Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өвлийн өвгөнтэй шинэ жилийн үдэш

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар жил бүрийн шинэ жилээр өвлийн өвгөнд хувирч, олон зуун багачууд, албан байгууллагын шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд баяр хөөр нэмсээр гуч гаруй жилийн нүүрийг үзэж буй. Өвлийн өвгөний нэг өдөр хэрхэн өнгөрдгийг “Танай өнжье” булангаараа сонирхуулахаар түүнтэй хамт шинэ жилд явлаа.

Товлосон газартаа уулзацгаалаа. “Бөмбөгөр”-ийн ард байрлах “Хархорум” гэх үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт байрлах ресторанд нэгэн байгууллага шинэ жилээ тэмдэглэж байлаа. Уг баярт Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөн болж оролцоно. Н.Нэргүйбаатар гуайгаас “Ямар байгууллагын шинэ жил юм бол” гэж асуувал “Ах нь мэддэггүй шүү дээ. Олон байгууллага, хамт олны шинэ жилд уригддаг болохоор нэр усыг нь ер цээжилдэггүй юм. Тэнд төдөн цагаас ирээрэй гэж манай менежер залуу хэлнэ. Тэнд нь очиж өвгөн болчихоод л дараагийн газар руугаа явчихдаг юм” гэлээ.

Энэ удаад тэрээр Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөнөөр уригджээ. Үйлчилгээний төвийн тавдугаар давхарт шинэ жилд оролцох хамтлаг, дуучид, хөтлөгч нарт гаргаж өгсөн өрөө байна.

Хөтлөгч залуу орж ирээд “Өвлийн өвөө, би тан руу залгаад хувцсаа өмсөөрэй гэж хэлнэ. Тэгээд дуудна шүү” гэчихээд гараад явчихав. Н.Нэргүйбаатар гуай “Зарим байгууллагын шинэ жилийн номер нь ихдээд би дундуур нь гялс орчих санаатай хүлээнэ ээ. Хааяа ч гайгүй байдаг юм” гэлээ.

Н.Нэргүйбаатар гуай олон цасан охидтой байжээ. Энэ жилээс “Peace dance” студийн бүжигчид цасан охинд нь болсон байна. Тэрээр “Би олон цасан охин сольсоон. Харин сүүлийн хэдэн өдөр энэ хэдэн охидтойгоо тууштай явж байна шүү. Цэцэрлэг дээр бол жаахан жаахан юмнууд цасан охид болно. Бүжиглээд байгаа нь мэдэгдэхгүй, шуураад байгаа нь мэдэгдэхгүй, эгдүүтэй гэж. Шуурга шуурлаа шүү гэхээр эргэж байгаа бололтой л байдаг юм. Дуурийн театрын хэдэн охид байна. Харин одоо эд маань орчин үеийн цасан охин юм даг уу даа” хэмээн инээв. Н.Нэргүйбаатар гуай номер болох хүртэл сонин хачин, хуучны сонирхолтой явдлуудаасаа ярьж өгье гэлээ. Цасан охид өвлийн өвгөний яриаг шимтэн сонсохоор ойртон сууна.

Гавьяат жүжигчин маань гуч орчим настайгаасаа л өвлийн өвгөний дүрд хувилсаар иржээ. “Шинэ жил” гэж Монголын анхны шинэ жилийн баярын тухай кино бий. Тэр үеэс л манайхан Оросын Дед мороз буюу өвлийн өвгөний тухай төсөөлөлтэй болж, Монголд шинэ жилийн баяр гэх тэмдэглэлт өдрүүд бий болсон гэж үздэг аж. Дед мороз бол тундра, цас мөсний орноос ойн ан амьтан, цас мөс дагуулсаар хүүхэд багачууд дээр ирдэг хийсвэр дүр. Н.Нэргүйбаатар гуайгаас “Та ямар ан амьтад дагуулж ирдэг вэ” гэвэл “Амьтан дагуулахаа больсон. Амьтад нь алга болчихсон. Хүмүүс ан амьтнаа хайрлахгүй, алж хядсаар байгаад дуусгачихсан юм уу, хаашаа юм” гэж хошигноно.

Шинэ жилийн баяраар хоёр он солигдох торгон мөчид өвлийн өвгөн ирж, хоёр оныг солилцуулж, сүлд модны наадамд нь баяр жаргал бэлгэдэж, ерөөл дэвшүүлнэ. Ингэж л шинэ жилийн баяр жинхэнэ утгаараа өрнөнө. Гэтэл өвлийн өвгөнгүй шинэ жил нэг л гундуу байдаг. Хэдэн хүн хурал хийж байгаа юм шиг үг хэлээд л бэлэг гардуулж алга ташна. Тэгээд ширээнийхээ ард сууцгааж уувал ууж, идчихээд яваад өгнө. Тэр чинь шинэ жил мөн үү. Ерөөсөө л ийм том ялгаа байдаг юм гэж өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай ярилаа.

Цасан охид хувцсаа солихоор өөр өрөө рүү явчихлаа. Баярт дуугаа өргөхөөр ирсэн хамтлагийн залуус гадуур хувцсаа тайлчихаад шинэ жил рүү явчихав.

Н.Нэргүйбаатар гуай том гэгчийн улаан цүнхээ онгойлгоод өвлийн өвгөний малгай, дээл, нөмрөг, сахал зэргээ гаргаж ирлээ. Бас монгол гутал. Бүгдийг нь дэлгэж тавиад нямбайлан зэхнэ.

Гавьяат маань “Өвлийн өвгөнгүй шинэ жилийн баяраар даргын үзэмжээр хэдэн хүнийг шагнана. Зарим нь намайг шагнах болов уу гэж горьдоно. Гэтэл өвлийн өвгөн шинэ жилд нь орж ирж байна гэдэг шагнуулсан болон шагнуулаагүй бүх хүнд том шагнал, урам болдог. Өвлийн өвгөнийг хараад том хүмүүс хүүхэд шиг баярладаг юм. Бүгд өвлийн өвгөнтэй хамт зураг авахуулах гээд л. Тийм сайхан байдаг юм” хэмээн өвлийн өвгөнтэй шинэ жил тэмдэглэхийн сайхныг ярив. “Хэдэн дуучин ирж дуулж болно. Ямар ч баяраар дуулж л байдаг. Харин өвлийн өвгөн ганцхан шинэ жилээр л орж ирдэг. Түүгээрээ л өвлийн өвгөний утга учир аугаа их” гэлээ. Өвлийн өвгөн цэнхэр нөмрөгөө намируулаад шинэ жилийн баяр болж байгаа танхимд орж ирэхэд хүн бүрийн баярын нүд гялалзаад, өвлийн өвгөнөөс бэлэг авах эсэх нь ч хамаагүй бүгд “Өвөө, өвөө” хэмээн угтана. Энэ мөч л өвлийн өвгөн болохын хамгийн сайхан хэсэг нь гэнэ.

Шинэ жилийн баярт өвлийн өвгөн буцах нь бяцхан гуниг төрүүлдэг. Харин Н.Нэргүйбаатар “Өвлийн өвгөн буцахдаа хуран цугласан хүмүүсийг гуниглуулж буцаж байгаа бол муу өвгөний шинж” гэв.

Өвлийн өвгөн “Дахиад олон хүүхдэд бэлэг гардуулна, очих газар олон, олон хүүхэд хүлээж байгаа, за миний хүүхдүүд наадам цэнгэлээ үргэлжлүүлээрэй, энэ л торгон мөчид наргиж, цэнгэж дуу хуураа өргөж, бүжиг наадмаа хийгээрэй” гэж их аятайхан хэлж уур амьсгалыг нь унагаахгүйгээр, сэтгэлийг нь өргөчихөөд явах ёстой гэнэ. Хүн үгээр урамшиж, үгээр амьдардгийн нэгэн том жишээ нь энэ гэлээ.

Дөчөөд жил кинонд дуу оруулчихсан болохоор Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолой ард түмний чихэнд хоногшсон билээ. Байгууллагуудын шинэ жил дээр очоод “Сайн байцгаана уу, миний хүүхдүүд” гээд л мэндлэнгүүт бүгд түүнийг таниад алган ташин баярлаж, хөөр баяр болдог гэнэ. Н.Нэргүйбаатар гуай сарлагийн савгаар хийсэн сахал, хөмсөг зэргээ гаргаж ирээд янзаллаа. Тэрээр гэрийн бүрээсээр хийсэн дээлтэй олон жил явсан гэнэ. Өнөөх нь ихэд муудаж, хуучрахаар нь Гантулга гэдэг шавь нь багшдаа одоо өмсч байгаа энэ дээлийг нь оёулж өгчээ. Тэрээр дээл, малгайгаа янзлах зуураа “Хүмүүсийн баяр дээр баяр нэмэх гэж л ах нь ингэж явдаг юм даа” хэмээнэ. Түүнийг ийн ярих зуур өрөөнд шинэ жилийн баяраасаа хоцорсон нөхөд орж ирж хувцсаа солив. Хувцсаа солих зуураа Н.Нэргүйбаатар гуайн яриаг сонирхон чихээ тавьж, ярьсан зүйлд нь дагаж инээнэ. Баяртаа нэлээд түрүүлж ирээд сэтгэл нь хөдлөөд хэд гурван хундага архи тогтоосон залуус орж ирээд “Өвөө биднийгээ уучлаарай”, “Өвөө бэлгээ авъя”, “Чанга, чанга ярьж анхаарлыг тань сарниулсан бол өвөө минь уучлаарай” гэв. Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөний хувцсаа өмсчихлөө. Харин сахлаа байзнаж байгаад зүүнэ гэв. Сахал зүүгээд удаан суухаар түвэгтэй, их ядардаг гэнэ. Нэг өдөр гурав, дөрвөн шинэ жилд оролцчихоор орой нь маш их ядарчихсан байдаг гэсэн. “Арванхоёрдугаар сар гараад л цагаан дээл, шар бүс, цэнхэр нөмрөг, том малгай чирч аваад л явж өгнө дөө” хэмээн хуучлав. Н.Нэргүйбаатар гуайг жил бүр урьдаг байгууллагууд байдаг гэнэ. Өмнөх жилүүдийг бодвол энэ шинэ жилээр өвлийн өвгөний захиалга харьцангуй бага байгаа аж.

Хамт олон байгууллагаараа захиалга өгөхөөс гадна хувь хүмүүс гэр орондоо өвлийн өвгөн урьж, үр хүүхэд, ач зээ нартаа бэлэг барих дуртай гэнэ.

Цэцэрлэгүүдээр их явна. Хэдхэн хоногийн өмнө “Титэм” хотхоны цэцэрлэгт ой дөнгөж өнгөрч байгаа хүүхдүүдтэй ангид уригджээ. Цагаан, үс сахалтай, цагаан дээлтэй өвгөнийг орж ирэнгүүт өнөө яслийн хүүхдүүд гайхаж, өвөр дээрээ суулгаад зураг авахуулах гэтэл бүгд уйлаад бөөн уйлаан болжээ. “Юун хүүхдүүдийг баярлуулах, жинхэнэ баларч байгаа юм чинь” гэж хөглөснөө ярилаа.

Радиогийн нэвтрүүлэгч Ганбаатар нэг удаа гэртээ урьжээ. Өвлийн өвгөний хувцсаа орцонд нь өмсчихөөд гэрт нь ороод л “Цасан цагаан орны…” гээд л нэг их сүрхий бэлэг гардуулах санаатай шүлэглээд эхэлж. Тэгтэл дэгдийтэл зогсч байсан гурав дөрвөн жаалхан амьтны хамгийн отгон, ой гарантай нь юун бэлэг сэлт авах ухаан жолоогүй өрөө рүүгээ зугтаад орчихжээ.

Хүүхдүүд тэр дундаа гурав, дөрвөн настай хүүхдүүд өвлийн өвгөнийг байдаг гэдэгт хамгийн их итгэдэг юм байна. Тийм ч болохоор тэр үү төдий насны хүүхдүүд дээр өвлийн өвгөн болоод очихоор чин сэтгэлээсээ хүлээж авдаг юм байна. Өвөр дээр нь суугаад, ер салахгүй. Өвлийн өвгөнийг жинхэнэ гээд итгэчихсэн багачууд өвлийн өвгөнд үнсүүлэх биш өөрсдөө үнсэх гэж дайрна. Жаалууд өвөр дээрээс нь буухгүй, бүр бэлэгний чихэрнээсээ илүүчилнэ. За өвөө нь ингээд буцъя даа гэхээр бүгд дагаж уйлна. Н.Нэргүйбаатар гуай “Өвлийн өвгөн болно гэдэг чинь ийм л сонин ажил юм даа. Би үүнийг тоглоом наадам гэж боддоггүй. Хүмүүсийг баярлуулдаг буянтай хамгийн том ажлын нэг юм байгаа юм” гэнэ.

Айлуудаар уригдаж шинэ жилийн баяр дээр баяр нэмээд явж байхад ная, ерэн настай буурайнууд тааралддаг аж. “Миний хүү өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ ав” гэхээр өнөө настай хүмүүс “Хүүе яадаг билээ” гэж хүүхэд шиг баярлаад л гялс ирж бэлгээ авч, үнсүүлдэг гэнэ.

Өвлийн өвгөн гэдэг чинь мөнхийн өвгөн. Тийм болохоор нялх балчраас эхлүүлээд ная, ер гарсан ахмадууд хүртэл хүндэлж, бэлэг горьддог юм шүү дээ гэв. Айлд очоод хүүхдүүдэд нь бэлэг гардуулчихаад шууд гарна. Тэгэхгүй бол хоол унд, архи дарс болно. Хүүхдүүд нь жинхэнээсээ гэрт нь өвлийн өвгөн ирчихлээ гэж итгэж байхад нь сахлаа духдуулчихаад л бууз үмхэлж суугаа харагдвал ямар байх вэ. Тэгээд дээр нь дарс залгилж харагдвал тэрэн шиг муухай юм үгүй учир өвлийн өвгөн болсон үедээ ганц хундагыг ч болтугай тогтоохоос зайлсхийдэг болжээ. Яагаад гэвэл өвлийн өвгөн гэдэг бол хүн бүрийн хувьд хүүхэд байхаасаа тэсэн ядан хүлээдэг ганц хүн нь шүү дээ. Тэгэхээр хүүхэд, том хүн гэлтгүй бүгдэд өвлийн өвгөн муухай харагдаж болохгүй гэдэг дээр Н.Нэргүйбаатар гуай хатуу байр суурьтай нэгэн аж. Өвлийн өвгөний нэрийг муу юмтай ерөөсөө холбож болохгүй шүү гэж хожим хойчийнхоо өвгөдөд захия гэлээ. Түүнтэй ийн ярилцаж суутал цасан охид бүжихэд бэлэн болчихсон орж ирэв. Доор хоёрдугаар давхарт шинэ жил ид дундаа орж байгаа бололтой дуу хөгжим цангинана. Бөмбөрийн нүргээнт дуу сонстоно. Өвийн өвгөн, цасан охид хэдийнэ бэлэн болчихсон. Хөтлөгчийг гар утсаар ярьж дохио өгөхийг хүлээнэ. Цасан охид ерөнхийдөө чөлөөт хэв маягийн бүжиг бүжиглэдэг гэнэ. Толины өмнө зогсч бүжгийн хөдөлгөөнөө давтана. “Мундаг жүжигчний хамт шинэ жилд оролцож байгаадаа баярладаг” гэж байлаа. Тэд “Бид хуучны цэмбийсэн цасан охидоос хувцаслалт, бүжгийн хөдөлгөөнөөрөө арай өөр л дөө. Арай шоу тал руугаа. Биднийг залуус, залуу үеийнхэн их таатай хүлээж авдаг” гэж өөрсдийгөө тодорхойлов.

Н.Нэргүйбаатар гуай сахлаа зүүгээд өрвийж сөрвийсөн хэсгүүдийг нь хоёр талдаа наалттай туузаар наалаа. Хөмсгөө ч наав. Хөмсөгнийхөө сүүл хэсгийг малгайндаа тогтоох аж. Дөрвөлжин жижиг толиндоо нүүр хөмсөг, сахал, малгайгаа тольдож засч янзална.

Нэгэн хэсэг манайхан шинэ жилийн баяр гэхээр учиргүй л архи дарс эргүүлж яагаа ч үгүй байхад халамцдаг байв. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал бага багаар үгүй болсоор байгаа нь өвлийн өвгөнд мэдрэгдэх болсныг сонирхуулав. Саяхан нэлээд хэдэн байгууллагын шинэ жилд очиход арга хэмжээ нь дундаа орчихоод байхад ирсэн зочид нь ширээн дээрх сархдаа дуусгаагүй, зарим нь хундагандаа уруулаа хүргээгүй юм болов уу гэмээр эрүүл саруул харагдаж. Ширээн дээрх шар айрагнаас жаахан амссан болоод л сууж байгаа нь харагдсан гэнэ.

Хөтлөгч залуу утасдаж байна. Нэг номерийн дараа өвлийн өвгөн орж ирээрэй. Гурван давхрын шатан дээр цасан охидтойгоо байж бай гэлээ. Ингээд бүгд өрөөнөөс гарч зогсч бай гэсэн газарт нь очлоо. Тэгтэл хөтлөгч зарлаж байна, өвлийн өвгөнөө урьж байна гээд. Н.Нэргүйбаатар гуай гараа далласаар цасан охидоо дагуулаад ороод явчихлаа. Хүн бүр алга ташин, “Өвлийн өвөө” гэж хашгирч, баярлацгааж байгаа нь илт. Бүгд босч алга ташин өвгөнөө хүлээж авлаа.

Өвлийн өвгөн

… Цасан цагаан орны

Мөсөн туйлын өвгөн би

Цасан охиноо дагуулсаар

Цайдам хөндийн холыг туулж

Цастай өвлийн жаврыг сөрсөөр

Мөнх жаргал дэлгэрсэн

Монгол оронд ирлээ

Өвгөн буурал аав нь

Өдөр хоногийг товлосоор

Хүүхдүүд та нартайгаа уулзах

Хүсэлт өдрийг хүлээсээр

Цасан охиноо дагуулсаар

Цан хүүргээ савсуулсаар

Хоёр оны босгон дээр

Холын тэртээгээс ирлээ хэмээн мэндчилж улиран одож буй ондоо тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад гарын бэлэг гардуулав. Цасан охид шинэ жилийн дууны попури аянд бүжлээ. Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолойг бүгд таньж, түүний ялимгүй хошигносон ярианд бүгд хөгжилдөн инээх аж. Ингээд өвлийн өвөө дараа дараагийн олон газраар орно, олон хүүхэд багачуулд бэлэг өгнө, наадам цэнгээнээ үргэлжлүүлээрэй гээд бүгдэд эрүүл энхийг хүсээд шинэ жилээс гарч ирлээ. Түүнийг гаран гартал бүгд алга ташин баярлацгаав.

Нэг байгууллагын шинэ жилд өвлийн өвгөн болж арван минут хэртэй саатахын тулд бараг гурав дөрвөн цагийн өмнөөс ийн бэлдэж, явдал суудал болдог юм байна. Хүнийг хэдхэн хором баярлуулахын тулд яасан их цаг зав, хөдөлмөр зарцуулдаг юм бэ гэсэн бодол төрж байлаа. Тэрээр өрөөндөө орж ирээд өвлийн өвгөний хувцсаа тайлаад цүнхлэв. Нүүрнийх нь хөлс бурзайж, шанааг нь дагаад урсчээ. Алчуур гаргаж ирж арчина.

Ингэж олны үр хүүхэд, түмэн хүнийг баярлуулж явдаг мөртлөө өөрийнхөө үр, хүүхдэд өвлийн өвгөний дүрээр бэлэг гардуулна гэдэг тун ховор гэнэ. Зээ нартаа нэг удаа бэлэг өгөх гэж баахан л юм болж. Шинэ жил гарахаас өмнө бэлэг өгчихье гэж их л хичээсэн ч замын хөдөлгөөний түгжээнд гацаад арайчүү 31-нд он солигдохоос өмнө гэртээ орж байжээ. Харин зээ нараа цэцэрлэгт байхад нь өвлийн өвөөгийн үүргийг нь нэр төртэй биелүүлдэг байсан гэдэг шүү.

Н.Нэргүйбаатар гуай хүүхэд ахуйнхаа нэгэн шинэ жилээр болсон явдлыг дурслаа. Тэр үед өвлийн өвгөн болж байгаа хүнд одооных шиг жинхэнэ гэмээр сахал, үс байдаггүй байж. Сахал, дээлний хормой зэргээ хөвөнгөөр л аргална. Сургуулийнх нь зааланд өвлийн өвгөн цасан охидтойгоо ороод ирэв гэнэ. Хүүхдүүд баярлаад л. Цасан охид нь бенгалийн гал барьчихсан. Өвгөн “Амар сайн уу” гээд л спортын заалыг нар зөв тойроод явж байв. Тэгтэл өнөө бенгалын гал нь өвлийн өвгөний хормойнд наасан хөвөнтэй авалцаад тэр хавиар л нэл утаа хиншүү гарчээ. Өвлийн өвгөний хормойноос гал дүрэлзээд, өвгөн хурдалж давхиад. Хүүхдүүд барьж авах гэсэн ч гүйцдэггүй гэнэ. Арай гэж дарж авч галыг нь унтраасан аж. Тэгтэл өвлийн өвгөний нэг гуя нь түлэгдчихсэн байж.

Н.Нэргүйбаатар гуай “Надад бас нэг иймэрхүү юм тохиолдож билээ. Шарын голд шинэ жилд оролцоод явж байлаа. Тэгтэл арай л урт нөмрөг таарчихсан юм. Цасан охид миний хойно явж байгаад нөмрөг дээр гишгээд би золтой л савж унасангүй. Хүмүүс сандраад л хөгтэй юм болж билээ” гэлээ. Өвлийн өвгөн болж байгаа хүмүүс хувцас хунартаа сайн анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг туршлагатай өвлийн өвгөний хувьд зөвлөж байлаа.

Н.Нэргүйбаатар гуайд хөдөө орон нутгаас утасдаж өвлийн өвгөн болох урилга ирүүлнэ. Эрдэнэт, Дархан гээд л аймаг, хотуудаас захиалга ирдэг юм байна. Хөдөө орон нутаг руу явахаар бол гурав, дөрөв хоногийн өмнөөс бэлдэж цаг нараа тохируулдаг гэсэн.

Ийн Н.Нэргүйбаатар гуай Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөн нь болчихоод хамаг зүйлсээ цүнхлээд гарлаа. Тэрээр “Би энэ улаан цүнхэндээ өвлийн өвгөний дээл, малгайгаа цүнхлээд хичнээн ч жил алхаж байна гэж бодно. Яах вэ, амьтан хүн баярлуулж явбал боллоо шүү” гэнэ. Зарим захиалга ихтэй үед олон байгууллагын шинэ жилд оролцчихоод гараад ирэхээр авто унаа зогсчихсон байх нь бий. Уг нь хүссэн хүн бүрийн баярт очиж өвлийн өвгөний бэлэг гардуулмаар л байдаг юм. Даанч хотын замын түгжрэл шинэ жилээр оргилдоо хүрдэг болохоор сүүлийн жилүүдэд өдөрт гурваас илүү шинэ жилд оролцохоо байсан гэсээр өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай хөлсний тэрэгт суугаад гэр рүүгээ одсон юм.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уг нь “Дэлхийн мисс” гоо сайхны олимп юмсан

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулдаг тэмцээнд манайх арав дахь удаа оролцлоо. Тухайн тэмцээнд эх орноо төлөөлөх бүсгүйгээ бид “Мисс Монголиа”-гаас тодруулдаг. Уг тэмцээн нь зунжингаа сунжраад “Дэлхийн мисс” тэмцээний өмнөхөн ялагчаа тодруулдаг. Ингээд шалгарсан оролцогч нь хам хум бүжиг хувцсаа бэлтгээд л гэр бүлийнхээ хүрээнд жаал зугаа юм зэхэн “Дэлхийн мисс” тэмцээнийг зорьдог.

Ирэх жилээс энэ байдлыг халж, “Дэлхийн мисс”-т оролцогчоо хавар нь шалгаруулчихаад хэл ус, бүжиг, дуу, хүмүүнлэгийн ажилд нь анхаарал хандуулж баймаар. Хэрэв тийм болчихвол манай гоо бүсгүйчүүдэд шигшээд үлдэх, цаашлаад эхний байруудад орох боломж бийг бид сая харлаа. Олон нийтийн санал авдаг болсон юм чинь энэ талаар сурталчилгаа сайн хийвэл их санал цуглуулж ч болно. “Дэлхийн мисс” тэмцээний тэргүүн миссийн титмийг хүртсэн гадны бүсгүйчүүлийн түүхийг харахад тэднийг багаар бодоход жилийн өмнөөс бэлтгэж, ард нь бүхэл бүтэн баг ажилладаг юм байна. Гэтэл Т.Батцэцэг 45 хоногийн хугацаанд л бэлтгэл базаагаад Лондонг зорьсон байх юм. Олимп, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдаа бид үе үеэр нь бэлдэж, дөрвөн жилийн өмнөөс товлодог. Түүнтэй адил “Дэлхийн мисс” тэмцээн бол гоо сайхны олимп учир энэ тэмцээнд эх орноо төлөөлөх миссээ ядаж нэг жилийн өмнө бэлтгэдэг болчихвол найдвар бүр л нэмэгдэнэ шүү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол телевиз гэдэг чинь МҮОНТ-ийн нэр биш юм уу?

Анзаарсан байх, та бүхэн. Монгол телевиз оройн мэдээнийхээ өмнө “Бид бусад шиг захиалгат болон төлбөртэй мэдээ явуулдаггүй” гэх утгатай бичиг гаргадаг. Тус телевиз үүгээрээ бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд руу дайрч, тэднийг олон нийтэд муухайгаар харагдуулахыг хичээдэг. Монголчууд хэзээнээс л хаяагаа хадрахгүй, харснаа харвахгүй гэцгээдэг. Гэтэл Монгол телевизийнхэн хаяагаа хадрах нь байтугай нэг тогооноос хамт хоол иддэг атлаа бусад телевиз, сонинууд руу орой бүр нулимж байна.

Бид сонины сэтгүүлч. Өглөөний ургах нартай хамт сониныхоо шинэхэн дугаарыг уншчихаад л “Одоо дахиад хүнд хэрэгтэй юу бичих вэ, хүмүүсийн сонирхдог ямар мэдээ мэдээлэл тавих вэ. Хэнийг алдаршуулж, гавьяаг нь нийтэд хүргэх билээ. Ямар хүмүүсийг дэмжих вэ” гээд л эрэл хайгуул хийж өдөржингөө л нийгмийн амьдрал дунд буцалж, асар их хөдөлгөөнтэй, эрчимтэй амьдрал дундаас чухал сонирхолтой мэдээллийг олдог. Бүхэл өдрийн туршид ийн хөдөлмөрлөцгөөдөг улс. Бусад сонин, телевизийнхэн ч ялгаагүй ийм байдлаар, ийм л хөл хөдөлгөөн дунд ажиллаж, бичиж, сурвалжилж явдаг шүү дээ. Гэтэл яагаад Монгол телевиз орой болгон бусад руугаа ингэж дайрч, муулж хараар будаж байдаг юм бэ. Тэдэнд бусад руугаа нулимах эрхийг хэн өгсөн юм.

Тус телевизийнхэн яагаад мэдээллийн хөтөлбөрийнхөө өмнө бусдыгаа харлуулсан тодотгол хийх болсон шалтгааныг нь бүгд л мэднэ. Нэгэн хүн “Mc Donalds”-ийн салбар нээгдлээ гэсэн зар сурталчилгааны мэдээгээ барьж ирэн нэгдүгээр нүүрт төлбөртэйгээр гаргасан. Хэд хэдэн сонин, телевизэд ч тэр рекламаа төлбөртэйгээр тавиулсан байдаг. Дэлхийн нэр хүндтэй, томоохон компанийн салбар орж ирнэ гэдэг нэг талдаа улс орны маань нэр хүндийн асуудал байдаг. “Mc Donalds” нээгдэх нь гэх сураг тухайн үедээ хүн бүрийн сонорыг мялаасан мэдээ болсон. Тийм учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд ач холбогдол өгч, баярлаж хүлээж авсан юм. Тэгтэл тэр мэдээлэл оргүй худал болж таарсан. Монгол телевиз “Mc Donalds”-ийн салбар нээгдлээ гэсэн худал зарыг сурталчилгааны мөнгийг нь төлж зориудаар тавиулсан нь илэрсэн. Тэгээд л бусдыгаа захиалгатай мэдээ гаргадаг, мөнгө өгвөл юу ч нийтлэхэд бэлэн гэх мэтээр Монголоор нэг шуугиан дэгдээж, бүр хэлэлцүүлэг өрнүүлж олныг хамарсан үйл явдал болгохыг хичээсэн. Ийм явцуу аргаар шуугиан дэгдээснээрээ Монгол телевиз хэвлэлийн болон хүн төрөлхтний амьдрах наад захын зарчмыг мэддэггүйгээ нотолчихсон. Тэглээ ч хоолны газар нээгдлээ гэдэг мэдээг хэн ч эргэж шалгах шаардлага байдаггүй юм. Үүнийг нэг жишээгээр хэлье л дээ. Үсчин сахал хусах гээд иртэй тонгоргоо барихад хэн ч хоолой огтлох гэж байна гэж айдаггүй шүү дээ. Яг л үүнтэй адилхан байхгүй юу, тэр чинь. Төсөөлөөд үз дээ, хэн ч худлаа мэдээллээр бусдыгаа хорлох гэж мөнгө төлдөггүй. Гэтэл энэ үйлдлийг газар даахгүй баянаараа “Гацуурт”-ынхан л хийж чаддаг. “Гацуурт” гэдэг нь Монгол телевизийн эзэн компани. Хүмүүс гэр орондоо амарч, халуун ам бүлээрээ дуртай нэвтрүүлгүүдээ үзээд сууж байхад Монгол телевиз мэдээнийхээ өмнө гэнэт л салбартаа хамт ажиллаж байгаа нөхдөө “Захиалгатай, төлбөртэй л мэдээ гаргадаг” гэж цочтол нь цацаад уур амьсгалыг эвдчихдэг.

Монгол телевизийнхэн хэзээ болтол бусдыгаа доромжлох юм бол. Хэзээ болих юм бэ, үүнийгээ. Танай телевиз тэгээд захиалгатай мэдээ хийдэггүй юм уу гэж асууя. Өдөр болгон Оросын хямд гурилыг биш Монголын үнэтэй гурилыг заавал ид гээд байдаг чинь “Гацуурт” компанийн захиалгат мэдээ биш болж таарч байна уу. Өдөр болгон Л.Чинбат, Л.Цандэлэг гэсэн томоохон компанийн захирлууд өөрсдийнхөө л эрх ашгийг хамгаалан ярьж, нэвтрүүлэг хийлгэдгийг захиалгат биш гэх үү.

Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд харин ч голтой, үнэн зөв байхыг эрмэлздэг нь өдөр тутмын үйл хэргээс нь харагддаг. Юм бүхнийг та нарын яриад байгаа шиг мөнгөөр хардаггүй юм аа гэдэг дээр та бүхэнтэй холбоотой нэг жишээ дурдъя. Танай таван одтой “Тэрэлж” зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бид энэ хэргийг сурвалжилж хүү чухам юунаас болж амиа алдсан талаар тодруулсан. Гэвч бид тэр сурвалжлагаа нийтлээгүй. Яагаад гэвэл та нар гуйсан учраас. Мөнгөө барьж ирээд “Энэ л сурвалжлагыг битгий гаргаач” гэж цөхрөлтгүй гуйгаад байхад чинь бид үл тоож чадаагүй. Нэг салбарт зүтгэж яваа, нэг тогооноос хооллодог сэтгүүлчид учир тэр хэргийг осол байсан хэмээн үзээд гуйлтыг чинь биелүүлсээн. Биелүүлэхдээ барьж ирсэн мөнгөнөөс чинь татгалзсан шүү дээ. Та нар тодхон л санаж байгаа байх, хэргийн тухай мэдээллийг татуулчихаад мөнгөтэйгээ харьсан болохоороо. Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэж яадгаа алдсан, мөнгөнөөс болж юу ч хийдэг гэцгээдэг чинь худлаа байгаа биз дээ. Ёсзүй, хүн чанар гэж нэг зүйл байдаг. Тэрийгээ мөнгөнөөс худалдаагүй сонин, телевизүүд бас цаана нь зөндөө бийг энэ жишээ нотолж байгаа бус уу.

Үнэндээ тэр хэрэг Филиппин асрагчийн анхаарал болгоомжгүй байдал, “Тэрэлж” зочид буудлын харуул хамгаалалт, хяналт сул, ажилчдынх нь хариуцлагагүй байдлаас л болж гарсан байдаг шүү. Өөрсдийнхөө нэрийг хамгаалахын төлөө ингэж бусдын өмнө шалдаа буудаг атлаа яагаад бусдын нэр хүндэд орой бүр хайр найргүй халдана вэ.

Үнэндээ Монгол телевиз гэх энэ нэр нь өөрөө асуудалтай. Монгол телевиз гэдэг чинь МҮОНТ-ийн нэр биш юм уу. Бид хэзээ байтлаа хоорондоо “Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цагийн хүрд” гэж ярьж байлаа. Монголд телевиз үүссэн цагаас хойш буюу сүүлийн тавиад жил Монголын ард түмэн “Монгол телевизийн Цагийн хүрд” л гэж хэлж, ярьж заншсан биш билүү.

Тэгтэл яагаад Монгол телевизийн нэрийг “Гацуурт”-ынхан авчихсан юм бэ. Үүнээс хэн энэ нэрийг тэдэнд зүгээр өгчихөв гэдэг асуулт гарч ирдэг. Нөгөө талаар МҮОНТ-ийн нэр хүнд, нэршлийг “Гацуурт”-ынхан овжиноор ашиглаад телевиз байгуулахдаа Монгол телевиз гээд нэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн байх үндэслэлтэй. Иргэд Монгол телевиз гэхээр МҮОНТ-ийг л хэлж байна гэж ойлгодог. Энэ нь нөгөө талдаа олон нийтийг төөрөлдүүлсэн, МҮОНТ-ийн нэрийг зээлэх биш дээрэмдсэн ч хэрэг болж мэднэ шүү. МҮОНТ яагаад энэ асуудалд анхаарлаа хандуулж нэрийнхээ хойноос явдаггүй юм бол. Зүй нь МҮОНТ нэрийнхээ хойноос өдөр шөнөгүй заргалдах ёстой л доо. Эндээс харахад Монгол телевиз гэх энэ нэрийг өгч авахад авлига орсон юм биш биз гэсэн хардлага төрөх нь бий. Эл асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй.

Өөрөө л цагаан бусад нь хар мэт авирлах ийм нэг байгууллага манай хэвлэлийн салбарт бидэнтэй зэрэгцэн ажиллаж байна. Алив зүйлд хууль, дүрэм журам баримтлах нь зүйтэй ч хүн чанар, хүний эрхэм ёсзүйг үргэлж бодолцож ажил хэрэгтээ шингээж байх хэрэгтэй л дээ. Төгсгөлд нь дахиж сануулахад орой болгон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд руугаа шүлс, цэрээ цацахаа болихыг Монгол телевизээс шаардаж байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Шинэ жилийн гоёлын үс засалтад жараад оны сонгодог хэв маяг зонхилж байна

Манайдаа үсчдийнхээ ур чадвар, үйлчилгээгээрээ тэргүүлдэг томоохон газруудын нэг бол “Matrix” салон. Зайсанд байрлах “Оргил шилтгээн”-ий хоёрдугаар давхарт тус салоны high class зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг салбар нь бий. Өчигдөр тус салоныг зорьж очлоо.

Үүдний хүлээлгийн хэсэгт нь нэг үсчин залуутай уулзлаа. Сурвалжлагаар яваагаа хэлж, өнөө жил хүмүүс шинэ жилийн баяртаа зориулж ямар үс засалт сонгож байгаа, ямар хэв маяг зонхилж буй талаар сонирхож, элдэв зүйлийг асуулаа. Шинэ жилийн үдэшлэг, ёолкондоо үсээ янзалж байгаа нь энэ гээд эмэгтэйчүүд нь үсээ буржийлгаж, сүлжиж саа, лак энэ тэрийг цацдаг. Эрчүүд нь ч үсээ цэнхэр, шар өнгийн сороор гоёдог байлаа, хэдэн жилийн өмнө.

Одоо бол тэр байдал үгүй болсон гэнэ. Аль болох даруу. 1950, 1960-аад оны үс засалт эргэн ирж байгаа юм байна. Сүүлийн гурван жилд өмнөх тэр гял цал байдал бага багаар арилсаар өнөө жил хүмүүс илүү даруухан засалтыг сонгож байгаа гэнэ. Хөвсгөр урт үстэй бүсгүй байлаа гэхэд сайхан индүүдэж шулуун болгоод үзүүр хэсгийг нь үл мэдэг буржийлгах ч юм уу. Хэрэв богино үстэй бол уг хэсгийг нь хөвсийлгөн үзүүрийг нь гадагшаа эргүүлэх. Эрэгтэйчүүд нь үсээ нэг талдаа хагалаад, гоё хэлбэрт оруулах.Иймэрхүү чиг хандлага илүүтэй ажиглагдаж байгаа аж. Хувцасны моод дахин давтагддаг шиг үс засалт ч ингэж эргэн ирдэг юм байна.

“Matrix” high class салон өглөө 10 цагт үүдээ нээгээд үдэш 20 цаг хүртэл ажиллаж байна. Мэдээж үйлчлүүлэгч хүсвэл захиалсан цагт нь үйлчилнэ. Энэ салоныхон зөвхөн үсийг нь сайхан болгоод зогсохгүй нүүр будалт, хумс гээд гоо сайхны ямар л үйлчилгээ байна бүгдийг нь нэг дор цогцоор нь үзүүлж байна.

“Matrix” салон энэ салбараа байгуулаад гурван жил болж байгаа аж. Зөвхөн Зайсанд амьдардаг гэлтгүй хотын хаанаас ч хүмүүс ирж үйлчлүүлнэ. Нийт үйлчлүүлэгчийн 70-80 хувь нь байнгын үйлчлүүлэгч гэхээр эдний үйлчилгээ ямархуу вэ гэдэг нь анзаарагдана. Үүдэнд таарсан өнөө үсчин залуу ийн ярилаа. Түүний нэрийг нь асууж, энд ямар ажил хийдгийг нь асуувал “Намайг Н.Батжаргал гэдэг. Үсчин” гэж танилцууллаа. Н.Батжаргал “Амралтын өдрүүдээр ачаалал нэмэгддэг. Арванхоёрдугаар сарын хорьд гаргаад л бид завгүй болчихдог. Хоол ч идэх завгүй ажиллах нь бий. Бид өдий хүртэл ажиллахдаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бүх зүйлд сэтгэлээсээ хандах ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Биднийг зорин ирж байгаа хүнийг сэтгэл ханамжтай гаргах нь хамгийн чухал” гэлээ. Эднийх өөрийн сургалтын төвдөө үсчдээ сургаад дадлага хийлгэж, дагалдангаар ажиллуулсны дараа үсчин хэмээн тооцож ажиллуулдаг юм байна.

Тус салоны үсчин Б.Азжаргалтай танилцлаа. Тэрээр ажил мэргэжлийнхээ талаар ярьж сонирхуулна. “Манай захирал их мундаг мастер үсчин шүү дээ. Өөрөө залуу хүн болохоор залуусаа их дэмждэг. Бидэнд “Ур чадвар чухал. Гэхдээ түүнээс илүү чухал зүйл байдаг нь аливаад сэтгэлээсээ хандах. Ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хийвэл тэр нь хүнд хүрдэг. Тийм болохоор юм болгонд сэтгэлээсээ хандах ёстой” гэж захидаг юм. Бид ч энэ зарчмаар ажилладаг. Миний хувьд үсчин, гоо сайханч гэдэг мэргэжил хүнийг хөөрхөн болгодог сайхан мэргэжил” гэж ярилаа. Захирал чинь хаана байна вэ гэтэл түрүүний үсчин гэж өөрийгөө танилцуулсан залуу руу заалаа. Н.Батжаргал үйлчлүүлэгчийн суудаг сандал дээр гар утсаа оролдоод суух аж. Оддын үсчин, олны танил эрхмүүдийн тэргүүнд гараа хүргэдэг цор ганц хүн хэмээн цоллуулдаг “Matrix”-ийн Бачкатай ирэнгүүтээ ярилцсанаа сая л мэдлээ. Хүмүүс орж ирээд “Захирлын тайралт хийлгэнэ” гэж хүлээн авагч бүсгүйд хэлнэ. Тэр нь салоны захирал Бачкагаар үсээ тайруулж, янзлуулна гэсэн үг. Үсчид нь 27500 төгрөгөөр үс тайрдаг бол захирал нь 50 мянган төгрөгөөр ийм үйлчилгээ үзүүлнэ. Үйлчлүүлэгчид нь урьдчилаад цаг авчихдаг учир Бачка хүмүүсийг ийн хүлээж суудаг аж. Ерөнхийдөө арванхоёрдугаар сарын 5-наас шинэ жилийн үс засалт, нүүр будалт эхэлжээ. Өнөө жил бүсгүйчүүд шинэ жилийн үдэшлэгтээ үсээ маш энгийнээр янзлуулж байгаа бөгөөд зөөлөн, даруухан өнгийн будалт хийлгэж байгаа аж.

Шинэ жилийн гоёлын засалт эмэгтэйчүүдийн хувьд 50-65 мянга, эрэгтэйчүүдийнх 15-20 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Эрчүүд дунджаар сард хоёр удаа үсээ засуулдаг бол эмэгтэйчүүд улиралд нэг удаа орж ирдэг гэнэ. Харин олны танил хүмүүсийн хувьд бол өөр л дөө. Түмний нүдэн дээр ил байдаг болохоор өдөр бүр орж ирдэг эрхмүүд бий.

Эдний байнгын үйлчлүүлэгчид гэвэл “Sweetymotion” хамтлагийнхан юм. Тэд 1998 оноос эхэлж Бачкатай найзалж, олон жилийн турш гоо сайхнаа даатгасаар иржээ. Тус хамтлагийнхан гурвуулаа авахуулсан томоос том жаазтай зургаа салоны хамт олонд дурсгаж, дээр нь сэтгэгдэл, гарын үсгээ зурсан нь хананд өлгөөтэй байна. “Гурван охин” хамтлаг, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, топ модель Э.Одгэрэл, дуучин Э.Оюумаа, “Камертон”, “Люмино” хамтлагийнхан, “Харанга”-ын Лхагваа, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Чоно” хамтлагийн Дэрмээ гээд эдний байнгын үйлчлүүлэгчдийг дурдвал их урт санж. Урлаг, рок попынхноос гадна спортынхон, бөхчүүд, УИХ-ын гишүүд, томоохон компанийн захирлууд “Matrix”-аар байнга үйлчлүүлдэг юм байна. Ийн үйлчлүүлэгчдийнх нь тухай сонирхож байтал гаднаас бөх бололтой, том биетэй залуу орж ирлээ. Харваас бөх шинжтэй, явж байгаа, сууж байгаа нь. Нэг л харсан царай. Тэгтэл дуучин Р.Дэлгэрмаа үсээ янзлуулахаар орж ирэв.

Шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд оролцох гэж байгаа бүсгүйчүүд эдний салоноор орж ирээд үс гэзгээ гоё болгуулчихаад нүүр будалт хийлгэж, хумсаа ч буудуулаад бүрэн үйлчилгээ авах нь түгээмэл гэнэ. Тус салоны гоо сайханч А.Алтанзул “Шинэ жилийн хумс будалтад зөөлөн, дулаан өнгө аяс зонхилж байна. Хумсны лакны хувьд бүсгүйчүүд ягаан, уусгалттай будалтыг сонгож байна. Хумсны сарыг үлдээсэн будалтыг илүүтэй сонгож байгаа. Хүний хумс сарны хэсгээрээ амьсгалдаг. Сүүлийн үед чанартай, тогтоц сайтай будаг хэрэглэх болсон болохоор эрүүл мэндийн талаасаа ингэж бодолцох болжээ. Нүүр будалтын хувьд ч хөнгөн, энгийн зөөлөн, будалтууд давамгайлж байна. Хөмсөг, уруулаа тод будаж байна” гэлээ. Монгол бүсгүйчүүдийн нүүрний онцлог, нүдний өнгө нь Ази, Европ хэв маягийн аль ч будалтыг шингээж, гаргаж чаддагаар өвөрмөц гэнэ. Гоо сайханч А.Алтанзул энэ мэргэжлээрээ зургаан жил ажиллаж байгаа аж. Тэрээр “Үсээ гоё засуулаад, нүүрээ сайхан будуулчихаад гараа тоохгүй орхивол зохимжгүй. Хүмүүс уулзахдаа хамгийн түрүүлж гар барин мэндчилдэг. Гар бол тэр хүний талаарх эхний мэдээллийг өгдөг. Тийм болохоор гар, хумсныхаа гоо сайхныг орхигдуулж болохгүй. Лак сонгохдоо америк, япон, солонгосынхыг сонговол зүйтэй шүү” гэж зөвлөлөө. Хумсаа энгийнээр янзлуулъя гэвэл 22 мянга, гоёлын гелен хумстай болъё гэвэл 30800 төгрөгийн үнэтэй юм байна. Хөмсөг янзлахад 5500 төгрөг. Нүүр будалтын хувьд энгийнх бол 38500, гоёлынх нь 44 мянган төгрөг.

Ийн гоо сайханчидтай ярьж суутал өнөө бөх залуу үсээ засуулчихаад гараад явчихаж. Түрүүхэн л үсээ угаалгаад цагаан алчуураар толгойгоо боочихсон сууж байсан юм. Дуучин Р.Дэлгэрмаа үсээ янзлуулаад дуусч байна. Тэрээр “Би эдний салоноор үйлчлүүлдэг болоод удаагүй. Манай гэр ойрхон байдаг болохоор энэ салоныг сонгосон” гэлээ. Түүнээс “Түрүүний энд сууж байсан бөх хэн юм бэ” гэж асуувал дуучин бүсгүй маань “Улсын харцага А.Бямбажав шүү дээ” гэлээ. Тэгэхээр нь “Би бөхчүүдийг зурагтаар зодог, шуудагтайгаа байхад нь харахаараа сайн таньдаг юм. Зодогны өнгө, цээжний хэлбэрээр нь ялгадаг. Жишээ нь, Б.Гончигдамбын зодог нь ягаавтар” гэвэл “Чи түрүүн Бямбажав харцагыг цамцаа тайлаач. Цээжийг чинь нүцгэнээр нь харъя гэхгүй дээ” гэж хошигнолоо. Тэрүүхэн тэндээ бөөн инээдэм болцгоов.

Эднийхээр гадаад хүмүүс бас үйлчлүүлнэ. Буурал толгойтой, настайвтар европ эр орж ирлээ. Халимгаа багасгах гэж байгаа бололтой үсчиндээ үсээ хэр их тайрахыг хуруугаараа баримжаалан заах аж. Үдээс хойш оройхон тийш ачаалал нэмэгдэнэ. Шинэ жил дөхөхөөр тэр талаар ярилтгүй. Үсээ янзлуулах гэсэн хүмүүс хүлээлгийн хэдэн сандлыг дүүргэнэ. Ийн зав зайгүй ажиллаж үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай гаргаад шинэ он солигдохын өмнө буюу 31-ний 18 цагт сая нэг юм ажлаасаа бууцгаадаг гэнэ, “Matrix” салоныхон.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Э.Минжинсор: Эх нутагтаа гүйгүүл морь шиг тэмүүлсээр ирлээ

Дуучин Э.Минжин­сортой ярилцлаа.

Сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Эх орондоо ирээд арав хонож байна.

Бүр ирэв үү, түр ирэв үү?

-Бүр ирлээ.

Та эх орондоо хэдэн жилийн дараа ирж байна вэ?

-Энэ сарын сүүлээр охид маань долоон нас хүрнэ. Тэгэхээр би Америкт найман жил болсон юм байна шүү.

Өнгөрсөн хугацаанд хаагуур амьдарч байсан бэ?

-Нью-Йорк, Нью-Жерсид амьдарч байсан. Миамид хэсэг хугацаанд амьдарсан ч тэндхийн агаар нь таарахгүй байсан болохоор буцаад Нью-Йорк руу очсон.

Тэнд ямар ажил эрхэлж байв?

-Бусдын жишгээр л амьдарч эхэлсэн. Бааранд бартендер хийж байлаа. Тэгээд удалгүй хөл хүнд болоод, хүүхдүүдээ өөрөө өсгөе гэж шийдсэн. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээд нэг хэсэг ажил эрхлээгүй. Сүүл рүүгээ нэг компанид бичиг цаасны ажил түр хийж байгаад гарсан.

Таныг ихэр охидтой болсон, Америкт амьдарч байгаа талаар фэйсбүүк хуудаснаас тань хардаг байлаа. Таныг Грек залуутай сууж байгаад хоёр тийш болсон гэж дуулсан?

-Тэгсээн. Грек залуу байсан. Бүтээгүй ээ. Их хурдан салсан. Ээжтэйгээ ойрхон байж, ээжтэйгээ хамт охидоо өсгөлцөж байгаад ирсэн.

Та Америк явахаасаа өмнө залуусын дунд од байж, хэвлэлийн хуудсыг чимдэг уран бүтээлч байсан?

-Тийм байсан уу, бүр мартчихаж. Ер анзаардаггүй байжээ. Би 2006 оны наймдугаар сард явсан юм байна.

-“Spike” хамтлаг анх яаж байгуулагдаж байсан бэ. Тэр түүхийг өнөөдөр яривал дурсамжтай юм?

-Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны ангид хамт сурдаг байсан Уянгаа гэдэг найз маань надад “Хамтлагт орох уу” гэж хэллээ. Би тухайн үед ганцаараа уран бүтээл хийдэг юм уу гэж бодож байсан юм. Тэгээд Маралаа (Д.Маралгуа), Туяа (Б.Мөнхтуяа) хоёртой танилцаад гурвуулаа хамтлаг байгуулсан. Дараа нь Номикоо (Э.Номин-Эрдэнэ) маань нэмэгдсэн. Номико, Маралаа, Туяа гурав маань Хөгжим бүжгийн коллежийн нэг анги байсан юм. Ингэж л хамтлагаа байгуулж байлаа. Жаахан охид байжээ. Дөнгөж л 18 настай байж.

Нэг хамтлаг гэгдээд явж байсан тэр сайхан үеийн сэтгэлээс гардаггүй мөчүүд олон л байдаг байх?

-Бид дөрөв хамт амьдарч байсан. Тэр мөч их гоё. Их дэлгүүрийн хойно байранд амьдардаг байлаа. Хамтдаа хоолоо хийж иднэ, дөрвүүлээ хамт унтана. Бэлтгэлээ хамт хийнэ. Оюутан байсан болохоор хичээлийн хажуугаар хамтлагийн ажлаа зохицуулахад жаахан хэцүү байлаа. Бүгдээрээ шөмбийтлөө турцгааж билээ (инээв).

Манай үеийнхэн биднийг зөндөө л их сонирхдог байлаа. Зарим нь дэмжинэ. Бахархацгаана. Бид чинь Монголын анхны охидын хамтлаг гэж явдаг шүү дээ. “Spike” бол Монголын анхны охидын хамтлаг.

1997 онд хамтлаг маань байгуулагдаад “Пентатоник” наадмаас Шинэ, шилдэг хамтлагийн шагналыг авч байсан. Бид гадаад дуу дуулж эхлээд дараа нь өөрсдөө дуугаа зохиодог болсон. Дандаа л өөрсдийн зохиосон дуугаа дуулдаг байв.

-“Spike” хамтлаг дахин тайзнаа гарах уу?

-Яагаад болохгүй гэж. Маралаа энд хүрээд ирэх юм бол дөрвүүлээ дурсах маягаар ганц хоёр уран бүтээл хийж болно л доо.

Америкт байхдаа Монголын рок попын ертөнцийг ажиглаж харж л байсан байх?

-Гоё санагддаг байсан. Монгол маань хөгжчихсөн байна. Шинэ хамтлаг, дуучид их гарч ирсэн байна. Бахархаж байна аа.

Дуучин Ж.Чингэстэй хамтарч дуулсан “Дөрвөн улирал хоёр амраг” дуу тань одоо ч дуулагддаг. “Зүүдэнд ургасан тэр минь” дуу ч тэр?

-Тийм үү. Гоё дуунууд шүү. Миний дууг сонсч, дагаж дуулдаг байсан фенүүд маань одоо гуч дөнгөж гарч байгаа залуус болсон байх аа.

Уран бүтээлүүдээс тань түмэнд хүрсэн гэвэл ямар дуунуудаа нэрлэх вэ?

-“Нууцхан хайр”, “Зүүдэнд ургасан тэр минь”, “Нүцгэн байхыг минь битгий хараарай” гээд л дуулсан дуу болгон маань хүнд хүрдэг байжээ, одоо бодоход.

Охид тань Монголд ирээд хэр дасч байна вэ?

-Монгол орчин дутаад байсан болохоор бүр зориуд эх орондоо авчирлаа. Тэнд нэгдүгээр ангид сурч байсан юм. Хичээлдээ гайгүй байсан л даа. Одоо Монгол сургуульд яваад хэл ус сураад болчих байх аа. Охид маань Монгол яасан гоё үзэсгэлэнтэй юм бэ гээд л байгаа. Би охиддоо “Ээж нь Монголоо санаад байна” гэж дандаа хэлдэг байсан. Дандаа Монгол эх орноо ярьдаг байсан болохоор охид маань Монголын талаар сайн мэднэ. Тэднийгээ өөр шигээ Монголдоо сэтгэлтэй хүмүүс болгож өсгөмөөр байна. Би Америкт амьдаръя гэж яваагүй. Хөгжье, судалъя гэж явсан. Тэндхийн рок поп гэж юу байдаг юм. Орчинд нь очиж мэдэрье. Яаж сэтгэж байна, түүнийг судалъя л гэж явсан. Сайн ч судаллаа, ойлголоо. Сонирхолтой л юм билээ. Түүнээс биш Америкт үлдье, харлая, амьдаръя гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй. Тийм учраас эргэж ирсэн.

Таныг олон хэл судал­сан. Энэ тал дээр нэлээд боловсролтой гэдэг?

-Олон хэлээр ярьдаггүй ээ. Сурч байсан гэвэл Орос, Франц гээд европ хэлнүүд байна.

Эх орноо санах үед танд юу хамгийн түрүүнд санагддаг байсан бэ?

-Хэцүү ш дээ. Гэнэт гэнэт л нутгаа санана. Унтаж байгаад л гэнэт сэрэхээр цээж хөндүүрлэчихсэн байна. Тэгээд л нүдэнд Монголын минь ус уул, тал, байгаль, сайхан газрууд нүдэнд үзэгдээд санана. Урлагийнхан чинь эх оронч хүмүүс байдаг юм байна гэж надад санагдсан. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж ярьцгаадаг. Энэ үг надад таалагддаггүй. Эмэгтэй хүн ч гэсэн гүйгүүл морь шиг эх нутаг руугаа тэмүүлдэг гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Би тэмүүлсээр байгаад л нутагтаа ирлээ. Нутагтаа газардах мөчид нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн. Би тэгнэ гэж хэзээ ч бодоогүй. Огшоод л явчихдаг юм билээ. Ингээд ярихаар л нулимс өөрийн эрхгүй гарах гээд байна (Нүдэнд нь нулимс цийлэгнэв).

Манай монголчууд их зөөлөн харьцаатай хүмүүс юм. Үйлчилгээ нь ч сайхан болчихож. Их хөөрхөн юм. Бие биенээ гэсэн сэтгэлтэй, нэг гэр бүл шиг юм гэдэг нь анзаарагдаж байна. Бие биенээ муулдаг гэцгээдэг. Тэр бол яах вэ, байх л асуудал. Стресстэй болохоор л тэгж байгаа юм. Түүнээс биш жинхэнээсээ, үнэн сэтгэлээс тэгж байгаа юм биш ээ гэж бодож байна.

Монголчууд маань хөгжих явцдаа дайрч гарах ёстой саад бэрхшээлээ даваад л гарч байна. Бид илүү эвтэй байж гэмээнэ хүчтэй байна. Монголчууд монголчуудаа л хайрлана. Монголчуудыг өөр хэн хайрлах юм бэ. Ийм л зүйлс надад гүн гүнзгий орж ирсэн. Үүнийг л бүгд ойлгоосой.

Тайзаа хэр санав. Уран бүтээлч хүн үзэгчдийн алга ташилтаас урам авдаг?

-Урлагт нэг л орсон бол гарч чаддаггүй гэдэг чинь үнэн юм байна. Яагаад гэвэл дотроос шинэ дуу гаргамаар, шинэ юм хиймээр хүсэл төрөөд байдаг болчихдог. Тэрийгээ хаачихаар бөглөрөөд байдаг юм байна. Тэрийгээ гаргая гэж бодож байна. Тэнд байхдаа шинэ жил болгоноор хотуудаар явна шүү дээ. Шинэ жил дөхөхөөр л дуудацгаана. Жилдээ нэг тайзан дээрээ гарчихдаг байсан. Урлагийн хүн болохоор уран бүтээлээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн байдаг ч юм уу, тоглолтоор явахад нэг л гоё байдаг. Гэхдээ хүүхдүүдээ өсгөх их ажлын хажуугаар Америкт байхдаа уран бүтээлдээ төдийлөн анхаарал хандуулж чадсангүй. Хоёрын хоёр хүүхдийг өөр хүнээр харуулж, өсгүүлэхийг хүсээгүй. Төрснөөс нь өдийг хүртэл өөрөө сэвлэгийг нь үнэрлэн байж өсгөж байна. Би анхнаасаа л хүүхдүүдээ ингэж өсгөнө гэж өөртөө амласан байсан.

Охид тань таны дуулах авьяасыг өвлөж үү?

-Хоёулаа урлагийн авьяастай. Нэг нь урлаг талдаа, нөгөө нь компьютер график сонирхож байна.

Таны “Залуу нас” дуу шуугиан тарьж, хүүхэд залуус гэлтгүй бүгд сонсдог байлаа. Та ингэхэд нийт хичнээн дуу, цомог гаргаад байгаа вэ?

-“Шидэт тагтаа”, “Ил далд”, “Цэнхэр алим” гээд зургаан цомог гаргасан. Хичнээн ч дуу гаргасан юм бэ дээ. Тоог нь сайн мэддэггүй ээ. “Залуус нас” дуу бол сэтгэлээс гарсан уран бүтээл.

…Цаг агаар тааруу байна гээд

Цонх ширтэн зогсохгүй хэрэггүй…гэж гардаг. Энэ мөртүүд надад үргэлж бодогддог. Цаг агаар ямар байх нь хамаагүй. Үргэлжлүүлээд л явах хэрэгтэй, амьдралд. Сэтгэл санааны байдалдаа битгий захирагд л гэсэн үг шүү дээ.

Урлагийн хүн болохын тулд та ямар саад бэрхшээлүүдийн ард гарсан гэж боддог вэ?

-Ерөөсөө бууж өгөөгүй. Үргэлж тэмцсэн. Дуртай байсан болохоор намайг юу ч зогсоогоогүй.

Та 2000 оны эхээр билүү дээ. Нүүрний арьсаа солиулсан гэх шуугиан тарьж билээ?

-Зун гэрийнхэнтэйгээ ойрхон, хөдөө яваад ирсэн чинь тэгээд борлочихсон ш дээ. Бов бор болчихсон (инээв). Найзууд маань чи яачихсан юм бэ гэж асуугаад л. Хүүхдийн тос түрхээд байсан чинь тэгээд борлочихсон ш дээ. Үнэн түүх нь гэвэл тийм л байна.

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Дэлхийн түүх, улс төр сонирхож уншина.

Нааш ирэхээсээ өмнө Монголд очоод хамгийн түрүүнд юу хийнэ, юу иднэ гэж төлөвлөж байсан бэ?

-Элэгний нухаштай талх иднэ дээ гэж бодогдоод байсан. Бас маслотой талхи иднэ гэж бодсон. Бууз, хуушуур гээд л монгол хоолнууд гоё шүү.

Та хотын уугуул хүүхэд билүү?

-Тийм. Би Улсын их дэлгүүрийн энд төрсөн. Дөчин мянгатын хүүхэд.

Аав, ээж тань аль нутаг усны хүмүүс юм бэ?

-Аав маань Ховдынх. Манай ээж Улаанбаатарынх.

Та урлагийн чиглэлээр ямар сургууль дүүргэсэн юм бэ?

-Урлагийн чиглэлээр сураагүй. Ерөөсөө байгалиас заяасан авьяасаар л дуулаад явж байгаа. Намайг урлагт чиглүүлж, зааж сургасан хүн бол Офицеруудын ордны хормейстэр Нандиа багш. Мөн “Хөх тэнгэр” хамтлагийн Буян-Өлзий ах байна. Манай “Spike”-ийн нөгөө гурав маань хөгжим бүжгийнх болохоор тэднээсээ их юм сурсан. Аав маань эх баригч мэргэжилтэй ч урлагийн их авьяастай өөрөө тоглолт найруулаад, дунд нь орж жүжиглэж дуулаад л явдаг хүн байсан гэдэг.

Би өөрийнхөө амьдралд баярлаж явдаг юм. Хоёр сайхан охинтой боллоо. Өмнө нь ганц бие байхдаа гэр рүүгээ төдийлөн яардаггүй байлаа. Ажлаа тараад гэр рүүгээ харина гэхээр ганцаараа байх хэцүү. Гэтэл одоо болохоор охид руугаа яаран яаран харьж байгаа юм чинь, гоё.

Миний хувьд монголчууд хамгийн гоё ард түмэн. Үнэхээр сайхан хүмүүс байдаг юм. Хүн нутгаасаа гарч байж нутгаа их үнэлдэг юм байна. Эх орондоо ирээд анхныхаа ярилцлагыг “Өдрийн сонин”-д өгч байгаадаа баяртай байна. Ингээд монголчууддаа ирж буй шинэ ондоо санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, бүгдээрээ эв эетэй байгаасай гэж хүсч байна. Миний хувьд тун удахгүй уран бүтээлдээ ханцуй шамлан орж олон сайхан дуугаар бэлэг барина гэдгээ хэлье.

Д.ГАНСАРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист 4.3 сая ам.доллар буюу найман тэрбумаар зарагджээ

Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 4.3 сая ам.доллараар зарагдлаа. Уг хүрэл цутгамлыг 200-300 мянган еврогоос дуудсан юм. Албан бус мэдээллээр уг бурханыг Тайванийн нэгэн иргэн худалдан авсан гэнэ. “Sotheby’s” компанийнхан дуудлага худалдааны мэдээллийг ихэд нууцалж, ямар хүмүүс уг худалдаанд үнэ хаялцсаныг мэдээлээгүй байна. Дуудлага худалдаа энэ сарын 11-нд манай цагаар 17 цагт эхэлсэн бөгөөд 20 цагийн үед өндөрлөж Монголын соёлын үнэт өв болсон Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан ойролцоогоор 8.1 тэрбум төгрөгөөр зарагдсан юм. Дуудлага худалдааны өмнөх өдөр энэ талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээлж, олон нийтийн сонорт хүргэсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тухайн өдөр Францын талд дуудлага худалдаагаар уг бурханыг худалдахгүй байхыг хүсээд Ногоон дарь эх бурхан чухам ямар замаар явсаар дуудлага худалдаагаар зарагдахаар болж буйг тайлбарлахыг албан ёсоор хүсч, худалдааг зогсоох саналтай байгаагаа мэдэгдсэн. Гэтэл энэ хүсэлтийг Францын тал хүлээн аваагүй. Дуудлага худалдааны “Sotheby’s” компани нь дэлхийд энэ чиглэлээр алдартай байгууллага. Тус компани дуудлага худалдаагаар зарагдсан үнэт өв, ховор эд зүйлсийн жагсаалтаа жил бүр каталоги болгон гаргадаг юм байна.

Энэ компанийн дуудлага худалдаагаар сүүлийн жилүүдэд “Монголын Занабазарын хийц, дэгээр бүтээгдсэн” гэх тодотголтой хэд хэдэн бурхан зарагдсан юм байна. 2005 оноос хойш “Sotheby’s”-худалдаагаар “Занабазар сургууль” гэсэн тодотголтой 5-6 бурхан зарагджээ. Уржигдар Парис хотноо зарагдсан Ногоон дарь эхийн 30.7 см өндөртэй, хүрэл цутгамлыг “Sotheby’s” компанийнхан ямар нэг хууль бус аргаар олж авсан эд биш, бүх юм хууль ёсны дагуу болсон гэж тайлбарлажээ.

Монголын Засгийн газраас Занабазарын урлагийн бүтээлүүдийг 1920-иод оноос хойш худалдахыг хориглосон байдаг юм байна. Гэтэл “Sotheby’s” компанийн албан ёсны цахим хуудсан дээр эл Ногоон дарь эхийн цутгамлыг 1954 онд Жан Клаудэ Моро Гоборд гэх хүн Парист худалдаж авсан гэж танилцуулсан байсан нь монголчуудын анхаарлыг татсан. “Sotheby’s”-аар зарагдсан “Занабазарын сургууль” гэж тодотгосон бурхдын гарал үүслийн талаар бичсэн тайлбаруудыг харахад 1989 он, 1998 онд гадаадын ямар нэг иргэн хаанаас ч юм худалдаж авсан гэсэн байх юм.

2013 оны есдүгээр сард “Sotheby’s”-аар Занабазарын хийцийн Буддагийн алтадсан цутгамал 40-60 мянган ам.доллараар дуудагдаж 75 мянган ам.доллар хүрч зарагдаж байжээ. Өмнөх худалдаануудаас харахад Занабазарын гэх “шошго”-той ямар нэг бүтээл 4.3 сая ам.доллар хүрч байгаагүй аж.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ажилтнууд шуугиан тариад байгаа Ногоон дарь эх бурхны хүрэл цутгамлын зургийг хараад Занабазарын хийц мөн эсэх дээр санал хуваагдаад байгаа аж. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам энэ асуудлыг тодруулахаар Ажлын хэсэг байгуулахаар болсон.

Өндөр Гэгээний бурхан урлах, бүтээх арга нь Бутаныхтай төстэйг Францын түүхч, судлаач нар тогтоожээ. Учир нь Өндөр Гэгээн Бутан, Балбаас уран барималчид авчирч бурхан бүтээлгэж байсантай холбоотой гэж үздэг аж.

1960-аад он хүртэл Богд хааны ордон музейд Монголын соёлын өвийн сор болсон бүхий л бүтээл, эд зүйлс бөөнөөрөө хадгалагдаж байгаад бусад музей рүү тараагдсан түүхтэй гэнэ.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Түвд судлаачдын том хурал Монголд болсон. Уг хурлын үеэр судлаачид Богд хааны ордон музейд судалгаа шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр дэлхийн судлаачид “Энэ музей бол гайхамшигтай. Баялаг өвтэй юм байна. Дэлхий дээр ийм их үнэт үзмэртэй музей бараг байхгүй. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нь нийлүүлбэл нийтдээ энэ музей найман тэрбум еврогийн үнэтэй” гэж үнэлээд “Гэхдээ энэ байдлаараа байвал уг музей таван жилийн дараа нурж устана” гэж дүгнээд явжээ.

Занабазарын хийцтэй гэлтгүй Монголын соёлын үнэт өв, түүхийн чухал эд зүйлс янз бүрийн замаар хилийн чанадад гардаг. Гэхдээ эдгээрээс хамгийн том хоёр сувгийг зарим учир мэдэх хүмүүс хэлж байна. Социализмын үед зочилж ирсэн гадны орны зарим удирдагчдад түүхийн үнэт өвөө бэлэг дурсгал болгон барьж байсан тохиолдол байдаг гэнэ. Нөгөө нэг нь гадаадад үзэсгэлэн гаргах нэрээр түүх, соёлын үнэт өвүүдийг авч яваад дахиж эх оронд нь авчраагүй тохиолдол бий аж. Энэ тухай энэ чиглэлээр олон жил ажилласан нэгэн эх сурвалж өгүүлсэн юм. 1990-ээд оны дунд үед буюу 1994-1995 онд Монголын түүх, соёлын ховор үзмэрүүдийг гадаадад үзэсгэлэнд дэлгэж үзүүлнэ гэсэн нэрийдлээр авч явжээ. Тэдгээр үзмэрүүдийг буцааж авчраагүй бөгөөд энэ тухай мэдээллийг тухайн үед маш ихээр нууцалж, Гэгээрлийн яаманд ажиллаж байсан, энэ үйл явдлыг мэдэх гэрчүүдийг бүгдийг нь дуугүй болгож байжээ.

Хэрвээ энэ үнэн бол гадаадад дуудлагаар зарагдаж байгаа Монголын түүх, соёлын үнэт зүйлсүүд бүгдээрээ хуурамч түүхтэй болж таарах нь. Тэгвэл уржигдар зарагдсан, 1954 онд Парист худалдаж авсан гэгдээд буй Ногоон дарь эх маань 1995 оны үед эх орноосоо гараад эргэж ирээгүй үнэт зүйлсийн нэг болж мэдэх юм.

Богд хааны ордон музейг гадны судлаачид шагшин магтаж найман тэрбум еврогоор үнэлсэн нь зарим нэг шунахай сэтгэлтний шуналыг хөдөлгөж болзошгүй. Богд хааны ордон музейн тайлбарлагчаар ажиллаж байсан Г.Ням-Очир тус музейн харуул хамгаалалт, камерын систем нь муу гэдгийг хэлж байна. Тэрээр “Өндөр Гэгээний урласан бүтээлийг асар их үнээр худалдаж авсан нь түүнийг ямархуу уран барималч байсныг илтгэж байна. Түүнийг дэлхий биширч байна гэдгийг харуулсан үйл явдал боллоо. Ирэх жил түүний мэндэлсний 380 жилийн ой тохионо. Богд хааны ордон музейг яаралтай хамгаалалтдаа авах нь зүйтэй. Бүхэл бүтэн найман тэрбум еврогийн үнэтэй музей шүү дээ. Гэтэл хажууд нь баригдаж байгаа барилга байгууламж нь дөнгөж л 10, 20 сая ам.долларын л өртгөөр боссон. Богд хааны ордон музейг улс хамгаалалтдаа авахгүй бол Занабазарын хийцтэй урлагийн бүтээл гэлтгүй дахин давтагдашгүй олон зүйл устахдаа тулж байна” хэмээсэн юм.

Д.САРУУЛ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

“Ээж нь удахгүй ирнэ” гэж хэлээд хүүгээ зочид буудалд орхиод явжээ

-ЗОЧИД БУУДЛЫНХАН ХҮҮГИЙН ЭЭЖИЙГ ХОЁР ӨДӨР ХҮЛЭЭГЭЭД ЭЦЭСТ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДСАН БАЙНА-

Өнгөрсөн сарын 27-нд Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хайрхан” зочид буудалд нэгэн эмэгтэй гурван настай хүүгээ орхиод явсан хэрэг гарчээ. Хүүгийн ээж “Би ойрхон дэлгүүр орчихоод ирье. Хүүг маань харж байгаарай” гэж тус буудлын ажилтнуудад хэлчихээд явжээ. Буудлынхан эмэгтэйг ирнэ, хүүгээ авах байх гэж хоёр өдөр хүлээгээд эцэст нь цагдаагийн газарт хандсан байна. Ингээд хүүг 29-ний шөнө дунд Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах төвд авчирчээ. Өчигдөр хүүг журмын дагуу тус төвийнхөнСонгинохайрхан дүүргийн Гэр бүлийн хөгжлийн төвд шилжүүлсэн байна.

Хүүг авчрахад хувцас хунар нь хиртэй, усанд ороогүй нэлээд удсан шинжтэй байжээ. Түүнийг эс тооцвол яриа хөөрөөтэй, хүнээс бишүүрхдэггүй сэргэлэн цовоо юм гэнэ. Төвд хүргэгдэн ирэхэд нь үзлэг хийхэд ямар нэг шарх сорвигүй, биеийн байдал нь сайн байжээ. Хүү чухам юу болсон талаар тус төвийн ажилтнууд болон зочид буудлын хүнд ийн ярьсан байна. “Ээж бид хоёр гэрт амьдардаг. Аав Зүүнхараад байдаг. Миний дүү ээжийн гэдсэнд байгаа. Ээж маань архи уучихаад байдаг. Намайг буудалд үлдээхдээ удахгүй ирнэ гэж хэлээд явсан. Аав маань бид хоёртой удаан байдаггүй. Би ээжийгээ санаж байна. Намайг ирж ав гэж хэлээд өгөөрэй. Ээжид гар утас байхгүй. Ээжийг Цэцгээ гэдэг. Саппорогийн Батаагаас асуувал мэднэ” гэж ярьж байжээ. Хүүг Түр хамгаалах байранд тав хоног байхад ар гэрийнхнээс нь гэж ямар нэг хүн сураглаж ирээгүй байна. Харин аав нь гэх хүний сураг дуулджээ. Ээжээс нь сураг гараагүй аж. Түр хамгаалах байранд янз бүрийн хүүхэд, хүмүүс ирдэг. Гэвч зочид буудалд хаягдсан хүүхэд ирж байсан тохиолдол үгүй гэнэ. Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзана “Эцэг эхийн хариуцлагагүй, хайнга байдлаас болж ийм явдал гардаг. Хүүхдээ жалга, орц гээд элдэв янзын газарт хаяж явдаг. Зочид буудалд хүүхдээ орхисон анхны тохиолдол нь энэ болж байна. Харин үүнд нэг зүйлийг онцлон хэлэхэд “Хайрхан” зочид буудлын ажилтнуудад талархах хэрэгтэй. Хэний ч юм хүүхдийг хоёр хоног буудалдаа байлгаж, хооллож ундлан ээжийг нь ирнэ гэж хүлээсэн байгаа юм. Хэрвээ тэдний оронд муу хүмүүс байсан бол яана гэж бодохоор. Энэ хүйтэн сэрүүн үед гудамжинд хөөгөөд гаргачихсан бол яах юм бэ. Ямар ч байсан сайхан сэтгэл гаргаж хоёр хоног дэргэдээ байлгаад эцэст нь иргэн хүнийхээ үүргийг биелүүлж цагдаагийн газарт хандсан байна” гэлээ. Иймэрхүү төрлийн хэрэг их гардаг болжээ. Эцэг эхчүүд өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдээ алга болгочихоод араас нь нэхэл дагал болдоггүй байдал ч олон бүртгэгдсэн байна. Түр хамгаалах байранд эцэг эхээсээ төөрсөн нэгэн хүүхэд есөн сар болсны эцэст хамаатнууд нь хайж ирсэн тохиолдол гарсан гэнэ.

Түр хамгаалах төвийнхөн “Хүүг үлдээсэн зочид буудал Саппорогийн хойно, нэгдүгээр хорооллын арын зам дагуу байдаг гэсэн. Тэнд маш олон зочид буудал байдаг. Чухам хаана гэдэн нь тодорхойгүй. Тэнд л байдаг гэж авчирсан хүмүүс нь хэлсэн” гэж байлаа.

Нэгдүгээр хорооллын арын зам дагуу маш олон зочид буудал, дэн буудал, motel, hotel гэсэн нэршилтэй газрууд байна. Зарим нь ямар ч хаяггүй. Хаалганы бариулууд нь хугарчихсан учир үйлчлүүлэхээр очих хүмүүс хаалгыг нь өшиглөх буюу цонхны шилийг нь тогших аж. Тэндхийн буудлуудаас “Хайрхан” зочид буудлын талаар асууж, гурван настай хүүгээ орхиж явсан эхийн талаар сураглавал “Манай энэ хавьд тийм хэрэг болсон юм уу. Ямар хүн нь тэгдэг байна. Саппоро, 32-ын тэнэмэл, архичдаас л тийм хэрэг гарна даа. Энэ хавиар хайж явбал тэр буудал нь олдох байлгүй. Энд чинь зочид буудал оготнын нүх шиг олон” гэцгээж байлаа. Тэр хавийн буудлууд үнэ хямд, хоногийн 8-15 мянган төгрөгийн үнэтэй аж.

Тухайн хэсгийг хариуцдаг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж хэргийн талаар тодруулахад ямар нэг мэдээлэлгүй байлаа. Нэгдүгээр хорооллын арын зам дагуу маш олон хаягтай, хаяггүй, элдэв янзын муухай зочид буудал байдаг. Хүүхдээ зочид буудалд орхисон гэх ямар нэг дуудлага мэдээлэл тэмдэглэгдээгүй гэсэн хариулт өгсөн юм.

Саппорогийн арын 11 дүгээр байрны оршин суугчдаас хэргийн талаар тодруулахад “Манай арын энэ олон зочид буудлаас гарахгүй хэрэг гэж байхгүй. Юу ч гарч мэднэ. Орой үдэш хажуугаар нь явахад аюултай. Согтуу галзуу хүмүүс зодолдож хашгиралдаад түгшүүртэй. Саяхан энэ хавийн хэдэн буудлуудын үйл ажиллагааг зогсоосон гэсэн. Эдгээрийг эмх цэгцтэй болгох цаг нь болсон” гэж байлаа.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн хямралаас гарахад монголчуудад эх оронч санаачилга хэрэгтэй

Хөрөнгийн биржийн ажилтнууд өөрсдийн санаачилгаар цалингаа 30 хувиар бууруулжээ. Энэ бол хямралын үед улсынхаа төлөө хийж байгаа иргэн хүний хамт олноороо нэгдэж гаргасан эх оронч санаачилга.

Монгол Улсын эдийн засаг хямралтай, улс маань хямарч байна. Бид энэ хямралаас гарахын тулд эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, түүний төлөө зовох зүрхтэй байх ёстой. Монгол Улсынхаа төлөө бид л санаа тавихгүй юм бол өөр хэн санаагаа чилээх юм. Түрүүчээсээ санаа тавьж эхэлж байгаагийн илрэл нь Хөрөнгийн биржийнхний дээр дурдсан санаачилга юм. Энэ бол хямралын үеийн баярт мэдээ.

Дэлхийн улс орнууд хямрал нүүрлэхэд яадаг вэ. Хямралыг янз бүрээр даван гарч ирсэн олон түүхэн жишээ бий. Дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн нь Америкийн 1929 оны аравдугаар сарын 29-ний их хямрал. Ажилгүйдэл, ядуурал, хоосрол, гэмт хэрэг ар араасаа хөвөрч зовлонгийн гинжин хэлхээг үүсгэсэн тэр үед Франклин Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд ажлын өргөн фронт бий болгосон байдаг.

Ажилчдын лагерууд олон тоогоор үүсч хүмүүс юун амрах, зугаацах зөвхөн ажлын төлөө, хямралаас гарахын тулд морь, нохой мэт зүтгэж сардаа ганцхан удаа амсхийж, олсон хэдэн доллараа ар гэр рүүгээ илгээнэ. Дайны угтвар үед төрийн захиалгыг хүнд үйлдвэрүүдэд өгч зэвсэг, техник хийлгэсэн нь ажилгүйдлийг арилгах, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон гэдэг. Дараа нь нефтийн болон хөлөг онгоц босгох салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжиж ажлын байрыг олноор нь бий болгосон нь арваад жил үргэлжилсэн хямралын хар үеийг цайруулахад асар их нөлөө үзүүлснийг эдийн засагчид тодотгодог. Энэ үед бүтээгдсэн тайз, дэлгэцийн уран бүтээл, зохиолуудад ажилчин хүн гол дүр нь байдаг. Ариун цагаан хөдөлмөрөөр нь эх орон нь шалбаагнаас өндийж, ажилчин хүний сэтгэлийн хатаар зовлонт замаас салж байгаа тухай өгүүлсэн олон арван роман, туужууд туурвигдсан билээ, тэр үед.

Нөгөө нэг жишээ бол БНСУ. 1960-аад оныг хүртэл хэрхэн хөгжих, яаж хүчирхэгжих ухаанаа олохгүй мунгинаж өөр хоорондын улс төрийн хэрүүл тэмцэлд сульдаж байсан Солонгос орон хамтын оролцоогоор сэргэн мандлын замдаа орсон гэдэг. Пак Чон Хи генерал хүн амын 80 хувийг эзэлж байсан ядуусын армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсан. Загасны аж ахуй, тариалангаас өөр юм эрхэлдэггүй байсан улсаа орчин үеийн үйлдвэржсэн орон болгохын тулд олон талт өргөн цар хүрээтэй ажлууд сэдсэн нь амжилттай болсон билээ. Хүнд үеийг хамтдаа туулаад гараад ирсэн энэ ард түмэн сүүлд нь дахин эдийн засгийн хямралд өртсөн. Солонгосыг загасчны тосгон, ядуу буурай орон биш, харин дэлхийн хэмжээний, Азийн бар улс хэвээр нь үлдээхийн тулд бүх ард түмэн нь өөрт байгаа алт, монетон бөгж, гинж, ээмэг, зүүлт зэргээ хуримтлуулж улсынхаа сан хөмрөгийг нэмэгдүүлсэн. “Би эх орныхоо төлөө ингэж сэтгэл гаргаж байна” гэдгээ нотлохын тулд солонгос эмэгтэйчүүд бусдаас урьтан улсын сан хөмрөгийн байрны гадна үүр цүүрээр очиж дугаарлан зогсч байсан гэдэг. Ингэж энэ ард түмэн эх орныхоо төлөө байгаа бүхнээ өгч байлаа. Солонгос эрчүүд алтан ээмэг, алмаазан бөгжгүй гээд бүсгүйчүүдээ хайрлахаа болиогүй. Харин ч эрэлхэг зоримог хүүхнүүдээрээ бахархаж хүндэтгэсэн талаар тухайн үед сонин хэвлэлүүдээр бичиж, кино ч хүртэл зориулж байсан билээ.

Дэлхийн II дайны дараа үнсэн товрого дундаас хүчирхэг Герман орныг босгосон түүх нь ажилгүйдлийг устгасан түүхээс өөр юу ч биш гэцгээдэг. 1945 оны сүүл гэхэд Германы төр үндсэндээ устгагдчихсан байсан бөгөөд ихэнх германчууд ялагдлын гутралд орчихсон гутранги үе байжээ.

Герман төдийгүй бүх Европ хэрэгцээнээсээ хамаагүй бага үйлдвэрлэл явуулж дээр нь их хэмжээний өрөнд баригдсан, хэн ч, юу ч худалдан авч чадахгүй болтлоо дампуурсан байж. Дайтаж явсан хэдэн зуун мянган цэрэг эрс, юу ч үгүй болтлоо сүйдэж балгас болсон хотууд, сэтгэл санааны гүн дарамттай, идэх хоол, өмсөх хувцасгүй ард түмнийг хэрхэн, юугаар хооллож, ирээдүйгээ яаж бий болгох вэ гэсэн хүндхэн асуултын хариуд Конрад Аденауэр “Ажлын байр бий болгох” гэсэн товчхон шийдэл олсон байдаг. Босоо болгоныг нь танкаар индүүдсэн баруун герман, аравхан хувь нь бүтэн үлдсэн Берлин хотыг шинээр барилгажуулж, унасан эдийн засгаа сэргээнэ гэдэг ямар ч найдваргүй мэт сэтгэгдэл төрүүлж байжээ. Тэгтэл германчууд босч чадсан. Ажилчид нь хуучин үйлдвэрийнхээ буурин дээрээс суурь машинаа эд ширхэг бүрээр нь түүж, сэлбэж эвлүүлсэн гэдэг. Ажилчид нь эздэдээ үйлдвэрээ ингэж үнэгүй байгуулж өгсөн байдаг. Нэгэнт ажиллаж эхэлсэн үйлдвэрээ хөл дээр нь босох хүртэл ажилчид нь хөлсгүй зүтгэж, олон сарын дараа цалинтайгаа золгосон түүх бий. Үйлдвэр нь өдөр өдрөөр дэвжихийн хэрээр ажилчдын амьдрал, цалин нь нэмэгдэж яван явсаар Герман улс хүчирхэгжсэн. Одоо ямар байгааг хүн бүр мэднэ.

Яг үүн шиг бид эдийн засаг хямарч, яваандаа уналтад ч орж мэдэхээр болж байгаа энэ үед эх орныхоо төлөө санаачилга гаргах хэрэгтэй болж байна. Хямралыг давж гарахын тулд одоо байгаа албан байгууллагууд, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ нүдний цөцгий мэт хайрлан тэсч авч үлдэх ёстой болоод байна. Яагаад гэвэл хэрвээ дампууруулаад хаалгыг нь бариулчихвал эргээд ажлын байрны хомсдол үүснэ. Эдийн засаг сэргэхийн цагт буцаад орох байгууллагагүй олон мянган хүн гудамжаар ажил эрэх нь тодорхой.

Байгууллагаа дампууруу­лахгүйн тулд ажилчид нь цалингаасаа тануулаад ч болтугай хэн нэгнийгээ халуулахгүйгээр бүгд ажилтай байж хямралыг давах гарц бий. Бусад үед цалин нэмэгдээсэй гэж хашгирдаг бол хямралын үед цалингаа бууруулах шийдвэр гаргах замаар байгууллагаа дампууруулчихгүй авч үлдэх нь эх оронч зан. Хямралын энэ үед багахан шиг цалин аваад үйлдвэр, аж ахуйн нэгжээ хөл дээр нь тогтоож, тэсч үлдэхэд мэдээж зориг гаргах шаардлагатай. Бага цалин авч байгаа нь хувь хүнд хохиролтой ч байгууллагаа алга болгочихгүй, галыг нь алдуулахгүй үйл ажиллагааг нь хэвийн авч явах ажилдаа хайртай хүний хийх зоригтой алхмуудын нэг.

Ажлын газраа дампуу­руулчихгүйн тулд тэсч үлдэх л хэрэгтэй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Аавынхаа амьдралаа зориулж, зүтгэсэн спортыг нь хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя л гэж явна

Энэ сарын 14-23-ны хооронд Тайландын Пукет хотноо Азийн элсний IV наадам болно. Гэтэл уг наадамд бэлтгэж байсан манай сагсан бөмбөгийн шигшээ баг УИХын С.Эрдэнийн хүсэлтээр оролцох боломжгүй болсон талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Тамир ярьсан. Энэ талаар УИХын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.

Таныг сонгуульд олон хүний санал авахын тулд Монголын сагсан бөмбөгийн холбооны ажилд санаархан, сагсан бөмбөгийг улстөржүүлж байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн холбооныхон яриад байгаа. Үүнд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Б.Тамир гэж хууль бус нөхөр байгаа л даа. Шүүхийн шийдвэрээр хууль бус гэдэг нь тогтоогдчихсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээр энэ нөхрийг хууль бус гэдгийг нь тогтоосон.

Би Баянгол дүүргийн сонгогчдоос сонгогддог. Сагсан бөмбөг гэдэг бол улс, үндэсний хэмжээний спорт, тийм биз. Гэтэл тийм утгагүй юм ярьдгаа болих хэрэгтэй. Би баянголчуудынхаа төлөө хийх ёстой ажлаа хийгээд зүтгээд л явж байгаа. Намайг дахин сонгох уу, үгүй юу гэдгийг баянголчууд л мэднэ шүү дээ. Түүнээс биш сагс тоглодог хүмүүс шийдэхгүй. Спорт болохоос улс төр биш. Эд нар өөрсдийнхөө бодож яваа юмаа л ил гаргаад хэлчихлээ л дээ. Спортыг улс төрд ашигладаг, улс төр болгож, хутгаж завааруулдаг, өнөө зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг шиг л бүх юмаа хэлчихлээ. Цаана нь байгаа эздийнхээ үг, бодол санааг хэлчихэж байгаа байхгүй юу.

Би бол энэ Б.Тамирыг бодох юм бол сагсан бөмбөгийг тоглож өссөн. Сагсан бөмбөг тоглож өсөөгүй хүн ч гэж бараг байхгүй байх. Бүхий л залуус, хүүхдүүд тоглодог спорт. Би энэ спортод өртэй хүн. Тийм учраас би энэ спортыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа. Миний аав амьдралаа, бүх насаа энэ спортод зориулсан. Аав маань жаран хэдэн онд Багшийн дээдийн биеийн тамирын ангийг төгсөөд хотын спорт хороонд анх очоод дараа нь Анагаахын дээдийн биеийн тамирын багшаар 15, 16 жил ажилласан. Бүхий л амьдралдаа миний аав сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө бүхнээ чиглүүлж ажиллаж байсан спортын ийм л хүн. Би аавынхаа амьдралаа зориулж зүтгэж явсан энэ спортыг нь хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя л гэж яваа. Түүнээс биш надад Б.Тамирын яриад байгаа шиг тийм шаардлага ерөөсөө алга. Би чинь өөрийн гэсэн тойрогтой. Өөрийн гэсэн сонгогчидтой улстөрч. Энэ хүн шиг зуугуул юм яриад явах шаардлага надад байхгүй.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-г хууль ёсных. Харин танай Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог албан ёсных биш. Тэмцээнд МСБХг урьдаг талаар ярьсан байна билээ?

-Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хуучин Монголын сагсан бөмбөгийн холбоо байхдаа олон улсын гишүүнчлэлээ авчихсан. Би сагсан бөмбөгийн холбоог ерөөсөө үгүйсгэдэггүй. Яагаад гэвэл энэ сагсан бөмбөгийн холбооны Тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар нь миний аав ажиллаж байсан. Миний аав Монголын сагсан бөмбөгийн холбоог анх үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг шүү дээ. Ууган мастеруудын нэг. Тэгэхээр би юу гэж аавынхаа байгуулсан, зүтгэж ажиллаж явсан холбоог үгүйсгээд байх вэ дээ.

Тэгвэл Үндэсний сагсан бөмбөгийн холбоог яагаад байгуулсан юм бэ?

-Сагсан бөмбөгийн спортын үйл ажиллагаанд оролцъё гэхээр Монголын сагсан бөмбөгийн холбоог хэдхэн хүн өмчлөөд авчихсан. Тэд хурлаа хийдэггүй, энэ спортын төлөө юу ч хийдэггүй. Худлаа л яриад байдаг. Жилд болсон болоогүй гурав, дөрвөн тэмцээн зохион байгуулдаг. Тэрнээс заалнаас олсон тав арван цаасны орлогоо хувааж идээд сууж байдаг ийм л хэдэн хүмүүс байсан ш дээ. Энэ спорт уначихсан, бүр байхгүй болчихсон байсан.

Үндэсний холбоог байгуулах болсон гол шалтгаан нь юу байсан бэ гэвэл ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг манай аав 1992 онд санаачилсан юм. Уг тэмцээнийг жил бүр зохиодог уламжлалтай болгосон. Тэмцээний хамрах хүрээ өргөн, насаараа энэ спортоор явчихсан хүмүүст тэмцээнтэй болно гэдэг сайхан шүү дээ. Ц.Мөнх-Оргилыг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч байхад хоёр, гурван удаа санал тавьж, энэ тэмцээнийг чинь ивээн тэтгэе, та нар зохион байгуул аа, энэ тэмцээнийг анх санаачилсан спортын мастер Д.Содномзундуйн нэрэмжит ахмадын УАШТ болгож зохиоё гэсэн чинь за гэж хэлсэн. Харамсалтай нь “За” гэж хэлчихээд ёстой жинхэнэ улстөржүүлээд ахмадын УАШТ-ийг манай аавын нэрэмжит болгож өгөөгүй юм. Хоёр, гурван жилийн турш би ивээн тэтгэе, хамтарч зохион байгуулъя гэхэд намайг хүлээж аваагүй. Намайг дандаа үгүйсгэж, эхний жил нь Дарханы ойн нэрэмжит болгоно, дараа нь Дорнодын ойн нэрэмжит болгоно гээд хэдэн тийш нь бултуулаад байсан юм. Тэгэхээр нь би сүүлдээ Ц.Мөнх-Оргилд “Ямар муухай юм бэ. Тэгж яривал манай аав танай намын гишүүн хүн. Энэ спорт, холбоог нь үүсгэн байгуулаад өөрийнхөө амьдралыг зориулсан хүн. Гэтэл чи яагаад ийм зан гаргаад байгаа юм. Би үүгээр улс төр хийх гээгүй. Би аавдаа л буян болох гэсэн юм. Амьдралаа зориулсан спортынх нь нэг тэмцээнийг өөрийнх нь нэрэмжит л болгоё гэсэн юм” гэж хэлж байлаа. Тэгээд болдоггүй юм бол Монгол Улсын иргэнийхээ эрхийг эдэлнэ гээд залуучуудтайгаа ярьж байгаад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулсан. Байгуулагдаад гурван жил гаран болж байна. Холбоогоо байгуулаад жил гаран болж байлаа. Тэр үед үндсэндээ сагсан бөмбөгийн спорт уначихсан байсан. Яаж босгох вэ гэж яриад Үндэсний супер лигийн тэмцээн байгуулъя, залуучууд үздэг сонирхдог, бүтэн тав, зургаан сар үргэлжилдэг, яг Америкийн NBA-гийн системээр явуулъя гээд. Тэгээд гадны легионер тамирчдыг оруулж ирье. Тэгж байж тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэхгүй бол дотроо л яваад ахихгүй байна, шинэ түвшинд гарч ирж чадахгүй байна гэж яриад анхны жил 14 легионер авчирсан. Та бүхэн мэдэж байгаа. Ямар гоё өрсөлдөөнтэй тэмцээн боллоо, таван сарын турш.

Дараа нь дахиж легионер тамирчид ирсэн байх аа?

-Ноднин дахиж 21 легионер орж ирсэн, анх удаа. Олон улсын шүүгч нар шүүсэн. Ямар сайхан, өрсөлдөөнтэй гал гарсан тоглолтууд болсон билээ. Тэгтэл нөгөө сагсан бөмбөгийн холбоо юу хийсэн бэ. Юу ч хийгээгүй. Хэрүүл л хийгээд байсан. Бидэн рүү л дайраад байсан. Бид ерөөсөө хэрүүл хийгээгүй. Өнөөдрийг хүртэл дуугараагүй. МСБХ дотроо зөрчилдөж эхэлсэн. Дотроос нь өөрсдийнх нь ахмадууд, шүүгч нар, тамирчид шүүхэд өгсөн. Монголын сагсан бөмбөгийн холбоо хурлаа хийхгүй байна, хууль бус байна гээд. Шүүх түүнийг нь шалгаад Төрийн бус байгууллагын тухай хуулийг зөрчсөн байна, хурлаа хийгээгүй байна, татвар төлөөгүй байна, өр авлагатай гэдэг нь үнэн юм байна гэдгийг нь тогтоосон. Тийм учраас хууль бус хурлыг нь хүчингүйд тооцоод, хурлаа дүрмийн дагуу хийх үүргийг Монголын сагсан бөмбөгийн холбоонд өгсөн байхгүй юу. Өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй яваад байгаа юм, эд нар. МСБХ Шүүхийн шийдвэрт нийцүүлээд, ТББ-ын тухай хуулийн дагуу жил бүр тайлангаа тавиад явж байх ёстой. Гэтэл энэ холбоо хурлаа арван жил хийгээгүй. Тэгээд эд хөрөнгө шилжүүлж байгаа биш дээ. Ц.Мөнх-Оргил нь тамгаа Ч.Ганхуягт “Май” гээд өгчихсөн. “Талх” Ганхуяг нь тамгаа бас дураараа Б.Тамир гэдэг нөхөрт өгчихсөн. Гэтэл уг холбоо улсын бүртгэлд ерөнхийлөгч нь Ц.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга нь Б.Дашдорж гэсэн бүртгэлтэйгээр одоо болтол байж л байна.

Манай лигийн тэмцээн энэ сарын 15, 16-нд нээлтээ хийх гэж байна. Легионер тамирчид маань эхнээсээ ирчихээд байна. Тэгэхэд мөн л нөгөө хэрүүлээ дахиад л хийгээд эхэллээ. Дахиад л С.Эрдэнэ рүү дайраад. Бүхий л мэдээллийн хэрэгслээр айхавтар дайрч байна. Би нэг ч удаа хэрүүл хийгээгүй. Өнөөдөр анх удаа л хийх гэж байна.

Таныг Азийн элсний IV наадамд сагсан бөмбөгийн шигшээ багийг оролцуулахгүй байх хүсэлтийг Монголын үндэсний олимпийн хороо руу илгээсэн гэх юм?

-Би олимпийн хорооны Д.Загдсүрэнд нь ч хэлсэн, тэр Ц.Дамдинд нь ч хэлсэн. Энэ тамирчдыг явуулчих аа, та нар яагаад тамирчдыг хориод байгаа юм бэ. МСБХ-ны үйл ажиллагааг Шүүхийн шийдвэрээр зогсоочихсон. Пукетийн наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багийг олимпийн хорооны нэр дээр л явуулчих ёстой байхгүй юу. Яагаад үүнийг улстөржүүлээд бүхнийг С.Эрдэнэ зориуд болиулчихсан юм шиг над руу дайраад байгаа юм. Би олимпийн хороонд бичиг явуулахдаа “Та нар яагаад шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа юм бэ” гэдэг л шаардлага тавьсан. Түүнээс биш тамирчдыг яалаа гэж тэгэх вэ. Тамирчид маань тэмцээнд явж л байвал сайн шүү дээ.

Сая манай оюутан залуус Азийн аваргад яваад бас л бөөн шуугиан тариад ирлээ. Тайванийг нутаг дээр нь хожоод, Макаог хожлоо. Хятад, Тайвань хуйвалдаж байгаад манайхыг хэсэгт нь унагаачихлаа. Гэсэн ч тавдугаар байрт ороод л ирж байна. Азийн аваргад Инчеоны наадамд явсан тамирчдаас нэгийг нь өрсөлдүүлээгүй. Бид зориуд явуулаагүй. Яагаад гэвэл сагсан бөмбөг ийм хэмжээнд өсч хөгжиж байна гэдгийг харуулахын тулд дандаа шинэ хүүхдүүд явсан ш дээ. Очоод бужигнуулаад ирлээ. Энэ бүхэн хэний ач вэ. Сагсан бөмбөгийн холбоо мундагтаа ийм болгочихсон юм уу. Үгүй л байхгүй юу. Гадны өндөр зэрэглэлийн легионерууд, шүүгч нар орж ирж байна. Манай лиг бүтэн өвөлжингөө, хавар тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Ийм урт хугацаанд гадны тамирчид багт нь орж өрсөлдөөд байхаар тэднийг дагаад тамирчид маань хөгждөг юм байгаа биз дээ. Тэр хар, шаруудаас айхаа больчихож байна. Тэгэхээр ижил царайтай азиудаасаа бүр айхгүй биз дээ. Тэд нарыг үл тоож байгаа юм чинь. Үүнийг л ойлгохгүй байна даа. Тэгээд л над руу дайраад байх юм. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо Хандгайтад Монголын анхны сагсан бөмбөгийн ордон барьж байна.

Хэзээ ашиглалтад орох юм?

-400 хүний суудалтай “А” заал нь энэ сард ашиглалтад орно. “Б” заал нь ирэх сард ашиглалтад орох юм.

Танай холбоо Спортын төв ордны заалыг эзэмшчихээд МСБХг хэцүү байдалд оруулчихаад байгаа юм биш үү?

-Хэн гэрээ хийсэн нь авна. Манайх урьдчилаад гэрээ хийгээд төлбөрөө төлчихсөн. Эзэмшсэн юм байхгүй, тоглолтынхоо цагийг аваад л гэрээ хийчихсэн. Нөгөө холбоо төлбөрөө ч төлөхгүй, гэрээгээ ч хийхгүй байж юу яриад байгаа юм. Авахыг нь хэн байг гэсэн юм. Зах зээлийн зарчим биз дээ, хэн мөнгөө төлж, гэрээ хийсэн нь авна. Ердөө энэ. Бодит байдал нь ийм байна. Надад сагсан бөмбөгөөр улс төр хийх ямар ч бодол алга. Би эндээс мөнгө олдоггүй, цалин авдаггүй ш дээ. Надад нэг төгрөгийн ч ашиг байхгүй. Би энэ спортыг хөгжүүлэхийн тулд харин өчнөөн олон хүний өмнө гуйлга гуйдаг. Тэрийг ивээн тэтгээд өгөөч, энийг дэмжээд өгөөч гэж хүн гуйгаад л явдаг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Нэхмэлчин баатрын ЭГЭЛ ӨДӨР

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, алдарт нэхмэлчин Б.Гүнжилам, хань Д.Цээсүрэнгийнхээ хамт гэрийнхээ үүдэнд биднийг угтлаа.

Эднийх Шувуун фабрикт өнгөрсөн хавар иржээ. Хүүхдүүд, өөрсдийнх нь нийлээд зургаан хүний газар дээрээ жижгэвтэр үйлдвэрийн байр бариад, үлдсэн хэсэгт нь ногоо тарьж, хүлэмж байгуулахаар төлөвлөж л дээ. Ингээд блокоо өөрсдөө цохиод, хүлэмж ч худалдаж аваад, нэхмэлийн үйлдвэр барих зураг төслөө хүртэл боловсруулж байтал хаанаас ч юм хэдэн хүн гарч ирээд “Энэ газар чинь минийх” гээд хоёр хөгшнийг баахан сандаргаж байгаа аж. Хөдөлмөрийн баатар маань ном журмынх нь дагуу явж газартай болоодохлоо гэж бодтол өөр эзэд гарч ирээд төлөвлөсөн ажил нь түр зогсчихоод байгаад жаахан гомдолтой ярианаас нь анзаарагдлаа. Гэрийн эзэн Д.Цээсүрэн гуай “Уг нь Гүнжээ маань Хан-Уул дүүргийн Хүндэт иргэн юм шүү дээ. Манай хүн чинь цагтаа улсдаа, нийслэлдээ хийдгээ хийсэн хүн. Юм хийчихлээ гээд зүгээр суудаггүй. Одоо жижгэвтэр үйлдвэр бариад энэ хавийнхныгаа ажилтай болгоно гэж зориод байгаа. Гэтэл энэ газрын гэрчилгээ нь гардаггүй” гэлээ.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны энэ хэсгийг Шинэ суурьшлын бүс гэдэг юм байна. Газрууд нь эзэдтэй бололтой, хашаагаа хатгах нь хатгаад, ирээд суух нь суучихаж. Гэхдээ ундуй, сундуй. Гудамжаар нь холхих хүн цөөн, дэлгүүр, ТҮЦ гэж үгүй. Замаар нь ачааны том машинууд элс хайрга зөөж давхилддаг болохоор тоос шороо, дуу чимээ их.

Гүнжээ баатар “Би хот руу орно оо. Ажил дээрээ очих дуртай шүү” гэлээ. Тэрээр төмс, лууван арилгаад тогоо руу хийчихлээ. Тэгснээ буузны гурилаа гаргаж ирээд ганц нэг нухалснаа дээрээс нь түмпэн хөмрөв.

Эднийх таван хүүхэдтэй. Нэг хүү, дөрвөн охинтой. Том хүү Ц.Баярхүү нь компьютерийн чиглэлийн мэргэжилтэй. Удаах охин Ц.Оргилмаа нь тогооч, дундах охин Ц.Бурмаа нь герман, орос хэлний орчуулагч юм байна. Охин Ц.Одончимэг нь цэцэрлэгийн багш бол отгон охин Ц.Отгончимэг нь маркетингийн мэргэжилтэй бөгөөд сүлжмэлийн жижгэвтэр үйлдвэрт ажилладаг аж. Том охиных нь отгон хүү эмээ, өвөө дээр байгаа гэнэ. Дөрвөн настай, Оргилболд зээгээ өвөө нь “Манай ач, зээ нараас энэ л бөх болох хүн дээ. Би тэгж л хараад байгаа юм. Дөрвөн настай шүү дээ. Тэгсэн хэрнээ том биетэй байгаа биз” гэж бахархан харж, толгойг нь илнэ.

Б.Гүнжилам гуай “Бид хоёр өнөө зун Орос руу явсан. Тэнд сурдаг ууган ач хүү дээрээ очоод ирсэн. Ач хүү маань Ленинградад төмөр замын сургуульд сурдаг юм. Бид нийтдээ хорин тав хоног сайхан аялаад ирсэн” гээд хойно авахуулсан зургаа сонирхуулна. Гүнжээ баатрын аав Г.Балжинням Хэнтийнх юм байна. Харин баатар маань ээжийнхээ нутаг Архангайн Цэнхэрт төрсөн аж.

Хотод нэгдүгээр сургуулийг төгсөөд илгээлтээр үйлдвэрт очиж ажлын гараагаа эхэлж байжээ. Уг нь Багшийн дээдийн шугам зургийн багшийн ангид орно гэж төсөөлж байсан гэнэ. Сургуульд нь Үйлдвэр сургалтын хичээл орж сурагчдыг үйлдвэрүүдэд дадлага хийлгэдэг байсан нь нөлөөлж сургуулиа төгсөөд 1965 онд илгээлт авч үйлдвэрийн ажилчин болжээ.

“1965 оны зургадугаар сарын 22-ны өдөр юм. Аж үйлдвэрийн комбинатын конторт үйлдвэрүүдийн дарга нар ирчихсэн. Илгээлтээр ирсэн 120 хүүхдийг хуваарилж авцгаасан юм. Би арван жилийн найз Мажигсүрэнтэйгээ нэхмэлийн үйлдвэрт хуваарилагдлаа. Илгээлтээр ирсэн 33 хүүхэд нэг өдөр нэхмэлийн үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Би үйлдвэрт очсон цагаасаа нийгмийн асар их идэвхтэй байсан. Тэр үед ямар гоё байсан юм бэ. Улс орон даяар илгээлтийн эздийн тухай ярьцгааж, залуус илгээлтээр эх орны өнцөг булан бүр рүү яваад л. “Хөхөө гэрлэх дөхлөө” кино, атрын тухай өгүүлсэн кино, зохиол гараад л. Илгээлт авсан залуусын сэтгэл их хөдөлнө” гэж Б.Гүнжилам гуай ажил дээр, үйлдвэрт хэрхэн ажилчин болж очиж байсан тухайгаа дурсан ярьж байхдаа уйллаа. Хэсэг чимээгүй байж байснаа “Манай үйлдвэрт сайхан сайхан хөгшчүүл залуус бидэнтэй чинь мөр зэрэгцэн ажиллана. 76 настай Дашдулам, 73 настай Цэрэндулам, 72 настай Сосор, Должин гээд олон хөгшчүүл ажилладаг байлаа. Тухайн үед тэтгэвэрт гарсан ч бие хаа нь эрүүл саруул байвал ажиллахыг зөвшөөрдөг байсан юм. Тэдний хараа сайн. Сүвлэгээний хэсэгт ажилладаг байсан гээд бод доо. Нэг нь амандаа тамхи зуучихаад ажиллана. “Та тамхи татахаа боль. Утаа битгий гарга. Тамхи татдаг өрөө рүү оч” гэж бусад нь хэлэхээр “Тийшээ очиж тамхи татах гэхээр цаг алдах гээд байна. Эндээ л” гээд бөөн инээдэм болцгооно. Би чинь 44 настайдаа тэтгэвэрт суусан. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн гээд. Одоо 67 настай. Дээр өгүүлсэн хөгшчүүлтэй харьцуулбал надад ажил хийх нас өчнөөн байгаа биз дээ. Зүгээр суухыг боддоггүй юм” гэж яриад үйлдвэрийг нь хувьчлаад машинуудыг нь төмрийн хаягдалд өгч, олон зуун хүнийг ажилгүй болгосон тэр үеийг бодохоор харамсал төрдөг гэлээ.

Б.Гүнжилам гуай тухайн үед үйлдвэрээс гардаг хаягдлыг дахин боловсруулах цех байгуулах хүсэлт гаргасныг нь дээрээс дэмжиж “Аж үйлдвэрийн хаягдал буюу хоёрдогч түүхий эдийг эргүүлэн ашиглах нь зүйтэй” гэж үзэн тасаг байгуулж өгчээ. Актлагдсан хэдэн хуучин машинтай тасагтаа ажилчин авах зар тавьтал дөрвөн хүн иржээ. Үйлдвэрээс нь засварчдыг цагаар ажиллуулах болж. Ингээд оёдол, нэхмэлийн үйлдвэрээс гарсан, 1960 оноос хойш хуримтлагдсан хаягдал, өөдсөөр ажлын бээлий, сандлын бүрээс, буйдангийн бүтээлэг, гэрийн хөшиг, хаяавч, зүүмэл хөнжил, орны бүтээлэг, гудас зэрэг олон бүтээгдэхүүн гаргадаг байжээ. Тэр бүү хэл оёдлын үйлдвэрийн даавууны өөдсөөр хүүхдийн дотоож, даашинз оёдог байсан гэнэ. Б.Гүнжилам гуай үйлдвэрт ажилчин байх үеийнхээ тухай ярихдаа тун чиг дуртай, сэтгэл хөдлөн ярина. Б.Цээсүрэн гуай хөгшнийхөө ярихыг чих тавин сонсонгоо тогоонд чанаж байгаа ногоондоо ч санаа тавина. Хажуугаар нь зээгээ томоотой байлгах гэж тэрүүхэн тэндээ арга хэмжээ авна.

Гүнжээ баатрын нэхэж байсан орны бүтээлэг гэрт нь байна. Гаргаж ирж үзүүлнэ. Пальтоны драпны өөдсөөр хийсэн бүрээстэй сандал руу зааж “Энэ байж л байна” гэлээ.

Д.Цээсүрэн гуай Завханы Яруу сумынх юм байна. Нутгаасаа хар багадаа гарч, ээжийгээ дагажээ. Ээж нь Шаазан ваарны үйлдвэрт ажиллана. Үйлдвэрийн ажил хүнд хүчир болохоор сүүлд бие хаа нь мууджээ. Тэр үед нь Д.Цээсүрэн гуай ээжийнхээ ажлыг хийж үйлдвэрт ажилчин болсон гэнэ. Багаасаа ээжийгээ дагаж үйлдвэрт очдог байсан болохоор тэнд ажиллахад хэцүү байгаагүй аж. Зургадугаар ангид байхад нь тус үйлдвэрийн удирдлага түүнд ээжийнхээ ажилд сайн тусалдаг гээд баярын бичиг хадгалуулж байж. Тийм болохоор хэзээний л ажилчин нь юм шиг л ажилладаг байсан гэнэ.

1963 онд гэр бүлийнхээ хүнтэй танилцаж байжээ. Хоёулаа жаахан хүүхдүүд. Шаазан ваарны үйлдвэр, Нэгдүгээр сургууль ойролцоо оршдог байж. Б.Гүнжилам гуай “Би наймдугаар ангид байлаа. Манай ангийн Даваажав, Мөнхцэцэг нар кино үзье гэнэ. Бидэн дээр үйлдвэрт ажилладаг гээд хөөрхөн хөөрхөн банди нар ирнэ ээ. Хамт кино үзнэ. Биднийг өнөө үйлдвэрийн ажилчин залуус маань хоолонд оруулна. Гэхдээ хааяа. Хоёр гурван удаа л байх. Тэгж уулзсаар байгаад л дассан даа” гэж дурслаа. Тэгтэл Д.Цээсүрэн гуай буузны гурил тасалж байснаа “Бид тавуулаа нийлдэг байлаа. Таван сайхан шижигнэсэн залуус. Одоо гурав нь л амьд сэрүүн байх шив” гэлээ.

Б.Гүнжилам гуайн сэтгэл нь хөдөлсөн нь илт. Залуу сайхан байх үеийнхээ үүх түүхийг нэгд нэгэнгүй ярина. Ярих бүрт сормуус нь чийгтээд үе үе чимээгүй болчихно. Нулимсаа гараараа арччихаад л ажилчин байсан үеэ дурсана.

Хөдөлмөр зусланд явж, намрын ажлаар Ерөө, Жаргалантын сангийн аж ахуйд ангийнхантайгаа ажилладаг байж. Тракторын чиргүүлэн дээр сууж талбай дээрээ очно. Ангийнх нь дөрвөн хүүхэд тогооч хийнэ. “Мартагдашгүй намар” кинон дээр гардаг яг тэр үйл явдал. Тогооч андууд нь хоолоо хийчихээд “Ерөөгийн чайк” гээд нэрлэчихсэн өнөө чиргүүлэн дээрээ тавиад нөгөөдүүл дээрээ очно. “Ямар гоё байсан юм бэ. Эх орныхоо төлөө ажиллаж байна гэсэн чин эрмэлзэл бидэнд байжээ. Тэр үеийн хүүхдүүд ингэж л ажил хөдөлмөрийн амтыг багаасаа мэдэрч өсдөг байлаа. Гэтэл одооны хүүхдүүд тийм биш. Ажлын найман цагаа яажшуу нэг юм ачаалалгүй, амар хялбар дуусгаад харьдаг билээ. Зүгээр сууж байгаад явчих юмсан гэсэн бодолтой. Эх орныхоо төлөө гэх сэтгэлгүй, хөдөлмөрийн амт гэж юу байдгийг ч мэддэггүй улс. Энэ бүхэнд хүүхдүүдийн буруу гэж юу байх вэ. Төр засгийн л буруу юм шүү дээ” гэнэ.

Хөдөлмөрийн баатар маань өөрийнхөө хүүхдүүдийг хөдөлмөрч, шаргуу зантай болгож өсгөжээ. Тэрээр “Цээсүрэн гэдэг айлын хамгийн үнэт зүйлс бол үр хүүхдүүд маань. Миний хүүхдүүд яасан их хөдөлмөрч гэж санана. Миний том охин ганцаараа л ресторан ажиллуулаад явдаг ш дээ. Олон хүний ажлыг ганцаараа хийдэг гээч. Бага охин маань ч мундаг дайчин. Амаржаад хэдхэн хоноод л магистртаа явж эхэлсэн. Би хүүхдүүдээрээ, бэр, хүргэнүүдээрээ бахархдаг юм” гэж ярилаа. Эхний гурван хүүхдээ төрүүлээд 48 хоногтойд нь үйлдвэрийн дэргэдэх яслид өгчихөөд ажилдаа ордог байж. Өдрийн цайны цагаар очиж хөхүүлнэ. Яслийн нас нь өнгөрөнгүүт үйлдвэрийн дэргэдэх цэцэрлэгт оруулчихна. Ийм маягаар л таван хүүхэд нь торнижээ. Заримдаа хоёулаа шөнийн ээлжинд ажиллах үе бий. Тэгээд үүрээр ирнэ. Ууган хүү нь хаалганыхаа дэргэд эвхдэг цагаан ороо засч унтдаг байсан гэнэ. Аав, ээжийгээ шөнө ирэхэд нь нам унтчихаж магад. Хаалгаа тайлж өгөхгүй бол аав, ээж минь хаачих вэ гэж санаа нь зовдог байсан нь тэр. Б.Гүнжилам гуай хүүхдүүдийнхээ тухай ийн яриад уйлав. “Аав, ээж минь надад их тус болдог байлаа. Тэд маань миний сайн сайхан явахыг хараад, ард түмэн минь надаар бахархахыг үзчихээд бурхан болсон юм шүү дээ” хэмээлээ. Хойно нь орон дээр сууж байсан хөгшин нь сэтгэлийг нь засч “Миний хөгшин одоо уйлаад яах вэ. Сэтгэлээ барь” гэлээ. Тэгтэл баатар маань хүүхэд шиг л нулимсаа гараараа шудраад “Хөгшөөн, ногоо болсон байх. Гаргаарай. Одоо хэдүүлээ сайхан бууз хийж иднэ ээ” гээд хөгжүүн өгүүллээ.

Өвөө, эмээ, зээ хүү гурав бууз хийж гарлаа. Том том цэцгэн бууз. Түрүүн тогоонд чанасан төмс, лууванг гаргаж ирээд наранцэцгийн тос, ногоо амтлагчуудтай хутгаад салат хийчихлээ.

Эднийх улсын баяр, цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэнэ. Д.Цээсүрэн гуай “Сүүлийн үед ахмадын баяраар хүүхдүүд ирдэг болсон. Тэр өдрөөр бид хоёрыг баярлуулна. Ахмадын баярыг тэмдэглэдэг болсноосоо хойш л өөрийгөө настай болсноо мэдрээд байгаа шүү” гэж инээмсэглэлээ. Хүүхдүүд нь гэртээ ирэхээрээ аав, ээжийнхээ гарын цуйван, бууз, хуушуурыг идье гэнэ. Ястай мах чанаад, шөлөнд нь хоёрдугаар гурил тасалж хийсэн хоолыг хүүхдүүд нь илүү амтархан “Ээжийн шөлтэй хоол хамгийн сайхан нь” гэж магтуулдаг аж. Амралтын өдрөөр шар будаатай, банштай чанаж уух нь эдний гэр бүлийн бас нэг уламжлал.

1994 онд Д.Цээсүрэн гуайд Гутлын үйлдвэрээс нь гутлын ул хийдэг 20 ширхэг резин өгөөд л ажлаас нь гаргаж байжээ. Олон жил ганц ч төгрөгийн орлогогүй байж байгаад 2008 онд тэтгэвэрт гарч мөнгөтэй золгосон гэнэ. Ажилгүй гээд зүгээр суухгүй гэргийнхээ ажилд хамтарна. Д.Цээсүрэн гуай 45 литр цусаа бусдад хандивласан Монгол Улсын Хүндэт донор юм байна.

Ид хийж бүтээх насандаа ажилгүй болцгоосон ч энэ хоёр нэг ч өдөр завтай суугаагүй гэнэ. Зах зээлийн ороо бусгаа цагт ХЭАА байгуулж, хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын төв хүртэл байгуулж байжээ. Аж ахуйгаа авч явахын тулд байраа барьцаалж ч үзсэн гэнэ. Ломбардны хүүг нь төлж чадахгүй болж, ажил нь зогсоход хүрч нэгэн үед хэцүү л байж. Байраа зарж жижиг цехээ хөл дээр нь тогтоохын тулд эрвийх дэрвийхээрээ л зүтгэж. Тэр үед сургалтын төвд нь явж ажил амьдралтайгаа залгасан хүүхдүүд одоо нас биед хүрсэн, өрхийн тэргүүн, хүний гэргий болцгоочихсон хүмүүс цагаан сараар багштайгаа ирж золгоно.

Б.Гүнжилам гуайг автобусанд, хотын төвд, энд тэнд явж байхад хүмүүс их танина. Хүрч ирээд “Та их сайхан хүн шүү. Би таны туршлагаар ажиллаад гавшгайч, гавьяат болж байлаа. Таныг би хэзээ ч мартахгүй. Та гоё шүү” гэж хэлдэг гэнэ. Үүнд баатар маань маш их урам орно. Б.Гүнжилам гуай ажилчин болсон цагаасаа л мандаж эхэлжээ. 1974 онд “Алтангадас” одонгоор шагнуулж, 1976 онд Төрийн шагнал, 1980 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Б.Гүнжилам гуай энэ л мөчөө өөрийнхөө мандаж явсан үе гэж нэрлэнэ. Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурал, нийслэлийн эмэгтэйчүүдийн хуралд ч удаа дараа сонгогдож байсан нийгмийн зүтгэлтэн байж. Үйлдвэртээ ажиллахын хажуугаар депутатынхаа ажлыг хийжнийслэлд ирсэн гадны зочидтой уулзалт, хурал чуулганд байнга оролцоно. Д.Цээсүрэн гуай “Манай хүн тун ч завгүй. Үйлдвэрээсээ ирээд л хувцасаа солиод уулзалтад явна. Би чинь хүүхдүүдээ хараад үлдэнэ. Өлгийтэй хүүхдээ угжаад л цонхон дээрээ зогсоод ханиа хэзээ ирэх бол гээд л харуулдаад зогсдог байлаа” гэвэл Б.Гүнжилам баатар “Намайг ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн баатар болоход ханийн минь тус их. Ар гэртээ санаа зовох зүйлгүй, сайн түшиг тулгууртай байсан тулдаа л би ажилдаа амжилт гаргасан. Би ханьдаа үргэлж талархаж явдаг” гэж сэтгэлийн үгээ хэлэв.

Б.Гүнжилам гуайн гаргасан санаачлага нь тухайн үедээ маш чухалд тооцогдож, түүний туршлагыг далан мянган хүн ажилдаа ашиглаж байжээ. Энэ талаар тухайн үеийн бүхий л сонин хэвлэлд бичин үлдээсэн байна. Мөн түүний тухай өгүүлсэн баримтат кинонууд ч бий. Баримтат киног нь үзсэн залуус “Хөөх та тэр бүтээлгийг нэхсэн юм уу. Намайг жаахан байхад манайд тийм орны бүтээлэг байдаг байсан”, “Манай өвөөгийнд тэр бүтээлэг одоо ч бий” гээд гайхан, түүхэн баатар хүнтэй уулзаж гар барьсандаа олзуурхдаг гэнэ. Б.Гүнжилам гуай ид мандаж явах үедээ 400 шахам уулзалтад очиж, туршлагаасаа хуваалцаж, ярилцлага хийжээ. Одоо ч түүнийг урьж залдаг газрууд байсаар. Сүүлд Зүүнхараагийн сургуульд очиж уулзалт хийсэн байна.

Б.Гүнжилам “Би зүгээр сууж байгаад баатар болоогүй. Хөдөлмөрлөж байж, эх орондоо юм хийж бүтээж байж баатар гэж цоллуулсан. Ю.Цэдэнбал дарга надад “Алдарт нэхмэлчин” гэдэг цол хүртэл өгсөн шүү дээ” гэлээ. Тэрээр Э.Бат-Үүл даргатай уулзаж, хүсэлт тавьж, санал бодлоо илэрхийлэх гээд олон удаа хотын захиргаан дээр очсон ч доод тушаалын хүмүүс нь түүнийг нэг ч удаа уулзуулаагүй гэнэ. Бүр “Таныг танихгүй. Хэн байх чинь хамаагүй. Өргөдлөө өгөх гэж байгаа бол нааш өг” гэж хүртэл хэлж байжээ. Үүнд нь баатар маань гомддог гэнэ. Бас хөдөлмөрийн баатруудаа төр засаг нь анхаардаггүйд санаа нь зовдог аж. Одоо улсын хэмжээнд 160 гаруй хөдөлмөрийн баатар байдаг бөгөөд нийслэлд дөч, тавиад нь амьдарч байна. Харамсалтай нь энэ тоо жил ирэх бүр л цөөрөөд байгаа. Үүнд нь Б.Гүнжилам гуай сэтгэл эмзэглэдэг гэсэн юм.

Гаднаас нэг залуу ороод ирлээ. Нэр нь Батсайхан. Хөрш нь. Гүнжээ баатар “Энэ залуу бол бид хоёрын баруун гар. Бид хоёрт үргэлж тусалдаг юм. Энэ хашаа хороог барихад хамгийн их тусалсан сайхан сэтгэлтэй залуу” гэлээ. Батсайхан “Цээсүрэн ах аа, хашаа босгох гэсэн юм өргөлцөөд өгөөч” гэв. Цээсүрэн гуай “Одоохон” гээд толгой дохив.

Д.Цээсүрэн, Б.Гүнжилам нар өглөө зургаан цаг гээд босоцгооно. Гүнжээ баатар гимнастик, сагсан бөмбөгөөр багаасаа хичээллэсэн болохоор хөдөлгөөний дутагдалд орохгүй гээд өглөө дасгал хийнэ. Дасгалаа хийчихээд орж ирээд цайгаа чанана. Ингэж л энэ хоёрын өдөр эхэлнэ. Гарч хашаа хороогоо барина. Амбаар, саваа битүүлнэ. Гэрийн эзэн блок цохино. Зарим өдөр хамтдаа хот руу орж ирнэ. Өдөр нь нэг иймэрхүү л байдалтай өнгөрнө.

Д.Цээсүрэн гуайг зэрвэс харвал “Шинэ үсгийн багш” киноны тугалчин Чойжоо гуайтай тун төстэй. Өөрөө ч хүлээн зөвшөөрөх аж. “Тэр гэр бүлээрээ авахуулсан зургийг хар даа. Тэрэн дээр үгүй ээ мөн төстэй гарсан байгаа биз. Хүмүүс намайг тэр жүжигчинтэй адилхан гээд л байдаг юм” гээд инээлээ.

Б.Гүнжилам гуай ажлын цагаа яаж хэмнэх вэ, яаж хаягдалгүй ажиллах вэ гээд улс эх орондоо хэрэг болохуйц санал санаачилга гаргасан нь тухайн үедээ улс орон даяар хэрэгжжээ. Төрийн шагналтны диплом дээр нь “Нөхөр Б.Гүнжилам ажлын байранд хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах оновчтой арга, социалист уралдааны тооцоот дэвшилт хэлбэрийг сэдэн хэрэгжүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан” гэж бичжээ. Гурван минут тутам утас нь дуусахаар доош бөхийж цаг алдахын оронд дэргэдээ тавцан байрлуулж утсаа байрлуулж, челнокоо цэнэглэхийн тулд цаг гарздахгүйн тулд нөөц челноктой болох, намхан нуруутай ажилчид ажлаа хийхэд түвэгтэй байдаг учир гишгүүрт тавцан санаачилжээ. Энэ мэтээр ажлаа үр дүнтэй хийхэд шаардагдах хэрэгтэй бүхий л зүйлийг нарийн тооцоолон шинэ санаачлага гаргаж байж. Түүний энэ санаачлага хүчээ авч Монголын үйлдвэрчний эвлэлийн аравдугаар их хурлын тогтоолд “…Өөрийн ажилд таван жилийн төлөвлөгөө зохиож, ажлын цаг ашиглах нарийн тооцоо хийсний үндсэн дээр тавдугаар таван жилийн төлөвлөгөөг гурван сар 18 хоногийн өмнө биелүүлэхээр үүрэг аваад ажиллаж байгаа Ноосон нэхмэлийн үйлдвэрийн ажилчин Б.Гүнжиламын санаачилгыг бусад салбарт дэлгэрүүлэх нь зүйтэй” гэж тусгаж байсан гэнэ.

Ийн Б.Гүнжилам гуай залуу нас, ид хийж бүтээж байсан цагаа дурсч, одоо, цаашид юу төлөвлөөд байгаагаа илэн далангүй сонирхууллаа. Түүнийг ийм амжилт гаргахад, хөдөлмөрч болоход удам нь нөлөөлсөн гэнэ. Эднийнхэн дархан, мужаан хүмүүс байсан гэнэ. Аав Г.Балжинням нь маш няхуур нямбай хүн байж. Төмөр замд ажиллаж байгаад, Түүхийн төв архивт орсон гэнэ. Түвд хэл, бичиг мэддэг. Хуучин монгол бичгээр бичдэг хүн байж. Охиндоо түвд бичиг, уйгаржин бичиг заана. Орос сэтгүүл байнга захиална. Гүнжээ баатрын ажил дээр нь хүрч ирээд өнөөх сэтгүүлүүдээ өгнө. Ажлын байртай нь танилцаж зөвлөгөө өгнө. Тэгээд энд тэнд очиж индэр дээрээс хэлэх үгсийг нь хүртэл бичиж найруулж өгдөг байсан аж. Ер нь охиноо маш их хурцалж дэмждэг хүн байсан гэнэ. Б.Гүнжилам баатар “Хөдөлмөр болнэр төр, алдар гавьяаны хэрэг мөн” гэсэн уриа лоозонг л чиг шугамаа болгосоор иржээ.

Нэгэн үе, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн эгнээг түүчээлэн, ажилчин хүний гараар эх орон хөгждөг гэдгийг ажил, амьдрал, үйлсээр харуулж явсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Гүнжиламын амьдралын нэгэн өдрийг сонирхуулбал ийм байна. Ярьсан болгоныг нь тэмдэглэж, хэлсэн үгс бүрийг нь багтаана гэвэл тоо томшгүй цаг хугацаа орох ийм л баялаг түүхтэй, гавьяатай, хөдөлмөрч эмэгтэй нийслэл хотын баруун урд зүгт их хүсэл мөрөөдөл тээн энгийн сайхан аж төрж байна.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ