Categories
мэдээ цаг-үе

Х.Болдбаатар: Нэмж мод тарих яах вэ, өмнө нь тарьсан модоо эргэж нэг харчих хэрэгтэй байна

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласнаас хойш есөн жил болж байна. Үндэсний хэмжээний ийм өдөртэй болсноор монголчуудын хувьд мод тарьдаг уламжлалтай болоод байгаа. Хашаа хороондоо, байрныхаа гадаа ямар мод тарих нь зүйтэй болох, модыг үрээр тарихын ашиг тус болон Монгол орны ойн талаар сонирхолтой яриаг “UBT” компанийн ерөнхий захирал Х.Болдбаатартай өрнүүллээ.


-Танай компани жилд сая гаруй тооны мод худалдаанд гаргах хүчин чадал бүхий хүлэмжтэй. Жилд дунджаар хичнээн мод худалдаанд гаргаж байна вэ?

-Өнгөрсөн жил 150-иад мянган модыг нөхөн сэргээлт, худалдаанд гаргасан. Чамлахааргүй тоо л доо.

-Мод тарих, суулгац суулгах, мод суулгах, суулгац тарих гэж янз янзаар ярьдаг?

-Хэд хэдэн буруу ойлголт яваад байгаа юм. Модыг уулнаас авчраад Улаанбаатарт тариад байна. Энэ нь зөв, зарим газарт зайлшгүй тарих ёстой. Хотын өнгө үзэмж, агаарын бохирдлыг багасгахын тулд ийм ажил хийх нь зүйтэй. Хоёрдугаарт, нөхөн сэргээлт гэж юм бий. Улаанбаатар хот маань Төв аймгийн нутаг дээр байдаг. Хүн амын 70 хувь нь Төв аймагт амьдарч байна. Энэ хавийн модыг тайраад дуусгасан. 60-70 хувь нь үхчихсэн. Мэргэжлийн газруудаар тоолуулахад нэг тоо гарна, газар дээр нь очоод алхахад бас нэг өөр тоо гарна. Богд уул, Толгойтын Зүүн салаа, хойшоо Жигжид, Яргайт руу алхаад үз. Тэнд модны хулгай, мод тайрсан тухай мэдээллийг өдөр болгон шахуу фэйсбүүк, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Гэтэл мод чинь 100-150 насалдаг. Ид 50, 60, 100 насан дээр нь тайраад хаячихдаг. Манай компанийн хувьд харин модыг үрээр тарьдаг. Энэ бол манай компанийн онцлог. Хүчирхэг үндэсний системтэй гэж ярьдаг. Бидний найман жилийн өмнө үрээр нь тарьсан эхний мод өнөөдөр метр гаран өндөртэй болчихоод байна.

-Хүмүүс их өндөр ургасан бэлэн модыг авчраад шууд хашаандаа суулгачихдаг?

-1966 онд Улаанбаатар хотын ойр орчимд их хэмжээний бороо орж үерт автсан. Яагаад үерт автсан юм бэ гэвэл Улаанбаатар хотыг бүтээн байгуулж байгаа нь энэ гээд Туул голыг ундаалж байдаг Хэнтий, Төв аймгийн Мөнгөнморьтын модыг хядаад дуусгачихсан. Их хэмжээний тэр бороо чинь шингэх боломжгүй болоод үер буучихсан юм. Бид олон жилийн судалгааны ажлын үр дүнд Туул голын эх рүү мод тариад байна. Тэнд тарьсан эхний модод маань метр гаруйн өндөртэй болчихоод байна аа гэдэг нь тэр. Үрээр нь тарьсан модод.

Цөмдөг самар, мөчрийг үрслүүлээд тарьдаг. Үүнийг бид шинжлэх ухаанч болгоод бөөний үйлдвэрлэлд шилжүүлээд тэрийгээ ууланд аваачаад тариад байгаа юм. Нэг, хоёр, гурван метрийн өндөртэй мод тарьж байна. Үүнийгээ л мод гэж ойлгоод байдаг. Та байшингаа анх барихдаа л 50 см-ийн өндөртэй мод суулгачих. Тэр мод хүүхэдтэй тань хамт ургаад өсөөд үржээд л байна. Манай компани одоогоор 50 см-ээс 1.5 метрийн өндөртэй мод гаргаж байна. Моддыг тийм өндөртэй болтол нь ургуулж бойжуулж байгаа гэсэн үг. Хүүхдээ энхрийлж өсгөдөг шиг л бойжуулдаг.

-Аливаа ургамалд үндэс маш чухал. Үрээр тарьсан мод мэдээж бат бэх хүчирхэг үндэстэй байдаг байх?

-Мод үржүүлгийн газарт бойжиж байгаа модод салхины ая, усалгаа даадаг болчихсон байдаг. Манайх Улаанбаатар хотыг тойроод гурван газарт мод үржүүлж байна. Манай хүлэмжүүдийг хүмүүс сайн мэддэг болчихсон л доо. Дамбадаржаагийн эцсийн буудалд 500-хан метрийн цаана төв хүлэмж маань байна. Манай үрсэлгээний ажил ид өрнөж байгаа. Бид монос, нарс, гацуур үрслүүлж эхэлж байна. Мөн арц мод үржүүлж байгаа. Энд нэг зүйлийг лам нарт хандаад хэлмээр байна. Яагаад лам нар талийгаачдаа зориулж нэг мод тарьчих гэж хэлдэггүй юм бэ. Хэрвээ лам нар тэгж хэлээд байсан бол Далан давхрын оршуулгын газар өдийд дүүрэн модтой болчих байлаа. Хоёрдугаарт, та бүхэн Улаанбаатарын ойр орчимд буй ой руу ороод үз. Арц байхгүй болчихсон. Шарга морьт, Яргайт, Жигжид, Богд уулын аль ч ам руу ороход арц үнэртдэг байлаа, арав, хорин жилийн өмнө. Одоо ямар ч арц байхгүй. Мэргэжлийн хүмүүсээрээ арцыг хэрхэн тарих вэ, яаж үрслүүлэх вэ гэдэг дээр эрдэм шинжилгээний ажил хийлгэж байна. Хийд, лам болгон л өнөө сайхан арцыг маань гялгар уутанд хийгээд л өгөөд байдаг. Буян хийгээд байна уу, бузар хийгээд байна уу, тэд. Ядахдаа бид арцыг эргэлтэд оруулж худалдааны арц гаргая. Лам нарыг үүнд уриалмаар байна. Лам мод тарихыг үзсэн үү. Дашчойлон, Гандангийн лам нар мод тарихыг харсан уу.

-Гандантэгчинлэн хийд рүү өгсөхөд хэдэн мод суулгачихсан харагддаг шүү дээ?

-Гандангийн мод ургадаггүй байхгүй юу. Хамба, гавж, да лам нар нь нэг нэг мод нүдлээд авчих л даа. Өөрөө очоод усалж амжихгүй бол шавь нараараа услуулж ургуул. Нэг хүн бурхан боллоо гэхэд ар гэрийнхэнд нь “Хүүхдүүдийнх нь тоогоор мод тариарай” гээд хэлчихэд л боллоо. Мод тарихад нь үйлчилдэг компаниуд нь хэдийнэ бий болчихоод байж байна. Манай компани очоод тариад, услаад, хар шороог нь аваад очно. Арчлаад өгнө.

-Нийслэлийн гэр хорооллын айлууд хашаандаа мод тарья гэвэл ямар мод тохиромжтой вэ. Албан байгууллагууд ямар мод суулгавал зүйтэй вэ?

-Улаанбаатар хотыг анх төлөвлөөд барих үедээ оросууд улиас их тарьсан. Улиасны хамгийн сайн төрлүүд Шар хадны цэргийн ангийн дэнжээр байдаг. Мөн Дархан, Чойр хотод сайн улиасууд ургадаг. Улиас хурдан ургадаг сайхан мод. Гэхдээ нөгөө хөвөн нь их хэмжээгээр гарвал хүнийг амьсгалахад бэрх болгож харшил үүсгэдэг. Хэрвээ буруу таривал үндэс нь маш их хол ургаж, хөрсний ус сордог. Тийм болохоор бид улиасыг тийм ч их санал болгодоггүй юм. Монголд зөндөө олон сайхан мод байна. Би сүүлийн үед монос модонд маш их дуртай болж байгаа. Айлууд 0.7 га газартаа тав, зургаан монос, хоёр гурван нарс, ганц гацуур тарьчих хэрэгтэй. Өнөө жил бид ОХУ-тай холбоо тогтоогоод Улаан-Үдээс алимны мод авчирч байна. Алимны мод ургуулах ажлаа хийгээд эхэлчихсэн. 4-5 жилийн дараа тэр ажил маань үр дүнгээ өгч давжаа алим гаргаж авна. Та хашаандаа арван мод, чацаргана, нохойн хошууны буттай, арцаа тарьчихсан байхад хашаагаа зарлаа гэхэд үнэд хүрнэ.

Хүн бүр л агаарын бохирдол их байна гэж ярьдаг ч өнөөдөр тэрийг мартчихсан л явж байна. Арав, арваннэгдүгээр сар болохоор дахиад л утаа эхэлнэ. Би сүүлийн үед найзууддаа үзүүлэхийн тулд зуслан, байрныхаа гадаа бүхий л модыг тарьж үзэж байна. Бүгд л ургаж байна. Ерөөсөө ажил болохгүй. Улаанбаатарт өглөө 06 цагт нар мандчихаж байна. Би ойр хавийнхаа моддыг өглөө бүр усалчихаж болоод байна. Үндэс рүү нь ус хийхээс гадна дээрээс нь шүршиж ус хийх ёстой. Сүүлийн үед харин энэ чиглэлээр сургалтууд их явсан нь үр дүн өгч байх шиг байна. Э.Бат-Үүл даргыг цэцэг, мод тарилаа гэж загнаад л байсан. Тэгтэл тэр мод, цэцэгсийг нь услаад хэвшчихлээ. Мод тарьцгаадаг болчихлоо. Нэг үеэ бодвол сэргэчихлээ шүү дээ. Айлуудад уриалахад хашаандаа мод тариачээ. Таван нарс аваачаад суулгачихад та үр хүүхдэдээ амьд өв үлдээнэ ш дээ. Дурсамж нь бас үлдэнэ.

-Эрдэм шинжилгээний ажил эхлүүлсэн талаараа ярилаа. Танай компанид энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс олон байдаг гэж сонссон юм байна?

-ОХУ, АНУ болон дотооддоо мэргэжил эзэмшсэн 4-5 дендорлогич буюу модны инженерүүд ажиллаж байна. Эд маань давжаа алим тарих үрийн туршилт хийж байна. Арцыг үрээр үржүүлэх, мөчрөөс залгаж мод ургуулах аргыг судалж байна.

Манай улсын туршлагатай мэргэжилтэн, модны инженерүүд маань эх орныхоо байгаль, ойгоор явж аав моддыг хайж олж тодорхойлдог байж. Хэнтийн Биндэр, Сэлэнгэ аймаг, Увс аймагт аав модод байдаг. Бид энэ ажлыг өнөө жил сэргээгээд манай хоёр инженер уулуудаар явж байна. Ингэж явснаар хамгийн үржил шим сайтай, ургах чадвар өндөртэй үр модыг олж авдаг. Тэр модны үрийг гаргаж аваад хамгийн үржил селекц сайтай, сайн сортын мод гаргаж авна. Мод чинь өмхөрч, өтөж, түймэрт өртөж, механик гэмтэлд их орж, байгалийн хатуу хөтүүтэй тулгардаг. Энэ бүхнийг даагаад гарчихсан аав моддыг үр мод гэж ярьдаг. Ийм төслийг бид бас хэрэгжүүлээд явж байна.

-Удахгүй бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр тохионо. Мөн энд тэндгүй мод, тарьц, үрийн үзэсгэлэн худалдаа болно?

-Би ингэж уриалмаар байна. Өнөө жил нэмж мод тарих гээд яах вэ. Тарьсан моддоо эргээд нэг үзчихээч ээ. Ноднин, уржнан, тэрний урьд жилүүдэд тарьсан мод чинь байна уу. Аав, ээжийн тань тарьсан мод байна уу. Тэрийг үзээч ээ. Бид бас ийм ажил зохиодог юм уу гэж бодоод байгаа. Ямар арга хэмжээ вэ гэхээр уул руу алхахаар ирж байгаа хүмүүст тав, 10 мянган төгрөгийн суулгац худалдмаар байна. Хүмүүс суулгац аваад уул руу алхаж байхдаа тариад тариад орхичихог. 100 хүн алхахад тав, таван мод тариулахад 500 мод нэмэгдчихнэ гэсэн үг. Ийм ажлыг энэ жил санаачлаад хийе гэж бодоод байна.

-Богд уулын Цэцээ гүний оргил руу алхахад бараг хоёр км шахуу алхаж байж ойн цэнгэг агаарыг мэдэрч байна лээ. Ой хормойгоороо маш их сийрэгжиж, хөрс нь талхлагдсан нь анзаарагдаж байсан?

-Би ойн инженер, ойн мэргэжлийн хүн биш л дээ. Гэхдээ би өөрийн сонирхлоороо модны чиглэлийн компани удирдаж байгаагийн хувьд хэлэхэд Монголын ой хөгшин. Нөхөн сэргээлт хийхгүй байна. Энэ чиглэлээр төр засгийн байгууллагууд бидэнд хандахгүй байна. Мод үржүүлгийн компаниуд олон тоогоор бий болчихсон. 4-10 жил оршин тогтнож байгаа компаниуд руу мэргэжлийн байгууллага, яамд хандаач ээ. Бидэнтэй харьц. Ченжээс л мод аваад байх юм. Уулнаас мод огтлоод аваад ирсэн хүмүүсээс мод худалдаж аваад байна. Мэргэжлийн компаниудаас нь мод ав. Одоо чинь бүх юм мэргэшээд байна шүү дээ. Нэг үеэ бодвол Монголын бизнесүүд төрөлжчихсөн. “Номин” компани Богд ууланд мянга гаруй мод тарьсан. Тэр нь ямар сайхан ургаж байна гээч. Бидэнд мөнгийг нь өгөөд Богд ууланд мод тариул. Мөнгийг нь өгөөд биднийг ажиллуул л даа.


Categories
мэдээ цаг-үе

Д.Цэрэнсодном: В.Инжаннаш бол туульсын зохиолын XIX зууны үеийн аугаа их хөшөө дурсгалыг босгосон хүн

Их зохиолч Ванчинбалын Инжаннашийн 180 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр Монгол Улсын их сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны Дугуй танхимд эхэллээ. Өнөөдөр өндөрлөх уг хуралд дотоод, гадаадын 22 илтгэгч илтгэл тавих юм байна.

XIX зууны Монгол бичгийн уран зохиолын нэрт төлөөлөгч Ванчинбалын Инжаннаш нь 1837 оны тавдугаар сарын 15-нд Өмнөд Монголын Зостын чуулганы Түмэд зүүн хошууны Шударга бат хороонд тайж Ванчинбалын VII хүү болон мэндэлсэн байдаг. Тэрээр

…Хүсэлтэй сонин утга уянга хэмээгч

Хөх үүл салхинаа хөврөх мэт

Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас

Хөнгөр бийрийг хөшиж юу хийнэ хэмээн шүлэглэсэн байдаг билээ.

Хурлын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.

-Манайхан В.Инжаннашийг “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийр хөшихийн хэрэг юун” хэмээх үгээр нь мөн “Хөх судар” романаар нь илүүтэй мэдээд байдаг?

-В.Инжаннашийн аав Ванчинбал нь “Хөх судар” романыг бичиж эхэлсэн байдаг. Түүнийг нь В.Инжаннаш үргэлжлүүлж бичиж дуусгасан. В.Гуларанс, В.Сүнвэйданжүн, В.Инжинаш, В.Гүнначүг нар гэсэн эдгээр ах дүүс чинь гэр бүлээрээ бичиг, цэргийн эрдэмд сайн боловсорсон улсууд байсан. Тийм ч учраас эд нар утга зохиолын дугуйлан ажиллуулдаг, шүлэг, зохиол бичдэг, өөр хоорондоо холбоо шүлэг маягийн юм явуулдаг байж л дээ. Хамгийн гол зохиол болох Их Юань улсын мандсан төрийн “Хөх судар” роман байна. Мөн “Нэгэн давхар асар”, “Улаанаа уйлах танхим” зохиол бий. Энэ бол Хятадын түүхэн роман. Бэнсэн үлгэрийн жаяг дэг, хаялгаар л зохиол бүтээлээ туурвиж ирсэн ийм л учиртай.

Д.Цэрэнсодном

-Монголын уран зохиолд оруулсан энэ хүний хувь нэмэр гэвэл?

-Бид өөрсдийн энэ туурвилзүйн бүтээлийг Европынхтой харьцуулж жишдэг. Үүгээр бол “Хөх судар” бол яалт ч үгүй Монголын анхны түүхэн роман мөн байна гэсэн. Үнэндээ түүхэн романы нөхцөл, шаардлага, хэр хэмжээнд бүрэн нийцсэн давна уу гэхээс дутахгүй цараатай том бүтээл. Тиймээс Монголын анхны түүхэн романыг туурвисан. Өөрөөр хэлбэл, туульсын зохиолын XIX зууны үеийн аугаа их хөшөө дурсгалыг босгосон хүн мөнөөс мөн л дөө.

-В.Инжаннаш бодит амьдрал дээрээ ямархуу зан араншинтай хүн байсан юм бол оо?

-Нэг их урт наслаагүй. Их Юань улсын мандсан төрийн “Хөх судар”-ыг бичихэд үс цайж, чөмөг дундарлаа гэж өөрөө хэлсэн. Хүний биеийн энэ чөмөг чинь тархинд тэжээл өгдөг гол зүйл юм байна шүү. Тэгэхээр энэ бол айхавтар үг. Нэг ёсондоо биеэ тэгж айхавтар дайчилж ажиллана гэдэг чинь насаа богиносгож байна л гэсэн үг байхгүй юу. В.Инжиннашийн намтар түүхийг үзэхэд уян зөөлөн сэтгэлтэй, өрөвч хүн байсан шиг байгаа юм. Нэг баримт хэлье. В.Инжаннаш тайж язгууртай хүн шүү дээ. Тайж хүн болохоор албат, хамжлагат иргэдтэй. Гэтэл В.Инжаннаш алба, татвар, гувчуур элдэв шалдвын юмыг тэдгээр иргэдээсээ авч чаддаггүй байсан гэдэг. Өрөвдөөд авч чаддаггүй байсан байж болно. Хоёрдугаарт, В.Инжаннашийн төрж өссөн газарт тариалангийн соёл, мал аж ахуйн соёл буюу суурин болон нүүдлийн соёл хоорондоо таарахгүй мөргөлдөж байсан. Малын бэлчээрийг нь хагалаад л тариа тарина. Тэрнийг нь эсэргүүцэж газар нутгаа хайрлаж хамгаалсаар байсан. Хятадууд газар руу нь бүр эртнээс дайрч байсан. Тийм учраас В.Инжаннаш, түүний удам угсаа, дээдэс бол Хятадад бараг хамгийн түрүүнд ууссан, хайлсан. В.Инжаннаш чинь түмэд хүн шүү дээ. Одоо тэр Түмэдийн нутгаар явбал монголоор ярих хүн бараг байхгүй дээ. Тэгтэл Шилийн гол, Ордос, Хөлөнбуйраар очиход монголоор сайхан ярьцгаадаг. Тийм учраас нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил хоёрын зөрчил, зөрүүтэй холбоотой байх болов уу гэж боддог.

-В.Инжаннашийн яг юу нь судлаачдын анхаарлыг ихэд татдаг юм. Түүний уран бүтээлийн шигтгээ нь юу юм бэ?

-В.Инжаннашийн Их Юань улсын мандсан төрийн “Хөх судар” гэж байна. Үүнээс харахад монголчуудын мандаж, хөгжиж, дэвжиж дэлхийн дэвжээнд гарсан цаг үе чинь тэр Юань улсын гүрэн байна шүү дээ. Тэрийг чинь л В.Инжаннаш тухайн үеийн сурвалж бичиг, зөвхөн “Монголын нууц товчоо”-г биш бусад сурвалжуудад судалгаа хийж, хачирлаж, олон чухал нарийн нандин, бидний мэдэхгүй үй түмэн зүйлийг бичсэн байгаа юм.

-Энэ хүний яруу найргийн бүтээлүүдийн онцлог юу байв?

-Туурвилзүйд хүүрнэл зохиолын маягаар өгүүлэхээсээ яруу найргийн аргаар хэлэх нь хүний сэтгэлд илүү хүрдэг байхгүй юу. Тэрийг л сонгож авч чаддаг авьяаслаг нэгэн. Хөрвөх чадвартай валют гэдэг шиг уран сайхны хувьд хөрвөх чадвартай том туурвигч, уран бүтээлч байсан. Ямар ч хэлбэрээр бичиж чаддаг. Хэлж байгаа түүхэн явдлууд нь асар их үнэ цэнтэй, чухал чухал зүйлүүд бий л дээ. Жишээ нь, Тайваньд байдаг Чингис хааны эх хөрөг гэж бий.

-Уг хөргийг Чингис хааны бодит төрхтэй хамгийн ойр очсон гэж манайхан ярьдаг?

-Тийм, тийм. В.Инжаннашийн “Хөх судар”-т үүнийг чинь хамгийн ойлгомжтой, тодорхой хэлчихсэн. Тэрийг нь манайхан анзаардаг юм уу, үгүй юм уу. Чингис хааны хүү Тулуй эзний хүү бол Хубилай цэцэн хаан. Хубилай Чингис өвөөгөө мэдэлгүй яахав дээ. Чингис хаан Хорезм болон дундад Азийг дайлаар одоод буцаад ирэхэд нь тосуулын улс дунд нь Хубилай есөн настай явж байсан байхгүй юу. Тэр үед эр хүний хүч чадал эрхий хуруундаа гэж үздэг байсан. Яагаад гэвэл нум сумаар харвадаг байсан учраас. Тэгэхэд Чингис хаан Хубилай гарыг бариад эрхий хурууг нь өчөөд хүчийг нь тандаж байсан гэдэг. Тэгж нүүр тулж байсан юм чинь Хубилай өвөөгөө мэдэлгүй яахав. Тэгээд сүүлд нь өвөөгөө өөд болсны дараа Хубилай төрийн хаан болчихоод дээдсүүдийнхээ хөргийг хятад зураачдаар зуруулсан. Зүгээр ч зуруулаагүй гэдэг юм, В.Инжаннашийн бичиж үлдээснээр. Хүний хөргийг гэрэл сүүдрийг аргаар цохиулаад хуулбарлах маягаар зуруулсан гэдэг. Одооны гэрэл зургийн аргын анхны хэлбэр нь Юань гүрний үед байжээ. Тэгж авсан зургийг Хубилай өөрөө хараад “Энэ болж байна” гэж зуруулсан тухай В.Инжаннаш бичсэн. Энэ бол маш үнэтэй мэдээ. Ийм юм их бий.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Цэрэв: Бөхчүүд ганц давааны төлөө ёс зүйгүй авирлаж жудгаа алдаж байна

Үндэсний бөхийн улсын шүүгч Ж.Цэрэвтэй ярилцлаа.


-Бөхийн өргөөнд болсон Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд арслан Р.Пүрэвдагва, харцага Т.Баасанхүү хоёрын түрүү булаацалдсан барилдаан нэлээд шүүмжлэл дагууллаа. Бөхчүүдийн ёс жудаг алдагдсаны том жишээг харлаа гэж бөх сонирхогчид ярьж байна?

-Өндөр чансаатай 128 бөх барилдсан. Нэг их олон бөх өдөржин барилдсанаас өндөр чансаатай бөхчүүд нь хүч үзээд тэргүүнээ шалгаруулах нь зөв л дөө. Сонгинохайрхан уулын хишиг барилдаан ер нь л боломжийн боллоо. Гэхдээ сүүлийн хоёр бөхийг хүмүүс олон өнцгөөс нь хүлээж авлаа. Нэг нь дэвжээний зах руу зугтаж нөгөөх нь барих гэж зүтгэх. Бөхийн ир гэж байдаг юм. Барилдааны явцад ир, идэвх, эр зориг нь орчихсон бөхийн ирийг мохоох гэж учраа нь зугтааж, цааргалдаг. Энэ аргыг улсын арслан Р.Пүрэвдагва хэрэглэсэн юм болов уу. Т.Баасанхүү ч олон бөх давчихлаа, тэр эр зоригоороо барилдвал арсланг давчихна гэсэн ойлголттой барилдах гэж оролдлоо. Арслан дэвжээний дэвсгэрт орооцолдож уналаа. Үүнийг бөхийн ёс жудгийн талаас нь аваад үзэхэд тэр хоёр олны өмнө дэвжээн дээр гарсан бол сайхан л барилдах ёстой. Нэг нь зугтаж, нөгөөдөх нь хөөж, бүдэрсэн гэдэг шалтгаанаар дахиад барилдахгүй, үзэгчдийг чилээх, барилдааныг удаашруулж байгаа нь бөхийн ёс жудагтай холбоотой асуудал. Энэ асуудал зөвхөн уг барилдаан дээр ч гарсан юм биш, өмнө нь хэд хэдэн барилдаан дээр гарсан. Тийм учраас манай бөхчүүд талбай, дэвжээн дээр гарсан л бол ард түмэнд сайхан барилдаан үзүүлж, олныг баясгасан сайхан мэх хийж, барилдаан гаргаж барилдах нь бөхийн хөгжилд их ач холбогдолтой. Гэтэл ганцхан давааны төлөө бөөцийсөн, нөгөө бөхийнхөө ирийг мохоох зэрэг байдал, өнгө аяс гаргах нь бөхийн ёс жудагт нийцэхгүй.

-Спорт талаас нь харвал тэр хоёр бөх бол түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөгчид. Үндэсний бөх гэдэг хэдий спорт ч гэлээ Монголын ард түмний эв нэгдэл, баяр цэнгэлийн манлай болсон бэлгэдлийн чанартай том зүйл. Эрчүүдийн маань хийморийг сэргээсэн наадаан. Гэтэл тэр үндэсний спортоор барилдаж байгаа залууст нь жудаг гэж юм бараг алга шив?

-Олон жилийн түүхэн уламжлалтай монгол бөх шүү дээ. Хүү төрвөл барилдуулж, хүлэг төрвөл уралдуулдаг Монголын заншлын нэг том наадам. Сайхан шударга барилдаж, уран мэх хийж, сэтгэлгээ гаргаж, ухаан бодлоо уралдуулан байж барилдах нь монгол бөхийн жинхэнэ утга агуулга, мөн чанар нь. Гэтэл сүүлийн үед тийм биш болчихлоо. Давааны төлөө яаж ч мэдэхээр байна. Цааргалж, уначихсан мөртлөө тэрийгээ мэдэхгүй дахиж барилдах гэж оролддог. Давсан нь өөрийгөө давсан гэхээр нөгөөх нь зөвшөөрч өгдөггүй. Энэ бүхэн нь ёс жудаггүйг харуулахын зэрэгцээ, үзэгч олныг хүндлэхгүй байгааг илтгэж байна. Олон түмнийг баясгасан сайхан барилдаан гаргах, ийм сайхан бие хаатай төрснөөрөө сайхан барилдаан харуулж ард түмнээ баясгах ёстой гэдэг боловсон ойлголт зарим бөхчүүдэд дутагддаг. Сонгинохайрхан уулын хишиг барилдаан дээр тиймэрхүү зүйл харагдаж л байсан. Хоёр сайхан бөх гар бариад л барилдчихдаг байхгүй юу. Унасан нь инээгээд л тахимаа өгөөд унагасан нь ч инээгээд л тахим авдаг. Ингэж л үзэгчдээ хүндлээд явах байтал давааны төлөө тэр хоёр бөх юу хийнэ үү, яана уу гэдэг нь ард түмэнд хамаагүй юм шиг л ноцолддог. Телевизээр, орон даяар шууд дамжуулж байгаа тэр сайхан үйл явдлыг хүндэтгэхгүй байгаа юм уу, эсвэл ухаарахгүй байгаа юм уу. Эсхүл ерөөсөө тийм сэтгэлгээтэй болчихсон юм уу, энэ бөхчүүд.

-Ийм жудаггүй байдал гаргаад байгаа нь залуу бөхчүүдийн ааш авир, харилцаатай холбоотой юу. Эсвэл тэдэнд ахмад, улсын цолтой бөхчүүд нь зааж зааварлахгүй байна уу?

-Би Орхон аймгийнхаа Үндэсний бөхийн холбоонд ярьдаг юм. Шинэ залуу, гарч ирж байгаа залуу бөхчүүдэд Монголын үндэсний бөхийн ёс жаяг, хэв маяг, гараа дэвээ, шаваа, тахим өгч авахаас эхлүүлээд бөхийн уран сэтгэлгээ, мэдрэмжтэй барилдахыг заах сургалт хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ залуу бөхчүүд дур дураараа л барилдана. Тааруухан аашилдаг бөхийг дуурайгаад л явчих юм бол сайн бөх болж, ард түмэндээ хүндлэгдэхгүй. 1930 онд Ховд аймгийн Ванчинхүү, Дорнодын “Гулзгай” Дамчаа хоёр үзүүр түрүүнд үлдээд хоёулаа бараг зэрэг унасан байгаа юм. Тэгтэл Ванчинхүү түрүүлж босоод “Миний дүү чи давлаа. Чи давсан. Ах нь тахимаа өгье” гэсэн чинь Дамчаа “Үгүй ээ, ах аа. Та давсан. Би танд тахимаа өгөх ёстой” гэсэн гэдэг. Ингээд Дамчаа Ванчинхүүд тахимаа өгснөөр Ванчинхүү түрүүлж арслан болсон ч хоёуланд нь арслан цол өгсөн шүү дээ, тэр жил. Ийм сайхан ёс уламжлал байдаг. Үүнийг би бөхийн тухай номдоо бичсэн. Бөхийн хорхойтнууд, бөхчүүд маань уншдаг бол их л зүйлийг ойлгох байх шүү.

-Сүүлийн үеийн залуу бөхчүүд ингэж чих халууцуулж байгаа болохоос биш үндэсний бөхөд жудагтай бөхчүүд бий шүү дээ?

-Байлгүй яахав. Цагаан сарын барилдаанд 13, Нууц товчооны 370 жилийн ойн барилдаанд түрүүлсэнтэйгээ нийлээд улсын наадамд 12 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аварга байна. Маш жудагтай, намбатай сайхан барилддаг. Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Х.Баянмөнх байна. Монголын үндэсний бөхийн түүхэнд түрүү бөхийн тоог анх удаа хоёр оронтой тоонд хүргэсэн бөх шүү дээ. Энэ хүн бол бас их даруу. Тэр үед бөхчүүдийн дунд аатай гэж нэрлэгддэг зарим нэг сагсуувтар бөхийн тоонд хавчигдаж, орж ч байлаа. Тэгсэн ч Х.Баянмөнх уналаа гэвэл унадаг, давлаа гэвэл даваад явчихдаг л бөх. Энэ мэтээр сайхан явж ирсэн жудагтай бөхчүүд байгаа. Гоё, гоё жудагтай бөхчүүд байсан. Өмнөговийн, улсын арслан Г.Дэмүүл бас их аатай мөртлөө унаснаа хүлээдэг жудагтай бөх байсан. Манай аваргууд чинь мундаг шүү дээ. Д.Цэрэнтогтох аваргаас эхлүүлээд бүгд л унасан бол унаснаа хүлээдэг. 1991 оны улсын наадамд улсын гарьд П.Сүхбат шөвгийн дөрөвт Б.Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Б.Бат-Эрдэнэ аварга амлаж аваад барилдахад зүүн хөлд нь баруун хөлийн этээг хагас хийгээд л өвдөглүүлчихсэн. Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ аварга босч ирээд сайхан өмсөөд л тахимаа өгч л байсан. Одоо бол зарим бөхчүүдийг харахаар тэгж тахимаа өгөхөө больчихож дээ гэж харагдах юм.

-Учраа бөхөө унагачихаад дээрээс нь дарж, бүр нудраад, шанаадаад босч ирж байгаа нь харагддаг?

-Энэ бол ёстой муухай. Унагачихаад дээрээс нь дараад нидрээд байдаг. Унагачихаад дээрээс нь унах шаардлагагүй, биеийнхээ тэнцвэрийг олчихсон байж л дараад унадаг. Улсын харцага Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамбыг унагачихаад гарыг нь мушгиад л. Б.Гончигдамба гараа мушгиулчихаад л босч чадахгүй байсан. Унагасан бол унагасан ш дээ. Уначихсан байхад гарыг нь мушгиад дороо хийгээд байдаг. Энэ бол маш муухай. Уначихсан мөртлөө унаснаа хүлээхгүй зогсдог, унагачихаад дээрээс нь дарж нидэрдэг ийм зүй бус зүйл манай энэ бөхчүүдэд их байна. Үүнийг бөхийн сонгуультнууд, бөхийн холбоод маань анхааралдаа авч сургалт явуулах хэрэгтэй. Манайхан бөхөө барилдуулж байна, бөхийн тоо олон болж байна гэдэг ч үндэсний бөхийн тэр сайхан ёс жаягийг эзэмшүүлэх, гаргасан дутагдлыг дор нь засуулах зэрэг нь дутагдалтай байна.

-Уран гоё мэх хийж үзэгчдийг суудлаас нь өндөлзтөл барилддаг бөхчүүд их сайхан. Бас унасан ч инээгээд л босч ирдэг бөхийг хүмүүс их хайрлаж хүндэлдэг. Гарьд П.Сүхбат агсныг ард түмэн одоо ч хайрладаг?

-Тийм шүү дээ, П.Сүхбат чинь тийм л бөх байгаа юм. Унасан ч инээж байдаг, давсан ч инээж байдаг. Би цолгүй залуу бөхөд уначихлаа гээд харамсахгүй. Тээр жил улсын наадамд залуу бөх Баянмөнхийн Гантогтохтой барилдахдаа буруу мэх хийхтэй зэрэг нь нөгөөх нь эргээд чөлөөт бөхийн мэх хийгээд унагачихсан. Долоогийн даваа, зааны даваан дээр тэгж унасан юм. Духандаа гараа хүргээд л өөрийгөө унаснаа хүлээн зөвшөөрөөд инээгээд л тахимаа өгч байсан шүү дээ. Их сайхан. Цолгүй байсан залуу бөх Б.Гантогтох заан цол авч байх жишээтэй. Тийм л их гоё, өрсөлдөгчөө өрөвддөг, өрсөлдөгчөө зөв үнэлдэг бөхчүүдийг харахаар баясал төрж над мэтийн бөхийн хорхойтнуудын нүднээс нулимс гарах шиг л болж байгаа юм. Тэгтэл унаснаа хүлээдэггүй, ёс зүйн алдаа гаргадаг, унагасан бөхөө дарж нидэрдэг ийм юмнууд чинь хүмүүсийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж байгаа юм.

-Үндэсний бөхийн хийморилог сайхан шинж чанар нь гээгдээд үзэхэд ч аймаар тал руугаа ороод байна. Хоёр учраа бөх биш өстөн дайснууд л таарчихсан юм шиг авирлацгаах нь харамсалтай?

-Харин тийм ээ. Бөхийн сэтгэлзүйг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа тэр бөхчүүдэд сургалт хэрэгтэй, ахмад бөхчүүд, цолтой бөхчүүд, улсын шүүгч, бөхийн засуул, сонгуультнуудын сургамж, хичээл хэрэгтэй. Бүр шаардлага гарвал дүрэмд өөрчлөлт оруулж тийм ганц давааны төлөө ёс жудаггүй загнаж, үзэгчдээ хүндэлдэггүй бөхчүүдэд хариуцлага тооцож явах ёстой. Сар, жилээр нь барилдах эрхийг нь хасах зэргээр хариуцлага тооцох цаг нь болсон. Ийм өөрчлөлтийг бөхийн дүрэм журамд суулгавал олон түмэн ч бөхөө хүндэлнэ.

Аймаг, цэргийн цолтой 700 гаруй бөх бий. 1921 оноос хойш улсын цол авсан бөхчүүдээс 600 гаруй нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. 1000 гаруй сайхан цолтой бөхчүүд байна. Тэдгээр бөхчүүд чинь ойлгоно ш дээ. Ийм том бөхчүүдийн дунд би ганцаараа ингэж өвчигнөж, дөвчигнөх ёсгүй юм байна. Энэ хүмүүсийн хийсэн сургалт, хичээл, уламжлалаас харахад огт тэгж болохгүй юм байна гэдгийг ухаарна.

Нудрах, чичих, бие бие рүүгээ нүдээ хурцлах тэр асуудал бол муухай. Энэ ертөнц дээр байгаа хоёрхон бөх нь тэр хоёр биш ш дээ. Тэр хоёрын цаана 1000 гаруй цолтой бөх байна. Тэр хоёрын барилдааныг харсан жаахан хүүхэд “Ээ энэ хоёр бөх чинь нэгнээ зодох нь. Бөхчүүд гэдэг чинь танхай маягийн хүмүүс байдаг байх нь” гэж ойлгохоор байна. Үүн дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд бөхийн тайлбарлагчид маань бөхөө их зөв тайлбарлах ёстой. Бөхийн тайлбар дээр манайхан алдаж байгаа юм байна. Дандаа л “Өвдөг шороодлоо” гэж ярих боллоо. Монголын Үндэсний бөхийн дүрэмд “Өвдгөөрөө өвсний толгой шүргэх буюу газар хүрэхийг өвдөг шороодно” гээд биччихсэн байгаа. Бүр дээр үед Богд хааны үед ноёны бөх гэж байхад ардын бөх ноёны бөхтэй барилдаад хальт унагаад босгоод ирэхэд зөвшөөрөхгүй. “Үгүй үгүй, унагаагүй. Зөвхөн өвдөг нь шороодсон. Дахиж барилдуулъя” гэдэг байж. Өвдөг шороодох гэдэг чинь тэрнээс гаралтай юм. Түүнээс биш одоо энэ сайхан дэвсгэр, цэлгэр танхим, цэнгэлдэхийн зүлгэн дээр бөхчүүдийг шороотой хутгаад байх юм байхгүй. Телевизийн зарим тайлбарлагч өвдөг шороодлоо л гээд яриад байдаг. Тэгж ярихгүйгээр, “Уналаа”, “Тэр бөхөөр давлаа” гэж ярих нь зүйтэй. Бөхийн тайлбарт янз бүрийн алдаа их гарна аа, тэгж хэлээсэй, ингэж хэлээсэй гэж бодогдоно. Хоёр аймгийн дөрвөн арслан барилдаж байхад л “Дөрвөн аймгийн арслан барилдаж байна” гэж байгаа юм. Тэрийг нь хартал Ховдын хоёр, Говь-Алтайн хоёр арслан л барилдаж байх жишээний.

-Таны бөхийн номууд их эрэлттэй байдаг. Та аварга, арслан цолтнуудын тухай ном бичсэн. Одоо гарьд, заан цолтнуудын тухай өгүүлэх номны ажилдаа орчихсон байгаа гэл үү?

-“Үндэсний бөхийн 21 аварга” номыг 2013 онд хэвлүүлсэн юм. 1921 онд улсын наадамд түрүүлсэн, Архангай аймгийн харьяат Лу гүний Вандан аваргаас Г.Эрхэмбаяр аварга хүртэлх 21 аваргын тухай энэ номд бичсэн. 1921-2013 он хүртэл улсад түрүүлсэн, үзүүрлэсэн их шөвөгт үлдсэн бөхчүүдийн талаар судалгаа гаргасан юм. Харин өнгөрсөн жил 51 арслангийн тухай номоо гаргасан. 1923 онд Ардын хувьсгалын наадамд Архангайн Далантай арслан түрүүлснээрээ ардын хувьсгалын жилүүдийн анхны арслан болсон. Энэ хүнээс эхлүүлээд 2015 онд арслан болсон Э.Оюунболд хүртэл бичсэн юм. Бас л барилдааны бодит байдлыг уран сайхны аргатай хослуулж гарал үүсэл, төрөлх аймаг нутаг, ямар барилдаанаас гараагаа эхэлсэн юм. Улс, аймаг, сумын барилдаанд хэрхэн барилдсан юм. Ямар ямар амжилт гаргаж хэдэн удаа шөвгөрсөн юм гээд их дэлгэрэнгүй бичсэн л дээ. 2003 оноос гарьд гэж цол өгдөг болсноос хойш 11 гарьдтай болоод байгаа. Тэдний тухай бүх мэдээ сэлт, материалаа олоод бэлдээд тавьчихсан байна. Өнөө жилийн наадмаар нэг гарьд төрөх байх. Тэгэхээр 12 болгоод ирэх намраас хэвлүүлнэ гэж төлөвлөчихсөн. Энэ номны дараа хэвлэгдэх 140 гаруй зааны хураангуйг бичиж байна. Жишээ нь хамгийн их заан цолтон төрсөн Булган аймгийн 29 заан. Архангай, Завхан, Өвөрхангай гээд л заануудынхаа гарал үүсэл, төрсөн он сар, нутаг хошуу, улсад үзүүлсэн амжилтуудыг нь базаад бичиж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Дашзэвэг: Би зодог тайлчихлаа

Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч Б.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Сэтгүүлзүйгээс зодог тайлах ёслол тань сайхан болж өнгөрчээ. Телевизийн тайзнаа сөгдөж, микрофоноо үнсч хүндэтгэл үзүүлсэн тань сэтгэл хөдөлгөсөн шүү?

-Миний хувьд радио, телевизээр дуу хоолойгоо хүргэсний 50 жилийн ой тохиож байна. Одоогоос 50 жилийн өмнө Монголын радиогийн хүүхдийн “Өглөөний мэнд” нэвтрүүлгээр мэдээ уншиж сэтгүүлчийн ажлаа эхлүүлсэн. Тэр бол нэвтрүүлэгч, хөтлөгч, сурвалжлагч гэх мэргэжлийн минь гараа байсан. Сэтгүүлзүйн салбарт зүтгэсэн 50 жилийн минь ойн хүрээнд гурван гол үйл явдал болох юм. Нэгдүгээрт, миний ажлын гараа болсон Монголын Үндэсний олон нийтийн телевизийн их студид баяр хүргэх нэвтрүүлэг хийсэн. Хүмүүс надад баяр хүргэсэн, би хүмүүст баярласнаа илэрхийлсэн юм. Хоёрдугаарт, “Би олон улсын сэтгүүлч” гэдэг үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд сурвалжлагчийн зүүдэг үнэмлэхээс авахуулаад, ажлын аппарат, хэрэгсэл, дэлхийн олон орноос авчирсан янз бүрийн эд, дурсгалын зүйлс, уран бүтээл, ном зохиол, CD, DVD дэлгэгдэнэ. Их сонирхолтой үзэсгэлэн болно. “Blue mon” цамхгийн нэгдүгээрт давхарт гарах юм. Тэр үзэсгэлэнгийн үеэр шинэ номын нээлтээ хийнэ. Шинэ номын маань нэр “Гайхуулж, шуугиулж амьдрах сайхан” гэж. Миний зохиосон,

…Ганцхан олдох насандаа

Гайхуулж явалгүй ч яах

юм бэ гэдэг дуу бий. Та бүхэн мэднэ дээ, “Амьдрах сайхан” гэж дуу байдгийг. Энэ ном бол хүмүүсийг дурсан санасан тэмдэглэл юм. Хүмүүсийн тухай ном. Миний уран бүтээлийн нэгдүгээр сэдэв бол хүн.

-Гуравдугаарт нь?

-50 жилийн хөдөлмөр, уран бүтээлийн хүндэтгэлийн ёслол болно. Дуу хууртай, хоол ундтай, үзэсгэлэнтэй

нэг ёсны цэнгүүн болох юм. Ийм л гурван үйл ажиллагаа төлөвлөсөн дөө.

-Та зодог тайлах ёслолынхоо талаар сонирхуулахгүй юу?

-Үндэсний телевизийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгээр баяр хүргэх нэвтрүүлэг маань явсан. Тэрэн дээр би зодог тайлсан. Тэрийг та бүхэн үзсэн бол сонин байж болох юм. Би хоёр шавьдаа цом гардуулсан. Тэр цом их сонин. Номон дээр микрофон, үзэг байгаагаар дүрсэлсэн. Баяр хүргэх нэвтрүүлгийн маань хамгийн гол цөм нь би их студидээ сөгдөөд, камер руу очоод адис аваад үнсч байгаа юм. Намайг тэгж зодог тайлахыг хараад миний жижигхээн ач уйлсан. Би ч бас уйлсан, мэдээж хэрэг. Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, ГовьАлтай аймгийн төлөөлөгч, уран бүтээлчид үг хэлсэн. Миний арван жилийн багш ирж баяр хүргэсэн нь их сайхан. Ингэж л зодог тайлах үйл явц болов оо.

-Таныг 50 жил ээлжийн амралтгүй ажилласан гэдэг. Үнэн үү?

-Үнэн, үнэн. Радио, телевизээр дуу хоолойгоо 50 жил тасралтгүй хүргэжээ. Тэр байтугай ээлжийн амралт гэдэг юмыг ч аваагүй ирсэн байна билээ. Гадаадад найман жил, бусад үед нь эндээ байжээ. Монголын олон улсын сэтгүүлч гэдэг үнэмлэхийг социализмийн үед Чехословакийн нийслэл Прагт төвтэй байгууллагаас, ардчилал, өөрчлөлт, даяарчлал гараад ирэхээр Брюселльд төвтэй Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас авсан анхных нь сэтгүүлч байгаа юм.

-Та сэтгүүлзүйгээс зодог тайлчихлаа. Одоо тэгэхээр DZ man дууны уран бүтээлрүүгээ илүүтэй анхаарал хандуулах нь уу гэж таамаглаж байна?

-Бие дааж гаргасан 12 ном байна. Бие дааж гэх юм уу даа, тэгж хийсэн баримтат болон уран сайхны 18 кино байна. Нийтийн дуу 20-иод байна, хүмүүсийн мэддэг. Рок поп, электро хөгжмийн найман дуутай цомог байна. “Цэнгэн хөгжилдье” гэж зодог тайлах ёслолын үеэр дууллаа шүү дээ, би. Мөн клип, DVD долоон ширхэг, CD зургаан ширхэг. Хийсэн юм асар их. Гэхдээ нэг юмыг олон хийе гэж боддоггүй. Уучлаарай, зарим сэтгүүлч, зохиолч 20, 50, 60 ширхэг ном гаргасан байдаг. Миний хувьд арав гаруй номтой ч ном тус бүр минь өөр. Өөрөөр жанрынх. Сэтгүүлчийн замын тэмдэглэл, үргэлжилсэн үгийн зохиол, яруу найраг, гадаад хэлний сурах бичиг гээд янз бүр. Уран бүтээл асар их байна. Тэрнийгээ л нэг ёсондоо тайлагнаж байгаа юм.

-Интернэт гэж байхгүй, мэдээллийн хэрэгсэл ховор байсан цагт гадаадад өрнөж байгаа үйл явдлыг танаас л сонсоцгоодог байлаа?

-Олон улсын сэтгүүлч болно гээд Монгол Улсын их сургуулийн гадаад хэлний ангид орсон юм. Хэлийг нь мэдэж байж олон улсын сэтгүүлч болно. Би их сургуулийг төгсөхдөө орос, франц хэлтэй төгссөн. Мэдээг яаж авдаг байсан бэ гэхээр гадаадын радио сонсоно. Гадаад яамны дипломат сурвалжлагчийн үнэмлэхтэй. Тус яаманд очоод гадаадаас ирж байгаа франц хэл дээр хэвлэгдсэн сонинг гуйж аваад тодорхой хугацааны дараа

буцааж өгдөг байлаа. Мэдээг тэгж л их зовж хийдэг байсан сан. Одоо бол гэртээ хариад ганцхан товч дарахад л бүх юм англи, герман, франц хэлээр гараад ирж байна.

-Та Германы Берлин хотод нэлээд удаан ажилласан байх аа?

-Би Европын холбоонд найман жил сурвалжлагч

байсан. Эхлээд Брюселльд байснаа наашлаад л наашлаад л байсан. Надад улсаас тэнд амьдрах байрны мөнгө өгдөг байсан юм. Наашлах тусам байрны түрээсийн үнэ хямдарна. Брюселлиэс Берлинд ирэхэд түрээсийн үнэ нэг дахин хямдардаг байсан юм. Европын холбооны улсад сурвалжлага хийгээд явахад маш амархан. Машинаар бараг нэг өдрийн дотор бүгдийг нь тойрчихсон ш дээ. Өнгөрсөн хугацаанд би дэлхийг гурван удаа бүтэн тойрсон байна лээ.

-Ямар ажлаар вэ. Сурвалжлагаа хийж яваад уу?

-Яагаад тойрчихов гэхээр машинаар яваад тойрчихоогүй. Социализмийн үед Хятад, Орос таагүй харилцаатай байлаа. Тэгэхэд би Нью-Йоркт очиж НҮБ-ын чуулганыг сурвалжлахдаа одооных шиг Бээжин-Токио гээд нисчихдэггүй байлаа. Тэр үед Москва-Парис-Исланд гэж нисээд харин буцахдаа НьюЙорк- Токио-Улаанбаатар

гэсэн чиглэлээр ирдэг байлаа. Чуулган сурвалжлахын тулд дэлхийг бүтэн тойрч байгаа биз. Тэгж л дэлхийг гурван удаа тойрсон доо.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн шинэ тэрбумтан буюу “Snapchat”-ийн Эван Спигел

“Snapchat”-ийг үүсгэн байгуулагч Эван Спигелийн хөрөнгө энэ сарын 1-ний байдлаар 6.2 тэрбум ам.долларт хүрсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хөрөнгийн хэмжээ нь богино хугацаанд асар хурдтай нэмэгдэж дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын цээжин хэсэг рүү “давхиж” байгаа түүнийг “26 настай залуу дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын жагсаалтад хурдтай явж байна”, “23-хан насандаа тэрбумтнуудын жагсаалтад нэр бичигдсэн Спигелийн нийт хөрөнгө 6.2 тэрбум ам.долларт хүрээд байна”, “Энэ эрчээрээ явбал Спигел “Фэйсбүүк”-ийн Марк Цукербергийн амжилтыг эвдэж мэдэх нь”, “Богино хугацаанд өөрийн хүчээр ингэж тэрбумтан болсон залуус хэр олон байдаг вэ” гэх мэтээр онцолж байна. Гар утсаараа зураг авахаар нохойных шиг чихтэй болж урт гэгчийн хэлээ унжуулдаг хөгжилтэй аппликейшн байдаг шүү дээ. Манайхан энэ программыг ашиглан зургаа янз бүрийн байдалтай даруулсан байдаг. Энэ snapchat гэдэг юмыг зохион бүтээсэн үүсгэн байгуулагч нь Эва Спигел юм.

Эван Томас Спигел 1990 оны зургадугаар сарын 4-нд Лос-Анжелест төржээ. Стэнфордийн их сургуульд сурч байхдаа тэрээр Браун, Бобби нартай танилцсан бөгөөд тэр үед тэд “Snap” компаниа үүсгэн байгуулсан байна. Их сургуулийн оюутнууд лабораторийн хичээл дээрээ өвөрмөц маягийн мессенжер зохиоё. Бичсэн мэдээ, харилцан бичилцсэн бичвэр, зураг сэлт нь тодорхой хугацааны дараа өөрөө устчихдаг байх нь аюулгүй байдал талаасаа хүмүүст таалагдах байх гэсэн санаан дээр тэд нэгдээд snapchat буюу тухайн үед Pictaboo-гоо нийтэд танилцуулжээ. Pictaboo-д 127 хэрэглэгч бүртгүүлсний дараа Браун “Энэ миний санаа байсан. Тиймээс компанийнхаа 30 хувийг эзэмшинэ” гэсэн нь хамтрагчдад нь таалагдаагүй учир нөгөө хоёр нь түүнийг компаниасаа гаргаж, түүний аккаунтуудыг нь блоколжээ. Энэ бол 2011 оны үе. Snapchat-ийн үүсэл эндээс эхтэй.

Ингээд Бобби, Спигел Pict­aboo-гийнхоо нэрийг Snap­chat болгоод хэрэглэгчдээ ахлах ангийн сурагчид байхаар төсөөлж байтал тэр хүрээнээс хальжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж 2013 онд “Фэйсбүүк”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг компанийг нь гурван тэрбум ам.доллараар худалдан авахыг санал болгоход татгалзсан нь тухайн үед шуугиан дэгдээж байсан юм. Алдрын оргилд мөн л гайхамшигтай байдлаар хүрээд байсан Цукербергийн саналаас ийнхүү татгалсан нь эргээд “Snapchat”-ийг дэлхийд сурталчилсан том сурталчилгаа болсон гэж дүгнэх нь бий. Магадгүй тэр үед “Snapchat”-ийг “Фэйсбүүк”-ийн сүрэнд алга болно гэж таамаглаж байсан нь өнөөдөр ийнхүү няцаагдаж байгаа юм. Мэргэжлийн улсууд нь Snap­chat-ийг дагавар программ, хачир төдий аппликейшн маягийн хэмжээнд үнэлсэн нь эндүүрэл байсан гэдэг. 2014 онд “Snapchat” компанид “DST global” сангаас хөрөнгө оруулах үед тус компанийн нийт үнэлгээ хэдийнэ долоон тэрбум ам.долларт хүрээд байлаа. Тэр үеэс “Snapchat”-д хөрөнгө оруулах саналд дарагдаж 2015 онд тус компани 200 сая ам.доллар, өнгөрсөн оны эхээр 175 сая ам.доллараар хөрөнгөө зузаатгасан билээ.

“Snapchat” Америк, Канадад л гэхэд 60 сая гаруй хэрэглэгчтэй болоод байна. Дэлхийн 161 сая хүн өдөрт дунджаар хагас цагийг “Snapchat”-д зарцуулж байгаа нь яалт ч үгүй компанийн үүсгэн байгуулагчдын хөрөнгийг нэмж байгаа үзүүлэлт мөн. Нэг секундэд 9000 пост “Snapchat”-д ордог.

Спигелийн аав Ж.В.Спигел, ээж Анн Мелисса нар нь хоёул хуульч мэргэжилтэй улсууд бөгөөд хүүгээ багаасаа л дайчин чанартай, нэг зүйлд төвлөрвөл ард нь гарч байж санаа амардаг хүү байсан тухай ярьжээ. Спигелийг оюутан байхдаа энд тэнд ажиллаж, “Red bull”-д хүртэл дадлага хийж байхдаа цалин авч байгаагүйг нь онцолсон байна.

Оюутны ширээнээс л цахим ертөнцөд хөл тавьж өдгөө дэлхийн долларын тэрбумтнуудын жагсаалтад нэр төртэйгөөр бичигдэж байгаа Эван Спигелийн хувийн амьдрал ч олны анхаарлыг татдаг. Спигел 2014 онд Нью-Йорк хотноо болсон “Louis Vuitton”-ий үдэшлэг дээр загвар өмсөгч Миранда Керртай анх танилцсан бөгөөд дараа жилээс нь хосууд харилцаатай болж улмаар өнгөрсөн оны долдугаар сард сүй тавьсан юм.

Спигел өнгөрсөн онд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн баячуулын 854 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол жил хүрэхгүй хугацаанд хөрөнгө нь 2.6 тэрбумаар нэмэгдсэн нь түүнийг энэ эрчээрээ дахиад гурван жил явбал тэргүүлэх хорин тэрбумтны жагсаалтад орох залуу баян болно гэж таамаглаж байна.

Snapchat-ийн хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бизнес эрхлэгчдэд “Фэйсбүүк”-ээс гадна өөр сувгаар сурталчилгаагаа хүргэх томоохон боломжийг бүрдүүлдэг гэж үздэг. Хэрвээ танай компани бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд, хилийн чанадад таниулахыг хүсч байгаа бол snapchat нэг том боломж гэдгийг ажиглагчид хэлдэг, зөвлөдөг.

Манайхан “Твиттер”-т ухаан муутай хүн алга, “Фэйсбүүк”-т царай муутай хүн алга гэдэг. Харин “Snapchat” нь хөгжилдөх, хөгжилтэй байх газар. Энэ чанар нь л “Snapchat”-ийг үүсгэн байгуулагчдыг ийнхүү баян болгоод байгаа юм. Нөгөөтэйгүүр Эван Спигелийг баячуудын эгнээнд хүч түрэн зогсолтгүй дээшилж байгааг “Дэлхий нийт элэгсэг, найрсаг, хөгжилтэй байхыг илүүд үзэж байгаа нь баячуудын эгнээнд “Snapchat”-ийн 26 настай залуу орж ирснээр харагдаж байна” хэмээн дүгнэж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог иргэд ер тоосонгүй

Өчигдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. 2011 онд Засгийн газар тогтоол гаргаснаас хойш дуут дохиог жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт дуугаргадаг уламжлал тогтоод байгаа юм. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах ёстой байдаг. Нийслэлийн хоёрдугаар сургуулийн гадаа очиход сурагчид толгой дээрээ цүнх, номоо тавиад гүйлдэж гарч ирлээ. Багш нар нь хүүхдүүдээ хариуцаад хаана яаж зогсохыг заана. Зарим сурагч “Тийм ээ, хичээл цонхоллоо. Үдээс хойших хичээл орохгүй, гоё оо” хэмээн гүйж харайн хөөцөлдөхөд багш нар нь жагсаалдаа орж толгой дээрээ цүнхээ барихыг сануулна. Сурагчдаас чухам юу хийж байгааг нь, яагаад толгой дээрээ цүнх, номоо барьсныг нь асуувал “Газар хөдөлж байгаа болохоор цүнхээ толгой дээрээ тавьж байгаа юм”, “Газар хөдлөх үед биднийг ингэж толгойгоо хамгаалаарай гэсэн. Бид сургуулиас гарч ирэхээсээ өмнө дохио дуугарангуут ширээн доогуураа орсон”, “Газар хөдлөхөд ингэж хамгаалах ёстой гэсэн” хэмээцгээж байлаа. Энэ үеэр сургуулийг бүгд орхин гарсан ч дотор сурагч, багш нар үлдсэн тохиолдолд тэднийг хэрхэн аврах ёстойг үзүүллээ. Гамшгийн үед авран хамгаалах ажлыг хэрхэн хийх талаар сургалтад сууж мэдлэгтэй болсон багш, ажилтнууд баг болж ажиллаж сургууль дотор үлдсэн хүмүүсийг гаргаж ирлээ. Тэд дотогш орохдоо фэйсбүүкээр лайв бичлэг хийж хүмүүсийг хэрхэн эрж олж аваад үүрч гарч ирж байгааг том дэлгэцээр шууд харууллаа. Тус сургуулийн сургалт хариуцсан ажилтан Б.Туяатай уулзахад “Манай сургуулийн хоёрдугаар ээлжинд хичээллэдэг 22 бүлэг, 103 багш, захиргаа аж ахуйн 34 ажилчин, 775 сурагч аюулгүй байдлыг хангаж гадаа гарч жагслаа. Мөн аюултай бүсэд үлдсэн иргэдийг олж эмнэлгийн анхны тусламж үзүүллээ. Уг арга хэмжээнд 103 багш, захиргаа аж ахуйн 34 ажилчин 775 сурагч хамрагдлаа” гэсэн мэдээлэл өгсөн юм. Гадаа салхилж суусан ахмад настай хүмүүс “Энэ чинь түгшүүрийн дохио юу даа” хэмээн ойр зуураа ярилцана. Харин залуу хүмүүсийн хувьд гамшгийн дохио дуугарч байгааг ерөөсөө анзаарсан шинж алга. Зарим хүмүүс сургуулийн хашааны цаанаас “Эд юу хийгээд бужигнаад унав даа” гэсэн янзтай гайхан зогсох аж. Бага ангийн сурагчдыг сургуулиас нь авах гэж үүдэнд нь зогссон эцэг, эхчүүдийн хувьд гамшгийн дохиог тоож байгаа янз алга. Сургуулийн үүд нээгдэхийг хүлээж хаалган дээр багширч байв.

Сүхбаатарын талбайд очиход хөл хөдөлгөөнтэй байлаа. Онцгой байдлынхан, түргэн тусламж, ус суваг, цахилгаан түгээх сүлжээ, аврах анги, халдварт, хорио цээрийнхэн гээд олон байгууллагынхан хэдийнэ ирчихсэн байлаа. Газар хөдлөлтийн үед үзвэр үзэж байсан иргэдийг тухайн орчноос хэрхэн гаргаж, яаж аврах талаарх сургалт үзүүлж байлаа. Хүчтэй газар хөдлөлт Соёлын төв өргөөний орчимд их хүчтэй мэдрэгдсэнээс тус өргөөний урд хэсэг бүрэн нурж, цахилгаан тасарч, цэвэр бохир ус хальж үзвэр үзэж байсан 100 орчим иргэн танхимаас гарах боломжгүй хашигдаж, дарагдсан нөхцөл үүссэн хэмээн төсөөлж аврах үйл ажиллагааг явуулж байлаа. “Соёлын төв өргөө”-ний газар хөдлөлтийн гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, түр байршуулах байрыг хэрхэн байгуулах схемийг томоор харуулж өлгөсөн байв. Мөн гал түймрийг унтраах, хүн, хүч, техник хэрэгслийг байрлуулсан схем зургийг ч өлгөжээ.

Дотор байсан иргэдийг аюулгүй газар буюу Сүхбаатарын талбайд гаргаж ирэв. Нэг иргэн газар хөдлөлтийн нуралтаас болж нуруундаа хүнд гэмтэл авсан учир түүнийг тусгай хэрэгсэл ашиглан хоёрдугаар давхрын цонхоор буулгаж ирлээ.

Түргэн тусламжийн эмч нар нэн даруй анхан шатны тусламж үзүүлж түргэний машин аваад явчихав. Газар хөдлөлтийн үеэр цэвэр, бохир усны шугам эвдэрч, тог цахилгаанд асуудал үүсдэг. Тиймээс гамшгийн үед зөвхөн Онцгой байдлынхан л ажилладаг гэж ойлгож болохгүй юм. Хүн гэмтлээ гэхэд эмч нар түргэн тусламж үзүүлнэ, тог цахилгаанд масс үүсвэл цахилгаан түгээхийн инженерүүд нэн даруй цахилгааныг нь салгаж хэрэгтэй арга хэмжээ авдаг бол ус сувгийнхан бохир, цэвэр усны шугам хоолойг засч, халдвартын ажилтнууд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ийм маягаар байгууллагууд маш нарийн уялдаа холбоотой ажиллах ёстойг энэ үеэр харуулж байлаа. Гамшиг ослыг далимдуулаад зарим этгээд хулгай дээрэм хийх тохиолдол гардаг юм байна. Ийм зүйл тохиолдож болзошгүйг иргэдэд сэрэмжлүүллээ. Нэгэн этгээд зурагт хулгайлахыг завдсаныг хэв журам сахиулах албаныхан илрүүллээ. Гамшгийн үеэр иргэдийг бүртгэхэд хоёр иргэн алга байлаа. СТӨ-нд үйлчлэгчээр ажилладаг, 47 настай Д, урлагийн тоглолт үзэж байсан оюутан, 20 настай Б нар алга болсон байлаа. Тэднийг эрэн сурвалжлахад Д нь гамшиг болохоос өмнө дэлгүүр орохоор ажлаас түр гарч явж байсныг харсан хүн байсан бол оюутан Д гамшгаас зугтаж арын хаалгаар гарч аюулгүй газарт очсон байсныг тус тус тогтоосноо зарлалаа. Энэ мэтээр гамшиг ослын үед аврах ажиллагаа, эрэн сурвалжлах ажиллагааг хэрхэн явуулдгийг бас ямар болзошгүй зүйл болдгийг сэрэмжлүүлэх үүднээс ийнхүү үзүүлэх сургалтаар харуулсан юм.

Гал унтрааж, цахилгаан, шугам сүлжээг аюулгүй болгосны дараа гамшигт өртсөн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа боллоо. Гамшиг ослын үед аюулгүй газарт хүргэх унаа тэрэг ирэхэд хоорондоо уралдаж, тэмцэлдэж бөөн шуугиан болдог. Иргэдийг аль болох тайван амгалан байж автобусандаа суухыг, суудал хангалттай байгаа учир яарч тэвдэхгүй байхыг сануулж байлаа. Бэлх зах дээр иргэдийг байршуулах байр, явуулын эмнэлэг барьж бэлдсэн бөгөөд гамшигт өртсөн иргэдийг автобусаар тийш авч явсан юм. Гамшгийн сургалтын үед иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа нь анхны тохиолдол болж буйг Штабын дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж хэлж байлаа.

Сургалтыг харж зогссон иргэд “Ёстой үнэмшилтэй юм. Яг гамшиг болчихсон юм шиг л харагдлаа. Хүмүүс шуугилдаад аврагчид хүмүүсийг зөөгөөд гал унтраад ёстой сүртэй юм боллоо”, “Гоё л юм үзчихлээ. Гэхдээ муу ёртой ч юм шиг санагдчихлаа”, “Үнэхээр гамшиг осол болбол мэдлэгтэй л байхгүй бол хэцүүхэн л юм болдог бололтой. Ямар азаар бид амгалан оронд төрчихсөн юм бэ” гэцгээж байлаа. Зарим иргэд ийм сургалтыг албан байгууллагуудад цувралаар зохион байгуулж байх хэрэгтэй юм, дуут дохионы аппаратыг нийслэлийн бүх дүүрэгт аль болох олон тоогоор байршуулахгүй бол захдуу газар, эсвэл том барилгуудад сонсогдохгүй байна гэхчилэнгээр санал бодлоо илэрхийлж байв. Улаанзагалмай нийгэмлэгийн гишүүд ч энэ үеэр гамшиг ослын үеэр иргэд яаж өөрийгөө аврах ёстойг, багаж хэрэгсэл, өмсгөлийг яаж өмсөхийг зөвлөж байлаа.

Гамшиг ослын үзүүлэх сургалт болж байгааг мэдээгүй иргэд “Соёлын төв өргөө шатаад байхад яагаад унтраахгүй байгаа юм. Манайхан ийм ш дээ. Зам талбай нь бөглөрчихсөн байхад гал командынхан яаж ирэх юм. Соёлын төв өргөө шатаад дууслаа ш дээ” гэж хий л бухимдаж гар утсаараа зураг авч байлаа. Энэ үзүүлэх сургалтын үеэр төв талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг хаагаад Соёлын төв өргөөний баруун хойд талд утаа тавьчихсан байсныг иргэд ингэж буруу ойлгосон байлаа.

Уг үзүүлэх сургалтыг харсан иргэд ямартай ч газар хөдөлсөн үед ямар арга хэмжээ авдгийг нүдээрээ үзсэн бол бусад иргэдийн хувьд харин юу ч мэдсэнгүй. Яагаад гэвэл дуут дохио дуугарч байхад түүнийг анзаарч сонсч байгаа хүн байсангүй. Ер нь л тоосон шинжгүй алхацгааж байсан нь харамсалтай. Зарим иргэн “Юу, тийм юм болсон юм уу. Би л лав дуут дохио сонсоогүй” эсвэл “Дуугарч л байсан. Дуугарлаа гээд яах вэ дээ” гэсэн байр суурьтай байлаа.

XI хорооллын оршин суугч, өндөр настан Т.Сэрээтэр “Дээр үед ийм гамшгийн дохио сонсоод бид чинь сүнсээ зайлтал айдаг байлаа. Ээжүүд нь үр хүүхдээ хөтлөөд хорт хийн баг зүүгээд хоргодох байр руу гүйдэг байлаа. Миний хувьд сая дуут дохиог эхлээд анзаараагүй юм. Сургуулийн хүүхдүүд гүйлдэж гарч ирэхээр нь сургуулилт болж байгаа юм байна гэж бодлоо. Ер нь хүнд сэрэмж хэрэгтэй. Аливаа улс орон юуны ч өмнө бэлэн л байх ёстой. Ийм сургалтыг үе үе явуулж байхгүй бол ийм дуут дохиог сонсоогүй хүүхдүүд их байх шиг байна” хэмээсэн юм. Гамшиг ослын үзүүлэх сургалтын үеэр Соёлын төв өргөөний дэд дарга, дуучин Б.Сарантуяатай уулзахад ийм төрлийн сургалтыг тогтмол явуулж байх нь зүйтэй. Манай мэргэжлийн албад ямар чадварлаг, хурдан шаламгай байгааг сургалтын үеэр харснаа хэлсэн юм. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сараас энэ албыг аваад шинэ он гарангуут Онцгой байдлын албаныхантай хамтарч ажилчдадаа гамшиг ослын үед хэрхэн ажиллах сургалтыг хэд хэдэн удаа явуулсан юм байна. Ажилчид нь өмнө нь сургалтад сууж тодорхой хэмжээний мэдээлэлтэй болчихсон байсан учир өчигдрийн болсон үзүүлэх сургалтын үеэр үзэгчдээ аль болох сандраахгүй, өөрсдөө ч сандрахгүй бүгдийг нь гадагш аюулгүй гарахад нь тусалсан байна. “Соёлын төв өргөө бол Сүхбаатар дүүргийн томоохон обьектуудын нэг. Өнөөдөр ийм үзүүлэх сургалтыг манай дээр амжилттай зохион байгууллаа. Энэ үзүүлэх сургалтаас надад юу бодогдсон бэ гэхээр манай мэргэжлийн хүмүүс ажилдаа үнэхээр сайн юм байна. Хэрвээ гамшиг осол болвол тэдэнд итгэж болох юм байна гэсэн бодол төрлөө. Мөн байгууллагууд дээр ийм сургалтыг явуулах хэрэгтэй” гэж СТӨ-ний дэд дарга Б.Сарантуяа хэлж байлаа.

Өчигдөр дуугарсан гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио бол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар хөдлөлт, байгалийн ямар нэг гамшигт бэлэн үү гэдгийг нь шалгасан шалгалт байсан. Гэтэл энд тэнд зохиосон үзүүлэх сургалтыг эс тооцвол үнэндээ Улаанбаатарын иргэд, монголчууд газар хөдлөлтөд бэлэн биш гэдэг нь харагдлаа. Гамшгийн дуут дохио дуугарахад ядаж зогтусаад эргэн тойрноо ажиглаж ойролцоо явж байгаа хүнээсээ юу болоод байгааг асуух ёстойсон. Хэрвээ жинхэнээсээ газар хөдөлбөл гудамжинд явж байсан хүн “Энэ чинь юу болж байна аа. Толгой эргээд газар дайвалзаад явчихлаа. Даралт ихэсч багасаад байна уу даа. Халуун цай ууя даа” гээд цайны газар бараадаж мэдэхээр тийм л хэнэггүй байгаа нь өчигдөр анзаарагдав. Ер нь гамшиг ослын үед ганц ч хүн нурангид даруулж, элдэв зүйлд өртөж нас бардаггүй юм гэдгийг Японы ард түмэн дэлхий нийтэд харуулдаг. Гамшгийн үед хүмүүс чухам юунаас болж амьсгал хураадаг вэ гэхээр гэнэтийн ослоос айж цочсоноос зүрх нь хаагддагтай холбоотой. Гэнэтийн осолд бэлэн биш байсан хүний л зүрх айснаасаа болж зогсдог гэсэн үг. Ингэхээр ерөөсөө л аливаа гамшигт бэлэн байх нь л учирч болох эрсдэлийг бууруулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монгол инженерүүд өнөө жил гадны 20-25 онгоц засах төлөвлөгөөтэй ажиллаж байна

МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар уг нь компанийнхаа таван агаарын хөлгийг нислэгт бэлэн байлгах үүрэгтэй. Гэтэл эдний хамт олон нөөц бололцоогоо түшиглэж үйл ажиллагаагаа өргөжүүлж олон улсын хэмжээнд ажиллаад дөрвөн жил болж байна. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын засварын ангарт орлоо. ОХУ-ын “UT air” компанийн “Иван Хохлов” гэдэг нэртэй агаарын хөлөг засварт орж байна. Инженерүүд онгоцны далавч, их бие, дугуй, ачааны хэсэг гээд бүхий л газарт нээлхийнүүдийг онгойлгоод засвар үйлчилгээг нь хийгээд завгүй. Хүчит хоёр том сэнс, уртаас урт далавч, шонхор мэт хошуутай сүрдмээр том онгоцны эргэн тойронд хувцсаар жигдэрсэн ажилтнууд нааш цааш холхиж, автомат шат дээш доош сунаж энд тэндгүй цахилгаан багаж хэрэгслийн дуу тасралтгүй хадаж ажил ид буцалж байлаа.

Тус компанийнхан нөөц бололцоо, инженер техникийн ажилтнуудын ур чадвар, байр савны боломжоо харгалзан үзээд гадны агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийе гэдэг санаагаа 2011 оноос хойш хэлэлцэж ярилцаад ажил хэрэг болгосон нь 2014 онд биелжээ.

Тухайн оны долоодугаар сард Тайландын “Orient” компанийн онгоцыг хүлээн авч засварласан нь анхны гадаад ажил нь болжээ. Дараа жил нь гадаадын таван онгоц зассан бол 2015 онд найм, 2016 онд 15 онгоцонд засвар үйлчилгээ хийсэн байна. Одоогоор БНСУ-ын гурав, ОХУ-ын хоёр, Тайландын гурван авиа компанитай гэрээ хийж онгоцуудыг нь засч байгаа аж. Аливаа бизнесийг жилд 10-15 хувийн өсөлттэй байвал жигд хурдтай, сайн гэж дүгнэдэг. Гэтэл эдний байгууллагын хувьд өсөлт нь дөрөв, найм, 16 гэж геометрийн прогрессийн дагуу явж байгаа нь бахархал төрүүлнэ. Эхлээд өөрийнхөө 60х60 хэмжээтэй ангарт гадны агаарын хөлгүүдийг засч байсан бол үйлчлүүлэгч нь нэмэгдсэн учир “Изинис” компанийн ангарыг түрээсэлж хоёр зэрэг засвар үйлчилгээ хийж байгаа юм байна. Түрээсийн ангарт нь БНСУ-ын “EASTAR” авиа компанийн онгоц засвар хийлгэж байгаа аж.

Агаарын хөлөг, хөлөг онгоц болгон өөрийн оноосон нэртэй. Иван Хохлов гэдэг нь уг онгоцны нэр

Тус завсар үйлчилгээний газрын Үйлдвэрлэл, төлөвлөлт, хяналт хэлтсийн дарга Б.Төмөрчөдөр, Маркетинг, борлуулалтын хэлстийн инженер Ж.Чинзориг нар байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь Үйлдвэр, төлөвлөлтийн хэлтэс, Техник үйлчилгээний хэлтэс, Инженерингийн хэлтэс, Материал хангамжийн хэлтэс гэсэн дөрвөн үндсэн хэлтэстэй бөгөөд нийт 150 гаруй инженер, техникийн ажилтантай. Эдний хамт олон агаарын хөлөгт бүрэн хэмжээний үйлчилгээ үзүүлдэг бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллага болох алсын хараатай ажилладаг юм байна.

Ямар нэг онгоц засахаар болбол тэр онгоц эхлээд аль улсад харьяалалтай байгаа нь чухал. Жишээ нь Англид бүртгэлтэй онгоц байвал Английн холбогдох байгууллагуудаас онгоцонд нь хүрэх зөвшөөрөл, эрх авна. МИАТ-ийн таван онгоцын хоёр нь Монгол Улсад, гурав нь Ирланд улсад бүртгэлтэй. Ирланд гэхээр Европын холбооны харьяанд байдаг улс учир тус холбооны Иргэний нисэхийн ерөнхий газраас олгодог тусгай зөвшөөрлийг авч байж өнөө гурван онгоцондоо засвар хийдэг гэсэн үг.

МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь Ирландад бүртгэлтэй гурван онгоцоо засах эрхийг 2005 онд Европын холбооноос авсан нь эдний анхны олон улсын эрх болж байгаа юм. Харин тэрнээс өмнө онгоцнуудаа гадны компаниудтай гэрээ хийж засвар хийлгэдэг байж. Ж.Чинзориг инженер байгууллагынхаа мэдээллийн хэсэгт байрлуулсан самбар дахь засвар хийх эрх, чанарын гэрчилгээ зэргийг сонирхуулж үүх түүхийг нь тайлбарлав. ОХУ-ын онгоцууд Бермудын аралд бүртгэлтэй байх нь элбэг гэнэ. Тийм учраас манай инженерүүд хойд хөршийнхөө онгоцыг засахын тулд Бермудын арлуудын холбогдох газраас онгоцонд нь засвар үйлчилгээ хийх зөвшөөрөл авчээ. Мөн БНСУ, Тайланд, Турк гэх мэт улсуудын Иргэний нисэхийн ерөнхий газраас онгоцуудад нь засвар үйлчилгээ хийх ийм эрх олгосон баримтуудыг хадгалжээ.

Манай нөхцөлд шинэ машинуудын дөрвөн амортизатор, мөн доогуур явах эд анги нь түрүүлж эвдэрч мууддаг. Масло, тос, арчилгаанаасаа хамаарч мотор, кроп нь элэгддэг. Харин онгоцны хувьд ингэж түрүүлж элэгддэг, мууддаг гэх зүйл үгүй. Ингэж ч ярих боломжгүй юм байна. “Дугуй нь дэлгэгдсэнгүй”, “Нэг мотор нь эвдэрчээ” гэх мэт шалтгаанаас болж онгоц ослын буулт хийх нь бий. Үүнийг гэнэтийн саатал хэмээн үзнэ. Түүнээс биш онгоцны хувьд амархан эвдэрчихдэг, эвдэрчих гээд байдаг зүйл байхгүй. Яагаад гэвэл онгоц инженер, техникийн ажилтнуудын хяналт дор 24 цагийн турш байдаг. Өдөр тутам, нислэгийн үйлчилгээ, нислэгийн дараахь үйлчилгээ, долоо хоног тутмын үйлчилгээ, сарын үйлчилгээ, 12-16 сарын үйлчилгээ гэсэн төлөвлөгөөт үйлчилгээ, засвар байнга хийгдэнэ. Онгоцны хамгийн том, хүнд завсар нь 16-18 сарын дараахь засвар.

“Иван Хохлов” онгоц ийм хүнд хэлбэрийн засвар хийлгэж байгаа. Энэ онгоц 1999 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд үйлдвэрлэгдсэнээсээ хойш хамгийн том засварын үйлчилгээгээ авч байгаа нь энэ. Уг онгоц жил тутмын засвар үйлчилгээнд ойролцоогоор 14-15 удаа орчихоод Монголд ирээд хамгийн хүнд засвараа хийлгэж буй. Манай инженерүүдийн Оросын энэ онгоцыг үйлдвэрээс гарснаасаа хойш хамгийн том задаргаанд оруулж, бүрэн бүтэн байдлыг нь шалгаж баталгаажуулаад онгойлгож болох, үзэж харах бүх нээлхийнүүдийг нээгээд дахиад 16 сар нисэх боломжтой эсэхийг нь баталгаажуулна.

“Иван Хохлов”-ын засварын ажил бараг дуусч байлаа
Түүнээс биш энэ онгоц нисч яваад ямар нэг юм нь эвдрээд болохоо байгаад ирсэн хэрэг биш. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргийн тээврийн зориулалттай С17 агаарын хөлөг Улаанбаатарт ослын буулт хийсэн. Уг онгоц нисэхийн талбай дээр байна. “С17-г засах боломжтой юу” хэмээн Ж.Чинзориг инженерээс асуутал шууд засах боломжгүй гэнэ. Бүтэн жилийн турш хийх засвар үйлчилгээний хуваарь, төлөвлөгөө хэдийн гарчихсан. Тэр хуваариа ягштал мөрддөг юм байна. Ийм гэнэтийн эвдрэл гарлаа гээд тухайн онгоцыг шууд засах бололцоогүй, нэлээд хугацаа шаарддаг аж. Онгоц засах эрх авчихаар бүх төрлийн онгоцыг “Бид засна” гээд л засаад явчихгүй. Ямар үйлдвэрийн, ямар мотортой, ямар онгоцны юу юуг яаж засахыг хүртэл олон улсаас нэг бүрчлэн зөвшөөрөл авч байж гүйцэтгэнэ. Тухайн онгоц дээр 2-3 жил ажиллаж дадлагажсаны дараа сая зөвшөөрөл авах асуудал яригддаг юм байна. Ер нь онгоцны засвар, үйлчилгээ гэдэг маш өндөр хяналт, шат шатны байгууллагын хараан дор болдог сахилга бат хариуцлага шаардсан ажил. Манай улс олон улсын жишгээр 20-25 жилийн насжилттай иргэний нисэхийн онгоцыг хөөрөхийг зөвшөөрдөг юм байна.

Манай онгоцны инженерүүдийн дийлэнх нь ОХУ-д мэргэжил эзэмшсэн бол сүүлийн жилүүдэд Англи, Герман, Канад, АНУ, Австралид төгссөн шинэ залуу боловсон хүчнүүд ажиллах болжээ. ШУТИС-ийн Онгоцны нисэх механикийн ангийг төгссөн залуус ч энд ажиллаж байна. Азид дэлхийд эхний аравт багтдаг томоохон засварын газрууд бий, Хонконг, Хятад, Тайваньд. Хятадуудын хувьд чанарын хувьд нэг их сайшаагддаггүй ч хурдан шуурхай гэдгээрээ танигджээ. Харин манай инженерүүд чанартай, бусадтай өрсөлдөхүйц үнийн санал тавьдаг бөгөөд төсөөллөөс ч давсан чанарыг амладаг нь амьдрал дээр биелдэг учир жилээс жилд үйлчлүүлэгчдийнх нь тоо өсч байгаагаас харж болно. Өнөө жил эдний хамт олон гадны 20-25 онгоц засварлах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

60х60 хэмжээтэй энэ ангарт “Иван Хохлов” шиг ийм “Боинг 767” онгоц ганц л багтана. Харин нарийн их биетэй, цөөн хүний суудалтай “Боинг 737” онгоц хоёр багтана. Ангарынхаа багтаамжид тулгуурлаад “Боинг 737”-г 15-16, “Боинг 767”-г 4-5-г засах боломжтой гэж тооцоолжээ.

“Иван Хохлов” онгоцны засварын ажилтай танилцаж байтал солонгос хүмүүс явж байна. Солонгосын “EAST¬AR” компанийнхан онгоцоо засуулахаар авчирч манай инженерүүдтэй хамт явж байлаа. Ангарын дөрвөн талд “Өөрийнхөө давуу талыг нээж түүнийгээ байнга сайжруулан хөгжүүл”, “Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь таны амжилтын үндэс юм”, “Хэрвээ танд төлөвлөх цаг байхгүй бол ашиггүй үрэх цаг танд байгаа юу”, “Аливаа ажлын сайн бэлтгэл нь ялалтын тэн хагас юм” хэмээн монгол, англиар бичсэн лоозонгууд өлгөжээ. Тэгтэл “Үдийн цайны завсарлага! нийт бүрэлдэхүүн цайндаа орно уу” хэмээн цагаан хоолойгоор хоёронтоо зарлалаа. Инженер, техникийн ажилтнууд уван цуван явсаар цайндаа орлоо. Ангарын гэрэл унтрав.

Инженер Ж.Чинзориг засварын цехүүд, онгоцны удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцууллаа. МИАТ компани онгоцны өөрийнх нь хяналтаас гадна нэмэлтээр суурилуулсан хяналтын системтэй. Хүмүүс санаж байгаа байх. Тайландын онгоц нислэг үйлдэж яваад гэнэт алга болчихсон. Тайландын тус авиа компани нь ийм хяналтын системгүй байснаас онгоцоо алдчихсан хэрэг. Дэлгэцэн дээр нэг онгоц байна. МИАТ-ийн онгоц. Өглөө 08:56 цагт хөдөлсөн бөгөөд одоо хэр өндөрт, ямар координатын цэг дээр, хэдэн км/цагийн хурдтай нисч байгаа нь харагдана.

Онгоцны инженер гэхээр л агаарын хөлгийг бүхэлд нь засчихдаг хүн биш. Эмч нар дотроо дотор, мэс засал, нүд, шүдний гээд ангилагддаг. Үүнтэй адил онгоцны инженерүүд ч үүргийнхээ хуваарилалтын дагуу далавчийн хэсэг, мотор, аюулгүй байдлын систем энэ тэр гээд гүйцэтгэх ажил нь өөр өөр.

Төв ангарт засвар хийлгэж байгаа Оросын “UT air” компани өмнө нь хоёр онгоцоо засуулсан бол “Иван Хохлов” гурав дахь нь. Өнгөрсөн сарын 10-нд засварт орсон бөгөөд засвар үргэлжлэх хугацаа нь 35 хоног. Уг онгоц бүрэн задаргаанд орж байгаа учир нийтдээ 1200-1300 үзлэг, шалгалтын ажил хийхээс дийлэнхийг нь хийж дуусгаад байгаа аж. Тусгай самбарт “Иван Хохлов”-ыг ангарт яаж хэрхэн байрлуулж засахаас эхлүүлээд хичнээн инженер, техникийн ажилтан ажиллах, ямар ажлыг хэдний өдөр, хэрхэн хийхийг Инженерингийн хэлтсийнхэн бүгдийг нь нарийн төлөвлөөд гаргачихсан байлаа.

Ангарын хананд дэлгэц дээр дараагийн засварын ажлын хуваарь харагдана. Ямар улсын ямар онгоц хэднээс хэдний хооронд засварт орохоор хүлээгдэж байгааг харж болохоор байлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Практик буудлагын спорт хүнийг сэтгэлзүйн хувьд хүчирхэг, энэрэнгүй болгодог

Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” тэмцээнийн үеэр

Монголын практик буудлагын холбооны төв клубийн сургалтын талбайгаас сурвалжлага бэлтгэлээ. Монгол Улсад галт зэвсгээр спорт, сургалтын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй хоёр холбоо байдгийн нэг нь Монголын практик буудлагын холбоо нөгөөх нь Монголын буудлага спортын холбоо юм байна. Галт зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг гэхээр мэдээж аюулгүй байдал, дэг журам талаасаа маш өндөр хараа хяналттай байх нь тодорхой.

Монголчуудын хувьд галт зэвсэгтэй эрт үеэс харьцаж ирсэн ард түмэн. Амьдрал ахуйдаа, дайн байлдааны үед галт зэвсэг, тэсрэх бодис зэрэгтэй харьцаж ирсэн түүхтэй. Зарим түүхэн сурвалжуудыг сөхөхөд монгол айл өрх цахиур буунаас эхлүүлээд 1-3 ширхэг буутай байдаг байж. Хотыг нь эргээд байдаг хээрийн амьтныг үргээхээс эхлүүлээд цэрэгт мордох хүүдээ зэвсгийг нь зэхдэг байсан байна. Харин энэ уламжлал нийгмийн өөрчлөлт, улс төрийн янз бүрийн байдал, гадна дотны элдэв ил далд бодлогоор олон жил тасарч, нэгэн үе энгийн иргэдийн гар дээр буу гэдэг хэрэгсэл огт байхгүй болж байжээ. Үүнээс улбаалаад монголчуудын дунд буу гэдэг зүйлийг аймшгийн эд, ер нь болдоггүй зэвсэг гэдэг айдас зүрхэнд нь гүн хадаж “Хоосон буу хорин жилд нэг дуугардаг” гэдэг хэлц ч хүртэл гарсан. Гэртээ ганц буутай, тэрийгээ хадгалдаг айл байлаа гэхэд тийшээ ойртох нь бүү хэл зүглэж зүрхэлдэггүй. Үнэндээ монголчууд бид галт зэвсэг гэдэг зүйлтэй иймэрхүү л байдлаар холоос дөлж харьцсаар олон арван жилийг ардаа үдчихээд байна. Ямар учраас, хаанахын бодлогоор монголчууд зүгээр л нэг галт зэвсэг гэдэг техникээс зүрхээ амаараа гартал айдаг болчихсон нь өрөвдөлтэй.Гэтэл дэлхий нийтээрээ галт зэвсгийг хүлээн зөвшөөрч, түүнийг өдөр тутмын хэрэглээ, эзэмших ёстой ур чадварын нэг хэмээн үзээд удаж байна.

Олон улсын практик буудлагын холбоо 1976 онд Олон улсын буудлагын спортын хуралдаанаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөнөөр анх байгуулагдсан бөгөөд одоогоор дэлхийн 100 гаруй улс эгнээнд нь нэгдээд байгаа юм байна. Төв нь Канадын Онтарио хотод байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Монголын практик буудлагын холбоо 2010 онд байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулаад долоон жил болжээ. Ерөнхийлөгчөөр нь Д.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь М.Баярсайхан нар ажилладаг юм байна. Практик буудлага нь галт зэвсэг ашиглан богино хугацаанд өгөгдсөн дасгалыг түргэн гүйцэтгэх буудлагын спортын нэг төрөл. Тийм ч учраас практик буудлагын спортын уриа нь “Хурд, хүч, цэц”. Өөрөөр хэлбэл практик буудлагын спорт нь хурд, хүч, цэц гэсэн гурван хүчин зүйлийг тэнцвэртэйгээр ашиглахыг сургадаг аж.

Практик буудлагын спортын үндсэн зорилгуудын нэг нь галт зэвсэгтэй аюулгүй, зөв харьцах ур чадварыг түгээхэд оршино. Энэ спортоор хичээллэснээр санамсар болгоомжгүй үйлдлээс сум алдаж амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлж сурна. Түүнчлэн эл спорт нь хагас зууны турш дэлхийн олон оронд хөгжихдөө санамсаргүй алдаа эндэгдлийн нэг ч тохиолдол гаргаагүй нь дэг журам, аюулгүй байдалд хамгийн сайн сургадаг хатуу чанд спортын төрөл гэдгээ тодорхой илтгэдэг гэдгийг Д.Наранбаатар ерөнхийлөгч хэлсэн юм.

Тус холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр холбооныхоо тухай товч танилцуулсны дараа практик буудлагын төрөл, галт зэвсгийн ангилал, практик буудлагын үед буудагч хэрхэн биеэ бэлдэх, ямар хэрэгсэл өмсч зүүх, ямар дүрмийг чанд биелүүлэх зэргийг нэгд нэгэнгүй тайлбарлалаа. Буудагч галт зэвсэгтэй харьцахын өмнө дараах дөрвөн зүйлийг маш сайн ойлгож мөрдөх ёстой юм байна. Нэгдүгээрт, галт зэвсгийг ямагт, ямар ч үед цэнэгтэй байгаа хэмээн бодож харьцана. Хоёрдугаарт, буудахыг хүсээгүй зүгт буюу байнаас өөр зүгт буугаа хэзээ ч чиглүүлэхгүй. Гуравдугаарт, байны наадах цаадах болоод эргэн тойрныг маш сайн шалгах. Дөрөвдүгээрт, буудахаас бусад тохиолдолд гох дээр хуруу хүргэхгүй. Энэ дөрвөн зарчмыг баримталж чадвал дээр дурдсан “Хоосон буу хорин жилд нэг дуугардаг” гэдэг зүйл огт гарахгүй, тийм боломж үгүй гэдгийг тэд онцолсон юм.

Зүв зүгээр байсан буу гэнэт л нэг өдөр өөрөө дуугарна гэдэг шинжлэх ухаан болоод эрүүл ухаанаар бодоход байж боломгүй зүйл. Энэ бол өнөө л монголчуудын маань бусдад буруугаа тохдог буруу хандлага, сэтгэлзүйтэй холбоотой аж. Хөдөө гадаа, анд явж байгаад буу алдсанаас болоод хүн бэртэж гэмтэх, бүр амиа алдах явдал их байдаг. Ийм хэрэг гараагүй аймаг, сум, нутаг гэж бараг байдаггүй. Ер нь буу алдана гэж юу байдаг вэ гэж Д.Наранбаатар ерөнхийлөгчөөс тодруулбал “Дээр хэлсэн дөрвөн үндсэн зарчмыг биелүүлээгүйгээс л үүдэлтэй.

Буудахыг хүсээгүй зүгт буугаа чиглүүлээд үүрэх буюу тээвэрлэдэг. Хоёрдугаарт, цэнэгтэй мэт бодож харьцаагүйгээс болсон байдаг. Ямар ч тохиолдолд гохонд гар хүрч байж гал алддаг. Энэ зарчмуудыг мөрдөөгүйгээс л буу алдсанаас үүдэлтэй элдэв зүйл болдог” гэлээ. Зэвсэг үйлдвэрлэгчид галт зэвсэг үйлдвэрлэчихээд түүнийгээ 1.5 метрийн өндрөөс янз бүрийн байрлалаас мянган удаа унагаж үзнэ. Ингэж унагахад гал алдахгүй байвал техникийн хувьд тэнцлээ гэж үздэг юм байна. Тэгтэл манайхан ярихдаа “Буу алдаад”, “Буу гэнэт өөрөө буудчихлаа” гэж ярьдаг. Анчдын хувьд ийм зүйл ярьж буу алдаад машиныхаа дээврийг цоолчихлоо гэх нь олонтаа. МПБХ-нд бүртгэлтэй 150 гаруй гишүүн байдгаас идэвхитэй 50 гаруй тамирчин байдаг юм байна. Монголын практик буудлагын холбоо 2012 оноос эхэлж олон улсын тэмцээнийг жил бүр зохиож ирсэн ч сүүлийн хоёр жил тасалдахад хүрээд байгаа аж. Энэ нь спорт буудлагын үйл ажиллагаа явуулдаг холбоодын хувьд сум импортлоход хүндрэл учирдаг. Холбогдох хууль, дүрэм нь бүрэн дүүрэн хэрэгждэггүй болохоор 14 хоногийн дотор л бэлэн болчих зөвшөөрөл бичиг баримт нь сунжирсаар хоёр жилийн нүүр үздэгтэй холбоотой.

Манайхан сумыг спорт, ан, байлдааных гэж ангилаад байдаг. Гэтэл хүчин чадлын хувьд бүгд адилхан л сум. Д.Наранбаатар ерөнхийлөгч энэ мэтээр практик буудлагын талаар болон монголчуудад нийтлэг байдаг галт зэвсгийн талаарх ташаа ойлголтын тухай тайлбарлалаа.

Спорт галт зэвсэг гаргаж ирээд танилцуулаад надад өглөө. Улаан өнгийн оруулгатай, томхон бууг гартаа барьж үзвэл нэлээд хүнд. Нэг кг жинтэй гэнэ. Тэгтэл Д.Наранбаатар ерөнхийлөгч “Энэ бол спортын галт зэвсэг. Та сая мөрдөх ёстой дөрвөн дүрмээс хэдийг нь зөрчсөнөө хэлэхгүй юу” гэлээ. Гэтэл би гар бууг авангуутаа гохон дээр нь хуруугаа хүргээд бууны амыг холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга руу нь чиглүүлчихсэн байлаа. Дайзыг нь авчихсан хоосон байсан учраас дотроо сумгүй л гэж бодсоноо хэлбэл “Галт зэвсгийг ямагт цэнэгтэй байгаа хэмээн бодох ёстой” гэдгийг санууллаа. Хүүхдүүд багаасаа л тоглоомон гар буугаар тоглохдоо гохон дээр нь хуруугаа хүргээстэй байдаг. Яг л тэр зуршлаар жинхэнэ гар бууны гохон дээр хуруугаа хүргэчихсэн нь практик буудлагын спортын хамгийн том зарчмын нэгийг зөрччихсөн хэрэг боллоо.

Ан хийдэг, анд хорхойтой гэгддэг хүмүүс Практик буудлагын холбоонд элсээд үйл ажиллагаанд нь оролцоод сургалтад нь хамрагдаж галт зэвсэгтэй холбоотой зөв дадалтай, тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод ирэхээрээ анд явах сонирхолгүй болчихдог гэнэ. Практик буудлагын спортоор хичээллэхэд мэдээж галт зэвсэгтэй харьцдаг болохоор маш өндөр хариуцлага шаардахын зэрэгцээ гүйж харайх зэргээр биеийн хурдтай хөдөлгөөн давхар хийдэг учир сэтгэлзүйн хувьд өөрийгөө таньж эхэлнэ. Галт зэвсэгтэй харьцаж, олон сум гаргасны дараа хүн гэдэг амьтан ямар өндөр ур чадвар, хурдтай болохоо мэдэрч эхэлдэг гэнэ. Ингэж энэ спортоор хичээллэснээр хүн өөрийгөө, өөрийнхөө дотоод ертөнцийг шинээр нээдэг юм байна. Үүнийг эдний холбооныхон сэтгэлзүйн хувьд гэгээрч байна гэж үздэг аж. Өнөө анд яваад амьтны амь таслаад байсан хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг таньж, өөрийгөө өөрөөр мэдэрч эхэлнэ. Учир нь ангаас илүү таашаал, хурд, хүч, цэцийн гайхамшгийг энэ спорт өгдөг аж.

Улс орнуудын хувьд төрийн бодлогоороо иргэдийнхээ хэдэн хувийг галт зэвсэгтэй байлгах вэ гэдэг нь харилцан адилгүй. Харин манай улсын хувьд иргэдийн төдөн хувь нь галт зэвсэгтэй байна гэсэн баримт бичиг байдаггүй. Монголд нийтдээ 50-иад мянган галт зэвсэг эзэмшигч байдаг гэхээр энэ нь нийт хүн амын 1.6 хувь гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 100 хүн тутмын 1-2 хүн нь л галт зэвсэгтэй байна гэж үзэж болно. Гэтэл АНУ-ын нийт хүн амын 89 хувь буюу бараг 90 хувь нь галт зэвсэг эзэмшдэг. Харин энэ хувь Швейцарь, Финландад 30-50 байх жишээтэй. Израйль, Швейцарийн хувьд энэ тал дээр их онцлогтой. Ялангуяа Израйлийн хувьд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй цэргийн алба хаадаг. Иргэн-цэрэг гэх статус байдаг учир энэ хувь өндөр. Монгол Улсын хувьд 13 дугаар зууны үед иргэн-цэрэг гэсэн ойлголт ч байсан болохоор энэ нь шинэ зүйл биш. Энэ талаар Монголын практик буудлагын холбооны тэргүүнээс тодруулбал иймэрхүү зүйлийг манай холбооны үйл ажиллагаатай ерөөсөө холбож ойлгож болохгүй. Энэ бол спорт. Спорт гэдэг талаас нь хүлээн авах нь зүйтэй гэдгийг хэлээд “Ямар ч спорт хүнийг хөгжүүлж, бие, сэтгэхүйн талаас эрүүл саруул байхад чиглэгддэг. Практик буудлагын холбоо ч энэ үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл энэ талаас нь харахгүйгээр эсрэгээр нь ойлгох гээд байдаг тал байдаг учир аль болох спорт талаас нь хүлээн авах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд сургалтын талбай руу нь очлоо. Эднийх сургалтдаа гар буу, карбин, урт буу буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар дробинк (shot­gun) ашигладаг юм байна. Холбооны гишүүдийн дунд эмэгтэйчүүд бий гэнэ. Насны хувьд ч янз бүр. Энэ спортын талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбооных нь www.ipsc.mn вэб хуудсаас үзэж болно. Эдний холбоонд элсч байгаа хүмүүс шууд л спортын галт зэвсгийг аваад байгаа буудаад буудаад явчих юм шиг сэтгэгдэлтэй орж ирдэг гэнэ. Гэтэл үнэндээ тэднийг харахаар хөдөөний мотоцикль унадаг малчин эсхүл хотод дулааны улиралд мотоцикль унадаг хүн орж ирээд “Би “Дакар ралли”-д уралдъя. Намайг тэр тэмцээнд оруулаад өг” гэж байгаатай адил сонсогддог гэнэ. Анд явдаг, өмнө нь галт зэвсэгтэй хичнээн ч жил харьцсан бай ямар ч хүн орж ирээд цагаан толгойн “А” үсэгнээс эхэлж байгаа мэт бууг хоёр гараараа хэрхэн барьж, яаж зогсох, биеэ ямар байрлалд байлгах, яаж харах зэргийг нэг бүрчлэн сурах ёстой юм байна. Тэр дагуу надад спорт гар буу бариулаад зогсолт зэргийг сайн зааварлаад бай руу буугаа яаж чиглүүлж, гохоо хэзээ хэрхэн яаж дарахыг олон дахин давтууллаа. Нэг хөдөлгөөнийг гурван мянгаас дээш удаа давтаж байж сая зуршил болгодог юм байна. Зориулалтын чихэвч, нүдний шил, саравчтай малгай, хувцас хэрэглэл зэргийг өмсөх ёстой. Бууны гохонд гал нээх үед л хуруугаа хүргэх ёстой. Бусад үед хэзээ ч, яасан ч гохон тус газар хуруугаа хүргэж болохгүй. Үүнийг холбооны тэргүүн дахин дахин сануулж байлаа. Практик буудлагаар хичээллэсэн хүн галт зэвсэг хэмээх хүчирхэг техникийг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй болж сэтгэлзүйн хувьд өндөр түвшинд очдог бөгөөд тэр хэрээр эргэн тойрныхоо хүн, амьтад, байгалийг хайрлах, энэрэх сэтгэлтэй болж, өөрөөсөө сул дорой нэгнийг өрөвдөж хайрладаг энэрэнгүй сэтгэлтэн болдог юм байна.

Манайд энэ спорт сүүлийн үед сайн хөгжиж байгаа ч гаднаас сум оруулж ирэх асуудал тун хүнд байгаа юм байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй манай шилдэг буудагчдын хувьд сумны хомсдолтой байдаг. Тэд долоо хоногт 60-80 ширхэг сумаар бэлтгэл хийдэг бол гадны буудагчид долоо хоногт 1500-7000 сум бууддаг. МПБХ болон МБСХ-ны 400 гаруй тамирчны жилд бууддаг сум гадны орны нэг тамирчны жилийн хэрэгцээтэй тэнцэж байна. Ийм учраас сум импортлох тал дээр төр засгийн зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй байгааг Практик холбооныхон хүссэн юм. Эдний холбооны тамирчид одоогоор тив, дэлхийн томоохон тэмцээнд цэцээ сориогүй ч бүс нутгийн зарим тэмцээнд өрсөлддөг юм байна.

Гадны орнуудын хувь галт зэвсэг эзэмшихийг тусгай соёл хэмээн үздэг. Машин бол техник. Галт зэвсэг ч техник. Машиныг тусгай сургалт, дамжаанд сууж жолоочийн үнэмлэх авснаар жолоодох эрхтэй болдог бол галт зэвсгийг ч тийм маягаар мэдэж судалж эзэмшвэл хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн юм.


Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын цэргийн зориулалттай онгоц Чингис хаан нисэх буудалд ослын буулт хийлээ

АНУ-ын цэргийн зориулалттай “Боинг С17” загварын ачаа тээврийн онгоц Улаанбаатарт ослын буулт хийлээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээлснээр Катараас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан АНУ-ын цэргийн зориулалттай уг агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон тул ийнхүү ослын буулт хийсэн байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талбайд 13 цаг 59 минутад газардсан уг хөлөг найман хүний экипажийн бүрэлдэхүүнтэй байжээ. Тус олон улсын нисэх буудлынхан хөлгийг амжилттай буулгахад бэлэн байдлыг хангаж ажилласан бөгөөд 18 цагийн үед “Нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэсэн мэдээлэл өгсөн.

Улаанбаатарт АНУ-ын цэргийн зориулалттай хөлөг ослын буулт хийснийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж “Хятад, Оросын дээгүүр тагнуул хийж явсан онгоц байх”, “Монголд зэвсэг үлдээх гэж ирсэн”, “Катарын онгоц юм бол сайн шалгах хэрэгтэй”, “АНУ-ын онгоц эвдэрнэ гэж байхгүй. Эвдэрлээ ч Монголд газардана гэж байхгүй” , “Энхийг сахиулахын багийнхныг авч явахаар ирсэн” гэх мэтээр өөр өөрсдийнхөө таамаглалыг дэвшүүлж байлаа. АНУ-ын хувьд өмнө нь С17 онгоцтой холбоотой тайлбарыг нэг бус удаа хийж байсан. “Цэргийн тээврийн онгоцыг байлдааны онгоцтой андуурч болохгүй. С17 бол байлдааны онгоц биш” гэсэн тайлбар өгч байжээ.

Боинг C17 “Глоубмастер” III бол Америкийн нэгдсэн улсын цэрэг-стратегийн зориулалттай онгоц. Одоогоор ийм агаарын хөлөгтэй улс АНУ-аас гадна Австрали, Канад, Энэтхэг, Кувейт, Катар, Эмират гэсэн зургаан оронд л бий. Уг онгоцны нислэгийн жин нь 265 тонн бөгөөд онгоцны өөрийн жин нь 122 тонн юм байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал. 13:59 цагт

Олон улсын Стратеги судлалын хүрээлэнгээс дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй арван улс орныг тодруулахад АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Япон, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос гэсэн улсууд орсон байдаг. Тэрэн дундаа АНУ-ын агаарын хүчин 5573 онгоц, 329638 бие бүрэлдэхүүнтэй бөгөөд дээрх онгоцны 3990 нь агаарын хүчинд, 1213 нь агаарын үндэсний гвардид, 370 нь агаарын хүчний нөөцөнд харьяалагддаг гэнэ. Мөн нисгэгчгүй автомат жолоодлоготой 180 орчим онгоцтой. Ийм хүчирхэг агаарын хүчинтэй орны цэргийн онгоц манайд гэгээн цагаан өдрөөр газардсан нь яалт ч үгүй анхаарал татлаа.

Манайд газардсан Боинг C17-г 1991 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Гэхдээ иймэрхүү хүчирхэг онгоц бүтээх талаар Америкийн инженерүүд 1980-аад оноос судалгаа, шинжилгээний ажил явуулсаар иржээ. 316 сая ам.долларын өртгөөр бүтдэг уг онгоц нь цэрэг, ачаа тээвэрлэх, эмнэлэг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үед эмнэлгийн байр болох болон шүхэрчдийг буулгах үүрэгтэй тээврийн хөлөг. 1990 оноос уг онгоцыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дээр дурдсан зургаан оронд нийлүүлжээ. АНУ-ын хувьд 1970-аад оноос олон талын үүрэг гүйцэтгэх, даац сайтай тээврийн хөлөгтэй болох эрэлд гарсан бөгөөд тэдний хүслийг Дуглас Мак Доннеллын бүтээсэн С17 биелүүлсэн нь энэ. Дуглас уг загвараа “Боинг”-д танилцуулсан нь амжилттай болж 1993 онд эл онгоцны жигүүрийн хэсгийг сайжруулж туршилт хийсэн нь шалгалтад тэнцэж улмаар “Globemaster III” гэх нэрийг авчээ.

С17-гийн дотоод байдал

С17-г цэргийн тээврийн хамгийн алдартай хөлөг гэдэг. Мөн хүний гараар бүтсэн аварга хөлөг онгоцнуудын нэгд зүй ёсоор оруулдаг юм. Онгоцны урт 53 метр бөгөөд далавчны нийт урт 52 метр аж. Pratt and Whitney F117-PW-100 гэх дөрвөн хүчирхэг хөдөлгүүртэй.

Ачааны хэсгийн тасалгаа нь 27х5.5 метрийн хэмжээтэй, 3.76 метрийн өндөртэй юм байна. Танк, хуягт, ачааны машин зэргийг ачих чадалтай. Манайд газардсан С17-г Катараас хөдөлсөн гээд буй. Катар улсын хувьд 2009 онд анхны С-17 онгоцоо авсан бол 2012 онд дөрөв дэх С17-гоо худалдаж авчээ. Харин барууныхан “Катар тав дахь С17-гоо захиалах тохиролцоогоо 2015 оны зургадугаар сард хийсэн” хэмээн таамагладаг юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаадад хийх зарим чухал айлчлалд зориулж Ерөнхийлөгчийн лимузин машинуудыг С17-гоор тээвэрлэдэг аж.

Categories
мэдээ цаг-үе

“Хатан зөгий” буюу ДРОН

2017 оны шинэ загварууд

ХАТАН ЗӨГИЙ” БУЮУ ДРОН АНГЛИАС ҮҮСЭЛТЭЙ

Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж буюу дроныг 1933 оны үед Англид зохион бүтээгээд цэргийн зориулалтаар ашиглаж эхэлжээ. Зөгий мэт дүнгэнэн дуугарч, удирдлагын дагуу өгсөн даалгаврыг гүйцэтгээд буцаад үүрэндээ ирдэг учир ийнхүү зөгийтэй зүйрлэн “Хатан зөгий” гэж нэрлэдэг байж. Харин АНУ-ын хувьд 1948 оны үеэс тагнуулын зориулалттай нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг зохион бүтээгээд гурван жилийн дараа олноор үйлдвэрлэсэн юм байна. Энэ үеэс улс орнууд дроныг цэргийн зориулалтаар өргөн хэрэглэж эхэлсэн гэж үзэж болно.

Дрон нь нарны энерги, түлш, зай зэргээр ажиллах бөгөөд радио долгионоор алсын зайнаас удирддаг. Дэлхий даяар дроныг зөвхөн цэргийн зориулалтаар ашиглахаас гадна өдөр тутмын хэрэглээнд хэрэглэх болсон нь албаны хүмүүсийн анхааралд өртөж, дроныг ашиглахад шаардагдах журмыг хүртэл гаргасан байдаг. Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмжийг батлан хамгаалах салбараас гадна хөдөө аж ахуй, боловсрол, энтертайнмент, уул уурхай, үйлчилгээ, байгаль орчинг хамгаалах, барилга, хот байгуулалт, зам, тээврийн салбарт өргөн ашиглаж байгаа юм. Мөн иргэд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу фото зураг авах, бичлэг хийх зориулалтаар худалдан авах нь түгээмэл болсон.

ДРОНЫГ 120 МЕТРЭЭС ДЭЭШ НИСГЭХИЙГ ХОРИГЛОДОГ

Хэрэглээний зориулалттай дроныг аврах ажиллагаа, хил хамгаалах, замын хөдөлгөөнийг хянах, эрэл хайгуул хийх, цаг агаарын хяналт, гал унтраах, нисдэг камерны бичлэг хийх, газар төлөвлөлт, ховордсон ан амьтан, ургамал тоолох зэрэгт түгээмэл ашигладаг. Ингэхдээ 25 кг-аас дээш жинтэй төхөөрөмжийг ашиглахгүй байхыг сануулдаг бөгөөд зөвхөн өдрийн цагаар нисгэхийг зөвшөөрдөг аж. Мөн газрын гадаргуугаас 120 метрээс дээш өндөрт, аливаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тусгай зориулалтын агаарын зайд нисгэхийг хориглодог журамтай. Түүнээс гадна нисгэгчтэй бүх агаарын хөлөгт саад болохгүй байхыг дрон нисгэгчдэд сануулдаг аж.

Дрон нь хүний хүрч чадахгүй, орж чадахгүй орчинд ажиллах чадвартай учир дэлхийн тэргүүлэх зэвсэгтэй улсууд цэргийн нисэх хүчиндээ өргөнөөр хэрэглэх болжээ. Үл үзэгдэх дрон, нано дрон, тэсрэх бөмбөг тээвэрлэгч дрон гээд үйлдэл, гүйцэтгэх ажиллагаа нь улам нарийн, аюултай болж байгаа аж. Хэт даврагчид, алан хядагчдын хувьд биедээ тэсрэх бөмбөг бэхлээд түүнийгээ олон нийтийн газар дэлбэлж амиа золиослохынхоо оронд дроныг нисгээд товлосон газартаа бөмбөг тэслэх нь элбэгшээд байгаа учир улс орнууд алсын зайн удирдлагатай ийм төхөөрөмжүүдээ тоолж, хяналтдаа оруулаад байна. Манай улсад ч дронуудыг бүртгэлжүүлээд байгаа бөгөөд одоогоор хүргэлтийн дрон нисгэхийг хориглодог юм байна.

Гаднын орнуудад түгээмэл ашиглагддаг бага оврын хүргэлтийн дрон

ДРОН ЗОРИУЛАЛТААСАА ХАМААРЧ ХҮЧИН ЧАДАЛ, ҮЗҮҮЛЭЛТ НЬ ӨӨР БАЙДАГ

Цагдаагийн зориулалттай дронууд нь маш өндөр нарийвчлалтай, хурдтай, шөнийн дурангаар тоноглогдсон байдаг. Харин хүмүүнлэгийн үйлсэд зориулагдсан дрон нь гамшиг ослын үед ашиглахад зориулагдсан байх бөгөөд далай хар шуурга, хар салхи, газар хөдлөлт, үеэр зэрэгт нэрвэгдсэн газар нутгийн 3D зургийг авах, амьд үлдсэн хүмүүсийг хайх, гамшигт өртсөн иргэдэд эм тариа, тусламжийн зүйлсийг хүргэж өгөх зэрэг олон үйлдэлт төхөөрөмж юм. Энгийн иргэдийн хувьд дроныг цэргийн болон хэрэглээний гэж ерөнхийд нь хоёр ангилдаг бол дрон сонирхогчдын хувьд GPS төхөөрөмжийн, хүргэлтийн, фото зургийн, тагнуулын, уралдаан тэмцээний бичлэг хийх, бусад төхөөрөмжийг цэнэглэх гэх мэтээр маш нарийн ангилдаг аж. Зориулалтаасаа хамаарч санах ой, дамжуулах чадал нь харилцан адилгүй байдаг юм байна.

“МАВИК ПРО” 2.7 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Манай улсад дроныг тусгай зөвшөөрөлтэй цөөхөн газарт борлуулдаг. Манайд зарагдаж байгаа “Мавик Про” нь эвхэгддэг, хөнгөн учир авч явахад авсаархан гэдгээрээ дрон сонирхогчдын талархлыг хүлээдэг. Уг дрон нь маш хүчирхэг агаад дүүрэн цэнэгтэй батарейгаараа 27 минут ниснэ. Урдаа болон дороо саад мэдэрдэг аюулгүй, ухаалаг нислэгийн төхөөрөмжтэй. Энэ дроныг 2790000 төгрөгөөр борлуулж байгаа юм байна.

Харин “DJI Inspire 2” нь цагт 108 км цаг хурдлах бөгөөд саад мэдэрдэг ухаалаг, аюулгүй системтэй. Дүүрэн батарейгаараа мөн 27 минут хүртэл нисэх боломжтой. Долоон км-ийн алсаас удирдаж болдог юм байна. Энэ мэтээр дронууд нь зориулалтаасаа хамаарч үзүүлэлт, үнэ ханш нь өөр өөр байна.

“Мавик про”

Хот дотор дрон нисгэхэд учрах саад их. Өндөр барилгууд болон wifi зэрэг элдэв төрлийн долгион нь дроныг удирдлагатайгаа холбогдоход саад болж сигналыг нь бууруулдаг юм байна. Дроны сигналыг унагадаг гол хүчин зүйлс бол өндөр барилга, хүн, ой мод байдаг гэнэ. Тиймээс дроныг нисгэхээр бол өндөр барилга, нисэх онгоцноос аль болох хол зайд хөөргөхийг зөвлөжээ. Хэрвээ хот дотор дрон хөөргөсөн үед сигнал нь муудаад ирвэл даруй буцах товчин дээр дарах нь хамгийн зөв гэсэн.

МОНГОЛ ОЮУТНУУД НИСГЭГЧГҮЙ ОНГОЦ БҮТЭЭЖ БАЙСАН ТУРШЛАГАТАЙ

Одоогоос хэдэн жилийн өмнө Механик инженерийн сургууль, Холбоо мэдээллийн сургуулийн оюутнууд хамтраад нисгэгчгүй онгоц бүтээсэн. Нисгэгчгүй нисэх аппаратын тусламжтайгаар тухайн онгоцоо бүтээсэн бөгөөд ойн түймрийн тархалтыг тандах, ховор, зэрлэг амьтдын бэлчээрийг тогтоох зорилгоор зураг авч, бичлэг хийх боломжтой гэдгийг зохион бүтээгчид нь ярьж байсан. Тэд гурван метр урт далавчтай, их бие нь хоёр мерт урттай ачаа зөөх зориулалттай онгоц бүтээснээ танилцуулж “Улаанбаатар хот дотор уг онгоцоо хөөргөөд пицца зэрэг хөнгөн чанарын зүйлсийг хүргэхэд ашиглаж болно” гэсэн. Ингэхээр ямартай ч манайд дрон бүтээх, үйлдвэрлэх инженер, техникийн ажилтнууд нь хэдийнэ бэлтгэгдчихсэн гэж үзэж болно. Царцаа ногоон мэтийн дээр үеийн загварын онгоц зэрэгтэй зууралдаж олон улсын тэмцээнд хүч үзэж байхынхаа оронд манай зохион бүтээгч инженерүүд орчин үеийн өндөр хүчин чадалтай дрон бүтээх, үйлдвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэхийн төлөө хичээх цаг нь болсон. Яагаад гэвэл дрон нь зөвхөн цэргийн зориулалтаасаа хальж өдөр тутмын хэрэглээнд аль хэдийнэ нэвтэрчихлээ.