– ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХАД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ГИШҮҮД БҮГД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль уг нь өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байтал хойшлуулсан. Уг хуулийг шинэчлэн найруулж байгаа. Ямар өөрчлөлт, шинэ зүйл орж байгаа вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь энэ нийгмийн анхаарал татсан, зайлшгүй гаргаж, хэрэгжүүлэх хууль болчихоод байгаа юм. Энэ оны эхний арван сарын байдлаар хүчирхийлэлтэй холбоотой 1066 хэрэг гарсан байгаа юм. Энэ бүртгэгдсэн хэргийн улмаас есөн хүн амиа алдаж 956 хүн гэмтсэн тоо баримт байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө нийгмийн анхаарлын төвд ирсэн, үүнтэй тэмцэх шаардлагатай цаг нь болчихсон байна гэдгийг л харуулаад байна шүү дээ. Тийм учраас би хувь хүнийхээ үүднээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурин дээр анхнаасаа зогсч байсан.
Уг хуулийг буцааж татахад нь хүртэл энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж эсрэг кноп хүртэл дарсан юм. Яагаад вэ гэвэл, би сэтгүүлч хүн. Эдийн засгийн чиглэлээр нэвтрүүлэг, тойм бэлтгээд явж байхад ажилгүйдэл, ядуурал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нэг том шалтгаан болчихоод байгааг олонтаа харсан. Ажилгүй хүн архидан согтуурна. Согтуурч ирээд нийгмийн стресс, уур бухимдал, хүчирхийллээ гэр бүл, үр хүүхдэдээ гаргадаг бодит жишээ олон. Саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажилласан л даа. Тухайн газартаа баг болж ажилладаг нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч, хороо, дүүргийн Засаг дарга нартай уулзсан.
-Эдгээр хүмүүс чинь гэр бүл, айл өрхүүдтэй тулж ажилладаг гол хүмүүс нь шүү дээ?
-Тийм. Дүүрэгт гарч байгаа нийт гэмт хэргийн нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг орж байна. Тэрэн дундаа хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо сүүлийн үед эрс өсөөд байгаа юм билээ. Жишээ нь сая бидний ажилласан Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 3350 хүртэл өссөн байна. Арван эмэгтэй тутмын нэг нь байнга, өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэлд өртөхдөө үргэлж зодуулдаг гэсэн судалгаа гаргасан байсан. Хүчирхийллийн байдлыг аваад үзэхээр хүүхэдтэй холбоотой хүчирхийлэл 79, гэр бүлийн хүчирхийлэл 29 хувьтай байна. Гэр бүл салалт их байгаагаас хойд эцэг, эх нь дагавар хүүхдүүддээ анхаарал хандуулаагүйгээс охид нь гудамжинд гарч тэрнээсээ үүдэж хүчирхийлэлд өртөж байна. Хөвгүүд нь гудамжинд гарч зодоон цохионд холбогдож хүчирхийлэлд өртөж байгаа жишээ олон байна. Хаалттай хаалганы цаана хүүхдийн хүчирхийлэл их байгаа юм. Тийм учраас бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаралтай гаргах хэрэгтэй. Гаргахдаа түүхий, дутуу юм гаргаж болохгүй. Есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байтал уг хуулийг яагаад буцаасныг судлаад үзэхээр эл хуулийг уг нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуультай хамт цогцоор нь хэрэгжүүлэхээр оруулчихсан байсан ч санхүүжилтийг нь төсөвтөө тусгаагүйгээс мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар татагдсан байхгүй юу. Ажлын хэсгийнхэн уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр тогтчихсон.
Гэхдээ санхүүжилтийг нь давхар шийдэж өгөхгүй бол болохгүй гэдэг нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд очоод газар дээр нь танилцахад мэдрэгдсэн. Санхүүжилт байхгүйгээс хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг байлгадаг хамгаалалтын байр байхгүй, дамжин өнгөрүүлэх байр нь ч хаана байгаа юм. Ер нь ийм зогсонги болчихсон. Тийм учраас үүнийг шийдэхдээ санхүүжилтийг нь цуг шийдэх ёстой гэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн юм бэ гэвэл маш том заалт орсон. Тэр юу вэ гэхээр хүчирхийлэл үйлдэж байгаа аливаа нэг хэлбэрт түүнийг гэмт хэрэг гэж үзээд хариуцлага тооцох заалтууд шинээр орж ирж байгаа. Зодсон, тарчлаасан, эрх чөлөөний эсрэг үйлдсэн хэргийг гэмт хэрэг, гэмт хэрэг дундаа эрүүгийн гэмт хэрэг гэж үзээд таслан зогсоох арга хэмжээнүүдийг маш тодорхой заагаад өгчихсөн.
-Хөршийн эхнэр, нөхөр хоёр зодолдоход “Айлын асуудал” гээд аль болох тоохгүй өнгөрөх, хараагүй юм шиг явах нь аминд өлзийтэй гэж үздэг. Тэгвэл үүнийг хуулийн шинэчилсэн найруулгад ямар байдлаар тусгаж байгаа вэ?
-Хуульд орсон нэг том өөрчлөлт нь үүнтэй холбоотой. Мэдээлэх үүрэг. Гэр бүлийн хүчирхийлэл тэр хаалттай хаалганы цаана болж байхад эр, эмийн хооронд илжиг бүү жороол, айлын асуудал бидэнд хамаагүй гэх маягаар ханддаг. Тэгэхээс аргагүй юм. Тухайн хүчирхийллийн талаар холбогдох байгууллагад нь дуудлага өгч мэдээлэхэд хариуд нь хүчирхийлэл үйлдэгч этгээд анх мэдээлэл өгсөн хүнийг, хөршөө, найзаа олж очоод дарамталдаг. Ингэж мэдээлэл өгснөөрөө тухайн мэдээлэгч өөрөө эрсдэлтэй байдалд орчихдог учраас хүмүүс аль болох гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэхээс зайлсхийдэг. Харин хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн хүчирхийллийг харсан, сонссон, мэдсэн хүн мэдээлэх үүрэгтэй болчихож байгаа юм. Тэр дундаа хүүхдийн мэдээллийг бүр зайлшгүй мэдээлэх үүрэгтэй гээд оруулчихсан. Мэдээлээгүй бол тэр хүмүүст хариуцлага тооцно. Иргэний хэрэг, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Нөгөө талдаа мэдээлэл өгсөн хүнийг хамгаална. Хүчирхийллийн тухай мэдээллийн нууцлал болоод мэдээлэл өгсөн хүнийг хамгийн анх хүлээн авсан төрийн албан хаагч хамгаална. Тэр хүн нууцлалыг задруулж хэн гэдэг хүн анх мэдээлэл өгсөн бэ гэдгийг ил болгочихвол холбогдох хуулиудаар хариуцлага тооцох юм. Тооцох хариуцлага нь чанга байх учраас мэдээлэл хүлээн авсан төрийн албан хаагч мэдээллийн нууцлалыг маш чанд хадгална. Мэдээлэгчийн нууцыг хадгалах заалтууд тодорхой орж ирсэн нь энэ хуулийн маш том давуу тал.
-Хүчирхийлэгчийг гэр бүлээс нь хэрхэн тусгаарлах вэ. Электрон гав зүүх, орон зайн хязгаарлалт тавих зэрэг зохицуулалт орж ирэх үү?
-Гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн нь гомдлоор болоод шалгалтаар тогтоогдсон байвал яалт ч үгүй хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр оруулсан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд эхнэр нь гомдол гаргаад хэрэг нь шүүх, прокурорын шатанд явж байтал эхнэр, нөхөр хоёр эвлэрээд хэргээ татаад авчихдаг байсан. Харин шинэ хуулиар эхнэр нөхөр хоёр эвлэрсэн ч хэрэг нь хэрэгсэхгүй болохгүй. Хэрэг нь цаашаа шийдэгдээд явна. Энэ бол маш том заалт шүү. Гадны орнуудын хуулиудыг судалж үзлээ л дээ. Австри, Герман, Япон зэрэг улсуудад маш ноцтой хүчирхийлэл үйлдсэн этгээд давтан үйлдэх гээд байдаг учир тухайн гэр бүлийг дахин эвлэрүүлэхдээ гол биш тэр хэргийг шүүхээр нь шийдүүлээд явчихдаг юм байна. Харин манайд бол гэр бүлийг аль болох салгахгүй талаас нь ханддаг.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцээд ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд баталж амжихаар байна уу. Энэ хуулийг хүлээж суугаа олон мянган хүн байгаа шүү дээ?
-Энэ хуулийг хэлэлцэхийг долоо хоног хойшлуулчихлаа. Энэ хуульд нэмж оруулах заалт, санхүүжилтийн асуудлыг нь дахин нэг харж үзээд их сайн ажиллаж байна. Ажлын хэсэг бол маш сайн ажиллаж байгаа. Өдөр шөнөгүй л ажиллаж, газар дээр нь очиж танилцаж, гадны туршлагуудыг судалж, харьцуулж байна. Гэхдээ Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуультай хамт цогцоороо байж гэмээнэ бодит амьдралд хэрэгжинэ гэж хараад байгаа юм. Цаг алдахгүйн тулд энэ хуулиа ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлээд эхэлье. Эрүү, Зөрчлийн тухайн хуулийн холбогдох заалтуудаа ч оруулаад ирье гэчихсэн байгаа л даа. Энэ хуульд нэг айхавтар заалт орсон.
-Ямар заалт вэ?
-Хүүхдэдээ эсвэл эмэгтэй хүнд тоглоом шоглоомоор ч юм уу ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх гэж оролдох юм бол түүнийг нь гэмт хэрэг гэж тооцно гэсэн заалт явж байгаа.
-Ажлын байр, сургуулийн орчинд тийм үйлдэл их гардаг шүү дээ. Охид, эмэгтэйчүүдийн хормой хотыг нь сөхөхөөс эхлүүлэхээд биед нь халдахыг оролддог үйлдэл элбэг тохиолддог?
-Тэр бүхэн чинь энэ хуулиар хуульчлагдаад явчихаж байгаа юм. Гэмт хэрэг гэгдэж, хүчирхийллийн нэг хэлбэр болчихож байгаа.
-Энэ хуулийг буцаан татахад МАН-ынхан нийгмийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч, танай намын эмэгтэй гишүүдийг “Хойд эх шиг сэтгэл гаргалаа” гэж шүүмжилсэн. Гэвч энэ хууль шинэчлэгдээд сар гаруйхны дараа хэрэгжиж эхэлнэ гэдэг нь сайн мэдээ болж байх шиг байна?
-Гэр бүлийн амар амгалан байдалтай холбоотой энэ хууль чинь дан ганц эмэгтэйчүүдтэй холбоотой хууль биш байхгүй юу. Сэтгүүлчид УИХ-ын эрэгтэй гишүүдээс энэ хуулийн талаар асуухаар “Манай эмэгтэй гишүүдээс асуу” гэдэг. Нийгэм маань, ТББ, АН-ын эмэгтэйчүүд УИХ-ын эмэгтэй гишүүдээ л буруутгаад байх юм. Гэтэл бид тэмцэж, үүнийг хэрэгжүүлэх ёстой, хийх ёстой гэж яриад харин ч буцаж татаад шинэчлээд явж байна шүү дээ. Юм бүхэнд эмэгтэйчүүдийг буруутгадаг, эмэгтэйчүүдээс алдаа хайдаг тийм зүйл манайд нийгэмд их байдаг юм байна. Жишээ нь, эрэгтэй, эмэгтэй гишүүд гадаадад хамт томилолтоор явахад эрэгтэй гишүүдийнх нь талаар юу ч ярихгүй мөртлөө эмэгтэй гишүүд тэнд зугаалж явна, тийм юм өмсчээ гэж гоочилдог. Нэг иймэрхүү буруу ойлголт нийгэмд байгаад байх шиг байна. Үүнийг их гайхдаг юм. Эмэгтэйчүүд рүү их дайрдаг. Эсвэл эмэгтэйчүүдийг тэгж их хардаг юм уу. Энэ нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Би заримдаа ойлгохгүй юм. Гэтэл би энд, Төрийн ордонд эмэгтэй гишүүн гэдгээрээ биш гишүүн хүн гэдгээрээ л сууж байна. Эмэгтэй, эрэгтэйдээ биш. Хүйс сонин биш. Би олон мянган сонгогчоо төлөөлж энд сууж байгаагийнхаа хувьд үүрэг хүлээж байгаа. Тийм учраас би ажиллах ёстой учраас ажиллаж л байна. Үүнтэй адил бүх гишүүн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, эдийн засгаа аврах тухайд бүгд л нэгдэх ёстой байхгүй юу. Тэгээд цаг хугацаа алдалгүй батлах ёстой.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ямар нааштай үр дүн гарах бол?
-Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Харин ч хоцрогдоод одоо л хийж эхэлж байна. Эдийн засаг маань хямрал гэхээсээ илүүтэй дефолт болчихоод байна. Манай улсын зээлжих зэрэглэлийг гадны судалгааны хоёр агентлаг бууруулснаа мэдээлчихлээ. Бизнесийн орчин маань ямар байгаа талаарх Дэлхийн худалдааны байгууллагын дүгнэлтүүд гарчихаад байна. Эдийн засаг, бизнес, мөнгө санхүүтэй холбоотой дээрээс нь нийгмийн үзэгдлүүд болох ажилгүйдэл, ядуурал ямар түвшинд хүрээд байна вэ гэдэг нь судалгаануудын дүнгээс илт харагдаж байна. ДНБ, эдийн засгийн өсөлт гурван улирал дараалаад бууралттай гарчихаад байна шүү дээ. 1.6 болчихлоо. Одоогоос хоёр жилийн өмнө ОУВС, Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.2-0.5-ын хооронд л хэлбэлзэх нь ээ, ийм ийм зүйлүүд дээрээ анхаараач ээ гээд зөвлөж байхад манайхан муу ёрлоод, муу ёрын тоо хэлээд байна гэцгээсэн. Гэтэл өнөөдрийн бодит байдлыг тэр хүмүүс анализ хийгээд урьдчилаад харчихсан байсан байна шүү. Хэрвээ тэр үед нь тэр зөвлөмжийг хүлээж аваад эртхэн шиг арга хэмжээ авсан бол өнөөдөр бид ийм хүнд байдал орох ч байсан юм уу, үгүй ч юм уу. Цаг алдах ёсгүй. Эдийн засгаар улстөржиж болохгүй. Эдийн засгаар тоглож болохгүй гэж би их ч ярьдаг. Хямралаас гарах төлөвлөгөө гэж яриад байсан. Гэтэл сүүлийн арван жилийн дотор дөрөв, таван төлөвлөгөө гарсан байгаа юм. Тэр төлөвлөгөөнүүдийнх нь заалтууд нь төстэй л юмнууд орж ирээд байдаг. Харин оруулж ирж байгаа эзэд нь л солигдоод байдаг. Бодит амьдралд хэрэгждэг ч үгүй. “Атрын III аян” гэсэн бодитой хэрэгжсэн хоёр гуравхан л заалт байгаа даа. Бусад нь ямар ч ялгаагүй. Эдийн засгийн өсөлтийг төдөн хувьд хүргэнэ. Газрын тосны үйлдвэр барина. Төдөн үйлдвэртэй болж төчнөөн хүнийг ажилтай болгож улс орноо үсрэнгүй хөгжилтэй болгоно гэсэн уриа лоозонгийн шинжтэй л байсан. Гэтэл үзүүлэлт нь улам л муудаад байгаа байхгүй юу. Тиймээс одоо энэ бүхэнд цэг тавья. Оруулж ирдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байя, хэрэгждэг хөтөлбөр оруулж ирье гэсэн. Зургаан сар гэдэг бол нэг бодлын богино хугацаа. Энэ хугацаанд бид яг юуг өөрчилж чадах юм, тэрийгээ тодорхой тусгая гэдгээ ажлын хэсэг, байнгын хороо, бүлэг дээрээ ч ярьсан. Энэ үүднээсээ олон хүний санаа бодол туссан болохоор сайн хөтөлбөр болсон.
Бид энэ зургаан сарын хугацаанд хаана очих вэ гэдгээ л харуулсан байгаа юм. Ханшийг тогтвортой байлгая. Ханшийг тогтвортой байлгахын тулд яах вэ. Мөнгөний нийлүүлэлтдээ анхааръя. Засгийн газар, УИХ, Монголбанк гурав уялдаатай ажиллая. Эдийн засгийн өсөлтийг өсгөе, гурван хувьд хүргэе. Инфляцийг нэг оронтой тоонд барья гэж байна. Ингэхийн тулд яах вэ гэхээр нөгөөх л ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг олноор бий болгоход анхаарах хэрэгтэй. Дотоод, гадаад хөрөнгө оруулалт хумигдаад байна шүү дээ. Энийг тэлэх бодлого барья. Тэлэхийн тулд аж ахуйн нэгжүүдээ, баялаг бүтээж байгаа, үйлдвэрлэл явуулж байгаа газруудаа тариф болоод татварын бодлогоор дэмжье гэдэг заалт энд орж ирсэн байгаа.
-Үүнтэй зэрэгцүүлэн томоохон мега төслүүдээ ч хөдөлгөх талаар заалтууд орсон байна билээ?
-Мэдээж уул уурхайн Оюу толгой, Таван толгой зэрэг төслүүд, дэд бүтэц, эрчим хүчний, төмөр замын том төслүүдээ эхлүүл. Засгийн газар юугаа хүлээгээд байгаа юм. Шууд эхлүүл. Гэхдээ шударга, хариуцлагатай эхлүүл гэдэг зүйлийг оруулсан. Санхүүгийн секторыг эрүүл болгох хэрэгтэй байна шүү дээ. Гадны судалгааны байгууллагууд манай банкуудад ч хүртэл үнэлгээ өгчихлөө. Тиймээс бид санхүүгийн салбарт хийх дорвитой шинэчлэлийг зоригтой хийх хэрэгтэй байна. Одоо бол улс төрийн мөчлөг дагасан юмнууд явахгүй нь ээ гэдгийг харлаа. Ингээд яваад байвал Монгол Улс бүр ч хүндрээд босох тэнхэлгүй болно. Иймээс энэ удаад заримд хүнд таалагдахгүй ч бай тийм заалтуудаа хийгээд ч болтугай санхүүгийн сектороо эрүүлжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй болоод байгаа юм. Тэгэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирэх алхмуудыг хууль эрхзүйн хувьд нь бэлэн болгоё, суурийг нь энэ зургаан сард бэлдчихье гэдэг заалт орсон.
-Ирэх онд төрийн өмчит зарим компаниудыг хувьчлах асуудал яригдаж байгаа. Үүнтэй зэрэгцээд удирдаж байсан албан тушаалтнуудад нь хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг гишүүд ярих болсон?
-Хувьчлахыг нь хувьчилъя. Хувьчлахдаа шударга, богино хугацаанд амжилттай хувьчлахыг нь хийе. Нөгөө талаасаа энэ аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллуулъя. Жилийн дотор 11 их наядын алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудын захирлуудыг шууд солих, хоёрдугаарт, буцааж энэ алдагдлыг нөхүүлэхийн тулд хариуцлага тооцуулдаг болъё. Хариуцлагын системийг энд ажиллуулъя. Алдагдалтай ажиллаж байгааг нь харсаар байж улс төрийн томилгоо гээд байлгаад л байдаг. Нөгөөх нь идэж идэж тэр газраа ашиггүй болгож, хаяад явчихдаг. Эсвэл зарим нэг бүлэглэл нь тэр байгууллагыг нь ашиггүй болгож байгаад хувьчлаад авчихдаг. Нэг л биш юм яваад байна. Үүнийг халах ёстой. Тиймээс Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт ихээхэн хэмжээний мөнгө хөрөнгө эргэлддэг төрийн өмчит газруудыг ашигтай ажиллуулна. Ашиггүй ажиллаад эхлэнгүүт тэр даргыг багтай нь солиод улс төрийн арга хэмжээ аваад явчихъя. Алдагдлыг нь нөхүүлье гэдэг заалт тодорхой орчихсон явж байгаа. Хамгийн гол нь энэ хөтөлбөр хэрэгжих нь л чухал байна. Засгийн газар үүнийг хэрэгжүүлээд хянаад явж чадахгүй байна. Бусад улс оронд ийм нөхцөлд Онцгой түр хороог байгуулаад ажилладаг юм байна. Байнгын хороо шиг Түр байнгын хороо гэсэн үг. Эдийн засгийн байнгын хорооныхоо дэргэд юм уу, УИХ-аасаа ийм байнгын хороо байгуулъя гэдэг саналыг бид гаргасан. Энэ саналыг гишүүд дэмжиж байгаа. Тэгэхээр яаж хяналт тавихаа явцын дунд ярьцгаана. Ямар ч байсан хөтөлбөрөө гаргачихлаа. Одоо Засгийн газар хэрэгжүүлэх л үлдэж байна.
-Та яриандаа ажлын байр шинээр бий болгож байгаа болон ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг тариф болон татварын хөнгөлөлтөөр дэмжих тухай ярилаа. Хэвлэл мэдээллийн салбарын хувьд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд бүхнээ шавхацгааж байгааг та энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд мэдэрч байгаа байх?
-Аж ахуйн нэгж, салбаруудаа ялгаварлах нь буруу. Харин аль салбар нь эдийн засаг болоод нийгмийн асуудалд ач холбогдол өгч байна вэ гэдгээр нь бид харах ёстой. Хэвлэл мэдээллийн салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой. Би энэ салбараас төрөн гарсан. Энэ салбарыг харж байхад нийгмийн түүчээ болж өдөржин, шөнөжин ажиллаж байна шүү дээ. Эдийн засгийн хямрал эндээ байна, үүнийг ингэж засъя, энд шударга бус юм байна гэж шударга ёсны дууч, оюун санааны чиглүүлэгч болж байна. Хэвлэлийн байгууллага, хэвлэх үйлдвэрүүд маань олон хүнийг ажлын байраар хангаж байна. Тийм учраас шаардлагатай тохиолдолд энэ 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдах ёстой. Хэвлэл мэдээллийн салбар гэхээр бусдад үйлчилдэг, тэгсэн хэрнээ өөрсдөө юу ч үгүй үлддэг. Тийм байж болохгүй. Нөгөө талаар эздийн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны мөнгө гээд том компаниудаас мөнгө авчихдаг гэх мэт янз бүрийн сөрөг мэдээллийн улмаас энэ салбарын нэр хүнд уначихаад байна. Тийм учраас би хэвлэл мэдээллийн салбарын хүн учир хэвлэлийн ил тод байдлыг хадгалах, энэ салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг хамгаалах чиглэлээр хууль эрхзүйн цогц өөрчлөлт хэрэгтэй байна гэж үздэг. Хамаагүй юм хэлэхээр торгуулчих гээд байдаг, үнэний дуу хоолой болж байгаа сэтгүүлчдийг хамгаалах хамгаалалт ч алга. Тиймээс хэвлэлтэй холбоотой төрийн цогц бодлого байх ёстой юм байна. Үүнийг өөрчлөх ёстой юм байна гэдгийг одоо харж байна. МҮОНРТ дээр болж байгаа үйл явдлаас ч тэр харж байна. Хэвлэл мэдээллийг улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн бие биенээ намнах хэрэгсэл болгох гээд байна шүү дээ. Энэ бүхнийг зохицуулах хууль хэрэгтэй юм байна гэдгийг харж байна. Хоёрдугаарт, санхүүгийн хувьд энэ салбарыг дэмжих хэрэгтэй байна. Бие даасан байх хэрэгтэй. Тэгж байж сэтгүүлч хүн үнэний дуу хоолой, оюун санааны түүчээ болсон үүргээ бардам хийж чадна. Би дээр яриандаа дурдсан гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс мэдээлэхээс айдагтай адил энд бид дуу хоолой нь болж явдаг шүү дээ. Ийм үнэ цэнэтэй, амаргүй ажил хийж байгаа энэ салбарынхан уг хөнгөлөлтөд хамрагдах ёстой гэж үзэж байна.