Төрийн шагналт инженер Н.Нацагнямд Азийн бүтээмжийн байгууллагаас “Үндэсний бүтээмжийн шагнал 2015”-ыг гардуулсан. Уг шагналтай холбогдуулан Н.Нацагням өчигдөр ШУТИС-ийн хурлын танхимд хүндэтгэлийн лекц тавьсан юм. Тэрээр лекцийн эхэнд өөрийнхөө бүтээлийг товчхон танилцуулж, давуу талуудыг нь дурдаж байлаа.
Эл лекцийг тоймлон хүргэж байна.
Бидний бүтээсэн бүтээлүүдийг ашигласнаар импортоор юу ч авалгүй бүхнийг Монголдоо хийх боломжтой. Би англи аргаар NaNyam стандартаа гаргасан. Энэ стандартаар хийсэн цахим төхөөрөмжийг л Монголд оруулна гээд хууль гаргачихвал импортоо хамгаалж чадна. Тэгэхээр электрон бараа гаднаас орж ирж чадахгүй. Энэ нь англичуудын өнөөдөр хэрэглэж байгаа арга байхгүй юу. “Sony” телевизор, “Nokia” гар утас англид байна. “Nokia”-гийн их том, манай саарал ордон шиг барилга Англид бий. Юу хийдэг вэ гэхээр Английн стандартаар зарим юмыг нь өөрчилж зах зээл дээрээ зардаг. Тэр ашгийг англи хүн олох ёстой. Гадаадын хүн авах ёсгүй. Гадаадын хүн ашиг оллоо гэхэд тэр мөнгөө гадагшаа авч явж чаддаггүй. Байшин, машин авах замаар тэр мөнгө нь Англид л шингэж байх ёстой. Би монополь компанид нь ажиллаад ирлээ шүү дээ. Бодит амьдрал ийм байдаг юм гэдгийг нь харлаа. Дээд сургууль нь чөлөөт өрсөлдөөн гэж шал худлаа юм заагаад. Тэр хүмүүс нь Орос, зүүн Европт ирж төр бариад, чөлөөт өрсөлдөөний бүх зах зээлээ алдсан. Зүүн Европ нь баруун Европынхоо хэрэглэгч нь болчихсон. Тэр битгий хэл Европын холбоо гээд Грек, Латин улсууд Германы хэрэглэгч болоод ядуурчихсан. Ядуурахаар яах вэ гэхээр үйлдвэрийн эзэд нь амиа хорлочихсон, Италид. Амиа хорлосон эздийн эхнэрүүд нь Бэлэвсэн эхнэрүүдийн холбоо байгуулаад ажиллаж байна. Үндэсний стандартаар импортоо хамгаална гэдэг маш их ач холбогдолтой. Тэр улсын амьдрах арга нь. Түүнээс биш чөлөөт өрсөлдөөнөөр хөгжсөн улс дэлхийн хаана ч байхгүй. Харин чөлөөт өрсөлдөөн гэж молигодуулаад дампуурч байгаа улс гэвэл Зүүн Европ байна. IT-гийн цахим төхөөрөмж, бүх юмыг Монголдоо хийе. Англичууд металл тросс, металл хайлуулах зэрэг бүх хар ажлаа дайны дараа Энэтхэг рүү нүүлгэсэн. Дараа нь 1990 оноос Хятад руу нүүлгэсэн. Хятадын голууд улаанаар урсдаг болсон. Химийн хортой үйлдвэрүүд ашиг багатай хэрнээ өрсөлдөөн ихтэй. Англид бол зөвхөн ширээ сандалдаа суугаад л зохион бүтээх ажлаа хийдэг. Хар ажлаа хятадуудаар хийлгээд дэлхийд байхгүй хямд зардлаар энэ төхөөрөмжүүдээ үйлдвэрлэж байна.
Би хэд хэдэн төхөөрөмж хийе гэж бодоод байгаа юм (Ямар төхөөрөмжүүд хийх гэж буйгаа дэлгэцэнд зургаар харуулав.сурв) Гэтэл үүнийг хийе гэхээр манайхан ойлгохгүй байгаа юм. Үүнийг хятадууд, англичууд яаж хийдэг вэ гэхээр гучин жилийн захиалга авдаг юм байна. Хэдэн ширхгийг яаж авах вэ гэдгийг тогтоогоод тоог нь гаргасны дараа энэ бизнесийг эхэлдэг. Над шиг захиалга нь байхгүй байхад NaNyam төхөөрөмжийг хийсэн хүн дэлхийд ганц ч алга. Миний таньдаг англи инженер “Чам шиг тэнэг хүн дэлхийд байхгүй” гэж дооглосон. Би үүнийг мөнгөний төлөө биш, улс төрийн зорилгоор хийсэн юм. Монголчуудын төлөө. Монгол хүн үүнийг баталдаг гэдгийг харуулахгүй бол насан туршдаа импортоор аваад, насан туршдаа гуйлгачин шиг амьдрах ёстой гэдэг лоозон байлаа шүү дээ. Үүнийг би сөрж зогсоод дөрвөн жилийн турш цалингүй ажилласан. Анх ТЭЦ II-той гэрээ хийхэд 15 саяын гэрээ хийсэн. Гэтэл тэр төхөөрөмжийг 800 саяар авсан. Тийм зургаан машин авсан нь одоо ажиллахгүй байна. 4.8 тэрбум төгрөгийг аваад хаячихаад одоо болохоор NaNyam-аар хийлгэнэ гээд надтай гэрээ хийж байна. Таван тэрбумыг хаяхаас нь өмнө би хэлээд байхад надад итгээгүй. Тэгээд дөрөв, таван жил ажиллаад баталсны дараа “Өө, за за чамаар хийлгэе” гэж улсын мөнгөөр тоглодог болж. Таван тэрбум төгрөг юу ч биш болж байгаа биз.
(Процессорын зураг харуулав.сурв) Та нар процессор харж байна шүү дээ. Энэ бол 1-10 сая төгрөгөөр борлогддог. Хэрвээ би нийт 18 аймгаас захиалга авбал энэ процессорыг 10 ам.доллараар хийж болох байхгүй юу. Өөрийн өртөг нь 5-6 ам.доллар л гарна. Гаднах гэрийг нь биш, зөвхөн боардыг нь хийхэд. Английн зах зээл дээр 20 фаундаар зарсан ш дээ. Би үүнийг 20 ам.доллараар хийгээд зарахад хангалттай байхгүй юу. Доторх материал нь үнэндээ хямдхан. Юу үнэтэй вэ гэхээр та нарын цаг хугацаа, тархи. Би энэ бүхнийг ганцаараа хийхгүй. Захиалга авбал IT-гийн инженерүүд, энэ чиглэлээр сурдаг бүх оюутныг ажлаар хангана. Эхний ээлжинд ингэж ажиллах оюутнууд хэдийнэ бэлэн болчихсон.
Монголд нөөц нь байгаад байдаг. Гол нь зохион байгуулалтын ажил. Ерөнхий сайд миний төрсөн аав байгаад ч надад тусалж чадахгүй болчихоод байна. Яагаад гэвэл манай энэ төр чинь чөлөөт өрсөлдөөний дүрмээр байгуулагдсан. Агуулахаас худалдаж авахгүй бол багтахгүй болчихсон. Надаас болж Ерөнхий сайд шоронд орчих болчихоод байгаа байхгүй юу. Тэр хүнийг би шаналгаж болохгүй (инээв). Ийм гарцаагүй, сонин байдалд орчихоод байна шүү дээ. Үүнийг дээр, дооргүй “Яаж засах вэ” гэж ярьж байна. Дараачийн сонгуулиар засчихна гэж харж байгаа юм.
Англи, Америкт төрд гарч байгаа хүмүүс нь ард түмнээ тэжээж байна шүү дээ. Би тийм олигархи компанид нь ажиллаж байгаад ирлээ, “Alstom”-д. Тэр бол ард түмнээ тэжээдэг, ард түмэн нь шүтдэг. Гэтэл бид олигархиуд гээд л хараагаад занаад зүхдэг. Үүгээрээ бид монголоо алдаад байгаа байхгүй юу. 100 жилийн өмнө бид Итгэлт баяныг шүтэж амьдарч байсан. “Зэрэг нэмэхийн өмнө” киног манай өвөө, эмээ нар харчихаад уурладаг байсан, монголчууд хэзээ ч ийм байгаагүй гэж. Худлаа үзэл, суртлаар та нарыг молигодож байна гэж уурладаг байсан. Бид 100 жилийн тэр сэтгэхүйдээ эргэж очиж олигархиудаа хайрлаж, тэд биднийг ажлаар хангах нь байна шүү. Бид ийм байдалд хүрэхгүй бол бид хэзээ ч хөгжихгүй. Тийм болохоор дараачийн сонгуулиар бизнес хийдэг хүмүүс нь төрдөө гараад, импортыг орлоё гэж худлаа ярьдаг нь биш импортоо орлочихсон хүмүүс нь дээр гараад, зах зээл болгоныг эзэнтэй болговол бид Итгэлт баяны дүрмээр явна. Азийн барууд ингэж явсан, Англи, Америк ингэж л хөгжсөн. Бид өнөөдөр нэг юмнаас, коммунист дүрмээс айгаад байгаа байхгүй юу. Айх хэрэггүй. Бид нар өнөөдөр зоригтой л байх ёстой.
Гадны төхөөрөмж суурилуулчихаар өнөөх нь паспорт нэхдэг. Паспортыг нь тайлуулах гэж Англиас хоёр инженер ирээд долоо хоноод явахад 200 мянган фаунт авсан гэж байгаа юм. Гэх мэт дарамт ихтэй. Нэг юм нь эвдэрчихээр засахад хэцүү. Бүхлээр нь солихоос өөр аргагүй. Тийм болохоор “Гок” NaNyam-ийг авах санал тавьсан. “Гок” дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүх юмаа шинэчилчихсэн байна лээ. Троллейбуснуудад NaNyam төхөөрөмжийг тавих гэсэн чинь жилдээ тавхан ширхгийг авна гэж байгаа юм. Тийм л жаахан захиалгатай. Таван саяын захиалгаар хөгждөг нийгэм байхад бид яах болж байна. Гэтэл тэр таван захиалга нь одоо бүр тэг болчихсон.
Капитализм байгуулах дүрэм нь дэлхийн ямар ч засаглалтай улсад адилхан байдаг юм байна. Монгол гэрийн ерөнхий анатомтой адил. Тооно байхгүй бол бид униа хатгаж чадахгүй. Тэрэнтэй адилхан монополь эдийн засаг байхгүй бол чөлөөт өрсөлдөөн, жижиг дунд үйлдвэрлэл гэж байдаггүй юм байна. Үүнийг Америк цус нөжөөр хийсэн. Бусад улсууд хуулиар хийсэн. Социализмд бүх юм монополь байлаа. Фашист нийгэмд “Бенз” гэж машиныг хүчээр гаргаж ирсэн. Ийм байдаг юм байна.
Монгол Улс чөлөөт өрсөлдөөнөөр явна гэсэн сонин хуультай болохоор юмыг өөрийн өртгийг нь багасгаж, оюуны өмчийг нь хамгаалж хийе гэхээр болохгүй байна л даа. Бүх зах зээлийг манай төр барьж байгаа томчуул хувааж аваад, бие биенээсээ худалдаж аваад битүү орчин үүсгэчихсэн. Гар утасны зах зээлийг монополь нэг компани авлаа гэхэд тэрэн дээр нь дөрөв юм уу, дөчин компани чөлөөт өрсөлдөөнөөр гар утасны программыг нь сайжруулдаг. Анхны монополь компани нь үйлдлийн системийн захиалгаа өнөөдүүлдээ өгнө. Тэр компанийн технологийг сурсан дөрөв, таван компани захиалгыг хийж нөгөөдөх нь зардаг. “Samsung” бол өөрөө бүх юмыг хийхгүй. Солонгосын бүх оюунлаг ард түмнийг тэжээж байгаа бурхан шиг монополь компани юм байна. Тэгэхээр бид энэ зарчмаар хөгжье. Ерөөсөө маргаад байх юм байхгүй. Капитализм байгуулах технологи бол дэлхийд батлагдчихсан. Өнөөдөр манайд бизнес хийж байгаа хүмүүс амиа хорлох хэмжээнд хүрээд байгаа. Яагаад гэхээр зах зээлийг нь хамгаалж өгөхгүй, шууд зээл өгөөд хий гэхээр нөгөө хүн нь зээлийн хүүндээ баригдана.Дээрээс нь импортыг нь хорьж өгөхгүй болохоор борлуулалтгүй болчихно. Тэгэхээр энэ хүмүүс чинь амиа хорлох хэмжээнд хүрээд байна. Зээл төлсөн нэг ч байгууллага байдаггүй юм байна, бизнес хийж байгаа энэ компаниуд дунд. Бүгд амиа хорлоход бэлэн явж байна. Монополь борлуулалтыг социализмын үед төр хийж өгдөг байсан. Өнөөдөр Англи, Америкийн томчуул тэгж борлуулалт хийж явдаг юм байна. Барак Обама “Хөөе би тэнд очихдоо таван “Бойнг” зарсан шүү” гэж ард түмэндээ зарладаг. Үндэсний борлуулалтаа ийн хийж явдаг.
Монополь байж байж Америкийг бүтээсэн гэж ярьдаг. Монополь компаниуд нь байгаагүйсэн бол Америк хэзээ ч хөгжихгүй байсан. “Gucci” компанийг хар л даа. Тэд “Баячууд байгаагүй бол бид гарч ирэхгүй байсан” гэж ярьдаг.
NaNyam төхөөрөмж ТЭЦ-II, ТЭЦ-III дээр ажиллаж байна. Нэг аз болоход гоё туршилтууд зун болдог юм. Зун болохоор шувууд шугам дээр буухад түр хугацаанд тасраад оросоос залгахад Орос, Англи, Шведээс авсан өдөөлтийн системүүд генераторыг савлуулаад доргилтод оруулаад зарим тохиолдолд зуухууд зогсдог. Гэтэл NaNyam мэдэрч байгаа генераторууд амьд үлддэг. Энэ туршилтаар манай үндэсний инженерүүдийн нэр хүнд өсч байгаа.
Би нэг гарц хэлье. Англи, Америк гээд монгол дүрмээр хөгжсөн орнуудад популист сонгуулийг явуулахаас өмнө Итгэл баяны сонгуулийг явуулчихдаг юм байна. Үйлдвэрийн эздийн сонгууль яваад дээр төр барьчихдаг. Инженерийн яам, авлигатай тэмцэх газрын ч хэрэггүй. Эрүүл систем юм. Модунь Шаньюйгийн үед ийм систем байжээ. Коммунизмд ороод үүнийгээ бид алдчихсан. Гэтэл дэлхийн хөгжсөн бүхий л орон энэ дүрмээр хөгжсөн юм байна. Жишээ нь Английг харъя л даа. 1200 оноос хойш зөвхөн Лордын засаглалаар Итгэлт баяны дүрмээр төр барьдаг байсан. Дараа нь 1341 онд хоёр танхимтай болж, популистууд энэ үед гарч ирсэн. Популистуудыг хар л даа. (Зураг харуулав.сурв). Энэ өвөө бол маш сайхан сэтгэлтэй, үнэхээр тийм ч түүнд Итгэлт баяных шиг төрөлхийн мэдлэг байхгүй. Тэгэхээр энэ хүн капитализмийг байгуулж чадахгүй. Тэгэхээр Итгэлт баянуудыг сонгож сонгуульд оруулъя гэдэг юмыг би биш ээ дээр, дооргүй бүгд ярьж байна. Лордын систем, олигархийн системийн сайн талыг мэддэг хүмүүс л төр барья. Түүнээс биш коммунистаараа сэтгээд олигархиудаа үзэн ядаад байвал бид хэзээ ч бүтэхгүй.
Популизм орж ирснээр хууль нь гууль болоод 1920 онд Герман, Англид нэг пиво авч уугаад дараачийн пиво авахад үнэ нь хоёр дахин өсч байсан. Энэ популист үзэгдэл Монголд гарч ирээгүй байна. Болоогүй байна. Эхний ээлжийн популистууд сэтгэлийн дуудлагаар хувьсгалаа хийдэг юм байна. Хоёрдугаар ээлжийн популистууд мөнгөний дуудлагаар гарч ирж иргэний дайн үүсдэг. Ийм аюултай. Тэгэхээр сонгуульд орж ирж байгаа хүмүүстээ шалгуур тавих хэрэгтэй. Популистуудыг биш лордуудыг. Итгэлт баян шиг юмаа хийчихсэн хүмүүсийг гаргая.
Энэ хэдэн олигархиудаас л болоод байна гэж хүн бүр үзэн ядаад дайн хийхэд бэлэн болчихоод байна. Дайн бидэнд зохихгүй. Дайнаас аврах арга нь лордын сонгууль. Баялаг бүтээсэн хүмүүсээ дээшээ гаргах. Ингэж гарцаа харж байгаа. Энэ бол байгалийн хууль юм байна лээ шүү. Ардчилалд орлоо, хоёрдугаар популистууд гарч ирлээ, дайн болно. Үүнээс урьдчилан сэргийлэх арга нь зөв сонголт. Тайванийг харцгаа. Тайвань Монголоос илүү дампуурч байгаад баруунд ажиллаж байсан инженерүүд нь сонгуулиар ялаад тэнд электроникийн хувьсгал гарсан чинь тэр нь олигархийн хувийн л бизнес байсан шүү дээ, Ерөнхий сайдынх нь. Ингэж л ард түмнээ ядуурлаас аварсан. Нөгөө нэг гарц бол дарангуйлал. Энэ нь манайд таарахгүй, хоёр том хөрш байна. Тэд ороод ирнэ.
Нэг хүний засаглал дампуураад, парламент засаглал руу орно. Нөгөөх нь дампуураад ардчилал буюу популизм руу орно. Тэр нь дампуураад нэг хүний засаглал руу ордог. Энэ гурван засаглал ингэж гурван мянган жилд нэг эргэдэг. Ийм л зүй тогтолтой байна. Нэг хүний засаглал нь ойролцоогоор 2000 жил байна. Лордын засаглал 500 жил, популист буюу ардчилсан засаглал 200 жил. Ингэж эргэж байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл дараагийн сонгуульд үндэсний лордуудаа гаргаж ирж дэмжихийг хүсч байна. Анхаарал тавьсанд баярлалаа.
Тэмдэглэсэн: Д.ГАНСАРУУЛ