Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаантүнгийн бэхэн цэнхэр өдрүүд DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын найман жилийн дунд сургуульд 1968-1976 онд суралцаж төгссөн наймын “А” ангийнхны тухай өгүүлье.

Эх орны алс баруун хязгаар нутгийн Найман жилийн дунд сургууль гэдэг тухайн үедээ номын үрийг хөдөөнийхөнд түгээдэг, ардын хүүхдийг номд шамдуулж, ертөнцийг тольдуулдаг оюуны том өргөө байвай. Алтанцөгц сумын төв Жинст хар уулын ар, Ховд голын урд байрладаг Цагаантүнгэ хэмээх үзэсгэлэнт хөндийд байршдаг. Сумын хажуугаар Хавцлын гол нүргэлэн түргэлэн урсана. Голын хөвөөгөөр дэрс, харганаас эхлүүлээд чацарганын мод багсайтал ургана. Цагаантүнгийн хөндийг анхлан харсан хүмүүн “Энэ сүрлэг хайрхадтай газар ийм сайхан төгөл модод байна гэж хэн санах вэ дээ” хэмээн шогширдог юм. Сумын төвөөс Цамбагарав хайрхны зулай цайран харагддаг билээ л.

Намар есдүгээр сард голын хөндий тэр аяараа улбартан шаргалтана. Чацарганын модод жимсээ даалгүй бөхийдөг авай. Хүүхдүүд хуруу гараа өргөсөнд нь хатгуулан байж улаарч, боловсорсон чацарганыг тагнайгаа цоортол иднэ дээ. Цагаантүнгийн намар ийм.

Сумын төв нь нүүдлийн. Зун болохоор Цагаантүнгэд амьд амьтан тогтохын аргагүй халж, шумуул элсээр шуурч байгаа мэт л шуугидаг болохоор сумын төвийг урин цагт Цамбагарав хайрхнаа бараадуулж, Эрэгт гол өгсүүлж Хоёр толгойд нүүлгэнэ. Тэгээд намар наймдугаар сарын сүүлээр хичээл эхлэх цагаар буцаад Цагаантүнгэ рүү ирцгээнэ. Ачааны машины тэвшин дээр тавилга, эд бараа, хүүхэд шуухад гэлтгүй бүгдийг ачааллаад Цагаантүнгэд бууна. Одоо ч тус сум нүүсэн хэвээрээ.

1968 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сумын сургуульд жар гаруй хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлжээ. Монгол, хасаг хүүхдүүд тус тусдаа ангидаа сурна. Нэгийн “А” бүлэг нь монгол. Уг бүлэгт 46 хүүхэд бүртгүүлжээ. Нэг ангид 46 хүүхэд багтахгүй гээд хоёр бүлэг болгон хуваасан байна. Ингээд тэр жил сумын сургууль нэгдүгээр ангийн гурван бүлэгтэйгээр хичээлээ эхлүүлж.

Нэгийн “А” бүлгийн багш нь Ч.Баатар. Дэндүү эелдэг зөөлөн зантай, хүүхдүүдийг ердөө аашилдаггүй өндөр нуруутай Ч.Баатар багшид хүн бүр элгэмсэг хандана.

Олон жил ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулсан түүнийг сумынхан нь хүндэтгэнэ. Нэг айлын ууган хүүхдээс отгон хүүхэд хүртэл нь бүгд Ч.Баатар багшаар хичээл заалгадаг байсан болохоор тэгэхээс ч аргагүй. Шавь нар нь “Багш маань гавьяатын тэмдэг зүүх л багш байсан даа” хэмээн одоо ч ярьцгаана.

Есдүгээр сарын 10 гэхэд сумын иргэд ирж, нүүдэл суудал татарна. Тэр хүртэл сурагчид сургуулийн байр багтаамж муутай болохоор сумын Улаан булан, Артелийн Улаан буланд түр амьдарна. Шалаар нь нэлэнхүйд нь эсгий дэвсчихнэ. Сурагчид эсгийн дээрээ хэвтэж, унтана. Гал тогооноос хоол өгөхөөр газарт хэвтэж байгаад хооллоно. Өөр яалтай билээ. Ширээ сандал гэж юм үгүй. Эхний хэдэн өдөр гэр орноосоо авчирсан ааруул, боов боорцгоо идэж гэдэс цатгалан байх ч дараагийн өдрүүдээс нь өлсч эхэлнэ. Сургууль, сумын ногооны талбай руу нууцаар орж лууван, манжин хулгайлж иднэ. Сумын сургуулийн хүүхдүүд бүгд л ийм үеийг туулжээ. Наймын “А” ангийнхан ч ингэж лууван, манжин хулгайгаар идэж гэдэс гардаг байснаа одоо хуучилж, хүүхэд насныхаа хөгтэй явдлуудыг дэлгэж байна.

Ангийн дарга гэдэг тэр үедээ ангийн багшийн дараа ордог чухал хүн. Хөмсөг зангидсан, чангахан дуутай, хүнд шаардлага тавьж чаддаг мундаг хүүхдийг ангийн даргаар сонгоно. Нэгийн “А” ангийн даргаар Ж.Чулуунцэцэгийг сонгожээ. Сурлага сайтай, багш нарын итгэлийг олсон Ж.Чулуунцэцэг буюу Чукагаас ангийн хөвгүүд нь эмээнэ. Үймүүлж сахилгагүйтдэг сурагчдыг багшийн указкаар зодно. Тэр үед ангийн даргаа бусад сурагчид нь багшаасаа дутахгүй хүндэлж, айдаг байж. Чука нэлээд ширүүн, шулуун зантай охин байсан болохоор ангийн сахилгагүй Х.Даваажав, Н.Давхардаваа, Х.Баатар, Г.Дүгэрсүрэн нарын хөвгүүдээ указкаар гөвж л явж. Ангийнх нь хөвгүүд “Манай Чука ч ширүүхэн дарга байсан шүү. Нуруун дундуураа гөвүүлж л явлаа. Ангийн даргаасаа нэг жавтий хүртчихээр нэг хэсэгтээ л томоотой суудаг байсан сан” гэж дурсан ярьж “Дарга хүн чинь даргаараа л байдаг юм билээ. Манай Чука одоо ч гэсэн удирдах албан тушаал хашиж яваа шүү дээ” гэж байлаа. Гуравдугаар ангид орох жил хүүхдүүд цөөрч 32-уулаа болсон учир сургуулийн захиргаанаас монгол хоёр бүлгийг нэгтгээд нэг анги болгожээ.

Дөрөвдүгээр ангиа төгсөөд бүгд пионер болж улаан галстук нэр төртэйгөөр зангидна. Пионер болно гэдэг сурагч хүний том бахархал, пионерийн эгнээнд орно гэдэг нэр хүндтэй явдал. Бүгдээрээ пионер болж бөмбөрийн дуунд жагсч явсан тэр мөч амьдралынх нь баяр жаргалтай мөчүүдийн нэг байжээ. Пионер болно гэдэг нь өөрсдийгөө том болж, том ангийн ах эгч нар болсонд тооцох цаг ирснийг нотолно. Ангиараа пионер болчихоод улаан галстукаа намируулан уралдаж гүйлдэнэ.

Тавдугаар ангиас Б.Отгонбаяр ангийн дарга болжээ. Чукаг бодвол арай л зөөлөн. Ангийн хөвгүүд нь пионер болчихсон болохоор урьдынх шигээ айхавтар үймүүлж анги танхимдаа ноцолдож тоос босгохоо байжээ.

Хичээлээ тараад Ховд голын мөсөн дээр очиж гулгана. Хөдсөн дээл, эсгий гуталтай, улаа бутарсан хацартай жаалууд хөлсөө гартал тоглоцгооно. Эсгий гутлынхаа уланд тэшүүр болчихмоор юу ч байсан хамаагүй бэхэлж байгаад л тэшнэ. Гэхдээ сумын төвд айлууд хүүхдүүдээ бараадаад нүүгээд ирчихдэг болохоор тэгж их сул чөлөөтэй тоглоод байхгүй. Хичээлээ тараад гэр гэр рүүгээ гүйлдэнэ. Гэр орныхоо ажилд тусалж, эцэг эхдээ дэм болох нь хөдөөний хүүхдүүдийн багаасаа хийж ирсэн ажил. Ус зөөж, түлээ оруулж, хоол цайгаа бэлтгэнэ. Оройны хоолоо идсэний дараа сая зав гарч хоймрын ширээн дээрх лаа руу дөхөж гэрийн даалгавраа хийнэ.

Өвлийн улиралд сургууль дээр хичээллэнэ гэдэг хүндхэн даваа. Ангидаа пийшин галлана. Тухайн өдрийн жижүүр хүүхэд ангийнхнаасаа түрүүлж ирж сургуулийн гадаа овоолсон бургас, улиас, хуснаас хормойлон авчраад пийшингээ галлана. Анги танхим дөнгөж бүлээцэж эхлэхэд сурагчид уван цуван ирнэ. Хүүхдүүд нэхий дээлнийхээ өвөрт бэхээ өвөртөлчихсөн ирцгээдэг байж. Тэр үед одооны тосон бал, үзгэн бал гэж байсан биш. Бэхэнд дүрж бичдэг үзэгтэй. Бэх нь хэрвээ царцаад хөлдчихвөл гарахгүй. Тийм болохоор бүгд бэхээ өвөртөлнө. Хичээлээ хийж суухад бэхээ царцаахгүй гэж халуун амьсгаагаараа төөнөж бүлээцүүлнэ. Ширээ сандал, дээлний энгэр, хормой, хуруу, гар нь бэхэн цэнхэр өнгөөр будагдчихна. Зарим нэг бүтэлгүй нь нүүр, амаа цэнхэртүүлчихээд ангийнхнаа инээлгэнэ.

Ийнхүү Хавцлын голын жаварт хацраа хайруулан байж бэхээ өвөртөлсөөр наймын “А” ангийнхан 1976 оны хавартай золгож. Ангийн ихэнх хүүхэд үргэлжлүүлэн сурахаар аймгийн төв рүү явсан бол үлдсэн нь ТМС-ийн хуваарь авч, амьдралын зам мөрөө хөөцгөөжээ.

Ингээд зургаан жилийн дараа ангийнх нь хөвгүүд цэргээс халагдаж ирсний дараахан ангийнхнаараа уулзсан бол түүнээс хойш 31 жилийн дараа буюу 2014 онд Улаанбаатарт удаахь уулзалтаа хийжээ. Уг уулзалтад Д.Дүгэрсүрэн, Л.Дуламсүрэн, Б.Ичинхорлоо, Ё.Мөнхжаргал, Г.Болдхаан, Б.Цэндээ, Н.Давхардаваа, М.Батжаргал, Н.Ичинхорлоо, Ц.Дармаа, Г.Мягмаржав, Б.Батнасан, Т.Туяа, Ц.Цэрмаа, Ц.Цэрэнханд, Ж.Чулуунцэцэг гээд хорь орчим хүүхэд цугласан байна.

Эдний ангийнхан барилга, авто зам, санхүү эдийн засаг, эрчим хүч, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гээд бүтээн байгуулалтын бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж одоо эхнээсээ гавьяаныхаа амралтад гарч төрөлх Алтанцөгц сум, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Төв аймаг, Налайх дүүрэгт амьдран сууна. Өнгөрсөн зун Алтанцөгц сумын 90 жилийн ойн баяр наадмаар ангийн нөхөд цугласан бөгөөд тэр үеэр дараагийн уулзалтаа энэ Цагаан сарын баярын дараа шинийн наймны ерөөлтэй өдөр хэмээн товложээ.

Тэртээ тавиад жилийн өмнө Алтанцөгц сумын дунд сургуулийн босгыг хамтдаа алхан орсон нэг ангийнхан Цагаантүнгийн бэхэн цэнхэр өдрүүдээ санагалзан уулзалтын товоо бусдадаа дуулгаж “Хаврын тэргүүн сарын шинийн найманд уулзацгаая. Фэйсбүүкээс ангийнхнаа хайгаарай” гэснийг уламжилъя.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармаг, I хорооллыг холбох гүүр ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад орно DNN.mn

Яармаг, I хорооллыг холбох гүүрийн ажил 36 хувьтай явж байна. Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийн энэхүү ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд ирэх жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа гүйцэтгэгчид нь ярьж байлаа. Өчигдөр гүүрийн ажлын явцыг сонирхохоор барилгын талбайд буюу Туул гол дээр очсон юм. Энэ төслийн гүйцэтгэгчээр “Мотор сервис”, “Тэргүүн саруул зам”, “Туулын гүүр далай” ХХК-иуд ажиллаж байна. Нэгдүгээр хэсэг буюу гүүрний барилгын ажлыг Яармаг талаас “Мотор сервис”, нэгдүгээр хороолол талаас “Тэргүүн саруул зам” компани гүйцэтгэж байгаа бөгөөд суурь, өрмийн ажлаа хоёр талаасаа хийгээд дундаа уулзсан маягтай ажил нь жигдэрчээ. Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн түгжрэл 50 хүртэлх хувиар буурах тооцоолол гарсан. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах юм байна. Эхний гүүр нь 37 метр. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байна. Дараагийнх нь 391 метр. Ийм уртаараа уг гүүр Монголын хамгийн урт гүүрний хоёрдугаарт бичигдэнэ гэсэн үг. Гурав дахь гүүр нь 55 метр. Дунд гол дээр баригдана. Яармаг, I хорооллыг холбосон энэ гүүр манайдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөнтэй байх нь. Өнгөрсөн аравдугаар сард “Мотор сервис” компанийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна. Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна. 2023 онд зөвхөн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байсан. Түүний ярьсны дагуу суурь, бүтцийн ажил нь дуусч, барилгын ажилчид, бригад, туслан гүйцэтгэгчид ажлаасаа бууж, техникээ татаж буйтай нь таарсан юм. Агаарын хэм хотод хасах 15 хэм зааж байсан ч гол дээр, голын жавар тачигнаж байлаа. Энд тэндгүй техникүүд ажиллаж, ажилчид жаврыг эс тоон ажлаа нугалцгаана. Малгай нэвт жиндэж, чих, хацар жаварт хайруулж, бээлийтэй ч гар бээрч байхад гүүрийн ажилчид улаа бутруулан хүйтэн, жаврыг эс тооцгооно. “Энэ ч гайгүй ээ. Харин ч дулаахан өдөр байна. Эртээдийн айхавтар хүйтэн өдрүүдийг л хүйтэн гэнэ.

Бид хүйтэнд, Туулынхаа жаварт ажиллаад бүр сурчихжээ” гэцгээлээ. Зам гүүрийн хоёр компани ямар ч байсан хоёр талаасаа суурь, бүтцийн ажлаа хийгээд гол дээр дундаа уулзсанаар өвлийн ажлаа дуусгаж, хавар хүртэл ажлаасаа бууж байгаа нь энэ. Цаг агаарын байдлаа анзаарч байгаад нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр буюу аль болох эртхэн шиг ажлаа эхлүүлчих санаатай байгаа аж.


ИНЖЕНЕР С.ОЮУН-ЭРДЭНЭ: ГҮҮРИЙН НИЙТ УРТ 400 МЕТР


“Мотор сервис” компанийн гүүрийн инженер С.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.


-Гүүрний ажлын явцхэдэн хувьтай явж байна?

-Одоогийн байдлаар ажил ерөнхийдөө 36 хувьтай явж байна. 25 метрийн гүнтэй суурийн өрөмдлөгийн ажил хийдэг. Тэр ажлаа 100 хувь дуусгачихаад байж байна.

-Дизель түлш, цементийн хомсдол гээд асуудал их байгаа ч богино хугацаанд ажлаа 36 хувьд хүргэнэ гэдэг маш сайн менежмэнт хийжээ гэж харж болохоор байна?

-Ажлаа зогсоохгүйн тулд шаардлагатай материалаа зах зээлийн ханшаар нь худалдан авч ажиллаж байна.

-Энэ гүүр Яармагаас эхлээд Нэгдүгээр хороололтой холбогдоно гэсэн. Нэгдүгээр хорооллын аль орчимд очно гэсэн үг үү?

-Хархорины тэнд 32 гэж байдаг даа. Тэнд очно.

-Зам, гүүрийн нийт урт нь хэд вэ?

-Нийт урт нь 780 метр. Гүүр нь 400 метр.

-Ямар хийцлэлтэй гүүр вэ?

-Төмөр бетон гүүр. Сүүлийн үеийн гүүрнүүд суурь сайтай, суулт өгдөггүй, олон жилийн турш ачаалал даадаг сайн чанартай болсон. Тэр стандартаар л баригдаж байгаа гүүр.

-Туул гол бол өргөн ай савтай. Гүүр барихад ямар онцлогтой гол байх юм?

-Том гол, урсац ихтэй. Ажил явуулахад нэлээд хүндрэлтэй ч манайх мэргэжлийн компани учир голынхоо онцлогийг судалж, ямар үед үертэй байх уу, ямар үед үер нь татрах вэ, хэзээ гүн хөлдөх вэ гээд бүгдийг нарийн тооцоолж, түүнийхээ дагуу ажлаа гүйцэтгэж байна даа. Нарийн технологиудыг нь яривал нэлээд мэргэжлийн нэршил, нэр томьёо ярих болох нь ээ.

-Өнгөрсөн шөнө та бүхэн ажиллажээ. Өрмийн ажлыг шөнө хийдэг байх нь дээ?

-Хөлдөлтийн гүн 2-3 метр. Манайх сууриа 25 метрийн гүнд өрөмдөж байгаа болохоор өглөө, өдөр бетон хөлдөөд чанаргүй болох вий гэсэн айдас байхгүй. Таван метр өндөр шороо өндөрлөж байгаад бетоноо авч байгаа. Тэгэхээр хөлдөлтийн гүнээс доош бетоноо авч байгаа гэсэн үг. Ийм учраас чанарын хувьд асуудал гарахгүй. Шөнө нь таван метр шорооныхоо гүнд зориулалтын тусгай хэрэгсэл суулгаад бэлдчихдэг. Өглөөний нарнаар өрөмдлөгөө хийгээд бетоноо аваад явчихдаг. Өвлийн улиралд бетоноо ямар технологиор авдаг вэ, тэр технологийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаа.

-Энэ гүүр маш их хүлээлттэй байна. Ашиглалтад орсноор Улаанбаатар хотын замын түгжрэл, бөглөрлийг мэдэгдэхүйц бууруулна гэж үзэж байгаа болохоор нийслэлчүүд бараг бүгд шахуу л энэ гүүрийг сонирхож байгаа байх?

-Энэ хавиар явж байгаа хүмүүс, хажуугаар өнгөрч байгаа хүн болгон л асуудаг юм “Яаж байна, ажил хэр явж байна. Хэзээ дуусах вэ, хугацаандаа орох уу, санхүүжилт нь болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу” гэж.

-Ашиглалтад өгөх хугацаа нь хэзээ вэ?

-2023 оны 11 дүгээр сар.

-Ямар гоё юм бэ?

-Ирэх жилжингээ л бид гүүрээ барина даа. Гүүр, замыг нь барьж буй компани хүн хүч, техник хангалттай, мэргэжилтэй боловсон хүчнүүд нь бэлэн байна. Одоо гол нь санхүүжилтийн асуудал л доголдохгүй явах. Санхүүжилт л асуудалгүй бол дээрх хугацаандаа ашиглалтад оруулж чадна.

-Та хэдэн настай вэ?

-34-тэй.

-Залуу хүний хувьд ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцож, гүүрний ажлыг нь хариуцаж байгаад тань баяр хүргэе?

-Баярлалаа. Бахархах сэтгэл төрдөг. Насаараа л энэ гүүрэн дээгүүр явна шүү дээ. Миний үр хүүхэд, ач зээ нар явна. Ах дүүс маань явна. Хотын том асуудлыг шийдэх гүүр болж байгаа учраас олон нийт их анхаарал хандуулж байна. Тэр хэрээр маш их хариуцлага үүрч, ажлаа хийж байна даа.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Дамдиншарав: Мөөеө аварга хана цохиод “Би тэр америкийг дэлгээд өгнө өө” гээд дэвжээ рүү гарч билээ DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…. Ардын багш Ч.Дамдиншаравтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт, ардын багш Ч.Дамдиншаравтай ярилцлаа.


-Танайхныг Эрдэнэ Мэргэн ноён хутагт Содномцэрэнгийн удам гэж дуулсан. Таныг хутагтын ач хүү гэдэг юм билээ?

-Монголын түүхэнд Эрдэм мэргэн ноён хутагт Содномцэрэн гэж хүн байсан. Өршөө багш ч гэдэг юм. Тэр хүн бол миний өвөө. Монголд ноён хутагт зуу гаруй хүн байсан гэдэг. Тэрэн дотроо тамгатай нь 13-хан байсан юм билээ.

-Тамгатай гэхээрээ өөрийн шавь албадтай байсан гэсэн үг үү?

-Хамжлагандаа хоёр мянга шахам өрхтэй. Бурхан шашны үйл ажиллагаа явуулна, ардууд нь татвараас чөлөөлөгдөнө, цэргийн албанд явахгүй гэх мэт давуу талтай байсан гэдэг. Ийм л давуу эрхтэй 13хутагтын нэг нь миний өвөө. Уржнан Өвөрхангай аймаг өвөөгийн маань 130 насны ойг аймгийнхаа ойтой хамтатган тэмдэглэсэн юм. Өвөө маань 1937 онд цаазлуулсан. 1933 оноос хойш хоёр удаа баривчлагдаж, хар болж хөдөө гараад сүүлчийнхэд нь баривчлагдахдаа тэгээд л цаазлагдсан юм билээ. 55 настайдаа цаазлагдсан байдаг. Манай аав бас баривчлагдаад долоо, найман жил суусан шиг байна лээ. Тэгээд 1941 онд суллагдсан. Ийм л түүхтэй.

-Аав тань барилддаг байсан уу?

-Аавын минь төрсөн дүү аймгийн арслан цолтой Хоовон гэж хүн байсан. Эхийн талд аймгийн заан Тогооч гэж хүн байсан юм. Хоёр талаасаа бөхийн бага зэргийн, аймгийн хэмжээний л удамтай гэх үү дээ (инээв). Бид эхээс наймуулаа. Дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй.

-Эрэгтэйчүүд нь бүгд барилддаг?

-Бүгд барилддаг. Эмэгтэйчүүд нь барилдахгүй. Малчны хүүхдүүд янз бүрийн л ажил хийнэ. Одоо ч нутагтаа амьдраад л байж байна.

Багадаа ноцолдож үзээгүй хөдөөний хүүхэд гэж байхгүй шүү дээ. Би ахтайгаа нэг ангид байсан юм. Батдорж ахтайгаа. Манай ах чинь чөлөөтөөр улсын аваргаас гурван медаль авч, 1971 оны Бүх ард түмний спартикиадаар мөнгөн медаль авч спортын мастер цолны болзлоо хөдөө орон нутгаас биелүүлж байсан юм. Ах бид хоёр үе тэнгийн, нас ойрхон учраас байнга ноцолдоно. Бид хоёрын дээлний энгэр заам, суга байнга урагдчихна. Тэр үед сахилгагүй хүүхдийг сургуулийнх нь эрхлэгч хөтлөөд ангиудаар дагуулан явж ичээж, уйлуулж дахиж сахилгагүйтэхгүй гэдэг ам мөчгийг нь авахуулна. Хөдөөний сургуулийн гадаа модон морь, турник савлуур л байна. Тэрэн дээр л өнжинө. Тэр нь бидэнд биеийн тамир болдог байж. Зун нь хөдөө гараад явчихна. Морь малтай ноцолдоно. Эргээд бодоход ажил нь дасгал хөдөлгөөн болчихдог байж л дээ.

-Та бүхнийг ид барилддаг байсан үеийн тухай өгүүлсэн ном зохиол, киног харахад тэр үеийн бөхчүүд төрмөл байжээ гэж харагддаг. Бие хаа, төрх байдал, араншин нь хүртэл. Одоо бол жаахан таримал болчихоо юу гэмээр. Та нар илүү байгаль тал руугаа байж ээ?

-Тийм. Байгалиасаа заяасан төрмөл, нөгөө талаасаа үзэл бодолдоо үнэнч. Бидний үеийнхэн чинь бүгдээрээ олимп, дэлхийгээс медаль авч байж бөхөө хаяна. Ингэхийн тулд бид сахилга баттай, дэглэмтэй. Багшийн хэлснийг л биелүүлж явах хэрэгтэй гэдгийг мэддэг хүмүүжилтэй байсан. Тиймдээ бид олимп, дэлхийгээс анхны медалиудыг авсан гэж боддог юм.

-Таныг олимпийн анхны медалийг хүртлээ гэх мэдээг тэр үед манайхан яаж хүлээж авч байсан бол?

-Тэр үед ингэж байсан гэдэг, сонин хэвлэлд бичиж үлдсэнээр. Төв шуудангийн урд хүмүүс хоносон гэдэг. “Финалд төчнөөн хүн үлдчихлээ. Медаль авахад тийм тийм нөхцөл байдалтай байна” гэсэн л мэдээлэлтэй. Хүмүүс тэнд хоноод хоёр өдөр мэдээ хүлээсэн байгаа юм. Оросоос утсаар л мэдээ авдаг байсан юм шиг байгаа юм. Мэдээ дуулахын тулд ингэж хоносон тухай сонин хэвлэлээс л сүүлд нь уншиж байлаа.

-Хэдий олон жил өнгөрсөн ч гэлээ олимпийн анхны медалийг авчирсан хүнээс тэр торгон агшных нь талаар сонсвол сонирхолтой л байх болов уу?

-Дөчин хэдэн жилийн өмнө болсон асуудал. Одоо нэг их сонин биш л болов уу(инээв).

-Сонин байлгүй яахав. Хүүхэд залуус анхны алтан медалийг Н.Түвшинбаяр авсан гэдгийг мэддэг мөртлөө анхны медалийг хэн авчирсныг төдийлөн мэддэггүй юм?

-2008 оны олимпоос л анхны медалийг авсан юм шиг ойлгоод байдаг юм шиг ээ. Албан байгууллагуудын хананд өлгөсөн зураг, зурагт хуудаснаас анзаарахад. Ийм ойлголт байдаг юм. Бид тэр үеийнхээ тухай ярих гэхээр ойлгохгүй юм шиг санагдаад байдаг юм.

-Хүмүүс юмыг хурдан мартдаг?

-Дөрвөн хүн финалд үлдсэн шүү дээ. Мөнхбат аварга, Сэрээтэр, Артаг бид дөрөв. Зарим нь медаль авах нь тодорхой биш байсан. Мөнхбат аварга Америкийн бөхийг ялбал авна. Ялагдвал ямар ч медальгүй хоцрох тийм л эгзэгтэй мөч байлаа. Тэр үед би хамгийн эхэлж салхийг нь хагалах хүн. Хөнгөн жингийн бөх. 52 кг-ын жинд барилддаг байлаа. Тэгэхэд ингэдэг байлаа. Дөрөв хоног тэмцээн болно. Өглөө болгон найман цагт жингээ үзүүлнэ. Одоо бол барилдах өдрийнхөө урд өдөр нь жингээ үзүүлчихээд сайхан амраад маргааш өглөө нь тэмцээндээ орчихдог. Тэр үед барилдах гэхээсээ жингээ барина гэдэг чинь хэцүү асуудал байлаа. Дөрөв хоног хоол ундгүй гэсэн үг. Бидний иддэг уудаг юм гэвэл С витамин, поливитамин төдий. Бидний гол юм үхрийн махан борц. Борцтой шөлөө уучихаад л барилдана. Бүдүүн хадуун байж дээ. Нийгэм нь тийм байсан юм чинь. Хатуужил, тэвчээртэй, хөдөөний хүүхдүүд жинхэнэ байгаль, оргиналиараа үзэж медаль дээр буудаг байж.

Нөгөө гурав маань намайг хүлээж байсан юм, бэлтгэлийн заалнаас гараад. “Чи эхлээд медаль авна шүү. Чамайг медаль авбал бид гурав авна” гэсэн хүлээлттэй байсан. Би ч хүрэл медаль дээр буулаа. Намайг нөгөө гурав маань тэвэрч авлаа. Мөөеө аваргыг санадаг юм. Хана шаагаад л “Би америкийг дэлгэж өгнө өө” гээд л гарсан. Цөмөөрөө медалийн болзол хангасан. Миний хувьд тийм л юм. Азтай байсан байх. Одооны хүүхдийн ярьдгаар ёндоотой байсан болохоороо л анхны медалийг авсан болов уу гэж боддог шүү.

-Та шигшээд арваад жил тамирчин байгаад гэмтэл аваад дасгалжуулагчийн орон тоо руу шилжсэн байдаг?

-1970 онд гэмтсэн юм. Энэ гарандаа гурван удаа мэс засал хийлгэсэн шүү дээ (Зүүн гарын шуун дахь мэс заслын сорвиудаа харуулав.сурв). Тэмцээний үеэр бэртсэн юм. Залуухнаараа 27 насандаа зодог тайлчихсан хүн. Зодог тайлах юу байх вэ тамирчны замналаа зогсоогоод дасгалжуулагчийн ажилд шилжсэн.

-Та чөлөөт бөхийн олон мундаг тамирчны багш. Тамирчин болгонд тааруулдаг олон түлхүүртэй байсан байх шүү?

-Тамирчин байхад зөвхөн өөрийнхөө төлөө л санаа зовдог юм. Дасгалжуулагчийн ажил маш хэцүү. Арван бөх байлаа гэхэд арван янзын зан ааш, характертай байдаг. Тэр болгоны түлхүүрийг нь олж заримыг нь аргадна, заримыг нь магтана, заримыг загнана. Зарим ухаантай хүүхэд багшийн хэлснээр өөрийгөө аваад явчихдаг. Манай Оюунболдод “Чи сайн байна. Чи ялна. Чи үнэхээрийн илүү байна” гээд байвал хамгийн сайн үзнэ. Бүргэдээг жаахан загнаад “Чи ялах юм бол тийм шагнал авна ш дээ. Ялчих юм бол ингэнэ ш дээ” гэчихээр ондоо үзнэ. Манай Болд их ухаантай. “Чи ингэмээр байна. Тэгчихвэл болмоор байна” гэвэл хүний үгийг сайн тусгаж авна. Манай Дүвчин байна. Бас тийм. Манай Энхээ их ухаанаар барилдана. Багшийн зөвлөгөөг тусгаж авна. Ингээд яривал зөндөө олон шавь нар байна. Хэлээд дуусашгүй нь.

-Та одоо Монголын чөлөөт бөхийн холбоондоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Мэргэжлийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Сургалт, дасгалжуулалтад зөвлөгөө өгдөг. Сүүлийн хоёр жил ийм ажил хийж байна.

2009 оноос манай холбоо шинэчлэгдэж нээлттэй болсон. Элдэв янзын хэл ам, хэрүүл хараалгүй болж, эв нэгдэл сайжирсан. Л.Чинбат захирал манай чөлөөт бөхөд асар их хөрөнгө оруулсан. Хувийн компанийн эзэн хүн шүү дээ. Түүнийг манай чөлөөт бөхийн тамирчид мартаж болохгүй. Одоо ч гэсэн хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Улсын ачааг нуруундаа үүрч яваа ийм хувийн салбарынхныг дэмжих ёстой. Асашёорюү аварга маань дэлхийн хүн. Аварга маань Л.Чинбатыг залгамжилж авсан. Манайд Азийн өсвөрийн, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн хэзээ ч болж байгаагүй. Сүүлийн хоёр жил дараалан зохиогдлоо. Энэ бүхэнд ямар хэмжээний хөрөнгө орсон гэж санана. Ирэх жил олимпийн эрх олгох тэмцээн Монголд болно. Ийм тэмцээн зохиоход улаан нүүрээрээ гуйгаад авчихдаг юм биш. Эрхийг нь авахад янз бүрийн менежмент хэрэгтэй. Үүнийг спортын хүмүүс л ойлгоно. Асашёорюү аваргаа Монголын спортод том буян хийж яваа хүн гэж ойлгож, хүндэтгэдэг. Олон улсын зэрэгтэй арав гаруй шүүгчтэй ч боллоо. Би энд зарим нэг зүйлийг онцолж хэлье. Аливаа спортыг хөгжүүлэхэд залгамж халаа, өсвөрийн тамирчид чухал байдаг. Жүдотой харьцуулбал чөлөөт бөхөд өсвөрийн тамирчдыг дэмжих, хөгжүүлэх тал сул байдаг юм. Нэг ёсондоо нөөцгүй байна. Гэхдээ хүүхэдтэй ажиллаж байгаа олон сайн дасгалжуулагч байна. Сая гавьяат болсон Хосбаяр, Орхон-Уул аймгийн Идэрсайхан, Өвөрхангайн Баттүшиг, Баянхонгор аймгийнМөнхдуулдах, Булганы дасгалжуулагч Дарханбаатар, “Хасу мегаватт”-ын Баярсайхан гээд олон сайхан дасгалжуулагчид ажиллаж байна. Манай А.Энхээ гавьяат маань харамсалтайгаар гэмтсэнээс хойш хорь гаруй жил болжээ. Гэсэн ч Энхээ маань өнөөдөр дэвжээн дээрээ л байна. Түүний бэлтгэсэн баг улсын тэмцээнд амжилтаараа эхний гуравт багтаад явж байна. Хүн түүнээс сурах ёстой. Энхээгийн шавь Бэхээ ирэх олимпоос медаль авах хамгийн боломжтой бөх гэж бид үзэж байгаа. Өвөрмөц барилдаантай бөх л дөө. Үүний нөгөө талд хүний хань ямар сайхан юм бэ гэдгийг Энхээгийнхээ хань Болормаагаас харж байна. Л.Болормаа маань ийм олон жил ханиа асраад явж байна. Одоо үед чинь нөхрөө гэмтвэл орхиод явчихдаг болж. Л.Болормаа маань олон улсын шүүгч хүн. Эдний гэр бүлд баярлаж явдаг юм. Спортод зүрх сэтгэлээ өгсөн хүн яаж явдгийг Энхээгээс харах хэрэгтэй гэж залуу дасгалжуулагчдадаа хэлмээр байдаг даа.

-Аймаг бүр жүдо бөхийн дэвжээтэй болчихсон. Гэтэл чөлөөт бөхийн секц дугуйлангүй аймаг байдаг гэсэн?

-Чөлөөт бөхийг одоо болтол хөгжүүлэхгүй яваа аймгууд байна. Ямар аймгууд байна гэдгийг зориуд хэлье. Дорнод аймаг байна. Хойд талаараа Агын буриадтай хил залгаа. Агын буриадад дөрвөн том сургууль бий. Оросын бөхийн шилдгүүдийг Агын буриадад бэлтгэдэг юм. Хамгийн сайн бөх, дасгалжуулагч тэнд байдаг. Гэтэл Дорнод аймагт чөлөөт бөхийг хөгжүүлье гэсэн ямар ч санал санаачилга байдаггүй. Материаллаг баазаа хөгжүүлье гэвэл цаана нь Хөлөнбуйр аймаг байна. Хятадын бөхийн том уурхай нь Хөлөнбуйрт байдаг. Хятадын нэрийн хуудас болсон аваргууд бүгд Хөлөнбуйрын барга хүүхдүүд байдаг юм. Ийм сайхан нөхцөлд байгаа, дэд бүтэц сайн хөгжсөн, бусад аймгуудтай харьцуулбал харьцангуй олон хүн амтай Дорнод аймагт чөлөөт бөхийг хөгжүүлэхгүй байна. Энэ аймагт спортыг хөгжүүлж байгаа нь гэвэл боксын Төмөрбат багш л байна. Хэнтий аймаг бол Монголын бөхийн нэг том уурхай. Тэр аймагт бөхийн дэвжээ өглөө. Одоо болтол багшгүй. Дундговь аймагт ямар ч дасгалжуулагч байдаггүй. Өсвөр үеийн УАШТ-д тамирчдаа оролцуулдаггүй. Баян-Өлгий аймгийнхан чөлөөт бөхийг хөгжүүлэх тал дээр сэтгэлгүй ханддаг. Дээр дурдсан энэ дөрвөн аймгийнхан чөлөөт бөхийн УАШТ-д өсвөрийн тамирчдаа ерөөсөө оролцуулдаггүй. Уг нь бөхийн уурхай хөдөөдөө л байдаг юмсан.

-Олимп, дэлхийгээс медаль авч байгаа эмэгтэй бөхчүүд монгол мэхээ голчлон хийж байгаа харагддаг?

-Монгол брэнд мэх гэж байна. Монголын чөлөөт бөхийн оргил үеийн бөхчүүд хэн хэн байна гэвэл Ойдов, Баянмөнх, Нацагдорж, Хойлогдорж гэж хэлдэг. Сүүлийн үед Болд, Пүрэвбаатар, Пунцагийн Сүхбат, Наранбаатар энэ хэд л байна. Эд чинь цөмөөрөө Монгол мэхээрээ гадаадын бөхийг ялж медаль авсан. Ойдовын бүх мэх тэр чигээрээ монгол мэх. Хөлд орох мэхийг Нацагдорж шиг эзэмшсэн бөх байхгүй. Хөлийн хамгаалалтаа хамгийн сайн хамгаалдаг нь Болд. Болд баруун талдаа хүнд ялагдаж үзээгүй. Өөрөө зүүн талтай. Пүрэвбаатар аль ч талдаа хөлөө алддаггүй. Ийм брэнд болсон бөхчүүдийнхээ арга туршлагыг бид хөгжүүлж чадахгүй байна. Шигшээ багтаа ахмадуудаа аваачаад мэхийг нь заалгах хэрэгтэй. Сүүлийн үед Дүвчин маань өөрийнхөө шавь нарт мэхээ сургасан. С.Батцэцэг, Д.Сумъяа, Г.Наранчимэг гээд түүний шавь нар монгол мэхээрээ дэлхийд аваргалж байна. Энэ ховорхон брэнд мэхүүдээ бид Монголынхоо хөрс шороон дээр хийхгүй бол гадныхан биднээс түрүүлж хийх нь. Ойдовын сүйлэх, тонгорох мэхийг гадныхан л хийдэг болчихоод байна. Энэ бол их чухал. Монгол брэнд мэхийг бид сургалтдаа нутагшуулах хэрэгтэй.

-2016 оны олимпийг монголчуудад хатуу байна гэлцэх юм?

-Чөлөөт бөхийн ДАШТ ирэх намар АНУ-ын Лас вегаст болно. 2016 оны олимп өмнөх олимпоос онцлогтой. Бразил чинь манайхаас олон цагийн зөрүүтэй, далайн эргийн улс. Бээжин манайд олон талаараа ээлтэй байсан. Бразилээс медаль авахад хүндрэлтэй. Өмнө нь эмэгтэйчүүд дөрвөн жинд өрсөлддөг байсан бол одоо зургаан жинд барилдана. Эрэгтэйчүүд ч ялгаагүй. Өнөө жилийн ДАШТ-д эхний зургаан байрт шалгарсан тамирчид олимпийн эрхээ авна. Энэ хатуу шалгуур. Ухаанаар бэлтгэх хэрэгтэй. Манай чөлөөт бөхийнхөн олимпоос алтан медаль авах зорилготой. Олимпоос медаль авах боломжтой. Ийм боломжтой гэдгээ ч харуулсаар байгаа.

-Таныг чөлөөт бөхөд оруулж, дэвжээнээ гаргасан багш тань гэвэл?

-Хүн өөрийнхөө багшид байнга талархаж явах ёстой гэж боддог юм. Тамирчдын өгсөн ярилцлагыг харж байхад зарим нь багшаа дурддаггүй. Хүний багш гэдэг чинь тийм жаахан юманд л баярлаж хардаг байхгүй юу. Би, би гээд л. Бид ч залуудаа тэгдэг л байсан байх. Миний анхны багш бол, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва. Энэ хүн намайг бөхөд хөлд оруулж, шигшээ багийн тамирчин болгосон. Сүүлд ардын багш С.Магсар маань надад бүхнийг заасан. Намайг тамирчин байхад, дасгалжуулагч болоход гол хувь нэмэр оруулсан хүн. Энэ хоёр хүн бол миний мөнхийн багш. Тухайн үед ЗХУ-аас олон мэргэжилтэн ирж шигшээд ажилладаг байлаа. И.В.Лосика гэдэг мэргэжилтэн багш Беларусын Минскт одоо ч амьд сэрүүн байгаа. Энэ багш биднийг тамирчин байхад барилдах ур чадварыг суулгасан. Сүүлд 1985 оны үед Дагестаны М.Юсупов багш мэргэжилтнээр ирж байлаа.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Оюунтүлхүүр: Миний амьдралыг “Ээжийн бүүвэй” гэдэг ганц дуу л эрс өөрчилчихсөн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүртэй хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн тэргүүлдэг “Оюунтүлхүүр” сангаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэсэн юм. СХД-ийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны 4-13 насны 120 гаруй хүүхэд, багш П.Гэрэлт-Одын хамтаар “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор бэлтгэж байгаа юм байна. Харамсалтай нь тэдэнд хөгжмийн зэмсэг хүрэлцээгүй учир өөр сургууль, цэцэрлэгээс хөгжим гуйж бэлтгэлээ базааж байгаа аж.

Өчигдөр дуучин Д.Оюунтүлхүү Японоос ирсэн хөгжмийн зэмсгүүдээ П.Гэрэлт-Од багшид гардуулж, ирэх сарын 7-нд Жаргалант тосгондоо зохион байгуулах 120 хүүхдийн “Сүү ивэлгэсэн хайрын аялгуу” тоглолтод нь амжилт хүссэн юм.

Энэ үеэр гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүртэй ярилцлаа.


-Танай сан нийт хичнээн хүүхдэд тусламжийн гараа сунгаад байна вэ?

-Манай халамжийн төвөөр давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд хүмүүжээд гарсан байдаг юм. Улсаас өндөр стандарт тавих болсон учир тэр шаардлагыг нь хангах боломж одоогоор байхгүй болохоор үйл ажиллагаагаа түр зогсоочихсон байгаа. Хуучин байсан хүүхдүүд маань бүгд төгсөөд, том болоод явцгаачихсан. Шинээр хүүхэд аваагүй гэсэн үг л дээ.

-Өнөөдөр танай сан Улаанбаатар хотын алслагдсан хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэж байна?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо гэсэн харьяалалтай мөртлөө хотын төвөөс 60 гаруй км-ийн зайтай тосгон гэж дуулаад гайхсан л даа. П.Гэрэлт-Од багшийг манай санд хүсэлт гаргасныг мэдээд ямар ч байсан туслахсан гэж бодсон. Шууд л санаа шулуудаад тусална гэж шийдсэн. Тэгээд Монгол, Японы соёлын нийгэмлэгт хандахад тэд эргэлзэх юмгүй зөвшөөрсөн. Тэд эхлээд чадлынхаа хэрээр хөгжмийн зэмсэг цуглуулна гэж ярьж байсан. Ирэх сарын 7-нд тоглолт зохион байгуулна гэж байсан болохоор тэр хүртэл нь хөгжим цуглуулбал амжихгүй байх гэж ярилцсан л даа. Япончууд маш хариуцлагатай хүмүүс учир хуучин хөгжим цуглуулбал ариутгалын ажилд нэлээд цаг, хүч зарцуулах болоод байсан учир цоо шинэ зэмсгүүд илгээсэн байна. Би маш их баяртай байна.

-Япончууд ямар зэмсгүүд явуулж вэ?

-Үлээвэр даралтат хөгжим, жижиг болон их гарын бишгүүр, шагшуур, окарина гэдэг үлээвэр хөгжим.

-Жаргалант тосгоны багачуул таны өгсөн эдгээр хөгжмөөр тоглож “Авьяаслаг монголчууд” шоунд оролцоно гэсэн шүү?

-Хүүхдүүдэд гоё боломж гарч ирж байна. Өнөө үед хүний хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж, энэ тэрээр явж янз бүрийн байгууллагад хандаж, хөгжмийн боловсролд нь анхаардаг багш гэж цөөхөн шүү. Бидний хувьд цаг үе, нүдээ олсон тусламж боллоо гэж бодож байна.

-Одоо үед хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, чиглүүлэх янз бүрийн арга хэрэгсэл бий болжээ. Таныг анх төгөлдөр хуур тоглож, дуулж эхлэхэд ингэж тусалж дэмжээд өгдөг хүмүүс хэр байв?

-Би өөрийгөө хувь тавилангаараа л явж байгаа юм болов уу даа гэж боддог юм. Яагаад ч юм бэ ингэх л учиртай байж дээ гэж бодогддог. Би дуучин болно гэж багаасаа мөрөөддөг байсан. Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын ангид суралцаж байсан ч дуучин л болно гэсэн өнөөх багын хүсэл мөрөөдөл минь ундарсаар л байсан. Тэр мөрөөдөл минь биелээд Япон руу тэмцээнд явах аз тохиосон. Их сонин ш дээ. Хүнд цаанаас нь өгсөн хувь тавилан байдаг юм байна гэж бодогддог юм. Эргээд бодохоор сайхан байсан. Арлын Японы хүмүүстэй харилцаа холбоотой болж, тэр улс миний хоёр дахь эх орон байх тийм хувь тавилантай л байсан юм шиг байна.

-Та 1989 онд Япон руу явж байсан байх аа?

-Тэгэхэд би 13 настай байлаа. Би төр засагтаа баярлаж явдаг юм. 13 настай жаахан охин гадны оронд чадах ядахаараа дуулаад түрүүлээд ирэхэд маш их өндрөөр урамшуулж, байр өгч байлаа. Улаанбаатар хотын дарга асан С.Мөнхжаргал надад гурван өрөө байрны түлхүүр өгч шагнаж билээ. Намайг олон жилийн турш дэмжиж ирсэн олон түмэндээ уран бүтээлээсээ гадна бас өөр ямар хэрэгтэй зүйл хийж хариуг нь барих вэ гэж боддог байлаа. Нийгэм рүүгээ өнгийж орох сэтгэл цаанаасаа л төрөөд байсан юм. Би тухайн үед суралцаж байсан. Тэнд ахлах сургууль мөн дээд сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн. Өвөл, зуныхаа амралтаар л эх орондоо ирнэ. Энд ирэхэд нэг л хар бараан. Хүмүүсийн нүдэнд гуниг дүүрсэн, хүүхдүүдийнх нь харц аз жаргалгүй, траншейний гэх хүүхдүүд олон. Тэр үед манай нийгэм маш хүнд байсан шүү дээ. Тийм хэцүү, зах зээлийн ороо бусгаа үед эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах боломж надад байгаа юм шиг санагдаад, тэр боломжийг яаж ийгээд ашиглах хэрэгтэй гэж бодсон. Ямар ч байсан туслах хэрэгтэй. Их ч бай, бага ч бай заавал туслах хэрэгтэй гэж шийдсэн. Япончуудад энэ санаагаа хэлэхэд тэд ойлгож, хандивын аялан тоглолт зохион байгуулж өгсөн. Тухайн үед аялан тоглолтоосоо 90 мянган ам.доллартай болоод эх орондоо ирсэн. Тэрийгээ би хувьдаа ашиглавал ашиглаж болох л байсан байх. Анхнаасаа хандив цуглуулъя гэсэн зорилготой цуглуулсан болохоор уг мөнгөө маш үр дүнтэй зарцуулах шаардлагатай болсон. Тэгээд Улаанзагалмайд 30 мянгыг нь хандивлаад үлдсэнийг нь улсдаа өгчихье гэсэн чинь хүмүүс надад сан байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд “Оюунтүлхүүр сан” ТББ-аа 1997 онд албан ёсоор байгуулж байлаа. Гэхдээ өмнө нь хоёр жил үйл ажиллагаагаа явуулчихсан байсан л даа.

-“Японд Оюунтүлхүүрээс өөр монгол байдаггүй. Оюунтүлхүүр Японд очсон хүн бүрт тусалж, хэл ус нь болдог. Нэг ёсондоо албан бус Элчин сайд” гэх мэтээр тухайн үед ярьдаг байлаа. Монгол, Японы соёлын харилцаанд таны оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг судлаачид цохон тэмдэглэдэг?

-Хүмүүс намайг тэгж ярьж л байдаг юм. Яах вэ, тодорхой хэмжээнд миний хийсэн, оруулсан хувь нэмэр байдаг л байх. Тэрийг маань үнэлээд төр минь шагнал урамшууллаа олгоод явж байгаа гэж бодож байна. Яагаад ч юм япончууд монголчуудад ойрхон байхыг маш их хүсдэг ш дээ. Тэрийг хүмүүс мэддэг болов уу. Япончууд монголчуудыг бусад орныхтой харьцуулбал маш их чухалчилдаг, дээгүүрт тавьдаг. Элчин сайд Шимүзү гуай ч ярьж л байдаг. Монголыг хэцүү байх үеэс нь л эдийн засгийг нь босголцож өгөх гээд байнга тусламжийн гараа сунгаж ирсэн. Сүүлийн жилүүдэд тэр байдал нь улам нэмэгдэж байна. Энэ хоёр орны найрамдалт харилцаа их чухал шүү гэдгийг хүмүүс сайн ойлгоосой.

-Таныг анзаараад байхад та рок попынхонтойгоо ойр байдаггүй юм шиг ээ?

-Жил болгон тоглолт хийгээд явах боломж нь бүрдэхгүй байна. Эдийн засаг нь ямар билээ. Би бусад уран бүтээлчидтэйгээ л адил. Тэдэнтэйгээ хамтарч ажиллах сонирхол надад байдаг ч амьдралынхаа өдөр бүрийг урлагт зориулаад явна гэвэл боломжгүй. Цэвэр урлагаар амьдарна гэдэг бол амар хоол биш. Урлагийнхантайгаа ойр байхыг хичээдэг ч бүгд ийм цаг үед амьдарч байгаа болохоор өөр өөрийн уран бүтээлээ хөөгөөд л явж байна. Тийм болохоор байнга харилцаатай байх нөхцөл нь бүрэлддэггүй юм.

-Та олон жилийн дараа тоглолт хийсэн. Нэлээд хүлээлттэй, олон хүний хүсч байсан тоглолт болсон?

-2014 оны арваннэгдүгээро сарын 1, 2-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийсэн юм. Арван жилийн дараахь тоглолт байсан л даа. Тоглолтдоо хоёр сар шахам бэлдсэн. Манай монгол үзэгчдийн нүд өөр шүү. Надаас хүлээсэн хүлээлт байгаа гэж бодохоор тодорхой хэмжээний айдас төрсөн л дөө. Үзэгчдийнхээ урмыг хугалахгүйн тулд их хичээсэн. Уран бүтээлч, хөгжимчид минь маш их хичээж бүгдээрээ зорьсон учраас сайхан тоглолт болсон. Хүмүүст хүрсэн.

-Таны дуунууд зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Дууны хөгжим болоод таны хоолой намуухнаар хоршдог нь бас нэг л өнгө төрх шүү дээ?

-Уянгалаг стильтэй гэдгээс өөрөөр намайг төсөөлдөггүй байх. Би өөрийгөө өөрчилье. Арай хурдтай явъя, өөр жанраар оролдъё гэсэн оролдлого бий. Хүмүүст анхнаасаа яаж ойлгогдсон бэ, түүгээрээ л хүлээн зөвшөөрөгдөх нь зүйтэй байх. Тийм болохоор огцом өөрчлөлт хийх нь дэмий юм шиг санагддаг. Надаас гарч байгаа аялгуу гэдэг чинь надаас төрж байгаа зүйл. Өөрийн гэсэн юмаа эвдэх нь сайн зүйл биш ээ.

-Хүмүүс таныг янз бүрийн арга хэмжээнд урьж дуулуулахдаа “Ээжийн бүүвэй”-г тань сонсъё гэх нь олон биз?

-“Ээжийн бүүвэй” дуу миний амьдралыг эрс өөрчилсөн уран бүтээл юм шүү дээ. Дуу гэдэг тийм аугаа байхгүй юу. Хүний амьдралыг ганцхан дуу л ингээд өөрчилчихөж байна. Тэгэхээр дууны хүч гэж аугаа юм гэдгийг би амьдралаараа мэдэрлээ, амьдралдаа ойлгосон хамгийн том зүйл нь тэр (инээв).

Энэ дууг би 13 настайдаа зохиож байлаа. Миний оролцсон тэр тэмцээн бол өөрөө аяа зохиогоод, өөрөө дуулах шаардлагатай байсан л даа. Дууныхаа шүлгийг Зохиолчдын эвлэлээс очиж авч байлаа. Л.Эрдэнэцэцэг агсны шүлэг л дээ.

-Хөгжим бүжгийн коллежид урлагийн ямар мундаг хүмүүстэй хамт суралцаж байв?

-Манай ангийнхнаас коллеждоо багшилж байгаа нь хэд хэд бий. Ятгын хатан хаан гэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ манай нөгөө ангийнх. Бид нэг үеийнх.

-Та Япон руу хэр их явдаг вэ?

-Би улиралд нэг удаа явдаг ажилтай. Очихоороо сар хэртэй болно. Тэнд миний ажил, тоглолтыг зохион байгуулдаг продакшн байдаг юм. Тэдэнтэйгээ одоо ч хамтарч ажилласаар байна, би эндээ хүүхэд, гэр бүл гээд байгаад байгаа болохоос биш. Нөхөр маань Японд амьдрахгүй гээд байдаг юм.

-Танайх хэдэн хүүхэдтэй болоод байна вэ?

-Гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ монгол ахуйтайгаа ойр, монгол уламжлалаараа хүмүүжүүлнэ гээд эх орондоо байгаа. Түүнээс биш Японд очвол хийх ажил их байна л даа. Гэхдээ яах вэ ирж очоод болж л байна.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Цомог гаргана гэж өдөр болгон л бодож байна. Өөрөө дуугаа зохиогоод цомогт орох дуунуудаа бичээд эхэлчихсэн явж байна. Төдийд өдийд гэж амлаад юу гэх вэ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ: Өөрсдийгөө л ухаантай, мундаг гэдэг нь үндэстэн болгонд илэрдэг шинж DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2015 ОНЫ АРХИВ: Философич С.Молор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.


Түрүүч нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ны дугаарт

Улс төр судлаач, философич С.Молор-Эрдэнээй ярилцлаа.


-Одоо философийн ямар урсгал чиглэл нийгэмд хүч түрэн орж ирж байна вэ. Одоо юу чухал вэ?

-Одоо реализм чухал болж байгаа. Бодит байдал. Бид яг ямар байгаа билээ, тэр бодит байдлаа зөв гаргаж ирье. Хий хоосон магтахаа больё. Бодит байдлыг буруугаар дүрслэхээ больё. Яг байгаагаар нь дүрсэлж чаддаг болъё. Уран зургийн галлерейд очоод зураг үзэж явахдаа зураачдад “Та нар өнөөдрийн Монголын бодит байдлыг гаргаач. Уул, морь, гэр зураад л байх юм” гэдэг. “Нарантуул” захыг зурчих хүн байхгүй л байна ш дээ. “Нарантуул” зах дээр цагаан сар дөхөхөөр ууц нь овоорчихдог ш дээ. Тэрийг нь зурчихсан хүн байна уу.

-Та нийгмийн бүхий л чиглэлээр лекц уншдаг. Лекцүүдийн тань нэрийг анзаарахад хөндөөгүй сэдэв бараг байгаагүй санагдана. Өнгөрсөн болон ирээдүй, найз нөхөрлөл, хайр, эдийн засаг гээд?

-Найз нөхөрлөл ч эрх чөлөөтэй байх ёстой. Найздаа баяртай гээд явах эрх чөлөө. Найзаас илүү хөгжихгүй эсвэл найзаасаа болоод өөрийнхөө амьдралыг баллаад, найзаасаа болоод нөхөр, эхнэрээсээ салж болохгүй шүү дээ. Тэгэхээр найз бол хүнд нэг их чухал биш. Эхний ээлжинд гэр бүл, гэр орон, мэргэжил, боловсрол хувь хүнд хэрэгтэй. Найз бол хоёр, гурав, дөрөвдүгээрт л явах ёстой. Хамгийн нэгдүгээрт надад юу хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлоод түүнийгээ нэгдүгээрт тавих хэрэгтэй. Хүн эхлээд өөрөө хөгжих ёстой. Гэхдээ чөлөөт цагийг хамт өнгөрөөдөг найз нөхөд хэрэгтэй. Бид нийгмийн энэ дотоод амьдрал, хандлага, ойлголтуудаа засч залруулж үүнийгээ зөв хэрэглэж чадахгүй байж яаж улс төрийн зөв сонголт хийх юм. Яаж бид зөв хүнийг таньж мэдэх юм. Ганц хоёр үг хэлэхэд нь л бид итгэчихэж байгаа шүү дээ. Маш амархан хууртагддаг. Яаж амархан хууртагддаггүй, тархиндаа дархлаатай болох вэ. Би хүмүүсийг дархлаатай л болгох гээд байна шүү дээ. Тархиндаа дархлаатай бол. Толгойдоо юм бод. Ямар ч мөнгө хэрэггүй, зүгээр л бод. Хамгийн гоё юм, үнэтэй өмч чинь бидний бодож чадах чадвар.

-Таныг МУИС-д багшилдаг байхдаа бусад багш нараа шүүмжилдгээсээ болж сургуулиасаа хөөгдсөн гэдэг. Ер нь аливаад шүүмжлэлтэй ханддаг нь эргээд таныг хавчигдахад хүргэсэн гэж ойлгож болох уу?

-Хавчигдана ш дээ. Гэхдээ хавчигдана гэдэг чинь тухайн хүнээс өөрөөс нь л хамаарна. Манайд философи, мэдлэг боловсрол худлаа явчихсан. Яг одоо манайд философийн мэргэжлийн хүн байхгүй. Өөрсдөө философид дуртай, философич гээд нэрлэчихсэн. Англи, герман хэлгүй. Хүн төрөлхтний сонгодог философийн ном уншаагүй тийм хүмүүс л философич гээд байгаад байна. МУИС-ийн багш нарыг оюутнуудад худлаа юм заахаа болиоч ээ, наадахаа одоо зогсоо гэсэн байхгүй юу.

-Уламжлалт ойлголтоос нь өөр зүйл ярихаар хүмүүс яаж хүлээж авдаг вэ?

-Та сая асуулаа, хавчигдсан гэдэг юм уу, дургүйцсэн эсвэл эсэргүүцсэн гэдэг нь нүүрэн дээрээ ил гаргасан үйлдэл. Цаанаа бүгдээрээ хүлээгээд авчихсан байдаг юм. Намайг бүгдээрээ цаанаа хүлээгээд авчихсан байдаг мөртлөө наанаа шууд хэлчихсэнд минь жаахан эвгүйрхээд байдаг. Би чинь МУИС-ийн хоёрдугаар байрны хаалгыг цоожил гээд хэлчихдэг байсан. Тэгэхээр надад аягүй уурлаж байгаа юм чинь. Тийм болохоор хүн болгон тархиндаа оюуны дархлаатай байх хэрэгтэй. Хэн нь зөв юм ярьж байна, хэн мэдлэгтэй байна вэ, хэн нь худлаа дипломтой байна, хэн мэдлэггүй, чадваргүй байж худлаа профессор болчихсон байна. Тэднийг ялгаж чаддаг байх ёстой.

-Таныг анзаараад байхад өнгөрсөн нийгмийг магтан дуулдаг, баячуудыг үзэн яддаг юм шиг сэтгэгдэл төрж байна?

-Магтан дуулах ч юу байх вэ. Тэнд бидэнд хэрэгтэй маш олон зүйлс байсан юм. Одоо бидэнд тэр маань эргээд хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. Хүмүүс хуучны юм сэргэчихлээ гэж ойлгоод байдаг. Үгүй байхгүй юу. Хэрэгтэй зүйлийг бид хэрэглэх ёстой. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан буцаад хөгжихгүй. Боловсролын систем арван жилийн сургалт үнэгүй болох ёстой. Боловсрол үнэгүй болж их сургуулийн оюутнуудад хангалттай тэтгэлэг өгдөг болох хэрэгтэй. Нэг өрөө байр хөлслөөд амьдрах боломжтой тэр хэмжээний тэтгэлгийг төр өгөх ёстой. Хоёрын хооронд дал, наян мянган төгрөг өгөхөөр үрээд шоудчихдаг. Мөнгөтэй болгоод амьдрах, сурч боловсрох нөхцөлийг нь хангаад өгчихвөл аяндаа хичээл рүүгээ төвлөрдөг.

-Монголчуудыг өөрсдөө философилог, олон зууны өмнөөс л философи сэтгэлгээтэй ард түмэн байсан гэдэг. Бид өөрсдийн гэсэн философитой байхад таны яриад байгаа гадны философийг сурах шаардлагатай юу?

-Тийм философи бидэнд байгаагүй. Ном нь ч байхгүй. Хоёулаа номын дэлгүүрээр явъя л даа. Хэн гэж философич зуун жилийн өмнө ном бичсэн юм, 200, 300 жилийн өмнө ном бичсэн философич байна уу. Байхгүй ш дээ. Худлаа юм ярих хэрэггүй. Хоёрдугаарт, ямар ч үндэстэн өөрсдийгөө мундаг гэдэг байхгүй юу. Тэр чинь үндэстэн бүрийн шинж чанар. Япончууд, хятадууд, америкчууд, оросууд өөрсдийгөө хамгийн мундаг, ухаантай гэж байгаа. Үндэстэн болгон өөрсдийгөө ингэж магтдаг. Бидний тэгж өөрсдийгөө магтдаг нь хаана ч байдаг зүйл.

-Та инженер байж байгаад философи руу орсон бил үү?

-Физик инженер байснаа 1990 онд мэдлэг боловсрол устаж үнэгүйдэхэд хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх гээд философи руу явсан.

-Философи танд юу өгсөн бэ?

-Оюуны эрх чөлөө. Мэдлэг. Гэхдээ диплом биш шүү. Жинхэнэ мэдлэг өгсөн. Бодож сурсан. Тархины дархлаатай болсон. Баргийн юманд хууртаж залилуулахааргүй. Тэгээд жинхэнэ би болж чадсан. Одоо би өөрийгөө жинхэнэ би болсон гэж хэлэх бүрэн боломжтой. Насанд хүрсэн. Хүний тархи оюун насанд хүрнэ гэдэг маш хэцүү. Санааны юм биш. Маш их ном уншиж, зөрчилдөж алдаж онож, маш их бодож, ядарч байж л хүн амжилтад хүрнэ. Тэгж л дархлаатай болно.

-Та Германаас хэдэн онд ирлээ?

-2007 оны намар.

-Та тэгэхэд хар үстэй байсан?

-Насанд хүрч байхгүй юу. Улам л эр хүн болж байна шүү дээ. Их юм бодохоор үс цайдаг юм биш. Гэхдээ тийм байж болно л доо. Бид чинь нэг л амьдарна. Залуу хүн хөгширнө. Хөгшин хүн өөд болно. Гэхдээ би чинь үсээ буддаггүй болохоор буурал харагдаад байгаа юм. Улаанбаатарт байгаа миний үеийнхэн чинь бүгдээрээ үсээ хараар будчихсан явдаг. Би будахгүй (инээв).

-Эрдэмтэн, философич гэх мэтийн мэргэжилтэй улсууд ихэвчлэн хүний нүднээс далд байхыг хичээдэг. Гэтэл та тэгдэггүй. Та “Playboy” сэтгүүлийн нүүрнээ гарсан шүү дээ?

-Би нийгэм рүү орж, тэдэн рүү ойртож хүмүүстэй ойр явж байж философидох ёстой гэж боддог юм. Эртний том гүн ухаанчид ард түмэнтэй ойр явсан. Ард түмний дунд ингээд л яриад явж байсан. Би гэртээ бүгээд хүмүүсээс зожигроод тусдаа тэгээд явчихдаг хүн биш. Гэхдээ ном бичих болохоороо сарын хугацаагаар ганцаараа байж төвлөрдөг. Бусад үед бол гарч ирээд юмаа яриад явчихдаг. Ер нь нийгэм, ард түмэнтэй ойр байх хэрэгтэй л дээ. Тэднийг мэдэрч байх хэрэгтэй.

“Playboy” чинь хүссэн хүн болгоныг тэгээд гаргачихдаг юм биш. Дараа нь маш олон хүн тус сэтгүүлийн редакц руу утасдсан гэсэн, би гаръя, мөнгийг нь төлье гэж. Цаанаасаа, Америкаасаа асууж ийм хүмүүс гаръя гэж байна гэсэн чинь үгүй гэсэн байна лээ. Политик нь өөр юм билээ. Тэд хэнийг гаргахаа мэдэж байна шүү дээ. Тэрнээс биш гарах дуртай, мөнгөө төлсөн болгон нь гараад байдаггүй. Улстөрчдөөс гарч чадахгүй. Тэдний хэнийг ч гаргахгүй. Тэд чинь мэдлэг боловсролгүй хувь хүмүүс байхгүй юу. Энэ 76 гишүүн дотор олигтой боловсролтой хүн хэн байгаа юм. Байхгүй шүү дээ (Инээв). Та тэр байна гээд ганцхан хүний нэр хэлчих. Надаас хүн болгон ингэж асуудаг. Бүгдээрээ дипломтой, мөнгөтэй, сайхан харагддаг, худлаа ярьдаг. Цаанаа бол огт хоосон. Эд чинь зүгээр нэг дүрүүд шүү дээ. Баримал дүрүүдэд л бид хууртагдаад байна.

-Манай хоёр хөрш ялалтын баяруудаа өргөн дэлгэр тэмдэглэж, зэр зэвсгийн сүр хүчийг харуулав. Тэдний агссан зэвсэг бидэнд айдас төрүүлээд ч амжсан?

-Бид нар руу энэ хоёр ерөөсөө шагайх ч үгүй. Энэ хоёр бидний дайсан биш. Бидний дайсан өөр газар яваа. Орж ирээд бидний бүх юмыг худалдаад авчих хөрөнгөтнүүд бидний дайсан. Харин Орос, Хятад хоёр бол бидэнд тусалдаг хөрш. Бидний найз, анд нөхөд. Урд, хойд хилийг баталгаажуулсан бидний найз. Найз, хөрш хүмүүс чинь хэзээ ч нэгнээ ходордоггүй юм.

-Өнөө айхавтар хэлмэг­дүү­лэлтийн үед тэд хаана байсан юм бэ, манай найзууд. Хаалга, үүд, тооныг маань битүүлж байгаад их хэлмэгдүүлэлтийг хийсэн биш гэж үү?

-Хэлмэгдүүлэлт гэдэг бол бид өөрөө өөрсдийгөө алсан явдал. Чингисээс хойш овгууд чинь хоорондоо байлдсаар л байсан. Тэр байхгүй юу. Арван жилийн сургууль, эмнэлэг бариад хөгжих гэсэн чинь лам нар үгүй гэсэн. 17 хүртэлх насны хүүхдүүдийг шавь суулгахгүй, танхимд суулга гэсэн чинь лам нар боссон. Тэгээд хоорондоо бослого гаргаж нэг нэгнээ алсан байхгүй юу. Хоёр хөрштэй ямар ч хамаагүй. Энэ хоёр биднийг “Хөгж” гэсэн. Хөгжихийн тулд юу ч хийж болно оо гэсэн ч харин бид далимдуулсан. Өөрөө өөрсдийгөө л бид алдаг шүү дээ. Тэгээд хүнд очиж хэлдэг.

-Бидний гуравдагч хөрш?

-Казахстан. Хажуу талд хамгийн ойрхон байгаа чинь Казахстан ш дээ. Шууд худалдаа наймаа хийгээд харьцаад явчих боломжтой. Таны ойлгож байгаагаар дэлхийн хаана ч юм нэг газар гуравдагч хөрш гэсэн нэг улс байна аа даа, Европ, Америк ч юм уу. Тэд улс төрийн хувьд бидэнтэй гуравдагч хөрш байж болно. Тэд эдийн засаг, аж амьдрал, нийгмийн хувьд гуравдагч хөрш байж чадахгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

МАН нүүрс хулгайлсаар байгаад “нүүр” нь тас хар болжээ DNN.mn

Монгол Ардын нам бол Ардын хувьсгал гарсан цагаас монголчуудын итгэл найдвар, чин шударга ёсны бэлгэдэл байсаар ирсэн. Тийм ч учраас ард түмэн засаг, төрөө бариулсаар зуун хэдэн жил болгочихож, эд нарыг. Бүхэл бүтэн зуун дамнуулан төрийн толгойдоо суулгана гэдэг олон нийт ямар их итгэл найдвараа өгч, хувь заяагаа даатгадгийг харуулж байгаа юм л даа. Тэгтэл энэ их итгэлээ өгсөн нам нь яаж булайгаа чирч байгааг хар. Хэдэн их наядаар нь нүүрс хулгай хийсээр байгаад сүүлдээ “нүүр” нь тас хар болчихлоо. Нүүрсэнд халтардаж, тортогтсон нүүрээ энэ нам мөлчийтөл угаах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Хэрэвзээ угаахгүй гэвээс энэ нам ард түмний итгэл найдварыг дахин хүлээнэ гэхэд хэцүү боллоо, хулгайч, худалч ийм хүмүүс цаашид төр барина гэдэг нь ч эргэлзээтэй болж эхэллээ. Төр засгийн бүхий л шат дамжлага, уул уурхай гээд хамаг салбарт МАН өөрсдөө байгаа болохоор нүүрсний хулгайн хэргийг илрүүлнэ гэхээр зовлонтой байдаг биз. Тэгтэл гадаад дотоодын шахалт ирдэг бололтой юм даг уу даа. Ялангуяа авлигын хэрэгтэй хатуу тэмцэж, авлигачдыг өршөөлгүйгээр цаазалдаг БНХАУ-ын зүгээс ихээхэн дарамт үзүүлдэг гэх дам яриа бий.

Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр “Танайтай хамтран ажиллахад түвэг чирэгдэл учирч байна. Та нар эхлээд нүүрсний хулгайтай холбоотой нэр бүхий хүмүүсийнхээ асуудлыг шийд. Энэ асуудлыг шийдвэл дараа дараачийн үйл хэрэг хурдан бүтнэ” гээд зургаан хүний нэрийг бичсэн жагсаалтыг манай талд өгсөн гэх. Ерөнхий сайд хүртэл “Манай нүүрсний хулгайч нараас Баяннуурт байдаг” гэж хэлсэн нь Хятадын талаас өгсөн нүүрсний хулгайг гардан зохион байгуулдаг гэх зургаан хүний нэрс бий гэдгийг баталчих шиг болсон. Чухам ямар ямар хүмүүс нүүрсний хулгайг гардаж явуулдаг талаар таамаг төдий юм яригдаж, тэр, энэ байж магад гэсэн нэрс хэлдэг ч энэ тал дээр эрх баригчид огтоос юу ч дуугараагүй өнөөдрийг хүргэсэн.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлахдаа мөн л “Нүүрсний хулгайг гардан зохицуулдаг хүмүүстээ ямар хариуцлага тооцсон бэ, энэ асуудлаа шийдсэн үү, танай мөнгө Казахстан руу гарсан байна” гэж ярьсан сураг ч дуулдсан. Хятад улс хоёр орны харилцаанд анхаарахдаа хууль бус үйлдэл, авлига, нүүрсний хулгайг гярхай анзаарч “Үүндээ анхаар” хэмээн удаа дараа сануулж байгаа нь сайшаалтай ч манай талаас дүлий дүмбэ оргидог нь урмыг нь хугалдаг нь тодорхой. Хятад улс дотоод авлигатайгаа тэмцэхийн тулд хөрш зэргэлдээ улстайгаа ч элдэв асуудал үүсгэхгүйн тулд дипломат шахалт үзүүлж байгаа нь мэдрэгдэж байна.

Эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хөршид төрийн айлчлал хийж байгаа. Ерөнхийлөгч явахаасаа өмнө нүүрсний хулгайн хэргийг нэлээд идэвхжүүлж, хөдөлгөж байгаад мордсон нь үүнтэй холбоотой ч байж мэдэх нь. Бодвол “Бид нүүрсний хулгайч нартайгаа тэмцэх ажлаа эхлүүлчихлээ” гэх мессэж өгч, оноо авахыг зорьсон байж мэднэ. Урд хөршийн зүгээс үзүүлж буй шахалт, дарамтын нөлөөгөөр нүүрсний хулгай ил болж, 40 их наядын хулгайн асуудал сөхөгдөж, ард түмэн амаа ангайтал цочирдож байна гэж нэг талаас нь харж болох нь. Хулгай хийхдээ ийм их хэмжээний хулгай хийнэ гэж бас байдаг аа гэж итгэхгүй хүмүүс олон байна. Нүүрсний хулгайд эрх баригчид гар хуруу байтугай бүх биеэрээ, нүүр толгойгоороо живээд тас хар болчихсоныг иргэд арай л хожуу мэдсэн нь харамсалтай.

Гэтэл МАН-ынхан нүүрсний хулгайгаа бүр анхнаас нь өөрсдөө мэдэж байсан юм байна. Шинэ асуудал биш юм, тэдний хувьд. Дөрөв, таван жилийн өмнө бүр тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай чуулганы танхимд чи, би-дээ тулж харилцан нэгнээ “Хулгайч” гэж дуудаж байсан даа.

Ж.Мөнхбат “У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг энэ боллоо шүү, цаашдаа…Та битгий хүн загнаад бай л даа. Юу гээд солиороод байгаа юм бэ. Чи хулгай хийгээгүй юм уу, Монголын төрөөс. Битгий солиороод байгаарай чи…Хаан биш шүү, заан биш шүү. Чи өөрөө хулгай хийсэн” гэхэд У.Хүрэлсүх мөчөөгөө өгөлгүй “Чи хулгайч” гэж танхим дүүрэн хэрэлдсэн. УИХ-ын дарга асан М.Энхболд “Та хоёр хэрэлдэхээ боль л доо, Хөөе Ерөнхий сайд аа, боль. Та хоёр болиоч ээ, чуулганы зааланд боль. Хөөе, Ерөнхий сайд, Мөнхбат гишүүн боль” гэж гуйж, загнаж буй бичлэг нь бэлээхэн байна. Үүний дараа Ж.Мөнхбат гишүүн “Би нүүрсний хулгайч биш. Асуудал үүсэх болгонд над руу галыг чиглүүлж, өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого явж байгаа юм билээ” гэсэн тайлбар хийсэн. “…Асуудал үүсэх болгонд над руу галыг чиглүүлж, өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого явж байгаа юм билээ” гэдэг энэ өгүүлбэр угаасаа бүгдийг илчилчихсэн юм. Энэ намынхан байсхийгээд л нэгнээ “Чи ч хулгайч, би ч хулгайч” гэж зүхэж хэрэлддэг байсан нь угтаа нүүрсний хулгайд гар, нүүрээ хамт халтартуулсан бусдыгаа л “Чи надаас дээрдэх юмгүй адилхан хулгайч шүү. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болох нь л дээ” гэсэн нэгэндээ өгсөн анхааруулга нь байж. Тэр үеэс л эд нар нүүрсний хулгайгаа эхлүүлжээ. Тиймээс энэ бүх хулгайгаа мэдэхийн дээдээр мэдэж, хамтдаа нүүрсний хулгайд хутгалдаж ирж. Хамгийн сүүлийн тоогоор энэ хулгай нь 40 их наядаар тоологдож байна. Энэ их мөнгийг дагаж тас хар болсон МАН-ын “нүүр”-ийг МАН-ынхан өөрсдөө угаана гэж ч юу байхав. Тийм боломж байхгүй. Гаднаас хичнээн дарамт шахалт үзүүллээ ч энэ хулгайд нүүрээрээ булхчихсан учраас нам дотроосоо нэг нэгнээ цэвэрлэж татаж гаргана гэдэг үлгэр болно.

Харин энэ үед өнөө 60 тэрбумын асуудалд орооцолдоод хөөгдсөн Миеэгийн талынхан буюу М.Энхболдын фракцийнхан эргэн ирж нүүрсэнд халтардсан намынхаа нүүрийг угааж намаа шалбаагнаас сугалж нэрийг нь аврах гарц үлдэж байна. 40 их наядын дэргэд Миеэгийнхний 60 тэрбум инээдэмтэй харагдаж байгаа биз. 60 тэрбумын хэрэг гэдэг нь юун хэрэгтэй манатай байсан юм биш үү ч гэж бодогдохоор.

Улс төрийн зоримог нүүдэл, эгзэгтэй агшинд эргэн ирж алдсан байр сууриа дахин эзэлдэг нь аль ч орны улс төрд байдаг эрүүл үзэгдэл. Тоглоомын тойргоос түр гарчихсан хүчтэй фракц хөдөлж эхэлснээр хар нүүртэй МАН-ыг шалбаагнаас нь татаж, угаал үйлдэх нь хамгийн зөв тактик. Монголын улс төрийн голлох хүчин гэгддэг нам ийм муухай нэр, тас хар зүстэй байж болохгүй ээ. Одоо Миеэгийнхэн гарч ирж намынхаа “нүүр”-ийг угаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ: Ядуусыг баячууд биш нийгмийн оюунлаг, ухаалаг давхарга л чирдэг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2015 ОНЫ АРХИВ: Философич С.Молор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Улс төр судлаач, философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та Германаас оюунлаг улс төр, хүчтэй төр байгуулахын төлөө шинэчлэл хийхээр ирсэн гэж ярьдаг. Тэрнийхээ төлөө хэр явж байна вэ?

-Бид хэсэг бүлэг хүмүүсийг улс төр гэж ойлгоод байдаг. Нийгэм чинь өөрөө улс төр. Хүн бүр улс төрийн иргэн шүү дээ. Хүн бүр улстөрч байх ёстой. Ер нь иргэн бүр улстөрч байхгүй юу. Хамгийн гол нь би ажил төрөл, мэргэжилтэй. Ажлаа хийгээд явж байна. Чи бидний өмнөөс тийшээ ор гэж тэр 76-г бүрдүүлсэн юм. Би философич, та сэтгүүлч, тэр хүн тэтгэврийнх. Бид хувь хувьдаа ажлаа хийгээд завгүй байгаа болохоор бүгдээрээ нийлж байгаад дүүрэг, сум, аймаг, тойргоосоо нэгнийгээ сонгоод “Чи бидний өмнөөс очоод улс төр хий” гээд явуулдаг. Энэ чинь улс төр байхгүй юу. Анх Грекээс улс төр үүсэхдээ ингэж үүссэн. Бид улс төртэй сүүлд, 1940-өөд онд л танилцсан. Тэр үед л улс төртэй болсон, Монгол орон. Төртэй, Засгийн газрын ордонтой, байшин барилгатай, мэргэжлийн хүмүүстэй болж эхэлсэн. Тэрнээс өмнө бидэнд төр, улс төр гэх юм байгаагүй. Овог овгоороо л байсан эрт дээр үеийн нүүдэлчин л ард түмэн. Одоо болохоор Чингисийн төр гэж яриад байдаг. Тэрийг чинь төр гэхэд хэцүү. Их засаг хууль гэж ярьдаг. Тэр үед бичиг сачиг ч байгаагүй, цаас гэж ч байгаагүй. Биччихсэн цаасан баримт байхгүй. Ерөнхий нэг үлгэр, домог бидний дунд явдаг. Богдоо тойроод л хар, шар феодалууд нь суудаг байсан бол 1940-өөд оноос бид хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, гэгээрлийн яамтай боллоо шүү дээ.

-Манай улс төрийн байдал тогтворгүй байна. Түүнийг дагаад нийгэм ч хямралтай байна. Та энэ байдлыг хэрхэн харж байна вэ?

-Би дээр хэллээ шүү дээ, 1940-өөд оноос хойш бид хүн төрөлхтний улс төр гэдэг ойлголттой танилцсан. Тэр ойлголтыг амьдралдаа хэрэгжүүлээд овоо гайгүй болоод явж байлаа. Улс төрийн товчоо, яамны сайдтай, сонгууль болдог, Ардын их хуралтай. Тэр хуралдаа сум, аймгийн дарга нар нь ирдэг. Тэгээд бүгдээрээ нийлж байгаад улс орноо яаж хөгжүүлэх төлөвлөгөөгөө зохиогоод явдаг байсан. 1990 онд ардчилал гэдэг ч юм уу, хөдөлгөөн гэх ч юм уу, өөрчлөлт рүү орсон. Хувьсгал биш л дээ. Хувьсгалтай огт хамаагүй. Тэгээд бид ард түмнээ авч явдаг улс төрийн бүтцээ эвдээд хаячихсан. Ерөнхийдөө дураараа, улс төр утгаа алдчихсан. Ардын их хурал гэж байхгүй. Сумын дарга улс төрд орж ирж сумынхаа асуудлыг бусдадаа ярих ямар ч боломж байхгүй. Зүгээр л аймаг нь ганц хоёр хүнийг сонгоод явуулчихдаг. Тэд нь Улаанбаатарт ирээд аймгаа мартчихдаг. Сонгууль болохоор гурил, будаа өгчихдөг. Иймэрхүү л юм байгаа шүү дээ. Хөдөө болохоор шатахуун энэ тэр гэсэн илүү дутуу юм тараагаад л. Улс төр гэж хар, наймааны, хамгийн муу муухай гэсэн л ойлголт явж байгаа шүү дээ. Уул нь бол улс төр гэж их сайхан юм байх ёстой. Улс орныг авч явах маш их хариуцлагатай, нэр хүндтэй тийм хөдөлмөр. Хаана ч улстөрч хүнийг хүндэлдэг байх ёстой.

Манайх 1990 оноос улс төрд муу муухай, наймааны, энэ нийгмийн хамгийн өөдгүй, доод түвшний, хамгийн муу сурлагатан, гологдлууд нь орчихсон. Нийгэм нь хөгжөөд байдаг. Өнөөх нөхөд нь биднээс хоцрогдчихсон байдаг. Ийм л нэг сонин байдалд орчихоод байгаа байхгүй юу.

-Та нэг хэсэг МАХН-д ороод, дараа нь Хамуг Монгол хөдөлмөрийн намыг байгуулаад улс төрд хүчтэй орсон шүү дээ?

-Орсоон, орсон. МАХН-д нэг их ороогүй ээ. Тус намыг чинь би байгуулалцсан юм. Шинэбаяр, “Буян”-гийн Жаргалсайхан эд нартай чинь нийлээд эвсээд сонгуульд орсон. Би жагсаалтын нэгдүгээрт явж байсан. Юу болсон юм бүү мэд, тэнд улс төрийн янз бүрийн будлиан болгоод уул нь би эхний өдөр жагсаалтаар гарчихсан шиг л байсан. Гэтэл нэг мэдэхэд алга болчихсон. Тиймэрхүү юмнууд болсон. Тэгэхдээ яах вэ түүх.

Өнгөрсөн хугацаанд би соён гэгээрүүлэх, ном унших, ном бичих, ном орчуулах, хаа бол хаа ч лекц уншиж, хичээл заахад ихэд анхаарч ажиллаж байна. Ер нь энэ нийгмийн иргэд, бид өөрсдөө соён гэгээрч, улс төр, хорвоо ертөнцийн талаар зөв ойлголттой болж, монгол хүний тархи толгой хүмүүнлэг, хүнлэг байж зан чанар, ёс суртахуунд өөрчлөлт хийж тэрийг зөв ойлгуулж, хүмүүсийг сайн ухааруулах ёстой. Ингэхгүй бол хүмүүс оюуны болон ёс суртахууны доод түвшинд байгаа учраас ихэнхдээ тэр хар масс болох ёс суртахуунгүй, доод түвшний, боловсролгүй тэр хүмүүсийг сонгочихдог. Сонгосон тэр хүмүүс нь дээр гарч ирээд хамаг аж амьдралыг баллаад хаячихдаг. Энэ нийгэм, иргэд, улс орон чинь бүгдээрээ ажил төрөл, цалин мөнгөтэй, хүүхэд нь цэцэрлэг, сургуульдаа яваад, ээж аав нь ажилдаа яваад цалингаа авч ирээд гэртээ хоол ундаа идээд, даарч хөрөхгүй аятайхан амьдрах чинь л бидний эцсийн зорилго ш дээ. Түүнээс биш дөрөв таван хүн хязгааргүй баян болоод нөгөө талд нь баахан хар масс, ядуу, гэр хороололд нөгөө хүүдийтэй нүүрсээ шатаагаад л. Тэр чинь одоо шуудай гэж хэлэхэд хэцүү болчихсон шүү дээ. Тэр нь сайн нүүрс ч бас биш. Бид хамгийн чанаргүй нүүрсээ зарж байгаа. Хамгийн шилдэг, үнэтэй нүүрсээ энэ компаниуд урагшаа, гадаад компаниудад маш хямдхан, инээдэмтэй үнээр зардаг. Гэх мэтчилэнгийн бидний энэ амьдрал, нийгэм, улс орон маань хөл, толгойгоороо эргэлдчихсэн. Бүх юмны утга алдагдчихсан. Бүх юмыг бодоод байхад эрүүл хүн байна уу гэмээр үйл явдал болдог.

-Та сая яриандаа дурдлаа, хүмүүнлэг, хүнлэг байх тухай. Өршөөлийн тухай хуулийг энэ нийгэмд бага ч гэсэн ийм гэрэл гэгээ өгсөн үйл явдал болж байна гэж үзэх хүмүүс олон байна?

-Өршөөх гэдэг үг улс төрийн нэр томъёо биш. Хуулийн нэр томъёо ч биш. Өршөөх гэдэг нь шашны нэр томъёо. Буруу юм хийсэн хүнийг өршөөдөг, намайг өршөөгөөч гэдэг. Тэр л байхгүй юу. Улс төрд өршөөл гэж байж болохгүй.

-Зүй нь ямар нэртэй байх байсан гэж?

-Өршөөх гэдгээсээ илүүтэй, уг үйл явдал, улс төрийн уг үйл ажиллагаа, цаад зорилго, санаа нь бол хийсэн хэргээсээ давсан, хийсэн хэрэгтээ арай тохироогүй шийтгэл хүлээж байгаа хүмүүсийн тэр шийтгэлийг нь нимгэрүүлж байгаа явц. Тэрнээс биш уучлал энэ тэр биш шүү дээ. Хариуцлага бол дандаа л явж байгаа. “За нөхөр минь, чи хэрэг хийсэн, бид чамайг шийтгэсэн. Гэхдээ энэ шийтгэл одоогийн улс орны нөхцөл байдлыг хараад байхад арай хүнд байх шиг байна. Чамд арай нэг зөөлөн хандъя” гэсэн л ойлголт шүү дээ. Ийм л ойлголт болохоос биш хийсэн хэргийг нь үгүйсгээд устгаад хаячихаж болохгүй, нэгэнт гэмт хэрэг хийгээд шийтгүүлээд сууж байгаа хүнийг чинь. Арван жилийн ял авсан хүний ялыг найман жил болгоё. Чамд яахав гурван жил үлдчихсэн байгаа юм байна. Чи ер нь дажгүй байгаа, өөрийг чинь харахад ер нь гэмшсэн байдалтай байна. Ар гэрийг чинь харахад ч гэсэн чи тэдэндээ хэрэгтэй хүн юм байна. Өрхийн тэргүүн, айлын ээж юм байна. Ер нь чи жилийн өмнө гарахад болохгүй юм юу байх вэ гэсэн ийм л ёс суртахууны ойлголтууд шүү дээ. Энэрэнгүй л ойлголт байхгүй юу. Түүнээс биш хэнийг ч өршөөж болохгүй. Өршөөл гэдэг чинь шашинд л байдаг. Намайг өршөө, амийг минь хэлтрүүл гэдэг нь шашны л ойлголт. Улс төр, хуулийн ойлголтууд дунд өршөөх гэдэг хэтэрхий бүдэг. Ойлгомж муутай, яаж ч мушгиж болох осолтой үг.

-1990-ээд оноос хойш болон өмнөх улс төрийн байдал маш их өөрчлөгдлөө гэлээ. Үүнтэй адил философид ч өөрчлөлт гарсан байлгүй. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”, “Зүйдэлгүй дээл, зүйргүй үг гэж байдаггүй” гэх мэт үгс утгагүй ч юм шиг болсон?

-Үнэнээр явбал хэзээ ч үхэр тэргээр туулай гүйцэхгүй шүү дээ. Хэдүүлээ үнэнээр яваад үхэр тэргэн дээр суугаад туулай хөөе л дөө. Хэзээ ч гүйцэхгүй. Үлгэр домгийн энэ зүйр цэцэн үгсийн дунд монгол хүнд хэрэггүй болчихсон нь маш олон бий. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг ч юм уу. Чи улс төрийг сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно гэдэг ч юм уу. Энэ бүх үг бүгдээрээ утгагүй.

Философийн тал дээр бид гурван зүйлийг л ярих ёстой. Нэгдүгээрт, хүний эрх чөлөө, тэгш эрх. Бүгдээрээ адилхан эрхтэй байх ёстой. Баяны хүүхэд сургуульд сурдаг, ядуу айлын хүүхэд сургуульд сурах боломжгүй гэвэл энэрэнгүй биш харгис нийгэм. Таны хувь заяаг мөнгө л шийдэж байна. Мөнгөгүй, боломж тааруу айлын хүүхэд яах юм. Тэгээд л дуусч байгаа юм уу. Хохь чинь үү, цаанаасаа зурсан зураг уу. Баян айлын хүүхэд шууд Америк руу сургуульд явчихдаг. Тэр нь бас цаанаасаа зурсан зураг уу. Тийм юм байхгүй. Монголын үрс бүгдээрээ адилхан.

Хоёрдугаарт, эрх чөлөө. Эрх чөлөө гэдэг нь гинжнээс тасрах эрх чөлөө биш. Миний боловсрох эрх чөлөө, өөрийнхөө хүслээ илэрхийлэх эрх чөлөө, хүсэл мөрөөдлөө биелүүлээд явах эрх чөлөө, зурагт, хэвлэлээр хэлье гэснээ хэлчихдэг эрх чөлөө, гэр бүлээсээ салах эрх чөлөө, нөхөр, эхнэр таалагдахгүй бол салчихдаг эрх чөлөө энэ бүгд чинь амьдралын эрх чөлөө шүү дээ. Иймэрхүү нарийн ширийн юмнуудаа бид ярьж чадахгүй байна. Гурав дахь нь, бид нэг нэгэнтэйгээ эв нэгдэлтэй байх. Эвтэй бол хүчтэй гэдэг. Эв бол юу ч биш. Эв бол ерөнхийдөө найрч хоорондоо тохироод эвлэрчихэж болно. Монголчууд эвтэй дээрээ бүр илүү нэгдэлтэй байх ёстой. Өнөөдөр үүсээд байгаа улс орны байдлыг харахад гадаадын иргэд маш ихээр ирж байна. Мөнгөтэй, боломжтой, бололцоотой хүмүүс ирэх нь сүүлийн тав, зургаан жилд мэдэгдэм ихэсч байна. Америкийн иргэд байшин барилга, хөдөө орон нутагт газар авч байна. Уул уурхай, лиценз, тендерийг ямар хүмүүс авч байгааг та нар харж байгаа. Гадаадынхан л авч байгаа. Монгол хүн яваандаа энэ нийгэм улс орны хамгийн доод түвшний ядуу хүмүүс л болох юм шиг байна. Дандаа гадаадынхан бүх үнэтэй юмны эзэд. Манай гоё байгальд сайхан амьдардаг. Өмнөд Солонгосчууд онгоцоор нисч ирээд Өмнөд Солонгосынхоо амралтад буугаад, Өмнөд Солонгосынхоо зочид буудалд тухалчихаад л явж байна. Америкчууд ч тэр. Тэгэхээр монгол хүн яах вэ. Эд нарын үйлчлэгч, цэвэрлэгч юм уу эсвэл микро автобус, жийпийг нь барьдаг жолооч нь болох уу. Охидыг гадаадаас ирсэн тэтгэвэрт гарч байгаа өвгөд мөнгө төлөөд авчихдаг ийм л амьдрал эхлэх гэж байна. Хорьдугаар зууны эхээр л манайх ийм байсан. Ардын хувьсгалаас өмнө 1911, 1912 оны үед Харбин, Япон, Америкаас том том хөрөнгөтнүүд ирсэн. Тэд асар их мөнгөтэй хөрөнгөтнүүд. Монгол орон ардын хувьсгалаас өмнө олон орны хүний хөлд талхлагдаж байсан. Маш их өртэй байсан. Пүү, пүнлүү, хүү, пүүс гэдэг үгнүүд чинь бүгд тэндээс гаралтай. Тэр их хүү, өрнөөс ардын хувьсгалын ачаар л салж байсан юм.

-Тэр байдал өнөөдөр бидний үед давтагдах гэж байна гэж үү?

-Зуун жилийн дараа бид бүгдээрээ хүү, зээлэндээ дарагдчихсан, хүүгээс хүү рүү амьдарсан, зүгээр нэг бэлэн байгаа байшинд ороод амьдарчихаж чаддаггүй, хүүг нь төлөхгүй бол болохгүй, хэзээ энэ байрнаас хөөгдөх бол гэсэн л хүмүүс. 20-30 мянган айлын орон сууц хоосон байна. Яагаад гэвэл үнэтэй, зээл авахад хэцүү. Зээлийн хүү өндөр. Энэ чинь улс орны эдийн засаг болоод иргэдийн аж амьдралд яасан их хохирол вэ. Тэр сайхан байруудад залуу гэр бүл, улс оронд хэрэгтэй залуу үеийг оруулах л хэрэгтэй шүү дээ.

-Энэ бүгдээс гарч улс орноо аврах гарц нь эв нэгдэл гэсэн үг үү?

-Эв нэгдэл. Монголчууд гар гараа барилцаад ухаантай, мэдлэгтэй хүмүүсээ дэмжээд, хэрэгтэй хэрэггүй энэ хэдэн хогийн нөхдөөсөө салах хэрэгтэй. Бидний цаашдын аж амьдралд саадтай их олон хүн байна. Зурагтаар худлаа ярьсан, хар пиарчид, мухар сүсгийн, энэ нийгэм, улс орныг цаашид хөгжихөд бидэнд ямар ч хэрэггүй улсууд байна. Үүнд хоёр төрлийн хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүс нь цаашид монголчууд бидний аж амьдралд маш их саад болно. Одоо ч саад болсоор байна. Нэгдүгээрт, улс төрд байсан хуучны сайдууд, Ерөнхий сайдууд, Ерөнхийлөгч нар. Эд нар баяжчихсан, улс төрийг гартаа авчихсан. Төрөөр дамжуулаад асар их мөнгөтэй болж баяжаад төрийн чухал объектуудыг авчихсан. Тийм учраас тэд нар чинь хийдгээ үргэлжлүүлээд улс төрийн намуудын толгойг эргүүлээд улстөржүүлээд байж байдаг. Муухай шалбааг шиг юмаа найруулаад л.

Нөгөө талд нь хоёрын хооронд бидэнд ямар ч хэрэггүй хэт их баян хүмүүс байна. Тав, зургаан том компанитай босс, эзэн баячууд. Эд бол улс орныг хөгжихөд хамгийн их саад болж байгаа хүмүүс. Тэд бүх тендер, лиценз, бүх зөвшөөрлийг түрүүлээд худалдаад авчихдаг.

-Баячууд чинь ядуусаа чирдэггүй юм уу?

-Яалаа гэж. Хэзээ ч үгүй. Хэзээ ч үгүй байхгүй юу. Энэ дэлхийн түүхэнд баячууд ядуусыг чирч байсан түүх байхгүй. Төр л чирдэг. Ядуусыг нийгмийн оюунлаг, ухаалаг давхарга л авч явдаг. Баян хүмүүс авч явдаггүй. Баячууд чинь өвчтэй хүмүүс. Мөнгөө их болгох гэсэн өвчтэй. Ганцхан өвчин нь тэр. Энэ хоёр биднийг цаашид хөгжихөд маш их саад болно. Нэг нь эдийн засгийн олигархиуд, нөгөөх нь улс төрийн олигархиуд. Энэ хоёр олигархиудаас салсны дараа л бидний аж амьдрал, Монгол орон хэвийн амьдралдаа орно. Тэгээгүй цагт энэ хоёр нийлээд л бидний толгойг эргүүлнэ. Одоо 2016 оны сонгуулиар яаж толгойг нь эргүүлэх вэ гээд л сууж байгаа. Энэ хоёроос яаж салах вэ. Таны сая хэлсэн чинь худлаа ойлголт. Баячууд чинь хэзээ ч ард түмэнд мөнгө өгөхгүй. Мөнгөө л ихэсгэхийг бодно шүү. Үгүй яахав хааяа улс төр ойртоод ирвэл худлаа жижигхэн жижигхэн хоолны шавхруу шиг юмнууд өгч магадгүй. Тэр бол доромжлол. Гурил, будаа юу юм.

-Хуучин зүйл, шинэ зүйл хоёр ямагт зөрчилддөг. Хуучин нь шинэтэйгээ зэрэгцээд хамт байх гэж зүтгээд байдаг энэ үзэгдэл улс төр, нийгэм, урлаг гээд бүхий л салбарт байна?

-Хуучин, шинэ хоёрын зөрчил бол буруу биш, зөв зөрчил байдаг. Тэртэй тэргүй зөрчилддөг. Хуучин нь хуучнаараа байх гэдэг. Шинэ нь өөрчилж шинэчлэх гэдэг. Энэ бол байх ёстой. Юугаа шинэчлэх вэ, юугаа хуучнаар нь авч явах ёстой вэ гэдгээ зөв ярих хэрэгтэй. Маш олон зан заншил, уламжлал хоцрогдсон. Тэрнээсээ одоо салах хэрэгтэй. Шинэ үе рүү орж шинэчлэх хэрэгтэй. Би нэг удаа Р.Чойномыг шүүмжилсэн. Хүмүүс чинь жигтэйхэн юм болсон, уйлах гээд л. Чойномыг давах өчнөөн шүлэг бичих хүмүүс төрөх байтал төрүүлдэггүй, төрөх боломжийг нь өгдөггүй. Дараад хаачихдаг. Чи юу юм бэ, тэрнээс давж гарч болохгүй, тэр л мундаг. Бүгд тэрний сүүдэрт л явна. Тэр бол бурхан шүтээн гэж байгаа байхгүй юу. Хэрвээ урлаг хөгждөг гэж байгаа бол тэр чинь хоцрогдох хэрэгтэй. Хэрвээ тэр хүн хэвээрээ яваад байх юм бол хөгжил явагдаагүй гэсэн үг. Аль хэдийнэ хоцрогдчих хэрэгтэй. Тэглээ гээд тэр чинь муу зүйл биш шүү дээ. Ер нь бол цаг өнгөрдөг, юм хоцрогддог, юм хуучирдаг. Муудаа биш, хүссэн хүсээгүй шинэ юм гарч ирдэг.

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Гомбосүрэн: Монгол Улс хүчирхэг байхын тулд мөрөөрөө байх ёстой. Гэхдээ энэ нь унтаад бай гэсэн үг биш DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны №299, 300(5564, 5565) дугаараас авч нийтлэв.


2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд Гадаад харилцааны яаманд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба гадаад бодлого” эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Уг хурлын үеэр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Энэ бага хурлаар 1911 оны үеийн Монголын тусгаар тогтнол ба гадаад бодлого ямар байсан талаар ярьж байна. Тэгвэл өнөөдрийн Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад бодлого ямар байна вэ?

-Өнөөдрийн хурал бол өнгөрсөн зууны буюу 105 жилийн өмнөх үйл явдлыг голчлон ярьж байна. Ямар гараанаас эхэлсэн юм бэ гэдгийг ойлгох үүднээс эрдэмтэд юмаа хэлж, сонсох хүмүүс нь ойлголтоо бататгах юм уу, илүү тодруулах тухай асуудал. Өнөөдөртэй холбохоор өнөөгийн дэлхий тэр үеийнхтэй огт адилгүй болсныг дурддаг юм. Тэр үүднээс тусгаар тогтнолыг ярихдаа улс гүрэн гэж биеэ дааж орших, эсэхэд янз бүрээр халдаад байна уу, элдэв янзын аюул занал байна уу гэж яривал тийм юм байхгүй л дээ. Дэлхийн олон улсын харилцааны байдал, хөгжлийн түвшин ямар байна вэ гэхээр улс гүрнүүдийн өнөөгийн байгаа байдал дор бүрнээ баталгаажиж. Тэр нь олон улсын гэрээ хэлэлцээрүүдээр баталгаажсан. Тэгэхээр бид тусгаар тогтнолоо алдчих гээд байгаа юм шиг юм байхгүй. Тусгаар тогтнолыг эмзэг болгодог янз бүрийн хүчин зүйлүүд байна. Үүнийг тусгаар тогтнол гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдалтай холбож ярьдаг л даа. Хамгийн эхэлж эдийн засгийн аюулгүй байдлаа ярьж байна. Өнөөгийн орчлонгийн эдийн засгийн уялдаа харилцаанд өөрийгөө байршуулж, тэрний нэг элемэнт, улсаар нь яривал нэгэн гишүүн нь болж идэвхитэй хөгжих тухай зүйл юм л даа. Бидний өнөөдрийн нэг сонин юм бол 25 жил зах зээлийн эдийн засагт шилжээд дэлхийн тэр эдийн засгийн системийн бага боловч нэгээхэн хэсэг болох зам руу чадан ядан явж байна. Тэрийгээ бид үндэсний эрх ашиг гэдэгтэй заримдаа дэндүү нарийн холбож авч үзэж, зарим талаар бүр тэр аюулгүй байдалдаа эсрэгээр нөлөөлөхөөр бодлого ч гэх нь хаашаа юм үйл ажиллагаа явуулж өөрсдийгөө зарим газар чөдөрлөж байгаа юм шиг, зарим газар өөртөө гох дэгээ тавьж байгаа юм шиг иймэрхүү замаар будилж явна.

Тэр үүднээс бол бид нар үндэсний аюулгүй байдалд өөрсдөө ямар нэгэн хор гэх нь хаашаа юм ямар ч байсан сөрөг нөлөө үзүүлэхээр бодлого, үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү гэхээр тийм үр дүнд гэнэ гэнэ хүрээд байна. Ний нуугүй хэлэхэд, бидэнд хөгжихөд гурван нэн чухал юм хэрэгтэй. Хамгийн наад талаас нь яривал мөнгө, хөрөнгө. Тэр бол манайд их мөчиг тачиг байдаг зүйл. Нөгөө талд нь техник технологи гэж нэг юм байгаа юм. Энэ бол нөгөө ашигт малтмалаа ашиглахаас авахуулаад, малын түүхий эдээ боловсруулахад хүртэл хамаатай зүйл. Тэр нь бидэнд байна уу. Өнөөгийн техник технологийн хөгжлийн үүднээс харвал бидэнд байхгүй. Тэр утгаараа гаднаас хараат. Мөнгө байхгүй гэдэг чинь бас л гаднаас хараат гэсэн үг. Энэ бүхнийг хүн гуай бий болгох ёстой. Тэр хүн мэргэжилтэн байх ёстой. Мэргэжилтэн гэдэг чинь мэргэшсэн, дадлагажсан, туршлагажсан хүн байх ёстой. Бичиг цаас, номыг үзсэн хүнийг хэлэхгүй. Тэр талаас нь үзвэл манайд ном үзсэн хүмүүс эрх биш байгаа. Гэхдээ бүх юмаа яралзтал хөгжүүлэх хэмжээнд боловсон хүчин бэлтгэгдээгүй. Тэгэхээр тэр номыг нь бас гаднаас сурдаг. Тэгэхээр бас хараат. Иймэрхүү зовлонг туулж явна аа, монголчууд минь.

-Гаднаас хараат гэдэг нь зуун хувь үнэн болчихоод байна?

-Энэ бүхнийг заримдаа үндэсний аюулгүй байдалтайгаа холбож авч үзэж ярьдаг болчихоод байгаа юм. Бараг л малын өвчин гарахаар л үндэсний аюулгүй байдал ухааны юм яриад байдаг. Тэгж холбох ёстой ч байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлийг амны уншлага болгож болохгүй юм. Тэрний цаана тусгаар тогтнол бий. Тэгэхээр бид өнөөдөр ерөөсөө улс биш болчих гээд байгаа юм шиг тийм байдал байж болохгүй. Энэ мэт нь биднийг гадныхантай маш нарийн хамтарч ажиллахыг шаардаж байгаа юм л даа.

-Та яриандаа гох дэгээ гэж ярилаа. Үүнийг хоёр хөрштэйгээ холбож ойлгож болох уу. Монголчуудын хувьд эрт дээр үеэс өөрийн гэсэн уран нарийн аргатай дипломат ёстой байсан. Харин түүнийгээ эдүгээ үед орхигдуулаад байгаа нь хоёр хөрштэйгээ харилцах харилцаан дээр илрээд байна уу даа гэж анзаарагдах юм?

-Гох дэгээ гэж ярьсан нь зөвхөн энэ хоёртой холбож хэлж байгаа юм биш. Ерөөсөө гадагшаа харьцахдаа. Жишээ нь, хөрөнгө оруулагчдыг дуудаад байдаг. Ороод ирэх маягтай болохоор нь “Чи манай юмыг ашиглах гэж байж өөрийнх юм шиг загнах гээд байна” гэдэг. Хамтран ажиллах гэж байгаа бол харилцан ашигтай байх ёстой. Харилцан ашигтай гэдгийг эхлээд маньд ашигтай гэж уншаад байх шиг. Их мундаг ухаанаар харвал эхлээд өөрийн ашгийг харах нь зөв л дөө. Гэхдээ нөгөөхөөс чинь хэрэг дээрээ бид чинь юм гуйж байгаа байхгүй юу. Гуйдаг хүн чинь бөхийдөг байхгүй юу. Түүнээс гэдийж гуйдаг хүн явдаггүйг нэлээд хэдэн юм харууллаа л даа. Тийм ээ. Энийг би гох дэгээ гээд байгаа юм. Өөртөө тавьж байгаа чөдөр. Хоёр хөрштэй харилцах тухай их нарийн.

Хамгийн гол нь бидний сүүлийн 25 жилд хэрэгжүүлж байгаа бодлогыг Олон тулгуурт бодлого гэж нэрлэсэн юм. Хоёр тулгууртай аливаа юмны тогтвор нь ямар байх вэ. Тулга гэдэг чинь гурав, дөрвөн тулгууртай. Тэгэхээр бид гурав дахь хөршийн бодлого гэдгийг хоёр хөрштэйгээ харилцах бодлогын хүрээнд зэрэгцүүлж тавьж тэнцвэржсэн бодлого байх ёстой гэдэг номыг хэрэгжүүлж байгаа ухааны юм л даа. Хэрэгжүүлж байгаа бид чинь алдах, онохыг үзүүлж өгч байна. Тусгаар тогтнолын 105 жилийн ой тохиож байгаа сайхан өдөр ирж байхад тэр тухай яриад яахав. Ерөнхийдөө гэдэг сайхан үг байдаг, тийм ээ. Энэ бодлого хэрэгжиж яваа ухаантай. Хамгийн чухал хэрнээ бас ч гэж арай амар нь улс төрийн харилцаа байдаг юм. Бодлогын хүрээнд дайсагналцахгүй байна гэсэн үг байхгүй юу. Хоёр хөрштэйгээ ч сайн хөршийн харилцаатай хэмээгээд л ном, бичиг цаас харвал стратегийн түншлэл, тунхаг гээд улс төрийн харилцаатай байдаг. Гурав дахь хөрш гэж өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудыг хамгийн товчоор тодорхойлж ирсэн юм. Бөмбөрцөгийн цаанаас яривал Америк, энэ талаас нь яривал Япон, Солонгос ч юм уу. Тэгээд Европын холбооны улсууд. Тэд нартай бол улс төр гэдэг үүднээсээ ойлголцоод Монгол бол дэлхийн ийм улс гээд жинг маань тодорхойлчихсон. Биеийн тамираар яривал бид чинь бага жингийн тамирчид. Бид тэрийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ дэлхийн хоёр том гүрний дунд байдаг, бас ч гэж том талбайтай ийм нэгэн улс ч гэлээ геополитикийн талаас нь биднийг бас нэгэн тоглогч гэж авч үзээд улс төрийн үүднээс ойлгож сайн харилцаатай болцгоосон. Энийг материаллаг хамтын ажиллагаагаар улам бататгах ёстой байхгүй юу.

-Эдийн засаг, худалдаагаар бататгах ёстой ч нэг л улстай энэ харилцаагаа илүү хөгжүүлээд байна уу даа?

-Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтаар. Тэр талаас нь харахаар өнөө үлгэрлэж ярьсан тулганы нэг тулгуур нь айхавтар өндөрдөөд нөгөө хоёр руугаа хазайчихаар хэлбийсэн ийм зураг харагдаад байгаа юм. Тоо яривал Хятадтай хөрөнгө оруулалт, худалдаагаар харьцаж байгаа байдлыг анзаарвал 70, 80 хувь болчихоод байгаа шүү дээ. Оросын тухайд бензин авдгийг эс тооцвол хэрэг дээрээ тун өчүүхэн харилцаж байна. Нөгөө гурав дахь хөрш гээд харайлгаад л гуйгаад байгаа юм маань санасан хэмжээнд огт хүрэхгүй байна. Тэд биднээс гурван юм л хүсдэг. Бид танайд очоод хөрөнгө оруулахад улс төрийн хувьд тогтвортой байх, хөрөнгө мөнгийг хамгаалдаг эрхзүй, хууль ном чинь тогтвортой бөгөөд сайн байх ёстой гэдэг. Тэгээд “Та нар ярьсан, тохирсноо хэрэгжүүлдэг байх ёстой” гэдэг. Засаг солигдсон гээд одоо үргэлжлүүлэхгүй гэдэг ийм ёс хорвоо дээр ханилах ханилгааг их найдваргүй болгож байна шүү. Тэгэхээр бид энэ гурван тулгуур дээрээ доголдоод байна. Ийм зовлон байна. Олон улсын улс төрийн үүднээс ярихаар олон улсын хэмжээнд манай улс төрийн байр суурь бат тогтвортой байгаа хэрнээ харилцагч түншийн хувьд гойдгүй болчихоод байна.

-Монгол Улсын нэр хүнд сүүлийн жилүүдэд унаад байна уу, олон улсын тавцанд?

-Монгол Улсын нэр хүнд мундаг гэж социализмын үед ярьж ирсэн. Өнөөдөр бидний нэр хүндийн хувьд 1990-ээд оноос тэр гурав дахь хөрш маань итгэл үзүүлж харж үзсэн. Хөрөнгө мөнгөөр тэтгэж, зүгээр мөнгө, хөнгөлөлттэй зээл бүр идээ будаа өгч биднийг Олон улсын хамтын нийгэмлэгийн мөрөөрөө гишүүн болоосой л гэж дэмжиж харсан ш дээ. Улс төрийн утгаараа бол бид тийм болсон. Тэгээд л тэд “Танайд жаал зугаа юм байх шиг байна. Тэрийг хамтарч ашиглаж хөгжил дэвшилд чинь нэмэр болъё. Аж амьдралаа дээшлүүлэхэд чинь нэмэр болъё” гэнгүүт нь манайхан элдэв зан гаргадаг. Нэг тийм сонин сэтгэлзүйгээр хандсан. Ардчилал гээчийг бид үмхчихээд залгиж чадахгүй байгаа байхгүй юу. Залгиж ходоод руугаа хийж боловсруулаад “Энэ чинь ёстой сайхан идээ байна” гэхсэн. Гэтэл үхмчихсэн. Тэгээд заримдаа хахаад байдаг. Заримдаа гулгих маягтай гаргаж байна. Гэхдээ үүнийг буруутгах хэцүү. Өсөхийн зовлон гэж нэг юм бий. Өсөхийн зовлон гэдэг чинь улс гүрэн болгон дээр янз бүрээр илэрдэг байх. Монгол хүний нэг араншин байна. Тэр нь өсөхийн зовлон гээчийг хөгийн болгож байна л даа. Үнэндээ социализмаас хэрэг дээрээ хувиа борлуулах, довоо шарлуулах сэтгэлзүй бүхий нийгэм рүү шилжихээр чинь бид чинь эрх биш амьтан болохоор эхлээд тэр нь гялс гараад ирэх юм. Өөрөө яаж ийгээд л амиа тээх. Амиа тээх гэж байсан нь цаашлаад нэг хэсгийн маань баяжихын ухаан болчихож байгаа юм. Бурхан багшийн сургаалд “Бүтсэн хүсэл шинэ хүслийг төрүүлдэг” гэж байдаг. Тэр утгаараа хүсэл бол аливаа муу хорын эх юм. Хүсэл бүтчихлээ гээд зогсч чаддаггүй. Хэрэг дээрээ хүсэл нь шунал болж хувирдаг. Шуналыг муу хорын үндэс гэж байгаа юм л даа. Тэр нь монголчуудад ээ дээ тод харагдаж байна даа.

-Монгол Улс бол Ардчиллыг тайван замаар, цус урсгалгүй олж авсан. Ардчиллыг үлгэр жишээ хөгжүүлж байгаа орон гээд л биднийг нэг хэсэг их ч мандууллаа. Хөөстэй эдийн засаг гэдэг шиг гадныхан бидэнд цаасан малгай өмсгөчихсөн байсан юм биш үү гэдэг нь сүүлийн үед манайтай холбоотой олон улсад өрнөж байгаа үйл явдлууд харуулаад байна?

-Цаасан малгайг хүн өмсгөөгүй юм. Бид өөрсдөдөө сургаар өмсгөчихөөд байгаа байхгүй юу. Хүн зүгээр нэг үг хэлэхээр “За энэ шижир байна” гэж ойлгодог. Тэр нь монет ч биш байдаг. Олон улсын харилцаанд ийм нэг ёс байдаг юм л даа. “Өө та нар сайн байна, сайхан байна” гэж хэлдэг. Тэрийг нь “За тэр, бяд ч тэгнэ ээ. Бяд чинь лут байгаа” гэж хүлээж авдаг. Үнэн үг хэлж байгаа юм л даа. Гэхдээ тэр нь бидний хувьд онгирох омойтох зүйл байх ёсгүй. Нөгөөтэйгүүр гадаад харилцаа гэдэг юм чинь их нарийн. Яриа хөөрөөнөөсөө авахуулаад хариуцлагатай юм. Бид чинь гадагшаа очоод “Манайд зөндөө юм байгаа. Танайд зөндөө мөнгө, технологи байна. Энийг нийлүүлэхээр танайд ч ашигтай, манайд ч ашигтай” гэж хэлдэг. Хүрч ирсэн хойно нь тендер гэдэг юм зарлачихаар нөгөө гол түнш нь тээр тэнд хоцорчихдог. Тэгэхээр бодлого, гадны ёс ном энэ тэрийн шүтэлцээг тохируулах ёстой. Тендер зарладаг олон улсын жишиг, ном байж болно. Тэрийг ерөнхийд нь баримтлах хэрэгтэй. Бид бодлогынхоо хүрээнд тендерт ялагдсан байлаа ч Японы компанид тендерээ өгдөг байх хэрэгтэй. Ийм бодлого барьж чаддаг байх ёстой байхгүй юу. Тэгэхгүй бол өнөө тэнцвэртэй харьцах бодлого явж өгөхгүй байгаа юм. Хятадаас хөрөнгө оруулахад хамгийн хямдхан орж ирнэ. Ойрхон, зам харгуй тээвэр гээд зардал нь бага тусна. Японоос ирэх нь огт өөр шүү дээ. Тэгэхээр мэдээж шүү дээ, Хятад л ялаад байна. Тийм биз дээ.

-Энэ чинь л нэг улсаас хараат болох нэг шалтгаан юм шүү дээ?

-Нэг улсаас хараат байх ёсгүй. Бусадтай нь тэнцвэртэй харьцах хэрэгтэй. Бид гурав дахь хөршийнхөө бодит сонирхол гээчийг бий болгох ёстой. Улс төрөөр сайн байхын зэрэгцээ материаллаг болоод бусад сонирхлын юмыг буй болгоно.

-Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай Засгийн газар Хятадын талаас уучлал гуйж “Далай ламыг Монгол дахиж урихгүй” гэж ам мөчгөө өгчихлөө. Үүний хариуд Хятад улс “Болсон үйл явдал Монголд сануулга боллоо. Бусад улс ч үүнээс үлгэр жишээ ав” гэсэн утгатай тайлбар хийв. Үүнээс харахад бид чинь уг нь тусгаар тогтносон улс. Хэнийг хэзээ яаж урьж залахаа өөрсдөө шийдэх эрхтэй орон биз дээ. Эсвэл бид урд хөршөөсөө хамааралтай болчихсон юм уу?

-Үүнийг тэгж хараат, хамаарал гэж ярихын хэрэггүй. Хорвоогийн явдал, хоёр улсын хооронд зөрчил гардаг. Нэг нь тэр зөрчилтэй холбоотойгоор гомдол, саналаа тавьдаг. Нөгөөдөх нь учир жанцангаа тайлбарладаг, ийм л юм. Үүнийг тэгж ойлгох хэрэгтэй. Асуудлын том багаас болно л доо. Далай лам бол Хятадын хувьд нэгээхэн их эмзэг асуудал нь байгаа юм. Тийм учраас тэр нөхрийг үүгээр түүгээр явахаар нь их эмзэглэдэг. Их гүрнүүд, Обама, Меркель чинь Далай ламыг урьдаг нь Хятадыг чимхэж, байранд нь байлгахын хүрээнд хийж байгаа томчуулын тоглоом. Шашны том зүтгэлтэн ч гэлээ энэ хүн бол дүрвэгч. Дүрвэгч гэдгийг хүндэтгэж байх ёстой байхгүй юу, хүмүүнлэгийн үүднээс. Тэр нь улс төрийн утгатай байна уу, шашны утгатай байна уу жич асуудал. Далай лам дүрвэгчийн Засгийн газрын тэргүүн байж байгаад больчихсон юм. Тэгэхээр түүнийг улс төрөөс ангид гэж хэлж болохгүй, эсвэл болох ч юм шиг. Гэхдээ Далай ламын нэр нөлөө бол нэр нөлөө л байхгүй юу. Засгийн газрын тэргүүн гэнэ үү, юу гэнэ үү. Огт өөр хэрэг. Хятад улс эмзэглээд байгаа шалтгаан нь, Хятадыг хагалган бутаргах бодлого ярьж явдаг нөхөр, улс төрийн оргодол ч гэж үздэгтэй холбоотой. Үндсэндээ Хятад тэгж ч үзэхээс яахав.

-Одоо тэгэхээр Монгол Улс яах ёстой вэ. Яаж хүчирхэг оршин тогтнох вэ?

-Монгол Улс уу? Мөрөөрөө эрх ашгаа хамгаалж байх ёстой. Мөрөөрөө байх гэдэг нь унтаад байна гэсэн үг биш. Ухаалаг бодлого л явуулна гэсэн үг. Муурын сахлаар тоглодог хулганын үлгэрийг мэдэх үү. Бидэнд тийм тоглоом хэрэггүй. Хамгийн гол нь, бидэн шиг жижиг улсын баримтлах гол зарчим бол хэрэгтэй хэрэггүй юмаар аливаа гүрний чухал ашиг сонирхлыг хөндөхгүй байх явдал. Ердөө тэр. Тэр нь дандаа тэдний үгээр, аргаар байна гэсэн үг огтоос биш. Нөгөө талд нь бид биеэ даасан бодлогоо явуулж, үндэснийхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Улс хоорондын харилцаанд зөрчилтэй асуудал гарах явдал байдаг. Түүнийг үг хэлээ эв зүйгээр олж зохицуулж байх ёстой. Аливаа зөрчлийн хор холбогдлыг тухайн улс өөрийнхөөрөө үнэлж дүгнэдэг боловч тэр дүгнэлт, ойлголтынхоо дагуу нөгөө талынхаа байр суурийг ойлгохыг хүсэхгүй дарамт үзүүлэх нь ялангуяа их, бага гүрний харилцаанд зохистой арга биш. Харамсалтай нь тиймэрхүү явдал гардаг. Сая Монголын шашны байгууллагын шугамаар ирсэн Далай ламын айлчлалаас үүдэж тиймэрхүү асуудал гарах шиг байна. Далай лам Монголд айлчлах нь манай сүсэгтнүүдийн хувьд их чухал ач холбогдолтой. Харин энэ бол БНХАУ-ын дотоод улс төрийн байдалд нөлөөлөх хэмжээний явдал биш гэж би хувьдаа бодож байгаа. Үүнийг манай хятад нөхөд ойлгодог байлтай. Тийм учраас тэдний зүгээс саяны айлчлалын тухайд гаргасан хандлагыг нэгэн зүйлийн “дарамт үзүүлэх” оролдлого гэлтэй. Далай лам дэлхийн том гүрнүүдээр явж, үнэхээр улс төрийн өнгө аястай уулзалт хийдгийг бид бишгүйдээ мэднэ шүү дээ. Түүний үр дагварыг нь ч бид гадарлана. Тэгэхээр Далай ламын саяны айлчлалтай холбогдуулан хятадын талын илэрхийлсэн байр суурь, авсан “арга хэмжээ” хойшид иймэрхүү байдлаар давтагдахгүй байх гэж би найдаж байна. Хүчтэний дэргэд хүчгүй нь заавал буруутай байх ёсгүй шүү дээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn

Баруунд 3D-ээр хэвлэсэн галт зэвсэг хүчээ авч байна. Саяхан Их Британид 3D-гээр хэвлэсэн галт зэвсгийн эд ангиудыг хураан авчээ. Лондонгийн цагдаа нар нэгэн байшингаас их хэмжээний галт зэвсэг илрүүлж “Энд 3D галт зэвсгийн үйлдвэр ажиллаж байсан байж болзошгүй” гэж мэдэгдсэн байна. 3D галт зэвсгийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа нь шинэ аюул заналхийлэл бий болж дэлхий дахинаа хүрээ нь тэлж болзошгүй гэж анхааруулжээ.

2012 онд анх АНУ-д гар бууг 3D-гээр хэвлэж байсан. Анхны хувилбарууд нь мэдээж найдваргүй, ганц удаа л бууддаг зэрэг сул талтай байсан ч одоо бол “Хөнөөх чадвар өндөртэй, найдвартай” болсныг Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг зарласан байна.

Ингэхээр 3D гар буу нь тоглоомын төдий биш галт зэвсэг, зэр зэвсгийн ангилалд албан ёсоор орж ирсэн нь үүнээс харагдаж байна. Нөгөөтэйгүүр галт зэвсгийн шинэ эрин эхэлж байна гэж үзэх ажиглагчид байгаа юм. Галт зэвсгийн үйлдвэрлэл өндөр өртөгтэй, цөөн улс орнууд л үйлдвэрлэдэг. Гэтэл хүссэн хэн ч гэртээ буу болон эд ангиудыг нь үйлдвэрлээд эхэлж байгаа нь Их Британи төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ковидын хөл хорионы үед дэлхийн улс орнуудын хил хаалттай байсан нь галт зэвсгийн наймааг тасалдуулснаас гэмт хэрэгтнүүд 3D-гээр галт зэвсгийг өөрсдийн хэрэгцээнд шаардлагатай хэмжээгээр хэвлэж гаргасан нь энэ төрлийн буу зэвсгийн хөгжлийг түргэтгэсэн байж болзошгүй гэж таамаглажээ.

Брайтоны их сургуулийн криминологи, төрийн бодлогын профессор Питер Сквайрс энэ төрлийн зэвсэг аюул заналхийлэх магадлал өндөр гэж тодорхойлж “Хурд нь нэмэгдсэн байна. 3D-гээр галт зэвсэг хэвлэх технологи нь дэлхий даяар тархсан. Программ хангамж дизайн, хийцлэлийн бүхий л мэдээлэл нь интернэтээр түгсэн байна. Хуванцар буу гэж үл ойшоож болохгүй. Гэмт хэргийн 20 орчим хувь нь буугаар үйлддэг” гэжээ.

Галт зэвсэг эзэмших эрхгүй, галт зэвсэг олж авах боломжгүй хүмүүс бол хэвлэсэн галт зэвсгийн I зэргийн хэрэглэгчид болжээ. Ялангуяа хэт даврагчид 3D-гээр галт зэвсэг хэвлэж хэрэгцээндээ нийлүүлж байгаа аж. Испани, Швед, Герман, Голландад ийм зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгджээ. Харин террористууд энэ төрлийн зэвсгийг төдийлөн сонирхдоггүй гэнэ. Хэт даврагч үзэлтнүүд олон нийтийн хэлэлцүүлгийнхээ үеэр 3D хэвлэмэл зэвсгийг хэрхэн үйлдвэрлэх тухай зааварчилгааг гишүүддээ нээлттэй өгчээ.

3D-гээр бүтээсэн буугаар гал нээж буй нь

Хагас автомат зэвсгийг хэрхэн хэвлэх зааварчилгааг 2020 онд интернэтэд байршуулсан багөөд 100 гаруй хуудастай гарын авлага, үйлдвэрлэлийн үйл явцын үе шат бүрийг нэг бүрчлэн тайлбарласан бичлэгтэй байжээ. Шинжээчид “Үйлдвэрлэгчээс худалдаж авсан автомат буутай адил сайн” гэж тодорхойлж “3D

галт зэвсэг ойрын арван жилд боломжийн үнэтэй болж, өөрөө хийсэн зэвсгийг илүү бат бөх, найдвартай болгож чадна” гэжээ.

3D-гээр хэвлэсэн бууны 80-90 хувь нь технологийнхоо дагуу хийгдсэн байжээ. Эд ангиудын дундах металл хэсэг нь ихэвчлэн уламжлалт аргаар хийгдсэн байдаг юм байна. Гэсэн хэдий ч ирээдүйд металлын 3D хэвлэлт сайжрахын хэрээр энэ технологийг ашиглан илүү олон буу хийх боломжтой болох аж.

Галт зэвсгийн эд анги, бүрдэл хэсэг, зарим хэрэглэгдэхүүнийг хэрхэн хэвлэх тухай зааварчилгаатай бэлэн мэдээлэл интернэтэд элбэг байна. Тодорхой хэмжээний мөнгө төлж гарын авлага худалдаж авах аж. Хэдийгээр галт зэвсэг хувилах, хэвлэх хориотой ч бууны хэрэгслүүдээ үүгээр хэвлэж авах боломжтой хэмээгээд хэвлэж гаргасан эд ангиудын бодит зургуудаа танилцуулжээ.

3D-гээр хэвлэсэн буу

“3D галт зэвсэг хэвлэхийн тулд танд хэрэгтэй зүйлс: Cre­ality Ender 3D принтерийг 190 ам.доллараар “Амазон”-оос захиал. Мөн эд ангиа хэвлэж гаргаж авдаг гол түүхий эд болох нэг дамар утсыг 22 ам.доллараар худалдаж аваарай” гэх зэргээр гарын авлагадаа дэлгэрэнгүй бичсэн байна. Creality Ender 3D принтер нь 220x220x250 мм хэмжээтэй аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттүшиг: Боловсрол, технологийн салбар бол Монголын хөгжлийн гарц DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2015 ОНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА.


“Алтай холдинг” ком­па­нийн Төлөөлөн удир­дах зөвлөлийн гишүүн Б.Бат­түшигтэй ярилцлаа.


-Та Харвардын Бизне­сийн их сургуулийг төгссөн. Хүмүүсийн хувьд Харвардыг төгсөх нь дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад ажилд орох нэг төрлийн шалгуур гэдэг?

-Би хүүхэд байхаасаа л Харвард гэж ярихаар л битүү­хэндээ мөрөөддөг байсан л даа. Сиэтлд 2005 онд арван жилээ дүүргэчихээд их сургуулиуд руу товч намтраа явуулж байхдаа Харвардыг нэг дугаарын сонголтоо гэж бодож байлаа. Тэр үедээ Харвардад орж чадаагүй юм. Тэгээд тэрний дараа өөр сургуулиудад намтраа явуулаад, сонголтоо хийсэн нь Чикагогийн их сургууль байсан. Чикагогийн их сургуулиас Нобелийн шагналтнаар 89 хүн төрсөн байдаг. Тэгээд ч энэ сургууль эдийн засгийн чиглэлээрээ хамгийн сайн сургуулиудын нэг байсан болохоор сонгож байлаа. Тэр үедээ Харвардад орж чадаагүй ч мастерт нь суралцах бодол байсан. Тэгээд их сургуулиа төгсчихөөд гадны банкинд ажилласан. Багаасаа л Харвардад сурах хүсэлтэй байсан болохоор тус сургуульд орох материал, товч намтар зэргээ бэлдээд л байсан. Бараг бүтэн жил бэлддэг юм билээ. Харвардад нэг жилд 18-20 мянган хүн элсэхээр хүсэлтээ ирүүлдэг. Тэрнээс 900-г нь сонгодог. Тэр олон мянган хүн чинь бүгд л сайн сурч, сайн ажил хийж байсан хүмүүс байж таараа. Харвардын их сургуульд орон орны ерөнхийлөгчид, бизнесийн салбарын алдарт­нууд, манлайлагчид суралцаж байсан гэдгээрээ ихэд нэртэй. Тэр үед аз таарсан юм болов уу даа, бас шалгалтаа ч гайгүй өгсөн байх. Ингэж бүх юм бүрэлдсэн. Сургууль руу илгээх захиагаа нэлээд бодсон л доо. Тэгээд “Морган Стэнли”-д миний дарга байсан, Харвардын Бизнесийн их сургуулийг төгссөн хүнээр өөрийнхөө тухай захиаг би­чүүл­сэн. Тэр нь маш нөлөөтэй байдаг юм билээ. Нэг үгээр бол тодорхойлолт юм. Хүмүүс бодохдоо нэр төртэй хүнээр л өөрийгөө тодорхойлуулчихвал болно гэж бодоод байдаг. Тийм биш. Өөрийн чинь сайн ажиллаж байсныг мэддэг, сайн сурч байсныг мэдэх ёстой хүн байх ёстой. Энэ бүгд нь таараад азаар ч юм уу Харвардаас захиа ирсэн юм, бөөн баяр болсон. Би уг сургуулиас гадна өөр хоёр, гурван сургууль руу хүсэлтээ илгээчихсэн байсан юм.Эхлээд Вартон, дараа нь Колумбиа, хамгийн сүүлд Харвардаас хариу ирсэн. Вартоныг бараг сонгочихсон байсан. Пеннсилванийн Вартон их сургуулийг дэлхийн эдийн засаг, санхүүгийн хамгийн том сургуулиудын нэг гэдгийг багаасаа л мэддэг байсан. Тэгтэл 14 хоногийн дараа Харвардаас захиа ирж нэлээд бодож эргэлзсэн. Тэгээд Харвардыг сонгосон доо.

-Та сургуулиа төгсөөд гадны банкинд ажилласан гэлээ. “Морган Стэнли”-д бил үү?

-Их сургуулиа төгсчихөөд тав, зургаан сарын дараа хөрөнгө оруулалтын “Морган Стэнли” банкинд ажилд орсон. Сургуулиа төгсөнгүүтээ л банкуудад очиж ажил гарах нь уу, дадлага хийж болох нь уу гээд хүмүүстэй нь уулзаад, ярилцлаганд ороод л явдаг байлаа. Тэгсээр байгаад л хагас жил болчихсон юм. Хөрөнгө оруулалтын банкинд ажилд орно гэдэг чинь Харвардад элсэхээс ч илүү ажил болдог юм билээ. Нэлээд удаан ярилцлаганд орж, сургуулийнхаа найзуудаар дамжуулж янз бүрийн банкныхантай танилцаж, “Морган Стэнли”-г сонгосон юм. Амархан ажил биш. “Морган Стэнли”-д өдөрт дунджаар 15 цаг ажилладаг. Өглөө ес, арван цагт ажилдаа очоод шөнийн 12 цагаас нааш харина гэж байхгүй. Тэнд ажиллах нь хувь хүний өөрсдийнх нь сонголт л доо. Ийм ажил хийлгэнэ шүү гэдгийг хэлж байгаа юм чинь, ажиллая гэсэн хүмүүст. Хамгийн өндөр цалин өгдөг ажил гэж болно. Их сургуулиа төгссөн хүмүүсийн хувьд том нэртэй газарт ороод сайн цалин авахыг л бодно ш дээ. Ийм бодлоор олон хүн ордог байх л даа. Гэхдээ тэр ажлаас сурч байгаа юм нь их байсан. Өдөр тутам дэлхийн бизнесийн томоохон компаниудтай ажиллаад, ямар компанид хөрөнгө оруулбал бидэнд ашигтай вэ гэдгийг тооцож санхүүгийн загварыг нь гаргана.Ерөнхийдөө шинжээчийн ажил хийдэг .

-АНУ-ын томоохон эдийн засгийн орчинд ажиллаж байгаад эх орондоо ирэхэд манай эдийн засгийн орчин ямар санагдсан бэ?

-Манай гэр бүлийн компани байдаг болохоор зундаа эх орондоо ирээд жаахан ч гэсэн юм сураад буцчихдаг байсан.

Сиэтлд сурч байхдаа зуны гурван сард Монголд л байдаг байлаа. Гэрийнхнээсээ хол байсан болохоор зун л тэдэнтэйгээ хамт байх боломж гардаг байсан. Тэр үедээ ах нараа юу хийж байгааг нь харж, бизнесийг нь сонирхоод л явж байсан. Тэгэхээр Монголын нөхцөлийг тэр чиглэлээс нь ойлгодог байлаа. Гэхдээ ажил дээр гараад ирэхээр Монголын бизнесийн салбарт ойлгохгүй зүйл гардаг байсан.

Эхэн үедээ хүмүүсээс их асууж лавлаж зөвлөдөг байсан юм. Гэхдээ хүмүүс юмыг сурдаг л юм чинь тодорхой хугацаа өнгөрөнгүүт бүгдийг биш ч гэлээ тодорхой хэмжээгээр сураад эхэлсэн.

-Гадаадад өндөр боловсрол эзэмшээд буцаж ирж байгаа залуус бий. Гэхдээ ихэнхийг нь шингээж тогтоох хөрс байдаггүй учир буцаад гадагшаа явчихдаг.Улсын зардлаар сурсан хүмүүс нь яалт ч үгүй ирж ажилладаг. Гэтэл та Монголдоо иржээ?

-Би эх орондоо буцаж ирсэн. Сингапур, Японд суралцагчдыг анзаарч байхад улсын тэтгэлгээр сурсан оюутнууд нь буцаж ирж 2-5 жил ажиллах гэрээ хийдэг юм билээ. Би гэр бүлийнхээ компанийн зардлаар сурсан болохоор буцаж ирэх ямар нэг гэрээ байгаагүй гэсэн үг л дээ. Ямар нэг гэрээ хийж яваагүй, хувиараа суралцсан хүмүүсийг Монгол руу татна гэдэг нь зөв бодлого. Миний бодлоор монголчууд маань Монголдоо очиж ажиллая гэсэн бодолтой явдаг. Гэхдээ цалин нь Америкт өндөр байхад Монголд ирээд хэрэг байна уу, эсвэл тэнд хэдэн жил ажиллаад сургуульд сурсан мөнгөө олоод ирье гэсэн бодолтой хүмүүс ч байдаг юм билээ. Тэр хүмүүсийг яаж буцаж татах нь эдийн засгийн асуудал. Хөрөнгө оруулалтын тэр банкны цалинг өгч байгаа банк Монголд байвал мэдээж эх орноо л сонгох байх.

-Гадны зарим бизнес­мэнүүд Монголын зах зээл, эдийн засгийг жижиг гэж голоод байдаг. Яаж гологдохгүй байх вэ?

-Гадаадуудтай уулзаад явахад намайг монгол гэдгийг мэддэг болохоороо ч тэгдэг юм уу голж байна гэж ярьдаггүй юм, уул нь (инээв). Манай улс газар нутаг томтой, баялаг түүхтэй учраас хүмүүс жижиг гэж боддогүй юм л даа. Хүн ам бага болохоор зарим бизнесийг томсгоход хэцүү. Гэхдээ Монголыг харахад баялгаараа нэлээд дээгүүрт ордог болохоор сонирхогчдын тоо их шүү.

-Монгол Улсаа хөгжүү­лэхийн тулд бид юугаа хамгийн түрүүлж барьж авах ёстой вэ?

-Өнгөрсөн жилийн долдугаар сард энэ тухай нэг нийтлэл бичиж байсан юм. Тэр нийтлэлдээ бид уул уурхай биш технологи буюу хүний нөөц, өндөр боловсрол эзэмшсэн залуучуудынхаа хүч чадлаар хөгжих боломжтой гэдгийг онцолсон. Сингапурыг харахад газрын баялаггүй мөртлөө өндөр хөгжчихсөн. Монголоос гадны том том сургуулиудад сурахаар залуус яваад л байна. Тэндээ очоод нэртэй программ хийгээд, технологийн том компанид ажиллаж байна. Тэд Монголдоо ирж тухайн чиглэлээрээ юм хийвэл манайх зөвхөн уул уурхайгаараа биш технологи юм уу янз бүрийн салбараараа хөгжих боломжтой гэж үзэж байгаа юм. Үүн дээр боловсрол маш чухал. Үүнтэй холбоотой “Монголд та хэрэгтэй” төрийн бус байгууллагыг байгуулсан. Би Америкт боловсролын тийм чиглэлийн байгууллагын ТУЗ-д байсан юм. “Америкт та хэрэгтэй” гэдэг байгууллага. Тэрнээс санаа аваад боловсрол, спортоор хөгжүүлэх залуус, оюутнуудад зориулсан байгууллага байгуулсан юм.“Mongolia needs you” буюу “Монголд та хэрэгтэй” байгууллага бол залуучууд, оюутнуудад зөвлөгөө өгөх, түүнчлэн ажилд орох бэлтгэлд нь туслах зорилготой юм. “Монголд та хэрэгтэй” байгууллагын ТУЗ-д Монгол, Америкийн олон идэвхтэй залуучууд байдаг. “America Needs You”-гийн CEO болон NBA-гийн алдартай тоглогч хүртэл байгаа.

-Та сагсан бөмбөгчин. Ер нь аливаа спорт хүнийг тэсвэр хатуужилтай, шударга, эмх цэгцтэй болгож төлөвшүүлдэг. Та багаасаа л спортоор явсан болохоор дээрх чанарууд танд сууж эдийн засаг, санхүүгийн салбарт ажиллахад тань эерэгээр нөлөөлсөн байх аа?

-Би жаахан байхаасаа л спортод дуртай, хамаг цагаа л түүнд зарцуулдаг байсан л даа. 11 настайдаа АНУ-д очиход англи хэл мэддэггүй байв. Англи хэлгүй, найзууд байхгүй тийм л байдалтай шинэ хотод очиход сагсан бөмбөгийн ачаар л найзуудтай болж байлаа. “ESL” буюу “Англи хэл хоёр дахь хэл” гэдэг сургууль байдаг юм. Тэр сургуульд анх орж байгаа хүүхдүүд бараг бүгд англиар ярьж чадахгүй. Бэйсбол, бадминтон, сагсан бөмбөг гээд бүхий л спортоор хичээллэнэ. Спортоор дамжуулж л биенээ ойлгож, бага багаар англи хэлээр ярьж сурцгаасан даа. Би одоо ч сагсан бөмбөгөөр хичээллэдэг, долоо хоногтоо хоёр, гурван удаа тоглодог. Би Америкийн их сургуульд байхдаа тоглодог байсан. Ахлах сургуульд байхдаа Сиэтл хотын сургуулиудын шилдэг арван тоглогчийнх нь нэгээр сонгогдож байсан юм. Их сургуульд ороод эхний жилдээ тоглож байгаад “За ямар NBA-д тоглох гэж байгаа биш дээ” гэж бодоод больж байлаа. Өмнө нь өдөр бүр тоглодог байсан бол долоо хоногт хоёр удаа л тоглодог болсон. Хүн чинь нэгэнт л ингээд спорттой холбогдчихоороо түүндээ сэтгэлээ өгч ямар нэг юм хийхсэн гэсэн бодолтой болчихдог юм билээ.

Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод сар гаран болж байна. Анх олон улсын тэмцээн зохиогдоход ивээн тэтгэгчээр нь оролцож, тэрнээс хойш энэ спортыг Монголд хөгжүүлье гэсэн мөрөөдөлтэй болсон. Одоогоор монголчууд спортын тавхан төрлөөр л олимпод оролцож байгаа. Бадминтоны спортоор 2020 оны Токиогийн олимпод хоёр тамирчин оролцуулъя гэсэн төлөвлөгөө гаргаад ажилдаа орчихоод байгаа. Хэрвээ хоёр тамирчнаа олимпод оролцуулчихвал том амжилт, хоёрдугаарт Монгол Улс олимпод зургаа дахь төрлөөрөө өрсөлдөх боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ их том ажил болно. Монголын бадминтоны залуу тамирчдыг Хятад, Солонгос, Япон руу явуулж шигшээ багийнхантай нь бэлтгэл хийлгэнэ, Монгол­доо томоохон талбай байгуул­на гэх мэт олон ажил төлөвлөчихсөн байгаа.

-Та улс төр, тэр тусмаа Монголын улс төрийг хэр сонирхдог вэ?

-Сонирхоно оо. Америкт олон жил амьдарсан болохоор тэндхийн улс төрийг бас сонирх­дог. Харвардын бизнесийн сургуульд сурч байхдаа улс төрийн чиглэлийн хичээлүүдийг нь сонгож судалдаг байсан юм. Барак Обама Чикагогийн их сургуулийн хуулийн сургуулийн багш байсан. Манай сургуулийнхан ихэнх нь Обамаг дэмждэг юм байна лээ. Намайг хоёрдугаар курст байхад , Мишель Обама манай сургуулийн эрүүл мэндийн сургуулийн сургалтын үйл ажиллагаанд оролцдог байлаа. Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнтэй манай сургууль ер нь ойр байдаг байсан болохоор сургуулиараа дамжаад улс төрийн чиглэлээр олон хичээлийг судалж байсан л даа. Мэдээж Монголын улс төрийг сонирхолгүй яахав. Аав маань улс төрд байгаа. Би Монголын улс төрийн мэдээ, мэдээллийг уншаад л явдаг. Түүнээс биш одоохондоо улс төрд оролцсон юм байхгүй.

-Иргэн хүний хувьд хөндлөнгөөс харахад манай улс төрийн байдал ямар байна?

-Эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байгаа учраас улс төрийн нөхцөл байдлыг хэцүү болгодог юм болов уу. Эдийн засаг нь унахаар мэдээж улс төр рүү нь харах байх. Хятадын эдийн засаг бас унаж байна, дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн, газрын доорх баялгийн үнэ ханш унаж байна. Уул уурхай хөгжсөн Австрали зэрэг улсуудыг харахад бас л эдийн засаг нь уначихаад байгаа. Гэхдээ миний бодлоор Монгол Улс 25 жилийн өмнө ардчилалыг байгуулсан гэхэд тун амжилттай яваа. АНУ-д ардчилал үүсээд хоёр зуу гаруй жил болоход янз янзын л юм болсон шүү дээ. 200 жил явж байж одооны төрхөө олсон. Гэтэл манай Монгол 1990 оноос хойш ийм их нээлттэй мэдээллийн ертөнцтэй болж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон болохоор амжилттай явж байна гэж харж байгаа юм.

-Бид эдийн засгийн хям­ралаас яаж гарах вэ гэхээсээ илүүтэй яавал хүндрэл багатай туулах вэ гэдэг нь чухал болоод байна?

-Уул уурхайн бүтээгдэ­хүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байх үед тодорхой хэмжээний хөрөнгийг хадгалаад үнэ нь буусан үед буцааж гаргадаг сан (Sovereign Wealth Fund)-тай байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тийм сантай болчихвол ийм хүнд үед хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу ямар нэг байдлаар гаргадаг байх гэсэн санаа л даа.Монгол бусад улсуудын адил эдийн засгийн уналтгүй үед хямралаас сэргийлэх төлөвлөгөө гаргадаг, хэцүү үед гаргадаг сантай болбол зүгээр юм болов уу.

-Залуу хүн мэргэжил эзэмшээд ажил дээр гарч ажиллая гэхээр танил тал хэрэгтэй болно. Эсвэл аль нэг нам дагаж, дарга нарын цүнх барьж гүйн, бялуунаас нь хувь хүртэж амьдралаа дээшлүүлэх хувилбар байдаг?

-Ямар ч хүн ажлаа идэвхтэй сайн хийхгүй бол амжилтад хүрэхэд хэцүү. Том хүнийг таньдаг, түүнтэй ойр байлаа гээд ажлаа л сайн хийж чадахгүй бол хэцүү. Тэр нь ажлын фронт дээр харагдана шүү дээ. Тэгэхээр залуучууд маань заавал нэг хүнийг дагаж эсвэл нам дагаж явахын оронд өөрийнхөө хийж байгаа ажил, хашиж байгаа албаа сайн гүйцэтгэж, сайн ажиллах юм бол бусад бүх хүн таныг “Энэ ажлаа сайн хийдэг” гэж харах болно. Тэрийг би маш олон ажил дээрээс харж, мэдэрсэн. Хэн нэгнийг дагахын оронд хийж байгаа юмаа л сайн хийгээд амжилтад хүрч чадвал хүмүүс анзаарч, түүнийг дагаж янз бүрийн боломж гарч ирнэ. Миний бодлоор хийж байгаа юмаа сайн хийж бас сайн дуусгах ёстой.

-Та одоо Америкт ямар ажил хийж байна вэ?

-Америкаас Азид ирчихсэн. Америкийн хөрөнгийн биржийн “Ремарк медиа” технологийн хөрөнгө оруулалтын компанийн Азийг хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж байна. Монгол, Сингапур, Хонконгийн хооронд л яваад байна. “Reмарк медиа” бол технологийн салбарын хөрөнгө оруулалтын компани. Ер нь бол facebook, instagram-тай төстэй гэх юм уу даа.

-Монголд ирэхээрээ ямар ажил хийдэг юм бэ?

-Монголд ирэхээрээ гэр бүлийн ажилдаа тусалдаг. “Алтай холдинг”-ийн ТУЗ-ийн гишүүн. Бусад компанийнхаа үйл ажиллагаанд туслаад л явж байна.Гаднаас санхүүжилт татах, брэндүүдийг авчрах ажлуудыг хийж байгаа.

-Таныг Харвард төгс­сөн магистрийн зэрэгтэй бизнесмэн, шинэ зүйлийг эрэлхийлж эх орныхоо ирээдүйн төлөө зүтгэж яваа залуу гэж харахаас гадна ааваар тань илүүтэй хүлээж аваад байдаг. Ерөнхий сайд байсан, нэр нөлөө бүхий улстөрч Сү.Батболдын хүү гэхээр арай өөрөөр хардаг байх. Тэр нь танд мэдрэгддэг үү?

-Тодорхой хэмжээгээр ааваасаа зөвлөгөө аваад л явж байгаа л даа. Яг үнэндээ гадаадын нэр хүндтэй сургуульд суралцсан, гадны том банкуудад ажилд орсон цаг үе минь аавыг Ерөнхий сайд болоогүй байхад болж өнгөрсөн. Тэрийг хүмүүс салгаж ойлгох хэрэгтэй байх л даа. Би 2009 онд төгсөөд намар нь ажилд орж байсан. Дараа нь 2011 онд ч бил үү хэвлэлээр миний тухай янз бүрийн юм бичээд байсан.

-Таван толгойн асуудал­тай холбоотойгоор байх аа?

-“Морган Стэнлид” ажил­лаж байсан үе. Тэгэхэд би Америкаас товч намтраа өгөөд Лондонд очиж ярилц­лага өгөн, тэр банкинд дадла­гажигчаар орж байсан юм. Дадлагажигчаар ороод дараа нь жинхэлж байсан юм. Сургууль дээр очоод миний хичээлийг хийгээд өгөх хүн байхгүй шүү дээ. Бүхнийг өөрөө л хийнэ. Харвардын Бизнесийн их сургуульд олон мянган хүүхэд хүсэлтээ ирүүлдэг ч 900-г нь шударгаар сонгодог. Хэрвээ энэ тэрний хүүхэд, тэр тийм нэртэй хүний хүүхэд гээд сургуульдаа авчихвал тухайн хүүхэд нь сурч чадахгүй, сургуулиа төгсч чадахгүй бол Харвардын нэр хүндийг унагана. Тэр сургуулийг төгсөхөд маш их хүч, оюуны чадвар шаарддаг. Тэгэхээр энэ бүхнийг салгаж ойлгож байх хэрэгтэй.

-Таны хэлний мэдлэгийг сонирхъё?

-Мэдээж англи хэлтэй (инээв). Орос хэл уг нь мэддэг байсан юм. Би Орос гуравдугаар сургуульд гуравдугаар анги хүртлээ сурсан. Хятад хэл то­дорхой хэмжээгээр судалсан. Харин япон хэлийг арван жилд байхдаа дөрвөн жил үзсэн. Япон, орос хэлээ сайж­руулчихвал ярьчихна л даа.