Чөлөөт бөхийн охидын академи нь хуучин байсан “Олимп” сургуулийн байранд байрладаг. Уг сургууль А.Сүхбат аваргын “Хүнс трейд” компанийн хашаанд байдгийг спорт сонирхогчид мэдэх болов уу. Сургалтын танхимын цонхнууд баруун тал руу буюу А.Сүхбат аваргын компани руу харсан байлаа. Академи, компанийн байрны дунд, хүний нүднээс далдхан нэг хөшөө байх юм. Нэлээд өндөр, сүрлэг. Цонхоо онгойлгож байгаад зураг хөргийг нь дарлаа. Хараад байсан чинь Төв номын сангийн урд байсан И.В.Сталины хөшөө дүрээрээ мөн шүү. Хүмүүс уг хөшөөг хэрхсэн талаар янз бүрээр ярьцгааж л байсан. Гэтэл А.Сүхбат аварга маань уг хөшөөг компанийнхаа хашаанд урд зүг рүү харуулаад нууцхан залчихсан байгаа нь энэ. Ийн хөшөөг сонжиж зогстол үүдэнд монгол, орос хоёр хүн хэл нэвтрэлцэхгүй байгаа бололтой нэг тиймэрхүү яриа өрнөж байна. Өнөөх гадаад хүн хоёр давхрын бие засах өрөөний түлхүүр асууж байгаа юмдаг уу даа. Тэгснээ халуун усны өрөөний түлхүүр ч бас асуугаад байх шиг. Үйлчлэгч эмэгтэй өнөөх хүний ярьсан өгүүлбэрүүд дундаас “Душ”, “ключ” гэсэн хоёр үгийг л ойлгоод “Да, да” гээд л толгой дохих юм. Үйлчлэгч эгч “Миний дүү, энэ польш юу гэнэ үү. Ямар ч байсан нэг түлхүүр асуугаад байна” гэлээ. Тэр хоёрт тусалчих санаатай өнөө польш нөхрөөс англиар “Та англиар ярьдаг уу” гээд асуутал толгой сэгсрэв. Хоёр, гурван минут бид гурав ярилцаад хэл нэвтрэлцэж ойлголцсонгүй. Үйлчлэгч “Да, да” гээд л толгой дохисоор, нөгөөх нь дуржигнуулаад л юм ярьсаар хоёр давхар руу гарчихлаа.
Монголын чөлөөт бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр өрөөндөө ирлээ. Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчин, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар энэ гурав академидээ долоо, долоо хоногоор каминдет багшаар ажилладаг юм байна. Харин бэлтгэлийн цагаар гурвуулаа заавал байлцана. Энэ долоо хоног Б.Батбаяр дасгалжуулагчийн ээлж.
“Олимп” сургууль гэж байгаад үйл ажиллагаа нь тэгэсхийгээд зогсчихсон. Сургуулийнх нь байр хоёр жил гаран эзэнгүй шахуу хоцорч. Асашёорюү Д.Дагвадорж, Б.Батбаяр нар эзэнгүй байгаа сургуулийг түрээслээд ч болтугай тамирчдаа байрлуулъя гэж ярилцаад Л.Чинбат захиралтай уулзах гээд Сэлэнгийн Цагаан нуур дахь компанийх нь талбай дээр очиж. Нэг хоёр хоног тэнд амрах, ажил ярих зуураа “Олимп” сургуулийнх нь байрыг сонирхож байгаагаа дуулгаж л дээ. Тамирчдын байр, хоол унд, хувцас хунар, эм бэлдмэл, цалин, тэмцээний зардал гээд жилд 600 гаруй сая төгрөг зарцуулдаг. Зарим жил тэрбум хол давсан зардал гаргаж байлаа. Та хоёр үнэхээр тэр бүгдийг даван туулж чадна гэвэл хамаагүй. Сургуулийн байрыг сард таван саяар түрээслэ. Харин урсгал зардлаа өөрсдөө гаргаарай. Сардаа тог цахилгаан, усанд 1.8 сая орчим төгрөг гардаг гэжээ. Ингээд 2013 оны арванхоёрдугаар сард Чөлөөт бөхийн охидын академиа байгуулаад шинэ он гарангуут сургуулийн байрыг жилээр нь түрээсэлж авчээ. Энэ хооронд манай охид оролцсон тэмцээн бүрээсээ медаль хамж, хүн бүрийн урмыг сэргээсэн болохоор Л.Чинбат захирал “Эмэгтэй бөх ирээдүйтэй, том боломж харагдаж байна” гэж ихэд бэлгэшээж, бас спортыг хөгжүүлэхийн төлөө яваа залуусынхаа сэтгэлийг үнэлээд 2016 оны арванхоёрдугаар сар хүртэл түрээсийнхээ үнийг чөлөөлсөн гэнэ. Энэ нь чөлөөт бөхийн холбооныхны хувьд нуруун дээр нь дарж байсан нэг хүнд ачааг аваад хаячихсан мэт л болжээ.
Одоогоор Монголын чөлөөт бөхийн академид Монголын 13, Беларусын дөрөв, Польшийн ес, Казахстаны 20 тамирчин бэлтгэл хийж байна. Энэ сарын 29-нд эхлэх “Mongolia open”олон улсын тэмцээний өмнө гадны багийнхан манайтай хамтарсан бэлтгэл хийх санал тавьж ирээд байгаа нь энэ.
Түрүүн бие засах өрөөний үүдэнд ярилцах гээд чадаагүй нөхөр бол Польшийн багийн дасгалжуулагч юм байна. Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн мундаг тамирчидтайгаа иржээ. Тамирчид байрлаж, бэлтгэлээ хийхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, сургалт, багш нараар хангагдсан ийм академик түвшний сургалттай сургууль дэлхийд Япон, Монголд л байдаг юм байна. Манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн чадвар, амжилт зэрэг өсч дэлхийд гайхагдаж байгаа энэ цагт гадныхан манайхтай хамтарч бэлтгэл хийе гэж гуйдаг болж. Казахстаны баг манайд ирж бэлтгэл хийе гэхээр нь “Манай академи жаахан ачаалалтай байгаа. Тамирчид маань нэг өрөөнд арван хэдүүлээ, казармын байдалтай л байрлаж байна” гэж хэлсэн ч “Бид та нартай хамтарсан бэлтгэл хийж байвал шалан дээр хэвтсэн ч хамаагүй” гэсээр ирсэн юм байна. Казахстан бол шилдэг бөхчүүдтэй орон. Гэтэл манай охидтой хамтарч бэлтгэл хийе хэмээн өөрсдөө санал тавьж байгаа нь манайхны чансаа хэр байгааг харуулж байгаа үзүүлэлт л дээ.
Б.Батбаяр дасгалжуулагч “Mongolia open” тэмцээн хүртэлх өдрүүдийн дэглэм, бэлтгэлийн цагийг гаргасан хуваарийг танилцууллаа. Нэгдсэн бэлтгэлийн үед өглөө зургаан цагт босоцгооно. Сургуулийн хашаанд эсвэл Тахилт, “Найрамдал” зуслан руу гүйцгээнэ. Найман цагт өглөөний цайндаа орчихоод заал руу орно. Спорт тоглоомоор тоглож, хүчний бэлтгэл хийх нь фитнессийн танхимд очно. Өдөр 13 цагт өдрийн хоолоо идчихээд 14 цагаас заавал унтана. Ингээд хоёр цаг хэртэй амраад 16.30 минутад дэвжээний бэлтгэлтэй. Энэ бол чухал бэлтгэл. Барилдана. Тэмцээн дөхвөл өдөрт хоёр удаа дэвжээний бэлтгэл хийж барилдана. Бэлтгэлээ 18 цагт дуусгачихаад саун, душиндаа орчихоод 19 цагт оройны хоолоо иднэ. Ингээд амралтын цаг эхэлнэ. 22.30 гэхэд бүгд орондоо орчихсон байх ёстой. Тамирчид академидаа байрлаж буй үедээ өдрийн энэхүү хуваариа зөрчиж болохгүй. Ингээд бямба гаригийн өдрийн хоолоо идчихээд гэр рүү харьж болно. Тэгээд маргааш нь буюу ням гаригийн орой академидээ ирчихсэн байх ёстой. С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Сумьяа, О.Бурмаа зэрэг манай зарим тамирчдын хувьд бэртэл авсан учир эмчилгээ хийлгэж байгаа болохоор одоогоор академидаа байрлаагүй байгаа гэнэ. Гэхдээ 16 цагийн бэлтгэлдээ багш нартайгаа заавал ирж байгаа гэнэ. Гавьяат тамирчин Ц.Энхжаргал 48 кг-ын жинд эх орныхоо нэрийг олон жилийн турш гаргаж байгаа бөх. Тэрээр олимпийн дараа хөл хүнд болж оны өмнө амаржсан байна. Хүүхэд нь тав, зургаан сартай ч саяхнаас бэлтгэлдээ оржээ.
Фитнессийн өрөөнд орвол Э.Нарангэрэл газарт хэвтчихсэн, гэдэс таталт хийж байна. Б.Батбаяр дасгалжуулагч хажуугаар нь өнгөрөхдөө “Нуруу гол шүү” гэж зааварлана. Польшийн өөр нэг дасгалжуулагч буланд оччихсон нэг тамирчинтайгаа аминч яриа өрнүүлнэ. Ингэж суйлах хэрэгтэй. Гэхдээ баруун гараа сул орхив доо гэж байгаа юм уу, тиймэрхүү юм л хэлж байна гэж таамаглав.
Охидын академи гэхээр эрэгтэй бөхчүүд ирж бэлтгэл хийж болохгүй гэж ойлгож болохгүй аж. Нэгдсэн бэлтгэлийн үед манай гучин эмэгтэй бөх байлаа гэхэд өсвөр болон залуучуудын ангиллын бөхчүүдийг авчирна. Тэд нараар бэлтгэл хангагч хийлгэнэ. Эрэгтэй, эмэгтэй тамирчны хооронд хэд хэдэн ялгаа байдаг юм байна. Эрэгтэй тамирчид ямар нэг мэхийг сурахдаа гаргуун. Нэг хараад эсвэл нэг хийж үзээд л өөрийн болгочихно. Мартана гэж үгүй. Харин эмэгтэй тамирчдад нэг мэхийг хийж сургачихаад орхиж болохгүй. Тэрийг нь цаг үргэлж давтуулж байх хэрэгтэй. Давтахгүй нэг, хоёр хоночихвол урьдынх шигээ сайн хийдэггүй гэнэ.
Эмэгтэй тамирчид маш үнэнч. Итгэж байгаа хүндээ үнэнч, хэзээ ч хуурдаггүй. Багш, дасгалжуулагчдаа итгэж байгаа бол хэзээ ч хуурч, худал хэлэхгүй. Сахилга батын хувьд санаа амар гэж Б.Батбаяр дасгалжуулагч хэлээд “Ганхуяг, Оско бид хэд чинь тамирчин байхдаа сахилгагүйтдэг байлаа. Унтаж байгаа юм шиг харагдуулах гээд хөнжил дороо цүнх, хувцасаа овойлгоод засчихна. Тэгээд цонхоороо гараад явчихдаг байлаа. Эрэгтэйчүүд чинь тиймэрхүү юмандаа сайн. Би заримдаа энэ хэдэн охидоо хардана аа. Хардаад ямар ч нэмэргүй. Урамгүй шүү. Өөрийнхөө тамирчин байсан үеийнх шигээ л эднийг сахилгагүйтчих болов уу гэж бодоод өрөөнд нь орохоор ер тиймгүй шүү” гээд инээлээ.
Одоогоор Монголын чөлөөт бөхийн холбооны эмэгтэйчүүдийн шигшээ багт Э.Нарангэрэл, Ц.Энхжаргал, Э.Даваачимэг, Э.Сумьяа, П.Орхон, С.Бямбацэрэн, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, Б.Одончимэг, О.Бурмаагэсэн 13 тамирчин байгаа юм байна. Бүгд аймаг аймгаас шалгарч, шигшигдсээр ирсэн тамирчид. Э.Нарангэрэл Эрдэнэт, Ш.Түмэнцэцэг, Э.Даваачимэг нар Завхан, С.Батцэцэг, Э.Сумьяа нар Архангай, С.Бямбацэрэн Өмнөговь, П.Орхон Өвөрхангай, Т.Мөнхтуяа Булган, С.Цэрэнчимэд Хэнтий, О.Насанбурмаа Баянхонгор, Б.Одончимэг, О.Бурмаа нар Төв, Ц.Энхжаргал Ховдынх.
Манай тамирчдын байрлаж байгаа өрөөнд орвол Ш.Түмэнцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар унтаж байлаа. Б.Одончимэгтэй мэндэллээ. Тэрээр “Сайхан эмэгтэй байхын нууц” гэсэн ном дэргэдээ тавьчихаж. “Чи ийм ном уншиж байгаа юм уу. Ямархуу ном байна даа” гэвэл “Би уншаагүй. Хүүхдийн ном” гээд дэрэн дороосоо “Галдан бошгот хаан” гаргаж ирээд “Би энэ номыг уншиж байгаа” гээд инээмсэглэлээ.
Хернингийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэгтэй ойр зуурын юм ярьж хэсэг саатлаа. Тэрээр “Манай чөлөөтийн охидыг гадныхан даацтай мэхтэй, хамгийн гол нь маш их бяртай л гээд байдаг ш дээ. Үндэсний бөхийн мэхээ хийнэ. Одоо бидэн дунд гар талладаггүй хүн гэж байхгүй тийм ээ, Түмээ” гээд зэргэлдээ орны Ш.Түмэнцэцэгийг дуудлаа. “Биднийг гадныхан бяртай гэдэг тийм ээ” гэж Б.Одончимэг асуувал Ш.Түмэнцэцэг чихэндээ байсан чихэвчээ аваад “Тийм ш дээ” гэсээр босч ирлээ. Манай Чимэдээ (С.Цэрэнчимэд хэлэв) гэхэд л хөл авна. Бараг бүгд гар талладаг. Бид чинь ямар багаасаа бөх болно гээд элдэв амин дэм, эм уусан биш. Мах идээд л ийм болчихсон. Бидний гар хөлийг гадныхан чинь барьж үзээд “Яасан чанга юм бэ” гээд гайхдаг шүү. Саяхан Буриадын бөхчүүд бидний гарын булчинг бариад л гайхаад байсан. Япончууд ер нь бяргүй. Бяргүй хэрнээ ажиллагаагаараа л оноо авчихаад байдаг.
Та нарыг сая “Дэлхийн цом”-д барилдахад Мартын найман таарсан байх аа гэвэл “Тамирчин бидэнд ямар юмных нь баяр байх вэ. Тамирчин болсноосоо хойш баяр тэмдэглэхээ ч больсон. Сүүлдээ ч тоохоо байсан. Сүүлийн ганц хоёр жил л Цагаан сараар золгож үзлээ. Цагаан сараар ер нь тэмцээнд явж таардаг юм даа” гэлээ. Тэд “Азербайжан, Украин, Польш гээд л гадны орны бөх эмэгтэйчүүдийг хараад байхад хоёр, гурван хүүхэд төрүүлсэн мөртлөө л ДАШТ, олимпод оролцоод яваад байгаа нь олон байна. Олимпдоо оролцлоо, дараа нь төрлөө. Тэгээд амаржаад гурав, дөрвөн сар болоод л бэлтгэлдээ орж байгаа харагддаг. Сүүлийн үед манай шигшээгийн охид ч тэгэх боллоо. Гэхдээ нэг их нялх биетэй байхдаа хүнд дасгал хийхгүй л дээ. Бага багаар гүйх зэргээр биеэ дасгаж байгаад л бэлтгэлдээ орж байгаа” гэлээ.
Б.Одончимэг, Ш.Түмэнцэцэг хоёр “Чимэд ээ, миний дүү босоорой. Наана чинь сурвалжлагч ирчихээд юм асуугаад байна. Босоорой Чимэд ээ” гэж үгэн завсраа С.Цэрэнчимэдийг дуудна. С.Цэрэнчимэд нам унтана. Эгч нарынхаа дуудаж байгааг дуулж байгаа болов уу гэмээр.
Фитнессийн өрөөнд манай шигшээгийн охид ирж, өглөө гадны нэг бөх ямар гайхалтайгаар дасгалаа гүйцэтгэж байсныг биендээ ярина. Э.Нарангэрэлийг ярихаар нөгөөдүүл нь толгой сэгсэрч “Аая, яа яа бүр тэгж үү. Айхавтар юм гээч” гэж яриаг нь үргэлжлүүлж сонсоно.
Тог тасарчихлаа.Оройноос наашгүй гэнэ. Өдрийн хоол 13 цагаас байтал ингээд тог тасарчихсан болохоор хоол оройтох нь ойлгомжтой. Тийм болохоор гадны бөхчүүдэд “Тог тасарсан учир өдрийн хоол 14 цагаас” гэж хэлэх хэрэгтэй болов. Тэгтэл Э.Даваачимэг тэр булангаас “Яасан гэнэ ээ. Хэнд юу гэж хэл гэнэ ээ. Би очоод хэлчихье” гэсээр дээш гараад явчихав. Бусдаас нь “Э.Даваачимэг ямар хэлтэй вэ. Жишээ нь польшуудтай ямар хэлээр ярина гэсэн үг вэ. Оросоор уу, польшоор уу” гэвэл шигшээгийн охид нирхийтэл инээж “Аа, бас нэг өөр хэл гэж байна аа, байна. Орос, английг холиод дээр нь тататунгаа гэдэг олон улсын хэлийг оролцуулаад болгочихдог юм” гэцгээлээ.
Охидтой ярилцаж зогстол академийн урд нэг жийп машин ирж зогслоо. Дотроос нь А.Сүхбат аварга гарч ирлээ. Албаны ажил хэрэгч маягаар хувцаслажээ. Гадаад хүн дагуулж яваа нь харагдав. Гараараа ийш тийш зангаж юм зааж өгч байгаа бололтой шүү. Компани руугаа орчих шиг болов. Сургалтын өрөөнд очиж цонхоор гадагш харвал А.Сүхбат аварга маань өнөө дагуулж яваа хүмүүстэйгээ Сталины хөшөөний урд зургаа татуулна. Хамт яваа хүн нь хөшөөг дороос нь тэргүүн хүртэл нь нэг бүрчлэн харах аж. Б.Батбаяр дасгалжуулагч цонхоо онгойлгоод аваргатай мэндчилбэл “Бид тавуулаа явж байна. Гал тогоонд шөл, унд бэлд гээрэй. Тэнд уулзъя” гэв. Хоол нэг цагаар хойшилсон болохоор тамирчид өрөө өрөөндөө бөөгнөрцгөөнө. Манай шигшээгийн охид бүгд ор дэрээ засч, янзлан цонхоо онгойлгож салхи оруулжээ. Тойрч суугаад юм ярина. Тэгтэл Польшийн нэг тамирчин шагайснаа “Boss how much?, Нет босс?” гэлээ. Юу гэнэ үү. Босс яасан гэнэ үү гэж сониучирхвал “Манайд чинь хоёр босс байдаг юм. Нэг нь валютын, нөгөөх нь дэлгүүрийн босс” гээд инээлдлээ. Э.Нарангэрэл валтын босс нь гэнэ. Гадны тамирчид голдуу доллар, евротой л ирнэ. Тэрийг нь Э.Нарангэрэл төгрөгөөр сольж өгнө. Валют солихдоо гар утсаараа лавлахаас мэдээлэл авна. Тэгж байж бодит үнээр арилжаа хийдэг юм байна. Валютаа төгрөг болгосон гадныхан дэлгүүрийн босс Э.Даваачимэгийг хайгаад явчихлаа. Үүдний жижүүрийн өрөөнд шилэн нүүртэй төмөр шүүгээ байна. Дотор нь чихэр, шоколад, ундаа гээд бүхий л амттан байхын сацуу угаалгын нунтаг, шингэн гээд ойр зуур хэрэг болохоор янз бүрийн бараа харагдлаа. Энэ бол дэлгүүр нь. Шигшээ багийн охид анх 150 мянган төгрөгийн фонд үүсгэжээ. Тэр мөнгөөрөө бараа худалдаж аваад дор дэлгүүр ажиллуулж. Тэндээсээ өөрсдөө юмаа худалдаж авч иднэ. “Тэгэхгүй бол бид байгаа бүх мөнгөө ойролцоох ТҮЦ, дэлгүүрт л өгөөд тавьчихна гэсэн үг. Заримдаа дэлгүүрээсээ юм зээлж авч иднэ. Бүр өрийн сүлжээ үүсчихнэ шүү дээ” гээд бие биенээ цаашлуулна. Жилийн дотор фондны мөнгө нь сая гаран төгрөг болсон байна. Өнгөрсөн жил түүнээс ч их болчихсон байтал шигшээгийн нэг охиных нь гэр шатахад мөнгөө хандивлаж гэр авахад нь тусалсан гэнэ. Тэгээд дахиад фонд үүсгээд дэлгүүр ажиллуулж, валют сольж мөнгөө эргэлдүүлж байгаа нь энэ юм байна. Э.Нарангэрэл “Овоо хэдэн доллар, евротой болчихсон байсан. Саяхан аваачаад төгрөг болгуулчихсан” гэлээ. Э.Даваачимэг дэлгүүрээсээ бараа худалдсан бололтой. Дэвтэр гаргаж ирээд данс хөтөлнө.
Дархан аварга А.Сүхбат ороод ирлээ. Охид орон дээрээ сууж байсан болохоор аваргыг ороод ирэнгүүт бүгд босоод зогсчихов. Аварга бэлтгэл сургуулилт сайн, бяр хүчтэй л байна уу гэж мэндчилээд “Хамгийн жижиг жингийн хүүхэд хэн бэ. Алив гараад ир” гэлээ. Э.Нарангэрэл орон дээрээсээ буугаад ирвэл баруун гарын булчинг нь дагуулж явсан энэтхэг нөхөрт харуулж “Ямар вэ дээ” гэлээ. Бүгд инээлдлээ. А.Сүхбат “За, амжилт охид оо” гэчихээд гараад явчихав. Бодвол гадны нөхөрт Монгол охид ямар хүчтэйг гайхуулах санаатай хамгийн жижиг жингийн охиныг гаргаж ирж үзүүлээ биз.
14 цаг болж бүгд цайны газарт орлоо. Академийн төв хаалгаар гараад зүүн талын хаалгаар цайны газар руу ордог юм байна. Уг нь жирийн үед нэг тогооч, нэг туслахтайгаар ажилладаг бол гадны баг тамирчид ирчихсэн, нэлээд ачаалалтай байгаа болохоор нэг тогооч нэмж ажиллуулж байгаа аж. Г.Энхжаргал тогооч бол “Олимп” сургууль байгуулагдсан цагаас л эдний тогоог барьж байгаа эмэгтэй.
Баг багаараа ширээнд сууцгаалаа. Өдрийн хоолонд брокклитой зутан шөл, машиндсан махтай, нухсан төмс. Агшаасан гурвалжин будаа. Тог тасарсан ч газан тулгаа асаагаад аль л болох хоолоо оройтуулахгүйг хичээжээ. Зочин багийнхан нэлээд өлссөн нь илт. Хамгийн түрүүнд хоолонд дугаарлацгаав. Манайхан яахав гэрийн эзэд болохоор уужуу хүлээж байлаа. Гадны тамирчид ширээндээ хоол ундаа авсны дараа манай баг тамирчид хооллож эхлэв. Арилгачихсан бүхэл бүхэл бөөрөнхий сонгино байсныг Казахстаны тамирчид ширээндээ авчихав. Беларусын нэг тамирчин зутан шөлийг үнэртэж үнэртэж байснаа сая нэг амсав. Олон орноор явж үзсэн, шигшээд удсан тамирчин Б.Одончимэг “Гадаадад явахад хэцүү ш дээ. Хоол унд нь таарахгүй. Бид ч ингэдэг л юм. Элдэв янзын хоолыг нь идэж чадахгүй. Сүүлдээ өрөөндөө шөлтэй хоолоо хийж идэж хөлс гарч байгаа юм чинь” гэлээ. Б.Батбаяр дасгалжуулагч Б.Одончимэгт хандан “45 хүний суудалтай автобус хөлслөөд Цонжинболдогт очихоор болсон. Чи манайхнаас хэн хэн явахыг мэдээд нэрийг нь бичээд өгөөрэй. Нэг тиймэрхүү арга хэмжээ зохиохгүй бол гадны энэ баг тамирчид уйдаж байгаа байх. Биднийг өндөр хашаагаараа хүрээлэгдсэн, хашаанаасаа гардаггүй, үүдэндээ харуул хамгаалалттай, дэргэдээ Сталины том хөшөөтэй, ер нь айхавтар өндөр сахилга баттай хүмүүс юм гэж ойлгоод байх шиг байна” гээд инээлээ. Казахстаны охид манай шигшээгийн охидын дэлгүүрээс худалдаж авсан чихэр, жигнэмэг зэргээрээ бусад ширээнийхнээ дайлна. Тэдний багийн 48 кг-ын жингийн Еленора гэх тамирчны төрсөн өдөр нь тохиож байгаа юм байна. Тийм болохоор байгаа боломжоороо өдрийн цайны цагаар төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нь энэ. С.Цэрэнчимэд хоол идэнгээ гар утсаараа бичлэг шимтэн үзнэ. Ямар бичлэг үзээд завгүй сууна вэ гэвэл “Аан барилдаан үзэж байна” гээд харууллаа. Б.Батбаяр дасгалжуулагч Б.Одончимэг, С.Цэрэнчимэд нарт хандан “Оройны хоолны үеэр нэг бялуу хэрэг болох нь. Лаа асаагаад. Та нар тэрийг зохион байгуулаарай. Эртхэн авчраад тогоочдоо өгчих. Тэгээд хоолны үеэр лаатай бялуу гаргаад ирвэл гэнэтийн бэлэг болно шүү дээ” гэлээ. С.Цэрэнчимэд гар утсаараа үзэж байсан бичлэгээ багшдаа үзүүлээд тэрүүхэн тэндээ толгойгоо нийлүүлээд барилдаан, мэх ярьж эхэллээ. Тэднийг ширээнд үлдээгээд гадаа гарлаа. Тамирчид үүдний сандал дээр сууцгаана. Гадны тамирчид хоёр гурваараа сугадалцаад салхинд алхана, хашаан дотор. Ингээд өдрийн унтлагын цаг болов. Академи тэр аяараа нам гүм боллоо. Б.Батбаяр дасгалжуулагч ширээн дээрээ бичиг цаас гаргаж ирээд сууна.
15 цаг 40 минут гээд гаднаас машин тэрэг ганц нэгээр цуварч орж ирлээ. Гадуур эмчилгээтэй байгаа тамирчид, шигшээгийн дасгалжуулагчид цөм ирж байна. 16 цаг гэхэд бие халаалт эхэллээ. Үүдэнд жаахан хүүхэд тэвэрсэн охин зогсоно. Түүнээс “Өөрөө Энхжаргалын дүү юү. Хүүхдийг нь тэвэрчихсэн байгаа юм уу” гэтэл “Тийм ээ, Энхжаргал бэлтгэлдээ орчихсон. Хүүхдийг нь тэвэрч байна” гэлээ. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Биеийн тамирын дунд сургуулийн багш Х.Чойжилжав, “Цастын барс”-ын Д.Батням, Ц.Баярсайхан нар ирчихэж. Бие халаалтын үед урагш хойш өнхөрч, гар гараасаа бариад эргэлдэж, нэгэн дээгүүрээ харайцгаах юм. Заримдаа хүнтэй мөрөөрөө ширүүхэн мөргөлдчихвөл толгой хүзүү сонин болчихдог үе байдаг даа. Гэтэл чөлөөт бөхийн охид зэрэгцэж гүйж яваад дээш үсрээд агаарт мөр, таазаараа мөргөлддөг дасгалыг хийдэг юм байна. Бөх охид маань энэ дасгалыг хийхдээ инээлдэж, бүр хөгжилдөх юм. Бие халаалт дуусч хөнгөн, хүнд жингээр хоёр дэвжээнд хуваагдаад барилдаж эхэллээ. Дасгалжуулагчид нь тамирчдадаа хандаж зөвлөгөө өгч, болохгүй бол өөрөө очиж биеэрээ үлгэрлэн заана. Гадны бөхтэй барилдах шавьдаа хандан “Мэхээ ямар тэсрэлттэй хийж байгааг харж байна уу” гэж анхааруулна. Ийнхүү бэлтгэл хоёр цаг үргэлжлээд дууслаа. “Mongolia open” тэмцээн болтол ийм маягаар бэлтгэцгээх юм байна. Уг тэмцээний дараа АНУ, Франц, Бразилийн шилдэг бөхчүүд манайхтай бас хамтарч бэлтгэл хийнэ гэдгээ илэрхийлчихээд байгаа юм байна.
Дэлхийн хэмжээнд одоогоор хоёрхон байгаа Чөлөөт бөхийн охидын академиас бэлтгэсэн “Танай өнжье” булангаа энд хүргээд жаргааж байна.
Д.ГАНСАРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН