“Улаанбаатар” чуулгын дарга, Соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхсайхантай ярилцлаа. Түүнийг хүмүүс “Рок мангас” гэдэг билээ.
-Өнгөрсөн жил танай чуулга арван жилийнхээ ойг тэмдэглэжээ. Түүнээс өмнө нийслэл хот маань өөрийн гэсэн театргүй байсан гэсэн үг үү?
-Тийм театр байгаагүй. Одоо манай чуулга 40 уран бүтээлчтэй. Ер нь дэлхийн хотууд өөрийн гэсэн театртай байдаг. Бостоны балет ч гэдэг юм уу эсвэл Москвагийн театр байна. Хотдоо статустай тийм театрууд зөндөө бий. Урлагийг хотууд нь авч явдаг байхгүй юу, дэлхийд. Тэрний жишгээр энэ чуулга байгуулагдсан. Үйл ажиллагаагаа явуулаад 11 жил болж байна.
-Сая гаруй хүн амтай хотод яалт ч үгүй ийм театр хэрэгтэй байжээ?
-Урлаг чинь нийгмийг хамгийн тогтвортой байлгадаг. Одоо нийгэм бужигнаж байгаа болохоор хүмүүс ойлгохгүй байгаа байх. Урлагийг сайн барьчихсан улс төрийн хүчин, төр, нийгэм маш тогтвортой болчихдог. Тийм ч болохоор урлаг байгаад байдаг.
-Урлаг, спортдоо илүү анхаарал хандуулаад шинжлэх ухаан, техник технологийн салбараа орхигдуулаад байна. Урлаг, спортынхон л амжилт гаргаад байна гэх боллоо?
-Анхаарч байгаа ч гэж дээ. Юу л анхаарав гэж дээ, хөөрхий. Анхаарч байгаа юм байхгүй. Хувь хүний авьяас, билэг байна шүү дээ. Тэрэнд л байгаа болохоос биш анхаарал тавиад байгаа болохоор мундаг болоод байгаа юм байхгүй. Нарийн яривал анхаарал тавихгүй болохоор улам анхааруулах гээд тэгж байж мэднэ. Тэрнээс биш спортдоо анхаардаг улсын дэргэд манайх чинь спортоо огт анхаардаггүй шүү дээ. Урлагтаа ч мөн адил. Шинжлэх ухаанд ч мөн адил. Бидэнд анхаарах юм маш бага болчихоод байна.
-Таныг их универсал хүн гэж хардаг юм. Янз янзын л юм хийж байгаа харагддаг. Та хойно театрын чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх аа?
-Урлаг бол олон юмны нэгдэл. Урлаг чинь нэг талдаа амьдралын хэв маягийг тогтоодог. Тухайн хүний сонирхдог, хийдэг урлаг нь өөрийнх нь амьдралд нөлөөлж байдаг. Тэгэхээр л тэгж харагддаг байх. Ер нь тайзны ард ажиллах чинь онцлогтой. Хийж байсан бүтээлүүдээ ярихаар “Та тэрийг хийсэн юм уу” гээд гайхдаг.
-Гэхдээ бүхий л насаараа тайзны ард байдаг хүмүүс олон. Харин та хөшигний араас гарч ирсэн?
-Монголд чинь энэ бүх юм харьцангуй шинэ байхгүй юу. Одоо л хүмүүс дасч эхэлж байна. Гэхдээ л рок хөгжимд дасчихсан юм ч алга л даа. Рок хүүхдүүдийг хараад ойлгодоггүй. Тэд чинь шинээр гарч ирэхдээ заавал нэг хүнээр дамжина. Тухайн үед шинэлэг, содон, буруу зөрүү харагддаг байсан байж болно. Одоо бол бүх юманд дасчихсан. Тэглээ ч мэдээлэл хавтгайрчихлаа. Дэлхийн хаана ч болж байгаа үйл явдал ямар ч хаалтгүйгээр монголчууд цаг үед нь хүлээж авч байна. Тэгэхээр бүх юм энгийн санагддаг болчихгүй юу. Урьд нь тийм байгаагүй.
Монголчууд мотоцикль их л унадаг. Хөдөө бол мотоцикль унадаг хүн олон. Гэхдээ чопер унадаг хүн цөөн. Одоо ч содон.
-Хот байх нэг шалгуур нь чоперчид. Чоперчидгүй бол хотын соёлгүй газар гэж үздэг юм билээ?
-Хотын судалгаанд тодорхой асуултууд байдаг. Тэр асуултууд дунд нь “Танай хотод чоперчид байдаг уу” гэсэн асуулт байдаг юм. Чоперчид байдаг гэдэг нь том хотын нэг илэрхийлэл байхгүй юу. Дэлхий даяараа тэгж үздэг. Түүхтэй холбоотой л доо.
-Ямар түүх?
-Залуучуудын ийм хөдөлгөөнүүд нь том том үе, үеийнхнийг төлөөлсөн байдаг. Тэр үүднээс залуусын тэр хөдөлгөөнүүд нь үе үеэ дамжиж байна уу, залгамжилж байна уу гэдгээс тухайн хотод уламжлал, шинэчлэл байна уу гэдэг нь тэр асуултаар гарч ирдэг. Олон улсын том судалгаанууд дээр ажиллаж байсан хүмүүс үүнийг мэднэ. Рок залуус, чоперчдын тухай асуултууд заавал байдаг.
-“Аясын салхи” хамтлагийг хойно тоглоход оросууд “Монголд рок хамтлаг байдаг юм уу. Тэгээд бүр метал рок шүү” гэж ихэд гайхсан гэсэн?
-Надаас нэг нөхөр “Танайд замын гэрлэн дохио байдаг уу” гэж асуухгүй юу. Тэгэхээр нь “Байгаа ш дээ” гэлээ. Тэгтэл “Морь тэгээд яах вэ” гэж байна. Тэгэхээр нь “Морь чинь амьтан шүү дээ. Тийм болохоор унаж яваа хүн нь гэрлээ хараад явчихдаг ш дээ” гэтэл “Поох” гээд гайхаад байсан. Монголын тухай мэдээлэл нь хомс, хааяа гарахаар хөдөө хээр тал нь гараад байдаг байж. Бид чинь Африкийн хотуудын тухай бодохоороо нүцгэн хүмүүс гүйгээд байдаг байхдаа гэж боддог. Тэгтэл тэнд тийм биш шүү дээ. Их том гоё гоё хотуудтай. Мэдээлэл хомс болохоор л тэгж байгаа юм.
-Хөгжмийн урсгалуудыг манайхан хүлээж аваад байдаг. Тэгсэн хэрнээ рокийг их эмзэг хүлээж аваад байдаг юм?
-Рок хөгжим сонсдог хүүхдүүд чинь өвөрмөц сэтгэлгээтэй, амьдралын эрч хүчтэй, оюунлаг юмыг хүлээж авдаг. Яагаад гэвэл зүрх, зориг нь байна л даа. Одоо бол дэлгүүрт төмөр тоногтой, хар савхин цүнх байвал хүүхнүүд “Ямар гоё юм бэ” гэдэг болчихсон. Амьдралын хэв маягт нь орчихсон. Анх тийм байгаагүй байх л даа. Өөрийнхөөрөө байна гэдэг сайн. Бусдын жишгээр биш байх гэдэг чинь гоё. Гэхдээ бусдын жишгээр биш байна гээд тэнэг байж болохгүй. Бусдын жишиг гэж нэг том юм байгаа шүү. Гэвч тэр жишигт нь оруулаад, тааруулна гэдэг нэлээд л ажил, хөдөлмөр болох байх даа.
-Өөрөөрөө байхад манай нийгэм хэр хүлээж авдаг вэ?
-Одоо бол чөлөөтэй шүү дээ.
-Таныг анх өөрийгөө илэрхийлэхэд сөрөг хандлага, шахалт гарч байв уу?
-Зарим хүн “Рок Мөнхсайхан” гэж дуудчихаад “Уучлаарай хочоор чинь дуудчихлаа” гэдэг. Зарим нь “Та яаж ийм цолтой болсон юм бэ” гэж асуудаг.
-“Рок мангас” шүү дээ?
-Цол гэж ойлгоод байна шүү дээ. Хоч гэж ойлгоод байгаа хүмүүс ч байна даа. Хочилж, доромжилж байна гэж бодож байсан үе байхгүй юу.
Цаг үе өнгөрөх тусам бүх юм өөрчлөгдөж байна. Хүний амьдрал энгийн болох тусмаа цол ч юм шиг санагдаж байхгүй юу. Анх өөрийгөө илэрхийлж гарч ирсэн тэр үед би хэзээ ч доромжилж байна гэж хүлээж аваагүй л дээ. Харин хүмүүс л доромжилж байна гэж боддог байсан юм шиг байна лээ, өөрсдөө.
-Рок хөгжим сонсдог хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь бага гэдэг юм билээ?
-Өөрийн гэсэн үзэл бодолтой, амьдралыг төсөөлөх төсөөлөл нь бий болчихсон. Энэ минийх, тэр хүнийх. Энийг би хийхгүй гэж ялгаж мэддэг болчихсон байдаг. Рок чинь цөөхөн хүн сонсдог хөгжим шүү дээ. Токио орчмын хүн ам дөчөөд сая. Тэнд рок хамтлаг хүн амын нэг хувьд нь тоглоход л боллоо. 400 мянган галзуу фэнтэй. Тийм болохоор тэр хамтлаг хаашаа ч нүүж тоглох хэрэггүй. Тэр хотдоо л тоглож байхад болдог. Дэлхийд гараад байх сонин биш. Том том хотууд өөрийн гэсэн метал рок хамтлагтай байдаг. Европт бол энгийн хүмүүст тэр хөгжим нь сонсогдохгүй, сонирхогчид дундаа л дуугарч байдаг тусдаа ертөнц байхгүй юу. Одоо Монгол руу хальж, орж ирж байна. Азид ховор. Тийм болохоор Монголд байгаад байхаар гайхаж байгаа юм. Гэхдээ Монгол орон Европ, Азийн заагт байдаг. Азийн фестивальд Монголын хамтлагуудыг авч явж байсан л даа. Манайхан шууд л шагнал авчихдаг. Их үнэлэгддэг. Английн хөгжим Монголд их нөлөөлдөг. Азийн орнуудад манайхны тоглож байгаа хөгжим содон сонсогддог болохоор шүтдэг юм. “Монголчууд өөр юм аа” гээд.
-Монголд рок хамтлаг хэд байна вэ?
-Хамтлагууд чинь тогтвортой биш. Хамтлагуудын орсон, гарснаар нь түүх хийчихсэн байдаг. Төдөөс төдөн онд тоглож байсан гээд. Монголд ямар ч байсан метал хамтлаг арав байгаа.
-Тийм их үү?
-Байгаа байгаа. 2000-гаад онд Монгол маш олон метал рок хамтлагтай болж билээ. Маш их ур чадвар шаарддаг болохоор залуус рокийг сонирхдог.
-Рок хөгжим хаанаас үүсэлтэй юм?
-Америк хөгжүүлж, Англи цэгцэнд нь оруулж байдаг гэдэг. Ер нь бол Англи хөгжим л дөө. Дэлхийн рок хөгжмийн эцэг гэвэл Английг л хэлнэ. Европт хөгжчихсөн, гэхдээ үндэс суурь нь Англид байдаг байхгүй юу.
-Рок бол хотын хөгжим. Хотын тухай ярьж байгаа болохоор танаас нэг зүйл асууя. Манайд одоо хот, хөдөөгийн ялгаа их ярих болж. Нэгнээ “Орк” гэнэ. Бас “Монголд хотын жинхэнэ иргэн байдаггүй. Бүгд л тал талаас ирсэн” гэцгээдэг?
-Үндсэн хуульд хот гэж байдаггүй. Нийслэл гэж байгаа. Хот гэдэг ойлголт Үндсэн хуульд байдаггүй нь маргаан дагуулдаг. Хот гэж засаг захиргааны нэгж байхгүй. Тэгтэл хотын хүн, хотын соёл гэж байгаад байдаг. Хотод нүүж ирдэг процесс дэлхийн бүх улсад байсан. 1980-аад оны ЗХУ-ын нэг кино бий дээ “Москва нулимсанд дургүй” гэж. “Оскар”-ын шагнал авч байсан Оросын цөөхөн киноны нэг. Москвад шилжиж ирж байгаа гурван бүсгүйн тухай кино.
Монголд 1937-1945 оны хооронд хүрээний гэх тодотголтой хүмүүсийн ихэнхийг буудчихсан. Хүрээнийхэн гэхээр 1700, 1800-гаад оноос эхтэй хүмүүс байх нь. Амгалан гэж хот нь байсан. Богдын хүрээ нь олон ламтай газар байж л дээ. Хүрээнийхэн элдэв хилс хэргээр цаазлагдсаны дараа 1950-иад онд залуучууд Улаанбаатарт орж ирсэн. Тэр бол эхний нүүдэл байсан. Хотод төрсөн гэдэг хүмүүс чинь тэр 1950-иад онд хотод орж ирсэн хүмүүсийн хүүхдүүд. Гурван үе байж байж хотынх болно гэдэг яриа дэлхийд бий. Дараагийн нүүдэл нь 1990 онд эхэлсэн. Картны барааны үед жаахан хүүхдэд хүртэл бараа авах карт өгдөг байсан. Тэгэхэд 400 гаран мянган хүн картаар бараа авдаг байж. Улаанбаатар хот тийм тооны хүн амтай байжээ гэж үзэж болно. Одоо 1.5 сая хүн амтай болох гэж байна гэхээр Улаанбаатар хотын хүн ам саяар нэмэгджээ. 1990-ээд оноос хойш хотод ирсэн хүмүүс нутаг яриад байдаг.
-Тэгдэг?
-“Танайхан хаанахынх вэ” гэж асуудаг. Аав нь Завханых, ээж нь Өмнөговийнх байдаг. Тэгтэл хүүхэд нь хотод төрсөн байдаг. Тэгээд л “Чи хаанахын юм бэ” гэхээр хүүхэд нь “Би хотод төрсөн хотынх. Аав Завханых” гэхээр шууд л “Чи тэгвэл Завханых” гээд харьяалуулаад байдаг.
Одоо хотод ийм хүмүүс давамгайлаад байгаа юм. 1950-иад онд хотод ирсэн хүмүүсийн хүүхдүүд, 1990-ээд онд аав ээжийгээ дагаж хотод ирсэн хүүхдүүд одоо 30 гарчихсан залуус болчихсон.
Хотод ирээд дөрөв, зургаа, найман жил болчихсон хүмүүс бол хотожсон хүмүүс. Хотод төрж өссөн амьдарч байгаа хүмүүс бий. Энэ хүмүүсийн хооронд л ялгаа гараад байгаа байхгүй юу. Хотын хүүхэд чинь шилбүүр унаад гэрээ тойроод уралдаж байгаагүй болохоор “Энэ машин миний урд гараад л гэрлэн дохион дээр очоод зогсоно” гэдгийг мэддэг. Тийм болохоор замын хөдөлгөөнд уралддаггүй, уралдсанд нь уурлаад байдаг. Нөгөө шилбүүр унаад гүйж өссөн хүүхдүүд нэг ч болтугай машины л урд гарч байвал болж байна гэж боддог. Замын гэрлэн дохион дээр ч ингэдэг. Гэрлэн дохио зөрчсөн, тэрийг анхаараагүйгээс зам дээр олон хүн амь үрэгддэг гэдгийг хотын хүүхэд багаасаа сонсч, мэдээлэлтэй өссөн учраас гэрлэн дохиогоо харж, хурдтай яваа машинаас айдаг. Харин хээр талд өссөн нөгөө хүүхэд машинаас юу гэж айх вэ дээ. Иймэрхүү зүйл дээрээс л нэгнээ орк, морк гээд байгаа юм.
Орк гэж байгаа нь хэн нэгнээ хэлээгүй. Ялгаагаа л хэлээд байгаа байх. 1990-ээд оны үед чинь хотод байрны орц, цахилгаан шат, подвал чинь аймаар болсон ш дээ. Бүгд дээр нь сараачаад цахилгаан шатанд шээгээд, хогоо хаяад муухай болгосон. Хашаанаасаа гарангуут л манайх биш болчихдог. Тэрэн шигээ орцыг гадаа гэж ойлгоод байдаг байсан, нэг хэсэг. Энэ чинь гадаа юм чинь яадаг юм гээд хогоо хаядаг. Хаалгаа онгойлгоод хогоо хаячихдаг байсан. Одоо орцыг манайх гэдгийг эргээд ойлгодог болсон. Орцны хаалгаар ороод “Энэ манайх” гэдгийг мэдээд байгаа. Цахилгаан шат маань яагаад ажиллахгүй байна гэж уурладаг болсон. Хуучин бол лифтийг хүнийх л гэж боддог байсан. Ажиллабал ажиллана л биз, ажиллахгүй бол тэр л биз гээд.
Одоо бас байраа ойлгоод эхэлж байна. Энэ манай байрны зогсоол, өөр байрны машин ирээд зогсчихож гэнэ. Хайс хашаа барьж зүлэг, мод тарьдаг болсон. Ингэхээр жаахан жаахнаар тэлээд байгаа биз дээ.
-Тийм байна.
-Хүүд гэж нэг юм байдаг юм. Сансар орчмынхон, тэр орчмынхон гэж ярьдаг шүү дээ. Орчим гэж ангилах нь засаг захиргааны нэгж биш л дээ.
-Дээр үед Дөчин мянгатынх, Маахуурынхан гэдэг байсантай адил уу?
-Тэр чинь хүүд байхгүй юу. Дош гэж ярьдаг. Дөчин мянгат орчмынхон. Одоо чинь хотхон гэж яриад байна шүү дээ. Тэрэн шиг. Гурван хотхон нийлээд манай тэр хавийнхан гэж ярина. Хавийнхан, ойр орчмынхон нийлээд баг үүсгээд сагс, хөлбөмбөг тоглоно. Ингэж хотжоод явж байна. Гурван үе дамжина гэхээр хэцүү байгаа биз дээ. Нэг үеийг жаран жил гэж бодохоор.
-180 жил?
-Хаа ч байсан юм. Гэхдээ яг ч 180 жил биш юм аа. Миний хүүхдийн хүүхэд хотынх гэсэн үг. Миний үеийнхэн чинь өвөө, эмээ болчихсон. Би л амжаагүй байгаа болохоос биш.
-Хотууд өөрийн гэсэн бичигдээгүй хууль, соёлтой байдаг?
-Тэр ч ёстой 180 жил байх аа.
-Манайхан солонгосчуудыг дуурайгаад замын хөдөлгөөнд оролцож байхдаа уучлал гуйх юм уу, баярласнаа илэрхийлж аваарын дохиогоо хоёр, гурван удаа анивчуулдаг болсон?
-Орост өөдөөс ирж байгаа машин гэрлээ хоёр удаа анивчуулбал тэнд цагдаа машины хурдыг хэмжиж байгаа, хурдаа тааруул гэсэн дохио байдаг. Манайхан чинь тэгж дохиогоо өгч баярласнаа илэрхийлж сурч байгаа, чаддаг болсон.
-Хүмүүс байр худалдаж авахдаа хөршөө захиалах болсон. Хөдөө гадаанаас хүн амьтан байнга ирж очдог айлтай хөршлөхгүй ч гэх шиг?
-Хауснууд хөршөө захиалах хэрэгтэй байх л даа. Орон сууцанд хаалгаа хаагаад л хөрш хэрэггүй болчихно. Хуучин бол хөршийнхөө хаалгыг тогшоод давс гуйж, утсаар нь ярьж, орж гардаг байсан. Одоо тийм юм байхгүй. Тийм болохоор хаусанд амьдрах гэж байгаа бол хөршөө захиалахаас өөр арга байхгүй байх. Харилцах учраас. Харин орон сууцанд бол хөршүүд тааралдвал мэндлээд л өнгөрнө. Хаалгаа хаагаад л боллоо. Аль айл хоорондоо хэрэлдэх хэрэлдэхгүйг хэн мэдэх юм бэ. Орон сууцанд амьдрахдаа хөршөө захиална гэдэг нь илүү л зан. Хашаа шигээ л санаад байхгүй юу. Хашаатай болохоор хажууд нь манай хөрш хэн байх нь их хамаатай. Орон сууцанд тийм биш. Тэглээ ч хүмүүс хөршөө нэг их сайн танихаа байчихсан юм чинь. Машины зогсоол дээр “Энэ хэний машин бэ” гэхэд мэдэх хүн байхгүй. “Аа, нэг хүн байдаг юм аа. Сайн танихгүй” л гэнэ. Хорин жилийн турш л тэгж нэгнээ танихгүй амьдарна. Хэрвээ та хаусанд амьдардаг бол хажуух хаусны хөршөө мэддэг болно, машиныг нь таньдаг болно.