“Хүж дэлхий амгалан байг”, “Эмч хүн жаргалын ээж”, “Санахын жаргал”, “Бүсгүй заяа” зэрэг олон дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Үндэсний урлагийн их театрын (УАДБЧ) хормейстр, хөгжмийн зохиолч Д.Алтантуултай ярилцлаа. Тэрээр цагаан сарын өмнөхөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан билээ.
-Та гавьяат жүжигчин Д.Хоролсүрэнгийн дуулснаар түмэнд хүрсэн “Хүж дэлхий амгалан байг” дуугаа хэдэн онд зохиосон юм бэ?
-1977 онд хойно төгсч ирээд 1979 онд л хийсэн шиг санаад байдаг юм. Хоролсүрэн маань харин 1981 онд Монгол хүн сансарт нисэхэд зориулж бүтээсэн гээд байдаг юм.
-Дууны шүлэгт,
Сансарт хүүгээ илгээж байг
Санан ээж нь хүлээж сууг
Эргээд хүү нь ирж байг
Ээж нь тэврээд үнсэж байг ээ гэдэг. Үүнээс нь монгол хүн сансарт ниссэн үйл явдалтай холбож ойлгож болох нь?
-Тэгэхээр энэ яруу найрагчид чинь юмыг урьдчилаад мэддэг юм шиг тэгж бичдэг байна шүү. Энэ чинь Лувсангийн Дагвадоржийн шүлэг. Монгол хүн сансарт нисээгүй байхад л тэгээд шүлэглэчихсэн хэрэг. Тэгж л боддог юм. Би анхны ноорог дээрээ уг нь 1979 он гээд биччихсэн байна лээ л дээ. Үүнээс үзвэл яруу найрагчид чинь бүхний өмнө байна шүү. Тийм л мундаг авьяас байдаг бололтой.
-Хөгжмийн зохиолчид түмэнд түгсэн дуунуудаа их сонирхолтой байдлаар бүтээсэн байдаг шүү дээ. Таны хувьд?
-Ер нь дуу болгон түүхтэй. Дуу болгон үгнээсээ шалтгаална. Үгийг нь бодоод л явна. Автобусанд явж байхад ая нь орж ирнэ. Эсвэл галт тэргэнд. Манайхан нэг удаа Баянбууралд тоглолт хийчихээд байж байлаа. Далантайгийн маань нутгийн хайрхан Отгонтэнгэрт зориулсан “Тэнгэр шүтээн уул” гэдэг гоё шүлэг байсан юм. Тоглолтоо дуусгачихаад галт тэргэнд суухаар гүйцгээлээ дээ. Галт тэрэг хоёрхон минут зогсоно. Амжиж суух гэж гүйж явтал “Тэнгэр шүтээн уул” дууны ая ороод ирж билээ. Бас “Бүсгүй заяа” гэж дуу бий дээ.
-Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн дуулдаг.
-Тийм, тийм. Алтанбулаг руу нэг баярт оролцох гээд л фаз автобусаар явж байлаа. Зам нь гэж айхавтар, энхэл донхолтой. Хөдөөний зам. Жигтэйхэн л донслоод явж байсан чинь “Бүсгүй заяа” дууны хөгжим ороод ирлээ. Тэгэнгүүт нь Түвшинжаргалаас “Алив, цаас цаас” гэж сандраад нэхтэл сонины өөдөс өгдөг юм байна. Тэр цаасан дээр нотыг нь тэмдэглэж авч байлаа. Гэхдээ таван шугам зурж байгаад биш. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Хаянхярваа багш маань надад тоон нотыг зааж өгсөн. Бүр нэгд нэгэнгүй зааж өгсөн. Шугам хэрэглэхгүй, тоогоор бичээд явчихдаг арга. Тэгж нэг бичиж авч билээ. Ингэж л автобусанд, донсолгоон дунд энэ дуу төрж байлаа. Боломжтой үед орж ирэхгүй байж, тиймэрхүү үед орж ирдэг юм. Хяслантай ч юм шиг (инээв).
Байхуу цай аягалчихаад яг суугаад бичих гэхээр орж ирэхгүй. Эсвэл яг шөнө унтах гээд хэвтэж байхад хөгжим орж ирнэ. Залхуурахгүй тэр дор нь тэмдэглэж авахгүй бол өглөө нь юу ч байхгүй. Хөгжмийн зохиолчид бүгд л иймэрхүү байдалд хөгжмөө хийдэг байх гэж боддог. Гэхдээ манай чуулгын төлөвлөгөөт уран бүтээл гэж бий. “Та заавал тийм юм хийнэ”, “Морины тухай шинэ дуу шүү”, “Тийм тоглолт болох учир тийм сэдэвтэй дуу” гэж даалгавар өгнө. Даалгавар ч юу байх вэ дээ, “Та маргааш хийгээд ирээрэй” гэж ч байж магадгүй. Дууныхаа ангид сууж үлдээд өнөө хөгжмөө зохионо. Ер нь төлөвлөгөөт бүтээлийг шахуу хугацаанд, албаар хийх нь бий. Дандаа тэгж гэнэт орж ирнэ гэж байхгүй.
-“Эмч хүн жаргалын ээж” дууг Монголын эмч нарын сүлд дуу гэчихэд буруудахгүй болов уу?
-Тэгдэг л юм билээ. Хөдөө явж байхад хүмүүс их мэддэг шүү. “Эмч хүн жаргалын ээж” дууг би Л.Дагвадорждоо захиалсан юм. “Эмчийн дуу захиалъя. Хүнд хүрдэггүй юм гэхэд ядахдаа өөрөө өөртөө дуулж явъя даа” гэж захиалж билээ. Зарим нь дуу болно. Зарим нь болохгүй. Өдий төдий янз бүрийн шүлэгт дуу хийгээд байна. Миний бичсэн дуу 200 гарсан. Тэгэхэд тэрнээс хүнд хүргээгүй, хүргэе ч гэж бодоогүй дуу ч бий. Шүлгийг нь тэгж өнгөрүүлсэндээ сэтгэлдээ хүлцэл өчиж явдаг. Бүх дуу дандаа хит болно гэж байхгүй. Ер нь эмчийг хүндэлдэггүй хүн байдаггүй шүү дээ. Хүндлэх байтугай шүтдэг. Хүн болгон л зовж зүдрэхээрээ эмчид очдог. Тэгээд эмчдээ, эмч нартаа баярласандаа энэ дууг хийгээд амандаа өөрөө “хүлхэж” явъя даа гэж бодсон чинь хүмүүст хүрчихсэн. Хүмүүс дуулаад л байдаг юм.
-Хормейстр Алтантуул гэвэл хүмүүс төдийлөн анзаарахгүй. Харин “Хүж дэлхий амгалан байг”, “Санахын жаргал”-ын хөгжмийн зохиолч гэвэл мэдэхгүй хүн байхгүй байх аа?
-Тэгдэг юм. Хошин урлагийн жүжигчин Ундармаа тэгж билээ. “Таны ямар дуу байдаг билээ” гэж асуусан юм. Тэгэхээр нь “Яахав дээ, “Хүж дэлхий амгалан байг” гээд хэдхэн дуу бий” гээд хэлчихсэн чинь “Хөөх та тэрийг зохиосон юм уу” гэж дуу алдаж билээ. Жүжигчин хүн болохоор сэтгэл хөдлөл ихтэй. Их гайхаж, баярлаж хүлээж авч байсан. “Өөр ямар дуу байдаг юм бэ” гэхээр нь “Нөгөө нэг яагаав, бөгж мултраад байна гэдэг дуу” гэлээ (инээв). Тэгсэн чинь “Хөөх тэр чинь ёстой гоё дуу ш дээ” гээд л сэтгэл нь их хөдөлсөн. Их гоёор хүлээж авсан. Хүмүүс “Тэр дуу таных юм уу” гээд мэддэггүй шүү дээ, авторыг нь.
-Та Ховд аймгийн аль сумынх юм бэ?
-Ховдын Булганд төрсөн. Дөрвөн сартайдаа хотод орж ирсэн л дээ. Хотод өссөн. Нийслэлийн хоёрдугаар сургуульд нэгдүгээр ангид ороод дөрөвдүгээр ангиасаа Хөгжим бүжгийн коллежид орсон. Хөгжим бүжгийн ятгын ангид орсон юм. Ятгын анхны 16-гийн нэг шүү дээ. Нөгөө яагаав, элсний 13 гэдэг шиг (инээв).
-Анхны мэргэжлийн ятгачид шүү дээ?
-Бид солонгос багштай байсан. Солонгос багш маань бидэнд долоон жил ятгын хичээл заасан. Тэгээд бид бүгд төгсөөд ҮДБЧ-д орсон. Би тэнд дөрөвхөн жил ятгачнаар ажиллаад хойшоо яваад зургаан жил сураад хормейстр болж ирсэн.
-Аль хотод нь вэ?
-Свердловскийн консерватурт.
-Хормейстр гэхийг хоор дуучдыг удирддаг хүн гэх маягийн талаас нь монголчилж ойлгоод байдаг?
-Тэгдэг шүү дээ. Хормейстр гэдэг чинь дуучдын багш шүү дээ. Тэр үед манай чуулгад хоор гэхээсээ илүүтэй солистууд их байлаа. Дуучин бүртэй тулж ажиллана. Гадаад, дотоодын тоглолтод оролцоход бүгдийг нь бэлдэж өгнө. Ийм орос, ийм монгол дуу дуул гэж зааж өгнө. Шинэ залуу дуучин орж ирвэл дуучин болгох тал дээр ажиллаж хоолойг нь яах уу, ийх үү гээд л. Дээр үеийн алдартнуудтай ажиллаж байлаа.
-Алдартнууд гэхээр манай алтан үеийн дуучид болж таарах нь?
-Би тэдний багш гэхээсээ санаа зовдог юм.
-Та нэрлэнэ үү?
-Би нэрийг нь хэлдэггүй байхгүй юу. Мундаг улсууд шүү дээ. Түмэндэмбэрэл, Норовбанзад, Банзрагч, Оросоо, Адарсүрэн, Хоролсүрэн, Нансалмаа гээд манай ахмадууд намайг багш аа хэмээн хүндэтгэнэ. Хөвсгөлийн Надмид байна. Бас дуучин Боорой байна. Тэднээс хойш үе үеийн дуучид байна. Чуулгадаа ажиллаад сая л, 2013 онд тэтгэвэртээ суулаа шүү дээ.
Хормейстр чинь дуугаа хийчихээд л “За боллоо” гээд хаячихдаггүй. Хаяж болохгүй л дээ. Хормейструуд чинь оркестрийн найруулга маш их хийнэ. Тэр чинь бараг л зохиож байна гэсэн үг. Энгийн хэлбэл, нэг нүцгэн ая байлаа гэхэд тэрийг чинь л олон хөгжимд тарааж найруулаад яаж дуугарах бол гэдгийг хийнэ. Дуу зохиох нэг өөр. Өөрийн зохиосон дуунаас гадна хүний дуунд оркестр найруулга хийнэ.
-Та нэгэн тоглолт дээр өөрийн зохиосон дуугаа дуулсан байна билээ. Муухан дуучнаас илүү дуулдаг юм байна гэж дүгнэсэн?
-Үгүй, үгүй би дуулж чадахгүй. Яахав дээ, дуучиндаа дуугаа хүргэхийн тулд өөрөө дуулж үзүүлнэ. Энэ нотыг ингэж, тэгж ав гэж заана. Задгай, битүү хоолой гэж байна. Тэр болгоныг өөрчлөх шаардлага тулгарна. Гэхдээ өөрчлөхгүй, тэр байдлаар нь байлгах нь илүү зохимжтой юм шиг байдаг юм.
-“Найман сайхан” гэж ятгатай дуу бий. Хятад дуу юм уу?
-Солонгос дуу шүү дээ. Бид солонгос багштай байсан болохоор. Монголд ятга хөгжиж байна. Сайхан сайхан ятгачид зөндөө байна. Мөнх-Эрдэнээс эхлүүлээд Амарбаясгалан, Отгончимэг, Солонгоо мөн “Морин хуур” чуулгын хэдэн сайн ятгачинд байна.
-Хэдий гавьяаныхаа амралтад сууж байгаа ч чуулгаараа орж гардаг байлгүй?
-Тэгэлгүй яахав. Миний бас нэг гэр болсон тэр ягаан байшин. Би тэтгэвэртээ гарчихсан ч гэсэн тэр хавиар явахдаа нүд салгахгүй чуулгынхаа байр руу ширтсээр өнгөрдөг юм. Ганцаараа алхаж явахдаа эсхүл автобусаар явж байхдаа нүд салгаж чаддаггүй. Чуулгаараа дандаа орж гардаг.
-Таныг танай чуулгынхан, хөгжмийн зохиолчид “Уул аа” гэж дууддаг юм билээ?
-Харин тийм ээ. Туул аа гэж дуудахгүй, Уулаа л гээд байдаг юм, үе үеийн бүх дуучид. Дээр өгүүлсэн мундаг дуучдын үеэс л намайг ингэж дуудсаар ирсэн. Амгалан, Сийлэгмаа хүртэл “Уулаа багш аа” гэдэг юм. Их сонин. Дуучин Амгалан маань телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа туж “Уулаа багш, Уулаа багш” гэж л яриад байсан тухайгаа хэлж билээ. Тэгэхээр Алтантуул гэж хүмүүс бараг мэдэхгүй шүү дээ. Тийм сонин.