ стандартыг батлагдсан өд­рөөс нь бус тодорхой хуга­цааны дараа хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийг ч мөн адил тэгсэн шүү дээ. “Алтангадас трейд” компани нь хууль, стандартын өөрчлөлтүүдийг мэдэж байсан.

Та бүхэн хяналт шалгалт явуулахдаа торгож, битүүмжлэхийг энэ тэргүүнд тавьдаг юм уу. Тухайн бизнесийн байгууллагын эрх ашгийг хэр анхаарч үздэг юм бэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын зарчим бол хууль, тогтоомж, стандартуудыг албадан хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, эдийн засгийн байдалд дэмжлэг үзүүлсэн, аль болохоор эдийн засаг болоод үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг тусгадаг. Гэхдээ үнэхээр хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн байвал энэ хэвээр нь үргэлжлүүлээд байх боломжгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар алдаа дутагдлыг нь засуулах арга хэмжээ авдаг. Тухайн тамхинуудын хувьд яалт ч үгүй Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэж орсон олон улсын конвенцийг зөрчсөн байгаа нь дээрх арга хэмжээг авахад хүргэсэн. Шууд устгах юм уу, дараагийн арга хэмжээг аваагүй байна. ДЭМБ, Эрүүл мэндийн яамнаас тодруулга авч, Стандартчилал хэмжилзүйн төвөөс шошгын стандартыг зөрчсөн байна гэдэг мэдээлэл авсан. Нэг байгууллагын өнцгөөс бид энэ асуудалд хандаагүй.

Тамхины бизнес эрх­­­лэгчдийн холбоо “Алтан­гадас трейд” компанийн талаар мэдээлжээ. Үүнээс харахад нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесменүүд нэгнийхээ эсрэг ажил зохиогоод байгаа юм шиг. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж анзаарч болох нь?

-Манай байгууллагад хэн ч өргөдөл, гомдол гаргаж хандаж болно. Гаргасан өргөдөл гомдол нь эрхзүйн үндэслэлтэй бол хууль тогтоомжийн дагуу л хяналтаа явуулна. Түүнээс биш тухайн байгууллагын цаана ямар ашиг сонирхол байсныг бид мэдэхгүй. Илэрч байгаа зөрчил нь хууль тогтоомж зөрчсөн байвал хуулийн дагуу л хариуцлага тооцоод явна. Тамхи гэдэг энэ зүйл эрүүл мэндэд хортой. Нийт өвчлөлийн дотроос зүрх судас, амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь тамхи. Тэгэхээр тамхин дээрх зурган анхааруулга, шошгын асуудал чухал юм. Тамхины дотор агуулагдаж байгаа бохь, никотиноос илүүтэй шошгон дээрх анхааруулга, зөвлөмж нь нийгмийн эрүүл мэндийн ач холбогдлоо өгч байдаг нь нотлогдсон. Никотин нь 1.5, 1.6 байх нь ялгаагүй. Аль аль нь хортой. МХЕГ, тамхины хяналтад оролцогч байгууллагууд шошгон дээрх анхааруулгад ач холбогдол өгөөд байдаг нь ийм учиртай юм. Дээрх тамхинуудын хайрцган дээр “Зөөлөн амттай”, “Lithts”, “Зөөлөн амт нь сэнгэнэсэн амтаар солигдоно” гэх мэтээр бичсэн нь Тамхины хяналтын суурь конвенцийн 11-гийн “А”-г илт зөрчсөн. Бусад тамхинаас хор хөнөөл багатай, зөөлөн гэх мэтээр бичсэн нь тамхи үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийн л нэг арга болж байгаа. Бүх тамхи л никотин агуулж байгаа учир хүний эрүүл мэндэд хортой.

Хэрвээ “Алтан гадас трейд” компани танайхаас тавьсан шаардлагуудыг биелүүлээд, бараагаа үйлдвэрлэгчид нь буцааж шошгыг нь стандартад нийцүүлэн дахин оруулж ирж болох уу. Ер нь тамхины чиглэлийн гэлт­гүй ийм байдалд орсон компаниудад гарах гарц байдаг уу. Хуулинд ингэж харж үзсэн, бизнес эрхлэгчдээ анхаарсан зүйл заалт бий юу?

-Бид хууль тогтоомжийнхоо дагуу л үйл ажиллагаагаа явуулна шүү дээ. Нийслэлийн Прокурорын газарт хандаад, энэ үйлдэлд ямар нэг гэмт хэргийн шинж байна уу, үгүй юу гэдэг асуудал тавьсан. Тус газраас энэ үйлдэлд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байж болзошгүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгуул гэсэн. Үүний дагуу бид Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хэлтэст энэ асуудлыг шалгуулахаар шилжүүлчихсэн. Үүний дараа ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд захиргааны журмаар шийдэхээр болбол манай байгууллагад ирэх ёстой. Гэхдээ цагдаагийн байгууллага яаж шийдэхээс шалтгаална. Монголд мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн баримтаас харахад эргэж буцаана, реэкспорт хийгээд тэнд нь зөрчлийг арилгуулах гэсэн ямар нэгэн заалт байхгүй. Тамхины хяналтын тухай хуулийн дагуу Засгийн газрын 197 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд ерөөсөө хурааж устгана л гэсэн заалт байгаа.

Таван тэрбумын хөрөнгө шүү дээ, нэг компанийн. Хэдий нэг компани ч гэлээ цаана нь олон хүний эрх ашиг, амьдрал бий?

-Гэхдээ энэ асуудлыг хяналт шалгалт хийсэн байцаагч нар нь шийдэхгүй. Удирдлага, ерөнхий байцаагч нарын Зөвлөлийн хурлаар оруулж эцсийн шийдвэр гаргана. Гэхдээ одоо тэгж шийднэ, ингэж шийднэ гэж хэлж болохгүй.

Монгол Улсын хуулийн гаргалаа нь өөрөө шошгын стандартын зөрчилтэй байвал хураана, улсын орлого болгоно, олсон орлогыг нь улсын орлого болгоно, зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгана гэсэн л заалттай.

Сургуулийн бага ангийнхан, цэцэрлэгийн хүүхдүүд хоолонд хордох нь ихэслээ. Сүүлийн хоёр сард ийм тохиолдол нэлээд гарлаа?

-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийтдээ хордлого, халдварын таван тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад гарсан. Хордлого халдварын гол шалтгаан нь юутай холбоотой байна вэ гэхээр үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, тухайн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл ахуйн зохистой дадлын мэдлэг хангалтгүй байна. Мэргэжлийн бус хүмүүс энэ ажлыг эрхэлдэгтэй холбоотой. Хүнсний бүтээгдэхүүнээ яаж тээвэрлэх вэ гэдгээ ч мэдэхгүй хүмүүс хүнс зөөж байна. Мэргэшсэн байдлыг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед тогооч, хүнсний чиглэлийн худалдагч нарыг түр сургалтаар бэлтгэж байгаа нь сургалтын чанар хангалтгүйг харуулж байна. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгжүүдийн дотоодын хяналт сул байна. Цэцэрлэг байлаа гэхэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа хүмүүсийнхээ эрүүл ахуйн зохистой дадал, хандлага ямар байгааг үнэлдэггүй, дотоод хяналт тавьдаггүй. Ийм байдлаас болоод энэ хордлого халдварууд гараад байна л даа. Эрүүл мэндийн зарим байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай ч холбоотой. Бид яагаад хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсээс эрүүл мэндийн үзлэгийн дэвтрийг нь шалгаад үзээд байдаг вэ гэхээр энэ маш чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, Өмнөговь болон бусад газруудад гарсан зарим хордлогын хувьд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс нь өөрсдөө нян тээгч байгаа учир хоол хүнс бохирдуулах эх уурхай нь болж байна. Үүнийг үзэж шинжилж байгаа байгууллагууд нь үнэн бодит ажиллахгүй, шинжлэхгүйгээр шууд дэвтэрт нь бичиж өгдөг. Ийм байдлаас болоод хордлого, халдвар үүсээд байна. Гуравдугаарт, сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын хүчин чадал ихэссэн, ачаалал ихтэй ажилладагтай холбоотой.

Баян-Өлгий аймагт хоёр ч удаа хүүхдүүд хордсон тохиолдол гарлаа. Сүүлд Улаанхус суманд гарсан хордлогын шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-“Улаанхус суманд өнгөрсөн сарын 29-ний өдөр цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор өвдлөө” гэсэн мэдээлэл ирж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт шалгалт хийсэн. Анх ирүүлсэн мэдээлэлд 47 хүүхэд өвдсөн гэж байсан боловч нийт 74 хүүхдээс хоолноос хордсон гэх шинж тэмдэг илэрсэн. Үүнээс 51 хүүхдийн биеийн байдал дунд зэрэг, 19 хүүхэд нь гэрээр эмчийн хяналтад байна гэсэн мэдээ ирсэн. Эдгээр хүүхдүүдэд халуурсан, бөөлжсөн, биеийн байдал нь суларсан гэсэн шинж тэмдэг илэрсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Холбогдох шинжилгээнүүдийг авсан. Нян судлалын шинжилгээний хариу нь өнөөдөр гарна. Эхний шинжилгээгээр цусан суулгын нян илэрч байна гэсэн.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн даргын тань хувьд нэг зүйл тодруулъя. Манай сонины байрны цонхнуудыг таглаж “Астра интернэшнл” компанийн “Астра буйлдинг” барилга баригдаж байгаа. Уг барилга баригдаж эхэлснээс хойш олон хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Ажлын байранд гэлтгүй ер нь хүнд байгалийн гэрэлтүүлэг шиг хэрэгтэй зүйл үгүй. Уг барилга баригдсанаас хойш манай сонины сэтгүүлч сурвалжлагч, ажилтнууд нар, салхи үзэхээ байж, хүнд нөхцөлд ажлаа явуулж байна. Та үүнд мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ?

-2010 оноос өмнө бүх барилгын зураг төсөлд эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийгдэж, зураг төслийг нь эрүүл ахуйн байгууллагаас зөвшөөрсний дагуу барилга угсралтын ажил эхэлдэг байсан. 2010 оноос хойш яасан бэ гэхээр, тус онд Засгийн газрын 325 дугаар тогтоол болон Ариун цэврийн хуулинд өөрчлөлт оруулах замаар урьдчилан хяналтын энэ асуудлыг байхгүй болгосноос сүүлийн үед баригдаж байгаа барилга байгууламжийн барилга хоорондын зай, барилгын дотоод технологийн зохион байгуулалт нь хянагдахгүй явж байна. Үүнээс болж сүүлийн үед хоорондоо наалдсан, байгалийн гэрэлтүүлгийг нь хаасан барилгууд олширч байна.

Байгалийн гэрэлтүүлгийн ач холбогдол маш их л дээ. Нарны гэрэл нян, ашиггүй бичил биетнийг устгадаг бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Харин нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг гэж ойлгож болно. Нарны гэрэл нь хаагдсанаар тухайн барилгад хөгц, мөөгөнцөр үүсэх асуудал үүсдэг. Яагаад хөгц мөөгөнцөр үүсдэг вэ гэхээр байгалийн гэрэлтүүлэг дутсанаас болдог. Нарны гэрэлтүүлэг нь хүний биед нөлөөлж, бодисын солилцоонуудыг эрчимжүүлдэг. Хүмүүс нарны гэрэлд биеэ ээж, D витаминыг нийлэгжүүлнэ гэдэг шүү дээ. Энэ асуудлууд байхгүй болсноор ажлын байр, гэр орон, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа бид сургалтын боловсролын байгууллагад энэ асуудлыг тавьдаг. Байгалийн гэрэлтүүлэг ямар байх ёстой юм. Цонх, шалны харьцаа хэд байж гэрэлтүүлгийн норм хангагдах ёстой юм гэдэг шаардлагуудыг тавьдаг. Гэтэл өнөөдөр бизнес эрхлэгчдийн юм уу, эсвэл цаана нь ямар нэг эрх ашгийн үүднээс хуулинд өөрчлөлт оруулсан нь ийм нөхцөл байдлуудыг бий болгож байна. Одоо эрүүл ахуйн талаасаа болохгүй байна гээд бид очиж, хяналт тавьж, барилгын ажлыг нь зогсоох эрхзүйн үндэсгүй болсон гэж хэлж болно.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Тэнэмэл өвгөд буцаж иржээ” гэж

Твиттерт жиргээч Цэцэн сайд “Тэнэмэл өвгөд буцаж иржээ. Одоо тохитойхон амьдраасай. Бас л улс төрд орж хулгай дээрмээ хийнэ гэх байх даа” гэж жиргэсэн нь олны анхаарлыг татаж байна. Ямар хөгшчүүл, тэнэж яваад ирсэн юм бол гэтэл С.Баяр, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарыг хэлж л дээ. Тэд тив, дэлхийгээр хэсч, тэнэж яваад нутагтаа ирж байна. Рембрантын “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” гэдэг зураг байдаг даа. Хувцас хунар нь тартагтаа тултал салмарсан, өрөөсөн гуталтай нооройсон тэр хүүгийн үлдсэн ганц гутал нь зуузайгаараа урагдаад өсгий нь цухуйчихсан байдаг. Тэнэж яваад ирсэн хүүг тосгоны ахмад настан тосч аваад хацрыг нь элгэндээ наан тэвэрч энэрдэг.

Гэр орноосоо дайжиж, он удаан жил тэмтчиж явсан хүүг бусад ахмадууд өрөвдсөн харцаар “Энэ хүүг одоо яадаг билээ дээ” гэсэн янзтай ширтэж буйгаар энэ зурагт дүрсэлсэн байдаг билээ. Цэцэн сайдын жиргэснээр бол С.Баяр, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар яг л тийм байдалтайгаар эргэж ирж байна. Хүн ирэх сайхан, холоос. Гэхдээ сэтгэлдээ юу агуулж ирсэн нь одоо үед чухал болсон. Яахав манай монголчууд тэнэж, шилэрч яваад ирсэн ахан дүүсээ цаашаа гээд цааргалдаггүй. Ямар ч тохиолдолд тосч аван тохойноос нь түшдэг.

Монголын улс төрд орсон хүн нэг мэдэхэд л баян болчихсон, учиргүй тансаг нэгэн болоод хувирчихдаг. Хүмүүс улстөрчдийг цалингаараа ийн сайхан амьдарч байгаа гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Улстөрчид хулгай, дээрэм, луйвраар л биш юм бол өөр яаж, юугаараа баяжих юм. Үнэндээ тэдний хэн нэгнийх нь эхнэр нь ТҮЦ ч болтугай ажиллуулдаггүй хэрнээ дэргэдээс ургаагүй, тэнгэрээс унаад ирсэн юм шиг л гэнэт хачин ганган, баян чинээлэг эмэгтэйчүүл болчихдог. Ингээд бодохоор хулгай луйвар л тэднийг баяжуулдаг биз. Улстөрчид орхисон талбартаа яагаад дахин ирдэг вэ гэхээр урьдных шигээ хулгай, дээрэм, луйвар хийх гэж л тэр. Энэ бүхнээс сэрэмжлүүлж дээрх жиргээч ийн бичсэн байх. Яагаад гэвэл луйвраар олсон хоол хоол болдоггүй. Луйвардаж олсон хөрөнгө хөрөнгө болдоггүй юм.

Их улс төрд улстөрчид найман жилийн л настай байдаг гэдэг. Энэ нь үнэ цэнийг өгүүлж байгаа тоо. Жинхэнэ улстөрчид бүхий л насаараа улстөртэй үхэн хатан зууралддаггүй. Хийх ажлаа, ийм л хугацаанд амжуулдаг. Чадахгүй бол өөрийн хүсэлтээр огцроод дахиад энэ талбарт яасан ч үзэгддэггүй. Гэтэл манайд үгүй. Залуу үе, хойчийг залгах хүмүүсээ байна чинээ анзаардаггүй. Би, би л гэсэн амин хувиа хичээгчид. Найман жилээс илүүгээр улстөрийн өнгөнд байхаараа бурхан шиг сайн хүн буг болчихдог. Ингэхээр эрхэм жиргээчийн дурдсан улстөрчид одоо тохитойхон, томоотойхон амьдраасай билээ. Өмнөх шигээ идэж ууна гээд хулгай, луйвраа хийх гээд зүтгэвэл байдал бишдэж мэднэ.

Нас тогтсон, юм үзсэн эрс шиг сайхан нуруутайхан амьдрах хэрэгтэй юм энэ хүмүүс. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нар шиг хийдгээ хийгээд, сонсдогоо сонсчихсон түшээд лугаа сургаалаа айлдаад суувал сайхан бус уу.

Хэрвээ тэгэхгүй дадсан ажлаа хийх гээд, ил цагаан улайраад эхэлбэл өвгөн гэж нас харгалздаггүй өргөст тор хүлээж байж ч мэднэ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Болдбаатар: Иргэд цагдаагийн ажлыг үнэлгээний хуудсаар дүгнэдэг болно

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг нээлттэй, иргэдийн оролцоотойгоор анх удаа сонгон шалгарууллаа. Та уг шалгаруулалтад найман зорилтот бүхий “Иргэний төлөө-Найрсаг цагдаа” хөтөлбөр дэвшүүлсэн. Яагаад найрсаг цагдаа гэх хөтөлбөр гаргав?

-Цагдаагийн албаны тухай хууль шинээр гарч мөрдөгдөж байгаа. Энэ хуулийн үндсэн зарчим нь иргэдийн оролцоотой цагдаагийн байгууллагыг бий болгох. Ийм үндсэн зарчмын хүрээнд цагдаагийн байгууллага, тэр дундаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрыг байгуулсан. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үндсэн үүрэг чиглэл бол Улаанбаатар хотын иргэдийн амгалан тайван байдлыг хангах. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийн оролцоотой буюу иргэдээс ирсэн бүх санал хүсэлтийг цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Дэлхий нийтийн цагдаагийн байгууллагуудын хөгжсөн үндсэн зам нь иргэдийнхээ итгэлийг олсон явдал. Иргэдийнхээ итгэлийг олж байж л цагдаагийн байгууллага хөгждөг. Улаанбаатар хотод гарч байгаа нийт гэмт хэргийн тодорхой хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлдэг. Үүнийг багасгахад эргүүлийн болон иргэдтэй нүүр тулж уулздаг хэв журмын цагдаагийн үүрэг оролцоо их. Иргэд хохирсон болон цагдаагийн байгууллагад бусад зөрчлийн талаар гомдол мэдээлэл гаргахад хамгийн түрүүнд очиж байгаа нь цагдаагийн байгууллагын ажилтан. Тийм учраас үүргээ зохих ёсны дагуу хэрэгжүүлэх ёстой. Энэ нь Цагдаагийн албаны үйл ажиллагааны журмаар зохицуулагдчихсан.

-Иргэдтэйгээ яаж ойртож ажиллах вэ. Иргэдийн оролцоотой цагдаагийн байгууллага гэж та дээр ярилаа?

-Эхний ээлжинд бид цагдаагийн байгууллагад хандсан бүх санал, гомдол, өргөдөл дээр ажиллана. Одоо ч ингэж ажиллаж байна. Зөвхөн утсаар мэдээлэл аваад зогсохгүй бусад бүх мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл авна. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, санал, мэдээлэл дээр ажилласан цагдаа нарыг иргэдээр үнэлүүлдэг үнэлгээний хуудас гэдэг зүйлийг гаргаж ирж байна. Дуудлагад очсон цагдаа тухайн иргэнээр үйл ажиллагаагаа үнэлүүлэх юм. Үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үнэлүүлнэ гэсэн үг. Иргэн болгон цагдаагийн байгууллагад хандаж, гудамж талбайд гарсан зөрчлийг мэдээлэх бүх сувгийг нь нээлттэй болгох бэлтгэл ажил нь хангаагдаад явж байна.

Бид иргэдээс ирсэн дуудлага болгонд хүртээмжээ хүргэхийн тулд ажиллаж байна. Улаанбаатарт 69 машин 24 цагаар зөвхөн иргэдийн дуудлага болон тухайн нутаг дэвсгэр дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилладаг, машинтай эргүүлүүд шүү дээ. Дээр нь явган эргүүлүүд бас ажилладаг. Урьд шөнийн байдлаар гэхэд цагдаагийн байгууллагад 4968 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүний 1776 нь гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байжээ. Энэ болгон дээр цагдаа нар ажилладаг.

-Цагдаа нарын зан харилцаан дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ байдал сүүлийн үед багасч байна уу даа гэж харагдаж байгаа?

-Ноднин бид судалгааны байгууллагуудаар цагдаагийн албан хаагчдын зан харьцаанд судалгаа хийлгэж үзсэн л дээ. Нийт иргэдийн жар орчим хувь нь цагдаагийн алба хаагчдын харьцаанд шүүмжлэлтэй хандсан. Үүнийгээ бид засч залруулах ёстой гэж үзэж байна. Тэгэхийн тулд бид нэгдүгээрт ажлын ачаалал болон хөдөлмөрийн үр бүтээлийг нь зөв дүгнэдэг болж тухайн алба хаагчийнхаа ажилдаа хандах итгэлийг нь дээшлүүлж байгаа. Тухайн алба хаагч өөрийн хувийн гэсэн ямар нэгэн стрессгүй, элдэв янзын зөрчилгүй болоод ирвэл аяндаа иргэдтэйгээ тэр хэмжээгээр харьцаад эхэлнэ.

Гэхдээ цагдаа хуулийн хүрээнд үйлчилгээгээ албадах журмаар ч хэрэгжүүлж болно. Яагаад гэвэл цаана нь иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас зөрчиж байгаа иргэнд хуулийн хүрээнд албадлагын арга хэмжээ авна.

-Нийслэлийн шуурхай зөвлөгөөн дээр Улаанбаатар хотод согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо эрс өссөн талаар ярьж байна лээ. Ийм төрлийн гэмт хэргийг багасгахад яаж ажиллабал дээр вэ?

-Нийт гэмт хэргийн жараад хувь нь согтуугаар үйлдэгддэг. Бусдын бие махбодид гэмтэл учруулах болон танхайн гэмт хэргүүд голчилж байна. Тийм болохоор архидан согтууралтай тэмцэх, архины зөв хэрэглээг төлөвшүүлэх зэрэг нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаанд зөвхөн цагдаагийн байгууллага биш төрийн болон төрийн бус бусад байгууллагууд ч ажлаа чиглүүлэх шаардлага гарч ирж байна. Гэвч энэ нь нийгмийн янз бүрийн шалтгаанаас болоод биелэгдэх нь удаашралтай байна. Гэсэн ч бид цаашид бүх ажиллагаагаа ийшээ чиглүүлэхээс өөр арга байхгүй. Ер нь урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын үндсэн ажил. Хэрэг гарсны дараа хөөцөлдөх биш урьдчилан сэргийлж, шалтгаан нөхцөлийг нь тогтоогоод, түүнийг нь арилгуулах талаар бид ажиллаж байгаа.

-Нийслэлийн цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгож өөрчиллөө. Дотоод бүтцэд нь ямар өөрчлөлт оров?

-Бид цаашид хороо болон анхан шатны нэгж дээр байдаг буюу хорооны хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа, эргүүлийн офицеруудынхаа үйл ажиллагааг илүү нягтаршуулъя гэсэн бодлогыг баримталж байгаа. Орон тоог нь нэмж, ачааллыг нь багасгана.

Одоо 167 олон нийтийн цагдаагийн албан хаагч дүүргүүдэд ажиллаж байгаа. Эхний ээлжинд гэрээгээр ажилласан. Өнөөдөр бид энэ үйл ажиллагааныхаа нээлтийг хийнэ. Нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг сурталчлах гэсэн ийм үндсэн гурван чиглэлээр эдгээр албан хаагчид маань ажилладаг.

-Улаанбаатар хотын Цагдаагийн даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн хөтөлбөрийг тань иргэд ихэд дэмжсэн байна лээ?

-Иргэдийн зүгээс өөрийгөө хамгаалуулах гэсэн дуудлага өгөхөөс гадна ойр орчныхоо гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллэх тоо өсөөд байна. Өөрөө холбогдоогүй ч гэсэн миний хажууд ийм зөрчил байна шүү, энийг ирж шалгаарай. Энд нэг согтуу хүн унтаж байна, тэнд тийм хүн явж байна, манай хажуу айлын хаалга онгорхой байна гэдэг ч юм уу энэ мэтээр хандах хандлага их өсөөд байгаа. Үүнийг бид иргэдийн цагдаад итгэх итгэл гээд байгаа юм. Хоёрдугаарт, цагдаагийн албан хаагчид талархсан, магтсан магтаал ирэх нь өссөн байгаа. Олон нийтийн сүлжээгээр цагдаагийн зөв үйлдлүүдийг ч сайшаасан, нийтэд түгээсэн мэдээлэл их явж байна. Үүнээс үзэхэд иргэд бидэнд итгэж байна гэж ойлгож байгаа.

-Иргэд цагдааг өөрт нь хэр үйлчилснээр нь дүгнэж, үнэлгээний хуудас бичдэг болж байгаа нь сонирхолтой дуулдаж байна?

-Үнэлгээг янз бүрийн хэлбэрээр авна. Дуудлагаар очсон бол цагдаа үүргийнхээ дагуу үйлчилнэ. Иргэд үнэлгээгээ цаас болон бусад сүлжээг ашиглаж өгөх юм. Эхний ээлжинд цаасаар үнэлгээг нь авна. Сэтгэл ханамж, хүсэлт зэргийг нь хүлээж авах юм. Иргэдийн санал бидэнд маш чухал шүү дээ. Иргэдээс ирсэн үнэлгээг харгалзаад алба хаагчдаа зөв үнэлдэг, дүгнэдэг болно.

Д.САРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ажилтай байх бүр сайхан

Дуртай ажлаа олсон хүнд амралтын хоёр өдөр дээр нь дахиад таван өдөр нэмэгдсэнтэй адил юм. Залуу насанд ажил шиг сайхан юм үгүй. Бас завгүй байх сайхан. Өглөө гэрээсээ ажил руугаа яарч, орой гэр рүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтайд тооцогддог. Ийм үгсийг бид өдөр тутам зөндөө л сонсдог, уншдаг. Зүгээр ч чихний хажуугаар өнгөрдөг, бодит амьдралаас холуур үг биш бололтой.

Зун амраагүй танил маань ээлжийн амралтаа аваад хэд хоножээ. “Хүмүүс ажиллаж байхад амрах шиг утгагүй юм алга. Ажлаа санаад байна” гэж байна. Соёлын төвийн дуу хөгжмийн багш анд маань “Найзыг нь гэр орныхон хүчээр эмнэлэгт хэвтүүлэх гээд байна. Ядаргаанд орсон гээд байх юм. Би зүв зүгээр. Ажлаасаа нэг л өдөр холдвол бүх юм өнгөрчих гээд, надгүй л бол бүх юм бүтэхгүй юм шиг санагдаад байна” гэх.

Гэртээ хүүхдүүдээ хараад суудаг мэргэжил нэгт бүсгүй “Өглөө сэрүүлгээр босох сайхан. Яаран яаран цайгаа уугаад автобуснаас хоцрохгүй гээд гүйх бас сайхан. Тэгээд ажлынхаа газрын хаалгыг татаж орох бас нэг жаргал гэдгийг гэртээ суусан хоёр жилдээ л мэдэрч байна. Залуу байх сайхан ч ажилтай байх бүр илүү сайхан юм” хэмээв. Нээрэн тийм шүү. Чөлөө аваад ажлаасаа холдсон өдрүүд хүртэл галт тэрэгнээсээ хоцорсон мэт сэтгэгдэл төрүүлэх үе бий. Залуу насанд ажил шиг сайхан юм үгүй гэдгийг залуус өөрсдөө ингэж ярьж байна. Залуу байх сайхан ч, ажилтай байх бүр сайхаан.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Алдармаад долоон жил хорих ял оноолоо

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд боллоо. Эл хурал хоёр удаа хойшлоод байсан юм.

Хэргийг сануулахад өнгөрсөн хавар тус хамтлагийнхан Эрдэнэт хотод тоглолтоор явж байхад Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар муудалцан бие бие рүүгээ буцалсан ус цацсан байдаг. Д.Оюунтуул цээж, хүзүү, хуруундаа ихээхэн хэмжээний түлэгдэлттэй “Мөнгөн гүүр” эмнэлэгт хүргэгдэн ирсэн бол Ц.Алдармаа “Би бас хохирсон. Д.Оюунтуул эхлээд над руу аягатай халуун ус цацсан” хэмээн ойр дотнынхондоо ярьсан байдаг. Жүжигчин бүсгүйчүүдийн муудалцсан шалтгааныг тухайн үед янз бүрээр тайлбарлаж байсан юм. Г.Ундармаа ажлаасаа түр чөлөө авч, тоглодог дүрүүдээ Д.Оюунтуул руу шилжүүлсэн нь Г.Алдармаад таалагдаагүй. Үүнээс болж муудалцсан гэж таамаглаж байсан билээ. Гэтэл тэдний ойр дотнын нэгэн “Хоёр бүсгүй хувийн асуудлаас болж муудалцсан. Нэг залуугаас болсон юм шиг байна лээ” хэмээн ам алдсан байдаг.

“Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Бооёо буюу Б.Ариунболд “Тоглолтын дараа, ажлын бус цагаар ийм юм болсон. Тийм болохоор энэ асуудал манай хамтлагт хамаагүй. Бүсгүйчүүдийг хамтлагаасаа хасах эсэхийг бид хэлэлцэх болно” гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.

Д.Оюунтуулын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-наас хойш эмнэлгээр явж байгаа. Тэрнээс хойш ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Одоо ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ц.Алдармаагийн эмчилгээ, хохирлын төлбөр болох нэг сая 750 мянган төгрөгийг бэлнээр авчирсан. Энэхүү хуралд үйлчлүүлэгчийнхээ ялыг хөнгөрүүлэх саналтайгаар оролцоно” гэж ярьсан. Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна. Эл хүсэлтээ прокурорын байгууллагад удаа дараа тавьсан. Хэргийг хэлэлцэх явцад тэдний маргалдсан шалтгаан болон цөөнгүй хүний нэр хүнд, тэдний хувийн нууцын асуудлыг хэлэлцэх учраас хэргийг хаалттай хэлэлцүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хурлыг хаалттай хэлэлцэхээр болсон.

Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Уг зүйл ангид “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заажээ. Харин шүүгдэгч Ц.Алдармааг Эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” буруутгаад байсан юм.

Өдрийн 13.30 минутад эхэлсэн шүүх хурал орой 19.15 минутын үед шийдвэрээ гаргаж, Ц.Алдармаад долоон жил хохирох ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оноолоо.

Ц.Алдармаагийн ар гэрийн­хэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “Манай охин ч хохирсон. Шүүх шударга байх ёстой” хэмээцгээсэн бол өмгөөлөгч нь давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ажлын уялдаагүйгээс Яармагийн шинэ замыг дахин сэтлэв

Гурван жил хэртэй үргэлжилсэн Яармагийн зам засварын ажил ерөнхийдөө
дууссан. Өргөн, түгжрэлгүй, аюулгүй замтай болсон нь тэр хавийнхны төдийгүй нийслэлчүүдийн
талархлыг хүлээгээд буй. Уг замыг “HKB”  ХХК
барьж гүйцэтгэсэн. Тэд есдүгээр сарын 20-нд энэ замыг Улсын комисст хүлээлгэж өгөхөөр
төлөвлөж байжээ. Гэтэл уг замын хот руу орж ирдэг хэсэг буюу урд талын эгнээг бүхэлд
нь хаагаад дулаан, цэвэр, бохир усны шугам гаргана гээд хэд хэдэн газарт нь сэтэлж
байна. Үүнийг харсан иргэд “Гурван жил зовж зүдрэн байж хийсэн шинэ замыг яагаад
сэтлээд эхлэв ээ”, “Энэ замыг ашиглалтад хэзээ өгөх бол хэмээн хүлээж байтал одоо
юу болоод дахиад ухаад байна вэ. Хэзээ бид сайхан замаар явах юм бэ” хэмээн халаглаж
байна.

“HKB”  компанийнхан Талбайн
инженер О.Цэвэлмаатай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай
компани хэдэн оноос энэ замын ажлыг эхлүүлсэн билээ?

-2012 оноос энэ ажлыг эхлүүлсэн. Гурван жил дамнасан ажил л даа.
13.7 км зам. Одоогоор ажлын явц 90 хувьтай явж байна. Бид энэ сарын 20-нд замаа
улсад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажлаа хүлээлгэж өгөхийн даваан
дээр барьсан замыг маань сэтэлчихлээ. Багаж техник авчраад сэтэлгээ хийх гэж байгаа
гэж дуулаад арай ч үгүй байлгүй дээ гээд итгээгүй. Хийгдээд дууссан замыг сэтэлнэ
гэж байхгүй дээ гэж бодож байсан. Тэгтэл дээрээс сайд дарга нар албан шаардлага
гаргаад сэтэл гээд баталчихсан юм билээ.

-Танай
барьсан замыг хэдэн хэсэгт сэтэлж байна вэ?

-Таван хэсэгт сэтэлчихсэн. Бид замаа сэтлүүлэх асуудлыг анхнаас нь
эсэргүүцэж, ийм шийдвэр гарсныг дуулаад ажил гүйцэтгэгчийн хувьд дуртай байгаагүй
л дээ.

-Шинэ
баригдсан замыг өдийд, газар хөлдөж байгаа үед сэтлэх нь ямар хор хохиролтой байдаг
юм бэ?

-Бид замаа норм дүрмийн дагуу барьсан. 2012 оноос эхлээд замаа барьж,
даланг нь л гэхэд үечлэх технологиор үе үеэр нь нягтруулсан шүү дээ. Гэтэл тэр сэтэлсэн
хэсгүүдийг буцаад дүүргэхэд байгалийн нягт нь хоёр, гурван жилийн турш нягтруулсан
чанарт хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ нөхөн сэргээлтийг нь хийж байгаа компаниуд
чанартай хийгээсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл манай компани энэ замыг комисс хүлээж
авснаас хойш гурван жилийн баталгаат хугацааг нь хариуцах юм. Ингэхээр манай компанийн
ажлын үр бүтээл энэ бүхэнд яригдах учир нөхөн сэргээлтийг нь сайн хийгээсэй. -Хэрвээ нөхөн сэргээлтийг
муу хийгээд замын тухайн хэсэг сууж эвдэрвэл хэн хариуцах юм бол?

-Бид тэр асуудлыг хариуцах боломжгүй шүү дээ. Улсын комиссынхон энэ
зам дээр ажиллах үеэр уг асуудлыг хөндөж ярина.

-Замын
ажил ид явагдаж байхад сэтэлгээний ажлаа хамт эхлүүлэхгүй яагаад ашиглалтад орсон
хойно нь ингэж байгаа юм бол?

-Төсөв мөнгө нь батлагдахгүй байсаар өдийг хүргэсэн юм шиг байна
лээ. Улсын ажил ямар ч уялдаа холбоогүй байгааг харуулж байна. Ядаж өнгөрсөн жил далангийн ажил хийж байх үед юм уу, үгүй юм аа гэхэд
хучилт авахаас өмнө ийм сэтэлгээ хийнэ гэж хэлэхгүй дээ. Гадаа хүйтэрч, ус хөлдөж
байгаа энэ үед замын ажил хийж байгаа нь баталгаатай харагдахгүй л байна. 

-Шинэ замыг сэтлэхэд ямар сөрөг нөлөө гардаг вэ?

-Хучилтаа хийхдээ асфальт дэвсэгчээр
дагууд нь тасралтгүй хийдэг. Гэтэл тэрийг голоор нь хөрөөдөөд тэндээ асфальт залгахаар
ямар олиг байх вэ дээ. Өнгө үзэмжийн хувьд ч ямар харагдах билээ. Хэрвээ тэр залгасан
хэсэгт суулт өгвөл машин тэрэг явахад хүндрэлтэй болж, цаашлаад осол гарах магадлал
нэмэгдэж болзошгүй. Гэхдээ сайн нягтруулаад хучилтаа сайн хийвэл гайгүй байх гэлээ.

Сэтэлгээ хийж байгаа хэсгүүдэд
очиж ажлыг нь сонирхлоо.

Яармагийн дунд буудлаас эхлүүлээд
дээд аюулгүйн тойрог хүртэл таван хэсэгт сэтэлгээ хийж байна. Ямар учиртай сэтэлгээ
хийж байна вэ гэхээр Яармагийн замын урд талд буюу Богд уулын хормойд орон сууцны
хорооллууд барих юм гэнэ. Ирээдүйд баригдах барилгын сантехникийн асуудлыг нь эртнээс
шийдэж байгаа нь энэ аж. Сэтэлгээний ажлыг “Тэргүүн инвест” компанийнхан толгойлон
хийж байгаа бол нийслэлийн замын таван компани нөхөн сэргээлт, замын ажлыг хариуцан
туслан гүйцэтгэж байгаа юм байна.

Долоон метрийн гүнтэй урт хонгил ухчихаж. Дотор нь дөрвөн метрийн
өргөнтэй, гурван метрийн өндөртэй 50-70 метрийн урттай туннель суурилуулсан байна.
Тэр туннелиэр инженерийн шугам сүлжээг явуулах аж. Бэлэн болсон туннелиудыг шороогоор
хуччихаж. Усны машин зогсчихсон, жижиг оврын индүү шороог нягтруулж байгаа харагдана.

“Тэргүүн инвест” компанийн түр бааз дээр очлоо. Тус компанийн ерөнхий
инженер Ж.Баасанжав “Хүмүүс машиныхаа цонхоор толгойгоо гаргаад та нар юугаа гээчихээд
зам ухаад байна аа” гэж хашгираад байгаа гэсээр угтлаа.

Зам сэтлэх захиалгыг
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам өгчээ. Засгийн газрын бүтээн байгуулалтын
зорилтот хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүчний салбарт 2014 онд хийгдэх ажлын жагсаалтад
Яармагийн замыг сэтлэх тухай орсон юм байна. Яармагаар ч зогсохгүй Сонсголонгийн
замыг нэг хэсэгт яг ингэж сэтэлчихсэн юм байна. Яармаг, Сонсголонгийн авто зам доогуур
нийт 360 метр, зургаан ширхэг нэвтрэх шугам барих аж. Одоогоор нэвтрэх шугамуудаа
замын нэг чиглэлд нь суурилуулчихсан юм байна.

Зам сэтлэх захиалгыг
өгсөн гол газар нь Эрчим хүчний Дэд бүтэц, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх нэгж юм
байна. Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хаагуур нь яаж сэтлэх тухай
зураг төслийг нь гаргажээ.

Сонсголонгийн замыг сэтэлж суулгасан туннелийн ажил дууссан бол Яармагийн
зам доогуур тавих туннелийн ажил 65 хувьтай явж байна.

Энэ хавийг бүхэлд нь дулаанд холбох ажил өрнөж байгаа аж. ТЭЦ
IV, ТЭЦ III-аас татсан дулааны шугамууд ерөнхийдөө Яармаг руу ирсэн бөгөөд зам доогуур
гаргах туннелиэр тэр шугамыг Богд уулын хормой руу үргэлжлүүлэн татах юм байна.
Дулааны шугамаас гадна цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамууд уг хоолойгоор
дамжих аж.

Яармагийн замын урд чиглэлийг сэтлэх ажил өнгөрсөн сарын 22-ноос
эхэлсэн бөгөөд өнөө өглөө дуусч байгаа бол үргэлжлүүлээд хойд талын замыг нь буюу
нисэх рүү явах чиглэлийг нь хаагаад сэтэлгээний ажлаа үргэлжлүүлнэ. Аравдугаар сарын
10 гэхэд энэ ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.

Хан-Уул дүүргийн иргэн, өндөр настан Т.Нина “Яармагийн замыг гоё
болохыг үзсэндээ баяртай байлаа. Гэтэл сэтэлчихээр нь яасан их гайхсан гээч. Улсын
ажил яахаараа ийм уялдаагүй явдаг байна аа. Үйлээ үзэн байж барьсан замыг хэдэн
хүмүүс ирээд сэтлээд эвдчих юм. Сэтэлсэн зам ямар сайн байх вэ. Хөдөлмөрлөж үзээгүй
хүмүүс хүний хөдөлмөрийг ингэж үрэн таран хийдэг юм. Зам барихаас өмнө тэр хоолой,
шугамын ажлаа хийхгүй яасан юм” хэмээлээ.

Инженерийн шугам сүлжээ явуулах туннель барих ажил гүйцэтгэсний дараа
нөхөн сэргээлт, нөхөөсний ажлыг “HKB” компанийнхнаар хийлгэх санал тавьжээ. Тус
компанийнхан “Олон жил хийсэн ажлаа нүдэн дээрээ баллуулчихаад сэтэлснийг нь нөхөөд
зогсоно гэж юу байх вэ” хэмээгээд саналыг нь хүлээж аваагүй аж. Тиймээс “Тэргүүн
инвест” компанийнхан замын нөхөн сэргээлтийн хөрөнгийг нь нийслэлд буцаан өгсөн
юм байна. Нийслэл тэр мөнгөөр нь замын таван компаниар уг ажлаа гүйцэтгүүлж байгаа
нь энэ.

Засгийн газар бүтээн байгуулалт нэрийн дор олон ажил сэдэж, хийж
байгаа. Гэтэл нэг бүтээн байгуулалт нь нөгөөгөө үгүйсгэж байгаа мэт нэгийгээ сүйтгэж
байгаад иргэд дургүйцэж байна. Ашиглалтад өгөхөд бэлэн болчихсон, алаг эрээн шугамуудын
будаг нь ч хатаагүй байсан замыг сэтэлж байгаа энэ үйлдлийг ямар ч хүн хараад “Улсын
ажилд ямар ч уялдаа алга. Энэ бүхнийг зангиддаг хүн гэж байна уу” хэмээцгээж байна.

 Д.САРУУЛ

 Гэрэл зургийг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Уянга: Дөчин мянгатыг нураавал хотын уламжлалт соёл үгүй болно

“M.A.D Mongolia” ком­панийн гүйцэтгэх захирал Ц.Уянгатай ярилцлаа.
Түү­нийг зарим хүмүүс твиттерт “Элийрэгч” гэх нэрээр жиргэдгээр нь мэдэх болов уу.

-Олон
нийтийн сүлжээнд яагаад Элийрэгч гэх нэрээр өөрийгөө илэрхийлэв?

-Хар тамхитай холбож ойлгохоос өмнө элийрнэ гэдэг үг чинь байсан
шүү дээ. Тэр үг чинь өөрөө бас нэг утга илэрхийлж байгаа. Би эхлээд өөрийнхөө нэрээр
жиргэдэг байсан.

Бидний тархийг улс төрчид аягүй хурдан угаачихдаг байсан бол твиттерт
тэгж чадахгүй болж, өөрчлөгдсөн. Гэхдээ олон сөрөг тал бий л дээ. Ямар ч юм байсан
харлуулж байдаг сөрөг талтай. Сайн тал нь гэвэл мэдээллийн эх сурвалж төрөл бүрийн
өнцгөөс орж ирдэг. Тэрэн дотор уншигч өөрөө анализ хийж чаддаг чадвартай болдог.
Өмнө нь мэдээллийн хэрэгслүүд захиалгаар хүний тархинд мэдээллийг программчлаад
суулгадаг байсан бол өнөөдөр твиттер өөрөө мэдээллийн эх үүсвэр болчихсон. Тэндээс
медиа нь юмаа түүж авч, янз бүрийн анализ хийж, төлөвшиж эхлэх сууриуд нь тавигдаж
байна.

-Мэдээллийн
хэрэгслүүд дун­даас сонин хожим хой­но нь баримт болон үлд­дэг учраас хамгийн хариуцлагатай,
үнэн хэлдэг нь. Ялангуяа өдөр тутмын сонин?

-Тийм, тийм. Бид гудамжаар явж байхдаа бие биенийхээ хэрэгт оролцдоггүй
шүү дээ. Тааралдсан таньдаг, таньдаггүй хүн болгон юм хэлэлцүүлээд явна гэдэг амьдралд
байх боломжгүй асуудал л даа. Үүнийг эвдэж өгсөн зүйл бол ерөөсөө сошиал ш дээ.
Сошиал янз янзаар л үүссэн. Явсаар байгаад сошиал хэрэгсэл болон хувирлаа. Твиттер
бол тодорхой сэдэв дээр явдаг. Түүгээрээ сошиалын хүчтэй хэрэгсэл гэгдээд байна
л даа, ямар ч улсад. Ганцхан Монголд биш, твиттерт жиргэж байгаагаар, жиргээчдийн
үзэж байгаагаар гээд тулгуурладаг. Гэхдээ энэ нь мэдээллийн эх үүсвэр, хариуцлага
хүлээх ямар ч эх үүсвэр болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн.

Твиттер бол хиймэл ертөнц. Өнөөдөр твиттер яагаад олон хүнийг ингэж
татаж чадаж байна аа гэвэл бид нарт хүн ёсоор байх ёстой хязгаарууд гэж байгаа шүү
дээ. Тэр хязгааруудыг ер нь дэлгэж өгсөн. Ёс зүйн л асуудал байхгүй юу. Хүн ямар
ёсзүйгээр тэр хязгаарыг давах вэ гэдэг нь өөрийнх нь ухамсрын асуудал.

Би уурлахаараа орж ирээд хашгирчихдаг. Бухимдахаар бүх юмаа ярьдаг.
Тэгэхээр твиттерт цензур тавих бололцоо байхгүй юм байна. Үүгээрээ хүнийг татаж
байгаа юм байна. Хүний дотор хумигдмал, хуваалцах боломжгүй бүх юмыг нээлттэй орхиод,
тэр боломжийг нь олгоод байгаа болохоор твиттерт татагдаад, донтоод байна л даа.
Юунд ч юм донтохыг элийрэл гэж үзээд байгаа. Тэгэхээр бүгдээрээ твиттерт элийрчихээд
байгаа улсууд байхгүй юу, бид. Донтолтын хувьд сэтгэцийн хамааралтай болцгоочихоод
байна шүү дээ. Сошиал ертөнц бидний амьдралын салшгүй нэг хэсэг болчихсон.

-Та
өдөрт хэдэн удаа жиргэдэг вэ. Жиргэхгүй өдөр байх уу?

-Жиргэхгүй үе байна аа, байна. Нийгэм бүхэлдээ хя­налтад дургүй байна.
Ялангуяа улс төрчдөөс авахуулаад. Өрсөлдөх чадвараа алдаад эхлэнгүүтээ нөгөөдөх
рүүгээ дайраад эхэлдэг. Иймэрхүү өрөөсгөл зүйл байгаа ч буцаад байрандаа орно л
доо. Нэг хэсэг улс төрчөөс өгсөн талхны захиалгаар явдаг байснаа талхны захиалга
нь ирэхээ болих юм уу, эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж чадахаа больчихоор нөгөө тэнд
байгаа хүмүүс нь муухай болоод хувирчихаж байна. Энэ бол эффект нь явж байгаа юм.
Хэнд хамгийн эмзэг тусч байна. Тэр нь эвгүй үйлдэл гаргаж байгаа юм. Түүнээс биш
нийтэд нь хэлсэн бол нийтээрээ л дуугарах байсан ш дээ. Ер нь тэгдэг. Хэнийг эх
үүсвэрээс нь салгаж, орших нөхцөлийг нь алдагдуулж байна тэр хүн л хамгийн ихээр
эсэргүүцдэг. Твиттерт орохын тулд ажил хийж байгаа юм шиг суухгүй. Би замд явж байхдаа
ч орж болно. Миний хувьд ажлын цагаар жиргэх нь бага л даа. Цайны цагаар ордог.
Тухайн өдрийн явж байгаа сэдэв дээр хэд хэд оролцоно. Хүний амьжиргааны эргэлт нь
хүнийг хаана, ямар хэмжээгээр оролцохыг хэлээд өгчихдөг болохоос биш тэр нэг улстөрчийн
захисан, загнаснаар би өдөрт төдөн цаг твиттерт орно гэж төлөвлөгөө гаргана гэж
байхгүй.

-Твиттерчдийн
мэдээллээ олж авдаг эх сурвалж нь юу юм бэ?

-Твиттер өөрөө ш дээ.

-Твиттерчид
мэдээллийн хэрэгсэл буюу сонин хэвлэлийг эх сурвалжаа болгоод байдаг биш билүү?

-Твиттер өөрөө гэдэг нь сайтууд л даа. Сайтууд дээр хамгийн түрүүлж
гарч байгаа юмнууд. 

-Жиргээчид
мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ сэлтийг иш татаж шуугидаг?

-Ихэнхдээ зорилготой цөөнх явж байгаа ш дээ. Хоёр намын боловсруулдаг
залуучууд яваад байгаа юм. Тэд нар чинь массыг яаж эргүүлэх вэ гэдэг дээр бэлтгэгдчихсэн.
Тэд л шуугиан тарих юмыг тасдаж аваад жиргэдэг зорилготой.

-Твиттерт
шуугиан дэгдээлээ л гэдэг. Тэр нь үнэндээ нийгэмд мэдрэгддэг юм уу. Тэгэсгээд л
явцуу хүрээнд болоод өнгөрдөг. Үнэхээр шуугиан дэгдээж чаддаг уу?

-Чаддаг.

-Жишээ
нь?

-Сайтан дээр мэдээ гарлаа. Тэрнээс нэг эвгүй хэлсэн үг юмуу, нэг
хэсгийг нь тасдаад авлаа. Ямар ч газарт нийгмийн идэвхт бүлгүүд юмыг зөв авч явдаг.
25-аас доош насныхан буюу оюутнууд юу юугаа ч мэдэхгүй түүхий, хашгирч орж ирдэг.
Ялангуяа сонгууль дөхөхөөр оюутнууд олноороо оролцдог. Үүнийг нийгэм шуугиад гэж
ярих нь утгагүй. Нийгмийг шуугиж байгаа юм шиг харагдуулах гэсэн сегмент байна.
Тэд нь голдуу улс төрчид.

-Хуучирсан
зарим орон сууцыг нураалгахын эсрэг зогсч, орцыг нь засч авч үлдэхийг зорьж байгаа
тань харагдаж байна?

-Шинэ юм гэдэг бол нэлээд сайн мартагдсан хуучин юмыг хэлдэг гэдэг.
Эдийн засаг юун дээр тогтдог вэ. Зах зээл дээр тогтдог. Тэгвэл зах зээл хаанаас
бий болдог вэ гэхээр амьжиргаанаас. Амьжиргааг хаанаас бий болгодог вэ гэхээр ихэвчлэн
түүх байдаг байхгүй юу. Амьдралын түүх. Тэрийг алга болгочих юм бол хэзээ ч, ямар
ч эдийн засаг бий болохгүй. Дахиад амьжиргаа, түүх явагдаж байж тодорхой түүхийн
улбаа бий болж эдийн засгийн харилцаа буй болдог.

Хүн төрөлхтний, дэлхийн үүх түүх гээд өчнөөн юмыг ярьж ярьчихаад
эцэст нь өөрийнхөө түүх рүү өнгийж ч хараагүй байж, муухай байна, устга гээд одоо
тэр Хонконг энэ тэр шиг нь болно гэж ярьж болохгүй. Өөртөө ч, хүнд ч таалагдахгүй
байна гээд гоо сайхны хагалгаанд бүтэн орлоо ч та өөрчлөгдөхгүй шүү дээ.

-Нэгдүгээр
Дөчин мянгатыг нураалгахгүй хэмээн зүтгэдэг тань юутай холбоотой юм бэ?

-Дөчин мянгатыг 1956 онд барьсан гэхээр одоо жаран ч нас хүрээгүй
байгаа байхгүй юу. Европ юун дээр тогтсон юм бэ. Хөрөнгөн дээр л тогтсон. Хөрөнгийг
маш сайн үнэлж, хамгаалдаг. Тэгж байж хөрөнгөтнүүд нь шашиндаа мөнгө хандивлаж,
хаягдаж яваа нийгэмдээ анхаарал хандуулдаг. Хөрөнгөтнүүд тийм сайхан сэтгэлтэй юм
уу гэвэл үгүй. Хөрөнгөө л хамгаалах гээд байна шүү дээ. Хөрөнгөтэйгөө, сайхан амьдрахын
тулд гудамжинд гараад өлсгөлөн, гэмт хэрэгтнүүдээр хүрээлүүлж, хөрөнгөө шатаалгачихгүйн
тулд тэдэнд зориулагдсан системд үйлчлэх шаардлага бий болдог. Тэгж байж хамтаараа
явдаг. Азид бол хаандаа үнэнч. Хаан нь сайхан явах ёстой гэсэн авторитар үзэлтэй.
Манайд хааныг хүлээн зөвшөөрдөггүй, хамтын амьдралыг ч хүлээж авдаггүй.

Европынхон хуучнаа ерөөсөө устгаагүй, хэзээ ч нийслэлээ нүүлгээгүй.
Тэгсэн хэрнээ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн үзэсгэлэнтэй хотуудтай.
Бид өмд авах гэж Лондон руу явдаггүй. Лондонгийн бэлгэдэл болсон зүйлсийг үзэх гэж
л очдог. Түүхтэй газарт хамгийн үнэтэй зүйл бий болдог. Тэнд л соёл бий болдог.
Гэтэл Монголд үзээд өгье гэсэн ч түүх байна уу.

-Байгаа
шүү дээ?

-Тэгээд яагаад өөрийнхөө түүхийг үзэн ядах гээд байгаа юм бэ. Түүх
эхлээд явж байна шүү дээ. Дөчин мянгат бидний эхлэл. Эхлэлээ устгачихвал бидний
түүх үгүй болно. Улаанбаатар хот байхгүй болно.

-Дөчин
мянгатын байрууд чинь хана туургаасаа эхэлж нурж, сантехник нь авах юмгүй болчихоод
байгаа нь нураах гол шалтгаан болоод байгаа юм биш үү?

-Дөчин мянгатын байруудыг ноорхой муухай байлгах сонирхол яваад байна.
Хүний өмч үнэ цэнэгүй болно. Таны өмч хөрөнгө үнэгүй болбол тантай наймаа хийхэд
хялбар болно. Та өмчөө маллаад, үнэлгээ нь нэмэгдээд байвал наймаа хийхэд хэцүү
болно шүү дээ, тийм биз дээ.

Хүний амьдралыг баталгаажуулдаг ганц зүйл чинь хөрөнгө шүү дээ. Би
маргааш ажилгүй болно, өвдөөд гэртээ хэвтэнэ, эсвэл байраа барьцаалж зээл авна.
Би үхнэ надад үлдэж байгаа нь хөрөнгө. Ядахдаа намайг өнгөрөхөд миний хүүхэд гудманд
гарахгүй. Тийм болохоор хөрөнгөө л хамгаалах ёстой, уг нь. Хөрөнгөө хамгаалах гэхээр
хамгаалуулахгүй байна ш дээ. Хөрөнгөө хамгаална гэдэг чинь үнэлгээтэй байлгахыг
хэлдэг. Хөрөнгөө үнэлгээтэй байлгая гэхээр болохгүй, болохгүй гэсээр байгаад сүүлдээ
өөрсдөөсөө няцахад хүргэж байна.

Хуучин байраа хямд өгөөд бэлэн шинэ байранд орж болно. Ядуу үзэлтэй
хүн ядуу л амьдардаг. Гэнэт сугалаагаар сая доллар хожсон хүн таван жилийн дараа
өнөө л ядуу чигээрээ үлдсэн байдаг. Ядуу байх нь сэтгэлгээтэй холбоотой. Тэрэнтэй
адилхан гэр орноо арчилдаггүй, заваан хүнийг хичнээн тансаг ордонд авчраад нэмэргүй.
Өмнөх чигээрээ л байдаг.

-Дөчин
мянгатыг үлдээх шалтгаан, түүх нь юу юм бэ?

-Түүх байгаа. Түүнийг нь муухай гэж ойлгуулах гээд байдаг. Цирк рүү
явдаг гудманд нарны цацрагтай усан оргилуур бий болоод буга бэлчээд л, тухайн үед.
Э.Бат-Үүл, С.Баяр, Б.Долгион нарт үнэт зүйл байгаад байгаа байхгүй юу, түүх яриад
байгаа юм шиг боловч. Тэд “Бид “Битлз”-ийг сонсоод, орцонд гитар тоглоод, пянз солилцоод
л” гэж ярьцгаадаг. Яагаад гэвэл энэ бүхэн нь үнэтэй учир “Битлз”-ийн хөшөө хүртэл
байгуулсан. Соёлын үрийг тариад явж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр хүүхэд залуус
“Битлз”-ийн хөшөөний дэргэд уулзъя” гэж ярьж байна.

Тэгтэл хотыг анх үүсгэсэн, Улаанбаатарын анхны хороолол болсон Дөчин
мянгатыг яагаад үгүй хийх гээд байна вэ. Дөчин мянгат гэдэг чинь жаахан газар, гэтэл
хот чинь мега. Хэдэн хорооллын асуудлыг шийдэж чадахгүй байж хотыг бүхэлд нь нураая
гээд байгаа нь утгагүй. Одоо байгаа гэрээ цэвэрлээд аваад явчихаж чадахгүй байж
өөр бэлэн юм хайгаад л. Паар нь хагарахад засчихъя гэхийнхээ оронд шууд л өөр шинэ
газарт очъё гэдэг.

-Та
Дөчин мянгатад өсч дээ?

-Нэгдүгээр Дөчин мянгатад хамгийн анхны байрыг манай өвөө авсан байдаг.
Тэрэндээ одоо болтол амьдарч байна. 98 настай буурай. Улаанбаатар хотын хамгийн
анхны төлөвлөлтийн хуралд оролцож байсан хүн. Оросуудын хэлж байсан юмнуудыг протоколдоод
сууж байсан гэдэг. Миний ээж, аав Улаанбаатарыг өлгийнөөсөө дөнгөж задарсан хүүхэд
шиг байхаас нь нүдээрээ харж өссөн хүмүүс. Бүх үүх түүхийг нь ярьдаг. Ярьсан түүхүүдийг
нь сонсохоор “Улаанбаатар чинь тийм том түүхтэй байсан юм уу” гээд харамсмаар. Би
чинь эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд.

Бид уурхайгаа тойроод суурин байгуулаагүй, тийшээ очиж амьдарсангүй.
Дотоодын эдийн засаг юун дээр тогтож байна вэ гэхээр хотжсон эдийн засаг дээр тогтож
байна. Зах зээл хаана байна вэ, Улаанбаатарт байна. Зах зээлийн бөөгнөрөл энд л
байна. Чингэсийн талбайг тойрсон засаг захиргааны нэгжүүд, банкууд гээд ашигтай
байршлыг эдийн засаг дагаж байна. Дөчин мянгат бол бидний уламжлалт соёл. Хөгжил
гэхээр гоё цэвэрхэн, шилэн барилга гэж боддог. Хэрвээ Дөчин мянгатыг нураавал түүх
алга болно. Түүх алга болбол уламжлалт хотын соёл үгүй болно. Хотын соёл алга болбол
эдийн засаг зогсоно.

Д.САРУУЛ

Categories
булангууд мэдээ томилолт

Монгол оронд ургацын далай долгиолж байна

Намар. Уужим тал шаргалтан, усны шувууд зэллэн, ертөнц солонгын өнгөөр гоёх богинохон үе. Бас бүх юм боловсорч амт шим нь гүйцэх  алтан үе. Сум, тосгоны хүмүүс  хадлан тариаландаа гарч, талд ургасан тариан дунд трактор, комбайн сэлсэн хөдөлмөр үнэртсэн ажлын цаг. Намрын улирлыг дэлхийн олон яруу найрагч өгөөмөр баян эхийн сэтгэлтэй зүйрлэн “Ижий улирал” гэж бахдан дуулцгаадаг.

Шив шинэхэн талх амттай. Захыг нь  шажигнуулан хазах бүр янзтай. Шинэхэн талхны үнэр амьдралын үнэр мэт санагдах нь бий.

Дэлхийн яруу найрагт газар ээж, түүний үр шим болох тарианы тухай шүлэглэн дуулаагүй нь ховор. Түүнээс талх, давсаар хүндэт зочноо угтдаг тариан эх орон болсон Оросын яруу найрагчид дунд намрыг дүрслээгүй, магтан дуулаагүй, хөг хэмнэлийг нь шүлэглээгүй нь хэд билээ.

 Оросын утга уран зохиолын очир эрдэнийн шигтгээ Сергей Есенин намрын тухай, тарианы тухай олонтаа бичиж “Тариан талбай-Орос орон минь ээ” хэмээн бахдаж, “Орос орон” шүлэгтээ

…Тариан талбай, шан татсан газар минь

Таны минь уйтайхан бараа цаанаа л нэг л энхрий

… Аяа, миний орон нутаг-энхрийхэн эх орон минь 

Амин хайраа тандаа л гэж гамнана билээ гэж сэтгэл зүрхээ шингээн байж бичин үлдээжээ. 

Монголчуудын хувьд тариа өсч дэвжихийн, өөдөлж сайжрахын бэлгэдэл буюу. Манай судар бичгүүдэд тариа, буудайн тухай эртнээс өгүүлж, түүнтэй холбоотой ёс уламжлалууд хадгалагдан үлдсээр өнөө бидний цагт ирсэн сэн. Монгол Улсын хувьд тариалангийн бүс нутгуудтай болж, гурил, буудайныхаа хэрэгцээг өөрсдөө хангадаг болсон баян, ажилсаг орон. Тийм болохоор бид тариан тухай зөндөө дуулж, шүлэглэх, бас түүгээрээ бахархах гавьяатай. 

Өнөө жил манай улс 430 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 293 мянган га-д улаан буудай тариалсан бөгөөд энэ талбайгаас нийтдээ 439 мянган тонн улаан буудай хураан авах төлөвлөгөөтэй.Нэг га газраас дунджаар 15.2 центнер буудай хураан авахаар төлөвлөсөн бол Сэлэнгэ аймгийн Ерөө сум улсын хэмжээнд хамгийн их буюу нэг га-гаас 17.5 центнер буудай хурааж авахаар ажиллаж байна. Энэ сумынхан 12 мянган га-д буудай тарьжээ. Үүгээр нь энэ нутгийнхныг ургацын далайд хөлөг онгоцоо сэлүүрдэн яваа далайчид гэхэд болно. 

Ерөө сумын төв Жавхлантын хөндийд байр¬лана. Жавхлантын хөндий рүү уруудаад орлоо. Сайжруулсан замын хоёр талд зүлэг ногоо зунаараа. Сумын төвийн хэдэн байшин, хашааны үүдний мандалд цэцэгс зай завсаргүй алаглана. Сумын Захиргааны байшингийн довжоон дээрээс ойр орчмоо хараачилбал тариан талбай хаа сайгүй шаргалтаж, зах хязгааргүй том талбайд  комбайн тоос татуулан ажиллана.  Өндөр ургасан тариан дундаас комбайны орой  дөнгөж цухуйн бункер дээрх шар гэрэл нь манас манас хийх нь өдрийн гэрэлд үл мэдэг харагдана.

Сумын төв нам гүм. Харин захиргааны байшинд хадлан, тариалан, цаг агаарын төлөв ярьж, төлөвлөгөө норм, бичиг цаас барьсан хүмүүс л ийш тийш завгүй гүйлдэх. “Цаг агаар муудах нь. Хүйтэн бороо орно”, “Хадланд гарсан хэд рүүгээ явъя”, “Өнөө бригадынхан маань наад талбайгаа дуусгаад цаашлах гэж байна” гэцгээж, ургац хураалт, хадлан, явцын мэдээгээ боловсруулцгаана. Ерөө сумын төвийнхөн төрийн далбаа намируулсан Захиргааны цагаан байр, тариалангийн талбай гэсэн хоёр газарт хуваагдаад бужигнаж байгаа гэлтэй. 

Сумын төвөөс зүүнтээд уртаас урт үргэлжлэх уудам талыг Энх тал гэх. Энэ талд “Улсын ургацын аварга хамт олон” өргөмжлөлтэй “Ачит оргил” компанийн тариаланчид ажиллаж байлаа. Ерөө сумын Хөдөө аж ахуйн Тасгийн дарга Я.Баярсэдийг дагаад Энх тал руу гарав. Тасгийн дарга шалмаг гэж дэндүү, яриа хөөрөө нь эрс шийдмэг эмэгтэй. Ажлаа мэддэг хүн ийм л байдаг байх гэсэн бодол төрнө. Талбайд ажиллаж  бүх л эд анги нь хөдөлж самардах нь самардаж няцлах нь няцалж байгаа бололтой. Хүн сүрдмээр хүнгэнэх том комбайныг угтаж очно. Тариан талбайд байдаг чадлаараа зүтгэх комбайнаас босох  их тоосон дунд ер нь тээршаах шинжгүй, ийш тийш түргэн гүйх. Тэрээр тариаланчидтайгаа ажлын халуун яриа өрнүүлж, гараараа юу ч юм зааж зааварлана. 

Тогоруун сүрэг тариа хураа­сан намхан талбай дээ¬гүүр нисэн өнгөрлөө. Газ¬раас хэдхэн алдын өндөрт ниссээр талбайн дунд буугаад хормын дараа нисээд явчихав. Борооны бараан үүлс алсаас нүүдлийн цуваа адил зугуухан айсуй. Тэр үүл зангиран харанхуйлж  тэнгэр тугалган өнгөөр бүүдийн бүрхэж  яах нь үл мэдэгдэн дүнсийнэ. Тариаланчид тариагаа хурдхан хураагаад дараагийн талбай руу яарч “Бороо гайгүй өнгөрөөсэй дээ” гэцгээнэ. Борооны өмнөх салхи тариан талбайг дайран өнгөрөхөд дөлгөөхөн байсан тэнгис долгилох адил тариан толгой бөхөлзөж  нэгэн хэмнэлээр хөвсөлзөн, салхин тариа болгонд жимбүүрдэн ямархан нэгэн аясыг тоглох мэт ээ. Гэвч энэ тоглосон аяс бодвол яарлын нэгэн  аялгуу байсан биз ээ. 

…Хүн төрөлхтний бишрэн шүтэж, зураг бүхнийг нь гай­хам­шиг гэж үнэлдэг алдарт зураач Ван Гог намрын тухай, тариан талбай, тариа­ланч, хадланчдын амьд¬ралыг тусгасан олон бүтээл туурвисан. Голландад аав, ээжийнхээ гэрт хэсэг зуур амьдарч байхдаа тосгоны ахуй байдал, тэр нутаг усны хүмүүсийн аж ахуйг дүрсэлсэн алдартай бүтээлүүдээ тариан талбайн зах, хадлангийн дэргэд, ойр орчмын өндөрлөг дээрээс зурсан нь одоо дэлхийн уран зургийн шилдэг бүтээлүүдийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзэлсээр. 

Түүний намрын тухай өгүүлсэн бүтээлүүдэд, шаргал тал дунд тариан түрүү найгана. Нар, салхи, бороонд элж хуучирсан сийрсэн малгайтай тариачин эр хаана нь ч юм шаргуу ажиллана. Тариачны гар нүцгэн бөгөөд гартаа ямар ч зэр зэвсэг, хүрз бариагүй байх. Тариан талбайн цаана тосгоны байшингууд ганц хоёроор бөөр нийлүүлэн нойрмоглох агаад дэргэд нь өнчин эсхүл хоёр гурван мод ногоорон зогсоно. Намрын шаргал нар шижир туяа сацруулан дугуйрна. Тэнгэр нь хүртэл шаргалтдаг.

Энх талыг дүүртэл тарьсан тариа борооны өмнөх салхинд хүчтэй ганхан найгаснаа хөдөлгөөнгүй болсон мэт ишин дээрээ үл мэдэг эргэлдэв. Тэнгэр бүрхэж, юу юугүй л бороо асгах нь уу даа. Шөнөжин орох нь дээ гэсэн бодол төрөх ч шаргалтах тариаг анзаарвал ер хур орох шинжгүй ч юм шиг, ноёлог байдлаа алдаагүй байсан нь Ван Гогийн “Үүлтэй тэнгэрийн доорх тариан талбай” хэмээх алдартай бүтээлийг санагдуулна.

Тариачин хүний хөдөлмөрч гарын хүчинд л хүн төрөлхтөн талхтайгаа залгаж, өглөөг цатгалан угтдаг. Хэдий сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарт дэвшилтэт машин техник, төхөөрөмж эрчимтэй нэвтэрч, орчин үеийн арга барилыг ашиглах болсон ч тариачин хүний гар, сэтгэл хэзээд тэргүүнд байдаг нь ойлгомжтой. Ерөө сум 24 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 15 аж ахуйн нэгж энэ салбарт нь ажиллаж байгаа аж. Тэд тариалангийн эргэлтийн талбайгаа бүрэн ашиглаж, техникээ 95 хувьд нь шинэчилж чаджээ.

Энх талд комбайнаас урсах буудайг машиныхаа тэвшин дээр овоолж зогссон жолооч Н.Алтай алтартах тариаг алгандаа сул асгаруулан инээмсэглэн зогсонгоо “Тариа чинь хамгийн сайхан эрдэнэ. Тариачин хүн буман эрдэнийг дөрөвхөн сарын дотор тарьдаг гэдэг шүү. Би үр тарианы компанид тээвэр хийдгээрээ бахархдаг юм. Газар эхийн шим барагдах биш дээ” гэж комбайны моторын жигдхэн хүнгэнэх дуунаас даван гарах гэж хэрэндээ чанга ярилаа. Тариачид ийн буудайгаа хурааж авах гэж, жавраас өмнө, бороо, цас, цочир хүйтрэлээс урьтаж шаргуу ажиллаж байна. 

Ерөө сумын Засаг даргын орлогч Б.Нармандах тариачид голдуу амьдардаг сумыг удирдахын жаргалыг түлхүү өгүүлнэ. Мөрөөр нь татахуйц өндөр ургасан тариан дундаа ороод зогссон тариачин хүний сэтгэл юугаар ч хэмжигдэшгүй сайхан байдаг гэнэ. Аварга том техник дотроо суугаад талбай дундуур явж байгаа тариаланчдын харц хамгийн их аз жаргалтай байдаг гэлээ. 

Ерөө хадлангийн арвин их нөөцтэй бөгөөд хадлангийн гарц сайн байгаа аж. Өнөө жил сумынхаа хэмжээнд 26 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс хориод мянгыг нь хадчихаад байгаа юм байна. Хадлангийн олон бригад шижигнэтэл ажиллаж байхад зэрэгцээд тариалангийн талбайд комбайн, трактор, ачааны машинууд нүрэглэнэ. Тэртээд уул уурхайн компанийн хүчит том машин техник сүлжилдэх. Малчид ч малаа хариулах нь үзэгдэнэ. Сумын төвийн айлууд хашаандаа тарьсан төмс ногоо, хүлэмжиндээ ургуулсан өргөст хэмх, улаан лоолио хураацгаана. Намрын жинхэнэ дүр зураг гэж бас намрын нижгэнэсэн симфони гэж  үүнийг л хэлэх байх гэмээр ажил өрнөж байна, Ерөөд.

Тариан талбай, сумын захиргаа дунд хэдэнтээ холхитол хөнгөн тэрэг тоосонд дарагдав. Өмдний шуумгаа гөвбөл буудай болон ишнийх нь хальс салхинд хийсч, намар үнэртэн дэргэд тариан талбай шуурна. Шуурна гэснээс яруу найрагч, уянгын их дууч  Д.Урианхай гуайн “Эх орны тухай бодол” шүлэгт, 

…Намрын тарианы шар шуурга-Миний эх орон

Намуухан зуны ойн ногоон аялгуу-Миний эх орон хэмээсэн нь сэтгэлд зурсхийв. 

Бараан үүлс холуур өнгөрч, бороо чигээ өөрчлөв. Энх талд үүлэн чөлөөний наран тусч, талын өнгийг улам нэмлээ. 

Түрүүхэн л борооны үүлнээс болгоомжилж байсан тариаланчдын магнай тэнийв бололтой тариан талбай дундуур комбайнууд хөвөрнө. 

Буудай ачсан том улаан тэрэгний жолооч  бүхээгтээ хөгжим тавьчихаж. “Алтан намар”, “Ургацын далай” болон дуучин С.Ганзоригийн дуутай хуурцаг эгшиглүүлнэ. 

1964 онд Монголын радио “Ургацын далай” гэх нэвтрүүлэгтэй болж байсан түүхтэй. Нэвтрүүлгийн утга санаанд бүрэн нийцсэн хэмээн Б.Дэндэвийн үг, Т.Чимэддоржийн хөгжмөөр бүтсэн “Ургацын далай” дууг сонгож эгшиглүүлсэн нь Монголын тариаланч, энэ салбарт ажилладаг хүмүүсийн сүлд дуу болсон билээ. Энэ дууны утга агуулга өнөөдөр ч алдагдсангүй, дуулагдсаар байна. Хагас зуун жилийн турш дуулагдаж байгаа энэ дуунд гардаг үйл явдал яг одоо тариалангийн нутагт, Ерөөд өрнөж байна.

Ургацын далай, ургацын далай

Намрын салхинд үелзсэн

Найгал сайхан долгиотой

Нар хурын шим юм аа хө

Навч ногооны дээж юм аа хө…

Ургацын далай, ургацын далай

Алгаа тосоод авахад минь

Ариун сүүний үнэртэй

Атар хөрсний амт юм аа хө

Амуу будааны сан юм аа хө…

Тариа хураалттай зэрэг­цээд буудайны үнэтэй холбоо¬той асуудал энэ салбарынхны анхаарлыг татаад байгаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас улаанбуудайг тонныг нь 500 мянгаас дээш төгрөгөөр борлуулсан тохиолдолд тонн тутамд нь олгодог 100 мянган төгрөгийн урамшууллыг олгохгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь тариаланчдад хүндээр тусчээ. Тийм ээ, энэ их ажлыг чухам юуны төлөө хийж байгаа гэж та бүхэн бодож байна. Мөнгө олж  амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л шороон нүүрлэчихээд нойр, хоолоо умартан зүтгэж байгаа шүү. Хамгийн эрсдэлтэй салбарт төрийн дэмжлэг хамгийн чухал.

Гэтэл хувийн нэгэн компанийн эрх ашигтай уялдуулан олон мянган тариаланчдын эрхийг зөрчиж байгаа нь ёсзүйгүй гэдгийг Ерөөгийн тариаланчид хэлж байна. Тариаланчид их ажлынхаа хажуугаар ийн санал сэтгэгдлээ өгүүлчихээд ажлаа үргэлжлүүлнэ. Түрүүхэн л нь тарианы үнийн талаар бухимдангуй өгүүлж байснаа талбайнхаа захад очоод бүх бэрхшээлээ мартсан юм шиг тариан түрүүг хуруугаараа имэрч зогсох юм. 

Үүлэн чөлөөний наран жаргах нарнаар солигдох эгшинд тариан түрүү улам л өнгөжиж алтан шаргал туяа гялбуулан найгана. 

…Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж

Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ гэдэг нь энэ ажгуу. 

Тэртээд бороо хувингаар цутгах мэт орж байгаа бололтой. Борооны хормой дайраад өнгөрөх учир яаралгүй бол болохгүй гэцгээнэ. Ашгүй энэ удаа ажил зогсохгүй нь бололтой. Бороо, цас, мөндөр, салхи шуурга бас дээр нь мал талбайд орж сүйтгэх энэ бүхнээс өрсөх гэж манай тариаланчид бүхнээ зориулан зүтгэж байгаа.

Нар жаргасан ч тариа хураалтын ажил зогсохгүй шөнөжин үргэлжилнэ. Жаахан л алгуурвал бүтэн жил хөдөлмөрлөсөн ажлаа юу ч үгүй болгож мэднэ. 

Хээр талыг харанхуй бүчив. Тал дундуур гарсан хээрийн нууцхан замаар сумын төвөөс холдлоо. Тэртээд нүдний үзүүрт тод шар гэрэл анивалзана. Сүүлт од лугаа анивалзах тэр гэрэл  тариан талбай дундах  комбайны гэрэл ажээ. Бункер нь дүүрсэн биз. Дүүрээд бүр халин асгарч байгаа байлгүй. Тэр шар гэрэл рүү нэг цагаан гэрэл ширүүхэн очиж байгаа нь харагдана. Бодвол тариа ачих машин байж таараа. Хав харанхуй шөнийн тэнгэр дор ийнхүү одод бужигнах мэт гэрэл гялалзан тариа хураах ажил үл зогсоно. Ай даа, алтан намар аа гэж…

Д.ГАНСАРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бат инженер” буюу Ц.Бат: Үгээ хэлдэг хүмүүс шоронд орох ёсгүй


-Ц.Бат батлан даалтад гарлаа

Зам тээврийн сайд А.Гансүхийг твиттерээр гүтгэсэн хэмээн жиргээч “Бат инженер” буюу Ц.Батад Баянзүрх дүүргийн шүүхээс зуун хоногийн баривчлах ял оноогоод байгаа билээ. Тэрээр дээрх ялыг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс Ц.Батын гомдлыг хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, түүнийг батлан даалтад гаргалаа.

Өчигдөр 16 цаг 15 минутын үед түүнийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхээс батлан даалтад гаргасан юм.

Батлан даалтаар гараад ирэхэд нь түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Таныг хоригдсоныг хүмүүс янз бүрээр хүлээж авсан?

-Энд зөвхөн “Бат инженер”-ийг хорьсон асуудал байхгүй шүү дээ. Нийт монголчуудыг хорьсон асуудал. Би зүгээр л үг хэлсэн. Монгол Улсад чинь шүүмжлэх эрх бий. Эцсийн эцэст үг хэлнэ гэдэг чинь дарга нарыгаа магтаж байх эрх биш шүү дээ. Эсрэгээр нь үнэнийг хэлж байх тийм л эрх шүү дээ.

Таныг эгчтэйгээ хамт А.Гансүх сайдын өрөөнд орж ирээд МИАТийн албан тушаалд тавихыг гуйсан. Тэгээд албан тушаал өгөөгүйгээс твиттерээр өөр рүү нь дайрсан гэсэн утгатай зүйлийг А.Гансүх сайд ярьсан?

-Монголчууд унасан бөхийг өшиглөдөггүй гэдэг. Хүнийг унагаачихаад, шоронд хорьчихоод энд тэнд ярилцлага өгч шоу хийгээд явах нь утгагүй асуудал.

Та твиттерийг юу гэж боддог вэ. Жиргээчид цуглаан хийх үеэрээ таныг манай нэр хүндтэй жиргээчдийн нэг, залуу твиттерчдийн хүндлэлийг хүлээсэн хүн гэж дүгнэж байсан?

-Твиттер чинь хэвлэл биш шүү дээ. Бид нар одоо ярьж байна. Энэ яриа чинь л үсгийн хэлбэрт буучихсан хэлбэр. Би ингээд л хүнтэй ярьж байна, буу халж байна даа. Тэр чинь үсгийн хэлбэрт буучихаад байгаа нь тэр. Одоо ингээд ярьж байгааг та хэвлэл гэж

ойлгох уу.

Зарим жиргээчидТвиттер, фэйсбүүктэй холбоотой хуулийн заалт байдаггүй. Ц.Батыг байхгүй хуулийн заалтаар яллачихлаагэж байна лээ?

-Би хуульч биш юм чинь наад асуултад чинь хариулж чадахгүй шүү дээ. Яахав Улсын дээд шүүх хуулийн хэм хэмжээг тогтооно л доо. Анхан шатны шүүх чинь Улсын дээд шатны шүүхийн дээд талд гараад өнөөдөр твиттерийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд оруулчихлаа. Энэ нь болж байгаа эсэхийг нь би сайн мэдэхгүй байна.

Та хэд хоног баривчлагдав?

-Би хоног тоолоогүй.

Таныг өнгөрсөн сарын 18-нд баривчилсан билүү?

-Тийм.

Танд өмнө нь удаа дараа сануулж байсан. Тэгээд эцэст нь болохоо байгаад баривчилсан юм биш үү?

-Тэр хүн сануулаад л, би тэрийг аваад л. Би тийм субьект биш. Жишээлбэл, намайг тэнд байхад “Бат

инженер” МИАТ-ийн захирал, махирал болно, албан тушаал нэхсэн гэж ярьсан байна лээ л дээ. Тэгтэл МИАТ-ийн захирал гэдэг хүнийг томилдог хүн чинь сайд биш ш дээ. Төрийн өмчийн хорооны дарга томилно.

Таныг шоронгоос жиргэж байна гэцгээж байсан. Та жиргэж байсан юм уу?

-Би яаж жиргэх юм бэ. “Бат инженер” гэдэг энэ аккаунт чинь олны аккаунт ш дээ. “Бат инженер”-ийн ард байгаа хүмүүсийг бүгдийг нь хорих юм болов уу, яах юм бол.

-“Бат инженер”-ийг хорьж ард түмэнд айдас төрүүлэхийг хүсч байна гэж үзэх хүмүүс ч байна?

-Шоронгийн хаалгыг би өөр бусад, эрх чөлөө эрхэмлэгч хүмүүсийн хувьд хаачихаад ирлээ. Үнэхээр тэгж хаагдаж чадсан бол хаагдана гэж бодож байна. Үгээ хэлдэг хүмүүс шоронд орох ёсгүй байхгүй юу.

Д.САРУУЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Дэлхийд данстай “Говь”-оор тойрон аялсан нь

Энэ удаа “Танай өнжье” булангаа “Говь” компанийн үйлдвэрээс бэлтгэлээ. Дэл­хийд алдартай “Говь”-ийн бүтээгдэхүүнүүд чухам ямар шат дамжлагуудыг дам­жин байж хэрэглэгчдэд хүр­гэд­гийг сонирхсон юм. Бид¬нийг тус үйлдвэрийн хянал­тын инженер Г.Мөнх¬саруул хүлээн авч үйлд­вэрээ танилцуулахаар бол­лоо. Компанийн зүгээс үйлдвэрийнхээ үйл ажиллагааг нийтэд танилцуулах зорилгоор тойрон аялал зохион бай­гуул¬даг аж. Гадаадын жуул¬чид, дотоодын компани, байгууллагуудын хамт олон, их, дээд сургуулийн оюутнууд, сургуулийн сурагчид, хөдөө орон нутгийн иргэд гээд янз бүрийн хүмүүс олон арваараа, гурав дөрвөөрөө тойрон аяллаар үйлдвэртэй танилцах гэж ирдэг юм байна. 

Үйлдвэрийн бүс рүү орлоо. Уртаас урт хонгилууд. Халаад өмссөн ажилчин залуусын хөл хөдөл­гөөн, тоног төхөө¬рөмж, машинуудын жигдхэн нүргэлсэн дуу угтана. Дээх­нэ үеийн кинон дээр гардаг түм түжигнэж, бум бужигнасан үйлдвэр хэмээх их айлын өнгө төрх нүдний өмнө бэлхнээ тодров. Тойрон аяллын маршрутын дагуу эхлээд ангилан ялгах цехэд очлоо. Энд малчдаас авсан ноолуураа өнгө ширхгээр нь ялгана. Ангилан ялгах ажлыг тусгай машин төхөөрөмж бус бүсгүйчүүд гүйцэтгэнэ. Ангилан ялгагч гэдэг энэ мэргэжил манайдаа ховорт тооцогддог юм гэнэ. Бөөгнөрсөн, хаг, хог хаягдал, хялгас, тоос шороотой ноо­¬луу­рыг хурууны өндөг, нүдний хараагаараа нарийн мэдэрнэ. Ялгасан ноолуурыг лабораторийн шинжилгээнд оруулахад ямар ч зөрүү гардаггүй гэнэ. Үүнээс ангилан ялгагчид ажлаа хэрхэн хийдгийг мэдэж болох нь. Тус цехийн чанар шалгагч С.Бадамцэцэг үйлдвэртээ 19 жил ажиллаж байгаа нэгэн. Тэрээр ноолуурыг хэр­¬хэн ял­гадаг талаар сонирхууллаа. Аймгуудын, бүр сум сумын ноолуурын чанар, өнгө харилцан адилгүй. Хөвсгөлийн ноолуур бараан байхад Хэнтий, Сүхбаатарынх улаан байх жишээний. Тэгтэл Баянхонгорын Шинэжинстийнх цав цагаан байдаг аж. С.Бадамцэцэг ялгагчдын өмнөө тавьсан ноолуур руу зааж “Тээр харав уу, цав цагаан. Тэр чинь Шинэжинстээс ирсэн ноолуур юм шүү дээ. Тэгтэл Хөвсгөлийнх нь бараантаад байгаа биз” гээд зааж сонирхуулна. Энэ цехэд 35 ажилчин хоёр ээлжээр ажилладаг юм байна. Ангилан ялгагчид өмнөө байх ноолуурыг хагтай, хогтой, хялгастай гээд л эргэн тойрондоо тавьсан сагс, сав, тор руу ялгаж хийнэ. Ноолуурыг ялгахад хуруу өндөгний маш өндөр мэдрэмжээс гадна өнгийг нь ялгахад нүдний хараанаас гадна байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг тун чухал гэсэн. 

Энэ цехэд ялгасан ноолуурыг угаах цех рүү шилжүүлнэ. Угаах цех их халуун, чийглэг учир барагтай бол гадны хүнийг оруулдаггүй юм байна. Ингээд гурав дахь дамжлага болох Хялгас ялгах үйлдвэрт ирлээ. Ноолуурыг 0.1, 0.2, 0.3, 0.4 гэж үндсэн өнгөөр нь ялгахаас гадна тэмээний ноос, сарлагийн хөөврийг ч ангилна. Угаах цехээс гарч ирсэн ноолуурыг 28 метрийн урттай машинд оруулна. Уг машин нь энгийн нүдээр харвал сам, шүдтэй олон дамартай юм. Ноолуур машинаар дамжсаар ажилчны гарт хүрэхдээ хөвсийсөн, зөөлхөн, хөнгөн болчихсон байна. Ажилчин машинаас зугуухан урсах адил унах ноолуурыг хоёр гартаа тосч аваад тасдаад гэрэлд харна. Хялгас үлдсэн эсэхийг няхуур шалгана. Монгол ямааны ноолуур үндсэн дөрвөн өнгөтэй, цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор гэсэн. Худалдан авагчид “Говь” ХК-ийн “Mongolian Organic Cashmere” брэндийг мэддэг. Ямар нэгэн аргаар цайруулаагүй, өнгө нэмж будаагүй ноолууран бүтээгдэхүүн тун ховор. “Говь”-ийнхон дээрх үндсэн дөрвөн өнгийг элдэв будагт оруулахгүй, байгалийн өнгийг нь хэвээр хадгалсан нь “Gobi Mongolian organic cashmere”-ийн онцлог гэдгийг худалдан авагчид хэдийнэ мэддэг болсон билээ.

Мөн “Говь”-ийн хамт олны сүүлд гаргасан “Говь Гольф” брэнд нь дулаан, биед эвтэйхэн тансаг материалаар хийгдсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа аж. Дээд зэрэглэлийн спортын тансаг хувцсыг урласан нь цагаа олсон хамгийн зөв сонголт хэмээн хэрэглэгчид дүгнэж байгаа гэсэн. Энэ коллекцийнхоо нээлт болгож “Говь Гольф” цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлцгээсэн билээ. 

Цэвэрхэн болсон ноолуурыг будах цех рүү шилжүүлнэ. Энэ цехийн машин, тоног төхөөрөмжүүд нь Итали, Японых. Ажилчин залуус ноолуураа өнгөнд оруулах гэж томоос том тогооны дэргэд зогсоцгооно. Хэрэглэгчдийн хүссэн ямар ч өнгийг тус цехийнхэн гаргаж өгнө. Одоогоор 1080 өнгө гаргаад байгаа гэнэ. Хэрвээ эдгээр өнгөнөөс хүссэн өнгө байхгүй бол шинээр гаргаж өгдөг юм байна. Ингэхээр дуртай өнгөөрөө хийлгэсэн ноолууран хувцас өмсөх боломж хүн бүрт бий гэсэн үг. Энэ цех хоёр ээлжиндээ нийлээд 20 гаруй ажилчинтай. Ер нь “Говь” компанийн ажилчдын ихэнх нь залуус. Нийт 1400 гаруй ажилчинтайгаас 80 гаруй хувь нь эмэгтэй юм байна. Компанийн удирдлага нь залуу, ажилчид нь ч залуу болохоор ажил нь тэр хэрээр хурдан, шуурхай өрнөнө. Дөрөвдүгээр сараас аравдугаар сар бол “Говь”-ийнхны хувьд оргил ачааллынх нь үе гэсэн. 

Өнгөтэй болсон ноолуурыг холих цех рүү оруулна. Холих цехийн төхөөрөмжүүд нь бүгд Итали улсын нэртэй брэндийнх аж. Будах цехээс гарч ирсэн ноолуур бүхэл, том болчихсон байна. Тэрийг холих машин сэмэлж, жижиглэж холино. 

Холигдсон ноолуурыг ээрч, утас болгоно. Ээрэх үйлдвэрээр ортол шөнийн ээлжийн ажилчид ажлаасаа бууж байгаа болохоор бүх машин төхөөрөмжөө цэвэрлэж, тосолж байгаатай таарлаа. Уртаас урт ээрэх машины урд ажилчин бүсгүйчүүд зогсч арчиж харагдана. Засварчид засвар үйлчилгээ хийж, машинуудын энд тэнд гарна. Энэ цехээс гарсан утас Сүлжих үйлдвэрийн ажилчдын гарт очно. “Говь” компани сүлжих хоёр үйлдвэртэй бөгөөд нийт 500 гаруй ажилчинтай.  Эхлээд Сүлжих-2 үйлдвэрээр нь орлоо. Энэ үйлдвэрт 253 хүн ажиллаж байна. Оёдолчин, чанар шалгагч, индүүчин гээд олон төрлийн мэргэжилтэй залуус. Үйлдвэр бүрэн автомат сүлжмэлийн машинуудтай бөгөөд Японы SHIMASEIKE, Германы STOLL брэндийн машинууд харагдана. Автомат машинд цаанаас нь ямар бүтээгдэхүүн сүлжихийг тусгай программаар өгчихнө. Тэгэхээр машин программаар өөрөө уншаад бүтээгдэхүүнээ сүлжиж эхэлнэ. Нэг машин дээр очтол хар өнгийн ноолууран цамц сүлжиж байна. Нэг машин цагт нэг цамц сүлждэг гэнэ. Энэ үйлдвэрт нэг цамц сүлжиж дараагийн дамжлагад хүргэх хүртэл 22-29 дамжлага дамжина. Сүлжмэлийн төрөл хязгааргүй бөгөөд хэрэглэгч, захиалагчийн хүссэн сүлжмэлээр бүтээгдэхүүн хийдэг талаар Сүлжмэлийн үйлдвэр хариуцсан дарга Г.Саруулзаяа ярилаа. Энэ үйлдвэрийнхэн жилд 450 мянган сүлжмэл бүтээгдэхүүн гаргадаг юм байна. Оёдолгүй сүлжмэл буюу ямар ч оёдол, залгаас, зүүдэлгүйгээр бүтээгдэхүүн нэхдэг машинууд анхаарал татлаа. Цамцны программаа уншуулахад машин ажиллаж эхэлнэ. Цагийн дараа ямар ч оёдолгүй сүлжээсэн цамц бэлэн. Маш нимгэн, нарийн сүлжээстэй цамц, гоёлын ноолууран даашинзууд байдаг шүү дээ. Тэдгээр бүтээгдэхүүнийг энэ машинаар сүлжих нь тохиромжтой гэсэн. Хамгийн нарийн ноолууран утсаар технологийн дэвшлийг шингээсэн бүтээгдэхүүнийг монголчууд төдийгүй гадныхан хэдийнээ мэддэг болсон. Жилийн аль ч улиралд өвөл зун гэлгүй хэзээ ч өмссөн хөөрүүлэхгүй, дааруулахгүй шинж чанартай. 

Дээхнэ үед хэрэглэгдэж байсан сүлжмэлийн хагас автомат цөөхөн машинууд сүүлийн үеийн шилдэг технологийн машинуудтай “мөр зэрэгцэн” ажиллаж байна. Эдгээр машинууд дээр халаас, зах гэх мэт жижиг хэсгүүдийг сүлждэг аж. 

Сүлжих-1 үйлдвэрээр дайран гарлаа. Өнгөрсөн онд ашиглалтад орсон энэ үйлдвэр 250 ажилчинтай. Сүлжмэлийн машинуудын дээр шар, хөх гэрлүүд анивалзаж, автомат машинууд бүтээгдэхүүн сүлжиж, ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгааг сануулна. Бүрэн автомат машинууд суурилуулсан болохоор ажлын бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний чанар ч сайжраад байгаа аж. 

Ер нь орсон цех, үйлдвэр болгоны тоног төхөөрөмжийг зуун хувь шинэчилж, сүүлийн үеийн шилдэг технологиор бүтээгдэхүүн хийж байгааг ажилчид, мастерууд нь бахархалтайгаар дуулгаж байсан юм. 

Сүлжих үйлдвэрээс гараад Сүлжмэлийн программын албаар орлоо. Албаны программистууд бүгд Японы сүүлийн үеийн мундаг хүчин чадалтай компьютер дээр ажиллана. Эл албыг энэ үйлдвэрийн цохилох зүрх гэж нэрлэх болох аж. Дизайнеруудаас ирсэн загварыг энд л боловсруулж, сүлжмэлийн үйлдвэр рүү илгээнэ. Өмнө нь бэлэн болгосон программ, өгөгдлөө флашаар зөөж Сүлжмэлийн үйлдвэрийн компьютерт уншуулдаг байсан бол одоо программистын компьютерээс сүлжээгээр шууд өгөгдөл явна. Энэ албаныхан Японд тогтмол мэргэжил дээшлүүлдэг юм байна. Программистууд тухайн бүтээгдэхүүний эс ширхэг бүрийг нарийн гаргаж, зурна. Нэг ширхэг сүлжээс, утсан дээр хүртэл маш нарийн ажиллагаа хийж байгаа харагдлаа. 

Тойрон аялал маань үргэлжилсээр Принтийн цехэд хүрлээ. Та ноолууран бүтээгдэхүүн дээрээ юу хэвлэмээр байна вэ, түүнийг тань л хэвлэнэ. Цэцэг, байгаль, абсурд маягийн, уран зураг гээд элдэв төрлийн зурагтай бүтээгдэхүүнүүд байна. Алдарт “Монголын нэг өдөр” зургийг шаалин дээр буулгачихаж. Мөн сүүлийн үеийн шилдэг зураач нарын бүтээл ч харагдана. Хэн нэг зураачийн бүтээл бүтээгдэхүүн дээр хэвлэгдлээ гэхэд ашгийн тодорхой хувийг нь тухайн уран бүтээлчид өгдөг гэрээтэй юм байна. Гадныхан шааль, цамц, ороолт гээд ноолууран бүтээгдэхүүн дээр төрөл бүрийн зураг хэвлүүлэх сонирхолтой байдаг гэнэ. Гадаадын нэг захиалагч цамцны захаа тойруулаад индианчуудын эртний бичээсийг хэвлүүлж байжээ. Зарим захиалагч “Би ийм зурагтай алчууртай болмоор байна. Цор ганц хувийг л би нөмөрмөөр байна” гээд зургаа үзүүлдэг гэнэ. Тэгэхээр тэр зургийг нь сонирхсон бүтээгдэхүүн дээр нь хэвлээд өгчихнө. Захиалагч цор ганц гэсэн учир түүний өнөө зураг дахиад ямар ч бүтээгдэхүүн дээр хэвлэгдэхгүй. 

Ноолууран дээр хэвлэх энэ машин, цехийг “Говь” компани Монголд анх удаа нэвтрүүлж, суурилуулсан гэдгээрээ онцлогтой. 

Принтийн цехэд алив нэг бүтээгдэхүүн дээр юм хэвлэх захиалга орж ирэхэд эхлээд будгийг сайн тогтоож бэхжүүлдэг тусгай бодисд тухайн бүтээгдэхүүнээ оруулна. Ингэсний дараа тусгай гэрлээр шарж хатаана. Хатсаных нь дараа нь зургаа принтлээд дахиж хатаана. Ноолууран дээр юм принтэлдэг машин нь асар хурдтай хэрнээ, ухаалаг. Эхлээд ноолууран бүтээгдэхүүнийхээ талбайн хэсэг тус бүрийн зургийг нэг бүрчлэн аваад дэлгэцэнд гаргахаар оператор дээр нь хэвлэх зургаа байршуулна. Ингээд хэвлэх гол ажил эхэлнэ. Зураач Ч.Сэндэмийн “Говь” хэмээх зургийг шаалин дээр хэвлэж эхэллээ. Говийн тэнгэрийн хаяа, тэгснээ ботгоо дагуулсан ингэ шаалин дээр хэвлэгдээд гараад ирлээ. Ингээд говийн алтарсан шаргал элсэн манхан хэвлэгдсэнээр “Говь” зурагтай шааль бэлэн болчихов. Хэрвээ зураг хэвлэх явцад ноолууран бүтээгдэхүүний гадарга дээр ганц ширхэг хялгас байвал принтийн машин мэдрээд дохио өгнө. Одоогоор Принтийн цех нийт 1300 гаруй зураг, дүрсний сантай болчихоод байгаа аж. 

“Говь” салоны үйл ажиллагааг сонирхлоо. Пальто, пиджак, дээл, нөмрөг, хүрэм, хантааз, хөнжил, майк гээд ноолуураар ямар бүтээгдэхүүн хийдэг вэ. Тэр бүгдийг энэ салоны уран гартай үйлчин бүсгүйчүүд урлана. Энэ салоны наяад ажилчин сард 1200-1500 гаруй бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй ажилладаг аж. 

“Говь” компани өнгөрсөн онд салоныхоо үйлдвэрлэлийн шат дамжлагыг шугаман системд шилжүүлэн, үйлдвэрлэлээ өргөтгөж хүчин чадлаа нэмэгдүүлжээ. 

Төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг ч улсын баяр наадам, цагаан сараар ачаалал нь эрс нэмэгдэнэ. Учир нь энэ үеэр монголчууд маань дээлээр гангардаг. Ганцаараа ноолууран дээлээр гангарахгүй. Гэр бүлээрээ, хань ижилтэйгээ хос дээл хийлгэнэ. Бүр битүүнд амрах гэж байхад нь хүртэл дээл хийгээд өгөөч гэж гуйдаг гэсэн. Улирал нь эхэлсэн болохоор драпан пальто, нөмрөг ихээр оёж байлаа. Гадаад, дотоодын захиалга их байгаа аж. Мөн гадаадаас ноолууран хөнжлийн захиалга их ирж байгаа гэнэ. Драпаар бүтээгдэхүүн хийхэд хаягдал гардаг бөгөөд тэр хаягдлыг дахин боловсруулж хөнжил хийж байгаа аж. Драпны хаягдлыг дахин боловсруулж, хөвөн зөөлхөн болгоод хөнжил хийхэд түүн шиг дулаахан эд үгүй гэнэ. Ноолуурыг тансаг хэрэглээ хэмээн хүлээж авдаг ч нөгөө талаар хүний биед эрүүл мэндийн талаасаа ямар их ашиг тустайг төдийлөн мэддэггүй гэнэ. Хүний биеийн дулааныг барьж, хөлс гадагшлуулж амьсгалдаг учир өвөл, зуны алинд ч тохиромжтой. Нимгэн ноолууран хөнжлөөр хучихад хөнгөн, зөөлнөөс гадна ерөөсөө жиндүүлдэггүйгээр гайхамшигтай. 

Та “Говь”-ийн сонгодог загварын аль нэг пальтог сонирхлоо гэж бодъё. Очоод биеийн хэмжээсээ өгөхөд эндхийн дизайнер, оёдолчид 48 цагийн дотор таны хүслийг биелүүлнэ. Манайхан гэлтгүй гадныхан эдний сонгодог загваруудаас өөрт тохируулан захиалдаг гэсэн шүү. 

Хоёрхон өдрийн дотор амждаг гэж үү хэмээн зарим захиалагчид гайхдаг гэсэн. “Говь” салоныхон үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмснээр “Захиалгын хувцас дор хаяж арав хоногийн дараа бэлэн болдог” гэх ойлголтыг халж, хоёрхон өдрийн дотор захиалсан бүтээгдэхүүнийг бэлэн болгодог болсон нь маш том дэвшил юм. 

Нэхэхийн гүйцэтгэн боловсруулах цехээр орлоо. Энэ цехийн үйл ажиллагаатай танилцсанаар тойрон аялал өндөрлөнө. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг худалдан авагчдын гарт хүрэхэд шаардлагатай эцсийн боловсруулалтыг хийнэ гэсэн үг. Жишээ нь, хүзүүний ороолтыг  эрчлээд, агшаагаад, угаагаад, хатаагаад, үслээд, хагийг нь түүгээд, индүүдээд, хэсэгчлээд, жигнээд гээд олон үе дамжлагаар явуулаад эцэст нь савлана. Энэ цехийн үйл ажиллагааг ерөнхийд нь хэлбэл ийм аж. 

Дэлхийд эхний тавд ордог “Говь” компанийн үйлдвэрт хийсэн тойрон аялал маань өндөрлөлөө. Яагаад эхний тавд ордог вэ гэхээр хүчин чадал, тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн технологийнх, ноолуур нь дээд зэрэглэлийнх гэдгээсээ гадна хамгийн гол нь ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ малчны хотноос очиж түүхий эдээ авчраад эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах бүх үйл явцыг нэг дор, бүрэн цогцоор нь хийдэгт байгаа юм. 

Засгийн газраас “цагаан алт”-ыг зуун хувь эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бодлогын хүрээнд “Говь” компани техник технологио шинэчлэн, хүчин чадлаа нэмэгдүүлж бүтээгдэхүүний тоог өсгөх, гадаад зах зээлээ тэлэх, оёмол бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг өсгөх, үнийн уян хатан бодлогыг баримтлан ажиллаж байгаа нь уулзсан ажилчин бүрийн яриа, үйлдвэрлэлийн бүхий л үе шат дамжлагаас мэдрэгдэж байлаа. 

Манайхан ноолуурыг хэтэрхий тансаг, нийгмийн хэсэг бүлэг хүмүүст зориулсан бүтээгдэхүүн мэтээр ойлгох нь бий. “Говь”-ийн үйлдвэрийн бүх шат дамжлагыг сонирхож, тойрон аялж, ажилтай нь танилцан нэг өдөр өнжихдөө нэг ширхэг ноолууран бүтээгдэхүүн гаргахад ямар их хөрөнгө хүч, цахилгаан эрчим хүч, хөдөлмөр ордгийг ойлгосон юм. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрээс савлагдаад дэлгүүрийн лангуун дээр очихдоо өөртөө асар их үнэ цэнэ, хүндэтгэл агуулдгийг мэдэрч байлаа. Тэгтэл дэлхийд чанараараа гайхагддаг Монголын ноолууран бүтээгдэхүүн бусад орны ижил төстэй, чанар нь адил бүтээгдэхүүнээс даруй хэд дахин хямд гэдгийг сонсоод гайхах, үл итгэх зэрэгцэв. “Говь” үйлдвэрийн Монголын брэндийн цамц дунджаар 140 ам.долларын үнэтэй байгаа бол “Loro Piana” дэлхийн брэндийн цамц дунджаар 1000 ам.долларын үнэтэй. Ингэхээр бид дэлхийд гайхагдаж буй Монгол брэндийн цамцаа бусад орны иргэдээс хэд дахин хямдаар худалдан авч байгаагаа хүлээн зөвшөөрөх болох нь. 

Ийнхүү Монголын томоохон үйлдвэрлэгч, дэлхийд Монгол ноолууран бүтээгдэхүүнээр улсынхаа нэр төрийг өргөж яваа “Говь” ХК-ийн үйлдвэрт өнжсөн тэмдэглэлээ өндөрлүүлж байна. Монгол хүн бүр үндэсний энэ том үйлдвэртэйгээ танилцаж өвөг дээдсээс уламжлагдан ирсэн мал аж ахуйн гаралтай түүхий эд хэрхэн дэлхийн түвшний тансаг бүтээгдэхүүн болон гарч байгаатай танилцах боломжтой гэдгийг дуулгая.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН