Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад айлчилна

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа энэ сарын 17-18-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд БНСУ-ын 18 дахь удаагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Пак Гын Хэ 1952 онд Тэгү хотноо төржээ. Түүний амьдралын замнал нь аав Жөн Хитэй нь залшгүй холбоотой. Гын Хэ бол 1961-1979 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан генерал Пак Жөн Хигийн ууган охин. Пак Жөн Хи 1961 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг авч 1963 онд болсон Ерөнхийлөгчийн албан ёсны сонгуульд ялалт байгуулсан бөгөөд 1979 онд амиа алдах хүртлээ төрийн тэргүүнээр ажиллаж байжээ. Пак Гын Хэгийн аав БНСУ-ыг удирдаж байх хугацаандаа Хойд Солонгосын нууц ажилтнуудын зүгээс амь насыг нь хөнөөх гэсэн хоёр удаагийн халдлагаас эсэн мэнд гарч байсан удаатай. Гэвч 1979 оны аравдугаар сард өөрийнхөө Аюулгүй албаны дарга Ким Жэ Кюд буудуулан амиа алдсан байдаг. Пак Жөн Хигийн хувьд хатуу зарчимч, дайчин зангаараа гайхагддаг нэгэн байсан бөгөөд түүнийг өнгөрсөн зууны нөлөө бүхий 10 ази хүний нэгээр тодруулсан нь үүнийг гэрчилнэ. Тэрээр эдийн засгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлж эх орноо хөл дээр нь босгосон удирдагч. Түүний энэ бодлогыг солонгосчууд “Хан мөрний гайхамшиг” хэмээдэг.

Жөн Хаг төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авагч, дарангуйлагч, цэргийн эрхтэн гэх мэтээр цоллодог байсан ч үйл хэргийг нь бүхэлд нь авч үзвэл хүний эрхийг дээдлэгч, сурган хүмүүжүүлэгч байсан нь харагддаг. Пак Гын Хэгийн хувьд хүүхэд нас нь Хөх ордонд өнгөрчээ. Аугаа удирдагчийн охин гэдгээрээ олны анхаарлыг татдаг байж. Эцэг нь бурхны шашинтан байсан ч Гын Хэ ямар ч шашин шүтдэггүй. 1974 онд аавынх нь амь насанд халдахыг завдах үед ээж нь бууны суманд оногдож нас барсан нь 22 настай Гын Хэд маш хүндээр тусч, сургуулиа орхиод Францаас ирэхэд хүрчээ. Тэрээр ээжийгээ үгүйд 1979 он хүртэл Солонгос улсын албан бус Тэргүүн хатагтай гэгдэж, аавынхаа дэргэд үргэлж хамт явдаг байжээ.

Пак Гын Хэ аав Пак Жөн Хагийнхээ хамт. БНСУ. Сөүл хот. 1977 он.

Пак Гын Хэ эцэг, эхээ алдаад Хөх ордноос дүүгээ дагуулан гарснаас хойш 1997 он хүртэл олон нийтийн ажил хийжээ. Түүний амьдралын энэ үеийг өөрийгөө олж авах, зовлон зүдгүүрээ ялан дийлэх сэтгэлийн хаттай болсон жилүүд гэж үздэг. 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч И Хи Чаны сонгуулийн кампанит ажилд гар бие оролцсоноор түүний улс төрийн үйл хэрэг албан ёсоор эхэлжээ. Гэхдээ түүнийг улс төрд эргэн ирэхэд гол түшиг болж, түлхэж өгсөн хүн нь үеэл ах Пак Жүн Хунг нь гэдэг. Ингээд 2001 оноос хойш парламентад тасралтгүй таван удаа сонгогдож, намын дарга болсон бөгөөд 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Ерөнхийлөгч асан Ли Мён Бактай нам дотроо өрсөлдөхөд цөөхөн саналын зөрүүтэйгээр ялагдаж байжээ. Түүчээлэн оролцсон бүх шатны улс төрийн сонгуульд Сэнүри намаа ялалтад хүргэсэн болохоор түүнийг сонгуулийн одтой эмэгтэй гэдэг.

Пак Гын Хэ гэр бүлгүй. Тэрээр 2007 онд намын дарга болох хүчтэй өрсөлдөөнд “Би аавгүй, ээж ч үгүй. Надад үнэндээ алдах зүйл ганц ч байхгүй. Тийм болохоор би эрх орныхоо төлөө хамаг хүчээ зориулна” гэж хэлсэн нь ялалт байгуулахад нөлөөлсөн гэж үздэг.

2006 оны тавдугаар сард орон нутгийн сонгуулийн кампанит ажлын үеэр Пак Гын Хэ халдлагад өртсөнийг дэлхийн хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар мэдээлж, шуугиан дэгдсэн. Сурталчилгааны ажлын үеэр хүмүүсээр хүрээлүүлээд зогсч байхад нь нэгэн залуу дөхөж ирээд цаас зүсэгчээр хацрыг нь зүсээд зугтсан нь телевизийн камерт үлдсэн байдаг. Пак хацар, эрүү хавьцаагаа 10 см орчим зүсүүлсэн бөгөөд олон зуун мянган сонгогч түүнийг халдлагад өртсөн энэхүү бичлэгийг үзсэн нь улс төрийн карьерийг нь өсгөхөд нөлөөлсөн гэж үздэг тал бий.

Пак Гын Хэг 2013 оны хоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгчийн суудалд албан ёсоор суухад гадны ажиглагчид “БНСУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгч боллоо. Тийм болохоор тус улсын хувьд илүү зөөлөн бодлого барих магадлалтай” гэж дүгнэж байсан. Харин шүүмжлэгчид түүнийг эцгийгээ дуурайсан харгис, хатуу зантай. Хойд Солонгостой хатуу гараар харьцдаг нь хувийн өс хонзонгийн шинж агуулсан гэж буруутгадаг юм. Гэвч Пак Гын Хэ өнөө цагийн “Төмөр хатагтай” нарын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд олон улсад нэр нөлөөгөөрөө дээгүүрт тооцогддог улстөрч.

Categories
мэдээ цаг-үе

С.Жавхлан: Жавхланг нам түшдэг болохоос биш Жавхлан хэзээ ч намд орохгүй

“Өдрийн сонин”-ы №156 дугаараас авч нийтлэв.


УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад буй дуучин С.Жавхлантай ярилцлаа.

-УИХ болон ИТХ-ын сонгууль амжилттай болж өнгөрлөө. Та ялалт байгууллаа?

-За гялайлаа. Ямар ч байсан сонголтод Жавхлан биш монгол ёс заншил, миний ярьж явдаг монголчлол яллаа.

-Таны хувьд ирэх дөрвөн жилд ажиллах мөрийн хөтөлбөрөө гаргачихсан байх. Яаж ажиллая гэж бодож байгаа вэ?

-Ёсоо сахиулах, мэндлэх, хүндлэх ёсноос эхлүүлээд Монголынхоо төрийг цэвэрлэнэ дээ.

Төрийн ордонд УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авах гээд ороход бүгд гадаад хувцастай байна шүү дээ. Би Монголын төрд орж ирсэн юм уу, гадаадын ямар нэгэн оронд яваа юм уу. Тэгэхээр энэ хэдийг дээл өмсгөмөөр байна. Монголын төлөө Монголын тухай ярьж байгаа юм бол бүгдээрээ монгол дээлээ өмсөөд хуралддаг байх ёстой. Гэх жишээгээр төрдөө ч, түмэндээ ч хийх ажлаа эхлүүлнэ дээ. Ингээд л захаасаа хөвөрч байна.

-Тэгэхээр та ирэх дөрвөн жилд хослол өмсөхгүй нь ээ?

-Монголын төр Монголоороо байгаасай. Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл гэж ярьдаг. Унтрах төрийн костюм, пиджак гэвэл яасан юм, тийм үү.

-Та өмнө нь сонгуульд өрсөлдөж байсан. Харин энэ удаад үнэмлэхүй ялалт байгууллаа гэж болно. Ялалт байгуулсан эрхмүүдийн дундаас таныг ард түмэн их дэмжиж байна?

-Монгол, Монгол ёс маань л биднийг, Жавхланг өнгө оруулж явж байна шүү дээ. Нэг ёсондоо хаалттай, хар бууруулагчтай шилтэй, том том тэрэгний шилний цаанаас муур шиг гэтэж түмэн олонтойгоо дөхөж ч чадахгүй хулганаж амьдрах, монгол төрийн сүлд, шүтээн болсон морин дэлэн дээрээс түмэн олныхоо амьдралыг харна гэдэг тэнгэр, газар шиг л ялгаатай байдаг юм байна. Сонгуулийн төгсгөлийн хэдэн өдөрт би үхэр тэрэгтэй явсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай байтугай, жийпийг ч гүйцдэг юм байна. Том том хар тэрэгнүүдийг ч гүйцдэг юм байна. Бүх хүнд үнэнийг уриалж байна. Үнэнээр амьдарцгаая.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнг хараад “Ард түмэн итгэлээ өгч ч чаддаг. Бас алгадаж ч чаддаг юм байна” гэдгийг сануулчихав уу?

-Яахав, Монгол орон дэндүү муухай талцчихсан л байна. Голын наана цаана, уулын ар, өвөр, улаан, цэнхрээрээ. Тэгэхээр энэ талцлын л нэг илрэл болж харагдаж байна. Монголоо эвцэлдүүлэх ёстой, нэг байх ёстой.

-Өмнөх дөрвөн жилд УИХ-д байсан бие даагч гэгдэх гишүүд сүүл рүүгээ нам нам дагаад, зарим нь нам байгуулаад явчихсан л даа. Танд намуудаас элсээч гэсэн санал ирж байна уу?

-Өө, нөхдүүд бас тиймэрхүү юм надад бас хэлж байсан. Сонгогч түмэн маань ч надад хэлж л байсан. “Жавхлан одоо нэг нам түших юм биш биз дээ” гэж. Жавхланг нам түшдэг болохоос биш Жавхлан хэзээ ч намд орохгүй ээ. Жавхлан руу нам ордог болохоос биш Жавхлан намд орохгүй гэдгийг хэлмээр байна. Бие даагчид бол бор зүрхээрээ, үнэнээрээ байж чадаагүй гэж хэлнэ. Яагаад вэ гэхээр хуучин загварт баригдаж амьдраад яваад байсан. Шинэ амьдралыг авчрахын тулд хэзээ ч хуучин зүйлээрээ яваад байж болохгүй байхгүй юу. Тэгэхээр энэ нийгмийг өөрчлөхийн тулд дандаа шинэ, зөв зүйлсийг сонгож авч ажиллах ёстой байсан. Нэг ёсондоо бүгд сайхан морио унахад яагаад болохгүй байсан юм. Тийм үү. Бүгд сайхан энгийн байдлаа барихад яагаад болохгүй байсан юм. Төр гэхээр айхавтар том загвартдаг, хэлбэртдэг нэг тийм дөрвөлжин хайрцганд баригдсан юм биш шүү дээ. Тэгэхээр үүнийг бусад нэр дэвшигчид хагалж задалж, толгой, мэдрэмжээ хараахан сайн ажиллуулж, нийгмээ зөв үнэлж чадсангүй.

-Төр түшилцэхээр дуучин хүн ороод ирлээ. С.Жавхлан дуугаа дуулаад явж байхгүй яагаад төрд оров гэж олон хүн асуудаг. Та яагаад улс төрд орох болов?

-Өнгөрсөн 26 жил эдийн засагчид, хуульчид Монголыг сайн сайхан болгосон нь хаана байгаа юм. Тийм ээ. Намайг сайхан дуугаа дуулаач ээ гэдэг. Би сайхан дуугаа дуулдаг шиг эх орныг яагаад сайхан авч явж болдоггүй юм. Эхлээд Самандын Жавхлан Монголоо сайхан болгочихоод араас нь сайхан дуунуудаа дуулна аа.

-Монголчуудын хувьд бүтэн жил хүлээсэн наадам нь хаяанд ирлээ. Зэрэгцээд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохиогдоно. Их л хөл хөдөлгөөнтэй өдрүүд айсуй байна?

-Баяр наадмын мэндийг нийт монгол түмэндээ дэвшүүлж байна. Дэлхий эмээлээ гэдсэндээ авч харлан доройтохын тэр цаг үе дор мал, малчин, монгол ухаан гурав дэлхийг аварч үлдэх цадигтай гэсэн эцэг дээдсийн алтан шастир байдаг. Тийм болохоор аль болох энгийн, бүх юм Монголоороо, Монголын газар шороон дээр монгол соёл соёолох ёстой. Тийм ч учраас наадмын үеэр АСЕМ гэж Их эзэн Чингис хаан, үе үеийн хаадууд маань хурааж цуглуулж явсан дэлхийн улс гүрэн өөрсдөө ирж хураагдах гэж байна. Тэгэхээр үүн дээр бүгд Монголоо дээш нь өргөж, Монголоо Монголоор нь бадраацгаая гэж уриалж байна. Намайг битгий ганцаардуулаарай. Монгол олуулаа шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амнаас гарах үгс тань алтан шумуул мэт байг ээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө анхдугаар чуулганыг нээж үг хэлэхдээ “Монголын түүхт төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түшээ болно гэдэг их үүрэг хариуцлага, их нэр төр, эрхэм нийтлэг эрх ашиг юм. Үүнд та бүхнийг тэнцэж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гээд улстөрчдийг ном дүрмийн дагуу албаны хэлээр ярих шаардлагатай байгааг хэлж “царцаа”, “хар машин” гэдэг үгсийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа нь зохимжгүй гэдгийг сануулсан билээ. “Царцаа” гэдэг нь сонгуулийн санал хураалтын өмнө ийш тийш шилжилт хөдөлгөөн хийсэн иргэдийг хэлж байгаа бол санал тоолох автомат төхөөрөмжөө “хар машин” гээд буй. Ерөнхийлөгч улстөрчдийг ингэж зэмлэдэг нь тун зөв.

Анзаараад байхад сүүлийн үед улстөрчдийн ам нь “өтчихөөд” байна уу даа гэж харагддаг юм. Үг өмхийрдөггүй, мах өмхийрдөг гэдэг. Гэхдээ өмхий үг байдааг. Манай төрд байгаа эрхмүүдийн амнаас эвгүй, хэцүү үгс өгүүлбэр өгүүлбэрээр урсан гардаг. Гэтэл олон нийтийн өмнө, хүмүүсийн дэргэд хэлэх байтугай эхний авиаг нь хэлж боломгүй үг гэж бий. Ялангуяа төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс янз бүрийн үгнээс татгалзаж албаны үг, ёс жаягаар нь ярьж сурмаар байна. Хүмүүсийн дэргэд байтугай олигтой боловсролтой хүн амнаасаа унагаж чаддаггүй үг олон. Гэтэл манай улстөрчид муухай үгсийг бэлэн цэцэлж, түргэн хэллэг шиг хэлж байгаа нь телевизээр их харагдах юм. Энэ бол туйлын буруу жишиг. Улстөрчид уг нь манай нийгмийн сор, салбар бүрээ манлайлан гарч ирсэн шилдгүүд. Олон мянган хүний итгэлийг дааж, эх орныхоо төлөө бүхий л зүйлээ дайчлан зүтгэх удирдагчид. Тэднийг залуу үе, хойч үеийнхэн даган дуурайдаг бол ахмадууд маань бахархан харж, алга ташин дэмждэг. Ийм л хүмүүс байх учиртай.

Сонгуулийн өмнөхөн гарсан намуудын мэтгэлцээний нэвтрүүлгийн үеэр Д.Сүхжаргалмаа гуай хэлж байна лээ “Олон нийтийн газар хэлэхэд эвгүй юм даа. Гэхдээ яах вэ хэлье. Төрд хулгайчууд битгий гараасай” гэж. Д.Сүхжаргалмаа бол Монголын элитүүдийн нэг. Д.Сүхбаатар жанжны гурав дахь үеийн гуч охин. Улс төр, нийгэм, хүний эрхийн чиглэлээр үйл хэрэг явуулж, хэлсэн үг нь олон нийтэд хүчтэй хүрдэг боловсролтой эмэгтэй. Хулгайч гэдэг үгийг халгаж байж арайчүү амандаа эвлүүлэн байж хэлсэн нь энэ. Анх удаа хэлсэн байж мэднэ шүү.

Гэтэл манай улстөрчид яадаг билээ. Захын улстөрч, төрийн албан хаагчаас эхлүүлээд том улстөрч нь хүртэл амандаа энэ үгийг “Сайн уу” гэдэгтэй агаар нэгэн өдөр тутамдаа хаа ч хамаагүй хэлж, бүр уриа лоозондоо оруулчихсан. “Төрөөс хулгайчуудыг зайлуулъя”, “Хулгайчгүй төртэй болъё” гэж ирээд л хаана ч хамаагүй “гуаглацгаадаг”.

Угтаа монгол ёсонд хулгайч гэдэг үгийг гэрт байтугай гадаа хээр ч хэлдэггүй. Хулгай гэдэг үг нь өөрөө хар эрчимтэй, хар үг. Тийм ч болохоор энэ үгийг хэлэх байтугай бичихээс ч цээрлэдэг. Харамсалтай нь манай төрийн ажил хэрэг бичихээс зүрхшээмээр, хүнд хэцүү үгсийн дунд явж байна. Зарим албан бичиг дээр ч тэр нь явж байсан удаатай. Ийм үгсийг дахин хэлцгээхгүй, бичицгээхгүй юмсан гэсэндээ энд заримаас нь сийрүүлье л. Бөлдөгдөх, төмсөгдөх, боож унагах, “Түгжилдэх”, “царцаа”, “хар машин”, араас нь хутгалах. Тэр бүү хэл Хуульзүйн сайд байсан, манай урдаа барьдаг туршлагатай, тулхтай улстөрч хүн “Бөөр рүү чинь хутга шаана шүү” гэж хэлж л байсаан.

Улстөрчид, УИХ-ын гишүүдийн ингэж бие биедээ хандаж ярьж, хэлсэн бичлэгийг цуглуулаад хэн нэгэнд үзүүлэхдээ нүдийг нь боогоод сонсговол онц хүнд гэмт хэрэг хийсэн ялтнууд хоорондоо буу халж байна уу даа гэж андуурч мэднэ. Зан араншин нь эвдэрсэн рецедив гэмт хэрэгтнүүдийн шоронгийн яриаг сонсгочихлоо гэх байх. Манай улстөрчдийн ярианы өнгө, хэв маяг, сонголт нь шорон маягийнх руу дөхөж байгаа нь энэ. Улс орныг залж, удирдаж, гол бодлогыг барьж яваа түшээд нь ийм яриа хэлтэй байхаар нийгэм нь дагаад шоронгийн яриатай болно.

Нийгмийн сүлжээ бол өөрийн гэсэн үг хэллэгтэй, албаны бус гэж хэлж болохоор мэдээлэл солилцдог орчин. Гэтэл тэр орчинд хэрэглэгддэг үгсийг чирч авчраад төрийн үйл хэрэгт наах хандлагатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр манан, манан гэж яриад байдаг. Энэ жилийн сонгуулиар дахиад л манан татах нь. Өнөө зун манантай байх нь ээ гэж ярих. Үнэндээ Монгол оронд зуны цагт манан татна гэдэг ховор үзэгдэл. Манантай зун мөөг гарч, хур ихэсч гэрэл зурагчин, зураач, зураглаач хүмүүс манантай өглөөний үзэсгэлэнг дурандаа, уран бүтээлдээ тусгах гэж яаж мэрийж зүтгэдэг билээ дээ. Түрхэн зуурын агшинг тольдох гэж бүтэн жил хүлээх нь бий. Манай алдартай уран зохиолч, яруу найрагчид хүртэл манан, хүдэн татсан байгалийн гоо үзэмжийг олон уран бүтээлдээ мөнхлөн үлдээсэн. Гэтэл энэ дарга яагаад мананг үзэн ядаад байдаг юм гэж зарим хүн гайхахаар. Жирийн иргэд үнэндээ энэ хүний яриад байгаа мананг ойлгохгүй шүү дээ. МАНАН гэдэг нь Монгол ардын нам, Ардчилсан намын нэрийн товчлол юм. АН, МАН хоёрыг үгсч хуйвалдаад байна гэдгийг сүр оруулж МАНАН-таад байна гэж байгаа утгатай.

Эртний шаштирт алтан шумуул гэсэн зүйрлэлийг оруулсан байдаг. Ярих тоолонд амнаас тань гудамжны хараал, ёс бус үг биш бэлгэ дэмбэрэлтэй, зөв, тогтсон албаны үг, өгүүлбэр гарахыг нэг ёсондоо алтан шумуул амнаасаа гаргалаа гэж адилтгаж болох юм. Монголчууд үгсийн баялаг сантай ард түмэн. Үгс нь албаны, бичгийн, ярианы, хүндэтгэлийн гэх зэргээр ангилагдахаас гадна аливааг ухааруулж, сэнхрүүлэхдээ хэрэглэдэг үгс нь ч өөр. Юмыг шууд хал палхийтэл нь, хүнийг эвгүй байдалд оруулчихалгүй хэлэхээс зайлсхийж егөөдөх, наадах, чимхэх маягаар эвтэйхэн ойлгуулчихдаг.

Улстөрчдийн хувьд шинжлэх ухаанч биш үг хэллэг, үйлдэл гаргачихаад байдаг. 99 тэнгэр, 88 төсөл ч гэх шиг. Ёст төрийн үйл хэрэгт энэ мэт аль нэг шашинд хамаарах нийтлэг биш үг хэллэг, ойлголтыг ашиглахыг санаархсан, эдгээр үгсийг томьёолж оруулах гэсэн зүтгээс бий. Цэнхэр нүдэн гаригийн түг түм, буман хүмүүс бүгд шинжлэх ухаанд итгэж, аливаа зүйлийн туйлын утга учрыг шинжлэх ухаан л тайлна гэдэгт бат итгэчихээд хүлээн зөвшөөрөөд зуу гаруй жил явчихаад байхад аль галавынхаа үгсийг ингэж ухан гаргаж ирээд байдаг юм бэ дээ. Төрийн үйл хэрэгт энэ мэт үг зохимжгүй. Улстөрчдийг энэ мэтчилэнгийн буруу, зөрүү муухай үг хэллэгээс нь салгах хэрэгтэй байна.

“Царцаануудын саналыг хар машинд оруулжээ. Царцааны саналыг тусад нь тоол” гэхээр юу гэж ойлгогдож байна. Угтаа бол “Хууль бус шилжилт хөдөлгөөн хийсэн иргэдийн саналыг санал тоолох автомат машинд оруулж уншуулжээ. Тэдний саналыг тусад нь тоолж дүнг нь гарга” гэвэл илүү ойлгомжтой байна.

Голыг тунгалаг байлгая гэвэл эхийг нь хамгаалах хэрэгтэй. Үүнтэй адил УИХ-ын энэ удаагийн гишүүд үг хэл, хэллэгтээ анхаарч Ерөнхийлөгчийн захисанчлан албан үг хэллэгийг хэвшүүлж, ёс зүйгүй үгээс татгалзаж, хэлээ цэвэрхэн байлгах хэрэгтэй байна. Анхнаасаа л зөв зүйтэй яриад ажиллаад сурчихвал та бүхний таатай хэв маягийг даган дуурайх залуу үеийнхэн тань аяндаа уусгаад авчихна, өөртөө. Нөгөөтэйгүүр төрд элдэв бэлгэгүй үг эргэлдэхээ байчихвал төрийн эрхэм ажил ч саадгүй урагшилна гэж найднам.

Засгийн газар, парламент, төр засгийн байгууллагад ажиллаж байгаа эрхмүүд ээ, УИХ-ын шинэ гишүүд ээ, энэ цаг мөчөөс та бүхний амнаас гарах үгс тань алтан шумуул мэт өнгөтэй, үнэтэй, ончтой, эрчтэй байх болтугай. Ерөөлтэй сайхан үгс урдах замыг тань гэрэлт дэнлүү байг. Амнаас гарах үгс тань алтан шумуул мэт байг ээ хэмээе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтаар хөшөө босгосон ч Аргентиндаа үлдэх болов уу, Месси

Лионель Месси дэлхийн алдартай хөлбөмбөгчин. Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Месси Аргентины шигшээ багаас зодог тайлж байгаагаа илэрхийлсэн нь олон сая хөгжөөн дэмжигчийг нь гайхшруулж, сэтгэлийг нь гонсойлгосон үйл явдал боллоо. 1987 онд төрсөн Мессигийн хөлбөмбөгийн замнал найман настайгаас нь албан ёсоор эхэлсэн байдаг. Ирээдүйд шилдэг хөлбөмбөгч болох түүнийг мэргэжилтнүүд үеийн хүүхдүүдээс нь онцгойлж байсан ч өсөлтийн гормоны дутагдал гэх өвчинд нэрвэгдсэн нь маш том саад тотгор болж байсан юм. Түүнийг сонирхож байсан багууд Мессигийн өвчний талаар дуулаад туслахыг хичээсэн ч сарын 1000 орчим ам.долларын эмчилгээний зардлыг нь төлөхөд хүндрэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэтэл Барселона багийн спортын захирал Карлес эмчилгээний зардлыг нь бүрэн даагаад хариуд нь багтаа орох саналыг Мессид тавьсан нь түүний амжилтын үүд хаалгыг нээсэн гэж болно. Ингээд Месси алдартай багийн саналд толгой дохин зөвшөөрч, аюулт өвчинтэйгөө ч тэмцэж 13 настайдаа Барселонад ирсэн. Ингэхээр яалт ч үгүй хувь заяаны эргүүлэг, амьдралын тулгалтаар Барселонатай хувь тавилангаа нийлүүлсэн гэсэн үг. Лионель Мессигийн хувьд төрсөн бие нь ганц ч сэтгэл зүрхээрээ зүтгэдэг хоёр багтай тамирчин. Хөлбөмбөгийн фанат, мэргэжилтнүүд, спортын ажиглагчид Мессиг “Ер бусын тоглогч” гэж тодотгодог. Талбай дээр маш бүтээлч бөгөөд хамгаалагчдыг хялбархан давж гарах өндөр мэдрэмжтэй, солгой, төв болон хоёр жигүүрээр, тэр бүү хэл төвийн довтлогчийн байрлалд ч “үзэлцэх” тал бүрийн авьяастай ховор тоглогч гэж үздэг. Намхан, жижиг биетэй ч хурдны үзүүлэлт өндөр, биеийн хүч сайтай учраас өөрөөсөө өндөр, биерхүү өрсөлдөгчийг дээр дурдсан онцлог байдлаараа илүүрхдэг учир ер нь дарагддаггүй хөлбөмбөгчин юм. Фанатууд нь түүнийг “Хөлбөмбөгийн ертөнцөд туйлын амжилттай замаар замнахаар заяагдсан тоглогч” гэж нэрлэдэг. Гэтэл яагаад ч юм аргентинчуудын хувьд Мессиг ихэнхдээ арай өөр үзлээр харж, амжилттай замналыг нь үгүйсгэдэг. Тэд Мессигийн халуун сэтгэлийг хар буруу үгсээр олонтаа унтраан хүнд хэлэмгүй дорд үгээр шархдуулж, сайхан залуу насыг нь хайрлалгүй утга учиргүй чичилсээр ирсэн. Аргентины багт тоглоод ямар нэг жижиг алдаа гаргавал түүнийг шүүрч аваад уулын чинээ томруулаад “Месси ингэдэг юм. Цаанаа л нэг хүнийрхүү сэтгэлтэй”, “Энэ хүнд ер нь Аргентинаа гэсэн сэтгэл байдаг юм уу”, “Мессигээс Барселона үнэртдэг”, “Мессигийн сэтгэл болоод тархинд Аргентин байдаг юм болов уу” хэмээн элдвээр хэлж, Аргентины хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай бишгүйдээ бичдэг, гаргадаг. Месси тэр болгонд аль болох аядуу байр сууринаас хандаж, бүх бурууг өөртөө авдаг ухаантай залуу.

Саяхан “Копа Америка” тэмцээний шигшээд Чили, Аргентин хоёр тоглоход хоёр багийн тоглолт үндсэн цаг, нэмэлт цагт 0:0-ээр өндөрлөж, улмаар торгуулийн цохилтоор хувь заяаг нь шийдсэн билээ. Месси харамсалтай нь эхний болоод дөрөв дэх цохилтоо алдсанаар аргентинчууд хоёр жил дараалан энэ тэмцээний шигшээд Чилид хожигдож байгаа юм. Яг энэ агшинд Аргентин даяар Мессиг үзэн ядсан мэдээ сэлт сошиалаар түгж, түүнийг буруутгасан үгийг хүн бүр л амандаа хэлж байлаа. “Барселона” клубийн од Лионель Месси олон тоглолтод оролцож, ялалт байгуулах үедээ байгуулж, гоол алдах үедээ алдаж л яваа хөлбөмбөгчин. Сэтгэлзүйн янз бүрийн л асуудалтай тулгарч үзсэн түүний хувьд элэг нэгтнүүдийнх нь зүгээс ирсэн дайралт ямар ч өрсөлдөгчийн хүйтэн харцнаас илүү хүнд туссан нь тоглолтын дараагаар анзаарагдаж байсан юм. Түүний сэтгэл дундуур байгаа царай, урамгүй харцыг мэдээллийн хэрэгслүүд онцолж байв. Үүний дараа Месси Аргентины багаасаа зодог тайлахаа мэдэгдсэн нь аргентинчуудын хувьд ялагдлынх нь дараахь том шок болсон юм. Ялагдлын сэтгэлзүйгээсээ гарч амжаагүй байтал багийнх нь шилдэг довтлогч нь ийм шийдвэр гаргаж байгаагаа илэрхийлсэн нь зөвхөн аргентинчууд гэлтгүй хөлбөмбөг сонирхогч бүх хүнийг алмайруулаад авсан. Гэнэтийн энэ шийдвэр нь олон сая фанатыг нь хүнд цохилтод оруулж аргентинчууд төдийгүй “Барселона” багийн хөгжөөн дэмжигчдийг “Месси, шигшээ багтаа буцаж ирээч” гэх утга бүхий уриалга гаргахад хүргэсэн. Одоо ч энэ уриалгын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт олон сая фанат нь Мессид зориулж дуу, шүлэг зохиож, бүжиж, уйлж, гуйж байна. Аргентины Ерөнхийлөгч нь хүртэл Мессиг багтаа буцаж ирээч хэмээн ятгав. Аргаа барсан аргентинчууд дэмий буруу үг хэлсэндээ харамсаад Мессиг аргадаж хүрлээр хөшөөг нь хүртэл босгочихов, Буэнос-Айрес хотдоо. Гэсэн ч Месси шийдвэрээ өөрчилсөн талаар юм дуугарахгүй л байна.

Үүнтэй адил үйл явдал Монголд болдог. Сэтгүүлч, сурвалжлагч гэлтгүй ард түмэн бүгд л твиттер, фэйсбүүктээ хэн нэгнийг байх суух газаргүй болтол нь гомдоосон юм бичиж, ярьцгаадаг. Найдангийн Түвшинбаярыг заавал олимпод барилдах ёстой юм шиг, түүнийг байнга л өөрсдийгөө хөгжөөж, баясгаж байх тавилантай юм шиг ханддаг. Тэгээд зогсохгүй ямар ч тэмцээнд явсан хүзүүнээсээ ямар нэг металл заавал зүүж ирэх ёстой ч юм шиг. Бүр давраад заавал шар өнгөтэйг нь авчрах ёстой ч гэх шиг.

Н.Түвшинбаярын хувьд УИХ-д байна уу, ИТХ-д байна уу хамаагүй нэр дэвшиж байгаа нь хувь хүнийхээ эрхийн хүрээнд хийж байгаа ажил. УИХ-д нэр дэвшиж байгаа тэр эрхийг нь бид хүндэтгэн үзэх ёстой байсан. Үнэндээ энэ залуу чинь улс эх орныхоо нэр хүндийг өргөдгөө өргөөд, хийдгээ хийгээд төрөөсөө авах ёстой хайр хүндэтгэлээ авчихсан юм. Одоо байгаа хүч чадал, оюун бодлоо “Рио-2016”-д л зориулж яваа жүдоч. Гэтэл манайхан заавал аясаараа байлгах гэж, мөнх л тэр татами дээрээ хөлстэй зогсох үүрэгтэй юм шиг хараад түүнээс нь гажвал элдвээр харааж байна. Яг л аргентинчууд Мессигээ муулдаг шиг. Гэхдээ тамирчин гэхээр л муу үг, муухай харцаар харуулах эрхгүй бурхад гэж ойлгож болохгүй л дээ. Тамирчин гэхээр л магтуулж байх ёстой ч хүмүүс биш. Тэд сэтгэлийн хаттай байх учиртай. Өршөөж уучилна гэдэг аугаа сэтгэлзүйтэй хүний гаргадаг үйлдэл.

Аргентинчуудын хувьд хэвлэл мэдээлэл, ард түмэн нь үүссэн асуудалд үл тэвчсэнээс л нутгийн хүүгээ алдчихлаа гэж харагдаж байгаа юм. Юм болгонд хошуу амаа дүрж, ямар ч сайн хүн байсан муухай үг хэлж, шүлсээ үсчүүлдэг тэсвэргүй байдал нь хүн төрөлхтний үйлдэл гэж үзэхээсээ илүүтэй ядуу буурай, оюун нь ядмаг ард түмнээс гардаг зан гэлтэй. Манайх Аргентинаас нэг их ялгагдах юм алга. Бүхнийг буруутгаж, хараадаг дадалтай болчихсон болохоор үндэстнийхээ хэмжээнд шүтдэг үнэт зүйлгүй. Ямар ч олимпийн аварга, мундаг хүн төрлөө ч төд удалгүй түүн шиг муу хүн үгүй болчихдог. Ийм болохоор бидний хувьд бурхныг гомдоож, бугийг айлгадаг энэ их хэл ам, буруу бодол сэтгэхүйгээсээ аль болох татгалзаж, бусдыг муу үгээрээ булдаг хэв маягаасаа салах цаг ирсэн.

Нэгэнт л хэлэх ёсгүй байсан муу үгийг хэлчихсэн бол араас нь хичнээн ч сайн зүйл хийгээд эргэдэггүй нь аргентинчуудын Месситэй харьцсан харьцаанаас харагдаж байгаа юм. Тийм их зүтгэлээр ногоон талбайд зүрх, тархи, сэтгэл гурваа хөвчлөн байж уралдан гоол оруулахын төлөө хичээж байхад тэгж муухай үг хэлэхээр ямар ч хүн шантарна шүү дээ. Одоо аргентинчууд алтаар хөшөө босгосон ч Месси нь эргэж ирэх болов уу.

Categories
мэдээ цаг-үе

“Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн ид хав нь гүйцэж байна

Ид хав. Их сайхан үг. Наадам дөхөхөөр эл сайхан үгийн утга улам төгөлдөр болдог. Энэ үгийг тун энгийнээр тайлбарлавал хүч чадал, тамир тэнхээ гэсэн утгатай. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн ид хав нь жинхэнэ тэгширч байна. Өчигдөр тус дэвжээн дээр очиж бэлтгэлийн явцтай нь танилцахдаа үүнийг мэдрэв.

Төв аймгийн төв орохоос наахна Дундговь руу салдаг замын уулзварын хойно, Богдхан уулын Баруун Зуунмодын аманд “Дүнжингарав” дэвжээнийхэн байрладаг. Монголын ард түмэн наадам гэдэг том, аугаа цэнгэлээрээ тухайн жилийнхээ өнгийг үзэж ямар хүчтэн түрүүлэх бол хэмээн 365 хоногийн турш таамаглан ярилцдаг билээ. Төв аймгийн бөхчүүдийн хувьд 2008 оноос Богдхан уулынхаа энэ аманд байрлаж, наадмын бэлтгэлийг базааж байгаа юм.

Дөрвөн дүнзэн байшин байх агаад голынх нь хоёр давхар. Цумбайсан гурван цагаан гэр дүнхийнэ. Тэртээд хөхөө донгодож, энүүхэнд хус модтой амны тэрүүхнээс тарвага хошгирно. Амар амгалан гэмээнэ үүнийг өгүүлэх болов уу хэмээн сэтгэл татмаар байгалийн сайхан цогцолжээ. Тэртээ хойхно борооны үүлс бараантах ч наран энүүхэнд шарна.

“Дүнжингарав” гэсэн далбаа хатгасан өргөө цагаан гэрт очлоо. Угалзалсан сайхан сийлбэрт сэнтийтэй өргөө гэрт бөөн эрчүүл сууна. Хүнхийсэн эрчүүл дундаас галын ахлагч, Б.Бадам-Очир начинг олж таньсангүй. “Сайн байна уу, дэвжээний ахлагчтай уулзъя” хэмээн даруухан өгүүлбэл “Би байна” хэмээгээд нэгэн эр өгүүлсэн нь Б.Бадам-Очир начин. Мэнд усаа мэдэлцлээ. Начны найзууд нь иржээ. Нутгийнхаа бяр чадал бялхсан бөхчүүлийг дэмжих гэж начны найзууд жаал зугаа юм авчирчээ.

Начин “Аймгийн маань бөхчүүлийн бэлтгэл сайхан явж байна. Энэ сарын 16-наас бэлтгэлдээ гарцгааж, одоо л жигдэрч байна” хэмээснээр бидний яриа өрнөвэй.

“Дүнжингарав” дэвжээн дээр 50 гаруй бөх наадмынхаа бэлтгэлд гарчээ. Энэ сарын 26-нд болсон наадмын сорилго барилдаанд эдний дэвжээнээс арав гаруй бөх барилдсанаас Б.Батмөнх заан гурав давсан байна.

Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хувьд галд гарсан хугацааг нь тооцвол хэд хэдэн циклд хуваагдана. Одоо бол бөхчүүд хүчний буюу хүнд бэлтгэлийн үедээ явж байгаа юм байна. Наадмын бэлтгэлийг нь 25-30 хоног гэж тооцвол эхний 14 хоногийг хүнд бэлтгэлийн үе гэж тооцож болно. Энэ үед хүнд бэлтгэл хийж, кроссоор гүйж нэлээд ачаалалтай ажиллана. Бүх булчин шөрмөсөө дээд түвшинд нь хүртэл идэвхжүүлж, эр бяр гээчийг жинхэнэ утгаар нь харуулна. Цолны эрэмбийг хамааралгүй хэнтэй ч хамаагүй олон барилдаан хийнэ, өдөрт. Ийм хүнд бэлтгэлийн горимоор долдугаар сарын долоон, найман хүртэл бэлтгэнэ. Харин түүнээс хойш бэлтгэлээ аажмаар хөнгөрүүлж, наадам дөхөхийн хэрээр бэлтгэлээ зөөлрүүлж, ерөнхийдөө биеэ амрааж тэнхрүүлэх тал дээр анхаарна. Сар хэртэй ачаалал авч ажилласан бие хэдхэн хоногт амрахад л тэнхэл авч жинхэнэ л бяр чадал нь амтагдаж эхэлдэг юм байна. Энэ үед л сэтгэл санаа, сэтгэл зүйгээ зөв удирдаж чадсан нь наадмаар цойлох нигууртай.

Аливаа дэвжээний хувьд наадмын бэлтгэл хийх нь шинэ цолтон төрүүлж, цолоо ахиулах зорилготой байдаг. Үүнтэй адил энэ дэвжээнийхэн тийм нэгдсэн зорилготойгоор хамтарсан бэлтгэл хийж байгаа нь энэ юм. Дэвжээний ахлагч, улсын начин Б.Бадам-Очир “Өнөө жил манай дэвжээнээс улсын шинэ цолтон, аймгийн цолоо ахиулах залуус зөндөө бий” хэмээгээд цаашид улсад нэрээ тодруулах бөхчүүд олон бий гэлээ. Эдний галд Сосорбарам арслан, арслан Эрдэнэ-Очир, Батмөнх заан, Сэрээтэр багш, харцага Бадарч, начин Гэрэлт-Од, Бадам-очир, Батчулуун, аймгийн арслан Дамба, Энхтайван, Мэндсайхан, Эрхэмжаргал, Батбаатар тэргүүтэй улс, аймгийн цолтой, мэх нь жигдэрсэн, уран барилдаан үзүүлдэг урамтай бөхчүүл олон бий.

Чөлөөт бөхийн Д.Хүдэрбулга эдний галынх. Өнөө жил тэрээр олимпийн эрх авсан болохоор галдаа нэгдээгүй юм байна. Олимпийн эрх авсан тамирчны юу хийх, яах ийх нь улсын хараат болсон болохоор наадмын бэлтгэлдээ бараг харагдахгүй гэж байлаа.

Гал тогооны байшингийн дээвэр нь одоогоор засвартай байгаа болохоор хоол ундаа гэрт хийж байна. Хоёр тогоочтой. Э.Эрдэнэсувд, Н.Сүхтогтох. Тэд “Бөхчүүл гэхээр л их хоол унд иддэг нөхөд гэж боддог нь буруу юм. Бид нормын дагуу л хоолоо хийдэг. Хоол голдоггүй, иймээ тиймээ аашгүй сайхан улсууд” гэж байлаа. Гал тогооны гэрт гурван зуух. Зуух болгон дээр хорин литр тогоо тавиастай. Өглөө тогоонууддаа нийт 60 литрийн цай чанах бөгөөд тэр нь өдөртөө хүрэлцэнэ. Өглөө нэгдүгээр хоол гурван тогоо. Өдөр нэг, хоёрдугаар хоол нийт зургаан тогоо. Орой гурван тогоо.

Э.Эрдэнэсувд “Би тогооч мэргэжилтэй. Өмнө нь энд тэндхийн цайны газар түрээсэлж ажиллаж байсан. Энэ удаад Төв аймгийн бөхчүүдийн тогоог барьж байна. Бөхчүүд гэдэг чинь сайхан улс юм. Хоол унд голохгүй сайхан эрчүүл. Тийм болохоор бид хоёр ч их хичээж сайхан хоолоор үйлчлэхсэн гэж чармайх юм” гэж байлаа. Тэрээр өдрийн хоолонд гурилтай шөл, будаатай хуурга хийж өгнө дөө гэлээ.

Бөхчүүд цаг хэртээ дэвээ, шавааны бэлтгэл үзүүлэв. Дараа нь барилдаан эхлэв. Б.Бадам-Очир начин “Доошоо битгий хар. Урагшаа яв. Яасан их гүйдэг юм. Сайхан дэвээдэх дээ. Наад амьсгалаа зөв хуваарилаадах” гэж бөхчүүддээ хэлнэ.

Б.Бадам-Очир начин шинэ залуу бөхчүүдийн дэргэд очиж хэрхэн сайхан дэвэхийг биеэр үлгэрлэн харуулангаа “Доошоо харахгүй, сайхан үсрээд өг” гэнэ. Б.Батмөнх заан Х.Амараа начинтай барилдангаа урьд өдрийн сорилго барилдаанд ямар мэх хийснээ сонжин харуулах авай.

Бөхчүүдийн бяр ханаж байна. Бяр амтагдсан өдрүүд Баруун Зуунмодод өрнөж, баахан эрчүүл бэлдэж байна, наадамдаа. Наадам хаяанд ирлээ. Ид хав.

Сайхан үг.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Цэнгэллхам: Мьянмарчууд Монголын ардчилалд шилжсэн үйл явц, туршлагаас суралцах сонирхолтой байдаг

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Цэнгэллхамтай ярилцлаа.

-Монгол, Мьянмар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан манай улсын Ерөнхийлөгч эдгээр өдрүүдэд тус улсад айлчилж байна?

-Манай улс Мьянмар буюу Бирмтэй 1956 оны есдүгээр сарын 29-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байдаг. Монгол Улсын Гадаад харилцааны төв архивт байгаа мэдээллээр манай хоёр улс дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу 1956 оны долдугаар сард Ардын хувьсгалын 35 жилийн ойд Бирмийн Ерөнхийлөгчийн биет төлөөлөгчөөр БНХАУ дахь Элчин сайд У Ла Маунг ирж оролцсон байдаг. Мөн Бирмийн Ерөнхий сайдын орлогч тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид 1957 оны арванхоёрдугаар сард Монголд албан ёсны айлчлал хийж, уг айлчлалын төгсгөлд хоёр тал хамтарсан мэдэгдэл гарган, манай улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхийг Бирмийн Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэсэн байдаг нь түүхэнд үлджээ. Мөн 1957 онд Монголд болсон газар хөдлөлтөөс учирсан хохирлыг арилгахад Бирмийн Засгийн газар 50 тонн цагаан будаа хандивлаж байсан байна.

Монголын талаас 1976 онд Гадаад хэргийн сайд Л.Ринчин, 1969, 1984 онд орлогч сайд Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бирмд албан ёсны айлчлал хийж байсан. Түүхэнд Бирмийн дотоод улс төрийн байдал, газар нутгийн алслагдмал байдал, эдийн засаг, санхүүгийн чадавхиас шалтгаалан хоёр орны харилцаа өргөжин хөгжих боломж хязгаарлагдмал явж ирсэн ч сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа мэдэгдэхүйц байдлаар идэвхжин хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Монгол Улс 2010 оноос Мьянмарт дахин өрнөсөн ардчиллын төлөөх үйл явцыг тууштай дэмжих байр суурь баримталсан нь шинэ цагийн хоёр талын харилцааны хөгжлийн үндэс болсон гэж үзэж болно.

Үүний тод жишээ нь 2013 онд манай улсад зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон явдал болсон. Улмаар 2013 оны арваннэгдүгээр сард манай улсын Ерөнхийлөгч Мьянмарт, 2015 оны зургадугаар сард Мьянмарын Ерөнхийлөгч манай улсад анх удаа тус тус айлчилсан. Мөн энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад хоёр дахь удаагаа айлчиллаа.

-Мьянмарыг Бирм гэдгээр нь манайхан илүү мэддэг. Чухам юуны учраас улсынхаа нэрийг өөрчилсөн юм бол?

-Юуны түрүүнд тус улсын нэршил, түүнийг тойрсон төөрөгдлийн тухай тайлбарлахад зайлшгүй дурдах ёстой нэг зүйл бол тэдний хэлний онцлог гэж би ойлгодог. Товчхондоо тэд өөрсдийгөө нэрлэж байгаа нэг адил нэрийг нь эхлээд барууныхан, улмаар дэлхий нийт янз янзаар сонсож бичиж хэрэглэж ирснээс дээрх нэрний олон хэлбэр үүссэн болов уу гэж бодож байна. Зөвхөн улсынх нь нэр төдийгүй маш олон үг гадаад хэлээр янз бүрээр бичигддэгийн нэг жишээ нь хуучин нийслэл Янгун-Рангун.

Нөгөө талаар, англи хэлээр “Burma” гэж бичигддэг улсын нэр нь Британийн колончлолын үеэс дэлхий нийт хэрэглэж хэвшсэн байсан нэршил боловч тус улсын засгийн эрхийг хүчээр авсан цэргийн Засгийн газар 1989 онд улсынхаа нэрийг албан ёсоор “Myanmar” буюу Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс гэж нэрлэхээр шийдсэн явдал нь тус улсын нэртэй холбоотой ойлгомжгүй байдал үүсгэсэн гол шалтгаан гэж хэлж болно. Цэргийн Засгийн газрыг нь хүлээн зөвшөөрөөгүй маш олон улс одоо ч хуучин нэрийг нь албан ёсны харилцаандаа өргөн ашиглаж байна. Мьянмар ч өөрсдөө аль алийг нь ашиглан харилцахыг эрс буруутгадаггүй.

Манай улсын тухайд тус улс өөрсдөө албан ёсны гэж үзэж буй Мьянмар хэмээх нэршлийг баримтлан албан ёсны харилцаандаа хэрэглэж байна. Нөгөө талаас уг нэр нь олон үндэстнээс бүрдэх тус улсын хүн амын 70 орчим хувийг бүрдүүлж буй бамарчуудыг ганцхан нэрлээгүй, Качин, Шань, Мон зэрэг бусад бүх жижиг үндэстнийг нь хамруулсан өргөн ойлголт учраас албан ёсны хэрэглээнд хамгийн оновчтой нь мөн гэж бодож байна. Гэхдээ монгол хэлэнд эртнээс хэрэглэж ирсэн Бирм хэмээх нэршлийг хэрэглэхэд ч буруу зүйл огт байхгүй болов уу.

-Мьянмар нь түүх, ёс заншил, шашин, соёл уламжлал гээд олон зүйлээрээ өвөрмөц газар. Тус улсын хувьд юугаараа олон улсад илүүтэй танигдсан юм бэ?

-Мьянмар нь маш өвөрмөц соёл, түүхтэй улс. Цөөн хэдхэн жишээ дурдахад Мьянмар нь эрт үеэс Британийн, дэлхийн II дайны үед Японы колончлолд байсан зэрэг нь тэдэнд тухайн үедээ эдийн засаг, дэд бүтцийн хувьд Зүүн өмнөд Азийн бусад улсаас түрүүлж хөгжих бололцоог олгосон түүх бий. Тухайлбал, өнөөгийн Сингапур улсыг үндэслэгч Ли Куан Ю гэхэд л 1959 оноос эхлээд тус улсаас хөгжлийн загвар судлуулахаар төрийн албан хаагчдаа олноор илгээн, өөрөө ч олон удаа Бирмд айлчилсан байдаг. Мөн Нобелийн энхтайвны шагналт Аун Сан Су Чи зэрэг олон алдартай иргэд нь тус улсыг дэлхийд таниулж байдаг гэж хэлж болно. 1961-1971 оны хооронд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У Тант бол дэлхий дахинаа танигдсан бас нэгэн бирм хүн юм.

Харин 2012 оноос хойш ардчиллын үйл явц идэвхжиж, гадаадын иргэд харьцангуй чөлөөтэй зорчих боломж нээгдсэн. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлал, бурхны шашны ариун дагшин сүм хийд, хөрөнгө оруулалтын боломж зэрэг нь тус улсыг зорих гол шалтгаан болж байна. Эдгээрээр Мьянмар дэлхийд дахин танигдаж эхлээд байна.

-Бирм гэхээр Нобелийн Энх тайвны төлөөх шагнал, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чи санаанд буудаг. Энэ эмэгтэй улс орноо дэлхийд гаргаж ирж чадсан тэмцэгч. Аун Сан Су Чигүйгээр Бирмийг төсөөлөхийн аргагүй ч гэх нь бий?

-Үнэхээр тийм. Түүнгүйгээр, мөн түүний эцэг генерал Аун Сангүйгээр тус улсын нэгэн зууны түүхийг бичих ямар ч боломжгүй гэж хэлж болно. Түүний эцэг нь Бирмийн коммунист нам, Татмадоу буюу Ардын армийг үндэслэгч нэгэн байсан бөгөөд тэрээр 1947 онд бага охин Аун Сан Су Чиг хоёр настай байхад бусдад буудуулан амь үрэгдсэн байдаг. Гэтэл эцгийнх нь байгуулсан Татмадоу охиныг нь 1988 оноос 2012 он хүртэл гэрийн хорионд суулгасан нь бас хувь заяаны сонин тохиолдол гэж хэлж болно. Гагцхүү эцэг, охин хоёрын нийтлэг зүйл нь өөрсдийн амьдарч байсан тухайн цаг үедээ үндэстнийхээ төлөө зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд сэтгэн тэмцэж, үнэт зүйлсээ зольсон хүмүүс юм. Өдгөө 70 нас хүрсэн түүнд эмзэг нөхцөлд байгаа улсаа сэргээн босгох, өмнөх дэглэмийн олон жилийн дарангуйлал, зөрчлийг зөөллөх чангахан сорилт тулгарч байгаа.

-Мьянмарын хувьд ямар салбар нь улс орных нь эдийн засгийг чирч явдаг юм бэ. Тус улсад гадныхны хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаа гэсэн?

-Байгалийн баялаг ихтэй улс учраас байгалийн хий, загас агнуур, ой мод бэлтгэл өмнөх дэглэмийн эдийн засгийн гол тулгуур болж байсан мэдээлэл байдаг. Гэхдээ уламжлалт эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуйн салбар байсан. Байсан гэж хэлж буй нь цагтаа цагаан будааны экспортоор дэлхийд тэргүүлж байсан хөдөө аж ахуйн салбар нь өнөөдөр хүнд байдалд орж, дэлхийд тэргүүлэх нь битгий хэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж дийлэхгүй түвшинд унаад байгаа. Гэвч энэ улсад ажиллах хүч, таатай цаг агаар, далайн тээврийн ашигтай байрлал гээд хөгжлийн хамаг л суурь нөхцөлүүд бий учраас богино хугацаанд хөгжих бололцоо маш өндөр. Тиймдээ ч БНХАУ, Япон, Сингапур, Австрали, АНУ, Энэтхэг зэрэг улсуудаас хөрөнгө оруулалт эрчтэй орж байна.

Жишээ нь Япон, БНХАУ-тай хамтарсан Эдийн засгийн чөлөөт бүс, Тайланд, БНХАУ руу чиглэсэн нефть, байгалийн хийн дамжуулах хоолой зэргийг Мьянмар аль хэдийнэ бодитоор байгуулаад байна. Цаашид шинээр эмхлэгдэн байгуулагдсан ардчилсан засаг, одоо ч нөлөөтэй байгаа цэргийн хүчинтэйгээ хэрхэн харилцах, хойд хэсэгт нь өрнөж буй иргэний дайны нөхцөл байдал намжих эсэх нь эдийн засгийнх нь хөгжлийн хандлагыг тодорхойлох байх.

-Тус улс эдийн засгаараа бүс нутаг болоод Азидаа ямархуу байр эзэлдэг юм бол?

-Зөвхөн нэг хүн амд ноогдох ДНБ-ий үзүүлэлтийг нь харвал Мьянмар бол маш ядуу улс. АСЕАН-ын улсууд дотроо эдийн засгийн хөгжил хамгийн сул орон гэж хэлж болно. Энэ нь олон улсын эдийн засгийн хоригтой шууд холбоотой. Мөн тус улсын дотоод эдийн засаг сул дорой байгаагийн үндсэн шалтгааныг баялгийн тэгш бус хуваарилалт гэж шинжээчид тайлбарладаг.

Гэхдээ өмнө дурдсанчлан 50 гаруй сая хүн амтай, газарзүй геополитикийн ашигтай байрлалтай энэ улсын эдийн засгийн бүс нутагт гүйцэтгэх үүрэг, нөөц бололцоо асар их гэж харж байгаа учраас хэдийгээр дотоодынх нь нөхцөл байдал бүрэн гүйцэд таатай болоогүй байгаа ч боломжоос хоцорч болохгүй гэсэндээ маш олон улс анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.

Тодруулбал, 2012 оноос хойш эдийн засаг нь долоо орчим хувийн дундаж өсөлттэй Зүүн өмнөд Азид нэгдүгээрт байгаа бол 2016, 2017 онд ч дунджаар 8.5 хувьтай өсөх урьдчилсан таамаглал бий.

-АНУ зэрэг томоохон гүрнүүд тус улсад онцгойлон анхаарал хандуулж төрийн тэргүүнүүд нь үе үе айлчлал хийдэг. Энэ нь улс төрийн хувьд ямар учир холбогдолтой гэж та судлаач хүний хувьд үздэг вэ?

-Өмнө хэлсэнчлэн газар зүй, геополитикийн ашигтай байрлал нь их гүрнүүдийн тус улсын нутаг дэвсгэрт нөлөөгөө тогтоох санаархлыг эртнээс төрүүлж ирсэн байдаг. Он удаан жилийн Британийн колончлолын дараа Японы арми тус улсад өөрсдийн мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлж, түүхий эд, тээврийн түшиц газраа болгон ашиглаж байсан нь сонирхолтой түүх. Өнөөдөр ч ялгаагүй тус улсын нутаг дэвсгэр дээгүүр БНХАУ байгалийн хий, нефтийн дамжуулах хоолойг өөрийн улсын Юннан муж руу холбон бариад байна. Энэ нь олон улсын харилцаа судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Ер нь Зүүн өмнөд Ази, Ази Номхон далайн бүс нутаг нь дэлхийн томоохон их гүрнүүдийн худалдаа эдийн засаг, тээвэр, аюулгүй байдлын нийтлэг эрх ашиг огтлолцон оршиж байдгаараа онцлогтой юм. Энэ үүднээс Мьянмарт бий болсон БНХАУ-ын эдийн засгийн эрх ашиг, түүнд хандах АНУ, Энэтхэгийн байр суурь яах аргагүй судалгааны сонирхолтой чиглэл.

-Мьянмар улсын зүгээс манайхтай эдийн засгийн хувьд харилцахдаа аль салбарыг түлхүү сонирхдог юм бол. Эсрэгээрээ манай улсын хувьд Мьянмартай харилцах нь эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?

-Манай хоёр улсын тухайд бодит эдийн засгийн харилцаа хараахан хөгжөөгүй байна. Үндсэндээ байхгүй гэж хэлж болно. Гэхдээ манай улсын зүгээс 2013 онд Монголын компаниудад шинэ зах зээл нээх, гадаадад хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулсан “Олон улсын хамтын ажиллагааны сан”-гийнхаа үйл ажиллагааны хүрээнд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай анхаарал тавин ажиллаж буй нь сайшаалтай хэрэг юм. Мөн уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой. Мьянмарын зүгээс манай улсын ардчилалд шилжсэн үйл явц, туршлагаас суралцах сонирхолтой байдаг бөгөөд 2013 оноос хойш шат шатны холбогдох төрийн байгууллагын албан хаагчид нь манай улсад энэ асуудлаар ирсэн байдаг.

Эцэст нь нэг сонин баримт дурдахад Юань гүрний үед монгол цэрэг Бирмийн нутаг дэвсгэрт хөл тавьж байсан ул мөр одоо ч Баган хотод хадгалагдан байдаг гэнэ лээ. Энэхүү түүхэн баримтаас санаа авбал, магадгүй БНХАУ-аар дамжин Мьянмар улсыг бид Африк, Арабын улсуудтай хийж буй, ирээдүйд хийж болох худалдааны тээврийн зам гэдэг агуулгаар илүү нарийвчлан судлахад гэмгүй болов уу гэж үзэж байна.


Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: Монголын тамирчид ирэх сарын 24-нөөс Рио Де Жанейро руу хүлгийн жолоо зална

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаатай ярилцлаа.

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгад Улсын нэгдсэн төв эмнэлгийн амбулатори, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг тус тус байршуулах шийдвэрийг Засгийн газраас гаргачихлаа?

-Кувейтийн буцалтгүй тусламжийг Төрийн ордон барихад зориулж өгсөн юм. Төрийн ордны өргөтгөлийг барина гээд тав, зургаан жил болж байна. УИХ-ын дарга энэ асуудалтай танилцаад “Үүнийг ерөөсөө больё оо, газрын асуудал нь шийдэгдэхгүй юм байна. Олон жил саатлаа. Тиймээс уг тусламжийг эрүүл мэндийн салбартаа ав” гээд зөвшөөрлийг нь олгосон. Зүүн бүсэд Монгол туургатны ирж төрдөг, Чингисээр овоглосон төрөх эмнэлэг барих боломж байна уу, үгүй юу гэдэг судалгааг хийсэн. Өмнө нь бид монгол туургатны төрөх эмнэлгийг Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдогт барих санал оруулсан ч Засгийн газар дэмжээгүй юм. Тиймээс Засгийн газрын энэ сарын 13-ны хуралдаанаар энэ 14.2 тэрбум төгрөгийг Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд өгөх шийдвэр гаргасан. Энэ төслийн хувьд цогцоор нь хийхээр зургийг нь хийчихсэн байсан. Өмнө нь амбулаторийг нь зургаан тэмбумаар барья гэдэг санал оруулж байсан. Баруун бүсийн асуудлаа нэг мөр шийдье гээд иж бүрнээр цоо шинээр нь барих шийдвэр гаргачихлаа. Цаана нь үлдэж байгаагаа юунд зарцуулахаа шийдээд Засгийн газарт оруулж ир гэсэн үүрэг өгсөн, надад. Үүний дагуу бид боловсруулалт хийж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Яармаг дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Түлэнхийн төв гээд яаралтай шийдэх, асуудалтай, зогсчихсон обьектуудынхаа аль нэгэнд нь хөрөнгө оруулдаг юм уу гээд судалгаа хийлгэж байна. Засгийн газрын уржигдрын хурлаар эрүүл мэндийн салбартай холбоотой бас нэг шийдвэрлэсэн асуудал нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудал.

Хуульзүйн салбарын оффисын барилга болгох гээд засаад эвдээд, янзалчихсан байсан. Тэрийг буцаагаад эмнэлэг болгох асуудлыг Засгийн газар аль хоёр жилийн өмнө шийдсэн, Шийдлийн Засгийн газар гарч ирэнгүүтээ. Харамсалтай нь ажил гүйцэтгэхээр болсон компани нь хөрөнгө оруулалтаа босгож чадалгүй хугацаа алдаж энэ оны гуравдугаар сарын 9-нд үндсэн гэрээ нь хүчингүй болсон юм. Одоо бол бид ямар зарчмаар ажиллах вэ гэхээр MRI, CT байрласан амбулаторийн хэсгээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харьяанд өгч байна. 260 ортой нэгдсэн эмнэлгийг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн эмнэлэг болгохоор болсон. Амбулаторийн эмнэлгийг энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Угаасаа бэлэн юм. Доод давхруудад нь засвар хийгээд яваандаа доод гражийг нь янзлах ажил үлдэж байгаа.

-260 ортой эмнэлэг нь хэзээ бэлэн болох вэ?

-Тэр хэсэг нь маш их нураагдсан, өрөө, тасалгаа гээд. Үүнд дөрөв орчим тэрбум төгрөг шаардагдана. Үүнийг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн эмнэлэг болгох гэж байгаа учраас хотын удирдлагуудтай ярьж хөрөнгийг нь Улаанбаатар хотоос гаргана уу гэсэн асуудал тавигдаж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.

-Олимпийн бэлтгэл хэр явж байна вэ. 32 тамирчин олимпийн эрх аваад байгаа нь түүхэн үйл явдал болж байна?

-Олимпийн бэлтгэл хангах асуудлыг маш өндөр түвшинд авч үзсэн. Олимпийн зардал их сайн батлагдсан шүү дээ, УИХ-аар. 6.2 тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ хүрээнд бэлтгэлийн хугацаанд л гэхэд спортын 17 төрөлд 125 тамирчин, 36 дасгалжуулагч, байнгын бус шигшээ багийн үндсэн төрөлд 171 тамирчин уулын цана, волейбол, ширээний теннис, пара таэквондогийн төрөлд 37 тамирчин нийтдээ 369 тамирчин, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хангасан. Үүнээс шалгарсан хүмүүс нь олимпийн эрх аваад байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид маань 2016 он гарсаар спортын 16 төрлөөр олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн 56 тэмцээнд оролцож 26 алт, 29 мөнгө, 54 хүрэл медаль хүртээд байгаа. Үндэсний шигшээ багийн тамирчид маань “Рио 2016” зуны XXXI олимп, паралимпийн XV наадамд оролцохоор долоон төрөлд 32 эрх аваад байна.

Чөлөөт бөхөөр ес, буудлагаар гурав, байт харваагаар нэг, боксоор дөрөв, анх удаа таэквондогоор нэг тамирчин, хүндийн өргөлтөөр нэг, жүдогоор 13 тамирчин тус тус албан ёсоор эрх авчихсан байна.

Бид уг нь 30 эрх авна гэсэн зорилт тавьчихсан байсан ч өнөөдрийн байдлаар 32 эрхтэй болчихоод байна. Өмнөх олимпуудад 28, 29 тамирчин өрсөлдөж байсан. Одоо 32 тамирчин оролцохоор болоод байгаа ч дахиад нэмж эрх авах спортын төрөл байгаа. Хөнгөн атлетикийн олимпийн эрх олгох тэмцээнүүд зургаа, долдугаар сард зохиогддог. Уг төрлөөр одоогийн байдлаар гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй гурван хүн эрх авах болзлоо хангачихаад байна. Эрх нь хараахан баталгаажаагүй байгаа. Бидний үзэж байгаагаар энэ удаагийн олимпод Монголоос 35-37 тамирчин оролцох төлөвтэй байгаа нь түүхэнд байгаагүй амжилт юм.

Манай тамирчдын хувьд долдугаар сарын 24-нөөс Рио Де Жанейро руу хүлгийн жолоо зална. Олимп болоогүй байхад тийм эрт очоод яах нь вэ гэх байх. Зарим спортын төрлийн тамирчдын хувьд явдал дундаа бэлтгэлээ базаагаад бие халаах маягаар оролцох тэмцээнүүд бий. Бразилийн цаг агаарын байдалд дасан зохицох нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд “Рио 2016” олимп нээлтээ хийх Рио Де Жанейро хотоос 132 км-ийн зайтай орших Волда Ретондо хотын Функционар клубт дасан зохицох бэлтгэл хийнэ.

Өнөөдөр (өчигдөр) Элчин сайдын яамнаас бидний хийсэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зурж манайханд уг бэлтгэлийн баазад бэлтгэл хангахыг зөвшөөрлөө. Зардал мөнгийг нь шилжүүлээд энэ асуудал ингээд цэгцэрлээ.

Паралимпэд долоон эрх авчихаад байгаа нь бас л том дэвшил боллоо. Удахгүй пара байт харваагаар олимпийн эрх олгох тэмцээн болно. Энэ удаагийн паралимпэд таван төрөлд найман эрхтэйгээр оролцоно гэж үзэж байгаа.

-Бразилд зика гэх аюултай вирус тархсан. Уг вирусийн халдвараас сэргийлж алдартай тамирчид Риогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Манай улсын хувьд уг халдвараас баг, тамирчдаа хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Зика вирус дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Манай тамирчдын бэлтгэл хангах Волда Ретондо хотод зика вирусийн халдвар гараагүй байгаа. Уг вирус гарах нөхцөл нь ч бага гэж үзэж байгаа юм билээ. Учир нь тэр төрлийн шумуул нь байдаггүй гэж бидэнд мэдэгдсэн. Мэдээж олимп болох Рио Де Жанейро хотод яаж ч магадгүй гэж үзэж байгаа шүү дээ. Зөөвөрлөгдөх нөхцөлөөр ч халдвар авч болох талтай учраас бид тамирчдадаа зориулсан эм тариа гэх мэтээр бэлтгэлд нь нэлээд сайн анхаарч байгаа. Шаардлагатай тосон түрхлэгийг нь бэлтгэх, шумууланд хазуулахгүй байх битүү хувцас өмсөх зэргээр зөвлөгөө, даалгаврыг тамирчдад өгсөн. Тамирчдын нөхөн сэргээх эмчилгээ, гэмтэл бэртлийн эмгэг, янз бүрийн сорилт, судалгаанд хэрэгтэй тоног төхөөрөмж авахад 90 сая төгрөгийг шийдэж өгсөн.

2016 он гарснаас хойш Үндэсний шигшээ багийн дотоод гадаадын бэлтгэл, цугларалт, олон улсын тэмцээнд зориулсан спортын хэрэглэл материал авахад гурван тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс дотоодын бэлтгэл цугларалтад л гэхэд 516 сая төгрөг, гадаадын цугларалтад есөн төрлөөр 14 удаа хамрагдаж 345 сая төгрөг, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тив, дэлхий, олон улсын тэмцээнд 1.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулчихаад байна.

-“Рио 2016”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүний тоо гарсан уу. Тамирчдыг дагаж хичнээн хүн явах юм бэ?

-Сая сайдын тушаал гарч, яг олимпод оролцох баг тамирчид, албаны хүмүүсийн тоог тогтоож өгсөн. Нийтдээ 110 хүн явна. Өнөө жилийн хувьд нэг онцлог бий. Багийн бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн тогооч явах гэж байгаа. Тусгайлан янз бүрийн хоол хүнс бэлтгэх, тамирчдадаа зориулсан хоол унд хийх шаардлага гарвал ажиллах юм. Ингэж тусгай тогооч илгээж байгаа нь анхны тохиолдол болж байна. Яагаад 110 хүн явах болчихоод байна вэ гэхээр өнөө жилийн хувьд хангалттай тоогоор бэлтгэл хангагчдыг нь явуулж байна. Очоод арав хоног хамт бэлтгэл хийх хүнийг нь авч явж байгаа. Тэгэхгүй бол хэнийгээ тэндээс олж бэлтгэл хангаж, барилдах вэ дээ. Тийм учраас энэ бол чухал арга хэмжээ. Олимпод оролцох баг тамирчид хоёр янзын хувцас өмсдөг. Нэг нь ёслолын нөгөөх нь бэлтгэлийн хувцас. Ёслолын хувцасны хувьд “Шилмэл загвар” компани шалгараад ажлаа эхэлчихсэн. Бэлгэдлээ бодоод хувцасных нь өнгийг шараар сонгосон. Өмнөх хоёр олимпод оролцоод медаль хүртсэн ерөөл, бэлгэдлээ бодсон л доо. Гэхдээ мэдээж дизайн нь өөрчлөгдсөн. Бэлтгэлийн хувцсыг нь гаднаас авъя гэж үзсэн. Дотоодын компаниудын дунд уг нь сонгон шалгаруулалт зарласан ч ганцхан компани материал ирүүлсэн. Тэр нь шаардлага хангаагүй. Тийм болохоор олон улсын брэнд хувцас өмсөх нь зохистой юм байна гэж үзсэн. Гэхдээ манай дотоодын тэр компани маань эрэгтэй, эмэгтэй бэлтгэлийн хувцсыг бүрэн хийж ирүүлсэн шүү. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй тул олон улсын тэмцээнүүдэд явах тамирчдадаа тэр хувцсыг нь хийлгэж өмсүүлье. Компани нь хүч гаргаж хийсэн учир шууд хаячихаж болохгүй гэсэн ийм асуудлуудыг шийдээд байна даа.

-Спортын мэргэжилтнүүд, манай алдартай тамирчид, спортын холбоод энэ олимпоос авах медалийн тоог өөр өөрсдийнхөөрөө таамаглаад эхэлчихлээ. Цагийн зөрүү, цаг агаарын байдал зэрэг нь манайханд ээлтэй байхгүй ч “Лондон 2012” олимпийн амжилтаас нэг их доош буухгүй гээд байгаа. Та бүхэн энэ тал дээр тооцоо судалгаа гаргасан байлгүй?

-Багийн дасгалжуулагч, тамирчдын ярьж байгаагаар маш өндөр тоо гарч байгаа шүү дээ. Бүгдээрээ л медаль авна гэж байгаа. Ер нь мөрөөдөл, зорилготой байж бид амжилтад хүрнэ. Гэхдээ Рио Де Жанейро бол онцлогтой. Цаг агаарын хувьд халуун. Хамгийн нам дор газар. Манайхаас 12 цагийн зөрүүтэй. Тийш явах тамирчдынхаа онгоцны тийзний захиалгуудыг өгөөд бэлэн болгочихсон. Эхний тамирчид маань долдугаар сарын 24 гэхэд эх орноосоо мордоно. МИАТ компани Германы Франкфурт хот хүртэл хөнгөлөлттэй үнээр нисгэж байгаа. Тэндээс МИАТ-ийн гэрээ хийсэн компани нь манайхныг Бразилд хүргэнэ. Маш сайн зохион байгуулалттай хийж, гэрээ хэлцлүүдийг нь хэдийнэ бэлэн болгочихсон. Тийм учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Медалийн тоог яг төд гэж хэлэхэд хэцүү. Манай олимп, дэлхийн аваргууд, итгэл хүлээлгэсэн маш олон тамирчин энэ олимпод орж байгаа. Хамгийн харамсалтай нь чөлөөт бөхийн заавал, зайлшгүй медаль аваад ирэх нэг тамирчин маань допингийн асуудлаас болоод хасагдчихаад байгаа. Мэдэгдэл нь ирчихээд байж байна.

Бид хариу явуулсан. Хэрвээ Монголд эрх олгох тэмцээний үед энэ хүнийг ийм асуудлаар оруулахгүй гэсэн бол дараагийнх нь эрх олгох тэмцээнд өөр тамирчин оруулж эрх авах бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь хугацааг нь тулгаж, эрх олгох тэмцээн дууссан үед ийм шийд ирчихлээ. Допингийн дээд байгууллагуудад бичиг явуулчихаад байж байна.

Манай тамирчинг мельдонин хэрэглэсэн байна гэсэн бичгийг ирүүлсэн. Гэхдээ олимпийн журамд заасан хувьд нь хүрээгүй буюу 0.007 хувь байсан учраас тэмцээнд оролцох боломжтой, бүх тэмцээнд оролцох эрхийг нь нээлээ гэж хариу ирсэн юм л даа.

Гэтэл эцсийн шийдвэр дээрээ тамирчдын нэрсээс хасчихаад оруулаад ирлээ. Гомдол, санал гэх нь юу юм, гэхдээ энэ асуудлын талаар бичиг явуулсан. Мельдониний төрлийн эмийг Монголд сүүлийн 20-иод жил хэрэглэж байгаа. Эмийн сангуудад жоргүй олгодог. Зүрхний ачааллыг бууруулдаг, тайвшруулдаг учир энэ эмийг чөлөөтэй зардаг. Гэтэл уг эмийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс допингийн жагсаалтад оруулчихсан байж. Үүнээс болоод л хүнд байдалд орчихоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гар утас, интернэтийн хориг

Айл болгон шахуу wifi төхөөрөмжтэй болж, гэртээ байгаа үедээ интернэтийн ашиг тусаар элдэв мэдээллээс хоцрохгүй болсон. Хэрэгтэй мэдээллээ авчихаад гар утас, компьютерээсээ холдож чадахгүй үргэлжлүүлэн сууж, хүзүүгээ чилтэл бөхийж хэдэн цагаар ч хамаагүй гөлөрчихдөг. Үүнээс л үүдэж гэрт бөөн ам зөрөлдөнө.

Гар утас, интернэт рүү хамаг бурууг чихэж, хөгжил гэдэг чинь хөгийн юм гэцгээдэг. Уг нь хүн гэртээ байх хугацаандаа гэр бүлийнхэнтэйгээ цагийг үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрөөж бусдадаа анхаарал хандуулж байвал болоод явчихна. Ханийнхаа гарыг, үрийнхээ өхөөрдөм хацрыг илбэх гар тань гар утас л “илээд”, “тэврээд” байгаа гэсэн үг. Хүүхдүүд гэртээ дүрэм тогтоож, гэрийн ажлаа нарийн хуваарилж хэн хэн юу хийх, гэрийн дотоод журмыг мөрдөхгүй бол яах тухай ч заах дуртай. 8-13 насны сурагчид гэртээ дүрэм тогтоохдоо “Аав, ээж ер нь хэн ч бай гэртээ интернэт ашиглахгүй.

Зайлшгүй шаардлага гарвал 30 минутаас илүүгүйгээр интернэтэд орж болно” гэсэн гэр бүлийн дүрэм зохиосноо багшдаа ярьжээ. Энэ бол хүүхдүүдийн хувьд сэтгэлийг нь эмзэглүүлсэн сэдэв болж таарч байгаа юм. Тийм болохоор үр хүүхэд тань гар утас, интернэтийн хэрэглээтэй холбоотой ийм дүрэм гаргаж ирвэл гайхаж ундууцалгүй хүлээж аваарай. Бидний хувьд гар утастай “ноцолдох” нь дэндээд байгаа болохоор л үр хүүхдүүд маань хориг тавьж эхэлж байна. Энэ нь ч зөв л дөө.

Categories
мэдээ цаг-үе

Хүн хөрөнгөтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй гэдгийг Цэц санууллаа

Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ. Иргэд хоорондоо мөнгө зээлж, түүнийгээ хүүтэйгээр эргүүлэн өгөх харилцааг УИХ Иргэний хуульд өөрчлөлт оруулах замаар хаасан нь олон нийтийн анхаарлыг татаад байсан билээ.

Уг хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байх зохицуулалт оруулсан нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл ирэх есдүгээр сарын 1-нээс эхэлж иргэд хоорондоо мөнгө зээлж, зээлдүүлж болохгүй нөхцөл үүсээд байсан. Харин Цэц дунд суудлын хуралдаанаараа иргэд хоорондоо мөнгө зээлж, мөнгө зээлдүүлэх харилцааг үргэлжлүүлэх дүгнэлт гаргаж иргэд мөнгө, хөрөнгөө бусдад зээлж, түрээсэлж, түүнийхээ хариуд төлбөр, хүү авах боломж хэвээр үлдэж байна.

Энэ үйл явдлаас анзаарахад хөрөнгө гэж юу юм, тийм чухал зүйл юм уу гэх асуулт урган гарч ирж байна. Үндсэн хуульд иргэд хувийн өмч хөрөнгөтэй байж, түүнийгээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй байдаг тухай заасан байдаг. Үүнийг иргэний заяагдмал эрх гэж үздэг. Гэтэл энэ заяагдмал эрхийг хуулиар хаах гээд байж. Манай зах зээл, эдийн засгийн эргэлт бол тэр чигээрээ хөрөнгө, мөнгөтэй холбоотой харилцаа. Гэтэл үүний нэг хэсэг болох иргэд хоорондын харилцааг хориглоод байсан нь өөрөө хууль бус байсан юм.

Заяасан эрх болоод олж авсан хөрөнгөтэй холбоотой үйл явцыг хааж боогоод байсан нь хачин. Хуучин нийгмийн үед байсан хоцрогдсон сэтгэхүйн үлдэгдэл өнөө бидний үед хүрч ирсний нэг илрэл л дээ. Хөрөнгөтэй хүн л бол буруу замаар баяжсан этгээд, хөрөнгө, мөнгө нь болбоос ариун бус аргаар босгосон зүйл мэтээр хөрөнгөтэй хүнийг харж, өөчилдөг манай нийгэм дэх буруу үзэл яван явсаар хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн хуультай болоход хүргэжээ. Хөрөнгө гэдгийг яагаад ч юм хууль бус гэдэг үл итгэсэн байр сууринаас хардаг хандлага өнөөдрийг болтол амь бөхтэй байгаад л хамаг учир байгаа юм. Хөрөнгөгүй хүн хөрөнгөтэй хүний замналыг ойлгохгүй, шууд л үл бүтэх этгээд гэж харддаг. Уг нь хэн ч бай амьд явах эрхтэй гэдэг шиг хөрөнгөтэй ч байх эрхтэй. Бурхан хүнд амь нас заяаж “За амьдраарай” гэдэг бол араас нь хоолтой байгаарай гээд хөрөнгийг нь илгээдэг гэдэг. Үнэндээ хоолгүй бол амьд явна гэдэг хэцүү. Ялангуяа манайх шиг ийм зах зээлийн нийгэмд хөрөнгө, мөнгөгүй бол урагш гишгэх боломжгүй. Гэтэл тэр хоол болсон хөрөнгийг нь битүүмжлээд “цоожилчихож” байгаа нь хүчээр өлсгөж байгаатай адил. Хүн бүхэнд ямарваа хэмжээгээр хөрөнгө байдаг. Тэрийгээ хоолоо олж идэх хэрэгсэл болгож амьдрал залгуулдаг нь бизнесийн л ухаан шүү дээ. Түүнээс биш шуналтайдаа хийдэг үйлдэл биш. Хүн бүр орчлонд дуу хадаан ирэхдээ өөрийнхөө хөрөнгийг дагуулж, буян хишгээ хамт авч ирдэг ч харин зарим нь салан баавгайн үлгэрт гардаг шиг “гээчихдэг” нь харамсалтай. Үүнээс л үүдэж хөрөнгөтэйгөө илүү үзэх хардлагын сэдэл үүсдэг.

Хүн хөрөнгөөрөө шударгаар ашиг олох эрхтэй. Энэ эрхээ эдлэх ёстой гэдгийг Үндсэн хуулийн Цэц харж, зүйтэй шийдвэр гаргалаа. Цэцийн энэ шийдвэр бол манай нийгэмд тогтчихоод байсан “Хөрөнгө бол муухай. Хөрөнгөтэй байх нь муу” гэсэн буруу хандлагыг тас цохисон үйл явдал боллоо гэж үзэж хүн хөрөнгөтэй байж, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй гэдгийг баталгаажууллаа гэж ойлгож болно.

Categories
мэдээ цаг-үе

Биата Транкман: Монгол Улс энх тайван, хүний эрхийн асуудалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа

-ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АМЬДРАЛЫН ХЭВШЛИЙГ ШИНЭ НӨХЦӨЛӨӨР ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкмантай ярилцлаа.

-НҮБ-ын зүгээс зудад өртсөн айл өрх, малчдад тусламжийн гараа сунгаж, энэ чиглэлийн ажлыг зохицуулахад нэлээд ажил зохион байгуулснаа эдгээр өдрүүдэд тайлагнаж, үр дүнг нь хэлэлцэж байна?

-НҮБ-ын зүгээс үзүүлж буй тусламжийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт хийх үүднээс Хүмүүнлэгийн хамтарсан баг сар тутам хуралддаг. Энэ хурлыг манай байгууллага болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж удирддаг. Энэ багт олон улсын болон ТББ-ууд, хоёр талын хамтын ажиллагаатай төрийн бус олон улсын түнш байгууллагууд хамтран оролцож тусламжийн үйл ажиллагааг хэрхэн зөв уялдаатай явуулах талаар ярилцдаг.

Түүнчлэн хяналт, мониторинг заавал дагалдаж явах учиртай болохоор тэр талаараа ч дэлгэрэнгүй ярьдаг. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээлэлд тулгуурлаж үйл ажиллагааны зохицуулалтаа хийж хүн амын хамгийн эмзэг өртөмхий, байгалийн эрсдэл гамшигт өртөж болзошгүй давхаргыг сонгон үйл ажиллагаагаа явуулж байна. НҮБ-ын байгууллагууд болох Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага болон бусад хамтран ажилладаг төрийн бус олон улсын байгууллага, тухайлбал Японы Хүүхдийг ивээх сан, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “People in need” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээнд дэмжлэг болж байгааг дурдах нь зүйтэй. Бид үйл ажиллагаагаа нэгтгэж зохицуулах, тусламжийн байгууллагууд нэг айлд давхардуулж тусламж хүргэдэг байдлыг үүсгэхгүйн тулд хоорондоо мэдээлэл солилцож, харилцан уялдаатай ажиллахыг зорьж байна.

-Зудад өртсөн малчдын хувьд тусламж ирж л байвал бүгдийг нь авах ёстой гэсэн бэлэнчлэх сэтгэхүйгээс салж байгаа нь анзаарагдсан талаар олон улсын тусламжийн байгууллагын ажилтан дурдаж байсан?

-НҮБ-ын тусламж нь хоёр чухал хэсэгт хуваагддаг. НҮБ нь олон улсын тусламжийн үйл ажиллагааг зохицуулж оролцсон. Зохицуулалт нь олон улсын тусламжийг оновчтой болгодог ач холбогдолтой. Тусламжийн ажилд оролцсон бүх байгууллага хамтарч үнэлгээ хийж байна. Хамтарсан үнэлгээний үндсэн дээр нөхцөл байдлыг улам тодорхой ойлгох үндэс бүрдсэн л дээ. Эдгээр байгууллагын тусламж нь харилцан бие биенээ нөхөх байдлаар зохицуулагдсан. Улаан загалмайн нийгэмлэг, Азийн хөгжлийн банкны оролцоо маш чухал байсан. Азийн хөгжлийн банк хоёр сая ам.долларын гэрээг Сангийн яамтай хамтраад батлаад байгаа. Тиймээс НҮБ эдгээр байгууллагын үйл ажиллагааг зөв зохицуулж ажиллахад голлон манлайлж ажилласан.

Зудад өртсөн малчин өрхүүдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь тусламжийн маш чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. 2015 оны сүүл, 2016 оны эхээр малчдын хэрэгцээнд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийх явцад зудын байдлаас болоод малчдын сэтгэлзүй хүнд байгаа нь анзаарагдсан. Орон нутгийн засаг захиргаа, нийгмийн ажилтнууд ч энэ тал дээр нь зөвлөгөө тусламж үзүүлж байсан. Малчин хүний хувьд малаа алдана гэдэг зөвхөн эдийн засгийн хохирол байдаггүй. Мал нь малчин хүний амьжиргаа, орлогын гол эх үүсвэр байдаг гэдэг утгаараа малын хорогдол сэтгэл санаанд нь асар хүнд тусдаг. Нөгөөтэйгүүр жаахан хэтрүүлж хэлбэл мал нь зудад нэрвэгдээд хорогдоход гэр бүлийн гишүүнээ алдсан мэт хүнд сэтгэгдэл үлдээдэг. Зудад өртсөн малчдын сэтгэлзүйд дэмжлэг үзүүлэх ажлыг Хүмүүнлэгийн хамтарсан багийн үйл ажиллагаанд багтаах тал дээр бид оролдлого хийсэн. Бидэнтэй хамтарч ажилладаг Японы Хүүхдийг ивээх сангаас энэ хүрээнд тодорхой ажил зохион байгуулж ажиллаж байгаа. НҮБ-ын Онцгой байдлын үед зарцуулах сангийн хүрээнд үзүүлсэн тусламж нь амьжиргааны эн тэргүүний хэрэгцээнд тусламж үзүүлэх зорилготой.

НҮБ-ын санхүүгийн төвлөрсөн механизм буюу Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан гэж бий. Энэхүү сангийн хүрээнд 2.4 сая ам.долларын хөрөнгийн тусламжийг үзүүлж байна. Үүнийг амьжиргааны эн тэргүүний хэрэгцээнд тусламж хүргэхэд зарцуулж байна. Үүний зэрэгцээ Архангай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Увс, Завхан гэсэн зургаан аймгийн 45 сумын зуд, гамшигт хамгийн ихээр өртсөн 4390 малчин өрхөд НҮБ-ын тусламжийг хүргэсэн. Энэ хүрээнд тусламжийн иж бүрэн багц хүргэсэн бол тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд бичил тэжээлийн тусламж, эмэгтэйчүүд, өсвөр насны охидод эрүүл ахуйн багцыг хүргэсэн. Мөн өрхүүдэд малын өвс, тэжээл, эрүүл мэндийн багц хүргэхээс гадна бусад хэрэгцээнд нь зориулж мөнгөн тусламж хүргэж ажиллаж байна.

-Монголчуудын хувьд зудыг хохирол багатай даван гарахын тулд юун дээрээ анхаарах нь зүйтэй гэж ажиглав?

-2009, 2010 оны зудтай харьцуулбал энэ удаагийн зудыг малчид харьцангуй бага хохиролтой даван туулсан. Хорогдсон малын тоог аваад үзэхэд өнөө жил 1.1 сая мал хорогдсон байхад өмнөх зуданд 10 орчим сая малаа алдаж байсан. Энэ удаад зудыг яагаад хохирол багатай даван туулж чадав гэхээр Засгийн газар эрт хариу арга хэмжээ авч чадсан. Өвс тэжээлийн хүргэлтийг эрт эхлүүлж, орон нутгийн засаг захиргаа нь хүргэлтийн тээврийн асуудлыг хурдан шуурхай зохион байгуулж өгсөн. Цаашид яах вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гандуу зун болж, зуд болох үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Тиймээс бэлэн байдлын арга хэмжээг хангадаг тэр тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Ялангуяа цаг агаар, нөхцөл байдал хүндрэх анхны шинж тэмдгийг соргогоор эрт илрүүлээд тэр дагуу арга хэмжээ авдаг байх хэрэгтэй байна. Жишээ нь, зун хуурайшилттай, гандуу байвал эртхэн өвс тэжээлээ базааж эхлэх хэрэгтэй. Нөгөө тал дээр малчид маань ч энэхүү уур амьсгалын өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг ойлгож, даван туулах чадвараа сайжруулах хэрэгтэй юм. Хөдөө орон нутагт амьдралын хэвшлийг шинэ нөхцөлөөр өөрчлөх хэрэгтэй байна.

НҮБ-ын байр сууринаас авч үзвэл гамшгийн эрсдэлд бэлтгэлтэй, бэлэн байдлын механизмыг сайжруулж боловсронгуй болгох хэрэгтэй байна. Энэ сарын 9-нд тохиосон Олон улсын хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагаанд би энэ талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан л даа. Засгийн газар Бэлэн байдлын сан байгуулах, бүрдүүлэх хэрэгтэй байна. Ийм сантай байвал гамшгийн үеийн ажлыг эрт эхлүүлдэг боломж бүрдэх юм. Уул уурхай болон бэлчээрийн даац нэмэгдэж байгаа нь экосистемд асар их хүндрэл дарамт учруулж байна. Үүнээс болоод газар, хөрс шорооны бүтэц, шим тэжээл, өвс ургамалд сөргөөр нөлөөлж байгаа нь хүн ам тэр дундаа малчдын амьжиргаанд эрсдэл учруулж байна. Нөгөөтэйгүүр хөгжлийг тогтвортой хөгжлийн загварт шилжүүлэх хэрэгтэй. Монгол орон байгалийн баялаг ихтэй учраас тэр давуу талаа ашиглаад экосистемээ хамгаалахад хөрөнгө оруулалт хийх нь их чухал.

-Та НҮБ-д хөгжлийн чиглэлээр манлайлан ажиллаж байгаа хүний хувьд Монгол Улс аль салбараа түшиглэвэл хөгжилд хурдан хүрнэ гэж үздэг вэ?

-Хөгжлийн хувьд ганц нэг салбарыг түшиг тулгуур болгож авах тухай биш, харин илүү цогцоор нь авч үзэх ёстой. Яаж хөгжлийг тэгш хамарсан болгох вэ, яаж эдийн засгийн хөгжилд хүн бүхнийг хамруулах вэ гэдэг нь чухал сорилт. Монголд таван хүн тутмын нэг нь ядуурлын шугамнаас доогуур түвшинд амьдарч байна. Хоёрдугаар асуудал нь хөгжлийг хэрхэн байгаль орчны хувьд тогтвортой замаар явуулах вэ гэдэг юм. Байгаль орчноо хэвээр нь хадгалах, малчин өрхийнхөө амьжиргааны гол суурь болсон байгаль орчныг хэрхэн яаж хадгалж хамгаалах вэ гэдэг нь хөгжлийн асуудал дээр цөм нь юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йоркт дэлхийн улс орнуудын удирдагчид нийтээрээ 2030 он хүртэл дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлцсан. Тэдгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хүрээнд ядуурлыг бүр мөсөн устгах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахад нэгдэх том зорилтуудыг тавьсан. Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсрол, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих болон уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зэрэг зорилтуудыг тавьсан. Мөн хөгжил цэцэглэлтээс нэг ч хүнийг үлдээлгүй хамруулах, хөгжлийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх зорилтыг тавьсан.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудад маш их идэвхтэй хандаж оролцож байгаа. УИХ нь Монгол Улсын хувьд хэрэгжүүлэх 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг саяхан боловсруулж гаргасан нь юм. Энэ баримт бичгийн хүрээнд маш олон зорилго, зорилтыг тодорхойлсон. Ядуурлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах, байгаль, түүний нөөц баялгийг хамгаалах, зөв оновчтой ашиглах зэрэг ийм зорилтуудыг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд оруулсан. Тиймээс Монголын хөгжлийн тал дээр ийм салбар, тийм салбар гэж аль нэгийг нь сонгохоос илүүтэй цогцоор нь авч үзэх нь хамгийн чухал. Улс орнууд тэгш хамарсан болон тогтвортой хөгжил гэсэн энэ хоёр ухагдахууныг хүлээн авч хэрэгжүүлж чадах юм бол маш олон асуудлыг шийдвэрлэж чадна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байгаа.

-НҮБ-ын зүгээс манай бүс нутаг болоод Монгол Улс руу чиглэж хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрийг сонирхвол?

-Ази, Номхон далайн бүс гэдэг маань маш том бүс. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь энэ 27 улсад хэрэгжиж, ажилладаг. Эл бүсэд хамгийн бага орлоготой, доогуур хөгжилтэй орнууд ч байна. Дунд орлоготой улсууд ч бий. Жишээ нь, Монголтой адил дунд, дээд түвшний орлоготой иргэдтэй улсууд ч байна. Тиймээс энэ бүс нутгийн улс орнуудад тулгардаг, бэрхшээлүүд нь ч хоорондоо маш их өөр. Юуны өмнө Монголоос эхэлж ярья. Монголын хувьд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь юуны түрүүнд байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулахад чиглэж ажилладаг. Үүнд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн хүн амын амьжиргааны хэвшлийг шинэ нөхцөлд зохицуулахад дэмжих, Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийг тусгаж оруулж байхад анхаардаг. Түүнчлэн бид Монгол Улсын ардчилсан шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорилготой. Сайн засаглалын талаар дэмжлэг зөвлөгөө өгөх. Тухайлбал, энэ чиглэлд орон нутгийн ИТХ-тай нягт хамтран ажиллаж орон нутгийн засаг захиргааны чадавхийг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллага болон иргэдтэй хамтран ажиллах, чадавхийг нь бэхжүүлэх чиглэлд ажилладаг. НҮБ нь Монголд ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд зөвлөмж өгч ажилладаг. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө, салбарын бодлогуудад тусгах тал дээр анхаарал тавин ажиллаж байна. Үүнд хамгийн гол нь хөгжил нь тэгш хүртээмжтэй байх, байгаль орчны хувьд тогтвортой байх ийм нөхцөлийг хангах чиглэлээр хамтран ажиллаж байна. Хөгжлийн тулгуур гурван багана гэж бий. Үүнд, нийгмийн чиглэл, эдийн засгийн хөгжлийн чиглэл, байгаль орчны тогтвортой хөгжлийн чиглэл. Маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч энэ гурван баганаа ерөнхийдөө баримталж ажиллаж байна.

Байгаль орчны засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улс нь байгаль орчныг хамгаалах сайн хуулиудтай ч бодитой хэрэгжилт нь сорилт, бэрхшээлтэй тулгарч байдаг. Тэгэхээр энэ хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Оролцогч талууд болох харьяа яам, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд бүгдээрээ энэ тал дээр хамтарч, сайн ойлголт авах нь чухал. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хөтөлбөр ч хэрэгжиж байгаа. Энэ мэт төсөл хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын хөгжлийг чанарын өндөр түвшинд гаргах юм.

-Монгол Улсыг НҮБ-аас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь ёсчлон биелүүлэхийг хичээдэг нэлээд идэвхтэй, сайн гишүүний тоонд оруулах болсон?

-Монгол Улс бол НҮБ гэдэг айлын сайн гишүүн нь. Энхийг сахиулах ажиллагаанд Монголын 900 гаруй энхийг сахиулагч оролцож байна. Хүний эрхийн фронт дээр ч Монгол Улс идэвхтэй ажилладаг. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улс сонгогдсон. 2015 онд тавдугаар сард хүний эрхийн тайланг хүргүүлсэн. Хүний эрхийн 160 зөвлөмжөөс 154 нь Монголд хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол өндөр үзүүлэлт. Монгол Улс үнэхээр НҮБ-ын идэвхтэй гишүүн. Өнгөрсөн есдүгээр сард батлагдсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Монгол Улс ихэд анхаарч өөрийн гэсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал боловсруулж баталсан. Тиймээс Монгол Улс олон улсын энх тайван болоод хүний эрхийн асуудалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа.

-Та Монголд Суурин зохицуулагчаар томилогдохоосоо өмнө хичнээн оронд ажилласан бэ. Монголд ажиллах саналыг анх дуулаад ямар сэтгэгдэл төрж байв?

-Сонирхолтой асуулт тавьсанд баярлалаа. 1999 оноос эхлээд Ази, Номхон далайн бүсэд ажиллаж байгаа. Энэ бүсэд 16, 17 жил НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг төлөөлж ажиллалаа. Монгол бол миний энэ бүсэд ажиллаж байгаа тав дахь орон. Хятад, Камбож, Шри Ланк, Индонезид ажиллаж байсан. Эдгээр улс хоорондоо асар их ялгаатай, өөр өөр улсууд. Монголд очиж ажиллах боллоо гэсэн мэдээг дуулаад маш сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл Монгол Улс хөгжлийнхөө тун сонирхолтой үед шатанд явж байгаа. Ардчилсан зах зээлийн нийгэмд шилжээд 25 жил болж байгаа. Богино хугацаанд нээлттэй улс болсон. Ядуурлыг бууруулах чиглэлд ихээхэн ахиц дэвшил гарч байгаа. Эдийн засгийн хувьд ч өсөлт дэвшил гарсан. Богино хугацаанд их дэвшил гаргасны дээр Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Жишээ нь, уг зорилтын дөрөв болон тавдугаар зорилтуудыг хэрэгжүүлэхэд гадны зарим орнуудын хувьд маш хэцүү бэрхшээлтэй байсан. Эх болон нялхсын эндэгдлийг бууруулах эдгээр зорилтыг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж чадсан. Гэхдээ нөгөө талдаа сорилт саад тотгор байна. Монгол Улс салаа замын эхэнд ирээд байна гэж хэлж болно. Эрдэс баялгийн салбараа хэрхэн хөгжлийн оновчтой загвар болгох вэ. Энэ салбарт тулгуурлаад тэгш хамарсан хөгжлийг бий болгох буюу нэг ч хүнийг хөгжлөөс хоцроохгүй байх. Энэ салбар нь залууст ажлын байр бий болгож, чадавхи, чадвартай болгох үр дүнд хүрээсэй. Хоёрдугаарт, хөгжил нь байгаль орчиндоо хор хөнөөлгүй. Байгалиа онгон дагшнаар нь хадгалж ирээдүй хойчдоо хэвээр нь үлдээх ажлуудыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ асуудал бол бусад оронд ч адилхан тулгарч байдаг зүйл л дээ. Монголд ирэхээс өмнө ажиллаж байсан Индонези улсад ч яг энэ асуудал тулгардаг. Тус улсад бас л уул уурхай, олборлолт дээр суурилсан эдийн засгийн хөгжил явагдаж байгаа. Үүнээс үүдээд Индонезийн эдийн засгийг хэрхэн ногоон болгох вэ гэдэг дээр асуудал тулгарч байгаа.

Миний хувьд Монголд ажиллах томилолтыг авахдаа баяртай байсан. Үзэсгэлэнтэй байгальтай сайхан орон. Ажлынхаа цонхоор харахад ч тэр үзэсгэлэнтэй байгаль нь үзэгддэг. Хүн чөлөөтэй алхаж зугаалж явах зай талбай нь уудам. Эртний баялаг түүхтэй улс орон учраас сонирхлыг минь их татдаг.