Categories
мэдээ цаг-үе

С.Оюунтуяа: Сонгуулиар сонгогчдын идэвх нэмэгдэнэ гэсэн баталгаа алга

Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотын асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Олон улсад амласан амлалтаасаа буцаж мэдэхээр байдал үүсч байна уу?

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны асуудал одоо хэр нь бэрхшээлтэй хэвээр байна. Яагаад вэ гэвэл бид улс төрийн оролцоо нь бага байдаг Азийн тивийнхээ дунджаас доогуур байгаад байна. Ази тивийн парламентад байгаа эмэгтэйчүүдийн дундаж 19-20 хувьтай байхад манайх одоогоор 14 хувьтай байна. Тэгэхээр квотын асуудлаар дамжуулж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага яах аргагүй байгаа. Гэхдээ 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуулийг шинэчилж батлахдаа парламентын буюу үндэсний түвшин дэх сонгуулийн системийн хувьд л квотыг хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ квотын асуудлыг орон нутаг, нийслэлийн түвшинд хэрэгжүүлэх шаардлага байгаа гэдэг нь харагдаад байгаа юм. Өмнөх ээлжит сонгуулиудын ерөнхий дүр зургийг хараад байхад орон нутгийн хурал дахь эмэгтэйчүүдийн сонгогдох түвшин харьцангуй гайгүй байсан. Ялангуяа сумдын түвшинд 30 гаруй хувьтай байсан бол сүүлийн хоёр удаагийн сонгуулийн статистикийг харж байхад төлөөлөгч эмэгтэйчүүдийн тоо буурах хандлагатай байна. Тийм болохоор УИХ-д тавигдаж байгаа эмэгтэйчүүдийн квотыг орон нутгийн сонгууль дээр ч аваачиж тавих шаардлага байгаа гэдэг нь харагдаж байна.

Сонгуулийн хуулийг батлах үеэр сонгууль болохоос зургаан сарын дотор хөндөж болохгүй гэх заалтыг орхисон нь маргаан дагуулж байна. Тэгтэл одоо Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж байх шиг байна?

-Судлаачийнхаа хувьд үүнийг харвал энэ чинь нэг талаасаа бол ёсзүйн асуудал байхгүй юу. Сонгуулийн хуульд сонгууль болохоос зургаан сарын дотор гар хүрч болдоггүй гэдэг чинь өөрөө маш өндөр ёс суртахууны ёсзүйн асуудал болж ирж байгаа юм. Тэр заалтыг аваад хаячихаараа хуульд гар хүрэх боломжтой болсон гэсэн үг биш шүү дээ. Сонгууль ойртох тусам сонгуулийн хуульдаа гар хүрч байна гэдэг чинь өөрөө сонирхлын зөрчилтэй л шийдвэр болж хувирна шүү дээ. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 2003 онд батлагдсан тэр хөтөлбөрт ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн тэр заалт бий. Энэ бол УИХ-ын өөрийнх нь баталсан шийдвэр. Тийм болохоор тэр шийдвэрээ зөрчиж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь эргэлзээтэй л дээ. Бас нэг өөр байр суурь байна л даа. УИХ-ын тогтоол бол нэг хэрэг, хууль бас өөр хэрэг. Тиймээс Сонгуулийн хуулийг өөрчлөх боломж байна гэж хэлээд байгаа юм. Сонгууль дөхсөн үед ялангуяа сонгуулийн хуулийн процедуртай холбоотой асуудалд өөрчлөлт оруулна гэдэг эмзэг асуудал. Харин процессыг сайжруулж байгаа бол өөр хэрэг.

Сонгуулийн санал тоолох үйл явцад үл итгэх хандлага ч бий?

-2012 оны сонгуулийн үйл явцыг автоматжуулснаараа маш олон асуудлыг шийдэж чадсан. 2008 оны сонгуулийн үр дүнг санаж байгаа байх. Санал тооллогын дүн гажуудсанаас болж сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан хийж байсан. Санал тооллогын дүнд нөлөөлөх явц манай улсад тахлын хэмжээний аюултай дүр зурагтай болчихсон байсан. Энэ бүгдийг халж технологийн шинэчлэлтэй уялдуулж сонгуулийн санал тоолох, дүнг гаргах үйл явц автоматчлагдсанаараа нааштай шинэчлэлийг бидэнд авчирч өгсөн. Улс төрийн намууд сонгогчдын сэтгэлзүйгээр тоглоод байна л даа. Сонгогчдыг сонгуулийн үр дүнд итгэхгүй байхыг уриалж байна. Судлаачийн хувьд энэ бүхнийг харахаар бидний энэ хэрэглээд байгаа сонгуулийн автомат систем нь бусад улс орнуудад асуудалтай болоод байгаа электрон систем биш байхгүй юу. Олон улсын стандартаараа бол бидний хэрэглэж байгаа энэ автоматжуулсан систем буюу тоолж, үр дүн гаргаж байгаа процедур, хар машин чинь үнэндээ гар тооллогын систем юм.

Хар машиныг 2012 оноос хойш хэрэглээгүй. Тэрийг хэн нэгэн хакер ч юм уу, аль нэг улс төрийн хүчин оролдоод тохиргоог нь өөрчилчихдөг гэж тайлбарлаж буй хүмүүс байна шүү дээ?

-Мэдээж техникийн нарийн асуудал л даа. Тэр машины программ хангамжийн аюулгүй байдлыг шалгаж баталгаажуулдаг олон үйл явц хуульд байгаа шүү дээ. Баталгаажуулах, сертификатжуулах тэр ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид гэсэн маш олон хөндлөнгийн хяналтын субьектүүд оролцож байгаа. Улс төрийн намуудын энэ хянан баталгаажуулах ажиллагаанд оролцож байгаа шүү дээ, хуулиараа. Ийм олон боломж байхад сонгогчдын сэтгэлзүйгээр тоглох гэж хэн ч тэр машиныг тохируулчихдаг юм, дүнг нь луйвардчихдаг юм гэсэн яриа гаргадаг. Эсвэл тэр машиныг хэрэглэхгүй байх нь тодорхой нэг улс төрийн намуудад ашигтай байна гэсэн хардах өнцөг үүсч болно шүү дээ.

Иргэдийн сонгуулийн ирц буурсаар байгаа. Өнөө жилийн сонгуулиар иргэдийн оролцоо ямар байх бол. Үүн дээр хийсэн судалгаанаасаа сонирхуулбал?

-Энэ бол бидний санааг зовоосон асуудал л даа. Сүүлийн гурав, дөрвөн сонгууль дараалан сонгогчдын ирц дандаа буурч байгаа. Сонгуулийн үр дүнд сонгуулиар бий болж байгаа институциүдэд итгэх сонгогчдын итгэл тааруу байгаагаас сонгуулийн ирц нь ингэж асуудалтай болж ирж байна. 2012 онд саналаа өгсөн сонгогчдын дөнгөж 10 хувь нь 18-25 насны залуучууд, 25 хувь нь 18-35 насны залуус байсан. Залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дор бүрнээ л ажиллах хэрэгтэй байна. Залуучуудыг зургадугаар сарын 29-нд саналын байранд очиж заавал саналаа өгөөрэй гэж уриалъя. Сонгогчдын идэвх нэмэгдэнэ гэсэн баталгаа алга л даа. Тийм учраас залуучуудад хандсан маш олон ажлыг манай төвөөс хийхээр бэлтгэл ажилдаа орчихсон байна. 2012 онд саналаа өгсөн иргэдэд гар утасны нэгж тарааж байсан. Сонгуулийн хуульд сонгогчдын идэвх ирц, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороонд байгаа. Гэхдээ бид гар утасны нэгж, тодорхой урамшуулал харахгүйгээр санал өгөх байр руу очиж засгийн эрх барих эрхээ эдэлж байгаа хамгийн том баярын онцгой чухал өдөр гэж ойлгох нь зүйтэй л дээ.

-“Жудагтай МонголхөдөлгөөнийхөнМонголчууд хамгийн жудаггүй хүмүүсээ төрд гаргачихсан. Яагаад гэвэл сонгогчийн боловсролгүй болохоор тэргэж байсан л даа?

-Төр засаг ийм хариуцлагагүй, сул, хүчгүй байгаа нь нэг талаасаа сонгогчдын боловсролын асуудалтай, тэдний сонголттой холбоотой. Гэхдээ сонгогчдын боловсрол олгох асуудлыг шийдэх ёстой төрийн байгууллага, төр нь энэ ажлаа хийхгүй байж сонгогчид руугаа буруу чихээд байж болохгүй. Тэр утгаараа сонгогчдын боловсролын асуудалд цогц байдлаар шинэчлэл хийх хэрэгтэй байна. Үнэндээ сонгогчдын боловсролын асуудлыг төрийн бус байгууллагын нуруун дээр л үүрүүлчихээд яваад байна ш дээ. Сонгогчид боловсролгүй, мэдээлэлгүй байх тусмаа сонгогдож байгаа албан тушаалтнууд нь төдий чинээ сул, хариуцлагагүй магадгүй жудаггүй байх боломжууд бүрдэнэ. Төр засаг хүчтэй байхын тулд сонгогчдын боловсролдоо хөрөнгө оруулах нь зайлшгүй шаардлагатай байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Фэйсбүүкийн групп дэх сайн хөршийн харилцаа

Монголчууд шиг нэгнээ бараадаж,
хань татаж ойролцоо амьдрахыг зүтгэдэг ард түмэн үгүй. Хаваржаа, зуслан, намаржаа,
өвөлжөө гээд л жилийн дөрвөн улирлын турш саахалт бууж, мал аж ахуйн нүсэр, дуусдаггүй
ажлаа хамт нугалалцаж, хишиг өдөр гэдэг хөдөлмөрийн хуваарь хүртэл гаргачихдаг.
Нүүдлийн аж ахуйн өвөрмөц соёлоос үүдэлтэй хөршийн харилцаа 1930-аад он хүртэл амь
бөхтэй оршсоор социализмын үед очсон байдаг. Тэр үеэс монголчууд төв бараадан хашаа
хороо зоож, байшинд амьдарч, хөрш гэдэг ойлголтоос жаахан холдож эхэлсэн л дээ.
Гэхдээ бүр ч таг холдчихсонгүй. Хөрш нь яаралтай ажилтай болчихвол хажуу айлдаа
хүүхдээ түр захиж үлдээх, хонины шинэ шөлнөөсөө хувь хүртээх зэргээр хуучин уламжлалт
харилцаа нь үргэлжилсээр л явсан. Үүнээс үүдэлтэй юу “Харилцаа муутай ахан дүүсээс
хажуу дахь хөрш дээр” гэсэн хэлц үг гарч. Хашаагаар хүрээлүүлж, хураалттай түлээн
дээр гараад хүзүүгээ сунган хөрштэйгөө харилцдаг байснаа хот суурин газруудад барилга
байшин, хороолол сүндэрлээд эхэлтэл хөршийн уламжлалт харилцаа улам хумигдав. Нэг
байранд олон жил амьдарч, нэг хөрштэйгөө он удаан жил харилцсан айлуудыг эс тооцвол
ерөнхийдөө монголчуудын хөршөө дээдэлдэг, хөршөө барааддаг зан үйл нь бүдгэрсээр
1990-ээд онтой золгосон юм. Тэр үеэс хөршийн харилцаа гэдэг зүйл атгасан элс шиг
аажмаар урсгаад алга болчихсон л доо. Ямар сайндаа хөрш нь шөнө дүлээр эхнэр хүүхдээ
уйлуулж агсам тавибал чихээ бөглөөд унтаж байхав. Уг нь дээд доод, хажуу хавирганых
нь айлууд чимээ шуугиан гаргавал паараа халбагаар нүдэж томоотой байхыг сануулдаг
байлаа.

Харин сүүлийн жилүүдэд нийслэл хот,
элдэв янзын хүмүүнлэгийн байгууллагуудын зүгээс хөршийн харилцаа гэдэг зүйлийг хүчтэй
нэхэн гаргаж ирэв. Нэгдүгээрт гаргаж ирсэн хамгийн том шалтгаан нь гэр бүлийн хүчирхийллийг
багасгах. Ухагдахуун нь, хажуу айлд нь дуу шуугиан гарч, хүүхэд, хөгшид уйлалдаж,
хэн нэгэн нь агсам тавибал гүйж ороод салгахдаа биш цагдаа сэргийлэхэд мэдэгдэхэд
оршиж байгаа юм. Энэ үүднээс хөршийн харилцаа гэдэг зүйлийг сэргээж гаргаж ирсэн.
Дүүргүүд “Сайн хөрш” аян зохион байгуулж, нийслэлээс “Сайн хөрш-тайван амьдрал”
гэдэг уралдаан хүртэл зохион байгуулдаг. Эдгээр бол хөршийн харилцааг хэвшүүлэх
гэсэн оролдлого л доо. Гэтэл цахим ертөнцөд тэр дундаа фэйсбүүкт хөршийн харилцааг
дэмжсэн групп, хуудсууд хэдийнэ бий болчихлоо.

Бүгд завгүй, ажилтай, өдрийн турш
интернэт орчинд твиттер, фэйсбүүкт байдаг хүмүүс байр, орц, хотхон, хорооллоороо
нэгдээд групп үүсгэчихлээ. “Буянт-Ухаа 1”-ийнхэн гэх группт орж сонирхвол “Төдөн
тоотод үхрийн шинэ мах зарж байна”, “Солонгосоос хүүхдийн ийм хөөрхөн хувцаснууд
ирлээ. Хямд өгнө шүү. Орцныхондоо”, “Сая лифтнээс ийм бойтог оллоо” гэсэн зарууд
тавьжээ. Энэ мэт байр, хорооллоороо нэгдсэн группүүд рүү орж үзвэл “Алх байна уу.
Сандлаа хадах гэсэн юм”, “Манайд халуун ус тасарчихлаа. Бусад айлынх яасан бол”
эсхүл “Манай крантнаас зэвтэй ус гараад байна. СӨХ-ныхон байна уу. Тэдэнд хурдан
мэдэгдмээр байна” гэж зарлал, мэдээллийн шинжтэй мэдээ байршуулжээ. Хаваржилтын
байдал хүндэрч хот суурин газруудаас хөдөөг чиглэсэн тусламжийн цуваа хөвөрч байна.
С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуучдаас эхлүүлж орон даяараа л зуд турханд зутарч
байгаа малчдадаа тусламжийн гараа сунгаж байна. Энэ тусламжийн аян дээр дурдсан
байр, хорооллуудын группт ч өрнөж “Манай группийнхээн. Хаяж ч болдоггүй, өмсч ч
амждаггүй хуучин хувцаснуудаараа нэмнээ хийгээд хөдөө явуулцгаая. Төдөн тоотод хуучин
хувцсаа цуглуулаад хэдүүлээ нэмнээ оёё” гэж уриалж, тэр нь хэрэгжжээ. Гадуур ханиад
томууны дэгдэлт ихэсч, хоолой боосон ханиад газар авч цэцэрлэг, бага ангийн багачуул
халуурч бүлээрч эцэг эхээ сандаргаж л байна. Энэ үед өнөөх байрны групп рүүгээ орж
бусад эцэг эхээс уг ханиадыг хурдан, найдвартай дарах арга чарга асууж, байранд
нь хүүхдийн эмч байвал холбож өгөхийг хүсчээ.

Фэйсбүүкийн группүүд хүчтэй, уриалсан
уриалга нь бодит ажил хэрэг болдгийг та бид сүүлийн үед олон харж байгаа шүү дээ.
“Бөмбөгөр” захын урд цай зарж бор амьдралаа залгуулдаг Хорлоо эмээг канад хаустай
болгоцгоосон. Хавдар нь хүнд шатандаа орж, хорвоогийн сүүлчийн өдрүүдээ гунигтай
өнгөрүүлж буй өвчтөнүүдэд фэйсбүүкийн группт нэгдсэн бүсгүйчүүл халуун хоол, цай
хийж аваачин эргэж, сайхан өгүүлэмжтэй ном зохиол уншиж өгдөг.

Хоёр дүү, нялх охиныхоо хамт, тэтгэмжийн
хэдхээн төгрөгөөр хүйтэн байшинд зутруухан өвөлжиж байсан А.Алтаншагай бүсгүйд туслах
аян фэйсбүүк, цахимаар хүчтэй өрнөж, сайхан сэтгэлтэй хүмүүс түүнд тусламжийн гараа
сунгаж товхийсэн дулаахан байшинтай болгосон. Саяхны жишээ гэвэл “Land cruiser”
машинтай хүмүүсийн группийг онцлох хэрэгтэй. Айхавтар шуурч, улс орон даяар гамшгийн
байдалтай байхад хүмүүс энд тэнд цасанд сууж, төөрч, түлш шатахуунгүй хээр зогсч
байгаа мэдээ цахимаар тарсан. Энэ үед “Land cruiser”-тэй залуус хаана тусламж хэрэгтэй
байна, тэнд нь очиж хүмүүст тусалсан. Шуургатай тэр өдөр, маргааш нь, нөгөөдөр нь
цахим ертөнцөд “Land cruiser” машинтай залуусын хийсэн сайн үйлсийг хүн бүр магтаж
сайшаасан шүү дээ. Фэйсбүүкийн групп гэдэг ийм л хэрэгтэй, чухал талбар юм.

Байрны группийн гишүүдийн гэртээ
байгаа хүмүүс нь байранд нь яг одоо юу болж байгаа, хэдэн тоотын хүүхэд түлхүүргүй
болохоор үүдэндээ зогсч буйг, хэний хүүхэд гадаа тоглоомын талбайд тоглож байгаа
зэргийг ажил дээрээ завгүй суугаа гишүүддээ мэдээлдэг юм байна. Мөн СӨХ болон хорооноос
тараасан албан ёсны мэдээллийг уг групптээ оруулж, хэдний өдөр нийтийн цэвэрлэгээтэй,
амралтын өдрүүдээр хороон дээр нийтийг хамарсан хурал хуйтай зэргийг шуурхай авчихна.
Ийм учир фэйсбүүкийн иймэрхүү группүүдийг хүмүүс маш сайн хөгжүүлэх хэрэгтэй юм
байна гэсэн бодол төрж байна. Гудамжаараа, сумаараа, багаараа, хэсгээрээ гээд группүүд
үүсгэчихэж болно шүү дээ.

Гэхдээ анхаарах ч гэх юм уу, мэдэж
авмаар зүйлс бас байдаг юм байна. Ийм группийг үүсгэхдээ гишүүний хүсэлт ирүүлж
байгаа нөхдийг сайн шалгаж яг тухайн тоотод амьдардаг эсэхийг нь шалгах ёстой аж.
Тэгэхгүй бол үл таних, үймүүлэх гэсэн санаатай нөхөд группийн ерөнхий зорилгыг алдагдуулж,
зарим нь бүр залилан хийдэг байна.

Нөгөөтэйгүүр нэг байрны бүх айл
фэйсбүүк группт нэгдчихвэл үүнийг дагаад үр хүүхдүүдийнхээ цахим ертөнцөд хэр идэвхтэй
байгаа, ямар зураг хөрөг оруулж, юу постолж байгааг хянах боломж бүрдэнэ л дээ.
Дээхнэ үед засмал замын ойролцоо ч юм уу, машины хажууд хүүхдүүд тоглож байвал том
хүмүүс хараад долоовор хуруугаараа зангаж “Хэний хүүхэд вэ, чи. Яагаад засмал зам
дээр тоглож байна. Машин тэрэг гэнэт гарч ирвэл яана” гэж загнаж, буруу үйлдлийг
нь зогсоодог байсан. Үүнтэй адилхан байрны группийнхэн хөршийнхөө, байрны хүүхдээ
фэйсбүүкт хэт задгай хувцас хунартай зураг оруулж, элдэв этгээдийн хараанд өртөхөөс
сэргийлж эцэг эхэд нь дуулгаж, цахим орчинд хяналт тавьж тус нэмэр болно.

Фэйсбүүк дэх хөршийн группүүд бол
Монголын уламжлалт хөршийн харилцааны орчин үеийн хэлбэр л дээ. Үүнийг үгүйсгээд
ч нэмэргүй. Хаашдаа л бие биенийхээрээ ороод тухтай сууж ярьж хөөрч чаддаггүй юм
чинь, мэдээллийн хурд өндрөө авсан энэ нийгэмд цахимд ингэж хөршийн харилцаатай
байх нь аль аль талдаа хэрэгтэй, бас шуурхай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Баярсайхан: Сонгуулийн үеэр твиттер, фэйсбүүкээрээ хэн нэгнийг магтаж, шүүмжилж болохгүй болчихоод байна

“Шударга ёс” бүлгэмийн тэргүүн Г.Баярсайханаас Сонгуулийн хуультай холбогдуулан дараахь тодруулгыг авлаа.

-Сонгуулийн тухай хуульд фэйсбүүк, твиттерээр ямар нэг сурталчилгаа явуулбал ял шийтгэл оногдуулахаар заачихсан гэх юм?

-Сонгуулийн тухай хуулийн 83 дугаар зүйлд сонгуулийн сурталчилгаанд интернэт орчныг ашиглах гэж бий. Уг зүйл дотроо долоон заалттай. Үүн дотор дэмжихээр зүйл ч байна. Хүний үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг зөрчсөн зүйлүүд ч байна. Нэн ялангуяа 83.2-т “Сонгуулийн сурталчилгааны цахим хуудаснаас өөр бусад цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаар зөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилна” гэж байгаа юм. Үүнд ямар зүйл Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчив гэхээр хэн нэгэн иргэн, хэн нэгнийг дэмждэг, тэрний тухай санаа бодлоо илэрхийлэх, хэн нэгэн эрх мэдэлтнийг буруушаахаар бол заавал нам эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн уриа энэ тэрийг тавих ёстой болж байна. Ингэж хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боож хаасан ийм заалт байна.

-Цахим хуудаснаас өөр гэдэг нь…

-Сонгуулийн сурталчилгааны цахим хуудаснаас бусад өөр цахим хуудас гэдэгт юуг хэлээд байна вэ гэвэл твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтээр өргөн ашигладаг сүлжээнүүдийг хэлж байгаа юм. Энэ бүгдийг хамруулаад ойлгуулчихаж байгаа байхгүй юу. Сонгуулийн үеэр хэн нэгнийг шүүмжлэхдээ заавал намын сонгуулийн штабын ажилтан болох ёстой. Тэгэхгүй бол та үзэл бодлоо илэрхийлэх ёсгүй болж байна. Энэ бол шууд Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм.

Твиттер, фэйсбүүк чинь Монголын юм биш, Монгол Улсын Засгийн газраас иргэдэд зориулж хийсэн юм биш. Энэ чинь дэлхий нийтийн юм байхгүй юу. Хүн төрөлхтөн хэрэглэдэг мэдээлэл харилцааны санал солилцох хэлбэр. Үүнийг сонгуулийн үеэр захиран, захиргаадна гэдэг нь манайд хэвлэн нийтлэх эрх байхгүй болж байгаагийн илрэл. Байдаг ч гэсэн тэр нь сонгуулийн үеэр бүрэн хаагдах юм байна гэж ойлгогдож байна.

83.4-т “Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана” гэж байгаа юм. Нэг иргэн мөнгө төгрөг идэж уусан, олон жил төрд бугшсан луйварчдыг шүүмжилье гэвэл заавал тэр хүний намын эсрэг талын, өрсөлдөгч хүчний гишүүн болж жүжиглэх шаардлагатай болж байна. Жишээ нь, би нэг хүнийг магтъя гэхэд тэр хүний эсрэг намын туг далбааг ашиглаж магтах ёстой болно. Эсвэл шүүмжлэх эрх байхгүй. Тэгэхгүй бол би цахим орчин дахь хуудас, аккаунтаа хаалгах юм болно. Үндсэн хууль зөрчсөн энэ заалтуудын цаана чинь аймаар торгууль, шийтгэл байгаа шүү дээ.

-Сонгуулийн үеэр фэйсбүүк, твиттерээрээ хэн нэгэн нэр дэвшигчийн тухай сайн, муу мэдээ сэлт оруулахдаа тун болгоомжтой хандах ёстой болжээ?

-Миний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд явдаг. Харин сонгуулийн үеэр хэн нэгнийг магтах, шүүмжлэх эрхгүй болчихож байна. Би чинь нам бус хүн шүү дээ. Тэгтэл аль нэг намын далбаан дор орж байж тэр эрхээ олж авах болж байна. Энэ хуулийг хоёр том нам нь санал нэгтэй баталлаа. Энэ бол ардчиллаасаа ухарчихсан үйл явдал. Жагсаалтаар хорин хэдэн хүн оруулаад ирнэ. Ингэж л ард түмнээсээ сонгох сонгогдох эрхийнх нь 40-өөд хувийг нь булаагаад авчихаж байна. Заавал нэг намын нэр дугуйл гэж байгаа юм.

Тэгэхээр хүмүүс мэддэгээрээ АН, МАН-ыг дугуйлж таарна. Иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг нь сонгуулийн турш бас булаагаад авчихаж байна. Твиттер, фэйсбүүк чинь Монголынх биш шүү гэдгийг дахин хэлье. Хятад мэтийн орнууд, дарангуйлах системтэй орнуудад твиттер, фэйсбүүкийг хаадаг. Сонгуулийн үеэр нэг тиймэрхүү л дүр зураг харагдах нь.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Эмэгтэйчүүдийг намуудад суудал авчирч, сонгуульд ялдаг болтол нь бэлтгэхээсээ залхуурч болохгүй

УИХын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Хүүхэд харах үйлчилгээ хэр нэвтэрч байна. Хуулийн хэрэгжилтийн явц ямар байгаа вэ?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаарх мэдлэг мэдээлэл сайн түгж байгаа нь энэ хуулийн хэрэгжилт цаашид сайн байхад чухал суурь болж байна. Иргэдийн мэдээлэл, хүлээлт өндөр байгаатай нийцүүлж Хүн ам, нийгмийн хамгааллын яамны зүгээс хүүхэд харах үйлчилгээний стандартаа батлуулж, сургалтуудаа явуулж эхлээд байгаа. Энэ жилийн хувьд батлагдсан төсөвтөө таарсан цөөхөн үйлчилгээ хэрэгжих гэж байна. Гэхдээ эхний дэмжлэгийг авсан хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид үйлчилгээгээ сайн, чанартай явуулах шаардлагатай. Тэгж байж энэ үйлчилгээний нэр хүнд сайн байж, тэр хэрээр төсвийг жил бүр нэмэгдүүлэхэд саад учрах нь багасах болно гэж харж байгаа.

Ийм төрлийн үйлчилгээнд төрөөс анхаарал сайн хандуулахгүй бол элдэв янзын зөрчил, хүүхдийн эрхийг хөндсөн гэмт хэрэг олширдог гэх юм?

-Тийм ээ, орон нутаг дахь хүүхэд хамгааллын ажилтнууд, мэргэжлийн хяналтын байцаагч, эцэг эхчүүд хяналтыг хамтарч тавьж байх хэрэгтэй. Хуулийн дагуу энэ үйлчилгээ хамгийн өндөр хяналттай үйлчилгээ болж байгаа. Ялангуяа эцэг эхчүүд үйлчилгээгээ өөрсдөө сонгож гэрээлэх учраас иргэний хяналт хамгийн өндөр байх үйлчилгээ юм. Ийм өндөр хяналттай орчинд гэмт хэрэг гарах нь харин ч бага байх болно гэж үзэж байна.

Номын сангийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг төслийн гол онцлог юу вэ?

-Аливаа улс орон ямар нэг хуулиараа өөрийн орны оюуны өв санг хэрхэн цуглуулах, хэрхэн хадгалах, хэрхэн иргэддээ үнэ төлбөргүй юм уу хамгийн бага өртгөөр хүргэх вэ гэдгээ зааж өгдөг. Манай орны хувьд иргэдийнхээ насан туршийн боловсрол эзэмших боломжийг номын сангаар хангаж байя, Монголын иргэдийн бүтээсэн оюуны өв санг алдалгүй цуглуулж хадгалъя, тэдгээрийг алга болгохгүй хадгалдаг байр байшинг хувьчлахгүй баталгаатай байлгая гэдэг бодлогоо Номын сангийн тухай хуулиар тунхагласан гэж хэлж болно. Номын сангийн тухай хууль бол Монгол Улсын иргэдийн оюуны хэрэгцээг хамгийн бага өртгөөр хангах тогтолцооны тухай хууль юм. Хоол хүнсээр төсөөлөх юм бол иргэн бүрт насан туршид нь хямд хүнсийг баталгаатай хүртээх тухай хууль гэж хэлж болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг сая намрын чуулганаар баталж амжсангүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдын хувьд уг хууль маш их хүлээлт үүсгэж байгаа?

-Тийм ээ. Гэхдээ Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар маш олон шинэ заалт орсон нь ихээхэн дэвшил болсон. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж тооцох боллоо. Хүчирхийлэл үйлдэгчдэд оноох ял тодорхой боллоо. Гэр бүлийн хүчирхийлэлд удаан хугацаанд байсан хүний үйлдлийг яг адилхан үйлдэлтэй ч хүчирхийлэлд байгаагүй хүний хийсэн санаатай гэмт хэргээс өөрөөр авч үзэхээр боллоо. Энэ бүх суурь заалтууд хууль болж батлагдсан учраас одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ямар нэг хүндрэлгүйгээр батлах бүрэн боломжтой болсон гэж харж байгаа.

Уг хуульд хүчирхийлэгчийг гэр бүлдээ ойртох үед дохиолол өгдөг чип суулгах зэрэг нэлээд шинэлэг заалтуудыг оруулж ирсэн байна лээ?

-Тэр заалтыг манай сонгогчид маш их дэмжиж байна лээ. Ээж аавууд ч, залуучууд ч тэр заалтын тухай ярихад инээлдэж, нээрэн л зөв дөө гэж дэмжиж байсан. Үнэхээр ч хоёр хүн нэгэндээ хүрэх эрхгүй, зайнаас бие биетэйгээ зөвхөн хэл амаараа харилцах эрхтэйгээр хэсэг хугацаа болоход бие биедээ гаргасан уур бухимдлаа хүч хэрэглэхгүйгээр илэрхийлж сурчихна гэж олон хүн итгэж байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн 89 хувь нь эмэгтэйчүүд гэдэг. Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдвал олон хүний амь нас аврагдана гэж үзэж болох байх?

-Тэгэлгүй яахав. Мөн Тахарын албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль ч бас олон хүний амь насыг аварна. Энэ хуулиуд нийлж хэрэгжиж байж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бүрэн тогтолцоо бүрдэх юм.

Дээрх хуулийг батлахад уламжлал шинэчлэл хоёр зөрөлдөөд байгаа гэх юм. Уг хуулийн төслийг хэтэрхий барууны чиг хандлагыг шингээсэн гэж шүүмжилдэг?

-Хүчирхийллийг хүлээн зөвшөөрдөг уламжлал гэж манайд байхгүй. “Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг уламжлал маань хүчирхийллийн эсрэг сургаал байгаа биз. Мөн “Хүн ахтай, дээл захтай” гэдэг бол ах нь яаж ч болно гэсэн үг биш. Харин анхнаасаа ах захаа хүндэлж сайхан харьц гэсэн л үг. “Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ” гэдэг. Тэрнээс “аавын нударга”, “ээжийн шанага” энэ тэр гэсэн зүйрлэл байхгүй байгаа биз. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэж бас нэг сайхан үг байна. Хүн л юм бол үг хэлээрээ учраа ололц, хүч бүү хэрэглэ гээд байгаа юм. Энэ мэтчилэн үг хэлээрээ ярилцах, хүч хэрэглэхгүй байх тухай сургасан сургаал үг хавьгүй олон байдаг шүү дээ. Тэгэхлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол яг л уламжлалт үнэт зүйлд маань нийцсэн хууль.

УИХдахь эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгоно гэж амласан ч одоо түүнээсээ буцах нь ээ гэсэн хардлага байна. Уг нь манай улс 2015 он гэхэд 30 хувь болгоно гэж олон улсад амласан шүү дээ?

-Баталсан хуулиасаа, амласан амлалтаасаа буцах газар бидэнд байхгүй. Мянганы хөгжлийн зорилт бага ч гэсэн биелсэн. Одоо бид энэ хүрсэн хэмжээнээсээ ухрахгүйгээр эмэгтэйчүүдийг дэмжиж гаргаж ирэх ёстой. Эмэгтэйчүүдийг намуудад суудал авчирч, сонгуульд ялдаг болтол нь бэлтгэхээсээ залхуурч болохгүй. Ийм бэлтгэл хийхэд нам бүрийн эмэгтэйчүүдийн байгууллага л гол үүргийг гүйцэтгэдэг. Ийм болохоор улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-д дахин орж ирэхэд нь намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудыг хүлээн зөвшөөрч хадгалж үлдээх нь чухал.

Таны харж байгаагаар манай улсад жендерийн асуудал ямар түвшинд яваа вэ. Хүйсийн ялгаварлал бол ардчилалд байж болшгүй зүйл. Гэтэл Монголд эмэгтэйчүүд, охидын эрх зөрчигдсөөр л байна. Нийгмийн аль салбар, давхаргад эмэгтэйчүүдийг гадуурхах үзэгдэл их байна вэ?

-Ер нь боловсрол, эрүүл мэнд, худалдаа гурваас бусад салбарт эмэгтэйчүүдийг бусдаас дутуу гэж үзэх үзэл үзэгдсээр л байгаа. Улс төрд бол хамгийн хүчтэйгээр илэрдэг л дээ. Гэхдээ л бусад салбарт ч байгаа. Яг аль салбарт эмэгтэйчүүдийг зохих өндөр түвшинд нь гаргаж ирж чадахгүй байгааг бид алхам тутамдаа олж харж сурмаар юм байна лээ. Жишээлбэл, Засгийн газрын худалдан авалтын мөнгө хэний мэдэлд очиж байна вэ гэдгийг хэдхэн жилийн өмнө АНУ-ын Хонолулу хотынхон гаргасан байна л даа. Тэгсэн чинь тендерийн мөнгө нь 100 хувь эрэгтэй эзэнтэй, эрэгтэйчүүдийн 100 хувийн бүрэлдэхүүнтэй захирлуудын зөвлөлтэй компаниудад очсон байсан нь хотын эмэгтэй сонгогчдыг бухимдуулсан учраас, тендерийг зарлахдаа “эмэгтэй, эрэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд нь байдаг компаниудад ижил тэгш боломж олгохыг эрхэмлэнэ” гэж бичдэг болсон байна. Ингэснээр эмэгтэйчүүдийг компаниуд захирлуудын зөвлөлдөө урьж оруулах болсон, бас компаниуд эмэгтэй захирлыг олноор томилдог болсон байна. Энэ юуг харуулж байна гэхээр, чадвартай эмэгтэйчүүд хаа сайгүй байгаа ч гэсэн “хүн хэлэхээс нааш санахгүй” гэгчээр заавал эмэгтэйчүүдийг дэмж гэдэг шахалт авч байж дэмждэг салбарууд бас байдаг байна. ССАЖЯ тухайн үедээ бүх салбарт жендерийн тэгш бодлогыг барьдаг байлаа. Томилгоо хийхдээ нэг эрэгтэйг дарга болгосон бол дараагийн томилгоо маань заавал эмэгтэй захирал томилдог байсан. Яамны газар, хэлтсийн дарга нар яг 50:50 харьцаатай томилогдож байсан. Санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ ч эмэгтэй найруулагчтай юу, эрэгтэй найруулагчтай юу, гол дүр нь эмэгтэй юу, эрэгтэй юу, эмэгтэй, эрэгтэй жүжигчид ижил тэгш оролцож байгаа юу гэж заавал асууж, төсвийн мөнгийг эрэгтэй, эмэгтэй уран бүтээлчид тэгш хүртэх боломжийг хангахыг зорьдог байсан. Харин нэг удаа Улсын драмын эрдмийн театрынхан зургаан бэсрэг жүжиг тавьсан чинь зургуулаа эрэгтэй найруулагчийн жүжиг байсанд би маш их цочирдож билээ. Одоо ч гэсэн надад тэр олон эрэгтэй найруулагчийн дүр бүхий анонсууд театрын багана бүрийг эзлээд зарлагдаж байсан нь нүдэнд харагддаг. Тэр дүр зургийг хараад Драмын театрт ганц эмэгтэй найруулагч байхгүй юу гээд бараг уйлах шахаж байсан. Иймэрхүү зүйлс их тохиолддог. Салбар бүрт л бодож үзэх, жендерийн тэгш байдлаа сайжруулах шаардлага байгаа.

Энэ дашрамд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндийг “Өдрийн сонин”-ы уншигчдадаа дэвшүүлж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ цаг-үе

​Б.Лхагважав: Монгол Улс далд эдийн засгийнхаа 90 хувийг гэрэлд гаргачихлаа

Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважаваас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт дууслаа. Анх төлөвлөж байснаас асар их хэмжээний орлого ил болсон. Үүнийг манай улсын хөгжилд томоохон түлхэц боллоо гэж харж байна?

-Бид анх 6-7 их наяд төгрөгийн орлого ил гарна гэж төлөвлөж байсан юм. 2015 оны арванхоёрдугаар сар гэхэд таван их наяд төгрөгийн орлого ил болгочихоод байсан. УИХ энэ хуулийн өгөөжийг ойлгоод алдагдсан хугацааг нь сунгаад 2016 оны хоёрдугаар сарын 20-нд дуусгахаар нэг сар 20 хоногоор сунгаж өгсөн. Он гарангуут НӨАТ-ын шинэ хууль үйлчилж эхэлж аливаа ажил, орлого ямар ч тохиолдолд бүртгэгддэг юм байна гэдгийг ойлгож иргэдийн идэвх нэмэгдсэн л дээ.

Одоогоор хичнээн төгрөгийн орлого ил болчихоод байна вэ?

-Хориод их наядын орлого, ажил үйлчилгээ гарчихаад байна. Гэхдээ үүнээс илүү ч байгаа шүү. Бараг 24 их наяд. 24 их наяд гэдэг бол манай ДНБ-ээс давчихсан гэсэн үг.

Сүүдрийн болон нарны эдийн засгийн харьцаа эн тэнцүү байгаа байхгүй юу. Энэ хоёр чинь нийлээд Монгол Улсын засаг. Тэгэхээр бид том юмаараа харж, бүх бодлого, статистик, явж байгаа системээ өөрчлөхөөс өөр аргагүй болж байгаа юм л даа.

Сүүдрийн эдийн засаг маань хэр хумигдав?

-Та бод л доо. 6-7 их наядын эдийн засаг ил болно гэж байсан чинь гурав дахин их хэмжээний эдийн засаг ил болчихож байгаа байхгүй юу. Одоо бол нэлээд сайн болж эхэлсэн. Манайх далд, сүүдрийн эдийн засгийнхаа 80, 90 хувийг бүгдийг нь гэрэлд гаргачихсан гэсэн үг л дээ. Аливаа эдийн засагт 5-10 хувь байдаг. Гэхдээ манай аж ахуйн нэгж, иргэд маань аль аль нь ойлгож байгаа. Энэ цаг мөчөөс хойш бид орлогоо бүртгүүлж, татвараа өгч байя гэж шударгаар ойлгодог болоод байгаа. Нөгөө талаасаа одоо батлагдах ёстой хэд хэдэн хууль байгаа шүү дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэсэн энэ гурван хууль батлагдчихвал НӨАТ-ын хуультайгаа нийлээд системийн маш том шинэчлэл бий болж байгаа юм. Энэ гурван хууль маань уг нь логикоороо бол оны өмнө батлагдчих ёстой байсан ч бид амжсангүй л дээ. Хэрэв нэгдүгээр сарын 1-нээс энэ гурван хууль маань НӨАТ-ын тухай хуультайгаа зэрэг хэрэгжиж, дээрээс нь Аудит болон Нягтлан бодохын хууль нэмэгдэн санхүүгийн бүртгэлийн хуулиудаа шинээр эхлүүлсэн бол өөр үр дүн гарах байсан. Гэхдээ одоо ч хоцрохгүйгээр дөрөвдүгээр сарын эхний чуулганаар батлах ёстой. Хэрэгжих хугацааг нь аль болох наашаа тавибал сайн байна.

Ил тод байдлын тухай хуулийг танин мэдүүлэх сурталчилгаа маш сайн байсан гэдэгтэй маргах хүн байхгүй байх?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хамгийн чухал гол нэг зүйл, УИХ-д өгсөн дохио юу байв гэвэл аливаа баталсан хуулийнхаа дараа танин мэдэхүйн сурталчилгааг хийх, хуулийн хэрэгжилтээ хянах. Хууль батлах, сурталчлах, хянах гэдэг гурван функц чинь УИХ-ын чухал ажил байдаг юм. Манайх хуулиа батлаад мартдаг байсан бол сүүлийн үед Ил тод байдлын тухай хуульд дээрх гурван функц маш сайн ажилласан. Үүнтэй адил бид бусад хуулиа яг энэ зарчмаар явуулж байх ёстой гэж би хувьдаа үзэж байгаа.

Манай танхимын хувьд аливаа бизнестэй холбоотой хууль болгоны танин мэдэхүй, хэрэгжилт, хяналтыг өргөнөөр явуулна гэсэн бодлоготой байна.

Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улс далд эдийн засгаа ил болгож, бизнесийн орчноо эрүүлжүүлж байгааг ихэд анхаарч байх шиг байна?

-Манай хувьд хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллараас 10 сая ам.доллар руу уналаа шүү дээ. Дотоодод ч ялгаагүй, саармагжсан. Яагаад ийм байдалд оров гэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зөвөөр унших санхүү, татварын тайлан байхгүй байсан байхгүй юу. Компанийн засаглал, шүүх засаглал нь тодорхой биш байхад хэн ч хөрөнгө оруулдаггүй байхгүй юу. Баялаг нь байгаа ч тийм нөхцөлд хэн ч хөрөнгөө гаргахгүй. Бид тун гэнэн хандаад, бидэнд баялаг байна, та нар хөрөнгө оруул гэхэд дээр дурдсан дөрвөн зүйл нь байхгүй, тодорхойгүй байвал хэн ч мөнгөөрөө тоглуулахыг бодохгүй шүү дээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэхэд хамгийн том хөшүүрэг нь ил тод байдлын тухай хууль боллоо. Ийм процесс өмнө нь 2008, 2009 онд явагдсан. Тухайн үед эдийн засаг өсөхөд хамгийн сайнаар нөлөөлсөн нь 2008 онд батлагдсан Ил тодын хууль, Татварын өршөөл үзүүлэх тухай хууль байсан юм шүү.

Энэ хуульд аж ахуйн нэгж, компаниуд бүгд хамрагдаж чадсан уу?

-20 гаруй мянган компани хамрагдсан. Гэхдээ манай улсын төсвийг 1000-аад компани л бүрдүүлдэг. Ингээд бодохоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань бүгд хамрагдчихсан байгаа.

Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх хамгийн том хөшүүрэг болох санхүү, татварын тал нь зөв болчихлоо. Одоо дээр нь Монголын компаниуд засаглалаа зөв болгох ёстой. Өмнө нь компанийн засаглал яагаад буруу байсан бэ гэхээр хуурамч тайлантай байсан. Хуурамч тайлантай үед компанийн засаглал байхгүй, хөрөнгө оруулалт байхгүй, компанийн өмч хөрөнгө тодорхой бус, эзэн нь тодорхой бус байдаг. Гэтэл энэ бүхэн нь одоо зөв болоод ирэхээр аяндаа компанийн засаглалаа зөв болгох шаардлага гарч ирж байгаа юм. Компанийн засаглалыг орчин үеийн институцийн хэлбэрт аваачаагүй бол хичнээн баялагтай байгаад тэр нь үнэ цэн болдоггүйг бид хангалттай ойлгосон.

Categories
мэдээ цаг-үе

У.Доржханд: Би лист зараагүй. Надад тийм эрх нь ч байхгүй

ХҮНын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Доржхандтай ярилцлаа.

Танай нам доторх хагарал, хуйвалдаан болон тантай холбоотой гэх асуудлуудад Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд албан ёсны тайлбар хийвэл…?

-Эхлээд ХҮН-ын тухай болон энэ нам ямар учраас байгуулагдсан юм, энд би яагаад явж байгаа юм гэдэгт хувь хүний зүгээс өөрийн ойлголтыг өгөх нь зөв байх. Цаасан дээр байсан намыг бид ярьж байгаад “Энэ нам бидний итгэл үнэмшилтэй нийцсэн нам байна. Товчлол нь ХҮН. Бидний гаргаж ирсэн үзэл баримтлал бол хүн дээд үзэл. Энэ үзэл нь хүн төвтэй биш хүнийг дээдэлдэг, түүнийг урдаа барих юм” гээд энэ намыг бий болгож 2011 онд шинэчилж зохион байгуулсан. Миний хувьд, АНУ-д Олон улсын вальютын санд ажиллаж байгаад, ажил, амьдрал, бүх зүйлээ орхиод эх орондоо ирсэн. Энд учир утга, агуулга, нэр төртэй, амьдралдаа харамсахгүйгээр үр хүүхдэдээ сайн сайхан амьдралыг өгөх боломжтой ийм нөхцөлийг бий болгох үе нь мөн байна гэж бодоод шийдвэрээ гаргаад ирсэн л дээ. Одооны үүсээд байгаа нөхцөл байдал уг нь намын дотоод жижигхэн асуудал байгаа юм. Манай нам өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан. Хүний амьдралтай зүйрлэвэл ХҮН мөлхөж яваа нам. Тэгэхээр энэ намын хувьд хэдийгээр цаг хугацааны хувьд богино хугацаанд нийгэмд хүлээлт үүсгэсэн ч гэлээ институцийн хувьд бэхжиж амжаагүй, бэхжих шатандаа яваа. Үүсээд байгаа асуудал намын дотор асуудал байсан ч харамсалтай нь нийтэд ил болж, хяналтаас гарчихлаа. Үүнд маш их харамсч байгаа. Энэ байдлыг үүсгэсэн нөхдүүдийнхээ өмнөөс намын гишүүд дэмжигчдээсээ уучлал гуйя.

Таныг листийн гуравдугаархыг таван тэрбумаар зарсан. Ер нь лист зарж 30 гаруй тэрбум төгрөг босгож намын санхүүжилтээ шийдээд байгаа гэж яриад байгаа. Энэ үнэн үү?

-Би ямар нэгэн лист зарсан зүйл байхгүй. Лист зардаг хүн нь би биш. Надад тийм туршлага байхгүй (инээв). Би анх удаа намын ерөнхий нарийн бичгийн даргын ажил хийж байгаа. Надад ёс зүйтэй, нэр хүндтэй, хэзээ ч хүний өмнө муу юм хийсэн дээ гэж гэмшихгүйгээр амьдарч чадна гэсэн итгэл үнэмшил байдаг. Би эдийн засагч хүн. Макро эдийн засгийн чиглэлээр нэлээд ажилладаг. Нэг санхүүгийн эх үүсвэрээс хамаарсан эдийн засгийн систем явдаггүй юм. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байна. Уул уурхай сайн явж, эрдэс түүхий эдийн ханш өндөр үед эдийн засаг сайн явдаг. Гэтэл өнөөдөр уначихлаа. Үүний дараагийн салбар байхгүй байна. Тэгэхээр нэг салбар, нэг хүчин зүйл, нэг санхүүгийн эх үүсвэр, нэг хүний их мөнгөнөөс хамаарсан систем явахгүй. Энэ ч агуулгаараа би үүний эсрэг байсан. Харин бид Ажлын хэсэг гаргаад краудфандинг буюу олон нийтээс хөрөнгө босгох-Обамагийн загвараар жижиг дунд бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг нийт хөдөлмөр эрхлэгчдээс мөнгө гуйя. Тэр нь 1000 төгрөг ч байсан хамаагүй. Тэр нь сэтгэл шингэсэн байдаг юм. Энэ бол бидний давуу тал. Өнөөдрийг хүртэл бид худлаа ярьж, хулгай хийгээгүй. Ямар нэгэн амлалт өгөөгүй, улс төрийн шинэ хүчин болохоор бидэнд боломж байна гэцгээсэн. Ингэж санхүүгийн загвараа гаргаж ажиллаж байсан.

Бидний хувьд шинээр үүсч байгаа улс төрийн хүчин. Маш их оюунлаг залуус нэгдэж, нягтарч байгуулагдсан нам. Бидний зорилго бол улс төрд шинэ салхи оруулах. Дандаа эрх мэдэл, мөнгөтэй хүн улс төрд явдаггүй юм аа. Тэрний оронд ажлаа хийдэг, мэргэжлийн, мэдээлэлд ойр байдаг хүмүүс нь явдаг юм гэсэн жишээг бий болгоё гэсэн ийм л зорилгыг тавьсан. Энэ намын хувьд яалт ч үгүй хүндрэлтэй асуудал бол санхүүжилт. Аль ч намын хувьд тийм байгаа. Бид өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө багахан эх үүсвэрээр үйл ажиллагаагаа явуулаад ирсэн. Хэн нэгэн гадны мөнгө, эрх мэдэлтэй, ямар нэгэн субьектээс нэг ширхэг ч төгрөг аваагүй. Зөвхөн өөрсдийнхөө итгэл үнэмшил, өөрсдөөсөө мөнгө гаргаж мөн намынхаа гишүүдийн татвар, зарим нөхдийн хандиваар үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүргэсэн. Цаашид ч ийм зарчмаар явуулна. Хэрвээ хэн нэгэн хүнээс хамааралтай, хэн нэгнээс их хэмжээний мөнгө аваад түүгээрээ улс төр хийгээд явна гэвэл, уучлаарай. Хэрэв тэгвэл энэ цэвэр улс төр байж чадахгүй. Аль болох олон түмнээс, олон хүнээс мөнгө босгоод түүгээрээ улс төр хийнэ гэсэн загвараар явсан.

Тэгэхээр лист зарсан гэх яриа хаанаас үүдэж гарсан юм бэ?

-Надад лист зарах эрх нь байхгүй. Тэгэхээр үүнийг шийддэг бүтэц нь жагсаалтыг 1-28 хүртэл жагсаагаад явдаг эрх үүрэг бүхий бүтэц Намын төв хороо юм. Танилцуулаад явах нь Удирдах зөвлөл. Үүнийг журамласан журмыг бид хийгээд явж байгаа. Хоёрдугаарт, маш их хүлээлт нийгэмд үүсчихээд байна. Энэ хүлээлтийг бид сайхан хүлээж авах ёстой. Яарч болохгүй. Тэгэхээр системээ маш эрүүлээр хийх хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн системээ. Маш их мөнгөтэй, АН, МАН-д орж байсан, ажиллаж байсан ийм хүмүүсийг хүлээж авах нь буруу гэдэг хувийн байр суурьтай байсан. Надтай холбож яриад байгаа нэр бүхий бизнесменүүдтэй (сурв. Ш.Сайхансамбуу, Ч.Мянганбаяр … г.м.) би уулзаагүй. Уулзах саналыг манай намын удирдах албан тушаалтнуудаар дамжуулж надад хүргүүлж байсан. Тэр хүмүүстэй би уулзаагүй. Тэр хүмүүстэй уулзах ажлыг манай асуудал хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн, “Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөртөө авч “Би тэдэнтэй уулзъя. Та ийм юмнаас хол бай. Та бол төрийн, цэвэр хүн. Харин би бол бизнесийн хүн учир энэ хүмүүстэй уулзъя” гэсэн. Ийм байдлаар явсан. Цаашдаа бол аливаа улс төрийн хүчин хэн нэгнээс хараат бус байна гэх юм бол их мөнгийг нэг хүнээс босгох систем ажиллахгүй. Боломжтой бол улс төсвөөс санхүүжүүлээд явах нь хамгийн зөв хувилбар гэж боддог.

Таныг гадаадаас ирэхээс хоёрхон цагийн өмнө намын дарга Удирдах зөвлөлтэйгөө хуралдаж ажлаас тань халах болон Хариуцлагын ерөнхий хороогоо татан буулгах тушаал гаргасан юм билээ. Битүүний өдөр ийм гэнэтийн шийдвэр гаргасныг танай намынхан урьдаас сайтар бэлтгэсэн ажиллагаа байсан гэж тайлбарлаж байна?

-Бидний зорьж байгаа, хийх гээд байгаа ажил бол Монгол Улсыг урт хугацаанд тогтвортой, эдийн засгийн хөгжилтэй, улс төрийн тогтвортой бодлоготой, оюун санааны хувьд хөгжчихсөн, амьдралын хувьд ч элбэг дэлбэг, хүүхдүүд нь аз жаргалтай, нүдэнд нь гэрэл гэгээ цацарсан тийм л амьдралыг хүсч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол 2016 он биш. 2020 он ч биш. 2024, 2028, 2032 он руугаа зорьж ажиллая. Хорь, гучин жилийн турш энэ улсыг босгохын төлөө ажиллая гэж нэгдсэн юм, бид. Үүнийг хийх арга зам нь юу вэ гэхээр энэ бол институци юм. Хөгжсөн орнуудын загварыг аваад үзэх юм бол хамгийн сайн институци байгуулсан нь АНУ, Англи, Герман. Германаас япончууд хуулсан. Сингапур Англиас хуулсан. Тэнд нэг хүнээс хамаарсан систем ерөөсөө ажилладаггүй. Тэнд хичнээн мундаг хүн байж болно. Институци буюу систем нь зөв суурьтай хөгжсөн тохиолдолд тэнд хөгжлийн асуудал, урт хугацааны төлөвлөлт, стратегийн асуудал яригддаг.

Нэгэнт улс төрийн хүчин байгуулж байгаа зорилго нь юу вэ гэхээр улс орныг өөрчлөх, Засгийн газарт орж ажиллах, засгийн эрхийг авах гэсэн үндсэн зорилго байна. Нэгэнт засгийн эрхийг авах гэж байгаа бол тэр засгийг институцийн хэлбэр рүү оруулах шаардлагатай.

Доржханд гэдэг хүн бол анх удаа намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажил хийж байна. Алдаа, оноо байна. Магадгүй олон жилийн турш гадны байгууллагуудтай хамтарч ажиллаад явсан туршлага байгаа ч Монголын хөрсийг мэдрээгүй гэдэг алдаа байж болно. Удирдах арга барилын хувьд буруу байна уу гэвэл буруу байна. Шинэ агаарыг улс төрд оруулахад тийм ч амаргүй. Тийм агаарыг цэврээр нь оруулахад хуучин хүсэл сонирхол ямар байсныг тооцож чадаагүйд буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үүнийг шаардлага тавьж байгаа нөхөд маань өмнө нь хэлээд залруулаад явах хугацаа байсан. Харамсалтай нь, тэгсэнгүй. Нөхөдтэйгөө уулзаад ярья гэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ асуудлыг хөндөж ярихгүй байна. Энэ бол нам дотор явж байгаа жижиг асуудал гэж харж байгаа. Бид үүнийг институцийн зарчмаар дүрэм, журмынхаа дагуу шийдээд явахгүй бол цаашид буруу жишиг тогтоно.

Өнөөдрийг хүртэл би ямар нэгэн байдлаар хэвлэлд ярилцлага өгөөгүй, нийтэд гараагүй. Нам гэдэг бол дүрэм, журамтай. Институци гэж байгуулж байгаа бол бид тэрийгээ хүндэтгэх ёстой. Өнөөдөр тэр дүрэм журам, хууль муу байж болно. Гэвч тэрийгээ бид дагаад явах соёлтой байх ёстой. Ийм соёлтой байж байж л намд жишиг тогтоод, дүрмээ хэрэглэдэг болох ёстой. Өнөөдөр бид шинэ нам гээд дүрмээ хэрэглэхгүй явсаар анхны хариуцлагын асуудал гарч ирж байгаа байхгүй юу. ХҮН-ын онцлог юу вэ, бусдаас ялгардаг ялгаа нь юу вэ гэхээр бид ёсзүйтэй, дүрэм журамтай, ёс журмаа хатуу сахиж мөрддөг ийм нам гэж бүгд ярьдаг байсан. Үүгээрээ ч ялгарна гэж бодож байгаа. Аливаа нэг хүн асуудал үүсгээд хуйвалдаан, хээл хахууль зэргээр дүрэм журмаа зөрчөөд явбал түүнд хариуцлага тооцох системийг хийж байгаа. Манай намын дарга болчихоод анхны тушаалыг гаргахдаа хамт энэхүү төслийг бодож боловсруулан, манлайлсан нөхрөө үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрийг хянаж, өөрт нь хариуцлага тооцох ёстой намын дээд байгууллагаас томилогдсон Хариуцлагын ерөнхий хороог өөрөө тушаалаараа татан буулгаж байгаа энэ үйлдэл нь болохгүй. Энэ бол бидний хүсч байгаа зүйл биш.

Шинээр гарч ирж байгаа, цаашид нэлээд хол явж мэдэхээр ХҮНыг АН, МАН дотроос нь бутаргая гээд С.Ганбаатарыг оруулсан. МөнАлтан дорнод Монгол”-ын Т.Ганболд МАНаас авсан гэрийн даалгавраа биелүүлэхээр ХҮНыг бутаргахыг зорьж байна гэж тал талаас нь хардаж, сэрдэж байх шиг байна?

-МАН-ын гишүүн байсан Т.Ганболд гэдэг хүн орж ирсэн. Орж ирэхэд нь итгэл үнэмшлээрээ л орж ирлээ дээ гэж бодож байсан. Гэтэл болж байгаа процессийг харвал эргэлзэхээс өөр аргагүй болж байна. ХҮН бол урьд өмнө нь сонгуульд орж байгаагүй. Энэ намд итгэл сэтгэлээ өгч орж ирсэн залуучууд бол амьдралд анх удаа намын батлах авч үзэж байгаа хүмүүс. Бид саяхан дөчин нас хүрлээ. Амьдралдаа анх удаа намын батлах авч үзэж байна. Найз нөхөд маань ч анхныхаа сонголтыг хийж орж ирж байна. Нөгөө хоёр намын явж байгаа систем нь болохгүй байна гэж татгалзаад манай намд итгэл үнэмшлээрээ орж ирж байгаа нь олон байна. Тэр хүмүүсийг хардаад “Та ямар зорилгоор орж ирж байгаа юм” гэж шалгаах эрх байхгүй. Үүсээд байгаа үйл явцыг дүгнээд харах юм бол тийм ээ, АН, МАН-ын хүмүүс орж ирээд манай намыг бутаргах гэж байна гэж хэлэхэд баримт алга. Би эдийн засагч хүн. Аливааг баримттай ярьдаг. Гэхдээ тэгж хардах эрх нь байна. Үүнийг хамгийн сайн хараад цаашаа явах хүн бол манай намын дарга. Бидэнтэй харьцуулах юм бол улс төрд арав гаруй жил явсан. Том зургаа хараад өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлчихсэн. Тэр хүний үндсэн үүрэг нь уг нь намын эв нэгдлийг сахиулж, намыг авч явах ёстой. Түүнээс энэ зүйлийг тодруулж асуух нь зүйтэй байх. Бидэнд улс төрийн туршлага алга. Гэхдээ бидэнд хардах үндэслэл байна. Хэр үндэслэлтэй вэ гэдэг нь явц дунд харагдах байх. Яг бодитой баримт одоогоор мэдэгдэхгүй байна.

Танай намыг байгуулалцсан хүмүүсийг нэлээд боловсролтой, өмнө нь улс төрд хутгалдаагүй, үнэхээр эх орноо хөгжүүлж, энэ хэцүү байдлаас гаръя гэж чин сэтгэлээсээ нэгдсэн залуус гэж хараад байгаа. Үүгээрээ бусад намаас бас ялгагдаж байгаа гэж ойлгож болох уу?

-Үнэн, үнэн. Эдийн засаг талаасаа тайлбарлавал бид маш их нөөцтэй ч цөөн хүн амтай. Маш тогтворгүй улс төрийн системтэй байна. Эдийн засгийн тогтвортой бодлого нь алга. Боломж байгаад байна. Боломжийг ашиглаад энэ улсыг босгох эрдэм мэдлэг, хүсэл мөрөөдөл, чадавхи нь бидэнд байна. Үүн дээр л үндэслэж энэ залуучууд нэгдсэн. Клубийн зохион байгуулалтад хамрагдаж байсан залуус болон гадна, дотноос маш олон залуус нэгдээд явж байна. Бидний “Хүн дээд” гээд байгаа үзэл санаа нь бол хөгжлийг хэн авчирдаг вэ гэхээр хөгжлийг хүн авчирдаг юм. Эдийн засаг гэдэг нь хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй эрэлт, хэрэгцээг хангана гэдэг маш товчхон тодорхойлолт байдаг. Нөөц гэхээр хоёр төрлийн нөөц байгаа. Нэг нь бараа материал, идэж уух хүнс тэжээл, газрын доорх баялаг. Нөгөөх нь хүн. Таваарлаг нөөц нь хязгаарлагдмал байдаг. Харин хүний нөөц хязгааргүй. Эдийн засгийн хөгжилд хөгжлийг авчирдаг зүйл нь хүн болчихоод байна. Эдийн засаг болон улс орны хөгжилд хүний авчрах хүчин зүйл маш өндөр. 50, 100 жилийн өмнө эдийн засгийн гол хөшүүрэг нь байсан хүнд аж үйлдвэр, газар тариалан, хөдөө аж ахуйн талбар бол хоёр, гурав дахь салбар болж, мэдлэг, технологи дээр үндэслэж суурилсан салбарууд харин гол салбар нь болоод байна. Миний хувьд энэ намыг цаашид аваад явах боломж бололцоо байна. Гэхдээ залуу хүнд урам зориг хэрэгтэй. Сонгууль болоогүй байхад дотроо ингэж байгаа тохиолдолд цаашид яана даа гэсэн эмзэглэл төрөх юм. Урам ихэд хугарч байгаа ч хойч үе, үр хүүхдүүдийнхээ төлөө, эх орныхоо сайн сайхны төлөө бид хөдлөхгүй бол өөр хэн хөдлөх вэ дээ.

ХҮНын залуус хэвлэлийн хурал зарлажС.Ганбаатарыг намын даргаас огцруулъягэж санал гаргаж байсан?

-Схемийг тодруулаад харвал нэг талд нь боловсрол, үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй залуус. Нөгөө талд нь улс төрөөр өндөр рейтингтэй улстөрч. Энэ хоёрын холимог байхгүй юу. Энэ системээр сонгууль руу орох юм бол магадгүй амжилт үзүүлэх систем. Гэхдээ бид нэг л эрх ашигтай. Нэг л цаасан дээр бидний үйл ажиллагаа хязгаарлагдаж байх ёстой. Тэр бол бидний институци гээд байгаа намын дүрэм журмын хүрээнд намын дарга байна уу, аль нэг сумын иргэн байна уу ялгаагүй аль алинд нь намын дүрэм адилхан хэрэгждэг байх ёстой.

Дүрэм журмын дагуу, энэ хүн үнэхээр ёсзүйн зөрчил гаргасан байна, буруу шийдвэр гаргажээ гэвэл хариуцлага тооцогдох ёстой.Листийн асуудал бол явдаг журмаараа олон нийт нь оролцоод дарааллаараа явна. Өнөөдөр би тэр хүмүүсийн өмнөөс листийн талаар ярих эрх мэдэл надад ч, намын даргад ч байхгүй.

Үүсээд байгаа асуудлыг би аль болох хүлээцтэй, тэвчээртэйгээр дүрэм журмын дагуу шийдэх гээд л өнөөдрийг хүртэл тэсээд яваад байгаа. Тэснэ ээ. Япон ардын нэг мэргэн үг байдаг юм “Тэвчээр бол зэвсэг юм” гэж. Намынхаа гишүүдэд хандаж хэлэхэд тэвчээртэй бай, үр дүн гардаг юм. Бид институци байгуулаад цэвэр ёс суртахуунтай, дүрмээ дагасан, хариуцлагын системээ ажиллуулаад явах юм бол Монголын ард түмэн маань бидэнд итгээд явах болов уу гэж харж байна. Бидэнд нэр хүнд, улс орноо авч явах эрхэм зорилго байгаа. Жижигхэн чулуунд бүдрэхгүйн төлөө явна. Том институцийг харна. Бидний зорилго бол 2016 он биш ээ. 2016 онд бид сонгуульд амжилт гаргахгүй байж ч болох юм. Гэхдээ бид шаардлагатай бол 2024, 2028 он хүртэл тэсч чадна. Бидэнд нас, боломж бий.

ХҮНын цаана нууц ноёнтон байгаа юу?

-Тийм нууц ноёнтон байхгүй. Ард нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хүн байдаг гэдэг нь худлаа. Цаашид ардаа ямар нэг хүнгүй байхаар зорьж ажиллана. Намын дарга бол манай хувьд мөс хагалагч болохоос биш хүчээ хуваагаад, сарниулаад байдаг хүн биш л дээ. Энэ л итгэл үнэмшил дээрээ багцлагдаад явах юм бол ХҮН-д маш том хүч байгаа. Маш олон наашаа гэсэн төлөөлөл, залуучууд байна. Бид үнэхээр ёсзүйтэй, хүлээцтэй, тэвчээртэй, боловсролтой хүмүүс юм бол уулзаад учраа олоод явах байх аа.

Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Б.Батмөнхийнд шинийн дөрвөнд зочиллоо

“Танайд өнжье” нийтлэлийн гал бичин жилийн тэргүүн дугаарыг Монгол Улсын заан Б.Батмөнхийнхөөс бэлтгэлээ. Тэгш дүүрний бэлгэдэлтэй шинийн дөрвөний ерөөлтэй өдөр тэднийд зочлов. Хонхыг нь дарвал зааны гэргий А.Ундармаа үүдээ тайлж, дээшээ суухыг урилаа. Хүүхдүүд бужигналдаж, ахан дүүс нь хотлоороо ирж шинэлж байхтай нь таарчээ. Заан зочны өрөөнөөсөө гарч ирж угтлаа. Том өрөө нь зочдоор, унтлагын өрөө нь хүүхдүүдээр дүүрчээ. А.Ундармаагийн эгч, нагац нар нь үр хүүхдүүдтэйгээ иржээ. Сонины сурвалжлагч ирсэнд тэд ихэд бэлгэшээж “Бид ч азтай л яваа юм байна” гэж баярлан хөөрөг зөрүүлэв. Мөнгөн аяганаас цай ууж, тавагтай идээнээс амсаад заан Б.Батмөнхтэй яриа дэлгэв. Цагаан сарын барилдаан хэр болов, бөхчүүдийг суурин дээрээ тавь, жаран бууз иддэг гэсэн, өнөө жилийн цагаан сарын барилдаанд Баасанхүү ч бужигнууллаа даа хэмээн ойр зуурын юм ярилцаж эхлэв. Тэгтэл ирсэн зочид нам гүм болж хүргэнийхээ яриаг шимтэн сонсч суулаа. Чимээ шуугиан гаргасан хүүхдүүдэд “Чимээгүй. Гоё юм ярьж байна, ах чинь. Сонс” гэнэ.

Заан “Өнөө жилийн Цагаан сарын барилдаан их онцлогтой боллоо. Тааварт байсан бөхчүүд доогуур унах нь унаад, шинэ бөхчүүд ч их гарч ирлээ. Миний бэлтгэл уг нь их сайн байсан юм. “Дүнжингарав” дэвжээнийхэнтэйгээ баярын өмнө хэд хоног Угтаалд сэргэлтийн бэлтгэл хийгээд ирсэн” гэснээ “Би Цагаан сарын барилдаанд жаахан одгүй байна уу даа. Ноднин нэгийн даваанд унасан, энэ жил хоёрын даваанд уначихлаа” хэмээн инээмсэглэж “Цагаан сарын барилдаан хоёр дахь наадам, бага наадам гэдэг утгаараа шударга, тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог болохоор их хариуцлагатай байдаг юм” гэлээ.

Шинийн нэгэнд Баянхангайд очиж эмээтэйгээ золгож, нутгийнхаа уулс шүтээндээ мөргөчихөөд орой нь гэртээ ирж, маргааш нь Баян сум руу явж хадмуудтайгаа золгосон байна. Залуу гэр бүл болохоор сар шинээр мянга гаруй бууз хийдэг аж. Ахан дүүс, найз нөхдөө дайлахад төдий хэмжээний бууз чимхэхэд болчихдог гэнэ. Бөхчүүдийн тухай элдэв янзын онигоо, болсон явдлуудыг бөх сонирхогчид ярьж “Тэр аварга төдөн буузыг суурин дээрээ идчихжээ”, “Бөхчүүд гучин буузыг шууд идчихдэг” хэмээн хачир болгон ярьдаг. Зааны хувьд нэг дор их хэмжээгээр хоол иддэггүй гэнэ. Бага багаар ойр ойрхон идээд сурчихсан болохоор суурин дээрээ олон бууз идэж үзээгүй аж. Зааны яриаг сонирхоод гэрт байсан хүмүүс бүгд нам гүм болчихсон байлаа. Б.Батмөнх “Та нар минь идээ будаа, буузнаас идэж, айраг цагаа уу л даа. Бүгд амьсгал дараад яриаг минь чагнаж сууна уу” хэмээгээд зочдодоо айраг барилаа.

Эднийх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл юм байна. Нэг хүү, гурван охинтой. Ууган нь хүү. Хүү нь “Хуйрнан шуугигч” гэж хөвгүүдийн дунд зохиогддог үндэсний бөхийн барилдаанд барилддаг гэнэ. Хоёр удаа барилдаад хоёуланд нь хоёрын даваанд өвдөг шорооджээ. Эхний барилдаанд ухасхийж давхар хамаад учраа нь дөрвөн хөллөнгүүт буцаж гарах гэж байгаад халтирч унаад бөөн уйлаан майлаан болж “Би ахиж барилдана” гэж зүтгэжээ. Урьд өдөр нь Бөхийн өргөөнд ном хурж лам нар будаа цацчихсан байж л дээ. Тэрэн дээр нь халтирч унаснаас л бүх юм болж. Тэр тухай нь ярихаар хүү нь жигтэйхэн ичих аж.

Бөхчүүд битүүн хүртэл бэлтгэлтэй байж байгаад баяраар хэд хоног завсарлаад шинийн тавнаас бэлтгэлдээ гарна. Бусад хүмүүстэй адил айлч хэсч бууз идэж, айраг уугаад байвал өнөө сайхан бэлтгэл, сургуулилт нь хэцүүднэ. “Дүнжингарав” дэвжээнийхэн шинийн таванд бэлтгэлдээ гарна гэж зар тараажээ. Битүүнд эрчүүл цагаан сарын барилдаанаа ихэвчлэн зурагтаар үзчихдэг. Харин бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд хонон өнжин байж дугаарлаж тасалбарыг нь аваад барилдааныг заалнаас нь харна. Бөхчүүдийн хувьд нэг, хоёрын даваанд өвдөг шороодлоо гээд заалаа орхиод явчихгүй. Үзүүр, түрүүний гал гарсан барилдааныг дуусгачихаад гардаг уламжлалтай. Заан Б.Батмөнх ч тэгжээ. Барилдаанаа дуусгаад 22 цаг өнгөрч гэртээ ирж битүүрчээ.

Б.Батмөнх заан гэргий А.Ундармаатайгаа оюутан байхдаа л танилцаж нэг гэрт орж, байшин барьж ахан дүүсээ цайлж тусдаа гарч байжээ. 2011 онд начин цол хүртэж ИНЕГ-аас байраар шагнуулж XIII хороололд байранд орж. Дараа нь заан цол хүртэж одоогийн Нарны хорооллын энэ байранд нүүж иржээ.

Орцныхон нь зааныг хүндэтгэж тааралдах болгондоо “Заан сайн байна уу” хэмээн хүндэтгэнэ. Харин хөршийн хүүхдүүдтэй хүүхдүүд нь орж гарч тоглож нааддаг болохоор ерөнхийдөө ямархуу айлууд байдгийг нь гадарладаг аж. Түүнээс биш албан ёсоор сайн танилцаж амжаагүй л байгаа гэнэ.

Бөх сонирхогчдын хувьд заан Б.Батмөнхийг ирээдүйтэй бөхөөс гадна дууны клипэнд тоглодог, жүжиглэх авьяастай залуу гэдгийг нь андахгүй байх. Дуучин А.Хосбаярын “Адуутай намар” дууны клипэнд А.Сүхбат аварга тэргүүтэй нутгийнхаа бөхчүүлтэй тоглосон бол дуучин Н.Мөнгөншагайгийн “Гангараа” дууны клипэнд сайхан монгол эрийн гангараа, монгол ахуйг аятай гаргаж олны нүдийг хужирласан билээ. Түүнээс “Та “Гангараа”-гийн клипэнд тоглосон тухайгаа ярихгүй юу. Клипэнд тоглоход ямархуу санагдав” гэж асуувал ирсэн зочид бүгд л “Тийм, тийм дүү минь ярь. Их сайхан дуу шүү дээ. 2015 оны шилдэг дуу болсон. Клип нь ганган болсон шүү” гэж ам амандаа уралдан хэлж, заан руу анхаарлаа хандуулав. Б.Батмөнх “Мөнгөншагай чинь манай Төв аймгийнх ш дээ. Уг нь “Гангараа” клипэнд Санжаадамбыг тоглуулах гэж байсан юм билээ. Тэгээд болоогүй болохоор нь надад санал тавьж “Чамайг л тоглуулмаар байна” гэхээр нь нэг нутаг усны хүмүүс юм чинь нэг нэгэндээ тусалж дэмжилгүй яахав гээд зөвшөөрсөн л дөө. Тэгээд Нөхөрлөлийн сангийн аж ахуй руу явж хоёр хоносон юм. Тэгээд л тоглосон” гэхээр нь “Тэгээд клипэнд тоглох ямар байв” гэлээ. Заан инээснээ “Анх тоглож байгаа болохоор эвгүй л юм билээ” хэмээв. “Гангараа” дууны клипэнд тоглосноос нь хойш аймгийнх нь дуучдаас клипэндээ тоглуулах санал мэр сэр ирүүлэх болсон гэнэ.

А.Ундармаагийн нагац ах Л.Батбилэг “Ёстой гоё клип болсон ш дээ. Батмөнх маань клипэн дээр өөр хүүхэн үнсээд байсан шүү гэж Ундармаад хэлсэн” гэтэл бүгд нэрхийтэл инээлдлээ. А.Ундармаа нөхөртэйгөө хамт клипний зураг авалтад явсан юм байна. Тэгтэл хүүхдүүд нь клипийг дараа нь үзчихээд ээждээ “Ээж ээ, аав өөр хүн үнсээд байна шүү” гэж чихэнд нь хэлсэн гэнэ.

А.Ундармаа Төв аймгийн Баян сумын бүсгүй. Заан гэргийтэйгээ нэг гэрт ороод арван жил болжээ. Бөхчүүдийн хувьд наадам, цагаан сар гэх томоохон хариуцлагатай барилдааны өмнө бэлтгэлд гарчихдаг, харин бусад үед нь гэрээсээ бэлтгэлдээ явдаг болохоор спортын шигшээгийн тамирчдаас ялгаатай. Гэхдээ зургадугаар сарын арвадаар галд гараад наадмаар ирж барилдчихаад хэд хоног гэр орондоо байж, гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч амарна. Тэгчихээд аймаг, сумдын наадмаар явсаар байтал есдүгээр сар гаргачихдаг. Тэр үе л бөхчүүдийн хувьд нэлээд ачаалалтай.

Заан Б.Батмөнхийн баз Г.Базаржав А.Ундармаагийн эгч, нагац нарыг нэг бүрчлэн танилцуулж, хэн нь хэдэн хүүхэдтэй ямар айл байдаг тухай танилцуулж байлаа. А.Ундармаа монгол ахуй, монгол ёс жаягаа их дээдэлнэ. Бурхан тахил, хоймрын шүүгээндээ нарийн нандин бүхнээ залжээ. Нөхрөө барилдаад орж ирэхэд авчирсан хадгийг нь эвхэж, цэгцлэн хоймортоо хураадаг аж. Хадаг буян хураадаг эдийн дээд учир нандигнахаас аргагүй. Анх танилцаад нэг гэрт орсон цагаас л хураасан хадаг нь эвхээстэй. Хадагнуудын доод талын тавиурт зааны өмсч байсан монгол гутал байлаа. Б.Батмөнх уг гутлаа амжилт дуудсан, аз түшсэн хэмээн бэлгэшээж хадгалдаг аж. Хөдөөнөөс оюутан болж орж ирээд л Завханаас ирсэн ангийнхаа Батсүх гэдэг найзынхаа аав, ээжээр урлуулсан анхны гутал нь. Энэ гутлаа аймгийн арслан болтлоо өмсчээ.

Тамирчид хамгийн хэцүү олддог, үнэтэй медаль бол хүрэл медаль гэж ярилцдаг. Харин бөхийн хорхойтнууд гэлтгүй бөхийн гараагаа эхэлж байгаа бөх хүнд аймгийн арслан гэх цол маш их амжилтын бат суурь нь болдог гэлтэй. Заан Б.Батмөнхийн аймгийн арслан болж байсан мөч ч дурсгалтай. Сумынх нь ой, аймгийн наадамтай нь давхцаад сумандаа барилдчихаад Архангайд очиж зодогложээ. Эндээс заан маань эхнэрээ, эхнэрийнхээ ах, эгч хоёрыг дагуулаад очжээ. Өөр таних мэдэх хүн байхгүй, жаахан ганцаардмар болоод эвгүй л санагдаж. Архангайнхан тэр чигээрээ нөгөө тал, Б.Батмөнх ахтайгаа хоёулхнаа. Ах нь дээлнийх нь захыг мушгиастай. Эхнэр нь эгчтэйгээ наадмын талбайн үзэгчдийн дунд далдхан өндөлзөөстэй. Тавын даваанд Ганзоригтой тунаад, зургаагийн даваанд Завханы аймгийн арслан Батжаргалыг давж, долоогийн даваанд улсын начин Адъяабаттай үзүүр түрүүнд үлдэж тахимдах мэхээр давж аймгийн арслан болж байжээ.

2013 оны наадмаар Б.Батмөнх заан Ч.Санжаадамбыг хаяж тэр жилийн наадмын тааврыг эвдэж байлаа. Тэр тухай нь сонирхож “Санжаадамбыг та ямар мэхээр хаяж байлаа” гэж асуулаа. Заан “Зайлаад хавирчихсан. Тэр мэхийг би зааланд хэд хэдэн удаа хийгээд үзчихсэн байсан юм. Гэхдээ тухайн жилийн од гэж байдаг юм уу даа. Тэгэхэд би гурвын даваанд Чулуунбатыг амлаж аваад дөрвийн даваанд Говь-Алтайн Амартүвшин харцагатай, тавын даваанд Содномдорж, зургаагийн даваанд Санжаадамба, долоогийн даваанд улсын арслан Батсуурьтай тунаж байсан ш дээ. Тэгээд л заан болж байлаа” хэмээлээ. Заантай наадам, бөх, мэх ярьж суутал бууз болчихож. Заан чимхэлттэй заан буузнууд. Бөхчүүдийн хувьд өөрийнх нь нэрнээс илүүтэй цолоор нь дууддаг болохоор түүндээ бүр дасчихсан байдаг. Б.Батмөнх одооноос л заан цолондоо дасч, заан гэж дуудахаар эргэж хардаг болсон гэнэ. Өөрөөс нь ганц, хоёр дүү хүмүүс “Заан аа” гэж хүндэтгэнэ. Ах хүмүүс ч ялгаагүй.

А.Ундармаагийн нагац ах, эгч нар бидний яриаг шимтэн сонсонгоо айраг цагаа ууж, зааны яриаг дэмжиж толгой дохино. Хүүхдүүд ч чимээгүй орж ирж яриа чагнах аж. Хүргэн нь заан цол авсан тэр мөчийг хадмууд нь ярина. А.Ундармаагийн нагац эгч Л.Адъяасүрэн “Миний дүү чинь манайхны ганц бахархал байхгүй юу. Заан цол хүртсэн тэр жилийн наадмын нар одоо ч сэтгэлд минь гийдэг юм. Миний дүү ийм сайхан хань ижилтэй болж, өнөр өтгөн айлын гэргий болсонд баярладаг юм. Бид чинь хүргэнээ л харах гэж барилдаан үзнэ шүү дээ. Барилдахыг нь харахаар хийморь сэргээд өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Дүү минь дахиад ахиж дэвшиж, цолоо ахиулна гэдэгт огт эргэлздэггүй юм” гэж сэтгэгдлээ илэрхийллээ. А.Ундармаагийн нагац ах Л.Батбилэгийг ахан дүүс нь Бамбарууш гэдэг багын нэрээр нь дууддаг аж. Бамбарууш ах нь “Заан болдог жил би хөдөө явж байсан юм. Нэг айлд ороод бөх үзлээ. Заан цол хүртсэн тэр жил ч хийморьтой байсан шүү. Тааварт явж байсан, иртэй бяртай бөхчүүдийг дараалан хаяж шуугиулсан даа. Би цол авахыг нь хараад орилж босч ирээд хашгираад сэтгэлээ барьж дийлэхгүй байж билээ” хэмээгээд хүргэндээ хүрэх, авах ёстой цол цаана чинь хүлээж байгаа шүү гэж захилаа.

Нэг хэсэг монгол бөхчүүдийн жудаг алдагдлаа, жудагтай бөх алга боллоо гэж хэн хүнгүй халагладаг байсан. Харин сүүлийн үед тэр байдал бага багаар засагдаж, залуу бөхчүүд жудгаа эрхэмлэж, уламжлалаа илүүтэй дагадаг болсон. Энэ тухай өгүүлсэн “Гарьд магнай” киног баяр наадам, цагаан сараар телевизүүд гаргадаг. Заан ч энэ кинонд дуртай аж. Очир заан Далайцэрэнд хандаж “Одоо болоо юм биш үү” гэхэд нь Далайцэрэн “Би худлаа барилдаж чадахгүй” гэдэг. Мөн өвдөг шороодсон ах аварга нь майханд орж ирээд Далайцэрэнд зодог шуудгаа өгч “Нутгийн чинь уулс чамайг дагаж байгаа шүү” гэж хэлдэг хэсэг нь заанд их таалагддаг гэнэ.

Заан “Үндэсний бөх бол дээр үеэсээ уламжлагдан ирсэн Монголын том өв соёл. Барилдаж байгаа бөхчүүдийг харахад онцгүй зан гаргаж, жудаг алдагдаж байгаа нь харагддаг. Учраа хоёр бөх барилдаад яг зэрэг уналаа гэхэд хэнийх нь хөл гар түрүүлж хүрсэн бэ гэдгийг хоёр бөх мэддэг л байхгүй юу. Тэгтэл тэрийг нь мэдсээр байж улайм цайм уначихаад босч ирээд хэл ам хийдэг. Энэ нь хувь хүний л зан чанар, ухамсартай холбоотой асуудал л даа. Улайм цайм уначихаад янз бүрийн авир гаргах шаардлага байдаг ч юм уу даа. Ер нь тэгээд сайхан бодол, сайн санаатай, зөв юм бодож сайхан барилдчихаад явж байхад бүх юм болно ш дээ” гэж өөрийнхөө бодлоо хэлээд бөх байна гэдэг том хариуцлага, том хүндэтгэл байдаг юм. Түүнийг нь дааж явна гэдэг бүр том зүйл л дээ гэлээ.

Манайхан хөдөө гадаа явж байхад бөх хүн харвал хамаг юмаа барьж гүйж, хамт зураг авахуулж, болбол гэртээ урьж, дайлж цайлах дуртай ард түмэн. Б.Батмөнх зааныг хөдөөгүүр явахад иймэрхүү зүйл их тохиолдоно. Заан заримдаа тэр бүхнээс жаахан санаа зовонгуй байдаг аж. Олуулаа, хамаатан садан, найз нөхөдтэйгөө явж байгаад айлд ороход тэр чигээрээ л зааны тухай, зааны барилдааных нь тухай ярьсаар байгаад л гарна. Бусад хүнийг огт тоохгүй ч байгаа юм шиг. Л.Адъяасүрэн эгч “Бидний хувьд жил жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг гол утга учир нь миний хүргэн байхгүй юу. Манай хүргэн чинь бас их сайхан дуулна аа. “Гангараа” дууг гоё дуулдаг юм. Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг чинь миний дүү байхгүй юу” гэтэл Б.Батмөнх заан “Эгч худлаа хэлж байна. Би сайн чадахгүй ээ” хэмээснээ Хосоогийн “Адуутай намар” дуу чинь миний тоглосон анхны клип байхгүй юу, тэгж байгаад тоглосон клипүүдээрээ цомог гаргана аа гэчихсэн чинь гэрт байсан хүмүүс том багагүй инээлдэж хөгжилдлөө.

Заан маань Ө.Даваабаатар харцагатай гэр бүлийн сайн найзууд, байнга л орж гарна. Батчулуун гээд л ер нь Төв аймгийн бөхчүүдтэйгээ найзалж нөхөрлөнө. Б.Батмөнх “Төв аймгийн бөхчүүлтэйгээ их найзална. Манай аймгийн бөхчүүд чинь коллектив сайтай ш дээ” гэлээ.

Б.Батмөнх зааны аав Ш.Батзориг нь одоо хотод амьдардаг юм. Аав, ээжийнх нь аль нэг талд бөх, барилддаг хүн төдийлөн байгаагүй гэнэ. Ээжийнх нь талын улсууд бахимдуу, чацтай биерхүү хүмүүс байдаг аж. Албан ёсоор барилдаж, улсын цол авсан анхны хүн нь Б.Батмөнх учир үүгээрээ удмынхаа түүхэнд шинэ хуудас нээжээ. Бөхөд хорхойсуулж, бөх болох замыг нь гаргаж өгсөн хүн нь сумынх нь биеийн тамирын багш Т.Алтанхуяг юм байна. Дараа нь Ю.Алтансүх начинд шавь орж Даваабаатар, Батмөнх хоёр УАШТ-д оролцож байжээ. Тэгээд “Шонхор” дээд сургуульд оюутан болж ирээд Баянхонгор аймгийн арслан Р.Дамдин багшийн гар дээр очиж бэлтгэл гээчийг жинхэнэ утгаар нь умалзуулж байжээ. Одоо бол Д.Сэрээтэр багш дээр Төв аймгийн бөхчүүд бэлтгэлээ базаадаг.

Зааных Цагаан сарын баяр, шинэ жилийн баяртаа маш их ач холбогдол өгч, гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэхийг зорьдог. Наадмаар өөрөө ачаалал ихтэй байдаг ч гэр бүлтэйгээ хамт байхыг хичээнэ. Наадмаар 11-ний өглөө галаас ирээд барилдчихаад орой нь буцаад явчихна. Тэгээд 12-ны өглөө нь буцаад ирчихнэ. Чимээгүй газарт бэлтгэл хийж төвлөрчихсөн байдаг болохоор гэртээ ирвэл хүүхдүүдийн дуу чимээнд сайн амарч чаддаггүй аж. Тийм болохоор барилдаанаа дуусгаж байж гэртээ ирж гэрийнхэнтэйгээ амарна.

Улсын наадам дуусгав уу үгүй юу бөхчүүд хөдөөгүүр яваад тэгш ойтой сумдын наадмаар хэсчихдэг. Өнгөрсөн зун аймгийн арслан О.Хангай Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 90 жилийн түрүүг авчихаад нөгөөдөр нь байх аа, бас нэг наадмын түрүүг аваад мотоцикль хөлөглөчихсөн шүү дээ гэвэл “Жинхэнэ сизон нь байхгүй юу. Жинхэнэ үндсэн ажлаа хийнэ ш дээ, бид чинь тэр үеэр” гэвэл дахиад бүгд нирхийтэл инээлдлээ.

Зодог шуудаг, дээл гутлаа тусгай оёдолчноор оёулдаг гэнэ. Одоогоор заан маань зургаа, долоон дээлтэй юм байна. Зарим жил ямар өнгийн дээл өмсөх вэ гэдгээ ламаар үзүүлнэ. Эсвэл өөртөө таалагдсан, ээлтэй санагдсан өнгөөрөө дээлээ оёулдаг аж. Зодог шуудгийг тухай бүрт нь хөлсийг нь сайн хатааж эврээж байхгүй бол хурдан элэгдчихдэг гэнэ. Хөлстэй нь удаахгүй, дор нь хатаагаад байвал нэг зодог шуудгийг гурав орчим жил өмсчихнө.

Л.Адъяасүрэн эгч “Манай Ундармаа чинь мисс байхгүй юу. Ээж нь Дарханы Драмын театрт дуучнаар ажиллаж байсан Л.Адъяа гэж сайхан бүсгүй байсан юм. Тэр үед Монголын урлагийн нүүр царай болсон сайхан бүсгүйчүүлтэй сугадалцаад л урлагийг сурталчлаад явдаг байсан бүсгүй байлаа. 1970-аад онд шуугиулж л явсан хүн л дээ, миний эгч. Манай эгч чинь кинонд хүртэл дүрээ мөнхлөөд байсан юм шүү дээ” гэлээ. А.Ундармаа цай чанаж, зочдын гарыг цайлгах том ажлын хажуугаар отгон охиноо хөхүүлнэ. Наагуур цаагуур орж ирсэн хүмүүсийг ая тухтай байлгах гэж эзэгтэйнхээ үүргийг биелүүлнэ. Түүнтэй нөгөө өрөөнд нь орж жаал зугаа хөөрөлдөв. Гэрт бужигнах хүүхдүүдийг тоолбол 16, 17 хүргээд алдчихав. Гүйж харайж, бужигнаад тавтай тоолох ч боломжгүй.

А.Ундармаа гоо сайханч мэргэжилтэй юм байна. Наадам дөхөхөөр өглөө эрт босч цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа, ханийнхаа нутгийн уул хайрхдын зүгт өргөж, ар гэртээ санаа зовохгүй байх тал дээр нь хамаг анхаарлаа хандуулна. Тэгээд 11-нд барилдаан эхлэхийг хараад хоолойд нь юм тээглэчихсэн юм шиг нэг л хэцүү санагдана. 12-нд хариуцлагатай даваанууд эхлэхээр бүр хэцүүдэж гэртээ сууж чадахгүй, зурагтаар барилдааныг нь үзэж төвдөлгүй орж гарч хүүхдүүдээсээ “Аав нь яаж байна” гэж асууж зул барьж, хүрд эргүүлнэ. Зүрх сэтгэл нь тогтохгүй, давах тоолонд нь балкон дээрээ гарч сүү, дээжээ өргөнө. Түүний хувьд наадмын барилдааны хоёр өдөр иймэрхүү л өнгөтэй, төрхтэй өнгөрнө.

А.Ундармаа “Миний хань чинь заан болдог жилдээ их өнгөтэй, одтой байсан юм. Бөхийн өргөөний барилдаануудад ч сайн байсан. Тэр жил би хөл хүнд байсан. Охиноо заан цол дагуулсан охин гэж их бэлгэшээдэг юм. Миний хань одтой байсан юм, тэр жил. Тав л давчих юм бол миний хань цааш явна даа гэж дотроо бодож байсан. Тэгтэл яг хүссэнээр болсон шүү. Цолоо ахиулчихаад гэрийнхээ хаалгаар гэгээ татуулаад л инээмсэглээд орж ирэхэд өөрийн эрхгүй нүднээс нулимс гараад өнөө зангираад байсан юм алга болчихсон. Их гоё ш дээ. Монгол бөх хүний гэргий байна гэдэг чинь их сайхан. Ханьдаа маш их хайртай шүү. Монгол ёс жудгаа хадгалж, монгол гэсэн бүхнээ дээдэлдэг бөх хүний гэргий болсондоо баярладаг” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм.

А.Ундармаа аймгийн төвд өсчээ. Эхээс гурвуулаа, эгч нь гадаадад олон жил болж байгаад өнөө жил эх орондоо ирсэн байна. Харин ах нь нутагтаа гэр бүл зохиож, ээжтэйгээ хамт амьдардаг аж. Багаасаа л ах дүүсийнхээ хүүхдүүдтэй тоглож, бужигнаж өссөн болохоор өнөр өтгөн олуулаа байхыг хүсдэг аж. Б.Батмөнх ч эхээс хоёул учир олон хүүхэд бужигнаж байхад дуртай гэнэ. Ирэх зургадугаар сард Алдарт эхийн хоёрдугаар одонгоо аваад цаашдаа нэгдүгээр одонг нь авна гэж бодож байгаагаа нуусангүй. “Бүсгүй хүн бүр хань ижлээ хайрлаж дээдэлж, хүндэлж явбал айл гэрийн ноён нуруу, өнгө төрх түүгээр тодорхойлогддог гэж боддог. Хань ижлээ хайрлаж, үр хүүхдээ сайхан өсгөөд явахад айл гэрийн ноён нуруу дээш өөдөө байдаг юм болов уу гэж боддог юм” гэж хэллээ.

Заан Б.Батмөнх хүн өөрийг нь гэсэн сэтгэлтэй, өөрт нь тусалж байсан хүмүүсийг ерөөсөө мартаж болохгүй. Сайхан сэтгэлтэй, зөв бодолтой явахад аяндаа бүх юм бүтээд эхэлдэг юм. Би энэ дашрамд надад бөхийн эрдэм заасан Алтанхуяг, Дамдин, Алтансүх, Сэрээтэр багш нартаа баярлаж явдгаа хэлье. Мөн намайг үргэлж дэмждэг ахан дүүс, нутгийн зон олон, найз нөхөд бүх хүмүүстээ мөн “Голден хаммер” компани болон “Аврагч” спорт хорооныхондоо Сар шинийн мэнд дэвшүүлье гэв. Зааны гар утас тасралтгүй дуугарч, утасны цаанаас найз нөхөд нь хүүхдүүдтэйгээ манайд хүрээд ир гэж урьж байгаа дуулдав.

Ийнхүү монголчуудын ёс бэлгэдлийн аугаа баяр сар шинийн дөрвөний ерөөл, бэлгэ дэмбэрэлтэй өдөр Монгол Улсын заан Б.Батмөнхийн өнөр өтгөн гэр бүлээс бэлтгэсэн нийтлэлээ энд хүргээд жаргааж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Очирбат: Дээгүүрээ эв эеэ хичээн, биенээ хүндэтгэж, улс орныхоо төлөө хамтран хүчин зүтгэх хэрэгтэй

Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өчигдөр ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын Тамгын газар Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 65 ахмадтай юм байна. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ, түүний Тамгын газарт ажиллан, төр түмнийхээ төлөө олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлээд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлсэн юм.

Энэ үеэр МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбатаас цөөн асуултад хариулт авлаа. Тэрээр 1993-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм. Түүний улс эх орныхоо, хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол хүртээж байсан юм.

Ирж буй жилийн өнгийг та хэр байна гэж бодож байна?

-Гарч байгаа бичин жилийг сайхан жил болно гэж бодож байна. Зурхайч нарын сонин хэвлэлд өгч байгаа ярилцлагуудыг үзэж байхад муугүй жил болох нь бололтой. Улирч байгаа жил сайхан болж өнгөрлөө. Цаг агаарын хувьд жаахан цастай, зарим аймаг зудархуу байгаа юм байна. Гэлээ ч гэсэн өдөр уртасчихсан, дулаарах цаг ирээд байна. Цаг агаарын хувьд өнгөрсөн жил сайхан байлаа, ирж байгаа жил ч муугүй болно гэж бодож байна.

Та төр түшилцэж явсан хүний хувьд өнөөдрийн манай улс төрийн байдлыг хэрхэн харж явдаг вэ?

-Улс нийгмийн хувьд яахав явж л байна, хөдөлцгөөж л байна. Манай энэ төр засаг, дээгүүрээ эв эеэ хичээсэн, харилцан ярилцаж ойлголцсон, зөвшилцсөн, бие биенээ хүндэтгэсэн ийм маягаар улс орныхоо хувь заяаны асуудлын төлөө хамтран хүчин зүтгэх хэрэгтэй юм гэж бодож байна. Тэгэх юм бол Монголын бүх юм бүтнэ, үйлс нь бүтнэ. Манайхан ч бас хувь заяатай ард түмэн шүү дээ.

-2016 онд манай улс төрийн амьдрал нэлээд өрнүүн, олон үйл явдалтай байх нь. Хүмүүс сонгууль ямар болж өнгөрөх бол гэж одооноос анхаарал хандуулж байна?

-Сонгуулийн хууль нь батлагдчихлаа. Сонгуульд оролцох улс төрийн бүх нам тэр хуулиа баримтлаад, сонгогч олон түмэн маань шударга, шулуун, хамгийн шилдэг сайн, үнэнч, зарчимч, үг ажил хоёр нь зөрдөггүй ийм улсуудыг төрийнхөө эрх барих дээд байгууллагад сонгоосой гэж бодож байна. Засаг төр маань тэгээд тогтох байлгүй дээ.

Сүүлийн үед манай улс төрийн амьдрал нэлээд бужигнаантай байлаа. Хамгийн сүүлд л гэхэд МАХНын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбатай холбоотой асуудал шуугиан тарилаа?

-Өнөөдөртөө тийм нарийн юм руу орж яриад хэрэггүй байх. Сар шинэ болж байна. Монгол хүн амны бэлгээр шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын ёс бэлгэдлийн аугаа их баяр Цагаан сар морилон ирлээ

Монголчууд бид аливаа зүйлийг үргэлж сайнаар ерөөн, ирж буй бүхнийг сайхан, дулаан сэтгэлээр угтаж, нөмөр нөөлөгтэй үгсээр мэхийн хүндэтгэн авдаг ёс билгэдлийн ард түмэн билээ. Ямар нэг юмны сайн, муу болохын бэлгэ тэмдгийг ёр гэцгээдэг. Энэ үүднээс манай ард түмэн алив зүйлийг эртнээс сайнаар ёрловол тухайн үйл хэргийнх, нь хойшдын бүтэл зөв зам руугаа ордог гэж үзэж, өдөр тутмын амьдрал ахуйдаа үргэлжид сайныг ёрлон ярьж, бэлгэддэг. Тэр бүх бэлгэдлийнх нь охь манлай нь Цагаан сарын баяр юм.

Монголчууд эрт дээр үеэс Цагаан сарын баяраа элбэг, дэлбэг, өнгөтэй өөдрөг, сайн сайхан бүхнийг бэлгэшээн, муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж, намрын цагт цагаан идээний баяр хэмээн тэмдэглэж ирсэн гэдэг. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад Цагаан сарын баярыг хаврын эхэн сард, мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч эхлэх үеэр тэмдэглэвэл зохино хэмээн зарлиг буулгасан талаар түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Тухайн үед Монгол орноор аялсан алдарт аялагч Марко Поло монголчуудыг Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар бичиж үлдээсэн нь сонин. Монголчууд тэр цагт цагаан сарын баяраар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг барьж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл нь байсныг алдарт аялагч анзаарсан байдаг. Ингэхээр бид энэ ёс, ёр, бэлгэдэл гэдэг зүйлийг бүр эрт үеэсээ, өвөг дээдсээсээ уламжлан ирсэн гэдэг нь тодорхой.

Шинийн нэгний өглөө эртлэн босч, шинэ дээл хувцсаа өмсчихөөд аав, ижийдээ золгохоор гэрээсээ гарахад өчигдөрхөн хацар хайрч байсан жавар үгүй болсон мэт, салхины үзүүр цаанаа л нэг уярчихсан, цээж дүүрэн амьсгалахад урин цагийн агаар салхи мэдрэгддэг билээ. Ямар ч зудтай жилийн шинийн нэгний өглөө тийм л байдаг. Уулсын цаанаас мандаж байгаа нарны элч улам ч хурц, туяа нь бүр л тод болсон мэт санагдаж, алсын барааг хараа гүйлгэн сараавчилж, айсуй цаг сайхан шүү хэмээн сэтгэлээ чагнадаг. Дэлгэсэн хадаг мэт цэлмэг тэнгэр бахдал төрүүлж, ер нь бүх юм сэрж, сэргэж байгаа нь анзаарагддаг. Гэрт ороход өвөө, эмээгийн нүднээс жаргал харагдаж, аядуу үгс бүхэн нь сургаал, бэлгэ дэмбэрэлтэй ерөөл болон ирж, гэрт гадаагүй бүгд баяр хөөртэй байдаг сан.

Золгосон бүхэн нүүрэндээ баяр тодруулж, уулзсан хүн бүрийн царайд жаргал, инээмсэглэл оршиж, хаашаа л харна инээд алдсан хүмүүс л болчихдог. Урин цаг ирж, онд мэнд орлоо гэдэг нь энэ л дээ.

Цагаан сарын баярын өмнө монголчууд эд агуурс, гэр орон, хашаа хороогоо цэмцийлгэн цэвэрлэж, шинэ дээл, хувцас зэхдэг. Шинийн нэгний өглөө цэвэрхэн, шинэ дээлээрээ гангарч, авдрын буландаа хадгалдаг сайхан өмсгөл зүүсгэлээ гаргаж ирж гоёдог. Энэ өдөр муу муухай үг хэлэх нь бүү хэл хүн рүү муухай харж болохгүй хэмээн ахан дүүс, үр хүүхэдтэйгээ найрсаг харилцаж, орж гарсан болгоныг дайлж, цайлан гарахад нь бэлэг өгдөг.

Энэ өдөр архи сархад хэтрүүлэн хэрэглэж, нар жаргасан хойно айл хэсч, энгэр заамаа задгайлж, хайш яйш хувцаслан хэдэр ядар гэж байгаа хүнийг ахмад настнууд зэмлэдэг учир залуус нь ийм явахыг цээрлэж, ахмадуудынхаа сургаалыг тогтон сууж ухаарч, дуулсан бүхнээ багачуулдаа дамжуулж сургамжилдаг заншилтай. Шинийн нэгний өглөө, Цагаан сарын баяраар элдэв бэлгэгүй үг яриа дэлгэж, хэн нэгэнтэй ам мурийвал тэр жилдээ ажил үйлс нь бүтэлгүйтнэ гэж үздэг учир хэрэлдэх, муудалцах шалтаг гарсан ч түүнийг эс тоон тэвчих нь олон жаргалын үүд хэмээдэг билээ.

Радиогоор энх сайхан цаг ирж байгаа тухай, мөн Монгол орны байгалийн сайхныг бахадсан дуу хуур эгшиглэж, телевизээр дууны концертууд, хуучны уран сайхны кинонууд тасралтгүй гарч яагаад ч юм хүн бүхэн яарч тэвдэхээ больж, ахан дүүсээрээ хөөр баяртай, хөгжилтэй зүйлс ярьцгаадаг. Хүүхдүүд томчуулын энэ өег гоё харилцааг гайхан тэдэн шиг байхыг эрмэлзэж, энгийн үед гүйж харайдаг зангаа энэ өдрүүдэд өөрийн мэдэлгүй гээчихдэг. Монголчууд бид Цагаан сарын цагаахан өдрүүдээр ийм л байж, тэр өдрүүдийн өнгө төрхийг бүтэн жилийн турш үргэлжилнэ гэдэгт итгэдэг билээ.

Монголчуудын ёс бэлгэдлийн аугаа их баяр Цагаан сар морилон ирж байна. Цагаан сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд монгол хүн бүр баяртаа бэлдэж, хот хөдөөгүй л хөл хөдөлгөөнтэй байна. Битүүний урд өдрүүдэд амралтын өдөр таарсан учир залуус хөдөө амьдран суугаа аав, ээжийгээ зорьж, хүлгийн жолоо татаж байна. Гар утасныхаа дуудлаган дээр цагаан сарын сэдэвтэй ардын дуу эгшиглүүлж, ганган төмөр хүлгүүдээ арчиж зүлгэж, хаана ч очсон нийтийн дууны хитүүд эгшиглээд сайхан л байна.

Жилийн дөрвөн улирал, 365 хоногийн турш манай сониныг шимтэн уншиж, бидний бэлдсэн мэдээ мэдээлэл, олон сонирхолтой нийтлэл, сурвалжлагуудыг алгасалгүй хүлээж суудаг уншигч та бүхэн минь,

Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр

Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр

XVII жарны Гал бичин жилдээ

Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлж,

Юу санасан

Есөн цагаан хүсэл тань

Сэтгэлчлэн бvтэж

Хамаг бурхад авран нигүүлсч

Хотол тvмнээрээ амгалан жаргаж

Даага далантай

Бяруу булчинтай

Тором бөхтэй

Хурган хонь хуруу өөхтэй

Төлгөн хонь төө өөхтэй

Хүү хүчтэй

Хүүхэн зүстэй

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд адлагдсан болгоныг гадныхан булаалдах юм

Монголд бүтэхгүй, болохгүй гэж газрын гаваар ортлоо муулуулж хөөгдсөн юм болгон гадаадад гараад үнэд орох юм. Угтаа муу юмыг гаргаж хөөсөн бол тэр нь муугаараа байх атал эсрэгээрээ байгаа жишээ олон. Францын “Арева” групп Монголд орж ирж ураны хайгуул, олборлолтод техникийн дэмжлэг үзүүлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Ингэхийн тулд олон тэрбумын хөрөнгө оруулалтыг зарцуулсан байдаг. XX зууны эхний хагаст хүн төрөлхтөн атомын хүчийг бүрэн эзэмшиж, цөмийн хүч, цөмийн зэвсэгтэй болчихсон. Цөмийн хүчийг ашиглаж байгаа орнууд л хүчтэйд тооцогдож, цахилгааны хомсдолын асуудлаасаа гарч байна. Монголчууд алт, зэс, нүүрсээрээ дэлхийд тодорч байсан бол цөмийн энерги, шар нунтгаараа гарч ирэх боломж байсан. Дэлхийн томоохон улсууд атомын цахилгаан станцыг олноор барьж ашиглалтад оруулж байхад Монгол оронд атомын ганц станц байгуулчихад гэмгүй гэсэн санал гарахад элдвээр хараан доромжилж “Биднийг дэлбэлэх нь. Хордуулж алахыг санаархаж байна” гэж муйхарласан. Цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллая, Монголыг улс шиг улс болгоод өгье гэж АНУ, Франц, Япон зэрэг улсаас бидэнд санал тавьсан ч бүгдээс нь татгалзсан.

Манайд арав гаруй жил хөрөнгө оруулж, Азидаа хоёрт ордог Дорнодын Гурван булгийн ураны ордоор чинь дамжуулаад ураны салбарыг чинь хөгжүүлээд өгье гэж уйгагүй зүтгэсэн “Арева” группийг харин ч юман чинээ бодолгүй элдэвлэдэг. Захын нэг малчны хотонд хурга үхвэл “Ураны нунтгаас боллоо. “Арева” буруутай” гэж нүд үзүүрлэх нь элбэг. Гэтэл монголчуудын адлаад байгаа “Арева”-г Энэтхэг улс урьж нутагтаа оруулсан. Дэлхийд Хятад, Энэтхэг хоёр атомын цахилгаан станцын гол захиалагч гэгддэг. Энэтхэгчүүд “16 энергоблок бүхий атомын цахилгаан станц гурвыг бариулъя” гэхэд “Арева” хүлээн авч барууны, байгаль экологид ямар нэг хор хөнөөлгүй өндөр технологиор станциудыг барьж өгч байна. Мөн Хятад, Франц, Энэтхэг, Финланд, Казахстан зэрэг улсад байгаль болоод хүний биед ямар ч хөнөөлгүй технологийг ашиглан атомын цахилгаан станц барьсаар л буй.

Монголчуудын хувьд ямар нэгэн судалгаагүй, явцуу мэдээллийн хар гайгаар ингэж боломжийг алдсан тохиолдол зөндөө. Гадныхны найр тавин угтдаг компаниудыг манайхан ташуур далайн айлгадаг нь ямар ёсон юм бол.

Уул уурхайн салбарын тэргүүлэгч “BHP Billiton” компани манайд орж ирсэн ч монголчууд өнөөх тооцоо судалгаагүй, алс ирээдүйг хардаггүй өөнтөгч зангаараа хөөчихсөн. “BHP Биллитон”-ыг Таван толгойд битгий оруул”, “Дэлхийд нэр нүүргүй, луйварчин компани”, “Монгол орны баялгийг цөлмөх гэж байна” гэж олон сарын турш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиж хавчсан. Тэднийг өөр улс орнууд цаана нь “Нааш ир” гэж урьж залдаг юм чинь бидэнтэй нэг их зууралдаагүй. Тус компани Хойд Америкийн газрын тос, байгалийн хийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, өөр улс орнуудад ч салбараа нээсээр байна.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Америкийн “Пибоди Энержи” Австралийн зүүн хойд хэсэгт орших Квинсленд мужид найм, зүүн хэсэгт орших Шинэ өмнөд Уэльс мужид нүүрсний гурван орд эзэмшдэг том компани. Уг компани Таван толгойн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн ч тэднийг мөн л элдвээр хэмлэж, хазсан. Уг компани Таван толгойн сонгон шалгаруулалтад шалгараагүйгээс үүдэж Мянганы сорилтын сан Монголд үзүүлэх дэмжлэгээ зогсоохоор болсон талаарх мэдээ сэлт тухайн үед түгж байсан билээ. Энэ мэтээр гадны томоохон хөрөнгө оруулагчдыг үргээж, холдуулдаг гэм биш зантай болоод удаж байна, монголчууд. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргалаа гээд бидний юу өөрчлөгдөв. Ажилгүйчүүд, ядуу иргэдийн тоо нэмэгдэж, ам.долларын ханшийг хазаарлаж чадахаа байсан. Дэлхийн нэртэй эдийн засагч, бизнесмэнүүдийн дунд Монгол Улс “Гадны хөрөнгө оруулагчдад халтай орон” гэгддэг шошготой болоодохсон.

Монголд л алт, зэс, нүүрс, уран байдаг юм шиг загнаж, гадныхныг шилбүүрддэг. Газрын хөрсөн дороо баялагтай улс нь зөвхөн Монгол биш юм байна гэдгийг эдийн засаг хямарч, бүх юмны ирээдүй бүрхэг болоод ирэх энэ цагт л сая ухаарав бололтой. Ер нь аливаа зүйлд хэн нэгнийг дагаж хуйлардаг, гадны хөрөнгө оруулагчдыг боохой үзсэн мэт жигшдэг энэ байдлаа даруй засч, аливаад шинжлэх ухаанч үүднээс ханддаг болохгүй бол бид нүүрсээ түлж, тог цахилгаанаараа аль нэг улсаас хараат суусаар л байх болно.

Хөөж гаргахыг хичээж, нүүр буруулж байгаа компани, группуудыг нэг хар. Монголоос явлаа гээд тэд хоосорсонгүй, харин ч үйл ажиллагаа нь цэцэглэж. Харин гадныхныг хөөж гаргасан бид хямралаас өөр ярих сэдэвгүй л байж байна. Гадныхан өөрсдөө гүйгээд ирдэггүй. Тэднийг манай мундаг бизнесмэн, улстөрчид, эрдэмтэн судлаачид даллан дуудаж эх орондоо хөрөнгө оруулаач хэмээн хүсэлт тавьдаг. Ядаж л Монголын тэдгээр сэхээтнүүдийнхээ нэр нүүр, арыг нь бодож сурах хэрэгтэй. Бидний адлан хөөж туудаг юм болгоныг гадныхан шүүрэн авч, алтан боломж хэмээн булаалдаж байна, цаана чинь.