“Өдрийн сонин”-ы 2017.08.24-ний пүрэв гаригийн №180(5747) дугаараас авч нийтлэв.
Зам, тээврийн сайд асан, “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригттой ярилцлаа.
-Таныг сүүлийн үед анзаараад байхад “Бидний цөөхөн монголчууд” гэдэг төслийн ажлаар баруун аймгуудаар гэрэл зураг аваад л яваад байх бололтой юм. Энэ чухам яадаг төсөл вэ?
-XXI зууны эхэн үе, өнөө цагийн монголчуудын өнгө төрхийг түүхэнд нэлээд цэгцтэйгээр авч үлдэх гэсэн зорилго тээсэн төсөл л дөө. Энэ төслийнхөө хүрээнд Монголын 21 аймаг, 320 гаруй сум, 1000 гаруй багт бүгдэд нь хүрч ажиллана. Гадаад дахь монголчууддаа ч хүрнэ. ОХУ-ын Халимаг, Тува, Буриад, Хятад дахь Өвөр Монгол ч юм уу, эсвэл баруун Европын орнууд, Америк, Солонгос. Ер нь хаа сайгүй л монголчууд байна шүү дээ. Тэр бүгдэд хүрч, өнөө цагийн монголчуудын өнгө төрх, энэ дэлхий дээр өөрсдийнхөө өв соёл, түүх, ёс заншлаа янз бүрийн нөхцөлд хэрхэн авч явааг л баримтжуулах юм. Гурван машин, гурван чиргүүлтэй, арав гаруй хүн явдаг. Гэрэл зурагчдын баг, баримтат киноны баг, телевизийн нэвтрүүлгийн баг гэсэн үндсэн гурван багтай.
-Одоогоор хэдэн аймаг, сумдад хүрчихээд байна вэ?
-Өнгөрсөн оноос бэлдсээр байгаад энэ оны гуравдугаар сараас анхны гараагаа эхлүүлсэн. Монголчууд аливаа ажлыг эхлүүлэхдээ бэлгэшээлээ боддог. Тэр утгаараа Монгол орны хоймор нутаг, Хөвсгөл аймгийн хоймрын хоймор Ханх сумаас төслөө эхлүүлсэн. Бид Хөвсгөл аймагт 57 хоног ажилласан байна билээ.
Одоо Баян-Өлгий, Ховд, Увс аймагт ажиллаж байна. Зуны хоёр сарын хугацаанд бид хоёр ч том хэмжээний баримтат киноны зураг авалтыг дуусгалаа. “Зэргийн нүүдэл” гэж ямар ч машин техник явах боломжгүй газраар нүүдэг нүүдэл шүү дээ. Нөгөө талаараа хамгийн ганган нүүдэл гэж хэлж болно. Хүүхнүүд нь нүүдлийнхээ үеэр ямар ч Цагаан сар, улсын баяр наадмаас илүүтэй гоёж гангалдаг тийм ёс уламжлалтай, их сонин.
Бид сая баруун гурван аймгийн байгалийн зургийг аваад ирлээ. Есдүгээр сарын нэгнээс дээр дурдсан гурван аймгийнхаа сумдаар явна. Нэг суманд 2-3 хоног ажилладаг. Тэгж бодохоор одоо биднийг багаар бодоход 3-4 сарын ажил хүлээж байна. Тэгээд л бууж ирнэ дээ.
-Тэгэхээр энэ төсөл хэдэн жил үргэлжлэх вэ. Их удах нь ээ?
-Цаг хугацааны хувьд төдөн жилд багтаана гэсэн зорилт тавихгүй байгаа. Бидний тавьж байгаа гол зүйл бол юмаа л хийх. Миний бодлоор багаар бодоход 10 жил болно. Өнөө жил Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Ховд дээрээс нь Өмнөговиор явчихна. Тэгээд баруун Европын орнууд руу гарна. Монголчууд олноор суурьшиж байгаа газруудаар явна. Дараа жил дахиад тав, зургаан аймагт ажиллачихаад АНУ руу явчихна. Гэх мэтчилэнгээр явж ажиллах учраас нэлээд хугацаа орох байх л даа.
-Таныг зурагчин сайд гэдэг байсан. Хоббигоо хөөгөөд улс төрөөс гарчихлаа гэж хэлж болох уу?
-Монгол Улсын иргэн бүр өөр өөрийн түвшиндээ улс төрийн нийгмийн идэвхитэй байдаг. Тэр нь янз бүрээр илэрдэг.
Улс төрийн сонгуульд нэр дэвшихээс эхлүүлээд санал өгөх хүртэл бидний улс төрийн оролцоо янз бүр харагддаг. Энэ төслийг дуусах хүртэл би сонгуульд нэр дэвших ч юм уу тийм идэвхитэй улс төрийн үйл ажиллагаанаас татгалзаж байна. Манай төслийнхөн зөвхөн гэрэл зураг, дүрс аваад баримтат кино хийгээд явахаас гадна нэгэн зүйлийг монголчууддаа хэлэхийг их чармайдаг юм. Бид цөөхүүлээ шүү, цөөхүүлээ учраас бид эв эеийг сахиж амьдрах ёстой. Тийм болохоор хэн, хаана, юу хийж байгаагаас үл хамаараад урдаа байгаа ажилдаа л хариуцлагатай байх ёстой. Энэ хоёр шинжийг агуулж байж аливаа үндэстэн, нийгэм хөгждөг юм байна. Цөөхүүлээ учраас нэг монгол хүний амь амьдрал, амь нас, нэг айлын гал голомт дэндүү үнэ цэнэтэй. Тиймээс бид ядарсан нэгнээ түшээд, татаад авдаг, хайр энэрлээр дутаадаггүй тийм л монголчууд байх ёстой байхгүй юу. Үүнийг бид Монгол орноо бүтэн тойрохдоо хэлэхийг зорьж байгаа. Энэ бол эв нэгдлийн илэрхийлэл, эв нэгдлийн манлайлал, түүчээ болсон төсөл. Ийм учраас энэ төслийн дундуур аль нэг талд нь гарч нэр дэвших, сонгуульд өрсөлдөх нь эргээд уг төслийн үзэл санаанд сөрөг нөлөөтэй.
-Улс төрийн халуун тогоонд чанагдаж, буцалж байсан орчноос гараад хөдөөний эгэл амьдралд очихоор юу мэдрэгдэж байна вэ. Одоо үед ингэж улс төрөөс огцом гараад явчихдаг сэтгэлзүйтэй хүн алга шүү?
-Улс төр, улс төрийн хүрээлэл, улстөрчдийн дунд байна гэдэг чинь бас сонин шүү. Ер нь лам, улстөрч хоёр чинь адилхан ш дээ. Лам бол бурхны номоор хүн, нийгэмд дандаа л сайн сайхан зүйл хийж өгч засч янзлахыг хүсдэг. Мөнгөний төлөө биш хүний төлөө л гэж энэ замыг сонгосон хүмүүс. Улстөрчид ч нийгмийн идэвхи чармайлтаараа бусдын төлөө ажиллана гэж гарч ирдэг. Гэтэл сүүлийн үед шашин буруу яваад байгаа юм биш биз гэсэн эргэлзээ, тээнэгэлзээ яваад байна. Аргагүй ш дээ. Хүний сүсэг бишрэлийг эдийн засаг, ашиг орлоготойгоо хольж хутгаад АНУ-ын визний ном хүртэл уншаад байна гэхээр чинь болохгүй байгаа биз дээ. Улстөрчид нь ч тэр. Энэ нийгмийн төлөө, нийтийн төлөө чармайж ажиллана гэж гарч ирчихээд хувийн халаас, ашиг сонирхлынхоо төлөө явчихаар аль аль нь бараантаад явчихаж байгаа юм биш үү. Би хэдийгээр тэр бужигнаан дундаас гарч ирсэн ч нөгөө л хүмүүсийнхээ дунд яваад л байна. Магадгүй тэднээс илүү ч хүмүүсийн дунд яваад байж мэднэ. Би чинь өдөр болгон шинэ орчин, шинэ хүмүүстэй, шинэ нөхцөлд харьцаж явдаг. Амьдралын янз бүрийн түвшний хүнтэй харьцана. Явж байгаад л дуртай хөдөөний айлдаа хоночихдог. Хөдөө сум, багт уулзалт хийчихдэг. Хүн болгоны дотроо тээж яваа тэр тээнэгэлзээ, бодол санаа бүгдийг сонсч яваа учраас нөгөө л орчиндоо байгаад байна.
-Жирийн ард иргэдтэй уулзаад явахад тэд юу ярьж байна. Юу хэлж, яамаар байна гэнэ вэ?
-Анзаарагдаж байгаа юм бол ардчилсан хувьсгал гарсан хорин хэдэн жилд хүмүүсийн амьдрал эрс чанаржсан. Хэрэглээ, амьдралд хандах хандлага, хөдөлмөр, мал аж ахуйдаа хандах хандлага нь эрс өөр буюу эерэг тал руугаа өөрчлөгдсөн. Хөдөөний ард иргэдийн ашиг орлого нь дандаа нэмэгдэж ирсэн. Тэдний гол амьжиргаа бол мал аж ахуй шүү дээ. Жил болгон л Монголын мал таван төрлөөрөө өсч л байдаг. Энийг дагаад малчин айлуудын амьжиргаа дээшилж байдаг. Тийм учраас хөдөөнийхөн маань болохгүй, бүтэхгүй байна гэсэн муу юм амнаасаа ер гаргахгүй байна. Ер нь монголчууд амнаасаа муу юм гаргадаггүй, хэзээнээсээ. Өглөө цайгаа чанаад самарч байхдаа л сайныг боддог. Нүүдэлчин монгол хүний шинж чанар, сайн агуулга бүх сайхан юм тэнд л агуулагдчихсан байна. Хэдий чинээ сумын айлууд төвөөсөө алслагдмал амьдарна төдий чинээ бидний ярьдаг өнөө сайн чанарууд тэнд илүү байдаг. Төв суурин газраас хол байх тусам бие хаа эрүүл, хөдөлгөөний эвсэл сайн. Харин төв суурин руугаа ойртох тусам эсрэгээрээ бүх юм нь муудаад хүн чанар нь ч мууддаг.
Манай төслийн дуран авайны гол баатар нь хүн. Алс хязгаар газарт байгаа монголчууд, монгол хүн ямар үнэт зүйлийг дотроо тээж явдаг юм. Алс ирээдүйгээ юу гэж хардаг юм. Өнөөдөр яаж амьдраад байгаа юм. Юу бодоод байгаа юм. Үүнийг л ухаж төнхөж байгаа төсөл.
-Төслийн явцад олон сонирхолтой айл, содон түүхтэй хүнтэй тааралддаг байх. Хамгийн сүүлийн жишээ гэвэл ямар сонирхолтой хүнтэй уулзав?
-Ховдын Булган суманд очиход ахмад хүн болгон ахмад дайчин юм. Түүх яриулаад сонсоод байхаар зах хязгаар нутгийн настайчуул чинь тэр чигээрээ Монгол Улсынхаа тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийг хамгаалахын төлөө энэ олдсон насаа тэр чигээр нь зориулж яваа улсууд байдаг юм байна. Өөрсдийнхөө тэнд амьдарч байгаагийн ач холбогдол, үнэ цэнийг тэрүүгээрээ л ойлгодог. Ер нь тэгээд хөдөө, хил дагаад амьдарч байгаа малчид өөрсдийгөө Монгол Улсынхаа дархан хил, газар нутгийн бүтэн байдлыг хамгаалж яваа гэж үздэг. “Бид энд амьдрахгүй юм бол өөр хэн амьдрах юм” гэсэн сэтгэлгээ. Ингэж сэтгэж мэдэрнэ гэдэг өөрөө гоё байхгүй юу.
-Ийм төсөл хэрэгжиж байгаа юм аа гээд төслөө ярихаар хүмүүс яаж хүлээж авч байна вэ?
-Маш дотно хүлээж авдаг. Очсон газар болгондоо уулзалт хийдэг.
-Таныг сайд байсан болохоор ч юм уу, эсвэл АН-ынх гэдэг талаас нь хандах нь хэр байна?
-Намын өнцгөөс хардаг хүмүүс хаа сайгүй байлгүй л яахав. Гэхдээ машин техник болоод, тоног төхөөрөмжөө буулгаад олон залуус буугаад ирэхээр юун улс төр манатай. Үүх түүхээ яриад эхэлнэ. Бид дурангаар л хараад байгаа болохоос биш та нар өөрсдөө түүхээ бүтээж байгаа хүмүүс шүү гэдгийг ойлгуулж чаддаг. Та нарын оролцоотойгоор л түүх бүтдэг. 50, 100, 500 жилийн дараа үр хүүхдүүд тань бидний өвөг дээдэс ингэж амьдардаг байж гэдгийг харна. Энийг л үлдээх гэж явна. Гэр оронд тань түүхийн зүйл, түүхэнд үлдээх чухал зүйл байвал аваад ир түүхэнд үлдээгээд өгье гэхээр айл болгон шахуу юмаа гаргаад ирдэг. Сум, орон нутаг нь мэдэхгүй байсан юмыг хүртэл айлууд гаргаад ирнэ. Ингэж түүхийн боломжуудыг нээж чаддаг. Хийх ёстой зөв зүйлийг хийж байна шүү гэсэн тийм ойлголтоор бидэнд ханддаг учраас бид дандаа урам орж явдаг.
-Өнөөдрийн улс төрийн байдал бужигнаантай л байна. Та сайд, УИХ-ын гишүүн байсан хүний хувьд улстөрчийнхөө байр суурийг илэрхийлбэл?
-Бид их жижиг шүү, цөөхүүлээ шүү гэдгийг хүмүүс мартчихаад байна. Эзэн Чингисийн монголчууд гэж ярихдаа бид дэлхийг эзэлчихмээр ч юм шиг тийм омгорхлыг дотроо тээдэг байх л даа. Гэтэл бид өчүүхэн ш дээ. Бид Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд кино хийх гэж цаатнууд дээр тав, зургаа хоносон. Тэнд гурван зуухан цаатан байгаа шүү дээ. 3.2 сая монголчуудын хажууд гурван зуухан цаатан юу ч биш. Өчүүхэн асуудал. Тэр болгон бид тэрнийг ойшоож боддоггүй, санадаггүй. Олонлог нь цөөнхдөө ханддаг хандлага, хайр, арга аргачлал, соёл гэж юу ч байхгүй. Гурван сая монголчууд буруу шийдвэр гаргачихаад нэг л өдөр тэр 300 цаатан алга болно. Хилийн тухай хуулиар 15 км доторх отор нүүдлийг хорьчихсон. Үүнээс болж цаатнууд нүүхээ больсон. Нүүх нутаггүй болсноос цаанууд нь давжаараад, өөрсдийнх нь амьдрал, эрүүл мэндэд нь өөрчлөлт орж эхэлсэн. Суурин амьдралын хэв маяг илэрч зуух пийшинтэй болж эхэлж байна. Гурван зуухан цаатан бол өчүүхэн. Гуравхан сая монголчууд 1.4 сая Хятадын хажууд тэрнээс ч жаахан харагдана ш дээ. Бид дэндүү цөөхүүлээ, жаахан юм ш дээ гэдгээ ойлгохгүйгээс болоод энд том том машин унаж пээдийх юм. Ерөөсөө л том гүрнүүдийн тэргүүн баячууд шиг пээдэлзээд байна. Төслөө “Бидний цөөхөн монголчууд” гэж нэрлэсэн нь “Монголчууд аа, бид цөөхөн шүү дээ. Бид чинь өчүүхэн” гэдгийг ойлгуулах. Тэрийг ойлгуулбал эвэндээ ороход илүү дөхөм болно гэж дотроо найдлага тээж л ийм нэр өгсөн.
-Таныг сошиалаас харахаар нэг л их гэрэл зураг авсан хүн. Зураг авахаас өөр юм хийдэггүй чөлөөтэй хүн шиг л мэдрэмж төрүүлдэг?
-Тан шиг надтай ингэж ухаж төнхөж ярихгүй бол тэр болгон хүн ойлгохгүй л дээ. Ер нь намайг жаргачихсан баагий гэдэг ш дээ (инээв). Ер нь бол жаргаж байгаа л даа. Манай төслийн машинууд дээр “Мөнхчулуун сан” гээд биччихсэн байгаа. Миний аавын нэрэмжит сан. Аавыгаа алдчихаад, аавыгаа дурсаад түүнийхээ хийж байсан, бодож санаж байсан ажлуудыг үргэлжлүүлье гээд хүүхдүүд нь нийлээд энэ санг байгуулсан. Энэ төслийг манай аавын нэрэмжит сан хэрэгжүүлдэг юм. Бид чинь зөвхөн зураг авч, кино хийхээс гадна юм бичдэг. Хүн болгон тэмдэглэлийн дэвтэртэй.
Дөрөв, таван жил их, дээд сургуульд сурч болоод байдаг. Яагаад Монгол орноороо тийм хугацаанд явж болохгүй гэж. Ямар ч их, дээд сургуульд сураагүй эрдмийг олж мундаг чанартай хүн болж ирнэ. Манай багт яваа олон залуу нүдэн дээр хүн болоод байгаа юм чинь. Илүү чанаржаад. Хөдөөгийн монголчууд юмыг тунгааж холуур боддог. Хотод бужигнаж байгаа хүмүүс хэдэн метрийн цаадхаа л хардаг.
-Та гадны хичнээн орноор явсан бэ?
-Маш олон.
-Тэд нараас илүү байна уу?
-Би насаараа зураг авч байгаа. Гадаадад явахдаа зураг авч чаддаггүй. Монгол үнэртэй зураг авсаар байгаад сурчихсан. Гадаадад явахаар монгол үнэргүй зураг авч чадахгүй болохоор сүүлдээ сандал авч явдаг болсон (Гадаадад авч явдаг хээтэй, улбар шар, модон сандлаа заав. сурв). Энэ сандлаа авч явахад ямар ч улс оронд очсон бай зураг авч чаддаг болсон. Нөгөө муу сандлаа өхөөрдөнө. Гоё газарт тавина. Монголд бол сандал байх ёстой газраа л байгаа биз дээ. Харин гадаадын зочид буудлын өрөөнд орж ирээд сандал тавих гээд хоймор газар хайгаад байдаг байхгүй юу. Тэр чинь өөрөө гоё мэдрэмж. Хүн олон орноор аялна. Олон гоё юм үзнэ. Жаахан ч гэсэн монгол гэсэн зүйлийг агуулсан юмыг өөртөө авч явах хэрэгтэй. Тэр өөрийг чинь хэн гэдгийг сануулж байдаг юм шүү. Аав, ээждээ, ханьдаа, хүүхдэдээ хайртай гэсэн тэр хайраа мэдэрсэн мэдрэмжүүд үе үе орж ирэх гоё байдаг шүү дээ. Тэрэн шиг эх орондоо хайртай мэдрэмж төрдөг байхгүй юу. Тэр кайфыг авч л байх ёстой.
-Залуу охид, бүсгүйчүүлийн зургийг дурандаа их буулгахын сацуу тэдэнтэй зураг авахуулдгийг тань хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Үүнээс болж таныг гэр бүлийн тал дээр ямар нэг асуудалтай байж мэдэх юм гэж харддаг. Та гэр бүлээ танилцуулж болох уу?
-Аливаа нэг агшинг гэрэл зургаар баримтжуулдаг. Замын хөдөлгөөнд оролцож яваа хүн “Түгжрэл муухай байна шүү” гээд түгжрэлийн зураг оруулдаг. Олон жил зураг авчихаар гоо үзэсгэлэн, гоё сайхныг дурандаа буулгах гэсэн эрмэлзлэлтэй болчихдог. Өнөөдрийн Улаанбаатарын залуучуудын зургийг авъя гэхээр нэг л ядарсан байдалтай. Хөдөө гарахаар тэр ханхайсан сайхан, адуу малдаа явж давхилдсан залуусын зургийг авахад үнэхээр гоё. Хотын гудамжинд гарахаар надад ямар ч зураг авах хүсэл төрөхгүй байгаа. Үзэсгэлэн гоо монгол охидын зургийг авах хүсэл харин төрөөд байгаа. Тэр л өнцөг шүү дээ. Монголчууд намайг зураг авах дуртайг мэддэг. Камераа аваад кафед сууж байхад “Өө нөгөө Зоригоо ах ирчихэж. Одоо зураг авна даа” гэж инээлдээд л. Зургийг нь авахаар өөдөөс мэндчилээд л. Тэгээд орой нь фэйсбүүкээр “Та яагаад миний зургийг фэйсбүүктээ тавихгүй байгаа юм” гэнэ (инээв). Бас нэг брэндинг бий болчихсон юм уу даа.