Categories
булангууд мэдээ томилолт

Улаан-Үдээс “гахай” чирэх хэцүү

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш Алтанбулагийн гаалийн ачаалал нэмэгдэж, 24 цагаар ажилладаг болсон. Манайхны ихэнх нь газар орон үзэж, Итгэлт хамбад мөргөхийн сацуу Улаан-Үдээр аялж, Байгаль нуурын хөвөөнөө очих зорилготой. Гадаад паспортынхоо дуусах хугацааг шалгаагүйгээс буцах тохиолдол хааяа нэг гардгийг эс тооцвол иргэдийн хувьд хилээр гарахдаа ноцтой зөрчил ер нь гаргадаггүй юм байна. Деклараци энэ тэрээ бөглөхдөө л жаахан будилна. Гэхдээ нэр ус, овгоо хаана бичих, паспортын дугаараа хаана нь бөглөх зэргийг бэлэн заагаад өгчихсөн хувилбар байдаг юм байна. Тэрийг нь хараад л дуурайгаад биччихнэ. Алтанбулагийн боомт айхавтар ачаалалтай, хонон өнжин дугаарлаж, зарим тохиолдолд машин гаргахгүй байгаа гэх зэрэг мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тардаг. Энэ мэтээр эндхийн үйл ажиллагааг буруу талаас нь таниулсан ташаа мэдээ сэлт явж байгааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын дарга Р.Одмөнх үгүйсгэсэн юм.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон хэвлэл мэдээллийн 20 орчим байгууллагын төлөөлөгчдийн баг Монголын хилээр гараад 19 цагийн үед ОХУ-ын хил дээр очоод автобусандаа нэлээд сууцгаалаа. Монголын талаас явж байгаа суудлын арав гаруй тэрэг ч хүлээж байна. Оросын талаас энэ зэргийн хүлээлт бий болгодог нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Гэхдээ зориод ирсэн болохоор хил дээрээс буцна гэж байхгүй учир хаалгаа нээтэл нь хүлээцгээхээс өөр аргагүй.

Хиагтын дэргэдүүр өнгөрч “Роснефть”-ийн шатахуун түгээх станцаас түлш авснаар бидний худалдан авалт эхэлнэ.

Улаан-Үдийг зорин очиж байгаа жуулчдын 30 гаруй хувь нь Итгэлт хамбыг зорьдог аж. Хашаагаар нь оруут л шашны эд өлгийн зүйлс, бэлэг дурсгал, бурхан сахиус, арц хүч, дарцаг сэлт нүд хужирлана. Худалдаачид нь эрчүүлийг хараад “Энэ очир бол эр хүнд байвал их сайн” гэж ирээд сурталчлах. Эсхүл залуу охидод модоор урласан жижигхэн хос нугасаа их “шахна”. Энэ хос нугасыг дэрлээд унтвал үтэр түргэн заяаны ханьтайгаа учирч, нөхөрт гардаг гэнэ. Эсхүл шаазан хонх үзүүлээд “Гэрт муу муухай юмыг тогтоодоггүй, хөөж гаргадаг” гэх мэтээр бараа бүхэн нь жанцантай. Худалдаачдынх нь дэргэдүүр өнгөрөөд гол дацанд хүрэв. Итгэлт хамба заларч буй гол дацан руу ороход нэг хүнээс 250 рубль авна. Хоёр лам угтаж, хэрхэн яаж залбирах, сунаж мөргөхийг зааварлана. Дотор гэрэл зураг авахыг хатуу хориглох аж. Итгэлт хамбын дэргэд байж, ирсэн сүсэгтнүүдэд тусалдаг энэ хоёр лам уриалгахан зантай. Сүсэгтнүүдийн авчирсан хадгийг очир зангилаагаар зангидаад буцаагаад өөрт нь өгнө. Очир зангилаа нь муу бүхнийг зайлуулж, эргэн тойрондоо сайн эрчим түгээдэг гэнэ. Хүмүүс хүслээ бичсэн захидлаа дацангийн тахилын өмнө үлдээдэг юм байна. Ингээд гол дацангаас гараад зүүнтээх дацанд орно. Эндээс хамбын рашаан, арц хүж зэргийг авч, уншуулах номоо бичүүлнэ. Ном бичиж байгаа ламын эргэн тойронд бэлэг дурсгал, шашны холбогдолтой зүсэн зүйлийн эд бараа өрөөстэй. Хүнтэй ч мэндлэх завгүй номоо бичиж, хандив авахын хажуугаар наймаа хийнэ. Ном, CD, хэвийн боовноос эхлүүлээд матрёшка тоглоом, аяга, таваг ч байна. 20, 40, 50, 150 рублийн үнэтэй элдэв зүйлсийг манайхан авч мэднэ. 20, 40 гэж байгаа нь бидэнд бага тоо боловч цаагуураа мөнгө гүйж өгнө. Жуулчдад зориулсан болохоор энэ хавийн зүйлс үнэтэй. Энд 250 рублиэр зарж байсан хонх Улаан-Үдийн томоохон супермаркетад 181 рублийн үнэтэй байх жишээтэй. Итгэлт хамбад мөргөж байгаа хүмүүсийн дотор буриадууд өөрсдөө олон байх. Бас гадны жуулчид ч харагдана.

Улаан-Үд “Титан”, “Абсолют” гэсэн хэд хэдэн сүлжээ, үйлчилгээний төвүүдтэй. Супермаркетийн зарчмаар ажиллах бөгөөд хажууд нь дагалдах үйлчилгээний цэгүүдтэй. Үнэ нь ерөнхийдөө хямд байдаг болохоор худалдан авагч олонтой. Монголчуудын хувьд молоко, душонка, утсан гахайн мах, матрёшка, чихэр, паалантай савнууд, сархад, ирис, зөгийн бал зэргийг голдуу цуглуулах аж. Дээхнэ үед идэж, хэрэглэж байсан зүйлс нь яг тэр хэвээрээ дэлгүүрийн лангуун дээр байгаа нь нүдэнд содон. Душонка буюу үхрийн жигнэсэн мах 24.9 рубль болж хямдарсан байлаа. Зах худалдааны төвүүдэд явж байгаа монголчуудын хувьд бэлэг дурсгалын зориулалтаар цөөхөн тооны юм цуглуулж байгаагаас бус их хэмжээгээр бараа сэлт авч байгаа нь цөөн. Эрээнээс “гахай”-гаар бараа чирч ирдгээс арай өөр худалдан авалтыг монголчууд энд хийдэг юм байна. Оросоос гарахад хил дээр зарим зорчигчийн цүнх, чемоданыг задалж, юу авч явааг нь нэг бүрчлэн шалгаж, онгичиж байгааг харсан хүмүүс “Улаан-Үдээс бараа авч явмааргүй юм байна. Авлаа ч ганц хоёр л юмтай буцвал болох санж” гэцгээж “Гахай чирнэ гэж саналтгүй бололтой” хэмээн толгой сэгсэрнэ. Хувийнхаа машин тэрэгтэй яваа монголчууд бараагаа хайрцаглаад ам амсрыг нь битүүмжлэхгүй нээлттэй явдаг юм байна. Эсвэл машиныхаа багажинд сул хийчихдэг аж.

ОХУ руу визгүй зорчдог болонгуут монголчууд хойшоо их явжээ. Цагаан сарын үеэр оргилдоо хүрсэн юм байна. Монголчууд юм шинэ дээрээ сайхан гэдэг. Түүн шиг Орос улс, Улаан-Үд, Итгэлт хамбыг зорих иргэдийн тоо ерөнхийдөө буурах хандлагатай байгаа бөгөөд ирэх намраас хойш чиглэсэн жуулчлал татрах аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийн хувь заяаг ганцхан шалгалтаар шийддэг нь өнгөрсөн зууны баларсан явдал

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-нд эхэлнэ. Өнөө жил 20 гаруй мянган төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. 18-нд эхний шалгалт 10:00 цагаас, 20-нд 08:30 цагаас газар зүй, маргааш нь 08:00 цагаас физикийн шалгалт эхлэх юм байна. Элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүхэд шалгалт авах байранд нэг цагийн өмнө ирсэн байх, мөн цахим үнэмлэхээ эсвэл түүнтэй адилтгах бичиг баримтаа заавал авчрах ёстой. Хэрэв хоцрох юм уу, иргэний үнэмлэхээ орхисон байвал шалгалтанд оруулдаггүй. “Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө” гэх мэтээр Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд заасан байна. Үнэндээ шалгалтаа өгөх гэж өдөр шөнөгүй бэлдсэн хүүхдүүдийн хувьд өглөө 06:00 цагт босоод 07:00 цаг гэхэд сургууль дээрээ ирчихсэн байх ёстой гэдэг даалгавар бол дэндэнэ. Монголчууд угаасаа назгай, цалгар зантай ард түмэн. Хүүхдүүд нь ч тэр. Бүтэн жилийн турш ирэх хавар төгсөнө өө гээд л уужуухан явсан сурагчид гэнэт л дөрөв, тавдугаар сараас ухаан орсон мэт давтлага авч, элсэлтийн шалгалттай гэдгээ ухаарч эхэлдэг. Тэгж байтал хонхны баяр гэх нүсэр ажил ундраад шалгалт манатай болно. Элсэлтийн шалгалт болохоос долоо хоногийн өмнө аав, ээж, өвөө эмээ нь шахаж шаардаж, хүүхэд ч өөрөө оройхон ширүүхэн дайрна гэгчээр өдөр шөнөгүй шалгалтдаа бэлдэж, давтлага авч гүйнэ. Ингээд шалгалтын урьд өдөр ар гэрийнхэн нь “Маргааш шалгалттай. Одоо унтаж амар. Том шалгалтын өмнө сайн амраад ав” гэж зөвлөдөг. Хүүхэд ч тайвширч шөнө болтол зурагт үзэж, кино харсаар мөд унтахгүй. Шөнийг ийнхүү хугасалсан амьтан яаж үүрээр сэрэх вэ дээ, унтчихна. Ганцхан өглөө таван минут хоцорсноосоо болоод шалгалтаас хөөгдөж бүтэн жилээ алдана гэдэг харамсмаар.

Элсэлтийн шалгалт гэдэг ганцхан өдөр болдог энэ үйл явдал үнэндээ сургуулиа төгсч байгаа хүүхдүүдэд аймаар агшин. Цэнхэр, хар өнгийн балаар л тестээ бөглө, баллаж болохгүй. Ямар нэг алдаа гаргавал бүх юм дуусаа гэх мэтээр эргэн тойрноос нь айлгаад маш хатуу хяналт, камерын бичлэг дор шалгалт авахаар хүүхэд яаж тайван байж, оюун тархи нь ажиллах юм бэ. Юун тестээ бөглөх, эхээ унших вэ. Алдаа гаргаад шалгалтаас хөөгдчих вий гэж түгшинэ, биеэ барина. Үнэндээ ийм л орчинд элсэлтийн шалгалтаа бид үе үеэрээ өгсөөр өнөөдрийг хүргэжээ.

Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудад элсэлтийн шалгалт бол цаашдын амьдралыг нь хаашаа яаж эргүүлэх вэ гэдгийг шийддэг том босго. Сахилга баттай тэдний хувьд элсэлтийн шалгалтаа өндөр хяналт дор явуулдаг. Солонгос сурагчид ирээдүйд инженер, эмч, жүжигчин болно гэж мөрөөдөхөөсөө өмнө эхлээд яаж их сургуульд элсэх вэ гэж бүр дунд ангид байхаасаа л шаналж, ахлах ангиуддаа гэр, сургууль, номын сан гэсэн маршрутаар л амьдарцгаадаг.

Харин баруунд огт өөр энэрэнгүй, ухаалаг байдлаар хүүхдүүдийн хувь заяаг шийддэг шүү дээ. Хүүхдүүдэд өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэх боломжийг нь өгдөг гэсэн үг. АНУ дахь сургуулиудын элсэлтийг энд жишээлэхэд, хүүхдийг тестийн оноо, дүн, арван жилд хичээлдээ хэр байсан гэх мэт ямар нэг үзүүлэлтийг нь онцгойлж сонгодоггүй. Харин маш олон үзүүлэлтийг нэгтгэж хүүхдийн хувь заяаг тодорхойлдог. Сургуулийнхаа шилдэг нь, “А” үнэлгээг цуглуулсан онц сурлагатан л байх ёстой гэдэггүй. Сурагчид ямар их дээд сургуульд, аль чиглэлээр суралцах сонирхолтойгоо эртнээс төлөвлөөд тогтчихсон байдаг учир тухайн чиглэлээр боловсрол олгодог их, дээд сургуулиуддаа холбогдох бичиг баримт, шалгалтуудыг нь өгсөөр явдаг. Олон төрлийн хичээлээс хоёрынх нь шалгалтыг л сайн өгчихсөн байхад хангалттай бөгөөд оюун ухааны тест бөглөж, төрөлх хэлээ сайн мэддэгээ нотлох ёстой. Дээрх шалгалтуудыг сайн өгчихөд дараа нь эсээндээ гол анхаарлаа хандуулдаг. Тухайн сургуульдаа өгсөн өргөдлийг хүчтэй болгож, сонгох комиссынхны сэтгэлд хүрсэн эсээ бичих нь хамгийн чухал байдаг. Ингээд эцэст нь сургуульд байхдаа нийгмийн оролцоо хэр байсан, сайн дурын үйл ажиллагаа болон, тэмцээн уралдаанд гаргаж байсан онцолмоор амжилтуудаа дурдаж, багш нар нь өөрийг нь хэрхэн үнэлж, ямар зан чанарыг нь магтдагийг ч нуулгүй танилцуулдаг. Их, дээд сургуулиудад ийнхүү холбогдох шаардлагатай мэдээллээ илгээж шалгалтуудыг нь өгч явсаар шийдвэрлэх мөч ирнэ. Материалаа илгээсэн сургуулиудаас тэнцсэн гэж үзвэл тухайн хүүхдэд хаягласан дугтуйтай захидал ирнэ. Хэдэн ч захидал ирж болно. Хүүхэд тэдгээр сургуулиудаас аль боломжтой, тэтгэлэг өндөртэй зэргийг нь харгалзан сонгоод элсээд орчихдог.

Сурагчдын элсэлтийн шалгалт бүтэн хоёр жил орчим үргэлжилдэг. Төгсөхийнхөө урьд жилийн Зул сарын баярын дараанаас л англи хэлний хичээлдээ анхаарал хандуулж, чөлөөт цаг, амралтын заваараа бусад шалгалтдаа боломж, бололцоогоороо аажуухан бэлдсээр явдаг. Сурагч байх хугацаандаа л ирээдүйд суралцах их, дээд сургуульдаа зовлонгүй элсчихнэ. Баруунд ийм л зарчмаар хүүхдүүд элсэлтийн шалгалтаа өгдөг. Үүнд өчүүхэн ч дарамт, цаг хугацааны давчуу зүйл үгүй. Тэднийг хэн ч айлгаж, сүрдүүлдэггүй. Элсэлтийн шалгалт гэдэг бол тэдэнд инээж байгаад л өөрийнхөө хувь заяаг, мөрөөдлийн мэргэжлээ сонгох боломжийг өгдөг баярт үйл явдал.

Гэтэл манайд эсрэг зарчмаар яваад байна. Аль болох шалгалтад оруулахгүй, эсвэл унагах, их, дээд боловсрол эзэмшүүлэхгүй байхыг зорьдог байсан социализмын үеийн хэлбэрээр элсэлтийн ерөнхий шалгалтаа явуулсаар байгаа юм.

Монголчуудын дундаас сэхээтэн төрүүлэхгүй, бүгдийг нь хөдөлмөрчин, ажилчин, пролетари ангийнхан байлгах гэсэн гадны улстөрийн бодлогоор хэрэгждэг байсан конкурсийн хэлбэр, зарчим өнөөдрийн Монгол Улсад хэрэгжээд байгаа. Бид ард түмнээ, ирээдүйгээ үгээгүй ядуу байлгахыг хүсдэггүй мөртлөө конкурсээ тийм байлгахыг зорьдог аль зуун жилийн өмнөх хэлбэрээр авч байгаагаа анхаарч үзэх цаг болчихоод байна.

Хүүхдийн хувь заяаг ганц удаагийн шалгалт, оноо, улаан шугамаар шийднэ гэдэг хэтэрхий хатуу үйлдэл. Тухайн хүүхдийн боловсролтой болж, хүссэн мэргэжлээ эзэмшихийн төлөөх эрмэлзлэлийг нь мохоож, өөрийнхөө гараар хувь заяагаа залах гэсэн сэлүүрийг нь хугалж байгаа нь хүний эрх, хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Хэдхэн хоногийн дараа болох, хүүхдүүдийн хувь заяаг шийдэх гэж байгаа энэ элсэлтийн ерөнхий шалгалтын хэлбэр чинь өнгөрсөн зуунд баларсан явдал юм шүү. Дэлхий өөрчлөгдчихөөд байхад бид хүүхдийнхээ ирээдүйг ганцхан шалгалтаар шийддэгээ болих хэрэгтэй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Корона вирус манайд илрээгүй хэдий ч халдвар орж ирэх магадлал өндөр гэнэ

-ТЭМЭЭНИЙ МАХ, ТҮҮХИЙ СҮҮ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА-

Өнгөрсөн сарын дундаас эхлэн MERS буюу корона вирусээр халдварласан тохиолдол БНСУ-ын Бусан хотод бүртгэгдсэн. Уг вирус хамгийн анх 2012 оны есдүгээр сард Дундад Ази орчимд бүртгэгдэж байжээ. Түүнээс хойших 1200 гаруй тохиолдлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгэж авсан гэнэ. Корона вирус нь ерөнхийдөө 2002 онд дэгдэж байсан SARS-тай төстэй, шинэ төрлийн амьсгалын замын вирус юм байна. Албан ёсны эх сурвалжаас өчигдөр авсан мэдээллээр лабораторийн шинжилгээгээр 64 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас бараад байгаа ажээ. Өнгөрсөн жил Малайз, Сингапурт тус бүр гурван хүн корона вирусийн халдвараар өвчилж байсан гэнэ. Харин энэ удаад газарзүйн байрлалаар Монголтой нэлээн ойртож байгаа нь халдвар орж ирэх магадлалыг нэмэгдүүлж байгаа ажээ. Тавдугаар сарын сүүлээр БНХАУ-д нэг хүн корона вирустэй гэдэг нь лабораториор бүртгэгдээд байна. Аюулын харанга ийм ойрхон дэлдэж байхад манай улс ямархуу бэлтгэлтэй байгааг сурвалжлахаар “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр очлоо.

Манай улсаас БНСУ-ын Сөүл хот руу өдөрт хоёр удаа онгоц нисдэг юм байна. Дунджаар 500-540 хүн ирдэг гэсэн үг. Тиймээсэнэ сарын 4-нөөс эхлэн Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдыг эрүүл мэндийн тодорхойлолт бөглүүлэхийн зэрэгцээ биеийн халууныг нь хэмжиж байгаа юм байна. Өчигдрийн байдлаар Сөүлээс ирж байгаа 2189 зорчигч, 89 агаарын хөлгийн бие бүрэлдэхүүнээс дээрх тодорхойлолтыг авчээ. Эдгээр хүний дотор халдварт өвчний шинж тэмдэгтэй болон халдвартай хүнтэй ойр байсан хүн байгаагүй гэнэ. Өчигдөр 12 цагийн орчимд Буянт-Ухаа боомт дээр очиход олон улсын чиглэлийн нислэг байсангүй. Гэхдээ нисэх дээр ирж байгаа хүмүүст халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө бүхий тараах хуудас өгч байв. Хилээр орж ирж байгаа хүмүүсийг хянах камер дээр халуун хэмжигч байрлуулан шалгаж байгаа юм байна. Хэрэв халуунтай хүн байвал тусгай өрөөнд оруулан мэргэжлийн эмч нар үзлэг хийж юунаас болж халуурч байгааг тогтоож байгаа ажээ. Үүнээс өөрөөр зорчигчдыг хянах боломжгүй гэсэн. Хэрэв тухайн хүн халдвар авсан бол биеийн байдлаас хамаарч нэгээс гурав хоногийн дотор халуурч эхлэх юм байна. Манай улсын иргэдийн хувьд хамгийн их зорчдог хот нь Бээжин, Сөүл.

Солонгост илэрсэн анх­ны тохиолдол эмнэлгийн нөхцөлөөр дамжиж өвчтөнд халдварлажээ. Тухайн иргэн Арабын улсуудаас нутагтаа ирээд хатгаа авч эмнэлэгт хэвтсэн гэнэ. Удалгүй корона вирусээр өвчилсөн байна. Түүнтэй хамт эмнэлгийн нэг өрөөнд хэвтэж байсан болон эргэж тойрч байсан хүмүүс халдвар аваад байгаа ажээ. Мөн эмнэлгийн ажилтан, өвчтөний гэр бүлтэй ойр бай­сан хоёр мянга гаруй хүнийг тусгаарлаад байгаа гэсэн. Хэрэв манай улсад ийм төрлийн вирус ороод ирлээ гэхэд ямархуу бэлтгэлтэй байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Корона вирусийн то­хиолдол манайд илэрсэн үү?

-Илрээгүй байгаа. Хэр­вээ яг одоо халдварын сэ­жиг илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлана. Манай эмнэлэг одоогоор улаан бурхны өвчлөлтэй холбоотойгоор ачаалал ихтэй байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлгийн хэмжээнд 800 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 620 нь улаан бурхан өвчний оноштой байгаа. Харин корона вирусийн халдвар гарсантай холбогдуулан ХӨСҮТ-ийн шинэ сэргэж буй халдварын блок тусгаарлах тасгуудаас нийт дөрвөн өрөөг бэлэн болгож чөлөөлсөн. Халуураад ирж байгаа хүнийг оношлох, үр дүнтэй эмчлэх арга хайж байгаа. Эмч нар маань ч мэдээлэл сайтай байна.

-Хэрэв вирусийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хамгийн түрүүнд өвч­төнийг тусгаарлах арга хэмжээ авна. Өнгөрсөн сарын 3-ны өдөр Эрүүл мэндийн яаман дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллан уг вирусийн халдвар Монголд орж ирэх нөхцөл, шалтгаан байгаа эсэхэд үнэлгээ өгөхөд дунд зэрэг болон түүнээс дээш эрсдэл байна гэсэн хариу гарсан. Иймд Эрүүл мэндийн сайдын зөвлөлд танилцуулж, бэлэн байдлыг хангах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Гурван зүйл, 29 арга хэмжээ авах төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа.

-Өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ?

-Одоогоор тэрийг хийнэ гэх эмчилгээ алга. Харин илэрч буй шинж тэмдэгтэй холбоотой эмчилгээ хийж байна. Тухайлбал толгойн өвдөлтийг багасгаж, халууныг буулгана. Гол нь уушгины хүндрэл, амьсгалын замын доод хэсгийн хатгаа, бөөр, зүрхний дутагдал гэсэн шинж илэрвэл хүндрэх магадлалтай гэж үзэж байгаа. Тиймээс аппарат, багаж ашиглан ихэнх эмчилгээг хийнэ. Одоогоор зарим багаж бэлэн болсон бол нэмж авах асуудал дээр олон улсын байгууллагуудад хандчихаад байгаа.

-Вирусийн халдвар авах­гүйн тулд яах ёстой вэ?

-Онц шаардлагагүй бол гадуур гаралгүй гэртээ байхыг зөвлөе. Учир нь тус вирусийн халдвар авсан хүн нууц үедээ буюу ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхад Монголд ирсэн байх магадлал өндөр. Тиймээс гадаад, тэр дундаа Солонгосоос ирсэн хүмүүс 14 хоногийн турш гэр бүл болон нийгмээс тусгаарлагдмал байвал олонд тустай гэдгийг сануулъя.

-Ямар насныхан өртөх магадлал ихтэй вэ?

-Арабын нэгдсэн Эмират улсад бүртгэгдсэнээс хойш янз бүрийн насныхан өвчилж байгаа. Тэгэхээр хэн ч өвчлөх магадлалтай. Халдварлахдаа амьсгалын зам, агаар дуслаар дамж­даг. Мөн орчны бохирдол буюу бохир гар, бохир хүнс, бохир эд зүйл гэх мэтээр дамжин халдварлаж болно.

-Урьдчилан сэр­гий­лэхийн тулд яах вэ?

-БНСУ руу аль болох явах­гүй байхыг зөвлөж байна. Ганц Сөүл биш өөр хэд хэдэн хотод халдвар илэрсэн. Зайлшгүй явах шаардлагатай бол хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Гараа тогтмол угааж, амны хаалт зүүж, ханиаж найтаахдаа нус цэрээ ил хаяхгүй байх, биедээ ариутгалын бодис буюу “Санитол” байнга авч яваарай. Түүнээс гадна өөрийн орчин тойрон, амьдарч буй өрөө тасалгаагаа цэвэрлэн, тогтмол ариутгах, усаа сайн буцалгаж хоол хүнсний зүй­лийг бүрэн боловсруулж идэх шаардлагатай. Онцын шаардлагагүй бол нийтийн үйлчилгээний байгууллага, ялангуяа мал амьтны захаар орохгүй байх хэрэгтэй. Онцгой анхааруулахад тэмээний мах, түүхий сүү хэрэглэж болохгүй. Хэрэв ханиасан, халуурсан, толгой нь өвдөж байгаа хүн байвал тусгай зориулалтын хамгаалах хувцасгүйгээр нэг метр доторх зайд ойртож харьцахгүй байгаарай.

-Вакцин гаргаж байгаа болов уу?

-Одоогоор корона виру­сийн эсрэг тарих вакцин байхгүй байна.

КОРОНА ВИРУСЭЭР АХМАД НАСНЫХАН ӨВЧЛӨХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас корона ви­русийн халдвар авсан то­хиолдлын бараг тал хувь нь амиа алддаг болохыг тог­­­тоожээ. Тэмээний вирус гэх МЕRS-СоV-ийн халдвар одоогоос гурван жил өмнө анх удаа тэмээнээс хүнд халд­варлажээ. Саудын Арабын нэгэн тэмээчин МЕRS-СоV-ийн халдвар авснаар энэ өвчнийг хүнд тархсан гэж үздэг.

МЕRS-СоV-ийн халд­вар­тай өвчтөн бүрийг эрт илрүүлэх боломжгүй юм бай­на.

Өндөр эрсдэлтэй хү­мүүст чихрийн шижин, бөөрний ду­тагдал, уушгины архаг өвчин, дархлал дарангуйлагдсан болон өндөр настай хүмүүс багтдаг юм байна. Тэмээний ферм болон захаар зорчихдоо тэ­мээнд хүрэхээс зайлсхийх, тэмээний түүхий сүү болон бүрэн болгоогүй махыг идэх­гүй байхыг ч мэргэжлийн бай­гууллага сэрэмжлүүлж байгаа юм

MERSбуюу Midle east respiratory хэмээх SARS-тай төстэй уг вирусийн нэрш­лийг орчуулбал “Гэрэлт цагираг”, “Титэм” гэсэн утга илэрхийлдэг латин үг аж. Корона вирусийг 1960-аад оны дунд үеэс нарийн судлах болсон юм байна.

Альфа, бета, гамма, бэл­чир гэсэн үндсэн дөрвөн ан­гилалтай бөгөөд хүнд халд­варлаж болох 229E NL63, OC43, HKU1 зэрэг зургаан төрөл байдаг гэнэ. SARS сар­магчин, илбэнх, муур, нохой, мэрэгчдээс хүнд халдвар бол MERS нь тэмээ, сарьсан багваахайнаас хүнд халддаг.

Энэ өвчний вирусээр хэн ч халдварлаж болох бөгөөд тэрэн дундаа өсвөр насны хүүхдүүд халдвар авах хамгийн их магадлалтай гэнэ. Эл вирус намар, өвлийн үед идэвхждэг ч сүүлийн үед жилийн аль ч улиралд идэвхтэй болоод байгаа аж.

Амьсгалын замын өвчин үүсгэдэг МERS вирусийг тэмээнээс илэрсэн гэдгээр нь малын гаралтай гэж тодотгоод байгаа юм байна. Иордан, Кувейт, Оман, Катар, Сау­дын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Йемен, Франц, Герман, Грек, Итали, Их Британи, Тунис, Египет, Ма­лайз, Филиппин, Америкийн Нэгдсэн Улс, Өмнөд Солонгос зэрэг улсуудад MERS-ийн халдвар бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн сэжигтэй то­хиолдлуудын арван хүн тутмын гурав нь нас барж байгаа гэнэ.

Зарим эрдэмтэд MERS вирусийг ганц бөхтэй тэ­мээнээс гаралтай гэдгийг үгүйсгэж ямаа, үхэр, хонь, одос үхэр, гахай, шувуу, за­рим зэрлэг амьтдын биеийг шинжлэхэд корона төрлийн вирус ил­рээгүй аж.

Одоогоор уг вирусийг устгах ямар нэг эмчилгээ, эм тариа байхгүй ч эрсдэлийг бууруулах арга зам бий гэж зөвлөж байна. Гараа багаар бодоход 20 секундийн турш савандан угааж, ханиалгаж найтаахдаа хамар, амаа таг­лах,гэр орон, эргэн тойрноо ариутгаж, халдваргүйжүүлэх, гараараа нүүр, ам, хамар, нүдэндээ аль болох хүрэхгүй байх, мөн сэжигтэй хүмүүсийн хэрэглэсэн аяга, сав суулга болон бусад зүйлсийг ху­ваалцахгүй байхыг дэлхий нийтэд зөвлөж байгаа юм.

Д.САРУУЛ

С.АЛТАНЦЭЦЭГ

Э.ТҮМЭНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Т.Гантөмөр: Засгийн газрын сайн санаачилгад төрийн албан тушаалтнууд гох дэгээ хийж байна

Уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээ, тэсрэх бо­дис үйлдвэрлэлийн үндэс­ний “МЕРА” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Т.Гантөмөртэй ярилцлаа. Тус компани ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан юм.

-Та бизнес эрхлэгчийн хувьд Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байд­лыг хэрхэн дүгнэж бай­на вэ?

-Эдийн засаг, санхүүгийн хямрал болж байна. Мөн дээрээс нь улс төрийн хямрал болж байна. Улс төр хямраад, Засгийн газар солигдоод, чухал албан тушаалууд дээр хүн томилохгүй цаг алдаж, тодорхойгүй байдал удаан үргэлжлэх нь эдийн засгийг улам хямруулдаг. Шинэ Засгийн газар харьцангуй зоригтойгоор дор­витой алхмууд хийхийг үнэхээр хичээж байна. Аливаа юм бүхэн давуу болоод сул талтай шүү дээ. Хямралыг давах зөв алхам бол цагийн байдлыг бодитой үнэлсэн, боломжит гарцуудыг бүрэн ашиглах, даацтай, цагаа олсон зөв шийдвэрүүд гаргах явдал юм. Тэгэхээр улс төрчдөдөө, цагийн байдалд уялдуулж, сул та­лыг хэт дөвийлгөхгүй, давуу талуудад өндөр ач холбогдол өгч, эдийн засгийг зогсоохгүй байх арга хэмжээнүүдийг цаг алдахгүй авч ажиллахыг уриалж байна.

Оюутолгойн далд уурхайн ажлыг хөдөлгөсөн нь сайн хэрэг шүү. Тавантолгойн нүүр­сийг олборлож, гадагшаа бор­луулах ажлыг үр ашигтай, шуурхай, зөв зохион байгуулж, яаралтай явуулах хэрэгтэй. Тавантолгой ажиллаад эхэл­вэл үндэсний компаниуд тэнд ажиллана. Хайгуул, тэ­сэл­гээний өрөмдлөг, тэ­сэлгээ, ачилт, тээвэрлэлт, баяжуулалт, тэсрэх бодис үйлдвэрлэл, ус шүүрүүлэлт, нөхөн сэргээлт, кэйтринг, аудит гээд үндсэн бүхий л ажлууд хийгдэнэ. Үүнийг да­гаад зам дагуу болон орон нутгийн энгийн хоолны газраас эх­лээд бүгдээрээ орлого олж эхэлнэ.

Харин олон улсын болон Хятад улсын зах зээл дээр нэг цонхны бодлогоор нүүрсийг борлуулах шаардлагатай. Тавантолгойн нүүрсийг ганц­хан худалдааны компаниар дамжуулан гадагшаа зардаг болчихвол хятадууд Монголын нүүрс­ний үнээр тоглож чадахаа болино. Монголд нэг цонхны бодлого хэрэгжүүлэх ийм трейдинг компани яагаад байж болохгүй юм бэ. Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” компаниудын түнш­лэл бол гадаадад нүүрс борлуулах маш сайн хослол. Энэ хослолыг олсон хүмүүст бид баяр хүргэх нь зүйтэй. Монголчууд үүгээр дэлхийн зах зээлд эвийг нь олж, чөлөөтэй гарч чадна.

-Эдийн засгийн хям­рал болно гэдгийг бизнес эрхлэгчид эхэлж мэдэрсэн. Мөн тэд хямрал хэр удаан үргэлжлэхийг ч урьдчилан таамаглаж, түүнээс гарах арга замаа ч тодорхойлцгоож бай­сан?

-Зөвхөн уул уурхайг хөг­жүүлснээр Монгол Улсыг хөг­жүүлж чадахгүй гэдэгтэй би санал нэг байдаг. Гэхдээ одоогоор уул уурхайгүйгээр Монгол Улсын эдийн засгийг төсөөлөх аргагүй. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр маань сайн, муу хэ­лүүлсээр биднийг 1978 оноос хойш голлож тэжээлээ. Манай улсын эдийн засагт өнгөрсөн үед ч уул уурхай голлох үүрэг гүйцэтгэж байсан, ирээдүйд ч уул уурхай чухал үүрэг гүй­цэтгэх болов уу. Бэлтгэн нийлүүлэгч улс орнууд Хятадын зах зээл рүү зүтгэж байна. Гэтэл бид Хятад улстай хил залгаад сууж байна. Хятад өөрөө байгалийн баялгаар баян орон ч эдийн засгийн өсөлтөө хангаж дийлэхгүй байсан үе бий. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол хэдэн жилийн өмнө “Хайран сайхан нүүрсээ бид нийлүүлчихлээ. Үүнийг нийлүүлмээргүй бай­на. Хойч үедээ авч үлдмээр байна” гэж ярьж байсан. Гэ­тэл одоо Хятад улс им­порт­лох нүүрсний бүтцэд бай­гаа химийн элементүүдэд хязгаарлалт тавьснаас ма­най олон орд газрын нүүрс Хятад улс руу гарч чадахаа больчихлоо. Дээрээс нь тэд өөрсдийнхөө нүүрсний уурхайг мянга мянгаар нь хааж байна. Мөн цэвэр нүүрс хэрэглэх, байгаль орчиндоо ээлтэй байх бод­логыг хүчтэй баримталж байна. Тэд нүүрсний хэрэглээг хяз­гаарлачихлаа. Нүүрсийг өнөөдөр гол худалдан авагч маань худалдан авахаа больчихоод байна.

“Энэ сайн, энэ муу”, “ингэх гээд байгаа юм биш биз дээ, тэгэх ёстой”, “цаана нь Хятад, Орос байгаа” гээд ил тод шударга хэлэлцдэгт ардчиллын давуу тал байна. Гэхдээ үүнийг далимдуулаад хэсэг бүлэг нөхөд ашиг хон­жоо хайж, популизм хийж, боломжийг алдаж байгаа нь харамсалтай. Олуулаа хэлэлцээд, олонхийн саналаар шийдвэрийг шуурхай гаргадаг байх ёстой. Бүх зүйлд сайн, муу тал бий. Цаана нь ард түмэн хэвийн амьдрах ёстой, орон байр, хэрэгцээт зүйлсийнхээ зээлийг төлөх ёстой. Манай ажилтнууд “Захирал аа, шаг­нал, нэмэгдэл, илүү дутуу юм хэрэггүй, цалингаа л ав­маар байна. Зээлээ төлөөд хэвийн амьдармаар байна. Бид ажилгүй л баймааргүй байна” гэцгээж байна. Энэ эмзэглэмээр асуудал байгаа биз. Цалингүй бол ард түмэн хэцүүднэ гэдгийг ойлгохгүй хүн байхгүй.

-Үндэсний гэх тодот­гол­той компаниудын нөхцөл байдал ямар байна вэ. Аж­лаа хэрхэн үргэлжлүүлж байна?

-Манай Стратегийн бод­лого төлөвлөлтийн ажилтнууд хямрал гүнзгийрэх тул зээлгүй байх, хөрөнгө оруулалтуудаа хязгаарлах, үр ашиг багатай бизнес, ажил үйлчилгээнээс татгалзах талаар анхааруулга өгч байсан учраас бид харь­цангуй бэлтгэлтэй байсан. Тэсч гарч үлдэхийн тулд зээ­лийн дарамт багатайгаар хямралыг давчих юмсан гэж хичээж байна.

-“МЕРА” компани уул уурхайн өрөмдлөг, тэсэл­гээний Монголын хамгийн том компани?

-Манай компани уул уурхайн өрөмдлөг, тэ­сэл­гээ хийдэг мөн химийн үйлд­вэрүүдтэй. Химийн үйлдвэртээ тэсрэх бодис хийдэг. Гаднаас зарим нэг түүхий эдээ аваад, бусад ажлыг иж бүрэн өөрсдөө хийж гүйцэтгэдэг.

Уул уурхайн үйлдвэрүүдэд ажил, үйлчилгээг олон улсын хөгжлийн түвшинд хүргэж, хэрэглэгчийнхээ талархлыг хүлээхийн төлөө ажилладаг мэргэжлийн инженерингийн компани.

-Уул уурхайн үйл ажиллагааг өрөмдлөг тэ­сэл­гээгээр эхлүүлж цааш үргэлжлүүлдэг болохоор энэ салбартаа өрөмдлөг, тэсэлгээ гэх ажил нэлээд чухал байр суурь эзэлдэг болов уу?

-Уул уурхайн ажлын процесс үндсэн дөрвөн үе шаттай. Өрөмдлөг, тэ­сэлгээ, ачилт, тээвэрлэлт. Манай компани өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээг уурхайнуудад үзүүлж ажиллаж бай­на. Бид Монголдоо олон үзүүлэлтээрээ сүүлийн жи­лүүдэд нэгдүгээрт явж байгаа.

Стратегийн шин­жилгээндээ үндэслээд нөөц төлөвлөгөөтэй ажилладаг. Одоо нөөц төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Гурав дахь нөөц төлөвлөгөөгөө гар­гасан. 2013 оноос эдийн зас­гийн хямрал эхэлсэн. Хамтдаа хямралыг туу­лахын тулд харилцагчид, үйлч­лүүлэгчдэдээ зориулж зарим бүтээгдэхүүн, үйл­чилгээнийхээ үнийг буулгаж байгаа. Хэмнэх бодлого барьж бай­на. Ажилтнуудаа сургаж байна. Компанийнхаа үндсэн, суурь бодлогыг шинэчилж байна. Шинэ бизнес рүү орохоор бэлдэж байна. Гол төлөв бараа солилцоогоор төлбөрөө барагдуулж байна. Хүн чанар, зөв хандлагатай хүнээр хүний нөөцөө бэхжүүлж бай­на. Компанийнхаа хөгж­лийн төлөөх дээрх ажлуудыг ажлын ачаалал бага, хям­ралын энэ үед сайжруулан хийж авч байна. Эдийн засаг сэргэхэд бид огт өөр өрсөлдөх чадвартай, илүү үнэ цэнтэй болчихсон байх ёстой гэж зорьж байгаа.

-Уул уурхай ерөнхийдөө зогсолтод орчихсон гэдэгт зарим хүн итгэхгүй байх шиг?

-Одоогоор “Энержи ре­сурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баруун Цанхийн уурхай, Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа бага хэм­жээгээр явж байна. Амьд үлдэхийн тулд, тэсч гарахын тулд яаж ийгээд л ажлаа бага сагаар явуулж байх шиг байна. Өнгөрсөн сард Хөшөөтийн уурхай зогс­чих­лоо. Оюу толгойн ил уур­хай болон төрийн өмчит цахилгаан станцууд, орон нутгаа нүүрсээр хангадаг Бага­нуур, Шивээ овоо гэх мэт нүүрсний уурхайнууд санхүүгийн маш хүнд байдалд үйл ажиллагаагаа арай ядан үргэлжлүүлж байна. Гэсэн ч уурхайчид зогсохыг хүсэхгүй байна шүү дээ.

-Бизнес эрхлэгчид Зас­гийн газраас зарлаж, уриалсан ажилд идэвхтэй оролцож дэмжихийг хүсдэг ч төрийн байгууллагуудын дарамт их байгаа тухай гом­доллоцгоож байна?

-Уурхайчид бид ажилтай байхыг л хүсдэг. Яаж ийгээд ажил олж хийе, цалин хөлсөө өгөөд ажилтнуудаа дагуулаад хямралыг давъя. Одоо ол­чих­сон байгаа амжилтаа бататгаж, урагш ахиж дэвшье гэж хичээн зүтгэж, боломжит бүгдийг санаачлан ажиллаж байна. Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд, хамтдаа тэсч гарч үлдэхийн тулд санаачилга сайтай тогтоол гаргасан. Гэтэл яам, төрийн албан тушаалтнууд шалдар булдар, гох дэгээ хийж, ажил бүтээхийн төлөө хичээж зүтгэхийн оронд, са­наачлагагүй, хойрго хандаж байна. Төрийн засаглалыг цаашид энэ хэвээр нь байл­гавал бид олон боломжийг алдсаар байх болно. Тусгай зөвшөөрлийг далимдуулж төрийнхөн маш их хязгаарлалт хийж байна. Тэд зөвхөн цаас цуглуулснаараа эрсдэлээс хамгаалах төрийн хяналтын ажлаа хийчихлээ гэж үздэг. Нэг барааг хилээр оруулахын тулд хоёр яамнаас тусгай зөвшөөрөл авч байна. Тө­рийнхөн хоорондоо учраа олохгүй, бодлого зохицуулалтаа сайн хийж чадахгүй байгаа учраас биз­нес орчин сайжрахгүй байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Болдбаатар: Халхын Өндөр Гэгээн ер бусын авьяас билэгтэй хүн байсан. Түүний бие сэтгэл ухаанд цогцолсон авьяас дэлхийд ховор үзэгдэл

Халхын анхдугаар Богд, соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой энэ онд тохиож байгаа. МаргаашӨндөр Гэгээн Занабазар: Амьдрал өвсэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны Хурлын их танхимд болох юм. Уг хурлын гол илтгэлийг тавих шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.

Өндөр Гэгээний 380 жилийн ойг угтсан олон ажил зохиогдож байна. Маргааш болох олон улсын их хуралд та ямар илтгэл тавихаар бэлдээд байна вэ?

-“Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын улс, төрийн үйл ажиллагаа” гэсэн илтгэл тавина.

Өндөр Гэгээн Занабазарыг тухай тухайн үедээ янз бүрээр л тодорхойлсоор ирсэн байдаг?

-Халхын анхдугаар Богдыг насанд хүрэх үед Түшээ хан Гомбодорж, Сэцэн хан Шолай, Ойрадын Эрдэнэбаатар хунтайж зэрэг Халх, Ойрадын улс төрийн хашир зүтгэлтнүүд хан хорвоогоос хальж, тэдний оронд цөс зориг ихтэй, баахан тавьтар муутай залуу ноёд гарч ирсэн байдаг. Тэд улс үндсээ бодохоосоо илүү, хувийнхаа эрх ашгийг дээгүүр тавьж, бие биендээ эр бяр, сүр хүчээ үзүүлэхийг илүүд үзэх болсон. Ийм үед Өндөр гэгээн Занабазар тэднийг монгол түмний язгуур эрх ашгийн үүднээс аль болохоор эвлэрүүлэн эвсүүлэх бодлого, үйл ажиллагаа явуулах болсон. Тухайлбал, Монголын бурханы шашны тэргүүний хувьд улс төрийн эл хэрэгт өөрийн эрхгүй татагдан орсон. Харийн түрэмгийлэл нүүрлэн ирсэн үед Өндөр гэгээн шашин номын дор эелэлдэн нэгдэж, найртай сайхан харилцаатай байхыг номлон, төрийн хос ёсны уламжлалыг Монгол хаадын бодлогод шингээхийг эрмэлзэн хичээж ирсэн. Их гэгээнтэн улс орны дотоод эв нэгдлийн төлөө санаа тавиад зогсоогүй хөрш зэргэлдээ улсууд, дэлхийн томоохон шашны төвтэй холбоо тогтоож, найрсаг харилцаатай байхыг эрхэмлэж байсан юм билээ.

Түүнийг лам хүн байсан гэдгээр нь хүлээж авах нь олонтаа. Гэтэл Өндөр гэгээн төрийн чухал үйл явдлуудад оролцож байсан?

-Гэгээнтний Монголын нийгмийн улс төрийн амьдралд гүнзгий оролцож эхэлсний том баримт 1686 оны улаан барс жилийн намар Загбайдрагийн Хүрэн бэлчирт болсон Халх, Ойрадын чуулганд өөрийн биеэр заларсан явдал юм.

Загбайдрагийн Хүрэн бэлчир гэдэг нь?

-Энэ нь одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын нутаг юм. Тус чуулганд оролцсон Манжийн Энх-Амгалан хааны элч төлөөлөгчөөс бурханы шашны их номын гурван орны их хүн Далай лам Банчин Богд, Халхын Богд Жэвзүндамба хутагт Занабазар гэж мэдэгдээд Өндөр гэгээнийг онцгойлон үзэж, Өндөр гэгээнд “Их хадаг долоо, хаш эрдэнэ шигтгээтэй суулга, хас эрдэнэ аяга, шүрэн эрхи, алтан эмээл, мөнгөн завъяа цай, торго тэргүүтнээр хишиг хүртээгээд Богд Жэвзүндамба хутагтыг чуулган эхэнд хүндэтгэлтэй суулгах хэрэгтэй” хэмээгээд “Чуулган халх монголын нийтээр эвсэн зохицож, эв найрыг хойш цаашдаа хэрхэн сахих тухайд их ёсны сургаалыг айлдаж, олон санаа бодолт төрийг тогтоох шашныг дэлгэрүүлэх үйлсэд чиглүүлэх” зарлиг буулгасан. Хүрэн бэлчирийн чуулган нь Манжийн төрийн хяналт заавраар хийгдсэн, цаад зорилго нь 1640 онд Монгол-Ойрадын чуулганы шийдвэрийг хүчингүй болгох, Халхын ноёдын хямралыг Манжид ашигтайгаар намжаах алхам хийх, Халхыг Зүүнгар хаант улсын эерэг тавих зорилт бүхий байсан юм гэж Монгол Улсын албан ёсны түүхэнд үздэг. Хэдий тийм боловч, Монголын язгууртан ноёд, ялангуяа Өндөр гэгээн Занабазар Манжийн эрх баригчдын цаад санааг сайн мэдэж байсан болохоор өөрийн өршөөлт эцэг Түшээт хан Гомбодоржийн эерүү зөөлөн бодлогоор Манжийн түрэмгийллийг хязгаарлах гэсэн холын санааг гүйцэлдүүлэх чиг барьж байсан. Гэтэл Галдан бошигт нэг талаас Өндөр гэгээн Занабазарыг Далай лам, Банчин Богдтой эн зэрэгцээ өргөмжилсөнд хорсч, нөгөө талаас түүнийг Манжийн эрх баригчидтай ойртон сүлбэлдэж эхэллээ гэж хардаж, шууд дайсагнах бодлогод шилжсэн гэж үздэг.

Өндөр гэгээнийг Манжийн эрх баригчидтай ойрхон байсан нь түүнийг урвагч хэмээн дуудахад нөлөөлсөн гэж үзэх нь бий?

-БНМАУ-ын нэгэн боть, гурван боть зохиолын II боть, “Монгол цэргийн түүхэн товчоон” зэрэгт Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нарын урвамтгай байр сууриас болж, Монгол тусгаар тогтнол алдагдсан хэмээн голлон буруутгаж бичиж ирсэн. Тухайн үеийн түүхэн нөхцөл, оюунлагийн түвшин, гадаад, дотоод олон хүчин зүйлүүдийг сүлжилдүүлэн барилдуулж, харилцан шүтэлцээтэй авч үзэж байж үнэн зөв гаргалгаа хийх боломжтой болсон л доо. Тухайлбал, Засагт ханы ширээний төлөө тэмцэл бол Халхын дотоод асуудал байсан. Түшээт хан Чахундорж Эзэн богд Чингэс хааны буюу Халхын голомтыг сахиж байгаагийн хувьд зохицуулахыг оролцохоос өөр аргагүй байсан. Засагт ханы хан ширээний төлөө тэмцэлд Галдан бошигт оролцсон нь нэгэнт Ойрад тусгаарлаж, Зүүн гарын хаант улс болон хүчирхэгжсэн болохоор нэг улс нөгөө улсынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс хутгалдан оролцсонтой адил хэрэг болсон. Галдан бошигт худ ураг болсныхоо хувьд Засагт ханд чин сэтгэлээсээ туслах санаа агуулсан бол Түшээт ханы цэргийг нутгаас нь шахан гаргаад, өөрийн талын хүнээ хан ширээнд залж, хэрэг зоригоо гүйцээгээд Түшээт ханы нутгийн гүн рүү өнгөлзөхгүйгээр цэргээ татан авах боломжтой байсан. Галдан бошигтын бодлого эхнээсээ явцгүй байсныг түүний цэргийн жанжин Данжилийн хэлсэн үг нотолдог. Галдан бошигт хаан Халхыг нэгтгээд монголчуудыг нэгэн хааны туган доор тусгаар байдлаа хамгаалах зорилготой байсан гэсэн дүгнэлтийг өнгөцхөн харвал зөв мэт боловч, Монголын алтан ургийн ноёд, язгууртнууд бусдыг хаан төрийн хэрэгт хошуу дүрэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй түүхэн сургамжийг харгалзан үзэхгүй байх аргагүй юм.

Халх, Ойрадын дайнд Түшээт хан Чахундорж ялагдал хүлээж, төрөлх нутгийнхаа хил хязгаараас халин гарахаас аргагүйд хүрсэн. Түшээт хан Хөл хэмээх газар түр байзнаад, тэндээсээ говийг өнгөрч, Сүнидийн хилд суугаа Өндөр гэгээний хойноос хүрч очсон билээ. 1688 оны намар Галдан бошигтод хөөгдөн шахамдсан, нөгөө талаар Энх-Амгалан хааны зүгээс хяхан хавчсан хүнд бэрх нөхцөлд Сүнид аймгийн нутгийн хойд зах Ар элстэй гэдэг газар Түшээт хан, Сэцэн хан, Жибзундамба тэргүүтэй Халхын хаад хутагт, ноёдын чуулган болсон. Энэ нь 1640 оны Эл Тарвагатай, 1686 оны Хүрэн Бэлчирийн чуулганы дараах гурав дахь удаагийн чуулган байсан гэдэг.

Ер нь Оросыг түших нь тухайн түүхэн нөхцөл, улс төрийн эгзэг, газар зүйн байрлалын хувьд аль ч талаар боломжгүй болсон байдаг. Учир юу гэвэл Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нарыг Манжийн аманд шахаж оруулсан Галдан бошигт их Орос улстай хэдийнээ тусламж авах хэмжээнд сайн харилцаатай болсон, түүнчлэн газар нутгийн асуудлаас болж, Түшээт хан Оросын талтай хэд хэдэн удаа мөргөлдөн дайсагналцсан явдал. Эцэст нь анхдугаар Богд гэгээний зөвлөмжөөр Манжид дагаар орох шийд гаргасан нь Орост дургүйдээ биш түүхэн нөхцөл байдал, ирээдүйг зөв ухаарсных байсан.

Урвах, дагаар орох хоёр өөр ойлголт биз?

-Сэтгэл буруулан шууд урвах, шашин, үндэс нэгтэй өрсөлдөгчдөө шахагдан харийн нутагт орж амь хорогдон, эвшээсэн нум, чичилсэн сэлэмний дор дагаар орох хоёр ойлголт хоорондоо эрс тэс өөр болох нь хэнд ч тодорхой л доо. Халхчуудын хувьд шашин төрийн хамгаалалт эрж дагаар орсон хэрэг байсан.

Өндөр Гэгээн Занабазарын тухай, түүний намтрыг тэмдэглэн үлдээсэн нь тун чиг ховор. Тэрээр чухам ямархуу хүн байсан бол оо, ааш зангийн хувьд?

-Их ламтныг нүдээрээ харж, биеэр уулзсан франц гэлэн Жан Жербиллон энэ талаар тэмдэглэн үлдээсэн байдаг. “Монголчууд нэлээд туранхай юм. Харин Өндөр гэгээн махлаг, тарган амгалан нигууртай хүн байна. Энэ хүний үг монголын төрд их үнэтэй байна” гэдгийг тэмдэглэсэн. Өндөр гэгээн маш даруухан хүн байсан. Шавь нар нь намтрыг нь бичих гэж янз бүрээр оролдсон байдаг л даа. Зая Бандид намтрыг нь яриулах гээд хэд хэдэн удаа оролдоход бултаад ерөөсөө яриагүй гэдэг. “Манжийн хааны дэргэд боов идэж, ууснаа ярихгүй юм бол өөр ярих юм байхгүй” гээд өөрийнхөө тухай хэлдэггүй байсан юм билээ. Маш их даруухан, ухаалаг хүн байсан учир өөрийнхөө намтрыг ярьдаггүй байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Гэгээнтэн Манжийн ЭнхАмгалан хааны итгэлийг ихэд хүлээсэн зөвлөгч нь байсан гэж түүхэнд дурдагддаг?

-Энх-Амгалан хаан Өндөр Гэгээний эрдэм номд бишрээд олон удаа ухааныг нь сорьж үзээд өөрийнхөө номын багш төдийгүй улс төрийн зөвлөх болгосон. Иймэрхүү нөхцөлд халх руу явуулах бодлогыг эерэгээр зөөллөж байсан хүн бол Өндөр гэгээн Занабазар. Түүнийг Энх-Амгалан хаантай ойр байсны хүчинд Монголыг хараат түшмэг байдалтай үзэж, өөрийн нь хуулиар захирах, их Чингэс хааны алтан ургийг хүндэтгэж, улс төрийн хүрээлэлд Монгол ноёдыг Манж нарын дараагаар оруулах, монгол хэлийг төрийн албан ёсны хэлний нэгэнд үзэж, худам монгол бичгийг бинт дусал нэмэн манж бичиг болгон авч хэрэглэх, Монголын хил хязгаарт хятад хүн үл суурьшуулах, монгол эхнэр авахыг хориглох зэрэг эерүү бодлого явуулж байсан нь Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын нөлөө, шууд оролцоотой холбоотой байсан юм. Ийнхүү Анхдугаар Богд гэгээн бол монгол түмний эе эвийг ном, билгүүний увидсаар номхруулахын төлөө ухаанаа чивчрүүлж, насыг зарсан улс төрийн гарамгай зүтгэлтэн, хүнлэг, нигүүлсэнгүй эх оронч үзэл, үйлдлэгээрээ нийгмийн амар амгалан байдлыг төвшитгөхийн тул чин зүтгэл, сэтгэл зүрхээ харамгүй зориулсан аугаа их, хүмүүнлэг нигүүлсэнгүй хүн байсныг баримт сэлт нотолж байгаа юм.

Занабазар гэгээнтний урлагт оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй. Түүний бүтээлүүдийг дэлхийн сонгодгуудын тоонд оруулдаг?

-Урлаг, соёлд гарамгай үүрэг гүйцэтгэсэн хүн шүү дээ. Нэг хүний бие, сэтгэл, ухаанд ийм их авьяас цогцолно гэдэг ховор үзэгдэл. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд энэ нь маш ховор үзэгдэл юм. Тодорхой, тодорхой асуудлаар хүмүүс нээлт хийдэг. Гэтэл Занабазар ер бусын авьяас билэгтэй хүн байсан. Сүм хийдүүдийг барьж байгуулахдаа гэр маягийн уран барилгыг үндэслэсэн. Өөрөө инженерийн тооцооллыг нь хийдэг байсан. Мөн Монголд монгол уран зургийн дэг сургууль, түүн дотроо зураасан зургийн дэг сургуулийг үндэслэсэн. Энэ хүн их сэтгэгч. Монголчуудын эв нэгдлийг бэлгэдсэн Жанлавцогзол номыг бичсэн. Мөн буддын шашны гүн ухааны “Маанийг бүтээх арга” хэмээх бүтээл бичсэн. Монголчуудын үндэсний эв нэгдлийг хангах чиглэлээр сонирхолтой санаанууд дэвшүүлсэн. Бас нэг том зүйл нь соёмбо үсэг бий болгосон. Бусдаас зээлдсэн гэж зарим нь хэлдэг ч монгол хөрсөнд буулгаж сэтгэсэн хүн. Буддын шашны ёс заншил, уншлага, жаяг дэгийг Монгол хөрсөнд буулгаж, монголжуулан сэтгэсэн.

Түүнд Гэгээн гэх цолыг хэзээ олгосон байдаг юм бэ?

-Монголын Бурханы шашны тэргүүнээр 1639 онд таван настайд нь залсан. Сэцэн ханыг Гэгээн Сэцэн хан гэдэг байсан. Сэцэн хан Гэгээн цолоо Өндөр Гэгээн Занабазарт өргөсөн. Ингээд Өндөр Гэгээн гэж алдаршсан. Монголын Бурханы шашны тэргүүн байсан ийм хүн л дээ. Энэ хүний нэг онцлог нь шашин урлагийн зүтгэлтэн төдийгүй улс төр, нийгмийн зүтгэлтэн байсан гэдгийг дээр ярьсан шүү дээ.

Д.САРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар эртийн яргуйн шид

“Нээрэн, яргуй идэх сайн” гэж монголчууд бие биедээ захиж өдий цагт нэгийг ч болов үмхээдэх гэж зөвлөдөг. Хавар эрт цэцэглэдэг олон наст энэхүү ургамал нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх олон талын ач тустай. Яргуйг нэг дор олноор нь иддэггүй. Өдөрт нэгээр гурав эсвэл долоо хоног идвэл хор тайлан, хавдар хариулж, хүний биеийн хэм барьж, булчирхайн сүрьеэ, шамбарам зэргийг эдгээх бөгөөд ходоодны гал илчийг сайжруулж тамир тэнхээ оруулан, шар усны өвчнийг хатаадаг шидтэй цэцэг гэнэм.

Дэлбээг нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цус­ны даралт буурдаг аж. Дээр үеэс монголчууд уг цэцгийг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралыг анагааж, үргүйдэл, сүрьеэ, хөхүүл ханиад, хоолойн өвчнийг эдгээж, толгой таллаж өвдөхийг ул мөргүй эмчлэхэд хэрэглэсээр ирж. Түүгээр ч зогсохгүй арьс өнгөний өвчнөөс хамгаалж, сарын тэмдэг саатах, гуурсан багтраа зэрэгт сайн нөлөө үзүүлэх агаад зүрхний дутагдал, зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд тан­гийн оронд буцалгаж уухад тустай гэж ардын уламжлалт эмчилгээний ном сударт тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ ходоодны ил шархлаа, элэг­ний хатуурлын үед хориглодог бөгөөд жирэмсэн эхчүүдэд цээрлэдэг ч төрөх үед хүнд­рэлгүй амаржуулахад ганцыг идэхэд гэмгүй гэжээ. Ийм олон талын ашиг тустай энэ ургамал манай орондургадаг бөгөөд цэцэг нь 5-10 хоногийн настай ч шид нь жилээ барьдаг гэдэг юм билээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Ирээдүйн машины чиг хандлага F 015

“Mercedes Benz” компани CES 2015 шоунд нэгэн автомашины моделийг танилцууллаа. “F 015 Luxury in Motion” нэртэй энэхүү тэрэг ирээдүйн ато машины чиг хандлагыг тодорхойлно гэж үйлдвэрлэгчид нь үзэж байгаа аж. 272морины хүчтэй, хойноо хөтлөгчтэй, дээд хурд нь 125 миль бөгөөд 6.7 секундэд 62 миль хүртэлх хурдыг арын хэсэгт байрлах хоёр цахилгаан моторын хүчээр авах боломжтой юм байна. Цахилгаан нь устөрөгчийн түлшний бүрдлээс үүсэх ба өндөр хүчдэлийн баттерей нь богино шатлалтай нэмэлт хүчээр хангаж чаддаг гэнэ.

F 015-ийн “бие” нь хөнгөн цагаан, өндөр бат бөх ган болон нийлмэл материалтай.

Жолооч нь хойноо сууж яваа зорчигчийнхоо өөдөөс харж суусан ч ямар нэгэн асуудал үүсэхгүй байхаар бүтээжээ.

Жолооч нарт зориулсан, үнэгүй “АВТО АМЬДРАЛ” сэтгүүл

Жолооч гэдэг тусгай мэргэжил байсан бол одоо машин барьдаггүй хүн ховор болсон. Айл болгонд шахуу нэг машинтай болсон энэ цаг үед таны төмөр хүлэгтэй холбоотой мэдээ, мэдээллээр төрөлжсөн “Авто амьдрал” гэдэг нэртэй сэтгүүл анхныхаа дугаарыг гаргажээ. “Авто амьдрал” бүгдэд зориулсан, үнэгүй учир жолооч нарын хувьд урд хайрцагтаа хадгалах, мэдээлэл ихтэй хэвлэлд нь тооцогдож байгаа гэнэ. Уг сэтгүүлийн шинэхэн дугаарт авто машинтай холбоотой олон сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлагууд оржээ.

Тэнхлэг тохиргоо гэж юу вэ?

Тэнхлэг тохиргоо гэдэг нь нэг тэнхлэгт байгаа хоёр дугуй хоорондоо параллель байх болон зөвшөөрөгдсөн хэмжээнд хүртэл тохируулж тааруулахыг хэлнэ. Тэнхлэг тохиргоо алдагдахад дугуйны хээ жигд бус элэгдэнэ. Жолоо барих үед жолооны хүрд булааж, эргэх хөдөлгөөн хийхэд дугуйгаа түрж, чихарч дуугарна. Бензин идэлтэд нөлөөлнө. Тэгш замд жолооны хүрдээ сул тавихад автомашин шулуун явахгүй.

Согтуу жолоочийг зогсоодог технологи жилд 59 мянган хүнийг аварна

АНУ-ын Мичиганы их сургуулийн Гэмтлийн төв, Тээврийн хэрэгслийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар машины асалтыг дотроос нь түгжигч технологи тус улсын хэмжээнд л гэхэд 15 жилийн хугацаанд 59 мянган хүний амийг аварч, 343 сая ам.доллар хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ. Гэхдээ АНУ-ын бүх машиныг энэ технологиор тоноглосон тохиолдолд гэж тооцож гаргасан тоо юм байна. Жолоочийн амьсгалаар согтолтыг мэдэрч, улмаар асаах ажиллагааг автоматаар түгждэг энэхүү технологи нь харьцангуй өндөр үнэтэй ч гурван жилийн дотор өртгөө нөхнө гэж үзжээ. Энэ технологи нь цоо шинэ биш, 1960-аад оноос хойш янз бүрээр үйлдвэрлэж, туршсаар өнөөдрийг хүргээд байгаа билээ.

Өсвөр насныханд зориулсан ухаалаг машин бүтээжээ

“Женерал Моторс” эцэг эхчүүдэд тус болох ухаалаг машин зохион бүтээсэн байна. 2016 Chevy Malibu хэмээх уг машинд өсвөр насныханд зориулсан жолоодлогын системийг суулгажээ. Үүний ачаар эцэг эхчүүд хүүхдүүдээ хянаж, аюултай зүйл хийхээс нь сэргийлж болох гэнэ. Жишээ нь, аюулгүйн бүсээ зүүхээс нааш радио, хөгжим нь ажиллахгүй. Мөн эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ машины хурдад 40-74 км-ийн цагийн дээд хязгаарыг тогтоох бөгөөд хэрвээ дээд хязгаарыг хэтэрвэл дүрс, дуугаар жолоочид анхааруулга өгч болдог гэнэ. Түүнчлэн энэ системээр зам чиглэлээ хянаж, мөргөлдөх эрсдэлийг анхааруулах болон зогсоолд тавих үеийн тусламж, явган хүн хэт ойртсон тохиолдолд тоормозлох, гэрлийг автоматаар удирдах зэрэг авууштай талуудтай юм байна. Ингэснээр 16-19 насныхны аюулгүй байдлыг хангахад иймэрхүү ухаалаг машинууд тус нэмрээ оруулна гэдэгт үйлдвэрлэгч нь итгэлтэй байгаа аж.

Оношилгооны цэгүүд амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын нэгний дотор төлөх үүрэгтэй. Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангахын тулд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журам үйлчилж байгаа. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгааг жолооч нарт сануулъя. Жолооч таны автомашины улсын дугаар тав, тэг тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх юм.

Авто машины үнэ буурсаар байна

“Да хүрээ 1900-1976” лавлах улирал тутамд авто машины үнэ ханшинд судалгаа хийж олон нийтэд хүргэдэг юм байна. Сүүлийн судалгаагаар ерөнхийдөө машины үнэ тогтворжиж, үнэ нь буурсан чиг хандлагатай байгаа аж.

Бэлтгэсэн Д.САРУУЛ

Categories
мэдээ спорт цаг-үе

Чөлөөтийнхөн Д.Дагвадоржийн дарамтыг тэсэхээ байжээ

Чөлөөт бөхийн дасгал­жуу­лагчид “Бид архи ууж ирчихээд хүүхдүүддээ агсам тавьдаг аавтай, хүчир­хийлэлтэй айлын хүүх­дүүд шиг, дарамт, доромжлол дор байдаг. Одоо цааш тэвчиж чадах­гүй” гэцгээж байна. Мон­голын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогт­баяр, гавьяат тамир­чин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар ингэж ярьж байна.

-Чөлөөт бөхийн холбоо энэ удаад тамирчдадаа хуурамч виз гаргуулснаас болж нэлээд том асуудал үүсч байх шиг байна. Монголын чөлөөт бөхийн холбоо энэ мэтээр зохион байгуулалт, хариуцлагын алдаа гаргадаг гэдгийг спорт сонирхогчид байтугай ард түмэн мэддэг болчихлоо?

Ц.Цогтбаяр:-Бид холбоон дотроо энэ асуудлыг зөндөө л хэлдэг байсан. Ийм юм болохгүй байна, тэгэхгүй бол болохгүй нь, та нөхөд минь анхаараач гэж. Бидний үгийг хүлээж авдаг улсууд нь цөөхөн байсан. Энэ нь яван явсаар эцсийн цэг дээрээ ирчихлээ. Бид дөрвийн хувьд ажил авснаасаа хойш маш олон зүйлийг тэвчиж, дуугүй өнгөрөөсөн. Эр хүний жудаг зааж, бөхийн ноён нуруу гэж нэг юм бий. Тэр болгоноо бодоод тэвчсээр, аль аль талдаа эвээ олохгүй байгаа биз гэж их л уужуу хандсан. Эцэстээ тамирчдадаа хуурамч виз өгч, хил давуулан тэмцээнд явуулна гэдэг байж боломгүй асуудал боллоо.

-Хуурамч виз гэдэг чинь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хэмжээний юм болно гэсэн үг үү?

Л.Энхбаяр: -Катарын талд манай хүмүүсийн нэр очилгүй, тэдэнд үнэхээр хуурамч биз өгч явуулсан бол энэ чинь зохион байгуулалттай гэмт хэрэг болж таарна л даа. Үүнийг шалгуулах хэмжээнд гомдлоо гаргана гэдгээ тамирчид маань хэлж байна. Гомдол гаргах нь зүйтэй гэж бодож байна. Бид олимп хүртэл бүх зүйлээ төвлөчихсөн байгаа. Тамирчдын удаан хугацааны хөдөлмөр, зорилго тэмүүлэл бүгд бий. Тэр бүгдэд энэ явдал маш том тээг саад болчихлоо. Бас тамирчин хүний сэтгэл зүйд том цохилт болж байгаа юм. О.Пүрэвбаатар: -2010 онд ахмадын ДАШТ-ий үеэр ийм явдал болсон. Тэр тэмцээнд хоёр тамирчин явсан юм.

Б.Баяраа: -Хурц, Нямдорж гэж хоёр залуу явсан юм. Тэд ДАШТ-д яваад мөн хуурамч визнээс болоод Москвагаас буцаад, фэйсбүүк хаягаараа бидэнтэй холбогдож билээ.

-Чөлөөт бөхийн эрэгтэй хүнд жин угаасаа амжилт гаргах биш, олигтой тамирчин байхгүй. Үндэсний бөх рүү яваад амжилт гаргахаа байсан гэж ярих хүмүүс танай холбоон дотор тааралдаж л байсан?

О.Пүрэвбаатар: -Ноднингийн аварга болсон, мөнгөн медаль авсан хоёр хүүхэд шүү дээ.

Ц.Цогтбаяр: -Ямар хүмүүс зохион байгуулалттайгаар ийм юм яриад байна вэ гэдэг сонин.

Б.Баяраа: -Хэн тэгж хэлж байна. Манай Чулуунбат гэхэд Азийн аваргаас хамгийн олон медальтай, Монголын түүхэнд. Найман медальтай. Хүдэрбулга Азийн аваргын 97 кг-ын жинд хоёр хүрэл, Азийн тоглолтын хүрэл медальтай. Дээрээс нь ноднин жил Ази тивийн аварга болсон бөх. Гомбодорж гэхэд Ази тивийн хошой хүрэл медальтай. Ийм яриа гаргаж байгаа хүмүүс бидний үйл ажиллагаа, амжилтыг, энэ түүхийг мушгин гуйвуулж байна. Нөгөө талдаа өөрсдийнхөө буруу үйл ажиллагааг далдалж зөөлрүүлэх гэсэн санаа.

-МЧБХ-ны удирдлагууд Монголын жүдо бөхийн холбооны удирдлагын менежментийг жишиг болгохыг хүсч буйгаа илэрхийлж байсан. Та бүхэн тогоонд нь ажилладаг хүмүүсийн хувьд холбооныхоо үйл ажиллагааны талаар юу ярих вэ?

О.Пүрэвбаатар: -Дагвадорж гэдэг хүн чөлөөт бөхийн холбоог авчихаад Монголын эрэгтэй багийг сайжирч байна гэж ярьж байгаа байхгүй юу, гадуур. Бид дуугүй л байдаг байсан. Яг үнэн хэрэгтээ эрэгтэй багийг ойшоодоггүй. Бид улсын зардлаар тэмцээнд явж, бэлтгэл сургуулилтаа хийгээд амжилт гаргаад эхлэнгүүт бидэн рүү эргэж харах санаа агуулсан. Бид өөрсдөө зүтгээд өдий зэрэгтэй амжилт гаргаад явж байхад тэр хүмүүс ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй мөртлөө холбоо мундаг ажиллалаа, Дагвадорж чөлөөт бөхийн холбоонд орсноос хойш эрэгтэй багийн амжилт урагшиллаа гэж ярих болсон.

-Б.Баяраа багш гурван шавиа дагуулаад онгоцноос буунгуутаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Ц.Цогтбаяр дасгалжуулагч ч бас эх орондоо ирээд бодит явдлыг ярьсан. Ингэж олон нийтэд бүхнийг ярьснаас болж Д.Дагвадорж аварга та бүхнийг дарамталсан гэх юм. Тийм юм болсон уу?

О.Пүрэвбаатар: -Ерөөсөө л байнгын дарамттай шүү дээ. Тамирчдыг барилдаж байхад “Ялахгүй бол ална шүү” гэж байгаа юм. Дарамт биз дээ. Тэгэхээр тамирчин хүн биеэ бариад барилдаж чадахаа больчихдог. Амжилт гаргаад ирэхээр хүүхдүүд нь сайн болчихдог. Амжилтгүй ирэхээр хэдэн дасгалжуулагч нь л муу болчихдог. “Муу п…(зүй бус үг) та нарын хийж байгаа юм хаана байна” гээд л. Саяны энэ удаагийн дарамт биш, ерөөсөө иймэрхүү юм элбэг тохиолддог. Бид чимээгүй байсаар эцэстээ тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэдэг л болж байна даа.

-Хуурамч визний асуудал юу болж таарав?

Ц.Цогтбаяр: (Катарын талаас ирсэн жинхэнэ визийг харуулав). Энэ виз дөрөвдүгээр сарын 16-нд, 25-нд Монголд ирсэн. Гэтэл хар даа, энэ хуурамч визнүүдийг (Хуурамч гэх визнүүдийг харуулав.сурв). Баруун доод буланд нь огноо байхгүй, зүүн доод буланд нь хаанаас ямар цахим хаягнаас ирсэн гэх мэдээлэлгүй, толгой хэсэг дэх араб бичиглэл нь байхгүй байгаа биз дээ. Үүнийгээ холбооны зүгээс тайлбарлахдаа “Бичиг үсэг мэдэхгүй хэдэн арабууд л юмаа дутуу бичээд явуулсан” гэж тайлбарлаад байгаа юм. Баримт нь энд байсаар байтал улайм цайм ингэж худлаа яриад байна.

Б.Баяраа: -Энэ визүүдийг хар даа. Катарын тал ингээд скайнердаад явуулах уу. Үгүй шүү дээ. Чөлөөт бөхийн холбоо энэ визүүдийг бидэнд өгсөн учраас бид итгээд авч явсан.

-Ямар учраас тамирчдын визийг хуурамчаар үйлдэв. Жинхэнэ визэнд нь өөр хүмүүсийг оруулчихсан юм болов уу?

Б.Баяраа: -Магадгүй. Батбаяр овогтой Маамуу гэнэ үү. Бид танихгүй. Тамирчдын визэн дээр ийм хүний визийг гаргуулчихсан байна лээ. Тэмцээнд барилдах тамирчдынх нь виз ирэхгүй удаад байхад хаа байсан бидний танихгүй Батбаяр Маамуу гэдэг хүний виз дөрөвдүгээр сарын 16-нд ирчихсэн байгаа юм.

-Д.Дагвадорж тэргүүтэй чөлөөт бөхийн холбооны удирдлагууд эх орондоо ирснийхээ дараа үүссэн асуудлаар ярилцах байх. Та бүхний хувьд цаашид яая гэж бодож байна. Ямар байр суурьтай байна вэ?

Ц.Цогтбаяр: -Энэ хуурамч визний үнэн мөнийг олно.

Л.Энхбаяр: -Нэгдүгээрт, холбоо маань үйл ажиллагаа явуулах ямар ч эрх зүйн чадамжгүй юм байна. Хоёрдугаарт, угаасаа ч хууль ном журмынхаа дагуу зохион байгуулагдсан холбоо биш. Бид хангалттай тэвчээд дуугүй байсаар ирлээ. Бид дөрвийн хувьд тэсээд дуугүй байгаад өнгөрлөө гэхэд тамирчдын эрх ашиг зөрчигдсөөр эцэстээ Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 2016 оны олимпоос медаль авах уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ мэт ноцтой асуудал үүсэх учир бид дуугарахаас өөр замгүй боллоо. Энэ холбоо үйл ажиллагаа явуулах ямар ч чадамжгүй болсон нь олон түмэнд харагдсан болохоор багш нарын зүгээс зохион байгуулалтын тал дээр тэмцлийн өөр ямар арга зам байна вэ, тэрийг хийнэ.

О.Пүрэвбаатар: -Олимпийн эрх авах тэмцээн дээр ийм асуудал гараад ирвэл бид яах юм бэ. Тийм биз дээ. Тамирчдын минь хөлс хүч, бидний хийж байгаа ажил салхинд хийснэ.

-Асашёорюүг зарим хүмүүс чөлөөт бөхийн холбоог удирдахад мэргэжлийн бус гэж үздэг. Аварга маань чөлөөт бөхөөр барилдаж байсан болов уу?

О.Пүрэвбаатар: -Сумогийнх шүү дээ. Жүдо бөхөөр хичээллэж байгаад сумо руу орсон.

-Монголын чөлөөт бөхийн холбоог гаднаас нь харахад ерөнхийлөгчийнхөө эргэн тойрноос салдаггүй, байнга эргэлддэг хүрээлэл байдаг юм шиг ээ?

О.Пүрэвбаатар: -Толгойг нь угаадаг хүмүүс байхгүй юу.

Ц.Цогтбаяр: -Тийм л болгочихоод байгаа юм.

О.Пүрэвбаатар: -Дагвадорж сумо барилдаад ирсэн. Энд ирээд чөлөөт бөхийг дээш нь гаргая гэсэн үнэн сэтгэл нь байсан ч юм уу, үгүй ч юм уу. Чөлөөт бөхөд олон сая төгрөг зарцуулдаг л гэж яриад байдаг. Хаана, хэнд зарцуулсан юм бол. Тамирчдын зардалд 470 сая төгрөг зарсан гэж тайлангийн хурал дээр ярьсан байгаа юм. Ямар ямар тамирчинд өгсөн юм. Эрэгтэй багт бүхэл бүтэн хоёр жилд 15 сая төгрөг өгсөн, нэг олон улсын тэмцээнд явахад. Баттай мэдээ.

Бид мөнгө гуйж үзсэн. Дандаа л “Мөнгөгүй” гэдэг. Тийм бол тэр их мөнгийг хаана, хэнд өгчихсөн юм. Энэ асуудлыг дахин ярих хэрэгтэй.

Л.Энхбаяр: -Дагвадорж аварга Дэлхийн бөхийн холбоонд хахууль өгдөг тухай хүртэл ярьж, шүүгчдийг нь хахуульдан байж медаль худалдаж авч өгдөг гэж биднийг доромжилсон.

О.Пүрэвбаатар: -Та нар медалиа чадлаараа авдаг гэж бодоо юу, мөнгөөр худалдаж авсан юм шүү гэх ухааны юм ярьсан, тайлангийн хурал дээр. Энэ бол тамирчдыг маш муухайгаар үл хүндэтгэсэн, хөлс хөдөлмөрийг нь үл тоосон явдал. Гавьяат тамирчин Г.Мандахнаран харахад нулимс гармаар барилдсан шүү дээ, чих, нүүрэндээ гэмтэл авч. Тэгж барилдаж медаль авчирч байхад “Мөнгөөр худалдаж авч өгсөн шүү, наад медалийг чинь” гэж ярьж болох уу. Тийм боловсролгүй байж болохгүй. Яг үнэндээ боловсролгүй хүн гэж хэлнэ. Дагвадоржийг хурлаар хэн ч сонгоогүй. Хууль бус ерөнхийлөгч мөртлөө юм л болбол тамирчид, багш нарыг дарамталдаг. Би урьд нь хэд хэдэн удаа ам зөрөөд л авсан.

Л.Энхбаяр: -Чөлөөт бөх бол Монголын үе үеийн хүмүүст үлгэр дуурайлал болж ирсэн том спорт. Гэтэл энэ спортын холбооны ерөнхийлөгчийн тамгыг хэн нэгэнд “Май” гээд бэлэглэчихэж болохгүй. Хууль дүрэм журмынхаа дагуу л бүх юм болох ёстой. Тэсвэрлэж болшгүй зүйлс тохиолдоод байна.

-Та бүхнийг Дохагаас ирснээс хойш холбооны зүгээс уулзсан хүн байна уу?

Б.Баяраа: -Одоогоор бидэнтэй уулзсан хүн алга л байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай багийг ахалж яваа гол хүн маань багийнхнаа хүлээн авч, албан ёсоор уулзах ёстой. Гэтэл эд нартай ганц ч уулзаагүй байгаа байхгүй юу. Нэг орж ирээд юу гэсэн гэлээ, Энхбаяр аа?

Л.Энхбаяр: -Юу болоод байна аа, та нар гэж асуухаар нь “Хил дээр ийм будлиан гарлаа” гэсэн чинь “Та нарын юу хийгээд яваад байгааг мэдэж байгаа шүү. Очиж байгаад та нартай уулзана аа” л гэсэн.

Б.Баяраа: -Та нарын юу хийгээд яваад байгааг чинь мэдэж байгаа шүү гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ асуудлыг бид нар хийсэн болж таарч байна уу.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид ДАШТ-ий олон медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний найман жингээс долоон медаль авсан гээд амжилт гаргасаар ирсэн. Гэтэл энэ Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө, хуучин болохгүй юм байна гээд болиулчихсан байсан Мэргэжлийн зөвлөл гэдэг юмыг Дагвадорж томилж гаргаж ирсэн. Энэ зөвлөлд эдгээр тамирчдын хажууд байж үзээгүй хүмүүс орчихсон байна лээ. Зөвлөлийн есөн хүний бараг зургаа нь тийм хүмүүс байсан. Зөвлөлийн сонгосон тамирчдыг тив дэлхий, олимпийн тэмцээнд оролцууллаа гэж бодъё. Хэрвээ муу барилдвал ирэхээр нь багш нар дээр нь хариуцлага тооцдог. Тэгсэн хэрнээ тэднийг сонгосон Мэргэжлийн зөвлөлд хариуцлага тооцдоггүй.

Энэ нь ямар ч учиртай юм, эсвэл Дагвадоржийг хүрээлэн байгаа, Мэргэжлийн зөвлөлд нэрээ өгөөд, өөр өөрсдийгөө сонгочихсон хүмүүс бидний ажлыг баллах гэж байгаа юм уу. Би хэрвээ Мэргэжлийн зөвлөлд байсан бол тамирчдыг сонго гэвэл “Би энэ хүүхдүүдийн бэлтгэлжилтийг сайн мэдэхгүй учир энэ ажилд оролцохгүй” гэх байлаа.

Ц.Цогтбаяр: -Ойдов багш, Нацагдорж гавьяат, Ням доктор нар Мэргэжлийн зөвлөлд орсноо 27-нд мэдсэн, гэнэт. Хуралд дуудаад Азийн аваргад орох багийн тамирчдаа сонго гэсэн. Бид тэрэн дээр нь эсэргүүцлээ илэрхийлсэн.

Б.Баяраа: -МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төмөрбаатар сонгогдсон. Бид өдөр, шөнөгүй бэлтгэл хийж, тамирчдаа “Дэлхийн цом”-д бэлтгэсэн. Америк руу, “Дэлхийн цом” руу явах багийн бүрэлдэхүүнээс миний нэрийг хасч байгаа юм, энэ хүн. “Олон багш явах гэж байгаа учраас хаслаа” гэсэн. Тэгэхээр нь би хувиараа хөөцөлдөж байгаад Христийн сүмийн шугамаар Америкт очиж байгаа юм. Та нар бод доо, багаа бэлдсэн багш нь Исүсийн нэрээр явсан. Шарандаа очоод багаа дэлхийд айрагдуулсан. Сая Азийн аваргад явах гэсэн чинь яасан олон хүн явдаг юм бэ гэж Ц.Сэрээтэр хэлж байгаа юм. Уяач хүн чинь морио уяж уячихаад сул тавиад явуулдаг билүү. Тэрийг яасан ойлгодоггүй хүн бэ. Энэ бол хувийн атаа хорсол, хувийн өс хонзон. Би гурван хүүхэдтэйгээ (Д.Хүдэрбулга, Д.Гомбодорж, Н.Золбоо нарыг хэлэв.сурв) хоригдсон. Нэг хүүхэд маань ус уух гээд гурван минутын чөлөө аваад харгалзагчаар харгалзуулаад коридороор явж байгаа юм. Тэгтэл Төмөрбаатартай таарсан гэсэн. Төмөрбаатар чинь холбооны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч.“Багш аа бид энд хоригдож байна. Гурван минутын чөлөө аваад ус уух гээд ингээд явж байна” гэж хэлсэн чинь “Өө, тийм үү. Юу болоод байгаа юм бэ, та нар” гэчихээд яваад өгсөн байна лээ. Ийм улсуудаар л Дагвадорж гэдэг хүн чинь хүрээлүүлчихээд байна.

О.Пүрэвбаатар: -Яахаараа төрийн байгууллагад ажилладаг хүн чөлөөт бөхийн холбоонд ажиллаад явж байгаа юм. “Хүч” нийгэмлэгийн цагдаа хүн ингэж ажиллах нь хуулинд тохирохгүй биз дээ.

-Азийн тэнгэрт улсынхаа далбааг мандуулах гэж явсан тамирчид маань харь улсын хил дээр гэмт хэрэгтэн адил хоригдоно гэдэг ичгэвтэр юм?

Б.Баяраа: -Гэмт хэрэгтэн шиг биш гэмт хэрэгтэн болоод хоригдсон.

Б.Баяраа: -Дэлхийд чөлөөт бөх гэдэг спорт хөгжөөд зуун жил болоход хуурамч визний асуудлаас болж тамирчид тэмцээндээ оролцож чадалгүй, хил дээр хоригдсон тохиолдолд анх удаа гарлаа. Түүхэнд анх удаа ийм ичмээр юм болж байна.

-Чөлөөт бөхийн холбоо эрэгтэйчүүдийн шигшээ багаа орхигдуулаад эмэгтэйчүүлээ тордоод байдаг. Жаахан ялгавартай хандлага бий байх шүү?

Б.Баяраа: -Хүчтэй багтай болж чадлаа.

Ц.Цогтбаярт: -Азидаа л гэхэд багаар бодоход хоёрдугаар байрт орох багийг бэлдээд гаргаад ирлээ.

О.Пүрэвбаатар:-Манай эрэгтэй баг уржнан ДАШТ-д наймдугаар байрт орж дэлхийн шилдэг багийн нэг болсон. Өнгөрсөн жил ДАШТ-д зургадугаар байрт орж амжилтаа ахиулсан. Гэтэл эмэгтэй баг “Дэлхий цом”-д Монголд хоёрдугаар байрт орсон. Дараа нь тавдугаар байрт ороход юу ч яриагүй. Өнгөрсөн жил эрэгтэй баг маань Азийн аваргад хоёрдугаар байрт орсон. Өнөө жил холбооныхны буруугаас болж дөрөвдүгээр байрт орлоо. Медаль авах гурван тамирчин маань барилдаж чадсангүй. Гурвын гурван медаль шүү дээ. Багаараа түрүүлчих ч боломжтой байсан. Гэтэл эмэгтэй баг бүтэн бүрэлдэхүүнээрээ яваад хоёрхон медальтай ирлээ. Тэгтэл үүн дээр хариуцлага тооцдоггүй.

Шинэ жилийн баяр боллоо л гэнэ. Эмэгтэй тамирчдаа л шагнаад байдаг. Эрэгтэй тамирчид маань дандаа л бор зүрхээрээ яваа, гэр хорооллоос бэлтгэлдээ гүйгээд ирдэг ядарсан улсууд. Ийм юмыг мэдэхгүй мөртлөө өөрсдөдөө жаахан нэр төр олохын тулд янз бүрийн юм сэднэ. Нэг эмэгтэй тамирчинд байр өгөхийн тулд эхэлж зарлаж нэрээ гаргана, дараа нь түлхүүрээ өгч дахиж сурталчлуулна. Сүүлд нь гэрчилгээгээ гардуулахдаа дахиж нэрээ гаргах сонирхолтой. Нэг хүнд нэг байр өгөхдөө гурав өгдөг.

Энэ муу эрэгтэйчүүдийн баг юу л болов гэж дээ хэмээн тоохгүй байхад нь бид нар гараад ирэхгүй юу. Биднийг хүчтэй гараад ирсэн болохоор атаархсан байж магадгүй. Тэгээд баг маань мундаг болоод ирэнгүүт дотор нь орж ирээд энэ тамирчныг тэмцээнд явуулна, тэрийг явуулна гээд хутган үймүүллээ. Бүр аргаа бараад хуурамч виз гэх мэт ажил хийсэн байж магад. Энэ мэтээр хардаж, таамаглавал яаж ч таамаглаж болно.

-Аливаа спортын холбоог хөрөнгө чинээтэй хүн удирдах ёстой юм уу, эсвэл мэргэжлийн хүн удирдвал зүйтэй юу?

-Спортоо мэддэг хүн нь удирдах ёстой (Бүгд нэгэн зэрэг ингэж хэлэв)

О.Пүрэвбаатар: -Дагвадорж ингэж байгаа юм. Шигшээ багийн тамирчин хүн амжилтаасаа ухарна гэдэг байж болохгүй асуудал. Хариуцлага тооцно гэж байгаа юм. Өөрөө сумод түрүүлчихээд дараа нь өвдөг шороодоод л байсан биз дээ. Дандаа түрүүлээд байхгүй яасан юм бэ. Үүнийг мэдэхгүй байгаа хүнийг спорт ойлгодог хүн гэж хэлж болох уу. Ямар ч тамирчинд өгсч урууддаг үе бий. Тийм биз дээ. Н.Түвшинбаяр аваргыг олимпоос алт авчихаад дараагийн олимпоос мөнгөн медаль авахад нь дахин аварга болсонгүй гээд хариуцлага тооцохгүй яасан юм. Үүнийг Дагвадорж мэдэхгүй байж “Тамирчин хүн гаргасан амжилтаа давтах ёстой” гэж тулгадаг. Ийм юм ямар ч спортод байдаггүй юм. Иймэрхүү юмыг мэдэхгүй байж бүхэл бүтэн холбоог удирдаж чадах уу.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Б.БАТЦЭЦЭГ: Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна

Сингапурын олимпийн аварга Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-“Баавгай” Батцэцэг маань хаагуур юу хийгээд явна вэ?

-Багшлаад л гүйгээд байна даа. Барилдахаа байсаан, хөлөндөө бэртэл аваад.

-Чөлөөт бөхөд Соронзонболдын Батцэцэг, Баатарзоригийн Батцэцэг, Алтанцэцэгийн Батцэцэг гэсэн амьдаанууд бий. Гэтэл Б.Батцэцэг буюу “Баавгай” яагаад барилдахаа больчихов оо гэж хүмүүс гайхаж байна. Чухам ямар бэртэл авсан болоод спортоосоо хөндийрчихөөд байна вэ?

-2012 онд “Mongolia open”-д орохоос хоёр хоногийн өмнө хөлөндөө хүнд бэртэл авсан. Тэрнээс хойш барилдаагүй жил гаруй болж байгаад хэсэгхэн зуур барилдаад тэгээд дахиж барилдсангүй. Хүнд бэртэл болохоор эмчлүүлэх гэхээр мөнгөний асуудал дээр хүндрэл үүсээд байна. Эмчлэхэд төдөн сая, тэдэн сая төгрөг хэрэгтэй гэх юм.

-Хүнд гэхээр ямар бэртэл юм бэ?

-Өвдөгний чагтан холбоос тасарсан. Монголд хагалгаа хийлгээд эмчлүүлсэн ч гам сайн барилгүй бэлтгэлдээ яаран орсноос дахин сэдрээ­чихсэн юм. Чагтан холбоос гэдэг чинь их хэрэгтэй юм байна лээ, тамирчин хүнд. Тэрийгээ мэдэхгүй хүнд бэлт­гэл хийгээд дахин гэмтээснээс болоод спортдоо хөл тавьж чадахгүй байна.

-Гадаадад сайн хагалгаа хийлгээд амжилттай болбол буцаад спортдоо хөл тавих боломж байна уу?

-Байна аа. Энэ зунаас яаж ийгээд мөнгө төгрөг олоод хөлөндөө мэс засал хийлгээд дахиж барилдъя гэж бодоод байгаа шүү.

-Та хэдэн онд төрсөн билээ?

-1993 оных.

-Сингапурт болсон олимп бол хүн төрөлхтөн анх удаа залуу тамирчдаа олимпийн наадамд өрсөлдүүлсэн түүхэн үйл явдал байсан. Манайх ч амжилттай орол­цож гимнастикаар Г.Эрдэнэ­болд, чөлөөт бөхөөр та аварга болсон. Бас жүдогоор О.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн шүү дээ?

-Хамгийн эхэлж наймду­гаар сарын 16-нд би алтан медаль авсан юм. Маргааш нь Г.Эрдэнэболд маань алт аваад дараа нь О.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн. О.Дөлгөөн маань одоо хойно сурч байгаа. Г.Эрдэнэболд мөрөндөө гэмтэл авсан гэсэн. Мөрнийх нь чагтан холбоо тасраад Солонгост эмчлүүлчихээд ирсэн юм билээ. Одоо бол тэмцээн уралдаанд орохгүй, зүгээр л бэлтгэлээ хийж байгаа. Тэмцээн уралдаанд орж байгаа гэж дуулдахгүй л юм.

-Залуучуудын анхдугаар олимпийн аваргууд маань барцадтай л яваа юм байна даа?

-Харин тийм ээ. Манай Д.Мөнхбаяр багш ингэж хэлдэг юм. Чи тэр үед тэнгэрт хөөрч мандан бадарч сайхан явж байсан. Харин газарт буугаад ирэхээр хүн тоохоо байчихдаг юм. Тэр үед олимпийн аварга болоод ирэхэд чинь сайн санах нь ч, муу санах нь ч их байсан шүү гэж хэлдэг юм. Тэрхэн зууртаа мандан бадарч байгаад бэртэл авсны дараа хүн тоохоо больчихдог гэдэг нь үнэн юм байна. Бэртэл авсны дараа “Энэ одоо барилдаж чадах уу. Энд юу хийж яваа юм” гэж хэлж байсан чөлөөт бөхийн нэг багш байдаг юм. Би шигшээд байсан. Шигшээ багийнхаа нэрийг энд тэнд гаргаад л явж байсан тамирчин. Багш болон Монголынхоо ард түмний итгэл найдвараар анхдугаар олимпоос алтан медаль хүртээд л ирсэн. Гэтэл тэр багшийг тэгж хэлэхэд их сонин санагдаж билээ. Одоо хүртэл хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм. Хүнийг бэртэл гэмтэл авчихаад хүнд хэцүү байхад тавлаж хэлэх муухай л даа.

-Өөрийнхөө гаргаж ирсэн тамирчныг алдарт хүргэхийн тулд бусад тамирчныг дардаг үзэгдэл спортын топ төрлүүдэд харагддаг?

-…

-Г.Эрдэнэболд, О.Дөл­гөөн та гурвыг угтах үйл ажиллагаа “Чингэс хаан” олон улсын нисэх буудалд болсон. Ямар олон хүн цугласан байсан гэж санана. Спортын төв ордны гадна хэдэн зуун хүн та бүхнийг хүлээж байсан?

-Гайхалтай. Тийм олон хүн биднийг хүлээж авна гэж үнэхээр бодоогүй. Тэр үеийн хамгийн сайхан мөч нь аварга болох, хүссэндээ хүрэх. Тэр мөч л хамгийн сайхан байсан даа. Одоо эргээд харахад 2010-2011 онд их сайхан байжээ. Бэртсэнээсээ хойш жаахан тиймэрхүү байна. Хүний нүдэнд үзүүрлэгдэх гэх үү дээ, нэг тиймэрхүү л явж байна. Их муухай (Нүдэнд нь нулимс цийлэгнэв).

-Шигшээгийнхэнтэй холбоотой байдаг уу?

-Холбоо барьдаггүй юм. Багштайгаа л их ойрхон байдаг.

-Хэн багш?

-Даваацэрэнгийн Мөнхбаяр багштайгаа.

-Налайхын багш дасгалжуулагч байх аа?

-Тийм. Намайг багаас минь л авч багшилж, бүхнээ зааж сургасан багш минь.

-Гэхдээ таны хувьд бүх юм дуусчихаагүй. Дахиж нэг сайн эмчилгээ хийлгэчихвэл буцаад дэвжээндээ гарна. Эмчилгээний мөнгө төгрөг хэр хөөцөлдөж байна вэ?

-Багш маань хөөцөлдөөд байгаа л даа. Би өөрөө ажил төрөл хийж байгаа болохоор бага сагаар мөнгө цуглуулж байна. Тамирчин хүн байнгын бэлтгэлтэй байж байгаад түүнийгээ хаячихаар их таргалдаг. Би 59 кг-ын жинд барилддаг байсан. Гэтэл одоо жин маань 80 кг гараад л явчихлаа.

-Багшилж байгаа гэлээ. Аль сургуульд багшилж байна вэ?

-Би Монгол Улсын боловс­ролын их сургуулийн Урлаг, биеийн тамирын сургуулийг 2014 онд төгссөн. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын нэг­нээс Налайх дүүргийн 109 дүгээр бага сургуульд Д.Цэрэндолгор эрхлэгчийн удирдлага дор биеийн тамирын багшаар ажиллаж байна.

-Шигшээгийн тамирчин байж байгаад биеийн тами­рын багш болохын хооронд ялгаа их байгаа байлгүй?

-Ялгаа байна аа. Д.Мөнхбаяр багш маань их хашгирч “Ингэ, тэг” гэж нервтдэг байж билээ. Би багшаа хараад “Юунд ингэж хашгирдаг байна даа” хэмээн боддог байсан. Гэтэл өөрөө биеийн тамирын багш болсон чинь багшийнхаа зовлонг биеэрээ мэдэрч эхэлсэн. Жаахан хүүхдүүд чинь дэггүй, хамаагүй ноцолдоно, “Багш аа, би шээмээр байна”, “Багш аа, ус ууя” багш аа, багш аа гээд л (инээв). Тэр бүгдийг зохицуулах гээд хэцүү л дээ. Биеийн тамирын багш болсны эхний долоо хоног ямар хүнд байв аа. Чих шуугиад, дүнгэнээд хоолой сөөгөөд. Одоо бүр дасал болчихсон. Шуугьж байсан ч тоохоо байсан.

-Өвдөгний тань хагалгаа амжилттай болбол бүтэн жил гам бариад 2017 оноос бэлтгэл хийж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр таны хувьд 2020 оны олимпод хүч үзэж болох юм гэсэн бодол төрж байна?

-Миний бодсон зорилго наадах чинь байна даа. 2020 оны олимпод барилдахад нас минь 28 л байна. Гамаа сайн бариад жингээ тогтоочихвол бэлтгэлээ хийгээд гараад ирнэ л дээ. Бэлтгэлээ хийхээ больсноос жин нэмж байгаагаас гадна удмаа дагаад таргалаад байна даа (инээв).

-Ийм гэмтлээс босч ирсэн тамирчид байна уу?

-Байна аа, байна. Н.Түв­шин­баяр аварга байна. Манай чөлөөт бөхөөс Э.Бэхбаяр маань байна. Бэхээ маань гэмтээд Тайваньд очиж хагалгаа хийлгүүлээд жил гаруй гам бариад одоо амжилттай барилдаж байна.

-Тайваньд очиж хагалгаа хийлгэе гэвэл хэд орчим төгрөг орох вэ?

-Арав орчим сая төгрөг болох юм билээ. Хүмүүс на­майг олимпийн аварга боло­хоор баян цатгалан амьдардаг байлгүй гэж боддог юм билээ. Гэтэл бодит амьдрал, нийгэм ямар байгаа билээ. Үнэнээ хэлэхэд манай аав, ээж хоёр таван ханатай гэрт, би найз залуутайгаа дөрвөн ханатай гэрт тусдаа амьдарч байна.

-Таныг Сингапурын олимпоос ирсний дараа олон компани хүлээн авч байр сууц, машин өгнө гэж амлаж байсан биз дээ?

-Байр, машин өгнө гэж амласан хүмүүс маань өгөөгүй. Яахав тэр хүмүүсийн өгнө гэж ам гарсан зүйлсийг авсан бол амьдралд маань жаахан ч гэсэн нэмэр болох байсан байх л даа. Гэхдээ яах вэ одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хүнээс дор амьдраагүй. Би ажил хийж байна. Хоолгүй хонож байгаа биш, алхаад явж болж л байна. Хүн чинь багаас нь эхлүүлж томордгоос хойш хоосон амлалт хүлээгээд яах юм.

-Өөрийг тань “Баавгай” гэж хочилдог. Хоч ч биш бүр нэр тань юм шиг л болсон?

-Олимпод явахын өмнө юм. 2009 онд Сөгнөгөрийн голд бэлтгэлд гарчихсан байлаа. Нэг өдөр гэдэс маань хүчтэй базлахаар нь бие засах газар орох гээд гүйж байтал манай чөлөөтийн тамирчин Цэгмид эгч маань миний араас “Хөөе баавгай” гэж дуудлаа. Тэгэхээр нь би эргээд харчихгүй юу. Тэгсэн чинь Цэгмид эгч “Энэ нэрээ мэддэг юм байна. Одоо чамайг Баавгай гэж дуудна аа” гэж билээ. Тэрнээс хойш л хүн бүр намайг Баавгай гэж дууддаг болсон.

Нэг удаа Д.Мөнхбаяр багш маань шигшээ дээр ирэхээр нь “Багш аа, хүн болгон намайг Баавгай гээд байна. Би энэ нэрийг авмааргүй байна” гэж гомдоллосон чинь “Юу яриад байна аа. Наад нэрээ тосоод ав. Наадах чинь маш том нэр. Бэлгэ дэмбэрэлтэй” гэж захисан. Тэрнээс хойш тэр нэрийг хүлээж аваад одоо тэр нэрэндээ бүр дасчихсан. Батцэцэг гэхээс илүүтэй Баавгай гэхээр л өөрийгөө дуудаж байгааг мэддэг юм.

-Ээж тань “Налайх хоёр баавгайтай. Нэг нь манай охин” гэж ярьж байсан юм. Нөгөө баавгай нь гарьд П.Сүхбат шүү дээ?

-Тийм ээ. Харамсалтай нь гарьд маань хорвоогоос одчихлоо. Бие нь тааруу бай­сан гэж хүмүүс ярилцаж байна лээ. Намайг их олон хүн дэмж­дэг юм. Фэйсбүүкт орохоор “Би чамайг дэмждэг шүү” гэж урмын үгс хайрладаг. Монголын ард түмэндээ хэлэхэд, сайхан сэтгэлийн тусаар бүх юм сайхан болох байх аа. Олимпийн аварга болоход зөвхөн багш бид хоёрын хүчин зүтгэл байгаагүй юм шүү. Монголчуудын минь итгэл найдвар түшсэн. Миний хувьд түр зуурын саатал, завсарлагаа болчихоод байна.

Би хагалгааныхаа мөнгийг уйлаад гуйлга гуйж байгаад ч болтугай олоод буцаад барилдахыг үнэхээр хүсч байна. Та бүхэн намайг дэмжээрэй.

-Хүртсэн медалиудыг тань сонирхвол?

-Өсвөр болон залуучуудын УАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн. Залуучуудын Азийн аваргаас мөнгө, 2011 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл, залуучуудын анхдугаар олимпоос алтан медаль хүртсэн. Олимпод аваргалсан амжилтыг минь үнэлээд Алтан гадас одон, Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан. Олимпийн хорооноос Алтан очир одон гардуулж байсан. Найман жилийн хөдөлмөрийг минь үнэлж тэр үед төр засаг, ард түмэн маань ингэж шагнасанд их баярласан. Одоо ч баярладаг.

-Чөлөөт бөхийн ДАШТ болон “Mongolia open” тэмцээнийг зурагтаар үзэхээр сэтгэл хөдлөөд барилдахсан гэсэн хүсэл ундардаг байлгүй?

-Өө нээрээ, “Mongolia open”-оос мөнгөн медаль авсан юм байна. 2013 онд. 67 кг-ын жинд О.Насанбурмаа эгчтэйгээ аваргын төлөө барилдаад хожигдоод мөнгөн медаль авсан. Зурагтаар л тэмцээн үзэх юм байна шүү дээ. Багш болчихсон чинь завгүй болсон. Хагас, бүтэн сайнгүй ажиллаад л. Энд нэг юмыг хүмүүст хэлээд дэмжээд өгөөрэй гэе. Манай Налайх дүүрэгт сургуулийн асуудал зарим талаараа хүнд. Бид сургуулиа өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Өргөжүүлчихвэл олон хүүхдийг сургуульд оруулаад, сурган хүмүүжүүлээд спортоор хичээллүүлэх боломжтой болох юм. Сургуулийг минь 12 жилийн боловсролтой болгочихвол их сайн байна. Хүүхдүүд сургуульдаа явахын тулд 30-40 минут алхаж явдаг бол манай сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор 15 минут алхаад л хичээлдээ суух боломж бүрдэж байгаа юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Дашдондов: Чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш, сэтгүүлч гэмээ нь яллагч биш

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондовтой хөөрөлдөв. Түүнийг чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг гэдэг.

-Чөлөөт хэвлэл бас сэтгүүлч гэж хэнийг хэлээд байна вэ. Эндээс яриагаа эхэлье?

-Чөлөөт хэвлэл гэдэг чинь хүн рүү дайраад, юм юм руу үсчиж ноцоод, урж тасчих гээд байдаг галзуу нохой биш. Харин хоточ нохой байх учиртай. Сэтгүүлч ч гэсэн тэр. Яллагч биш. Сав л хийвэл бусдыг буруутгаж, зөвтгөхийг урьтал болгож, юу юуны туханд хүрэлгүй тэр тийм, энэ ийм, тэрний зөв, үүний буруу гэхчлэн яаран оношилж ял зэм тохох гээд байхын хэрэггүй. Тэгэхийн оронд аливааг алсуур сэтгэж, уужуу ухаарч, хөдөлбөргүй баримт нотолгоог иш үндэс болгож, машид үнэн зөв, маргашгүй цэвэр ёс зүйтэйгээр бичиж мэдээлэх үүрэгтэй. Хэнийг ч болов гэмт хэрэгтэн мөн эсэхийг хэлдэг хүн нь сэтгүүлч огтоос биш. Тэрнийг гагцхүү хууль, шүүхийнхэн л тогтооно. Сэтгүүлч өөрөө туйлаас хүнлэг байх нь чухал. Ер нь хэн ч болов хүн байх гэж төрдгөөс биш сэтгүүлч болох гэж төрдөггүй. Сэтгүүлч хүнд шингэсэн байвал зохих шинж гэвэл тэдэнд бүргэдийн хурц хараа, шонхрын эр зориг, барын бадрангуй дүүлэлт, загасны соргог мэдрэмж чухал. Би сэтгүүлч гэж биеэ дөвийлгөхийг урьтал болгомгүй. Сэтгүүлч алдрыг ард түмэн хайрлана. Тэрнээс бус өөрөө өөртөө өгчихдөг ч юм биш.

-Таны бодлоор Монголд хэвлэлийн эрх чөлөө жинхэнэ утгаараа байна уу?

-Миний бодоход гэж яримгүй байна. Хэрвээ миний бодлоор гэж яриад байвал хэн ч, юу ч бодож болно. Тэгэхийн оронд би бүрэн хүчин төгөлдөр баримт сэлтэд тулгуурлаж байр сууриа илэрхийлье. Манай гаригийн сэтгүүлчдийн маш том хамтын нийгэмлэг болох Олон улсын сэтгүүлчдийн холбооны баримт бичигт: “Хэрвээ сэтгүүлчид авлигал, ядуурал, айдас болгоомжлолын нөхцөлд байгаа бол тэнд хэвлэлийн эрх чөлөө байхгүй” гэсэн. Тэгвэл авлига, ядуурал, айдас хүйдэс манайд бий юу.

-Бий юу?

-Байгаа. Ингээд бодохоор хэвлэлийн эрх чөлөө байна гэхэд хэцүү. Та асуултдаа жинхэнэ утгаараа гэсэн айхавтар үг дайж тавьсан нь хариулахад бүр ч амаргүй болгочихлоо. Жинхэнэ утгаараа гэдгийг англиар in genuine sense гэх байх л даа. Хэлээд баймаар хэрсүү үг. Тэгсэн чинь МҮОНТВ-д хүртэл нөгөө муухай цензур гэдэг чинь багагүй хэмжээгээр бугшиж байна. Ингээд бодохоор Монголд хэвлэлийн эрх чөлөө байгаа эсэхийг их эргэлзээтэй болгочихлоо.

-Тэгэхдээ үүний үнэнийг нотлох өөр баримт танд байна уу?

-Байлга гэвэл байлгая л даа. 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд сэтгүүлч Б.Оюунчимэг “Босоо хөх монгол” ч гэнэ үү нэг хөдөлгөөний зүтгэлтэн Э.Төмөрхуягтай ярилцахдаа үгээр ороож хэлэх зүйлд нь хаалт хориг тавьж, өөлчлөх өнгө аясаар хандсан ч өөрийнхөөрөө бус өөр бусдын түлхээсээр ажиллачих шиг болсон. Б.Оюунчимэг овоо зэгсэн сэтгүүлч. Тэгж тенденциозный аяглаж тэнэгтэхгүйг мэдэхтэйгээ юмсан. Р.Амаржаргалтай хийсэн ярилцлага нь ямар сүрхий байсан гэж санана. Хэдэн жилийн өмнө Ц.Мөнхтөрийг тоймч, хөтлөгчөөр ажиллаж байхад телевиз үзэж харах юмтай үнэхээр дориун сайн байсан биш билүү?! Одоо ямар ч болчихсон юм бэ дээ. Тэндээ л нэг ёозгүй дуу. Арай дөнгүүр авах юм гэвэл гадаад мэдээ нь л байна даа. Бусад нь ч дээ. Төрөөр дэмжүүлж, түмний татвараас хувь хүртэж шимпэндээд оршин тогтнож байдаг “Олон нийтийн” гэсэн статустай байгууллага ийм лоймол байх гэж. Би түүний хамгийн анхны зөвлөлд нь багтаж байсны хувьд ямар байх ёстойг гадарлана шүү. “Public service broadcasting” гэдэг ч эгээ ийм байдаггүй. Өөрсдөө мэддэггүй юм бол өөр бусдаас суралцахад яана. Өрнөдөд ийм үлбэгэр олон нийтийн телевизийг үзээд өгье ч олдохгүй. Үндэсний олон нийтийнх гэчихээд үзэгчдээс нүүр буруулж, эрх баригчдад ээнэгшиж элдэвлэх эвгүй л дээ. -Сэтгүүлчдийн хувьд ийм байдаг байж. Тэгвэл хэвлэл мэдээллийн шилдэг менежер, магнатууд гэдэгт та хэн хэнийг нэн томд тооцож нэр цохох вэ? -Би саяхан бүр тодруулбал дөрөвдүгээр сарын 26-нд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд сонин, сэтгүүл борлуулж суугаа С.Боловсон гуайтай уулзаж хэдэн үг солилоо. 17 жилийн туршид тогтмол хэвлэл зарж, борлуулсан гавьяатай нэгэн. Сайн, муу сонины тухайд сайхан ярьж өгсөн дөө. Арга ч үгүй биз дээ. Арав гаруй жил дан нэг чиглэлээр дагначихсан хүн чинь. Тэргүүнд нь “Өдрийн сонин”, тэгээд дараа нь ямар ямар сонин ордгийг нэг нэгэнгүй нэрлэсэн. Өнөөдөр бэлтгэсэн сонины тань хувь заяа маргааш нь хэрхэн шийдэгддэгийг хэлээд өгөх хүмүүс эд нар л юм шиг байна. Дахин хэлэхэд нөлөөлье гэвэл судлах ёстой. -Монголын сэтгүүл зүй өдгөө хаана хүрчихээд, хаашаа явж байна вэ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн салбар руу их дайрах болж. Ямар засаглал хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүүгээ ингэж боордог вэ? -Яасан сүрхий догь асуулт вэ. Ашдын бэлгээс амны бэлгэ гэгчээр эвэр амлахыг урьтал болголгүй зориуд тэмдэглэхэд сэтгүүлчид, тэр дундаа Free-Lance-ууд ардчилал хүний эрх, ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний төлөө улстөр, иргэний чин зориг гаргаж, чимхлүүр үйлс бүтээхээр бор зүрхээрээ зүтгэж ирснийг туйлаас бахархаж тэмдэглүүштэй. Чөлөөт хэвлэл, мэдээлэл үүсч хөгжөөгүйсэн бол Монголын нийгэм өнөөдөр ямаршуу хөгийн муухай, яасан их бохир заваан байх бол оо. Ёстой л ялзарч, идээ бээртээ автаж, бусармаг явдал гаарч, буурч доройтож гүйцэх байлгүй. Тэгэхдээ амжилтаа ярихдаа алдсанаа санаж, ололтоо магтахдаа орхисноо үгүйлэх шаардлагатай. Гэмээ мэдэх-гээн ухаарна. Асуудалд энэ үүднээс ажил хэрэгч шүүмжлэлтэй хандваас бидэнд хэлж ярих, засч залруулах зүйл бишгүйдээ байгаа. Нэг мэдсэн чинь асуудлаар дүүрэн сэтгүүл зүйтэй болчихдог байгаа. Ухрах урагшлах тухайд гэвэл бараг л нэг байрандаа байх шив дээ.

-Өнөөгийн сэтгүүл зүйд өнгөтэй өөдтэй зүйл гэвэл байгаа даа?

-Байлгүй яах вэ. Шимт хөрс, шинэ хандлага, сэргэг уур амьсгал бүгд байгаа. Шимт хөрсийн шилдэг төлөөлөл болгож хэлэхэд хөдөлмөрийн баатар Л.Түдэв шинжлэх ухаан, уран зөгнөлийн “Дал” сонинг гаргасаар байгаа. Баялаг түүх, бадрангуй замналт “Үнэн” сониныг Б.Ганболд хэн ч хэрэгсч сонирхож унших хэмжээнд утга агуулга сайтай болголоо. “Өдрийн сонин” хэт нэг талыг барьж, өрөөсгөлдөхгүйгээр мэдээлэл бодитой, тэнцвэртэй, баримт нотолгоотой байх зарчмыг сайн сахиж ирлээ. Жамбалын Мягмарсүрэн, Сандагдорж, Бямбажавын Цэнддоо болон үүрэгтээ үнэнч гар ганзага нийлсэн бүтээлч нөхдийн гавьяа зүтгэлийн үр шимийг өргөн түмэн уншигч өдөр тутамд мэдэрсээр. “Зууны мэдээ”-г ороо бусгаа цагт, овилго муутай үед овоо зэгсэн түвшинд сониноо сайхны дайтай дажгүй сайн авч яваа хатагтай Д.Отгонбаярын харьшгүй зүтгэл, хатан тэвчээрт баярлууштай. “Өнөөдөр”-өөр овоглосон сонин өнгөтэй, өөдтэй хэвээрээ. Сэтгүүлч мэргэжилтэй Н.Шүрийн маань оролцоо ч бий биз. Энэчлэнгээр дурдаад байвал ихийг ярьж болох.

-Сэтгүүл зүйн шинэ хандлага, сэргэг уур амьсгал орж ирж байна гэх юм?

-Б.Ганчимэг “Open door”-оо цовоо, овоо чамбай гаргаад эхлэхэд олны анхаарал чиглэх шиг болсон. Сэтгүүл-зүйн сюрприз мэт санагдсан. Тэгэхээр улам л өндөр авч уншигчийнхаа эгнээг улам л тэлээд байх хэрэгтэй дээ. Өглөө хазаар, орой ташуурын үлгэр үзүүлж яавч болохгүй. Э.Долгион “Блүүмберг”-ийг Монголдоо оруулж ирж нутагшуулсан нь шинэ цагийн сэтгүүл зүй дэх жинхэнэ феномен. С.Батбаатар “Засгийн газрын мэдээ” гэсэн шинэ сонины шавыг тавиад удаагүй ч санаанд оромгүй сайхан юм, хэн болгонд хэрэгтэй зүйл их хэллээ. Г.Жамъян маань гандаж буураагүй хэвээрээ. Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа”-г сэдсэн нь цагаа олжээ. Хөндөх сэдэв, ярих эзнээ л олоод байвал болоод явчихна даа. Сэтгүүлчдийн өнөр бүл доторхи хамгийн сонин содон фигур хэн бэ? гэхэд Л.Мөнхбаясгалан гэж хэлэх хүн цөөнгүй байж мэдэх вий. Эргээд бодохноо Ц.Энхбат маань ТВ9-д санаж дурсахаар сайн өв их үлдээж дээ. Тэрнийг нь Т.Баасансүрэн зангараг зааж бататгах байлгүй. Ц.Энхбат маань эдүгээ NTV-д байгаа. Нэгийн тухай бодонгуут нөгөө нь санаанд ороод байх юм. Г.Пүрэвсамбуу англи хэл дээр гардаг сонин, сэтгүүлийн гаргааг нь эхэлж, хүрээг нь тэлсэн гавьяатай хүн. Нэг цагт нягт хамтарч явсан С.Амарсанаагийн ажил үйлс мандаж байгааг Б.Цогзаяабаатараасаа сонсоод баярлав. Чулуунбатын Эрдэнийг хэт үнэлэх хэрэггүй ч, дутуу үнэлж ердөө болохгүй. Түүнд хур мэдлэг хуримталсан мэдээлэл асар арвин Аккумулятор л гэсэн үг. Хатагтай Хашхүүгийн Наранжаргал Монголд чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний үрийг цацаж, үндсийг тавихад үнэхээр үлэмж үүрэг гүйцэтгэсэн. Ондоо олон хүнийг нэрлэж болох нь цөмийг нь тоочих боломжгүй. Чөлөөт хэвлэлийн гэрэлт бамбарыг хөдөөд асааж бадруулагчдыг Дарханы Ө.Рагчаасүрэнгээрээ төлөөлүүлье. Бусад нь гомдчих вий дээ. Эрдэнэтийн С.Шаравдорж, Ж.Оюун, Дорнодын Б.Туяа, Сүхбаатарын Я.Түмэннаст, Дундговийн С.Пүрэвсүрэн гээд яривал ч ярих нөхөд байлгүй яах вэ. Шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зөгнөл хосолсон “Дал” сониноо доктор Л.Түдэв мөн ч сайн гаргаж ирлээ дээ. Үүнчлэн удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүхийн эрхлэн гаргадаг онол, арга зүйн сэтгүүл ухаан эрдэм нэвт шингэсэн уншууртай, амттайгаараа ангид.

-Сайн сэтгүүлч, шилдэг нийтлэлч гэхээр хүмүүс янз бүрийн тодотгол өгөх юм?

-Хэн муу сэтгүүлч байя гэж бодох вэ дээ. Цөм л сайн байхыг хүснэ. Гэвч зөвхөн хүсэл байх хангалтгүй. Хүссэнээр хүндийг олчихгүй. Санаснаар ч сайн болчихгүй. Суурь боловсролоос гадна олдмол олон шинж, заавал байх заяамал авьяас зайлшгүй хэрэгтэй. Учир зүйг ухаарах чадвар, ургуулан бодох шим шүлтэт чанар, ямарваад хандахдаа явцуу бус өргөн, ядмаг бус өндөр түвшинд сэтгэх сэргэлэн шинж энэ бүхнийг сэтгүүлч хүн өөртөө тээж, тэнгэрлэг золбоолог, тэгээд ч зогсохгүй хүнлэг байгууштай. Иргэний болон улс төрийн зориг зүрх байлгүй болохгүй. Чөлөөт хэвлэл гаргана, хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй үйлс, аюул эрс ихтэй зам. Аймхай хулчгар хүний хийдэг ажил, явдаг зам биш. Дээр өгүүлсэн зүйлийг арай илүү амтлаг байдлаар илэрхийлбээс сэтгүүлч хүнд бүргэдийн хурц хараа, шонхрын эр зориг, барын бадрангуй дүүлэлт, загасны соргог мэдрэмж, чонын хурдан хөл хэрэгтэй. Сэтгүүлчийн тухай яриа үүгээр дуусах ёсгүй. Авьяас гэдэг олдмол бус төрмөл, завсрын бус заяамал, олон бус цөөн тийм үлэмж дээд үнэ цэнэт ховор чанар, хосгүй шинж. Авьяасгүй бол амбан явахгүй. Юмаар юм хийнэ гэгчээр ямар ч сайхан сэдэв олдлоо гэсэн тэрнийг уншуур, амттай болгож, амь оруулахад авьяас л тусална. Авьяас гэдэг заавал ч гүй нэг лут аугаа хэлбэрээр илрэх албагүй. Ажиглаж мэдэрч л чаддаг юм бол аар саархан юмаар ч, бүр санаандгүй зүйлээр ч танигдаж тодрох тохиолдол зөндөө.

-Үүнийг нотлох боломж танд байна уу?

-Нотолж цөхөх юун. Санаанд хамгийн түрүүнд харван орж ирж байгаа зүйлийг хуваалцъя. Аугаа эрдэмтэн, академич Б.Ринчен гуайг таалал төгсөхөд Ц.Хасбаатар гэдэг лут судлаач, ланжгар шүүмжлэгч харамсахдаа юу гэсэн гээч.

-Юу?

-Нэг их том номын сан шатчихлаа гэсэн. Нээрээ л одоо бодож байвал Ринчен доктортой эн зэрэгцэх эрдэм номтой хүн ховор шүү дээ. Бямбын Ринчен гэдэг чинь ёстой л нэг баялаг дэлгэр, бахдам сайхан номын сан байж дээ. Тэгж онож томъёолно гэж байх уу. Ц.Хасбаатар гуайн тэр үнэлэлт бол утга төгөлдөр, урнаар сэтгэх увидас авьяас мөнөөс мөн. Энэ талын жишээг эдүгээжүүлж нэгэн баримт дэлгэе. Баабар нэгэн нийтлэлээ “Архи уух сайхан” хэмээн гарчиглажээ. Яахаараа “Архи уух сайхан байх билээ” гэж ямар ч хүн бодно оо доо. Бодоод зогсохгүй заавал уншина. Бичсэн зүйлээ уншуулах гэдэг нийтлэлч хүний нэн түрүүний зорилго. Архины хор холбогдлыг дотор нь өгүүлснийг гаднах гарчигаар нь даллаад уншуулчихсан л байгаа юм даа. “Архи хортой” гэсэн улиг гарчиг өгвөл уншихгүйг Баабар тооцжээ. Төрийн шагналт зохиолч, нийтлэлч Дөнгөтийн Цоодол бусдаас ярилцлага авч “Өдрийн сонин”-д гаргахдаа “Лоохууз гэдэг онц сонирхолтой, үргэлжлэлтэй роман” гэж гарчигласан байж билээ. Д.Цоодолын бодож олсон тэр гарчиг нь өөр шиг нь өнгөлөг, өрнүүн бадрангуй болсон байв. Үүгээр үл барам Д.Цоодол хүний бодоогүйг бодуулж, санаагүйг сануулж, сайхнаар хэлдэг нь гайхалтай. “Хатгасан өргөсийг авахдаа хажуугийнх нь өвсийг бүү зулгаа”, “Ертөнцийг гоо сайхан аварна гэцгээдэг. Тэгдэг бол бид бараг хэтэртлээ гоёлоо. Авардаг юм бол аврахаар боллоо. Аварсан юм байхгүй л байна. Ертөнц улам л хүнээ алдаж дампуурч байна” гэх мэтчилэн. Зохиолч Ш.Сүрэнжав “Номоо уншдаггүй хүнд өгөхийг нохойд чихэр өгөхтэй” зүйрлэсэн, нас барахыг Б.Лхагвасүрэн “Ижийдээ очих томилолт” гэж тодорхойлсон. Доктор Л.Түдэв “Сэтгүүлчийн зэвсэг нь хэл. Тэр нь барагдашгүй олон сумтай. Тэр сум нь үг. Ам бол аюултай үүд” захын хүний толгойд ийм үг буухгүй. Авьяас баймааж нь төрнө. Эдгээрийг авьяас гэхгүй бол юуг авьяас гэх вэ дээ. Ямар “нилээдгүй”, “чамгүй”, “аягүй гоё” гэж чамирхаж чалчихыг, “Юу ч гэмээр юм”, “Юу ч гэх юм” гэхчилэн ээрч муурч элдэвлэж, аяглаж, аальгүйтэхийг “бодохгүй ярих нь шагайхгүй буудахтай адил”-ыг амьдралд харуулж, өөхөнд хучсан ч нохой тоож шиншихгүй, өвсөнд ороосон ч чихэр ирж долоохгүй хачин ярьж, сайхан явах гээд алцаганахын үлгэр үзүүлж аяглаж, маяглахыг авьяас гэлтэй биш. Заримдаа ч бүр залхаж гүйцмээр. Төлөөнөөс зовж нүүр халмаар. Хожмоо тэр нь хор уршиг тарих тул цаашдаа ярих дуртай нь бус ярих юмтай нь ярьдаг байвал зохимжтой. Би үгээ хэлэх ёстой, бусад нь сонсох үүрэгтэй хэмээн бодож хэт шижээргүйтэж яахан болох. Өнөө үеийг өмнөхтэй зүйрлэхийн аргагүй. Хүмүүс аливаад мэдлэгээр хандаж, асуудлыг ухаанаар шийдэж, философиор сэтгэдэг үе. Юм бүхэн харьцангуй, хүний мэдлэг хязгааргүй, танин мэдэхгүйг таашгүй. Гадаад хэл, даан ялангуяа алаг хорвоогийн хаан хэл гэж хаа сайгүй хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн түгээмэл хэл болох англиар арав, таван өгүүлбэр оруулсныг ад үзэх сэтгүүлч байхгүй байлгүй. Цуглах газраа хүртэл “PEN” клуб гэсэн байх чинь билээ. Шинэ цагийн шилдэг сэтгүүлчдийн нэг гэж болох Б.Ганчимэг маань гаргадаг сониноо нэлэнхийд нь монголоор бэлтгэсэн хэрнээ нэрийг нь “Open door” гэсэн байв уу. Мөчөөгөө хэнд ч өгөхөөргүй Л.Мөнхбаясгалан хөтөлдөг нэвтрүүлгээ “Цензургүй яриа” гэж нэрлэхдээ цензур гэсэн харь үгэнд “үгүй” дагавар залгажээ. Оросоор цензура гэдэг боловч угтаа sensura гэсэн латин хэллэг л дээ. Утга нь хянах, цагдах гэх мэт. Дээрх байдлаас харахад манай сэтгүүлчид харь үг хэрэглэхдээ хачин их дуртайдаг. Бусад нь ч ялгаагүй. Хүүхнүүд хоршоо дэлгүүр хэсэхийгээ шоопэн хийнэ гэх шиг. Дарга даамлууд болохоор ложийстог, терминаль, ипотек энээ тэрээ ч гэх шиг. Насаараа парламентад суучихсан нэг эрхэм 2015 оны дөрөвдүгээр сарын 24-нд Их хурлын чуулганд оролцохдоо компенсаци, унитарный гэхчилэн харь үг хэрэглэснээр барахгүй, компенсаци гэдгээ нэг суудал дээр гурвантаа давтсан. Даяаршлын үед гадаад үг хэллэг хэрэглэх нь муугийн ёс биш Монголын, Монголын ёсоор барахгүй дэлхийн жишиг болчихоод байх шив дээ. Тэгэхээр үзэг нэгт нөхдөд, үүний дотор МҮОНТВ-ийнхэнд санаа авахуулах үүднээс ахиад нэг зүйл нэмж толилуулъя.

-МҮОНТВ гэхээр хүмүүс гайхах байх л даа?

-Дэлхийд цуутай ВВС-гийн идеал зорилтуудад “The BBC name is associated with independent, reliable news. The BBC governors recognize that this global value is a pre¬cious asset for the BBC” гэсэн үгс байдгийг АНУ-ын толгой том мэдээллийн агентлаг “Associated Press” хийгээд өөр бусад бараг бүх агаарын долгионы агентлагуудын мэдээлэл цацах үйлчилгээнд бодитой байхыг “A charac¬teristic feature of AP and all other wire service news is its objectivity and detachment. Its reporters do not take sides in reporting the news, and they try not to inject their opinions” гэж тусгагдсаныг, тэрнийгээ бататгаж “This policy is followed because the service has a large number of client newspapers. If one paper preferred one bias, another paper might prefer a different bias. It is best then, to have no bias”. Санаа авч юу магад. Ийнхүү янз янзын тодорхойлолт томъёолол, үзэл баримтлалыг яг эхээр нь орчуулгагүй толилуулаад байна вэ гэхээр өчүүхэн миний үг биш шүү, өөр ланжгаруудын үзэл баримтлал шүү л гэх гэснийх. Тэгэх нь айхавтрын дүр эсгэж аархахыг урьтал болгож, алдрын тогоо долоох гэснээс дээр ээ. Монголд чөлөөт хэвлэл сонгодог утгаараа хөгжиж ирсэн уламжлал байхгүй болохоор бусдаас, дан ялангуяа өрнөдөөс суралцах нь яалт ч үгүй чухлыг ярилцлагын эхэнд хэлснийгээ хэрэг болгон дахин нэг сануулъя юу. Р.Амаржаргал гишүүний хэлсэнчлэн, орчуулсныг нь гэхээс илүүтэйгээр эхээр нь харж байж сая нэг санаа нь амарч, ханамж авдаг болсон хандлагыг харгалзан сав л хийвэл цаад эх хэлээр нь давслалгүй дамжуулахыг хэрдээ л хичээлээ.

-Ингэдэг нь ер нь зөв үү?

-Өөрөөс тань лавлаж асуугаадахъя. Юуны тулд та бид хоёр ташаа сүвээгээ нийлүүлэх нь холгүй зэрэгцэн тавтай гэгч нь ярилцан суугаа билээ дээ. Тэгэхдээ бид хоёр тэгш эрхтэйгээр ярилцана шүү. Би илүү эрх эдэлж элдэв тийш залж нөлөөлөх гээд байх ч хэрэггүй.

Д.ГАНСАРУУЛ